Categories
мэдээ нийгэм

Автомашин зөөж шилжүүлэх ААН-ийг сонгон шалгаруулна

Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөлгөөн боллоо. Зөвлөлгөөнийг нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа удирдан явуулав. Зөвлөлгөөнөөр өмнөх хурал дээр өгсөн үүргийн биелэлтийг танилцуулж, нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаа үүрэг даалгавар өгч, дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 21 хоногийн нөхцөл байдлын талаар танилцууллаа. Өнгөрсөн 21 хоногийн хугацаанд Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Налайх дүүрэгт гэмт хэргийн шинжтэй мэдээлэл буурсан үзүүлэлттэй байгаа бол Хан-Уул, Багахангай, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэгт өсчээ.

Өмнөх зөвлөлгөөн дээр өгсөн үүрэг даалгаврын биелэлт:

Нийслэлийн хэмжээнд нийт 871,2 тонн бодис, 1586,6 тонн давс цацав

Явган хүний зам талбай, гарцан дээрх халтиргаа гулгааг цэвэрлэх, халтиргаа, гулгааг арилгах, сэргийлэх зорилгоор давс, бодисыг нэмэгдүүлэх үүргийн хүрээнд нийслэлийн хэмжээнд 2015-2016 оны өвлийн улиралд нийт 871,2 тонн бодис, 1586,6 тонн давс, 1760 метр күб элс дайрга цацав. Одоогоор давс бодисны зарцуулалт 70 гаруй хувьтай байгаа нь урьд жилүүдээс өндөр байна. Нөөцийг нэмэгдүүлэх үүднээс нэмэлтээр 100 тонн бодис, 350 тонн давс авахаар ажиллаж байна.

Халтиргаа гулгааг бууруулахад хяналт тавих 153 олон нийтийн байцаагч ажиллаж байна

Явган болон зам тээврийн осол гэмт, хэрэг ихээр гарч байгаа цэгүүдийг тогтоож, цаашид авах арга хэмжээний хүрээнд Улаанбаатар хотод халтиргаа гулгаа үүсдэг 329 цэгийн байршлыг тогтоон халтиргаа гулгаа, хог хаягдлыг бууруулахад хяналт тавих нийт 153 олон нийтийн байцаагч ажиллаж байна. Мөн “Явган болон зам тээврийн осол гэмт, хэрэг ихээр гарч байгаа цэгүүдийг тогтоож, цаашид авах арга хэмжээ”-ний талаар танилцуулга мэдээлэл бэлтгэн, журмын дагуу 12 сарын 25-ны Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулж, гүүрэн гарц, хайс хашлага байршуулах санхүүгийн тооцоо судалгаа гаргах үүрэг даалгавар өгчээ.

Шинэ жилийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд нийт байгууллагууд идэвхтэй ажиллалаа

Шинэ жилийн баярын өдрүүдэд мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд хэрэглээний халуун, хүйтэн болон ундны ус, дулаан, цахилгаанаар тасалдалгүй хэвийн хангах, шуурхай бригадыг бэлэн байлгах, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, цагийн хуваарьт хяналт тавих ажиллалаа. Шинэ жилийг тэмдэглэн өнгөрүүлэх авах арга хэмжээний хүрээнд нийт байгууллагууд идэвхтэй оролцож ажилласан байна.

Шуурхай зөвлөлгөөн дээр нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:

• Нийслэлийн хэмжээнд Худалдан авах ажиллагааг ил тод болгон сурталчлах, төсвийн жилийг эхлүүлэх бэлтгэлийг хангах ажлын хүрээнд энэ сарын 20-нд “Улаанбаатар худалдан авалт-2016” бизнес чуулга уулзалт зохион байгуулах төлөвлөгөөний дагуу ажил хариуцсан байгууллагууд шуурхай ажиллах

• 2016 онд Төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчтай байгуулах үр дүнгийн гэрээний бэлтгэл ажлыг хангах, гэрээний хавсралт болох үйл ажиллагааны төлөвлөлтийг бодитой, тоо хэмжээ, цаг хугацаагаар хэмжигдэн дүгнэгдэхүйц байдлаар томьёолон хийж батлуулах

• Нийслэлийн ИТХ-ын 2015 оны “Нийслэлд тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа ажиллуулах, үйл ажиллагааны төлбөрийн хэмжээг тогтоох тухай” 33/35 дугаар тогтоолыг 2016 оны 1 дүгээр 1-нээс мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан зөөж шилжүүлэх байгууллага, аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах, одоо байгаа тэмдэг, тэмдэглэгээг сэргээх, нөхөж байршуулах ажлуудыг эрчимжүүлж ажиллах

• Нийслэлийн дүүргүүд, хэрэгжүүлэгч агентлагууд, Улаанбаатар хотын Захирагчийн харъяа газрууд болон нийслэлийн өмчит үйлдвэрийн газрууд, нийслэлийн төсөвт байгууллагуудын 2015 оны үйл ажиллагааны үр дүнгийн үнэлэх ажлыг хэсгүүд байгуулагдсан тул нийт байгууллагууд ажлын хэсгийг ажиллах боломжоор хангахыг даалгав гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *