Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүүхдийн живхийг голын эхэнд, модны ёроолд хаях нь лусыг хилэгнүүлдэг DNN.mn

-Живх хөрсөнд шингэх хугацаа 400-450 жил байдаг-


Хүүхдийн хэрэглэсэн живхийг ээжүүд бид хогийн саванд хаяж чаддаггүй. Хүүхэд төрөөд анх хэрэглэсэн живхээс нь эхлээд л тусгай уутанд бөөгнүүлж байгаад цэвэр газар хаядаг “уламжлалтай” болоод удаж байна. Гэвч энэ нь байгаль орчин хийгээд гэр бүлийнхэндээ хийж байгаа том хор, аюул гэдгийг тэр бүр ухаардаггүй. Бодсон ч хүүхдийн эдэлж хэрэглэсэн зүйл цэвэр байх ёстой гэдэг бодол дийлсээр байдаг.

Өнөөдөр нийслэлийн эргэн тойронд, цаашлаад хөдөө орон нутагт хүний хөл хүрээгүй цэвэр байгальтай газар, модны ёроол, гол усны эх, сав газарт хэрэглэсэн живх шуудай, шуудайгаараа хаягдсан байдгийг бид олон удаа харсан. Байгаль орчин, хөрсний бохирдол талаас яривал энэ нь хамгийн хортой юм байна.


Д.Бямбадаш: Хэрэглэсэн живхийг байгальд хаях биш шатаах, эсвэл дахин боловсруулах ёстой


Учир нь живх хөрсөнд шингэх хугацаа 400-450 жил байдаг тухай Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны гүйцэтгэх захирал Д.Бямбадаш онцолж байна. Тэрээр энэ тухай “Мухар сүсгээс болж иргэд хүүхдийн хэрэглэсэн живхийг модны ёроол, голын эхэнд хаяад байдаг. Живхийг синтетик материалаар хийдэг. Энэ нь хуванцар савны материал гэсэн үг. Тэгэхээр хуванцар сав байгальд шингэх хугацаа асар урт. Хөрсөнд булагдаад 400-450 жилийн дараа шингэдэг гэж үздэг. Мэдээж хөрс, байгаль орчиндоо маш их хор хөнөөлтэй. Уг нь хэрэглэсэн живхийг дахин боловсруулах ёстой. Гэвч өнөөдөр манайд дахин боловсруулж байгаа газар тун ховор. Ядаж зориулалтын зууханд ч болов шатаах хэрэгтэй. Бас л манайд ийм технологи алга” гэж байв.

Ганцхан живхийг хөрсөнд булахад л хүний амьдралын 5-8 үеийг өнгөрөөх хугацааны дараа шингэнэ гэдэг маш том асуудал. Гэтэл нэг хүүхэд өөрөө бие засч сурах хүртэл дунджаар 4000 ширхэг живх хэрэглэдэг. Европ тивийн нийт хог хаягдлын хоёр хувийг нэг удаагийн живх эзэлдэг бол АНУ жилд 28 тэрбум ширхэг живхийг хэрэглэдэг гэсэн судалгаа байдаг. Тэгвэл Монголд ч ялгаагүй, ажил амьдралын хэв маягаас шалтгаалж ээжүүд хүүхдэдээ живх хэрэглүүлэх хандлага сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байгаа. Тэр хэрээр байгальд хог болж, хөрс, ус, агаар бохирдуулах байдал нь нэмэгдэж байгаа гэсэн үг.


П.Очирпүрэв: Иргэдийг буруутгахаас илүү живхийг шатаах, дахин боловсруулах технологи санал болгох нь зөв


Гадны улс орнуудад хэрэглэсэн живхийг өндөр температурт шатаах, эсвэл дахин боловсруулдаг юм байна. Харин манайд энэ технологи хэр нэвтэрч байгаа талаар “Технологи бридж” ХХК-ийн захирал, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны удирдах зөвлөлийн гишүүн П.Очирпүрэвээс тодруулсан юм. Тус компанийн хувьд хог хаягдлыг дахин боловсруулах технологийг импортолдог юм байна. Тэрбээр “Байгальд ийм хог хаягдлыг хаяж байгаа иргэдийг буруутгахаас илүү дахин боловсруулах, байгальд ээлтэй шатаах технологи, үйлчилгээг санал болгох ёстой. Тэгвэл иргэд төлбөр төлөөд шатаалгах, дахин боловсруулахад хэрэглэсэн живхийг өгөх байх. Манайх энэ чиглэлийн технологийг импортолдог компани. Хувийн хэвшлүүд энэ технологийг ихээр сонирхдог ч бодит худалдан авалт тун бага. Тиймээс цаашид үүнийг нэвтрүүлэх шаардлагатай” хэмээв.

Мэргэжилтнүүдийн хэлснээр үнэхээр ч шатаах, дахин боловсруулах үйлдвэр байхгүйгээс хогийн цэг дээр хүүхдийнхээ хэрэглэсэн живхийг хаячихаж зүрхлэхгүй байна. Гэвч цэвэр газар гээд байгальд, гол ус, модны ёроолд хаяж байгаа нь тийм ч зөв үйлдэл болж чадахгүй байгаа юм. Бүр тодруулбал, энэ нь шашин талаасаа лусыг хилэгнүүлсэн үйлдэл болдог ажээ.


Ж.Батбилэг: Байгаль бохирдуулж лус хилэгнүүлэхэд үе дамжин хорлолд өртөх аюултай


Энэ тухай Буян арвижих хийдийн хамба лам Ж.Батбилэгтэй цөөн хором ярилцлаа.


-Гол усанд сүү дусааж болохгүй, мод чулуу хамаагүй хөндөж болохгүй гэдэг. Хэрэв ингэвэл лус хилэгнэнэ гэж бидний ээж, аавууд зааж зөвлөдөг. Сүүлийн үед модны ёроол, голын эх, сав газарт хүүхдийн хэрэглэсэн живхийг ихээр хаядаг боллоо. Энэ үйлдэл ер нь зөв үү?

-Үүнийг ярихын тулд лус гэж юу юм бэ гэдгийг товчхон тайлбарлаад өгье. Аливаа юм бүхэн эзэнтэй гэж буддын шашинд үздэг. Уул ус, байгаль, амьтан бүгд эзэнтэй байдаг. Бидний нүдэнд харагдахгүйгээр тэднийг эрхшээж байдаг эзэн бол лус. Хүн гэдэг амьтан аливаа зүйлийг харж, барьж, мэдэрч байж итгэх гээд байдаг. Хий хоосон зүйлд итгэдэггүй. Лус гэдэг бидний нүдэнд харагдахгүй орчинд байдаг. Вирус гэхэд л бидэнд харагддаггүй хэрнээ хүмүүсийг өвчлүүлээд байдаг. Түүнтэй адил лус бол харагдахгүй ертөнц мөртлөө нөлөөлж байдаг.

Буддын шашны үзэлд аливаа юмс шүтэн барилдлагатай, хоорондоо хамааралтай байж оршин тогтнодог. Тэгэхээр бид бүхэн байгальдаа хэдий чинээ хор учруулна төдий зовлон зүдгүүрийг амсана. Байгальд нэг памперс хаячихаад байгалиас сайхан зүйл авах гэж горьдоод хэрэггүй. Үйлийн үр ирнэ.

-Лусын хорлол гэж юу юм бэ?

-Булаг шанд бохирдуулахад лус хилэгнэдэг. Ингэснээр хорлол ирнэ гэдэг. Хамгийн наад зах нь биеэр идээ шарх гарах, бие хаа өвдөх, амьдрал ахуйд саад тотгор гарч ирэхээс эхэлдэг. Нутаг усанд ган гачиг болох, хүн, мал, амьтны өвчин гарах эрсдэлтэй. Цаашлаад үе удам дамжих ч аюултай. Энэ бол хамгийн ноцтой зүйл. Таны байгаль дэлхийдээ, гол усаа бохирдуулсан үйлээс болж үр хүүхэд тань зовно.

Жишээ нь, Сэлэнгийн Тужийн нарсыг ярья л даа. Ерээд онд Тужийн нарсыг маш их устгасан даа. Тэр үед гар хөл оролцсон ченжүүд нэг хэсэг том том машин унаад л, хоёр давхар байшин бариулаад л их л сайхан байсан. Одоо бол тэр хүмүүсээс нэг нь ч сайхан амьдарч чадаагүй. Тахир дутуу болох нь болж, өвчин зовлон ээрч, өөд болсон нь ч байгаа. Сэлэнгийнхэн андахгүй. Лусын хорлол гэж тийм айхтар зүйл.

-Мод, гол ус бохирдуулах үйл том жижиг гэж байх уу?

-Байгальд шуудай дүүрэн живх хаях, ганц ширхэгийг хаях ямар ч ялгаагүй. Их бага хамаагүй бохирдуулж байгаа мөн чанар нь л аюултай. Орчин үед хүмүүс уламжлалт зан үйлээсээ маш их холдсон. Лус савдгаар дамжуулж ойлголт авахаа больё гэхэд ерөөсөө бид байгалиа хайрлах ёстой юм. Хүний амьдралын бүх зүйл хоорондоо шүтэн барилдлагатай. Хүн төрөлхтөн бид цэнхэр дэлхийг хөлөглөөд сансар огторгуйд аялж яваа аялагчид. Хөлгөө хайрлахгүй, гамнахгүй бол хэр удаан орших вэ гэдгийг л бодох ёстой юм

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Сархинагийн ач тус DNN.mn

Малын дотор дайвар түүхий эдээс эрүүл мэндийн хувьд хамгийн ач холбогдолтой нь сархинаг юм. Малын идсэн өвс тэжээлийн хамгийн шимт хэсэг сархинагийн олон салбангуудын дунд нөөцлөгддөг бөгөөд биологийн идэвхт бодис хамгийн их агуулдаг ажээ.

Тодруулбал, салбангуудын гадарга дээрх хөхлөгүүдэд олон төрлийн фермент, бэлчээрийн ургамлын амьд хүч, түүний нэгдлүүд, амин дэм, эрдэс, биологийн идэвхт бодисууд ихээр агуулагддаг байна.

Сархинагийг хөхүүл эх хүнсэндээ хэрэглэхэд хөхний сүү нэмэгддэг, чихрийн шижинтэй хүнд ч хамгийн сайн хүнс тэжээл гэж мэргэжлийн хүмүүс зөвлөдөг.

Түүнээс гадна нойр булчирхайн өвчнийг эмчилдэг нь уламжлалт анагаах ухаанаар батлагдсан байдаг.

Учир нь фермент, уураг (коллаген) агуулдаг тул нойр булчирхайн өвчилсөн хэсгийг сэргээж нөхөн төлжүүлэх өндөр чадвартай байдаг аж.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Нарансүх: Хүүхдүүдийн цусанд хар тугалга өндөр байгаад зогсохгүй эрчүүдэд ч өндөр гарч байна DNN.mn

-Агаарын бохирдлын стандартыг хангасан нүүрсэн янданг хулгайлж байгаа нь байгаль орчин, орчны эрүүл мэндийн эсрэг гэмт үйлдэл-


Хүний төв мэдрэлийн системийг ноцтой гэмтээж, цаашлаад үхэлд хүргэх аюултай хар тугалгатай хорт утаагаар улаанбаатарчууд 24 цаг амьсгалж байна. Энэ аюултай хорыг жилийн дөрвөн улиралд агаарт “нийлүүлж” гол буруутан нийслэлийн авто замын хөдөлгөөнд дийлэнх оролцож байгаа “приус 20” автомашин болчихоод байгаа. Учир нь “приус 20”-ын нүүрсэн янданг хулгайгаар болон санаатайгаар худалдан борлуулж, урагш гаргадаг хулгайн бүлгүүд бий болоод удаж байна. Хариуд нь нийслэлийн замын хөдөлгөөнд нүүрсэн яндангүй, байлаа ч хятад чанаргүй яндан орлуулчихсан приусүүд дүүрэн явдаг болсон. Шүүх яндангүйгээс агаарт хар тугалгатай хорт утаа ялгарсаар байгааг бид хөндөн бичсээр байгаа.

АНУ-ын Нью-Йорк хотод 1990-ээд оны үед нийгэм нь асар их уур бухимдал, стресст орж, дэлхийг цочоосон онц ноцтой гэмт хэргүүд үйлдэгдэж байсан гашуун түүхтэй. Яг л өнөөдрийн манай Монголын нийгэм шиг дүр төрх бий болсон гэдэг. Эрдэмтэд тухайн үед судалгаа хийж, дээрх нөхцөл байдал хар тугалгатай бензиний хэрэглээ өндөр байгаатай холбож үзсэн. Тиймээс хар тугалгатай шатахууны хэрэглээг хориход гэмт хэргийн гаралт буурч, нийгэм эрүүлжиж байсан судалгаа анхаарал татна.

Тэгвэл манай улсад Эрүүл ахуй, хор судлалын лаборатори нийслэлийн хүүхэд багачуудын цусан дахь хар тугалганы хэмжээг судалж үзсэн байдаг. Судалгаагаар бага насны хүүхдийн цусанд хар тугалгын зөвшөөрөгдөх хэмжээнээс даруй зургаа дахин өндөр гарсан нь ноцтой асуудал юм.


Энэ талаар Эрүүл ахуй, хор судлалын лабораторийн эрхлэгч, анагаах ухааны доктор Д.Нарансүхтэй ярилцлаа.


-Эрүүл ахуй, хор судлалын лаборатори хүүхдийн цусан дахь хар тугалгын хэмжээг судалсан судалгааны үр дүнг дэлгэрүүлж ярьж өгөхгүй юү?

-Бид 2016 онд анх Улаанбаатар хотын хүүхдүүдийн цусанд хар тугалгыг тодорхойлох туршилт судалгааг хийж ирсэн. Эндээс харахаар агаарын бохирдол ихтэй бүсэд амьдардаг хүүхдийн цусанд хар тугалгын хэмжээ өндөр гарсаар байгаа юм.

Хамгийн өндөр үзүүлэлт нь 28 мкг/дп/. Энэ бол бусад улс орнуудад зөвлөмж болгодог хэмжээнээс зургаа дахин өндөр үзүүлэлт. Дараа нь харьцангуй агаарын бохирдол багатай орон сууцны хорооллын хүүхдүүдэд шинжилгээ хийхэд 7-8 мкг/дп/ гарч байсан. Бас л зөвшөөрөгдөх хэмжэнээс өндөр гарсан. Үүнээс харахад Улаанбаатар хотын агаарын бохирдол нүүрс, автомашины яндангаас гарч байгаа утаанд хорт металлаас бүрдэж байна дүгннэж болно.

Мөн бид хамгийн сүүлд буюу энэ оноос эхлээд анх удаа хар тугалга болон бусад хорт металлыг хүний био сорьцод тодорхойлох лабораторийн шинжилгээг хийж эхэлсэн. Энэ нь хүний шээс, үс, цус зэрэг биологийн дээжинд шинжилгээ хийнэ гэсэн үг. Эцэг, эхчүүд сайн дураараа хүүхдүүдээ авчирч шинжлүүлсэн. 2-14 настай хүүхдүүдэд шинжилгээ хийхэд хар тугалгын хэмжээ 6-8 мкг/дп/ тодорхойлогдсон. Энэ бол АНУ-д мөрддөг хэмжээнээс өндөр. Олон улсад зөвшөөрөгдөх хэмжээг таван мкг/дп/ гэж үздэг.

-Өмнөх судалгаанаас харьцангуй багасчээ?

-Энэ судалгааг харьцангуй дулааны улиралд хийсэн. Тэгэхээр агаарын бохирдол багатай үе гэсэн үг.

АНУ бол таван жил тутамд био мониторингийн шинжилгээгээр нийт хүн амдаа хийдэг. Судалгааны дүнгээс үзэхэд нийт хүн амынх нь цусан дахь хар тугалга 0.95 мкг/дп/ гардаг. Үүнтэй харьцуулахад манай улсад хүүхдийн цусан дахь хар тугалгын хэмжээ хэт өндөр байгаа юм.

Өөр нэг судалгааг сонирхуулмаар байна. Манай лаборатори энэ хавар Увс, Архангай аймгийн хүн амын цусан дахь хорт металлын агууламжийг тодорхойлох судалгааг хийсэн юм. Тэгэхэд Увсын хүн амын дунд дунджаар 7-8 мкг/дп/, Архангайнх зургаа орчим мкг/дп/ байсан. Сүүлийн жилүүдэд аймгийн төвүүд агаарын бохирдол ихтэй болчихсон шүү дээ.

-Хүүхдүүдээс гадна томчуудын цусанд хар тугалга ямар хэмжээнд байгааг судалж үзсэн үү?

-Үзэлгүй яахав. Нэг сонирхолтой дүгнэлт харагдаж байгаа. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дунд хийсэн судалгаагаар хар тугалгын хэмжээ эрчүүдэд өндөр байна. Тэр дундаа тамхи татдаг эрчүүдэд бүр өндөр гарсан. Энэ нь тамхи болон ажлын онцлогтой холбоотой гэж харагдаж байгаа.

-Нийгмийн стресс бухимдал, ааш зангийн өөрчлөлт хорт бодисуудтай холбоотой байх боломжтой юу. АНУ-ын жишээг мэргэжлийн хүний хувьд та мэддэг л байх?

-Хар тугалга бол гол нь хүний мэдрэл, сэтгэхүйн хөгжилд шууд нөлөөлдөг. Тиймээс хар тугалгын архаг хордлогод орсон хүмүүсийн дунд ууртай уцаартай, түрэмгий зан араншинтай болох байдал ажиглагдаж, гэмт хэрэг гарч байсан тохиолдол АНУ-д бий.

Манай орны хувьд хүн амын цусанд хар тугалгын хэмжээг хангалттай хэжмээнд судалж чадаагүй байгаа учраас шууд дүгнэж хэлэх нь хөнгөн үйлдэл болох байх. Гэхдээ тийм байхыг үгүйсгэхгүй.

-Бид нүүрсэн яндангүй автомашинаас ялгарч байгаа утаа хорт бодистойгоо агаарт цацагдаж байгаа асуудлыг хөндөж байгаа.

-Үүнийг ярихын тулд бензин ярих хэрэгтэй болно. Хуучин манайд А80, А76 бензинүүд хар тугалгын агууламжтай байсан. Сүүлийн үед хар тугалгын агууламжтай бензиний хэрэглээ харьцангуй багассан. АИ92, А95, А98 бензинд хар тугалга агуулгаагүй гэдэг. Гэхдээ өргөн хэрэглээ болсон АИ92 бензинд яг хар тугалга агуулагдаагүй, бага байгаа гэх шинжилгээг бодитой харах хэрэгтэй. Мэргэжлийн хүний хувьд би одоогоор энэ судалгаа, шинжилгээг хараагүй.

Нөгөө талаар нүүрсэн яндан бол машины утаанд байгаа хорт бодисыг шүүж, хоргүй болгож багасгах үүрэгтэй. Машин үйлдвэрлэгчид яагаад үнэтэй материалыг яндандаа хийгээд байна вэ гэхээр олон улсад тавигдаж байгаа байгаль орчны, агаарын чанарын стандарт, дүрэм журмыг биелүүлэх зорилгоор шүү дээ. Гэтэл манайхан түүнийг нь дамлан зарж байна. Энэ бол байгаль орчны эсрэг, орчны эрүүл мэндийн эсрэг гэмт үйлдэл.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Одоо ч үргэлжилсээр буй приусын нүүрсэн яндангийн дамын наймааг хэн зогсоох вэ? DNN.mn

-Нүүрсэн яндангүй машинаас хар тугалга ялгарч, нийслэлчүүдийг хордуулсаар байна-


Хүүхдийн цусанд хар тугалганы хэмжээ таван мкг/дп/-ээс их байвал сэтгэхүйд нөлөөлдөг гэж үздэг олон улсын стандарттай. Тэгвэл Улаанбаатар хотын хүүхэд багачуудын дунд хар тугалганы хэмжээ зөвшөөрөгдсөнөөс дөрөв дахин их буюу 22 мкг/дп/ байна гэх ноцтой дүгнэлтийг өнгөрсөн жил АШУҮИС-ийн Орчны эрүүл мэндийн сургуулийнхан танилцуулж, шуугиан болж байв. Томчуудын хувьд ч ялгаагүй, нийслэлчүүд тэр чигээрээ хар тугалганд хордож байгааг мэргэжлийн хүмүүс анхааруулсаар удаж байна.

Товчхондоо хар тугалга нь нарийн ширхэгт тоосонцроор дамжин хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байдаг хүнд металл. Ингээд зогсохгүй хүний биед их хэмжээтэй агуулагдах нь үхэлд хүргэх аюултай. Хар тугалгыг мэдрэлийн хор гэж эрдэмтэд нэрлэдэг. Учир нь энэ хүнд металлын онцгой хор аюул нь мэдрэлийн системийг гэмтээдэг. Цаашлаад бөөр, уушги гээд хүний бүхий л эд эрхтнийг гэмтээдэг хорт бодис.

Хар тугалгын хор аюулын талаарх хамгийн бодитой кейс бол АНУ юм. Тус улсын хамгийн их хүн амтай Нью-Йорк хотод 1990-ээд оны үед нийгмийг цочроосон дэлхийн хамгийн ноцтой, харгис гэмт хэргүүд үйлдэгддэг болчихсон гэдэг. Хотын иргэд нь бүгд цочмог уур уцаартай болж, нийгэм тэр чигээрээ стресст орсныг ч тухайн үед эрдэмтэд анзаарсан гэдэг. Ингээд гэмт хэрэг өссөн шалтгаануудыг судалсны эцэст тэдгээрээс анхаарал татсан гол үндэслэл нь хар тугалгатай шатахууны хэрэглээ байжээ. Өөрөөр хэлбэл, хар тугалгатай шатахууны хэрэглээ нэмэгдэх тусам гэмт хэргийн тоо өсч, буурахад дагаж буурсан зүй тогтол ажиглагджээ. Тиймээс АНУ, цаашлаад Европ даяар хар тугалгатай бензинийг хэрэглээнээс хасах арга хэмжээг хатуу авч, гэмт хэргийн гаралтыг бууруулж байжээ. Энэ бол бодит түүх.

Эдгээрийг онцлохын учир манай улс, тэр дундаа хүн амын талаас илүү хувь нь аж төрж буй Улаанбаатарчууд хар тугалга гэх энэ аюулт бодис агуулагдсан хорт утаагаар жилийн дөрвөн улиралд амьсгалсаар байна. Энэ хорт утааг бүрдүүлж байгаа хамгийн том хүчин зүйл нь автомашины утаа.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2020 оны байдлаар Улаанбаатар хотод бүртгэлтэй 602.189 тээврийн хэрэгсэл байгаагийн 21.4 буюу 128.983 нь Toyota prius загварын автомашин байна гэсэн стастисик мэдээллийг танилцуулж байв. Яг замын хөдөлгөөнд оролцож байгаа нь Toyota prius нь дийлэнх байгааг нийслэлчүүд мэднэ. Цаашлаад энэ загвар дотроо Toyota prius 20 нь илүү жин дарна.

Харамсалтай нь ийнхүү Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд томоохон хувийг эзэлж байгаа Toyota prius 20 машинууд нүүрсэн яндангүй байдаг талаар Өдрийн сонин өмнө нь хөндөн бичиж ирсэн.

Автомашинаас ялгарч байгаа хорт утааг шүүх зориулалттай нүүрсэн яндан сүүлийн жилүүдэд үнэд хүрч, автомашиныг хилээр оруулж ирэхдээ янданг нь тайлаад авчихдаг, мөнгөний төлөө унаж яваа машиныхаа янданг тайлаад зарчихдаг, эсвэл бусдын машинаас тонож дээрэмддэг бүлгүүд бий болоод удаж байгаа юм. Ченжүүд нүүрсэн янданг худалдаж авна. Иргэд өөрсдөө ч зарна. Хулгайн бүлгүүд ч дамлан худалдана. Үнэ ханш нь 800.000-1.200.000 төгрөгт хүрдэг. Хамгийн ноцтой нь хилээр оруулж ирж байгаа Prius 20 маркийн машинууд нүүрсэн яндангүй байх тохиолдол олон. Яндантайгаа орж ирдэг ч иргэдийн гар дээр очихдоо үгүй болчихдог. Нүүрсэн янданг авах ажиллагаа олон цэг дээр өрнөдөг. Японд ч, Монголд орж ирсний дараа ч тайлаад авчихдаг. Дээр нь худалдаж авна, хулгайчид тоносноо зарна. Цахим сүлжээнд гэхэд нүүрсэн яндан худалдаж авах зар тоймгүй олон байгаа.

Хулгайлж, тонон дээрэмдэж, хямд үнээр худалдаж аваад цугларсан яндангаа наймаачид БНХАУ руу гаргадаг. Хил дээр мөн Хятад талын ченж байдаг. Тэд Монголоос гарч байгаа нүүрсэн янданг хүлээж авч цааш худалддаг. Өөрөөр хэлбэл, БНХАУ-ын талд япон автомашины нүүрсэн яндангийн эрэлт өндөр байдаг юм байна. Нүүрсэн яндан доторх утаа шүүгчийг зөвхөн Японд өндөр технологиор үйлдвэрлэж гаргаж авдаг. БНХАУ, Хонконг зэрэг улс тэр технологид хүрч үйлдвэрлэж чаддаггүй учраас ийм эрэлт үүссэн гэсэн мэдээлэл албаны хүрээнд авагдаж байсан гэсэн тайлбарыг албаныхан хэлдэг.

Энэ гэмт үйлдэл өнөөдөр хүртэл үргэлжилсээр байгаа учир шалтгаан нь хил гаалиар чөлөөтэй нэвтэрдэгтэй холбоотой. Ченжүүд хил гааль дээр том гэж байгаа. Нүүрсэн яндангийн хууль бус эргэлтийг зогсоохын тулд Гаалийн ерөнхий газраас хяналт шалгалт хийсэн байдаг. Гэвч ченжүүд маргаан үүсгэж, Гаалийн ерөнхий газрыг ялсан баримт хүртэл байгаа юм. Энэ талаар ГЕГ-ын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэлийн газрын албаны дарга Б.Сүхбаатар 2018 онд анх нүүрсэн яндантай холбоотой зөрчлийг гаалийн шалгалтаар илрүүлж, Зөрчлийн тухай хуульд зааснаар арга хэмжээ авч, хураан авсан юм. 2018-2019 онд 800 орчим янданг хурааж авсан. Гэтэл холбогдогчид Нүүрсэн яндан бол Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглож, хязгаарласан бараа биш гээд гаалийн байгууллагыг шүүхэд өгсөн. Ингээд ажиллагаа явагдаад Дорноговь аймгийн Сум дундын шүүхээс гаалийн байгууллагын нүүрсэн янданг хурааж авсан захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Засгийн газрын тогтоол, хууль тогтоомжид зааснаар хилээр гаргахыг хориглосон барааны жагсаалтад нүүрсэн яндан байдаггүй. Шүүх үүнийг л үндэслэсэн. Бид яах ч аргагүй болсон. Түүнээс хойш нөгөө нөхөд бүр гаалийн бүрдүүлэлт хийгээд нүүрсэн янданг энгийн бараа бүтээгдэхүүн шиг нэвтрүүлэх хандлага нэмэгдсэн. Бид тэгээд орхиогүй. Тэгвэл та нар нүүрсэн яндангийн өмчлөгч мөн гээд өөрсдийгөө баталсан тодорхойлолт авч ир гэхэд Гаалийн байгууллага өөрсдийн ажлаа хий. Бидний эрхэд халдаж байна гээд бүр асуудал үүсгээд эхэлсэн гэсэн нь анхаарал татдаг.

Манай хуулийнхан ч энэ төрлийн хэргийг хүч хүрэхээ байсан юм билээ. Тиймдээ ч өнөөдөр Prius 20-ын нүүрсэн яндангийн наймаа илүү их цэцэглэж, үүнд хяналт тавих газаргүй болжээ. Уг нь хяналт тавих нэлээд олон байгууллага байх ёстой. Үүний хамгийн том нь Зам, тээврийн хөгжлийн яам. Гэвч тэд энэ асуудлыг харьяалдаггүй гэдэг тайлбар хэлдэг. Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар ч үүн дээр дорвитой анхаардаггүй.

Нүүрсэн яндангүй машин замын хөдөлгөөнд оролцуулж байгаад оношилгооны төвүүд дээр гол хяналт байх ёстой баймаар. Энэ талаар АТҮТ-ийн Сонгинохайрхан Техникийн хяналтын үндэсний төвөөс тодруулахад Техникийн хяналтын үзлэгт машин жилд нэг удаа орж байгаа. Яндантай машинууд ч бий. Эсвэл бусдаасаа яндан аваад тавьчихаад орж байгаа нь ч байна. Хятад яндантай нь ч байгаа. Бид бол стандартаа л барина. Хятад яндантай байна, тэнцүүлэхгүй гэх боломжгүй. Жолооч нар хятад яндан тавиад л ороод ирдэг. Хаанаас хэдээр авав гэхээр 600.000-аар хятад яндан тавиуллаа. Ориг яндангийн үнэ дийлдэхгүй юм байна гэдэг гэсэн тайлбарыг хэлдэг.

Тэгвэл өнөөдөр агаарт хорт бодис ялгаруулж байгаа энэ ноцтой асуудалд хэн анхаарал тавих вэ.

Өнөөдөр Монголын нийгэм тийм ч таатай бус байна. Зам дээр гараад л ууртай жолооч нар, хорт утаа ялгаруулсан зам дүүрэн машин. Сошиалаар дүүрэн хэрүүл, нэгнийгээ муулсан сэтгэгдлүүд, ууртай уцаартай хүмүүс. Энэ бүхэн хором тутамд амьсгалж агаараас үүдэлтэй гэж үзэх үндэслэл дүүрэн байна. АНУ-ын жишээг хар л даа. Яг өнөөдрийн улаанбаатарчууд байж.

Categories
мэдээ нийгэм

Г.Баасан: Ч.Мөнхбаяр “Надад ямар ч ял өгсөн миний үзэл санааг мохоохгүй” гэж байгаа DNN.mn


Үндэсний үзэлтэн Ч.Мөнхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 буюу эх орноосоо урвасан зүйл ангиар буруутгаж, анхан шатны шүүхээс найман жилийн ял оноогоод байгаа юм. Тэгвэл яллагдагчийн өмгөөлөгчийн нэхэмжлэлээр давж заалдах шатны шүүх хурал товлогджээ. Энэ талаар Ч.Мөнхбаярын өмгөөлөгч Г.Баасантай ярилцлаа.


-Ч.Мөнхбаярын ар гэрийнхэн нь түүнийг хууль бусаар цагдан хоригдоод 200 хоног болж байгаа талаар мэдэгдсэн байсан. Хэргийн явц ямар шатанд яваа талаар тодруулахгүй юу?

-Ч.Мөнхбаярт холбогдох давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 13-нд товлогдоод байна.

Ч.Мөнхбаярт холбогдуулсан асуудал маш ноцтой. Нэгдүгээрт, Эрүүгийн хуулийн тусгай ангид Хятад улсын эсрэг тагнуул хийвэл ингэж яллана гэсэн нэг ч заалт байхгүй. Миний үйлчлүүлэгч хуульгүйгээр яллагдаад байна. Хоёрдугаарт, түүнийг гадаадын тагнуулын гар хөл гээд байгаа. Гэтэл гадаадын ямар тагнуул вэ гэдгийг тогтоогоогүй. Ийм нөхцөлд ямар ч ял өгөх боломжгүй. Гуравдугаарт, Монголын тагнуулын байгууллага, прокурор, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид бүгд бүлэглэж байгаад хуульгүйгээр, улс төрийн захиалгаар, даалгавартайгаар миний үйлчлүүлэгчид ял оноочихлоо.

Тэдний энэ үйлдэл тусгаар тогтносон Монгол Улсын хуулийг ноцтой зөрчиж байгаа хэрэг. Монгол бол 1.5 сая м.кв талбайтай, бие даасан тусгаар улс мөртлөө БНХАУ-ын муж улс шиг ял оноосон болж харагдаж байна.

Тиймээс эдгээр үндэслэлээр давж заалдсан. Хуралдаа бэлдэж байна даа.

-Ч.Мөнхбаяртай уулзаж байгаа байх. Юу ярьж байх юм бэ?

-Тэр хүн улсынхаа эсрэг тагнасан, чагнасан үйлдэл хийгээгүй. Тиймээс Монголынхоо төрд гомдож байгаа байх. Гэхдээ бууж өгөхгүй, үзэл бодолдоо үнэнч хэвээр байна. Хэчнээн ял өгсөн ч миний үзэл санааг мохоохгүй гэдэг байр суурьтай байгаа.

Ер нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид гэм буруугийн зарчим гэж бий. Үүнд, хүнийг үзэл бодол, итгэл үнэмшлийнх нь төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй гэдэг заалттай. Энэ заалтыг ноцтой зөрчиж байна. Энэ бол том хэлмэгдүүлэлт, төрийн эрх барьж байгаа байгууллагын даалгавар.

-Гэхдээ тагнуул нь мөрдөөд, прокурор нь хянаж яллах дүгнэлт үйлдээд, шүүхээс баталчихлаа. Ингэхээр Ч.Мөнхбаярт ямар нэгэн буруутгах шалтгаан, ноцтой зүйл байсан хэрэг биш үү гэх эргэлзээ зарим хүмүүст байсаар байна. Та энэ тал дээр ямар тайлбар хэлэх вэ?

-Ойлгож байна. Гэхдээ нэг зүйл бий. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд таслан сэргийлэх таван төрлийн арга хэмжээ байдаг. Үүнээс хамгийн хүнд нь цагдан хорих. Бусад нь батлан даалтад гаргах, хязгаарлалт тавих гэх мэт байгаа. Гэтэл эдгээрээс хамгийн хүндээр нь таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа нь анхаарал татаж байгаа юм.

Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг оргохыг завдсан, бусдын амь насанд аюул заналхийлэл учруулж болзошгүй, гэмт хэргээ нуун далдалж болзошгүй хүмүүст л авдаг.

Ч.Мөнхбаяр шиг орон гэрийнх нь хаяг нь тодорхой, урьд нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, хүний эрхийг хамгаалагч гэдгийг нийгмээрээ мэддэг, нийтийн танил болчихсон, догшин ааш авиргүй ийм л хүн. Түүнийг цагдан хорихгүйгээр хэргийг хянаж шийдвэрлэж болох байсан. Санаатайгаар залхаан цээрлүүлж байгаа хэрэг шүү дээ.

-Ч.Мөнхбаяр дотоодод олон жагсаал цуглаанд оролцдог, заримдаа зохион байгуулдаг байсан хүн. Хилийн чанадад Байгал нуурыг хамгаалах тэмцэлд оролцож байсан гэв үү. Энэ талаар тодруулахгүй юу?

-Миний үйлчлүүлэгч бол нийгмийн идэвхтэй хүн. Нийтийн эрх ашгийг хамгаалж явдаг. Монголоор тогтохгүй монгол туургатынхаа асуудлыг хөндөж ирсэн. Өмнөд монгол, хазара, тува гээд үсэрсэн цус, тасарсан мах хаана зовж байна, тэнд очиж дуу хоолойг нь өргөж ирсэн амьдралын түүхтэй. Түүнийг ямар ч үндэслэлээр буруутгасан, харлуулсан бай юу үнэн энэ үнэн. Монгол Улсын хуульд БНХАУ-ын эсрэг, эсвэл ОХУ-ын эсрэг гэмт хэрэг үйлдвэл ингэж яллана гэсэн хуулийн заалт байхгүй гэдгийг дахин сануулах хэрэгтэй. Өнөөдрийн нөхцөл байдал бол улс төрийн зорилготой гэдгийг л шууд хэлж чадна. Төрийн эрх барьж байгаа хүмүүсийг шүүмжилж, нийгмийн муу муухайг илчилсэн, эх орондоо өөрийн гэсэн дуу хоолойтой бүгдэд нь төр төмөр нүүрээ харуулж байгаагийн жишээ

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Монголхүү: Яагаад Монголын цагдаа иргэдээсээ оросуудыг хамгаалаад байгаа юм бэ DNN.mn

ОХУ-ын Элчин сайдын яамны гадна долоо хоног бүрийн бямба гаригт иргэд Орос-Украины дайныг эсэргүүцэн цуглаан зохион байгуулдаг болсон. Өнгөрсөн бямба гаригт болсон цуглааны үеэр иргэд, цагдаагийн хооронд багагүй маргаан дэгдэв. Цагдаа нар жагсагчдын биед төдийгүй барьсан туг лоозонд халдсан нь олон нийтийн анхаарлыг татаад байна. Энэ талаар Монголын ардчилсан холбооны ерөнхий зохицуулагч Д.Монголхүүтэй ярилцлаа.


-Бямба гариг бүр ОХУ-ын Элчин сайдын яамны гадна эсэргүүцлээ илэрхийлдэг иргэдтэй та нэгддэг. Өнгөрсөн бямба гаригийн цуглааны үеэр цагдаа нар иргэдийн биед халдаж, барьсан туг, лоозонг нь булааж байгаа бичлэг олон нийтэд хүрээд байна. Тухайн үл ойлголцол юунаас үүдчихэв?

-Цагдаа нар “Энэ цуглаанаа бүртгүүлж байж хий” гэдэг шаардлага тавьсан гэж ойлгосон. Үүнээс нэг асуулт гарч ирнэ. Ямар ч зохион байгуулалтгүй, өөрсдөө сайн дураар очиж байгаа хүмүүсийн хэн нь бусдыгаа төлөөлж бүртгэл хийлгэх вэ. Хэрвээ ямар нэгэн байгууллагаас, иргэд зохион байгуулалтад ороод нэгнийгээ толгойлогч болгоод томилж, үүрэгжүүлсэн тохиолдолд бүртгүүлнэ. Гэтэл сайн дураараа, долоо хоног бүрийн бямба гаригт очиж эсэргүүцлээ илэрхийлж байгаа иргэдийг “Чи зохион байгуулагч бол” гээд тулгах эрх хэнд ч байхгүй. Тэгэхээр цагдаа нарын тавьсан тэр шаардлага хууль бус.

Хууль бус шаардлагыг ямар ч иргэн эсэргүүцэх эрхтэй. Хуулийн үүрэгтэй биш ч гэсэн ёс зүйн үүрэгтэй гэж хэлж болно. Цагдаагийн хууль бус шаардлагыг эсэргүүцэхгүй байх тусмаа дарангуйлал бага багаар, урт хугацаанд барьцаа ахиулаад байдаг зүй тогтолтой.

-Цагдаа нар иргэдийн барьсан туг, лоозонг булааж байгаа нь анхаарал татсан?

-Цагдаа хуулийн хүрээнээсээ даваад эхлэхээр рецедив гэмт хэрэгтэн болчихож байгаа юм. Өөрөөр хэлбэл, хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн гэмт хэрэгтэн болчихож байна гэсэн үг. Тэдгээр цагдаа нарын шаарлага хууль бус учраас тэнд жагсаж байгаа иргэдийн биед хуруугаа ч хүргэх эрхгүй.

Цагдаа нар хүмүүсийн барьсан уриа лоозонг урж авч байгаа харагдсан. Тэр бол бусдын өмчид халдсан гэмт хэрэг.

-Уг нь цагдаа нар гэмт хэргээс урьдчилан сэргийлдэг гэж ойлгодог. Жагсаал цуглааны үед үймээн самуун дэгдээгүй л бол хамгаалалтад зогсож байх үүрэгтэй биш бил үү?

-Цагдаа гурван үндсэн чиг шугамаар үйл ажиллагаа явуулдаг. Гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх, хэрэв хууль зөрчиж үйл ажиллагаа явуулсан бол түүнийг таслан зогсоох, нэгэнт хууль зөрчигдөөд гэмт хэрэг үйлдсэн бол араас нь хариуцлага тооцох үйл ажиллагаа явуулдаг. Гэвч өнөөдөр Монголын цагдаа тийм биш болсон.

-Элчингийн үүдэнд болсон өмнөх жагсаалууд дээр ийм ноцтой асуудал гарч байгаагүй санагдах юм?

-Байсан, байсан. Цагдаа нар үе, үе ийм үйлдэл гаргадаг. Энэ удаагийнх хүмүүсийн анхааралд өртсөндөө л тэгж харагдаад байгаа хэрэг. Түүнээс биш өмнө нь хүний биед халдах, жагсаал цуглааныг тараах оролдлогыг олон удаа давтаж байгаа юм. Энд ганц цагдаагийн байгууллага оролцоогүй. Прокурор, шүүх ч бүгд оролцоотой. Улс төрийн шинж чанартай асуудал, хэргүүд дээр цагдаа, прокурор, шүүх нь коридор үүсгэж байгаад ялладаг болчихсон.

-Гол нь хууль сахиулах, иргэдээ хамгаалах үүрэгтэй цагдаа хүн туг далбаа булаагаад унахаар улстөржсөн үйлдэл болж харагдаад байна л даа?

-Энэ бол шинэ үзэгдэл биш юм билээ. Бид далд байсан зүйлийг нь ил гаргаад ирчихсэн л хэрэг. Цагдаа нар ийм үйлдэлдээ үнэхээр гаршчихсан. Үүнийгээ байх ёстой үзэгдэл гээд бодчихсон, бүр ийм итгэл үнэмшил суучихсан. Уг нь иргэдийн татварын мөнгөөр цалинжаад ажиллаж байгаа гол үүрэг нь хууль сахиулж байх ёстой. Гэтэл хууль сахиулах биш даргын тушаалыг биелүүлэх гэдэг итгэл үнэмшилтэй цагдаа нар үеийн үед бэлтгэгдэж ирсэн юм байна. Тэр нь л одоо ил гарч ирж байна. Нэг ёсондоо цэвэр улс төрийн захиалгат үйлдэл.

Цагдаа нарын удаа дараагийн үйлдлээс нэг л зүйлийг харж болно. Монголын цагдаагийн байгууллага татвар төлөгчдийн мөнгөөр тэжээгдэж байгаа. Татвар төлөгчид нь монголчууд. Тэгвэл яагаад тэд оросуудын эрх ашгийг хамгаалж гарч ирээд байна вэ. Бид Оросуудын, Оросын Элчин сайдын ямар эрх ашгийг хөндсөн юм бэ. Бид ямар хууль бус үйлдэл гаргав. Гэтэл Монголын цагдаа яагаад биднээс оросуудыг хамгаалаад байгаа юм бэ. Уг нь биднийг хамгаалах ёстой биз дээ.

-Жагсаал цуглаанд оролцож байгаа иргэдийг хуулийн дагуу зөвшөөрөл ав гэдэг шаардлагыг ярьдаг шүү дээ, цагдаа нар?

-Нэгд, зөвшөөрөл авч байж үг, үзэл бодлоо илэрхийлдэг философи энэ дэлхий дээр хаана ч байхгүй. Монгол Улсын хуульд зөвшөөрөл авна гэсэн нэг ширхэг ч үг, үсэг байхгүй. Зөвхөн бүртгүүлнэ гэдэг. Тухайн нутаг дэвсгэрийг хариуцсан Засаг даргад бүртгүүлнэ гэдэг. Энэ нь иргэдийг хамгаалах процесс. Магадгүй жагсаж байгаа иргэд эмх замбараагүй байдал руу орж болзошгүй. Тэр эрсдэлээс хамгаална. Эсвэл энгийн иргэд жагсаж байгаа иргэд рүү халдаж болно. Тийм үйлдэл гаргуулахгүйн тулд цагдаа нар хамгаалалтад гарах зорилготой л бүртгүүлэх үйлдэл. Түүнээс биш иргэд бүртгүүлээгүйнхээ төлөө жагсаж болохгүй гэсэн үг биш.

-Хууль сахиулагчдын энэ үйлдлээс иргэд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлж чадахгүйд хүрэх эрсдэл гарч болох юм. Нөгөө талаар ингээд босч ирсэн иргэдийг гаднаас санхүүжигч, захиалгат гэх мэтээр нийгэмд ялладаг болчихлоо. Магадгүй та ч энэ жагсаалтын эхэнд явж мэдэх юм?

-Энэ бол ерөөсөө 100 жил яваад сайжирсаар байгаад төгсөрсөн технологи. Ардын нам бол Монголын ард түмний захиалгаар үүссэн нам биш шүү дээ. Эрхүүд оросууд байгуулж өгөөд, тэр намаараа дамжуулж Монголын бодлогыг удирддаг, хянадаг байсан. Өөрөөр хэлбэл, Ардын нам бол оросуудын багаж хэрэгсэл. Үүсэхдээ л ийм байсан. Одоо ч тэр үүргээ 100 жилийн турш амжилттай гүйцэтгээд явж байна. Тэдний хувьд Монгол Улсын эрх чөлөөний үзэлтэй иргэд, залуус дайсан болж харагдах нь аргагүй. Аюул байх нь үнэн. Аюул болж чадаж байгаа нь миний хувьд бахархал.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хуульч Ө.Эрдэнэ-Очир: Усан парк барих зөвшөөрөлтэй газрыг орон сууцных болгож өөрчилсөн нь ноцтой баримт DNN.mn

Дунд голын хөвөөнд босох ёстой усан паркийн газар дээр орон сууцны барилга баригдаж байгаа гэх асуудал олон нийтийн анхаарлын төвд байгаа. Иргэдийн төлөөлөл энэ асуудлаар өчигдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын үүдэнд эсэргүүцлийн жагсаал өрнүүлэв. Тэд олон нийтийн амралт чөлөөт цагийг өнгөрөөх талбайд хувийн компани барилга барьж буйг эсэргүүцэж байв.

Тэгвэл энэ асуудлаар “Онч шийдэл” төрийн бус байгууллагын хуульчид нийтийн эрх ашгийн өмгөөлөл явуулахаар болж, шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Энэ талаар тус байгууллагын гүйцэтгэх захирал, хуульч Ө.ЭрдэнэОчиртой ярилцлаа.


-Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын талаар мэдээлэл өгөхгүй юү. Танай хуульчдын хувьд нийтийн эрх ашгийн өмгөөллийн анхны хэрэг биш байх аа?

-Манайх бол стратегийн өмгөөлөл хийдэг төрийн бус байгууллага. Өнгөрсөн хугацаанд ЖДҮ дээр нэлээд ажилласан. УИХ-ын гишүүд эрх мэдлээрээ далайлгаж олон нийтийн боломжийг хулгайлсан асуудлыг хөндсөн. Мөн дараа нь цар тахлын үеэр унаач хүүхдийн эрхийг Засгийн газар хамгаалж чадаагүйг хөндөж, шүүхэд хандсан. Эдгээр өмгөөллүүд маань үр дүнгээ өгсөн.

Энэ удаа Дунд гол дээр усан парк барих ёстой газар дээр орон сууцны барилга босч байгаа үйл явдлыг эсэргүүцэж шүүхэд нэхэмжлэл гаргаад байна. Нэхэмжлэлийн гол шаардлага бол байгаль орчныг хамгаалах, олон нийтийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, цэвэр усаар хангагдах эрх зөрчигдөж байгааг хөндсөн. Усан парк барих зориулалттай газар дээр барилга барьж байгаа нь хууль бус үйлдэл. Усны тухай хуулийн 22.2-т усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно гэж заасан. Тэгвэл олон нийтийн сүлжээнд тархаад байгаа Байгаль орчны сайдын албан бичигт барилга барьж байгаа газар нь Дунд голын онцгой бүсэд орсон талаар дурдсан байдаг. Өөрөөр хэлбэл, газрыг зориулалтын бусаар ашиглаад зогсохгүй Усны тухай хуулийг зөрчиж байна гэсэн үг.

-Газартай холбоотой талууд янз бүрийн байр суурь илэрхийлсээр байгаа. Хотын захиргааны байр суурь дээр юу хэлэх вэ?

-Хотын захиргаа буюу Улаанбаатар хотын захирагч, нийслэлийн Засаг дарга өөрөө энэ хэргийн хариуцагч. Тодруулж хэлбэл, усан паркийн зориулалттай газрыг 2022 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр орон сууцных болгож газар эзэмших эрх олгосон үйлдлээрээ.

Хамгийн ноцтой нь усан паркийн зориулалт гэдэг нь алга болж худалдаа үйлчилгээний цогцолбор, орон сууц гэдэг өөр зориулалттай болсон.

Үүнийг нь үндэслээд Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга буюу Нийслэлийн ерөнхий архитектор Н.Нацагдорж албан даалгаврыг нь баталчихсан. Энэ үйлдлээрээ Нийслэлийн ерөнхий архитектор ч татагдана.

-Өмнө нь Мэргэжлийн хяналтын газраас барилгын үйл ажиллагааг зогсоож байсныг санаж байна. Гэтэл тун удалгүй хэвийн ажиллаад эхэлчихсэн. Энэ талаар хуульчид та бүхэнд ямар мэдээлэл байна вэ?

-“Эм энд Жи” констракшн компани барилгын тусгай зөвшөөрөлгүй, кран ч ажиллах зөвшөөрөлгүй байсан юм билээ. Тиймээс краныг нь лацдаж, үйл ажиллагааг нь зогсоосон гэсэн мэдээллийг авсан.

-Тэгвэл барилгын компанийн зүгээс өөр тайлбаруудыг хэлээд байгаа. Өөрсдийнх нь эрх ашиг хөндөгдөж байгаа талаар дурдсан байсан. Үүнийг тодруулбал?

-Тодорхой тайлбар, баримтууд шүүхийн журмаар гарч ирнэ. Одоогоор бидний олж аваад байгаа мэдээллээр бол анх энэ газар дээр усан парк барих зориулалттай зөвшөөрөл олгогдчихсон. Зураг төсөл нь ч гараад олон нийтийн дунд мэдээлэл нь тархчихсан. Монголд битгий хэл Азид ховор тооцогдох олон улсын усан парк босно гэдэг мэдээлэл одоо ч интернэтэд бий. Олон нийтийн дунд эртнээс хүлээлт үүсчихсэн байсан шүү дээ. Гэтэл гэнэт газрын зөвшөөрлийг хүчингүй болгоод орон сууцны барилга барихаар болоод өөрчлөгдчихсөн. Тиймээс энэ бол илт хууль бус үйлдэл.

-Ер нь ямар тохиолдолд газрын зориулалтыг өөрчилж болдог юм бэ?

-Газар эзэмшигчийн хүсэлтээр хуулийн дагуу өөрчилнө. Мэдээж голын ай сав газарт олон нийтийн амралт чөлөөт цагт зориулсан усан парк барих газрыг хувийн орон сууц, үйлчилгээний цогцолбор болгохоор сайн дураар өөрчилнө гэж байхгүй шүү дээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өвөлжилт хүндэрч болзошгүй учраас малчид мал, махаа эргэлтэд оруулах хүсэлтэй байна DNN.mn

Зарим аймагт зуншлага тааруу байснаас өвөлжилт хүндэрч болзошгүй нөхцөл байдалтай байна. Орон нутгийн нөхцөл байдлын талаар ХХААХҮЯны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын шинжээч Г.Наранчулуунаас тодрууллаа.


-Өвөлжилтийн бэлтгэл ажил яригдаж эхэлж байна. Зарим аймагт өвөлжилт хүндрэх эрсдэлтэй гэсэн мэдээлэл гараад эхэллээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний талаар Засгийн газрын тогтоол гарсан байгаа. Мөн энэ талаарх Ерөнхий сайдын албан даалгавар ч гараад орон нутгуудад хүргэгдэн, шат шатандаа бэлтгэл ажил хангаж эхэлж байна.

Эдгээр тогтоол шийдвэрийг үндэслээд манай яамны дэргэд өвөлжилтийн бэлтгэл хангуулах ажлын хэсэг байгуулагдаад байна. Хүнсний газар, мал эмнэлэг, удмын сан, хөдөө аж ахуйн бирж гээд бүх талын төлөөлөл оролцсон баг бүрдсэн. Ажлын хэсгийнхэн долоо хоног бүрийн баасан гаригт орон нутгийн удирдлагуудтай цахимаар хуралдаж тулгамдсан асуудлыг нь сонсож, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллана. Эхний хурал өнгөрсөн баасан гаригт болсон байгаа. Энэ зуны хувьд орон нутагт малын гоц халдварт өвчний хорио цээрийн дэглэмтэй, зуншлага тааруухан байгаа говийн болон баруун аймгийнхны мэдээллийг сонслоо. Өвөлжилт хүндэрч болзошгүй учраас аймгууд мал, махаа боловсруулах хүсэлтийг дийлэнх нь тавьж байсан.

-Аймгуудын энэ хүсэлтийг хүлээж авах, ажил хэрэг болгох боломж хэр байгаа вэ?

-Засгийн газраас боловсруулсан махны экспортыг дэмжиж байгаа. Одоогоор экспортын зөвшөөрөлтэй үйлдвэрүүдийн өнгөрсөн оны үлдэгдэл дуусаагүй байгаа юм билээ. Аравдугаар сарын 1 гэхэд экспортолж дуусна. Тиймээс манай яамны зүгээс есдүгээр сар гарангуут энэ оны боловсруулсан махны экспортын квотыг зарлана.

Нэг зүйлийг учирлаж хэлмээр байна. Манай иргэд боловсруулсан махны экспортыг монголчуудаар өөрсдөөр нь хийлгэх хэрэгтэй, яагаад хятад үйлдвэрүүд байдаг юм бэ гэж харддаг. Нэг ёсондоо хувь хүн, малчин өөрөө махаа боловсруулаад гаргачих боломжтой гэж ойлгоод байдаг Экспортод боловсруулсан махыг гаргахын тулд заавал үйлдвэрээр дамжсан, чанар, эрүүл ахуйн баталгаатай, хэзээ вакцин хийлгэсэн талаарх мал эмнэлгийн гэрчилгээ зэргийг шаарддаг. Нэг ёсондоо олон улсын стандарт шаардлага хангасан бүтээгдэхүүнийг гаргахыг зөвшөөрдөг. Мэдээж үүнд зөвхөн хятад үйлдвэрүүдээр зогсохгүй Монголын олон үйлдвэр ажиллаж байгаа.

-Хадлан тэжээлийн гарц, бэлтгэл ажлын талаар тодруулбал?

-Жил бүр Сэлэнгэ, Сүхбаатар, Дорнод, Дархан-Уул, Булган, Хөвсгөл аймгуудаас бусад аймгууд хадлан бэлтгэдэг. Энэ жил ч ялгаагүй. Сая болсон цахим хурлаар гэхэд Сэлэнгэ аймаг хадлангийн талбайгаа хуваарилж дуусч байгаагаа онцолж байсан. Булган гэхэд 4000 тонн ногоон тэжээл, 20.000 боодол өвс бэлтгээд байна. Үнэ хямд байгаа үед эртхэн захиалгаа өгөөрэй гэж байсан.

-Энэ жилийн хувьд боодол өвсний үнэ нэлээд нэмэгдсэн дуулдаж байна. Үнийг нь зохицуулах боломж бий юү?

-Үнийн зохицуулалтыг төр хийх боломжгүй. 2020 онд зуншлага тааруу байснаас үүдэж үнэ өссөн. 2021 онд үнэ нь маш их унасан. Энэ жилийн хувьд өсөх магадлалтай байна.

Тиймээс малчиддаа зөвлөхөд өвс тэжээлээ хямд үнэтэй байгаа үед эртхэн базааж аваарай. Мал, махаа ч тэр, үнэ өсөхийг хүлээхгүйгээр худалдан борлуулах нь зүйтэй гэдгийг зөвлөж байна гэв.

Өвөлжилт хүндэрч болзошгүй зарим аймгийн төлөөлөлтэй холбогдож дараахь мэдээллийг авлаа.

УвсаймгийнХөрөнгө оруулалт, хөгжлийнбодлого төлөвлөлтийнхэлтсийндарга Ж.Эрдэнэтогтох: Зуншлага тааруу, хадлан тэжээлийн гарц муу байгаа учраас өвөлжилт хүндрэхнь

-Зуншлага тааруу зун болж өнгөрлөө. Хадлан тэжээл маш бага гарлаа. Хадлангийн ургац 30 хувьтай байна. 19 сумын хэмжээнд хангайн сумууд л дунд зэргийн, бусад сумд гантай байлаа. Тиймээс мал тарга тэвээрэг авч чадсангүй. Өнгөрсөн жилийн эцсээр 3.7 сая мал тоолуулсан. Төлтэйгөө дөрвөн сая орчим мал өвөлжинө. Өвөлжилтийн нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байна. Сүүлийн өдрүүдэд уулаараа цас орж, эрс хүйтэрч байна.

Аймгийн Засаг даргын 2023 оны өвөлжилт хангах албан даалгавар гарч, сумдад хүргүүлэн ажиллаж байна. Аймгийн хэмжээнд 300 тн өвс бэлдэх ёстой. Өнгөрсөн жилийн нөөцөөс үлдсэн нь бий. Нэмж 200 тн-ыг бэлдэх шаардлагатай. Одоогоор энгийн боодол өвс 10.000, бэдтэй нь 18.000 төгрөгийн ханштай байна. Өнгөрсөн жилийнхээс 40 орчим хувиар нэмэгдсэн тооцоолол байгаа. Тэгэхээр малчдын хувьд хүндхэн байгаа учраас малаа зах зээлийн эргэлтэд оруулах талаар чиглэл өгч байна.

Говь-Алтай аймгийнЗасаг дарга О.Амгаланбаатар: Хур бороо бага байсан ч өвөлжилт хүндрэхгүй

-Манай аймгийн хувьд зуншлага эхний сард сайхан байлаа. Зуны дунд үед бороо хур бага байсан. Гэвч хадлан тэжээл боломжийн гарсан учраас өвөлжилтийн хувьд санаа зовох зүйлгүй. Одоо ид хадлангийн үе болж байна. Манай хоёр гурван сум өөрсдөө хадлангаа бэлддэг. Бусад сумдын хадлан тэжээлийг бэлтгэхийн тулд Сүхбаатар, Дорнод, Сэлэнгэ аймгийн удирдлагуудтай ярьж байна. Аймагт нь өөрсдийн техник хэрэгсэлтэй очоод хадлан бэлтгэж авах талаар ярилцаж байна. Аймгийн хэмжээнд нийт гурван сая мал өвөлжинө.

ХовдаймгийнИТХ-ындарга Г.Пүрэвганди: Өвөлжилт хүндрэхнөхцөл байдал руу орж магадгүй

-Манай аймагт энэ өвөл 3.7 сая толгой мал өвөлжинө. Өнгөрсөн зуны хувьд аймгийн нийт газар нутгийн 90 орчим хувьд гандуу байлаа. Тиймээс хадлангийн гарц тааруу. Өвөлжилт хүндрэх нөхцөл байдал руу орж магадгүй. Аймгийн Засаг даргын 02 тоот албан даалгавар гарсан. Бүх сумд 100 тн-оос доошгүй хадлан, 50 тн тэжээл нөөцлөх үүрэг өгч байгаа. Ингэснээр аймгийн хэмжээнд нийт 2200 тонн өвс, 660 орчим тэжээл бэлтгэх зорилготой ажиллаж байна.Өнөөдрөөс /өчигдөр/ бүх сумдын ажлын хэсгүүд ажиллаж эхэлж байна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Чихрийн шижинг зөв хоол, хөдөлгөөн, эм тариа л “барьдаг” DNN.mn

Хүн төрөлхтний санааг чилээж буй өвчний дараалалд чихрийн шижин өндөр байр суурьтай хэвээр байна. Манайд ч тэр. Гурван хүн тутмын нэг нь чихрийн шижинтэй гэсэн судалгааг мэргэжлийн байгууллагууд гаргасан байдаг.

Чихрийн шижин гэдэг чимээгүй алуурчин. Арга хэмжээ аваагүйгээс хүндрэл өгч эхэлбэл хамгийн аюултай. Хамгийн түрүүнд зүрх, бөөр, нүд, захын мэдрэлийн судсыг гэмтээж аажмаар хүнийг үхэлд хүргэдэг. Тиймээс сахарыг “барьж” чадвал 90, 100 наслах тухай өөртөө итгэлтэй бодох боломжтой.

Дэлхийн анагаах ухаан хөгжөөд ч өнөөдөр сахарын бүрэн эмчилгээг нээгээгүй байна. Харин манай улсад сахарыг анагаах ид шидтэй эм, бэлдмэл, наалт, зүүлт, цай, рашаан гээд есөн төрлөөр л сурталчилсаар байгаа нь асуудал болж байна. Сахартай хүмүүс ч түүнд итгэсээр эрүүл мэнд, мөнгө төгрөг, цаг хугацаагаа алдсаар байгаа нь харамсалтай.

Тэгвэл сахарын гол эмчилгээ бол ерөөсөө зөв хооллолт, идэвхтэй хөдөлгөөн, тохирсон эм болон инсулин тариа юм. Хамгийн гол нь сахарын маш нарийн хяналт чухал гэдгийг эмч нар, сахараа олон жил барьсаар яваа иргэд дуу нэгтэй хэлдэг. Тэд өдөрт дөрвөөс дээш удаа цусан дахь сахарын хэмжээгээ үзэж, эрүүл хүнийхтэй ижил түвшинд барих хоол хүнс болон хөдөлгөөн, эм тариагаа хэрэглэхийг зөвлөсөөр байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийн хөрөнгийг хурааж эхэлнэ гэв үү? DNN.mn

Засгийн газрын өнгөрсөн лхагва гаригийн хуралдаанаар Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудлыг хэлэлцжээ. Одоогоос долоон сар орчмын өмнө буюу өнгөрсөн нэгдүгээр сарын 31-нд Хөгжлийн банкнаас чанаргүй зээлдэгчдийн мэдээллийг олон нийтэд дэлгэсэн. Тус жагсаалтаар нийт 1.8 их наяд төгрөгийн зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн байв. Сангийн сайд Б.Жавхлангийн уржигдар сэтгүүлчдэд өгсөн мэдээллээр бол өнгөрсөн хугацаанд 541,5 тэрбум төгрөгийг эргэн төлөөд байгаа аж.

Энэ нь хэдийгээр муугүй үзүүлэлт ч өнгөрсөн долоо, наймдугаар сард чанаргүй зээлийн төлөлтийн эрч буурчээ. Тиймээс Ерөнхий сайдын чиглэл өгснөөр чанаргүй зээлдэгчдэд хатуу арга хэмжээ авч, зарим зээлдэгчдийн барьцаа хөрөнгийг хурааж, албадлагын арга хэмжээ авахаар болсныг Сангийн сайд дуулгав. Бүр тодруулбал, албадлага хэрэглэх компаниудыг ч захаас нь нэрлэсэн нь анхаарал татлаа. Б.Жавхлан сайдын дурдсанаар барьцаа хөрөнгийг нь хураах компаниуд “Шинэ яармаг” төслийг хэрэгжүүлэгч “Нью яармаг хаусинг прожект”, “Эрэл” групп гэнэ.

Шинэ яармаг төслийн хувьд Хөгжлийн банкны томоохон зээлдэгчдийн нэг. Тэдний нийт авсан зээл нь 145 тэрбум бөгөөд 59 тэрбумыг төлж, 117 тэрбум төгрөгийн өр төлбөртэй үлдээд байгаа. Хөгжлийн банк “Нью яармаг хаусинг прожект” компани хоёр нэлээд эртнээс шүүхдэлцэж ирсэн. Өнөөг хүртэл өр барагдаагүй. Энэ хэрэгтэй холбогдуулж “Нью яармаг хаусинг прожект” компанийн захирал Ц.Ууганбаярыг саатуулан шалгаж байгаа юм. Хөгжлийн банкнаас анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Нью яармаг хаусинг прожект” ХХК-ийн анх зээл авахдаа барьцаанд тавьсан бүх хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулж, хохирлоо барагдуулах хүсэлтэй байгаагаа тусгасан байдаг.

Тэгвэл “Эрэл” группийн хувьд хоёр удаагийн зээлээр нийт 161 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдээгүй гэж Хөгжлийн банкнаас анх мэдээлсэн. Зээлийн зориулалт нь Байшин үйлдвэрлэх комбинатын шинэчлэл байсан төдийгүй үе үеийн Засгийн газрын захиалгаар хямд өртөгтэй, эко орон сууц барих шийдвэрүүд гарч байсан байдаг. Гэвч үйлдвэрийн шинэчлэлт хийгдсэн ч захиалга байхгүй болсноор зээлийн төлөлт хийгдэх боломжгүйд хүрсэн гэж Эрэл группийн захирал Б.Эрдэнэбат нэг бус удаа мэдэгдэж байгаа. Түүний хэвлэлд өгсөн мэдээллээс харахад Хөгжлийн банкны зээлийн барьцаанд Байшин үйлдвэрлэх комбинат бүх тоног төхөөрөмжийн хамт байдаг аж.

Хөгжлийн банкнаас анх эргэн төлөлтийн зөрчил үүссэн 10 компани, шүүхэд нэхэмжлэл гаргасан буюу чанаргүй зээлдэгч болсон 25 компани, мөн шүүхэд нэхэмжлэл гаргах эрсдэлд тулсан 17 компанийг нэрлэн зарлаж байсан билээ. Эдгээрийн нийт өр төлбөрийн хэмжээ 1.8 их наяд байв. Өнгөрсөн долоон сарын хугацаанд 514 тэрбум төгрөгийг буцаан төвлөрүүлээд байгаа гэвэл 1.3 их наяд төгрөгийн өр төлбөр дутуу гэсэн үг. Одоогоор хэчнээн компани өр төлбөрөө бүрэн барагдуулсан талаар албаныхан мэдээлээгүй байгаа юм.

Тус банкны Хөрөнгийн удирдлагын газрын захирал Л.Тэмүүжингийн хэвлэлд ярьснаар бол “Хөгжлийн банк байгуулагдсан цагаасаа хойш нийт 3 их наяд 199 тэрбум 370 сая төгрөгийн зээл олгожээ. Ингэхдээ аж ахуйн нэгжүүдээс 3 их наяд 177 тэрбум 400 сая төгрөгийн барьцаа хөрөнгө авсан байна. Гэхдээ зарим аж ахуйн нэгж “Ирээдүйд бий болох хөрөнгө” барьцаалсан. Уг хөрөнгийг хасаж тооцвол тус банкны олгосон нийт зээлийн 69.2 хувь нь барьцаа хөрөнгө хангалтгүй байгаа” гэж байв.

Үүнээс харахад Хөгжлийн банкны нийт зээлийн гуравны хоёр нь барьцаа хөрөнгө хангалтгүй гэсэн үг. Чанаргүй зээлдэгчдийн хувьд гол асуудал нь ч барьцаа хөрөнгийн тухай байгаа. Тиймээс Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийн хөрөнгийг албадан хурааж эхэлнэ гэвэл ирээдүйн орлого зэргээ барьцаалсан компаниуд, дээр нь төрийн өмчит компаниуд хэрхэх нь тодорхойгүй байна.