Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Э.Болортулга: МСНЭ-ийн их хуралд 315 төлөөлөгч оролцоно DNN.mn

МСНЭ-ийн Гүйцэтгэх захирал Э.Болортулгатай ярилцлаа.


-Тун удахгүй болох МСНЭ-ийн их хурлын талаар ярилцлагаа эхэлье?

-МСНЭ бол сэтгүүл зүйн салбарт үйл ажиллагаа явуулдаг, гишүүддээ үйлчилдэг, тэдний мэргэжлийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэгтэй байгууллага. 71 жилийн түүхтэй. Дөрвөн жил тутамдаа их хурлаа хийж, удирдлага бүтцээ сольдог уламжлалтай. Миний бие 2018 оны их хурлаар Гүйцэтгэх захирлын албанд томилогдоод өнөөдрийг хүртэл ажиллаж байна.

Хурал энэ сарын 6-нд товлогдоод байна. Их хурлаар байгууллагын үйл ажиллагаа, хийж хэрэгжүүлсэн ажил, алдаа оноогоо ярилцана. Мэдээж нэг дор 3000, 4000 хүнийг хуралдуулах боломжгүй. Тиймээс төлөөллийн ардчиллын зарчмаар гишүүдээсээ наймаас нэг хүн оролцох байдлаар их хурлын төлөөлөгчид сонгогддог. Их хурлын төлөөлөгчид ерөнхийлөгч, бага хурлын гишүүдийг сонгоно. Бага хурлаас Удирдах зөвлөлөө болон дэд ерөнхийлөгч нараа сонгодог дүрэмтэй. Энд хүн бүхэн оролцох боломжгүй. Харин төлөөлж байгаа хүндээ үгээ дайж, үзэл бодлоо илэрхийлэх бүрэн боломжтой.

Нөгөө талаас манай салбарынхан үг, үзэл бодлоо хаана ч, хэзээ ч илэрхийлдэг. Түүнийг нь МСНЭ хааж, боох эрхгүй. Харин бид сэтгүүлчдийн эрх зүйн болон эрх ашгийн зөрчил үүссэн тохиолдолд мэдэгдэл гаргах, хэвлэлийн бага хурал хийх, хуульчаар хангах, тэмцэх зэрэг байдлаар үйл ажиллагаа явуулдаг.

Нэмж хэлэхэд, МСНЭ хаалттай хуралдаад, хаалттай үйл ажиллагаа явуулдаг гэж зарим маань харддаг. Нэгд, энэ бол дотоод үйл ажиллагааны сонгууль хийх гэж байгаа учраас олон нийтэд нээлттэй байх шаардлагагүй. Хэвлэлийнхэн маань төлөөлж байгаа хүнээсээ бүх мэдээллээ авах боломжтой. Бид үйл ажиллагааны хувьд ковидын үед ч гэсэн үргэлж нээлттэй байхыг хичээж ирсэн. Бүх мэдээлэл маань ил тод. Дүрэм нь тодорхой, цахим хуудаст үйл ажиллагааны мэдээллүүд байнга тавигдаж байна. Хаяг, утасны дугаар бүх зүйл ил тод бий. Хэн нь ч явж ирээд үзэл бодлоо илэрхийлж болно, шүүмжилж ч болно. Нээлттэй.

Түүнээс гадна энэ байгууллага маань гишүүдийн татвар, хандив, тодорхой хэмжээний төсөл хөтөлбөрөөс л санхүүждэг. Ямар нэгэн нам эсвэл, ТББ, гадны донор байгууллагатай хамтрах боломжгүй гэдгийг хэлэх ёстой болов уу.

-Их хуралд хэчнээн төлөөлөгч оролцох вэ?

-Удирдах зөвлөлөөс 315 оролцох квотыг баталсан. Үүнээс сонин 50, сайт 60, телевиз /МҮОНТВ орсон/ 70, радио /МҮОНР орсон/ 30, сургалт судалгаа 20, ахмад 30, орон нутгийн хэвлэл 55 хүн оролцоно.

Сонин, сэтгүүл гэхэд сонины мэргэжлийн төв гэж бий. Манай дүрэм дээр ч байдаг. Тэр төвөөс бага хуралд ес, удирдах зөвлөлд хоёр хүн байдаг. Бүх сонин хэвлэл тэнд хамаарч, тэндээсээ мандат аван их хуралдаа орж ирсэн уламжлалтай. Мэдээж татвараа төлдөг, үйл ажиллагаанд оролцдог, МСНЭ-ийн дүрмийг хүлээн зөвшөөрдөг байгууллагад мандат тэгш хуваарилах зарчимтай. Тухайн байгууллага хэдэн ч хүнтэй байж болно. Өөрсдөө хэнийгээ явуулахаа сэтгүүлчид өөрсдөө шийднэ.

-МСНЭ-ийн ерөнхийлөгчийн сунгаа явагдаж байгаа. Хэчнээн хүн нэр дэвшээд байна вэ?

-Үе үеийн МСНЭ-ийн ерөнхийлөгчид Их хурлаасаа сонгогдож ирсэн. Энэ удаад ч тэр. Жил жилийн сонгууль хэл амтай, шуугиантай болдог. Тэр жишиг ч энэ жил ч давтагдаж байх шиг байна.

Одоогийн байдлаар МСНЭ-ийн ерөнхийлөгчид нэр дэвшихээ албан ёсоор мэдэгдсэн гурван хүн байгаа. Тодруулбал, УИХ-ын парламентын Сурталчилгааны төвийн дарга Л.Нинжжамц, NTV телевизийн ахлах редактор М.Батхишиг, ТВ-5 телевизийн продюсер Ө.Отгонбаатар нар өрсөлдөхөө мэдэгдээд байна.

Сэтгүүлчдийн эвлэлийн дүрмээр нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө ийм хугацаанд ингэж зарлана гэсэн тодорхой хугацаа байдаггүй. Хамгийн гол зарчим, шалгуур үзүүлэлт бол ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгч, удирдах зөвлөлийн гишүүд нь улс төрийн намын харьяалалгүй байна гэж хатуу заасан. Энэ бол дархлаа гэсэн үг.

-МСНЭ өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийсэн үйл ажиллагаанаас та юуг онцлох вэ?

-71 жилийн түүхтэй гэдгээрээ МСНЭ-ийн уламжлал болсон үйл ажиллагаанууд байдаг. Манай баг түүнийг таслахгүй үргэлжлүүлэн явж ирсэн. Жил бүрийн тавдугаар сарын 3-нд тухайн үеийн нийслэлийн Засаг дарга хэн байхаас үл хамаарч НЗДТГ-тай хамтран Хараат бус сэтгүүл зүйн үндэсний форумыг зохион байгуулж ирсэн. Энэ жил найм дахь удаа амжилттай зохион байгууллаа.

Мөн энэ хугацаанд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль, Ил тод байдлын тухай хууль зэрэг хууль эрх зүйн чиглэлээр нэлээд урагштай хэлэлцүүлгүүд өрнөсөн. Гэвч ковидын үе таарч, жаахан саарлаа. Хуулийн төслүүдийн боловсруулалт саяхнаас идэвхжиж байна. 2018 оноос орон нутгийн хэвлэл мэдээллийн форумыг зохион байгуулж эхэллээ.

Энэ дөрвөн жилд гадаад харилцаа маань нэлээд тэлж, тогтворжуулж чадлаа. “Медиа тур” төслийг санаачлан хэрэгжүүллээ. Солонгос-Монгол-Орос гурван улсын хамтын ажиллагааны хүрээнд ээлжлэн хоёр талын форумыг хийсэн. Ингэснээр сэтгүүлчдээ сургах, чадавхжуулах чиглэлийг түлхүү барилаа. Мэргэшсэн сэтгүүлч бэлдэх үндэсний хөтөлбөрийг санаачлан хоёр жил зохион байгууллаа.

Бас нэг онцлог ажил бол манайх дэргэдээ мэргэшсэн хуульчтай болсон. Хэвлэл мэдээллийнхнээ хуульч, өмгөөлөгчөөр хангаж, шаардлагатай үед хууль эрх зүйн туслалцаа үзүүлж ирэв. Одоогоор давхардсан тоогоор 50 орчим хэрэг дээр ажилласан байна. 10 орчим сэтгүүлч хариуцагч болж оролцсон шүүх хурлуудаас олонх нь хэрэгсэхгүй болж, зарим нь шүүхийн шатанд үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Рысбек: Монгол Улсын баялаг болсон хүүхдүүддээ сэтгэлгүй хандаж байгаа Л.Энх-Амгалан сайд хариуцлага хүлээх ёстой DNN.mn

Энэ жилийн ЭЕШ-ыг тойрсон асуудал үргэлжилсээр байна. Шалгалтын хэрэгсэл дутсан, хичээлийн агуулга хүндэрсэн, гар утас, ухаалаг цагтай орсон зэрэг зохион байгуулалтын олон асуудал яригдаж байгаагаас гадна Баян-Өлгий аймгийн төгсөгчид нэлээд хичээл дээр сүүл мушгисан нь олон нийтийн анхаарлыг татаж байгаа.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас уржигдар хэвлэлийн бага хурал зарлаж, Баян-Өлгий аймагт монгол хэлний хичээлийн сургалтыг сайжруулах зорилгоор ирэх хичээлийн жилээс нэгдүгээр ангийн сурагчдад монгол хэлний хичээл заахаар болсон шийдвэрийг танилцуулсан.

Тэгвэл энэ асуудлаар болон ЭЕШ-ын талаар иргэн М.Рысбек өчигдөр хэвлэлийн бага хурал зарлаж, дараах мэдээллийг хийв. Тэрээр “Казах хүүхдүүд ЭЕШ дээрээ маш муу дүн авсан нь анхны удаа биш. Жил бүр иймэрхүү асуудал гардаг. Үүний шалтгаан сурах бичгийн хангамж маш муутай холбоотой. Ахлах ангийн сурагчдын 30-35 хувь нь л сурах бичигтэй. Мөн сурах бичгийн агуулга чанарын хувьд муу гэсэн судалгааны дүн гарсан байдаг. Дээрээс нь Баян-Өлгий аймагт монгол хэлний хичээл зааж байгаа нийт багш нарын 70 хувь нь МУБИС, Ховдын Багшийн их сургууль, Казахстанд суралцаад ирж байгаа ч монгол хэлний боловсрол, мэдлэг чадварын хувьд тун хангалтгүй.

Нөгөө талаар Баян-Өлгий аймгийн сургуулиудад монгол хэлний хичээл долоо хоногт 5-7 цаг ордог бол казах хэл нь 1-2 цаг л ордог. Цаг нь хангалттай байгаа ч үр дүн муу байна. Энэ нь олон жилийн турш үндэсний цөөнхийн боловсролын асуудал дээр салбарын яам, төрийн тодорхой хэмжээний зөв бодлого барьж ирээгүйтэй холбоотой.

Нэгэнт сургалтын чанар муу учраас цаг нэмээд ч үр дүнгүй. Түүнээс гадна Баян-Өлгий аймгийн Боловсролын салбар авлигад идэгдчихсэн. Багшаар ажилд орж байгаа хүмүүс монгол хэл мэдэх, мэдэхгүй, хаана төгссөнөөс үл хамаарч авлига өгсөн хүн л ажилд ордог. Энэ систем нь хүүхдүүдийг монгол хэл ч үгүй, казах хэл ч үгүй болгож байна.

Гэтэл одоо бүр зургаан настай хүүхдэд нэгдүгээр ангиас нь монгол хэл зааж эхлэхээр Боловсрол, шинжлэх ухааны яам ярьж эхэллээ. Үүнийг эсэргүүцэж байна. Зургаан настай казах хүүхдийн хувьд монгол хэл гэдэг гадаад хэл гэсэн үг. Гадаад хэл үзэж эхлэх чадамж нь зургаан настай хүүхдийн хувьд байхгүй. Учир нь олон соёлт ард түмэн зэрэгцэн орших асуудал дээр урт хугацаандаа маш муу үр дагаврыг авчирна. Монгол хүүхдүүд хүртэл нэгдүгээр ангиасаа гадаад хэл үздэггүй шүү дээ. Тэр битгий хэл үндэсний цөөнхийн хэлийг хамгаалах олон улсын хэд хэдэн тунхаг бичиг байдаг. НҮБ-ын Хүний эрхийн консулын экспертийн хэвлэн гаргасан номонд нэг хэлийг хэтэрхий сурталчлах нь нийгмийн тогтворгүй байдлын шалтгаан болно гэж тэмдэглэсэн байдаг. Нөгөө талаар энэ асуудалд хүний эрх ч яригдаж таарна.

Жишээ нь, БНХАУ гэхэд хуульдаа бүх хэл тэгш эрхтэй гэж заасан. Норвеги улс гэхэд 1-14 нас хүртлээ тухайн хүүхэд ямар хэлээр сурахыг аав ээж нь шийддэг. Харин 14-өөс дээш настай болох үед өөрөө шийдэхээр хуульчилсан. Гэтэл манайд үүсч байгаа энэ асуудал үндэсний цөөнхийн хэл соёл, ёс заншилд тодорхой хэмжээгээр эрсдэл учруулж байна. Өнгөрсөн жил гэхэд Өмнөд Монголд сургуулийн бүх хичээлийг хятад хэл дээр үзэж эхэлнэ гэхэд бүгд тэмцсэн. Бид ч бас тэмцэнэ. Учир нь Л.Энх-Амгалан сайд зургаан настай хүүхдэд хэл зааж эхлэхийг шинжлэх ухаанч байдлаар шийдвэр гаргасан уу, үндэслэлийг нь сайн тайлбарлахыг шаардаж байна. Монгол хэлний цаг багадаагүй байна. Гол нь өөрсдөөс нь шалтгаалсан зохион байгуулалт, зөв бодлого, зөв систем байхгүйгээс л ийм байдалд хүрч байгаа юм.

Түүнээс биш казах иргэд монгол хэл сурах дургүйдээ, монголчуудад дургүйдээ хэлж байгаа юм биш. Харин ч зарим монгол хүмүүсээс илүү эх оронч сэтгэлгээтэй хүмүүс олон байдаг” гэв.


М.Рысбекээс үргэлжлүүлэн зарим зүйлийг тодрууллаа.


-Баян-Өлгийн сурагчид ЭЕШ-аа ямар түвшинд өгсөн байна вэ?

-Цахим хуудаст тавигдсан физикийн дүнг нэгтгэсэн жагсаалтыг харахад манай аймаг нэлээд доогуур байсан. Тэгэхээс ч аргагүй. Монгол хэл сураагүй юм чинь. Багш нарын ур чадвар, сурах бичгийн хүртээмжгүй байдлаас болж сураагүй учраас хүүхдүүд бусад хичээлийн агуулгыг ойлгохгүй байх аргагүй шүү дээ. Тиймээс ЭЕШ-д доогуур байх үндэслэл болчихож байгаа юм.

-ЭЕШ зохион байгуулалтын алдаанууд гарсан талаар баримтууд яригдсаар байгаа. Гэтэл хүүхдүүд, эцэг эхчүүдийг буруутгаад байгааг анзаарсан болов уу?

-Эцэг эхчүүд, хүүхдүүдэд ямар буруу байх юм бэ. Эцэг эхчүүд хүүхдээ сургуульд явуулдаг. Харин сургуульд нь юу зааж байна, ямар сурах бичгээр хангаж байна гэдэг дээр нөлөөлөх чадамжгүй. Улсаас л олгож байгаа сурах бичиг, хөтөлбөрийн дагуу хүүхдүүд сурч байгаа шүү дээ. Ийм байхад хүүхэд, эцэг эхчүүдийг буруутгах боломжгүй. Дээр би хэллээ. Ахлах ангийн хүүхдүүдийн 30 хувь нь л сурах бичгийн хүртээмжтэй байна. Ийм байхад нийт хүүхдийн 30 хувь нь л гайгүй дүн авах боломжтой гэсэн үг. Үлдсэн 70 хувь нь хичээл дээр унах магадлалтай. Тэнд монгол хүүхэд байсан ч унах нь. Тэгэхээр үүн дээр ЭЕШ зохион байгуулж байгаа Боловсролын үнэлгээний төв, Боловсрол шинжлэх ухааны яам, Засгийн газар хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байгаа. Монголын төр хүүхдийнхээ боловсролд маш хариуцлагагүй хандаж байна.

-Баян-Өлгий аймгийн Боловсролын салбарт авлига гаарсан гэлээ. Үүнд хэн хяналт тавьж, зохицуулах ёстой юм бэ?

-Мэдээж Боловсрол, шинжлэх ухааны яам. Баян-Өлгий аймгийн удирдлагууд, Боловсролын газраас эхлээд авлигад автчихсан нь нууц биш болсон. Багш нар нь мэдлэг ур чадвар тааруу. Тиймээс л ЭЕШ-ыг зөв зохион байгуулалттай, үр дүнтэй хийчихэж чадахгүй байна шүү дээ. Боловсон хүчний асуудал үнэхэээр хүнд байгаа. Хамаатан садан, хэн авлига өгснийг оруулсаар ирсний гор нь өнөөдөр ингэж гарч байгаа юм.

-Ер нь энэ байдал хүүхдэдээ хайргүй, ирээдүйн боловсон хүчнээ чанартай бэлдье гэсэн сэтгэлгүйн илрэл юм биш үү?

-Яг тийм. Монгол Улсын боловсролын салбарт зарцуулж байгаа хөрөнгө хангалттай. Гол нь тэнд таны хэлдгээр сэтгэлгүй л ажиллаад байгаа юм. Харин ч эсрэгээрээ энэ салбар авлигадаа живж байна. Энэ салбар өөрөө авлигад идэгдээд, боловсон хүчингүй болчихсон, бодлогууд нь хүүхдийн аль үед ямар хөрөнгө оруулалт хийх вэ гэдэг нь алдагдчихсан. Нөгөө л хүүхдэдээ ээлгүй байгаагийн жишээ.

Гэтэл хүүхэд гэдэг энэ улс орны хамгийн гол баялаг. Ирээдүйн Монгол Улсыг өөрчлөх гол түлхүүр. Тийм ч учраас хүүхдийн аль насанд боловсролын ямар хөрөнгө оруулалт хийх талаар Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг томоохон байгууллагууд олон судалгаа бий. Гэтэл Засгийн газар, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан тийм судалгаан дээр үндэслэсэн шийдвэр гаргаж, урт хугацаанд ажилладаг гэдэгт итгэхгүй байна. Тийм учраас тэд хариуцлага хүлээх ёстой.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Ганбат: Өмнө нь шалгалтад орсон хүүхдүүдийн хэрэгслийг дахиж ашиглахаар зохион байгуулснаар баллуур дутагдсан асуудал Увсад л гарсан DNN.mn

Боловсрол, шинжлэх ухааны яам болон Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ-ын дүн оноо болон их, дээд сургуульд элсэх журмын талаар мэдээллийг өчигдөр олон нийтэд өглөө.

БҮТ-өөс мэдээлснээр ЭЕШ-ын нийт шалгуулагчаас 208 хүүхэд 800 оноог бүрэн авчээ. Улсын хэмжээнд 480 онооны босго давсан 24.693 шалгуулагч байгаа бол сонгосон бүх хичээлээрээ 400-гаас бага оноо авсан шалгуулагч 1355, 480-аас бага авсан нь 7333 байгаа аж. Их, дээд сургуулийн элсэлтийн тухайд салбарын яамны Дээд болон мэргэжлийн боловсролын удирдлага, зохицуулалтын газрын дарга Х.Тамирын ярьснаар их сургууль нь онолын түвшин өндөр байдаг тул хувийн болон улсын бүх их сургуулийн босго оноог 480 байхаар тогтоосон. Харин дээд сургуулийн хувьд онол, дадлага хослох сургалтын онцлогтой байдаг тул 440, коллеж нь дадлага нэлээд голлох чиглэлд байдаг учраас 400, орон нутгийн сургуулиудыг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, шинэ сэргэлтийн бодлого, төвлөрлийг сааруулах зэрэг олон бодлоготой уялдуулан 410 байхаар босго оноог тус тус тогтоосон” гэв.

Энэ жилийн ЭЕШ-ын зохион байгуулалтын талаар ихээхэн маргаан дэгдээд байгаа юм. Төгсөгчид болон эцэг, эхчүүд олон төрлийн баримт, кейсийг цахим сүлжээнд хуваалцаж, зарим нь БҮТ-д ч гомдол гаргажээ. Гомдол хүлээж авах эхний өдрийн байдлаар 300-гаад хүүхэд шалгалтын дүнтэй холбоотой өргөдөл гаргаад байгаа аж.


Энэ талаар БҮТ-ийн захирал Л.Ганбатаас цөөн асуултад хариулт авлаа.


-Зохион байгуулалт дээр ямар байр суурьтай байгаа вэ. Сайн уу, муу юу. Маш их механик алдаанууд гарсан талаар хүүхдүүд, эцэг эхчүүд ярьсаар байна. Хүүхэд бол хэзээ ч худлаа ярихгүй?

-Ер нь бид ЭЕШ бол шалгуулагчдыг эрэмбэлэн жагсаах зорилготой. Бүх шалгуулагчдад ижил тэгш боломж олгох ёстой. Жилийн жилд асуудлууд гараад байгаа. Санаатай болон санамсаргүй байдлаар шалгуулагчдын хувьд журам зөрчих асуудал гарсан. Гар утастай эсэхийг гадна нь нэлээд шалгаж оруулсан. Гэтэл илрүүлэх боломжгүй газрууддаа гар утсыг хэсэг хэсгээр нь салгаж авч ороод шалгалтын дэг зөрчиж, зураг дарах асуудал гараад байгаа юм. Жил ирэх тусам бид зохион байгуулалтын өндөр түвшинд хийж, олон шинэ технологи нэвтрүүлж байгаа ч тэр хэмжээгээр хүүхдүүдийн арга нарийсч, асуудал гараад байна. Тиймээс манай эцэг эхчүүд, багш нар, дараа жилийн ЭЕШ өгөх хүүхдүүд хөндлөнгийн аливаа нэг зүйлд найдахгүй, зөвхөн өөрийнхөө мэдлэг чадварыг бодитой үнэлүүлж дайчилдаг байх юм бол энэ зөрчлүүд арилах боломжтой. Энэ зөрчлүүдийг арилгахын тулд БҮТ бүхий л чадлаараа зохион байгуулалтын өндөр түвшинд ажиллаж байгаа. Энэ жил бас ч алдаа, өргөдөл гомдол гайгүй байна. Мэдээж хүүхэд хохирох ёсгүй. Бид гомдлын дагуу холбогдох арга хэмжээ аваад явж байгаа.

-Харандаа, үзүүрлэгч, баллуур хүрэлцээгүй асуудал их яригдаж байгаа. Анги танхим дунд нь хоёр үзүүрлэгч, баллуур өгсөн гэх зэргээр. Үүнээс үүдэж хохирсон тохиолдол ч бий гэх юм?

-БҮТ-өөс хангалттайгаар тухайн шалгалтын байранд шалгалт өгч байгаа хүүхдийн тоогоор, дээр нь бүр нөөцтэйгөөр баллуур, харандаа, үзүүрлэгч хүргүүлэх ажлыг зохион байгуулсан. Хамгийн эхний өдрийн хоёр дахь шалгалт дээр ийм асуудал Увс аймагт гарсан юм билээ. Шалгалтын танхимд 30 хүүхэд байсан гэж бодоход хүүхдийн тоогоор биш хоёр хүүхдийн дунд нэг гэдэг байдлаар, шаардлага гарсан тохиолдолд хянагч багшаас авч болохоор зохион байгуулсан юм билээ.

-Тэр бол танай байгууллагын зохион байгуулалтын ажил биз дээ?

-Тийм. Тэр шалтгааныг комиссын гишүүд тайлбарлахдаа өмнө нь шалгалтад орсон хүүхдүүд харандаа баллуураа ширээн дээр орхиод гарах ёстой байсан. Гэтэл бүгд аваад гарснаас баллуурын нөөц хүрээгүй гэдэг шлатгаанаар хүүхдүүд дунд олгосон гэж байгаа. Бид тухайн үед арга хэмжээ авч, дараагийн шалгалтаас нөөцийг хэвийн болгосон.

Баллуур, үзүүрлэгч хүрэлцээгүйгээс шалгалтаа хийж чадаагүй гэх тохиолдол гараагүй.

-Математикийн шалгалтын тест задарсан гэж байгаа. Өмнөх жилүүдэд ч ийм тохиолдол гарч байсан. Гэтэл та бол ЭЕШ-ыг сайн зохион байгуулсан гэж ярьж байна, тийм үү?

-Аанхан.

-Дараагийн шалгалтууд дуусаагүй байхад математикийн шалгалтын материал цахим орчинд тархсан. Заавал ийм алдаа гаргах ёстой юм уу. Тухайн үед байсан хянагч багш нарт хариуцлага яригдаж байгаа юу. Зохион байгуулалтын алдаанаас болж нэг ч хүүхэд хохирч болохгүй байх?

-Гар утасны л асуудал байгаа. Шалгалтын өмнө тест задрах ямар ч боломжгүй. Харин гар утастай ороод шалгалтын үеэр зураг дарчихсан. Түүнийгээ сошиал дээр тавьчихсан хүүхдүүдийн асуудлыг шалгалтын сэдэв задарсан гэдгээр ойлгоод байна. Үүнийг шалгалтын журам зөрчсөн гэж үзнэ. Шалгалтын материалын зураг авч сошиал дээр тавьсан хүүхдийг илрүүлсэн. Дүн оноог нь хүчингүй болгоно.

Ер нь дараа дараагийн жилүүдэд хүүхдүүд өөрсдөө хариуцлагатай болчихмоор байгаа байхгүй юу. Бидний хувьд мэдээж гар утастай оруулахгүй байх тал дээр бүх сүлжээ унагагч ажиллуулах зэргээр бүх боломжоороо ажилласан.

-Тэгвэл яагаад ийм асуудал гараад байна вэ. Энэ чинь л зохион байгуулалтын алдаа биш үү. Харандаа, баллуурыг хүүхдүүдийн тоогоор, бүр дээр нь нөөцтэй хүргүүлсэн гэж та хэллээ. Гэтэл өмнөх шалгалтын хүүхдүүд хэрэгслээ үлдээгээд гарах ёстой. Түүнийг нь дараагийн хүүхдүүд хэрэглэх ёстой болоод явчихлаа?

-Улсын хэмжээнд нийтдээ давхардсан тоогоор 2600 орчим багш хянагчаар ажилласан. Багш нар хүүхдийг гар утастай орохыг нь мэдээгүй. Орсон хойноо зураг авч байх явцад нь илрүүлсэн. Гар утастай орсныг нь огт мэдээгүй өнгөрч байгаа тохиолдол огт байхгүй.

Тэр явдлын тухайд гэвэл шалгалт руу шалгуулагчийг ороход гар утас дуугарсан. Багш мэдсэн ч хурааж авахгүйгээр, унтраагаад далд хий гэж хэлээд өнгөрсөн. Гэтэл дараа нь дахиад дуугарсан гэдэг гомдол гарсан. Тиймээс багшид дахиж шалгалтад оруулахгүй байх, ажлын хөлс өгөхгүй. Дээр нь Багшийн ёс зүйн дүрэмд зааснаар тодорхой арга хэмжээ авах асуудал яригдаж байгаа.

-Шалгалтын агуулга дээр байр сууриа илэрхийлэхгүй юү. Англи хэлний шалгалт гэхэд IELTS-ийн хэмжээнд орж ирсэн. Математикийн В хувилбар маш хүнд байсан зэргээр хүүхдүүд бичсэн байсан?

-Агуулгын хувьд блүпринт гэж байгаа. Тэр нь тухайн хичээлийн шалгалтын агуулгын хамрах хүрээг тодорхойлж өгдөг. Мэдээж хүүхдүүд хоёр жилийн хугацаанд ковидын карантинд байсан учраас сэдэв даалгаврын агуулга дээр онцгойлон анхаарсан. Нэг зүйлийг ойлгох ёстой. ЭЕШ-ын агуулга зөвхөн 12 дугаар ангид судалсан чадварын хүрээнд биш 1-12 дугаар анги хүртэл 12 жилийн хугацаанд сурч мэдсэн зүйлийн агуулгаар үнэлгээ хийж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Нийгмийн ухааны шалгалт дээр СХД-т 10 гаруй хүүхдийн материал шалгадаг төхөөрөмжинд хийхэд алга болсон. Тиймээс дараагийн хүүхдүүд шалгалтад орохоос өмнө 20 минутын дотор дахин бөглө гээд хийлгэсэн зөрчил яригдаж байна. Энэ талаар тайлбар өгөхгүй юү?

-Хүүхдийн материал алга болно гэдгийг ойлгохгүй байна. Тэгэх боломж байхгүй. Анх удаа сонсож байна. Шалгалт дууссаны дараа эхний ангиас эхлээд тухайн ангийн шалгалт өгсөн хүүхдүүдэд засалтын өрөөг тусад нь бэлдсэн байгаа. Түүн рүү анги ангиар нь оруулж ирээд материалыг нь уншуулаад дуусангуут нь дүн оноог ил тавьж байгаа. Магадгүй ганц нэг хүүхдийн баганан кодон дээр асуудал үүсээд дүн гараагүй гэдэг тохиолдол гарсныг тухайн үед нь арга хэмжээ аваад дүнг нь гаргаад явсан.

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд харгалзагч хүнтэй хамт орох байсан ч оруулаагүй. Багштай оруулсан. Багш нь вариантыг нь зааж өгөөгүйгээс шалгалтаа амжилттай өгч чадаагүй гэх гомдлыг эцэг, эх нь тодорхой баримттай ярьсан байсан. Танайд ч гомдол гаргасан гэсэн. Яаж шийдэгдсэн бэ?

-Хөгжлийн бэрхшээлтэй 30 орчим хүүхэд хүсэлтээ өгч бүртгэлээ баталгаажуулсан. Өргөдөл өгсөн байгаа байх. Эхнээс нь бид дарааллаар нь шийдээд явж байгаа гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Боловсролын үнэлгээний төвийг татан буулгаж, ЭЕШ-ыг дахин явуулъя DNN.mn

Элсэлтийн ерөнхий шалгалт өнгөрсөн ням гаригт шувтарлаа. Орон даяар нийт 36,425 төгсөгч 10 төрлийн хичээлээр шалгалтаа өгөв. Шалгалт түүх, англи хэлний хичээлээр эхэлсэн бөгөөд эхний өдрөөсөө л маргаантай, будлиантай олон зүйл дуулдаж эхэлсэн.

Шалгалтын зохион байгуулалтын талаар анхаарахгүй байхын аргагүй гомдол, саналуудыг элсэгчид, эцэг эхчүүд ярьж байв. Цаанаас тараасан харандаа нь шалгалтын хугацааны дунд хүрэхгүй үзүүр нь хугарч, хүүхдүүд шалгалтын хуудсаа бөглөх боломжгүйд хүрсэн. Танхим дүүрэн хүүхдийн дунд хоёр, гуравхан үзүүрлэгч, баллуур тарааснаар алинд нь ч хүрэлцээгүй гэсэн гомдлыг маш олон шалгуулагч бичжээ. Гэтэл зарим анги, сургуульд гар утас, ухаалаг цагтай хүүхдүүд ч орсон гэж байгаа. Математикийн шалгалтын тест задарсан баримт олон нийтийн сүлжээнд ил болж, нэлээд шүүмжлэл хүртлээ. Өнөөдөр хүртэл энэ асуудлыг үгүйсгэсэн мэдэгдлийг салбарын яам, Боловсролын үнэлгээний төвөөс хийгээгүй байна. Шалгалтын хугацааг журмын дагуу шалгуулагчдад анхааруулж, цагаа зөв зохион байгуулах талаар сануулж байгаа хэсэг байхад шалгалт дууссан тухай гэнэт мэдэгдэж, хуудсуудаа хурааж авсан тохиолдол ч гарсан байна. Цагийн баримжаа авах зүйл оруулахыг хориглосон учраас шалгалтын хуудсаа бүрэн бөглөж чадаагүй гэх гомдолтой төгсөгчид ч нэлээд хэсэг байгаа аж. Энэ тухай “Хоёр хүүхдийн дунд нэг харандаа, нэг бал өгөөд, харандаа нь олигтой гарахгүй, баллуур нь баллуурдахгүй. Зарим хүүхэд нь бусдадаа баллуур харандаагаа өгөхгүй.

Ийм дампуу юм зохион байгуулж байх гэж, Боловсролын яам”, “Харандаанаас гадна ухаалаг цаг олон хүүхдэд байсан энд тэнд тооны машин дуугараад байсан гэсэн. Ер нь ямар нь тэгж ороод, ямар нь үнэнч өөрсдөө бодоод хугацаандаа багтдаггүй юм бэ. Шударга юм гэж алга”, “Утастай олон хүүхэд орсон. Миний хажууд сууж байсан хүүхэд, бас үеэлийн ангид сууж байсан хүүхдүүд гээд математикийн шалгалт бол арай л байна”, “Харандаа баллуур бол үнэндээ сэтгэлд нийцээгүй. Баллуурдах гэхээр арилгаж чадахгүй. Будъя гэхээр харандаа нь хугараад байсан” гээд л сэтгэгдлүүд хэдэн зуугаараа хөвөрч байна.

Цаашлаад шалгалтын агуулга дээр ч төгсөгчид гэлтгүй салбарын эрдэмтдийн зүгээс ч шүүмжлэлтэй хичээл нэг бус гарч ирлээ. Ялангуяа математик, англи хэлний хичээл дээр энэ асуудал түлхүү яригдаж харагдав. Англи хэлний шалгалтын тухай нэгэн төгсөгч “Дараа жил ЭЕШ өгөх дүү нартаа зөвлөе. Англи хэл бол бараг IELTS бэлдчихсэн дээр юм байна шүү. Энэ жил ЭЕШ номноос бэлдсэн биднийг шууд унагачлаа. 12 жилийн сургалтын агуулгаас үнэхээр давсан, бараг тасарсан гэхэд буруудахгүй. 2006-2021 хүртэл өмнөх жилийнхээ жишгийг харж сайжруулдаг атал энэ жил огцом хүндрүүлсэн. Бараг IELTS-даа бэлдээд 6.5 авчихаад 800 болгоод хөрвүүлчихсэн нь дээр байх” гэсэн саналыг дэвшүүлсэн байв. Үнэхээр л ЭЕШ гэдэг хэн ч бодсон 12 жилийн сургалтын агуулгаас ирэх ёстой бус уу. Сургалтын агуулга гээд ярихаар сурах бичгийн асуудал хөндөгдөнө. Жил бүр шинээр хэвлэгддэг сурах бичгийн тендерийн наймааны гор өнөөдрийн энэ асуудал ч байж мэдэх юм.

Түүнчлэн математикийн хичээлийн “В” хувилбарын талаар нэлээд сурагчид маргаан өрнүүлсэн байлаа. Энэ тухай нэгэн шалгуулагчийн мэдэгдлийг сийрүүлбэл “Математик ЭЕШ-ын “В” хувилбар. Өгсөн бүх хүүхдүүд оноондоо эргэлзээд байна. Үнэхээр амархан байсан. Хангалттай хугацаанд дуусчихаад дахин хянасан. Гэтэл оноо 22 байна. Оноогоо хараад зүгээр л шок, хөл чичрээд зүрх өвдөөд. Ийм байх ёсгүй дээ гээд л зогсоод л байсан. Тийм байдалтай байсан ихэнх хүүхэд “В” вариант гэсэн. Сургуулийн хамгийн сайн боддог гавал сурагч хүртэл 80 гэж бодсон ч 40 байна гээд л зогсож байсан. Гараар засуулж болох уу гэж асуухад тийм юм байхгүй гэсэн. Харамсалтай байна. Уйлмаар байна. Ингэхээр биднийг гоншигнуур, хичээгээгүй л гэх юм. Үнэндээ ясаа цайтал хичээсэн. Би гэхэд нэгдүгээр сараас хойш нойр хоолоо хасан байж, ядаргаанд орж эмнэлэгт долоо хоног дусал хийлгэн байж математикаа бэлдсэн. Бүх тандах шалгалт дээрээ 80+ оноо авсан. Би хувьдаа үхтлээ л хичээсэн. Үнэхээр хичээсэн болохоор сайхнаар төсөөлж байсан хүссэн сургууль, ирээдүй, мэргэжилээ зүгээр л дурсаад сууж чадсангүй. Саяхан математикийн олимпиад дээр нэгдүгээр байранд ороод байж байхад минь инээгээд сууж байсан аав ээж хоёртоо юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Боловсролын системдээ гонсгор байна. Боловсролын яамдаа гомдож байна. Хэдэн мянган хүүхдийн ирээдүйг баллаж хохироож байна” гэсэн хатуухан үгс шидсэн байв.

Өөр ч хүүхдийн сэтгэгдлүүд бий. “Өөрийгөө үнэхээр сайн хийсэн гэж бодоод өөртөө дэндүү бардаж гарч ирсэн. Оноогоо хараад шоконд орсон. Наад машинд чинь итгэхгүй байна. Бид нар 12 жил сурахдаа нэг муу бөөрөнхий нүхнүүдийг л бөглөх гэж сурсан юм уу. Шалгалтаа сайн өгсөн ч гэсэн тэрийг нь дутуу эсвэл тойргоос нь гаргаж будаад оноогоо хасуулж байна. Гараар засахыг шаардаж байна” гэжээ.

Эцсийн дүндээ энэ жилийн ЭЕШ-ын улсын дундаж маш муу байлаа. Улаанбаатарт гэхэд математикийн шалгалтыг 10814 сурагч өгснөөс дөрөвхөн хувь буюу 432 хүүхэд л 60-аас дээш оноо авсан тооцоолол байгаа юм. Үлдсэн 10367 сурагч буюу нийт шалгуулагчийн 96 нь хувь нь 60-аас доош оноог авчээ. Энэ жилийн их, дээд сургуулийн босго оноо 480 гэж байгаа. Улсын сургуульд шалгалт өгсөн нийт хичээлийн хоёроос доошгүй нь босго оноонд хүрсэн тохиолдолд элсэх эрх нээгдэнэ гэж буй. Дээрх зохион байгуулагчдын механик алдаануудаас бэлтгэснийхээ хэрээр хүссэн оноогоо авах битгий босго оноонд хүрч чадаагүй олон зуун сурагч доголон нулимстай, ээж ааваасаа эмээгээд сууж буй нь лавтай.

Энэ жилийн ЭЕШ тойрсон маапаан үүгээр дуусахгүй. Улсын хэмжээнд бүх хичээл дээр сүүл мушгисан Баян-Өлгий аймгийн тухай ч бүр том шүүмжлэл дэгдэж буй. Тус аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын системд монгол хэлний хичээлийн агуулга хангалттай бус байдгаас төгсөгчид ЭЕШ-ыг монгол хэл дээр бүрэн дүүрэн өгч чадаагүй. Шалгалтандаа унасан казах сурагч амиа хорлохыг завдсан гэх мэдээлэл ч дуулдаад авна лээ.

Эдгээрт ерөөсөө хүүхдийн буруу байхгүй. Элсэлтийн ерөнхий шалгалт гэдэг төгсөгчдийн хувьд амьдралын хамгийн том босго байдаг. Энэ шалгалтаас л тэд ирээдүйд ямар мэргэжилтэй болох, ямар амьдралтай болох эхлэлээ тавьдаг. Тиймээс шалгалтандаа хариуцлагагүй ханддаг хүүхэд байдаггүй юм. Төгсөгчид хэдийгээр 17, 18 хүрсэн ч тэд бие хүн болж төлөвшөөгүй, хүүхдээрээ амьтад. Тэдэнд шалгалтыг аргацаах, хууран мэхлэх тухай ойлголт огтоос төрөхгүй. Байх ч боломжгүй нас, сэтгэл зүйн үе. Өнөөдөр ажлын байран дээр гарсан хэнбугай нь ч төгсөх үеийнхээ шалгалтыг эргэн дурсаад нэг үзээч. Ямар их хичээл зүтгэл, айдас, сэтгэл хөдлөл дунд шалгуулж, дүнгээ харж, гэрийнхэндээ байцаагдаж, урамшиж, гутарч, аав ээжээсээ эмээж явсан бол тэгж аргалаад тэнцчихсэн, азаа үзээд зөвдсөн гэх нь ховор л болов уу.

Гэтэл зохион байгуулалтын алдааны талаар нийтэд дэлгэсэн хүүхдүүдийг нийгмээрээ буруушааж байх юм. Зохион байгуулагчдын хувьд ч тэр, дүнгээ тулгая, алдаагаа харъя гээд зорьж очсон, өөрсдийнх нь зохион байгуулалт муу байсан талаар хэлсэн болгонд “Унасан бөхөд шалтаг мундахгүй” гэж ирээд омогорхсон гэж байгаа.

Мэргэжил эзэмшиж, ирээдүйдээ эх орондоо хэрэгтэй хүн болъё гээд мэдлэгээ шалгуулж байгаа хүүхдүүдэд харин ч эсрэгээрээ хамгийн таатай орчин нөхцөлийг бүрдүүлж өгөх ёстой. Олон мянган хүүхдийн амьдралыг балласан зохион байгуулагч нэртэй нөхдөд хариуцлага тооцох хэрэгтэй. Боловсролын үнэлгээний төвийн дарга Л.Ганбат тэргүүтэй нөхдийг багаар нь сольж, хариуцлага хүлээлгэ.

Шалгалтын тест шалгадаг машиныг ч шалга. Аливаа зүйл ил тод, хяналттай байх зарчимтай. Гэтэл бүхэл бүтэн хүмүүсийн амьдралыг шийдэж буй тест шалгагч машиныг жил бүрийн шалгалтын үеэр туршилтын тооллогоор баталгаажуулахад яагаад буруу гэж. Банкны системээс ч өндөр үнэтэй программыг боловсролын салбарт шахсан гэдэг дуулиан дэгдсэн байсан нь саяхан. Тиймээс цагдаа, тагнуулын байгууллагууд ажлаа хий. Яг л нөгөө сонгуулийн хар машины булхай шиг л юм болоод явчихлаа.

Гэхдээ энэ байдал зөвхөн энэ жил яригдаж байгаа зүйл биш юм. Жил бүр шалгалтын материал задардаг, зохион байгуулалт муу байсан тухай ноцтой баримт кейс гарч ирдэг. Хэн ч үүн дээр хариуцлага хүлээдэггүй. Одоо болъё. Ядаж л ирээдүйн Монгол Улсын боловсон хүчин бэлтгэж байгаа энэ явдал дээрээ шударга байцгаая.

Манайд элсэлтийн ерөнхий шалгалт гэдэг шинээр бий болсон тогтолцоо биш юм. Монголын анхдагч сургуулиудын нэг МУИС-ийн шав тавигдаад 70, 80 жил болчихсон. Өөрөөр хэлбэл, ийм хугацаанд бид элсэлтийн шалгалтыг зохион байгуулж ирсэн байна шүү дээ. Гэтэл өнөөдөр XXI зуун. Ийм үед хулхи харандаа, хэдэн баллуур, үзүүрлэгч яриад сууж байж болох уу.

ЭЕШ-ын цаана бүхэл бүтэн хүний амьдрал, хувь заяа шийдэгдэж байгаа. БНСУ-д гэхэд шалгалтаа өгөхөөр цаг нь тулаад гүйж яваа сурагчийг цагдаагийн байгууллага нь шуурхай хүргэж өгсөн явдал өнгөрсөн жил дуулиан болж байв. Хөгжилтэй орон ирээдүйн боловсон хүчиндээ ингэж санаа тавьдаг, анхаардаг юм байна.

Тэгэхэд бид хэдхэн мянган хүүхдийнхээ төлөө шалгалтын хэрэгслийг нь чанартай бэлдчихэд хэдэн тэрбум оров гэж дээ. Ихдээ л баллуур, үзүүрлэгч, харандаа гурав л шаардагдаж байна. Шалгалт гэдэг цаанаасаа л өндөр сэтгэл зүй шаарддаг. Харандаа нь хугарч, баллуур үзүүрлэгч олдохгүй хүүхдүүдэд сэтгэл зүй нь ямар болох вэ. Тийм нөхцөлд тестээ амжилттай бөглөж чадах уу. Ажилдаа сэтгэлгүй, зохион байгуулалтгүй ажилласаар ирсэн Боловсролын үнэлгээний төвийнхөнд хариуцлага тооцож, татан буулгая.

Энэ жилийн ЭЕШ-ыг дахин явуулъя. Төсвөөс мөнгө татаж цалинжиж суугаа нөхдийн буруугаас болж, амьдралаа алдаж байгаа төгсөгчдөд боломж олгоход огт буруудахгүй.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Эрдэнэбулган: Боомтуудыг сэргээснээр 2030 он гэхэд 20 тэрбум ам.долларын экспорт хийдэг болно DNN.mn

Эдийн засаг, хөгжлийн яамны Хилийн боомтын хөгжил, чөлөөт бүсийн бодлогын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Эрдэнэбулгантай боомтын сэргэлтийн тухай ярилцлаа.


-Ковидоос үүдэлтэй хил гаалийн боомилолтын үр дагавраар хилийн боомтын сэргэлт зүй ёсоор тавигдах болсон. Засгийн газар ч онцгойлон анхаарч байна.

-Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд болон түүн дээр нэмж 90 гаруй төсөл арга хэмжээ төлөвлөсний 40 орчим хувийг боомтын сэргэлт дээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Боомтын тухай ярихаар, нэгд, боомтын үндсэн байгууламж, нэвтрэх хүчин чадал гэж бий. Хоёрт, боомтууд руу хүрч байгаа авто болон төмөр замын дэд бүтцийн тухай хөндөгддөг. Одоогийн байдлаар Алтанбулаг болон Замын-Үүдийн хилийн боомт авто зам, төмөр замаар холбогдсон. Булган болон Бургастайн боомтоос бусад нь шороон замаар холбогддог. Дэд бүтцийн асуудал нь тээвэрлэлтийн хугацаанд, одоогийн барилга байгууламжууд нь жижиг болохоор нэвтрэх хүчин чадалд маш их нөлөөлдөг.

Тэгэхээр боомтын үндсэн барилга байгууламж, гаалийн тоног төхөөрөмжийг сайжруулах гээд боомт доторх дэд бүтцийг сайжруулах нь маш чухал асуудал болоод байна. Боомтын үндсэн барилга байгууламж, дэд бүтцийг сайжруулахаас гадна авто болон төмөр замыг давхар төлөвлөхөөс аргагүй. Ингэж байж үндсэн сүлжээндээ холбогдож, бараа бүтээгдэхүүний урсгалыг нэмэгдүүлэх, тээврийг тасралтгүй явуулах нөхцөл бүрдэнэ шүү дээ.

-Манай улсын 42 боомтоос гурав нь л төмөр замтай. Бусад боомтуудыг төмөр замаар холбох асуудал маш чухал байна. Төмөр замаар холбох шинэ боомтуудыг та нэрлэхгүй юү?

-Хөрш улсуудтай хилийн боомтын талаар байгуулсан гэрээ хэлэлцээр байдаг. ОХУ-тай одоогийн байдлаар хүчин төгөлдөр 16 боомт, БНХАУ-тай 17 боомтоор холбогдсон гэрээ хэлэлцээтэй. Эдгээрээс ОХУ-тай хиллэдэг Сүхбаатар боомт төмөр замтай. Эрээнцавын хилийн боомт төмөр замтай хэдий ч сайжруулах шаардлагатай. БНХАУ-тай Замын-Үүдийн боомт төмөр замаар холбогдож байгаа.

Шинээр Бичигтийн боомтыг төмөр замтай холбох асуудал яригдаж байгаа. Шивээхүрэн-Сэхээ, Гашуун сухайтыг төмөр замтай болгох төлөвлөгөөтэйгөөр хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээ батлагдсан.

-Хамгийн ойрхондоо хэзээ төмөр замын шинэ боомтоор ачаа бараа нэвтрүүлэх бол?

-Төмөр замын бүтээн байгуулалтын ажил хугацаа шаарддаг. Тодорхой тооцоо судалгааны ажлууд хийгдэж, ТЭЗҮ боловсруулна, хөрөнгө оруулалт татна гээд явна.Жишээлбэл, концессын ажил нь эхэлчихсэн байгаа Ханги-Мандал чиглэлийн төмөр замыг дунджаар хагас жилийн дараа гэхэд ашиглалтад оруулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

Цаашлаад Гашуунсухайт болон Шивээхүрэн чиглэлийн төмөр зам бий. Энд боомтын бүтээн байгуулалтт давхар хийгдэж байгаа.

-Эрээнд ковид гарч, хил дахин хаагдсан. БНХАУ-аас ачаа барааг Булган, Бургастайн боомтоор оруулж байгаа дуулдах болсон. Эрээнээс өөр боомт дээр боломж байгаа байх нь ээ?

-БНХАУ-аас ирж байгаа бараа бүтээгдэхүүнийг Ховд аймгийн Булганы боомтоор татаж авчирч байгаа тохиолдлууд байна. Зарим нь Говь-Алтай аймаг дахь Бургастайн хилийн боомтоор ч татаж байна. Булган, Бургастай хоёр бол авто замаар холбогдсон болохоор ашиглахад харьцангуй боломжтой.

Манай яамнаас бусад донор байгууллагуудын тусламжтайгаар зарим хилийн боомтыг өргөтгөх саналыг боловсруулаад байгаа. Үүний нэг нь, Булганы хилийн боомтыг өргөтгөх төслийн саналыг Азийн хөгжлийн банкинд удахгүй тавина. Мөн Шивээхүрэн, Бичигт, Ханги боомтыг барих асуудлыг төлөвлөөд явж байна.

-Булган, Бургастайн боомтыг байнгын ажиллагаатай болгоход ямар асуудал байгаа юм бэ?

-Сая болж өнгөрсөн Эдийн засгийн форумын үеэр маш олон аж ахуйн нэгжийн төлөөллүүд саналаа хэлж байсан. Тэд “Эдгээр боомтуудыг олон улсын зэрэглэлтэй болгоод өгчихвөл заавал Замын-Үүдээр бараагаа чихэхгүйгээр Тяньжины боомтоос шууд Булганы, Шивээ хүрэнгийн боомт руу татдаг болгомоор байна” гэцгээж байсан.

Мэдээж ингэж ашиглалтад оруулахын тулд боомтын барилга байгууламж, дэд бүтэц, нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулах ёстой. Дээр нь авто болон төмөр зам нь орчих юм бол хоёр улсын гэрээ хэлэлцээрийн дагуу олон улсын зэрэглэл рүү шилжүүлэх бүрэн боломжтой.

-Сайн мэдээ байх чинь. Олон нийтийн анхаарлыг татаад байгаа Цагаандэл уул боомт дээр ямар шийдэл гарч байна вэ?

-Цагаандэл уул боомт бол экспорт, импортын хувьд нэлээд чухал байр суурь эзлэх байршилтай боомт. Уул уурхайн бүтээгдэхүүнийг гаргах болон бусад бараа бүтээгдэхүүнийг импортоор оруулж ирэх боломжтой гэж тодорхойлогдчихсон. Хоёр улсын Засгийн газар хооронд хэлэлцээ хийгээд энэ боомтыг хөгжүүлэх нь зүйтэй гээд шийдвэрлэчихсэн байгаа. Гэвч авто замын бүтээн байгуулалтын ажлын явцад орон нутгийн иргэдтэй үл ойлголцол үүсч боомтын үйл ажиллагааг түр зогсоох, дахиж асуудлыг судлах шийдвэр гарсан. ГХЯ, ЗТХЯ, ЭЗХЯ-наас ажлын хэсэг гараад ажиллах байх.

Мэдээж эдийн засгийн хувьд өндөр ач холбогдолтой, зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай учир авто замын болон боомтын бүтээн байгуулалтын ажил үргэлжлэх байх. Хамгийн гол нь энэ боомтыг ашигласнаар орон нутгийн иргэдэд болон Монгол Улсын эдийн засагт ямар ач холбогдолтой вэ гэдгийг иргэдэд ойлгуулах хэрэгтэй. Манайд нэг дутдагдалтай тал байдаг нь төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхдээ нөлөөлөлд өртөж байгаа хүмүүст зөв ойлголт өгдөггүй. Мэдээлэл дутмагаас болж ийм асуудал үүсдэг.

-Төмөр замын боомтын талаар нэлээд ярилаа. Тэгвэл авто зам, агаарын тээвэр дээр ямар шинэчлэлт хийгдэхээр байна вэ?

-Боомтын сэргэлтийн хүрээнд агаарын замын либералчлалын асуудал орж ирж байгаа. Ингэхийн тулд хэд хэдэн аймгийн нисэх онгоцны буудлыг олон улсын зэрэглэл рүү зэрэглэл ахиулах төсөл хэрэгжинэ. Жишээ нь, Ховд аймгийн Ховд нисэх онгоцны буудал, Дорнод аймгийн Дорнодын нисэх онгоцны буудал, Хөвсгөл аймгийн Мөрөнгийн нисэх онгоцны буудлыг олон улсын зэрэглэл рүү шилжүүлэхээр шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан.

Эдгээр нисэх буудлууд олон улсын зэрэглэлтэй болсноор олон улсын хэмжээний нисэх онгоцыг шууд тухайн бүс нутгийн онгоцны буудал дээр хүлээж авах хүчин чадалтай болно. Цаашдаа энэ нь аялал жуулчлалыг нэмэгдүүлэх бодлоготой шууд уялдаж байгаа. Харин авто замын тухайд ихэнх хилийн боомтууд шороон замтай. Шаардлагатай тохиолдолд нүүрс тээврийн замыг хүнд даацын авто зам руу шилжүүлснээр байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах юм. Дээрээс нь аваар ослыг бууруулж, тээвэр логистикийн сүлжээг сайжруулах, нэвтрэн өнгөрөх хугацааг нэмэгдүүлэх ач холбогдолтой.

-Боомтууд ингэж сэргэж чадвал эдийн засагт ямар үр өгөөж өгөх вэ. Та бүхэн тооцоолол гаргасан байх?

-Боомтын сэргэлтийн хүрээнд боомтын хүчин чадал одоогийн байгаа түвшнээс гурав дахин нэмэгдэнэ. Мөн үндэсний төмөр замын сүлжээ 2-3 дахин нэмэгдэхээр байгаа. Идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа агаарын боомтуудаа 2-3 дахин нэмэгдэнэ гэсэн тооцоолол байна.Дээр нь боомтуудыг холбосон 3000 км орчим авто замын бүтээн байгуулалт бий болно. Замын-Үүдээс Алтанбулаг чиглэлийн хурдны 987 км авто зам байгаа.

Энэ бүхний эцэст экспорт 2024 он хүртэл 14 орчим тэрбум ам.доллар, цаашлаад 2028 он хүртэл 17 тэрбум ам.доллар, 2030 он гэхэд 20 тэрбум орчим ам.долларын экспорт хийх тооцоо гарсан. Ойрын 10 жилд Монгол Улсын эдийн засаг энэ хэмжээгээр сайжирна гэсэн үг.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Мөнхчулуун: Шатахууныг монополь хэдэн компани биш, хэн ч импортолж оруулж ирэх боломжийг нээнэ DNN.mn

ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуунтай ярилцлаа.


-Шатахууны импорт дээр шинэ зохицуулалт хийхээр хөдөлсөн гэж дууллаа. Зах зээлийн үнийн хувьд тогтворгүй байгаа. Ямар гарц зохицуулалт яригдчихав аа?

-Манайх хуулийн дагуу хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалж, шударга өрсөлдөөнийг дэмждэг, бий болгохын төлөө ажилладаг байгууллага. Шатахууны үнэ нэмэгдэж байгаа нөхцөл байдлыг харахаар импортлогч компаниуд нэг газраас оруулж ирдэг, нэг төмөр замаар тээвэрлэдэг. Энэ нь үнийн чөлөөт өрсөлдөөн бий болгох боломж хязгаарлагдмал. Тиймээс энэ салбарт лицензтэй байх ямар шаардлага байна вэ гэдэг үндэслэл гарч ирж байгаа юм. Мэдээж бид энэ асуудлаар нэг өдөр бодоод ярьчихаж байгаа зүйл биш. Бодлогын судалгааг хийж байна. Эцсийн судалгааны дүн хараахан гараагүй байна. Дүн гарсны дараа бид Засгийн газар болон бодлогын яаманд саналаа хүргүүлнэ.

Ер нь энэ салбарт өрсөлдөөнийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай гэдэг нь харагдаж байгаа. Яахав, хэрэв тусгай зөвшөөрөл олгохгүй болчихвол хараа хяналтгүй болж, бүтээгдэхүүний чанар стандартын асуудал гэх мэтээр ярьж таарна. Гол нь судалгаагаар тусгай зөвшөөрөлгүй байх нь сөрөг үр дагаваргүй гэсэн дүгнэлт гарсан тохиолдолд саналаа хэлэлцүүлээд явна.

-Ямар хувилбарууд төлөвлөж байна вэ. Импортлогч компаниуд ОХУ-ын “Роснефть”-ээс шатахуунаа татдаг. Худалдан авагчаа олон болгох уу, импортлогчдоо нэмэх үү?

-Тусгай зөвшөөрөлгүй болж компаниуд өөрсдөө бизнесийнхээ зарчмаар оруулж ирдэг болчих юм бол дурын газраас авах боломжтой. Одоо ч гэсэн ингэж хэлдэг л дээ. Өрсөлдөөний орчин хязгаарлагдаагүй. 100 орчим аж ахуйн нэгжүүд лицензтэй байна гэх тайлбарыг мэргэжлийн яам болон бусад байгууллагууд ирүүлдэг. Яг судлаад үзэхээр тэр олон аж ахуйн нэгж нь 20, 30 болж үлддэг. Бүр цаашлаад тэдгээрийн зарим нь охин компаниуд болж, хоорондоо хамааралтай этгээдүүд болчихдог. Тэгэхээр энд чөлөөт өрсөлдөөн байх гэж харагдахгүй.

Түүнээс гадна “Роснефть”-ээс өөр газраас бензин шатахуун оруулж ирэхээр болдоггүй гэдэг. Энэ компаниуд урт хугацаандаа тухайн компанитай гэрээ байгуулчихсан, тэндээс аваад байдаг юм шиг байна. Гэтэл компаниуд хувийн хэрэгцээндээ юм уу худалдан борлуулахаар БНХАУ-аас болон ОХУ-ын наад талын захын хотуудаас авах боломж байгаа гэж харж байгаа. Дээр нь бензин шатахуун гэдэг бол мөнгөтэй компанийн хийдэг бизнес, тиймээс дурын хүн оруулж ирэх боломжгүй гэдэг яригддаг. Хэрэв бид лицензгүй болгочихвол ядаж л уул уурхайн томоохон компаниуд өөрсдийнхөө дотоодын хэрэгцээг шууд хангах боломж бүрдэнэ. Оюу толгой, Таван толгой гэх мэт. Бусад томоохон үйлдвэрүүд ч тэр, шууд өөрсдөө ОХУ, БНХАУ-тай гэрээ байгуулаад оруулаад ирэх юм бол тэдний үйл ажиллагааны зардал буурна. Тэр чинээгээрээ тэдний үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүний үнэ багасна. Тэгэхээр энэ шинэ зохицуулалт зөвхөн хэрэглээний шатахуунаар тогтохгүй үйлдвэрлэл, эдийн засагтаа ч тодорхой ач холбогдол үзүүлэх боломжтой гэж үзэж байгаа.

-Шатахуун импортлогчдын лоббиг та тооцоолж үзсэн үү. Тэд тийм ч амар байраа тавиад өгчихгүй болов уу?

-Тэд ч өмнө нь лицензгүй байгаад тусгай зөвшөөрөлтэй болчихсон. Тусгай зөвшөөрөл нь 50 сая төгрөгийн хураамжтай юм байна. Тэгэхээр тусгай зөвшөөрөлтэй хэдэн компани үйл ажиллагаа явуулаад тэр нь тодорхой үр дүнтэй биш байна гэдэг нь тодорхой байна. Үүнийгээ Засаг зохицуулж чадахгүй байна, зохицуулах боломжгүй байна. Нөхцөл байдал ч хүнд байна. Сая Засгийн газраас зохицуулах гэж нэлээд үзлээ. Онцгой албан татварыг нь тэглэлээ. Нэг түвшинд барих гэж үзлээ. Засгийн сайд нар хэлэлцээрүүд хийж байна. Тэгээд гарч байгаа үр дүн хангалттай биш. Гэтэл бензин шатахуун өргөн хэрэглээний барааны үнэд шууд нөлөөлдөг. Тиймээс энэ салбарт зайлшгүй өөрчлөлт хийх шаардлага байна.

-Эмээлт дээрх махны асуудал томоохон дуулиан тарилаа. Танайх ажилласан. Юу болоод өнгөрөв. Нэг мөр шийдэлтэй хариуг төр засгаас олон нийтэд өгөөгүй байх шүү?

-Махны асуудал дээр мэргэжлийн хяналтын байгууллага болон лабораториуд ажилласан. Ямар үр дүн гарсныг тэдгээр байгууллагууд олон нийтэд мэдээлэх болов уу.

Манай хувьд хэрэглэгчийн эрхийг хамгаалах үүднээс ажилласан. Гэтэл хэрэглэгч гэдэг субьект манай байгууллага, бидний мөрдлөг болгодог хуулин дээр тухайн бараа, ажил үйлчилгээ нь хэрэглэгч рүү очсон юм уу, хэрэглэгчийн гар дээр ирсэн, Монгол Улсад борлуулж худалдаалахаар бэлтгэсэн байх юм бол хамаардаг. Гэтэл тухайн асуудал дээр дулааны аргаар боловсруулсан махыг экспортод гаргахаар бэлтгэсэн байсан учраас манайд хамаарахгүй болж таарсан.

Гэхдээ үүний дараа Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажилласан. Махны эрүүл ахуй, аюулгүй байдал, мах боловсруулах тал дээр анхаарах, илүү сайжруулах ёстой гэдэг асуудал яригдаж мал, малын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэр үйлчилгээ, худалдан борлуулалтын техникийн зохицуулалт хийхийг Засгийн газраас даалгалаа. Энэ бол мах малчдын гар дээрээс хэрэглэгчдийн тавган дээр хүрэх хүртлээ эрүүл ахуйн ямар стандарт дарааллаар явах юм бэ гэдгийг зохицуулж өгөх техникийн зохицуулалт. Үүнийг ирэх есдүгээр сарын 1 гэхэд бэлэн болгож, мөрдүүл гэсэн үүргийг Шадар сайд холбогдох газруудад өгсөн. Муу зүйл сайн үр дагавартай гэдэг шиг сая өрнөсөн акцын үр дагавар гарч байна гэж ойлгож байгаа. Махны эрүүл, аюулгүй байдлын асуудал цэгцэрч байна гэсэн үг.

-Гэхдээ тухайн үед үйлдвэрт байсан махыг БНХАУ руу экспортлох зориулалттай байсан гэдэгт эргэлзээтэй байгаа. Сүүлийн гурван жил гадагшаа махны экспорт хийгдээгүй. Тэгэхээр энэ хугацаанд дотоодод нийлүүлж байсан юм биш үү гэх хардлага байна. Та бүхэн үүнийг эрх биш анхаарсан л байх?

-Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үүднээс яг л энэ ингэж хардаж шалгасан л даа. Гэхдээ шалгалтын дүнд үндэслэлгүй гэдэг тодорхой болсон. Учир нь хил гааль нээгдээд экспортын мах гарна гэдэг яриа гарснаар л тухайн үйлдвэрүүд махаа бэлтгэж эхэлсэн гэдэг нь тогтоогдсон. Ялангуяа дулааны аргаар болосвруулж байгаа ямааны махны өртөг гэхэд кг тутам нь 25-27 мянган төгрөг байсан.

Гэтэл манай дотоодод ямааны мах 8000-9000 төгрөгийн ханштай. Ийм ханштай махыг 28.000 төгрөгийн өртөг оруулж зарна гэдэг үндэслэлгүй. Түүнээс гадна Хятадын манайд тавьсан стандартын гэрээн дээр тэдэн градуст хөлдөөж хадгална гэснээс биш төдий хугацаанд хадгална гэсэн зүйл байгаагүй. Тэгээд л манайх бэлтгэсэн. Хил гааль хаагдсанаар махаа хөлдөөгчинд хадгалчихсан. Ингээд саяхнаас хил гааль нээгдэж, махны экспорт сэргэх шинжтэй болохоор бэлтгэж эхэлсэн юм байна. Дотоодод худалдаалагдаагүй гэдэгт бүрэн итгэлтэй байж болно.

– За ойлгомжтой. Нөөцийн махыг ч бас иймэрхүү байдлаар бэлтгэгддэг юм шиг нөхцөл байдал харагдаад явчихсан байх аа?

-Нөөцийн махан дээр хардах зүйл огт байхгүй. Зах дээр зарагдаж байгаа зоорины хөлдүү мах, нөөцийн мах хоёр яг ижил. Намар мал тарган, үнэ хямд байхад авч хадгалаад гүн хөлдөөгчинд хөлдөөн хавар гаргаж ирээд зарж байгаа л явдал. Нөөцийн гэдэг нэртэй л болохоос биш зооринд хадгалсан махнаас ялгаагүй.

-Хүнсний барааны үнийн өсөлт дээр танайх анхаарч байна уу. Нийгэмд бухимдал үүсгэж байгаа гол асуудлын нэг үнийн өсөлт болоод байна шүү дээ?

-Өнөөдөр /өчигдөр/ манайх хүнсний худалдааны бөөний төвүүд болон томоохон сүлжээ төвүүдийн эрхлэгчидтэй уулзлаа. Цагаан будаа, элсэн чихэр, есийн тос гэх мэт гол нэрийн барааны үнийн өсөлттэй холбоотой дүрэм журмыг танилцууллаа.

Импортын бараа бүтээгдэхүүн оруулж ирж байгаа аж ахуйн нэгжүүдтэй ХХААХҮЯ бодлогын гэрээ байгуулаад ажиллаж байгаа. Энэ гэрээгээр гаалийн татвараас чөлөөлж, хөнгөлөлттэй зээлийг олгож байгаа шүү дээ. Тийм учраас гэрээ байгуулснаас хойших хугацаанд аж ахуйн нэгжүүд үнэ өсгөхгүй байх ёстой. Энэ асуудлыг хүнсний худалдаа эрхлэгчдэд санууллаа. Мөн үнийн өсөлтийн цаана үгсэн хуйвалдах асуудал байгаа эсэхийг судалж байна.

Ер нь өнөөдрийн нөхцөл байдал бол захууд дээр бараа бүтээгдэхүүнийхээ үнэ ханшийг тодорхой тавьдаггүй. Энэ нь нэг талаас үнэ хаяг шошгыг тавих ёстой гэж хараад байдаг ч нөгөө талаасаа үнэ өсгөж байгаа өрсөлдөөний орчныг хяззгаарлаж байгаа хамгийн том асуудал. Та нэг зах руу орлоо гэхэд 10 худалдаачин зэрэгцээд суучихсан, барааны ижил үнэ тавьчихсан байвал хамгийн ойр, эсвэл хамгийн чанартайг нь харж байгаад аваад гарна. Гэтэл одоо бол бүгд үнэ тавьдаггүй, хүн очоод асуухад дурын үнэ хэлдэг. Иргэд маань зах бөөний төвүүд арай хямд гээд зорьж очиж худалдан авалт хийдэг. Гэтэл тэнд дураараа үнэ өсгөж тогтоогоод байвал эдийн засагт маш хортой.

Харин үнэ нь ил тод бол худалдаачид бараагаа хямдруулж эхэлнэ. Тэгж байж өрсөлдөөн үүсч, чөлөөт өрсөлдөөний орчин бий болно. Ийм орчныг заавал биелүүл гэдэг үүргийг өглөө. Хэрэв дараагийн удаа үнэ тавиагүй байвал шууд торгуулийн арга хэмжээ авна.

-Хамгийн сүүлд ариутгал нэрээр жолооч нараас мөнгө татдаг асуудал дээр танайх ажилласан гэсэн. Хэний ямар шийдвэрээр жолооч нараас мөнгө татдаг байсан хэрэг вэ?

-Манайд 22-ын товчооны цаана Эмээлт дээр Улаанбаатар хот руу орж ирж байгаа машинуудаас ариутгалын мөнгө гэж 1000 төгрөгийн хураамж аваад байна. Ариутгал нэртэй ч дугуй руу шүрсэн болоод л оруулаад байна гэх гомдол нэлээд их ирсэн. Нэг иргэн гэхэд гэр нь Эмээлтэд, ажил нь хотын төвд байдаг. Хот руу орж гарах бүрт хураамж төлдөг байсан гэх гомдол ч бий.

Би өөрөө Эмээлт дээр махны асуудлаар явж байхдаа ч харлаа. Ариутгагч манай машиныг ариутгаагүй, цайндаа орчихсон байж. Тэр хооронд нэлээд олон ачаатай, ачаагүй машин орж харагдана лээ. Ариутгагч нь хэзээ дуртай цагтаа гарч ирдэг юм байна. Гэтэл тэр хүнийг байхгүй байхад халдваргүйтэл хамаагүй болчихдог байж болохгүй.

Ингээд гомдлын дагуу шалгахад МЭЕГ-ын даргын ариутгал халдваргүйтэл хийх тушаалаар батлагдсан журамтай юм байна. Журамдаа мал болон малын гаралтай түүхий эд тээвэрлэж байгаа машиныг ариутгана гэсэн байсан. Гэтэл бүх машиныг ариутгадаг болж таарсан. Түүнээс гадна ХХААХҮ болон Сангийн сайдын хамтарсан тушаалаар 2021 онд баталсан халдвар хамгаалалтай холбоотойгоор ариутгал хийх журам байна. Малын гаралтай бараа бүтээгдэхүүн ачсан бараа, автомашиныг ариутгахдаа нэг м.кв-ыг 150 төгрөгөөр тооцно гэсэн байсан. Тэгэхээр жижиг тэрэг, том машиныг ариутгаж байгаа өртөг харилцан адилгүй гэсэн үг. Дээр нь ариутгалын зардлыг төр хариуцна гээд журамлачихсан. Ингээд улсаас гарах ёстой зардлыг иргэдийн халаасаас аваад байсан асуудал. Энэ бол шат шатандаа олон дүрэм журам зөрчсөн гэж үзсэн. Тиймээс МЭЕГ-т албан зөвлөмж хүргүүлээд байна. Хууль зөрчсөн албан тушаалтандаа хариуцлага тооцож, иргэдийг дахиж хохироохгүй байх талаар арга хэмжээ авахыг зөвлөсөн.

-Өрсөлдөөний тухай хуулийн төсөл боловсруулж байгаа гэв үү?

-Өрсөлдөөний тухай хуулинд орчин үеийн өөрчлөлтөд нийцсэн шинэчлэлт хийхээр ажиллаж байна. Түүнээс гадна Өрсөлдөөний хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаж байхад үнийн өсөлттэй холбоотой тулгамдсан асуудлууд гарч байна л даа. Жишээ нь, Өрсөлдөөний тухай хуулийн 7.1.2-т давамгай байдалтай аж ахуйн нэгжүүд хэт өндөр үнэ тогтоохыг хориглоно гэсэн заалт байдаг. Гэтэл 7.2 дээр нь хэт өндөр үнийг тогтоох тухай журмыг олон улсын тэргүүн жишгийг баримтлан Засгийн газар батална гэчихсэн. Харамсалтай нь хууль батлагдсан 2010 оноос хойш өнөөдрийг хүртэл энэ журам нь батлагдаагүй. Яахав, тухайн үед төсөл боловсруулах оролдлого хийж байсан ч яваагүй. Тэгэхээр энэ журмыг зайлшгүй батлах шаардлагатай. Журам боловсруулах ажил үргэлжилж байна.

Сүүлд ломбардтай холбоотой гомдлууд олноор ирлээ. Ковидын тухай хуульд барьцаалан зээлдүүлэх байгууллагууд иргэдэд зээл олгохдоо гурван хувиас хэтрүүлэхгүй, алданги тооцохдоо 0.2 хувиас хэтрүүлэхгүй байна гэсэн заалттай. Гэтэл ломбардууд энэ хуулийг дагаж мөрдөөгүй. Шалгалт хийхэд 3.5-8 хувь хүртэл хүүтэй зээл олгодог, алдангиа өндөр тооцдог гэх зэргээр зөрчлүүд илэрсэн. Үүнтэй холбоотой албан шаардлагууд хүргүүлсэн. Давтан зөрчил гаргасанд нь торгуулийн арга хэмжээ авсан байгаа. Хэрэв зөрчлөө дахин гаргавал ломбардуудын үйл ажиллагааг зогсоох, тусгай зөвшөөрлийг цуцлуулах арга хэмжээ авна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Пүрэвдулам: Баталгаатай эдлэх эрхэд халдах тушаал өгсөн хэрэгт Х.Нямбаатар, Ж.Болд нар хариуцлага хүлээж, огцрох ёстой DNN.mn

-Сэтгүүлчид нэгдэж эрхээ шаардаж байна гэдэг тухайн нийгэм ямар түвшинд хүрснийг харуулна-


Хуульч, өмгөөлөгч А.Пүрэвдуламтай ярилцлаа.


-Сэтгүүлчийн хэвлэн нийтлэх, мэдээлэл бэлтгэхэд саад учруулсан томоохон асуудал дэгдлээ. Ер нь энэ үйл явцад ямар эрхүүд зөрчигдөв?

-Монгол хүний Үндсэн хуульд заасан баталгаатай эдлэх эрх, эрх чөлөө гэж байдаг. Цагдаагийн байгууллага сэтгүүлчийн хэвлэн нийтлэх эрхэд халдсан үйл явдал шууд утгаараа хүний эрхийн асуудал. Үг, үзэл бодлоо илэрхийлэх, тайван замаар жагсаал цуглаан хийх, хэвлэн нийтлэх эрх чөлөө гээд бүгд хөндөгдсөн гэсэн үг.

Аливаа нийгмийн ардчилал, хүний эрх, эрх чөлөөний индекс ямар түвшинд байгааг хэвлэн нийтлэх эрх чөлөөнөөс нь тольдож болдог. Гэтэл сэтгүүлчид нь гарч ирж эрхээ шаардаж байна гэдэг тухайн нийгэм ямар түвшинд хүрснийг түвэггүй ойлгож болно. Хэвлэн нийтлэх, үг үзэл бодлоо илэрхийлэх эрх хоёр хоорондоо салшгүй, шалтгаант холбоотой гэж болохоор эрхүүд. Жишээ нь, хүн өмгөөлөгч авах, өмгөөлүүлэх эрхээр хангагдах эрхтэй. Мөн мэдэх эрхийнхээ хүрээнд хэвлэн нийтлэх эрх чөлөөг ямар ч хүн эдэлнэ, ялангуяа сэтгүүлчид. Өмгөөллийн хуулийн 26 дугаар зүйлд заасан өмгөөлөгчид үйл ажиллагаагаа явуулахад аливаа нэгэн байгууллага, албан тушаалтнууд саад учруулахгүй байх баталгаатай эрхийг эдэлдэг. Үүнтэй адил сэтгүүлчид ийм эрхийг эдэлдэг. Энэ үйл явдал бол сэтгүүлчид цагдаагийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй үйлдэл гаргаагүй, гагцхүү хэвлэн нийтлэх эрх чөлөөнийхөө хүрээнд ажлаа хийснийх нь төлөө хүч хэрэглэсэн асуудал.

-Хүний эрхийг хамгаалах фронтын тэргүүн эгнээнд явдаг сэтгүүлчид зөвхөн ажил үүргээ гүйцэтгэснийхээ төлөө эрх, эрх чөлөөгөө хасуулаад зогсохгүй халдлагад өртлөө. Үнэхээр таны хэлснээр сэтгүүлчид нь эрхээ шаардаж жагсана гэдэг бол иргэний бусад олон эрхийн тухай яриад ч хэрэггүй биз?

-Харамсалтай нь урьд хожид болж байгаагүй үйл явц болж өнгөрлөө. Тухайн нийгмийн хэвлэн нийтлэх эрх чөлөө, үг үзэл бодлоо илэрхийлэх, өмгөөлүүлэх эрхэд ингэж халдаж байгаа процесс нэг дор болсон.

Жишээ нь, миний бие ажлаа хийснийхээ төлөө цагдаагийн байгууллагад яллагдагчаар татагдсан. Зөвхөн ажлаа хийснийхээ төлөө өмгөөлөгчийг хүртэл яллагдагчаар татчихаар эрхээ хамгаалуулах жирийн иргэд яах вэ. Гэтэл өнөөдөр хар. Сэтгүүлчдийн хуулиар хамгаалагдсан үндсэн үйл ажиллагаанд нь саад учруулж байна гэдэг бол ардчиллын үнэт зүйл болох хүний баталгаатай эдлэх олон эрх, халдашгүй байдалд маш бүдүүлгээр халдаж байгаа хэрэг. Энэ бол Монгол Улсын ардчилал ямар түвшинд очсон, яаж доройтож байгааг харуулах том жишээ болж байна.

Үүнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, ЦЕГ-ын дарга Ж.Болд нар хариуцлага хүлээх ёстой. Үндсэн хуулиар олгогдсон баталгаатай эдлэх эрхэд ноцтой халдсан энэ үйлдлийн төлөө тэд ажил, албан тушаалаасаа огцрох ёстой. Хүний эрх, эрх чөлөөний байдал үүнээс илүү дордоно гэж юу байх вэ.

Энэ дашрамд, хүний эрх чөлөөг хамгаалах тэргүүн эгнээнд зогсдог хууль зүйн мэргэжлийн тулгын гурван чулуу болсон өмгөөлөгч, хуульчид нэгдэж сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалж дуугараасай гэж уриалмаар байна. Энэ бол зөвхөн сэтгүүлчдийн эрх биш шүү. Хүний эрх гэдэг хэвлэн нийтлэх эрхээс эхэлдэг юм шүү.

-Өмнө нь жагсаал цуглаанд оролцсон залуусыг олноор баривчилсан. Биед нь гэмтэл учруулсан, үндэслэлгүй цагдсан гээд олон асуудал ундарсан. Та бол цагдаагийн байгууллагын реформын тухай яриад удаж байгаа. Хүний эрхийн мэдрэмжтэй хууль сахиулагчдыг бий болгох нь энэ салбарын том асуудал болж байгааг олон түвшинд ярьж байна?

-Цагдаагийн байгууллагын реформыг зайлшгүй хийх ёстой. Хүлээх шаардлагагүй. Цаашид улам дордоно. Бид өнгөрсөн жилээс цагдаагийн байгууллагын шинэчлэл буюу #YesPoliceReporm гэж цахимаар уриалаад байгаа. Үүнийг олон нийт дэмжээд өгөөсэй. Цагдаагийн байгууллагын удирдлагаас нь эхлээд эрх зүйт нийгмийн жишигт хүрсэн, хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг шинэчлэлийг бид шаардаж байгаа.

Энэ бол зөвхөн сэтгүүлчдийн асуудал биш, маргааш таны ч асуудал болж босч ирнэ гэдгийг хаана хаа ойлгох хэрэгтэй. Хариуцлага тооцохдоо цагдаагийн жирийн албан хаагчдаар туг тахидаг, нөгөө л төрийн албаны бугшсан, иргэдийг хуурсан, урхидсан арга технологио ашигл дээд шатны байгууллага, албан тушаалтныхаа тушаал заавраар ажилладаг. Тэдгээр тушаал шийдвэр өгсөн хүмүүст хариуцлага тооцохгүй, жирийн албан хаагчдад нь ажлаа өгөөд өнгөрч байгаа явдлыг халах ёстой.

-Тогтолцоог өөрчлөх эхний алхам юу байх ёстой юм бэ?

-Шинэчлэл гэдэг бол тэр чигээр нь үндсээр нь өөрчлөхийг хэлж байгаа. Нэгэнт хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх эрхэм зорилгоо болгоно гээд Үндсэн хуулиндаа заачихсан юм бол хамгийн түрүүнд цагдаагийн байгууллагыг хууль хэрэгжүүлдэг, хууль сахиулдаг, иргэддээ үйлчилдэг үйлчилгээний байгууллага гэдэг стандарт руу оруулах ёстой. Цагдааг бид төрийн цагдаа, хүчний байгууллага гээд буруу нэршлээр яваад ирчихсэн. Зүй нь бол цагдааг хараад айдасгүйгээр биднийг хамгаална гэдэг иргэний сэтгэл зүйгээр хандах ёстой. Цагдаа гэдэг үгийг ч болих ёстой. Сэргийлэх гэдэг үг хамгийн тохиромжтой.

Шинэчлэл хийнэ гэдэг цагдаагийн жирийн албан хаагчийн нийгмийн баталгаанаас эхлэх ёстой. Жишээ нь, АНУ-д цагдаагийн жирийн албан хаагчийн дундаж цалин 10.000 ам.доллараас эхэлдэг. Манайд бол 850.000 төгрөг л байна. Дээр нь яг ижилхэн чиг үүрэгтэй АТГ-т ажилд ороход 3-4 сая төгрөгийн цалинтай. АТГ-ын албан хаагчдаас цагдаагийн албан хаагчид бараг илүү цагаар ажилладаг.

Гүржийн жишээг ярья л даа. Тус улс цагдаагийн байгууллагадаа том реформыг хэрэгжүүлсэн. Бүтцээр нь шинэчилж, цагдаагийн албан хаагчдаасаа шалгалт авдаг болсон. Тэр шалгалт нь тухайн хүнээс хамгийн түрүүнд хүний эрхийн мэдрэмж, мэдлэг нь ямар түвшинд байгааг үндсэн шалгуур үзүүлэлт болгодог жишигтэй. Ингээд ажиллах нөхцөлийг сайжруулаад, стрессгүй, яг л үйлчилгээний стандартыг ойлгуулаад ирэхээр аяндаа энэ салбар зүгширнэ. Түүнээс гадна цагдаагийн байгууллагын удирдлагын түвшинд аваад үзэхэд ЦЕГ-ын даргыг томилохдоо олон нийтээс санал авдаг жишиг байх ёстой. Энэ хүн үнэхээр хүний эрх, эрх чөлөөний мэдрэмжтэй байна уу. Ялангуяа хуульч мэргэжилтэй хүнийг тавих гэж байгаа бол нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдсөн хүнийг томилох хэрэгтэй. Манайд өнөөдөр шууд тушаалаар хэн нэгний гар хөл болдог, эсвэл нутаг усны хүнийг томилдог. Тухайн хүн нь барьцаагаар хөдөлдөг, хууль бус тушаал шийдвэрээр ажилладаг нөхцөл байдал үүсчихээд байгаа нь нууц биш.

-Цагдааг бэлдэж байгаа тогтолцоо нь өнөөдрийн энэ үл ойлголцол, хүний эрхийн зөрчил рүү түлхээд байна уу?

-Нэгэнт тогтолцоо ярьсных цагдаагийн албан хаагчдын боловсролын асуудал ч хөндөгдөнө. Манай цагдаа нарыг дотоодод болон ОХУ-д бэлтгэдэг. Ингэснээр хуучны социалист школтой, КГБ-гийн арга технологид мэргэшчихсэн хүмүүс бэлтгэгдэж гарч ирээд байгаа юм. Түүний оронд АНУ, Герман, Англи зэрэг эрх зүйн системтэй оронд явуулж бэлдээч.

Эдгээр өөрчлөлтүүдийг хийж цөхөөд байх зүйл байхгүй. Өнөөдрийн эрх баригчдад зөвхөн сэтгэл зүрх дутаад байгаа юм. Тэд цагдаагийн байгууллагыг өөрсдийнхөө гар хөл болгож, ОХУ, Беларусьд хэрэглэгддэг дарангуйллын машин, зэвсэг болгож ашиглаад байна шүү дээ. Цагдаагийн байгууллагад тогтолцооны өөрчлөлт хийх юм бол жинхэнэ утгаараа хүний эрхийг хамгаалдаг субьект болж хувирна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Мөнхболд: Шинжааны төмөр замтай холбогдох хамгийн дөт зам бол УБ-Зүүнбаян-Ханги-Мандал-Бугат-Шинжаан DNN.mn


Монголын ложистикийн холбооны тэргүүн А.Мөнхболдтой ярилцлаа.


-Хоёр хөрш орны төмөр замын бодлого, хөгжлийн талаар ярилцлагаа эхлэх үү. Энэ талаар та ямар мэдээллийг сонирхуулах вэ?

-Улс орон хөгжихийн тулд эдийн засгаа хөгжүүлэх шаардлагатай байдаг. Монголчууд бидний хувьд дотоод зах зээл бага, эдийн засгийн потенциал сул учир эдийн засгийг хөгжүүлэхэд юуны өмнө экспортыг нэмэгдүүлж, эдийн засгаа тэлэх шаардлагатай. Бидэнд байгаа экспортын боломж бол уул уурхайн бүтээгдэхүүн Энэ экспортыг нэмэгдүүлэхэд төмөр зам чухал үүрэгтэй.

Хөрш орнуудын эдийн засгийн бүтцийг харахад манай урд хөрш БНХАУ-ын зах зээл манай уул уурхайн бүтээгдэхүүний хувьд хамгийн боломжит зах зээл байдаг. Төмөр зам гэдэг бол өөрийн онцлогтой. Ялангуяа олон улсын төмөр замын тээвэрт ОСЖД буюу Төмөр замын хамтын ажиллагааны байгууллага зохицуулалт хийдэг. ОСЖД байгууллагад манай хоёр хөрш орон чухал ач холбогдолтой, тэргүүлэгч орнуудын үүрэг гүйцэтгэж ирсэн. Монгол Улсын хувьд 1990 оноос өмнө ОСЖД байгууллагын ачаа тээврийн салбар комиссыг тэргүүлж байсан боловч бид тэр статусаа Казахстан улсад алдсанаар манай давуу тал алдагдсан. Ингэснээр олон улсын төмөр замын тээвэрт бидний боломж их хумигдсан байдаг юм. Үүнд хөрш орнуудыг буруутгах боломжгүй. Учир нь манай төмөр замын бодлогод “Олон улсын” гэх ойлголт байхгүй явж ирсэн нь харамсалтай. Мөн салбарт боловсон хүчний бодлого алдагдсан, эрдэм шинжилгээ, судалгаанд хөрөнгө мөнгө зарцуулахгүй удлаа. Далайн боомт, хуурай боомт, терминал, логистикийн үйлчилгээ гэдэг бол бидний хувьд харь үг шиг байгаа нь бодит байдал юм.

Харин сүүлийн жилүүдэд БНХАУ-Монгол Улсын хооронд уул уурхайн экспортын зориулалттай төмөр замын тээврийн дэд бүтцийг эрчимтэй байгуулж ирлээ. Таван толгой-Гашуунсухайт, Таван толгой-Зүүнбаян, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам, Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам байгуулах чиглэлээр нэлээдгүй бүтээн байгуулалтын ажил хийж байна. Гэвч бид төмөр замыг эхлэлгүй, төгсгөлгүйгээр төлөвлөж ирсэн нь тээвэр, логистикийн талаар ойлголт бодлогын болон гүйцэтгэлийн түвшинд муу байгаатай холбоотой юм. Боомт, өргөн, нарийн цариг, терминал, худалдаа, логистикийн үйл ажиллагааг жигдрүүлэхэд нэлээд цаг хугацаа шаардсан ажил хүлээгдэж байна.

-Бид сүүлийн 10 жил өргөн нарийн царигийн тухай маргаан хийсээр хөгжлийг урагшлуулж чадсангүй гэж ярьдаг. Зөв үү?

-Өнөөдөр төмөр замын талаар авч хэрэгжүүлж ирсэн өнгөрсөн 10 жилийн бодлогыг үнэн бодитой дүгнэхийн тулд судалгаа шинжилгээнд суурилж, мониторинг хийх шаардлагатай гэж үзэж байна. Яг үнэндээ бол төмөр замын салбарын бодлого, төлөвлөлтийн гажуудал салбарын эрдэмтэн судлаачид, инженер техникийн ажилчид, мэргэжилтнүүдийн үгийг сонсдоггүй, дүлий, өөртөө хэт итгэсэн, хэсэг бүлэг улстөрчдөөс болсон шүү дээ. Төмөр зам бол стратегийн салбар гэдэгтэй хүн бүхэн санал нийлэх байх. Харин энэ стратегийн салбарын хөгжлийн асуудлыг улс орныхоо хөгжил, эдийн засгийн хөгжилтэй уялдуулан төлөвлөх асуудал бол улс төрөөс ангид, шинжлэх ухаан, судалгаанд суурилж явах учиртай. Улс орны хөгжлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн тээвэр, логистикийн сүлжээг төлөвлөх, үүнээс эдийн засгийн ач холбогдолтой бол төмөр зам барих, нийгмийн ач холбогдол өндөртэй бол авто зам байгуулах замаар үндэсний сүлжээ төлөвлөлтийг төлөвлөдөг зарчимтай. Өнгөрсөн 10 жилийг дүгнэвэл хийрхэл, улстөржилт давамгайлсан төмөр замын бодлоготой байлаа гэж дүгнэж болно.

-Нарийн царигийн төмөр замаар урд хөрштэй холбогдох асуудлыг олон талд хөндөж байгаа. Өнөөдрийн нөхцөл байдал ямар байна вэ, нарийн царигаар холбогдох боломжтой юу?

-Нарийн болон өргөн царигийн асуудал бол технологийн л асуудал. Гэхдээ бид улстөржүүлээд асуудлыг хөрш орны түвшинд хүргэчихсэн л дээ. Худалдаа, тээврийг хөнгөвчлөх нь улс төрийн асуудал. Царигийн асуудал бол техникийн асуудал байдаг.

Гашуунсухайтын төмөр зам, боомтуудын хөгжил, худалдааны талаар Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны дунд хугацааны хөтөлбөр гэгч баримт бичигт тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Си Жиньпин нар 2014 оны наймдугаар сард Улаанбаатар хотод гарын үсэг зурж баталгаажуулсан. Энэ хөтөлбөрөөр бид ямар үүрэг хүлээсэн юм бэ, уг хөтөлбөрийн биелэлт ямар байна вэ. Энэ талаар хийсэн дүгнэлт байна уу. Миний судалснаар асуудал бидэнд л байгаа. Тухайн үед царигийн асуудал ч яригдаж байсан шүү дээ. Гэхдээ манай нийгэм энэ талаар багагүй ойлголттой болчих шиг боллоо. Цариг өргөн нарийндаа биш, харин худалдаа тээвэр хамгийн шуурхай зохион байгуулагдсан байх ёстой. Энэ бол цэвэр тээвэр, логистикийн асуудал байдаг юм.

-Шинжааны төмөр замын тухай та ярихгүй юу. БНХАУ-ын төмөр замын бас л том томоохон бүс гэгддэг?

-Бид хөрш оронтойгоо харилцахдаа эхлээд тэдний засаг захиргаа, хөгжлийн бодлого, төлөвлөлтийг судлах шаардлагатай. Шинжаан бол БНХАУ-ын баруун хойд бүс болох нөөцийн бүс ангилалд багтдаг. Шинжааны төмөр зам энэхүү бүсийг бусад бүстэй холбох хэрэгцээг хангах зорилготой. ОХУ болон Украины зэвсэгт мөргөлдөөнөөс улбаатай хоригоос үүдэлтэй монголчууд төрөл бүрийн гарц хайж байна. ОХУ-ын нутаг дэвсгэрээр явах транзит ачаа буурна. Магадгүй ойрын 5-10 жилдээ найдваргүй. Энэ хориг манай улсын хувьд хүндээр тусна.

-Тэгвэл бид юу хийх ёстой вэ?

-Эхлээд ОХУ-д тарьж байгаа хоригууд манай улсад ямар нөлөө үзүүлж байгааг Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк болон бусад хөгжлийн байгууллагуудтай хамтран судалж тооцох ёстой. Үнэхээр бидний буруугаас бус хохирол гарахаар бол дэлхийн хамтын нийгэмлэг бидэнд туслах ёстой гэсэн байр суурьтай байна.

Дараагийн алхам бол БНХАУ-ын холбогдох байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, тээврийн гарц хайх нь зөв. Миний уншиж судалснаар БНХАУ Казахстан-Төв Ази-Турк гэсэн маршрутаар төмөр замын тээврийн коридор гаргахаар ажиллаж байна. Харин бид энэхүү коридорт яаж, хэрхэн холбогдох вэ гэдэг бол дараагийн асуудал юм.

-Манай улсын хувьд Шинжааны төмөр замтай яаж холбогдох вэ. Гарц шийдлийн талаар та мэргэжлийн хүний хувьд хэлж өгөөч?

-Шинжааны төмөр зам нь ӨМӨЗО-ны төмөр замтай холбогддог, Хятадын төмөр замын үндсэн сүлжээний нэг хэсэг. Тэгэхээр бид онолын хувьд Замын-Үүд-Жинин-Бугат-Шинжаан гээд холбогдох боломжтой. Гэхдээ бидний зорилго Шинжаан биш байх. Хоргос болон түүгээр дамжин Төв Ази-Турк-Европ хүрэх, эсвэл Пакистаны боомт хүрэх маршрут байх болов уу. Учир нь Пакистан улс бол далайд гарцтай, Хятадтай тээврийн коридороор холбогдсон шүү дээ. Шинжааны төмөр замтай холбогдох хамгийн эхний дөт зам бол УБ-Зүүнбаян-Ханги-Мандал-Бугат-Шинжаан. Мөн УБ-Зүүнбаян-Таван толгой-Гашуунсухайт-Ганцмод гэсэн шинэ төмөр замын маршрут байх боломжтой.

Мэдээж Шинжааны төмөр замтай холбогдохын тулд эхлээд БНХАУ-ын холбогдох байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллах, гэрээ хэлэлцээр хийх, тээвэр зууч, логистикийн байгууллагуудыг татан оролцуулж хамтрах шаардлагатай. Үүнд төрийн байгууллагуудын хамтын ажиллагаанаас гадна хувийн хэвшлийн байгууллагууд, мэргэжлийн холбоодын үүрэг оролцоо маш чухал юм. Өнөөдрийг хүртэл манай улсад олон улсын төмөр замын тээвэр, логистикийн асуудал хариуцсан төрийн оролцоотой компани үгүйлэгдсээр байна. Хөрш орнууд маань тээвэр, логистикийн төрийн оролцоотой компаниуд хариуцаж ажиллаж байгаа нь нэг түвшинд хамтран ажиллах боломж бүрдэхгүй байгааг анхаарах цаг нь болсон. Өөрөөр хэлбэл, төрийн яамд нь төрийн хэлээр, төрийн оролцоотой тээвэр, логистикийн компани нь бизнесийн хэлээр учраа ололцох ёстой гэсэн үг.

Эцэст нь хэлэхэд, тээвэр гэдэг бол шинжлэх ухаан юм шүү. Хэн дуртай нь зүүдэнд ирсэн болгоноор тайлбарлаад байх аргагүй. Системийн онолд суурилсан, салбар дундын шинжлэх ухаан, судлагдахуун юм. Манай улсад төмөр замын салбарыг хөгжүүлэх боломж байсаар байгаа. Салбарын хөгжил хэр хурдан хийгдэх нь бидний мэдлэг, туршлага, харилцан ойлголцол, хамтын ажиллагааны үр дүнгээс хамаарна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Ч.Отгочулуу: Манлайлалгүй Ерөнхий сайдаас аж үйлдвэржилтийн бодлого хүлээгээд нэмэргүй DNN.mn

Эдийн засагч Ч.Отгочулуутай ярилцлаа.


-Монгол Улс уул уурхайн баялгаа сүүлийн 30-аад жил ухаж ирсэн. Өнөөдөр хүртэл ганц ч том станц, үйлдвэр босгож чадсангүй. Уул уурхайн тэр их ашиг орлогоо бид зөв зарцуулж чадахгүй байгаатай холбоотой юу?

-Сүүлийн 30 жил гэдэг ташаа ойлголт. Ерэн онд Налайх, Багануурыг эс тооцвол уул уурхай бараг байгаагүй. Харин 1997 онд Ашигт малтмалын хууль батлагдсанаар манайд уул уурхайн эрэл хайгуул хийгдэж эхэлсэн гэж хэлж болно. Дэлхийн томчууд ч орж ирсэн.

Мөн энэ үетэй давхцаад 2000 оноос Хятадын эдийн засаг асар хурдтай өсч эхэлсэн. Хятадын эдийн засгийн өсөлт бол хотжилт, аж үйлдвэржилт хоёр дээр тулгуурлаж байлаа. Үндсэн түүхий эд нь мэдээж нүүрс, зэс хоёр. Гэхдээ 2010-аад он хүртэл зэс, нүүрсний үнэ тийм ч өндөр байгаагүй шүү дээ.

Дотоодын хувьд сүүлийн 30 жилд явсан ганц том төсөл “Оюу толгой”, Эрдэнэтийг эс тооцвол. Гэхдээ “Оюу толгой” орд одоо хүртэл бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадаагүй байна. “Таван толгой” ч тэр. Тэгэхээр бид нийтээрээ 30 жил уул уурхайгаар хөгжөөд маш их мөнгө олсон гэдэг буруу ойлголттой яваад байдаг юм. Уул уурхайн салбар дараагийн салбараа тэтгэх хэмжээнд том болж амжаагүй. Нэг ёсондоо дүү нараа татаад явдаг айлын ах болж чадаагүй гэсэн үг.

Хоёрт, манай уул уурхайн экспортын орлого дараагийн шатанд гарахад хангалтгүй. Манайх шууд Норвеги, Саудын Араб шиг болох гээд байдаг. Тэд нарт газрын тос ашигладаг. Энэ салбар нь 30, 40 жилийн өмнөөс хөгжиж эхэлсээр хөрөнгө орлогоо нөхөж, одоо хэдэн арван тэрбум ам.доллараар экспортолдог болчихсон. Тэд асуудлаа шийдчихсэн гэсэн үг. Манайхан улсаа шууд тэдгээртэй харьцуулаад байдаг. Дөнгөж төрсөн унагыг шууд азаргатай уралдуулж болохгүй биз дээ.

-Уул уурхайн салбар улс орны эдийн засгийг далайцтай тэтгэдэг учраас том салбар гэж ойлгоод байна л даа. Шавхагддаг баялагтай салбар учраас “юм”-тай үлдэх гэсэн санаархал гэх үү дээ?

-Мэдээж уул уурхай улсын төсөвт чамгүй орлого оруулж байгаа. Манай улсын төсөв сүүлийн жилүүдэд 30 хувиар өссөөр байгаад нэлээд томорчихлоо. Саяхан л гурав, дөрөвхөн их наяд төгрөгийн төсөвтэй байсан бол одоо 18 их наядын тухай ярьж байна. Зургаа дахин өссөн тооцоолол.

Нөгөө талаар уул уурхайн орлогоор аж үйлдвэр барих шаардлагагүй. Хятадуудыг хар л даа. Дандаа гадны хөрөнгөөр асуудлаа шийддэг. Гол нь орчныг нь бүрдүүлж өгдөг. Эсвэл хувийн хөрөнгө оруулалтаа хөгжүүлдэг. Манайд бол уул уурхайн орлого шууд улсын төсөв руу орчихоод эргээд маш их үргүй зардлыг санхүүжүүлдэг.

Харин аж үйлдвэрийг барих өөр хоёр эх үүсвэр бий. Тэр бол дотоодын болон гадаадын шууд хөрөнгө оруулалт. Гол нь үүн дээр манайд улстөржилт, популизм их учраас явахгүй байгаа юм. Хувийнхан жижиг сажиг үйлдвэр барих гэхээр улстөрчид явж очоод төрийн эрх мэдлийг ашиглан хууль тогтоол гаргаж байгаад бизнесийг нь булаагаад авчихдаг. Жаахан гайгүй явж байгааг нь балбаад унагачихдаг. Гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхээр бол “За ингээд дууслаа. Ерөөсөө Монголын баялгийг гаргаад явуулчихлаа” гэж нүддэг. Өөрсдөө хийдэггүй, хүнээр хийлгэхгүй. Ийм учраас л манай аж үйлдвэржилт хөгжихгүй байгаа юм.

-Үнэндээ өнөөдрийг хүртэл ашиглалтад орсон нефтийн үйлдвэр, цахилгаан станцгүй сууцгааж байна. Таныхаар популизм явуулахгүй байгаа хэрэг үү?

-Монголд жижиг аж үйлдвэр байгуулъя гэхээр хамгийн том бэрхшээл эрчим хүчний найдваргүй байдал. Жаахан найдвартай нь үнэтэй. Жишээ нь, Орос, Норвегид нэг кВт нь 2-3 цент байдаг бол манайд 12 цент. Зургаа дахин үнэтэй гэсэн үг. Ийм өндөр өртөгтэй цахилгаанаар бид аж үйлдвэржиж чадахгүй. Усан цахилгаан станцтай болчих юм бол эрчим хүчний үнэ нэлээд хямдарна. Гэхдээ үүнийг манай хойд хөрш хүсэхгүй.

Зөвхөн “Оюу толгой” гэхэд 100-200 сая ам.долларыг цахилгаан эрчим хүчдээ зарцуулж байдаг. Энэ өртөг Монголд шингэж байсан бол ямар байх вэ. Жишээ нь, “Оюу толгой” 2009 онд өөрсдөө 200, 300 сая ам.доллар гаргаад 200-300 мВт-ын цахилгаан станц барья гэж байлаа. Үе үеийн Засгийн газар бариулаагүй. Хувийн хэвшлийнхэн “Таван толгой” дээр цахилгаан станц барья гэхэд бас л бариулаагүй. Тэгэхээр манай улс төрийн популизм хамгийн том асуудал болчихоод байгаа юм.

Уг нь манайд эрэлт байна. Түүнийг нийлүүлэх асар их хэмжээний нүүрс байна. Усан цахилгаан станц байг гэхэд нүүрсээр ажилладаг цахилгаан станц барьж болно. Тавдугаар цахилгаан станцыг манайхан өөрсдөө л болиулсан. Багануур дээр хятадууд том цахилгаан станц бариад өгье, бүр экспортолъё гэхэд “Өө хятадуудад бүх юмаа алдчихна” гэсээр зогсоосон түүхтэй.

-Гарц шийдэл та хэлээч. Эрдэнэбүрэн дээр гэхэд Ерөнхий сайд эргэж буцсан шийдвэртэй л зогсож байна. Зөв юм уу?

-Буруу. Жишээ нь, Ерөнхий сайд Хятадтай олон жил ярьчихсан байсан боомтыг хаахаар болчихоод ирлээ. Ийм нялцагануур, аймхай байж болохгүй. Ерөнхий сайд хүн өөрийнхөө улс төрийн капиталыг алаад үхүүлээд ч хамаагүй улс эх орны нийтлэг эрх ашгийн төлөө зүтгэх ёстой байдаг. Гэтэл Л.Оюун-Эрдэнэд тийм ухаан алга. Бамбууш кафе яриад хэдэн жил боллоо. Одоо Тамгагүй төр гээд л явж байна. Социалист орнуудад ард түмэн ядуу байдаг. Төр засаг нь тэд жүжиг гэх мэтхэн үзүүлээд л, өнгөрсөн гоё дурсамжаар нь аялуулаад байх л ажилтай. Улс төрийн эр зориггүй байгаа чинь манайд аж үйлдвэржилт хөгжихгүй байгаагийн том шалтгаан.

-Мэдээж хөгжүүлэх нөөц боломжийн талаар олон санал санаачилга гарч дуулддаг. Зарим нь эхлүүлдэг. Гэхдээ ажил хэрэг болдоггүй. Жишээ нь, нефтийн үйлдвэр юу болчихов?

-Нефтийн хувьд бага оврын ашигтай үйлдвэр барья гэж хувийн хэвшлийнхэн зөндөө санал гаргасан. Зөвшөөрлийг нь өгөөгүй. Гэтэл одоо асар их зээл авч байгаад барьж эхэллээ гэсэн. Ашиглалтад ороогүй байгаа зардал нь 25 хувиар хэтэрчихсэн нөхцөл байдалтай. Дорнодоос нүүрсээ татах юм гэсэн. Өртөг нь нэг тэрбум ам.доллар болох байх. Нефтиэ Оросоос авах юм уу. Хойд хөрш түүхий нефтиэ тийм амар өгөхгүй. Яахав, үйлдвэр барьж байгаа нь зөв. Гэхдээ барьсаар байтал 2030 он гарчих байх.

Гэтэл Европ, Японд бензин дизелиэр ажилладаг машин үйлдвэрлэхийг хорьчихлоо. Бүх юм цахилгаан руу шилжиж байна. Уул уурхайн хүнд машин механизмууд хүртэл цахилгаанаар явдаг болоод эхэлчихлээ. Манай нефтийн үйлдвэр ашитглалтад орох гэсээр байтал дэлхий нийт цахилгаан руу шилжих нь.

Түүний оронд зэс баяжуулах үйлдвэр барьсан бол хэрэгтэй байсан юм. Өртгөө ч дорхноо нөхчихнө. Хувийн хэвшлийнхэн өөрсдөө санаачлаад эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх гээд зүтгээд байна. Гэтэл нөгөө л манай улстөрчид очоод хааж бооно, хууль гаргана, зогсооно, үүнийг төр хийх ёстой гэж булааж авах гээд байна. Энэ маш буруу жишиг.

Жишээ нь, сая англичууд “Танайхыг Оросын хараат байдлаас бууруулахад зориулж гурван тэрбум ам.долларын хөрөнгө оруулъя” гэсэн. Түүгээр нь бид нүүрснээс бензин, дизель гаргаж авч болно, устөрөгчийг гаргаж авч болно. Монголоор дүүрэн нүүрсний орд байгаа. Аль нэгэн дээр нь хамтарсан үйлдвэр байгуулчихаж болно оо доо. Польшууд бас хөрөнгө оруулъя гэж байна, япон, солонгосчууд ирээд явлаа. Танай зам тээврийн хөгжилд тусалъя гэж байна. Тэгвэл яадаг юм, дахиад нэг төмөр зам бариулъя л даа. Ашигтай. Зүүн бүс, баруун бүсдээ хамтарсан онгоцны буудал ч барьчихаж болно. Түүгээрээ ачаа тээвэр хийж болно. Нүүрсэн дээрээ нефть, химийн үйлдвэрүүд баривал манайд ашигтай ажиллах боломжтой. Европоос гуйя л даа. Махныхаа стандартыг өгчих гэе. Итали технологиор нь малаа нядалдаг, махаа боловсруулдаг болчихъё. Жижиг оврын махны үйлдвэрүүд олноор барих боломжтой.

Гэтэл Хэнтийд 600 тэрбумаар хэнд ч хэрэггүй баахан объект овоолж байна. Хэн ч очихгүй газар маш өндөр үнэтэй зам браьж байна. Тэр мөнгөөрөө Дарханы замаа дуусгачих ёстой байлаа. Бараг сум бүрт иргэдийг мэдээллээр үйлчлэх төв, соёлын ордон, 20 тэрбумын сургууль барьж байна. Ямар ч шаардлагагүй. Энэ хөрөнгөөрөө бүсүүд дээрээ малын анхан шатны боловсруулалт хийдэг үйлдвэрүүд барьсан нь илүү үр өгөөжтэй байлаа.

-Засгийн газар, Ерөнхий сайдын энэ чиглэлд баримталж байгаа бодлого нэг л бүрхэг байна уу даа?

-Энэ Засгийн газраас хүлээх юм байхгүй. Энэ нь манай сонгуулийн тогтолцоотой холбоотой. Шууд тойргоос сонгогддог. Сонгогдсон нь тойрогтоо л хэрэгтэй зүйл ярьдаг. Жишээ нь, Завхан аймагт байгаа илүүдэл жинтэй төрийн албан хаагчдыг хоолны сургалтанд суулгахын тулд 70, 80 сая төгрөг өгсөнгүй гээд УИХ-ын гишүүн чуулган дээр уурлаад сууж байна. Тэд иймэрхүү байдлаар л хандаж байгаа юм.

Гэтэл өнөөдөр манай улсын амин чухал асуудал бол хил боомт байна. Жижиг дунд үйлдвэрүүд сөхөрч байна. Хэдэн зуун сая доллар гадагшаа захиалгын бараандаа өгчихсөн. Бараа нь хил дээр ирээд гацчихсан. Хятадууд нэг л зүйл шаардаж байгаа. “Та нар хорио цээрийнхээ дэглэмийг сайжруулаад өгөөч” гэж байгаа. Гэтэл түүн дээр оруулсан хөрөнгө оруулалт энэ 18 их наяд дотор бараг байхгүй. Гадныхан л жаахан тусалж байна.

Тэгэхээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн нэг давуу тал нь энэ байж магадгүй. Жагсаалтаар орж ирж байгаа хүмүүс тойргийн жижиг сонирхлоос давж, илүү үндэсний нийтлэг эрх ашгийг харж эхэлнэ. Яахав, одоогийн тогтолцоо муу биш. Энэ нь Ерөнхий сайдаас асар их манлайлал шаарддаг тогтолцоо. Гэвч Ерөнхий сайд бол манлайлал үзүүлж чадахгүй байна. Ярьдаг зүйл нь “Бамбарууш кафе”, “Андлалын хөшөө”, “Тамгагүй төр” болчихсон. Хүлээх юм ерөөсөө байхгүй. Ядаж хөршүүддээ хүлээн зөвшөөрөгдөж, тэнд байгаа асар их боломжийг ашиглах ёстой юм.

Дээр нь гуравдагч хөршүүд тусалъя гээд байхад яагаад ангайгаад, урвайгаад, дүлгэнээд суугаад байгаа юм бэ. Ерөөсөө энэ Засгийн газар үнэхээр урагшгүй, унхиагүй байна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: ​Мөнгийг нь авч байгаа бол хүнлэгээр хэдэн үг сольчихдог болъё DNN.mn


Итгэлтийг яривал далай, далай гэдэг шиг манайд үйлчилгээний соёлын тухай яривал дуусахгүй их юм байна аа. Үйлчлүүлэгч “хаан” гэдэг нь өнгөрч, ядаж л мөнгийг нь авч байгаа юм гээд хүнлэгээр хэдэн үг сольчихдог болмоор байна.

Манайдаа л үндэсний гээд овоо тоогддог зоогийн газарт өчигдөрхөн чихний үзүүрт өнгөрсөн нэгэн яриа санаанаас гардаггүй. Тавь гаруй насны ах гаднаас орж ирээд ширээ асууж байна. Өөдөөс нь эгцэлж хараад ширээ заагаад өгчих зөөгч олдсонгүй. Гурав, дөрвүүлээ лангууныхаа цаана юу ч юм хийгээд тоох шинжгүй. Үйлчлүүлэгч ах лавшруулаад “Ийшээ ороод суучих уу” гээд хашлага тавьсан булан руу зааж байна. Сая л нэг мөнгө хураагч бүсгүй тооцооны хуудас, пос машинтайгаа зууралдах зуураа “Ах аа цаана чинь өөр ширээнүүд байна. Очоод суучих л даа. Заавал ийшээ…” гээд л уцаарлангуй амандаа бувтнана.

Өнөөдрийн үдийн цайнаар орсон зоогийн газар хоолныхоо үнийг нэмжээ. Байнгын үйлчлүүлэгч бололтой хүүхдээ дагуулж орж ирсэн эгч “Танай үнэ нэмэгдчихсэн хэрэг үү” гэж байна. Үйлчлэгч бүсгүй тоосон шинжгүй “Тэгсэн” гэсэн ганц үгээр үйлчлүүлэгч эгчийг гаргана лээ. Бусдын халааснаас нэмж татах гэж байгаагаа нэмээд хоёр өгүүлбэрээр тайлбарлачихвал өөр л дөө.

Гэтэл гадны сүлжээ дэлгүүр, хоолны газрууд оруут л “Тавтай морилно уу”, гарахад “Баярлалаа” гээд л заалаар нэг хадаах. Эцэст нь тэдний олсон ашиг тэрбум тэрбумаар яригдаж, манай хэдийнх алдагдал, дампуурал болдог. Лавтай нэг шалтгаан нь үйлчлүүлэгчтэйгээ харилцдаг харилцаа шүү.