Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Орчин үеийн бадарчин “Танхай банди” Г.Ням-Очир: Малчид малаа шүтэж амьдрах бус мөнгийг шүтэж байна

Сошиалд “Танхай банди” нэрээр нь хүмүүс мэддэг, төвөд судлаач, яруу найрагч, орчин үеийн монгол бадарчин Г.Ням-Очиртой ярилцлаа. Зах хязгаарын нутгаар бадарчилж яваа түүнийг хөдөөгийн эмээ, өвөө нар ч “Танхай банди” гээд андахгүй байна гэсэн шүү.


-Монгол бадарчингийн түүхийн талаарх таны яриаг сонсож байсан. Бадарчин-гийн аялал ихэвчлэн ариун дагшин газар, мөргөлийн замтай холбоотой байсан билээ. Харин орчин үеийн монгол бадарчингийн зорилго юу билээ?

-Бадарчин гэдэг маань шашны лам хуврагууд Монголоос Төвөд хүртэл 4000 км аялж, бурхны оронд очин, эргэл мөргөл хийж, ном сурдаг, дулаан сэрүүн янз бүрийн уур амьсгалтай газар нутгаар алхдаг эх үүсвэр нь эзэнт гүрний үеийн монгол цэргийн технологиос улбаатай. Нийгэм өөрчлөгдөхөд бадарчингийн технологи ч мартагдаж байхгүй болсон доо. Монголчууд Лхас явахын оронд Москваг зорих болсон. Би 1997 оноос Л.Хүрэлбаатар багшийнхаа дэргэд ажиллах болсноос хойш хуучны номтой лам нар, бадарчинг сайн мэддэг байсан хүмүүстэй уулзаж, олон зүйлийг бичиж тэмдэглэж авсан юм. Бадарчингийн хавчиг үүрэг ямар байсан, майхан, хоол унд нь ямар байсныг судалж, сэргээхээр оролдож байна. Бадарчингийн эдэлж хэрэглэдэг 47-48 төрлийн эд зүйл байдаг юм билээ. Жишээ нь, ямааны арьсан туламд авч явдаг, шар тосыг маш удаан чанаж, ширгээгээд, арвайн гурилтай багсарч, хатаасан бөөрөнхий бөмбөлөг болгож, хэрэглэдэг байсан юм билээ. Бадарчин гурван сарын хүнстэйгээ явдаг байжээ. Энэ жилийн хувьд би бадарчингийн хувцастай гараагүй, явган алхаж, алхааны техник эзэмшихийг зорилоо. Бадарчин хүний үүргэвч 10-12 кг байдаг. Ойрын гурван жилдээ зун, хавар, намрын сард явган явж, Монгол орноо бүтэн тойрох бодолтой явна. Дэлхийн зах зээлд аяллын хувцас, эд хэрэглэл, үүргэвч майхан тренд болж байна. Хол газар явган алхдаг монгол маягийн технологийг сэргээх бодолтой байгаа юм. Бадарчингийн гутал торгуудуудын өмсдөг тоокуутай төстэй. Энэ гутал норлоо гэхэд галд ээгээд 10-15 минутын дараа сайхан болно. Гэтэл ямар ч аяллын гутлыг норвол нэгээс хоёр өдөр хатаах хэрэгтэй болдог. Энэ мэтээс авахуулаад олон зуун жилийн явцад шалгарсан технологийг сэргээх бодолтой байгаа юм. Энэ удаа тавдугаар сарын 30-наас зургадугаар сарын 14 хүртэл 15 хоног Дорнодоос Халх гол сум руу жаахан алхлаа. Монголын зах хязгаар нутгаар тойрсон аян замын тэмдэглэл бичихээр зорьсон. Хил хамгаалах ерөнхий газраас зөвшөөрөл авсан юм. Тэдний гаргаж өгсөн маршрутаар явж байна. Замд буудаллаж таарах зах залгаа аймаг сумдын нутгаар хатуу хөл хорио тогтоосон учраас би аяллаасаа буцаж байна. Өвчин гайгүй болсон хойно цаашид аялах бодолтой байна даа.

-Цар тахал хараахан дуусаагүй байхад яагаад аялахаар шийдсэн юм бэ?

-Би төвөд судлаач, бурхны шашинтай, сүсэгтэй хүн. Чингис хаан ба Монголын бурхны шашин сэдвээр ажилладаг. Сүүлийн арваад жил Өмнөдмонгол, Монголдоо судалгаа хийж, Чингис хаантай холбоотой сан тахилгын 53 судар олсон. Энэ судруудаа цээжилж, өөрийн болгох бодолтой явна. Чингис хааны тарни гэж бий. Бадарчин зүгээр нэг алхдаггүй. Тарни тоолох, яваандаа Чингис хааны тахилгыг Монголдоо сэргээх санаатай. Эр хүний шалгуур гэж бий. За энэ хүн гурван жилд Монгол Улсаа бүрэн тойрсон юм билээ. Ингэж явахдаа Чингис хааны сан, тарнийг тэдэн удаа уншсан гэдэг “шалгалт” өгье гэж бодсон. Бид бас ковид гээд хоёр жил хашигдлаа. Ковидын дараа нэг газраа шавж амьдрахад тохиромжгүй боллоо, зах хязгаар нутагтаа тарж амьдрах, эх орон газар нутагтаа эзэн болоход олон залуусыг уриалахыг хүссэн. Илгээлтийн эзэд гэж өмнө нь байсан шүү дээ. Хамгийн цөөн хүн амтай, зүүн хязгаар нутгийн бодит байдлыг ном болгож бичиж үлдээе гэсэн зорилготой гарсан даа. Дорнодоос Халх гол хүрэх замд багагүй олзтой явна.

-Аян замын тэмдэглэл бичих гэснээс сүм хийдүүдээс нэг лам Долнуурт жасаалахаар явах замдаа зах хязгаар нутгийн аж байдлын тухай тайлан бичдэг уламжлалтай байсан гэсэн шүү дээ. Шашнаар дамжуулж мэдээлэл цуглуулдаг байсан нь сонирхолтой санагдсан. Таны замд юу анхаарлыг чинь татав. Ковидын нөхцөлд аялагчаас нутгийн хүмүүс цэрвэх юм уу?

-15 хоног нэлээд амаргүй өнгөрсөн л дөө. Зах хязгаар нутгийн хүмүүст бол Улаанбаатараас ирсэн хүн явдаг вирус гэж харагдаж байна. Хилийн дагуу застав отрядууд бүгд хөл хорионы дэглэмтэй, гадны хүн оруулахгүй байгаа. Гурав, дөрөв дэх хоногтоо шантарч байсан. Би “Лавайн эгшиг” радиогоор хичээл заадаг юм. Түүнийг хөдөөгийнхөн маань сонсдог юм байна. Буддын шашны тухай яриа таниулга хийгээч, маань хөгжөөх талаар зааж өгөөч гэх мэт хүсэлт их байсан учраас сайн явлаа л даа. Ер нь хязгаар нутаг харанхуй болж байна. Зөвлөлт Холбоот Улсын үеэс л хил давж ирсэн тагнуулаас айдаг байсан уламжлалтай. Одоо ч явуулын хүн, дотоодын аялагч нараасаа эмээж болгоомжилж байна. Дотоодын аялал жуулчлал хязгаар нутгаар хөгжөөгүй. Заавал уулын орой руу дайралт хийх бус аажуу уужуу олуулаа явдаг, эх орноо, зах хязгаар нутгаа танин мэддэг байгаасай гэж ийм үлгэр дуурайлал үзүүлэхээс аргагүй. Тиймээс би Үндэсний номын сангийн сэргээн засварлагчийн ажлаа өгөөд, аялалд гарсан юм. Энэ жилийн эхний аяллын тэмдэглэлээ оны эцсээр хэвлэж гаргах бодолтой байна. Хүн судлал, угсаатны зүй, шашны судалгаа хийж яваа гэсэн үг.

-“Буйр нуур үлийн цагаан оготнод баригдаж, элс нүүж, бэлчээр нь доройтжээ” гэсэн пост оруулсан байна лээ. Газар дээрээ ямар байна вэ?

-Ноднин Буйр нуурын эрэгт майхан хатгах зайгүй олон хүн бужигнасан. Энэ хөл хөдөлгөөн сөргөөр нөлөөлсөн болов уу. Нуурын орчин хурдан цөлжиж, элс нь нүүж, экологийн сүйрэлд өртжээ. Буйр нуурын эргээр гурав хоног явлаа. Амралтын газрууд элсэнд дарагдаж байна. Энэ хавраас Халх гол сумынхан нуураа хамгаалахаар ярьж тэмцэж байгаа юм билээ. Халх гол сумын Цагдаагийн газрын дарга П.Ганхуяг төрийн албан хаагчид, нутгийнхнаа уриалж, “Буйр нуураа хамгаалъя” хөдөлгөөн өрнүүлж байна. Мод тарьж, үлийн цагаан оготнотой тэмцэж байна. Бид ямар ч үнэ төлбөргүй байгальд ирж амарч байгаа шүү дээ. Олон жил энэ нуурын эрэгт ирж амрахын тулд байгаль хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулах хэрэгтэй байна.

-Наадам дөхлөө. Ковидын үед ч хөдөөгийнхөн маань наадамд бэлтгэсэн маягтай байх юм уу?

-Байлгүй яах вэ. Манайхан маш өөдрөг хүмүүс юм байна. Замд таарсан хүмүүс морио уяж, тарлаж байна. Морьдыг наадамд уралдуулах гэхээсээ хоорондоо мөрий тавьж уралдуулдаг болж. Хурдан морь гэдэг баярхал, тансаглалын чанартай зүйл болж. Увс, Ховд, Баянхонгор, Төв аймгаас энд маш олон хүн малаа тууж ирсэн байна. Бэлчээр дагаж ирсэн ч төд удалгүй энд ч бэлчээр талхлагдах төлөвтэй. Зээр цөөрч байгаа нь ажиглагдаж байна.

-Та хөл хорионоос болоод буцахаар болсон гэлээ. Аяллаа зогсоож байгаа юм уу мөд эргэж алхах уу?

-Энэ жил Дорнод, Сүхбаатар, Дорноговь гэсэн гурван аймгийн нутгаар явах байсан юм л даа. Гэтэл хил дагуу Онгон, Наран, Дарьганга сумд хатуу хөл хорио тогтоосон. Матад суманд олон хүн ойрын хавьталтай, хөл хорьсон байдалтай байна. Сумын иргэд гадны хүн оруулахгүй, хүлээж авахгүй гэдгээ шууд хэлдэг болсон. Айлд очиход “Та PCR шинжилгээний хариугаа, вакцины хоёр тун тариулсан бичгээ үзүүлээч” гэж байна. Нэгэнт эдгээр сумдад нэвтэрсэн тохиолдолд хөл хоригдохоор байгаа учраас буцахаар шийдсэн. Хүн амдаа вакцин хийсэн учраас өвчин дарагдах байх гэж тооцоод гарсан л даа. У.Хүрэлсүхийн сонгуулийн сурталчилгааны хүмүүс маш их явсан байна. Ардчилсан намынхан бас явсан байна. “Ерөнхийлөгчийн сонгуулиас болоод өвчин тарлаа” гэж уулзсан хөдөөгийн хүмүүс ярьж байна.

-Та вакцины хоёр тунгаа хийлгэсэн үү?

-Вакцинаа хийлгээд дөч гаруй хонож байгаа л даа.

-Б.Ичинхорлоо найрагчаас авахуулаад яруу найрагчид, найзууд чинь таныг замд гарлаа гэж их бичсэн байна лээ. Тэрэгтэй зураг оруулсан байсан. Та тэрэг түрж гарсан уу?

-Никель Ганбаа бид сайхан найзууд. Никель Ганбаа маань 20 кг ачаа ачдаг хөнгөн дугуйтай тэрэг хийсэн юм. Майхан, үүргэвч, цэвэр ус, хийн плитка зэргээ ачсан хөнгөн тэрэгтэй гарсан. Түүнтэйгээ эхний 120 км яваад, цаашаа явах боломжгүй болсон. Нарийн дугуйтай учраас элсэнд шигдээд явдаггүй. Тэргээ хилийн заставт орхисон. Дараа аяллаа үргэлжлүүлэхдээ хилийн заставаасаа аваад цаашаа явна. 120 км тэрэгтэй, 240 км үүргэвчтэй явлаа.

-Орчин үеийн бадарчин өдөрт дунджаар хэдэн км явах шинжтэй байна?

-Үүргэвчтэй, эсвэл тэрэг чирч байгаагаас шалтгаалаад жаахан өөр. Өдөрт дунджаар 25-30 км явж байна лээ. Нартай биш сэрүүхэн өдрүүд байсан учраас нэлээд алхаад байгаа юм л даа.

-Хаагуур хоноглож байв?

-Эхний шөнө Дорнодоос гараад Сүүжийн ар гэдэг газар майхандаа хоносон. Бороонд нэвт норсон. Хөдөө хээр зэрлэгшсэн нохой олон болжээ. Хүн малаас айдаггүй юм байна. Хоёр золбин нохойд ээрүүлснээсээ хойш айл бараадаж хонодог болсон.

-Бадарчин хоол хүнс, хувцас хунар, өвдсөн үед өөрийгөө анагаах арга чаргатай байсан гэж ойлгосон. Таны хувьд өвдсөн үед өөрийгөө анагаах бэлтгэлтэй байв уу?

-Явж байгаа газрын ургамалаа судлах хэрэгтэй. Ядаж ходоод гэдэс өвдөхөд ургамал буцалгаад уучих мэдлэгтэй байх учиртай. Ойр зуурын эм авч гарсан. Бэртэж гэмтчихгүй бол өвдөх нь гайгүй, өдөртөө сайн хөлөрч байгаа, хоёр кг хассан. Явган алхахад маш сайн эрүүлждэг. Эрүүл агаар бол эм, хоол. Аялалд гарснаас хойш хоол бага идэж, оюун санааны хувьд сүүлийн хоёр жилд хуримтлагдсан стресс, ядаргаа энэ 15 хоногт байхгүй болсон. Буцахад бол харамсалтай л байна.

-Та бадарчны хувцасны талаар ярьсан байна лээ. Бадарчин дотуур хувцасны оронд хүр хорхойн хадгаар биеэ ороодог байсан гэсэн. Хувцаслалтын хувьд хэр анхаарав?

-Орчин үеийн залуус сонирхож магадгүй мэдээллүүдийг номдоо оруулна аа. Аюулгүй аялах технологи, аян замын тэмдэглэл бичих юм. Тэндээс илүү дэлгэрэнгүй уншаарай. Алхах замдаа би бодлоо. Ард түмнээ соён гэгээрүүлэх талаар судлаачид бид их юм хийх хэрэгтэй юм байна. Даргад таалагдах гэж ажиллаж, амьдардаг хүмүүсийг аяллын хэд хоногт илүү их харлаа. Тийм учраас судлаачид, эрдэмтэд төсөв мөнгө харахгүйгээр өөрсдөө үүргэвч үүрээд, явган явж, Монголын ард түмэнд хэрэгтэй байгаа зүйлийг мэдрэх хэрэгтэй байна даа.

Хөдөөгийнхөн фэйсбүүк нэлээд хэрэглэдэг болсон юм байна. “Танхай банди” гэдгээр маань андахгүй байна шүү. Манай уламжлалт соёл гээд байгаа зүйлс маань буддын шашинд суурилсан байдаг учраас буддын шашнаар дамжуулсан соён гэгээрүүлэх ажлыг хийх хэрэгтэй юм байна. Малчин айлд яваад ороход бурхан тахилтай айл ховор болсон байна. Нарны эрчим хүч, шинэ соёл, технологи нэвтэрчээ. Гэхдээ мал маллах малчны соёл, философио гээж болохгүй л дээ. Орчин үеийн малчид маань махны ченжүүд шиг л болж дээ. Махны үнэ л асууна. Малаа шүтэж амьдрах бус мөнгөнд шүтэж байна. Ийм л болсон байна даа.

-Аяллын зардлаа та өөрөө гаргасан уу?

-Өөрөө гаргасан. Энэ аялалд зориулж гурван жил бэлтгэсэн. Хувцас хунар жижиг хэрэглэлээ нэг нэгээр нь бэлтгэсэн дээ. Манай найзууд мэднэ. Гурван жил явна гэж ярьж байгаад шууд зориглоод гараад ирсэн.

Categories
булангууд мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал шинжлэх-ухаан-технологи

З.Батжаргал: Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас гэнэт дулаарах, хүйтрэх үзэгдэл олширч байна

БОАЖЯны харьяа Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төвийн шинжлэх ухааны зөвлөх, доктор З.Батжаргалтай ярилцлаа.


Зун болохгүй байна гэж хүмүүс яриад байна. Хүйтэн сэрүүн өдрүүд үргэлжилж байна. Ингэж байснаа айхавтар халуун болно гэх юм. Энэ бүхэн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой юу?

-Хоёр талтай. Хүмүүс урьд өмнө байсан зүйлсээс мууг нь мартаад, сайныг нь санадаг. Сүүлийн үед л бүх юм болохгүй байгаа юм шиг санагддаг тал бий. тийм учраас зун болохгүй байна. Урьд нь сайхан ногоо гардаг байсан, одоо тийм биш байна гэх мэтээр яриад байна л даа. нэг талаас хүмүүсийн сэтгэл санааны асуудал бий. Нөгөө талаас яг ийм өөрчлөлт гарч байгаа юу гэвэл тийм. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой юу гэвэл бас холбоотой. Уур амьсгалын өөрчлөлт, даян дэлхийн дулаарал гэж хоёр юм яриад байна шүү дээ. Уур амьсгал өөрчлөгдөж байгааг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрөөд, энэ хэвээрээ яваад байвал аль ч орны нийгэм эдийн засагт сөрөг нөлөөтэй юм байна. үүнийг хязгаарлахгүй бол болохгүй нь ээ гээд Уур амьсгалын өөрчлөлтийн тухай нүб-ын суурь конвенц байгуулаад, үүнийгээ хэрэгжүүлэх Киотогийн протокол баталсан. Зарим хүлэмжийн хий ялгаруулдаг орнууд нэгдэж ороогүй учраас Киотогийн протокол тавьсан зорилгоо биелүүлж чадаагүй. Тийм учраас 2015 онд Парисын хэлэлцээр гэж байгуулсан. Дэлхийн улс орнууд үүнд нэгдээд, манай УиХ ч энэхүү Парисын хэлэлцээрийг соёрхон баталсан. монгол дэлхийн дунджаас эрчимтэй дулаарч байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байгаа л даа. агаарын дундаж температур 2.25 хэм орчмоор сүүлийн 80 жилд нэмэгдсэн. Хүмүүс гайхдаг л даа. дулаарсан гэчихээд өвөлдөө гэнэт огцом хүйтэрч, зун сэрүү оргиод байх юм гэдэг. Одоо ч сэрүүн байна л даа. Уур амьсгалын өөрчлөлтийг дагаад хур тунадасны хэмжээ буурч байгаа. Дулааны улирал уртасч байгаа ч ууршилт нэмэгдэж байгаа. Хур бороо орохгүй бол бэлчээрийн ургамал, тариа ногоо ч олигтой ургахгүй шүү дээ.

Та хур тунадасны хэмжээ долоон хувиар буурсан гэж хэлсэн байна лээ?

-Сүүлийн 80-аад жил 7-8 хувиар буурсан байгаа юм. Өвөл цас ороод байгаа шүү дээ гэж хүмүүс хэлэх байх. Мэргэжлийн хүний хувьд 20 гаруй жил үргэлжилсэн хуурай үе дуусч, ганц хоёр жил арай ахиу хур тундастай жил үргэлжлэх юм биш байгаа гэсэн горьдлого байгаа.

Бид дэлхийн дулаарал яриад байдаг. Гадаа хүйтэн сэрүүн өдрүүд үргэлжлээд байдаг. Үүнийг яаж тайлбарлах вэ?

-Дэлхийн дулаарал гэж ерөнхийдөө агаарын дундаж температурын тухай ярьж байгаа юм. энэ тухай ганцхан манайд ч ярьж байгаа юм биш. Америкт өмнөх Ерөнхийлөгч нь зарлаж байгаад бүр Парисын хэлэлцээрээс гарчихсан шүү дээ. Хойд америкт цасан шуурга болоод, сүйд болоод байхад та нар юун дулаарал яриад байна гэцгээдэг. гэнэт хүйтэрч байгаа нь дулааралтын нөлөөнөөс болж байгаа юм гэж эрдэмтэд нь тайлбарлаад байхад ойлгодоггүй.

Тэгэхээр даян дэлхийн дулааралтаар илэрч байгаа уур амьсгалын өөрчлөлтийн нэг том үр дагавар нь дэлхийн агаар мандал тогтворгүй байдалд орж байгаа. Урьд нь Монголд цаг агаар тогтвортой, сайхан шиврээ бороо ороод, хөрсөнд уусч шингэдэг байснаа одоо бол бороо орохгүй байснаа гэнэт аадар асгаад, үер болдог. Ганцхан Монголд биш, дундад өргөргийн бүс нутагт агаар мандлын тогтворгүй байдал нэмэгдэж, байгалийн гамшигт үзэгдлийн давтамж, эрч нь ихсээд байна. Энэ бол санамсаргүй тохиолдол бус. Даян дэлхийн дулаарал энэ байдлаар үргэлжилбэл манайд улам хүнд тусна. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас агаар мандал тогтворгүй байдалд ороод, гэнэт дулаарах, хүйтрэх үзэгдэл олширч байна.

Сэрүүхэн өдрүүд үргэлжилж байснаа гэнэт аагим халуун болно гэцгээгээд байгаа нь үнэн үү?

-Та нар цаг уурын мэдээ харсан уу. Хэд хоногийн дараа 30 хэм хүрэхээр зарлаж байгаа биз дээ. Зургадугаар сар гарч байхад зарим газар хасах хэмтэй байна. Аль хэдийнэ суулгасан эмзэг ногоо цочир хүйтрэлд өртөх аюултай байна. Ийм болно гэдгийг аль хэдийнэ мэргэжилтнүүд судалж, шинжлээд, ном бичиг гаргачихсан. Манайх ч Уур амьсгалын өөрчлөлтийн судалгааны тайлангууд гаргаад явж байна. Иргэд тэр бүр тайлан унших биш. Гайхаж цочирдох юм байна. Шинжлэх ухаан талаасаа энэ бүхэн тайлбаргүй зүйл биш. Улс орны хөгжлийн бодлогод ямар нэг хэмжээгээр тусгаж байгаа. Алсын хараа 2050 гээд том бичиг баримт гарсан. Тэрэнд “Ногоон хөгжил” гэсэн бүлэг оруулаад, уур амьсгалын өөрчлөлт одоо ийм байна цаашид 2030 болон 2050 онд ийм болно гээд шинжлэх ухааны аргаар урьдчилаад баримжаалаад, улс орны эдийн засгийг хөгжүүлэх бодлогод харгалзах ёстойг хэлсэн байгаа.

Та Алсын хараа 2050-д байгаль орчны ажлын хэсгийг ахалсан. Усны гачаалаас хамаарахгүй байх эдийн засгийн хөгжлийн загварыг бодож олох ёстой гэсэн. Хөв цөөрөм, усан сан байгуулна гээд баахан ажил төлөвлөсөн байна лээ. Бодитой хэрэгжиж байгаа юу. Тухайлбал 2021, 2022 онд хэдэн хөв цөөрөм, усан сан байгуулахаар төлөвлөсөн бэ?

-Хэрэгжүүлэхгүй бол болохгүй, хэрэгжүүлэх ёстой. Сүүлийн хэдэн өдөр уулын цас хайлаад, Туул савандаа багтахгүй хальж урсаж байна. Тэр их ус урсаад хил гараад алга болж байна. Энэ их усыг Туул гол дагасан цувраа цөөрөм байгуулаад, авч хоцорч чадвал зун сайхан сэрүү татаад, уснаас нь ашиглах боломжтой болно. Энэ мэтээр асар их хэмжээний байгалийн баялгийг ашиглаж чадахгүй байна. Зүй нь хуурайшилтын дарамтыг сөрж зогсох ганц арга нь том голуудыг дагасан цувраа усан сан байгуулах юм. Гадагшаа урсгалтай голуудын хамаг усыг хамаад авчихвал хөршүүд яриа хөөрөө гаргана. Бид борооны усыг тогтоож авъя гэж байгаа юм. Усан сангууд байгуулбал үерийн аюулыг бууруулна. Мөнх цас, мөсөн гол хайлаад, ууршдаг нь ууршаад, урсдаг нь урсаад гарч байна. Монголд мөстлөгийн хэлбэрээр хуримтлагдсан усны бараг тал нь алга болсон гэж үздэг. Эдгээр идүүдэл усыг бүгдийг хуримтлуулж, тогтоож чадвал бид нэг хэсэгтээ уур амьсгалын өөрчлөлтийн улмаас үүсч байгаа ган гачгийн дарамтыг тэсч чадна.

Засгийн газрын мөрийн хөтөлбөр гэж гарсан. Одоо 10 их наяд төгрөг гаргаад, ойрын хугацаанд хэрэгжүүлэх 100 гаруй төсөл зарлаж байна. Тэрэн дотор усны нөөц хадгалах хөв цөөрөм байгуулах талаар тодорхой юм орсон гэж би хэлж чадахгүй. БОАЖЯ-наас “Хөх морь” нэртэй том хөтөлбөр зарласан. Тэрэн дотор хаана хаана ямар цөөрөм, усан сан байгуулах талаар оруулсан байна лээ. Түүнийгээ төлөвлөгөөнд тусгаад хэрэгжүүлэх, эзнийг нь оноогоод, мөнгө хөрөнгө гаргасан эсэхийг БОАЖЯ, Үндэсний хөгжлийн газрынхнаас асуух хэрэгтэй.

Хүмүүс тогтвортой цаг агаар хүсч байна л даа. Тариа, ногоогоо тарьж, малаа маллах хэрэгтэй. Нэг өдөр зун болоод, маргааш нь өвөл болоод байвал хэцүү л дээ. Үүний төлөө бид юу хийж чадах вэ?

-Энэ байдлыг зогсоохын тулд ний нуугүй хэлэхэд бид их юм хийж чадахгүй. 1850-иад оны үед аж үйлдвэрийн хувьсгал гарч, олон үйлдвэр байгуулагдаж, их хэмжээний нүүрс шатаан, агаарт хүлэмжийн хий ихээр гаргачихсан учраас дэлхийн агаар мандал дулаарч эхэлсэн. Өнөөдөр ялгарч байгаа бүх хүлэмжийн хийг зогсоолоо ч өмнөх хүлэмжийн хийг арилгах аргагүй. Одоо бол нэмж гаргаж байгаа хүлэмжийн хийгээ багасгая гэж байгаа юм. Хүлэмжийн хийг шингээдэг юм бий. Ой, өвс ургамал шингээдэг. Ялгарч байгаа, шингээж байгаа юмаа ойртуулаад, агаарт байгаа хүлэмжийн хийг багасгая гэж уриалж байгаа юм. Хүлэмжийн хийг хэн ялгаруулж байна гэхээр өндөр хөгжилтэй орнууд, энэ улсууд хүлэмжийн хийгээ их хэмжээгээр бууруулах ёстой. Манай улс ч бууруулах ёстой. Гэхдээ ялгаруулж байгаа хүлэмжийн хий маань харьцангуй бага.

Гэхдээ нэг хүн, нэгж бүтээгдэхүүнд ногдох хүлэмжийн хий их гээд байгаа биз дээ?

– Тийм ээ, нэг хүнд ногдох хэмжээ юм уу үйлдвэрлэж байгаа нэгж бүтээгдэхүүнд ногдох хэмжээгээрээ тооцвол их өндөр. Нүүрс шатааж гаргаж байгаа хэмжээ өндөр. Дээр нь малын амьсгал, өтөг шивхнээс ялгардаг метан хийн хэмжээ их учраас манайхан тийм ч хор шаргүй улс гэж тооцогдохгүй байгаа.Тийм учраас бид Парисын хэлэлцээрт нэгдээд үүрэг хүлээгээд явж байгаа.

Бид олон улсын хэмжээнд хүлээсэн үүргээ хэр биелүүлдэг юм бэ?

-Биелүүлэх гэж оролдоод, Засгийн газраас Монгол Улсын оруулах хувь нэмэр гэсэн бичиг баримтыг боловсруулаад, батлаад хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргаад байна. Түрүүн та дулаараад, хүйтрээд байна яах вэ гэсэн. Тохиолдож байгаа үзэгдлүүдийг зогсоохын тулд бид том нөлөө үзүүлж чадахгүй. Гэсэн ч шинээр тулгарч байгаа бэрхшээлд дасан зохицох, гарз хохирол багатай даван туулах, бэрхшээл дагасан сорилыг боломж болгон ашиглах хэрэгтэй байна.

Хамгийн наад зах нь хайлж урсаад алга болж байгаа усыг хуримтлуулах усан сангууд байгуулъя. Хур тунадас нь багасаад, дулаан нэмэгдээд байвал аль болох ус чийг бага шаарддаг ургамал тариалж, хүнсний хэрэгцээгээ хангая. Мал аж ахуйнхаа тодорхой хэсгийг эрчимжүүлэх гэх мэт арга хэмжээ авах, дээр нь хөдөө орон нутагт амьдарч байгаа иргэдийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, аялал жуулчлал оруулж ирэх гэх мэтээр эдийн засгаа солонгоруулах шаардлагатай байна.

Машинуудаас ялгарч байгаа хий хүлэмжийн хийд нөлөөлнө биз дээ?

-Нөлөөлөлгүй яах вэ. Цахилгаан станцуудын яндангаас гарч байгаа утаа, айлуудын гэрийн яндангаас гарч байгаа утаа, машины яндангаас гарч байгаа утаа, малаас гарч байгаа, хогноос ялгарч байгаа хий, гэр хорооллын өчнөөн мянган жорлонгоос ялгарч байгаа хий цөм агаарын бохирдол, хүлэмжийн хий ихээр ялгахарад нөлөөлж байгаа. Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах нь давхар ашиг тустай. Хүлэмжийн хийг бас бууруулна гэсэн үг. Түгжрэлийг бууруулна гэдэг агаарын бохирдол, хүлэмжийн хийг давхар бууруулж байгаа гэсэн үг.

Цогцоор нь асуудлыг харж шийдвэрлэх, хөрөнгө зарах талаар Засгийн газрын урт болоод дунд хугацааны хөтөлбөр үйл ажиллагаанд туссан. Дасан зохицох гэдэг том арга хэмжээг БОАЖЯ-наас Уур амьсгалын Ногоон сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэхээр төлөвлөгөө боловсруулж байна. Уур амьсгалын болзошгүй өөрчлөлтийн сөрөг нөлөөг давж гарахын тулд Монгол Улсад мал аж ахуй, газар тариалан, зам тээвэр яах ёстой вэ, хог хаягдлыг яах ёстой вэ гэдгийг шийдэх Үндэсний Дасан зохицох төлөвлөгөө боловсруулж байна.

Categories
их-уншсан мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улсын хөдөлмөрийн баатар Д.Бараадууз: Мод гэдэг намайг мандуулж, шагнадаг ачтан

Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар цол хүртсэн, “Ойн хишиг” төвийн захирал, Байгаль орчны гавьяат ажилтан Дэмчигийн Бараадуузтай ярилцлаа.


-Танд баяр хүргэе. “Нүдээ олсон шагнал” гэж хүмүүс ярьж байна. Та Хөдөлмөрийн баатар болтлоо хэдэн мод тарив?

-13 аймаг, зургаан дүүргийн нутагт миний тарьц, суулгац ургаж байгаа. Нийтдээ 400 гаруй мянган мод байгаа юм. “Ногоон хэрэм” төсөлд гэхэд Өмнөговийн төвд 28 мянган мод надаас авч тарьсан юм. Миний байгаа Ханхонгор сумын нутаг Багабулаг гэдэг газар мод үржүүлгийн газар маань бий. Энд бас 20-30 мянган тарьц, суулгац лавтай бий. Эндээ 16 га газрыг л модтой болгох гээд оролдоод байгаа юм. Байгаль орчны гавьяат ажилтан гэдэг шагнал авчихаад, өртэй юм шиг санагдаад, найман га газар хашиж, мод тарьсан юм. Тэр нь жижигхэн, хөлд орж байгаа хүүхэд шиг долоо, найман мянган мод байгаа юм. Тэрнийгээ усалж тордоод явдаг. Миний цэрэг байсан найз маань надад үнэ төлбөргүйгээр худаг гаргаж тусалдаг юм. Манай мод очсон газраа сайн ургадаг бололтой. Улаанбаатараас зүүн тийш бүх аймгуудад манай мод ургаж байгаа л даа. Усалгааны өртгөөр нь хамгийн хямдаар тарьц, суулгац нийлүүлдэг.


-Говьд мод тарихаар бороо татдаг болсон гэдэг үнэн үү?

-Аймгийн төвд “Ногоон хэрэм” төсөл гэж БОЯ-наас Солонгосын хөрөнгө оруулалттай том төсөл хэрэгжсэн. Энэ төслийн хүрээнд 500 га газар ойжуулсан юм. Мод тарьснаас хойш ган болоогүй. Үүл гарвал энэ дээр ирж хуримтлагдаад, бороо ороод байдаг юм л даа. Эрдэмтэд 100 га газрын ой хур тунадас татах чадвартай гэж тогтоосон байдаг.

Үнэндээ их халж байна шүү дээ. Ингэж халж байхад манай талбайд хайсан ой дотор хүйт оргиод, жин цохимоор юм шиг сэрүү татаж байдаг юм шүү дээ. Ойгоос сэрүүн агаар дээшээ цацраад, дээгүүр нь гарсан үүл тэндээ хуримтлагдаад, борооны дусал болж орж байгаа үзэгдэл гэж судлаачид тайлбарладаг юм л даа. Манай аймаг таримал ойгоороо улсад дээгүүр байрт ордог юм гэнэ. Хамгийн их цөлжиж байгаа газар Өмнөговь аймаг шүү дээ. Үе үеийн аймаг, сумдын удирдлагууд мод тарих юмсан гэж мэрийж ирсэн. Өмнөговь аймгийн ИТХ нэг сайн журам гаргасан юм. Мод тарьсан хүн бүрт мөнгө өгдөг. Эхний жилд мод тарихад мод тутам мянган төгрөг, хоёр дахь жилд нь 1500 төгрөг, гурав дахь жилдээ ургуулсан бол 2000 төгрөг гээд нэг модыг Өмнөговьд 4500 төгрөгөөр ургуулж байгаа юм. Ийм болзолтой болоод арав гаруй жил болсон. Хүмүүс хувиараа мод тариад, намар Байгаль орчны албаны мэргэжлийн улсууд явж тоолж үзээд, шагналыг нь өгдөг. Өмнөговь аймгийн Хүрмэн суманд Мүнсэл гэдэг малчин залуу нэг га газар мод тариад, ёстой гоё болгосон байна лээ. Хүрмэн Батмөнх даян хааны төрсөн нутаг л даа. Өмнөговиор явбал хаа сайгүй л улсууд мод тариад, мянга, 2000 мод тарьсан улсууд зөндөө бий. Одоо бол аав, ээжийнхээ дурсгалд мод тарья ч гэж байх шиг. Тариачид ногоочид нөмөр бодож мод их тарьж байна.

-Та ерээд оны эхээр мод тарьж эхэлсэн юм билээ. Анхны модоо ямар шалтгаанаар тарьж байсан бэ?

-Би 1992 оноос эхэлж мод тарьсан хүн. Тэгэхэд би дарга байлаа. 52 хүрчихсэн. Манай үеийнхнийг бүгдийг ажлаас нь халаад эхлэхэд би бодохгүй юу. Надаас илүү эрдэм чадалтай, сайн дарга нарыг ажлаас нь халж байгаа юм чинь хэнд ч гай болохгүй өөрөө өргөдлөө өгөөд гаръя гэж шийдсэн юм. Хагас сайн өдөр өргөдөл бичээд, нэг дэх өдөр захирамж гараад, ажлаа хүлээлгэж өгөөд явсан. Тэгээд 1992 оны хавраас эхлээд, хөдөө гарч, ногоо тарьсан юм. Ногоо тарьж эхлэхэд говийн их шуурга тавиад, талд ногоо тарих боломж муу юм билээ. Ялангуяа, байцаа, манжин их хэцүү. Навчийг нь салхи хугалж хаяад болдоггүй. Тарьсан ногоогоо нөмөрлөж, мод тарихгүй бол болохгүй юм байна гээд амьдралын шаардлагаар мод тарьсан. Хайлаасны үрээр зургаан эгнээ мод тарьсан. Дөрвөлжилж тарьсан модон дунд байцаа, манжингаа тарихаар огт салхи орж ирэхгүй болдог. Түүндээ урамшаад мод тарьж эхэлсэн. Мод тарих талаар номноос олж, уншаад, мод үржүүлгийн газар байгуулсан даа. Хайлаасны үр тарьсан. Тэгж байтал “Ногоон хэрэм” гээд сайхан төсөл яригдаад эхэлсэн. “Ногоон хэрэм” төслийн анхны модыг Ц.Элбэгдорж гуай ирж тарьсан юм шүү дээ. Ерөнхий сайд ирж мод тарихаар болсон чинь ногоон мод байдаггүй. Геоэкологийн хүрээлэнгийн захирал Ж.Цогтбаатар гэж хүн байсан юм. Ж.Цогтбаатар гуай мод тарих бэлтгэл хангуулахаар ирээд, ногоон мод хайгаад манайд ирж таарсан юм. Манай мод эрт ногоордог юм л даа. Тэгээд Ерөнхий сайдын тарих модыг манайхаас авсан юм. Намайг 50 мод аваачиж өг гэхээр нь би хүн гуйгаад, модоо аваад очихгүй юу. Ерөнхий сайд анхны нов ногоон мод тариад баяртай байсан л даа. “Мод тарих ажлаа битгий орхиорой, мод тарихад дэмжлэг туслалцаа үзүүлэхийг бодоорой” гэж надад хэлсэн юм. Төрийнхөө Ерөнхий сайдыг үүрэг өгч байхад яаж үгүй гэх вэ. Чадах чинээгээрээ нэмж тарьсаар, овоо юм болчихгүй юу.

-Тэр үед мод тарьсан газрыг иргэнд өмчлүүлнэ гэж байсан бил үү?

-ХААЯ манайд булгийн адагт малын тэжээл, төмс, хүнсний ногоо тарь гэж тохижуулж өгсөн юм. 40 хувийг нь би өөрөө гаргаж, цөөрөм байгуулсан юм. Нэлээд том цөөрөм байгуулсан л даа. Ногоо тарьж, хэдэн жилийн дараа говийн бүсийн аварга тариаланч болж байлаа. Тэр бол ногоо, малын тэжээлийн ургамлын төсөл байсан л даа. Жилдээ манайхаас арван хэдэн портер өвс, олон мянган модноос гахай гэж нэрлэдэг 30-аад хүүдий навч гардаг. Тэр навчаар хавийн улс малаа тэжээгээд, 400-гаад тонн ногоо авч зах зээлд нийлүүлсэн удаатай. Одоо 83-тай, нас өндөр болоод ирэхээр гар хөдөлмөр шаардсан их ажил амжуулахад түвэгтэй. Одоо жимс тарьдаг. Алим, үхрийн нүд, чацаргана, мойл, бөөрөлзгөнө тарьдаг. Намартаа тонн шахуу алим хураадаг юм.

-Алимаа хаана нийлүүлдэг вэ?

-Аймгийн төвд нийлүүлнэ. Миний тарьсан юм амархан алга болдог.

-Хүүхдүүд чинь таны баянбүрдэд ажилладаг уу?

-Би гурван хүүхэдтэй. Хүүхдүүд маань “Таван төгрөг илүү гарвал энэ муу хашаандаа нэмэрлэнэ” гэдэг. Бизнес хийдэг хүү маань 13 сая төгрөгөөр хашаа авч татаж өгсөн шүү дээ. Том хүү маань зун ирэхээрээ мод сөөг засч янзлаад, нэмж тариад нэг сар шахуу ажиллаж байгаад буцдаг. Нэг ач маань бүх модоо торддог. Ах дүү, садангийн улсууд ч тусалдаг. Ноднин чацарганаа хурааж авч чаддаггүй. Ханхонгорын багш нар ирж, чацаргана хурааж аваад явсан. Энэ жил тэд модыг маань арчилж тордож тусална гэж захиалга өгөөд байгаа. Хүмүүсийн тусламжаар л явдаг даа.

-Д.Бараадууз гэдэг нэр ямар учиртай билээ?

-Санскрит үг. Цагаан лянхуа гэдэг том судар байдаг. Тэр сударт Амин гавьяат Бараадууз гэдэг бурхны тухай гардаг. 23 бурхны тухай бичсэн ном л доо. Тэдний нэг нь ийм нэртэй. Яг махчилж орчуулбал “Ачаа үүрэгч” гэсэн үг. Нэг их бяртай амьтан байх юм байлгүй. “Ялгуулсан үүрэгч” гэж орчуулдаг юм билээ.

-Та амьтай болгонд туслах ганц арга нь мод тарих гэж хэлсэн байна лээ. Монголчууд мод тарьж чаддаггүй гэж ярьдаг хүмүүс ч байдаг. Та үүнд ямар хариу хэлэх вэ?

-Монгол хүн мод тарьж чадахгүй гэж дэмий юм ярьдаг нөхдийн ам руу нь алгадчихмаар байгаа юм. Мод ургадаггүй газар гэж байхгүй. Говьд мод ургаж байхад хангайн шар тос шиг сайхан хөрсөнд яахаараа ургадаггүй юм. Тийм зөрүүд мод гэж байхгүй шүү дээ. Мод бол ерөөсөө бурхан байхгүй юу. Бурхны номд эх болсон зургаан зүйл хамаг амьтан амар амгалан байх болтугай гэсэн залбирал байдаг. Эх болсон зургаан зүйлд зургууланд нь тус болж чаддаг зүйл мод байхгүй юу. Хөх тэнгэрт хүчилтөрөгч илгээнэ. Хөрст дэлхийд шим бордоо илгээнэ. Хөвөлзөн мяралзах эх далайд усан дусал нэмэрлэнэ. Бие гүйцсэн том модны ёзоорт таван тонн ус хадгалагдаж байдаг гэдэг. Амьтанд хоол, бусад ургамалдаа нөмөр, хүнд байр, түлш болж байгаа биз дээ.

-Ерээд онд хүн болгон ганзагын наймаа хийж байсан үе. Мод тарих тухай олон хүн бодоогүй байх л даа?

-Би бол наймаа хийгээд явахгүй юм байна гэдгээ сүрхий мэдсэн юм. Нэг удаа зах дээр ээжийнхээ хийж өгсөн цоо шинэ хурган дотортой, торгон дээлийг 300 төгрөгөөр өгье гэхэд бүтэн өдөр зогсоод, нэг ч хүн авъя гээгүй шүү дээ. Тийм учраас би бол наймааны одгүй хүн юм байна гэж ойлгосон. Тэгээд бурхантай адилхан мод тарья гэж шийдээд, мод тарих ажлаа хийсэн хүн. Мод тарьдаггүй байсан бол би “Өдрийн сонин”-д бичигдэх үү, мод гэдэг намайг мандуулж, шагнадаг ачтан. Үнэн хэрэгтээ Ханхонгор сумын Багабулаг гэдэг газар маань надад одон зүүгээд өгчихлөө шүү дээ. Тэндээс олон мянган мод ургаж гарсан. Би өдөр болгон рашаан ууж, хүчилтөрөгчөөр амьсгалж, марлайчихаад явж байгаа хүн. Хараал хэлээгүй гучин жил болж байгаа. Энд байхад уурлах, хараал хэлэх хэрэгцээ гарсангүй. Дандаа баяртай явдаг хүн шүү дээ. Мод сайхан ургаж байна, цэцэг жимс сайхан ургаж байна. Манай хонхорт ургасан төмс хүртэл бусдаас амттай, сонгино илүү аагтай байдаг юм. Хортон шавьж байхгүй. Өнгө өнгийн шувуу шулганаад, зарим нь миний толгой дээр ирээд суудаг юм шүү дээ. Байгаль дотроо явахад их гоё л доо.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Мягмарсүрэн: Сувилагчаар ажиллах хүн ховорджээ. Ажлын байрны нээлттэй саналд ирж бүртгүүлсэн хүн алга…

Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан ХӨСҮТийн Зооноз бруцеллёзын тасгийн арга зүйч сувилагч Б.Мягмарсүрэнтэй ярилцлаа. Тэрбээр бусад сувилагч нараа мэргэжил, арга зүйгээр хангаж, “Улаан бүсрүү бэлтгэж оруулдаг. Шаардлагатай үед өөрөө халдварын голомтод ажилладаг юм байна. Жил гаруй хугацаанд ковидтой тулалдаж буй дайчин маань ХӨСҮТ-д 21 жил ажиллажээ.


Өмнө ньУлаан бүсрүү орсон гээд тусгаарлагддаг, гэртээ байх хугацаа цөөн байсан. Одоо гэртээ харьдаг болсон гэсэн үү?

-Гэртээ харьж байгаа. Эрүүл мэндийн сайдын тушаал гарч, тавдугаар сарын 4-нөөс хэвийн горимоор ажиллаж эхэлсэн. Түүнээс өмнө бид 14 хоног тусгаарлагдаж ажилладаг байсан. Тэндээсээ гараад, дахиад 14 хоног буудалд тусгаарлагддаг. Нийт 28 хоногийн дараа гэртээ харьдаг байсан. Манайхан доод тал нь жилд 4-5 удаа Улаан бүсэд орж ажилласан. Ковид ихэсч эхлэхэд гэртээ 14-21 хоноод буцаж орж байсан.

Гэрийнхэндээ халдвар тараачих вий гээд болгоомжилдог байх даа?

-Тэгэлгүй яах вэ. Дэлхий нийтийг хамарсан цар тахал шүү дээ. Эхэндээ бүр их айдастай байсан. Одоо бол хувийн халдвар хамгааллаа чанд сахиж сурсан. Хувцсаа тайлж байхдаа алдаа гаргачих вий гэж болгоомжилдог. Арваннэгдүгээр сард ковидын халдвар руу орж 14 хоног ажиллаж байхад орос, монгол жолооч нар орж ирсэн үе. Өвчтөнүүд маань айдас түгшүүртэй байхад бид өөрсдөө түгшүүртэй байж болохгүй. Сувилагч соён гэгээрүүлэгч, эрүүл мэндийн боловсрол түгээгч байх учиртай.

Саяхан сувилагч оролцсон нэвтрүүлэг үзсэн. Гэрийнхнийг нь бас дархлаажуулалтад хамруулсан гэсэн үү?

-Хамруулсан. Манайхан судалгаа аваад, хүүхдээс бусад ар гэрийнхнийг нь хуваарь гаргаад дархлаажуулалтад хамруулсан.

Та ам бүл хэдүүлээ вэ?

-Ам бүл дөрвүүлээ. Нөхөр, охин хоёр маань байгууллагад ирж, дархлаажуулалтад хамрагдсан. Манай бага 17-той. Хүүхдүүд маань том болсон. Олон хоног гэрээсээ хол ажиллахад ар тал бат байх учиртай. Ар гэрийнхэн дэмжиж байхад сэтгэл тайван ажлаа хийж чадна.

Нөхөр, хүүхдүүд чинь таныг голомтод ажиллахад яаж хүлээж авсан бэ?

– Ойлгодог. Би ХӨСҮТ-өөс өөр газар ажиллаж байгаагүй. Манай хүн бол “Тангараг өргөсөн ажил” гэж хэлдэг. Бид хагас цэрэгжилтийн зохион байгуулалтаар ажилладаг. Шөнө дуудсан ч бэлэн байх ёстой. Өмнө нь ч H1N1 вирусийн халдвар, бусад халдварын голомтод ажиллаж байсан. Шөнө дуудагдаж ирээд, тусгаарлагдаж ажиллах үе байсан.

Танай бага насны хүүхэдтэй сувилагч нарын ажлын нөхцөл ямар байдаг вэ?

-Гурав хүртэлх насны хүүхэдтэй ажилчдыг голомтод оруулдаггүй шүү дээ. Дөрвөөс дээш насны хүүхэдтэй хүмүүс голомтод орж ажиллаж байгаа. Бага насны хүүхэдтэй сувилагч нар хүлээн авах, яаралтай тусламж, мэдээ тайлан гаргах ажил хийдэг.

Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Өглөө гэрээсээ 7:30 гэж гардаг. Манай ажил 8:30 гэхэд эхэлдэг.

Автобусаар ирдэг үү, хувийн унаатай явдаг уу, хөл хорионы үед байгууллагаас унаа гаргадаг уу?

-Хувийн унаагаар ирдэг. Нэг хэсэг хувийн унаагаар явуулахгүй байхад байгууллагаас автобус захиалж өгч байсан. Нэгдсэн журмаар гэрт нь хүргэж өгч байв. Өглөө ажилдаа ирээд сувилагч нартайгаа ээлж хүлээлцэнэ. Эмчлүүлэгч нарын платаар явж, эмчлүүлэгч нараа дараагийн ээлж авч байгаа сувилагч нарт хүлээлгэж өгнө. Хүндэвтэр өвчтөн байвал эмчдээ мэдээлж, эмчилгээн дээр нь санал солилцоно. Сувилагч хүртээмжгүй үед сувилагчдаа тусалж, анхан шатны бичиг баримтыг нь хөтлөх, эмийн сангаас эм тариаг нь захиалж авчирч өгөх, шаардлагатай бол эмчлүүлэгчдийн хоолонд ч явна. ХӨСҮТ тус тусдаа байшинд байдаг шүү дээ. Үдээс хойш шинжилгээний хариу авчирна, эмчлүүлэгчийн биеийн байдалд өөрчлөлт гарсан бол эмчилгээ нь цаг хугацаандаа хурдан шийдэгдэх ёстой. Сувилагч нараа хувийн хамгаалах хувцас хэрэгслээр бүрэн хангана. Тиймэрхүү л ажил хийдэг дээ.

Орой хэдэн цагт тардаг вэ?

-Хэвийн горимд шилжсэнээр 19:30-д тарж байна. Өмнө нь долоо хоногийн долоон өдөр ажилладаг байсан. Ер нь бид ээлжийн амралтаас бусад үед амраагүй.

Эмч, сувилагч нар бас халдвар авч байсан. Дүн шинжилгээ хийдэг үү?

-Хийгддэг. Манай Тандалт судалгааны баг гэж тусдаа байдаг. Биднийг камераар бүтэн хянадаг. Хувцас тайлах хэсэгт ч камерын хяналт байдаг. Хаана, ямар алдаа гаргасныг Тандалт судалгааны багийнхан судалж тогтоодог. Бидний гар угаах, хувцас тайлах, хоолойгоо зайлах дараалал бүгд стандарттай.

Халдварын голомтод ажиллаж байгаа эмч, сувилагч нарын цалин урамшуулал эзэндээ хүрч байгаа эсэхэд хүмүүс анхаарч байдаг. Нэг хэсэг төсвөөс мөнгө нь гарсан ч эзэддээ хүрээгүй тухай мэдээлэл гарсан. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Би 21 жил ажиллаж байгаа. Миний үндсэн цалин 751 000 төгрөг байдаг. Бүтэн жилийн хугацаанд ээлжийн амралтаас бусад үед амралтгүйгээр ажилласан. Илүү цагийг маань эхэн үедээ тогтмол өгч байсан. Сүүлдээ хоёр, гурван сарын илүү цагийн мөнгө жаахан хоцрогдолтой, гэхдээ орж ирсэн. Илүү цагийн мөнгө яг л хийсэн цагаараа бодогдож орж ирсэн. Биднийг голомтод орж ажилласан гээд ЭМЯ-наас урамшуулал хэлбэрээр 5 сая төгрөг, өвдсөн сувилагч нарт бас 5 сая төгрөг өгсөн. Байгууллага маань биднийг “Мандал даатгал” гээд эрүүл мэндийн даатгалд хамруулсан. Өвдсөн сувилагч нарт бас даатгалаас нь тодорхой хэмжээний мөнгө төгрөг өгч байгаа юм билээ. Хоцорсон ч гэсэн илүү цагийн мөнгө орж л байгаа. Одоо дөрөвдүгээр сарын мөнгө удахгүй орно гэсэн.

Сувилагч ховор болоод байгаа. Нэг сувилагчийн ажлын ачаалал ямар байгаа вэ?

-Сувилагчийн ачаалал жаахан их байгаа. Сувилагчаар ирж ажиллах хүн ховор болж. Бид сувилагч мэргэжилдээ дурлаж хийж байсан юм байна. Одооны хүүхдүүд бүгд л дээд мэргэжил эзэмших гэж хичээдэг болжээ. Байгууллага маань ажлын байрны нээлттэй санал тавиад байгаа юм. Сувилагчаар ажиллах хүн ховорджээ. Ажлын байрны нээлттэй саналд ирж бүртгүүлсэн хүн алга. Ерөнхийдөө ирж бүртгүүлэхгүй л байна. Нэг сувилагчид ногдох өвчтөний тоо их байгаа. Манай тасагт бол 25 хүнд нэг сувилагч ногдож байна.

Хүнд нөхцөлд ажиллаж байгаа хүмүүс яаж стресс ядаргаагаа тайлдаг юм бол?

-Яг одоогоор бол стресс ядаргаагаа тайлах завдалгүй ажиллаж байна, бид нар. Ковидгүй зун болвол сувилагч нар маань стресс, ядаргаагаа тайлах байх аа. (инээв) Тэгж л бодогдож байна шүү дээ. Одоогоор хүн хүч хүрэхгүй байгаа болохоор өөрсдөдөө үнэхээр цаг гаргаж чадахгүй байна. Түрүүчээс маань ээлжээр амрааж байна л даа. Ажилчид маань хэтэрхий их ядарч байна. Ажлаас халшрах хам шинж их илэрсэн. Тэгсэн ч гэсэн бид тангараг өргөсөн. Энэ ажлыг надаас өөр хэн хийх юм бэ гэсэн сэтгэлээр манай Халдвартын сувилагч нар ажилладаг юм шүү дээ. Манайх шинэ удирдлагатай болсон. Үе үеийн удирдлагууд маань биднийг дэмжиж ажиллаж байсан учраас бид ингэж он удаан хугацаагаар ажилдаа дурлаж ажилласан байна шүү дээ. Цаг нартай уралдсаар байгаад ажил дуусдаг. Ядарснаа гэртээ очсон хойноо л мэдэрдэг.

Өвдсөн хүмүүстэй ажиллаж байхад хүмүүс яагаад хүндрээд байна, юун дээр алдаад байгаа нь ажиглагдана биз?

-Гэрээр сайн дураараа эмчилж өвчнөө хүндрүүлэх тохиолдол их байна. Хавсарсан эмгэгтэй хүмүүс хүндрэх тохиолдол их байна. Халдвар авснаа мэдэхгүй шинжилгээ өгөхгүй яваад хүндрэх тохиолдлууд байна. Дархлаажуулалтандаа бүгд хамрагдвал огт өөр болно. Нэгдүгээр тундаа хамрагдсан хүн гэхэд харьцангуй хөнгөн өвдөж байна шүү дээ. Иргэддээ хандаж, дархлаажуулалтандаа сайн хамрагдаарай гэж захимаар байна. Өвчин, үхэлтэй байнга тэмцэж байдаг болохоор нэг ч гэсэн хүн өвдөхгүй байгаасай гэж хүсдэг. Өөрийгөө хамгаалаарай. Амны хаалт зүүж, гараа маш сайн угааж байгаарай гэж хэлье.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Монгол Улсын зөвлөх инженер Б.Болдбаатар: Монголд арван том голын сав газарт 33 байршилд томоохон усан сан байгуулах боломжтой


“Хидро-инженеринг” ХХК-ийн захирал, усны барилга байгууламжийн инженер, Монгол Улсын зөвлөх инженер Б.Болдбаатартай ярилцлаа.


-“Хөх морь” төслийн танилцуулгыг YouTube-ээс харлаа. Монголын том голууд дээр усан сан байгуулна, говь руу ус татна, хурын усыг хуримтлуулж ашиглана гэсэн нь сонирхолтой байлаа. Та энэ төслийн судалгаан дээр ажилласан юм байна. “Хөх морь” төслийн тухай ярьж өгөөч?

-”Хөх морь” төслийг БОАЖЯ-ны Усны бодлогын газраас санаачилсан юм. Усны салбарт ажиллаж байгаа эрдэмтэн, докторууд “Үүнийг хэрэгжүүлчих юм сан” гээд тус бүртээ төсөл яриад явдаг. Нэг малгайд бүх усныхаа төслийг нэгтгэсэн судалгааны ажилтай болъё гэдэг санааг БОАЖЯ-ны Усны бодлогын газар санаачлаад, гүйцэтгэгчийг нь тодруулаад судалгаа хийлгэсэн юм. Гүйцэтгэгчээр нь “Хидро инженеринг” ХХК-ийн хамт олон ажилласан. Би 1999 онд ШУТИС-ийн Усан цахилгаан станцын барилгын ангийг төгссөн. Төгсөх үед “Та нар Эгийн голын усан цахилгаан станцыг барьж байгуулахад ажиллах ёстой юм” гэдэг байсан. Ингээд ШУА-ын харьяа Сэргээгдэх эрчим хүчний шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэлд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж эхэлсэн. Эрчим хүчний агентлаг, ЭХЯ, дараа нь Шүрэнгийн УЦС-ын төсөл, Эгийн голын УЦС-ын төсөл дээр яах аргагүй ажилласан л даа. Энэ хугацаандаа бас нэлээд их судалгаа хийсэн. УЦС байгуулах боломжтой байршлуудыг судалсан л даа.

“Хөх морь” төслийг ярьж эхлэхээс өмнө манай судлаачид, эрдэмтэд 1964 оноос хоёр үе шаттай судалгаа хийсэн байдаг юм. Лениний “Зөвлөлт засаг дээр цахилгаанжуулалтыг нэмбэл коммунизм болно” гэдэг алдарт үг байдаг шүү дээ. Тэгээд Алс Дорнод, Сибирийн бүс нутагт усны эрчим хүчийг ашиглах талаар маш их судалгаа хийлгэсэн юм билээ. Одоо Ангар мөрөн дээр дөрвөн том УЦС баригдсан шүү дээ. Байгаль нуурын дээд урсгал талд нь Монгол Улсын нутаг дэвсгэрт усны эрчим хүчийг ашиглах судалгааг Орос-Монголын эрдэмтэд хамтраад хийсэн юм билээ. Нийт 22 байршлыг судалсан тайлан архивт байдаг юм. Усны аж ахуйн яам гэж байсан. Ерээд оноос хойш ардчилсан нийгэмд шилжээд, салбар салбарт усны бодлого нь хуваагдсан. Жишээлбэл, Эрчим хүчний яаманд Усан цахилгаан станц нь, Хүнс, хөдөө аж ахуйн яаманд газар тариалан усжуулалт нь, Байгаль орчны яам руу усны нөөц, экологи нь харьяалагдах болсон. Бодлого нь тодорхойгүй нэлээд удаан хугацаанд явах шиг боллоо. Сүүлд Байгаль орчин аялал жуулчлалын яамны санаачилгаар “Хөх морь” төслийг санаачилсан. Нэгдсэн тоо баримттай, судалгаатай болъё гэсэн. Энэхүү судалгааны ажлыг манай хамт олон гүйцэтгэх боломж олдсон юм.

-Усны газар гэж жилийн өмнө байгуулахыг бодоход усны асуудалдаа анхаарах хэрэгтэй гэж ойлгосон шиг байгаа юм. “Хөх морь” Монголын хамаг том гол мөрөнг хамарсан хэд хэдэн усан сан байгуулах төсөл байна лээ. Их ч ажил орох байх.

-Монгол Улсын нутаг дэвсгэрт арван том голын 33 байршилд усан сан байгуулах боломжтой гэж өмнөх судалгаануудад түшиглэж, мөн шинээр илрүүлж тодорхойлж гаргасан.

Усан сангаа ус хангамжийн зориулалтаар ашиглах, эрчим хүч үйлдвэрлэх, газар тариалан усжуулалт, аялал жуулчлал гээд олон зориулалтаар ашиглаж болдог. Гадаргын усны нөөцийг хуримтлуулж, урсац тохируулга хийж, дэд бүтэц, аж үйлдвэрийн салбарт зөв хуваарилан, зохистой ашиглах нь чухал болоод байна. Иймд Сэлэнгэ, Орхон, Эг, Туул, Хэрлэн, Онон, Ховд голын сав газрын экологийн чадамжийг сайжруулах, газрын доорх болон гадаргын усны нөөцийг тэнцвэртэй ашиглах, голуудын сав газрын байгаль экологийг хамгаалах, нөхөн сэргээх үүднээс голын урсацад тохируулга хийж, хур тунадас, үерийн усыг хуримтлуулан, усан сан бүхий хэд хэдэн усан цогцолборууд барьж байгуулах, санал санаалчилгыг БОАЖЯ, усны салбарт ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагууд дэвшүүлсэн юм. Гадаргын усны хуримтлал бий болгох, урсацын тохируулга хийх замаар усны нөөцийг нэмэгдүүлэх “Хөх морь” төслийг санаачлан, эхний шатны судалгааг эхлүүлсэн юм. Энэ судалгааны хүрээнд Монгол орны том голууд болох Ховд, Сэлэнгэ мөрөн, Эгийн гол, Орхон гол, Дэлгэр мөрөн гол, Туул, Хэрлэн, Онон, Улз, Байдраг голуудын дагуу ЗЗ байршилд үнэлгээ хийж, гадаргын усны хуримтлал үүсгэх, урсац тохируулга хийх, эрчим хүч үйлдвэрлэх техникийн боломжийг тооцож, газар тариалан усан хангамж, алсын зайд шилжүүлэн ашиглах боломжтой гэж үзсэн. Эдгээр 10 том голд байрлах 33 байршилд нийтдээ 1722 мВт чадалтай усан цахилгаан станц байгуулах боломжтой. Эгийн гол дээр эрчим хүч загас агнуур, аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой усан сан байгуулах боломжтой. Эгийн голын УЦС-ын төслийг хэрэгжүүлэхээр нэмэлт судалгааны ажлууд хийгдэж байна. 33 байршлын хөндлүүрүүдийн судалгаа нь ямар түвшинд хийгдсэн, байгаль орчинд нөлөөлөх байдал гэх мэт олон шалгуур үзүүлэлтээр бүгдийг нь эрэмбэлэсэн. Эдгээр 33 төслийг дөрвөн үе шаттай хэрэгжүүлэх юм. 2025-2050 онд хэрэгжүүлэхээр тусгасан.

-Хугацаа шаардсан том төсөл юм байна л даа.

-Монгол орны хэмжээнд усныхаа нөөцийг хэрхэн ашиглах урьдчилсан судалгаа гэсэн үг л дээ. 33 усан сан байгуулчихлаа гэхэд усны нөөцөө хөдөө аж ахуй газар тариалан, эрчим хүч бүх л юманд ашиглах бололцоо бүрдэх юм. Ийм тооны усан сан байгуулна гэдэг хэцүү. 1992 онд анх Эгийн голын усан цахилгаан станцын ТЭЗҮ хийж байсан. Тэр бол монголчуудын олон улсын түвшинд хийлгэж авсан анхны ТЭЗҮ гэж болно. Хэрэгжүүлэх гэсээр бараг 30 жил боллоо. Нэг төслийг ярьж эхэлтэл маш их хугацаа орно. Судалгаа, ТЭЗҮ-гээ хийгээд хэрэгжүүлнэ гэдэг дор хаяж 10-15 жилийн ажил.

-Эгийн голын усан цахилгаан станцын тухай их урт хугацаанд ярилаа. Сүүлдээ хүмүүс хойд хөршийн ашиг сонирхол хөндөгдөөд явуулахгүй байгаа юм байна гэсэн ойлголттой үлдэх шиг болсон. Энэ төсөл яг юу болсон бэ?

-Энэ төсөлд ажиллаж байсан болохоор нарийн юмыг нь мэдэж байгаа л даа. 1995 онд ОХУ, Монгол Улс хооронд Хилийн усны хэлэлцээр байгуулсан юм. Хил дамнаад урсаж байгаа голуудаа ямар байдлаар ашиглах вэ гээд хэлэлцээр хийсэн. Хэлэлцээрийн нэг зүйл заалтад голын эхийг бүрдүүлж буй нутаг дэвсгэрт байгаа улс нь ямар нэгэн усны барилга байгууламж барихаар төлөвлөж байгаа бол заавал нөгөө талдаа мэдэгдэнэ гэсэн заалт байдаг. Бид УЦС, усны барилга байгууламж барихаар бол Оросын талд мэдэгдэх ёстой. Эгийн голын УЦС-ын асуудал яригдаж эхэлснээр Байгал нуурын экологийн асуудал хөндөгдөж эхэлсэн. “Та нар голынх нь урсацыг багасгах гэж байна. Биологийн олон янз байдлын судалгаа хийгээгүй байна” гээд л янз бүрийн гомдлууд тавьж, ЮНЕСКО-д гомдол гаргаад байгаа юм. ЮНЕСКО буцаад Монгол Улсын Засгийн газарт “Бид хөндлөнгийн шинжээч томиллоо. Шинжээчдэд юмаа үзүүлээрэй” гэдэг. Шинжээчид ирээд “Юу ч бариагүй байна. Судалгааны түвшинд явж байгаа юм байна. Гэвч энэ энэ судалгааг нэмж хийх хэрэгтэй” гээд зөвлөмж өгөөд явсан. Ингээд 2017 оны ЮНЕСКО-гийн хурлаар ороод, зөвлөмж болоод гарсан. Монгол Улсын Засгийн газар олон улсын байгууллагын гишүүн учраас зөвлөмжийг дагахаас өөр аргагүй. Одоо бол нэмж хий гэсэн судалгааны ажлуудыг хийгээд л явж байгаа юм. Биологийн олон янз байдлын судалгааг хийж байгаа. Эгийн голын УЦС барих байршлаас Байгаль нуур хүртэл биологийн олон янз байдал гэдэгт голд байгаа загас жараахай, сээр нуруугүй амьтан юу л байна бүгдийг нь судлах хэрэгтэй болсон. Энэ бол маш их ажил. Үүнийг хийчихээд, ЮНЕСКО-гийн нэгдсэн хуралдаанд танилцуулах ёстой. Усны горим, биологийн олон янз байдлын судалгаа хийлээ, өөрчлөлт алга гэхэд саналын эрхтэй улсууд дэмжвэл энэ ажил цаашаа явна. Энэ ажил хэдэн жил үргэлжлэхийг хэлэх аргагүй. Хил дамнасан гол дээр юм барина гэдэг их түвэгтэй. Монголд төдийгүй олон улсад ч түвэгтэй болсон. Юуны өмнө дотоодын урсгалтай голуудынхаа усны нөөцийг ашиглахад түлхүү анхааръя гэж манай эрдэмтэн судлаачид үзэж байгаа. Төр засаг маань ч анхаарч байх шиг байна. 33 байршилд арав гаруй дотоодын урсгалтай гол мөрөн дээр баригдах станцууд бий. Эрэмбээрээ бол хамгийн нэгдүгээрт Эрдэнэбүрэнгийн УЦС байна шүү дээ.

-Энэ төслүүдэд хөрөнгө оруулагч олдож байгаа юу. Яаж төслүүдээ хөдөлгөх бол?

-Ховд гол дээр 90мВт хүчин чадалтай Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр барих шийдвэр гарсан. Ер нь олон улсын хилийн усны маргаан байхгүй. Өөрсдийн газар нутагт, дотоодын урсгалтай гол мөрөн дээр Засгийн газар, УИХ нь дэмжсэн, бодлогын баримт бичигт нийцэж байгаа, судалгаагаа олон улсын түвшинд нийцүүлж хийсэн тохиолдолд хөрөнгө оруулалт олдоно л доо.

-Усан сан байгуулаад, тэндээсээ говь руу ус татах боломжтой гэж ойлгосон. Энэ ажил яаж хэрэгжих вэ?

-Говь руу ус татах хэд хэдэн төсөл байгаа юм. Таван байршлаас найман хувилбараар татна гэсэн судалгаа бий. Жишээлбэл, Хэрлэн голоос Дорноговь Сайншанд, Цагаан суварга, Оюу толгой гэсэн чиглэлээр нэг шугам татъя гэсэн юм. Хэрлэн голоос усыг алсын зайд дамжуулах асуудлыг Засгийн газрын 2017 оны тогтоолд заасан байдаг. Говийн бүс нутгийн уул уурхайн усан хангамжийг шийдэхэд газрын доорх усыг ашиглаж байгаа. Газрын доорх усны нөөц бүрдэхэд маш их хугацаа шаарддаг. Ингэж бүрдсэн нөөцийг шууд соруулаад ашиглаад байвал нөөц нь удахгүй дуусна л гэсэн үг. Тэгэхээр гадаргын усыг уул уурхай болон усан хангамжинд түлхүү ашиглая гэсэн зорилтыг Засгийн газар, усны бодлого хариуцсан газрууд дэвшүүлэн тавьсан.

-Уул уурхайнхан, Оюу толгой усны асуудлаар монгол инженерүүдтэй хамтарч ажиллах санал тавьдаг уу?

-Оюу толгой одоо газрын доорх уснаасаа ашиглаад болоод байгаа юм. Гадаргын усыг ашиглая гэсэн зорилго байхгүй. Хармагтайн орд, Цагаан суварга, Таван толгойн нүүрсний уурхай, Таван толгойн цахилгаан станц гээд яригдаж байна. Энэ бүх төслүүд усны асуудлаас болоод яг яахаа шийдэж чадахгүй байгаа л даа. Хойшоо урсгалтай голуудаасаа тийшээ ус шилжүүлж аваачиж чадахаар бол сайхан боломж бүрдэх юм. Хаа хаанаа ойлголцож зөвшилцөх асуудлууд их бий.

-Говь руу ус татах “Хэрлэн Говь”, “Орхон говь” гэсэн төсөл яригдаад, эсэргүүцэлтэй тулгараад унтарсан санагдаж байна. Сүүлдээ хүмүүст буруу ойлгуулсан гээд байсан. Тэр нь энэ “Хөх морь” төсөлд туссан юм уу?

-Байгаа байгаа. Хэрлэн голоос говь руу ус татах хоёр, гурван байршил бий. Престиж компанийн боловсруулсан “Орхон говь” гэж төсөл бий.

-Хэрлэн Монголын хамгийн урт гол гэдэг билүү?

-Хан Хэнтийн нуруунаас гурван гол эх авдаг. Баруун урд талаас нь Туул гол, зүүн урд талаас нь Хэрлэн гол эх аваад Хятадын нутгаар ороод, цаашаа Оросын нутаг руу ороод явдаг. Зүүн хойд талаас нь Онон гол эх аваад, цаашаа урсаж явсаар Амар мөрний эх болдог. Хэрлэн, Онон гол Оросын нутагт уулзаад цаашаа явдаг. Уг нь том голын эх. Бүх голуудын эх дээр бид сууж байгаа.

-Говь руу ус татах төслүүд маш удаан яригдсан, зөрчилдсөн. Хэрэгжих боломжтой гэж та үзэж байна уу?

-Тийм. Ер нь голыг урт хугацаанд судалсан үр дүнд тооцоо хийж байгаа юм. Энэ гол гандуу жилд ийм урсаж байна. Ус ихтэй жилдээ ийм байна. Дунджаар ийм устай байна. Дундаж урсацын хэмжээнээс нь 5 хувиас ихгүй усыг авч ашиглахад голд ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй. Тэрхүү 5 хувиа говь руу шилжүүлэхэд говийн уул уурхай, хүн амын усан хангамжийг хангалттай хэмжээгээр залгуулах боломж бий.

-Нэг гол дээр дунджаар хэр том усан сан байгуулна гэсэн үг вэ?

-Голын сав газрын газар зүйн байршил, зүй тогтол, усны хэмжээнээс хамаарна. Ус хуримтлуулах талбай нь том цэлгэр бол их хэмжээний усыг хуримтлуулна. Тэндээс авч ашиглах хэмжээ 5 хувиас ихгүй байна. Олон улсын жишиг болгон тогтоосон экологийн урсацын хувь хэмжээ гэж бий. Тэрийгээ л баримтлах хэрэгтэй.

-Хур бороо, үерийн усыг бас хуримтлуулна гэсэн үү?

-Голын усыг бүрдүүлж байгаа эх үүсвэр нь ерөөсөө л хур тунадасны хэмжээ. Монгол орны нутаг дэвсгэрт бууж байгаа хур тунадасны хэмжээ харилцан адилгүй. Сая орсон цас газар гэссэн учраас шууд хөрсөнд шингээд, сайхан “шар тос” гэдэг л болж байгаа юм. Газрын гадарга дээр бууж байгаа хур тунадасууд л голын урсацын эхийг бүрдүүлдэг. Сүүлийн жилүүдэд хур тунадасны хэмжээ багасаж байгаа нь хуурайшилт уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлж байна. Байгальтайгаа зөв харьцах л хамгийн чухал асуудал.

-Усан сан байгуулах, гадаргын усыг хуримтлуулах төсөл бусад улс орнуудад хэр түгээмэл байдаг вэ?

-Өндөр хөгжилтэй улс орнууд жишээ нь Япон, Солонгос усан сан барих ёстой газрууддаа бүгдэд нь барьж дууссан. Усны нөөцөө бүрэн ашигладаг улсууд. Хятад бол номер нэг. Усан сан үүсгэх, барих бололцоотой бүх газрууддаа бариад, түүнийгээ газар тариалан, аялал жуулчлал, усан хангамж, эрчим хүч байж болох бүх зориулалтаар нь ашигладаг. Манайд бол нэлээд тэмцэл болж байж хоёрыг л барьсан шүү дээ. Дөргөн, Тайширын усан цахилгаан станц байна. Бусад улирлын чанартай жижиг станцууд ч баригдсан л даа.

-Нэг хэсэг усан цахилгаан станцын ус дүүрэхгүй байна байгаль орчиндоо халтай байна гээд шүүмжлэл дуулддаг байсан. Үнэхээр орчиндоо сөрөг нөлөөтэй байсан уу, хэр сайн ажил болсон гэж дүгнэдэг вэ?

-Ер нь дажгүй сайн ажил болсон шүү дээ. Жишээ нь, Тайширын УЦС -ыг гэхэд 2001 оноос ярьж эхэлсэн. ТЭЗҮ-ийг нь Германы компани хийсэн. 2008 онд баригдаж дууссан. Яг дуусах үед нь голын эхээр хяналтгүй уул уурхай ажиллаж таарсан шиг байгаа юм. Тэр нь голын урсацад нөлөөлж, тухайн үед бас услаг багатай жилүүд таараад, усан сан нь дүүрэхгүй гурав, дөрвөн жил болсон.

Тэр хооронд яриа хөөрөө гарсан л даа. Тэгээд ус ихтэй жилдээ усан сан нь дүүрээд, байнга устай болоод ирэхээр байгаль орчин нь эргэж сэргээд сайхан болсон. Говь-Алтай аймгийн Есөн зүйл сум нь хатуулаг ихтэй устай. Сүүлд Австрийн Засгийн газрын зээл тусламжаар усан сангаасаа ундны усны усан хангамжийг шийдэж байгаа шүү дээ. 60 км урт ус дамжуулах шугам хоолой татаад, аймгийн төвийн усан хангамжийг шийдчихэж байгаа юм.

Б.ЯНЖМАА

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Д.Галбаяр: Хоёр аав нь гол дүрд тоглоод л, хүүхдүүд нь найзууд дундаа гол дүр болдог гоё үе байлаа

Найруулагч, зохиолч, жүжигчин Дашхүүгийн Галбаяртай ярилцлаа.


Дөрөвдүгээр сарын 1. Энэ өдөр таны хувьд онцгой өдөр байдаг уу?

-Аавыг маань амьд сэрүүн байхад, намайг хүүхэд байхад маш онцгой өдөр байсан. Хүүхэд, залуучуудын театрт аав, Жаяа ах хоёрын “Элдэв зураг” инээдмийн хөтөлбөр яваад л, хамгийн аз жаргалтай, сэтгэл догдлуулсан гоё өдөр байдаг байлаа. Одоогийнх шиг сар, улирал болгон хошин урлагийнхан тоглодог байгаагүй л дээ. Жилд ганц л удаа инээдмийн хөтөлбөр явдаг. Тийм болохоор үзэгчид ч бүтэн жил хүлээдэг, билет нь олдохгүй хэдэн өдөр оочерлодог. Тэр үед Г.Дашхүү, Л.Жанчивдорж хоёрын хүүхдүүд даам байлаа шүү дээ. Хоёр аав нь тэнд гол дүрд тоглоод л, хүүхдүүд нь найзууд дундаа гол дүрд тоглоод, пээдийгээд л явдаг байлаа.

Тэр үеийнЭлдэв зурагодоогийн тоглолтуудаас огт өөр, хошин шогчид нь цөөн байсан даа.

-Үнэн үнэн.

Г.Дашхүү, Л.Жанчивдорж гээд байнга хамт хэлэгддэг жүжигчин андууд байсан. Ж.Сэнгэдорж, Д.Галбаяр гээд үр хүүхдүүд нь ч нэг байранд хамт өссөн, найруулагчид. Ийм сайхан харилцаатай хоёр гэр бүл дундаас хос төрж гарсан уу, ямар нэгэн ураг төрлийн хэлхээ холбоо үүссэн болов уу?

-Гэр бүл болсон тохиолдол бол байхгүй. Тэднийх хоёр хүүтэй, манайх таван хүүхэдтэй. Хоёр аав нь үй зайгүй найзууд, уран бүтээлээ хамт хийдэг, салшгүй хоёр хүн байсан болохоор хүүхдүүд нь мэдээж хоорондоо найзална. Гэхдээ тэр дундаасаа Ж.Сэнгэдорж бид хоёр илүү дотно. Нэг хэсэг бүх зүйлээ хуваагаад явдаг байсан. Ж.Сэнгэдорж надаас дөрөв ах л даа. Мань эр “Бэрс” кино урлагийн дээд сургуулийн найруулагчийн ангид элсэж оюутан болоод, би арван жилийн хүүхэд болоод хоцорсон. Сүүлд СУИС төгсөөд, эргэж уулзаад, өнөөдрийг хүртэл сайхан нөхөрлөж яваа. 2006 онд бид “Элдэв зургийн эзэд” гээд хоёр аавдаа зориулаад, хүндэтгэлийн тоглолт хийсэн юм. Бид хоёр чинь их сонин. Ж.Сэнгэдорж маань эмгэнэлт төрлөөр уран бүтээл хийдэг, би болохоор ихэвчлэн инээдмийн төрлөөр уран бүтээл хийдэг. “Хоёулаа уулын хоёр талаас мацаж байна аа” гэж бид ярьдаг юм.

Аавыг тань мэддэг хүмүүс таныг хараад л аавтайгаа адилхан юм байна гэдэг. Таны хувьд аавтайгаа адилхан юм байна гэдгээ дотроосоо мэдрэх үе байсан уу?

-Тэгэлгүй яах вэ. Жүжигчин И.Одончимэг эгч нэг удаа хэлж байсан. Бид “Х Түц”-ийнхэнтэй “Өвлийн инээмсэглэл” хийж байгаад юу ч боллоо доо, угаасаа би байнга инээж байдаг юм даа, тас тасхийтэл инээсэн чинь Одноо эгч гэнэт уйлчихсан. “Яасан бэ, Одноо эгч ээ” гэсэн чинь “Яг Г.Дашхүү ах инээж байгаа юм шиг санагдлаа. Чи ямар адилхан инээдэг юм бэ, Галаа” гэсэн. Дараа нь инээж байгаа бичлэгээ хараад аавтай адилхан инээдэг юм байна даа гэсэн бодол төрж байсан. Адилхан зүйлүүд байдаг.

ОдооЭлдэв зураг”-ийн бичлэг үлдсэн болов уу. Саяхан би нэг хайж үзэхэдҮдшийн хэмнэл”-д хоёулаа уригдаад, онигоо ярьж байгаа бичлэг нь лав байна лээ?

-Байгаа байгаа. Манай ах хэдэн жилийн өмнө аавдаа зориулаад dashkhuu.blog­spot.com гээд блог нээсэн юм. Тэр блог дээр аав, Жаяа ах (Л.Жанчивдорж) хоёрын бичлэгүүд тавигдсан байсан. Ах бол тэр тал дээр нэлээд архив үүсгэсэн. Монгол телевизэд хальс нь байдаг юм билээ. Тэр үед “Элдэв зураг”-ийг зурагтаар дамжуулдаг байсан шүү дээ. Тэр архивыг ухъя гэж бодоод л байдаг. Зав гарахгүй л яваад байна.

Та аавын амины хүүхэд байсан гэл үү?

-Би аавын хүүхэд байлаа. Аавыгаа хаана л явна хормойдож дагана. Аав ажилдаа явахдаа надаас нуугдаж явна. Гэсэн хэдий ч нөхөр Галаа хэдийнэ олоод мэдчихсэн хойноос нь чаргууцалддаг байж. Соц нийгмийн үед урлагийнхан соён гэгээрүүлэх ажлаар хөдөө орон нутгаар явна. Театрынхан уртын бригад гээд л 45 хоногоор явахад би гэж хүн аавыгаа санаад өвдчихдөг байсан гэдэг. Үнэндээ аав аав гэж гүйсээр хөөрхий ээжийгээ нэг их тоодоггүй байж дээ гэдгээ хэзээ хойно аавыгаа бурхан болсон хойно ухаарч билээ.


Хүмүүс аавыг чинь мэддэг. Ээж тань ямар хүн байдаг вэ?

-Ээж маань Монгол кино үйлдвэрт монтажин дээр 25 жил ажиллаад, тэтгэвэртээ гарсан хүн. Ээж маань эвлүүлэгч. Хортой нөхцөлд ажилладаг гээд ерээд онд эрт тэтгэвэрт гарсан. Намайг кино хийхэд хамгийн том шүүмжлэгч, зөвлөгч маань миний Хулангаагаас гадна миний ээж. Ээж хараад л “Өмнөх киногоо гүйцсэнгүй дээ” гээд шууд үнэнийг хэлдэг.

ТаБурхантай ч маазарнагээд нүүр номдоо тунхагласан байдаг. Харин аав тань гэртээ маазардаг байв уу?

-Тунчиг мааз хүн байж билээ. Хааяа өөрийнх нь тоглосон юмнууд зурагтаар гарахаар нэлээн нухацтай харж байснаа “Гайхалтай тоглох юм аа” гэнгүүтээ л тас тас хөхөрдөгсөн. Өөрийгөө хөгжөөж байгаа нь тэр.

ИнгэхэдКиносутрадээр та өөрийнхөө амьдралыг харуулсан юм уу?

-Биш биш. Тэр бол цэвэр зохиомж шүү. Д.Галбаярын амьдрал гэхээсээ кинон дээр тохиолддог асуудлууд гардаг. Би 2004 онд СУИС төгсөөд, кино урлагт бараг 17 жил явж байна. Киноны тогоон дотор чанагдаж яваа хүний хувьд ерээд оноос хойших Монголын кино урлаг, уран бүтээлчдийн зовлон жаргалыг дэндүү сайн мэднэ дээ. “Киносутра” яагаад бодит санагдаж байна гэхээр уран бүтээлчдийн яриа, зовлон жаргалаас ургаж гарсан учраас тэр.

-“Киносутрадээр эхнэрээнайрдагхэсэг байдаг шүү дээ. “Кинонд тоглуулнагээд танилцдаг. Бодит амьдрал дээр Т.Хулантай яаж танилцсан бэ?

-Бид хоёр чинь СУИС-ийн нэг ангийн оюутан юм чинь кинонд тоглуулна гэх боломж байхгүй шүү дээ. Эхний хоёр жилдээ би кино найруулагчаар сурч байгаад Т.Хулан, Т.Бархүү хоёрын ангид ороод, жүжигчнээр төгссөн байхгүй юу. СУИС-д анх элсэж орох үедээ Т.Хуланг харж байсан. Хайрын романс үүссэн үе нь бүүр сүүлд, СУИС төгссөнийхөө дараа юм.

Танаас хамаагүй дүү юм шиг харагддаг шүү дээ?

-Ер нь овор багатай л даа.

Та сүүлийн үедХаламцуу яриахөтлөөд байгаа. Маш хандалт өндөртэй харагдана лээ. Найруулагч, жүжигчин хүний давуу талуудыг ашиглаж чаддаг юм билээ. Зураглаач, найруулагч гээд олон хүний хөдөлмөр орсон харагддаг. Зардлаа нөхөж чаддаг болов уу?

-”Халамцуу яриа” нэвтрүүлгийг ерөнхийдөө өөрийнхөө YouTube сувагт зориулж хийсэн юм. Эхлээд зүгээр л сонирхолтой контент гээд YouTube-д тавьсан чинь маш олон хандалт аваад, хүмүүс нэвтрүүлгийн чанар шаардаад эхэлсэн. Нэвтрүүлгийн үнэр нь хүмүүст дажгүй санагдаад, илүү чанаржуулаад, өнгө төрхийг нь гоё болгооч гэдэг санал ирэхээр нь ардаас нь би “Бааст” гэдэг продакшнтай хамтарч, энэ нэвтрүүлгийг бэлтгэж хүргэж байгаа. Гурван камер, дууны найруулагч, гэрэлтүүлэгч гээд яг л кинон дээр ажилладаг шиг баг ажиллаж байгаа. “Халамцуу яриа”-н дээр дахиад шат ахиулах үүднээс тайз засч, бүр шоу хэлбэрээр явдаг болно. Илүү сонирхолтой байлгах үүднээс бодоод байгаа юм.

-“Халамцуу яриа”-ны үеэр таны туслах найруулагчаа загнаж байгаа хэсгийн бичлэг сошиалаар тарсан. Зарим нь хүнийг ямар муухай загнадаг юм бэ гээд л нэг хэсэг нь найруулагчид ингэж л уурладаг шүү дээ, уурлахаас ч аргагүй дээ гэх маягаар сэтгэгдэл хөврөөд байсан. Таныг бичлэгээ алдсан юм байх гэсэн чинь харин бичлэг задалсан юм биш үү?

-Тэгсэн. Зориуд тавьсан юм. Туслах найруулагчаар ажиллаж байгаа Хүлгээ гээд залуу надаас 15-16 дүү хүүхэд. Яг ийм олон залуус өнөөдөр уран бүтээлийн талбарт ажиллаж байгаа. Би тэдэнд зориулж л үг хэлсэн. Найруулагчид нэг ийм арга байдаг. “Нэг дээр дөрөөлж, нийтээр нь загна” гэж. Ний нуугүй хэлэхэд “Халамцуу яриа”-ны эхний хоёр, гурван дугаар фокус байхгүй, дууны чанар хангахгүй явсан байхгүй юу. Би тэдэнд зориулж үгээ хэлж байгаа юм л даа. Би өөрөө хөтлөөд, камерын өмнө сууж байхад найруулагчийн үүднээс хянах боломж байхгүй. Тэгээд гэнэт тэсэрч, уурласан нь тэр л дээ. Тэр бол яах вэ. Зураг авалтын талбар дээр тэр байтугай л уурладаг шүү дээ. Мэдэхгүй хүмүүс бол мэдэхгүй л дээ. Заавал мэдэх ч албагүй.

Амсангуутаа тасардаг, эсвэл архинд дуртай зочинтой бол амаргүй л байх янзтай юм билээ?

-Архи ууж байгаа гэдэг өнгөн, хэлбэр тал нь. Хамгийн гол агуулга нь болохоор хүн тэр зүйлийг хүртэхээрээ дотоод мөн чанараа уудалж гаргаж ирдэг. Үнэнээ ярьж эхэлдэг. Архи уулгах нь сонин биш, тэр хүний философи нь сонин.

Та таэквондогийн тамирчин, улсын олон удаагийн аварга болж байсан гэсэн. Одоо ч хүн амьтантай нударга зөрүүлвэл дор нь буулгаж авна биз?

-Үгүй ээ, одоо тийм юм байхгүй шүү дээ. Зодолдож чаддаг гэдэг бол нэг талаараа давуу тал мөртлөө нөгөө талаараа маш том сул тал байхгүй юу. Биеэ хянаж чадахгүй бол сул тал болно.

Та дуучин С.Жавхлантай зодолдож танилцсан гэсэн. Багадаа овоо зодоонч нөхөр байжээ?

-Тийм ээ, тийм. Угаасаа тийм л байсан. Гэхдээ одоо бол зодолдоогүй маш удаж байна. Том ах маань надаас тав ах л даа. Ах арван настай, би таван настай байсан. Нэг удаа ах олимпийн аварга болсон юм шиг орилоод ороод ирсэн гэсэн. Ээж гайхаад яасан бэ гэсэн чинь “Галаа зодсон” гээд байж. Юу болов гэсэн чинь “Цагдаагийн хүүхдийг Галаа зодчихсон” гэж л дээ. Ах өөрөө айгаад байдаг хүүхдийг таван настай би хусаад хаячихсан гэсэн. Намайг хөдөлгөөнтэй болохоор тэр спорт руу аав маань чиглүүлсэн. Би Москвагийн олимпийн бамбар асч байхад төрсөн байхгүй юу. Тэгээд аав маань надад Галбаяр гэдэг нэр өгсөн. Олимпоор төрсөн болохоор спортын хүн болж магадгүй гээд спортоор явуулах дуртай байсан.

Таныг жүжигчин болвол зүгээр гэж хэлж байгаагүй юу?

-Аав тэгж хэлж байсан. “Тамирчны амжилт залуу насных. Нэг өдөр бэртвэл заалны мухар сахисан хүн л болно шүү дээ. Урлагийн тал руугаа явбал ямар вэ” гэсэн. Мань эр сонин хэвлэлд ярилцлага өгөхөд “Таны мэргэжлийг хүүхдүүдээс чинь хэн нь өвлөж авах вэ” гэхээр дандаа “Дунд хүү” гэж хариулдаг байсан. Тэр нь намайг урлагийн хүн болоход нөлөөлсөн гэж боддог.

Т.Хулан та хоёр “21000” шоунд оролцож байгаа гэсэн үү?

-Яг одоо “21000” шоуны зураг авалттай явж байна. “Positive Mongolians” онлайн төслийн санаачлагч Д.Түвшинбаярын гэр бүлтэй манай гэр бүл өрсөлдөж байгаа юм. Одоо дөрөв дэх хоног дээрээ явж байна. Та яг одоо өлөн хүнтэй л яриад байна шүү дээ (инээв).

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Жүжигчин Г.АМГАЛАНБААТАР: Эмнэлэгт байхдаа л мэдээлэл хийе гэж бодсон доо

Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Г.Амгаланбаатар “Ковид тусаад эдгэсэн хүний хувьд бүжгийн шоуны дараа лайв хийж, мэдээлэл хүргэнэ ээ” хэмээн нүүр номдоо 28-ны 22 цаг 15 минутад бичсэн байлаа. Харин амласан ёсоороо лайв хийхэд 856 хүн сэтгэгдэл бичиж, 995 удаа хуваалцжээ. Түүнтэй ярилцлаа.


-Ковид тусаад эдгэсэн гэдгээ зарлахад эр зориг шаардсан байх. Таныг ийм алхам хийсний дараа хүмүүс яаж хүлээж авсан бэ?

-Одоохондоо нэг их сөрөг хандлага мэдэгдэхгүй байна. Харин ч зөв зүйл хийсэн байна, хүмүүст үнэн бодит мэдээлэл хэрэгтэй байсан юм гэсэн сэтгэгдэл их байна. Мэдээж олон дунд дургүйлхэх өнгө аяс гаргасан хүмүүс ч байна лээ. Тэр нь цөөхөн л дөө. 95 хувь нь зөвөөр хүлээж авсан байна гэж ойлгоод, сэтгэл өндөр байгаа. Таван хувь нь “Худлаа жүжиглэж байгаа юм биш үү” энэ тэр гэсэн байна лээ.

-Сөргөөр хүлээж авах хүмүүс гарна гэдэг сэтгэл зүйн бэлтгэлтэй байсан уу?

-Тийм тийм. Бид чинь тиймэрхүү маягаар “балбуулаад” сурчихсан шүү дээ (инээв).

-Гэрийнхэн чинь яаж хүлээж авав, лайв хийх талаараа эхнэртэйгээ зөвлөлдсөн гэсэн үү?

-Бас жаахан айдастай байсан л даа. “Ер нь тэгэх хэрэг байгаа юм уу, хайраа. Чи сайн бодсон юм байгаа биз дээ” гэсэн. Би хэлсэн л дээ. Ингэж нэг нь иргэний зориг гаргахгүй бол болохгүй нь ээ. Тэртээ тэргүй драмын театрынхан тавь, жаруулаа туссан гэдгийг хүмүүс мэдэж байгаа” гэсэн. Хүмүүс сошиалаар “Яагаад өвдөөд эдгэсэн хүмүүс юу ч хэлэхгүй байгаа юм бэ, яаж эмчилдэг юм бэ” гээд байдаг. Тийм болохоор би үнэн зөв бодитой мэдээлэл өгье гэсэн юм. Эмнэлэгт байхдаа мэдээлэл хийе гэж бодсон л доо. Гэхдээ гэртээ гарч ирээд, эхний тусгаарлалтын долоо хоногоо дуусгаад, ярихаар шийдсэн юм.

-“АннаКаренина”-г 15 мянган хүн үзсэн гэж танай театрын мэдээнээс харсан л даа.

-Намар л тийм байсан. Намар хөл хорионд орохоос өмнө бүтэн сар тоглосон шүү дээ. Сая бол 50 хувийн дүүргэлттэй тоглох ёстой гээд 4, 5, 6-нд гурван өдөр тоглоод, 6-нд нь “Танай нэг жүжигчинээс ковид илэрсэн байна” гээд тоглолтыг хаасан шүү дээ. 500 хүний суудалтай гэхээр гурав дахь өдрийнхтэйгээ нийлээд 400-гаад хүн үзсэн юм билээ.

-Үзэгчдийн дундаас халдвар илэрсэн болов уу, та бүхэн тэр талаар мэдээлэл авсан уу?

-Тэр талаар мэдээлэл аваагүй. Эхний 54 хүнийг бүгдийг нь аваачаад, Нисэхийн шинэ эмнэлэгт тусгаарлачихсан юм чинь. Гэхдээ би үзэгчдийн дундаас халдвар бараг илрээгүй байх гэж найдаж байна. Яагаад гэвэл бүгд масктай, зай бариад сууж байсан. Үзэгчдийн суудал тайзнаас нэлээд хол шүү дээ.

-Танай гэр бүлийнхнээс халдвар илрээгүй гэсэн. Ийм азтай тохиолдол хэр олон байдаг бол. Танай бусад хүмүүсийн гэр бүлийнхнээс халдвар илэрсэн болов уу?

-Зарим хүний дархлаа, биеийн байдлаас шалтгаалдаг юм уу, эхний удаагийн шинжилгээгээр сөрөг гарсан хүмүүс сэрэмж алдаад, гэрийнхэндээ халдаасан тохиолдол гарсан.

-Халдвар авсанаас хойш бусдад тараадаг хугацаа байх шиг?

-Шинээр халдвар аваад, бусдад халдвар тараадаг хугацаа 5-7 хоног байдаг гэсэн.

-Эрт илрүүлэх тусмаа л гэрийнхэндээ халдаахаас сэргийлэх юм байна?

-Эхний шинжилгээрээр илэрсэн 54 бараг азтай шахуу. Ихэнх нь гэрийнхэндээ халдаагаагүй. Зарим нь байдал эвгүй гээд өөрсдийгөө шууд тусгаарласан. Би гэхэд гэртээ өөрийгөө тусгаарласан гэж ярьсан шүү дээ.

-Гэртээ тусгаарлах боломжтой байсан гэдэг давуу тал юм даа. Олуулаа байдаг, гэрт амьдардаг хүмүүс бол тусгаарлахад хэцүү шүү дээ?

-Асуудалтай шүү. Манай зарим хүн бүр машиндаа хоносон байсан.

-Хэд хоног эмчлэгдсэн бэ?

-Яг арав хоносон.

-Бүгдээрээ юу?

-Би гэхэд л 7-ны орой 23 цагт очсон. Өглөө 6:30 хүртэл биднийг зөөсөн шүү дээ. Нийт 54 хүнийг. 12 цагаас хойш очсон хүмүүс 8-наар бүртгэгдээд, арав хоногийн дараа гарсан.

-Сүүлд зарим хүнийг гэртээ эмчлүүлэх сонголт өгч байгаа гэсэн. Та нарт ийм сонголт байсан уу?

-Тухайн үед тийм сонголт байгаагүй. Биднийг бол шууд л аваад явсан.

-Хамт олноороо эмнэлэгт хэвтэхээр сонирхолтой байх даа. Өвдсөн болохоор томоотой байсан уу?

-Томоотой байхаас өөр аргагүй. Эмч, сувилагч нар маань битүү хувцастай орж ирнэ. Бас хамаагүй холилдоод байж болохгүй. Гэхдээ олуулаа байхаар бас зүгээр. Ганцаараа байсан бол сэтгэлээр илүү унах байсан болов уу. Бөөндөө юм чинь хэн нь хэнийгээ гэх вэ. Өрөөгөөр хамаагүй орж гарч болохгүй болохоор хамт олны фэйсбүүк групп нээгээд харилцаж байсан.

-Таны хувьд ковидын шинж тэмдэг бараг илрээгүй юм байна лээ. Бусад хүмүүсийн хувьд ямархуу байв?

-Манайхаас олон хүний үнэрлэх мэдрэмж алдагдсан. Хүн хүнд өөр юм билээ. Манай нэг хүн бараг хоёр өдөр халуурч хэвтсэн. Гэхдээ дараа нь эсрэг биетийн шинжилгээ өгөхөд түүнд л хамгийн өндөр илэрсэн. Хөнгөн туссан мань мэтэд нь эсрэг биет өндөр биш байсан.

-Хөнгөн өвдсөн хүмүүст бол сүртэй эмчилгээ хийдэггүй юм биш үү. Та бол өндөр тунтай С болон Д витамин, Мана-4, Норов -7 тан л уусан гээд байгаа биз дээ?

-Тийм. Яг л тэгсэн.

-Бүхэл бүтэн байгууллагаараа өвдчихвөл хувийн компани бол маш хүнд байдалд орохоор байна л даа. Танай хувьд ч асуудалтай л байгаа биз?

-Өө байлгүй яах вэ. Үйл ажиллагаа доголдож байна. Өнөөдөр гэхэд манай байгууллага дээр Соёлын яам, Онцгой байдал, Мэргэжлийн хяналтаас хүмүүс ирж шалгалт хийгээд явлаа. Үйл ажиллагаа хэвийн болох нөхцөл байна уу гэдгийг үзсэн. Одоо тэгээд хөл хорио тогтооно гээд байх шиг байна, тийм ээ. Тэгээд аль болох хурдан хугацаанд театрын доголдсон үйл ажиллагааг хэвийн болгох гээд хичээж байна.

-Ковидын үед урхаг үлдэх эрсдэлтэй гэсэн. Цээжний зургаа авахуулсан уу?

-Зураг сайн авахуулсан. Эмнэлэгт хэвтэхийн давуу тал тэр л юм билээ.

-Гадаадын улс орнуудад ч жүжигчид, тамирчид олны танил хүмүүс ковидоор өвдсөн. Тэдний мэдээллийг харж байв уу?

-Үгүй ээ, нэг их анзаарч байгаагүй шүү дээ. Хүн өөр дээр ирэхээр л анхаардаг юм байна. Цар тахлаас илүү нийгмийн сөрөг хандлага, ялгаварлан гадуурхалт л аюултай түвшинд байна гэж бодоод л явсан юм. Тийм болохоор л зориг гаргаж энэ тухай ярьсан.

-Та байгууллагын Үйлдвэрчний хороог тэргүүлдэг гэсэн үү. Та ер нь зоригтой алхмууд их хийдэг үү?

-Тийм үе байсаан байсан. Ер нь аливаа саад бэрхшээл тулгарах юм бол айж ухарч буцдаггүй, нэгэнт тулсан юмыг бол туулаад л гардаг. Багын л тийм байсан.

-Халдвар авсанаа мэдээд шоконд орсон гэсэн?

-Эхлээд 7-ны өдөр авч явахдаа эхнэр, гурван хүүхдээс маань шинжилгээ авсан. Тэдний шинжилгээний хариу ямар гарч байгаа бол гэдэгт л их санаа зовсон доо. Шинжилгээний хариу хүлээж байхад л толгой манарч өвдөж байсан. Сөрөг гарлаа гэхэд нь сэв хийгээд, сэтгэл санаа сэргээд, бараг эдгэчих шиг болсон. Ковидын үед сэтгэл санааны байдал маш их нөлөөлөх юм билээ.

-Олон хүнээс зэрэг илэрсэн гэхээр олуулаа нэг дор цугладаг байгууллагын онцлог нөлөөлсөн байх л даа?

-Бид тайзан дээр масктай жүжиглэж болохгүй шүү дээ. Тайзны сургуулилт хийж байхдаа л маскаа авдаг. Бусад үед бол халдвар хамгааллын дүрэм журам сахиж байлаа. Ажилчдын ордог, зритель ордог хоёр хэсэгт ариутгадаг хаалгатай. Яг хэнээс эхэлж халдвар гарсан нь тодорхой болоогүй. Нийтдээ л халдвар тарсан.

-Цар тахлын үед үзвэр үйлчилгээ хоригдчихлоо. Өөр орлого олох арга замууд байдаг уу. Дараагийн уран бүтээл, ажлаа төлөвлөж байгаа юу?

-Янз янзаар үзэж байна л даа. Гэхдээ л яаж жирийн үе шигээ байх вэ. Вакциндаа бүгдээрээ хамрагдаад, сайхан цаг удахгүй ирэх байх гэж найдаж байна.

-Хөл хориотой үед эрч хүчээ хаанаас авч байв?

-Ном, зохиол уншина. Би чинь бас СУИС-ийн багш хүн. Цахимаар хичээл орж, сатаарах зүйлүүд зөндөө байсан. Би бас бодсон. Манай гэрийнхэн өвөл витамин их хэрэглэдэг байсан нь дархлаа сайн байхад нөлөөлсөн байх.Харин би нэг сараас жингээ хасч, дэглэм барих гээд витамин уухаа зогсоосон. Би 103 кг болоод, тэгээд сарын дотор 12 кг хассан. Тэгээд л дархлаа жаахан хямарсан болов уу. Гэрийнхнээсээ зай нэлээд барьсан л даа. Манай бага хоёр настай болохоор гүйж ирээд надтай ноцолдож байдаг болохоор “Хүүгээ аваарай” гэж эхнэртээ хэлээд, өөрийгөө тусгаарласан. Эмнэлэгээс гарч ирээд бол холилдсон доо. Хүү маань намайг саначихаад, салахгүй байгаа юм чинь. Ашгүй дахин шинжилгээ авахад бүгд сөрөг гарсан.

“Өдрийн сонин”-ы уншигчдад хэлэхэд “Ковид туссан ч ингээд амархан эдгэчих юм байна” гэж битгий бодоорой. Суурь өвчтэй, өндөр настай хүмүүс их хүндэрдэг юм билээ. Манайхаас бас хүндэрсэн хүмүүс бий шүү. Халдвар авахгүй байхыг л хичээгээрэй.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Биологийн шинжлэх ухааны доктор Ж.Оюунбилэг: Монголд вакцин үйлдвэрлэх боломжтой гэж Ерөнхийлөгч санал тавьж байгаа нь үндэслэлтэй

НЭМҮХ-ийн зөвлөх, Монголын Анагаах Ухааны Академийн гишүүн, Биологийн шинжлэх ухааны доктор Ж.Оюунбилэгтэй ярилцлаа.


-Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсад цар тахлын эсрэг вакцин үйлдвэрлэх боломжтой гээд хэлчихлээ. Харин та эрдэмтэн, энэ чиглэлээр ажилладаг хүний хувьд үүнийг боломжтой гэж үзэж байна уу?

-Ийм боломж байхаар барах уу. Бид олон удаа ярилцлага өгсөн. Эрүүл мэндийн яамны “Эрдэмтдийн цаг”-аар таван удаа цар тахлын эсрэг вакцины тухай ярьсан. Бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч ярьж мэдээлсэн. Ерөнхийлөгч бидний үгийг сонсдог, дүгнэлт хийдэг юм байна гэж баярлаж байна. Ерөнхийлөгчийн зөвлөхөөр С.Ламбаа сайд ажиллаж байгаа л даа. С.Ламбаа сайд бол сайн мэдэж байгаа. Тухайн үедээ НЭМҮТ-ийн Биотехнологийн үйлдвэрт 1,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд, савладаг, бөглөдөг аппаратууд авч тавьсан. Техникийн талаасаа зарим тоног төхөөрөмжүүд байна гэсэн үг. Хүний нөөцийн хувьд биотехнологи, биоанагаах ухааны мэргэжилтэй залуу боловсон хүчнүүд авч бэлтгэсэн байгаа. Бид бас гадаад орнуудтай хамтарсан шинжлэх ухаан технологийн хөтөлбөр, төсөл хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд жишээлбэл аденавирусийн цаашид үржих чадваргүй омог ашиглаад, аденавирус энтеровирус 71-ийн генийг дотор нь суулгасан векторын вакцин гаргаж авч үзсэн. Гэхдээ хангалттай хэмжээний дархлаа үүсээгүй, зөвхөн дархлааны санамж тогтож байна гэсэн бидний хэвлэлд нийтлүүлсэн бүтээлүүд бий. Тэгэхээр би Монгол Улсад вакцин үйлдвэрлэх боломжтой гэж хэлж байгаа юм. Гэхдээ тав, зургаан төрлийн вакцины тухай ярьж байна. Харин Монгол Улс идэвхгүйжүүлсэн вакцин хийх чадавхтай. Санхүү хөрөнгөөр дэмжээд өгвөл бид энэ вакциныг хийж чадна. спутник, вектор вакцин дээр бол гадаадын орнуудтай хамтарч ажиллая гэвэл бас боломжтой.

-Спутник шинэ төрлийн вакцин гээд байсан уу?

-Спутник бол генийн инженерчлэлийн аргаар бүтсэн вакцин. “Спутник-V, АстраЗенека аль аль нь хүнд хоргүй аденавирусийн омог ашигласан. Аденавирус хүний эсэд холбогдоод амьд юм шиг халдана. Дотор нь коронавирусийн генийг оруулж өгч байгаа юм. Гэхдээ аденавирус цаашаа үржих чадваргүй. Амьд юмны гол шинж нь цаашаа үржих чадвар байдаг. Гэтэл халдахдаа амьд вирус халдаад цаашаа үржихгүй. Амьд гэдэг ойлголтыг юу гэж тогтоох вэ. Шинжлэх ухаан ийм түвшинд очоод байна л даа.

-НЭМҮТ-ийн Биотехно-логийн үйлдвэрт галзуугийн эсрэг вакцин хийж байсан гэсэн.Тэгэхээр энэ үйлдвэр вакцин хийх боломжтой гэсэн үг үү?

-Биотехнологийн үйлдвэр дотроо хэд хэдэн тасагтай. Нэг нь уурагт бэлдмэлийн тасаг, энэ маань одоо ажиллаж байна. Гэхдээ ажиллахгүй хэдэн жил зогссон учраас нэлээд хугацаа шаардаж байна л даа. Вакцин оношлуурын тасагт энэ вакциныг хийх учиртай. Тэнд галзуу, балнадын эсрэг вакцин хийж байсан. Ер нь Монгол Улс цагаан цэцгийн вакциныг Зөвлөлтийн мэргэжилтнүүдтэй хамтарч хийсэн байгаа юм. Гэхдээ тэднийг сохроор хуулаагүй. Өөрсдөө хувилбар гаргаад, орчин үеийн хэлээр бол инноваци болгоод, вакцин үйлдвэрлээд, 1940 он гэхэд энэ өвчнийг Монгол Улс бүрмөсөн устгасан. Энэ өвчнийг устгасан Азийн анхны орон болсон. 1980 он гэхэд энэ өвчнийг дэлхий дахинд устгасан. Үүнийг манайх 40 жилийн өмнө устгасан. Хоёр дахь нь халдварт саа өвчин. Ингэж бид хоёр халдварын цаана гарсан юм. Энэ туршлага ололтдоо түшиглээд, вакцин үйлдвэрлэх боломжтой гэж Ерөнхийлөгч санал тавьж байгаа нь үндэслэлтэй.

-Хүмүүс Биокомбинатад л малын вакцин үйлдвэрлэдэг гэж мэддэг. НЭМҮХ-нд хүний вакцин үйлдвэрлэх уламжлал байжээ?

-Байлгүй яах вэ дээ. Тухайн үедээ галзуугийн голомтноос нохой, чононд хазуулсан хүнд вакцин хэрэглэж байсан. Балнад гэж өвчин байлаа. Зүүнбаянд цэргийн ангид голомтолж гарч байсан. Тэнд хэрэглэж байсан вакциныг бас үйлдвэрлэж байсан. Монгол бол малдаа ч зориулсан вакцин хийдэг, хүндээ ч зориулсан вакцин хийдэг улс. Европт 1876 онд Английн мэс засалч Женнер гэж хүн вакцин бүтээхээс ч арваад жилийн өмнө Монголын оточ нар хамрын тамхи маягаар цагаан цэцгийн цэврүүг татаад, өөрсдийгөө өвчнөөс сэргийлдэг байж. Тэр бол вакцин л байсан. Ийм түүхэн баримтыг анагаах ухааны түүх судлаачид олж тогтоосон юм. Түүнээс гадна манай монголчууд нэг өвчилсөн хүн тахал мэтийн голомтод ороход аюулгүй, дахиж өвчлөхгүй гэж мэддэг байсан. Ийм мэдлэгтэй, уламжлалтай ард түмэн л дээ, бид.

-Та академич П.Нямдаваатай хамтарч В гепатитын эсрэг вакцин гаргаж авч байсан билүү?

-В гепатитын эсрэг вакциныг бид орчин үеийн аргаар гаргаж аваад, туршилт судалгаанд оруулж байлаа. Тэр үед 1996 онд С.Сонин сайд байсан. Сайд тушаал гаргаад, нэгдүгээр эмнэлэгт туршсан. Нэгдүгээр эмнэлэг манай үндэсний төвөөс огт хамааралгүй газар. Тэнд туршаад, хүүхэд, насанд хүрсэн хүмүүст хангалттай хэмжээний дархлаа үүсгэж байгааг тогтоосон. Давхар гадаадын хөндлөнгийн хяналт бас хийлгэсэн. ДЭМБ-ын хоёр лабораторид хийлгэж, харьцуулаад, дүгнэлтээ ирүүлсэн. ДЭМБ-аас Монголд хийсэн вакцин Өмнөд Солонгосын вакцинаас илүү дархлаа тогтоож байна гэсэн дүгнэлт ирүүлж байсан. Тэр үед хөрөнгө оруулаад, том үйлдвэр болгож чадаагүй, зах зээлд үнийн хувьд өрсөлдөх түвшинд гаргаж чадаагүй л дээ. Ийм л юм. Монгол Улс хэд хэдэн төрлийн вакцин туршилтаар ч хийж байсан. Хүн амдаа ч хэрэглэж байсан.

-Гэхдээ П.Нямдаваа сайд нэг ийм утгатай өгүүлбэр хэлсэн санагдаад байх юм. Монголд хийсэн вакцинд хүн итгэж өгдөггүй юм билээ гэж.

-Итгэх итгэхгүй нь тэр хүмүүсийн сэтгэл санааны л асуудал шүү дээ. Дэлхийд 230 гаруй тусгаар тогтносон улс байна. Бараг 200 гаруйд нь вакцины эмнэл зүйн туршилт явж байна. Ихэнх улсууд өөрсдөө л юмаа хийж байна шүү дээ. Одоо бол зах зээлд гарч ирсэн, хязгаарлагдмал хүрээнд зөвшөөрсөн зургаа, бүрэн зөвшөөрсөн долоо, ингээд 13 вакцин гарчихсан явж байна. Тэдний нэг төрөл идэвхгүйжүүлсэн вакциныг бид хийх чадавхтай.

-Монголчууд цамаан хүмүүс л дээ. Тэрийг нь ч хийлгэхгүй, энийг л хийлгэнэ гэсэн яриа хөөрөө өрнөөд байгаа. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн вакциныг бид эндээ голж шилэх нь хэр зохистой вэ?

-Голж шилэх асуудал байхгүй. Ямар вакциныг хэрэглэх, бүртгэх эрх нь тухайн улсдаа л бий. Тухайн улс нь үндэсний хяналтын лабораторидоо шинжлээд, олон нийт нь итгэх учиртай. Биобэлдмэлийн улсын хяналтын лаборатори 1976 онд манай хүрээлэнд байгуулагдсан. Сүүлд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт очоод байхгүй болсон. Одоо хянаж чадахгүй байна шүү дээ. Үүнийг яаралтай сэргээх хэрэгтэй гэж бид яриад байгаа юм. Одоо хэл үг гаргаад байгаа улсууд олон улсын байгууллага, бусад улсуудад гаргасан дүгнэлтэд итгэхгүй байна л даа. Энэ бол тэдний л эрх.

-Өндөр хяналттай улсуудын хүлээн зөвшөөрсөн вакциныг шууд аваад хэрэглэдэг жишиг байдаг шүү дээ?

-Халдвар даамжирсан ийм үед үүнээс өөр арга байхгүй шүү дээ. Хамгийн гол нь бүгд итгэхгүй байна л даа. Үндэсний лабораторид шинжилж дүгнэлт гаргаагүй гээд байна. Хууль нь тийм юм чинь. Түүнээс биш ДЭМБ бол дэлхийн Засгийн газар биш шүү дээ. Тэр чинь зүгээр л зөвлөмж гаргадаг байгууллага. АНУ манайд зориулсан олигтой зөвлөмж өгсөнгүй гээд ДЭМБ-аас гараад л явсан шүү дээ. Одоо эргээд орж л байна. Улс болгонд зориулсан зөвлөмж гаргана гэж байхгүй л дээ.

-Вакцин үйлдвэрлэвэл олон шалгуур хангах хэрэгтэй болно доо?

-Та үйлдвэрлэвэл гэж яриад байх юм. Би бол үйлдвэрлэдэг, болно гэж яриад байна. Төр засаг нь л дэмжээгүй шүү дээ. Түүнээс биш олон улсын шаардлага хангасан гээд би ярьсан шүү дээ. Надад бичиг баримт нь байна.

– Та түрүүн гадаадтай хамтарч аденавирусийн судалгаа хийсэн гэж хэлсэн. Тэр чинь коронавирустай холбоотой юм уу?

-Тэр бол коронавирусийн одоогийн вектор вакцинтай адилхан. Гэхдээ арай өөр халдвар. Энтеровирус 71 гэдэг гар дээр цэврүү үүсдэг, гар хөл, амны өвчний эсрэг вакцин. Түүний туршилтыг манайхан хамтарч хийсэн. Хангалттай түвшинд дархлаа үүсээгүй. Одоо бол тэр аргыг л сайжруулсан байна л даа. Бид хоцорчихлоо.

-Манайхан вакцин хийлгэж байна. Насанд хүрсэн хүмүүс бүгд вакцин хийлгэсэн ч хүүхдүүд вакцин хийлгэхгүй үлдэнэ. Тэгэхээр томчууд өвдөхгүй ч вирус тээгч болж хүүхдэд вирус халдаах эрсдэл байгаа юу?

-Вакцин хийлгээд, хангалттай дархлаа үүссэн бол халдвар тараахгүй шүү дээ. Вакцины эхний тунг хийлгээд 60-аад хувийн дархлаа тогтоно. Хоёр дахь тунг хийлгээд 80-аас дээш хувийн дархлаа тогтож байна шүү дээ. Тэгэхээр халдвар тарахгүй. Хүн амын 70 хувиас дээш дархлаатай болвол цар тахал зогсоно.

-Вирус мутацид орж байна. Вакцин хийлгэсэн ч мутацид орсон вирусийн өмнө хүчин мөхөсдөж байна гэж бас яригдаад байгаа?

-Вирус мутацид орж, өөрчлөгдөж болно. Гэхдээ илжиг морь болохгүй шүү дээ. Хамгаалах хувь л буурна. Огт хамгаалахгүй болно гэж байхгүй. Буурч байгаа нь үнэн. 90 хувь хамгаалж байгаа вакцин 60 хувьтай болчихвол вакциныхаа технологийг л сайжруулна.

-Коронавирус хувирч байгаа. Үндэстэн болгонд адилхан тусах уу, Монголын онцлогтой вирус гэж байх уу?

-Аливаа вирус тухайн угсаатан үндэстэнд орж ирээд заавал өөрчлөгдөж, дасан зохицдог. Илэрхий харагдаж байна шүү дээ. Нэгдүгээр давлагаан дээр бид тэслээ. Хоёр дахь давлагаан дээр яваад өглөө. Одоо бол монгол хүнд дассан вирус бий болчихлоо. Монголчуудын онцлогт тохирсон вакциныг бусад улс хийхгүй шүү дээ. Нутгийн омогт үндэслэсэн вакцин, био бэлдмэл дандаа илүү үр дүнтэй байдаг. Тэр нь ч манай хэрэглэж байгаа вакцинуудад харагддаг. Хүний папиллом вирус тийм шүү дээ. Европын хүүхнүүдэд байдаг омогт үндэслэсэн вакцин үр дүн багатай. Монголд хэв шинж нь ялгаатай учраас энэ вакцины үр дүн 33 хувиас дээш хамгаалахгүй гэж манайхан тооцсон байдаг. Одоохондоо гадны вакцин хэрэглэхээс өөр аргагүй. Яваандаа энэ виурс монгол хүний онцлогт зохицоод хувираад байвал гадны вакцинуудын үр дүн буурч эхэлнэ. Тэгэхээр бид өөрдсийнхөө вакциныг хийхгүй бол болохгүй. Ийм л юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

БНМАУ-ын баатар Т.Дүүдэй “Хоёр фронтын дайчин”

БНМАУ-ын баатар Түүвэйн Дүүдэйн охин Үржинханд хуучны сонины шарласан хуудсууд хадгалжээ. Энд чөлөөлөх дайны үеэр Жанчхүүгийн давааны төлөө тулалдаанд гавьяа байгуулж, хожим баатар цолоор шагнуулсан Т.Дүүдэйн яриа хадгалагдаж үлдсэн байлаа. Тэрбээр БНАГУ, Монголын залуучуудын найрамдлын хоёрдугаар их наадамд хүндэт зочноор мордохын өмнө хэвлэлд ярилцлага өгч байжээ. “Хоёр фронтын дайчин” хэмээх гарчигтай уг ярилцлагад чөлөөлөх дайны ахмад дайчин Т.Дүүдэй 1971 онд Марксизм-Ленинизмийн оройн их сургууль төгссөн тухайгаа дурджээ. Баатруудын салаа Жанчхүүгийн даваанд хэрхэн тулалдсан тухай сэтгүүлчийн асуултад Т.Дүүдэй ийнхүү хариулжээ.

-Наймдугаар сарын 19-нд Жанчхүүгийн даваанд өглөөний 10 цагийн үеэс цус асгаруулсан ширүүн тулаан болсон юмдаг. Дайсан тэнд таван жилийн өмнөөс дөчөөд мянган хүний хөлс хүчийг шавхан байж, асар том бэхлэлт барьж, түүнээ “эвдэгдэшгүй” хэмээн тооцоолсон байв. Бид гурван өдөр, шөнө нойр хоолгүй байлдсан юм. Салаа маань уг нь 38 хүнтэй. Түүн дээр миномет, хүнд пулемёт, танк эсэргүүцэгч бууны тасаг (15 орчим хүн) хүч нэмэгдүүлэн өгч билээ. Манай буудлагын салаа “Аюуш” туужид гардаг гүүрийн зүүнтэйгүүр 500 метр газар давшин тулалдсан юм. Салааны маань эрэлхэг дайчид С.Дампил, Д.Данзанваанчиг, Л.Аюуш нар энд гавьяа байгуулсан. Түүнийг манай залуус андахгүй мэднэ.


Дашдондог?

-Ээ дээ. Тэр чинь л бас баатар болох учиртай хүн гэж би өнөө хэр бодож явдаг юм. Аюушийн туслах наводчик, Аюуш пулемёттой, Дашдондог маань автоматтай. Тэд нэг нутаг усны хоёр. Дашдондог гэж монхордуу хамартай, биерхүү бас чадалтай, бичиг үсэг сайтай, зураг сайхан зурдаг байлдагч байсан юм. Намын гишүүн. Мөнөөх гүүрийн төлөө тулалдаанд Дашдондог маань биендээ үхлийн таван шарх авч, гэлээ ч гүүрийг гатлаад нас барсан байж билээ. Аргагүй л гавьяатай хүн.

Танай салаанаас одоо хэн, хаана байдаг вэ?

-Энд тэнд хөөрхийс өвгөн настай болцгоосон байж л байна. “Залуу насандаа ямаршуухан эрчүүд явлаа даа, эд маань” гэж бодохоор харамсах ч, бахархах ч юм. Манайхнаас миний мэдэх арваад хүн бий.

Увсад С.Оросоо байгаа. Пулемётын наводчик, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн (ХТАЗ), Улаан тугийн одонтой. Б.Сахьяа бол Аюушийн дарга байсан хүн. Аюушаа амь үрэгдэхэд пулемётыг нь авч, дайныг дуусгасан юм. Одоо Говь-Алтай аймгийн Хөх морьт суманд байгаа…

Та хүний ямар чанарыг хүндэлдэг вэ?

-Дайн тулааны үед ч, энх тайван цагт ч өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь чин сэтгэлээс биелүүлдэг хүнд. Ажилсаг, төлөв даруу занг.

Танд тохиолдсон хамгийн баярт мөч

-Тулалдаан эхэлсэн өдөр МАХН-д элсэх өргөдөл гаргаж, маргааш нь ротын улс төрийн орлогч намд элсүүлсэн тухай мэдэгдсэн тэр өдөр. Наймдугаар сарын 21. Дөчин нэгэн жил төрөлх намынхаа эгэл жирийн байлдагч гэж бахархан санаж явна. Ялалтын 40 жилийн ойгоор БНМАУ-ын баатар цол шагнасан тухай анх сонсоод баярласан, эргэлзэн гайхсан алин болохыг одоо хүртэл ер санадаггүй юм. “Баатруудын салааны дарга л байснаас биш баатар болох ямар гавьяа байгуулсан билээ” гэж бодсон шүү.

Таны үргэлж баярлаж явдаг зүйл

Би дан залуучуултай ажилласаар өдий хүрлээ. Цэргийн хуаранд ч, их барилгын талбарт ч ялгаагүй хэмээн баатар маань өгүүлжээ.

Т.ДҮҮДЭЙ БААТРЫН ОХИН ҮРЖИНХАНД: ТӨРСӨН ӨДӨР НЬ БОЛДОГ, ААВ МААНЬ НАМДАА ТАТВАРАА ӨГНӨ ГЭЭД ЯВДАГ БАЙСАН

Т.Дүүдэй баатрын охин Д.Үржинхандтай ийнхүү ярилцлаа.


Та Т.Дүүдэй баатрын хэд дэх хүүхэд вэ?

-Би дөрөв дэх охин нь. Бид эхээс тавуулаа. Одоо бол эмэгтэй дүүтэйгээ хоёулаа л үлдсэн.

Т.Дүүдэй баатрын 100 жилийн ой болох гэж байгаа гэсэн шүү дээ. ойгоор нь юу хийхийг хүсч байгаа вэ?

-Аав маань 1921 оны долдугаар сард Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн. 1985 онд БНМАУ-ын баатар болсон шүү дээ. 1945 оны чөлөөлөх дайнд явж байсан. Салаанаасаа гурван баатар төрүүлсэн. Улсад 42 жил ажилласан хүн. 16 жил нь барилгын салбар буюу улсынхаа бүтээн байгуулалтад ажиллаад 26 жил нь армид ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Сая МАН-ын 100 жилийн ой боллоо. Аавын 100 жилийн ойг нутагт нь долдугаар сард тэмдэглэх санаатай байгаа. Зүүнговьт аавын цээж хөшөө байдаг. Увс улсын гурван баатартай. Улаангомд Ю.Цэдэнбал, Б.Гиваан баатрын хөшөө бий. Улаангомд хөшөөг нь босгоё гэж бодоод байгаа юм. Би ойн асуудлаар аймаг, сумын Засаг дарга, ИТХ-ын дарга, нутгийн зон олон, нутгаас төрсөн бизнес эрхлэгчдэд хандсан. Хамгийн гол нь хөшөө босгох, музейд булан байгуулах, ном товхимол гаргах, жижиг хэмжээний баримтат кино хийх, телевизийн нэвтрүүлэг хийх ажлууд төлөвлөөд байна. Хуучин цэргийн анги нь аавын нэрэмжит гэж явдаг. Дарга нь солигдохоос биш болоод байх юм. Энэ жил бас Батлан хамгаалах яаманд хандсан. Баатар хүний ойг тэмдэглэх хүрээнд хамтарч ажиллах тухай Засгийн газрын тогтоол бий. Тэр талаар хандсан байгаа. Цэргийн ангийг нэрэмжит болгох, Увс аймгийн Зүүнговь сумын сургуульд аавын нэрэмжит булан байгуулах юм. Эх орон, тусгаар тогтнолынхоо төлөө амь хайргүй тэмцэж явсан энэ улсуудаа мартаад байна. Тийм учраас энэ хүмүүсийнхээ нэрийг мөнхжүүлэх, хойч үеийнхэнд эх оронч үзэл суугаасай гэж эх орныхоо төлөө тулалдаж явсан ийм хүмүүс байсан шүү гэдгийг таниулахын тулд хөшөөг нь босгох, музейд булан нээж, өөрийнх нь хэрэглэж байсан эд зүйлс, зургаар нь үзэсгэлэн гаргах санаатай байна.

Чөлөөлөх дайны түүхийг өгүүлэх цөөн хүмүүсийн нэг шүү дээ. Т.Дүүдэй баатар дурсамж бичиж үлдээсэн үү?

-Бичиж үлдээсэн дурсамж байдаггүй. Аавыг байхад гарсан жижиг ном байдаг. Архивын баримтад түшиглэн ном гаргах юм. Дээр үед тавдугаар ангийн сурах бичигт “Аюуш” тууж ордог байсан. Тийм болохоор хүмүүс сайн мэддэг. Уулзалт зохион байгуулдаг байлаа.

Намдаа татвараа өгнө гээд гараад явдаг байсан гэж та дурссан байна лээ. Т.Дүүдэй баатар амьд сэрүүндээ төрсөн өдрөө яаж тэмдэглэдэг байв?

-Би аавыгаа гуравдугаар сарын 1-нд төрсөн гэж бодож явсан юм. Коронагаас болоод олон хүн цуглуулж тэмдэглэж болохгүй нь гэж санаа зовж байв. Бичиг баримтуудыг нь гаргаж ирээд үзсэн чинь долдугаар сарын 7 гэж байна. Гуравдугаар сарын 1 болохоор аав маань цэргийн хүн болохоор их догдолдог. Намдаа их үнэнч хүн байлаа. 1947 онд элссэн намын батлах байна лээ. Намын татвар өгөх өдрийг ерөөсөө мартдаггүй. Төрсөн өдөр нь болдог, намдаа татвараа өгнө гээд явдаг байсан. Яг ийм дадал зуршилтай хүн байсан. Цэргийн хүн болохоор яг л хэлсэн ярьсанаа биелүүлдэг. Тавдугаар ангид байхдаа би хичээлээ тасалчихаад та багшид очоод намайг ханиад хүрсэн гээд хэлчих гэсэн чинь “Манай хүүхэд ханиад хүрсэн гээд хэлчих гэж байна аа” гээд хэлчихсэн байсан. Үнэнч шударга, за гэвэл ёогүй хүн байсан даа. Дайнд явж байсан хүмүүсээ цуглуулдаг, уулздаг. Тэднийгээ тодорхойлж өгдөг байсан. Зөвхөн миний аав биш л дээ. Нэр нь тодроогүй олон мундаг дайчид байгаа шүү дээ. Эх орныхоо төлөө, эрх чөлөө тусгаар тогтнолынхоо төлөө тулалдсан эрэлхэг зоригт хөвгүүдээ эх орон, хойч үе нь битгий мартаасай л гэж хүсч байна.

Т.Дүүдэй гуай дайны дараа гэр бүлтэй болсон гэсэн үү. Дайны үеийн тухай дурсдаг байв уу?

-Ээж маань Дорноговийн хүн шүү дээ. Дорноговьд барилгын ажлаар явж байгаад гэл үү дээ ээжтэй танилцсан юм билээ. Гэр бүл болж, таван хүүхэд гарсан. Гучин жил ханилаад, ээж 1978 онд өнгөрсөн юм. Баатар болох үедээ өөр хүнтэй амьдарч байсан юм. Тэтгэвэрт гарах үедээ баатар болсон шүү дээ. Аав цэргийн ангиуд, дунд сургууль, аймгуудаар явж уулзалт яриа хийж байгаа зургууд нь надад бий. Хуучны сонинуудад гарсан ярилцлагууд нь байдаг. Өөрийнх нь хадгалж байсан юмнууд нь байгаа. Тэрсхэн таван хүүхэдтэй, дөрвөн охин, нэг хүүтэй хүн шүү дээ. Цэргийн хүн болохоор нэг нь л буруу хэрэг хийвэл тавууланг нь жагсаадаг, загнаж, шийтгэдэг байлаа.

“Суман дундуур би үхчих болов уу гэж боддоггүй. Бүгдээрээ л чигээрээ урагшаа, эх орноо яаж хамгаалах вэ, яаж ялан дийлэх вэ л гэж боддог” гэж ярьж байсан. Аав бас хоолоо их хурдан иднэ. Тэгэхээр бид дагаад их хурдан идэцгээнэ. Энэ бүр зуршил болчихсон. Ааваас “Та яагаад ийм хурдан иддэг юм бэ, таны чих яагаад ийм хатуу болчихсон юм” гэж асуудаг байлаа. Тэгэхээр аав, дайны үед хоолтой хоолгүй, нойртой нойргүй явна. Хоол олдсон дээр нь хурдан идэхгүй бол дахиад хэд ч хоног хоосон явах аюултай байлаа. Дайн тулаанд орж явахад дэргэд мина дэлбэрэх энүүхэнд. Тэгээд л чих хатуу болсон байх” гэдэг байсан. Аавын дэргэд мина дэлбэрээд хөл нь шархдаж байсан юм билээ.

Баатар болсны дараа аавын чинь амьдралд ямар өөрчлөлт гарсан бэ?

-Дээр үед “Эх оронч” гэж цөөн хэдэн хүнийг хэлдэг байсан. Дайнд гавьяа байгуулсан хүмүүсийг л тэгж нэрлэдэг байсан. Баатар болоогүй байхдаа ч их хүндлэгдэж тувт уулзалтад уригдаж, ярилцлага өгдөг байсан. Хамт байлдаж явсан хэдэн өвөгчүүл “Салаан дарга” гээд хөөрхөн уулздаг байв. Аав маань ч энэ өвчтэй байгаа юм, тэрийгээ амралтанд авч явна гээд л явдаг байсан.

Дайнд явж байсан хүмүүс цуглахаараа юу ярьдаг байв?

-Дайны үеийг нэг их дурсаад яриад байхгүй дээ. Ер нь нэг гожин тавьчихаад хол ойрын юм ярьж суудаг байсан санагдаж байна. Бие биенээ цаашлуулж, хөзөр тоглож суудаг байсан.

Дайнд оролцсон ахмадуудаа улсаас харж ханддаг байсан болов уу?

-Аавыг 1985 онд Улсын баатар болоход Батлан хамгаалах яамнаас гурван өрөө байр өгсөн шүү. Цэргийн парад болоход хүндэтгэлийн арга хэмжээнд оролцдог. Хоёрдугаар төв эмнэлгээр үйлчлүүлдэг байсан.

Та ямар мэргэжлийн хүн бэ, өөрийнхөө тухай яриач?

-Би бараа судлаач, худалдааны мэргэжилтэй. Дээр үед долларын дэлгүүр гэж байхад ажилладаг байлаа. Одоо бол би тэтгэврийн хүн шүү дээ. Хүүхдүүдийнхээ ажилд туслаад л байж байдаг.

Т.Дүүдэй баатрын амьдралын сүүлийн жилүүд ямархуу өнгөрсөн бэ?

-Аав маань амьдралынхаа сүүлийн жилүүдэд Л.Аюуш баатрынхаа хөшөөнд цэцэг өргөхийг хүсдэг байсан. Хөшөө нь байлдаж явсан газар нь л байсан юм болов уу даа. Тухайн үедээ Хятадын Элчинд өргөдөл хүсэлт өгөөд яваад байдаг байсан. Тэр үед хилийн цаана очихыг зөвшөөрдөггүй байсан. Сүүлд зөвшөөрөл өгөөд аав хүслээ биелүүлсэн. Аав бас Хар далайд очиж амарч байсан. Аав маань 2000 онд 79 хүрээд өнгөрсөн. Сүүлийн хэдэн жил би харж асарч байлаа. Явъя гэсэн газраа явж, уулзъя гэсэн хүмүүстэйгээ уулзсан. Ямар ч л байсан улс баатрыгаа мартаагүй байсан.

Одоо аавын маань 100 жилийн ой болж байна. Нутгийн зон олон маань аавынхаа хөшөөг босгоход туслах байх гэж найдаж байна. Төрсөн нутгийнхан нь хойч үе нь энэ хүнийг мэддэг дурсдаг байгаасай. Миний хүсч мөрөөдөж байгаа юм энэ л байна даа.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Оюунгэрэл: Бидний мэддэггүй амьдрал хаалганы цаана байна

Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэлтэй ярилцлаа.


Манай хүүхнүүд Мартын-8-ныг урьдынхаараа тэмдэглэх үү, арай өөрөөр угтах уу?

-Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдоод хоёр жил гаруй хугацаа өнгөрч байна. Ажлаа авсны дараа анхны Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр бид “Хүчирхийллийн эсрэг хүн бүрийн оролцоо” сэдвээр 21 аймгийн эмэгтэйчүүдийн төлөөллийг Төрийн ордонд цуглуулж, мянган эмэгтэй оролцсон үндэсний хэмжээний чуулган зохион байгуулсан юм. 2019 оны гуравдугаар сарын 7-нд энэ чуулганыг хийсэн. 2020 оны Мартаар дэлхий даяар цар тахал эхэлсэн, хорио цээрийн дэглэмтэй үе байлаа. Яг гуравдугаар сард дэлхий даяар маск ховор байсан. Энэ үед “Мартаар маск оёё” аян өрнүүлсэн юм. Энэ аяны хүрээнд улсын хэмжээнд 70 гаруй мянган маск оёсон. Арван мянган маскийг Эрүүл мэндийн яаманд хүлээлгэж өгсөн юм. Мөн тооны маскийг Солонгос улсад “хараар” ажиллаж амьдарч байгаа монголчууддаа илгээлээ. Үлдсэн 50 гаруй мянган маскийг тухайн аймаг, орон нутаг, сум дүүргийнхээ Онцгой байдал, иргэдэд өгсөн байдаг. Энэ жилийн тухайд бид “Хаалга” төсөл эхлээд байна. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр баяр мөн үү, бидний тэмдэглэж заншсан баярын маань утга агуулга юу билээ гэдгийг бодох учиртай. 1977 онд энэ өдрийг НҮБ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр хэмээн зарласан. Одоо бол Мартын 8-ныг социалист байсан улсуудад түлхүү тэмдэглэдэг. Гэтэл Хятад бол Мартын 8-ны талаар ярьдаггүй. Харин вьетнамчууд Мартын 8-ныг баярын байдлаар тэмдэглэдэг. япончууд охид, эмэгтэйчүүдээ баярлуулах өдөр гэж тэмдэглэдэг байх жишээтэй. Энэ заншил манай монголчуудад ч байдаг. Мартын 8-наар ээжийгээ, эхнэрээ, эмэгтэйчүүдээ баярлуулъя гэдэг. Мэдээж нэг ч гэсэн эмэгтэй нэг өдөр ч гэсэн илүү хүндлүүлж, баярлаж, хайрлуулах нь сайн хэрэг. Гэхдээ бид Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр эрхийнхээ талаар ярьдаг, нэгддэг байх учиртай. Эрхийг нь хамгаалах ёстой байгууллага, төр засаг эмэгтэйчүүдийн эрхийн асуудлыг илүү хөндөж ярьдаг өдөр байгаасай гэж Монголын эмэгтэйчүүдийн холбоо хүсч, ийм жишиг тогтоохоор хичээж байна.

Энэ утгаараа нэгдүгээр сарын 10-наас эхлээд бид “Асуудлыг асууя” аян эхлүүлсэн юм. Танд асуудал байгаа бол хэлээрэй. Хамгийн тулгамдсан асуудал юу вэ гэж бид асуусан. Хоёрдугаар сарын 28-нд санал асуулгаа дуусгалаа. Үүний зэрэгцээ бид бас эмэгтэйчүүдээс энэ сэдвээр захиа авсан. Манай асуулгад нийт 28500 орчим хүн хамрагдсан. 450 орчим захиа бидэнд ирсэн байна. Үндсэндээ бид Мартын 8-наар ямар асуудлыг ярихаа асууж, хариугаа авсан. Энд гэр бүл салалт, гэр бүлийн хүчирхийлэл, архидалтын асуудал эхний гурван байрт орж ирсэн. Хамгийн олон удаа энэ гурван асуудал яригдсан. Ингээд бид Гэр бүлийн хүчирхийлэл буюу хаалттай хаалганы цаадах асуудлыг сөхье гэж “Хаалга” төслийг эхлүүлж байна. Гэр бүлийн хүчирхийлэл гэхээр бид хүүхэд хамгааллын асуудлыг түлхүү ярьдаг. Мэдээж хүүхдийг эцэг эх,төр хамгаалах үүрэгтэй. Гэхдээ гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын 89 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Арав гаруй хувь нь хүүхэд байна. Ямар ч эх хүн хүүхдээ зодуулж байхад зүгээр хараад суухгүй. Гэтэл тэр хүүхэд яагаад зодуурт өртсөн гэхээр ээж хүүхдээ хамгаалах чадваргүй болтлоо хүчирхийлэлд өртсөн хэрэг. Хүүхдийг хамгаалахын тулд наана нь байгаа ээжийн асуудлыг яримаар байна. Эмэгтэйчүүдийг хүчирхийлэлд өртүүлэхгүй байх бодлого хэрэгжүүлмээр байна. Ээжийг нь хамгаалж байж бид хүүхэд хамгааллын тухай ярих боломжтой байна. Үндсэндээ манай улсад хэрэгжиж байгаа маш сайн хуулиуд бий. Нэмж сайжруулах шаардлага бас байгаа. Манай бодлого өнөөдөр яаж явж байна гэхээр таслан сэргийлэх арга хэмжээ л авч байна. Хүүхэд хүчирхийлэлд өртсөн бол хамгаалах байранд аваачъя. Зодсон этгээдийг шоронд хийчихье. Гэтэл хэдэн ч хүнийг шоронд хийгээд, хэдэн ч хүүхдийг хамгаалах байранд аваачаад энэ асуудал шийдэгдэхгүй. Энэ бол шийдэл биш. Нэг удаа гал унтрааж байгаа таслан сэргийлэх арга хэмжээ. Тэгвэл хүүхэд гэрээсээ дайжихгүй байх, хүчирхийлэл үйлдэгдэхгүй байх орчныг бүгдээрээ яаж бүрдүүлэх вэ?

Хамгийн аюулгүй амьдрах учиртай гэр орон хамгийн эрсдэлтэй орчин болж хувираад байна шүү дээ. Хүүхэд, эмэгтэйчүүдийг гудманд барьж авч зодож хүчирхийлэхээс илүү гэр орны хүрээнд энэ асуудал өрнөөд байна шүү дээ.

Хаалганы цаана далд өрнөж байгаа асуудалд яаж нэвтрэх вэ, ямар арга хэрэглэнэ гэж бодож байна вэ?

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой судалгаануудын дүнд хүчирхийлэл үйлдэгдэж байгаа хоёр, гурван суурь шалтгаан байдаг гэж үздэг. Нөхцөлүүд бол олон л доо, жишээлбэл архи. Суурь шалтгааны нэг бидний амьдарч байгаа нийгмийн соёл, хандлага. Үндсэндээ бид хуучин уламжлалт хэвшмэл ойлголт, соёл хандлагаасаа салж чадахгүй байна. Ер нь дэлхий нийтэд хүчирхийлэл байна уу гэвэл байна. Гол нь үүнийг бууруулах, багасгах, асуудалд онцгойлж анхаарч байгаа юм. Жишээ нь, судалгаагаар Ази, Номхон далайн бүс нутаг хүчирхийлэл хамгийн өндөртэй бүс гэж үздэг. Үүнийг соёлтой холбодог. Эцгийн эрхт ёс давамгайлсан бүст хүчирхийлэл их байна гэж үздэг. Монгол эцгийн эрхт ёс давамгайлдаг ард түмэн. Хүүхдээ төрсөн цагаас нь ялгаатай байдлаар өсгөж хүмүүжүүлээд байгаа юм. Эр хүн уйлдаггүй юм. Эмэгтэй хүн урт үстэй, ухаан богинотой гээд хэвшмэл ойлголтууд байна. Нийгэм өөрчлөгдөхийн хэрээр хүн дагаад өөрчлөгдөж байдаг. Энэ хэрээр уламжлалт соёлууд ч бас өөрчлөгдөх учиртай. Социализмын үед аавууд гэр бүлээ тэжээх үүрэгтэй байлаа шүү дээ. Ээж бол гэрээ цэвэрлэнэ, хүүхдээ өсгөнө. Гэтэл одоо хэн орлого олж байна тэр нь гэр бүлээ тэжээнэ. Эмэгтэйчүүд орлого олж, гэрээ авч явж нийгмийн амьдралд маш идэвхтэй оролцох болсон. Эмэгтэйчүүдэд ажлаа ч хийгээд, гэрийн ажлаа ч амжуулаад, хүүхдээ ч өсгөөд явах ёстой гэсэн үүрэг хүлээлгээд байна. Энэ уламжлалт хандлагаас болоод эр хүнийг хүндэлсэнгүй гэсэн асуудал яригддаг. Гэр бүлийн асуудал бол эмэгтэйчүүдийн асуудал гэж нийгэм үздэг. Хүүхдийн асуудал бол эмэгтэйчүүдийн асуудал болдог. Хүүхэд хүчирхийлэлд өртлөө гэхээр тэр УИХ-ын 13 эмэгтэй гишүүн юу хийж байна гэдэг. Тэгвэл бусад 65 нь хаачсан юм. Тэд ч бас яг адилхан үүрэг хүлээж, эрх эдлээд, яг адилхан бодлого боловсруулаад, яг адилхан сонгогдоод гарч ирсэн улсууд шүү дээ. Эмэгтэй хүний асуудал гэдэг тэр аяараа нийгмийн асуудал байдаг. Монгол гэдэг нэг айл шүү дээ.

-”Хаалгатөслийн хүрээнд хандлага өөрчлөх ажил хийх юм байна, тийм үү?

-Бид ганцхан төсөл хэрэгжүүлээд хандлага өөрчлөгдөхгүй. Монголын эмэгтэйчүүдийн холбоо төрийн байгууллага биш. Бид бол зүгээр л иргэний нийгмийн байгууллага. Тэр үүргийнхээ хүрээнд бид “Шүгэл үлээж” байгаа юм. Түрүүн бид хүчирхийлэл үүсэхэд нөлөөлж байгаа шууд шалтгааны тухай ярьсан. Нэг нь соёл байна шүү дээ. Хоёр дахь суурь шалтгаан нь эдийн засаг. Эмэгтэй хүн эдийн засгийн хараат байхаараа хүчирхийлэлд өртөөд байгаа юм. Эмэгтэйчүүд хүүхэд төрүүлдэг. Ажил хийхгүй гэртээ хүүхдээ хараад гурван жил суухад л шууд утгаараа эдийн засгийн хараат байдалд ордог. Тэгвэл тэр эмэгтэйчүүдийг дэмжих, хөгжүүлэх, эдийн засгийн хараат бус байлгахын тулд төр ямар бодлого хэрэгжүүлэх юм. Бид өөрсдөө юу хийх вэ. Нийгэм эмэгтэй хүнийг хүлээн зөвшөөрч, соёл хандлагаа яаж өөрчлөх вэ гээд маш олон талын ажлууд хийх ёстой.

Жишээ нь, социализмын үед соён гэгээрүүлэх ажилд маш их мөнгө зарж байсан. Монголын эмэгтэйчүүдийн холбоо “Гэр бүлийн суурь хүмүүжил олгох нас насны онцлогт тохирсон сургалтын хөтөлбөртэй болгож өгөөч” гэж хоёр жилийн өмнөөс ярьж байгаа. Өв соёл, уламжлал, эцэг эхээ хүндлэх, хүнтэй зөв харилцах, хүний нөхөр, эхнэр болохоор яах вэ, хүүхэдтэй болвол, салвал яах вэ гэдгийг ойлгуулах хэрэгтэй байна. Эхнэр, хүүхэдтэй болно гэдэг үүрэг хүлээх юм байна. Салвал хүүхдийн тэтгэмж төлөх ёстой юм байна гэж мэдээд эхлэхээрээ гэр бүлээ төлөвлөдөг болно. Гэтэл өнөөдөр сэтгэлийн хөөрлөөр хүнтэй сууж хүүхэд гаргаад, ачаагаа даахгүй, үүрэг хариуцлагаас зугтаж байна шүү дээ. Гэр бүл салалт жил ирэх тусам 10 хувиар өсч байна. Гэр бүлийн хүчирхийллийн 150-200 дуудлага өдөр болгон ирж байна. Жилд 50 гаруй мянган дуудлага ирж байна. Энэ бол зөвхөн бүртгэгдэж байгаа дуудлага. Үүний цаана ярьдаггүй, мэдэгддэггүй хэдэн тоо байж болох вэ. Хүчирхийлэл нас хүйс, нам улс төр хөрөнгө чинээ хамаарахгүй тохиолдож байдаг. Нэр хүнд карьерт нөлөөлнө гээд хаалганы цаана уйлаад сууж байгаа олон эмэгтэй бий.

Гэр бүлийн хүчирхийлэл, ядуурал, архидалт цогцоор нь ярих, шийдэх ёстой сэдэв л дээ?

-Хамгийн түрүүнд хүнээ хүмүүжүүлэх хэрэгтэй болно. Нэгэнт гуч, дөч, 50 гарчихсан хүмүүсийг яаж хүмүүжүүлэх вэ, соён гэгээрүүлэх ажлаар л нөлөөлнө. Хандлагыг нь өөрчлөх хэрэгтэй болно. Тэгэхийн тулд бид дунд сургуульд авчраад хичээл заагаад суухгүй шүү дээ. Нөлөөллийн ажлуудыг тогтмол зохион байгуулах учиртай. Бидний үзэж байгаа кино, контент уран бүтээл, хэвлэл мэдээлэл, манлайлагчид, уран бүтээлчид бүгд нөлөөлнө. Хэд хоногийн өмнө олны танил гэр бүлд юу болов. Тэрийг хэдэн хүн хараад сууж байгаа вэ? Гэхдээ урлагийн гэр бүл, олны танил учраас мэдээлэхгүй, харуулахгүй гэж болохгүй. Магадгүй нэг хаалга тэнд нээгдэж байна. Социализмын үед улсын төсвийн 30 хувийг соён гэгээрүүлэх ажилд зарцуулдаг байсан юм билээ.

Маш их мөнгө үзэл суртал, соён гэгээрүүлэх ажилд зарцуулж байсан. С.Удвал дарга эмэгтэйчүүдийн ажлын цагийг багасгах гэх мэтээр олон ажил шийдүүлж байсан тухай та дурдсан байна лээ. Орчин үед цахимаар ажиллах хууль эрх зүйн боломж бий болгох гэх мэтээр МЭХноос санаачлах боломжтой юу?

-Төрөөс гарч байгаа бодлого бүхэн жендерийн мэдрэмжтэй байх учиртай. Жендер гэхээр дарга болох гэж байгаа эмэгтэйчүүдийн асуудал гэж ойлгодог. Нэг жишээ хэлье. Монголд 98 мянган ээж гэртээ хүүхдээ хараад сууж байгаа. Тэд “Цалинтай ээж” хөтөлбөрт хамрагддаг. Сар болгон 50 мянган төгрөг авч байгаа. Ээж нь илүү өндөр цалинтай бол аав хүүхдээ хараад, тэр хөтөлбөрт хамрагдах боломжтой. Дахиад л манайхны соёл үүнд нөлөөлж байна. Эрэгтэй хүн хүүхдээ харж гэртээ сууж болохгүй. Цалинтай ээжийн мөнгийг хүйс хамаарахгүй өгмөөр байгаа юм. Үүнийг жендерийн асуудал гэж хэлээд байгаа юм. Хоёрт, ажлаа хийхийг хүссэн ээжийн хүүхдийг харах хүн байдаггүй. Харин сая 2020 оны МАН-ын мөрийн хөтөлбөрт яслитай болно гэсэн заалт орж ирсэн. Хүүхдээ яслид өгөөд ээж цалинтай орлоготой болох нөхцөл бүрдэж байгаа юм. Улсын хөгжил хүний хөгжлийн асуудал байдаг.

Соёлын довтолгоо 2 аян эхлүүлсэн байна лээ. Дээр үед соёлын довтолгоо гээд айлуудын ариун цэвэр, ор дэрний даавуу шалгадаг байсныг хүмүүс мэднэ. Соёлын довтолгоо 2 нь юугаараа ялгаатай вэ?

-Тэр үед ахуйн соёлын хувьсгал хийсэн. Төр хүчээр айлын гэрт орж байсан. Манай Соёлын довтолгоо 2 оюун руу чиглэж байгаа. Бид оюуны соёлын хувьд хэр байгаа вэ, бидний ёс суртахуун хаана явна. Энэ бол урт хугацаанд хэрэгжих төсөл. Коронавирусээс болоод зогсоод байна. Салбар салбартаа манлайлагч залуус лекц уншиж байгаа. Хавдар их байна, харин бид өвдөхөөсөө өмнө урьдчилан сэргийлдэг соёлыг бий болгох хэрэгтэй байна. Саяхан бид умайн хүзүүний хавдраас сэргийлэх сургалтыг бүх сумдад цахимаар зохион байгууллаа.

Клабхауст энэ сэдвээр хийсэн хэлэлцүүлэгт чиглүүлэгчээр орсон байна лээ. Хүмүүст мэдээлэл хүргэх боломж бүрийг ашигладаг байх л даа. Та хүмүүсийн хандлагыг өөрчлөх тухай ярьж байна. Гэтэл МЭХ ямар санхүүжилтээр энэ бүхнийг хийх вэ?

-Яг үнэндээ социализмын үед Монголын эмэгтэйчүүдийн холбоо яамны дайтай бүтэц байсан. С.Удвал гуай улаан номертой машин унадаг байсан гэж манай Д.Мөнхөө дарга ярьдаг. Тэр хүн төрийн сайдын хэмжээний эрх мэдэлтэй явсан. Төр, олон нийтийн статустай байгууллага байсан МЭХ одоо бол жирийн нэг ТББ. Гэхдээ гурван үнэт зүйлээрээ ялгардаг. Яалт ч үгүй 100-гаад жилийн түүх байна. Үндэсний хэмжээний сүлжээ байна. Энэ сүлжээг хариуцаж ажиллаж байсан бүтэц байна. Бид одоо гуйлга түүлгээр явдаг. Зарим ажлаа төрийн байгууллагаас тав, гурван цаас авч хийнэ. Жишээ нь “Хаалга” төсөл гээд гуравдугаар сарын 6-ны өдөр гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой энэ олон санал, захидлыг бид төв талбай дээр 50 хаалга тавиад, хаалган дээр хүчирхийллийн тоо баримт, захидлыг тавих юм. Хүссэн хүн болгон очиж үзээрэй. Бидний мэддэггүй амьдрал тэр хаалганы цаана байна. Ийшээ хармаар байна гэдэг мессэжийг өгч акц хийж байгаа юм. Үүнд дэмжлэг үзүүлээч гээд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үндэсний зөвлөлд санал тавьсан. “Манайд мөнгө байхгүй” гэсэн. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хандсан. “Мөнгө байхгүй” гээд өгөөгүй. Гоо сайхны компаниас мөнгө гуйгаад явж байгаа юм. Төр иргэний нийгмийн байгууллагаа дэмжих хуультай. Хамтдаа энэ аяныг хийгээд, төрийн хүрч чадахгүй байгаа малчны хотонд бид хүрэх боломжтой. Ерөнхийдөө бид олон улсын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж, ойр зуурын мөнгө олох ажил хийж байна.

Саяхан С.Удвал, Сүхбаатарын Янжмаа даргын ой болоод та МЭХны даргын хувьд мэндчилгээ дэвшүүлсэн байна лээ. Таны төрсөн өдөр бас яг энэ үеэр болдог юм байна. Тэд бол өмнөх нийгмийн түүхэн эмэгтэйчүүд. Харин орчин үеийн МЭХны дарга тэднээс юугаар ялгарах учиртай гэж боддог вэ?

-Сэтгэл байхад ажил хийж болдог гэж боддог. Ажлаа аваад нэг жилийн хугацаанд 21 аймгийг хоёр удаа тойрсон. Яах вэ, нэг жилд нь ковид таарсан. Би 60 гаруй мянган хүнтэй уулзсан. Галт тэрэг, таксинд суугаад явдаг. Найзыгаа гуйгаад, өөрийнхөө машинаар ч замд гардаг. Гэсэн ч эдийн засаг гэдэг том хөшүүрэг. МЭХ-ны 21 аймгийн дарга цалингүй ажилладаг. Тэр хүмүүсийг үүрэгжүүлээд ажиллана гэдэг надад хүнд байдаг. Тэднийгээ цалинтай болгочихвол манай ажил илүү далайцтай явна. Бид олон ажил хийдэг ч үүнийгээ хэвлэлээр сурталчлах мөнгө байдаггүй. Сошиалын боломжийг ашиглаад цөөн хүнд хүргээд явж байна. Энэ жил МЭХ-ны гурав дахь даргаар ажиллаж байсан, XX зууны төр, нийгмийн зүтгэлтэн С.Удвал агсны 100 жилийн ой тохиож байна. Энэ домог болсон эмэгтэйн амьдралаас сэдэвлэсэн “Улаан цэцэг” уран сайхны кино хийж байна. Энэ эмэгтэйн дүрээр дамжуулж, эмэгтэйчүүдэд тохиолддог асуудлыг гаргаж ирэх юм. Хэдийгээр энэ эмэгтэй төрийн өндөр алба хашиж байсан ч гэртээ бол жирийн нэг ээж л болдог. Одоо ч олон эмэгтэй ийм замаар явж байна. Гэтэл нийгэм эмэгтэйчүүдийг төгс байхыг шаарддаг. Айлд юу болж байгааг мэдэхгүй байж, бүхнийг мэддэг юм шигээр бусдыг шүүдэг. Өндөрлөгт хүрсэн эмэгтэйчүүдийг элдвээр шүүмжилдэг. Хэн нэг эрэгтэйгээс хараат байх ёстой мэтээр тайлбарладаг. Соёл гэж үүнийг хэлээд байгаа юм. Эрэгтэй хүн болохоор улс төрд оргилд хүрч болно. Эмэгтэй хүн болохоор өөрөөр хардаг. Саяхан Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэж зарласан Ц.Оюунгэрэлийг эвэртэй туулай харсан юм шиг янз бүрээр хэллээ шүү дээ. Бид өөрсдөөсөө эхлээд хандлагаа өөрчилмөөр байна.