Categories
мэдээ нийгэм улс-төр

Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ DNN.mn

Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы 2023 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэжлүүллээ.

Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар тус хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг явуулах үеэр УИХ дахь АН-ын бүлгээс авсан нэг хоногийн завсарлагын хугацаа дууссан тул хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, төслийн талаарх зарчмын зөрүүтэй 96 саналын томьёолол бүрээр санал хураалт явуулсан. Тухайлбал, Ажлын хэсгээс төслийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал” гэж тухайн орон нутгийн иргэд, нөхөрлөл жуулчинд энэ хуулийн 11.1-д заасан бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэхийг;” гэж, мөн “.“отоглох цэг” гэж аялал жуулчлалын эрэлт, байгаль орчны даацад нийцүүлэн хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэхэд зориулагдсан, өөрийн стандарт бүхий, жуулчинд зориулсан түр байрлах үйлчилгээний цогц орчныг;” гэсэн агуулгатай 4.1.12, 4.1.13 дахь заалт нэмэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Мөн Ажлын хэсгээс бэлтгэсэн саналын томьёололтой холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд санал хэлж байлаа. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, “Нийт аялал жуулчлалын 50 гаруй нь тусгай хамгаалалттай газар байдаг. Гэр бааз, морь хөтөлдөгт нь зөвшөөрлийг нь өгдөггүй, нутгийн иргэдэд өвөлжөө, хаваржаа барих, бүр түлээний мод бэлтгэх эрх байдаггүй. Өөр бүсэд очих шаардлагатай болдог. Хамгаалах нэрийдлээр хэдэн хүний хамгаалалтад өгөхөөр нутгийн иргэдээс илүү буруу ашиглах явдал гардаг тул хуулийн төслийн 3.2 дахь заалтыг дахин ярилцах шаардлагатай” гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, “Хөтөч, тайлбарлагч хийх хүн бүртгүүлж, үнэмлэхтэй байж жуулчны үйлчилгээ үзүүлнэ гэж заасан байна. Гэтэл жуулчны баазад тухайн чиглэлийн асуудлыг сайн мэддэг түүхч, судлаач, геологч зэрэг мэргэжлийн эрдэмтэн хүмүүс заавал сургалтад сууж, үнэмлэх авах шаардлагагүй гэсэн байр суурийг илэрхийлж байлаа. Хуралдаан даргалагч гишүүдийн хэлсэн саналтай холбогдуулан төслийн тусгай хамгаалалтай газар нутаг дахь аялал жуулчлалын үйл ажиллагаа, даатгал, аялал жуулчлалын бүс, отоглох цэг болон мэргэжлийн холбооны үйл ажилагаа, хүрээ хязгаар болон шилжилтийн үеийн зохицуулалтыг хөндсөн зарим саналын томьёоллуудыг гүйцээн боловсруулах чиглэлийг Эдийн засгийн байнгын хороонд өгсөн.

Мөн төслийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “аялал жуулчлалын талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж, биелэлтэд хяналт тавих.” гэсэн 22.1.13 дахь заалт нэмэхээр болов. Түүнчлэн төслийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “.харьяалах нутаг дэвсгэртээ улсын болон олон улсын чанартай авто замын дагуу аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгч иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, жуулчинд үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд хамтран ажиллах;”, “аялал жуулчлалыг хөгжүүлэх хэрэгцээ, шаардлагыг харгалзан аймаг, нийслэлд аялал жуулчлалын асуудал хариуцсан нэгж, эсхүл ажилтан ажиллуулах.” гэсэн 24.1.15, 24.1.16 дахь заалт нэмэх Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн.

Дараа нь хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалтыг үргэлжлүүлэв. Тухайлбал, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаахаар болсон бол хуралдаан даргалагчаас Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлж, гүйцээн боловсруулах чиглэл өглөө.

Харин Амьтны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах Ажлын хэсгийн саналыг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн дэмжих боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Тэрбээр, “Хуулийн төсөлд ан амьтныг агнах, барих тусгай зөвшөөрлийг дуудлага худалдаагаар явуулахаар тусгасан. Монголд дуудлага худалдаа хэрэгтэй төдийгүй энэхүү орлогын 20 хувийг орон нутагт нь олгох зохицуулалтыг тусгасан тул төслийг хэлэлцэх шаардлагатай” гэв. Ингээд уг төслийг хууль санаачлагчид нь буцаах Ажлын хэсгийн саналаар санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 76.3 хувь нь дэмжсэнгүй. Төслийг хэлэлцэх болсонтой холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, “Дотоод, гадаадын жуулчид, иргэд загасыг бариад буцааж тавьдаг тул Амьтны тухай хуульд амьтан, загас хоёрыг ялгаж үзэх хэрэгтэйг Ажлын хэсгийнхэнд анхааруулав. Хуралдаан даргалагчаас гишүүдээс гаргасан саналыг харгалзанж үзэж, уг хуулийн төслийг гүйцээн боловсруулах чиглэлийг Эдийн засгийн байнгын хороонд өгөв.

Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр байгаль хамгаалах, соёл, аялал жуулчлалыг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагаа явуулах шаардлагаар төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, нутгийн захиргааны байгууллага тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглахтай холбоотой харилцаанд энэ хуулийн 27.12-т заасан журам үйлчлэхгүй бөгөөд хүсэлтийг үндэслэн гэрээ байгуулж ашиглуулна.” гэсэн 1 дэх заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Харин төслийн 1 дүгээр зүйлд “Аялал жуулчлалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10-д заасан аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэх, бий болгох зорилгоор газар ашиглах хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээдэд газар ашиглах эрх олгоход мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.6-д заасан төлөвлөгөөнд тусгагдсан газарт Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 10-т заасныг үндэслэн сонгон шалгаруулалтыг хялбаршуулсан журмаар явуулж болно.”, “Энэ хуулийн 33 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан хялбаршуулсан журмаар сонгон шалгаруулалтыг явуулах тохиолдолд энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн газар зохион байгуулалтын жилийн төлөвлөгөөг үндэслэхгүй байж болно.”, “Энэ хуулийн 33 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан хялбаршуулсан журмаар сонгон шалгаруулалтыг явуулах тохиолдолд зарыг уг ажиллагааг явуулахаар товлосон өдрөөс 10-аас доошгүй хоногийн өмнө цахимаар болон өдөр тутмын хэвлэлээр нийтэд мэдээлнэ.” гэсэн заалтууд нэмэх Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжив.

Иймд Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлснээр хуралдаан түр завсарлалаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ улс-төр

Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хойшуулав DNN.mn

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2023.04.11) хуралдаан 77.8 хувийн ирцтэйгээр 11 цаг 30 минутад эхэлж, Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээр тогтов. Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг танилцуулаа.

Засгийн газраас Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт 12 хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Төслийн хэлэлцэх эсэхийг Улсын Их Хурлын чуулганы 2022 оны арван хоёрдугаар 8-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороо шилжүүлсэн юм. Байнгын хороо 2022 оны арван хоёрдугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар ажлын хэсгийг байгуулах тогтоолыг баталсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Т.Доржханд, Ш.Адьшаа, М.Оюунчимэг нар ажиллаж байгааг тэрбээр танилцуулав.

Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбогдуулан d.parliament.mn системээр иргэдээс 158 саналыг ирүүлжээ. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас аж ахуйн нэгжүүд, мэргэжлийн холбоодын төлөөлөлтэй хамтран дээрх төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын 85 томьёоллыг, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй саналын 14 томьёоллыг ажлын хэсэгт хүргүүлснийг ажлын дэд хэсэг нэгбүрчлэн хэлэлцсэн байна. Мөн Эдийн засгийн байнгын хороо салбарын яамтай хамтран 2023 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт 12 хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаарх хэлэлцүүлгийг зохион байгуулж, аж ахуйн нэгжүүд, төрийн бус байгууллагын төлөөллүүдийн саналыг авчээ.

Ингээд Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй саналын 72 томьёолол, найруулгын 3 саналыг боловсруулсан байна. Түүнчлэн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй саналын 24 томьёоллыг бэлтгэснээ Х.Ганхуяг гишүүн танилцууллаа.

Нэн тэргүүнд төсөл дэх нэр томьёонуудыг дэлхийн аялал жуулчлалын байгууллага болон салбарын төлөөллүүдийн гаргасан саналын хүрээнд өөрчлөх нь зүйтэй хэмээн үзэж, саналын томьёоллуудыг бэлтгэсэн байна. Мөн тур операторуудаас тусгай зөвшөөрөл шаардахгүйгээр аялал жуулчлалын мэргэжлийн холбоо буюу нийт эрх зүйн хуулийн этгээдэд бүртгүүлж, үйл ажиллагаа явуулах нь зүйтэй хэмээн ажлын хэсэг үзсэн байна. Төсөлд Аялал жуулчлалыг хөгжүүлэх сан байгуулахаар тусгасан байсныг ажлын хэсэг шаардлагагүй хэмээх үзэж, хасах нь зүйтэй хэмээн шийдвэрлэсэн гэв. Улсын болон орон нутгийн аялал жуулчлалын бүсийн талаар зохицуулалтыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй уялдуулах болон бусад өөрчлөлтийг тусгажээ. Отголох цэгтэй холбогдох зохицуулалтад зарим өөрчлөлт оруулахаар холбогдох зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг боловсруулсан байна. Түүнчлэн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн зүйл, заалт хоорондын нийцлийг хангахын зэрэгцээ зарим зарчмын өөрчлөлтийг тусгасан саналуудыг бэлтгэсэн байна.

Төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан, төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллууд дахь татвартай холбоотой асуудлаар тодруулга хийж, байр сууриа илэрхийлэв. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т “Төсвийн хүрээний мэдэгдэл, улсын төсөв, түүний гүйцэтгэл, хөгжлийн бодлогын болон төлөвлөлтийн баримт бичиг, түүнчлэн өмч, татвар, эрүү, иргэн, захиргааны ерөнхий болон зөрчлийн тухай анхдагч хууль, шинэчилсэн найруулга болон Засгийн газар санаачлахаар Үндсэн хууль, бусад хуульд тусгайлан заасан асуудлаар хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг зөвхөн Засгийн газар санаачилна” гэж заасан байдгийг сануулаад ажлын хэсгээс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгах зарчмын зөрүүтэй саналын томьёоллууд боловсруулсан байгааг хэллээ.

Иймд ажлын хэсгээс татвартай холбоотой гаргасан санал нэг бүрээрээ Засгийн газраас санал авах ёстой гэдгийг Б.Жавхлан гишүүн хэлээд, энэ шалтгаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг хойшлуулах горимын саналыг гаргав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 56.2 хувь нь дээрх горимын саналыг дэмжсэн тул өнөөдрийн Байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАЛААРХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО DNN.mn

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран Аялал жуулчлалын тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн төслийн талаарх хэлэлцүүлгийг өнөөдөр (2023.02.03) Төрийн ордонд зохион байгууллаа.

Монгол Улсын Засгийн газраас 2023, 2024, 2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Энэ хүрээнд аялал жуулчлалын салбарын эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах бусад хуулийн төслийг 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос байгуулагдсан Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон мэргэжлийн холбоодын төлөөлөл зэрэг 90 гаруй оролцогч оролцлоо.
Аялал жуулчлалын тухай хуулийг 2000 онд баталж байсан бөгөөд манай улс хамгийн ихдээ жилд 500 гаруй мянган жуулчин хүлээн авдаг байсан. Эдийн засагт оруулж буй хувь нэмрээр нь тооцвол экспортын орлогыг бүрдүүлж байгаа гол салбарын нэг. Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх нь ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, үндэсний өв, уламжлал, соёл, ёс заншил, түүх, дурсгалын үнэт зүйлсийг сурталчлан таниулах улмаар эдийн засгийн эргэлтэд оруулах үйлсэд чухал ач холбогдолтой. Иймд төрөөс энэ салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, салбарын өмнө тулгамдсан асуудлыг төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан шийдвэрлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлага зүй ёсоор гарч байна. Хуулийн төслийг хэлэлцэхдээ тал бүрээс нь судалж, олон удаагийн судалгаа, шинжилгээ, хэлэлцүүлэг өрнүүлж нухацтай авч үзэн шинэчлэх шаардлагатай байгааг Улсын Их Хурлын гишүүн, Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг хэлэлцүүлгийн үеэр онцолсон юм.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ хуулийн төслийн талаар танилцуулав.

Төсөлд аялал жуулчлалыг эдийн засгийг тэргүүлэх салбар болгон хөгжүүлэхэд зориулан салбарын оролцогчдын эрх зүйн байдлыг сайжруулах зохицуулалтыг тусгажээ. Мөн аялал жуулчлалын салбарыг бие даасан санхүүгийн тогтвортой эх үүсвэрээр дэмжих зорилгоор “Аялал жуулчлалыг хөгжүүлэх сан” бий болгох, уг сангийн удирдлагад хувийн хэвшлийн оролцоог хангах эрх зүйн орчныг бүрдүүлэх зохицуулалтыг тусгасан байна.

Манай улсад ирсэн жуулчдын тоо цар тахлаас өмнө тогтмол өсөлттэй байсан бөгөөд 2019 онд 577,262 жуулчин хүлээн авч, оны эцсийн байдлаар 607,213,369 ам доллар буюу 1.7 их наяд төгрөгийн орлогыг аялал жуулчлалын салбараас төвлөрүүлсэн нь Монгол Улсын хувьд уул уурхай болон мал аж ахуйн дараа орох томоохон салбар нь аялал жуулчлал болохыг илтгэдэг. Гэсэн хэдий ч өнөөг хүртэл аялал жуулчлалын салбар, энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй иргэн, хуулийн этгээдэд төрөөс бодит тусламж, дэмжлэгийг үзүүлж чадаагүй байгааг салбарын сайд танилцуулгадаа дурдсан.
Мөн аялал жуулчлалын байгууллагын тур оператор, аяллын агент, аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага гэж ангилан экспортын үйлдвэрлэлд тооцох, татварын бодлогоор дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэхээр холбогдох зохицуулалтыг төсөлд тусгасан. Аялал жуулчлалын стратегийн ач холбогдол бүхий бүсийг зарлан бүсийн хөрөнгө оруулалтыг дэмжих, хамгаалах зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан аялал жуулчлалын мэргэжлийн холбоодын ойлголтыг нэвтрүүлж, төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоодод шилжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхээр холбогдох зохицуулалтыг тусгасан гэлээ.
Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэхтэй холбоотой зарим төрлийн ан агнах, барих тусгай зөвшөөрлийг дуудлага худалдаагаар нээлттэй олгох зохицуулалтыг төсөлд тусгажээ. Хил орчмын аялал жуулчлалыг олон улстай улсын тусгай зөвшөөрөлтэй тур оператор компаниар гүйцэтгүүлэх тусгай нөхцөлийг тодорхойлсон байна.

Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар үндэсний онцлог бүхий үндэсний соёл, байгаль, түүх, соёлын өвийг мэргэжлийн холбоод, тухайн орон нутгийн иргэдийн оролцоонд суурилсан аялал жуулчлалыг хөгжүүлэхээр зорьж байгааг салбарын сайд хэллээ.Түүнчлэн хуулийн төсөлд аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагууд нь стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай байх, байгууламж барих, засварлах зардлыг аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хасагдах зардалд тооцох зохицуулалтыг тусгаж, хил орчмын аялал жуулчлалыг олон улсын аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй тур оператор гүйцэтгэхээр зохицуулсан байна.

Хуулийн төслийг d.parliament.mn цахим хуудаст 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр байршуулснаас хойш 1630 хүн хуулийн төсөлтэй танилцаж, 156 санал ирүүлжээ. Эдгээр саналын дийлэнх хувийг тусгай зөвшөөрөл, татварын хөнгөлөлт, тур оператор, аялал жуулчлалын байгууллагын үйлчилгээ, дэд бүтэц, хөтөч тайлбарлагчийн үйл ажиллагаатай холбоотой саналууд эзэлсэн байна.

Хэлэлцүүлэгт оролцогчид хуулийн төслийн зүйл, заалт бүр дээр саналаа илэрхийлсэн. Оролцогчдын зүгээс үйлчилгээний байгууллагын зааг ялгааг тодорхойлох, төрийн байгууллагуудын уялдааг сайжруулах, хүнд суртлыг арилгах, газрын төлбөрийн асуудалд уян хатан хандах, аялал жуулчлалын салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, бодлогоор дэмжих, “Аялал жуулчлалыг хөгжүүлэх сан”-гийн төсвийн зарцуулалтад тавих хяналтыг тодорхой тусгах, бусад салбарын бодлоготой уялдуулах зохицуулалтын хуулийн төсөлд тусгах шаардлагатай байгаа талаар байр сууриа илэрхийлж байлаа.

Улсын Их Хурлын гишүүн, Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан саналыг нэгтгэж, хуулийн төсөлд тусгахаа илэрхийлээд мөн бичгээр саналаа ирүүлэх боломжтойг хэлсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *