Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Баатарсайхан: Монгол Улс үндэстэн дамнасан болон тусгай субьектүүдийн үйлдсэн гэмт хэргийг мөрддөг мэргэшсэн албатай болох ёстой || DNN.mn

Үндэсний мөрдөх алба байгуулахтай холбоотой асуудлаар “Соёмбо” хуулийн фирмийн гүйцэтгэх захирал, хуульч өмгөөлөгч Б.Баатарсайхантай ярилцлаа. Тус хуулийн фирм Хууль зүй, дотоод хэргийн яамны захиалгаар мөрдөх албатай холбоотой судалгааг хийж байжээ.


-Мөрдөх албаны тогтолцоо буруу байгаа учраас Жастын Ш.Батхүүгийн хэрэг гэхэд 10 жил үргэлжилж байна-


-АТГ, цагдаа, тагнуулынхныг шалгадаг Мөрдөх албатай болох тухай эртнээс яригдсан. 2013 онд гэхэд хуулийн төсөл өргөн баригдаад буцсан удаатай. Одоо бол Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Үндэсний мөрдөх албатай болно” гэж тодорхой хэлж байна. Танай судалгаанд ямар үр дүн гарав?

-Эхлээд Монгол Улсад мөрдөх алба байгуулагдаж байсан түүхийг товч дурдах нь зүйтэй байх. Цагдан сэргийлэх байгууллагын дэргэд Мөрдөх алба 1935 онд анх байгуулагдсан түүхтэй. 1939 онд Тагнуулын байгууллага Мөрдөн байцаах хэлтэстэй болсон. 1962 онд Цагдан сэргийлэх байгууллагаас Мөрдөх албыг салгаж, прокурорын харьяанд шилжүүлэх тогтоолыг тухайн үед Сайд нарын зөвлөл гаргаж байж. Улаанбаатар хотын прокурорын газарт Мөрдөн байцаах хэлтэс, Аймгийн прокурорын дэргэд Мөрдөн байцаах групп гэсэн байдлаар харьяалуулсан байгаа юм. Үүнээс хоёр жилийн дараа Цагдан сэргийлэх байгууллагад буцаасан байдаг. Эргээд 1992 онд Улсын бага хурлын шийдвэрээр мөрдөн байцаах байгууллагын бүтцийг прокурорт шилжүүлсэн. Энэ явцыг харахаар мөрдөн байцаах байгууллагын бүтэц чиг үүргийн хувьд тогтсон хэв маяг байхгүй явж ирсэн.

2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар Улсын прокурорын дэргэд Мөрдөн байцаах албыг байгуулсан. Хуулийн шинэчлэлээр тагнуул, цагдаа, прокурор, шүүгчийн үйлдсэн гэмт хэргийг шалгана гээд харьяаллыг нь заагаад өгчихсөн. Та бүхэн мэдэх байх, 2014 онд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Улсын прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгаж, АТГ-т ерөнхийд нь харьяалуулсан.

-Цагдааг АТГ, АТГ-ын мөрдөгчдийг цагдаа шалгаад л…

-Тийм. Одоогийн бүтцээр бол цагдаагийн албан хаагчийн үйлдсэн гэмт хэргийг АТГ-т шалгадаг. АТГ болон цагдааг хамтад нь Тагнуулын ерөнхий газар шалгадаг. Тагнуул, АТГ, шүүгчийг ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба шалгаж байна.

УИХ-ын даргын 2019 оны захирамжаар хүний эрх шударга ёсны хэрэгжилтийг хангах, хууль хяналтын байгууллагад хууль тогтоомжоор олгогдсон эрхээ хэтрүүлсэн, иргэдтэй зүй бус харьцаж, Үндсэн хуулиар олгогдсон эрх, эрх чөлөөг зөрчсөн хуулийн байгууллагын албан хаагчидтай холбоотой гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг шалгаж, хараат бус байгууллага байгуулах эсэх асуудлыг судалж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан байдаг. Энэ хүрээнд манай байгууллага судалгаа хийж, Хууль зүй дотоод хэргийн сайдад танилцуулсан.

Судалгааны үр дүнд Монгол Улс өөрийн онцлогт тохируулсан тусгай чиг үүрэгтэй, мэргэшсэн чадварлаг мөрдөх албыг байгуулах шаардлагатай гэж дүгнэсэн. Тагнуул, цагдаа, прокурорын байгууллагын ажилтнууд иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон эрх, эрх чөлөөг зөрчих асуудал хавтгайрсан. Үүний хамгийн том жишээ нийгэмд дуулиан боллоо шүү дээ. Яахав, одоо эцэслэн шийдэгдээгүй байгаа.

-С.Зоригийг хөнөөсөн хэрэгт холбогдсон хүмүүсийг эрүүдэн шүүсэн тухай та хэлээд байна уу?

-Тийм, С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой эрүү шүүлтийн хэрэг. Тэр хэргийг шалгасан тагнуул, цагдаа, прокурорын хүмүүс гэмт хэрэг үйлдсэн болох нь эхнээсээ тогтоогдож байна.

Тэгэхээр бусад орны жишиг ч тэр, мөрдөх алба нь маш мэргэшсэн байх ёстой байдаг. Гэтэл одоо бол манайд АТГ-т Мөрдөн шалгах хэлтэс, Тагнуулын ерөнхий газарт Мөрдөн шалгах газар, Цагдаагийн ерөнхий газарт Мөрдөн байцаах алба гэж тусдаа бүтэц байна. Гэтэл гэмт хэрэг гэдэг зөвхөн ахуйн хүрээнд хулгай, дээрмээр нийгэмд үзүүлэх хор уршиг ихтэй өндөр зохион байгуулалттай, үндэстэн дамнасан хэргүүд жил ирэх бүр нэмэгдэж байна. Хүний наймаа, хар тамхи, цахим гэмт хэрэг, авлигын томоохон хэргүүд гээд. Тухайлбал, авлигын хэрэгт оффшор бүсэд нуусан хөрөнгө илрүүлэх гэдэг Дорж, Дулмаагийн гэрт үзлэг хийхээс өөр асуудал.

Тийм учраас энэ чиглэлийн хэргүүдийг шалгах субьект зайлшгүй тусдаа байх ёстой гэдэг нийгмийн хэрэгцээ шаардлага харагдаад байгаа. Монгол Улс дэлхийн чиг хандлагад нийцсэн, мэргэшсэн, чадварлаг хууль сахиулах байгууллагыг бий болгох ёстой.

-АТГ, цагдаа, тагнуулын мөрдөх албадын чиглэл зарим үед давхарддаг. Үүнээс үүдэж янз бүрийн үр дагавар гардаг гэв үү?

-Яг нарийн хэлэх юм бол мөрдөх чиглэл давхарддагаас үүдэж ашиг сонирхлын зөрчил үүсдэг. Тиймээс харьяалал тогтоох асуудлыг зайлшгүй харж үзэх шаардлагатай. Зарим тохиолдолд, прокуророос авлига, тагнуул, цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг гаргаад шалгадаг тогтолцоо байдаг.

-Олны анхаарлыг татсан, удааширсан хэрэг дээр Ажлын хэсэг байгууллаа гэж мэдэгддэг. Гэхдээ үр дүн яаж гардаг нь тодорхой бус л үлддэг?

-Прокурор авлига, тагнуул, цагдаагийн хамтарсан ажлын хэсэг гаргаж байх биш энэ төрлийн хэрэгт мэргэшсэн чадварлаг бүтэц, боловсон хүчин байх ёстой болчихоод байгаа юм. Өмгөөлөгч хуульчийн хувьд тухайн ажлын хэсгийн чиг үүргийг харахад хуулин дээрээ энэ хэргийг АТГ шалгана гэчихсэн байдаг. Эсвэл энэ төрлийн хэргийг цагдаа шалгана гэх нь байна. Тэгвэл хамтарсан ажлын хэсэг дээр цагдаагийн байгууллага Авлигын эсрэг хуульд заасан харьяаллын гэмт хэрэг дээр ямар байдлаар орж ирэх юм. Тагнуулын хэрэг дээр АТГ, цагдаа нь ямар байдлаар оролцох юм бэ. Энэ байдал тодорхойгүй байдаг. Угтаа бол гэмт хэргийн шинж байдал, нийгмийн аюулаас үүдэж зайлшгүйгээр томоохон гэмт хэргийн илрүүлэх асуудалд нэгдсэн зохион байгуулалт хэрэгтэй харагдаад байгаа юм.

Нөгөө талаас харахад, цагдаа бол гэмт хэрэг зөрчлөөс урьдчилсан сэргийлэх ажлыг хийж байх ёстой. Монголын цагдаа өнөөдөр иргэний цагдаа байх ёстой. АТГ нь соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх ажлыг хийх ёстой болохоос биш гэмт хэрэг гарсан хойно нь зарлаад суух ёсгүй. Прокурор ч тэр, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийг судалж үнэлэлт дүгнэлт өгөх ёстой байгууллага. Энгийн жишээ хэлэхэд, дүүргийн цагдаагийн хэлтэс дээр үйлчлүүлэгчтэйгээ мэдүүлэг өгөхөөр очихоор мөрдөгч “Би хамгаалалтад явж байна” гэдэг. Энэ юу гэсэн үг вэ. Гэмт хэргийн мөрдөгч гудамжинд хамгаалалтад зогсож байж болох уу. Мөрдөгч бол зөвхөн тухайн хэргийнхээ араас ажиллагаа явуулж, иргэдийн зөрчигдсөн эрх, нийгмийн хор уршгийг арилгахын төлөө явах ёстой.

-Шинээр байгуулагдахдаа тулбал Мөрдөх албаны чиг үүргийг тодорхой хэлж өгөөч?

-Хүн худалдаалах, хар тамхи, томоохон авлигын хэрэг том хэргүүд дээр ажилладаг мэргэшсэн мөрдөгчид байх ёстой. Авлигын хэрэг дээр ч тэр. Гэтэл манайд хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууслаа, ял завшуулах боломж олголоо гэж хэл ам гараад байдаг нь манай улсын мөрдөх, хэрэг илрүүлэх тогтолцоонд алдаа байгааг харуулж байгаа явдал. Хуульчийн хувьд цагдаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журмыг хамгаалах, шаардлагатай үед гэмт хэрэг гарсан дуудлага мэдээллээр очлоо гэхэд хэргийн газрыг хамгаалалтад авч, хэрэг бүртгэлт хийгээд мөрдөх албандаа шилжүүлж байх ёстой.

-Харьяалал нь хаана байх ёстой вэ?

-Бие даасан УИХ-ынхаа харьяанд байх уу, Хууль зүйн сайдынхаа дор байх уу. Олон улсын жишиг янз бүр байдаг. Зарим нь прокурорын харьяанд байх уу гээд. Манайхаар бол хууль хэрэгжүүлж байгаа газар учраас Засгийн газрынхаа харьяанд байх нь зүйтэй гэж хардаг. Хууль тогтоох байгууллага УИХ Үндсэн хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээд явдаг. Ард иргэдийн аюулгүй байдал, Үндсэн хуулиар олгогдсон аюулгүй, чөлөөтэй амьдрах нөхцөлийг Засгийн газар бүрдүүлэх ёстой.

Энэ дотроо Мөрдөх алба гэж бие даасан мэргэшсэн алба байх ёстой. Мэргэшсэн гэж онцолж байгаа юм шүү. Үүнийг онцолж байгаа учрыг тайлбарлая. Жишээ нь, дүүргийн цагдаагийн хэлтэс дээр шинэ төгссөн мөрдөгч сууж байдаг. Гэмт хэргийг цагдаа нар нутаг дэвсгэрийн харьяаллаар шалгана. Шүүх нь ч нутаг дэвсгэрийн харьяаллаар явж байгаа. Дөнгөж төгссөн мөрдөгч онц хүнд гэмт хэрэгтний үйлдсэн хэргийг шалгах асуудалд анхаарах ёстой. Харин мэргэшсэн, төрөлжсөн мөрдөгч бол ямар ч хэргийг шалгачихна. Тийм учраас Мөрдөх алба төрөлжих ёстой. Авлига, цахим гэмт хэргийн мөрдөгч нар тусдаа, хүн худалдаалах, хар тамхи нь тусдаа. Дээр нь мөрдөгч нарын аюулгүй байдал, ар гэрийн хамгаалалт маш сайн байх ёстой.

Их хэмжээний хохиролтой, онц хүнд гэмт хэргүүд одоогоор ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба руу явдаг. Ахуйн шинжтэй гэмт хэрэг, хулгай дээрэм нь дүүрэг дээр шалгагддаг шүү дээ. Зарим нь тэнд шалгана, энд шалгана гэж зөрчилддөг. Энэ бол тогтолцоо нь тодорхой бус учраас тодорхой ашиг сонирхлын бүтэц ажиллаад эхэлж байгаа юм.

-Тагнуул, цагдаа, прокурорын удирдах хүмүүс бүлэглээд гадаадын хөрөнгө оруулагчдыг тонож дээрэмддэг, Монголд ирэхийг нь хориглодог. Зөвхөн гадаадаар ч тогтохгүй, дотоодын бизнес эрхлэгчдээ тоносон хэрэг хавтгайрсан. Тэднийг хянах ёстой бүтэц нь сул байснаас үүдэлтэй биз?

-2002-2014 онд Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд нийт 7000 гомдол мэдээлэл ирж байсан юм билээ. Өөрөөр хэлбэл, тусгай субьекттэй холбоотой гэмт хэргийн гомдол гэсэн үг. Гэтэл Мөрдөн байцаах алба татан буугдсаны дараа тусгай субьекттэй холбоотой гомдол жил ирэх тусам буурсан. Шийдвэрлэлт нь ч буурсан судалгаа байна.

Үндсэн хуульд хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй гэж хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан том заалт байгаа. НҮБ-ын тусгай илтгэгчдээс манай улсад 2005, 2010, 2011, 2015, 2016 онуудад хүний эрхтэй холбоотой зөвлөмжүүд ирүүлсэн байдаг. Ялангуяа 2015 онд хоёр удаагийн зөвлөмжөөр Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг сэргээж байгуулах шаардлагатай гэж онцолсон байдаг юм билээ. Олон улсын хэмжээнд тусгай субьектүүдийг шалгадаг мэргэшсэн бүтэц байдаг учраас тэр агуулгаараа манайд зөвлөмжүүд ирүүлдэг байсан гэж ойлгосон.

Манай улс сонгуулийн дөрвөн жилийн тогтолцоотой. Үүнийг дагаад томилгоо, шийдвэрүүд энэ хугацаанд л хэрэгждэг. Уг нь хууль хяналтын байгууллагын албан хаагчид тогтвортой байх ёстой юм. Гэтэл зарим цаг үед улстөрч хүн хүртэл Ерөнхий прокуророор томилогдсон тохиолдлууд байгаа. Ийм завхралаас болж нэг бүлэг хүмүүс тэр улстөрч, прокурорын хамгаалалтад орж байгаа. Тэгсэн тохиолдолд би юу ч хийсэн болно. Надад эрх байгаа юм чинь гэж аашилсан. Үүний горыг жирийн хуульч, өмгөөлөгчид багагүй амссан шүү дээ. Хэрэг нь шийдэгддэггүй, явдаггүй.

Х.Нямбаатар сайд маш ноцтой мэдээлэл хөндөж байна лээ. Гадаадын хөрөнгө оруулагчдыг тонодог тухай. Ийм асуудал одоо л гарч ирж байгаа болохоос биш тухайн үед бас л яригдаж байсан асуудал. Тэгээд л чимээгүй болчихсон. Гадны хөрөнгө оруулагчдын гэрт хар тамхи оруулаад, араас нь гүйцэтгэх ажиллагаа хийсэн тухай. Энэ бол бүлэглэлийн асуудал. Үндсэндээ улс төр, хууль хяналтынхны оролцсон зохион байгуулалттай хэлбэрүүд хүссэн хүсээгүй үүссэн шүү дээ.

-Мөрдөх албыг тусдаа байгуулах асуудалд хууль хяналтынхан тийм ч таатай хүлээж авахгүй болов уу. Тийм уур амьсгал аль ч үед харагдаж ирсэн шүү дээ?

-Мөрдөн байцаах албаны өнөөгийн тогтолцоо нь хүний эрхийг хангах, зохион байгуулалттай гэмт хэргийг илрүүлэн шалгах, гэмт хэрэгтэй тэмцэх гээд үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд хугацаа их алддаг.

Мөрдөх алба бий болох тухай өнөөдөр биш юм гэхэд маргааш хөндөгдөх л асуудал. Асуудал шийдэгдээгүй, яригдаад байна гэдэг болохгүй байна гэсэн үг шүү дээ. Тийм учраас эрүүгийн хууль тогтоомжид өөрчлөлт оруулж, цагдаагийн албан хаагчдыг чадваржуулах, мөрдөх албаны чиглэлийн боловсон хүчнийг бэлтгэх, чадваржуулах, хандлагыг өөрчлөх зайлшгүй шаардлагатай.

Харин тогтолцооны хувьд таны хэлдгээр цагдаа, АТГ, тагнуул мөрдөх албаа алдах нь гэдэг асуудалд амбиц гаргах нь нөгөө л монголчуудын амбиц шүү дээ. Ард иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хамгаалах, үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, гэмт хэргийг шуурхай илрүүлж шалгах үүрэг бол тэдний хувьд нэн тэргүүнд тавигдах ёстой. Гэтэл өнөөдөр олон нийт гэмт хэргийн шалгалт, шийдвэрлэлт дээр маш их бухимдаж байна. Энэ бол тогтолцооны асуудал юм. Тухайлбал, Жастын Ш.Батхүүгийн хэрэг 10 дахь жилдээ үргэлжилж байна.

-Та уг хэрэг дээр ажиллаж байсан байх аа. Яагаад ингэж удаад байна вэ?

-Дээр нь байгууллага хоорондын уялдаа, цаашлаад тогтолцооны асуудлын том жишээ бол энэ хэрэг. Анх ЦЕГ-ын Мөрдөн байцаах албан дээр шалгаж эхэлсэн хэрэг. Арбитр дээр гол нотлох ёстой эх баримт нь тухайн үед хэрэг Мөрдөх байцаах албанаас АТГ руу шилжихдээ алга болчихсон. Тухайн баримтыг цаг алдалгүй Арбитр руу явуулах шаардлагатай байсан. Түүнийгээ Ш.Батхүү олон удаа хэлсэн. Хэвлэлээр ч энэ тухай их явсан. Хуулийнхан бүр сүүлд баримтаа олж аваад 2018, 2019 онд Лондон руу Арбитрын шүүх рүү явуулсан. Харамсалтай нь цаг хугацаа нь аль эрт өнгөрчихсөн. Арбитрын анхан шат, давах нь болоод өнгөрчихсөн байсан. Хэрэв анх цаг хугацаандаа тухайн баримтыг хүргүүлсэн бол Ш.Батхүүгийн эрх зүйн байдал яах ч байсан юм билээ. Энэ бол Батхүү гэдэг хүндээ биш, манай хуулийн байгууллага анхнаасаа мэргашээд нэг байгууллага л шалгаад явах ёстой байсны л илрэл. Гэтэл тэр хэргийг нэг мөрдөгчөөс нөгөө мөрдөгч рүү шилжүүлээд л, дарга нь өөрчлөгдөөд, харьяалал нь өөрчлөгдсөөр ирсэн.

-Цагдаагаас АТГ руу шилжээд л нааш цааш их хөдөлсөн хэрэг шүү?

-Арбитр руу гол нотлох баримтаа явуулаагүй учраас Эрдэнэтийн эсрэг шийдвэр гарсан. Тэр шийдвэр нь Ш.Батхүүг буруутгах үндэслэл болчихсон. Гэмт хэрэг хийсэн хүн ч Монгол Улсын иргэн, эрхээ хамгаалуулах эрхтэй. Гэтэл урт хугацаанд нийгмийн бай болгож, сүүлд нь тухайн хүн л хохирч үлдэж байна. Бүхэл бүтэн амьдрал, банк, бизнесээрээ хохирч үлдэж байгаа нэг жишээ энэ юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Баасан: Ч.Мөнхбаярын гэм бурууг шүүх тогтоогоогүй байхад ТЕГ ноцтой зөрчил гаргалаа

Ч.Мөнхбаярын өмгөөлөгч Г.Баасантай ярилцлаа.


-Тагнуулын ерөнхий газраас Ч.Мөнхбаярыг цагдан хориод багагүй хугацаа өнгөрлөө. Яг ямар зүйл ангиар буруутгаж байгаа юм бэ?

-Би Ч.Мөнхбаярыг зүгээр Монгол Улсын иргэн гэж хэлэхгүй. Энэ хүн бол өмнөд монгол хүний зөрчигдсөн эрхийг хамгаалдаг, монгол бичиг соёл заншлаа дээдэлдэг олон улсын байгууллагатай хамтарч дуу хоолойгоо нэгтгэдэг иргэний нийгмийн зүтгэлтэн гэж хардаг. Хоёрдугаарт, гэрээс нь их хэмжээний мөнгө хурааж авсан гэж зарласан. Гүйцэтгэх ажиллагааны тухай та бүхэн мэдэх байх. Гэрээс нь авсан ч юм уу, та бидний хэн нь ч хажууд нь байгаагүй учраас үүнд шууд итгэж нь осолтой. Гуравдугаарт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6.1-д заасан зүйл ангиар яллаж байна гэж Тагнуулын ерөнхий газраас мэдэгдсэн. Энэ хүрээнд л танд хариулъя. Надад хууль сануулсан учраас хууль зөрчихгүйгээр ярилцах ёстой.

-Ч.Мөнхбаярын ажил, амьдралын талаар товч мэдээлэл өгөхгүй юү. Энэ хэрэг мандсанаас хойш ажил орлогынх нь тухай хүмүүс ихээр анхаарч байх шиг байна?

-Ч.Мөнхбаяр сэтгүүлч хүн юм билээ. Орос хэлтэй. Ямар нэгэн компани, хувийн өмч хөрөнгөгүй. Би Ч.Мөнхбаяраар бахархдаг хүмүүсийн нэг. Учир нь дэлхийн бөмбөрцөг дээр монгол үндэстэнг тэр чигт нь харж, том сэтгэж явдаг хүн гэж хүндэлдэг. Ер нь түүний ярьж байгаа бүх зүйл нь элэг нэгт монголчуудынхаа төлөө гэсэн сэтгэл харагддаг. Гэтэл зарим монголчууд маань гэр доторхоо ч шийдэж чадахгүй яваа нь олон.

Би амьдрал ахуйг нь мэддэггүй байсан. Энэ хэрэг явдлаас болж ар гэрийнхэнтэй нь уулзсан. Социализмын үеийн л нэг байна билээ. Ч.Мөнхбаяр айлын том хүү. Ээж, дүүтэйгээ амьдардаг хүн байж. Түүнд овоож оцойтлоо эд хөрөнгө, мөнгө цуглуулсан зүйлгүй. Түүний цуглуулсан хөрөнгө юу вэ гэхээр Монголоо гэсэн том үзэл, дэлхийн монголчуудынхаа төлөө явдаг эр зориг, тэр дундаа өмнөд монголчуудын өнөөдөр зөрчигдөж байгаа эрх, үгүйсгэгдэж байгаа монгол хэл, ёс заншил, соёлын төлөө дэлхийгээр тархсан монголчууд нийлж тэмцдэг юм байна. Түүний төлөө дуугарч байгаа хэнтэй ч найзалж, нөхөрлөж явдаг хүн гэж харсан.

-Ар гэрт нь очсон гэлээ. Ээжийнх нь бие зүгээр үү. Ээж, дүүгийнх нь нүдэн дээр нэгжлэг хийсэн гэсэн?

-Ээж нь ная шахсан өндөр настай хүн юм билээ. Гэр орноосоо гарч чадахгүй, хөл муутай хөгшин байсан. Даралт өндөртэй, байнгын эм уудаг хүн юм байна. Тэр айлд ямар гүйцэтгэх ажиллагаа явуулсныг ярьж болохгүй.

-Найз нөхөд, хамтран зүтгэгсэд нь холбогдож байна уу?

-Монголд байгаа иргэний хөдөлгөөнүүд, Ч.Мөнхбаярын өөрийнх нь хүлээн зөвшөөрдөг, хамтарч ажилладаг, хөндлөнгөөс дэмжиж явдаг олон хүмүүс энэ хүний төлөө сэтгэл нэгдэж, холбогдож байна. Ч.Мөнхбаяр тагнуул хийх гэсэн байр суурийг холбогдсон хүмүүс хэлж байна. Дээр нь дэлхий даяар байгаа Дэлхийн монголчууд хэмээх том байгууллагаас хүмүүс сураглаж асууж байна. Тэд Ч.Мөнхбаярт бүх талаар туслахаа ч илэрхийлж байна лээ.

-Ч.Мөнхбаяртай өөртэй нь уулзав уу. Юу гэж байх юм?

-Баривчлагдсан өдрөөс нь хойш дөрөв дэх удаагаа уулзаад байна. Өөрөө бол “Би юу гэж улс орныхоо эсрэг ажиллах вэ дээ. Түүн дээрээ тулбал улсынхаа төрийн албанд хэлнэ шүү дээ” гэж байсан. Хэнд ч ойлгомжтой. Ч.Мөнхбаярыг тагнуул хийнэ гэдэг ямар ч хүний ой тойнд багтахгүй. Энэ дашрамд хэлэхэд, гадаадын тагнуулын байгууллагын гар хөл болчихлоо гэж зарлаад байгаа ч аль улсын байгууллага гэдгийг зарлахгүй байгаа. Нэг нь тагнуулын байгууллага байгаад нөгөө нь гар хөл болчихсон бол хоёр талыг хамтад нь шалгах ёстой.

Түүнээс гадна ТЕГ-ын газраас Монгол Улсад мөрдөгдөж байгаа хуулийн дагуу шүүхээр гэм буруу нь тогтоогдоогүй байхад энэ хүн бол гадаадын тагнуулын байгууллагын гар хөл байна гээд шууд зарлаж байгаа нь хүний эрхийн ноцтой зөрчил. Тагнуулын байгууллага процессын хуулийг маш ноцтой зөрчлөө.

Өчигдрөөс эхлээд цахим орчинд Ч.Мөнхбаярт найман жилийн ял төлөвлөж байна гэсэн агуулгатай мэдээлэл түгэж эхэллээ. Энэ ч их ноцтой. Тагнуулын байгууллага энэ мэдээллийг цацаж байгаа хүмүүсийг ч таслан зогсоох ёстой. Монгол Улсад хүн, хуулийн этгээд бүгд тэгш эрхтэй. Гурван шатны шүүхээр гэм буруутай эсэхийг тогтоодог. Түүнээс нааш хэн ч тэгж зарлах эрх байхгүй.

-Өмгөөлөгчийн хувьд энэ хэрэг дээр анхаарах ямар асуудал байна вэ?

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан байгаа. Хамгийн чухал нь нотлох баримттай байх ёстой. Тийм учраас миний үйлчлүүлэгчийг нотлох баримттай байгаа эсэхийг сайн харах ёстой. Хоёрт, шалгагдаж байх хугацаанд гүйцэтгэх ажиллагаа хийсэн гээд байгаа. Гүйцэтгэх ажиллагаа зөв явагдсан уу. Гуравт, цаад байгууллага нь тагнуулын байгууллага мөн үү, биш үү гэдгийг ч тодорхой баримттайгаар нотлох ёстой. Энэ бүхнийг тодорхой болгосны эцэст Ч.Мөнхбаярын үйлдэл тагнуулын үйлдэл мөн үү, биш үү гэдэг тодорхой болно. Ингээд хэрэг шүүхээр орж байж гэм буруутай эсэх нь тогтоогдоно. Тэр үед энэ асуудал дээр олон нийт байр сууриа илэрхийлж болох байх.

Би нэг зүйл дээр эргэлзэж байгаа. Үнэхээр Ч.Мөнхбаяр гадны байгууллагын тагнуул хийсэн юм бол манай тагнуулын байгууллага яагаад нийгэмд асуудал дэгдээхгүйгээр нууц байдлаар хийхгүй, холбогдсон хүнийхээ нүүр амыг нь ил задгай явуулчихав гэдэг асуудал анхаарал татаж байгаа. Хүмүүс ч бас дүйцүүлж асууж, байр сууриа ихээр илэрхийлж байна. Өмнөд монголчуудын төлөө, монгол хэл бичгийнхээ төлөө явсан хүн тагнуулч болдог юм бол тагнуул хийсэн гэж тагнуулын байгууллагын хүн хэлчихсэн Ц.Нямдорж яагаад хариуцлага хүлээдэггүй, төрийн өндөр алба хашаад яваад байдаг юм бэ гэж.

Яахав, Ч.Мөнхбаяр БНХАУ-ын нутаг дэвсгэр дээр явж байгаад баригдсан бол хэлэх үг алга. Гэтэл эрх чөлөөтэй, ардчилсан нийгэм дотроо өмнөд монгол хүний эрх чөлөөний тухай, монгол бичгийн төлөө дуугардаг хүн Монгол Улсын тагнуулын байгууллагад баригдсан нь маш ноцтой асуудал. Нэг талаар сонин логик. Явцын дунд энэ процесс тодорхой болох байх.

-Тагнуулч хүний өөрийгөө далдлах төрх ардын баатар болох явдал гэсэн хардлагыг хүмүүс ихээр хэлж байна?

-Иргэний нийгмийн байгууллагын нэрээр мөнгө олох, улс төрд гарах гэсэн санаархал хавтгайрсныг үгүйсгэхгүй. Гэхдээ түүнтэй Ч.Мөнхбаярыг адилтгах боломжгүй. Учир нь Ч.Мөнхбаяр 54 нас хүртлээ гэр бүл ч зохиогоогүй, үр хүүхэд ч үгүй, нийтийн эрх ашгийн төлөө л цохилж явсан байна. Хувийн сонирхолгүй, хувьдаа хөрөнгөтэй болчихъё гэдэг бодол түй ч байхгүй байж, энэ хүн.

-Яг тэр байдал нь ийм хэрэгт холбогдох нөхцөл болох юм биш үү. Гэр бүлгүй, алдах зүйлгүй гэх мэт…

-Гэр бүлийн асуудал дээр хүний итгэл үнэмшил янз бүр. Гэр бүл зохиох, зохиохгүй байх эрх нь хүн бүрт бий.

Энэ хэрэг дээр хамгийн ноцтой нь шүүхээр гэм буруутай эсэх нь шийдэгдээгүй байхад манай тагнуулынхан баримт дэлгэж, буруутгаад байгаа.

Би өөрөө хууль эрх зүйн хүн, бас Ч.Мөнхбаяр шиг иргэний нийгмийн төлөө дуугардаг хүн. Янз бүрийн зүйл үзэж явлаа. Энэ процессыг харахаар яагаад энэ хүнийг шүүхээр шийдээгүй мөртлөө тогтоочихсон юм шиг зарлачихав аа. Мөн нэгэнт тагнуулын хүн байсан бол нууцаар ажиллагааг явуулахгүйгээр олны хүртээл болгож нийгмийг тэр чигт нь яагад цочроов. Дэлхий дээр байгаа монголчуудыг яагаад оволзуулав. Үүний ард хэн нуугдаад байна вэ гэдэг хардлага төрж байна.

Та бод доо. Тагнуул гэдэг чинь “Таг нуу” гэж байгаа биз дээ. Гэтэл ил тод гаргаад шүүхээр шийдвэрлээгүй мөртлөө баримтыг дэлгээд буруутгаж байна. Удахгүй учир олдох байлгүй. Уг нь манай тагнуулынхан бол Монгол Улсын нүд чих болох үүрэгтэй байгууллага. Гэтэл өнөөдөр манай улсад ямар аюултай зүйл болж байгаа билээ. Дор хаяж л нийт ард түмний өмч гэгддэг байгаа байгалийн баялгийг яаж үрж байна, ямар хараа хяналтгүй алга болж байна, тендерүүд яагаад хараа хяналтгүй алга болдог тухайд л тагнуулын байгууллага ажиллаж байх ёстой. Үүнээс ч илүү олон зүйд ээр учрыг олж хужрыг тунгаах хэрэгтэй байдаг. Ямартаа ч Ч.Мөнхбаяр хэмээх гадны улсын захиалгатай том тагнуулыг бариад авчихлаа гэж бодохгүй л байна.

Энэ асуудал бол олон зүйлийн зангилаа болж мэднэ. Нийгмийн идэвхтэн Ч.Мөнхбаярын асуудал, өөрөөр бодлогын том үйлдэл ч харагдаж байна.

-Ч.Мөнхбаярыг Энэтхэг улсын захиалгаар БНХАУ-ыг харлуулах үйлдлийг хийсэн. Үүнийхээ хариуд 200 сая төгрөгийг авч байсан үйлдэл дээр барьсан гэх мэдээлэл гарч эхлээд байна. Үүн дээр тайлбар хэлэхгүй юү?

-Хэргийн шалгалт ид өрнөж байна. Мөрдөн шалгах ажиллагааны процесст би орж болохгүй. Энэ бол хуулиар хоритой. Тийм мэдээлэл цацаж байгаа цахим сайтуудтай бид асуудал ярина.


Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Сэрдарам: Технологи хүчээ авч байгаа энэ үед монголчууд хэрсүү байхаас аргагүй

ШУТИС-ийн түүхийн багш доктор, дэд профессор, “Дэлхийн энхийн их наадам” ТББ-ын тэргүүн Д.Сэрдарамтай ярилцлаа.


-Монгол хэлний тайлбар тольд хэрсүү гэдэг үгийг аливаа зүйлд сэрэмж болгоомжтой, хашир байх гэж тайлбарласан байдаг. Монголчууд бид хэрсүү байх хэрэгтэй нь аль ч шатанд харагддаг болж. Таны байр суурийг сонсъё?

-Монгол хүнийг тодорхойлдог үнэт зүйл яах аргагүй хэрсүү, уужуу тайван, холч ухаантай гэх мэт сайн сайхан чанарууд байгаа. Гэтэл өнөөдөр нийгмийг юу хөтлөөд байна вэ гэдэг асуудал бий. Боловсрол юм уу, улс төрийн, төрийн алсын хараа юм уу. Эсвэл улс төрийн лидер юм уу. Байхгүй. Хөтөлж явдаг хүн байхгүй болсон. Нэг ёсондоо бид говьд төөрсөнтэй адил болчихсон. Хэрэв говьд төөрчихвөл хамгийн түрүүнд зогсоод зүг чигээ олох ёстой биз дээ. Бид төөрчээ гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Машин дотор байгаа хүмүүсээс аль туршлагатай нь удирдах ёстой шүү дээ. Боловсролд ч, улс төрд ч тэр, төр засгийн алсын хараанд ч тэр улстөрч хүний харизм манайд үгүй болсон. Мөн үүнд нөлөөлж байгаа өөр нэг хүчин зүйл бол технологийн хөгжил. Өнөөдөр бид технологийн хөгжлийн ололтоор амьдарч байна. Хуучин бидний хэрэглэж байсан технологи бол автомат тохиргоотой байсан бол одоогийн технологи хиймэл оюун ухаанд тулгуурлажээ. Тухайлбал, фэйсбүүкийг Нарантуул захтай зүйрлэж болно. Тэнд удаан явбал зорилготой хүн зорилго марттал эргэлдэнэ, удаан байхын хэрээр эрсдэл тэнд отож байна. Монголчууд технологийн Нарантуул зах дотор амьдарч байна.

Технологийг тодорхой сценарьтай бүтээж хүн түүнд хөтлөгддөг. Өөрөөр хэлбэл, хийсвэр оюун ухаан хүмүүсийн сэтгэл зүйн хандлагыг өөрчилж хүмүүс юу ч хийхэд бэлэн, тэр үйлдлээрээ олон нийтэд танигдаж баатар болж байна. Тэгэхээр ийм орчинд монголчууд хашир байхаас өөр аргагүй.

-Монгол хүний дархлааны асуудал яригдах хэрэгтэй болж байна. Бид хэдий хүртэл нүдээ боолгосон гөлөг шиг амьдрах вэ. Хэрсүүжих, эзэн байх тухай яригддаг болжээ?

-Аливаа улс үндэстний дархлаа гэдэг аль болох зөв шударга, дэлхийн сонгодог, шинжлэх ухаанч хандлагад тулгуурласан байх тогтолцоог хэлдэг. Жишээ нь, боловсролыг авч үзье. Өнөөдөр хүүхдүүдийг сайн дархлаатай, сайн мэдлэгтэй болгох гол зүйл нь бүх шатны сургуулийн нэгдсэн стандартыг бий болгох ёстой. Японд бага ангиас дунд ангид орохдоо тэдэн ханз тогтоосон, тийм зохиол уншсан байх ёстой гэдэг нэгдмэл стандарттай байдаг бол Монголд төлсөн төлбөрийн ялгаагаар боловсролын үйлчилгээ явагдаж байна.

Хуучин цагт биднийг зургадугаар ангид Пушкиний “Евгений Онегин”-ийг уншсан байна гэсэн программтай, “Евгений Онегин”-ийг зургаа, найм, аравдугаар ангид уншихад өөр өөрөөр ойлгодог. Түүнийг тайлбарладаг байсан болохоор дэлхийн сонгодогтой танилцаж боловсролын стандартад хүрдэг байжээ. Тухайн зохиолыг унших дуртай ч бай, дургүй ч бай тэр тухай мэддэг болох нь чухал байсан. Энэ бол энгийн нэг жишээ. Үүний адил бид өнөөдөр боловсролын түвшиндээ нэг стандартыг тавих хэрэгтэй.

-Та бол түүхийн багш хүн. Монгол Улсын хувьд хоёр хөршдөө хандах хандлага манайд харилцан адилгүй. Томоор нь харвал тэд том гүрэн, бид жижиг улс гэсэн хандлага олон нийтэд бий. Гэхдээ одоо үүнээс салах цаг нь болсон юм биш үү. Жижиг сэтгэлгээ хөгжилд саад болдог гэдэг биз дээ?

-Танин мэдэхүйн үндэс бол гайхах. Бидний үед юм бүрийг гайхаж сонирхож хүлээж авдаг байсан болохоор Боловсролын систем хүүхэд залуучуудын идэвхтэй сонирхдог зарчим дээр тулгуурлаж хөгжиж байжээ. Одоогийн залуу үе гайхаж сонирхохоо больчихсон юм уу? Үгүй шүү дээ. Тэдний энэ зан чанар сүүдэр шиг нь хамт байгаа ч Боловсролын систем нь хүүхэд залуучуудыг гайхаж сонирхуулахгүй болчихсон буюу хоцрогджээ. Монголчууд гайхалтай сониуч, хэрэгт дуртай, мэдэхийн төлөө тэмүүлдэг хүмүүс. Хүн бүр хоёр хөршийнхөө, дэлхий дахины тухай сонирхдог,цэц булаалдан мэтгэлцдэг. Энэ чанар дээр өмнө хэлсэн технологийн шийдэл нэмэгдчихээр нөгөө сошиал ертөнц нь олон нийтийг төөрөгдөлд оруулж, анархизм, улс төрийн цуу яриа, дуулиа, цаашлаад эмх замбараагүй байдал гаргах, туйлшрах үндэс болчихоод байгаа юм.

Зарим улс орны иргэд улс төрийн идэвх сул, улс төрд санаа зовох шаардлагагүй, улс төрийн сонголтоо зөв хийгээд чадварлаг улс төрийн сонголт хийдэг учир төр засагтаа итгэдэг. Харин эдийн засаг, бизнесийн сонирхолд илүү анхаарч нийгмийн идэвх нь эдийн засгийн сонирхолтой байдаг. Төрийн бодлого, алсын хараа гэдэг 100 км цагийн хурдтай явж байгаа машинд хурдаа сааруулахгүйгээр 200 метрийн цаана унасан чулууг тойроод явахыг хэлнэ. Гэтэл бид буруу сонголтынхоо үйлийн үрийг дараагийн сонгууль хүртэл эдэлсээр 30 жил болох нь.

-Тэгээд явбал монгол хүнд хангалттай нөөц боломж байгаа байх…

-Боломж бол хаа сайгүй байна. Залуусын “How too” гэдэг хүний хөгжлийн хоосон номлолруу хошуураад байгаа магадгүй өөрчлөлтийн эхлэл болж болох юм. Хэрхэн яаж гэдэг олон номлолын үндэс нь ганцхан байдаг. Тэр бол хийх гэж байгаа зүйлээ хэвшил буву хабит болгох. Зөвхөн залуус гэхгүйгээр улс үндэстнээрээ санаачилгыг хабит болгохын өөрөөрөө харуулах хэрэгтэй. Жишээ нь, Ерөнхий сайд “Илүүдэл жингүй эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн санаачилсан байна. Ядаж дулаахан гурван сардаа хамгаалалтаасаа татгалзаад гүйгээд, дугуйгаар жийгээд заншвал энэ хөдөлгөөнд нэг сая хүн дагалдаж оролцоод 10.000 хүнд нь хэвшил болж магад. Санаачилгын цаана зөв үлгэрлэл хэрэгтэй

-Монгол хүний бахархал Чингис хаанаар л хязгаарлагдаж байна. Орчин үетэйгээ хөл нийлүүлье, өнөө үеийн бахархлыг бий болгоё гэх агуулгыг та хэрхэн хардаг вэ?

-Би өөрөө түүхийн багш мөртлөө Чингис хааны тухай хоосон магтаж ярих дургүй. Бид хуучнаа дурсах шаардлагагүй. Түүхийг сайн мэддэг байх нь чухал болохоос биш байн байн улиг болтол ярих шаардлагагүй. Мэдэхгүй түүхээ догма шиг шүлэглэдэг болчихлоо. Яс юман дээрээ би ч түүхээ сайн мэдэхгүй.Эх түүх маань үзэл суртал, сэтгэл зүй, утга уянгын уран зохиол болчих гээд байна.

Өнөөгийн хүүхдүүдэд ийм номлолыг сонсоод суух өгөгдөл байхгүй. Яагаад гэвэл тэдний амьсгалдаг агаар нь мэдээллийн технологи. Тэд технологийн тусламжтайгаар хэрэгтэй зүйлээ хялбаршуулаад мэдлэг болгоод авах чадвартай, бидний яриад байгаа зүйлийн 90 хувийг нь “сийндэх” буюу аньчихдаг.

Улс үндэстэнд бахархал байлгүй яахав. Бахархлыг бид түүхээс илүү бодит зүйлд буюу амьтай зүйлд тулгуурлан босгох хэрэгтэй. Бидний бахархах зүйл хэр зэрэг шинжлэх ухаанч байна, хэр зэрэг прагматикбайж орчин үетэй хөл нийлүүлэх чадвартай байна, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн монгол хүн хэчнээн байна гэдгээрээ л бахархааас биш өнгөрсөн цаг дээр тийм байсан гэж бахархах шаардлагагүй. Угаас 30 жилд ийм бахархал яриад үр дүн алга. Үгүйсгэж байгаа юм биш, гэхдээ бид хуучнаараа бахархах завгүйгээр ажиллах, боловсрохын төлөө, улс үндэстнээрээ хөгжихийн төлөө шамдах хэрэгтэй. Хийсний дараа бахархал гарч ирнэ.

Categories
арын-нүүр булангууд их-уншсан мэдээ туслах-ангилал

Ковидын үеийн төгсөгч ажилд авахгүй гэв үү

Өнгөрсөн гурван жил үргэлжилсэн цар тахлын үеэр хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндээ хамгаалуулах, боловсрох гээд монгол хүнд Үндсэн хуулиар олгосон суурь эрхүүд ноцтой зөрчигдөж ирсэн. Хүний эрхийн зөрчил цаашид ч үргэлжлэх бололтой. Энэ удаа төр засаг бус ажил олгогчид хүний эрхийн зөрчил гаргаж эхэллээ.

Хувийн хэвшлийн нэгэн компани шинэ ажилтан авах шалгууртаа “Ковидын бус төгсөгч авна” гэжээ. Өөрөөр хэлбэл, цар тахлын үеэр их, дээд сургууль төгссөн төгсөгчийг ажилд авахгүй гэсэн байна. Тодорхой ингэж бичиж байгаа нэг хэсэг байхад ил цагаан бичихгүй ч бодлогоор ялгаварлаж байгаа ажил олгогчид ч нэмэгдсээр байгаа аж.

Энэ бол хүний эрхийн ноцтой зөрчил юм. Уг нь ажил олгогчид хүний эрхийн мэдрэмжтэй байх ёстой юм. Угаас онолын мэдлэг, практик хоёр зөрдөг нь амьдрал. Цаг үеийн хүнд нөхцөлд боловсрол эзэмшсэн залуусаа хөгжүүлээд, боловсруулаад авах нь зүй ёсны л хэрэг баймаар.

Тэр бүү хэл ажил олгогчид хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангах үүргийг Хөдөлмөрийн хуулиар хүлээдэг. Хүний эрхийн наад захын зөрчил гаргаж байгаа ийм нөхөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд авах тухай бүр ч саналтгүй байх даа.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Энхболд: Тойрог зам дөрвөн замын уулзвараас дөрөв, тав дахин нэвтрүүлэх чадвартай байдаг

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Энхболдтой замын хөдөлгөөний дүрэм болон түгжрэлийн асуудлаар ярилцлаа.


-САППОРОГИЙН УУЛЗВАР ТОЙРОГ ЗАМТАЙ БАЙХАД ХЭЗЭЭ Ч ДӨРВӨН ТАЛААСАА ГАЦАЖ БАЙГААГҮЙ-


-Замын хөдөлгөөний нөхцөл байдлаас ярилцлагаа эхэлье. Баяр наадмын үе шиг л замууд таг гацаж байна. Уулзвар, гэрэл дохио бүрт цагдаа нар зогсож харагдах юм. Ачаалал яг яаж нэмэгдэв?

-Боловсрол, шинжлэх ухааны сайдын А/38 дугаар тушаал 2022 оны хоёрдугаар сарын 9-нөөс гарч, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг танхимаар хичээллүүлэхээр болсон. Үүнтэй холбоотой авто замын түгжрэл, саатал нэлээд үүсч байна. Сургууль, цэцэрлэг амарч байх үед өдөрт дунджаар 250-350 мянган автомашин хөдөлгөөнд оролцож байсан. Харин одоо бол замын хөдөлгөөн 10-20 хувиар нэмэгдээд байна. Ялангуяа Энхтайваны өргөн чөлөө, Энхтайваны гүүр, та бидний ярьж заншсанаар Наадамчдын гудамж буюу Яармагийн замд хөдөлгөөний ачаалал их үүсч байна.

-Тээврийн цагдаагийн байгууллага замын түгжрэлийн шалтгааныг юу гэж харж, дүгнэдэг юм бол?

-Замын түгжрэл үүсч байгаа хэд хэдэн гол шалтгаан байгаа. Нэгдүгээрт, Монгол Улсад жолоочийн бүртгэлтэй, тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй 1.4 сая хүн байна. Тээврийн хэрэгсэл нь ч 1.4 сая байна. Энэ нь насанд хүрсэн хоёр хүн тутмын нэг нь жолооч, нэг нь автомашинтай гэсэн үг.

Манай улс 2020, 2021 онд ковидын нөхцөл байдалтай байлаа. Үүнээс улбаалж гадаадад байсан Монгол Улсын иргэд эх орон руугаа зорчин ирэх хөдөлгөөн нэмэгдсэн. Автомашин худалдаалдаг томоохон зах, худалдааны төв, жишээ нь, Да хүрээ зэрэг захын автомашины борлуулалт дууссан байдалтай байна. Авто тээврийн бүртгэл хяналтын төв дээр ирж байгаа мэдээллээр бол жилд 80.000 тээврийн хэрэгсэл шинээр бүртгэгдэж байна. Энэ нь замын ачааллыг зохиомлоор үүсгэж байгаа нэг үндэслэл.

Түүнчлэн Тээврийн цагдаагийн албанд хоногт дунджаар 300-400 дуудлага мэдээлэл ирдгээс яг зам тээврийн осолтой холбоотой нь 200-300 орчим байдаг. Улаанбаатар хотын хэмжээнд 200-300 цэгт зам тээврийн осол гарч байна гэсэн агуулга. Түгжрэлийн бас нэг шалтгаан энэ.

-Осол гарсан тохиолдолд шуурхай баримтжуулаад замаа чөлөөлөх байдал манайд муу юм шиг харагддаг. Үүнээс л болж түгжрэл үүсээд байдаг байх нь?

-Эхлээд хэлэхэд зам тээрийн ослын шалтгаан жолооч нар үл ойлголцол, соёлын байдлаас болж осол аваар гардаг. Бие биедээ зам тавьж өгөөгүйгээс мөргөлддөг, шүргэлцдэг. Ийм байдлуудыг арилгачихвал замын хөдөлгөөний ачаалал саарах боломжтой. Жишээ нь, олон улсад хэрэгждэг “Та-би-та” зарчим байдаг. Гэтэл манайд “Та-би-та” биш “Би” гэдэг хувийн аминчхан байдлаас болж зам тээврийн ослын дийлэнх нь гардаг.

Өдөрт 200-300 цэгт осол гардаг гэж хэллээ. Манай эргүүлийн байцаагчид гурван бүсэд хуваагдаад хөдөлгөөнийхөө эргүүлийг хийж явдаг. Хэрэв нэг бүс дээр тав зургаан осол гарах юм бол байцаагч дуудлагынхаа дарааллаар явдаг. Хэрэв шаардлагатай гэж үзвэл ойролцоо бүсийн эргүүл дуудлагагүй бол түргэн шуурхай шийдвэрлэх үүднээс хамтарч ажилладаг. Даатгалын байгууллага мөн адилхан, ингэж бүсчилж явдаг.

Гол нь иргэд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэггүй байдлаасаа болж заавал цагдаа ирж хэмжилт хийнэ, эсвэл даатгал ирэхийг хүлээдэг. Энэ талаар замын хөдөлгөөний дүрэмд тодорхой заачихсан. Хэрэв та зам тээврийн осол гаргаад хөдөлгөөнд саад учруулж байгаа бол 102 дугаарын утсанд дуудлага өгнө. Мөн даатгал руу холбогдоно, хэрэв хүн гэмтсэн бол 103-т дуудлага өгөх ёстой. Шаардлагатай тохиолдолд хэргийн газрын зургийг дөрвөн талаас нь авах, дөрвөн дугуйн дээрээ ямар нэгэн зүйлээр тэмдэглэгээ хийгээд уулзварыг чөлөөлж, бусад хөдөлгөөнд оролцогчдод давуу байдлыг олгох ёстой. Гэтэл дүрмийн мэдлэггүйгээс болж ослын газар дээрээ зогсоод л байдаг. Хөдөлчихвөл миний буруу болчих байх гээд. Нэгэнт фото зураг, тэмдэглэгээтэй байхад цагдаагийн албан хаагч хэмжилтээ хийгээд л явна. Ямар ч ялгаагүй.

-Жолооч нар замын хөдөлгөөний соёлгүйгээс болж осол гарах шалтгаан болж байна гэлээ. Дүрмийн мэдлэггүй хүмүүс ч хөдөлгөөнд оролцож явдаг шүү дээ?

-Жолооч нарын осол гаргаад байгаа явдалд цагдаагийн байгууллага анализ хийгээд үзэхээр нийт 1.4 сая жолооч нарын 50-60 хувь нь 18-30 насны ид хөдөлмөрийн насны залуус байна. Нэг ёсондоо туршлага бага жолооч нар гэсэн үг. Үүнээс харахаар сургалтын систем манайд олон улсаас хоцрогдож байна гэж үзэж байгаа. Жишээ нь, Солонгос, Япон зэрэг өндөр хөгжилтэй Азийн орнуудад замын хөдөлгөөнд оролцох, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хариуцлагыг өндөржүүлсэн. Манайд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд эхний удаад 400.000 төгрөгөөр торгож, нэг жил жолоо барих эрхийг хасдаг. Давтан баригдах юм бол 7-30 хоног баривчилдаг.

Харин Солонгост согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаад баригдвал бүх насаар нь жолоодох эрхийг хасах арга хэмжээг авч эхлээд байна. Торгууль нь гэхэд 10 сая хүртэл вон. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод хүний амь нас хохирсон, гэмтсэн бол тус улс бүх насаар нь хорих хүртэл ялыг 2020 оны шинэчилсэн хуулиараа оруулаад өгчихсөн.

Замын хөдөлгөөний дүрмийн шалгалт авахдаа тэдгээр улсууд иргэдээрээ 100 карт бөглүүлдэг. 100 карт бөглөнө гэдэг замын хөдөлгөөний дүрмийг бүгдийг нь уншиж, цээжилж таарна. Манайд 20-хон карт бөглөж байгаа. Тэгэхээр хүн бингодох юмуу, бидний ярьдгаар таамгаар бөглөөд төгсөхийг үгүйсгэхгүй. Гэхдээ тэр дунд дүрмээ уншиж байгаа сайн төгсөгчид байгаа л даа.

Нэг ёсондоо олон улсын жишиг бол замын хөдөлгөөний дүрмийг хэрэгжүүлье гэвэл хууль нь чанга байх хэрэгтэй юм байна. Дээрээс нь иргэдийн ухамсрыг сайжруулах шаардлагатай нь харагдаж байна. Манайхаас Боловсрол, шинжлэх ухааны яам болон Хууль зүй, дотоод хэргийн яаманд санал хүргүүлдэг. Ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт замын хөдөлгөөний дүрмийн хичээлийг оруулъя. Хүүхдэд багаас нь замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгоё гэж. Энэ аргууд Япон, Солонгост хэрэгждэг. Гэтэл манайд зам тээврийн осол гаргачихаад 102 дугаарын утсанд дуудлага мэдээлэл өгөхөө мэдэхгүй хүмүүс төгсөж байна шүү дээ.

-Замын хөдөлгөөний дүрмийг ягштал биелүүлэх, зөрчсөн тохиолдолд торгуулиа төлөх асуудал манайд тун хүнд. Замын цагдаа торгуул бичээд л байдаг, араас нь Өршөөлийн хууль гаргаад тэглэчихдэг. Танай алба үүн дээр ямар суурьтай байдаг вэ?

-Цагдаагийн байгууллагын ажилтан албан хаагч уулзварынхаа ойр орчимд 100-200 метрт хяналт тавих ёстой. Тэнд гарч байгаа зөрчилд хариуцлага тооцох нь хууль ёсны үйлдэл. Уг нь хуулиндаа цагдаагийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлага буюу торгуулийг 14 хоногийн дотор төлөх ёстой байдаг. Үүнтэй давхар зөрчлийн оноо хасагддаг. Торгуулиа төлөөд, дахин зөрчил гаргахгүй бүтэн жил явахад зөрчлийн оноо сэргэдэг журамтай. Үүнийг жолооч нар ихэнх нь мэддэггүй.

Торгууль төлүүлэх асуудал дээр сүүлийн үед манайд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд жолоочоор хүн авахдаа торгууль, замын хөдөлгөөнд хэрхэн оролцдогийг нь хардаг болж эхлээд байна. Энэ бол сайшаалтай. Та манай компанид борлуулалтын жолооч хийх гэж байна. Таны мэдээллийг шалгахаар тэдэн онд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байна, тийм газруудад дүрэм зөрчиж торгуулсан байна. Ер нь та их зөрчил гаргадаг юм байна. Дээрээс нь татвар, торгуулаа төлдөггүй юм байна гэж хөшүүргийн арга хэмжээ авч байна.

-Гэхдээ нийтлэг арга хэмжээ биш шүү дээ?

-Тийм л дээ. Энэ тал дээр цагдаагийн байгууллагатай хамтраад дүрэм журам болгож боловсруулан, Монгол Улсын хэмжээнд ажиллаж байгаа төрийн болон хувийн байгууллагууд ийм байдлаар хяналт тавиад эхэлбэл үр дүнтэй. Дараа нь нэг ажилд оръё гэхэд зөрчилтэй бол ажилд орохгүй юм байна гэдэг ойлголт жолооч нарт бий болно. Ийм зарчмыг бусад улсууд хуулиндаа хүртэл зохицуулаад өгчихсөн байдаг.

Жолоочийн хариуцлагыг чангаруулъя гэвэл хуультайгаа л ярих ёстой. Нэгэнт би нэг хүн дээр очоод “Чи дүрэм зөрчиж болохгүй шүү” гэж хэлээд нэмэргүй. Нийтийг хамарсан эрх зүйн зохицуулалт бол хууль. Тиймээс хуулинд өөрчлөлт оруулах арга зам байгаа гэсэн үг. Цагдаагийн байгууллага бол гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн үүрэг, чиглэлийнхээ хүрээнд ажилладаг.

-Улаанбаатар хотын замын түгжрэл олон гэрэл дохионоос үүдэлтэй гэж зарим мэргэжлийн хүмүүс хэлж байна. Гэрэл дохиогоо цөөрүүлж, зүүн гар тийш эргэхийг хориглобол хөдөлгөөний эрч буурах боломжтой гэх юм. Үүн дээр замын цагдаагийн байгууллагын байр суурийг сонсмоор байна?

-Замын зохион байгуулалттай холбоотой асуудлыг Хотын захиргаа шийддэг. Тээврийн цагдаагийн албанаас санал л хүргүүлдэг. Хэрэгжүүлэгч байгууллага нь Нийслэлийн захирагчийн алба болон Нийслэлийн авто замын газар. Нийслэлийн авто замын газарт замын инженерчлэлийн судалгааны том байгууллага, баг ажиллаж байдаг. Одоогоор Тээврийн цагдаагийн албаны албан хаагчид хөдөлгөөн зохицуулалт дээр ажиллаж байна.

Уг нь гэрэл дохио бол цагдаагийн албан хаагчийг орлох зохицуулалт байх ёстой. Гэвч үүргээ биелүүлж чадахгүй байгаа учраас цагдаагийн албан хаагчид уулзвар, гэрэл дохионууд дээр зогсч байна. Нөгөө талаар Замын хөдөлгөөний дүрэмд таны орох гэж байгаа уулзвар гацаатай байвал та хөндлөн замаас яваа тээврийн хэрэгсэлд саад болохгүйгээр зогсох ёстой гэдэг. Гэтэл манайх түгжирчихсэн байсан ч араас нь очиж зогсоод би ч явахгүй, хөндлөн замын жолооч ч явах боломжгүй болгоод таг гацаачихдаг. Энэ үед иргэдийн бухимдал үүсдэг. Гацаж, гацаж гарахаар уулзвар дээр цагдаа зогсож байдаг. Тэгээд л “Өө цагдаа гацаагаад байсан байна” гэдэг. Гэтэл цагдаа бол тэр уулзварын гацааг арилгахаар, бусад хөдөлгөөнд оролцогчдод давуу эрх олгохын төлөө гэрэл дохионы үүрэг гүйцэтгэж байгаа юм. Энэ талаас нь ойлгоосой гэж хүсч байна.

-Түгжрэлийг бууруулах тал дээр Тээврийн цагдаагийн албанаас ямар нэг санал гаргасан уу?

-Тээврийн цагдаагийн алба болон бусад төрийн байгууллагуудаас сургууль, цэцэрлэгийн эхлэх болон тарах цагийг ажлын цагаас зөрүүлэх саналыг Хотын захиргаанд хүргүүлсэн. Үүний дагуу Нийслэлийн захирагчийн албанаас олон нийтээс санал асуулга авч эхлээд байна. Харин гэрэл дохиотой холбоотой асуудал яригдаагүй байна. Энэ бол манайхаас хамаарах асуудал биш.

-Зүүн эргэхийг хориглох шийдвэр өмнө нь гарч байсан ч улс төрөөс болж зогсож байсан. Ер нь замын хөдөлгөөн, түгжрэлд улс төр нөлөөлж байгаа гэсэн агуулга яригддаг?

-Зарим шаардлагатай уулзваруудад чигээрээ явах хөдөлгөөний эрчим их байдаг. Гэтэл зүүн болон баруун эргэх чиглэл дээр хоёрхон машин зогсож байх тохиолдол бий. Нийт гэрэл дохионы асах хугацаа 20-30 секунд. Шулуун гэрэл нь 30 секунд асаад зүүн эргэх гэрэл 30 секунд давхар асангуут бусад хөдөлгөөнд оролцогч хүлээх болчихдог. Гэтэл энэ хугацаанд хоёр машин гараад л сул болчих жишээтэй. Өндөр хөгжилтэй улсуудад замын түгжрэл саатал их үүссэн газруудад уулзвараа тойрог хөдөлгөөнд оруулж шийдвэрлэдэг жишиг бий.

Энгийнээр хэлэхэд, манайд Саппорогийн тойрог, Баянбүрдийн тойрог гэж байгаа шүү дээ. Уг нь тойрогтой уулзвар дөрвөн замын уулзвараас илүү хөдөлгөөн нэвтрүүлэх чадвартай. Яагаад гэвэл гэрэл дохио бол зөвхөн нэг талынхаа хөдөлгөөнийг авдаг, бусад хөдөлгөөн зогсчихдог. Тэгээд л ачаалал үүсчихдэг. Тойрог бол мөнхийн урсгалтай. Жолооч нарын ухамсаргүй соёлгүй байдлаас болж хэн нь төв зам, хэн нь туслах замаа мэдэхгүй дайрч ороод мөргөлддөг. Тэгээд л тойрог гацчихдаг. Үүнээс үүдэж манайх тойргийг болиулаад дөрвөн зам болгочихдог. Гэрэл дохиотой уулзвар нэг цагийн дотор 100 машин нэвтрүүлж байхад тойрог хөдөлгөөнтэй зам 400, 500 машин нэвтрүүлэх чадалтай. Та санаж байвал Саппорогийн уулзвар тойрог замтай байхад хэзээ ч дөрвөн талаасаа гацаж байгаагүй.

-Яармагийн замын ачаалал юунаас болж байна вэ?

-Зам, замын байгууламжтай холбоотой. Яармагийнх нэг л замтай. Яармагийн эцсээс Туулын гүүр рүү орж ирээд уулын зам, наадамчдын гудамж, Саппоро гээд салаад явчихдаг. Цаанаас ирж байгаа урсгал нэг чиглэлтэй учраас гацаад байгаа юм. Миний дуулснаар Яармагийн эцсээс шууд Хархорин руу нийлэх зам барих ажил Нийслэлийн авто замын газар дээр яригдаж байгаа юм билээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Л.Батжав: Зээлээ нэг өдрийн дотор төлж байгаа нь факт. Ард иргэдийн боломжийг хулгайлсны нотолгоо

Хуульч, хууль зүйн ухааны доктор, профессор Л.Батжавтай Хөгжлийн банкны асуудлаар ярилцлаа.


-Хөгжлийн банкны чанаргүй зээлийн 1.7 их наяд төгрөгийг богино хугацаанд төлүүлэх асуудал чухал байна. Дээр нь зээл авахад улс төрийн нөлөөлөл орсон тухай сэдэв ч үргэлжилж, хариуцлагын асуудал яригдсаар байна. Энэ тал дээр таны байр суурийг сонсъё?

-Ер нь улстөрчид банк байгуулдаг, буцаагаад дампууруулдаг. Үүний тод илрэл нь Хөгжлийн банк гэж харж байна. Хөгжлийн банкин дээр өрнөж байгаа асуудлыг гурван талаас нь харах ёстой. Нэгдүгээрт, мэдээж зээл авсан хүмүүсийн асуудал яригддаг. Үүн дотор төсөл хэрэгжих эсэх нь чухал биш, зөвхөн зээл авахын тулд авсан хүмүүс байна. Энэ бол гэмт хэрэг. Хоёрдугаарт, зээл авахад нөлөөлсөн албан тушаалтнууд байгаа. Нөлөөлсөн холбоос ч харагдаж байна лээ. ЖДҮ-гийн хэрэг энэ шүү дээ. Яг адилхан, нэг нь банк нөгөө нь сан. ЖДҮ-гийн зээл авахад өндөр албан тушаалтнууд нөлөөлсөн нь шүүхээр тогтоогдоод ялаа аваад явсан. Тэгэхээр энэ удаа ч адилхан хариуцлага хүлээх ёстой. Хариуцлагын хувьд юун намын дэмжлэг үзүүлэхгүй байх, намаас түдгэлзүүлэх тухай вэ. Бүр эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой юм. Монголд ийм асуудал олон улсын жишгээс буруу өрнөдөг. Япон, Солонгосын жишээг харж л байгаа байх. Солонгос гэхэд сүүлийн ерөнхийлөгчөө албан тушаалын хэрэгт буруутгаж 20 гаруй жилийн ял оноосон. Монголд болохоор намаас түдгэлзүүлэх, намын дэмжлэг үзүүлэхгүй гэж байгаа нь ял мэт сонсогдож байна. Гурав дахь зүйл бол зээлийг нөлөөлж байгаад авсан бол зээл өгсөн тал гэж байх ёстой. Энэ асуудал хөндөгдөхгүй байгаад гайхаж байна. Зөвхөн зээлийн хороо асуудал шийдсэн тухай л яриад байх юм.

-Банкны албан тушаалтнууд илүү өндөр хариуцлага хүлээх ёстой гэж үү?

-Нэгэнт зээл авахад нөлөөлсөн нь гэмт хэрэг гэж үзэж байгаа бол өгсөн нь бас гэмт хэрэг. Миний судалж үзсэнээр 1993 оноос хойш манайд 23 банк дампуурсан байдаг. Тэгэхэд банкны удирдлага гээд хоёр гурван хүн хариуцлага хүлээснийг эс тооцвол бусад нь хариуцлага хүлээгээгүй. Банкны захирал, дэд захирал, хяналт шалгалтын хэлтсийнхэн, зээл гаргаж байгаа Зээлийн хорооны гишүүд бүгд хариуцлага хүлээх ёстой юм.

Нийгмийн хор аюулын хувьд авлига өгч байгаагаас авч байгаа нь илүү хортой. Авч байгаа хүн бол төрийн нэр хүнд, албан тушаалыг хэрэгжүүлэх үүргээ худалдаж байгаа учраас хор аюул нь их. Үүнтэй нэгэн адилаар Хөгжлийн банкнаас зээл авахад нөлөөлж байгаа нь хууль бус гэж үзсэн бол банкны зээл олгосон хүмүүс нь тэднээс илүү өндөр хариуцлага хүлээх ёстой гэж хэлэх гээд байна. Манайд бол зээл олгогч талд, банкны албан тушаалтангуудад хариуцлага ярьдаггүй учраас зээл авч болоод байдаг, сүүлд нь дампууруулчихаж болдог гэдэг хандлага бий болчихлоо.

-Барьцаа хөрөнгөгүйгээр зээлүүд олгогдсон асуудал дээр талууд янз бүрээр тайлбарлаад байна. Банк бол ирээдүйд бий болох хөрөнгийг барьцаалж олгосон гэж. Хууль зүйн талаас үзвэл боломжтой юу?

-Яагаад ноос ноолуур барьцаалж, эсвэл ирээдүйд бий болох хөрөнгө гэх нэрээр зээл өгдөг юм бэ. Энэ бол байж болохгүй асуудал. Тэгвэл бусдадаа ижил боломж олго л доо. Хөгжлийн банкны зарим удирдлагууд хэлж байна лээ, би шийдээгүй, зөвлөл шийдсэн юм гэж.

Намайг Байгаль орчны яаманд хэлтэс, газрын даргаар ажиллаж байх үед Сайншандын аж үйлдвэрийн парк гэж том төсөл эхэлсэн. Тэнд байгаль орчны үнэлгээ хийгдэж байж санхүүжилт эхлэх ёстой байлаа. Гэтэл ТЭЗҮ нь батлагдаагүй байхад байгаль орчны үнэлгээ хийгдчихсэн байдаг. Үүнээс болж Үнэлгээний хорооны гишүүд бүгд шалгуулж, хариуцлага хүлээсэн. Угтаа Байгаль орчны яамны дэргэдэх Үнэлгээний хороо бол олон талаас бүрдсэн, төрийнх биш, нэг ёсондоо сайн дурын бүтэцтэй байгууллага. Хэрэгжээгүй, хохиролгүй төсөл дээр эрх мэдэл, албан тушаалаа урвууллаа гэж Үнэлгээний хорооны гишүүдийг буруутгаж байсан юм. Үүнийг Хөгжлийн банкны Зээл олгох хороотой харьцуулахад тэнгэр газар шиг ялгаатай. Хэдэн их наядаар хэмжигдсэн чанаргүй зээлийг иргэний эрх зүйн харилцаа нэрийн дор олгож байгаа үйлдэл өөрөө гэмт хэрэг.

-Хөгжлийн банкны хэрэг дээр шүүхийн асуудал хөндөгдөж байгаа. Олон зээл шүүх дээр гацсан, буцсан, хэрэгсэхгүй болсон, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж яригдаж байна. Ер нь ийм хэргийг шүүх процесс удаан үргэлжилдэг гэж хуульчид ярьж байна?

-Ер нь Монголд шүүхийн, шүүгчийн буруу гэж хэлэхээсээ илүү хэрэг шийдэх процесс, хууль нь өөрөө завхарчихаад байна. Хууль зүйн сайдаас эхлээд хэлж байна шүү дээ. Монгол Улсын шүүх нэг асуудал дээр 17 удаа хуралдаж байлаа. Иргэний нэг хэргийг шийдэхэд дунджаар 3.6 жил болж байна гэх мэтээр.

Хэрэг шүүх дээр удаж байгаа тухайд хэргийн оролцогчийн ч асуудал байдаг байх, шүүгчийн ч асуудал байдаг байх. Гол нь хуулинд богино хугацаанд шийдээд явах зохицуулалт хэрэгтэй. Үүнийг хууль тогтоогч л шийдэх ёстой. Сонгуулийн маргааныг түргэн хугацаанд шийдэх хугацааг хуулинд оруулаад шийдчихсэн. Үүнтэй адил иргэний эрх зүйн маргаан дээр хурдан явах гарцыг хийгээд өг л дөө. Талууд хуралд өмгөөлөгчтэй орно гэдэг. Гэтэл зөвхөн өмгөөлөгчөөс шалтгаалаад 10 удаа хойшилж байгаа шүүх хурал байна. Хуулиндаа өмгөөлөгчөөр хангах эрхтэй гэчихсэн. Тэгэхээр нөгөөх нь өмгөөлөгч авлаа, болилоо, солилоо гээд цаг хугацаа аваад байдаг. Үүнийг хуулиар хаах хэрэгтэй. Хоёр, гурван удаа боломж олголоо, дууслаа гэх мэтээр зохицуулж болно доо.

-Авлига, албан тушаалын хэргийн шийдвэрлэлт удаан, ялын бодлого сул байлгахыг хууль тогтоогчид өөрсдөө хүсдэг юм биш үү?

-Хууль тогтоогчид энэ асуудал дээр анхаарал хандуулахгүй, хүсэхгүй байна. Тиймээс шүүх дээр хэрэг удаж байгаа шалтгааныг шийдвэрлэе гэвэл хуулиа өөрчлөх ёстой.

-Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилсан сэргийлэх тухай хуулийн 20.2-т төрийн албан тушаалтнууд төрөөс батлан даасан зээл хүртэгч байж болохгүй гэж хориглосон байдаг. Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийн дунд улстөрчид, тэдний хамаарлын компаниуд олноор байна. Хууль нь тодорхой байхад зөрчөөд зээл олгочихжээ?

-Зээл өгсөн хүмүүсийн буруу гэдэг энэ шүү дээ. Зээл авч байгаа хүмүүсийн хувьд “Намайг хэн хэлэх вэ, нохойг хэн саах вэ” гэдгийн адилаар асуудалд хандаж, эзэрхийлж, Монголын төрийг өөрийгөө гэж ойлгож байна. Та бүхэн санаж байгаа бол ЖДҮ-гийн асуудал дэгдэж байхад УИХ-ын гишүүн Байнгын хорооны хурал дээр “Хүний нэр дээр авдаг гэж хэлэхгүй яасан бэ” гэж хэлээд сууж байсныг харсан биз дээ. Манайхан ийм болтол дампуурчихсан байна.

Нөгөө талаасаа улстөрчдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүд авчихсан байна. Зээл авахад тэд нөлөөлсөн эсэхийг хуулийн байгууллага тогтооно. Хэрэв батлагдсан тохиолдолд Эрүүгийн хуульд улс төрд нөлөө бүхий албан тушаалтан энэ хэргийг үйлдсэн бол санкцыг хүндрүүлнэ гээд заачихсан. Хууль нь бэлэн байна, гагцхүү биелүүлэхгүй байна. Өнөөдөр бизнес хийж мөнгө олдог байсан бол банкнаас зээл авч мөнгө олдог болчихоод байна шүү дээ. Тийм учраас улстөрчид хүсэхгүй байгаа юм. Тийм учраас банкнаас хууль бусаар олгогдсон зээлийн тухай асуудал дээр Эрүүгийн хариуцлагыг чангатгахгүй байна. Банкны хууль тогтоомжийг зөрчсөн хүнд хүлээлгэх хариуцлагыг чангатгахгүй байна. Иргэний эрх зүйн харилцаа гэдгээр халхавчилж банкийг тонож амьдарч байна.

-Чанаргүй зээлдэгчийн дуулианаар зарим нь төлж эхэлж байгаа сайн мэдээтэй байна шүү дээ?

-Өөрөөр нь төлүүлье гээд шуугихаар бизнесмэн, улстөрчийн хамаарал бүхий компани төлж эхэлж байна. Тэдэнд алга таших гээд байгаа юм уу. Үгүй шүү дээ. Авахёсгүй хүмүүс байсан байна. Зээл авах ёсгүй хүмүүс авсан учраас хэл аманд өртөхгүйн тулд нэг өдрийн дотор төлж байна. Энэ чинь баярлах асуудал биш, факт гэдгийг нотолж байгаа хэрэг. Хэрэв нэг өдрийн дотор төлчих боломжтой байсан юм бол зээл авах шаардлагагүй. Ард иргэдийн боломжийг хулгайлж байсан хулгайч байжээ гэдгийг нотолж байгаа явдал.

Түүнчлэн зээлсэн мөнгөө төлж байгаа асуудал нь гэмт хэргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Гэмт хэрэгт өөрөөр хэлбэл, банкны зээл авахад нөлөөлсөн бол зээлээ төлсөн эсэхээс үл хамаараад хариуцлага хүлээх ёстой. Хуулийн зарчим нь тийм шүү, энэ байдал орхигдоод явчих вий.

-Улстөрчид банк байгуулаад буцаагаад дампууруулдаг гэж та эхэнд хэллээ. Банк санхүүгийн салбарын нөлөөлөл төрд өндөр байдгийн илрэл биз?

-Улс төрийн намууд сонгуульд оролцоно. Аль нэг нь олонх болоод явна. Аль аль талд нь санхүүжүүлэгч байна. Энэ утгаар улс төрд банкууд сонгуульд оролцоод байгаа нөхцөл байдал харагдаж байгаа. Нэг ёсондоо ёсчилж хэлбэл улс төрийн намууд биш, банкны эзэд сонгуульд өрсөлдөөд байгаа юм биш үү. Аль нам нь ялах вэ гэдгийг харахаас гадна аль банк нь ялж байна гэж харах болчихоод байна. Тийм учраас банкны захирал байсан хүмүүс УИХ-д нэр дэвшиж гарч байгаа нь нууц биш.

Буцаад тэр нөхдийн ард байгаа банкууд Хөгжлийн банкаа тонож байна. Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Чингисхаан банк гээд бүгд зээл авчихсан байсан. Банк биз дээ, тэд чинь мөнгөтэй биз дээ.

Одоо бизнес эрхлэгч, олон нийтийн дунд “Зээл авбал сайн, зээл өгвөл тэнэг, авсан зээлдээ төлбөл бүр тэнэг. Авсан зээл ашиг, аваагүй ашиг алдагдал” гэдэг хэлц үг гарчихсан байна. Ингэтлээ банк санхүүгийн салбар уруудна гэдэг аймшигтай.

-Банкны эзэд улс төрд нөлөөлж байгаа гэсэн. Үүнийг батлах жишээг хэлнэ үү?

-Монгол Улсын Үндсэн хууль болон иргэний суурь хуулиудыг зөрчсөн Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийг хүчээр батлуулчихлаа. Иргэний хуулинд үл хөдлөх хөрөнгө эзэмшигчийн зөвшөөрөлтэйгөөр шүүхийн журмаар үл хөдлөх хөрөнгийн асуудлыг шийддэг. Гэтэл Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулинд шүүхийн бус журмаар борлуулах тухай заагаад ороод ирж байна. Нэг ёсондоо банк мөнгө хүүлэгчийн талд, иргэний эд хөрөнгийг шүүхийн шийдвэргүйгээр хүчээр авах тухай хуульчилчихсан. Тэр нь Иргэний хууль болон Үндсэн хуулийн бусад олон хуулийг зөрччихсөн. Энэ чинь банкны эзэд Монголын төрд, хууль тогтоогчдод нөлөөлж байгаа явдал. Энэ хууль батлагдсанаар маш ноцтой үр дагавар гарч байна. Ер нь банк санхүүгийн салбар бол Монгол Улсын хувьд дэлхийн хэмжээний бизнес болчихсон. Арилжааны банк 18-24 хувийн хүүтэй зээл өгч байна. Банк бус санхүүгийн байгууллага сарын 3.5 хувиар бодоход жилийн 42 хувийн хүү авч байна. Гэхдээ энэ бол бизнес биш луйвар. Банкууд ийм луйврын бизнес хийгээд зогсохгүй дээр нь иргэний хөрөнгийг булаах хууль захиалаад батлуулчихлаа. Жишээ нь, нэг иргэн банкнаас 50 сая төгрөгийн зээл авахын тулд 200 сая төгрөгийн байраа барьцааллаа гэж бодъё. Гэнэтийн нөхцөл байдлаас шалтгаалж зээлээ төлж чадахгүйд хүрээд, хүү алданги нь нэмэгдэн 75 сая төгрөг боллоо. Банк зээлээ нэхнэ, төлөхгүй бол барьцаа хөрөнгийг нь дуудлага худалдаанд оруулна. Зарагдахгүй бол үнэлнэ. Тэгээд болохгүй бол зах зээлийн үнээс хямдаар зарна. Нэг ёсондоо 200 сая төгрөгийн байрыг 100 саяар зарна. Энэ бол банк зараад мөнгөө авч байгаа юм биш, ард нь 100 сая төгрөгийн ашгийг хэн нэгэн хийгээд байна.

Хувийн банк ингэж ашигтай, лоббитой ажиллаад цэцэглээд байдаг. Гэтэл улсын банк барьцаагүй зээл өгөөд дампууурч байдаг. Зөвхөн Хөгжлийн банкны хариуцлагаар тогтохгүй, банк санхүүгийн салбарын хүмүүс улс төрд нөлөөлж, хууль батлуулж бизнесээ дэмжүүлж байгаа асуудлыг цаашид ярих ёстой.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Цэвэгмид: Түгжрээд байгаа замуудын гэрэл дохиог цөөрүүлж, зүүн гар тийш эргэхийг хориглох хэрэгтэй

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах асуудлаар Замын цагдаагийн газрын замын хөдөлгөөний зохион байгуулалтын инженер асан Б.Цэвэгмидтэй ярилцлаа.


-Таван шараас МУБИС хүртэл найман км замд 23 гэрэл дохио байна. Тэр бүрт түгжрэл үүсч байгаа-


-Сургууль, цэцэрлэг орж эхлээд хотын хөдөлгөөн таг гацлаа. Түгжрэлийн шийдлийг хөдөлгөөний зохион байгуулалтын инженерийн хувьд та яаж хардаг вэ?

-Ер нь шийдэл гэхэд нөхцөл байдал тун хүнд болчихоод байна. Улаанбаатар хотын төв рүү чиглэсэн бүх зам өглөө, оройгүй хэдэн цагаар түгжирч байна. Ийм байдалд бид сүүлийн хэдэн жил боллоо. Одоо бүр дасан зохицох талдаа орчихож. Түгжирч л байх ёстой юм шиг чимээгүй, хувь тавилантайгаа эвлэрсэн байдалтай байна. Яахав, ойр зуурын урсгал чиглэлийг өөрчлөх маягаар өнөө маргаашдаа хэрэгжүүлж, байдлыг хөнгөлөх боломж бий.

-Таныг замын цагдаад ажиллаж байх үед түгжрэл бууруулах тал дээр ямар арга хэмжээ авч байв?

-Намайг ажиллаж байх үед ийм түгжрэл байгаагүй. Түгжрэл үүсч байсан ганц тохиолдол бол Баруун дөрвөн зам. Одоогийнхтой харьцуулахад бага л даа. Гэхдээ тухайн үедээ л түгжрэл үүсч олон нийтийг бухимдуулж байсан. Тэр үед би Баруун дөрвөн замын зүүн гар талын эргэлтийг хориглох саналыг гаргасан.

-Хэдэн онд юм бэ?

-1988 онд. Улаанбаатар хотын хүн ам 800 мянга орчим байсан байх. Баруун дөрвөн замын зүүн гар талын эргэлтийг хориглосноор уулзвар хоосон болж байсан удаатай. Тэгэхээр бидэнд гудамж замын хөдөлгөөний зохион байгуулалтад өөрчлөлт оруулаад байдлыг хөнгөрүүлэх боломж байгаа юу гэвэл тийм. Түүнийг олж харж ашиглах, хэрэгжүүлэх, нэвтрүүлэхэд л асуудал байгаа юм.

-Зүүн гар талын эргэлтийг хориглох шийдвэр өнгөрсөн жилүүдэд бас гарч байсан удаатай. Нэлээд маргаан болж байгаад цуцлагдсан. Хаана нь алдаа гарчихсан юм бэ?

-Хамгийн зөв шийдвэр байсан. 2016-2020 онд МАНУлаанбаатарт засаглаж байх үед замын хөдөлгөөний зохион байгуулалтын чиглэлийг зөв хэрэгжүүлсэн ганц арга хэмжээ бол тэр. Түүн дээр нэг дутагдал байсан нь юу вэ гэхээр зүүн гар талын эргэлтийг хориглох юм бол орчныг тойруулах, зүүн гар талынх нь эргэлтийг уулзварынхаа төвөөс холдуулах, эсвэл тал навчны зарчим гэж бидний ярьдаг энэхүү гурван зарчмын аль нэгийг хэрэгжүүлж байж энэ шийдвэр үр дүнтэй болдог номтой. Түүнийг хэрэгжүүлэх тал дээрээ алдсан. Дээрээс нь улс төр орсон. Ер нь замын хөдөлгөөнөөс улс төрийг холдуулах ёстой. Улс төр ороод ирэхээр л замын хөдөлгөөнийг завааруулдаг. Хийх ёстой инженерийн шийдлийг байхгүй болгодог. Хэрэв тэр үед жижиг алдаануудаа засаад арга хэмжээг үргэлжлүүлсэн бол өнөөдөр Энхтайваны өргөн чөлөөг тэр чигээр нь зүүн эргэлтийг хориглоод, тэр хэмжээгээр хөдөлгөөн сийрэгжих боломжтой байсан юм шүү.

-Олон улсад замын түгжрэлийг яаж шийддэг юм бэ. Жишээ нь, Москва түгжрэлээ шийдэж чадахгүй гадны баг авчирч байсан гэж дуулддаг?

-Москва гаднаас хөдөлгөөн зохион байгуулалтын мэргэжилтэн авчирсан гэж сонсоогүй. Учир нь ОХУ өөрөө хөдөлгөөн зохион байгуулалтын сайн мэргэжилтнүүдийг бэлтгэдэг уурхай нь шүү дээ. Ер нь Москва түгжрэлийнхээ асуудлыг шийдчихсэн.

Харин Бээжин, Япон Солонгос бол ази маягийн хөдөлгөөний зохион байгуулалттай. Манай улс европ маягийн хөдөлгөөний зохион байгуулалттай.

-Тодруулахгүй юу?

-Манайх Венийн конвенцийн гишүүн орон. Өөрөөр хэлбэл, манай нутаг дэвсгэр дээр Венийн конвенцийн гишүүн орнуудын авто машин чөлөөтэй зорчдог, бид ч бусад гишүүн орны нутаг дэвсгэр дээгүүр замын хөдөлгөний дүрмийг баримтлаад л явах боломжтой байдаг.

-Азийн орнууд ямар ялгаатай юм бэ?

-Бусад улс орны тээврийн хэрэгсэл нутаг дэвсгэр дээгүүр нь явах хориотой. БНХАУ гэхэд гадаадын тээврийн хэрэгсэл явах боломжгүй.

Харин Венийн конвенцийн гишүүн орнуудын замын хөдөлгөний дүрэм нэг гэсэн үг. Түүнээс гадна тухайн улс орон бүр өөрийнхөө Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулинд замын хөдөлгөөнийг зөвхөн Замын хөдөлгөөний тухай дүрмээр зохицуулна гээд заачихсан. Манай хуулинд ч байгаа.

-Тийм ялгаатай байх нь. Түгжрэлийг бууруулах шийдэл рүүгээ оръё. Давхар уулзваруудыг нэмэгдүүлэх нь зөв үү?

-Уулзваруудыг өөр түвшинд болгох шаардлагатай. Мэдээж энэ ажил хийгдэх ёстой. Ер нь Улаанбаатар хотын түгжрэлийн шалтгаан олон байна. Нэг жишээ хэлье. Таван шараас МУБИС хүртэл найм хүрэхгүй км замтай. Гэтэл тэр хооронд яаж түгжирдэг билээ. Найман км хүрэхгүй замд 23 гэрэл дохио байна. Гэрэл дохио түгжрэлийн эх үүсвэр. Гэрэл дохионд техникийн нөхцөлийг хангадаггүй, норм дүрэм маань байхгүй болчихсоны хар гай энэ. Тэгэхээр замын хөдөлгөөн дээр онолын үүднээс, шинжлэх ухаанчаар, мэргэжлийн зүгээс анхаарал тавихгүй бол энэ байдлаараа түгжрэлэээс хэзээ ч салахгүй.

Хотын захиргаанаас 71 км тойруу зам барих талаар ярьж байгаа. Тойруу зам хэрэгтэйгийн хувьд хэрэгтэй. Гэхдээ ганц тойруу зам бариад түгжрэл алга болохгүй. Улаанбаатар хотын төвд хүн амьдарч байгаа л бол энэ чигээрээ л байна. Тойруу зам ч бай, гурван гол зам бариад түгжрэлийг 50 хувь бууруулчихна гэж дарга нар өөрөө өөрсдийгөө хуурах хэрэггүй.

-Метроны төсөл олон жил хүлээгдэж байна. Баригдчихвал замын хөдөлгөөнд хувьсгал авчирна гэж ярьдаг?

-Хэрэгжээсэй. Улс орны эдийн засгийн боломж гарвал хэрэгжээсэй гэж хүсч байна. Тэр бол хотын хөгжил, түгжрэлд, шинэ тээврийн төрөлд том өөрчлөлт авчирна. Өчнөөн хэдэн зуун ажлын байр нэмэгдэнэ.

-Жолооч нарыг дүрмээ ягштал мөрддөг болгох гол арга зам таныхаар юу вэ?

-Дүрэм гэдэг дүрэм. Тэнд хүний эрх, ардчилал байхгүй. Хөдөлгөөнд яаж оролцохыг хуульчлаад заачихсан. Нэг үгээр цусаар бичигдсэн дүрэм гэж олон улсад ярьдаг. Ардчилал хөгжсөн оронд ч замын хөдөлгөөний дүрмийг биелүүлдэг. Дарангуйлалтай оронд ч биелүүлдэг.

Тэгэхэээр бид хамгийн түрүүнд хяналт шалгалтыг сайжруулах арга хэмжээний хувьд Тээврийн цагдаагийн байгууллага улс төрийн даалгавар биелүүлдэг, улс төрийн шинжтэй шоуныхаа ажлаас татгалзах ёстой. Тэд нар Замын хөдөлгөөний дүрмийн манаач байхгүй юу. Өчүүхэн зөрчил гаргасан ч хариуцлага тооцдог байх ёстой. Торгуул байх ёстой. Торгуулаа төлөхгүй бол хөдөлгөөнд оролцуулдаггүй байх. Усынхаа дугаарыг татаж авдаг байх ёстой. Тэгэхгүй бол Өршөөлийн хууль хүлээсэн хэдэн зуун мянган жолоочтой болчихлоо. Хүн харахад тээврийн цагдаа нар торгууль бичээд мундаг ажил хийгээд байгаа юм шиг харагддаг ч тэр нь үр нөлөөгөө үзүүлэхгүй байна. Аргаа барахдаа торгуулыг чинь 50 хувиар бууруулъя, хурдан төлөөд өгөөч гэдэг. Төрийн ажил ийм балай, түцний наймаа шиг байж болохгүй. Дүрэм зөрчсөн, шийтгэсэн, торгуулаа төлсөн. Ийм л байх ёстой.

Дүрэм зөрчсөн жолоочийн халаасанд мэдрэгдтэл, орой гэртээ очихдоо хүүхдийнхээ талхны мөнгийг өөрийнхөө буруугаас болж торгуулд өгчихлөө гэж ухамсарт нь суух хүртэл хариуцлага тооцож байх ёстой юм. Олон нийт ачилтын компаниудыг эсэргүүцдэг. Хамгийн зөв арга хэмжээ тэр. Харин ч цөөхөн байна. Зогсоол дээрээ зогсдог, хориглосон газар зогсоогүй бол хэн ч тэдний машиныг ачихгүй. Гэрийнх нь гаднаас, зогсоол дээрээс машиныг нь ачаагүй. Дүрэм зөрчсөн учраас ачиж байгаа.

-Жолооч нар машин шүргэх төдийд, эсвэл осол аваар гарах үед зам нэлээд түгжирч харагддаг. Уг нь зураг хөргөө аваад баримтжуулаад замаа шуурхай чөлөөлдөг журам дүрэмтэй болчихвол?

-Ослоос болоод түгжрэл үүсэх бол цаг зуурынх. Үүнийг яаж ийгээд шуурхай шийдчихэж болно. Харин манай өөрийн гудамж замын сүлжээ, түүн дээр явж байгаа тээврийн хэрэгслийн урсгал мөнхийн юм. Мөнхийн юмаа яаж зохицуулах вэ, яаж хурдан шуурхай явуулах вэ гэдгээ л анхаарах ёстой.

-Ийм их түгжрэлтэй цаг үед автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор явуулахад буруудахгүй гэсэн санал ч дуулддаг. Боломжтой юу?

-Тэгээд хуульгүй улсад амьдрах уу. Хотын захиргаанаас 2012 оны наймдугаар сарын 24-нд дугаарын хязгаарлалтын захирамжийг гаргаснаас хойш би өдөр бүр машинаараа явдаг. Хориотой өдөр нь ч тэр. Мөн тэр өдөр замын нэгдүгээр эгнээ гэж гаргаж ирсэн. Би одоо болтол нэгдүгээр эгнээгээр явдаг. Би хуулиа л биелүүлж байгаа. Тэр захирамж бол хууль зөрчсөн. Хэзээ ч ийм байж болохгүй. .

-Шийдэл биш гэж эсэргүүцээд байгаа хэрэг үү?

-Шийдэл мөн. Нийтийн тээвэрт нэг эгнээ чөлөөлж өгнө, түүгээр зөвхөн автобус троллейбус явна гэдэг шийдэл мөн. Тэр чинь өөрөө инженерийн шийдэл байхгүй юу. Энхтайваны өргөн чөлөөнд баруун гар талын эгнээг нийтийн тээвэрт чөлөөлж өглөө гэхэд техникийн нөхцөл нь хангасан, техникийн бичиг баримт бүрдүүлсэн бол нийтийн тээврийг явуулах ёстой.

Яагаад хүмүүс нэгдүгээр эгнээгээр зорчоод торгуулаад байгаа юм бэ гэхээр хотынхон техникийн нөхцөлийг хангаагүй эгнээн дээр гадаадад нэгдүгээр эгнээ чөлөөлдөг сайхан юм байдаг гэж хүчээр хуулаад авчраад тавьчихсанаас болоод одоог хүртэл маргаан үргэлжилдэг.

-Таныг цагдаа зогсоож, торгодоггүй хэрэг үү?

-Зогсоохоо ч больсон. Би тэр байтугай Улаанбаатар хот, Тээврийн цагдаагийн албанд өргөдөл өгсөн хүн. Чаддаг юм бол намайг торго гэж. Хууль бус учраас торгож чаддаггүй.

-Улаанбаатар хотын төв рүү орох шаардлагагүй жолооч нар тойрог замаар зорчих хувилбар ихээр яригддаг. Хотын зүүн захаас баруун зах руу, эсвэл урдаас хойд зах руу явах жолооч нар төв рүү орж түгжрэл үүсгэхгүйгээр тойрч явах тухай. Энэ шийдэл түгжрэлийг шийдэхэд хэр нэмэртэй вэ?

-Ер нь томоохон хотод тойрог зам барьдаг. Дамжин өнгөрөх гэж байгаа тээврийн хэрэгслийг хотынхоо төв рүү оруулахгүй, гадуур тойруулах үндсэн санаа. Мэдээж байж болох хувилбар. Москва хот шиг зүүн талаас нь ирээд баруун тийш, хойноос ирээд урагшаа дамждаг сүлжээ бий. Гэхдээ Улаанбаатар хотыг дамжаад өнгөрдөг урсгал маш бага. Баруун талаас ирээд Улаанбаатар хотод шавна, зүүн талаас ирээд л Улаанбаатарт шавна. Түүнээс биш Дорнодоос ирээд Ховд руу нэвт явдаг урсгал их бага. Ач холбогдол талдаа юу л бол?

-Ойрын хугацаанд шийдэж болох хувилбарыг та хэлээч. Энэ хавартаа замын хөдөлгөөний ачааллыг бууруулж болох шийдэл гэсэн үг. Жишээ нь, Яармагийн замыг яах вэ?

-Яармагийн замд ТЭЦ-3-ын зүүн урд талын уулзвар, Мишээлийн уулзвар гээд олон гэрэл дохио байдаг. Тэр олон гэрэл дохионууд түгжээд байгаа юм.

Тиймээс түгжрээд байгаа замуудын нэвтрүүлэн өнгөрүүлэх чадварыг дээшлүүлэх ёстой. Түүний тулд гэрэл дохио олон байвал цөөрүүлэх. Эсвэл зарим уулзварууд дээр, зарим гарцууд дээр зүүн гар тийш эргэхийг хориглож, түүнд оногдож байгаа цаг хугацааг чигээр нь нэвтэрдэг болгох хэрэгтэй. Өдөр тутмын арга хэмжээгээр хөдөлгөөнийг хөнгөлөх боломж хаа сайгүй байна. Замын элементийн алдаанууд түгжрэл үүсгэж байгаа талаар хэлсэн. Энэ бол нэг зун л засчих ажил. Хөрөнгө шаардахгүй бэлэн ажлууд шүү дээ. Яг үнэндээ хэлэхэд Хотын удирдлага тэнгэрийн юм, тэнгэрийн зам, том тойрог ярьж суугаагаас биш замын түгжрэлийнхээ шалтгааныг олоогүй сууж байгаа.

-Цаашид урт хугацаандаа Улаанбаатар хот замынхаа түгжрэлийг яаж бууруулах ёстой вэ?

-Замын түгжрэлийг шийдэхийн тулд таван төрлийн арга хэмжээ авах ёстой. Нэгдүгээрт, хууль эрх зүйн орчиндоо ямар арга хэмжээ авах вэ. Дүрэм бол асуудалгүй. Тэртэй тэргүй олон улсынхаа гэрээ хэлцлийн дагуу шийдэгдчихсэн. Харин манайд хэрэгжүүлэлт дээр л асуудал байна. Наад зах нь манайх хамгийн сахилгагүй жолоочтой. Мал бэлчиж яваа юм шиг. Мэргэжлийн байгууллага, тээврийн цагдаагийн алба нь тийм жолооч нараа тоохоо больчихсон, анхаарал хандуулахаа байчихсан, улс төрийн даалгавар биелүүлдэг болчихсон. Хамгийн түрүүнд бидэнд замын хөдөлгөөнд дэглэм тогтоох хэрэгтэй. Замын хөдөлгөөний дүрмийг ягштал биелүүлдэг болох ёстой. Оногдуулсан торгуулийг төлөхөө больсон шүү дээ. Дүрэм зөрчлөө гэхэд цагдаа торгуулийн хуудас бичихэд цочихоо больж, эмээхээ байчихсан. Яагаад гэвэл дараагийнхаа Өршөөлийн хуулийг хүлээж байгаа нь тэр. Тэгэхээр хэзээ ч өршөөж болохгүй. Дүрэм зөрчсөн жолоочид оногдуулах хариуцлагыг сайжруулах хэрэгтэй байна.

Хоёрдугаарт, замын хөдөлгөөн, гудамж замын элементүүдэд алдаа гаргасан албан тушаалтнуудад хариуцлага оногдуулдаг болох ёстой. Ер нь энэ түгжрэл бол гарын үсгийн түгжрэл байгаа юм. Гудамж замын элементүүдийг харахад бүгд алдаатай.

Гуравдугаарт, хот төлөвлөлт, хот байгуулалтын чиглэлээр маш том арга хэмжээ хэрэгжүүлэхгүй бол хотын стандарт, гудамж замын норм дүрэм тэр чигээрээ алдагдчихсан. Дөрөвдүгээрт, замын хөдөлгөөний зохион байгуулалтын чиглэлээр ажиллах. Манайд хөдөлгөөний зохион байгуулалт байхгүй болчихсон. Хэн дуртай нь юу дуртайгаа хийж болдог. Замын хөдөлгөөний зохион байгуулалт гэдэг бол инженерийн шийдэл байх ёстой юм. Нэг дарга нь гарч ирээд дугаарын хязгаарлалт тогтооно, нөгөө нь гарч ирээд нэгдүгээр эгнээ гэж ярина. Нэгдүгээр эгнээ гэж юу байдгаа ч мэдэхгүй улсууд захирамж гаргаад хотыг чинь тоглоод хаячихлаа.

Тавдугаарт, бид тээвэр зохион байгуулалтын асуудлыг шийдэхгүй бол яагаад ч Улаанбаатар хот түгжрэлээсээ гарахгүй. Орчин үед ложистик гэж ярьдаг болсон байна лээ. Би ганц жишээ хэлье. Түгжрэл гэдэг форум дээр сууж байхад Улаанбаатар хот 76.000 ачааны автомашинтай. Түүнээс 25.000 нь хөдөлгөөнд оролцдог. Тэр үед миний тоолж байснаар хотын тээврийн операци 7000-8000 хийгддэг. Нэг ёсондоо ийм тооны тээврийн үйлчилгээний хэрэгцээ л байдаг гэсэн үг. Үлдэгдэл 10 гаруй мянган тээврийн хэрэгсэл ажил ярих нэрээр л хотоор сэлгүүцээд явж байна. Гурвалжингийн тэнд, энд тэнд зам хаагаад, явган хүний зам дээр зогсож байдаг биз дээ. Энэ тээвэр зохион байгуулалтыг боловсронгуй болгохгүй бол яагаад ч ажил явахгүй.

-Нийтийн тээвэр бас хамаарна биз?

-Тэгэлгүй яахав. Тээвэр зохион байгуулалтын нөгөө нэг чиглэл нь нийтийн тээвэр. Нийтийн тээвэр бол Улаанбаатар хотын, төрийн бодлогоор явдаг цаг аль хэдийнэ өнгөрсөн. Нийтийн тээвэр хэдхэн сэргэлэн хүний гарт байна. Өнөөдөр зорчигч тээврийн урсгал, гудамж замын сүлжээнд тохирсон нийтийн тээврийн маршрут хийх ёстой байтал хэн нэгэн сэргэлэн этгээд хэдэн автобус өөрийнхөө нэр дээр бүртгүүлж аваад, өөрсдөө шугам бодож олоод санал гаргачихдаг. Түүнийг нь комисс нэртэй хүмүүс нь “Болох юм байна” гэж гарын үсэг зурсаар зөвхөн Энхтайваны өргөн чөлөөнд гэхэд 20 гаруй маршрутын автобус нэг буудал зогсож байна. Ийм л юм үүсгэчихсэн.

Өнөөдөр нийтийн тээврийг Нийтийн тээврийн газар биш автобус өөрийнхөө нэр дээр олж чаддаг, маршрут олж авч чаддаг компанийн захирлууд л шийддэг болчихсон шүү дээ. Нийтийн тээвэр дээр анхаарах дараагийн асуудал бол такси. Улаанбаатар хотын такси үйлчилгээ байхгүй болсон. Улсын нийслэл байж таксиныхаа зах зээлийг хувийн стандарт бус тээврийн хэрэгсэл, дадлага туршлагагүй, мөнгө олох гээд явж байгаа хүмүүст бүрэн алдчихсан.

Сүүлийн авч болох хувилбар бол хяналт шалгалтын чиглэл. Замын хөдөлгөөнд хяналт шалгалт байхгүй бол ямар болдгийг одоо бид харж байна. Автобусны буудал дээр дүүрэн жижиг тэрэг зогсож байна. Хэн дуртай нь хаа дуртай газраа эргэнэ, үргэлжилсэн шугам давах, гэрэл дохио, эгнээ байраа зөв эзлэх ойлголт бүр байхгүй болчихсон. Үүнийгээ дагаад замын цагдаагийн үндсэн үүрэг бүр хаягдлаа. Хэрэв замын цагдаа хувийн компани байсан бол аль хэзээ дампуурлаа зарлаад татан буугдахаар болчихсон.

Ийм л хэмжээнд байгаа юм. Энэ таван чиглэлээр явж байж түгжрэлээс салах боломжтой.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Тэгшбаяр: Нүүрсний орд эзэмшигч нэг настай монгол иргэний өмчлөл хууль ёсных эсэхийг заавал шалгах ёстой

АНУ-ын Брукинс институтын зөвлөх, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын мэргэжилтэн Д.Тэгшбаяртай ярилцлаа.


ЮКСЕМБУРГ БОЛ НЭГ ЖИШЭЭ. АНГЛИД НАСАНД ХҮРЭЭГҮЙ 4000 ХҮҮХЭД КОМПАНИЙН

ЭЦСИЙН ӨМЧЛӨГЧ ГЭСЭН БҮРТГЭЛ БАЙНА-


-Гэмт хэрэг болон авлигыг мэдээлэх Open­Lux байгууллагаас Монгол Улсын нэг настай иргэн нүүрсний томоохон орд эзэмшдэг тухай мэдээллийг ил болгосон байна. Энэ хэр бодит мэдээлэл вэ?

-Энэ мэдээлэл бол Open­Lux төслийн хүрээнд ил болсон бодит мэдээлэл. Люксембург улсад 1955 оноос хойш 260.000 орчим компани бүртгүүлсэн байдаг. 2019 оны гуравдугаар сард Европын холбооны шахалтаар Люксембург улс компанийн эздийн эцсийн өмчлөлийн мэдээллийг ил болгосон. Гэхдээ мэдээллийг нээлттэй өгөгдлийн форматаар биш, хэсэгчилж ил болгосон. Тодруулбал, хувь хүний нэрээр бус зөвхөн компанийн нэрээр хайх боломжтой байдлаар ил болгоод байсан юм. Тиймээс OpenLux төслийн эрэн сурвалжлах сэтгүүлчдийн баг нээлттэй өгөгдлийн стандартад нийцээгүй гурван сая гаруй мэдээллийг 2019 оноос хойш скрапп хийснээр /мэдээллийг цэвэрлэх/ түүний ард 400 гаруй хүүхэд, ялангуяа Монгол, Азарбайджан, Мексик зэрэг хөгжиж байгаа орнуудад харьяалалтай насанд хүрээгүй иргэд эцсийн эзэмшигчээр бүртгэгдсэн байна гэдгийг тодорхой болголоо.

Люксембург улсын хуулиар бага насны хүүхэд бэлэн мөнгө л биш бол хөрөнгө, хувьцаа эзэмшихийг зөвшөөрдөг. Эцсийн өмчлөгчийн мэдээллийн сан тодорхой хэмжээнд ил болж, сэтгүүлчид мэдээлэл дээр удаан ажилласнаар шат дараатай мэдээллийг ил болгож байна. Өмнө нь тус улсад бүртгэлтэй компаниудын эцсийн өмчлөгчдөд зэвсгийн наймаачид, зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл, террорист бүлэглэлийн гишүүд байгааг тогтоож байсан.

-Люксембург улсад бага насны хүүхэд хөрөнгө эзэмшихийг зөвшөөрдөг юм байж. Харин манай улсад хориглодог шүү дээ. Тийм ч учраас энэ мэдээлэл олны анхаарлыг татаж байна?

-Бага насны хүүхэд хувьцаа, хөрөнгө шууд эзэмших нь хуулиар боломжгүй.

Люксембург улсад хэдийгээр үүнийг зөвшөөрдөг ч тэрхүү эзэмшиж байгаа хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий насанд хүрсэн хүн заавал байх ёстой. Харин хууль зөрчөөгүй боловч дэлхийн мэдээллийн хамгийн өндөр нууцлалтай, татварын диваажин улсад тооцогдох газар компани байгуулан, хүүхдийн нэр дээр хөрөнгөө шилжүүлж байгаа нь хөрөнгөөс нэрээ салгах гэсэн, татвараас зугтах, гэмт хэргээс олсон орлогоо нуун далдлах, мөнгө угаах зэрэг ямар ч гэмт хэрэгтэй холбоотой байх магадлал өндөр.

Манай улс Үндсэн хуульдаа газрын доорх баялаг, ашигт малтмал төрийн нийтийн өмч гээд заачихсан. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг зөвхөн хуулийн этгээд л эзэмших хуультай. Харин тухайн хуулийн этгээдийн цаад толгой компани нь Монгол Улсын нутаг дэвсгэрээс гараад явчих тохиолдол олон байна.

Сүүлд Олборлох байдлын ил тод байдлын санаачилгын нээлттэй мэдээллийн санд нийтдээ 700 гаруй хуулийн этгээд эцсийн өмчлөгчийнхөө мэдээллийг гаргасан байсан. Үүн дотор найман улс төрд нөлөө бүхий этгээдийн нэр л тодорсон байдаг. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд 2021 оны нэг сар гэхэд бүгд эцсийн өмчлөгчдийн мэдээллийг гаргаж өгсөн. Түүнээс ч өмнө татварын албанд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд 2018 оны зургаан сард эцсийн өмчлөгчдийн мэдээллээ гаргаж байсан. Одоо харин эдгээр санд тухайн хүүхдийг үнэн зөв мэдүүлж үү гэдгийг өмнө нь татвар, улсын бүртгэлд гаргаж өгсөн мэдээллээс тулгалт хийж харах хэрэгтэй байна. Мэдүүлээгүй бол хуулийн хариуцлага хүлээлгэхийг харах хэрэгтэй. Одоогийн Засгийн газар авлига, ашиг сонирхолтой тэмцэнэ гэсэн шүү дээ. Өнөөдөр тэр хүүхдийн мэдээлэл аль ч мэдээллийн санд нь байхгүй бол мэдээллийн үнэн зөвийг баталгаажуулаагүй төрийн байгууллагын удирдлагыг хадгалаад, хамгаалаад яах вэ дээ.

-Манайх эцсийн өмчлөгчийн мэдээллийн санг бүрдүүлэхэд ямар санаачилгатай ажилладаг юм бол?

-Нийтийн мэдээллийн тухай хуулиар ирэх тавдугаар сарын 1-нээс эцсийн өмчлөгчдийн мэдээлэл ил тод болоод явах ёстой. Хэрэв жинхэнэ утгаараа хэрэгжвэл бид гадаадад алдагдсан хөрөнгөө буцааж олж авах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийг мөрдөн шалгахад боломж улам нэмэгдэнэ. Мөн татвараас зугтсан, зайлсхийсэн эсэх асуудлыг бусад дата сантай уялдуулж харах боломж бүрдэнэ. Одоо юуг ч нуух боломжгүй. Улс орнуудын хууль хяналтын байгууллагууд хоорондоо эцсийн өмчлөгчдийн мэдээллээ солилцдог болж байна.

Олон улсын компаниудын эцсийн өмчлөгчийн мэдээллийг ил болгож байгаа санал санаачилга бол бидэнд үр ашигтай. Эцсийн өмчлөгч ил болсноор тэнд ашиг сонирхлын зөрчил байна уу, авлигын мөнгө, гэмт хэргийн ашгаа шилжүүлсэн үү гэх мэт олон мэдээллийг хоорондоо харилцан солилцох боломж бүрдээд явна. Европын холбооны дийлэнх улс орон компанийн эцсийн өмчлөгчийн сантай болсон. Зарим нь олон нийтдээ үнэ төлбөргүй нээлттэй байна. АНУ гэхэд 2021 оны нэгдүгээр сараас ийм мэдээллийн санг бүрдүүлсэн. Гэхдээ одоогийн байдлаар зөвхөн хууль хүчний байгууллагууд л тэрхүү мэдээллийг солилцох байдлаар ашиглаж байна. Бидэнд бас ФАТФ-ын саарал жагсаалт, Европын холбооны татварын асуудлаар хамтран ажилладаггүй улс орны жагсаалтад орохгүй байх, үүний дагуу хүлээсэн үүргийн нэг нь эцсийн өмчлөгчийн мэдээллийн санг бүрдүүлэх юм.

-Манай улсын нэг настай иргэн нүүрсний орд эзэмшдэг гэдэг нь ил болчихлоо. Энэ эзэмшил хууль ёсных уу гэдгийг тодорхой болгох хэрэгтэй болов уу?

-Хүүхэд Люксембургийн компанийн хувьцаа эзэмшиж байгаа нь хууль бус биш. Гол нь компани хооронд шилжиж байгаа мөнгөн гүйлгээ, ашиг сонирхол юу вэ, татвараас зугтаж уу, гэмт хэргийн гаралтай мөнгө шилжүүлж үү гэдгийг тодруулах шаардлагатай. Хүүхдийн цаана насанд хүрсэн хүн, эсхүл хөрөнгийг насанд хүртэл нь захиран зарцуулах эрх бүхий этгээдийг тодорхой болгох богино хугацааг заагаад, иргэдэд зарлавал зүйтэй. Учир нь Люксембург мэдээллийн нууцлалыг хамгаалах зохицуулалтынхаа хүрээнд харилцагчийн мэдээллийг манай хуулийн байгууллагад өгөхгүй, нэрийг нь ч хэлэхгүй. Тиймд шууд хариуцлага тооцно гэхээсээ Италийн Засгийн газрын авч байгаа арга хэмжээг хэрэгжүүлж болно. жишээ нь, тэд эцсийн өмчлөлийн мэдээллийн зөрүүг засах, гадагшаа гаргасан хөрөнгө мөнгөний татварыг төлөх, хөрөнгө эзэмшиж байгаа хүүхдийн цаана ямар хүн байгаа тухай мэдээллийг гаргаж өгөх шаардлагыг иргэддээ тавьсан юм билээ.

Люксембургт хүүхэд хөрөнгө эзэмшиж байгаа бол нэг л жишээ. Английн компаниудын эцсийн өмчлөгчийн нээлттэй мэдээллийн санд 4000 насанд хүрээгүй хүүхэд эцсийн өмчлөгч байна гэсэн бүртгэл байна. Тэнд хэдэн ч Монгол хүүхэд байж мэдэхээр байна. Европын холбооноос эхлээд

АНУ, Австрали зэрэг бүхий л улс орон компанийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг нэгдэж харах боломжийг бүрдүүлж байгаа учраас хуулийн хариуцлага гэхээс өмнө мэдээллээ ил тод болгохыг шаардах нь зүй юм. Мэдээж гаргаж өгөөгүй тохиолдолд эрсдэлтэй гэж үзэн, төрийн нийтийн өмчийг хамгаалах бусад арга хэрэглэж болох юм.

-Бага насны хүүхэд орд эзэмшиж байгаа явдал манайд хууль ёсных гэдэг магадлал тун бага гэсэн хардлага байна. Судлаач хүний хувьд та энэ талаар юу хэлэх вэ?

-Тийм байхыг үгүйсгэхгүй, магадлал ч өндөр. Ашигт малтмалын салбар тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг учраас төрийн албан хаагчид, улс төрд нөлөө бүхий этгээдийн оролцоо өндөр, ашиг сонирхлын зөрчил их үүсдэг салбар. Эдийн засгийн хувьд өндөр ач холбогдолтойн хувьд энэ салбарыг цаашид засаглалын хувьд зохистой хөгжүүлээд явах шаардлагатай. Үүний тулд мэдээллийн, засаглалын, санхүүгийн ил тод байдлыг жигд хангах шаардлага байна. Ингэж байж хууль хүчний байгууллагууд бусад улс орны хууль хүчнийхэнтэй хамтарч, мөн иргэний нийгэм, судлаачид, сэтгүүлчид мэдээллийг тодруулах боломжтой.

-OpenLux гэж ямар байгууллага юм бэ?

-Люксембург улсын компанийн эцсийн өмчлөгчийн нээлттэй мэдээллийн санд байгаа мэдээллийг боловсруулах иргэний нийгэм, эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нэгдсэн төсөл. Энэ удаагийн мэдээллийг 2019 оноос хойш скрапп хийж гаргаж ирсэн нь тэдний уйгагүй хөдөлмөр. Одоо бидний л ажил үлдээд байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Эрдэнэбат: Засгийн газар байшин бариулах захиалга өгнө гэж тогтоолоор баталгаажуулчихаад намайг хуурна гэж яаж санах вэ дээ

“Эрэл” группийн ерөнхийлөгч Б.Эрдэнэбаттай ярилцлаа.


-Хөгжлийн банкнаас эхэлж зарласан 20 гаруй аж ахуйн нэгжийн чанаргүй зээлийн жагсаалтад “Эрэл” группийн 2013 оны 65.5 тэрбум, 2014 оны 39.4 тэрбум төгрөгийн зээлийн мэдээлэл багтсан. Байшин үйлдвэрлэлийн комбинат барих төсөл яагаад өнөөдөр чанаргүй зээлийн ангилалд багтчихав?

-Би энэ асуудлыг олон жилийн турш хүлээцтэй ажиглаж байгаа. Сүүлдээ дэндээд, байж болохгүй гүжир гүтгэлгийг зохион байгуулалттайгаар, дээрээсээ төр засгаасаа тарааж байгаад маш их харамсаж байна. Энэ асуудал дээр гарцаагүй нотлох баримтаа харуулаад он цагийн дарааллаар хэлэх нь зүйтэй.

Анх би 1994 онд Байшин үйлдвэрлэх комбинатыг дуудлага худалдаагаар 570 сая төгрөгөөр худалдаж авч байлаа. Анх оросын технологитой үйлдвэр 60-аад онд 120 мянгат, 220 мянгат, Сансар, төмөр замын таван давхар саарал байруудыг барьсан, 1980-аад онд технологио шинэчлээд гурав, дөрөвдүгээр хороолол, 13, 14, 15 дугаар хороолол гээд Улаанбаатар хотын барилгын 80 хувийг тэр чигээр нь барьсан үйлдвэр. Энэ бол ганцхан орон сууц барьдаг биш, хот тосгон барих зориулалттай, хүчин чадалтай. тийм ч учраас олон сургууль, цэцэрлэг, улсын томоохон эмнэлгүүдийг барьсан шүү дээ. Хамгийн сүүлд Сүхбаатарын талбайн зүүн талын Соёлын төв өргөөг барьж дуусгаад, орос ах нар нутаг буцсан даа. түүнээс хойш үйлдвэр тоногдож, сэг шахуу болсон байхад дуудлага худалдаагаар авсан нь тэр.

Тэр үед их л сайхан өрнүүн сэтгэлээр Монгол Улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулах ёстой. том бүтээн байгуулалт хийе, монгол хүн болж төрснийхөө төлөө ард түмнийхээ халуун бүлээн гал голомт бадрах гэр орныг нь барьж өгье, тэгж л өөрийгөө мөнхөлнө гэж бодож явсан.

Түүнээс хойш үйлдвэрийн технологийг өөрчилж шинэчлээд, засч янзлаад жилд 200-500 айлын орон сууц барьдаг байв. гэтэл 2013 оны дөрөвдүгээр сард манайд Хотын захиргаанаас гэнэт л урилга ирсэн.

Биднийг урьсан гол шалтгаан нь тэр үед Улаанбаатар хотын гэр хороолол 184.000 өрхтэй байсан. Гэр хорооллын ус, агаар, хөрсний бохирдлыг бууруулъя. Танайх өнгөрсөн зууны Улаанбаатар хотыг тэр чигт нь барьсан түүхт үйлдвэр. Тиймээс та үйлдвэрийнхээ технологийг өөрчил, орчин үеийн технологид шилжүүл. Бид олон улсаас босгосон бондоосоо хүүгүй шахуу, хугацаагүй зээл өгье гэсэн. 2013 оны Хөгжлийн банкны танилцуулга нь энэ байна.

-Хөгжлийн банк байгуулагдчихсан, Чингис бондыг босгочихсон үе байх нь?

-Тийм. Тэрхүү уулзалтын үеэр Улаанбаатар хотын 184.000 өрхийг дүүрэг дүүргээр нь гаргачихсан, түүнийгээ яаж барилгажуулах тухай төлөвлөсөн сэтгүүл хүртэл бэлдсэн байсан.

Бусад хөгжиж байгаа орнуудад яг ийм зориулалтын банк байгуулаад Засгийн газрын бөгөөд УИХ-ын стратегийн ач холбогдолтой тэргүүлэх чиглэлийн төслүүдийг санхүүжүүлдэг. Түүний адил цаг үеэ олсон арга хэмжээ гэж харсан. Түүнээс гадна тухайн үед Парисийн хэлэлцээрээр Монгол Улс 195 орон дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөр хүлээсэн үүргээ биелүүлэх нэг зорилго ч биелэх ажил тэр байсан байх. Монгол хүн чинь Үндсэн хуулиараа эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Тийм учраас Засгийн газрын бодлого агаарын бохирдол, хөрсний бохирдол байхын аргагүй боллоо. Гүний цооног худгууд бүгд бохирдлоо. Ийм асуудлууд хурцаар тавигдаж байгаа үед Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр хэрэгжүүлэхээр УИХ-ын 36 дугаар тогтоол хүртэл гаргасан байдаг.

Ингээд бид тэр уулзалт, танилцуулга, хүсэлтийнх нь дагуу төслөө Барилга хот, байгуулалтын яаманд 2013 оны тавдугаар сарын эхээр өгсөн байдаг. Тухайн үед ҮАБЗ, УИХ-ын байнгын хороо дэмжээд Бондын зөвлөлөөр орж байж шалгарсан төсөл санхүүжих хуультай байсан.

-Таныг зээл авахдаа төр засаг, Хөгжлийн банкинд нөлөөлсөн гэж нэлээд бичсэн. Харин таны яриагаар бол Засаг өөрөө санал тавьжээ?

-Тэгсэн. Өөрсдөө надад санал тавьж, урилга ирүүлсэн. Би урилгыг нь он, сар, өдөртэй нь ярилаа шүү дээ. Баримттай ярьж байна. Өнөөдөр Хөгжлийн банкны зориулалтаар, Засгийн газрын хөтөлбөрийн дагуу агаар, хөрсний бохирдлыг бууруулах, гэр хорооллыг барилгажуулах төслийг авсан нь гарцаагүй манайх тэргүүн ээлжинд мөн гэж хэлнэ. Манайх шиг ийм өөр төсөл байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ бид өнөөдөр танил талаараа биш, явах бүх журам, шат дамжлагаар нь явсан. Жишээ нь, Бондын зөвлөлөөр орсон төсөл манайхаас өөр байхгүй болов уу. Үүнийг шалгаж үзэх хэрэгтэй.

Түүний дараа Засгийн газар, УИХ-ын 2010 оны 36 дугаар тогтоол, Засгийн газрын 2012 оны 171 дүгээр гаргаж, Засгийн гаүзрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт үндэслэж 180 дугаар тогтоолыг гаргасан. Тэр бол 2013 оны тавдугаар сарын 18-ны өдөр. Ерөөсөө гэр хорооллын яндан жорлон хоёрыг авч хаяад оронд нь төгс шийдлээр барилгажуулъя. Ингэж байж ард түмнээ Үндсэн хуулийн дагуу эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжтой юм байна гэж төр засаг шийдсэн. Зөв л дөө.

Энэ тогтоол гарснаар манайх Чингис бондоос 14 сая ам.доллар л авсан. Гэтэл хүмүүс бол намайг өчнөөн удаагийн зээлээр бондоос мөнгө аваад байхгүй болчихсон гэж яриад байна.

-Ийм мэдээлэл ганц өнөөдөр биш, нэлээд эртнээс эхэлсэн л дээ. Гол нь зээл төлөгдөөгүй байдал л энэ хардлага, мэдээллийг улам лавшлуураад байна уу даа?

-УИХ, Засгийн газрын тогтоолын дараа удалгүй ҮАБЗ-ийн 28/20/ гэсэн зөвлөмж гарсан байдаг юм. Тухайн үеийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр хоёр нийлээд бондын мөнгийг баруун зүүнгүй цацаж дууслаа гэсэн байдлаар ҮАБЗ хуралдаж, ерөөсөө УИХ-аар төсөл арга хэмжээг баталж байя гэж шийдсэн. Нэг аюултай зүйл нь энэ үеэр яаж шийдэгдсэн бэ гэхээр төсөл арга хэмжээг санхүүжүүлэхдээ бондоос гуравны нэгийг л олгоё гэсэн шийдвэр. Энэ бол бондоос зээл авсан хүмүүст хамгийн аюултай, хямрал дампуурлын цохилт болсон.

-Компаниуд төсөлдөө бүрэн санхүүжилт авна гээд төлөвлөчихсөн байсан байх?

-Бүгд тэгсэн. 200, 300 сая ам.долларын санхүүжилттэй төслийг санхүүжүүлэх банк Монголд ерөөс байхгүй. 50 сая ам.доллар санхүүжүүлэх нь ч олдохгүй. Тусгай зориулалтын банк гэдэг улс орныхоо тэргүүлэх чиглэл экспорт, импортыг орлох, тэр нь нийгэм нийтийг хамарсан тийм арга хэмжээ ач холбогдолтой төслөө санхүүжүүлдэг. Олон улсад янз бүрээр нэрлэж байна. Манайх бол Хөгжлийн банк гэж нэрлэсэн.

Ингээд ҮАБЗ-өөр ийм шийдвэр гарчихлаа. Хэрэв санхүүжилтийн 3/2-ыг өөрсдөө гаргана гэвэл тухайн үед Монгол Улсын зээлжих зэрэглэл уначихсан, эдийн засаг хямралд орчихсон байсан үе. 2008 оны АНУ-д эхэлсэн үл хөдлөх хөрөнгийн санхүүгийн хямрал тэр чигтээ үргэлжилж байсан. Одоо ч дуусаагүй. Тийм байхад харалган зөвлөмж гаргасан шүү дээ. Тэгэнгүүт л Хөгжлийн банкнаас зээл авах гэсэн, материалаа бэлдсэн бүх улсууд том цохилтод орсон. Түүнээс болж цөөнгүй компани дампуурсан болов уу гэж бодож байна. 3/2-ыг өөрөө олно гэвэл улс нь өөрөө зээлжих зэрэглэл нь уначихсан байхад улс дотор нь байгаа жижиг компанид олон улс яаж зээлэх вэ дээ.

-Та санхүүжилтээ яасан юм бэ?

-Нэгэнт манайх төслөө эхэлчихсэн байсан учраас 3/2-ыг олохоос өөр аргагүй болсон. Нийтдээ манай төслийн санхүүжилт 69 сая ам.доллар байсан. Үүнээс 23-ыг Хөгжлийн банк, 23-ыг би өөрөө, 23-ыг би олон улсаас босгох болсон гэсэн үг шүү дээ. Тэгээд л төслөө, Засгийн газар, УИХ-ынхаа тогтоолыг бариад яваагүй газар байхгүй.

Хамгийн гол нь би үйлдвэрээ дэлхийд хамгийн тэргүүний технологиор шинэчлэх юмсан гэсэн бодол тээж байсан. Учир нь би өмнө нь үнийн хямдыг бодоод Орос, Хятад, Солонгосын тоног төхөөрөмжөөр шинэчилж байсан. Гэвч нэг, хоёр жил ажиллаад л хэрэггүй болчихдог. Нөгөө компанитайгаа гэрээ хийсэн, баталгаа ямар ч нэмэргүй. Жижигхэн манайх шиг орон олон улсын арбитр дээр очоод маргалдаад ялахгүй. Тиймээс авах юм бол Европоос бол Герман, Азиас бол Японоос авъя гэж манай инженер техникийн ажилчид, шинжлэх ухаан техникийн зөвлөл шийдээд байсан юм.

Яах вэ, Скандинавын орнууд байшин үйлдвэрлэлийн комбинатыг хэсэгчилж хийдэг. Манайх шиг иж бүрэн хийдэггүй. Харин манай авсан үйлдвэр бол дэлхийд ганц. Ерөөсөө Герман улс л ийм үйлдвэрийг иж бүрэн, барилгын нэг ширхэг ч хийцийг дутуу үлдээхгүйгээр хийдэг. Ингээд бид судлаад Германы Эбау компани дээр очиж уулзав. Манайх Оросын технологитой, хот тосгон барьдаг үйлдвэртэй болохоор биднийг илүү итгэл үнэмшилтэй хүлээж авсан л даа.

Дээр нь Герман бол өвөлд хасах 20 хэм, газар хөдлөлтийн балл байхгүй. Тэгэхээр шууд тоног төхөөрөмжийг нь оруулаад ирэхээр манайд таарахгүй. Манайх газар хөдлөлтийн балл өндөр. Хасах 50 хүрнэ. Манай инженер техникийн ажилчид, зургийн группийнхэн яг Монголын цаг уурын онцлогт тохирсон, газар хөдлөлтийн өндөр балл, хасах 50 хэмд, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан алдагдал багатай төлөвлөж чадсан. Нэг үгээр ашиглалтын зардал багатай гэсэн үг. Ийм зураг төслийг манайх боловсруулж эхэлсэн. Мэдээж үүнийг монгол хүн л хийнэ.

-Германы Комерци банкнаас зээл татсан байдаг бил үү?

-Эхлээд бид үйлдвэрийнхээ хийц эдлэлийг Герман руу захиалсан. Нөгөө үйлдвэр маань дуртай хүлээж авсан. Мэдээж харанхуй очоогүй, түүхийг нь судалсан. Газар хөдлөлтийн хамгийн өндөр баллтай орнуудад технологийг нь худалдаж авсан байдаг.

Ингээд үйлдвэрийг нь дагуулж Германы Комерци банкнаас зээл хүссэн. Герман орны нэг сайхан нь экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжээ хөнгөлөлттэй зээлээр дэмждэг. Тийм учраас банкинд хандахаас гадна үйлдвэртээ ч энэ тухай хандсан юм. Нэгэнт танайхаас бид худалдаа хийж байгаа болохоор банкиндаа хандаж өгөөч гэж хүссэн. Тэгж хандсанаар Комерци банкнаас 13.1 сая еврог зээлэхээр болсон. Тэр бол 2014 онд. Үлдсэн 9 сая ам.долларыг Олон улсын хөрөнгө оруулалтын банкнаас авсан. Тус банктай манай компани олон жилийн харилцаатай. Гурван удаагийн зээл аваад бүгдийг нь хугацаандаа төлсөн, хамгийн найдвартай харилцагч нь. Бараг өөрсдөө санал тавьдаг. Тэд нарт бас би УИХ, Засгийн газрын тогтоолуудыг үзүүлээд зээл хүссэн, дуртай шийдсэн.

Ингээд олон улсаас санхүүжилтийнхээ 3/2-ыг босгосныхоо дараа Хөгжлийн банкнаас зээлээ авах гэтэл татгалзаж эхэлдэг байгаа.

-Яагаад?

-Та гаднаас босгож байгаа зээлээ манайхаар дамжуулахгүйгээр өөр банкаар дамжуулах юм бол зөвшөөрөхгүй. Учир нь Хөгжлийн банк байгуулагдаад удаагүй болохоор гадны банкууд танихгүй. Гаднаас хөрөнгө босгоход хэцүү. Гэтэл нөгөө хоёр банк маань Монголын Голомт, Худалдаа хөгжлийн банк хоёрыг санал болгосон. Энэ хоёроор дамжуулна гээд болдоггүй. Түүнийгээ би Хөгжлийн банкинд хэлтэл хариуд нь зээл олгож чадахгүй, нэг төсөл дээр олон банкны зээл дээр бид хяналт тавьж чадахгүй гэж шалтагласан. Аргагүйн эрхэнд Засгийн газарт хандсан. Энэ хооронд маш их хугацаа алдсан. Эцэст нь 2014 онд Засгийн газар 113 дугаар тогтоол гаргаж, тэр тогтоолыг үндэслээд Комерци банкнаас авсан зээлээ Хөгжлийн банкаар дамжуулж авсан. Би түүнийг авахдаа 1.5 хувийн хүүтэй авсан. Хөгжлийн банк надад өгөхдөө 5.5 хувийн хүүтэй болгож өгсөн. Гэтэл бондын зээлээ 14 сая ам.доллараар өгсөн.

-23 сая ам.долларыг бондоос гаргана гээгүй бил үү?

-Есөн сая ам.доллар дутуу байсан. Үлдэгдлийг 2016 оны тавдугаар сарын 9-нд өгөхөөр Засгийн газрын тогтоол гарсан ч удаагүй УИХ-ын сонгууль болж, Засаг нэг намаас өөр нам руу шилжсэн. Тэр үед Хөгжлийн банк хүнд байдалд орчихсон байсан үе. Тэгэнгүүт шинэ Засгийн газар гарч ирээд улсын төсвийн хөрөнгөөр барьцаалж авсан нэг их наяд төгрөгийн зээлийг хааж байж, Хөгжлийн банк хөл дээрээ босч ирсэн юм шүү. Тэр нэг их наядын хөрөнгөөр хийгдсэн ажлууд гэвэл 21 аймгийн зам, Улаанбаатар хотын 33 уулзвар зэрэг шүү дээ.

Хөгжлийн банк надад дутуу санхүүжүүлсэн 6.3 сая ам.доллараа өгч чадахаа больсон. Бид таньдаг найз нөхөд, гадна дотны хамтрагч гээд боломжтой гэсэн бүхий л хүмүүстээ хандаж, үлдсэн хөрөнгийг олоод үйлдвэрээ барьж 2017 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр ашиглалтад оруулж байлаа. Үйлдвэрийн нээлтэн дээр төр засгийн удирдлагууд бүгд ирж байсан түүхтэй.

-Үйлдвэр ашиглалтад орж байсныг санаж байна. Монголчууд бүгд л харсан. Харин өнөөдөр ажиллахгүй байгаа, зээл төлөгдөхгүй байгаа шалтгаан олон нийтийн анхаарлын төвд байна?

-Засгийн газрын 180 дугаар тогтоол 2013 оны тавдугаар сарын 18-нд гарсны дараа би Хөгжлийн банкинд хандсан. Учир нь манайх өдөр шөнөгүй, 24 цагт ажиллах үйлдвэр. Жилийн 365 хоног амралтгүй ажиллана. Тэгэхээр захиалга хэн өгөх вэ, худалдан авалтыг хэн хийх вэ гэхэд Засгийн газрыг төлөөлөөд Барилга хот байгуулалтын яам албан тоотоор баталгаа гаргаж өгсөн байдаг.

Тэрхүү баталгаан дээр Байшин үйлдвэрлэх комбинат бол агаар, хөрсний бохирдлыг бууруулж Улаанбаатар хотын 184.000 өрхийг барилгажуулах онцгой чухал түүхэн үүрэгтэй, Засгийн газрын зөвшөөрөлтэй төсөл. Бид энэ үйлдвэрт жил бүр 150.000 м2 соёл олон нийтийн барилга, байгууламж буюу сургууль, цэцэрлэг, үйлчилгээний төв, нийтийн орон сууц, 5000 айлын амины орон сууцыг жил бүр захиалж тухайн үеийн зах зээлийн ханшаар худалдаж авна гэж тодорхой дурдсан юм шүү.

Нэг үгээр хэлэхэд, захиалга худалдан авалтын баталгаатай болсон гэсэн үг. Ийм төсөл Хөгжлийн банкны сая яриад байгаа найдваргүй ангилалд орсон 1.7 их наяд төгрөгийн зээл дотор нэг ч байхгүй. Би баталгаатай хэлнэ.

Эцсийн эцэст Засгийн газар, УИХ, ҮАБЗ-ийн зөвлөмж, тогтоолоор баталгаажчихсан байхад яаж намайг хуурч байна гэж бодох вэ дээ.

-Таны ярьснаар Хөгжлийн банкнаас авсан зээлийн хэмжээ одоо зарлагдаад байгаа зээлийн хэмжээ хоёр зөрөөд байх юм. Хүү алданги орлоо гээд ийм зөрүүтэй байх уу. Үүнийг тайлбарлаж өгөөч?

-Хөгжлийн банкны бондоос авсан 14 сая ам.доллар бол тухайн үеийн ханшаар 18 тэрбум төгрөгтэй тэнцэнэ. Уг нь Засгийн газрын тогтоолоор бол надад 14 сая ам.доллартай тэнцэх төгрөгийн зээл олгох ёстой байсан. Гэтэл банк надад ам.доллараар олгочихсон. Уг нь ханшийн зөрүүнд орох ёсгүй. Тиймээс зээлээ тухайн үеийн ханшаар бодоход ойролцоогоор би 54 тэрбум төгрөгийн үндсэн зээлтэй. 2013 онд бондоос 14 сая ам.доллар, 2014 онд өөрөө гаднаас Германы Комерци банкнаас 13.1 сая евро, 2015 онд Олон улсын хөрөнгө оруулалтын банкнаас есөн сая ам.доллар авсан. Өөрөөр хэлбэл, сүүлийн хоёр зээл нь Хөгжлийн банкаар дамжуулж

авсан болохоос биш бид үүнийг ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу л хөрөнгө оруулалт босгож олсон мөнгө.

Хөгжлийн банк төлсөн. Тийм учраас би Хөгжлийн банкинд бүгдийг нь төлөх нь зөв. Гэтэл өнөөдөр нийт дүн нь 165 тэрбум гэж бичээд байгаа биз дээ. Тухайн үеийн ханш бол ам.доллар 1300 хавьцаа байсан. Өнөөдөр 2800 болчихсон байна гэдэг хоёр дахин өсчихсөн байна. Ханшийн алдагдлыг хуулиараа Монголбанк хариуцах ёстой байдаг. Хөгжлийн банк ингэж хоёр дахин мөнгө угааж болохгүй биз дээ. Ханшийн өсөлт, хүү, алданги тооцоод нэхээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, арилжааны банкнаасаа дор юм болж байна гэж би хэлнэ. Гэтэл анх Хөгжлийн банк тухайн үед надад юу гэж тайлбарлаж байсан гээч?

-Юу гэсэн юм бол?

-Хөгжлийн банк арилжааны банкнаас олон зүйлээр ялгаатай гэж 2013 онд танилцуулж байсан мэдээллийг би одоо хэлмээр байна. Хөгжлийн банкны зорилго бол эдийн засгийн хөгжлийг дэмжинэ, арилжааны банк бизнесийн ашгийг бодно. Бизнесийн боломж нь юу вэ гэхээр эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийн төслүүдийг санхүүжүүлэх үүрэг хүлээсэн. Арилжааны банк бол ашигтай бизнест хөрөнгө оруулахыг эрмэлздэг. Эх үүсвэр нь Хөгжлийн банк олон улсын зах зээлээс татсан бондын эх үүсвэр, концессын гэрээ, хөнгөлөлттэй зээлийн гэрээ, хөгжлийн санхүүгийн байгууллагуудын эх үүсвэр. Арилжааны банкууд гол төлөв харилцах хадгаламжаас эх үүсвэр татдаг. Зээлийн нөхцөл нь Хөгжлийн банк зээлийн хэмжээ их, хүү бага. Арилжааных нь зээлийн хэмжээ хязгаарлагдмал, хүү өндөр.

Гэтэл бондын 14 сая ам.долларын хүүг надад найман хувиар өгсөн. Доллараар найман хувийн хүү гэдэг маш өндөр. Харин олон улсаас 1.5 хувийн хүүтэй зээл олж ирээд Хөгжлийн банк надад өгөхдөө 5.4 хувийн хүүтэй зээлсэн. Дамжуулан зээлдүүлсэн гэдэг утгаараа тэр. Тэгээд дээр нь хугацаа хамаарахгүй гэж байгаа. Жишээ нь, агаар хөрсний бохирдлыг бууруулах, Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрүүл аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлэх үүргийг төр үүрдэг. Үүнийхээ дагуу Улаанбаатар хотын 220.000 айл өрхийг бүгд барилгажиж дуустал энэ төслийн хугацаа үргэлжилнэ гэсэн үг. Арилжааны банк бол богино дунд хугацааны зээл олгоно гэж байгаа. Хөгжлийн банк бол дээр хэлснээр хугацаа хамааралгүй зээл олгоно гэсэн.

-Таны зээл хэдэн жилийн хугацаатай байсан юм бэ?

-Гэрээн дээр найман жилийн хугацаатай гэж заасан. Гэвч гэрээний хугацаа дуусаагүй байхад намайг шүүхэд өгчихсөн. 2013 онд авсан зээл маань 2021 онд дуусах ёстой байсан.

Хөгжлийн банкны ялгааг үргэлжлүүлээд хэлэхэд, барьцаа хөрөнгө тавих шаардлага уян хатан гэж байгаа. Арилжааны банк бол энэ шаардлага хатуу шүү дээ. Би 58 тэрбум төгрөгийн зээл авахын тулд 268 тэрбум төгрөгийн үнэлгээтэй үйлдвэрээ барьцаалсан.

-Хөрөнгө барьцаалсан байх нь ээ?

-Барьцаагүй зээл өгдөг банк гэж хаана ч байхгүй. Манай хэвлэл мэдээлэл, улстөрчид үүнийг онцгой анхаараач. Ингэж ард түмнээ хоёр хуваадаг, байж болохгүй юм ярьж, дэлхийн бүх хүний чихийг сортхийлгэж байна. Хэрэв өнөөдөр Монголын Хөгжлийн банк барьцаагүй зээл өгчихдөг юм бол Монголд хэн зээл өгөх юм бэ. Үүнийг гадныхан сонсож байгаа. Ингэж өөрөө өөрсдийгөө гутаасан, гүтгэсэн, хүмүүсээ хагалсан юм хийж байдаг.

Үүнийг хараад Монгол Улсын Засгийн газарт үнэхээр харамсаж байна. Өөрсдөө анх хамгийн зөв шийдлийг олж зөв банк байгуулсан. Гэтэл Хөгжлийн банкны үе үеийн удирдлагуудыг шалгуулсан, одоо ч бүгдийг нь шалгаж шоронд хийнэ гэж байна. Дээр нь зээл авсан бүх аж ахуйн нэгжээ шалгана, шоронд хийнэ, хөрөнгийг нь хураана гэж байна. Тэгэхээр энэ улсад чинь юу үлдэх юм бэ. Өгсөн зээлүүд нь бүгд УИХ, Засгийн газрын тогтоолтой. Бусад арилжааны банк шиг төслөө өгөөд судалгаагаар авсан зээл биш.

-Зээл яагаад өнөөдрийг хүртэл төлөгдсөнгүй вэ. Б.Эрдэнэбат луу унжаад яваад байна гэсэн мэдээлэл гараад байгаа шүү дээ?

-2013 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд хувийн компани өөр ямар ч орлогогүй. Үйлдвэрийнхээ технологийг иж бүрэн шинэчлээд Засгийн газар, УИХ-ын тогтоол шийдвэр, Засгийн газрын захиалга, баталгаанд итгээд бүтэн найман жил өнгөрлөө.

Надад уул уурхай, бензин шатахуун, худалдаа наймаа зэрэг өөр бизнес байхгүй. Ерөөсөө л эхнээсээ өнөөдрийг хүртэл тууштай, барилгын материалын бизнесээрээ, БҮК-аа ажиллуулж, ажилчдаа гудамжинд гаргачихгүйн тулд л явж ирлээ. Өнөөдөр найман жил ямар ч орлогогүй, өөрсдийнхөө хуримтлуулж бий болгосон бүх хөрөнгөө энэ төсөл рүү хийгээд зүтгэж байгаа бизнесмэн Монголд хэд байна вэ.

Байхгүй. Яахав, ихэнх нь тэнэг, хэрэггүй зүйлийн төлөө улайрч зүтгэсээр ийм байдалд орж байна гэж хэлэх байх. Гэхдээ улс үндэстэндээ өөрсдийн оюун ухаанаараа орчин үеийн сайхан технологийг оруулж ирээд монгол хүнийг хамгийн тав тухтай орон сууцаар хангана гэдэг бол үнэндээ миний бахархал. Одоо ч ингэж бодсон хэвээрээ. Би зөв юм хийж байгаа гэдэгтээ одоо ч итгэлтэй байгаа.

Би зээлээ яг зориулалтынх дагуу ашиглаад, үйлдвэрээ хугацаанд нь ашиглалтад оруулсан. Тэр үед намайг Засгийн газар хуурна гэж бодоогүй л байхгүй юу. Жишээ нь, 2017 онд үйлдвэр ашиглалтад ороход 2018 оноос эхлээд манайд 5000 айлаа больё, ядаж 1000 айлын захиалга, 150.000 м2 соёл олон нийтийн барилга хэрэггүй, 15.000 м2 талбай өгөөд барилгын захиалга өгч болно биз дээ. Өгөөгүй. Би үйлдвэр ашиглалтад орсноос хойш 2018-2021 он хүртэл жил бүр хоёроос гурван удаа бүх Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, гишүүд, Улаанбаатар хотын Засаг дарга, ИТХ-ын 45 төлөөлөгчид хэдэн арван хувиар бүх шийдвэр тогтоол, танилцуулгаа өгдөг байсан.

Дээр нь хамгийн орчин үеийн стандартаар хамгийн чанартай хамгийн хямдхан үнээр гэр хорооллын ард түмнийг хангая. Хэрэв захиалгаа өгч чадахгүй бол өгсөн зээлээ төр хувийн хэвшлийн түншлэл болоод төр хувь эзэмшээд хамтраад гэр хорооллыг барилгажуулъя. Үнийг нь Засгийн газар өөрөө тогтоо гэж хүртэл явсан. Төр хувийн хэвшлийн түншлэлийг төр засаг бүгд л дэмжсэн, яг хэрэгжилт дээрээ байхгүй болчихдог юм.

Өнөөдөр агаар хөрсний бохирдлыг бууруулах утаагүй түлш гэж ямар их хэжмээний мөнгө салхинд хийсгэж байна вэ. Энэ бол шийдэл биш. Ерөөсөө төгс шийдэл нь барилгажуулалт. Утаа гаргаад байгаа яндан, хөрс бохирдуулж байгаа жорлон хоёрыг байхгүй болгоод яг тэр газар дээр нь барилгажуулаад айл өрхийг байранд нь тав тухтай амьдруулах юм.

-Танай үйлдвэрээс гарсан барилгын м2-ын үнэ зах зээлийн ханшнаас хэр хямд гарах тооцоотой вэ?

-Өнөөдрийн ханшнаас доод тал нь 2-2.5 дахин хямд хийж чадна. Ийм болохоор гэр хорооллоос ипотекийн зээлийн баталгааг гаргаад урьдчилгаа төлөөд орох нэг ч айл байхгүй. Харин тэр ипотекийн зээлийг байртай хүмүүст л өгөөд байгаа.

Энэ жил бид Цайз зах дээр Европын сэргээн босголтын банкны төслөөр хэрэгжиж байгаа туршилтын 20 айлын таун хаусыг барьж ашиглалтад орууллаа. Энэ бол Монголын Засгийн газрын хийх ёстой ажил мөн үү гэвэл мөн. Үүнийг хийчихсэн, ийм технологийг оруулаад ирсэн үйлдвэр, үүнийг санхүүжүүлсэн Хөгжлийн банк гээд өөрийнхөө бахархалтай үйл ажиллагаа байгаад байхад тойрч давхиад шүүхэд өгөөд шоронд хийнэ гэж байгаа нь ямар ч эрүүл саруул ухаанаар хүлээж авахад ойлгомжгүй зүйл.

-Засгийн газар амласан ажлаа хийгээгүй гэж та хэлэх гээд байна уу. Жилд 150.000 м2 барилга байгууламж, 5000 амины орон сууц бариулна гэсэн байна?

-Манайх арга ядаад нэг хоногийн ажил ч гэж гололгүй, Улаанбаатар хоттой нийлээд НОСК, Германы хамтын ажиллагааны JIZ-тэй хамтран Тахилтын аманд жижиг цэцэрлэг барьж ашиглалтад оруулсан. Дараа нь Гандангийн хашаан дотор Шашны их сургуулийн багш нарын байрыг барилаа. Тухайн үед Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар ирж танилцаад, Ерөнхийлөгч Эрүүл мэнд, Боловсролын сайд нартаа үүрэг болгож байсан. Яаралтай та нар энэ үйлдвэрт сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгын захиалгаа өг гэж.

-Тэгээд захиалга өгсөн үү?

-Өгөөгүй. Яваад хөөцөлдөөд очихоор сургууль, цэцэрлэг барих газаргүй болчихдог. Гэтэл жил бүрийн төсөв дээр 100, 200-гаараа сургууль цэцэрлэг барина гэчихсэн байдаг биз дээ. Хотын даргатай уулзахаар газар чөлөөлөх мөнгө хэрэгтэй, улсын төсөвт суулгана гээд бүтэхгүй юм ярьдаг. Яахав, хамгийн том дүүрэг дээр тав зургаан цэцэрлэг сургууль баригдана. Тэнд барьж болох байх гээд Хотын дарга худалдан авах ажиллагааны даргадаа шилжүүлсэн. Би яахав, нэг юм хөөцөлдөхөөр салдаггүй хүн. Тэгээд санаа нь зовсон уу яасан үнэнээ хэлж байгаа юм. Манай СХД-т тав зургаан цэцэрлэг барих ёстой. Гэтэл УИХ-ын гишүүдийн мэдлийнх, тэдний компани цүнх баригчид авахгүй бол болохгүй. Тендер зарладаг биз дээ гэхээр Тендер ялгаагүй, тэд нар шалгарна гэж байгаа юм. Тийм системд орчихсон байдаг юм байна. Тэгээд та болж өгвөл энэ гишүүдээс сайн таньдаг гишүүн байвал гуйгаад үз, нэг сургууль цэцэрлэгээ өгч магадгүй гэх жишээтэй.

Бүр болохоо байгаад сүүлд ковидын 1000 ортой эмнэлгийг хамгийн хямдаар барья гэдэг хүсэлтийг Төрийн гурван өндөрлөг, бүх УИХ-ын гишүүн, Хотын дарга, Эрүүл мэндийн сайд өгсөн. Хариу ирсэн. Эрүүл мэндийн сайдтай уулз гэсэн. Эрүүл мэндийн сайдыг олж уулзаж чадаагүй.

Тэгэхээр хүн итгэл алдрах, ойлгохгүй байх, өөрөө өөртэйгөө тэмцэлдээд, өөрөө өөртөө итгэхгүй, тэр байж байгаа үнэн юм худал болж, худал зүйл үнэн болж, түүнийг хоёр чихээрээ сонсоод хэчнээн өдөр хөөцөлдөөд хана мөргөсөн хариу сонсоод суухаар үнэндээ харамсалтай.

Ядаж 5000-аа болиод 1000 айлын амины орон сууц барья гэсэн болоогүй. Бүр болиод 100 айлын барилга өгөөч гэхэд нэг ч айлын захиалга өгөөгүй. Тэгэхээр би яаж зээлээ төлөх юм бэ. Засгийн газар захиалга, борлуулалт хийж зээлээ төлнө биз дээ. Үүнийг би Хөгжлийн банкинд хэдэн арван удаа хандсан. Илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ, алт хийсэн ч сэгсэрнэ гэгчээр Хөгжлийн банкны удирдлагууд бүгд тийм. Аргагүй юм. Бүгд цүнх баригчид.

Цаанаасаа чиглэл авч байж зээлээ гаргадаг учраас ийм байдалд орлоо шүү дээ. Түүнээс биш төсөл хөтөлбөрөө гаргаад зориулалтын дагуу авчихсан хүмүүс банкийг дампууруулах, өөрсдөө дампуурахыг хэзээ ч бодохгүй. Тийм юм хийх хүн байхгүй. Би 33 жил бизнес хийж байна. Өнөөдөр би хийж бүтээсэн бүх хөрөнгөө Хөгжлийн банкинд барьцаа болгоод өгчихөөд банк дампууруулчихъя гэж зээл авахгүй.

Манай хувьд Засгийн газар захиалгаа 2018 онд өгөөд эхэлсэн бол бид ТЭЗҮ-ээр 3.7-4.5 жилийн дотор бүх зээлээ төлж дуусгах ёстой байсан. Одоо бүтэн дөрвөн жил өнгөрчихөөд байна. Энэ дөрвөн жил би гэр хорооллыг барилгажуулсан бол хэр их ажил хийсэн байх вэ. Хэдэн мянган айлыг хамгийн хямдаар орон сууцтай болгох боломжтой байлаа.

-Энэ хэргээр 2016 онд АТГ-аас шалгаж эхэлсэн. Яаж шийдэгдсэн юм бэ?

-Намайг 2016 оноос АТГ-аас энэ асуудлаар шалгаж эхэлсэн. 2018 оны арванхоёрдугаар 21-нд прокурорын тогтоол гарч, миний хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ зээл зориулалтын дагуу зарцуулсан байна, ямар нэгэн авлига албан тушаалын үйлдэлд холбогдолгүй байна гэж үзсэн.

-Засгийн газар үүргээ биелүүлэхгүй байгаа шалтгааныг та юу гэж харж байна?

-Өнөөдөр барилга бол төр барьж, хоёр том намын хамгийн том бизнес болсон нь харагдаж байгаа юм. Яагаад гэвэл ийм үйлдвэрт захиалга өгөх юм бол үнэ нь хямд, чанартай. Бүх хүн захиалга өгнө. Хэн өнөөдөр гурав, дөрөв дахин өндөр үнэтэй, дараа нь эзэн нь олдохгүй компанид захиалга өгөх вэ дээ.

Би сая их цочирсдон. Өнгөрсөн жилийн тавдугаар сарын эхээр надад ял өгөөд суулгачихлаа шүү дээ. Би ийм үйлдвэр барьж шинэчилчихлээ, Монгол Улсын зах зээлийн хөгжлийн гараанд түүчээлж эхэлчихээд, энэ олон сайхан бизнес эрхэлж байгаа хүмүүст урам итгэлийг өгч явсан хүнийг аваачаад хорьчиход би өөртөө ч итгээгүй. Захиалгаар хэрэг яаж тулгадгийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа хэлсэн шүү дээ. Төрийн ордны гурван давхарт өөрөө шүүгчээ томилчихоод хэнд хэдэн жилийн ял өгөх вэ гэдгийг өөрөө хэлээд сууж байдаг байх нь. Яг л тийм зүйл рүү би орсон. Түүнийг би өөрийнхөө биеэр туулаад 132 хоног тусгаарлагдаж байгаад гарч ирлээ. Гэтэл зарим хэвлэлээр энэ нөхөр ял авчихсан, одоо хөрөнгийг нь хураа гээд л шуугьж байна.

-Ариг банкны хэргийг та хэлж байна уу. Одоо тэр хэрэг ямар шатанд явна вэ. Танд анхан шатны шүүхээс долоон жилийн ял авсан санагдаж байна?

-132 хоног суучихаад гараад ирсний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны гуравдугаар сарын 8-нд хэвлэлийн бага хурал хийгээд Ариг банкийг зохион байгуулалтаар эрх бүхий хүмүүс дээрэмдсэн. Үүнд шүүгчид, хууль хяналтын байгууллагынхан оролцсон. Тэд нар авлига хээл хахууль авсан нь нотлох баримтаар тогтоогдож байгаа. Шүүхээр дахиад тэднийг завхруулж, худал шийдвэр гаргахгүй байх гэж итгэж байна гэж мэдэгдсэн.

Одоо хар л даа. Тэр авлига авсан шүүгч прокурор, намайг шоронд хийсэн мөрдөн байцаагч, хэлтсийн дарга, хэрэгт хяналт тавьсан Нийслэлийн ерөнхий прокурор асан Нямдорж гэж увайгүй нөхөр, түүний орлогч Насанбат, Эрдэнээ, Ерөнхийлөгчийн томилсон шүүгчид л миний хэргийг шийдсэн шүү дээ.

Ариг банкны хэрэг бол эрүүгийн хэрэг биш, иргэний хэрэг. Гэрээг үзвэл би гэрээгээ 100 хувь биелүүлсэн, харин гэрээг Ш.Баярсайхан зөрчсөн. Одоо энэ хэрэг АТГ-т шалгагдаж байгаа. Тэр хэргийг шийдсэн бүх хүмүүс авлигын хэрэгт холбогдсон, бүх зүйл тодорхой байгаа.

-Ил болсон чанаргүй зээлийн асуудлаар Хөгжлийн банк шүүхэд хандсан гэж ойлгож байгаа. Танай зээл ч мөн шүүхэд шилжиж байна уу?

-Хугацаа нь болоогүй зээлийг шүүхэд өгсөн. Миний зээлийн хугацаа 2021 онд дуусах ёстой байсан. Гэтэл 2020 онд намайг шүүхэд өгсөн байгаа юм. Намайг шоронд оруулчихаад шүүхэд өгч байдаг. Энэ чинь бүгд зохион байгуулалттай. Намайг оруулчихаад банкийг дээрэмдсэн, дараа нь үйлдвэрийг дээрэмдэх гэж оролдож байна. Ийм байж намайг шүүхэд өгчихөөд шүүх дээр энэ хэргээ Хөгжлийн банк долоо найман удаа хойшлуулсан.

-Та зээлийнхээ төлөлт дээр шийдэл хэлээч?

-Энэ үйлдвэр ажиллаж байж л зээлээ төлнө. Засгийн газар захиалгаа өгөх ёстой. Ингэснээр миний түрүүн хэлснээр 3.7-4.5 жилийн дотор төлж дуусгах боломжтой.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Б.Лакшми: Төмөр замын өргөн нарийн царигийн огтлолцлын цэгийг Монголд байгуулах нь үр ашигтай

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшмитай ярилцлаа.


-Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалаар Гашуунсухайтын төмөр замын нарийн өргөн царигийн маргааныг эцэслэсэн гэж мэдэгдлээ. Эдийн засагчийн хувьд энэ асуудал дээр байр сууриа илэрхийлэхгүй юү?

-Ер нь төмөр замын асуудал нэг талаасаа олон жил яригдаж байгаа сэдэв. Ингэхдээ өргөн, нарийн цариг л гэж яригдаад байгаа боловч эцсийн дүндээ үүнийгээ яаж хөгжүүлэх вэ, яаж барих бүтээн байгуулалт дээр тодорхой нэг шийдлээ олоогүй явж ирсэн шүү дээ. Ерөнхий сайд БНХАУ-д айлчлаад төмөр замын асуудлыг шийдчихлээ гэдэг өрөөсгөл ойлголт юм. Олон жил шийдчихлээ гэж ярьж ирсэн боловч ямар ч үр дүн гараагүй. Үүнийгээ илүү нарийвчилж тодорхой болгох хэрэгтэй. Зам нь хаагуур явах, ямар бараа бүтээгдэхүүн тээвэрлэх, хөрөнгө оруулалтаа яаж шийдэх гэх мэт олон асуудлууд байна. Нэг талаас шийдсэн гэдэг нь сайхан сонсогдож байгаа. Одоо харин бүх нарийн ажлууд буюу хэрэгжүүлэлт эхлэх ёстой. Төмөр зам барих асуудал бол өнөөдрөөс маргаашийн хооронд хийчих асуудал биш. Асуудлыг том зургаар нь харах хэрэгтэй.

-Тохиролцоо өргөн цариг уу, нарийн цариг уу гэдэг нь тодорхойгүй байна шүү дээ?

-Мэдээж төмөр замаар зөвхөн уул уурхайн бараа бүтээгдэхүүн экспортолно гэж үзэж байгаа бол нарийн цариг нь илүү тохиромжтой. Угаас Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүн уул уурхайн бүтээгдэхүүн, тэр нь урд хөрш рүү экспортлогддог. БНХАУ бол нарийн царигийн төмөр замтай. Харин манай талаас өргөн царигаар бүтээн байгуулалтуудыг хийж байгаа. Гол нь огтлолцлын цэг дээр олон тонны хүнд жинтэй вагонуудыг солих том даацын кран байгуулах шаардлагатай болно. Тиймээс экспортын гол бүтээгдэхүүн уул уурхайн бүтээгдэхүүн байна гэж үзвэл нарийн цариг нь үр ашгийн хувьд өндөр.

-Нарийн цариг Гашуунсухайтад ирэх боломжтой юу. Хэрэв боломжгүй бол ачаа тээвэр шилжүүлэх терминал байгуулах шаардлагатай гэж үзэх хүмүүс байна?

-Гол нь ямар бараа бүтээгдэхүүн экспортлохоос хамаарна. Энгийн бараа бүтээгдэхүүний экспорт, импорт хийе гэвэл өргөн нь ч болно шүү дээ. Харин түүхий нүүрс, төмрийн хүдэр зэрэг уул уурхайн бүтээгдэхүүнд бол нарийн цариг нь эдийн засгийн хувьд үр ашигтай.

-Огтлолцлын цэг хаана байх тухай асуудал олны анхааралд байна. Монголын талд байх уу, Хятадын талд байх уу гээд?

-Монгол талд байвал илүү үр ашигтай. Тэр цэг дээрээ бараа бүтээгдэхүүнээ тээвэрлэдэг, ачих шилжүүлэх үйл ажиллагаа гээд олон тооны ажлын байр бий болох боломжтой. Гол нь тэр цэг дээр хүчин чадлаа зөв тооцоолж хийх нь чухал. Эдийн засаг ирээдүйд хөгжиж, улам тэлнэ гэсэн тооцооллоор бүтээн байгуулалт, хүчин чадлаа төлөвлөх ёстой. Зөвхөн өнөөдрийн экспортыг хараад шийдчихэж болохгүй. Чойр өртөөн дээр гэхэд саяхан нэг хэсэг нүүрс тээвэрлэлээ. Гэтэл ямар их ачаалал үүсч, вагон багтахгүй, удаашрах зэргээр хүндрэл учрав. Хүчин чадлаа дийлсэнгүй. Үүнээс сургамж авч, дараа дараагийн бүтээн байгуулалтдаа анхаарах ёстой асуудал бол яалт ч үгүй хүчин чадлын тухай юм. Айлчлалаас гарсан мэдээлэлд олон зүйл тодорхойгүй байна. Огтлолцлын цэгээ аль талдаа байгуулахаар болсон талаар хэрхэн тохирсноо зарласангүй. Өмнө нь хэлснээр мэдээж манай талд байгуулах нь эдийн засгийн хувьд үр ашигтай. Гэхдээ зөвхөн төмөр замаар ачаа барааны тээвэр хийснээр экспорт сайжирчихна гэж шууд дүгнэж болохгүй.

-Ямар асуудал байна гэж?

-Төмөр замтай холбоотойгоор БНХАУ-ын талтай нарийн тохирох шаардлагатай бас нэг чухал асуудал бол аль боомтоор яг ямар ачааг нэвтрүүлэх тухай юм. Учир нь Хятадаас Монгол руу нэвтрүүлэх, Монголоос бараа бүтээгдэхүүн Хятад руу экспортлохдоо аль хилийн боомтоор нэвтрүүлэх тухай жагсаалт байдаг. Тэгэхээр Гашуунсухайтын төмөр замын асуудлыг шийдсэнээр бүх бараа бүтээгдэхүүний экспорт, импорт чөлөөтэй явчихна гэсэн үг биш юм. БНХАУ-ын талаас Гашуунсухайтын боомтоор зөвхөн нүүрс тээврийг нэвтрүүлнэ гээд хатуу заачихвал бараа бүтээгдэхүүний нэвтрүүлэлт хязгаарлагдмал болно. Тиймээс том зургаар харж, энэ асуудал дээр хөдлөх ёстой.

Түүнээс гадна зөвхөн төмөр зам барилаа гээд бараа бүтээгдэхүүний экспорт, импортын гацаа арилна гэдэг өрөөсгөл. Давхар хил гаалийн асуудлыг ярих ёстой. Учир нь өнгөрсөн хугацаанд Монгол Улс хилийн боомилолтод байлаа шүү дээ. Учир нь манайд хил дамнасан худалдаан дээр сүүлийн 14, 15 жил дорвитой арга хэмжээ авагдаагүй явж ирсэн. Нэг боомт дээр нэг бодлого, өөр нэг боомт дээр бас өөр бодлого хэрэгждэг, хоорондын уялдаа холбоо муу байсны илрэл өнөөдөр бид хил гаалийн боомилолтод байж байна. Тиймээс хил гааль дээрээ нэгдсэн бодлогоор зангигдах шаардлагатай. Мэдээж ингэж уялдахгүй байгаа асуудлын нэг шалтгаан бол яалт ч үгүй хүний нөөцтэй холбоотой. Учир нь манай хил гааль дээр боловсон хүчнүүд нь байсхийгээд л солигддог. Энэ явдлаас болж үйл ажиллагаа тогтвортой явж чадахгүйд хүрдэг. Уг нь гааль дээр гэхэд Монгол, БНХАУ-ын гаалийн байгууллагууд хоорондоо гэрээ хэлэлцээртэй байдаг. Хоёр талын бараа бүтээгдэхүүний эргэлтийг чирэгдэлгүй, шуурхай нэвтрүүлэх тухай. Тэр чиглэлийн гэрээг сайжруулах шаардлага ч энэ цаг үед тулгамдаж байгаа.