Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Гоомарал: Хүнсний онлайн захиалгууд хаагдсан, “Таобао” хүртэл Шанхайн захиалгыг зогсоосон DNN.mn

БНХАУ-ын Шанхай хотод өнгөрсөн сард коронавирусийн халдвар дэгдэж, хатуу хөл хорионд шилжээд байгаа билээ. Халдвар болон хөл хорионы нөхцөл байдал ямар байгаа талаар тус хотод оршин сууж буй Б.Гоомаралтай холбогдож ярилцлаа.


-Шинэ ногоо хүнсэндээ хэрэглэдэг шанхайчуудад хатуу хөл хорио хүнд тусч байгаа-


-Шанхай хотын аль хэсэгт амьдарч байна вэ?

-2019 оны зургадугаар сараас хойш Шанхай хотын Минхан дүүрэгт ажиллаж, амьдарч байна.

-Шанхай хот ковидын нөхцөл байдлаас болж хатуу хөл хорионд шилжээд ямар хугацаа өнгөрөв өө?

-Миний амьдарч байгаа дүүрэгт байрлах гаднаас ирсэн иргэдийг тусгаарлаж байсан “Хуа Тинг” зочид буудалд гуравдугаар сарын 11-нд коронавирус илэрснээс хойш Шанхай хотын Засгийн газраас яаралтай арга хэмжээнүүдийг авч эхэлсэн.

Манай хотхоны хувьд өнгөрсөн сарын 16-наас эхэлж анх хөл хорионд орсон. Карантины эхэн үед хотхон дотроо гарч явж болж байсан л даа. Бүх дэлгүүр хоршоо хэвийн ажиллаж байсан учир хүмүүсийн сэтгэл санаа, аж амьдрал ч хэвийн байлаа. Гэвч халдварын тохиолдлууд нэмэгдэж бүртгэгдэж эхэлснээс хойш байр байраараа хатуу хөл хорионд орсоор гуравдугаар сарын 23, 24 гэхэд бүх нийтээрээ гэрээсээ ч гарахыг хориглосон хатуу карантинд шилжсэн.

Энэ үед хотхон доторх дэлгүүр хоршоо хүртэл бүгд хаагдсан. Хөл хорионы хугацаа дүүрэг бүрт өөр, өөр байгаа. Манай дүүргийн хувьд одоогоор хамгийн удаан хугацаанд хөл хорионд орсон байна.

-Ковидын тархалт ямар байна вэ. Мэдээллээ та бүхэн яаж авч байна?

-Тохиолдлууд нэмэгдсээр л байгаа. Сүүлийн хоёр өдрөөс хүмүүс нас барсан талаар мэдээллүүд гарч эхэлж байна. Одоогийн байдлаар өвчтөнүүдээ шинж тэмдэгтэй, шинж тэмдэггүй гэж хоёр хуваагаад нарийн тоогоо гаргаж байгаа юм байна лээ. Өнөөдөр гэхэд Шанхайд шинж тэмдэгтэй өвчтөн 2472, шинж тэмдэггүй 16983 бүртгэгдсэн байна. Нийт 145 хүн нас барсан гэсэн мэдээлэл гар утсанд ирээд байгаа.

-Хатуу хөл хорионы үед юуг хориглож байх юм бэ?

-Мэдээж гэрээсээ гарч болохгүй. Гаднаас хүн оруулж болохгүй, онлайн захиалгууд бүгд хаагдсан. “Таобао” дээрээс юм захиаллаа гэхэд Шанхайн хаяг бол захиалга хийхийг хориглочихсон.

Шинжилгээг эмч нар эерэг тохиолдол гарсан байрнуудад айл бүрийн үүдэнд ирж авч байна. Энгийн байрны оршин суугчид орцны үүдэндээ нэг нэгээрээ дугаарлаж байгаад л шинжилгээгээ өгдөг болсон.

-Хүнсний хангамжаас үүдэж үймээн самуун дэгдсэн тухай мэдээллүүд нэлээд түгсэн. Газар дээрээ ямар байх юм бэ?

-Мэдээж бүх дэлгүүр хаагдсан, гэрээсээ гарч болохгүй. Онлайн захиалга ч байхгүй болохоор энэ олон хоногийн хөл хорионы дараа маш олон хүн хоол хүнсгүй болж эхэлсэн. Энэ улсын иргэдийн хүнсний хэрэглээ мэдээж манайхаас өөр. Ялангуяа Шанхайд удаан хадгалах боломжгүй шинэ ногоог хүнсэндээ хэрэглэдэг хүмүүс дийлэнх учир тэдний хувьд маш хүндрэлтэй байгаа. Олон хоногийн хөл хорионд нөөцөлсөн ногоо нь нэг бол муудаж, нэг бол дуусч эхэлсэн.

Энэ байдлыг харгалзаж үзээд зохион байгуулалттайгаар өөр хотуудын тариачдаас будаа, ногоо авч үнэгүй тараасан. Дүүрэг болгоны зохион байгуулалтын хугацаа, мөн тусламжийн хүнсээ авч байгаа газрууд нь өөр учраас зарим газар нь түрүүлж өгөөд зарим газар хоцорч очсон гэх мэт асуудлууд гарсан байна лээ. Мөн хотхон бүрийн “Хөршийн хороо”, манайхаар бол СӨХ-ноос тараасан хүнсний зүйлс нь бас өөр, өөр байсан. Зарим хотхон ганцхан уут гоймон тарааж байхад зарим нь тор дүүрэн хүнсний ногоо өгч байх жишээтэй.

Манай хотхоны хувьд одоогийн байдлаар нийт дөрвөн удаа тусламжийн хүнс аваад байна. Нэг хаалганд нэг уут хүнс очно. Дотор нь хажуу өрөө нийлж хөлсөлдөг гурван айл байна уу, нэг айл байна уу хамаарахгүй. Бас гадаадын иргэн, дотоодын иргэн гэж ялгахгүйгээр бүгдэд нь ижил тэгш тарааж байгаа.

-Саяхан л иргэд хотхоноороо нэгдээд захиалга хийхэд ямар ч асуудалгүй байна гэцгээж байсан. Нөхцөл байдал дорджээ?

-Хотхон бүр өөр, өөр байгаа. Манайх бол гаднаас хүнс бараа захиалж болохгүй. Хотхон дотроо ганцхан дэлгүүр нээсэн. Тэндээсээ орц орцныхонтойгоо нийлж нэгдсэн захиалга өгөх хэлбэрээр хэрэгтэй хүнсээ авч болж байгаа.

Өмнө нь хүнсний хүргэлт хийгдэж байсан. Гэвч хүргэлтийн ажилчид халдвар тараах тохиолдол гарсан учраас аль болох гаднаас дотогшоо ачаа бараа нэвтрүүлэхгүй байх арга хэмжээ авч байх шиг байна.

-Танктай цэргүүд оруулж байна гэх мэдээлэл ч цахим сүлжээнд гарч байсан. Ер нь хөл хориог хэрэгжүүлэхийн тулд авч байгаа хатуу арга хэмжээ нь юу байна вэ?

-Энэ тухай Монголд байсан хүмүүсээс ганц нэг сонссон. Бидэнд бол мэдэгдэх юм байсангүй. Мэдээ энэ тэрээр ч гараагүй. Угаасаа тийм зүйл боллоо гэхэд дотроо байгаа хүмүүст мэдэгдэхгүй шүү дээ.

-Нөгөө талаар энэхүү хөл хориог ковидын сэрэмжлүүлэг гэхээс илүү нийгмийн инженерчлэлийн сэтгэл зүйн туршилтыг хийж байна гэж үзэх хүмүүс ч байна?

-Хөл хорионд байгаа учраас энэ талаар нарийн сайн хэлж мэдэхгүй юм.

-Хөл хорионы улмаас гарч байгаа хүндрэл бэрхшээл юу байна вэ?

-Мэдээж хүнсний хомсдол зэрэг наад захын л асуудал. Гэхдээ бие өвдөх ч юмуу эсвэл яаралтай гадагшаа гарах хэрэгтэй болоход яах ёстойгоо сайн мэдэхгүй л байна. Хотхон бүрийн бүх зохион байгуулалтыг тухайн хотхоны Хөршийн хороо хариуцаж байгаа болохоор хамгийн түрүүнд тэдэнд л асуудлаа хэлэх байх даа.

-Шинжилгээ, эмчилгээг шуурхай үзүүлж байгаа тухай өмнөх зочид маань ярьж байсан. Одоо ч хэвээрээ юү?

-Нэг удаагийн тестээр өдөрт хоёр удаа өглөө орой болгон шалгаад байрныхаа групп чатдаа оруулдаг. Тэрнээс гадна хоёр хоногт нэг удаа эмч нар ирж ПСРшинжилгээ авч байгаа. Эерэг хариутай гарсан хүмүүсийг маргааш нь нэгдсэн зохион байгуулалттайгаар автобус ирж авч байгаа.

-Хатуу хөл хорио хэзээ сулрах нь вэ. Нөхцөл байдал өмнөхөөс өөрчлөгдөж байна уу?

-Хатуу дэглэмтэй хэвээрээ л байна. Хөл хорио хэзээ тавигдах талаар ямар нэгэн мэдээлэл алга байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

З.Цэцэн: Манай талбайн 10 хувиас л 1000 МВт эрчим хүчийг 1700 жил хангах хийн нөөц тогтоогдсон. Ирээдүйд Монгол Улс эрчим хүчээр хараат байхаа болино DNN.mn

Өмнөговь аймаг дахь “ГУРВАНТЭС-XXXV” метан хийн төслийг хэрэгжүүлэгч “Тэлмэн” группийн ТУЗ-ийн дарга З.Цэцэнтэй ярилцлаа. Тус компанийн энэхүү төсөл амжилттай хэрэгжих болсноор Австралийн хөрөнгийн бирж дээр өнгөрсөн хоёрдугаар сард хувьцааны үнийн өсөлт хоёр удаа рекорд тогтоогоод байгаа аж.


-“Тэлмэн ресурс” компани Австралийн хөрөнгийн бирж дээр гарснаас хойш хоёр хүрэхгүй сарын хугацаанд хувьцааны ханшийн өсөлтөөрөө рекорд тогтоосныг дууллаа. Маш их сонирхол татаж байна?

-Манай төслийн эрлийн ажиллагаа 2019 онд эхэлсэн ч 2020 оноос ковид, хөл хорионы улмаас хүндрэлтэй нөхцөл их гарсан. Ийм нөхцөлд бид хойш суухгүйгээр боломжийг эрэлхийлж ажилласаар гадныхны итгэлийг төрүүлж чадсан. Австралийн хөрөнгийн биржид хувьцаагаа нээлттэй гаргахад Австралийн бирж, зохицуулагч байгууллагуудын шаардлагыг 100 хувь хангах ёстой. Тэр бүх ажлаа өнгөрсөн хугацаанд амжилттай хийсэн гэсэн үг.

Дэлхий нийтийн чиг хандлага байгалийн хийг илүү сонирхож, ашиглах чиглэл рүүгээ явж байна. Түүнтэй ч холбоотой хувьцааны ханш өссөн байх.

-Эхний өрөмдлөг амжилттай болсон юм байна. “Гурвантэс-XXXV” төслийн эрэл, нөөцийн талаар товч мэдээлэл өгөхгүй юү?

-Манай нүүрсний давхаргын метан хийн төслийн “Гурвантэс-XXXV” талбай Нарийн сухайтын бүлэг орд дээр үндэслэсэн. Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён сумын нутагт байрладаг. Нарийн сухайтын бүлэг орд дээр Таван толгойн ордынх шиг газар доорх биет нүүрс нь тодорхой, түүн дээр олон компанийн нүүрсний өрөмдлөг хийсэн байдаг. Энэ бүлэг орд нүүрсний чанар сайн, метан хийн гарц, нөөцийн хувьд ч өндөр байх боломжтой нутаг дэвсгэр юм. Австралийн олон улсын PRMS стандартын дагуу гаргасан тооцооллоор 5.9 триллион куб фит нөөц одоогийн байдлаар тогтоогдсон. Энэ бол манай талбайн 10 хүрэхгүй хувь дээр гаргасан тооцоолол. Тэгэхээр цаашид эрэл хайгуул үргэлжилж, нөөц нэмэгдэнэ гэсэн үг. Энэ жилийн хувьд 3000 тууш метр өрөм тавих төлөвлөгөөтэй ажиллаж байна. Сая тавьсан эхний өрмөөр 400 метрээс нүүрс гарсан, ойролцоогоор 40 гаруй метрийн зузаантай давхарга руу орсон. Хийн чанар сайн гарсан. Одоогоор лабораторид шинжилж байна.

Энэ төсөл маань Засгийн газарт олон давуу талтай. Нэгдүгээрт, бүтээгдэхүүн хуваах гэрээний нөхцөлийн дагуу олборлолт эхэлснээр бид Монгол Улсын Засгийн газрын талд оногдох төлбөрийн хувиа өгч, роялти төлнө. Хоёрдугаарт, Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу орон нутгийг дэмжих, төлөөлөгчийн газрыг дэмжих урамшуулал олгох, орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах, худалдан авалт хийх, иргэдийг сургах гэх мэт орон нутагтай гэрээ байгуулж жил бүр төлөвлөгөөний дагуу улс болон орон нутагт оруулж байгаа хөрөнгө оруулалт, тодорхой ажлууд их бий.

-Төслийн өгөөжийг сонирхож байна. Агаарын бохирдлыг шийдэх боломжтой гэдэг?

-Бээжинг санаж байна уу. Ямар утаатай байлаа?

-Маш их утаатай байсан нэг үе бий.

-Бээжин хот хийгээр асуудлаа шийдсэн. Миний ойлгож байгаагаар Япон, Солонгос хоёр эрчим хүчнийхээ 80 хувийг газаар шийдсэн байдаг. Гэхдээ тэд өөрсдөө хийгүй, импортын газаар л ингэж шийдсэн.

Хятад одоогийн байдлаар эрчим хүчнийхээ 30 хувийг байгалийн хийгээр орлуулах болсон, ойрын хугацаанд 50 хувьд хүргэхээр ажиллаж байгаа юм билээ. Монгол бол тэг. Тийм учраас бид утаатайгаа “сайхан” амьдарсаар л байна.

-Тэгвэл агаарын бохирдлыг яаж шийдэх боломжтой гэж?

-ТЭЦ-2 газан турбин тавьж байгаа гэж сонссон. Мөн ТЭЦ-3, ТЭЦ-4 байна. Эхний ээлжинд энэ гурван цахилгаан станцаа олон улсын жишиг рүү ойртуулах нөхцөлийг шат дараатай авах шаардлагатай.

-Танай компани эрчим хүч үйлдвэрлэх үү?

-Гол зорилго бол энэ. Эрчим хүчийг энэ жилээс эхэлж үйлдвэрлэнэ. Өмнөговь аймаг бол эрчим хүчний хувьд урд хөршөөс хараат. Манай талбай хамрагдаж байгаа Гурван тэс, Ноён, Сэврэй гээд сумд Хятадаас Шивээ хүрэнгийн боомтоор цахилгаан итпортоор авдаг. Түүнийг бид эхний ээлжинд шийдэж, биеийг нь даалгая, өөрсдөө урд хөршөөс хамаарахгүй эрчим хүчээр хангана гэсэн тооцоотой байгаа. Цаашлаад Өмнөговийн хэрэгцээг бүгдийг хангана гэсэн төлөвлөгөөтэй явж байна. Ер нь нэн тэргүүнд Монгол Улсад эрчим хүчийг хангалттай, хараат бус болгох хэрэгтэй. Манайд чинь хот хөдөөгүй тог тасарч л байдаг, түүндээ ч дасчихсан. Гайхдаггүй биз дээ. Засвар хийж байна гээд л. Энэ бол гадаадад ойлгомжгүй асуудал. Гадаадынхан цочирдож хүлээж авна, эвлэрч чадахгүй. Эхний ээлжинд монголчууд энэ асуудлаа л шийдчих ёстой юм. Яагаад Монголд гадаадын том, том үйлдвэр орж ирдэггүй юм, яагаад том компанийн үйлдвэрлэгч орон болж чаддаггүй вэ гэвэл эрчим хүчтэй ч хамааралтай асуудал бий.

-Тэгвэл өнөөдрийн Австралийн хөрөнгийн бирж дээрх танай амжилт, Монгол Улс асар их нөөцтэй зэргийг харвал ирээдүйд экспортын асуудлыг ч тавьж болох нь ээ?

-Эхний ээлжинд тогтоогдоод байгаа 5.9 триллион куб фит гэдэг ойролцоогоор 1ГВт буюу 1000 МВт эрчим хүчийг 1700 жил хангах нөөц бий гэж бид тооцоолсон. 1700 жилийн дотор дэлхий яаж ч өөрчлөгдөж мэднэ. Тиймээс экспортолно.

-ОХУ, БНХАУ байгалийн хийн хоолойг манай улсын газар нутаг дээгүүр дамжуулах асуудал яригдсаар байгаа. Салбарт нь ажиллаж байгаа хүний хувьд энэ тухай таны байр суурийг сонирхмоор байна?

-Би Монголоо л бодно. Монголын хувьд эдийн засгийн маш их ач холбогдолтой төсөл гэж үзээд байх шиг байна. Харин манай компанийн хувьд ямар ч хамааралгүй, ямар ч эерэг, эсвэл сөрөг нөлөөгүй гэж бодож байна.

Би мэднэ л дээ. “Сила Сибири 1” гээд хоолой ОХУ-аас БНХАУ руу явдаг. Жилдээ 50 тэрбум куб метр газ нийлүүлнэ гэсэн гэрээтэй. Түүнийгээ ч нийлүүлж чаддаггүй, ойролцоогоор 10 тэрбум л очдог юмуу даа. Ямар учраас хоёр дахь хоолойг барих гээд байгааг гайхаж байгаа. Газар нутгийн хувьд малчид, иргэдэд ямар нөлөөтэй байхыг судлах л хэрэгтэй.

-Ер нь метан хийн төсөл байгаль орчин, нутаг оронд халтай юу?

-Ямар ч сөрөг тал байхгүй. АНУ, Европ гэж холыг, харь гариг ярихаа больё л доо. Зөвхөн БНХАУ-ыг аваад үзэхэд нүүрсээ олборлохоосоо өмнө хорт хийг нь эхлээд соруулж аваад дараа нь нүүрсээ олборлодог. Хорт хий гээд байгаа нь ерөөсөө энэ газ.

-Байгалийн хийн төсөл бол манайд сүүлийн жилүүдэд яригдсаар ирсэн. Төр засгийн дэмжлэг, оролцоо хэр байх юм?

-Ер нь байгалийн хийн салбар манайд шинэ шүү дээ. Дөнгөж хөгжиж байгаа учраас алдаа оноотой зүйл их байгаа. Засгийн газар, түүнийг хэрэгжүүлэгч АМГТГ бол гэрээний нэг тал, тэр ч утгаараа холбогдох эрх зүйн орчин гэрээний талаар зөвлөдөг. Хууль тогтоомжид өөрчлөлт оруулахдаа ч төсөл хэрэгжүүлэгчид ямар санал оноотой байна гэж байнгын харилцаа холбоотой байдаг.

Тэгэхээр Засгийн газрын хувьд манай төсөл хэрэгцээтэй төсөл юм болов уу гэж ойлгож байгаа. Томын хувьд том салбар. Эрчим хүчээр гадаадаас хамаарахгүй, дотоодоо бүрэн хангадаг тусгаар улс болж чадвал өөр юу ярих вэ дээ.

-Сүүлийн үед том төслүүдийг төрд буцаан авах болсон. Салхитын мөнгөний орд, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөл цемент шохой гээд үргэлжилж байгаа. Шүүмжлэл ч ихээр өрнөж байна. Магадгүй ийм сайн төслүүдээ дараагийн ээлжинд төрд авах нэрээр дээрэмдэх юм биш биз гэсэн хардлага ч байна. Та ч бас бодож үзсэн байх?

-Бид улсаас нэг ч төгрөг авахгүйгээр өөрсдөө тэгээс эхлүүлсэн. Олон тэрбум төгрөгийн хайгуул эрэл хийсэн компани, байгууллагыг дээрэмдсэн гэж сонсоогүй. Хөтөл, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг сайн мэдэхгүй юм. Улсын мөнгөөр хайгуул хийсэн байсан, улсын байгуулсан үйлдвэрийг үнэгүйдүүлээд нэг овжин нөхөр хямд авчихсан юм уу, мэдэхгүй шүү дээ. Нэг ч төгрөг улсаас авахгүй өөрсдөө явж байгаа хүмүүсээс бизнесийг нь булаана гэж байхгүй. Хэрэв тэгвэл бид улс биш болчихно. Бизнес хийдэг хүн ч Монголд байхаа болино.

-Улс төрийн асуудлаас болж том төслүүд гацдаг нь нууц биш шүү дээ?

-Намайг улс төрийн сэдэв рүү оруулах гээд байна уу (инээв).

Манайх уул уурхайн төсөл гэж харахаас илүү эрчим хүчний төсөл. Хийг нь соруулж аваад тэр дор нь эрчим хүч болгоод улсдаа өгөх гэж л явж байна.

-Австралийн хөрөнгийн биржид хувьцаагаа нээлттэй арилжих том давааг давж, хөрөнгө оруулалтын асуудлаа шийдсэн танай туршлага дэлхий рүү гарах амбицтай монгол компаниудад урам өгсөн туршлага болов уу?

-Монгол эзэнтэй, Монголын компани өмнө нь Австралийн бирж рүү шууд гарч байгаагүй. Монголын газар нутаг дээр үйл ажиллагаа эрхэлж байгаа гадаад эзэнтэй гадаад компани Австрали, Канадад гарсан тохиолдол хэд, хэд байдаг.

Бидний хувьд манай салбарын ижил төсөлтэй компани Австралийн хөрөнгийн бирж дээр өмнө нь гарчихсан байсныг “залгиж” авсан. Энэ бол байдаг л, дэлхий дээр түгээмэл бизнесийн нэгдэн нийлэх хэлбэрийн үзэгдэл.

Бидний нэгдсэн компани бол Австралийн “Тамаска” гэх компани. Хэлцлийн явцад IPO хийхтэй ижил санал бидэнд ирсэн. Ижил төсөлтэй зардлын санал, хугацааны хувьд хамаагүй хурдан байсан нь анхаарал татсан. Тиймээс нэгдэхээ манай талаас зөвшөөрөөд хөрөнгийн биржид гарсан. Мэдээж олон улсад гарах шалгуур яг л адилхан, олон улсын аудит, хуулийн фирм орж ирж дүгнэлтээ бичнэ, Австралийн хөрөнгийн биржийн шаардлагыг яг ижил хангана. Манай компани эхнээсээ санхүүгийн зардал, шаардлагатай мэдээ мэдээлэл, татвар төлөлт, цалин зэрэг бүх үйл ажиллагаагаа шилэн болгосон, хуулийн дагуу ажиллаж, тогтмол хөндлөнгийн аудит хийлгэж байсан учраас давуу тал болсон. Компанийн соёл юм даа. Ийм энгийн соёлыг бий болгосон компани олон болоосой. Тэгвэл зах зээл нээлттэй, хөрөнгө оруулалт босгох боломж өсч, Монгол Улс хөгжинө гэж боддог.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Батхүү: Цагдаа нарыг ОХУ-д бэлдэхээр “Мэдлээ, гүйцэтгэе” гэж даргын тушаал биелүүлдэг хүмүүс л болж ирдэг DNN.mn

Хуульч О.Батхүүтэй ярилцлаа.


-Хуулийн байгууллагын ажилтнуудын хүний эрхийн мэдрэмжийн асуудал сүүлийн үед хөндөгдөх боллоо. Цагдаа, тагнуулынхан хэрэг мөрдөхдөө хүний эрхийг зөрчдөг. Иргэд үзэл бодлоо илэрхийлээд жагсахад хүч түрэмгийлж баривчилдаг. Энэ байдлыг засъя гэвэл цагдаа нарыг хүний эрхийг дээдэлдэг улс орнуудад бэлтгэх ёстой гэж яригддаг. Хуульч, өмгөөлөгч хүний хувьд та энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?

-Цагдаа нарыг ОХУ-д бэлдэхээр “Мэдлээ, гүйцэтгэе” гэж даргын тушаал биелүүлдэг хүмүүс болж л ирээд байгаа юм. Оросуудын школ ерөөсөө энэ. Бүх юмны дээр төр засаг, дарга байна. Төр засаг, даргын шийдвэр, тушаалыг л биелүүлэх ёстой гэдэг ойлголттой болчихож байгаа юм.

Энэ нь явсаар иргэдийнхээ эрхийг зөрчихөд хүргэж байна. Иргэд эрхээ эдэлж жагсаал цуглаан зохион байгуулахаар даргынхаа тушаал авч хөдөлдөг, эсвэл тушаал өгөхгүй бол хөдлөхгүй. Даргын тушаал зөв буруу нь хамаагүй, биелүүлэх л үүрэгтэй. Үүнээс болж жагсаж цугласан иргэдээ зоддог, эрхийг нь ноцтой зөрчдөг болж байна. Уг нь цагдаа гэдэг иргэдээ хамгаалах, аюулгүй байдлыг нь хангах үүрэгтэй алба. Залуус жагслаа гэхэд шууд очоод тараах биш эрүүл, зөв жагсаал хийхэд тусалдаг, буруу зорилготой, муу хүмүүс жагсаалыг үймүүлэхээс сэргийлдэг, жагссан иргэд ямар нэгэн байдлаар хохирохоос хамгаалах зорилготой.

-Цагдаа үйлчилгээний байгууллага байх ёстой гэдэг агуулга хэдэн жилийн өмнө гарч ирж, бодлогын нэлээд өөрчлөлт хийгдсэн. Гэвч хүчний байгууллага хэвээр байх шиг байна?

-Цагдаа бол иргэддээ үйлчилдэг үйлчилгээний байгууллага байх ёстой. Дээд удирдлага нь хууль бус тушаал өгөхөд, жагсаал цуглааныг тараа, хүмүүсийг хорь гэхэд “Үгүй” гэж хэлж чаддаг зоригтой, хүний эрхийн мэдрэмжтэй байх ёстой. Ингэхийн тулд цагдааг Орост биш, хүний эрхийг дээдэлдэг улсад сургах ёстой. Ихэнх улс орон цагдаагаа дотооддоо сургадаг. Энэ нь ч зөв.

-Цагдаагийн удирдлагууд Монгол Улсад 1964 оны Эрүүгийн байцаан шийтгэх хууль хэрэгтэй байна гэсэн агуулгаар ярьсан асуудал ихээхэн шүүмжлэл дагуулсан. Уг нь хүний эрхийн мэдрэмжтэй цагдаа бэлдэх шаардлагатай гэж ярьж байгаа цаг үе байдаг…?

-Өнөөдрийн цагдаагийн байгууллагыг удирдаж байгаа тасаг, хэлтсийн дарга нарыг харахад бүгд социализмын үед бэлтгэгдсэн, төрийг, даргыг хамгаалах ёстой гэсэн школтой хүмүүс л байгаа. Угаас дөрвөн жилийн турш толгойнд ийм л зүйлийг заачихаар суухаас аргагүй. Гэтэл АНУ, Солонгос, Япон, Германы цагдаа нар шал өөр. Согтуу хүнийг манайхан бол гавлана, эрүүлжүүлэхэд аваачаад хийнэ, торгоно. Харин энэ улсуудад аюулгүй байдлыг нь хангаж, гэрт нь хүргэх зэргээр шал өөрөөр ажилладаг.

Цагдаа гэж ямар хүн бэ гэдэг хөтөлбөрийн агуулга ОХУ болон бусад хүний эрхийг хамгаалдаг улсуудад өөр. Өндөр хөгжилтэй орнуудад цагдаа та гудамжинд жагсаж байгаа иргэдийг хамгаалах ёстой гэж заадаг. Хойно бол та төрийн хуулийг, даргын тушаалыг үг дуугүй биелүүлэх ёстой гэж заадаг. Тийм учраас манай цагдаа нар, тэдний удирдлага ч тэр хүний эрхийн мэдрэмжгүй үг үйлдэл гаргасаар байгаа шалтгаан энэ юм.

-Англи хэлийг албан ёсоор хоёр дахь хэл болгох тухай яригдаад удаж байна. Та ч энэ асуудлыг хөндөж ярьдаг. Ерөөс өнөөдрийн дэлхийн хөгжил монголчуудыг англи хэл эзэмшихийг шаардаж байна шүү дээ?

-Хамгийн гол нь хэрэглээний асуудал байгаа юм. Бид ямар нэгэн гадаад хэл сурч байгаа бол хэрэглэдэг байх ёстой. Тэр хэрэглээ нь үр шимээ өгдөг байх ёстой. Орос хэлний хувьд хэрэглээ нь сүүлийн 30 жилд маш их багаслаа. Социализмын үед монголчууд шинжлэх ухааны ном сонин уншъя, мэргэжил эзэмшье гэвэл орос хэл дээр л ном материал ашигладаг байсан. Тэгвэл сүүлийн 30 жилд энэ байдал өөрчлөгдсөн. Зөвхөн манайх гэлтгүй Азийн бусад орнууд, тухайлбал, Япон, Солонгос, Хятадад англи хэлийг маш эрчимтэй сурч байна. Бид дэлхий нийтийн трендээс ерөөсөө хоцорч болохгүй. Үүнтэй хөл нийлүүлээд явах ёстой.

Солонгост очиход залуус нь бүгд англиар ярьдаг. Заавал солонгос хэл сурах шаардлагагүй, англи хэлтэй байхад л болно. Япон, Хятадад очиход ч ялгаагүй. Ерөөсөө орчин үеийн нийгэмтэй хөл нийлүүлж алхаж, амьдаръя гэвэл англи хэл зайлшгүй сурах ёстой. Дэлхийн том сургуульд суръя, ажил хийе гэхэд хамгийн гол шалгуур англи хэлний мэдлэг болчихоод байна. Гэтэл орос хэлний хэрэглээ хамгийн бага байгаа. Оросоор ярьдаг улс гэвэл ОХУ өөрөө болон хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан цөөхөн хэдэн улс л байна.

-Хоёр дахь хэлээ болговол хүүхдэд багаас нь сургах нь зөв гэдэг?

-Одоо бол ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрөөс орос хэлийг хасах хэрэгтэй. Харин оронд нь англи хэлийг бүр бага ангиас эрчимтэй заах нь чухал.

Дээр нь бид хамгийн эхлээд хэл сурахын тулд багшаа бэлдэх ёстой. Улсын багшийн их сургуульд англи хэлний багш бэлддэг анги байдаг уу, хэчнээн байна вэ. Түүнийг бодлогоор нэмэх хэрэгтэй. Ингээд бага ангиас нь англи хэлийг заадаг, зарим хичээлийг англиар ордог болбол хүүхэд багаасаа сурсаар төгсөхдөө боломжийн мэдлэгтэй болчихно. Дээд сургуульд ороход ч тэр, 10 хичээл ордог бол 1-2 хичээлийг англи хэл дээр зааж болно. Ингэснээр улсаараа англи хэлтэй болох бололцоо байна.

Учир нь Европын цөөн хүн амтай улсууд болох Дани, Финлянд, Норвеги, Бельги гэхэд өөрийн үндсэн хэлтэй. Норвеги гэхэд норвеги, Финлянд фин гээд хэлээрээ ярьдаг. Харин тэд хоёр дахь хэлээ англи хэлийг сонгочихсон. Ингэснээр англи хүнтэй ярьж байна уу, финлянд хүнтэй ярьж байна уу гэдгийг ялгах боломжгүй болтлоо англи хэлийг эзэмшдэг болсон. Хүүхдэд цэцэрлэг, сургуулиас нь заагаад эхэлбэл унаган хэл шигээ эзэмшдэг. Хэл эзэмшсэн хүмүүс дэлхийн аль ч сургуульд очоод сурчихаж байна. Аль ч улсад том компанид ажиллах боломжтой байна шүү дээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ж.Гантулга: Мөрийтэй тоглоомд асар их мөнгөө алдаж, дарамтад орохдоо түүнийг шийдэх гарц нь амиа хорлолт гэж андуурдаг DNN.mn


СЭМҮТ-ийн их эмч Ж.Гантулгатай ярилцлаа.


-Мөрийтэй тоглосон залуус их хэмжээний өр ширэнд орсон тухай хуулийн байгууллагаас анхааруулж мэдээлдэг. Гэтэл тэдгээр залуус амиа хорлох болсон харамсалтай тохиолдол нэг бус удаа гарлаа. Мөрийтэй тоглоомд донтсон хүний сэтгэл зүйн асуудлыг бид ярих цаг нь болсон байна?

-Донтолт гэдэг талаас яривал хүн ямар ч зүйлд донтож болно. Тамхинд орсон хүнээр жишээ авъя л даа. Эхлээд хүн тамхийг сонирхсон үедээ ганц нэг сорно. Долоо хоногтоо нэг удаа татдаг байснаа энэ давтамж ойртож өдөрт нэг удаа болно. Цаашлаад өдөрт гурван удаа, таван удаа гэсээр нэг хайрцаг тамхийг өлхөн татчихдаг болдог. Тэгээд л тамхигүйгээр хэвийн ажиллаж, амьдрах боломжгүй болчихдог.

Тамхиа татахгүй болохоор уур нь хүрээд, байж ядаад, давчдаад л. Ганцхан ширхэг тамхи олоод татчихмаар байна. Хоол унд хамаагүй ухааны юм ярьдаг. Харин тамхиа сороод хэсэг хугацааны дараа сэтгэл санаа нь тайвшраад ирдэг. Энэ бол өөрөө өөрийнхөө хэрэглээг хянах боломжгүй, бодол санаагаараа өөрийгөө удирдах боломжгүйд хүрсэн гэсэн үг. Тэр хүний хүсэл зоригоос хамаарахгүй болоод ирж байгаа юм.

Мөрийтэй тоглоомын хувьд мөрийтэй тоглох, мөрийтэй тоглоомонд донтох хоёрын хооронд ялгаатай. Мөрий тавьж тэдэн төгрөг олчих юмсан гэдэг нь чухал биш, ерөөсөө л мөнгөө тавиад тоглох үедээ кайф авдаг, асар хүчтэй тоглох дур төрдөг. Энэ бол донтолт.

-Мөнгө олох нь зорилго биш байх нь?

-Биш. Би тэрбумыг олчихъё гэх, өр зээл тавих нь чухал биш, тоглох нь чухал. Донтох эмгэг гэдэг хүнийг улам өөр рүүгээ татдаг. Одоо болохгүй гэж хэзээ ч хэлдэггүй. Хүн тэр дунд нь орж явсаар нэг л мэдэхэд уураг тархинд нь амьдрал ахуйгаа өөд нь татъя, өсч дэвжихийн тулд мөрийтэй тоглоомоор гайгүй мөнгө олж л цаашаа явах юм байна гэдэг бодлын тойрогт орчихдог.

Мөрийтэй тоглоом бол маш богино хугацаанд хүний амьдралыг үгүй хийдэг. Тэрбум төгрөгийн өрөнд орно гэдэг тэр хүн насаараа төлөөд барахгүй. Тэр битгий хэл бид ч 500.000 төгрөгийн лизингээр авсан гар утсаа алдчихаад яадаг билээ. Хэд хоног бодоод л, нүдэнд харагдаад, тэгдэг ч байж, ингэдэг ч байж гэж харамсдаг. Мөрийтэй тоглоод хамаг байдгаа алдсан хүн үүнээс ч дор юм болно.

-Амиа хорлох сэдэл төрнө гэдэг л хамгийн аюултай юм?

-Хяналтгүй, 50, 100 саяар алдаад ирэхээр хэн нэгэн мөнгөө нэхнэ. Түүнийг нь олж өгөх гээд янз бүрийн буруу зүйл хийнэ. Сүүлдээ явах газаргүй болно. Энэ нь асар их дарамт үүсгэж гишгэх газаргүй болоод ирэхээр айна, ичнэ. Санаа зовно, мөнгөө бодно. Ингээд ирэхээр хүн сэтгэл санаагаар унасаар ерөөсөө үүнийг шийдвэрлэх арга нь амиа хорлох л юм байна. Ингэж л асуудлыг шийдье гэдэг бодол орж ирнэ. Тийм бодол эхэлж зурвасхан орж ирээд шууд үйлдэл хийхгүй. Яваандаа “Эндээс гарах ганц гарц л энэ байна” гэдэг зүйл дээр очоод мухардчихдаг.Угтаа залууст их бага мөнгө олох нь чухал биш. Хүн амьдрал ахуйгаа залгуулж эрүүл амьдралын хэв маягаар л амьдрах ёстой. Олж байгаа мөнгө нь цалингийн доод хэмжээ байсан ч хамаагүй. Хүүхдээ цэцэрлэгт нь өгөөд, орой ажлаасаа ирээд хоол ундаа идэн, гэртээ амраад зурагтаа үзээд сайхан амрах гэдэг амьдралын зөв хэв маяг юм.

-Яагаад өнөөдөр монгол залуус мөрийтэй тоглоомонд донтох болчихов. Мэргэжлийн хүний хувьд та юу гэж шинжилж байна вэ?

-Мөрийтэй тоглоомоор баяждаг гэдэг агуулга л залуусыг уруу татдаг. Үнэн хэрэг дээрээ тийм биш. Хамгийн гол нь мөрийтэй тоглоомонд донтох гэдэг жаахан цаашаа явахад л асар том гарах гарцгүй зүйл рүү орох үүд нь нээгдэчихэж байгаа гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй.

Мөрийтэй тоглоомоос бөөн бөөнөөр олоод баяждаг гэдэг агуулгын хэдэн хувь нь үнэн, хэд нь худлаа гэдгийг хэн ч мэдэхгүй. Хэн ч тогтоогоогүй. Залуусыг дуудаж оруулж байгаа хүмүүс “Болно, бүтнэ. Чи чадна” гээд л оруулж байгаа. Гэтэл цаана нь энэ бол зохион байгуулалттай, хэн нэгэн ашиг олдог л үйл явц. Тийм учраас ийм хүмүүсийн өгөөш, идэш болох вий гэдгээ маш сайн тунгааж бодохыг хичээ гэж хэлмээр байна.

Ер нь мөрийтэй тоглоомоор амьдрал ахуйгаа дээшлүүлээд явж байгаа тохиолдол байхгүй. Харин эсрэгээрээ асар их сэтгэлийн зовлон руу өөрийгөө хийчихэж байгаа юм. Өөрөөсөө гадна эцэг, эх, гэр бүлээ тэр чигээр нь ангал руу татчихдаг. Төлж барахааргүй өрөнд орно, хамаг эд хөрөнгөө зарна. Сүүлдээ амиа хорлоод нас барлаа гэхэд ард нь маш их сэтгэлийн дарамттай нөхцөлд хүмүүсийг үлдээж байгаа л асуудал.

-Мөрийтэй тоглоомонд ямар хүмүүс уруу татагддаг юм бэ?

-Тэр хэн байх нь хамаагүй. Дээд боловсролтой байж болно, олон хэл мэддэг байх нь хамаагүй, нэг л яваад орчихвол жингүйддэг. Хүн чинь их сонин. Уг нь “Би юу гэж донтох вэ дээ. Алдвал больчихно” гэж боддог. Гэтэл нэг тавьж үзээд алдаад л, дахиад тавихаар олоод байгаа юм шиг. Энэ чинь тактикийн юм шүү. Мөрийтэй тоглоом гэдэг том бизнес. 100.000 өгөөд тоглотол 200.000 олоод, 300.000 олоод дахиад 500.000 олох маягаар итгэлийг нь төрүүлдэг. Ингэж олоод байгаа юм чинь гээд том хөдлөөд л хамаг юмаа алддаг. Мөрийтэй тоглоом гэдэг чинь шударга тоглоом биш. Ашгийн төлөө хүн зохиосон программ шүү дээ.

-Мөрийтэй тоглосон залуусын ярьдгаар бол нэг хэсэг тоглоод бөөн өр ширэнд ороод больдог. Ухаарч, сайхан амьдрахыг зорьдог. Гэтэл нэг мэдэхэд дахиад орчихсон байдаг гэлцдэг?

-Ер нь мөрийтэй тоглоом хүнийг дон руу л хөтөлнө. Сэтгэцийн эмчийн хувьд харж байхад тавилан тодорхой хүмүүс ч байдаг. Яахав, донтолт эхэн үедээ асуудал биш. Гэхдээ хүний үг сонсож хэрэгжүүлэх хэцүү, тийм хүмүүс ч цөөхөн. Энгийн жишээ хэлж болох юм. Хүмүүс машин тэрэг унасаар жин нэмчихлээ. Алхана гэдэг. Маргааш нь босоод хүйтэн байвал машинаа нэг өдөр барьчихъя гээд яваад өгдөг. Ийм зүйл дээр хүртэл бид өөрийгөө өөрчлөхөд хэцүү. Дасгал хөдөлгөөн хийж гүйдэг болъё гэдэг хүн захаас аваад бий. Өглөө босоод гүйдэг нь хэд билээ. Гүйсэн ч яг хэвшил болгодог маш бага. Яг үүнтэй адилхан.

-Хэдий өөрчлөхөд, шийдэхэд хэцүү байлаа ч амиа хорлоход хүргэж байгаа шалтгааныг та тодорхой хэлээч?

-Тэр цаг мөч хүртэл толгойн дотроо асар их дарамтыг хурааж хуримтлуулаад маш хэцүү байдалд орж байгаа юм. Угаасаа би үүнийг хүч хүрэхгүй юм байна, насаараа ажиллаад төлж чадахгүй юм байна. Амьдрах хүсэл алга гэсээр яваандаа сэтгэл гутралд орно. Сэтгэл гутрал гэдэг амьдралаас ерөөсөө гэрэл гэгээтэй зүйлийг олж харах чадваргүй болохыг хэлдэг. Тэр хүн хичээгээд ч нэмэргүй. Орж ирж байгаа бодол нь хар бараан. Би хэн ч биш болсон, энэ хорвоо дээр надаас болж олон хүн зовж байна. Би байхгүй болчихвол энэ асуудал шийдэгдэх юм байна гэж боддог. Ингээд л үг дуу нь цөөрч, бусдаас өөрийгөө тусгаарлаад эхэлнэ. Сонирхдог байсан зүйлээ хаяна, уулздаг найз нөхдөөсөө зайгаа барина. Нөгөө л хэцүү бодол санаа нь эргэлдээстэй байж байгаад л гаргаж байгаа шийдвэр нь тэр.

-Ялангуяа залуу үеийнхэн их байна?

-Залуу хүн гэдэг төлөвшөөгүй үе. 40 хүрчихсэн хүн бол юмны наад цаадахыг хорин хэдтэй залуугаас илүү мэднэ. Амьдралын туршлагатай хүн бол энэ талаар нэг мессэж авахад энэ ер нь дэмий юм байна шүү гэж залуу хүмүүсээс илүү харах магадлалтай. Харин залуус бол хялбар аргаар мөнгө олно гэдэг бодолд хэт автдаг. Амархан аргаар мөнгийг олно гэдгийн цаана дандаа буруу зүйл байдаг. Загасанд дэгээ хаяад өгөхөд хамгийн амттай хоолыг шидээд өгчихдөг. Ямар гоё бэлэн хоол вэ гэхэд л цаана нь аюул байдаг. Дэгээнд ороод загасчинд баригддагтай яг адилхан.

Хүн бол алдаж онож болно. Гэхдээ мөрийтэй тоглоом, мансууруулах бодис, архи хэрэглэж туршаад болиод байдаг юм биш. Нэг алхахдаа амьдралаа сүйрүүлж болохгүй. Тийм том дэнчин тавьж болохгүй. Хамгийн аюултай нь нэг хамааралд орчихсон хүн хүнийг хайрлах энэрэх сэтгэлгүй болчихдог. Эцэг эхийнхээ үнэ цэнэтэй эд хөрөнгийг зарах энүүхэнд. Эцэг эхээ гудамжинд гарна гэдгийг ч тоохгүй. Бараг хүн худалддаг байсан бол худалдахад ч бэлэн байх аймшигтай зүйл рүү хөтөлдөг.

-СЭМҮТ-ийнхөн мөрийтэй тоглоомонд донтсон хүмүүсийн талаар судалгаа хийдэг үү?

-Донтолтын судалгаа хийхэд их бэрхшээлтэй. Архи тамхины судалгаа хийж болж байгаа юм. Архи уудгаа нуулаа гэхэд хамт амьдардаг хөрш нь хэлээд өгнө. Харин мансууруулах бодис дээр судалгаа хийхэд маш хэцүү. Би мансууурдаг донтой болчихсон, судалгааг чинь бөглөе гээд ирэхгүй. Судалгаа хийдэг аргачлал байдаг. Мөчрөөс салаалуулах гээд. Гэхдээ маш их бүтэлгүйтдэг.

Мөрийтэй тоглоомон дээр бидэнд нарийвчилсан судалгаа алга. Асуудалд ороод эмнэлэгт хандаж байгаа тохиолдол ч бага. Донтсон хүмүүсийн эцэг эх, ах эгч нь санаа зовоод эмнэлгийн байгууллагаас зөвлөгөө авдаг. Цаана нь хэдэн хүн донтож байгааг хэлэхэд хэцүү. Ялангуяа интернэт орчныг ашиглаад тоглоно гэдэг дэлхий дээр тэр олон мянган сүлжээний аль руу ч ороод тоглож байхыг үгүйсгэхгүй. Тэгэхээр тэдгээрийг хянах боломжгүй.

Хамгийн ноцтой нь нийгэм дээр асуудал болж гарч ирж байна гэдэг бол энэ асуудал тулгамдаж байгаа, цаашдаа илүү том асуудлыг үүсгэх нь байна шүү гэдгийг харуулж байгаа юм. Тиймээс бид цаашдаа зөвлөх гол зүйл бол залуус, өсвөр үеийнхэндээ мөрийтэй тоглоом гэдэг эрсдэлтэй шүү гэж урьдчилан сэргийлж ажиллах нь үр дүнтэй.

-Танайд ямар хүмүүс хандаж байх юм бэ. Жишээ хэлбэл?

-20 гаруй настай залуу мөрийтэй тоглож бөөн өр ширэнд орж, цагдаа шүүхдээ тулсан тохиолдол байгаа юм. Ямартаа ч тэр асуудлаасаа салсан. Хэдэн жил гүрийж ажиллаад амьдрал ахуй нь овоо жигдэрсэн. Гэтэл сая ковидоор ажил нь зогсоод ирэхээр мань хүн мөрийтэй тоглоомын яриа өрнөхөд буцаад татагдаад орчихсон. Ингээд өмнөх өрнөөсөө хамаагүй илүү том өрөнд орсон. Ковид гэдэг бол шалтаг л болохоос шалтгаан биш. Цаана нь үүссэн голомт тархинд байж л байсан. Ойр орчимд яриа өрнөх төдийд сэдэрчихэж байна шүү дээ.

-Донтсон хүн амиа хорлох, өөртөө аюултай байдал бий болгохоос өмнө яаж сэргийлж, зогсоож болох вэ?

-Энэ бол эцсийн шийдэл биш гэдгийг л ойлгох хэрэгтэй. Асуудалд орсон хүнд эцсийн шийд юм шиг л бодогддог. Тийм учраас ямар нэгэн байдлаар асуудал бишдээд байгаа мэдрэмж төрсөн үедээ маш хурдтай хэн нэгнээс тусламж авах хэрэгтэй. Асуудал бишдэж байгаа мэдрэмж төрж байгаа үе бол хамгийн чухал момент. Тэр үед л тусламж авах хэрэгтэй.

Нөгөө талаар тэр хүнтэй ойр байгаа найз нөхөд, мэддэг хүмүүс нь нэг л биш байгааг мэдсэн бол анхаарал тавих хэрэгтэй. Энэ хүн яасан юм бол, ажил төрлөөсөө халагдсан юм болов уу, хүний дарамтад орчихов уу, яагаад дуугаа хураачихав гэж соргог байх хэрэгтэй.

Нэгэнт тусламж авч чадсан бол тэр сэтгэл гутралыг эмчилж болдог. СЭМҮТ ийм хүмүүсийг хэвтүүлэн эмчилдэг. Амиа хорлох тухай бодолд хүргэсэн сэтгэл гутрал эмчлэгдэх бүрэн боломжтой

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​Д.Сосорбарам: Х.Баттулга аа, У.Хүрэлсүх ээ, миний хоёр дүү Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал ах шигээ болох вий DNN.mn

Маэстро Д.Сосорбарамтай ярилцлаа.


-Олон жил дуншсан АН-ын тамга тэмдгийг Дээд шүүх сая нэг талд гаргаж шийдээд байтал араас нь АН-ын өөр нэг бүлэг хүмүүс шүүх дээр яваад оччихлоо. Нөгөө л маргаан үргэлжлэх нь ээ гэж харахад хүргэж байна. Ер нь сүүлийн жилүүдэд өрнөж байгаа АН-ын үйл явцыг эрүүлээр дүгнэж ойлгохыг хүмүүс хүсч байгаа. Ингэхээр хоёулаа энэ сэдвээр ярих нь зөв байх?

-2000 оноос хойш эдүгээг хүртэл 22 жилийн хугацаанд Монгол Улс ямх ямхаар ухарсаар социализм руугаа орчихсон. Чөлөөт зах зээлийн эдийн засгийн нийгэм гэж ярьж байгаа боловч түүндээ их халтай бодлого явуулж байгаа учраас үүнтэй уялдаад 90 оны өмнөхийг санагалзсан, бүр тодруулж хэлэх юм бол гадны гар нөлөөгөөр явдаг төрийн тэргүүнтэй болоод удаж байна. Ер нь манай геополитикоос болж хойд, урд хөршийн асар их бусармаг нөлөө орж ирэх төлөв байнга байдаг. Түүн дээр төрийн тэргүүнүүд нь монгол хүмүүсийнхээ, сонгогчдынхоо нэрийг барьж хүнд байдлаас гарах, Монгол руу шунасан элдэв янзын бодлогоос эвтэйхэн гарах аргуудыг сүвэгчилж ирсэн юм билээ. Энэ чиг хандлага 2017 оноос хойш алдагдсан. Хэрэв цааш үргэлжлэх юм бол монгол үндэстний тусгаар тогтнолын баталгаа алдагдах сэжим харагдаад байгаа юм. Учир нь нийт монголчуудын оюун санааны болоод сэтгэлгээний зулай дээр байнга хутга билүүдэж байдаг харгис бодлого шингэсэн хэвээр байна. Ялангуяа сая хойд хөршийн өдөөсөн дайны цаг үетэй давхцаж манайд том сурталчилгаа явлаа. Энэ бол улайм цайм социалист фашист сурталчилгаа болсон.

-АН-ын даргын сунгааг хэлээд байна аа даа?

-Тийм. Монгол Улс өөрөө шүүхтэй, хуультай үндэстэн. Тийм учраас Дээд шүүх бусармаг үйлдэл гаргахгүй байх. Өмнө нь хууль, шүүхийнхэн маань хараат байсан. Одоо үүнээсээ гарах хэрэгтэй. Гарч ч байна. Түүний сэжим нь сая Улсын дээд шүүх АН-ын шинэчилсэн дүрмийг баталж, хүлээж авсан явдал.

АН-ын даргын сунгаа боллоо. Би үүнд бүр ангайж байгаа. Хойд Солонгост ч ийм явдал болдоггүй байх. Х.Баттулга 96.3 хувиар ялалт байгуулаад дараа нь намынхаа гишүүдийн их хурлаар 99.3 хувиар гарлаа гэв үү. АН-ын ухархайд ийм юм байна гэдэг үнэн эмгэнэлтэй, гашуудалтай хэрэг. Ухархай гэж би, нүд хараа, тархины асуудал яриад байна шүү дээ. МАН гэхээс илүү манай АН чинь социалист, коммунист, фашистуудаар дүүрчихсэн байсан юм байна. Энэ дүүргэлтийг Монголын олон лам хувраг, сэхээтнүүд, Ерөнхий сайдуудыг Монгол Улсын шүүхийн зөвшөөрөлгүйгээр өөрсдөө буудаж алж байсан коммунист КГБ-ынхан манайд хийж байгаа юм байна. Манайд Вещинскийн онолын үйл явц улам эрчимжиж байгаад хувь хүний хувьд түгшиж байгаа боловч одоо сэрэхгүй бол оройтлоо гэсэн бодолтой байна. Шулуухан хэлэхэд, би энэ сунгааг үүнтэй холбож үзэж байгаа.

Бид 1990 онд коммунист дэглэмийг халж чадсан шигээ, 1990-2000 он хүртэл чөлөөт зах зээл рүү гайгүй том алхсан шигээ хувь хүний эрх чөлөө, хувийн өмчийг, чөлөөт зах зээлийг жам ёсоор нь явуулахын тулд тэмцэх ёстой. Тэмцэхдээ хойноос, урдаас шидсэн чулууны үүрмэгийг монгол хүн бие бие рүүгээ нүүлгэж, биенээ устгах биш, аливаа юмны учрыг сайн олох хэрэгтэй. Хүн төөрч, будилж болно. Төөрсөн хүн зүг чигээ олоод очдогийн адилаар энэ төөрөгдлөөсөө одоо гарахгүй бол оройтно. Тэгэхээр АН-ын энэ үйл явц шинээр төрөх үйл явц гэж харж байгаа.

-АН-ын тамга, тэмдгийн маргаан, толхилцоон үргэлжилсэн энэ хугацаанд сонсож байсан хамгийн өөдрөг төсөөлөл байх чинь?

-Энэ бол Монгол Улсад тохиолдоод байгаа гашуудалтай явдал биш. Социалист орнуудад, тэд битгий хэл бусад Англи, Америк зэрэг хөгжингүй орнуудад КГБ-ын савар үргэлж байдаг юм байна. Тэгэхээр энэ бол үзэл санаагаараа, өөрөөр хэлбэл, тос усаараа ялгарахын эхлэл.

Аливаа муу юмны явдал суудал сайн юмны эхлэл гэдэг ланжгар үг байдаг даа. Барууны чиг баримжаатай, хөрөнгөтний үзлийг, шулуухан хэлэхэд капитализмыг бий болгохыг зорьж байгаа хүмүүс нэг талдаа гарах хэрэгтэй. Гурван сая гаруйхан хүмүүс хоорондоо ямар нэгэн толхиос, түлхээсээр биш, хүн бүрт байдаг тусгаар тогтнолыг хамгаалж, үндэстнээ аварч, улирч хоцорсон хуучин түүхийг давтахгүйгээр техник технологи, сэтгэлгээний энэ эрин зуун руу орохдоо улс төр мухар сүсэг хоёроос өөрийгөө аваад гардаг үзэл санааг оршоохийн тулд АН болон түүнийг дэмждэг, эрх чөлөөг үнэ цэнээ гэж боддог хүн бүр сэрэх цаг нь болчихсон. Тийм учраас нөхөд минь маргалдаад хэрэггүй, хар муухайгаар нэгэн рүүгээ чулуудаад яах юм. Үзэл санаа, мэдлэг оюунаараа өрсөлдөж зах зээлийн нийгмийн жам ёсны хөгжлөөр явъя л даа.

-С.Эрдэнэ, Х.Баттулга нарын ард АН-ын олон мянган гишүүд байгаа. С.Эрдэнийг Дээд шүүх батламжилж байхад Х.Баттулгыг дэмжиж, даргаараа сонгож байсан олон мянган хүн байлаа гэж хэлэх гээд байна л даа. Тэд өнөөдөр АН-ын хувьд юу болох юм бэ?

-Х.Баттулгыг 99.3 хувиар дэмжиж байгаа тэр хүмүүсийн толгойд яваа хүмүүст асуудал бий. Тэр нь товчхондоо авлига, мөнгөний асуудал байх магадлалтай. Түүгээр ч барахгүй цаашдаа сэжим нь гараад, танигдаад явна. Түүнийг дагасан эрх чөлөөний үнэ цэнийг хамгаалах гэсэн, төөрөлдсөн улс нэлээд байх тал бий. Бидэнтэй хамт ерэн онд явж байсан нөхдийн минь оюун санааг бохирдуулсан, зунгагтуулсан үзэл суртал их явжээ. Түүнд миний нөхдүүд их автсан байна. Үүн дээр бие биенээ сайхан, муухайгаар дуудаж хуваагдахын оронд цэвэр үзэл санаан дээрээ нэгдээд явах нь туйлын зөв.

Хувийн өмчид тулгуурласан, хувь хүний эрхийг дээдэлсэн, эрх чөлөөт ёс зүйт капиталист тогтолцоог бий болгохгүйгээр хэзээ ч хүн эрх чөлөөндөө эзэн байж чадахгүй. Энэ үгийг мянга байтугай хэдэн сая удаа давтах ёстой. Энэ ёс зүйт тогтолцоог цогцлоохын тулд тэр үзэл санаан дээрээ нэгдье. Хүчээр нэгд гэж тушаахгүй, сайн дураараа эвлэлдэн нэгдье. Ингэж ерөн оныхоо үйлсийг аврахгүй бол горьгүй болчихсон байна.

Ямартаа ч миний харж байгаагаар сайн үйл явдал болно. Гурван сая хүний дунд явж байгаа улс төрийн үйл явц юу юугүй барьцалдаан, түлхэлцээн, толхилцоон болчихгүй байх. Яахав, коммунист урхагийн түлхээсээр үймээн самуун дэгдээхийг үгүйсгэхгүй. Тэгэхээр хүн бүр үүн дээр өөр өөрийн үнэ цэнэтэй, өөрийнхөө удам судар ирээдүйгээ сайхнаар харсан, өвөг дээдсийнхээ бурууг нь таягдаж, зөвийг нь шингээсэн ухааныг нь хадгалж, явах чигийнхээ тэнхлэгийг рационал байлгаж явбал туйлын сайн байна гэж хэлэх байна.

Бачимддаг юм уу яадаг юм, бие рүүгээ зохихгүй, бүтэхгүй, бодитой бус үг үйлдлээр харгалдаж л байна. Бид харгалдаж, маргалдаж болно, хэрэлдэж ч болно. Харин зодолдож болохгүй. Гол нь мэтгэлцээн явуулж, санаа бодлоо хуваалцах хэрэгтэй. Энэ бол тийм арга ядсан хэрэг биш шүү дээ. Нүүр нүүрээ хараад дугуй ширээнд суу. Бие биенээсээ яг үнэнийг сонс л доо. Ялангуяа АН-д ийм үе ирчихсэн.

-За, та тэгж боддог юм байж. Танай нөхдөд ингэж мэтгэлцэх сэдэл, эрмэлзэл байх юм уу. Өнөөдөр бол бас л хоёр талд сууна шүү дээ?

-Дээд шүүхийн шийдвэр тодорхой болчихсон. Дээд шүүх дахиад өөр шийдвэр гаргахгүй байх. Гаргавал шившиг болно. Энэ бол тодорхой. Харин “Та нар дотроо учраа ол” гэж дахиж хэлэх байх. Тэгвэл учраа олох гээд явах хэрэгтэй. Үнэхээр учраа олохгүй бол “За уучлаарай, бид энэ намыг ерэн онд ийм үзэл санааны төлөө байгуулсан. Бид намынхаа суурийг тэр чигээр нь авч үлдэнэ” гээд л салах хэрэгтэй. Гэрчилгээ нь С.Эрдэнийн нэр дээр байна. Тэд шинэ намаа байгуулаад яв, эрх нь нээлттэй. Монгол Улс олон намын тогтолцоог сонгосон шүү дээ.

Одоогийн нөхцөл байдлаас харахад уяа явдал болно. 2024 оны сонгууль хүртэл уягдах байх. Тиймээс дотроо учраа олох үйл явц маш товчхон байгаасай гэж хүсч байна. Тэдэнд шинэ нам байгуулчихсан, суурь нь байгаа. МоАХ-г ч нам болгоод нийлүүлээд явах боломжтой. Ингээд явъя гээд салах хэрэгтэй.

-МоАХ гэснээс ардчилагчид та бүхний байгуулсан гэгддэг энэ холбоо юу болоод байна вэ?

-Би МоАХ-нд эмгэнэл илэрхийлмээр байна. Бид МоАХ-г анх шал өөр зорилгоор байгуулсан. Ер нь тэр үедээ ч тараачих байж гэж боддог. Би ч тухайн үед хэлж байсан. Тэгсэн бол бидний нэр сайнаар үлдэх байж дээ. Одоо яая гэхэв.

МоАХ-г АН-ын дэргэдэх булчирхай байгууллага болгоод нэлээд явсан. Сүүлдээ Х.Баттулга гэдэг хүн хувийнхаа өмч болгоод авчихлаа. Х.Баттулга дүү хүүгийн нэг тийм тэвчиж болмооргүй бохир аргууд байдаг юм. Нэг арга нь МоАХ-нд баатар цол олгоод батламж гардуулсан. Баатрынхаа батламж гардсан баахан хүмүүс сая сонгуулийн сунгаанд орсон. Тэд баатрууд мөн үү мөн. Ерэн оны тэр том давлагаанд ихэнх нь сонирхоод явсан байх, ихэнх нь итгэл үнэмшлээрээ явсан байх. Гэхдээ өнөөдөр зүхэгдээд байгаа цөөхөн хүн чинь жинхэнэ эрх чөлөөнийхөө үнэ цэнийг аваад үлджээ гэж харж байгаа.

Би боддог юм. Хүн эрх чөлөөнийхөө буянаар наймаа арилжаа, гэрээ хэлэлцээр хийгээд баяжих хэрэгтэй. Өмчтэй болох хэрэгтэй. Үр хүүхдэдээ өвлүүлэн үлдээх ёстой. Наймаалцаж болдоггүй ганц зүйл бол эрх чөлөө. Тэр бол амьсгалтай цуг ирдэг. Энэ дашрамд нэг зүйлийг хэлэхэд, би бардам үхэх хүн. Яагаад гэвэл би эрх чөлөөнийхөө үнэ цэнийн цулбуураас алдаагүй, тасдаагүй өдийг хүрч ирсэн.

-Х.Баттулгыг өнөөдөр хамгийн муу муухай хүн мэтээр ярьж, хэлж байна. Гэхдээ нэг зүйлийг асууя, та битгий бухимдаарай. Таны нөхөд болох Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нар ч Х.Баттулгаас ялгарахааргүй нэр хүнд нь унаж, босч байдаг. Хэрээ хэрээнийхээ харыг гайхав гэгчээр…?

-Би үүнд уурлаж бачимдаад яах юм бэ. Хамгийн бодитой харагдаж байгаа үйл явц бол монгол хүний оюун санаа тархийг бохирдуулж, зунгагтуулж байгаа эзэн бол яах аргагүй Х.Баттулга. Үүний бодит ялгаа юу гээч. Ц.Элбэгдорж Ерөнхий сайд, Ерөнхийлөгч байхдаа, Э.Бат-Үүл УИХ-ын гишүүн, Хотын дарга байхдаа янз бүрээр гүтгүүлж байсан ч нэг ч удаа хэвлэлийг, хувь хүмүүсийг шүүхэд өгчээ гэж сонсоогүй. Сонсоогүйгээр барахгүй би мэднэ. Харин ч хэвлэлийн эрх чөлөөг хамгаалж, “Та нар бол дөрөв дэх засаглал шүү” гэж тунхаглаж хуулийг нь санаачилж баталж явсан хүмүүс. Тэр үед нь Х.Баттулга цуг оролцож явсан ч байх.

Тэгж яривал манай Х.Баттулга, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл гурав надаас илүү зузаан. Би чинь ах хүний хувьд ханддаг, гэлээ гээд бидний харилцаа нимгэн гэж хэлэхгүй л дээ. Надад хэн нэгнийг өмөөрөөд гутаагаад явах ямар нэгэн сонирхол алга. Бодит явдал бол манай Женко дүү арай даварч, дэндэж байна. Сошиал ертөнцөөр хамгийн бохир юмыг энэ нөхөр хийж байна.

Харин чи зөв цагт нь асуулаа. Х.Баттулгын “100 эрхэм” нэвтрүүлэгт нь би орсон юм. Нөхөр өөрөө ч хөтлөөд явсан. Дараа нь “100 чухал сэдэв” гэдэгт нь ч очиж үгээ хэлж байсан. Би бол үндэстнийхээ өв, соёл бичгээр бахархдаг хүн. Тийм ч учраас дэмжсэн. Тэр битгий хэл Ерөнхийлөгч болоход нь хамгийн том дэмжлэг үзүүлсэн. Түүнийгээ би нүгэлтэй юм хийжээ гэж хэлэхгүй. Анзаараагүй явсан байна гэж өөрийгөө давхар шүүмжилж байгаа.

“100 эрхэм” дээр би “Малыш” Энхтүвшингийн тухай ярьсан юм. Тэр нөхөр С.Зоригийг нас барсны дараа “Би УИХ-ын гишүүн болно. Чи минь миний сурталчилгаанд явна. Ардчилсан холбооны “13”-ын гурав нь байхгүй. Нэг нь алуулсан, хоёр нь алсан. Алсан эзэд нь Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл хоёр. Тийм учраас би С.Зоригийнхоо оронд УИХ-ын гишүүн болно. Чи миний сурталчилгаанд явна шүү” гэж утсаар ярьж байсан. Энэ хүн бол НАХЯ-ны гар хөл байсан юм байна. НАХЯ-наас шидсэн чулуу байна гэж нэвтрүүлэг дээр хэлсэн үгийг минь мушгиж, хоёр нөхрийн минь эсрэг болгож гаргасан. Өөрөөр хэлбэл, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл хоёр С.Зоригийг алсан гэж намайг хэлсэн болгож тавьсан.

Тэгэхээр Х.Баттулгад шулуухан хэлэхэд, битгий монгол үндэстний эсрэг, коммунист дэглэмийн КГБ-ын гар хөл болоод бай, миний дүү. Одоо болно. Энэ чиний амьдралд хортой. Үндэстнээ байг гэхэд өөрийг чинь хамгаалж хэлье. Чиний амьдрал, ирээдүйд муухай үйл явдал болно. Коммунистууд угаас тэгдэг юм. Сахал Сталин Монголын Ерөнхий сайдуудыг буудан алж, олон сэхээтэн лам нарыг газарт булсан. Тийм учраас үүнд би үнэхээр эмзэг ханддаг. Магадгүй Х.Баттулгын залгаа нь өнөөдрийн Ерөнхийлөгч байх магадлалтай.

-Маш ноцтой мэдэгдэл байна шүү?

-Чи бод доо. Монгол Улсын түүхэнд гашуун үнэнээр бичсэн үг байдаг. “Манайх мөртлөө хүнийх болсон хүмүүс” гэж. 1937-1939 оны хоорондох их хядлагыг Х.Чойбалсан өөрөө толгойлсон. “Монгол Сталин” бэлдэнэ гэж Х.Чойбалсанг тодорхойлж авсан. Тэгээд Х.Чойбалсангийн хувь заяа эмгэнэлтэй төгссөн. Ю.Цэдэнбал гуайг Орост аваачиж гэрийн хорионд байлгаж байгаад яав. Тэд нарын дараагийн “Манайх мөртлөө хүнийх” болсон хоёр хүн тодорчихоод байгаа. Х.Баттулга аа, У.Хүрэлсүх ээ, миний хоёр дүү Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал ах шигээ болох вий. Үүнийг бид хэлэхгүй бол хэн хэлэх юм бэ.

Эд нар хүн бүрийн тархийг зунгагтуулж байна. Эрх чөлөөний төлөө тэмцэж явсан хүн бүр өнөөдөр коммунизм, фашизмыг бишрээд уналаа. Хүн төрөлхтний эсрэг өдөөж байгаа дайныг хар. Украин газар нутаг багатай, цөөхөн хүн амтай улс. Түүх давтагддаг юм байна. Ленин, Сталины үед украинчуудын тариалангийн газрыг дээрэмдэж, гурван сая тариачид нь өлсөж үхсэн. Олон зуун мянган хүн эрх чөлөө, амьдралынхаа үнэ цэнээр хядагдсан байдаг. Одоо энэ түүх давтагдаж байна. Тийм учраас Путин гэдэг хүн бол Сталины үргэлжлэл болсон харгислагч, нөгөө талдаа аймхай хүн юм байна. Тэр аймхай нөхөр манай нөхдийг маллачихаад байна.

Би энэ дайн, түрэмгийлэл, аллага хядлагыг эсэргүүцэж байгаа. Путиныг хядлагын бодлого явуулж байна гэж харж байгаа. 400 гаруй хүний цогцсыг зурагтаар харуулсан даа. Түүнийг хараад би үнэхээр хачин болсон. Малыг ч соёлтой нядлаад идэш уушиндаа хэрэглэдэг биз дээ. Гэтэл хүнийг шүү дээ. Тэгэхээр би Путин гэдэг хүнийг тэвчихгүй. Путины үзэл санаа Монголд нэвтрэхийг бүр ч тэвчихгүй. Ер нь бид нар яахаараа Оросын коммунистуудыг магтангаа Америк, Англи, Европын орнууд болон Өмнөд Солонгос, Япон зэрэг хөгжилтэй орнууд руу сурч, ажиллах хүсэлтэй байдаг юм бэ. Үүнд хариулах хүн байна уу.

Монгол хүмүүний ядмаг сэтгэлгээний зулай дээр хутга билүүдэж ирсэн КГБ “өргөмлүүдээрээ”дамжуулж энэ үндэстэнд байнга халдах аргаа газын хоолойгоор эрх чөлөөг минь багалзуурдаж байна. Сэрээч, сэтгэлгээгээ өөрчлөөч монголчууд аа.

-Ардчилал гажуудаж байна гэж ярих хүмүүс их болж. Ардчилагчид үүнийг яаж хүлээж авдаг юм бол?

-Эрх, чөлөө ардчилал хоёрыг заагтай ялгаж ойлгох хэрэгтэй. Ардчилал гээч чинь парламентын тогтолцоо. Ардчилал өнөөдөр гажчихаад байгаа юм биш. Ардчилал гээч тогтолцооны алдаа нь энэ байхгүй юу. Сонгуулиар олонхын санал авна. Олонхын саналыг юугаар ч авч болж байна. Архи дарс, мөнгөөр, бүр хакердаад авчихаж байна. Ингэж олонхын саналыг авчихаад парламентад олонх болж, гурван сая хүнээс цөөхүүлээ баяжаад байна аа даа. Үүнийг төрд өмч төвлөрүүлснээр хийж байгаа юм. Төрд өмч төвлөрөөд ирэхээр бизнес хийдэггүй, залхуучууд очоод цүнх барьж, дарга нарын халаасанд байдаг үлдэгдлээс шимж аваад авлигын тогтолцоо улам бэхжээд байгаа хэрэг.

Угтаа эрх чөлөө нь тэргүүнд нь явах ёстой. Аливаа нийгмийн үйл амьдралын эцэг нь эрх чөлөө. Эрх чөлөө байсан цагт олонх нь цөөнхөө сонсох ёстой юм уу, эсвэл цөөнх нь олонхдоо боолчлогдоод явах ёстой юу гэдэг асуудал яригдана. Нөгөө талаар хүний эрхийн асуудал дээр хүмүүний эрх, хувь хүний эрх хоёр ялгаатай. Хүмүүний эрх гэдэг олонхын тогтолцоо болоод явчихна. Хувь хүний эрх гэвэл хувь хүний эрхийн тусгаар тогтнолд хэнбугай ч халдаж болохгүй. Үндсэн хууль хувь хүнийг төрийн дарангуйллаас хамгаалсан баримт. Тиймээс Үндсэн хуулиар хамаагүй оролдож болохгүй. Манайх өнөөдөр Үндсэн хуульгүй орон болж байна. Үндсэн хуульд бичигдсэн ганц хоёр мухар тохир эрхийг үл тоодог болсон шүү дээ.

-Хүний эрх, эрх чөлөө ноцтой зөрчигдөж байгаатай санал нийлнэ. Аль ч шатанд санаанд оромгүйгээр зөрчигддөг болж шүү дээ?

-Ялангуяа бидний үеийнхэн ч бай, дараагийн үеийнхэн ч их юм уншиж судалж, улбаатай, даглуургатай явдал суудал, ажил үйлсэд хандахгүй бол горьгүй болчихсон юм байна. Нас, хүйс, царай зүсээр нь ялгаварлан гадуурхдаг чинь коммунист нийгэмд байдаг юм. Тэгэхээр манайх коммунизмшчихээд байгаагийн баталгаа нь энэ. Магадгүй 60 гарсан хүний уураг тархины зиндаанд гучин хэдтэй залуу хүрэхгүй байх магадлал өндөр.

Хүн чинь амьдралд туршигдаж байж бий болдог. Туршлагатай хүн гэж байхгүй, насаараа туршигдана. Чи энэ амьдралд тэнцэх үү, үгүй юү гэдгээр туршигдана. Ялангуяа капиталист нийгмийн тогтолцооны үед чи амьдарч чадах юм уу гэдгээрээ туршигдана. Эр нь эмийнхээ өмнө, өвчний өмнө, үхэл зовлонгийн өмнө гээд л. Тэгэхээр хүн туршигдаж байж оршин тогтнодог учраас амьдралын туршлагатай гэхээс илүү чи энэ туршилтад байж чадах уу үгүй юү гэдгээ өөрөө бий болгох ёстой.

-Үүнтэй холбоотой байж магад. Зах зээлийн нийгэм бол хэн тэмцэж чадсан нь үлддэг харгис нийгэм гэж хэлдэг. Өнөөдөр эсрэгээрээ монголчуудыг бэлэнчлэх сэтгэлгээтэй болгож гүйцлээ гэх юм?

-Үнэн. Хүнийг мал болгож байна. Сая ковидоор гэхэд бэлчээрийн даац хэтэрлээ гэдэг шиг дэлхийн даац хэтэрч хүнээ даахаа байлаа, хүнээ хорооно гэсэн коммунистууд байдаг. Улс орон бүрт тийм зүүнтнүүд байдаг бололтой. Тийм ч үүднээс ковидыг тархаасан гэж би харддаг. Тэгвэл энэ эмгэгээр далимдуулж монголчуудыг сайхан унтаахай болгож байгаад, хүүхдэд тэдийг өгнө, тэтгэврийг чинь тэглээд өгнө, түүнийг чинь хийгээд өгнө гээд ямар ч ажилгүй, анхиагүй унхиагүй, залхуу болгож байна. Үүнийг хэрхэвч дөвийлгөж зөвшөөрч болохгүй. Чиний амьдрал чамтай холбоотой. Чи зовж байгаа бол тэр зовлонгоо өөрөө дуусга, жаргаж байгаа бол жаргалаа өөрөө цогцлоо, гүйцээ.

Үүнийг хүмүүст шууд хандаж хэлдэг байх ёстой. Бид үүн дээр алдаж, тэд үүн дээр онож гэж рационал хэлдэг, бүх юмыг нууж, хуурч заль мэхээр хийдэггүй тогтолцоог бий болгож байж хүмүүс өөдөлнө. Монгол хүн гэдэг угжны хурга биш шүү.

-Монгол Улсын баатруудаас Дандар баатар хоригдож байсан түүхтэй. Хоёр дахь хүн нь Э.Бат-Үүл баатар болж таарав уу даа?

-Би Э.Бат-Үүлийгээ үнэхээр баатар хүн гэж бахархдаг. Яагаад гэвэл 1987, 1988 оны үед манай Сүхбаатарын Амарсанаа, Амарбаясгалан гээд лам, “Хонхны дуу”-ны С.Цогтсайхан нар нийлээд “Шинэ үе” гээд улс төрийн бүлгэм байгуулж, ухуулга хуудас наагаад явж байсан нь баримт болоод үлджээ. Үүнийг хүмүүс ярьдаггүй юм.

Э.Бат-Үүл НАХЯ-наас цаазаар авах ял сонсож байсан хүн шүү дээ. Тэр нь хүн алсан, хүрээ талсан гэмт үйлдэл биш учраас учир нь олдоо биз. Хөөрхий муу Эрдэнээ гуай тэр үеийн лидер байлаа. Тэгж алах ял сонсож байсан хүн өөрөө ерэн онд өлсгөлөн зарлаж коммунист тогтолцоог нураалцлаа. Нураасан гэхээр мань хүн уурладаг юм. Намайг битгий дөвийлгөөд бай гэдэг. Би Э.Бат-Үүлд хэлдэг юм. Би чиний оронд байсан “Би бол баатар мөн” гэж хэлнэ. Атаархаг, яадаг юм. Алах ял сонсчихоод үйл хэргээ үргэлжлүүлсэн хүнийг баатар гэхгүй юү гэх юм.

Өнөөдөр түүнийг баатар биш гэж янз бүрээр хэлэх нь бий. 32 жилийн турш энэ хүнийг өөд нь гаргахгүйгээр есөн шидээр нь гүтгэлээ. Одоо ч гүтгэсээр байна. С.Зоригийг алсан хүний тоонд Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл бид гурав онцгойлон цохогдоод фэйс дээр тавигдсан байна лээ.

-Та шүүх хуралд нь өдөржин суусан. Ямар үйл явц өрнөж байх юм бэ?

-Зорьж очоод шүүх хурлын процессыг нарийн ажиглалаа. Жаахан ичсэн. Хохирогч гээд байгаа талаас жаахан хүү, охин хоёрыг явуулчихаж. Прокурор гэж хоёр хүү баларсан. Тэр хурлыг шалавхан дуусаасай гэж бодсон. Прокурорууд нь эвгүй байдалд орж, ялласан тогтоолоо хамгаалж чаддаггүй юм байна. 61 дүгээр хуудас нь алга болчихсон ч гэнэ үү, ээрч муураад онигоо болсон.

Харин шүүгчид ямар гярхай юм бэ. Шүүгчид болон шүүхийн үйл явцад төр хөндлөнгөөс оролцохгүй бол манайд чадвартай шүүгчид байдаг юм байна гэж бахархсан. Шүүгчдийн нүдийг их харлаа. Юмыг бодитой хэлэх хэрэгтэй. Шүүгчид асуудлыг бодитоор олж хараад дүгнэж байгаа нь, прокуроруудаас асууж байгаа асуулт нь маш нарийн. Аль болох бодит үнэ цэнийг олох гэж байгаа нь харагдаж байсан. Тэгээд “Энэ чинь ямар ч гэмт хэргийн сэдэлгүй юм байна. Хэргийг буцаалаа” гээд л алх цохьчихсон. Тэгээд би нөхрийгөө өрөвдсөн./хэсэг дуугаа хураав.сур/

-Та хурал дууссаны дараа хүлээж байгаад Э.Бат-Үүл гуайг тосч аваад явсан. Тэр зургаас нэг их тайлбар шаардахгүй агуулга харагдсан л даа. Э.Бат-Үүл гуай гарч ирээд юу гэж ярих юм бэ?

-Шүүх хурлын үеэр нөхөртэйгөө шатан дээр нэг тааралдаж духан дээр нь үнсээд, ариун цэврийн өрөөнд бас нэг зөрсөн. Хууль шүүхийнхэнд эрүүл саруул бодолтой хүмүүс байна аа. Шүүх хурлын завсарлагааны үеэр байгаа өрөө рүү нь шагайсан чинь хянагч залуу “Ах аа, та ор ор, ороод ярь л даа” гэсэн нь ямар гоё санагдав аа. Тэгсэн УИХ-ын гишүүн АН-ын бүлгийн дарга Д.Ганбат яваад оччихсон, хоол цай болоод сууж байсан. Хоёулаа жаахан ярьж суулаа. Нөхөр маань шоронд байгаагаа тоож байгаа ч юм алга.

Э.Бат-Үүл 2000 онд “Малыш” Энхтүвшингээс болж бас нэг удаа хоригдсон шүү дээ. Гэр бүлээрээ хоол идээд сууж байхад нь явж очоод өдөж маргаан үүсгэсэн. Тэгэнгүүт цагдаа ирээд л бариад явсан. С.Зоригийн хэрэгт гүтгэх гээд бараагүй, гарч ирсэн. Тэгээд ч тэр үү, сая Э.Бат-Үүл “Одоогийн шорон чинь жигтэйхэн хөгжсөн юм байна. “Ганц худаг” чинь таван одтой буудал болчихож” гэж ярихаар нь би гайхсан шүү. Хэрэг хийгээгүй хүн нүүр бардам байдаг юм байна.

Шүүх хурал дуусаад хорих 409 дүгээр ангид очсон. Гэрээсээ гарч ирээд уулзаж байгаа юм шиг л хоёулаа уулзлаа. Би “Миний хөгшин одоо бие хаагаа сайн бодоод, үр хүүхэд, эхнэрээсээ зөрөхгүйгээр тайван сайхан бай. Одоо л биеэ сайн бодно шүү дээ” гэж хэлсэн юм.

-Ардчиллын гол хүнээ шоронд суулгачихлаа. Ардчилагчид нь арчаагүй байна уу даа гэсэн хандлага их явсан?

-Ер нь Э.Бат-Үүлдээ ч биш, эрх дархтан ч бай, эгэл жирийн нь ч бай юу юугүй шоронд аваачиж хийдэг муйхар аргаасаа Монгол Улс салах цаг болсон. Хэрэг явдал нь тогтоогдоогүй байхад шүүхээс түрүүлж прокурор, цагдаа нь нотлогдоогүй хэргийг ил зарлах жишээтэй. Энэ л тархи угаалт чинь шүү дээ. Хар муйхар буруу аргууд ямар ч хүнд хорлонтой. Орчин цаг байна даа, хилийн хорио тавьчих. Хэрэг явдал нь нотлогдоод ирвэл хотоос гаргахгүй болгочих. Бүр хэрэг явдал нь нарийсаад болохоо байлаа гэвэл дүүргээс нь битгий гарга. Баараагүй бол сая шүүх шийдвэрээ гарга, одоо шорондоо явуул. Хүний эрх яриад байдаг чинь л энэ.

Хэнийг ч бай шууд ял тохоож шоронд хийдгээ болих ёстой. Заавал эрх чөлөөг нь боосон газар аваачиж яах гээд байгаа юм бэ. Ард нь байгаа үр хүүхэд, хань ижил, хоёр талын аав ээж нь цаг шоронд ордог юм, хэцүү. Шүүх хүний эрх чөлөөг хамгаалдаг байгууллага болохоос биш даалгавраар ял өгдөг, ялын бодлогыг төлөвлөдөг газар биш.

-Улс орны цаг үеийн асуудлаар ганц хоёр зүйл асууя. Засгийн газар Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг төрд буцааж авлаа. Хувийн өмчийг төр дээрэмдсэн үйл явдал боллоо гэсэн шүүмжлэл үргэлжилсээр байна. Хүний эрх, хувийн өмчийг хамгаалдаг зах зээлийн нийгэмд энэ нь хэр зөв үйлдэл юм бэ?

-Дэлхийн түүхэнд төрд угаасаа мөнгө, өмч байхгүй. Тэр өмчийг төр татвар төлөгчдийн мөнгөөр бий болгодог түүхтэй. Ялангуяа социалстууд хувь хүний бий болгосон өмчийг нийгэмчилж хурааж авдаг. Манай өмнөх 100-гаад жилийн түүх чинь тийм. Нэгдэлжих хөдөлгөөн нэрээр хувийн өмчийг бүгдийг нь хураасан. Миний өвөө гэхэд хамаг мал хуйгаа бүгдийг нь манай Баян-Овоо сумын “Санаачилга” нэгдлийн санаачилгаар хураалгаж байсан түүхийг би хүүхэд ахуйгаасаа мэдэх юм.

Салхитын мөнгөний орд л гэнэ, Хөтөл, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг төр маш хурдан хурааж авлаа. Үүнийг социалистууд, коммунистууд, фашистуудын хийдэг юм. Хэрэв тэр өмчлөл нь хуудуудтай, буруутай хувьчлагдсан юм уу, эсвэл ямар нэгэн онцгой эрхээр хувь хүнд очсон, тэр дотор албан тушаалаа урвуулан ашигласан үйл явдлын мөр харагдах юм бол тэр мөрөөр нь судлаад шүүхээр шийдэх ёстой юм. Шүүх хянаж үзээд Хөтөлийг төр авах нь зөв байсан юм байна, хувьчлал нь буруу явжээ гэж шийдэж болно. Тэгээд эргээд зөв голдирлоор нь хувьчлах алхмыг хийх ёстой.

-Шүүх биш Засгийн газар л шийдээд, хураагаад явчихлаа?

-Энэ Оюун-Эрдэнэ гэдэг залуу хожим айхтар хар юманд унана. Хайран залуу хүн. Миний дээр ярьсан “Санаачилга” нэгдлийн шинэ хувилбар 90 оноос хойш өнөөдөр гараад ирлээ. Үүний нүглийг Засгийн газрын гишүүд, толгойлж байсан хүмүүс хожим нь үүрдэг.

Гэхдээ урагшаа явж байгаа эрин зуун байна даа, голдиролдоо орох байх гэж найдаж байгаа. Би монгол үндэстнийхээ ирээдүйг муухайгаар харахгүй байна. Тийм ч учраас түүнийхээ төлөө байнга явдаг. Би амьдралдаа хазайсан, гулзайсан, ухарсан түүх надад байхгүй. Өөрийнхөө олж харсан үзэл санаанд тууштай явж өдийд хүрсэн. Ухрах ч үгүй. Надад алдаж оносон юм бий. Хүн таниагүй, төөрсөн будилсан ч зүйл бий. Гэхдээ би нөхдийнхөө явж байгаа шиг төөрөөгүй. Би үүнийг бардам хэлнэ. Энэ төөрөгдлийг олоод хардаг, төөрсөн бол түүнээсээ гарчихдаг цөөхөн хүн байдаг юм байна. Би түүнийг олдмол биш төрдөг юм байна гэж харж байгаа.

Тэгэхээр төрөлхөөс заяагдмал, миний амьсгалтай цуг ирсэн эрх чөлөө, бодол сэдлийг хэнбугай ч хулгайлах эрхгүй.

-Тэгвэл таныхаар шийдэл нь юу юм бэ?

-Төр эдийн засаг хоёр “гэрлэлт”-ээ цуцлуулах хэрэгтэй. Эдийн засаг руу төр хутгалдахгүй байх хэрэгтэй. Үүний тулд төр маш цомхон болох хэрэгтэй. Гуравхан сая хүн амд 7-9 яам хангалттай. Элдэв долоон СЗХ, ШӨХТГ, МХЕГ гэх мэт дайвар булчирхай шиг газрууд яам яамандаа очоод л бол оо. Дэд сайд нар ч ерөөсөө хэрэггүй.

Төрийн өмчийг ил тод нээлттэй ярьж, хэлэлцэж худалдаалах, арилжаалах хэрэгтэй. Ингэхгүй бол төрд байгаа өмч рүү чинь очиж бэлэнчлэх сэтгэлгээнд автсан хүмүүс байсаар л байна. Ялангуяа залуус. Залуус бизнесээ хий, явж сур. Та нарт боломж нь байна гээд явуулах хэрэгтэй. Тэд чинь муу юм л сурна. Өөрөө дараа нь зүдэрнэ, ар тал нь маш хар болно. Хувь заяа, үр хүүхдийнх нь ирээдүйд ч хар толбо үлдэнэ.

-Хэмнэлтийн горимоор яриагаа өндөрлөе. Хэмнэлт гэдэг хэдхэн машинаа халаад, хувцсаа тайлаад болчихдог асуудал биш. Түүнээс хэдэн зуугаар нугалах хөрөнгийг төр засаг өөрсдөө идчихсэн хэрэгт уначихсан байгаа биз дээ?

-Хэмнэлтийн горим гэж ярихаас өмнө ковидын үеэр монголчуудад ирсэн буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийнхээ тайланг тавь гэж хэлмээр байна. Танай сониноор дамжуулаад үүнийг дахиад шаардъя.

Хэмнэлтийн горим бол миний хувьд их хялбархан. Төрд байгаа өмчөө эрэмбэ дараатай, цэгцтэй хувьчлаад эхэл. Дээр хэлсэн дээ, дэд сайдуудаа татан буулга, яамдаа цөөл. 7-9 яамтай болчих. Бизнест хутгалдахаа боль.

Манай Ерөнхийлөгч “Чөлөөт зах зээл гэж байхгүй. Төрийн зохицуулалттай зах зээл гэж байна” гэж дэлхий дээр хэлсэн анхны хүн шүү дээ /инээв/. Үгүй юм аа. Чөлөөт зах зээлийг жамаар нь явуулчих. Бизнесийн таатай орчин бүрдүүл, үүний тулд татварын таатай орчин хэрэгтэй. Татварыг эрс бууруул, зарим давхардсан татваруудыг тэглэ. Жишээ нь, экспорт, импортын татварыг нэг хэсэг тэглээд хаячих. Тэгээд л бол оо.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Жагсаалаас баривчлагдсан залуу: Цагдаа нар гэнэт араас угзчиж татаад, алгадаж, дагз руу хүчтэй цохиод л аваад явсан DNN.mn

-Ардчилсан улсад байгаа залуус яагаад айх ёстой гэж. Ахиад ачвал ачиг гээд жагсаалаа үргэлжлүүлсэн-


Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэдийн томоохон жагсаал өнгөрсөн хэдэн өдөр төв талбайд үргэлжилсэн. Жагсаалд залуус голдуу оролцож, Засгийн газар, Ерөнхий сайдад олон шаардлагыг тавьж байсан юм. Жагсаалын эхний өдрийн орой цагдаа нар жагсагч залуусыг баривчилж байгаа үйл явц олны бухимдлыг төрүүлсэн. Цагдаа нар залуусыг угзчиж татан, цементэн дээгүүр чирж, дээрээс нь дэвсэлж байгаад авч явж буй дүрс бичлэг цацагдсан билээ.

Жагсаалын хоёр дахь өдрийн өглөө цагдаагийн байгууллагаас мэдээлэхдээ согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүс жагсаалыг өөр бүтэцтэй болгож, өдөөн турхирч байсан. 20 гаруй хүнийг сааатуулснаас 18 нь согтууруулах ундаа хэрэглэсэн нь тогтоогдсон гэж байв. Харин бодит байдал дээр 70 гаруй хүн баривчлагдсан тухай хэвлэлүүд мэдээлж байсан юм. Баривчлагдсан залуусын нэгтэй ярилцлаа. Тэрбээр нэрээ нууцлахыг хүссэн юм.


-Өөрийгөө танилцуулж болох уу?

-Би 19 настай.

-Жагсаалд очсон үеэс яриагаа эхлэх үү?

-Өглөө фэйсбүүк дээрээс жагсаалын бичлэгийг үзээд л найзтайгаа яваад очсон. Жагсаал дуустал талбай дээр байлаа. Анх явж очоод нэлээд гайхаж зогссон шүү.

-Яагаад?

-Бүгд бидний үеийн залуус, маш олуулаа байсан. Жагсана гэхээр өмнө нь нэг их санаанд буудаггүй байсан. Томчууд, эмээ, өвөө нар л жагсдаг тухай ойлгодог. Гэтэл тэр өглөө эмээ өвөө нар биш, бидний үеийнхэн самбар барьчихсан зогсож байгааг хараад нэг хэсэг гайхаж зогссон. Манай үеийнхэн ийм болчихсон юм уу гэж өөрөөсөө асуусан. Тэгээд л дунд нь яваад орсон.

-Чи лоозон барьсан уу?

-Үгүй. Заавал барих шаардлагагүй биз дээ. Гол нь үзэл бодлоороо нэгдэж байгаа нь чухал.

-Тийм л дээ. Ямар зүйлийг шаардаж байсан бэ?

-Барааны үнийг бууруулахыг л хүссэн. Дэлгүүрээс нэг талх, таван өндөг, нэг кг боорцог авахад 10 мянга гарчихаж байгаа. Энэ бол байж болохгүй зүйл.

-Залуусын үзэл бодлоо илэрхийлсэн лоозонгууд их содон байсан. Чамд таалагдсан уриа юу байв?

-“Улсаа биш доодохоо саа дарга нар аа” гэсэн нь таалагдсан (инээв). Бас маргааш өдрийнх нь жагсаал дээр “Ах нар нь ирлээ” гэсэн самбартай ах нар байсан даа. Тэр бас их содон байсан.

-Жагсаалын уур амьсгал ямар байв. Ус ундаа, хоол гээд?

-Зарим ах эгч нар ус, ундаа үнэгүй тарааж байснаас авч уусан. Бас “Шар доктор”-ын халуун чацарганаар биднийг дайлж байсан.

-Цагдаа нар хамгаалалтад гараад л. Орой нь ширүүсэх шиг болсон?

-Өдөр нь бол цөөхөн цагдаа л байсан. Үдээс хойш, оройдоо цагдаа нар автобус, автобусаар нэмэгдээд, П үсэг хэлбэртэй биднийг бүсэлсэн. Хүн гаргахгүй, оруулахгүй. Би бараг цагдаагийн машинд шүргүүлэхээ дөхсөн.

-Хэзээ нь?

-Төрийн ордноос согтуу хүн гарч ирэх үеэр. Цагдаа нар тэр хүнийг хамгаалалтад аваад машиндаа суулгаад маш ширүүн явсан шүү дээ. Тэр үед машинд нь шүргүүлэх дөхсөн шүү.

Тэгээд л дараа нь цагдаа нар талбай дээр нэмэгдсээр байсан. Биднийг бүсэлчихээд нэг хоёроороо явж байгаа залуусыг араас нь татаж унагаад өшиглөж зодоод эхэлсэн.

-Чи тэр үеэр баривчлагдсан уу?

-Үгүй. 03:00 цагийн үед цагдаа нар залуусыг тарцгаа гэж шаардсан. Залуус эхнээсээ явж эхэлсэн. Би ч явъя гэж бодоод найзтайгаа талбайн урд талын автобусны буудал руу явж байсан. Гэтэл замын гарцан дээр энгийн хувцастай хүн цамцны малгайнаас татаад, хажуунаас дүрэмт хувцастай цагдаа ирээд хамжаад боосон. Тэгээд шууд алгадаж, дагздаад л машин руугаа чирсэн.

-Эсэргүүцэж чадав уу?

-Яаж байна аа, ах аа. Би зүгээр л жагсаалд оролцсон ш дээ гэхэд өөдөөс “Цагдаа нарыг юу юу гэдэг гэнэ ээ” гээд л нүүр рүү алгадаж, дагз руу хэд хэд хүчтэй цохисон. Манараад л явчихсан. Дагз руу цохисноос болсон уу, толгой өвдөөд байгаа.

-Найзыг чинь бас аваад явсан уу?

-Тэгсэн. Найз маань “Өмгөөлөгч авч болох уу” гэж хэлсэн болохоор нэг их ширүүн хандаагүй юм билээ. Нэг л удаа толгой руу нь цохисон гэсэн. Би харин өмгөөлөгчийн талаар мэдэхгүй учраас олон цохиулсан байх. Биднийг 300 орчим метр газар авч яваад энгийн хар машинд суулгасан. Тэндээсээ талбайн зүүн талаас “Старикс” машинд суулгаад Дэнжийн мянгын тийшээ саатуулах байр руу авч явсан. Гавлуулаад явах эвгүй муухай юм билээ. Кино ч юм шиг.

-Хэдүүлээ явсан бэ. Ямар насны хүмүүс байв?

-Машинд бол долуулаа байсан. Тэр дунд 13 настай хүүхэд хүртэл баривчлагдсан байсан.

-13 настай гэдгийг яаж мэдэв?

-Цагдаа нар тэр хүүхдээс “Хэдэн настай вэ” гэж асуухад “Би 13 настай, ах аа” гэж байсан. Бид саатуулах байран дээр очиход тэр хүүхдийг дотогшоо аваад орсон. Түүнээс цааш юу болсныг мэдэхгүй. Бусад нь бол бидний үеийн залуус байсан.

-Хүүхдийг гавлаагүй биз дээ?

-Гавлаагүй.

-Цагдаа нар мэдэгдэхдээ ихэнх нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэсэн. Архи уусан залуус байсан уу?

-Тэнд баригдсан хүмүүсийг үлээлгэсэн. Ганц, хоёр хүн л халамцуу гарсан. Тэднийг эрүүлжүүлэх байр руу аваад явж байна лээ.

-Их л олон хүн саатуулагдсан гэх юм билээ?

-Биднийг 04:00 өнгөрч байхад саатуулах байранд хүргэсэн. Тэр үед 62 хүн баривчлагдаж ирсэн гэж дуулсан. 05:00 цаг өнгөрөөд дахиад хүмүүс нэмэгдсэн. Нийлээд 70, 80 хүрсэн гарсан байх.

-Саатуулах байран дээр та нарт яаж хандах юм бэ?

-Ер нь их ширүүн, муухай ааштай хүмүүс байдаг юм билээ. Өрөөнд 10-уулаа орсон. Бидний зарим нь орон дээр хэвтсэн чинь “Гуталтайгаа орон дээр хэвтдэг хэн бэ, чи. Буу, Битгий орон дээр хэвт, сууцгаа” гэж байсан.

Миний хувьд ам цангаад, шээс хүрээд байсан учраас ус өгөөч, ариун цэврийн өрөө орж болох уу гэхэд их дургүйцэж байна лээ. Тэгээд хүйтэн ус өгөөд л суулгасан.

-Баривчлагдсан хүмүүст эрхийг нь танилцуулах ёстой. Тийм процесс өрнөх юм уу?

-Үгүй. Би маргааш нь гарч ирээд л өмгөөлүүлэх эрхтэй гэдгээ мэдсэн. Мэдүүлэг авахдаа ч хэлээгүй. Харин шууд л “Жагсаал дээр хэдүүлээ байсан, яах гэж очсон бэ” гэсэн зүйлийг л асууж байсан.

-Гэрийнхэн чинь санаа зовсон байх. Дуулгаж амжаагүй биз ээ?

-Би эмээтэйгээ тэр өдөр байсан. Өглөө нь гарахдаа эмээдээ хэлээд явсан л даа. Мэдээж орой нь хэлж чадаагүй. Маргааш 13:00 цагийн үед гарч ирээд утсаа асаагаад эмээ рүүгээ залгаад хэлсэн. Мэдээж санаа нь зовж хоносон байсан. Саатуулагдаад гарч байна гэхэд маш их гайхсан.

Мэдүүлэг авах үеэр биднийг зөрчил, танхай гэсэн хоёр зүйл ангиар буруутгасан байсан. Би гайхаад “Би ямар нэгэн зөрчил гаргаагүй. Танхайн үйлдэл ч хийгээгүй” гэхэд цагдаа юу ч дуугараагүй. Ямартаа ч үзэл бодлоо илэрхийлэхээр очсоныхоо төлөө баривчлагдаж, саатуулагдсан явдалдаа эрхээ хамгаалуулахаар явж байгаа. Өмгөөлөгчид нэгдээд бидний эрхийг хамгаалахаар ирсэнд баярласан. Гарч ирэхэд өмгөөлөгчид бидний эрхийн талаар тайлбарлаж, тайвшруулж байсан. Тэд “Саатуулагдсан хүмүүсийг сулла гээд хүмүүс жагсаж байгаа” гэж хэлэхийг сонсоод маш их баярласан.

Ер нь цагдаа нар энгийн иргэдийн эрхийг маш их зөрчдөг юм байна гэж харсан. Өөрөөсөө доор албан тушаалтай хүмүүсийг дээрэлхдэг юм байна гэж бодогдсон.

-Айсан уу. Дахиад ийм жагсаалд оролцоход эрсдэлтэй юм байна гэж бодов уу?

-Үгүй. Маргааш нь гарч ирээд гэртээ очиж хувцсаа солиод шууд талбай дээр очиж эсэргүүцлээ үргэлжлүүлсэн. Залуус нэгдэж байсан нь надад маш том итгэлийг бий болгосон. Шинэ үе энэ улсыг авч явах юм байна, өөрчлөлт хийж чадах юм байна гэж харсан. Ардчилсан улсад байгаа залуус үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө яагаад айх ёстой гэж. Дахиад ачаад явбал яваг гэж бодсон.

Categories
мэдээ нийгэм

Н.Хандмаа: Шанхайд бүх хөдөлгөөнийг хорьсон. Хоол хүнс, эм тариа түгээх хүмүүс л мопедтой явж байгаа DNN.mn

БНХАУ-ын Шанхай хотод коронавирусийн халдвар нэмэгдэж, хатуу хөл хорио үргэлжилж байгааг олон улсын хэвлэлүүд мэдээлж байгаа билээ. Хөл хорионы үеэр хоол хүнсний хомсдолд орж, Шанхай хотын иргэд үймээн самуун дэгдээж байгаа. Түүнээс сэргийлж төр засгийнх нь зүгээс цэрэг арми, танк оруулж байгаа гэх мэдээлэл түгээд байгаа юм.


Шанхай хотод нөхцөл байдал ямар байгаа талаар тус хотын Жиутин дүүрэгт амьдарч буй Н.Хандмаатай холбогдож ярилцлаа.


-Шанхай хотод нөхцөл байдал хүнд байгаа талаар мэдээлэл гарсаар байна. Халдварын байдал ямар байна вэ?

-Өнөөдрийн /өчигдөр/ байдлаар коронавирусийн батлагдсан 1189 тохиолдол байна. Мөн дээр нь шинж тэмдэггүй 25141 хүн байна гэсэн албан ёсны мэдээлэл гарсан.

-Нас барсан тохиолдол бий юү?

-Миний мэдэхийн тийм тохиолдол гараагүй байх шүү.

-Хатуу хөл хорионы дэглэмтэй байгаа бололтой?

-Тийм ээ. Шанхай хот дотроо бүх хөдөлгөөнийг хатуу хорьсон. Зөвхөн шаардлагатай хүнс, хоол, эм түгээх зорилгоор мопедтой хүмүүс явж болно. Бусад тохиолдолд шууд хориотой.

Түүнээс гадна орон сууцны хотхонуудыг тус тусад нь тусгаарласан. Хотхон дотроо явж болно. Гэхдээ халдварын тохиолдол илэрвэл орцоор нь тусгаарлаж, хүн гаргахгүй байгаа. Бүх хотхоныг биш, халдварын тохиолдол олноор илэрсэн орц болон гэрийнх нь хаалгыг лацдаж байгаа гэж дуулсан.

Ингээд 14 хоногийн турш бүх шинжилгээгээр ямар ч тохиолдол илрээгүй бол тухайн хотхоныг чөлөөлнө гэсэн. Жинан дүүрэгт өчигдөр ганц нэг хотхон чөлөөлөгдсөн мэдээлэл байна лээ.

-Хөл хорионд орсон иргэд хүнс тэжээлийн дутагдалд орж үймээн самуун дэгдээж байгаа гэх юм. Бодит байдал ямар байх юм бэ?

-Яг манай орчимд бол хэвийн байна. Энд хоол хүнсний хомсдолд орсон зүйл байхгүй. Хүнсний хүргэлт хийх явцад халдвар тархаад байна гэж үзэж байгаа учраас хүргэлтийн ажилчдыг цөөлсөн. Гэхдээ хотхоноороо нэгдээд хүнсээ авахыг хориогүй. Жишээ нь, 50 хүн нийлбэл нэг удаа хүргэлт гарна, эсвэл үнийн дүн нь 2000 юань хүрвэл нэг удаа хүргэлт ирнэ гэх байдлаар зохион байгуулж байгаа.

Үймээн самууны хувьд Шанхай хотын захын дүүргүүдийн хөгшин настай хүмүүс амьдардаг хэсэгт тийм зүйл болж байгаа бичлэгийг манайхан харсан байсан. Учир нь настай хүмүүс онлайнаар хоол хүнсээ захиалж чадахгүй болохоор үүсч байгаа асуудал бололтой.

-Цэрэг армийнхан, бүр танк хотод оруулж байгаа бичлэг цахим орчинд түгсэн. Эсэргүүцсэн иргэдийг дарахын тулд хийж байгаа ажиллагаа гэж хардаж байх шиг байна?

-Энэ мэдээллийг хуурамч мэдээлэл гэж зарласан. Ард иргэдийг хуурамч мэдээлэлд итгэж, үймж шуугьж болохгүй гэж анхааруулж байгаа.

-Халдвар авсан бага насны хүүхдүүдийг эцэг эхээс нь тусгаарлаад авч явж байгаа гэв үү?

-Анх ийм тохиолдол гарч байсан. Одоо тэр шийдвэр нь өөрчлөгдөөд хүсвэл эцэг эхийн аль нэг нь өргөдөл гаргаад хүүхэдтэйгээ тусгаарлагдах боломжтой болсон юм билээ.

-Шинжилгээг яаж хийж байна вэ?

-Эмнэлэг дээр шинжилгээ авахгүй. Хотхон дээр эмч нар өөрсдөө ирээд зохион байгуулалттайгаар шинжилгээ авч байна. Дунджаар 3-4 хоногт нэг удаа ирж авдаг. Түүнээс гадна иргэд өөрсдөө гэрийн нөхцөлд авдаг антиген тестийг хоёр өдөрт нэг удаа өгч байгаа. Хариуг нь зурагжуулаад тестийнхээ QR кодыг вичатын зориулалтын аппликэйшн рүү нь илгээж хянуулдаг.

Бас дээр нь ковидын эм тарааж байгаа. Халуурсан, ханиадны шинж тэмдэг илэрсэн тохиолдолд уух заавартай. Тэгэхээр юу юугүй бүх хүнийг аваад явчихаж байгаа юм биш.

Түр эмнэлгүүд олон байгаа. Олон улсын үзэсгэлэн зохион байгуулдаг том төвийг тэр чигээр нь эмнэлэг болгож 50.000 ор дэлгэсэн мэдээлэл байсан.

-Эрүүл мэндийн байгууллагаас ямар зөвлөмж, зааврыг түлхүү өгч байна вэ?

-Энд хөршийн холбоод, СӨХ нь маш сайн ажилладаг. Орц болгон ви-чат групптэй. Түүгээрээ шаардлагатай бараа бүтээгдэхүүнээ айлууд хоорондоо сольж зарцгааж байна. СӨХ нь нэгдсэн журмаар засгаас тараасан хүнсний зүйлс, эм, ПСРтестийг нь тарааж байна.

-Тэдгээр нь хүртээмжтэй байж чадаж байна уу?

-Тухайн тоотод амьдарч байгаа хүн бүрийн тоогоор хоёр, хоёр удаа хоол хийж идэх гоймон тараана. Ихэнхийг нь хүмүүс өөрсдөө ви-чат групп үүсгээд бөөнөөрөө худалдаж авч байгаа. Яахав, энгийн үеэс авдгаас үнэ нь өндөр байна. Гэхдээ бүр хүн авч дийлдэхээргүй хаданд гарсан үнэтэй биш. Саяхан би 12 ширхэг кола ундаа авсан. Хэн нэгэн нь нэлээн олноор нь бөөндөж аваад хотхоны хүмүүстээ ширхэгийг нь гурван юаниар зарж байна лээ. Ширхэг кола энгийн үедээ 2.5-3 юань орчим байдаг.

Бидний хувьд бэрхшээлтэй байгаа зүйл бол хүргэлт удааширч байгаа асуудал.

-Тэгвэл бүр дордсон зүйл алга гэж ойлголоо?

-Миний хувьд хүн айж ичихээр хэцүү зүйл болоод байгаа юм огт алга. Онлайн худалдаанаас хүнс авах гээд чадахгүй байгаа ч хотхоныхоо хүмүүстэй нийлээд хүнсээ асуудалгүй авчихаж байна.

Найз нөхөд, танилууд маань “Шанхайд хүмүүс өлсөөд, сэтгэлээ унаад амиа хорлоод байна. Чи зүгээр үү, гайгүй юу” гэж ихээр асууж байгаа. Надад мах, сүү, гурил, будаа байна. Нэмээд ногоогоо жаахан базаачихвал асуудалгүй. Бараг дахиад нэг сар карантинд байсан ч тоох юм алга.

-Тест, эм тарианы хувьд хүртээмж нь хэр байна вэ?

-Ковидын эм, ПСРтест хүн бүрд хүрэлцээтэй ирж байгаа. Яг хүний тоогоор тоолоод өгдөг.

-Халдвар аваагүй тусгаарлагдаж байгаа хүмүүсийн хувьд ийм байж. Эмнэлэгт хэвтэж буй халдвартай хүмүүсийн бодит нөхцөл байдлын талаар мэдээлэл байна уу?

-Эмнэлэгт байгаа хүмүүс харин ч биднээс илүү хангамжтай байгаа бичлэгүүд яваад байгаа. Өдрийн гурван хоолтой, хангамж сайн байдаг бололтой.

-Вакцин хийж байгаа юу?

-Тодорхой нарийн мэдээлэл алга. Ямартаа ч гурав дахь тун хийгдсэн. Дөрөв дэх тун хийж байгаа эсэхийг мэдэхгүй байна. Миний хувьд хоёр дахь тунгаа хийлгэсэн, гурав дахийг хий гэж шаардсан зүйл алга.

-Шанхайд байгаа монголчуудын байдал ямар байна вэ. Хоорондоо холбоотой байдаг болов уу?

-Шанхай хот дахь Монголын Консулын газраас энд байгаа монголчуудыг асууж сураглаад нөхцөл байдлыг нь шалгаж байгаа. Бүгд л зүгээр байна гэцгээсэн юм билээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Төгсбаяр: Цагдаа нарын баривчилгааны үед 13 настай хүүхэд хүртэл саатуулагдсан мэдээлэл байна DNN.mn

Өнгөрсөн долоо хоногт төв талбайд болсон жагсаалын үеэр олон тооны залуусыг цагдаагийн байгууллагаас баривчилсан. Баривчлагдсан залуусын эрхийг хамгаалахаар өмгөөлөгчид нэгдэн ажиллаж эхэлсэн. Тэдгээр хуульч, өмгөөлөгчдийн нэг Г.Төгсбаяртай баривчилгааны үеэр хүний эрхийн зөрчил байсан болон өмгөөлүүлэх эрхээ эдэлж чадсан эсэх талаар ярилцлаа.


-Өнгөрсөн долоо хоногт төв талбайд болсон жагсаалын үеэр олон тооны залуусыг цагдаагийн байгууллагаас баривчилсан. Өмгөөлөгчид баривчлагдсан залуусын эрхийг хамгаалахаар нэгдсэн. Та бүхэн ямар үйл ажиллагаа явуулав?

-Энэ сарын 8-нд өмгөөлөгчид цахим хэлбэрээр зохион байгуулалтад орж шөнийн 03:00-04:00 цагийн орчимд саатуулагдсан иргэдэд эрх зүйн туслалцаа үзүүлэхээр Цагдаагийн ерөнхий газрын харьяа Түр саатуулах 111 дүгээр төвийн өмнө 09:00 цагийн үед цугларсан. Ч.Өнөржаргал, А.Пүрэвдулам нарын өмгөөлөгчдийн уриалгын дагуу 10 гаруй өмгөөлөгч сайн дураар нэгдсэн.

Түр саатуулах байран дээр анх биднийг очиход үүдний харуулууд “Тус төвд саатуулагдсан этгээд байхгүй” гэж мэдэгдсэн. Гэвч удалгүй тус төвийн удирдлагууд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлэл хийсэн шүү дээ. Түүний дагуу бид саатуулагдсан хүмүүст эрх зүйн туслалцаа үзүүлэх зорилгоор дотогш нэвтрэх хүсэлт гаргасан юм. Гэтэл бидний өөдөөс “Хүний эрхийн үндэсний комиссоос зохих албаны хүмүүс ирсэн, энд хүний эрх зөрчигдсөн асуудал байхгүй” гээд оруулахаас дахин татгалзсан.

-Саатуулагдсан залуусын ар гэрийнхэн бас очсон харагдсан?

-Биднийг очих үед хүүхдүүд нь саатуулагдсан гэсэн таван хүн гадна нь байсан. Бид эхлээд өөрсдөө дотогш орохыг хүссэн ч оруулаагүй учир тэдгээр иргэдтэй ярилцаад хүүхдүүдэд нь эрх зүйн туслалцаа үзүүлэх боломжоор хангаж өгөөч гэхэд бас л татгалзсан. Уг нь саатуулагдсан иргэн эрх зүйн туслалцаа авах эрхтэй шүү дээ. Ингээд 12:00-13:30 цагийн үед саатуулагдсан залуусыг суллаж эхэлсэн.

-Залуусын өмгөөлөл авах эрхийг хуулийн байгууллага хангаж чадав уу?

-Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.2-т зааснаар иргэд өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй гэдэг.

Энэ үйл явдлын хувьд баривчлагдсан хүмүүсийн энэхүү эрхийг нь хангаагүй гэж үзэж байгаа. Учир нь өмнө хэлсэнчлэн гадаа нь хүлээж байсан ар гэрийнхний хүсэлтээр таван иргэнийг өмгөөлөх хүсэлт гаргахад хүртэл өмгөөлөгчдийг оруулаагүй. -Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр 20 орчим хүнийг баривчилсан, тэдгээр хүмүүс жагсаалыг өдөөн турхирсан, буруу бүтэцтэй болгосон гэх тайлбарыг хийсэн. Бодит байдал дээр юу болсон юм бэ?

-ЦЕГ-ын Олон нийттэй харилцах албанаас хийсэн тэр мэдээллийг хараад гайхсан. Биднийг саатуулах байран дээр байх үед гэхэд л 30 хүн суллагдаад гарч ирсэн. Үүнийг баттай хэлэх байна.

-Залуус гарч ирээд юу гэх юм?

-Залуусын хэлж байгаагаар баривчлагдсан хүмүүсийг өөрсдөө тоолоход 76 хүн байсан гэсэн. Тэднийг зөвхөн талбай дээрээс баривчлаагүй. Ард кино театр, Дуурийн театр орчмоос баривчилсан байгаа юм.

-Баривчилгааны үеэр залуусын биед ноцтой халдаж байгаа үйлдлүүд олон нийтэд ил болсон. Энэ нь хүний эрхийн зөрчил мөн үү?

-Баривчлагдаад явж байгаа иргэнийг дэвсэлж буй бичлэг олон нийтэд түгсэн. Энэ бол яах аргагүй хүний эрхийн зөрчил мөн. Саатуулагдсан иргэдийн дунд 13 настай хүүхэд хүртэл байсан гэсэн. Залуучуудын хэлж байгаагаар цагдаа нар тэднийг бороохойгоор цохих, харааж заналхийлэхээс эхлээд ноцтой үйлдлүүд гаргасан тул үүнийг Хүний эрхийн үндэсний комисс болон холбогдох байгууллагууд нухацтай шалгах хэрэгтэй. Хамгийн ноцтой нь тэдгээр залуусын олонх нь тэр шөнө юу болсон, баривчилгааны дараа яасан талаар чөлөөтэй ярьж чадахгүй, айсан байдалтай байсан.

-Ноцтой зүйл болсон байж магадгүй гэсэн үг үү?

-Иргэдийг саатуулах үед болон саатуулагдсаны дараа хэрцгий, хүнлэг бусаар харьцаж, улмаар биед нь халдсан гэж залуучууд хэлж байгаа. Өмгөөлөгч авах, мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэйг сануулаагүй зэрэг нь хүний эрхийн зөрчил, цагдаагийн байгууллага, түүний алба хаагчдын хууль бус үйлдэлд тооцогдоно.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн 1.1-д зааснаар цагдаагийн байгууллагын алба хаагч нь холбогдогчийг хэн болохыг тогтоох зорилгоор зургаан цаг хүртэлх хугацаагаар саатуулж болдог. Мөн тус хуулийн 4.8 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт зааснаар мэдүүлэг авах ажиллагааг гурван цагаас илүү хугацаагаар явуулах бол 30 минутын завсарлага авах ёстой. Нэг удаагийн мэдүүлэг авах ажиллагаа нийт зургаан цагаас хэтэрч болохгүй.

Гэтэл үүрийн 03:40 цагаас эхэлж албадлагын арга хэмжээ авч саатуулж эхэлсэн гэж үзвэл үдийн 12:00 цаг хүртэл найман цаг илүү саатуулж, мэдүүлэг авсан байна. Мөн насанд хүрээгүй хүүхдээс мэдүүлэг авах бол дээрх хуулийн 4.9 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасны дагуу түүний хууль ёсны төлөөлөгч, эсвэл өмгөөлөгч, шаардлагатай тохиолдолд сурган хүмүүжүүлэгч, сэтгэл зүйч, нийгмийн ажилтны аль нэгийг байлцуулах ёстой гэх мэт шаардлагыг хангасан эсэх нь тодорхойгүй байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Замын-Үүдийн боомтоор хэвийн үед 650 машин ачаа орж ирдэг байсан бол одоо 80-90 машин нэвтэрч байна DNN.mn

Засгийн газраас импортын гол боомт болох Замын-Үүд дээр өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн гурван сарын хугацаатай онц дэглэм тогтоосон хугацаа энэ өдрүүдэд дуусч байна. Гэвч ачаа тээврийн нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх гол зорилго бүрэн биеллээ олж чадаагүй, өнөөдрийг хүртэл чингэлэг тээвэр, үнэ ханшны өсөлт яригдсаар байна. Үүнээс үүдэж дотоодын бараа бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдэж, иргэдийн амьжиргаанд том дарамт үүсгэсээр байгаа юм.

Экспортын хувьд ч ялгаагүй. Монгол Улсад долларын урсгалыг нэмэгдүүлэх гол бүтээгдэхүүн нүүрс, зэсний экспорт удаашралтай байгаа нь дотоодод валютын хомсдол үүсгэх нөхцөл болсоор байгаа юм.

Авто зам болон төмөр зам, агаарын тээврийн экспорт, импорт, тэр дундаа өнөө хэр шүүмжлэл дагуулсаар байгаа чингэлэг тээврийн асуудал өнөөдөр ямар байгаа талаар сурвалжиллаа.


Ц.Эрдэнэчулуун: Төр орж зохицуулж өгснөөр хил нээгдэж бараа бүтээгдэхүүнээ татаж эхэлсэн


Монгол Улсын боомтуудаар авто замаар ачаа, тээвэр хэрхэн хийгдэж байгаа мэдээлэл АТҮТ-д зангигдагдаж буй. Тиймээс тус төвийн дэд захирал Ц.Эрдэнэчулуунаас дараахь мэдээллийг тодрууллаа.


-Боомтуудаар ачаа тээвэр ямар хэмжээтэй хийгдэж байгаа талаарх сүүлийн үеийн мэдээллийг өгөхгүй юү?

-БНХАУ-аас Замын-Үүд, Ханги, Гашуунсухайт, Булганы боомтоор, ОХУ-аас Цагаан нуур, Боршоо, Алтанбулаг гэсэн долоон боомтоор өнөөдрийн байдлаар тээвэрлэлт хийж байна.

Замын-Үүдээр өдөрт 80-90 чингэлэг ачаа орж ирж байгаа. Ханги боомтоор өдөрт нүүрсний экспортод 120 орчим чингэлэг гарч байна. Гашуунсухайтын хувьд зэсийн баяжмал 32 тээврийн хэрэгсэл, нүүрс 210-220 тээврийн хэрэгслээр, Булганы боомтоор бол 130 тээврийн хэрэгслээр нүүрс экспортолж байна. Харин Боршоо, Цагаан нуур боомтоор голдуу газрын тосны бүтээгдэхүүн 10-20 тээврийн хэрэгслээр орж ирж байгаа бол Алтанбулаг боомтоор бараа материал Европын холбооны улсууд болон ОХУ-аас 30-40 тээврийн хэрэгслээр нэвтэрч байна.

-Хил гааль хэвийн байх үетэй харьцуулбал ямар байна вэ?

-Мэдээж экспортын бүтээгдэхүүн энгийн үед явдгаас хамаагүй бага. Учир нь БНХАУ ковидын нөхцөл байдлаас шалтгаалж халдвар хамгааллыг номер нэгт тавьж байгаа. Үүнээс шалтгаалж хилээр бараа бүтээгдэхүүн татан авалт багассан. Монгол талаас тээвэрлэлтийг нэмэгдүүлэх өндөр сонирхолтой байгаа. Импортын хувьд ч ялгаагүй. Цар тахлаас өмнө зуны улиралд Замын-Үүдийн боомтоор өдөрт 650 автомашин, өвлийн улиралд 300 орчим автомашин ачаа тээврийг нэвтрүүлдэг байлаа. Одоо бол өдөрт 80-90 орчим тээврийн хэрэгсэл л нэвтэрч байгаа.

-Чингэлэг тээврийн асуудал өнөөдөр ч яригдсаар байна. Үүнээс шалтгаалж ачаа тээвэр саатаж, үнэ ханш өсч байна гэх асуудлыг тодруулбал?

-Улс хоорондын ачаа тээвэр хоёр улс харилцан тохиролцсоны үндсэн дээр хийдэг. Манай талаас чингэлэг явуулна гэж дураараа шийдсэн зүйл байхгүй. БНХАУ халдвар хамгааллыг тэргүүн эгнээнд тавьж байгаа учраас хүний хавьтал бага үүсгэх арга хэлбэр бол чингэлэг тээвэр гэж үзэн өнгөрсөн нэгдүгээр сарын 11-нээс эхлэн хэрэгжүүлж байгаа.

Үнэ ханшийн хувьд Замын-Үүдээс Улаанбаатар хүртэл ачаа бараа тээвэрлэх үнэ бол тодорхой байгаа. 25-30 сая төгрөг гэж. Үүн дээр логистикийн төв дээр бага хэмжээний төлбөр нэмэгдэж байгаа. Харин хилийн дундын бүсээс логистикийн төв хүртэлх тээвэрлэлтийг төр өөрөө зохицуулж байгаа учраас ямар нэгэн нэмэлт төлбөр байхгүй. Одоо яригдаж байгаа үнэ ханшийн асуудал бол Эрээн талд байгаа.

 Бидний зүгээс өөр улсын боомт дээрх үнэ ханшийг тийм байх ёстой гэж барьж, тогтоож чадахгүй. Эрээн талаас “Бид чингэлгийг худалдаж байгаа зүйл байхгүй” гэж мэдэгдсээр байгаа. 

-Жолооч тээвэрчид, бизнес эрхлэгчид задгай тээвэрт шилжих ёстой гэж шаардсаар байгаа. Энэ асуудалд тодорхой шийдэл яригдаж байгаа юу?

-Мэдээж яригдаж байгаа. Зөвхөн чингэлэг тээвэр гэлтгүй боломжит бүхий л нөхцөлөөр ачаа тээврийг явуулах тал дээр ажиллаж байна. Жишээ нь, Өмнөд Монгол руу задгай тээврийг явуулах тал дээр хүсэлт тавьчихсан. Одоогоор шийдвэр гараагүй байна.

-Ачаа тээвэр дээр төр засаг орж ирснээр зохицуулах биш, улам илүү дарамт болчихлоо гэж шүүмжлэх хүмүүс байсаар байна. Үнэхээр тийм нөхцөл байдал ч бас харагдаад байна шүү дээ?

-Одоо явж байгаа зохицуулалтын процессыг жолооч тээвэрчид муу гэж хэлээгүй байх гэж ойлгож байгаа. Гол нь зөвхөн чингэлгээр явдаг биш, задгай тээврээр давхар явуулаач гэдэг асуудал яригддаг. Үнэ ханшийн хувьд төр энэ асуудалд орж ирснээр тодорхой, нээлттэй болсон.

БНХАУ-ын талаас 2021 оны аравдугаар сард хилээ хаасан. Манай тал хилээ нээлгэж бараа материал татахын тулд хүсэлт тавихад урд хөршийн зүгээс “Чингэлэг тээвэр явуулах шаардлагатай, Зөвшөөрөх үү” гэсэн. Зөвшөөрөөд л өнөөдрийг хүртэл ачаа тээврээ явуулж байна. Хэрэв зөвшөөрөөгүй, манайх задгай тээврээрээ явна гэсэн бол өнөөдөр ч хил хаалттай байх магадлалтай. Төрийн зүгээс тэр нөхцөлийг л бүрдүүлж, зохицуулж өгсөн. Мэдээж дээр нь үнэ ханшийг хэт өндөр хөөрөгдөхгүй байх тал дээр анхаарсан гэсэн юм.

Тэгвэл энэ асуудал дээр жолооч тээвэрчдийн хувьд эсрэг байр суурийг илэрхийлсээр байгаа юм. Тэд чингэлэг тээврийг манай төрийн албаныхны мөнгө угаах хэрэгсэл болж байна гэж шүүмжилж байгаа. Мөн чингэлэг тээвэр хийж эхэлснээр үнэ ханш тэнгэрт хадах, тэр нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлсөн гэж үзэж байв.


Жолооч Д.Мөнхбат: Чингэлэг тээврийн саналыг БНХАУ биш манай талаас гаргаж, мөнгө олох хэрэгсэл болгож байна


Замын-Үүдийн боомт дээр ачаа тээврийн нөхцөл байдал ямар байгаа талаар Замын-Үүдийн тээвэрчдийн зөвлөлийн гишүүн, жолооч Д.Мөнхбатаас тодрууллаа.


Замын-Үүд боомт дээр ачаа тээвэр хэрхэн хийгдэж байна. Жолооч нарын оролцоо байна уу?

-Засгийн газраас гурван сарын өмнө Замын-Үүд боомт дээр онцгой дэглэм тогтоосон. Тэр хугацаа нь өнөөдөр (өчигдөр) дуусч байгаа учраас цаашид яах юм бэ, тээвэрлэлт яаж явагдах талаар тодруулахаар тээвэрчид бид Замын-Үүд сумын Засаг даргын орлогч болон АТҮТ-ийн Замын-Үүд дэх салбарын даргатай уулзлаа. Ямар ч тодорхой мэдээлэл алга.

Төр засгаас чингэлэг тээвэр явуулж, бүх зүйл болж байгаа мэтээр ярьж байгаа ч бодит амьдрал дээр үр дүн гарсангүй шүү дээ. Ачаа тээврийг хангалттай хэмжээгээр оруулж ирж чадахгүй байна, ачаа тээврийнх нь үнэ буусангүй. Гэтэл халдвар нь улс орон даяар буурчихлаа. Төсвөөс их зардал гаргаад л хийгээд байсан баахан ажил нь үр дүн байхгүй. Уг нь тээврийн хэрэгсэл нь байна, тээвэрчид нь байна. Зохион байгуулаад л явуулчих зүйл дээр хөдлөхгүй байгаа нь тодорхой хүмүүсийн эрх ашгийн асуудал цаана нь байгаа юм.

Тээвэрчдийн хувьд өнгөрсөн оны аравдугаар сард хил хааснаас хойш өнөөдрийг хүртэл ямар ч тээвэр хийж чадахгүй байгаа. Хэзээ тээвэр хийх бол, ер нь хийлгэх нь үү гэсэн хүлээлтийн байдалтай олон мянган жолооч нар байна.

-Та бүхэн задгай тээврийг явуулах ёстой гэж байгаа. Төр засгийн зүгээс ярьж байгаагаар БНХАУ-ын талаас чингэлэг тээвэр явуулахыг шаардсанаар хийж байгаа гэх юм байна шүү дээ?

-Энэ бол худлаа. БНХАУ-ын талаас энэ саналыг тавиагүй. Харин манай талаас тавьсан байдаг. Анх хил хаагдахад урд талаас манайд таван шаардлага тавьсан. Түүний хамгийн сүүлчийнх нь чингэлэг тээврийн асуудал. Манай дарга нар өөрсдийнх нь эрх ашигт нийцсэн зүйл нь чингэлэг тээвэр байсан учраас өлгөж аваад л урд талд саналаа тавьсан байдаг юм билээ. Өөрөөр хэлбэл, чингэлэг тээврийг манай талаас тавьсан гэж ЗТХЯ-ны газрын дарга ярьж байсан удаатай. Мөн Эрээн дэх консул ч энэ тухай жолооч нарт ярьж байсан баримт байна. Нэг ёсондоо улс орныхоо эрх ашгийг бус амин хувиа хичээсэн, ашиг хайсан мафи л энэ зүйлийг эхлүүлсэн шүү дээ. Үүнд төр засгийн дээд удирдлагууд гэхээс илүү дунд, доод шатны хүмүүсийн буруу мэдээллээс л үүдэлтэй. Дээр нь нүүрс тээврийн компаниуд гэж маш но-той хэсэг бий.

-Ямар гэж?

-Ачаа тээврийнхэн бид чинь хилээр гарах гэж маш их оочер дараалал, шат дамжлагыг дамждаг. Гэтэл нүүрс тээврийнхэн бол унтаж байгаад л өглөө босоод машинаа бариад оочер дараалалгүй хилээр гараад явчихдаг бүрэн эрхтэй хүмүүс. Түүнийгээ ашиглаж нүүрсэн дотроо маш их бараа таваар нууж гаргадаг байсан асуудал ил болж байгаа. Үүнийг албаныхан ч өөрсдөө ярьж байна.

Нүүрсээ гаргаад орж ирэхдээ нэг чингэлэг ачааг 30-40 мянган юаниар ачдаг, тэдний л бизнес болсон шүү дээ.

-Хилийн үнэ ханш одоо ямар байна вэ?

-Одоо бол өдөрт 60 чингэлэг ачаа л орж ирж байгаа. Түүний ихэнх нь төмөр замаар ачигдаж байна. Үлдсэн тав, арван чингэлэг дээр 5000, 6000 жолооч нар өрсөлдөөд юу ч болохгүй байна шүү дээ. Тээвэрчид тээвэрт оролцохгүй олон сар болж байгаа. Гэтэл үнэ ханшийг тээвэрчид л өсгөөд байгаа юм шиг хар пи-ар хийж ирсэн. Анх бол 20 сая төгрөгөөр гурван чингэлэг ачаа оруулж ирж байсан бол одоо 90-120 саяд тогтчихсон. Энэ их өсөлтийн шалтгаан бол чингэлэг тээвэр гэв.

Боомтуудын ачаа тээврийн нөхцөл байдал ийм байдалтай байна. Долоон боомтоор ачаа бараа, нүүрс, зэс, газрын тосны бүтээгдэхүүний экспорт, импорт хийгдэж байгаа ч учир дутагдалтай. Өөрөөр хэлбэл, Замын-Үүд гэхэд хоногт 650 хүртэл автомашин нэвтэрч байсан бол одоо 80-90 төдий л байна. Чингэлэг тээврийг БНХАУ-ын талаас шаардсанаар хэрэгжүүлсэн ажил гэх ч жолооч тээвэрчид өөр байр суурьтай байгаа нь анхаарал татаж байгаа юм.

Цаашид хил гааль хэвийн байдалд шилжих цаг хугацаа тодорхойгүй. БНХАУ-ын талд цар тахлын нөхцөл байдал яаж ч эргэж болзошгүй байгаа нь манай улсын хувьд, ялангуяа импортын хувьд эргэлзээтэй байдалд байгааг албаны хүмүүс анхааруулж байв.

Тэгвэл авто тээврээс гадна агаарын тээвэр, төмөр замын тээврийн өнөөгийн нөцхөл байдлын талаар тодрууллаа.

Агаараар 2654 тонн ачаа тээвэрлэжээ

Агаарын тээврийн хувьд 2020, 2021 цар тахлын оргил үе таарч, багагүй хугацаанд тэг зогсолт хийсэн. Өнгөрсөн онд агаарын тээврээр 6194 тонн ачаа тээвэрлэсэн бөгөөд энэ нь 2020 оноос 148 хувиар өссөн үзүүлэлт аж. Нийт тээвэрлэсэн ачааны 99.8 хувийг олон улсын ачаа тээвэр, 0.2 хувийг орон нутгийн ачаа тээвэр эзэлжээ.

Тэгвэл он гарснаар эхний улиралд нийт олон улсаас 2654.5 тонн ачаа агаарын тээврээр хийгджээ. Харин орон нутагт эхний улиралд 3.5 тонн ачаа тээвэрлээд байгааг ИНЕГ-ын Агаарын тээврийн бодлого зохицуулалтын газраас мэдээллээ.


Эрээн өртөөний хүчин чадал бага байгаагаас ачаа тээврийг хангалттай нэвтрүүлж чадахгүй байна


Улаанбаатар төмөр замын хувьд авто тээврээс дутахгүй ачаа тээврийн томоохон урсгал юм. Өнөөдрийн байдлаар Замын-Үүд-Эрээн боомтоор хоногт 10 галт тэрэг ачаа тээвэр солилцож байна. Ерөөс Эрээн өртөө хоногт 14 галт тэрэг хүлээн авах хүчин чадалтай юм байна. Цаашид коронавирусийн халдвар хамгааллын дэглэмийг өндөр сахиулж чадвал БНХАУ-ын талаас Эрээн өртөөний хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар нааштай мэдээлэл ирүүлж байгааг албаны хүмүүс ярилаа.

Мөн Замын-Үүд-Эрээн өртөөнөөс гадна хойд хил дээрх Сүхбаатар-Наушки хилийн боомтод ч энэ асуудал тулгамдаж байгаа юм байна. Сүхбаатар өртөөний нэвтрүүлэх хүчин чадал хоногт 14 хос галт байхад Наушки өртөөнийх 10 хос галт тэрэг гэнэ. Яриа хэлэлцээрийн үр дүнд Наушки өртөөний хүчин чадлыг нэмэгдүүлэх бүтээн байгуулалтын ажил энэ онд эхлэхээр болжээ. Наушки өртөө Сүхбаатар өртөөний хүчин чадалтай дүйцэж ирвэл Монголоор дамжин өнгөрөх тээврийн хэмжээ нэмэгдэнэ гэж албаныхан онцолж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Д.Түвшинжаргал: Баруун аймгуудыг махны экспортын бүс болговол валют олох боломжтой DNN.mn

Санхүү эдийн засгийн их сургуулийн Экономиксийн дэд профессор Д.Түвшинжаргалтай ярилцлаа.


-Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг хөндлөнгөөс хэрхэн үнэлж байгааг тодруулмаар байна. Гадаад, дотоодын нөхцөл байдал, ковидын нөлөөлөл гээд таагүй цаг үе үргэлжилж байна?

-Монгол Улсын эдийн засаг хүнд байна. Экспорт, импортын хязгаарлалт, дээр нь хил гаалийн хязгаарлалт, хойд хөрш дээр үүссэн асуудал гээд таамаглаагүй, 2021 онд 2022 оныг төсөөлж байсан дүр зураг орвонгоор эргэсэн нөхцөл байдалтай. 2022 оныг дахиад шинээр харах хэрэгтэй болж байна. Уг нь 2021 онд ковидын хязгаарлалтууд дуусч, 2022 оныг их сэргэлтийн жил гэж төр засгийн түвшинд, хувийн секторынхон ч хүлээж байсан.

Таамаглаагүй нөхцөл байдал өнөөдөр ч үргэлжилж байна. Хойд талд үүссэн олон улсын асуудал манайд валютын ханш, импортын бараагаар нөлөөлж байна. Хоёрт, Хятадын хувьд коронавирусийн давлагаа дотоодынх нь асуудал болж хувирч байх шиг. Үүнээс үүдэлтэй хил гаалийг нээх дээр бас л хязгаарлалт үргэлжилсээр байна. Энэ бүхэн өөрөө эдийн засагт макро эдийн засгийн үзүүлэлтээр илрээд байгаа.

Эрэлт, нийлүүлэлтийг ярихад үнэ гэдэг энэ хоёрыг тохируулж байдаг зүйл. Хэрэв аль нэг нь хөдлөх юм бол үүнийг тохируулахын тулд өсч, буурч байдаг. Зүйрлэж хэлбэл, хаврын сард махны үнэ өсч, намар буурдагтай адил. Тэгэхээр валютын ханш, инфляцийн өсөлт нэг талаасаа гадаад хүчин зүйлийн үр дагавар, илрэл гэж харах ёстой.

-Арилжааны банкууд өнөөдөр гадаад гүйлгээндээ лимит тогтоочихсон, улс дотооддоо валютын хомсдолд орчихсон дүр зурагтай байна. Энэ нь бизнесүүдэд хүндээр тусч, эсэргүүцэл бухимдал ч нэмэгдэх шинжтэй?

-Энэ бол урдаас төлөвлөсөн зүйл биш. Энэ тохиолдолд авах хариу арга хэмжээ ч зах зээлийн бус, хяналтын, захиргаадалтын арга хэрэгслүүд явж байна. Үүнийг хатуу буруутгахад хэцүү.

Зах зээлийн эрэлт нийлүүлэлтээр зохицуулна гэж үзэх юм бол өнөөдрийн байгаа ханш, төв банкин дээр байгаа валютын нөөц богино хугацаанд шавхагдах эрсдэлтэй.

Учир нь 2008-2009 онд иймэрхүү нөхцөл байдал үүсч байсныг та бүхэн мэднэ. Тэр үед долларын гарах урсгал ихээр явж, богино хугацаанд төв банк валютынхаа нөөцийг багасгаж байсан. Өөрөөр хэлбэл, ханшийн өсөлтийг зөөлрүүлэхийн тулд нөөцөөсөө нийлүүлэлтийг ихээр хийснээс нөөц асар богино хугацаанд буурсан байдаг. Өнөөдрийн нөхцөлд зах зээл шийдэх ёстой, төв банк байгаа нөөцөө гаргах ёстой гэж үзвэл үр дүн төдийлөн сайн гарахгүй, байгаа нөөцөө шавхахаас л цаашгүй.

-Мэдээж энэ чигээр яваад байх нь хэцүү байдаг?

-Тийм. Валютын ханшийг хязгаарлах, импортын бараа үйлчилгээ авах шаардлагатай аж ахуйн нэгжүүдэд санхүүжилтийн эх үүсвэр олдохгүй байгаа нь том асуудал. Нөгөө талд эсрэгээрээ импортын бараа үйлчилгээний үнэ улам өсөх, шаардлагатай үйлдвэрүүд явагдахгүй байх эрсдэлтэй. Нэгэнтээ төр богино хугацаанд зохицуулалт хийх гэж байгаа бол түргэн, ойлгомжтой хариу үйлдлийг хийх ёстой. Тухайлбал, хөдөө аж ахуйн компаниуд тариалалтаа эхлүүлэхийн тулд шаардлагатай шатахуунаа авах, түүнтэй холбоотой зардал төсвийн тооцоо хийх гээд цаг нь тулчихсан асуудлууд байна. Үүнийг тал талдаа, хувийн секторын байгууллага, тухайн салбарыг хариуцаж байгаа төрийн захиргааны байгууллага хоорондоо маш сайн ойлголцохгүй бол тун удахгүй сөрөг үр дагавар гарч эхэлнэ.

-Гол асуудалдаа оръё. Хамгийн ойрын хугацаанд валютын урсгалыг яаж нэмэх вэ. Яаж орлого олох тухайд танаас хэрэгтэй саналууд сонсмоор байна?

-Богино хугацаа гэвэл энэ жилээр харж болох юм. Цаашлаад дунд хугацаанд иймэрхүү нөхцөл байдалд дахиж орохгүйн тулд юуг анхаарах ёстой вэ гэдгийг ярих ёстой.

Гол зүйл болох хил гаалийн асуудлыг шийдэх түвшинд, маш сайн чармайлтыг гаргах хэрэгтэй. Компанийн түвшинд гэхээс илүү дээд түвшинд шийдэх ёстой, нэн тэргүүний асуудал бол энэ.

Хоёрдугаарт, ОХУ хоригоосоо болж нүүрсний экспорт нь хязгаарлалтад орохоор болж байна. Хятад, Орос хоёр Засгийн газрын түвшиндээ 100 тэрбум тонн нүүрсний томоохон багц гэрээ хийчихсэн. Худалдан авагч талаас хэцүү болж эхэлж байна. Оросууд хоригт орчихлоо, нүүрсийг нь авлаа гэхэд төлбөр тооцоон дээр маш их саадтай учирна. Үүнийг дагаад олон улсын зах зээл дээр эрэлт нэмэгдэж, үнийн өсөлт явагдаж байна.

Тэгэхээр төрийн болон хувийн өмчийн нүүрсний компаниуд богино хугацааны нийлүүлэлтээсээ гадна урт хугацааны гэрээг хийх хэрэгтэй. Өнөөдрийн үнэ ханшаас арай хямдаар, таван жилийн гэрээг хийж болох юм. Манайд ийм туршлагууд бий л дээ. Чалкогийн гэрээ гээд л. Яахав, анхны хийсэн гэрээний үнэлгээ доогуур байсан. Эсрэгээрээ манай тал нэлээд их бэлэн мөнгө шаардсан учраас нөгөө тал өөрсдийнхөө шаардлагыг тавьсан байх. Өнөөдрийн нөхцөлд төрийн шахалт гэхээс илүү компанийн түвшинд тодорхой хугацаанд, хөнгөлөлттэйгөөр гэрээ байгуулах замаар валютын урсгалыг нэмэгдүүлж болох юм.

-Өөр та ямар санал хэлэх бол?

-Дараагийн нэг анхаарах ёстой зүйл бол Монгол Улс ковидыг давж байна. Манайх шиг ковидыг давж байгаа улс орнууд ч байна. Тэгэхээр энэ зуны саруудад аялал жуулчлалын салбарыг ашиглах боломж байна. Ковидоос өмнө зунд бид жилд 400 орчим мянган жуулчин авдаг байсан. Энэ зун ийм тоонд хүрэхгүй юм гэхэд 50 хувьд нь хүрэх хэмжээний жуулчдыг татах талаас ажиллах хэрэгтэй байна.

Хоёр хоногийн өмнө гол нэрийн бүтээгдэхүүн дээр хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэх хуулийг баталлаа. Үүн дээр нэмээд аялал жуулчлалын салбарыг оруулж ирэх ёстой байлаа. Учир нь аялал жуулчлал бол сүүлийн хоёр жил хорионд, ямар ч орлогогүй байсан салбар. Аялал жуулчлалын цөөнгүй компани дампуурсан. Тэсээд үлдсэн компаниудыг дэмжих талаас харах ёстой. Энэ бол богино хугацааны шийдэл.

Дараагийн нэг анхаарах ёстой зүйл бол махны экспорт. Яахав, манайд шүлхий өвчин тархаад байна л даа. Миний хийж байгаа судалгааны үр дүн, тоон статистикаас харахад баруун аймгуудад харьцангуй малын өвчлөл бага байдаг. Тэгэхээр Засгийн түвшинд баруун аймгийн хэмжээнд экспортын мах гаргах боломжтой. Хятад руу, Араб руу гээд хаашаа ч болно.

-Шүлхийгээс болж махны экспорт огт хөдлөхгүй байгаа шүү дээ. Яг ямар боломж байна гэж?

-Манай улс 2018 онд махны экспортоос 400 тэрбум төгрөгийн түүхэн дээд хэмжээний орлогыг олж байсан. Тэр жил Улаанбаатар хотод махны үнэ өсч, нийгмийн эсэргүүцэлтэй тулаад зогсоож байв. Гол нь зохицуулалтыг зөв хийх ёстой.

Баруун аймгийнхаа зоон дээр экспортыг нэмэгдүүлэх зохицуулалтыг хиймээр байгаа юм. Гэтэл манайд шал эсрэг зохицуулалт явж байна. Увс аймаг зудтай байвал квот өндөр өгье, Хөвсгөл аймагт зудтай бол квот өндөр өгье гэж халамжийн хэрэгсэл болгоод байна. Судалгаанаас харахад Улаанбаатарт гол нийлүүлэлт хийдэг хэсэг бол нийслэлийг тойрсон 400 км-ийн радиуст байгаа аймгууд болон зүүн гурван аймаг. Тэд л Улаанбаатар хотын хэрэглээг даачихдаг.

-Дэнжийн мянга дээр Увс, Ховдын мах бараг байхгүй шүү?

-Ирэхгүй. Тэгэхээр бид баруун аймгаас гадна жилд хамгийн их мах бэлтгэдэг Архангай, Хөвсгөл, Өвөрхангай дээр махны экспортын бүс байгуулах хэрэгтэй. Нөгөө талаас нь харвал тэдгээр аймгууд асар их бэлчээр, ус ашиглаж байна. Тийм юм бол яагаад улсдаа валют оруулдаггүй юм. Өмнө нь 2018 онд яагаад махны хомсдол үүссэн бэ гэхээр хязгаарлалт, зохицуулалтыг сайн хийгээгүйгээс хятадууд Улаанбаатараас мах түүчихсэн. Хүчит шонхорын махыг булаачихсан. Хүчит шонхорт зүүн аймгуудаас л мах ирсэн. Хөвсгөлөөс ирээгүй. Тэгэхээр баруун аймгийг л ашиглах ёстой. Мөн газар тариалангийн компаниуд дээр анхаарахгүй бол инфляцийн дараагийн хэлбэр үүсэх эрсдэл байна. Улаанбуудай, хүнсний ногооны асуудал бий болох эрсдэлтэй.

-Гаднаас доллар оруулж ирэхэд алсдаа ямар бодлого хэрэгтэй байна вэ?

-Таван жилээр ярья л даа. Багцлаад дурдвал уул уурхай ба уул уурхайн бус салбарт гадны хөрөнгө оруулалт татах нь чухал. Ялангуяа хөдөө аж ахуй дээр. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах, экспортлох дээр гадны хөрөнгө оруулалтыг дэмжих ёстой. Жишээ нь, Шинэ Зеланд гэхэд зөвхөн хонины экспортоосоо жилд 9.2 тэрбум ам.доллар олдог. Монголын жилийн дээд хэмжээ 10 тэрбум ам.доллар. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хэмжээнд жилд үйлдвэрлэсэн нийт бараа үйлчилгээ 10 тэрбум ам.долларт л эргэлддэг. Дээр нь энэ дүн дээрээ манайх 10 жил гацчихсан. Шинэ Зеланд тийм ч их хоньтой биш, манайхаас 10 саяар л их. Харин манайд хониноос гадна ямаа, үхэр, адуу, тэмээ байна.

Хоёрдугаарт, 10 жилийн турш 10 тэрбум ам.доллар дээрээ гацна гэдэг сууриар нь дээш ахиулдаг зүйл дээр бодлогын том өөрчлөлт гарахгүй байна. Хөрөнгө оруулалт, хуримтлал бий болгохгүй байна. Тэгэхээр хөрөнгө оруулалтыг хийх ёстой. Ноолуур дээр гэхэд “Говь” компани шиг дахиад гадны хөрөнгө оруулалттай ноолуур боловсруулах үйлдвэр Монголд хэрэгтэй. Үүнийг нийтийн эрх ашгийн үүднээс заавал дэмжих ёстой юм.

Түүнээс гадна Хятадын ч юмуу, зүүн өмнөд Азийн улс орнуудын хүнс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний эрэлтийг хангая гэвэл боловсруулаагүй бүтээгдэхүүнээр хангаж чадахгүй гэдгийг сүүлийн 20 жилийн түүх харуулж байна. Тийшээ гаръя гэвэл боловсруулах ёстой, стандартыг хангах ёстой. Үүнийг хэн хийдэг вэ гэхээр гадны хөрөнгө оруулалттай компани л хийдэг юм байна.

-Заавал яагаад гадны хөрөнгө оруулалттай гэж. Дотоодын аж ахуйн нэгжүүд хийх боломжгүй юу?

-Ганц жишээ хэлье. Хятад хүнсний ногоогоор маш том экспортлогч орон. Манайх Хятадын ногоо муу гэдэг. Яс юман дээрээ бид өөрсдөө л мууг нь авч ирдэг. Гэтэл Өмнөд Солонгос, Япон руу гаргадаг муж Хятадад байдаг. Судлаад үзэхээр ногоог нь аваад боловсруулдаг хэсэг нь гадны хөрөнгө оруулалттай компаниуд байдаг. Тэд л Япон, Солонгосын стандартыг хангадаг. Эс бөгөөс чанарын асуудал үүсдэг. Манайд ч ийм. Олон улсын стандарт хангадаггүй, баталгаажуулах лаборатори байдаггүй гэх мэт. Сүүлд нь хэлэх санаа бол хувьчлал. Төрийн банкийг өнөөдөр хүртэл яагаад хувьчилдаггүй юм бэ. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг оруулж ирсэн нь сайн. Төрд авах нь түр зуурынх байх ёстой. Тодорхой хувийг дотооддоо, тодорхой хэсгийг гадны хөрөнгө оруулагчдад хувьчлах ёстой юм. Энэ нь нэг талаар үр ашгийг ахиулах, дунд хугацаандаа валютын эх үүсвэрийг нэмэх боломж юм.