Categories
мэдээ нийгэм

Автомашины эд анги хулгайлдаг бүлэг этгээдийг баривчилжээ

Related image

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Мөрдөн байцаах албанаас “Баримтжуулалт” хэсэгчилсэн арга хэмжээг зохион явуулж байна. Энэ ажлын хүрээнд машины эд анги хулгайлдаг бүлэг этгээдүүдийг баривчилжээ. Тодруулбал, гэмт хэрэг үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгодог Л, Б нарын бүлэг этгээдүүдийг тус албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид баривчилсан гэнэ. Уг бүлэг этгээдүүд нь нийт 56 үйлдлээр 131 аккумлятор хулгайлсан талаараа мэдүүлээд байгаа аж. Тэдний үйлдлийн арга нь шөнө оройн цагаар ил задгай зогсоолд байрлуулсан болон аж ахуй нэгж үйлдвэрийн хашаа руу нэвтрэн орж, машины эд ангийг эвдлэгч багаж ашиглан хулгайлдаг байна. Ийм гэмт хэрэг нь ихэвчлэн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгддэг гэв. Тухайлбал, 2017 оны аравдугаар сарын байдлаар тус дүүргийн нутаг дэвсгэрт энэ төрлийн гэмт хэрэг 261 бүртгэгджээ.

Урьдчилан сэргийлэх чиглэлээр Мөрдөн байцаах албаны урьдчилан сэргийлэх тасаг, Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх газар, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн I, II, III хэлтэстэй хамтран аж ахуй нэгж байгууллага, иргэдэд санамж сэрэмжлүүлгийг биечлэн тараасан байна. Мөн энэ сарын 9-10 өдрүүдэд бусад аж ахуй нэгж байгууллагад түгээн дэлгэрүүлэх уриалга гаргасан гэдгийг Мөрдөн байцаах албаны ахлах мэргэжилтэн, хошууч А.Батсүх мэдээлэв. Иймээс иргэдийг өөрийн эзэмшлийн автомашин, тээврийн хэрэгслээ байнгын харуул хамгаалалттай байлгаж, анхаарал сэрэмжтэй байхыг санууллаа.

Б.УРАНЧИМЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *