AstraZeneca компанийн бүтээсэн коронавирусийн эсрэг вакцин нь тархины цусны бүлэгнэл үүсгэдэг байж болзошгүй гэсэн дүгнэлтийг Европын эрүүл мэндийн зохицуулах байгууллага EMA гаргаад байгаа. Тиймээс улс орнууд уг вакциныг ямар хүрээнд хэрэглэхээ өөрийн нөхцөл байдалд тохируулан тус тусдаа шийдэх нь зөв гэсэн зөвлөмж гаргасан билээ.
Үүний дагуу Европын орнууд AstraZeneca вакцинаар дархлаажуулах хүний насны хязгаарыг тогтоож эхэлсэн.
Тэгвэл Австрали өчигдөр өөрийн шийдвэрийг гаргасан сүүлчийн улс боллоо. Пүрэв гарагт болсон шуурхай хуралдааны дараа тус улсын засгийн газар AstraZeneca вакциныг 50 хүртэл насныханд хэрэглэхгүй байх зөвлөмж гаргажээ.
50 хүртэл насныханд Pfizer/BioNTech компанийн вакцинаар дархлаа тогтоох нь зөв гэж шийдсэн байна.
Дөрөвдүгээр сарын 4-ний байдлаар EMA тархины цусны бүлэгнэлийн (CVST) нийт 169 тохиолдол бүртгэж авсан байна. Гэхдээ энэ нь Европын Холбооны гишүүн орнууд даяар тарьсан 34 сая тун вакцины дараа илэрсэн тохиолдлууд гэнэ. Тархины цусны бүлэгнэлийн ховор тохиолдол голдуу 60-аас доош насны эмэгтэйчүүдэд AstraZeneca вакциныг тариулснаас нь хойш хоёр долоо хоногийн дотор илэрч байжээ.
Эх сурвалж: Associated Press