Categories
мэдээ эдийн-засаг

Ази, Номхон Далайн Эдийн засаг, Нийгмийн Комиссын ээлжит чуулган болж байна

“Хамтын хөгжил цэцэглэлтийн төлөөх бүс нутгийн хамтын ажиллагаа”  сэдвийн дор Тайландын Вант Улсын нийслэл Бангкок хотноо болж буй НҮБ-ын Ази, Номхон Далайн Эдийн засаг, Нийгмийн Комиссын (АНДЭЗНК) ээлжит 70 дугаар чуулганд  Гадаад харилцааны сайд Л.Болд тэргүүтэй Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид оролцож байна.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд саяхан НҮБ–ын Байгаль орчны ассамблейн Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Монгол Улсаас Тайландын Вант Улс болон АНДЭЗНК–т суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Байнгын төлөөлөгч Ч.Баттөмөр нар ажиллаж байгаа юм.  

Хуралдааны эхний өдөр чуулганы дарга, дэд дарга нарыг сонгосон бөгөөд Монгол Улсын төлөөлөгчдийн тэргүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд ээлжит 70 дугаар чуулганы дэд даргаар сонгогдлоо.

Монгол Улсын байр суурийг төлөөлөн хэлсэн үгэндээ сайд Л.Болд даяаршил, харилцан хамаарал улам бүр нэмэгдэж буй энэ цаг үед бүс нутийн хамтын ажиллагааны ирээдүй нь улс орнууд хэрхэн нягт, ойр хамтран ажиллахаас голлон шалтгаалах бөгөөд Ази номхон далайн бүсийн  энэхүү интеграцид идэвхитэй оролцох нь Монгол Улсын гадаад бодлогын нэг чухал зорилт болохыг онцлов.

Сайд Л.Болд энэ үеэр ээлжит 70 дугаар чуулганы даргаар сонгогдсон Бутан Улсын Ерөнхий сайд Цэрэн Тобгатай уулзалт хийж хоёр талын болон олон талт хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцсаны дараа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар шинээр томилогдсон хатагтай Шамшад Ахтартай уулзаж Монгол Улс, тус комисс хоорондын хамтын ажиллагааны үр дүн, цаашдын зорилт, чиглэлийн талаар санал солилцлоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *