Categories
мэдээ нийгэм

Автомашиныг ачиж , журамлах торгуулийн хэмжээг өсгөнө

Нийслэлийн удирдлагууд автомашины түгжрэлийг бууруулахаар олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа билээ. Энэ хүрээнд авто замын нэгдүгээр эгнээнд байрлуулсан автомашиныг ачиж журамлах журмыг батлан мөрдөж буй. Гэхдээ уг журам багагүй маргаан дагуулж ирсэн. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас уг журмыг хууль бус хэмээн үзэн, иргэд ч багагүй эсэргүүцэж байгаа учраас нийслэлийн удирдлагууд энэ журмыг эргэн харж, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзжээ.

Тиймээс өнөөдөр болсон НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Нийслэлд зориулалтын ачигч, чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахтай холбогдсон зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэх журам”-ын талаар хэлэлцлээ.

Цагдаагийн ерөнхий газрын даргын баталснаар одоогоор нэгдүгээр эгнээнд автомашинаа байрлуулж улмаар ачуулсан жолооч нарыг 55 мянган төгрөгөөр торгож байгаа. Харин журмыг шинэчлэн батлах ажлын хэсгийн төлөвлөснөөр энэ торгуулийн хэмжээг нэмэхээр болжээ. Тодруулбал, жижиг оврын автомашиныг 60, жийпийг 70, том оврын автомашиныг 110 мянган төгрөгөөр торгох саналыг гаргаж байна.

Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Л.Батцоожийн мэдээлж буйгаар дээрх торгуулийн хэмжээнд ажилтнуудын цалин хөлс, чирэх машины элэгдэл хорогдол, 25-30 км чирэх машины шатахууны болон зогсоолын төлбөр зэрэг багтаж байгаа аж. Мөн өнөөдрийг хүртэл ачиж байгаа ААН-үүд 100 хувь орлогоо авдаг байсныг 10 хувийг нь улсад төвлөрүүлдэг болох гэнэ.

Одоо мөрдөж байгаа журмаар нэгдүгээр эгнээнд машинаа байрлуулсан жолооч нарыг торгож байгаа юм. Харин уг журамд өөрчлөлт оруулснаар тодорхой есөн байрлалд автомашинаа байрлуулсан тохиолдолд л ачиж, журамлана гэдгийг ажлын хэсгийнхэн онцоллоо. Үүнд, гүүрэн дээр болон доор, автобусны буудлын ойролцоо, төмөр замын гарам дээр, явган хүний гарц, уулзварын ойролцоо байрлуулсан автомашиныг журамлах гэнэ. Мөн жолооч нь согтууруулах ундаа хэрэглэсэн, хэт ядарсан байвал мөн ачиж торгох юм байна. Дээрх газруудаас өөр байршилд автомашинаа зогсоосон тохиолдолд ачиж, тээвэрлэхгүй гэдгийг албаныхан хэлж байлаа.

Гэхдээ энэ журмын талаар дараагийн НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар буюу 14 хоногийн дараа дахин хэлэлцэхээр хойшлууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *