Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Солонго: Банкны хэдэн эзэд, халаасны улстөрчид нь долларын гүйлгээнд лимит тогтоож Монголыг сөхрүүлж байна DNN.mn

Арилжааны банкууд гадаад гүйлгээндээ лимит тогтоосон асуудал улам хүндэрсээр байна. Бүхий л бараа бүтээгдэхүүнээ импортоор авдаг манай улсын хувьд энэ бол аюулын харанга гэсэн үг.

Нэг сарын өмнө 50 сая төгрөгтэй тэнцэх валют буюу ам.долларын гүйлгээг хийнэ гэсэн лимит тогтоож байсан бол энэ дүн 30 сая, 10 сая, таван сая гэж буурсаар өнөөдөр нэг сая төгрөгт хүрлээ. Өчигдрийн байдлаар Хаан банкны гадаад гүйлгээний лимит гэхэд 300.000 төгрөгтэй тэнцэх буюу 99 ам.долларын гүйлгээг л нэг өдөрт хийх боломжтой байв.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн сүүлд хийсэн мэдээллээр арилжааны банкууд гадаад гүйлгээндээ лимит тогтоох асуудал байхгүй. Ам.долларын хомсдол нүүрлээгүй гэж мэдэгдэж байв. Гэвч өнөөдөр нөхцөл байдал улам хүндэрч, бизнес эрхлэгчид хэлэх үггүй болж, эцсийн дүндээ тэмцлийн хэлбэрт шилжиж эхэллээ.

Гадаад гүйлгээндээ лимит тогтоож байгаа гол банкууд бол Хаан, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк гэгдэж байна. Өдөрт 300.000, нэг сая төгрөгтэй тэнцэх гадаад валют шилжүүлэх боломжтой гэх энэ лимитээс үүдэж бизнес эрхлэгчдийн гадаад шилжүүлэг хэдэн өдрөөр үргэлжлэх, өндөр шимтгэл төлөх, цаашлаад гадаад харилцаагаа алдах, бизнес нь нурах зэрэг төсөөлж барахгүй эрсдэлтэй нүүр тулчихаад байна.


Бодит нөхцөл байдлыг бизнес эрхлэгчид ийнхүү ярьж байна.


Бизнес эрхлэгч С.Солонго: Үнэхээр энэ нөхцөл байдалд сөхөрч байна


-Гадаад валютын лимит тогтоосон явдал ямар үр дагавартай байна вэ?

-Манай компанийн хувьд сүүлийн найман жилийн хугацаанд АНУ-аас чанартай гоо сайхны бараа бүтээгдэхүүн оруулж ирж худалдаалж байна. Анх ам.доллар 1700 төгрөг байхад бизнесээ эхлүүлж байлаа. Гэтэл өнөөдөр валютын ханш 3000 давчихлаа. Дээр нь арилжааны банкууд гадаад гүйлгээндээ лимит тогтоочихлоо. Бид АНУ дахь харилцагч компанидаа сард багадаа 15.000 ам.долларын худалдааг хийх хатуу гэрээтэй. Харамсалтай нь гэрээгээ биелүүлэх боломжгүй болчихлоо. Маш бухимдалтай байна.

-Банкууд ямар лимит тавьж байх юм?

-Би Голомт банкны харилцагч. Анх бол нэг өдрийн лимит 500 ам.доллар гэж байсан бол одоо 300 ам.доллар гэж байна. Энэ лимитээр би худалдан авалтаа яаж хийх вэ. Нэг сард 15.000 ам.доллараас бууруулж болохгүй гэж байгаа. Энэ төлбөрийг хийе гэвэл өдрийн 300 ам.доллараар бодвол 50 өдөрт хувааж шилжүүлэх нь.

-Шимтгэл ч өндөр бололтой?

-Маш өндөр. Бод л доо. Нэг удаагийн гүйлгээнд дамжуулагч банкаар гүйлгээ хийсний шимтгэлд 60 ам.доллар өгдөг. Дээр нь Голомт банк гүйлгээний дүнгээс хамаарч 20-50 мянган төгрөгийн нэмэгдэл татвар авдаг. 50 өдөрт 300 ам.долларыг шилжүүлье гэвэл ямар их шимтгэл төлөхөөр байна, харагдаж байгаа биз дээ.

-Лимит тогтоож байгаа шалтгааныг банкнаасаа асууж үзэв үү?

-Үзэлгүй яах вэ. Голомт банкны лавлах албан ёсоор энэ тухай тайлбар өгсөн. Ингэхдээ Монголбанкаас арилжааны банкуудад гадаад гүйлгээндээ лимит тогтоо гэсний дагуу авч байгаа арга хэмжээ гэж тайлбарлаж байгаа. Ийм нөхцөл байдлыг удаан тэвчлээ. Удахгүй хэвийн байдалдаа орох байх гэж хүлээсээр байна. Гэвч нөхцөл байдал дээрдэхгүй байна шүү дээ. Энэ бизнес маань жижиг ч гэсэн 10 гаруй хүнийг ажлын байраар хангадаг. Бизнес эрхлэгчид Монгол Улсад татвараа төлж, ажлын байр бий болгодог гол салбар. Манай улс үйлдвэрлэгч орон биш. Бүхий л бараа бүтээгдэхүүнээ гаднаас авдаг. Доллараар худалдаагаа хийдэг. Гэтэл хамгийн гол эргэлт дээр ийм тэнэг, ойлгомжгүй лимит тогтооно гэдэг юу гэсэн үг вэ.

-Монголбанкнаас энэ тухайд үгүйсгэж байгаа шүү дээ?

-Гайхаж байна. Нэг бол Монгол Улс үнэхээр эдийн засаг нь сөхөрчихсөн, долларгүй болчихсон юм байна. Эсвэл хэдэн арилжааны банкны эзэд, улстөрчид доллараар лимит тогтоож бизнесийг сөхрүүлж байна. Өөр ямар ч сонголтгүй.

Энэ бол зөвхөн бизнес эрхлэгчдийн асуудал биш. Үүний хор уршиг иргэдийн нуруун дээр, Монгол Улсын улсын төсвийг бүрдүүлэх татвар дээр л хүнд тусна. Үнэхээр энэ нөхцөл байдалд сөхөрч байна. Лимит тавьсан, тавиагүй бизнес эрхлэгчид хүнд байгаа. Тээврийн үнэ нь тэнгэрт хадчихсан. Өнгөрсөн жилийн долдугаар сард АНУ-аас нэг кг ачааг агаарын тээврээр найман ам.доллараар авч байсан. Дараа нь 10, 13 ам.доллар болсон. Одоо 15 ам.доллар болчихоод байна. Жил хүрэхгүйн хугацаанд хоёр дахин нэмэгдчихлээ.

Түрээслэгчид инфляцийн өсөлт гээд түрээсийн тарифаа 50 хувиар нэмчихлээ. Ийм байдлаар удаан тэсэхгүй, өөр зүйл хийх талаар л боддог болж байна. Ийм арчаагүй улс оронд амьдрах сонирхол ч алга. Гадагшаа явж байгаа хүмүүсийг буруутгах аргагүй юм байна.


Бизнес эрхлэгч Д.Дашдулам: Арилжааны банкууд үзэмжээрээ лимит тогтоож байна


-Гадаад валютын гүйлгээгээ гүйцэхийн тулд бизнес эрхлэгчид аргаа барж байна. Танай компани гүйлгээгээ яаж хийж байна вэ?

-Манайх Солонгосоос бараа оруулж ирж худалдаалдаг компани. Бид Солонгос дахь түнштэйгээ 15 болон 30 хоногийн дотор төлбөрөө төлөх нөхцөлтэй ажилладаг. Гадаад гүйлгээнд хязгаарлалт тогтоосон нь бизнес эрхлэгчдэд маш хор уршигтай зүйл болж байна. Эргэн төлөлтийн хугацаандаа гүйлгээгээ хийж чадахгүй, найдваргүй харилцагч болж хар дансанд орох эрсдэлтэй.

Өдөрт 99 долларын гүйлгээ хийгээд сууна гэдэг хэцүү. Аргаа барахдаа ажилчдынхаа нэр дээр олон улсын данс нээж, гүйлгээгээ хийдэг болж байна.

-99 ам.доллар гэдэг нь 300.000 мянган төгрөгийн лимит гэсэн үг үү?

-Тийм ээ. Хаан банк өчигдрийн байдлаар нэг өдрийн лимит нь 300.000 болчихсон байсан. Уг нь өчигдөр /уржигдар/ нэг сая төгрөгтэй тэнцэх ам.долларыг шилжүүлж болж байсан юм.

-Банкууд өөрсдийн үзэмжээр өдөр өдрийнхөө лимитийг тогтоогоод байна уу?

-Тийм л бололтой. Өчигдөр /уржигдар/ өдөр нэг сая төгрөг байсан, гэтэл орой нь 300.000 болчихсон байна лээ. Өнөөдөр ч 300.000 хэвээрээ байсан.

Долларын ханш чангарч байгаа энэ үед хязгаарлалт тогтоох нь бизнес эрхлэгчдэд маш хүнд. Дээр нь тээврийн хөлс нэмэгдэнэ. Арга барахдаа жагсаал хийж байна шүү дээ. Мэдээж үүн дээр Монголбанк хориг тавиагүй. Арилжааны банкууд л ийм зүйл хийж байна. Тэд Монгол Улсыг, бизнесүүдийг ингэж хохироох эрхтэй юү. Үүнд анхаардаг төр засаг, улстөрчид гэж алга бололтой.

Хязгаар тавих шаардлагатай бол ядаж иргэд, аж ахуйн нэгжээ салгах хэрэгтэй. Иргэд байнга өндөр дүнтэй гадаад шилжүүлэг хийхгүй байж болно. Компаниудын хувьд бол өөр. Маш хохиролтой зүйл болж байна гэв.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Ганбаатар: Бид залуусаа хэтэрхий эрх танхи, дураараа болгож хүмүүжүүлснээс ажлын байран дээр гологдох болсон DNN.mn

Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатартай ярилцлаа.


-Сүүлийн үед ажил олгогчид ажилтан олдохгүй, ирсэн нэг нь ажлын байранд тэнцэхгүй байгаа талаар ярих боллоо. Үнэхээр тийм чадваргүй хүмүүс бий болчихоод байна уу?

-Ажил олгогчид ажил хийх хүн олдохгүй байна гэх зовлонг маш олноор хэлдэг болсон.

Нэг талаас энэ үнэн. Нөгөө талд ажил хийе гэсэн залуус алга байна. Залуучууд ажил хийхээ больчихлоо гэж ярьж байгаа хэсэг ч байна. Энэ бүхнийг ажил олгогчийн байр сууринаас үзэхэд зарим тал дээр тийм ч оновчтой тодорхойлолт биш.

-Ажлын байрны орон тоо, ажил хийж байгаа хүмүүсийн тоо гээд хоёр талд л олон тоо гараад байдаг. Гэтэл дунд нь ажил хийх хүн алга аа гээд байгаагийн учир юу юм бэ?

-Үүн дээр жишээ хэлье л дээ. Монгол Улс эдийн засгийн шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж байна. Коронавирусийн хүндрэлийн улмаас зогссон жижиг дунд үйлдвэрүүд сэргэж байна. Дээр нь газар тариалан, мал аж ахуй, барилга, уул уурхай зэрэг гол салбарын үйл ажиллагаа сэргэж эхэлж байна. Хөдөлмөрийн зах зээлийн судалгаагаар энэ онд Монгол Улсад 78.000 ажлын байр шинээр бий болох тооцоо гарчихаад байна. Түүнээс гадна ерөөсөө монголчууд ажил хөдөлмөр хийх хүсэлгүй болчихов уу гээд хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийг харахаар тийм ч биш юм. Өнөөдөр манай улсад 78 мэргэжлийн боловсрол олгох сургуульд 42.000 хүүхэд сурч байна. Өөрөөр хэлбэл, мэргэжил эзэмшээд ажил хийе гэсэн зорилготой 42.000 хүн байна. Хөдөлмөрийн яамны харьяаны түр сургалтын төвүүдэд энэ онд гэхэд 27.000 хүн сургана гэж байгаа. Дээр нь Хөдөлмөрийн яамны Хөдөлмөр эрхлэлтийн албанд ажил идэвхтэй хайж байгаа 20.000 гаруй хүн байгаа гэдэг. Стататистикаас гаргаж байгаа мэдээллээр ажил хөдөлмөр эрхлээгүй хүмүүсийн эзлэх хувь долоо болчихлоо. 100.000 хүн ажилгүй байна гэж гарч байгаа юм. Энэ бүгдийг харахаар Монгол Улсад ажиллах хүчний нөөц, ажил хөдөлмөр хийх хүсэл эрмэлзэлтэй хүмүүс нэлээд байна гэж харагдана. Гэтэл нөгөө талд 78.000 ажлын байр байна. Яагаад энэ бүхэн уялдахгүй байна вэ гэдэг дээр бид дүгнэлт хийх ёстой.

-Тэр л энэ асуудлыг гогцоо бололтой. Та үүнийг юу гэж үзэж байна?

-Хөдөлмөр эрхлэлтийн нөөцийн баланс, ажлын байрны эрэлтийн балансыг харвал Монгол Улсад ажилгүй хүн байхгүй баймаар итгэл найдвар төрүүлсэн дүр зураг харагддаг. Харамсалтай нь ажилгүй хүмүүс нь байсаар байна, ажил олгогчид хүн хайсаар байна.

Яахав, төр засаг арга хэмжээ авахгүй байна гэсэн шүүмжлэл ч явдаг. Гэтэл МСҮТ-д сурч байгаа 42.000 хүүхдэд Засгийн газар 100 тэрбум төгрөг зарцуулж байгаа. Хуулийг нь харвал ажил олгогчийн эрэлтэд нийцсэн ур чадварыг суралцагчдад олгоно гээд заачихсан. Харамсалтай МСҮТ-д сурч байгаа хүүхдүүд яг энэ хөдөлмөрийн зах зээл дээр эрэлттэй байгаа 78.000 ажлын байрны шаардлагад нийцсэн мэргэжил, ур чадварыг эзэмшиж чадахгүй байгаа л асуудал юм. Түүнээс гадна хөдөлмөр эрхлэлтийг дэмжих түр сургалтын байгууллагуудаар , хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж 5000 хүн сургана гээд дахиад 100 тэрбум төгрөгийг төсөвлөөд зарж байгаа. Засгийн газар иргэдээ мэргэжилтэй, ажилтай байлгахын төлөө хангалттай хөрөнгө зарж байна. Тиймээс эрэлттэй мэргэжлээр нь сургах, сурч байгаа хүүхдийг ажил олгогчтэй холбох асуудал дээр уялдаа холбоо байхгүй учраас нэг талд суралцаад төгссөн хүүхдүүд ажлын байран дээр тэнцдэггүй явдал бий болж байгаа хэрэг.

-Тэгвэл дунд шатанд завхрал явагддаг юм биш үү?

-Мэргэжлийн боловсрол сургалтын хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хуульд хүүхэд залуусыг чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрөөр сурга гэчихсэн. Энэ нь үйлдвэрийн ажлын байран дээр байгаа мэргэжлийн ажилчны чадамжийг хүүхэд сурч байх хугацаанд нь эзэмшүүлэх тухай асуудал. Энэ бол ХБНГУ-аас үүсэлтэй Европын холбооны бүх орнууд, Азийн орнууд. Тухайлбал, Япон, Солонгос зэрэг орнууд ерөөсөө тэр 42.000 хүүхдийг сурч байх хугацаанд нь мэргэжлийн байгууллага дээр дадлага хийлгэж, мэргэжлийн хүмүүсийг дагалдуулж, үйлдвэрийг танилцуулж, мэргэжлийн ойлголт өгдөг. Төгсөнгүүт нь шууд үргэлжлүүлж ажиллуулдаг тогтолцоо. Энэ тогтолцоогоор ажил хийе гэдэг хууль нь манайд гарчихсан ч амьдрал дээр хэрэгжихгүй байна. Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагууд нь элсэлт авахаар өөрийнх нь сургуульд үсчин, тогоочийн багш байвал тэр чиглэлээр л элсэлт аваад байдаг. Гэтэл зах зээл дээр үсчин, тогоочийн захиалга ирдэггүй.

-Эсвэл ажил олгогчид хэт өндөр, дааж давшгүй шаардлага тавьдаг юм уу?

-Манай холбооноос сүүлийн таван жил энэ чиглэлээр судалгаа хийсэн. Таван гол шаардлага байна. Нэгд, ажил хийх хүсэлтэй хүн бид нарт хэрэгтэй байна гэж байна. Хоёрт, мэргэжлийн анхан шатны жаахан мэдлэг ойлголттой болчих. Гуравт, аюулгүй ажиллах зан үйлийн талаар мэдлэгтэй байх хэрэгтэй. Тэр бол ядаж өөрөө аюулгүй ажиллах чадвар гэсэн үг. Дөрөвт, тэвчээр хүлээцтэй бай, тавд, багаар ажиллах чадвартай бай гэж байна. Ийм ерөнхий зөөлөн ур чадвартай хүн байвал бид ажилд авахад бэлэн. Ийм хүнийг цааш нь мэргэшүүлээд, сургаад явъя гэж байна.

-Энгийн нийтлэг л шаардлага байх чинь?

-Ажил олгогч өндөр шаардлага тавьдаг гэдэг ойлголт больсон шүү дээ. Ажилчин олдохоо байгаад маш хүнд байдалд орж байгаа.

-Тэгвэл хүндээ энэ асуудал байна. Төр засгийн халамжаар өдөр хоногийг өнгөрөөж, ажил хийхгүй яваа нэлээд хэсэг байгаа шүү?

-Ерөөсөө л залуучуудын ажил амьдралд нь чиглүүлэх үүрэгтэй эцэг эхчүүд хүүхдээ энэ мэргэжлийг эзэмшвэл төгсөж гараад ийм ажилтай болно. Ийм цалин авна. Ингээд амьдрал чинь сайжирна гэж бодож хүүхдээ бэлдэхгүй байна. Нөгөө талаас манай ажил олгогчид ч өөрийнхөө ажилд хэрэгтэй хүнийг идэвхтэй хайдаггүй, сурталчилдаггүй, хүүхдийг хүлээж авч үйлдвэрийн дадлага хийлгэдэггүй. Мэргэжлийн хүнийг дагалдуулдаггүй дутагдал байгаа. Тал талын дутагдлыг арилгаж чадвал Монголд ажлын байр багагүй байна. Яахав жижиг дунд үйлдвэрүүдийн хувьд цалин бага, хөдөлмөрийн нөхцөл хүнд гэсэн шүүмжлэл гардаг. Тиймээс хүүхэд авч байгаа бол сайн сурга, сайн цалин өг. Тэгж байж хамтарч баялаг бүтээнэ. Зүгээр ажиллуулсан, ажиллуулаагүй нэр зүүгээд ашиг олно гэж бодож болохгүй гэж гишүүддээ хэлээд л сууж байна.

-Зах зээлийн нийгэмд ажил хийсэн хүн сайхан амьдардаг. Хөдөлж байж мөнгө олно гэдэг ойлголт залуус гэлтгүй л бүх насныханд бүдгэрээд байна уу даа?

-Маш чухал асуулт. Би нэг зүйлийг хэлье. Монголын төр социалист нийгмээс шилжилтийн үе шатандаа явж байгаа учраас нийгмийн халамжийн бодлого маш их явуулж байгаа. Үүгээр сайхан амьдардаг, баяжсан хүн нэг ч байхгүй. Зөвхөн амин зуулга идэх хоолтой л байлгаж байгаа. Үүнд сэтгэл ханаж, амьдрал болж байна гэж харж байгаа хүмүүс байвал харамсалтай.

Гэтэл хүн төрөлхтөн ялангуяа бидний сүүлийн 30 жил хөгжиж байгаа зах зээлийн эдийн засгийн нийгэмд ажилгүй

хүн амьдардаггүй. Ажил хийж байж өөрийнхөө амьдралыг авч явдаг. Үүр хүүхдийнхээ амьдралыг баталгаажуулдаг. Сайн мэргэжил, сайн ажилгүй бол эхнэр авдаггүй нийгэм. Өөрийн чинь хэлдэг тэр шаардлага энэ нийгэмд илүү хатуу тавигдаж байгаа.

-Төр засгийн халамж хэтрээд монголчууд залхуу, хойрго болж байна гэсэн хатуу шүүмжлэл ч гардаг?

-Хүн гэдэг сайн мэргэжилтэй, сайн цалинтай, сайхан ажил хийвэл яаж амьдардгийн жишээ гадаадад их байна шүү дээ. Гол нь хэрэгтэй мэргэжлээр сайн суралц. Зах зээлийн нийгэмд сайн хөдөлмөр хийж, шударга ажиллаж байгаа хүн сайхан амьдарна. Мэргэжилгүй, мэдлэггүй хүнд хэн ч тусалдаггүй айхтар хатуу нийгэм л дээ. Тийм учраас ийм нийгэмд зохицож, ажиллаж өөрийгөө бэлдэж амьдрах асуудал их чухал юм. Өнгөрсөн 30 жилийн түүхээс харахад бид залуусаа, үр хүүхдээ хэтэрхий эрх танхи, хүний үүрэг даалгаврыг хүлээж авдаггүй, дураараа болгож хүмүүжүүлчихэж. Ажлын байран дээр 08:00 цагт ирээд 12:00 цагт завсарлаж, орой 17:00 цагт ажлаа тардаг гэдэг сахилга, дэг журмыг хүлээж авах чадваргүй залуус олон байна. Тийм учраас өдрийн 100.000 төгрөгийн цалин өгье гэхэд хүн олдохгүй байна. Нэг залуу ирээд хоёр өдөр ажиллаад гурав дахь өдрөөсөө 08:00 цагтаа ирж чаддаггүй, унтаад хоцорчихдог. Үгүй бол яг ажлын 08:00-12:00 цагийн хооронд өгсөн үүрэг даалгаврыг нь хийдэггүй, гар утаа оролдоод суугаад байдаг. Эцэг эхчүүдийн хүүхдээ бэлэнчлэх сэтгэлгээнд сургасан явдал өнөөдрийн энэ асуудалд бас л муу үр дагавар үзүүлж байгаа юм.

-Ажиллах хүн олдохгүй учраас гаднаас ажиллах хүч авдаг гэдэг. Өнөөдөр ч тийм байна уу?

-Хувийн хэвшил нэгэнт өөрт нь хэрэгтэй ажилтан, ур чадвартай хүн олдохгүй болохоор аргаа барахдаа гаднаас ажиллах хүч авдаг. Одоогийн байдлаар Засгийн газрын тогтоол гаргуулаад 14.000 гадаад ажилчин оруулж ирэх үйл ажиллагаа үргэлжилж байна. Дээр нь ойрын үед нь нэмж 10.000 гаруй ажиллах хүчин гаднаас оруулж ирэх болов уу гэж харж байна. Өөрөөр хэлбэл, өнөөдөр манайд мэргэжилгүй, ажилгүй байгаа монгол залуус ийм мэргэжил эзэмштэл нь хүлээж суух цаг хугацаа бизнес эрхлэгчид байхгүй. Тиймээс аргаа барахдаа гадны хүмүүсийг авч байна. Урд хөршөөс ирж байгаа нэг ажилтан гэхэд сард 6000 юанийн цалин авдаг. Монгол мөнгөөр 2.4 сая, дээр нь хоолны мөнгө, аюулгүй ажиллагааны зардал, ирэх очих тээврийн зардал гээд маш их нэмэлт зардал гардаг. Тэр хүмүүсийн оронд манай монгол залуус ажилладаг болчихвол сайн цалинтай ажил хийх бололцоо нээлттэй байгааг л хэлэх ёстой.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улсын дотоод хэрэгт оролцсон Элчин сайд И.К.Азизовыг нутаг буцтал жагсана гэв DNN.mn

Украин улсад сар гаруйн хугацаанд үргэлжилж байгаа дайныг эсэргүүцсэн иргэд ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны байрны гадна өнгөрсөн бямба гаригт хоёр дахь удаагаа жагслаа. Иргэд өнгөрсөн долоо хоногийн бямба гаригт “No Putin”, “No war”, “Дэлхий дахин энх тайвныг хүсч байна”, “Украинд энх тайван байг” гэх зэрэг лоозон барин жагссан юм. Түүнээс гадна Элчин сайд И.К.Азизовын Монголын Ардчилсан намаас дайныг эсэргүүцэж гаргасан мэдэгдлийн талаарх байр суурийг ч эсэргүүцэж байв. Энэ удаагийн жагсаалын үеэр ч Элчин сайдын мэдэгдэлд бухимдсан иргэд түүнийг Монгол Улсаас гарах шаардлагыг тавьж байлаа.

Элчин сайд И.К.Азизов өнгөрсөн сард “Монголын Ардчилсан намын гишүүд болон АНУ-ын либерал ноёрхлыг дэмжигчдийн анхааралд:…” хэмээн тодотгон цахим сүлжээнд мэдэгдэл гаргасан юм. Олон нийтийн зүгээс Элчин сайдын “АНУ-ын либерал ноёрхлыг дэмжигчид” гэсэн тодотголд эгдүүцэж, “Энэ бол Оросын хүйтэн дайны үеийн үзэл баримтлал өнөөг хүртэл хэвээр байна. Харин дэлхийн бусад улс орон орвонгоороо өөрчлөгдсөн. Гэтэл ЗХУ-ын үед байсан.

-Украин хүүхдүүдийн энхтайвны төлөө монгол хүүхдүүджагсаалд нэгдлээ-

No description available.

Оросын эзэнт гүрний үед байсан түрэмгийллийн бодлого өнөөдөр ч үргэлжилж байгаагийн илэрхийлэл” хэмээн онцолж байсан билээ. Түүнээс гадна дэлхийн энх тайван, хүн төрөлхтний эсрэг хийж байгаа дайныг эсэргүүцсэн Монгол Улсын иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхэд халдаад зогсохгүй, улс төрийн намын гаргасан мэдэгдэлд хариу тайлбар хийсэн нь тусгаар тогтносон улсын дотоод үйл хэрэгт оролцсон явдал боллоо гэж Элчин сайд И.К.Азизовыг шүүмжилж буй.

Хоёр дахь удаагийн жагсаалд иргэд “No war”, “Тусгаар тогтносон бүрэн улсын иргэн үзэл бодлоо илэрхийлэх нь аль нэг улсын Элчин сайдад хамаагүй” гэсэн уриа барьж, Украин улсын төрийн далбааг барьсан байв. Түүгээр зогсохгүй энэ удаагийн жагсаалд Украин улсын төрийн далбааны өнгөтэй шаар, хувцсаар ижилссэн бага насны хүүхдүүд, залуучууд оролцсон нь анхаарал татаж байлаа. Учир нь өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа дайны хөлд Украин улсын олон зуун хүүхэд багачууд үрэгдсээр байгаа харамсалтай мэдээтэй. Дэлхийн аль ч буланд амьдарч байгаа хүүхэд багачууд эрүүл энх, элэг бүтэн амьдрах эрхтэй гэдгийг жагсаалд оролцсон хүүхдүүдийн аав онцолсон.

Тэрээр “Дайны улмаас Украин улсад олон зуун хүүхэд амь үрэгдэж, өнчирч байна. Хүүхэд бүр дайн дажингүй, аав ээжтэйгээ аз жаргалтай амьдрах ёстой. Хүүхдийн эрх хаана ч зөрчигдөх ёсгүй. Ертөнцийн нөгөө буланд байгаа хүүхдүүд, монгол хүүхдүүд бүгд л адил элэг бүтэн, инээд хөөртэй амьдрах эрхтэй. Тиймээс Украин улсад энх амгалан хурдан тогтоосой гэж хүсч хүүхдүүдтэйгээ жагсаалд оролцож байна” гэж байв.

Жагсаалд оролцсон иргэдийн байр суурийг хүргэж байна.

Г.Жавхлантөгс: -Би сайн дураараа жагсаалд оролцож байгаа иргэдийн нэг. Миний энд нэгдэж байгаа гол шалтгаан бол ОХУ-ын Элчин сайд И.К.Азизов манай ард иргэдийг турхирсан мэдэгдлийг удаа дараа гаргасан явдлыг эсэргүүцэж байгаа. Түүнээс гадна ОХУ өөрийн хөрш Украин улс руу эзлэн түрэмгийлсэн дайныг ч эсэргүүцэж байна. Бид Оросын ард түмний эсрэг байгаа юм биш. Гол нь ОХУ, Элчин сайд нь Монгол Улсын дотоод хэрэгт оролцож, увайгүй үйлдэл гаргаж болохгүй. Болгар, Польш зэрэг олон улсад Оросын Элчингүүд тухайн ард түмнийг нь “Америкийн ноёрхлыг дэмжигч, гар хөл нь бологсод” гэж доромжилсныхоо хариуд нутаг буцаж байгаа. Польш гэхэд Оросын 35 дипломатыг нутгаасаа хөөгөөд байна.

Түүнээс гадна эрх чөлөөгөө эдэлж жагсаал зохион байгуулж байгаа иргэдийг манай цагдаа нар дуудаж байцаалт авч байгааг хүлээн зөвшөөрөхгүй. ОХУ-д гэхэд 15.000 иргэн жагсаалд оролцсоныхоо төлөө баривчлагдаад байна. Ийм дарангуйллын эсрэг зогсож байгаа монгол хүмүүс хууль хүчний байгууллагад дуудагдахгүй ёсгүй.

Д.Хүрэлтогоо: -Үндсэн хуулийн 16.16-д үг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй гэж заасан. Энэ эрхээ эдэлж байна. Жагсагчдын шаардаад байгаа зүйлийг зүйрлээд хэлбэл, Бат Болд, манайх гурав нэг гудамжинд амьдардаг. Бат дэлгүүр ажиллуулдаг. Болд дүүгээ хашаанд нь ороод зодоод байгаа. Түүнийг би хараад зүгээр өнгөрч чадахгүй. Тиймээс болохгүй гэж шаардлага тавьж байгаа. Гэтэл зарим маань “Ингэж болохгүй. Бат дэлгүүртэй юм чинь бидэнд талх зарахгүй бол яах юм” гээд байгаатай адил. Нэг ёсондоо Оросын эсрэг юм хэлж болохгүй, бидэнд бензин өгөхгүй болчихно гэж айж байгаагаас ялгаагүй. Гэтэл өнөөдөр 21 дүгээр зуун, бид заавал нэг улсаас хараат амьдарч болохгүй. Мөн ийм хүчирхийллийг өөгшүүлж хэзээ ч болохгүй.

Т.Золбаяр: -Тусгаар Монгол Улсын иргэн бид эрхээ эдэлж байна. Оросууд Украин руу дайрч байгааг дэлхийн 149 орон эсэргүүцэж байна. Хүн төрөлхтний эсрэг дайны гэмт хэрэг үйлдчихээд цэргийн тусгай ажиллагаа гэж ярьж болохгүй. Тэнд хэчнээн мянган хүүхдийг буудаж алав, хэчнээн хүн үхэв, хэчнээн хотыг бөмбөгдөв. Тийм нөхцөлд байхад бид өнөөдөр хувиа хичээгээд сууж болохгүй. Цахим сүлжээнд нэг иргэний бичсэн зүйлийг энд цохож хэлмээр байна. “Өдөр болгон зодуулдаг нөхрөөсөө салж эхнэр. Салчихвал хоол олдохгүй гэж боддог. Үүний адил Оросоор бид мадлуулаад л байдаг. Эсэргүүцвэл бензин өгөхгүй” гэсэн утгатай үг байна лээ. Товчхондоо, Оросын дайныг өөгшүүлж, тал засч хэзээ ч болохгүй. Бид бурууг буруу, зөвийг зөв гэж хэлэх эрхтэй улсын иргэд.

Д.Батбаяр: -Оросууд Украинд энгийн номхон ард иргэд, хүүхдүүдийг хөнөөж байна. Украины ард иргэд бол Оростой нэг үндэстэн. Бид үүнийг бодох хэрэгтэй. Бид дуугарахгүй бол энэ аюул хэзээ нэгэн цагт монголчуудад ирэхийг үгүйсгэхгүй. Хэрэв тийм аюул ирсэн цагт дэлхийн хүн төрөлхтөн биднийг хамгаална. Тийм ч учраас дэлхийн соёлт хүн төрөлхтөнтэй дуу хоолойгоо нэгтгэж байх ёстой.

Д.Монголхүү: -Жагсагчид Элчин сайд И.К.Азизов хэзээ манай улсыг орхино, тэр цагд жагсаалаа зогсооё гэцгээж байна. Тэр хүртэл долоо хоног бүрийн бямба гаригт ОХУ-ын өдөөн хатгасан дайныг эсэргүүцэж, монголчуудад дээрэнгүй хандсан Элчин сайдыг нутаг буцахыг шаардаж жагсахаар болж байна. Өнгөрсөн долоо хоногийн жагсаалын үеэр Элчин сайдыг 48 цагийн дотор Монгол Улсаас гарч явахыг шаардсан. Тэрээр өнөөдөр хүртэл ямар нэгэн хариу тайлбар хэлээгүй байна. Бид түүнийг Монголоос явах хүртэл шаардлагаа тавина гэв.

Categories
мэдээ нийгэм

Л.Бямбасүрэн: Хамрын дурангийн мэс заслыг олон улсын түвшинд хөгжүүлж байна || DNN.mn

Дэлхийн эмч нарын баярын өдрийг тохиолдуулан Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний холбооноос шилдэг эмч нарыг шалгаруулах “Алтан чагнуур” арга хэмжээг өчигдөр зохион байгуулав. Салбар бүрээс тодрон гарсан 16 эмч “Алтан чагнуур”-ын эзэн болсон бөгөөд тэдний нэг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн чих, хамар хоолойн мэс заслын тасгийн эрхлэгч, анагаах ухааны доктор, зөвлөх зэргийн эмч Л.Бямбасүрэнтэй ярилцлаа.


-Алтан чагнуур”-ын эзэн болсонд баяр хүргэе?

-Баярлалаа. Монголын үйлдвэрчний эвлэлийн энэ том шагнал “Алтан чагнуур”-ын эзэн болсондоо баяртай байна.

-Ажлын гараагаа эхэлж байсан үеэсээ дурсахгүй юу?

-Би 1996 онд Анагаах ухааны их сургуулийг төгсөөд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн чих, хамар хоолойн тасагт магистрантурын сургалтад элссэнээр энэ том эмнэлгийн босгоор алхсан юм. Магистраа төгссөний дараахан тухайн үед завшаантай нэгэн явдал болсон нь нэг эмч маань Германд суралцахаар явж, бас нэг эмч маань өөр чиглэлээр суралцахаар болсноор ажлын орон тоо гарч, би тасагтаа үндсэн эмчээр ажиллаж эхэлсэн байдаг. Ингэж анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Лодойн Шагдар гэж Монголын чих, хамар хоолойн хамгийн том эрдэмтэн, судлаач хүний шавь болж байлаа. Багшаасаа энэ салбарт ажиллаж эхэлсэн хүн юу хийх ёстой вэ гэдгийг үлгэр дуурайлыг авч ажилласнаар өнөөдөр 76 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд эрдэм шинжилгээ, судалгаа, эмчийн үндсэн ажлынхаа зэрэгцээ багшийн ажлыг хийж ирсэн.

-Чих, хамар хоолойн эмчилгээ манайд хэрхэн хөгжиж байна вэ?

-Чих, хамар хоолойн өвчлөл бол Монгол Улсад бүртгэгддэг өвчлөлийн нэг, хоёрт жагсдаг. Олон улсад чихний, хамрын мэс, төвөнх залгиурын, сонсголын зэрэг тав зургаан чиглэлд хуваагдан хөгжиж байна. Бидний хувьд эдгээр чиглэл рүү залуу үеийн эмч нараа тодорхой хэмжээгээр мэргэшүүлж, салбар салбараар нь хөгжүүлэх үндсэн суурийг тавьж ажиллаж байна. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн чих, хамар хоолойн тасаг бол Монгол Улсын хамгийн анхны тасгуудын нэг. Энэ жил бид тасгийнхаа 70 жилийн ойг тэмдэглэх гэж байна. Манай эмнэлгийн чих хамар хоолойн тасгаас салбарлаж ЭХЭМҮТ, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хоёрдугаар эмнэлэг гээд бусад эмнэлгүүдэд салбарлаж гарсан.

-Чих, хамар хоолойн өвчлөл нэлээд дээгүүрт жагсдаг гэж та хэллээ. Бид тэр бүр анзаардаггүй юм байна. Чих, хамар хоолойн ямар төрлийн өвчлөл зонхилж байна вэ?

-Чих, хамар хоолой бол гадаад орчинтойгоо шууд харьцдаг эрхтэн учраас вирус бактерийн маш олон төрлийн халдвараар шууд халдварладаг. Тиймээс өвчлөл их байгаа. Өвчлөлийн хүндрэлүүд өвчнөөсөө хамаараад янз бүр. Ялангуяа бага нас, дунд сургуулийн насны хүүхдүүдийн хувьд эцэг эхчүүдийн эрүүл мэндийн боловсрол хамгийн чухал байна. Хоёрт, азиуд тэр дундаа монголчууд уламжлалт эмчилгээний арга гээд дур мэдэн чих, хамар хоолойг эмчлэх гэж үздэг. Ялангуяа бага насны хүүхдийн чихэнд дусаалга, тос, шээсээ дусаах гэх мэтээр хүүхдээ хүндрүүлчихээд эмнэлэгт ханддаг. Гэтэл эмгэгтэй бөөр, давсагны үрэвсэлтэй ээж байвал шээсээр нь дамжаад хүүхэд өвчлөх эрсдэлтэй.

Оюутан, залуу үеийнхэн ихэнхдээ завгүй, хэнэггүй байдлаасаа болж бас л өвчнөө хүндрүүлдэг. Ялангуяа хамрын шалтгаантай, хамрын ханиадаа удаасан, хүндрүүлсэн, үүнээс болж гайморит буюу хамрын идээт үрэвслээр өвдөх тохиолдол их байдаг. Энэ нь сүүлийн жилүүдэд бидний идэж, ууж байгаа хүнсний хэрэглээ, агаарын бохирдол болон бусад хүчин зүйлтэй холбоотой. Мөн харшлаас үүдэлтэй хамрын үрэвсэл ч сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байгаа. Үүнтэй холбоотойгоор бид хамрын дурангийн мэс заслыг олон улсын түвшинд хөгжүүлээд явж байна. Мөн төрөлхийн дүлий хүмүүсийг сонсгол оруулах, сонсголыг нь сайжруулах мэс заслуудыг 2009 оноос Монгол Улсад нэвтрүүлсэн. Бүх насныханд дунгийн суулгацыг суулгаж сонсгол оруулах ажлыг амжитлттай хийж байна.

-Чих, хамар хоолойн өвчлөлөөс сэргийлэхийн тулд иргэд, эцэг эхчүүд гэрийн нөхцөлд юунд анхаарвал зүгээр вэ?

-Манайд улирлын онцлогтой холбоотойгоор томуу, томуу төст өвчлөл их байдаг. Томууг эмчлэхийн тулд эцэг, эхчүүд хүүхдэдээ уламжлалт эмчилгээнээс гадна витамин С-г өндөр тунгаар уулгадаг, агаар салхинд гаргана гээд хүйтэн нөхцөлд гаргаад маш богино хугацаанд хүндрүүлчихдэг. Уг нь өвчин дөнгөж эхэлж байгаа үед эмчлэгдэх нь маш амархан. Нэгэнт хүндэрчихвэл эмчид хандах, антибиотик хэрэглэх болдог. Нөгөө талаар ард иргэдийн дунд антибиотикийн хэрэглээ замбараагүй байдаг. Гэтэл үүнийг ДЭМБ-аас онцгойлон анхааруулсаар байгаа. Антибиотикийг маш болгоомжтой хэрэглэх хэрэгтэй.


Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Баасан: Ч.Мөнхбаярыг Монгол Улсын шүүхийн танхимд БНХАУ-ын нэрийн өмнөөс яллахгүй байх гэж итгэж байна. || dnn.mn

Ч.Мөнхбаярын өмгөөлөгч Г.Баасантай ярилцлаа.


– Ч.Мөнхбаяр гэмт хэрэг хийгээгүй учраас тайван, зоригтой байгаа –


-Ч.Мөнхбаярын шүүх хурал товлогдсон байна. Шүүх хурал хүртэлх нөхцөл байдал яаж өрнөж байгаа талаарх мэдээллийг өгөхгүй юу?

-Ч.Мөнхбаяр хоёрдугаар сарын 17-нд баривчлагдсанаас хойш 40 гаруй хоног боллоо. Шүүхээс анх таслан сэргийлэх арга хэмжээг 30 хоногоор шийдсэн байсан. Тэр хугацаа энэ сарын 19-нд дуусч, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх шүүх хурал болсон. Тэр үеэр Б.Батдорж өмгөөлөгч бид хоёр Ч.Мөнхбаярын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх санал гаргасан. Учир нь энэ хүн өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, хаяг нь тодорхой. Тиймээс заавал хорих шаардлагагүй гэж үзсэн. Гэвч шүүх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөөгүй, харин ч дөрөвдүгээр сарын 1-нд шүүх хурал зарлагдсан. Тэр болтол цагдан хориог хэвээр шийдсэн байгаа юм. Ингээд шүүх хурал ирэх сарын 1-нд болох нь.

Манай ард иргэд Ч.Мөнхбаяр гэдэг хүнийг мэднэ. Энэ хүн жагсаал цуглаанд идэвхтэй оролцдог, өөрөө монгол бичиг, соёлын тухай ярьдаг, үндэсний үзэлтэй. Тэр дундаа өмнөд монгол, буриад, тува, хазара гээд дэлхийгээр тарсан монгол үндэстэн хүмүүсийг хамгаалж, өмгөөлж явдаг нийтийн эрх ашгийг хамгаалагч шүү дээ. Гэтэл Ч.Мөнхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19 дүгээр зүйлийн 19.4-өөр яллагдагчаар татсан. Шүүх хурлын үеэр яллагдагчаар татсан зүйл анги зөв үү, буруу юу гэдэг дээр мэтгэлцэнэ. Энэ бол буруу гэдгийг өмгөөллийн талаас бид мэтгэлцэж таарна. Мэдээж Монгол Улсын прокурор гэдэг төрийн нэрийн өмнөөс хэрэг хийсэн хүнд зэмлэлийг нь хүлээлгэж, хийгээгүй хүнийг цагаатгах үүрэгтэй. Яагаад энэ хүнийг тагнуул гэж үзсэн, ямар нотлох баримтаар нотлов гэдгийг прокурор шүүх танхимд гаргаж ирэх ёстой.

-Эрүүгийн хуулийн 19.4 гэдэг үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн хүндрүүлсэн нөхцөл байдал байх аа?

-Эрүүгийн хуулийн 19 дүгээр бүлэг үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн бүлэг. Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн объект ерөөсөө Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд ямар нэгэн хэмжээгээр хохирол учруулсан байх ёстой. Гэм буруугийн санаатай үйлдлийг шаардана, дээр нь хохирлыг заавал шаарддаг.

Дээрээс нь тагнуул гэдэг өөрөө гадаадын тагнуулын байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах гэсэн зүйл заалт. Энэ нь өөрөө их онцлогтой. Эрүүгийн хуулийн 2015 оны өөрчлөлтөөр нарийвчлаад заагаад өгчихсөн. Тодруулбал, тагнуул гэдгийг мэдсээр байж гэж бие дааж хуульчлагдсан юм шүү дээ. Гэтэл өнөөдөр хүртэл Ч.Мөнхбаярын хамссан гээд байгаа байгууллага тагнуулын байгууллага мөн эсэхийг Монголын тагнуулын байгууллага тодорхойлж гаргаж ирээгүй байгаа.

Та бүхэн хоёрдугаар сарын 18-нд Тагнуулын ерөнхий газраас хэвлэлийн хурал хийснийг эргэж харах боломжтой. Энэ үеэр гадаадын тагнуулын албаны гар хөл болсон гэж зарласнаас биш тэр улсынх гэж зарлаагүй. Хоёрдугаарт, мэдсээр байж гэдэг үг маш тодорхой үг. Манай үйлчлүүлэгчийн хувьд тухайн байгууллагыг тагнуулынх гэж мэдээгүй байсан. Мэдээгүй байсан хүнийг нийтэд тагнуул мэтээр зарласан. Энэ нь өөрөө Үндсэн хуулиар олгогдсон хүний эрх, эрх чөлөө, гэмт хэрэг хийсэн үү гэдгийг тогтоодог хууль хоёрыг зөрчсөн үйлдэл болж байгаа юм.

Хэрэв гадаадын байгууллагыг тагнуулынх гэж мэдсэн юм бол манай тагнуулын байгууллага Монгол Улсынхаа иргэнийг хамгаалахын тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах ёстой. Үүрэг нь ч тийм. Гэмт хэргийг илрүүлнэ, урьдчилан сэргийлэх арга хэмжээг заавал авна, таслан зогсооно. Гэтэл манай үйлчлүүлэгчид хэлээгүй. Урьдчилан сэргийлэх арга хэмжээг аваагүй. Энэ нь өөрөө их ноцтой.

-Нэг зүйл тодруулъя. Гэмт хэрэгт холбогдсон хүн мэдээгүй л гэж хамгийн түрүүнд хэлнэ шүү дээ?

-Манай үйлчлүүлэгч хэлэхдээ “Хэрэв ийм гэдгийг надад хэлсэн бол би энэ асуудалд оролцохгүй. Нээрээ та нар тагнуул гэж тогтоосон юм бол надад яагаад анхааруулаагүй юм бэ. Яагаад Монгол Улсын хууль хяналтын байгууллага иргэнээ гэмт хэрэгт холбогдохоос өмнө хамгаалаагүй юм бэ” гэж асууж байгаа. Яллах дүгнэлт уншуулсан өдөр Ч.Мөнхбаяр шоконд орсон. “Юу вэ, би тэр байгууллагыг тагнуулынх гэж мэдээгүй. Ийм удаан намайг мөрдөж мөшгөчихөөд яагаад хэлээгүй юм бэ” гэж. Тэгэхээр энэ чинь өөрөө асуудал.

Дээрээс нь энэ гэмт хэргийн халдлагын зүйл бол төрийн нууцад хамаарсан мэдээ, мэдээлэл, баримт, эд зүйлийг хэлдэг. Сэтгүүлч хүнд ийм мэдээлэл байх боломжгүй. Төрийн нууцад хамааралтай төрийн албан хаагч биш, халдлагын зүйлд хамаарах баримт мэдээлэл олоод авчихдаг хүн ч биш. Гуравдугаарт, энэ хүн угаас Монгол даяараа үндэсний үзэлтэй, энэ хүн бол Монгол гэсэн бүхний төлөө явж байдгийг улсаараа мэднэ. Дөрөвдүгээрт, Ч.Мөнхбаяр гэнэт мөнгөтэй болоод, их юм хийгээд явчихсан хүн биш. Энэ хүн бол тасралтгүй 30-аад жил Монголын төлөө дуугарсаар, хэлсээр, ярьсаар яваа, дундаж амьдралтай байтугай доройхон нэгэн шүү дээ. Үүний цаана зорилго байгаа.

-Ямар?

-Гэрт нь 200 сая төгрөгтэй байсан гээд байгаа. Үгүй.

Ч.Мөнхбаяр зүгээр Улаанбаатарт энд тэнд жагсаад явдаг хүн байгаагүй. Олон улсад байгаа, дэлхий дахинд амьдарч байгаа монгол үндэстнүүдийн өмнө танигдчихсан, хүлээн зөвшөөрөгдсөн, тэдэнд хүндлэгддэг, уригдаж очиж илтгэл тавьдаг, олон улсын хэмжээнд танигдсан хүн. Энэ хүнийг өнөөдөр тагнуул байсан, асар их хэмжээний мөнгө авсан гэж худлаа яриад байгаа нь их осолтой.

-Баримт гэж хураагдсан мөнгөний эх үүсвэрийг өөрөө юу гэж тайлбарладаг юм бэ?

-Өөрөө бол “Би хэдэн доллар хадгалж байсан юм. Америкт очиж илтгэл тавьсны урамшуулал. Японд очиж илтгэл тавихад бас авсан багахан доллараа хадгалж байсан. Гадаадын тагнуул гэж холбоод байгаа нөхөр ч мөн “Та үндэсний үзэлтэй хүн юм байна. Монгол бичиг соёлоо гэдэг юм байна. Дэмжиж байна” гээд бас тодорхой хэмжээний дэмжлэгийн мөнгө өгсөн. Тэдгээрийг л хадгалж байсан гэж тайлбарладаг.

Тэр өдөр бас өөрийнх нь биеэс их хэмжээний мөнгө гарсан гээд байгаа. Нөүтбүүк авахаар хэдэн төгрөг биедээ аваад явж байсан юм билээ. Тэр бол хуулиар хориглосон үйлдэл биш шүү дээ.

-Биед нь их хэмжээний мөнгө байсан гэсэн шүү?

-1000 доллар гэдэг дундын нэг нөүтбүүк авах л мөнгө биз дээ.

-Тэгвэл та бүхэн Ч.Мөнхбаярыг юу гэж өмгөөлж байгаа юм бэ?

-Ч.Мөнхбаярын хувьд гэм буруугийн хувьд гэм буруугийн санаатай үйлдэл байхгүй учраас субьектив шинж алга. Хоёрдугаарт, энэ хүн мэдээгүй. Мөн энэ хүн төрийн нууцад хамаарах янз бүрийн мэдээлэл байхгүй. Хамгийн чухал нь гадаадын тагнуул гэдгийг манай тагнуулын байгууллага нотлоогүй. Энэ их ноцтой байна. “Нууц” гээд л өмгөөлөгчид бид нараар гарын үсэг зуруулаад байгаа. Гэтэл хавтаст хэрэгт нууц гэх ямар ч үг, өгүүлбэр байхгүй байгаа юм.

-Үнэн үү?

-Төрийн нууцын зэрэглэлтэй ямар ч мэдээлэлтэй танилцаагүй. Хавтаст хэрэг дотроос ч олохгүй байгаа. Ямар сайндаа муу санаалаад шүүх хурал дээр танилцаагүй баримт гараад ирэх вий гээд хавтаст хэрэгтэй дахин дахин танилцсан. Үнэндээ нууц гэх мэдээлэл алга.

Гэтэл хавтаст хэрэгт ч байхгүй, харин ч нууц байж болохоор мэдээллийг хэвлэлээр гаргаад байгаа нь их хачирхалтай. Коммунист арга шиг эхлээд нийгэмд жигшээж байгаад нийгмийг өөрөөс нь нүүр бууруулж байгаад ялладаг муухай арга байдаг. Энэ арга тэнд маш их үнэртэж байгаа, харагдаж байгаа. Бүр тодоос тод харагдаж байгаа. Ч.Мөнхбаярыг 200 сая төгрөг авсан гэж, тэр бол Энэтхэгийн тагнуул байсан гэж хэвлэл мэдээллээр гаргалаа. Одоо бүр шалан дороос нь мөнгө гарсан гэсэн мэдээлэл явж байгаа. Ийм мэдээлэл тагнуул, эсвэл прокурорын байгууллагаас л гарна. Өөр хаанаас ч гарахгүй. Бид үйлчлүүлэгчээ ингэж гүжирдэхгүй нь мэдээж.

-БНХАУ-ын эсрэг гадаадын тагнуултай нийлсэн гэх мэдээлэл гараад байгаа. Үүнийг тодруулмаар байна?

-Прокурорын яллах дүгнэлт доторх нэг өгүүлбэр миний зүрхийг урж байгаа. “БНХАУ-ын эсрэг гадаадын тагнуултай хамтарч үйл ажиллагаа явуулсан учраас…” гэсэн өгүүлбэр. Прокурорын байгууллага бол Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, батлан хамгаалах хүчин чадлыг хамгаалж л иргэнээ яллана уу гэхээс биш БНХАУ-ыг өмөөрч иргэнээ яллавал энэ бол Монгол Улс Үндсэн хуультай, тусгаар тогтносон оронд байж боломгүй үйлдэл.

-Ийм өгүүлбэр хавтаст хэрэгт албан ёсоор байгаа хэрэг үү?

-Байгаа. Би маш их гайхаж байгаа. Би Монгол Улсын шүүхийн танхимд БНХАУ-ын нэрийн өмнөөс монгол иргэнээ яллахгүй байх гэж маш их итгэж байгаа. Үндэсний аюулгүй байдал гэдэг монгол хүний аз жаргалтай, аюулгүй, эрх чөлөөтэй, эх орондоо итгэл үнэмшилтэй байх үзэл санаа. Монгол хүн өөрөө үндэсний аюулгүй байдлын том байр суурь. Хүнгүй, газар нутаггүй, хил хязгааргүй төр засаг гэж байхгүй.

Яагаад Үндсэн хуультай, ардчилсан эрх чөлөөтэй Монгол Улсын прокурор яллах дүгнэлтэндээ “БНХАУ-ын эсрэг тагнуул хийсэн” гэж монгол хүнийг яллах гээд байна вэ гэдэгт үнэхээр сэтгэл өвдөж байгаа.

Би 60 нас гарсан хүн. Миний үр хүүхэд амьдрах нутаг устай, бахархах түүх соёлтой амьдрах эрхтэй. Тэр нөхцөлийг бид өвлүүлэх үүрэгтэй. Энэ утгаараа Ч.Мөнхбаярыг хэтэрхий гадаадын нөлөөлөл, захиалгаар зохиомол хэрэг бий болгож үндэсний үзэлтэй хүнийг төлөөлж монголчуудыг эх орныхоо төлөө үндэсний үзэлтэй байхыг залхаан цээрлүүлэх, айлгах, цочоох, мохоох, зогсоох бодлогоор үүнийг хийж байх вий гэж хардаж байгаа.

Энэ бол монголчуудын асуудал. Би бол ганц Ч.Мөнхбаяр гэдэг хүнийг өмгөөлөхгүй байгаа. Миний энэ өмгөөлөл Монгол Улсын тусгаар тогтнолын баталгааны өмгөөлөл гэж харж байгаа шүү. Тиймээс Ч.Мөнхбаярын асуудал дээр “За би л биш бол яах вэ” гэж монголчууд хандаж болохгүй. Та хэзээ нэгэн өдөр хэн нэгэн хүнд эх орон, тусгаар тогтнолынхоо төлөө үг хэлэхэд ял авах өдөр ойрхон ирсний баталгаа энэ. Тэгэхээр энэ бол 3.4 сая хүний эх орон, үндэстнээ гэсэн үзэл санааны өмгөөлөл.

-Шүүх хурал товлогдсон байна. Процесс их хурдан өрнөж байна уу даа?

-Аливаа нэг захиалгатай хэрэг хурдан явдаг. Ардаа даалгавартай, тусгай зорилготой, улс төрийнхөн дотор гар хөл нь болсон хэрэг нүдэн дээр ч явдаггүй. Үүнийг эрүүл саруул ухаантай хүн бүр ойлгож байгаа. Монголын хууль хяналтын байгууллагын өмнө мөнгөтэй хүмүүсийн хэрэг цайрдаг, удааширч байгаад мартагддаг гэдгийг мэддэг болсон. Хэт их улстөржсөн, захиалгатай хэргүүд гэрлийн хурдаар явдаг нь ч тодорхой болсон. Тэгэхээр энэ хэрэг бол ингэж л явж байгаа.

Дээрээс нь прокурорын дүгнэлт дотор БНХАУ-ын эсрэг ажилласан гэж тэмдэглэгдсэнийг сая хэллээ. Энэ хоёр бол сэтгэлийн мухраас хамаг юмыг минь хөдөлгөж байгаа. Хуульч, тэмцэгч, иргэний нийгмийн байгууллагын хүний хувьд ч, ээж хүний хувьд ч,ахмад хүний хувьд ч сэтгэлийг минь маш их урж байгаа. Тэгэхээр Ч.Мөнхбаярын өмгөөлөл бол миний тэмцлийн өмгөөлөл.

-Ч.Мөнхбаяр ямархуу байна вэ?

-Гэмт хэрэг хийгээгүй хүн тайван, зоригтой байдаг. Тийм л байгаа. Их л том гэмт хэрэгтэн барьж байгаа юм шиг, хар хувцастай зэвсэглэсэн хүмүүс анх барьсан шүү дээ. Тэр үед их шоконд орсон. Гэр орных нь ч тэр. Одоо ч ээжийнх нь нулимс урсаастай байгаа. Тайван бай гэж би их хэлж байгаа. Гэсэн ч хүүхдээ ярих болгонд уйлж байгаа. “Миний хүү бол цэргийн офицер хүний хүүхэд. Бид хүүхдээ хэтэрхий эх оронч өсгөсөн болохоос биш эх орноосоо урвагч болгож өсгөөгүй” гээд ээж нь уйлж байсан. Ээж нь 80 шахсан, хөл гар муутай учраас гэрээсээ гарч чаддаггүй хөгшин. Их л хүнд байгаа.

Сүүлд нь хэлэхэд, 54 настай Ч.Мөнхбаяр үс нь цагаан болтлоо амин хувиа хичээж амьдраагүйд нь хүндэтгэлтэй хандаж байгаа. Энэ хүн бол үндэсний үзэл санаа, эх орныхоо тусгаар тогтнол, дэлхий дээр үсэрсэн цус, тасарсан ясыг аз жаргалтай байлгахын төлөө өнөөдөр ганц биеэрээ амьдарч өдийг хүрсэн байна. Амьдралынхаа 54 жилийг ард түмэндээ, монголчууддаа, туурга нэгт монгол үндэстэндээ зориулсан байгаа нь бахархмаар шүү.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Кофе асгасан гэх Б.Ариунзаяад цагдаа эрүү шүүлт тулгасан уу? || DNN.mn

МУИС-ийн хуулийн ангийн оюутан Б.Ариунзаяа бусдын толгой дээр кофе асгасан гэх хэрэг энэ сарын 1-нд гарсан. Түүний уг хэрэг хуулийн байгууллагад үргэлжлэн шалгагдаж байгаа. Хуулийн хариуцлага хүлээх нь ч тодорхой. Харин тодорхой бус нэг зүйл үлдэж байгаа нь Б.Ариунзаяагийн ил болгосон бичлэг дэх цагдаагийн албан хаагчийн ёс зүйгүй үйлдэл. Мэдүүлэг өгөхөөр очсон иргэнд цагдаагийн албан хаагч ёс бусаар аашилж, биед нь халдаж байгаа үйлдлийг монголчууд тэр чигээрээ бичлэгээс харсан. Гэтэл өнгөрсөн 20 гаруй хоногийн хугацаанд цагдаагийн үйлдэл нам дарагдаж, Б.Ариунзаяагийн кофе асгасан бичлэгээр амьсгалж, түүнийг нийгмээрээ яллаж дуусах шиг боллоо. Ингэлээ гээд цагдаа зүгээр өнгөрөх ёсгүй юм. Цагдаагийн байгууллага Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль журмыг сахиулагч, үйлчилгээний байгууллага гэдгийг хуульчид хэлсээр байна. Иргэд ч эрхээ нэхсээр байгаа. Гэвч өнөөдрийн цагдаагийн байгууллагын үнэн төрх бол Б.Ариунзаяагийн ил болгосон бичлэг дээрх цагдаагийн үйлдэл мөнөөсөө мөн.

Хуулийн төгсөх ангийн оюутан тэрээр нийгмийн энэ хандлагыг анзаарч, шүгэл үлээн цагдаагийн ажилтны дүрмийн бусаар харьцсан бичлэгийг олон нийтэд дэлгэсэн. Бичлэгт Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ажилтан н.Батзориг “Юу юм, чи муу. Юу гэж томроод байгаа юм…” хэмээн өндөр дуугаар охиныг зандарч, утсыг нь булаан аван нударч байгаа үйлдэл бичигдэн үлдсэн байдаг. Бичлэгт ороогүй, тухайн үед болсон нөхцөл байдал түүнээс ч дор байсныг Б.Ариунзаяагийн өмгөөлөгч болон өөрөө тэрээр хэвлэлд албан ёсоор тайлбарласан нь бий. Нэг ёсондоо энэ бол Монголын цагдаагийн байгууллага гэмт хэрэг зөрчилд холбогдсон, гэрчээр татагдсан, сэжиглэгдсэн иргэддээ эрүү шүүлт тулгасан хэлбэр гэж хуульчид хэлэх боллоо.

Энэ тухай өмгөөлөгч Л.Баттогтох “Цагдаагийн байгууллагын дотоод ёс зүйн журам гэж бий. Үүний 2.3 гэж заалт байгаа. Энэ зохицуулалтаар хэрэг мөрдөгч, мөрдөн байцаагч хэргийн оролцогч буюу гэрч, хохирогч, холбогдогчидтой хүнлэг бус харьцахыг хориглоно. Өөрөөр хэлбэл, хэнтэй ч цагдаагийнхан хүндэтгэлтэй харьцана гэж заасан. Ёс зүйн журам зөрчсөн бол дотоод хяналтын алба гэж шалгадаг байгууллага бий. Хэрэв тэр нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй бол мөрдөн байцаах газраас тухайн цагдааг шалгана. Ёс зүйн алдаа гаргасан бол тухайн байгууллага арга хэмжээ авна. Би энэ асуудлыг юу гэж харж байна гэхээр эрүүдэн шүүж байгаа хэлбэр орсон. Эрүүдэн шүүх нь хоёр хэлбэртэй. Бие эрхтний буюу сэтгэл санааны гэсэн. Хэлбэрийг яаж тогтоодог вэ гэхээр хэрэг мөрдөгч, мөрдөн байцаагч, прокурор зэрэг хуулийн байгууллагын субьектүүд өөрсдөө хэн нэгэн гэмт хэргийн оролцогчийг ямар нэгэн гэмт хэрэгт буруутгах санаа зориг агуулж байгаа, хөтөлж байцаалт авах байдлаар, эсвэл буруу тал руу нь мушгиж яллах гэж байгаа энэ байдлыг эрүүдэн шүүх хэлбэр гэдэг. Монголчууд эрүүдэн шүүнэ гэхээр С.Зоригийн хэрэг дээр гардаг шиг зодож нүдээд, балбаад, айдаст автуулна л гэж ойлгодог. Сэтгэл санааны эрүүдэн шүүх байдал нь тэр хүнийг сэтгэл зүйн дарамтад оруулж, ямар нэгэн хэлбэрээр дарамтлан тухайн хэргийг батлах гэж байгаа хэлбэр юм.

Иргэн Б.Ариунзаяагийн хувьд цагдаагийн байгууллагын ажилтан сэтгэл зүйн дарамтад оруулж байгаа хэлбэр юм. Утсыг нь цохиж эрх чөлөөнд нь халдаж байгаа нь, янз бүрээр айлган сүрдүүлэх нүүрний хэлэмж гаргахыг сэтгэл зүйн дарамт гэж үздэг. Сэтгэл зүйн дарамт үзүүлж байна гэдэг нь өөрөө эрүүдэн шүүх хэлбэр гэдгийг хуулинд зохицуулчихсан байдаг.

Энэ асуудлыг дотоод хяналт шалгалтын хороо нь яаж шийдэхийг бид мэдэхгүй. Эсвэл гэм буруугийн хэлбэр байна гэж үзвэл энэ нь өөрөө хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг гэж явдаг. Хэрвээ хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг гэсэн дүгнэлт гарвал дотоод хяналт нь биш, улсын мөрдөн байцаах газрын тусгай субьект шалгана гэсэн үг. Ер нь хэн ч бай гэмт хэрэгт шалгагдаж байгаа этгээдийг цагдаагийн байгууллагын ажилтан хүндэтгэлгүй харьцаж байгаа нь өөрөө бодит факт” гэж байгаа юм.

Б.Ариунзаяа энэ тухай хэвлэлд ярихдаа “н.Батзориг байцаагч намайг “Хэний дураар нойл /ариун цэврийн өрөө/ орох гээд байгаа юм. Гавьяа байгуулчихсан юм шиг, наанаа суу” гэсэн. Цагдаа нар ер нь тэгдэг шүү дээ. “Яасан, юу болсон бэ” гэх яриа огт байдаггүй. “Чи зүгээр наанаа суу” гэж л ярьдаг. Ер нь тийм хандлага маш хэцүү байдаг. Хүмүүс ч хэлдэг шүү дээ. Цагдаагийн харилцаа маш муухай байна. Үүнийг болиулах хэрэгтэй гэдэг. Би түүнийг л харуулах зорилгоор бичлэгийг нийтэлсэн. Тэр бичлэг нийтлэгдсэнээс гурван цагийн дараа кофе шопын бичлэг задарсан” гэсэн байдаг.

Түүний аав, өмгөөлөгч Г.Батбаяр энэ тухай байр сууриа илэрхийлсэн. Тэрээр “Миний охиныг цагдаагийн байгууллага дээр очсоных нь дараа цагдаа н.Батзориг дүрмийн бусаар харьцаж, орилж, бархирч, гар утсанд нь хүрч, түлхэн унагаах зэргээр хүндэтгэлгүй харьцаж байгаа нь Цагдаагийн ёс зүйн дүрмийн 2.4.1, 2.4.2-ийг зөрчсөн. Уг нь хоёр хүүхэд эвлэрээд, бие биенээсээ уучлалт гуйгаад гар бариад, гомдол саналгүй гээд салаад явчихсан байдаг. Гэтэл цагдаагийн ёс бус, дүрмийн бусаар, эрүү шүүлт тулгах хэлбэрээр харьцаж байгаа бичлэг нь олон нийтийн сүлжээнд тавигдангуут нөгөө хохирогч охиноос байцаалт авч шинжээч томилох зэргээр үйл явдал өрнөсөн байна. Ингээд хохирогч М гэх охин шөнийн 23:00 цагийн үед кофе шопт болсон үйл явдлын бичлэгийг цацсан. Ингэж л үйл явдал өрнөсөн…Эрүүгийн хуулийн 21.12.1 гээд эрүү шүүлт тулгах гэснээр Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг буруутгасан үйл баримт бий. Энэ зүйл анги дээр “Төрийн албан хаагч ял, шийтгэл оногдуулах зорилгоор бусдын бие махбод, сэтгэл санаанд шаналал үүсгэсэн бол 1-5 жилээр хорино” гэж заадаг. Энэ зүйлд зэрэг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнээр шийтгэл онооно. Цагдаагийн ажилтан н.Батзориг ч энэ зүйл ангиар шалгагдах ёстой гэж үзэж байгаа” гэсэн билээ.

Б.Ариунзаяа болон түүний аав, өмгөөлөгч цагдаагийн үйлдлийг ийнхүү тайлбарласан байдаг. Харин хөндлөнгийн хуульчид энэ асуудал дээр ямар байр суурьтай байгааг тодруулсан юм.

Хуульч Р.Булгамаа: Цагдаа нар иргэнтэй зүй бусаар харилцаж, айлган сүрдүүлж, сэтгэл санааны дарамт үзүүлж байгаа нь эрүү шүүлт

Хуульч, өмгөөлөгч Р.Булгамаатай дээрх үйл явдал эрүү шүүлт мөн эсэх, хуульчид тэдний үйлчлүүлэгчдэд эрүү шүүлтийн асуудал тулгардаг эсэх талаар цөөн хором ярилцлаа.

-Эрүү шүүлт гэхээр бид олон цаг хоногоор хоол унд өгөхгүй өлсгөдөг, зодож тарчлаадаг тухай л ойлгодог. Гэтэл өнөө үед хууль хяналт, цагдаагийн байгууллага ч иргэдийг эрүүдэн шүүх хэлбэр хавтгайрсан тухай олон талаас гомдоллох боллоо. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Хууль хяналтын байгууллагууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүнхий эрхэнд халддаг, хүнд сэтгэл санааны хохирол учруулж, шахалт үзүүлж байгаа үйл баримтууд өнөөдөр эрүү шүүлтийн нэг хэлбэр бид хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Жишээ нь, гэмт хэрэг үйлдээгүй атлаа гэмт хэрэг үйлдсэн мэтээр ажил албан тушаал, нэр төрөөрөө хохирох явдал олон байна. Нөгөөтэйгүүр цагдаагийн байгууллагын ажилтны үзүгээс тухайн хэрэгт сэжиглэгдэж шалгагдаж байгаа сэжигтэн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай мэтээр урьдчилж нийгэмд дүгнэлт хийсэн мэдээлэл өгч байгаа нь нийгмийн эрүү шүүлтэнд орох нөхцөлийг бүрдүүлж байна.

-Нийгмийн эрүү шүүлт гэдэг ойлголт бас бий болжээ?

-Тэгж байна. Эрүү шүүлт гэдгийг кинон дээр гардаг шиг агааргүй жижиг өрөөнд удаан хугацаагаар хорьж, биологийн хэрэгцээг хангахгүй, хоол ундгүй байлгах тухай ойлгодог. Гэтэл эрүү шүүлт орчин цагт өөр болсон. Нийгмийн хөгжлөө дагаад өөрчлөгдөж байгаа энэ үйл явцуудад тохирсон эрх зүйн зохицуулалт хэрэгтэй. Үндсэн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ гэдэг. Мөн шүүхээс гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хэнийг ч гэм буруутай гэж үзэж болохгүй гэж заасан. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд хүн бүр хууль шүүхийн дор тэгш эрхтэй гэж тод заачихсан. Ийм байсаар байхад тухайн нэгэн хэрэгт холбогдон шалгуулж байгаа эсвэл хэрэг зөрчил гарсан газарт ойр байсан хүнийг гэмт хэрэгртэн мэтээр нийгэмд мэдээллэдэг, нийгмийн эрүүдэн шүүлтэд оруулдаг явдал гарч байна. Ийм нөхцөлд орсон хүмүүс сэтгэл санаагаар хохирч, бүр цаашлаад амьд явах хүсэл эрмэлзэлгүй болтол нь өөрийг нь, ар гэр, үр хүүхдийг нь эрүүдэн шүүж байна шүү дээ. Эцэстээ энэ бүхэн цахим орчин, сошиал орчны дайралт хандлагаар илүү тодорхой харагдаж байна.

-Цахим орчинд зориудаар мэдээлэл тараадаг. Үүнд хууль хяналт, цагдаагийн байгууллага өөрсдөө гар бие оролцдог гэж хүмүүс их бичиж байна шүү дээ?

-Зөвхөн цагдаагаар тогтохгүй төрийн эрх бүхий албан тушаалтнууд хүртэл нийгмийн эрүү шүүлтээс эмээж, муухай харагдахгүйн тулд, нэр төрөө цэвэр байлгах гэж нийтийн эрх ашгаа умартан гаргасан шийдвэрүүдээсээ буцах, өөрчлөх, хууль зөрчих, төрийн үйл ажиллагаа тогтвортой байх зарчмыг алдагдуулсан тохиолдол олон байна. Жишээ нь, цар тахлын үеэр энэ явдал хавтгай байлаа шүү дээ. Энэ бол эцэстээ эрүү шүүлт үзүүлж байгаа хэлбэр мөн.

-Кофе асгасан гэх хэрэгт холбогдсон хуулийн ангийн оюутан цагдаагийн байгууллагын ажилтны бичлэгийг олон нийтэд ил болгосон. Тухайн бичлэгт дурдагдсан үйл явдлыг өмгөөлөгч нь эрүү шүүлтийн хэлбэр гэж мэдэгдэж байгаа. Та ч хуульч хүний хувьд үүнийг анзаарсан байх?

-Юуны өмнө хэлэхэд, тухайн охины хийсэн үйлдэлтэй санал нийлэхгүй. Мэдээж тухайн охин бусдад учруулсан гэм хор, нийгэмд учруулсан зөрчлийнхөө харуицлагыг хүлээх учиртай. Үүнтэй маргахгүй.

Харин тухайн охины хувь хүнд учруулсан гэм хор, гэмтлийн зэрэг нь ямар түвшинд байгааг мэргэжлийн байгууллагууд тогтоож, тухайн үйдлийнх нь хэм хэмжээнд хор уршигт тохирсон хариуцлагыг хуулийн байгууллага, тухайлбал, шүүх шийдвэрлэнэ. Гэтэл шүүхээс гэм буруутай эсэхийг нь эцэслэж шийдээгүй байхад нийгмээрээ гэр бүлээр нь яллаж, түүнчлэн хувь хүний талаарх мэдээ мэдээллийг эрх бүхий байгууллагаас, эрх бүхий албан тушаалтнуудаас гаргаж ирж бүхий л талаар тухайн иргэнийг онц ноцтой гэмт хэрэгтэн мэтээр харлуулж, доромжилж, бүр цаашилбал бусад тогтоогдоогүй, нотлох баримт тодорхой бус, шүүхээс шийдвэрлэгдээгүй хэргүүдэд, гэмт үйлдлүүдэд хамааралтай мэтээр, зарим талаар захиалгатай юм уу гэж хардмаар мэдээллүүд явж байгаа нь хамгийн их анхаарал татаж байсан.

-Үнэхээр онц ноцтой хэрэгтэн мэтээр нийгмээрээ яллалаа шүү?

-Жишээлбэл, тухайн иргэний замын хөдөлгөөнд оролцохдоо гаргасан зөрчлүүдийн талаарх мэдээллийг эгэл жирийн иргэн шууд мэдэж нийгэмд мэдээлэх эрхгүй. Өөрөөр хэлбэл, хувь хүний талаарх мэдээ мэдээлэл Монгол Улсын Нууцын тухай хуулиар зохих түвшинд хамгаалагдсан байх ёстой. Таны мэдээллийг таны зөвшөөрөлгүйгээр болон бусдад хэн нэгэн эрх бүхий албан тушаалтан, албан хаагч гаргаж өгч нийгэмд мэдээлэх ёсгүй.

Цагдаагийн албан хаагчийн үйлдэл хуулийн хүрээнд байх ёстой. Цагдаагийн албан хаагчийн хувьд Цагдаагийн байгууллагын тухай хууль болон цагдаагийн кодексоороо яаж хэрхэн харилцах талаар журамлаж өгсөн. Тухайн шалгагдаж байгаа иргэн ямар үйлдэл гаргахаас үл хамааран цагдаагийн албан хаагч ёс зүйтэй хуулийн дагуу ажиллах ёстой. Тухайн бичлэгээс харахад цагдаагийн кодекс ёс зүйн хэм хэмжээний дагуу ажлаа хийгээгүй гэж харагдаж байсан. Тиймээс цагдаагийн албан хаагч ч хариуцлагаа хүлээх ёстой.

Ер нь хэрэг хянан шийдэх ажиллагааны явцад зарим нэг мөрдөгчийн зүгээс миний үйлчлүүлэгч нарыг хэргээ хүлээ, эсвэл өөрийн хүсэлтээр ажлаа өгчих. Өргөдлөө биччих, хялбаршуулсан журмаар шийдүүлье, хүсэлтийг хүлээж авахгүй бол нөхрийн чинь компани болон гэр бүлийн гишүүдийг чинь шалгана, эрх зүйн байдал чинь улам бүр дордоно шүү гэх мэтээр айлгаж сүрдүүлэх, сэтгэл санааны хямрал дарамтыг үүсгэсэн тохиолдол олон байсан. Цагдаагийн байгууллага бол төрийн үйлчилгээний байгууллага, хууль дүрэм, журмыг хэрэгжүүлэгч байгууллага гэдгээ ухамсарладаггүй. Цагдаа, мөрдөн байцаагч нар иргэнтэй зүй бусаар харилцаж, айлган сүрдүүлж сэтгэл санааны дарамт үзүүлж байгаа үйлдэл бол эрүү шүүлтийн хэлбэр юм.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Хөгжлийн банк “Блүүмберг”-т 1.8 сая ам.доллар, шаардлага хангаагүй есөн банкинд 128.6 тэрбум төгрөг олгожээ || DNN.mn

-Аудитад 826 сая төгрөг зарцуулсан ч зөвлөмжийг нь хэлэлцээгүй-


Засгийн газраас 2016 онд томилогдсон Ажлын хэсэг Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг нууцаас гаргаж, өчигдөр олон нийтэд ил болголоо. Нууц хэмээн тэмдэглэгдсэн 132 хуудас материалд дурдсанаар тухайн үед Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяраар ахлуулсан Засгийн газрын гишүүд, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголбанк, Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнуудын хамтарсан 30 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг шалгалтыг хийсэн байдаг аж.


Нууцад авагдсан шалгалтын дүгнэлтээс онцлох хэсгүүдийг тоймлон хүргэе.


Зээлийн “хяналтын баг” ажлаа хийгээгүй

Одоогоос 10 гаруй жилийн өмнө үйл ажиллагаагаа эхлүүлсэн Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт, зориулалтын дагуу зарцуулсан эсэх зэрэг чухал асуудлууд саяхнаас л өндрөө аван яригдаж буй нь өнгөрсөн хугацаанд тус банкинд ямар хяналтын систем ажиллаж байв гэдэг асуулт босч ирээд байгаа юм. Ажлын хэсгийн үзсэнээр Хөгжлийн банкны ТУЗ-ийн дэргэдэх Дотоод аудитын алба нь зээлийн үйл ажиллагааг шалгах, зээлийн эрсдэлийг үнэлэх, илрүүлэх, бууруулах талаар маш хангалтгүй ажилласан гэсэн бол банкны Эрсдэлийн удирдлагын хороо нь сар бүр хурал хийхээр дотоод журамдаа тусгасан ч 2013 онд хоёр, 2014 онд дөрөв, 2015 онд зургаа, 2016 онд хоёр удаа хуралдсан байна. Ингэснээр зээлийн эрсдэлийг тодорхойлох, хэмжих, хянах, бууруулах талаар маш хангалтгүй ажилласан гэжээ. Мөн Зээлийн хороо ч олгосон зээлийн ашиглалтыг хэлэлцэх, зээлийн эрсдэлийг илрүүлэх, бууруулах, зээлийн үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлээр хангалтгүй ажилласан гэсэн байна.

Барьцаа хөрөнгийн борлогдох, хөрвөх чадвар сул, үнэлгээ өндөр…

Хөгжлийн банкны чанаргүй зээлүүд дээр яригддаг гол асуудлын нэг шаардлага хангаагүй аж ахуйн нэгж, иргэдэд олгосон гэх. Тэгвэл одоогоос зургаан жилийн өмнөх шалгалтын явцад энэ асуудал хөндөгдөж байжээ.

Тодруулбал, төслийн орлогоос эргэн төлөгдөх нөхцөлтэй, Хөгжлийн банк шууд санхүүжүүлсэн зээлүүдийн хувьд төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийн сонгон шалгаруулалт тодорхойгүй, зээл олголт холбогдох хууль журамд нийцэхгүй, зээлийн эрсдэлийн судалгаа, төсөв төсөөлөл хангалтгүй, зээлийн зарцуулалт болон төслийн гүйцэтгэлтэй холбоотой хяналт сул, ирээдүйд орох мөнгөн урсгал болон борлуулалтын төлөвлөгөөг хэт өөдрөгөөр хийгдсэн, ханшийн эрсдэлийн судалгаа дутуу, барьцаа хөрөнгийн борлогдох, хөрвөх чадвар сул, үнэлгээ өндөр, тоног төхөөрөмжийн бичиг баримтжуулалт дутуу, зээлийн эргэн төлөлтийн хуваарь олон удаа хойшлогдон хугацаа сунгагддаг, зээлдэгчийн санхүүгийн чадварыг үнэлэхдээ холбоотой этгээдүүдийн болон зээлдэгчийн бусад банк санхүүгийн байгууллага дахь зээлийн өр төлбөрийг тооцоолдоггүй зэрэг нийтлэг зөрчил ажиглагдаж байсан гэж Ажлын хэсэг дүгнэжээ.

Геологийн төв лаборатори “МИАТ” ТӨҮГ-т олгосон зээлүүд хууль, журамд нийцээгүй

Шалгасан зээлүүдээс “Монлаа” ХХК болон “Бэрэн” ХХК-д олгосон зээлүүд төлбөрийн чадварын эрсдэлд орсон тул Хөгжлийн банк “Монлаа” ХХК-д олгосон зээлд үнэ цэнийн бууралт тооцон холбогдох эрсдэлийн санг байгуулсан байна. Харин “Бэрэн” ХХК-д олгосон зээлд нэмж 34,9 тэрбум төгрөгийн зээлийн эрсдэлийн санг зардлаар байгуулах шаардлагатай.

“Пи Ай Эм Эм” ХХК-д олгосон зээл хугацааны ангиллаар эргэлзээтэй ангилалд шилжихээр байна. Түүнчлэн “Пи Ай Эм Эм” ХХК болон “Эрэл” ХХК, “МАК цемент” ХХК, олгосон зээлээр санхүүжигдэж байгаа төслүүд санхүүжилтийн дутагдалд орсон тул зогссон байдалтай байна. “Хөтөл ХХК болон Амгалангийн дулааны станцын төслүүд амжилттай хэрэгжиж дууссан боловч борлуулалт болон орлого муу байгаагаас эргэн төлөлтийн хүндрэлд орсон байна. “Эрдэнэс Таван толгой” ХК болон Амгалангийн дулааны станцын зээлүүдийг Засгийн газраар төлүүлэх ажил хийгдэж байгаа бөгөөд Засгийн газрын тогтоол шийдвэрээс хамаарч хоцорч хүндрэлтэй байдалд орсон байна.

Геологийн төв лаборатори “МИАТ” ТӨҮГ-ын зээлүүдийн олголт холбогдох хууль журамд нийцээгүй гэсэн нь анхаарал татаж байна.

Мөн шалгалтын явцад хамрагдсан томоохон төслүүдээс гэхэд Эгийн голын усан цахилгааны станцын төслийн үйл ажиллагааны зардал хэтэрсэн гэжээ. Ингэхдээ тус төслийн нэгжийн 2013-2015 оны цалингийн зардалд 2.9 тэрбум төгрөгийг олгосон бөгөөд сар бүрийн цалингийн задаргаанаас харахад төслийн нэгжийн нийт 30 ажилтны жишиг цалинг суурь цалин гэж үзэн, өсгөх коэфф нэрийн дор бодон үндсэн цалинг 100 хувиар нэмэгдүүлж боджээ. Зөвхөн цалингийн зардлын хувьд 1.4 тэрбум төгрөгийг давхар тооцон санхүүжүүлсэн. Тиймээс мэргэжлийн төсөвчин, инженер оролцуулан тухайн ажлын төсөв, гүйцэтгэлийг газар дээр нь шалгах шаардлагатай гэсэн байна.

Шаардлага хангаагүй есөн банкинд 128.6 тэрбумтөгрөгийн зээл олгов

Хөгжлийн банк 2013-2016 оны хоорондох хугацаанд арилжааны банкуудтай “Дамжуулан зээлдүүлэх” гэрээ хийсэн байна. Жишээ нь, Худалдаа хөгжлийн банкны эзэмшиж байсан нийт 130 тэрбум төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий Засгийн газрын шилжих векселийг 2016 оны наймдугаар сарын 11-ний өдөр худалдан авч, 61.75 сая ам.долларын гурван сар хүртэлх хугацаатай хадгаламж, 12.9 тэрбум төгрөгийн зээл олгосон бол Улаанбаатар банкны эзэмшиж байсан 53.6 тэрбум төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий Засгийн газрын шилжих векселийг 2016 оны долдугаар сарын 7-ны өдөр худалдан авч, гурван тэрбум төгрөгийн ноос, ноолуур боловсруулах үйлдвэрийн санхүүжилтийн зээлийг олгожээ.

Ажлын хэсэг “Дамжуулан зээлдүүлэх” гэрээний 3.1.1-д заасан зээлдэгчийн зээл авахдаа хангах шаардлагыг хангаагүй нийт есөн банкинд 128.6 тэрбум төгрөгийн зээлийг олгосон. Үүнээс Банкны тухай хуулийн 17.1-д заасан шаардлагыг хангаагүй зургаан банкинд нийт 67.5 тэрбум төгрөгийн, Монголбанкны ерөнхийлөгчийн 2010 оны 460 дугаар тушаалаар батлагдсан Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журмыг заасан бусад зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаагүй таван банкинд 61.1 тэрбум төгрөгийн зээлийг тус, тус олгожээ.

Мөн Хөгжлийн банк хадгаламж татах нэмэлт зөвшөөрөлгүй Чингис хаан банкинд 8.8 тэрбум төгрөг, 2.5 сая ам.доллар, нэг сая евро, Богд банкинд хоёр сая еврогийн хадгаламж тус тус байршуулсан нь эрсдэлийн түвшинг нэмэгдүүлж байна гэж үзжээ.

Нэг сар ажилласан банкны ажилтан 150 сая төгрөгийн зээл авчээ

Нууцад авагдсан материалууд дундаас анхаарал татаж буй нэг зүйл бол банкны ажилтнуудын зээл авсан асуудал байгаа юм. Хөгжлийн банкны ТУЗ-ийн тогтоолоор ажилтнуудад зээл олгох журмыг баталсан бөгөөд банкинд зургаан сараас доошгүй хугацаанд ажилласан хүн зээл хүсэх эрхтэй болох байж. Гэвч Хөгжлийн банкин дээр гэхэд нэг сар ажилласан ажилтан 150 сая төгрөг, хоёр сар ажилласан ажилтан 40 сая, дөрвөн сар ажилласан ажилтан 61.7 сая төгрөгийн зээлийг авчээ.

Түүнээс гадна Хөгжлийн банкнаас Төрийн банкны 40 албан хаагч 478 сая төгрөгийг цалингийн зээл, Хөгжлийн банк-Төрийн банк, Хөгжлийн банк-Худалдаа хөгжлийн банк хооронд хамтран ажиллах гэрээний хүрээнд 13 ажилтан 930.5 сая төгрөгийн орон сууцны хөнгөлөлттэй зээлэнд хамрагдсан байдаг аж.

Аудитад 826 сая төгрөг зарцуулсан ч зөвлөмжийг нь хэрэгжүүлээгүй

Шалгалтын явцад тус банкны ТУЗ-тэй холбоотой хэд, хэдэн асуудал хөндөгдөж байсны нэг нь эрх үүргээ хэтрүүлсэн тухай юм. Хөгжлийн банкны ТУЗ нь банкны бүтэц, зохион байгуулалтыг тогтоох, өөрчлөх эрхгүй. Гэвч тэд хууль зөрчин банкинд бүтцийн өөрчлөлт хийсэн нь Хөгжлийн банкны тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөнийг дурдсан байв.

Түүнчлэн Хөгжлийн банкны тухай хуульд хоёр жилд нэгээс доошгүй удаа аудит хийлгэнэ гэх заалттай байжээ. Харин банкны зүгээс энэ заалтыг өөрчилж, аудитыг хагас жил тутамд хийнэ гэж шийдвэрлэн хийлгэдэг байжээ. Ингээд банк үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт есөн удаа хөндлөнгийн аудит хийлгэж 2011-2015 онд 826 сая төгрөгийг зарцуулсан байна. Хамгийн гол нь энэхүү аудитын дүгнэлтүүд Хөгжлийн банкны ТУЗ-ийн хурлаар хэлэлцүүлэгддэггүй байсныг Ажлын хэсэг цохон тэмдэглэжээ.

Жагсаалтад багтаагүй Хөрөнгийн бирж 1.49 сая ам.долларын зээл авч чаджээ

Ажлын хэсэг Хөгжлийн банкны эх үүсвэрээр санхүүжсэн зарим төслийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг тайланд дурдсан байв. Тайлангаас анхаарал татаж байгаа төслүүдээс “Шинэ Яармаг” буюу Яармаг дахь орон сууцны хорооллын санхүүжилтийг Засгийн газрын тогтоолгүй, УИХ-аар батлахгүйгээр эхлүүлсэн байдаг аж. Уг төслийг “Юнайтэд Прожект групп” хэрэгжүүлсэн бөгөөд охин компани нь төслийг гүйцэтгэжээ.

Засгийн газрын 2012 оны арваннэгдүгээр сарын 03-ны өдрийн 121 дүгээр тогтоолоор 200 сая ам.долларыг Чингис бондоос 2012 онд багтааж Эрдэнэс Таван толгой ХХК-д хууль бусаар олгосон гэж мэргэжлийн баг үзжээ. Нэмж 2014 онд 50 сая ам.доллар олгосон байдаг аж.

Анхаарал татаж буй өөр нэг төсөл бол Хөрөнгийн биржийн зээл юм. Хөгжлийн банкнаас Хөрөнгийн биржид 1.49 сая ам.долларын зээл олгосон бөгөөд энэ нь УИХ-аас баталсан Хөгжлийн банкны томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулан зээл олгох жагсаалтад дурдагдсан төсөл хөтөлбөрт хамрагдахгүй, мөн төсөл хөтөлбөрийн шаардлагыг хангаагүй субьект байсан аж.

1.8 сая ам.доллараар “Блүүмберг” телевизээр сурталчлуулсан нь

Хөгжлийн банкны олон нийттэй харилцах, сурталчилгааны ажилд зарцуулсан хөрөнгө ч анхаарал татаж байгаа юм.

Монгол Улсын нэр хүндийг өсгөх, хөрөнгө оруулалтын орчныг таниулах, хөрөнгө оруулагчдын хандлагыг эерэг болгоход чиглэсэн “Inside Mongolia” зар сурталчилгааны кампанит ажлыг 2013 онд Сингапур дахь Блүүмберг телевизтэй хамтран хийжээ. Энэ ажилд зориулж богино хэмжээний баримтат киног дэлхий даяар 4900 удаа цацсан хэмээн тайлагнасан бөгөөд энэхүү хамтран ажиллах гэрээг 1.8 сая ам.доллараар хийсэн ажээ.

2016 оны зургадугаар сард тус банкны Худалдан авах ажиллагааны журмын 29.1.6 буюу тендер шалгаруулалтыг шууд гэрээ байгуулах аргаар явуулах гэсэн хэсэгт хувьцаа эзэмшигчээс өгсөн хугацаатай үүрэг даалгаврыг биелүүлэх зорилгоор ажил үйлчилгээг нээлттэй, эсвэл хязгаарлагдсан тендер шалгаруулалтын журмаар тендер хүлээн авах доод хугацааг мөрдөх боломжгүй бол… гэсэн заалтыг нэмсэн байдаг аж. Энэ заалтыг үндэслэн нэг сарын хугацаанд Хөгжлийн банкны Олон нийттэй харилцах албанаас зохион байгуулсан суртчилгаатай холбоотой 1.1 тэрбум төгрөгийн гэрээг шууд хийжээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Н.Энхбаяр: Долларын ханшийн өсөлтийг Монголбанк шийдэж чадахгүй, УИХ, Засгийн газрын хэмжээнд хөдлөх ёстой || DNN.mn

Ам.долларын ханш өчигдөр 19:00 цагийн байдлаар Найман шарга валют арилжааны төв дээр 3000 төгрөгтэй тэнцлээ. Өнгөрсөн нэг сарын хугацаанд 150-200 төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт энэ юм. Ханш өсч байгаа энэ нөхцөл байдал дотоодын бизнесүүдэд улам хүнд цохилт болсоор байна. Арилжааны банкууд ам.долларын гүйлгээндээ лимит тогтоож, зарим нь бүр тас хорьж байна. Ам.долларын ханш хурдацтай өсч байгаа үндэслэлийг өнгөрсөн хугацаанд албаныхан тодорхой тайлбарлаж чадахгүй хэвээр байна. Ханшийн өсөлтийг сааруулах дорвитой ажлууд ч хийгдсэнгүй. Үүнийг дагаад олон нийт, бизнес эрхлэгчдийн дунд бухимдал бий болсоор байгаа нь анхаарал татаж байгаа юм. Манай үндэсний мөнгөн тэмдэгт төгрөг өдөр бүр суларсаар байгаа энэ үйл явцад хэн хариуцлага хүлээх вэ, хариуцах эзэн ерөөс олдох эсэх нь ч эргэлзээтэй хэвээр байна. Засгийн газар, УИХ-ын түвшинд энэ асуудал хүчээ авахгүй байгаа нь бүр ихээр эргэлзээ, таамаглалыг бий болгосоор байгаа нь нууц биш. Орос Украины дайн эхэлсэнтэй холбоотойгоор ОХУ-д рублийн ханш огцом унаж, ам.долларын ханш өссөөр байгаатай холбон тайлбарлах хэсэг ч байгаа юм.

Нэг ёсондоо ОХУ руу Монгол Улсаас ам.доллар гаргах явц тасрахгүй байна, их хэмжээгээр гаргаж байна гэх таамаглал, үндэслэлийг олон нийт ярьсан хэвээр байна. Харин албаны хүмүүсийн мэдээлж байгаагаар өнгөрсөн долоо хоногт 100 орчим хүн 1.1 сая ам.доллар буюу гурван тэрбум төгрөгтэй тэнцэх валютыг хилээр бэлнээр гаргажээ. Харин нууцаар валют гаргахыг оролдсон хоёр удаагийн тохиолдол хууль хяналтын байгууллагад бүртгэгдсэн байна.

Б.Лхагвасүрэн: Дайнтай холбоотойгоор зохиомол зүйлс их гарч ирж байгаа

Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор өчигдөр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээлэл хийсэн юм. Тэрээр “Аливаа улсын гадаад валютын нөөц ханштай холбоотой асуудлын суурь нөхцөл нь төлбөрийн тэнцэл. Барааны тэнцэл нь Монгол Улсаас ямар хэмжээний бараа бүтээгдэхүүн экспортолж, импортолж байна гэдгийг харуулдаг. Энэ бүгдийн нийлбэрээр улсын төлбөрийн тэнцэл гардаг. Төлбөрийн тэнцэл ашигтай бол валютын нөөц бүрддэг. Хэрэв алдагдалтай бол валютын нөөц буурдаг. 2021 оны байдлаар төлбөрийн тэнцэл 220 сая ам.долларын алдагдалтай гарсан. Тус оны нэгдүгээр сарын 1нд валютын нөөц 4.5 тэрбум ам.доллар байсан бол энэ оны мөн үед 4.3 тэрбум ам.доллар болсон. Өнөөдрийн байдлаар 3.2 тэрбум ам.долларт хүрээд байна. Энэ оны гурван сарын байдлаар төлбөрийн тэнцлийн алдагдал 500 сая ам.доллар даваад байна. Энэ бол манайхыг экспортоос давсан импорттой байна гэдгийг харуулж байна.

Олон улсын мөргөлдөөнөөс үүдэн өөр нөхцөл байдал үүсч байна. Гэсэн ч улсын эдийн засгийн 92 хувийг эзэлдэг уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлт өндөр хэвээр байна. Ийм боловч түвэгтэй нөхцөл байдал үүссэн нь өнгөрсөн оны тавдугаар сараас эхлэн БНХАУ-д цар тахлын тэг нөхцөл үүссэнтэй холбоотой. Түүхий эдийн үнэ сайн байгаа ч хилийн хорио цээрээс үүдэн бид нүүрсээ гаргаж чадахгүй. Улмаар бид орлого олж чадахгүйгээс төлбөрийн тэнцэл алдагдалтай гарч, валютын нөөц, ханшийн үзүүлэлтэд дарамттай гарч байна. Гэхдээ тодорхой хугацааны дараа валют тогтворжино гэж харж байна” гэсэн өөдрөг таамаглалыг хэллээ.

Үүний тулд Монголбанкны зүгээс эрх баригчдад хандаж хэмнэж болох зардалд таналт хийх саналыг тавихаар болсноо дуулгав. Тансаг хэрэглээний зардал дотор өндөр үнийн дүнтэй автомашины импорт багагүй хувийг эзэлж байгаа гэнэ. Энэ тухай төв банкны ерөнхийлөгч хэлэхдээ “Өнгөрсөн онд 7.9 тэрбум ам.долларын импорт хийсний 30 гаруй хувь хэрэглээнийх. Ялангуяа автомашины импорт буюу “Ланд-300”, “Лексус600″ зэрэг тансаг зэрэглэлийн автомашины худалдаа ихэнх хувийг эзэлсэн бөгөөд дунджаар 500600 сая ам.долларыг зарцуулсан. Уг тансаг хэрэглээний худалдан авалт энэ онд өсөх хандлагатай болсон нь валютын нөөц, ханшид дарамт үүсгэж магадгүй гэсэн болгоомжлол байна” гэсэн юм.

Арилжааны банкууд ам.доллараар гүйлгээ хийхгүй байгаа асуудалд тэрээр хариулахдаа “Банкуудад валютын нөөц хангалттай бий. Хэдийг, хэнд өгөхийг нь төв банкнаас зааварчлах, чиглэл өгөх асуудал хуулиараа байхгүй тул оролцохгүй” гэсэн бөгөөд Найман шарга валют арилжааны төв дээр үүссэн хомсдолын талаар хэлэхдээ “Найман шарга дээрх ханш зохиомол. Бодитоор ам.долларын эрэлт гараад, төгрөг долларын эсрэг сулрах суурь нөхцөл бүрдээгүй. Түүнчлэн дайнтай холбоотойгоор зохиомол зүйлс их гарч ирж байгаа. Тухайлбал, төгрөгийн хадгаламжтай байсан иргэд хөрвүүлэх маягаар долларын хадгаламжтай болох байдал ажиглагдсан. Төгрөгийг доллар руу хөрвүүлэх асуудлыг Төв банк бодлогын хувьд дэмжих боломжгүй. Тэр утгаараа тодорхой хэмжээний хязгаарлалт тавих асуудлыг судалж байна” хэмээв.

Ам.долларын ханшийн өсөлттэй зэрэгцэн анхаарал татаж байгаа өөр нэг зүйл бол рублийн ханш. ОХУ-д навсайтал унаж байгаа рубль манайд үнээ барьсаар байгаа. Нэг ёсондоо онцгой савалт үүсэхгүйгээр тогтвортой хэвээр байгаа юм.


Эдгээр сэдвүүдэд эдийн засагчид ямар байр суурьтай байгааг тодрууллаа.

Эдийн засагч Н.Энхбаяр: Макро эдийн засгийн хэмжээний асуудал болчихоод байна


-Энэ асуудалтай холбоотойгоор нөхцөл байдал маш тодорхойгүй байна. Манайхаас хамаарахгүй асуудлууд ч байгаа. Үүнд Монголбанк ганцаархнаа мэдэгдэл хийгээд, хөдлөөд шийдчих боломжгүй. УИХ, Засгийн газрын түвшинд яаралтай арга хэмжээ авах шаардлагатай. Энэ бол ерөөс ганц ханшийн асуудал биш шүү. Макро эдийн засгийн хэмжээний асуудал. Тиймээс энэ чиглэлд бодлогын өөрчлөлтийг зайлшгүй хийх ёстойг л харуулж байна. Гэтэл манай төр засгийн хэмжээнд маш удаан ажиллаж байна. Угтаа бол УИХ хаврын чуулганаа нээчихлээ. Үргэлжлээд макро эдийн засгийн бодлогын тохироог шуурхай хийх хэрэгтэй байгаа юм. Сая хэлсэнчлэн ханшийн өсөлт гэдэг нэг л асуудал. Гэтэл манайд олон талт асуудал бий болчихоод байна. Зөвхөн мөнгөний бодлого, гадаад худалдаа, төсвөөр хязгаарлагдахгүй. Эдгээрт нөлөөлж байгаа бүх хүчин зүйлийг тодорхой болгож, хөдөлгөөнд оруулах шаардлага харагдаж байна.

Эдийн засагч Д.Ангар: Валютын ханшийн гол хариуцагч нь төр

-Долларын ханшийн өсөлтийн гол хариуцлага хүлээх хэсэг бол төр өөрөө. Сүүлийн 30 жилийн хугацаанд Монголын төр эдийн засгийн маш буруу бодлого явуулж ирсний гор өнөөдөр гарч байгаа юм. Дахиад л давтаж хэлье. Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлээгүй, бүх юмаа гаднаас авдаг. Арай гэж олсон хэдэн доллараа хэрэглээгээ хангахаар гадагшаа урсгачихдаг. Гэтэл доллар олох төмрийн хүдэр, зэсийн баяжмал, нүүрс нь хил дээр гацчихсан байна. Тийм учраас долларын урсгал татарчихсан гэсэн үг. Гэтэл бидний хэрэглээ, импортын урсгал хэвээрээ, зогсохгүй байгаа. Ингэхээр яалт ч үгүй валютын хомсдол үүснэ.

Дайнтай холбоотойгоор ОХУ-д доллар өсч, Монголоос гаргаж байгаа гэх асуудал бол шалтаг төдий. Байлаа ч дотоодод хомсдол үүсгэх хэмжээнд очихгүй. Тиймээс Монголбанкны ерөнхийлөгчийн өнөөдрийн (өчигдөр) мэдэгдэлд дурдсан тансаг хэрэглээнд татвар ногдуулъя гэдэг зөв. Гол нь төр үүн дээр анхаарч, ажиллах хэрэгтэй байна.

Эдийн засагч Б.Лакшми: Дотоодын бизнесийн мөчлөг эхэлсэн учраас валютын эрэлтнэмэгдэж байна

-Ам.долларын өсөлтөд хамгийн гол нөлөөлж байгаа хүчин зүйл экспорт саарсан асуудал байгаа юм. Бид хангалттай хэмжээний валют оруулж ирж чадахгүй байгаа. Хоёрдугаарт, цаг агаар дулаараад эхлэхээр бизнесийн идэвхжил нэмэгддэг. Тэд өөрсдийн үйлдвэр, үйлчилгээгээ нэмэгдүүлж, бараа бүтээгдэхүүн захиалах зэргээр хөдөлгөөнд ордог. Нөгөө талаар хаврын улиралд ноолуур гарч, тариалалт эхэлнэ. Үүнийг дагасан бизнесүүд хөдөлнө. Нэг ёсондоо бизнесийн мөчлөг эхэлж байгаа юм. Тэгэхээр яалт ч үгүй ам.долларын эрэлт нэмэгдэж таарна.

Дайнтай холбоотойгоор дотоодын ам.долларыг ОХУ руу гаргаж байна гэж би харахгүй байна. Гаргахаа тулахад манайх шилжүүлгээр л гаргана. Гэтэл ОХУ өөрөө улс хоорондын бэлэн мөнгөний шилжүүлгийн системээс хасагдчихсан. Тиймээс шатахуунаа олон улсын зах зээл дээр худалдаалах боломжгүй. Яахав, үүнтэй холбоотойгоор хойд хөрш алдагдлаа нөхөхийн тулд манай улсад шатахуунаа өндөр үнийн дүнгээр худалдаалж байхыг үгүйсгэхгүй. Арилжааны банкууд ам.долларыг зохиомлоор хомсдуулаад байгаа тухай дээр эсрэг саналтай байна. Нэг ёсондоо энэ бол хориотой. Мөнгө гэдэг зүйл банкин дээр эргэлдэж байж өсч үрждэг. Эргэлт байхгүй болчихвол банкууд өөрсдөө хохирно.

Рублийн хувьд олон улсын зах зээл дээрх мөнгөн гүйлгээний дүнгийн 0.2 хувийг л эзэлдэг, хөдөлгөөн багатай валют. Рублийн ханш унаж байгаа асуудал ОХУ дотроо л үүссэн нөхцөл байдал. Түүнээс биш гадагшаа нөлөөлж, манай улсад ханшийг нь барих хэмжээнд хүргэх нөлөө байхгүй. Тэгээд ч манайх ОХУ-аас авдаг том худалдан авалт болох нефтиэ ам.доллараар хийдэг. Тэгэхээр манай улсад рублийн ханш тогтвортой байх үндэслэл бол эдгээр зүйл юм гэв.


Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хуульч Ч.Жадамба: Хүүхдийн тэтгэмж, тэтгэлгээс өр төлбөр суутгахыг хуулиар хориглодог || DNN.mn

-Хэдийгээр албадан гүйцэтгэж байгаа ч хүний эрхийг зөрчиж болохгүй, энэрэнгүй, хүнлэг байх ёстой-


“Юнител” компаниас иргэн Д.Урнаа 750.000 төгрөгийн гар утас зээлээр аваад төлж чадаагүйн төлөө дөрвөн хүүхдийнх нь сар бүр авдаг тэтгэмж болон тэжээгчээ алдсаны тэтгэмжийн дансыг нь хаасан асуудал олон нийтийн анхаарлыг татаад байгаа. Д.Урнаа бие муутайгаас болж гэртээ суудаг бөгөөд бага насны дөрвөн хүүхэдтэй. “Юнител” компанийн энэхүү маргаанаас болж бага насны дөрвөн хүүхэд сар бүрийнхээ тэтгэмжийг авч чадахгүйд хүрсэн энэ асуудал олон нийтэд ил болсноос хойш сайн санаат хүмүүс тусламжийн гараа сунгасаар байгаа юм. Харин нөгөө талд хүүхдэд төрөөс олгож буй тэтгэмжид халдсан явдал нь ихээхэн шүүмжлэл дагуулж буй. Ийм ноцтой шийдвэрийг шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага яагаад гаргасан талаар болон хууль эрх зүйн хүрээнд энэ нь хэр зөв шийдвэр байсан тухай талуудын байр суурийг тодрууллаа.


Э.Амин-Эрдэнэ: Хүүхдүүдийн данс хаасан нь шүүхтэй холбоогүй, шийдвэр гүйцэтгэлийн байгууллагын асуудал


Энэхүү маргааныг 2021 оны арванхоёрдугаар сард СХД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэжээ. Хэргийг хэрхэн хэлэлцсэн талаар тус шүүхийн Үйлчилгээний хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Амин-Эрдэнээс тодрууллаа.


-“Юнител” компани болон иргэн Д.Урнаагийн өр төлбөрийн маргааныг танай шүүх яаж шийдвэрлэсэн талаар товч мэдээллийг өгөхгүй юү?

-“Юнител” компаниас Д.Урнаад холбогдуулаад 752.042.84 төгрөгийн нэхэмжлэл гаргасныг 2021 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдөр шүүх хүлээн авсан. Ингээд тухайн сарынхаа 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагч Д.Урнаад нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх үүргийг нь тайлбарласан байдаг. Мөн дээр нь хэргийн материалыг танилцуулсан. Ингээд “Юнител” компанийн төлөөлөгч болон иргэн Д.Урнаа нар тухайн өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан. Ингэснээр сар бүр Д.Урнаа 50.000 төгрөг төлөхөөр тохиролцсон байдаг. Нэгэнт талууд эвлэрлийн гэрээ байгуулсан учраас шүүхээс хуулийн дагуу хэргийг хааж хэрэгсэхгүй болгосон. Гэрээнд зааснаар 2021 оны арванхоёрдугаар сарын 25-ны дотор 50.000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн Д.Урнаа нь төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн учраас нэхэмжлэгч “Юнител” компани шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлье гэж шүүхэд дахин хандсан.

-Төлөх хугацаа хэтрээд удаагүй байхад шууд албадан гүйцэтгэж болдог хэрэг үү?

-Нэхэмжлэгч сар гаруйн дараа албадан гүйцэтгэж өгөөч гэдэг хүсэлтийг шүүхэд гаргасан. Сайн дурын үндсэн дээрээс эвлэрлийн гэрээг аль, аль нь хүлээн зөвшөөрснөөр хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа. Тиймээс шүүхээс хүсэлтийг хүлээн авч, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд хүргүүлсэн гэсэн үг.

Харин одоо үүсээд байгаа асуудал бол шүүхтэй ямар нэгэн байдлаар хамааралгүй. Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулиар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хамааралтай ажил.

-Шүүх албадан гүйцэтгэх шийдвэрээ гаргахдаа Д.Урнаагийн ар гэрийн нөхцөл байдлыг харгалзаж үзсэн үү. Дөрвөн хүүхдийн эрхийн асуудал яригдаж байна шүү дээ?

-Манай зарим иргэд хуулийн талаар мэдлэг хомс байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зохиогчдын эвлэрлийг баталгаажуулж хэргийг хэрэгсэхгүй болгож хаана гэж байгаа.

Тэр хүн таны хэлснээр өрх толгойлсон, тэжээгчээ алдсан гэх мэт учир байдлаа шүүхэд өөрөө мэдээллээ өгөх үүрэгтэй. Шүүх ямар нэгэн байдлаар иргэний эрх зүйн байдал буюу хувь хүний нууц руу халдах эрхгүй. Тиймээс тэр нөхцөл байдлаа тодруулж, мэдээлсэн бол шүүх авч хэлэлцэнэ гэсэн юм.

Өөрөөр хэлбэл, бага насны хүүхдүүдийн мөнгөний дансыг хаасан явдал шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эрх мэдлийн асуудал болсон гэж тайлбарлаж байна. Тиймээс энэ талаар тодруулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн албатай өнгөрсөн баасан гаригт холбогдсон юм. Тэд мэдээлэл өгөхдөө “Манай байгууллагаас тухайн иргэний дансыг битүүмжлэхэд өөрт мэдэгдэх ёстой байдаг. Өөрийнх нь хүсэлтээр дансыг нь хаадаг. Тухайн иргэний баримт хийгдсэн данс руу хүүхдийн мөнгө орсон байхыг үгүйсгэхгүй. Тодорхой мэдээллийг дэлгэрүүлээд эргэж холбогдъё” гэсэн юм.


Ч.Жадамба: АНУ-ын шүүх шударга ёсны зарчим баримталдаг, харин манайх хууль баримталдаг


Талуудын өгч байгаа байр суурь, болж буй процессыг хууль эрх зүйн талаас тайлбарлах нь зүйтэй. Энэ үүднээс хуульч, өмгөөлөгч Ч.Жадамбатай холбогдож дараахь мэдээллийг тодрууллаа.


-750.000 төгрөгийн гар утас зээлж авсан өр төлбөрөөс үүдэж бага насны дөрвөн хүүхдийн тэтгэмжийн мөнгөний дансыг хаасан явдалд та хуульч хүний хувьд байр сууриа илэрхийлээч?

-Нэн тэргүүнд шүүхээс гарсан шийдвэр бодитой хэрэгжих ёстой. Хэргийн оролцогч буюу нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг баталгаатай байлгах үүднээс данс битүүмжлэх хүсэлтийг шүүхэд гаргадаг. Шүүх хүсэлт хүлээн авахдаа нэхэмжлэлд хавсаргасан баримтууд хангалттай гэж үзсэн тохиолдолд шийдвэр гаргана.

-Данс битүүмжлэх шийдвэрийг шүүгч гаргадаг гэсэн үг үү?

-Шүүгч нэхэмжлэгчийн хүсэлтээр данс битүүмжлэх шийдвэрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага руу явуулдаг. Нэг ёсондоо шүүгчийн захирамжийг үндэслэж Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хэрэгжүүлж байгаа. Гэхдээ хариуцагчийн дансыг ялгаж зааглах боломж шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алинд ч байхгүй.

Таны ярьж байгаа кейсээр бол насанд хүрээгүй дөрвөн хүүхдийн асуудал яригдаж байна. Хуулиараа насанд хүрээгүй хүүхдийг эцэг, эх, асран хамгаалагч нь төлөөлдөг. Ер нь манайд ийм тохиолдол олон байдаг.

-Хүүхдийн мөнгөний дансыг битүүмжилдэг явдал уу?

-Жишээ нь, аав ээж буюу асран хамгаалдаг хүмүүс нь банкин дээр зээлтэй байгаад төлж чадахгүй тохиолдолд орлого төвлөрч байгаа данснаас нь банкууд таталт хийчихдэг. Хүүхдийн мөнгө, тэтгэмж гээд ямар орлого төвлөрнө, түүнээс нь зээлийг төлүүлдэг тохиолдол олон байна.

Шүүхийн шийдвэр яаж ажилладаг вэ гэвэл шүүгчийн захирамжийн дагуу арилжааны банк руу хүсэлт явуулдаг. “Энэ иргэнд ямар данс байна вэ, нэхэмжлэлийн дүнгээр зарлагын хөдөлгөөнийг зогсоож өгөөч” гэдэг. Ингэснээр арилжааны банкууд тухайн иргэний орлого төвлөрдөг дансыг хаадаг. Миний ажиллаж байсан хэргүүд дотор ийм кейс бий. Жишээ нь, өрх толгойлсон эмэгтэйн хүүхдийн мөнгөний дансыг хаасан явдал байгаа. Нөхрөөсөө салаагүй байхдаа хоёулаа зээл авсан. Эхнэр нь хамтран зээлдэгчээр орсон. Гэтэл зээлээ төлж дуусаагүй байхдаа тэд гэр бүлээ цуцлуулсан. Харамсалтай нь нөхөр нь зээлээ төлөөгүй. Арилжааны банк хамтран зээлдэгч гэдгээр нь эхнэрийнх орлогын дансыг битүүмжилчихсэн. Тухайн дансанд хүүхдийн мөнгө ордог байсан байгаа юм.

-Тэгэхээр энэ үйл явц зөв юм уу?

-Манай улс хүүхдийн эрхийн олон улсын конвенцид нэгдэн орсон улс. Хүүхдийн эрхийг хамгаалах хуультай. Үүн дээр үндэслээд УИХ, Засгийн газар бодлогын баримт бичгүүд нэлээд гарсан. Үүний нэг илрэл бол хүүхдийн зайлшгүй хэрэгцээ, эрүүл өсч бойжиход зориулж сар бүр мөнгөн тэтгэмж олгож байгаа. Энэ мөнгийг зөвхөн хүүхдийн ахуйн хэрэгцээнд зарцуулах ёстой. Гэтэл банк дансыг нь хааж байгаад өр зээлэндээ татаад авчихдаг үйлдэл бол хууль бус. Гэхдээ энэ нөхцөл байдлыг шүүгч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага аль, аль нь мэдэхгүй учраас тухайн иргэн хүүхдийн мөнгөний дансны холбогдох баримтуудаа шүүхийн шийдвэрт хүргүүлэх хэрэгтэй. Тэгсэн тохиолдолд сэргээж өгөх ёстой. Учир нь хуулиар хүүхдийн тэтгэлэг, тэтгэмж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, эрүүл мэндийн хохиролд гарсан зардал зэргээс ямар нэгэн өр төлбөрийг суутгахыг хориглодог. Хэдийгээр банкинд өр зээлтэй байсан ч энэ бол тусдаа асуудал.

-Гэтэл шийдвэр гүйцэтгэх байгууллагын хүмүүс Д.Урнаад “Та дөрвөн хүүхэдтэй юм бол сар бүр 400.000 төгрөг авдаг байх нь. Хоёр сарын хүүхдийн мөнгөөрөө төлчих юм байна” гэсэн байгаа юм. Хуулиараа бол энэ хориотой гэж ойлголоо?

-Тухайн алба хаагчийн мэдлэг, чадвар, ажлаа гэсэн сэтгэл дутмаг байгаагийн илрэл. Шүүхийн шийдвэр гүйцэтгэхэд тодорхой зарчмууд баримталдаг. Хэдийгээр албадан гүйцэтгэж байгаа ч хүний эрхийг зөрчиж болохгүй, энэрэнгүй, хүнлэг байх ёстой. Гол нь шийдвэр гүйцэтгэгчид хуулиа практикт хэрэглэхдээ бага үнийн дүнтэй хэргийн ажиллагааг хурдан дуусгачихъя, нэг хэрэг ч болтугай өөрөөсөө холдуулж байя гэж ажилласан байхыг үгүйсгэхгүй.

-Шүүгч, шийдвэр гүйцэтгэгч нар хүнлэг, амьд шийдвэр гаргах асуудлыг та юу гэж үзэж байна вэ. Жишээ нь, АНУ-д талх хулгайлсан хүүгийн хэргийг шүүгч шийдэхдээ хүүг бага хэмжээгээр торгоод шүүхийн танхимд байсан томчуудад бүр өндөр торгууль тавьсан байдаг. Учир нь хүүхдийг өлсгөсөн, хулгай хийхэд хүргэсэн гэж томчуудыг буруутгасан хэрэг. Нэг ёсондоо шүүгчид амьд, хүнлэг шийдвэр гаргаад байна шүү дээ. Гэтэл манайд хүүхдийн мөнгөний дансыг хааж байна?

-Эрх зүйн тогтолцоо нь тухайн орны үнэт зүйл, соёлоос хамаараад харилцан адилгүй байдаг. АНУ-ын шүүх цагаан дээр хараар бичсэн хууль гэхээс илүү шударга ёсны зарчмыг удирдлага болгодог. Кинон дээр гардаг шүү дээ, 12 тангарагтан хэргийг дэнсэлдэг тухай. Тэдгээр хүмүүс ямар ч мэргэжилтэй байж болно, тэд хуулийг удирдлага болгохгүй. Тухайн нөхцөлд өөрөө байсан бол яах вэ гэдгийг харгалзаж үзэн шударга ёсны зарчмаар шийдвэр гаргадаг. Тэдгээр тангарагтнууд бүхэлдээ гэм буруутай гэж үзвэл шүүхээс шийтгэл оногдуулна.

Харин манайд ийм нөхцөл байхгүй. Манайх цагаан дээр хараар бичсэн хуулийг баримталдаг. Мэдээж насанд хүрээгүй хүүхэд, эмэгтэйчүүдэд аль болох ялын доод хэмжээ оногдуулахыг эрмэлздэг. Гэхдээ нэгэнт тухайн хэргийнх нь санкци 2-5 жил гэчихсэн байвал шүүгч зургаан сарын ял оногдуулж болохгүй шүү дээ. Шүүгч хуулиа зөрчсөн болно.

Харин нэг зүйл тодруулж хэлэхэд, манайд гар утас хулгайлсан хүүхдэд таван жилийн ял оноолоо гэж буруутгах агуулга яригддаг. Гэтэл тухайн хүүхэд өмнө нь хоёроос гурван удаа тийм гэмт хэрэгт холбогдсон байдаг. Тэр тохиолдолд ял өгөхөөс аргагүй. Үүнийг хэвлэлийнхэн болон олон нийт ялгаж зааглаж харж баймаар байгаа юм гэв.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Урнаа: “Юнител” компанид 750.000 төгрөг төлөөгүйгээс болж тэтгэмж, хүүхдийн мөнгөний дансаа хаалгаад байна || DNN.mn

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны иргэн Б.Урнаа “Юнител” компаниас 2019 онд 750.000 төгрөгийн утас лизингээр авчээ. Тухайн үед тэрээр ажилтай байсан боловч 2020 оноос бие нь муудаж, ажлаасаа гарч орлогогүй болсон байна. Энэ хугацаанд нөхөр нь өөд олж, бага насны дөрвөн хүүхэдтэйгээ үлджээ. Харин “Юнител” компанийн зүгээс зарга үүсгэж, шүүхдэж явсаар эцэст нь Б.Урнаагийн тэжээгчээ алдсаны тэтгэмж болон дөрвөн хүүхдийнх нь сар бүр авдаг тэтгэмжийн дансыг битүүмжилсэн байна. Тэрээр “Юнител” компани болон шүүхийн шийдвэрийн энэ хатуу шийдвэрт гомдолтой байгаагаа илэрхийлж байлаа. Энэ тухай түүнтэй ярилцлаа.


-Чухам юу болсон юм бэ?

-Бид тухайн үед ажил төрөлтэй, элэг бүтэн сайхан амьдарч байлаа. Нөхөртэйгээ хоёулаа Автобус баазад ажиллаж байсан. Төлбөрийн боломжтой байсан учраас “Юнител” компаниас утас лизингдэж авсан юм. Тухайн үед үнэ нь 750.000 төгрөг гэж байсан. Харамсалтай нь бие маань өвдөж ажлаа хийж чадахаа байсан. Ингээд ажлаасаа гарч, гэртээ суусан.

Удалгүй нөхөр маань ч өөд болж, би гэдэг хүн өр төлбөрөө төлөх манатай, дөрвөн жаахан хүүхэдтэйгээ үлдсэн дээ. Би ажил хийж чадахгүй, дээр нь гэрээсээ ч гарч дийлэхгүй хүнд биетэй. Тэжээгчээ алдсаны тэтгэмж болон хүүхдийн мөнгөөр л өдөр хоногийг өнгөрөөж ирсэн. Мэдээж өр төлбөрөө төлөхгүй гээгүй. Би төлөх ёстой. Даанч бие маань өвдөөд орлого муутай хүн чинь хичнээн төлье гэвч чадал хүрэхгүй болохоор яалтай билээ. Ингэж явсаар “Юнител” компани шүүхэд хандсан бололтой. 2021 оны арванхоёрдугаар сард шүүхээс дуудсан.

-Өрөө төл гэж үү?

-Тийм ээ, сар бүр 50.000 төгрөг төлөх журмаар энэ утасныхаа өр төлбөрийг дуусга гэж надад даалгасан. Би ч зөвшөөрсөн. Ингээд арванхоёрдугаар сардаа 50.000 төгрөгөө хүүхдийнхээ мөнгөнөөс төлсөн. Гэтэл он гараад нэгдүгээр сард бие маань бүр хүндрээд босч хөдөлж, алхаж чадахаа больчихсон.

-Таны юу өвддөг юм бэ?

-Одоо бол бамбай булчирхай өвддөг болоод байгаа. 2011 оноос хойш л бие маань базайхгүй, элэг, дэлүү, зүрх өвдөж эхэлсэн. Толгой маань ч маш удаан хугацаанд өвдөж байгаа. Бамбай булчирхайнаас болж байгаа хэрэг үү, хөл дээрээ босч явж чадахгүй, уначих гээд байдаг болсон.

-Он гараад сар бүр төлөх ёстой 50.000 төгрөгөө төлсөн үү?

-Бие маань өвдөөд үнэндээ чадаагүй. Нэг, хоёрдугаар сард төлж чадахгүй өнгөрсөн. Хүйтэн нойтон үе хоол унднаас эхлээд нүүрс түлээ гээд тэтгэмжийн мөнгө маань юунд ч хүрэхгүй хэцүү байлаа. Дэлгүүрт өрнөөс өрний хооронд л амьдарч байна. Харин энэ сард цаг агаар наашлаад нүүрс түлээ түлэх нь багасаад ирэхээр тэтгэмжийнхээ мөнгөнөөс төлье гэж төлөвлөж байтал гэнэт 9-нд шүүхийн зарлан дуудах хуудас ирдэг юм байна.

Түүн дээр “Юнител” компанийн төлбөрийг төлөөгүйн төлөө хэдэн хүүхдийнхээ хоногийн хоолыг залгуулж байгаа хүүхдийн мөнгө, тэтгэмжийн мөнгөний дансыг маань хаахаар болсон байсан. Би маш их гайхсан. Үнэхээр гомдмоор, харамсмаар байна.

-Тэгээд бүр дансыг тань хаачихсан гэв үү?

-Энэ сарын 9-нд шүүхийн хуудас ирээд л маргааш нь данс хаагдчихсан. Монголын хууль шүүхийн байгууллага ядарсан иргэндээ ингэж хурдан ажиллаж, шийдвэрээ гаргаж чаддаг юм байна. Гэтэл миний өнөөдрийн нөхцөл байдлыг хар даа. Хүүхдүүд маань бүгд хүйтэнд даарч хөрөөд ханиад аваад халуурч байна. Өөрөө босч чадахгүй. Гэхдээ би энэ байдлаа бусдад нялзайх гэсэнгүй. Эгчид нь ерөөс тийм зан чанар байхгүй. Би бусдын төлөө ийм болоогүй. Тийм ч учраас би өнөөдрийг хүртэл “Хүнд байна, хэцүү байна, туслаач” гэж хороо хорин дээгүүр орж яваагүй. Болж л өгвөл бие маань жаахан тэнхэрвэл ажил төрөл хийчих юмсан гэсэн хүсэлтэй байдаг хүн. Гэтэл төр засаг, хууль шүүх нь ийм байхаар хүн үнэндээ гутарч, гомдож байна. Миний нөхцөл байдлын талаар Zarig.mn сайтаар гарсны дараа шүүхийн шийдвэрээс холбогдож байна лээ.

-Юу гэх юм?

-Ийм нөхцөл байдлаа хэлэхгүй яасан юм бэ гэж байсан. Гэтэл би өмнө нь зөндөө хэлж гуйсан байдаг. Гэхдээ яах вэ, үнэнээ хэлсэн. Хариуд нь шүүхийн шийдвэрийн эмэгтэй “За яахав, хүүхдийн чинь дансыг нээлээ. Харин тэжээгчээ алдсаны тэтгэмжийн дансыг нь нээхгүй. Тэр мөнгөнөөсөө өр төлбөрөө барагдуулна биз” гэж байсан.

-Хүүхдийн мөнгөний дансыг тань нээжээ. Өмнө нь энэ тухай шүүхийн шийдвэрийн байгууллагад учирлаж байсан уу?

-Хэлэлгүй яах вэ. Гэтэл юу гэж байсан гээч. Дөрвөн хүүхдийн 400.000 төгрөг авдаг юм байна ш дээ. Хоёр сарын мөнгөө өгчихөд л өрөө төлчих юм байна гэж байсан. Би яаж бүтэн хоёр сар улаан мөнгөгүй энэ хэдэн хүүхдээ юугаар тэжээх билээ. Хүмүүс яагаад ийм энэрэнгүй бус байдаг юм бэ. Бүр хороо хориноос ирээд “Хоёр том хүүхдээ асрамжийн газарт өгчих, бага хоёр хүүхдээ асарна биз” гэж байсан удаатай. Одоо хүртэл энэ үг санаанаас минь гарахгүй байна. Эцэг нь үхсэн ч эх нь амьд сэрүүн сууж байхад яаж ингэж амьдын хагацал үзүүлнэ гэж хэлж чаддаг байна аа, тэр хүмүүс.

Одоохондоо хүүхдүүд маань сургуульдаа явахгүй байгаа. Ханиад томуутай, дээр нь өмсөж зүүхээс эхлээд хомс, дутагдалтай учраас тэд маань хичээлдээ явж чадахгүй байна. Миний хувцсыг өмсөөд гүйлтэй биш дээ, тэд. Сургууль соёлын хүүхдүүдийн цаг үе ямар болсон билээ. Нэгнээ өмсөж зүүхээр нь гадуурхана, доромжилно. Хүүхдүүд маань ийм зовлон амссан.

-“Юнител” компаниас хандсан уу?

-Үгүй. Өр төлбөрөө авна гээд шүүхэд л хандсан байгууллага шүү дээ. Өнөөдрийн миний энэ хүнд байдалд орж, яах аргагүй хэвлэлд хандсан шалтгаан бол “Юнител” компаниас л эхтэй шүү дээ. Би төлөхгүй гээгүй, төлнө. Миний буруу. Тэглээ гээд ганц орлогын эх үүсвэрийг маань хаахад хүргэж байгаад үнэхээр гомдож байна.

-Одоо хичнээн төгрөгийн өр үлдсэн бэ?

-Анх 750.000 төгрөгөөр утас авч байсан. 50.000 төгрөгийг өнгөрсөн арванхоёрдугаар сард төлсөн. Одоо бол 700.000 төгрөг байгаа болов уу гэж бодож байсан. Гэтэл шүүхийн зарлан дуудах хуудас дээр 830.000 болчихсон гэж бичсэн байна лээ. Юуны мөнгө гэж нэмэгдсэн юм бүү мэд.

-Та татгалзахгүй бол шүүхийн шийдвэрээс нээсэн дансны дугаараа тавьж болно шүү. Олон нийтийн сүлжээгээр олон хүмүүс танд туслахыг хүсч байна лээ?

-Хүмүүс тусалъя гэж холбогдож байна аа. Гэхдээ эгч нь санаа зовж байна. Би ямар гавьяа байгуулсан болоод хүмүүсийн тус авах вэ дээ. Өглөө (өчигдөр) нэг хүн ирж хоол ундны материал өгөөд явсан. Өдөр гурван оюутан ирээд явлаа. Эгч нь их баярлаж байна, ард түмэндээ. Гэхдээ эгч нь данс тавиулахаас санаа зовоод байна.

-Зүгээр дээ, хүмүүс өөрсдөө туслахыг хүсч байна шүү дээ?

-За, тэгвэл шүүхийн шийдвэрээс чөлөөлж өгсөн Төрийн банкны дансаа өгье. 105800281550 Б.Урнаа гэсэн данс байгаа. Баярлалаа, та нартаа.