Categories
булангууд мэдээ нийгэм шинжлэх-ухаан-технологи

Э.Цог-Эрдэнэ: Хулхи хүмүүсийг шахах, сайн гүйцэтгэлтэй хүмүүсийг ялгахад анхаарч, шинэ систем зохиож эхэлсэн дээ

Ажлын хажуугаар цахимаар ажил гүйцэтгэж, нэмэлт орлого олох боломж олгодог www.task.mn системтэй хөл хорионы үеэр зарим хүмүүс танилцсан буй за. Ажилтан, ажил олгогчийг цахимд холбож, ажлаа хийлгэчихээд мөнгөө өгдөг болов уу, мөнгө авчихаад ажлаа бүрэн гүйцэтгэхгүй алга болчих вий дээ гэсэн айдас хүйдсийг арилган, хөдөлмөрийн зах зээлд цахим шинэчлэл хийсэн Э.ЦогЭрдэнэтэй ярилцлаа. Тэрбээр Японд Тохоку их сургуульд суралцаж, тэндээ олон төсөл дээр ажиллаж байсан ч нутагтаа гүйж ирсэн нэгэн. Өдгөө тэрбээр UNIT-Юу Эн Ай Ти ХХКийн гүйцэтгэх захирлаар ажилладаг.


Ингэхэд www.task.mn системийг хийх санаа хэзээ төрөв?

-Амьдралаас үүдэлтэй л дээ. Бараг гурван жилийн өмнө зуслангийн байр бариулахаар хүнд багагүй мөнгө өгөөд алдчихсан. Тэгээд л ийм эрсдэлээс сэргийлье гэж бодогдсон юм. Түүнээс ч өмнө 100 айлын “Би чадна”-ууд гадаа хүлээж зогсохоор гэрээсээ ажиллах нөхцөл бүрдүүлж яагаад болдоггүй юм бол гэж бодож байсан л даа. Хулхиддаг хүмүүсийг яаж зах зээлээс гаргах вэ, үнэхээр сайн гүйцэтгэлтэй хүмүүсийг хэрхэн ялгах вэ гэдэг дээр хамаг анхаарлаа төвлөрүүлж ийм систем зохиож эхэлсэн дээ.

Гадаадын ижил төстэй системүүдээс санаа авсан уу?

-Яг ийм систем байна уу гээд тухайн үедээ нэлээд судалсан. Freelancer гээд систем байсан. Тэрнээс нэлээд санаа авсан л даа. Чөлөөт, гэрээгээр ажилладаг хүмүүс гадаадад нэлээд байдаг. Орчин үед ийм хандлага түгээмэл болоод байгаа юм билээ. Өглөө ажилдаа ирээд, орой харьдаг хэв маяг ковидоос болоод өөрчлөгдөж эхэлсэн. Чадварлаг мэргэжилтнүүд гэртээ сууж байгаад, өдөрт хоёр, гурван цаг л ажилладаг. Зуслангаасаа ч юмуу аялж амрангаа ажилладаг хүмүүс ч бий. Манай Монголд бол ийм систем огт байгаагүй.

Ажил захиалагч, ажил гүйцэтгэгч хоёр цахимаар биенээ олоод, үнэ хөлсөө тохирч, гэрээ байгуулаад дараа нь ажил гүйцэтгэсэн хүндээ захиалагч нь үнэлгээ өгөх юм билээ. Тэгэхээр сайн ажилтнуудыг ялгаж таних боломж бүрдэх юм байна гэж бодогдсон?

-Хүнээс мөнгө луйварддаг хүмүүс маш гоё ярьдаг. Сайн ажил хийдэг мөртлөө нэг их сайн ярьж чаддаггүй хүмүүс ч байдаг. Хүн болгон үнэлгээтэй болчихвол сайн хүнийг ялгаж танихад тустай гээд ажил захиалсан хүмүүс сэтгэгдэл үлдээдэг болгосон. Дараагийн хүн үнэлгээ сайтай хүнээр ажлаа хийлгэхийг бодно. Тийм учраас гүйцэтгэгч нар ч сайн үнэлгээ авахыг хичээнэ. Task системээс хамгийн сайн ажилтныг үнэлгээгээр дамжуулж олох боломжтой. Зөвхөн гүйцэтгэгч үнэлгээтэй байхаас гадна ажил захиалагч нь бас үнэлгээтэй. Цагтаа мөнгөө өгөхгүй байх, магадгүй бүх ажлаа хийлгэсэн мөртлөө мөнгөө төлөх болохоор асуудалтай ч юм уу тохиолдол байдаг шүү дээ.

Ажилтан, ажил олгогч аль алийгаа үнэлэх юм байна шүү дээ. Энэ ер нь мөнгөө өгөхдөө гар татдаг уу гээд хамт ажиллаж байсан хүмүүсээс нь асууж сурах шаардлагагүй болох юм байна. Шинэ системийг таньж мэдтэлээ хандалт бага байдаг байх. Хөдөлмөрийн зах зээлийн онцлог байдаг уу?

-Шинэ систем танигдах хүртлээ хугацаа орно. Манайхан уламжлалт системээр олон жил явсан. Шинэ систем рүү шилжихэд аль ч улсад цаг орно. Ковидын үед цахимаар ажиллах шаардлага гарч ирж байна. Заавал 100 айл дээр очиж зогсох шаардлага байхгүй. Чадварлаг ажилтан заавал найман цаг ажиллах шаардлагагүй. Хүссэн газраасаа бага багаар ажил аваад явахад амьдралд нь хүрэлцээтэй мөнгө олох боломжтой гээд ойлгоод эхлэхээр бага багаар ороод эхэлж байгаа юм.

-Task ажиллаж эхлээд удаагүй. Одоогоор хэр олон хүн бие биенээ олж аваад байна?

-Одоогоор хэрэглэгчийн тоо 2300 орчим байна. 40 гаруй ажил гүйцэтгэж, мөнгө төгрөг нь шилжсэн. Одоогоор хамгийн өндөр дүнтэй ажлууд гэвэл хоёр, гурван сая төгрөгийн ажлууд хийгдсэн. Бага дүнтэй гэвэл 5000-10000 төгрөгийн үнэлгээтэй жижиг ажлууд ч бий.

Том компаниуд нэгдсэн үү?

-Том байгууллагууд нэгдэх боломжтой. Тэд цагийн ажилтан, тухайн нэг ажлыг гүйцэтгэх хүн хайдаг шүү дээ. Зөв чадварлаг хүн олж авахад дэмтэй. Энэ ажлыг хийлгэе гээд зар тавьдаг. Одоо бол Task дээр бичингүүт, Task өөрөө хүмүүст ийм ажил байна гээд зарлаад өгнө.

Танайд бүртгүүлсэн хүмүүс ямар төлбөр төлдөг вэ?

-Одоогоор онцгой нөхцөлийн үед ямар нэг төлбөр авахгүй байгаа. Яваандаа үйл ажиллагааны зардлаа нөхөх үүднээс бага хэмжээний төлбөр ажил гүйцэтгэсэн хувиас авч таарах байх.

Ажил захиалагч дундын дансанд төлбөр мөнгөө хийх юм байна гэж ойлгосон. Ажил захиалах гүйцэтгэх үйл ажиллагаа яаж өрнөдөг вэ?

-Эхлээд ажил захиалж байгаа хүн ажлын зараа манай системд байршуулна. Тэгэнгүүт энэ ажлыг хийх сонирхолтой хүмүүс саналаа өгнө. Санал өгсөн хүмүүсээс хамгийн боломжтойг нь сонгоод, ажил эхэлнэ. Ажил эхлэх үед ажил олгогч мөнгөө дундын дансанд байршуулах ёстой. Энэ нь хоёр талыг эрсдэлээс хамгаална. Мөнгийг нь урьдчилж аваад зугтах асуудал гарахгүй. Мөнгөгүй байж юм хийлгээд байдаг хүмүүс байдаг. Тэр эрсдэлээс хамгаалж байгаа юм. Мөнгө нь оронгуут ажил эхэлнэ. Ажлын даалгаврыг хувааж бас болдог. 100 мянган төгрөгийн ажил байлаа гэхэд 10000 төгрөгийг ажил эхлэх бэлтгэл дээр өгнө. Явцын дунд 40-ийг өгнө. Дуусахаар нь үлдсэнийг нь өгнө гээж хувааж болдог. Даалгавар биелэхэд гүйцэтгэгч захиалагч ажил дууссан гэж хоёулаа зөвшөөрвөл мөнгө нь гүйцэтгэгчийн дансанд шилждэг.

Бас ажиглагч гэж хүн байсан. Тэр ямар учиртай вэ?

-Тухайн захиалагч мэргэжлийн бус тохиолдолд мэргэжлийн хүнийг хянагчаар тавиад, ажлын явцыг хянуулах боломжтой. Магадгүй би байшин бариулах гэтэл өөрөө барилгын мэдлэггүй учраас барилгын инженер хянагчаар тавина гэсэн үг. Хянагч даалгавар болгоны үе шатууд дээр орж ирээд хяналт тавьж зөвшөөрөл өгнө.

Хөдөлмөрийн цахим систем бий болоход Хөдөлмөрийн бирж, Хөдөлмөрийн яамнаас яаж хүлээж авсан бэ, ямар нэгэн дэмжлэг байдаг уу?

-Бид өөрсдөө бор зүрхээрээ гэдэг шиг яваад байна л даа. Хөдөлмөрийн бирж тогтмол ажлын байранд зуучилдаг шүү дээ. Манайх жижиг ажлууд, магадгүй нэг хаалга солих ч байдаг юм уу, таван хуудас материал шивүүлье, хэдэн хуудас орчуулга хийлгэе гэх жишээтэй. Нэг удаагийн ажлууд ихэнхдээ орж ирдэг.

Танай систем хэр их хүчээр ажилладаг вэ?

-Одоогоор долоо, найман программист тогтмол сууж ажилладаг. Сая вэбийн систем нь дууссан. Одоо аппликэйшнээ энэ сардаа дуусгахаар ажиллаж байна. Тэгэхээр бүр олон хүн хамрагдах боломжтой болно.

Программистууд хүмүүсийн асуудлыг шийдэхэд хувь нэмрээ оруулж байгааг мэдлээ. Өмнө нь энэ мэргэжлийн хүмүүсийг ямар нэг үл мэдэгдэх код бичиж суудаг тэнгэрийн хүмүүс мэт төсөөлдөг байлаа?

-Ер нь хүний өдөр тутмын ажлыг хөнгөвчлөх ажил хийж байгаа юм л даа. E-Mongolia гэхэд л олон байгууллагын үүд татах их ажлыг цэгцлэх жишээтэй. Хиймэл оюун ухаан хүний боддог ажлыг бас хийж эхэлсэн. Дэлхийн нийт ажлын 30 хувийг хиймэл оюун ухаан, роботууд хийж байна. 25 жилийн дараа нийт ажлын байрны 70-80 хувийг хиймэл оюун ухаан хийнэ гэсэн судалгаа гарсан байна лээ. Хиймэл оюун ухааны чиглэлээр бид бас ажиллаж байгаа. Одоо бол бид нийгмийн сүлжээний бүх постыг татаж аваад, фэйсбүүк, твиттер, мэдээний сайтуудын бүх мэдээ сэтгэгдлийг уншиж, хүмүүсийн хандлагын анализ гаргадаг систем Монголдоо хийсэн. Тухайн байгууллагын маркетинг хийх үед хүмүүсийн хандлага хэр байсан талаар анализ хийдэг. Магадгүй тухайн байгууллагын удирдлагын талаар хүмүүс юу ярьж байна, бүтээгдэхүүний талаар ямар сэтгэгдэлтэй байгааг мэдэхийг хүсч болно. Бүгдийг анализ хийж гаргадаг болсон. Одоо бол хүмүүс ихэнхдээ телевизээр яриад, мэдээллээ сошиалаар цацаад л орхидог. Эргүүлээд нөгөө хүмүүсээс ямар хандлага гарч байгааг мэдэхэд хэцүү байгаа шүү дээ. Магадгүй судалгаа авдаг. Тэр нь тухайн цаг үеийг л хамардаг. Манай систем бол маркетинг хийнгүүт ямар байна, цаг минут секундээр л амьд датан дээр анализ хийдэг. Цагийн өмнө тухайн хүнийг магтаж байснаа цагийн дараа муулах магадлалтай шүү дээ.

Улстөрчдийг бол үг хэлэхээс нь өмнө хүмүүсийн хандлага сайн байснаа ийм өгүүлбэр хэлсний дараа сөрөг сэтгэгдэл нэмэгдсэн гээд гаргах нь байна шүү дээ?

-Тийм тийм. Байгууллагууд бол өрсөлдөгч байгууллага, өөрийн бүтээгдэхүүн дээр анализ хийдэг болсон байгаа.

Өөрөө Японд сурсан юм билээ. МУИСийг программ хангамжийн инженер мэргэжлээр төгссөн гэсэн. Японд сурахад хэл шаарддаг уу, эсвэл дэлхий нийтээр программ хангамжийн нэг хэлээр ойлголцдог юм уу?

-Монголдоо суралцаад, Азийн шилдэг инженерүүдийн тэтгэлэг зарлагдахад, оролцож, дөрвөн инженерийн нэгээр шалгарч байлаа. Очоод хиймэл оюун ухаанаар сураад, сүүл рүүгээ жинхэнэ оюун ухаан руу оръё гээд биоинженерийн чиглэлээр багагүй судалгаа хийсэн. Японд төгсөөд нэлээд хэдэн төсөл дээр ажилласан даа. Программ бичихэд япон хэл шаардахгүй. Гэвч япон хүмүүсээс ажил авч хийхэд японоор ярих хэрэгтэй болохоор яалт ч үгүй хэл сурахаас өөр аргагүй л дээ.

Ямар төслүүд дээр ажилласан бэ?

– Японы Макдоналдс гээд 3000 салбартай байгууллагын хүний нөөцийн программыг бичиж байсан. Ажилтнуудынх нь 80-аад хувь нь цагийн ажилтан байдаг болохоор тэднийг яаж зохицуулах вэ гээд толгойгоо нэлээд ажиллуулж байлаа. Тоёотагийн программ дээр ажиллаж байсан. Ногояагийн их сургуулийн цаг бүртгэлийн систем дээр ажиллаж байв.

Тэдний цаг бүртгэлийн систем өвөрмөц онцлогтой юу. Манайхан бол зарим нь ажил дээрээ очиж картаа дарчихаад гарна гэж ярьдаг?

-Япончууд үнэнч ажилладаг хүмүүс. Ийм асуудал гарахгүй байх л даа. Гэхдээ цаг уншуулахад шийдэл бол байж болно.

Байгууллага, үндэстний онцлогоос хамаараад шийдлүүд нь өөр байх нь ээ?

-Тийм. Бид программаа хийхдээ тухайн байгууллагын шаардлагыг эхлээд сонсдог. Цаг бүртгэл гэхэд манай хүмүүс орж ирчихээд гараад байна гэвэл яаж буцаж гарсныг нь мэдэх талаар бодож эхэлнэ гэсэн үг. Магадгүй гарч орохыг нь бүртгэдэг байх юм уу, эсвэл тухайн хүн өрөөндөө байна гэдгийг мэддэг байх ёстой юм уу гээд шийдлүүд бол бий.Аль технологиос аль хэсгийг нь авч ашиглах гэдэг л асуудал. Барилгаар бол бүх л орц гарцыг нь тооцно гэсэн үг. Хаана ямар шат, цонх хийхээ тооцож байгаад хэрэгжүүлнэ.

-Task гэдэг нэрийг яагаад сонгов?

-Task гэдэг нь жижиг жижиг ажлуудыг хэлдэг. Тэр утгаараа өгсөн. Одоо бодоход яг таарсан нэр шиг санагддаг.

Та Японд ажилласан бол их мөнгө олох боломжтой байсан. Япон мөрөөдлийн төлөө ажиллахыг хүсээгүй гэж нэг ярьсан байна лээ. Ингэхэд монгол мөрөөдөл гэж юу вэ?

-Яагаад ингэж хэлснээ эхлээд тайлбарлая л даа. Манай Монголын олон мундаг залуус гадагшаа гарч, гадны улс орныг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж яваа. Гадны нэг компанид ажиллана гэдэг тухайн компанийн захирлын мөрөөдлийг биелүүлэхийн төлөө ажиллана гэсэн үг. Сурсан мэдсэнээ Монголдоо зориулъя гэдэг бодол байсан. Монголынхоо хөгжилд хувь нэмрээ оруулах хэрэгтэй л гэж бодсон.

Хүмүүс монгол программист тааруу, Японых мундаг гэж бодож магадгүй. Өөрийн чинь хувьд ямар санагдсан бэ?

-Монголын боловсролын систем муу биш. Монголдоо сураад Японд очоод код бичихэд дутах юм байгаагүй. Биднийг МУИС сайн сургажээ гэж бодсон. Монгол хүний онцлог гэж байна. Ямар ч хэлийг хурдан сурдаг, түүн шиг программ хангамж дээр хэл гэж байдаг. Тэр хэлийг маш хурдан сурдаг. Программчлалын технологи хэл маань маш хурдан өөрчлөгдөж байдаг. Өөчрлөлтөд маш хурдан дасан зохицож сурдаг нүүдэлчин хүмүүсийн онцлог байна л даа. Ийм чадвар дэлхийн хаана ч хэрэгтэй.

Categories
их-уншсан мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Удвал агсны хүү Б.Өнөбаатар: Ээж хадам болох хүнтэй маань шулуухан яриад “Өнөбаатарыг танайд өвөлжүүлнэ ээ” гэж билээ

Москва, Улаан талбай. 1960 он. Б.Багаажав, С.Удвал хүүхдүүдтэйгээ.

Төрийн соёрхолт зохиолч С.Удвал ахайтны 100 насны ой энэ өдрүүдэд тохиож буй. Түүний том хүү Б.Өнөбаатартай энэхүү түүхэн эмэгтэйн хувийн амьдралын талаар ярилцлаа. Монголын зохиолчдын шүтээн болсон энэ эмэгтэй Хатанбаатар Магсаржавын тухайИх хувь заяароман бичсэн. С.Удвал энэхүү бүтээлээрээ 1978 онд БНМАУын Төрийн шагнал хүртжээ. Монголын Зохиолчдын Хорооны дарга байхдаа Монголын эмэгтэйчүүдийн холбооны даргаар хавсран ажилласан тэрбээр мөн Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөлийн дарга байсан түүхтэй. Энэ олон албыг хашихын зэрэгцээ тэр бас гурван хүү, нэг охин төрүүлсэн ээж билээ.


Гэртээ. Б.Өнөбаатар, Б.Өнөдэлгэр, зээ охин У.Өнөрзул, С.Удвал

С.Удвал гуайн зургийг харж байтал таныг ээжтэйгээ их адилхан юм байна гэж бодогдлоо?

-Улсууд адилхан байна гэдэг л юм. Ээжийг таньдаг хүмүүс “Ээжтэйгээ яасан адилхан юм бэ” гээд аавыг таньдаг хүмүүс “Яг аав болжээ” гэж ярьдаг. Нас ахихаар мэдээж ээж, аавтайгаа адилхан бололгүй яах вэ.

Монголын эмэгтэйчүүдийн холбооноос 21-нд Сдвалын 100 жилийн ойн өдөр гэж мэдээлэл оруулсан байна лээ. Төрсөн өдрийг нь танай гэр бүл яаж өнгөрүүлдэг вэ?

-Зарим нэг мэдээлэл дээр 21 гээд явчихсан байгаа юм. Аль нэг дурсамж дээр тэгээд орчихож л дээ. Ээж өөрөө битүүний өдөр гэж ярьдаг байхгүй юу. Дараа нь би тодруулсан чинь 1921 оны битүүний өдөр 23-нд таарсан юм билээ. Ээж анх төрсөн газар, он сар өдрөө ч мэдэхгүй явж байсан даа. Хуучны улсууд хаврын тэргүүн сарын шинэдээр гэж л ярина шүү дээ. Дараа нь 23 гэдэг дээр тогтсон юм л даа. Одоо бол ээжийн ойг хүндэтгээд дор бүрнээ тэмдэглэнэ. Тэмдэглэнэ гэдэг нь ээжийн тухай бичих, ярилцлага өгөх, хүмүүстэй уулзах сануулах юмнууд хийнэ шүү дээ. Ээж 1991 онд өнгөрсөн юм. Зохиолын номууд, жүжгийн зохиолуудыг нь 2001 онд эмхэтгэж, “Нарны дор би мөнх оршино” гэж гаргасан. Хэдэн өгүүллэг тууж, шүлэг энэ тэрийг нь төрөл бүрээс нь оруулж, хэвлүүлсэн юм. Яагаад ийм нэр өгсөн гэхээр ээжийг өнгөрөхөд Ш.Сүрэнжав гуай надад хэлсэн юм. “Баатар аа, ээжийн зохиолууд дотор Нарны дор би мөнх оршино гэсэн өгүүлбэр байдаг шүү” гэж сануулсан юм. Би түүнийг нь санаад, гантиган дээр нь энэ өгүүлбэрийг бичиж үлдээсэн. Ээж өнгөрөхдөө “Нэг юм би дутуу үлдээчихлээ. Дурсамжийн номоо бичмээр байна. Энэ бол зөвхөн миний түүх биш Монголын эмэгтэйчүүдийн түүхтэй холбоотой” гэж ярьж байсан. Эмнэлэгт нэлээд муудсан хойноо ч (Уг нь гайгүй байснаа гэнэт муудсан, зүрх судас даралт гэж явдаг байсан, тэгсэн элэгнээсээ болоод их хурдан муудсан даа) “Эмч нарт хэлээд, ганц жилийн нас хайрлаач, би дурсамжаа дуусгах хэрэгтэй байна” гэсэн юм. Тэрийг нь бодоод дурсамжийн ном гаргах нь зүйтэй гэж шийдсэн. Өөрөө бичиж чадаагүй ч уулзаж учирч байсан мэддэг улсуудынх нь яриа хөөрөөг бүгдийг нь аваад, нэг гаргачихъя гээд Булганаас төрсөн хоёр дахь Төрийн шагналт эмэгтэй зохиолч С.Оюун эгчид хэлсэн юм. Хоёр талаасаа материал цуглуулаад, эмхэтгээд “Цагийг эзэлсэн хатагтай” гэж С.Оюун эгч нэрийг нь өгсөн юм.

С.Оюун гуайн нэг хөөрхөн дурсамж байдаг. Нэг өглөө даргаБи Өнөбаатарынх руу явж байна аа. Залагдаад байгаа юм уу, зарагдаад байгаа юм уу мэдэхгүй ээ, хүүхэд харах ажилтайгээд инээж байсан гээд. Сдвал гуай өөрөө өнчин өрөөсөн өссөн болохоор ч тэр үү эмээгийн үүргээ сайн гүйцэтгэхийг хичээдэг байсан юм болов уу даа?

-Ер нь тийм байсан л даа. Өөрөө хэлсэн үг нь байдаг. “Амьдралын хоёр тал гэж байдаг. Нэг нь нийгмийн хөдөлмөр, нөгөө нь гэр бүл. Хариуцлагатай ажил хийж яваа эмэгтэй хүнд энэ их хэцүү. Би ганцхан нийгмийн хөдөлмөрийг голлон сонгож явсан. Тийм учраас нөгөө талдаа их хохирол үзсэн” гэсэн. Үүнийгээ нөхөх гэж оролдож явсан даа. “Монгол эмэгтэйн хөрөг” гээд Ш.Сүрэнжав гуайн баримтат кино бий дээ.

Түүн дээр манай хүү, эгчийн хоёр банди паркт түрүүлж гүйгээд, араас нь хөөцөлдөж байгаа хэсэг бий. Тэгж явах их дуртай. Зав чөлөө багатай байсан даа. Манай хүүхдүүдээс өмнө эгчийн гурван хүүхдэд ч их сайн байсан. Эгчийн маань бага хүү манай томтой чацуу. Миний дараагийн дүүгийн хүүхдүүдийн том нь баньд. Энэ хэдэд их сайн. Эгч залуудаа хүүхэд гаргасан. Өнөрзул гээд эгчийн том охиныг өөрийн болгоод авчихсан байхгүй юу. Бүр дасгачихаад сүүлдээ нөгөөдөх нь ээжийгээ ч тоохгүй, Удвал гэдэг овогтой явчихсан.

Таны эхнэрт их сайн байсан гэж дэргэдийн улсууд нь дурссан байна лээ. “Миний хайртай, хөөрхөн бэр миньгээд хойно сурч байхад нь захидал бичдэг байсан гэдэг?

-Анх би танилцуулахад манай хүн их таалагдсан шиг байгаа юм. Том хүү нь юм чинь бэр орж ирэхээр сонин шүү дээ. Манай эхнэрийг халамжлах гэж их бодож явсан даа. Жолооч нь байсан Б.Осоржамаа гуайн дурсамж ч байдаг. “Зохиолын мөнгө гарлаа. Өнөбаатарын эхнэрт хувцас авч өгье” гээд явж байсан тийм юмнууд байдаг. Манай эхнэрийн эцэг, эх нь бас сүрхий улсууд л даа. Хадам аав маань олон жил дунд сургуулийн захирал хийсэн. Хадам ээж багш хүн. Тэр талаасаа бас таалагдсан байлгүй дээ.

Эхнэр маань төгсөх ангийн оюутан байсан. Намар сургууль руугаа буцах болсон чинь ээж хадам болох хүнтэй маань шулуухан яриад “Өнөбаатарыг танайд өвөлжүүлнэ ээ” гээд намайг тэднийд байлгасан. Уг нь бол эмэгтэй хүнийг гэртээ авчирдаг, намайг чинь сууж амжаагүй байхад тэр айлд аваачаад суулгачихсан байхгүй юу. (инээв) Тэгээд л эхнэр төгсөөд ирсэн. Хүү маань тэр жилийн намар гарсан юм. Эхнэр маань олон жил багшилж, Олон улсын харилцааны дээд сургуулийн захирал хийсэн, доктор, профессор, Хятад судлаач хүн. Ээжид их л таалагдсан байлгүй. Байнга л эхнэрийг маань гэдэг байлаа.

БНМАУын Ардын Их Хурлын дарга Ж.Самбуу гуай ээжийг тань арван настай байхад нь авч өсгөсөн гэдэг. Нэр хүндтэй нийгмийн зүтгэлтэн болж төлөвшихөд мэдээж тэр буурал нөлөөлсөн байх. Түүнээс гадна өөрийнх нь ген, удам судар бас нөлөөлсөн болов уу. Ж.Самбуу гуай олон хүүхэд авч өсгөсөн, цөмөөрөө таны ээж шиг мундаг болоогүй л дээ?

-Ер нь хүний ген гэж бий. Удам сударт бас их юм байсан байх аа. Ээж амьд сэрүүн байхдаа хэлдэг байсан. Би Д.Түдэв хуурч(гүн хэргэмтэй явсан)-ийн төрөл садны хүн шүү дээ гэж ярьж байсан. Гэхдээ түүнийг чи дараа нь яриарай, намайг байгаа үед яривал өнчин өрөөсөн өссөн гэчихээд удам судар сайтай гэлээ гээд яриад унана шүү гэсэн. Тэр үед бас тиймэрхүү хандлага байсан. Угшил нь тийм юм билээ. Би бас одоо байгаа нэг ахаас генийн шинжилгээ Америкт явуулж хийлгэж үзсэн. Нирун аймгийн Алунгоо хатны төрлийн гээд гарч ирж байна лээ. Гэхдээ генийн судалгаа Америкт хийсэн юмнууд бас үндэслэл муутай байж магадгүй. Яах вэ, тэр нь хол юм. Ойрын юм гэвэл төрсөн эцэг Чоймбол, ээж нь Цэдэн гээд тухайн үед бичиг үсэг сайтай улсууд байсан юм.

“Мухар хуруу” Чоймбол гээд сайн бичээч Ж.Самбуу гуайн дэргэд бас ажиллаж байж. Эмээ Цэдэн бас нийгмийн идэвхтэй, анх намд элссэн эмэгтэйчүүдийн нэг, эмэгтэйчүүдийн байгууллагын зүтгэлтэн байсан юм билээ. Ж.Самбуу дарга аймгийн дарга байхад Чоймбол өвөө захиргааны бичээч хийдэг байсан. Чоймболын охин Удвал гээд ээжийг мэддэг байж. Ээжийн хойд эцэг Соном өвөө бас Өмнөговьд Ж.Самбуу гуайн дэргэд ажиллаж байсан юм билээ. Эмээ нөхрөөсөө салаад, шүүхийн дарга байсан Соном ээжийг Цэдэн эмээтэй Өмнөговь руу аваад явжээ. Соном өвөөг Улаанбаатарт ажиллаж байхад ээж хотод сургуульд хоёр жил сурсан гэдэг. Түүнээс өмнө Чоймбол өвөөгөөс гэртээ бичиг үсэг сурсан юм билээ. Өмнөговьд очоод байтал Цэдэн эмээ нас барж, ээж хойд эцгийн гар дээр үлджээ. Соном өвөө дахин хүнтэй сууж, ээжийн хойд эх нэлээд хатуу ширүүн хүн таарсан. Соном өвөө хөдөө гадаа явдаг ажилтай, ээж тэр айлын малыг хариулдаг, үүдэндээ адасган дээр хэвтүүлж сэгсэрч босгоод, “Малдаа яв” гэдэг байж. Тэр үед Ж.Самбуу дарга Өмнөговьд хөдөөгүүр явж байхдаа тэднийхээр оржээ. Их гярхай хүн байж. “Энэ хаанахын юун хүүхэд вэ” гэхэд нь “Аан, энэ Соном авчирч орхисон юм, ээж нь өнгөрсөн охин байгаа юм” гэж хойд эх нь хэлж л дээ. Тэгээд амьдрал ахуйг нь хараад “Энэ ер нь хатуу хөтүү гараар орж яваа хүүхэд байна” гэж мэдээд аваад явсан гэдэг. Тэднийд нэг хэсэг амьдарсан. Ж.Самбуу гуай сүрхий хүн. Ээжийн тавилан юм даа, бас. Амьдрал мэддэг хүн олж таниад сургаад босгоод ирсэн. Ээж ярьдаг байсан арваннэгтэй байхад нь хажуудаа өндөр сандал дээр суулгаад, “За миний хүү, орсон гарсан хүний яриаг тэмдэглээд бичээд байгаарай” гэдэг. Ингээд аймгийн захиргаанд тал бичээчээр оржээ. Арваннэгэн наснаасаа төрийн албанд ажиллаж эхэлсэн гэдэг ийм учиртай. Ж.Самбуу гуай Нямаа гуай хоёр ингэж өсгөсөн. Нямаа гуайг ээж гэдэг. Ж.Самбуу гуай бас ийм маягаар олон хүүхэд хүмүүжүүлсэн шүү дээ. Хоёр Сүрэнжав, Сурмаажав бид нар ах дүү шиг байв. Ээжийг дагаж тэднийд очоод, ээж Ж.Самбуу гуайтай ярилцаж байхад би наана нь хүүхдүүдтэй тоглоод л суудаг байсан.

Таны аав ямар хүн байсан бэ?

-Зарим хүн аавыг ээжийн бичсэн зохиолын дүрээр төсөөлдөг. Би ээжээс асууж байсан. Улсууд ингэж яриад байх юм. Та амьдралаа бичсэн юм уу гэхэд маань “Үгүй ээ, би юу гэж өөрийн намтраа зохиол болгож бичих вэ. Аливаа юмнаас сэдэл авч байж зохиол бичдэг юм” гэсэн. Аав бас сүрхий хүн байсан шүү дээ. Бас л арвандөрөв, тавтай байхдаа сум аймгийн захиргаанд бичээч байсан. Өмнөговьд ажиллаж байгаад ээжтэй танилцахгүй юу. Аав сүүлд Худалдаа бэлтгэлийн яамны орлогч сайд, Москвад элчин зөвлөх, Гадаад яамны хэлтсийн дарга байсан хүн. Насаараа төрийн ажилд зүтгэсэн, нэр хүндтэй том хүн.

Балжирын Багаажав сүрхий хүн байсан гээд хуучны улсууд сайн мэднэ. Эмх цэгцтэй байхыг ааваас сурсан. Их дэгтэй байсан бид. Яагаад хоёр тийшээ болсон гэхээр ээж хэлдэг л дээ. Аав төрийн хүн засгийн ажил хийгээд хөдөө гадаа их явна. Ээж бас хөдөө гадаа явдаг. Бид хэд өөрсдөө өссөн. Хааяа цуглахаараа бөөн баяр. Манайд бас ээж, аавын хамаатан хөдөөнөөс ирсэн оюутнууд амьдардаг, ах дүү нар сургууль дугуйлан курсэд ирж суудаг. Манайх бужигнасан айл байсан. Аль нь төрсөн, аль нь гаднаас ирж суугаа нь ялгагдахгүй. Аав, ээж хоёр аль аль нь их ажилладаг, гэсэн ч гэрт уур амьсгал сайхан. Янз бүрийн асуудал үүссэнийг ч бид мэдээгүй. Сургууль төгсөөд Шүүх яаманд ороход аав төрийн албан хаагч ийм байх ёстой гээд сургаж байсан.

Хоёр их хүчтэй хүн нэг дор байхад бас амаргүй шиг байгаа юм. Нэг нь нөгөөгөө дагах, дэмжих маягтай явж байж зохицож амьдардаг юм шиг?

-Эрэгтэй хүн ээжийг дагана, дарагдаж амьдарна гэдэг хэцүү шүү дээ. Ээж ч өөрөө хэлж байсан. “Би сайн ойлгож байгаа, эрэгтэй хүн эхнэрээ байнга дэргэдээ байлгахыг бодолгүй яах вэ” гэж байсан.

С.Удвал гуайн тухай сонин яриа явдаг. Ю.Цэдэнбал дарга С.Удвалд сайн байсан гэнэ гээд. Магадгүй төрийн тэргүүнээ монгол эхнэртэй байгаасай гэсэн жирийн хүмүүсийн мөрөөдлөөс үүдэлтэй домог байх л даа. Танд энэ талын ажиг сэжиг төрсөн үү?

-Бидний дэргэд бол тийм юм мэдэгдэхгүй шүү дээ. Тэр бол манай улсуудын мөрөөдөл ч байсан юм уу. Монгол эмэгтэйтэй суусан бол С.Удвал гуай шиг хүн байна даа гэсэн юм болов уу даа. Л.Цогзолмаа гуайг бас холбож ярьдаг байсан. Ю.Цэдэнбал гуайн том хүү Владислав манай талийгаач эгчтэй нэг анги. Бие биеэ мэднэ. Дараа нь би бас төрд зүтгэсэн. Москвад таван жил ажилласан.

Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөл (СЭВ)-д хуулийн зөвлөх байв. Москвад ажиллаж байхад миний дээд талын дарга Владислав байсан. Харамсалтай нь ээжийг яг муудах үед хол байлаа. 1990 онд буцаж ирээд, ээжтэйгээ жил байсан. Ю.Цэдэнбал даргатай ээж дарга, цэргийн харилцаатай байсан. Ньюансыг нь би сайн мэднэ. Яг үнэнийг хэлэхэд ээж их хэцүү байдалд байсан шүү дээ. Улсууд янз бүрээр ярина. Харилцааны жаахан асуудлууд Филотовагоос болж үүссэнийг би сүүлд мэдсэн. Ээж надад ярьсан л даа. Наян хэдэн онд би гуч гарчихсан, яамны хэлтсийн дарга байв. 1982 онд ээж Бал дарга дээр орсон гэнэ лээ. “Над шиг 60 гарсан хүн юугаа хийх вэ. Залуучуудад зайгаа тавьж өгье” гэсэн чинь дарга “Юу ярьж байгаа юм бэ, Удвал аа чи ажлаа хийж байлгүй яах вэ наад залуучууд чинь юм сураг” гэж хэлсэн юм билээ. Дараахан нь ээж нэг өдөр сонин орж ирээд юм бодоод суусан.

Яасан гэсэн чинь дарга дуудаад “Чи ажлаа өг” гэлээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би гайхаад “Саяхан таныг ажлаа хий гэж хэлсэн гээ биз дээ” гэсэн чинь “Нэг л битүү юм болоод өнгөрчихлөө” гэсэн. Сүүлд ээж хэлсэн “Авгай л ороод загнасан байх аа. Удвал орж ирээд гаръя гэхэд нь гаргасангүй, чи юугаа хийгээд гаргадаггүй юм, гаргаач” гэсэн байлгүй гэсэн. Филотова “Наад С.Удвал чинь ерөөсөө бүтэхгүй, үндэсний үзэлтэй” гэж даргад ярьдаг гэсэн, би тоодоггүй юм аа гэж хэлж байсан. Хэдийгээр бодитой биш байсан ч улсуудын яриаг Филотова сонсоод явдаг. Тойрон хүрээлэгчид нь очоод хэлж байгаа биз дээ.

Ээжийн хэлсэн сонин үг байдаг. Аав 1980 онд өнгөрсөн. “Хоёулаа аавын чинь нутгаар явъя” гээд галт тэргэнд суугаад Дорноговь явсан. Хатанбулаг сум руу машинтай орой явсан. Аавын хамаатныд хоол идэж байхад нэг хүн ирээд “Улаанбуланд улсууд цуглаад, С.Удвал гуайтай уулзъя гэж байна” гэлээ.

Улаанбуланд нэлээд олон хүн цугласан байв. Намын хорооны дарга тэр хоёр дээшээ гараад суусан. Намайг бас намын хорооны дарга “Шүүх яамны хэлтсийн дарга бас дээшээ суу“ гэсэн чинь ээж над руу сүрхий харж байна. Ер нь ээж нэг их юм хэлдэггүй, ноцтой хардаг юм. Би дор үлдсэн чинь ээж санаа нь амарсан бололтой сууж байсан. Тэнд нэг гоё үг хэлсэн юм. “Би ажлаа өгсөөн. Хүүгээ аавынх нь нутагтай танилцуулж яваа юм. Миний албаны томилолт дууссан ч амьдралын томилолт дуусаагүй” гэсэн юм.

Д.Амбасэлмаа гуайМонгол тулгатны 100 эрхэм”-д орохдоо С.Удвал гуайн тухай дурссан. Ер нь хүн насны эцэст ганцаарддаг, үр хүүхэд байлаа ч дүүргэж чаддаггүй орон зай байдаг шиг. Цайны ханьтай болоход нь та яаж хүлээж авсан бэ?

-Тийм байдалд байсан гэдгийг одоо бодоход өрөвдмөөр санагддаг. Үр хүүхдүүд нь тараад явчихсан. Ээж, аавынхаа дэргэд асраад явж байгаа хүмүүсийг харахад сайхан санагдах юм. Ээжтэй нас ахисан хойноо цайгаа хувааж уугаад явж байгаа тэр хүнийг хүндэтгэдэг байсан.

Ингэхэд Цэдэнбалын Владислав та хоёр сайн ойлголцдог байв уу?

-Хувь заяа гэдэг сонин. Москвад намайг ирсэнд баярлаад юмаа ярьдаг. Нэг өдөр “Та орой үлдээч, хоёулаа хууч хөөрье” гэсэн. Тэгэхэд Бал дарга, Филотова хоёр тэнд бараг хэлмэгдээд оччихсон, амаргүй нөхцөлд байсан л даа. Хоёулаа амьдрал ахуй яриад, “Слав, чи яагаад авгай авдаггүй юм” гэсэн чинь “Нөхцөл байдал ийм байна шүү дээ. Би хэзээд нь авгайтай болох вэ, ээж аав хоёр хүрээд ирлээ. Нэг байранд хоёр өөр давхарт байдаг ч хоёр хөгшнийг эргэж тойроод бас хэцүү юм аа” гэж байсан. Мань эрд үнэхээр монгол ч бай орос ч бай хүнтэй танилцаад амьдрах бололцоо гараагүй юм билээ. Сүүлд нэг концерт билүү арга хэмжээнд сууж байхад нэг хүн ширтээд байгаа нь мэдрэгдээд байхгүй юу. Тонгойгоод хартал яг өөдөөс Филотова гуай намайг хараад сууж байсан. СЭВ-ийн зааланд арга хэмжээ болоход Владислав ээжийгээ авчирсан юм билээ. Нэг удаа тэгж тааралдсан даа.

Categories
мэдээ соёл-урлаг

А.Цэгмэд: “Нийслэл хүүхэн”-ий Ажаагаас хойш тав, зургаан дүрд тоглолоо

“Нийслэл хүүхэн” киноны Ажаагийн дүрд тоглосон жүжигчин А.Цэгмэдтэй ярилцлаа.


-Сүүлийн үеийн хэд хэдэн кинонд таныг харлаа?

-Баярлалаа, урлагийн буян.

-“Нийслэл хүүхэн” киноны Ажаа гэж хүн бүр дууддаг хөөрхөн эмээгийн дүрээр од болж байна даа?

-Ажаагаас хойш тав, зургаан ажил орж ирсэн. Ддиш, Look TV, Юнивишн багцаар л яваад байгаа юм гэсэн. “Карантины хүүхдүүд” л гэнэ. “Амар байна уу, Ким” л гэнэ. Бас нэг удганы тухай кино бий. Заримынх нь нэрийг тогтоогоогүй ээ.

-Ойр ойрхон эмээгийн дүр бүтээхээр нэгийг нь нөгөөгөөс нь ялгаруулах хэцүү юү?

-Яалаа гэж. Сурсан эрдмийнхээ оройд нь хүрээгүй ч зах зухаас нь чаргууцалдаад зуураад, базаад авсан юм болохоор “Нийслэл хүүхэн” киноны эмгэний дараа Ким солонгос охины хадам ээж боллоо. Хүлээж авахад бас өөр байх талаас нь өөрийгөө элээж, ирлэж, хуурайдна шүү дээ. “Нийслэл хүүхэн”-ий эмгэн бол жавхалзсан, тачигнасан, хүнээр хүн хийх гэж хичээж байхад тэр Кимийн ээжийн дүр хоорондоо 15-20 хоногийн зайтай л орж ирж байгаа ажил шүү дээ. Хэрвээ хэлийг нь мэдэхгүй солонгос бэр ороод ирвэл хүүгийнхээ төлөө бүхнээ л зориулна. Тийм маягтай байх жишээтэй. Дараа нь Лүн суманд очиж зураг авсан, бас нэг хөдөөгийн эмгэний дүр. Сайхан зээ охин нь удганы угтай болж, ухаан алдаж унаад болдоггүй. Эмгэн рүүгээ хайч хүртэл шиднэ. Тэрийг аргалахын тулд бас яах вэ. Ингээд огт өөр өөр байхын тулд хувь хүнээс зөндөө зүтгэл шаардана даа.

-Ажаа эмээ хөөрхөн дүр л дээ. Гэхдээ бэрээ бол харцаараа удирдах шахдаг хатуухан хадам ээж юм шиг ээ. Бодит амьдрал дээр та ямархуу хадам ээж вэ?

-Амьдрал дээр би Ажаагаас огт өөр хадам ээж. Миний бага хүүгийн эхнэр ихрийн өрөөсөн байгаа юм. Дархан бэр шүү дээ. Тэр бэр маань найзууддаа “Хүүгээсээ илүү намайг өмөөрдөг” гэж ярьсан гэсэн. Бэр, худтайгаа дотно, сайхан харилцаатай. Бэрдээ сайн байвал амьдрал сайхан болно. Бэр маань ч намайг сайн сонсдог, хүлээн зөвшөөрдөг.

-“Нийслэл хүүхэн” кинонд таны тамирчин байсан чадварыг ашигласан хөөрхөн хэсэг байдаг даа. Толгой дээрээ бол ядах юмгүй л тогтож байна лээ. Та одоо ч дасгал хөдөлгөөн хийдэг үү?

-Өглөөний дасгал байнга хийнэ. Одоо энэ коронагийн үед гэртээ л пижигнээд байна шүү дээ. Гадаа гарах арга байхгүй. Гэртээ цаг минутаа харж байгаад дороо зөөлөн гүйнэ. Амьсгаадаад хөлрөөд эхлэхээр нь өөртөө таарсан дасгал хийнэ. Дал гарсан хүн чинь залуудаа хийж байсан дасгалаа нэг их хийхгүй. Таарсан юмнуудаа хийгээд байхаар хар багадаа хийж байсан сунгалтын дасгалууд, энээ тэрээ юмнууд чинь хэвээрээ хадгалагдаж үлддэг юм билээ. “Нийслэл хүүхэн” кинон дээр дасгал хөдөлгөөн оруулсан нь миний санаа биш. Зохиолд энэ тухай бичигдээгүй. Нэг өглөө үүрээр найруулагчийн группийнхэн намайг дуудахаар нь нойрмогдуу очсон чинь “Та илүү гэрийнхээ гадаа тэрлэгээ дэвс, энэ дээрээ дасгал хийнэ дээ” гэсэн. “Ямар юмаа хийх вэ” гэсэн чинь “Та драмын театрт 70 насныхаа ойг тэмдэглүүлж байхдаа толгой дээрээ хөлөө өргөөд шуугиулсан байна лээ, тэрийгээ хий” гэсэн. “Аан за, тэрийг хийх юм уу” гээд хийлээ. “За болчихлоо” гэсэн. Сүүлд киногоо үзсэн чинь төө тэнд байгаа хоёр нөхөр гэрээсээ гарч ирээд “Хүүе, тэнд нэг хүн гацчихсан байна” гэсэн чинь Б.Баатархүү “Ажаа л дасгалаа хийж байна шүү дээ” гэх байдлаар оруулсан юм билээ. Найруулагч, Ааяа, Б.Баатархүү гурав нийлж байгаад Ажаа гэдэг хүний дүрийг тодотгоход онцлог нь ийм байна шүү. Залуудаа энэ хүн олби оготно шиг спорт хөөгөөд гүйж байсан гэдгийг тодотгоё гээд ингэж оруулсан юм билээ.

-”Мартагдсан дууль” кинон дээр та гурван найз эмэгтэйн нэгний дүрд тоглодог шүү дээ. “Алив нэг татчихъя” гээд нөхрөөсөө эмээсэн, хойшоо яарсан эмэгтэйн дүрийг сайн гаргадаг?

-Гучин хэдтэй л байсан даа. Уг нь намайг агсам тавьдаг эмэгтэйн дүрд тоглуулах гэхээр нь би дүрээ солиулсан юм. Социализмын үед найруулагчийн оноосон дүрийг “Би үүнд тоглохгүй ээ” гэж хэлдэг зоригтой хүн байгаагүй. Тухайн үедээ би зоригтойдоо биш, амьдралын байдлаас шалтгаалаад “Би нөхөртэй эмэгтэйн дүрд тогломоор байна. Гадаад дотоодын хүнтэй явалддаг эмэгтэйн дүрд тогломооргүй байна” гээд аминдаа дүрээ голсон чинь Ж.Сэлэнгэсүрэн найруулагч “Чи тэгвэл Улаанбаатар яв, дүрээ голдог жүжигчинг бид авахгүй” гэлээ. Дарханд зураг авсан юм. “За за би явъя” гэсэн чинь найруулагч “Энэ ер нь явах нь байна шүү” гэж бодсон шиг байгаа юм “За, чи тэгвэл даруу Дэжидэд нь тогло” гэж зөвшөөрсөн юм. Даруу Дэжид нь нөхөргүй хоёр найздаа хань болж, “Өвгөн чинь юм хэлэхгүй биз дээ. Юунд нь дав дув гээд байгаа юм бэ” гэхэд нь “Яахав, дараа гарахаа бодъё” гэдэг шүү дээ.

-Та “Өөрийгөө тоодоггүй хүн” кинонд өвгөн нь гэнэт муудахад сандраад гүйж байгаа эзэгтэйн дүрийг бас их сайхан гаргасан даа. Та туслах дүр мөртлөө сэтгэлд үлдсэн дүрүүд бүтээдэг. Дүр дээрээ их ажилладаг уу?

-Баярлалаа. Туслах дүр дээр ажиллахын тулд тэр дүрийн намтрыг би өөрөө бичдэг юм. Туслах дүр ч бодит хүн шүү дээ. Намтар гараад ирэхээр энэ хүнтэй төстэй амьдралтай ямар хүн байна гэж хайхаар нэг хүн гараад ирнэ. Түүнийгээ хараад судлаад байхаар нэг онцлог ажиглагдана. Жишээлбэл, Янжмааг хараад байхаар инээдэг юм уу эсвэл “Буруу хойшоо” гээд цочдог ч юм уу байх жишээтэй. Тэгэнгүүт түүнийг нь бариад авдаг. Туслах дүр жижигддэггүй юм даа. Жижиг дүр ч уран бүтээл.

-Тийм болохоор та “Хүдэн” киноны Аажаагийн дүрээр “Академи авардс” наадмаас “Шилдэг туслах дүр” шагнал хүртсэн байх л даа?

-Үртэй хүн жаргалтай гэдэг. Үр хүүхэд төрүүлж үзээгүй өрөвдмөөр эмэгтэйн зовлонг гаргахын тулд бас судалгаа явсаан. Яалт ч үгүй зүрхэндээ нулимстай дүр. Тэгээд л шагнал авсан байж магадгүй ээ, хөөрхий.

-Та Польшид 15 жил амьдарсан гэсэн үү?

-Тэгсэн. Амьдрал судалсан. Гурван дээд сургууль төгсөхийн дайтай болсон. Тэнд миний өсгөсөн хүүхэд түрүүч нь 33 хүрчихсэн явж байна. Намайг “Марка Поло” кинонд тоглож, Унгарт хоёр сар хагас зураг авалттай байхад Варшаваас аав ээжтэйгээ ирсэн. Тэр хүү Америкт сурдаг мөртлөө зуныхаа амралтаар ээж, аав хоёртойгоо над дээр очсон. Миний хамгийн анх өсгөсөн польш хүүхэд байгаа юм. Түүнээс хойш хоёр ихэр хүүхэд, бас нэг хүүхэд нийтдээ долоон хүүхэд өсгөсөн юм. Заримыг нь өлгийтэй байхаас нь арван сар хүргэнэ. Заримыг нь тав зургаан сартай байхаас нь ой өнгөртөл нь харна. Тэгээд л дараагийн айлд шилжинэ. Айлууд нь “Энд нэг хулгай хийдэггүй, худлаа хэлдэггүй монгол эмгэн байна, жүжигчин юм гэнэ ээ, найдвартай хүн шүү, танайх авах уу” гээд бие биедээ дамжуулчихна. (инээв) Ийм маягаар хүүхэд асардаг ажил хийхийн хажуугаар бас зүгээр суухгүй шүү дээ. Шинэ барилгын цонх угаана. Баян айлын гэр цэвэрлэнэ. Польш эмэгтэйчүүд юм индүүдэх дургүй. Индүүний халуун уур хүний эрүүл мэндэд тааламжгүй гэж үздэг. Би сард хоёр удаа нэг том профессорынд очиж, 54 цамц индүүддэг байлаа.

-Ямар ч олон цамцтай юм бэ дээ. Та ч мэргэжлийн өндөр түвшинд индүүдэх нь ээ?

-Өдөрт гурван цамц өмсдөг юм гэнэ билээ,тэр том профессор. Найруулагч, гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн “Буруу өрөг” гэдэг кинонд тоглосон юм. О.Бат-Өлзий намайг “Үүнийг А.Цэгмэд эгч л хийж чадна. Гэрийн үйлчлэгчийг бүр супер, европ стандартаар хийж байсан” гээд сонгосон шүү дээ.(инээв)

-Та удаан хугацаагаар завсарлаж байгаад үзэгчдэдээ буцаж ирлээ. Хүн бүрийн гялалзах хугацаа өөр. Магадгүй та 70 насандаа шуугиулах ёстой юм байлгүй дээ?

-Тийм. Бурхнаас өгсөн цаг хугацаа байх аа. Зах зээл эхлэхэд театр нь тарж, ажилгүй болсон. Тэр дунд болох ёстой юм болдгоороо болоход энэ нэг хүн орон зайгаа яаж олох нь вэ гэж бурхан намайг сорьсон байх. “Олвол аз чинь олохгүй бол хохь чинь” гэсэн юм байлгүй. Юунд баярладаг гэхээр урлагийн сайхан эхлэл байвч төгс гүйцээж чаддаггүй тийм сайхан мэргэжил надад заяасан болохоор нэг их гандаж, зэвэрчихгүй хоцрогдчихгүй байхыг хичээсэн. Польшид 15 жилийг өнгөрүүлсэн туршлага намайг улам хурцалж, юм бодуулсан байх. Байнга урлагийнхаа төлөө оюун санаа, бие бялдрын хувьд бэлэн бай гэж бурхны зарлиг шиг цаанаасаа тушаасан байх гэж баярладаг юм.

-Эргээд кинонд тоглоход төсөөрсөн юм шиг санагдсан уу?

-Би чинь театрын жүжигчин хүн тэр тусмаа эрэгтэй, эмэгтэй хүүхдийн дүрд голдуу тоглож байсан болохоор “Ану” хатан киноны түүхэн дүрд тоглох их л том хариуцлага юм билээ. Зохиолч Б.Шүүдэрцэцэгт маш их баярладаг. “Би Дарабалжи хатнаа олчихлоо. Кино проб хийх хэрэггүй. Би хүүхэд байхдаа үзэж байсан “Нэр төр” жүжгийн Пагмын дүрд тоглосон эгчийг олчихлоо” гэж хэлж байсан. Өмнөд Монголд багшилж байхад намайг дуудаж авчирч тоглуулсан юм. Эхэндээ камерын өмнө сандарч байна лээ. Яагаад гэвэл “Өндөр ээж”, “Мартагдсан дууль”, “Гал хам”, “Их замын тоос”, “Анхны яргуй”-гаас хойш завсарлаж байгаад, дахин кинонд зураг авахуулсан юм. Би театрын жүжигчин байсан учраас ерөнхий зураглаач Д.Ангараг, Ардын жүжигчин Г.Равдан нар их түшиг болсон. Театрын тайзан дээр тоглох, кинонд тоглох өөр гэдгийг тэд надад хэлэхгүйгээр мэдрүүлсэн. Хэрвээ би театрт хүүхдийн дүрд тоглож байсан бол 650 үзэгчид хүргэхийн тулд ёстой хэтрүүлээд өгнө шүү дээ. Харин камерын өмнө хэтрүүлэх л юм бол худлаа болно гэдгийг тэгэхэд мэдэрсэн учраас “Ану” хатан кино бол өнөөдөр эрэлт хэрэгцээтэй байгаагийн маань эх суурь нь болсон. Тийм учиртай.

-Одоо таны нэг өдөр ямархуу өнгөрч байна вэ. Өдрийн дэглэм барьдаг уу?

-Өглөө босоод дасгалаа хийнэ. Өглөөний цайгаа ууна. Хүний өдөрт иддэг хоол ундны хэмжээ гарын таван хуруутай адил. Өглөөний цай чигчий хуруу шиг жаахан бага. 11 цагийн үед түүнээс арай ахиу. Өдөр бол сайхан амттай хоол, хүссэнээрээ иднэ. Дараа нь бага шиг юм иднэ. Орой бол эрхий хуруу шиг багахан хэмжээтэй иднэ. Гарын таван хурууны хэмжээгээр өдөртөө хооллох хэрэгтэй гэж боддог доо. Ойрд би Соёрхын Пүрэвсүрэнгийн номуудыг их уншиж байна. Сая энэ хүн “Хавт Хасар” зохиолоороо “Алтан Өд” хүртсэн. “Хайр нандин” богино өгүүллэгийн түүвэрт оюутнууддаа хэлж өгөх гоё санаанууд байдаг юм. Би “Зохиомж” дээд сургуульд багшилдаг л даа. Удаан телевиз ширтэх, утас маажихаас зугтах маягтай. Гэхдээ утас маань байнга нээлттэй байдаг юм. Киноныхон залгавал хаагаад хаячихаж болохгүй.

-Та сошиалд идэвхтэй байх юм аа?

-Заримдаа хамаагүй шүүмжилж байж буруудна аа. Тэгээд постоо устгана шүү дээ. “Эхиймаа” киноны дараа бужигнуулсан. Жаахан шүүмжилсэн пост оруулсан чинь зарим нь ч “Зөв, ингэж зоригтой дуугарахгүй бол хэн дуугарах вэ” гээд. Зарим нь та Ц.Алдармаагийн анхны уран бүтээлийг харлуулах гэж байгаа юм шиг пост хийлээ гэсэн. Би тэгээд постоо хоёр хонуулаад татсаан.

-Хичээж хийсэн уран бүтээл нь хасагдаж, танагдахаар ямар ч уран бүтээлчийн хувьд сэтгэлд юм хуралдана, хэлж яримаар санагдах үе байдаг даа?

-Харин тийм. “Зоорь-2” гээд аймшгийн кино бас телевизээр гараад байна лээ. Хүүхдүүд бас их сонин, аймшгийн кинонд дуртай юм билээ. Гудамжаар явж байсан чинь “Хөөе, нөгөө муу хөөрхий хэлмэгдсэн эмээ энд явж байна” гэж байсан. Түүн дээр миний тоглосон дүрийг таазнаас дүүжилж байгаад хана савдаг, зомбидуулна гэж ярьдаг шүү дээ, тийм хэсэг гардаг юм. Тэгэхэд шатнаас унаж байгаа хэсэгт орлон тоглогч авна гэхээр нь би “Үгүй, би өөрөө хийнэ” гэсэн юм. Тэр чинь 2018 оны кино. “Таныг гэмтчихвэл хэн хариуцах юм бэ” гэхээр нь “Би гэмтэхгүй ээ, спортын хүн чинь яаж унахаа мэднэ” гэсээр байгаад тоглосон.

-Та ер нь ирсэн урилгыг хүлээж аваад тоглоод л байна уу?

-Үгүй гэдэггүй юм. Заримдаа миний оюутнууд клип хийлгэнэ гэдэг. Зарим нь “Анхныхаа киног хийнэ” гэдэг. Тэдэндээ бол үгүй гэж хэлж чаддаггүй. Хөөрхий минь, багш нь дэмжихгүй бол хэн дэмжих вэ. “Тэдэн төгрөгөөр тоглоно” гээд гэдийчихвэл миний шавь гомдоно шүү дээ. Тэгж бодоод үгтэй ч бай үггүй ч бай бага ч бай, гол дүр биш ч бай яваад л байгаа.

-Та Цагаан сараар хуулиа л дагав уу, яав?

-Өө, хууль дүрэм нэг жаахан зөрчигдчих шиг болно лээ. Яг л сайхан гэртээ байсан чинь телевизийн нэвтрүүлэгт оролцооч гэлээ. Гэхдээ арваад хоногийн өмнөөс над руу ярьсан юм. “Монгол ёс заншилтай холбоотой Цагаан сарын нэвтрүүлэгт хүүхэд насны чинь Цагаан сарын тухай яриулах гэсэн юм” гэсэн. “Таны яриа их таалагдаж байна” гээд нэлээд яриулж авсан юм. Шинийн нэгэнд цаг нь багтаагүй зайлуул, нөгөө коронагийн мэдээ орж ирээд, саяхан гаргах шиг болно лээ. Гэртээ байсан чинь унаагаар сапп гэж аваад, буцаагаад авчирсан.

-Цагаан сарын өмнөхөн баахан хүмүүс шагнал авав даа. Таныг гавьяат болчихлоо гээд зарим нь андуураад байх шиг байсан?

-Зарим нь андуураад, зарим нь энэ хүн болчихоосой гээд зөндөө л юм бичсэн байсан. Ард түмэн сэтгэлээрээ энэ шагналыг өгөөд байгаа юм байна даа гэж ойлгоод урамтай гоё байсан.

-Төрийн түмэн нүд харах байх аа. Үзэгчийн хувьд удахгүй сайхан мэдээ дуулдана гэж найдаж байна?

-Би л настай хүн гээд насаараа түрээ бариад гавьяа шагнал авах гээд байвал намбагүй л юм болно. Нас бол яах вэ. Бүтээлээр авах учиртай. Итгэлт баяны дайтай дүр бүтээчихээд бардам явж байхад яах вэ. Тэгээгүй байж наана нь горьдоод хэрэггүй. Маршал Х.Чойбалсанг улс удирдаж байх үеэс эхлээд, хичнээн ч төрийн нүүр үзэв. Олон нийгэм үзэж байгаадаа баяртай байдаг. Улс хувьсгалын 40 жилийн ойгоор гимнастик хийгээд явж байсан хүн одоо ч гимнастикаа хаяагүй байгаадаа гимнастикийн Г.Норов багшдаа баярлаж явдаг даа. Спортын мастер байлаа шүү дээ. Миний үеийн жүжигчид дотор спортын мастер бөгөөд жүжигчин хоёрхон л байсан юм. Нэг нь циркийн Д.Дамдин гуай. 40 жилийн ойг нь үзэж байсан хүн одоо 100 жилийн ойг нь үзэх гэж байна. Амьд явбал алтан аяганаас ус ууна гэдэг. Би чинь хэдэн ч алтан аяганаас ус уухын дайтай явна даа.

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

С.Батсүх: Монголын сайхан ард түмэнтэйгээ энэ орчлонгийн вирусийг арилтал сайхан дуулмаар санагдаж байна даа


“Завханы” хэмээн овоглогддог дуучин, гавьяат жүжигчин С.Батсүх Сар шинийн босгон дээр Ардын жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялаалаа. Эрхэм алдрыг хүртсэн түүнтэй ярилцлаа.


-Нутгаараа овоглогддог С.Батсүх гавьяат Ардаараа овоглох боллоо, баяр хүргэе. Энэ эрхэм алдрыг хүртэх болсон тухайгаа сонсоод яаж хүлээж авсан бэ?

-Баярлах, айх хоёр зэрэгцдэг юм байна шүү дээ. Би чинь 1993 онд Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртээд, тухайн үедээ их цочирдож, банкнаас 100 сая төгрөг аваад, дампуурсан юм шиг болсон шүү дээ. Бүх булчирхайнууд ажилладаг, ер нь би яах ёстой вэ гэж бодогддог юм билээ. Жижиг тэмдэг шиг хэрнээ олон түмний сэтгэл хайр, илч энерги шингэсэн байдаг юм байна.

Өчигдөр над руу Ерөнхийлөгчийн Тамгын газраас яриад “Ардын жүжигчин боллоо” гэсэн. Баяр хүргэж байгаа энэ олон хүний сэтгэгдлийг хараад их баярлаж сууна. Хүн эрийн сайндаа сайн явдаггүй юм байна, олон түмнийхээ хүчээр явдаг юм байна. Би бол гайхамшигтай том дуучин биш шүү дээ. Зүгээр л чин сэтгэлээсээ дуулахыг хичээдэг, өөрөөрөө байхыг хүсдэг. Одоо нэг их гайхамшигтай юм надаас гарна гэж юу байв гэж дээ. Гэхдээ чин сэтгэлээсээ Монголын сайхан ард түмэнтэйгээ энэ орчлонгийн вирусийг арилтал сайхан дуулмаар санагдаж байна даа. Анх П.Очирбат Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын гавьяат жүжигчин цолыг хүртсэн бол өнөөдөр Х.Баттулга Ерөнхийлөгчийнхөө зарлигаар Ардын жүжигчин гэдэг энэ сайхан цол авч байгаадаа бэлгэшээж байна.


-Цахимаар, утсаар мөн ч олон хүн танд баяр хүргэж байна даа. Та энэ сайхан мэдээг аваад хэнтэйгээ хамгийн түрүүн хуваалцахыг хүссэн бэ?

-Хамгийн түрүүнд ханьдаа хэлсэн. Манай хүн баярын нулимс дуслуулсан. Хүүхдүүд маань ярьсан. Хамгийн том эгчдээ хэллээ. Ойр тойрны найз нөхөд маань олноороо холбогдож байна. Сайхан байна. Олон түмнийхээ алга ташилтан дунд урамшин, хөглөгдөж олон жил дууллаа. Би өөрийгөө маш их азтай хүн юм байна гэж боддог. Би нэг ч төгрөгний бизнес хийгээгүй хүн. Зөвхөн энэ хэдэн дуугаа л сэтгэлээсээ дуулж ирлээ. Миний сургийг сонсоод үзэгчид маань ирж үздэг. Улаанбаатарт анх бие даасан тоглолтоо хийхэд тэр их цасан шуурган дундуур С.Батсүхийнхээ билетийг авах гээд ирж байгаа хүмүүсийг хараад миний нулимс гарч байсан. Ийм л сайхан ард түмэн дээ. Хойшдоо ч чин сэтгэлээсээ дуулж явна аа. Надаас хувь илүү атлаа энэ мундаг цолыг авч чадаагүй сайхан хүмүүс олон бий. Би бол яахав, өөрийгөө жаахан голонгуй явдаг хүн. Гэхдээ энэ булчирхайнууд их ажиллаж байна. Их баярлаж байна даа.

-Та энэ өдрүүдэд аав, ээжийгээ дурссан байх. Тэднийхээ тухай яриач?

-Миний ээж хүүхэд рүүгээ ширүүн ч хардаггүй зөөлөн хүн байлаа. Аав маань ширүүндүү, хатуу шаардлагатай хүн байсан даа. Аав, ээжийнхээ зургийн өмнө би бүх зүйлээ авчирч тавьж байсан. Шинэ цомог гарсан ч хамгийн түрүүнд авчирч тавина. Гавьяат аваад тэмдгээ бурхдын өмнө аав ээжийнхээ зургийн өмнө хадгалсан. Дээрээс харж байдаг байх гэж боддог. Хүн хэн байсан бэ, хаанаас ирсэн бэ гэдгээ санаж явах учиртай. Аав маань орос хэлтэй, боловсролтой хүн байсан. “Эзэн хичээвэл заяа хичээнэ”, “Чи өөрөө зүтгээд үз” гээд надад зам зурж өгч байсан. Чиний гараа энэ. Замд чинь шавар шалбааг, чөтгөр шулам, даваа гүвээ, зөндөө юм тохиолдоно. Олдсон боломжийг барьж аваад өөрөө зүтгээд яваарай гэж хэлж байсан. Гурван бадаг дуу барьж аваад, явсаар байгаад өнөөдөр олон түмний хайр хишгийг хүртлээ дээ.

-Энэ өдөр анх тайзан дээр дуулж байсан үеэ дурсахад сонин байх болов уу?

-Анх Завханы театрын тайзан дээр хормойгоо чичрээд, уруул ам эвлэхгүй хөөрхөн юм дуулаад явдаг байсан даа. (инээв) Жаахан байхад маань Дэндэр гээд хараагүй хүн үлгэр ярьдаг байсан юм. Тэр хүний үлгэр дуусдаггүй. Төрөлхийн хараагүй мөртлөө сэтгэлдээ хараатай хүн байсан юм билээ. Түүний ярьдаг үлгэрийн баатар шиг болох гээд шөнө орондоо орчихоод уйлдаг, мөрөөддөг байж билээ. Мөрөөдөмтгий сэтгэлгээтэй болсон маань түүний нөлөө. Сэтгэл доторх жаахан цогийг тэр хүн асааж өгсөн гэж боддог юм. Хожим “Дэндэрийн үлгэр” нэрээр кино концерт хийсэн. Тоглолт хийсэн. Дараа нь над дээр хараагүй хүүхдүүд зорьж ирсэн юм. Юм учиртай байдаг юм болов уу даа. Э.Бат-Энгүүн хүү ч байна. Нүдний зурагтай бөгж хийлгэж байсан удаатай. Тэгээд энэ хөөрхөн хүү ирээд одоо хараатай болсон байх жишээтэй. Цаанаасаа бурхны зараалаар хүүхдүүд над дээр ирдэг юм болов уу гэж боддог. Өглөө босоод аав, ээжийгээ бодно. Бага насаа дурсан санана. Хэн байсан гэдгээ хүн бодож явах ёстой юм билээ. Муу хүн гэж байдаггүй юм байна. Муу хүн байлаа гэхэд түүнд ч бас сайн тал байдаг. Түүн дээр нь сайхан сэтгэл нэмж амьдрах хэрэгтэй. Олон түмний сэтгэлийн эрчим хүч энерги гэдэг хүчтэй юм байна гэж мэдэрсэн. Одоо бол урт наслах хэрэгтэй байна. Эрүүл саруул байх ёстой. Би 33 кг хассан шүү дээ. Студи дээрээ “Өөртэйгөө тэмц, өрөөлийг дэмж” гээд уриа хадсан байгаа. Овоо жин хассан байсан чинь гэр бүлийн хүн маань “Мах ид” гэж загнасаар байгаад эргээд бараг арваад кг нэмсэн байна даа. Шинийн 8-наас эхлээд цагаан хоол, янз бүрийн юмнуудаа хэрэглээд, жингээ хасаад, урт наслахыг хичээнэ дээ. Тэгж байж олон түмэндээ зөв мессэж өгч чадна шүү дээ.

-Та олон шинэ дуучин дэмжсэн. Б.Бат-Энэрэл хүү танд баяр хүргэв үү?

-Хамгийн түрүүнд тэднийхэн надтай холбогдож байна лээ. Б.Бат-Энэрэл маань утсаар надад үг хэлж байна лээ. “Хурдан том болоод, хүүхэдтэй болохоор маань та миний хүүхдийг харж өгөөрэй” гэсэн. Ээж, эмээ хоёр нь дахин дахин залгаад, баяр хүргэсэн. Тэд яг манай гэр бүлийнхэн шиг байдаг. Би ч хамаагүй загнах үедээ загнадаг. Юу ч хэлсэн тоохоо байсан шүү дээ, тэд маань. “Хамгийн сайн хүмүүстээ хаврын тэнгэр, бусдад нь бол бурхан” гээд намайг биччихсэн байсан.

-Та шинэ уран бүтээл дээр ажиллаж байгаа юу?

-Би 2019 онд “Очирвааний хүлгүүд” дуугаа хийсэн. Дараа нь “Сэтгэл минь чиний анд” гээд Ц.Бавуудоржийн шүлгээр хийсэн дуу бий. “Ухаарал” гээд дуу хийлээ. Сая цол авахын өмнөхөн Б.Бат-Эрдэнийн (АРАНЗА) “Хотын хүүхнүүд” дуунд клип хийгээд цацаж эхэллээ. Миний зорилго бол нутаг ус руугаа хандсан, монголчууд руугаа хандсан ухаарлын сэдэв рүү орж эхэлж байна. Одоо бол жаахан цагаан гунигтай дууг сонсохоо байж эхэлж байна. Ерэн хэдэн онд цагаан гунигтай дуу сонсож байсан, 2000 оноос оргилсон баярласан бахархсан, бардсан дуунуудыг сонсдог байсан бол одоо ухаарал сонсож эхэлж байна. Монголын нийгэмд үүр хаяарах цаг ирж байна даа гэж би бэлгэшээдэг. Дээхнэ үед гоё дуучны хоолой сонсож, сайхан дуучны дүрс харж алга ташдаг байсан бол одоо нэгнийхээ сэтгэл рүү өнгийж, хүний сэтгэл сонсдог болж. С.Батсүх энэ дуугаараа яг юу хэлээд байна гэж сонсдог болжээ. “Аашаар засардаггүй орчлонг аргадах л гэж дуулдаг юм, би. Дулаахан сэтгэлийг минь мөнхийн анд гэж итгээрэй”гэх мэтчилэн үгтэй дуунуудыг дуулж сая бичүүлж, клип хийлгэсэн байгаа. Дэлхийгээр тархсан монголчууддаа зориулж сайхан дуу хийх сэн гэж хүсдэг. Нийтийн дуу бол ардын дууны үргэлжлэл гэж боддог.

-Цагаан сар дөхөж байна. Хөл хориогүй байсан бол олон хүн гэрээр тань ирж баяр хүргэх байсан даа. Энэ Цагаан сарыг та яаж тэмдэглэх вэ?

– Ноднингийн Цагаан сарыг ч гэртээ ах дүү нартайгаа цахимаар золгож, сайхан таваг идээгээ засаад, тэмдэглэсэн. Энэ жил ч ялгаагүй. Өнөөдөр дэлхий нийтээр вирустэй байгаа үед гэр гэртээ байж, өөрийгөө хамгаалах хэрэгтэй байна. Өөрийгөө хамгаална гэдэг өрөөлийг хамгаалж байгаа гэсэн үг. Уг нь Цагаан сараар залуу дуучид өдөржингөө манайхаар орж ирдэг шүү дээ. Гоё л байдаг. Нэг сайхан нартай өдөр бүх юм сайхан болно. Тэгэхэд өөд өөдөөсөө хараад, бие биентэйгээ гар барих цаг ирнэ. Үзэгчид маань даган дуулж, алга ташихыг харан дуулах өдөр ирнэ.

-Ингэхэд хамгийн дурсамжтай Цагаан сар хэзээ байв?

-Хүүхэд байхдаа аавтайгаа хамт өглөө нартай золгоод, манай өвөлжөөний хажуугийн овоон дээр очиж, тойрч явдаг байлаа. Хамгийн гоё мориныхоо дэлийг нь засаад, уяж сойж бэлтгэдэгсэн. Өндөр настай сайхан улсуудад золгох сайхан л даа. Цагаан сар гэдэг цагаахан хайрын баяр гэж хэлж болно. Өвгөд хөгшдийнхөө тохойг түшээд золгодог, нялх балчруудынхаа алгыг тэнийлгэдэг. Шинэ хувцас өмсдөг, юм болгоныг шинээр эхэллээ гэж бэлгэшээдэг. Хөдөөнийхөн чинь хаваржингаа шахуу золгодог шүү дээ. Хоёр аманд байж, “Зун сайхан уулзана даа” гэдэг юм чинь одоо бол энэ вирустэй үед хавар, зун сайхан золгож уулзах бололцоо гарна гэж бодож байгаа.

-Нутгийнхан тань их баярласан байх аа. Завханчууддаа, хайртай хүмүүстээ сэтгэлийн үгээ хэлж болно шүү. Өдрийн сонин чинь хөдөө хотгүй мянга мянгаараа тардаг юм шүү дээ. Отгонтэнгэр хайрхан тань нутгийн хүүгээ цаашдаа ч ивээх байх аа?

– Сүүлийн жар гаруй жил Ардын жүжигчин, арслан цолыг завханчууд аваагүй. Одоо нэг том үүд хаалга нээгдэж байна даа. Цаашдаа олон сайхан хүмүүс хөдөлмөрөө үнэлүүлж, арслан цолтон төрөх байх гэж найдаж байна. Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Ц.Жамьян, Урлагийн гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Н.Лутбаяр, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Д.Цэвээнравдан, Төрийн соёрхолт, яруу найрагч Ц.Бавуудорж, Соёлын гавьяат зүтгэлтэн П.Батсайхан нартаа ханцуйдаа залбирч явдаг шүү. Тэднийгээ төрөөрөө үнэлүүлж байгаад нь сэтгэл өег байдаг. Гавьяатын тэмдгээ айхавтар зүүдэггүй яваад, Н.Лутбаярыгаа Урлагийн гавьяат зүтгэлтэн болоход зүүдэг болсон доо. Завханчууддаа, монголчууддаа танай сониноор дамжуулан баярлалаа гэдгээ уламжилъя.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Нацагдорж: Шинэ жил гарч байгаа учраас монголчууд нийтээр сайн ерөөл талбих хэрэгтэй

Уламжлалт анагаах ухааны Манба Дацан нэгдсэн эмнэлгийн зөвлөх, хүний гавьяат эмч, хамба лам Д.Нацагдоржтой ярилцлаа.


-Цагаан сар дөхөж байгаа учраас үхэр жилийн өнгийг манай уншигчдад хэлж өгнө үү. Хэн, юуг анхаарвал зохилтой вэ?

-XVII жарны “цөөвөр” хэмээх цагаагчин (төмөр) үхэр жил гарч байна. Зурхайн ерөнхий байдлыг харахад хаврын сардаа жаахан цас, шуургатай байгаа. Зуны улиралдаа зарим газраар хуурайшилтай мөртлөө зарим газраар үер буух, гантай маягтай байна. Өвөлдөө эрт цас орох маягтай. Монголчууд байгаль ертөнцийн уялдаа холбоог бодоод, орон хийдийн лам нарынхаа номын хүч чадлыг ашиглан, нутаг нутагтаа ган гачиггүй, зуд турхангүй сайхан байлгах талаас нь хавраас эхлээд сайн ном уншуулах ажил байна. Үүнийг орон нутаг нь ч лам нар нь ч анхаарна биз ээ. Байгалийн сөрөг үр дагавруудыг засах боломжтой судар болоод тарнийн арга чарга зөндөө байдаг. Үүнд анхаарвал сайхан болно гэж бодож байна. Шинэ он гарч байгаа учраас монголчууд нийтээр сайн ерөөл талбих хэрэгтэй. Бүгдээрээ энэ жил амар амгалантай байгаасай, өвчин зовлонгүй байгаасай, байгалийн сөрөг үр дагаврууд арилах болтугай гэж дор бүрдээ залбирч, даатгах учиртай.

Хүмүүсийн тухайд анхаарууштай зүйлүүд байна. Хүүхэд мэндлэхэд заавал ном уншуулдаг ёсыг авч явах хэрэгтэй. Түүнээс гадна яс тасрахын гүймэг гэж хэцүү гүймэг бий. Тэр нь могой жилтэй ес, 21, 33-тай могой бас гүймэг таарч, мөчлөг орж байгаа 45, 57, 69, 81-тэй хүмүүс яс тасрахын гүймэг засуулах хэрэгцээтэй. Гүймэг олон янз байдаг юм. Гэхдээ энэ дотор хамгийн аюултай нь энэ. Ялангуяа 21-тэй эрэгтэй хүүхдүүд гол горхи, далай тэнгисийн усанд орохыг хоримоор байна. Энэ насны эмэгтэй хүүхдүүд ч өндрөөс унах, гэмтэх бэртэхээс сэргийлээрэй. Номтой лам нараас асууж байгаад засал хийлгэх нь зөв. Хонь жилтэй хүмүүст их долоогийн харш таарч байгаа. Засал хийлгэхгүй байж байгаад олон юманд өртдөг шүү. Гүймэг болон дүнсэр таарч байгаа улсууд бололцоотой бол сайн сахиус хийлгэж зүүх хэрэгтэй. Жил орж, мэнгэ голлож байгаа хүмүүс жил, мэнгэний заслуудыг сайн хийлгээрэй. Жил орж байгаа хүмүүс Говийн Лха сайн тахиулах ёстой юм билээ. Цаг тооны бичиг дээр байгаа. Амь нас, биений зурхай, сүлд харласан бол түүнийгээ сайн засуулаарай. Төмөр суудалтай хүмүүс анхаараарай. Осол, хэл ам, хулгайд юмаа алдах нигууртай шүү. Эрхтний зурхай харлаж гарвал Алтангэрэлийн даллага авахуулж, Алтангэрэл уншуулах хэрэгтэй. Яс тасрахын үүд, Үгүйрлийн үүд гээд зурхайн хэмнэлүүд гарч ирдэг. Түүнийгээ сайн засуулах учиртай. Огторгуй суудал хүний зүрх, судасны үйл ажиллагаанд асар их нөлөөтэй шүү. Үүнийг сайн бодоод заслуудаа сайн хийлгээрэй. Надад олон хүн ханддаг, зурхайн сөрөг хэмнэлтэй хүмүүс их өвдсөн байдаг. Олон жил хүний жаргал, зовлонг хуваалцаж ирсэн хүний хувьд энэ бүхэн хүний амьдралд нөлөөлдөг юм байна гэдгийг тов тодорхой мэдэж байна. Ном уншуулж байна гээд ном бичүүлчихээд алга болчихдог. Өөрсдөө сууж байгаад, ач холбогдол өгөөд уншуулчихмаар байх юм. Орон хийдийн лам нар ч өргөл айлтгал хийж байгаа улсуудын номыг ёсчилон уншиж өгөх ёстой. Хүний өргөл барьц авчихаад, ном уншихгүй бол гортдог шүү, номын өрөнд орно. Аль аль талдаа хариуцлагаа хүлээж явбал зохилтой.

Ер нь жаахан хямрал байгаа шүү. Халдварт өвчний байдал бас жаахан онцгүй л байгаа. Ялангуяа үхэр жилд зүрх судас, тархи толгой, уушги, амьсгалын замын өвчтэй хүмүүс үзүүлж харуулж урьдчилан сэргийлэхэд анхаармаар байгаа юм. Бөөр, эмэгтэйчүүдийн талын өвчтэй хүмүүс энэ жилдээ сайн анхаарах шаардлагатай.

-Уламжлалт анагаах ухааны сударт “Цөвүүн цагт амьтны үйл доройтсоноор халдварт нянгийн өвчин ихэд дэлгэрэх бөгөөд Замбуутивийн дөрөвний нэг нь хоосрох болно. Тэр цагт өөрийгөө болон бусдыг хамгаалж сэргийлэх нь чухал” хэмээн айлдсан тухай танай сайтаас уншлаа. Цөвүүн цаг гэдгийг хэзээ гэж ойлгох вэ?

-Ном үзэж байхад Бурхан багшийн үеэс хойш 1500 жилийн дараагаас цөвүүн цагийн ёр тэмдэг ихэсч байгаа гэх юм билээ. Цөвүүн цагийн таван ёр гэж байдаг. Бодит юмыг үгүйсгэдэг эрин цаг ирнэ гэж байгаа юм. Сэтгэл санаа, итгэлийн болоод, явдал мөр нь буруудна гэж байгаа юм. Хэл ярианы байдал бүгд өөрчлөгдөнө. Одоо бид нарт тэр нь яваад л байна. Хүмүүс буруу юм их ярьж байна. Нэгийгээ гүтгэж доромжилж байна. Би юу гэж хэлсэн ч яадаг юм гэх байдлууд чинь нийлсээр байгаад нийгэмд нөлөөлдөг юм байна. Бие, хэл, сэтгэлээ захирч явах цаг ирсэн байна. Түүнээс гадна гал ус, ган гачгийн аюул ихэднэ гэж байгаа юм. Хүмүүсийн насанд их цөвтэй болж эхэлж байгаа юм. Буяны төрөл олсон мөртлөө буян хийхээ болихоор сөрөг үр дагавар гарч ирдэг. Хүмүүсийн буян доройтож эхэлнэ. Буянаасаа илүү нүгэл хийх нь их цаг үе ирж байгаа юм. Гэх мэт зүйлүүдийг цөвүүн цагт хамруулж авч үзсэн байдаг. Гэтэл одоо бид хоорондоо хямралдан, тэрсэлдэж, гэр бүл байгууллага хамт олон, төр улс нь ч хямраад байгаа юм. Монголчууд маань өв уламжлалаа дагаж, миний хийж байгаа үйлээс болоод олон хүн лус савдгийн хорлол болчих вий гэж анхаарч явах цаг нь ирсэн байна.

-Коронавирус хүн төрөлхтөнд сануулга дохио өгч байна гэж хүмүүс ярьж байгаа. Коронавирус эцсийнх биш гэж мэргэжилтнүүд ч сануулж байна. Энэ бүхэн хүмүүсийн үйлийн үрийн хариу юм болов уу. Буддын шашны үүднээс яаж тайлбарлах вэ?

-Цөвүүн цагт халдварт өвчин аюул үүсгэнэ гэдгийг Манал бурхны сударт айлдсан. Цагаан шүхэрт, Ногоон дарь эхийн сударт бий. Гэх мэт олон судар номуудад цөвүүн цагт халдварт өвчин, ад тотгорын өвчин нүүрлэх тухай өгүүлсэн байдаг. Хүн төрөлхтний буруу үйл ажиллагаанаас бас болоод байгаа юм. Онгон байгаль хомсдож байна. Газар доорх, дээрх юмсыг авч ашиглахад хүнээр бол маш олон судас шөрмөсийг нь таслаад байгаа юм. Ингэхэд байгалийг хардаг лус савдгууд бидэнд уурлаж, өшөө авч байгаа юм. Эргүүлээд өөрсдийнхөө хүч чадлыг хүмүүст харуулж байгаа хэрэг. Өмхий самхай үнэр танар хог ихээр бий болгож, байгалийг зүй зохисгүй ашиглаж байгаа нь эргээд бидэнд сөргөөр нөлөөлж байна. Байгалиа улам л устгаад байвал хүн төрөлхтөн хичнээн хөгжсөн ч байгаль дэлхий нэг л өдөр энэ бүхнийг арчаад хаях юм шиг байна лээ. Эдийн засаг хөгжсөн мундаг орнууд ч гал түймрээ унтрааж чадахгүй өчнөөн удаан хугацаанд гал дунд л байлаа шүү дээ. Яг үнэн чанартаа бид байгальдаа л дийлдэнэ. Ган гачиг, үер ус асар олон асуудлууд нүүрлэнэ. Энэ бүхэн хүн төрөлхтний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй гэдэг. Сэтгэлийн үйл ч энд нөлөөлдөг. Эрдэнэт хүний төрлийг олчихоод буяны төрлөөр явахгүй, бузар нүгэл үйлдээд байна шүү гэсэн үг. Хэдэн жилийн өмнө ДЭМБ-аас халдварт өвчний асуудал анхаарал татна гэдгийг сануулсан шүү дээ. Манал бурхны айлдсан, ДЭМБ-ын санамж давхцаж ирж байгаа юм. Халдварт өвчин дэлхий даяар тархаад, хүн төрөлхтөн айдастай амьдарч байна. Маш их хохирол үзэж байна. Хүн болгон өөрийнхөөрөө тайван амгалан амьдарч чадахгүйд хүрч байна. Монголчуудын хувьд маш их бухимдалтай, эдийн засгийн болоод сэтгэл санааны хохиролтой жил өнгөрч байна. Үүнийг даван туулахад бурхны шашны лам хуврагуудын хүч оролцоо их байх учиртай юм. Халдварт муухай өвчнийг анагааж эдгээдэг, үргээж хөөдөг, урьдчилан сэргийлэх номыг нь уг нь уншуулмаар байтал харин тэр бурхан шашныхаа бүх хурлыг нь хааж байна шүү дээ.

-Манба дацангийн эмч нар коронавирусийг эмчлэхээр Цэргийн госпитальд баг болж орсон гэж сонссон. Монголчууд коронавирусийг анагаах, судлах дэлхий нийтийн үйлсэд хувь нэмрээ оруулах учиртай. Тэр тусмаа уламжлалт анагаах ухааны эмчилгээ коронавирусийг эмчлэхэд ямар нөлөө үзүүлж байгаа нь чухал. Эхний үр дүн гарч байгаа юу?

– Уламжлалт анагаах ухаан маш том анагаах ухаан шүү. Уламжлалт анагаах ухаан монголчуудад төдийгүй хүн төрөлхтөнд зориулагдсан. Би гадаадад явж, олон хүн эмчилж байлаа. Өөрийнхөө эм танг авч очоод эмчлэхэд эдгэдэг л байхгүй юу. Бид харин эртхэн орох байсан юм. Хойш нь татсаар байгаад, сая нэлээд хөөцөлдсөний үр дүнд арваннэгдүгээр сард зөвшөөрөл гарч байгаа юм. Одоо цэргийн госпиталь руу орсон. Хэдэн хүн эмчлүүлж байна. Эмчилгээ дөнгөж эхэлж байна.

Эхний шинжилгээгээр тэр хүмүүсийн байдал сайжирч байгаа. Нэг хүн хоёр уушгиндаа нэвчдэстэй, дагалдах өвчтэй, хүнд байсан. Одоо бол халуунгүй болсон, сайжирч байна. Тэнд эмчлүүлж байгаа хүмүүс алхам алхмаар сайжраад л байна. Үнэндээ Манба дацан, миний бие эмч нарын багаа оруулъя гэж зүтгэж байж орууллаа. Одоо харин Засгийн газар анхааралдаа авах байлгүй дээ. Сар гаруйн хугацаанд эм танг нь үнэгүй өгөөд, эмч нарынхаа цалинг манайх гаргаад явж байна. Өмнө нь хоёр эмч, сая хоёр эмч нийтдээ дөрвөн эмч дараа дараагаараа орж ажиллаж байна. Энэ байдал дээр үзэхэд үр дүн мэдээж өгнө. Уламжлалт анагаах ухааны эм танг ууснаар дагалдах урхаггүй бүрэн гүйцэд эмчлэгдэнэ гэдгийг ард түмэндээ хэлэх нь зөв байх.

-Урд хөршийнхөн ч коронавирусийг эмчлэхдээ уламжлалт эмчилгээ, эм тан ашиглаж байгаа гэдгээ эхнээсээ мэдээлж байсан. Бусад улсууд энэ эмчилгээнд дорнын анагаах ухааныг хэр ашиглав, тэдний гаргасан эмчилгээний арга, судалгаа та бүхнийхтэй дүйж байх юм уу?

-Бид нэг юмыг л ойлгох хэрэгтэй. Хятадууд бол уламжлалт анагаах ухааны эм тангаа дийлэнх нь ууж ирсэн. Одоо ч уудаг. Тийм учраас ковидыг эмчлэхэд шууд уламжлалтынхнаа оруулсан. Манайх бол 100 жил энэ анагаах ухаанаа муулж, эсрэг явж ирсэн ард түмэн шүү. Тэгээд оруулахгүй байсан юм. Ард түмэн нь хүлээж авахгүй, хоёрдугаарт төр засгийн шийдвэр гаргагчид нь эргэлзэж ханддаг. Уг нь бид гаднаас юм хайгаад байх ард түмэн биш шүү дээ. Одоо харин уламжлалтын эмч нарыг түүчээлж, зам гаргалаа. Цаашдаа эрүүл мэндийн салбар нь ойлгоод, хүмүүсээ бүрэн эдгээхэд авч хэрэглээсэй гэж бодож байна.

Хятадууд коронавирусийг эмчлэхдээ уламжлалт анагаах ухаанаа оролцуулаад, судалгаа хийгээд, дэлхийд цацсан. Тайвань, Тайланд, Вьетнам уламжлалт анагаах ухаанаа хэрэглэж, үр дүн гаргаад, судалгаануудаа дэлхийд зарлаад явж байна. Нэгэнт бид эмчилгээ хийж эхэлсэн болохоор судалгаа хийж, үр дүнг нь танилцуулах боломж гарна гэж найдаж байна.

-Манба дацан олон улсын стандарт шаардлага хангасан шинэ эмийн үйлдвэртэй болно гэж байсан. Энэ үйлдвэрээ ашиглалтад оруулж амжсан уу, ер нь эмийн нөөц хэр байгаа вэ?

-Манба дацан 30 жил ажиллаж байгаа эмийн үйлдвэр. 180 орчим эмийг улсын эмийн бүртгэлд бүртгүүлсэн, тусгай зөвшөөрөлтэй эмүүдээр иргэддээ үйлчилж байгаа. Энэ жил тодорхой хэмжээний нөөц бүрдүүлсэн. Шинэ эмийн үйлдвэр хөл хорионоос болоод хойшилсон. Бэлтгэл хангаад явж байна.

-Танайхан халдварт нянгаас сэргийлэх “Очир” сахиусыг тусгай тарни, зан үйл, бясалгалын аргаар гаргаж авсан гэсэн. Сахиус, эм тан захиалбал хүргэлтээр авах боломж байдаг уу?

-Хүргэнэ гэхэд хэцүү. Олон тоогоор хийхэд цаг хугацаа орно, хүн хүч шаардана. Арав гаруй жилийн өмнө би хар үрэл хийж, хүн амьтанд өгөөд, олон хүнд тусалж байлаа. Нийтэд хэлээдэхсэн чинь урдаас зарим нь ус цацаад байхаар нь нэг хэсэг больсон. Тэгтэл бас яая даа гэсэн хүмүүс байна. Үнэхээр хэрэглэчихье гэсэн хүмүүст бага багаар хийж өгч л байна. Ойр зуурын хэрэгцээндээ зориулаад ковидын эсрэг хоёр янзын утлага гаргасан. Тэр бол халдварт өвчин, ад тотгорын муу нөлөөг ариусгаж, хамгаалдаг. Ажилтнууддаа өгсөн, гэр орон үр хүүхдээ ариулж бай гэсэн. Нарийн шүн, орц норм, онолтой. Тарни номыг нь уншиж хүчин чадлыг нь нэмдэг аргачлал бий. Бид бас халдварт өвчнөөс хамгаалдаг тарни гаргаж өгсөн. Саяхан надад нэг хүн хэлж байна лээ. “Та Маналын тарнийг сайн уншиж бай гэдэг. Би ковид тусаад цаг болгон Маналын тарни тооллоо. Цай, ус руугаа үлээгээд, хамар амаа зайлж уугаад байсан чинь цуг орсон хүмүүсээсээ хамгийн түрүүнд эдгээд гарчихлаа шүү. Энэ чинь их тустай юм байна шүү” гэж утсаар ярьсан. Монголчууддаа та нар маань тарни уншаарай. Өөд өөдөөсөө харж суугаад засал номоо хийлгээрэй гэж хэлье. Тусгай утлага нь олдвол түүгээрээ ариулаад яваарай. Хамар ам цэвэрлээд явах эмчилгээний тангууд байна. Бид түүгээр хүмүүсийн ам хамрыг зайлуулж байгаа. Энэ их үр дүнтэй гэдгийг хараад л байгаа юм. Энэ халдварт өвчин цаанаа ад тотгорын хорлолтой шүү. Шөнө орой битгий их яв. Ажил руугаа яваад, халдвар хамгааллын дэглэмээ бариад, гадуур их явахгүй, олны дунд орохгүй, архи дарс уухгүй, дахиад хэдэн сар тэвчье л дээ. Хэсэг хугацааны дараа вакцин ороод ирнэ биз. Энэ муухай өвчнөөс салаад, үхэр жилдээ амар амгаланг эдэлье. Бүгдээрээ нурууны ачаа, сэтгэлийнхээ ачааг аваад хаячихмаар л байна шүү дээ.

-Хүмүүс гэртээ байгаа болохоор жин нэмэх асуудал болоод байна л даа. Олон хүн 108 удаа мөргөж байна. Үр дүнг нь ч мэдэрч эхэлсэн байх. Жингээ барих асуудлаар та юу зөвлөх вэ?

-Хуучин мартагдсан юм шинэ юм байдаг гэдэг. Олон жилийн өмнө Манба дацангаас мөргөлийг ард түмний хүртээл болговол буянтай юм даа гээд мөргөлийн талаар ярьж эхэлсэн л дээ. Г.Одонцэцэг доктор хүмүүст таниулаад, одоо мөргөл олны дунд гадаад дотоодгүй түглээ. Солонгосууд хүртэл монголчуудад мөргөл зааж байна гэсэн шүү (инээв). 108 мөргөх нь зөвхөн жин хасахаас гадна эрүүл амьдрахын нэг хэлбэр шүү. Мөргөлөө сайхан хийж байх хэрэгтэй байна. Жингээ барихын тулд бас хоол ундандаа анхаараарай. Замбараагүй их юм идэх хэрэггүй. Олон юм холих хэрэггүй. Дарсан, нөөшилсөн хүнс байнга хэрэглэх нь тусгүй байна. Би бол монгол маягаараа л хооллодог хүн шүү.

-Та юу идэж байна?

-Шөлтэй хоол, монголчуудын гэртээ хийж иддэг энгийн хоолнуудыг л иддэг. Бага иддэг хүн л дээ. Хоолондоо анхаарч бас ус их уудгаа болих хэрэгтэй. Ус их уухаар ходоодны галын илчийг дардаг юм. Таргалалт гэдэг ходоод чинь ачааллаа дийлэхээ байлаа гэдэг шинж тэмдэг шүү. Ходоодны галын илч муудсан гэсэн үг. Хоолоо зөв тохируулаад, мөргөл хийж байгаа тохиолдолд ходоодны галын илч сайжруулдаг монгол эм тангууд бий. Тэрийг уугаад эрүүлжиж болно. Манай эрүүл мэндийн салбарынхан уламжлалт анагаах ухааны эрүүл орших ухааныг ард түмэндээ зааж, халдварт, халдварт бус өвчнөө төгс эдгээж байвал дараа дараагийн өвчний зовлон гарахгүй. Тэгэхгүй хүчтэй антибиотикоор дараад, нөгөөдөх нь архагшиж, дараагийн эрхтэнд нөлөөлөөд байна. Ерээд оноос өмнө ийм олон хүн өвддөггүй байсан юм шүү. Үүний эх үүсвэр нь хоол унд. Ялангуяа эрэгтэй, эмэгтэйгүй архи ууж байна. Өөрсдийгөө хорлож байна. Хүн эрүүл байх эсэх нь өөрөөс нь хамгийн их шалтгаална. Үхэл нь ирсэн бол мянган бурхан хүрээлсэн ч дийлдэггүй юм шүү.

-Дашрамд нэг зүйл сонирхъё. Таныг олж уулзах амаргүй байдаг. Байнга л хүн үзэж байдаг. Танд өөрийгөө хамгаалах өвөрмөц арга байдаг уу?

-Түрүүн хэлсэн халдвараас хамгаалдаг утлага хэрэглэдэг. Утдаг, зүүдэг хоёр хэлбэртэй. Түүнийгээ зүүсэн. Хоёрт нь би тэр уугиулдаг юмыг сайн уугиулдаг. Гуравт нь өдөр тутам тарни номоо уншина. Бурхан Гончигсүмтэй хамтдаа буян номынхоо ажлыг хийгээд, өвдчихгүй юмсан гэж залбирч явдаг. Түүнийгээ дагаад гайгүй л байна шүү дээ, хөөрхий.

-Хамаг амьтан халдвартай газраас холхон байхыг хичээж байхад та л “Фронтод явах өргөдөл” гэдэг киноны баатар шиг дайны талбар руу, тэргүүн шугам руу зүтгээд байдаг. Уламжлалтын эмч нар, лам хуврагууд олон байдаг ч тан шиг коронавирустэй хүн эмчилье гэж зүтгэж байгаа нь дуулдаагүй. Юу таныг зоригжуулдаг вэ?

-Би уламжлалтын эмч нартаа итгэл найдвар өгч байгаа гэж бодож байна. Зоригоос гадна надад мэдлэг байгаа юм. Үзсэн ном мэдлэгтээ итгэлтэй байна. Элэгний вирусээс авахуулаад олон вирустэй хүн эмчилж байсан. Ер нь уламжлалтын эмч нар бодисадваагийн явдалтай. Бодисадваа нар хаана зовлон байна тэр рүү оръё л гэдэг. Амьтны тусын тулд явж байгаад амиа алдсан ч буян болно гэж боддог юм. Бодисадвагийн сэтгэл намайг гижигдээд байгаа хэрэг. “Амьтанд тус болооч дээ” гэсэн багш нарын, бурхадын зарлиг байна. Гайхалтай олон ном үзсэн. Би уг нь өөрөө оръё гэсэн чинь 55 наснаас дээш гарсан байна гээд татгалзсан. Уламжлалт анагаах ухааны мэргэжлийн салбар зөвлөлд ажилладаг учраас зөвлөх ажлаа хий гэсэн. Гэсэн ч эмч нартайгаа холбоотой байна. Заримдаа шөнө хоёр цагт эмч нартайгаа ярьж байна. Зарим өвчтөнтэй холбогддог. Сайхан сэтгэлийн үзүүрт тос гэж үг бий.

Categories
мэдээ нийгэм соёл-урлаг

О.Баяржаргал: “Хүүхнүүд ээ гэж” дууны клип гарах гэж хоёр жил болсон доо

“Энэ хүүхнүүд үү” киноны хөгжим дууны аялгуу болно гэж хэн санах билээ. Уг аялгуунд донжтой нь аргагүй дуулсан “Испани дууны” хэмээх тодотголтой дуучин О.Баяржаргалтай ярилцлаа.


-Таны шинэхэн уран бүтээл “Хүүхнүүд ээ гэж” клипийг саяхан сонссон. Шинэ уран бүтээл мөртлөө танил сонсогдоод байгаа нь хуучны сайхан киноны аялгуутай холбоотой болов уу. Энэ клипийг хэр удаан хийсэн бэ, яагаад “Энэ хүүхнүүд үү”-гийн аялгууг сонгож авсан юм бол?

– Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч С.Соронзонболдтой багш, шавь хэрнээ найзууд л даа. Багш маань надад “Л.Мөрдорж багшийн энэ хөгжим Монголын үндэсний джаз байхгүй юу” гэж хэлсэн юм. Би түүнийг нь соргогоор хүлээж аваад, “Үүн дээр дуу хийж болох юм уу” гэсэн чинь “Чи үнэхээр сайн хийж чадна гэвэл асуудалгүй” гэлээ. Оюуны өмчийг нь судлаад үзэхэд 50 жил илүү гарчихсан ард түмний өмч болсон байв. Яруу найрагч Ч.Алтантүлхүүр, Завханы С.Батсүх гавьяат гурвуулаа сууж байгаад яруу найраг биш, этгээд үгтэй байвал зүгээр гэж ярилцсан. Энэ уран бүтээл дээр удаан ажилласан. Сонсоход бэлэн болгох гэж жил болсон. Клип нь гарах гэж хоёр жил болсон доо.

-Сайн ажилласан болохоор хүмүүст хүрч байгаа болов уу, өөрөө ч маш донжтой дуулсан байна лээ. Эхний сонсогчид яаж хүлээж авсан бэ?

-Насны онцлогоос болоод хандлага нь өөр байсан. Үг нь жаахан этгээд байсан болохоор залуу хүмүүсийг татсан болов уу гэж бодсон. Тэд “Хөөх” гээд хүлээж авсан. Манай аав, ээжийн насныхан болохоор “Энэ чинь нэг л танил юу билээ” гэх жишээтэй. Сонсохоор танил, тэгсэн хэрнээ шинэ байх юм гэсэн л дээ.

-Сонсоход гоё хэрнээ дагаж дуулах гэвэл хэцүү үгтэй юм шиг ээ?

-Дуулах гэж үзвэл хэцүү. Дээрээс нь Л.Мөрдорж гэдэг хүн Монголын хөгжмийн түүхийн анхдагч гэдэг утгаараа энэ дууг Монголын анхны джаз дуу гэж хэлчихэд болно доо. Хөгжмийн хувьд зохиогчийнх нь хэв маягийг эвдээгүй. Найруулгаараа орчин үеийнх байлгах гэж зорьсон. Киногоо бүтэн үзээд, хөгжмийн элементүүд, зарим хэсгээс авах санаануудаа сайн бодож байгаад, залуу дуучин Э.Гэрэлсайхантай харьцаж дуулсан юм.

-Ингэхэд таны хувьд хүүхнүүд гэж хэн бэ?

-Амьдралыг эмэгтэй хүн авч явдаг гэдэгтэй би санал нийлдэг. Хүүхнүүд гэж хэн бэ гэвэл хүчирхэг эр хүн бүхний баттай ар тал нь юм даа. Бүсгүй хүний ухаан дээр үндэстэн оршин тогтдог шүү дээ.

-Таныг ямар ч төрлөөр дуулдаг гэдэг юм билээ. Сайнаар хэлбэл та олон талын авьяастай байж таарах нь. муу талаас нь харвал өөрийгөө олоогүй байж магадгүй шинжтэй. Аль нь танд илүү тохирох вэ?

– СУИС төгсөөд, өөрийгөө хайж их явсан. Одоо бол яг өөрийгөө олсон гэж хэлж болно. Бүх төрлийн дуу дуулж чаддаг гэдгийг бол хөрвөх чадвартай гэж дүгнэж болно. Би хөдөө орон нутгаар явж олон тоглолтод оролцдог л доо. Сонсогчдоо мэдрэх чухал санагддаг. Хөшиг яраад харахад хөгшид олон байвал Улаанбаатарынхны сонсдог дууг хүлээж авахгүй дээ. Зрительдээ тохируулаад эхний дуугаа сонгодог. Тэр сайхан хөгшдийг хүндэтгээд, ардын дуу дуулаад, дараа нь эстрадын дуу дуулж болно шүү дээ. Би СУИС-ийн дуурийн дуулаачийн анги төгссөн л дөө. Хөдөө өссөн, Дундговьд мал хариулаад явж байсан хүүхэд. СУИС төгсөөд болсон болоогүй карьер хөөгөөд явъя гэж бодоогүй. Нийтийн дуу дуулах гэж үзсэн, болоогүй л дээ. “Өөртөө таалагдаж байж, өрөөлд таалагдана шүү” гэж миний багш хэлдэг байсан. Бусдаас өөр байх, давтагдахгүй байх гэдэг эрэл хайгуул их хийсэн юм болов уу гэж боддог.

-Та яагаад дуурийн дуулаачийн ангийг сонгосон бэ, уртын болон ардын дуу ойрхон санагдаагүй юу?

-СУИС-д конкурс өгөөд орж байхад С.Жавхлан, Т.Баясгаланг шүтэж хошуурч байсан үе л дээ. Уртын дууны ангид оръё гэсэн бодолтой очсон боловч мэргэжлийн багш маань “Эндээ зохимжтой юм байна” гэсэн. Тухайн үедээ би юу ч мэдэхгүй “түүхий” хүн очсон болохоор мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг дагасан. Тэр маань ч зөвдсөн гэж одоо боддог. Би уртын дуу дуулж чадна шүү дээ. “Ар хөвчийн унага”, “Эр бор харцага”, “Эрдэнэ засгийн унага” дуулах дуртай. Монгол ардын богино дуу ч дуулахыг хичээдэг. Үндэсний цөөхүүл хөгжимтэй дуулах гоё байдаг. Ардын дуу баялаг. Өөрөө студитэй болохоор ардын дууг джаз болгож болж байна, ямар л бол ямар болгож болж байна.

-Дуурийн дуу дуулъя гэж боддог уу?

-Сургууль төгссөнөөс хойш дуурьт дуулаагүй. Гэхдээ шинэ жилийн үеэр бол “Хундаганы дуу” байнга л дуулна л даа. Төгсөх үедээ хүн чигээ олдог. Би мэргэжлийн урлагийн байгууллагад ажиллаж үзсэн. Цэргийн дуу бүжгийн чуулга, Улаанбаатар чуулгад дуучин байж үзсэн. Хайрцагт баригдахгүй, цагт баригдахгүй ажиллах дуртай гэдгээ ойлгосон л доо.

-Та “Амирлахуйн чимээ” гээд тоглолт хийж байсан гэсэн үү?

-2016 онд Улаанбаатар чуулгад хийж байсан. Анхны тоглолт. Тухайн үед сэтгэл хөдлөлөөр юманд ханддаг байж. Чаддаг юмаа мэдэрч амжаагүй байхдаа юм юм руу тэмүүлж, тоглолт хийнэ, болчихно гэж боддог байсан. Одоо бодоход дутуу дулимаг болсон санагддаг юм.

-Таны “Хүүхнүүдээ гэж” хүмүүст таалагдсан байх. Үүний дараа шинэ уран бүтээлийн урилга, хамтарч ажиллах санал ирэв үү?

-Шинэ уран бүтээлийн санал ирж байгаа. Хоёр ч нот хүлээж аваад сууж байна.

-Таныг хамгийн их хөгөлдөг зүйлс юу вэ?

-Миний ажилладаг орчин байна. Байнга хөгжим сонсож ажилладаг болохоор тэр л намайг хөгөлдөг болов уу.

-Та Дундговь аймгийн Адаацаг сумынх гэсэн. Нутагтаа хэр их очдог вэ?

-Нутагтаа очдог. Ээж маань хөдөө малтай. Би дунд сургуульд сурч байхын л хот, хөдөөг хослуулж өссөн. Намар хичээл орохоор хотод ирээд хичээл тарахаар хөдөө очдог байлаа.

-Таны амьдралд хэрэг болсон зөвлөгөө байсан уу?

-Юу ч мэддэггүй байхад ах нар сургаал айлддаггүй, үзэж туулсан гашуун нясуунаасаа ярьдаггүй байсанд жаахан харамсдаг. Хоёрдугаар курст байхдаа сургалтын төлбөрөөс болоод жилийн чөлөө авах дээрээ тулаад, анги хариуцсан багш маань “Одоо цагт зовлон тоочсон хүнтэй найзалдаггүй, золбоотой хийморьтой яваатай нь очиж наалддаг цаг” гэж байсан юм. Тэр үг надад их юм бодогдуулсан.

Би бас хэвлэлээс мундаг хүмүүсийн яриан дундаас юм олж авдаг.

-Танд зөвлөж тусалдаг уран бүтээлийн хамтрагч нарынхаа тухай яриач?

-”Инээмсэглэл” хамтлагийн даралтат хөгжимчин, төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Пүрэвдорж ах маань байна. “Гэрлэж амжаагүй явна” кинон дээр “Насны хувьд зөрүүтэй ч бид найзууд” гэдэг шиг бид хоёр бас их найзууд. Г.Пүрэвдорж ахын “Тэргүүн сар” гээд Цагаан сарын тухай дууг нь би дуулаад, дүрсжүүлсэн, youtube-д бий. Г.Пүрэвдорж ах маань миний уран бүтээлийг дэмжиж, зөвлөдөг. С.Соронзонболд багш маань байна. Багш маань их залуу сэтгэлгээтэй. Надтай хамт дуулсан Э.Гэрэлсайхан дүү маань байна. Бидний дараагийн хамтын уран бүтээл хийгдэж байгаа. Би эрэл хайгуулдаа хөтлөгдөөд испани дууг монгол ардын хөгжимтэй найруулсан, удахгүй дуулах гээд хөгжмийн найруулга нь хийгдсэн. Ятга, шанз, ёочин бишгүүр хөгжимтэй дуулна.

-Та яагаад испани дуунд дурлах болсон юм бэ?

-Үеэл эгч маань Америкт байдаг. СУИС төгсөөд “Дүү нь Монголын урлагийг гаднаас нь хармаар байна” гэхэд тэр эгч маань зааж зөвлөдөг байсан. Баруунд ийм байна, дэлхий нийтээр иймэрхүү байна гэдэг. “Ийм нэг сонин юмнууд яваад байх юм“ гэдэг. Латин Америкийн домог болсон алдартай хамтлагуудын дууг илгээдэг байсан. Энэ дуунуудыг сонсоод сураад дуулж яваад, Moon dance хамтлагийн дэлхийн аваргад оролцсон “Марина” гээд хөгжмийн найруулгад дуулагддаг дууг дуулсан. 2015 оноос хойш испаниар дуулж болох юм байна гэсэн бодол төрсөн юм. Эгчээсээ цахимаар испани хэлний дасгал хичээлүүдийг авсан. Миний урын санд арваад испани дуу бий. Нэг тоглолт дээр Б.Сарантуяа эгчтэй таарсан чинь “Наадахын чинь өмнө гарахгүй бол бужигнуулж хаячихаад гараад явдаг юм байна лээ шүү” гэсэн түүх бий. (инээв)

-Таныг испани дууны О.Баяржаргал гэх юм билээ. Ингэхэд испаничууд таны дууг хэр хүлээж авдаг вэ?

-Би испаничуудын өмнө гараад дуулж үзсэн. Нэг жуулчны баазад дуулсан чинь ихэнх нь америкчууд байсан. 17-18 испани хүн байсан. Монголын тал нутагт явж байхдаа ийм дуу сонссон чинь гоё байна гэсэн. Жаахан онгирч хэлэхэд, Монголд байгаа олон германууд миний дууг сонсох дуртай. “Монгол Германы гүүр” гэж төрийн бус байгууллага бий. Тэднийх жил болгон Монголд байгаа германуудыг, Германд боловсрол эзэмшсэн монголчуудыг цуглуулж арга хэмжээ зохиодог. Надаас уйдна гэж байхгүй, байнга урина. Тэнд цугладаг хүмүүс намайг андахгүй.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Болортуяа: Онгоцонд төрнө гэж бодоогүй, Монголдоо ирье л гэж бодсон

Станбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгийн үеэр ихэр охид мэндэлсэн. Тэнд байсан зорчигчид ариун цэврийн хэрэглэл, хүүхдийн памперс өгч байжээ. Агаарын хөлгийн ахлах үйлчлэгч Т.Алтанхуяг “Гэнэт хэрэгцээ тохиолдоход зөвхөн эмч хүн ашигладаг цүнх байдаг. Түүнд хүй тасдагч, хүчилтөрөгч амьсгалуулагч байдаг. Гэхдээ тэр нь нэг ширхэг л байдаг. Хоёр ихэр хүүхэд төрсөн учраас нэгэнд нь том хүний хүчилтөрөгч амьсгалуулж байсан” хэмээн “Цагийн хүрд”-ээр ярьсан удаатай. Ихрүүдийн ээж Д.Болортуяатай холбогдож ярилцлаа. Тэрбээр “Онгоцонд төрнө гэж бодоогүй, Монголдоо ирье л гэж бодсон” хэмээн хэлсэн юм.


-Нутаг ус хаана вэ?

-Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумынх.

-Туркт хэр удсан бэ, юу хийж байв?

-Туркт гурван жил болсон. Оёдлын үйлдвэрт ажиллаж байсан.

-Монголоо зорьж ирэхэд амаргүй байсан уу, хэр их хөөцөлдсөн бэ?

-Ер нь их хөөцөлдсөн. Дөрөвдүгээр сард Монгол руугаа нисэх гээд билетээ бичүүлчихсэн байтал нислэг зогсож, хил хаагаад, тусгай үүргийн нислэг хүлээгээд долдугаар сарыг хүргэсэн дээ. Жирэмсэн байсан учраас наашаа явах гээд билетээ бичүүлчихсэн байсан юм.

-Туркийн нөхцөл байдал ямар байсан бэ?

-Хэцүү байсан л даа. Карантинтай, ажилгүй.

-Тусгай үүргийн онгоцонд орохдоо өвдөж байсан юм уу?

-Үгүй. Уг нь зүгээр байсан л даа. Онгоц хөөрөхөд л бие эвгүйрхээд явчихсан.

-Ихрүүд долоон сартайдаа мэндэлсэн гэхээр бас ус уух хувьтай л байж дээ?

-Тийм ээ.

-Онгоцонд яг юу болсон бэ?

-Онгоц хөөрсөн хойно өвдөж эхэлсэн. Онгоцонд ХӨСҮТ-ийн эмч явсан л даа. Эмч даралт нь их байна гэсэн. “Онгоцонд хүн амаржих гээд байна, эмч байна уу” гэж зарлахад зорчигч дундаас дөрвөн эмч гарч ирсэн.

-Үнэхээр азтай тохиолдол байна. Олон эмч нисч таарчээ?

-Нярайн сэхээний эмч, бас эх баригч эмч, хүүхдийн эмч байсан. Сэхээний эмч нь тэтгэвэртээ гарсан Отгончимэг гэж эмч байсан. Дандаа эх баригч, хүүхдийн эмч нар байж таарсан даа.

-Хэр удаан өвдсөн бэ?

-Өвдөж эхлээд онгоцны хойд хэсэгт очоод нэг их удаагүй төрсөн байх аа. Хэр удсан, ямар хугацаа өнгөрснийг ч анзаараагүй. Нислэг найман цаг үргэлжилсэн.

-Ихэр охид таны хэд дэх төрөлт байсан бэ?

-Гурав дахь.

-Та бие сайтай хүн шиг байна аа?

-Харин даралт гэж мэддэггүй, даралт нь ихэссэн байна л гэсэн. Бие уг нь гайгүй. Гэхдээ энэ удаа төрөн төртлөө хордлого өгсөн л дөө.

-Ихрүүд төрснийхөө дараа ямархуу байдалтай байв?

-Эхнийх нь төрөнгүүтээ уйлсан. Гэхдээ амьсгал нь тасалдаад л байсан. Дараагийнх нь уйлаагүй. Гэхдээ нөгөө ихрээ бодвол гайгүй, өөрөө амьсгалаад байсан л даа.

-Дутуу төрсөн хүүхдэд тусгай арчилгаа шаардлагатай. Инкубатор байхгүй үед ээжийнх нь цээжинд наах арга байдаг гэж сонссон, онгоцонд яаж аргалав?

-Онгоцонд жижиг жижиг баллонтой хүчилтөрөгч байдаг юм билээ. Түүгээр нь амьсгалуулж байсан. Нэгэнд нь буун буутлаа хүчилтөрөгч залгаатай ирсэн. Нөгөөд нь хэсэг байж байгаад жаахан тасалдах гээд ирэхээр нь залгаад байсан. Сэхээний эмч л бүгдийг нь зохицуулсан л даа.

-Дутуу төрсөн хүүхдийг ээжийнх нь цээжин дээр тавьчихаар дулаанаа алддаггүй гэж сонссон?

-Тэгэх боломж байхгүй сэрүүхэн байдаг юм билээ. Онгоцонд хүмүүст өгдөг бүтээлэг байдаг юм билээ. Түүгээр хүүхдүүдийг ороогоод, намайг ч тэрүүгээр хучсан.

-Таны бие ашгүй тогтвортой байжээ?

-Дусал залгаад, эх баригч эмч намайг асраад, нөгөө эмч нар нь ихрүүдийг асраад ирсэн. Онгоцны үйлчлэгч нарт тахианы шөл байсан. Түүнээсээ надад өгөөд, эхлээд юм идэж чадахгүй байсан, сүүлдээ арай гайгүй болоод шөлийг нь уусан.

-Хүүхдүүддээ ямар нэр өгсөн бэ?

-Аав нь нэр өгсөн л дөө. Угаасаа манай хүүхдүүд энхтэй. Тэгээд Энхцэлмэг, Энхжигүүр гэж нэрлэсэн.

-Аав нь нислэгийн үеэр хамт байж чадаагүй гэсэн үү?

-Байгаагүй. Дараа сарынх нь нислэгээр ирсэн. Нэр нь ороогүй.

-Гэр бүлийн хүмүүсийг салгаад өгчихдөг юм уу. Таныг жирэмсэн хүн гээд харж үзсэн юм болов уу?

-Миний нэр ч ороогүй байсан юм аа. Манай хүн консул руу утасдаж байж арайхийж багтсан шүү дээ.

-Тусгаарлалтад бас нэлээд удсан уу?

-Онгоц буухад ХӨСҮТ-ийнхэн ирж авсан. 21 хоног 14 хоногоо ХӨҮСТ-тэд тусгаарлагдсан. Тэнд угаасаа төрөх тасаг байдаг юм билээ. Тэнд бид гурав л байсан даа. Биднийг байхад бас гадаадаас ирж тусгаарлалтад байсан хоёр ээж ирж төрсөн.

-Нислэгийн үеэр халдвартай хүн байвал халдвар авах эрсдэлтэй байдаг шүү дээ. Үүнд санаа зовж байв уу?

-Тэр халдвар малдварыг ч мэдэхгүй. Бүгдээрээ эхэндээ масктай байсан. Сүүлдээ ч маскаа авчихсан л байсан.

-Төрөх гээд амь наана там цаана байхад ч бусад юманд санаа зовохтой манатай байдаг л даа?

-Тэр үед халдварын тархалт гайгүй байсан л даа.

-Одоо ихрүүд ямархуу байна?

-Дажгүй ээ. Одоо бараг долоон сар хүрлээ.

-Жин нь хэр нэмэгдэв?

-Жинлүүлж амжаагүй л байна. Эмнэлэг эрсдэлтэй бүс гээд очихгүй байгаа. Таван сартай жинлүүлэхэд зургаан кг байсан. Одоо түүнээсээ нэмэгдсэн.

-Аав нь хүүхдүүдээ харах гэж их хүлээсэн үү?

-Аав нь сарын дараа нисч ирсэн. 21 хоног тусгаарлалтад байсан.

-Онгоцонд амаржлаа гэхээр санаа нь зовсон байх даа?

-Онгоцонд төрсний дараа консул руу мэдэгдсэн юм билээ. Гайгүй байгаасай л гэж бодсон гэсэн.

-Нөхөр чинь юу хийдэг гэсэн бэ?

-Соёлын төвд сантехникч.

-Онгоцонд төрсөн хүүхдүүд онгоцоор үнэгүй нисэх эрхтэй болдог билүү?

-Хоёр хүүхэдтэйгээ бүх насаараа үнэгүй нисэх эрх өгсөн шүү дээ. МИАТ-ийнхэндээ эмч, үйлчлэгч нартаа баярлаж талархаж явдаг шүү.

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

Б.Мишээл: “Нийслэл хүүхэн”-д надтай төстэй зүйлүүд бий


“Нийслэл хүүхэн” уран сайхны киноны гол дүрийн жүжигчин Б.Мишээлтэй ярилцлаа.


-“Нийслэл хүүхэн” хэдэн ангитай вэ, зураг авалт хэр удаан үргэлжилсэн бэ?

-“Нийслэл хүүхэн” уран сайхны кино нийт 12 ангитай. Зураг авалт наймдугаар сарын 12 хавьцаа эхэлсэн санагдаж байна, сар гаруй хугацаанд үргэлжилсэн.


-Бодит амьдрал дээр Б.Мишээл “нийслэл хүүхэн” мөн үү?

-Дүрийн хувьд надтай төстэй зүйлүүд бий. Би хотын унаган хүүхэд. Жүжигчин мэргэжлийг сонгосноос хойш л хөдөө гадаа явдаг болсон. Багадаа хөдөө ер нь явж үзээгүй охин байлаа. СУИС-д ороод, “Монгол ахуйгаа мэдэхгүй хаагуур юу хийж явсан юм бэ” гээд ангийнхаа багшид загнуулдаг байсан л даа. СУИС монгол ахуй, соёл уламжлал гэж ямар гайхалтай үнэт зүйл гэдгийг зааж сургаж өгсөн гэж хувьдаа их баярлаж явдаг.

-Зураг авалт хаана болсон бэ, их гоё байгальтай газар байсан?

-“Хаана зураг авсан бэ, яасан гоё байгальтай газар вэ” гэж хүмүүс их асууж байна. Киноны баг нийт 50-иад хүний бүрэлдэхүүнтэй явсан. Олон хүнтэй учраас хотоос зайтай явах боломжгүй байснаас хотын ойролцоо шийдсэн. Тэрэлжид UB-2-ын гармаас нэлээд цаашаа явж зураг авсан.

-Зураг авалтын үеэр хөгжилтэй явдлууд олон тохиолдсон уу?

-Сар хагасын хугацаанд бид ямар ч стрессгүй, үнэхээр хөгжилтэй, зугаатай адал явдалтай байж, сайхан хамт олон болж, сайхан уран бүтээлийн ард гарсан. Бие биедээ маш их дасч, сайхан ах дүүс, найзууд болсон. Гэрэл гэгээтэй, хөгжилтэй комеди кино учраас зураг авалт маань ч дандаа инээдтэй, хөгжилтэй өрнөж, өдөр болгон инээлддэг байсан л даа.

-Хамгийн хэцүү санагдсан хэсэг нь юу байв?

-Голын ус руу шидүүлдэг хэсгээс жаахан айж байлаа. Есдүгээр сарын сүүлээр голын хөвөөнд нэлээд хүйтэн болж, мод шарласан байсан. Голын ус хага ташиж байлаа. Найруулагч маань шар тос залгиж, хүзүү амаа сайхан тосолчих гэж зөвлөсөн. Үнэхээр хүйтэн байсан ч хийх л ёстой гэж хичээсэн.

-Олны танил жүжигчидтэй хамтарч тоглосон шүү дээ. Зураг авалтын үеэр сонссон хамгийн сайн зөвлөгөө юу байв?

-Мундаг сайхан уран бүтээлчид, жүжигчидтэй хамтарч ажилласан. Ааяа эгч, Лхагваа ах, Баатархүү ах, Магнай ах, Цэвэгмэд эгч нарыгаа анзаарахад дүр дээрээ их сайн ажилладаг юм билээ. Зохиол дээрээ бүгд сайн ажилласан л даа. Зохиол гарч ирэхээр өөрсдөө санал бодлоо хуваалцаад, миний дүр иймэрхүү юм шиг санагдаж байна, ингээд нэмчихвэл яах вэ гээд жүжигчид маань найруулагчтайгаа санал бодлоо хуваалцаж, бөөгнөж сууж, инээлдэж байгаад ургуулж бодож төсөөлж дүр дээрээ маш сайн ажилласан.


-Хүү тань “Нийслэл хүүхэн” киног яаж хүлээж авсан бэ?

-Ер нь хүүхдүүд энэ кинонд их дуртай байх шиг байсан. Тэдэнд их хөгжилтэй санагдсан юм шиг байна лээ. Хүү маань “Миний ээж жүжигчин” гэж ярьдаг. Ээжийг нь “чадаж”, эсгийд боогоод, гол руу шидэж байгаа хэсгийг хараад хүү маань “Миний ээжийг яаж байгаа юм бэ” гэсэн. “Энэ чинь кино шүү дээ, ээжийнх нь ажил” гэж тайлбарласан. Одоо л яг ойлгож эхэлж байх шиг байна.

-Ингэхэд оркууд гэж хэн бэ, хотын соёлыг төлөвшүүлэхэд юу шаардлагатай гэж үздэг вэ?

-Оркууд гэдэг үг сүүлийн таван жилд их тренд болоод байх шиг. Оркууд гэхээр соёлгүй бүдүүлэг хүмүүс л гэж ойлгодог. Түүнээс биш хотынхон гэхээр орк биш гэсэн үг биш шүү дээ. Хотынх ч гэсэн соёлгүй бүдүүлэг хүмүүс зөндөө бий.

-“Эхнэрийн заавраар” нэвтрүүлэгт уран бүтээлийн хамтрагчтайгаа оролцсон. Эхэндээ нөхөр нь юм болов уу гэж андуурагдах шиг болсон?

-“Эхнэрийн заавраар” нэвтрүүлэг шинэ жилийн баярын дугаар байсан. Кино маань Orange Entertain­ment буюу NTV-гийн охин компанийн бүтээл. “Эхнэрийн заавраар” нэвтрүүлэгт киноныхоо уран бүтээлчид буюу киноны хосуудаараа оролцсон л доо. Мэдэх нэг нь мэдэж байгаа, зарим нь нэвтрүүлгээ үзээд ойлгосон байх л даа.

-Өөр уран бүтээл дээр ажиллаж байгаа юу?

-Ойрын үед өөртөө амралт өгсөн. Сүүлийн жилүүдэд амралтгүй ажилласан байна. Хөл хориог далимдуулаад өөртөө цаг зав гаргахын зэрэгцээ хүүтэйгээ хамт өнгөрүүлэх цагаа ихэсгэж байгаа гэж болно. Хэд хэдэн киноны саналууд, Цагаан сар, баярын контентуудын урилга ирсэн. Бас шоу нэвтрүүлгүүдэд оролцооч гэсэн санал ирсэн. Одоохондоо энэ их аюултай өвчний үед гэрийнхэн, хайртай дотны хүмүүстэйгээ гэртээ байвал зөв юм болов уу гэж бодоод байна.

-Хөл хорионы өдрүүдийг хэрхэн өнгөрүүлж байна вэ?

-Хөл хорионы үед хоол сайн хийж сурч байна даа. (инээв) Зав муутай гэртээ байхаасаа байхгүй нь их, гэр орны ажилд бага оролцдог байсан. Одоо бол хоол их хийж, гэрийн ажил хийж, хүүхэдтэйгээ цагийг өнгөрүүлж байна даа.

-Хамгийн сүүлд ямар ном уншсан бэ, юунаас илүү их ухаарал авч байна даа?

-Хамгийн сүүлд “Бүсгүйн код”, “Босс эмэгтэй” гэсэн хоёр ном уншсан. Үлгэр дуурайл, ухаарал авдаг хүн гэвэл ээж, эгч маань. Эмэгтэй хүний дотоод гоо үзэсгэлэн, ухаарлыг ээжээсээ авдаг.

-“Аавын эрх охин” гэж фэйсбүүктээ бичсэн байна лээ. Одоо ч хааяа эрхлэх үе байдаг уу?

-Би чинь айлын гурван охины нэг. Аав маань дандаа эмэгтэйчүүд дунд амьдарсан болохоор их уян зөөлөн хүн. Зөвхөн би ч гэлтгүй эгч, дүү хоёр маань ч аавын эрх охид. Одоо ч би ээж, аавынхаа гэрт очиж, гарын хоолыг нь идэж эрхлэх дуртай.

-“Орчлон” сургууль төгссөн юм билээ. Цаашдаа ямар нэг чиглэлээр үргэлжлүүлж суръя гэж боддог уу?

-“Орчлон” сургууль төгссөн. Төгсөөд СУИС-д орсон. Цаашдаа урлагийн чиглэлээр бус өөр мэргэжлээр сурах бодолтой байгаа. “Орчлон” сургууль төгссөнөөс хойш англи хэлээ бараг хэрэглэсэнгүй. Хэрэглэхгүй болохоор мартагддаг юм байна. Англи хэлээ сэргээхээс гадна солонгос хэл үзэж эхэлсэн ч хөл хорионоос болоод завсарласан.

-Монгол Улс эмэгтэй Ерөнхийлөгчтэй болох цаг болсон уу, өөрөө босс эмэгтэй мөн үү?

-Босс гэхээсээ юмыг удирдан зохион байгуулах зан характертай хүн л дээ, би. Монгол эмэгтэйчүүдийн оюуны чадамж өндөр, IQ болон EQ өндөр, оюуны потенциалтай эмэгтэйчүүд байдаг шиг санагддаг. Тэгэхээр би бол эмэгтэй хүн Ерөнхийлөгч байж чадна гэж бодож байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Оюундарь: Аав намайг сэтгүүлч болгох дургүй байсан

Монголын Үндэсний Олон Нийтийн телевизийн захирал, АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга байсан Сэтгүүлч Ц.Оюундарьтай энэ удаа сэтгүүлчийн амьдрал, уран бүтээлийн талаар ярилцсан юм.


-Саяхан таны аавынхаа тухай дурссан мөрүүдийг олж харсан л даа. Таны аав Мятавын Цагааны нэрийг радио сонсогчид сайн мэддэг. Та багадаа аавынхаа ажлын онцлогийг хэр мэдэрдэг байв?

-Монголын радиогийн хөдөө аж ахуйн редакцийнхан байнга хөдөө явдаг. Намар ургац хураалт, хавар мал төллөлт, зун отор нүүдэл, өвөл цас зуд гээд явчихдаг. Аав радиогийн Хөдөө аж ахуйн редакцид олон залуусыг авч сургаж, тэдэндээ цаг их зарцуулдаг байсан. Зун хөдөө явахдаа намайг авч явна. 69 машины ард сэгсчүүлээд явдаг байлаа. Аав боломж гарвал гэртээ цаг зарцуулахыг боддог. Гэрийн ажилд сайн. Сайхан хоол хийнэ. Өөрөө хувцсаа угаана. Цагаан голдуу хувцас өмсдөг, ганган хүн байлаа. Ажилтай хүний хүүхдүүд жаахан залхуу болчихдог юм байлгүй. Би аав шиг нямбай биш. Гэхдээ хоол унд хийх, гэр орноо зохион байгуулдаг чанарыг нь өөрийн эрхгүй сурсан л даа. Сурагч байхад “Пионерийн үнэн” сонинд заавал шүлэг бич гэдэг. Аав бараг өөрийнхөө түвшнээр шүүмжилдэг байсан. Өөрөө яруу найраг, зохиол ойлгодог учраас биднийг шүлэг цээжил, зохиол унш гэдэг. Бага дүүд дэвтэр дүүрэн шүлэг байдаг. “Шүлэг бич” гээд өрөөнд цоожилдог. Шүлгээ бичихгүй бол гарахгүй. Бичих чадварыг тэгж л суулгаж байж дээ.

-Сэтгүүлчийн хүүхэд сэтгүүлч л болж. Залуу сэтгүүлчдийг сургадаг байж. Ганц охиндоо харин нандин жор хэлсэн болов уу. Сэтгүүлч хүн ийм тийм байх ёстой гэж хэлдэг байв уу?

-Аав намайг сэтгүүлч болгох дургүй байсан. Өөрөө сэтгүүлчийн зовлон, жаргалыг мэддэг учраас охиныгоо арай гоё амьдруулах гэсэн байх. Дунд сургуульд байхдаа би математик, физикийн хичээлдээ сайн. Инженер болох хүсэлтэй байв. Яг төгсөх үед нийгэм солигдож, манай сургуульд шинээр ирсэн нийгэм судлалын багш намайг өөрчлөгдөхөд нөлөөлсөн. Ер нь сэтгүүлч болох ёстой юм байна гэж бодсон л доо. Сэтгүүлчийн ангид конкурс өгнө гэсэн чинь аав аймаар уурлаж, зөрөөд шалгалт өгч унаад, дараа жил нь орж байв. Төгсөөд 1993 онд телевизэд ороход аав радио, телевизийн байшинг сайн мэддэг болохоор “За, хов жив ярьж болохгүй. Энэ байшин хана нь хүртэл сонсдог юм шүү” гэсэн. Тийм л юм хэлсэн. (инээв)

Телевизэд Нийгэм, эдийн засгийн редакцид ороход, “Зах зээлийн онол үзсэн” гээд эдийн засгийн тойм хөтлүүлж байсан. Дараа нь улс төрийн нэвтрүүлэг хийдэг болов. Цаг үеийн тохироо бүрдэх гэж байдаг. Ажилдаа дөртэй болж байх үед маань 1996 онд Ардчилсан холбоо эвсэл сонгуульд ялсан. Тэр үед одоогийн үндэсний радио телевиз Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байв. Даргыг нь Ерөнхий сайд шууд томилдог байлаа. Социализмын үед радио, телевизийн дарга Намын төв хороо, Үзэл суртлын хэлтэст харьяалагддаг байсан.

Ардчилсан холбоо эвсэл ялахад өөрийн боловсон хүчин байгаагүй. Намайг 1996 онд ММ-д тоймчоор авсан. Мундаг тоймчидтой зэрэгцээд тоймч гээд явахаар сонин санагдаж байгаа юм чинь. Хувьсгалын тохироо нь бүрдээд би их эрт том том юм ярьдаг хүн болчихсон.

-Удалгүй та Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга болсон. Харин дараа нь Берклид сурч, гадаадын телевизэд ажиллах болсон нь таны харах өнцгийг өөрчилсөн үү?

-АНУ явахын өмнө би өөрийнхөө хувьд хамгийн том ажлаа хийсэн нь “Зууны луйвар” гээд нэг сэдвээр зургаан бүлэг баримтат нэвтрүүлэг байв. Гадаадад очоод, хэл сурч, байр сууриа олох гэж хэдэн жил зарцуулаад, 2006 онд Берклид орсныхоо дараа нэвтрүүлгийнхээ текстийг орчуулж, багш нартаа үзүүлсэн юм. “Би ийм ажил хийж байсан. Тухайн үедээ ямар алдаа хийсэн байна” гээд түүхээ ярьсан юм. Монголд тухайн үед энэ нэвтрүүлгийг эрэн сурвалжлах том бүтээл гэж үнэлж, Сэтгүүлчдийн холбооны шагналаар шагнаж байсан шүү дээ. Харин манай багш нар өөрөөр харсан. Энэ бол задлан шинжилсэн сэтгүүл зүйн бүтээл байна гэж дүгнэж байлаа.

Берклид орохоосоо өмнө би Америкийн “CBS” телевизийн Сан Францискогийн мэдээний салбарт орчихсон байсан л даа. Тэр бас их азтай тохиолдол болсон юм. Би Америкт очоод хэлээ сайжруулах, хоёр бага насны хүүхэдтэй ганц бие ээж учраас хүүхдүүдээ тэжээх гол зорилготой байлаа. Америкт байгаа дээрээ ихийг сурч мэдэж аваад, Монголдоо очоод өндөр цалинтай ажил хийнэ гэж зорьж байв. Үнэгүй сургалтад очиж суудаг. Өглөө нь кофе шопод ажиллана. Ажил 15 цагт тардаг. Хүүхдүүдийн сургууль 17-18 цагт тарах хооронд үнэгүй сургалт “хэснэ”. Фотошоп, монтаж хийх, камерын сургалтад очиж сууж билээ. Тэнд “Community centre” гэж төвүүдэд тэтгэвэрт гарсан экспертүүд үнэгүй хичээл заадаг. Монголд зурагтаар гардаг, бусдыг нь өөр хүмүүс хийчихдэг байсан. Америкт бүх юмаа өөрөө хийж сурлаа. Одоо бол монтаж энэ тэрийг гаргаахгүй шүү дээ. (инээв) Тэр үед “Community centre”-ийн зарлалын самбараас “Сайн дураараа, үнэгүй видео хийж өгөх хүн байна уу” гэсэн зар олж харлаа. Цагаач иргэдийг Америкт хөлөө олоход нь тусалдаг төрийн бус байгууллага байсан юм. Америкт дөнгөж хөл тавьсан хүмүүс ямар бэрхшээл туулж байгааг, тэдэнд ямар зүйл тустай байна гэдгийг гаргаж ирэх богинохон видеог сайн дураараа хийх хүн хайсан зарлал байсан юм.

Би сурснаа хэрэгжүүлэхээр “Камер, монтажны хэрэгсэл хангавал би хийгээд өгье” гээд хариу бичлээ. Тэгээд би кино хийж өгсөн юм. Тэр байгууллагын хөрөнгө босгох арга хэмжээ болж, гол супер од нь “CBS” телевизийн Сан Францискогийн оройн мэдээний хөтлөгч байлаа. Миний хийсэн видеог түүнд үзүүлэхдээ “Монголоос ирсэн хүн сайн дураараа хийсэн юм” гэж танилцуулжээ. Гэтэл тэр “Мэргэжлийн түвшинд хийсэн байна” гээд надтай танилцаад, “Манайд хүрээд ир” гээд мэдээний туслах ажилтнаар авсан юм. Ингээд өглөөний мэдээнд ажиллах боллоо. Тэнд ажиллаж байхдаа хоёр зүйлийг ойлгосон. Хаа сайгүй сэтгүүлчид ядуу л байдаг юм байна гэдгийг ойлгосон. Нүүр царай болдог супер оддоо л өндөр цалин өгдөг. Бусад нь бол дундаж америкуудын түвшинд л цалин авдаг юм билээ. Бид Монголд л сэтгүүлчид ядуу байна. Бусад оронд мундаг байна гэсэн төсөөлөлтэй байсан. Үгүй юм билээ. Хоёр дахь ойлгосон зүйл бол тэнд дотоод ёс зүйн дүрэм өндөртэй. Сэтгүүлчийн хийж байгаа юманд дарга, удирдлагуудын зүгээс ямар нэг коммент хэлэх, “Болно болохгүй” гэвэл аймаар бухимддаг. Биед нь зөвшөөрөлгүй гар хүрсний дайтай хариу урвал үзүүлдэг. “Энэ миний ажил, миний ажилд хэн ч хүрэх ёсгүй” гэсэн итгэл үнэмшилтэй байдаг юм билээ. Тэр нь гоё санагдсан. Манай сэтгүүлчид бол дарга нь боль гэхээр эхэндээ тэмцэх гэж үзсэн ч нугарчих гээд байдаг шүү дээ. Ерээд онд Данидагийн хэвлэх үйлдвэр, чөлөөт хэвлэлийг оруулж ирэх гээд маш их сургалт болдог байсан. Хоолтой сургалт гэхээр хүмүүс очих дуртай. Америкт ч бас яг тийм. “Үнэгүй пицца, пивотой” гэхээр нөгөөдүүл чинь хуралдаа аймаар идэвхтэй цугладаг. Хаана ч байсан хүмүүний амьдрал адилхан л юм билээ. Өөрийгөө илэрхийлж чаддаг, айж хулчийдаггүй байх ёстой юм байна гэж ойлгосон. Жилийн дараа Берклид өргөдөл өгч орсон. Супер одын намайг тодорхойлсон захидалтай Берклид орж байлаа.

-Таны сүүлд хийсэн “Дүнсгэр говийн дуугүй хувьсал”, “Гол бүхэн далайд цутгана” баримтат кинонуудыг үзэхээр гол дүр нь жирийн хүн байгаа нь содон санагдсан. Манайд бол том дарга л гол дүр болчих гээд байдаг шүү дээ?

-Тэр ”Гол бүхэн далайд цутгана” гээд баримтат киног ардчиллын 20 жилийн ойгоор Б.Дэлгэрмаа дарга продюсерлоод, намайг зохиолыг нь бич гэсэн юм. Хоёр ангит зохиол бичээд, 2009 онд нэгийг нь дараа жил нь нөгөөг нь гаргасан. Тэрэн дээр чи зөв ажигласан байна. Америкт баримтат кинонд баримталдаг хоёр зарчим байдаг. Нэг нь одоо эрх мэдэлтэй байгаа хүнийг гаргахыг зөвшөөрдөггүй. Яагаад гэхээр хуурамч нөлөөнд автсан, вакумжсан гэж үздэг. Тийм учраас дурсамжийн номыг хүртэл гаргахдаа тухайн хүнийг Ерөнхийлөгч байхад нь гаргадаггүй. Буусных нь дараа гаргадаг. 20 жилийн ойн үеэр манай партизанууд дарга нар байсан. Анхны 13-аас хамгийн энгийн яваа нь Дарь.Сүхбаатар байв. Хэв шинжит дүр гэдэг дээ. Тухайн үеийн хүмүүсийг төлөөлсөн дүр болгож гаргасан болохоос биш Дарь.Сүхбаатар хийсэн гээгүй л дээ.

-Үзэгчийн хувьд ч ардчилагчид гэхээр шууд санаанд буудаг хүмүүс гол дүр биш байсанд гайхсан л даа. Яагаад Дарь.Сүхбаатар гэж. … Энэ баримтат киноны дараа та ийм асуултыг бишгүй сонссон байх?

-Одоо хүртэл алергитэй. “Бид нарыг гаргаагүй, Дарь. Сүхбаатар хийчихсэн гэнэ ээ” гээд л. Нээлт хийхэд тэр үеийн партизанууд, өөрийгөө гол дүр гэж бодож байсан зарим хүн хаалга савж гарч байсан. Нээлтэнд ирсэн энгийн үзэгчид бол өөрөөр хүлээж авсан л даа.

-Сүүлийн үед та юунд цаг их зарцуулж байна. Баримтат кинон дээр ажиллаж байгаа юу?

-Би уг нь жил болгон нэг түүхэн баримтат кино хийх санаатай ажилладаг. 2009 оноос хойш 25-26 кино хийсэн. Дандаа XX зууны түүхийг голчилж байгаа. Яагаад гэхээр XX зууны бараг 60-70 жил нь социалзмын үзэл суртлаас болоод өөрчлөгдсөн зохиомол түүх. Бид л энэ түүхийг зөвөөр нь олж мэдээд тайлж хүргэхгүй бол болохгүй. Өөртөө ийм зорилго тавиад, түүхэн баримтат кинон дээр ажиллаж байгаа. Сүүлийн хоёр жил барсангүй. Ковидоос болоод хийж чадахгүй байна. “Жорлонгоо өөрчилье” төсөл маань дөрөв дэх жилдээ үргэлжилж байна. NTV-тэй хамтраад “Ногоон коммент” гээд долоо хоног тутмын нэвтрүүлэг хүртэл гаргалаа. Энэ жилийн том ажил тэр л байлаа. Одоо шинээр хөгжүүлж байгаа бүтээгдэхүүндээ хөрөнгө оруулалт хайж байна. Жорлонгоо өөрчлөхөд гол нь иргэдийн оролцоо чухал. Өнгөрсөн хугацаанд гэр хороололд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн олон ажил яагаад амжилтад хүрээгүй гэхээр дээрээс зохион байгуулах гэж оролдсон. Бид ийм асуудлууд байна, үүнийг ингэж шийддэг арга замууд байна, эндээс та бүхэн өөрсдөө сонгоорой гэдэг. Мэдээлэлтэй иргэд олон сонголтоос өөрт тохирохыг сонгох учиртай. Орон сууцанд орж 30 жил хүү төлөх үү, эрчим хүчний хэмнэлттэй, био жорлонтой, саарал усны шийдэлтэй байшин бариад, хашаандаа сайхан амьдрах уу гэдэг сонголт бий болгох учиртай. Иргэн өөрөө шийдвэр гаргах ёстой. Шийдвэр болгоны цаана халааснаас нь мөнгө гарна. Хөрөнгө оруулж байгаа иргэнийг хүндлэх ёстой. Гадаадын хөрөнгө оруулагчдыг дэмжье гэдэг. Шийдвэр гаргаж байгаа иргэд ч бас хөрөнгө оруулагч. Тэднийг хүндэлж, сонголт хийх эрх өгөх учиртай. Ийм л ажил хийж байна.

-Уран бүтээл хийх гэтэл санхүүжилт олдохгүй байна гэдэг. Та харин яаж санхүүжилт олоод байдаг юм бэ?

-Хийх хүн аргаа олно гэдэг шүү дээ. Эдийн засаг сайн байхад дотоодын компаниуд түүхэн баримтат киног сайн дэмждэг. Түүхийг гажуудуулсан гэдгийг тэд сайн мэддэг. Бизнесийн салбарт яваа хүмүүс дунд социализмын үед эмээ, өвөө нь хэлмэгдэж, хөрөнгөө хураалгаж байсан хүмүүсийн үр сад олон байдаг. Эрх чөлөөгүй байсан, хавчлагын талаар эмээ, өвөөгөөсөө сонссон байдаг учраас дуртай санхүүжүүлдэг. Гэтэл одоо эдийн засаг сууриараа муудаад, компаниуд эрсдэлд ороод эхлэхээр хандивлагчдын дэмжлэг багасаад ирнэ л дээ. Ер нь хийж байгаа ажил маань үнэхээр итгэл үнэмшил төрүүлэхээр бол спонсор олддог.

-Ковидын үед хүмүүсийн амьдралын хэв маяг өөрчлөгдөж байна. Таны хувьд амьдрал яаж өрнөж байна вэ?

-Монголчууд дэлхийн талыг эзлээд төвхнүүлж байсан улс. Алтаар орд харш бариад үлдээх боломж байсан. Гэсэн ч Монголоо яг байгаагаар нь үлдээсэн. Нүүдэлчид бол хойч үедээ хог үлдээдэггүй. Монголдоо олон шавар байшин үлдээгээгүй. Социализмын үед баригдсан шавар байшингууд одоо буулгахад ч засахад ч хэцүү болчихоод байна шүү дээ. Суурин иргэншлийн хэв шинжийг авахгүй, байгааг нь ашиглачихъя гэсэн сэтгэхүйгээр явж байсан. Тэд бүгдийг үзэж туулаад, амьдралын утга учир энгийн байх юм. Хэрэглээ багатай байх юм байна. Хүнд ер нь нэг их юм хэрэггүй гэдгийг бүхнийг эдэлж үзсэн хүмүүс мэдсэн хэрэг. Одоо ковид үүнийг баталж байна. Орчин үеийн хүмүүс гадуур хэсч мөнгө үрээд, тэр мөнгөө олох гээд их хөдөлмөрлөж, гэр орондоо бага цаг зарцуулж, түүндээ бухимдаад байсан. Стресс тайлах үйлчилгээнүүд бий болоод тэрийг нь бас мөнгөөр авдаг. Ингээд мөнгөний тойрогт орчихсон. Ковид дэлхийн хүмүүст юу ойлгуулж байна гэхээр амьдралд тийм их юм хэрэггүй шүү дээ. Заавал үнэтэй зоогийн газарт орох хэрэггүй юм байна. Гэртээ сайхан хоол хийчихдэг юм байна. Манайхан чинь бас гайгүй хоол хийчихдэг юм байна гэдгийг ойлгуулсан. Хүмүүс энгийн амьдрал руугаа буцаж байна. Америкт хийсэн нэг судалгаа харсан. Маш олон гэр бүл гэртээ хүүхдэдээ цаг зарцуулаад эхлэхээр энэ амьдралын зөв хэвшил байна. Нийт судалгаанд оролцогчдын 35-40 хувь нь цаашдаа энэ хэв маягаар гэрээсээ ажиллах нь зүгээр юм байна гэж үзсэн байна лээ. Урд нь амсаж байсан тэр их стресс байхгүй болж байна гэж хариулсан байна. Монголчууд угаасаа л бага хэрэглээтэй улс. Миний хувьд гэртээ цаг зарцуулах дуртай байсан. “Жорлонгоо өөрчилье” багийнхан маань хоёр жилийн өмнө “Мини шийдэл” гээд апп хийгээд, үйл ажиллагаа маань онлайнд шилжсэн учраас ковидоос болж амьдралын хэв маягт том өөрчлөлт гараагүй.

Categories
булангууд мэдээ цаг-үе шинжлэх-ухаан-технологи эдийн-засаг

Д.Рэгдэл: Эдийн засгийг солонгоруулахад хувь нэмэр оруулах төслийг Эрдэнэт үйлдвэртэй хамтарч хэрэгжүүлнэ

ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэлтэй ярилцлаа.


-ШУА-ийн ерөнхийлөгчийн хувьд 2020 онд монгол эрдэмтдийн ямар бүтээлээр “гоёв”. Өнгөрсөн онд хийж бүтээсэн ямар ажлаа онцлох вэ?

-2020 он Шинжлэх ухааны академийн түүхэнд онцлог он болсон. Энэ онцлогийг хоёр зүйлээр хэлье. Нэгдүгээрт, Монгол Улсад орчин үеийн шинжлэх ухааны байгууллага бий болоод 99 дэх жилдээ анх удаа томоохон бүтээн байгуулалт хийгдсэн. Шинжлэх ухаан инновацийн төвийн цогцолбор барилга байгууламжийн ажил эхэлсэн. Хоёрдугаарт нь, ШУА-ийн өргөтгөлийн барилга 2020 онд ашиглалтад орлоо. Үүгээрээ томоохон амжилттай жил байлаа. “Ковид-19” цар тахлаас болоод дэлхий даяараа саад бэрхшээлтэй учирсан боловч шинжлэх ухааны салбарын хэмжээнд доривтой үр дүн гарсан. Бүгдийг нь нэрлэх аргагүй боловч заримыг нь онцолмоор байна.

Монгол эрдэмтэд шинэ төрлийн коронавирус буюу SARS-CoV2 вирусийн эсрэг бие илрүүлэх оношлуурыг гарган авлаа. Академич Ц.Оюунсүрэн, доктор Д.Гантулга нарын удирдлагаар ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Молекул биологийн лаборатори, ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, МУИС-ийн Биологийн тэнхимийн эрдэмтдийн хамтарсан баг энэхүү оношлуурыг бүтээсэн юм. Эрдэмтэд Шинжлэх ухаан академи болон Шинжлэх ухаан технологийн сангийн дэмжлэгтэйгээр SARS-CoV2 вирусийн эсрэг бие илрүүлэх оношлуурын цомгийг орчин үеийн генийн инженерчлэл, молекул биологи, иммунологийн арга ашиглан богино хугацаанд гарган авсан билээ. Энэхүү эсрэг биеийн оношлуур ашиглаад өнөөдөр Монголд шинэ төрлийн коронавирусээр өвчилж эдгэсэн хүмүүст дархлаа тогтсон эсэхийг тогтоох боломжтой. Энэ бол дэлхийн түвшинд хийгдсэн мундаг ажил болсон. Манай эрүүл мэндийн салбарынхан удахгүй үүнийг авч ашиглах байх гэж найдаж байна. Химийн хүрээлэнгийн судлаачид маань олон жилийн судалгааныхаа үр дүнд Эрдэнэт хотын цэвэрлэх байгууламжид хуримтлагдсан лагийг үнэргүй болгох ажил хийсэн.

Эрдэнэт ТӨУҮГ-тай манай ШУА хамтын ажиллагааны гэрээ байгуулсны үндсэн дээр энэ ажлыг 2020 онд эхлээд, нийт лагийн 3-ны 1-ийг үнэргүй болгоод байна. Энэ жил Эрдэнэт хот үндсэндээ лагийн үнэрээс бүрэн ангижирна. Мөн Эрдэнэтийн орон нутгийн удирдлагатай ярьж тохироод, Эрдэнэтийн нүхэн жорлонгуудыг үнэргүй болгох ажлыг эхлэх төлөвлөгөөтэй байгаа.

Гадаад хамтын ажиллагааны ганцхан жишээ хэлье. Манай Газарзүй, геоэкологийн хүрээлэн, Өмнөд Монголын Багшийн их сургууль, Тариалан, мал аж ахуйн хүрээлэн, манай Булган аймгийн орон нутгийн удирдлагатай хамтраад, Хэт талхлагдсан бэлчээрийг судалж, нөхөн сэргээх, туршилт судалгааны төв байгууллаа. Мал өсч, цаг уурын нөхцөл муудаж байгаагаас бэлчээр талхлагдах нь нэмэгдсэн. Бэлчээрийн ургамлын төрөл зүйлийн бүрдэл өөрчлөгдөж, шим тэжээлтэй ургамал багасч байна. Тийм учраас талхлагдсан бэлчээрийг сэргээх төвийг Булган аймгийн Гурванбулаг суманд байгуулсан. Энэ төвд Гурванбулагтай адил нөхцөлтэй нутагт тариалах нэг наст болон олон наст ургамлыг сонгон үржүүлж байгаа. Энэ туршлагыг Монголын бусад газар нутагт түгээн дэлгэрүүлэх боломжтой. Бэлчээрийн доройтлыг сайжруулах шинжлэх ухааны амжилттай томоохон ажлын суурь ингэж тавигдаж байгаа юм.

-Цар тахлаас болоод эрдэм шинжилгээний ажлын төсөв хумигдсан гэсэн. Хөл хорио болон бага төсөв эрдэмтэн, судлаачдын маань ажиллах урам зоригийг царцаачихаагүй байгаа?

-Коронавирусийн үеийн хөл хорионоос шалтгаалаад ялангуяа гадаадын өндөр хүчин чадалтай лабораториудад хийдэг хамтарсан судалгааны ажил үндсэндээ зогсоод байна. Санхүүжилт танагдсан нь үнэн. Монгол Улсад шинжлэх ухааны салбараа санхүүжүүлдэг ганцхан эх үүсвэр байдаг. Энэ нь Шинжлэх ухаан технологийн сан. Эрдэм шинжилгээний ажлын зориулалттай бүх мөнгө энэ санд төвлөрч, эндээс хуваарилагддаг хууль, журамтай. 2020 оны байдлаар энэ санд 12,4 тэрбум төгрөг эрдэм шинжилгээний зардалд тавигдаад байсан. Арванхоёрдугаар сарын эхээр бидэнд өгсөн мэдээллээр бол энэ мөнгөнөөс 9,6 тэрбум нь эргэж татагдсан. Цаана нь 2,9 тэрбум төгрөгөөр Монгол орон даяар эрдэм шинжилгээний ажил хийсэн гэсэн үг. Нийт санхүүжилтийнхээ бараг гуравны нэгийг ч авч чадаагүй хэмжээнд эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа явуулсан. Гэхдээ бид 2020 оны ажлынхаа үр дүнгийн тайланг гаргаж үзэхэд эрдэм шинжилгээний ажлаас гардаг гол үр дүнгүүд өмнөх оныхоосоо дутуугүй гарч ирсэн. Шинжлэх ухааны ажлын үр дүн урьд жилүүдээсээ хойд жилүүддээ хуримтлагдах замаар гардаг учраас 2020 онд бага мөнгө авсан ч өмнөх жилүүдтэй адил үр дүн гаргаж чадлаа. Харин төсөв танагдсан нь дараагийн жилүүдэд хүчтэй нөлөөлнө. Эрдэмтэд маань боломжоороо хүрээлэнд ирж ажиллаж байгаа. Ялангуяа өндөржүүлсэн бэлэн байдлын үед 70-75 хувийн ирцтэй ажилласан. Онцгой комиссоос өгч байгаа зөвлөмжийн дагуу зай бариад, маскаа зүүгээд ажилласан. Бүх нийтийн бэлэн байдал зарласны дараа бол нөхцөл өөр болсон. Эрдэм шинжилгээний салбарын онцлогоос болоод янз бүрээр тусч байна. Ялангуяа лабораторид ажилладаг хүмүүсийн ажил тодорхой хэмжээгээр зогссон. Манайд 1700 орчим хүн шинжлэх ухааны салбарт бүтэн орон тоогоор ажилладаг гэж үзвэл яг лабораторид зогсож ажилладаг мянга гаруй хүн бий. Энэ хүмүүсийг бид өмнө хийсэн туршилтын материал, гадаад орнуудад хийгдэж байгаа мэдээ материалыг авдаг линк холбоос, тэр бүгдээ аваад, гэр орондоо судалгааныхаа үр дүнг боловсруулах ажилдаа төвлөрч ажиллах чиглэл өгсөн. Нийгэм, хүмүүнлэгийн чиглэлийн эрдэмтэд, математик тоон технологийн судлаачид хэвийн байдалтай гэрээр ажиллаж байна. Үр дүн онцгой муудах юм байхгүй. Энэ хоёрын дундуур хээрийн судалгаа гэж том ажил байдаг. Монгол Улсын Шинжлэх ухааны академийн хээрийн судалгааны хоёр салбар дэлхийд байр сууриа эзэлсэн, энэ бол палеонтологийн болон археологийн салбар. Палеонтологийн салбар өнгөрсөн жил маш бага хэмжээгээр хээрийн судалгаандаа явсан. Гэхдээ дэлхийн бүх оронд ийм байдалтай байгаа учраас эзэлсэн байр суурь маань хуучнаараа хадгалагдах болов уу. Хавар, зуны зааг дээр ШУА-аас зориуд зардал тусгаж өгсөн, үүний хүчинд археологичид маань ойр зуур судалгаагаар явсан боловч судалгааны томоохон ангиудыг гаргаж чадаагүй. Сарьдагийн хийдийн судалгаа Улаанбаатар хотын санхүүжилтээр нэлээд гайгүй явсан. Хөвсгөл аймаг руу авран хамгаалах судалгааг Монголд ажиллаж байгаа археологийн хамгийн боломжтой судлаачдыг хамруулан хийлээ.

-Ерөнхий сайд У.Хүрэлсүх эрдэмтдийнхээ үгийг сонсоно гэсэн. Харин цахилгааны үнийг төрөөс даах гэх мэт огцом шийдвэр гаргахынхаа өмнө тэр эрдэмтдийн үгийг сонссон болов уу. Эрчим хүчний дутагдалд орж байгаа нь тодорхой болсон энэ үед өвлийг эрсдэл багатай даван туулахын тулд эрдэмтэд түүнд юуг чухалчлан сануулж байгаа вэ?

-2019 оны есдүгээр сарын сүүлээр Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурал болсон. Монголд орчин цагийн шинжлэх ухаан үүсэн бий болсоноос хойш 98 дахь жил дээрээ болсон анхны их хурал л даа. Энэ их хурал дээр манай төрийн гурван өндөрлөг Шинжлэх ухаанд хандах хандлагаа өөрчлөх тухай ярьсан юм. Энэ нь эрдэмтдэд урам зориг өгсөн. Нэг хэсэг нь бас “Одоо л нэг шинжлэх ухаанд хандах хандлага өөрчлөгдөх нь” гэж гайхсан. Хараад байтал үүний дараа төр засгийн зүгээс шинжлэх ухаанд хандах хандлага үнэхээр өөрчлөгдөж байгаа нь мэдрэгдэж байгаа. Анхдугаар их хурлын дараа Засгийн газрын тогтоол гарсан. Уг тогтоолд Шинжлэх ухаан, технологийн салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж,, эрдэм шинжилгээний ажилтнуудыг орчин үеийн лабораторийн зориулалтын барилга байгууламжаар хангах талаар заасан. Энэ нь Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолборын барилга байгуулах, нийтдээ 94 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт юм. 2020 онд гурван тэрбум төгрөгөөр эхний ажлуудаа хийсэн. Зураг төслийнхөө ажлуудыг гүйцээж хийлээ. Дэд бүтцийн газар шорооны ажил, цахилгааны холболтын ажлууд, газар дээр байсан зарим нэг актлагдсан байгууламжуудыг зөөж, тээвэрлэх ажлууд бүгд хийгдсэн. 2021-2022 онд үргэлжлээд, 2023 онд ашиглалтад орох барилга байгууламжийн ажил эхлээд явж байна. Үүний хүчинд өнөөдөр Монгол Улсад байгаа төрийн өмчийн эрдэм шинжилгээний лабораторийн тоног төхөөрөмж шаарддаг бүх хүрээлэнгүүд багтаж орох хэмжээний лабораторийн цогцолбор баригдаж байгаа юм. Бидний олон жил яриад байгаа Шинжлэх ухааны парк, технологийн инкубаторууд бий болгох боломжтой болно. Энэ бол төр засаг үнэхээр шинжлэх ухаанд хандах хандлагаа өөрчилж буйн илрэл.

Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө Шинжлэх ухааны салбарт зарцуулах төсвийн зардлыг дөрөв дахин нэмэгдүүлнэ гэж заасан. Анх удаа тоо зааж, мөрийн хөтөлбөрт орсон. Ингэж нэмэгдүүлэхэд шинжлэх ухаанд зарцуулж байгаа нийт зардал ДНБ-ний нэг хувьд ойртож очих юм. Олон улсын шинжлэх ухааны байгууллагууд, төвлөрсөн холбоодын гаргасан судалгаагаар “Аливаа улс шинжлэх ухааныхаа салбарт ДНБ-ний нэг хувь болон түүнээс дээш хэмжээгээр зарцуулж эхлэхэд шинжлэх ухааны салбар нь эдийн засаг, улсын хөгжилд мэдэгдэхүйц хэмжээгээр хувь нэмрээ оруулдаг” гэж үздэг.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Шинжлэх ухааны салбарынхны дуу хоолойг төр засаг сонсож ажиллана“ гэж хэлсэн. “Төрийн чих нь онгойж байна” гэж манай судлаачид, эрдэмтэд үүнийг баяртай хүлээж авсан юм. Эхний алхам нь 2020 оны аравдугаар сарын 1-нээс эхлээд ШУА-ын ерөнхийлөгч Засгийн газрын хуралдаанд суудаг болсон. Энэ олон талын ач холбогдолтой. Миний хувьд асуудлыг танилцуулж байгаа сайд нар, албан тушаалтнуудаас асуулт асууж, хариулт авч, саналаа хэлэх боломжтой болсон. Энэ бол яах аргагүй эрдэмтэн, судлаачдын дуу хоолойг сонсох суваг нээсэн.

Засгийн газрын хуралдааны үеэр цахилгааны төлбөрийг тэглэхэд хэрэглээ аль хэр нэмэгдэх талаар яригдсан. Манай эрчим хүчний салбарын эрдэмтдийн энэ асуудлаар хэвлэлд өгсөн ярилцлагууд ч сайтуудаар бий. Ажил хийж байхад алдаа гарна. Ямар ч байсан эрчим хүчний сүлжээ тогтвортой ажиллаж байгаа. Хэт хүйтрэхгүй бол ачааллаа даагаад явна гэж Эрчим хүчний сайд маш тодорхой тайлбар өгч байсан. Эхний хэд хоногт ачаалал нэмэгдсэн ч одоо жигдэрч байгаа талаар холбогдох албан тушаалтнууд ярьсан болохоор тайван л байна.

-Гадаадад сурч ажиллаж байгаа монгол залуус, эрдэмтэд судлаачид олон байна. Эднийхээ хүчийг ашиглах, цахимаар ч болтугай хэлхээ холбоо тогтоох талаар ажиллаж байгаа юу. Та ерөнхийлөгчөөр дахин сонгогдохдоо гадаадад байгаа эрдэмтэдтэйгээ хамтарч ажиллахад анхаарна гэсэн санагдаж байна?

-Гадаадын өндөр хөгжилтэй орнуудад, манай хоёр том хөршид олон монгол эрдэмтэн судлаачид ажиллаж байгаа. Судалгааны орчин үеийн маш нарийн чиглэлээр ажилладаг, багшилдаг улсууд ч зөндөө байна. Энэ хүмүүсийн мэдлэг, чадварыг Монгол Улсын хөгжилд ашиглах нь яах аргагүй төр засгийн бодлогын нэг чухал хэсэг байх учиртай. Урд хөршийн бэлэн жишээ бий. 2001 онд би Хятадын Шинжлэх ухааны академийн удирдлагын урилгаар ШУА-ийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд очсон юм. Тэгэхэд тэд гадаадад байгаа хятад эрдэмтдээ эх орондоо татаж авчрах, тэдэнтэй хамтарсан судалгаа явуулах ажлыг хүчтэй зохион байгуулж эхэлж байсан. Гадаадад байгаа өндөр түвшний эрдэмтдээ Хятадад авчрахдаа хамгийн түрүүнд судалгаа явуулах лаборатори бий болгоход анхаарч байв. Дараа нь Хятадад ирж ажиллахад тухайн оронд авч байсан хэмжээний цалинг авах нөхцөл тавьж байсан. Арван жилийн дараа Хятадад очиход “Бид гадаадад байгаа том эрдэмтдээ авчрах ажлаа үргэлжлүүлж байгаа. Гадаадад байгаа эрдэмтэн бүртэйгээ хамтарч ажиллах, эх оронд нь ирүүлэх зорилго тавьж байсан бол одоо хамгийн амжилттай яваа эрдэмтдээ сонгож авчрах, урьж ажиллуулах арга замыг сонгож байна” гэж байсан юм. Хятад бол гадагшаа урссан тархины урсгалаа буцаагаад авчирсан орон.

Манай гадаадад байгаа эрдэмтэд Монголдоо ирж ажиллах хувийн нөхцөл бас тавьдаг. Судалгааны чиглэлийн лабораторитой байх ёстой. Хоёрдугаарт, амьдралд хүрэлцэх хэмжээний цалин хангамжтай байх тухай ярьдаг. Түүнээс биш тухайн орондоо авч байгаа шигээ цалин авна гэхгүй шүү дээ. Монголчууд эх оронч улсууд. Нэг хэсэг төр засгаас санаачилга гаргаад, “Зөгийн үүр” хөтөлбөр хэрэгжүүлж байсан ч хоёр жил орчим үргэлжлээд гацсан. ШУА-ийн зүгээс гадаадад байгаа эрдэмтдийнхээ бүртгэлийг сүүлийн тав, зургаан сарын хугацаанд гаргаад байна. Хамгийн сүүлийн үеийн чиглэлээр гадаадад ажиллаж байгаа 120 орчим судлаач олж бүртгэсэн. Заримтай нь холбоо тогтоолоо. Тэднийг өнөөдөр Монголд авчраад ажиллуулна гэхээсээ эхний ээлжинд хамтарсан төсөл хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдэг хөрөнгө мөнгө шаарддаг учраас цаг хугацаа орно. Яваандаа харилцаа холбоогоо улам сайжруулаад, гадаадад байгаа эрдэмтэдтэйгээ холбогдоод, тэднийхээ хүчин чадлыг Монгол Улсынхаа хөгжилд ашигладаг болно гэж мөрөөдөөд л явна. Гадаадад байгаа эрдэмтэдтэй холбоотой их, бага санхүүжилттэй олон төсөл хэрэгжүүлдэг. Жишээлбэл, 2020 онд ШУА-ийн харьяа хүрээлэнгүүд гадныхантай хамтарсан 100 шахам судалгааны төсөл хэрэгжүүлсэн. Гадаадад ажиллаж байгаа хүн маань өөрөө төслийн мөнгө татах түвшинд байгаа бол өргөжүүлээд явах боломжтой гэдэг нь харагдсан.

-2021 онд ШУА юунд илүү төвлөрч ажиллах вэ?

-Монгол Улсад шинжлэх ухаандаа тавьж байгаа хүсэлт, шаардлага бол судлаачдын олон жил хийж байгаа шинэ мэдлэг түүн дээр бий болсон технологийг хэрэглээнд нэвтрүүлэхэд илүү анхаарч ажиллаач гэдэг. Энэ бол зүй ёсны асуудал. Монгол Улсад шинжлэх ухаанаас гарч байгаа хоёр төрлийн үр дүн байдаг гэж би дандаа ярьдаг л даа. Нэг нь судалгааныхаа үр дүнд шинэ мэдлэг мэдээллийг олон улсын төрөлжсөн эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд хэвлүүлэх юм. Ингэснээрээ дэлхийн шинжлэх ухааны эргэлтэд монголчуудын хувь нэмрийг оруулж, дэлхийн оюуны баялагийг бүтээхэд оролцоно.

Нөгөө нэг бүлэг үр дүн бол судалгааны үр дүнд бий болсон мэдлэг технологийг хэрэглээнд оруулж, хүний гар дээр бүтээгдэхүүн үйлчилгээ болгож тавих. Төр засгаас бидэнд тавьж байгаа шаардлага бол энэ хоёрдугаар хэсэгт илүү анхаараач гэдэг. Нэгдүгээр хэсэг үр дүн бол монгол эрдэмтдийн хувьд харьцангуй сайн яваа. Нэгж судлаачид ногдох хэмжээгээрээ, гадаадаас авч байгаа эрдэмтдийн эшлэлийн тоогоороо бид дэлхийн дундажаар яваа.

Хүний гар дээр бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх тухайд бид харьцангуй сул байгаа гэдгээ хүлээн зөвшөөрөх учиртай. Шалтаг, шалтгаан олон. Хамгийн гол нь үйлдвэрлэл гэж том салбар бий. Үйлдвэрлэл, бизнесийн салбар Монголын ДНБ-ий 80 гаруй хувийг нийлүүлдэг том салбар. Нөгөө талд нь мэдлэг бүтээдэг академик салбар харьцангуй жижиг ч чадамжтай салбар. Энэ хоёр салбарыг холбодог механизм манайд бий болоогүй. Манай үйлдвэрлэгчид гаднаас бэлэн технологи, техниктэй нь оруулж ирэх нь харьцангуй эрсдэл багатай гэж үздэг. Гэтэл үндэсний үйлдвэрлэл хөгжихгүй байгаагийн нэг шалтгаан үүнд бий. Энэ хоёрыг холбодог механизм бий болгоход анхаарч ажиллана. Манай 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд энэ чиглэлийн том ажлууд туссан. Энд юуны өмнө Эрдэнэт үйлдвэрээ нэрлэх нь зүйтэй. Эрдэнэт үйлдвэртэй том төсөл эхлүүлэхээр оны өмнөхөн гарын үсэг зурлаа. Эдийн засгийг солонгоруулахад доривтой хувь нэмэр оруулах төсөл эхэлнэ. Эрдэс түүхий эдийг гүн боловсруулах үйлдвэрүүд байгуулах, хүний нөөцийг бэлтгэх төсөл юм.

Манай судлаачид гадаадын мэдээллийн асар том сангууд руу улсын төсвийн хөрөнгөөр орох эрхтэй болоод хэдэн жил болж байна. Энэ эрхийг эдлэхийн тулд маш сайн англи хэл шаардлагатай. ШУА-д байнгын ажиллагаатай англи хэлний институтыг 2020 оны намар эхлүүлсэн. Судлаачдынхаа хэлийг сайжруулах замаар гадаадын мэдээллийн том баазын ашиглалтыг сайжруулна. Эрдэмтэд оюуны өмч бий болгоод патент авдаг. Оюуны өмчийн менежер, төлөөлөгч нарыг хүрээлэн болгонд бий болгохоор ажиллаж байна. 2021 онд энэ чиглэлийн хүчтэй баг бий болж, оюуны өмчийн хэрэглээ, үнэлэмж сайжирна.