Categories
мэдээ улс-төр

Австрийн Засгийн газар 40 сая еврогийн зээл олгоно

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн олонх дэмжсэнээр баталлаа. Уг хуулийн төслийг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед анхны хэлэлцүүлгээр нь батлах санал гарсан юм.

Хууль батлагдсанаар Австри улсын хөнгөлөлттэй зээлээр орж ирэх барааг Гаалийн албан татвараас чөлөөлөх юм байна. Тодруулбал, тус улсын Засгийн газраас олгох 40.0 сая еврогийн хөнгөлөлттэй зээлийг орон нутгийн усан хангамж, эрүүл мэнд, нийгмийг аюулаас хамгаалах зэрэг салбарт ашиглах аж.

Ингэхдээ ХСҮТ, ЭХЭМҮТ, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, Төрийн тусгай албаны эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, чадавхийг бэхжүүлэх, Улаанбаатар хотын цэвэр, бохир усны хоолойг шуудуу ухалгүйгээр шинэчлэх технологийг нэвтрүүлэх, Онцгой байдлын албаны гал унтраах техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах зэрэг төсөл хэрэгжих юм.

Мөн чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Дээрх төслийн хүрээнд төмөр зам, эрчим хүчний салбарт авсан зээлийг Засгийн газрын өрд хамаарахгүй байхаар заасан юм. Үүнтэй УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Дэмбэрэл нар санал нийлэхгүй байгаагаа илэрхийллээ. Ч.Улаан гишүүн “Төмөр зам, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах зорилготой гэж тайлбарлаж байгааг ойлгоно, бүгд дэмжинэ. Энэ үр ашигтай ажиллах ирээдүйтэй салбар. Гэтэл Засгийн газрын зээлийн багцаас зориуд гаргаж, анхаарлын гадна үлдээх нь буруу. Өр зээл авсан бол түүнийгээ бүртгээд явах ёстой. Олон улсын байгууллагыг хуурахын тулд иймэрхүү зүйл өмнө нь хийдэг байсан” хэмээв. Улмаар хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *