Ж.Баяржаргал найрагчид байгалиас заяасан яруу өгүүлэхүй ухаан, уран сэтгэмж, ер бусын сэтгэлгээ бий нь шүлэг бүрээс нь, шад болгоноос нь уншигчдад сонсогдоод байдаг нь “Ногоон дара эхийн уншлага” зэргийг жигдэлснээс нь улам тод мэдрэгддэг билээ. Яруу найрагч хүмүүн ямар залуухан сэтгэл, ямагт дулаахан нөмөртэй байдгийг мэдрүүлэгч тэрбээр цаг агаарыг “сэрлийн”, улирлыг “сэтгэлийн” гэж хамаатуулан тодотгоно. Чингэж юмс үзэгдлийг(сэрэхүйн) шүлэг болгодог, сэтгэлгээний шинж ажиглагддаг, шинэлэг санаанууд ч зурсхийлгэдэг.
“Бор борын бургасанд
Улаан даашинз өмсгөлтэй
Бодол элдэвлэн гүлийх
Эгийт урсгал эс нам дуу” зэрэг үл ойлгогдом ч ер бусаар “олзолж” авсан чөлөөт сэтгэмжтэй нь илт байна.Яруу найрагч өөрийн туурвил зүйгээ олох гэж насан туршдаа эрэл хайгуул хийж байдгийн илрэл нь түүний “Замилан таалал” сонгомол яруу найргийн түүвэр (2019) буюу үгийн содон чуулбар юм. Үүнийг
“Залуухан өвс ногоог сэрлийн царамд сэвэгнүүлж” (Байгалийн сурлага),
“Шинэ сарнаар хацар тань
Цэцэглээд, мүлгэрэн туяарна” (Хажид тэнгэрийг баясгах хэлний чимэгт дуун),
“Галын дөл цоролзох нь
Хүй нэгдлийн жидбүүгийн
Алганы хээг илчилнэ”,
“Нүдгүй хөх алсад
Нүүдлээ, бас үрээ товир болгох
Аянч, дууч хүүхнүүд” (Монголын хүүхнүүд),
“Уртаар санаа алдалт нь
Утаа болж булхирна” (Чүлтэм ламын дурсгалд)зэргээс илт үзэж болно. Өөрөөр хэлэхэд өмнөх түүврүүд нь энгийн үйл явдал, байгалийн үзэгдлийг яруу уянгаар нээсэн дүрслэлийн онцлогтой бол энд үгийн эрлийг илүүтэй үргэлжлүүлснээрээ ялгарч байна. Үг хэл нь зохиолч хүний (тухайн бүтээлдээ илэрхийлэхийг зорьсон)үзэл санааны “багаж хэрэгсэл” байдгийн хувьд эх хэлнийхээ далай баян сангаас сонгож амилуулна гэдэг яруу найрагчийн зөн сэтгэлгээний тод илрэл болох нь ч илт ажээ. Тухайлбал,
“Эрчлээт цэнхэр ус
Долгис яраа зурна
Элбэг хангалуун талд
Хялгана чөрхөлж ургана
Сүмбэр хангир уулс
Сүрийг бадрааж товхолзоно
Сүн харвах үүлс
Тэнгэр норгож сэмэрнэ” (Өвөг он жилүүд) гэх буюу
“Хүзүү цээжээр нь
Сарны шуурга үелзээд
Хүйсний тигд
Жизигарав цэцэгс дэлбээлнэ…” (Ойрмогхон загас барьсны дараа өрсөн бодлын тоног) зэрэг нь үг, санааны эрэлд “хатаж” явдгийг нь тов тодорхой илтгэж байна.
Гэхдээ утга зохиолын хэлний үгийн сангийн нийтлэгээс буюу тогтсон үг хэллэгээр бус “Яйлуу сар”, “цалир сар”, “гэрлийн зураа”, “далайн яраа” гэх мэт өвөрмөц сонин үгсээс сондорлон хэлхдэг нь “Өлөнгөр уулс”, “Нуурын олихай”, “Алар онууд”, “Цагийн аравсай”, “Элмэг бодол”, “хэлмэг туульс”, “хөргөл үгүй сэтгэл”, “Салхин бүжмэлж”, “Сэрлийн булчин”гэх зэргээр үргэлжлэн “Улир хүрэн байц”, “Үүл манан цэлхэрнэ”, “Агаруу хөвхөр цэцэгс” гэсэн тодотгол, “Арван тавны тэргэлшил”, “Янагшил” зэрэг холбоцуудаар залгамжилжээ.“Жизигарав” гэсэн цэцгийн нэр монгол хэлний болоод ургамлын аймгийн толь бичиг (Н.Өлзийхутаг Монгол Улсын гуурст ургамлын Латин-МонголОрос нэрийн толь, 1983)-т ч үгүйг хэт уянгат яруу найрагчид маань цаашдаа анхаарууштай. Мөн“Яйлуу” гэсэн үг тайлбар толь бичигт үгүй тул хагалах, бутлах гэсэн утга бүхий “яйлах” гэсэн үгээр хавирган сарыг дүрсэлжээ гэж,“цалир” гэдэг нь ч “царил” хэмээсэн нутгийн аялгуу гаралтай үг байх тул ямар төрлийн сар болох нь зөвхөн найрагчийн “төсөөлөл”-өөр бүтсэн хэмээн үзэхэд хүргэж байна. Түүнчлэн“Өлөнгөр” гэж үг үгүй тул нүцгэн (өлөнгө) уулсыг дүрсэлсэн гэж “ойлгох” нь хатаж гандах гэсэн утгатай “өлөнжир” гэсэн үгийг академич Д.Төмөртогоо “Монгол хэлний үгийн гаралын тайлбар толь” (2018:202)доо тэмдэглэснээр баталгаажуулж болохоор юм. “Аравсай” гэж үг бас л байдаггүй ч Өмнөд Монголын эрдэмтэн Ц.Норжин, Чойдандар нар “АрбасаЦонх гэсэн утгатай төвөд гаралтай үг” (Нутгийн аялгууны үгсийн хураангуй, 1992:253) гэснийг мөн өвөрлөгч эрдэмтэн Баярмэндийн “Арабсанэр үг, Сүбэн, Дээд, эзний цонх хэмээсэн утгатай” (Монгол хэлний нутгийн аялгуун дахь өвөрмөц үгсийн судлал, 2010:66) гэж тэмдэглэсэн нь нотолдог. Иймд “цагийн аравсай” гэж бичсэнийг шүлгийн утга, санаанд нь нийцүүлж“цаг хугацааны толь” атугай “цагны шил, нүүр” гэж ч уншигчид хүлээн авах, ойлгох боломжгүйг тэмдэглэхээс аргагүйд хүрэв.
Нөгөө талаар нэрээс нэр үг үүсгэх “ш” нөхцөл дээр нэрээс үйл үг үүсгэх “л” нөхцөлийг хамтатган “тэргэлшил”, “янагшил” зэрэг алдаатай үгс үүсгэснээ анхаарууштай нь тэмдэг нэрэнд хүчээр залгаж буруу хэлбэршүүлснээс үүтгэлтэй.“Улир” гэж шувууны нэр (Хойлог) атал “улир хүрэн байц” гэснийг уншигч бид гайхаад сууна. Учир нь “Монгол ардын баатарлаг тууль”-д:
“Тэрэм талд нь тэх хуц мөргөлдүүлэн сийлсэн,
Хатавч талд нь улир шувуу нисгэн сийлсэн” гэж бий тул шувуу суусан хүрэн байц юмсан уу, он цаг улираасан гэж бичих гэсэн юм болов уу алин болох нь тодорхойгүй юм. Мөн түүнчлэн “АгарууТом модон хувин”г хэлдэг нэр үг атал энд өнгө буюу тэмдэг нэрийн үүргээр хэрэглэснийг мөнөөх “агаруу хөвхөр цэцэгс” бататгахын зэрэгцээ “Гилбэнгэтэх” гэж үгүй ч “юмны өнгө зүс гэрэлтэж үзэгдэх, гялалзах, айж бэмбийх” (Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь, ХЗХ, 2008:496) гэсэн утгатай “гилбэгэнэх” гэсэн үгийн зохиомол хувилгал “бололтой” юм. Харин “олихой” гэж бичихийг “олихай” гэж эндүүрсэн, “бүжмэлж” гэж үг байдаггүй тул бүжих гэсэн үгийн утгатай “эвцэлдүүлэх” гэсэн бололтой хэмээн тайлбарлахад хүргэж байна. Бичгийн боловсролд гүнзгий нэвтэрсэн зохиолч хүн утга зохиолын хэлийг баяжуулан шинэ үг зохион хэрэглэж болох ч монгол хэлний үг үүсгэх зарчим, зөв бичгийн дүрмийг ягштал баримталж утгын тайлбартай үйлдэх аваас уншигч олонд зохиол бүтээл нь хүрнэ үү гэхээс энэ мэт үл тайлбарлагдах үгс үргэлжилсээр ахул ганган хээнцэр (ганган цагаан) үгийн цуглуулгаас хэтрэхгүйд хүрэхээр байна. Үл ойлгогдох энэ мэт үгс
“Зуун галавын ойн хүрдэн
Эсэн царчих сэлмүүнд” (Өнө мөнхөд орших) зэргээр үргэлжлэхийн зэрэгцээ хэлмэг, эсгэнэ, хөргөл, мүлгэрэн, жидбүү, булхирах гэх мэт үгүүд нь дээр дурдсан монгол хэлний тулгуур толь бичгүүд болоод Б.Амаржаргал “БНМАУ дахь монгол хэлний нутгийн аялгууны толь бичиг” Халх, Ойрад аялгуу I, II боть (1988), Ж.Буяндалай “Торгууд аялгууны толь бичиг” 1996, О.Сүхбаатар “Монгол хэлний харь үгийн толь” (1999), Ю.Цэндээ “Дөрвөд аялгууны язгуурын үгс” (2001), Г.Гантогтох “Буриад нутгийн аялгууны толь” (2011) зэрэг сурвалжид тэмдэглэгдээгүй тул өргөн олноор ойлгох, хүлээн авах боломжгүй үгсийн тоонд бид багтааж байна.
Тэрбээр “яраа” гэж бичих дуртай (ус, далай) төдийгүй “мандаа цалир саран”, “галт уулсын гурив”, “хөөрөн гялтрах мөнгөн сэрэл” (Тунгалаг тэнгэрийн дор),“улалжин гэрүүд” (Жирэлзэгч он цаг) зэргээр яруу найргийн үгийн сангаа баяжуулсан нь өвөрмөц содон болж ялгарна уу гэхээс утга, урын хувьд тийм ч оновчтой болж чадахгүй ажээ.Энэ нь хэдийгээр Ж.Баяржаргал найрагчийн мэдлэгийн цараа, яруу сэтгэмж, бичлэгийн онцлог мэт харагдавч хэрэглэгчдэд үл хүрэх шинжээрээ цаашид гагц үгээ хайх бус ураа гүнзгийрүүлэх, санааг шүтэх бус сэтгэлгээ, шинэлэг аяс, гүн санааны эрэлд анхаарах хэрэгтэйг сануулж байна. Учир нь
“Босмол унага болжморын ангаахайтай зэрэгцэн өсдөг
Бороо бүрэлзсэн мананд гаатай салхин томоождог” (Монголын түнэр шөнө, гэрэлт өглөө)гэсэнд“босмол” гэдэг нь “нэгэнт босож өндийсөн байдал”ыг юм уу “хэргээс оргон нуугдаж буй хүнийг босмол хулгай (оргосон хулгай)” гэдэг тул босоо төрсөн унагыг хэлэх гэсэн санаа мэт боловч үгийн утга, сонголтын хувьд тохиромжгүй гэж бас үзэж буй юм.Нөгөө талаар уншигч бүрт ойлгогдох албагүй ч утга зохиолын хэлний түвшинд уран сайхны үүргээ биелүүлэх л учиртай билээ, яруу найраг. Тухайлбал,
“Нэг хэсэгтээ жаргая
Нэгэн насаараа жаргая
Эрлэгийн элч морилоход
Инээмсэглэж угтъя” (Жаргалтай хорвоо) гэсэнд энэхүү “жаргал” нь нүгэлийн дагуултай мэт сэтгэгдэл төрүүлэх нь өгүүлэн буй “эрлэгийн элч”-ээс тодорхой болж байна. Энэ мэт
“Яруу найрагчийн гэргий
Яралзуу алсад товолзох учиртай” (Хань),
“Багын анд нөхрийн минь ширээнээ
Барлаг цагийн мэргэдийн
Бичмэл судар тоосорч” (Нөхрийн дурсгалд)хэмээн толгой холболтонд хэт шүтэгдсэнээс утгын алдаа гарсан нь цаг хугацааг “барлаг”, “эрлэг”ээр нь ангилж, бас тодотгон төлөөлүүлэх нь ямар бол гэж сануулахад хүргэдэг.Яралзуу гэж үг байхгүй, яралзуур гэж харин үг бийн адил барлаг гэдэг нь “нэн эртний овог аймаг, бас боол, зарц” гэсэн утга илэрхийлдэг тул шүлгийн утга, үг сонголтонд зохирохооргүй юм. Тиймээс
“Зорьсондоо харайж хүрэх
Хүсэл мөрөөдлийн чинь дэргэд
Зовлого бие алжаах,
Энэлэн шаналах юу ч биш” (Баатарлаг урт аян) гэснийг салаавчилсан толгой холболтоор үг сонголт төдийгүй гоо зүйн алдаа гаргасан гэж үзэх нь яруу уянга бүдэрсэн “можгорхон чамтайгаа”, “өөвгөр божгор хүүхнээ” (2015 оны хаврын сэтгэмж)гэж бичсэнээр улам баталгаажна. Учир нь
“Дуу, дээл элээсэн борог, хожгорхон амьдралдаа
Дуслаар нулимсаа бөмбөрүүлж дахин учирна, хоёулаа” (“Гандирын хөг” хэмээх бүл сонет) гэсэнд мөнөөх можгорхон бүсгүй нь “хожгорхон амьдрал” болон баяжиж, утгаа тодотгох гээд яруу сайхан гээгдсэн мэт санагдав.
“Хүмүүс намайг бүү дурла гэдэг
Хүүхэнд бүр ч бүү дурла гэдэг” гэх мэт ойлгомжгүй шадууд нь “Дурлалын тухай шүлэг” нэртэй ч эм хүний тухай бус буюу өөр хүйстэнд бас дурлаж явдаг сэтгэгдлийг төрүүлэхүйц болжээ. Аль эсвэл уншигч бид буруу бодоод байна уу?Түүнчлэн юмс үзэгдлийг дурсахдаа тоочин бичээд буй тул мөнөөх тодотгол үгүүд (яраа, бөнжрөх, сэрлийн, сэтгэлийн гэх мэт) нь давтагдаад буйг анхаарууштай. Үүнд “Хүрлэг уулс” “Хүрлэг он жил”, “Үснэр үүт дагина” “үснэр үгүй дагина”, “Говийн бархад” -“намрын бархад”, “Далан сая жилээр бүмлэх” “Үхэшгүй мөнхийн цадиг бүмлэж” зэрэг давтамж бүрийн утгад уншигчид тээнэгэлзэж эхлэх нь үгийг хэт чөлөөтэй сонгосноороо “Замилан таалал”(2019) ялгарч буйг бататгах ажээ. Нөгөө талаар яруу найргийг дан уянгаар бус утга, урыг шүтэж тийм агуулгаар бичих цаг нэгэнт оройтсоныг сануулж байна. Учир нь “гялтрах” “гилбэнгэтэх” гэх мэт хүн бүрийн мэдэхгүй, толь бичигт ч байхгүй үгс цөөнгүй төдийгүй
“Сэрлийн мөнгөн туульсаар
Яруу найрагчид гангарч
Сэтгэлийн нандин тигээр
Монголынхоо нүдийг нээнэм” (Сэтгэлийн нандин тиг) гэсэнд толгой холболтонд баригдсан чөлөөт шүлэглэл болох нь илт байна. Иймд хуучин шүлгүүдээ давтаж хэвлэдгээ анхаармаар, “булцгар хуруудыг хазал юу”, “дөрөөл юү” (Төв сайхан учрал) зэрэг буруу бичсэнийг ч засууштай. Зүй нь “хазалъюу”, “дөрөөльюү” гэж бичих ёстойг бага гэлтгүй сануулахын зэрэгцээ сумдын нэрийг холбож шүлэг бүтээсэн ч яруу найраг болоогүй, болохын ч аргагүй тоочилтын адил “Дэлхийн төгсгөлийг хэмжих гангар талын дуулал”-д амьтан ургамлын нэрийг зүйж тоочсоныг бас тэмдэглэхгүй өнгөрөхийн аргагүй байна. Яруу найргийн үгийн сан илүү чөлөөт хэлбэртэй байдаг ч яав ч ийм дураараа байж боломгүй нь үг сонголт гэдэг шүлгийн айзам хэмнэл, уянга яруу, утга агуулга, уншигч олонд хүрэхэд чухал үүрэг гүйцэтгэдэгтэй холбоотой.Тиймээс Английн яруу найрагч С.Т.Колридж “Яруу найраг бол шилмэл үгсийн эмх цэгцтэй дараалал” (Poetry: the best words in the best order) хэмээсэн билээ. Энэхүү “хамгийн сайн” гэсэн утгад энгийн, оновчтой, ойлгомжтой үгсийг онцолсон гэж бид ухаарч байна. Дэлхийн яруу найрагт үгийн сонголт (diction) нь үндсэн буюу товч тодорхой утгаас гадна хэлэгдэх, сонсогдох байдал болох авиа, нэмэлт утгыг харгалздаг байхад бид чамирхал, үл ойлгогдох төөрөгдөл рүү ухарч боломгүй санагдана. Хэдийгээр барууны шүлэгт санаа, хэлбэр, бүтэц (үе), монгол яруу найрагт уран сэтгэмж, утга, уянгыг (өргөлт) голлодог ч аль эртний Аристотель “Туурвилзүй”дээ нэр үг, үйл үг болоод үгийн үе (syllable), холбоос (conjunction), авиалбар (phoneme), айзмын нугалаа (inflection), илэрхийлэл (utterance), үг холболт (connective) гэсэн найман хэсгээс үг сонголт бүрдэнэ” хэмээснийг монгол зохиолчид мартаж боломгүйг сануулъя. Бас утга зохиолд үг сонголтыг эртний (Arhaic diction), дээд эрэмбийн (High diction), өдөр тутмын (Low diction) гэж гурав ангилдгаас “Авгаржин” яруу найргийн үгийн сан “эртний” шинжтэй ч ихэнхдээ утга тодорхойгүйд (уншигчдад) хэргийн учир оршино. Ийм ойлгомжгүй үгс нь шүлгийн агуулгаа бүрэн гүйцэт ойлгуулах үндсэн үүрэгтээ сөргөөр нөлөөж буйг анхаарууштай. Тиймээс л шинэ содон үг хайх бус сэтгэлгээний эрлээ үргэлжлүүлээрэй гэж давтан захихад хүргэв.Гэхдээ
“Цатгалан зуны өвс
Чамайг дагаж ургана” (Бодох цаг) гэх мэт сэтгэмжийн эрэл цөөнгүй төдийгүй “Лусын хөдөлгөөн” зэрэг шүлэг нь омог төгөлдөр, сүрлэг бадрангуй агаад захирангуй шинжтэй бичигдсэн нь түүний яруу найргийн үндсэн араншин юм. Тухайлбал,
“Уулгалах далай –шингэрүүлсэн уулс юм
Ууршихаараа ян сарьдгаас ч өндөр юм
Улалзах гол- урссан цас юм
Улаан, цагааны дээд туйл юм
Өргөн мөрөн ч дээрхийн адил
Долгилох их уулс, дотоод шингэн хүч юм” гэж дүрслэх юм уу,
“Алаг тарлан бөмбөрцгийн эвэр сүүлний заадаст
Альхан газрын цөстэй хүү над шиг дунгуйрч
Хээр мандлын сар шиг тэргэл дүүргэн цалиршиж
Хан Авдархангайн цохио чулуу шиг асч зэрэглэн ургах бол
Хэрлэн их мөрөн шиг гүн дотогш анирдан хавж
Хонгор дорнын тал шиг налгар амгалан цэлийх бол” (Зохист хувь тохиол доорх бадар аялгуулал) хэмээн омогшиж бадарсан нь үүний жишээ болно.Нөгөө талаар найрагч маань
“Өвгөдийн сахал шиг
Өвс цэцгэн дээр хэвтээд
Өчигдрийн салхиар илбүүлж
Өнө эртийн далайд сэлдэг байлаа” хэмээн орон зай, цаг хугацааг гүн ухааны аясаар сэрж мэдрэн
“Аавыгаа усанд оруулаад
Ар нурууг нь угааж зогслоо
Аяа, ижий минь
Яасан их өтлөө бол…” (Он жил, 2017) хэмээн ухаарч
“Ээж минь шоголтой
Алтангэрэл”-ээ тэврээд
Эсгий гэрээ бүрэнхийд тойрохдоо
Эх дэлхийгээ олж харна” (Гэгээрэл, 2017) гэсэн шүлэг бичих болов.Эдгээр нь“Гуйлгачинд арчаагүйг нь сануулж өглөг өгч бай”, “Хамгийн хулчгар эрсээс хамгийн харгис авир гардаг”, “Мунхаг хүнийг хэтрүүлж үнэлэх нь бурхны суудлыг чөтгөрт тавьж өгч буй хэрэг”, “Хэн нэгнийг нөгөө нь байгаагаар нь ойлгож, хүндлэхийг хайр гэнэ” гэсэн 1995-2002 оны үед бичсэн афоризмуудыг нь уншиж асныг эрхгүй санаанд буулгаж байв. Тиймээс өгүүлэн буй түүвэр нь “Замилан таалал”, “Цагийн аяс” зэрэг сургаалын аястай шүлгүүдээр баяжсаныг
“Цагаан гэрүүд дээгүүр нь хөвөгч хөлөг онгоц юм
Уул, толгод гэдэг цалгиант
Тэнгисийн хүчит давлагаа юм
Хүйтэн давлагаанд цохиулж нордог нь
Хөхөрч гандсан аав минь юм” зэргээр амьшуулж дүрсэлсэн гүн санаа бүхий уянгын тайллууд гэрчилнэ. Энэ мэт “Яруу найрагчийн нэгэн насны нууцат мөчлөг” шүлгийн зарим нэг санаа давгүй санагдлаа.
Нөгөө талаар уран бүтээлч хүн номуудаа өмссөн хувцаснаасаа илүү чимж урладаг шиг Жа.Баяржаргал найрагч номын соёл өндөртэй нь илт анзаарагддаг. Үүнд: Нэгдүгээрт: Номынхоо нэрийг өвөрмөц сонгодгийг “Гучин татарын зуслан” (2002), “Дөтгөөр галавын турадас буюу дээд мандал дахь бослого” (2003), “Гэрлийн жилийн хэлмэрч” (2006), “Аадрын оршил үүлс голын дээгүүр манарна” (2008), “Сэрлийн цаг агаар” (2011), “Замилан таалал” (2019) зэргээс харжболохоор юм.
Хоёрдугаарт: Ном бүрээ хатуу хавтастай хэвлэж, зураг чимэглэл нь бие даасан уран сэтгэмжтэйгээсгарчиг үйлдэлт нь онцгой чамин төдийгүй шадын хэмжээс богино, дөрвөн мөрт шүлгийг ч нэг хуудсанд багтаасан хүндлэл ажиглагддаг.
Гуравдугаарт: Номын бүлэг бүрт нь уран бүтээлч, судлагчид өргөл үг бичсэн зохиомж, онцлогтой ажээ. Тухайлбал, “Аадрын оршил үүлс голын дээгүүр манарна” түүврийг таван уран бүтээлч, “Сэрлийн цаг агаар”т мөн таван уран бүтээлч бичсэн төдийгүй өгүүлэн буй “Замилан таалал” номын шүлгүүдийг сонгож, ариутган шүүсэн “редакцын зөвлөл”-д 16 уран бүтээлчийн нэр жагсаж байна. Ийнхүү номын бүлгийн тоогоор буюу багадаа л таван хүнээр ариутган шүүлгэж редакци мэт томилдог нь түүний номыг дээдлэх үзэл баримтлалтай нь холбоотой болов уу? Магадгүй энэ нь яруу найргийн нэг номоо хамгийн олон хүнээр редакторлуулж үг бичүүлсэндтооцогдож мэдэхээр юм. Учир нь
“Даарсан бороо
Эргэн ирэхдээ
Даль жигүүртэй
Цас болно
Алган дээр чинь
Зөөлөн бууна
Ааль зан гэдэг
Эрхгүй танигдана” хэмээн цаг хугацааны эргэлтийг дотоод мөн чанараар нь нээсэн урлал, өвөрмөц эрэлтэй нь эрхгүй анхаарал татдаг. Тиймээс
“Тооноор ойчсон сар
Яст мэлхий болоод
Дорно зүгт мөлхөнө” (Тэргэл шөнө) гэх юм уу
“Ян сарьдаг, том сартай
Янагууд шиг тэврэлдэв
Талын их довцог дээр
Танхил бүсгүй алс ширтэнэ
Их хүлээлтийн үрээр
Нутгаа сайтар зүсэлж сурав
Өглөөний нар, өлөн шүүдрээс
Өөрийн сэтгэлийг анзаарав
Өндөр тэнгэр, өлзийт уснаас
Өнийн төөргөө үсэглэв
Үгсийг хураагч яруу хүмүүн
Үүлэн дундаас бүсгүйг танив” (Хүлээлт) гэсэн далд уянга, гүн сэтгэмжит шүлгүүдийг уншаад бодлоо хуваалцах сэтгэгдэл төрсөн билээ. Иймэрхүү бодрол бясалгалын аястай олон хэсгээс бүтсэн, бадаг бүрийг гинжлэн давтсан томоохон хэмжээний шүлэг түүний яруу найргийн мөн чанарыг илтгэдэг тул энэ төрлийг илүү бичээсэй гэж хүсэх байна. Үүнд “Зохист хувь тохиол доорх бадар аялгуулал”тэргүүтэн шүлгийг нэрлэх нь тэрбээр л ийнхүү бичиж чадахад оршино. Мөн түүнчлэн хүүрнэл хэлбэрийн зохиол бичвэл илүү амжилтад хүрэх мэт санагддаг нь сэтгүүлчийн авьяас туршлага, нийтлэл, тэмдэглэлийн уран санаа, гоёмсог хэллэг, өвөрмөц үг найруулгаас нь үүтгэлтэй билээ. Үүнд “Хөвчийн жонон уулсаар зорчсон тэмдэглэл үгүүлэмжит шүлэгс” зэргийг дуртгаж болохоор байна.
Яруу найрагч хүн ямагт дурлаж явдаг юм. Энэ орчлонд, хүний сайхан сэтгэл, алив бүхэнд асан дурлаж бичдэгийг нь асаж дүрэлзсэн сэтгэлтэй, асар өндөр оюун-сэтгэлгээний боловсролтой уншигчид л таашаана. Бусад нь төдийлөн ойлгохгүй, ойшоохгүй өнгөрдгийг онцлон тэмдэглэхгүй үлдээх аргагүй байна.
Доктор Д.ЦЭВЭЭНДОРЖ
/Хэл зохиолын хүрээлэн/