Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Авьяаслаг монголчууд” хэмээх ийм гэгээлэг шоу Монголд ямар их хэрэгтэйг мэдрүүлж байна

Ойрын хэдэн өдөр нийгэм даяар “Авьяаслаг монголчууд” шоугаар амьсгалж
байна. Дэлгүүр хоршоо, албан байгууллага, автобусанд гээд хаа сайгүй л энэ
шоуны тухай яриа өрнөнө. Ингэж ярилцаж байгаа хүмүүсийн царайнаас мишээл
тодорч, орчин тойрондоо гэрэлтэй энерги үүсгэж байгаа нь сайхан. “Монгол-HD”
телевизийн гаргасан “Авьяаслаг монголчууд” шоу үнэхээр цагаа олжээ. Монголын
нийгэмд яг ийм цагаан шоу үгүйлэгдэж байсан нь харагдаж байна. Уг цэнгээнт
нэвтрүүлгийг үзсэн хүмүүсийн амнаас ам дамжсан баяр хөөр ийм бодол төрүүллээ.

Ингэхэд бид зурагтаар чухам юу үздэг юм бэ. Ямар нэвтрүүлэг үзсээр ирэв.
Айхавтар хөрөнгө, бэл бэнчинтэй улсуудын мөнгөөр зодож хийсэн захиалгат
нэвтрүүлэг, гүтгэлгийн шоуг тольддог байж. Тэр дундаа хэн нэгнийг хятадын
эрлийз, хурлийз болгож батлах гэсэн шоуг үзэхдээ “Ямар мундаг нэвтрүүлэг болов
оо” гэж шуугиад л. Эсвэл өөрсдөө хийсэн тэнэг нэвтрүүлгүүдийг үзнэ. Уригдсан
зочдоо уйлуулж, бэлхүүснээс доош асуудлыг хөнддөг гэхчилэн дэмий, балай
шоунуудыг үзсээр ирлээ. За тэгээд хамгийн олон үзэгчтэй, хүмүүсийн шимтэх
дуртай, хамгийн сонирхолтой зохиомжтой нь УИХ-ын Засгийн газрыг огцруулах
хуралдаан. Энэ бол нэлээд том хэмжээний мэргэшсэн шоунд орно. Ерөнхий
продюсертой, тусгай зохиолтой, дүртэй, эхлэл, өрнөл, оргил хэсэгтэй. Бас
тайлалтай. Шоу сценарийн дагуу маш сонирхолтой байдлаар үргэлжилдэг болохоор
хүмүүс үзэх их дуртай байдаг биз. Чуулганы эхэнд хэн юу хэлж, ямар шат
дараалалтайгаар цааш холбож, асуудлыг олны анхаарлын төвд аваачихын тулд тэр,
тэр уурлаж, хоорондоо зөрчилдөнө гэх зэргээр шоу сценарийнхаа дагуу явдаг.
Ийнхүү Засгийн газрыг огцруулах ажил нь телевизийн шоу болжээ. Бид зурагтаар
ийм л шоу, нэвтрүүлгүүдийг үзэж байна. Өдөржин донсолгоотой, савлагаатай
мэдээллүүд авсныхаа дараа гоё хүүхэн, сайхан залуу, тансаг амьдралтай Солонгос
сериалаа үзэж нэг санаа амраад унтацгаана даа. Яг энэ үед “Монгол HD” телевиз
“Авьяаслаг монголчууд” хэмээх цагаан шоу хийж, орон даяар цацаж байгаа нь ёстой
нэг загатнасан газар маажих шиг боллоо. Аймаг, аймгаас оролцож байгаа
авьяастнуудын мундгийг магтан шагшиж, тэднээр бахархан баясах боломжийг
олгосноороо энэ шоу үнэхээр кайфтай.
Орон даяар төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт суугаа монголчуудыг байлдан
дагуулж эхэлсэн энэ шоуг хэвлэл мэдээллийн байгууллага хөрөнгө хаяж, яг барууны
стандартаар хийж байгаа юм.

Ер нь бол нийгэмд улстөржилт хоцрогдож байна дөө. Ард түмэн тэр дундаа
залуучууд улам баруунжиж байгаа. Үүний нэг жишээ бол барууны дээрх шоуг үнэхээр
таатайгаар хүлээж авсан явдал. Мөн барууны томоохон баярууд болох шинэ жил, зул
сар, улаан өндөг, халлувин зэргийг манайхан үндэсний баяр шигээ л тэмдэглэдэг
болсон. Харин манай эрх баригчид, улс төрийн хүчнүүд улам зүүн тийш хэлбийж
байгаа нь харамсалтай. Тэдний улстөржсөн жүжиг нь нийгэмд ард түмнийг дэндүү
залхааж буй. Дээр нь намуудын нэр хүндийг ч унагааж байгаагаараа тэдний цаашдын
карьерт ч хортой доо.

Нийгэм буюу залуучуудад хэвлэл мэдээллийн хэрэгсэл маш чухал үүрэгтэй.
Гэтэл нийгмийг чиглүүлэн залж явах ёстой манай хэвлэлүүд хамгийн их баруунжихын
эсрэг, зүүн төвийн коммунист үзэл суртлыг дэмжсэн өнгө аястай ухуулгыг хийж
байгаа нь хоцрогдсоны шинж. Харин цаг үеэ олсон “Авьяаслаг монголчууд” хэмээх
ийм гэгээлэг шоуг хийж, гаргаж ирсэн “Монгол HD” телевизийнхэнд амжилт
хүсье.

М.МӨНХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *