Categories
мэдээ нийгэм

Автобусны үйлчилгээнийхэн шийдэлд хүрээгүй байна

Нийтийн тээврийнхэн буюу автобусны жолооч, кондукторууд өнөөдөр /05.25/ өглөөний 06.00 цагаас эхлэн үйлчилгээнд гаралгүй, ажил хаялт зарлаад байгаа.

Ажилтнуудын зүгээс цалингаа нэг дахин нэмэгдүүлэхийг шаардаж, ийнхүү ажил хаяад байгаа юм.

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨҮГ-ын 600 гаруй ажилтны дийлэнх хувь буюу 500 гаруй нь цалингаа нэмүүлэх энэхүү тэмцэлд нэгдсэн гэгдэж байгаа бөгөөд тэд ажилдаа гарах гэсэн бусад жолооч кондукторуудын автобусны өмнө хэвтэх зэргээр ажлыг нь зогсоох үйлдэл гаргаад байгаа юм.

Асуудлыг нэг тийш шийдвэрлэсэн эсэхийг “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨҮГ-ын ажилтнаас тодруулахад, “Монгол үйлдвэрчний эвлэлийн холбоо, ажилтнуудын төлөөлөл болсон үйлдвэрчний хороо, ажил олгогч нар зөвшилцөхөөр хуралдаж байна. Одоогоор эцсийн шийдвэр гарч, шийдэлд хүрээгүй байна. Манай ажилтнууд үйлчилгээндээ өнөөдөр гараагүй. Хувийн автобусны компаниуд л иргэдэд үйлчилж байгаа. Бидний авсан мэдээллээр “Автобус 2”-ын 12 тролейбус, “Автобус 3”-ын дөрвөн автобус үйлчилгээнд гарсан гэсэн” гэх хариултыг өглөө.

Ажил олгогчдын зүгээс жолооч, кондукторуудын цалин нэмэх эсэхийг нийслэлийн Засаг дарга мэднэ гэж гэсэн байр суурь илэрхийлж байгаа. Харин ажилтнуудын зүгээс өмнө нь байгуулсан хэлэлцээрийн дагуу үндсэн цалингаа нэг дахин нэмэгдүүлэхийг шаардаж байгаа гэх тайлбар өгч байгаа юм.


-Цалингаа нэмүүлэхийг шаардсан нийтийн тээврийнхэн өглөөний 06.00 цагаас эхлэн ажил хаялт зарлалаа-

“Автобус 1”, “Автобус 2”, “Автобус 3” компанийнхан буюу төрийн өмчит нийтийн тээврийн компанийн жолооч, кондукторууд цалингаа нэмэгдүүлэхийг шаардан, өнөөдөр /05.25/ өглөөний 06.00 цагаас эхлэн ажил хаялт зарлаад байна.

Энэ үеэр хуучнаар “Автобус 1” буюу “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨҮГ-ын 600 гаруй ажилтны 500 нь ажил хаялт зарлахыг дэмжин, бусад автобусаа үйлчилгээнд гаргахгүй гэж тэмцсэнээс ажилтнуудын болон цагдаа нарын хооронд багагүй маргаан, үймээн үүсээд байна.

Тодруулбал, цалингаа нэмэгдүүлэхийг шаардсан ажилтнууд автобусны дугуйн дор орж хэвтэн, эсэргүүцэл илэрхийлсэн юм.

Харин тус компанийн удирдлага болон цагдаагийн байгууллагын зүгээс нийслэлийн 1.2 сая зорчигчийн эрх ашгийг хязгаарлахгүйн тулд зарим автобусыг үйлчилгээнд гаргаж, ширээний ард суун, зөвшилцөхийг хүсч байна.

Яг одоогийн байдлаар талууд ямар нэгэн шийдэлд хүрээгүй байгаа бөгөөд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит нийтийн тээврийн компанийнхан үйлчилгээнд гараагүй хэвээр байна. Хэдийгээр хувийн автобусныхан үйлчилгээнд явж байгаа ч автобус хүлээж зогсох иргэд их байлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *