Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Сэтгэл зүйч М.Батхүү: Шүүмжлэмтгий, атаархуу нийгэм эцэстээ хүний биед халдахад хүргэж байна DNN.mn

-Цэцэрлэгээс хүүхдээ авахаар очсон эмэгтэйн биед халдсан этгээд өмнө нь ч энэ төрлийн хэрэг үйлдэж байжээ-


Цэцэрлэгээс хүүхдээ авахаар очсон эмэгтэй халдлагад өртөж буй бичлэг олон нийтийн сүлжээнд тархаад буй. Энэ явдал Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах цэцэрлэгт энэ сарын 21-нд болжээ. Хохирогч А нь цэцэрлэгээс хүүхдээ авахаар очоод байсан бөгөөд 22 настай Ц гэгч эмэгтэй индүүгээр толгойг нь цохижээ. Хохирогч эмнэлгийн тусламж авч, Ц-г цагдаагийн ажилтнууд саатуулсан байна.

А нь сошиал сүлжээнд олон мянган дагагчтай бүсгүй аж. Харин Ц нь хүний биед халдсан шалтгаанаа “Би А-гийн сошиал сүлжээнд оруулдаг зураг, бичлэгийг нь байнга үздэг. Олон жил инстаграмаар дагаж байна. Намайг өдөөд байдаг юм” гэх тайлбарыг өгсөн байна. Хохирогчийн биеийн байдал хэвийн, толгойн гэмтэл хүнд хэлбэрийнх биш гэнэ.

Цагдаагийн байгууллагаас уг хэргийн талаар мэдээлэхдээ “Иргэн Ц нь СЭМҮТ-ийн хяналтад байдаг тул эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Одоогоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн болон мэргэжлийн байгууллагын шинжээч нараар дүгнэлт гаргуулахаар Цагдаагийн байгууллагаас ажиллаж байна” гэсэн юм. Хэрэгтэн Ц өмнө нь ч энэ төрлийн хэрэгт холбогдож байжээ. Өөрөөр хэлбэл, сошиал сүлжээнд олон дагагчтай өөр нэгэн эмэгтэйн биед халдаж байсан удаатай гэнэ. Цагдаагийн байгууллагаас хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд уг хэргийн шалтгааныг олон нийт янз бүрээр тайлбарлаж байгаа юм. Үүнээс онцлох нэгэн тайлбар бол нийгмийн сэтгэл зүй өнөөдөр ямар байдалд хүрсэн, сошиал сүлжээний хэрэглээ ямар байх ёстой вэ гэх мэт олон асуудлыг дагуулж байна.


Энэ талаар сэтгэл зүйч М.Батхүүтэй ярилцсан юм.


-Сошиал сүлжээнд танигдсан бүсгүй халдлагад өртсөн байна. Хэрэгт холбогдсон хүний өгсөн тайлбар анхаарал татаж байгаа. “Хохирогчийн зураг, бичлэгийг байнга хардаг, атаархал төрдөг байсан” гэсэн агуулгатай. Сэтгэл зүй талаас ийм байж болох уу?

-Ийм байдалд хүргэж буй олон шалтгаан байгаа л даа. Өнөөдөр улс орны нөхцөл байдал, хүмүүсийн амьдралын чанар, үнэлэмж гээд олон зүйл эрс тэс ялгаатай байна. Үүнээс шалтгаалаад хүмүүст янз бүрийн үзэл бодол бий болдог. Хохирогч бүсгүй олны танил гэж байна шүү дээ. Тиймээс мэдээж үйл хөдлөл, өмссөн зүүснээрээ үлгэрлэдэг, түүнийг нь хүмүүс хардаг байсан байж таараа. Тэдгээр дунд тийм байдалд хүрч чадаагүй нөхөд ч байна. Тэд яадаг вэ гэхээр өөртөө итгэлгүй хүмүүс байдаг. Дээр нь маш их шүүмжлэмтгий, атаархуу зан чанартай байх нь элбэг. Өнөөдрийн нийгэм ийм л болсон шүү дээ. Үүний л үр дүн ийм хэрэгт хүргэж байна.

-Ийм асуудлаас яаж сэргийлэх ёстой вэ?

-Хүн бол нийгмийн амьтан шүү дээ. Дахиад хэлье. Хэрэг өдөөсөн хүнийг хэдийгээр сэтгэцийн өвчтэй, эмгэгтэй гэх мэтээр ярьж л байна. Гэхдээ тэр хүн өнөөдрийн нийгмийн бүтээгдэхүүн. Сургуулийн орчинд ч ийм асуудал элбэг байдаг. Сурагчид нэгнийгээ ялгаварлах, гадуурхах, гадаад үзэмжид нь атаархах гэх зэргээр сэтгэл зүйн маш ноцтой асуудлууд үүсдэг. Нийгэм гэдэг бол нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагддаг гэдгийг санах ёстой. Гэвч энэ байдал алдагдаад нийгэм анархист байдал руугаа орж байгаагийн илрэл энэ явдал болж байна.

Нөгөө талаар хүнд тодорхой хэмжээний ёс суртахууны зарчим гэж бий. Хүн тэр зарчимдаа баригдаж явдаг. Жишээ нь, Осоржамаа гээд сошиалын бас нэг дүр байдаг шүү дээ. Түүний үйл хөдлөлийг харсан хүмүүс ихэнх нь дургүй байгаагаа илэрхийлдэг. Нэг ёсондоо нөгөө хүний ёс суртахууны зарчим тодорхой хэмжээгээр зөрөөд байгаа учраас илэрхийлж байгаа явдал. Түүнийг үгүйсгэх аргагүй. Тиймээс ямар ч сошиал хэрэглээндээ анхаарах ёстой. Хаана юу хийж байгаагаа, ялангуяа хүүхэдтэй холбоотой мэдээллийг маш анхааралтай мэдээлэх ёстой.

Мэдээж нийгмийн асуудал болчихоод байгаа ийм зүйлд төр засгаас ч анхаарах ёстой юм. Сэтгэл зүйчдийг олноор бий болгох ёстой. Европын орнуудад бол сэтгэл зүйн зөвлөгөө мэргэжлийн хэмжээнд хөгжчихсөн. Манайд л сүүлийн жилүүдэд бий болж эхлэх гэж байна. Үүнийг төр засгаас ч анхаарах ёстой юм. Сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгэл зүйн засал бол ийм нийгэмд зайлшгүй шаардлагатай.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Ганхуяг: Засгийн газар дизель түлшний нөөцийг нэмэгдүүлэхийн тулд “Петрочайна”-тай өмнөх хэлэлцээрээ сэргээх ёстой DNN.mn

-Стратегийн нефтийн бүтээгдэхүүн дээр нийлүүлэг ч хоёроос доошгүй байж эрсдэл буурна-


Уул уурхайн сайд асан Д.Ганхуягтай дизель түлшний асуудлаар ярилцлаа.


-Монгол орон даяар дизель түлш тасраад удаж байна. Хөдөө аж ахуй, уул уурхайн орны хувьд хамгийн өргөн хэрэглээ нь дизель түлш. Гэтэл хот хөдөөгүй хүнд байдалд орчихлоо. Ямар аргаар дизель түлштэй болох талаар энэ салбарыг удирдаж байсан хүний хувьд шууд асууя?

-Уг нь энэ дэлхий дээр түүхий нефтьгүй олон орнууд байдаг. Тэр орнууд хэд хэдэн нийтлэг аргуудаар шийддэг. Тодруулбал түүхий нефть, нефтийн бүтээгдэхүүн энд тэндгүй боомт дээр байдаг. Иймд бензин, дизель түлш нийлүүлэх үүсвэрийг ядахдаа хоёроос доошгүй байлгавал худалдан авагч талд буюу Монгол Улсад ашигтай тусна. Нөгөө талаар зах зээлийн зарчмаар нийлүүлэлт дээр өрсөлдөөн бий болгоно гэсэн үг.

Өнөөдөр ийм байдалд хүрсэн нь олон шалтгаантай байгаа байх. Ажил хариуцаж байгаа хүмүүс нь сайн мэдэх болов уу. Минийхээр бол эрх баригчид маань нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэгчээ бас дахиад л ганцхан “Роснефть” болгочихсонтой холбоотой. Нөгөө талаас ОХУ дайны байдалтай байгаагаас дайны машин механизмд дизель их хэрэглэдэг тул дотоодод нь дизелийн эрэлт ихэссэн байх. Энэ эрсдэлийг урьдчилж хараагүй байж магадгүй. Бас Монгол Улсын бүхий л салбарыг гамшгийн байдалд оруулж байгаа томоохон хүчин зүйл болох улстөржилтөөр сонгуулийн дараа мэргэжлийн сайн хүмүүсийг халаад цүнх баригчид, сонгуулийн менежерүүдээ хариуцлагатай албан тушаалд томилсонтой шууд холбоотой.

Ер нь дээр үеэс л гурав дахь хөршүүдийн Монгол Улсад амьдарч байгаа иргэдийн дунд ОХУ-ын Элчингийн хүн “Монголыг манайх нефтийн бүтээгдэхүүн, эрчим хүч, төмөр замын тээвэр гурваар байдалд оруулж чадна” гэж ярьсан гэх аман яриа байдаг. Энэ үнэний ортой. Ер нь дэлхийн хэмжээнд стратегийн бүтээгдэхүүнд ордог шатахуун бензин гэх мэт бараан дээр хоёр орны дарга нар сайн найз нар учраас утсаар яриад шийдчихнэ гэдэг арга барил найдвартай биш байх. Байнга дарамттай. Тийм л учраас нефтьгүй орнууд зах зээлийн болон бизнесийн зарчмаар энэ асуудлыг шийддэг бололтой юм.

-Шинэчлэлийн Засгийн газрын үед бас түлш шатахууны үнэ нэмэгдэж, хомсдол үүсэх эрсдэлд тулж байсан гашуун туршлага бий. Ямартаа ч үнийг нь тогтвортой барьж шийдвэрлэж байсан санагдаж байна. Өнөөдөр ч харж болох шийдлүүд хэрэгжүүлж байсан байдаг шүү дээ?

-Бид хийх ёстой ажлаа хийсэн санаатай.Нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй бусад орны туршлагыг уйгагүй судалсан юм. Хомсдол үүсгэж байгаагүй. Ийм бүтээгдэхүүн дээр нэгдүгээрт хомсдол үүсгэхгүй байх, хоёрдугаарт, зах зээлийн үнээр бензинийг авах, гуравдугаарт, нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлт нь бүх бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэнд нөлөөлдөг тул аль болох урт хугацаанд тогтвортой байдлыг хангах нь хамгийн чухал байдаг. Уг нь Монгол Улс Үндсэн хууль болон бусад хуулиараа стратегийн бүтээгдэхүүн болох нефтийн бүтээгдэхүүний үнэд иргэдийнхээ амьжиргааны өртгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор зохицуулалт хийх үүрэгтэй. Нефтьгүй ардчилсан, хөгжилтэй орнууд ч адилхан байдаг юм билээ.Энэ хуулийн орчин хэвээрээ байгаа болов уу. Одоо ч бас сайн мэдэхгүй байна. Шалтгаан нь зарим үед Засгийн газар болон Засгийн газрын төлөөний хүн бензиний үнийг чөлөөлсөн гэж ярих. Би мулгуу болохоор энэ байдлыг сайн ойлгоогүй байж магадгүй шүү.Шинэчлэлийн Засгийн газрын үед нефтийн бүтээгдэхүүний хилийн үнийн өсөлт хэцүү байсан. Бензиний үнийг өсгөхгүйн тулд Онцгой албан татвар, гаалийн татварыг бууруулна, дагуулаад л “Роснефть”-ийн бүтээгдэхүүний хилийн үнэ, мөн экспортын татвар нь нэмэгдэнэ. Гэхдээ энэ байдлыг манай баг давж чадсан.

-Ярилцлагын эхэнд та стратегийн ийм бүтээгдэхүүн дээр улс орон хоёроос дээш нийлүүлэгчтэй байх ёстой гэлээ. Яг л энэ асуудал өнөөдөр тулгарчихлаа шүү дээ. Ганц эх сурвалжаас хараат байснаас ямар нөхцөлд хүрэв. Япон, Казахстан, Хятад, Солонгос гээд гуравдагч хөршүүдээс импортлох боломжтой гэж мэргэжлийн хүмүүс ярьж байна. Таныхаар ямар боломжийг харж байна вэ?

-Эхний ээлжинд ойрхноор нь “Петрочайна” компанитай өмнөх гэрээ хэлэлцээрийг сэргээхийг зорьсон нь дээр болов уу. Ер нь нефтийн бүтээгдэхүүн дээр хомсдол үүсгэх нь маш хариуцлагагүй байдал. Энэ үед яам, агентлаг хариуцлага хүлээдэг нь олон улсын жишиг. Бензиний хомсдол нь эдийн засгийн бүх үйл ажиллагаанд нөлөөлдөг хор уршиг ихтэй учир Шинэчлэлийн Засгийн газрын үед нефтийн бүтээгдэхүүний нөөцийн хугацаа нэг сар байсныг дахин уртасгаж хоёр сар болгож байсан. Хэрэглээ ихтэй Япон, Солонгос зэрэг орнууд бараг зургаан сарын нөөцтэй байсан санагдаж байна. Тэд нефть хямд үед нь нөөцөө түүхий нефтиэр бүрдүүлдэг. Шалтгаан нь түүхий эд нь бүтээгдэхүүнээсээ ууршилт багатай байдагтай холбоотой.Тэгээд нефть боловсруулах хувийн хэвшлийн олон үйлдвэртээ боловсруулаад явчихдаг юм билээ.

-“Петрочайна” компанитай өмнөх гэрээ хэлэлцээрийг сэргээх гэдэг бодох л шийдэл байна. Ер нь үеийн үед үүсдэг нефтийн хараат байдлаас Монгол Улс бүрэн ангижрах боломж байна уу?

-Нэгд, хамгийн найдвартай арга нь нефть боловсруулах үйлдвэртэй болох л чухал шүү дээ. Энэ үйлдвэрийг У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед барьж эхлүүлсэн бүтээн байгуулалтын ажил нь явагдаж байгаа гэж ойлгосон. Тэгээд хямд үед нь түүхий нефтиэр хангалттай бүрдүүлэх учиртай. Шинэчлэлийн Засгийн газрын үед энэ нефть боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг дуусгаж, төр хувийн хэвшлийн хамтарсан хөрөнгө оруулалтаар барих саналыг ҮАБЗ-д оруулсан боловч түүхий эдээ хэрхэн бүрдүүлэх дээр асуудал гарч, дэмжигдээгүй зогссон түүхтэй. Өөрөөр хэлбэл, энэ үйлдвэрийг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулахад шаардлагатай түүхий нефтийн хэмжээ нь “Петрочайна”-гийн олборлон экспортолж байгаа түүхий нефтийн хэмжээнээс бараг хоёр дахин илүү тул энэ түүхий нефтийг хаанаас авах вэ? гэдэг асуудал гарсан. Байршил нөхцөл байдлыг бодоход дахиад л “Роснефть” компаниас авах гарц байсан. Өөр хувилбарууд ч байж болох талтай. Иймээс ҮАБЗ нефтийн бүтээгдэхүүн дээрээ “Роснефть”-ээс хамааралтай, дахиад түүхий нефтьнээс хамааралтай болсноор давхар дарамт үүсэх нь тодорхой юм байна гэж үзсэн. Харин хувийн хэвшилтэйгээ хамтарч үйлдвэр барихыг дэмжсэн. Ийм үйлдвэрүүд 100 хувь төрийн өмчийнх болохоор үйл ажиллагааны болон нэгж бүтээгдэхүүний өртөг зардал өндөр тусдаг.

Дээр нь энэ салбарт технологийн дэвшил хурдацтай явагддаг учир хоцрогдчихдог, тогтвортой сайн, шинэлэг менежмэнт шаардлагатай байдаг. Өнөөгийн байдлаас харахад манайд бол шахаа хийсээр байгаад дампууруулчихаж магадгүй. Эсвэл амьдралдаа компани авч явж үзээгүй, туршлагагүй цүнхчин аваачаад тавьчихвал тэгээд бараг дуусна даа. Жишээлбэл, одоо манайх гадны орны зээл болон, төсвийн хөрөнгөөр нефть боловсруулах үйлдвэрийн иж бүрэн цогцолборыг барьж байх шиг байна.Энэ нь яваандаа томоохон скандал үүсгэж магадгүй. Иймээс ашиглалтад орохоос нь өмнө энэ үйлдвэрийн эзэн төрийн өмчийн компанийн 50 хувийн хувьцааг дотоод, гадаадын хувийн хэвшилд зараад тэднийг оруулчихвал маш сайн явах тал бий. Үүгээр дамжаад түүхий эдийн асуудлыг дарамт багатай шийдэх боломж ч гарч магадгүй. Тэр тусмаа гурав дахь хөршийн нефть боловсруулах салбарын томоохон хөрөнгө оруулагчийг оруулж чадвал илүү сайн байх талтай.

-Нефть боловсруулах үйлдвэрийг төр хувийн хэвшил хамтарч авч явах ёстой гэсэн үг үү?

-Тийм. Өмнөх агуулгаа үргэлжлүүлээд дуусгая. Хоёрт, стратегийн нефтийн бүтээгдэхүүн дээр нийлүүлэгч нь хоёроос доошгүй байж эрсдэл буурна. Үүний тулд худалдан авагч нь байнга эдгээр нийлүүлэгчдээсээ тодорхой харьцаагаар сайн нөхцөлийг уралдуулж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нь худалдан авна гэсэн үг. Нэгийг нь хаячихаад ганцхан нийлүүлэгчтэй сайжирч явж байгаад нөгөөдөхдөө дарамтлуулахаараа нөгөө хаясан нийлүүлэгчээ гуйж гувшина гэдэг бол зарчимгүй ажил хэрэг юм. Голсон юм голд орж, шилсэн юм шилд ордог гэдэг байх аа.

Гуравт, санхүүгийн аргачлалууд буюу бирж дээр ирээдүйд авах бүтээгдэхүүнийхээ тоо хэмжээ, үнийг урьдчилж тохирох санхүүгийн fitures болон биржээр дамжуулж бүтээгдэхүүний үнийн хэлбэлзлийн эрсдэлийг бууруулах, мөн даатгал ашиглах Hedging зэрэг үүсмэл хэрэгслүүдийг ашиглах ёстой. Мөн төр,хувийн хэвшлийн хамтарсан сангаар дамжуулж нефтийн бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах гээд зөндөө хувилбарууд байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Нүүрсний хулгайн хохирол 40 их наядаар яригдаж эхэлжээ DNN.mn

“Эрдэнэс Таван толгой” компанид онцгой дэглэм тогтоогоод сар орчмын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг чөлөөлж, араас нь “Эрдэнэс Таван толгой” компанийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын дарга Х.Нурлат, Худалдан авалтын хэлтсийн дарга Б.Отгонжаргал нарыг АТГ-аас цагдан хорьсон. Тэднийг албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, бусдад давуу байдал олгосон гэж буруутган шалгаж буй. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт “Эрдэнэс Таван толгой” компани, Таван толгой төмөр замыг тойрсон хуулийнхны томоохон баг өргөн бүрэлдэхүүнтэй ажилласан байгаа юм. Тэд нүүрсний хэрэгтэй холбоотой 20 гаруй объектод нэгжлэг хийж, 30 гаруй хүнээс байцаалт авсныг мэдээлсэн. Мөрдөгчид мэдүүлэг авсан хүмүүсээс зарим албан тушаалтнуудыг хорих саналыг прокурорт хүргүүлсэн байна. Тэдний дунд томоохон албан тушаалтнууд ч багтсан гэх мэдээлэл байгаа юм. Хуулийнхны шалгалт Эрдэнэс Таван толгой, Таван толгой төмөр зам компаниар тогтохгүй цаашлаад гааль, хилийн цэрэг гээд өргөжих аж.

Нүүрсний хэрэгтэй холбоотой өөр нэг анхаарал татсан асуудал нь хохирлын тухай болоод байна. УИХ-ын гишүүн Л.Энхболд манай сонинд өгсөн ярилцлагадаа “…Нүүрсний үнийг их барьдаг байсан. Жишээ нь, Орон нутгийн таван толгойн нүүрсийг 25 ам.доллараар барьдаг байсан. ч бага үнээр зарж байсан. ЭТТ 50, 60 ам.доллараар зардаг байсан. Энержи ресурс 90 ам.доллараар зардаг байсан үе. Энэ юу гэсэн үг вэ гэхээр, хилийн цаана хэн нэгэн хятад нэртэй компани байгуулчихаад Монголоос нүүрсийг 25 ам.доллараар аваад хилийн цаана хэд нугалж зардаг байсан. Тэр мөнгө чинь өнөөдрийн ярьж байгаа 2.5 тэрбум ам.доллар. Тэр мөнгөнүүд оффшор бүс рүү явчихдаг. Томчуудын Хятадад байгуулсан бусад бүс нутагт байгуулсан компаниуд руу явчихдаг. Эргээд Монголд бараа бүтээгдэхүүн болоод ороод ирдэг. Ийм том нүүрсний бүлэг хулгай яваад байгаа юм…” гэх мэтээр ноцтой баримтуудыг дэлгэсэн.

Түүний дараахан УИХ-ын гишүүн, УИХ-ын Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох үүрэг бүхий түр хорооны дарга Г.Ганболд мөн манай сонинд ярихдаа “…Гаалийн ерөнхий газрын гурав, дөрвөн удаагийн шалгалтын дүнгээр маш их хэмжээний нүүрс алдсан байж магадгүй гэсэн дүгнэлтүүд гарсан. Үүний дагуу мөн нотлох баримт цуглуулж байгаа. Хяналт шалгалтын ажил явж байгаа учраас тэдэн тонн нүүрс хулгайд алдагдсан гэж одоо хэлэх боломжгүй байна. Ажлын үр дүн гарсны дараа тайлангаа бид нийгэмд мэдээлнэ” гэсэн байгаа. Түр хорооны гишүүн Б.Баттөмөр ч энэ сэдвээр цахим орчинд “эргэн ирэлт” хийж, жиргэж эхлэв. Тэрээр “Гурилын хулгайч баригддаг гэдэгтэй адил нүүрсний хулгайч нар баригдана. 3.0 сая тн нүүрс,нүүрсний тээвэр дагасан 1.5 тэрбум долларын луйврын асуудал яригдаж байна.

Маш том хулгай.Монголд төр, засаг хууль хяналтынхан байна уу? гэж заримдаа эргэлзэхэд хүрч байна” гэсэн нь нүүрсний хулгай Монгол Улсад ямар их хэмжээгээр хохирол учруулсны баталгаа.

Тэгвэл УИХ-ын гишүүн Т.Доржхандын өнгөрсөн баасан гаригийн мэдээлэлд нэлээд анхаарал татсан баримтууд дурдагдав. Тэрээр энэ хэрэгтэй холбоотой гурван асуудлыг хөндөж Ерөнхий сайдад асуулга тавьсан. Түүний мэдээллээс тодруулахад, “…Гаалийн мэдээлэлд тусгагдаагүй хулгайлагдсан нүүрсний асуудал бий. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд 6.4 сая тонн нүүрсний хулгай буюу Монголын гаалийнхан мэдэхгүй, БНХАУ-д бүртгэлтэй нүүрсний асуудал бий. Өнөөдрийн ханшаар тооцоход 6.4 тэрбум ам.доллар буюу 20 их наяд төгрөгийн хулгай хийчихсэн…” гэсэн нь анхаарал татаж байгаа. Угтаа энэ тоон мэдээлэл Ерөнхий сайд болон “Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох” үүрэг бүхий түр хорооны хүрээнд яригдсан гэнэ.

Эх сурвалжийн хэлж буйгаар “Эрдэнэс Таван толгой” компанийн талбайгаас алдагдсан нүүрсний хэмжээ 6.4 сая тонн болсон гэдэг нь үнэн гэнэ. Ингэхдээ “Эрдэнэс Таван толгой” компани хамгийн оргил үедээ тонн тутмыг нь 204 ам.доллараар худалдаалж байжээ. Тэгвэл энэ дүнгээр бодоход хамгийн багадаа 40 их наяд төгрөгийн хохирол яригдаж байгаа аж. Энэ дүн мэдээлэл бол Монгол Улсын хоёр жилийн төсөвтэй тэнцэх том хэмжээний дүн учраас Түр хорооны хүрээнд ч нэлээд хянамгай, хаалттай яригдах болжээ.

Хохирлын хэмжээ нэмэгдэх тусам нүүрсний хэрэгтэй холбоотой төрийн өндөр албан тушаалтан, улстөрчдийн нэрс ч Төрийн ордноор яригдаж эхлээд байна. Ялангуяа “30 гэр бүл” гэж нэрлэгддэг томчууд энэ хэрэгт хамгийн том нөлөөтэй гэдгийг эх сурвалж тодотгож буй юм.

Нүүрсний хэрэг “Эрдэнэс Таван толгой” комапаниар тогтохгүй бусад компани, уурхайнуудад ч цэцэглэсэн мэдээллийг Түр хорооныхон шалгаж байгаа бололтой. Үүний нэг бол баруун чиглэлийн Ярантын боомтоор гаргадаг нүүрсний экспортын асуудал яригдаж эхэлжээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Дизель түлш ШТС-уудаар тасарч, ченжүүд 4200 төгрөгөөр чөлөөтэй зарж байна DNN.mn

Улс даяар дизель түлшний хомсдолд ороод нэлээд хэд хонолоо. Зарим нутгаар бүр хязгаарлалттай, заримд нь өндөр үнээр олгож байгаа ч зүүн аймгууд руу бүр тасраад байна. Улаанбаатар хотын хэмжээнд ч алаг цоог байдлаар хязгаарлалттайгаар дизель түлшийг худалдаалж байна. “Тэс петролиум” ШТСууд дизель түлш хэвийн олгож байв. Харин “Сод Монгол”-ын ШТС-ууд бүгд хязгаарлалтад оржээ. ШТСын түлш олгодог хэсгээ улаан туузаар хааж, зөвхөн гэрээт байгууллагууддаа тодорхой хязгаартайгаар олгож байгааг түгээгч хэлж байв. Бусдаар бол энгийн иргэд түлш худалдан авах боломжгүй байна. Түгээгчээс учрыг нь лавлавал “Сүүлийн гурав хоногоос ийм байдалтай болсон. Цаашид хэзээ хэвийн болох эсэхийг мэдэхгүй” гэв. Тэгвэл Магнай трейд компани огт худалдаалахгүй байна. Улаанбаатар хотын зүүн чиглэлийн болон төвийн хэсгийн ШТС-уудаар явахад дизель түлшээр зогсохгүй А-92 бензинийг ч зарим нь олгохгүй байв. “Маргаашнаас хэвийн олгож эхэлнэ. Дизель түлш ирж байгаа” гэж Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн урд байрладаг “МТ” ШТС-ын түгээгч өчигдөр ярилаа.

Дизель түлшний худалдаа Улаанбаатар хотод ийм байгаа бол орон нутагт бүр дорджээ. Баруун аймгуудад гэхэд Баян-Өлгий аймаг Ник Петровис литр тутмыг нь 4000 төгрөгөөр худалдаалж байгаа бол хувийн колонкууд 4200 төгрөгөөр зарж байгаа гэнэ. Хомсдол үүсээгүй ч үнэ өндөр байгаа талаар орон нутгийн иргэд хэлж байв. Зүүн аймгуудын хувьд дизель түлш хомсдолтой, зарим газраараа тасраад байгаа нь идэш ууш бэлтгэлийн үеэр нэлээд хүндрэл учруулж байгааг иргэд дуулгаж байна.

Дорнод аймагт гэхэд хязгаарлалттайгаар олгож байгаа бол Хэнтий аймгийн хэмжээнд бараг тасарчээ. Хэнтийн Биндэр, Батширээт, Дадал гэсэн арын сумдаар тасраад нэлээд удаж байгаа мэдээлэл байна. Энэ тухай орон нутгийн бизнесмэн хэлэхдээ “Дизель түлш бол хөдөө орон нутгийн иргэдийн шатахууны гол хэрэглээ. Малчид, тээвэрчид дизель түлшээр л ажил амьдралаа залгуулж байгаа. Одоогийн цаг үе бол бүр ноцтой үе шүү дээ. Зүүн аймгуудаас баруун болон төвийн аймгууд хадлан тэжээлээ татаж дуусгадаг үе. Бас дээр нь идэшний мах бэлтгэлийн оргил үе. Гэтэл ийм үеэр түлш тасарчихаж байгаа нь малчдад маш хохиролтой байна” гэж байлаа.

Дизель түлш хомсодсон шалтгаан нь хүйтэрсэнтэй холбоотой гэгдэж байна. Зуны түлшийг өвлийн улиралд хэрэглэх боломжгүй учраас ийнхүү хомсдол үүсэх нөхцөл болсон тухай яригдаж байна. Хуучин үед зуны түлшин дээр бензин холиод өвөл хэрэглэдэг байсан бол сүүлийн үед тусгай бодис хольдог болсон юм байна. Тэр бодисыг авто захууд болон Өгөөмөр, Да хүрээ, Сутай захууд дээр иргэд зардаг аж.

Ашигт малтмал, газрын тосны газраас шатахууны талаар гаргасан хамгийн сүүлийн мэдээлэлд “Улсын хэмжээнд 2022 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдрийн байдлаар дизель түлш 34114 тн үлдэгдэлтэй буюу 13 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байна” гэж байв. Гэвч зах зээл дээр нөөц тасраад багагүй хугацаа өнгөрчээ. Дизель түлшний хомсдолын талаар Ашигт малтмал, газрын тосны газраас тодорхой мэдээлэл өгсөнгүй.

Нийслэл болон орон нутаг дахь ШТС-уудаар дизель түлш ийнхүү хомсдолтой байхад хувь иргэд худалдаалах явдал гаарч байна. “Өвлийн дизель түлш зарна” гэсэн зарууд цахим хуудсаар нэг байна. Холбогдож үзвэл “Хаана, хэдэн тонноор хүргэх вэ. Литр тутам нь 4200-4400 төгрөг” гэсэн мэдээллийг өгч байлаа. Мөн зар тавиад өдөртөө зарагдаад дууссан талаар ч иргэд дуулгаж байв.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Монголхүү: Цахим гав зүүлгэнэ гэдэг нь хорих ялыг гэрээр эдлүүлж байгаагаас өөрцгүй DNN.mn

МоАХны дарга Д.Монголхүүд шүүхийн шийдвэрээр зорчих эрхийг хязгаарлаж цахим гав зүүлгэжээ. Энэ талаар түүнээс зарим зүйлийг тодрууллаа.


-Таныг олон хэрэгт буруутгаад байсан. Яг ямар хэрэгт зорчих эрх хязгаарлаад гав зүүлгэчихэв ээ?

-2021 оны есдүгээр сарын 30-нд төв талбай руу хүүхдийн гутал оруулна, оруулахгүй гээд цагдаа нартай бөөн юм болсон л доо. Хэд хэдэн цагдаа намайг газар унагааж байгаад баривчлаад явдаг хэрэг явсаар байгаад ийм шийдвэрт хүрч байна. Намайг хууль сахиулагчдын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, хүч хэрэглэсэн гэж анхан болон давж заалдах шатны шүүх буруутгаж, нэг жилээр зорчих эрхийн хязгаарлалт хийх шийдвэрийг гаргасан. Би Улсын дээд шүүхэд гомдол гаргасан. Гэвч хүлээж авахаас татгалзсан. Ингээд цахим гаваа зүүлээ.

-Цахим гав зүүлгэхдээ юуг сануулж байх юм. Нэг ёсны хорих ял шүү дээ?

-Мэдээж сайхан санагдахгүй. Хууль зөрчөөгүй хэрнээ эрүүгийн гэмт хэрэгтэн болчихлоо. Ял ямар байх нь хамаагүй шүү дээ. Нэг төгрөгийн торгууль ч ял. Тэр үүднээс шударга бус санагдаж байна. Цахим гавыг зүүхдээ гүйцэтгэх ажиллагаатай холбоотой эрх, үүрэг танилцуулан, бүрэн бүтэн байдлыг хангах талаар гээд хэд хэдэн газарт гарын үсэг зуруулсан. Нэг хуудаст гарын үсэг зураагүй.

-Яагаад тэр вэ?

-Цахим гавыг ажиллуулж, хянахын тулд интернэт буюу дата ашигладаг юм байна. Тэр датаны хэрэглээг иргэн өөрөө гаргана гэсэн бичиг байсан. Өдөрт 1300 төгрөг гэсэн үү, түүнийг иргэн өөрөө төлөх юм гэнэ. Би зөвшөөрөөгүй. Тийм журамтай гэнэ. Журам ч хуулийг давж болохгүй. Тиймээс би хууль судалж байж гарын үсэг зурна гээд хойшлуулсан.

Гавыг бүтэн жил зүүнэ гэхээр ус орж, эвдэрч гэмтэх эрсдэлтэй. Тэр тохиолдолд яах вэ?

-Иргэн өөрөө л төлнө.

-Нэг төгрөгийн торгууль ч ял гэдэг үнэн. Гэтэл бүтэн жил хэн нэгнээс хараат байна гэдэг төсөөлөхөд хүнд санагдаж байна шүү?

-Үнэхээр нөхөр Монголхүү тав, зургаан цагдааг хууль ёсны шаардлага тавьсаар байхад нь зодож, нүдээд эсэргүүцсэн бол нэг жилийн зорчих эрх хязгаарлах уу. Хуулийн санкциараа бол тийм танхай балмад этгээдэд дор хаяж гурван жил хорих ял өгнө биз дээ. Гэтэл надад өнөөдөр ийм шийтгэл оноож байгаа нь хэлмэгдүүлж байгаа нотолгоо. Тийм болохоор шударга бус санагдаад байгаа. Уг нь шүүхэд итгэж байсан юм. Зорчих эрх хязгаарлана гэдэг ерөөсөө хорих ялыг гэрээр эдлүүлж байгаагаас өөрцгүй.

-Сая бас “No double stan­dart” хөдөлгөөний таван залууд шүүхээс ял оноолоо. Тэд таны баривчилгааг эсэргүүцэж очоод ял шийтгүүлчих шиг боллоо..?

-Тэдгээр залуусын шийтгэлийг харахаар хоёр үндсэн том эрх ашгийн үүднээс яллаж байгаа нь харагддаг. Нэгд, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарын эрх баригчид буруугаа хүлээн зөвшөөрч чадсангүй. Хэрэв шүүх залуусыг буруугүй гэчихвэл өөрсдөө буруутан болчих учраас ийм ял оноолоо. Хоёрт, тэд нийгэмд маш муухай жишиг тогтоож байна.

Та нар харж байгаа биз, хэрэв өрвөлзөөд байвал Монголхүүгийн араас орно, Одбаярын араас орно, Ганхөлөгийн араас орно гэж харуулж байна. Ноёнтой өстэй хүн толгойгүй, нохойтой өстэй хүн хормойгүй гэж гэдгийг нийгэмд жишиг болгож харуулж байна. Нэг ёсондоо биднээр тахил өргөчихлөө.

Мэдээж надад эмзэглэл төрж байна. Залуусаа хөлдөө чирчихлээ. Харин залуус маань огт эмзэглэхгүй байгаа. Монголоо тэднийг шахаж шаардаагүй, тэд өөрсдийнхөө шийдвэрийг гаргаад зорьж байгаа эрх, эрх чөлөөнийхөө төлөө явсан учраас ялархахгүй байна лээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Ялалт: Нэг хувийн шимтгэлээр иргэд шүүхэд хандаж болох ч банк ямар баримт гаргахыг Дээд шүүх эргэлзээтэй болгочихлоо DNN.mn

Улсын дээд шүүхээс банкны нэг хувийн шимтгэлтэй холбоотой шийдвэрийг өнгөрсөн баасан гаригт гаргажээ. Иргэн Г.Ариунаа арилжааны нэгэн банкнаас зээл авсан бөгөөд шимтгэлийн нэг хувийг хууль бус гэж үзэн шүүхэд хандаад байсан юм.

Улсын дээд шүүх энэ асуудлыг хэлэлцэн “Иргэний хууль, зээлийн үйл ажиллагааг нарийвчлан зохицуулсан хуулиар “зээлийн хүү” гэдэг нь “мөнгөн хөрөнгийг ашигласны хариу төлбөр буюу “үнэ” байдаг. Өөрөөр хэлбэл, зээлийн хүүд “шимтгэл” багтдаггүй. Түүнчлэн “зээлийн бодит өртөг” гэдэгт хүү, шимтгэл, хураамж, бусад нэмэлт зардал байдаг бөгөөд зээлийн үйлчилгээ үзүүлэхдээ шимтгэл тогтоож буй банкны үйл ажиллагаа хууль зөрчөөгүй. Харин хариуцагчаар төлүүлж буй шимтгэлийн хэмжээ үндэслэлтэй, бодит зардалд нийцсэн байх ёстой бөгөөд талууд зээлийн гэрээнд шимтгэлийн хэмжээг нэг хувь гэж тохирсон боловч яагаад нэг хувь, эсвэл түүнээс доош байх эсэх талаар хариуцагч шүүхэд баримт гаргаж өгөөгүй. Энэ хэрэгт банк нь зээлийн бүтээгдэхүүний онцлогоос хамаараад нарийвчилсан ямар шалгуураар шимтгэл тогтоосон талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй учраас шимтгэлийг буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ. Түүнчлэн энэ нь гэрээний маргаан тул зээлийн шимтгэлийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуульд заасан гэрээний үүрэгт нэхэмжлэл гаргах гурван жилийн хугацаанд хамаарна” гэжээ.


Энэ асуудлаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч, “Шийлд” хуулийн фирмийн хуульч С.Ялалтаас зарим зүйлийг тодрууллаа.


-Улсын дээд шүүхийн шийдвэрийг энгийнээр тайлбарлаж өгөхгүй юү. Банкнаас зээл авсан бусад иргэд шүүхэд хандаж, хохирлоо төлүүлэх боломжтой болж чадав уу?

-Үүнийг тайлбарлахын тулд нэг зүйлийг хэлэх ёстой. Улсын дээд шүүх 2022 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр шимтгэлийн асуудлыг анх шийдсэн. Тэгэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх шимтгэл авах нь хууль бус гэсэн шийдвэрийг буруутгах үндэслэл байхгүй гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, өмнөх хоёр шатны шүүхийн шийдвэр зөв гэсэн үг.

Гэтэл сая дахин энэ хэрэгтэй холбоотой шийдвэр гаргахдаа шимтгэл авч болно. Гэхдээ банк шимтгэлийнхээ зарцуулалтыг нотлох үүрэгтэй. Нотолж чадаагүй учраас иргэнд буцааж олгох ёстой гэж үзлээ. Хоёр ялгаатай шийдвэр гарчихсан гэсэн үг. Нэг ёсондоо өмнөх хоёр шатны шүүхийн үндэслэлийг өөрчилчихлөө. Ингэхээр иргэд төдийгүй хуульчид бид ч төөрөх маягтай болчихлоо.

-Яагаад тэр вэ?

-Банк шимтгэлээ юунд зарцуулсныг нотол гэчихээр банк ямар баримт гаргаж ирэх бол гэдэг эргэлзээ. Нэг ёсондоо банкны талд давуу эрх үүсэх магадлалтай. Шимтгэлийнхээ зарцуулалтыг яаж ч тайлагнаж болно гэсэн үг.

Иргэн шүүхэд хандахад бас л зардал гардаг. Шимтгэлийнхээ мөнгөнөөс давсан зардал гарчих вий гэсэн болгоомжлол байгаад шүүхэд хандаж чадахгүй иргэд байхыг үгүйсгэхгүй. Энэ талаар тодруулаач?

-Жишээ татъя л даа. Иргэн банкнаас нэг сая төгрөгийг гаргуулахаар явлаа гэж бодъё. Банк баахан бензин тосны зардал гээд баримт гаргаж өгөөд, шүүх түүнийг нь зөв гэж үзвэл иргэний шимтгэлийг буцааж олгохгүй болж таарна. Гэтэл иргэн шүүхэд хандах зардал бий. Улсын тэмдэгтийн хураамж, нотариатаар батлуулах, өмгөөлөгчийн зардал гэх мэтээр хохирох эрсдэлтэй. Хамгийн гол нь Улсын дээд шүүхийн сүүлийн шийдвэр банк ямар баримтаар шимтгэлээ нотлох вэ гэдгийг ойлгомжгүй, тодорхойгүй үлдээчихлээ.

-Хөөн хэлэлцэх хугацааг гурван жилээр тогтоосон байна. Гурван жилээс өмнө зээл авсан иргэд шүүхэд хандах боломжгүй гэсэн үг үү?

-Улсын дээд шүүхийн өнгөрсөн дөрөвдүгээр сарын шийдвэр дээр хөөн хэлэлцэх хугацааг 10 жилээр тогтоосон байсан. Харин энэ удаа гурван жил болгочихлоо. Нэг үгээр гурван жилээс өмнө зээл авч байсан иргэдийн эрх зөрчигдөж таарахаар болчихлоо.

-Тэгвэл энэ асуудал дээр хуульчид маргаан үүсгээд явж болох уу?

-Одоогоор Улсын дээд шүүх саяны шийдвэрээ хамгаалах байх. Уг нь бол шимтгэл байх ёсгүй юм. Нийслэлийн давж заалдах шатнаас гаргасан шийдвэрийг би үндэслэлтэй гэж үзэж байгаа. Банк нэг хувийн шимтгэл авдгаа зээлийн хяналт эрсдэлийн менежмэнтийн зардалд зарцуулна гэж тайлбарлаад урьдчилаад авчихдаг. Энэ нь их ноцтой. Банк нэг хувьтай тэнцэх хэмжээний зардал гарна гэдгийг яаж мэдэж байна вэ. Хэзээ хэрхэн ямар зардал гарах, ямар ажил хийх нь тодорхойгүй байхад урьдчилаад гаргаад байгаа нь асуудал. Хэрвээ бүр авах шаардлагатай гэж үзвэл зээлээ авсны дараа, эсвэл төлж дууссаны дараа үйл ажиллагаа, зардлаа дүгнээд авч болно.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Хуульч О.Батхүү: Банкны нэг хувийн шимтгэлээр иргэд шүүхэд хандаж хохирлоо барагдуулах бүрэн боломжтой DNN.mn

Арилжааны банкууд зээл олгохдоо нэг хувийн шимтгэлийг иргэдээс авдаг асуудлаар Улсын дээд шүүх өнгөрсөн баасан гаригт шийдвэр гаргажээ. Иргэн А арилжааны банкнаас зээл авахдаа нэг сая төгрөгийн шимтгэлийг өгсөн асуудлаар шүүхэд хандсан аж. Анхан болон давж заалдах шатны шүүхээс банкийг иргэнд шимтгэлийн мөнгийг буцааж олгох ёстой гэж үзсэн ч Улсын дээд шүүх банк шимтгэл авах болсон баримт нотолгоог гаргах ёстой гэжээ. Энэ нь цаашид арилжааны банкуудад давуу эрх олгож болзошгүй гэж зарим хуульчид үзэж байгаа юм. Энэ талаар хуульч өмгөөлөгч О.Батхүүтэй ярилцлаа.


-Улсын дээд шүүхийн өнгөрсөн баасан гаригийн шийдвэр банкуудад давуу эрх олгож болзошгүй гэж зарим хуульчид онцолж байна. Үнэхээр тийм боломж олгочихов уу. Иргэд шимтгэлээ буцаан авах нөхцөл байна уу?

-Улсын дээд шүүх 2022 оны арваннэгдүгээр сарын 11-нд арилжааны банкны зээлийн нэг хувийн шимтгэлтэй холбоотой маргааныг эцэслэн шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр бол зээл авагч иргэний талд гарсан. Яахав, өмнөх шийдвэрээс өөр нэг нь хөөн хэлэлцэх хугацааг гурван жил болгосон байсан. Энэ бол иргэний маргаан байсан учраас Иргэний хуульд гэрээний талаар зааснаар гурван жил байдаг учраас ингэж шийдсэн хэрэг.

Энэ талаар Улсын дээд шүүх тайлбар гаргасан байсан шүү дээ. Гол агуулга нь арилжааны банк зээл олгохдоо зардал гэж нэг хувийн шимтгэл аваад байгаа. Нэхэмжлэх гаргагч иргэн банкийг шимтгэлийн мөнгөө зарцуулж байгаа зардлаа нотол гэж шаардсан.

Тэгэхэд банк нотолгоо гаргаж өгч чадаагүй. Тиймээс Дээд шүүх шийдвэр гаргахдаа банк иргэнээс авч буй шимтгэлийн мөнгө үндэслэлтэй байх ёстой гэж үзлээ. Энэ тохиолдолд банк шимтгэлээ нотолж чадаагүй учраас иргэнд буцаан олгохоор болж байна.

-Тэгвэл иргэд шүүхэд хандаж болох уу. Гол нь шимтгэлээ буцаан авах боломж бүрдэв үү?

-Боломжтой. Би энэ асуудлыг өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн гаргаж тавьсан. Түүнээс өмнө иргэд шүүхэд хандаад нэхэмжлэлээ авч байсан. Дараа нь авсан. Тиймээс иргэд нэг хувийн шимтгэлээ буцаан авахаар шүүхэд хандах боломжтой. Гол нь одоогоор ипотекийн зээлтэй 106.000 хүн байдаг юм байна. Тэд бүгд шүүхэд хандвал шүүхийн ачаалал маш хүнд болно. Тиймээс арилжааны банкууд энэ нөхцөлийг харгалзаад шийдвэрээ өөрчлөх ёстой. Гэвч одоогоор банкууд өөрсдөө шүүхэд хандаад байгаа учраас иргэд шимтгэлээ нэхэмжлэхээс аргагүй.

-Хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэлээ. Тэгэхээр үүнээс өмнө зээл авч байсан иргэд хандаж болох уу?

-Болно. Хөөн хэлэлцэх хугацаа 10 жилээр хэвээр байгаа.

-ШӨХТГ-аас арилжааны банкуудад торгууль тавьсны хариуд шүүхэд дуудагдаад байгаа. Та энэ хэрэг дээр ажиллаж байгаа гэсэн. Процесс ямар шатанд явна вэ?

-Арилжааны долоон банк ШӨХТГ-ыг захиргааны хэргийн шүүхэд өгсөн. Нэг агуулгатай асуудлаар хандсан учраас шүүх хэргийг нэгтгэдэг. Одоогоор нэгтгэх шатанд явж байгаа болов уу. Цаашлаад нотлох баримт цуглуулах, шүүх хурлын тов зарлах гээд үргэлжилнэ.

-Ер нь арилжааны банкууд нэг хувийн шимтгэлийг бүрмөсөн зогсоох ёстой юу, эсвэл шимтгэлийнх нь зардал үндэслэлтэй байх ёстой. Хуулийн хүрээнд та тайлбарлаж өгөөч?

-Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай урт нэртэй хууль бий. 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс шинэчилсэн хууль нь мөрдөгдөж эхэлсэн. Өмнөх хуулин дээр банк шимтгэл авахыг огт зөвшөөрдөггүй байсан. Харин хуулийн шинэчлэлээр энэ тухай заахдаа шимтгэл авч болно, гэхдээ тэр нь үндэслэлтэй байх ёстой гэж үзсэн. Миний харж байгаагаар ипотек, цалингийн зээлэнд ямар ч зардал гарахгүй. Эдийн засагч нь байрыг нь очиж үзээд зураг авч ирэх ёстой гэдэг ч тэр бүр очдоггүй. Бүх материалаа иргэн өөрөө бүрдүүлдэг. Харин бизнесийн зээлэн дээр зардал гарах боломжтой. Түүнийгээ л үндэслэлтэй нотлох ёстой гэж үзэж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ковидын вирус улайрсан улстөрч болж хувирлаа DNN.mn

“Ковид-19” вирусийн гаралтай цар тахал дэлхий нийтэд дэгдээд гурван жилийн нүүрийг үзлээ. Олон зуун мянган энгийн номхон иргэд энэ өвчнөөр хорвоог орхиж, өнчрөл хагацал ч дэлхийг нөмөрлөө. Одоо эргээд харахад үүнээс гадна өөр нэг зүйл ажиглагдаж байна аа. Ковид ерөөсөө өвчин биш улс төр болж хувирсан байх юм. Ерөөс цар тахлын туршлага гэх үү өмнөхийг сөхвөл ийм л байдаг юм байна. Аль ч улсад улс төрийн нам, эрх баригчид нь цар тахлыг далимдуулан засгийн эрхэнд шунадаг, эрх мэдэл, суудлаа улам батжуулж байдаг аж. Цаашлаад өвчин тахал, дайн түрэмгийлэл зэрэг бужигнаан дундаас дарангуйлагчид төрж байдаг гэдэг.

Ойрын хоёр жишээг харъя л даа. Хойд хөрш ковидын үед дэлхийн голомт болсон гэхэд хилсдэхгүй. Өдөр бүр хэдэн мянгаараа халдварын шинэ тохиолдлууд нэмэгдэж, хөрш зэргэлдээ монголчууд бид битүүхэн айдастай байсан нь саяхан. Тэр хүнд үед ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин улс төрөө хийсээр, бүр дэлхийн хаан болохоор энх тайван цагт түрэмгий дайныг өдөөж чадлаа. Түүний хөрш зэргэлдээ Украинтай хийж буй дайн ерөөсөө л эрх мэдлээ бататгах гэсэн атгаг санаа гэдгийг дэлхийн улс төр шинжээч, судлаачид ярьж, бичээд дууссан.

Цар тахлын эхлэлийг тавьж өнөөдөр хүртэл халдвараа хумьж чадахгүй байгаа өмнөд хөрш БНХАУ-д ч улс төрийн томоохон “акц” саяхан өрнөв. Сүүлийн 10 жил дэлхийн нөлөө бүхий том гүрнийг удирдаж байгаа Си Жиньпин Хятадын улс төрийн уламжлалыг халж, өнгөрсөн сард болсон Хятадын Коммунист намын XX их хурлаар дахин таван жилийн хугацаанд тус улсыг удирдах эрхийг гартаа атгалаа. Тэрээр энэ эрхийг олоод зогсохгүй Коммунист намдаа цэвэрлэгээ хийж, өөрийн хүмүүсээ тавьсан үйл явдлыг дэлхий нийтээрээ харлаа, сонслоо.

Монголд ч тэр. Ид ковидын үед УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулийг улайран хийж, эрх баригч МАН өрсөлдөгчгүйгээр өөрсдөө энэ улсад эзэн сууж амжсан. Ерөнхийлөгчийн сонгуульд У.Хүрэлсүх 68 хувийн саналаар буюу үнэмлэхүй ялж, хүссэн суудалдаа тухаллаа. У.Хүрэлсүхтэй өрсөлдөгч байгаагүй, өөрөө өөртэйгөө өрсөлдсөн гэсэн хошигнол ч үнэний ортой.

Ковидын энэ гурван жилд монголчууд юу эсийг үзэв дээ. Цар тахал гэдэг ард түмнийг л туйлдуулдаг. Монголчууд ч тэр зовлонг амслаа. Өвчин зовлон дайн дажинтай хүнд үед төр засаг тогтвортой байхыг ард түмэн чухалчилдаг. Алдаа дутагдал ар араасаа гарсан ч төр засгийг өөрчилбөл шинэ хүмүүс гарч ирэн ажил төрөлдөө дасах гээд түүнээс ч дордож мэднэ гэж эмээсэндээ засаглалыг хөнддөггүй. Улс төрийн туршлага нь өөрөө ийм юм. Монголчууд ч тэглээ. Харин үүнийг эрх баригчид их овжиноор ашиглаж, Ковидын хууль гээчээр өөрсдийнхөө хууль бус үйлдлийг халхавчлах бамбай болгож өнөөдрийг хүртэл үргэлжлүүлсээр байна.

Энэ хуулиар сонгон шалгаруулалтгүй томилгоо хийх эрхийг төр засаг өөрсдөдөө олгосон. Хууль хэрэгжиж эхлээд удаагүй байхад Төрийн албаны зөвлөлөөс Цар тахлын тухай хуулийн хүрээнд 1000 гаруй иргэн, төрийн удирдах албан тушаалд томилогдсон бөгөөд үүнээс 519 буюу тал хэсэг нь хууль бусаар томилогдсон гэдгийг мэдэгдсэн юм. Өнөөдөр энэ тоо бүр замбараагаа алдсан. Нөгөө талаар хууль бусаар халагдсан иргэд ч мөн энэ хэмжээгээр бий гэсэн үг.

Улс орны эдийн засгийг улам дордуулсан, хэт үрэлгэн зардалтай, үр өгөөжгүй, ямар ч хяналтгүйгээр төсөв зарцуулах эрхийг бас л Ковидын хуулиар зөвшөөрчихсөн. За тэгээд ковид нэрээр хатуу хөл хорио тогтоож, бизнесүүдээ хаалгыг нь бариулж, арилжааны банкуудын хадгаламжийн хүүг тэглэж, зээлийн хүүг өндөрсгөх зэргээр ард түмэн, бор зүрхээрээ явж байгаа аж ахуйн нэгжүүдийнхээ хоолойг багалзуурдаж байгаад дээрэм хийх аргыг эрх баригчид хууль нэрийн дор хэрэгжүүлж ирлээ. Ковидын хуулийн үр дүнд өнөөдөр дэлгүүрийн лангуун дээрх барааны үнэ сараар биш хоногоор нэмэгдэж, тэнгэрт гарсан. Ард түмний амьдрал бүр тартагтаа тулж байна. Улс орны эдийн засаг гээд яривал бүр том асуудал болсон. Ковид нэрээр цагдаа хүчний байгууллагыг нохойд барьдаг мод болгож ард түмний амыг барьж, үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь хаан боогдуулж Үндсэн хуулиас давсан эрх мэдлийг хэрэгжүүлж ирлээ. Өнөөдөр ч энэ асуудал хууль шүүхийн шатанд үргэлжилж л байна.

Одоо нэг юм өвчин зовлон намжиж гайгүй болох нь уу гэсэн итгэл өнгөрсөн хавраас иргэдэд төрж эхэлсэн. Гэтэл одоо дахин ковид ярьж эхэллээ, цаана чинь. Ковидын тохиолдол эрс нэмэгдлээ, улам ихэслээ гэсэн мэдээлэл хаа сайгүй харагдах боллоо. Энэ бол улстөрч ковид улс төрөө хийж эхэлсний дохио. Бүр ингээд улайрч эхэлдэг. Ковид ард түмний нуруун дээр үхэл хагацал болж ирдэг бол улстөрчдийн хувьд эрх мэдлээ лавшруулах хэрэгсэл нь болдог том жишээ энэ. Тэр утгаараа ковидыг дахин ярьж эхэлж байна. Учир нь ажил амьдрал нь тартагтаа тулсан иргэд төр засгийн зөв бодлого, барааны үнийн зохицуулалтыг шаардаж жагсаал цуглаан хийж эхэлж байна. Хаа сайгүй эсэргүүцлийн үг, гомдлын мөр тээсэн олон нийт бий болсон. Гэтэл энэ нь эрх баригчдад халтай үйлдэл болчихож байгаа юм. Тиймээс л нөгөө ковид гэх бамбайгаа гаргаж ирээд сэвж эхэллээ.

Гэхдээ нэг зүйл бий. Ирсэн гийчин буцдаг, орсон бороо арилдаг гэгчээр яаж ч улс төржүүлж, улайсгасан ковид дуусч таарна. Тун удахгүй арилна. Харин тэр цагт ард түмэн хариуцлага ярьж эхэлнэ. Цар тахал нэрийн дор эрх мэдэл, эд мөнгөнд шунасан улстөрчдөөс, эрх баригчдаас тэд харуицлага нэхнэ. Тэр хариуцлага нь эрх баригч Засгийн газар, Ерөнхийлөгчөө бүрэн солих хариуцлага байдаг. Дээр онцолсноор цар тахал, дайн самууны дараа өрнөдөг улс төр, ард түмний туршлага ийм байдаг. Нэг ёсондоо ковидын дараах сонгуулиар өнөөдрийн Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгч солигдоно.

Учир нь хүн гэдэг амьтан амьдралд нь хар толбо болж үлдсэн бараан дурсамжаасаа зугтааж явдаг. Ялангуяа бусдаас хамааралтайгаар ойр дотны хүмүүсийнх нь эрүүл мэнд, амь нас яригдсан тохиолдолд насан туршдаа гомдол тээж явдаг. Ковидын хатуу хөл хорионы үеийг нэхэн саная л даа. Зохион байгуулалтгүй, мэдлэг туршлагагүй сайд дарга нарын гайгаар хатуу хөл хорионоос болж эмнэлгийн тусламж авч чадалгүй 22-ын товчоон дээр машин дотор амьсгал хураасан эмэгтэй, хавдартай тэмцээд найдваргүй болсон ээждээ үнсүүлж чадалгүй хагацсан гуравхан настай охин, аавыгаа амьсгал хураахад хөлийг нь хучиж чадалгүй тусгаарлах байранд уйлж суусан бүсгүй бий. Хуруу хумсаа хугалан байж босгосон бизнес нь хөл хорионы үймээн дунд нурж, хаалгаа барьсан аж ахуйн нэгжүүд хар мянгаараа байгаа. Харин тэр үед сайдын эхнэр халдварын улаан бүсэд нэг орж, нэг гарч, УИХ-ын гишүүд, гэр бүлийнхэн нь гадаадаас оочер дайран Монголд ирж байсан гээд яривал бас л урт дараалал үүснэ. Ийм нөхцөлийг бүрдүүлсэн дарга, сайд нарыг зовлон туулсан ард түмэн дахиад сонгоно гэж байхгүй. Үтэр түргэн буулгаж, нүднээсээ далд оруулахыг л хүсч суугаа болов уу. Ирэх сонгууль гэхэд улстөрч ковид бүрэн арилсан байх байх аа гэсэн найдвар ард түмэнд байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Мөнхжаргал: Ж.Батзандан Хөгжлийн банктай холбоогүй, холбогдсон асуудал нь гэмт хэрэг ч биш DNN.mn

ШИНЭ намын ерөнхий зөвлөлийн гишүүн Б.Мөнхжаргалтай ярилцлаа.


-ШИНЭ намын дарга асан Ж.Батзанданг баривчлаад сар гаруйн хугацаа өнгөрч байна. Баривчлагдахынхаа урьд өдөр лайв хийсэн байдаг. Маргааш нь гэнэт хоригдчихсон. Энэ үйл явдлыг хэрхэн харж байна вэ?

-НҮБ-аас хүнийг шүүхийн шийдвэргүйгээр баривчилж, хүний эрхийг зөрчих явдал өндөр хувьтай байна гэж дүгнэснийг олон нийт сонссон байх. Яг л тэр үйл явдал болж өнгөрөөд байна. Хөгжлийн банктай холбоотой гэх хэргийн талаар мэдээлэл алга. Гол нь үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэхтэй холбоотой баривчилгаа болчихов уу гэж харж байна.

Ж.Батзандантай энгийн хүмүүсийг бодвол ойр дотно явсан хамтран зүтгэгчийн хувьд баривчилгаа болсны дараа учир мэдэх хүмүүсээс асууж, тодруулсан л даа. Тэгэхэд Ж.Батзандан бол Хөгжлийн банктай холбоотой хэрэгт ямар ч хамааралгүй юм байна гэдэг итгэл үнэмшил төрсөн. Нэгдүгээрт, тэр хүн Хөгжлийн банкнаас зээл аваагүй. Нэр холбогдоод байгаа банк нь арилжааны банк. Аливаа банк бол эрсдэлээ тооцож зээл гаргадаг. Хоёрдугаарт, банкнаас зээл авсан гээд байгаа хүн нь Ж.Батзандангийн гэр бүл, хамаатан садан буюу хамаарал бүхий хүн биш. Ингээд харахаар хууль эрх зүйн талаасаа Хөгжлийн банкнаас 11 тэрбум төгрөг аваад завшчихсан юм шиг хэвлэлээр бичээд байгаа шиг зүйл огт байхгүй.

-Зээл авсан гэгдээд байгаа арилжааны банкны захирал өөрөө хэвлэлд ярьсан байсан шүү дээ. Олон нийт ч түүнд үнэмшиж таарна…?

-Нэг талын мэдээлэл хүч түрж гарч ирдэг. Нэг ёсондоо хонгилын технологи шүү дээ, энэ чинь. Эхлээд хэвлэлээр буруутгаж, олон нийтэд үзэн ядуулдаг. Тэгээд араас нь баривчилдаг, шалгаж эхэлдэг. Үүнд намын хамтран зүтгэгчийн хувьд эргэлзэхгүй байгаа.

Энэ улсын төсөв санхүү гэж сэтгэлээ чилээж уншиж судалж, дуу хоолой болохыг хичээж явдаг хүний хувьд би Хөгжлийн банктай холбоотой асуудлыг тодорхой хэмжээнд мэднэ. Чингис бондын 1.5 тэрбум ам.долларыг 2012 онд босгосон шүү дээ. Түүнээс хойш Хөгжлийн банкны чөлөөт мөнгөн үлдэгдлүүдээ зүгээр хэвтүүлж байхаар багахан ч атугай хүүтэй хадгалъя гэж арилжааны банкуудад 2014, 2015 онд байршуулж эхэлсэн.

Ингээд арилжааны банкууд зээл олгож эхэлсэн. Дээр хэлснээр банк өөрөө хариуцлагатай байх ёстой. Өөрсдийнхөө хариуцлагагүй үйлдлийг хувь хүнд тохож болохгүй.

-Та Ж.Батзандантай хамтран зүтгээд хэр удаж байна?

-Би ШИНЭ намын генсек байсан. Бид хамтарч ажилласан, 2020 оны сонгуулиар ялагдсан нь үнэн. Мэдээж манай сонгуулийн тогтолцоо ямар булхай, луйврынх болсон билээ. Олон хүчин зүйлээс шалтгаалж санал авч чадаагүй. Тиймээс хариуцлагаа үүрээд хоёулаа албан тушаалаа өгсөн. Гэхдээ бидний үзэл баримтлал хэвээрээ. Төрд тогтолцооны шинэчлэл хийж, МАНАН тогтолцоог бүрэн задлах ёстой.

Энэ байр суурь хэзээ ч өөрчлөгдөхгүй. Энэ зүй тогтлыг өөрчлөх нь ч дамжиггүй. Хэрэв энэ чигээрээ үргэлжилбэл дахиад 30 жил ужгирна. Гадаадын хөрөнгө оруулалт, шударга бизнес, шударга шүүх, баялгийн эзэн болох тухай ярих утгагүй. Улс төрийн тогтолцоог өөрчилж байж биеллээ олно. Үүн дээр манай нам хатуу байр суурьтай зогсдог.

-Ж.Батзандангийн сүүлд хийсэн лайв бичлэгийн агуулга ч энэ тухай байсан. Үүндээ Ерөнхийлөгчийг нэр цохсон нь өөртөө асуудал үүсгэчихэв үү?

-Яахав, манай хүн ярихдаа эмоци гаргасан байж магадгүй. Гэхдээ ерөнхий зарчим бол зөв. Ингэж ярих эрх хүн бүхэнд бий. Үндсэн хуулиас эхлээд Олон Улсын хүний эрхийн конвенц гээд бүх хууль эрх зүйн хүрээнд хүн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг баталгаажуулаад өгчихсөн. Гэтэл хуулийн байгууллага хүний эрхийг зөрчсөн асуудал гарсан. Ж.Батзанданг хорих хугацааг сунгаад хугацаа нь амралтын өдөр дууссан байдаг. Шүүх үргэлжлүүлэн хорих эсэх шийдвэрээ гаргаагүй. Хэрэв энэ тохиололд амралтын өдөр ч бай тухайн хүн суллагдах ёстой. Гэтэл прокурор маргаашийн ажлын өдрийг хүлээж бай, шүүхийн шийдвэр гарна гэж 20 гаруй цаг зөвшөөрөлгүй хорьсон юм билээ. Намын зүгээс энэ асуудлаар ХЭҮК-т гомдол гаргасан.

Бид мэдээж хуулийн байгууллагын үйл ажиллагааг хүндэтгээд хэргийнх нь талаар хөндөхгүй байгаа. Ядаж хүний үндсэн эрхийг эдлүүлээч гэж хүсч байна. Ж.Батзандан бол өнөөдөр улс төрийн албан тушаалтай биш, намын дарга ч биш, энгийн иргэн.

Мэдээж лайв бичлэгтэй холбогдуулаад олон нийт янз бүрээр дүгнэж байгаа болов уу. Зарим нь Ж.Батзанданг албан тушаал авсан гэх мэтээр ч ярьдаг. Тэр бол тэр хүний өмнөх үйлдлүүд. Олон хатуу үйлдэл хийж ирсэн нь үнэн. Тэр бүртэй нь зууралдаад байх ёсгүй болов уу.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

​Г.Баасан: Өмгөөлөгчдийн эрхийг хамгаалах ёстой МӨХ эрх баригчдын дохиураар ажиллаж болохгүй DNN.mn


Үндэсний үзэлтэн Ч.Мөнхбаярын өмгөөлөгч Г.Баасангийн өмгөөлөх эрхийг Монголын өмгөөлөгчдийн холбоо(МӨХ)-ноос хасчээ. Энэ талаар өмгөөлөгч Г.Баасантай ярилцлаа.


-Монголын өмгөөлөгчдийн холбоо таны өмгөөлөх эрхийг хассан тухай мэдээлэл гараад байна. Ямар үндэслэлээр хасах болов оо?

-Хоёр өмгөөлөгчийн өмгөөлөл үзүүлэх эрхийг хассан. Нэг нь А.Батдорж, нөгөөх нь би. Биднийг нууцын зэрэгтэй материал задалсан гэж үзсэн юм билээ. Мөн ёс зүйгүй байсанд буруутгасан байсан. Нэг ёсондоо, шүүхийн нэр хүндэд халдаж, шүүхэд итгэх иргэдийн итгэлд нөлөөлж байна гэж үзсэн байна лээ.

Монгол Улсын хуульчдын үйл ажиллагаанд баримтлах дүрэм бий. Тэр дүрмийн 2.5-д мэдээллийн нууцлал гэж юу вэ, ямар тохиолдолд задруулах вэ гэдэг талаар тусгасан. Нэг ёсондоо бидэнд задруулж болох нөхцөл бий болсон учраас өөрсдийн хэмжээнд олон нийтэд мэдээлсэн.

Шүүх, хуулийн байгууллага нууцын асуудал гэдэг нэрээр гэмт хэрэг үйлдэж болохгүй. Мөрдөгч, прокурор, шүүхийнхэн Эрүүгийн хуулийн 21 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн.

-Тодруулахгүй юу?

-Тэд хуурамч бичиг баримт бүрдүүлсэн. Миний гарын үсгийг дуурайлган зурж, урьдчилсан хэлэлцүүлэг хийсэн мэтээр шүүх дээр ярьсан. Ч.Мөнхбаярын хэрэгт урьдчилсан хэлэлцүүлэг хийх тухай асуудал огт хөндөгдөж байгаагүй, хийгээгүй. Харин 2022 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд ерөнхий шүүгч Ж.Болдбаатараар даргалуулсан Ч.Мөнхбаярын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх хүсэлтийн дагуу шүүгчид хуралдсан. Гэтэл тэр хурлыг урьдчилсан хэлэлцүүлэг болсон мэтээр оруулаад ирнэ лээ. Энэ хууль бус үйлдлийг нь хэлэхээр шүүхийн нэр хүндэд халдлаа, нэр хүндийг унагалаа гэж үзэж болохгүй. Ийм зүйлийг бид хэлэх ёстой шүү дээ.

-Таныг хэргийн нууц задруулсан гэж буруутгаад байгаа шүү дээ. Яг аль хэсэг нь нууцтай холбоотой мэдээлэл байсан гэсэн үг вэ?

-Манай хуулийнхан өөрөө хуурамч нотлох баримтыг хэргийн материалд аваад байгаа шүү дээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд нотлох баримтын талаар тодорхой зааж өгсөн. Өөрөөр хэлбэл, Энэтхэгийн тагнуулын байгууллага гэж яриад байгаа. Тийм зүйл байхгүй. Бүх баримт, Энэтхэгээс ирсэн захидал, баримт гээд байгаа зүйл дээр Монгол Улсын тагнуулын байгууллагын тамга байгаа. Уг нь Энэтхэгийн тагнуулын байгууллагын тамга тэмдэгтэй баримт байх ёстой. Ингэж нотлох баримт, хэрэг зохиогоод л 10 жилийн ял өгчихөж байна. Тэгээд ийм зүйл дээр дуугүй байсангүй, амаа хамхисангүй гээд өмгөөлөгчийн эрхийг хасч байна.

-Өмгөөлөгч бол хүний эрхийн хамгаалагчдын тэргүүн эгнээнд байдаг хүмүүс. Хэрэв таны ярьсан үнэн бол өмгөөлөгчийн эрхэнд ингээд халдаад байвал эрх нь зөрчигдсөн иргэдийг хэн өмгөөлөх болж байна вэ?

-Хуулийн засаглалын гурван багана гэж бий. Өмгөөлөгч, прокурор, шүүгч гурав. Өнөөдөр бол прокурор өндөр эрх мэдэлтэй, шүүгч нь хамгийн өндөр цалин хангамжтай. Гэтэл өмгөөлөгчдийг хар л даа. Нийгмийн хамгаалал, эрх мэдэл гэж байхгүй. Тэгсэн хэрнээ хүний эрхийг хамгаална, хууль ёсыг дээдэлнэ гэж яриад байдаг. Биднийг ганц хамгаалах байгууллага нь Монголын өмгөөлөгчдийн холбоо гэж харан татвараа цаг тухайд нь өгч ирсэн. Гэтэл хамгаалах биш өмгөөлөх эрхийг нь хасч, талхыг нь булааж байгаад харамсаж байна. Энэ бол гэмт хэрэг. Ер нь Өмгөөлөгчдийн холбоо хэзээнээсээ эрх баригчдын далбаан дор, дохиураар нь хөдөлж ирсэн байгууллага. Өнөөдөр ч хэвээрээ, ийм шийдвэр гаргаад сууж байна.

-Өмгөөлөх эрх хасахаар бусад үйлчлүүлэгч яах вэ?

-Их сонирхолтой. А.Батдорж бид хоёр бодохдоо өмгөөлөгчдийн эрхийг хасна гэж төсөөлөөгүй. Одоо бусад үйлчлүүлэгчид маань яах вэ гэдэг тодорхойгүй байна. Эрүү, иргэн, захиргааны хэргүүд болон Үндсэн хуулийн цэц дээр үйлчлүүлэгчийн хүсэлтээр маргаан өрнүүлээд явж байсан. Тэднийг хэн хамгаалахыг, цаашид яах ёстойг хэн ч тайлбарлаж өгсөнгүй. Өмгөөлөгчдийн холбоон дээр хурал болсон, суусан, “Та хоёрын эрхийг хаслаа” гэсэн. Шүүх танхимд ямар ч хүнд гэмт хэрэг хийсэн хүнд сүүлийн үгийг нь сонсох эрх олгодог доо. Биднийг хоригдлоос дор үзлээ.

-Шүүхэд гомдол гаргах уу?

-Монголын өмгөөлөгчдийн холбоо 14 хоногийн дотор эрх хассан шийдвэрээ өгөх ёстой. Түүний дараа Захиргааны хэргийн шүүхэд хандана.

Уг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.4, Өмгөөллийн тухай хуулийн 26.12, 49.1-д маш тодорхой заасан байгаа. Эдгээр хуулиудыг давсан шийдвэрийг нэг төрийн бус байгууллага гаргачихдаг юм байна.

Монголын өмгөөлөгчдийн холбоо бол төрийн бус байгууллага. Харин өмгөөлөгчид бид бол хууль журмаараа шалгалтаа өгөөд Дээд шүүхээс өмгөөлөх эрхээ авсан. Ийм олон даваа давж байж олж авсан эрхээ төрийн бус байгууллагын шийдвэрээр хасуулна гэж байхгүй. Яагаад тэд бидний ажлын байрыг хөсөрдүүлж байгаа юм бэ. Энэ бол гэмт хэрэг.