Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Австралийн SBS радио монгол хэлээр хөтөлбөрүүд нэвтрүүлж эхэлжээ

Австрали улсын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох SBS радио монголчуудад зориулсан мэдээ мэдээлэл түгээх платформ үүсгэн нэвтрүүлж эхэлснээ албан ёсоор зарлажээ. Уг радиогоор Австрали улсад амьдарч буй монголчуудын туршлага болоод үндэсний ёс заншлаа тэмдэглэн уламжлахаас гадна улсынхаа түүхийг харилцан ярилцах зорилготой аж.

Шинэ хөтөлбөрүүд энэ оны тавдугаар сарын 28-наас цацагдаж эхэлсэн байна. Энэхүү хөтөлбөрөөр шинээр ирсэн болон оршин сууж буй хүмүүст тулгардаг Австралийн өдөр тутмын амьдралын хэв маягтай холбоотой үйл явдлуудын цогц мэдээллийг хүргэдгээрээ давуу талтай юм байна.

SBS Радиогийн Аудио болон Гадаад Хэлний Контент хариуцсан захирал, Mandi Wicks хэлэхдээ “Хүмүүс англиас бусад хэлээр мэдээлэл авах нэн хэрэгцээтэй байна. Бид үйлчилгээгээ улам тэлж байгаадаа маш их баяртай байгаа. Манай нэвтрүүлгийг үзэгч, сонсогчид дижитал платформоор хүлээн авах нь ихэссэн тул бид контентийг хэрэгцээтэй үедээ, хүссэн цагтаа хүлээн авах боломжтой цахим хэлбэрээр хүргэж байна. Энэ нь залуу үзэгч, сонсогчдод хүрэх хамгийн үр дүнтэй арга гэж бодож байна” гэсэн юм. SBS радиогийн монгол хэл дээрх хөтөлбөрийг Батцогийн Долгион (Danny Battsog) бэлтгэн хүргэх ба тэрээр Сиднэй хотноо Австарлийн засгийн газрын “Аусгид” (Ausgrid) компанид ажилладаг аж. Б.Долгион нь Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгсөн, NTV телевизийн Олон улсын мэдээний хэлтэст ажиллаж байсан туршлагатай гэнэ.


Бүх контент нь дижитал буюу хэзээ ч, хаанаас ч сонсох боломжтой подкаст хэлбэрээр sbs.com.au/mongolian болон SBS Радио апп дээр нээлттэй байгаа тул SBS Радио апп-г iTunes App Store болон Google Play дээрээс хэзээд үнэгүй татаж аваад, хаана ч явсан мэдээллээ хүлээн аваарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *