Categories
мэдээ нийгэм

Автобусууд хэзээ үйлчилгээндээ гарах нь тодорхойгүй байна

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчид ажил хаясан.

Нийслэл хотод нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг хувийн 21 аж ахуйн нэгж байдаг. Жил бүр тэдэнд нийслэлийн төсвөөс үнэ төлбөргүй зорчих эрх бүхий иргэдийн унааны зардал болох нөхөн олговрын үйлчилгээнд явуулсан автобусны тоо, рейс нэг бүрийг тусгай тоног төхөөрөмжөөр бүртгэж, үүний үндсэн дээр төрөөс санхүүжилтийг олгодог байсан. Харин нийтийн тээвэр шинэчилсэн буюу цахим системд шилжснээр тухайн автобусыг хичнээн цаг хүн тээвэрлэснээс хамааран ажлын хөлс, зардлыг олгох шинэ гэрээг нийслэлийн Тээврийн газар, хувийн компаниудтай хийжээ. Ингэхдээ тухайн өдрийн нийт орлогын 10 хувийг “Улаанбаатар смарт карт” компани үйлчилгээний хөлс болгон авна гэж тохиржээ. Мөн хувийн компаниудад орлогыг буцаан тушаахдаа хоёр, гурван хоногийн дараа тухайн автобусны ирисийн тоо, цагийн бүртгэлийг шалгаж орлогыг бодож өгөх үүргийг “Улаанбаатар смарт карт” компани хүлээжээ. Гэтэл өнгөрсөн наймдугаар сараас хойш буюу 70 хоногийн хугацаанд хувийн компаниудын ажлын хөлсийг бодож, санхүүжилтийг олгохдоо “Улаанбаатар смарт карт” компани хайхрамжгүй ажиллаж, компаниудад их хэмжээний мөнгөн дүнгийн хохирол учруулсан. Гэрээнд заасан ёсоор нийтийн тээврийн үйлчилгээнд явсан компаниудын цагийг бодохдоо нэгдсэн хяналтын системийг ашиглаагүй, орлогын мөнгийг компаниудад хуваарилахдаа нийт орлогоос 50, 60 хувиар нь дутаасан зэрэг мөнгөний маргаан шинэчлэл хийгдсэнээс хойш тасраагүй тухай хувийн хэвшлийнхэн ярив.

Тухайлбал “Тэнүүндэлгэр” компанид өнгөрсөн долдугаар сараас хойших хугацаанд олсон нийт орлогын 40 хувийг л “Улаанбаатар смарт карт” компаниас өгчээ. Энэ мөнгө нь эргээд үйлчилгээний зардалдаа зарцуулагдсан. Өөрөөр хэлвэл долдугаар сарын дундаас хойш тус компани нь ажилчдынхаа цалинг тавиагүй гэв. Харин “Aтибус” компанийн тухайд нийт гурван чиглэлд ажлын өдөр 32 автобус, амралтын өдөр 21 автобус үйлчилгээнд гардаг. Ингэхдээ өнгөрсөн долдугаар 29-ний өдрөөс есдүгээр сарын 29 хүртэл нийт 414 сая орчим төгрөгийн орлоготой ажиллажээ. Гэвч өнөөдрийн байдлаар тус компанид “Улаанбаатар смарт карт” компаниас орлогын мөнгө гэж 305 орчим сая төгрөгийг буцаан олгожээ. Үндсэндээ үлдсэн 100 гаруй сая төгрөг яасан нь мэдэгдэхгүй алга болсон гэж “Aтибус” компанийн захирал Д.Баярмагнай мэдэгдлээ.

Тэнүүн-Огоо” компанийн хувьд нийслэлийн хэмжээнд 13 чиглэлд 160 орчим автобусаар үйлчилдэг бөгөөд долдугаар сарын 29-нөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд тэрбум гаруй төгрөгийн орлого оруулжээ. Тус компани “Улаанбаатар смарт карт” компаниас орлогынхоо 770 гаруй саяыг нь авсан, тодорхой бус шалтгааны улмаас үлдсэнийг нь авч чадаагүй хэмээж байна.

Өнгөрсөн долоо хоногийн ням гаригт хуралдаж, хувийн компаниуд санхүүгийн байдлаас шалтгаалан даваа гаригаас эхлэн автобусаа үйлчилгээнд гаргах боломжгүй болсон талаар ярилцаж, Тээврийн газрын зүгээс “Санхүүгийн асуудлыг цэгцэлье. Автобуснуудаа үйлчилгээнд явуулж байгаарай” гэсэн санал тавьжээ. “Харилцан тохиролцсоны дагуу санхүүгийн нөхцөл байдал шийдэгдээгүй, автобус компаниуд шатахууны ч мөнгөгүй болсон тул арга буюу өнөөдрөөс түр зогсолт хийхээс өөр сонголт байсангүй” гэсэн тайлбарыг автобусны үйлчилгээ эрхлэгчид өгч байгаа. Гэтэл дээрх мэдээллийг нийслэлийн Тээврийн газрын дарга Ч.Энхбат үгүйсгэж, хувийн хэвшлийнхэн асуудал хүндэрсэн, ажил зогсоход хүрсэн гэдгээ албан ёсоор мэдэгдээгүй гэсэн тайлбарыг хийлээ.

Нийтийн тээврийн шинэчлэлтэй холбоотой тулгамдсан асуудлыг цэгцлэх, орлогыг бодитой, хяналттайгаар компаниудад хуваарилах саналыг нийслэлийн Тээврийн газраас боловсруулж, маргааш нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулахаар товлосон гэж НТГ-аас мэдэгдлээ. Үндсэндээ санхүүжилтгүй гэсэн шалтгаанаар үйлчилгээгээ зогсоосон 21 аж ахуйн нэгжийн автобус хэзээ хэвийн байдалдаа шилжиж, үйлчилгээндээ гарах вэ гэдгийг нийслэлийн удирдлагууд хэлэлцсэний дараа шийдэх юм байна. Энэ хүртэл нийслэлийн хэмжээнд 999 автобус зорчигчдод үйлчлэх ёстойгоос 430 нь үйлчилгээнд явсаар байх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *