Categories
мэдээ улс-төр

Автозамын бүтээн байгуулалтын ажлыг шуурхайлна

Zasag

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр энэ онд Дамбадаржаагийн уулзвар, Шаргаморьтын төмөрбетон гүүр-Хандгайт чиглэлийн 16,3 км автозамын өргөтгөл, шинэчлэлт, Улиастай-Гачууртын чиглэлийн 11 км автозамын засвар, 22-ын хуучин уулзвараас Авто худалдааны цогцолбор хүртлэх 1,7 км автозамын ажил хийгдэх юм байна.

Улаанбаатар хотод энэ оны долоо, наймдугаар сард гадаадын өндөр түвшний зочид, төлөөлөгчдийн айлчлал, есдүгээр сард Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны парламентийн чуулга уулзалт, ирэх онд болох АСЕМ-ын уулзалтын бэлтгэл хангах ажлын хүрээнд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх автозам, замын байгууламжийн ажлыг шуурхай зохион байгуулах арга хэмжээ авахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нарт Засгийн газрын хуралдаанаас даалгалаа.

Мөн Баянзүрхийн товчоо-Налайх-Чойрын уулзвар хүртлэх 17,5 км автозам, Улиастай-Гачууртын уулзвараас Баянзүрхийн товчоо хүртлэх 3,4 км автозамын өргөтгөл, шинэчлэлт, 288 метр урттай гүүр барих ажлыг хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулан шуурхай гүйцэтгүүлэхийг даалгав.

-ТУСГАЙ ЗАМЫН АВТОБУСНЫ ШУГАМ БАРИНА-

Монгол Улсын Засгийн газар, Азийн Хөгжлийн банк хооронд байгуулсан “Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн нэгдүгээр төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг дэмжиж, энэхүү хэлэлцээрт Засгийн газрыг төлөөлж гарын үсэг зурах бүрэн эрхийг Сангийн сайд Ж.Эрдэнэбат гарын үсэн зурж байгаа юм. Том хэмжээтэй дэд бүтэц, бүтээн байгуулалтын төслийг салбарын бодлоготой уялдуулж, санхүүжилтийн эх үүсвэрийг нэгдсэн байдлаар шийдвэрлэх зорилгоор “Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг боловсруулж, Санхүүжилтийн хэлэлцээрийг 2012 онд байгуулсан байна.

Хөрөнгө оруулалтын нэгдүгээр үе шатанд

-Босоо тэнхлэгийн дагуу 7,7 км замыг сайжруулах

-Энхтайваны гүүрний өргөтгөл

-Босоо тэнхлэгийн дагуу тусгай замын автобусны 14 км шугамын барилгын ажил

-Босоо тэнхлэгийн дагуу цахилгаан тээврийн хэрэгслийн 14 км дэд бүтцийг сайжруулах

-Автобусны байршил тогтоох удирдлагын системийг нэвтрүүлэх

-Төслийн удирдлага, зураг төсөл, институцын хөгжил зэрэг ажлыг Азийн Хөгжлийн банкны 59,9 сая ам.долларын хөнгөлөлттэй болон энгийн эх үүсвэрийн холимог зээл, Дэлхийн байгаль орчны байгууллагын 1,5 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монголын Засгийн газрын 17 сая ам.долларын хөрөнгөөр хийхээр төлөвлөж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *