Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Э.Бямбажав: Цаашид зардал шаарддаг биш, үйлдвэрлэл хөгжүүлэх төслүүдэд хөрөнгө оруулах хэрэгтэй байна

Сангийн сайд асан Э.Бямбажавтай ярилцлаа.


-Цар тахал гурван жил орчим үргэлжилж байна. Монгол Улсад үлдэж байгаа гол сургамж юу байна вэ?

-Энэ бол дэлхий дахиныг хамарсан, гэхдээ Монголын хувьд том сургамж, том дохио, том шаардлага байсан гэж хэлмээр байна. Мэдээж хүнээ хамгаалсан, дээр нь эдийн засгаа хамгаалахаас өөр аргагүй байсан. Энэ хоёр бол гол зорилт. Эдийн засгийн хэмжээ, чадал, чадамжаар цар тахлыг давахад Монголын хувьд хүнд, хохиролтой. Манайх шиг ядуувтар, буурай хөгжилтэй орны хувьд эдийн засгаа хамгаалахаас өөр аргагүй. Эдийн засгийн чадвар, нөөц, боломж шавхагдахад амархан байна. Ийм байдалд цар тахал хүргэлээ.

Хүнийхээ эрүүл мэндийг хамгаалах боломжит бүх арга хэмжээг авч буйг авч, овоо ажиллаж байна гэж харж байна. Харин эдийн засгийн том өөрчлөлт авчрах төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Төсвийн орлогын 60-аас доошгүй хувийг үйлдвэрийг хөгжүүлэх, нэмүү өртөг бүтээхэд зарцуулах ёстой юм. Гэтэл манайх ингэж ажиллаж чадахгүй байна. Өнгөрсөн оны улсын төсөв, 2022 оны төсвийн төлөвлөгөөг үзэж байхад манай төсвийн хөрөнгө оруулалтын ихэнх нь цаашид зөвхөн зарлага болох ажлууд байна. Жишээ нь, 2020 онд гэхэд 270 орчим объект ашиглалтад орсон. Гэтэл тэдгээрээс хоёрхон соёлын төв өөрөө хөрөнгөө олж магадгүй. Бусад нь дандаа төсвөөс хөрөнгө шаардсан объект байсан.

2022 оны улсын төсөв дээр ч тэр, хөрөнгө оруулалтыг харахад 70-80 хувь нь зөвхөн зардал шаардах ажлууд байна. Тэр зардлыг хаанаас олох вэ, ямар үйлдвэрлэл явуулж байж нөхөх вэ. Улсын төсөв цаашид улс маань дампуурах эрсдэл рүү яваад байгаа юм биш биз гэж болгоомжлуулахаас аргагүй байдал ажиглагдаж байна.

Төсвийн зардлаа хэмнэе гэвэл үр ашиггүй зардал, илүү орон тоогоо хэмнэх хэрэгтэй. Хоёрт, хөрөнгө оруулалтынхаа 60-аас доошгүй хувийг нийгмийн үйлдвэрлэл бий болгоход зарцуулах хэрэгтэй. Ингэж зорилго тавьж ажиллаж чадах юм бол манай улс сэхэхэд амархан байна. Шинэ сэргэлтийн бодлогын 100 төсөл гэж байгаа. Энэ төслүүдээ оновчтой сонгоод, бодитой хэрэгжүүлж чадах юм бол хүнд байдлаас гарч чадна. Гол нь шинэ сэргэлтийн бодлогоо жинхэнэ бодит ажил болгохыг дахин дахин хэлмээр байгаа юм.

-Эдийн засгийн хувьд онцолж яримаар байна. Цар тахлын үед монгол гэлтгүй дэлхий дахинд эдийн засгийн хүнд цохилтод орсон. Засгийн газраас өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн ажлууд байгаа онож чадав уу?

-Засгийн газрын үйл ажиллагааг бүр болохгүй байна гэж хэлэхгүй. 100 хувь гэж бодвол 60 орчим хувь нь зөв юмандаа чиглээд явж байна. Харин үлдсэн хувьд нь оновчтой, хүчтэй ажиллаж чадахгүй байна. Аливаа нэг зорилт, арга хэмжээг авахдаа тэр хэсэг юу гэх бол, тэр юу гээд шүүмжилчих бол, тэд юу гээд жагсчих бол гэсэн болгоомжилсон, айсан байдлаар хандаж байна уу даа гэж бодогдохоор арга хэмжээнүүд авч байна. Заавал бүх хүний санаанд таарсан, заавал бүх хүнд мөнгө олгосон, бүгдийг нь хамарсан арга хэмжээ авах нь зөв шийдвэр биш.

Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүнд үед дэлхий дахины ихэнх оронд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг харахад ер нь чиг зорилтот бүлгийнхээ хэсэгт гол анхаарлаа чиглүүлдэг. Зорилтот бүлэг гэдэг маань дундчуудаас доош хэсэг. Дундчуудаас доош хэсгийг яаж өөд нь татах вэ, тэрнийгээ яаж дундчууддаа дөхүүлэх вэ гэж ажиллаж байж нийт ард түмний амьдрал сайжирна. Тэгэхгүйгээр нэг сая төгрөгийн тэтгэвэртэй нь ч, 300.000 төгрөгийн тэтгэвэртэй хүн ч адилхан нэмүүлээд, зөрүүг нь улам холдуулаад байдаг ажил байж болохгүй. Хүүхэд бүрт олгож байгаа мөнгө ч мөн адил, амьдралын боломжтой, саятнуудын хүүхэд бүрт 100.000 төгрөг өгч байх ямар шаардлага байгаа юм бэ. Зорилтот бүлэгтээ ажлаа чиглүүлж чадвал эдийн засгийн бодлого зөв болно.

Өөрөөр хэлбэл, Монгол Улс үйлдвэрлэлийн бодлогоо явуулах хэрэгтэй. Хүнийг ажилтай болгоход зориулж хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Хүнийг ажилтай болгохдоо тэр ажлаараа хөдөлмөрлөж олсон цалин хөлсөөрөө амьдраад байх боломжийг бий болгох ёстой юм. Социализмд муу юм их байсан чиг сайн юмны дотор энэ байсан юм. Хүнийг ажилтай болгож байсан, ажлаар хангаж байсан. Ажлынхаа цалин хөлсөөр амьдрах боломжийг бий болгож байсан юм. Энэ бол заавал үйлдвэрлэл хөгжүүлэх тухай асуудал шүү. Хоёрт, дээр хэлсэн нийгмийн зорилтот бүлэгтээ зориулж анхаарах хэрэгтэй. Гуравт, экспорт гаргахгүйгээр зөвхөн татварын орлогоор хөгжихгүй. Манайд хамгийн сайхан боломжтой экспорт бол нар салхины сэргээгдэх эрчим хүч. Нар салхины сэргээгдэх эрчим хүчээ ашиглаж чадвал бүх Хятадын хэрэгцээг хангаж чадах хэмжээний нөөц байгаа. Даанч ашиглаж чадахгүй байна. Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ төсөл хийгээд Азийн орнууд Солонгос, Япон, Монгол хамтраад явж байгаа ч тэнд ерөөсөө манай Засгийн газар анхаарч, олигтой ажил болгохгүй байна. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг их л ярьж байна. Ноосоо олигтой ашиглаж чадахгүй байна шүү дээ. Үйлдвэрлэл хөгжүүлээд үйлдвэрлэлийн аргаар боловсруулаад хаана ч хэрэгцээтэй бүтээгдэхүүн хийдэг болох хэрэгтэй. Эдгээр нөхцөл байдал энэ гурван жил үргэлжилж байгаа цар тахлын үед хамгийн онцгой харагдаж байгаа сургамж болж байна.

-Хил гаалийн боомилолт өнөөдрийг хүртэл ихээхэн хүндрэлтэй явж ирлээ. Манай талаас санаачилгатай ажиллаж чадсангүй гэсэн шүүмжлэл их өрнөж байна. Хил гааль дээрээс бид ямар сургамж авав?

-Цар тахал гэдэг бол давагдашгүй хүчин зүйл. Харин ийм зүйлийг яаж давах аргаа л зөв олох ёстой. Хилийн боомилтотод хоёр зүйл нөлөөлсөн. Тэр бол цар тахал, өвлийн олимп хоёр. Гэхдээ үүн дээрээс юу харагдсан бэ гэхээр манайд хил гаалийн бодлого дээр аль ч хоёр хөрштэйгөө удаан хугацааны хэлэлцээртэй байх ёстой юм байна. Удаан хугацааны хэлэлцээрээр үүргээ маш хатуу авсан, хэчнээн тонн зэсийн баяжмал, хэчнээн тонн нүүрс экспортохоо хатуу, тодорхой заасан байх ёстой юм. Түүнийгээ биелүүлэхийн тулд улс нь ч, хувийн компани ч ажиллаж байх ёстой. Ийм туршлага дэлхий дахинд ч байна.

Яах вэ одоогийн Засгийн газар, УОК, ЭМЯ-наас явуулж байгаа арга хэмжээ зохих хэмжээндээ явж байна. Гэхдээ удаан жилийн хэлэлцээр ийм хүнд нөхцөлд ач холбогдолтой болох нь харагдаж байна шүү дээ.

-Цар тахлын хүнд нөхцөлд 2022 оны улсын төсөв түүхэнд байгаагүй өндөр дүнтэй батлагдсан. Үр дагаврыг та мэргэжлийн хүний хувьд юу гэж харж байна?

-Цар тахлын үед хүмүүсээ ажилтай байлгая, тийм учраас байгаа хөрөнгө боломжоо дайчлаад хөрөнгө гаргая гэсэн ерөнхий зарчмын дор төсвөө нэлээд нэмж, орлогоо нэлээд нэмэгдүүлж баталсан тайлбарыг хийж байгаа. Тэр ч нэг талаас зөв. Гэхдээ яг төлөвлөснөөрөө ажил болгож чадаж байна уу. Төлөвлөсөн хөрөнгө оруулалт хэрэгжих үү, орлого бүрэн орох уу, тэр орлогыг яаж оруулах уу гэдэгтээ одооноос анхаарч ажиллахгүй бол худлаа болно.

2022 оны төсвийн хөрөнгө оруулалтын 70-80 хувь нь цаашдаа зардал шаардсан хөрөнгө оруулалт байгаа. Уг нь үйлдвэрлэл рүү хандсан, өөрөө өөрийгөө даагаад цаашид ажиллаад, хүн ажиллуулаад явчих боломжтой салбарт хөрөнгө оруулалтаа зарцуулмаар байгаа юм. Одоогийн нөхцөл байдлыг харахад энэ их өссөн хөрөнгийг олж чадах уу үгүй юү гэдэг асуудал, олсон хойно нь зөв зарцуулж чадах уу гэдэг бас асуудал. Үр дүнгүй зардалд зарцуулах юм бол 2022 оны төсөв сүүлдээ улсыг дампууруулахад чиглүүлсэн юм болох вий. Гол нь манайд тооцоо, төлөвлөлт, судалаа их муутай байна.

-Уул уурхайн орлогыг төсөөлөл маш өндөр, бодит бус байна гэж эдийн засагчид шүүмжилж байгаа шүү дээ?

-Зэсийн баяжмал, алтны хувьд боломжтой. Цаашид анхаарах зүйл бол зэсийн баяжмал дэлхий дахинд үнэд орж байна. Үнэ нь хоёр дахин, бараг түүнээс ч илүү өсчихөөд явж байна. Ирэх оны прогнозоор ханш нэг их буурахгүй. Гэтэл манайд хоёрхон ордоос зэсийн баяжмал гаргаж байна. Цаана нь илэрцүүд олон байгаа. Түүнийгээ хийх хэрэгтэй.

Харин нүүрс бол хүндэвтэр байна. Гэхдээ дэлхий дахинд 30, 40 он хүртэл хэрэгцээтэй байна. Тэр хүртэл нүүрсээ олборлох хэрэгтэй. Нөхцөл байдал хэцүү байгаа, гэхдээ зөв төлөвлөж, зөв зарцуулах хэрэгтэй. Ээлж дарааг нь муу олж байна гэж харагдаж байгаа юм.

-Цар тахал олон салбарт нөлөөлсөн. Тэр болгоныг ярих боломжгүй. Гэхдээ эрүүл мэнд, боловсролын салбар дахь нөлөө хүний эрхийн олон зөрчлийг гаргасан гэж мэргэжлийн байгууллагууд онцолж байгаа. Нэг талаар юун дээр алдаж, юун дээр онов?

-Би хувьдаа цар тахлын үед энэ байтугай үүнээс ч хатуу арга хэмжээ авах ёстой гэж хардаг. Бусад орнууд хатуу арга хэмжээ авдаг юм. Манайд бол бид хэтэрхий эрхэлж, юм үзээгүй байдлаа гаргаж байна. Хятадын тэрбум гаруй хүн яаж болж байна вэ, Энэтхэгийн тэрбум гаруй хүн яаж болж байна. Гэтэл тэд цар тахлаа дарж чадсан шүү дээ. Тэгж байхад гуравхан сая хүн амтай бид нар дураараа дургиж, цар тахлыг гаднаас авчирч нэгэндээ тараагаад, дотроо хүүхдүүддээ тараагаад байж байна шүү дээ. Цар тахлыг монголчууд огт ойлгохгүй, ойлгосон ч ойлгоогүй байдал гаргаж байгаа. Иргэд бас өөрөөсөө хамаарах юмаа хийж байх ёстой гэж бодож байна.

-Та бол Төрийн сайд байсан хүн. Улс төрийн хүрээнд, улстөрчдийн хувьд ч энэ цар тахал сорилт байсан нь мэдээж.

Эдийн засгийн хэмнэлттэй горимд ажиллах ёстой цаг үед зарим улстөрчид олон тэрбум төгрөгөөр бурхны хөшөө босгох зэргээр олон нийтийг бухимдуулсан үйлдлийг нэг бус удаа гаргаж байгаа. Төрийн хүний хувьд ийм онцгой байдалд яах ёстой юм бэ. Таныг ажиллаж байх үед онцгой нөхцөл байдалд улстөрчид, Засгийн газар ямар сахилга баттай ажиллаж байв?

-Одоо манайд хамгийн эвгүй, хамгийн баймааргүй нэг зүйл бол УИХ-ын гишүүний захиалга даалгавар нэртэй орон нутгийн зовлон байна. Хаана ч хэрэгцээтэй, хөгжүүлмээр, хийчихмээр, барьчихмаар спортын ордон, соёлын ордон хэрэгтэй. Гэхдээ ээлж дараатай, дэс дараатай байх ёстой. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх ёстой юм л даа. Гэтэл манайх би л юмаа бүтээж байвал улс яаж байх нь хамаагүй. Би захиа даалгавраа биелүүлж байвал бусад нь хамаа алга. Шашны ч байна уу, юуных байна уу хийж л өгөхийг бодъё, тэгвэл би нэртэй төртэй байна, магадгүй дахиж сонгогдоно гэх байдлаар хандаж байна.

Энэ бол удирдлагын хатуу шаардлага муу байгаатай холбоотой асуудал. Хүн хэдий сайн ч хэлэхээс нааш санахгүй, цааш хэдий нимгэн ч гэсэн чичихээс нааш цоорохгүй гэдэг шиг ажлынх нь шаардлага сул байгаа учраас шаардлагын хэмжээнд энэ улсууд ажлаа явуулж байгаа нь тэр. УИХ-ын гишүүд, яам газрууд ч адилхан. Ялангуяа төрийн албан хаагчдын шаардлага сул байх юм бол хийсэн ч яах вэ, эс хийсэн ч яах вэ гэдэг байдалтай болчихсон байна.

Социализмын үед бид ажиллаж байхад хүнд үеүд байсан. Нэг жишээ дурдахад, Улаанбаатарыг ногоон болгоё, мод тарья гэж хоёр жилийн турш хөөцөлдөөд огт бүтдэггүй. Олигтой ажил хэрэг болж өгдөггүй. Тэр үед би улсын хороонд эдийн засгийн байгууллагын хэлтсийн эрхлэгч байсан. Нэг өглөө Ю.Цэдэнбал дарга намайг дуудаад “Мод тарих ажиллагаа маш удаан явж байна. Худгаас ус авч модтой газруудыг услахгүй байна. Үүнийг долоо хоногч хянаач хүүхээ. Танай хэлтсийн үүрэг биш л дээ. Гэхдээ яах вэ, төв хорооны гишүүний хувьд явж үзээд хянаадахаач” гэдэг юм. Өглөө 05:00 цагт босоод л худгуудаар яваад тулгамдсан асуудал байвал чадлаараа шийдээд, нэлээд хэд хоног явсан юм. Нэг орой Энхтайваны гүүрний зүүн дор байдаг худаг дээр явж очтол нэг их олон машин, хамгаалалтын тэргүүд болчихсон байв. Юу юм бол гээд хүрээд иртэл Ю.Цэдэнбал дарга ирчихсэн байна. Худгийн усалгааны ажлыг шалгаж байгаа нь тэр. Тэгээд надад усалгааны ажил зохих хэжмээгээр явж л байгаа юм байна, би бас хэдэн худгаар орлоо. Чи явж л байна уу, сайн байна. Бүх худгаар яваад шаардаад байгаарай” гэж хэлээд явчихсан.

Тэр хүн бол муу, жижиг асуудлаар намайг шалгаж яваа нь тэр. Өгсөн үүрэг биелж байна уу гэж. Ингэж өгсөн үүргийн гүйцэтгэлийг шалгадаг, гүйцэтгэлийг гүйцэтгүүлдэг байх ёстой. Одоо манайх бол шийдвэр гаргаад гүйцэтгэл байхгүй. Түүнийг нь шалгадаггүй, шаардлага тавьдаггүй. Засгийн, төрийн аппарат ийм байгаа учраас компанийн захирлууд ч ялгаагүй. Компанийн захирлууд яасан ч яах вэ, би заавал чамайг ажиллуулах ёстой биш, заавал чамаар хийлгэх ёстой биш гэсэн маягтай байх нь олонтаа. Тэгэхээр төр эхлээд үлгэр жишгээгээ үзүүлж, бусдыгаа татаж, чиглүүлэх ёстой юм. Тэр л манайд дутаад байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Өлзиймөнх: Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрыг мэргэжлийн бус хүмүүс бусниулж байна


Төрийн албыг төрлийн алба болгож, хүний эрхийг зөрчиж буй хууль бус үйлдлийг “Өдрийн сонин” цувралаар шүүмжлэн бичсээр байгаа билээ. Бид энэ удаад Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын асан М.Өлзиймөнхтэй ярилцлаа. Тэрээр газар, хэлтсийнхээ хэмжээнд төрийн албаны шалгалт өгөөгүй, мэргэжлийн бус хүмүүс томилогдож байгаа үйлдлийг эсэргүүцсэнийхээ төлөө 17 жил мерит зарчмаар зүтгэж ирсэн албанаасаа халагджээ.


-МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГАД ОГТ АЖИЛЛАЖ БАЙГААГҮЙ, ТЭР БҮҮ ХЭЛ ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТАД ОРООГҮЙ, ТУСГАЙ ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ ХҮН ШУУД ТОМИЛОГДООД 20 ОРЧИМ ХҮНИЙГ АЖЛААС ЧӨЛӨӨЛЛӨӨ-


-Олон жилийн турш ажиллаж ирсэн албанаасаа халагдах болсон шалтгаан юу байв?

-Би 2004 оны эхээр аймгийнхаа Мэргэжлийн хяналтын газарт ажилласнаас хойш 17 жил болж байна. Улсын байцаагчаас эхлээд хэлтэс, газрын дарга хүртлээ жинхэнэ мерит зарчмаар явж ирсэн хүн. Хамгийн сүүлийн томилгоогоор 2019 оны гуравдугаар сард газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон, 2021 оны тавдугаар сар хүртэл ажиллаад, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шинэ томилгоо хийснээр энэ алба маань дуусгавар болсон. Ерөнхий газраас тушаал гарч, манай газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр О.Балжинням гэж хүн томилогдсон юм.

О.Балжинням дарга мэргэжлийн хяналтын байгууллагад огт ажиллаж байгаагүй, тэр бүү хэл төрийн албаны шалгалтад ороогүй, тусгай шаардлага огт хангахгүй хүн шууд томилогдоод ороод ирсэнд гайхсан. Төрийн албанд хэлтсийн дарга нарт тавигдах шаардлага өндөр байдаг шүү дээ.

-Мэргэжлийн хяналтын газар хэлтсийн дарга нарт ямар шаардлага тавьдаг юм бэ?

-Тэр үед Ерөнхий газрын Тамгын газрын дарга томилгооны талаар онлайн хурал хийхдээ “Чамайг муу ажилласан гэж чөлөөлж байгаа явдал биш. Цар тахлын хүнд хэцүү үед байгууллагыг сайн удирдаж ажиллалаа. Гэвч Газрын даргын үүрэг гүйцэтгэгчийг сольж байна. Чиний хувьд хэлтсийн даргын ажлаа үргэлжлүүлэн хийнэ” гээд тушаал уншсан.

Газрын даргад төрийн албанд наймаас доошгүй, төрийн захиргааны албан тушаалд дөрвөөс доошгүй жил ажилласан, мэргэжлийн хяналтын аль нэг чиглэлээр гурваас доошгүй жил ажилласан, мэргэшүүлэх багц сургалтад хамрагдсан, тусгай шалгалт өгсөн хүн томилогдох ёстой гэж заасан байдаг.

Дээр хэлснээр шинэ томилгооны эзэн О.Балжинням төрийн албаны тусгай шалгалт битгий хэл ерөнхий шалгалтад ч ороогүй, өмнө нь улс төрийн албан тушаал хашиж ирсэн хүн байсан.

Үнэхээр дээрх шаардлагыг хангасан, ёс зүйтэй хүн хууль ёсны дагуу томилогдсон бол надад энд дурьдаад байх шаардлага байхгүй. Гэтэл Төрийн албаны хууль тогтоомжийг зөрчин зүй бус томилгоо хийгдэж, мэргэжлийн бус, төрийн албаны наад захын шаардлагаа биелүүлээгүй хүн мэргэжлийн хяналтын байгууллагыг удирдах болсонд харамсаж байгаа. Энэхүү хууль бус үйлдлийн талаар хэлснийхээ улмаас Газрын даргын ажлыг өгсөн цагаас хойш таван сар гаруй хугацаанд үүрэгт ажлаа хэвийн байдлаар хэрэгжүүлэхэд байнгын дарамт, шахалтад байсан. Ингээд 2021 оны аравдугаар сард Ажил олгогчийн төлөөлөгч буюу Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын үүрэг гүйцэтгэгч О.Балжиннямын санаачлагаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан.

-Дарамтанд өртсөн гэлээ. Газрын дарга болсон хүн дарамталсан гэсэн үг үү?

-Тийм ээ. Хууль ёсны шаардлага тавьсныхаа төлөө ажлаа хийхэд маш хүнд болсон. Хэлтсийн даргын ажлыг огт хийлгээгүй. О.Балжинням дарга байсхийгээд өрөөндөө дуудна, илт гүтгэн дарамтална, хамт олныг дунд нь хагаралдуулна, миний эсрэг турхирна. “Өргөдлөө өгөөд ажлаасаа гар. Эсвэл чамайг ялтан, гэмт хэрэгтэн болгоно. Хүсвэл 10000 төгрөг хулгайлсан хүнийг ч шоронд суулгаж болдог, эс хүсвэл тэрбумаар идсэн ч шоронд ордоггүй нийгэм шүү” гэнэ. Мөн “Чамд хоёр боломж байна. Нэгд, чи өөрийнхөө хүсэлтээр ажлаас гарах, хоёрт цагдаа хуулийн байгууллагаар шалгуулаад ажлаас халагдах” гэсэн асуудал тулгасан.

Миний хувьд “Надад хууль зөрчсөн явдал байхгүй. Тиймээс шалгуулах газар байвал бүгдээр нь шалгуулъя. Би өргөдлөө өгч чадахгүй” гэж хэлсэн.

Би энэ байгууллагадаа 20 орчим жилийг хуулийг хэрэгжүүлэн, төрийн албаны мерит зарчмаар, хичээл зүтгэлтэй ажиллаж ирсэн болохоор ийм ёс зүйгүй байдалтай эвлэрч чадаагүй. Уг нь хэлтсийн даргын ажлаа үргэлжлүүлэн хийх тушаал гарсан. Гэтэл намайг даргын зөвлөлийн хуралд ч оруулахгүй, ажлыг маань хийлгэхгүй байсан нь асар их сэтгэлийн дарамтад оруулдаг байсан.

Ингээд энэ байдал даамжирсаар 2021 оны аравдугаар сард “Чи ямар айхтар гүрийдэг юм бэ. Олон сар харлаа, гуйлаа, өргөдлөө өгөөд аятайхан явчих гээд байхад чинь…” гээд халах тушаал гаргасан байдаг.

Юм гэдэг сонин юм байна. Өдий олон жил төрийн албаны нэр хүндийг сэвтээхгүй юмсан гэж явж ирсэн байтал төрд ийм шударга бус явдал гаарч болдог юм байна гэдгийг нүдээрээ харсан даа.

-Таныг хуулийн байгууллагад шалгуулна гэсэн байна. Та ямар нэгэн зөрчил гаргасан юм уу?

-Миний хувьд хууль зөрчсөн үйлдэл болон ажлын алдаа дутагдал гаргаагүй. Тухайн үеийн манай газрын даргын үүрэг гүйцэтгэгч О.Балжинням миний ажиллаж байх үеийн санхүүгийн үйл ажиллагааг өөрийн хүмүүсээр шалгуулаад ховоор ажил зохион байгуулж байсан. Үнэхээр надад санхүүгийн зөрчил байсан бол холбогдох хууль хяналтын байгууллага нь шалгаад асуудал ярих ёстой шүү дээ. Гэтэл намайг шалгуулахаар аль 2021 оны есдүгээр сарын эхээр АТГ, цагдаа, МХЕГ зэрэг олон байгууллагад хандсан байдаг ч ямар нэгэн асуудал яригдаагүй өнөөг хүрлээ.

-Ажлынхан тань ямар байр суурьтай байх юм?

-Шинэ даргын үйлдлээс болж ажлынхан маань ч хавчлага, дарамтанд орсон байдал ажиглагдаж байгаа. Ажлын чат группийн мэдээллийг хэвлэж аваад л дарамталдаг. Түүнээс болоод ажлын хүмүүс маань надтай харьцахаас ч айдаг болсон. Ер нь ганц би биш.

Шинэ даргын үүрэг гүйцэтгэгч томилогдон ирсэн үеэсээ хойш тав, зургаахан сарын хугацаанд бараг 20 орчим хүнийг ажлаас чөлөөлж, шилжүүлж, чөлөө авахуулж, мөн төдий чинээ хүнийг ажилд томилсон байдаг. Ковидын хүнд нөхцөл байдлын энэ үед ийм их ажлын байрны өөрчлөлт хийж байгаа нь асуудал гэж харж байгаа. Учир нь би өмнө энэ байгууллагын даргын үүрэг гүйцэтгэж байсан хүний хувьд манай ажилтнууд хэн нь ямар амьдралтай гэдгийг мэднэ шүү дээ. Гэвч хөдөө орон нутагт ялангуяа төрийн албан хаагчид ямар нэг байдлаар нэхэмжлэл гаргаад явахаасаа түвэгшээдэг байдал их байдаг.

-Тодруулахгүй юу?

-Би халагдсаныхаа дараа шүүхэд гомдол гаргаад явж байгаа. О.Балжинням дарга ажлын хүмүүсийг миний эсрэг турхирч, өргөдөл бичүүлж, мөн намайг муулж бичсэнийхээ төлөө зарим хүмүүс албан тушаал ахиж, байгууллагын аварга болсон харагдаж байгаа нь үнэхээр харамсалтай. Мөн аймгийн Захиргааны хэргийн ерөнхий шүүгч өөртэй нь хамаарал бүхий этгээд бөгөөд түүний нөхрийг хүртэл няраваар ажилд авсан сураг байна лээ. Энэ нь байж болох хориглоогүй асуудал байх боловч нөгөө талаар сонсоход шүүхээр хэргээ шийдүүлэх гээд явж байгаа нөхцөлд эвгүй санагдаж байсан. Ийм ч учраас би Сүхбаатар аймгийн Захиргааны хэргийн шүүхээс татгалзсан байгаа.

-Мэргэжлийн хяналтын байгууллага чинь хяналтынх гэдэг утгаараа хариуцлагатай алба. Үнэхээр таны ярьдаг үнэн бол нэг хүн ийм хариуцлагатай албанд дураараа аашилж болдог хэрэг үү?

-Төрийн алба үнэхээр асуудалтай болжээ. Хүмүүсийн ухамсар ч их өөр болж. Би Төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх хэрэгтэй гэх үзэл бодлоо илэрхийлснээрээ ад болоод явж байна. Олон жил ажиллахдаа хэд, хэдэн даргын нүүр үзсэн, арай ч ийм дээрээ тулаагүй. Үнэхээр харамсалтай.

О.Балжинням даргаас гадна М.Чинзориг гээд Захиргаа удирдлагын хэлтсийн дарга мөн л мэргэжлийн бус хүн бий. МХЕГ-аас удаа дараалан уг хүнийг төрийн албанд шаардлага хангахгүй гэж дүгнэсэн байдаг ч одоог хүртэл ажилласаар л байгаа. Энэ хоёр хүн Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрыг үнэндээ л бусниулж байна.

-Газрын даргын сонгон шалгаруулалт хийгдэж, шалгалт авсан уу?

-Үгүй. Дээр хэлсэн шүү дээ. Ковидын тухай хуулийн 3.2-т заасны дагуу сонгон шалгаруулалтгүйгээр уг томилгоог хийсэн. Миний хувьд байгууллага удирдаж байхдаа байнга сайн үнэлэгдэж, 2020 онд гэхэд аймаг орон нутагтаа 93 хувьтай А үнэлгээтэй үнэлэгдсэн.

Одоо Мэргэжлийн хяналтын ерөнхий газар шинэ даргатай болсон. Эдгээр хууль бус үйл ажиллагаа, төрийн албыг дураараа авирлах талбар болгосон газруудаа эргэж харна гэдэгт найдаж байна.

-Одоо танай Мэргэжлийн хяналтын газрын үйл ажиллагаа хэвийн үү?

-Одоо бол манай газрын үйл ажиллагаа уналтад орсон. Албаны дорвитой ажил хийсэн дуулдсангүй.

Нөгөөтэйгүүр, төлөвлөгөөт бус шалгалтыг захиалгаар хийдэг болсон. Намайг ажиллаж байх үед л гэхэд О.Балжинням дарга өөрөө шалгалтаар яваад өгнө. Хүмүүс захиалга өгдөг бололтой. Угтаа бол тийм шалгалтыг удирдамжтай очиж хийдэг. Гэтэл ямар ч тийм зүйл байхгүй. Шалгасан газрынхаа зураг хөргийг сошиалд ил болгож тавьснаас болж нэг байгууллага үүдээ барьж дампуурч байсан удаатай. Мөн бид зөрчлийг баталгаажуулах байдлаар хэзээ ч шалгалт хийдэггүй. Гэтэл “Тэр суманд, тийм аж ахуй нэгжид шалгалт хийнэ. Тийм зөрчилтэй байгаа. Тийм торгуулийн хуудас авч яв, тэгж торго, шууд хаа” гэх жишээтэй үүрэг даалгавар өгдөг. Ийм зүйл байж болохгүй шүү дээ.

Миний хувьд аль нэг намын гишүүн бус. Өөрийнхөө чадвараар олон жил ажиллаад ирсэн учраас хууль бус, ёс зүйгүй эдгээр үйлдэлтэй эвлэрч чадахгүй. Ганц намайг ч ингэж хохироогоогүй, олон хүн хохироод байгаа. Цаашид ч яахыг тааварлах аргагүй.

-Мэргэжлийн хяналтын ерөнхий газар босоо тогтолцоотой. Газар хэлтсийнхээ энэ байдлыг хянадаг уу?

-МХЕГ болон Төрийн албаны зөвлөлд хэд, хэдэн удаа хандсан ч Ковидын хуулиар түрий барьж, асуудлыг нэгээхэн ч авч хэлэлцээгүй.

Мэргэжлийн хяналтын байгууллагыг мэргэжлийн бус хүмүүс удирдаж байгаа нь аймаг орон нутгийн ард иргэдийн эрх ашгийг ч хохироож байна шүү дээ.

МХЕГ маань саяхан шинэ даргатай болсон тул энэ асуудлыг нухацтай авч хэлэлцэн, хуулийн хүрээнд шийдвэрлэнэ гэдэгт итгэж байгаа.

-Та энэ асуудлаар шүүхдээд байгаа юм байна, тийм үү?

-Шүүхэд хандсан байгаа. Монголын шүүх хуулийн дагуу хэргийг шийдвэрлэж, нэхэмжлэгч миний эрхийг сэргээх байх гэж найдаж байна. Ер нь ажилгүй болсон төрийн албан хаагчдын гол итгэл, найдвар нь Захиргааны хэргийн шүүхүүд л байдаг юм байна гэдгийг энэ хугацаад ойлгоод байна.

Манай салбар саяхан шинэ, хуульч хүн томилогдон очсон. Тиймээс цаашид, Төрийн албанд үнэхээр Төрийн албаны хууль тогтоомж мөрдөн ажиллах мэргэшсэн, хуулийн шаардлага хангасан хүнийг ажиллуулдаг болоосой гэж хүсч байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Д.Тэгшбаяр: Олон улс авлигын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг дэмждэггүй

“Трансперенси интернэшнл” ТББ-ын хараат бус зөвлөх Д.Тэгшбаяртай авлигын индексийн асуудлаар ярилцлаа.


-Монгол Улс 2021 онд авлигын индексээр оноо ахиулж чадах уу гэдэг асуудал хүлээлттэй байна. Энэ талаар ярилцлагаа эхэлье?

-Монгол Улсын хувьд 2020 онд хийсэн ажлаа энэ удаа үнэлүүлнэ. Гэхдээ авлигын индексийг албан ёсоор зарлахаас нааш мэдээлэл задлах боломжгүй.

-Авлигын индексийг ямар үзүүлэлтээр гаргадаг юм бэ?

-Дэлхийн 180 орны авлигын төсөөллийн индексийг “Транспресси интернэшнл” байгууллагаас гаргадаг. Ингэхдээ нэг эх сурвалжийн мэдээллийг барьдаггүй. Ер нь 3-13 эх сурвалжаар баталгаажуулж гаргаж ирдэг. Өөрөөр хэлбэл, олон улсын хөгжлийн болон судалгааны байгууллагуудын судалгааны дүнг дунджилж гаргаж ирдэг оноо.

Манай улсын хувьд өмнө нь 2015 он хүртэл тав, 2015-2019 онд ес хүртэлх эх сурвалжаар үнэлэгдэж байсан. 2021 оны авлигын төсөөллийн индексийг найман эх сурвалж дээр суурилж гаргана. Дэлхийн банкны Улс орнуудын бодлого, институцийн үнэлгээ өнгөрсөн жил гараагүй учраас энэ удаад ашиглагдахгүй. Үндсэн найман эх сурвалжийн хоёр нь эрсдэлийн үнэлгээ, дөрөв нь хоёр жилд нэг удаа үнэлэгддэг, үлдсэн нь жил тутамд үнэлэгддэг үнэлгээнүүд байгаа.

-Ерөнхий сайдын захирамжаар авлигын индексийг бууруулах ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг үр дүнтэй ажиллаж чадав уу?

-Ерөнхий сайдын захирамжаар 2021 оны долдугаар сарын 16-нд авлигын индексийг бууруулах төрийн байгууллагын оролцоог хангасан өргөн хүрээтэй Ажлын хэсэг байгуулагдсан. Үндсэн зөвлөхөөр “Трансперенси интернэшнл” байгууллага ажиллаж байгаа. Нэг зүйлийг тодруулж хэлэхэд Ажлын хэсгийн үйл ажиллагаа 2021 оны төсөөллийн индекст үнэлэгдэхгүй. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд хийсэн ажлын үнэлгээ дараа жил буюу 2022 оны үнэлгээнд орно. Учир нь Ажлын хэсэг байгуулагдах үед 2021 оны авлигын индексийн судалгаа, үнэлгээ бүгд гарчихсан байсан. 2020 оны дундаас 2021 оны дунд хүртэл хэрэгжүүлсэн арга хэмжээ, үйл ажиллагаагаар 2021 оны авлигын төсөөллийн индексийг үнэлж гаргана.

-Тэгвэл 2021 оны хагас жилээс өмнөх нөхцөл байдлыг ярих хэрэгтэй болох нь. Авлигын индексийг өсгөж байгаа гол шалтгаан авлига, албан тушаалын хэргүүд гэж яригддаг. Энэ тал дээр байр сууриа илэрхийлэхгүй юү?

-Үе, үеийн Засгийн газрын энэ тэргүүний асуудал яалт ч үгүй авлигыг бууруулах чиглэл байсан. Авлигыг буруулна гэж өмнөх Засгийн газрууд ял шийтгэл, авлигын гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр голдуу анхаарсан. Хэдийгээр эдгээр нь үр дүнд хүрсэн, хүрээгүй гэх янз бүрийн шүүмжлэл дагуулдаг ч асуудлыг цогцоор нь харж үзэж байгаагүй. Харин энэ Засгийн газрын хэрэгжүүлж байгаа бодлого, авлигын төсөөллийн индексийг барьж авсан нь асуудалд цогц байдлаар хандъя гэсэн чиглэл ажиглагдаж байна.

Авлигын индексийг гаргахад бүх эх сурвалжууд яг адилхан зургаан зүйлийг л чухалчилдаг. Нэгд, иргэдийн үндсэн эрхийг хангах тогтолцоо буюу хүний эрхийг хангах чадамж. Хоёрт, улс төрийн тогтвортой байдал, бодлогын тогтвортой байдал, хүчирхийллийг шийдвэрлэх арга хэлбэр. Гуравт, төрийн үйл ажиллагааны үр дүнтэй байдал. Дөрөвт, зохицуулагч байгууллагын үйл ажиллагааны чанар хүртээмж, тав дахь нь хууль дээдлэх байдал. Зургаад, авлигын хяналт гэсэн асуудалд бүх эх сурвалжуудын үнэлгээ хийдэг.

Эдгээр эх сурвалжийг 100 хувь гэж үзэх юм бол авлигын хяналт буюу гэмт хэргийг илрүүлэх, гэмт хэрэгтнийг баривчлах, шийтгэх асуудал дунджаар 14 хувийг л эзэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, авлигын индекс гэдэг зөвхөн гэмт хэрэгтэй тэмцэх асуудал биш, цогц асуудал. Энэ утгаараа авлигыг төсөөллийн индекстэй холбож авч үзэх нь бодит үр дүнд хүрэх хамгийн боломжтой зорилт.

Ажлын хэсгээс 2021 оны наймдугаар сард авлигын индексийг бууруулах ерөнхий төлөвлөгөө баталсан. 49 арга хэмжээг дөрвөн чиглэлээр хэрэгжүүлэхээр тусгасан. Ойролцоогоор 15 орчим хууль тогтоомж, зарим нь шинээр боловсруулагдах, зарим нь өөрчлөлт оруулахаар төлөвлөгдөж байгаа. Төрийн үйл ажиллагааны чанар хүртээмж, зохицуулагч байгууллагын үйл ажиллагааг чанаржуулах, иргэнд ойртуулах гэх мэт ажлууд багтсан. Дээрээс нь цахимжилт, үйл ажиллагааг илүү хүртээмжтэй болгох ёстой.

Эцэст нь авлигын хяналтын чиглэлээр гэмт хэргийг шийдвэрлэж байгаа үйл явц дээр дүн шинжилгээ хийж, ялын бодлогод өөрчлөлт оруулах, дагнасан шүүх байгуулах эсэх дээр судалгаа хийгдэхээр байна. Үр дүнгийн хувьд одоо дүгнэхэд эртдэх байх.

-Авлига, албан тушаалын гэмт хэрэг буурахгүй байгаа тоон мэдээлэл гарсаар байна. Үүний шалтгаан юу юм бэ?

-Нэг талаараа тоо нэмэгдэнэ гэдэг сайн ч байж болно. Гомдол мэдээлэл нэмэгдэхийн хэрээр шалгалт нэмэгдэж байна гэсэн үг. Ялангуяа сүүлийн хоёр жилд огцом өссөн дүнтэй байна. Энэ бол нэг талаараа сайн. Үүнийгээ дагаад мэдээлж байгаа бүх гомдлыг АТГ шалгах үүрэгтэй. Харин муу гэдэг нь авлига, албан тушгаалын гэмт хэрэгт төрийн янз бүрийн түвшний албан тушаалтнууд оролцсоор байна. Оролцсон гэдэг нь янз бүрийн байдлаар илэрсээр байна.

Шүгэл үлээгчийн эрхийг хамгаалах хуулийн төсөл УИХ-ын чуулганаар хэлэлцэгдээд батлагдвал тодорхой хэмжээний ахиц гарч, дахиад ч тоо нэмэгдэх магадлалтай. Ингэснээр хэргийн тоо дахиад л өснө гэсэн үг.

Өнгөрсөн хугацаанд мөрдөн шалгах, яллах ажиллагаа, шүүхэд нэг мөр ойлголт дутмаг байсан гэж харагддаг учир нь авлигын хэргийг хянан шийдвэрлэх чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүд цөөн байна. Манайх преседент хэрэглэдэггүй учраас шүүхийн шийдвэр янз бүр гарах нөхцөл байдал үүссэн байхыг үгүйсгэхгүй. Үүнийг зохицуулахын тулд Ажлын хэсгээс хийх арга хэмжээ бол дагнан мэргэшүүлэх, хөрөнгө орлогын мэдүүлгийг татварын тайлантай уялдуулах тогтолцоо бүрдүүлэх гэх мэт юм. Энэ чиглэлээр олон улсын байгууллагуудын дэмжлэг туслалцаа шаардлагатай, томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжинэ гэж найдаж байна.

-Төрийн өндөр албан тушаалтан үйлдсэн гэмт хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлдэг болсон нь олны бухимдлыг төрүүлсээр байна. Сайн туршлага ямар байдаг юм бэ?

-Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас 44 орны эрүүгийн хууль тогтоомжид хийсэн судалгаа байдаг. Аливаа улс оронд хэргийг шүүхийн журмаар ч, хялбаршуулсан журмаар ч шийдвэрлэх боломжтой. Хялбаршуулсан журам их түгээмэл. Сайн тал нь цаг хугацаа хэмнэдэг, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрдөг, заавал хохирлоо барагдуулдаг. Түүнээс гадна шүүх, прокурор, мөрдөн байцаагчийн ажиллагаа хөнгөвчлөгддөг. Үүнийг дагаад өмгөөлөгчийн зардал ч буурах боломжтой.

Харин сөрөг тал нь хялбаршуулсан журмаар хэрэг тохиролцоно гэдэг прокурорын чадвартай шууд холбоотой. Ял өгөх гэж байгаа прокурор тухайн хэрэгт яаж тохиролцох вэ гэдгээ шийддэг. Бусад орны жишээг харахад цагаан захтны гэмт хэрэг гэж нэрлэгддэг төрийн албан тушаалтны ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдэхийг зөвлөдөггүй. Түүнээс гадна иргэдийн татварын мөнгөөр цалинжиж байгаа төрийн албан тушаалтан ашиг сонирхол гаргах нь ёс зүйн хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тэр утгаараа авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг дэмждэггүй. Хэдий ийм ч улс орны эрх зүйн зохицуулалт янз бүр. Манай улсын хувьд бол хялбаршуулсан журмаар хэд, хэдэн хэрэг шийдэгдчихлээ. Иргэдээс маш олон шүүмжлэл гарч байна. Гэхдээ хууль тогтоомжид нь энэ нөхцөл боломж нь одоогоор байгаад байна. Цаашид өөрчлөгдөх байх.

Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш Эрүүгийн хуульд тодорхой өөрчлөлтийг оруулахаар төлөвлөөд явж байна. Энэ хүрээнд ялын бодлогод өөрчлөлт орж ирнэ. Авлигын хэргийн ялыг чангаруулах үүрэг чиглэлийг Ерөнхий сайд өгөөд байгаа. Түүний хажуугаар хялбаршуулсан журмаар авлига, ашиг сонирхлын хэргийг цаашид шийдвэрлэх эсэх нь судлагдаж гарч ирнэ.

-ХОМ-ийг татварын тайлантай уялдуулахаар болсон талаар өнгөрсөн оны сүүлчээр болсон авлигын эсрэг чуулганы үеэр хөндөгдсөн. Үүнийг тодруулахгүй юу?

-Олон улсад өргөн хэрэглэгддэг авлига, ашиг сонирхлын зөрчил шийдвэрлэхэд өндөр ач холбогдолтой хоёр аргачлалыг судална гэсэн төлөвлөгөө байна. Жишээ нь, би нэг сая төгрөгийн цалинтай ч миний сарын хэрэглээ 50 сая байгаад эсвэл тансаг хэрэглээ улам өсөөд байх юм бол ямар нэгэн асуудал байж таарна. Орлого зарлагыг баланслаад, илүү гарч байгааг үндэслэлтэйгээр тайлбарлах ёстой. Тэгж чадаагүй хөрөнгийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзнэ. Энэ чиглэл рүү олон улсын сайн туршлагыг авч нэвтрүүлэхээр төлөвлөгөөнд тусгаад байна.

-Эрүүгийн хуульд үндэслэлгүй хөрөнгөжих тухай заалт бий. Хуулийн зохицуулалт байдаг хэрнээ яагаад хэрэгжихгүй байгаа юм бэ?

-Олон асуудалтай. Юуны өмнө бид эхлээд татварын тогтолцоогоо бүрдүүлээд дараа нь хөрөнгө орлогыг хянах, үндэслэлгүй хөрөнгөжихийг уялдуулж, үе шаттай тогтоох, төлөвлөх ёстой байсан. Олон улсын хэдэн арван жил хэрэгжсэн тогтолцоог одоо л хэрэгжүүлэх гэж байна. Хууль боловсруулах нь зөвхөн хууль мэддэг хүмүүсийн хийдэг ажил биш. Нийгэм, эдийн засаг, дэлхийн чиг хандлага, сайн туршлагыг ч мэддэг хүмүүсийн оролцоо дутмаг байсан юм болов уу гэж хардаг.

-Улс төрийн тогтвортой байдалд ямар үнэлгээ өгөх вэ. Авлигын индексийн бас нэг үзүүлэлт юм байна шүү дээ?

-Улс төрийн тогтвортой байдалд олон хэмжүүр багтдаг. Засаг төр, бодлого хэр тогтвортой байв, иргэдээс хэр их жагсаал, үймээн гарав, тэдгээрийг яаж зохицуулж байна, үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн, хамтын ажиллагаа, хууль бодлогын түвшинд тогтвортой хэрэгжиж чадаж байгаа эсэх багтана. Үүнээс гадна хүчний байгууллагууд иргэдийн цуглааныг зохицуулах асуудал ч улс төрийн тогтвортой байдлын үнэлгээнд авч үздэг.

Өнгөрсөн хугацаанд засаг харьцангуй тогтвортой байлаа. Тэгэхээр Засгийн газрын тогтвортой үйл ажиллагаа гэдгээр унахгүй байх. Гэхдээ бодлогын тогтвортой байдал гэдэгт харж үзэх зайлшгүй шаардлагатай гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого тодорхойгүй болчихсон байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжинэ гэдэг эдийн засагт маш үнэтэй хувь нэмэр оруулахаас гадна сайн туршлагыг нэмэгдүүлж байдаг. Үүнийг дагаад гадны санхүүжилт тусламж дэмжлэг, төсөл хөтөлбөр дээр иргэний нийгмийн чиглэлээс хяналт хэрэгжүүлэхэд туслалцаа дэмжлэг, туршлага орж ирдэг. Энэ утгаараа гадаадын хөрөнгө оруулалтын бодлого нь тогтвортой байна уу, хэрэв шүүмжлэл гарсан бол тухайн асуудлыг засч залруулж байна уу гэдэг чиглэлээр үнэлгээ хийгдэнэ гэсэн үг. Манай улсын хувьд Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулсан ч өөрчлөлтийг баталж чадсангүй. Энэ асуудлыг хурдан шийдэх нь авлигын төсөөллийн индескт ч хэрэгтэй, цаашлаад эдийн засагт ч хувь нэмэртэй.

-Иргэд эрхээ нэхсэн жагсаал цуглаан цөөнгүй боллоо. Улс төрийн тогтвортой байдалд авч үздэг нэг үзүүлэлт энэ юм бол таны хэлснээр тогтвортой байж чадах уу?

-Тухайн асуудал нь авлигын төсөөллийн индексийг үнэлдэг найм, есөн эх сурвалжийн тайланд л орсон байх ёстой. Зарим тайлан асуулгаар дүгнэгдэж байгаа. Иргэд, хууль хэрэгжүүлэгчид, төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд, өмгөөлөгчид гээд төрөл бүрийн салбар чиглэлийн хүмүүсээс асуулга авдаг. Түүн дээрээ дүн шинжилгээ хийж гаргаж ирдэг. Энэ асуулгын үеэр иргэдийн жагсаал цуглаанд хэн нэгэн оролцож хариу мэдээлэл өгсөн үү гэдгээс тайлангийн үнэлгээ шалтгаална.

Нөгөө талаар асуулга биш юм аа гэхэд ерөнхий нөхцөл байдлын үнэлгээг олон улсын хөгжлийн байгууллага дүгнэж тайлангууд гаргадаг. Тэгэхээр нөхцөл байдлын үнэлгээ дүгнэлт, хуулийн хэрэгжилт, хүчний байгууллагын хууль тогтоомжоо хэрэгжүүлж байгаа байдлыг яаж дүгнэхээс шалтгаалж дараа жилийн авлигын төсөөллийн индекст тусгагдана.

-Авлигын индекс гаргадаг зургаан хүчин зүйлийн нэг нь хүний эрхийг хангаж байгаа тогтолцооны талаар авч үздэг юм байна. Хүний эрхтэй холбоотой асуудал өнгөрсөн жилийн гол сэдвүүдийн нэг байсан. Нэг ёсондоо хүний эрх зөрчигдсөн асуудал бүх шатанд хөндөгдсөн. Магадгүй авлигын индекст нөлөөлөх эрсдэлтэй байх нь ээ?

-Дэлхий нийтээр ковид 19 цар тахал дэгдсэнээс хойш хоёр жилийн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд гэнэтийн шийдвэрүүд гаргах шаардлага төр засагт бий болсон. Авлигын төсөөллийн индекст гэнэтийн нөхцөл байдалтай холбоотой гаргаж байгаа төрийн шийдвэрийн хэрэгжилт, хүний эрхийн зөрчил, төрөөс гаргаж байгаа шийдвэрт иргэдийн оролцоог хангаж байгаа эсэхийг үнэлдэг болж эхэлсэн.

Хүний эрхийн зөрчил өнгөрсөн хугацаанд гарсан гэж үздэг. Энэ тал дээр алдаа дутагдал гарсаар байвал цааш мэдэгдэх олон улсын хүний эрхийг хангах байгууллагууд байдаг. Харамсалтай нь тэр олон байгууллага руу өнгөрсөн хугацаанд хандсан эсэх талаар мэдээлэл алга. Угтаа бол манайх олон улсын хамтын байгууллагын гишүүн улс. Гишүүн улсын хувьд иргэдийн эрх зөрчигдсөн нөхцөлд мэдээллийг хүргэх эсвэл олон улсын тайлан, судалгаа, асуулгад оролцож дуу хоолойгоо хүргэх л хэрэгтэй.

-Сүүлд өргөн баригдсан Холбооны эрх зүйн тухай хууль ихээхэн маргаантай хэвээр үргэлжилж байна. Энэ асуудал 2022 оны авлигын индекст сөргөөр нөлөөлөх алхам болсон гэх байр суурь дуулдах боллоо?

-Холбоо, сангийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдвал авлигын төсөөллийн индекст сөргөөр нөлөөлнө гэдгийг анхааруулмаар байна. Зургаан чиглэлийн гурваар, есөн эх сурвалжийн бүгдээр үнэлэгдэнэ. 2016 оны өвөл ФАТФ буюу санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагын харилцан үнэлгээ хийгээд ашгийн бус байгууллагуудтай холбоотой наймдугаар зөвлөмжийн хэрэгжилтэд хэд, хэдэн зөвлөмж өгсөн.

Гэхдээ ФАТФ-ын өгсөн зөвлөмж Монгол Улсын төрийн байгууллагаас боловсруулсан үндэсний эрсдэлийн үнэлгээнд суурилж гаргасан дүгнэлт. Үндэсний эрсдэлийн үнэлгээ өөрөө ашгийн бус салбарыг эрсдэлтэй гэж үзсэн. Гэвч яагаад эрсдэлтэй гэдгээ тодорхой гаргаагүй байсан. ФАТФ-ын зөвлөмжийг хэрэгжүүлэх гарын авлагад зөвлөснийг шууд хүлээж авсан юм болов уу гэж харагдсан. Уг нь улс орон бүрт энэ төрлийн эрсдэл харилцан адилгүй байдаг. Мөн нэгэнт үндэсний эрсдэлийн үнэлгээгээр эрсдэлтэй гээд үнэлчихээд аль чиглэл нь ямар эрсдэлтэй юм бэ, үүний дагуу ямар арга хэмжээ авахыг тодорхойлоогүй.

ФАТФ ашгийн бус салбар гэсэн хэсэгтээ юуг багтаах нь танай асуудал. Харин аль чиглэл нь илүү эсвэл бага эрсдэлтэй вэ гэдгийг гаргаж, эрсдэлийн үнэлгээн дээр суурилсан зохицуулалт хийх шаардлагатай гэсэн. Гол асуудал ерөөсөө энэ. Хууль гарга ч гэж хэлээгүй. Иргэний нийгмийн байгууллага, ялангуяа төрийн бус байгууллага мөнгө угааж байна гэсэн агуулга хаана ч байхгүй.

Мөн бэлэн мөнгөөр үйл ажиллагаа явуулдаг, жишээ нь шашны байгууллагад мэдээлэл өгөх чиглэлээр хийсэн ажил тодорхойгүй, ТЕГ терроризмтой тэмцэх чиглэлээр ТББ-уудыг хянаж шалгасан баримт нотолгоо хангалтгүй гэсэн үндэслэлийг тодруулахыг хүссэн.

-Төрийн бус байгууллагууд тайлангаа тавьдаггүй, санхүүжилт нь хаалттай байна гэсэн шүүмжлэл байдаг. Хуулийн төсөл хэлэлцэгдэх үеэр бүр ч илүү яригдлаа шүү дээ?

-Санхүүжилтийг ил болгохыг харин эсрэгээрээ иргэний нийгмийн байгууллагууд эртнээс шаардаж ирсэн. Төрийн бус байгууллага бүгд хуулийн дагуу санхүүгийн тайлангаа өгдөг. Тайлангаа өгөөгүй бол үйл ажиллагаа зогсоосонд тооцно. Одоогийн хуулиар үйл ажиллагааны чиглэлийг дүрэмдээ заагаад тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулбал татвараас хөнгөлөгдөнө. Үүнээс өөр ашгийн үйл ажиллагаа явуулбал татвараас хөнгөлөгдөхгүй гэж зохицуулчихсан байгаа шүү дээ.

Гэтэл одоо 50 хувьд нь эдийн засгийн үйл ажиллагаа явуулах эрх зүйн зохицуулалт оруулж ирсэн гэж байна. Хэрэв төрийн бус байгууллага ашгийн бус бол энэ ямар хэрэгтэй байх вэ. Ашгийн үйл ажиллагаа явуулж байгаа бол одоо хэрэгжиж байгаа бусад хуулийн этгээдэд хамааралтай хуулиараа зохицуулагдах ёстой. Татвараа авах ёстой байтал яагаад одоо авч чадахгүй байгаа юм бэ.

ФАТФ бол асуудлыг эрсдэлийн үнэлгээнд суурилаад зохицуул гэсэн. Манайхан зохицуул гэдгийг хууль шинээр боловсруул гэсэн ойлголтоор хүлээж авч гурван чиглэлд салгаад гурван хуулийн төсөл боловсруулсан байдаг. Сүүлд ашгийн бус байгууллагын тухай хуулийн төсөл нь байхгүй болоод Сангийн тухай хууль, Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл өргөн баригдлаа.

Ингэхдээ төрийн оролцоо төрийн бус байгууллагуудын удирдлага үйл ажиллагаанд нэмэгдэж орж ирсэн. Энэ бол одоогийн байгаа нөхцөл байдлаас ерөөс дээрдээгүй, юуг ч зохицуулж чадахгүй хуулийн төслүүд.

-Санхүүжилтийн асуудал дээр тодруулахгүй юу?

-Олон улсаас санхүүждэг төрийн бус байгууллага 60-70 хувь байна. Ингэхээс өөр аргагүй, төрөөс дэмжлэг байдаггүй. Хоёрт, төрийн байгууллагуудаас зарлагдаж байгаа төслийн уралдаан, шалгаруулалтыг авдаг нэг хэсэг байна. Энд төрийн албан хаагчидтай авлигын асуудал эсвэл ашиг сонирхлын асуудал дагалдахгүй бол захын нэг ТББ санхүүжилт авах боломжгүй. Дийлэнх нь сонирхлын зөрчилтэй этгээддээ төслөө өгдөг. Тэр нь чанаргүй. Угтаа төрийн зүгээс тэдгээр ТББ дээр л анхаарлаа хандуулах ёстой байсан. Төрийн албан хаагчид нь төсөл өгөөд хувь хүртдэг гэж байна. Тэгэхээр энэ асуудлыг зохицуулахгүйгээр бусад энгийн үйл ажиллагаа явуулж байгаа иргэний нийгмийн байгууллагыг буруутгах өнцөгөө болгож ашиглаж байгаад харамсалтай байна.

Хуулийн зохицуулалт нь санхүүгийн тайлангаа ил тод болго гээд оруулсан бол боломжтой байсан. Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчид хэн багтдаг, төрийн байгууллагаас тендер шалгаруулалт, төслийн уралдаанаа хэдэн төгрөгөөр ямар төсөл хөтөлбөр авч хэрэгжүүлж байна гэдгийг хоёр талаасаа ил болгох ёстой. Ингэж зохицуулж болох л байсан. Ингэж байж ашиг сонирхлын зөрчлийг илрүүлэх нөхцөл бүрдэнэ.

Үүнийг хариуцаж боловсруулсан салбарын яам нь мэдээллээ дутуу өгсөнд харамсч байна. Ялангуяа концепцийн хувьд өөрчлөгдсөн хуулийн төслүүд дээр иргэний нийгмийн байгууллагын санал огт аваагүй хэрнээ УИХ-ын чуулган дээр санал авсан гэж он сар дурдахдаа өмнөх хуулийн төсөл дээр авсан саналын огноог дурдсан нь дэндүү хариуцлагагүй үйлдэл болсон. Дээрээс нь шийдвэр гаргагчдад өгч байгаа мэдээлэл нь иргэний нийгмийн байгууллагыг нийтээр нь буруутгасан, санхүүгийн ил тод байдлаа хангамааргүй байна гэж тэмцсэн юм шиг ойлголт төрүүлж байгаа нь харамсалтай.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Р.Даваадорж: Засгийн газар гоё ганган уриа лоозонгоор хөөцөлдөхийн оронд төсөв, мөнгөний буруу шийдвэрүүдээ эргэж харах хэрэгтэй

Эдийн засгийн ухааны доктор Р.Даваадоржтой ярилцлаа.


-Сүүлийн хоёр жилийн хугацаанд дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас олон улсын эдийн засаг хямарсан талаар нэлээд ярилаа. Цар тахлыг боломж болгосон улс орон байна уу?

-Цар тахалтай холбоотой дэлхийн бүх улс хүнд байдалд байгаа гэдэг өгүүлбэрийг эх баригчид их ярьж байна. Бодит байдал эсрэгээрээ байгаа. Цар тахлын хүнд үед эдийн засгаа өсгөж буй улсууд зөндөө бий. Жишээ нь, Ирланд улс 2021 онд эдийн засгаа 13 хувиар өсгөж чадсан. Өмнөд хөрш маань найм орчим хувийн, Энэтхэг 9.4-9.6 хувийн өсөлттэй байх урьдчилсан дүн гарсан. Өмнөд Америкийн Чили 11 хувь, Перу улсын эдийн засаг 10 хувийн өсөлттэй байна. Энэ жагсаалтыг цааш нь ч үргэлжлүүлж болно. Тэгэхээр улс орон бүр манайх шиг мунгинаж суусангүй, ямар ч байсан зөв зүйтэй шийдвэр гаргаж байгааг анзаарч болохоор байна.

Монгол Улсын эдийн засаг зэс, нүүрс гэсэн хоёр уул уурхайн бүтээгдэхүүнээс шууд хамаардаг. Манай экспортын 90 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн, 70 орчим хувийг зэс, нүүрс дангаараа эзэлдэг. Өнгөрсөн жил зэс, нүүрс гэх мэт уул уурхайн бүтээгдэхүүнүүд дэлхийн зах зээл дээр асар өндөр үнэ хүрлээ. 2020 оны хагас жилээс эхлэн зэсийн үнэ тн тутамдаа таван мянган ам.доллараас 10 мянган доллар давж өссөн юм. Өөрөөр хэлбэл, зэсийн экспорт хийдэг улс оронд эдийн засгаа өсгөх сайхан боломж гарч ирсэн гэсэн үг. Өмнөд Америкийн хоёр улсыг онцолсон нь учиртай. Манайхтай ижил зэс экспортлогчид. Тэд манай хаяанд байгаа өмнөд хөрш рүү тив дамнан зэсийн экспорт хийж эдийн засгаа өсгөж чадлаа.

-Тэгвэл нүүрсний экспорт ямар байв?

-Нүүрсний хувьд ч ялгаагүй. Бид нүүрсний үнийн супер циклийг огт ашиглаж чадсангүй. Коксжих нүүрсний үнэ өмнөд хөршид 600 ам.доллар давсан ч манай төрийн өмчит компаниуд хэд дахин хямдаар борлуулалт хийсэн. Хамгийн урт хуурай замаар хиллэж, 13 боомтоор холбогддог атлаа хөршийнхөө хаяанаас экспортоо хийж чадахгүйд хүрсэн нь нэн харамсалтай. Энэ нь цар тахлаас бус харин Засгийн газар төмөр замаа тавьж чадаагүй, боомтын нэвтрүүлэх чадварыг нэмэх асуудлаар хөрш орнуудтайгаа хэлэлцээ хийж, зохион байгуулж чадаагүйтэй холбон үзэхээс өөр аргагүй. Хэрэв Засгийн газар экспортын бүс нутгаа ковидгүй байлгаж чадсан бол түүхий эдийн үнийн өсөлтийн супер цикл манай эдийн засгийг хэд дахин тэлэх байлаа. Харамсалтай нь, бид ийм сайхан алтан боломжоо алджээ.

-Цар тахлын эсрэг Засгийн газраас хоёр ч томоохон хөтөлбөр хэрэгжүүллээ. Хэр оновчтой шийдлүүд болж чадсан бэ?

-Цар тахал дэлхий нийтэд тархахтай зэрэгцэн улс орнууд олон төрлийн хөнгөлөлттэй хөтөлбөрүүд хэрэгжүүлж эхэлсэн. Манайх ч ялгаагүй, 2020 оны дөрөвдүгээр сарын эхнээс авч хэрэгжүүлсэн “Ажлын байрыг хадгалж, иргэдийн амьжиргааг хамгаалах”-д чиглэсэн гэх тодотголтой, 5.1 их наяд төгрөгийн багц арга хэмжээг хэрэгжүүлсэн. Гэвч өнөөг хүртэл тайлангаа тавиагүй. Өнгөрсөн жилийн эхээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” хэрэгжүүлэх шийдвэр гаргасан. Өмнөх хөтөлбөрт хаягдсан зарим чухал арга хэмжээг нөхөн оруулж хэрэгжүүлж эхэлсэн нь сайшаалтай. Тухайлбал, репо санхүүжилт, гурван хувийн хүүтэй аж ахуй нэгжүүдийг дэмжих хөнгөлөлттэй зээл, ипотекийн хөтөлбөрүүд багтсаныг онцолмоор байна. Мөн өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хүн амын зорилтод хэсгийг эрчимтэй вакцинжуулж хол хориог үе шаттай сулруулснаар аж ахуйн нэгж, бизнесийн үйл ажиллагаа сэргэх хандлага анзаарагдсан.

Энэ хоёр жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газар нийтдээ 15.1 их наядаар хэмжигдэх хоёр томоохон хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Нэмээд донор улс орон, санхүүгийн олон улсын байгууллагуудаас нэг тэрбум ам.долларын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл авч ашиглаад байна. Эрдэнэт үйлдвэрээс 650 тэрбум, Оюутолгой компанийн арбитрын шүүхийн барьцаанд байсан нэг их наяд төгрөг гэх мэтээр ихээхэн хэмжээний хөрөнгө зарцуулсан. Энэ дүнг ДНБ-д харьцуулсан хэмжээ нь дэлхийн дунджаас хавьгүй өндөр хувь эзэлнэ. Харамсалтай нь асар их хэмжээний хөрөнгө зарцуулаад гарсан үр дүн дэндүү чамлалттай байгаа. Өөрөөр хэлбэл, манай улсын их наядаар хэрэгжүүлсэн хөтөлбөрүүд “бай”-гаа оноогүй эсвэл хугацаа хожимдож хэрэгжүүлсэн нь эдийн засагтаа сөргөөр нөлөөлж байна гэсэн дүгнэлт хийж болно.

-Сар шинийн баяр дөхөөд өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өсч, инфляци хоёр оронтой тоонд хүрсэн талаар мэдээлж байна. Инфляц ингэж өсөхөд юу нөлөөлсөн бэ?

-Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын Үндэсний статистикийн газрын мэдээллээр улсын хэмжээнд инфляцийн түвшин 13.4 хувь, Улаанбаатар хотод 14.8 хувьд хүрчээ. Энэ нь Монголбанкны зорилтот түвшнээс хоёр дахин давсан үзүүлэлт юм. Эрх баригчид үнийн өсөлт буюу инфляцийн шалтгааныг тээвэр ложистикийн гацалт, шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байна. Гэвч аливаа инфляцийн суурь шалтгаан нь төсөв, мөнгөний бодлогын алдаанд оршдог. Иймээс ч дэлхий нийтэд инфляцийг төрийн “үл үзэгдэх татвар” гэж нэрлэдэг юм. Инфляцийн үндсэн шалтгаан нь Засгийн газрын тооцоо судалгаагүй тав, арван их наядын хөтөлбөр. жижиг зах зээлд олон их наядаар хэмжигдэх хэмжээний мөнгө цутгаж болохгүй. Буруу бодлогынх нь үр дүн ийнхүү жилийн дараа инфляциар илэрч байгаа хэрэг.

-Инфляцийн өсөлт зөвхөн тээвэрлэлтээс хамаарчихав?

-Цар тахлаас улбаатай дэлхийн улс орнууд олон төрлийн хөнгөлөлттэй арга хэмжээнүүд, мөнгөний зөөлөн бодлого авч хэрэгжүүлсэн нь инфляци өсөх үндсэн шалтгаан болсон юм. Эрх баригчид инфляцийн өсөлтийг нийлүүлэлтийн шалтгаантай гэж тайлбарладаг. Инфляци ийнхүү өсөхөд БНХАУ-ын хилээр нэвтрэх ачаа тээврийн хязгаарлалттай холбоотойгоор импортын бараа бүтээгдэхүүний өртөг өссөн нь үнэн.

Нөгөө талаас дотоодын шатахууны үнэ өссөн нь өргөн хэрэглээний бараа, үйлчилгээ, хүнсний бүлгийн барааны үнийг нэмэгдүүлсэн. Гэвч нийлүүлэлтийн гаралтай, түр зуурын шинжтэй хүчин зүйлс инфляцид нөлөөлж байна гэж тайвшрах нь ноцтой байдалд хүргэж болзошгүй. Монголбанкныхан мөнгөний нийлүүлэлтийг огцом нэмэгдүүлж ирсэн нь инфляци нэмэгдэх үндсэн шалтгаан юм. Mөнгөний нийлүүлэлт 2021 оны арванхоёрдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 27.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.6 их наяд төгрөгөөр өсчээ. Засгийн газраас нийгмийн халамжид зориулж 2020 онд хоёр их наяд 550 тэрбум төгрөг, өнгөрсөн жил мөн ийм хэмжээний бэлэн мөнгө тараасан. Мөн Төвбанктай хамтран цар тахлын эсрэг “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлж байгаа нь зээл олголтыг нэмэгдүүлж байгаа мэт харагдавч зах зээлд бэлэн мөнгө ихээр нийлүүлж байна.

Сүүлийн жилүүдэд хэт өндөр зардалтай төсөв баталж байгааг энд дурдахгүй өнгөрч болохгүй. Төсвийн хөрөнгө оруулалтууд ч их наядаар хэмжигдэх болсон. Энэ бүгд нийлээд мөнгөний нийлүүлэлтийг эрс нэмэгдүүлсэн. Мөнгөний нийлүүлэлтийг ингэж гаргууд нь хаях аваас инфляци гэрлийн хурдаар өснө. Тэгэхээр төсөв, мөнгөний бодлого буруу явж байгааг “хэт хөөсөрсөн” мөнгөний зах зээл инфляцийн дүнгээр дамжуулан анхааруулж байна гэж ойлгож болно.

-Хилийн боомилолтын асуудал манайд ихээхэн хүндрэл учруулсаар байна. Үнийн өсөлтийг шийдэх гарцыг та юу гэж харж байна вэ?

-Инфляци буюу үнийн өсөлтийг тийм ч хурдан шийдэх боломжгүй. Урд байгаа чингэлгүүдээ татаад авчихаар өргөн хэрэглээний бараа эргээд хэвэндээ орчих нь юу л бол. Төрийн зүгээс иргэдийнхээ орлогыг үүсэж бий болсон инфляцийн дүнгээс өндөр орлоготой болгох алхмуудыг л хийх үлдсэн. Гэвч манай эдийн засагт ийм хэмжээний асуудлыг шийдвэрлэх санхүүгийн нөөц үлдээгүй. Иймээс инфляци ойрын жилдээ өнөөгийн Засгийн газрын толгойн өвчин байх болов уу.

2020 оны статистикийн дүнгээр манай улсын нийт иргэдийн гуравны нэг нь ядуу ангилалд багтаж байгаа. Өнгөрсөн жил энэ тоо өссөн гэдэгт би бат итгэлтэй байна. Одоо хоёр иргэний нэг нь ядуу ангилалд орсон. Дэлхийн банкны тооцооллоор дэлхийн нийт хүн амыг орлогын түвшингээр нь таван бүлэгт хуваадаг. 2011 оны худалдан авах чадварын үнэлгээгээр өдрийн орлого нь хоёр ам.доллараас бага бол ядуу ангилалд ордог. Дунджаас доогуур ангилалд 2-10 ам.долларын орлоготой иргэдийг оруулдаг. Эндээс дүгнэж үзвэл манай улсын нийт иргэдийн 90 хувь нь дунджаас доогуур ангилалд орохоор байна.

-УИХ-аас хэрэгжүүлж буй төсөв, мөнгөний бодлого хэр оновчтой байв?

-Монголбанк Засгийн газарт дөрлүүлсэн учраас бие даасан бодлого хэрэгжүүлж чадахгүй байна. Засгийн газрын дохио зангаагаар үргэлжлүүлэн ажиллах аваас инфляци улам бүр өсөх магадлалтай. Сүүлийн жилүүдэд төсвийн бодлого тун тааруу байгаа гэж хэлж болно. Сүүлийн хэдхэн жилд төсвийн зарлага хэт данхайлаа. Гэвч манайулсын эдийн засагт ийм хэмжээний өсөлт харагдахгүй байна. Төсвийн зардлыг сүүлийн жилүүдэд гурав дахин нэмсэн ч манай улсын ДНБ ердөө 12-13 тэрбум ам.долларт эргэлдэж, нэг иргэнд ногдох ДНБ-ний хэмжээ 4000 ам.долларт уяастай арван жил өнгөрчээ. 2020 онд төсвийн алдагдал 4.5 их наяд, энэ оных бараг гурван их наяд төгрөгт хүрч, ирэх жил 2.4 их наяд төгрөг байхаар УИХ хуульчлан батлаад байгаа. Монголын төр түүхэндээ анх удаа гурван жилийн хугацаанд 10 орчим их наяд төгрөгийн өр үйлдвэрлэх шийдвэр гаргалаа. Энэ нь цаашид үнэ өсөх, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш унах, валютын нөөц буурах, зээлийн хүү өсөх, зээлжих зэрэглэл буурах зэрэг олон муу үр дагавар дагуулна. Эхнээсээ үнэ өсөх буюу инфляцаар дамжин илэрч байна.

-Цар тахал энэ онд ч үргэлжлэх нь. Цар тахалтай үеийн манай улсын эдийн засаг ямар байх төлвийг та хэрхэн харж байна?

-Энэ жил Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг багагүй хүндрэл хүлээж байна. Дэлхийн зах зээл дээрх уул, уурхайн эрдэс бүтээгдэхүүний үнэ өсч, эрэлт нэмэгдсэн. Гэхдээ “Ковид 19” цар тахлын элдэв хувилбарууд тархсантай холбоотой хилийн боомтууд дээр хүндрэл үүснэ. Түүхий эдийн экспорт үргэлжлэн гацах нь эдийн засгийн өсөлтийн хурдцыг сааруулж, жилийн эцсээр ДНБ хэмжээнд нөлөөлөх нь тодорхой байна. Мөн өнгөрсөн хоёр жилийн төсвийн алдагдал долоон их наяд 400 орчим тэрбум төгрөг болсон. Энэ онд ч төлөвлөснөөс их алдагдал гарах шинжтэй байна. Засгийн газар гоё ганган уриа лоозонгоор хөөцөлдөх бус хямралын суурь болоод байгаа төсөв, мөнгөний буруу шийдвэрүүдээ эргэн харах, гадаад өрийн асуудлыг анхааралдаа авах, эдийн засгийн эрс шинэчлэлийн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байгааг 2021 оны эдийн засгийн нөхцөл байдал маш тодорхой илтгэн харуулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

П.Цагаан: Аймгуудын хөгжлийн хэмжүүрийг гаргаад өгчихлөө, ашиглаад үр дүнд хүрэх нь чухал


Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2021”-ийг өнгөрсөн долоо хоногт танилцууллаа. Тус судалгаагаар Дорноговь, Орхон, Дархан-Уул аймаг тэргүүлсэн бол Булган, Завхан, Дундговь аймгууд сүүл мушгисан байв.Судалгааны тухай Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн Удирдах зөвлөлийн дарга, менежмэнтийн ухааны докто р П.Цагаантай ярилцлаа.


-Аймгуудын өрсөлдөх чадварын 2021 оны тайлан өмнөх жилүүдээс онцлогтой харагдаж байна. Судалгааны зорилго, үр дүнгийн талаар ярилцлагаа эхлэх үү?

-Ер нь өрсөлдөх чадвар гэдэг хөгжих чадвар шүү дээ. Түүх ярихад, улс орныхоо хөгжил дэвшилд санаа зовнидог үндэсний компаниуд, хувь хүмүүс нэгдэн хараат бус судалгааны төв байгуулсан нь Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв юм. Дэлхийн улс орнууд хөгжлөө, хийсэн ажил, явуулсан бодлого үйл ажиллагааныхаа үр дүнг хэмждэг, түүн дээр суурилж алдаа оноогоо харж, оношилж шийдлийн сэдэл олж цаашаа хөгжиж явдаг. Тиймээс амжилттай хөгжиж байгаа орнуудын сайн жишиг, хөгжлийн хэмжүүрийг Монголд нутагшуулах зорилготой энэ ажлыг эхлүүлсэн. Ингэхдээ бид Дэлхийн өрсөлдөх чадварын судалгааны онолыг үүсгэн байгуулсан, нэрт эрдэмтэн, загалмайлсан эцэг нь болох Проф Стефан Гаррелли гуайг, тухайн үед Монголд урьж, Сү.Батболд Ерөнхий сайд байх үед уулзуулж байсан. Нэг ёсондоо, олон улсын хөгжлийн аргачлалыг Монголд нутагшуулах зорилготой байгуулаад тасралтгүй 10 гаруй жил үйл ажиллагаагаа явуулж ирлээ. Мөн дээр нь бид Дэлхийн өрсөлдөх чадварын судалгааны төвтэй хамтран Монгол Улсыг дэлхийн өрсөлдөх чадварын тайланд оруулж үнэлгээг гаргаж байна. Тэгэхээр манай төв аргачлалын хувьд олон улсын, улс төрөөс хараат бус, мэргэжлийн, тогтвортой ажиллаж ирсэн гэсэн үг. Бусад улс оронд ийм ажлыг Засаг нь мөнгө төлж хийлгэдэг. Манайд бол хувь хүн хийгээд, төр засгаа ашиглаач гэж гуйдаг гэх үү дээ. Яах вэ, тайлан гаргаж эхлэхэд хүмүүс гайхдаг байсан, одоо бол аймгууд ашигладаг болсон шүү.

-Өрсөлдөх чадварыг яаж үнэлдэг юм бэ?

-Эдийн засгийн тамир тэнхээ, дэд бүтэц, бизнесийн үр ашиг, засаглал гэдэг дөрвөн багц асуудлаар 180 орчим үзүүлэлтээр дүгнэдэг. Тоо худлаа хэлдэггүй, хүүхэд худлаа өвддөггүй гэдэг шүү дээ. Бид Үндэсний стастикийн хороо, Монголбанк, Гаалийн ерөнхий газар гээд албан ёсны эх сурвалжаас стастистик мэдээлэл авч хэрэглэдэг. Дээр нь бид нар амжилттай явж байгаа бизнесмэнүүдээс олон улсын аргачлалаар санал асуулга авдаг. Судалгааны гуравны нэг нь санал асуулгаар явдаг. Учир нь авлигыг гэхэд шууд дүгнэхэд хэцүү шүү дээ, судалгаа хийж байж гаргана.

Өрсөлдөх чадвараар тухайн аймгийг бусад аймагтай харьцуулахаас гадна өөрийг нь өмнөх онтой нь харьцуулдгаараа сонирхолтой. Хүн хөгжье, аймаг хөгжье гэвэл өөрөө өөртэйгөө тэмцдэг, өөрийгөө ялж байж хөгждөг. Тиймээс өрсөлдөх чадварын тайлан бол олон үзүүлэлтээр өөрийгөө сайжруулах агуулгыг цогцоор нь гаргаж ирдэг.

Монгол Улс явж, явж аймгуудаас бүрдэж байгаа. Нэг аймаг, нэг айлын амьдрал сайжирч байвал Монгол Улсын хөгжил сайжирна, муудаж байвал улсаараа л муудна.

-Судалгааны тайлан руу оръё. Ерөнхий үнэлгээгээр олон жил Орхон аймаг тэргүүлж байснаа өнгөрсөн онд Дорноговь аймагт байраа тавьж өгчээ. Дорноговь аймгийн хөгжил тэр хэрээр сайжирсан гэж ойлгож болох уу?

-Энэ жилийн судалгаанаас харахад олзуурхууштай нэг зүйл бол аймгуудын 10 жилийн судалгааны дүнгийн динамик өөрчлөгдөж байгаа. Дорноговийн хувьд аажмаар сайжирсаар байгаад энэ жил 21 аймгийг тэргүүллээ. Өмнөх жилүүдэд Орхон аймаг тэргүүн байранд явдаг байсан. Гэхдээ энэ жагсаалт бол тэргүүлсэн аймгийн бүх үзүүлэлт сайн, сүүл мушгисан аймгуудынх муу гэсэн үг биш. Харилцан адилгүй.

Өрсөлдөх чадварыг дөрвөн багц асуудлаар гаргадаг гэж хэлсэн шүү дээ. Эдийн засгийн тамир тэнхээгээр Орхон аймаг нэгд, бизнесийн үр ашгаараа Дархан-Уул, засаглалаар Сүхбаатар, дэд бүтцээр Дорноговь аймаг тэргүүлсэн.

Судалгааны тайланд бид аймгуудад гарын авлага болгох үүднээс тухайн аймгийн давуу болон сул талыг нь жагсаагаад биччихдэг. Тангадын Галсан гуайн хэлдгээр энэ судалгааны тайлан маань багаж ном гэсэн үг.

Улс гэдэг бол айл. Айлын хүмүүс ажил хийдэг нь олон байвал амьдрал дээшилдэг. Яг үүнтэй адил улс хөгжье гэвэл хөрөнгө оруулалт, бизнес хийж байгаа хүмүүсийг сайн татах хэрэгтэй. Түүнд нь бага саад хий, хүнд суртал битгий үзүүл, төсвөө зөв зарцуул. Мэдээж улсын хувьд шийдэх зүйл байна. Төр засаг нь ажил хийдэг хүмүүсийг дарамталдаг, дарангуйлдаг биш урам өгдөг, шударга бус өрсөлдөөнөөс хамгаалдаг байх юм бол хурдан хөгждөг. Сонирхуулахад, 1980-аад онд Хятадын удирдагч Зян Зминь яаж хөрөнгө оруулалт, технологийг улсдаа татсан жишээ бий. Тэрээр гадаад орнуудын төрийн тэргүүнийг, АНУ-ын ерөнхийлөгчийг ч ирэхэд Тяньаньмэний талбайд угтаж авдаг байсан, одоо ч мөн адил. Харин дэлхийд Майкрософтыг үндэслэгч Билл Гейтс ид мандаж байх үед Хятадад айлчилсан. Тэгэхэд нь Зян зминь төрийн протоколоос гадуур Билл Гейтсийг онгоцны буудал дээр өөрийн биеэр очиж угтаж авсан. Өөрөөр хэлбэл, АНУ-ын ерөнхийлөгчид үзүүлдэггүй хүндэтгэлээ Билл Гейтст үзүүлсэн. Хариуд нь Билл Гейтс баярласан, хамтран ажиллах гэрээ байгуулсан. Ингээд Хятад улсыг компьютержуулах том аяныг эхлүүлсэн. Одоо эргээд харахад 40 жилийн дараа Хятад мэдээллийн технологиор АНУ-тай өөртэй нь өрсөлдөж байна.

Улс орны хөгжил гэдэг энгийнээс эхэлдэг. Мэдээж энэ бол ганц мөнгөөр биш удирдлага, менежер, засаглал гээд олон зүйлээр урагшилна. Нийтлэг зүйлийг харахад дэд бүтэц маш чухал гэдэг нь харагдаж байна. Сая гэхэд манайд хилийн боомт хаагдаж, бүх зүйл зогссон. Бараа үнэд орж, тээврийн зардал өсөв. Далайд гарцгүй орны хувьд төмөр зам хаагдахад агаарын тээвэр хэрэгтэй юм байна гэдгээ ойлгоод агаарын тээврийг либералчилъя, хөгжүүлье гэж бодож эхлэх ёстой. Ингэж сул талаа нөхөөд тууштай яваад байвал Монгол Улс хөгжих боломжтой.

-Хамгийн сайн өсөлтийг үзүүлсэн аймгаар Говь-Алтай, Архангай нэрлэгдсэн байсан. Эдгээр аймгууд аль салбартаа анхаарч, үр дүн гаргаж чадав?

-Оноогоо сайн ахиулсан аймгууд гэвэл Говь-Алтай, Архангайгаас гадна Дундговь, Сэлэнгэ бас бий. Жишээ нь, Говь-Алтайн хувьд хойгуур байр эзэлсэн ч авууштай сайн талууд бий. Эмч, сувилагч, багш сурагчдын харьцааны үзүүлэт гээд олон сайн үзүүлэлт бий. Гэхдээ амжилтаа улам ахиулъя гэвэл боломж байж л байдаг. Тухайлбал, жилд 400 орчим тонн ноос ноолуур бэлтгэдгээрээ Говь-Алтай аймаг улсдаа хоёрт жагсдаг. Тэгсэн хэрнээ ноос ноолуураа боловсруулдаггүй. Уг нь нэмүү өртөг шингээх талд ажиллаж болмоор санагддаг.

Улс орны хөгжлийг харахаар боловсруулалтаа л гүнзгийгүүрлэх, нэмэгдүүлэх шаардлагатай. Ямаагаа бүрэн самнах, самнасан ноолуураа угаах, дараа нь ээрэх, ээрснийхээ дараа сүлжих гээд явж болно. Ингэхдээ хөрш зэргэлдээ аймагтайгаа хоршиж болно. Нэмүү өртөг бүтээгдсэнээр л улс хөгждөг. Манайх бол уул уурхай, эрдэс баялгаар баян мөртлөө шууд ухаад түүхийгээр нь экспортолдог. Сайндаа л хагас боловсруулаад баяжмал гаргаж байна шүү дээ. Эцсийн бүтээгдэхүүн гаргах хүртэл ажилламаар байгаа юм. Үүний үр дүнд олон хүн ажлын байраар хангагдана. Техник технологийн түвшин ч нэмэгдэнэ. Товчдоо, түүхий эдийн хавсрага байхгүйг л хаа хаанаа хичээмээр байгаа юм.

-Ер нь бүс нутгийн онцлог өрсөлдөх чадварт их нөлөөлнө биз. Тухайлбал, таны сая ярьсан уул уурхайтай аймаг илүү чадвартай гэх мэт?

-Хилд ойр, дэд бүтэц хөгжсөн, том төсөл хэрэгжиж байгаа гэх мэт хүчин зүйлс мэдээж нөлөөлнө. Гэхдээ манай ямар ч аймагт хөгжих боломж байгаа. Засаглалаа сайжруулахад хол ойр нь ямар хамаа байна. Авлигыг бууруулахад хол ойр, байгалийн баялагтай, баялаггүй хамаагүй шүү дээ. Жишээ нь, засаглалын хувьд Сэлэнгэ аймаг жил бүр сайжраад явж байгаа. Учир нь Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газарт ISO стандарт нэвтрүүлж байна.

Нэг зүйл онцолж хэлэхэд, Монголд хөрөнгө оруулалтын үр ашиг их муу байгаа юм. Тухайлбал, Монголд суурилагдсан гурилын үйлдвэрийн хүчин чадлын 20 хүрэхгүй хувь нь ажилладаг. 80 хувь нь сул зогсдог. Гэтэл тэр 80 хувиар хэчнээн их юм хийж болох вэ. Нэг л салбар дээр уралдаад байж болохгүй юм. Нэлээд хэдэн жилийн өмнө Орхон аймгийн Жаргалант суманд нэг иргэн талхны цех байгуулаад ашигтай ажиллаж байтал өөр дөрвөн хүн нэмээд яг ижил барьчихсан. Ингээд зах зээл нь хуваагдаад тавуулаа дампуурсан тохиолдол бий. Нөгөөтэйгүүр нэг газарт мах боловсруулдаг, нөгөө аймагт ширээ боловсруулдаг, өөр нэг аймагт боловсруулсан ширээр бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэргээр аймгууд хамтарч хоршиж ажиллах нь зүйтэй. Үүнийг төр засгаас зохицуулж өгдөг болмоор санагддаг.

-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд үргэлжилсэн цар тахал аймгуудын эдийн засгийн бодлогод сайнгүй нөлөөлсөн болов уу. Судалгаагаар ажиглагдав уу?

-Цар тахлын үед хамгийн их хэлмэгдсэн хэсэг бол жижиг дунд үйлдвэр эрхлэгчид. Бидний энэ статистик бол 2020 оных шүү дээ. Бүх аймгуудад аж ахуй эрхлэгчдийн тоо буурсан гэсэн дүн гарсан. Нэг ёсондоо цар тахал бүх хүнд жигд нөлөөлсөн гэж харагдаж байгаа. Өртөөгүй ганц ч нэгж байхгүй. Ингэснээр орлого буурна, ядуурал, ажилгүйдэл нэмэгдсэн гэсэн үг шүү дээ. 2021 оны статистик дээр бүр илүү хүндэрсэн болов уу.

Цар тахлаар бол хил хаагдахад үндэсний үйлдэрлэл ямар хэрэгтэйг харлаа. Дэд бүтэц, экспорт ямар хэрэгтэйг улсаараа ойлгосон. Нөгөөтэйгүүр энэ цар тахлын үед дэлхий даяараа хосолсон бодлого явууллаа. Мэдээж нийгмийн халамжийн бодлого явуулсан. Бизнес эрхлэгчдээ дэмжиж, хөнгөлөлттэй зээл олгож, татварыг нь багасгах бодлого үргэлжилж байна. Манай улсад ч ялгаагүй. Саяхан нийслэлийн Засаг дарга олон бизнесийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг цуцаллаа. Энэ бол сайн. Гэхдээ хэт ингэж туйлширч болохгүй санагдсан. Түүний оронд зөвшөөрлийн системийг нийтэд нь бүртгэлийн тогтолцоотой болгож хувиргавал илүү өгөөжтэй болмоор. Улсад бүртгэл хэрэгтэй шүү дээ. Иргэн онлайнаар аппликэйшн бөглөлөө, зөвшөөрөл авах хэрэггүй. Нэг зөвшөөрөл авдаг болоод нэг болих байдлаар савлагаатай биш, ухаалаг байдлаар шийдэх нь уг нь цаашид нэмэртэй.

Хямрал цар тахал гэдэг хятад ханзаар бол аюул занал, боломж гэсэн хоёр үеэс бүтдэг үг юм. Манайд маш их эрсдэл учирлаа, гэхдээ нөгөө талаар бодох, сэтгэх, ухаан бодлоо уралдуулах, хамтран ажиллах шаардлага, боломж бий боллоо. Эрсдэлийг яаж давж гарах вэ гэж толгойгоо ажиллуулаад хоорондоо яриад арга зам, шийдлээ олж байгаа нь хөгжлийн гарц, хөгжих боломж юм шүү дээ.

-Аймгуудын өрсөлдөх чадварыг үнэлдэг болоод 10 жил өнгөрч байгаа юм байна. Энэ бол багагүй хугацаа. Энэ хугацаанд аймгуудын хөгжил, өрсөлдөх чадварт ямар өөрчлөлт, онцлог харагдах юм бэ?

-Ямартаа ч бид хөгжлийн хэмжүүртэй болчихсон нь маш чухал дэвшил. Даралтын аппараттай болох нэг асуудал. Түүнийг хэрэглэж сурахтай адилхан шүү дээ.

Нэг жишээ хэлье л дээ. Одоогийн УИХ-ын гишүүн, тухайн үед Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь анх манай тайлан гарахад авч үзээд учрыг нь олсон хүмүүсийн нэг. Тайланг хамгийн сайн ашиглаж, засаглалаа сайжруулж чадсан. Явж, явж хөгжил гэдэг хүний тухай асуудал байдаг. Тайланг 180 үзүүлэлтээр гаргадаг, тэдгээр дотор олон хүчин зүйл орно. Боловсрол, эрүүл мэнд гэх мэт. Тухайн үед Сүхбаатар аймгийн ерөнхий боловсролын сургуулийнх нь сургалтын чанар муу гэж гарсан байгаа юм. Тиймээс Ж.Батсуурь дарга Улаанбаатар хотоос чадвартай багш нарыг аймагтаа уриад багш нартаа хичээл заалгасан. Ингээд аймгийн багш нь нар шинэ арга барил, мэдлэг чадвартай болоод ирэхээр дараагийн жилээс сургалт нь шал ондоо болоод эхэлсэн. Түүнээс гадна Монголын том компаниудын захирлуудтай танилцаад аймагтаа урьсан, том худалдааны компаниудын удирдлагуудыг аваачсан байдаг. Үнэхээр л Сүхбаатар аймаг нүдэн дээр өөрчлөгдсөн.

Мөн Ховдын Засаг дарга Д.Цэвээнравдан банкны захирлыг хотоос аваачаад “Манайд салбараа нээ. Аймгийнхаа төвд сайн газар өгье” гэж тохироод банкны шинэ салбар нээлгэж байсан түүх бий. Ингээд банкууд салбараа шинээр нээгээд эхлэхээр тэнд ажлын байр бий болно, хөрөнгө оруулалт, зээлийн эх үүсвэр нэмэгдэнэ, өрсөлдөөн бий болж, хөгжих боломж нэмэгдэж байгаа юм. Хөгжил орон нутагт хүрэхгүй бол нийслэл рүү чиглэсэн нүүдэл зогсохгүй нь ойлгомжтой.

Миний хэлээд байгаа санаа бол энэ л юм. Өрсөлдөх чадварын тайлан маань хөгжлийн хэмжүүр,багаж гэсэн үг. Аймгийн хөгжил, байгаа байдлыг нь 180 үзүүлэлтээр хэмжээд гаргачихлаа, бүр бусад аймагтай харьцууллаа, өөрийнх нь өмнөх жилүүдийн амжилтыг нь ч харьцуулаад өглөө. Энэ судалгаа, хөгжлийн хэмжүүр, багажийг ашиглаж чадсан аймаг тууштай хөгжинө, хөгжөөд явна.

Манай бүх аймгийн Засаг дарга нар тайланг захиалдаг, ашигладаг болчихсон. Тав зургаан жилийн өмнө байх, Дундговь аймаг тухайн үед сүүл мушгиж байсан санагдаж байна. Тайлангийн дараахан Дундговийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ говийн бүсийн зөвлөгөөн санаачлан зохион байгуулаад ажиллаж эхэлсэн. Өрсөлдөх чадварын хувьд Дундговь сүүлийн жилүүдэд сайжирч байгаа нь тайлангаас харагдаж байна.

-Сүүлийн байрт орсон аймгууд хөгжлийн хувьд хамгийн муу гэсэн ойлголт олон нийтийн дунд байх шиг байна. 2021 оны хувьд эдгээр аймгууд юун дээр алдав, засч сайжруулах ямар зүйлс байна вэ?

-Булган гэхэд сүүл мушгилаа гээд муу аймаг гэсэн үг биш. Булган аймаг тариалсан талбайгаараа улсад гуравт ордог байх жишээтэй. Сул талыг нь л хэлж өгч байгаа юм. Бодит байдлаа хараад сайжруулах хэрэгтэй.

Судалгааны тайлангаас харахад аймгууд засаглалаа сайжруул, төсвөө ил тод үр ашигтай зарцуул, авлигагүй, хүнд сурталгүй ажилла. Ажил хийх, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүл. Битгий шалгалтаар дар, битгий дарамтал. Түүний оронд зовлон бэрхшээлийг сонс, шийдэхийг хичээ. Энэ бол маш энгийн мөртлөө зарчмын асуудал шүү дээ.

Ер нь хөгжил гэдэг зөвхөн Засаг даргын ажил биш. Бас нэг жишээ хэлье. Олон жилийн өмнө Булган аймагт яагаад бизнес хөгждөггүй нэг шалтгаан нь замын цагдаа нь дайран өнгөрч байгаа жолооч нарыг торгох зэргээр их шоглодог. Түүнээс болж жолооч нар болж л өгвөл Булганаар хурдан л дайраад өнгөрчихье, зам тавиагүй байхад бол тойруу замаар шөнийн цагаар нэвтрээд гарчихъя гэдэг байсан. Торгуулахаас айгаад шүү дээ.

Уг нь аймгийн төвөөр нь дайрвал дэлгүүр хоршоо орно, бензин шатахуун авна, буудалд нь буух зэргээр мөнгө үрнэ, нутгийн хүмүүс орлоготой болно. Тэгэхээр хөрөнгө оруулалт татна гэдэг аймгийн удирдлага, эмнэлэг, шүүх цагдаа, сургууль, нутгийн иргэд нь бүгд баг болж байж татдаг.

Өөр нэг жишээ хэлье л дээ. Орос, Монгол, Хятадаар тээвэр хийдэг байсан орос жолооч “Би анх удаа амьдралдаа “Баярлалаа” гэж хэлдэг замын цагдаатай таарсан. Тэр бол Монгол Улсад, Ховд аймагт явж байхдаа таарсан тохиолдол” гэж ярьж явдаг юм байна. Ховдод явж байхад нь замын цагдаа зогсоогоод бичиг баримтыг нь шалгачихаад “Спасибо” гэж хэлээд өгсөн юм байна л даа. Түүнийг л тэр орос нөхөр явсан газар болгондоо ярьж явдаг юм байна. Хөгжил гэдэг ийм жижиг, нарийн соёлоос, нарийн хэмжүүрээс эхэлдэг. Хэдий чинээ нарийсч жижигсэх тусам хөгжил ирнэ. Бид хөгжлийг холоос биш өөрөөсөө, сумаасаа, аймгаасаа эхлэх хэрэгтэй.

-Сонирхолтой жишээнүүд та хэллээ. Та төрийн сайд байсан хүн. Хөгжье, өрсөлдөх чадвартай болъё гэвэл засаглалыг сайжруулах ёстойг тайлангаас харж болж байна шүү дээ?

-Орчин цагт хэмжиж болохгүй зүйл гэж үгүй. Тэгэх тусмаа засаглалын чадавхи, үр ашгийг хэмжихэд амар. Засаглал гэдэгт шүүх цагдаа бүгд хамаарна. Өнөөдөр Монгол Улсын хөгжил, хөрөнгө оруулалтад саад болж байгаа нэг хүчин зүйл бол манай шүүх, хуулийн салбар. Маш энгийн жишээ хэлье. Мөрдөн байцаагч прокурорын бичиг үзүүлээд л өөрөөр хэлбэл, хувийг нь өөрт нь өгөхгүйгээр байгууллага,айл өрхийг нэгжиж, өмч хөрөнгийг хурааж, тэр бүү хэл саатуулдаг. Э.Бат-Үүл баатрыг гэхэд шүүхийн шийдвэрийг өөрт нь өгөхгүйгээр 45 хоног хорьж байна гэж ярьж байна шүү дээ. Та бод доо, яг ийм нөхцөл байдал гадны хөрөнгө оруулагчдад ч таарна. Монголын цагдаа “Баярлалаа” гэж хэллээ гэдэгтэй адилхан “Монгол чинь аюултай. шүүхийн шийдвэргүйгээр аваачаад хорьчихдог” гэсэн яриа гадаадад түймэр шиг л тархана.

Арваад жилийн өмнө манайхан гадныхныг нэлээд хорьж цагдаж байсан. Хөрөнгө оруулагчдад, ямар ч хүнд мөнгө гэхээс илүү амь нас, эрүүл мэнд нь хамгийн чухал биз дээ. Хүний халдашгүй эрх Habeas Corpus-ыг бүдүүлгээр зөрчигддөг улсаас бушуухан зугтаахыг л бодно. Тэд Монголоос яваад таарсан хүндээ юу гэж хэлэх вэ, ойлгомжтой.

Хөрөнгө оруулалт татах, улсаа хөгжүүлэх асуудал зөвхөн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засаг дарга нарын ажил биш. Хуулийн салбарт ажиллаж байгаа хүн, эмнэлэг, боловсрол гээд бүх салбарынхны, хувь хүн бүр бодох ёстой асуудал. Мексик улсад нэг нөхөр халаасны хулгай хийж. Гэтэл хохирогч нь гадаад хүн байж таарсан. Дээрэм хийсэн нөхөр уучлалт гуйгаад хулгайлсан зүйлээ буцааж өгсөн гэдэг. Үүнтэй адил иргэн хүн бүр улсаа бодох ёстой. Монгол хүн бүр улсаа, “Монгол” гэдэг айлаа бодож, би авлига өгч авч болохгүй, би юм бүтээнэ, уусан архиа литрээр биш, ургуулсан мод жимсээ, уншсан номоо ярьдаг, бусдыг муулдаг биш магтдаг эрүүл сэтгэхүйтэй болох ёстой.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчид ба дампуурлын сураг

-Р.Даваадорж: Улс төрчид удирдаж ирсэн учраас Хөгжлийн банк дампуурахад хүрч байна


Хөгжлийн банкнаас чанаргүй 25 зээлдэгчийн мэдээллийг энэ сарын 20-нд зарлалаа. Олон нийтэд ил болсон 25 компанийн нийт зээлийн хэмжээ 841 тэрбум. Энэ нь зөвхөн шүүхээр шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан компаниудын нийт өр төлбөр. Үүнээс гадна шүүхэд хандах болоогүй чанаргүй зээлдэгчид мөн ийм хэмжээний өр төлбөртэй байгааг улс төрийн хүрээнд зарлаж байна. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкны чанаргүй зээл 1.6 их наяд төгрөгт хүрсэн гэсэн үг. Энэ тоо нь нийт активын талаас илүү хувийг эзэлж байгаа нь өнөөдөр ийнхүү улс төр, эдийн засаг, нийгмийн бүхий л хүрээнд анхаарал татаж эхлээд байна.

Чанаргүй зээлдэгчдийн ард хэн байгаа, чанаргүй зээл олгосон захирлууд юу ярьдаг, өнөөдрийн нөхцөл байдалд хүрсэн шалтгаан юу байсан зэрэг асуудлыг тоймлон хүргэе.

Хөгжлийн банкнаас чанаргүй зээлдэгчдийг зарлахтай зэрэгцэн “Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкнаас санхүүжилт авч зээлийг зориулалт бусаар ашигласан, санаатайгаар зээл төлөхөөс зайлсхийсэн болон зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалан эргэн төлөлтийг хийгээгүй, мөн гэрээний үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдийн талаар авах шаардлагатай арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкнаас банкны хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, улмаар төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж буй нэр бүхий чанаргүй зээлийг шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан бөгөөд мэдээллийг олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлж байна” гэсэн юм.

Тус банкийг үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор 2011 онд үүсгэн байгуулсан. Эдүгээ зээл авсан компани болон opendata.burtgel.gov.mn цахим хуудаст бүртгэгдсэн компанийн жинхэнэ эздийн нэрс, зээлийн хэмжээ, эргэн төлөлт, хуримтлагдсан төлбөр зэргийн жагсаалтай танилцана уу.

1. “Монгол драй милк” ХХК /Хувьцаа эзэмшигч Лувсангийн Ганцэцэг/ -хөдөө орон нутагт 60 ширхэг хуурай сүүний үйлдвэр. 2017.05.16-нд зээл авсан. 42.6 тэрбумаас 2.49 тэрбум төлөгдөж, хуримтлагдсан дүн 50.4 тэрбум.

2. “Монгема” ХХК /Хувьцаа эзэмшигч Дамбалын Лхагвадорж/-муур нохойн хоол үйлдвэрлэх тоног төхөөрөмж авах, Япон болон бусад улсад экспортлох. 2017.10.31-нд 10.4 тэрбум төгрөгийн зээл авсан. Төлсөн дүн 0.58 тэрбум, хуримтлагдсан дүн 12.6 тэрбум

3. “Эрэл” ХХК /хувьцаа эзэмшигч Даваахүүгийн Сэргэлэн/ -угсармал орон сууц. 2013.08.20-нд 65.5 тэрбум төгрөгийн зээл авсан. Төлсөн дүн 19.31 тэрбум, хуримтлагдсан дүн 106 тэрбум. Нэмж 2014.07.17-нд 39.4 тэрбум төгрөгийн зээл авсан. Төлсөн дүн 7.98 тэрбум, хуримтлагдсан дүн 57.1 тэрбум.

4. “Инжир” ХХК /хувьцаа эзэмшигч Баточирын Батбаатар, Гүүгэрийн Бямбажав, Баатаржавын Золбаяр, Чулуундоржийн Өлзий/ – экспортын наамал дүнз, евро стандартын угсармал модон барилгын төсөл. 2018.01.09-нд 5.6 тэрбум төгрөгийн зээл авсан. Төлсөн дүн 0, хуримтлагдсан дүн 7.6 тэрбум.

5. Чингис хаан банк / Ньюстандарт Финанс ХХК хувьцаа эзэмшигчид Дашцэрэнгийн Батаа, Шүхэртийн Бүтэд, Цэдэн-Ишийн Баярсайхан/ -мөнгөн хадгаламж. 2019.12.19-нд 25 тэрбум төгрөгийн зээл авсан. Төлсөн дүн 0, хуримтлагдсан дүн 37.5 тэрбум.

6. Чингис хаан банк-арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн төслийн дамжуулсан зээл. 2014.08.26-нд 13 тэрбум төгрөгийн зээл авсан. Төлсөн дүн 12.67 тэрбум, хуримтлагдсан дүн 1.1 тэрбум.

7. ТОСК ТӨХХК / Юнайтэдпрожектс групп хувьцаа эзэмшигч Цогтжаргалын Ууганбаяр/ -Шинэ Яармаг орон сууцны хороолол барих төсөл. 2015.05.28-нд 142.44 тэрбум төгрөгийн зээл авсан. Төлсөн дүн 59.44 тэрбум, хуримтлагдсан дүн 117.9 тэрбум.

8. ТОСК ТӨХХК-хөдөлгөөнт цогцолбор төсөл. 2016.02.05-нд 19.3 тэрбум төгрөгийн зээл авсан. Төлсөн дүн 0, хуримтлагдсан дүн 25.6 тэрбум.

9. “Монгол эм импекс концерн” ХХК, “Бишрэлт групп” ХХК / хувьцаа эзэмшигч Батбаярын Болормаа, Бишрэлт Групп-Ариунболдын Чинсанаа, Ариунболдын Чинбишрэлт/ -хатуу тунгагдсан эм болон дуслын шингэний үйлдвэр байгуулах төсөл. 2018.03.09-нд 7.27 тэрбум төгрөгийн зээл авсан. Төлсөн дүн 5.55 тэрбум, хуримтлагдсан дүн 4.9 тэрбум.

10. “Монгол мах экспо” ХХК, “Бишрэлт пропертиз” ХХК, “Веллмарт” ХХК /хувьцаа эзэмшигч Ариунболдын Чинбишрэлт/ -мах боловсруулах цогцолбор төв байгуулах төсөл. 2017.12.13-нд 31.9 тэрбум төгрөгийн зээл авсан. Төлсөн дүн 8.4 тэрбум, хуримтлагдсан дүн 38.6 тэрбум.

11. “Сонгоулд” ХХК, “Өрмөн уул групп” ХХК /хувьцаа эзэмшигчид Сэр-Одын Дуламжав, Дашдоржийн Оюунбилэг/ -Алт-2 үндэсний хөтөлбөр. 2017.12.28-нд 17.31 тэрбум төгрөгийн зээл авсан. Төлсөн дүн 0.21 тэрбум, хуримтлагдсан дүн 19.7 тэрбум.

12. “Зэст-Өндөр” ХХК /Начу ХХК, хувьцаа эзэмшигч Долгормаагийн Тамир, Долгормаагийн Тана, “Сутайресурс” ХХК, Балхүүгийн Ганзориг/ -Ширэн-Овоо төмрийн хүдрийн ордыг ил уурхайн аргаар ашиглах төсөл. 2018.08.10-нд 10.87 тэрбум төгрөгийн зээл авсан. Төлсөн дүн 0.63 тэрбум, хуримтлагдсан дүн 11.8 тэрбум.

13. “Кью Эс Си” ХХК / Куалитистийл Корпорэйшн (Британийн виржини арлууд – Quality Steel Corp)/ -33.4 км төмөр зам барих ажилд шаардагдах санхүүжилт. 2014.12.03-нд 203.12 тэрбум төгрөгийн зээл авсан. Төлсөн дүн 112.95 тэрбум, хуримтлагдсан дүн 212.4 тэрбум.

14. “Енсада истерн” ХХК /хувьцаа эзэмшигч Өсөхийн Болдсайхан/ -экспортод чиглэсэн гурил, гурилан бүтээгдэхүүний үйлдвэрийн төсөл. 2015.05.28-нд 142.44 тэрбум төгрөгийн зээл авсан. Төлсөн дүн 59.44 тэрбум, хуримтлагдсан дүн 117.9 тэрбум.

15. “Болор шүр” ХХК /хувьцаа эзэмшигч Цогбаатарын Содхүү/ -Алт-2 үндэсний хөтөлбөр. 2017.08.30-нд 2.3 тэрбум төгрөгийн зээл авсан. Төлсөн дүн 0, хуримтлагдсан дүн 2.4 тэрбум.

16. “Эрд хул” ХХК /хувьцаа эзэмшигч Доржсүрэнхорлоогийн Мөнхбаатар/-Алт-2 үндэсний хөтөлбөр. 2017.08.30-нд 0.7 тэрбум төгрөгийн зээл авсан. Төлсөн дүн 0.3 тэрбум, хуримтлагдсан дүн 0.6 тэрбум.

17. “Монлаа” ХХК /хувьцаа эзэмшигчид Нанзадын Болдхүү, Хишигжаргалын Энхсайхан, Мөнхжаргалын Ганбагана/ -төмрийн хүдрийг нойтон аргаар боловсруулах үйлдвэр барих төсөл. 2014.08.11-нд 5.6 тэрбум төгрөгийн зээл авсан. Төлсөн дүн 0.88 тэрбум, хуримтлагдсан дүн 7.6 тэрбум.

18. “Ган хүдэр орд” ХХК /хувьцаа эзэмшигчид Должинсүрэнгийн Мандахбаяр/-хорголжин төмрийн хүдрийн үйлдвэр барих төсөл. 2017.07.06-нд 5.90 тэрбум төгрөгийн зээл авсан. Төлсөн дүн 1.2 тэрбум, хуримтлагдсан дүн 5.6 тэрбум.

19. “Дэд бүтэц инженеринг” ХХК /хувьцаа эзэмшигчид Мягмарын Одончимэг, Цэвээн-Очирын Насанбат/ -дэд бүтэц-ухаалаг шийдэл төсөл. 2018.10.24-нд 2.10 тэрбум төгрөгийн зээл авсан. Төлсөн дүн 0.1 тэрбум, хуримтлагдсан дүн 2.8 тэрбум.

20. “Бэрэн” ХХК /хувьцаа эзэмшигчид Бэрэнбаралын Мөнхтөр, Цэдэнсодномын Батболд, Ганзоригийн Баттулга, Ганзоригийн Энхболд, Цэдэнсодномын Бат-Эрдэнэ, Цэдэнсодномын Батбаяр, Бэрэнбаралын Сономсүрэн, Бэрэнбаралын Сарангэрэл, Бэрэнбаралын Чимгээ, Бэрэнбаралын Мөнхдалай, Бэрэнбаралын Ганбат/ -Улаанбаатар хот СБД-ийн долдугаар хорооллын 720 болон 120 айлын Ё блок орон сууцны хороолол барих төсөл. 2017.10.30-нд 33.2 тэрбум төгрөгийн зээл авсан. Төлсөн дүн 3.22 тэрбум, хуримтлагдсан дүн 43.7 тэрбум.

21. “Мондулаан” ХХК /Нүүдэлчин групп, хувьцаа эзэмшигчид Шийрэвийн Мөнхнаст, Миеэжавын Нямбаатар, Цэдэн-Ишийн Баярсайхан/ -Баянголын ам дахь Зүүн шанд, Улааншивэртийн амны алтны шороон ордыг ашиглах төсөл. 2018.10.22-нд 13.7 тэрбум төгрөгийн зээл авсан. Төлсөн дүн 3.37 тэрбум, хуримтлагдсан дүн 17.7 тэрбум.

22. “Пирамид орд” ХХК / Гомбын Цолмон /-“Буман залуус 296 айлын орон сууцны төсөл. 2018.06.19-нд 15 тэрбум төгрөгийн зээл авсан. Төлсөн дүн 0.52 тэрбум, хуримтлагдсан дүн 23.1 тэрбум.

23. “МБҮ трейд” ХХК /Базарын Эрдэнэбаяр, “Хотол Түмэн” ХХК, Сэнгээгийн Бямбасүрэн, Лхагвасүрэнгийн Одхүү, Чойжилсүрэнгийн Хүрэл-Олдох/ -мал нядалж, мах бэлтгэх үйлдвэр, малын худалдааны төвлөрсөн зах төсөл. 2018.02.13-нд 11.5 тэрбум төгрөгийн зээл авсан. Төлсөн дүн 0, хуримтлагдсан дүн 16.7 тэрбум.

24. Сэлэнгийн герефорд ХХК /хувьцаа эзэмшигч Лханаажавын Баянбаатар/-мах бэлтгэлийн кластерын хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөл. 2018.11.01-нд 4.1 тэрбум төгрөгийн зээл авсан. Төлсөн дүн 0.33 тэрбум, хуримтлагдсан дүн 5.4 тэрбум.

25. “Бармон” ХХК /хувьцаа эзэмшигчид Шагдаррагчаагийн Үнэнбат, Ариунбат, Төгсбат, Эрдэнэбат, Батцэцэг, Банзрагчийн Бурмаа, Ламжавын Шагдаррагчаа / -гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд ЧД-ийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дэнжийн 1000 орчимд 468 айлын дөрвөн блок “Шинэчлэл хороолол” орон сууцны барилгын төсөл. 2019.12.23-нд 13.8 тэрбум төгрөгийн зээл авсан. Төлсөн дүн 0.9 тэрбум, хуримтлагдсан дүн 17 тэрбум.


Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат: Чанаргүй зээлгүй, арилжааны банкуудаас чилүү санхүүгийн чадвартай банкийг би хүлээлгэж өгсөн


Чанаргүй 841 тэрбум төгрөгийн зээлийг олгосон огноороор нь ангилбал 2012-2016 онд захирал Н.Мөнхбатын үед 489 тэрбум төгрөгийн зээл олгосон бөгөөд одоогийн өр төлбөр 495 тэрбум төгрөг. Түүний дараа захирал Б.Батбаярын үед буюу 2016.12-2019.05 дугаар сарын хооронд 215.5 тэрбум төгрөгийн зээл олгосон бөгөөд одоогийн өр төлбөр нь 251 тэрбум төгрөг. Захирал Г.Амартүвшингийн үед буюу 2019.05-2019.12 сар хүртэл 66 тэрбум төгрөгийн зээл олгосон бөгөөд одоогийн өр төлбөр нь 88 тэрбум төгрөг болсон ажээ. Өөрөөр хэлбэл, хамгийн их хэмжээтэй зээл, өр төлбөр Н.Мөнхбатын үед үүссэн нь харагдаж байна.


Энэ асуудлаар Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбатаас зарим зүйлийг тодрууллаа.


-Чанаргүй зээлдэгчдийн өр төлбөрийн тал хувь нь таныг удирдаж байх үед олгосон зээлүүд байна. Энэ талаар тайлбар хэлэхгүй юү?

-Намайг 2016 онд ажлаа өгөхөд энэ зээлүүд хэвийн төлөлттэй байсан. Зээл чанаргүй болно гэдэг зээлдэгч тал зээлээ төлөхөө больж, төлбөрийн асуудал гарч ирж байж чанаргүй болдог. Тиймээс намайг ажиллаж байх хугацаанд Хөгжлийн банкнаас олгосон зээлүүд чанаргүй болсон тохиолдол байгаагүй. Миний дараа ажилласан хүмүүс ямар бодлого барьж ажилласныг мэдэхгүй юм.

Миний гарын үсэг зурагдаж, гарсан зээлийн хэмжээ дөрвөн их наяд төгрөгт хүрсэн байдаг. Том, жижиг 1600 гаруй төслийг санхүүжүүлсэн. Тэдгээр зээл дотор эргэн төлөлтгүй, чанаргүй зээл байгаагүй. Энэ бол тархи угаалт л явж байна гэж харж байна.

-Чанаргүй зээлдэгчдийн жагсаалт дотор таны үед олгосон зээлүүд байна. Хамгийн том мөнгөн дүнтэй нь төмөр замын зээл байсан…

-“Кью Эс Си” ХХК гэх компани төмөр зам барихаар 200 гаруй тэрбум төгрөгийн зээл авсан. Төмөр зам баригдсан. Тухайн үед хоёр тал маргасан байдаг. Компани зээлээ төлөхгүй гэж, банк зээлээ төл гэж. Ингээд шүүхдэлцсэн, гурван шатны шүүхээр орсон. Хөгжлийн банк барьцаа хөрөнгийг сайн авч, сайн гэрээ хийдэг байсны хүчээр нэхэмжлэлээ авч чадсан. Улсын дээд шүүхээс “Кью Эс Си” ХХК-ийг зээлээ бүрэн төлөхийг даалгасан. Зээл төлөгдөж байгаа гэж ойлгож байгаа.

Хоёр дахь том зээл нь ТОСК-ийнх. ТОСК бол Буянт-Ухаа 1, 2 орон сууцны хорооллыг барьж ашиглалтад оруулсан төрийн компани шүү дээ. Төрийн банк төрийн компанидаа олгосон зээл. Хувийн хэвшилд биш. Төсөл нь газрыг нь аваад орон сууц бариад борлуулсан орлогоороо зээлээ төлөх үүрэгтэй байсан. Буянт-Ухаа 1, 2-ыг бариад борлуулаад зээлээ төлөөд явж байсан. Харин сүүлд Буянт-Ухаа 2-ыг түрээсийнх болгоод л зээлийн эргэн төлөлт муудсан гэж харж байгаа. Түрээсийн орлого бол борлуулалтыг гүйцэхгүй. Тиймээс барьсан орон сууцыг нь Хөгжлийн банкийг аваач гэхээр авдаггүй гэсэн. Уг нь бол авсан зээл нь орон сууц буюу хөрөнгө болчихсон байгаа шүү дээ.

-“Эрэл” групп хоёр удаагийн зээлээр 160 гаруй тэрбум төгрөг авсан. Чанаргүй зээлдэгч болсон шалтгааныг та юу гэж тайлбарлах вэ?

-“Эрэл” компани бол үйлдвэрээ барьчихсан. Тухайн үед Ерөнхийлөгч, бүх сайд дарга нар нээлтэд нь оролцоод явж байсныг санаж байна. Үйлдвэр барина гэсэн, барьсан. Зээлийг нь муутгахгүйгээр аваад явчихаж болоогүйг гайхаж байна. “Монлаа” компанийн хувьд ч адилхан. Төмрийн хүдрийг нойтон аргаар боловсруулах үйлдвэр барих төсөл байсан. Өнгөрсөн жил Дорноговь аймагт үйлдвэр нь ашиглалтад орсон. Бас л сайд дарга нар нээлтэд нь оччихсон байсан шүү дээ. Уг нь мөнгө хөрөнгө нь алга болоогүй, үйлдвэр нь босчихсон байхад төр засгаас дэмжээд ажиллуулаад явчих боломжтой.

-Энэ хоёр компани тэр үедээ зээлийн төлөлт муу байсан гэж дуулсан?

-Яахав, тухайн үед зээлийн хүүгийн төлөлт удааширч байсан нь үнэн. Тийм учраас банкны зүгээс эрсдэлийн сан үүсгэж, дараагийн багт хүлээлгэж өгч байсан. Өөрөөр хэлбэл, зээлээ төлөх чадвартай хүлээлгэж өгсөн гэсэн үг.

-Чингис хаан банкны зээл олны анхаарлыг татсаар байгаа. Энэ тухайд?

-Чингис хаан банкны хувьд дамжуулан зээлдэгч. Тухайн үед маш олон арилжааны банк дамжуулан зээл олгож байсан. Арилжааны банк тухайн төслийн өмнөөс хариуцлага хүлээж, баталгаа өгч зээл гаргуулж байсан. Зээл муудсан, муудаагүй ямар ч үед дамжуулж зээл авсан банк өөрөө төлөх ёстой.

Нэг зүйлийг тодруулж хэлье. Намайг ажилласан гурван жилийн хугацаанд Хөгжлийн банк жил бүр ашигтай ажилладаг, хөрөнгө ихтэй, арилжааны олон банкинд хадгаламжтай, үйл ажиллагаа нь өндөр түвшинд жигдэрсэн, арилжааны банкуудаас ч илүү санхүүгийн чадвартай Монголын хамгийн том банк байсан. Нийт актив нь зургаан их наяд төгрөгт хүрч нэмэгдсэн байдаг.

Яахав, түүнээс хойш улс орон эдийн засгийн таагүй нөхцөл байдалд явж ирлээ. Гэхдээ арилжааны нэг л банк дампуурсныг эс тооцвол бусад нь хэвийн ажиллаж байна. Гэтэл яагаад арилжааны банкуудаас ч том, чадвартай байсан Хөгжлийн банк ийм нөхцөлд хүрсэнд гайхаж байна гэв.


Эдийн засагч Р.Даваадорж: Банкны Активын 55 хувь нь чанаргүй зээл эзэлнэ гэдэг дэлхийд байхгүй тохиолдол


Хөгжлийн банкны чанаргүй зээлийн энэ асуудал тус банк дампуурлын ирмэгт ирсэн гэх маргааныг олон талд өрнүүлж байна. Бид энэ талаар эдийн засагч, судлаач Р.Даваадоржийн байр суурийг сонирхсон юм.


-Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудлыг судлаачийн хувьд та хэрхэн харж байна вэ?

-Банкийг мэргэжлийн эдийн засагчид удирддаг. Харамсалтай нь Хөгжлийн банкийг улстөрчид, улс төрийн томилгоогоор удирдаж ирсний гор өнөөдөр ингэж гарч байна. Банк бол уг нь тодорхой шүү дээ. Та нэг сая төгрөгийн зээл авъя гэхэд багадаа 1.5 сая төгрөгийн хөрөнгө барьцаалах ёстой. Гэтэл Хөгжлийн банк ямар ч барьцаагүйгээр асар их хэмжээний мөнгийг дурын хүмүүстээ цацсан нь харагдаж байна.

-Бүтээн байгуулалт, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилготой учраас зээлээ барьцаагүй олгосон гэдэг шүү дээ?

-Банк байгуулсан зорилго бол тийм. Тийм ч учраас 2012-2016 оны Засгийн газрын үед тэр зорилгоо биелүүлж, том том бүтээн байгуулалтын төслүүд хэрэгжсэн нь харагддаг. 21 аймгийг хатуу хучилттай замаар холбох, хотын гудамжуудыг холбох, цахилгаан дулааны станцуудыг өргөтгөх, Улаанбаатар хотын дэд бүтцийг шинэчлэх гээд том төслүүд хэрэгжсэнийг санаж байна. Уг нь ингэж л ажиллах зорилготой банк байсан.

Гэтэл 2016 оноос хойш хийсэн бүтээн байгуулалт нэг ширхэг ч байхгүй. Чанаргүй зээл нь 1.6 их наяд гэж байна. Энэ бол банкны нийт активийн 55 хувь нь чанаргүй зээл байна гэсэн үг. Энэ бол банкны түүхэнд битгий хэл дэлхийн түүхэнд байхгүй тохиолдол. Чанаргүй зээл нэг өдөр үүсдэггүй, урт хугацаанд явж ирсэн байгаа. Яагаад өнөөдрийг хүртэл дуугарахгүй явсаар гэнэт болохоо байчихлаа гэж зарлаж байгааг гайхаж байна. 2017 оноос л асуудал хүндэрсэн харагдаж байна. Тэр үед л ил болгож зарлаад засаад явах боломжтой байсан.

-Энэ байдлаараа дампуурах эрсдэлтэй гэдгийг эдийн засагчид хэлж байна?

-Дампуурах нь ойлгомжтой. Төр засгийн зүгээс банкны нэрийг солиод ажиллуулах тухай ярьж байгаа гэнэ. Яасан ч болохгүй, шууд татан буулгах ёстой. Тэгээд хариуцлагын асуудал яригдах ёстой. Ер нь төрд банк байна гэдэг но-той. Төрийн банк ч гэсэн асуудалтай. Хувьд гаргаж байж л энэ асуудал цэгцэрнэ.

2018 оны 12 дугаар сард МАН гадаадаас 500 сая ам.долларын бонд босгосон гээд сүр дуулиантай юм болж байсныг санаж байгаа байх. Бараг өнөөдөр ил болоод байгаа чанаргүй зээлийн хэмжээтэй хөрөнгө босгосон байна.

Гэтэл ийм хэмжээний бүтээн байгуулалт Монгол Улсад бий болоогүй. Зүгээр л Хөгжлийн банкны мөнгийг эрх баригчид сонгуульдаа зориулсан нь харагдаж байна. Үүний горыг татвар төлөгчид л амсана. Тэр том бондын хөрөнгийн хүүг төсвөөс төлдөг. Төсвийн мөнгө бол татвар төлөгчдийн мөнгө. Өнөөдөр хүртэл нууцалж ирсэн шалтгаан бол үүний ард авлига, эрх мэдлийн том систем ажилладгийг л харуулж байна. Хэрэв хадгаламж эзэмшигчид байсан бол аль эрт ил болох байсан. Төрийн мөнгө учраас хэн ч араас нь хашгирахгүй, дуртай үедээ дуртай хүмүүстээ цацаж ирсний л үр дагавар өнөөдөр гарч ирж байгаа юм гэлээ.

Хөгжлийн банкны ил болсон чанаргүй зээлдэгчдийн дунд олон нийтийн танил цөөн хэдэн компани байгаа юм. Дийлэнх компани, хувьцаа эзэмшигчид нь танил бус хэдий ч тэдний ард нэр бүхий улстөрчид, эрх мэдэлтэй хүмүүс байгаа нь эхнээсээ ил болж буй. Тэр үүднээс 1.6 их наяд төгрөгийн чанаргүй зээлийн асуудлыг АТГ-т шилжүүлэн шалгуулах чиглэлийг Ерөнхий сайд гаргаж байгаа гэх мэдээлэл байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Оюунцэцэг: Үндэслэлгүй хөрөнгөжсөн субьектээ тодорхойлоход алдаа гардгаас үүдэж ял оноож чадахгүй байна

Үндэслэлгүй хөрөнгөжих гэмт хэргийн талаар хуульч, өмгөөлөгч Г.Оюунцэцэгтэй ярилцлаа.


-Үндэслэлгүй хөрөнгөжих гэмт хэргийг хуульд хэрхэн авч үзэж байна вэ?

-Манай улсын хувьд энэ гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй бол…” гэж үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн шинжийг тодорхойлсноос үзэхэд уг гэмт хэргийн субьект нь зөвхөн нийтийн албан тушаалтан юм.

Нийтийн албан тушаалтан гэдэгт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн гуравдугаар зүйлийн 3.1.4, 4 дүгээр зүйлийн 4.1, Авлигын эсрэг хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.1.1-4.1.9-д тус тус заасан этгээдүүдийг хамааруулан үзнэ.

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн эд хөрөнгө нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эзэмшил, ашиглалд бус өмчлөлд байсан нь тогтоогдсон бөгөөд өмчлөгч нь нийтийн албан тушаалтан байх хуулийн шаардлага нь уг гэмт хэргийн субьектийг тодорхойлохоос гадна зөвхөн түүний үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн нэгдэх хэсэгт заасан хууль ёсны зарчмын нэг хэсэг болох “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно”, 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шударга ёсны зарчмын нэг хэсэг болох “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй” гэсэн ойлголт, агуулгад нийцэх ёстой байдаг.

Харин нийтийн албан тушаалтан өөрийн гэмт үйлдэлдээ төрөл садан, найз нөхөд болон бусад хүнийг ашигласан тохиолдол нь түүний гэмт хэрэг үйлдэх, түүнийгээ нуун далдлах арга тул нийтийн албан тушаалтны гэмт үйлдлийн хариуцлагыг бусад хүмүүст халдаан хэрэглэж болохгүй юм.

-Орлогоосоо давсан хөрөнгөтэй, зарлагатай төрийн албан хаагчид, дарга нарын тухай баримт мэдээллүүд гардаг. Яагаад тэд хариуцлага хүлээхгүй байна вэ?

-Нийгэмд энэ талаар ихээхэн яригддаг боловч энэ мөн л хууль эрх зүйн орчноосоо шалтгаалж байгаа юм. Учир нь манай улс зах зээлийн чөлөөт эдийн засагтай улс. Энэ утгаараа иргэн хүн хэдий хэмжээний орлого олж байгааг төрөөс зохицуулах болон хөрөнгө орлого олох нөхцөлийг хязгаарлах боломжгүй. Ярьж байгаа сэдвийн хүрээнд бол эрүүгийн хуульд энэ гэмт хэрэгт шалгагдах субьектийг тодорхой зааж өгсөн байна.

Нийтийн албан тушаалтны хууль бус орлогын цаана буй үйлдэл, эс үйлдэхүйг нотолж чадахгүй боловч хууль бус орлого олох гэмт явдлыг таслан зогсоох эрүүгийн эрх зүйн энэхүү хэм хэмжээ нь Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид тусгагдсан бөгөөд манай улс 2005 онд уг гэрээнд нэгдэж, олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж “нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй” тохиолдлыг гэмт хэрэгт тооцож 2012 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дүгээр зүйлд анх хуульчлан тодорхойлж, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлээр үргэлжлүүлэн эрүүжүүлсэн.

Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн тухайд албан тушаалтны албаны эрх мэдлээ урвуулсан үйлдэл, эс үйлдэхүйг шалгаж тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн боловч түүний хөрөнгө хууль ёсных нь орлогоос давсан бол энэ талаараа үндэслэл бүхий тайлбараа нийтийн албан тушаалтан өөрөө гаргах үүрэгтэй.

-Шалгаад хариуцлага хүлээлгэсэн тохиолдол ховор юм биш үү. Энэ асуудал хуулиндаа байна уу?

-Энэ гэмт хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн байдал цөөхөн байгаа. Энэ талд дээр нарийн дүгнэлт хэлэх боломжгүй юм. Жишээ нь, өмгөөлөгч бидний хувьд ихэвчлэн яллагдаг, шүүгдэгч талын эрх ашгийг хамгаалж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ордог тул илүү хүний эрх, мөрдөн шалгах ажиллагааны хууль ёсны зарчим, шударга ёсны зарчим талаас нь тайлбарладаг юм.

Нэгэнт манай улс дээр ярьснаар олон улсын гэрээ конвенцид нэгдэн орсон. Энэ үүргээ биелүүлэх ёстой. Нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй тохиолдлыг үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэчихсэн. Манайх дотоодын хуульдаа ч бас энэ тухай хуульчилчихсан. Харин тухайн хүний хамаарал бүхий хүмүүс эд хөрөнгө, өмчлөх эрхтэй.

Энэ эрхэд нь хууль бусаар халдаж, нийтийн албан тушаалтны хувийн байдалд хамаатуулан ойлгож болохгүй гэж үзэж байна.

Энэ нь Олон улсын хүний эрхийн зарчмууд, шударга шүүхээр шүүлгэх, хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байх гэсэнд нийцэх нь чухал юм. Мөрдөн шалгах ажиллагаагаар нийтийн албан тушаалтныг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн нөхцөл байдлыг хөдөлбөргүй тогтоох үүрэгтэй. Гол нь субьектээ зөв тогтоож, үйл баримтандаа эрх зүйн зөв дүгнэлт хийх нь чухал байх.

Шүүхээр шийдвэрлэгдэж байгаа цөөн тохиолдол нь мөрдөн байцаалтад буцах, цагаатгах тогтоол гарсан байгаагаас харахад тухайн хэргийг бүрэн эргэлзээгүйгээр нотолж тогтоож чадаагүй, тухайн гэмт хэргийн субьектийг зөв тодорхойлж чадахгүй байгаа юм болов уу гэж үзэхээр байна.

Тиймээс хуулийн талаас боловсронгуй болгох асуудлыг цагдаа, прокурорын байгууллага энэ тал дээр байр сууриа илэрхийлэх нь зөв болов уу.

-Улсын бүртгэлээр нэг иргэн хувьдаа 60 орчим орон сууц эзэмшиж байгаа мэдээлэл нийгэмд ихээхэн анхаарал татаж байсан. Тухайлбал, ийм тохиолдлын цаана үндэслэлгүй хөрөнгөжсөн нөхцөл байдал байгаа эсэхийг шалгах боломж байдаг уу?

-Авлигын эсрэг хуулиараа нийтийн албан тушаалтан жил бүр өөрийн хөрөнгө орлогыг мэдүүлэх үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу мэдүүлсэн хөрөнгө орлогод Авлигатай тэмцэх газраас дотоод хяналт шалгалтыг явуулж байгаа. Энэ шалгалтаар дээрх гэмт хэрэг илэрдэг гэж хэлж болох юм.

Өөр байдлаар иргэний хөрөнгө орлогыг энэ зүйл заалтаар шалгах боломжгүй юм. Харин иргэн олох ёсгүй орлого олсон бол Иргэний хуульд заасан үндэслэлээр тогтоолгож болдог.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Х.Тэмүүжин: Үндсэн хуулийн хулгайч гэж түүхэнд нэрээ үлдээх гээгүй бол Цэцийн гишүүд давхар дээлийн маргааныг буцаах байлгүй дээ

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй ярилцлаа.


-Давхар дээлийг тайлах тухай асуудлыг удаан ярьж байж сая нэг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд хязгаартай оруулж ирсэн. Гэтэл буцаад болохоо байчихлаа. Бүр давхар дээлийг эсэргүүцэж байсан гишүүд “Давхар дээл хэрэгтэй юм байна” гээд явж байгаа энэ процессыг та юу гэж харж байна вэ?

-Давхар, дан дээлийн маргаан юунаас эхтэй байсныг эхлээд харах ёстой. Усны эхийг биш урсгалын төгсгөлийг, тунаж тогтсон үлдэгдлийг нь яриад эхэлбэл ул суурьтай яриа болж чадахгүй.

Монгол Улс 1992 оны Үндсэн хуулиар парламентын засаглал бүхий улс төрийн байгуулал сонгосон хэдий ч ард түмний төлөөллийг цөөхөн, УИХ-ыг давжаа, шийдвэр гаргалтанд нэг гишүүний дарах жин өндөр байдлаар хуульчилсан. Дээр нь УИХ-ын нөлөө бүхий 15, 16 гишүүн Засгийн газарт давхар ажиллахад УИХ нь Засгийн газраа хянах чадваргүй, Засгийн газар нь УИХ-ынхаа толгой дээр гараад суучих байдал ажиглагдаж эхэлсэн. УИХ Засгийн газрын хуулийн хэлтэс шиг, Засгийн газрыг юу хийнэ, юу хүснэ түүнийг нь баталж өгдөг. Эргээд Засгийн газар УИХ-ын гишүүдийг төсвөөр авлигадаж байдаг буруу зүйл бараг албан ёсны тогтолцоо шахуу юм болж хувирсан.

Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн харилцан хяналт тэнцэлтэй байх эрх мэдэл хуваарилалтын зарчим бодит байдал дээр үгүй болсон гэсэн үг л дээ. Эндээс гарах хоёр зам байсан. Нэг нь парламентынхаа давжаа байдлыг засч гишүүдийн тоог нэмэх, нөгөө нь Засгийн газарт давхар ажил эрхлэх УИХ-ын гишүүдийн тоог хязгаарлах.

Харамсалтай нь улстөрчид, тэр дундаа 2012-2016 онд УИХ-д байсан МАН-ынхан өрсөлдөгчийнхөө Засгийн газрыг унагах шалтаг болгож “Давхар дээл байх ёсгүй, УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг хавсарч хийхээ больё” гэж улс төр хийж, хэт пи-ардсан. Сүхбаатарын талбай дээр дээл өмсөөд жагсаж хүртэл сүржигнээд, бүр өөрсдийнхөө тэмцлийн уриа болгосон шүү дээ. Тэрэндээ өөрсдөө ороогдоод явж өгсөн л дөө.

-Тэгвэл таныхаар давхар дээлтэй байх нь хэр зохистой юм бэ?

-Хууль зүйн шинжлэх ухаанд давхар дээл гэдэг ойлголт байхгүй. Уран цэцэн ярьдаг улстөрчийн л үг байх. Монгол Улс парламентын засаглалтай юм бол давхар дээл гэж шоудаж байхаар парламентаа чадавхжуулах, давжаа байдлаас нь гаргах, Засгийн газрыг сонирхлын зөрчилгүй хянаж, мэргэжлийн түвшинд хууль тогтоох тал руу нь алхуулж хөгжүүлэх ёстой. Монголын парламент сул, давжаа байвал хоёр том хөршийн болон тэдний гадна байгаа янз бүрийн зөрчлийн шахалт хүндэрч, тэр сул жижиг цэг дээр илүү жинтэй л дарна.

АН энэ бүгдийг тооцож 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр пропорциональ сонгуулийн тогтолцоо оруулж ирэх, парламентын давжаа байдлыг засах санал тавьж байсан. Харамсалтай нь саналыг үл хэрэгсээд, өөрсдөө бараг л хамгийн ариун гэгээн, үнэн зөв шийдвэр гаргачихлаа гэж зарлаж байгаад өнөөдрийн өөрчлөлтийг оруулсан. Тэр хүмүүс нь өнөөдөр буцаад давхар дээлээ өмсөхгүй бол болохгүй байна. Засгийн газар чадавхгүй, сул дорой байна гэж байгаа харагдана лээ. Засгийн газрын энэ гишүүд эрх барьж буй намын өөрсдийнх нь байж байгаа царай, олж томилсон боловсон хүчнийх нь нөөц шүү дээ. Монголын ард түмний асуудал биш, МАН-ын өөрсдийнх нь дотроо багталцахгүй шахцалдаж, эрх мэдлээ булаацалдаж байгаа, би биш бол чи биш гэсэн тамын тогооны үлгэрийн л нэг эмгэнэлт хувилбар.

Ичсэн хүн хүн ална гэгчээр өөрсдийн хийснээ буцаах аргаа олж ядаад хүний гараар могой бариулах санаатай Цэцэд мэдээлэл гаргаж байгаад шийдчих гээд амьдаад яваа харагдана. Могой баригчаар “тендер зарлаж” байгаад аль нэг намын мөнгөнд дуртай, гар хөлийн үзүүрт зарагдчих авлигачдыг худалдаж аваад гүйлгэчихлээ.


-Цэц гомдлыг хүлээж аваад маргаан үүсгэхээр болчихсон нь асуудлыг улам хурцдуулчих шиг боллоо, тийм үү?

-Үндсэн хуулийн Цэцээс сонин ааш аяг цөөнгүй гарч байгаа. Тухайлбал, Үндсэн хуулин дээр маш тодорхой заагаад, цагаан дээр хараар биччихсэн байгаа. Иргэний үндсэн эрхийг шууд үйлчилдэг эрх зүй гэдэг утгаар нь хамгаалаад хэрэгжилтэд нь хяналт тавиад өгөөч ээ гэхээр “Энэ бол Цэцийн хяналтын обьектод байхгүй, манай Цэцэд энэ эрх мэдлийг Үндсэн хуулиар олгоогүй байна” гэх мэт юм ярьдаг.

Тэгсэн атлаа Үндсэн хуулин дээр огт байхгүй, Үндсэн хуулийн Цэцийн бүрэн эрхэд шилжүүлж өгөөгүй асуудлаар гомдлыг хээв нэг хүлээгээд авчихаж байна. Улс төрийн үүрэг даалгавар эздээс нь ирвэл нүдээ аньж байгаад юуг ч хийж болдгийг харуулж байна.

-Захиалгатай хөдөлж байна гэж та хэлэх гээд байна уу?

-Хэн ч харсан ил тод өрнөж байгаа тоглоом. Нуугаад байх юм байхгүй. Хүсч байгаа хүмүүс нь эрх баригчид. Буцаад хатгачих гээд байгаа учраас могойгоо хүнээр бариулах гэж байна.

Эцэст нь тэд, бид биш Үндсэн хуулийн Цэц шийдсэн учраас давхар дээл өмсөхөөс өөр аргагүй байдалд орлоо гэж хэлэх гэж байгаа юм. Яг сонгуулийн холимог тогтолцоог Цэцээр дамжуулж унагасан шигээ ажиллах гэж байгаа нь тэр. Ийм ил цагаан тоглоомын зам дээр Цэц өөрөө тоглоом болж Үндсэн хуулийг хулгайлахад нь туслах гэж байна.

-Зарим улстөрчид Цэцэд захиалга өгөөд давхар дээлийн заалтыг хөндөх саналыг гаргуулж аваад түүн дээрээ дөрөөлөөд Үндсэн хуулиа хөндөх гэж байж болзошгүй гэж Цэцийн дарга асан Н.Жанцан гуай саяхан ярьсан. Таны байр суурь ч үүнийг л хэлээд байна уу даа?

-Яг өнөөдөр бол УИХ-ын гишүүд маш их ууртай байна. Тэд Засгийн газрын ажилд оролцож мөнгө шийддэг, хүн томилдог, ажил хийсэн болж харагддаг байсан, Тэрийгээ хийж чадахаа байчихаж. Зарим нь үүнийгээ ил цагаан хэлж байна лээ. Мөнгө төгрөгөө үрээд бөөн юм болж сонгогдчихоод хэн ч биш болж байна. Гэтэл хэн ч биш нөхөр сайд болоод толгой дээр гараад суучихлаа, бид нар хэн юм бэ гэж ирээд уурлаж байна лээ.

Ялсан баатрууд хоолондоо орох гэтэл Үндсэн хууль саад болохоор бүр ч их уурлаад байх шиг байна. Сонгуулийн өмнө дан дээлтэй байх нь шударга ёсонд нийцнэ гэсэн нөхөд одоо юун шударга ёс, больё, баталсан Үндсэн хуулиа өөрчилье гэж хэлэх гэхээр ичгэвтэр санагдаад байгаа. Тэгээд нөгөө намаасаа жаахан юманд дуртай, эрх баригчдад тал засаад, бөхөлзөөд гүйчихдэг, амьдралынхаа туршид авлига хээл хахуулийн асуудалд холбогдсон, ёстой нөгөө “мөнгө улаан нүд цагаан” гэж явдаг зарим нөхдийг уургалж аваад, тохироод, өөрсдийнхөө бичсэн цаасаа бариулаад Цэц рүү гүйлгэчихсэн юм уу даа.

Цэц дээр эрх мэдэлтэй хүчтэй хүмүүсийн улан дор сөхөрч явдаг, алх цохиход бэлэн зарим нэг гишүүн түүнийг нь “Та хэд минь тушаал буулгаж байгаа бол би бүгдийг нь биелүүлье” гээд хүлээгээд авхуулчихаж байгаа юм уу. Нэг ийм ил цагаан процесс явж байна. Түүхэнд Үндсэн хуулийн хулгайч гэж нэрээ үлдээх гээгүй бол Цэцийн гишүүд ичих байлгүй дээ.

-Хэрэв энэ шийдвэр гарвал төр хямарч, намууд талцахаас эхлээд Үндсэн хуулийн хямралт байдал үүсэх эрсдэлтэй гэх юм?

-Энэ процессын үр дүнд ямар аюултай хаалга нээгдэж байна вэ гэдгийг зарим туршлагатай хүмүүс хэлээд байгаа. Хэрвээ ингэх юм бол Үндсэн хууль чинь Үндсэн хууль биш болно шүү. Үндсэн хуулийн Цэцийн дээр Үндсэн хууль өөрөө байх ёстой байтал одоо Үндсэн хуулийнхаа дээр Цэц нь гараад суучихлаа. Манах ёстой юмныхаа дээр гарч суучихаад бусдад хулгайлахад нь туслаад эхлэхээр Үндсэн хуулийн шүүх жинхэнэ утгаараа алга болох нь ээ гэж. Яг үнэндээ тэд Монгол Улсын Үндсэн хуульт байгууллагын эсрэг зохион байгуулалттай гэмт хэрэг хийж байна шүү дээ.

-Үнэхээр тийм бол УИХ-ын гишүүний ёс суртахууны хувьд ч тэр таагүй явдал болж таарах нь?

-Сонгуулиар сонгогчид руугаа очиж санал авахдаа Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт орууллаа, Монгол Улсыг хөгжүүлэх алтан түлхүүрийг атгаад авлаа гэх шахуу юм ярьсан байгаа, тэд. Дараа нь идэж уухад нь садаа болоод эхлэхээр хийснээ устгая, буцаая гэх утгатай юм ойр зуураа шивнэлдэж, ханцуй дотроо хуулийн хулгай хийх гэж оролдож байна. Энэ ч ёс зүйтэй хүмүүсийн үйлдэл биш л дээ.

Эрх баригчид ямар худалч, богино хараатай, хувийнх нь ашиг сонирхол хоолой дээр нь тулаад ирэхээр Монгол Улсын улс төрийн байгуулалтын суурь Үндсэн хуулийн хүч чадлыг хэмлэж, иргэний эрх чөлөөний хэрэм цайз болж байгаа хуулийн тогтолцоог хэдэн авлигач хархнуудаар мэрүүлэхэд бэлэн байгаа нь харагдаж байна. У.Хүрэлсүхийн хэлсэн “Хүн биш хууль засагладаг болно” гэсэн нь хаана байна. Хуулиа болиг, бүр хүн биш хулгайчид нь засаглах гэж байна.

-Давхар дээлтэй холбоотой заалт найман жилийн хугацаанд хөндөгдөхгүй гэсэн ч Үндсэн хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулиар боломжтой гэж үзэж байгаа юм билээ. Боломжтой гэж үү?

-Ер нь дагаж мөрдөх журмын тухай хууль бол хууль. Тэр хуулийг өөрчилж болно. УИХ-д эрх нь байгаа. Үнэхээр Үндсэн хуулийг өөрчлөх ёстой гэж үзэж байгаа бол Дагаж мөрдөх журмынхаа тухай хуулийг өөрчилнө үү, олонхоороо гарын үсэг зураад нэмэлт, өөрчлөлт хийх санаачилга гаргана уу эрх баригчдын эрх мэдлийн асуудал.

Гэтэл өөрсдөдөө байгаа эрх мэдлээ хэрэгжүүлэхгүй, тойрч зугтаагаад, муу хэлүүлнэ гэж болгоомжлоод буруу замаар будаа зөөх гэж байгаад л аюул байна. Үнэхээр Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт хиймээр байна. Энэ буруу байна гэж үзэж байгаа бол 62 суудалтай олонх хуулийг санаачлаад, ил цагаан ярилцаад юу нь зөв бурууг олон нийтэд ил тодоор хэлээд явах ёстой. Харин арын хаалгаараа авлигачид хөлслөөд, гүйлгээд байж болохгүй. Асуудлаа ил яриад хууль тогтоогч шиг хийх ёстой ажлыг хулгайч шиг хийж байгаад л хүмүүс таагүй хандаж байна.

Хоёрт, тусгаар тогтнол, иргэний үндсэн эрх, эрх чөлөө, бүгд найрамдах төр, парламентын засаг, хараат бус шүүх гэх мэт 1992 оны Үндсэн хуулийн амин сүнс болсон гол үзэл санаа, зарчмуудыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гэдэг нэрийн дор устгахаас хамгаалахын тулд механизмаа зөв олох ёстой. Түүнийг Үндсэн хуулин дээр бичиж, хамгаалах ёстой болохоос даргын заавраар ажилладаг, ард түмнээс сонгогддоггүй есөн хүнд сайхан сэтгэлээр найдаж орхиж болохгүй.

2019 оны нэмэлт, өөрчлөлтийн үед ч ярьж байсан. Ер нь 1992 оны Үндсэн хуулиас хойш олон судлаачдын судалгааны үр дүнгээс гарсан нэг зүйл бол Үндсэн хууль өөрөө дархлаатай байх тухай асуудал юм.

-Яаж дархлаажуулах ёстой юм бол?

-Үндсэн хууль бол огт өөрчлөгддөггүй зүйл биш. Нийгмээ дагаад хөгжиж байх ёстой. Гэхдээ үндсэн бүтэц, суурь зарчим, үнэт зүйлүүд нь мөнхийн заалт байх ёстой. Тийм учраас мөнхийн заалтуудаа Үндсэн хууль дээр тодорхой бичээд энэ, энэ заалтуудыг УИХ өөрчлөх эрхгүй. Үүнийг өөрчилсөн бол Үндсэн хуулийн хяналтад орно, Үндсэн хуулийн бус гэж үзнэ гэдэг болох ёстой. Ийм өөрчлөлтийг хийе гэж байгаа бол хамаа алга. Санал нэг байна.

Үндсэн хуулиа ердийн хуулиар хамгаалаад сууж байдаг ч гэж юу байх вэ. Үндсэн хуулийг журмын хуулиар хамгаалж чадахгүй. Үндсэн хуулийг Үндсэн хуулиар өөрөөр нь л хамгаална. Тийм учраас ердийн хуулийн зарим нэг зохицуулалтаа Үндсэн хуулийн зохицуулалт болгож аваад, ямар ч эрх баригчид хэдий олонх болсон ч, бүх эрх мэдлийг толгой дээрээ овоолж авсан ч, Монголын ард түмэн тэднийг алга ташаад дэмжиж байсан ч Үндсэн хуулийн энэ хэсэгт өөрчлөлт хийхгүй гэж ойлгох ёстой.

Гэхдээ энэ нөхөд энэ тухай огт ярихгүй байгаа. Зөвхөн давхар дээлээ буцааж өмсөх тухай, давхар дээлээ өмсөхийн тулд Үндсэн хууль Үндсэн хуулийг зөрчсөн байна гэдэг тэнэг шийдвэрийг Цэцээр гаргуулах гэж оролдож байна.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхний үр дүн гараагүй байхад дахин өөрчлөлт ярих нь зохисгүй гэсэн байр суурийг хуульчид хэлж байгаа. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн зарим зүйл буруу болсон. Тэгэхээр түүнийг ил тод хэлэхээс өөр аргагүй. Буруу байгаа зүйлийг засахаас өөр аргагүй. Үүний нэг жишээ бол улс төрийн намын босго сонгогчдын нэг хувь гэсэн нь бараг 30 гаруй мянган хүний гарын үсэг цуглуулсан намыг улс төрийн нам гэж үзнэ гэж Үндсэн хууль дээр бичлээ. Энэ чинь иргэний эвлэлдэн нэгдэх эрхийг маш бүдүүлгээр хязгаарлаж байгаа явдал. Дэлхий нийтээрээ гишүүнчлэлгүй намын тухай ярьж байхад Монгол Улс буцаад яг социализмын үеийн, үлэг гүрвэл шиг нүсэр бүтэцтэй гишүүнчлэлд дулдуйдсан, тэд нараа төсвийн мөнгөөр авлигадаж, сонгуулийг сонгуульчлагдсан дарангуйлал болгож байдаг намын бүтцийг Үндсэн хуулинд биччихлээ. Тэгээд ичсэндээ 2028 оноос үйлчилнэ гэж бичиж байгаа. Энэ алдааг засах ёстой. Энэ бол ил тод алдаа.

Үндсэн хуулийн 6.2 дээр төрийн нийтийн өмч гэдэг үг байна. Нэр томъёоны маш бүдүүлэг, болхи алдаа болсон. Түүнээс гадна маргасаар байгаад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хийж чадаагүй асуудал бол сонгуулийн холимог тогтолцоо.

Алдаа нь тодорхой байгаа зүйлүүдийг засъя гэж байгаа бол болно. Үүнийг цаг нь болоогүй гэж хойшоо тавих нь мунхаг бөгөөд тэнэг үйлдэл. Гол нь ил тод яриад, юу хийх гэж байгаагаа үндэслэл, судалгаатай хэлэлцүүлэг өрнүүлж хийх ёстой болохоос биш далдуур хэдэн хүний тохироон дээр Цэц гэх мэт механизмуудыг Үндсэн хуулийн эсрэг ашиглах байдлаар хийж болохгүй.

-Цэцэд гомдол гаргасан гишүүд бол ХҮН-ын Т.Доржханд болон танай намын Ш.Адьшаа нарын гишүүд байгаа. Тэд Засгийн газрын эрх мэдлийг нэмэгдүүлэхийн төлөө явж байна гэж өөрийгөө зөвтгөж байгаа. Энэ үндэслэлтай тайлбар болж чадах уу?

-ХҮН-ын гишүүний хувьд хэлэх үг алга. Хүний хүн бол хүний л байх.

Харин АН-ын хоёроос бол ичиж байна. 1992 оны Үндсэн хууль, хүний эрх, ардчиллын суурийг эрх баригчдын даалгавраар нураалцаж байгаа харх болж байгаад нь гутаж байгаа.

Яагаад гэвэл энэ өөрөө ил цагаан авлига. Маш олон хүн хардаж байна. Ямар мөнгөн дүнтэй, ямар бизнес дээр, улс төрийн ямар тохироо хийсэн болохоороо эрх баригч МАН-ын багталцахгүй, эрх мэдлээ булаалдаж байгаа тэр шуналыг нь гүйцэлдүүлж яваа юм бэ гэж.

Ш.Адьшаа гэдэг хүнийг эртнээс мэднэ. Өдрийн сонины сэтгүүлч Г.Дашрэнцэн гуайг “Гаалиас төрсөн тэрбумтан” гэдэг нийтлэл бичсэнийх нь төлөө шүүхдэж, 100.000 төгрөгөөр торгуулах шийдвэр гаргуулж байсан. Шүүхийн шийдвэр гараад удаагүй өөрөө авлигын хэргээр баривчлагдаж шалгуулаад Өршөөлийн хуулиар суллагдсан нөхөр. Г.Дашрэнцэн гуай шүүх дээр очоод ёгтлоод хэлж байсан удаатай. “Гаалиас төрсөн тэрбумтан авлигын хэргээрээ явчихлаа. Шүүхээс гүтгэсэн гэдэг шийдвэртэй би 100.000 төгрөгөө хаана тушаах вэ” гэж байсан. Монгол Улсын түүхэнд авлига авсан, өгсөн гэж хоёулангаар нь хэрэг үүсгэгдэж, хоёулаа Өршөөлийн хуулиар хэрэгсэхгүй болж байсан ганц тохиолдлын эзэн энэ хүн байдаг.

Ийм авлигач АН-ын нэрээр орж ирчихээд эрх баригчдаас дахиад авлигын үнэртэй захиалга авч, ардчилсан Үндсэн хуулийг мэрэлцэж хулгайлах гээд Цэц рүү гүйж байгаад ой гутаж байна. Ийм гутамшигтай эрх баригчдын тоглоомон дотор дахиад нэг шинэ гишүүн, залуу улстөрч сүүдэрт нь гүйж яваад харамсаж байна. “Би Ерөнхий сайдын эрх мэдлийг хүчтэй болгохын тулд явж байна” гэж байна лээ. Эрх мэдэл нь хангалттай хүчтэй байгаа МАН-ын даргын эрх мэдэлд санаа зовж, даргад албан тушаал овоолох гэж гүйхийн оронд гудамжинд байгаа иргэдийнхээ эрхийг нэмэх гэж, аюулгүй байдлыг нь баталгаажуулах гэж, айдас хүйдсийг нь багасгах гэж хууль санаачилж явах нь залуу хууль тогтоогчид уг нь хэрэгтэй юм даа.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Батсугар: Монголоос явъя, гадагшаа л гаръя гэсэн хандлага давамгайлж байгаа бол нийгмийн сэтгэл зүй хүнд талдаа орж байна гэсэн үг

Нийгмийн сэтгэл зүйн асуудлаар судлаач Ц.Батсугартай ярилцлаа.


-Ковид үргэлжилсэн хүнд нөхцөл байдал дээр утааны асуудал хөндөгдөж, олон нийтийн бухимдал нэмэгдсээр байна. Энэ үеийн нийгмийн сэтгэл зүй ямар болоод байна вэ?

-Манай улсын хувьд нийгмийн бухимдлын түвшин харьцангуй өндөр байсаар ирсэн. Учир нь манайх улс төрийн болон нийгэм, эдийн засгийн шилжилт үргэлжилж байгаа улс шүү дээ. Түүнээс хамаарсан асуудлуудаас үүдсэн нийгмийн сэтгэл зүйн суурь онцлогууд байна. Нэгдүгээрт, мэдээллийн технологи, хотжилт, шилжилттэй уялдан нийгэмд үзэл санаа үнэт зүйлийн хувьд ялгарлууд бий болж эхэлсэн. Хоёрдугаарт, бидний ялгаатай санаа бодлууд хоорондоо зөрчилдөх асуудлууд байдаг. Ялангуяа пост социалист орнуудад ажиглагддаг нэг асуудал бол улс төрийн эрх нь бэхжээгүйгээс болоод төрийн хариуцлага сул байдаг. Төрийн байгууллагууд чиг үүргээ бүрэн дүүрэн хэрэгжүүлж чаддаггүйгээс хамаарсан асуудлүүд үүсдэг. Мөн эдийн засгийн шилжилтийн явцад тэгш бус байдалд ихэнх пост социалист орнуудад байна. Манайд ч ялгаагүй, эдийн засгийн шилжилтээс улбаатай нийгмийн ялгарлууд бий.

Энэ ялгаатай байдал, эдийн засгийн хүндрэл бэрхшээлүүд, дээрээс нь төр засгийн үйл ажиллагааны хариуцлагагүй байдал, үр дүн гэх мэт асуудлууд нийгмийн бухимдлыг төрүүлж байгаа үндсэн хүчин зүйлүүд юм. Өнгөрсөн 10, 15 жилийн судалгаануудад иргэдийн хамгийн сэтгэл дундуур байдаг асуудлуудын нэгдүгээрт өрхийн болон хувь хүний эдийн засгийн байдал байсан. Үүний дараа улс төрийн асуудал орж ирдэг. Олон нийтийн төрд итгэх итгэл муу, авлига, шударга ёс хангалтгүй байна гэсэн хандлага. Тухайлбал, 2016 онд иргэдийн 70 орчим хувь нь нийгмийн нөхцөл байдалд бухимдалтай байна гэдэг байр суурьтай байсан.

-Тэгвэл өнөөдрийн нөхцөл байдалд?

-Сүүлийн үед гарч байгаа цар тахалтай холбоотой эдийн засаг, олон улсын худалдааны тээвэр, ложистик, дэд бүтцийн хүндрэлээс хамаарсан хэрэглээний үнийн өсөлт, бараа бүтээгдэхүүний хомсдол үүсч байгаа. Энэ нь эргээд өрхийн амьжиргаанд нөлөөлж байдаг. Үүнээс гадна цар тахалтай холбоотой ажлын байрууд маш олноор хумигдаж байгаа. Энэ бол өрхийн тогтмол орлогод нөлөөлнө. Мэдээж эрүүл мэндийн асуудал байна. Ялангуяа өндөр настай, нялх хүүхэдтэй, эсвэл суурь өвчтэй хүмүүстэй гэр бүлд эрүүл мэндийн хүндрэлүүд нэмэгдээд сэтгэл санааны дарамтыг бий болгож байна. Үүнээс гадна улирлын шинж чанартай боловч сүүлийн 20 орчим жил тасралтгүй яригдаж ирсэн агаар, орчны бохирдлын асуудал бий. Үүн дээр түгжрэл нэмэгдэнэ. Ийм асуудлууд олон нийтийн бухимдал дарамтыг улам л нэмэгдүүлж байна гэсэн үг.

-Зургаан жилийн өмнөх судалгаа гэхэд нийгмийн сэтгэл зүй багагүй хугацаанд бухимдал өндөр байсан юм болох нь. Өнөөдөр хүндэрч үү, эсвэл өөр нөхцөл байдалтай байна уу?

-Зургаан жилийн өмнө тухайн үед улс төрийн тогтворгүй байдалтай байсан. Түүнтэй холбоотой нийгмийн бухимдал нэмэгдсэн байх талтай байж болно. Одоо бол улс төр харьцангуй тогтвортой байгаа. Ийм үед бухимдлыг дэвэргэж байгаа хүчин зүйл буурах боломжтой. Яг өнөөдрийн байдлаар бухимдлын түвшин нэмэгдсэн, буурсан талаарх тодорхой тооцоо судалгаа байхгүй. Гэхдээ цар тахлын энэ асуудлууд эдийн засгийн хүндрэлүүд болон утаатай холбогдож байгаа асуудлууд суурь хүчин зүйлүүдийг илүү өсгөх, нийгэмд байгаа суурь бухимдлын асуудлыг нэмэгдүүлэх эрсдэлтэй.

Ялангуяа ялгаварлал, эдийн засгийн ялгаатай байдал, баян хоосны ялгаа нийгэмд бухимдлыг нэмж байгаа. Нийгмийн хэт ялгарал тэгш бус байдлын илэрхийлэл болж байдаг. Нийгмийн ялгаврлал нэмэгдэх тусам зөрчил тэмцэл нэмэгдэх эрсдэлтэй гэсэн үг. Жишээ нь, үндэсний үзэлтэй хүмүүс байж болно, ардчилал хүний эрх, хүн төрөлхтний нийтлэг ололт амжилтын чиг баримжаатай хүмүүс байж болно. Магадгүй шашны зөрчил ч байж болно. Үүнд л хэтэрхий ялгаа зааг гараад ирэхээр л зөрчилд орох эрсдэл байна гэж үзээд байгаа юм.

-Тэгвэл утааны эсрэг олон жил тэмцсэн ч үр дүнгүй байгаа болохоор төр, олон нийтийн дундах зөрчил нэмэгдэж байна гэж ойлгогдох нь ээ?

-Утаа бол байнгын бухимдал дагуулж ирсэн асуудал. Утаатай байсаар байна, өчнөөн олон тэрбум төгрөг зараад шийдэгдсэнгүй гэдэг нь төр засаг ажлаа хийхгүй байна гэдэг сэтгэгдлийг төрүүлж байгаа. Энэ эргээд төрд итгэх итгэлд нөлөөлнө. Тийм учраас болж бүтэхгүй байгаа юм чинь төрийн буруу гэж бухимдлыг төр рүү чиглүүлэх, нэмэгдүүлэх шалтгаан болчихож байгаа юм. Дээр нь саяхан айлд явж ороод ороолт түлж байна гэж олон нийтэд зарлалаа шүү дээ. Түүний өмнөхөн иргэд хямд түлшийг илүү түлээд байна, зуухаа хянаж чадахгүй байна гэсэн албаны зүгээс хийж байгаа тайлбар иргэдийг буруутгасан хандлагатай байсан. Харин иргэд өөрсдөө бол төр ажлаа хийж чадахгүй байгаа учраас утаа буурахгүй байна. Өчнөөн хөрөнгө зарцууллаа, авлига шударга бус асуудал байна гэж бодоод байдаг. Төрийн зүгээс нийгмийн хэлцлийн орон зай үлдээхгүй, шууд мөргөлдсөн нөхцөл байдал үүсгэж байгаа нь бухимдлыг улам дэвэргэсэн.

-Сүүлийн үед Монголоос явмаар байна, гадаадад л гарч амьдаръя гэсэн хандлага нэмэгдэж байна. Эх орноосоо явах замыг сонгох хүртэлх нийгмийн сэтгэл зүй өөрчлөгдөж байна гэж үзэж болох уу?

-Үүн дээр хоёр зүйлийг тодотгож ярья. Нэгдүгээрт, сошиал медиа цахим орчин гэдэг харьцангуй параллель маягийн ертөнц болчихсон. Тэнд иргэд өөрийгөө илэрхийлэх, бухимдлаа гаргах, сонирхож байгаа зүйлээ үзэж хардаг, чөлөөт цагаа өнгөрөөх нэг том талбар болчихлоо. Гадагшаа явмаар байна, Монголд амьдрах арга алга гэж байгаа нь магадгүй бухимдлаа илэрхийлж байгаа нэг хэлбэр.

Хоёрдугаарт, иргэдийн ирээдүйд итгэх итгэл, ирээдүйн талаарх төсөөлөл буурч байна гэсэн үг. Өмнөх судалгаануудаас харахад монголчууд уг нь ирээдүйдээ илүү өөдрөг ханддаг. “Амны билгээс ашдын билэг” гэж ярьдаг шүү дээ. Тэр утгаараа ирээдүйд итгэх итгэл нь харьцангуй өөдрөг байдаг онцлогтой ард түмэн. Тодруулбал, хувь хүний түвшинд ирээдүй маш сайн байх байх аа гэсэн итгэл үнэмшил өндөр байдаг. Яг бодит хүрээлэн буй орчин буюу нийгэм, улс төр, эдийн засаг, байгаль орчны асуудал дээр сөрөг. Энэ нь хүрээлэн буй орчинд итгэх итгэл нь буурч байгаа гэсэн үг. Эдийн засаг, санхүү, улс төр, нийгмийн хувьд Монгол Улс хүнд байна. Тэгэхээр өөртөө гэхээс илүү амьдарч байгаа орчиндоо сэтгэл дундуур байдал нэмэгдэж байна. Түүнийгээ илэрхийлж, илүү сайн орчинд ажиллаж амьдрах сонирхолтой болж байна гэсэн үг. Хэрэв хоёр дахь байдал нь давамгайлж байгаа бол нийгмийн сэтгэл зүй нэлээд хүнд талдаа орж байна гэсэн үг.

Ер нь ямар газраас хүмүүс дүрвэдэг гэхээр байнгын тогтворгүй байдалтай, дайн тулаантай, эсвэл байнгын хавчлага, дарамттай газраас хүмүүс дүрвэдэг. Тэр бол хэрэгцээн дээр гэхээс илүү сэтгэл зүй дээр тулгуурласан шийдвэр байдаг.

-Бидний өдөр тутамд авч байгаа мэдээллүүд сөрөг, бараан талдаа дийлэнх байна. Шалтгаан нь юу байна. Үр дагаврын хувьд та хэлээч?

-Мэдээж нийгмийн давамгайлах харилцаа ямар байна, тэр нь тухайн хүний зан үйл, бие хүний хувьд нөлөөлж эхэлнэ. Өөрөөр хэлбэл, байнга сөрөг харилцаанд ороод байвал эерэг байхад хэцүү. Байнга сөрөг мэдээлэлд автаад байх нь сөрөг санаа бодлыг бий болгоод байна. Ер нь болохгүй байна, асуудалтай байна гэсэн санаа бодлыг бататгана. Нөгөө талаасаа сөрөг мэдээлэл илүү хүчтэй тархаад байна гэдэг олон нийтийн сэтгэл санааны тогтворгүй байдлын илэрхийлэл.

Хэрэв бүх юм нь болж бүтээд байвал сөрөг мэдээлэлд ач холбогдол өгөхгүй шүү дээ. Гэтэл иргэд өөрсдөө бухимдалтай байх тусам сөрөг мэдээлэлд илүү их ач холбогдол өгдөг. Тэр нь эргээд өргөн хүрээнд цацагдаад байгаа юм. Сөрөг мэдээлэл илүү их түгээгдэж, хэлэлцүүлэгдэж, олон нийтэд хүрээд байна гэдэг тэр асуудалд бухимдаж байгаа хүмүүсийн тоо их байна гэсэн үг.

-Тэгвэл нийгмийн сэтгэл зүйд эерэг зүйл юу байна вэ?

-Мэдээж хүмүүс шүүмжлэх ёстой гэж бодож байгаагаа шүүмжлэх эрхтэй. Гэхдээ хэдий бухимдалтай байгаа ч манай нийгэм харьцангуй тогтвортой нийгэм. Хэт олон янзын хагарлууд байдаггүй, шашин хоорондын зөрчилдөөн байхгүй. Эдийн засгийн өсөлтийн хувьд ч харьцангуй тогтвортой. Яах вэ, хүчтэй донсолгоо нийгэмд үүсвэл нөхцөл байдал эргэж магадгүй.

Түүнээс манай нийгэм харьцангуй нээлттэй. Олон талын мэдээллийг авах боломжтой, хүмүүс үзэл бодлоо илэрхийлэх эрх нь нээлттэй байна. Ийм байдалд иргэд бухимдлаа илэрхийлэх, гаргах, нөгөө талаас хэрхэн яаж шийдвэрлэх зэрэг олон асуудлыг шийдэх боломжийг нээлттэй орхиж байна гэсэн үг.

Гуравдугаарт, нийгмийн санаа бодол, хүний эрхийг хүндлэх, хүн өөрөө нэр төртэй байх, үнэт чанарыг дээдлэх, хүндлэх чиглэл рүү явж байгаа. Залуус өөрчлөгдөж, дэвшингүй нийгмээс суралцаж байгаа хандлагууд ч байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Баяраа: Ж.Пунцаг 500 саяар нэг вагоны оочер дайруулахад л “Ланд 300”-гаа авчих боломжтой гэж хардах үндэслэл байгаа

Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Баяраатай ярилцлаа.


-Улаанбаатар төмөр зам ХХН-ийн Дотоод аудитын албаны дарга Ж.Пунцагийг вагоны оочер дайруулж авлига авсан байж болзошгүй гэж АТГ-аас саатуулсан гэсэн мэдээлэл гараад байна. Та яг энэ асуудлаар хэдхэн сарын өмнө мэдээлэл хийж байсан хүн. Улаанбаатар төмөр замд юу болоод байна вэ?

-Урд шөнө цахим сайтуудаар “Ж.Пунцагийг баривчиллаа” гэх мэдээлэл яваад байна лээ. Яг барьсан, бариагүйг мэдэхгүй. АТГ бол хэнд ч тайлагнадаггүй ажлаа явуулдаг газар. Би Ж.Пунцагт хувийн өш хонзон байхгүй. Би АТГ-т энэ талаар гомдол гаргасан. Би зөвхөн Ж.Пунцаг ч гэдэггүй, төмөр зам дээр болоод байгаа бусармаг асуудлын талаар цагдаа, АТГ гээд бүхий л газар ханддаг. Хэн нэг хүнтэй тооцоо бодох гэхээс илүү нийгэм эрүүлжээсэй, ядаж төмөр зам нь эрүүл саруул оршин тогтноосой гэдэг үүднээс асуудалд ханддаг. Энэ нийгэмд аль болох дуу хоолойгоо хүргэж байж цэвэрлэхгүй бол бохирдуу нийгэм тогтчихсон. Академич С.Нарангэрэл гуай өчигдөр нэгэн ярилцлагандаа дурдсан байна лээ.

“Ингээд ирэхээр хэн нэгэн хөдөлж байж асуудлыг ил гаргаж байж нийгмийг цэвэршүүлнэ, үр удамдаа бид нар зөв цэгцтэй, цэвэр нийгэм үлдээх үүрэг хүлээх ёстой” гэж.

Одоо бол хэт эдийн засаг гэдэг агуулга нь Засгаасаа халиад яах аргагүй хувь хүн дээр тогтоод хөнгөн аргаар, хөдөлмөр бага зарцуулж мөнгө төгрөг хураахыг эрхэм зорилго болгоод ирэхээр айхтар юмнууд нь гарч эхэлдэг. Энэ нь сүүлдээ намын дэмжлэг, улс төрийн тогтолцоотой болж хувирч байгаа нь энэ нийгмийн гамшиг. Ж.Пунцаг бол намын томилгоотой шахуу, дээр нь найз нөхдийн буянгаар төмөр замд анх орж ирж байсан хүн.

-Танайд хэзээ томилогдсон юм бэ?

-Томилогдоод зургаан жил болох гэж байна. Орж ирсэн цагаасаа л хүний эрхийг зөрчсөн, хөдөлмөрлөх эрхэнд халдсан эвгүй үйлдлүүд хийгээд явчихсан хүн л дээ. Өөрөө бол цагдаа, хууль хүчний байгууллагаар мэргэшчихсэн. Тэр утгаараа асуудалд ханддаг. Тэгээд эхлэхээр юмыг арай өөр өнцгөөр хардаг юм билээ. Ялтан, гэмт хэрэгтэнтэй хүн ажиллаад ирэхээр хүнийг тэр өнцгөөс хараад сурчихдаг. Ингээд л хүйтэн, уур амьсгалыг хөдөлмөрийн харьцаа руу оруулаад ирсэн. Энэ үеэс нь эхлээд би эсэргүүцсэн. “Чиний уулзаж байгаа хүн бүр хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг. Албан тушаалаар ажил хийдэг хүмүүс биш” гээд л асуудал эхэлж байсан.

Гэтэл дараа нь хийж байгаа үйлдлүүд нь хэт нэг талыг бариад, бохироор хэлэхэд хулгай хийж, хууль дүрэм зөрчөөд байгаа үйлдлүүдийг хамгаалах байдлаар ажилласан. Тэр том бохирын хамгаалалтыг хийхдээ эгэл ажилчдыг хэлмэгдүүлдэг.

-Жишээ, кейсээр яривал илүү бодитой болов уу?

-Ж.Пунцагийг судлаад эхлэхээр мөнгө олох ажлыг түлхүү хийгээд байгаа нь анзаарагдсан. 2018 оны 12 дугаар сард мөн л би АТГ-т түүнийг шалгуулахаар хандаж байсан. Төмөр замын вагон засварын депо Зүүн хараад байдаг. Тэнд хаягдал төмрийг гурван вагоноор нь тушааж байсан.

-Ж.Пунцаг уу?

-Тийм. Ж.Пунцаг өөрөө зохион байгуулсан. Үүнийг нь би өөрт нь ч хэлж байсан. Тэгэхэд “Би Замын даргаас зөвшөөрөл аваад хийсэн ш дээ. Гурав биш ээ, нэг вагон л худалдсан” гэж өөрөө ам алдсан. Гэтэл надад, гурван вагон зарсан зураг хөрөгтэйгөө баталгаатай мэдээлэл ирж байсан. Тэр мөнгө нь нэр бүхий хүмүүсийн халаас руу ороод л дууссан.

Харин сая юу болсон бэ гэхээр хил хаагдахаас өмнө вагоны дугаарлалт дайруулдаг, тэндээс ашиг олдог асуудал төмөр замд эрчээ авсан. Энэ үнэн. Түүнийг ярьдаг хүмүүс маш цөөн. Бизнесийнхэн өөрсдөө ярьчихаар дараа нь эрх ашиг нь зөрчигдчихнө. Тийм учраас айгаад ил гаргахгүй. Тэгсэн хэрнээ үүнийг нийгмээрээ мэддэг болсон. УИХ-ын гишүүд яриад эхэлсэн. Хил хаагдсанаас хойш тэр асуудал ерөнхийдөө зогслоо.

Гэтэл нөгөө хүний амьдралыг би бүрнээ мэднэ. Зургаан жил төмөр замд ажиллахдаа завсарт нь нэг удаа АТГ-т шалгуулаад явсан. Гэхдээ тухайн үеийн төмөр замын удирдаж байсан хүмүүсийн санаатай, санамсаргүй нь мэдэхгүй алдаатай шийдвэрээс болж шүүхдэж байгаад буцаад ороод ирсэн.

Ингээд л нөгөө бохир технологи нь үргэлжилсэн. Түүний үр дүнд саяны асуудал үүссэн. АТГ-т өгсөн асуудалд хэрэг үүсгээд явж байна гэсэн. Харин зарим нэг хүмүүсийг ажлаас халж, арга хэмжээ авч байгаа байдал харагдаж байна лээ. Ямартаа ч энэ асуудал нэг талдаа гарах болов уу гэж харж байна. Гарахгүй бол би дахиад л үргэлжлүүлээд явна.

-Цар тахалтай үед төмөр замын ачаа тээвэр яаж явж ирэв?

-Цар тахал үүссэнээс хойш тээврийн бүх хэрэгсэл бараг зогссон доо. Ийм хүнд үед төмөр замын ачаа тээвэр зогсоогүй юм. Их сайн явж байсан. Сүүлдээ нуранги ачааг хятадууд хүлээж авахгүй гэсэн. Өөрөөр хэлбэл, пол вагон гээд манай нүүрс ачдаг вагон шүү дээ. Энэ вагонд нүүрс, төмрийн хүдэр гаргаж байсан. Гэтэл хятадууд нуранги ачааг пол вагоноор биш чингэлгээр явуулна гээд хилээ хаачихсан. Ер нь энэ бол дэлхий нийтийн стандарт л даа.

Ингээд чингэлэг явахтай холбоотой хүндрэлтэй асуудлууд үүсээд гацаанд орчихсон. Яах вэ, одоо бол өдөрт 10 хүрэхгүй, найм есөн галт тэрэг гараад байх шиг байна. Гэхдээ энэ бол төмөр замын бүрэн хэрэгцээг хангаж чадахгүй байгаа. ажил бол 60, 70 хувиар буурчихсан гэсэн үг. Ийм хүнд хэцүү үед төмөр замчдаа тэжээнэ гэдэг том асуудал л даа.

-Хятадын талаас цар тахлын үед ингэж шаардсан нь ямар нэг шалтгаан байна уу?

-Яах вэ, дэлхийн стандарт гэж дээр хэллээ шүү дээ. Нөгөө талд магадгүй ийм хардлага бий. Төмөр замд бүх юм тарифаар явдаг. Гэтэл нүүрсийг гэхэд 50 вагон тавиулаад л нэг хүн 500-600 сая төгрөг авлигад аваад эхэлдэг бохир тогтолцоо тогтоод эхлэхээр төмөр замчид маань авлигатай ачаа тээгээд эхэлж байгаа юм. Магадгүй том гүрнүүд Монгол тарифын алдагдалд оруулаад эхэлбэл дэмий юм байна гээд хүчээр ч юм уу хийж байгаа технологи байхыг үгүйсгэхгүй.

Нүүрсийг шууд вагоноор нь ачаад эхлэхээр энэ дотор хэдэн вагон тавиулахын тулд тэнд очоод ашгаа олчих учраас нэг оочер дайруулсан тохиолдолд 500 сая төгрөг юу ч биш санагдаж байна шүү дээ. Энэ чинь л тарифын зөв тогтолцоог алж байгаа явдал шүү дээ.

-Цар тахлаас үүдэлтэй ачаа тээвэр их гацлаа. Авто тээврээс илүү төмөр замаар хийвэл өртөг багатай гэдэг. Гэтэл төмөр зам дээр ийм авлигын асуудлууд дэгдэж байж. Энэ явдал ачаа тээвэрт нөлөөлсөн үү?

-Магадгүй ийм асуудал үүсээд эхэлсэн учраас өнөөдрийн нөхцөл байдал бий болж байгаа байх. Одоо бол засч залруулах ажил явж байна гэж ойлгож байна. Хоёрдугаарт, Хятадын ачаа тээврээр дамжуулах чадвар их нөлөөлсөн. Тяньжинь боомт дээр манайхны ачаа нэг хэсэг бөөгнөрөөд далайн тээвэр нь хүртэл гацаанд орсон. Одоо бол хилийн “0” цэг дээр цаанаасаа контейнеруудаа татаж авчраад машинаар нааш нь оруулж ирж байгаа. Тэндээсээ төмөр замаар шилжүүлж ачаагаа татаад эхэлчихлээ.

Аль ч улс орны төмөр замын ачаа тээвэр аюулгүй, хурдан шуурхай тээж байгаа боломж. Цар тахлын үед ч маш тодорхой харагдлаа. Онгоц, авто нь зогсчихсон байхад төмөр замаар л ачаагаа тээж байсан.

Урд зах зээл дээр нүүрс үнэд ороод тэгээд л энэ асуудал оволзоод эхэлсэн. Тэр үед хүмүүс ч над руу ярьсан. Ажилчид бас ярина шүү дээ. Яахав би бас сураглаж үзсэн, танил талаасаа асуусан. Хариуд нь “Үнэндээ танай төмөр зам хэцүү ш дээ. Нэг вагон ачуулахад тэдэн төгрөг гэдэг” гээд л ярина. Нотлоод өгөөч гэхээр “Үгүй. Миний хоол, миний амьдрал ш дээ” гэдэг.

-Тэгвэл ажилчид юу гэж ярих уу?

-Энд тэдэн вагон тавиулчихлаа, эд нар хоорондоо тохиролцоонд хүрсэн байх гэх нь бий. Мөн “Тэр рүү тэр утсаар ярьсан байх магадлалтай. Түүнээс хойш ийм асуудал гарлаа. Тэр компани ингээд тавиулчихлаа, тэр компанийн тэдэн вагон оочер дайраад ороод ирлээ. Энэ бол оочерт байгаагүй компани” гээд над руу ярина.

-Нэг вагоны оочер дайруулахад 200 сая төгрөгийн авлига яригддаг гэх юм. Гэтэл бүр 500 сая төгрөг байх нь ээ?

-Зарим нэг нь сүүлдээ 500 сая хүрлээ гэж ярьж байсан. Урд нь 150, 200 байлаа гээд л яригдаж байсан. Бүр хоёр гурван жилийн өмнө ч нэг вагон үнэ тогтчихсон дуулдаж байлаа. Би ч бас энэ асуудлыг хөндөөд хэлэхээр намайг хариуд нь гүжирдлээ гээд цагдаад өгч байсан тохиолдол бий. Гэтэл өнөөдөр энэ нь ил болоод л явж байна.

-Өдөрт 10 гаруй вагон явж байсан гэлээ. Оочер дайруулах тохиолдол хэр их байх магадлалтай вэ?

-Хэдий оочероор явж байсан ч вагон бүрт тийм байх боломжтой. Танай вагонд тавьж өгч чадахгүй нь гэж хэлэхэд л хүн ажлаа явуулахын тулд ярих асуудал үүсчихээд байгаа юм. Түүнийг зохицуулахын тулд вагон бүрт ийм асуудал гарах магадлалтай. Их үү, бага уу гэдэг нь янз бүр байх.

Ухаандаа төмөр зам цахимжихын хувьд цахимжсан. Оочер дугаар нь ил болсон уу, болсон. Миний явуулах ачаа 10 хүний дараа байна гэж харж болдог. Гэтэл мөнгөтэй, чадалтай, эрх мэдэлтэй хүмүүс миний хүлээж байгаа дарааллын урдуур дайруулж оруулаад 50 вагоныг нь тавиулаад нүүрсээ ачуулчихна. Нүүрс урд хөршид үнэтэй байгаа энэ үед 500 сая юу ч биш байх магадлалтай. Ингээд нэг вагон ачуулахад л 500 сая төгрөг ороод ирнэ гэхээр Ж.Пунцаг 300 сая төгрөгийн “Ланд-300” машиныг нэг л хулгай хийхэд авчих боломж нээгдчихэж байгаа юм. Тэгээд л Ж.Пунцагийг хардсан хардлага маань тэр.

-Тийм өндөр үнээр вагон дайруулж байгаа нь урд хөршид нүүрс, төмрийн хүдрийг өндөр үнээр авдагтай холбоотой гэсэн үү?

-Ер нь зэсийн үнэ өсч байна. Төмрийн хүдэр өсч байна. Манай төмрийн хүдэр гаргадаг хүмүүс урагшаа л гаргадаг шүү дээ. Цаанаа ямар үнэ ханштай, ямар наймаа явдаг нь бизнесийн нууц байх. Төмөр замчин бидэнд тэр нь хамаагүй. Харин төмөр замчид авлигатай ачаа тээх албагүй, үүрэггүй.

-Та бол энэ асуудлыг эрт ярьж хэлж байсан хүн. Ж.Пунцагийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж та мэдэгдэж байсан?

-Дээр ярьсан асуудлаар энэ хүн үндэслэлгүйгээр хөрөнгөжих боломж харагдаад байна, шалгаач гэж АТГ-т хандсан. Энэ хүний төмөр замд байсан амьдрал, орж ирснээс хойш яаж ажилласныг би мэднэ. Авдаг цалин нь ийм машин авах хэмжээнд хүрэх үү, үгүй юү гэдгийг хүн юм чинь шинжинэ. Манайд хамгийн өндөр цалин авдаг машинч нар гэхэд л насаараа хөдөлмөрлөөд ийм машин чадахгүй л байхгүй юу. Өрхийн төсөв, цаанаа зарцуулах зардал зөндөө шүү дээ. Ж.Пунцагт бол ирээд зургаахан сар ажиллахад ингэж авахаар хүнд хардах өнцөг төрнө шүү дээ.

Өөрөө тайлбарлахдаа “Би урд нь “Ланд-200”-тай байсан” гэсэн. Тийм л дээ, түүнийгээ ч ямар зарчмаар авсныг мэдэхгүй. Түүнийгээ зарж байгаад, хүнээс мөнгө нэмж зээлээд “Ланд 300”-гаа авсан гэдэг юм. Мэдээж тийм асуудал хүнд байх ёстой байх. Гэхдээ Ж.Пунцаг шиг хүний цалингаар, цаанаа дэмжлэг болох компанигүй бол үүнийг авах хэцүү.

Би дээр хэлсэн, Ж.Пунцагтай хувийн өс хонзон байдаггүй. Ганцхан гаргаад байгаа технологийн алдаа, хүнтэй харьцаж байгаа ёс зүй, хийж байгаа үйлдлүүдээс нь бохир юмнууд харагдаад байдаг. Шантаалжилж байж хүнийг ажилд авах асуудал зөндөө. Эсвэл нэг өө сэвэн дээр нь барьж аваад өөрийнхөө хэрэгцээг хангаад явдаг. Энэ бол бохир тогтолцоо.

Аль ч байгууллагад дотоод аудит байдаг. Энэ нь голдуу санхүү дээр суурилсан. Тухайн дотоод аудит нь санхүүгийн зөрчил, мөнгө төгрөгтэй холбоотой асуудлуудыг ил гаргаж ирээд бүр болохгүйг нь хуулийн байгууллагад өгч шалгуулаад шийддэг тогтолцоотой. Гэтэл манай төмөр замын дотоод аудит нь хажуудаа хяналтын гэж нэр өгч байгаад Ж.Пунцагийг ажилтай болгосон юм шүү дээ.

-Тодруулж хэлэхгүй юү?

-Зам тээврийн хөгжлийн яамны дэд сайдаар шилэн Цогоо буюу Б.Цогтгэрэл гэдэг гэдэг хүн томилогдсон. Тэр томилгооны эзэн шууд “Улаанбаатар төмөр зам” ХХН-ийн ерөнхий хорооны Монголын талын ахлагч болдог юм. Б.Цогтгэрэл ингэж томилогдоод өөрөө Ж.Пунцагийг хөтлөөд орж ирээд танилцуулж байсан хүн. “Төмөр замд миний оруулж ирж байгаа хоёр хүн бий. Түүний нэг нь Ж.Пунцаг шүү” гэж танилцуулж байв.

-Сонгон шалгаруулалт явагдсан уу?

-Явагдаагүй. Уг нь байх ёстой. Миний яриад, шаардаад байгаа юм чинь л энэ. Дотоод хяналт, аудитын алба гэдгийг Ж.Пунцагт зориулж нээгээд албан тушаал өгч байгаад цагдаа, тагнуулд ажиллаж байсан хүмүүсийг татаад хяналт хийдэг албыг бий болгосон юм шүү дээ.

Шударга, үнэнийг тогтоодог хүмүүс уг нь хууль, шүүхийнхэн. Ийм тогтолцоо байсаар байтал дотор нь өөрсдөө шалгаад, бүр тогтоогдсон тул, халсугай гэж оруулж ирдэг алба болсон. Харин өөрсдийнхөө хамгаалах хүмүүсээ хамгаалж, өөрсдийнхөө хүсэл зорилгыг гүйцэлдүүлээд байгаа нь ч харагддаг. Улаанбаатар төмөр зам бол хүчний байгууллага биш, зүгээр тээврийн компани шүү дээ. Ялангуяа дэргэдээ тээврийн цагдаатай байгууллага дотор хүчний байгууллага шиг ажиллуулж байгаа нь буруу бүтэц. Яахав, олон улсын жишгийг харахад ийм том компани дотроо дотоод хяналтын нэгжтэй байхыг зөвшөөрдөг. Гэхдээ ингэж 10 гаруй хүнтэй хэлтэс ажиллуулдаг, тэр нь хүний эрхийг зөрчдөг байж болохгүй.

-Та АТГ-т өмнө өөр ч асуудлаар хандаж байсан гэсэн. Бас л их мөнгөн дүнтэй хэрэг сонсогддог?

-Төмөр замд чинь том том мөнгөн дүнтэй асуудлууд болдог юм. Тэр бүрийг би ярьдаг, яриад дийлэхгүй нь ч байна. Одоогоос хоёр, гурван жилийн өмнө Хятадад хэдэн вагоныг их өндөр өртгөөр засуулсан байдаг. Өртөг нь 15.2 тэрбум төгрөг болсон. Ажлын процессын, хяналтын маш том алдаанууд үүн дээр гарсан. Жишээ нь, хүлээлгэж өгөхдөө бүрэн гүйцэд хүлээлгэж өгөөгүй. Засвараас хүлээж авахдаа хүлээлцсэн акт үйлдээгүй, шууд авчихсан. Энэ асуудлаар талийгаач Ж.Жигжиднямаа дарга шалга гэж үүрэг даалгавар өгсөн байдаг.

Ж.Пунцаг ч өөрөө үүрэг даалгавар албандаа өгөөд тэр асуудлыг шалгуулсан. Байцаагч нар нь зөрчлийг илрүүлсэн. Гэтэл Ж.Пунцаг дараа нь таг болчихсон. Би бол түүнийг энэ том хэргийг нуун дарагдуулсан, хамтарч оролцсон гэж үздэг.

-Өмнө нь нэг бус удаа хууль шүүхэд дуудагдаж, саатуулагдаж байсан хүн юм байна. АТГ-аас ажиллуулахгүй гэсэн бичиг ирж байсан гэв үү?

-АТГ-аас нэг бус удаа наад хүн чинь албаны дарга хийж болохгүй юм байна шүү, урд нь авлигын хэрэгт холбогдож ял авч байсан. Тиймээс энэ ажлыг хийж болохгүй гэсэн шаардлагыг УБТЗ руу өгч байсан. Тэгэхээр нь албаны дарга байсан Ж.Пунцагийг орлогч дарга болгочихсон. АТГ-аас дахиад бичиг ирсэн. Наад хүн чинь ажилласан хэвээр байна, та нар ажиллуулаад байна гэхээр халсан байдаг. Тэгэхээр нь Ж.Пунцаг би албаны дарга биш, орлогч дарга байсан. Тэгэхээр би ХОМ өгдөг албан тушаалтан биш байтал халчихлаа гээд шүүхдсэн.

Ингээд нэхэмжлэлээ хангуулаад жилийн дараа төмөр замд ороод ирсэн. Тэр хугацаандаа Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт ажиллаж байсан. Гэтэл төмөр замд орж ирээд нөхөн олговор авчихаж байгаа юм. Би хэлж байсан, тэгэхэд “Хуулинд харшлах зүйл байхгүй” гэх жишээний. Ингээд л нэг газар ажиллаад цалин аваад, нөгөө газраас нөхөн олговор яваад явж байгаа нь ерөөсөө төмөр замын албан тушаалыг хөрөнгөжих бохир газраа гээд бодчихсон хүн гэж би харддаг. Одоо шалгаж байна л гэнэ. Дахиад ч хэрэгсэхгүй болоод гараад ирэх магадлал тун өндөр.