Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдуулсны болон автозам ашигласны төлбөр хураалт маргааш буюу энэ сарын 31-нд дуусна. Ирэх зургаадугаар сарын 1-нээс өмнө амжиж татвараа төлөөгүй жолоочдыг торгож, хөдөлгөөнд оролцуулахгүй байх тул амжиж татвараа төлбөрөө төлөхийг Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас анхааруулж байна. Татвараа төлж амжаагүй байгаа жолоочдод мэдээлэл хүргэх үүднээс дараах мэдээллийг бэлтгэлээ.
Татвараа хэрхэн төлөх вэ?
Монгол Улсын “Автотээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд албан татвар төлдөг. Хуульд зааснаар жолооч нь дээрх албан татварыг жилд нэг удаа буюу тухайн жилийн зургадугаар сарын 01-ний дотор төлөх үүрэгтэй юм. Харин албан байгууллага, аж ахуйн нэгж эхний хагас жилээр албан татварыг төлөх ба жилийн албан татварыг урьдчилан төлөх боломжтой гэж заасан байдаг юм байна.
Мөн энэ жилээс эхлэн нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өнгөрсөн нэгдүгээр сард гарсан шийдвэрээр хуулийг хэрэгжүүлэх, иргэд банкинд дараалал үүсгэж цаг хугацаа алдахгүй байх боломжоор хангах зорилгоор шинэ журам гаргажээ. Тодруулбал автомашины улсын дугаарын сүүлийн оронгоос хамаарч татвараа төлөх шинэчилсэн журмыг баталсан юм. Үүнд, жолооч таны автомашины улсын дугаар
- 1, 6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард
- 2, 7 тоогоор төгссөн бол хоёр дугаар сард
- 3, 8 тоогоор төгсссөн бол гуравдугаар сард
- 4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард
- 5,0 тоогоор төгссөн бол тавдугаар сард албан татвар, төлбөр хураамжаа төлнө гэсэн үг юм.
Өөрөөр хэлбэл жолооч таны автомашины улсын дугаар 5,0 тоогоор төгссөн бол энэ сард автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа төлнө гэсэн үг юм. Энэ жилийн авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах нэг цэгийн үйлчилгээ 16 байршилд, амралтын өдрүүдэд уртасгасан цагаар ажиллаж байгаа аж.
Чингисийн талбайд автомашины татвар хурааж байна
Жолоочдод хурдан шуурхай үйлчлэх зорилгоор энэ амралтын өдрүүдэд буюу энэ сарын 30, 31-нд Чингисийн талбайд төвийн зургаан дүүргээс нэмэлт цэгүүд байрлуулан 10.00-17.00 цагийн хооронд татвар хураалтын ажлыг эрчимжүүлсэн байдлаар явуулж байна. Мөн Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас Чингисийн талбайд татвараа төлөхөөр ирсэн жолооч нарын машины зогсоолд зохицуулалт хийж ажиллаж байгаа гэнэ.
Мөн дүүргүүдийн татварын хэлтсүүд, нэг цэгийн үйлчилгээ өнөөдөр, маргааш 17.30 цаг хүртэл ажиллаж авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдуулсны болон автозам ашигласны төлбөрийг хурааж байгаа юм.