Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

ХААГ-ын дарга Х.Улам-Өрнөх хурдан удмын адуу, автомашин хоёрт мөнгө хайрладаггүй DNN.mn

Монгол Улсын ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн, Д.Сарангэрэл нарын хүү Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Х.Улам-Өрнөхийг монголчууд нэлээн сайн “мэддэг” боллоо. Мэддэг гэдэг нь ажил үйлсээрээ аваргалсан гэсэн үг биш. Аль хуудуутай, маапаантай асуудалд Х.Улам-Өрнөхийн нэр дуулддаг болоод нэлээд удаж байна.

Төрийн худалдан авах ажиллагааны газар бол товчхондоо тендер зохион байгуулдаг газар. Өнөөдөр тендер авна гэдэг тэнгэрийн умдаг атгасантай адил хүнд ажил болсон. УИХ-ын гишүүдээсээ эхлээд салбар салбартаа, тойрогтоо эзэн суучихаад тендерийг хамдаг болсон нь нууц биш. Энэ утгаараа тендер зохион байгуулдаг төв газрын дарга гэдэг бол нэлээд том эрх мэдэлтэн болж таарна. Хэдэн зуун сая, тэрбумаар яригдах том тендер том л нөлөөтэй байж урагшилна. Унац нь ч өндөр байх нь гарцаагүй. Ингэж хэлэхийн учир АТГ-аас Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Х.Улам-Өрнөхийг барилгын компанид тендер авч өгнө хэмээн 125 сая төгрөг авлигад авсан хэргээр шалгаж эхлээд хоёр жил өнгөрч байна. Тодруулбал, орон нутагт баригдах Соёлын төв, нийслэлийн нэгэн дүүрэгт баригдах цэцэрлэгийн барилгын ажлын тендерийг авч өгнө хэмээн өөрийнх нь найз болох Тээврийн цагдаагийн албанд мөрдөн байцаагчаар ажилладаг н.Мөнхзул нэгэн барилгын компаниас тендерийн 10 хувь гэж 125 сая төгрөгийг авсан. Гэвч энэ амлалт нь бүтэлгүйтсэнээс үүдэн маргалдаж, барилгын компанийн удирдлага АТГ-т хандсан гэдэг. Х.Улам-Өрнөхийн авлигын асуудал ингээд дуусаагүй.
Ээж Д.Сарангэрэл нь ЭМЯ-ны сайдаар томилогдоод тун удаагүй Х.Улам-Өрнөхийн жолооч төдийгүй найз Д.Өнөболд нь тус яамны Бодлого төлөвлөлтийн газрын Хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдоод олны анхаарлыг татаж байв. Энэ томилгоо хоёр найзын тендер ажиллагааг нэлээд цэцэглүүлсэн гэж учир мэдэх хүмүүс ярьдаг. Улс нийслэлийн 14 эмнэлэгт тоног төхөөрөмж нийлүүлэх 38.3 тэрбум төгрөгийн тендерийг яаралтайгаар зохион байгуулах шийдвэрийг Д.Өнөболдын хүсэлтээр Х.Улам-Өрнөх нэг өдрийн дотор гаргаж байсан гэдэг.
Хамгийн сүүлд тэрээр Дарханы замын барилгын ажлын багцыг өөр компанид шилжүүлэн, санхүүжилт олгосон хэрэгт нэр холбогдоод байгаа. Дарханы зам бол олон улсын зам гэдгээрээ санхүүжилт нэлээд өндөр тавигдсан бүтээн байгуулалт. Дарханы замтай холбоотой авлига, албан тушаалын хэргүүд ч ар араасаа илэрсээр байгаа. Тэр утгаараа энэ замын санхүүжилттэй холбоотой үйл ажиллагаанууд олны анхааралд өртөх нь зүйн хэрэг. Түүний нэр холбогддог өөр ч асуудлууд бий.
Шадар сайдын шууд харьяаны Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга тендерийн асуудалд холбогдоод зогсохгүй хуулийн байгууллагаар шалгуулж байгаа нь ноцтой асуудал юм.
Нөгөө талаар түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн эсэхийг АТГ-т мэдүүлдэг ХОМ-ээс харж болох юм. Х.Улам-Өрнөх Төрийн худалдан авах ажиллагааны газарт 2016 оноос Хэлтсийн даргаар ажиллаж эхэлсэн бөгөөд 2020 онд албан тушаал ахин тус газрын дарга болжээ.
Түүний 2016 оноос хойших ХОМ-ийг харвал хөрөнгө нь жил бүр өссөн дүнтэй харагдана. Тэрээр 2017 онд 230 сая төгрөгийн үнэлгээ бүхий УАЗ 469, Land Cruiser 200 автомашинтай гэж мэдүүлж байв. 2020 онд түүний эзэмшлийн автомашинууд Жийп болон туулах чадвар өндөр автомашин-1, Жийп болон туулах чадвар өндөр УАЗ 469-1, Жийп болон туулах чадвар өндөр Toyota, Land Cruiser 200-1, Суудлын жижиг машин Volkswagen Toureg- 1, Жийп болон туулах чадвар өндөр Toyota, Land Cruiser 200-1, Мотоцикл Yamaha XT 225-1 болж нэмэгджээ. Нийт үнэлгээ нь 667 сая төгрөг гэж мэдүүлсэн байна.
Мөн тэрээр хурдан удмын адуунд нэлээд хөрөнгө хаядаг нэгэн аж. 2019 онд 1.1 тэрбумаар үнэлэгдэх 1180 хонь, 240 ямаа, 70 үхэр, 248 адуу, 6 хурдан удмын адуутай байсан бол 2020 онд малынх нь нийт үнэлгээ хоёр дахин нэмэгдсэн нь анхаарал татна. Тодруулбал, хонь 920, Ямаа 180, Үхэр 54, Адуу 184 болж тоо толгой нь хорогдсон ч хурдан удмын адуу нь 28 нэмэгджээ. Жилийн дотор бараг тав дахин өссөн гэсэн үг.
Тэрээр мөн 2019 онд дотоодын банк санхүүгийн байгууллагад 16 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлсэн бол 2020 онд 45.6 сая төгрөгийн хадгаламжтай гэжээ.
Х.Улам-Өрнөх Монгол 555 ХХК, Гэгээн далай ХХК-д хувь эзэмшдэг юм байна. “Гэгээн далай” ХХК нь ээж Д.Сарангэрэлийнх нь үүсгэн байгуулсан компаниудын нэг юм. Тус компани нь 2002 онд хэвлэл мэдээлэл болон үйлдвэрлэлийн чиглэлээр үүсгэн байгуулагдсан бөгөөд TV5 телевизийн өргөн нэвтрүүлгийн тусгай зөвшөөрөл, ТВ5-2 /Теле-худалдаа/ кабелийн сувгийн тусгай зөвшөөрөл, TV5-3 /Цэнгээнт/ кабелийн сувгийн тусгай зөвшөөрлүүдийг тус тус эзэмшдэг юм байна. “Монгол 555” ХХК нь түүний аав Д.Хүрэлбаатар үүсгэн байгуулсан компани юм.
Угтаа бол татвар төлөгчдийн мөнгөөр бараа бүтээгдэхүүн худалдан авах ажиллагааг хууль ёсны дагуу зохион байгуул гэдэг үүргийг Х.Улам-Өрнөхөд өгсөн байж таараа. Гэвч газрын даргаасаа эхлээд тендерийн маапаанд нэр холбогддог гэхээр…
Б.ЭНХЗАЯА
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хошууч генерал Д.Магсаржав: Улс орон зэвсэглэл техникээ үе шаттай сайжруулж байх ёстой DNN.mn

Хошууч генерал Д.Магсаржавтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Батлан хамгаалах салбарын ахмадууд хөгжлийн төвтэй болж байгаа гэж дууллаа?

-Ахмадын болон алба хаагчдын хөгжлийн төвийн барилга маань ирэх 12 дугаар сард ашиглалтад орох төлөвлөгөөтэй байх шиг байна. Энэ бол манай салбарын ахмадуудын хувьд маш олзуурхууштай үйл явдал. Өнөөдөр нийслэл, орон нутгийн ахмадын хөгжлийн төвүүд тэр бүр хүмүүстээ хүрч чадахгүй байгаа. Ийм нөхцөлд салбартаа ахмадын хөгжлийн төвтэй болж байгаа нь тэдний нийгэм, сэтгэл зүй, эрүүл мэндийн хувьд хамгийн том дэмжлэг болж байна. Энэ төвдөө ахмадууд маань биеийн хүчний дасгал сургуулилт хийхээс эхлээд нэгнийхээ хөдөлмөрийн алдрыг тэмдэглэх, дурсамж уулзалт зохион байгуулах зэргээр маш өргөн хүрээнд оролцож, стрессээ тайлах боломжтой. Батлан хамгаалахын салбарт бүртгэлтэй 6000 гаруй ахмад бий. Салбарын сайдын тушаалаар ахмадуудад чиглэсэн, тэдний нийгмийн асуудлыг шийдсэн урт хугацааны бодлого 2020 оноос хэрэгжиж байгааг дуулгах ёстой болов уу.

-Үндсэн сэдэв рүүгээ оръё. Та бидний ярилцаж байгаа энэ цаг үе бол хилийн чанадад дайнтай, сөргөлдөөнтэй хүндхэн нөхцөл байдалтай байна. Ийм цаг үед Монгол Улсын цэрэг арми, зэвсэг техник ямар байна вэ гэдэг асуудал олон нийтийн анхаарлыг татсаар байгаа. Чадварлаг, сүүлийн үеийн зэвсэг техниктэй байх ёстой гэсэн санаа л даа. Энэ хүрээнд та ямар байр суурьтай явдаг вэ?

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчний өнөөгийн байдлын талаар мэдээлэл, нэвтрүүлгийг харж байхад цэргийн албан хаагчид боломжиндоо тулгуурлаад зэвсэглэл техникийнхээ боломжийг нэмэгдүүлэх талаар ажиллаж байх шиг харагддаг. Ямархуу хэмжээнд хийж байна, хүртээмж ямар байгаа гэдэг дээр сайн хэлж мэдэхгүй юм. Монгол орны газар зүйн нөхцөл, байгаль цаг агаарын нөхцөлд үүрэг гүйцэтгэхэд боломжийн шинэчлэлт хийсэн харагдана лээ. Нөгөө талаар валют зарж гаднаас зэвсэг техник худалдан авахад өнөөгийн цаг үе биш байх. Учир нь улс хоорондын зэвсэг техникийн наймаа аль ч бүс нутагт чих дэлдийлгэсэн асуудал болоод байна шүү дээ. Ийм чих дэлдийлгэсэн асуудлын үед тийм үйл ажиллагаа явуулах нь зохимжгүй ч байх. Өнөөдөр манайд тулсан шаардлага хэрэгцээ ч байхгүй болов уу. Тэгээд ч Зэвсэгт хүчний ерөнхий командлагч НҮБ-ын чуулган дээр сая “Энх тайвнаар асуудлыг шийдье” гэдэг уриа дэвшүүлж харагдана лээ. Ер нь зэвсэг техникийн хувьд бэлэн байдлын үүднээс арчилж тордоод, засварлаж үйлчилгээ хийгээд явдаг нь аль ч улсын армид байдаг. Тэр хэмжээнд явагдаж байгаа байх.

-Дайн тулаан гэдэг өмнөх цаг үеэс өөрчлөгдсөн байна. Аль олон цэрэгтэй, том армитай нь ялдаг биш хүн хүч олноор шаардахгүй орчин цагийн зэвсэг техникүүд л тулалддаг болсныг бид харж байна. Энэ үүднээс л танаас асууж байгаа хэрэг?

-Зэвсэг техникийг үе шаттай сайжруулж байх ёстой гэдэг таны саналтай нэг байна. Ганц батлан хамгаалах салбарт ч биш, аливаа салбарт тоног төхөөрөмж, техникээ сайжруулж, шинжлэх ухааны ололт дэвшлийг ашиглаж явах нь ойлгомжтой асуудал. Гэхдээ шинжлэх ухааны ололт дэвшил явагдлаа гэхэд түүнийг хэрэгжүүлэх хүн хэзээ ч орхигдохгүй. Хүний тоо гэвэл өөр хэрэг байх л даа. Хүний чадвар гэвэл бас өөр асуудал болно. Тиймээс цэрэг армийнхан чадварлаг байх ёстой, сүүлийн үеийн шинжлэх ухааны ололт амжилт дээр тулгуурласан байх ёстой гэдэг дээр санал нэгтэй байна. Харин яг одоохондоо энэ цаг үед дэлхий нийтэд хүнд болоод ирлээ, бид зэвсэг техникээ шинэчлэхгүй бол болохгүй гэсэн үйл ажиллагаа явагдах цаг үе нь биш гэдгийг л хэлэх байна.

-Улс орны хэмжээнд тийм байж. Нөгөө талаар ард иргэдэд галт зэвсэг эзэмшүүлэх тухай яригдсаар байдаг. Хөрш оронд дайн тулаантай энэ цаг үед бас л хөндөгдөж байна?

-Үүн дээр би цэргийн хүний биш иргэн хүнийхээ хувьд байр сууриа хэлье. Нэгд, иргэний гар дээр галт зэвсэг, галт хэрэгсэл байх асуудал бас л өнөөдөртөө Монголд цаг үе нь болоогүй болов уу. Энэ бол хүмүүсийн ухамсар, нийгмийн төлөвшлөөс маш их шалтгаална. Үндэсний онцлог бас бий. Ний нуугүй хэлэхэд, өнөөдөр Монголд зам дээр хоёр машин санамсаргүй мөргөлдчихлөө. Тэгтэл монголчуудын нийтлэг зан гарч ирээд би чидээ тулаад барьцалдаж аваад нүдэлцэнэ. Хэрэв тэр хоёрт буу байсан бол буудалцаж ч мэдэх цаг үе байна. Хүний ухамсар, нийгэм төлөвшинө гэдэг том зүйл байдаг. Манайд ардчилал гэдгийг арай л буруугаар явуулчихлаа. Жаахан анархи тал руугаа явчихлаа. Уг нь ардчилал бол маш зөв зүйл. Одоо хэн хүссэнээ хийж болдог нийгэм гэж ойлгочихоод байна. Уг нь аливаа хүн юм хийх эрхтэй байлаа гэхэд тэр хүний эрх бусдын эрхээр хязгаарлагдах ёстой. Миний эрх давамгайлах ёстой гэсэн сэтгэхүй манайд ноёлоод үүргээ умартаад байна.

-Өөрийгөө хамгаалахын тулд галт зэвсэгтэй байх ёстой гэсэн санаа шүү дээ?

-Тэгж ойлгож болохгүй. Хэрэв галт зэвсэг тэр хүмүүст байхгүй бол хэзээ ч хэрэглэгдэхгүй. Хууль нь батлагдаагүй, эрх нь үүсээгүй байхад хэрэглэх боломж, шаардлага гарахгүй. Харин хуулиар тийм эрхийг нь бий болгоод өгчихвөл буудалцаан болно, бие биенээ устгах, амь насанд хүрэх асуудал үүсээд эхэлнэ. Хуульчлаад өгчихвөл бууд л гэсэн үг шүү дээ. Өнөөдөр бид Америкийг харж байна. Тэнд нялх хүүхдүүдийг сургууль дээр нь олон арваар нь хядаж байна шүү дээ. Сэтгэл зүйн хувьд согогтой хүн буу эзэмшиж байна. Эрүүл ч гэсэн огцом ууртай хүн буу эзэмшвэл аюултай. Манайхны ярьдгаар ямаан омогтой хүмүүс уурласан үедээ хүн буудчихаад уур нь гарахаар толгойгоо шаагаад суувал яах юм бэ. Уг нь дээр үед буу, сум, замаг гурвыг тус тусдаа хадгалдаг байлаа. Хөгшчүүд мундаг ухаантай байсан. Замаг байхгүй бол сумаа цохихгүй, сум нь байхгүй бол хоосон замаг буу хоёроор яахав дээ. Одоо үед залуус гэртээ буугаа оруулж ирээд л ханандаа өлгөчихдөг. Түүнийг нь хүүхэд саваагүйтэж оролдож байгаад эрсдэл гарах тохиолдол бий.

-Ер нь манай хилийн цэрэг, арми гэнэтийн нөхцөл байдалд хэр бэлтгэлтэй байдаг юм бол. Хилийн цаана дайнтай байгаа үед манайх руу буу шийдэм болоод ороод ирэх вий гэсэн айдас олон нийтэд байгааг та харж, дуулж л байгаа байх?

-Сошиал дээр бичээд байгааг уншиж л байна. Түүгээр бол Орос хилгүй, дураараа Монгол руу орж ирж байгаа. Монгол хилтэй урчаас л хил дээр тогтоогоод бариад байгаа юм шиг яриад байх юм. Юу юугүй салхинд туугдаж орж ирж байгаа цагаан зээр биш дээ, тийм зүйл гэж хаа байхав. Одоо хүн төрөлхтөн хөгжөөд шал өөр болчихсон. Нэгд, ардын хувьсгалын үеэрх гамин, цагаан орос орж ирж байсан үе биш. Хоёрт, хэрэв орж ирлээ гэхэд манай улс Дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүн. НҮБ-ын гишүүн улсын хувьд хандах эрх нь байгаа. Өнөөдөр манай хүүхдүүд энхийг сахиулахаар бусад гүрэнд яг л ийм ажиллагаа явуулж байгаа. Түүнтэй адилхан манайд энхийг сахиулагчид орж ирнэ шүү дээ. Хэдэн малчид, тариаланчдаа буу бариулаад явуулах шаардлага арай ч гарахгүй байх. Яахав, бүр муу цаг ирлээ гэхэд дайчилгаа явуулах хуультай. Нөгөө талаар манайх хоёрхон хөрштэй. Тэр утгаараа хоёр хөршийн буяныг ч эдэлж явж байгаа, булайг нь ч үүрч байсан үе түүхэнд бий.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монголчууд КК паркаас суллагдахын тулд өөр хохирогчдыг хуурч аваачсан байж болзошгүй байна DNN.mn

-КК паркад байгаа монголчуудын олонх нь гадаад хэлтэй, өндөр боловсролтой иргэд байна-

Зүүн хойд Азийн улс орнуудын иргэдийг хууран мэхэлж, зохион байгуулалттайгаар хил давуулан албадан хөдөлмөр эрхлүүлдэг, цаашлаад бэлгийн мөлжлөг, эд эрхтний наймааны золиос болгодог Мьянмар дахь “КК парк”-д Монгол Улсын таван иргэн байгаа талаар ЦЕГ-аас мэдээлээд байсан билээ. Тэгвэл хохирогчдын тоо нэмэгдэж 15 болсон талаар Гадаад харилцааны яам мэдэгдэж байна.

Монгол иргэдээ аюулгүй татан авчрах тал дээр хэрхэн ажиллаж байгаа талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад “Тайланд улсад суугаа Элчин сайдын яамнаас Мьянмар дахь монгол иргэдийн асуудлыг хавсран хариуцдаг. Тэр журмынхаа дагуу ажиллаж байгаа. Одоогоор монгол иргэд тэнд эрх нь ноцтой зөрчигдөөд барьцаалагдчихсан нөхцөл байдал, мэдээлэл байхгүй байгаа. Ажил хийхээр очсон ч цалин мөнгөө авч чадахгүй байна гэсэн мэдээллийг өгч байна. Эх орон руугаа буцъя гэсэн хүсэлт одоогоор гаргаагүй” гэв.

Тагнуулын ерөнхий газраас КК паркаас иргэдээ аюулгүй авчрахаар ажиллаж байна. Хүндрэл бэрхшээл тулгарч байгаа гэж буй. Олон улсад ч ийм нөхцөл байдалтай байгааг хэвлэлүүд бичиж эхэлсэн. КК паркад эрүү шүүлттэй хөдөлмөрийн мөлжлөгөөс гадна бэлгийн мөлжлөг, эд эрхтний наймаа зэрэг онц ноцтой хэргүүд үйлдэгддэг болох нь ил болсон. Эрх нь зөрчигдсөн хохирогчид амь насаа алдсаар байгаа мэдээлэл ч бий. Хамгийн сүүлд Вьетнамын иргэн КК паркаас зугтаж байгаад голд живж нас барсан аж. Мөн Малайз улс Камбожийн Засгийн газрын тусламжтайгаар хамтарсан ажиллагаа явуулж 158 иргэнээ суллаж авсан мэдээлэл байна.

КК парк гэгч нь олон улсад нэгэнт хүнд ноцтой гэмт бүлэглэлтэй бүс нутаг болох нь тодорхой болоод байгаа учраас Монгол Улсын иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах, эх оронд нь авчрах асуудал ч хөндөгдөх учиртай юм. Тагнуулын ерөнхий газраас ч энэ талаар ажиллаж байгаагаа мэдэгдсээр байгаа.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар КК паркад байгаа 15 монгол иргэдийн найм нь эмэгтэй, долоо нь эрэгтэй гэнэ. Тэдний олонх нь хэл устай, өндөр боловсролтой иргэд байгаа аж. Тэднээс хоёр нь Тайландын Элчин сайдын яамтай холбогдсон мэдээлэл байна. Тэдгээр иргэд цахим сүлжээнээс “Гадаадад өндөр цалинтай ажилд авна, орчуулагч авна, аялуулна” гэсэн зарын дагуу хил давжээ.

КК парк нь Тайланд, Мьянмар улсын дундах нэгэн голын гүүрний ойролцоо байрладаг нь хохирогчдыг хуурч аваачих том эрсдэл болж буй аж. Энэ тухай нэгэн эх сурвалж “Хохирогчдыг Тайландад өндөр цалинтай ажиллуулна, аялуулна гэсэн зараар хуурч аваачиж байна. Хил давсан хүмүүс Тайланд дотроо явж байна гэж боддог ч ганц гүүр гатлаад л Мьянмарын хил рүү нэвтрээд аюултай бүс рүү орж байгаа нь тогтоогдсон. Үүнийгээ хохирогчид мэдэхгүй, хууртаж явсаар аюулд өртөж байна. Манай улсын хувьд иргэдээ аюулгүй гаргах талаар ажилласаар л байгаа. Бүхий л улс орнууд ажиллаж байна. Зарим нь аргаа олохгүй мухардаж ч байгаа” гэж байв.

КК паркаас иргэдээ татан авах асуудалд өөр нэг ноцтой аюул тулгарч байгаа нь хохирогчид эрх чөлөөтэй болохын тулд өөрийнхөө оронд дахин өөр хүмүүс авчрах даалгавар өгдөг аж. Эрх чөлөөтэй болохын тулд тэд өөрийн орноосоо найз нөхөд, таньдаг хүмүүсээ залилж авчирдаг байна. Манайд ч ийм тохиолдол гарсан байж болзошгүй байна. Өөрөөр хэлбэл, хуулийн байгууллага удаан хугацаанд ажиллаж хоёр иргэнийг эх оронд нь аюулгүй авчирсан ч дахин 6-7 иргэн аль хэдийнэ КК паркад оччихсон, зарим нь явахаар бэлтгэж байсан гэх мэдээлэл байна. Тиймээс хуулийнхны хувьд энэ нь томоохон бэрхшээл болж байгаа бололтой.

КК паркийн хууль бус үйл ажиллагаа зөвхөн Мьянмараар тогтохгүй Камбожид ч байдаг аж. Олон улсын хэвлэлүүдийн бичиж байгаагаар тус паркийг зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн төв гэж үзэж байгаа бөгөөд хохирогчдын тоо 8000 хүрсэн гэнэ.

Ийм зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн золиос болох эрсдэл монголчуудын хувьд өндөр байгааг хуулийн байгууллагынхан анхааруулж байгаа. Гадаадад өндөр цалинтай, таатай нөхцөлд ажиллуулах, хямд үнээр аялуулах зарууд, цаашлаад романс үүсгэж гадаад руу ирэх урилга илгээх зэргээр залилах хэлбэрүүд нь өргөжиж байгааг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Монгол охидыг хил давуулсан гэх сингапур иргэн Loh Sien Chi гэж хэн бэ? DNN.mn

Цахим сүлжээгээр монгол охидтой танилцан бэлгийн дарамтад оруулсан, цаашлаад зохион байгуулалттайгаар хил давуулсан үйлдэлд Сингапур улсын иргэн Loh Sien Chi гэх этгээдийг цагдаа нар саатуулаад байгаа юм. Тэрээр Казахстанаас өнгөрсөн долоо хоногт Монголд ирэн, Баянгол дүүрэгт байрлах “BKH” зочид буудалд байрлаж байхад нь баривчилсан байна.

Мөрдөн байцаалтын явцад Loh Sien Chi-ны гар утаснаас 300 орчим охид, эмэгтэйчүүдийн нүцгэн зураг бүхий мэдээлэл олдсон бөгөөд 10 орчим эмэгтэйг хил давуулсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа юм.

Loh Sien Chi нь 64 настай, сингапур иргэн. Манай улсад 2013 оноос эхэлж аялал жуулчлалын визээр зорчиж эхэлсэн. Loh Sien Chi-г Монгол Улсад байх хугацаандаа эмэгтэйчүүдийг зуучлуулж танилцан бэлгийн хүчирхийлэлд оруулах, хувь хүний нууцтай холбоотой дүрс бичлэг, гэрэл зургийг нь авдаг байсан. Ингэснээр хувь хохирогчдыг айлган сүрдүүлдэг, гадаад улсын иргэнтэй үгсэн тохиролцож бэлгийн харьцаанд орсон охид, эмэгтэйчүүдийн биеийг нь үнэлүүлэх, бэлгийн мөлжлөгийн хохирогч болгон хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэж үзэж байгаа.

Тэрээр цахим сүлжээний олон платформд хаягтай. Facebook, Instagram, Youtube, Linkedin зэрэгт бүртгэлтэй. Эдгээр хаягаараа охидтой холбоо тогтоодог байсан аж. Түүнээс гадна Loh Sien Chi өөрийгөө “Өэлүн” хүүхдийн санг үүсгэн байгуулагч гэж өөрийгөө бүртгүүлжээ. Гэвч тус байгууллагын мэдээлэл манай улсын бүртгэлийн санд бүртгэгдээгүй байгаа юм.

Хуулийн байгууллагынхан одоогоор Loh Sien Chi-тэй холбогдуулж өөр хэн нэгнийг шалгаж эхлээгүй байгаа аж. Харин хохирогч охидын мэдээллийг нягтлах, дахин өөр хохирогчид байгаа эсэх дээр ажиллаж байгаа юм байна.

Loh Sien Chi нь хохирогч охидыг гадаадад өндөр цалинтай ажилд зуучилна, сарын 3-6 сая төгрөгийн орчуулагчийн ажилд авна гэх байдлаар танилцдаг байжээ. Тагнуулын ерөнхий газрын мэдээллээр зохион байгуулалттайгаар хил давуулсан монгол эмэгтэйчүүд Мьянмар дахь хууль бус наймааны “КК” гэх паркад барьцаалагдсан гэж байгаа. КК паркад Монголоос гадна Зүүн хойд Азийн улс орны эмэгтэйчүүд ч олноор худалдагдсан. Энэ хууль бус ажлыг зохион байгуулдаг хүмүүс маш олон байгаа. Тэд Loh Sien Chi-ний адилаар улс орноор хэрэн хэсч, хохирогчдоо олзолдог гэж байна.

Яг ийм тохиолдол саяхан Камбожид гарчээ. Тодруулбал, КК паркийн эздийн нэг Камбожид суурьшсан хятад иргэн Ше Жижианг Тайландын Бангкок хотоос баривчилсан байна. Тэрээр нэрээ өөрчилж, компани байгуулан хятад бизнесмэнийн дүрээр хууль бус үйл ажиллагаагаа зохион байгуулж иржээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: 37-той бүсгүйн үг DNN.mn

Хавдар судлалын үндэсний төвийн дарга Н.Эрдэнэхүү өвчтөнийхөө тухай ярьсан нэгэн бичлэг ер санаанаас гардаггүй. Хавдрын эцсийн шатанд орсон 37-той бүсгүй эмнэлгийн орон дээрээс нөхөртөө хандаад “Би цэл залуугаараа хорвоогоос буцаж байна. Би чамд маш их гомдож байна. Нэг удаа ч болов, биеэ үзүүлээч гэж ганц удаа хэлж байгаагүй. Эцэст нь хоёр хүүхдээ нялхаар нь орхиод үхэж байна” гэсэн нулимстай үгсийн хариуд нөхөр нь юу ч дуугарч чадахгүй суусан тухай.

Хүн гэдэг сэтгэлийн амьтан.

Нэгэндээ халамжтай, биедээ арчаатай эхнэр, нөхрүүд олон бий. Гэхдээ тэр дундаас эхнэрүүд голдуу гэр бүлийнхээ эрүүл мэндийг хариуцаж, хэн өвдөнө түүний төлөө л нойр хоолоо хугасалж гүйдэг. Харин эрчүүд гэр бүлийнхээ бусад гишүүдийнхээ битгий хэл өөрийнхөө эрүүл мэндэд ч хайнга ханддаг нь олонх шүү.

Тийм ч учраас эрчүүдийн дундах өвчлөл, нас баралт нийгмийн асуудал болсоор байгаа. Ядаж л тэд өөрсдөдөө арчаатай, эрүүл мэнддээ санаа тавьдаг бол олон гэр бүл хагацал үзэхгүй дээ. 37-той бүсгүйн нөхөртөө хэлсэн сүүлийн үгс энэ л байна шүү дээ.

Хагацал ирснийг ойлгосон бүсгүй өөрийгөө удаан амьдраагүйдээ ч харамсаагүй байх. Үр хүүхэд, юу ч хийж чадаагүй бүдүүн хойрго эр нөхөр ард нь үлдэж яажшуухан амьдрах бол гэсэн зовнил ч байсан биз ээ.

Халамж гэдэг цаг наргүй ажиллаад мөнгө олж ирэхийг хэлдэггүй юм аа. “Бие чинь зүгээр үү” гэдэг хоёрхон үг ч хүний амьдралыг аварч болох байж шүү дээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өндөр цалин, олон мянган долларын азтан зэрэгт итгэгчид хүний наймааны золиос болж эхэллээ DNN.mn

-Хэдэн мянган долларын азтан, өндөр цалин, байр, хоол, унаагаар та хэн нэгнийг үнэгүй дайлах байсан уу?-


Цахим сүлжээнд тавьсан өндөр цалинтай, таатай нөхцөлтэйгөөр гадаадад ажиллах ажлын байрны зард итгэж хил даван хүний наймааны золиос болсон монгол эмэгтэйчүүдийн асуудал дуулиан болоод байна. Бүр Зүүн хойд Азийн жижигхэн нэгэн улс Мьянмарт хүний наймаа, бэлгийн мөлжлөг, хар тамхины хууль бус худалдааны бүс нутаг болсон КК паркад тэдгээр монгол охид барьцаалагдчихсан тухай Тагнуулын ерөнхий газраас сэрэмжлүүлээд байгаа. Хохирогчдын тоо таваар тогтохгүй, нэмэгдэж байгааг хуулийн байгууллагын эх сурвалж онцолж буй. Тэдгээр охидын амь нас, хувь заяа хилийн чанадын тэр аюултай бүс нутагт хэрхэн эргэж байгааг өнөөдөр хэн ч мэдэх боломжгүй.

КК паркад Зүүн хойд Азийн бүхий л улс орноос хохирогчид зуу, зуугаараа байгаа тухай гадны хэвлэлүүд мэдээлсээр байна. Хохирогчдыг аюулгүй аврахын тулд тухайн улсынх нь Засгийн газар ажилласаар байгаа. Тайвань гэхэд хэдхэн хоногийн өмнө КК паркийн синдикаттай холбоо тогтоон иргэдээ аюулгүй гаргаж байгаа бол Малайзын 100 гаруй иргэн тус паркад барьцаалагдсан. Тэднийг эсэн мэнд гаргаж авахыг Засгийн газраасаа шаардаж байгаа гэх. Манай улсын хувьд ч Засгийн газрын хэмжээнд анхаарах асуудал болсныг дээрх орны жишээн дээрээс харж болно.

Хүний наймааны золиос болсон энэ ноцтой асуудал ердөө л цахим орчинд тавигдсан зараас улбаатай. Хил давуулах виз, үнэгүй байр, хоол унаа, өндөр цалин. Монголчуудын хууртагдаж байгаа гол зүйл эдгээр юм. Тэр битгий хэл тэдэн мянган доллар хожлоо, тийм хэмжээний долларын хүүгүй зээл олгоно гэсэн агуулгатай, хэл найруулгагүй, ойлгоход ч бэрх зард итгээд мөнгөө алдчихсан хүмүүс цагдаагийн газраар нэг байна. Бүр нүүр царайг нь хараа ч үгүй, хэдэн мянган бээрийн цаадах харь улсын залуустай хайр сэтгэлийн холбоо үүсгээд мөнгөө залилуулчихсан бүсгүйчүүд бий. Нэг малчин бүсгүй 300 сая төгрөгөө “Романс залилан”-д алдсан гээд л саяхан шуугьсан даа.

Ерөөсөө монголчууд ямар гэнэн итгэмтгий юм бэ. Гадаадын ядуу буурай орны залилагч этгээдүүд манайхыг луйвардаад бүр гаршчихлаа. Уг нь энгийн зүйл шүү дээ. Тэр их том амлалт, хэдэн мянган доллар, өндөр цалин, байр, хоол, унаагаар би хэн нэгнийг ямар ч авлагагүйгээр дайлах байсан уу гээд л хамгийн түрүүнд өөрийгөө тавиад үзчих ёстой юм. Хэн ч ингэж чадахгүй. Гадаадад ч тэр адилхан. Ийм их шагнал, өндөр цалин хангамж, диваажин амладаг буяны, шашны байгууллага ч дэлхий дээр байхгүй. Бүх зүйл хариутай, авлагатай.

Хэн нэгнээр заалгахгүйгээр, цагдаа шүүх болохгүйгээр өөрөө өөрийгөө цахим луйвраас хамгаалах хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга бол энэ. Та хэчнээн чадвартай байгаад өндөр цалинтай ажил хайж байлаа ч, хэчнээн гадаадад сайхан ажиллаж амьдрахыг хүсч байлаа ч, нэг л өдөр баян болно гэж боддог байлаа ч нягтал. Өөрийгөө оронд нь тавь. Тэр харилцаж байгаа хүнийхээ дуу хоолойг сонсож, нүүр царайгаа харуулахыг шаард. Монголоос өөр газар, монголчуудаас өөр хүмүүс л бол баян чинээлэг, соёлтой боловсон, хууль бус зүйл хийхгүй, тэнгэрийн хүмүүс гэдэг ойлголтоо хая. Дэлхийн хүмүүс бүгд адилхан. Монголд байгаа луйварчид гадаадад ч бий. Тэдний арга яг л адилхан.

Гэтэл бидний гэнэн итгэмтгий зан явсаар бүр хил даваад хүний наймааны золиос болоод эхэллээ. Цахим луйвар, залилан гэгч ноцтой хэмжээнд хүрч байгаагийн илрэл энэ болж байна. Үүнд хууль хяналтын байгууллага илүү нямбай ажиллаж, цаашлаад төр засгаас ч анхаарах шаардлагатай том сэдэв болж эхэллээ

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Loh Sien Chi-тэй онлайнаар харилцсан охид 300 давж, КК паркад худалдагдсан нь таваас ч илүү болжээ DNN.mn

-КК паркаас Тайвань хохирогч охидоо чөлөөлж чадсан бол Камбожийн 100 гаруй охидыг суллахад хүчин чармайлттай ажиллахыг Засгийн газраасаа шаардаж байна-


Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид Монгол Улсын охид, эмэгтэйчүүдтэй бэлгийн харьцаанд орж хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй Сингапур улсын иргэн Loh Sien Chi-нийг Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий зочид буудлаас өнгөрсөн пүрэв гаригт баривчлав.

Цагдаагийн байгууллагаас мэдээлснэээр Loh Sien Chi нь 2013 оноос эхлэн Монгол Улс, Сингапур Улсын хооронд аялал жуулчлалын визээр зорчдог байсан. Монгол Улсад байх хугацаандаа эмэгтэйчүүдийг зуучлуулж танилцан бэлгийн хүчирхийлэлд оруулах, хувь хүний нууцтай холбоотой дүрс бичлэг, гэрэл зургийг нь авдаг байсан. Ингэснээр хувь хохирогчдыг айлган сүрдүүлдэг, гадаад улсын иргэнтэй үгсэн тохиролцож бэлгийн харьцаанд орсон охид, эмэгтэйчүүдийн биеийг нь үнэлүүлэх, бэлгийн мөлжлөгийн хохирогч болгон хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэсэн юм. Одоогийн байдлаар тухайн этгээд нь 130 гаруй охид, эмэгтэйчүүдтэй фэйсбүүк болон инстаграм сүлжээгээр харилцаж, гадаад улс руу зохион байгуулалттайгаар хил дамнуулан таван эмэгтэйг худалдаалсан байж болзошгүй гэж мэдэгдээд байгаа юм.

Тэгвэл энэ мэдээлэлтэй холбогдуулан Тагнуулын ерөнхий газраас гаргасан мэдээлэл олон нийтийн анхаарлыг татаад байна. Тус мэдээлэлд “Цар тахлын хөл хорио тавигдсанаас хойш Зүүн Өмнөд Азийн орнуудад 20-35 насны залуучууд хүн худалдаалах гэмт хэрэгт өртөж, амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал нэмэгдэх боллоо. Тухайлбал, дотоод мөргөлдөөний улмаас газар нутгийн зарим хэсэг нь зэвсэгт босогчдын мэдэлд ороод байгаа Мьянмар улсын “КК парк” гэх газар Монгол Улсын тодорхой тооны иргэд хохирогч болсон нь тогтоогдоод байгаа юм.

“КК парк”-д цахим луйвар, биеэ үнэлэлт, хөдөлмөрийн мөлжлөг болон мансууруулах бодисын хууль бус худалдаа зохион байгуулдаг талаар хил залгаа орнуудын хууль сахиулах байгууллагаас анхааруулж өөрийн иргэдээ гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлж эхэлсэн. Дээрх гэмт үйлдлээ хэрэгжүүлэхдээ цахим орчинд англи, хятад хэлний орчуулагч, хүний нөөцийн мэргэжилтэн, оператор зэрэг ажилд өндөр цалин, хангамж, амласан худал зар мэдээлэл оруулж иргэдийг хууран мэхэлж авчирч байна.

Улмаар онгоцны тасалбар, даатгал, зочид буудал, хоолны зардлыг хариуцсан нэрээр өрийн дарамтад оруулан, хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх замаар цэрэгжсэн хамгаалалт дор албадан хөдөлмөр эрхлүүлдэг. Хохирогчид бусдын хүчинд автан, тус бүсэд шинээр хүн олж авчрах, зуучлах ажлыг гүйцэтгэж байгаа нь нөхцөл байдлыг хүндрүүлж байна. Гадаадын хууль сахиулах байгууллагаас “КК Парк”-д хоригдож, албадан хөдөлмөр эрхэлж буй иргэдээ чөлөөлж, эх оронд нь буцаах ажиллагааг тасралгүй хэрэгжүүлж байна. Гэсэн хэдий ч тухайн бүс нь зэвсэгт босогчдын мэдэлд байгаа тул энэ ажил удаашралтай байна. Тагнуулын Ерөнхий газраас хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, иргэдээ Монгол Улсад аюулгүй буцаан авчрахаар төрийн холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Иймд хөдөлмөрийн таатай нөхцөл амлаж, өндөр цалинтай ажилд зуучилна гэх худал мэдээлэлд хөтлөгдөн гадаад улсад зорчихоос сэрэмжлүүлж байна” гэлээ.

“КК Парк” гэж юу вэ?

Энэ нь Мьянмар улсын хойд хэсэгт орших цахим луйвар, биеэ үнэлэлт, хөдөлмөрийн мөлжлөг болон мансууруулах бодисын хууль бус худалдаа явагддаг жижиг хэмжээний газар нутаг юм. Сүүлийн жилүүдэд хууль бус үйл ажиллагаа нь эрчимжиж, хохирогчид нь зөвхөн хил залгаа улс орнуудаар тогтохгүй Зүүн хойд Азийн бүхий л улс орнуудаас авчрах болжээ.

Дээр өгүүлснээр хохирогчдоо хөдөлмөрийн таатай нөхцөл амлаж хуурч мэхлэн хил давуулдаг. КК паркад хүргэсэн хойно хохирогчид маш ноцтой эрүү шүүлтэнд өртдөг, цаашлаад амь насаа алдах тохиолдол элбэг байдаг аж.

Хэдхэн хоногийн өмнө КК паркад барьцаалагдсан Малайзын иргэн өөртэй нь хамт байгаа 100 гаруй иргэнийг аврахыг Малайзын Засгийн газраас шаардсан захидлыг илгээж амжжээ. Энэ мэдэгдэл тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр ид шуугьж байна. Тодруулбал, КК паркад Малайзын 100 гаруй иргэн эрүүдэн шүүгдэж байгааг хохирогч дурдаад зугтахыг завдсан нэг найз нь хамгаалалтын ажилтанд буудуулж амиа алдсан гэжээ. Тэрээр мөн тус паркад Тайванийн иргэд байсан бөгөөд Засгийн газрынх нь зүгээс хэлэлцээ явуулж, иргэдээ аварсныг дурдсан байна. Тайваньчууд Мьянмар, Камбожид ажлын байрны онлайн луйврын золиос болох тохиолдол маш их байдаг байна.

Тэгвэл Камбожид ч мөн КК парктай холбоотой дуулиан дэгдээд байгаа аж. КК паркийн эздийн нэг Камбожид суурьшсан хятад иргэн Ше Жижианг Тайландын Бангкок хотоос баривчилжээ. Тэрээр нэрээ өөрчилж, “Asia Pa­cific International Holdings Group” гэх компани нээн Мьянмар, Тайландын хил дээр “Нэг бүс нэг зам” хэмээн сурталчлан “Шүйгүгийн хөндийн эдийн засгийн онцгой бүс”-ийг байгуулж хятад бизнесмэнийн дүрээр хууль бус үйл ажиллагаагаа зохион байгуулж ирснийг нь цагдаа нар илрүүлжээ.

Өөрөөр хэлбэл, КК паркийн хохирогчид хэдэн зуугаараа тоологдож байгаа бөгөөд гэмт хэрэгтнүүд илүү зохион байгуулалтад орсоор байгаа нь энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, хохирогчдыг аврахад хүндрэл учруулж байгаа гэнэ.

КК паркийн хохирогчид нь зөвхөн эмэгтэйчүүдээр тогтохгүй эрчүүд ч олон байгаа аж. Хохирогчдыг бэлгийн мөлжлөг, хүний наймааны золиос болгоод тогтохгүй чөлөөллөө гэхэд их хэмжээний төлбөр нэхэж буйг Тайванийн хэвлэлүүд бичжээ.

Loh Sien Chi-тэй онлайнаар харилцсан охид 300 давж, КК паркад худалдагдсан нь таваас ч илүү байна

“Гадаадад ажиллах хятад хэлтэй хүн өндөр цалинтай ажилд авна”, “Гадаадад 3-6 сарын гэрээгээр ажиллах хятад хэлтэй хүн ажилд авна, цалин 6-8 сая төгрөг. Виз гаргаж өгнө, байр хоол үнэгүй” гэх утгатай зар цахим сүлжээнд их бий. Одоо ч ийм зарууд цахим сүлжээнд тавигдсаар, сонирхсон, хандсан охид эмэгтэйчүүд ч нэмэгдсээр байгаа нь ноцтой асуудал. Ийм утгатай заруудын цаана хүний наймаа, бэлгийн мөлжлөгийн хохирогч болгох маш том эрсдэл хүлээж байгааг дээр дурдсан Тайвань, Камбож улсын жишээнээс харж болох юм.

Яг ийм утгатай зараар охид эмэгтэйчүүдтэй харилцаж ирсэн Loh Sien Chi гэх этгээдийг Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид урт хугацаанд ажиглаж иржээ. Тэрээр 130 гаруй охид эмэгтэйчүүдтэй харилцаж байснаас таван эмэгтэйг хил давуулан худалдсан болох нь тогтоогдоод байгааг цагдаагийн байгууллагаас олон нийтэд мэдээлээд байгаа. Тэгвэл мөрдөн байцаалтын явцад хохирогчдын тоо нэмэгдсээр байгааг албаны эх сурвалж хэлж байна.

Loh Sien Chi-тэй зуучлуулж танилцан бэлгийн хүчирхийлэлд оруулах, хувь хүний нууцтай холбоотой дүрс бичлэг, гэрэл зургийг нь авсан эмэгтэй 130-аар тогтохгүй 300 хүрч байгаа бөгөөд энэ тоо цаашид ч өсч байгаа гэнэ. Хамгийн ноцтой нь зохион байгуулалттайгаар хил давуулсан эмэгтэйчүүдийн тоо ч нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, Мьянмарын КК паркад Монгол Улсын олон иргэн гэмт хэргийн золиос болж байна гэсэн үг. Тэнд чухам хэдэн монгол эмэгтэйг аваачсан, тэдний хэд нь эрүүл мэнд, амь насаараа хохирсон нь тодорхойгүй. Хамгийн ноцтой нь Мьянмар дахь КК парк нь жижиг хэмжээний гэмт хэргийн бүлэглэл биш, хүний наймаа, бэлгийн мөлжлөг, хар тамхины наймаа зэрэг хамгийн ноцтой харгис гэмт хэргийн бүс нутаг болон тэлсээр байгаа гэгдэж байна. Түүгээр зогсохгүй Мьянмар нь зэвсэгт мөргөлдөөнтэй байгаа нь хохирогчдын эрх улам дордох нөхцөл байдал юм.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар манай улсын хуулийн байгууллага Мьянмар улсын хуулийнхантай хамтран ажиллаж байгаа ч иргэдээ аюулгүй авчрах тал дээр дорвитой ахиц гарахгүй байгааг дуулгав. Тиймээс энэ асуудал цаашлаад Засгийн газрын хэмжээнд анхаарал хандуулахад хүргэх бололтой.

Сэрэмжлүүлэг:

Цахим орчин дахь өндөр цалинтай, гадаадад ажиллах ажлын байрны зард хууртахгүй байх, цаашлаад хилээр гарч байгаа иргэд ажлын гэрээ заавал байгуулах, өөрийн паспорт бичиг баримтаа хэнд ч өгөхгүй өөртөө хадгалах, Монгол Улсаас тухайн оронд суугаа Элчин сайдын яам, Консулын газарт бүртгүүлэх, Монголд байгаа гэр бүл, хамаатан садан, найз нөхдөдөө очсоноо мэдэгдэж, холбоотой байхыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Цолмонхүү: Монголд Үндсэн хуулиар олгогдсон үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх иргэний эрх чөлөө үгүй болжээ DNN.mn

Иргэн Д.Цолмонхүү манай сонины редакцид хандлаа. Тэрээр үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө эдэлж талбайд суулт зарлах бүртгэлээ хийлгэхээр Сүхбаатар дүүргийн ЗДТГ, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-т таван удаа хандаад татгалзсан хариу авчээ. Захиргааны хэргийн шүүх ч иргэний эрхийг эдлүүлэх тал дээр шийдэл гаргаж өгөлгүй, хууль зөрчиж байгааг Д.Цолмонхүү ярьж байгаа юм. Энэ талаар түүнтэй ярилцлаа.


-Сүхбаатар дүүргийн ЗДТГ, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас таныг суулт хийхийг татгалзсаар байгаа гэлээ. Ямар үндэслэл хэлэх юм бэ, тэд?

-Энэ бол сүүлийн сар гаруйн хугацаанд өрнөж байгаа асуудал. Эхний хүсэлтэд маань Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас хичээлийн шинэ жил эхлэх гээд төв талбайд үзэсгэлэн худалдаа болж байгаатай таарсан учраас боломжгүй гэсэн хариу өгсөн. Би ч хүлээн зөвшөөрсөн. Гэтэл дараагийн удаа үндэслэлгүй, учир битүүлгээр татгалзсан хариу өгч эхэлсэн. Жагсаал цуглаан зохион байгуулах журмын тухай хуулийн 8.1-д заасан шинжийг агуулсан байх тул бүртгэх боломжгүй гэж. Тухайн хуулийн 8.1 нь дотроо зургаан зүйлтэй. Түүнийгээ тодруулж бичээгүй. Аль хэсгийг нь зөрчсөн юм, эсвэл зургаан зүйлийг бүгдийг зөрчсөн хэрэг үү, тэр бүхэн тодорхойгүй.

-Таны суулт хийх зорилго үүнтэй холбоотой юм биш биз дээ?

-Яалаа гэж дээ. Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас ийм агуулгатай хариултыг хоёр удаа өгч татгалзаад байгаа. Үндэслэлийг нь асуухаар “Таны хүсэлтэн дунд анархист гэдэг үг орчихсон байна” гээд байгаа. Би угтаа анархист эрх баригчдыг эсэргүүцэж байна. Тиймээс суулт зарлая гэсэн хүсэлт өгсөн юм. Миний суулт хийх шалтгаан бол эрх баригчид хууль мөрдөхгүй байна, ёс зүйгүй байна гэж байгаа. Нэг ёсондоо анархист байна гэж л үзэж байгаа. Гэтэл ийм агуулгыг мушгиад намайг ороогоод байгаа юм.

Тиймээс би Чингэлтэй дүүргийн ЗДТГ-т хандсан. Гэтэл тэндээс “Зорилгоо бичээгүй байна, таны суултад хэдэн хүн оролцох нь тодорхой бус байна” гэсэн хариултаар татгалзлаа. Би энэ хариултыг гайхаад байна. Би өргөдөлдөө бүх зүйлийг тодорхой бичсэн. Суултыг дан ганц биеэрээ хийнэ. Гэхдээ хэдэн хүн дэмжихийг би мэдэхгүй. Ганц хүн суулт хийнэ гээд тодорхой бичсэн байхад хэдэн хүн гэдэг нь тодорхойгүй гэдэг учир битүүлэг шалтгаанаар буцаагаад байгаа явдалд ерөөсөө өөр шалтгаан байна.

-Ямар?

-Эрх баригчдад хандаж үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг шууд хүчээр бодлоготойгоор дарангуйлдаг нийгэм тогтчихсон юм байна. Бусад жагсаал цуглааныг зөвшөөрөөд байх шиг байна. Яг өөрсдөд нь хандсан асуудлаар иргэн үзэл бодлоо илэрхийлэх бол ямар ч хамаагүй шалтгаанаар болиул, ганцхан хүн байсан ч хамаагүй зогсоо гэдэг даалгаврыг энэ хүмүүстээ өгчихсөн байна.

Чингэлтэй дүүргийн Хуулийн хэлтсийн дарга Хурцбаярт би хуулийг нь тайлбарласан. Хариуд нь “Уг нь тийм л дээ. Гэхдээ том зочид төлөөлөгчид ирэх гэж байгаа учраас Засгийн газраас ийм даалгавар өгсөн” гээд сууж байгаа. Түүгээр зогсохгүй “Бид тагнуул, цагдаагийнхантай таны асуудлаар ярилцахад олон хүн цуглаж үймээн самуун болж магадгүй гэсэн үндэслэл байгаа учраас бүртгэж авах хэрэггүй гэж яригдсан” гээд хээв нэг хэлж байна. Үнэхээр гутаж байна. Засаг дарга хуулиа л мөрдөх ёстой. Тагнуул, цагдаа өөрийнхөө ажлыг хийх ёстой биз дээ.

Хүмүүнлэг, аюулгүй иргэний нийгэм гэдэг бол либералист буюу хувь хүний эрх чөлөөг дээдэлсэн тулгуур зарчимтай байх ёстой.

-Шүүхэд хандсан гэсэн үү. Шүүх ямар шийдвэр гаргасан бэ?

-Дээрх хуулиа мөрдөхгүй байгаа Засаг дарга нарыг Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өгсөн. Шүүхээс жагсаал цуглаантай холбоотой асуудлыг хялбаршуулсан журмаар зургаа хоногт шийдэх хуультай. Энэ хугацаанд нэхэмжлэгчийн асуудлыг бүрэн шийдсэн байх ёстой. Гэтэл өргөдөл өгснөөс хойш энэ хугацаандаа ямар нэгэн байдлаар хариу өгөөгүй. Арга буюу сүүлийн өдөр нь өөрөө явж очоод асуухаар иргэнийг туйлдуулсан, залхаасан байдлаар тайлбар хэлж байгаа юм. Уг нь би шүүхэд Сүхбаатар дүүргийн Засаг дарга миний эрхийг бүдүүлгээр зөрчлөө. Би эрхээ сэргээлгэе. Хууль зөрчсөн байвал хуулийн дагуу арга хэжмээ авч өгнө үү гэж л шүүхэд хандсан. Шүүх хуулийнхаа дагуу тэр хүнд ямар арга хэмжээ авах нь тэдний шийдэх асуудал. Гэтэл шүүх зургаан хоногоо дуусгасны дараа намайг “Та Сүхбаатар дүүргийн Засаг даргад ямар хариуцлага хүлээлгэмээр байгаагаа тодорхой бич” гээд буцаасан. Уг нь түүнийг шүүх шийдээд өгөөч гээд явж байгаа хэрэг шүү дээ.

-Таны суултын зорилго юу юм бэ?

-Төр засгийн бодлого урагшгүй, хүн ардаа боддоггүй увайгүй, үхээнц бодлогыг нь шүүмжилж “Би л лав тэвчихгүй” гэсэн уриатай суулт юм. Энэ хүрээнд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гуравт шаардлага хүргүүлэх төлөвлөгөөтэй байсан. Нэгэнт надад эрхийг минь эдлүүлж үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх боломж олгохгүй байгаа учраас шаардлагаа танай сониноор дамжуулж товчхон хэлчихмээр байна.

-Бололгүй яахав?

-Үндсэн хуулийн Цэц өнгөрсөн наймдугаар сарын 15-нд давхар дээлийн асуудлыг шийдсэн. Ямар асуудал шийдсэн нь чухал биш, гол нь Цэц Үндсэн хуульд бүдүүлгээр халдаж Үндсэн хуулийг зөрчсөн. Үндсэн хуулийн 64.1-т Үндсэн хуулийн Цэц нь Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавина гэж байгаа. Энэ бол Үндсэн хуульд өөрт нь хяналт тавина гэсэн үг биш. Цэц энэ үйлдлээрээ Үндсэн хуульд халдаж болдог гэсэн муу жишиг тогтоож байна. Үүнийг УИХ хүлээн зөвшөөрөөд баталж байгаа нь УИХ өөрөө төрийн эрхийг барих, хууль санаачлах, хууль батлах, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүргээ чандлан биелүүлэх чадамжгүй болсон гэж үзэж байна. Тиймээс алдаагаа засч, ёс зүйн хариуцлага хүлээ. Хэрэв алдаагаа засахгүй бол УИХ-ын гишүүдийг дахин сонгохыг шаардаж эсэргүүцлийн суулт зохион байгуулж олны дэмжлэг хүснэ гэж УИХ-ын дарга Г.Занданшатарт хандахыг хүссэн.

Баяр наадмын үеэр Их тэнгэрийн аманд том хүлээн авалт зохион байгуулсан Ерөнхийлөгчид ёс зүйн хариуцлага хүлээж уучлалт гуйн, тэрхүү тансаг зардалд гаргасан их хэмжээний мөнгөө буцааж төлөхийг шаардаж байна. Ерөнхийлөгч бол бүх ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг гэдэг. Гэтэл ард түмнээ ялгаварлан гадуурхаж, хэсэг бүлэг хүмүүст зохион байгуулалттайгаар тансаг үдэшлэг хийж бидний татварын мөнгө бөгөөд өвөг дээдсээс өвлөгдөн ирсэн газар нутгаас хуримтлагдсан эд хөрөнгөөр их зардал гаргаж тансаг шоу зохиосон.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бол залуу хүн. Ид хийж бүтээх насан дээрээ яваа. Тэгэхэд өмнөд хөршийн ерөнхийлөгч Си Жиньпин 70 гарчихсан хүн. Тэрбум гаруй хүн амаа 20 жилийн дотор чинээлэг давхаргад аваачина, 2050 он гэхэд дэлхийн тэргүүлэх гүрэн болно гэж зарлачихсан. Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди ч бас хөгшин хүн. Тэрээр 25 жилийн дотор тэрбум хүнийг дундаж давхаргад хүргэнэ гэж сая зарлалаа. Тэгэхэд Л.Оюун-Эрдэнийн “Алсын хараа 2050” гэсэн бодлогын баримт бичиг нь өлбийсөн үхээнц. Өнгөрсөн 30 жил ингэж л явсан. 2050-даа хөрш улсуудын стратеги бодлогыг тооцоолоогүй, ард иргэдийн ашиг сонирхол, хүсэл зорилгыг тусгаагүй. Тиймээс алсын хараа 2050-даа олон нийтийн хүсэл зорилгыг тусгах ёстой. 2050 он гэхэд нэг хүн 5000 ам.долларын цалин авдаг болно гээд байгаа. Тэр үед 5000 доллар одоогийнх шигээ үнэ цэнэтэй байх уу.

-Эдгээр шаардлагыг тавьж суулт зарлахаар зэхжээ дээ. Гэтэл зөвшөөрөхгүй байгаа нь сонирхолтой юм?

-Би ч бас гайхаж байна. Монголд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх иргэний эрх чөлөө байхгүй болсон юм байна. Энэ бол бүх иргэнд Үндсэн хуулиар олгосон эрх. Энэ эрхээ монголчууд эдэлж чадахгүй нь.

Үүнээс гадна Монголд Путинтай болоход нэг л алхам үлдэж. Үндсэн хуулийн Цэц нь Үндсэн хуулийг өөрчилдөг жишиг тогтоочихлоо. УИХ нь зөвшөөрдөг болчихлоо. Үндсэн хуульд Монгол Улсын Ерөнхиийлөгчийг зургаан жилээр зөвхөн нэг удаа сонгоно гээд заачихсан байгаа. Гэтэл “зургаан жил” гэдэг үг Үндсэн хуулийн агуулгад зөрчигдөөд байна гээд авч хаяад нэг өглөө сэрэхэд “Монгол Улсын Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа сонгоно” гээд баталчихад л бид Путинтай болох эрсдэлтэй байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

С.Самдан: Засгийн газар “Буянт-Ухаа”-д цахиурын хөндий байгуулна гэж оросуудын бүтэлгүйтсэн төслийг яг давтаж байна DNN.mn


Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар Цахим хөгжил харилцаа холбооны яам, түүний харьяа байгууллагууд, инновацийн чиглэлийн компаниудыг Буянт-Ухаа нисэх буудлын байранд нүүлгэн шилжүүлэх шийдвэрийг танилцуулсан. Нэг ёсондоо Буянт-Ухаа нисэх онгоцны буудалд цахиурын хөндий бий болно гэж албаны хүмүүс танилцуулж байна.

Энэ шийдвэрт олон нийт янз бүрийн байр суурь илэрхийлсээр байгаа юм. Нисэх буудлын хүрэлцээ дутмаг байгаа энэ үед хуучин нисэх буудлыг зориулалтаар нь бүрэн ашиглах ёстой, төрийн хоосон байрууд нийслэлээр дүүрэн байгаа гэж үзэх нэгэн байхад цахиурын хөндийн төсөлд манай улс хэр бэлэн байгаа, үр дүн өнөөдрийн төлөвлөснөөр гарч чадах эсэхэд мэргэжлийн хүмүүс ч эргэлзэж байна.


Тэр дундаас технологи инновацийн төв байгуулах энэ төсөл дампуурах эрсдэлтэй хэмээн онцолсон иргэн С.Самдантай цөөн хором ярилцлаа.


-Засгийн газраас хуучин Буянт-Ухаа нисэх онгоцны буудалд цахим хөгжлийн салбарынхан ажиллаж, цахиурын хөндий байгуулах шийдвэрийг гаргаж байна. Манайхтай ижил ийм төсөл ОХУ-д хэрэгжээд бүтэлгүйтсэн гэж та олон нийтийн сүлжээнд тайлбарласан байсан. Энэ талаар дэлгэрүүлж өгөхгүй юү?

-Аливаа зүйлд биелэх бодитой үндэслэл, шаардлага гэж чухал юм бий. ОХУ-ын Москва хотын ойролцоох жижигхэн хотод социалист нийгмийн үед, хоёр систем хоорондын хүйтэн дайны үед цөмийн энергийн асуудал их хурцаар тавигдаж байсан. Үүн дээр ЗХУ-ын удирдлагууд өндөр ач холбогдол өгч, Судалгаа шинжилгээний төв байгуулах шийдвэрийг гаргаж байв. Түүнд нь манай улсын цөмийн энергийн салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэд олноор ажиллаж байсан. Энэ төв бол тухайн үедээ зайлшгүй шаардлагатай, суурь хэрэгцээ нь байсан учраас байгуулагдсан хэрэг.

Тэгвэл манай өнөөдрийн Засгийн газрын цахиурын хөндийн шийдвэртэй холбоод ярих бас нэг түүх байна. ОХУ-ын ерөнхийлөгч Медведев 2010 онд өөрийн санаачилгаар технологи инновацийн төв байгуулах шийдвэр гаргаж байсан. Гол нь АНУ-ын цахиурын хөндийгөөс санаа авч хэрэгжүүлсэн хэрэг. Оросууд бол их гүрний амбиц, санаа бодлоос салаагүй улс шүү дээ. Бид адилхан дэлхийн том гүрэн мөртлөө АНУ-аас хоцрогдож байна гэдэг санаагаар төр засгаасаа дэмжээд эхлүүлсэн төсөл.

Үүн дээр нэг онцлох зүйл бол хувь хүний хүчин зүйл гэж бий. Аливаа улсын бодлого гаргаж байгаа үед энэ зүйл маш их нөлөөлдөг. Жишээ нь, ерөнхийлөгч Медведев гар утаснаас ер салдаггүй нөхөр байсныг санаж байгаа байх. АНУ-д айлчлал хийхдээ хүртэл ерөнхийлөгч Барак Обаматай “Iphone”-ы шинэ загвараар сэйлфи хийж байсан удаатай. Өөрөө технологид сонирхолтой хүн учраас төрөөс дэмжлэгтэй ийм төслийг санаачилсан. Гэтэл 2012 онд Путин ерөнхийлөгч болоод нөгөө төсөлд төрийн дэмжлэг татаас дутагдаад зогссон. Одоо тэндээс юу үлдсэн бэ гэвэл хэдэн сайхан барилга байгууламж л торойгоод хоцорсон.

-Төр нь оролцсон төсөл учраас зогссон хэрэг үү?

-Мэдээж. Тухайн үед 100 тэрбум ам.долларын санхүүжилтийг төрөөс нь гаргасан. Барилга байгууламжийг цогцоор нь барьж, тэнд инженер техникийн ажилтнууд нь амьдрах бүх боломжоор хангаж өгсөн. Хоёрт, гадны хөрөнгө оруулалтыг татна. Технологийн том том мангас, компаниудыг оруулж ирнэ гээд л босгож байсан төсөл.

Аливаа улс төрийн ч бай, эдийн засгийн ч бай бүх шийдвэр, үйл ажиллагаанд суурь хэрэгцээ шаардлага гэж нэг юм бий. Суурь шаардлага, хэрэгцээ байсан ч үүн дээр төр хутгалдаад оролцоод ирэхээр явдаггүй. АНУ-ын цахиурын хөндийд төрийн оролцоо байгаагүй. Жинхэнэ органикаараа босч ирсэн.

Манайд цахиурын хөндий хэрэгтэй юү гэвэл хэрэгтэй. Цахиур хагалж байгаа монгол залуус олон байдаг. Гол нь тэдгээр залуус өөрсдөө санаачлаад явах нь энэ том зорилго ажил хэрэг болох гол үндэс нь. Харин манайд төр нь хэрэгжүүлнэ гэж байгаа нь асуудал. Манайх яг л Оросын араас явж байна. Монголын төр засгийн бодлого хоёр алхмын цаадахыг харахгүй байна шүү дээ. Цахиурын хөндий байгуулах нэрээр одоо маш их мөнгө зарцуулна. Энэ нь ямар ч үр ашиг өгөхгүй. Үүний оронд IT-гийн 500 инженер бэлтгэчих л дээ. Энэ нь хамаагүй өгөөжтэй. Хүнийхээ оюун санаа, боловсрол, мэргэжилд хөрөнгө оруулах хэтийн бодлого байх ёстой. Тэгж байж 10 жилийн дараа Монголын цахиурын хөндий хөгжинө.

-Төрийн бодлогод хувь хүний хүчин зүйл нөлөөлдөг гэлээ. Цахиурын хөндий байгуулах ажлыг салбарын сайд Н.Учрал нэлээд удаан ярьж байгаа. Таныхаар бол энэ зөв хувилбар биш гэсэн үг үү?

-Манайд ажил буруу явдаг гурван хүчин байгаа юм. Нэг нь, дээр хэлснээр хувь хүний амбиц, хүчин зүйл. Үүний нэг жишээ нь, Н.Учрал сайд гэж харж болно. Түүний зорилго бол “Би өнөөдөр Монголын төрд тоглогч байна. Цаашид ч байсаар байна” гэсэн поп бодлогын илэрхийлэл. Энэ улс ингэж хөгжинө гэсэн алс ирээдүйн бодлого биш.

Төр өөрөө аливаа зүйлд гар хөл оролцоод үр ашигтай байж чаддаггүй. Жишээ нь, “Номадс” сүлжээ рестораныг хар л даа. Энд төр оролцоогүй. Үндэс суурь, шаардлага хэрэгцээ нь байсан. Түүн дээр хувь хүн хөрөнгө оруулаад босгосон.

Нөгөө талаар монгол хүний нүүдэлчин сэтгэлгээ огт салахгүй явдаг. Нэгнийхээ дор орохгүй, нэгнийгээ дээшээ гаргахгүй гэсэн сэтгэлгээ. Нэг нь шинэ зүйл хийхэд зэрэгцэж хийгээд унагаачихдаг. Хаан бууз гээд л сүлжээ яаж гарч ирлээ. Гэтэл араас нь хатан бууз, хуушуур гээд борооны дараах мөөг шиг гарч ирсээр нөгөө “Хаан бууз” нь Их дэлгүүрийн урд ганц салбар л үлдээд байх шиг байна. Энэ бол бас нэг хүчин зүйл.

-Түүнээс гадна энэхүү инновацийн төв байгуулах газар нь олон нийтийн сонирхлыг ихээхэн татаж байгаа. Шинэ нисэх буудал байгуулагдсан ч ачааллаа дийлэхгүй, байнгын шүүмжлэл дунд яваа. Гэтэл хуучин Буянт-Ухаа нисэх буудлын байрыг ашиглана гэж байгаа?

-Ерөөсөө алс хэтийн бодлого байхгүйн жишээ юм л даа. Хэдийгээр өнөөдөр ковид, дайн гээд зах зээл хумигдсан ч үргэлж энэ чигээрээ байхгүй. Цаашид манай улсыг зорих жуулчид нэмэгдэнэ. Одоогийн манай шинэ нисэх буудлын багтаамж чамлалттай байгаа. Ийм үед дахиад нэг нөөц нисэх буудал байх нь алс ирээдүйд хэрэгтэй зүйл. Өнөөдөр нэг хүний амбицаар шийдвэр гаргахад ирээдүйд нэн хохиролтой. Байр байшин яах вэ, нийслэлээр нэг байна.

Шинэ нисэх буудлын гэрээнд Буянт-Ухааг зориулалтаар нь ашиглаж болохгүй гэдэг хатуу заалтын талаар сүүлийн үед яриад байгаа. Энэ заалтыг хэн ч юу ч гэж тайлбарлаж болно. Буянт-Ухааг татаасыг нь төлөөд байлгаж байх ёстой юм. Таван жилийн дараа л гэхэд ямар өөрчлөлт бий болохыг хэн ч өнөөдөр төсөөлж чадахгүй шүү дээ. Гол нь бидэнд үүнийг харсан алс хэтийн бодлого байх ёстой. Ийм ойворгон алс хэтээ огт бодохгүйгээр шийдэж байгаа нь дэндүү харамсалтай.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Г.Эрдэнэтуяа: Хөрөнгө оруулалтыг богино хугацаанд татах нэг хувилбар бол татварын хөнгөлөлт DNN.mn

Монголын уул уурхайн ассоциацийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяатай ярилцлаа.


-“Монголын уул уурхайн 7 хоног” чуулганд таны тавьсан илтгэл анхаарал татаж байлаа. Монгол Улс уул уурхайн салбарын хөгжлөөрөө дэлхийн хаана явна вэ гээд эргээд харахад ойлголтын зөрүү нэлээд их байх шиг байна?

-Хөрөнгө оруулагчид биднийг яаж харж байна, бид өөрсдийгөө яаж хараад байгаа юм бэ гэхээр сонин дүр зураг харагддаг. Бид өөрсдийгөө эрдэс баялгийн гол төв, цэг, эндээс л дэлхий нийтийн бүх түүхий эд гарч, аж үйлдвэржилтийн салбар хөгжөөд байгаа юм шиг бодоод байдаг. Гэтэл бид гадаад зах зээл дээр маш өчүүхэн хэмжээний түүхий эдийг экспортолж байгаа. Нөгөө талд хөрөнгө оруулалт татна гэдэг бол үйлчилгээ санал болгож, өрсөлдөж олж авдаг зүйл. Гэтэл хууль эрх зүйн орчноо сайжруулангуут маргааш нь хөрөнгө оруулалт орж ирнэ гэж ойлгоод байна. Ийм байдал сүүлийн 10 гаруй жил үргэлжилсэн.

Хөрөнгө оруулагчид орж ирэхгүй байна гэдэг тэдний сонирхлыг татахгүй байна гэсэн үг. Мэдээж хүн бараа худалдаж авахдаа аль болох хямд, үйлчилгээ сайтайг нь худалдаж авдаг. Харамсалтай нь бидэнд яг тэр санал болгох таатай зүйл нь байхгүй байна.

-Хатуухан сонсогдож байна шүү…?

-Үнэн шүү дээ. Дэд бүтэц хүндрэлтэй байна. Эрчим хүчний хувьд маш их хомсдолтой. Оюу толгой төслийн цахилгаан станцыг барих гэж хэдэн жил яригдлаа. Одоо болтол барьж чадаагүй. Эрчим хүчээрээ ОХУ-аас хамааралтай. Өөрдсийнхөө өдөр тутмын хэрэглээг ч хангаж чадахгүй байгаа цаг үе шүүү дээ. Хүнд үйлдвэрийн салбарт эрчим хүч дараагийн том хүндрэл бэрхшээл болж байгаа.

Түүгээр зогсохгүй бид эдийн засгийг тэлэх, өр ширээ дарах асуудалтай нүүр тулчихсан яваа. Дэлхий нийтээрээ эдийн засгийн хямралтай нүүр тулж байгаа учраас улс орнууд өрсөлдөж байна. Өнөөдөр дэлхий даяар 13000 уул уурхайн төсөлд 1.2 их наяд ам.долларын хөрөнгө эргэлдэж байна. Тэндээс улс орнууд олж авахын тулд нийтээрээ хөдөлж байна. Перу гэхэд “Бид уул уурхайн улс. 38 төсөлд 58 тэрбум ам долларын хөрөнгө оруулалтыг ойрын таван жилд төвлөрүүлнэ” гэж зарлаж олон улсад зарлачихлаа. Ийм тодорхой төлөвлөгөөтэй, төсөв мөнгөтэйгөөр төр нь өөрөө сурталчилж байна. Өөрөөр хэлбэл, татварын орчныг гадныхан маш их санал болгож байна. Эхний таван жил ашиг орлогогүй, барилга бүтээн байгуулалтын ажил ихтэй үед нь татвараас чөлөөлж байна. Энэ бол хөрөнгө оруулагчдад хамгийн том хөшүүрэг болдог. Манай улсын хувьд яг үнэндээ уул уурхайн салбар хөгжөөд 100 жил болж байгаа ч дандаа төрийн өмчит, хамтарсан үйлдвэрүүдтэй олон жил явлаа. Баруунаас орж ирсэн анхны төсөл л “Бороо гоулд” буюу Канадын төсөл шүү дээ. Тухайн үед таван жилийн хугацаанд татвараас чөлөөлнө гэж дээрх аргыг хэрэглэж оруулж ирсэн. Гэтэл энэ хугацаанд нь тэсч чадаагүй. Нөгөө компанийг идлээ уулаа, уул ус ухаад хаячихлаа гээд бүх хууль эрх зүйн орчныг нь өөрчилчихсөн. Эндээс 68 хувийн гэнэтийн ашгийн татвар гээд л гаргаад ирсэн. Тэр үеийн алдаа нь юу вэ гэвэл гэнэт нэг төсөл дээр зориулж гаргасан нь хууль нь бусад жижиг төслүүдэд асуудал үүсгэсэн. Маш олон шороон ордууд хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж байгаад хууль бус нинжа гэдэг статус руу шилжиж орсон шүү дээ. Тэгэхээр хуулинд хандах, хуулийг өөрчлөх тал дээр маш болгоомжтой байхгүй бол эргээд сөрөг үр дагавар маш ихтэй. Үүнийг л бид уриалсаар байгаа. Аливаа хуулиар оролдохдоо маш бодолтой, болгоомжтой байхгүй бол бидэнд засах залруулах хугацаа олдохгүй байна. Тэр хугацааныхаа эдийн засгийн хүндрэлийг дааж чадахгүй хэмжээнд хүрчихээд байна.

-Нүүрсний АМНАТ-ын жишиг үнийн асуудал дээр нэлээд маргаан үүссэн. Одоо ч нэг талд гаргаж чадаагүй. Гэтэл нүүрсээс валют оруулж ирэх ёстой байдаг. Таныхаар шийдэл юу байна вэ?

-Нүүрс бол манай экспортын голлох бүтээгдэхүүн. Золоор гэдэг шиг бидэнд хамгийн том хэрэглэгч орон маань урд хөрш. БНХАУ өөрөө жилд 4.7 тэрбум тонн нүүрс хэрэглэдэг. Үүнээс гурав орчим тэрбум тонныг нь өөрсдөө олборлодог, маш том олборлогч. Харин манайх бол жилд 40-хөн сая тонн нүүрс олборлодог. Түүнийхээ 30 сая тонныг л хилээр гаргадаг.

АМНАТ гэхэд хуулин дээрээ 5-8 хувийн татвар оногдуулна гэчихээд бодит байдал дээрээ жишиг үнийн асуудлаас болоод 20-30 хувь татдаг болчихсон байх жишээтэй. Энэ журам нь хуулиа давчихсан асуудал. Төсөл хэрэгжүүлэгчид анх ТЭЗҮ-ээ харахдаа татвар 5-8 хувь байх нь ээ гээд явж байтал 20-30 хувийн татвар төлөх болчихож байна. Тодруулбал, Монголын зах зээл дээр борлуулж байгаа үнээс нь биш гадаадын заах зээл дээр зарласан үнээс нь татвар аваад байгаа. Ингэхээр олборлогчид ашиггүй байна гээд экспортоо хумьчихаж байна.

-Хөрөнгө оруулалтыг татах тал дээр Засгийн газар дорвитой шийдэл санал болгож чадахгүй байна гэж харагдаад байгаа. Зөв үү?

-Яахав, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээсэн зүйл хэлж байна. Хөрөнгө оруулагчдын үйл ажиллагааг явуулна, дэмжинэ гэсэн байр суурь илэрхийлсээр байна. Энэ бол асуудлаа олж харж байна гэсэн үг. Гол нь бодитоор, богино хугацаанд шийдвэрлэх деталь асуудлууд байна. Түүнийг зоригтой хийх хэрэгтэй. Мэдээж төрийн бус байгууллага, хувийн хэвшлүүд асуудлыг маш их ярьж, гарц шийдлийг гаргаж тавьдаг. Хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах тал дээр ядаж байгаа төслүүдээ богино хугацаанд эдийн засгийн эргэлтэд оруулах болов уу гэсэн хүлээлт өндөр байна.

-Таны хэлснээр богино хугацааны шийдэл гэдэг валют ховордсон энэ цаг үед хэрэгтэй алхам. Ямар шийдэл та санал болгох вэ?

-Доллар орж ирдэг ганц салбар маань л уул уурхай. Экспортоо нэмэгдүүлж аль болох бараа бүтээгдэхүүнээ борлуулж байж долларыг нэмэгдүүлнэ. Аж үйлдвэржилтийг нэмэгдүүлье гээд байгаа ч өнөөдөр хөрөнгө оруулалтыг нь яах вэ гээд нөгөө л чөтгөрийн тойрог шиг юм болчихоод байгаа. Том төслүүдээ дэмжье гэхээр хөрөнгө оруулалт шаардана. Богино хугацаанд үр өгөөж өгөхгүй шүү дээ.

Эхний боломж бол экспортоо нэмэгдүүлж гаргах хэрэгтэй. Алтны үйлдвэрүүдийн бүтээгдэхүүний гаралтыг нэмэгдүүлье. Ингэхээр импортын асуудал гарч ирдэг. Үйлдвэрлэгчид боловсруулах үйлдвэрийн түүхий эдээ урд хөршөөс авдаг. Гэтэл хил гаалийн асуудлаас болоод энэ нь хүндэрсэн.

Түүнээс гадна богино хугацааны хөрөнгө оруулалт бол татвараас чөлөөлөх арга байж болно. Урт хугацаандаа мэдээж өөр, өөр арга замыг тодорхой болгох ёстой. Хайгуул хийгдэхгүй болохоор хичнээн төсөл яаж цаашаа явах нь тодорхойгүй болчихож байгаа юм. Дэлхийн чиг хандлага критикал минерал руу явж байгаа. Гэтэл манайх үүнээс дахиад 10 жил хоцрох нь тодорхой болж байх шиг байна. Мөн дараагийн “Оюу толгой”, “Эрдэнэт”-ээ олохгүй бол дараагийн ашиглах төсөл байхгүй болно.

Нөгөө талдаа гадаад зах зээлээр зогсохгүй дотоодын аж ахуйн нэгжүүдтэйгээ маш сайн ажиллах шаардлагатай. Тэдэнд дараагийн төслүүдийг эхлүүлэх боломжийг олгох хэрэгтэй. Мэдээж тэд дотооддоо үйл ажиллагаа явуулаад сурчихсан учраас манай хууль эрх зүйн нөхцөл байдал, тогтвортой байдал ямар байна, хэрхэн өөрчлөгддөгийг харьцангуй мэддэг болчихсон. “Рио тинто”-д гэхэд дараагийн хайгуул хийх боломжийг олгоход буруудахгүй.