Categories
мэдээ цаг-үе

Австралийн Элчин Дэйв Воусэн: Монгол Улсын цаашид хөгжих бололцоо, бизнесийн боломжийн гарцуудыг хараад Элчин сайдын хувьд улам урам зориг төрж байна

Австрали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, эрхэмсэг ноён Дэйв Воусэнтэй ярилцлаа.Тэрээр Австралийн Гадаад хэрэг, худалдааны яаманд умард Солонгосын асуудал хариуцсан хэлтсийн даргаар ажиллаж байсан. Мөн Вьетнам болон Порт-Морсби хот дахь Австралийн ЭСЯ-нд өндөр алба хашиж байсан туршлагатай дипломатч юм. Ноён Элчин сайдтай УИХ-ын сонгуулийн өмнөхөн ярилцсанаа хүргэе.


-Ноён Элчин сайд танд энэ өдрийн мэндийг хүргэе. “Өдрийн сонин”-ы урилгыг хүлээн авч ярилцаж буйд талархаж байна. Австрали улсаа төлөөлж Монгол Улсад суух Элчин сайдын албыг хаших болсноо хэрхэн хүлээж авсан бол. Яриагаа эндээс эхлэх үү?

-Өглөөний мэнд. Австрали Улсаа, Монгол Улсад төлөөлж Элчин сайдаар ажиллах болсноо маш баяртай хүлээж авсан.

Би өөрийгөө энэ дэлхий дээр хамгийн сайхан ажлыг хийж байгаа хүн гэж боддог. Манай хоёр улс ижил үнэт зүйлстэй, аль аль нь газар нутгийнхаа баялагт түшиглэдгээрээ ижил. Хүмүүс нь алиа хошин зантай, бусадтай илэн далангүй чин сэтгэлээсээ харилцдгаараа адил төстэй. Иймээс Монгол Улсад Австрали улсыг төлөөлөн ажиллах амархан бөгөөд сайхан байдаг. Ижил үнэт зүйлстэй тул хоёр орны харилцаа гүнзгийрэн хөгжиж байгаа нь таатай. Миний бие дипломат албанд очих хүртлээ багагүй урт зам туулсан. Боловсрол, залуучуудтай ажиллах, банк санхүү, олон улсын харилцаа гээд олон зүйлийг ихэд сонирхдог учир надад энэ ажил их таалагддаг. Элчин сайдын хувьд өдөр бүр эдийн засагт хамааралтай олон чухал асуудалд анхаардаг, бодит дэмжлэг үзүүлэх, бизнесийн үйл ажиллагааг нь тэлэхэд туслах талаар бизнесийн төлөөлөгч болон томоохон компаниудтай уулзах, Монгол Улсад болж байгаа сонгуулийн кампанит үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх, “КОВИД19”цартахал зэрэг олон асуудалд анхаарч эрүүл мэндийн салбарын үйлчилгээ, тогтолцоонд үзүүлж байгаа нөлөө зэрэг цаг үеийн асуудлуудад хариу арга хэмжээ авах хэрэг гарна.

Ер нь олон салбар, чиглэлийн асуудлуудад няхуур, гүнзгий оролцож байж Элчин сайдын яамны ажил үр дүнтэй болно. Дипломат алба үр дүнтэй байхад, мөн бүс нутагтаа эерэг нөлөө үзүүлэхийн тулд бидэнд хүчирхэг эдийн засаг, хүний эрх, чөлөө, ил тод, чөлөөт худалдааг хангасан хүчирхэг дүрэм, хэм хэмжээ хэрэгтэй. Энэ тал дээр манай хоёр улс санал нэгтэй учраас их сайн түнш болж, сайн хоршин ажилладаг гэдгийг дуулгах нь зөв болов уу.

-Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай “Ковид-19”-ийн асуудлаар уулзсан байсан. Уг уулзалтын үр дүнгийн талаар сонирхож байна?

-Бид төр засгийн сайд, бизнесийн удирдлагуудтай тогтмол холбоотой ажилладаг. Монголын Засгийн газрын гишүүн, сайдуудтай уулзаж эдийн засаг, олон улсын харилцаа, уул уурхай, нийгмийн хүрээнд болон хоёр орны харилцааны олон асуудлын талаар санал солилцон яриа өрнүүлдэг. “Ковид 19”ийн асуудлаар Монголын Засгийн газарт баяр хүргэж, хүн амаа хамгаалах, хорио цээрийн ажлыг маш үр дүнтэй зохион байгуулсныг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн. Монгол Улс уг өвчний цар тахлыг дотооддоо алдаагүй байгааг сайшаах ёстой. Энэ бол маш том амжилт. Харин одоо бүх улс орны төр засагт цар тахлын улмаас хэрэгжүүлсэн хоригоо хэрхэн сулруулж тавих, ашигт малтмалын экспортын ачаа болон хүн тээвэрт хил бүсээ хэзээ нээх, энэ бүх арга хэмжээг ямар шат дараалаар авах, гэхдээ хориг тогтоосны ачаар тогтоосон хамгаалалтаа алдагдуулахгүйгээр хөдөлгөөнд орох асуудал тулгарч байгаа. Энэ асуудалд Австрали улс ч хариулт хайсаар байна. Гэхдээ цаашдаа хорио цээрээр бий болсон хамгаалалтыг алдагдуулахгүйгээр эдийн засгаа сэргээхийн тулд зарим арга хэмжээг сулруулах нь зүйтэй байх. Эрсдэлийг байнга хянах хэрэгтэй, түүнчлэн эдийн засгийн хэрэгцээ болон нийгмийн эрүүл мэндийн хэрэгцээг тэнцвэртэй авч явахын тулд байнга үнэлгээ хийх шаардлагатай байна.

-“Ковид-19”-ийн цар тахлын улмаас Австралийн эдийн засаг ямар байна, уул уурхайн компаниуд зогсонги байдалтай байна уу?

“Ковид19”ийн үр нөлөөгөөр дэлхийд тэргүүлдэг олон компаниуд ажлын байраа хумьж, хил хооронд үйл ажиллагаа явуулдаг групп, компаниудад хүндрэл учирч байгааг бид цаг үеийн мэдээллээс харж байгаа. Аялал жуулчлал, олон улсын боловсрол, урлаг гээд бүх газарт нөлөөлөл нь туссан. Уул уурхай, эрдэс баялгийн салбар угаасаа мөчлөгтэй явагддаг, тэрнээс биш зогсонги байдалд орсон зүйл байхгүй. Дээшээ, доошоо хэлбэлзэх эдийн засгийн хөдөлгөөн, урсгалд Австралийн компаниуд дасан зохицсон гэж хэлж болно. Австралийн компаниуд Австрали ч гэлтгүй дэлхийн хаана үйл ажиллагаа явуулахаасаа үл хамааран хамгийн түрүүнд эрхэмлэдэг зарчим бол аюулгүй байдал. Тийм учраас Австралийн компаниудад “Ковид”той тэмцэх, хүмүүсээ түүнээс хамгаалах нь нэн тэргүүний асуудал бөгөөд энд үйл ажиллагаа явуулж байгаа бизнесүүд зохих арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлж байгааг харахад таатай байдаг.

-Манай хоёр улс 1972 онд албан ёсоор дипломат харилцаа тогтоосон байдаг. 2017 онд 45 жилийн ойгоо тэмдэглэж байсан. Харин ерэн оноос хойш буюу Монгол Улс ардчилал, чөлөөт эдийн засгийн тогтолцоонд шилжсэнээс хойш хоёр улсын харилцаа улам бэхэжсэн гэж үздэг юм билээ. Энэ тал дээр Элчин сайд таны бодлыг сонсох гэсэн юм?

-Монгол Улс ардчилал, чөлөөт зах зээлийн нийгэм рүү энх тайвны байдлаар шилжсэн байдаг. Дэлхийн хэмжээнд аваад үзвэл Монголын ардчилал залуу үе шатандаа явж байгаа бөгөөд бүс нутагтаа өвөрмөц. Ардчиллын институциуд, ардчилсан үйл явц улам бүр бэхжиж байна. 30 жилийн дараа ардчиллын гол тулгуур болсон зүйлс буюу парламентын засаглал, бие даасан, хүчирхэг хэвлэл мэдээлэл, иргэний нийгэм, шүүх засаглалыг төсөөлөөд үзвэл эдгээр ардчилсан институциуд улам бэхэжсэн байгаасай гэж хүснэ. Байгалийн нөөц баялгаас хүртээлгүй, Монголтой харьцуулбал боловсролын түвшин доогуур,байнга зөрчил мөргөлдөөн болж байдаг улсууд олон бий. Нөөцгүй, зах зээлээс алслагдмал, хүчин чадавх муу учраас эдгээр оронд бүрэн дүүрэн хөгжихөд хүндрэлтэй байдаг. Монголын ард түмэн гайхалтай. Хүн ам цөөхөн ч маш ухаалаг, боловсролын түвшин өндөр, нийтээрээ бичиг үсэгтэй. Та нар Азид хамгийн томд тооцогдох зах зээлүүдэд ойрхон байдаг учраас олон орны атаархлыг хөдөлгөхөөр. Манайхтай байршлаараа ойр хөршүүд буюу Номхон далайн арлын орнууд алслагдмал байршилтай, газарзүйн хувьд холбоос муу учраас тээвэрлэлтийн зардал өндөр, зах зээлд нэвтрэхэд маш хүнд. Монгол Улс байгалийн нөөц баялаг дээр ч, хүний нөөц баялаг дээр ч ямар нэгэн хомсдол байхгүй. Манай хоёр орны харилцаа боловсрол, уул уурхай төдийгүй батлах хамгаалах салбарт явуулж буй хамтын ажиллагаагаар улам бэхжиж байна. Австралийн бизнесүүд гадаадын шууд хөрөнгө оруулалт авчрахаас гадна технологи, инноваци нэвтрүүлэх байдлаар энэхүү харилцаа холбоог бэхжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэж байна.

-Элчин сайд та Монголын тухай нэлээдгүй судалж буй нь анзаарагдлаа. Ардчиллын үнэт зарчмууд, шүүх засаглал, хэвлэл мэдээллийн тухай хүртэл дүн шинжилгээ хийжээ…?

-Монголд Элчин сайдаар томилогдож ирэхээсээ өмнө би Монгол Улсын тухай мэдээлэл, ойлголттой болсон байсан. Миний ажиллаж байсан бусад оронд суугаа Монголын Элчин сайдууд зэрэг олон хүнтэй хамт ажилласан. Тухайн үед авсан ойлголт, мэдээлэл, Монголд ирээд нэг жил ажилласан хугацаанд нэг их өөрчлөгдөөгүй. Харин нэг өөрчлөлт нь гэвэл Монголын нөөц бололцоо илүү их юм байна гэдгийг мэдэрч байна. Үүндээ баяртай байгаа. Монгол Улсын цаашид хөгжих бололцоо, бизнесийн боломжийн гарцуудыг хараад Монгол Улсад суугаа Элчин сайдын хувьд улам урам зориг төрж байна. Улс орон хөгжихөд юуны түрүүнд ямар өөрчлөлт хэрэгтэй гэдгээ монголчууд мэдэж байгаа. Харин түүнийгээ ажил хэрэг болгож, сайн үр дүнд хүрэх нь туйлаас чухал.

-Австрали, Монгол улсын аль аль нь байгалийн арвин их баялагтай. Олон улсын эдийн засагчдын ихэнх нь Монгол Улсын эдийн засагт хөгжих томоохон боломж бий гэж дүгнэдэг. Гэвч Монголд энэ боломж үр дүнгээ хараахан мэдрүүлээгүй л байна. Монголын хөгжлийн гарцыг гадны хүний нүдээр хэрхэн харж байна вэ?

-Манай хоёр орон хоёуланд нь боломж бий гэдэгтэй санал нэг байна. Хоёулаа байгалийн арвин нөөц баялагтай. Хоёулаа хүн ам шигүү биш тархай, газар нутгийн хувьд өргөн уудам. Тийм учраас сэргээгдэх эрчим хүч буюу нар, салхи, салхины эрчим хүчийг ашиглах тал дээр асар их боломжтой. Австрали улс хүн ам харьцангуй жижиг, эдийн засгийн хэмжээ дунд зэрэгт орох учраас гадны хөрөнгө оруулалт чухал үүрэг гүйцэтгэсэн.Гадны хөрөнгө оруулалтгүйгээр хөдөө аж ахуй болон уул уурхайн салбар дахь боломжоо бүрэн ашиглаж чадахгүй байсан. Бид эдийн засгаа өсгөх, бүтээмжийг нэмэгдүүлэх, илүү сайн үйлчилгээ хүргэхийн тулд төрийн үйлчилгээнүүдээ хувьчилсан. Төр засаг, төрийн албан хаагчид олон ажлыг сайн гүйцэтгэж чадна. Гэхдээ бизнесийг хувийн хэвшил зах зээлийн өрсөлдөөний зарчмаар илүү үр дүнтэй бөгөөд эцэстээ ашигтай ажиллуулдаг гэдэг дээр бид бүгд санал нэгдэж болно гэж бодож байна.

Миний бодлоор, Монгол Улсыг гадны хөрөнгө оруулагчдыг урьдаг, хүндэлдэг, тэдний эрх ашгийг хамгаалдаг орон байгаасай гэж гадны хөрөнгө оруулагчид харж байгаа болов уу. Австралийн туршлагаас жишээ татахад Австралийн төр засаг, төрийн албан хаагчид уул уурхай ажиллуулахдаа тааруухан гэдгээ харуулсан. Энэ бол хувийн хэвшлийн хийдэг ажил. Засгийн газар тогтвортой, олон улсын хэмжээнд өрсөлдөхүйц дүрэм журам гаргах, өрсөлдөөнт татварын орчин бүрдүүлэх, дотоодын ба гадаадын хөрөнгө оруулалтын үндэс суурийг тавихад анхаарах нь зүйтэй. Тэгээд хувийн хэвшил эрсдэл, ашгаа тооцсоны үндсэн дээр хөрөнгө оруулах, шийдвэр гаргах боломжийг нь олгох хэрэгтэй. Бидэнд байгалийн баялаг, өндөр ур чадвартай ажиллах хүчин бий. Австралийн цалин хөлс бусад улсынхаас харьцангуй өндөр бөгөөд бид олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвартай байхад анхаарах ёстой байдаг. Бусад оронтой өрсөлдөхдөө тогтвортой бодлого, татварын орчин бүрдүүлж, бизнесүүдэд эрсдэлдээ тохирсон ашиг олох боломж олгодог. Мөн бид гадаадын хөрөнгө оруулалтаас хамааралтай учраас найрсаг ханддаг. Монголд бас тийм шинж ажиглагдаж байна. Монгол Улс эдийн засгийн тэс өөр загвар буюу хувийн хэвшил (төр биш) ажил олгож, төр засаг нь дүрэм тогтоодог тогтолцоонд шилжээд хэдхэн арван жил өнгөрсөн. Тавин жилээр бодоод үзэхэд өмнө нь дурдсанчлан жил ирэх тусам институциуд бэхжиж, хөрөнгө оруулалтын орчин ч илүү өрсөлдөх чадвартай болж байгаа тул ерөнхий чиг хандлага эерэг талдаа байна.

-Дараагийн асуулт Австралийн Засгийн газраас Монголд үзүүлж ирсэн буцалтгүй тусламж, Австралийн компаниудын хэрэгжүүлж ирсэн төслүүдийн тухай байна?

-Бид монголчуудад өрсөлдөөний зарчмаар тэнцэн Австрали улсад магистр зэрэг эзэмших сургалтад хамрагдах боломжийг олгодог тэтгэлгийн хөтөлбөрийг их амжилттай үр дүнтэй хэрэгжүүлж байгаа.Түүнчлэн Монгол Улсын уул уурхайн салбарын хууль дүрэм боловсруулах, хэрэгжүүлэх үүрэг бүхий байгууллагуудад дэмжлэг үзүүлдэг Австрали, Монголын олборлох салбарын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Уг хөтөлбөр ТББ, иргэний нийгмийг дэмжиж, олборлох салбарын бизнес, бусад хандивлагч нартай ойр нягт ажилладаг. Монгол Улсад ажиллаж байгаа австрали компаниудын тухайд Австралийн худалдааны танхимтай бид хамтран ажиллаж, дэмждэг. Уг байгууллагын гишүүнчлэлд энд үйл ажиллагаа явуулж байгаа хоёр зуугаад Австрали компани ордгоос нэлээд нь олборлох салбарт ажилладаг бөгөөд Оюу толгой зэрэг томоохон төслүүдтэй хамтран ажиллаж байна. Австралийн компаниуд хийн салбарыг хөгжүүлэхэд ч түншлэн ажиллаж эхлээд байна. Монгол Улсын эдийн засагт хувь нэмэр оруулж байгаа Австралийн компаниудаараа бид их бахархдаг. Тэд зөвхөн хөрөнгө мөнгө төдийгүй техник технологи, ур чадвар, туршлагаа авчирдаг. Монголд хөрөнгө оруулалтын орчин хэчнээн ойлгомжтой тодорхой, тогтвортой байна, тэр хэрээр Австралийн компаниуд хөрөнгө оруулах сонирхолтой байгаа. Манай буцалтгүй тусламжийн хөтөлбөр Монгол Улсын нөөц баялгийн үнэ цэнийг нэмэгдүүлэх бизнесийн орчныг бүрдүүлэх, хүний нөөцийг нь тасралтгүй хөгжүүлэхэд голлон анхаардаг.

-Австрали улс 2003 оноос хойш Элчин сайдын яамаараа дамжуулан “Бичил төслийн хөтөлбөр” хэрэгжүүлж байгаа. Уг хөтөлбөрөөр дамжуулан Монгол Улсын хөгжилд онцгой хувь нэмэр оруулж байна. Одоо яриагаа бичил төсөл хөтөлбөр рүү хандуулъя?

-Бичил хөтөлбөрөөр дамжуулан хийж байгаа ажил миний дээр дурдсан бодлого, тэргүүлэх чиглэлд бүрэн нийцдэг. Австрали улс, манай тусламжийн хөтөлбөр ардчилсан институциудыг бэхжүүлэх, бүх нийтийн төлөө хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хариуцлага, ил тод байдлыг хангаж байгаа байгууллагуудад дэмжлэг үзүүлэхэд чиглээсэй гэж хүсдэг. Одоогийн байдлаар 20 жилийн хугацаанд уг хөтөлбөрт гурван сая доллар зарцуулсан байна. Долларын хэмжээ нь бага, бичил төсөлд чиглэсэн хөтөлбөр боловч зөв газраа амжилттай хөрөнгө оруулалт болж чаддаг.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслах, хүчирхийлэлд өртсөн хүүхэд эмэгтэйчүүдийг хамгаалах, архины хамааралтай хүмүүсийг нийгэмшүүлэх гээд нийгмийн аль л эмзэг давхарга бүрт танай хөтөлбөр хүрч ажиллаж байна. Энэ бүхэн чинь нийгэмд гэгээ гэрэл авчрах юм?

-Та “Бичил хөтөлбөрийг” гэрэл гэгээ авчирч байгаа гэж тодорхойлсон нь таалагдлаа. Сонирхолтой өнцгөөс харжээ. Өнөөдөр хүний эрх гэж ярихдаа бид тодорхой шинж чанараар ангилсан хэсэг бүлэг хүнд хамаатай юм шиг ойлгох гээд байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн эсвэл бэлгийн тодорхой баримжаатай иргэн гэсэн тодорхойлолтын цаана хүн л байгаа шүү дээ. Бичил төсөл хөтөлбөрөөр хүний эрхийн тодорхой асуудлууд, нэмэлт бэрхшээл тулгараад байгаа газар таны хэлсэнчлэн гэрэл тусгадаг байх. Гол нь монголчууд, монгол байгууллагуудын хийж байгаа ажилд дэмжлэг үзүүлж байгаа гэдгийг хэлэх нь зөв болов уу. Үр дүнг сайжруулах, урам зориг бэлэглэх, ижил зорилготой бусад хүмүүстэй нэгдэн хамтрахад тус болох бичил тусламжийг энэ хөтөлбөрөөрөө дамжуулан бид өгдөг. Дэлхийн ямар ч орон, Австрали ч гэсэн төгс биш. Бидэнд ч гэсэн тэгш эрх, хүний түгээмэл эрхийг эдлүүлэх талаар асуудал тулгардаг. Бичил төслийн хөтөлбөр зүгээр зааж сургаад байх бус яг жинхэнэ амьдрал дээр, бодит хэрэгжилт рүү чиглэн анхаардаг. Энэ хөтөлбөрийн хүрээнд бид дэвшил, ахиц хийхээр хамтдаа суралцаж, хамтдаа урагшилдаг.

-Бичил төслийн хөтөлбөрт олон салбар, байгууллага хамрагддаг.

Хорт хавдрын өвчлөл өндөр, эмнэлгүүд ачааллаа дийлэхээ больж байгаа үед эрүүл мэндийн чиглэлд онцгойлон анхаарч байгаа нь талархууштай.

Эрүүл байх, эрүүл мэндийн үйлчилгээ авах нь хүний үндсэн эрх. Хавдар бол монголчууд төдийгүй австраличуудын дунд ч ихээхэн тохиодог аймшигт өвчин. Бид хуваалцаж болох чиглэлээр буюу хавдрын тодорхой төрлөөр урьдчилан сэргийлэх, эмчлэх туршлагаа хуваалцахад анхаардаг. Жишээлбэл, сүүлийн хорин жил бид Австралид арьсны хавдраас сэргийлэхийг зааж зөвлөн, урт ханцуйтай цамц өмсөх, нарны хамгаалалтын тос түрхэх ёстой, далайн эрэг дээр байнга биеэ наранд шарж болохгүй гэж анхааруулж байгаа. Бичил хөтөлбөрөөр бид умайн хүзүүний хорт хавдар, хөхний хорт хавдраас эмэгтэйчүүдийг яаж вакцинаар урьдчилан сэргийлэх үү, эрт үед нь яаж илрүүлэх үү гэдэг дээр хавдрын үндэсний төв болон тэргүүлэх эмч нартай хамтран ажиллаж байна. Эмч сувилагчид сайн сургагдсан, харин дараагийн алхам бол иргэдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулах. Тэгэхээр бид зөвхөн эрүүл мэндийн салбарынхантай ажиллаад зогсохгүй өөрсдийгөө хамгаалах, урьдчилан сэргийлэх ажилд оролцох иргэдийн зан үйлд нөлөөлөх хэрэгтэй. Үүнийг бичил төслөөр дэмждэг. Хүний папилома вирусийн вакцин умайн хүзүүний хорт хавдраас бүрэн сэргийлдгийг бид мэднэ. Австрали ч, Монгол ч энэ чиглэлээр зарим төслийг хамтран амжилттай хэрэгжүүлж байгаа.

-Энэ жил хичнээн төсөл хөтөлбөр хэрэгжиж байна вэ. Цаашид үргэлжлэх үү гэж хүмүүс их сонирхдог, үүнд хариулт өгөхгүй юү?

20192020 оны хувьд бид есөн төсөл хөтөлбөр санхүүжүүлсэн. Бичил хөтөлбөрийн давуу тал бол өрсөлдөөний зарчмаар шалгаруулалт явуулдаг. Өрсөлдөөний зарчим нь тодорхой, хамгийн шилдэг төслийг бид шалгаруулж санхүүжүүлдэг учраас бичил төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжих нөхцөл бүрддэг. Бид төслийг сонгон шалгаруулахдаа олон янзын салбар, байршлыг бодолцдог. Магадгүй бидний олж хараагүй өнцөг, сэдвийг хэн нэгэн иргэн, төрийн байгууллага олж харж, төсөл хэрэгжүүлж болно. Би нэрийг нь дурдахгүй, гэхдээ манай нэг төслийн ажилтан, оролцогчдод “КОВИД19″ийн хориг их хүчтэй нөлөө үзүүлсэн. Гэвч тэд бууж өгөлгүй үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, зохих арга хэмжээ авсан учраас төслийн ач холбогдол “Ковид19”ийн цар тахлын энэ үед улам хүчтэй мэдрэгдсэн. Урьдчилан хараагүй нэг үр дүн бол уг төслөөр хүмүүс бие биендээ дэмжлэг үзүүлж, төлөвлөөгүй үйл ажиллагаа нэмж хэрэгжүүлэн, түүнээсээ орлого олж, нэг өрх бүлд анхныхаа шинэ гэр худалдан авах боломжийг олгосон. Энэ төсөл амжилттай хэрэгжиж, үр дүн нь улам бэхэжсэн шалтгаан нь бид хүчирхэг манлайлалтай сайн түнш сонгосонд оршино. Австралийн Засгийн газраас санхүүжиж, ЭСЯ-аар дамжуулан хэрэгждэг Бичил төслийн хөтөлбөрийн дараагийн шалгаруулалтын дүнг удахгүй зарлах боломж гарна гэж бодож байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *