Categories
мэдээ улс-төр

Австриас олгох 40 сая еврогийн зээлийн хэлэлцээрийг дэмжив

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Австри улсын Засгийн газар хооронд байгуулах санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хэлэлцээрийн төслийг хэлэлцэн, дэмжиж, санал дүгнэлтээ Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

Энэхүү зээлийн хэлэлцээрийн хүрээнд Монгол Улс 40 сая еврогийн зээл авах нөхцөл бүрдэх аж. Зээл нь нэн хөнгөлөлттэй нөхцөлд хамаарч байгаа бөгөөд хугацаа нь 18 жил юм. Задаргааг нь сонирхвол 40 сая еврогийн 7 саяыг нь Хавдар судлалын үндэсний төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, 7 саяыг Эх хүүхдийн эрүүл мэндийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, 7 саяыг Улсын нэгдүгээр эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, хүний нөөцийг чадавхижуулах, мөн 7 сая еврог Төрйн тусгай албаны эмнэлэг төсөлд, 5 сая еврог Онцгой байдлын газрын гал унтраах техник тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах төсөлд, 7 саяыг нь Улаанбаатар хотын цэвэр, бохир усны хоолойг шуудуу ухалгүйгээр шинэчлэх технологийг нэвтрүүлэхэд тус бүр зарцуулахаар төлөвлөжээ.

Мөн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банкны олон улсын хөгжлийн ассиоциацитай хамтран хэрэгжүүлэх экспортыг дэмжих төслийн санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжлээ. Дараа нь Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж дэмжсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *