Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

Аз жаргалтай хохирогч

– Фельетон-

Сум, дүүргийн сонгууль эхэллээ. Хотын намын хороо хохирогчидтой уулзалт хийж эхлэв. Энэ сонгууль “Аз жаргалтай хохирогч” уриан дор болох ба хохирсон хүн бүрийг намын гишүүн дэмжигч гэж үзэх тогтоол ч гарчээ.

Уржигдар гэр хорооллын дахин төлөвлөлтөөс болж хохирсон 200 хүнтэй уулзсан байна. Харин өчигдөр “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийг зогсоосноос болж хохирсон 200 иргэнийг хүлээн авч сэтгэлийн дэм өгчээ.

Авлигаас болж хохирсон иргэдийн форум энэ кампанит ажлын оройд байх бололтой. Түүнээс дутахгүй ач холбогдолтой өөр нэг ажил бол “Авлигатай тэмцсэнээс болж хохирсон хүмүүсийн төрөл төрөгсдийн симпозиум” болоод байна. Сонгуулийн урьд өдөр “Хохироогүйгээсээ болж нам засгийн анхаарлын гадуур үлдэж хохирсон иргэдийн чуулган” хийснээр энэ ажил өндөрлөх аж.

Намын үзэл суртлын шугамаар “хохирогч”-ийн хэв шинжит дүрийг урнаар бүтээсэн “Хохиреализм” чиглэлийн уран бүтээлчдийг хөхиүлэх ажил ч хүчтэй зохиогджээ. Энэ ажлын хүрээнд “Бидний цөөхөн монголчууд, бие биедээ хохиролтой” гэхчилэнгийн шүлэг, “Хохирлын бурхан, чи хаана байна” зэрэг дуу, “Миний хохирлоос бурхан гуйсан ч бүү өг” драмын жүжиг гарч амжсан гэх.

Иргэний зарим зүтгэлтнүүд өөрсдийгөө “эх хохирогч” хэмээн нэрлэж байгаа нь эх оронч гэдэгтэй дүйхээр барахгүй давах үг гэнэ.

Төрийн албан хаагчийн өргөдөлд “Та хэдэн удаа хохирсон бэ, хохироогүй бол шалтгаанаа үндэстэйгээр тайлбарлана уу” гэсэн асуулт орсон байна.

Наад захын СиВи-нүүд “Анх хохирсон он. Хохирсон газар. Хохирлын харьяалал. Төгссөн хохирол. Хохирлын зэрэг хамгаалсан эсэх. Төр, засгийн дээд хохирол хүртсэн огноо. Гэр бүлдээ хэдэн хохирогчтой. Хохирогчид хохирогчийн юу болох…” гэхчилэнгийн хүснэгттэй болж байгаа гэнэ.

Базарваань гэж, арай романтик зарим нь бүрлээчийн хөшөөн дээр “хохирч эхэлсэн ба хохирч төгссөн он” гэж бичих санал гаргаад авчээ.

Манай парламент тэтгэврийн насыг цаашлуулаад зогссонгүй, өндөр настнуудын “улсад хохирсон хугацаа ба сүүлийн хэдэн хохирлын дундаж”-ийг баримтлан тэтгэвэр олгох хууль баталсныг сая л мэдлээ.

Хотын намын хорооноос “Хохирсон сонгогчдын жагсаалтыг өргөнөөр үйлдэх үүргийг намын үүр хороодод өгсөн” байна. Харин хохироогүй үлдсэн этгээдүүдийн бүртгэлийг гаргаж, хохироогүй шалтгааныг байцаан тогтоох, хохирсныг нь хүлээлгэх үүргийг хүчний байгууллагуудад өгчээ.

Харин сайн дураараа хохирсон иргэнийг өршөөх хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан байна.

Нэг юм орхигдсон санагдаад байгаа биз. Тийм ээ, манай хотыг нохойгүйгээр төсөөлөх аргагүй. Иймээс хотын намын хороо маргаашаас эхлэн золбирсноос болж гудамжинд гарч хохирсон 200 нохойг хооллон дэмжлэг хүсэх гэнэ. Харин нөгөөдөр золбироогүйгээс болж айлын гэрт хоригдон хохирсон 200 нохойн чуулганыг төлөвлөжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *