Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

Азгүй авьяастнууд

2014 он спорт сонирхогчдын хувьд “Өндөр жил” гэхэд хилсдэхгүй. Дөрвөн жилд нэг удаа зохиогддог хөлбөмбөгийн ДАШТ энэ зун Бразил улсад эхэлнэ. Манай сонин энэ спортын том цэнгүүнийг угтан ямар улсын шигшээ баг дөмөгхөн тоглож дээгүүр давхих вэ гэдгийг  цувралаар танилцуулж байна. 

Нидерланд улсын эрхэмсэг Хааны хөлбөмбөгийн холбооны шигшээ буюу тун энгийнээр Голландын баг гэж нэгэн сонирхолтой “айл” дэлхийн хөлбөмбөгийн багт багтан доогуур биш дээгүүр бужигнуулсаар даруй 100 гаруй жилийг өнгөрөөжээ. 70-аад оноос эхлээд Кройфф, Кроол, Нескенс, 90-ээд оны Гуллит, Ван Бастен, Клюверт одоо цагийн Ван Перси, Роббен гээд гялалзах том “мөнгөн” одуудыг энэ улсын шигшээ баг төрүүллээ. Тиймээ тэднийг алтан биш мөнгөлөг одууд гэж нэрлэдэг нь учиртай. Үе дамжих удамшил гэлтэй, эдгээр одууд хичнээн сайн тоглож наадсан ч бай эцэстээ түрүүлж чаддаггүй дэд байрт үлддэг тун муухай зуршилтай олон арван жилийг  өнгөрөөж байна. 

1988 онд Европ тивийн аварга болсон ганц тохиолдлыг эс тооцвол тэдний хүртсэн дэлхийн, олимпийн тивийн мөнгө, хүрэл медалиудыг тоолж барахгүй олон гээч. ДАШТ-д л гэхэд 1974, 1978, 2010 онуудад мөнгөн медаль дээр бууж байлаа. Мөнгөн медалийг ялагдаж байж зүүдэг, хүрэл медалийг ялж байж хүзүүддэг хэмээх хэлц үгийг хэлүүлэхээргүй мэддэг биз дээ. Тэгвэл ийм нэгэн авьяаслаг мөртлөө азгүй баг Бразилийг итгэл өвөрлөн зорьж байна. 

Голландын шигшээ багийн бүрэлдэхүүн:

хаалгачид-Яспер Силессен (“Аякс”), Тим Крул (“Ньюкасл”), Мишель Ворм (“Суонси”), Йерун Зут (ПСВ);

хамгаалагчид-Патрик ван Анхольт (“Витесс”), Дэйли Блинд (“Аякс”), Дари Янмат (“Фейеноорд”), Теренс Конголо (“Фейеноорд”), Бруно Мартинс Инди (“Фейеноорд”), Куинси Промес (“Твенте”), Карим Рекик (ПСВ), Жоэль Велтман (“Аякс”), Паул Верхаг (“Аугсбург”), Рон Флаар (“Астон Вилла”), Стефан де Врей (“Фейеноорд”);

 хагас хамгаалагчид – Жан-Поль Боэтиюс (“Фейеноорд”), Йорди Класи (“Фейеноорд”), Мемфис Депай (ПСВ), Лерой Фер (“Норвич”), Жонатан де Гузман (“Суонси”), Найжэл де Йонг (“Милан”), Жэремейн Ленс (“Динамо” Киев), Арьен Роббэн (“Бавария”), Уэсли Снейдэр (“Галатасарай”), Тонни Вильена (“Фейеноорд”), Рафаэль ван дер Варт (“Гамбург”), Жоржиньо Вейналдум (ПСВ);

довтлогчид – Клаас-Ян Хунтелаар (“Шальке 04”), Дирк Кёйт (“Фенербахче”), Робин ван Перси (“Манчестер Юнайтед”).

Алхах дасгалжуулагч Лун ван Гаал

Сайн тал

Эхний ээлжинд ахлах дасгалжуулагчийг нь онцолно. Алоизиус Паулус Марий ван Гаал гэх 62 настай энэ эрийг “дарангуйлагч”, “генерал”, “төмөр тюльпан (алтанзул цэцэг)” гэх мэтчилэн хочилдог. Голландаас олон сайн дасгалжуулагчид төрөн гарсан. Тэдний нэг нь болох Луй ван Гаал довтолж тоглох дуртай, хоёр жигүүрийг сайн ашигладаг, тоглолтын тактикаа эсрэг багтаа тааруулж зөв зохион байгуулдаг, удирдаж буй тамирчдаа хатуу гараар барих дуртай нэгэн гэж ярьдаг. Түүний удирдлага дор “Аякс”, “Аз Алкмаар”, “Барселона” багууд амжилттай тоглож байсан бол өнөө цагийн шилдэг баг “Байер” Мюнхэнийг чухамдаа дээрх голланд дасгалжуулагч өдий зэрэгтэй болгох эхний ноён нурууг нь босгож байлаа. Тэр удирдсан багаа заавал амжилтад хүргэдэг, гэхдээ эцэстээ дарангуйллыг үл тэвчих хөлбөмбөгчдийн эсэргүүцлээр ажлаасаа халагддаг заншилтай нэгэн бөлгөө. Ийм учраас яг одоо шигшээ баг удирдахад тохирсон хүн гэж дүгнэж болохоор. 

Голландын шигшээ хоёр жигүүр болон довтолгоо нь тун дажгүй. Ер нь Голландын шигшээ багийн хагас хамгаалалт тун сонирхол татахуйц хэсэг нь гэхэд болно. Уг нь тэд 4-3-3 схемээр тоглодог ч гэлээ Стротманы гэмтлээс шалтгаалан ийм байрлалаар бус өөр гарц хайх шинжтэй. Тэгвэл бид энэ ДАШТ-ий үеэр цоо шинэ одуудыг харах боломж нээгдэнэ гэсэн үг.

Сул тал нь

Хамгаалалт сул. Ар талд бултаараа олны танил бус залуучууд цугларсан байгаа. Хэдийгээр сонгон шалгаруулалтын  тэмцээнүүдэд Голландын шигшээ баг тун цөөхөн бөмбөг өөрийнхөө хаалганд алдсан гэдэг ч дэлхийн шилдгүүдтэй таарах үед залуучууд яах бол гэдэг асуудал бий. Энэ асуудлыг аятайхан давсан тохиолдолд Флаар, Янмат, Блинд зэрэг нь шинэ од болон гялалзахыг үгүйсгэх аргагүй юм. Ер нь Голландын шигшээ багийг дэлхийн шилдэг клубуудын менежерүүд ДАШТ-ий дараа хуваагаад  авчихдаг шүү дээ. Учир нь ДАШТ бүрт энэ улсын шигшээгээс шинэ од төрдөг. Тэр од нь очсон баг, клубдээ шинэ уур амьсгал  авчирч чаддаг хөдөлмөрч авьяаслаг хүмүүс байдаг юм. Гэхдээ тэд даанч азгүй авьяастнууд даа. 

Д.БАТ-ЭРДЭНЭ

Д.ДАВААСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *