Categories
мэдээ нийгэм

Автозамын зөвлөх инженерүүд “Инженерийн ёс зүй”-г хөндөж, их хурлаа хийхээр шийдвэрлэлээ

Монгол Улсын Авто замын салбарын Зөвлөх инженерүүд саяхан уулзалт-зөвлөгөөн зохион байгуулав. Авто замын салбарын нийт 53 зөвлөх инженерээс зам, гүүрийн 44 хүн, механик инженерүүдийн төлөөлөл дөрвөн хүн оролцож салбарын хэмжээнд тулгамдаад буй асуудлаар санал бодлоо солилцсон юм.

Зөвлөгөөнийг МАЗИН-ийн гүйцэтгэх захирал Н.Адилбиш нээж үг хэлэхдээ “Бидний энэ цугларалт бол уулзалт-ярилцлага, том хэмжээний зөвлөгөөн биш. Энэ онд хуралдах МАЗИН-ийн Их хурлын өмнөх гол арга хэмжээний нэг юм. Уулзалтыг зохион байгуулахад дэмжлэг туслалцаа үзүүлсэн Монгол Улсын Зөвлөх инженер Ж.Батсайхан,“MCPC gr” ХХК-ийн хамт олонд талархлаа илэрхийлье. Монгол Улсын Авто замын салбарт одоогийн байдлаар нийт 818 инженер бүртгэлтэй байна. Эдгээр инженерүүдийн 53 нь Зөвлөх инженер. Нэг онцлог нь гэвэл нийт инженерүүдийн маань 71.3 хувь нь залуучууд байна. Мөн энд бид замын машин механизмын гол инженерүүдээс урьсан байгаа. Замын машин механизмын механик, элекроник, автоматик инженерүүд нь Авто замын салбарын хөгжлийг түүчээлэгч нэг гол хүч гэж бид үздэг юм. Мөн салбарт удирдах ажил хийж байсан зарим тэргүүлэх инженерүүдийг урьсан” гэж онцоллоо.

“Зөвлөх инженер гэж хэн бэ? Зөвлөх инженерийн ёс зүйн тухай” илтгэлийг Зөвлөх инженер, техникийн ухааны доктор, “ICT сайн консалтинг” ХХК-ийн ерөнхий захирал С.Очирбат танилцуулав

С.Очирбат: -Авто зам өөрөө өндөр өртөгтэй, олон зуун жил байж байх ёстой байгууламж. Үүнийг бүтээж байгаа хүмүүс ёс зүйтэй байх ёстой. Энэ ёс зүй нь эрх, үүргээр дамжиж хэрэгжих ёстой. Энгийнээр бидний хувьд норм стандарт, зураг төсөл, гэрээ хэлцэл, байгууллагын дотоод журам гээд явна. Үүнийг зөрчөөд эхлэхээр л ёс зүйгээ алдаад байна гэж үзэж байна. Тэгвэл бид яагаад ёс зүйгээ алдаад байна гэдгийг бодох ёстой. Ёс зүй алдахад хоёр хүчин зүйл нөлөөлөөд байна. Нэг нь дотоод хүчин зүйл. Энэ нь тухайн хүнтэй өөртэй нь холбоотой. Нөгөө нь гадаад хүчин зүйл. Хүчээр түлхээд тийм үйлдэл хийлгээд байна. Энэ тохиолдолд бид яах вэ? Уг нь монгол хүний ёс зүй ном зохиолд бичээд байгаагаас илүү юм шиг. Гэтэл тэнд байгаа категориуд дотор бидний ярьдаг тэр зүйлүүд байхгүй байгаа юм. Хүний мөс, жудаг, гудиггүй монгол хүн гэх мэт үгийг гадны ямар ч хэл рүү орчуулах боломжгүй. Ийм өндөр ёс зүйтэй, ёс суртахуунтай монголчууд өнөөдөр ямар байдалд орчихоод байгааг бодохоор гол харлаж, дотор муухайрахаар байна.

Инженерүүдийн ёс зүй алдуулаад байгаа нэг том хүчин зүйл бол “маш бага үнэ”. 2006-2012 он дуустал, өнөөдөр ч яамны зарим нөхөд нэг км замын үнэ 510 сая төгрөг гэж ярьсаар л байна. Дээр нь ажлын цар хэмжээ. Энд сууж буй хүмүүсийн ёс зүй ойрын гурван жилд бүр доошоо явна гэдэгт би харамсаад байна. Ихэнх хүн өнөөдөр ажилгүй сууж байна. Гэдэс өлсөөд ирэхээр юун ёс зүй манатай л юм болно.

Нөгөөтэйгүүр бидний мөрдөж байгаа дүрэм журам хангалтгүй, биднийг тодорхой хүрээнд барьж чадахгүй байна. “Зөвлөх инженерийн дүрэм”-ийг МАЗХ, МАЗИН 2010 оноос хойш яриад, бичиг цаасөгөөдгаргуулж чадахгүй байна. Тэр гараад ирвэл “биеэ үнэлэгч инженер“ алга болох юм. Ийм бодлогын зохицуулалттай юмыг төрийн захиргааны байгууллага хийж өгөхгүй байна. Нэг нь юм хийхээр нөгөө нь харлуулдаг, тэгээд муудалцаад унадаг ийм үзэгдэл өнгөрсөн 20 жилд тогтчихлоо. Зах зээлийн ардчилсан сайхан нийгэм явж байна гээд байдаг бидний ёс зүй нөгөө тийш яваад байна. Энийгээ л бид анхаарах ёстой.

Р.Балжир /МУ-ын Зөвлөх инженер/:-Миний ёс зүй ямархуу хэмжээтэй байгаа билээ? Энэ ажлыг хийж чадах хэмжээний дадлага туршлага надад байна уу? Энэ бүгд дээрээ үндэслээд хүн өөртөө дүгнэлт хийж би энэ ажил дээр, энэ албан тушаалд ажиллаж чадах юм, үүнийг би чадахгүй гэж хандаж чадвал ёс зүйтэй байна гэж үзнэ.

Ч.Намшир /МУ-ын Зөвлөх инженер, “Ти Ай Би” ХХК-ийн захирал/:– Ёс зүйг бид энэ зах зээлийн үед залуучуудад яриад нэмэргүй. Харин механизмыг нь гаргаад ирвэл болно. МАЗХ-ноос явуулж байгаа сургалтаар яриад цааш нь тусгай зөвшөөрөл аваад ажиллаж байгаа компаниуддаа шаардлагаа тавиад явбал арай өөр ажиллах байх.

Ж.Батсайхан /МУ-ын Зөвлөх инженер, “MCPC gr” ХХК-ийн ерөнхий захирал/: -Энд инженерийн ёс зүй, тэр дундаа Зөвлөх инженерийн ёс зүйн тухай ярих байх. Эндээсээ инженерийн ёс зүйн дүрэм гэж гаргаж, тэрийгээ барьдаг, бусдадаа үлгэр жишээ болдог байх хэрэгтэй. Үүнийгээ зөвлөх инженерүүдээсээ эхлэх хэрэгтэй. Өөрийгөө болон бусдыгаа үнэлж, цэгнээд зөвлөж байхад болох уу, үгүй юу гэдгээ тунгаадаг, эхний ээлжинд өөрийгөө дүгнэдэг байх. Цаашлаад зөвлөх инженер болоход санал өгөхөд нөлөөлдөг байх хэрэгтэй. Зөвлөх инженер гэдэг нь гоё нэр томъёо, цол хэргэм биш. Өөрийн мэргэшсэн чиглэлээр ажил үйлчилгээг аваад явчихдаг, залуу болон мэргэшиж буй хүмүүсийг цааш нь чиглүүлдэг, тэр хүмүүс нь ёс зүйтэй, зөв буруу юм яриад байдаггүй байх хэрэгтэй.

Б.Гарамгайбаатар /УИХ-ын гишүүн, Авто механик инженер/: -Авто замын салбарын нөлөө бүхий хүмүүстэй уулзаж байгаадаа баяртай байна. Авто замын салбарт би гаднаас орж ирсэн хүн. Намайг анх орж ирэхэд алга тосож, халуун дотноор хүлээн авсан хамт олон энд бүрэн цугласан байна гэж ойлгож байгаа. Тийм учраас намайг дэмжиж, зөвлөж, тусалж байсны хүчинд би авто замын салбарт сүүлийн 10 жил ажилласан. Би хэдийгээр авто замын мэргэжлийн хүн биш ч өөрийгөө авто замын хүн гэж боддог. Өнөөдөр цаг үеэ олсон, оновчтой уулзалт болж байна гэж бодож байна. Саяын Н.Адилбиш, С.Очирбат дарга нарын ярьсан яриаг сонсоход ер нь үгүйлэгдэж байсан юм сонсогдож байна. Энэ салбарт 10 гаруй жил ажилласных би тодорхой туршлага хуримтлуулсан.Одоо бол намайг их шүүмжилдэг, зам чанаргүй барьсан, тийм ийм гээд улс төржүүлдэг. Тэгэхээр ягэнэ ёс зүйн асуудал гарч ирж байна. Салбарт 800 гаруй инженер байна гэж ойлголоо. Нэлээд нэмэгдсэн байна. Үүнээс 53 хүн энд цуглах эрхтэй хүмүүс юм байна. Бараг бүгд ирсэн байх шиг байна.Замын чанар, чансаанаас болоод авто замчдын нэр хүнд маш ихээр унадаг, энэ гашуун боловч үнэн.Ер нь чанар бол инженерийн ёс зүйтэй шууд холбоотой асуудал.

Ж.Батсайхан /МУ-ын Зөвлөх инженер, “MCPC gr” ХХК-ийн ерөнхий захирал/: -Зөвлөх инженер ёс зүйтэй байж салбарын хөгжлийг удирдана. Өөрөө ёс зүйтэй байвал хүн таныг хүндэтгэнэ. Энэ утгаараа байх ёстой юм болов уу. Би зөвлөх инженер гээд таарсан газраа сагсуураад, ярих ярихгүй юм яриад, болсон болоогүй мэдэгдэл хийгээд байвал Зөвлөх инженер мөн үү үгүй юу? Эсвэл мэргэжлийнхээ хувьд илт алдаатай зүйл хийгээд байвал энэ хүн зөвлөх байх нь зөв үү? Ийм л утгаар хэлээд байна. Хэрэв ёс зүйн зөвлөл юмуу, хороотой байвал тэр нь үүнийг л хэлэлцдэг, хэлдэг байх хэрэгтэй байгаа юм. Бид ёсзүйтэй зөвлөх инженертэй баймаар байна гэсэн миний санал байна. Хэрвээ та нар байх хэрэггүй, цаг үе нь болоогүй гэж үзвэл больж болно. Энэ бол хэзээ нэгэн цагт бий болно.

Б.Лувсан /МУ-ын Зөвлөх инженер, Гавьяат барилгачин, Авто замчдын Ахмадын хорооны дарга/: -УИХ-ын гишүүд Ёс зүйн хороотой мөртлөө ёс зүйгээ алдаад л байгаа шүү дээ.

Ж.Батсайхан /МУ-ын Зөвлөх инженер, “MCPC gr” ХХК-ийн ерөнхий захирал/: -УИХ-ын гишүүд ёс зүйгүй байна гээд бид тэдэнтэй ижил байж болохгүй ээ. Авто замын инженерүүд ийм ёс зүйтэй байна үлгэр дуурайлал болохоор, тэднийг ичээхээрбаймаар юм.

Д.Хадбаатар /МУ-ын Зөвлөх инженер, “Эсто” ХХК-ийн зөвлөх/: -Энд нилээд хэдэн дүрэм журмын асуудал хөндөгдөн яригдаж байна. Бидний хоорондоо ярилцаад зохиогоод, зөвшөлцөөдхэлэлцээд бий болгосон дүрмийг алийн болгон ямар нэгэн яамаар, төрийн нарийн бичгийн даргаар батлуулах гээд явж байх юм. Энийг боливоляасан юм бэ? Тэд баталсан ч, батлаагүй ч хамаагүй хэрэг шүү дээ. Бид л мөрдөж ашиглах болохоор бид л баталсан бол тэрийгээ дагаад явбал яасан юм.

Д.Нанзаддорж /МУ-ын Зөвлөх инженер, Гавьяат барилгачин, НАЗГ-ын дарга/: -Бид хариуцлагатай байя, санаачлагатайбайя гэдэг хуучны мода болсон үгнээс салж хийж буй ажилдаа чин сэтгэлээсээ, зүрх сэтгэлээс хандъя, кайфтай байя гэдэг хандлага уруу орж байна.Тийм учраас ёс зүй бол хүн болгон дээр байх ёстой хүний асуудал. Үүнийг нийтэд нь хавтгайгаар нь авч үзэхээс илүүтэй нэгэнт зөвлөх инженерүүд уулзаад зөвлөл байгуулах гэж байгаа учраас зөвлөлийн гишүүдийг эхлээд ёс зүйн талаас нь авч үзэх ёстой юм.

Ч.Баясгалан /МУ-ын Зөвлөх инженер, ЗТЯ-ны төслийн зохицуулагч/: -Нэгэнт энд салбарын зөвлөх инженерүүд цуглаад уулзаж байгаа болохоор энэ зөвлөгөөнөөс уриалга юмуу,зөвлөмж гаргаад түүндээ инженерүүд ёс зүйтэй байя, ийм алдаа доголдол гаргахгүй байя гэж оруулъя. Мөн инженерүүдийг давтан сургаж байгаа бүх шатны сургалтууд дээр мэргэшсэн, хяналтын инженерүүд гэлтгүй геодези, лаборант ч тэр ямар байх ёстой талаар заавал оруулдаг байвал яасан юм бэ? гэсэн санал байна.

Л.Нямсүрэн /“Эрдэнэ зам” ХК-ийн ерөнхий механик, мэргэшсэн инженер/: -Зөвлөх инженерүүдийн уулзалтад механикийн чиглэлээсхүн оролцуулсанд баяртай байна. Би “Эрдэнэ зам” ХК-д 10 гаруй жил ерөнхий механикаар ажиллаж байна. Хаана ч гэсэн авто замынхан хялбар аргаар баяждаг гэсэн яриа чих дэлсдэг болжээ. Авто замын салбарт үнэнчээр зүтгэж байгаа хүмүүс нь жинхэнэ ёс зүйтэй хүмүүс байдаг гэдгийг хаана хаанаа ойлгуулах хэрэгтэй болсон учраас бид баримталдаг ёс зүйгээ албан ёсоор зарлах нь зүйтэй байна. Авто замын салбарт агентлаг, газар байхдаа ч тэр салбарын техникийн бодлого гэдэг зүйл алдагдсан. Ямар ч байсан өнөөдөр авто замын салбарын зөвлөх инженерүүд техникийн хүмүүсийг урьж энэ асуудлыг ярьж байгаа нь авто замын салбарын харах өнцөг өөр болж байгаа юм болов уу гэж ойлгож байна. Мэргэжлийн ёс зүй гэж бий. Үүнийг би хувь хүний ёс зүй гэж ойлгож байгаа. Нийгмийн сэтгэл зүйд ёс зүй үнэхээр хэрэгтэй байгаа юм.

Я.Цэндсүрэн/МУ-ын Зөвлөх инженер, “АЗЗҮ” ХХК-ийн захирал/: – Энэ асуудал өөрөө их өргөн хүрээтэй. Тиймээс судалгаа сайн хийж, дараа нь авто замын инженерийн ёс зүйн ямар хэм хэмжээ байх юм гэдгийг тодорхойлох шаардлагатай байх.

