Нийтийн тээврийнхэн үндсэн цалингаа нэмэгдүүлэхийг шаардан өнгөрсөн тавдугаар сарын 25-ны өдрөөс ажил хаялт зарласан. Ажил хаялт 14 хоног үргэлжилсний эцэст талууд зөвшилцөж цалинг тодорхой хувиар нэмэгдүүлэхээр болжээ. Энэ талаар “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨҮГ-ын дарга Ц.Одонтунгалаг ярихдаа “Ажил хаясан жолооч кондукторууд цалингаа 25 хувиар нэмэхийг хүсч байгууллагын зүгээс энэхүү саналыг өнгөрсөн баасан гаригт хүлээн авч нэмэхээр болсон. Өмнө нь кондуктор 350 мянган төгрөгийн цалинтай байсан бол 437 мянган төгрөг, жолоочийнх 445 байсан бол 556 мянган төгрөг болж нэмэгдсэн гэсэн үг. Манайх орлогоороо цалинждаг байгууллага. Орлого хийж байж цалингаа авах боломжтой гэсэн үг. Тиймээс ажил хаясан өдрүүдийн цалинг өгөх боломжгүй. Тэгээд ч ажил хаяж, ажил хаялтыг зохион байгуулсан тал энэ асуудлыг өөрсдөө хариуцах ёстой” гэлээ.