Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Нарантуяа: Эмнэлэгт нас баралт бүртгүүлж болохгүй гээд буцаадаг хүнлэг бус дүрэм журам үйлчилж байгаа нь хүний эрхийн зарчимд нийцэхгүй DNN.mn

ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяатай “Ковид- 19” цар тахлын хүний эрх, эрх чөлөөний сургамжийн талаар ярилцлаа. Уг сэдэв Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлд орсон билээ.


-“Ковид-19” цар тахлаас хүний эрх, эрх чөлөөний хувьд монголчууд ямар сургамж авав гэдгээс ярилцлагаа эхэлье?

-Хүний эрх, чөлөөний төлөв байдлын талаарх 21 дэх илтгэлд “Ковид-19” цар тахлын хүний эрх, эрх чөлөөний сургамж нэртэй бүлэг орсон. Энэ бүлэгт бид дөрвөн үндсэн асуудлыг тусгасан. Сургамжийн тухайд эдгээр дөрвөн бүлгээс онцолж ярихад Монгол Улсын Засгийн газар “ковид-19” цар тахлын халдвараас хүний амь насыг хамгаалах үүргээ биелүүлжээ гэж үзэж байгаа. Энэ нь нэгд, урт хугацаанд дотооддоо халдварыг өндөр үнээр буюу нийгэм эдийн засгийн өндөр өртөг төлж, хязгаарласан. Нөгөө талдаа дархлаажуулалтыг хурдан хугацаанд үр нөлөөтэй явуулсан нь нас баралтыг бууруулсан гэж дүгнэсэн. Гэхдээ эрүүл мэндийг хамгаалах, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлд хангалтгүй ажилласан гэж үзсэн. Энэ нь манай эрүүл мэндийн салбарын халдварт өвчинтэй тэмцэх суурь чадавх муу, хаа хаанаа бэлэн биш байсныг харууллаа. Түүгээр зогсохгүй тохиолдлын удирдлагын системд гэнэтийн зүйл гарч ирэхэд түүнд хариу арга хэмжээ авах чадавх аль, аль нь сул байлаа. Хэдийгээр бид 10 сарын хугацаанд дотооддоо халдвар тархахаас урьдчилан сэргийлж чадсан боловч энэ хугацаанд эрүүл мэндийн тусламж үзүүлэх бэлэн байдлаа хангаж чадсангүй. Уушги орлуулах аппаратын нөөц зэргээс үүнийг дүгнэж болно. Түүнээс гадна ХЭҮК-оос энэ талаар социологийн судалгааг хийсэн. Монгол Улсын иргэд цар тахлын үеэр эрүүл мэндийн тусламжийг хэрхэн авав, оношилгоо, эмчилгээ ямар байв, халдвар авсны дараах нөхөн сэргээх эмчилгээг хийлгэж чадсан уу зэрэг олон сэдвийг хамарсан судалгааны үр дүнг илтгэлд танилцуулсан байгаа.

Дүгнээд хэлэхэд, эрүүл мэндийн салбарын дотоод уялдаа холбоо муу, төсвийн зарцуулалт үр ашиггүй. Эмч, эрүүл мэндийн ажилтнуудын ажлын ачааллыг бууруулах талаар хангалтгүй ажилласан. Хүний нөөц, бодлого зохицуулалтын асуудал дутуу, цар тахлыг даван туулах бэлтгэл ажлыг хангах цаг хугацааг оновчтой ашиглаж чадаагүй зэрэг үндсэн шалтгаантай байна гэж дүгнэсэн.

-Цар тахлын үеэр дотоодоос болон гадаадаас цугларсан хандив тусламжийн зарцуулалтыг ил тод болгохгүй байгаа асуудлыг өнөөдөр хүртэл хөндөж байгаа. Үнэхээр ил тод болгох боломжгүй байгаа хэрэг үү. Судалгааны явцад энэ тал дээр та бүхэн анхаарав уу?

-Эрүүл мэндээ хамгаалуулах эрхийг төр хангаж чадсан уу гэдэг дүгнэлт хийхийн тулд хангалттай хэмжээний төсөв байсан уу гэдэг мэдээлэл чухал. Гэвч Комисст дүн шинжилгээ хийх хэмжээний хангалттай мэдээлэл ирээгүй. Энэ тухай мэдээлэл аль, аль шатандаа хангалтгүй байсан. Эрүүл мэндийн яамнаас төсвийн талаар маш товч мэдээлэл өгсөн. Тэр мэдээллийн хүрээнд эрүүл мэндийн салбар хэрхэн ажилласан талаар дүгнэлт хийхэд хангалтгүй байсан гэдгийг илтгэлд онцолсон байгаа. Түүнээс гадна Үндэсний аудитын газрын хяналт шинжилгээний үр дүнд гарсан зөрчилтэй асуудлууд, мөн эрүүл мэндийн салбарын дотоод аудит, судлаачдын ярьж байгаа санхүүгийн зөрчилтэй баримт фактуудаар бол эрүүл мэндийн салбар хийж чадах хэмжээнээсээ дутуу хийлээ гэж дүгнэж байгаа.

Эрүүл мэндийн яамнаас ирүүлсэн мэдээллээр 1.2 их наяд төгрөг цугларсан гэдэг. Улсын төсвөөс, Засгийн газрын нэмэлт санхүүжилт, эрүүл мэндийн даатгалын санхүүжилт зэргээс 800 орчим тэрбум төгрөг, олон улсын төсөл хөтөлбөрөөс 300 гаруй тэрбум төгрөг, иргэд аж ахуйн нэгжийн хандив 47.8 сая төгрөг гэх зэргээр нийт 1.2 их наяд төгрөгийн төсөв санхүү цугларчээ гэсэн мэдээлэл байгаа. Гэхдээ үүний зарцуулалт нь тодорхой биш. Дээрээс нь үр ашигтай зарцуулсан уу гэдэг асуудал байгаа. Жишээ нь, ХӨСҮТ-д хэвтэж эмчлүүлсэн хүнд ойролцоогоор 9.8 сая төгрөг зарцуулж байсан бол гэрээр эмчлүүлсэн өвчтөний төсөв 70-160 мянган төгрөг байсан. Үүнийг ХӨСҮТ-д эмчлүүлсэн хүний төсөвтэй харьцуулахад 61-140 дахин ялгаатай хэмжээний төсөв санхүү зарцуулсан гэсэн тооцоолол гарч байгаа. Үүнээс харахад нэгд, зарцуулалтын ил тод байдал, дээр нь оновчтой үр ашигтай зарцуулалт гэдэг хоёр зүйл дээр Комисс илтгэлд онцгойлон анхаарлаа хандуулж сануулсан.

-Хандив тусламж маш ихээр цугларсан. Таны хэлснээр үр ашигтай зарцуулалт хийгдэж чадаагүй гэх шүүмжлэл гардаг шүү дээ?

-ХӨСҮТ гэхэд улсдаа цорын ганц төв. Гэтэл нийтийн ариун цэврийн өрөө, агааржуулалтын нэг системтэй. Бохирын шугам нь Улаанаатар хотын төв шугамтай холбогддог. Энэ нь дахиад нийтийн эрүүл мэндийн гамшиг гарсан тохиолдолд улс даяараа эрсдэлд учруулахуйц нөхцөл байдалтай. Нэг ёсондоо одоогийн байгууламжууд эргээд хангалттай хамгаалалт, ухаалаг дэд бүтэц болж чадахгүй байгаа асуудал байгаа юм. Мөн эмч, эмнэлгийн ажилтнууддаа өгөх ёстой ковидын нэмэгдлийг өгөөгүйгээс гадна тэр үед ажилласан жолооч, үйлчлэгч нарт чиглсэн бодлого, тэдний хүчин зүтгэл чармайлтыг үнэлсэн үнэлгээ яригдаагүй. Энэ асуудлаар ХЭҮК-т маш олон хүн гомдол ирүүлж байсан.

-Илтгэлд онцолсон бас нэг асуудал анхаарал татсан. Тусламж хүсээд ирсэн иргэнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхээс татгалзсан тухай эмч нар ярьсан байсан шүү дээ. Хэрэв тусламж хүсч ирсэн хүн бүрийг авчихвал даатгалаас мөнгө олгогддоггүй зэргээр эмч нарыг дээрээс нь зэмлэсэн гэж. Энэ талаар тодруулаач?

-Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн бодлого, өгч байгаа чиглэл, дотоодод үйлчилж байгаа дүрэм журам хүнлэг биш, хүний эрхийн зарчимд нийцэхгүй байсан. Эмнэлэгт өвчтөн хүлээж авахад тодорхой дүрэм журмаар зохицуулах нь ойлгомжтой. Гэхдээ амь нас, аюулгүй байдал нь эрсдэлд орчихсон ноцтой тохиолдолд уян хатан ажиллах нөхцөл бололцоотой байх ёстой. Гэтэл харьяаллын биш хүнийг авахад даатгалаас санхүүжилт орж ирдэггүй. Эсвэл эмнэлэгт нас баралт бүртгүүлж болохгүй учраас нас барах эрсдэлтэй хүнийг авахгүй гэдэг зарчим чиглэл өгөгдөөд байгаа нь эргээд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, ялангуяа амь нас нь дээсэн дөрөөн дээр болчихсон хүнд хүргэхэд бэрхшээл учруулаад байгаа юм. Мөрдөгдөж байгаа дүрэм журам нэгдүгээрт, хүнлэг биш байна. Хоёрдугаарт, бодит амьдралд нийцэхгүй байна. Эрүүл мэндийн байгууллагуудын ажлын үзүүлэлтийг үнэлдэг үнэлгээ хүнлэг бус байна.

-Нас баралтаар эмнэлэг, эмчийн үйл ажиллагааг хэмжих гэдэг үнэхээр хүнлэг бус юм?

-Ганц ийм зүйлээр хэмжих юм бол нас барах эрсдэлтэй хүмүүст эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх боломж багасна гэсэн үг. Дүрэм журмаар хүний амь насыг аврах боломжийг хязгаарлаж болохгүй.

-Вакцинтай холбоотой нэлээд зөрчил, үл ойлголцол гарсан. Сайн дураар вакцинд хамрагдах төрийн шийдвэр гарсан ч бодит байдал дээр эсрэгээрээ байсан шүү?

-Илтгэлд орсон дараагийн асуудал бол дархлаажуулалттай холбоотой. Манай улс ямартаа ч хүн амаа өргөн хүрээтэй дархлаажуулсан нь үхлийг бууруулсан гэдгийг ярилцлагын эхэнд онцолсон шүү дээ. Гэхдээ үүнтэй холбоотой анхаарал татсан дөрвөн асуудал бий. Нэгдүгээрт, ковидын вакцин сөрөг нөлөөтэй юү, ямар төрлийн вакцин, хэрхэн үйлдвэрлэгдсэн зэрэг маш олон төрлийн мэдээллийг олон нийт хүсч байсан. Гэвч хариу мэдээлэл хангалтгүй байсан. Хоёрдугаарт, УОК-оос ковидын вакцинд хүмүүс сайн дураараа хамрагдана гэж зарласан ч зарим хувийн хэвшил, үйлчилгээний байгууллага, эсвэл хот хооронд зорчиход заавал вакцинд хамрагдах ёстой гэсэн шаардлага тавьж байсан. Бодит байдал дээр үүнээс болж хөдөлмөрлөх, чөлөөтэй зорчих эрх зөрчигдөж, үйлчилгээ авах боломжууд хязгаарлагдсан. Гуравдугаарт, вакцины сөрөг нөлөөллийг хянах, сөрөг нөлөө гарсан тохиолдолд арга хэмжээ авах бодлого үйл ажиллагааны зохицуулалт байгаагүй. Угтаа бол ХӨСҮТ болон Мэргэжлийн хяналтын байгууллага сөрөг урвалжийг хянах ёстой.

-Вакцин хийлгэсний дараа гэнэт нас барчихлаа, зүрх дэлсдэг, даралт ихэсдэг болчихлоо гээд олон зүйл яригдсан. Энэ маргааныг эцэслэж нэг тийш болгоогүй санагдаж байна?

-Эдгээр нь яг юунаас болов гэдгийг нягтлах ёстой. ДЭМБ-аас маш бага тохиолдолд цус бүлэгнэл урвалж үзүүлж болзошгүй гэдэг мэдээллийг өгч байхад Засгийн газар үүнтэй зэрэгцээд сөрөг нөлөөллийг хянах үйл ажиллагаагаа тодорхой болгох ёстой байлаа. Гэвч энэ ажлыг хийж чадаагүй гэсэн дүгнэлтийг Комисс хийж байгаа.

-Ковидын эхэн үед халдвар авсан хүний явсан газар, уулзсан хүмүүс гээд маршрутаар нь гаргаж ирээд зарладаг байлаа. Хувь хүний нууцаас эхлээд олон төрлийн эрх зөрчигдсөн гэж хүний эрхийн хуульчид үздэг. ХЭҮК үүн дээр ямар байр суурьтай байдаг вэ?

-Нэг сайн зүйл нь Ковидын хуульд иргэний улс төрийн эрх, эрх чөлөөг хязгаарлах зарчмыг олон улсын стандартад нийцүүлж хуульчилсан. Өөрөөр хэлбэл, хүний эрхийн хязгаарлалт хуулийг үндэслэсэн байх ёстой, хязгаарлах тухай хууль гарсан байх ёстой байсан. Хоёрдугаарт, тэр хязгаарлалт нь үр ашигтай байх ёстой. Ийм арга хэмжээ авсны үр дүнд ийм үр дүн гарна гэдгийг шинжлэх ухаанчаар тооцсон байх ёстой. Аль болох хүний эрхийг бага хязгаарлах ёстой. Гуравдугаарт, хүнийг ялгаварлан гадуурхаагүй байх ёстой. Гэвч ингэж хуулиндаа оруулсан ч огт мөрдөөгүй гэж бид дүгнэсэн. Жагсаал цуглаантай холбоотой, хувь хүний мэдээлэл, хувийн нууцтай холбоотой ямар ч ойлголтгүй байгаагаа төрийн байгууллагууд цар тахлын үеэр харуулсан.

Түүнээс гадна хоёрдугаар сард нь ХӨСҮТ-өөс PCR шинжилгээ хийж байгаа гэх мэдээллийг олон нийтэд өгөхдөө хүний овог нэр, нас хүйс, гадаад паспортын дугаар, шинжилгээний хариу, онош зэргийг харуулсан маягтыг олон нийтэд үзүүлж байх жишээтэй. Хүний хувийн мэдээллийг олон нийтэд цацаж болохгүй гэдгийг ерөөсөө ойлгоогүйн илрэл.

-Иргэн Д-г халдвар тараасан мэтээр яриад л, явсан маршрутыг нь зарлаад л. Эдгээр нь хүний эрхийн зөрчил мөн үү?

-Маргах шаардлагагүй хүний эрхийн зөрчил. Ялангуяа төрийн байгууллага, төрийн албан тушаалтан хувь хүний мэдээлэл, явсан маршрут, уулзсан хүн зэргийг олон нийтэд зарлах эрхгүй. Ганцхан Д-гийн асуудлаар тогтохгүй. Хөдөө орон нутагт энэ төрлийн маш олон кейс гарсан. Олон хүний бизнесийн үйл ажиллагаа хаагдах, ялгаварлан гадуурхагдах, нэр хоч авах, гэр орон руу нь чулуу шидэх гэх мэт үзэн ядалтыг бий болгосон. Дээрээс нь хувь хүний мэдээллийг технологи ашиглаж бүртгэл хийсэн нь ч анхаарал татаж байгаа. Үйлчилгээий газруудад иргэдийн байршлын дата их хэмжээгэээр цугларсан. Үүнийг халдвар зогсооход ашигласан уу, үр дүн гарсан уу гэдэг эргэлзээтэй. Ийм үр дүн гарсан, халдвараас ингэж урьдчилсан сэргийллээ гэсэн мэдээллийг төрийн аль ч байгууллагаас Комисст гаргаж өгөөгүй. Эрүүл мэндийг хамгалаахад үр дүнтэй байсан эсэх эргэлзээтэй. Харин ч үр дүн багатай байсан гэж бодож байгаа. Тэр мэдээлэл хувийн хэвшлийн байгууллагад, аппликэйшн хийсэн хүмүүст цугларсан. Үүний үр дагавар хэзээ яаж гарахыг одоо ч бид мэдэхгүй.

-Төр засгаас энэ цар тахлаас ямар сургамж авав, дараагийн цар тахалд бэлэн эсэх анализ хийсэн байдал өнөөдрийг хүртэл алга байна уу даа?

-Бид алдаж оноод “Ковид-19” цар тахлын хоёр жилийг тууллаа. Хамгийн чухал нь дараагийн эрүүл мэндийн гамшиг үүссэн тохиолдолд Монгол Улс ямар чадавх, ямар зохион байгуулалттай, ямар бодлоготой байх юм бэ гэдэг л чухал. “Ковид-19” цар тахлын удирдлагыг хэрэгжүүлж байсан байгууллагуудын тогтолцоонд үнэлгээг хийхэд маш их давхцалтай гарсан. Ерөнхийлөгч, Засгийн газар, УОК, Эрүүл мэндийн яам зэрэг бүгд оролцож шийдвэр гаргадаг. Шийдвэрүүд нь байнга өөрчлөгддөг. Сонгуулийн үр дүнд, Засаг огцроод өөрчлөгддөг. Ерөөсөө бид нийтийн эрүүл мэндийн гамшгаас хамгаалах тогтолцоо, бодлогоо эргэж харах шаардлагатай байна. Нийтийн эрүүл мэндийн гамшигт байдлыг даван туулна гэдэг зүгээр нэг вирусийг шилэн саванд бариад авчих асуудал биш. Нийгмийн олон нарийн түвэгтэй харилцаануудыг зохицуулах асуудал гэдгийг ойлгох, түүнийг шат шатандаа хүлээн зөвшөөрөх, шийдвэр гаргах, тогтолцоогоо шинэчлэх ёстой юм. ХЭҮК-оос нэг зүйлийг Засгийн газар, УОК, ОБЕГ, ЭМЯ-нд санал оруулж байгаа. Тэр бол нийтийн эрүүл мэндийн гамшгийн талаарх бодлогыг боловсронгуй болгоход хамтарч оролцъё гэдэг санал. Энэ асуудлаар манай байгууллагаас ирэх долоо хоногт холбогдох байгууллагуудтай албан уулзалт хийхээр товлоод байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Бүдүүн цариг нарийн байсан бол жилд 30 сая тонн нүүрс экспортолж, 12 тэрбум доллар олох байжээ DNN.mn

Өргөн, нарийн цариг…танктай хятадууд…төмөр замын гацаа… Ерөөсөө энэ сэдвийг сүүлийн 10 жил ярьж, бичиж ирлээ. Эцэст нь өргөн ч, нарийн ч царигаар нүүрсээ гаргаж чадаагүй, хил дээр хэдэн зуун км үргэлжилсэн тээврийн машинтай, гацсан Монгол хэвээрээ байна.

Одоогоос найман жилийн өмнө буюу 2014 онд УИХ-ын тогтоол батлагдаж, Засгийн газраас экспортын төмөр замыг нарийн царигтай барих шийдвэрийг гаргаж байв. Монголын төмөр замын бодлого яригдаж ирсэн хугацаа үүнээс ч эрт. Гэвч нарийн царигтай төмөр зам баригдаагүй. Экс Ерөнхийлөгч Х.Баттулгын “буянаар” нарийн царигийн бодлого өргөн болон хувирч, өнөөдрийн эцэс төгсгөлгүй гацаа эхэлсэн гэж дээр доргүй ярьдаг, хүлээн зөвшөөрдөг болов.

Чухамдаа нарийн цариг дэлхийн хөгжлийн чиг болчихсон өнөө үед бид ямар их эдийн засгийн боломжоо алдсаар байна вэ гэдэг л том аюул юм. Эдийн засагч Ч.Отгочулуугийн онцолсноор нарийн царигийн стандарт Германаас гаралтай бөгөөд дэлхийн нийт улс орнуудын 70 гаруй хувь нь ийм стандарттай болчихсон гэж байгаа. “Манай улсын экспортын 90 хувь нь нарийн царигтай улсууд руу хийгдэж байна. Өөрөөр хэлбэл, хэдийгээр ОХУ-тай бид өргөн царигтай холбоотой ч, тэр зүгт экспортолж байгаа бүтээгдэхүүн, тээврийн урсгал бараг байхгүй, харин манай худалдааны нийт урсгалын 90 хувь нь Зүүн Хойд Ази руу хийгдэж байна. Тиймээс экспортын төмөр зам нь нарийн байх нь манайд илүү ашигтай” гэж эдийн засагч Ч.Хашчулуун ярьдаг. Ерөөсөө нарийн цариг дэлхийн стандарт болчихжээ.

Манай эдийн засгийн гол хөшүүрэг нүүрсний экспортын гол хүлээн авагч БНХАУ дэлхийн бүхий л улс оронтой нарийн царигаар харилцаж байна. Монголтой гэхэд Ганц модны боомтоор нарийн царигаа тулгаж ирээд барьчихлаа. Нарийн царигтайсан бол сайхан боломж. Бид бол шилний цаадах чихрийг хараад шүлсээ залгихаас цаашгүй л байна. Саяхан хүртэл өргөн царигтай улс орон Монгол, ОХУ гэж яригдаж байсан бол манайх дэлхий дээр ганцаар үлдэж байх шиг байна. ОХУ хэдийнэ нарийн царигтай төмөр зам барьж, ашиг шимээ хүртээд эхэлчихсэн. Хойд хөрш аль 2013 онд зүүн талаар Манжууртай хиллэсэн нарийн царигийн 100 км төмөр замыг ашиглалтад оруулж байсан бол өнгөрсөн дөрөвдүгээр сард Алс дорнодын Нижнеленинское хотыг БНХАУ Тунзян боомттой нарийн царигийн төсөр зам бүхий гүүрээр холбосон мэдээлэл хуучраагүй байна. Энэ бол Монгол Улс экспортын төмөр замын боломжоо өдөр өдрөөр алдсаар байгаагийн илрэл.

Өргөн, нарийн царигийг нэгэнт сөхсөнийх нэг км төмөр замын өртөг хэд байдаг, ер нь бид өнгөрсөн хугацаанд зөвхөн төмөр зам барих дээрээ ямар ашгаа алдсан болохыг тооцож үзэхэд сонирхолтой тоо гарна.

Нэг км төмөр зам барих өртөг Европт 10 сая ам.доллар байдаг бол Германд 20-30 сая доллараар яригддаг жишиг бий. Харин манай улсын хувьд тогтсон жишиг үгүй. “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Санхүү, эдийн засгийн газрын дарга Б.Энэрэлт Таван толгой-Зүүнбаянгийн 416.1 км төмөр замын бүтээн байгуулалтын талаар хэвлэлд ярихдаа “Таван толгой-Зүүнбаянгийн төмөр замтай ижил стандартын нэг км төмөр замын олон улсын жишиг өртөг судалгаагаар 3.5-4.0 сая ам.доллар байдаг юм билээ. Харин бид 1.1 сая ам.доллараар барьж чадлаа. Бид төмөр зам барихад хуримтлуулсан туршлагадаа тулгуурлан, мөн бусад улсын норм норматив, арга зүйг үндэслэн Зам, тээврийн хөгжлийн яамны мэргэжилтнүүдтэй хамтран төмөр замын барих төсвийн нэгдсэн норм норматив, арга зүйг боловсруулж батлахаар ажиллаж байна” гэсэн нь анхаарал татна. Энэ тооцооллоор бол 416.1 км төмөр замыг 457.7 сая ам.доллар буюу 1.3 их наяд төгрөгөөр босгосон болж таарч байна.

Хэдий тийм ч Таван толгой-Зүүнбаянгийн төмөр замын тухайд эдийн засагчид шүүмжлэлтэй байр суурийг илэрхийлж байна. Экспортын төмөр зам хүнд даацынх учраас чанарын асуудал нэгд тавигддаг. Гэвч цэргүүдийн хүчээр босгосон, дэлхийд хамгийн бага өртгөөр тавьж байгаа гэх аархал эсрэгээрээ төмөр замынхаа чанарт халтай байж болзошгүй гэж байгаа юм. Төмөр замыг барихад хөрсний асуудал хамгийн гол нөлөө үзүүлдэг аж.

Үүнээс гадна Таван толгой-Гашуунсухайтыг холбосон алдарт 267 км өргөн царигтай төмөр замын өртөг бүтээн байгуулалт эхэлсэн 2011 онд олон нийтэд танилцуулахдаа нэг км төмөр замыг 2.5 сая ам.доллараар тооцоолсон гэсэн нь хэвлэлийн шарласан хуудаст үлдэж. 2011 оны үеийн ханшаар гэхэд тус замын нийт өртөг 667.5 сая ам.доллар болж байжээ.

Зөвхөн энэ хоёр зам дээр гэхэд тэрбум гаруй ам.долларын зардлыг өргөн царигт зарцуулсан байх юм. Зардлын хувьд өргөн цариг нарийнаас илүү гардаг тухай төмөр замын инженерүүд ярьж байна. Ингэхээс ч аргагүй. Өргөн цариг 1520 мм, нарийн цариг 1435 мм хэмжээтэй. Тэрбум гаруй ам.доллараар нарийн царигтай замыг дээрх хоёр замаас ч уртыг барих тооцоолол харагдаж байна.

Тэгвэл өнөөдрийн ханш бол үүнээс өндөр гэгдэж байна. Эдийн засагчдын хэлж буйгаар шинээр баригдах төмөр замын нэг км тутмыг таван сая хүртэлх ам.доллараар босох магадлалтай гэж байна. Экспортын төмөр зам гэдгээр үүнээс ч өндөр өртөг гарах боломжтой гэж байгаа юм.

Түүнээс гадна нэгэнт өргөн царигтай хувь заяагаа холбочихсон манай улсын хувьд БНХАУ-тай нарийн царигаар холбогдохдоо ачиж буулгах терминал байгуулах болсон талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д өнгөрсөн онд айлчилж ирээд зарлачихсан байгаа. “Хилийн солбилцлын цэгийн асуудлыг шийдвэрлэсэн. Нарийн царигийг оруулж ирнэ. Бид өргөн царигаа хилтэй тулгаад ачаагаа шилжүүлээд явна гэдгээ олон жилийн өмнө тохиролцчихсон. Ирэх оны долдугаар сард төмөр замын бүтээн байгуулалт дуусна. Монголын талд ачиж шилжүүлэх терминал байгуулагдана” гэж Сангийн сайд Б.Жавхлан айлчлалын үр дүнгийн талаар мэдээлэл өгөхдөө онцолсон.

Одоогоор ачиж буулгах терминалын талаар нэгдсэн тооцоолол, зардлыг Засгийн газар мэдээлээгүй байна. Эдийн засагчид ч энэ талаар ханатай мэдээлэл гаргаж чадсангүй. Гагцхүү эдийн засгийн хувьд асар их зардал гарна. Ашиглалтад оруулаад цаашид ашиглах урсгал зардал ч өндөр гарна гэсэн тойм мэдээллийг өгч байгаа юм. Нарийн царигтай төмөр зам барьж чадаагүйн бас нэг зовлон энэ мөн. Түүнээс гадна өндөр зардалтай бүтэх ачиж буулгах терминал дарга даамлуудын цавчаа хийх том талбар ч гэж яригдаад эхэлжээ.

“Ачиж буулгах терминал байгуулна гэдэг БНХАУ манай улсыг дэмжихгүй байгаагийн нэг илрэл. Олон улсад их хэмжээний ачаа барааг шилжүүлэн ачилтгүй тээдэг практиктай. Нэг ёсондоо тэргэнцэр солиод явах боломжтой гэсэн үг. Гэвч манайх терминал байгуулахаар боллоо гэх. Энэ бол арга ядсан арга шүү дээ. Анхнаасаа бид нарийн царигийн стандартаар явах ёстой байсан. Гэвч 2009-2011 онд бүдүүн болгочихсон. Энэ бол Монголын нүүрснний худалдааг мөнхөд хаасан. Өргөн цариг бол бизнесийн үйл ажиллагаа биш улс төрийн тоглолт л байсан” гэж учир мэдэх хүмүүс ч хэлж байна.

Үнэхээр тэргэнцрийн хувилбар байдаг уу гэвэл байдаг. Энэ асуудал арваад жилийн өмнө манайд хөндөгдөж байжээ. Тодруулбал, Төмөр замын инженерүүдийн холбооны тэргүүн Л.Пүрэвбаатар 2013 онд Эрдэс баялгийн салбарын шинэ үеийн 20 жилийн хурал дээр илтгэл тавихдаа “Өргөн царигаас нарийн цариг руу шилжүүлдэг тэргэнцэр 50 мянган еврогийн үнэтэй. Нэг вагонд хоёр ийм тэргэнцэр тавья гэж бодъё. Уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтэд дор хаяж хэдэн мянган ширхэг вагон ашиглана. Тэр вагон тус бүрт хоёр тэргэнцрээр тооцоод үнийн дүнгээр нь үзүүлбэл их өндөр тоо гарч таарна. Энэ нь тээвэрлэлтийн зардлыг хямд байлгаж чадахгүй” гэж байжээ.

Таван толгойгоос-Гашуунсухайт хүртэл 267 км төмөр замыг бүдүүн биш, нарийн царигтай байсан бол Хятад руу экспорт шууд хийгдэх байв. Ковид ид өрнөж байгаа үед галт тэрэгний машинист л халдвар хамгааллаа бариад явчихад цаг хугацаа, оочер дараалал, гацаа өнөөдрийнх шиг үүсэхгүй. Бүдүүн царигтайн “буянаар” өнөөдрийн өнгө төрх өөр байгаа юм. Хил дээр хэдэн мянган жолооч нар ковидын шинжилгээнд оочерлосон, дайрсан, авлигадсан… Үр дүнд нь Хятадын тал “Халдвар гарлаа” гээд л нэг өглөө хилээ тас хаачихдаг. Төмөр зам, авто тээвэр хоёрын энгийн ялгаа энэ.

Өөр нэг тоо бодъё л доо. Өнөөдөр нэг тонн нүүрсний дэлхийн зах зээлийн үнэ 450 ам.доллартай тэнцэж байна. Төмөр замаар жилд дунджаар 30 сая тонн нүүрс тээвэрлэсэн бол 12 тэрбум ам.доллар олох байжээ. Монгол Улсын нэг жилийн эдийн засгийн эргэлт 12 тэрбум ам.доллар гэдэг. Засгийн газрын гадаад өр найман тэрбум ам.доллар. Ерөөсөө л нүүрсний нэг жилийн экспортоороо гадаад өрөө тэглэх, эсвэл эдийн засгаа тэлэх бүрэн боломж байж. Гэвч төмөр зам байхгүй, авто замын экспорт 2022 он гараад хагастаа орж байхад гурван сая тонныг дөнгөн данган гаргаж байгаа сурагтай. За, ийм тооцооллыг өнгөрсөн 10 жилийн хугацаагаар нэмж тооцох юм бол толгойд багтахгүй их тоо жирэлзэх биз ээ.

Өргөн царигаас үүдэлтэй хил гаалийн гацаа, ачаа буулгах шилжүүлэх терминал байгуулах өндөр зардал эцсийн дүндээ монголчуудын толгойн дээр л бууж буй юм. Өнөөх л ярьдаг нарийн царигаа анхнаасаа барьчихсан бол БНХАУ-тай шууд хиллэж, ковидын үед ч, өнөөдөр ч нүүрсний экспортоо тултал нь хийгээд улсынхаа эдийн засагт том өгөөж, том хөгжил авчрах байлаа. Өргөн, нарийн царигийн алдагдсан үр өгөөж цаашид ч хөндөгдсөөр байх сэдэв болон үлдэж байна.

Categories
мэдээ нийгэм

2021 оны хүний эрх: Халдвар авч хөөгдсөн, зодсон нөхрөө цагдаад өгөөд амиа алдсан, Засаг дарга хүчирхийлэл үйлдсэн… DNN.mn

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд монгол хүний эрх, эрх чөлөө хэрхэн хангагдсаныг үзэж харж болох томоохон баримт бичиг УИХ-д өргөн баригдаад байна. Энэ бол ХЭҮК-оос гаргасан Монгол Улсын 2021 оны хүний эрх, эрх чөлөөний талаарх илтгэл юм.


Илтгэлийг тоймлон хүргэе.


Халдвар батлагдсан нялх биетэй эхэд эмчилгээ хийхгүй хэмээн эмнэлгээс гаргажээ

Илтгэлийн эхний бүлэг бол “Ковид-19” цар тахлын хүний эрх, эрх чөлөөний сургамжийн тухай байв. Цар тахлын хатуу хөл хорионы үед Архангай аймгаас ирсэн иргэн 22-ын товчоон дээр эмнэлгийн тусламж авч чадалгүй амиа алдсан. Халдвартай иргэн нийслэлийн “Энэрэл” эмнэлгээс тусламж авахаар явж очоод үүдэнд нь нас барсан зэрэг цочирдом, сэртхийм үйл явдал бол цар тахлын үеийн гашуун сургамж байсан. Монгол Улсын эрүүл мэндийн салбар “КОВИД-19” цар тахлыг даван туулахад онцгой хүчин чармайлт гаргаж ажиллаж байгаа боловч коронавируст халдвараас хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах үүргээ хүрч болох боломжит түвшнээс доогуур биелүүлсэн гэж ХЭҮК илтгэлийн эхэнд онцолжээ. Энэ нь эрүүл мэндийн салбарт нийгмийн халдварт өвчинтэй тэмцэх суурь чадавх муу байгаагаас гадна “КОВИД-19” цар тахлыг даван туулах удирдлага, зохион байгуулалт тогтворгүй, салбарын дотоод уялдаа холбоо муу, төсвийн зарцуулалт үр ашиг багатай, эмч, эрүүл мэндийн ажилтнуудын ажлын ачааллыг аль болох бууруулах талаар хангалтгүй ажилласан, цар тахлыг даван туулах бэлтгэл хангах цаг хугацааны боломжийг оновчтой ашиглаж чадаагүй зэрэг үндсэн шалтгаантай холбоотой байсныг судлан тогтоосон байна. Үүнээс үүдэж олон хүний эрх зөрчигдсөн.

Тухайлбал, “…Би 2021 оны есдүгээр сарын 30-ны өдрийн 03 цагийн үед Хөвсгөл аймгийн төрөх эмнэлэгт амаржсан. Төрөхөөс өмнө 2021 оны есдүгээр сарын 20-ны өдөр ПГУ шинжилгээ өгч, хариу эерэг гарсан. Төрсний дараа коронавируст халдвараар өвчилсөн тул эмч нар надад эмчилгээ үзүүлэхээс татгалзаж 2021 оны есдүгээр сарын 30-ны өдрийн 09 цагт эмнэлгээс гаргасан. Нярайн хүйг ч авч өгөөгүй. Коронавируст халдвараар өвдсөн гэдгийг мэдсээр байж ХӨСҮТ рүү шилжүүлээгүй. Төрсний дараахь болон төрсөн эх коронавирустэй тохиолдолд хэрхэх талаар зөвлөгөө огт өгөөгүй. Эмчилгээний багц авах хүсэлтэй байгаа талаар “Энх-Үрс” өрхийн эмнэлэгт хандсан боловч харьяалалгүй гэх шалтгаанаар өгөөгүй…” гэсэн гомдлыг ХЭҮК-т хаяглан ирүүлжээ. Энэ нь Эрүүл мэндийн сайдын 2021 оны зургадугаар сарын 21-ний өдрийн А/392 дугаар тушаалаар баталсан Коронавируст халдварын үед жирэмсэн, төрөх, төрсний дараа үзүүлэх тусламж, үйлчилгээний түр зааврыг зөрчсөн, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийг баримтлаагүй нь тогтоогджээ.

Эмнэлгийн дарга: Даатгал олгогдохгүй учраас тусламж хүсч ирсэн өвчтөнийг авахгүй

Цар тахлын үеэр ялгаварлан гадуурхах явдал ч багагүй гарсан. Нийслэлийн Баянзүрх дүүрэгт нэгэн байрны оршин оршин суугч халдвар аван эмчлүүлэх явцад хүүхдүүдийг тусгаарласан. Хүүхдүүд нь гэртээ буцаж ирэхэд байрных нь оршин суугчид “Халдвар тараасан” хэмээн элдэвлэж, ялгаварласан муухай явдал болсон. Тэгвэл эмнэлгийн орчинд ч энэ асуудал үүсч байжээ. Энэ тухай нэгэн кейсийг СБД-ийн эмч ярьсныг илтгэлд дурдсан байв. Тэрээр “…2021 оны 11 дүгээр сард жижүүрт гарсан шөнө хаалга нүдээд, онгойлгоход 20 гаруй настай охин уйлаад зогсож байв. “КОВИД-19”-өөр өвчлөхөд байр түрээслүүлэгч айл нь хөөсөн гэхээр бид тусламж үзүүлсэн. Гэтэл заавал тандалтаар ирсэн өвчтөнийг авах ёстой, ийм тохиолдлоор өвчтөн авлаа гэж даргадаа загнуулсан. Тандалтаар ирээгүй бол даатгал олгодоггүй учраас ийм өвчтөн авсан нь эмчийн буруу болсон. Хүнд тусламж үзүүлэх биш, нэг л хөндий хүйтэн, цэвдэг байдал гаргаад байдаг. Сайдын тушаалд хүнд яаралтай тусламж үзүүлнэ гэсэн нь яг юу хэлж байгаа нь ойлгомжгүй байна… …Зүрх нь өвдсөн хүнийг гаднаас авч ирэхэд сэхээний эмч болохоор юу ч бодолгүй тусламж үзүүлсэн. Гэтэл ийм хүнд хүнийг яах гэж эмнэлэгт авч байгаа юм бэ, шууд бичиг хийгээд гаргах ёстой байсан гэж загнуулсан. Мөн тийм журам байдаг тухай анх удаа даргаасаа сонссон. Ер нь гаднаас бие муутай хүн ирэхэд их дургүй байдаг” гэжээ.

Гадаад, дотоодын буцалтгүй тусламж, хандивын санхүүжилтийг хэрхэн зарцуулсныг тооцох боломжгүй

2020, 2021 онд “КОВИД-19” цар тахалтай тэмцэхэд зарцуулсан нийт төсөв, түүний дотор эрүүл мэндийн салбарт зарцуулсан нийт төсөв олон нийтэд ил тод биш бөгөөд төсвийн зарцуулалтад тавих хяналт сул байгааг өнөөдөр хүртэл шүүмжилсээр буй.

Энэ асуудалд хийсэн шалгалтаар таагүй дүн гарчээ. “КОВИД-19 цар тахалтай тэмцэх зорилгоор хандивлагч улс орнууд, олон улсын байгууллагаас авсан зээл, тусламжийн зарцуулалтад Үндэсний аудитын газар (ҮАГ) хяналт шинжилгээ хийгээд 54.8 тэрбум төгрөг зарцуулсан ч энэ нь эмнэлгүүдэд хүрэлцээтэй эсэх, өвчтөн нэг бүрд хүрч байгаа эсэх талаар судалгаа, тооцоо гаргаагүй. Хуваарилсан эмнэлгүүдийн одоогийн хүчин чадал зэргийг тооцсон баримт, судалгаа хийгээгүй. Коронавируст халдварын эмчилгээнд төсвийг тооцоо, үр ашиг муутай зарцуулсан нь салбарын судалгаанаас харагдаж байна. Жишээлбэл: ХӨСҮТ-д хэвтэж эмчлүүлсэн нэг өвчтөнд дунджаар 9.867.923.61 төгрөг зарцуулжээ. Коронавируст халдвар авч, гэрээр эмчлүүлсэн нэг өвчтөнд 2021 оны зургадугаар сарын 21-ний өдрийг хүртэл улсын төсвөөс 70,000 төгрөг, энэ өдрөөс хойш 160.000 төгрөг зарцуулж байсан нь ХӨСҮТ-д эмчлүүлсэн өвчтөнтэй харьцуулахад 61.6-140.9 дахин бага юм. Бичиг баримтын зөрчил, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд эмийн багц дууссан, коронавируст халдвараар дахин өвдсөн зэрэг шалтгаанаар олон хүн энэ тусламжийг авч чадаагүй” гэсэн дүгнэлт анхаарал татаж байна.

Ялангуяа цар тахлын үед гадаад, дотоодын буцалтгүй тусламж, хандивын санхүүжилтийг хэрхэн зарцуулсан, хүндээ хүрч чадсан эсэхийг тооцох ямар ч боломжгүй гэж байгаа. Хуулийн байгууллага ч үүний өмнө хүчин мөхөсдсөн гэгддэг. Өөрөөр хэлбэл, тусламж, дэмжлэг нэрээр орж ирсэн хөрөнгө оруулалтын ард хуудуутай, булхайтай явдал байгаа ч түүнийг батлах, нотолж чадахгүй байгаа гэх.

Эмнэлгийн хэрэгсэл, ариутгал, халдваргүйтгэлийн бодис, хамгаалах хэрэгсэл авахад 20.6 тэрбум төгрөг төлөвлөсөн бол гүйцэтгэл нь 3.5 тэрбум төгрөг, эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжид 159 тэрбум төгрөг төлөвлөсөн бол гүйцэтгэл нь 54.8 тэрбум төгрөг байгааг ҮАГ тогтоожээ.

Хүүхдийг боолчлох хэлбэрүүд Монголд байсаар байна

Илтгэлийн хоёрдугаар бүлэг болох “Жендерийн эрх тэгш байдал ба хүний эрх” сэдвийн дор хүний эрхийн олон асуудлыг хөндсөн байна. Үүний нэг бол эрүүл мэндийн салбар дахь жендерийн эрх тэгш байдлын баталгааны тухай юм. Эрүүл мэндийн хүрээнд жендэрийн хувьд хамгийн анхаарал татсан асуудал эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү юм. Дэлхийн хэмжээнд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс дунджаар 4.3 жилээр илүү насалж байгаа бол Монгол Улсын хувьд 2021 оны байдлаар эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 9.5 жилээр илүү насалж байна. Иймд нэг хүнд ногдох эрүүл мэндийн зардлыг хүйсээр ангилан гаргах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд нийт зардлын хэдэн хувийг зарцуулж байгааг тодорхойлон дүн шинжилгээ хийж, эрүүл мэндийн хүртээмжтэй үйлчилгээ болон эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ялгаатай хэрэгцээнд суурилсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх шаардлагатай байгаа Комиссын зүгээс зөвлөжээ.

Түүнээс гадна хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал дээр хүүхдийн сэдэв хамгийн эмзэг хэвээр байна. 2020 оны байдлаар 5-17 насны хүүхдүүдийн 10 орчим хувийг эзлэх 56.000 гаруй хүүхэд хөдөлмөр эрхэлж байгаа аж.

Энэ асуудлын хүрээнд олон улсын гэрээ, конвенцод зааснаар Монгол Улсад байгаа хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал нь боолчлол, боолын худалдааны хэлбэрүүд гэж дүгнэж болохоор байгааг ХЭҮК онцолсон нь анхаарал татаж байна. Тодруулбал, “Боолчлол, боолын худалдааг хориглох тухай” 1926 оны есдүгээр сарын 25-ны өдрийн 82 дугаар конвенцын 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “боолчлол”, 2 дахь хэсэгт “Боолын худалдаа” гэсэн ойлголтуудыг тус тус тодорхойлсон байдаг аж. Харин НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 1956 оны есдүгээр сарын 7-ны өдөр баталсан “Боолчлол, боолын худалдаа болон боолчлолтой адилтгах ёс, заншлыг устгах тухай нэмэлт конвенц”38-ын 1 дүгээр зүйлийн (d) хэсэгт “18 нас хүрээгүй болон бага насны хүүхдүүдийг ашиглах буюу тэдний хөдөлмөрийг мөлжих зорилгоор эцэг эхийнх нь аль нэг, эсхүл хоёул, эсхүл асран хамгаалагч нь тэднийг шан харамжтай буюу түүнгүйгээр бусдад өгдөг аливаа ёс буюу заншил” гэжээ.

Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “хүн худалдаалах” гэж хүнийг … боолчлох, түүнтэй ижил төстэй нөхцөлд байлгах,…зорилгоор хүнд хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх, хулгайлах, залилах, хууран мэхлэх, эрх мэдлээ урвуулан ашиглах, эмзэг байдлыг нь далимдуулах, түүнчлэн өөр хүнийг хяналтдаа байлгаж байгаа этгээдийн зөвшөөрлийг авахын тулд төлбөр төлөх, хахуульдах аргаар хүнийг элсүүлсэн, тээвэрлэсэн, нуун далдалсан, дамжуулсан, хүлээн авсан хууль бус үйлдлийг” ойлгоно гэж заасан байгаа юм.

Үүнийг батлах кейс:…Аав, ээж нь гэрээ хийгээд өөрсдийнхөө дансаар мөнгийг нь аваад, хүүхэд нь өөр аймагт ажилладаг байсан тохиолдол байгаа. Тэр хүүхэд маань энд ирээд хар үгээр хэлэхэд зарцын байдалтай бүх л ажлыг нь хийж байгааг амьдрал дээр нь очоод харж байсан. Зарим хүүхэд гэрээ байхгүйгээ шууд хэлдэг. Зарим нь гэрээ байгаа гэдэг боловч харуулж байсан удаа байхгүй…” гэж хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүд нэгнийгээ тухай ийн өгүүлжээ.

Гэр бүлийн хүчирхийллийн хэргээр баривчлагдаж байсан Засаг дарга энэ төрлийн хэргийг таслан зогсоох үүрэг хүлээж байна

Түүнчлэн энэ удаагийн илтгэлд гэр бүлийн хүчирхийллээс ангид байх эрхийн асуудлыг тусгасан байгаа юм. Энэ эрхийн хүрээнд олон зөрчил дутагдал гарсаар байдаг аж.

Гэр бүлийн хүчирхийлэл гарсан тохиолдолд үнэлгээ шинжилгээ хийдэг хамтарсан баг гэж бий. Ялангуяа хөдөө орон нутагт гарсан хэрэг зөрчил дээр тус багийнхан очиж дүгнэлт гарган, хохирогчдыг хамгаалах ажил өрнөдөг. Тэгвэл хамтарсан багийн бүрэлдэхүүнд гэр бүлийн хүчирхийллийн чиглэлээр дагнан мэргэшсэн, орон тооны үндсэн ажилтныг томилон ажиллуулж, хамтарсан багийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж ажиллах нь үр дүнтэй гэгддэг. Хамтарсан багийн ахлагчаар багийн Засаг дарга нар ажилладаг. Гэвч тэд янз бүрийн мэргэжилтэй, улс төрийн томилгоотой хүн байдаг тул гэр бүлийн хүчирхийллийн тохиолдол дээр ажиллахад хүндрэлтэй байгааг мэргэжлийн хүмүүс онцолжээ. Хамгийн ноцтой нь багийн Засаг дарга нь өөрөө гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, ийм төрлийн хэргээр баривчлагдаж байсан хүн гэр бүлийн хүчирхийллийн хэргийг үнэлэх, дүгнэх ажлыг удирдаж байгаа тохиолдол ч байдаг аж.

Хамтарсан багийн асуудал ингээд дуусахгүй. Тэд төсвөөс санхүүжилттэй. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 2021 онд 212 хамтарсан багт хүүхэдтэй холбоотой 904 кейсийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлсэн ч ХЭҮК-оос хийсэн хяналт, үнэлгээнд хамрагдсан хамтарсан багийн 10 нь л уг санхүүжилтийг авсан байдаг юм байна. Нэгэн жишээ сонирхуулахад “..Хороо дансгүй учир Засаг даргын данс руу санхүүжилт шилждэг. Санхүүжилтийг хэзээ орж ирсэн, хэдэн төгрөгийн зарцуулалт хийгдсэнийг мэдэх боломжгүй” гэсэн нийгмийн ажилтны ярилцлагын тэмдэглэл байна.

Цагдаа ажлаа хийгээгүйгээс шоронгоос гарсан этгээд эхнэрээ хөнөөжээ

Нөгөө талаар хүчирхийлэлд өртсөн гэх иргэний дуудлагаар очиж байгаа цагдаагийн ажилтан аюулын зэргийн үнэлгээг хийж, эрсдэлийн түвшин “өндөр”, “дунд” гарсан тохиолдолд холбогдох журмын дагуу хамтарсан багт мэдээлэх үүрэгтэй боловч ярилцлагад оролцогчдын дийлэнх нь цагдаагийн ажилтан хамтарсан багт мэдээлдэггүй гэж хариулсан бөгөөд энэ нь хохирогч шаардлагатай нийгмийн үйлчилгээг цаг алдалгүй авах, улмаар хохирогчийн амь, нас, эрүүл мэндийг эрсдэлт нөхцөлд хүргэх үндэслэл болдог юм байна. Энэ зөрчилтэй холбоотой харамсалтай хэрэг ч гарч байж.

“…Хохирогч А нь бага насны хоёр хүүхэдтэй, нөхөр Т-ийн хамт ….аймагт оршин суудаг байсан ба нөхөр Т нь гэр бүлийн хүчирхийлэл удаа дараа үйлдсэн асуудлаар аймгийн Цагдаагийн газарт шалгагдаж байсан. Шүүхээс түүнд Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан зөрчилд 15 хоног баривчлах шийтгэл оногдуулсан бөгөөд 2020 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр баривчлах шийтгэлийн хугацаа дуусч гараад эхнэр А-ийн амь насыг хохироосон…” мэдээлэл ХЭҮК-т иржээ.

Дэслэгч нэлээд согтуу орж ирээд цэргүүдийг хоёр эгнээ болгон суулгаж байгаад….

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хүний эрх, эрх чөлөөний талаарх илтгэлд дурдагдсан чухал хийгээд цочмоор сэдэв бол цэргийн албан хаагч хоорондын дүрмийн бус харьцаа буюу цэргийн ангид бэлгийн мөлжлөг байдаг тухай асуудал байв.

ХЭҮК-ын социологийн судалгаанд оролцсон хугацаат цэргийн албан хаагчдаас ямар нэгэн хэлбэрээр бэлгийн дарамтад өртөж байсан талаар тодруулахад дээд албан тушаалтан нь бусдыг үнсэх тушаал өгөх, тоглоом тоглуулах, бие болон бэлэг эрхтнээр нь оролдох зэргийг онцолж байжээ. Түүгээр зогсохгүй бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж байсан гэдгийг ч цэргүүд ярьжээ. Зэвсэгт хүчин дэх бэлгийн хүчирхийллийн хохирогчид нэгээр тогтохгүй. ХЭҮК-ын судалгаагаар алба хааж байх үедээ зориг гарган мэдээлсэн найман албан хаагч байдаг аж. Тухайлбал, Зэвсэгт хүчний дугаар ангийн албан хаагч “Бэлэг эрхтнээр байнга оролддог байсан. Ийм байснаас үхсэн нь дээр гэж бодож байсан. Нэр хүнд минь олны өмнө гутгаагдсан” гэж тэмдэглэлдээ бичиж үлдээснийг илтгэлд онцолжээ.

Түүнээс гадна эрүүл, мэнд амь насаараа хохирох, сэтгэл зүй хийгээд эдийн засаг, бие махбодын байнгын дарамтад байдаг тухай мэдээллүүд илтгэлийн энэ сэдвийн бас нэгэн анхаарал татах сэдэв болж байна.

Сүүлийн 10 жилийн хугацаанд цэргийн анги, байгууллагад 468 эрх зүйн зөрчил буюу гэмт хэрэг, сахилгын зөрчил бүртгэгдсэний 242 нь зэвсэгт хүчинд, 217 нь хилийн цэрэгт, ес нь дотоодын цэрэгт хамааралтай байна. Зэвсэгт хүчний хэмжээнд сүүлийн 10 жилийн хугацаанд бүртгэгдсэн 242 зөрчлийн 144 нь гэмт хэргийн шинжтэй, 98 нь сахилгын зөрчил байна. Эдгээрээс хугацаат цэргийн алба хаагчийн амь нас хохирсон долоон тохиолдлын гурав нь усанд живсэн, хоёр нь хөдөлмөр хамгааллын аюулгүй байдал алдагдсанаас, нэг нь хүнийг алах гэмт хэргийн улмаас, нэг нь амиа хорлосон байна.

Цэргийн анги, салбарт цэргийн дүрмийн бус харьцаанаас шалтгаалсан гэмт хэрэг, зөрчил өнөөг хүртэл байсаар байна. Өөрөөр хэлбэл, таван хугацаат цэргийн алба хаагч тутмын нэг нь дүрмийн бус харьцааны зөрчилд өртдөг гэж хүний эрхийн мэргэжилтнүүд үнэлжээ.

Судалгаанд оролцсон хугацаат цэргийн алба хаагчдаас тэдгээрийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан, эсхүл учруулж болзошгүй, ядраах, өвдөлт мэдрүүлэхэд чиглэгдсэн цэргийн дүрмийн бус аливаа үйлдлийн талаар тодруулахад дараахь үйлдлүүдийг нэрлэжээ. Үүнд: Цохих, зодох, унтлагын цагаар босгож гүйлгэх, хөл нүцгэн гаргах, бэлтгэл сургуулилтын цагийг уртасгах, хугацаагүй жагсаалын бэлтгэл хийлгэх, халуун үед эсхүл өдрийн турш удаан хугацаагаар номхон командтай зогсоох, бууны гох буцаах, гуяны махтай цохих, ус өгдөггүй, эсвэл бөөлжтөл хоол, ус ихээр өгөх, хооллосны дараа суниалгах, аранз үүрүүлж гүйлгэх, нударга дээр нь гар тулж хэвтүүлэн цээж, бөгс рүү нь өшиглөх, өвдөлт мэдрүүлэхэд чиглэгдсэн үйлдэл хийх зэрэг бие махбодын шинжтэй дүрмийн бус харьцаа байдаг гэдгийг дурджээ. Жишээ нь, “…2021 оны .. дугаар сарын ..-ны өдөр унтлагын цаг болчихсон бүх цэргүүд амрах гэж байхад дэслэгч … нэлээд согтуу орж ирээд соёл амралтын өрөөнд нэр бүхий 15 цэргийг хоёр эгнээ болгон суулгаж байгаад яриа хийсэн. Нүүрэн талын эгнээнд талийгаач сууж байсан ба дэслэгч …хуруугаараа зааж босох команд өгсөн, тэгээд нэг шанаа авч чадах уу гэж талийгаачаас асуусан боловч талийгаач дуугүй зогсоод байсан, гэтэл элгэн тус газар 2-3 удаа хүчтэй цохиод, тонгойх зуур нүүрэн тус газар хөлөөрөө цохисон, талийгаач босоод ирэхэд нь дахин нүүр рүү нь хүчтэй 2-3 удаа цохих үед хойшоо унаад дахиж босож ирээгүй. Ингээд 10 минутын дараа эмч дуудсан. Дэслэгч … өмнө нь согтуу хэд хэдэн удаа цэргийн анги байрлал дээр явж байдаг байсан…” гэж Зэвсэгт хүчний … дүгээр ангийн хугацаат цэргийн алба хаагчид ярьжээ.

Зэвсэгт хүчний албан хаагч захирагчийнхаа даалгаврыг биелүүлэхээр хулгай хийжээ

Цэргийн албан хаагчдын сэтгэл санааны хүчирхийлэлтэй холбоотой эрх зүйн зөрчил ч нэлээд гарчээ. Судалгаанд оролцсон хугацаат цэргийн алба хаагчдаас түүний хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, эсхүл хийхгүй байхыг албадах, заналхийлэх, гутаан доромжлох болон бусад хэлбэрээр сэтгэл санааны шаналал үүсгэсэн эсэх талаар тодруулахад дарга, захирагч, ахлагчдаас “Миний үед ингэдэг байсан, тэр тийм байсан гэх байдлаар өөрсөдтэйгөө болон өмнөх оны цэргүүдтэй харьцуулан зүй бус шаардлага тавьдаг, халуун, хүйтэнд зогсоох, хүнээс үг сонсох үүрэг авах, хугацаа зааж биелэгдэх боломжгүй даалгавар өгөх, нэр хоч өгөх, үг хэлээр доромжлох, айлган сүрдүүлэх, заналхийлэх, нийт бие бүрэлдэхүүний өмнө ар гэртээ болон даргад гомдол, мэдээлэл гаргасан гэж буруушаах, мэдээлэх замаар бусдадаа гадуурхагдах” зэргээр илэрдэг талаар дурдсан байна. Тухайлбал, “…Манай дарга нар ч их бүдүүлэг, ёс суртахуунгүй ш дээ… бүдүүлэг, бүдүүлэг үг хэлнэ, хүнийг янз бүрийн нэр хоч өгч дуудна, хэл амаар доромжилно, тэр нэг хачин юм, авгай шиг юм гэх мэтээр сэтгэлээр унатал нь доромжилдог…” гэж Зэвсэгт хүчний ангид ажиллаж буй офицер ярьсан байгаа юм.

Түүнээс гадна цэргийн албанд татагдсан залуусын цөөнгүй хувьд нь амиа хорлох бодол төрдөг байсан аж. оролцогчдын 67.7 хувь нь “нэр төр гутаагдсан”, 8.9 хувь нь “хайртай хүн урвасан”, 7.3 хувь нь “басамжлан доромжлуулсан”, 4 хувь нь “эцэг, эх, гэр бүлийн зүгээс зэмлэгдсэн”, 4 хувь нь “хардалтаас болсон”, 3.2 хувь нь “олны өмнө үзэн ядагдсан”, 3.3 хувь нь “олны өмнө ичгүүрт байдалд орсон” учраас амиа хорлох талаар бодож байсан гэжээ. Харамсалтай нь тэдний дундаас энэ бодлоо гүйцээж өөрийгөө хөнөөсөн нэг бус тохиолдол бий.

Цэргийн ангийн дарга даамлууд цэргүүдээсээ мөнгө, эд материал нэхдэг хандлага хавтгайрсан гэдэг. Хүний эрхийн илтгэлд энэ сэдэв ч хөндөгдсөн байна. Зэвсэгт хүчний … дугаар ангийн албан хаагч чөлөөгөөр гарах үед захирагч нь өөрийн гар утасны батерей, микрофоныг засуулаад ир гээд утсаа өгсөн байна. Даанч түүнийг засуулах 80.000 төгрөг байгаагүй учир зодуулахаас айж ангидаа буцаж очиж чадаагүй. Улмаар захирагчийнхаа даалгаврыг биелүүлэхээр сургуулиас компьютер хулгайлж, эрүүгийн гэмт хэргийн холбогдогч болжээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол залуусыг цэнэглэсэн тэтгэлэгт хөтөлбөрүүд DNN.mn

Эх орондоо хөгжил цэцэглэлтийг бүтээх монгол залуусын оюуныг тэтгэх хамгийн олон, хамгийн өгөөжтэй, үнэ цэнэтэй тэтгэлэгт хөтөлбөрийг Оюу толгой компани хэрэгжүүлдэг билээ. Төгсөх ангийн сурагчид, бакалаврын түвшний оюутнууд, шинэ төгсөгчид гээд залуусын олон бүлэгт зориулсан тэтгэлэгт хөтөлбөр хэрхэн хэрэгжиж байгаа талаар Оюу толгой компанийн ур чадвар, сургалт хариуцсан зөвлөх Э.Болд-Эрдэнэтэй ярилцсан юм.

Тэрээр дараах мэдээллийг танилцуулсныг тоймлон хүргэж байна.


1300 залууг цэнэглэсэн “Залуусын хөгжлийн хөтөлбөр”

Оюу толгой компани 2010 оноос эхлэн Монгол Улсад чадварлаг боловсон хүчин, шилдэг инженер бэлтгэх зорилгоор олон төрлийн боловсролын цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ. Үүний нэг бол “Залуусын хөгжлийн хөтөлбөр” юм. Энэ нь ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдад олгох зөөлөн ур чадвар буюу хувь хүнийг хөгжүүлэхтэй холбоотой хөтөлбөр. 2013 оноос хэрэгжиж эхэлсэн “Залуусын хөгжлийн хөтөлбөр”-т өнөөдрийн байдлаар 1300 гаруй залуус хамрагдаад байна.

Сургалтын төлбөр, дотуур байрны төлбөр, сар бүрийн тэтгэмжтэй шилдэг оюутан

Монголын магадлан итгэмжлэгдсэн Их, дээд сургуулийн 2-4 дүгээр курсийн оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөр бол тус компанийн бас нэг чухал ажлын хэсэг. Энэ хөтөлбөрийг зөвхөн уул уурхайн салбараар хязгаарлахгүйгээр өгөгдлийн шинжлэх ухаан, хүний нөөц, мэдээ түгээх зэрэг олон төрлөөр нээлттэй зарладаг. Хамгийн том давуу тал нь хоёрдугаар курсээс шалгуурт тэнцэн тэтгэлгийн эзэн болбол төгстөлөө тэтгэлгээ үргэлжлүүлэн авах боломжтой. Гол шалгуур нь голч дүн 3.2 болон түүнээс дээш байхад л хангалттай.

Дотоодын тэтгэлэгт хөтөлбөрт жил бүр 25-30 оюутан хамрагддаг бөгөөд өнөөдрийг хүртэл 376 оюутан залуус энэ хөтөлбөрийн эзэн болжээ. Оюу толгой компани дотоодын тэтгэлэгт хөтөлбөрөөр дамжуулан амжилттай суралцан оюутны сургалтын төлбөрийг 100 хувь даахаас гадна орон нутгийн оюутны дотуур байрны төлбөр, сар бүр (жилийн 10 сард) 200.000 төгрөгийн тэтгэлгийг давхар олгодгоороо онцлог юм. Өөрөөр хэлбэл, шилдэг оюутан та хичээлдээ л шамдан суралц. Цаашлаад эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруул гэсэн том агуулгыг хэрэгжүүлдэг ажээ.

Уул уурхайгаас бусад мэргэжлээр ч дадлагажих боломжтой

Оюу толгой компаниас хэрэгжүүлдэг дараагийн хөтөлбөр бол дадлагын хөтөлбөр юм. Хэдийгээр тус компани уул уурхайн чиглэлийнх ч оюутан залуус ямар ч чиглэлээр дадлага хийх өргөн боломжийг нээж өгчээ. Оюутнууд Оюу толгой компанийн Улаанбаатар дахь төв оффис дээр болон төслийн талбар дээр дадлага хийж, сургалтаар олж авсан онолын мэдлэгээ практик дээр баталгаажуулдаг.

Оюутнууд дэлхийн хэмжээний энэ төсөл дээр дадлага хийгээд зогсохгүй “Үйлдвэрлэлийн судалгааны ажил”-д өөрсдийгөө сорих боломжтой. Тодруулбал, компанийн зүгээс оюутнуудын дунд тодорхой сэдэв өгнө. Оюутнууд баг бүрдүүлж тухайн сэдвийг судалж, шийдэл гарцыг эрэлхийлдэг. Зарим оюутнууд тэрхүү үйлдвэрлэлийн судалгааны ажлаараа диплом хамгаалах тохиолдол бий.

Шинэ төгсөгчдийн ажлын талбар Оюу толгой

Залуусын анхаарлыг татдаг өөр нэг хөтөлбөр бол шинэ төгсөгчийн хөтөлбөр. Бакалавр болон магистр хийгээд дөнгөж төгссөн оюутнууд энэ хөтөлбөрт хамрагдана. Учир нь өнөө үед ажлын байрны тавигдах шаардлагад ажлын туршлага заах нь элбэг. Залуус төгсөөд шууд ажиллах боломжоор хангах үүднээс Оюу толгой компанийнхан тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх болжээ. Хөтөлбөрт тэнцсэн шинэ төгсөгчид Оюу толгойн уурхайд шууд инженерээр ажиллаад явдаг.

Өнгөрсөн хугацаанд энэ хөтөлбөрт 144 залуус хамрагдсанаас 100 гаруй нь компанид үргэлжлүүлэн ажилласаар байгаа ажээ.

Гадаадын тэтгэлэгт хөтөлбөрт өөрийгөө сориорой

Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэгч Оюу толгой компани монгол залууст зориулсан олон төрлийн тэтгэлэгт хөтөлбөрийн томоохон нь гадаадын тэтгэлэгт хөтөлбөр юм. Өнгөрсөн хугацаанд тус хөтөлбөрт 39 залуу хамрагдаж амжжээ. Хамгийн сүүлд гэхэд 2018 онд тус хөтөлбөр зарлагдсан бөгөөд Австрали улсад суралцаж төгсөөд Ханбогд суманд гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажиллах гол болзолтой байв. Уг болзлыг ханган эдүгээ Ханбогд суманд нэг эмч, англи хэлний гурван багш ажиллаж байна.

Тэгвэл уг хөтөлбөр энэ жил, энэ цаг хугацаанд зарлагдаад байгааг дуулгахад таатай байна. Энэ жилийн хувьд гол болзол нь геотехникийн инженерчлэл, гүний уурхайн олборлолт гэсэн хоёр чиглэлээр хоёр хүнийг шалгаруулна. Тэд суралцаж ирээд ШУТИС-д таваас багагүй жилийн хугацаанд ажиллах үүрэгтэй. Хүсэлт хүлээн авах сүүлийн хугацаа дөрөвдүгээр сарын 26 юм байна.

Categories
мэдээ нийгэм

Я.Нямдулам: Гүний уурхайн аман дээр зогсоод “За хүрээд ирлээ. Сайн л ажиллах хэрэгтэй” гэсэн амлалтаа биелүүлж чадлаа DNN.mn

Хорин зургаахан насандаа гүний уурхайн тэсэлгээний “Гал” өгөх эрхтэй Монголын анхны эмэгтэй инженер болсон бүсгүй бол Оюу толгой компаниас төрөн гарсан тэсэлгээний инженер Я.Нямдулам. Тэрбээр алс баруун хязгаараас нийслэлийг зорин уул уурхайн ашиглалтын мэргэжлийг дүүргэж Оюу толгой компанид ийнхүү нэр төртэй ажиллаж байгаа монгол бүсгүйдийн нэг. Тэсэлгээний инженер Я.Нямдуламтай ярилцлаа.


-Гүний уурхайн тэсэлгээний гал өгөх эрхтэй анхны эмэгтэй инженер болсон баярт мэдээг тань сонсоод цаанаасаа л баяр төрөөд байх юм. Уул уурхайн салбарт эмэгтэй хүн ийм бахархам амжилт гаргасных байх?

-Маш их баярлалаа. Сургуулиа төгсөөд мэргэжлээ сонгохдоо л “Эмэгтэй хүн чадах болов уу” гэдэг айдас төрж байсан. Анх уул уурхайн ашиглалтын инженер мэргэжлийг сонгоход, ШУТИС-даа ирээд танхим дүүрэн хөвгүүдийн дунд суухад, ажлын талбарт гарахад “Би эмэгтэй болохоор яах бол” гэдэг айдас байсан. Гэхдээ тэр айдсаа үргэлж дарж, “Би заавал чадах ёстой, үр дүнг нь заавал үзнэ дээ” гэдэг зоригоор хурцлагдаж байсан шүү. Анх тэсэлгээчин инженерээр ажиллаж эхлэхдээ өөртөө тавьсан мөрөөдөл маань гал өгөх эрхтэй эмэгтэй инженер болох байсан. Түүнийгээ биелүүлж чадлаа.

-Уул уурхайн ашиглалтын инженер мэргэжлийг зорьж сонгоогүй бололтой?

-Би Говь-Алтай аймагт ерөнхий боловсролын сургуулиа дүүргэсэн. Дунд сургуульдаа математик, физикийн хичээлдээ сонирхолтой. Яг тийм, ийм мэргэжил эзэмшинэ гэж нарийн төлөвлөгөөгүй. Энэ хоёр хичээлээ сайн давтаж байгаад тохирсон мэргэжлийг нь авна даа гэж бодож байсан. Ингээд элсэлтийн ерөнхий шалгалтаа өгч, аймагтаа гуравт жагслаа. Нэгдүгээр байранд орсон хүүхэд барилгын инженер авлаа. Хоёрт жагссан хүүхэд нисэхийн инженерийг сонгочихсон. Харин надад санхүүгээр явах уу, инженер болох уу гэсэн сонголт үлдсэн. Тэгээд уул уурхайн инженер мэргэжлийг сонгосон доо.

-Сурагчийн ширээнээс салаагүй хүүхдэд уул уурхайн талаар ойлголт байв уу?

-Яаж байх вэ. Математикийн багш маань нэлээд ширүүн “Уул уурхайн ашиглалтыг ав” гэдэг юм. Аав маань “Хүрз барьж газар малтах биш миний охин ав ав” гээд бас дэмжсэн. Өөр бусад хүмүүс аав руу уурлаад “Охин хүүхдэд уул уурхайн мэргэжил сонголоо” гээд л. Одоо бодоход аав, багш хоёр маань зөв чиглүүлж өгчээ гэж баярладаг. Ингээд 2017 онд ШУТИС-д уул уурхайн ашиглалтын ангид орлоо. Танхим дүүрэн хөвгүүд, дунд нь 10 гаруй охид байсан шүү. Анги удирдсан багшийг маань Л.Жаргалсайхан гэдэг. Биднийг энэ мэргэжилд маш сайн чиглүүлж, дурлуулж өгсөн хүн. Тийм ч учраас манай ангиас хүүхдүүд шилжих, дундаас нь хаях биш нэмэгдэж орж ирдэг байлаа.

Оюутан байх үед Япон улс руу оюутан солилцоогоор явах, ОХУ руу нүүрсний уурхайтай танилцах маш сайхан боломжууд нээгдсэн. Түүнээс л уурхай гэж юу байдгийг мэдэж, мэргэжилдээ улам дурласан.

-“Оюу толгой” компанид хэрхэн ажилд орж байв?

-Сургуулиа төгсөөд ажлын талбар дээр гарахдаа бас л эмээсэн. Эмэгтэй хүн юм чинь ажилд авах компани олдох болов уу гэж. Тиймээс маш олон компани, уурхай руу анкет явуулсан. /инээв/.

Тэр дундаас зураг төслийн “Евро Азиа Майнз” компанид мэргэжлээрээ ажилд орсон. Ингээд жил орчмын хугацаанд ажиллаж байхдаа “Оюу толгой”-н туслан гүйцэтгэгч “Рэдпаф Монгол” компанид анкет илгээсэн. Дэлхийн хэмжээний ийм том компани ажлын туршлагагүй, эмэгтэй хүнийг авахгүй болов уу даа жийрхэж байсан. Тэгээд ярилцлагад ороод тэнцсэн.

-Залуу хүн дэлхийн хэмжээний компанид ажиллахаар тэнцэх үеийн мэдрэмж ямар байсан бол?

-Маш их баярласан. Анх гүний уурхай руу орж байхад нэг тийм үгээр илэрхийлэхээргүй мэдрэмж төрдөг юм билээ. Гүний уурхайг хараад л “За энд хүрээд ирлээ шүү дээ. Одоо сайн л ажиллах хэрэгтэй” гэж өөртөө амлаад орж байсан. Гоё дурсамж шүү. Эрчүүдийн тоо давамгайлсан энэ салбарт эмэгтэйчүүдийн өсөн дэвших хүсэл эрмэлзэл, бидний чадварыг дэмждэг ажил олгогч, хамт олонтой байна гэдэг сайхан. Эмэгтэй мэргэжилтнүүдийг ажиллах таатай нөхцөлөөр хангаж, хувь оролцоог нэмэгдүүлэхэд шаардлагатай сургалт болон бүхий л зүйлээр хангаж ажилладаг Оюу толгой (Даян) компанийн нэг хэсэг нь болж ажиллаж байгаадаа баяртай байдаг.

-Ер нь тэсэлгээчин хүний ажлын горим, арга барил ямар байдаг юм бэ?

-Гүний уурхайн тэсэлгээний ажил бол уурхайн ээлж солигдох бүрт хийгддэг онцлогтой бөгөөд маш өндөр хариуцлагатай ажил. Манай тэсэлгээний баг гэхэд дөрвөн ээлжтэй. Хоёр ээлж нь уурхай дээр өдөр шөнөөр ажиллаж, нөгөө хоёр ээлж нь амарч байдаг. Нэг ээлж 10-аад хүний бүрэлдэхүүнтэй. Гүний уурхайд тэсэлгээг шөнийн ээлжийн төгсгөл, өдрийн ээлжийн эхэнд нэг удаа хийдэг. Мэдээж тэсэлгээ хийхийн өмнө гүний уурхайд ажиллаж байгаа бүх ажилчдыг газрын гадарга дээр гаргаж, уурхайг хяналтандаа авсны дараа тэсэлгээ хийгддэг. Газрын гадаргаас 1300 метрийн гүнд үйл ажиллагаагаа явуулж байгаа дэлхийн хэмжээний том уурхайд олон залуустайгаа нэг баг болон адилхан техник жолоодож, мөр зэрэгцэн ажиллаж байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг, том завшаан юм.

-Маш хариуцлагатай үйл ажиллагаа байх нь ээ?

-Тэгэлгүй яах вэ. Тэсэлгээний багийнхан маш хянамгай ажиллахгүй бол болохгүй. Тэсэлгээ гэдэг бол олон мянган хүний амь настай холбоотой өндөр эрсдэл дагуулсан ажил байдаг. Бид алхам бүртээ хянамгай ажиллах ёстой.

-Ийм ажилд эмэгтэй хүмүүс ажиллахад хэр байдаг вэ?

-Мэдээж зоривол хүн бүр хийж чадна. Манай улсад 2016 оноос гүний уурхайд эмэгтэй хүн ажиллаж болно гэсэн хууль батлагдсан. Түүнээс хойш гүний уурхайд ажиллах эмэгтэйчүүдийн тоо нэмэгдсээр байгаад баяртай байдаг. Намайг анх тэсэлгээчнээр гүний уурхайд ороход бараг хүн бүр “Хүүе, ийм жижигхэн охин ажиллаж чадах юм уу”, “Ийм жижигхэн байж машин барьж чадах юм уу” гэх зэргээр ханддаг байлаа. Мэдээж тэр үгэнд нь эмзэглээд бууж өгч болохгүй. Би хийж чадна, чадахгүй байсан ч сурна гээд зүтгэсэн.

-“Оюу толгой” компани аюулгүй ажиллагааг нэгд тавьдгаараа онцлог. Олон улсын стандарт ч үүнийг шаарддаг. Аюулгүй ажиллагаа, ажилчдын тав тух гээд онцолж ярих зүйлс таныхаар юу бол?

-Маш сайхан асуулт байна. Бидний ажлын хувцасны ханцуйны захан дээр “Тэг осол зөрчил” гэсэн уриа хадаастай байдаг. Ажлаа хийхдээ алхам тутамд бид тэр уриаг харж, анхаарал сэрэмжтэй ажилладаг гэсэн үг. Түүнээс гадна ажлаасаа би маш их эмх цэгц, сахилга батыг сурч авсан. Уурхай руу явахаар автобусанд суухаас эхлээд л сахилга бат, аюулгүй байдал мэдрэгддэг. Автобусанд суухдаа нэг эгнээгээр явах, суугаад бүсээ бүслэх, буухдаа урд эгнээнээсээ бууж эхлэх гээд эмх замбараатай, аюулгүй. Түүнийг ямар ч хүн бидэнд заагаагүй, шинэ ажилчид хуучин ажилчдаасаа суралцаад явдаг сахилга бат. Тэгж сурсан хүн чинь хотод ирээд АТМ-ээс мөнгө авахдаа дугаар дайраад байхгүй, машин барихдаа алхам тутамд бүсээ бүслэх гээд өөрөө ч мэдэлгүй тийм чадвар суучихдаг юм билээ.

Мэдээж ажилчдын эрүүл мэндийг хамгаалах, ажиллах амьдрах орчны хувьд ярих зүйл байхгүй. Зөвхөн л “Ажилчид та бүхэн аваар осолгүй ажиллаад өгнө үү. Бусад зүйлсдээ битгий санаа зов” гэсэн л том агуулга байдаг даа. Энэ дашрамд, гэр бүл, ахан дүүстээ, найз нөхөд, хамт олондоо маш их талархаж явдгаа хэлмээр байна.

Categories
мэдээ нийгэм

Оюу толгойн “төгсөгчид” DNN.mn

Оюу толгой хэмээх өнөр өтгөн ам бүл үүсч бий болсон цагаас хойш нэгэн үе хэдийнэ өнгөрчээ. Өдгөөгөөс арав гаруй жилийн өмнө хөрөнгө оруулалтын үндсэн гэрээг үзэглэснээр Монголын өнцөг булан бүрээс цугларсан шилдэг мэргэжилтэн, уурхайчин залуус дэлхийн өндөр ур чадвартай инженерүүдтэй мөр зэрэгцэн ажиллах том хийгээд ховор боломж бүрдсэн билээ.

Олон улсын нэр хүндтэй том бүтээн байгуулалт, уул уурхайн энэ төсөлд олон мянган монголчууд салбар, мэргэжлээрээ хуваагдан баг болон амжилттай ажилласаар байгаа. Өөрийн мэдлэг оюун, хүч хөдөлмөр, залуу насаа улс орныхоо үлгэр жишээ уурхайд зориулан, гавьяаны амралтандаа гарах ахмадууд жил бүр нэмэгдсээр байгаа билээ.

Тэдгээр баг хамт олноос гавьяаны амралтандаа суусан ахмадуудыг бид энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа урьж, нэгэн үеийн дурсамжийг нь сэргээлээ.


Осол зөрчилгүй, нэгэн цул болсон өргөлт угсралтын багийнхан

Бидний урьсан эхний баг хамт олон бол Оюу толгой компанийн өргөлт угсралтын багийнхан. Ил уурхайн анхны бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд гадаадаас оруулж ирсэн хүнд даацын техник хэрэгслийг угсрах, ажилд оруулах гол үүрэг энэ багийнханд оногджээ. Анхны өргөлт угсралтын багт ажилласан хүмүүсийн нэг бол оператор Мягмарын Батболд байлаа. Тэрээр Оюу толгой хэмээх их айлын үүдээр 2011 оны зургадугаар сард алхаж, ил уурхайн хамгийн анхны бүтээн байгуулалтын хүнд даацын тоног төхөөрөмжийг угсарчээ.

Өргөлт угсралтын энэ “ангийнхан” маань 40 гаруй хүнтэй. Хэлтсийн дарга буюу ангийн дарга нь Ганзориг хэмээх шижигнэсэн залуу байж. Бөхбаяр, Отгонбаяр, Эрдэнэхүү нарын мастерууд багаа гурван ээлжээр удирдан ажиллана. Багийн бүрэлдэхүүнд оператор М.Батболд гуайгаас эхлээд Гунгаажав, Наранцогт, Галбаатар, Төмөрхуяг, Амарбат нарын гол операторууд ажилладаг. Мөн тэдний багт Энхжаргал, Мягмардорж, Нямжаргал, Амирлангуй, Ариунжаргал нарын дохиочин залуус хамрагдана. Баатархүү, Лхагваа нарын шат угсралтын багийнхан ч харьяалагдаж, нэг баг хамт олон болж, осол авааргүй, зөрчилгүй нэр төртэй ажиллаж иржээ. Тэдний “ангийнхан” хоёр эмэгтэй байж. Тэд бол админ Батдулам, дохиочин Энхжаргал нар.

Кран гэдэг тухайн уурхайн хамгийн гол техник. Уурхайн бүхий л үйл ажиллагаанд кран л үүрэг гүйцэтгэдэг. М.Батболд гуай хүдрийг ухаж авахаас эхлээд бүтээгдэхүүн болгон савлах хүртэлх бүхий л дамжлагууд дээр оператор хүний хувьд ажилласан ховор хувь завшаантай хүмүүсийн нэг. Уурхайд 2.5 тонноос эхлээд хамгийн хүнд 250 тонн хүртэл авто кран ажиллана. Операторуудад бол тэдгээр бүхий л кран ажлын талбар нь.

М.Батболд гуайн Оюу толгойгоор овоглох болсон үеийн хамгийн том бахархал анх ажилд орох үеийн ярилцлага гэнэ. Тэрээр өмнө нь Бороогийн уурхайд үлгэр жишээ ажилласан операторын багийн гишүүн байж. Тийм ч учраас Оюу толгой компанийнхан орчин үеийн өндөр чадвартай монголчуудыг ажиллуулах сонирхолтой байсан нь лавтай. Зочин маань Оюу толгойн оффис дээр урилгаар дуудагдаж очоод ярилцлагад орохдоо “Надад цалин чухал биш. Дэлхийд тэргүүлж байгаа уурхайн төсөл дээр ажиллах болсондоо баяртай байна. Энэ л миний бахархал” гэж хэлж байж. Үүнийг сонссон гадаад мэргэжилтэн М.Батболд гуайд гүнээ талархаж байсан сайхан дурсамжийг хүүрнэсэн юм.

Ганзориг ахлагчтай өргөлт угсралтын багийнхан дотроо эвсэг, найрсаг хамт олон гэдгээрээ уурхайдаа нэр хүндтэй гэнэ. Тэр дундаа Төмөрхуяг кранист залуустаа түшигтэй тулхтай, дулаан энерги үргэлж цацаж байдаг шилдэг мэргэжилтэн байсныг М.Батболд гуай дурсан ярьж байв. Ганзориг, Отгонбаяр, Бөхбаяр нарын мастерууд ч хамт олныхоо төлөө гэсэн сэтгэл зүтгэлтэй хүмүүс байв.Ийм хамт олонтойгоо найман жилийн хугацаанд оператороор ажилласан М.Батболд гуай 2019 онд гавьяаны амралтандаа гарчээ.

Уурхайд тэр дундаа кран, хүнд даацын техник угсрах ажил амаргүй, эрсдэл өндөртэй. Хамгийн чухал нь энэ хамт олон ажиллах хугацаандаа ямар ч осол аваар, зөрчил гаргаж байгаагүй гэдгээрээ эдүгээ ч бахархан ярьдаг аж. Жил бүрийн шинэ жилийн баяраар өргөлт угсралтын багийнхан тал талаас уулзаж, баяраа тэмдэглэдэг уламжлалтай болжээ.

Харин Оюу толгой компанийн хэмжээнд гавьяаны амралтанд гарсан нөхдөө Сар шинийн баяр, Ахмадын баяраар хүлээн авдаг, байнгын харилцаа холбоотой байдагт ахмадууд ихээхэн баярладаг юм байна.

Нийгмийн хариуцлагын брэнд төслүүдийн эзэд

Хариуцлагатай уул уурхайн олон улсын сонгодог хийгээд шилдэг жишгийг Монгол Улсад Оюу толгой компани л хэрэгжүүлж буй. Энэ үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан хамт олон бол Оюу толгой компанийн Орон нутгийн асуудал хариуцсан захирал асан Шуркагийн Байгалмаагаар ахлуулсан багийнхан юм.

Ш.Байгалмаа захирал анх Оюу толгойн толгой компани “Айвенхоу Майнз” байх үед усан хангамж хариуцсан ахлах инженерээр ажиллаж эхэлжээ. Яг л Оюу толгойн бүтээн байгуулалтын ажил эхлэх үеийн бэлтгэл хангагдаж байсан 2005 он. Ийнхүү гурван жилийн хугацаанд ажиллаад түр завсарлан MCS компанийн урилгаар Энержи ресурс компанид тогтвортой хөгжлийн асуудлыг хариуцах болжээ. Тэндээ хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчин хариуцсан дэд ерөнхийлөгч хүртэл дэвшин ажиллаж байх үед Оюу толгой компаниас урилга ирүүлсээр байжээ.

Учир нь “Энержи ресурс”-ын туршлага манай улсад шинэлэг загвар болж байв. Уул уурхайн компани орон нутгийн иргэд, иргэний нийгмийн байгууллагатай тулж ажилладаг, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дээд түвшинд хүргэж, түншлэлийн нэлээд сайн загвар болсон нь манай улсад шинээр алхах гэж байгаа Оюу толгой компанид авууштай зүйл байв. Тийм ч үүднээс энэ шинэ туршлагыг үр дүнтэй хэрэгжүүлж байгаа Ш.Байгалмаа захирлыг урьсан учиртай аж.

Ш.Байгалмаа захирлын баг хамт олон Оюу толгой компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутагт хэрэгжүүлж байгаа брэнд төслүүдийн санаачлагчид юм. Хуулийн дагуу уул уурхайн компани орон нутагтай хамтын ажиллагааны гэрээ үзэглэх ёстой. Ш.Байгалмаа захирлыг ажлаа авах үед энэхүү гэрээ нэлээд удаашралтай зогсонги байдалд байсан гэгддэг. Тэрээр малчид, орон нутгийн иргэдтэй уйгагүй ярилцаж ойлголцсоны үр дүнд хамтын ажиллагааны гэрээг үзэглэж чаджээ.

Эдүгээ Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниуд дундаас орон нутгийн хамтын ажиллагааны үлгэр жишээ сан бол “Говийн оюу” сан юм. Жил бүр тус санд Оюу толгой компаниас таван сая ам.доллар төвлөрүүлж, орон нутгийн хөгжлийн төслүүдэд зарцуулагдсаар байгаа юм. Анх нөлөөллийн сум байсан Ханбогд, Баян-Овоо, Манлай, Даланзадгад өнөөдөр түншлэлийн сум болтлоо нягт уялдаатай, орон нутгийн иргэдийн эрх ашгийг хамгаалан, тэднийг хөгжил рүү хөтлөн алхаж чаджээ.

Түүнийг ажиллаж байх үед гадаад, дотоод удирдлагын баг бүрэлдэхүүн ихээхэн дэмжиж байсны ач тус гэж тэрээр онцолж байв. Энэ тухай Ш.Байгалмаа захирал онцлохдоо “Би өөрийгөө азтай гэж боддог. 20 орчим жил барилгын салбарт ажилласан инженер хүний хувьд уул уурхайн салбараар гадаадад суралцсан. Ингээд Монголдоо хариуцлагатай уул уурхайг анхнаас нь бий болгосон хоёр том уурхайд нэр төртэй ажиллаж чадлаа. Ялангуяа 145 жилийн түүхтэй Рио Тинто компанийн менежмэнт Монголд орж ирнэ гэдэг ховор боломж. Ийм зузаан түүхтэй олон улсын компанийн гүйцэтгэх удирдлагын багт ажилласандаа маш их баярладаг. Түүнээс гадна монгол залуусаараа бахархдаг. Оюу толгойг монгол залуус л авч явна” гэсэн билээ. Тэрээр “Оюу толгой” компанийн гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдээс хамгийн түрүүнд гавьяаны амралтандаа гарсан нэгэн билээ.

Categories
мэдээ утга-зоxиол

До.Цэнджав: Монгол хүн монгол хүндээ хамгийн увайгүй, балмад, зэрлэгээр ханддаг болсон нь ёс суртахууны сүйрэл юм DNN.mn

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч До.Цэнджавтай ярилцлаа.


-Монголчууд хоорондоо дайсагналцдаг, нэгнийгээ үзэн яддаг, монгол хүн монгол хүндээ хайргүй болжээ. Улс үндэстэн нэгнээ хайрлах, монгол хүн монгол хүнээ хайрлах ур ухааныг та юу гэж хардаг вэ?

-Монгол орон гэдэг нь үндэстэн хоорондын зөрчил байхгүй, хамгийн эв нэгдэлтэй байх ёстой улс. Ер нь бага орны ард түмэн гэдэг биенээ хайрлах, хүндэтгэх, бусдынхаа үгийг сонсох, бурууг бусдаас эрэхээс өмнө өөрөөсөө эрж хайх, нэгэнтэйгээ эелдгээр харилцах зэрэг харилцааны урлаг монгол хүнд туйлын дутагдалтай болжээ.

Харилцаа гэдэг хүн төрөлхтний хамгийн чухал зүйлийн нэг. Хүн хооронд үг ярианы харилцаа, сэтгэл зүрхний харилцаа явагддаг. Сүүлийн үед монгол хүний зан харилцаа хувирч, маш догшин болсон. Бүтэн үг сонсох байтугай үгний үзүүрт л уурсаж гомдох, эрх чөлөөнд халддаг, заналхийлдэг байдал бий болсон байна. Айл өрх, саахалтын харилцаа гэхэд л тун эвгүй байдалд хүрлээ. Энэ бол ёс суртахууны сүйрэл. Нийгмийн оюун санаа болсон нийгмийн харилцаа гэдэг ёс суртахууны хэм хэмжээн дээр байх ёстой. Энэ харилцаа сахигдахаа байж, насны ялгаа үгүй болж, хүмүүс хоорондын ялгаа ч арилчихаж. Залуус нь ахмадаа хүндэтгэхгүй, үр хүүхэд нь аав ээжээ үл тоодог болсон. Ийм болоод ирэхээр нийгмийн харилцаа тэр чигээр дампуурлын байдалд орно. Энэ бол туйлын аюултай үзэгдэл.

-Хөгжил цэцэглэлт, нийгмийн өөрчлөлт бидний нэгнээ хайрлах, энэрэх сэтгэлийг үгүй хийж байна уу даа?

-Нийгэм хөгжихийн хэрээр хүмүүс хоорондын зан харилцаа төгсрөх болов уу гэтэл улам дордлоо. Гудамжны сэтгэлгээтэй, хэрүүлийн сэтгэлгээтэй, бие биенээ жадлан эсэргүүцэх сэтгэлгээтэй, атаа хорслын сэтгэлгээтэй хүйтэн харьцаа ноёлж байх шиг санагдаж байна.

Хуучин цагт монголчууд хоорондоо ихэд сайхан харилцдаг байлаа шүү дээ. Биенээ хүндлэх уламжлал монголчуудад байсан хамгийн үнэт зүйл. Нэгэнтэйгээ жигтэйхэн сайхан харилцдаг, ярилцдаг. Нэг гэр бүл гэдэг тэр чигээрээ хүний сургууль байв. Аав нь аав шиг, ээж нь ээж шиг, ах нь ах шиг. Тэдний үгнээс багачууд гарна гэж үгүй. Хүмүүжил гэж тусгай үг хэллэг ярихгүйгээр, аяндаа мах цусандаа шингэсэн харилцаа тэр байлаа. Нутгийн өвгөд гэж ёстой л жинхэнэ алт шиг хүмүүс байв шүү дээ. Ерөөсөө л тэд чинь тэр чигээрээ ёс суртахууны зарчим байсан. Нутгийнхан тэдний үгийг маш сайхнаар хүлээж авдаг. Биднийг бага байхад нутгийн өвгөчүүлээс хамгийн их айдаг. Тэдэнд хүний хүүхэд гэж байхгүй. Бүхий л айлын хүүхэд тэдний л хүүхэд. Хүүхдүүдийг зэмлэнэ. Тэгэхэд аав, ээж нь учиргүй их баярлана. Харин ч “Энэ мууд үг хэлээд өгөөрэй” гэдэг. Хүүхдээ өмөөрнө гэж байхгүй, тийм л сайхан байсан.

-Монгол хүн нэгнээ үзэн ядах, өөрөөсөө дээш гаргахгүй гэх аминч үзэл ихэд дэлгэрч байна гэж шүүмжлэх хүмүүс их бий. Бас л энэ цаг үед ярих, хөндөх ёстой асуудал мөн биз, багш аа?

-Үгний эхэнд сайхныг хэл гэсэн өвгөдийн сургаал байдаг. Яриа хөөрөөг сайхан зүйлээр эхэл гэсэн санаа. Сайхан үгийг түрүүнд хэлнэ гэдэг харилцааны дээд уран хэлбэр. Энэ бол нялуун нялцгай асуудал биш. Энэ чинь монгол хүнд байсан мяндсан ухаан шүү дээ. Монголын зүйр цэцэн үг гэдэг гадаадын философиос дутахгүй их зүйлийг агуулдаг. Тэнд монгол ухаан ч бий, монгол хүн ч бий. Харамсалтай нь өнөө цагт монгол хүнийг эрээд олоход хэцүү болсон. Бүгд америк, солонгос, япон хүн болчихсон. Даяарчлал гэдэг олон сайхан талтай ч хүний зан суртахуун, үндэсний уламжлалд асар их их нөлөөлдөг юм байна.

Монголчууд эх орноо хайрлаж байгаа юмуу даа. Эх орныхоо эсрэг юм хэлдэг, нэгнээ дээд зэргээр гутаан доромжилдог болж шүү дээ. Харийнхантай үг, санаа нийлж Монгол орноо, монгол хүнийг гутааж байна. Монгол хүн шиг бүдүүлгүүд байхгүй, дээрэмчин, хулгайч, ална, хядна, буудна, цаазал гэх зэргээр хүний амнаас гарахааргүй үгийг ердийн үг шиг хэлдэг болчихсон.

-Ингэж гажуудаж, буруудаж байна гээд хэлээд өгөх, чиглүүлэх сэхээтэн нь ч алга болж шүү?

-Засч залруулаад хэлээд өгдөг хүн байхгүй байна. Ийм үед ардын багш нарын үүрэг асар их. Хүнийг хүн болгох тухай ярьж байгаа бол өлгийтэй байхаас нь хичээх ёстой. Тодорхой цагт хөхүүлдэг, тоглуулдог, хайрладаг, зөөлөн харьцдаг. Ингэхээр аяндаа мах цусанд нь шингэдэг. Дайн гэдэг энэ цаг үед ганц зэвсэг биш, харилцааны дайн хийдэг болсон.

Олон нийтийн сүлжээ гэдэг садар бузар үгийн, гүтгэлгийн, өшөө хорсол, атаархлын хогийн сав болчихсон. Хуучин цагт матаас гэж ярьдаг байсан. Одоо бол тэр матаас сэтгэлийн жаргал эдлүүлдэг болчихсон юм биш үү. Сайхан хүнээс дуурайл авч сэтгэлийн жаргал эдэлдэг гэдэг бол одоо муу муухай үг авч түүндээ баясан цэнгэж жаргадаг болжээ.

-Түүхийн хуудас сөхөхөөр аль ч цаг үед монголчууд дундаа хагаралтай, нэгнээ л зэмлэдэг, цөлмөдөг, хөнөөдөг байсан юм шиг. Эсвэл энэ зөвхөн монголчууд биш хүн төрөлхтний нийтлэг төрх юм уу?

-Ер нь манай монгол үндэстний яс цусанд нь нэг зүйл бий. Тэр бол атаархуу, өөнтөгч байдал. Тэгэхдээ монголчууд жигтэйхэн сайхан харьцаатай үндэстэн гэдгийг гадаадын жуулчид онцлог тэмдэглэсэн байдаг шүү. Би жуулчдын тэмдэглэлийг ихээр уншдаг. Монголд ирээд буцсан жуулчдын ихэнх нь монгол хүний ариун сайхан шуналгүй сэтгэлийг гайхан биширсэн байдаг.

Нэг жуулчны тэмдэглэлээс дурдъя л даа. Нүүдэл суудлын явцад авдарнаас нь баахан алт цуваад дуусаж. Дараа нь холоос ирсэн нэгнээсээ асууж байна гэнэ. Тэгэхэд өөдөөс нь “Алт юм уу мэдэхгүй, баахан шар юм цувж хэвтэнэ лээ” гэж юу ч болоогүй дэргэдүүр нь өнгөрөөд явчихсаныг жуулчин ихэд бахархалтай тэмдэглэж үлдээсэн байдаг. Монголын нэг булангаас нөгөө булан хүртэл туулахад нэг ч муу хүнтэй таарахгүй. Дандаа тусалдаг, гэнэн цайлган, халуун сэтгэлтэй гэж. Үнэхээр монгол хүнд тийм халуун дотно сэтгэл бий. Гэвч маш амархан эвдэрч байна. Ийм цаг үед хэрсүү, үг дуулах чанар тун хэрэгтэй.

-Хэрсүү монгол олон болох тухай бид ч их хөндөж бичдэг шүү?

-Тийм болох ёстой. Үг өнгөрөөж сур гэж аав, ээжүүд ярьдаг. Одоо бол шууд тосч аваад дайран давшилж, хамгийн муухай үгээр хариулдаг. Тэртэй тэргүй түүхээс үзэхэд Их Монгол Улсын үед монгол үндэстэн нэгдэж дэлхийг эзэлсэн түүхтэй. Дараа нь бага хаадын үе бутарч сарнин, баахан олон монголчууд тарсан. Монгол бол нэг үндэстэн гэдгийг үргэлж бодож нэгнээ хайрлах хэрэгтэй. Баруун монгол, бага ястан гэж ярьж болохгүй, амнаасаа ч унагаж болохгүй.

-Монголчууд дотроо нэгнээ хэмлээд зогсохгүй хилийн чанадад байгаа мах цусны тасархайнуудаа ч чичилж харагддаг. Өмнөд монголчуудыг хужаа гэж ирээд л. Оросын буриадууд ч монголчуудад ихээхэн дургүй гэлцдэг?

-Би нэг удаа өмнөд монгол шавь нараа дагуулаад Хэнтийн Дадал, Биндэрээр явсан. Сумын төв дээр баахан согтуу залуус. Ааш аяг гэж араатан болчихсон. Нөгөө муу хэдэн шавийг маань “Муусайн хужаа нар монгол нутаг дээр шээх ч эрхгүй” гэж ирээд орилж чарлаад. Шавь нар “Бид монголчуудыг ямар их хайрладаг билээ, яаж ирсэн билээ” гэж уйлаад буцацгаасан. Би ч тайтгаруулж дийлээгүй.

Япончууд нэгэндээ тийм ч хайртай ард түмэн биш. Гэхдээ нэгнийгээ хэзээ ч муулдаггүй. Япон хүний ёс суртахуун, сахилга бат дэлхийд яаж гайхагдаж байна?

-Япон гэдэг үндэстэн нэг амь юм шиг л хөгждөг гэж боддог. Бидэнд тэр чанар дутагдаж байна уу?

-Би олон газрыг удирдаж явсан хүн. Хамт олон дотор хов жив яригддаг. Түүнд барих хариулт нэг л байх ёстой. Энгийн. Хов жив гарлаа. Хариуд нь “Би өөрөөр боддог юм шүү дээ, аа тэр тэгж байна уу. Арай тэгэх хүн биш дээ” гэхэд нөгөө хүн нь “Нээрээ тийм байх аа” л гэдэг. Эсрэгээр нь тосч аваад уриалгахан сонсоод яриад унавал сайн үр дүн гарахгүй.

Гэтэл бид юу эсийг үзэж байна даа. Улстөрчдөд улс төрийн соёл гэж алга, ард түмнийхээ нүдэн дээр гахай нохой шиг л аашилцгааж байна. Телевизийн хоймор гэдэг ариун зүйл гэж үздэг байлаа. Гэтэл шууд ярилцлага хийж байхдаа л олны өмнө зодолдоод унаж байна.

-Үндэстнээрээ амь нэг байх, нэгэндээ хайртай байх асуудалд үг гэдэг чухал бололтой?

-Муусайн Оросын шаарууд, өмхий хужаа нар гэж ярьдаг хэсэг бидний дунд байна шүү дээ. Энэ чинь л хамгийн аюултай. Энэ улс орныг хөршгүй, нөхөргүй болгож байна. Төрийн хар хайрцагны, монгол хүний дотоод сэтгэлийн хар хайрцагны бодлого гэж байх ёстой. Нэг муухай үг байна. Хардах эрхтэй гэдэг үг. Энэ чинь хамгийн бузар булай үгний эхлэл. Сэтгүүлч хардах эрхтэй, хүн хардах эрхтэй гээд л ярьдаг болсон. Хардана гэдэг шууд дайсагнана гэсэн үг. Хардсанаас болж салж сарниж, нэгнийгээ алж хядаж байна. Энэ үгний оронд эргэлзэх, тээнэглэзэх, лавлах гээд ярьж болно оо доо.

Эр хүн мөртлөө хов жив ярьдаг хачин завсрын хүмүүс бий болчихлоо. Тэднийг зэмлээд гарах хүн байна уу. Лодонгийн Түдэв багш маань ухаанаараа зоддог байлаа шүү дээ. Ганц үг хэлэхэд л орой руу ороод явчихдаг. Одоо ч тийм хүн байхгүй болсон. Бямбын Ренчин гуай, Цэндийн Дамдинсүрэн гуай нэг үг хэлэхэд л ханардаг байлаа. Тэгэхээр үг гэдэг чухал. Хүрлийн муу газар эвддэг, хүний муу хүнийг эвддэг. Зөөлөн модыг тоншуул иддэг, зөөлөн хүнийг хүн иддэг гэдэг. Энэ нийгэмд зөөлөн, мөрөөрөө явсан хүн хэлмэгдэх шинжтэй. Гэтэл хамгийн балмад, ёс зүйгүй, дээрэм хийх шинжтэй, хамгийн харгис хүйтэн мөсөн сэтгэлтэй нь оройд гарлаа. Араб ардын мундаг үг бий. Эрдэмтэн хүмүүс нь илжиг хөтөлж, тэнэгүүд нь илжигээ унаад явдаг болжээ гэдэг. Манайхаар бол гайгүй хэсэг нь илжгээ хөтөлчихсөн, хамгийн увайгүй, балмад, зэрлэг харгис хүмүүс нь илжиг дээрээ суучихсан явж байна.

-Монголчууд нэгэндээ яавал хайртай, энэрэх сэтгэлтэй болох вэ?

-Би 2000-аад оны эхээр “Монгол тэмүүлэл” гээд олон нийтийн байгууллагыг санаачлаад маш сайхан авч явж байсан нэг үе бий. Америкт ч “Америк тэмүүлэл” гэдгийг гаргаж ирээд америк хүмүүсийг хүмүүжүүлж байсан. Японд ч адилхан. Одоо “Хятад тэмүүлэл” гэж ярьдаг болоод байна. Бид тухайн үед “Сайхан монгол хүн, сайхан Монгол орон” гэдэг уриа дэвшүүлж байсан. Одоо ч энэ уриа монголчуудад хэрэгтэй.

Ер нь хатуу хүтүү үгийг болгоомжтой гаргаж байя. Сайхан үг хэлж байя. Нүүр номыг харж байхад л өглөөний мэнд бусдадаа дэвшүүлдэг дээ. Гэхдээ их хялбараар л хэлээд өнгөрдөг болж. Угтаа бол ухаарлын, утга учиртай үгийг нэгэндээ дэвшүүлж байвал зохилтой.

Түүнээс гадна эх хүн, эмэгтэй хүний мяндсан ухаан гэж бий. Аав маань гэхэд дуугүйхэн хүн байлаа. Ээжийн минь амнаас гарсан үг бүр алт байв. Ээжийн ухаан, эмэгтэй хүний ухаан гэж их торгон ухаан байдаг. Ийм нийгмийг зөөлрүүлье, монгол хүн монгол хүнээ энэрье, хайрлая гэвэл эмэгтэй хүнйи үүрэг асар их бий. Гэвч одоо бас л увайгүй болж дээ. Эмэгтэй хүний ичимхий зан чанар ёс суртахууны дээд хэмжээ байжээ. Цэвэр ичимтгий ааш гэж жигтэйхэн гоё байсан шүү дээ. Дунд сургуулийн хичээлийн сургалтад ёс зүйн харилцааны урлаг хичээлийг оруулмаар байгаа юм. Хүүхдүүдийг багаас нь сайн байна уу, баярлалаа, гялайлаа гэж мөр цэх, мэлмий өөд хэлдэг араншинд сургах нь чухал.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Цэргүүдээ хүчирхийлэгч зэвсэгт хүчнийхэн DNN.mn


-Зэвсэгт хүчний найман албан хаагч бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэжмэдүүлжээ-


ХЭҮК 2021 оны Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг УИХ-д өргөн барилаа.

Энэ удаагийн илтгэлд “Ковид-19 цар тахлын хүний эрх, эрх чөлөөний сургамж”, “Жендерийн эрх тэгш байдал ба хүний эрх”, “Хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал”, “Гэр бүлийн хүчирхийллээс ангид байх”, “Цэргийн албан хаагч хоорондын дүрмийн бус харьцааны нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээ”, “Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжид хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээ” сэдвүүдийг хөнджээ.

Эдгээрээс Цэргийн албан хаагч хоорондын дүрмийн бус харьцааны нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээ ихээхэн анхаарал татаж байгаа юм. Учир нь сүүлийн жилүүдэд хугацаат цэргийн албан хаагчид амь нас, эрүүл мэндээрээ ноцтой хохирох болсон тохиолдлууд шилээ даран гарсаар байгаа. Эдгээрт хүний эрхийг хамгаалах мэргэжлийн байгууллага ямар дүн шинжилгээ хийв, нөхцөл байдал ямар байна вэ гэдгийг харж болох гол тулгуур юм.

ХЭҮК-ын судалгаагаар сүүлийн 10 жилийн хугацаанд цэргийн анги байгууллагад 468 эрх зүйн зөрчил буюу гэмт хэрэг, сахилгын зөрчил бүртгэгдсэний хамгийн олон буюу талаас илүү хувь нь Зэвсэгт хүчний ангид гардаг юм байна. Тодруулбал, өнгөрсөн 10 жилийн хугацаанд бүртгэгдсэн 468 гэмт хэрэг, зөрчлийн 242 нь Зэвсэгт хүчний ангийн албан хаагчид холбогджээ. Үлдсэн хувь нь хилийн цэрэг, дотоодын цэрэгт хамаарч байна.

Сүүлийн гурван жилийн дотор гэхэд л Зэвсэгт хүчинд алба хааж байсан цал залуухан найман хүү хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн харамсалтай хэрэг гарсан байдаг. Эдгээр нь хэвлэлд ил болсон мэдээлэл. Эрүүл мэндээрээ хохирч, насаараа тахир дутуу болсон нь үүнээс ч олон. ХЭҮК-ын илтгэлээс харахад дээр дурдсан 242 зөрчлийн 144 нь гэмт хэргийн шинжтэй, 98 нь сахилгын зөрчил байжээ. Тэр дундаа хугацаат цэргийн албан хаагчийн амь нас хохирсон долоон тохиолдол байгаагаас гурав нь усанд живсэн, хоёр нь хөдөлмөр хамгааллын аюулгүй байдал алдагдсанаас, нэг нь бусдын гарт амиа алдсан бол нэг албан хаагч амиа хорлосон гэжээ. Түүнээс гадна 27 хугацаат цэргийн албан хаагч гэмт хэргийн улмаас эрүүл мэндээрээ хохирсон гэжээ. Зэвсэгт хүчний ангийн албан хаагчдын дэглэлтийн талаар ч ноцтой баримтууд, тоон мэдээлэл бүртгэгджээ.

Хамгийн ноцтой нь Зэвсэгт хүчний ангиудад бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой зөрчил бүртгэгддэг, офицер албан хаагчид цэргүүдээ хүчирхийлдэг тухай баримт ХЭҮК-ын илтгэлд дурдагдлаа. Бэлгийн хүчирхийлэл бол хүний эрхийн ноцтой зөрчил, жендерт суурилсан хүчирхийллийн нэг хэлбэр гэж үздэг. ХЭҮК-ын социологийн судалгаанд оролцсон хугацаат цэргийн албан хаагчдаас ямар нэгэн хэлбэрээр бэлгийн дарамтад өртөж байсан талаар тодруулахад дээд албан тушаалтан нь бусдыг үнсэх тушаал өгөх, тоглоом тоглуулах, бие болон бэлэг эрхтнээр нь оролдох зэргийг онцолж байжээ. Түүгээр зогсохгүй бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж байсан гэдгийг ч цэргүүд ярьжээ. Зэвсэгт хүчин дэх бэлгийн хүчирхийллийн хохирогчид нэгээр тогтохгүй. ХЭҮК-ын судалгаагаар алба хааж байх үедээ зориг гарган мэдээлсэн найман албан хаагч байдаг аж. Тэгвэл алба хаасныхаа дараа энэ тухай хүний эрхийн байгууллагад мэдэгдсэн нь 147 иргэн байна. Тухайлбал, Зэвсэгт хүчний дугаар ангийн албан хаагч “Бэлэг эрхтнээр байнга оролддог байсан. Ийм байснаас үхсэн нь дээр гэж бодож байсан. Нэр хүнд минь олны өмнө гутгаагдсан” гэж тэмдэглэлдээ бичиж үлдээснийг илтгэлд онцолжээ.

Бодит явдлыг бичсэн цэргийн албан хаагчийн тэмдэглэлээс харахад Зэвсэгт хүчнийхэн цэргүүдийг олны өмнө, бусдынх нь нүдэн дээр ёс бусаар хүчирхийлдэг болж таарч байна. Цэргийн боловсрол эзэмшихээр мордсон залуусаа хүчирхийлдэг Зэвсэгт хүчин байна гэдэг гутамшиг. Эрүүгийн ноцтой гэмт хэрэг. Бэлгийн хүчирхийлэл гэдэг хүний сэтгэл санааг нэг насаар нь зэрэмдэглэдэг ноцтой үр дагавартай гэдгийг сэтгэл судлаачид хэлдэг. Тэд хэзээ ч хэвийн амьдралаар амьдарч чаддаггүй гэдэг.

УИХ энэ удаагийн илтгэлийг, тэр дундаа цэргүүдээ хүчирхийлэгч Зэвсэгт хүчинд онцгой анхаарах хэрэгтэй.

Энх цагт эр цэргүүд нь хүчирхийлүүлж, тахир дутуу болж, амиа алддаг батлан хамгаалах салбар гэж байж болох уу. Зэвсэгт хүчнийг, батлан хамгаалах салбарыг гутааж байгаа, хүний эрхийг ноцтой зөрчигч Зэвсэгт хүчний анги, байгууллагуудаа анхаараач, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг оо.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Б.Тэмүүлэн шиг олон хүүхдийн амь насыг төр даах үүрэгтэй юм DNN.mn

Хэдхэн хоногийн өмнө зургаахан настай Б.Тэмүүлэн хүүг харийн оронд хагас тэрбум төгрөгөөр амь насыг нь аврах боломжтой гэх баяртай хийгээд гунигтай мэдээг аав нь хэлээд уйлж зогссонсон. Баяртай мэдээ нь хүүг эмчлэх боломжтой. Гунигтай нь гуч шүргэж яваа залууст хагас тэрбум төгрөг гэдэг дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуугаас өөрцгүй.

Цусны цагаан эсийн хорт хавдар гэх аюулт өвчнөөр сүүлийн гурван жил шаналсан хүүд хоёрхон настай дүү нь донор болох гээд талбай дээр ирчихсэн монгол түмнээсээ тусламж гуйж зогссон. Монголчууд нэгдээд нэгхэн өдрийн дотор 570 сая төгрөг цуглуулаад өгчихлөө. Хүүгийн гэр бүлийнхэнд магнай хагартал баярлана гээч л болж байгаа дуулдана. Ямартаа ч Монголын нэг иргэн аюулт өвчнөөсөө салах эхний даваагаа давлаа.

Харамсалтай нь өнөөдөр Монголд өөр олон Тэмүүлэн шиг охид, хөвгүүд, хэдхэн сартай нярай амьтад Монголд эмчлэгдэх боломжгүй гэх аюулт өвчнөөр шаналж байгаа. Тэнгис кино театрын хойно байрлах “Оранж” гэх төвийн зургаан давхрын нэг том танхимаар дүүрэн тусламж хүссэн самбарууд өрөөстэй байдаг юм. Ихэнх нь хорт хавдрын оноштой бяцхан хүүхдүүдийн зурагтай. Тэнд бас ар гэрийнх нь аав, ээж, ах дүүс нь тусламж гуйн суудаг. Харахад нүд халтирмаар, зүрх зүсч, сэтгэл шимширмээр.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5.4-т хүүхэд төрөөс эмнэлгийн тусламж, тэтгэвэр, тэтгэмж, асрамж, халамж, хамгааллын үйлчилгээг авах эрхтэй гэж заасан. Цаашлаад УИХ, Засгийн газрын үүрэг ч тодорхой бий. Хүүхдийн эрүүл мэнд, хөгжил, төлөвшилд зориулж хууль, журам, төсөв батлах гээд үргэлжилдэг. Гэвч Монголд эмчлэгдэх боломжгүй хүнд оноштой олон зуун хүүхэд төрөөс ямар ч дэмжлэггүй олон жилийг ардаа үдэж байгаа. Азтай цөөн хүүхэд нь ард түмний хандив тусламжаар эмчлүүлж чадсан.

Ерөөсөө Б.Тэмүүлэн хүү шиг олон хүүхдийн амь насыг төр даах үүрэгтэй юм. Элдэв бусын хэрэгтэй, хэрэггүй хууль санаачилдаг гишүүд Монголд эмчлэгдэх боломжгүй хүнд өвчтэй хүүхдүүдийг эмчлэх, тусламж үзүүлэх хууль санаачилдаг болоосой!

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Импортын эрэмбэ: Доллар олох сэлбэг хэрэгсэл, амь нас аврах эм тариа юу? Өндөг, жимс, гутал хувцас уу? DNN.mn

-Хүүхдийн антибиотикууд тасарч, эмийн сангууд захиалсан эмээ зургаан сарын дараа хүлээн авч байна-


Хил гаалийн хязгаарлалттай үед өндөг, алим, архи, тамхины импорт өмнөх жилүүдээсээ ч нэмэгджээ

Гаалийн ерөнхий газраас мэдээлж байгаагаар Замын-Үүд боомтод чингэлэг тээвэр нэвтэрч эхэлсэн нэгдүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл 4160 чингэлэг ачаа барааг Монгол Улсын хилээр нэвтрүүлээд байгаа аж. Эдгээр чингэлэгтэй ачааны бараа бүтээгдэхүүнийг эрэмбэлбэл хүнсний бүтээгдэхүүн дийлэнх хувийг эзэлжээ. Хүнсний бараа бүтээгдэхүүний араас химийн бодис, хуванцар эдлэлийн импорт орж байна.

Алтанбулаг боомтын хувьд ч ялгаагүй. Сэлэнгэ аймгийн Гаалийн газрын дарга Б.Өнөболдын тайлбарласнаар тус боомтоор нэвтрүүлж байгаа бараа бүтээгдэхүүний 30-40 хувийг хүнсний бүтээгдэхүүн эзэлж байна. Тэр дундаа гахай тахианы мах, жимс жимсгэнэ дийлэнх байгаа аж. Харин барилгын материал, тоног төхөөрөмж нийт импортын 30 орчим хувийг эзэлдэг юм байна. Алтанбулагийн боомтоор өдөрт 40-50 том тээврийн хэрэгсэл гаалийн бүрдүүлэлт хийн нэвтэрдэг бөгөөд дараалал үүссэн, хил гаалийн гацалт байхгүй гэдгийг Б.Өнөболд дарга онцолж байв. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хоёр дахь том боомт болох Алтанбулагийн боомтоор импортолж байгаа бараа бүтээгдэхүүний дийлэнх хувийг гахай, тахианы мах, жимс жимсгэнэ эзэлж байна.

Хил гаалийн хязгаарлалттай энэ үед хамгийн их эрэлттэй байгаа эдгээр бараа бүтээгдэхүүний импорт өмнөх онуудаас ч өсчээ. Үндэсний стастистикийн хорооны бяцхан тоон мэдээллийг сийрүүлье.

Өндөгний импорт: 2020 /03 сар/ онд 31,784.4 мянган ширхэг, 2021 /03/ онд 38,754 мянган ширхэг, 2022 /03 сар/ онд 47,553.6 мянган ширхэг болж нэмэгджээ. Алимных 2020 /03 сар/ онд 859.55 тн, 2021 /03/ онд 2,792.31 тн, 2022 /03 сар/ онд 6,451.62 болж нэмэгдэв. Архи, согтууруулах ундаа гэхэд 2020 /03 сар/ онд 344.61 мянган литр, 2021 /03/ онд 2,581.2 мянган литр, 2022 /03 сар/ онд 3,831.41 мянган литр болж өслөө. Янжуур тамхины стастистикийг ч сонирхуулахад илүүдэхгүй аж. 2020 /03 сар/ онд 597.86 сая ширхэг, 2021 /03/ онд 767.53 сая ширхэг, 2022 /03 сар/ онд 877.51 сая ширхэг болж нэмэгдүүлж Монгол Улсад импортоор оруулж иржээ.

Импорт өссөн нь сайн хэрэг. Харин хил гаалийн хязгаарлалттай, долларын хомсдолтой, эдийн засгийн хүндрэлтэй байгаа үед импортын бараа бүтээгдэхүүн “бай”-гаа онож байна уу. Импортоос бүрэн хараат Монгол Улсад өнөөдөр нэн шаардлагатай юу хэрэгтэй билээ?


Мэс заслын багаж хэрэгслүүд, түүнд шаардагдах эм тариа тасраагүй эмнэлэг нэг ч алга


Манай нийт эм, эмнэлгийн хэрэгслийн 10 орчим хувь буюу давхардсан тоогоор 1600 гаруй төрлийн бүтээгдэхүүнийг дотоодын 43 эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрээс гардаг бол үлдсэн 90 орчим хувийг импортоор авдаг. Импортын дийлэнх хувийг БНХАУ-ын Эрээн боомтоор татдаг. Тус улсад ковидын халдвар дэгдэхтэй зэрэгцэн хил гааль хаагдсанаар эм, эмнэлгийн хэрэгслийн хомсдол өнөөг хүртэл үргэлжилж байна.

Саяхан даа, цус сийвэн маш их үнэд орж, Эрүүл мэндийн сайдын тушаал гаргахад хүрсэн тухай албаны хүмүүс цахимд мэдээлэл оруулаад нэлээд шүүмжлэлд өртөөд устгана лээ. Эрүүл мэнд, амь нас нь дээсэн дөрөөн дээр байгаа иргэдэд шаардлагатай эм тариа, цус цусан бүтээгдэхүүн нь хомсдож үнэд орж, зарим нь зах зээл дээр тасарчихаад байгаа учраас бухимдахаас аргагүй. Өмнө нь нэг нэгж цусыг 18-20 мянган төгрөгөөр авдаг байсан бол одоо 110 мянган төгрөгт хүрч, захиалгаар бэлтгэдэг цус цусан бүтээгдэхүүн 450 мянган төгрөг болж тэнгэрт хадсан мэдээ байгаа.

Түүнээс гадна хүүхдэд хэрэглэгддэг зарим нэрийн нянгийн эсрэг эмүүд болох “Флемоклав солютаб”, “Амоксиклав” зэрэг эмүүд хэдийнэ тасарсан. Мэс заслын багаж хэрэгслүүд, түүнд шаардагдах эм тариа тасраагүй эмнэлэг нэг ч алга. Фэйсбүүкийн эмийн санчдын худалдааны групп дээр эм тариа яаралтай хайсан хэдэн зуун мэдээлэл хөвөрсөөр байна. Эмийн сангууд гэхэд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард буюу зургаан сарын өмнө захиалсан эм, тариагаа өнөөдөр л гар дээрээ хүлээн авч байгааг учирлаж байна.

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Эм хангамжийн газрын дарга Г.Цэцэнсанаагийн ярьж буйгаар 2021 оны аравдугаар сараас өмнөд хил хаагдсанаас хойш эм, эмнэлгийн хэрэгслийн ачаа боомт дээр их хэмжээгээр саатаж, ханган нийлүүлэх байгууллагууд эм, эмнэлгийн хэрэгслийг импортоор татан авахад хоёроос доошгүй сарын хугацаа шаардагдаж байна гэж байгаа юм. Мөн Орос, Украины хооронд болж буй дайнтай холбоотойгоор манай улсад Украин, ОХУ, Европын улс орнуудаас импортолдог эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж, нийлүүлэлт ч хүндрэлтэй болсныг тэрээр дурдав. Удаан хугацаагаар хүлээгдэж байгаад ирж буй эм тарианы үнийн хувьд ярилтгүй. 2019 онтой өнөөдрийг харьцуулахад багагүй хувиар өссөн гэдгийг албаныхан хүлээн зөвшөөрч байна. Зах зээл дээр эмийн хангамж тасарсаар байна гэдэг импорт хангалтгүй байгаагийн том баталгаа. Төр засаг анхаарахгүй байгаагийн илрэл мөнөөсөө мөн.


Бордооны импорт буурснаар дотоодод хомсдол үүсээд байна


Улирлын сезон ид эхэлсэн салбарууд болох газар тариалан, уул уурхай, барилгын салбар өнөөдөр бас л удаашралтай, зарим нь бүр таг зогсчээ. Учир нь сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмж, материал хэрэгсэл, бордоо нь урд хил дээр гацчихсан. Газар тариалангийн амин чухал хэрэгцээ болсон бордооны импортын сүүлийн гурван жилийн үзүүлэлтийг харахад нэмэгдэх биш хасагджээ. 2020 оны өдийд ковидын нөхцөл байдалтай байсан ч 32,771.12 тонн азотын бордоо импортолж байсан манай улс өнөөдөр цар тахалгүй үед 23,342.24 тонн бордоог чүү чамай хилээр оруулж ирээд байна. Өчнөөн тариаланчид хаврын тариалалтаа хийж чадахгүй сууна.


Эдийн засгийн хүндрэлийг нөхөх уул уурхайн салбарын сэлбэг хэрэгсэл хил дээр найман сар гацаж байна


Уул уурхайн салбар бол манай улсын төсвийн бүрдүүлэлтэд жин дардаг ганц салбар. Ерөөсөө энэ салбараасаа усыг нь гартал доллар олно оо гээд 2022 оныхоо төсвөө томоор баталчихсан улс. Гэтэл орон нутгуудад уул уурхайн компаниуд нь хайгуул олборлолт хийх боломжгүй хаалгаа янгинатал түгжчихсэн, хил дээр нүүрс ачсан машинууд хэдэн зуугаараа дугаарлаастай хэвээр байгаа нь худлаа биш.

Оюу толгой, Эрдэнэс Таван толгой, Мак зэрэг уул уурхайн томоохон компаниудад тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл нийлүүлдэг нэгэн компанийн захиралтай ярилцлаа. Тус компани найман сарын өмнө татан авалтаа хийсэн ч сэлбэг хэрэгслээ хилээр оруулж ирж чадахгүй өдийг хүрчээ.

-Танай сэлбэг хэрэгсэл аль улсаас орж ирдэг юм бэ. Хил дээр гацсан шалтгааныг хэлээч?

-Бид АНУ, Их Британи, Сингапур, Хятад зэрэг улсаас тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслээ татдаг. Хил дээр ойролцоогоор 6-8 сар саатаж байна. Хил дээр гацчихаад байгаа олон мянган чингэлгүүдэд эхний ачилтын бараанууд хамгийн дор нь орчихсон. Сүүлд захиалсан бараа нь дээр нь ачигдаад тэндээсээ Монгол руу татан авалтууд явагдчихаж байна. Хүнд машины тонон төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл учраас нэг вагонд багтдаггүй, яалт ч үгүй салгаж, хоёр гурван чингэлэгт ачих болдог. Гэтэл манай гаалийнхан бүрдүүлэлтийг хамтад нь байлгахыг шаардаад байдаг. Хил дээр гацаж байгаа бас нэг шалтгаан энэ.

-Уул уурхайн машин механизмын сэлбэг хэрэгсэл дутагдаад ирэхээр ямар нөхцөл байдал үүсч байна вэ?

-Тал талд маш их хохирол амсаж байна. Тоног төхөөөрөмжөө ашиглаж чадахгүй сул зогсчихож байна. Хэрэгтэй сэлбэг хэрэгсэл нь байхгүй болохоор олборлолтоо эхлүүлж чадахгүй. Ингэхээр улсад төлөх татвар, орон нутагт оруулах хөрөнгө оруулалт зогсчихож байна. 2009 оноос хойш уул уурхайн салбар уналтад орчихсон, ялангуяа алтны салбар. Хилийн нөхцөл байдлаас зөвхөн импорт гэлтгүй экспортыг хар л даа. Гашуунсухайт дээр хоногт 40 вагон нэмлээ гэсэн шал худлаа, нүүрсээ гаргаж чадахгүй байгаа.

Уул уурхайн бэлтгэн нийлүүлэгч компаниуд өр төлбөр, лизингээр машин механизмаа хөдөлгөдөг. Тэр нь хөдөлж байж ашиг олно. Гэтэл хил дээр очоод гацчихаар ямар ч орлогогүй, хөрөнгийн эргэлтгүй болчихно шүү дээ. Хил дээр олон сар гацсанаас болж ханшийн хэлбэлзлээс их хэмжээний алдагдал хүлээж байна. Түүгээр зогсохгүй Хятадын хил дээр олон сар гацаж байгаа чингэлгүүд бүгд хүлээлгийн зардал төлж байгаа шүү дээ.

-Ийм чухал салбарын эргэлтийг сайжруулах талаар шийдвэр гаргах түвшний хүмүүс анхаарах юм уу?

-Зохицуулалт байхгүй. Бид олон газарт хандсан. ЗТХЯ-нд хандахаар УУХҮЯ-нд ханд гэдэг. Тэнд нь очихоор ЗТХЯ-ны л асуудал гэнэ. Аргаа бараад ЗГХЭГ-т хандаж үзлээ. Салбарын яамны харьяалах асуудал гээд л өөрсдөөсөө түлхчихэж байна. Ковидын дараахь эдийн засгийн сэргэлтэд чухал үүрэг гүйцэтгэх салбар бол уул уурхай. Энэ салбар л хүндрэлийг нөхнө. Гэтэл үүнийг анхаарч байгаа дарга даамал өнөөдөртөө алга гэв.


Жолооч нар олон хүний жижиг овортой бараа ачиж оруулж ирэх нь илүү ашигтай болжээ


Үнэхээр хил дээр гааль дээр зохицуулалт тун муу байгааг жолооч нар ч хэлж байна. Монгол Улс руу ямар төрлийн ачаа бараа орж ирэхийг жолооч нарын үзэмж мэддэг болжээ. Тэдэнд том оврын хүн даацын, улсад нэн шаардлагатай эм тариа, сэлбэг хэрэгсэл байх нь хамаагүй. Олон хүний жижиг овортой бараа байх нь илүү ашигтай гэнэ. Түүнд нь нөгөө л гутал хувцас тэргүүтэй амин чухал хэрэгцээгүй бараанууд л өдөр шөнөгүй хилээр орж ирдэг. Харин том овортой, сэлбэг хэрэгсэл тогтсон үнэ ханштай учир ашиг бага гээд авдаггүй гэдгийг жолооч нар хэлж байв.

Өнөөдөр бидэнд гутал хувцас, гахай, тахианы мах, өндөгнөөс илүү улсад доллар оруулж ирэх уул уурхайн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл чухал байна. Барилгын бараа материал цаг алдалгүй орж ирээд байх нь улирлын чанартай энэ салбарт тун өгөөжтэй байх юм. Эм тариа, хэрэгсэл нь оочер дугааргүйгээр нэвтэрдэг бол ам нас нь дээсэн дөрөөн дээр байгаа олон зуун иргэд эмчилгээгээ хэвийн үргэлжлүүлэх алтан боломж тэр.

Ерөөс хил гаалийн хязгаарлалттай энэ эмзэг цаг үед импортын бараа бүтээгдэхүүний эрэмбэ гэж байх ёстой юм аа. Өндөг, гахай тахианы мах, архи, тамхиар бид өлсөөд үхчихгүй. Эдгээрийн өмнө эм тариа, сэлбэг хэрэгсэл, барилгын материал, газар тариалангийн бордоог зогсоомоор байна.