Л.Гомбо/МУ-ын Зөвлөх инженер, судлаач профессор/: – Бүгдээрээ санаа оноогоо ярьж байгаад зөвлөх инженерийн биш, авто замын салбарын инженерүүдийн ёс зүй гэсэн нэгдсэн нэг зүйл гаргахгүй бол зөвлөхийн, зүгээр инженерийн гэж тусдаа байж болохгүй.

Б.Атарбаяр /”Хотын зам”ХХК-ийн захирал, механик инженер/: -Ёс зүй гэдэг юм гаргаж тавьчихаад тэрийгээ хэрэгжүүлж чадахгүй, арга хэмжээ авдаг ямар ч юм байхгүй. Ёс зүйгээ алдсан бол тэгнэ, ингэнэ гэсэн ямар ч хуулийн заалт байхгүй, юу ч хийж чадахгүй. Тэгэхээр илүү хоосон юм болно.

Ж.Батсайхан /МУ-ын Зөвлөх инженер, “MCPC gr” ХХК-ийн ерөнхий захирал/: -Салбараа авч явах, хөгжүүлэх гэвэл хэдэн зөвлөх инженерүүддээ найдахгүй бол өөр найдаад байх хүн байхгүй.

Ч.Лхагважав /МУ-ын Зөвлөх инженер, Техникийн шинжлэх ухааны доктор, “Лабо” ХХК-ийн зөвлөх/: -Уул уурхайд ёс зүй хэрэгжиж байна. Дэлхийг 50 гэр бүл авч явдаг гэж ярьдаг шиг энд өнөөдөр 50 инженер суугаад салбарын асуудал ярьж байна. Тийм болохоор эрчтэй, хүчтэй, зоригтой шийдвэр гаргах түвшинд яримаар байна. Тэрнээс дараа болъё, хойшлуулъя гэмээргүй байна.

Д.Гэрэлням/МУ-ын Зөвлөх инженер, техникийн ухааны доктор, ЗТЯ-ны мэргэжилтэн/: -Агентлаг байхдаа ёс зүйн хороотой, ёс зүйн дүрэм мөрддөг байсан. Одоо ч төрийн байгууллагуудад ёс зүйн хороо ажиллаж байгаа. Энэ нь нэг нэгнийгээ шүүж, буруутгаж, шийтгэхдээ гол нь биш ёс зүйн талаар сануулгатай байж, хороо нь соён гэгээрүүлэх талаасаа ажиллавал айхгүй ч гэсэн аягүй гэдэг шиг бие биентэйгээ эвтэй харьцахдаа ч зүй зохистой байхад хэрэгтэй юм.

Н.Баттөр/МУ-ын Зөвлөх инженер/: -Авто замын салбарыннэр хүндийг чанар унагадаг. Жишээ нь, Дарханы замд дөнгөж ноднин шинэчлэлт хийгдсэн хэр нь одоо там болчихоод байна гэж радио телевизээр зөндөө ярилаа. Тэгэхээр ёс зүйг чанартай холбомоор байгаа юм. Бид чинь анх замчин, мастер, даамал хийж байж хэдэн жилийн дараа л ерөнхий инженерийн түвшинд очдог байлаа. Яг тэр шат дарааллаар нь явж байж хяналтан дээр очдог байх хэрэгтэй.

Н.Адилбиш /МУ-ын Зөвлөх инженер, МАЗИН-ийн гүйцэтгэх захирал/: -Ёс зүйтэй хүмүүс л ёс зүй ярьдаг. Өнөөдөр авто замын зөвлөх инженерүүд, авто замын инженерүүд ёс зүйгүйболчихоод үүнийг яриад байна гэж би огт бодохгүй байна. Бид хаана ч явсан ялгаагүй зам бол мөнгө угаадаг салбар, хүүхдээ замд оруулаад хялбар аргаар мөнгөтэй болгочих юмсан гэсэн зохисгүй хандлага газар авлаа. Тийм болохоор бид, авто замын салбар гэдэг өөрөө ийм нарийн ёс зүйтэй салбар юм шүү гэдгийн тунхаглах ёстой, хэлэх ёстой. Тэрнээс авто замын салбар өөрөө огт ёс зүйгүй болчхоод яриад байгаа юм огт биш. Үүнийг бид хатуу ойлгох хэрэгтэй.

О.Мишиг/Авто замын салбарын хэвлэл мэдээллийн ахмад ажилтан, инженер/: -МАЗИН өөрөө мэргэжлийн байгууллага учраас мэргэжлийн ёс зүйтэй нь холбоод дүрэм журамдаа тусгах хэрэгтэй.

Б.Зөвцэцэг/МУ-ын Зөвлөх инженер, “CTI” ХХК-ийн ахлах инженер:/ -Ёс зүй гэдэг хувь хүний өөрийн хариуцлага, хүндэтгэл, харьцаа байгаа юм. Тэгэхээр зөвлөх инженерүүд гээд энд сууж байгаа хүмүүс өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй. Хийж байгаа ажилдаа хариуцлагатай, түүндээ үнэнч, дуртай байх, хамт ажиллаж буй хүнээ хөгшин байна уу, залуу байна уу, ямар ажил хийж байгаа нь хамаагүй хүндэтгэлтэй хандаж тэр хүнтэй нэг л янзаар, нэг л түвшинд ханддаг байх хэрэгтэй.

Х.Гантөмөр/МАЗИН-ийн Удирдах зөвлөлийн гишүүн/: -Авто замын инженерүүдийн өмнө үлгэр дуурайлал болох учраас Зөвлөх инженерийн ёс зүй байх ёстой гэж бодож байна. Тиймээс энэ асуудлыг заавал их хурал гэхгүйгээр зөвлөлдөө оруулаад үлгэрлээд явбал яасан юм бэ гэсэн саналтай байна.

Ж.Шуумаржав /МУ-ын Зөвлөх инженер, “Монголын хурдны зам” ХХК-ийн захирал/: -Төрийн захиргааны төв аппарат чинь улс төржсөн аппарат байдаг. Биднийг ингээд ёс зүй яриад эхлэхээр нэг юм болуут л буцаагаад МАЗИН-д захиа бичээд танайх үүнийг ёс зүйн хороогоороо хэлэлцээд аваад ир, түүний дараа манайх асуудал шийднэ гээд суучихдаг хүмүүсийн барьцаанд орчихгүйхэн шиг бодож шийдвэрээ зөв гаргах хэрэгтэй.

В.Цолмон /МУ-ын Зөвлөх инженер/: -Юунаас болж хүмүүс үүнийг яриад байна гэхээр манайх ёс зүйгүй хүмүүсийн халдлагад өртсөн салбар. Тийм учраас ярихаар бидэнд хүнд тусч байна. Үүнд эмзэглээд байх хэрэггүй. Салбарыг ёс зүйгүй хүмүүсээс хамгаалах гэдэг их нарийн ойлголт. Нэгдүгээрт, мэргэжлийн бус өөр салбарын хүмүүс орж ирээд байна. Хоёрдугаарт, эдийн засгийн сонирхол их орж байгаа учраас ёс суртахууны асуудал гүйцэгдээд байна. Хэрвээ инженер техникийн ажилтнуудын ёс зүйн асуудал ярих гэж байгаа бол үүнийг шат шатны сургалтанд системтэй авч үзэх хэрэгтэй. Тэрнээс зөвлөх инженерүүдийн хувьд нэг их учраа алдчихсан ёс зүйгүй хүн байхгүй. Тиймээс “террористууд”-аас салбарыг хамгаалах хэрэгтэй.

Р.Буд /МУ-ын Зөвлөх инженер, Гавьяат барилгачин,МАЗИН-ийн тэргүүн/: -Монголын “Авто замын инженерүүдийн ёс зүй” гэж л нэрлэх нь зүйтэй байх. Тэрнээс эндтархи толгой нь болж яваа бид хэдүүлээ цуглачихаад өөрсдөдөө ёс зүй гэж гаргавал утгагүй. Авто замын зөвлөх инженерүүдийн зөвлөлийн дүрэм дараа нь батлагдана. Үүндээ нэг бүлэг болгон оруулж, ёс зүй, ёс суртахууны асуудал гэжтусгаад мөрдөж явъя гэдэг дээр бүгд санал нийлж байна. Эхний асуудал маань “Зөвлөх инженер гэж хэн бэ?”, “Зөвлөх инженерийн ёс зүй” сэдвээр доктор, инженер С.Очирбат илтгэл тавьж хэлэлцүүлсэн. Энэ асуудлыг зөвлөгөөнд оролцогсдын дийлэнх олонх дэмжиж, ёс зүйн хэм хэмжээг зөвлөх инженерүүдийн зөвлөлийн дүрэмд тусгах замаар шийдвэрлэе гэж тогтлоо.

МАЗИН-ийн их хурлыг хуралдуулах, хэлэлцэхасуудлыг тодорхойлж, нийгэмлэгийн удирдах зөвлөлд зөвлөмж өгөх, их хурлын товыг тогтоох

Д.Гэрэлням /МУ-ын Зөвлөх инженер, Ph.Доктор, ЗТЯ-ны ахлах мэргэжилтэн/: -Би замын хийцийн өөрчлөлтийн асуудлыг голлоё гэж бодож байна. Зам зөвхөн замын хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн даацаас шалтгаалж эвдэрч муудаад байгаа юм биш. Замын байдалд цаг уурын эрс тэс нөхцөл маш их нөлөөлж байгаа нь нэг хүчин зүйл юм. Тиймээс цаг уурын нөхцөлдөө тааруулж замын хийцээ өөрчлөхөөр нэг км замын өртөг өссөнөөр замын чанар дээшилнэ. Жишээ нь : Шенгенийн орнуудад манайх шиг ийм нэг км замын өртөггурван тэрбум төгрөг байхад манайд ямар байгаа билээ? Ингээд бид байнга чанаргүй юм хийлээ гэж дуудуулаад км-ийн уртын араас явах биш чанартай хүчитгэсэн зам барих шаардлагатай. Тийм учраас үүн дээр үндэслэсэн тооцоо судалгаа хийж, шийдвэрлэх асуудлын хамт нийгэмлэг их хурлаараа хэлэлцэх хэрэгтэй.

Н.Адилбиш /МУ-ын Зөвлөх инженер, МАЗИН-ийн гүйцэтгэх захирал/: -МАЗИН-ийн их хурлыг “Авто замын салбар дахь үнэ, чанар” сэдвээр хийх саналтай байна.

Б.Лувсан /МУ-ын Зөвлөх инженер, Авто замчдын Ахмадын хорооны дарга/: -Үнэ бол инженерүүдээс илүү компанийн захирлуудын сонирхдог асуудал учраас аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын оролцоогүйгээр бид энэ асуудлыг ярих нь учир дутагдалтай.

Ч.Намшир/МУ-ын Зөвлөх инженер, “Ти Ай Би” ХХК-ийн захирал/: -Энд байгаагаас гадна бусад инженерүүдээсээ МАЗИН-ийн их хурлаар хэлэлцэх асуудлаар саналыг нь авч байж тогтъё. Яг хуралдах гэхээр микрофон дээрээ дугаарлаад таардаг. Удирдах ажилтны зөвлөгөөн хийгээгүй учир бөөгнөрсөн асуудлууд байгаа тул судалж байгаад хурлаа товлож, хэлэлцэх асуудлаа гаргая гэсэн саналтай байна. Тэгэхгүй бол бид өнөөдөр энд заримыг нь хаяж, дутуу орхих тал бий.

Ж.Батсайхан/МУ-ын Зөвлөх инженер, “MCPC gr” ХХК-ийн ерөнхий захирал/: -Хурал, зөвлөгөөн цаг үетэйгээ уялдах ёстой. Өнөөдрийн нөхцөл байдал замчдыг нэлээд бухимдуулж байна. Удирдлагагүй болсон, захиалгагүй болсон, ажилгүй болсон гэх мэт. Үүнийг хэлэлцэхгүйгээр өөр юм ярина гэдэг утгагүй. Тэгэхээр авто замын салбарын өнөөгийн байдал, тулгарч буй бэрхшээл, гарах арга замуудыг хэлэлцэж, магадгүй гарах гарц, шийдлийг хайх хэрэгтэй. Үүнээс чухал сэдэв өнөөдөр харагдахгүй байна. Инженерүүд энийг зөвлөхгүй бол мянган аж ахуйн байгууллага юугаа зөвлөлдөх вэ гэлээ.

Ийнхүү зөвлөхүүд илэн далангүй, шулуун шударга, үр дүнтэй ярилцав.Энэ зөвлөгөөний хүрээнд МАЗИН-ийн дэргэд Зөвлөх инженерүүдийн зөвлөл байгуулах тухай дүрмийн төслийг хэлэлцэн баталж, Авто замын зөвлөх инженерүүдийн зөвлөлийг байгуулантэргүүлэгчдийг сонгов. Зөвлөлийн даргаар Нийслэлийн авто замын газрын дарга Д.Нанзаддорж сонгогдсон юм. Авто замын салбар сүүлийн гурван жил удирдах ажилтны зөвлөгөөн хийгээгүй, тулгамдсан, шийдвэрлэх асуудал хуримтлагдсан. Зөвлөх инженерүүдийн зөвлөлөөс энэ асуудлыг өргөн хүрээтэй яриач гэсэн шаардлага байгаа тул бүх инженер техникийн ажилтнуудын хүрээнд “Авто замын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, гарах арга зам” сэдвийн дор салбар хуралдаантайгаар их хурлаа хийх, инженерүүддээ хандсан уриалга, төр засагтаа хандсан зөвлөмж гаргахаар тогтов.

Жич: МАЗИН-ийн Удирдах зөвлөлийн 2015 оны 5-р сарын 12-ны хурлаар МАЗИН-ийн Их хурлыг ирэх арваннэгдүгээр сарын хоёрдугаар хагаст хийхээр тогтсон.

Авто замын салбарын ажилтны мэргэжил дээшлүүлэх дүрэмд өөрчлөлт оруулах тухай дүрмийн төслийг Зөвлөх инженер Р.Балжир танилцуулсанаар, Авто замын салбар ЗТБХБ-ын сайдын 2010 оны 196 дугаар тушаалаар батлагдсан “Барилгын ажилтны мэргэжлийн зэрэг олгох дүрэм”-ийг баримталж байгаа. Таван жил гаран мөрдсөн энэ дүрэм, журмыг харахаар салбарын онцлогтой тохирсон ч зүйл байна, тохироогүй ч юм байна. Тиймээс үүнийгээ шинэчлээд Зам, тээврийн сайдаар батлуулан мөрдөж ажиллая гэсэн зорилгын үүднээс МАЗИН-аас санаачилж, өөрчлөх төсөл боловсруулсан. Хуучин дүрэм таван бүлэгтэй байсан, төсөл дээр хоёр бүлэг нэмж оруулж байгаа юм байна.

Ажлын хэсгийн танилцуулсан томъёоллоор салбарын мэргэжилтний мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг олгох дүрэм, журмын төслийг ажлын шугамаар инженерүүдийн гаргасан саналыг тусган сайжруулан боловсруулж, холбогдох байгууллагуудад оруулан шийдвэр гаргуулахаар тогтлоо.

Та бүхэн энэ зөвлөгөөний дэлгэрэнгүйг www.mare.mn сайтаар орж уншина уу.

Тэмдэглэсэн: Д.САРУУЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *