Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Ганхөлөг: Энэ бол таван залуугийн асуудал биш, Монголын бүх иргэнд олгогдсон эрхийг хааж боогдуулах ажиллагаа боллоо DNN.mn

-Хуул ь бус үйлдлийг шүүмжилж хууль ёсыг шаардсан иргэд шүүгдэж, яллагддаг болжээ –


Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн гурван өдрийн турш Э.Одбаяр, Ц.Чинбат, Б.Билгүүн, Л.Ганхөлөг, Б.Бямбагэрэл нарын таван залууд холбогдох хэргийг шүүж, зорчих эрхийг нь хязгаарлах шийдвэрийг гаргалаа. Прокуророос тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу худал мэдээлэл тараах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Бүлэглэн хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэх зүйл ангиудаар буруутгажээ.

Шүүгдэгч залуус ийнхүү ярьж байна.


АН-ын Үндэсний бодлогын хорооны Тамгын газрын дарга, “No dou­ble standart” хөдөлгөөний гишүүн Л.Ганхөлөг:

-Бид цагдаагийн байгууллага дээр хууль бус ажиллагаа болж байхад хууль ёсыг шаардаж очоод сүүлдээ хууль зөрчигч болоод өнгөрч байна. Өнгөрсөн нэг жил нэг сарын хугацаанд хууль хүчний байгууллагынхан нийгэмд буруу ойлголт өгч явсаар сүүлдээ шүүгдэх хэмжээнд хүрч, хэргийн ялтан болгож оруулж ирлээ. Уг нь бол хууль сахиулагчид өөрсдөө хуулиа зөрчиж явсан шүү дээ. Бид зүгээр л үг хэлэх эрх чөлөөгөө эдэлж Оросын Элчингийн гадна “Дэлхий нийтээрээ энх тайван байх ёстой” гэж жагссан залуус. Энэ жагсаал цуглаан цаашдаа өргөжих юм байна гэж эрх мэдэлтнүүд айж, ямар ч хамаагүй шалтгаан гаргаж яллан, дуугүй болгох зорилготой үйл явц болж байна.

МАН-ын генсек гээд байгаа нөхөр олон нийтэд маш буруу ойлголтыг төрүүлж байна. Цаана нь том сонирхол байгаа учраас ингэж төөрөгдүүлж байгаа хэрэг.

Э.Одбаярыг Ерөнхий сайдын нэр төр, алдар хүндийг гутаасан худал мэдээлэл тараасан гээд байгаа. Энэ гомдлыг МАН-ын хуулийн хэлтсээс гаргасан байгаа юм. Ерөнхий сайдын асуудал дээр МАН ямар хамаатай юм бэ. Үнэндээ Э.Одбаяр шүгэл үлээж хүний амь настай холбоотой асуудлыг олон нийтийн анхааралд оруулаагүй байсан бол осол маягаар өнгөрөх байсан юм билээ.

Ингээд харахаар Монголд бүх зүйл урвуугаараа эргэчихэж. Цагаан дээр хараар бичсэн хууль байхад хуулийг зөрчсөн хууль сахиулагчид хохирогч болоод хууль шаардсан иргэд нь хууль зөрчигчид болдог юм байна. МАН өнгөрсөн хугацаанд хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой том хурал цуглаан хийгээд л байсан. НҮБ-аас 99.3 хувь нь шүүхийн шийдвэргүйгээр баривчилж байна гэлээ шүү дээ. Ийм л байна.

Өнгөрсөн хугацаанд болсон үйл явдлыг харахаар хуулийнхан их зальтай харагдаж байгаа юм. Цаасан дээр бол ямар ч үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэхтэй холбоотой үг үсэг байхгүй. Худал мэдээлэл тараасан гэх өөр хэргийн талаар биччихдэг. Тэгсэн хэрнээ шүүх танхимд прокурор болохоор үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэхтэй холбоотой зүйл, ял яриад байдаг. Эд нар юм л бол сошиал дээр юм бичиж байдаг гээд л. Гэтэл эрх баригчид өнгөрсөн хугацаанд ковидын хатуу дэглэмийн үеэр жирийн иргэдийг хөл хорьчихоод өөрсдийгөө сурталчилж юу ч хамаагүй хийж ирсэн. Түүнийг нь эсэргүүцээд залуус жагсаад эхлэхээр эрх мэдлээ алдахаас айж байна. Хоёрт, Оросын Элчингээс, ОХУ-аас айж байна. Нэг ёсондоо бүх амьтан тэгш эрхтэй, гэхдээ гахай арай илүү тэгш эрхтэй гэдэг юм л болоод байна.

Биднийг шүүх танхимд цагдаа нараас айхгүй байна гээд байгаа юм. Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэмд цагдаагаас айх ёсгүй. Цагдаа нарыг хараад баярладаг байх ётой. Цагдаа нараас айхгүй байгаа учраас яллаж, айлгах ёстой гэдэг үйл явдал л боллоо. Түүнээс гадна ингэж хамаагүй үзэл бодолдоо үнэнч тууштайгаар жагсаж цуглаад байх юм бол ямар үр дүнд хүрдэг юм бэ гэдгийг биднээр харуулж байна. Үүн дээр иргэд мэдрэмжтэй байх ёстой. Зөвхөн таван залуугийн асуудал биш юм, Монголын бүх иргэдэд олгогдсон эрхийг хаан боогдуулж, айдаст автуулсан үйл ажиллагаа юм.

Б.Билгүүн:

-НҮБ-ын тайлан дээр дур зоргоор баривчлах үзэгдэл Монголд 99 хувь байна гэж гарлаа. Энэ бол 2022 оны аравдугаар сард гарсан тайлан. Бидний асуудал бол 2021 орны есдүгээр сарын 30-наас эхэлсэн. Үзэл бодлоо илэрхийлсэн залуусыг цагдаагийн байгууллага хойшлуулшгүй ажиллагаа нэртэй дур зоргоор баривчлах үйл ажиллагаа удаа дараа явагдсан. Тодруулж хэлбэл, иргэн Д.Монголхүүг гэрээс нь шөнө ямар ч зөвшөөрөлгүй баривчилж яваад хорих гээд байна гэсэн мэдээллийн дагуу бидний хэдэн залуус Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр очсон. Явж очиход Д.Монголхүүг өмгөөлөгч авах эрхийг нь эдлүүлээгүй, эрх зүйн туслалцаа үзүүлэхээр очсон өмгөөлөгчийг дотогш нэвтрүүлэхгүй нөхцөл байдалтай байсан. Дээр нь цагдаа нарт Д.Монголхүүг баривчлах зөвшөөрөл байгаагүй. Ингээд 461 дүгээр анги руу авч явсан. Харин Шүүхийн шийдвэрийнхэн ч хүлээж аваагүй учраас бид Д.Монголхүүг аваад явсан. Ийм л хэрэг болсон. Гэтэл биднийг Д.Монголхүүг оргуулсан гээд байгаа.

Шүүх хурлын гурван өдрийн турш өмгөөлөгчид маргалдлаа. Энэ бол гэмт хэрэг биш. Зөрчлийн шинжтэй ч асуудал биш. Энэ бол иргэн үг, үзэл бодлоо илэрхийлэх явцад хууль хүчний байгууллага хууль бус шаардлага тавьж хариуд нь иргэд эсэргүүцсэний үүднээс бий болсон асуудал гэж. Прокурорын байгууллагаас бидэнд есөн сараас 1.2 жилийн хорих ял оноох санал оруулж ирсэн. Шүүгч зорчих эрхийг хязгаарлаж буулгаж байх шиг байна. Гэхдээ энэ тогтсон стандарт болчихоод байна. Прокурор ялладаг, шүүгч тодорхой хэмжээгээр багасгадаг. Уг нь прокурор нотолж чадахгүй, эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн бол цагаатгах байр суурь илэрхийлж болдог. Угаас энэ хэрэгт хүн оргуулаагүй, улсын онцгой объектод халдаагүй.

н.Чинбат шүүх хурал дээр хэлсэн. “Монгол хүний эрх Ардын намын Д.Амарбаясгалангийн аманд байдаг юм байна” гэж. Үнэн. Тэр хүн хүний эрх гэж ярихаас цаашгүй. Тэр хүн энэ хэргийг мэдэхгүй байх боломжгүй. Д.Амарбаясгалангийн хуулийн зөвлөхөөр ажиллаж байгаа н.Эрхэмбаяр энэ хэрэгт өмгөөлөгчөөр оролцсон, ЗГХЭГ-ын Хөгжил бодлого хариуцсан зөвлөх н.Батбаатар ч оролцсон. Ингэхээр МАН Засгийн газар мэдээгүй мэтээр ард иргэдэд ярьж болохгүй. Гэтэл өнөөдөр (өчигдөр) Х.Нямбаатар бас иргэдийг доромжилсон байр суурь илэрхийлж байна. Жагсаал цуглаанаас болоогүй, худал мэдээлэл тараасан болон 461 дүгээр ангид гэмт хэрэг үйлдсэн мэт ойлголт өгөөд байгаа юм. Энэ бол ковидоор болон хавдраар нас барж байгаа хүүхдүүдэд эмгэнэл илэрхийлж Сүхбаатарын талбайд хүүхдийн гуталтай жагсаал хийе гэдэг үйлдлээс эхэлсэн шүү дээ.

Хууль сахиулагчийн хууль бус шаардлагыг биелүүлээгүй ч гэсэн хариуцлага хүлээсэн явдал болж байсан. Прокурор хэлж байна. Хууль сахиулагч хууль бус шаардлага тавьсан ч иргэн түүнийг биелүүлэх ёстой гэж. Хууль бус шаардлагыг эсэргүүцсэн бол хууль зөрчсөнд тооцно гэнэ. Өнөөдөр бидний ял авсан гол шалтгаан бол ердөө л энэ.

Б.Бямбагэрэл:

-Биднийг буруутгасан үйл явдлыг эхлээд товч дурдах ёстой болов уу. Иргэн Д.Монголхүүг шүүхийн шийдвэргүйгээр хууль бусаар баривчилчихлаа гэдэг мэдээллээр бид 461 дүгээр ангид очсон. Зөвшөөрлөө үзүүлээч гэхэд цагдаа нар араас ирж байгаа гэсэн. Шүүхийн шийдвэрийнхэн проркурорын зөвшөөрөлгүйгээр хүн хорих гэж байснаа биднийг хараад Д.Монголхүүг өөрсдөө гаргаад л явуулсан. Ийм л үйл явдалд бид яллагдчихлаа.

Өмгөөлөгчид маань ч гайхаж байгаа юм. Ямар шалтгаанаар ингээд байна вэ. Хохирогч гээд байгаа хүмүүс нь болохоор бид нар хохироогүй гэж байгаа. Шүүх хуралд 461 дүгээр ангийн гурван хүн хохирогч гээд ороод ирсэн. Тэднээс өмгөөлөгч асуухад хохиролгүй, байгууллага гомдоод байна гэсэн. Мөн дээр нь гурван мөрдөгч орж ирсэн. Хууль бусаар хүн баривчилсныг нь хууль ёсных юм уу гэж асууснаар тэд хохирсон гэсэн. Бид энэ зургаан хохирогчийн биед ч хүрээгүй, ямар ч хохирол учруулаагүй. Харин юу болсон бэ гэхээр шүүхийн шийдвэрийнхэн, цагдаа хоёр зөрчилдсөн хэрэг. Энэ нь бидэнд ял авах шалтгаан болчихож байгаад гайхаж байна.

Шүүх хурлын танхимд байгаа хохирогчдыг харахаар бүгд хууль хүчнийхэн. Үнэндээ Монгол Улсын хууль хүчнийхэн бүгд иргэндээ гомдчихдог гээд бодохоор харамсалтай. Үндэслэлтэй бол яахав. Гэтэл ямар ч үндэслэлгүй хэрэгт том ажлын хэсэг байгуулж байгаад долоо хоногийн дотор боогоод шидчихсэн хэрэг. Энэ бол дээрээсээ тушаалтай хэрэг. Үзэл бодлоо илэрхийлж байгаа залуусыг байхгүй болгоё, залхаан цээрлүүлье, дараагийн хүмүүст санамж болгоё гэдэг зорилгоор биднээр туг тахилаа гэж харж байна.

Прокурор нь яллах дүгнэлт дээрээ оруулаад ирчихсэн гэрчийн мэдүүлэг бий. Гэрчүүд нь шүүх хурал дээрээ зөрж ярьдаг. Ямар ч хохирогчгүй. Тэр баривчилгааны үеэр тэнд ямар ч хууль ёсны үйл ажиллагаа байгаагүй. Хэрэв үнэхээр хууль ёсных байсан бол шүүхийн шийдвэрийнхэн өөрсдөө хүнээ гаргаад явуулна гэж байхгүй биз дээ. Биднийг буруутгасан бас нэг зүйл нь бичлэг хийсэн гэсэн. Эцсийн эцэст бичлэг хийгээгүй бол бүр өндөр ял авах байсан. Тэр бичлэгээрээ өөрсдийгөө хамгааллаа.

Хууль хүчнийхэн иргэндээ гомдчихсон, Ерөнхий сайд нь иргэндээ гомдчихсон маш хачирхалтай хэрэг. Хамгийн гол нь 461 дүгээр ангиас оргоод гараад явчихсан гээд байгаа Д.Монголхүүд холбогдох хэрэг аль эрт хэрэгсэхгүй болоод дуусчихсан. Гэтэл тэр хүнээс үүдэж очсон иргэд нь ял аваад дуусч байна. Энэ бол дандаа жагсаал цуглаан хийдэг залуусыг шүүж шигшиж аваад яллаж байгаа нөхцөл байдал харагдаж байна.

Ц.Чинбат:

-Энэ асуудал бүгд одоо төр барьж байгаа МАН болон Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэтэй холбоотой. Биднийг худал мэдээлэл тараасан, төрийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн гэж буруутгасан. Нэгд, худал ямар нэгэн мэдээ огт тараагаагүй. Э.Одбаярын бичсэн постыг хараарай. Нэг ширхэг ч худал үг байхгүй. Тэнд Л.Оюун-Эрдэнийн хамаарал бүхий этгээд гэдэг нэг ширхэг ч үг, утга санаа агуулагдаагүй. Нөгөө талаар тэр мэдээлэл дээр гарсан хэргийг үйлдсэн хүн нь гомдсон хүн гомдоогүй гээд энэ шүүх хуралд оролцоогүй, гомдол нэхэмжлэлээ татаад аль эрт алга болчихсон. Өнгөрсөн нэгдүгээр сарын

хуралдаанаас эхлээд оролцоогүй. Тэгэхэд Л.Оюун-Эрдэнэ юунд гомдоод байгааг гайхаж байна. Энэ хэрэг шууд надтай хамааралгүй ч энэ хэрэг нь бидний хэрэг дээр давхардаж орж ирснээрээ эрх зүйн байдлыг минь дордуулсан.

Хоёрт, “No double stan­dart” хөдөлгөөн юуны улмаас бий болж гарч ирсэн бэ гэдэг асуудал эхнээс нь яригдах ёстой. Хуулийн өмнө хүн бүхэн эрх тэгш байхыг шаардсан. Энэ нь 2021 оны есдүгээр сард Засгийн газар Цахим үндэстэн шоу арга хэмжээг Ковидын хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байхад зөрчин байж, бусад бизнесийг хаан байж өөрсдөө зохион байгуулсан. Үүгээрээ маш олон хүнийг цар тахалд нэрвэгдүүлсэн. Тухайн үеийн ЭМЯ-ны мэдээллээс харахад Цахим үндэстэн шоу арга хэмжээ болох хүртэлх хугацаанд 1000 гаруй хүн ковидын улмаас нас барчихсан байсан. Харин арга хэмжээ болсны дараа 70 хоногийн дотор нас баралт 2010 болж огцом нэмэгдсэн. Энэ бол Засгийн газрын алдаатай бодлого үйл ажиллагаа, санаатайгаар халдвар тараасан явдал болсон. Үүнийг шүүмжилж энэ хөдөлгөөн үүссэн юм. Үүнээс үүдэлтэйгээр иргэд үзэл бодлоо илэрхийлж талбай дээр жагсаж эхэлсэн. Цагдаагийн байгууллагаас удаа дараа хүч хэрэглэсэн үйлдэл гаргасан. Энэ үйлдлийнх үр дүнгээс Д.Монголхүүг хууль бусаар баривчилсан.

Бид хууль ёсны шаардлага тавьсан. Шүүхийн шийдвэрийнхэн хуулиа мөрдөж Д.Монголхүүг гаргасан. Гэтэл шүүхийн шийдвэр цагдаагийн хооронд мөргөлдөөн үүссэн. Д.Монголхүүг оргоогүй гэдгийг прокурорууд өөрсдөө хүлээн зөвшөөрөөд анх үүсгэсэн хэргээ хэрэгсэхгүй болгочихсон шүү дээ. Тэгсэн хэрнээ биднийг хүн оргуулсан гэж буруутгаад яллаж байна.

Энэ бол улс төрийн хэлмэгдүүлэлтийн үр дүнгээр Засгийн газраас бидний амыг хамхиж хөлийг дөнгөлж зогсоох гэсэн арга хэмжээ. Прокурор нь өөрөө энэ этгээдүүдийг яллаж нийгэмд анхааруулга өгөх ёстой гэж анхнаасаа хэлж ирсэн. Шүүх хурал дээр хэлж байсан. Нийслэлийн прокурор н.Ууганбат шүүх хурал дээр “Би бол прокурор хүн, улсын яллагч хүн заавал яллана” гэж хэлнэ лээ. Бас тэрээр “Би Ерөнхий сайдыг өмгөөлнө, өмгөөлөх ч болно, өмгөөлөх эрхтэй” гэсэн нь анхаарал татаж байна. Тийм болохоор энэ бол захиалгатай шүүх хурал боллоо гэж харж байна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Асуудал байгаа бол өнөөдөр надтай ярилц, тэгвэл би маргааш чиний оршуулган дээр уйлахгүй DNN.mn

Тулааны урлагийн алдартай нэгэн тамирчин чухал тэмцээнийх нь өмнө дотны найз нь амиа хорлосон уйтай мэдээг сонсчээ. Тамирчин залуу тэмцээндээ ороод ялалт байгуулсныхаа дараа найздаа болон үзэгчдэд хандан ийн хэлсэн гэдэг. “Чамд асуудал байгаа бол өнөөдөр ирээд надтай ярилцах байсан юм. Тэгсэн бол маргааш би чиний оршуулган дээр уйлахгүй байлаа” гэсэн агуулгатай үгс.

Манай улсад 10.000 хүн тутамд амиа хорлолт эмэгтэйчүүдийн дунд зургаа байдаг бол эрчүүдийнх 30.6 байдаг гэсэн судалгаа бий. Монгол эрчүүдийн сэтгэцийн эрүүл мэнд SOS зарлах хэмжээнд хүрсэн бодит тоо ерөөсөө энэ. Алдартай тамирчны хэлснээр амиа хорлох хэмжээнд хүрэх эрчүүдийн сэтгэл гутралыг давах гол арга бол асуудлаа хэн нэгэнтэй ярилц гэсэн санаа юм. Сэтгэл зүйчид ч ингэж тайлбарладаг, зөвлөдөг. Хүн бүрд асуудал бий. Эмэгтэйчүүд хэн нэгэнтэй хуваалцаж, асуудлаа шийдвэрлэн сэтгэлээ тайтгаруулж чаддаг бол эрчүүд хуримтлуулсаар байдаг. Энэ л хамгийн аюултай. Эцсийн шийдэл амиа хорлолт гэж өөртөө итгүүлдэг.

Тиймээс эр хүн та маргааш дотны хүмүүсээ оршуулгандаа “урихгүйн” тулд өнөөдөр хэн нэгэнтэй асуудлаа заавал хуваалцаарай.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хуульч Н.Нямсамбуу: Долдугаар сарын 1-ний үймээнд хариуцлага хүлээх ёстой албан тушаалтнуудын мөрдөн шалгах ажиллагаа тодорхойгүй байдаг DNN.mn

Одоогоос 14 жилийн өмнө буюу 2008 оны долдугаар сарын 1-нд болсон үймээний үеэр амь үрэгдсэн, хөгжлийн бэрхшээлтэй болсон, эрх нь ноцтой зөрчигдсөн иргэдийн ар гэр, өмгөөлөгчдийн хамтаар өчигдөр мэдээлэл хийв. Энэ үеэр хуульч Н.Нямсамбуугаас зарим зүйлийг тодрууллаа.


-Хохирогчид хуулийн байгууллагад ямар үндэслэлээр хандаж байгаа вэ?

-2008 оны долдугаар сарын 1-ний өдөр Монголын түүхэнд хар толбо үлдсэн. Тухайн үед намуудын удирдагчид жагсаалыг турхирч залуучууд, цагдаагийн албан хаагчид хохирогч болж үлдсэн байдаг. Тухайн жагсаалыг зохион байгуулж иргэдийг турхирсан хүмүүс яагаад өнөөдрийг хүртэл ямар ч хариуцлага хүлээхгүйгээр зүгээр явж байна вэ. Амар тайван эхэлсэн жагсаал сүүлдээ хүчирхийлэл болж, дөрвөн хүн буудуулж, нэг хүн түймэрт өртөж нас барсан.

Мөн ажлаа хийж явсан цагдаагийн алба хаагчид, олон зуун иргэн, гэмтэл авч зарим нь насан туршдаа тахир дутуу болж үлдсэн. 800 гаруй иргэнийг баривчилсан бөгөөд 200 гаруй иргэнд шүүхээс ял оноож, тухайн үеийн цагдаагийн генерал, хурандаа нар эрүүгийн хариуцлага хүлээсэн.

Гэвч үймээний үеэр цагдаа иргэдийг буудаагүй. Хэрэв буудсан бол би хариуцлага хүлээнэ гэж хэлж байсан тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр, Хууль зүйн сайд Ц.Мөнх-Оргил, жагсаалыг эхлүүлэхийг турхирсан Ж.Батзандан, О.Магнай нарын хүмүүс өнөөдрийг хүртэл хуулийн хариуцлага хүлээхгүй явж ирсэн. Эдгээр хүмүүст гэм буруу байгаа эсэх, байгаа бол түүнийг нь тогтоож, зохих хуулийн хариуцлага хүлээлгэх, эсхүл гэм буруу байхгүй эсэх талаар мөрдөн шалгах ажиллагааг хууль тогтоомжид заасны дагуу дахин явуулж өгөхийг шаардсан албан шаардлагыг Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газарт хүргүүлж байна.

-Тухайн үед цагдаагийн удирдлагуудаас эхлээд хариуцлага хүлээгээд хэрэг хаагдсан гэдэг. Та бүхний нэрлэж байгаа хүмүүсийг сэргээж шалгах боломжтой юу?

-Нийтэд ил болсон мэдээллийг үндэслэж нэр дурдаж байна. Жишээ нь, тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр, Хууль зүйн сайд Ц.Мөнх-Оргил, жагсаал цуглааныг уриалж, сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй хамтдаа жагсъя гэж уриалж байсан хүмүүсийн талаар мэдээлэл ил байгаа шүү дээ.

Энэ асуудал 2008 оноос хойш яригдсаар байсан. Сүүлийн үед хууль хүчнийхэн хуучны дуулиантай хэргүүдийг шалгаж эхлээд байна. Тиймээс энэ хэргийг ч гэсэн анхаараасай гэж хүсч байна. Монголын түүхэнд хар толбо үлдээсэн хэргийг хэдэн залуучуудад ял оноогоод, цагдаагийн байгууллагад алба хашиж байсан хүмүүст ял оноосноор эзэнжүүлээд хааж болохгүй. Цаана нь хариуцлага хүлээх ёстой хүмүүс хариуцлагаас мултарсан гэж харж байна. Тиймээс энэ хэргийг битгий мартаач, дахин шалгаад гэм буруутай хүн байгаа бол хариуцлага ноогдуулаач гэж хохирогчид хүсч байгаа юм.

Жишээ нь, гал гарсан, гэнэт цугласан хүмүүс дотроос машин машинаар чулуу гаргаж ирсэн талаар бичигддэг шүү дээ. Түүнийг хэн хаанаас яаж гаргаж ирэв, гал түймэр яагаад гэнэт гарав, шилтэй архинд гал гаргаж байгаад шидсэн зэрэг бүх зүйл зохион байгуулалттай явсан харагддаг. Тэгсэн хэрнээ яг хариуцлага хүлээх ёстой хүмүүсийн мөрдөн шалгах ажиллагаа тодорхойгүй. Тэр тусмаа нийтэд бүр хаалттай. Түүнийг л тодорхой болгох хэрэгтэй байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

“Ажнай” Д.Бат-Эрдэнийн нүүрсэн мөргөцгийн хулгайг мартуузай, Ерөнхий сайд аа! DNN.mn

УИХ-ын гишүүн, “Ажнай” Д.Бат-Эрдэнийг тойрсон олон факт яригддаг, бичигддэг, шалгагддаг. Бүр УИХ, Засгийн хэмжээнд сайд, дарга нар Ажлын хэсэг гаргаад шалгаж тогтоогоод зарладаг. Хариуцлага ярих болохоор урагшилдаггүй, тэгсхийгээд нам болдог.

“Ажнай” Д.Бат-Эрдэнийн ийм нэгэн хэрэг одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2018 оноос хөндөгдөж эхэлсэн байдаг. Д.Бат-Эрдэнийн эзэмшлийн “Таван толгой транс” компани орон нутгийн жижиг “Таван толгой” компанийн 49 хувийг эзэмшдэг. 51 хувийг орон нутаг эзэмшдэг нэртэй ч хөшигний ард Д.Бат-Эрдэнэ бүрэн эрхшээлдээ оруулсныг монголчууд мэднэ. Нэг ёсондоо жижиг “Таван толгой” улсынх биш Д.Бат-Эрдэнийх л гэсэн үг. “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн Цанхийн Зүүн уурхайн урд хэсэг нь орон нутгийн жижиг “Таван толгой” ХК-ийн дөрөвдүгээр уурхайн тусгай зөвшөөрлийн талбайн хойд хэсэгтэй уртрагийн 4831181 солбилцлоор огтлолцдог. Яг энэ огтлолцол дээр нүүрсэн мөргөцөг бий. Энэ нүүрсэн мөргөцгийг хулгайгаар олборлож 268 мянган тонн нүүрсийг хил давуулсан, хохирол нь 20 сая ам.доллар, олборлогч нь орон нутгийн жижиг “Таван толгой” компани болох тухай УИХ-ын гишүүн Л.Энхболд 2018 оноос ярьж эхэлсэн билээ. Гишүүн Л.Энхболд дөрвөн жилийн дараа манай сонины өнгөрсөн баасан гаригийн дугаарт ярилцлага өгөхдөө “…2017 оны тавдугаар сарын 22-ноос зургадугаар сарын 22-ны хооронд Орон нутгийн таван толгойн үйл ажиллагааг бүрэн зогсоогоод ямар ч хамгаалалтгүй болгоод 220 мянган тонн нүүрсийг сарын дотор зөөчихсөн. Яаж 220 мянган тонн нүүрсийг зөөсөн гэж мэдсэн бэ гэхээр машинаар нь тоолсон юм. Гашуунсухайт авто замын шалган нэвтрүүлэх мэдээг харахад тухайн цаг үед орон нутгийн таван толгойн тэр мөргөцгөөс ачиж гарсан машинуудын тоо гараад ирсэн

Ганцхан сарын дотор үйл ажиллагааг нь зогсоож байгаад 220 мянган тонн нүүрс Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө алга болсон. Оройны 18 цагаас өглөөний 06 цаг хүртэл ачилт хийсэн байдаг. Энэ бол тухайн үеийнхээр 20 гаруй сая ам.доллартай тэнцэх нүүрс байсан…” хэмээн дэлгэрүүлж ярьсан нь ноцтой мэдээллүүд байв. Энэ хэргийг тухайн үед АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн талаар мэдээлж байсан ч удалгүй сураг алдарсан. Чухамдаа нүүрсэн мөргөцгийг олборлосон нь үнэн, 2 0 сая ам.долларын хохирол яригддаг, улсын төсөвт улаан мөнгө шилжээгүй. Өөр нэг асуудал бий. “Эрдэнэс Тавантолгой” компанийн эзэмшил талбайгаас байсхийгээд л нүүрс алдагдсан тухай дуулиан дэгддэг. Энэ нь нэлээд эртнээс улбаатай болох нь дараах баримтаас харагдана. Тодруулбал, “Эрдэнэс Таван толгой” ХК-иас “Таван толгой” ХК /орон нутгийн/-д 2012 оны 12 дугаар сарын 6-ны өдөр илгээсэн нэгэн албан бичигт “…”Таван толгой” ХК нь манай компанийн MV -011943 тоот тусгай зөвшөөрөлтэй талбайд хөрс хуулалтын үйл ажиллагаа явуулж, нүүрс олборлосон, мөн тус к oмпанийн MV -011943, MV-016883 тоот тусгай зөвшөөрөлтэй талбайд хөрсний овоолго байршуулсан байна. “Таван толгой” ХК нь дээрх үйл ажиллагаа явуулахдаа “Ажнай” Д.Бат-Эрдэнийн нүүрсэн мөргөцгийн хулгайг мартуузай, Ерөнхий сайд аа! тусгай зөвшөөрөлтэй талбайн эзэмшигч болох “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн эрх ашгийг ноцтой зөрчиж байна… Мөн манай компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд давж нүүрс олборлосны улмаас учирсан хохирол, хөрсний овоолго нүүлгэн шилжүүлэх зардлыг /197 тэрбум 657 сая төгрөг/ төлж, Эрдэнэс Таван толгой компанийг хохиролгүй болгож өгнө үү” гэсэн нь бий. Энэ хэрэг нэлээд өндрөө авч, УИХ, Засгийн газрын хэмжээнд яригдсан. ЗГХЭГ- ын дарга, Монгол Улсын Сайд Г.Занданшатар / 2018.10.23/ мэдэгдэл хийхдээ “…Засгийн газрын хуралдаанаар “Таван толгой” компани өөрөөр хэлбэл, орон нутгийн “Таван толгой” компани төрийн өмчит “Эрдэнэс Таван толгой”-н газраас нүүрс олборлосон байж болзошгүй асуудлыг шалгах ажлын хэсгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатараар ахлуулан байгуулсан. Ажлын хэсэг шалгалт хийсэн судалгаа, дүгнэлтээ Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Энэ дүгнэлтээр жижиг “Таван толгой” компани “Эрдэнэс Таван толгой” компанийн хилийг давж нүүрс олборлосон болох нь тогтоогдсон. Тэд олон жилийн өмнөөс ингэж ажилласан байна… Орон нутгийн ” Таван толгой ” компанид ашиг сонирхлын зөрчилтэй гүйлгээ, хууль бус ийм үйлдлүүдийг тус компанид ноёрхлоо тогтоосон “Таван толгой транс” компани, түүний төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, эзэмшигч “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ, Д.Дагвадорж нар хийж байж болзошгүй байна…Бланс, данс, тооцоо бүртгэлд тусгахгүйгээр нүүрс хулгайлсан нь үндсэндээ тогтоогджээ. Жижиг “Таван толгой”, “Таван толгой транс” компанийн ТУЗ-ийн дарга Ажнайн гэх Бат-Эрдэнэ нарын нөхөд ард түмэнд үүнийгээ тайлбарлах ёстой гэж Засгийн газар үзэж байна” гэж одоогоос дөрвөн жилийн өмнө мэдэгдэж байв. Энэ бол ноцтой зүйл. Нөгөө талаар том баримт. Энэ хэрэгт ЦЕГ-ын харьяа Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн захирал асан Д.Ариунболдыг 2020 оны тавдугаар сарын 4-нд сүр дуулиантай баривчилж байв. Ингээд харахаар “Эрдэнэс Таван толгой”-н эзэмшил талбайгаас нүүрс алдагдсан, хилийн зурвас дээрх нүүрсэн мөргөцгийг хулгайгаар олборлосон явдалд хуулийнхан ч тэр, УИХ, Засгийн газрын хамтарсан шалгалтын багийнхан ч тэр “Ажнай” Д.Бат-Эрдэнийг нэр цохон буруутгаж иржээ. Ерөнхий сайд Л.Оюун- Эрдэнэ нүүрсний хулгайн бүлэгтэй тэмцэхээ зарласан. “Эрдэнэс Таван толгой”-д онц дэглэм тогтоосон. Нэр бүхий хүмүүсийг ч баривчилсан. Чухамдаа их хэмжээний хохиролтой, баримттай, олны нүдэн дээр ил байгаа “Эрдэнэс Таван толгой”, “Таван толгой”-г тойрсон нүүрсний хулгайн хэрэгт л цэг тавьчих хэрэгтэй юм.

Categories
мэдээ нийгэм

Б.Эрдэнэбатын өмгөөлөгч Н.Цэцэгмаа: “Номин”-гийн Ш.Баярсайханы өмгөөлөгч О.Батсүх намайг үндэслэлгүй гүтгэж, хуулийг уландаа гишгэж байна DNN.mn


“Эрэл” компанийн захирал Б.Эрдэнэбат “Номин холдинг” компанийн захирал Ш.Баярсайханаас 20 тэрбум төгрөг залилсан гэх хэрэг хуулийн байгууллагад шалгагдаж байгаа билээ. Ш.Баярсайханы өмгөөлөгч О.Батсүх өнгөрсөн пүрэв гаригт АТГ-т хандаж, “Эрэл” компанийн захирал Б.Эрдэнэбат өмгөөлөгч Н.Цэцэгмаагаар дамжуулан хуулийн байгууллагынханд нөлөөлж, авлига өгсөн хэмээн шалгуулахаар хандаж байгаагаа хэвлэлийнхэнд мэдэгдсэн юм. Мэдээллийн тэнцвэртэй байдлын үүднээс Б.Эрдэнэбат, Д.Сэргэлэн нарын өмгөөлөгч Н.Цэцэгмаатай ярилцлаа.


-Эрэл компанийн захирал Б.Эрдэнэбат “Номин холдинг” компанийн захирал Ш.Баярсайханаас 20 тэрбум төгрөг залилсан гэх хэрэг хуулийн байгууллагад шалгагдаад багагүй хугацаа өнгөрч байна. Энэ хэрэгтэй холбоотой байсхийгээд л таны нэр хэвлэлээр гарах юм. Үнэхээр өмгөөлөгч хүн хуулийн байгууллагад нөлөөлөөд байгаа хэрэг үү. Ер нь энэ хэрэг шийдвэрлэгдсэн үү?

-Юуны өмнө миний үйлчлүүлэгчдэд холбогдох эрүүгийн хэрэг одоогоор эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа тул хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй. Би О.Батсүх өмгөөлөгчийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр өгсөн ярилцлага болон мэдээллүүдийг нь олж харсан. Тэр мэдээлэл дээр О.Батсүх өмгөөлөгч Н.Цэцэгмаа намайг олон жил прокуророор ажилласан, хэргийн шийдвэрлэлтэнд нөлөөлж байгаа, бүр авлига өгч шийдвэрлүүлж байна гэж хардаж байгаа талаараа АТГ-т хандаж гомдол гаргаж байна гэж ярьсан. О.Батсүх нь хэргийн оролцогчийн хувьд ч, хувь хүнийхээ хувьд ч аливаа нэгэн хуулийн байгууллагад хандаж, гомдол гаргах эрхтэй. Хардах ч эрхтэй. Гэхдээ энэ хүн өмгөөлөгч хүний хувьд Өмгөөллийн тухай хууль, Өмгөөлөгчийн ёс зүйн дүрэм, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалт, зарчмуудыг баримталж ажиллах ёстой. Гэтэл эдгээр хуулийн холбогдох заалтуудыг уландаа гишгэж, адилхан өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлж байгаа намайг хардах нэрийн дор олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гүтгэлээ.

Би 2014 оны гуравдугаар сард прокурорын байгууллагаас өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдсөн хүн. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн тухайн үед хүчинтэй байсан 30 дугаар заалтын дагуу хуульчийнхаа хувьд Улсын дээд шүүхэд хандаж, шүүхэд төлөөлөх эрхээ авсан. Энэ хуулийн зохицуулалтаар прокуророор ажиллаж байсан хүн өмгөөллийн үйл ажиллагааг шууд явуулахыг хориглоогүй байсан. Би өмгөөллийн эрхээ аваад өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлснээс хойш 8 жил 8 сарын хугацаа өнгөрч байна.

2019 онд батлагдсан Өмгөөллийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.2-т зааснаар үйлчлүүлэгчийн ашиг сонирхлыг хөндсөн маргаан бүхий шийдвэрийг гаргах эрх бүхий ажил, албан тушаал эрхэлж байсан бөгөөд түүнээс хойш гурван жилийн хугацаа өнгөрөөгүй бол өмгөөллийн үйл ажиллагаа явуулахыг хориглох заалттай болсон. Гэтэл хуулийн энэ заалтыг О.Батсүх өмгөөлөгч мушгин гуйвуулж, намайг дөнгөж сая прокурорын албан тушаалаас чөлөөлөгдөөд шууд хууль зөрчөөд өмгөөллийн үйл ажиллагаа явуулсан мэт ойлголтыг олон нийтэд төрүүлэхээр мэдээлэл хийлээ.

-Та энэ хэрэгт хэзээнээс өмгөөлөгчөөр ажиллаж эхэлсэн юм бэ. О.Батсүх өмгөөлөгчийн ярьснаар таныг хэргийн дундаас орж ирээд өөрийн талд шийдүүлж байгаа мэтээр ойлгогдоод байна?

-Өмгөөлөгч О.Батсүх танай сонинд өгсөн ярилцлагадаа “Шалгагдаж байгаа хүн нь өмгөөлөгчөөрөө Нийслэлийн прокурорын газарт олон жил прокурор хийсэн, удирдах албан тушаал хашиж байсан хүнийг авсан. Энэ хүн өмгөөлөгчөөр орж ирснээс хойш энэ хэрэг удааширч байгаа. Магадгүй хэргийг хянаж байгаа прокурор хуулийнханд хууль бусаар нөлөөлж, авлига зуучилж хэргийг замхруулж болзошгүй” гэж ярьсан байсан. Ер нь бол өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байсан мэдээллүүдийг харахад намайг хэрэг шүүхээс буцаж ирснээс хойш өмгөөлөгчөөр оролцож, прокуроруудад нөлөөлж, авлига зуучилж хэргийг шийдвэрлүүлэхгүй байгаа мэтээр гүтгэсэн. Би өмгөөлөгчийн хувьд ёс зүйн дүрмээ баримтлаад хэрэг шийдвэрлэгдээгүй байгаа учраас аливаа нэгэн байдлаар тайлбар хийх, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөх, хуулийн байгууллагад хандах зэрэг асуудлыг гаргахгүйгээр тэвчээртэй харсаар өнөөдрийг хүрлээ.

Би үйлчлүүлэгчидтэйгээ 2020 оны 5 дугаар сард буюу хэргийг анхан шатны шүүхэд очсон байсан үед өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, шүүх дээр хэргийн материалтай танилцаж байлаа. Улмаар 2020 оны наймдугаар сарын 6, 7-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хуралдсан анхан шатны шүүх хуралдаанд бусад хоёр өмгөөлөгчийн хамтаар оролцсон. Үүнээс хойш Давж заалдах шатны шүүх, хяналтын шатны шүүхэд мөн л бусад өмгөөлөгч нарын хамт гомдол бичиж, шүүх хуралдаануудад оролцож ирсэн нь шүүхийн тогтоол магадлалуудаас харагдана. Иймд хэрэг буцсанаас хойш намайг өмгөөлөгчөөр орж, нөлөөлж авлигал зуучилж хэргийг удаашруулж байгаа гэсэн нь цэвэр гүтгэлэг би үзэж байна.

Би дээр хүн хардах эрхтэй гэж хэлсэн. Гэхдээ хардалт нэрийн дор бусдыг гүтгэж болохгүй. Ялангуяа хуульч, өмгөөлөгч хүн ийм үйлдэл гаргаад явж байгаад маш их харамсч байна. Ер нь О.Батсүх өмгөөлөгч болон түүний үйлчлүүлэгчийн удаа хэвлэлээр гаргаж байгаа мэдээлэл, үйлдэл нь зөвхөн өмгөөлөгч миний эрхэнд халдаад зогсохгүй хуулийн байгууллага, тэр тусмаа Прокурорын байгууллагын тухай хуулийн гуравдугаар зүйлийн 3.1.4-т заасан хараат бус, бие даасан байх прокурорын үйл ажиллагааны зарчмыг зөрчиж прокурорын байгууллагаас гарах аливаа шийдвэрт хууль бусаар нөлөөлөх оролдлого, нөгөөтэйгүүр дарамт шахалт ч гэж харж болно.

Өмнө нь яг энэ асуудлаар О.Батсүх өмгөөлөгчийн үйлчлүүлэгчийн зүгээс АТГ-т хандаж шалгуулсан юм билээ. Энэ талаар би хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч байгаа мэдээллүүдээс олж харснаар уг асуудлыг АТГ шалгаад хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах санал гаргаж, прокурорын байгууллагаас хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдэрлэсэн гэж ойлгосон. Нэг асуудлаар ингэж өөр, өөр хүний зүгээс гомдол гаргаж байгаа нь харин ч хэргийг удаашруулах, прокуророос гарах шийдвэрт нөлөөлөх оролдлого хийж байгаа юм шиг харагдаж байна.

-Гол нь өмгөөлөгч хуульч хүн авлига өгсөн, зуучилсан тухай яриад байгаа. Энэ нь ноцтой сонсогдож, олон нийтийн анхаарлыг татаж байгаа. Та энэ тал дээр тайлбар хийгээч?

-Би хуульчийн хувьд ёс зүйтэй, өмгөөлөгчийн хувьд өмгөөллийн үйл ажиллагаандаа Өмгөөлөгчийн ёс зүйн дүрмээ баримталж ажилладаг. Би ганцхан энэ хэрэг дээр ажиллаагүй. Надад бусдаас мөнгө аваад, мөрөөрөө ажлаа хийгээд явж байгаа төрийн албан хаагчдад авлига болгож зуучилж өгөөд явж байх ёс зүй огт байхгүй. Энэ нь миний өмнө нь прокуророор ажиллаж байсан цаг хугацаанд нэгэнт төлөвшсөн зарчим, зан үйл. Гэтэл намайг ингэж гүтгэж, удаа дараа нэр төрд маань халдаж байгаа нь сэтгэл санаа, амгалан тайван байдал, үйлчлүүлэгчдэдээ өгөх итгэл, ажлын нэр хүнд, тэр байтугай ар гэр, үр хүүхдүүдэд маань хүртэл дарамт шахалт болж байна.

-Тэгвэл та О.Батсүх өмгөөлөгчийг хууль зөрчиж байна гэж хэлж байна уу?

-О.Батсүх Өмгөөллийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.12-т заасан үйлчлүүлэгч болон бусад этгээдийн хууль бус шаардлагыг биелүүлэхээс татгалзах эрхтэй. Гэвч тэрээр хууль бус үйлдэл гаргаж Өмгөөллийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан ….хэн боловч өмгөөлөгч хуулийн хүрээнд мэргэжлийн үйл ажиллагаагаа эрхлэхэд нь дарамт шахалт үзүүлэх, саад учруулах, заналхийлэх, бусад байдлаар хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно гэсэн заалтыг ноцтой зөрчиж намайг гүтгэж дарамт шахалт үзүүлж байна гэж ойлгож байна.

Аливаа зүйлд хэмжээ хязгаар бий. Би дээр хэлсэнчлэн хоёр сар гаруй тэсвэртэй хүлээцтэй хандсан. Одоо би О.Батсүх өмгөөлөгчийн ёс зүйн асуудлаар Хуульчдын холбооны Ёс зүйн хороо, Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн ёс зүйн хороонд хандаж гомдол гаргана. Цаашлаад цагдаагийн байгууллагад гомдол гаргана. Нэр төрөө сэргээлгэнэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Суруга Монгол”-ын газрыг Б.Наранхүү авсан уу? DNN.mn

Тагнуул, цагдаа, АТГ-ын томчууд нийлээд гадаадын хөрөнгө оруулагчдыг хохироосон дуулиант “Суруга Монгол”-ын газрын хэрэг дахин сөхөгдөөд байгаа юм. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнгөрсөн едсүгээр сард хэвлэлд ярихдаа “…Хэргийг шалгаж байгаа. Одоогоор “Суруга”-гийн хохирогч 70 настай япон иргэнийг Монголд авчрахаар ажиллаж байна. Том хөрөнгө оруулалт хийнэ гэж газраа худалдчихаад зочид буудалд нь өвс тавьж, хар тамхины хэргээр шалгана гэж айлгаад явуулсан, бүх газрыг нь хуваагаад авчихсан эзэд нь прокурор, ТЕГ, ЕТГ-т ажиллаж байсан, түүнчлэн УИХ-ын институтэд ажиллаж байсан хүмүүс” гэж байв.

Х.Нямбаатар гадаадын хөрөнгө оруулагчдыг хохироосон 57 хэргийг өнгөрсөн долоо хоногт танилцуулах үеэр “Суруга” корпорацийн эзэн далан хэдэн настай хөгшин нас барсан гэсэн мэдээллийг би авсан. Хууль сахиулах байгууллагынхан хүүхдийг нь хохирогчоор татахаар ажил зохион байгуулж байгаа” гэлээ. Үүнээс харахад тус хэргийн мөрдөн байцаалт нэлээд хурдтай урагшилж байгаа бололтой.

Одоогоос 10 жилийн өмнө дэгдсэн уг хэргийн талаар өнгөрсөн хугацаанд багагүй баримт дэлгэгдсэн. Уг хэрэгт Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан, буурал хочит А.Гансүх, Хууль зүйн дэд сайд асан Ц.Уугангэрэл, ТЕГ-ын дарга, генерал Б.Хурц, Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан, ЦЕГ-ын дарга асан М.Ганболд нарын хууль хяналтын өндөр албан тушаалтай хүмүүс холбогдсон нь ил болсон.

Тэд өөрсдийн ах эгч, дүү нарынхаа нэр дээр “Нью даун таун” компанийг байгуулсан нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын архивт бий. “Нью даун таун” компани “Суруга Монгол”-оос 10 га газрыг авсан байдаг.

Цаашлаад “Суруга Монгол”-ын газар хаачсан, хэний гараар орсон бэ. Цагдаа, тагнуулын генерал, хурандаа нарын хэрэгтэй зэрэгцэн хамгийн ихээр анхаарал татаж байгаа сэдэв бол энэ. “Суруга Монгол”-оос хамгийн анх учир битүүлгээр 10 га газрыг нь авсан “Нью даун таун” компанид долоон хүн яг ижил тэнцүү хувиар хувьцаа эзэмшдэг байгаа юм. Дээр дурдсан Ц.Уугангэрэл, Б.Хурц, М.Энх-Амгалан, М.Ганболд нараас гадна хоёр хувьцаа эзэмшигч нь УИХ-ын гишүүн асан Мон уран компанийн Б.Наранхүүгийн хамаарал бүхий хоёр хүн бий. Тодруулбал, Б.Наранхүүгийн хүү Н.Эрдэнэ, Б.Наранхүүгийн төрсөн эгч Б.Одончимэг нар.

“Суруга Монгол”-ын газрын хэрэгт холбогдсоор ирсэн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан, буурал хочит А.Гансүх хэвлэлд ярилцлага өгөхдөө “Суруга Монгол” компани газар эзэмших тусгай зөвшөөрлийн дагуу барилгажуулах газраа хэнд ч алдаагүй гэдгийг хариуцлагатай хэлье. 2014 онд тус компанийн эзэн Ц.Ивата ч энэ талаар сэтгүүлч Б.Ганчимэгт өгсөн ярилцлагадаа хэлсэн байдаг. Харин Япон дахь “Суруга корпораци”-ийг нэг монгол хүн худалдаж авсан юм шиг байгаа юм, тэгээд тэр хүн Монгол дахь төслийн газрыг хэсэгчлэн бусдад зарж дуусгасан юм шиг байгаа юм …

Сэтгүүлч: Тэр хүн хэн бэ?

-Өөрсдөө хайгаад олчих..Та нар чадна ш дээ.

Сэтгүүлч: Надад олоод сонсчихсон хүн байгаа л даа. Таныг хэлэх болов уу гэж бодсон юм. УИХ-ын гишүүн асан Б.Наранхүүг гэж сонссон юм байна.

-…… гээд чимээгүй өнгөрсөн. Өөрөөр хэлбэл, А.Гансүх хариулаагүй.

Categories
мэдээ улс-төр

Хэрэгтнийг хил давуулсан шүүгч “Х” гэж хэн бэ? DNN.mn

Монголд хөрөнгө оруулахаар ирсэн гадаадын иргэдийг залилдаг, хөрөнгийг нь булааж аваад хилээр хөөгөөд гаргачихдаг тухай баримт мэдээллүүд нэлээд эртнээс яригдаж, бичигдэж ирсэн сэдэв. Бүр хууль хяналтын байгууллагын томчууд, хурандаа нар хамсан хөрөнгө оруулагчдыг хохироосон ноцтой баримтуудыг Хууль зүй, дотоод хэргийн сайд нь зарласан. Тэр дундаас нэлээд алдартай нь Их Британийн ерөнхий сайд асан Борис Жонсоны төрсөн дүү Макс Жонсонтой холбоотой хэрэг юм.

Товчхондоо бол энэ хэрэг ингэж өрнөсөн. Макс Жонсон 2016 онд Хонконгийн “GRF” хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан Дорноговь аймгийн “Засаг Чандмань Майнз” компанийн уул уурхайн төсөлд 19 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гэдэг. Гэвч “Засаг Чандмань Майнз”-ын захирал Д.Буянтогтох бусадтай үгсэн хуйвалдаж 19 сая ам.долларыг нь хувьдаа завшсан. Макс Жонсон Монголын шүүх байгууллагуудад нэхэмжлэл гаргасан ч үр дүнд хүрээгүй. Хариуцагч Д.Буянтогтох нь хил даваад зугтаачихсан. Эцэст нь тэрээр Арбитрт хандсан. Эцсийн шийдвэр гараагүй байгаа.

Макс Жонсон байсхийгээд Монголд ирдэг. Шүүх байгууллагууд нэхэмжлэлийг нь хангаагүй учраас төр засгийн удирдлагуудад ханддаг, хохирлоо нөхөн төлүүлэхийг шаарддаг. Тэрээр хамгийн сүүлд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатартай хэд, хэдэн удаа уулзжээ. Энэ уулзалтын талаар сайд Х.Нямбаатар өнгөрсөн долоо хоногт ноцтой баримт ярив.

Тэрээр “…Их Британийн ерөнхий сайд асан Борис Жонсоны төрсөн дүү Макс Жонсонтой би сарын дотор хоёр ч удаа уулзаж байна. Тэрбээр “Миний хохирсон асуудлыг шийдээд өгөөч ээ. Би цаашид Монгол Улсад шударгаар хөрөнгө оруулалт хийж Монголын эдийн засагт хувь нэмэр оруулмаар байна. Би 19 сая ам.доллар Д.Буянтогтох гэж хүнд бэлнээр өгсөн Дорнод аймгийн Дэлгэрэх сумын нутагт байдаг орд дээр хамтарч ажиллая гээд өгсөн мөнгө маань байхгүй болчихсон. Энэхүү хүнийг шалгуулж байсан шүүхийн шүүгч нь энэ хүний хэргийг тавиулаад АНУ руу гаргаад явуулчихсан” гэсэн.

Д.Буянтогтох нь ТЕГ-ын дарга асан Б.Хурцын үеэл гэдэг билүү, нагац гэдэг билүү ойрын хүн нь. “Х” гэх шүүгч Д.Буянтогтохын хилийн хоригийг авсны маргааш нь нөгөөх нь “Koreаn air”-ээр АНУ руу явчихсан. Нөгөөдөр нь буцаагаад хилийн хоригийг нь тавьчихаж байгаа юм. Нөгөө шүүгч нь одоо ажлаа хийж байгаа…” гэв.

Энэ мэдээлэлд олон ноцтой баримт дурдагдаж байгаа юм. Хариуцагч Д.Буянтогтох гэгч Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцын ойрын хамаатан гэх. Бүр ноцтой нь шүүгч “Х” хэрэгтний хил давах эрхийг цуцлаад хилаар гарсны маргааш нь буцаад сэргээсэн тухай. Энэ үйл явдал 2020 онд болсон гэдэг. Тэгвэл тэр “Х” гэх шүүгч хэн бэ?

Аливаа хэргийн таслан сэргийлэх бүх төрлийн арга хэмжээг анхан шатны шүүхээр хэлэлцэж шийдвэрлэдэг. Өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан шатны 17 шүүх ажилладаг. Тэгвэл дээрх 17 шүүхэд “Х” үсгээр эхэлсэн нэлээд олон шүүгч байна. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүгч Б.Хишигбаатар нар байгаа бол эрүүгийн хэргийн шүүхүүдээс Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Г.Хатанцэцэг, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Б.Халиун, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүгч Д.Халиуна нар байгаа юм.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын ярьснаар бол “Х” гэх шүүгч өнөөдөр хүртэл ажилладаг гэж үзвэл дээрх шүүгчдээс л шүүрдэж харахаар болчихоод байна.

Categories
мэдээ нийгэм

Хуульч Б.Пүрэвсүрэн: Гурван сэтгүүлч тутмын нэгийг цагдаа, шүүхээс тогтмол дууддаг DNN.mn


НҮБ-ын Ерөнхий ассамблейн тогтоолоор жил бүрийн 11 дүгээр сарын 2-ныг “Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж байгааг таслан зогсоох олон улсын өдөр” болгон шийдвэрлэсэн байдаг. Энэ өдрийг тохиолдуулан “Глоб интернэшнл төв”-өөс сэтгүүлчдийн аюулгүй байдлын судалгааг хийжээ. Судалгааны талаар тус төвийн хуульч Б.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.


-Манай улс сэтгүүлчдийн аюулгүй байдлын хувьд ямар улс юм бол. Судалгаагаар ямар үр дүн гарав?

-Глоб интернэшнл төвөөс өнгөрсөн хавар 233 сэтгүүлчийг хамруулан аюулгүй байдлын судалгааг хийсэн. Судалгааны үр дүнгээс харахад өнгөрсөн 20 жилийн хугацаанд сэтгүүлчдийн аюулгүй байдалд огт ахиц дэвшил гараагүй байна. Тодруулж хэлбэл, гурван сэтгүүлч тутмын нэгийг цагдаа, шүүхээс тогтмол дууддаг. Таван сэтгүүлч тутмын гурвынх нь хэвлэл мэдээллийн техник хэрэгсэл, бие махбодод халддаг. Гурван сэтгүүлч тутмын хоёрыг нь заналхийлж, сүрдүүлдэг үзэгдэл байна.

-Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг голчлон гүтгэх, доромжлохтой холбогддог. Цаашлаад эрүүгийн хариуцлага хүлээх хэмжээнд хүндрүүлж хуульчилдаг нь сэтгүүлчийн аюулгүй байдалтай шууд холбоотой гэж үзэж байна. Зөв үү?

-1999-2021 онд нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд болон гүтгэлэг, доромжлол, илт худал мэдээлэл тараах гэмт хэрэгтэй холбоотой шүүхээс шийдвэрлэгдсэн нийт 1146 хэрэг байна. Үүний 42 хувь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд холбогддог.

Нээлттэй нийгэм форумын дэмжлэгтэйгээр бид иргэний болон улс төрийн эрхийн зөрчлийг сүүлийн хоёр жилийн хугацаанд судалсан. Ингэхэд мэдээлэл хайх эрхтэй холбоотой зөрчил 49 хувь, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдсан зөрчил 27 хувь, тайван замаар жагсаал цуглаан хийхтэй холбоотой зөрчил 24 хувьтай байгаа юм.

-Гүтгэх, доромжлох заалтыг хуульд яаж хуульчлах асуудал одоо ч маргаантай байгаа. Хуульчийн зүгээс та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Доромжлох заалтыг Эрүүгийн хуульд оруулах

шаардлагагүй гэдгийг илтгэх маш олон судалгаа бий. Тиймээс ч дэлхийн бусад улс орнууд гүтгэлэг, доромжлолтой холбоотой зүйл, заалтуудыг тус хуулиас хасаж байна. Тухайлбал, Украин, Гана 2001 онд, Шри-Ланка 2002 онд, Гүрж, Того 2004 онд дээрх заалтыг Эрүүгийн хуулиасаа хассан байдаг.

Монголд үг хэлэх эрх чөлөө бий. Гэвч үг хэлснийхээ дараа эрх чөлөөгүй байж болохгүй. Гэвч өнгөрсөн хоёр жилийн хугацаанд гэхэд л иргэний болон улс төрийн эрхийн нийт 233 зөрчил бүртгэгдсэн байгаа юм. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй холбоотой 64 зөрчил, тайван замаар жагсаал цуглаан хийх эрхийн 55 зөрчил, мэдээлэл олж авах, боловсруулах, түгээх эрхтэй холбоотой 114 зөрчил тус тус гарсан.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Найруулагч С.Мягмар: Ч.Номин сайд төмс тарааж, гадны хүмүүсийг Ерөнхий сайдтай уулзуулж, фестивалиудаар зугаалахаас өөр ажил мэдэхгүй байна DNN.mn

Найруулагч, зураач С.Мягмартай Кино урлагийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн талаар ярилцлаа.


-Арваад жил яригдсан Кино урлагийг дэмжих тухай хууль батлагдаад багагүй хугацаа өнгөрлөө. Уран бүтээлчдийн хүсэн хүлээж байсан хууль биз. Үр дүн ярихад тохирсон хугацаа болов уу?

-Монголын киночид, уран бүтээлчид, урлаг соёлынхны хувьд 2021 оны долдугаар сарын 3-нд батлагдсан Кино урлагийг дэмжих тухай хууль бол эрх чөлөөний хууль байсан юм. Хэн чөлөөтэй нь сэтгэж, хэн өөрийнхөөрөө амьдрахыг хүссэн хүмүүст дэмжлэг болохоор, нөгөө талаас оюун санааных нь хувьд эрх чөлөө олгосон сайхан хуулийг одоогоос 14 сарын өмнө баталжээ. Товчхондоо энэ хууль бол манай оюуны ертөнцөд хувьсгал болсон хууль. Учир нь олон нийтийн удирдлага буюу ард түмнээсээ сонгогдсон төлөөллөөс бүрдсэн Үндэсний кино урлагийн зөвлөлтэй болж, тэр зөвлөл нь кино урлагийнхаа бүх асуудлыг ярилцаж шийддэг. Шийдвэр нь тогтоолоор хэлбэржээд явахаар заасан байв. Зөвлөл нь хуулийн дагуу 11 хүний бүрэлдэхүүнтэй байх ёстой. Хууль батлагдаад 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Ингэхдээ хуулийг дагалдан гарах дүрэм журам, кино урлагийн зөвлөлийн бүрэн эрх, шийдвэрлэх асуудлууд, кино сан, киноны буцаан олголтын тухай, гадаад харилцаа болон дотоодын сургалт зэрэг том дүрэм журам мөн энэ хугацаанаас өмнө бэлэн болсон байх ёстой гэж УИХ-ын чуулганы протоколд тэмдэглэгдэн үлдсэн. Ингээд нэгдүгээр сарын 1 болсон. Ажил эхэлдэггүй ээ.

-Зөвлөл байгуулагдаагүй хэрэг үү?

-Тэр өдрөөс эхлээд хууль зөрчигдөж эхэлсэн. Энэ хугацаанд Соёлын яам, түүний удирдлага хууль зөрчсөн гэсэн үг. Хуулийг дагалдан гарах дүрэм журмыг Засгийн газраар оруулж батлуулаагүй. Ингээд гуравдугаар сар гарч байж сая нэг журмаа боловсруулж Засгийн газраар батлуулсан. Гэтэл өнөөх тогтоол нь дахиад л өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй байна. Яахав, зөвлөл байгуулагдсан. Гэвч ажиллах нөхцөл нь бүрдээгүй. Уг нь түүнийг нь Соёлын яам бүрдүүлэх ёстой юм. Соёлын яам буюу түүний удирдлага болох Ч.Номин сайд ажлаа хийж мэдэхгүй байна. Төрийн алба хашиж мэдэхгүй байна. Харин төмс тараах, шоудах, гаднаас хэрэгтэй хэрэггүй хүн урьж Ерөнхий сайдтай уулзуулах, киноны тухай гоё үлгэр ярих, фестивалиудаар хамт олноороо зугаалах ажлуудыг л сайн хийлээ.

-Хууль нь батлагдчихлаа. Журам нь гарчихаж. Хэрэгжүүлэхэд юу нь болохгүй байна вэ?

-Хуулийг хэрэгжүүлэх үүрэг Соёлын яамных шүү дээ. Энэ хуулийг хэрэгжүүлэх амин сүнс нь Зөвлөл. Гэтэл зөвлөлөө бүр наймдугаар сарын 25-нд л байгууллаа. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш найман сар 25 хоногийн дараа зөвлөл бий болсон гэсэн үг. Угтаа зөвлөл байгуулагдаад ажлын хэсгээ байгуулж, даргаа сонгох ёстой байв. Энэ процесс явагдаагүй. Өнгөрсөн хугацаанд хуурамч зөвлөлийг ажиллуулсан байна.

-Ч.Номин сайд уу?

-Хуулинд Киноны зөвлөл нь ажлын албаа байгуулж ажиллана гээд заачихсан. Бүх шийдвэрийг Зөвлөл л гаргах эрхтэй. Гэтэл Зөвлөлийн бүрэн эрхийг наймдугаар сарын 25 хүртэл Ч.Номин ганцаараа эзэгнэсэн. Маш их мөнгө зарсан. Зөвлөл өөрөө байгуулах ёстой ажлын албыг Ч.Номин сайд тушаал гаргаж байгуулаад даргыг нь томилсон байгаа юм. Хүмүүсийг нь ч томилсон бололтой. Нэг ёсондоо хуулиар Киноны зөвлөл хийх ёстой ажлыг Ч.Номин өмнөөс нь тушаал гаргаж, өөрийн хүмүүсээ оруулаад улсын мөнгийг үрэн таран хийсээр яваа гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Ч.Номин сайд Ерөнхий сайдыг, Засгийн газрынхныг, УИХ-ын гишүүдийг хууран мэхлэх ажлыг л хийлээ. Хажуугаар нь хувийн компанийнаа төмс лууванг тарааж, телевиздээ мөнгө өгч шоу зохион байгуулах, нэвтрүүлэг хийлгэх жишээтэй.

Ингээд бид Кино урлагийн зөвлөл гэдэг хөөсөн дээр суусаар өнөөдрийг хүрлээ. Арай ядан наймдугаар сард байгуулагдсан Киноны зөвлөл маань өнөөдрийг хүртэл нэг ч тогтоол гаргаагүй. Соёлын яам гадны кино фестивалиудаар явж Киноны хуулийг сурталчилж байна гээд байгаа. Энэ ажлыг чинь Зөвлөл хийх ёстой юм. Энэ бол төрийн албанд ажиллаж үзээгүй хүн сайд болсны гай. Төрийн албанд ажиллаж үзээгүй хүнийг сайд болгосны гай. Шинэ тутам байгуулагдсан яам маань дөрөв тавхан хүнээс бусад нь бүгд шинэ. Хууль дүрэм, төрийн албаны ёс жаяг мэддэг хүн тун цөөхөн. Тэр битгий хэл Соёлын яамны Хуулийн хэлтсийнхэн тогтоолын төсөл дээр хууль давсан заалт оруулсан. Тэрийгээ хулгайгаар хийсэн. Засгийн газар мэдэхгүй баталсан.

-Тодорхой баримттай ярихгүй юу?

-Кино урлагийн зөвлөлийн дарга нь төрийн албан хаагч байх бөгөөд сонгон шалгаруулалтаар тодруулна гэж заасан. Гэтэл сонгон шалгаруулалтыг өнөөдөр хүртэл зарлаагүй гэдгийг та миний ярианаас ойлгосон байх. Зөвлөлийн дарга сонгогдоогүй байхад Ч.Номин Ажлын албыг байгуулаад даргыг нь тавьчихсан. Тэр даргаар нь Зөвлөлийг удирдуулахаар болсон үйлдлийг нь хэлээд байгаа юм. Энэ бол санаатайгаар гэж би бодож байгаа, гэхдээ санаандгүй байж магад.

Ер нь манай төр засгийн томилгоонууд тодорхой газруудад аваачиж байгаа хүмүүс төрийн албан туршлага байхгүй, намын гишүүн, эсвэл сонгуульд идэвхтэй ажилласан хүмүүс, урлаг соёлын одуудыг “Надад сайн байсан шүү” гээд сайд нар нь хоорондоо наймаалцаж байгаад тавьчихдаг болжээ. Ч.Номинг сайдаар томилогдоход Х.Баттулга Ерөнхийлөгч арын хаалгадчихсан л гэж би боддог. Монгол түмэн бүгд харсан. Сайд Ч.Номин Ерөнхийлөгчтэй уулзах үед Х.Баттулга “Аав чинь сайн уу” гэж асуусан. Бид бүгдээрээ сонссон. Тэр бол мөнгөө нэхсэн үг байсан. Эсвэл мөнгөө авсан, баярлалаа гэсэн үг байсан. Ердөө л энэ. Хаа хамаагүй, зүгээр нэг телевиз удирдаад хэдэн шоу хийсэн охин гэнэт үсэрч гарч ирээд төрийн өндөр дээд албан тушаалд очно гэдэг юу гэсэн үг вэ. Тэр тусмаа урлаг соёлын салбарт. Х.Баттулга Ерөнхийлөгчийн үгийг би сонсоод “За энэ нэлээд хэдэн тэрбум төгрөгөөр тавигдсан хүүхэн байна даа” гэж бодсон. Хүмүүс ч тэгж бодсон. Дараа нь томилогдох үед нь УИХ-ын чуулган дээр гишүүд асуулт тавьж байхад гараа халаасандаа хийчихсэн зогсож байсан шүү. Энэ бол төрийн албаар дамжаагүйн гай. Ийм олон гайнуудыг энд тэнд тавьснаас болж өнөөдөр манай хөгжил, бидний амьдрал муудлаа. Ингээд харахаар монгол хүний оюун санааны хөгжил, монгол хүний соёлын хөгжил маш дорой боллоо. Ерэн онд ардчилсан хувьсгал гарч ирж, анхны Үндсэн хуулиа баталж байх тэр үед монголчууд их гэгээлэг байсан юм. Одоо бүр намагт шигдчихлээ. Уран сайхны боловсролын талаар юу ч байхгүй боллоо, урын сангийн талаар бүр ярихгүй. Утга зохиол ч хэрэг дээрээ цөөхөн хэдэн зохиолчийн нуруун дээр явж байна. Бид социалист реализмаасаа гарч чадахгүй байна.

-Уг нь салах гэж л хууль эрх зүйн орчинтой болсон гэж олон нийт ойлгож байгаа?

-Киноны хууль яригдаад 10 жил болсон шүү дээ. Соёлын хууль ч тэр. Зохиогчийн эрхийн хууль ч адилхан. Ч.Номин бол зүгээр үргэлжлүүлсэн хүн. Шинээр бий болгочихсон юм биш. Соёлын яамны бас нэг аюултай зүйл бол нөгөө муу уран бүтээлчдэд шагнал амлаж эхэлсэн. Гавьяат, СТА гэх мэтээр.

Засгийн газар муу ажиллахаар, Засгийн газар сайд нараа муу сонгохоор амьдрал шууд шалан дээр унадаг. Тийм ч учраас өнөөдөр бидний амьдрал муу байна. Түүнээс гарахын тулд ажлын байр, эрх мэдлийг хувааж эхэлдэг. Нэг хуваагдсан хүн нь манай Соёлын сайд болчихлоо. Хөөрхий амьтан мэдэхгүй явж байтал гэнэт аав нь дуудаж ирээд “Чи Соёлын сайд болоодох. Аав нь аргална аа” гэсэн юм байгаа биз. Нөгөөх нь баярласандаа төмс бариад гүйсэн шүү дээ. Үнэхээр гутарч байна. Кино урлагийн төлөө 10 жил бид үзэлцэж хоорондоо маргалдаж байж гарсан үр дүн нь өнөөдөр ийм дүр төрхтэй байх гэж. Энэ бол аюул. Хууль хэрэгжихгүй 11 сар боллоо. Тиймээс би Ч.Номин сайдыг, түүний Хууль зүйн хэлтсийг, Соёлын яамыг тэр чигээр нь хуулийн өмнө аваачина. Ямар ч тогтоол шийдвэргүй, хуульд заасан Үндэсний зөвлөлийг ажиллах орчныг бүрдүүлээгүй хэрнээ нэрийг нь барьж улсын хөрөнгийг үрэн таран хийж байна.

-Та бүхэн энэ асуудлаар Ч.Номин сайдтай уулзаж үзсэн үү. Ямар байр суурьтай байх юм?

-Энэ Засгийн газар, энэ үеийг эзэгнэж байгаа эрх баригч нам маань улс төрийн соёлгүй бөгөөд эрх дураараа “Намайг хэн хэлэх вэ” гэсэн ааш араншинтай айлын эрх хүүхэд шиг болчихож. Томилгоон дээр төрийн албаны ямар ч хяналт шалгалтгүй, төрийн албаны сонгон шалгаруулалтгүй, хувь хүний өөрийнх нь оюун ухаан алга болчихож. Жишээ нь, Соёлын яамны энэ асуудлыг ярьж, хууль өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй байгааг Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх байсан хүнтэй хэлэлцэхэд л нөгөө зөвлөх маань “Соёлын яамны асуудал юм бол Баатартай л ярьчих л даа, та. Таны шавь биз дээ” гэж байх жишээтэй. Би яахаараа Соёлын яамны асуудлыг өөрийнхөө жаахан тэнэг, тэгээд авьяастай шавьтайгаа ярих ёстой юм. Би Баатарыг мэднэ ш дээ, хууль мэдэхгүй гэдгийг нь.

Уржигдархан МАН-ын нэг нөхөр телевизээр ярьж байна. “Бид эхлээд намынхаа хүнийг тавьчихаад хэл ам гарч, гэмт хэрэгт орооцолдвол намаасаа хасч байгаа” гэнэ. Засгийн газар чинь мэргэжлийн байгууллага биз дээ. Эдийн засаг, эрчим хүч гээд олон мэргэжлийн хүмүүс ажиллаж байгаа. Тэнд нэг хэлтсийн дарга тавихад хаа хамаагүй намын гишүүн, сонгуульд сайн оролцсон, тэрний хамаатан, энэний хүүхэд тавих хэрэг үү. Тэгвэл МАН-ын хүүхдүүд, хан хөвгүүд нь удирдаж эхэлсэн юм биш үү. Намаасаа хасна гэдэг асар том шийтгэл гэнэ. Мэргэжлийн хүнийг нь тавиад сайн ажиллуулаарай гэж бид МАН-ыг сонгосон болохоос хүүхдүүдээ сайн ажиллуулаарай гэж сонгоогүй.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Төр одоо үүргээ биелүүлмээр байна DNN.mn

Төр засаг эрхээ маш сайн эдэлж байна. Жолооч нарын “но”-г илрүүлбэл урамшуулал олгоно гээд түмэн олонд зарлаадахлаа. Манайхан ч хурдтай юм, эхний өдөр л хэдэн мянгаараа мэдээлэл очиж байна гэнэ.

Иргэдийн зүгээс гаргаж байгаа зөрчлийн мэдээллийн олонхыг түр болон удаан зогсох хориотой газар зогссон, автобусны зогсоол тэмдэгтэй газар зогссон, чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээгээр байрлан явсан гэх зөрчлүүд эзэлжээ. Болж байна. Замын хөдөлгөөний дүрэм гэдэг цусаар бичигддэг учир дүрэм зөрчиж үл болно. Гэхдээ нэг анхаарах зүйл байна аа. Дээрх зөрчлүүд юуг хэлээд байна вэ гэвэл өнөөдөр хүртэл манайд автомашины зогсоол хүрэлцээгүй хэвээр байна. Хүрэлцээгүй ч биш, огт байхгүй гэсэн үг.

Зөрчил гаргасан машиныг мэдээлбэл 20 хувийн урамшуулал авна гэдэг арга бол жолооч нарыг дүрмээ сахиулахыг л сануулж байна гэж ойлгоод байгаа. Үүний тулд эхлээд зогсоол хүрэлцээтэй байх ёстой. Энэ бол төрийн ажил. Төр одоо үүргээ биелүүлмээр байна.

Жил бүр жолооч нараас автомашины зам ашигласны төлбөр гэж хурааж авдаг. Нийслэл рүү орж гарах товчоодоор ч энэ төлбөрийг өдөр бүр л хатуу авдаг. Манайд бол хотын төвийн босоо, хэвтээ тэнхлэгийн гол замаас бусад нь энхэл донхол. Зах тийшээгээ бол бөөн олон нүх, битүү нөхөөс. Уг нь зам ашигласны мөнгө замдаа зарцуулагдах ёстой юм. Гэвч манайд замхарчихдаг “тогтолцоотой”. Төр одоо энэ ажлаа ч хиймээр байна. Эрхээ эдэлдэг шигээ үүргээ биелүүлж төр маань түмэн олондоо үлгэрлэмээр байна аа.