Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Батцэцэг: Эрээнд ковид гарч хил хаагддагийн ард улс төр байгаа DNN.mn

МУИС-ийн Олон улсын харилцаа нийтийн удирдлагын сургуулийн доктор А.Батцэцэгтэй ярилцлаа.


-Цар тахал нэрийн дор манай гол хилийн боомтууд удаан хугацаанд хаалттай, хязгаарлалттай байсаар байна. Үндэслэлийг олон талаас нь тайлбарлаж байгаа. Та энэ үзэгдлийг хэрхэн харж байна вэ?

-Монгол, Хятад улсын хувьд хилийн маргаангүй. Мөн гадаад харилцаа, улс төрийн түвшинд зөрчил маргаан харьцангуй тайван хэдий ч цар тахалтай холбоотой хил гаалийн хатуу бодлого баримталж байгаа нь нэлээн урт хугацааг хамарч эдийн засгийн хувьд дарамтад оруулж байгаа нь үнэн. Өмнөд хөрш Монгол Улсаас гадна бүс нутгийн хэд хэдэн улсад ч ижил бодлого баримталж байгаа. Хятадын боомтын зөвлөл халдварын нэг ч тохиолдлыг гадаадаас нэвтрүүлэхгүй гэдэг зарчим, дүрэм, журмыг нэвтрүүлж байгаагаас шалтгаалж удаан хугацаанд хаалттай, хязгаарлалттай байсаар байгаа нь өөр бусад улсад ч тодорхойгүй хүлээлтийн байдалд хүргэж байна гэж бас болно.

Хил гаалийн асуудал нь нэгдүгээрт, цар тахал, хоёрдугаарт, Хятадын Коммунист намын хурал, өвлийн олимптой холбоотой байсан. Мэдээж дотоодын нийгмийн болон улс төрийн шалтгаантай гэж судлаачийн хувьд үзэж байна.

-Нийгмийн болон улс төрийн шалтгаантай гэдгийг та хэлж байна. Халдварын нөхцөл байдал хүнд байгаа ОХУ аль дээр хилээ нээсэн. Гэтэл урд хил дээр яг нээгдэх нь гээд улс даяараа бужигнадаг, нэг өглөө босоход л хаагдчихдаг нэг бус удаагийн тохиолдол гарлаа шүү дээ?

-Өнөөгийн дэлхий дахины нөхцөл байдал, олимп, Хятадын Коммунист намын хурал, Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн тавдугаар их хурал зэрэг олон чухал ажил давхацсан. Мэдээж тус улсын хувьд эдгээр арга хэмжээгээ хариуцлагатайтаар зохион байгуулах томоохон үүрэгтэй байсан тул бүх талаасаа хамгаалах шаардлага үүссэн гэж ойлгож байгаа. Ийм учраас эрсдэлээс урьдчилан сэргийлж хил гаалийн асуудлаа чангаруулсан байх. Энэ бол зөвхөн Монгол Улсад тавьсан хориг биш юм.

Дотоодод халдварын тархалтыг алдахгүйн тулд нэгдсэн менежмэнттэй ажилласан.

Нөгөө талаар БНХАУ-ын хувьд удаан хугацааны туршид тогтвортой байсан тэдний нийгэм эдийн засгийн байдал, ганцаар давамгайлах, хэт ноёлогч байр суурийн хандлага нь өнөөдөр тэднийг маш олон асуудлууд дунд авчирсан байж болох талтай. Коронавирусээс үл шалтгаалан цаашдын олон улсын харилцаан дахь, даяаршиж буй нийгэм дэх байр суурь нь өөрчлөгдөж байгаа. Өөрөөр хэлбэл, нэг бол суларсаар, нэг бол хүчирхэгжсээр байгаа хэдий ч нийгмийн тогтвортой байдлаа хадгалсаар байгааг дэлхий нийт харж байна. Манай хоёр улсын хувьд өөр өөрийн улс төр, эдийн засгийн нөөц чадавхтай. Хятад бол улс төр, эдийн засгийн хувьд аль ч үед тогтвортой, нөлөө бүхий байсаар ирсэн. Харин манай улсын хувьд эсрэгээрээ.

-Манай улсын улс төр, эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж хил гаалийн асуудал үүдэлтэй гэсэн үг үү?

-Ингэж үзэх үндэслэл бий. Монгол Улсын хувьд цар тахал гэнэтийн зүйл байлаа. Хоёрт, энэ том дайралтаас гарах туршлага байгаагүй. Эдийн засгийн чадавх муу. Дээр нь хамгийн гол нь улс төрийн тогтворгүй байдал нөлөөлсөн. Ерөөсөө өрхийн амьжиргаа чанартай байвал нийгэм чанартай байна. Ингэж чадвал улс төр болон эдийн засгийн тогтвортой байдал бий болно. Энэ бүхнийг тогтвортой байлгахын тулд хүний нөөцийн асуудал манайд чухлаар тавигдана. Харамсалтай нь энэ тал дээр манайх учир дутагдалтай. Улс төр, эдийн засаг гэх мэт аль ч салбарт чанартай боловсон хүчин бэлтгэгдэж байж улс орны цаашдын стратеги, төлөвлөлт чамбай, чанартай гарна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр өнөөдөр хүртэл үргэлжилж байгаа хил гаалийн асуудал манай талын улс төрийн тогтворгүй байдал, эдийн засгийн чадавхтай нөлөөтэй гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, Эрээнд ковид гараад л хил хаагддаг. Үүний ард улс төр л байгаа шүү дээ.

Харин Хятад улсын хувьд бүс нутгийн хамтын ажиллагаа нь далайн эрэг, хил орчмын хамтын ажиллагаанд голчлон тулгуурладаг. Дээр нь тус улс “Сайн хөрш, найрсаг бодлого” гэх гадаад бодлогыг баримталдаг. Энэ нь Хятадын үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн хөгжлийн тогтвортой байдалд ашигтай. Хятад улс бүс нутгийн олон талын хамтын ажиллагаанд оролцож, туршлага хуримтлуулж, улс орны бүх талын үндэстний хүч чадлыг дээшлүүлэх, энэ чухал цаг хугацааг ашиглаж дэлхийд байр сууриа дээшлүүлсэн улс төрийн хүрээний бодлогоо улам бэхжүүлэх санаа агуулж байна. Ийм учраас энэ нь манай улсад ч хамааралтай болох нь дамжиггүй.

Энэ байдлаар Хятадын хилийн хориг 2022 он дуустал үргэлжлэх төлөвтэй байна. Энэ нь хэд, хэдэн чухал үйл явдалтай холбоотой гэдгийг дээр хэлсэн. Энэ нь мэдээж Хятад улсын нөлөөллийн бодлогын нэг өнцөг.

-Таагүй мэдээ байна. Ер нь хил гаалийг хаах, хязгаарлахтай холбоотой эрх зүй ямар байдаг бэ. Манайд үүсчихээд байгаа асуудал дээр хоёр улс хил гаалийн эрх зүйгээ мөрдөж чадаж байна уу?

-Цар тахал хүчтэй тархаж байх үед дэлхийн бүх улс орон өөр, өөрийн улс үндэстний аюулгүй байдлыг хамгаалж хил гааль, боомтуудыг хааж хатуу хөл хорихоос өөр аргагүй байсан. Манай улсын хувьд ч ялгаагүй хатуу хөл хорьж, хилээ хаасан. Энэ бол нэг талаар сүүлийн жилүүдэд яригдаж ирсэн олон улсын харилцааны салбар дахь даяаршсан нийгмийн тулгамдсан асуудал, түүний үр дүн гэдгийг ойлгох хэрэгтэй. Хэдий хүчирхэг гүрэн, хөгжингүй улс байлаа гээд дэлхий дахинд олон жилийн туршид аюул учруулж ирсэн, учруулж байгаа, учруулж болзошгүй асуудлыг дангаараа шийдвэрлэх боломжгүй гэдгийг харуулсан тод жишээ энэ Цар тахал гэж хэлж болно.

Манай улсын хувьд ч тэр жижиг улс, хүн ам цөөн, үйлдвэрлэл төдийлөн хангалттай хөгжөөгүйн сөрөг тал, цар тахлаас үүдсэн удаан хугацааны хилийн боомтын хориг нийт ард түмний амьжиргаа, нийгмийн болон амьдралын чанарт хэрхэн яаж нөлөөлж байна, цаашлаад оюун санаа сэтгэлгээний онцлогт яаж сөрөг нөлөө үзүүлж байна гэдгийг бид өнгөрсөн хугацаанд харлаа.

Монгол Улс олон улсын хил гаалийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон гэрээ хэлэлцээрийн дагуу хүлээсэн үүргээ үндэсний хэмжээнд хангах үүргийг олон улсын өмнө хүлээдэг. Хятад ч ялгаагүй. Тиймээс Хятад улс хил гаалийн эрх зүйгээ зөрчөөд хилээ хаачихлаа гэж шууд дүгнэж болохгүй.

-Нөгөө талаар хоёр улсын хувьд Төвөд улс, Далай ламын тухайд эмзэг ханддаг сэдвүүдийн нэг. Саяхан энэ асуудал манай улсад хөндөгдөж яригдсан. Магадгүй үүнтэй холбоотойгоор урд хил хаагдчихав уу гэдэг хардлагыг зарим хүмүүс дэвшүүлж байна?

-Монгол Улс Бүрэн эрхт улс. Хятад улс ч тэр. Бүрэн эрхт улсын хамгийн үнэт капитал бол ард түмэн. Ард түмний оюун санаа, сэтгэлээний мөн чанарын цаана байгаа гол зүйл монгол хүний шашин шүтлэгийн асуудал.

Хятад улсын гадаадын бодлого бол энх тайвнаар зэрэгцэн орших мөн чанартай. Энэ бол аливаа хоёр улс бие биенийхээ дотоод үйл хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй гэсэн агуулга. Тиймээс хил гаалийн боомилолт шашин шүтлэг, Төвөд, Далай ламтай холбох ямар ч үндэслэлгүй.

Categories
их-уншсан мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Махны үйлдвэрт байсан хүүхдүүд хаачсан бэ? DNN.mn

Сэтгүүлч Л.Баяржаргал: Дараагийн сурвалжилгаар очиход хүүхдүүдийг “Ажлаа дуусгаад явсан” гэхээс өөр мэдээлэл өгөөгүй-


Эмээлт дэх махны үйлдвэрүүдийн үйл ажиллагаа, махны чанар, эрүүл ахуйн асуудлыг нийгэмд гаргаж ирсэн хэвлэл бол “Neguun.mn” цахим хуудсын хамт олон. Махны үйлдвэрүүдийн сурвалжилгаас анхаарал татаж байгаа бас нэг асуудал хүүхдүүдийн тухай юм. Энэ тухай ” сайтын захирал, сэтгүүлч Л.Баяржаргалтай ярилцлаа.


-Махны үйлдвэрүүд ийм нөхцөл байдалтай ажиллаж байгаа мэдээллийг анх яаж мэдэж, хэрхэн сурвалжлав. Анх очиход нөхцөл байдал ямар байсан бэ?

-Эх сурвалж байж бид мэдээ, сурвалжилга бэлтгэнэ шүү дээ. Тиймээс мэдээлэл ирэнгүүт эх сурвалжтай очиж уулзаад, хоёр ч удаа баталгаажуулаад тэр шөнөдөө сурвалжилганд гарсан. Тавдугаар сарын 10-ны үүрийн 04:00 цаг хүртэл шууд дамжуулалт хийсэн.

Бидний анх очсон компани бол “Эм Ди Си Пи” компани. Төмөр хашаатай, бат бэх цоожтой, бүрэн камержчихсан. Хоёр зураглаачтайгаа гурвуулахнаа очсон учраас дотогш нэвтэрлээ гэхэд гарах эрсдэлээ тооцоолж, “Босоо хөх Монгол” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын ах нарт хандаж, “Ноцтой мэдээлэл авагдсан учраас хамгаалж өгөөч” гэж хүссэн. Тэд ч тусалсан. Ингээд яваад ороход мэдээж таагүй хүнд нөхцөл байдал угтсан. Бичлэгт тодорхой байгаа шүү дээ. Шөнийн цаг байсан учраас хууль бус ажиллагаа яг үргэлжилж байсан. Ажилтнуудын сөрөг уур амьсгал, ёс зүйгүй авир, харилцаа хандлага бүхий л зүйл нь шууд дамжуулалтаар гарсан Тэр асуудлаас хойш өнөөдрийг хүртэл 20 гаруй хоног бага багаар мэдээлэл авагдаж, үе шаттайгаар явсаар нийгэм хүнсний гол хэрэглээ махны асуудал юу болчихов гэж эргэлзэж, үнэн бодит байдлыг мэдэхийг хүсч байна. Монголчуудын хүнсний гол салбараас харь улсын иргэдийн оролцоог салгаач гэж төр засагтаа хандсан, хүлээсэн байдалтай байна.

-Сурвалжилгын үеэр махны үйлдвэрт хүүхдүүд байсан нь дүрс бичлэгт үлдсэн. Тэнд ямар учиртай хүүхдүүд байв?

-Хүүхдүүд байсан үйлдвэр бол бидний сурвалжилсан хоёр дахь үйлдвэр байсан. “Сайло фүүдс Монголиа” гэх компанийн мэдлийнх. Тус компанийн бэлтгэсэн мах нийслэлийн цайны газрууд руу нийлүүлэгдсэн байж болзошгүй гэдэг мэдээлэл бидэнд ирсэн. Түүний дагуу сурвалжлахаар явж очиход дахиад л бүрэн камертай, шорон гяндан шиг газар угтсан. Ер нь энэ камерыг хаанаас хэн хянадаг юм бол гэдэг асуудал гарна шүү дээ. Ингээд хөөгөөд явсан. Гэтэл махны үйлдвэрээс 500-гаад метрийн зайд бас нэг объект гарч ирсэн. Тэнд эзэн нь гэх нэг хятад хүн, монгол эхнэр, хадам ээжтэйгээ амьдардаг болж таарсан. Гэтэл тэр объектын нэгдүгээр давхарт явж ороход хоёр эмэгтэй, таван хүүхэд угтсан. Нэг нь охин хүүхэд, 3-5 насны гэмээр. Үлдсэн дөрөв нь эрэгтэй, 15 насны хөвгүүд.

Сошиалаар 11 хүүхэд нүхэн дотроос олдсон гэх мэдээлэл яваад байна лээ. Тэр бол хандалт авах гэсэн сайтуудын ташаа мэдээ. Хүүхдүүдийн асуудлаар надтай цагдаа, тагнуулаас холбогдож мэдээлэл тодруулж авсан.

-За ямартаа ч 11 биш, таван хүүхэд байсан байх нь. Тэдгээр хүүхэд тэнд юу хийдэг байсан хэрэг вэ. Ажилчдынх нь хүүхдүүд үү?

-Үгүй. Хүүхдүүдээс хоёр, гурван ч удаа асууж тодруулах гэж хичээсэн. “Хүмүүсийн ажилд тусалдаг юм аа” гэхээс өөр зүйл яриагүй. Гэсэн хэдий ч тэд тэр давхраасаа дээшээ гарч үзээгүй бололтой, хоёрдугаар давхар руугаа гарах эрхгүй, тэнд юу байдгийг ч мэдэхгүй, хаалга үүд нь цоожтой. Хардлага төрүүлсэн гол зүйл тэр хүүхдүүдийн байгаа объектын хашааг дотор талаас нь ногоон өнгийн хятад бичигтэй цоожоор түгжчихсэн. Тэр хашааны хаалгыг гаднаас нь онгойлгох хориотой гэсэн лац байгаа юм. Тэгэхээр хүүхдүүд тэр хашаанаас ч гардаггүй гэсэн үг.

-Тэгвэл тэнд ямар нэгэн ажил хийдэг болж таарав уу?

-Тэгж л харж байгаа. Нэг хүүхдийн гутал цусны толботой байсан нь хардлага төрүүлсэн. Яагаад цус болчихсон юм бэ гэж асуухад “Хүмүүсийн ажилд тусалж байгаад ийм болчихсон” гэхээс өөр зүйл хэлээгүй.

Хүүхдүүд хашаанаас битгий хэл нэг давхраас гарах эрхгүйг бодоход махны үйлдвэрт нь ажилладаггүй. Харин тэр байсан объект нь доороо маш том зоорьтой. Тэнд чухам юу хийдэг нь тодорхойгүй. Насанд хүрээгүй хүүхдүүд тэнд л хүнд хүчир ажил хийдэг болов уу гэж харсан. Учир нь тэд нүүр гар нь ч халтайчихсан, шавар шавхай, цус болчихсон хувцастай унтаж байсан. Хэрэв эцэг нь эх тэнд байсан бол хүүхдээ тийм байдалтай амраахгүй шүү дээ. Ядаж л нүүр гарыг нь угаана, хувцас хунарыг нь тайлуулж тав тухтай амраана. Гэтэл тийм байгаагүй учраас насанд хүрээгүй хүүхдүүдийг хууль бусаар хөдөлмөр эрхлүүлж байсан байж болзошгүй гэж үзэж байгаа.

-Хүүхдүүд одоо байхгүй гэв үү?

-Бид дараагийн удаа сурвалжилга хийхээр очиход хүүхдүүд байхгүй болчихсон байсан. Хаачсаныг асуухад “Хүүхдүүд ажлаа хийж дуусаад явчихсан” гэсэн тайлбар хэлсэн. Тэгэхээр яалт ч үгүй хүүхдүүдийг хүнд ажил хийлгэж байсан нь үнэн болж таарч байгаа юм гэв.

Махны үйлдвэрт шөнийн цагаар насанд хүрээгүй хүүхдүүд байсан асуудалд хууль хяналтын байгууллага хэрхэн анхаарч байгааг тодруулсан юм. Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах ажилтан, цагдаагийн хошууч Б.Дэлгэрхангай “Тухайн үед цагдаагийн байгууллагаас дуудлага мэдээллийн дагуу очиж ажилласан. Гэмт хэрэг зөрчлийн асуудал байгаагүй учраас харьяаллын дагуу Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт шилжүүлсэн. Тус газар нь хүүхдийн хөдөлмөрийн асуудлыг хариуцдаг” хэмээв.

Categories
мэдээ нийгэм

Мэс заслын тасгийн эгэл баатрууд DNN.mn

Олон улсын сувилагчдын өдөрт зориулан П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн ерөнхий мэс заслын тасгийн сувилахуйн багийн хамт олныг онцолж байна.


Ерөнхий мэс заслын тасаг бол эмнэлэг дотроо томоохон тасагт тооцогддог. Ард иргэдэд үзүүлж байгаа тусламж үйлчилгээ, хамрах хүрээ, эмч сувилагчдын бүрэлдэхүүн гээд олон талаараа онцлогтой баг хамт олон. Энэ тасагт 2020 оны арваннэгдүгээр сараас урологи буюу бөөр, шээсний замын мэс заслын тасаг нээгджээ. Ингэснээр тус тасагт ерөнхий мэс заслын найман эмч, урологийн дөрвөн эмч 32 сувилагчтайгаар ажиллаж байна.

Ерөнхий мэс заслын тасгийг Төрийн шагналт, дэлхийн оюуны өмчийн алтан медальт анагаах ухааны докторант, клиникийн профессор тэргүүлэх зэргийн Ц.Лочин эмч удирддаг. Тэрээр Монголын анагаах ухаан, эрүүл мэндийн салбараас анх удаа энэ шагналаар шагнагдсан нь монгол эмчийн оюуны чансааг дэлхий дахинд таниулж, үнэлүүлсэн гайхам амжилт болсон билээ. Ц.Лочин эмч бол хэвлийн хөндийн мэс заслын үр дүнг сайжруулах чиглэлээр хэд хэдэн багаж, хэрэгсэл санаачлан бүтээж, мэс заслын практикт нэвтрүүлсэн гэдгээрээ салбарынхандаа үнэлэгдсэн эрхэм юм.

Ерөнхий мэс заслын тасагт ахлах сувилагч М.Гэрэлтуяа, Б.Оюун-Эрдэнэ, С.Цэндсүрэн, Б.Мөнхсайхан, Д.Наранчимэг, Ч.Батцэцэг, М.Нэргүй, Л.Жавзмаа, Т.Байгалмаа, Ү.Тэгшжаргал, Ч.Мөнхзаяа, Л.Оюунномин, Э.Алтанчимэг, Г.Пагма, Д.Ганчимэг, С.Дэлгэрмаа, Д.Хонгорзул, А.Өлзийгэрэл, Б.Ангараг, Б.Сумъяа, Б.Мөнгөнхундага, С.Даваадолгор, Г.Пүрэвсүрэн, Э.Даваасүрэн, Э.Сүрэн, Ц.Даваадамба, Г.Өлзийханд, Ц.Буянтогтох, Ц.Саранцэцэг, О.Ариунзаяа, Ж.Санжидмаа нарын сувилагчид мэс заслын өмнөх болон дараах, мэс заслын үеийн тусламж үйлчилгээг улсын хэмжээнд үзүүлж байна.


Сувилагчийн ажил мэргэжил сайхан хийгээд хүнд. Өвчтөнтэй тулж харьцдаг эмнэлгийн гол хүн. Тэр дундаа мэс заслын тасгийн сувилагчид гэдэг дайны цагийн эгэл баатрууд л гэсэн үг. Тэдэнд амрах цаг, амсхийх чөлөө үгүй. Яаралтай тусламжийн хаалгаар хагалгааны заалттай хүн орж ирэхэд л мэс заслын тасгийнхан нирхийгээд зогсох цагийн хуваарьтай ажилладаг хамт олон билээ.



Ингээд Улсын гуравдугаар шатлалын тус эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасгийн сувилагчдын төлөөлөлтэй хөөрөлдсөнөө хүргэе.


Улсын гуравдугаар төв эмнэлгийн ерөнхий мэс заслын тасгийн ахлах сувилагч М.Гэрэлтуяа: Эмчлүүлэгч маань эдгэрч баярласнаа илэрхийлээд гарах хамгийн сайхан үе


-Баярын мэнд хүргэе. Ажлын гараагаа эхэлж байсан түүхээс хуваалцаач?

-Баярлалаа. Би эрүүл мэндийн салбарт 33 дахь жилдээ ажиллаж байна. Архангай аймгийн Хашаат сумын эмнэлгээс ажлын гараагаа эхэлж байлаа. Хашаат сумын эмнэлэгтээ 13 жил ажиллаад Улаанбаатар хотод шилжин ирж, өрхийн эмнэлэгт нэг жил ажилласан. Ингээд 2003 онд Гуравдугаар эмнэлэгт шалгалт өгч байсан. Биднийг орох үед маш чанга байлаа.

-Чанга гэдэг нь?

-Хоёр, гурван шалгалт өгөөд орсон. Шалгалтаа ч амжилттай өгсөн. Сувилахуйн албаны дарга маань намайг хөдөө орон нутагт олон жил ажилласан, маш чадвартай сувилагч орж ирлээ гэж өндөр сэтгэгдэлтэй хүлээж авч байлаа. Өнөөдрийг хүртэл ерөнхий мэс заслын

тасагтаа ажилласаар байна.

-Энэ тасагтаа багагүй хугацаанд ажиллажээ. Бахархах зүйл их л байдаг байх даа?

-Тэгэлгүй яахав. Тасгаараа маш их бахархаж явдаг. 1923 онд Жанжин Сүхбаатарын тушаалаар цэргийн эмнэлэг байгуулагдаж, түүн дотроо мэс заслын тусламж үйлчилгээг алдарт П.Н.Шастин эмч үзүүлж эхэлсэн түүхтэй. Энэ суурин дээр манай эмнэлэг байгуулагдсан. Ингэж суурь тавигдсан эмнэлгийнхээ мэс заслын тасагт нэр хүндтэй ажиллана гэдэг бахархал байлгүй яахав.

Одоо манай тасаг ерөнхий мэс заслын 30 ор, урологийн 10 ортойгоор хэвлийн хөндий болон үрэвсэлт буглаат өвчнүүд, ясны үрэвсэлт өвчнүүдийн мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлдэг.

-Ерөнхий мэс заслын тасагт ажиллах нь бусад тасгаасаа онцлог биз?

-Ачаалал ихтэй, эргэлт хурдантай. Дотор болон бусад мэс заслын тасгууд бол хуваарийн дагуу өвчтөнүүдээ авдаг. Манайд бол яаралтайгаар, шатлал ахьсан, төлөвлөгөөт гээд олон төрлийн мэс заслууд авдаг учраас дотор ажиллаж байгаа эмч сувилагчид 24 цагийн бэлэн байдалтай ажилладаг шүү дээ. Сүүлийн үед шатлал ахиж орж ирэх тохиолдол улам нэмэгдэж байгаа. Ялангуяа бөөрний чулуу, давсагны чулуу авах, түрүү булчирхайн хагалгаа их хийж байна

-Сувилагч мэргэжлийн бахархал юунд байдаг вэ?

-Сувилагч хүн бол тухайн эмчлүүлэгчийн хамгийн ойр дотны хүн нь байдаг. Зөвхөн асаргаа сувилгаа хийхээс гадна сэтгэл зүйч, зөвлөгч, багш болж байдаг. Ингэхээр олон талын өргөн мэдлэгтэй байхыг шаарддаг.

Хамгийн жаргалтай үе гэвэл эмчлүүлэгч маань эдгэрч баярласнаа илэрхийлээд гарах. Манай тасгийн онцлог ч тэр, хоол боловсруулах замын мэс заслууд ордог учраас хүний идэж ууж байгаа өтгөн шингэн бүх зүйлтэй нь ноцолддог. Тэр утгаараа мэс заслын дараа өвчтөний өтгөн гарахад л тасгаараа баярлацгаана шүү дээ. Мэдээж ядрах үе байлгүй яахав. Ялангуяа сувилагчдын ихэнх нь эмэгтэйчүүд. Ар гэрт асуудал гарах нь бий. Ачаалал ихтэй болохоор заримдаа ар гэрээ мартаад л ажиллана. Орой ээлжээ солилцсоны дараа л санах жишээтэй.

-Ар гарийн асуудал бага л байх нь чухал юм байна?

-Тийм ээ. Ядаж л нийгмийн талын асуудал нь бага байгаасай гэж хүсдэг. Орон сууцны асуудлыг боломжтой байдлаар шийдээд өгчихдөг бол сувилагчдад хамгийн том дэмжлэг. Залуу сувилагчдад үр хүүхдээ цэцэрлэг сургуулиас нь авах асуудал их л тулгамдаж харагддаг. Олон жил ажиллачихсан бид ч бас учиртай болсон доо. Учиртай ч гэж дээ, дөжирчихсөн гэх үү дээ. Хүүхдийнхээ сургууль цэцэрлэгийн хуралд оролцож байсангүй. Ганц удаа явж очиход “… маань ээжтэй байсан хэрэг үү” гэж багш нь асууж байсан шүү. Ингэж л бид ажилладаг юм.

-Та бүхний ачааллыг бууруулах ажлууд эмнэлгийн зүгээс хийгдэж байна уу?

-Манай эмнэлэг улсын хэмжээнд сувилагчийн орон тооны дутагдал багатай эмнэлэгт ордог. Энэ нь манай захиргаа, удирдлагын багийнхны үйл ажиллагаатай холбоотой. Сувилдагчдынхаа нийгмийн асуудал, өсөн дэвжих, сургах тал дээр ихээхэн анхаарч ажилладаг.

Энэ жилийн хувьд гэхэд эмнэлгээс санаачлан сувилагчдын ачааллыг бууруулах зорилгоор сувилахуйгаар төгсөж байгаа оюутнуудыг урьж эмнэлгийн үйл ажиллгаатай танилцуулах ажлыг зохион байгуулсан. Тэдгээр оюутнуудаас төгсөөд манай эмнэлэгт ажиллах хүсэлтэй оюутнуудтай гэрээ байгуулсан. Төгсөлтийн шалгалт болон лицензийн шалгалтаа өгсний дараа лиценз гартал туслах сувилагчаар цалинтай ажиллуулж байгаа. Лиценз нь гарсны дараа үндсэн сувилагчаар ажиллуулах зэргээр сувилагчдын орон тоог нөхсөн, шинэ залуу боловсон хүчнийг дэмжсэн бодлогыг хэрэгжүүлж байгаад урамшиж байгаа.

-Маш үр өгөөжтэй үйл ажиллагаа байна шүү. Ер нь сувилагчийн нэг өдөр яаж өнгөрдөг юм бэ. Ялангуяа мэс заслийн тасаг, эрчимт эмчилгээний тасгийнхан?

-Өдөржингөө зогсоо зайгүй явсаар л таардаг шүү дээ. Ажлын цагтаа ажил нь амжина гэж ховор. Цагийн тариагаа хийнэ. Яаралтай шинжилгээ авна. Үйлчлүүлэгчээ хагалгаанд хүргэнэ, хагалгаанаас буцааж авна. Хагалгаанаас гарч ирсэн хүний эмчилгээг эмийн сангаас авч авна. Дахиад шинээр хүн хэвтэхэд хүлээж авна. Бүх хүнийхээ амин үзүүлэлтийг үзнэ. Цагийн тариагаа хийнэ гээд л үргэлжилнэ. Үндсэн ажлын цаг 8:20-16:20 байдаг хэдий ч бичиг баримт хөтөлсөөр оройн 19, 20 цаг хүрчихдэг. Олон янзын ааш араншинтай хүмүүс үйлчлүүлнэ шүү дээ. Хамгийн гол нь ард олон маань сувилагчийн ажлын ойлгоосой гэж л хүсдэг.


Эрчимт эмчилгээний тасгийн сувилагч С.Цэндсүрэн: Улсын эмнэлгүүдэд сэтгэл зүйч ажиллуулдаг бол өвчтөн эдгэрэхэд маш дэмтэй


-Олон улсын сувилагчдын баярын мэнд дэвшүүлье. Та энэ тасагтаа олон жил ажилласан сувилагч байх аа?

-Баярлалаа. 1998 оноос өнөөдрийг хүртэл энэ тасагтаа ажиллаж байна даа.

-Сувилагч болох мөрөөдөлтэй хүүхэд байв уу?

-Багадаа бие өвдөж эмнэлгээс салдаггүй байсан маань сувилагч болоход нөлөөлсөн дөө. Наймдугаар ангиа төгсөөд эх баригчийн ангид элссэн юм. Гэхдээ нэг ч өдөр эх баригчаараа ажиллаагүй, сувилагч болсон. Өвөрхангай аймагт 1991 оноос эхлээд сувилагчаар ажиллаж байгаад, 1998 оноос Улсын гуравдугаар төв эмнэлэгт ажиллаж эхэлсэн.

-Энэ олон жил мэс заслын тасагтаа ажиллаж байгаа хүний хувьд сувилагч мэргэжлийн жаргал зовлон, энэ тасгийн түүхийн нэгээхэн хэсгийг хамгийн сайн мэдэх нь дээ, та?

-Сувилагч мэргэжил хэцүүдээ хэцүү, сайхандаа сайхан. Манайх бусад тасгуудыг бодвол харьцангуй масс ихтэй. Эмч, сувилагч ч олонтой.

Манайх эрчимт эмчилгээний тасаг дөрвөн ортой. Бүгд л хүнд хүмүүс ирнэ шүү дээ. Өөрөө хоолоо бариад идчихдэг, өндийгөөд суучихдаг хүн ирэхгүй. Эмчилгээнийхээ явцад хоног хоногоор бие нь сайжраад энгийн тасагт шилжиж байхад зарим нь муудна, яалт ч үгүй хүндэрсээр нас барах тохиолдол гарна. Тэр бүрт ар гэрийнхэнтэй нь зовлон гунигийг нь хуваалцах хэрэгтэй болно.

-Эрчимт эмчилгээний тасгаас “Хүнээ аваарай, энгийн тасаг рүү шилжүүлж байна” гэдэг үг л ид шидийн мэт үг байдаг даа?

-Тэгэлгүй яахав. Өглөө бүр эмч тэр үгийг хэзээ надад хэлэх бол гэж өвчтөнүүд хүлээж байдаг. Бид ч ялгаагүй

-Хүндхэн үе гарна биз?

-Ар гэр, ах дүүс муутай хүмүүс л их хэцүү. Харж хандах, асрах хүн ирэхгүй. Ирлээ гэхэд ганц нэг л хүн харагдана. Биеийн байдал нь хүндрээд байдаг, өвчнийх нь тавилан ойлгомжтой болчихсон хүмүүст их хэцүү. Өөрсдөд нь ч тэр, бидэнд ч тэр. Тийм өвчтөнүүдээ харахад л сэтгэл их өвддөг.

-Ер нь сэтгэл зүй гэдэг их чухал зүйл. Сэтгэлээрээ өвдөж, эдгэрдэг гэдэг?

-Миний бодлоор улсын том эмнэлгүүдэд сэтгэл зүй ажиллуулдаг баймаар санагддаг. Ялангуяа хагалгааны өмнөх болон дараа өвчтөнүүдэд сэтгэл зүй янз бүр болж байдаг. Бид хэчнээн хэлж байгаа ч мэргэжлийн хүнийг гүйцэхгүй шүү дээ. Мэргэжлийн сэтгэл зүйн зөвлөгөө өгөөд ойлгуулах өөр.

-Сувилагчдын ажлын ачаалал ч их бололтой?

-Ганц манай эмнэлгээр тогтохгүй улс орон даяар сувилагчийн хомсдолд орчихоод байна. Залуус ачаалаа даахгүй шантраад гарчихдаг. Ялангуяа ковидын үед их байлаа. Миний хувьд залуучуудаасаа нэг их дутахгүй, чирэгдэхгүй ажиллахыг хичээдэг.


Эрчим эмчилгээний тасгийн сувилагч Б.Мөнгөнхундага: Сувилагчийн ажил бол буянтай ажил


-Баярын мэнд хүргэе. Баярын өдрийн ажил хэрхэн эхэлснээ хуваалцаач?

-Баярлалаа. Өглөө ажлынхаа үүдээр орж ирээд л шок болсон. Залуу эмч нар маань хоёр эгнээ болоод зогсчихсон алга ташаад баяр хүргээд л, дуу хөгжимтэй угтсан. Олон хүн харж сандраад бөөн юм боллоо. (инээв).

-Өөрийгөө танилцуулаач. Хэр хугацаанд ажиллаж байна вэ?

-Би 2013 онд Энэрэл анагаах ухааны дээд сургуульд элсэж 2017 онд төгсөөд ЭХЭМҮТ-ийн хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт сувилагчаар ажиллаж эхэлсэн. Ингээд 2021 оны гуравдугаар сараас Гуравдугаар эмнэлэгт энэ тасагтаа ажиллаж байна.

-Хагалгааны дараах эрчимт эмчилгээний тасагт ажилладаг гэсэн. Нэг өдрийн ажил хэрхэн өрнөдөг вэ?

-Өглөө хаалгаар орж ирээд л ажил оволзож эхэлнэ. Ээлжээ хүлээлцээд хагалгаанд ороод бууж ирж байгаа хүмүүсээ хоёр цагийн турш биеийн байдал, амин үзүүлэлтийг хянана. Гуурсуудтай орж ирсэн бол түүгээр гарч байгаа шингэн ямар байна, катетертай бол шээсний өнгө нь ямар байна гэж харна. Унтуулгын дараах сэрэх явцад хүн бүр харилцан адилгүй сэрнэ. Гайгүй тайван сэрэх хүн байхад орилж хашгирдаг, ууралж загнадаг хүмүүс ч байдаг.

-Таныхаар сувилагчийн ажил мэргэжлийн сайхан тал юу вэ?

-Ээж маань насаараа сувилагч хийгээд тэтгэвэрт гарсан хүн бий. Тэгэхээр би үе дамжсан сувилагч. Сувилагчийн ажлыг буянтай ажил гэж боддог. Анх сургуулиа төгсөөд ажиллаж эхэлж байхдаа “Яагаад би сувилагч болчихов оо” гэж гайхаж байлаа. Одоо бодоход өвчиндөө шаналж байгаа хүмүүсийг илааршуулаад, эрүүл саруул болгож байгаа учраас тэр хүмүүсийн маань буян буцаад над дээр ч юм уу, үр хүүхдэд минь ирдэг байх гэж боддог. Тиймдээ ч өнөөдөр хүртэл ажиллахад үр хүүхэд маань өвдөж хавдах нь бага, ар гэр маань тайван байгаад улам билэгшээдэг.

Ер нь бидний ахмад үеийнхэнд бүх зүйлийг өөрөө хийдэг, хэцүү үе байсан. Одоо бидний ашиглаж хэрэглэж байгаа бүхий л эм тариа, эмнэлгийн хэрэгслүүд сайжирч, автоматжиж байна шүү дээ. Тэгэхээр өөрөө хичээж ажиллавал хэцүү зүйл байхгүй гэж боддог гэв.

Categories
мэдээ нийгэм

Б.Бат-Эрдэнэ: Байгаль орчны асуудлыг ганц нэгээр нь биш, цогцоор нь авч үзэх ёстой DNN.mn

Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.


-Манай улсын 76.9 хувь нь тодорхой хэмжээгээр цөлжилтөд өртсөн талаарх мэдээлэл байна. БОАЖ-ын яамнаас цөлжилттэй тэмцэхийн тулд ямар хариу арга хэмжээ авч байна вэ?

– Үнэнийг хэлэхэд манай улс 70 сая гаруй малтай. Өмнө нь Монгол орны нутаг дэвсгэрээр бүхэлд нь мал бэлчээрлэх боломжтой байсан. Гэтэл сүүлийн жилүүдэд цөлжилт нэмэгдэхийн хэрээр нутгийн хойд хэсэг рүү мал бүхий иргэд түлхүү нутаглахыг илүүд үздэг болж, шилжилт явагдаж байна. Энэ бол нэг талаас бэлчээрийн даац хэт нэмэгдэхийн хэрээр цөлжилт нэмэгдсэнийг харуулж байна. Ургамлын ургалт тодорхой хугацааны давтамжтайгаар явагдаж байдаг. Гэтэл мал бэлчээрлэх газар, өвс хомсдож байгаагаас үүдэн ургамал ургаж амжаагүй байхад мал бэлчээрлэж байгаа нь цөлжилтийн гол суурь болж байгаа гэдгийг олон улсын эрдэмтэд хэлж байна. Хоёрдугаарт, манай улсын нийт газар нутгийн 76.9 хувь нь доройтсон гэх судалгаа бий. Түүнчлэн Дундговь, Баянхонгор, Дорноговь зэрэг 7-8 аймгийн газар нутаг 97-98 хувь хүртэл доройтчихоод байна. Тиймээс цөлжилт болоод уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум” мод үндэсний хөдөлгөөн эхлүүлсэн. Уг хөдөлгөөний гол зорилго бол уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал, цөлжилтийн эсрэг авч хэрэгжүүлж байгаа томоохон төсөл. Түүгээр зогсохгүй бүс нутгийн хэмжээнд байгаль орчны нөлөөллийг бууруулахад авч хэрэгжүүлж байгаа төсөл. Монгол Улс цөлжилтийн асуудлаар дэлхий нийтийн анхаарлын төвд очих, хоёрдугаарт, санхүүжилтийн хувьд бүс нутгийн анхаарлын төвд очсон гэдэг агуулгаараа бусад орны туслалцаа дэмжлэгийг өрнүүлэх, гуравдугаарт, Цөлжилтийн эсрэг конвенцын талуудын бага хурал Коте Д’Ивуар улсын Абижан хотод болсон. Энэ үеэр цөлжилтийн эх үндэс нь хөрсний доройтол гэдгийг албан ёсоор зарлалаа. Тэгэхээр дэлхий дахинаа 189 орон 7000 гаруй төлөөлөгч оролцсон хурлаар газар бол амьдралын эх үндэс, газар бол хөрс юм. Хөрсөө алдаж болохгүй гэх маш том тунхаг гаргасан. Тиймээс цөлжилтөөс сэргийлэхийн тулд тэрбум мод хөдөлгөөнийг үндэстэн даяар явуулах, нөгөө талаас ямар модыг хаана тарих, хөрс нь ямар байдалтай байгааг тодруулах, чийгийг тодорхойлох судалгаа шинжилгээг хийх зайлшгүй шаардлага үүсч байгаа.

-Цөлжилтийн асуудал гэнэт өнөөдөр гараад ирчихээгүй байх л даа.Өмнө нь энэ чиглэлээр ямар ямар төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн эсэхтэй холбоотой мэдээлэл бий юү?

– XXI зуунд хүн төрөлхтний өмнө тулгарч байгаа хамгийн чухал асуудал, сорилт бол цөлжилтийн асуудал болчихоод байна. Тиймээс цөлжилтийн асуудал дэлхий нийтээрээ анхаарал хандуулдаг болсон. Монгол Улс сүүлийн 80 жилийн хугацаанд 2.25 хэмээр дулаарсан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар жилд 1.5 хэмээс дээш дулаарал явагдвал аюулын харанга дэлдэж байгаагийн нэг хэлбэр хэмээн анхааруулсаар байгаа.

Өмнөд туйл буюу Антарктидаас бусад бүх газар цөлжилт их, бага хэмжээгээр явагдаж байна. Тиймээс бид цаашид ямар арга хэмжээ авах ёстой вэ гэхээр дэлхий нийтээрээ уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ямар хариу арга хэмжээ авах вэ гэдэг дээр эрдэмтэн, судлаачид ажиллаж байна. Байгаль орчны асуудал бол цогц асуудал байдаг. Аль нэгийг нь салган авч зөвхөн цөлжилт, зөвхөн уур амьсгалын өөрчлөлт хэмээн үзэх нь өрөөсгөл ойлголт. Хог хаягдлын асуудал ч хамаарна. Уур амьсгалын өөрчлөлтийг зогсоох тухай ойголт байхгүй, хэрхэн дасан зохицох тухай асуудал яригдаж байгаа. Хэдий тийм боловч уур амьсгалын өөрчлөлтийг удаан явуулах процессын асуудлыг яриад байгаа. Одоогоор манай яам дээр 18 төсөл, хөтөлбөр хэрэгжиж байна. Монгол Улс сүүлийн 40 гаруй жилийн хугацаанд нийт газар нутгийнхаа цэвдгийн 40 гаруй хувийн цэвдгийг алдсан харамсалтай тоон судалгаа байна. Цэвдгээ алдана гэдэг бол гадаргын усаа, хөрсөө, алдаж, модгүй болж байна. Тэр хэрээр цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт явагдаж байна гэсэн үг. Тиймээс бэлчээрийн даацыг нэмэгдүүлэхгүй байхад хамгийн түрүүнд анхаарах ёстой. Энэ байдал цаашид 10 жил болоход цөлжилт маш эрчимтэй явагдаж, ямар нэгэн цөлжилт явагдаагүй байгаа 7.8 орчим хувийн ой модоо алдана. Тиймээс бэлчээрийн даац, мал аж ахуйтай холбоотой асуудлыг зайлшгүй хөндөхөөс өөр аргагүй болж байна.

-Манай улсын бэлчээрийн даац хэтэрсэн, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх талаар олон жил ярьсан ч дорвитой өөрчлөлт гарахгүй л байна. Цаашид салбар яамдуудтай хэрхэн хамтарч ажиллах вэ?

-Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх талаар төрийн бодлогоо чиглүүлэх ёстой. Нөгөө талаас малын тооны араас хөөцөлдөөд чанараа алдчихсан асуудал ч бий. Түүнчлэн жил бүр тодруулдаг мянгат малчин, сумын, аймгийн, улсын аварга гэх мэт шагнал урамшууллын асуудлыг ХХААХҮЯ-тай хамтарч гаргах шаардлага зайлшгүй үүсч байна. Сүүлийн үед малчдаас бэлчээрийн хомсдол бий болсонтой холбоотойгоор дархан цаазат, тусгай хамгаалалттай газар малаа оруулах санал ихээр ирж байгаа. Хэрэв эдгээр тусгай хамгаалалттай, дархан цаазат газар руу малаа оруулах юм бол цаашид манай улс ойгүй, өвсгүй болно. Миний яриаг малчдын эсрэг зүйл ярьж байгаа мэт ойлгож болохгүй. Бид малаас гарч байгаа үр шимийг хэрхэн нэмэгдүүлэх талаар судалгаа шинжилгээ явуулах ёстой. Дотоодын нөөц бололцоогоо зөв томьёолох хэрэгцээ шаардлага бий.

-Манай улсад 2026 онд НҮБ-ын цөлжилттэй тэмцэх XVII бага хурлыг зохион байгуулахаар болсон. Хэрэв “Тэрбум мод үндэсний хөтөлбөр” амжилттай хэрэгжвэл гадна дотныхонд үзүүлэх зүйлтэй сууна байх. Хамгийн гол нь тэрбум мод биш, тэрбум нүх болгочихгүйн тулд ямар ажлууд хийж байна?

-Ойн стратегийг хийж байна. Сарын дараа бэлэн болчих байх. Ер нь бол ус дагаж мод ургана гэдгийг л сайн ойлгох хэрэгтэй. Мод огт ургах боломжгүй газар нүх ухаад тарьц суулгавал ямар ч үр дүн гарахгүй. Дээр нь үргүй зардал их гарна. Тэрбум мод хөдөлгөөнөөр дамжуулж иргэдийн өрнүүлж байгаа мод тарих ажиллагаанд сайн, муу үр дүн ажиглагдаж байна. Хүн бүр уг хөдөлгөөнд оролцож байгаа нь сайн боловч хөрсний судалгаа шинжилгээ нарийн хийлгүйгээр нүх ухаад модоо суулгаад, нэг удаа услаад орхичихож байна. Модыг услахдаа хүртэл бодох ёстой. Цэв хүйтэн усаар усалж болохгүй гэдгийг ч иргэд мэддэг баймаар. Говь, хангай, хээрийн бүсэд тарьдаг ургамал мод ч гэж бий. Бид бүх судалгаа шинжилгээг нь хийгээд дууссан. Та нар ямар удаан юм бэ хэмээн шүүмжилж магадгүй. Үнэндээ бид ажлаа аваад дөрвөн сар л болж байна шүү дээ. Бид бүхий л нөөц бололцоогоо дайчлан 21 аймгаараа тойрч, олон улсын түвшинд гарч ажиллах зэрэг ажлууд хийж байна.

-Тэгвэл ихээхэн хэмжээний мод тарих амлалт өгсөн аж ахуйн нэгжүүдийг хэрхэн зохион байгуулж, системд хамруулж байна вэ?

– Уул уурхайн 23 компани нийт 608 сая мод тарьж ургуулах амлалт өгсөн. Тэгвэл энэ хэмжээний ажлыг мэргэжлийн байгууллагаар хийлгэх тухай л асуудал яригдана. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд нийт 334.7 га газарт биологийн нөхөн сэргээлт хийхээр Оюу толгой компанитай гэрээ хийлээ.Өөрөөр хэлбэл, 100 сая модны 5.6 сая модтой дүйцэхүйц хэмжээний хөрөнгө оруулалтаар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбагийн голыг буцааж урсгах, биологийн нөхөн сэргээлт хийлгэхээр боллоо. Тэрбум мод хөдөлгөөн гэдэг зөвхөн ийм хэмжээний мод тарих асуудал биш юм. Иргэдийг ажилтай, орлоготой болгох, ДНБ-нд эзлэх хувийг нэмэгдүүлэх, тэр хэмжээгээр эдийн засгийн эргэлт бий болгох асуудал юм. Мөн банк санхүү, даатгалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-үүд 88.6 сая мод тарьж ургуулах амлалт авсан. Ингээд тодорхой нэг сан үүсгээд тус сандаа 2030 он гэхэд 5.1 их наяд төгрөг байршуулах юм. Тус мөнгөөр бид ААН, иргэдийг ажилтай орлоготой болгож, мод тарих ажлаа зохион байгуулна.

-Цөлжилттэй тэмцэх, мод ургуулах ажилд хамгийн чухал нөлөө үзүүлэх нь ус учраас усны асуудлыг орхигдуулж болохгүй байх. Гэтэл жил бүр 2000 гаруй гол, цөөрөм ширгэж байгаа харамсалтай мэдээлэл байна шүү дээ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар усны зөвлөгөөнийг төрийн ордонд зохион байгуулж, усаа хэрхэн хайрлан хамгаалж, усны тогтоцыг яах ёстой, хөв цөөрмийн тоог хэрхэн нэмэгдүүлэх, яагаад жилд 2500 орчим гол мөрөн ширгээд, 1600 орчим нь эргэж сэргээд үлдсэн 900 гаруй гол, цөөрөм сэргэхгүй байна вэ. Тиймээс ширгэдэг бус сэргэдэг гол цөөрөмтэй баймаар байна. Зарим иргэд уул уурхайгаас болж гол мөрөн ширгэж байгаа мэт ойлгодог. Бүх бурууг уул уурхай руу чихэж бас болохгүй. Хүний буруутай үйлдлээс ихээхэн зүйл шалтгаалж байна. Тухайлбал, бэлчээрийн даац хэтэрснээс бэлчээрийн доройтол үүсч, уур амьсгалын өөрчлөлт явагдаж байгаа. Үүнээс улбаалж ус ширгэж байна. Малчид “Хэдхэн жилийн өмнө манай энд гол байсан. Одоо ширгээд алга болчихлоо” гэж ярьдаг. Гэтэл нөгөө талаас малын бэлчээрийн даац хэтэрснээс болсон гэдгийг ойлгож байгаа хүн цөөхөн. Тиймээс бид усны бодлогоо маш зөв явуулах ёстой. Учир нь манай улсын гол мөрөний 60 хувь нь гадагшаа урсдаг. Тиймээс урсан гарч байгаа гол мөрөнөөс дотооддоо хэрхэн үр дүнтэй авч ашиглах талаар бодох ёстой. Тухайлбал, усан сан байгуулж, гол мөрөний урсацыг сайжруулах ажлыг хийх гэхээр мөн л орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулдаг. Энэ мэт ажлыг шат дараатай хийхгүй бол тухайн орон нутгийн малчид ирээдүйд усгүй болно л гэсэн үг. Шинжлэх ухаан, техник технологи маш эрчимтэй хөгжиж байгаа учраас бид байгаль орчин руу чиглэсэн үйл ажиллагаагаа ч шинжлэх ухаанд суурилуулж хөгжүүлэх учиртай. Бид байгаль орчны асуудлыг ганц нэгээр нь биш, цогцоор нь авч үзэх ёстой.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Батзориг: Гүтгэх, доромжлох, ерөнхий прокурорын тавигдах шаардлага дээр улстөрч биш гэхэд л болох байсан DNN.mn

Монголын Криминологичдын холбооны удирдах зөвлөлийн дарга, судлаач Б.Батзоригтой ярилцлаа.


-Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд УИХ-аар хэлэлцүүлэгдэж байна. Доромжлох, гүтгэх заалтууд, дээр нь ерөнхий прокурорт тавигдах шаардлагууд гээд нэлээд анхаарал татсан өөрчлөлтүүд яригдаж байгаа. Судлаачийн хувьд энэ хоёр хуулийн төсөл дээр ямар байр суурьтай байна вэ?

-Эрүүгийн хуулиас эхэлье. Доромжлох, гүтгэх хоёр заалт социализмын үеэс үүсэлтэй. Тэр үед мэдээж улстөрч гэж албан тушаалтан байгаагүй. Нийгмийн зүтгэлтнүүд гэж байсан. Тэр хүмүүс мэдээж хувьд нэлээд өндөр ёс зүйтэй байсан байж таараа. Тэднийг ямар нэгэн байдлаар гүтгэж, доромжлох юм бол тэр хүний амьдрал тэр чигээрээ байхгүй болдог. Гэсэн ч гэсэн шог зураг, шүүмжлэл гэсэн утгаар явж ирсэн.

Ардчилал гарсан ч энэ хоёр заалт маань нэг хэсэг амь бөхтэй байсан. Гэхдээ голдуу хувь хүмүүсийн хоорондын асуудал байв. Хувийн харьцаанаас шалтгаалаад гэрийнх нь гадна янз бүрийн зураг наах байдлаар доромжилдог. Ингээд шар сонингууд бий болж, хэвлэл мэдээлэл шинэ шатанд гарч эхэлсэн. Ингэснээр энэ заалтууд хэвлэлийнхний амыг барьдаг хүч хэрэгсэл болсон. Удалгүй хүний эрхийг дээдэлсэн хандлагууд хүчтэй гарч ирж гүтгэх, дорожлох зүйл ангийг Эрүүгийн хуулиас авч хаях ёстой гэдэг асуудал яригдсанаар хуулиас нэг хэсэг байхгүй болсон.

Зөрчлийн хууль руу оруулсан гэсэн үг. Гэтэл бусдыг гүтгэх асуудал маш ихээр гарч эхэлсэн байдаг. Эргээд Эрүүгийн хуулинд гүтгэх гэмт хэргийг оруулангуут энэ зүйл багасаад ирсэн. Гэхдээ асуудал нь гүтгэнэ гэдэг өөрөө зохион байгуулалттай хийгддэг ажил гэдгийг хэргийг шалгадаг хүмүүс төдийлөн ойлгохгүй байгаа юм. Төлөвлөнө, хугацаагаа тогтооно, чиг үүргээ хуваарилна.

-Нэгээс ч илүү хүн хийж таарах байх…?

-Гүтгэхийг бол нэг хүн бараг хийхгүй. Өөрөөр хэлбэл, гүтгэх гэдэг зохион байгуулалттай үйлдлийг жирийн гүтгэхтэй хольчихоод байгаа юм. Санамсаргүй юм уу алдаа гаргах, эсвэл өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, шүүмжлэх, хардах, ямар ч мэдээлэл өгөхгүй байгаа тохиолдолд өөрт байгаа мэдээллээ гаргаж цацах нь гүтгэхтэй холилдож эхэлсэн.

Нөгөөтэйгүүр гүтгэсэн гэдэг үндэслэлээр хэвлэлийнхнийг дууддаг эрсдэлүүд гарч эхэлсэн. Магадгүй энэ үндэслэлээр хэвлэл мэдээллийн байгууллагууд руу үзлэг нэгжлэг, хураан авах ажиллагааг хийх оролдлогууд гарсан гэдэг мэдээллүүд түгээд байгаа юм. Зохион байгуулалттай этгээдүүдтэй тэмцдэг аргыг жирийн нэг редакцид гаргаад байгаа гэсэн үг. Үүнд цагдаа, АТГ, тагнуулынхныг буруутгах аргагүй. Тэдэнд энэ боломжийг олгох юм бол тэд ингэж л ажиллана. Дэлхийн аль ч улсын хуулийн байгууллага ингэж л ажилладаг. Гол нь үүнийг тодорхой нөхцөлтэй, болзолтой хязгаарлах ёстой юм.

-Гүтгэх заалт дээр анх байсан “илтэд” гэдэг үгийг хасч харагдсан. Энд ер нь чанарын ялгаа байна уу?

-Эрүүгийн хуулийн 13.14.1-д байгаа заалт. Хууль зүйн хэрэглээний хувьд илт худал мэдээлэл, худал мэдээлэл хоёр чанарын хувьд ойролцоо.

Харин үүнд хоёр зүйлийг ялгаж салгах хэрэгтэй. Худал мэдээлэл тараах нь гэмт хэрэг байх нь зөв. Учир нь нийгмийн хор аюул ихтэй. Гэтэл гомдогчид нь хэн байна вэ гэхээр 90 гаруй хувь нь улстөрчид байгаа юм. Ер нь хүн, хуулийн этгээд гэдэг өөрийн ажил хэргийн нэр хүндтэй байдаг. Үүн рүү хэн ч хандаж болохгүй. Гагцхүү иргэдээ ялгах ёстой. Жирийн иргэн, төрийн албан хаагч буюу төр, улстөрчид гэж. Энэ өөрчлөлтөөр төрийн бүх байгууллага гомдол гаргаж болохоор болчихоод байгаа. Цагдаа, мэргэжлийн хяналт, Хотын захиргаа гээд төрийн байгууллага иргэдийнхээ эсрэг гомдол гаргана гэсэн үг. Яавч болохгүй. Байгууллагын хувьд төрөөс бусад байгууллагыг хамгаалдаг хууль байх ёстой юм.

Харин иргэний хувьд иргэн, төрийн албан хаагч, улстөрч гэж гурван өөр субьект байгаа. Иргэнийг ямар ч тохиолдолд хамгаалж байх ёстой. Худал мэдээлэл тарааж болохгүй. Үүнээс шалтгаалж хүн амиа хорлоно, гэр бүл сална. Төрийн албан хаагчийн тодорхой хэмжээнд эрх ашиг нь хуулиар зохицуулагдсан. Тэд ёс зүй, хууль дүрэм журмаа сайн барих ёстой.

-Улстөрчдийн хувьд гүтгэх заалтаар хамгийн их гомдол гаргагч нь гэж байгаа?

-Улстөрчид шавар руу үсэрч байна гэдгээ мэдэж байгаа. Тэгчихээд би шавар боллоо, тэр доромжиллоо, гүтгэлээ гэдэг. Тэгж яривал энэ хүмүүсийн үндсэн ажил бол гүтгүүлэх, доромжлуулах. Үнэхээр гүтгүүлмээргүй, доромжлуулмааргүй байвал алдаа битгий гарга. Цэвэр байж улс төр рүү ор. Хүрээний бузрыг дэлгэвэл далай, далай гэдэг шиг бохир хүн улс төр рүү орвол бүх юмыг нь дэлгэж таарна. Тэр битгий хэл ойлгомжгүй үйлдэл бүрийг нь өрсөлдөгчид нь харлуулна. Өөрөөр ч бас харлуулж байгаа. Ийм талбар руу орж байгаа тохиолдолд гомдоод хэрэггүй. Хамгийн гол нь энэ гэмт хэрэг дээр төрийн байгууллага, улстөрчид хоёрыг хамаарахгүй гэж бичмээр байгаа юм.

Доромжлохын хувьд Эрүүгийн хуулиас авснаас улбаалаад хүүхдүүдийн дунд асуудал үүсч эхэлсэн шүү дээ. Ялгаварлан гадуурхагддаг, нэгэндээ янз бүрийн нэр хоч өгдөг. Түүнээс болж хүүхэд амиа хорлох тохиолдол ч гарсан. Үүнд харин эрүүгийн хариуцлага хүлээлгэх үү, зөрчлийн хариуцлага хүлээлгэх үү гэдгийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо тодорхойлох байлаа. Даанч хийгээгүй. Үүн дээр бас л улстөрчдөд, төрийн албан хаагчдад үйлчлэхгүй гэдгийг оруулах ёстой.

-Мөрдөн байцаагчид прокурорын зөвшөөрөлгүйгээр мэдүүлэг авдаг өөрчлөлт ихээхэн шүүмжлэл дагуулж байна. Хүний эрхийн томоохон зөрчил гэж үзэж байна шүү дээ?

-Хуучин бол мөрдөгчид прокурорын мэдэгдэх хуудсаар хүнийг дууддаг байсан бол өөрөө дууддаг болж байгаа. Энэ чинь өөрөө хүнийг хүссэн үедээ дуудаж албадан ирүүлэх үндэслэл болж байгаа гэсэн үг. Мэдээж болохгүй, том ухралт.

Байцаагч яагаад өөрөө очоод уулзаж болохгүй байгаа юм. Яагаад заавал дуудаж, өмнөө авчрах гээд байгаа юм. Уулзаж болно, байгаа газар нь мэдүүлэг авч болох хуультай. Гэтэл тэр аргаа хэрэглэхгүй, өрөөндөө сууж байгаад л бүх хүнээ дуудаж авчрах гээд байгаа. Энэ бол манай эрүүгийн процессын хууль бүхэлдээ гажиж хэрэгжиж байгаагийн илрэл. Энэ гажилт нь жирийн мөрдөгч дээр, жирийн прокурор дээр ачаалал болж ирж байгаа юм.

-Дээрх хуулийн төслүүдээр бол Прокурорын тухай хуульд өөрчлөлт орохоор болсон. Ерөнхий прокурорт тавигдах шаардлагыг хассан өөрчлөлтөө Засгийн газар буцаагаад татчихлаа. Улстөрчид прокурорт орж ирэх хуудуутай өөрчлөлт болчихлоо гэж яригдсан. Үнэхээр тэгэв үү?

-Хуульчийн мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан, 35 насанд хүрсэн, прокурор гэдэг хүнийг болгосон л өөрчлөлт. 10-аас доошгүй жил хуульчийн мэргэжлээр ажилласан гэхээр өмгөөлөгч, шүүгч л гэсэн үг. Хуульчийн мэргэжил өөрөө их цөөхөн шүү дээ.

Яагаад 10 жил өмгөөлөгч, шүүгч хийсэн хүн прокурорт орж ирж болохгүй гэж. Прокурор, өмгөөлөгч байсан хүмүүс шүүгч болж болдог. Хуулийн сургуулийн багш байсан хүн УДШ-ийн шүүгч болж болдог хэрнээ эсрэгээрээ прокурорт болохгүй гэдэг нь өрөөсгөл. Прокурор дотроосоо биш, гаднаасаа орох боломжийг нээж өгсөн өөрчлөлт байсан юм.

Гэхдээ улстөрчдийн янз бүрийн булхай орж ирэхийг таашгүй. Үнэхээр болохгүй бол улстөрчид биш гээд тодотгоод оруулчих л даа. Энэ өөрчлөлтөө эгүүлэн татдаг нь яасан ч зориггүй юм бэ дээ гэж харсан. Ерөөсөө гүтгэх, доромжлох, тэгээд энэ ерөнхий прокурорын тавигдах шаардлага дээр ч тэр улс төрийн албан тушаал хашиж байгаагүй гээд тодотгочиход л болох байсан юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Мөсөн цирктэй Монгол DNN.mn

Монголын циркчид мөсөн талбайн анхны бүрэн хэмжээний “Сүүлт одны нууц” циркийн тоглолтыг Эх үрсийн баяраар толилууллаа. Дэлхийд АНУ, ОХУ, Канад гэсэн гуравхан улс мөсөн циркийг хөгжүүлсэн түүхтэй байсан бол эдүгээ мөсөн цирктэй дөрөв дэх улс нь Монгол болж байгааг энэ тоглолтоор зарлалаа.

“Степпе Арена”, “МАК” зэрэг үндэсний томоохон компаниуд нэгдэж Монголын мөсөн спортын түүхэнд өнгө нэмсэн Мөсөн өргөөг ашиглалтад оруулаад хагас жил гаруйн нүүрийг үзэж буй юм. Хоккей, уран гулгалт, шорт трек зэрэг мөсөн спортын төрлүүдээр монгол тамирчид анх удаа эх орондоо олон улсын стандартад нийцсэн мөсөн талбайд бэлтгэл сургуулилт хийж, тэмцээн уралдаанд оролцож эхлээд удаагүй байгаа.

Тэгвэл энэ удаа циркийн жүжигчид цоо шинэ талбар болох мөсөн талбай дээрх үзүүлбэрүүдээ үзэгчдэдээ толилуулах боломжтой болжээ. Монголын анхны мөсөн циркийн тоглолтыг нээж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар “Урлаг, спорт, гоо зүйн шинэ дэвжээг бүтээж байгаа “Мөсөн цирк” тоглох мөрөөдлийг биелүүлсэн “Мөсөн өргөө”-г цогцлоогч “Степпе Арена”-гийн хамт олонд давхар талархал илэрхийлж, нийт хүүхдүүдийнхээ нэрийн өмнөөс болон хувиасаа ажлын өндөр амжилт хүсье. Мөсөн цирк манай улсад анх зохион байгуулагдаж байгаа гэдэг утгаараа манай урлаг, спортын хувьд түүхэн үйл явдал болж байна. Мөрөөдөл бол хязгааргүй, бас гэгээлэг. Хэн мөрөөдлийнхөө төлөө хичээн хөдөлмөрлөж, өөрийгөө дайчилж чадна, тэр хүн мөрөөдлөө биелүүлдэг. Манай циркчдийн хувьд мөсөн цирк тоглоно гэдэг ч бас мөрөөдөл байсан гэдэгт эргэлзэхгүй байна. Мөсөн дээр цирк тоглоно гэдэг циркчдээс маань нөр их хөдөлмөр, хичээнгүй зүтгэл, төвлөрөл, ур чадвар шаардсан, амаргүй ажил байсан нь тодорхой. Энэ мөсөн дэвжээнээс, энэ мөсөн театраас, энэ мөсөн циркээс Монголын маргаашийг дэлхийд таниулах, эх орныхоо суу алдрыг ертөнцөд дуурсгах, дэлхийн дэвжээнд өрсөлдөх их мастерууд төрөн гарна гэдэгт бид итгэж байна” гэв.

Тоглолтод 13-аас дээш насны 70 орчим жүжигчид 11 төрлийн үзүүлбэрээр хүүхэд багачуудын нүдийг баясгаж, сэтгэлийг хөөргөсөн билээ. Уран нугаралт, акробат, жонглёрчид, трюк мөсөн дээр амилах гайхалтай хийгээд сүрдмээр, жүжигчдийн өмнөөс ч эмээмээр. Жүжигчдийн олонх нь циркийн сургуулийн сурагчид. Тэд богино хугацаанд чадамгай суралцаж, үзүүлбэрүүдээ мэргэжлийн хэмжээнд толилуулсныг ахмад циркчдээс эхлээд ам сайтай байсан юм.

Найруулагч Ю.Гэрэлбаатар энэ тухай онцлохдоо “Яалт ч үгүй бид түүхийн хуудсын нэгэн гэрч болж байна. Мөсөн талбай гэдэг циркчдийн хувьд гайхамшиг байдгийг өнгөрсөн хугацаанд мэдэрлээ. Мөсөн дээрх тоглолтын бэлтгэл удаан хугацаа шаарддаг. Гэтэл бид гурван сарын хугацаанд программаа гаргаж чадлаа. Бэлтгэлийн үеэр манайд “Walt Disney”-гийн дэд ерөнхийлөгч зочилсон. Тэдний мөсөн циркэд нэг программ 30-40 сая ам.долларын өртөгтэй босдог юм байна. Харин манайд бол 20 мянган ам.доллараар босч байна гэхэд тэрээр үнэхээр гайхсан. Хамгийн гол нь ийм богино хугацаанд бүрэн хэмжээний тоглолт тавьж байгаад бүр ч их цочирдсон шүү/инээв/. Манай циркчдэд маш их боломж бий. Жилийн дараа гэхэд бид мөсөн цирк хөгжсөн улсуудыг хол хаях амбицтай байна” хэмээв.

Үнэхээр ч анхны мөсөн циркийн тоглолт үзэгчдээ уулга алдуулсан олон үзүүлбэртэй байлаа. Циркийн манежнаа нэгэн насаа зориулсан ахмад циркчид ч баяртай байсан билээ. Ардын жүжигчин, Төрийн соёрхолт, ХХ зууны манлай циркийн жүжигчин Б.Норовсамбуу “Эх үрсийн баярт өдрийг тохиолдуулан Монголын анхны мөсөн циркийн тоглолт нээгдэж байна. Цирк бол зарим төрлөөрөө хөгжиж байгаа, зарим нь уруудаж байгаа. Энэ бол байр савтай холбоотой. Энэ сайхан өргөөг барьж байгуулсан хамт олонд талархаж байна. Хүүхдүүд маань ийм богино хугацаанд гулгаж сураад циркийнхээ номерыг хийж байгаад бахархшуутай. Анхны гараа ийм сайхан эхэлж байгаа болохоор цаашид дэлхийн мөсөн циркийн хэмжээнд хүрч хөгжинө гэж найдаж байна” хэмээсэн бол МУГЖ Ж.Жанчивдорж “Мөсөн циркийн анхны үзүүлбэрүүдийг толилуулж байгаа залуусаараа бахархахгүй байхын аргагүй. Бүх үзүүлбэр найруулга нь цогц сайхан боллоо.

Мөсөн дээр уран нугарч, акробатаа хийж байна. Энэ бүхэн дөнгөж эхлэл шүү дээ. Циркчдийг маань цаашид илүү сайхан ирээдүй хүлээж байгаа” гэж баярын сэтгэгдлээ хуваалцлаа. “Үнэхээр гайхамшигтай өдөр болж байна. Монгол Улсад анхны мөсөн цирк бий болсон гэдэг хамгийн баяртай мэдээ. Энэ бол хүүхэд залууст маш хэрэгтэй зүйл. Циркийн урлагийн 80 жилийн түүхэнд болж байгаа том үйл явдал. Циркийн багш нартаа, энэ ордныг бүтээн байгуулсан Степпе Арена компанийн хамт олонд талархаж байна” хэмээн МУГЖ Г.Доржнамжил хэлж байлаа.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Өнөржаргал: Ерөнхий прокурорт тавигдах шаардлагыг хасна гэдэг гэмт хэрэгтэй тэмцэх төрийн хүчийг сулруулна DNN.mn

Хуульч, өмгөөлөгч Ч.Өнөржаргалтай Прокурорын тухай хуулийн өөрчлөлтийн талаар ярилцлаа.


-Эрүүгийн хэрэг хянан шалгах тухай хуулийн өөрчлөлтийг даган Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болсон. Хуулийн өөрчлөлтөөр ерөнхий прокурор, орлогч прокурорт тавигдах шаардлагыг хассан нь анхаарал татаад байгаа. Энэ өөрчлөлт дээр хуульч хүний хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Аливаа хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага үүссэнтэй холбогдуулан дагалдах хууль болон тогтоолд өөрчлөлт ордог. Гэвч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлтийн үзэл баримтлал, танилцуулга зэргээс үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулж байгаатай холбогдуулан Прокурорын тухай хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага үүсээгүй байгаа юм. Хуулийн үзэл баримтлалын 4-д “Хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн, Монгол Улсын олон Улсын гэрээ, бусад хуультай уялдсан байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулна” гэж заасан нь маш ойлгомжгүй үзэл баримтлал байна. Өөрөөр хэлбэл, үүнийг хуулийн хулгай хийх гэсэн санаархал гэж үзэж болно.

-Хуулийн хулгай гэснээс хуулийн гол байгууллагыг удирдах хүнд шаардлага тавигдахгүй байна гэдэг юу гэсэн үг вэ. Энгийн хуульч, эрх зүйчдэд гэхэд нэлээд шаардлага тавигддаг байх аа?

-Шүүгчийн туслахад гэхэд хуульчийн лицензтэй эрх зүйчийг ажиллуулах шаардлага тавьдаг. Гэтэл бүхэл бүтэн Прокурорын байгууллагын удирдлагыг “Монгол Улсын иргэн” буюу ямар ч хуульчийн мэргэжлийн болон бусад шаардлага тавихгүй байгаа нь гэмт хэрэг, гэмт явдалтай тэмцэх төрийн хүчийг сулруулах аюултай нөхцөл байдал үүсэхэд хүрнэ. Энэ тухай хуульч бүр сэрэмжилж байгаа гэж бодож байна. Хуульчид ялангуяа прокурорууд мэргэжлийн бус хүнээр удирдуулахыг дотоод итгэл үнэмшлийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй. Нөгөө талаар прокурорын байгууллагад ажиллаж байгаа хуульчдын хувьд мэргэжлийн кареер хийх сонирхол, хүсэл эрмэлзэлгүй болгоход хүрнэ. Одоо прокурорын байгууллага хүний нөөцийн хувьд маш хомсдолтой байгаа. Энэ байдал улам ихэснэ.Прокурорын байгууллага хуульд заасан чиг үүргээ мэргэжлийн хэмжээнд гүйцэтгэхэд улам их хүндрэл үүсч болзошгүй.

-Түүнчлэн энэ заалт нь прокурорт мэргэжлийн хүмүүс биш улстөрчид орж ирэх үндэслэл болох нь гэсэн хардлага ч яригдаж байгаа. Бүр тодруулбал, Хууль зүйн сайд асан Ц.Нямдоржид зориулсан заалт гэж үзэх нэг хэсэг байна. Үнэхээр ч үгүйсгэж болохгүй хардлага юм?

-Үндсэн хуулийн 56 дугаар зүйлийн 2-д “Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нарыг Улсын Их Хуралтай зөвшилцөн Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар томилно” гэж заасан буюу Прокурорын тухай хуульд заасан хуульчийн мэргэжлийн болон бусад шаардлагыг хангасан хуульчийг Ерөнхийлөгч томилох бүрэн эрхтэй. Тэгэхээр Ерөнхий прокурорт тавих Хуульчийн мэргэжлийн болон бусад шаардлага байхгүй болсон тохиолдолд хэн ч Ерөнхий прокурорын албан тушаалд томилогдох боломж нээгдэнэ. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчтэй ойр улстөрчид л томилогдох нөхцөл байдал үүсэх нь ойлгомжтой. Гэхдээ дагаж гарах хуулийн төсөлтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Прокурорын тухай хуульд оруулах өөрчлөлтийг дэмжихгүй талаар байр сууриа олон нийтэд илэрхийлснийг харсан.

-Нөгөө талаар энэ өөрчлөлт нь прокурорын байгууллагад салхи оруулах боломж байсан гэж зарим хуульчид онцолж байгаа. Та юу гэж үзэж байна вэ?

-Аливаа байгууллагын, ялангуяа хуулийн мэргэжлийн байгууллагын тогтолцооны шинжтэй асуудлыг дагаж маш олон эерэг болон сөрөг үр дагавар гардаг. Жишээ нь, Ерөнхий прокурорт тавих шаардлагыг багасган нөхцөл байдлаар хуульчлагдсан тохиолдолд хуульчид Үндсэн хууль зөрчсөн гэж Цэцэд мэдээлэл гаргахад хүрнэ. Түүнийг шийдвэрлэх хүртэл сөрөг үр дагавар нь үргэлжилсээр л байх болно. Тиймээс ядаж сөрөг үр дагавар бүхий өөрчлөлт оруулахгүй байх талаар хуульчид болон иргэд сэрэмжтэй байх хэрэгтэй.

Хууль санаачлагч хүсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай байтугай хаа хамаагүй энэ мэтээр дагаж гарах хуульд өөрчлөлт оруулах эр зоригтой байдаг юм байна. Би хуульчийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хяналтын прокурорууд дээд шатны прокуроруудад хамааралгүйгээр бие даасан шийдвэр, үйл ажиллагаа явуулах боломжтой байдлаар өөрчлөлт оруулж өгөх санал гаргаж байна.

Прокурорын байгууллагын хэт нэгдсэн, босоо удирдлага нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг удаашруулах болон нөгөө талаар хяналтын прокурорын шийдвэр, үйл ажиллагаанд дээд шатны прокуроруудын нөлөөллөөр шударгаар шийдвэрлэгдэхгүй байх сөрөг үр дагавар үргэлжилсээр байна. Энэ мэт Прокурорын байгууллагын тогтолцооны шинжтэй өөрчлөлтийг хийхийг хуульчид олон жил ярьж, бичиж ирсэн. Энэ бол хийж болох өөрчлөлт. Шүүгчид бол бие даан шийдвэр гаргах эрхтэй байдаг шиг прокурорт бүрэн эрхийг нь олгох хэрэгтэй. Үүнтэй зэрэгцээд хариуцлага механизм нь сайн ажиллах хэрэгтэй.

-Эцэст нь хуулийн төслийг татан авахаар болсныг Засгийн газраас зарласан. Ер нь хуулийн төсөл гэдэг удаан хугацаанд боловсруулагдаж, мэргэжлийн салбарынхан болон олон нийтийн санал шүүмжлэлийг авч байж сая хууль тогтоох субьект рүү шилжих ёстой баймаар?

-Аливаа хуулийн төсөл Хууль тогтоомжийн тухай хуульд зааснаар хууль тогтоомж санаачлах, төлөвлөх, хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах гэсэн үе шаттайгаар явагддаг. Харамсалтай нь Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг дээрх хуулиудыг хэрэглэн мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг өмгөөлөгч, хуульчдаа хангалттай хэмжээнд хэлэлцүүлэгдээгүй. Дээрх дөрвөн хуулийг хоёрхон цагийн дотор хэлэлцүүлсэн. Энэ бол хангалттай цаг хугацаа биш гэдэг нь ойлгомжтой. Бичгээр ажлын хэсэгт санал гарга гэх байдлаар ханддаг. Бичгээр санал гаргасан хуульчдын саналыг тусгахгүй өнгөрөх тохиолдол дийлэнх. Одоо нэгэнт дээрх дөрвөн гол хуулийн төсөл өргөн баригдсан. Би хувьдаа хууль тогтоогчид уг хуулийг буцаах санал гаргахыг хүсч байна.

Саяхан эрх баригч намын нэр бүхий 12 гишүүн төслүүдтэй холбогдуулан санал, зөвлөмж гаргасантай танилцсан. Тодорхой саналуудтай нь санал нийлж байгаа. Тухайн саналд дурдагдаагүй нэг асуудал байгааг тодруулж хэлэх ёстой. Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 3-д “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэж заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн 1.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээн зөвшөөрсөн зарчим, хэм хэмжээг харгалзаж, энэ хуулийг баримтална” гэх заалтыг нэмж оруулахаар хуулийн төсөлд орсныг дэмжихгүй байгаа. Энэ заалтыг хасах ёстой. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч прокурор, шүүгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон Олон Улсын гэрээг баримтлан хэргийг шийдвэрлэх болохоос харгалзан үзэх ёсгүй.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Баяраа: Нарийн царигийн төмөр замтай болсон ч шилжүүлэн ачилт заавал хийгдэнэ DNN.mn

Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Баяраатай төмөр замын өргөн, нарийн царигийн асуудлаар ярилцлаа. Тэрээр анхны нарийн царигийг ашиглалтад оруулж байхад Сайншандын депогийн татах хэсгийн дарга байсан билээ.


-Төмөр замын нарийн царигийг дэлхийн ихэнх улс орон ашиглаж байхад манай улсад өргөн, нарийны маргаан үргэлжилсэн хэвээр байгаа. Манайд нарийн цариг илүү үр өгөөжтэй гэдгийг эдийн засагчид онцолдог. Тэгвэл төмөр замчид ямар байр суурьтай байна вэ?

-Сүүлийн үед улстөрчид, эдийн засагчид төмөр замыг тархиараа төсөөлөөд байдаг боллоо. Хэт мөнгөн дээр түшиглэж тархиараа сэтгэчихсэн санааг хөрсөн дээр буулгахаар маш том хүндрэл гардаг. Ерөөсөө Монгол Улс чинь хоёрхон улстай хиллэж байгаа. Нэг нь өргөн царигтай, нөгөө нь нарийнтай. Аль тал руугаа ч хөрвөсөн аль нэг тал руугаа шилжүүлэн ачилт хийнэ. Үүнийг төмөр замчид ярихгүй болохоор хүн бүр тоглодог хөгжим шиг ойлгодог болчихлоо.

Өөрөөр хэлбэл, Монголд орж ирээд нэвтэрчихсэн техник технологи нь бүгд өргөн царигийнх. Одоо бид энэ өргөнийг нарийн болгоно гэж үзнэ гэхэд бидний ярьдаг дэр мод бүр дээр өөрчлөлт хийх хэрэг болно. Гэтэл үүнийг дагасан бүх техник технологи, хөдлөх бүрэлдэхүүн бүгд өргөн. Энэ бүрийг нарийнд шилжүүлэх юм бол эдийн засгийн хувьд асар өндөр зардал гарна.

Яахав, олон улсын жишиг гээд ярьдаг. Олон улсаас бид хоёр улстай л хиллээд байна шүү дээ. Тэгээд нарийн болгочихъё л доо. Хойшоогоо яаж гарах вэ, Европын оронтой яаж харьцах вэ. Орос өргөн царигтай учраас өргөнөөр л харьцана. Тэгэхээр нарийн өргөн хоёрын аль нэгийнх нь шилжүүлэн ачилтыг зайлшгүй хийж таарна. Гол нь одоо байгаа бүтцээ зөв хадгалаад нарийны шилжүүлэн ачилтыг хаана хийх хэрэгтэй байна, тэнд нь хийгээд явчихсан нь дээр. Жишээ нь, Таван толгойн уурхай дээр нь шилжүүлэн ачилтыг хийдэг болгочих хэрэгтэй. Тэгвэл уурхайгаасаа урагшаа гарахдаа нарийнаар явчихдаг. Урд хил хаагдлаа гэхэд өргөнөөр буцах боломжтой. Ийм боломжийг хоёр талдаа нээж өгөх, мэргэжлийн боловсруулалт хийх зүйл дээр төмөр замчдыг түлхүү түших ёстой.

-Цаг хугацаа, эдийн засгийн өгөөжийг алдсан нь үнэн биз дээ?

-Үнэхээр хэдэн жилийг алдсан уу, алдсан. Тэнд нь Баттулга нь байна уу, өөр хэн буруутай байна, өнөөдөр шүүгээд нэмэргүй. Гол нь ирээдүйд бид яах вэ.

Ирээдүйд өнөөдрийнх шиг хятадууд нүүрсээ хүлээж авсаар байх уу гэдэг асуултын тэмдэг. Дэлхий нийт эко амьдрал руу шахагдаад ирэхээр түүхий нүүрс хүлээж авахгүй гэдгээ Хятад одооноос зарлаж байгаа

Хэрэв ингээд эхэлбэл бидний хүсээд байгаа нарийн төмөр замын үнэт зүйл алдагдаж мэднэ.

-ОХУ өөрөө нарийн царигтай болсоор байна. Бараг манай улс ганцаараа өргөн царигтай үлдэх юм биш үү?

-Орос Төв Ази, Хятад тал руугаа энэ нүүрсний тээврээ идэвхжүүлэх үндсэн дээр нарийн болгосон. Гэхдээ улс даяараа өргөн шүү дээ. Одоо байлдаж байгаа Украин нь хүртэл өргөн царигтай.

Гол нь бид аль нэг зөв технологийг авч үлдээд, нөгөө талд нь шилжүүлдэг горимоо барих л арга зам байгаа юм. Жишээ нь, Ханги мандалын төмөр замыг хувийн хэвшил, төмөр зам хамтраад барина гэж байгаа. Болдтөмөр ерөө голын төмөр замыг өргөнөөр барьж байгаа. Б.Дэлгэрсайхан гишүүн ч хэлж байна лээ. Нарийн, өргөн гэхээс илүү дээгүүр нь юм явах нь чухал. Хойноос өргөнөөр татаж ирчихээд Улаанбаатарын хаа нэг газар шилжүүлэлт хийж, нарийн болгож урагшаа гаргаж таарна. Аль эсвэл хил дээр нь шилжүүлэлт хийгээд явуулах хоёрын хооронд аль нь ашигтай вэ гэдгээ л бид тооцоолох ёстой.

-Шилжүүлэн ачих терминал байгуулах эдийн засгийн тооцоолол маш өндөр гарна гэж байгаа шүү дээ. Цаашид ашиглалтын зардал ч өндөр. Анхнаасаа нарийн царигтай байсан бол зардалгүйгээр экспортоо шуурхай гаргах байсныг л тал бүртээ яриад байгаа шүү дээ?

-Үүнийг эдийн засагчид л яриад байгаа юм. Би Сайншандын депогийн татах хэсгийн дарга байсан хүн, мэргэжлийн төмөр замчин. Анхны нарийн царигийг Сайншандын, Замын-Үүдийн депо руу оруулж ирж байхад би дарга нь байлаа. Өргөн, нарийны хооронд эдийн засгийн хувьд айхавтар хэмнэлт гараад байдаггүй.

Одоо бидний ашиглаж байгаа нь 1520 мм-ийн царигтай төмөр зам. Нарийнд шилжүүлнэ гэвэл 1435 мм болгоно. Хэдхэн см-ийг дэр модноос хасна гэсэн үг. Манай гол зам ихэнх нь төмөр бетон дэр мод болчихсон. Төмөр бетон дэр тус бүрээр нь сугалж гаргаж ирээд нүхлээд, дахиж бэхэлгээ зоогоод явж таарна. Зам дээрээ бэхэжчихсэн дэр модыг гаргаж ирээд дахиж суулгах нь аюулгүй байдлаа хангах эсэх нь хүнд.

Тиймээс өнөөдрийн нөхцөл байдалдаа ч адилхан шилжүүлэн ачилт хийнэ. Сайншанд дээрээ хийсэн ч шилжүүлэлт хийнэ, хил дээр хийсэн ч адилхан. Тохиромжтой нь хилийн гарц дээр шилжүүлэн ачилтаа хийх. Замын-Үүд тийм шүү дээ. Түүнтэй адилхан Таван толгой, эсвэл Ханги мандалыг ч юм уу Монголын хил дотроо л ачиж буулгах терминал байж байг. Хятадууд бол үүн дээр ажиллаад сурчихсан ард түмэн. Хятадын талд шилжүүлэн ачилт хийх юм бол нэг шилжүүлэн ачилт бүрээс мөнгө олоод байх ухаан тэдэнд суучихсан үндэстэн. Бид Эрээнээр орж гарахад л хэдийг яаж төлдөг билээ. Тийм учраас ядаж түүнийг нь Монгол талдаа авдаг боломжийг нээгээд өгчихөд болохгүй юм байхгүй.

-Манай өргөн царигтай зам хэр урт вэ?

-Гол зам 1110 км. Салбар замуудаа оруулбал 2600 орчим км болно. Энэ бүр дээр нарийн болгоно гэвэл гарч байгаа хөрөнгө нь маш өндөр гарна.

-Тэгвэл шинээр барих замуудаа нарийнаар барья. Үүнийг манайх хийж чадах уу, боломж нөхцөл байна уу?

-Манайх бол үйлдвэрлэлийн төмөр зам биш, ашиглалтын төмөр зам. Ачаа тээврээ тээдэг төмөр зам. Сүүлийн үед үйлдвэрлэл рүү, бүтээн байгуулалт руу орж байна. Мэргэжлийн хувьд хамгийн төлөвшсөн нь төмөр зам. Тиймээс бид төмөр зам барьсаар байгаа, барих бүрэн боломжтой. Нарийн өргөн алийг ч барьж чадна. Өргөн тал руугаа гэхээр Оросын болон баруун Европын технологиуд байгаад байдаг. Нарийн царигт бол Азийн юм уу бүр цаашаа зүүн баруун Европын технологи орж ирдэг.

-Манай экспортын дийлэнх бараа урагшаа гардаг. Гэтэл урд хөрш нарийн царигийн төмөр замтай. Манайх нарийн биш учраас урд талаас бойкот хийгээд байгаа гэх агуулга ч яригддаг шүү дээ?

-Энэ чинь улс төрийн л асуудал. Тэгвэл Хятадын хаалтанд ороод бүгдийг нь нарийн болгочихъё л доо. Оростой яаж харилцахыг тооцсон уу. Манай төмөр замчид бол хийчихнэ. Тэгээд урдаас орж ирсэн ачаагаа Орос руу гаргах болоход яах вэ. Орос биднийг дагаж нарийн болгохгүй, дахиад л шилжүүлэн ачилт хийх болно. Энэ хоёр хөрш чинь манайхыг яагаад сонгодог вэ гэвэл Хятад Орос хоёрын хооронд Европ Азийн харицлаанд хамгийн дөт зам гэж үздэг.

-Орос талдаа шилжүүлэн ачилтын терминал байгуулчихаж болохгүй хэрэг үү?

-Хятадаас орж ирж байгаа ачааны 70 хувь нь транзит ачаа байдаг. Орос талаасаа урагшаа явах нь үр ашиг багатай. Хятад талаасаа хойшоо явах нь үр ашигтай ачаанууд байсан. Оросын нутаг дээр шилжүүлэн ачилт хийдэг болох юм бол хятадууд дургүйцэж эхэлнэ. Тэгвэл заавал бид ачаагаа Европ руу гаргахын тулд Монголоор дайрах албагүй гэж. Хятадууд бол Казахстанаар ч дамжчихна, Манжуураар ч дамжчихна. Монголын эрхшээлд ороод яршиг л гэж бодно. Нөгөө талд Орос, Монгол хоёр улсын харилцаан дээрээс энэ хэдэн мянган төмөр замчид амьдралаа тээж яваа. Хоёр улсын найрамдалт харилцааг авч үлдсэн цорын ганц салбар нь төмөр зам болчихоод байна. Төмөр зам бий болсон цагаас эхлээд Монгол Улсад хөгжил орж ирсэн юм шүү. Энэ бол зөвхөн мөнгөөр харж болохгүй үнэт зүйл

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Баасан: Доромжлох, шүүмжлэхийг Эрүүгээр биш, Иргэний хуулиар зохицуулах хэрэгтэй DNN.mn

УИХ-д өргөн бариад байгаа Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төслийн 13.15-т доромжлох заалт орсон нь хуульчид хийгээд нийгмийг талцуулаад байгаа юм. Энэ талаар хуульч, өмгөөлөгч Г.Баасантай ярилцлаа.


-Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд орж байгаа доромжлох заалт олны анхаарлыг татаад байна. Нийгэм хоёр янзаар тайлбарлаад байгаа. Хуульч хүний хувьд та ямар байр суурьтай байна вэ?

-Доромжлох гэдэг бол бусдын нэр төр, алдар хүндийг олон нийтийн өмнө болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр гутаасан үйлдлийг хэлж байгаа. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байна гээд хүний нэр төр, алдар хүндэд халдаад байх нь нийгэмд сөрөг үр дагавартай. Нөгөө талд тангараг өргөсөн, үүрэг хүлээсэн төрийн албан хаагчид, улстөрчид үүргээ хэрэгжүүлээгүй, тангаргаа мөрдөөгүйн улмаас гаргасан алдааг нь шүүмжилсний төлөө нэр төрд халдаж байна гэж үзэх эрсдэлтэй. Үнэндээ шүүмжлэл бол доромжлолоос тэс өөр ойлголт. Төрийн албан хаагч иргэнд ялгавартай, хүнд сурталтай үйлчилж байна гэж шүүмжлэл тавьсныхаа төлөө гутаан доромжилсон болох юм бол байж боломгүй алдаа болно. Эрүүгийн хуулийн энэ өөрчлөлтийг олон нийт, нийгэм хүлээж авахдаа улстөрчид, төрийн албан хаагчид шүүмжилсэн хүмүүсийг тэр чигт нь гэмтэн болгох нь гэж хараад байна. Гол нь шүүмжлэх гэдэг тусдаа ойлголт. Үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй гээд хүссэн хүнээ гүтгэж, доромжлоод байж болохгүй. Энэ хоёрын ялгаа заагийг маш сайн харах ёстой.

-Шүүмжлэл, доромжлол хоёрыг зааглаж өгөөгүйгээс бүрхэг болж, нийгэм талцаад байна уу?

-Бүрхэг байтугай холион бантан болж байна. Уг нь хууль өөрөө нийгмийн бодит харилцааг тогтоож, ойлгомжтой, салаа утгагүй, ямар ч бэрхшээлтэй иргэн уншаад ойлгох хэмжээний боловсруулагдах ёстой. Улстөрчид хууль баталж, нийгмийг сайн сайхан болгоно гэж тангараг өргөөд УИХ-ын гишүүн болж байгаа. Тэр хүмүүс нийгэмд бий болоод байгаа энэ бүрхэг, ойлгомжгүй, салаа утгатай зүйлийг сайн боловсруулах үүрэгтэй шүү дээ.

-Доромжлох заалт хүний эрхийн зөрчил гэж НҮБ-аас эхлээд олон түвшинд эсэргүүцсэний хүчинд 2017 оны Эрүүгийн хуулийн өөрчлөлтөөр хасагдсан. Гэтэл таван жилийн дараа буцаад амилж мэдэх нь. Тэгвэл эрүүгийн эрх зүйд томоохон ухралт болно гэж зарим хуульчид үзэж байна?

-Шүүмжлэхийг гүтгэх, доромжлохтой ижилсүүлээд ирвэл ухралт болох нь ойлгомжтой. Ухралт байтугай зүйл болно. Харин ялгаж зааглаад хуульчилж чадвал дэвшил болно. Учир нь хүн гүтгэдэг гэмт хэрэг нийгэмд байна, доромжилдог нь ч байна. Шүүмжлэлийг гүтгэлэг, доромжлол гээд өөрсдийгөө хамгаалдаг улстөрчид, эрх мэдэлтнүүд ч байсаар байгаа. Нэг ёсондоо, энэ гурван зөрчил аль аль нь нийгэмд байгаа юм. Тэдгээрийг л зүй зохистой хуульчлах ёстой. Дээр хэлснээр хууль ойлгомжтой, салаа утгагүй байх ёстой. Нуухыг нь авах гэж байгаад нүдийг сохлохын үлгэрээр доромжлолыг хаах гэж байна гээд шүүмжлэхийг давхар эрүүжүүлж болохгүй.

-Доромжлох, гүтгэх, шүүмжлэх зөрчлүүдийг Эрүүгийн хуулиар биш, Иргэний хуулиар зохицуулах ёстой гэсэн саналууд яригддаг. Боломжтой юу?

-Доромжлох, шүүмжлэх хоёр иргэний харилцаа. Харин гүтгэх гэдэг бол гэмт хэрэг. Хүнийг улайм цайм гүтгэж, гэмт хэрэгт холбогдуулж болно. Нэр төр алдар хүндийг унагаж, эд хөрөнгийг нь булааж авч болно. Тэр үүднээс гүтгэх гэдэг эрүүгийн гэмт хэрэг.

Харин доромжлох, шүүмжлэх гэдгийг иргэний харилцаагаар зохицуулаад явах болможтой.

-Эрүүгийн хуулийн энэ өөрчлөлт Үндсэн хуулиар олгосон итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхэд халдсан үйлдэл мөн үү?

-Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх бол хүний үндсэн эрх. Төрийн тангараг өргөсөн хүмүүсийг ажил үйлчилгээгээ чанартай явуулж чадаагүйн улмаас үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж шүүмжилсний төлөө шийтгэл авах ёсгүй. Татвар төлөгчид, иргэд төр засгийн шийдвэрийг амьдралд нийцэхгүй байна гэж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй шүү дээ. Тэр бол гүтгэж, доромжилсон үйлдэл биш.

Доромжлох гэдэг бол харилцан адилгүй. Хүнийг цохиод авахын оронд доромж үг хэлснийхээ төлөө гэмт хэрэгтэн болох ёсгүй. Хэн нэгэнд хүнд хохирол учруулаагүй, уучлалт гуйж болно. Алдаагаа засах боломжийг нь олгох нь зүйтэй. Бүх зүйлийг эрүүгийн харилцаагаар шийднэ гээд байвал монголчууд тэр чигээрээ шоронд орно.

Дээр нь доромжлох гэдэгт сэтгүүлч, комедиан нарыг оруулахгүй гэсэн зүйл яригдаж байна. Энэ бол боломжгүй. Сэтгүүлч давуу эрхтэй, дарга давуу эрхтэй байж болохгүй. Бид чинь Үндсэн хуулиндаа шударга, ардчилсан нийгмийг байгуулна гээд заачихсан биз дээ. Гэтэл хэн нэгэн нь бусдаасаа давуу эрх эдэлж болохгүй.

-Хуулийн төсөлд орсон гүтгэхтэй холбоотой заалт ч анхаарал татаж байгаа. Төслийн 13.14-т заасанчлан илт худал мэдээлэл тараах гэдгийн “илт” гэх үгийг авах нь зүйтэй гэж үзэж байгаа юм байна. Таагүй үр дагавар бий болгох нь?

-Гүтгэх гэдэг өөрөө аюултай үзэгдэл. Олуулаа нийлээд хүн гүтгэчихэж байна шүү дээ. Мөрдөн байцаагч, прокурор, шүүгч гурав нийлж байгаад хүнийг гүтгээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21 дүгээр зүйлээр шийтгүүлж байна.

Илт гэдэг үгийг байлгах, авч хаях нь ямар ч ялгаагүй гэж би хэлнэ. Гүтгэх гэдэг өөрөө санаатай гэмт үйлдэл. Түүн дээр илт, илт бус гэж ярих шаардлагагүй.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Чингис хаан нисэх буудлын концессын гэрээнд 150 км-ийн радиуст өөр компанийн агаарын хөлөг нисгэхгүй гэж заажээ DNN.mn

-Энэ заалтаар бол “Буянт-Ухаа” нисэх буудлыг шууд хаахыг тулгасан нөхцөл аж


Цар тахал намдаж, хил гааль чөлөөтэй болсон анхны жил, аялал жуулчлал сэргэх анхны улирал эхэлж байгаатай холбоотойгоор Монгол Улсын агаарын тээврийн үйл ажиллагаа ч идэвхжиж эхэллээ. Нөмгөн сууж нөөцөө иднэ гэдэг шиг ийм л үед өнөө шинэ нисэх буудлын хэрэг гарна гэдэг хүлээлт монголчууд бидэнд бий. Гэвч Хөшигийн хөндийн гэгддэг Чингис хаан олон улсын шинэ нисэх буудлын чанар хүртээмж, үйл ажиллагаатай холбоотой гомдол, санал олны анхаарлыг татах боллоо.

Үүнтэй зэрэгцээд “Буянт-Ухаа” нисэх онгоцны буудлыг ашиглаж болох эсэхтэй холбоотой асуудал ч дэгдэж байна. Чингис хаан олон улсын нисэх буудал ачаалалтай үед Буянт-Ухаа нисэх буудлыг ажиллуулж, ашиг хүртэх ёстой баймаар. Гэвч ингэх боломжгүй, гэрээгээр хатуу хориглосон гэдэг мэдээлэл байгаа юм.

Тэгвэл Монгол, Япон улсын Засгийн газрын хэмжээнд хэрэгжсэн төслийн хүрээнд шинээр ашиглалтад орсон Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын концессын гэрээнд энэ тухай заасан байдаг аж. Концессын гэрээний 9.6.4-т “Чингис хаан олон улсын нисэх буудлаас 150 км-ийн дотор байрлах аливаа нисэх буудлаас, эсхүл нисэх буудал руу хуваарьт буюу арилжааны нислэг үйлдэх зөвшөөрлийг олгохгүй” гэжээ. Энэ заалт 15 жилийн хугацаатай гэж байгаа.

Тус заалтаар бол олон улсын болон орон нутгийн агаарын тээврийн хуваарьт нислэгүүд зөвхөн Чингис хаан олон улсын нисэх буудал дээр төвлөрөх ёстой болж таарч байна. Гэвч шинэ нисэх буудал маань ачааллаа дийлэхгүй, үйлчилгээний хүртээмж олон улсын стандартаа хангаж чадахгүй байгааг харуулсан гомдол санал олон нийтийн сүлжээгээр нэг хөвөрч эхэлж байна.


“Чингис хаан ОУНБ ачааллаа дийлэхгүй бол Буянт-Ухаа руузарим нислэгээ хуваах боломжтой”


Энэ асуудлаар иргэний нисэхийн салбарын нэгэн эх сурвалжтай ярилцлаа. Тэрээр нэрээ нууцлахыг хүссэн юм


-Шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орсноор “Буянт-Ухаа” нисэх онгоцны буудлын хувь заяа юу болж таарав гэдэг нь анхаарал татаж байна. Энэ тухай та яриач?

-2019 оны Засгийн газрын 455 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Буянт-Ухаа” нисэх буудлын үйл ажиллагаа өнгөрсөн оны долдугаар сараас өөрийн нэршлээрээ хэвийн ажиллаж эхэлсэн гэж хэлж болно. Нэг ёсондоо, 2022 оны эхний улиралд Иргэний нисэхийн 139 дүгээр дүрмээр гэрчилгээжээд олон улсын нисэх буудлын статустай үйл ажиллагаа явуулж байгаа гэж ойлгож байгаа.

“Буянт-Ухаа” нисэх буудлын хамгаалагдсан бүсэд ИНЕГ-аас гэрчилгээжсэн операторууд буюу агаарын тээвэр эрхлэгчдийн үндсэн бааз бүгд байрладаг. Засгийн газрын тогтоол дээр тус нисэх буудлаас нислэг цаашдаа хэвийн үргэлжилнэ гэж тодорхой заагаад өгчихсөн. Тухайлбал, нисэхийн сургалт дадлага, ерөнхий зориулалтын нислэг, онцгой тусгай үүргийн нислэг гэх мэт төрлүүдээр ангилаад иргэний нисэхийн бусад зориулалтаар нь ашиглана гэж заасан.

-Тогтоолын хэрэгжилт хэр байх юм бэ?

-Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх ажил ИНЕГ-т шинэ удирдлага ирсний дараа нэлээд шуурхай явж байна. Энэ ажлын үр дүнд агаарын тээвэрлэгчид, мөн төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа тодорхой үр дүнд хүрч ажиллана гэдэгт итгэж байгаа.

-Чингис хаан олон улсын нисэх буудлын концессын гэрээнд 150 км-ийн радиуст арилжааны болон арилжааны бус нислэг үйлдэхийг хориглосон заалт орсон байна. Салбарын хүний хувьд энэ заалтын тухайд ямар байр суурьтай байна вэ?

-Шинэ нисэх онгоцны буудлын концессын гэрээтэй холбоотой асуудал сүүлийн үед нэлээд шуугиан дэгдээж байх шиг байна. Гэрээнд 150 км радиуст арилжааны болон арилжааны бус нислэгийг хийхийг хориглоно гэсэн заалт орсон тухай энэ сарын 20-ны өдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд зохион байгуулагдсан хэлэлцүүлэг дээр хэд, хэдэн хүмүүс шүүмжлэлтэй байр суурийг илэрхийлж байна лээ. Үүн дээр би ч тодорхой саналуудаа хэлсэн.

Нэгдүгээрт, 150 км радиуст арилжааны болон арилжааны бус нислэг үйлдэх боломжгүй болсон тохиололд “Буянт-Ухаа” нисэх буудлын үйл ажиллагаа шууд хаагдахыг тулган шаардсан нөхцөлтэй гэрээ болж байгаа юм. Хоёрдугаарт, хотын төвд болон хотын захад, мөн эмнэлгийн дэргэд байгуулагдаад байгаа нисдэг тэрэгний зогсоолуудаас эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн захиалгат нислэг хийх нөхцөл байдлыг логикийн хувьд боомилж байгаа үйлдэл л дээ.

Уг нь нисдэг тэрэгний дэд бүтцийг хөгжүүлэх шаардлага ялангуяа төв суурин газруудад их байгаа. Орон нутгаас өвчтөн агаарын хөлгөөр авчрахад захиалгат нислэг буюу төлбөртэй нислэг хийгдэж таардаг. Гэтэл дээрх заалтаар бол энэ нислэгийг хотын төвд, эмнэлгийн гадна буулгах боломжгүй нөхцөл байдал шууд харагдаж байгаа юм. Гэхдээ Засгийн газрын 455 дугаар тогтоол батлагдсанаар онцгой, тусгай гээд ялгаад өгчихсөн учраас нислэг хэвийн үйлдэгдээд явах боломжтой болж байгаа гэж үзэж байна.

-Олон улсын болон орон нутгийн нислэгийг хориглосноос гадна орон нутгаас эмнэлгийн тусламж хүссэн иргэдэд ч хүндрэлтэй байх нь ээ?

-Нэг жишээ хэлье л дээ. Орон нутгаас онгоц захиалж өвчтөн авчрах тохиолдол дийлэнх байдаг. Энэ тохиолдолд өвчтөн орон нутгаас Чингис хаан олон улсын буудал дээр буугаад хотын төв рүү эмнэлэг бараадах уу, “Буянт-Ухаа” дээр буугаад ойролцоо, эсвэл Гэмтлийн эмнэлгийн хажууд нисдэг тэрэгтэйгээ бууж тусламж үйлчилгээ авах уу гэдэг асар том ялгаатай шүү дээ. Нөгөө талаар орон нутгаас эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн онгоцоор Чингис хаан дээр буувал засаг захиргаа, нутаг дэвсгэрийн харьяаллаар Төв аймгийн Сэргэлэн сумын эрүүл мэндийн төвийнхөн өвчтөнийг тосч авч таардаг. Энэ бол сумаас суманд ирж байгаагаас ялгаагүй болчихож байгаа юм.

-Ер нь 150 км-ийн радиуст бусад агаарын тээврийн үйлчилгээг хориглоно гэдэг хэр үндэслэлтэй заалт вэ?

-Миний хувьд концессын гэрээний ажлын хэсэгт ажиллаж байгаагүй учраас энэ тал дээр тодорхой мэдээлэл өгөх боломжгүй.

Салбар дотор мэргэжлийн хүмүүсийн гол ярьдаг зүйл бол Чингис хаан олон улсын нисэх буудлын үйл ажиллагаа явахтай зэрэгцээд дотоодын нислэгүүдээ Буянт-Ухаагаас үйлдэх, жижиг агаарын тээвэрлэгчид буюу бага оврын агаарын хөлөгтэй операторуудынхаа үйл ажиллагааг Буянт-Ухаагаас явуулах сонирхол төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил аль алинд нь байгаа.

-Дотоодын агаарын тээврийнхэнд энэ шийдвэр хүртээмжтэй байж чадах уу. Зах зээлийн зарчмаар гэдэг шиг дотоодын жижиг агаарын тээврийнхний үйл ажиллагааг хумьсан үйлдэл биш үү?

-Нэгдүгээрт, би ганцаараа энэ асуудлыг дүгнэж хэлэхэд түвэгтэй. Хоёрдугаарт, Чингис хаан олон улсын нисэх буудлын агаарын хөлөг олон улсын нислэгүүд аваад ачааллаа дийлэхгүй болсон дүр зураг сүүлийн үед харагдаад байгаа. Хэрэв үнэхээр ачааллаа дийлэхгүй байгаа бол Буянт-Ухаа олон улсын нисэх буудал руу зарим нислэгээ хуваах боломж бүрэн байгаа. Засгийн газрын тогтоолд Буянт-Ухааг олон улсын нөөц нисэх буудал байна гээд заачихсан. Эрх зүйн хувьд ямар ч асуудалгүй гэж үзэж байгаа гэв.