Categories
мэдээ цаг-үе

Аюурзанын Алтантуяа: Орчин үед оёдолчин болох хүн ховордчихож

Монгол Улсын худалдаа аж үйлдвэрийн тэргүүний ажилтан, мастер оёдолчин, “Ур-Ундрах” компанийн захирал Аюурзанын Алтантуяатай уулзаж ярилцлаа.


-“Болор цом” яруу найргийн наадмын тэргүүн найрагчийг “Монгол савхи” компанийн захирал Хүнийхүү савхин дээлээр мялаадаг уламжлалтай байсан. Танай компани сүүлийн жилүүдэд энэ уламжлалыг хадгалж түрүү найрагчид үндэсний дээл бэлэглэдэг болсоор хэдэн жил болчихов уу?

-“Болор цом” наадмын тэргүүн найрагчийг дээлээр мялаадаг болсоор 14 жил өнгөрч. Энэ жил 15 дахь дээлээ өгнө. Сүүлийн гурав, дөрвөн жилийн “Болор цом” наадмын дээлийг биечлэн гардуулж өгч чадаагүй. Өвөрхангайд болсон наадамд яруу найрагч Л.Моломжамц түрүүлэхэд МЗЭ-ийн гүйцэтгэх захирал асан Г.Мөнхцэцэг маань “Ямар сайхан дээл вэ” гээд аваад явж байсан. Ноднин Ц.Эрдэнэбаатарыг түрүүлэхэд би Солонгос улсад эмчилгээтэй явчихсан байсан. “Болор цом”-ын дээлийг оёж дуусаад байж байхад Сүхбаатар аймгийн яруу найрагч, соёлын гавьяат зүтгэлтэн Ай.Төмөр-Очир, яруу найрагч Амартайван нар хараад “Үнэхээр сайхан дээл болж” гэж урмын үгээр мялааж байсан шүү.

-Та чухам яагаад “Болор цом”-ын эздэд дээл өргөн барьж байхаар болов?

-Ээж маань ерөөл, магтаал хэлдэг, уран зохиолд жигтэйхэн дуртай хүн байсан. Миний зулай дээр гишгэж төрсөн ах бэлэн цэцэн үгтэй, үдэшлэг цэнгүүнд шүлэг уншдаг хүн байлаа. Тиймээс би зохиолчдоо их хүндэтгэж явдаг байсан. Би Хөдөлмөрийн баатар Д.Пүрэвдорж гуайнхаа “Сэгс цагаан богд”, “Гэргийн зүрхний үг” зэрэг олон сайхан шүлэг найраглалыг цээжээр уншдаг байлаа. Их зохиолч Д.Нацагдорж, билгүүн номч Бямбын Ринчен нар бол монгол үндэснийхээ дээлийг яах аргагүй түүхэнд үлдээсэн улс шүү. Нацагдорж гуайн зураг дээр байдаг дөрвөлжин энгэртэй дээлийг хүүхэд байхдаа хараад “Ийм сайхан дээл хийхсэн” гэж мөрөөддөг байлаа. МУИС-ийн хаалгаар монгол дээлтэй хүн оруулдаггүй тэр он жилүүдэд манай их эрдэмтэн Б.Ринчен гуай үндэсний дээлээ өмсөн монгол дээлээ түүхэнд авч үлдсэнд би маш их баярлаж явдаг.

-Та цомын эздээс гадна олон зохиолчид дээл бэлэглэсэн гэдэг байх аа?

-Би эхээс арван гурван настайдаа өнчирч, аав маань найман хүүхэдтэйгээ үлдсэн. Хар багаасаа л үйл үртсээ өөрөө хийдэг сэн. Дөрвөн өнчин дүүгийнхээ дээлийг хийдэг байлаа. Дөчөөд жил дээл хийж. Доржготов, Ш.Гүрбазар нарын олон зохиолч, найрагчид дээл хийж өгсөөн.

-Дөчөөд жил дээл хийсэн гэхээр овоо судалгаатай болоо биз?

-Дээл гэдэг маань “дэвэл” гэсэн үгээс гаралтай. Дэвжин дээшлэхийн утга агуулгатай. Арвангуравдугаар зууны үед монгол дээл зүүнтэйгээс баруун тийшээ зөрлөг энгэртэй хувцас байсан юм билээ. Дуучин С.Жавхлангийн өмсөж буй дээлийг гэхэд Хүннүгийн үеэс, Чингис хааны үеэс өмсөж ирсэн уламжлалтай. Үндэсний хувцсыг түүхэн талаас нь гурав хувааж үзэж байгаа. Их Монгол Улсын үеэс Манжийн эрхшээлд орох хүртэлх, Манжийн үеэс Богд хаант Монгол Улсын үе, Богд хаантын үе, Ардын хувьсгалаас хойших үе гэж үечилж байна. Монгол хүнийг “Мандах төрийн малгай, бүтэх төрийн бүс, дэвжих төрийн дээл, тулах төрийн гутал”-аас салгахын аргагүй болохоор эл дөрвөн хувцсыг иж бүрнээр хийх юм, Монголын ард түмэн маань иж бүрнээр нь эдлээсэй гэж боддог. Манай “Ур-Ундрах” чинь жижигхэн үйлдвэр ч гэсэн нэг гуталчин, хоёр малгайчин ажиллуулж байна. Мөөрөлжин захтай дээлийг өвөг дээдэс маань XIII-XVII зуун хүртэл өмсөж.

-Мөөрөлжин зах гэж бөөрөнхий захыг хэлж байна уу?

-Мэдэхгүй хүмүүс “лам зах” гэж нэрлээд байдаг. Түүхч Бадамхатан гуайн номонд мөөрөлжин гэсэн байгаа юм шүү. Монгол үндэстэн маань харийн дарлалд орох үед үндэсний хувцсыг хүртэл устгах бодлого явуулсан байдаг. Тулган дахь галыг нь хар хэрээний хошуу дүрсээр мануулангуут Өндөр гэгээн Занабазар монгол хатан хүний хувцсыг бүргэдийн хэлбэртэй болгосон байх жишээтэй. Монголчуудыг мал дагасан мал гэж битүү доромжлон нударга хийхэд малын туурайн хэлбэрийг өөрчлөн халхын заяаг хадгалах тавин лангийн ембүүний хийцтэй болгосон байдаг. Ерээд оноос эртний эвэр угалзтай хийц хэлбэрийн дээл хувцсыг монголчууд сэргээн хэрэглэж эхэлсэн. Монгол хээ угалз чинь аргаль янгир, малынхаа эвэр угалзыг дуурайлгаж хийсэн хээ байдаг. Манайх Хүннүгийн булшнаас гарсан эвэр хээтэй дээлийн загварыг шинээр хийж Сөүлд болсон олон улсын хувцасны үзэсгэлэнгээс мөнгөн медаль хүртэж байлаа.

-Та монгол хувцсыг шинэ хэв загварт оруулж, хөгжүүлж яваа хүн шиг санагддаг. Тухайлбал, нэг удаагийн “Болор цом” дээр “Монгол” гэдэг үгийг сувдаар хэлхсэн дээлтэй ирж байсан даа?

-Хувцас гэдэг цаг үеийн түүх. Хубилай хаан монгол хувцсыг монгол үндэстний хувцас гэж 1275 онд хуульчилж байсан байдаг. Мөнх хаан бас хуульчилсан. Даяаршлын эл эринд монгол хувцсаа хуульчлаасай гэж боддог. Дэлхийн хувцсыг дэлгүүрээр дүүрэн оруулж ирчихээд өөрийн үндэсний хувцсаа тоохгүй байх шиг гунигтай юм үгүй. Үндэсний хувцсаа монгол улстөрчид, монгол сэхээтнүүд нь өмсөхгүй бол үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гэж мянгантаа хашгичаад нэмэргүй биз дээ. Үндэсний хувцасныхаа товч, шилбэ, энгэр, ханцуй, хээ угалзыг уламжлан орчин цагийн хэв загварт оруулж байгаа нь хөгжил юм. Эмэгтэй хүн бүхэн бэлхүүсээрээ нарийн харагдах дуртай. Тиймээс үзэсгэлэнт сайхан байдалд тохируулж дээлээ хийж байна. Захиалгат хувцасны анги төгссөн маань ч ач тусаа өгч байна.

-Шилдэг загвар өмсөгч шалгаруулах “Гоёл-2016” наадмаас танайх “Үндэсний шилдэг хувцас”-ны тэргүүн байрын шагнал хүртсэнд баяр хүргэе?

-Монгол бичигтэй цагаан ноолууран дээл, хүрмээр тэргүүн шагналыг авсандаа баяртай байгаа. “Бичиг нь босоо юм чинь хийморь босоо байдаг юм байлгүй” гэсэн үгээс санаа авч энэ загварыг бүтээсэн юм. Анх би “Монгол” гэсэн үгийг дээлэн дээр бичсэн загвараа өмсөн, тайзан дээр шүлэг уншихад Өмнөд Монголоос олон хүн утасдаж баяр хүргэсэн. Өмнөд Монголын радиогийн Журамт хэмээх залуу тусгайлан олон дээл захиалж хийлгэж байсан. Эзэн Богд Чингис хаан минь дэлхийн мянганы суут хүн мөн л юм бол зураг хөргөнд ч, үг зарлигт ч мөргөж залбирч байгаасай гэж хүсэн энэ монгол бичигтэй дээлийг хийсэн юм. Миний охин дизайнер Баасансүрэнгийн маань бүтээл л дээ.

-Чингис хааны юу гэсэн зарлиг үгийг буулган бичсэн бол?

-“Дэлхийн хүмүүс чухам юу бодож байгааг олж мэдэхгүйгээр мэдэхийг хичээгтүн. Хүсэж байгааг нь мэдэхгүйгээр тэднийг даруулан тэргүүлнэ гэж үгүй. Аливаа хүний биеийг эзлэх гэж бүү яар. Сэтгэлийг эзлэхийг яарагтун” гэсэн бичиг байгаа. “Гоёл” наадмын бичлэгийг зурагтаар үзэхээр тодорхой сайхан харагдана даа.

-Танайх оёдолчдынхоо нийгмийн асуудлыг тодорхой хэмжээгээр шийдсэн гэл үү?

-Орчин үед оёдолчин болох хүн ховордчихож. Дээд мэргэжилтэй болох, гадаад хэл сурах, харьд очиж амьдрах эрмэлзэлтэй болчихсон байна. Социализмын үед эмэгтэй, эрэгтэй хувцсыг стандарт, технологийн дагуу хийдэг байлаа. Тиймээс ч ажилчид маань бүгд л миний заавар зөвлөмжөөр оёдлоо хийж байна. Хөдөөнөөс зориод ирсэн, гартаа уртай, нямбай оёдолчдоор багаа бүрдүүлсэн. Хүн хүнийхээ төлөө л чин сэтгэлээр хандаж байхад бүх зүйл сайн сайхан болно. Япон зэрэг өндөр хөгжилтэй улс оронд явж байхад хүмүүс нь ажлын байраа тэгтлээ солиод байдаггүй юм байна лээ. Арваад жил ажилласан хүмүүс маань гэр хороололд амьдарч, найман хувийн зээлд хамрагдаж чадахгүй болохоор өнгөрсөн жилээс Зурагтад нийтийн байр худалдан авч тэндээ ажилчдаа оруулсан. Халуун устай, цахилгаан зуухтай зөвхөн гэрэл, дулааны мөнгөө төлөөд боломжийн л амьдарцгааж байна. Үр хүүхдүүд нь ч сургууль, цэцэрлэгийнхээ ойролцоо амар болсон. Тэтгэвэрт гартлаа энэ байрандаа амьдарцгаана. Үр хүүхэд нь манайд ажиллавал байрыг нь хувьчлаад өгчихнө. Ийм зарчмаар л ажиллаж байна даа.

-Танайх олны танил үйлчлүүлэгчид ихтэй биз?

-Улсын заан Долгорсүрэн зааныхан ах дүүсээрээ манай үйлчлүүлэгчид. Өнгөрсөн наадмаар Дагвадорж аварга маань ирээд явсан. Тайландын улаан, хүрэн даавуугаар сайхан хувцас хийлгэлээ. Өмсчихсөн байгаа нь зурагтаар сайхан л харагдаж байна лээ. Сумьяабазар гишүүн, Сугаррагчаа ах нь ч дээлээ манайхаар л хийлгүүлдэг.

-Үндэсний үйлдвэрлэгчидтэйгээ аль хэр хамтран ажиллаж байна даа?

-“Дархан нэхий” компанийн нэхийгээр торгоор өнгөлөөд сайхан дээл хийж байна. Эдний боловсруулсан хурганы арьсаар хөнгөхөн монгол хувцас хийж байгаа шүү. Бид бие биеэ дэмжихгүй бол улс орон хөгжихгүй. Малчдадаа харин захихад хонио тосон будгаар бүү тэмдэглээч, тэмдэглэсэн ч эвэр, толгойд нь тосон будгаа түрхээч гэмээр байна. Тэр будаг чинь хонины нэхий, сэгсүүргэнээс яаж ч боловсруулсан арилдаггүй юм байна шүү. Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн гуай “Одооны хүмүүс мэдэхгүй юмаа мэдэмхийрч яриад, чадахгүй зүйлээ хийнэ гэж дайраад байдаг болж” гэж нэгэнтээ ярьсан байдаг. Миний хувьд энэ оёдлынхоо салбарт бараг дөчөөд жил ажилласан болохоор мэддэг, чаддаг бүхнээ бусдад хэлж байхыг хүсдэг. Тэр утгаар л малчдадаа нэхийгээ сайхан арчлаад үнэд хүргээч ээ л гэж хэлье.

-Танай бүтээгдэхүүнүүд олон улсын үзэсгэлэнгээс ямар шагнал авч байв?

-БНСУ-ын Сөүл хотод болсон олон улсын болон Зүүн хойд Азийн улсуудын үзэсгэлэнгүүдээс хоёр мөнгө, нэг хүрэл медаль авчирсан. Монголын уламжлалт хувцсыг дэлхий үнэлж байгаа нь сайхан шүү.

-Та түрүүн төрийн түшээдийг үндэсний хувцсаа хэрэглээч гэж байсан. Ямар хувцас өмсөх нь тухайн хүний эрх биш үү?

-Ирэх 2017 онд би Жижиг, дунд үйлдвэрийн зээл авна. Тэгээд төрийн түшээдэд үнэгүй монгол дээл хийж өгье гэж бодож байгаа. Монгол дээл хувцсаа сайхан өмсөж эдлэг л дээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гуайг НҮБ-ын чуулган дээр монгол үндэсний дээлээ өмсөж очоод үг хэлсэнд би үнэхээр их баярласан.

-Төрийн түшээдэд үнэгүй дээл хийж өгнө гэхээр авлига болчих юм биш үү?

-Үндэсний хувцсаа хэрэглээч гэсэн санаачилга маань авлигад тооцогдохгүй байлгүй дээ. Хэн нь ч зориод ирсэн би сайхан дээл хийж өгнө өө. Бат-Эрдэнэ аварга маань манайхаар байнга дээлээ хийлгэдэг. Хүмүүс ч “Бат-Эрдэнэ гишүүний ногоон даавуугаар дээл хийлгэе” гэх нь сайхан байдаг юм. “Бүлтэнгийн шаргал” гэсэн алдартай торго ч байна. Гавьяат эмч Бүлтэнгийн дээл хийлгэсэн торго гэхэд ийм нэртэй болсон. Баянсэлэнгийн бор гэсэн өнгө ч бий.

-Хятад торго дэлхийд тун алдартай. Гэхдээ танайх хятадаас өөр торго ч авчирдаг бололтой?

-Хятад торго дэлхий дээр хамгийн чанартай. Торгоны хүр хорхой ганцхан Хятадад байдаг амьтан. Япон, Солонгос нийтлэг сайхан торготой. Эднийхний өөрсдийнх нь хувцасны материалууд манай үндэсний хувцсанд тохиромжтой байдаггүй. 45-60 см-ийн өргөнтэй болохоор залгаас их орох гээд байдаг. Далай ламд мөргөхөөр явахдаа Энэтхэгээс жаахан торго татдаг. Манайх чинь жижигхэн байгууллага учраас чингэлэг чингэлгээр бараа авчрах боломж байхгүй л дээ. Тиймээс маш чанартай торго сонгож авчирдаг. Охин маань англи хэлтэй болохоор Тайланд хамт явж торго авчирна шүү.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *