Categories
мэдээ эдийн-засаг

Л.Оюун: Зээлээ урьдчилж төлөх гэдэг нь санхүүгийн боловсролгүй хүний үйлдэл

Эдийн засагч, шинжлэх ухааны доктор Л.Оюунтай иргэдийн санхүүгийн боловсролын талаар ярилцлаа.


-Та саяхан монголчуудын санхүүгийн боловсролын асуудлаар шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан байна лээ. Ер нь монголчууд хэр санхүүгийн боловсролтой хүмүүс вэ?

-Миний судалгааны ажлын нэг том хэсэг нь энэ. Монголчуудын санхүүгийн боловсролын түвшин ямар байгааг судалсан. Дэлхийн банкнаас ядуу, орлого багатай орнуудын иргэдийн санхүүгийн чадавхыг үнэлсэн байдаг. Манай монголчууд санхүүгийн мэдлэгтэй байна. Санхүүгийн чадамж муутай байна гэж гарсан юм. Хадгалах, хуримтлуулах хэрэгтэй гэх мэтээр мэдлэг байна. Мэдлэгээ хэрэгжүүлэх тал дээр сул дүн авсан. Ялангуяа үнэт цаасны зах, хувьцаа бонд дээр мэдлэг муутай гэж гарсан. Стандарт энд Пүүрс гээд олон улсын байгууллага дэлхийн улс орнуудын иргэдийн санхүүгийн боловсролын индексийг тодорхойлсон байдаг. Дэлхийн улсууд 13-77-гийн хооронд үнэлэгдсэн. Манайх 36 оноо авсан байдаг. Энэ хүрээнд судалгаа хийж үзсэн. Энэ судалгаагаар дээрх хоёр байгууллагын гаргасан дүгнэлт батлагдсан. Ер нь манай хүмүүс мөнгөө удирдах ёстой. Бага үрэх ёстой, хэрэггүй юм авах ёсгүй гэж мэдээд байдаг. Гэсэн ч үүнийгээ хэрэгжүүлдэггүй юм байна гэдэг нь харагдсан. Монголчуудын санхүүгийн боловсролд цаашид анхаарах хэрэгтэй юм байна гэдэг дүгнэлт хийгээд, яаж дээшлүүлэх вэ гэдэг эрэл хайгуул хийж судалсан юм.

-Ямар аргаар дээшлүүлэх боломжтой вэ?

-Миний судалгаа “Монгол Улсын иргэдийн санхүүгийн боловсролын тогтолцооны онол, арга зүйн судалгаа” гэсэн нэртэй юм. Тогтолцоо нь байна уу, санхүүгийн боловсрол олгох боломж байна уу гэдгийг судаллаа. Боловсролын тогтолцоонд байдаг шинжүүдийг авч үзэхээр элементүүд нь байна. Нөөц, бүтэц, зохион байгуулалт нь байна. Гэхдээ бүх нийтээр нь санхүүгийн боловсрол олгох боломжийг сайжруулах ёстой нь харагдсан.

Жишээ нь, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангид “Бизнес судлал” гэдэг хичээл 2016 оноос хойш орж байгаа ч хүүхдүүд сонгодоггүй. Яагаад сонгохгүй байна гэхээр хүүхдүүд ахлах ангидаа ирээдүйн мэргэжлийнхээ суурь хичээлийг илүү сонгодог юм байна. Эцэг, эх нь сонголт хийхэд нь нөлөөлдөггүй. Багш нь сурах бичигтэйгээ, бэлэн хөтөлбөр байхад сонголт хийхгүй байгаа юм. Заавал сонгон судлах хичээл болгочих боломжтой. Үүнд яам анхаарах хэрэгтэй гэсэн дүгнэлт хийсэн.

Дээр нь Насан туршийн боловсролын үндэсний төвөөр дамжуулаад хүмүүст “Амьдрах ухаан” хичээл ордог боловч бас яг агуулгыг нь илэрхийлсэн хичээл байж чадахгүй байна. Жинхэнэ хөтөлбөрөөрөө хийгдээгүй байна. Энэ бүгдийн суурь нь багш бэлтгэгдээгүй байна гэж дүгнэсэн. Багш нар маань өөрсдөө заалгаж байгаагүй энэ хичээлийг бусдад заана гэхээр зүрхшээгээд байна гэж анзаарагдсан.

-Багш бэлтгэгдээгүй байж болно. Амьдрал бидэнд том хичээл зааж байна. Хүн ажлаа хийх боломжгүй, орлого тасалдах цаг ирж болно гэдгийг ковид бидэнд ойлгууллаа. Ийм эрсдэлтэй үед хэрэглэх мөнгө цааш нь хийх ёстой гэдэг орой руу орж байна л даа.

-Манай судалгаа боловсролын тогтолцоогоо хөндсөн учраас боловсрол олгож байгаа хэлбэрүүдээ бас судалсан л даа. Тэрэн дунд чиний хэлснээр амьдрах орчноосоо суралцах хэлбэр гэж байдаг. Хүн насан туршдаа суралцана гэдэг концепцийг дэлхий нийтээрээ баримталж байгаа. Амьдрал баян. Асуудал байнга тулгарч байдаг. Монголд албан ба албан бус боловсролын тогтолцоо бий. Албан бус боловсрол нь Насан туршдаа суралцахуй. Бас миний хөндөж тавьсан зүйл санхүүгийн байгууллагууд тэр дундаа арилжааны банкууд бүтээгдэхүүний нөхцөлүүдээр дамжуулаад санхүүгийн боловсрол олгох ёстой гэдэг арга зам байгаа юм. Ковидын үед нийт хадгаламжийн хэмжээ нэмэгдсэн. Үүнд олон хүчин зүйл нөлөөлсөн. Амьдрал тулгасан, ойлгуулсан. Засгийн газраас мөнгөөр нэлээд дэмжлээ. Хөл хорилоо. Дэлгүүр хэсэхээ байлаа. Гадуур хооллохоо байлаа. Хүүхдийн мөнгө, 300 мянган төгрөг өгсөн учраас хүмүүс эрсдэлтэй нөхцөлд мөнгөө хадгалах сонголт хийж байна. Бид судалгааны явцад “Орлого гэнэт тасалдвал та хадгаламжаараа хэдэн сар амьдрах вэ” гэж асуусан. Судалгаанд оролцсон хүмүүсийн 33 хувь нь хадгаламж байхгүй гэж хариулсан. Энэ бол аюултай тоо л доо. Ер нь хадгаламж, хуримтлал хоёрынхоо ялгааг манайхан мэдэх ёстой.

Гэнэтийн хэрэгцээ гарах үед хэрэглэх зорилготой мөнгийг хадгаламж, өсгөж үржүүлэх зорилготой мөнгийг хуримтлал гээд байгаа юм. Үүнийг ялгахын тулд банкууд хугацаагүй, хугацаатай хадгаламж гэж нээдэг. Хугацаагүй хадгаламжийн зориулалт хадгаламж, хугацаатай хадгаламж нь хүү өндөртэй байдаг учраас хуримтлал. Тодруулж хэлэхэд орлого гэнэт тасалдахад дор хаяж, гурван сар хэвийн амьдралаа аваад явчих хэмжээний мөнгө хадгалсан байх учиртай. Хугацаагүй хадгаламжинд ийм хэмжээний мөнгө байх ёстой. Энэ хугацаандаа дараагийн орлого орж ирэх боломжийг хүн бүрдүүлээд авна. Судалгаанд оролцсон хүмүүсийн цөөнгүй хувь нь “Болж байна” гэж хариулсан. Болж байна гэвэл хүн цаашид ахиж дэвших арга хайхаа больдог.

Манайхан “Хоёр идэхгүй, хоосон хонохгүй” гэдэг. Ингэж болохгүй. Хадгаламж хугацаагүй хадгаламжинд бий. Хуримтлал гэхээр хувьцаа бонд үнэт цаас, урт хугацаатай хадгаламжаар дамжаад өсөөд, янз бүрийн хэлбэрээр үржээд явж байх учиртай. Манайхан хадгаламж, хуримтлалаа ялгаагүй учраас хугацаагүй хадгаламждаа нэг их мөнгө хийхгүй байгаа юм. Хугацаагүй хадгаламждаа гурван сарын хэвийн амьдралаа хангах хэмжээний зардлыг хадгалж, үүнээс илүү гарсан мөнгөө хуримтуулж эхлэх ёстой. Энэ талаар манайхан мэдлэгтэй байх ёстой гэж судалгаагаар гарсан юм.

-Та хуримтлалын философи гэж ярьдаг даа. Гурван хувингийн тухай ярьж байсан санагдаад байна?

-Зарим хүн дөрвөн түрийвч гэж ярьдаг. Тэр гурван хувингийн онцлог нь нэг нь хадгаламжийнх, нөгөө нь хуримтлалынх. Гурав дахь нь санхүүгийн эрх чөлөөнд хүрэх мөнгө юм. Энд хүмүүс өөрсдөө сонголт хийнэ.

-Ихэнх хүмүүс зээлтэй байдаг. Хараад байхад хүмүүс хоёр янзаар төлбөрөө хийж байна. Нэг хэсэг нь богино хугацаанд аль болох өндөр төлбөр хийж, зээлээ хаахаар яардаг. Нөгөө хэсэг нь зээлээ хугацаандаа төлөнгөө хадгаламжиндаа жаахан мөнгө нэмэхэд анхаардаг. Аль нь зөв бэ?

-Наадах чинь санхүүгийн боловсролыг илтгэдэг. Манайхан зээлийг өр гэж хүлээж аваад байдаг. Өр, зээл хоёр өөр харилцаа. Зээлээ банктай тохирсон хуваарийн дагуу төлөөд явна. Түрүүлж, урьдчилж төлөх гэдэг санхүүгийн боловсролгүй хүний ойлголт. Битгий хугацаанаасаа өмнө төлөх гэж яар. Түрүүлээд төлчих мөнгө байвал хадгална, хуримтлуулна. Дахиад үржүүлнэ. Зээлээ төлөх орлогыг одоо илүүдээд байгаа мөнгөөрөө хийх ёстой. Зээл бол өр биш. Бүх том компаниуд зээлээ зөв ашиглаж байж томордог.

-Та мөнгөө зөв удирдах талаар лекц уншдаг. Банкууд ч хуримтлал үүсгэх талаар зөвлөж байдаг. Гэсэн ч хүн яг хэрэгцээтэй үедээ л энэ бүхнийг олж сонсдог юм шиг ээ?

-Яг тэгдэг. Би сая онол, арга зүйн судалгаа хийлээ л дээ. Хүн ямар нэг үйлдэл хийхдээ бодно. Бодож бодож байгаад шийдвэр гаргадаг юм байна л даа. Хүн болгоны сурах арга барил өөр. Жишээлбэл, би сурахдаа уншиж байгаа номон дээрээ бичиж, тэмдэглэдэг. Хүмүүс намайг “Яагаад номон дээр бичиж байгаа юм бэ” гээд шүүмжлэх гээд байдаг л даа. Миний сурах арга барил тэгээд тогтчихсон юм байна. Би номон дээрээ бичдэг, асуулт, анхаарлын тэмдэг энд тэнд нь тавьдаг. Дээгүүр доогуур нь зурдаг, улаан ногооноор нь эрээчдэг учраас би ном худалдаж авдаг. Миний өмч учраас би зурж болно. Би мөнгөө зараад худалдаж авсан учраас надад үйлчлэх ёстой. Номын сангийн номон дээр зурж болохгүй, нийтийн өмч учраас. Зарим хүн бол номоо уншаад, дэвтэртээ бичиж авдаг. Сурах арга барил, насны онцлог, сэтгэл зүйн онцлогт нь суурилаад, багш сургалтыг зохион байгуулах асуудал хөндөгдөж байгаа юм.

Гэхдээ миний судалгааны ажил санхүүгийн боловсрол олгох тогтолцоо Монголд байна уу, яаж тогтолцоог сайжруулах вэ гэдэг рүү чиглэсэн. Энэ хүрээнд судлах юм маш их бий. Боловсрол судлалыг хоёр түвшинд авч үздэг. Хувь хүний түвшинд, нийгмийн түвшинд. Хувь хүний түвшинд гэхээр хувь хүний хөгжил, санхүүгийн мэдлэг, боловсрол олгох явц судлагдана. Нийгмийн түвшинд гэхээр яг хүсээд байгаа, шаардлагатай боловсролыг олгох үйлчилгээ үзүүлэх ёстой. Та нар санхүүгийн боловсрол олцгоо гээд зөнд нь хаяхгүй, бас хүчээр олгохгүй, боловсрол олгох орчныг л төр бүрдүүлнэ гэсэн үг. Нэг анхаарах зүйл нь хүүхдүүдийг, хүмүүсийг сургах гээд зүтгээд байдаг. “Дургүй ламд дарж байж сахил хүртээнэ” гэдэг шиг байж болохгүй. Хүн цагаа болохоор л сурдаг. Боловсрол бол орцтой өөрөөр хэлбэл мэдээлэлтэй, явцтай, гарцтай тогтолцоо байхгүй юу.

Үүнийг үндэслэж, хэддүгээр ангийн хүүхдэд яаж ойлгуулах вэ гэдэг арга барилыг хөтөлбөртөө суулгаж байж хэрэгжүүлбэл маш богино хугацаанд амжилт олно. Бидний хийсэн туршилтаар хөөрхөн үр дүн гарсан л даа. Энэ бүхэн онолын нарийн үндсэн дээр явагддаг. Түүнээс биш “Чи энийг сурах ёстой” гээд байвал хүлээж авахгүй. Яаж хэлбэл ойлгох вэ гэдэг олон арга бий. Би ганцхан арга хэлье. Амжилттай яваа хүмүүсийн түүх чухал нөлөө үзүүлнэ. Түүгээр дамжуулаад сурах хүслийг нь бий болгоод, энэ үед нь үйлчлэхэд бэлэн байх учиртай.

-Та түрүүн багшаас гадна эцэг эхчүүд нөлөө үзүүлдэг гэсэн шүү дээ. Эцэг эхчүүд нь өөрсдөө зөв үлгэрлэх ёстой болно. Мөнгөө зөв зарцуулж сургахын тулд хүүхдэдээ мөнгө өгөх ёстой юу?

-Энэ чухал сэдэв. Манайхан боломжтой эцэг, эхчүүд нь хүүхдийнхээ мөнгийг хадгалдаг. Энэ буруу. Хүүхдээ амьдралд бэлтгэж, өөрт нь ногдож байгаа мөнгийг удирдуулж сургах хэрэгтэй. Мэдээж нас насных нь онцлогт тохируулна шүү дээ. Би хүүхдэдээ хадгаламж хийсэн гэж эцэг, эхчүүд бахархдаг. Хүүхдийнхээ амьдралын зорилгыг хулгайлж байна гэж хэлж болно. Хүн алдаж байж сурдаг. Алдаанаас маш сайн сурдаг учраас хэрэгцээтэй зүйлдээ мөнгө зарцуулах боломж олго. Алдсан үед нь зөвлөж тусал. “Хүүхдүүдээ амьдралд бэлтгэе” гэж хичээл цахимаар хийсэн. Эцэг эхчүүдэд маш их таалагдсан. Эхлээд сургалт явуулахаар зарлахад “Манай хүүхэд есөн настай сургалтад хамруулж болох уу” гээд эхэлсэн. “Эцэг, эхэд зааж байгаа юм аа” гэхээр зарим нь “Бид нарт юуг нь заах вэ дээ” гэдэг. Үлгэр дуурайл үзүүлнэ гэдэг эцэг эхээс хамааралтай. Эцэг эхээс гадна багш нар чухал үүрэгтэй. “Бизнес судлал” хичээлийг нийгмийн ухааны багш нар заах ёстой болсон. Тэдэнд хичээл заахаар Боловсролын яамны шугамаар орон нутагт “десант” буусан юм. Зарим нь энэ хичээлийг заах итгэлгүй байна гэсэн. Тэдэнд зөвлөхдөө “Та нар бизнес хий, хадгаламж, хуримтлал хий, зээл ав” гэсэн. Өөрөө бодитоор мэдэрсэн хүн хичээл заахад болоод явчихдаг л даа.

-Эцэг, эхчүүд мөнгөө гамгүй үрчихдэг бол хүүхдэдээ “Мөнгөө хадгал” гэж хэлээд нэмэр багатай л юм?

-Хүүхэд эцэг, эхээ л харж өсч байгаа шүү дээ. Эхлээд эцэг, эх өөрсдөө санхүүгийн боловсролтой болох хэрэгтэй байх нь. Боловсрол тасралтгүй байх ёстой. Хүүхэд мөнгө гэдгийг мэдэж эхлэхэд л насанд нь тохирсон аргаар сургах учиртай. Манайд ахлах ангиас эхлэхээр оройтоод байна. Хүүхдэд ойлгуулдаг арга бий. Жишээлбэл, хүүгийнхээ хамгийн хайртай зүйлийг зээлээд ав. Битгий өг. Тэгэхээр хайртай юмаа хүүхэд нэхнэ шүү дээ. Ээж ээ, машинаа авъя гэхэд нь “Зөв шүү. Зээлсэн юмыг буцааж өгөх ёстой. Энэ чинь хүний юм. Хэрэглэж дуусан бол эзэнд нь өгөх ёстой” гэх мэтээр тайлбарладаг нарийн аргууд байдаг.

-Цэцэрлэгийн наснаас нь эхлээд сургах хэрэгтэй юм байна. Хүүхэд байж мөнгөөр яах юм гэж байснаа гэнэт нэг өдөр “Насанд хүрсэн байж мөнгөө зөв зарцуулахад яадаг юм” гээд загнавал хэцүү л дээ.

-Би социализмын үеийн хүүхэд. Орост их сургуульд сурахаар явахдаа л өөрийн гэсэн мөнгө барьж үзсэн. Тэр болтол аав, ээж юу өмсөж, зүүхийг мэддэг, аваад өгдөг байж. Тэгээд яг бие дааж амьдарч эхлэхэд заримдаа мөнгөгүй болоод өлсөнө. Аяндаа мөнгөө удирдаж сурсан юм. Хүүхдээ хойшоо бай, би мэдчихье гэдэг маш буруу. Намар хичээл эхлэхээр эцэг, эхчүүд хувцас, ном дэвтэр цүнх авахаар явдаг. Хүүхдүүддээ “Чамд юу хэрэгтэйг биччих, энэ мөнгийг аваад яв, өөрийнхөө юмыг ав” гэх хэрэгтэй юм билээ. Гэтэл хүүхэд энэ жил шинэ цүнх авахгүй байж болно. Цүнх авах мөнгөөрөө өөр хэрэгцээтэй юм авъя гэж шийдвэр гаргаж болно. Бие дааж санхүүгийн шийдвэр гаргахад багаас нь сургах чухал. Энэ бол хүүхдүүдээ амьдралд бэлтгэх арга.

Хадгалж сургана гэж гоё юм байдаг. Дуртай юмаа авангуутаа шууд идэж байна уу, эсвэл дараа идье гээд хойш нь тавьж байна уу гээд эцэг, эхчүүд хүүхдээ ажиглах хэрэгтэй. Хүүхдийнхээ онцлогт тохируулаад юу анхаарах вэ гэдгээ мэдээд авчих. Санхүүгийн боловсролд сургахдаа сурах арга барилд нь үндэслэх гэдгийг анхаармаар байна. Миний судалгааны ажлын хоёрдугаар бүлэгт “Монголчуудын эдийн засгийн сэтгэлгээний хөгжил, уламжлал, шинэчлэл” гэж бүлэг бий. Хүнээр хүн хийнэ гэдэг боловсролын эцсийн зорилго. Монголчууд хүүхдээ хар багаас нь маш нарийн сургаж ирсэн юм байна. Аргал түүхээс авахуулаад насных нь онцлогт тохирсон ажил хийж сургаад, амьдралд бэлтгэдэг байсан юм билээ. Миний судалгаан дээр нэг ийм дүгнэлт бий. “Монголд өнөөдөр хос сэтгэлгээ зэрэгцэн оршиж байна” гэж. Нүүдэлчдийн уламжлалт сэтгэлгээ, суурин сэтгэлгээ бас байна.

-Багш болгон санхүүгийн боловсрол олгочихдоггүй юм байна. Багшийн онцлог, амьдралын туршлага, мэдлэг хандлага гээд олон зүйл нөлөөлөх нь. Та эцэг эхчүүдэд юмуу багш нарт зориулсан гарын авлага бичих үү?

-Судлаачид бэлтгэхэд хувь нэмрээ оруулъя гэж бодож байгаа. Малчдын санхүүгийн боловсрол, хүүхдийн санхүүгийн боловсрол, эцэг, эхийн боловсрол өөр. Хүүхдэд зориулсан бэлэн болсон хөтөлбөрүүд бий. Хамтарч ажиллах судлаач, багш нар гарч ирнэ гэж найдаж байна. Надад хүмүүс хэлж байна лээ. Боловсрол судлал, эдийн засаг хоёр шинжлэх ухааны зааг дээр их том асуудлыг анх удаа хөндлөө гэсэн. Анхны суурийг нь тавихад түүнээс цааш салбарлаад явна л даа. Олон жил энэ судалгааг хийлээ. Энэ хооронд практик ач холбогдолтой байлгахын тулд “Өрхийн төсвийн дэвтэр” гаргасан. Мөнгө хураах “Дүүрэн авдар” гээд нарс модон мөнгөний авдар хийсэн. Авдар авч өгөөд “Энэ чиний авдар” гээд түлхүүрийг нь өгөөд хүүхдэд эрх чөлөө өгдөг. Бас нэг туршилт байдаг. Аав нь авдар дотроос нь 5000 төгрөг авсан юм байна. Хоёр хүүхдийнх нь нэг нь мэдээд, нөгөө нь мэдэхгүй байсан гэнэ. Энэ чинь хүүхдэд өөрийнхөө юмыг хямгадахад сургаад байна л гэсэн үг. Хадгалсан мөнгөө тоолоод, алхам алхмаар хүмүүжүүлэх учиртай.

Categories
булангууд мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Michel&Amazonka: Олимпийн загварыг бэлэн болгоход үндсэндээ хоёр жил зарцуулсан


Токиогийн зуны олимпод оролцож буй Монголын баг, тамирчдын хувцсыг урласан “Mi­chel & Amazonka”-гийн эгч, дүүстэй ярилцлаа. Michel&Amazonka брэндийг эгч, дүү дизайнер Ч. Янжиндулам (Michel),Ч. Нямханд (Ama­zonka) нар бий болгожээ. Эгч, дүү загвар зохион бүтээгчид 2013 оноос хамтарч ажиллах болж, эгч Ч.Мөнхжаргал Австралид төслийн менежмэнтээр суралцаж ирээд, дүү нарынхаа гарааны бизнесийг дэмжих болсноор Мишээл Амазонка компанийн түүх бичигдэж эхэлжээ. Өдгөө Ч.Мөнхжаргал тус компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг.


-Монголын баг тамирчдын хувцас хүмүүст их таалагдаж, энэ тухай яриа хөөрөө сошиалд өрнөж байна. Олимпийн нээлтийг та бүхэн бусдыг бодвол илүү догдолж үзсэн болов уу?

Ч.Мөнхжаргал: -Нээлт эхлэх үед том дэлгэцтэй газар олоод, хамт олноороо хөгжөөн дэмжигчдэд зориулсан футболкуудаа өмсөөд, дэлгэцээ ширтэж суусан. Яг Монголын тамирчид гарах үед бөөнөөрөө баярлаад, хундага тулгасан даа. Анх удаа хамт олноороо олимпийн нээлт үзсэн маань энэ. Миний хувьд хамгийн их сэтгэл хөдлөлтэй үзсэн олимпийн нээлт болж таарсан.

-Гадныхан ч монгол тамирчдын хувцсыг магтсан байна лээ. Хүмүүсийн магтаал, шүүмжлэлийг хэр их мэдрэв?

Ч.Мөнхжаргал: -Сошиал сувгуудаар мэдээллүүдийг харж байгаа л даа. Гадны хүмүүс ингэж гоё хүлээж авна гэж бодоогүй. Яг тамирчид маань гарч ирэхэд манайхан яаж хүлээж авах бол гэж догдолж бас жаахан түгшиж байлаа. Тамирчид хувцсаа бидний хэлснээр тохируулж өмсөх болов уу, товчоо дутуу товчилсон байх вий гэж эмээж байв. Гэтэл зөв өмсөж, зайгаа аятайхан бариад алхацгаасан. Туг барьж байгаа хоёр маань ч нэг их өндөр, нам биш юм байна. Зарим орны тугчид тугаа булаацалдаад байсан шүү дээ. Манайхан тэгээгүй. Их гоё байсан. Маш өндөр сэтгэгдэлтэй байна. Манайхан зарим нь баярын нулимс унагасан.

-Манай тамирчдын өмссөн “Хийморь” загвар юуг бэлгэдэж байгааг зохион бүтээгчид нь тайлбарлавал сонирхолтой байх болов уу?

-Спорт загвараа “Оргил”, парад загвараа “Хийморь” гэж нэрлэсэн. Энгэр дээрх хээ нь морийг дүрсэлсэн. Монгол үндэстний хийморь лундаа, цог жавхлан эрч хүчний илэрхийлэл болгож, хурд хүч, тэсвэр тэвчээрийн бэлгэдэл болсон давхиж буй морийг цан хүүрэг татуулсан байдалтайгаар дүрслэн, монгол үндэсний үүлэн хээ, угалзны хэв маягаар абстракт дүрслэлээр бүтээсэн. Хээг хөх өнгийн дэвсгэр дээр алтан өнгийн утсаар хатгаж хийсэн юм.

Оргил өөд тэмүүлье, номер нэг байгаарай гэдэг үүднээс спорт загвараа “Оргил” гэж нэрлэсэн. Уулны шовх үзүүртэй дүрсийг сонгож авсан. Хувцаснууд маань Монгол Улсын төрийн далбааны өнгүүдтэй. Улаан, хөх өнгөтэй. Шар өнгөө алтлаг өнгөөр оруулсан. Парадны хөх өнгө маань монголчуудын хамгийн дуртай өнгө. Япон маш халуун учраас цайвар өнгийн спорт хувцас тохиромжтой гэж үзсэн.

-УИХ-ын нэгэн гишүүн “Тамирчдын хувцас таалагдлаа. Мишээл Амазонкогоос хувцасхудалдаж авна” гэж жиргэсэн байна лээ. Ийм хүсэлтэй хүмүүс их хандаж байна уу?

– “Худалдаж авмаар байна” гэсэн хүсэлт их ирж байгаа. Бид яамтай пара олимп дууссаны дараа есдүгээр сард олон нийтэд худалдаалах эрхтэй гэж гэрээ байгуулсан. Түүнийгээ мөрдөнө. Хүмүүсээс хүсэлт их ирсэн учраас биеийн тамирын хувцсандаа урьдчилсан захиалга авч эхэлсэн. 150 сет хувцасны захиалгыг үйлдвэр рүүгээ шилжүүлээд, хийж эхэлнэ. Парадны хувцсыг хантааз болгож хувиргаад, захиалга авч байгаа. Гол нь тамирчдаа ялгаруулах зорилгоор хийсэн загвар учраас тамирчдад тэр загвар нь үлдэг. Олон нийтэд зориулаад хантааз хэлбэрээр гаргах нь тохиромжтой болов уу гэж үзсэн.

Amazonka: -Хандалт их байгаа учраас зарим нь бидний загварыг хуулбарлаад хийж байгаа нь онцгүй санагдаж байна. Олимпийн загварыг бэлэн болгоход үндсэндээ хоёр жил зарцуулсан. Чанартай сайн материалуудаар хийсэн хувцсыг маань гадуур чанаргүй материалаар, муухай хийцтэй гаргаад байна. Энэ нь манай бүтээгдэхүүний талаар сөрөг сэтгэгдэл үлдээх эрсдэлтэй. Оюуны өмчийг дээдлэх учиртай. Бид загваруудаа оюуны өмчөөр баталгаажуулсан.

-Мишээл Амазонка гэхээр гадаад хүмүүс урласан юм болов уу гэж зарим хүмүүс андуурч мэдэх юм. Яагаад энэ нэрийг сонгох болов?

Michel: -Бид фэйсбүүк орж ирэхээс өмнө блог хөтөлдөг байсан юм. Загварын блог хөтөлж байхдаа өөртөө Mi­chel гэдэг нэр авсан, Ama­zonka гэдэг нэрийг дайчин эмэгтэй гэсэн утгаар манай ах өгсөн. Блог хөтөлж байхад энэ нэрээр маань олон хүн мэддэг болсон.

Amazonka: -Гадаад нэрээр дуудаж байгаа ч бид зүгээр л Янжиндулам, Нямханд гэдэг нэртэй монгол охид. Дэлхийд алдартай гадны загвар зохион бүтээгчид шиг танигдахыг оюутан байхдаа хүсдэг байсан. Мишээл Амазонка гэдэг нэрийг нийлүүлэхээр гоё санагдаад тэгээд л энэ нэрээрээ явсан. Манайхан бас монгол хүн байж монгол нэрээрээ явсангүй гэдэг. Солонгосын алдартай хамтлагууд ч дуудахад хялбар гадаад нэртэй байдаг шүү дээ.

-Ч.Нямханд гэдэг төвөд нэр үү. Ямар утгатай вэ?

Amazonka: -Нарандагина гэсэн утгатай. Янжиндулам гэдэг урлагийн дагина гэсэн үг. Манай өвөө нар лам, бичгийн хүмүүс байсан болохоор ийм нэр өгсөн.

-Michel бас охиндоо Мишээл гэдэг нэр өгснийг бодоход ийм нэртэй байх дуртай бололтой?

Michel: -Байгууллагаа нээсний дараа охин маань миний ажлыг үргэлжлүүлээсэй гэж ийм нэр өгсөн юм. Хөөрхөн инээж яваг гэж бас хүссэн.

-Amazonka бас дуулах дуртай. Хамтлагт дуулж байсан гэж сонссон?

Amazonka: -Бараг арав гаруй жилийн өмнө л дуулж байсан. Төгсөөд ажил хийж эхэлснээсээ хойш дуулахаа завсарласан гэж болно. Хэрэв дуулбал цаг зарцуулж, зүрх сэтгэлээ зориулах ёстой. Одоохондоо дуулах цаг зав гарахгүй байгаа. Хэзээ нэг цагт эргээд дуулах байх гэж дотроо найддаг (инээв)

-Та хоёр хоёулаа Урлах эрдэм дээд сургууль төгссөн үү?

Michel: -Намайг төгссөний дараа Amazonka бас сурсан.

-“Урлах эрдэм” сургуулийг төгссөн маш чадалтай, бие даагаад бизнес хийж байгаа мундаг уран бүтээлчид олон байдаг. Багш нараас бас шалтгаалдаг болов уу?

Michel: -Ер нь тийм. Манай багш нар маш сайн. Г.Тунгалаг багш маань маш мундаг урлагийн мэдрэмжтэй хүн.

Amazonka: -Бидэнд суурь мэдлэг өгч боловсруулахаас гадна хувь хүн талаас нь хөгжүүлдэг, манай захирал. Манай хичээл маш шахуу байдаг байсан. Биднийг ер зүгээр суулгаж байгаагүй. Хэр баргийн хүн тэр сургуулийг төгсөхөд амар биш. Авьяастай хүн л төгсөнө. Гадаадад суралцах уу гэж хүмүүс их асуудаг. Бид хоёрын хувьд Монголдоо боловсрол эзэмшээд, өдий зэрэгтэй явж байгаадаа бахархдаг.

Michel: -Манай сургуульд дизайнер хүний мэдэх ёстой бүгдийг заадаг. Дизайнер хүн сайн эсгүүрчин, зохион бүтээгч, оёдолчин байх ёстойг ойлгуулж, олон мэргэжлийг зэрэг эзэмшүүлсэн.

-Ээж тань бас уран хатгамал хатгадаг авьяастай хүн гэж сонссон. Энэ чанар охидод нь өвлөгдөж үлдсэн юм болов уу?

Michel: -Аав, ээж хоёр маань урлагийн хүмүүс биш. Гэхдээ гоё зурдаг. Ээж маань сайхан хатгамал хатгадаг байсан. Ээж бас дэгээ зүүний нэхээс хийдэг байлаа. Гэрээрээ дүүрэн хатгамал хатгасан. Түүнээс нь бид урам зориг авсан. Нийгмийн шилжилтийн үед амьдрал бас амар байгаагүй. Арьсны үйлдвэрээс өөдөс цуглуулж аваад сандалын бүрээс, цүнх хийдэг байсан нь санагдаж байна. Ээж маань хүний эмч хүн. Түргэн тусламжид олон жил ажилласан. Хүүхдүүдээ төрүүлээд, гэртээ байх хугацаандаа маш их юм хийдэг байсан. Бидний загварт нарийн хийц заавал ордог. Ээжийн маань нөлөө болов уу гэж боддог.

-Тамирчдын хувцсанд бас хээ угалз их байсан. Тэр бүхнийг гараар мэтгэх үү, машин оролцдог уу?

Michel: -Холимог байгаа. Том хэмжээний хатгамалд машин хатгамал орно. Жижиг деталиуд, чимэглэл гар ажиллагаагаар явдаг. Манайд хоёр ч хүн гар ажиллагааг хариуцаж ажилладаг. Зарим хатгамлыг гараар гүйцээхгүй бол болдоггүй.

-Michel Азийн шилдэг таван загвар зохион бүтээгчийн нэгээр шалгарч байсан юм билээ. Та бүхний өөртөө сэтгэл хангалуун байсан мөч юу вэ?

Ч.Мөнхжаргал: -2016 онд шилдэг старт-ап компани болоход би хувьдаа баяртай байсан. МҮХАҮТ-аас биднийг үнэлээд, сонгон шалгаруулсанд баяртай байсан.

Michel: -Олимп юм уу даа. Монголчуудынхаа сэтгэлд нийцсэн хувцас урлана гэдэг хамгийн сайхан. Ковидоос өмнөхөн бидэнд гаднаас захиалга ирсэн. Загварууд маань тэдэнд таалагдсан гэдэг мэдрэмж хамгийн гоё байсан. Харамсалтай нь ковидын нөхцөл байдлаас шалтгаалаад тэр захиалга цуцлагдсан л даа.

-Та бүхний мөрөөдөл, дараагийн алхам юу байх бол?

Michel: -Монгол Улсынхаа хувцас загварын хөгжилд томоохон хувь нэмэр оруулмаар байна. Монголын хувцас загвар гэхэд үзүүлэх харуулах юмтай байх нь бидний хамгийн том зорилго.

Amazonka: -Үндэсний хувцас өдөр тутмын хэрэглээнд нэвтрэх шаардлагатай гэж үздэг. Өнөөгийн суурин амьдралд үндэсний хувцсаа зохицуулж, залуусынхаа хэрэглээнд нэвтрүүлэх шийдлүүд гаргаж ирэх нь зөв гэж боддог. Үндэсний хувцас яг хэвээрээ байх ёстой гэвэл хэрэглээ нь улам багасна гэсэн үг.

-Хувцас загвар, үйлдвэрлэлийн чиглэлээр ажилладаг та бүхний хувьд ковидын нөхцөл байдал яаж нөлөөлж байна?

Ч.Мөнхжаргал: -Ихэнх хүмүүс гоёлын хувцсыг түр хойш нь тавьсан шүү дээ. Гэр орондоо өмсөхөд тохиромжтой, биед эвтэйхэн хувцас илүү сонгох болсон. Одоо эргээд гоёлын хувцсууд маань гарч ирж байгаа. Сонгон шалгаруулалтад тэнцээд, яамнаас биднийг сонгосон нь ковидын үеийг давахад их хувь нэмэр боллоо. Бид нэг ч хүнээ цомхотгоогүй. Олимпийн хувцсан дээрээ төвлөрч ажилласан.

Categories
булангууд мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

И.Урангоо: Хувирдаг хувцас шинэлэг, сонирхолтой мэдрэмж төрүүлнэ

Байгальд ээлтэй хувцас хийхийг зорьж буй дизайнер И.Урангоотой ярилцлаа. Тэрбээр “Урангооидэр” брэндийг бий болгосон, имиджмэкер, хувцас дахин сэргээгч нэгэн.


-Хувцсыг зохион бүтээхдээ л төгсгөлийг нь бодолцох, байгальд шингэх эсэхийг харгалзах нь бидний хувьд шинэлэг асуудал болов уу. Байгальд ээлтэй хувцас загварын талаар хэзээнээс бодож эхэлсэн бэ?

-2009 оноос хойш хувцас хийж эхэлсэн. Сургуулиа төгсөөд, 2010 оны Канадын Ванкуверын загварын долоо хоногт анхныхаа коллекцийг илгээж байлаа. Байгальд ээлтэй хувцас загвар гэж юу болохыг өндөр хөгжилтэй улс орнуудад аль хэдийнэ судлаад яриад эхэлсэн байсан. Миний хувьд өөрийнхөө мэдрэмжээр дуртай хувцаснуудаа хийж, шоунд оролцоод, тэндээс “Байгальд ээлтэй хувцас хийжээ” гэсэн үнэлгээ авч байлаа.

Би “Сити” дээд сургуулийг төгсөөд, Солонгост суралцсан. Намайг Солонгост 2011 онд очиход хуучин хувцас авдаг систем байсан л даа.

-Бие даасан, өөрийн гэсэн үзэл бодолтой эмэгтэй болж төлөвшихөд төрсөн нутаг ус, гэр бүлийнхэн нөлөөлсөн байх л даа?

-Төрсөн нутаг Булган аймаг. Гэхдээ хүн болгон дэлхийн иргэн гэж боддог. Би зуны гурван сар өвөө, эмээгийндээ очдог хүүхэд байсан. Миний хамгийн гоё дурсамжууд тэнд бүрэлдсэн. Байгальд ойрхон амьдрахад ямар аз жаргал мэдэрч болохыг мэдэж авч, энэ бүхэн ямар үнэ цэнэтэй болохыг ухаарсан. Аав, ээж маань намайг өөрийнхөөрөө байх боломж олгож, сонирхлыг маань дэмждэг байлаа. Эрдэнэтэд дунд сургууль төгссөн. Зураг, хувцас загварын дугуйланд явдаг байлаа. Хүүхдийг бие даасан болгохын тулд өөрийгөө хайж олох боломж олгож, дуртай зүйлээ хийхэд нь дэмждэг байх хэрэгтэй гэж боддог. Зусланд амардаг байсан маань хүссэн хүсээгүй бие даахад хүргэсэн юм болов уу даа.

-Urangooider гээд өөрийн нэрийн брэндтэй юм билээ. Хэр амжилт олсон бэ?

-Энэ брэндээ үнэ цэнэд хүргэе гэж зорьдог. Байгальд ээлтэй хувцас ямар байх ёстойг зөвхөн ярьдаг бус бодитоор хүргэх юмсан гэдэг үүднээс Urangooider брэнд бий болсон.

-Таны хувцсыг үзье, авъя гэвэл хаана хандах вэ?

-Хувцсаа онлайнаар борлуулдаг. Фэйсбүүк, инстаграм, сошиал хуудсуудаар холбогдоод орж ирж болно.

-Та бас хуучин хувцас засах талаар сургалт хийдэг юм билээ?

Өөдөс ашиглан хийсэн хувирдаг загвар

-Хоёр жилийн өмнө Америкийн ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр хувцас дахин загварчлах төрийн бус байгууллага байгуулсан юм. Эндээ бид хуучин хувцсыг дахин сэргээж, хаягдал болгохгүй байх арга замуудыг хайдаг. Байгальд ээлтэй брэнд бол хувцсыг эхнээс нь дуустал бүх зүйлийг нь бодолцдог. Эдэлгээ даахуйц байх учиртай, дуусгах шатуудыг нь ч бодолцох учиртай.

– Та “Re-Designed Mon­golia” ТББ-ын үүсгэн байгуулагчдын нэг юм билээ. Өөрийн брэндийн хувцаснуудыг авч засварладаг уу, эсвэл хувцасныхаа загварыг өөрчлөхийг хүсдэг хүмүүст тусалдаг юм уу?

-Манай брэндийн хувцсыг дөрөв таван жил өмсөөд, загварыг нь өөрчлүүлэхийг хүсвэл бид загварыг нь өөрчилж өгдөг. Тэгэхээр тэр хувцсыг дахиад хэдэн жил өмсөх боломжтой болно. Хуучин хувцас сэргээн засварлах системийг бид оруулж ирж байгаа. Өмнө нь сургалт хийдэг байсан. Энэ удаа бүтээгдэхүүн хөгжүүлээд, үнэтэй брэндийн хувцсыг нь засч сэлбэх, загварыг нь өөрчлөх систем оруулж ирэхээр ажиллаж байна. Ковидын үе таараад, жаахан хойшлоод байгаа.

-Монголчууд хуучин хувцсаа хаях дургүй, шатаахаар агаарын бохирдолд хувь нэмрээ оруулчих гээд яах аргаа олдоггүй?

-Манай “Re-Designed Mon­golia” төрийн бус байгууллага 10 дизайнертай болсон. Эд маань энэ асуудалд анхаарлаа хандуулж ажиллана. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бид хүмүүсийн хандлагыг өөрчлөх сургалт хийсэн. Хуучин хувцас хог биш, дахин ашиглаж болно. Хуучин хувцас, материалыг үлдэгдэл үлдээлгүй ашиглан, шинэ загварын хувцас, жижиг хэрэгсэл, гэр ахуйн хэрэгсэл хийх талаар ажиллах юм.

-“Хувцаслалтын эрх чөлөө”, “Бүтээлч сэтгэлгээ” гээд номууд гаргасан юм байна. Хэр борлуулалттай байв?

-Борлуулалтад анхаарч ажиллаагүй. Энэ бүх үзэл санааг хүмүүст хүргэхийг л хичээсэн. Нэг дугуй нь хагарчихвал машин явж чадахгүй шүү дээ. Цогц систем бий болгохын тулд тал бүрээс нь ажиллаж байна. “Хувцаслалтын эрх чөлөө” нь стиль, имиж, хувь хүн яаж өөртөө тохируулж хувцаслах талаас нь бичсэн ном. Өөрийгөө таньж мэдэж байж зохицсон хувцас олж авна. Юу өмсөхөө мэдэхгүй бол маш олон хувцас авдаг, үргүй худалдан авалт хийдэг, туршиж үздэг. Өөрийн гэсэн хэв маягаа олчихвол яг хэрэгтэй зүйлээ л авдаг. Энэ нь хог хаягдал багасах, байгальд ээлтэй, өөртөө хэрэгтэй байхад нөлөөлнө. Дараагийнх нь яаж байгаль орчинд ээлтэй хувцас сонгох вэ. Материал, хийц гээд задраад явна.

-Байгальд ээлтэй материал гэхээр үнэтэй тусах болов уу?

-Байгальд ээлтэй материал гэхээр яаж ургуулсан, яаж хийсэн гэх мэт үе шатууд чухал байдаг. Таны сонголтоос шалтгаална. Хувцсаа сонгохдоо байгальд шингэх эсэхийг нь бодолцох учиртай. Энэ сонголтыг хийхийн тулд мэдлэгтэй байх ёстой. Энэ мэдлэгийг олгохын тулд бичээд байгаа гэсэн үг л дээ. Заавал үнэтэй байх албагүй л дээ. Хямд мөртлөө байгальд ээлтэй материалууд ч бий.

-Хувирдаг хувцасны коллекци гаргасан гэсэн. Яаж хувирдаг вэ?

-Байгальд ээлтэй байхын тулд цөөн чанартай хувцастай байх ёстой гэж хүмүүс ойлгодог. Өдөр болгон нэг хувцсаа өмсөөд байвал хүний сэтгэл ямар байх билээ. Гангалаад гарвал ямар байдаг билээ. Сэтгэл зүйн хувьд ондоо болдог. Ганцхан хувцас ч маш олон хувирдаг болохоор шинэлэг, сонирхолтой мэдрэмж төрүүлнэ. Өнгө нь өөрчлөгддөг, урт богино янз бүр болдог, маш олон хувирах боломжтой учраас ганц хувцастай яваад байгаа мэдрэмж төрөхгүй.

-Байгальд ээлтэй хувцас загвар сонирхдог хүмүүс хэр олширч байна. Танд мэдрэгдэх юм уу?

-Сүүлийн хоёр жилд хүмүүс энэ талаар их сонирхож байна. Өмнө нь энэ тухай сонсоод “Юу яриад байгаа юм бэ” гэдэг байсан. Байгаль орчин, нөхцөл байдал яах аргагүй энэ тухай бодолцохоос аргагүйд хүрсэн. Усны нөөц багасч, хуурайшилт мэдрэгдэж, хог хаягдал ихэсч, байгаль орчинд сөргөөр нөлөөлж байгаа нь бүхэнд илэрхий байгаа шүү дээ. Арван жилийн өмнө усны нөөц багасч байгаа талаар ярихад ойшоохгүй өнгөрдөг байсан бол одоо асуудал бодит амьдралд буугаад ирсэн учраас анхаарахаас аргагүй.

-Хувцсаараа яаж өөрийгөө илэрхийлэх вэ. Эсвэл моод, трэнд дагах ёстой юм уу?

Анхны загварууд. 2010 он.

-Моод, трэнд дагах хэрэггүй гэж хэлэхгүй. Судлаад, суралцаад гарц, шийдлүүдээ олж авна шүү дээ. Мэргэжлийн хүмүүст хандаж цагаа хэмнэх боломжтой. Сонирхоод үзэх хэрэгтэй.

-Хувцаслалтын эрх чөлөө гэж юуг хэлэх вэ?

-Хүн болгонд өөрийн гэсэн үзэл бодол, бусдаас ялгаатай тал бий. Түүнийгээ гаднаа ил гаргаж, дотор гаднах нь нийлж өөрийгөө илэрхийлэхийг л би хувцаслалтын эрх чөлөө гэж хэлнэ. Дотроо байгаа зүйлээ гаднаа ил гаргаж, хэнээс ч айж эмээхгүйгээр юу хүсч байгаагаа ил гаргаж хувцаслахыг хэлж байгаа юм. Өөрийнхөөрөө хувцаслах тухтай шүү дээ. Хаана ч гоё харагдана.

-Загварын чиг хандлагын тухай хэдэн үг хэлээч?

-Би загварын чиг хандлагыг үгүйсгэдэггүй. Загварын чиг хандлагыг ойлгоод, ажиглаад, өөртөө хэрэгтэй юмаа авч сурах нь чухал. Загварын чиг хандлага гэдэг өнөөдөр гэсэн үг. Орчин үеэ мэдэрч алхах нь зөв. Гэхдээ хэт туйлшрах нь юуг ч амтгүй болгодог. Хэрэгтэйгээ аваад, заавал хэрэг болохгүй зүйлийг дагах гээд байх шаардлагагүй. Өөрийнхөө хувцаслах арга барилыг мэдчихвэл загварын чиг хандлага айхавтар нөлөөлөхгүй.

-Үндэсний хувцсанаас эко дизайн олж харсан уу?

-Үндэсний хувцас сонирхож гурав, дөрвөн коллекци гаргасан. Эртний хувцаснуудыг сонирхож судлах дуртай. XVIII зуунаас хойшхыг байгальд ээлтэй гэж хэлэхэд хэцүү. Миний философид нийцдэггүй. Би торгоноос татгалздаг. Байгальд амархан шингэдэг материалууд хэрэглэх дуртай. Үслэг эдлэлээр гоёхын тулд амьтан хороохыг таашаадаггүй.

Categories
булангууд мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал удам-судар

Ж.Уугантуяа: Аавтайгаа нэг тайзан дээр тоглох ховор завшаан, тэгэхэд яагаад ч юм нулимс дуслаад байсан


Морин хуурын чуулгын менежер, морин хуурч Ж.Уугантуяатай ярилцлаа. Тэрбээр Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын ууган охин билээ. Аавынхаа заасан замаар явж байгаа тэрбээр Хөгжим бүжгийн коллежийн морин хуурын ангид орох уу гэсэн аавынхаа үгийг дагаж, анхны эмэгтэй мэргэжлийн морин хуурч болсон юм. Ж.Уугантуяа бас алдарт эх. Тэрбээр Ажлаа ч алдахгүй, амьдралаа ч алдахгүй гэхийг бодоход ажил, амьдрал аль алийг нь зохицуулж сурсан бололтой. Эхлээд түүнээс морин хуурын тухай сонирхлоо.


-Н.Жанцанноров гуай Хялгасыг хялгасаар хөрөөддөг болохоор амьд сүнстэй эгшиг байгаа юм гэж хэлж байсан. Морин хуурын аялгуу цаанаа л дулаахан сонсогдоод байдаг нь учиртай байх?

-Хийл төмөр утастай байдаг. Нумыг нь хялгасаар хийдэг ч төмрийг хөрөөдөж тоглодог шүү дээ. Адууны сүүл, модноос гарч байгаа эгшиг байгалийн унаган цаад мөн чанарыг илүүтэй мэдрүүлдэг юм болов уу. Сэтгэлийг хөгөлж хөдөлгөдөг. Манай ангийн хүүхэд, СУИС-ийн морин хуурын багш, доктор Б.Баттөгс “Морин хуур зэмсгийн дуулдахуй болон цахилгаан дохионы үзүүлэлтийн судалгаа” хийсэн. Морин хуурын дууны хэлбэлзлийг шинжлэх ухааны аппарат техник дээр судлаад, тогтоосон байдаг. Тэр энэ талаар маш сонин юм ярих байх.

-Хотод орон сууцанд өссөн хүүхэд яаж уртын дуу дуулах вэ гэж хүмүүс ярьдаг шүү дээ. Та хотын хүүхэд мөртлөө морин хуур тоглоод байна. Монгол ахуйг, морины явдлыг мэдрэх шаардлага тулгарч байсан уу?

-Би ч хотын хүүхэд л дээ. Багадаа зуны дэлгэр сайхан цагийг аавынхаа нутагт эмээтэйгээ өнгөрүүлдэг байсан. Монгол ахуйдаа ойр өссөндөө баяртай байдаг. Эмээ маань ажилсаг, нийтэч эмэгтэй байлаа. Эмээгээсээ үлгэр авсан. Намайг эмээтэйгээ адилхан гэдэг байв. Би их азтай Архангайн бэр болсон. Хүүхдүүд маань аавынхаа нутагт зун очдог. Нөхөр маань архитектор мэргэжилтэй. Том хүү бас архитектор мэргэжлээр суралцаж ажиллаж эхэлсэн. Адилхан урлагийн хүн л гэж боддог шүү дээ.

-Өөрийг чинь анхны мэргэжлийн морин хуурч эмэгтэй гэдэг. Яагаад төдийгөөс өдий хүртэл энэ хөгжмийг эрчүүд голлон тоглодог байсан юм бол. Магадгүй их хүч, эрчим шаарддаг юм болов уу?

-Эмэгтэй хүн морин хуур тоглодог байсан. Одоо ч Увс, Ховдод биелгээ хийгээд, хуураа татаад сууж байгаа эмээ нар бий. Ардын язгуур урлагийн наадамд эрэгтэй, эмэгтэй морин хуурчид ирдэг байсан. Номыг нь үзэж, нотыг нь заалган, мэргэжлийн сургуулийг төгссөн гэдгээрээ л анхдагч гэж явдаг болохоос биш Монголд эмэгтэй морин хуурч үеийн үед байсан. Ерөнхийдөө морин хуур гэдэг зэмсгийн онцлогоос хамаараад, ихэвчлэн эрэгтэй морин хуурч байдаг л даа. Хөгжмийн онцлог нь ятга, хуучир, шанз гэх мэт нумт хөгжмүүдийг бодвол маш их хүч шаарддаг. Хуурын чавхдас нь модноосоо хөндий байдаг учраас хөндий дээр дарж байгаа даралт, нумны даралт хоёрын тэнцвэрийг олж байж, өнгө дуугаргадаг. Хөгжим маш их цаг хугацаа шаарддаг. Зургадугаар ангид байхаасаа морин хуур тоглож сурсан. Анх морин хуурыг дуугаргаж сурахын тулд сар хөрөөдсөн. Хоёроос зургаан цагийн турш хөрөөдөж суудаг байлаа. Мундаг эрэгтэй хуурчид амьдралынхаа ихэнх цагийг хууртаа зориулдаг. Ер нь хөгжимчин хүн тийм л байдаг. Хөгжим бүжигт сурч байхад “Өдөр алгасахгүй хөгжмөө давтахгүй бол хөгжим чинь чамайг танихаа байчихна шүү” гэж багш маань хэлдэг байсан. Эмэгтэй хүн хүүхэд төрүүлнэ, амьдралын шаардлагаар хөгжмөөсөө хөндийрнө. Дараа нь эргээд хөгжмөө барихад маш их хөндийрсөн, хоёр биенээ танихаа больчихдог. Эргээд л танилцана.

-Аавынхаа зохиолыг тоглож байхдаа тайзан дээр уйлсан гэж ярьсан байсан. Тэр нь ямар бүтээл вэ?

-”Цагаан суварга” байсан. Арван жилийн ойн концертын үеэр билүү дээ цуврал таван тоглолт хийсэн юм. Аавын бүтээл Морин хуурын чуулгын урын санд их хувь эзэлдэг учраас зөвхөн аавын бүтээлээр нэг тоглолт хийсэн. “Цагаан суварга” дээр аав ирж, өөрөө төгөлдөр хуур тоглосон юм. Аавтайгаа нэг тайзан дээр тоглох ховор завшаан. Ийм сайхан мөч олон тохиогоосой гэж бодсон юм байлгүй дээ, тэгэхэд яагаад ч юм нулимс дуслаад байсан. Зохиол нь сайхан, байнга тоглодог болохоор гарт орсон байдаг. Гэсэн ч тэр мөчид ийм мэдрэмж төрсөн.

“Цагаан суварга”-тай холбоотой бас нэг мэдрэмж төрж байсан. Франц руу хөгжмийн наадамд явсан юм. Европын фестивалиуд гадаа тоглогддог. Том тайзан дээр тоглосон. Тэр үед 50 жил тохиогүй халуун өдрүүд байсан гэж ярьдаг. Халуун, бүгчим орой “Цагаан суварга” тоглох үед сэвэлзсэн салхи хөдөлсөн. Нутгийн салхи үлээх шиг санагдаж билээ.

-Наймдугаар ангидаа Морин хуурын чуулгад орсон гэсэн. Ерээд оны эхэн үед анхны цалингаа авсан байх нь. Анхны цалингаараа юу авч байв?

-Наймдугаар ангид байхад маань Морин хуурын чуулга байгуулагдаж, нээлтийн тоглолт хийсэн юм. Манай чуулга эхэндээ Хөгжим бүжгийн дотуур байранд байрладаг байлаа. Тэнд бэлтгэл хийдэг жижиг өрөөтэй. Цөөн хүнтэй, бусад нь дандаа оюутнууд, Хөгжим бүжгийн багш нар байсан. Дөнгөж байгуулагдсан болохоор танигдаагүй. 1992 онд байгуулагдаад, 1993 онд нээлтээ хийгээд, дотуур байрандаа хааяа цуглаж бэлтгэл хийдэг. Ц.Батчулуун багшийг дэмжих зорилгоор найз нөхөд нь, уран бүтээлчид манай Морин хуурын чуулгыг тоглолтдоо оруулдаг байв. А.Долгор, Ц.Түвшинтөгс, Ш.Чимэдцэеэ, Г.Эрдэнэбат нарын алдартай сайхан дуучид маань өөрсдийн тоглолтдоо Морин хуурын чуулгыг тоглуулдаг. 1994 онд Улсын Филармонийн бүрэлдэхүүнд орж, албан ёсны бүтэцтэй, өөрийн тайзтай болж, цалин авч эхэлсэн. Анхны цалингаараа дүү нартаа амттан авч өгсөн. Тэр үед өнгөт плакат ховор байлаа. Нэг их гоё балетын бүжигчний зурагтай плакат авч, ханандаа нааж байсан санагдана. Тухайн үеийн гэр бүлийн зургуудад тэр плакат үлдсэн байдаг. Цалинтай оюутан болохоор өөрийгөө их л том болсон гэж боддог юм билээ. Тиймдээ ч амьдралыг эрт эхэлсэн шиг байгаа юм (инээв).

-Н.Жанцанноров гуайг хүмүүс мэддэг болохоор хэр аав бэ, хүүхдүүдээ яаж хүмүүжүүлсэн бол, уурлахдаа ямар үг хэлдэг бол гээд сонирхох байх л даа?

-Би алганы амт үзэж байгаагүй. Загнахдаа бол “Би ер нь та нарыг хүмүүжүүлж чадаагүй юм байна” л гэдэг. Өөртөө буруу өгч, тэрүүгээрээ биднийг айлгадаг. Нэг их үглэж дуулаад байдаггүй. Анх хөгжим сурч эхлэхдээ аавынхаа хажууд давтахаас эмээдэг байсан. Аав сонсоод “Ямар аймаар юм дуугаргаад байна аа” гээд ороод ирэх вий гэж боддог. Ерөөсөө тэгж байгаагүй. Ааваасаа айж эмээнэ гэхээсээ хүндэлж хайрлаж өссөн. Одоо ч итгэлийг нь алдахгүй, сэтгэлийг нь хөргөхгүй, гомдоочихгүй байх сан гэж хичээж явдаг. Морин хуур тоглож эхэлж байхад “За миний хүү дөч хүрчихээд хуураа тоглоод сууж байна ч гэж байхгүй дээ” гэдэг байсан. Одоо хэдийнэ дөчин нас өнгөрсөн байна. Урлаг залуу насны ажил гэж ярьдаг л даа. Яагаа ч үгүй залуудаа хийх ажилгүй болчих вий гэж санаа зовсон шиг байгаа юм. Тэгээд би хоёр дахь мэргэжлээ сонгохдоо Морин хуурын чуулгадаа хэрэгтэй байх юм сан гэж бодоод СУИС-ийн Урлагийн менежмэнтийн ангийг дүүргэсэн. Энэ мэргэжлээрээ давхар ажиллаж ирлээ. Ц.Батчулуун багш маань “Миний хүү морин хуураа л битгий орхиорой” гэж захисан юм. Аав, багш хоёрынхоо үгийг бодож, хоёр дахь мэргэжлээ сонгосон юм.

-Ээжийнхээ тухай яриач. Аавын чинь шүтэн бишрэгч үү?

-Ээж бас урлагийн гэр бүлээс төрсөн гэж болно. Эмээ маань Налайхын Соёлын ордонд дуулж хөгжимдөж бүжиглэдэг хүн байсан.Соёлын ордондоо “Учиртай гурав”-ын Нансалмаад дуулж байсан гэдэг. Ээж маань бас гоё бүжиглэдэг, хөгжим тоглодог байсан. Г.Нямаа гэж эмэгтэй бий. Аав, ээж хоёр оюутан байхдаа Орост танилцсан гэдэг. Хэн хэн нь залуухан байсан болохоор хэн нь хэнийгээ шүтэх вэ дээ.

-Гадаадын хүмүүс морин хуур тоглохыг сонсоход ямар мэдрэмж төрдөг вэ?

-2008 онд анх Олон улсын морин хуурын наадам зохион байгуулахад дөрвөн улсаас хуурчид ирж оролцож байсан. ОХУ, БНХАУ-аас манай Өмнөд Монголын морин хуурчид, мөн Японоос ирж оролцсон юм. Арван жилийн хугацаанд найман улс болтлоо өргөжсөн. Хамгийн сүүлд 2018 онд болсон Морин хуур сонирхогчдын уралдаанд япон хүн түрүүлсэн. Уртын дууны урын сан тавьчихаад байхад япон хүн түрүүлж байна. Сонирхогчид гэдэг хуурыг чөлөөт цагаараа сурсан хүмүүс шүү дээ. Тэгэхэд уртын дууны татлагаар монгол хүнийг хүртэл давчихжээ. Ямар нэг ажлыг төгс хийдэг япон хүний онцлог байна. Бид загвар бичлэг өгдөг. Энэ хүний арга барилаар тоглоно шүү гээд бичлэг, ноттой нь илгээдэг. Тэгэхэд ямар ч алдаа, хий гаргалгүй тоглож байгаа юм. Гэтэл монголчууд санаа амар хүмүүс. Нэг тоглохоороо нэг янз, дахиад тоглохоороо өөр тоглоно. Тэр нь бас онцлог л доо. Тэгэхэд нөгөө япон яс хуулбарладаг. Хуулбарлаад модон тоглох нэг хэрэг. Гэтэл яг л тоглож байгаа юм. Шүүгчид мэргэжлийн хүмүүс. “Үнэхээр шударгаар шүүвэл энэ хүн түрүүлэхээс өөр арга алга” гэсэн юм.

-Ковидын үед морин хуурчид гэрээсээ тоглож, хүмүүсийг баясгаж байх шиг байсан. Та тэр давлагаанд нэгдсэн үү?

-Улсын Филармониос нэгдсэн журмаар хүмүүсийн сэтгэл санааг өргөх зорилгоор аян явсан. Хувь уран бүтээлчид өөрийн гэсэн онцлог уран бүтээлээ гэрээсээ тоглосон. Морин хуурын чуулга бүтэн бүрэлдэхүүнээрээ бас бүтээлүүдээ гэр гэрээсээ хийсэн. Мэдээж тэнд оролцож, зохион байгуулах ажил хийсэн. Ноднин нөхцөл байдал арай гайгүй байхад бидэнд зундаа хоёр сар ажиллах боломж олдсон л доо. Чуулга нэгдэж чуулж байж зохист аялгууг туурвиж, уран бүтээлээ гаргадаг учраас амаргүй байгаа. Гэхдээ эмч нар, онцгойнхон бусад албан хаагчдын ачааллын дэргэд хэцүү байна гэж хэлэхгүй. Тэдэндээ баярлаж бахархаад сууж байгаа. Тайван цаг ирэхээр ингэж цаг наргүй ажилласан хүмүүсээ баярлуулах боломж гарна гэж найдаж байна.

-Морин хуурын олон улсын наадмыг зохион байгуулахад та оролцдог юм билээ. Үндэсний өв, соёлыг тээсэн морин хуур маань улам бүр түгэн дэлгэрч байгаа гэж дүгнэж болох уу?

-Тэгэлгүй яах вэ. Морин хуурын олон улсын наадмыг зөвхөн Монголд хийгээд зогсохгүй 2019 онд Америкт хийсэн. 2021 онд бас дахиад хоёр дахь удаагаа хийх гэж байна. 2022 онд бүр Европ тивийн морин хуурын наадам хийхээр бэлтгэж байна. Морин хуур ингэж түгж дэлгэрч байна. Америкт 2019 онд урилгаар очиж илтгэл тавьсан юм. Монгол морин хуурчид маань дэлхийн олон оронд тархан суурьшаад, морин хуураа зааж, олон шавьтай болж байна. Тийшээ хуур хөгжмүүдийг аваачиж байна. Яваандаа тэнд хуур урлал хөгжиж магадгүй. Тэнд бид морин хуур сонирхогчдын уралдаан зарлаж, илтгэл хэлэлцүүлж, концерт тоглосон, морин хуур урлалын үзэсгэлэн гаргасан. Амеркийн дөрөв, таван хотоос морин хуурын багш нар шавь нартайгаа ирж оролцлоо. Дэлхийд тархан суурьшсан монголчууд хүүхдүүд нь монголоор ярьдаггүй, ёс заншлаа мэдэхгүй монголоо алдахад хүрэх вий гэж санаа зовдог юм байна. Америкт дандаа монгол хүүхдүүд хуур сурч байсан. Морин хуурын чуулгад ажиллаж байсан хоёр хос байдаг. Тэд хүүхдүүдтэй зориуд монголоор ярьдаг гэж байгаа юм. Хуур сурахын зэрэгцээ уламжлал ёс заншлаа морин хуураар дамжуулж сурч байна. Тэд уралдаанд монгол дээлтэй оролцдог. Хуураа эгшиглүүлээд, монгол хүн гэдгээ мэдэрч байна. Америкт болсон сонирхогчдын уралдаанд зургаан настай хүү түрүүлсэн.

-Гадаадад болж байгаа морин хуурын наадмыг хэн санхүүжүүлдэг вэ?

-Дандаа өөрсдөө санхүүжүүлдэг. Америкт болж байгаа уралдааныг жишээлбэл Морин хуурын чуулгад байсан, одоо Америкт ажиллаж амьдарч байгаа Г.Уртнасан төрийн бус байгууллага байгуулж, тэнд байгаа морин хуурын багш нараа нэгтгээд, морин хуурын соёлыг түгээе гэсэн монголчууд дэмжиж, дээр нь гадаадын монгол судлаач нартай холбогдож, маш олон жилийн хүч хөдөлмөрийн үндсэн дээр 2019 онд энэ наадам биеллээ олж байгаа юм. Хандиваар зохион байгуулж байна. Европт Морин хуурын наадам 2022 оны дөрөвдүгээр сард болох юм. Морин хуурын чуулгад байсан морин хуурч залуу Б.Золзаяа Германд олон жил өөрийн хамтлагтай уран бүтээл туурвиж, дээр нь хуур заадаг. Тэр санаачлаад энэ наадмыг хийх гэж байна. Зөвхөн хуур тоглодог хүмүүс бус хуур сонирхдог, сонсох дуртай хүмүүс цугладаг наадам байдаг. Морин хуурын чуулга дэргэдээ “Хуурчийнхан” гээд сургалтын төвтэй. Түүний салбар төв Америк, Европт байгуулагдсан. Ц.Батчулуун багштай эн зэрэгцээд явж байсан М.Баасанхүү багш 1996 онд Улаан-Үдэд морин хуур зааж эхэлсэн. Тэндэхийн хөгжмийн сургуульд морин хуурын анги нээсэн. Төгсөгчид нь “Байкал” чуулгад өөрийн байр суурьтай яваа. Жижиг чуулгатай. Буриад хөөрхөн хуурчид олон төрсөн. Японд Олон улсын морин хуурын наадмыг санаачилсан А.Бат-Эрдэнэ морин хуурч морин хуурыг түгээн дэлгэрүүлэхэд их үүрэг гүйцэтгэсэн юм. Тэнд 400-500 япон хүн сурдаг. Морин хуурыг огт Монголд ирж байгаагүй хүмүүс ч сонирхоно. Монголд ирж морин хуур үзсэн хүмүүс ч сонирхоно.

Хийдгээ хийсэн, гэртээ сууж байгаа хүмүүс их сонирхож байна. Яагаад гэхээр зөнөх өвчин Японд их. Баруун, зүүн тархийг тэгш хөгжүүлбэл зөнөх өвчин тусдаггүй. Хөгжим зүүн тархийг сайн хөгжүүлдэг. Монголд ирсэн хүмүүс морин хуур сурахыг хүсдэг, дээр нь урт удаан насалж, эрүүл саруул байх гэж сурч байна. Дал гарсан хүн ч сурч байна, өсвөр насныхан, өөр мэргэжлийн хүмүүс ч сурч байна. Хийл тоглодог мөртлөө морин хуурч сурч байгаа хүн ч бий.

Монгол морин хуурын эх орон учраас морин хуураа хөгжүүлдэг, морин хуурын бодлогоо маш сайн явуулдаг, судалгаа шинжилгээ хийдэг байх ёстой. Морин хуурын олон улсын наадам энэ бүхнийг нэгтгэж, эрдэм шинжилгээний хурал, тоглолт, сургалт, үзэсгэлэн, уралдаан болдог юм. Улам бүр өргөжиж байгаа энэ наадамд Монгол Улс маань ач холбогдол өгөх учиртай гэж хэлье.

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Комедиан Б.Төгөлдөр: Хүмүүст инээмсэглэл бэлэглэх гоё мэдрэмж

Комедиан Б.Төгөлдөртэй ярилцлаа. Тэрбээр мөн телевизийн реклам хийдэг “Арри Монгол” компанийн гүйцэтгэх захирал ажилтай. Хүмүүс түүнийг Хар Төөгөө гэдгээр нь илүү мэддэг.


-Саяхан баруун аймгуудаар аялахдаа “Аялъя, хайрлая” гэж уриалж явсан, сайхан санагдсан шүү?

-Тэгсэн. Дуучин Наагийгийн санаачилсан аян юм.

-Одоо ковидоос болоод аялах хэцүү болсон. Яагаад аялахаар шийдэв, аян замын сонин сайхнаас яриач?

-Хөл хорионоос болоод гадагшаа аялах боломжгүй болсон. Үндсэндээ хоёр жил гэртээ суучихлаа шүү дээ. Манай хүн анх аялахаар сэдэж байхдаа дахиж айхавтар хүндэрнэ гэж төсөөлөөгүй байх л даа. Дотоодын аялал жуулчлалыг идэвхитэй болгоё. Залуус маань гадагшаа явахгүй ч дотооддоо аялаж, эх орон, байгалиа хайрлаж, дуугаа аялая, гэр бүлээ хайрлая гэсэн утга санаатай юм. Бид хэд сонгогдсон шалтгаан нь дандаа 3-11 насны гурван хүүхэдтэй гэр бүлүүд байсан. Сүүлийн хэдэн жил яг хоёулхнаа аялаагүй, хамаг цагаа хүүхдүүддээ зарцуулсан залуус сонгогдсон юм билээ. Би Түшиг, Эгшиг, Хишиг гээд хүүхдүүдийнхээ тухай ярьдаг болохоор манайд санал тавьсан. Аяллын зорилго таалагдаад, ер нь бол эхнэрүүдээ амраах зорилготой аяласан даа. Дуучин Наагий, хөтлөгч Ууганаа, ЕХА студийн Энхбат нар болон манай гэр бүл хамт аялаад ирлээ.

-Хүүхдүүдийг чинь хэн харсан бэ?

-Манайх зөндөө юм болсоон. Тараан байршуулсан. Томыг зуслан дээр би өөрийнхөө ээж, аав дээр үлдээгээд, бага хоёрыг ижлээр нь Дархан руу хадам аав, ээж хоёрт хүргэж өгөөд явах гэж бас зөндөө бэлтгэж, наашаа цаашаа гүйцгээсэн.

-Аяллын гоё зурагнууд сошиалаар явсан. Эхнэрүүд зөндөө баярласан байх?

-Тийм. Нөхрүүдийг харахаар дандаа л гэртээ үзэгддэггүй төрлийн ажилтай хүмүүс байгаа юм. Би жишээ нь хоёр ажил хийнэ. Өдөр нь рекламны студид, орой нь комеди тоглолт хийгээд, хурим найр, шинэ жил хөтлөөд явчихдаг байсан. Гэртээ байх нь ховор болохоор 24 цаг нөхөртэйгээ хамт байхаар их таалагдаж байх шиг байна лээ. Яг дэргэд нь машиндаа хамтдаа, майхандаа хамтдаа 16 хоноод ирсэн. Эхнэрүүд бол бөөн баяр.

-Дуучин Наагий лацдуулчихлаа гээд пост оруулсан байсан. Зарим аймаг, сумд хөл хориотой байж таарав уу?

-Бид хэд Архангайгаар дамжаад, Завхан, Увс, Баян-Өлгий гэсэн маршрутаар явсан юм. Архангай өнгөртөл зүгээр байсан. Манай аяллын бас нэг зорилго нь байгалийн үзэсгэлэнт газраас дуучин Наагийгийн лайв тоглолт гурван удаа хийсэн. Ууганаа бид хоёр хөтлөгчөөр ажилласан юм. Эхний лайв тоглолт маань Улаагчны хар нуур дээр болж, дараа нь Хяргас нуурт нэвтрүүлгийн зураг аваад цаашаа явж байсан чинь Завхан аймгийн Сонгино сум нэвтрүүлэхгүй гэсэн. Биднийг зам зуур явж байхад л ийм шийдвэр гарсан юм билээ. Бид хэд өглөө нь Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгчихөөд гарсан юм. Сонгино суманд бүгд хоёр тунгийн вакцины бичгээ үзүүлээд, аяллын зорилгоо танилцуулсан. Замын гуанзанд хоол идэх зөвшөөрөл авсан. Тэгээд цаашлах тусам халдвар тархсан гээд Ховд руу нэвтрүүлээгүй. Эхний пост дээр машины хаалган дээр лац наагаад, “Дараагийн пост хүртэл лацаа хөндөж болохгүй шүү” гэж сануулсан. Лацдахаасаа өмнө бие засуулсан л даа. Тэгээд дараагийн пост хүртэл шууд давхисан. Сонирхолтой бас. Яг тэгээд лацдангуут бие засмаар санагддаг юм билээ.

-Хүмүүс энэ талаар их сонирхож байсан л даа. Зарим нь яаж тэссэн юм бэ, памперстай явдаг юм уу гэж асуусан байна лээ?

-Бид хэд шороон замаар явна. Шахуу хуваарьтай, ажил ихтэй хүмүүс ажлаа зохицуулж явсан болохоор өдөртөө 500-гаад км яваад байсан юм. Тийм учраас бие засахаа зохицуулсан. Нэгдсэн маягаар бие засдаг. Тэр нь давуу тал болоод лацыг өнгөрсөн. Дахиад наана Өвөрхангайд лацдсан. Баянхонгороор дайраад гарахад бас лацдсан юм байна. Аялж яваа хүмүүс сум, орон нутгийнхны шаардлагыг биелүүлэхгүй бол болохгүй л дээ.

-Хүмүүс та нарыг хараад, аялахыг хүссэн байх л даа. Гэхдээ одоо орон нутгууд бүр хатуу хөл хорих магадлалтай болчихлоо. Юу зөвлөх вэ?

-Уг нь бидний зорилго зөв зохистой гоё аялаасай гэж хүссэн юм. Хувийн бодлоо хэлэхэд хүмүүс салхинд гарахаараа архидаад, амрах бус ядарч ирээд байгаа юм шиг санагддаг. Анзаарсан бол манай аяллын багийнхан маш олон юм түвэгшээхгүйгээр чирч явсан. Караокены машин, кино үзүүлдэг аппарат, асар майхан, түүнийгээ чимэглэх гэрлүүд, мотор гээд олон юм авч явсан. Байгалийн сайханд тав тухтайгаар аялж кайф авах зорилготой явсан. Залуусыг ч тэгж яваасай гэж уриалсан юм. Тэгсэн чинь халдвараас болоод ихэнхи аймгууд хилээ хаагаад эхэллээ. Гэсэн ч ойрхон зуур гоё аялаж болно шүү дээ. Аялаж болно, хог хаягдалгүй аялах хэрэгтэй. Энэ жил бороо, ус ихтэй байгаа болохоор ханиндаа явбал зүгээр юм билээ. Ганц, нэгээрээ яваа жижиг тэрэг шаварт суучихсан байхтай таарч байсан. Нялх нойтон хүүхэдтэй, хээр хонох хэрэг гарвал жаахан хүндрэлтэй. Бид бол бэлтгэлтэй явсан л даа. Уяа татлагатай явсан болохоор тийм машинуудыг татаж гаргаж өгсөн.

-Та наадам хийхийг эсэргүүцсэн пост хийсэн харагдсан?

– Манай Амраа энд нэлээд манлайлан оролцож яваа. Бид хэдийн жишээ гэвэл “Comedy Lab” клуб Монголд ковид илэрсэнээс хойш хаалгаа нээгээгүй. Манай арван комедиан, ард нь клубт ажилладаг хүмүүс нам зогссон. Ийм хүмүүс олон бий. Эдгээр хүмүүсийн тэвчээр алдарч байна л даа. Сагсчин П.Болортулга бичсэн байна лээ. “Бөх барилдаж болж байгаа юм бол сагсны тэмцээн явмаар байна” гээд. Хүмүүс зөвхөн баяр наадам, олуулаа цуглахыг эсэргүүцсэн биш, тэгш эрхийн төлөө бухимдсан болов уу. Олимпод оролцох тамирчин голд бэлтгэл хийж байхад 1024 бөх барилдана гэх мэт тэгш бус байдлаас болоод хүмүүс бухимдсан. Эмч, сувилагч нар маань ачаалалтай ажиллаж байхад, адаглаад бөхчүүдэд анхаарах хэрэгтэй болно. Тиймэрхүү зүйлээс болсон болов уу гэж ажигласан. Миний хувьд “No naadam” гэдэг талд нь байсан. Сүүлдээ төв талбайд наадмыг эсэргүүцсэн, дэмжсэн хүмүүс зэрэг жагсахад хүрлээ. Аливаа асуудлын гарцыг харж, шийдэл болгодог бол гоё л байх.

-Ажлаа хийж, орлого олъё гэж хүмүүс хүсч байна. Та бизнес эрхэлдэг хүний хувьд энэ өдрүүдийг хэрхэн даван туулж байна вэ?

-Дан ганц комедигоор явсан бол нам зогсоод, гурван хүүхдээ хоосон хонуулах хэмжээний нөхцөл байдал тулгарлаа, сая. Ноднингийн гурван сараас хойш клуб хаагдаж бид ямар ч орлогогүй болж байгаа юм. Би хоёр ажил амжуулдаг. Өдрийн цагаар телевизийн реклам хийдэг студид ажилладаг. Тэр маань ч дэгэн догон ажиллаж, чүү ай ажилчдынхаа цалинг тавих үе байсан. Нуулгүй хэлэхэд манай компани алдагдалтай ажилласан. Борлуулалт хийгдэхгүй, бүх юмыг нь хаачихаар компаниуд реклам сурталчилгаа хийлгэхээ больж байгаа юм. Дам дамаа бие биендээ нөлөөлж байгаа болохоор ер нь хүнд байсан. Би бас халамжийг эсэргүүцдэг, залуусыг улам залхуу болгодог санагддаг. “Одоо хэцүүдэхээр улсаас мөнгө өгчихнө дөө” гээд зөндөө олон найз нар яриад байгаа юм. Тийм учраас ажлаа хийе, баримтлах ёстой дэглэмийг нь баримталъя гэсэн юм. 50 хувийн дүүргэлттэй гэвэл манайх 200 хүний суудалтай бол 100 хүн суулгаад тоглолтоо хийе. Нөгөө талдаа үзэх гээд ирж байгаа хүмүүс нь ч халдвар хамгааллын дэглэмээ бариад, гараа ариутгаж, маскаа зүүгээд, дэм дэмэндээ амьдарвал бас зүгээр байх. Дахиад хэсэг хугацааны дараа бид эдийн засгийн уналт, цохилтыг мэдэрнэ шүү дээ.

-Өөрөө Б.Төгөлдөр гээд гоё нэртэй. Нэг хэсэг хөдөөгийн хүмүүс бие биеэ хочоор нь дууддаг байсан л даа. Зарим хүнийг хочоор нь дуудахаар эмзэглэдэг. Гэтэл өөрөө бүүр фэйсбүүк, инстаграмынхаа хаягийг Хар Төөгөө гэсэн байна лээ. Яагаад ийм нэртэй болчихов?

-Би Шарга морьтын зусланд өвөө, эмээ дээрээ өссөн юм. Манай эмээгийн уран бүтээл л дээ. Эмээ намайг жаахан байхад бүтэн биеэр айраг түрхээд зуслан дээгүүр гурван сар шалдан гүйлгэчихээр эргэж цайхааргүй утгаараа хар болчихсон юм. Тэрнээс хойш цайгаагүй. Энэ миний дунд сургуулийн хоч юм. Манай найз нар намайг Хар Төөгөө л гэдэг байсан. Их сургуульд ороод орчин солигдоод шинэ найз нөхөдтэй болсон. Тэгсэн ч автоматаар намайг Хараа гэдэг байсан. Хүний эрх өндөртэй барууны оронд бол арьс өнгөөр ялгаварласан болж харагдана. Манайд азаар тийм юм байхгүй. Намайг тэгж дууддагт нь дассан. Анх комеди хийж эхлэхэд Батаа “Чи тайзны нэртэй байх хэрэгтэй” гэсэн. Тэгвэл Хар Төөгөөгөө авчихъя гэсэн юм. Одоо анонс, элдэв зар дээр ч Хар Төөгөө л гэдэг. Б.Төгөлдөр гэхээр хүмүүс бараг мэдэхгүй талдаа байдаг шүү дээ.

-Таныг нягтлан бодогч, теллерээр ажиллаж байсан гэвэл зарим нь итгэхгүй байх. Гэтэл санхүүгийн салбарт арваннэгэн жил ажилласан байна лээ?

-Ээж нягтлан бодогч байсан. Яг 2002 онд мэргэжил сонгох үед санхүүч, хуульч мэргэжил од байсан юм. Хуульч гэхээр би угаасаа ягштал сууж хууль унших хүн биш. Ээж надад “Миний хүү, ямар ч цаг үед санхүү гэдэг юм байна. Амьдралд маш чухал мэргэжил, энийг сонго” гэсэн. Ээжийн зөвлөгөөгөөр Санхүү, эдийн засгийн дээд сургуульд орж, нягтлан бодогч мэргэжил эзэмшсэн. Одоо ээждээ баярладаг. Компани толгойлоод явахад орлого, зарлагаа тооцож, яаж ашигтай ажиллуулах вэ гээд бүх юм эргээд надад хэрэг болдог. Надад том сургууль болсон газар “Чингис хаан” банк. Би энд 11 жил ажилласан. Ёстой мөнгө тоологчоос эхлээд, дилер хүртэл бүх албан тушаалаар дамжсан. Лавшруулаад Англид магистр хамгаалаад ирсэн. Сүүлд Анхаа найзтайгаа Гацуурхан 1,2 төсөл дээр ажиллаж, кино зохиолыг нь бичсэн. Тэндээс нэг юм анзаарсан. Хүн дуртай юмаа хийгээд, түүнээсээ кайф аваад, мөнгө олоод амьдрах нь супер аз жаргал юм байна гэж ойлгосон. Санхүүгийн салбарт хангалттай ажиллалаа. Одоо дуртай юмаа хийе гээд салбараа сольсон шүү дээ.

-Зарим уран бүтээлчид сошиалаар тоглолт хийж, хүмүүсийг баясгасан. Ер нь комеди нарт ингэж хүмүүсийг баясгах бодол байдаг уу?

-Хүмүүсийг баясгахыг боддог. Манай төрөл үзэгчидтэй амьд харилцаа үүсгэж байж амжилттай болдог. Үүнийг ноднин дөрөвдүгээр сарын 1-нд туршиж үзээд, яс махандаа шингэтэл ойлгосон. Хошин урлагийн ах, эгч нар ч үзэгчгүй тоглолт хийсэн шүү дээ. Бид хэд бас онлайн шууд тоглолт хийсэн. Тайзан дээр юм ярьж байхад цөөхөн ч болов хүн суугаад, миний хэлсэн юманд инээгээд, зөрүүлээд, түүнийг нь инээд болгоод, үргэлжилдэг урлагийн төрөл юм байна л даа. Яг үзэгчгүй тоглохоор амьгүй болоод байгаа юм. Хүмүүсийг үзэх юмтай байлгах гээд хуучин хадгалсан бичлэгүүдээ бага багаар тавиад л байна. Бас шинэ бичлэг хийх талаар бодсон юм бий.

-Таны “Амьдрал” тоглолтын TV сурталчилгаа их таалагдсан. Бид ч бас томчуудтай улс орны хөгжил яриад явж байснаа, гэртээ очоод ахуйн жижиг асуудал дээрээ буудаг улсууд л даа. Залуу хүн амьдрал ярихаар бас содон?

-Тухайн үедээ бодож сууж байгаад хоёр ажил хийж байна, гурван нялх хүүхэдтэй, амьдрал ид буцалж байна. Энэ үед тохиолдсон хөгжилтэй зүйлсийг энгийн харуулах нь эхний зорилго. Хоёр дахь зорилго нуулгүй хэлэхэд биднийг маш их хараалын үг хэлдэг гээд зөндөө хүмүүс шүүмжилдэг. Бидэнд зааж сургасан хүн байхгүй. Өөрсдөө л ийм юм байдаг юм байна гээд оруулж ирээд нутагшуулж байгаа залуус. Бид ч шүүмжлэлийг огт тоохгүй өнгөрдөггүй. Бас хүлээж авдаг. Миний тоглолтын бас нэг том зорилго нь цаг 30 минутын турш циркт 1500 хүнд тоглохдоо нэг ч хараалын үг хэлээгүй. Төөгөө бас ингэж ярьдаг шүү гэж харуулахыг хүссэн. Тэр зорилгодоо бас хүрсэн. Комедид хүмүүс шимтэн дурлаад байгаа нэг шалтгаан нь өөрийнх нь амьдралд байдаг зүйлийг инээдтэй маягаар хэлэхээр хүмүүст ойрхон санагдаад “Нээрээ ч тэгдэг шүү” гээд аз жаргал аваад байгаа юм. Тийм учраас “Амьдрал” гэж нэрлээд, амьдралд байдаг юм ярья гэж бодсон. Маш амжилттай болсон гэж дотроо баярладаг.

-Хэцүү үед ч комеди нар амьдралыг өөр нүдээр, эерэг өнцгөөс хардаг байх л даа?

-Хөл хорио эхлэхэд манай гурван хүүхэд, эхнэр маань их баярласан. Тийм учраас хөл хориог гэр бүлдээ цаг зарцуулах боломж гэж харсан. Нөгөө талаар эрчүүд бид чинь… эрчүүд юу байх вэ дээ. Би өөрийгөө л ярья. Бас олон хүн чирээд яах вэ. Би нэг их гараа угаадаггүй хүн байхгүй юу. Одоо бол аягүй ариун цэвэрч болсон. Бүр том эдийн засаг талаас нь харъя гэвэл гадагшаа урсдаг мөнгөний урсгал дотооддоо үлдэж байна. Асуудал бол түр зуурынх. Гаргалгаа байгаа. Бүгдээрээ бусдад түвэг болохгүйгээр, бусдадаа халдвар тараахгүй гэж хичээвэл сайхан цаг ойрхон байгаа гэж бодож байна.

-Хүмүүс өөрийг чинь хараад Төөгөө байна гэлцдэг байх. Хэзээнээс од гэдгээ мэдэрсэн бэ, хүмүүст танигдсан анхны сэтгэгдэл ямар байв?

-Анх Монгол HD-гийн “Ардын буйдан”-д манай Тулгаа, Батаа, Хану бид дөрөв орж байсан юм. Манай монголчууд шууд “Төөгөө явж байна, сайн уу” гэдэггүй шүү дээ. Хамаатнаа ч харсан юм шиг, хаа нэгтээ харсан ч юм шиг санагддаг юм уу мэндлэх гээд болих гээд байдаг. Анх намайг Имартад нэг ах загнаж байсан юм. “Чи нөгөө зурагтаар гардаг Төөгөө мөн үү” гэхээр би аймаар баярлаад “Тийм” гэсэн чинь “Оймс өмсөөч, зурагтаар хөл нүцгэн гараад байх юм” гэсэн. За намайг ямар ч байсан мэр сэр таньдаг болжээ гэж бодсон. Сая аяллын үед машин дотроо тасралтгүй хоёр цаг инээсэн явдал боллоо. Бид хэд Баян-Өлгий ороод, миний машинд жаахан эвдрэл гараад, түр саатсан юм. Баян-Өлгийн супермаркетын үүдэнд бид зогсч байлаа.

Сүүлийн үеийн залуус их нээлттэй юм билээ. “Өө Төөгөө ах, таны сториг үзсэн. Та ёстой гоё аялаж байгаа юм байна. Манай аймаг таалагдаж байна уу. Хоёулаа нэг зургаа авахуулчихъя” гээд намайг таниад яриад байхаар нь “Өө тэгье” гэсэн. Гэтэл Наагий ахад утсаа өгсөнөө “Та аваад өгчих” гэлээ. Би Наагий ахыг шүтдэг. Жааз дуулдаг мундаг хүнийг танихгүй намайг таниад байхаар хөгжилтэй санагдаад. Нөгөө хүүхдийг явсаны дараа Наагий ахыг цаашлуулаад, “Танаас илүү би Баян- Өлгийд од юм байна аа” гээд бөөн инээдэм болсон.

-Таны царайг хараад л хүмүүс инээдэг байх. Инээдтэй юм яриад өгөөч гэж их хүсдэг үү?

-”За нөгөөдөхөө нэг явчих” гээд зарим нь шууд хэлдэг. Түүнээс гадна хүмүүс намайг хараад инээмсэглэдэг шүү дээ. Хүмүүст инээмсэглэл бэлэглэх гоё мэдрэмж.

-Наадмын өдрүүдийг яаж өнгөрүүлдэг вэ?

-Зуслан дээрээ очно. Намайг өсгөсөн сайхан буурай байгаа. Наадмын өдрүүдийг эмээтэйгээ л өнгөрүүлдэг уламжлалтай. Наадмаар хонь гаргаад, гэдэс иднэ. Шөлөнд нь будаа хаяж иднэ. Дараа нь гэдэсний хуушуур хийнэ. Хорхог хийнэ. Наадмын өдрүүдийг боломжтой бол ойрхон агаар салхинд гараад, боломжоороо гэр орондоо, хайртай хүмүүстэйгээ өнгөрүүлээрэй гэж хүсье.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​Д.Баярбаатар: “Босоо цагаан гурвалжин” нь эв эе, бат бэхийн бэлгэдэл

-Жижигхэн биетэй учраас том болтлоо Шаргын говьд хурдан морь унаж уралдсан-

Урлагийн гавьяат зүтгэлтэн, бүжиг дэглээч, найруулагч Д.Баярбаатартай ярилцлаа.


– Та Хубилай хааны ордны бүжгийн дэгийг сэргээж, “Төрийн ёслол хүндэтгэлийн бүжиг” бий болгосон уран бүтээлч. Ингэхэд Хубилай хааны ордны бүжиг ямархуу байсан бол?

-”Юань улсын судар”-т Хубилай хааны ордонд Төрийн ёслол хүндэтгэлийн бүжигтэй байсан тухай тэмдэглэгдэж үлдсэн. Урагш нэг алхам алхаад хоёр гараа алдална, доош цомцойн сууж, мэхийн ёслов гэх мэтээр бичсэн байдаг. 512 хөгжимчин хөгжмийн их найралд сууж байжээ. Хубилай хааны 800 жилийн ойгоор Төрийн ёслол хүндэтгэлийн бүжгийг талбайд тавьж байв. Үндэсний урлагийн театрынхан наадам төрийн ёслол хүндэтгэлийн бүжгээр эхэлмээр байна гэдэг. “Монголын их хатад” бүжгэн жүжигтээ Хубилай хааны ордны бүжгийн дэг иймэрхүү байж гэж тооцоод, Хубилай хааны Чимбай хатны хэсэгт ордны бүжгийг дэглэсэн юм.

– “Жороон жороо” бүжгийг тань хүмүүс мэднэ. Таны аав Л.Даваасүрэн нутагтаа алдартай уяач байсан гэдэг. Та хурдан морь унадаг хүүхэд байв уу. Тийм болохоор л таны бүжгээс морины явдал, хурдан морины уралдаан мэдрэгддэг байх?

-Наадмаар миний сэтгэл хөдөлдөг. Долдугаар сарын 11 төрсөн өдөр маань. Төрсөн өдрөөр маань Ерөнхийлөгч үг хэлээд, есөн цагаан тугаа залаад, монголчууд нааддаг болохоор заяасан тэнгэр нь харсан юм болов уу гэж боддог, аав ээжээрээ бахархдаг. Хурдан морь унадаг байсан. Наадмын үүрээр ээж минь цацал өргөж, аав бид хоёрыг үддэг байлаа. Жижигхэн биетэй учраас том болтлоо Шаргын говьд хурдан морь унаж уралдсан. Аав маань нэг жил таван морь айрагдуулж билээ. Наадмаар нэг удаа хадуурдаг морьтойгоо айлын гадаа оччихсон. Аав маань алаг морьтойгоо хүрч ирээд авч явж билээ. Тэгэхэд ерөөсөө загнаагүй. Аав маань нутаг орондоо ганган Даваасүрэн гэдэг нэртэй, тракторын жолооч байсан. Хөдөлмөрийн баатар Г.Лодойхүүтэй олон жил хамт ажилласан даа. Хурдан морьд олонтой. Би ч моринд дуртай. Аав намайг “малд нүдтэй” гэдэг байсан.

Морины тухай бүжиг гэхээр зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжид багшийн “Адуучин” гэж агуу бүжиг бий. Яавал хурдан морины тухай бүжиг хийх вэ гэж бодож байхдаа Ховдод өвлийн жороо морины уралдаан үзсэн юм. Түрүүлж ирсэн хар азарганы нүд миний сэтгэлээс гараагүй. “Ганзага цацлам жороон жороо” гэсэн мөр орж ирээд, онгоцноос буугаад, хөгжмийн зохиолч М.Бирваад санаагаа хэлсэн. Их хурдан бүтсэн. Жороон жороог хар арьстан ч бүжиглэж байна, хамаг монголчууд бүжиглэж байна. “Жалам хар” шиг л ард түмний бүжиг болсон байна.

Хурдан морь унаж байсан болохоор морины тухай “Төрийн ажнай” гэж бүжиг хийлээ. “Бие чинь болъё” бүжгээ гэхэд л монголчуудын арга билэг, сүсэг бишрэл, зан заншил, дэг намба төрх гээд уран бүтээлийн сэтгэлгээгээр л дэглэж байгаа юм. Ард түмэнд хүрсэн сайхан бүтээл болсонд баяртай явдаг.

-Бүжиг найруулах ухааныг Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт Б.Жамъяндагва заасан гэдэг. Харин ардын бий биелгээг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Нанжид багшаараа заалгасан гэдэг. Багш нарынхаа захисан ямар үгийг санаж явдаг вэ?

-Хөгжим бүжигт ардын багш Долгорсүрэн, Нарангэрэл багшаар заалгасан. Арваннэгэн настай байхад маань Говь-Алтай аймгийн Шарга сумаас шалгаж авсан юм. Хөдөөний халзан толгойтой хүүхэд ирээд Догоо багш, Нарангэрэл багшаас монгол бүжгийн гайхамшиг, намба төрхийг биедээ суулгаж авсан. Сонгодог бүжиг заасан Жав багш маань одоо хүртэл бодогдох юм. Урлагийн гавьяат зүтгэлтэн Алтанцэцэг багш маань ч миний багш. 1994 онд СУИС-д бүжгийн найруулагчийн анги нээгдэхэд анхны оюутан болсон юм. Б.Жамъяндагва багш маань бүжиг найруулахыг заасан. “Хөдөлгөөнийг утгажуул, утгыг хөдөлгөөнжүүл” гэдэг байсан. “Зохиол унш, зохиолоо бичиж сур” гэдэг. Д.Нанжид багш маань ардын бий биелэгээний гайхамшгийг тархи, зүрхэнд маань нэвт хэлж өгчээ. Би хоёр том баатар багштай. С.Сүхбаатар багш маань ҮДБЭЧ-д ажилд авч байв.

-С.Сүхбаатар удам дамжсан бүжигчин хүн. Танай бага хүү бас бүжиглэж байгаа гэсэн үү?

-Хүү маань мэдрэмжтэй. “Монгол их хатад” бүжгэн жүжгийн хүүхдийн дүрд баахан бүжиглэсэн. Энд тэнд очоод шууд л биелэдэг, авьяастай. Охин Б.Нандингуа Франц улсын Лион хотын Хөгжмийн дээд сургуулийг бакалавраар төгсөөд, Женевийн Хөгжмийн дээд сургуульд хийлч, удирдаач мэргэжлээр магистр хамгаалахаар суралцаж байна.

-Та бас СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн захирал шүү дээ.

-Шинэ уран бүтээл дээр ажиллаж байгаа гэсэн. Ямар уран бүтээл вэ?

-СУИС инноваци шингэсэн уран бүтээлүүд гаргаж байгаа. Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн С.Дулам багшийн хадны зургийг тайлж таниулах санаачилгын үр дүнд гуравласан бүжгэн жүжиг хийхээр болсон юм. 2016 онд “Хөмрөгөн гурвалжин” бэлэн болсон. 2019 онд ЮНЕСКО-гийн театрт тоглосон юм. Хоёр дахь бүжгэн жүжиг нь “Тамганы бүжигчин”. 2017 онд бэлэн болсон. Гурав дахь бүжгэн жүжиг нь “Босоо цагаан гурвалжин” юм. Би өөрөө хийхээр болсон. Энэ бүтээл маань хийгдэж байгаа. Цар тахлын улмаас хойшлогдоод байгаа юм. Намар бүтээлээ тоглохоор бэлтгэж байна.

Хадны зургийг хөгжим, бүжгийн хэлээр амилуулж инноваци болгохоор хөгжмийн зохиолч, төрийн соёрхолт С.Соронзонболд багш маань ажилласан.

Миний хувьд “Монголын их хатад” бүжгэн жүжиг 2013 онд тавьсан, “Нүүдэл” бүжгэн жүжиг 2010 онд тавьж байсан. Эдгээр бүтээлээрээ “Гоо марал” авч байсан. “Мэргэнд буусан чоно” гээд түүхэн сэдэвт бүжгэн жүжиг тавьж байсан. Тэр утгаараа Монголын бүжгийн урлагийн уламжлалыг орчин үеийн бүжигтэй хослуулаад, шинэ өвөрмөц бүтээл тавья гэсэн юм. Бид дэлхийн хэмжээнд ардын бүжгийн гайхамшгийг таниулахаар зорьж байна.

-”Босоо цагаан гурвалжин” гэдэг нь ямар учиртай вэ?

– Хэнтий аймгийн Рашаан хадан дээр гурван чандмань тамга бий. Энэ чандмань тамгыг С.Дулам доктор тайлж уншсан. Гурвалжин нь эв эе, бат бэхийн бэлгэдэл гэнэ. Хадны дүрст тэмдгээс тамга үүсчээ. Тамгануудаас бичиг соёл үүсчээ гээд ярьдаг юм. Японы эрдэмтэн Такаши “Рашаан хадны нэг дор цугласан олон тамгууд Монголын соёлын өв төдийгүй дэлхийн соёлын өв” гэсэн юм. Хадны зургууд зохиомжтой, үнэхээр гайхалтай. Түүнийг зохиомжлоод, дүртэй, үйл явдалтай болгоод, бүжгэн жүжгийн хэлээр сонирхолтой өгүүлэхийг хичээж байна. “Босоо цагаан гурвалжин” нь эв эе, бат бэхийн бэлгэдэл юм. Соёлын яамандаа төсөл өгсөн. Соёлын яам 120 төсөл шалгаруулсны нэг нь “Босоо цагаан гурвалжин”юм.

-Та багшлах ажилдаа илүү их цаг зарцуулж байна уу, бүжгийн уран бүтээлдээ анхаарч байгаа юу?

– Бүтээлүүдээ хийж байна. Бүжгийн сургуулийн захирал учраас сургуулийнхаа сургалт, эрдэм шинжилгээ, уран бүтээлд анхаарал тавьж байна. Ид хийж бүтээдэг цаг учраас ирэх жил “Монголын их хаад”-ыг Үндэсний урлагийн их театрт тавихаар төлөвлөж байгаа. Хаадын маань агуу сүр хүч, өвөг дээдсийнхээ гүн ухааныг урлагаар дамжуулж танилцуулна Хүү хамтлаг дэлхийд гайхуулж байгаа бол манай монгол бүжиг дэлхийд гарч ирэх цаг ирнэ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

С.Саянцэцэг: Би чинь хар, цагаан хүн шүү дээ

Монгол Улсын консерваторийн багш, гавьяат жүжигчин, төгөлдөр хуурч Сангидоржийн Саянцэцэгтэй ярилцлаа. Тэрбээр Москва, Софи, Мексик, Мадридын дуурийн театр болон сонгодог урлагийнхны мөрөөдлийн тавцан болсон алдарт Карнеги холлд уран бүтээлээ эгшиглүүлсэн анхны монгол уран бүтээлч юм. 2019 онд тэрбээр Монгол Улсын Соёлын элч болжээ.


Та зав чөлөө багатай явах юм аа. Ковидын үед шавь нартайгаа яаж хичээллэж байгаа вэ?

-Зав муутай байна. Хүүхдүүдтэйгээ зууралдаж суутал орой 21 цаг болчих юм байна шүү дээ. Зарим хүүхдүүдтэй зургаан цаг хичээллэдэг. Хөл хорионы үед онлайнаар хичээллэнэ. Өөрөө тоглож үзүүлнэ. Маскийг нь зүүлгээд, гарыг нь угаалгаад, гэр орноо ариутгаж, дэглэмээ сахиулж байгаад хичээллэдэг. Тэгэхгүй бол холын зайнаас хичээллэхээр бас болохгүй юм. Хөл хорио сулрахаар хавар, өвөл хийж чадаагүй ажлаа дуусгах гээд зүтгэж байна. Одоо бид бичлэг дээр ажиллаж байгаа. Цаг хэцүү байвал шинэ бичлэгээ олон улсын тэмцээнүүдэд явуулах гээд эрчимтэй ажиллаж байна.

Таны ээжийн яриаг сонссон л доо. Таны аав, хөгжмийн зохиолч Ч.Сангидорж балын харандаагаар нот бичдэг, нотоо бичихээрээ хөлс нь чийхардаг байсан гэсэн. Том хэмжээний хөгжмийн зохиол бичихээр нот бичихдээ ч сэтгэлдээ ургуулж, чихэндээ сонсоод, маш их хүч зарцуулдаг шиг байгаа юм. Танд бас ийм дурсамж байдаг уу?

-Испанид амьдардаг байхад маань ээж, аав хоёр манайд ирсэн юм. Энэ үеэр намайг Японд тоглохыг урьсан. Тэр тоглолтод бас морин хуур тоглодог япон хүүхэнтэй хамт тоглохыг гуйсан юм. Би тэгэхэд морин хууртай тоглож үзээгүй байсан. “Яана аа, би юу тоглох юм бэ” гэсэн чинь Таны аавын “Зулай цагаан Алтай”, япончуудын дуртай бас нэг зохиол байгаа гэсэн. Аавд “Таны Зулай цагаан Алтай”-г Японд тоглож өгөөч гэж байна, клавир нь байгаа юу гэсэн чинь аав “Юухэн байх вэ, аав нь нэг өдрийн дотор л охиндоо зориулаад бичээд өгнө” гэсэн юм. Орой нь аав “Май, миний хүү” гэсэн. Зохиолоо хэвлээд, и-мэйлээр явуулаад, нөгөө хүүхэнтэйгээ Японд тоглосон. Аав тэрийг бичиж байхдаа өөрөө дуулаад, охиноо тоглоход яаж эвтэйхэн байлгах вэ гэсэн хувилбаруудыг хийгээд байгаа юм. Намайг дуудаад “Ингээд бичвэл ямар байна, нэг тоглоодох доо” гэдэг. Төгөлдөр хуурын зохиолуудаа иймэрхүү л маягтай бичдэг байсан.

Ч.СангидоржийнМонгол далайгээд Хөвсгөл нуурын тухай дууг нь хүмүүс мэднэ. Энэ дууг Ц.Балдорж сэтгүүлчийнДалай ээж цаазын тавцанднийтлэлийг уншаад, эмзэглэж бичсэн гэдэг. Уран бүтээлч хүн өөрийн бүтээлээрээ дамжуулж тэмцэж, өөрийгөө илэрхийлдэг юм байна гэж бодогдсон?

-Тэр дууг бичиж байхад би Москвад сурч байсан. Аав маань их тэмцэгч хүн байсан. Хурц характертай. Аавыг мэддэг хүмүүс түүнд их хайртай. Их хүнлэг. Гомдоовол гомдол нь удаан тайлагддаг. Гэхдээ цайлган хүн байсан.

Та бас аав шигээ эмоцитой гэж ярьсан байна лээ. Та гунигласан, баярласан үедээ төгөлдөр хуураа л тоглодог уу?

-Аавын зан ааш надад явж байдаг гэдгийг сүүлд мэдэрсэн. Хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр, Н.Халиуны хүүхэд миний хичээлд явдаг. Тэд намайг “Яг Сангиа багш” гэдэг юм. Ээж хүртэл “Эвий, миний охин хаалга нүдэж байгаа нь хүртэл яг аав” гэдэг. Том охин нь болоод ч тэр үү “Аавын шар охин” гэдэг нэртэй байсан. Ээж нар хүүдээ, аавууд охиддоо илүү байдаг шүү дээ. Аав маань охидоо их хайрладаг, санаа зовдог байсан.

Та ихэр охин дүүтэй. Ихэрцэцэг, Ижилцэцэг хоёрыг загвар өмсөгч гэдгээр нь хүмүүс мэддэг байсан. Ихрүүд одоо хаана явна вэ?

– Манай хоёр дүү нэг нь Америкт, нөгөө нь Испанид амьдарч байгаа.

Бүх л мэргэжлийн төгөлдөр хуурчид сонгодог зохиол тоглож байгаа. Яг адилхан зохиол тоглоход монгол төгөлдөр хуурчийн мэдрэмж бусдаас өөр сонсогдох болов уу?

-Хүн багшийгаа дуурайдаг гэж ярьдаг. Би багшийнхаа 90 насны ойд зориулж А.Скрябиныг тоглосон юм. Багш маань А.Скрябиныг тоглосон ЗХУ, дэлхийн анхны эмэгтэй байхгүй юу. 50 настайдаа А.Н.Скрябины бүх төгөлдөр хуурын зохиолыг тоглосон хүн байгаа юм. Би багшийгаа 64 настай байхад ангид нь ороод, 89 хүртэл нь багштайгаа хамт явсан. Тоглолтыг маань үзэгчид их гоё хүлээж авсан л даа. Оросууд багшийн тоглолтын манерыг хүртэл сайн мэддэг. Дараа нь олон хүн “Та багш шигээ тоглохгүй, Скрябиныг өөр маягаар тоглож байна” гэсэн юм. Скрябиныг би багш шигээ бус өөрийнхөө мэдрэмжээр, монгол хүний тархи, сэтгэхүйгээр тоглож байгаа юм. Хөгжимчид хоорондоо хэзээ ч адилхан тоглохгүй. Тэр байтугай нэг хүн нэг зохиолыг арав тоглоход огт өөр байдаг. Тэр өдрийн од гэж ярьдаг. Тэр өдрийн мэдрэмж нь өөр өөр явдаг.

Та өсвөр насандаа Москвад сурахаар явсан. Дараа нь Испанид олон жил амьдарсан. Таныг дэлхийн иргэн гэж болох байх?

-Тийм ээ, гэхдээ би дэлхийн иргэн биш, хөгжмийн иргэн л дээ. Эмч нар ч бас адилхан. Эмчийг монгол эмч, орос эмч гэж ялгадаггүй. Ерөөсөө л хүний эмч байхгүй юу. Би бол хөгжимчин л хүн. Дэлхийн хөгжимчин байж магадгүй. Бидний мэргэжил бол адилхан. Харин тоглолт бол өөр.

Олон жилийн дараа Монголдоо ирж амьдрахад дасан зохицоход хэцүү байв уу. Ялангуяа таны нөхөр испани хүн, Монголд дасахад амаргүй байсан болов уу?

-Хэцүү байлгүй яах вэ. Гадаад хүн байтугай олон жил гадаадад амьдарч байгаад ирсэн монголчуудад хүртэл амаргүй байдаг шүү дээ. Муу аав минь өөд болоод, 2012 онд ирээд буцаж чадаагүй. Яаж ээжийг ганцааранг нь үлдээх вэ гээд. Хэдэн жилдээ үлдье дээ. Ээжийнхээ нулимсыг хаттал байя гэж шийдсэн юм. Тэр үед Г.Эрдэнэбат захирал намайг дуудаад та сургуульд ажиллаач гэсэн юм. Эхэндээ би Улаанбаатарыг мэднэ гэж бодож байсан л даа. Яг цагаа тулахаар бас мартсан л байдаг юм билээ. Москвад арван жил сураад, цаашаа Испанид 23 жил амьдарсан. Гэхдээ завсар нь мэдээж эх орондоо ирдэг л байсан. Испанид өвөл болдоггүй. Хувцсаа тохируулахаас авахуулаад жаахан хүндрэлтэй байсан. Улаанбаатар аймаар хөгжсөн, би 1981 онд явсан. Тэр үеийн дэлгүүр байхгүй. Ганцхан Их дэлгүүр л үлдсэн. Тэр нь ч бас өөр болсон. Нэг удаа шөнө хичээл тараад, таксинаас буугаад гэрээ олохгүй төөрсөн. Хоёр талдаа зөндөө байшин барьчихсан. Нөгөө нэг нүхээ олдоггүй. Хаагуур нь ордог билээ гээд. Ээж рүү утасдаж, ээж гарч ирж намайг тосч авсан удаатай. Тиймэрхүү хөгтэй явдлууд бий. Манай нөхөр “Би Орост байсан, тамирчин, халуун цустай испани хүн” гэж хөөрөөд, өвлийн хүйтэнд өмд давхарлаж өмсөхгүй дан жийнстэй яваад байсан.

Дээр үед бид ноосон өмд давхарлаж өмсдөг байсан. Одоо бол гайгүй ш дээ гээд би бас нимгэн явсан чинь даараад, ээжид загнуулж, шавь нарын маань ээж, аав хүртэл “Багш аа, та ингэж явж болохгүй шүү дээ” гэсэн. Сүүлдээ хоёулаа дулаалж явдаг болсон. Гадаад найз нартаа энэ түүхээ бас ярьдаг шүү дээ. (инээв) Одоо бол дажгүй. Манай хүн Монголд их дуртай. Энэ зун монгол, испани найз нартайгаа дөрвүүлээ Баян-Өлгий явахаар төлөвлөсөн байсан. Ковидоос болоод байдал хэцүү болж байна. Ажлаа хийлгүй яах вэ, ковид гарсан гээд хамаг юмаа зогсоогоод, хаалга үүдээ цоожлоод байвал хэцүү. Амьдрал үргэлжилнэ. Дэглэм журмаа сайн бариад явбал даваад гарах юм шиг санагдаж байна.

Та ерээд оны эхээр Москвагийн Чайковскийн нэрэмжит консерватор төгссөн. Тэр үед Монголд амьдрал ороо бусгаа байсан. Эх орондоо ирэх талаар бодсон уу?

– Монголдоо ирж амьдаръя гэж бодож байсан. Москвад биднийг хариуцдаг байсан багш намайг нэг өдөр дуудаад, “Монголд СУИС байгуулж байна. Сургуулиа төгсөхөөр чинь энэ сургуульд чамайг хамгийн түрүүнд багшаар авна” гэсэн. Тэр үед ингээд би их сургуулийн багш болох нь гэж баярлаж байсан. Миний хувь заяа өөрөөр эргэсэн л дээ. Аав, ээжтэйгээ зөвлөлдсөн. Аав намайг зоригжуулсан юм. “Охин минь, эх орон бол хэзээ ч зугтахгүй. Төгөлдөр хуурч болчихоод, ийм сайхан формтой байгаа дээрээ Европоор тоглолт хий, дэлхийг тойр. Одоо Монголд маш хэцүү байна. Чиний тоглолтыг хэн ч сонсохгүй” гэсэн. Тэгээд би нөхрөө дагаад Испани руу явсан даа. Миний тоглолт үнэхээр тэндээс эхэлсэн. Аавын минь мөрөөдөл тэнд биелсэн юм. Испанид байхдаа сургууль нээсэн ч бага цагаар багшилж, илүү их тоглож байсан.

МонголчуудЦол дагаж бяр нэмнэгэж ярьдаг. Гавьяат жүжигчин болсны дараа танд өөр мэдрэмж төрсөн үү?

-Миний амьдралд өөрчлөлт гараагүй. Монголд ирээд гавьяат гэдэг цол чухал юм байна гэж ойлгосон. Би яагаад ч юм аавыгаа гавьяат л гэж боддог байсан, багшийгаа гавьяат л гэж боддог байсан. Намайг манай сургууль, бас СУИС, Урлагийн холбоо тодорхойлсон. Гавьяат цол авсандаа үнэхээр баяртай байгаа. Хийдэг ажлаа хийгээд урагшаа явна. Өөртэйгөө ч ажиллана, хүүхдүүдтэйгээ ч ажиллана. Аавынхаа нэрэмжит тэмцээнийг 2022 оны гурав, дөрөвдүгээр сард хийнэ.

Манай сургуулийн төлөвлөгөөнд орчихсон байгаа. “Монгол ардын дууг төгөлдөр хуур дээр хэн сайн тоглох вэ” хоёрдугаар тэмцээнээ хийнэ. Анх аавын 80 насны ойд зориулж зохион байгуулсан юм. Ээж маань их баярласан. Боловсролын яам дэмжсэн. Манай сургуулийн багш, хүүхдүүд идэвхтэй оролцож, сайхан болсон. Цаашдаа Монгол туургатны тэмцээн болгочих юмсан гэсэн мөрөөдөлтэй яваа.

Таныг мөрөөдөлдөө хүрсэн болов уу гэж бодож байна. Гэхдээ л нас насанд хүний мөрөөдөл өөрчлөгдөж байдаг даа?

-Яах вэ, залуу хүний мөрөөдөл өөр. Би чинь дунд зэргийн залуу хүн шүү дээ. (инээв) Одоо цаг сайхан болжээ. Хөгшин ээж маань миний насан дээр ямар хүн байлаа гэж бодохоор хөгжилтэй. Дараа дараагийн үе маань бүүр хөгширдөггүй хүмүүс байх болов уу. Одоо би уран бүтээлдээ анхаарч байгаа. Яагаад гэвэл маш олон цагийг сурган хүмүүжүүлэхэд зарцуулж байгаа. Хөгжимд хандах хандлагаар дамжуулаад, шавь нараа зөв хүн болгох тал дээр ажиллаж байгаа. Шинэ уран бүтээл хийж, мэргэжил дээшлүүлэх тухай бодож яваа. Өөртэйгөө байнга ажиллаж, мэдлэг боловсролоо дээшлүүлэх нь эрүүл мэндэд маань ч тустай. Байнга тархиа ажиллуулж байвал эрт хөгшрөхгүй, зөнөхгүй. Тийм учраас би амралт гэдэг үгэнд дургүй. Улаанбаатарт “Саяа ба найзууд” тоглолтоо үргэлжлүүлнэ гэж бодож байгаа. Ковидтой үед найзууд маань ирэхгүй. Шавь, багш нартайгаа л хамтрах байх. Сайхан цаг ирэхээр “Монголын төгөлдөр хуурч” гэдэг тодотголоо зүүгээд, гадаадад тоглолтоо үргэлжлүүлнэ. Надад ийм л мөрөөдөл байдаг юм.

Та бүсгүй хүний хувьд өөртөө хэр их цаг гаргадаг вэ. Гоё сайхнаараа тайзан дээрээ гялалзахын тулд хичээл зүтгэл гаргадаг биз?

-Би чинь хар, цагаан хүн шүү дээ. Завгүй үедээ өөрийгөө хаячихдаг. Юун толинд харах. Нэг мэдсэн чинь хоёр хоног нүүрэндээ тос түрхээгүй явж байдаг. Ажил дээрээ очих, найзуудтайгаа уулзахаараа “Нүүрээ угааж, нөгөө хувцсаа өмсөөд” гэнэт цэцэг шиг болоод явна. Зарим хүн бүр цочоод “Хөөх, чи чинь ямар гоё болдог юм бэ” гэдэг. “Харин тийм ээ” гээд л явна. Амьдрал тийм л алаг байдаг. Миний ийм занг ээж зэмлэдэг юм. Миний хувьд номер нэг юм ажил мэргэжил, дараа нь миний гэр бүл, үзэсгэлэнтэй байх нь дараагийн асуудал.

Хүүхдээ амжилтад хүргэхийн тулд урлагийн боловсролтой, хөгжим, уран зураг ойлгодог болгох нь чухал гэдэг. Ер нь хөгжим хүнд юу өгдөг вэ?

-Хөгжмөөр дамжуулж сахилга батад суралцдаг. Япон, Солонгос, Хятадыг хар даа. Ковидыг яаж сахилга баттай даван туулж байна вэ. Хятадад төгөлдөр хуураар хичээллэдэггүй хүүхэд гэж байдаггүй. Хятадад олон удаа уригдсан. Солонгост бас уригдаж байсан. Японд бас очиж хичээл зааж байхад маш сахилга баттай улсууд юм байна гэж бодогдсон. Үүнийг би төгөлдөр хууртай холбож тайлбарлана. Одоо олон улсын цахим тэмцээнд Азиуд л орж байна шүү дээ. Азиуд хамгийн өндөр сахилга баттай байна. Миний шавь нар ч үүнд багтаж байгаа. Зөв ажил хийж байна гэж ойлгож байгаа.

Ерөнхийлөгч шагнал гардуулж байхдааТанд баяр хүргэегэж хэлсэн нь танд их хөгтэй сонсогдсон гэсэн. Хөгжимчин болохоор хүний яриа, хоолойн өнгөнөөс ч хөг мэдэрдэг үү?

-Би баялаг үгээр биш ч тод ярьж байгаа биз. Би хүүхдүүддээ ч хэлдэг. “Тод, тодорхой тогло. Тэгвэл үзэгч чамайг ойлгоно” гэдэг. Х.Баттулга Ерөнхийлөгчийн үг надад хөгтэй сонсогдсон. Би сандраад, ганц тэр өгүүлбэрийг сонсоод хэл ч байхгүй, хөл ч байхгүй юм шиг болсон. Хөгжимчин хүний чих аймаар ажиллаж байгаа биз. Тайзан дээр ч бид бүх чимээг мэдэрч байдаг. Үзэгч шивгэнэж ярих нь сонсогдоно. Цүнхээ онгойлгох, чихэр идэх сонсогдоно. Хөлөө ачиж сууснаа солих нь мэдрэгдэнэ. Тэр байтугай өлмий дээрээ чимээгүй явж байгаа нь сонсогдоно. Аав, ээж хоёр тоглолт үзэж байхад нүдэнд аав, ээжийн дүр харагдаад байдаг. Таньдаг хүний царай харагдана. Тайзан дээр тэгж хүний бүх нерв онгойчихдог байхгүй юу. Хамгийн нервтэй үед анхаарал хамгийн их төвлөрдөг. Ийм үед туршлагагүй төгөлдөр хуурчид, хүүхдүүд сандарч алддаг. Жинхэнэ төгөлдөр хуурчид бол энэ бүхнийг тоохгүй, дүлий юм шиг болдог, энэ миний хэрэг биш гээд робот шиг болчихдог. Ийм ялгаатай.

Робот гэснээс та мэргэжлийн төгөлдөр хуурч болох гээд өчнөөн хөдөлмөрлөж, 12 цаг хичээллэх үе ч байсан гэсэн. Робот хөгжимчнийг орлож чадах болов уу. Сүүлийн үед мэс заслыг хүртэл роботууд хийгээд байгаа шүү дээ?

-Сүүлийн үед залуус робот шиг тоглодог болчихсон. Яг техникээ дагаж байгаа юм. Гэхдээ би өнөөгийн залуусын тоглолтыг нэг их сонсох дуртай биш. Эхний нотноос нь авахуулаад мэдэгддэг юм. Би бол 1950-1980-аад оны бичлэгүүдэд их дуртай. Тэнд гайхамшигтай уран тоглолтууд сонсогддог. Тэр бүхэн надад түлхэц болж өгдөг. Миний багшийн хэлээд байсан сургамж тэнд явдаг. Хааяа багшийнхаа тоглолтыг сонсдог. 1930-аад оны пянзны бичлэгүүд ч байдаг. Тэр үед гэрийн хөгжим дээр тоглож бичүүлдэг байсан шүү дээ.

Тэгэхэд тэгж мундаг тоглож байгаа юм. Гэхдээ жижиг сажиг алдаа байдаг. Яах вэ, уучилж болдог алдаанууд байдаг. Чиний гол тоглолт үзэгчдэд хүрсэн байвал дотор нь байгаа жижиг сажиг алдааг уучилж болдог. Өнөөгийн залуус яг робот шиг болсон, цэв цэвэрхэн, ямар ч толбогүй тоглодог. Зуун зуунаар яваад байгаа биз. Гэхдээ би XX зууны бүтээгдэхүүн л дээ. Би хүүхдүүдээ харин XXI зууныхаар хүмүүжүүлэх дуртай. Нийгмээ дагах ёстой.

Categories
мэдээ нийгэм

Ж.Тогтохсүрэн: 100 гаруй ботго зэллэчихээд, дотор нь явж байх сайхан

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Баян багийн тэмээчин, Хөдөлмөрийн баатар Ж.Тогтохсүрэнтэй ярилцлаа.



-Таныг утасны сүлжээ барьдаггүй газар яваа гэх юм. Хаагуур нутаглаж байгаа вэ?

-Ханбогд сумаас зүүн урагшаа Өмнөговь, Дорноговийн хилийн зааг дээр нутаглаж байна л даа.

-Мянга гаруй тэмээтэй гэсэн үү?

-1167 тэмээтэй.

-Галбын улаан үүлдрийн тэмээтэй гэж сонссон?

-Галбын улаан үүлдрийн тэмээтэй. Би 1988 онд илгээлт аваад, 33 жил мал аж ахуй дээр байгаа. Ээж маань малч удамтай хүн байсан. Удам дамжсан малчин гэж болно.

-Галбын улаан тэмээний ашиг, шим нь хэр байдаг вэ?

-Галбын улаан маань бие бялдар, мах сүү сайтай тэмээ. Ноосны гарц сайтай л даа. Жилд дөрвөн тонн гаруй ноос гардаг. Сүүлийн үед манай говьд цаг агаар муудаад, сүүг нэг их сааж чадахгүй байна. Ойр зуурын гуч гаруй ингэ сааж, сум орон нутгийнхандаа нийлүүлээд явж байгаа.

-Мянга гаруй тэмээтэй хүнд ямар асуудал тулгардаг вэ?

-Манай Ханбогд суманд Оюу толгойн уурхай ажилладаг. Уурхайн зам тоосжилт ихтэй. Уурхайг ажиллуулахын тулд говиос их хэмжээний ус татдаг болохоор ч тэр юм уу сүүлийн арав гаруй жилд цаг агаар хуурайшилтай, тааруухан байгаад байна. Бороо хур муутай учраас бид тэмээгээ худгаас усалдаг. Хангайнхан шиг булаг шанднаас задгай ус ууна гэж байдаггүй. Зохицуулаад л маллаж байна даа. Тэмээгээ усандаа хуваарилна. Усаа нөөцөлж, хуримтлуулж байж тэмээгээ усалдаг. Тийм хүндрэл бэрхшээлийг даваад явж байгаа л даа.

– Тэмээ их ус уудаг, олон тэмээ услах хэцүү байх даа?

-Урин дулаан цагт нэг тэмээ дунджаар 60-70 литр ус уудаг. Тэгээд бодоход 100 тэмээ, мянган тэмээ хэдэн литр ус уух билээ. Ус гаргаж, малаа услах тал дээр арга ухаан гаргаж зохицуулна даа.

-Хүн хүч их шаарддаг уу?

-Хүн хүч шаардагдана. Хавар ингэ ботголох үеэр туслах малчин авч үзсэн. Одоохондоо бол туслах малчингүй, үр хүүхдүүдтэйгээ хамтраад явж байна даа.

-Хөдөлмөрийн баатар хүний хувьд тэмээчин болохыг хүсч байгаа залуу хүмүүст юу зөвлөх вэ. Тэмээ маллахад гол нь юуг анхаарах ёстой вэ?

-Ус, бэлчээрийг нь сонгож чадвал тэмээг өсгөхөд боломжийн амьтан л даа. Бусад малаа бодвол тэсвэр хатуужил сайтай шүү дээ. Олон хоног усгүй явж чадна. Хүйтний улиралд уруудахгүй. Жил өнжиж ботголдог учраас аажуу өснө. Залуу малчдад хэлэхэд ус, бэлчээр сонгох хамгийн гол нь. Цаг агаарын эрс тэс уур амьсгалтай нөхцөлд шантрахгүй л ажиллах хэрэгтэй гэж хэлдэг хүн дээ. Одоо хаана ч ялгаагүй бэлчээрийн даац хэтэрсэн. Ялангуяа манай говьд ус дутагдалтай байдаг учраас залуу малчид шантрах тохиолдол их гардаг.

-Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ, өглөө та хэдэн цагт боссон бэ?

-Би өглөө эрт босдог хүн. Нар гарахад л босч байдаг. Одоо бол дөрөв өнгөрөөд, тав дөхүүлээд гэгээ орчихож байгаа. Дөрөв, тав гэж босоод малаа услаад эхэлнэ шүү дээ. Одоогийн байдлаар говьд гантай байна. Өглөө малаа услаад, эртхэн усаа нөөцлөөд, бүтэн өдөржингөө шахуу л тэмээгээ усалж байгаа юм. Дараа нь малаа бэлчээрлүүлнэ. Бусад мал шиг хоньчилж маллана гэж байхгүй. Олон тэмээг бөөнд нь туухад хэцүү. Хэсэг хэсгээр нь услах шаардлагатай болдог. Өглөө тэмээ маань усандаа цуваад ирнэ. Тэмээгээ услаад, ингэ ботго, сувай тэмээг ангилж бэлчээрт зүг чигийг нь гаргаж явуулна. Ботготой ингээ тусад нь явуулахгүй бол өдийд ботго төөрдөг асуудал гардаг. Малчдын амьдрал хаа сайгүй л адилхан. Ус л их шаарддаг болохоос биш тэмээг өглөө, оройгүй дагаад хариулаад явна гэж байхгүй. Гэхдээ цаагуур наагуур нь явна л даа.

-Малчдын амьдралд технологи хэр нэвтэрсэн бэ. Таны аав, ээжийн үеийнхээс одоо ямар өөрчлөлт гарав?

-Манай аав, ээжийн үед нүүдэллэж явдаг байсан. Ухаандаа хөсгөөр нүүдэг, бэлчээр хөөдөг байсан. Одоо бид малаа нутагшуулсан. Ийм учраас тэмээгээ мянга гартал нь өсгөж байгаа юм. Нэгдэл нийгмийн үед ч адилхан л тэмээ маллаж байсан. Орчин цагт усалгааг хөнгөвчлөөд, хятад усны насос, мотор ашиглах болсон. Дээр үед ховоогоор ус татдаг байхад мянган тэмээ усална гэж байхгүй. Одоогоор гар худаг дээрээ насос мотор тавьж, ус нөөцлөх сав байршуулсан байгаа. 10-20 тонноор нь усаа нөөцөлж байгаад тэмээгээ усалдаг юм. Худаг маань ерөнхийдөө нэг удаа арван тонн ус гардаг. Нэгдлийн үед нэг хүнд 120 тэмээний нормтой, гэр бүлийн хоёр 200 гаруй тэмээ малладаг. Өсч үржээд 300 гаруй тэмээтэй л байсан даа. Түүнээс хэтэрдэггүй байсан. Гар аргаар тэмээгээ усалдаг түүгээрээ л онцлогтой байсан.

– Таны эхнэр цагаан идээ хэр их боловсруулдаг вэ?

-Цагаан идээ боловсруулна. Зуны цагт ааруул тавина. Өвөл хоормогоо хураагаад, зах зээлд гаргана. Нэг их ихээр зах зээлд гаргадаггүй юм аа.

-Хөдөлмөрийн баатар боллоо. Мянга гаруй тэмээтэй боллоо. Та цаашдаа ямар зорилго тавьж байна?

-2015 онд Улсын сайн малчин болохдоо тэмээгээ мянга хүргэх зорилготой л явсан. 2018 онд тэмээ маань мянга хүрсэн. Мянган тэмээний баяраа орон нутгийн ард түмэн, ахан дүүс, зэргэлдээ аймаг, сумын малчидтайгаа хамтарч хийсэн. Би Ханбогд сумын Баян багийн хүн. Баян баг маань 10 мянган тэмээтэй. Амласандаа хүрч тэмээ маань мянга хүрсэн. Төр засаг маань миний 33 жилийн хөдөлмөрийг үнэлж, Хөдөлмөрийн баатрын энэ сайхан цолыг өгсөн. Одоо бол тоо гол биш, чанарт анхааръя. Тэмээнийхээ үүлдэр угсааг сайжруулъя. Галбын улаан тэмээний чанарыг барья гэж бодож байгаа. Малжуулах ажилд оролцож, тэмээ мал сонирхож байгаа залуу малчдыг малжуулах, тэмээтэй болгох зорилготой байна.

.-Мянган тэмээ хэр газар нутгийг хамарч бэлчдэг вэ?

-Дорноговийн нутагт миний ихэнх тэмээ явж байгаа л даа. Дорноговь аймгийн Хатанбулаг сум, Өмнөговь аймгийн Ханбогд сумын хилийн заагт яваа. Дорноговь нутаг дэвсгэр томтой. Эзэнгүй, айл амьтан цөөтэй газар байгаа юм. Тэмээ маань 40-50 км бэлчээрт чөлөөтэй явж байгаа л даа.

-Тэмээний нутаг юм байна даа?

-Тийм. Яг тэмээний нутаг. Агь бударгана, бутлаг ургамал ихтэй, бэлчээр сайтай. Ингэж байж л мянган тэмээг явуулна уу гэхээс биш 5-10 км газарт бэлчээртэй айлууд руу тэмээгээ аваад ороод ирвэл ёстой нүд нь бүлтийнэ шүү дээ. Нутаг дэвсгэр томтой газарт л тэмээгээ өсгөөд байгаа юм л даа.

-Танай баг 10 мянган тэмээтэй гэсэн. Тэмээ өсгөхөд юу чухал вэ. Орон нутгийн удирдлага, төр засгийн зүгээс тэмээ өсгөхөд юугаар дэмжээсэй гэж хүсдэг вэ?

-Манай говьд дутагдаж байгаа юм нь ерөөсөө л ус. Говийг усжуулах бодлого хэрэгтэй байна. Хангайгаас говь руу ус татах төслүүд яригддаг. Энэ төслүүд нь хэрэгжиж, говь руугаа ус татаад ороод ирдэг бол мөн ч сайхан болох юм. Улстөрчдийн амласан том төслүүд хэрэгжиж байна. Таван толгой-Зүүнбаян чиглэлд төмөр зам тавигдаж байна. Таван толгойгоос Гашуунсухайт руу төмөр зам тавигдаж байна. Ийм том төслүүд хэрэгжээд байгаа юм чинь говь руу ус татчих боломж байгаа. Манай энд гүний худгаас л ус гарна уу гэхээс биш энгийн худаг гаргах боломж тун муутай болсон. Ус нь их доошилсон. Оюу толгой компани том хоолой тавиад ус татсан. Үүнээс болоод энгийн худгуудын ус багасах, доошлох асуудал гарсан. Уул уурхай улс, орон нутагтаа их нэмэр болдог ч гэсэн малчин бидэнд бас сөрөг нөлөөтэй байна. Малчдын ганц хүсдэг юм ус л байна. Ус нь байгаад бэлчээр нь байхад мал маллах боломжтой.

-Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт гэж яригдаад байна. Малчин хүнд энэ бүхэн хэр мэдрэгддэг вэ?

-Бороо хур улам л оройтож, зун гэж бараг байхгүй болчихсон. Өдөр нь халах мөртлөө шөнө хүйтэн хонодог. Бороо орлоо гэхэд шөнө дулаахан байж ногоо гарна. Жаахан бороо чийг говьд ирлээ гэхэд хэд хоног хүйтрээд халдаг газар халахаа байчихдаг. Ногооны гарц багассан. Тийм бага сага тохиолдлууд бий.

-Ээж тань тэмээчин хүн байсан гэсэн. Ээжийнхээ ямар үгийг санаж явдаг вэ?

-Би ч айлын бага нь. Нэгдэл тарахад ээж маань тэмээгээ хувийн болгож аваад, би үргэлжлүүлээд тэмээгээ малласан. Ээж маань “Тэмээгээ өсгөөрэй, тэмээгээ л хайрлаж яваарай” гэж захисан. Намайг тэмээгээ өсгөнө гэдгийг мэдэж л байсан байх.

-Тэмээ маллахаас өөр сонирхдог зүйл байдаг уу?

-Өөр юу байх вэ. Яг л тэмээгээ маллаж өдий хүрсэн хүн. Малчин авлаа гэхэд хамжаад л явна уу гэхээс биш өөрөө тэмээгээ хаяж явж байгаагүй. Цэргийн алба хаасан. Бусад үед тэмээтэйгээ л яваа хүн.

-Нэг хэсэг ботгоны мөнгө гэж өгөөд байсан билүү, тэр үргэлжилж байгаа юу?

-Өмнөговиос сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ гуай ботгоны урамшуулал санаачилж, өгсөн шүү дээ. Манай Ханбогд сум, дамаан Баян багийн тэмээ түм болоход ботгоны мөнгө маш их дэмжлэг болсон. Д.Бат-Эрдэнэ гишүүнд галбачуудынхаа болон ханбогдчуудынхаа өмнөөс талархаж байгаагаа “Өдрийн сонин”-оор уламжилъя. Ботгоны урамшуулал одоо ч үргэлжилж байгаа. Миний хөдөлмөрийг үнэлсэн орон нутгийн удирдлагууд, түшээд, тусалж дэмжсэн нутгийн түмэндээ талархаж явдгаа илэрхийлье.

-Тэмээчин хүний жаргал юу вэ?

-Цаг сайхан, тэмээ маань тарга хүчээ авчихсан, өвлийн цагт өнгө зүсээ олоод цасан дээгүүр тэмээгээ бэлчээрлүүлээд явж байхад сайхан санагддаг даа. Хаврын цагт ботго 200-гаар нь уяж байгаа. 100 гаруй ботго зэллэчихээд, дотор нь явж байх бас их сайхан. Ингэж зэллэхэд ботгоны ногт чагт уяанаас авахуулаад ямар их хүч хөдөлмөр ордог билээ. Миний хань надтай хамт зүтгэж байдаг. 100 гаруй ботгоны ногт томно шүү дээ. Өнөөг хүртэл дэмжиж тусалсан ханьдаа талархаж явдаг. Энэ их хөдөлмөрийг зөвхөн би ганцаараа хийгээгүй, хань, үр хүүхдүүд, нутгийн ах дүүсийн тус дэмээр л амжилтад хүрсэн дээ.

-Та дуу аяладаг уу, ямар дуунд дуртай вэ?

-Би ёстой нэг дуу дуулдаггүй хүн дээ. Янз бүрийн телевизийн бичлэгт ороход “Та нэг сайхан дуу аялаач” гэдэг. Хэцүү юм тэр л байдаг. “Сайхан тэмээний тухай дуулчих” гэхээр байхгүй. Ёстой гөлийж байгаа юм аа. Нутгийнхаа сайхан дуучнаар дуу дуулуулах юм уу өөр арга ухаан сэднэ. Тэгсхийгээд өнгөрүүлэхийг бодно шүү дээ (инээв)

-Унших дуртай ном, үзэх дуртай кино юу байна?

-Малтай холбоотой юм л харна даа. Эрдэмтэн, судлаачдын судалгаа, зөвлөгөө, малчдын арга туршлагууд бичигдсэн ном унших дуртай байдаг юм. Орон нутгийн мэдээ харна. Дандаа монгол кино үздэг. Хүүхдүүд солонгос кино үзэх юм. Манай монгол кино үйлдвэрийн кинонууд сайхан шүү дээ, дахин дахин үзээд уйддаггүй. Байнга гарч байдаг, заримыг нь цээжлэх шахуу болж байгаа. Гэхдээ хэд хоногийн дараа гарсан ч үзээд байхаар шүү дээ. Солонгос кинотой адилгүй. Солонгос кино чинь ер нь хэрүүлийн чанартай юм л гарч байдаг шүү дээ.

-Таны хүүхдүүдээс тэмээчин болсон уу?

-Том хүү маань ноднин Биеийн тамирын дээд сургууль төгссөн, багш мэргэжилтэй. Одоогоор малчин болсон хүүхэд байхгүй. Харин ковидоос болоод хоёр том маань ирж туслаад, бараг хоёр жил боллоо. Тэгээгүй бол эд чинь сургууль, соёл дагаад явчихна. Би дөрвөн хүүхэдтэй. Бага хүү маань зургаан настай. Тэмээнд их дуртай. Намайг дагаад л явдаг. “Одоо миний хүү сургуульд орно” гэхээр тэмээгээ яриад л явж байдаг юм. “Миний хүү чинь сургуульд явахгүй бол тэмээгээ тоолж чадахаа байчихна шүү” гэхээр “Би арав хорь гээд тоолчихно шүү дээ” гэдэг юм. Малд нүдтэй. Агаа, эгээгээс илүү мал танина. Багыгаа л малчин болох байх гэж найдаж байгаа. (инээв)

Categories
мэдээ нийгэм

Д.Дашжамц: Бидний боловсруулсан норм, дүрмээр барилга баривал эвдрэл гарахгүй л дээ

ШУТИС-ийн зөвлөх профессор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, шинжлэх ухааны доктор Далайн Дашжамц саяхан “Ардын багш” цол хүртсэн билээ. Түүнтэй ярилцлаа.


-Та 1974 онд Уралын Политехникийн дээд сургуулийг барилгын инженерээр төгссөн гэсэн. 1980 онд Москвагийн Барилгын инженерийн дээд сургуульд дэд эрдэмтний зэрэг хамгаалж байж. Монголчууд байшин барьж чаддаггүй гэж ярьдаг байсан үед та сурч, эрдмийн зэрэг хамгаалж байжээ?

-Намайг дунд сургууль төгсөж байхад МУИС-д барилгын инженерийн анги нээгдсэн юм. 1967 онд би аравдугаар анги төгссөн л дөө. Багш нар маань “Манай сургуулийн байшинг орж ирж хараад л хөлөөрөө шалан дээр нь ганц, хоёр дэвсээд л энэ чинь тэдэн настай байшин юм байна гээд үнэлчихдэг эрдэм чадалтай мэргэжилтэн бэлтгэдэг юм байна” гээд ярилцаад байсан юм. Тэгээд л би барилгын инженер болъё гэж зориод, явсаар байгаад л барилгын инженер болсон доо. Гэхдээ би тухайн үеийн Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны нэр дээр ЗХУ-д сургуульд явсан юм. Аз болж Уралын Политехникийн дээд сургууль тухайн үедээ алдартай сургууль байсан. Миний төгссөн тэр сургуулийг хожим нь ОХУ-ын ерөнхийлөгч болсон Б.Ельцин надаас өмнөхөн төгссөн юм билээ. Тэгэхэд Б.Ельцин Свердловск мужид том дарга болчихсон байсан л даа. “Төрийн сайд нар, олон эрдэмтэд манай сургуулийг төгссөн” гэж багш нар маань ярьдаг байсан. “Зөвлөлтийн инженер бол дэлхийн шилдэг инженер байх ёстой” гэсэн лоозон сургуулийн хананд байдаг. Манай ректор Ф.П.Заостровский ЗХУ-ын төрийн шагнал хүртсэн том эрдэмтэн байв. Монголоос ирсэн гэхээр биднийг хүлээж авч уулзаж билээ. Тэр ярихдаа “Дэлхийн хоёрдугаар дайнд монгол морь унаж байлдаж байсан. Зэрлэг юм шиг адуунууд ирж байв. Маш тэсвэртэй, өвлийн хүйтэнд цас малтаад, өвс олж иддэг морьд байсан. Монгол нэхий дээл өмсөж, морийг нь унаад байлдаж байлаа” гэж ярьдаг байсан юм. Хичээж сураад, Уралын Политехникийн дээд сургуулийг улаан дипломтой төгсөж байлаа. Онц сайн дүнтэй төгссөн оюутнуудад ийм онцлох диплом өгдөг байсан юм. Барилгын инженер болно гэсэн эрмэлзэлтэй төгсөж ирсэн. Тэр үед МАХН-ын Төв хороо гадаадад төгссөн инженерүүдийг хуваарилдаг байсан л даа. “Чамайг шинэ байгуулагдсан барилгын инженерийн салбарт багшаар томилно” гэсэн. 1978 онд аспирантурт ирлээ. 1980 онд Москвагийн Барилгын инженерийн Дээд сургуульд суралцаж, Монгол орны хөлдөж овойдог хөрсөнд барилга барих ухаанаар дэд эрдэмтний зэрэг хамгаалсан. Намайг төгсөж ирэхэд “Монголын гуч дахь эрдэмтэн боллоо” гэж байсан юм. Шинжлэх ухааны докторын зэргээ хожуу хамгаалсан. 1998 онд “Монгол орны тогтворгүй бүтэцтэй хөрсөнд барилгын суурийн шийдэл боловсруулах” сэдвээр зэрэг хамгаалсан юм. Монголд цэвдгээс гадна хөлдөж овойдог, суумтгай, хөөлттэй хөрс гэж байдаг. Говьд хөрс нь хатуу чулуу байснаа барилга барихаар чийгтээд, хөөгөөд эвдэрчихдэг. Орхон, Сэлэнгийн сав газар юм уу тал хээрийн бүсүүдэд бол элсэрхэг тоос ихтэй хуурайвтар хөрстэй. Барилга барьсны дараа хөрс нь суугаад, чийгтэж эвдэрдэг. Эвдрэл гардаг бүлэг хөрсийг судалж барилга барих тооцоо, зураг төслийн шийдэл боловсруулах судалгааны ажлууд хийсэн юм. Их сургуулийн багшийн гол ажил ном сурах бичиг бэлтгэх. 20 гаруй сурах бичиг, гарын авлага хэвлүүлсэн дээ.

-Таны судалгааны сэдэв чухал санагдсан. Одоо ч гэр хороололд хөрс нь овойсон, цууралттай байшингууд байдаг шүү дээ. Таны судалгааны ажлыг хүмүүс хэр их ашигласан бол?

-Эрдэм шинжилгээний ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх гол зам нь барилгын норм дүрэм, стандарт. Барилгын норм дүрмийг боловсруулахад би оролцсон. Шавь нар, хамтран ажилладаг хүмүүстэйгээ арав гаруй норм, дүрэм боловсруулсан л даа. Түүгээр дамжаад, зураг төсөлд нэвтрэх бололцоо бүрдэж байгаа юм. Хэрэв бидний боловсруулсан норм, дүрмийг баримтлаад, барилга баривал эвдрэл гарахгүй л дээ. Гэр хорооллын жижиг барилгуудыг судалгаагүй шууд барьчихаж байгаа юм. Барьсан хойноо “Эвдрээд байна, зөвлөгөө өгөөч” гэж олон хүн ханддаг л даа, ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийнханд. Манай “Геотехникийн профессорын баг”-ийн гишүүн багш нараас зөвлөгөө аваад засч залруулдаг. Одоо бол би “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” гэж АХБ, Европын сэргээн босголтын банкны төсөлд иргэний барилгуудын зураг төслийн зөвлөх инженерээр ажилладаг. Гэр хорооллын барилгууд хөрсний нөхцөлөөс болж эвдрээд байгаа юм. Дулааны алдагдал ихтэй байдаг. Энэ хоёрыг шийдэхээр багууд ажиллаж байна. Усанд автдаг газруудад ус зайлуулах системтэй барилга төлөвлөх хэрэгтэй болж байна. Түрүүчийн барилгуудыг ингэж төлөвлөж байна. Үер, халианд автагддаг, хөрсний нуралт, гулсалт, овойлт, цэвдгийн гэсэлт зэрэг аюултай үзэгдлүүдээс хамгаалах чиглэлээр хоёр нөхрийнхөө хамт шинэ норм боловсруулж гаргасан л даа. Түүнийг зураг төсөлд хэрэгжүүлэх талаар инженерүүдэд зөвлөгөө өгч байна.

Үүнээс өмнө Улаанбаатарт хороолол, нэр цуутай 50 гаруй барилгад төслийн удирдагч, зөвлөх инженерээр ажилласан. Тийм учраас бүтээлээ үйлдвэрлэлд нэвтрүүлж, олны хүртээл болгоод явж байна гэж хэлж болно оо.

-Та олон шинэ бүтээлийн патент, ашигтай загварын гэрчилгээ авсан юм билээ. Зохиогчийн эрхийн гэрчилгээ 17-г эзэмшдэг гэсэн. Ямар бүтээлээ онцлох вэ?

-Миний гол бүтээл бол “Монгол орны тогтворгүй бүтэцтэй хөрсөнд барилга барих ухаан” гээд шинжлэх ухааны нэг сэдэвт бүтээл юм. Үүнд Монгол орны бүх нутаг дэвсгэрийг бүс нутгаар нь судлаад, онцлог чанартай хөрсөн дээр барилга байгууламж барих, зураг төсөл зохиох аргуудын тухай бичсэн. Мөн хамтарч ажилладаг нөхөдтэйгөө “Монгол орны геотехникийн нөхцөл” гээд ном бичсэн. 2008 онд Монгол Улсын шинжлэх ухааны шилдэг бүтээлээр шалгарсан юм. ШУА, БСШУЯ хамтарч шалгаруулдаг байсан. Гэх мэтээр дурдаж болно. Англи хэл дээр бас нэг ном гаргасан. Гадаадын судлаач, Монголд хөрөнгө оруулалт хийж байгаа, үйлдвэрийн барилга байгууламж барьж байгаа улсуудад хэрэг болж магадгүй гээд англи хэл дээр гаргасан юм. Орос нөхөдтэй хамтарч нэг сурах бичиг гаргасан. Нэгдүгээр зохиогч би өөрөө юм. Оросын барилгын сургуулиудад хэрэглэгдэж байгаа. Тэр нь хөлдөж овойдог хөрсөнд барилга барих тухай байгаа юм.

-Хойд хөршид бас цэвдэгтэй хөрс их байх нь ээ?

-Тийм. Орос их цэвдэгтэй шүү дээ. Сибирь тэр чигээрээ цэвдэгтэй. Оросын хэвлэлийн газар санал тавихаар нь монгол хүн дангаараа байснаас танай нэг судлаачтай хамтаръя гэсэн юм.

-Та ерээд онд ч багшилж байсан юм билээ. Ардын багш болтлоо олон шавьтай болсон байх даа?

-Олон шавьтай. Нийтдээ 47 жил ажиллаж байгаа юм билээ. Түүнээс 37 жил нь яг самбарын өмнө зогсчээ. Залуудаа төр, олон нийтийн байгууллагын ажил бас хийж явсан. Нийтдээ 10,000 гаруй барилгын инженерт хичээл заажээ. Дөчөөд магистрын зэрэгтэй судлаачдыг бэлтгэсэн. Арав орчим докторын эрдмийн ажлын удирдагч, зөвлөхөөр ажилласан.

-Төрийн ордноос авахуулаад манай гол барилгууд, орон сууцны хорооллуудыг хятад, япончууд, оросууд барьсан. Одоо бол цамхаг нэртэй өндөр барилгуудыг манайхан өөрсдөө ихээр барих болж дээ?

-Монгол архитектурын их түүхтэй л дээ. Хар хорумаас авахуулаад олон хотын туурь үлдсэн. Харамсалтай нь үндсэн материал нь тоосго, вааран чимэглэл, дээврийн хийцүүд нь мод байсан болохоор дайн байлдааны үеэр шатчихдаг байж. 1950-иад оноос тоосго, бетон барилгын үйлдвэрлэлд нэвтэрсэн. Түүгээр мэргэшсэн хүмүүс нь суурин амьдралтай хятад, орос, япончууд байж. Монголчууд тэднийг дагаж барилгачин болсон. Би ч бас зуны амралтаараа барилгад ажилласан удаатай. Толгойтын тоосгоны үйлдвэр тухайн үед “Найрамдал тоосгоны завод” гэдэг байсан даа. Найрамдал завод Хятадын тусламжаар баригдсан, анхны автомат үйлдвэр байсан юм билээ. Тэнд ажиллаж үзсэн. 1970-аад оны эхэн үед гурван ээлжээр ажилладаг байлаа. Тухайн үед залуус “Хөнжилд ордоггүй долоо хоног (шөнийн ээлж), хөгжлөөс хоцорсон долоо хоног(оройн ээлж), хүнтэй уулздаггүй долоо хоног” (өдрийн ээлж) гэж дуулдаг байсан юм. Улаанбаатар, Толгойт хоёр өөр хот байсан шүү дээ. Хот орно гэж ярьдаг байв. Монголчууд тав хүртэл давхар барилга барьдаг байсан үе. Ерээд он гараад олон давхар барилга барьсан. Монголын анхны өндөр барилга Бодь цамхаг шүү дээ. Энэ барилгын зураг, дизайныг сонгоод, барих ажлыг захиалагчдын хүсэлтээр би удирдсан юм. Олон инженер, архитекторууд оролцсон. “Голомт” хотхон, “Зүүн хүрээ” хотхон байна. Олон барилга байгууламж бий л дээ. Одоо бол гэр хорооллыг хөгжүүлэх ажилд хувь нэмрээ оруулж явна.

-Нийслэлчүүд газар хөдлөлтөөс эмээх болсон. Шинээр баригдаж байгаа барилгуудыг газар хөдлөлтөд тэсвэртэй гэж сурталчилдаг. Японд барилгууд нь байгалийн гамшгийн үед ганхасхийгээд тогтдог гэдэг. Монголчууд үнэхээр газар хөдлөлтөд тэсвэртэй барилга барьж чадаж байна уу?

-Япон газар хөдлөлтөд тэсвэртэй, барилгаараа алдартай. Японы их сургуулиудтай хамтарч хэрэгжүүлдэг “Мянган инженерийн хөтөлбөр” гэж дуулсан байх. Энэ хөтөлбөрийн гол хэрэгжүүлэгч нь ШУТИС. Тэр дотроо Барилга, Архитектурын Сургууль, Механик Инженерийн Сургууль орж байгаа юм. Хоёр жил Монголд, хоёр жил Японд сургаад, түрүүчийн оюутнууд төгсөөд ирсэн, барилга дээр ажиллаж байгаа. Энэ хүрээнд “Газар хөдлөлт инженерчлэлийн лаборатори” байгуулж байгаа. Японд доктор хамгаалж ирсэн Ц.Цоггэрэл багш удирдаж байна. Түүнээс гадна манай геотехникийн баг Японы эрдэмтэдтэй хамтарч, жил болгон газар хөдлөлтийн асуудлаар өөрсдийн туршлага тооцоо, хийж байгаа ажлаа танилцуулдаг, шинэ мэдээлэл солилцдог хамтарсан семинар явуулдаг юм. 2006 оноос хойш бид барилгын норм, дүрмээ шинэчилсэн. Газар хөдлөлтөд тэсвэртэй барилгыг тооцох талаар хичээл их сургуульд ордог болсон. Улаанбаатар хотын газар хөдлөлтийн бичил мужлалыг шинэчлэн тогтоосон шүү дээ. Нэг баллаар нэмсэн. Нэг баллаар нэмнэ гэдэг барилгын тооцоонд хоёр балл ахисан гэсэн үг. Тэгэхээр аюулгүй байдлын зэрэглэл ахиж, барилгын үнэ өсч байгаа. 16 давхар хүртэл барилгуудын тооцоо, барих арга технологиудыг нь нормд оруулсан. Түүнээс дээш давхар барилгуудыг нэг удаагийн зөвшөөрөл олгож, хэлэлцэж байгаа. Барилгын хөгжлийн төв дээр Өндөр барилгын орон тооны бус мэргэжлийн зөвлөл ажилладаг. Шинээр баригдахаар төлөвлөж байгаа бүх барилгууд тооцоо, зураг төслийнхөө дизайныг шалгуулж, зургаа баталгаажуулдаг болж байгаа. Өндөр барилгын нормыг шинэчлэх ажил явж байна. Хуучин барилгуудыг ээлж дараалан хүчитгэх шаардлагатай. Улаанбаатар хотоос сүүлийн дөрөв, таван жилд паспортжуулах ажил хийсэн. Газар хөдлөлтийн чиглэлээр зургаа, долоон багш Японд магистр хамгааллаа. Одоо докторт сурч байна. Барилга, хот байгуулалтын чиглэлээр төрийн байгууллагад зарим нь ажиллаж эхэлж байна.

-Тан шиг мундаг барилгын инженер ямар байшинд амьдардаг нь манай уншигчдад сонин байх болов уу?

-Би хувийн сууцтай. Зургийг нь өөрөө зохиогоод бариулсан юм. Багш нарын орон сууцны хороололд газар өгсөн. Тэндээ амьдарч байна. Хуучны баганан чимэглэлтэй, гурван давхар хаус байгаа.

-Барилгын инженерийн мөрөөдөл юу вэ. Та мөрөөдөлдөө хүрсэн үү?

-За… дөхөж яваа байх аа. Монгол Улсад барилгыг найдвартай, тогтвортой хөгжүүлэх асуудал л даа. Алхам алхмаар урагшилж л байна. Барилга гэдэг олон салбартай юм аа. Үйлдвэр, уурхайн барилгууд, иргэний барилгууд байна. Салбар салбарт шавь нар маань ажиллаж байна. Гүний уурхай өөр байдаг юм байна. Гүн уурхайд тогтворыг хангах асуудлаар судалгаа хийж байсан л даа. Оюу толгойд ажиллаж байгаа шавь нар маань санал бодлоо солилцдог. Бороогийн алтны үйлдвэр зэрэг уурхай, үйлдвэрийн барилгууд дээр зөвлөгөө өгч байсан. Барилгын онцлог нь шинэ юм дандаа гарч ирж байдаг. Хүнээс шинэ сэтгэлгээ байнга шаарддаг. Мөрөөдлөө биелүүлэхээр явж л байна.

Categories
мэдээ улс-төр

Ц.Оюунгэрэл: Аврагч хүлээхгүйгээр, азанд найдахгүйгээр ажлаа л хийх хэрэгтэй

УИХын гишүүн асан Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа.


-”Стэнфорд төгсөгчдийн уулзалтаар өдрийг эхэлж байнагэж та өглөөхөн жиргэсэн байна лээ. Стэнфордынхон цахимаар уулзаад юу ярьдаг юм бол доо?

-Стэнфорд төгсөгчид дотроо янз бүрийн клубт байдаг юм. Тэр дунд нийгэмд нөлөө үзүүлэхүйц хөрөнгө оруулалт хийх, татах сонирхолтой клубүүд ч байдаг. Би тэр клубийн гишүүн байхгүй юу. Тэр клубийн сар тутмын уулзалт болдог. Өнөөдөр болсон уулзалтаараа иргэдийн оролцоотой хөрөнгө оруулалт босгох, нийгэмд нөлөө бүхий үйл ажиллагаа явуулах тал дээр зохион байгуулалтыг яаж хийдэг талаар зөвлөлдсөн. Тэр зөвлөгөөнд би сонсогчийн хувиар оролцлоо. Ялангуяа ковидын цаг үед төрийн санхүүжилт байхгүй болж байгаа. Бизнесүүд ч олноор хаагдаж байна. Уламжлалт буяны үйл ажиллагаанууд өөрчлөгдөж байгаа талаар нэлээд яригдлаа. Өмнө нь нэг, хоёрхон том санхүүжүүлэгч мөнгө гаргаад, түүнийг нь олон байгууллага хувааж хүртдэг байсан бол ковидын дараа амь амиа даацгаая гэдэг систем рүү дэлхий даяар орж байгаатай холбогдуулан цөөн цөөнөөрөө хорь гуч, арав хориулаа нийлж, “Өглөгийн тойрог” байгуулж тэр клубүүд нь нийлэн, төрийн бус байгууллагуудын төслийг сонсож байгаад, алийг нь санхүүжүүлэхээ шийддэг, иргэд өөрсдөө шийдвэр гаргадаг бүтэц болж ажилладаг болжээ. Ялангуяа сая ковидын үед ажилласан гурван клуб өнөөдөр тайлангаа тавьсан.

Манайхан мөнгөтэй хэдэн бизнес эрхлэгчээсээ хандив гуйсаар байгаад цаадуул нь нуруугаа авахуулсан морь шиг л болсон байдаг. Иргэд өөрсдийгөө даадаг болж байгаа нь зүгээр юм аа?

-Тийм уламжлалт загвар өөрчлөгдөж, ковидын үед хүмүүс Zoom ашиглаж, холбогдон, амь амиа даадаг болжээ. Эргэн тойронд бас бие биедээ туслах маш их хэрэгцээ шаардлага гарсантай холбогдуулаад, хүн болгон санхүүжилтэд оролцох болсон байна. Нийгмийн санхүүжилт гэдэг хүн болгоны оролцоогоор хэмжигддэг болж гэдгийг ярилцсан хурал боллоо. Нийгэмд нөлөөлөх өөрчлөлт хийж байгаа ажлуудыг урд нь дандаа том сангууд руу төсөл, хөтөлбөр бичдэг байсан бол иргэд бие биенийхээ төсөл хөтөлбөрийг хэлэлцдэг схем рүү орж байгаа юм байна шүү. Хятад, израилиуд, филиппинчүүд манайхаар бол нутгийн зөвлөл шиг байгууллагын хүрээнд нэгнээ дэмждэг уламжлалтай юм байна. Манай монголчууд шиг нэгнийхээ хурим дээр хандив өгдөг, уйтгар гунигийг нь хуваалцдаг уламжлалт өглөгийн системүүд байдаг юм байна. Нэг хүнд тусалъя, нэг хүний эмчилгээний зардлыг босгоё, нэг хүнийг сургуульд явуулъя, хуримыг нь хийлгэе гэхээс гадна нийгэмд өөрчлөлт хийх өглөг гэсэн ойлголт гарч иржээ.

Түүнийгээ “Нийгмийг өөрчлөх хөрөнгө оруулалт” гэж нэрлээд байгаа юм. Ганц хүн 100 доллар өгөхөөр нийгмийн томоохон асуудлыг өөрчилж чадахгүй байна, арав, хориулаа нийлье гээд клуб маягийн байгууллага байгуулаад, “Өглөгийн тойрог” гэж нэрлэдэг юм билээ. “Манай тойргийнхон” гэж яриад байгаа юм л даа. Тойрог дотроо алиндаа мөнгө өгөх вэ гэдгээ ардчилсан аргаар гар өргөж, иргэдийнхээ оролцоотой шийддэг юм байна. Хорин хүнтэй нэг клуб гэхэд л олон улсад өөрчлөлт хийхэд зориулж, гадаадынханд хөрөнгө босгож өгдөг гэж ярьж байна лээ. Иймэрхүү зүйл сонслоо.

Таныг сонгуулийн дараа юу хийж байгаа бол гэж хүмүүс сонирхож байгаа байх л даа.

-Сонгуулийн дараа хоёр л гол ажил хийж байна. Нэгдүгээрт, уламжлал ёсоороо “Жорлонгоо өөрчилье” ажилдаа нэмэр тус болох бүх л зүйлийг үргэлжлүүлж хийж байна. Хоёр дахь гол ажил нь Иргэний оролцооны нэгдэл гээд шинэ нам байгуулах ажлаа эхэлсэн. Зургаан ажлын хэсэг байгуулагдаад, мандатын ажлын хэсэг маань аймаг, дүүргүүд рүү холбогдож, намын их хуралд төлөөлөгч сонгох ажил явагдаж байна. Маргааш лайв хийж, төлөөлөгч сонгох процессын талаар тайлбарлах гэж байна. Нам байгуулах үйл явцыг ил тод хийж байгаа. Наймдугаар сарын 7-нд намын их хурлаа хийгээд, Улсын Дээд шүүхэд бүртгүүлэхээр өргөдөл өгнө. Энэ зунжингаа л улс төрийн зохион байгуулалтын ажил хийж байна.

Шинэ намд чинь танаас өөр олны танил хүн байгаа юу?

-Олон хүмүүс нэрээ бүртгүүлж байна. Олны танил хүн хэд орж ирэхийг мэдэхгүй байна. Одоогийн байдлаар 1400 гаруй хүн бүртгүүлсэн. Хүмүүс өөрсдийн апп-аар бүртгүүлж байгаа учраас тэр нь тэр, энэ нь энэ гэж оноосон юм алга. Надад өөрийгөө танилцуулсан олны танил хүн алга. Миний хувьд контент, дүрмийн төсөл, түүнийг хэрэгжүүлэх заавар бэлтгэхэд анхаарч сууна. Дүрмийг олон нийтэд танилцуулахад бэлтгэх, намын их хурлаар гаргах шийдвэрийн төслийг боловсруулах ажлын хэсэгтээ туслах ажилтай байна.

Ерөнхийлөгчид нэр дэвшихээр өрсөлдөөд ялагдахад гэр бүлийнхнээс чинь таныг тайвшруулах үг хэн хэлсэн бэ. Нөхөр чинь яаж хүлээж авав?

-Манай хүү хэлсэн л дээ. “Та угаасаа л одоо залуучуудын төлөө ажиллах ёстой шүү дээ. Танд хийх юм зөндөө байна шүү дээ, ээж” гэж хэлсэн. Хүүгийн хэлсэн тэр үг тайвшрал авчирсан. Манай нөхөр бол ямар ч реакц үзүүлээгүй. Тийшээ яваад буцаад ирлээ гэж байгаа юм шиг л сууж байсан. Сонгуульд орж л байдаг, ялж, ялагдаж л байдаг болохоор нэг их сүрхий хүлээж аваагүй.

Ном бичихэд бас анхаарч байгаа гэсэн үү, хүмүүс танд үүх түүх өгүүлсэн номоо санал болгож байх шиг байсан?

-Тийм. Номынхоо судалгааг эрчимжүүлж байгаа. Судалгааны материалаа цуглуулж эхэлсэн. Тэр цаг үеийн судалгааг би хийж эхэлж байна шүү, туслаарай гэсэн. Хүмүүс тусалсан. Гурван ч ном ирсэн. Уншаад эхэлсэн. Намын анхдугаар их хурал хуралдаж, Дээд шүүхэд бүртгүүлээд, ажил хуваарилагдаад, эзэнтэй болохоор надад номынхоо судалгааг үргэлжлүүлэх зав гарах байх гэж бодоод судалгааны материалуудыг цуглуулж байгаа юм.

Ардчилсан хүчнийг дэмжигчдийн хувьд сонгуулиар дараалсан ялагдал хүлээж байна л даа. Нэг хүн фэйсбүүктээСонгууль, сугалаа хоёрт ч би азгүй хүн дээгээд биччихсэн байна лээ. Сонгуулийн дүн гарсны дараа танд ямар сэтгэгдэл төрсөн бэ?

-Сонгуульд удаа дараа ялагдана гэдэг бол систем чинь буруу байна, системээ сайжруул гэсэн дохио гэж бодож байгаа. Бид дараа дараагийнхаа азыг, аврагчийг хүлээгээд суугаад байвал азгүй явдал үргэлжлээд л байна. Аврагч хүлээхгүйгээр, азанд найдахгүйгээр ажлаа л хийх хэрэгтэй. Бидний хийх ажил бол систем сайжруулах. Ардчилсан намын систем болохгүй байгаа учраас гараад би өөр систем босгоод сууж байна.

Ардчилсан нам дотроо системийг сайжруулах хүч хуралдаад, системээ сайжруулбал сайн байна. Тал талдаа системээ сайжруулах хэрэгтэй. Шударга, ил тод болгох хэрэгтэй. Мөнгөнөөс бага хараат болгох ёстой. Ер нь бол ардчилсан болох хэрэгтэй. Ардчилсан нам гэдэг нэртэй боловч дүрэм нь ардчилсан бус болчихоод байгаа шүү дээ. Суурь нь ганхсан учраас азгүй мэт харагдаад байгаа юм. Энэ бол азны асуудал бус. Бодитой системийн гажуудлын үр дүн. Энэ гажуудлыг засахын тулд өдөр алгасахгүй ажиллах хэрэгтэй байна. 2024 он одоохон хажууд хүрээд ирнэ. Тэгэхэд эвдэрхий системтэйгээ байвал дахиад л азгүйтэл үргэлжилнэ.

Хүмүүс надад хэлдэг. “Чи нэг тугийн дор явах ёстой байж яагаад олон туг мандуулаад байна” гэдэг. Буруу систем, буруу тогтолцоон дор явж болохгүй. Тийм учраас тогтолцоо засах ажлыг хэн нэг нь хийх ёстой. Тэр засвар хажуугийн жижигхэн засварын цехэд болж байна уу, том намд болж байна уу гэдгээс үл хамаараад, бид зогсоо зайгүй системийн засвар хийж байх учиртай. Системийн засвар хийж байгаадаа би сэтгэл өег байгаа. Энэ засварыг би АН дотор хийж чадаагүй гэдэгтээ жаахан гунигтай байгаа. Гэхдээ гадна талд нь ч хамаагүй системийн ардчилсан хувилбарыг гаргаж ирэх ёстой учраас ажиллаж байна. Энэ хувилбар маань бусад намуудад таалагдвал энэ системийг аваад хуулаад, сайжруулаад явбал системийн сайжруулалтад том хувь нэмэр оруулна гэсэн үг. Суурь нь тэгширсний дараа бол нийлэх хамтрах гэдэг бол цаг хугацааны асуудал байдаг. Гэхдээ эвдэрхий, буруу, ардчилсан бус суурин дээр эв нэгдэл болж өгөхгүй байгаа юм. Олон намууд нэгдэж нэг хүч болох нь битгий хэл нэг нам дотроо учраа олж чадахгүйгээр эвдрэлцэж байна шүү дээ. Энэ бол системийн гажуудлын үр дагавар л даа.

Цар тахлын халдвар маш их нэмэгдэж байна. Энэ бүхэн юунаас болж байна гэж дүгнэж байгаа вэ?

-Цэвэр зохион байгуулалтын алдаа гэж дүгнэж байна. Маш хатуу хөл хорио тавьж сүржигнэчихээд, дэлхийд магтуулах хэмжээнд вакцинаа хийчихээд, халдварын тоогоороо тэргүүлж байгаа нь сонгуулийн үеэр хоёр нүүртэй байсны үр дүн. Ард түмэндээ хатуу хандаад, эрх баригчдад зөөлөн хандаж халдвар тархах үүр уурхайг өөрсдөө бий болгосонтой л холбоотой. Анхнаасаа л бүх нэр дэвшчигчдээ адилхан хатуу шаардлага тавиад, бүх уулзалтан дээр зай бариулаад, хүн шавуулахгүй байсан бол ийм болохгүй байсан. Сонгууль эхлэхэд л замбараагүй холилдоод эхэлсэн. Энэ бүхэн нэг хүнийг сонгуулахын төлөө төлж байгаа төлбөр. Ганц л хүн энэ дэглэмийг зөрчсөн шүү дээ. Нэг хүн дэглэм зөрчихөд цунами шиг том аюул цалгиж байгааг өнөөдрийн статистик харуулж байна. Вакцинжуулалтад зарцуулсан хөрөнгө, хүч чармайлтыг хэдхэн цалгисан уулзалтаар л цацаад тараагаад хаячихлаа л даа. Үүнийг У.Хүрэлсүхийн буруу манлайлал гэж гэж үзэж байгаа. Манай Монгол шиг буруу манлайллаасаа болж аюулаа цалгиулж байгаа газар дэлхийд байхгүй. Бүх хүч чармайлтаа тавиад нийлж байгаад дарж авч байгаа. Бүгд дарж авъя гэхээр нэг хүн дэвсээр байгаад тараагаад хаячихлаа шүү дээ.

Наадам дөхлөө. Наадмын өдрүүдийг яаж угтаж байна?

-Би наадмаар ажил хийсээр байгаад л таардаг. Наадмаа бэсрэгхэн, хяналттай, зайгаа бариад, зөв хийхээр төлөвлөж байгаа орон нутгийн засаг захиргааныхан бидэнтэй холбогдож, сумандаа жорлонгоо яаж өөрчлөх талаар сургалтыг онлайнаар авч байгаа. Гурван сумаас холбогдож, зөвлөгөө аваад байна. Саяхан Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумынхан зөвлөгөө авмаар байна гэсэн.

Та ялагдал хүлээсэн ч шууд л жорлон, ном, нам гээд ажил яриад явчих юм аа. Сэтгэлээр унаж, шархаа илж суух хэдэн өдөр байдаггүй юм уу?

-Байхгүй шүү дээ. Тэглээ гээд ажил урагшлах биш.

Ямар нэг зүйлийг өөрчилье, урагшлуулъя гэж бодож байгаа бол хөдөлмөрлөх л хэрэгтэй.