Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Д.Энхтуяа: Байгалийн өнгө гэдэг монгол ноос, ноолуурын давуу тал болж байна

ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн багш, доктор Д.Энхтуяатай ярилцлаа. Тэрбээр мөн “Шимасэки” трейнинг төвийн захирлаар ажилладаг. “Монгол ноолуур” номын зохиогч юм.


-Германчуудтай хамтраад монгол ноолуурыг дэлхийн түвшинд гаргахад бусдаас ямар ялгаатай байгаа талаар судалсан гэсэн. Монгол ноолуур юугаараа онцлогтой вэ?

-Германчуудтай 2000 оноос хойш хийсэн судалгаагаар монгол ямааны ноолуур Азийн сонгодог ямааны ноолуур мөн гэдгийг бид баталсан. Азийн сонгодог ямааны ноолуур гэдэгт Монгол, Хятад хоёр л орж байгаа юм.

Гистологи бүтэц гэдэг үзүүлэлтээр нь ингэж тодорхойлсон.

Ямааны ноолуур гадна талдаа хайрсан давхаргатай. Хайрсны өндрөөс шалтгаалж байгаа юм. Ямааны ноолуур гялалзсан өнгөтэй байдаг шүү дээ. Хайрс нь өндөр бол нарны гэрэл ойж, гялалзсан өнгөтэй болдог. Зөөлөн байна гэдэг нь хайрс нь нимгэн гэсэн үг. Манай ямааны ноолуур 16 микрон гэж байхад Австрали 14 микронтой хонины ноос гаргачихаад байгаа юм. Бүр нарийхан болчихоод байна. Тэгсэн ч ширүүн байдаг. Тэр нь хайрсны бүтцээс шалтгаалж байгаа юм. Монгол ямааны ноолуур бусад ноолуураас юугаараа онцлог гэхээр мэдээж голч нь 16 микрон байдаг. Хятад ноолуураас манайх урт байдаг. Хятад ноолуур 26-32 мм гээд стандарт байдаг. Гэтэл манай ноолуурын стандарт 38 мм-ээс дээш гэж заадаг. Энэ хамгийн давуу тал. Урт учраас нарийн ээрмэл хийх боломжтой. Дээр дурдсан хайрсны бүтцээс шалтгаалаад, ээрэх явцад уян чанар нь өөр байдаг.

-Та бас ноолуурын өнгөний талаар ярьсан байдаг. Монгол ноос, ноолуур бол байгалиасаа таван өнгөтэй байдаг гэсэн шүү дээ. Тийм учраас будах шаардлагагүй байгалийн брэнд бүтээгдэхүүн болдог гэдэг?

– Хятадын ноолуур бараг 99 хувь нь цагаан байгаа юм. Дэлхийн зах зээл дээр нэг хэсэг цагаан ноолуур маш үнэлэгдсэн. Янз янзын өнгөөр будаж болно гэж үздэг байсан. Монгол ноолуур байгалиасаа дөрвөөс таван өнгөтэй. Өнөөдрийн зах зээлийн хэрэгцээнд будаг ороогүй натурал бүтээгдэхүүн гэдгээрээ маш давуу тал болж байна. Говь, Ээрмэл, Кашмер холдинг гээд үйлдвэрүүд органик гэж ярьдаг будаг оруулаагүй, өөрийнх нь өнгөөр хийсэн бүтээгдэхүүн гаргадгаараа давуу талтай. Зөвхөн ноолуур ч бус хонины ноос ч гэсэн өнгөнийн хувьд давуу талтай. Эрдэнэт хивс Австралиас хонины ноос аваад хивс хийж л дээ. Тэр нь дандаа цагаан өнгө байхад манайх хар, саарал, улаан буурал гэх мэтээр натурал өнгөтэй, будаггүй хивс гаргаад, тэр нь бас дэлхийн зах зээл дээр эрэлт хэрэгцээтэй байсан. Тэмээний ноос байна. Сарлагийн хөөвөр бүр гурван өнгөтэй. Хөвөн цагаан өнгөтэй гэж ойлгодог байсан бол одоо өнгө өнгийн хөвөн хүртэл тарьж байна шүү дээ. Ноолуурын үйлдвэрлэлд хамгийн чухал болж байгаа зүйл нь тогтвортой байдал. Дэлхий нийтээр нэхмэлийн үйлдвэрлэлд маш их ус зарцуулдаг. Түүн дээр будаг орж ирнэ. Ус хэмнэх, химийн бодис бага зарцуулах асуудал яригдахаар натурал өнгө чухал болоод байгаа юм.

Дэлхий нийтээр эрүүл хэрэглээг чухалчлах болсон. Эрүүл хүнснээс гадна эрүүл хувцас бүтээгдэхүүн хэрэглэх гэж хичээдэг. Байгалийн өнгө гэдэг монгол ноос, ноолуурын давуу тал болж байна. Европт хүний хуучин хувцсыг хаана хаях вэ гэдэг асуудал хөндөгдөж байна. Химийн будагтай хувцас хаяхад хөрс бохирдуулна гэж үзэх болсон. Натурал ноос ноолууран хувцас бол хөрсөндөө шингэнэ. Комиссын хувцас гээд оруулж ирээд байдаг. Хаях газаргүй болсон юм л үнэндээ авчраад байгаа шүү дээ.

-Байгалийн өнгө чухал, монгол ноолуур таван өнгөтэй гэж байгаа ч сүүлийн үед хар ямаа зонхилох болсон юм биш үү. Үүнд юу нөлөөлж байна вэ?

-Монгол малын зүс олон янз шүү дээ. Цагаан ямааг бодвол хар ямаанаас гарах ноолуурын хэмжээ их байдаг. Өвлийг өнтэй давахад бараан зүсмийн мал илүү байдаг. Цагаан ямаа цөөрч байгаа. Ноолуур багатай, үс нь тачирхан, зуд турхан болоход тэсвэр багатай.

Цөм сүрэг гэж ярьдаг. Эрчмийн хар ямаа байна. Хөвсгөлийн Эрмийн нурууны орчмоор нутагладаг иргэд өсгөн үржүүлдэг энэ ямаа ноолуурын чанараараа гайхагддаг. Ноолуур нь нарийн, урт байдаг давуу талтай. Хүмүүс ямааныхаа үүлдэр омгийг сайжруулах гээд тэндээс ухна авах жишээтэй. Дөрвөлжингийн халтар гээд ямаа байна. Завханы Дөрвөлжингийнх. Сайн гэгддэг үүлдэр омгийн ухна авч тавьж байна. Эдгээр нь ямааны зүс хар бараан болоход нөлөөлж байна. Говь гурван сайхан, Донын хар ямаа гэхэд л бас ноолуур ихтэй. Манайд ноолуур бэлтгэлийн систем байхгүй болсон. Нарийныг нь өндөр үнээр авна, бүдүүнийг нь хямд үнээр авна гэхгүй болохоор их ноолуур өгдөг үүлдрийг илүүд үзэх болжээ. Улаан хүрэн зүсмийн ямаа бас байна. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд голчлон үржүүлдэг улаан зүсмийн ямаа бас алдартай. Тэндээс ухна тавьсан газар бас улаан ямаатай байна. Үржил селекцийн ажил малчдын зоргоор явагдаж байгаа. Яг үнэндээ Баяндэлгэрийн улаан ямаа Сүхбаатартаа л сайн өсөхөөс биш өөр газар очоод үр шимээ сайн өгөхгүй л байгаа. Залаа жинстийн цагаан ямаа гэхэд л Баянхонгортоо, дулаан газартаа л ашиг шимээ өгөхөөс бус Хөвсгөлд амьдрах чадвар муутай. Угаасаа Монголд бараан ноолуур их байдаг. Гэхдээ дэлхийн зах зээл дээр цагаан ноолуур үнэтэй байдаг.

Гэхдээ манайхан хүйтэн сэрүүн уур амьсгалтай холбоотойгоор бараан зүсмийн ямааг илүүд үзэх болсон. Бараан зүсмийн ямааны ноолуурын гарц нь өндөр байдаг л даа.

-Та сая төрөлх нутаг усандаа зохицсон байдаг гэж хэллээ шүү дээ. Англи, Италид монгол хонь, ямааг өсгөж үржүүлэх оролдлого хийгээд бүтэлгүйтсэн гэсэн. Хоёр дахь жилээсээ үс нь ургахаа байдаг гэв үү?

-Яагаад Монгол, Өмнөд Монголд ноолуур байгаа гэхээр уур амьсгалтай холбоотой. Арваннэгдүгээр сард хүйтэн сэрүүн ороход арьсан доторх ноолуурын булчирхай ажиллаж, ноолуур ургаж эхэлдэг юм.

Анх ноолуур тансаг сайхан эд гэдгийг Европт мэдүүлсэн хүн Наполеоны гэргий Жозефина гэдэг. Тэр ноолууран хувцас эдэлж хэрэглэдэг байжээ. Энэтхэгийн Кашмир нь Энэтхэг, Пакистан, Хятадын хилийн уулзвар орчимд байдаг уулархаг бүс нутгийн нэр. Энд 12-14 насны охидоор утас хийлгэж, даавуу нэхүүлдэг байсан гэдэг. Мань мэтийн баригар гар ноолуур нэхэж чадахгүй нь байна шүү дээ. Ноолуур гэж ийм тансаг сайхан эд байдаг гээд Европт түгээд ирэхэд нь Европт ямаа өсгөж үржүүлэхээр нэг, хоёроор нь, сүргээр нь авч яваад өсгөж үржүүлэх гэж оролдож байжээ. Гэтэл дулаан газарт ноолуур нь ургахгүй, бүр гахай нүцгэн болсон гэдэг.

Тэр ч бүү хэл Дэлхийн банкны тайланд ийм дүгнэлт байна гэж манай нэг багш хэлсэн. Зах зээлд шилжих үед Монгол Улс гайгүйхэн шиг гараад явахад малчдын хувьд ноолуур их үүрэг гүйцэтгэсэн байна гэж судалж дүгнэсэн юм билээ. Тэгээд киргиз хүмүүсийн амьдралыг сайжруулахаар Монголоос баахан ухна, ямаа авч явсан. Бид бас судалгаанд нь оролцож байсан. Манай багш сүүлд судалгааны дүгнэлтийг уншихад Монголд байгаа шиг сайн ноолуур гаргаж чадаагүй юм билээ. Энэ бол цаг агаар, уул ус ургамал бүх юмтай холбоотой юм байна гэж бичжээ.

Малын эмч нарын зөвлөгөөн дээр бас ийм яриа болж байсан юм. Хүмүүс Баяндэлгэрийн улаан, Эрчмийн харыг энд тэндгүй авчраад байдаг. Яг тухайн нутаг усандаа л зохицдог болохоос биш өөр нутагт болдоггүй юм байна гэж байсан.

-Та гэр ахуйн ноолууран эдлэл гээд шинэ төрлийн бүтээгдэхүүн бий болж байгаа талаар бас ярьж байсан. Ноолууран хөнжил, бүтээлэг хортой хий туяаг шингээдэг гэж үздэг гэсэн үү?

-Хоол хүнс, хувцас хунараас гадна гэр орон маань эрүүл тааламжтай байх ёстой гэж үздэг болсон. Одоо хүмүүс гэрээсээ их ажиллах болсон. Ийм нөхцөлд ноолууран цамц өмсөхөөс илүү буйдангийн бүтээлэг нь ноолууран байх хэрэгтэй болж байна. Хүнд дулаан мэдрэмж өгдөг зүйлс хэрэгцээтэй болж байгаа юм билээ. Бүр аяганы сэнжин дээр нь хүртэл ноолууран бүрээс хийж байна. Гэрийн халаат ч ноолуур болж байна. Хөвөн чийгийг татдаг учраас хөгшин настай хүмүүсийн арьс хуурайшдаг гэнэ. Гэтэл ноос ноолууран хувцас чийг өгдөг байна. Гэр ахуйн ноолууран сүлжмэл эдлэл бий болсон. Дэр бол маш хэрэгцээтэй. Насжилт нэмэгдэж байгаа. Настай хүний биед халуун, хүйтэн жин тавихад ноолууран бүрээстэй бол тааламжтай. Одоогоос таван жилийн өмнө бид төсөл хэрэгжүүлж байхад маш их борлогдсон зүйл нь ноолуураар бүрсэн хүн шиг том грилк. Европт ганцаараа амьдардаг настай хүмүүс олон. Ганцаараа хүн дулаан юм налж, тэвэрч суух хэрэгцээ байдаг юм билээ. Манайхан Германы оюутнуудтай хамтарсан эсгийний сургалт хийсэн юм. Монголчууд эсгийгээр гутал, тавчик хийнэ шүү дээ. Нөгөөдүүл болохоор налж суухад тухтай гээд тэмээний бөх шиг том том юм хийж тавьсан. Орчноосоо тусгаарлагдаж, юм сэтгэн бодоход тухтай гээд сандал дээр суугаад, толгойдоо чийдэнгийн бүрхүүл шиг юм углаад сууж байх юм байна. Ноолууран бол бүүр сайхан дулаахан мэдрэмж төрүүлнэ гэнэ. Европ хүний сэтгэлгээ өөр юм билээ. Хачин санагдаж байсан ч Европт очиход үнэхээр тийм зүйлс хэрэгцээтэй юм билээ. Нидерландтай хамтарсан гэр ахуйн ноолууран эдлэлийн төсөл хэрэгжүүлсэн юм. Парисын том дэлгүүрээр орж үзэхэд манай энд байгаа ноолууран орны бүтээлэг, гэрийн халаат энэ тэр манайд зарагддагаас таваас зургаа дахин үнэтэй байсан. Манайхаас 250 еврогоор орны бүтээлэг хийлгээд аваад явдаг байхад тэнд 1200 орчим байх жишээтэй. Эсгий таавчиг Европт хэрэгцээтэй эд. Манай хүүхдүүд Европт очихдоо хүмүүст бэлэглэсэн чинь одоо эсгий таавчиг л захиастай. Айлуудын шал нь модон биш, чулуун байдаг юм байна. Жаахан жаахан дэвсгэр дэвсчихдэг. Эсгий таавчиг бол зун ч өвөл ч өмсдөг. Одоо бол ноолууран өмд хамгийн тансаг бэлэг гэсэн. Ноолуур гэдэг юмыг тэгж л үнэ цэнийг нь мэдэрч байна даа.

Дэлхийн дулаарлаас болоод хүмүүс нимгэн хувцас сонирхох болсон. Ноос ноолууран эдлэл чийг шингээж аваад, дулаан ялгаруулдаг учраас австралиуд шууд бие дээрээ өмсдөг хувцас хонины ноос, ноолуураар хийгээд байна л даа. Хонины ноос ширүүн талдаа болохоор ямааны ноолуураар хийх болсон. Ноолууран хувцасны тааламжтай байдал, тав тух, эрүүл ахуйн судалгаа хийж байгаа. Өвлийн хүйтэнд синтетик материалтай хувцас өмссөн үед нуруунаас хайрдаг шүү дээ. Ноосон хувцас тэгж хайрахгүй. Сурагчийн дүрэмт хувцсанд 40 хувийн ноос орсон шүү дээ. Манай нэг багшийн хэлсэн үг фэйсбүүкээр явж байна лээ. “Гадаад формын хувцас гялгар ууттай л адил” гэж. Зөндөө юм болж байж л дүрэмт хувцсанд ноос оруулсан шүү дээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Ч.Ганзориг: Хэдхэн койны арилжаан дээр харилцагчдаа луйвардахгүй

Сүүлийн үед койн тойрсон яриа хөөрөө өрнөж байгаа. Бид өмнө нь судлаачтай ярилцсан бол энэ удаа DAX (Digital assets exchange) виртуал хөрөнгийн биржийн захирал Ч.Ганзоригийн яриаг хүргэж байна.


-Өөрийг тань Ард санхүүгийн нэгдлийн Ч.Ганхуяг захирлын дүү гэж мэднэ. Ямар хүмүүс виртуал хөрөнгийн биржийг тэргүүлж байгаа нь хүмүүст сонин болов уу. Та өөрийгөө танилцуулаач?

-Би банк, санхүүгийн хүн л дээ. 2010 оноос хойш банк, санхүүгийн зах зээлд өнөөг хүртэл ажиллаж яваа. 2007-2010 оны хооронд Унгар улсын Будапешт хотын Корвинус Эдийн засгийн их сургуулийг төгссөн. Түүнээс өмнө Хас банкинд теллер, харилцагчийн мэргэжилтнээр ажиллаж байлаа.

Сургуулиа төгсөөд уламжлалт санхүүгийн байгууллагад ажилласан. 2015 оноос хойш биткойн, блокчейн технологийг сонирхон судалсан юм.

Биткойн 500 ам.доллар болоход нь хөрөнгө оруулж эхэлсэн. Ханш нь маш савлагаатай, огцом өсдөг байлаа. Технологийг нь ойлгоод, ном, сонин уншаад нэлээд явсан. Тэр үед монголчууд энэ талаар мэддэггүй, сонирхдог хүн бараг байгаагүй. Нэлээд олон биткойн цуглуулж, арилжаа хийж, алдаж онож байв. Гэхдээ оносон нь арай их байх. 2013 онд Ард Кредит банк бус санхүүгийн байгууллагыг ахтайгаа хамт байгуулсан юм. Тэндээс Ард санхүүгийн нэгдлийг үүсгэн байгуулах санаа гарсан. Ард кредит банк бус санхүүгийн байгууллагын гүйцэтгэх захирлаар 2013-2019 оныг хүртэл ажилласан. Энэ үед олон ажил хийсэн.

Хөрөнгийн зах зээл дээр IPO гаргасан, дижитал банкны систем нэвтрүүлж байв. Дараа нь өөрийнхөө аялал, жуулчлалын компанид ажиллаж байхад маань ах надад хүсэлт тавьсан юм. “DAX гээд бирж нээх гэж байна. Хурдан ир” гэсэн. Хувийнхаа бизнесийг эрхэлж, амар суумаар байсан ч зүгээр хараад байж чадаагүй. Хоёрдугаар сараас хойш DAX-ын захирлаар ажиллаж байна. Манай бирж байгуулагдаад наймхан сар болж байна. Ийм л түүхтэй.

-Сүүлийн үед өрнөж байгаа үйл явдалд хүмүүс тайлбар авах сонирхолтой байгаа болов уу. Их койн DAX-аар бас арилжаалагдсан. Гэтэл энэ койныг арилжсан зарим бирж дээр аудит оруулах талаар яригдаад эхэллээ. Гомдолтой хүмүүс ч их байх шиг?

-Таван залуу хамтраад, гурав, дөрвөн сарын турш ажиллаж, энэ сарын 25-нд Их койныг маш амжилттай гаргалаа. Энэ залуусыг би таньдаг. Нэг нь миний багын найз. Энэ нөхөд сайн ажилласан байна. Ард койн хөрсийг нь маш сайн бэлтгэж өгчээ.

Тэд олон нийтэд өөрсдийнхөө хийж байгаа ажлыг сайн таниулж чадсан. Үүний үндсэн дээр маш их эрэлт үүслээ. Койныг анх гарахад нь л авбал мөнгө хийдэг юм байна гэсэн ойлголт бий болсон байна. Манай Ард койн дээр яг ийм юм болсон. Олон хүн мөнгө төгрөгтэй болж, өрөө дарсан, байрныхаа зээлийг хаасан, машин тэрэгтэй болсон түүх бий. Койн болгон ингэж өсөх юм байна гэсэн ойлголт нийгэмд байх шиг. Миний тооцоогоор 200 000 хүн энэ дөрвөн бирж дээр койн авахаар орж ирсэн. Эдгээрээс арав хүрэхгүй мянга нь койн авч чадсан. Бусад нь авч чадаагүй. Систем секунд, дойлоор тооцдог. Дийлэнхи нь гомдолтой үлдчихсэн. Яагаад гэвэл энэ койн хязгаарлагдмал. Хэдийгээр нэг хүний авах хэмжээг 15 сая төгрөгөөр хязгаарласан боловч ийм л юм боллоо. Энэ их эрэлт системд маш их ачаалал үзүүлсэн. Манай бирж дээр гацалт үүсч, 40 минутаар хоцорч арилжаагаа нээгээд, аравхан секундэд 7,5 тэрбум төгрөгийн захиалга дууссан. Энэ тухайгаа мэдээлж, үлдсэн хүмүүсээсээ уучлалт гуйсан.

Coinhub биржийн хувьд өөрсдийн авах ёстой 7,5 тэрбум төгрөгийн захиалгыг хоёр дахин давуулж биелүүлсэн. Үүнээс болж нэлээд их бухимдал үүсч байх шиг байна. Өөрсдийнх нь тайлбарлаж байгаа шиг тэднээс шалтгаалаагүй системийн алдаа гарсан байж магадгүй. Койн авчихлаа гэж бодож байсан 2000-аад хүний мөнгийг буцааж өгч байгаа юм билээ.

-Гэхдээ зарим ажиглагч ийм олон хүн койн худалдаж авсан гэдэгт итгэхгүй байгаагаа илэрхийлсэн. Өөрсдөө койноо дарчихаад зохиомол эрэлт үүсгэх гэж байна гэж хардсан хүмүүс ч бий. Үнэхээр ийм их эрэлт байгаа гэдгийг нь бодитоор тогтоох, хянах боломжтой юу?

-Их койныг гаргасан багийнхан, биржүүд уулзсан. Бид бүх биржид хөндлөнгийн аудит оруулж тайлагная гэсэн юм. Гаднаас нөлөөлөх боломжгүй, олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн дөрвөн аудитын нэгээр нь аудит хийлгэхээр болсон. Дараагийн долоо хоногоос аудит хийгдээд, үр дүн нь гарна гэж найдаж байна. Ер нь хүмүүс нэг зүйлийг ойлгох хэрэгтэй л дээ. Бид энэ зах зээлийг хөгжүүлэх гээд зөндөө ажил хийлээ. Багагүй хугацаа зарцууллаа. Энэ салбарт ирээдүй бий гэж итгэж, бүгд олон улсад гарахаар зорьж яваа. Хэдхэн койны арилжаан дээр харилцагчдаа луйвардахгүй. Бидний хувьд ийм ёс зүйгүй үйлдэл хийхгүй. Бусад маань ч хийхгүй гэж найдаж байна. Койн гаргаж байгаа залуусын хувьд 100 тэрбумын койн гаргасан юм. Нэгийг нь 30 мөнгөөр үнэлж, 30 тэрбум төгрөг л босгож байгаа. Гэтэл биржүүдэд 25-наас өмнө миний тооцоогоор бараг 150-160 тэрбум төгрөг цугласан. Тэр мөнгө чихэлдэж орж байна шүү дээ. Зохиомол эрэлт гэх ч хаашаа юм. Үнэнийг хэлэхэд, энэ койн есдүгээр сарын 13-нд арилжаанд ороод унаж магадгүй шүү дээ. Унавал хүмүүс мөнгөө алдана. Өснө гэж шууд сохроор итгэж болохгүй. Эрсдэл байгаа гэж бид сануулдаг. Энэ чинь зохицуулалтгүй зах зээл шүү дээ.

-Койнд хөрөнгө оруулах гэж байгаа хүмүүс эхнийх нь болох Ард койн ямар замналаар явсан бэ гээд судлах байлгүй. Ард койн нэг хэсэг 470 төгрөг хүрч байснаа 270 руу унасан. Одоо 180 төгрөгийн ханштай байна гэж ойлгосон, зөв үү?

-Зөв зөв. Яг одоо 192 байна уу даа. 2020 оны өмнөхөн 2 төгрөг л байсан юм. Тэгээд бид DAX виртуал хөрөнгийн биржээ байгуулсан. Тэр үед биткойн, криптовалютын зах зээл маш өссөн. 2021 он криптовалютын жил болох нь тодорхой болсон л доо. Дээр нь манай шинэ бүтээгдэхүүнүүд гарсан. Манай койн суга өссөн. Тавдугаар сард 470 хүрсэн шүү дээ. Найм, есөн сарын дотор аймаар савласан. Зохицуулалтгүй, шинэ зах зээл шүү дээ. Хүмүүс амархан мөнгө олох боломж гэж хараад байх шиг байна. Энэ савлагааны оргил үед орсон хүмүүс байгаа. 400, 300 төгрөгийн ханштай байхад орсон хүмүүсийн хувьд алдаж байгаа. 10 байхад нь орсон хүмүүс 180 төгрөг болоход 19 дахин ашиг хийсэн байна шүү дээ. Ер нь Ард койноор ороод гарсан хүмүүсийн дийлэнх нь ашиг хийсэн. Сүүлд өндөр байхад орсон цөөн хүн жаахан алдагдалтай явж байгаа. Гэхдээ буцаад өснө. Бид олон ажил төлөвлөсөн. Ард койныг бодит хэрэглээнд нэвтрүүлж, олон улсад гаргахаар ажиллаж байна.

-Ч.Ганхуяг захирал “Бид Ард койноо эргүүлж худалдаж авна” гэж зарлаад байдаг. Сард нэг тэрбумаар буцааж худалдан авах юм байна. Зах зээл нь өөрөө эрэлт үүсдэггүй юм уу. Өөрсдөө зохиомол эрэлт үүсгэх шаардлагатай юм болов уу?

-Бид 2019 онд энэ койныг нэвтрүүлэхдээ л ийм концепцитой байсан. Манай компаниуд өөрсдөө эргэж худалдаж аваад, харилцагч нартаа бага багаар тараана гэж төслийн танилцуулгад бий. Урамшууллын онооны журмаар ажиллана гэсэн үзэл баримтлал боловсруулж нэвтрүүлсэн. Үүнийхээ дагуу эргэж худалдаж авч байгаа юм. Ер нь энэ үзэл баримтлал цаашдаа өөрчлөгдөнө. Олон улсад илүү үнэ цэнтэй болгож гаргах төлөвлөгөөтэй байгаа.

-Койн ирээдүйтэй юм байна гээд Ард койн худалдаж авъя гэтэл урамшууллын оноо болгож өгдөг гэхээр бас эргэлзээ төрж байгаа юм л даа. Үнэгүй тараагддаг юмыг худалдаж авах хэрэгтэй юү гэдэг асуулт гарч ирнэ?

-Бид анхнаасаа энэ койныг гаргахдаа мөнгө босгоогүй. Харилцагчдадаа зүгээр л тарааж эхэлсэн. Маш их хэмжээгээр тараасан. Анхны үзэл баримтлал нь тийм байсан. Одоо энэ койныг хэрэглээнд нэвтрүүлсэн. Жишээ нь, манай Ardshop.mn-ээр ороод, нэг койныг 200 төгрөгөөр тооцуулаад, дуртай бараагаа худалдаж ав гэж байгаа юм. Ингэж бодит хэрэглээнд нэвтрүүлж байна. Энэ зөвхөн эхлэл. Та тэтгэврийн сандаа Ард койноо хийвэл бас 200 төгрөгөөр тооцогдоод орчихно. Ийм байдлаар та тэтгэврийн хуримтлалаа нэмэгдүүлэх боломжтой. Энэ бодит ханшийн эдийн засаг мөн биз дээ. Бид өөрсдөө эрсдэлээ даагаад, койноо худалдаж авч байгаа. Эргээд тараахдаа маш олон хүн байгаа учраас бага багаар тарааж байгаа. Одоо бол үнэгүй койн ихийг цуглуулах боломжгүй болсон. Худалдаж авахаас өөр гарцгүй.

-Зохицуулалтгүй гэж та хэлээд байна. Энэ нь саад хориг байхгүй гэдэг утгаараа шинэ бизнест сайн нөлөөтэй байж болох ч нөгөө талаар эрсдэлтэй гэсэн дохиог хэрэглэгчид өгч байдаг. Монголд дөрвөн виртуал хөрөнгийн бирж ажиллаж байна. Тэднийг байгуулагдахад ямар нэг шаардлага, болзол тавьсан болов уу?

-Яг одоогийн байдлаар тийм юм байхгүй. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль хэлэлцэгдэж байгаа. Намрын чуулганаар УИХ-ын чуулганд орж батлагдах товтой яваа. Энэ хууль гарсан ч хянах, зохицуулах гэхээсээ хэн ямар арилжаа хийж байгааг бүртгэлжүүлье, ФАТФ-ын зөвлөмжийн дагуу авах ёстой арга хэмжээнүүдээ авья гэдэг байдлаар яваа. Бидний хувьд Улаанбаатар хотын Худалдааны Танхимын дэргэд Монголын финтек, блокчэйны зөвлөл байгуулсан. Энэ чиглэлийн компаниуд бүгд багтсан. Хэдийгээр зохицуулалт байхгүй ч энэ зөвлөлөөрөө хяналт тавьдаг болъё. Өөрсдийгөө зохицуулж эхэлье гэж ярьж байгаа.

-Хууль гэснээс манайхан хар, саарал жагсаалтад орчихгүй шиг байя гээд ФАТФ-ын амыг хаах үүднээс хууль батлах гээд байна уу. Эсвэл Монголд ашиг авчрах ирээдүйтэй шинэ зах зээл бий болгох талыг нь бодолцсон уу. Хөрөнгө оруулагчийн нүдээр харахад ямар дүгнэлт хийх вэ?

-Хамгийн нэгдүгээр шаардлага ФАТФ-ын зөвлөмжийг бид биелүүлэх ёстой. Хоёрдугаар шаардлага нэгэнт бид хууль гаргаж байгаа юм бол Монгол Улсад ямар ашиг байна вэ гэдгийг заавал харах ёстой. Түүнийг ажлын хэсэгт орсон УИХ-ын гишүүд сайн олж харж байгаа гэж найдаж байна. Заавал газар шороогоо ухахгүйгээр хөрөнгө оруулалт татах бодит боломж Монголд бий. Аль аль нь тусгагдаж байгаа гэж бодож байна.

-“Bittrex биржийн шаардлагыг хангасан койныг арилжаалдаг “гэж Compleх биржийн захирал М.Хатанбүүвэй ярьсан. Энэ шаардлагыг Ард койн хангасан гэсэн л дээ. Койны ханш унавал ямар арга хэмжээ авах гэх мэт асуудлыг урьдчилж төлөвлөдөг юм байна гэж ойлгосон ?

-Bittrex бол АНУ-д байгуулагдсан анхны биржүүдийн нэг. Дэлхийд эхний аравт ордог. Америк болон Европын холбооны улсуудын хууль, эрх зүйн орчинд ажилладаг, маш өндөр шалгууртай бирж л дээ. Ард койн энэ биржийн бүх шаардлагыг хангаж, Монголоос хамгийн анх олон улсын том биржид гарсан койн. Койн гаргасан багийг, компанийг харна. Ард санхүүгийн нэгдэл Ард койны арыг дааж байгаа учраас ямар нэг эргэлзээ байхгүй. Хөрөнгийн зах зээлд арилжаалагддаг хувьцаат компаниудтай. Ард санхүүгийн нэгдэл 300 гаруй тэрбум төгрөгийн үнэлгээтэй компани. Энэ бол Ард койны хувьд маш том давуу тал, баталгаа.

-Ч.Ганхуяг захирал “Ард койн аваад дар” гээд байгаа. Үүнийг нь олон хүн шүүмжилдэг. Бизнес эрхлэгчийн хувьд бусдын мөнгийг эргэлдүүлээд ашигтай биз, иргэдийн хувьд мөнгөө нэг газар оруулаад мартана гэж юу байсан юм бэ гэдэг?

-Ав дар гэж зүгээр нэг уриалаагүй. Хүмүүс богино хугацаанд ашиг хийх гээд орж ирдэг. 100-тай байхад нь орж ирээд, өсөөд эхлэхээр нь баярлаад, 50 болохоор нь айж сандраад зарчихдаг. 50 хувийн алдагдал хийж байгаа биз дээ, тэр хүн. Зарсан хойно нь буцаад өсдөг, 100 гараад явчихдаг. Ийм савлагаатай байхгүй юу. Савлагаан дээр битгий айж сандарч зараарай л гэсэн юм. Бид ажиллаж байгаа. Цаашдаа үнэд хүрнэ. Өдөр болгон орж хараад, хямрах хэрэггүй гэсэн үг. Тэрний оронд зүгээр аваад мартчих. Бид арыг нь даана л гэсэн утгатай.

-Coinhub биржийн захирал О.Баттулга алтаар баталгаажсан койн арилжаална гэсэн байна лээ. Ер нь алт, зэсээр баталгаажсан койн гаргах боломж хэр байгаа вэ. Судлаачид бол койн алтаар баталгааждаггүй, үнэ цэн байхгүй, хэрэглээнд ордоггүй гэж сануулдаг шүү дээ?

-Олон улсын зах зээл дээр баталгаа болгож алт хадгаламжинд тавиад, тэрэнтэй дүйцүүлж койны үнэ цэнийг “уядаг”. Нэг унци алт нэг койны үнэтэй гэх мэтээр гаргах нь байдаг. Төгрөг, долларын ханш унадаг. Алт хязгаарлагдмал нөөцтэй учраас хөрөнгө оруулагч нар алтанд хөрөнгө оруулах сонирхолтой байдаг. Ингэснээрээ үнэ цэнийг хадгалах боломж нээж байгаа юм. Coinhub-ын хувьд үүнийг нэвтрүүлнэ гэж зарласан байна лээ. Энэ нь гадны бирж дээр арилжаалагдаж байгаа койныг өөрийнхөө бирж дээр бүртгэж байна гэсэн үг л дээ. Манай биржийн хувьд дотоодын томоохон аж ахуйн нэгжтэй алтны койн гаргахаар ярилцаж байгаа. Удахгүй гаргана гэж найдаж байна. Монголын алтыг экспорт хийж гадагшаа гаргах шаардлагагүй. Койн болгоод зарна гэдэг сайхан санаа.

-Дэлхийд эхний 20-д багтдаг Японы крипто биржид хакерууд халдаж, их хэмжээний хохирол учруулсан гэсэн. Манай жижиг биржийг одоохондоо хакерууд тоохгүй байх гэж зарим нь хэлдэг. Манай биржүүдийн хамгаалалт хэр байдаг вэ?

-Бирж бүр өөрсдийн дэд бүтэц, систем онцлогтой. Манай биржийн хувьд аюулгүй байдалдаа хөрөнгө оруулах ёстой гэж үзэж бага багаар ахиулаад явж байгаа. Том биржүүд ч хакердуулж мөнгөө алдах тохиолдол байдаг. Гадны томоохон байгууллагад эрсдлээс хамгаалсан даатгал хийлгэхээр төлөвлөсөн. Аюулгүй байдлын аудит оруулах гэж байгаа. Монголын биржийг жижиг гээд орхино гэсэн ойлголт байх ёсгүй.

-Хятад анхдагч зах зээлд койн гаргахыг хориглосон нь сайн, муу талтай юм болов уу. Ийм том улс хориг тавьж байгаа нь бодит эрсдэл бий гэсэн үг. Нэгэнт энэ том зах зээл хаалттай байгаа нь Монголын жижиг биржүүдийн харилцагч нэмэгдэхэд нөлөөлж магадгүй?

-2017 оноос эхлээд Хятад манайх шиг бирж, платформуудыг, биткойн олборлогчдыг хориглож, хааж эхэлсэн. Одоо хүртэл хаалттай хэвээр байгаа. Хааснаас хойш юу болсон гэхээр Хятадын компаниуд нь мөнгөө, харилцагчдаа аваад криптовалютын таатай хууль эрх зүйн орчинтой улсууд руу гараад явсан. Гэсэн ч бүгдийг хааж чадахгүй л байгаа. Хятадад хүмүүс биткойн арилжаалж л байгаа. Бие биедээ шилжүүлж л байгаа. Үүнийг зохицуулах боломжгүй шүү дээ. Хятад шиг том зах зээл хаахаар манайх жиг жижиг зах зээлд хөрөнгө оруулалт татах боломж нэмэгдээд л байгаа юм. Хууль эрх зүйн орчинтой болчихвол гадны хөрөнгө оруулагчид маш их сонирхоно гэж бодож байна.

-Нэг судалгааны мэдээ харсан. Манай биржүүдийн харилцагчдын 1 орчим хувь нь гадаадын 10 гаруй улсаас бүртгүүлж арилжаанд оролцдог гэсэн байсан?

-Магадлалтай шүү. Гадаадад оршин суудаг монгол иргэд ч зөндөө бий.

-Зарим хүн байраа зараад, койнд хөрөнгө оруулаад “шатсан” гэсэн мэдээлэл явдаг нь хэр ортой вэ?

-Би сайн санаж байна. 2017 онд манай дээр тийм хүмүүс их ирдэг байсан. “Эгч нь байраа барьцаанд тавиад 50 сая төгрөг авчихлаа. Энийг аваад эгчдээ хэдэн биткойн зарчих” гэсэн тохиолдол бий. Бид тийм хүмүүст биткойн зардаггүй байсан. Зээл авч, эд хөрөнгөө зарж, хөрөнгө оруулалт хийх нь буруу. Тухайн үед тэр эгч хөрөнгө оруулалт хийсэн бол энэ зах зээл хоёр, гурван жил унасан шүү дээ. Энэ хоорондох эрсдэлийг дааж чадахгүй байсан л даа. Тийм учраас энэ салбар руу орохдоо дор хаяж гурваас таван жил март. Савлагааг дааж гарч байж урт хугацааны дараа ашиг хүртэнэ гэдгийг бодолцох нь зөв.

-Урт хугацааны дараа ашиг хүртэх нь үнэхээр боломжтой юу. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн саяхан мэдэгдэл гаргасан. “Иргэд криптовалют, койнуудад оруулсан мөнгөө бүгдийг нь алдах эрсдэлтэй шүү” гэж сануулсан. Зарим нь понзи систем ч гэдэг.

-Эрсдэл үргэлж бий. Үүнийг бид сануулдаг. Монголбанк ч УИХ-ын гишүүд ч сануулж байгаа. Бид харилцагчдадаа санхүүгийн боловсрол түгээх гэж хичээдэг. Шинэ зах зээл учраас өдөр ирэх тусам томорч байна. Илүү олон хүн орж байна. АНУ-ын том компаниуд, гигантууд энэ зах зээлд хөрөнгө оруулалт хийж, төлбөрийн хэрэгсэл гэж хүлээн зөвшөөрч эхэллээ л дээ. Элон Маск, Теслаг энд нэрлэж болж байна. Энэ зах зээл цаашдаа улам томрох нь тодорхой болж байна. Энэ зах зээл өснө гэсэн итгэл үнэмшил надад 100 хувь байдаг. Гэхдээ бүх койн өснө гэсэн үг биш шүү. Сайн нь шалгарч үлдэж, муу нь дампуурч хасагдаж явна. Понзи өөр л дөө. Энэ зах зээл арав гаруй жил болж байна. Сүүлд орсон ч ашиг хүртээд явж байгаа олон хүн бий.

Categories
булангууд мэдээ онцлох-нийтлэл сав-шимийн-ертөнц туслах-ангилал

Я.Мягмарсүрэн: Монголд алсдаа цагаан будаа, тутарга тарина гэж бэлтгэж байгаа

Дарханы Ургамал, Газар Тариалангийн Хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга, доктор Я.Мягмарсүрэнтэй ярилцлаа. Тэрбээр шинэ сорт гаргах ажил хийдэг. Үр тарианы 25 сорт гаргасан агаад 16 нь нутагшин, өргөн тариалагдаж буй. “Хавар үр хэрэгтэй болохоор чухам хэрэгцээтэй хүн болчихдог” гэж Я.Мягмарсүрэн хошигносон юм.


-Энэ намрын ургацын чанар, болц ямар байгаа бол?

-Яамны шугамаар аж ахуйн нэгжүүдээр яваад, бүх тариан талбайг хавар нэг үзсэн. Одоо бас үзээд, ургац хэр байна, болц нь ямар байна гээд танилцах баг гарсан. Тэд хараахан ирээгүй л байна. Монгол бусад улс орнуудтай харьцуулахад үр тариа тарихад эрсдэлтэй бүсэд ордог юм. Ус чийг багатай. Энэ жил ус чийг сайтай байгаа болохоор буудай, тариа маань сайн ургаж байна. Ялангуяа манай Дархан, Сэлэнгэ хавиар ургац үнэхээр мундаг байна. Болц нь ч гүйцэхээр байна. Архангай, Хөвсгөлд бороо жаахан оройтож орсон. Бороо оройтохоор алаг цоог соёолоод, будаа нь сайхан ургаж байгаа боловч болц оройтож мэдэхээр байна лээ. Ялангуяа өндөрлөг газрууд эрт хүйтрэх учраас болц бүрэн гүйцэхгүй байх магадлалтай. Гэхдээ сүүлийн жилүүдэд урт намар болж байгаа учраас найдлага тавьж л байна. Бороо хур их байхад өвчин их гардаг. Олон талбайд септориоз нэлээд гарсан. Навч нь шарлаж, харлаад үхдэг өвчин, навч л байхгүй бол фотосинтез нь явагдахгүй, ургац мууддаг. Зэв бас их гарсан. Олон аж ахуйн нэгжид бид зөвлөгөө өгсөн л дөө. Ургамал хамгааллын хүрээлэнгийнхэн ч бас зөвлөсөн. Өвчний эсрэг бодис цацсан болохоор өвчилсөн талбай нэмэгдээгүй. Септориоз их гарахаар үр жаахан хорчийх хандлагатай байдаг. Сайн үр авахад жаахан хүндрэлтэй болж мэднэ. Гантай жил ургац алддаг. Энэ жил болц л гүйцвэл эрт хяруу унаж, цас орчихгүй бол ургац авахаар л байна.

-Ургац хураахаас өмнө хүйтэрчихвэл яах бол доо. Тариаланчид үүнийг тооцоолсон байлгүй дээ?

-Тооцоолж л байгаа. Энэ жил ус, чийг их байгаа болохоор тарианы өсөлт хөгжил 7-10 хоногоор хойшлох маягтай явна. Болц нь арай гүйцэхгүй байна гэж үзвэл болц түргэтгэдэг сеникаци (боловсролтыг түргэтгэх зохиомол арга), дессикаци хийхийг зөвлөж байгаа. Болц нь дөнгөж цутгаад ирэхэд нь гербицидийг азотын бордоотой бага тунгаар хольж, цацвал азот үрэнд нь сайнаар нөлөөлж, болц нь эрчимжих магадлалтай. Ингэж амжихгүй, хариугүй цас бороотой тулчихвал сеникаци хийнэ. Энэ аргуудыг тариаланчид маань хэрэглэж байгаа байх. Түүнээс гадна ангилан хадах гэх мэт олон аргаар тариаланчид маань үзэх байх.

-Цаг уурын өөрчлөлтөд дасан зохицсон буудай тариалах талаар ярьдаг. Ганд тэсвэртэй сорт гаргахаар та нэлээд ажилласан даа. Энэ ажил ямар үр дүнд хүрч байна вэ?

-Уур амьсгал хуурайшиж, бас дулаан болоод, буудай ургахад жаахан тохиромж муутай болж байгаа. Монголд ганд тэсвэртэй сорт чухал. Бид ганд тэсвэртэй сорт гаргаж авахын тулд дэлхийн олон орны шилдэг сортуудаас ганд тэсвэртэйг нь сонгоод, нутгийн сортуудтайгаа эрлийзжүүлж, гантай нөхцөлд хамгийн өндөр ургац өгч байгааг нь сонгох маягаар ажилладаг. Бид олон сорт гаргаж авсан. Эрт болцтой Дархан 131, 160, Халх гол сортууд бий. Өндөрлөг уулын бүст тарихад тохиромжтой, тэндээ болц нь гүйцдэг гэсэн үг. Төвийн бүсэд тарина гэвэл гангаас зугтаалгаад оройхон тариад ургац авах боломжтой сортууд байгаа. Дунд болцтой сортууд гэвэл Дархан 34, Дархан74, сүүлд гаргасан Дархан 193 гэсэн сортууд байна. Энэ сортууд маань нэлээд таригдаж байгаа. Монголд таригдаж байгаа сортууд дундаас гантай нөхцөлд хамгийн их ургац өгдөг, ус чийгийг эрчимтэй ашигладаг учраас чийгтэй жилд ч өндөр ургац өгдөг Дархан 144 сорт гаргасан. Энэ сорт маань чийгтэй, гантай жилд ч өндөр ургац өгдөг учраас аж ахуйн нэгжүүд их сонирхдог. 2014 онд бидний гаргасан буудайн сортууд маань нийт тариалангийн талбайн 10 хүрэхгүй хувьд тариалагдаж байсан бол одоо 40 орчим хувьд нь тариалагдаж байна. Аж ахуйн нэгжүүд яаманд сортын тариалангийн мэдээ өгдөг. 2018 оны мэдээгээр Дархан 144 сорт маань улсын дунджаас 2.5-3.6 центр илүү ургац өгч байсан. Жил бүр энэ үзүүлэлт хэлбэлздэг ч сүүлийн жилүүдийн нэмэлт ургацыг тооцоолж үзэхэд 10-22 тэрбум төгрөгийн нэмэлт ургацыг аж ахуйн нэгжүүд авч байгаа. Ийм үр дүнтэй сорт гаргасан. Шинэ сорт гаргахад 15-18 жил зарцуулагддаг. Энэ хугацаанд Монголд тариалагдаж байгаа бүх сортуудтай харьцуулж үзээд, давж гарахгүй бол “заазалдаг”. Давсныг нь аваад явдаг учраас бидний гаргасан сорт эх орондоо дасан зохицдог. Одоогоор Монголд 20 гаруй сорт тариалагдаж байна. Бидний гаргасан 6-7 сорт тариалагдаж, бусад нь Оросын сортууд байна. Энэ 20 гаруй сортыг жил болгон зэрэгцүүлж тариад судлахад манай сортууд гадныхаас илүү ургацтай байдаг.

-Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох талаар их ярьдаг. Тариаланчид, судлаачид маань зөвхөн ярих биш бодит ажил болгожээ?

-Тариаланчид маань оюунлаг болсон. Шинжлэх ухааны нээлт ололтыг ашиглах эрмэлзэлтэй байдаг. Урьд нь эдийн засгийн хувьд ч хүнд байсан. Шинэ сорт, сайн үрээр тарих нь чухал гэж бодсон ч санхүүгийн боломжиндоо тааруулаад олдсоныгоо л тарьдаг байв. Одоо бол сонголт хийж, бүс нутагтаа тохирсон сортыг сонгож, сайн үрээр тариалахад анхаардаг болсон. Манай хүрээлэн л элит үр гаргадаг. Улсын хэмжээний үрийг хангалттай хэмжээгээр үржүүлэхэд манай чадавхи бүрэн хүрдэггүй. Түүнээс биш сортууд маань илүү их тариалагдах боломжтой.

-Ургац сайн өгдөг юм байна. Хүний биед шим тэжээлтэй талаас нь тооцдог уу?

-Бид шинэ сорт гаргах гэж 15-18 жил зарцуулдаг. Энэ хугацаанд ургацын бүтэц, ургалтын хугацаа болц, уураг, цавуулаг, гэх мэтээр чанарын 14-15 үзүүлэлтээр харьцуулж сонгодог. Өвчин хортонд тэсвэртэй байх гэх мэт бүх шинжүүдийг харгалздаг. Шинэ сортоо гурваас доошгүй жил туршиж чанар, Улсын сорт сорилтын комиссын хурлын шийдвэрээр нутагшсан сорт байна, тариалж болно, үрийг нь үржүүлж болно гэдэг зөвшөөрөл өгдөг.

-Манай тариаланчид химийн бордоо, ургамал хамгааллын бодис хэр их хэрэглэдэг вэ?

-Үр тарианы хувьд манай хөрс нэн ядуу. Манай хөрс агрохимийн лабораторийнхон Монголд тариалан эрхэлж байгаа бүх талбайд гурван удаа шинжилгээ хийсэн. Монгол орны нийт тариалангийн талбайн 60 орчим хувь нь элэгдэл, эвдрэлд орсон. Азотоор нэн дутмаг гэдэг ангилалд багтаж байгаа юм. Үр тариа тарьж байгаа хүмүүс талбайгаа зайлшгүй бордох шаардлагатай. Бордож байж бүрэн сайн цутгасан, байх ёстой бүх шимт бодистой үр гаргаж авах боломжтой. Хор, гербицидийг нэлээд хэрэглэдэг. Гэхдээ буудайн хувьд хог ургамлын эсрэг гербицид цацъя гэвэл бүр бутлалтын үед тарьснаас хойш 25-30 хоногийн дараа л жижигхэн ногоон гурав, дөрвөн навчтай үед нь цацаж байгаа юм. Түүнээс хойш цацвал ургамал нь үхчих гээд, ургац нь буурдаг учраас үр тариан дээр хийх ёстой юмаа цаг хугацаанд нь зөв хийдэг гэж би боддог. Харин хүнсний ногоон дээр жаахан замбараагүй, олон төрлийн хор гербицид цацдаг шиг байгаа юм. Үр тариан дээр Хөдөө аж ахуйг дэмжих сангийн шугамаар гербицид нь том томоор орж ирдэг учраас Мэргэжлийн хяналт, олон шалгуураар дамждаг, судлагдаагүй бодис хэрэглэх нь бага. Ургамалд хортой тал нь хамгийн гайгүй. Манайх бараг л органик талдаа. Эрдэс бордоо үнэтэй учраас хүмүүс авч чадахгүй, хэрэглээ бага байна. Яах аргагүй хог ургамлаа дарах гэж гербицид хэрэглэдэг. Бууц хамгийн сайн органик бордоо боловч га-д 20 тонн бууц хийнэ гэхээр 1000-3000 га-д тариалалт хийдэг газруудад хэрэгжүүлэхэд хүнд. Би бол органик тариалан хүнсний ногоон дээр байвал зүйтэй гэж боддог юм. Гэхдээ органик тариалан гэж ярихаасаа өмнө химийн хор бордоог цаг хугацаанд нь зөв норм горимоор хэрэглэх газар тариалангийн зохистой дадал нэвтрүүлэх учиртай. Түүнээс биш Англи мэтийн 100-200 жил тариалан эрхэлсэн, бордоо зогсоо зайгүй хэрэглэж, азотын илүүдэлд орчихсон, тэр нь ургамалдаа хортой нөлөөлдөг газруудад бол органик тариалан зайлшгүй чухал. Тэгтэл манай хөрс ядуу учраас бордож тордохгүй л бол шимт бодис агуулсан ургамал ургахад хүндрэлтэй.

-Сэлгэн тариалалт чухал гэдэг. Үүнийг хэр их нутагт хийж байгаа вэ?

-Ургамал болгон хөрснөөс авч байгаа үндсэн элементүүд харилцан адилгүй байдаг. Хөрсөндөө адилгүй үлдэгдэл үүсгэнэ. Хог ургамлаа дарангуйлах чадвар нь ч өөр. Аль болох сэлгэж таривал хөрснийхөө үржил шимийг муутгахгүй, ургацаа тогтвортой байлгах нөхцөл үүсдэг. Монголд үр тарианы хувьд хуучин бол уринш буудай гэсэн хоёр сэлгээ хийдэг байсан. Дараа нь хоёрдогч таримал юмуу арвай, овьёос тариалдаг байлаа. Одоо бол хүмүүс ач холбогдлыг нь ойлгож, сэлгээг хийж байна. Тосны ургамал, рапс олон таримал оруулж байгаа болохоор сэлгээ хийгдэж байна. Уринш хийх гол ач холбогдол хөрсөндөө ус хуримтлуулах, хог ургамлыг дарангуйлах юм. Ус чийг хангалттай газруудад уринш хийхгүй байна. Хуурай газруудад бол ядаж 30 хувьд нь уринш хийж байж ургац авахаас өөр замгүй.

-Энэ жилийн хувьд юуг онцолж захимаар байна?

-Хур бороо элбэгтэй байгаа учраас бордооны үр ашиг сайн харагдана. Сортын өөрийнх нь чадавх ургацанд сайн нөлөөлдөг. Манай тариаланчид бүс нутагтаа тохирдог үрийг үржүүлж, нөөцлөх хэрэгтэй. Хавар зээлээр авчих юм чинь гээд намар бүх үрээ зарчихаж болохгүй. Гэтэл хавар үр дутагдахаар гадаадаас судлаагүй, янз бүрийн үр сортууд оруулж ирж байна. Энэ бол аз сорьсон үйлдэл. Манайд таарч тохироо ч үгүй ч үү. Чанартай сайн сортын үрээ авч үлдээрэй. Хуучин шиг тарьсан нь үнэн, гербицид цацна, тэгээд намартаа хураагаад авна гэж таарахгүй. Ургалтын үе шат болгонд тохируулж, тордож, арчлах, органик бордоо, идэвхижүүлэгч бодис хэрэглэж, ухаалаг технологи баримтлах нь зүйтэй.

-Та саяхан грант авсан байна лээ. Сүүлийн үеийн судалгааны ажлынхаа талаар яриач?

-Буудайн селекцийн хувьд 15-18 жил зарцуулж нэг сорт гаргана гэдэг маш урт хугацаа болоод байгаа юм. Гадаадад бол зургаагаас найман жилд нэг шинэ сорт гарч байна. Бид энэ хугацааг богиносгохын тулд орчин үеийн арга технологиуд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Цөмийн энергийн агентлагтай хамтарч, молекул генетикийн лаборатори байгуулсан юм. Энэ лабораторид өвчин тэсвэрлэх чадвар чанарыг сайжруулахын тулд гадаадын сортуудаас тухайн өвчинд тэсвэртэй ген бүхий сортыг өөрийн сорттой эвцэлдүүлж, гарсан эрлийз дотор нь өвчин тэсвэрлэх ген байна уу гэж үзээд, гентэйг нь авах жишээтэй. Ингэвэл бид нөгөө сортоо талбайд тариад, өвчнөөр зохимол халдварлуулаад, тэсвэртэй байна уу гээд судлах шаардлагагүй болсон. Гол нь ганд тэсвэртэй чанар гэж үзэж байгаа. Эрлийзжүүлсэн олон удмаас ганд тэсвэртэйг нь сонгох чухал учраас ургамалаа бага үед нь гангийн нөхцөлтэй адилхан даралт үүсгэж, тусгай программаар үндсийг судалж тооцоолоод, сонгодог болсон. Бид зөвхөн буудайн селекци хийдэггүй. Сэлгээнд олон таримал оруулахын тулд хатуу буудай, арвайн гурван янзын селекци хийж байна. Хүнсний нүцгэн арвай, пивоны арвай дээрээс нь тэжээлийн арвай байна. Эрдэнэшиш чухал. Болц нь гүйцдэггүй гэж таригддаггүй байсан бол Монголд тохирсон, эрт болдог, үрээ өгдөг эрдэнэшишийн сорт гаргахаар ажиллаж байна. Цагаан будаа, тутарга Монголд ургахгүй гэж үздэг байсан бол маш их дулаарч байна. Алсдаа тарина гэж бэлтгэж байх ёстой учраас тутарганы селекци хийж байна. Гадаадын 150 гаруй шилдэг сортыг авчирч, эндээ туршиж үзээд, Японы Хокайдагаас гаралтай, хятадын хэдэн сортууд Монголд үр өгч байна. Тэднийг илүү сайжруулахаар ажиллаж байна. Гэх мэтчилэн тарималаа олон болгож байгаа.Тэдний нэг нь тэжээлийн арвай. Маш шим тэжээлтэй. Монголд тэжээлийн арвайн сорт байхгүй. Бид “Шимт” гэдэг тэжээлийн арвайн сорт гаргасан. Нэлээд хэдэн аж ахуйн нэгж энэ сортыг маань тарьж,ургац их авсан. Энэ судалгааныхаа үр дүнгээр ХХААЯ-ны грант авсан юм. Одоо ногоон тэжээл тариалах сонирхолтой хүмүүс олширсон. Тэжээл тариалахад хадлангийн ургацаас 10 дахин ургац авч байна. Нэг га-гаас 10-15 тонн ногоон массын ургац өгч байгаа. Өнгөрсөн жил ногоон тэжээл маш үнэтэй байсан. Бараг будаанаас илүү ногоон тэжээл ашиг өгсөн. Малчид маань ч хадлангаа хадъя. Мөнгөөр худалдаж авахгүй гэсэн хандлага нь өөрчлөгдсөн. Ногоон тэжээл их зарагддаг болсон.

-Тэжээлийн арвайнаас гадна дэлгүүрүүдэд арвайн гурил их үзэгдэх болсон байна лээ?

-Арвайн гурилыг монголчууд эртнээс хэрэглэж ирсэн. Арвайнд үл орлогдох маш олон амин хүчлүүд бий. Хүнсний арвайгаар бид бас шинэ сорт гаргах гээд ажиллаж байна. Нутгийн дээжүүд олон байдаг. Манай хүрээлэнд Хөдөө аж ахуйн таримал ургамлын генфонд байдаг. Энд дээр үед тариалж байсан, одоо алга болсон, цуглуулга судалгаагаар цуглуулсан гадаад дотоодын 20 000 орчим сорт дээж хадгалагдаж байдаг. Тэндээс арвайн нутгийн дээжүүдийг бид эрлийз мутацийн аргаар сайжруулах ажил хийж байна. Пивоны арвайн Бурхант1 сорт гаргасан. Сая тэжээлийн арвайн “Шимт” сорт гаргасан. Хүнсний арвайн селекци хийж байгаа. Хийх ажил их байна. 18-26 насандаа дөрвөн хүүхэд төрүүлсэн. Хүүхдүүд том болсон болохоор судалгааны ажилд хамаг цагаа зарцуулдаг. Ажилдаа “донтож” суудаг (инээв).

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Оюунцэцэг: Иргэд өвчнөө хүндрэхээс болгоомжилж эмнэлэгт хэвтэх нь эрс ихэссэн

Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний II төвд ачаалал ихтэй, хүмүүс коридорт хэвтэж байна гэсэн мэдээллийн мөрөөр уг эмнэлэгт хандлаа. Тус эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ж.Оюунцэцэгээс энэ талаар тодруулсан юм.


-Танай эмнэлэгт ачаалал хэр байгаа вэ. “Шалаар зулсан байна, коридорт хэвтэж байна” гэх мэдээлэл явна лээ. Танай эмнэлэгийн нүүр хуудаст тавьсан өнөөдрийн мэдээллийг харлаа. 1061 хүн хэвтэж байгаа гэсэн үү?

-Манайх 880 гаруй өрөөтэй, маш том эмнэлэг. Шахасхийгээд 1000 болгочихоод байгаа юм. Түүнээс биш шалан дээр зулсан юм байхгүй. Ерөнхийдөө сүүлийн үед дельта вирусийн халдвар нэмэгдэж байгаа.

Хүмүүс хүндрэхээс болгоомжлоод, эмчийн хяналтад байх, эм тариа хийлгэх гээд эмнэлэгт хэвтэх эрэлт хэрэгцээ ихэссэн. Зуны хэд хоногт 500 хүнтэй байлаа. Бусад үед мянган хүнтэй л яваад байгаа. Мянган хүний ачаалал бол бидэнд нэг их айхавтар хүнд санагддаггүй. Анхнаасаа л ковидтой өвчтөн хүлээж аваад ажиллаж эхэлсэн болохоор зохицуулаад явж байгаа даа.


-Өнөөдрийн байдлаар 79 жирэмсэн эмэгтэй байгаа гэсэн үү?

-Манайх нэгээс долоон давхартаа үйл ажиллагаа явуулдаг. 79 ээж жирэмсний тасагт байна гэсэн үг. Нэг давхарт нэг баг, нийтдээ арав гаруй баг ажиллаж байгаа. Нэг багт 12 хүн ажилладаг. Жирэмсэн ээжүүд дангаараа нэг давхарт байдаг. Төрсний дараах ээжүүдийн давхар бас бий.

-Вакцинтай ээжүүд ирж байна уу, вакцин хийлгэж амжаагүй жирэмсэн эмэгтэйчүүд ирж байгаа юу. Ямар ээжүүд халдвар их авч байна вэ?

-Вакцинтай ээжүүд цөөн хувийг эзэлж байна. Зарим жирэмсэн ээжүүд вакцин хийлгэхээс болгоомжилж байна.

Харин вакцин хийж эхэлснээс хойш өдөрт 500 жирэмсэн ээж хэвтдэг нь ерөнхийдөө буурсан шүү.

-Эмчлүүлж байгаа ковидтой ээжүүд амаржиж байгаа юм болов уу, халдвартай ээжүүдийг танайд авчирдаг юм уу?

-Манайд жирэмсэн ковидтой ээжүүд эмчлэгдэж байгаад амаржиж байна. Хагалгаагаар амаржиж байна. Манайх чинь угаасаа эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг шүү дээ.

-16 хүртэлх насны 250 хүүхэд эмчлүүлж байгаа юм байна. Хүүхдүүд хэр хүндэрч байгаа вэ?

-Сүүлийн үед 2-5 насны хүүхдүүдэд ларингит маягтай шинж тэмдэг илэрч байна. Бас гүйлгэж байна. Өмнө нь гүйлгэх шинж тэмдэг бараг илэрдэггүй байсан. Дельта вирусийн шинж тэмдэг болов уу гэж бид таамаглаж байгаа.

-Вакцинд хамрагдаагүй насныхан ирж байна уу. 16 хүртэлх насныхан гэхээр вакцинд хамрагдсан насныхан бас ирж байгаа гэсэн үг үү?

-Цөөн хувь нь вакцинд хамрагдсан байна.

-Танайх шинэ эмнэлэг шүү дээ. Тоног төхөөрөмж дутагдалтай байна уу, хүний нөөц хэр байгаа вэ?

-Шинэ эмнэлэг болохоор Дэлхийн банкны төслөөр тоног төхөөрөмжөөр хангаж байгаа. Гол тоног төхөөрөмжүүд нь шинээр ирсэн. Хангалттай тоног төхөөрөмжүүдтэй. ЭХО гэхэд л арав гаруй бий. Рентген аппарат гэхэд л гурав байна, компьютерт томограф (CT), лабораторийн шинжилгээнүүд хийгдэж байна. Ковидын үед ямар тоног төхөөрөмж байх шаардлагатай байна, тэр бүхнээр хангагдсан.


-Танайх хүчилтөрөгчөө өөрсдөө үйлдвэрлэдэг билүү?

-Манайх хүчилтөрөгчөө өөрсдөө үйлдвэрлэдэг. Дэргэдээ хүчилтөрөгч нөөцлөх, шахах цехтэй. 280 шугамаар хүчилтөрөгч шахдаг.

-Уушги орлуулагч ECMO аппарат танайд байдаг уу?

-Байхгүй. Улсын хэмжээнд хоёр байгаа шүү дээ.

-Намар халдвар нэмэгдэнэ, ачаалал нэмэгдэнэ, та бүхэн хэр бэлтгэл хангаж байгаа вэ?

-Эм тарианыхаа нөөцийг хангаж байна. Хүссэн хэмжээгээр эм тариа ирж чадахгүй, хил гааль дээр саатал доголдол үүсч мэдэх учраас тодорхой хэмжээний эм тарианы нөөцтэй байна. Нөөцөө дахин нэмэгдүүлнэ.

-Эмч, ажилтнуудын нөөц хэр байгаа вэ?

-Хүний нөөцийн хувьд болж байна. Цалингаа нэмсэн. Улаан бүсийн цалин нэмэгдсэн учраас манайхан эрвийх дэрвийхээрээ ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Батчимэг: Хий махбодыг тэнцвэржүүлэх эм, эмчилгээ нь урт наслуулах, хөгшрөлтийг удаашруулах арга юм л даа

Оточ Манрамба их сургуулийн багш, хүний их эмч Б.Батчимэгтэй хөгшрөлтийг удаашруулах аргын талаар ярилцлаа.


-Таныг саяхан сонирхолтой сэдвээр лекц уншсан байхыг харлаа. Хөгшрөлтийг удаашруулахын тулд яавал зохистой вэ?

-Амьд бие махбод бүхэн тодорхой өсөлтийн цэгтээ хүрсний дараа аажмаар хөгшрөл явагддаг. Хүн бүр төрөх, өвдөх, өтлөх, үхэх гэсэн дөрвөн үе шатыг туулдаг шүү дээ. Нас ахих тусам хүн хөгширч байгаатайгаа дасан зохицож, хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болдог. Уламжлалт анагаах ухаанд хөгшрөлтийг удаашруулах хэд хэдэн аргууд байна. Нэгдүгээрт эмчилгээний аргаар урьдчилан сэргийлж болно. Эм тан хэрэглэж, засал эмчилгээ хийж болж байна. Мөн сэтгэл зүйгээр нь анагаан тэтгэж болдог. Уламжлалт анагаах ухаанд бодисын солилцоог долоон тамир гэдгээр тайлбарладаг. 26 наснаас хойш долоон тамир нь аажмаар хоргодож эхэлнэ. Дусал нь багасна. Сарын тэмдэг нь саарч, үрийн шингэн нь багасна. Чөмөг нь багасч, яс нь жижигэрч эхэлдэг. Бодисын солилцооны доройтлыг л хөгшрөлт гэж байгаа юм. Эмчилгээний арга гэхээр тухайлбал эмэгтэйчүүдийн өндгөвчний үйл ажиллагааг дэмжих шаардлагатай болдог. Уламжлалт анагаах ухаанд хэд хэдэн эмийн сонголт бий. Эмэгтэйчүүдийн болон дотоод шүүрэл рүүгээ чиглэсэн эм тангуудыг хэрэглэснээр хөгшрөлтийг удаашруулж, сарын тэмдгийг тогтмолжуулах юм. Хөгшрөлтийн үйл явц эмэгтэй хүнд цэвэршилтээр илэрхийлэгддэг. Цэвэршихээс өмнө урьдчилан сэргийлж болдог. Урьдчилан сэргийлэлтийг 35 наснаас хойш хийхэд тохиромжтой. Ингэснээр цэвэршилтийг удаашруулж барих боломжтой. Эмийн тал дээр ийм.

Заслын тухайд гэвэл шар тостой бариа сайн нөлөөтэй. Биедээ тос түрхэж, иллэг хийх нь хөгшрөлтийг удаашруулж, хий өвчнөөс урьдчилан сэргийлж, алжаал ядаргаа тайлдаг. 14 хоногт нэг удаа шар тосон иллэг, барианд орж байх нь тустай. Тос бүгдийн дээд нь шар тос гэдэг. Шар тос ой тогтоолтыг сайжруулдаг ба зөнөгрөхөөс сэргийлнэ. Мөн хий дарж, тамир тэтгэдэг. Биедээ түрхэх, толгойн оройдоо түрхэх, гарын алга, хөлийн уланд, өвдгөнд түрхэж, халтал нь үрэх учиртай. Хааяа чихэндээ бүлээн шар тос дусааж болно.

Гэрийн нөхцөлд ясны шөлөнд орох боломжтой. Зулайн хэсэгтээ шар тос түрхэх нь зөнөгрөлтөөс урьдчилсан сэргийлдэг, оюун ухааныг сайжруулдаг эрдэм чадалтай. Ялангуяа гурван жил өнжсөн шар тос эм байдаг. Өглөөдөө өл тайлахын тулд арвайн гурилтай шар тос идэж болно. Хийцтэй цайнд хийж уух нь сайн. Гэхдээ тосны хэрэглээ хэмжээ хязгаартай. Насанд хүрсэн хүний өдөрт идэх шар тосны хэмжээ 30 грамм байдаг. Аливаа зүйл илүүдэх эсвэл дутуудвал буруудна. Үхэр, хонины ясыг сийрэг болтол нь буцалгаж, шимийг нь гаргасан шөлтэй ваннанд ордог. Энэ нь мөн л булчин шөрмөсийг тавиулах, алжаал ядаргааг тайлах үйлчилгээтэй.

Бас алтан эдлэл ашиглаж болно. Алтан эдлэл биедээ зүүж байвал нас уртасгах, залуужуулах, хорыг гадагшлуулах нөлөөтэй.

-Сонин юм байна. Шуналтай хүмүүс алтан эдлэл хэрэглэдэг гэж ад үзэх шахуу юм болдог. Гэтэл алт бас биед сайн нөлөөтэй байх нь ээ?

-Бас учиртай юм байна л даа. Алтан эдлэл зүүж хэрэглэхэд металл нь хүний биед хүрэлцсэнээрээ хэрэгцээтэй эрдэс бодис өгдөг юм байна. Хөгшдийг чийрэгжүүлэх хорыг биеэс гадагшлуулах үйлчилгээ үзүүлдэг. Үүн дээр мөн төөнүүр эмчилгээ бий. Төөнүүр эмчилгээг хий, мэдрэлийн ядаргаа, чих шуугих, толгой өвдөх, мартамхай болох, зүрхний хэм алдагдах, солиорох, ухаан алдах, үе мөчөөр өвдөх, бөөр, ходоодны өвчин, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, дотоод шүүрлийн тогтолцооны хямрал, уушги, дэлүү, элэг, цөс гэх мэт өвчний үед өргөн хэрэглэдэг. Төөнүүр эмчилгээ дотроо хоёр, гурван төрөл байдаг. Монгол төөнүүр буюу шар эсгийгээр хүний хий, ядаргааны цэгүүдэд тавьдаг төөнүүр байдаг. Утаагүй, утаатай төөнүүр тавьж болно.

-Солонгос кинон дээр төөнүүр гээд мушгирсан гурвалжин хэлбэртэй ороосон хүж шиг юм тавиад байдаг. Монгол төөнүүр өөр байдаг уу?

-Монгол төөнүүр гэж алдаршсан, судар бичигт орсон эсгий төөнүүр бий. Сардаа нэг удаа 3-5 хоногоор хийн цэгүүдэд төөнүүр хийлгүүлж хэвшээрэй. Хий махбод хямарвал хүн хурдан хөгширдөг. Хий махбодийг тэнцвэртэй барихад сая дурдсан рашаан шөлөнд орох, төөнүүр тавиулах, иллэг бариа хийлгэх чухал.

-Нялх хүүхдийг сүүлний тосоор тосолж, иллэг хийж, ясны шөлөнд оруулдаг шүү дээ. Нас ахихаар бас ийм засал хэрэглэдэг юм уу?

-Яг тийм. Уламжлалт анагаах ухаанд хөгшид болон нялхас гэж ярьдаг шүү. Энэ хоёрт сая ярьсан эмчилгээ, засал маш үр дүнтэй байдаг. Хий махбодыг тэнцвэржүүлэх эм эмчилгээ нь урт наслуулах, хөгшрөлтийг удаашруулах арга болчихоод байгаа юм л даа. Хий гэж юу вэ? Хүний биеийн доод хэсэг буюу сүүж, бэлхүүсний орчим, хүйснээс доошхи хэсгийг хийн орон гэдэг. Зүрх судас, яс, чих, мэдрэлийн тогтолцоо, арьс хүрэлцэхүй, олгой, амин судал, гэх мэт эрхтнүүдийг хий гэдэг ойлголтод хамруулж үзэж болно. Хийн өвчнүүд гэхээр ядаргаа, зүрх судасны эмгэгүүд байх жишээтэй. Төөнүүр эмчилгээ хийнэ, шар тос хэрэглэхээс гадна шөл уух нь сайн нөлөөтэй. Хонины махтай шөл, таван цулын шөл, сармистай хар шөл, битүү шөл, банштай шөл нь хийг дарж өгдөг. Ингэснээр ядаргаа тайлж, хийг тэнцвэржүүлж, хөгшрөлтийг удаашруулах нөлөөтэй. Дор хаяж долоо хоногтоо нэгээс хоёр удаа шөл уух хэрэгтэй.

Уламжлалт эмнэлгүүдэд хонины битүү чанасан толгойн эмчилгээ гэж бий. Хязаалан хонины толгойг гүзээнд нь битүү чанаж, нүд, чих ам хамрын нүх сүв болгон руу хий ядаргаа тайлдаг эмт бодис чихэж өгдөг юм. Битүү чанасан толгойн халуун уураар утдаг. Шөлийг нь ууж, махнаас нь идэхэд тухайн хүний хөлс гарч, хий нь дарагдана. Мэдрэлийн ядаргааг тайлдаг ийм эмчилгээ байдаг. Эдгээр эмчилгээг урьдчилан сэргийлэх зорилгоор хийж болно. Эрүүл хүнд ч хийдэг эмчилгээ байдаг. Хий, шар, бадганыг тэнцвэртэй байлгахын тулд улиралдаа тохируулсан тогтмол эмчилгээ хийлгэх учиртай. Уламжлалт анагаах ухаанд зөөлөн шимт, туулга, бөөлжүүлэг гэсэн гурван том эмчилгээ бий.

Зун цагт хий махбод хөдөлдөг учраас хямрахаас урьдчилан сэргийлж, зөөлөн шимт гэдэг эмчилгээ хийлгэх нь зүйтэй. Үүнийг 26 наснаас хойш хийлгэж хэвшвэл ирээдүйдээ хий, шар, бадганы өвчнүүдээр өвдөхгүй. Намар цагт туулга эмчилгээ зохистой. Энэ хүний биеийг цэвэрлэдэг чухал эмчилгээ. Эрүүл хүн ч гэсэн намартаа нэг удаа туулга эмчилгээ хийлгэвэл цөс өтгөрөхгүй, цөсний чулуу үүсэх, ходоод, нарийн гэдэсний өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Хавар цагт бөөлжүүлэг эмчилгээ хийдэг. Энэ гурван эмчилгээг хийж хэвшвэл хорт хавдраас урьдчилан сэргийлдэг.

-Хөгшрөхгүйн тулд сэтгэл санаа тайван амгалан байх ёстой болов уу?

-Америкийн эрдэмтэн, физиологи-анагаах ухааны салбарын Нобелийн шагналтан, биологич Элизабет Блэкберн хөгшрөлтийн талаарх шинжлэх ухааны онол дээрээ үндэслэн хөгшрөлтийг удаашруулах аргыг олсон. Тэрбээр юуны өмнө, стрессээ даван туулахыг зөвлөжээ. Ингэхдээ аутизм буюу бусдаас өөрийгөө тусгаарлах өвчтэй хүүхдүүд болон ужиг өвчтэй хүүхдээ асран халамжилдаг эхчүүдийн зан араншинг судалсан байна. Стрессийг даван туулах чадвар сайтай эхчүүдийн хувьд хромосомын төгсгөлийн хэсгүүд (теломер) нь илүү удаан хугацаанд богиносдог болохыг судалгааны дүн харуулжээ. Теломер гэдэг нь хромосомын яг төгсгөл хэсэгт байрлах ДНХ-гийн нарийхан хэсгийг хэлдэг байна. Теломер богиноссоноор хөгшрөлт явагддаг аж.

Э.Блэкберний хувьд хромосомыг теломер хэмээх механизмаар хамгаалдгийг илрүүлж, теломераза гэдэг нэртэй фермент байдгийг нээсэн учир 2009 онд Нобелийн шагнал хүртэж байв. Дараагийн нэг зөвлөгөө бол хоёр сарын дотор өдөрт 12 минут бясалгал хийдэг хүмүүсийн теломерийн өөрчлөлт нь удааширч байжээ. Түүнчлэн хүмүүстэй харилцаж, найз нөхөдтэй болох нь чухал юм. Мөн мөнгө олох нь хөгшрөлтийн процессыг удаашруулдаг байна. Судалгааны дүнд өндөр орлоготой хүмүүсийн теломер нь мөнгө бага олдог хүмүүсийнхтэй харьцуулахад илүү урт байжээ. Тэгвэл стрессээ яаж таних вэ. Анхаарал төвлөрөхгүй байх, байнга ядарсан мэт санагдах, айдас түгшүүртэй мэдрэмж төрөх, ойр ойрхон бие засах, гүйлгэх шинж тэмдгүүд илэрдэг байна. Мөн жижиг зүйлд хэт сүртэй хариу үйлдэл үзүүлдэг. Байнга уурлах, “тэсрэх”, толгой өвдөх, хоолны дуршил багасах, бэлгийн дур хүсэл буурах, цочромтгой болох, хөлрөх, ходоод мушгирах, амьсгал түргэсэх, идэвхигүй болох шинж тэмдэг илэрч байвал та стресст орсон гэсэн үг. Стресс үүссэн үед арга хэмжээ авахгүй бол хүндэрдэг. Хүндэрвэл өвчний шинж тэмдэг илэрдэг. Яадаг гэхээр цээж хорсох, ходоодны шарх, гүйлгэх, өтгөн хатах, цусны даралт ихсэх, зүрхний өвчлөл, багтрах, шээсний замын үрэвсэл, холестролын түвшин ихсэх, дархлалын системийн эмгэгүүд, астма, харшил, арьсны эмгэг үүснэ.

Стрессийг удирдах хэдэн арга байна. Стресс үүсэхэд ойлгож хүлээж авах хэрэгтэй. Би уурлаж болохгүй шүү гэж хаалт хийх хэрэггүй. Би ууртай байна, хэцүү байна гэдэгтэйгээ эвлэрэх учиртай. Стрессийг бууруулах стратегиуд бий. Та юу хийвэл тайвширдаг вэ. Түүнийгээ хайж ол. Магадгүй амьсгалын дасгал хийж болно. Гэрээ цэвэрлэх, би стресстэй үедээ энэ хүнтэй юм ярьж болохгүй дараа нь ярилцъя гэх мэтээр асуудлыг шийдэх гаргалгаагаа дотроо хийх нь эрүүл сонголт хийж байна гэсэн үг. Бясалгал хийх нь залуужуулах, хөгшрөлтийг удаашруулах чухал хэвшил гэдгийг эрдэмтэн, судлаачид судлаад гаргажээ.

-Бясалгал гэдгийг юу гэж ойлгох вэ. Бясалгал хийхийн тулд багшид хандах ёстой юу. Зарим хүн 108 мөргөл бясалгалын нэг хэлбэр гэж ярьдаг шүү дээ?

-Интернэтэд таван минутын төвлөрөх бясалгал байдаг. Урт хугацаанд бясалгал хийе, сонирхож судалъя гэвэл багшаар хөтлүүлэх нь зөв. 5-10 минутын төвлөрөх бясалгалд өөрөө суралцах боломжтой. Бясалгал гэдэг өөрийнхөө дотоод ертөнцөөр аялах юм. Ганцаараа байхдаа би хэн бэ, би юунд дуртай вэ гээд өөрийгөө хайж, өөртэйгээ ярилцах нь нэг талаараа бясалгал болж болно. Ганцаараа алхаж явахдаа гоё юм бодож болно шүү дээ.

-Японы Окинава арлын урт насалдаг хүмүүс ходоодныхоо 80 хувийг л дүүргэдэг. Тохируулж идэх нь урт наслахад нөлөөлдөг гэсэн. Монголын уламжлалтын эмч, маарамбууд ч хэт битгий өлс, цадталаа битгий ид гэж сургасан байдаг даа?

-Дээр дурдсан Нобелийн шагналт Э.Блэкберн бас яг энэ арлын хүмүүсийг судалсан. Хамгийн чухал нь хэт цадахгүй байх, бага зэрэг өлөн явах нь урт наслах гол үндэс юм байна шүү гэж дүгнэсэн. Ер нь хүний ходоод хоёр гарын алгыг нийлүүлсэнтэй адил хэмжээтэй гэж уламжлалт анагаах ухаанд үздэг. Ходоодоо дөрөв хуваагаад, дөрөвний хоёр хувьд нь хоол, дөрөвний нэг хувьд нь шингэн, үлдсэн хэсэг нь хоосон байх учиртай гэдэг. Ходоодоо дүүртэл идэх нь нөгөө л элэг өөхлөлт, таргалалт, бодисын солилцооны өөрчлөлтөд хүргэдэг. Үүний үр дүнд зүрх судасны өвчлөл, хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг. Бүх өвчний үндэс ходоодноос эхтэй гэдэг. Өмнөх хоол нь шингээгүй байхад нэмж идэх хэрэггүй. Ийм нөхцөлд ходоод байнга ажилладаг. Эс шингэх өвчний үндэс тавьдаг. Энэ нь эцсийн дүндээ хавдарт хүргэдэг.

-Дасгал хөдөлгөөн бас хийх хэрэгтэй болов уу?

-Эрүүл урт наслахад идэвхитэй хөдөлгөөн чухал. Уламжлалт анагаах ухаанд явдал мөрийн дээд нь хөлс гаргах төдий алхах гэж тодорхойлсон байдаг. Зарим хүн “Би гэртээ байнга хөдөлдөг, чөлөө завгүй хөдөлдөг” гэдэг. Энэ бол эрүүл мэндийн ач холбогдолтой хөдөлгөөн биш. Өдөрт тогтмол 20 минут хөлс чийхартал эрчимтэй алхах учиртай. Чаддаг бол йог, хийн дасгалууд хийж болно. Хамгийн хялбар, тоног төхөөрөмж шаардахгүй мөртлөө бүх булчин шөрмөс хөдөлгөдөг дасгал хөдөлгөөн бол 108 мөргөл. Мөргөж байх үед хий, цусны гүйдэл зөв эргэдэг. Ийм үед хөлс чийхарч ирдэг. Судасны хатууралтай байлаа гэхэд судасны уян чанар дээшилж, энгийн үгээр яривал тэнд царцсан өөх тосыг халуун галын илчээр зөөлрүүлж, уян хатан болгож байгаа гэсэн үг. Эрүүл, зөв хэмжээтэй хооллож, тогтмол идэвхитэй дасгал хөдөлгөөн хийж, сэтгэл санаа амар амгалан бол өвдөхгүй байх боломжтой.

-Та бүхний судалгааны ажил анхаарал татсан. Цусанд өөх тос ихсэх өвчнийг хэлээр оношилох боломжтой гэсэн үү?

-Бид гурван жилийн хугацаатай, Тайвань, Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн сантай хамтарч төсөл хэрэгжүүлсэн. Манай Д.Нацагдорж багш, доктор Н.Сайнбуян, доктор Г.Чойжамц, анагаах ухааны магистр Б.Ариунзаяа бид хамтарч ажилласан юм. Монгол хүмүүсийн цусан дахь холестролын түвшин их байдаг учраас бид монгол эм тангаар эмчлэх боломжийг хайсан юм. Судсан дахь өөх тосыг хайлуулах эм танг судалгаанд үндэслэж гаргаж ирсэн. Муу өөх тос ихсэхээрээ зүрх судсыг өвчлүүлдэг учраас хэмжээнд нь барих аргуудыг судалсан. Цусны шинжилгээгээр эм уухаас өмнө ямар байсан, дараа нь хэр буурсныг шинжилсэн. Хоёрдугаарт нь хэл оношилгооны аппаратны тусламжтайгаар хэлэнд гарч байгаа өөрчлөлт дээр анализ хийсэн. Цусанд нь өөх тос ихэссэн хүмүүсийн хэл өнгөр ихтэй, зузаан шар өнгөртэй, хэл нь хөөсөн, памбагар хэлбэртэй, чийглэг алдагдсан, хэл нь хагарсан байсан. Тэгээд тангаа өгөөд, амьдралын дэглэмийг нь өөрчлөөд,гурван сарын хугацаанд эмчилгээ хийсний дараа цусны шинжилгээ хийхэд хэвийн хэмжээнд очиж байсан. Хэлний өнгөр багасч, өнгө нь ягаан болж эхэлсэн. Хагарал нь багассан байлаа. Энэ бол нэг удаагийн судалгаа. Цаашдаа үргэлжлүүлэн судлах шаардлагатай гэж үзсэн.

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Р.Янжиндулам: Эмэгтэй хүний сэтгэл санаанд уран сайхны хэтрүүлгээс ч илүү зүйлүүд болдог шүү дээ

Төв аймгийнМонгол туургатантеатрын жүжигчин Р.Янжиндуламтай ярилцлаа. Тэрбээр зургадугаар сард Соёлын яамны ивээл доор цахим орчинд болсонЯлагчдын цуваа Улаанбаатар 2021″ олон улсын нэг хүний жүжгийн фестивальд түрүүлж, Гран при шагнал, 1000 ам.долларын эзэн болсон билээ.


No description available.Таны уралдаанд оролцсонБи хэн бэ?” жүжгийг сонирхож үзсэн. Цахимаар явсан болохоор олон хүнд хүрсэн болов уу. Монголын моно жүжгийн төвийн тэргүүн Ц.БаясгаланМонгол жүжигчид маань олон улсын шүүгчдээс өндөр үнэлгээ авдаг цаг бас ирдэг л юм байнагэсэн байна лээ.

-Би нэлээд эртнээс моно жүжгийн төрлийг сонирхож, Монголын моно жүжгийн төвөөс явуулсан сургалтад сууж байсан л даа. Моно жүжгийн зохиол их хайсан. СУИС хамт төгссөн, зохиолч, найруулагч Б.Батдэлгэр найздаа зохиол бичих санал тавьсан юм. Б.Батдэлгэр сайхан зохиол бичиж, найруулж өгсөн. Ингээд хамтарч уран бүтээл гаргасан л даа. Эхлээд Монголын театрууд дунд Моно жүжгийн улсын уралдаан болсон. Монголоос хоёр жүжиг шалгарч, олон улсын уралдаанд улсаа төлөөлж орох эрх авсан юм. Улсын уралдаанд найман театр өрсөлдсөн санагдаж байна. Зарим нь хоёр ч бүтээлээр оролцсон. Улсаа төлөөлж оролцох болоод бас л зургаа, долоон орны маш туршлагатай уран бүтээлчидтэй өрсөлдлөө. Миний хувьд анх удаа моно жүжигт тоглож, олон улсын уралдаанд оролцох боломж гарсан юм.

-“Би хэн бэ?” моно жүжгийн сэдэв сонирхолтой санагдсан. Амаржсаны дараах хямрал, сэтгэл гутралын талаар өгүүлдэг шүү дээ. Жирэмсэн байхад, төрсний дараа ч олигтой тэнхэрч чадаагүй үед гоё ганган бүсгүйчүүдийг харахад огт өөр ертөнцөд амьдраад байгаа юм шиг санагддаг?

-Сүүлийн үед сошиалын хэрэглээ нэмэгдсэн. Сошиал дахь ганган дэгжин бүсгүйчүүдийн зураг, бичлэг жирэмсэн, амаржсаны дараах хямралтай байгаа бүсгүйчүүдэд бүр ч илүү дарамт болж байна л даа. Амаржаад удаагүй Сувд бүсгүй жирэмсэн байхдаа ихээр жин нэмсэн. Интернэтэд байгаа гоё хүүхнүүдийн зураг, бичлэгтэй өөрийгөө харьцуулж, өөртөө итгэх итгэлээ алдсан нэгэн. Гэртээ хүүхдээ хардаг тэрбээр нөхрийгөө бусад бүсгүйчүүдтэй холбож, муугаар төсөөлж хардана. Энэ ганцаардал нь нойргүйдэл, ухаан санаа самуурах зэрэг хүндрэлээр илэрч байгаа тухай өгүүлдэг уран бүтээл л дээ.

Өөрийн чинь тоглосон жүжигт бараг солиорлын гэмээр хэсэг байдаг. Үнэхээр тийм юм болдог уу, эсвэл уран сайхны хэтрүүлэг юм болов уу?

-Ер нь эмэгтэй хүний сэтгэл санаанд уран сайхны хэтрүүлгээс ч илүү зүйлүүд болдог шүү дээ (инээв). Монголд төдийгүй дэлхий нийтээр амаржсаны дараах сэтгэл гутрал гэдэг асуудал хөндөгдөх болсон. Сошиал ертөнц хөгжих давуу талтай ч бас эмэгтэйчүүдийн сэтгэл санаанд сөргөөр нөлөөлөх, дарамтад оруулах нь ч бий. Энэ талаар хөндөж харуулахыг хичээсэн.

Энэ дүрийг бүтээхийн тулд их судалсан уу, ингэхэд өөрөө ээж болсон уу?

-Хүүхэдтэй. Өөрөө бас биеэрээ мэдэрч үзсэн. Бараг арван жилийн өмнө хүүхэд төрүүлсэн. Гэхдээ тэр үед амаржсаны дараах хямрал өнөөгийнх шиг анхаарал татах хэмжээнд байгаагүй. Сошиалын нөлөө ч одоогийнх шиг байгаагүй л дээ. Нэг их хямралд өртөж байгаагүй.

Ер нь нэлээд судалгаа хийсэн. Дэргэд бага насны хүүхэдтэй дүү нар маань байна. Тэдэнтэй ярилцсан. Зохиолч маань эрэгтэй мөртлөө эмэгтэй хүний сэтгэл зүйг маш нарийн гаргаж чадсан. Манай зохиолч таван хүүхэдтэй. Бараг л надаас илүү туршлагатай л даа (инээв). “Чиний оронд өөрийгөө тавьж үзээд бичиж байгаа шүү дээ” гээд инээж байсан. Улсын уралдаанд оролцоход жүжиг маань арай өөр хэлбэртэй байсан. Олон улсын уралдаанд орохдоо бас нэлээд шинэчлэгдсэн.

Тайз, шийдэл сонирхолтой санагдсан?

-Тайз монгол гэр ч юм шиг харагдаж байгаа биз. Унийг төлөөлж утсуудаар шийдсэн. Хүний сэтгэлийн утас ч юм шиг сэтгэгдэл төрүүлнэ. Эмэгтэй хүний сэтгэлийн утас савлахад гэр бүлийн амьдрал яаж ганхдаг гэдгийг харуулахын тулд тийм шийдэл, тайз зассан. Хувцасны хувьд олон улсын уралдаанд оролцож байгаа учраас монгол ахуй, эмээл, дээл, толгойн гоёл хэрэглэсэн. Эд хөрөнгө дарамт, ачаа болдог гэсэн санаа давхар харуулахыг хичээсэн.

Цахимаар болсон, ковидын үед тоглогдсон гэдгээрээ бас онцлог нөхцөлд ажилласан болов уу?

-Тайзан дээр ганцаараа харагдаж байгаа ч ард олон хүн тусалж дэмжсэн. “Монгол туургатан” театрынхан маань жүжиг эхлээд, дуусан дуустал хамт байсан. Театрын дарга Д.Мөнхбат улсын уралдаанд оролцох санааг гаргасан. Зохиол сонголт, төсөв санхүү бүх л зүйлд тусалсан. Аймаг орон нутгийнхан маань дэмжсэн. Дэмжиж тусалсан аймаг, орон нутгийнхандаа, Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар ЗДТГ-ын хамт олон, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Ц.Туваан, Н.Энхболд нарт талархал илэрхийлье.

Моно жүжигт тоглоход хэцүү юм уу?

– Уг нь тайзан дээр олуулаа нэг нэгэндээ дэм болоод, нэг жүжгийг хамтарч тоглоход түшиг тулгууртай байдаг шүү дээ. Тэгэхгүйгээр цаг шахам хугацаанд ганцаараа тайзан дээр жүжгийн эхлэл, өрнөл, төгсгөлийг авч гардаг нь хүнд санагдсан. Харин моно жүжгийн хувьд тайзаа ачаад явахад хялбар, олон хүмүүст хүргэх боломжтойгоороо давуу талтай.

Хэр удаан сургуулилт хийсэн бэ?

-Эхний жүжгээ бараг хоёр сар бэлтгэсэн. Олон улсын уралдаанд оролцож байгаа учраас Монголын моно жүжгийн төвийнхөн бас зөвлөж тусалсан л даа.

СУИС төгссөн юм билээ. Төгсөөд Төв аймгийн театрт ажиллаж эхэлсэн үү?

-2010 онд төгсөөд, театртаа ажиллаж байна. Надаас гадна Төв аймагт арван жүжигчин бий. Бид СУИС-д Төв аймгийн студийн захиалгаар суралцсан юм.

Орон нутгийн театрт ажиллахад бас онцлогтой байх?

-Өглөө хотоос гараад, аймагт очиж ажиллаад, орой буцаж ирдэг. Онцлог гэвэл бид зөвхөн жүжигт ажиллахгүй. Дуурь тавигдвал дуурьт оролцоно, бүжгэн жүжиг тоглогдвол тэнд тоглоно. Хөрвөх чадвартай байдгаараа онцлогтой юм болов уу. Төв аймаг хотод ойрхон болохоор үзэгчид өндөр шаардлагатай санагддаг. Сайн уран бүтээл хийхгүй бол шүүмжлэл дагуулдаг.

Ковидын үед орон нутгийн уран бүтээлчид яаж ажиллаж байгаа вэ?

-Өнөөдрийн хувьд манайхан амарсан байна. Шаардлагатай үед шинжилгээ өгөөд, театрын тайзан дээрээсээ лайв тоглолт хийнэ. Зарим үед гэрээсээ шууд холбогдох үе ч гарна. Бөөнөөрөө хамтарч, жүжгэн дээр ажиллаж чадахгүй юм гэхэд шүлэг, найраглал уншаад, тоглолтод оролцоод л явж байна. Манай жүжигчид хамтарч дэлгэцийн уран бүтээл дээр ажиллаж байгаа. Арван ангитай кино руу орохоор төлөвлөж байгаа. Саяхан би дуучин Н.Ундралын клипэнд тоглосон. Энэ зуны хувьд иймэрхүү л яваа.

Жүжигчний хувьд юу мөрөөддөг вэ?

-Би уран уншлага сонирхдог. Бага байхад өвөө маань ном их уншиж өгдөг. Том том романуудыг орой бүр хэсэг хэсгээр нь уншиж өгдөг байлаа. Олон ангит кино үзэж байгаа юм шиг л санагддаг байсан. Тийм болохоор уран зохиолд дуртай. Уран уншлагын төрлийг сонирхдог. Уран уншлагын цомог гаргахаар зохиолоо сонгоод, студитэйгээ яриад явж байгаа.

Манай Монгол олон сайхан түүхэн хатадтай. Түүхэн хатны дүр бүтээчих юмсан гэж хүсдэг.

Танай гэр бүлд урлагийн хүмүүс байдаг уу?

-Урлагийн хүн байдаггүй. Аав эмч, ээж багш. Би бас эмч болно гэж боддог байсан. Анагаахад орохоор конкурс өгч байлаа. Төв аймагт дунд сургууль төгсөх үедээ драмын дугуйланд явдаг байсан. Конкурсийн хариу гарахаас өмнө ур чадварын шалгалт өгч тэнцээд СУИС-д орсон доо.

Урлагийн хүн болохыг чинь бэлгэдээд Янжиндулам гэдэг нэр өгсөн үү?

-Багадаа их өвддөг хүүхэд байлаа. Тэгээд нэрээ солиулсан. Лам өгсөн нэр

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Л.Сөрөлт: Дархадаар “өвчлөөд” ирлээ

Дархадын хотгороор аялаад ирсэн байна. Түүний аяллын сонин хачныг сонирхлоо.


-Дархадын хотгороор 17 хоног аялаад ирсэн гэсэн. Аяллынхаа сонин хачнаас хуучлаач. Яагаад энэ аялалд хамрагдах болов?

-“Самгалдай” гээд төрийн бус байгууллага бий. Түүний тэргүүн Д.Батчулуун гэдэг залуу Дархадын хотгорт элэгтэй, хайртай, шүтэж дээдэлж явдаг. Энэ хотгорын аж амьдралыг олон түмэнд танилцуулах зорилготойгоор олон жил хөөцөлдсөний үр дүнд Швейцарийн хөгжлийн агентлагаас дэмжлэг авч, “Маанар” төслийг эхлүүлсэн юм. Би хотгор нутагт төрж, өссөн. Миний ээж, аав энэ хотгор хонхорыг хайрлаж, хамгаалж, судалж явсан юм. Би нутгийнхны хэл аялгыг ч мэддэг. Ахуй амьдралыг нь мэддэг. Тийм болохоор надад санал тавьсан юм билээ.

-Ээж, аав тань ямар судалгаа хийж байв?

-Ээж ургамал судлаач. Ургамал судлалын ухааны доктор Ж.Оюумаа гэж хүн байдаг. Наяад онд Хөвсгөл нуур хамгаалах ажлыг эхлүүлж байсан хүн. Хөвсгөлийн тайгаар орж үзээгүй уул, ус, жалга гуу гэж үгүй. Аав маань байгаль хамгаалагч Д.Лхагвацогт гэж хүн байсан. Одоо бурхан болсон. Манайх олон баньд нартай. Яагаад ч юм аав намайг л дагуулж явдаг. Бид хоёр зундаа халж, өвөлдөө хөрч, мориор явж байгаль хамгаалдаг байлаа. Аав маань байгаль хамгаалагч байхдаа Мөсний баярыг санаачилсан юм. Мөсний баярыг анх санаачилсан гэсэн дурсгалын зүйлс нь бий. Анх санаа оноогоо ярилцахаар далайн захын айлуудаар орж, уулзаж байхад нь би дэргэд нь морьтой жаахан хүү явдаг байлаа. Бид хоёр өвөлдөө шөлтэй хоолоо хонуулахаар тогоон дотроо овойгоод хөлдчихдөг, хагалаад иддэг байж билээ.

-Хөвсгөлийн аялал өөрийн чинь хувьд цоо шинэ биш юм байна шүү дээ?

-Биш биш. 1996 онд хамгийн анхны европ жуулчин ирэхэд аав маань газарчилж цаатан айлд хөл тавиулж байсан юм. Хатгалд эрэгтэй, эмэгтэй хоёр франц хүн ирээд хэл мэдэхгүй явж байхад нь ээж англиар ойлголцоод, гэртээ авч ирсэн. Тэд аавыг маань Цог гэж дууддаг болж, манайд хэд хонож байгаад, хатгалчуудаас морь түрээсэлж унаад, замд гарахад нь аав тэдэнд замчилсан юм. Аав нөгөө хоёртоо эрэгтэйд нь Арслан эмэгтэйд нь Цэцэг гэдэг нэр өгчихсөн. Тэр хэд ангайсан арслан шиг хад олж, Арслан хад гэж нэрлэсэн юм билээ. “Цог миний нэрээр энэ хадыг нэрлэчихлээ” гээд нөгөө гадаад нь бөөн баяр болжээ. Аавын маань 1996 онд давж байсан давааг нутгийнхан Арслан даваа гэдэг болсон байна. 25 жилийн дараа Дархадын хотгорыг олон улсад таниулах ажилд би оролцож явна. Аавынхаа босгосон тэр хадан дээр очоод, зургаа татуулаад, бөөн баяр боллоо.

No description available.

-Замд бороо, шороо ихтэй байв уу?

-Энэ жил хойд нутгаар бороо хур элбэгтэй байна. Шавар, ус балчиг намаг, үер, замын саад их байлаа. Машины сайнаар л явлаа. Морины сайнаар л том даваануудыг давлаа. Зарим үед машинтайгаа урслаа, шаварт суулаа. Манай жолооч нар ч мундаг юм. Олон машин явсан болохоор бие биенийгээ татаж, чирч явсаар аяллаа дуусгасан.

-Энэ удаагийн аяллын хамгийн гайхалтай санагдсан, шинээр нээсэн юм юу байв?

– Хотгор нутгийнхан машин тэрэгнээс хол. Хүн мал, байгальтайгаа яаж дасан зохицож амьдарч байгааг харуулах зорилготой явсан. Маанар төслийн хүрээнд 12 ангитай богино хэмжээний баримтат уран сайхны кино гарах юм. Үүний хөтөч хөтлөгчөөр нь ажилласан. Манай дархад түмэн байгалийг хайрлаж, өвдөг сөгдөж, гуйж амьдардаг улсууд. Өндөр өндөр даваагаар нүүдэл хийхдээ үр хүүхэд, хамгийн үнэтэй цайтай бурхан, шүтээнээ шарын нуруун дээр ачаад явдаг. Дархадын цагаан адуугаар хүнс хоолоо залгуулж байна. Шар, морь хоёр дархад түмний гол хөсөг. Хамгийн хайртай морь, шараа эцэслэхэд толгойг нь овоон дээрээ залдаг юм байна. Уул толгод болгон овоотой. Овоо болгон учиртай байна. Нүүгээчдийн овоо гэж байна. Хадлангийн овоо гэж байна. Рашааны овоо гэж байна. Рашааны овоон дээр лус аргадаж, ивээлдээ багтаахыг гуйж, хүссэн юмаа модоор сийлж, тавьдаг байх жишээтэй.

-Хөвсгөлчүүд бөө мөргөлтэй хүмүүс. Танай аяллын багт ч бас бөө удганууд багтсан байна лээ. Бөөгийн зан үйл судалсан уу?

-Бид 18-19 хүний бүрэлдэхүүнтэй, гурван машинтай гарсан. Удганууд явсан. Дархадын Агарын гурван хайрхан, Шаргын таван мод, Бүрэн хааны таван баатар, Далай ээжийн лус савдгуудыг аргадаж тахисан гайхалтай удгануудтай аяллаа. Дархан, Улаанбаатараас бөө, удганууд очлоо. Тэр улсууд уул, уснаасаа хүч гуйж байна. Тахиж шүтэх ёстой газруудаа тахих ажлаа тэд хийж, бид баримтат киногоо хийж, орой тогоон дээрээ нийлнэ, хоол ундаа иднэ. Уул усыг яаж дээдэлдгийг тэр хүмүүсээс олж харлаа.

-Дархадын хотгорт амьдрал ахуй ямархуу байх юм?

-Дархадын ард түмэн хөгжилтэй, наргианч шооч цагаахан улсууд. “Дархад хүн давхар санаатай” гэж яасан сүрхий худал үг болохыг сая мэдэрлээ. Хонхорынх нь нөгөө муу Л.Сөрөлт нь явж байхаар бүүр илүү сайхан хүлээж авсан. Алив дээшээ суу, майханд хононо гэж юу байдаг юм, гэрт ор, урцанд хоно гэдэг. Ковидоос болоод хил хаасантай холбоотой тэдний маань амьдрал сайнгүй байна. Аялал, жуулчлал байхгүй. Морь, малаа түрээслүүлдэг, цаатны отогт урц буудал барьдаг тэр бүх үйлчилгээ зогссон. Гэхдээ баянхангайн хишиг, эрдэнэт малынхаа буянд болж байна.

-Ковидын үед хот суурин газар шавааралдаж сууснаас өргөн уудам нутгийнхаа энгээр тархан суурших нь эрсдэл багатай тухай ярьдаг. Тайгад ковидын айдас хүйдэс болгоомжлол байна уу?

-Хоёр жил шахам “Гэртээ битгий хүн оруул, гадагшаа битгий гар” гээд байхаар хүний тархинд юм сууна аа даа. Гэхдээ тэдэнд нэг гоё итгэл байна. Өвчин, зовлон Дархадын нутагт ирлээ гэвэл хамгийн сүүлд ирнэ. Бараг ирэхгүй дээ гэсэн итгэл байна. Хотоос ирсэн улсаас дөлж зугтах юм алга. Гэхдээ мэдээж айхавтар улсууд болгоомж сэрэмж байгаа. Хэнтэй харьцах, яахаа мэднэ.

-Баруун тайгад очсон гэсэн. Бараг л үлгэр домгийн газар шиг санагддаг. Хүн цөөтэй юү?

-Хүмүүс бараг л уулын модонд хэдэн зэрлэг улсууд урц бариад гал түлээд, ан агнаад тойроод гүйж байдаг юм шиг бодоод байдаг. Урьд цагт тийм байсан. Миний аавыг явж байхад үнэхээр урцан дотроо ил гал түлдэг байсан. Одоо бол өөр. Цаадуул чинь амьжиргаатай улсууд, айхавтар хүмүүс. Цаагаа маллана. Адуутай байна. Цаатай, үхэр малтай айлууд нь үхэр, хонио Цагааннуур суманд зусуулна. Өвөл нь зөвхөн айлын эрчүүд цаагаа дагаж амьдарна. Эхнэр хүүхдүүд үхэр, хонь малтайгаа үлдэнэ. Мориор 100 хүрэхгүй км газарт бүтэн өдөржин явж очдог газар. Хад асгатай. Морь хазгай гишгэвэл эзэнтэйгээ доошоо нисч үхнэ. Одоо цаадуул чинь аккумлятортой, гэрэл тусгачихна. Урцан дотроо зуухтай байна. Наар засчихсан, ортой байна. Зарим нь сүлжээ барьдаг газраа Жи Мобайлын утастай байна. Голоо дагаад 20-30 айл байлаа гэхэд бүгд богино станцтай байна. Сая биднийг очих үеэр цаадуул чинь бүр айлын хаяанд орж ирээд байсан нэг чоныг авлаж байна лээ. Чоно, нохой элбэг байна. Цааг нь хүү татаж хаячих гээд байгаа юм билээ. Хонь, ямаа хариулж байгаа юм шиг цаагаа дагаж байна, манайхан. Тайга руу энэ жилдээ биднээс өөр хүн бараг л очоогүй гэсэн. Хоёр эмч, цааны тооллого хийж хэдэн хүн очсон байна лээ. Тийшээ хэрийн хүн очихгүй. Маш хүнд аялал.

-Дархад ардын дуу бас судалсан гэсэн үү?

-Дархад дуу тэр чигтээ том соёл. Миний хөгшин аав “Хар тарлан сарлаг” гэж дуу дуулаад, Бүх ард түмний урлагийн их наадамд түрүүлээд, мянган төгрөгөөр шагнуулж байсан. Ээж хэлдэг байсан. “Энэ өвгөнийг амьд байхад энэ дууг сураад аваач” гэхэд нь би “Ийм балай дуу сурна гэж юу байх вэ” гэж боддог байлаа. Одоо би харамсдаг. Гэхдээ би сурч амжсан. Яг л хип хоп дуу гэсэн үг. “Зуун шарын түлээг нь зусланд нь буулгаж өглөө, ….зуравгар улаан чавганц нь зугтаачихлаа…” гэсэн үгтэй, үгэлдэг хэсэгтэй. Энэ дууг хоёр эрэгтэй хүн хоршиж дуулдаг байхгүй юу. Баянзүрх суманд энэ дууг дуулдаг хүнтэй очиж уулзлаа. Дуулуулж бичлэг хийж авсан. Улаан-Уул суманд “Самгалдай” дуулдаг хүнтэй уулзаж, дууны үүх түүхийг яриуллаа. 1986 оноос хойш энэ дуугаа тасралтгүй дуулж яваа гэнэ. Орчин үеийн хамтлагууд энэ дууг дуулж байгаад баярлаж явдгаа хэлсэн. Бас зарим нь үгийг нь буруу дуулж байгаад эмзэглэж явдаг, залруулж хэлээрэй гэсэн. “Самгалдай“ гэдэг нь цаатангуудын шүтэж явдаг уулын нэр. Самгалдай уул нь Тува улсын нутагт байдаг. Хил хуваахад хилийн цаана үлдсэн юм билээ. Хөөрхий, тэндээ очиж чаддаггүй, ах дүүс нь тэнд байгаад байдаг. Энэ хайрхныг магтан дуулсан дуу юм. Олон хүн дуулуулсан, олон хүнтэй уулзлаа.

-Л.Сөрөлт дархад дуугаа дуулах уу?

-Дархад дуу дуулчихсаан. А.Түмэн-Өлзийтэй хамтраад “Болиоч хоё” дууг дуулсан. “Уулын оройгоор манантаад байна

Ямар л гээчийн өдөр вэ дээ,

Ууж л идэж маанайчаад

Ямар ч амраг гэхэв дээ” гэсэн үгтэй. Гурав, дөрвөн өдөр гадуур ууж явж байгаад гэртээ ирээд, эхнэртээ “базуулж” байгаа нөхрийн дуу байгаа юм. Архи, тамхиа болиоч дээ гэсэн утгатай.

-Маанар гэдэг нь бид нар гэсэн үг гэл үү?

-Маанар гэдэг нь дархадаар бид нар гэсэн үг. Бидний аж амьдрал, соёлыг харуулах гэсэн утгатай.

-Л.Сөрөлт ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа бол гэж хүмүүс сонирхох байх л даа?

-Энэ жил манай “Мөрөөдлийн театр”-ын арван жилийн ой тохиож байна. Тоглох жүжгээ сонгосон. Оюуны өмчийн эрх, зөвшөөрлийг нь авчихсан. Найруулагчтайгаа ярьж, тохирсон. Цаг нараа товлосон байлаа. Ковидоос болоод урлаг соёлынхон дотор ажил хийдэг хүн байхгүй боллоо. Тэгэхээр би одоо юугаа хийнэ гэж ярих вэ дээ. “Маанар” төслийнхөө баримтат киног амжилттай хийж дуусгах зорилготой сууж байна. А.Түмэн-Өлзийтэйгөө дуулах л байлгүй. Сая Дархадаар “өвчлөөд” ирсэн хүн чинь тэр талын юм барьж хийх бодолтой байж байна.

Би бас өөрөө нэг дууны үг зохиосон. Манай нутаг уул уурхай гэдэг юмнаас хол байгаасай. Нутаг орон руу маань битгий дайрч давшлаасай гэдэг үүднээс айсан ч юм шиг, айлгасан ч юм шиг шүлэг бичсэн. “Хөх цэнхэр хязгаар” гээд үг, ая нь бэлэн болсон дуу байгаа. Дахилтнаас нь хэлбэл “Хатгах гэвэл халхчууд нь хамгаална, ухах гэвэл урианхайчууд нь уурсана. Хороох гэвэл хотгойдууд нь босно, Дарлах гэвэл дархадууд нь бөөлнө” гэсэн үгтэй. Сая аялаж явахдаа клипний дүрс авлаа. Нэг сумаар хоёр туулай буудсан.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Отгонжаргал: Дотоод ахуйгаараа эрх чөлөөтэй хүмүүс агуу түүхийг бүтээдэг юм байна


Монгол Улсын гавьяат багш, түүхийн ухааны доктор С.Отгонжаргалтай “XX зууны Монголын түүхийг шинээр эргэн харахуйсонсдог номынх нь талаар ярилцлаа.


Таны “XX зууны Монголын түүхийг шинээр эргэн харахуйсонсдог ном саяхан гарчээ. Яагаад сонсдог хэлбэрээр номоо гаргах болов?

-Оюуны бүтээлийг хил хязгааргүй хүргэдэг дижитал контентын нэг MPlus аппликэйшнийг монгол залуучууд эхлүүлээд гурван жил болж байгаа юм билээ. Дэлхийгээр тархсан монголчууд маань шуудангаар ном захиалж авахад хүндрэлтэй, цаг хугацаа их шаарддаг. Сонсдог номыг бол цахимаар шууд худалдаад авчихдаг. Сонсдог номын эрин иржээ гэж бодож, номоо сонсдог хэлбэрээр гаргасан.

Монголчууд бас замд явж байхдаа, түгжрэлд сууж байхдаа аудио ном их сонсдог юм билээ.

-Харин тийм. Сонсдог номоо татаад авчихаар интернэтгүй газар ч сонсоод явах боломжтой юм билээ. “XX зууны Монголын түүхийг шинээр эргэн харахуй” ном бол миний олон жилийн судалгааны ажил л даа. Клабхауст олон лекц уншсан. Монголчууд маань түүхээ их сонирхдог болжээ. Ялангуяа дэлхийгээр тархан суугаа монголчууд маань түүхээ мэдэх сонирхол их байна. “Та лекцээ ном болгооч, худалдаж авмаар байна” гэсэн саналууд гарсан. Тэгээд Mplus-ыг сонгож, аудио номоо гаргасан юм. Залуус маань таны аудио номыг сонсоод, ойлгохгүй байсан зөндөө зүйлээ мэдэж авлаа гэсэн. “Монголын нууц товчоог уншаад ойлгодоггүй юм. Та Нууц товчоогоор аудио ном бас гаргаач” гэсэн. Энэ тал дээр одоо ажиллаж байна.

-“Монголын нууц товчоо“-г шинээр эргэн харна гэдэг сонирхолтой юм байна. “Тэмүүжин эцгийн буянаар өссөн бол дэлхийг донсолгосон хүн болохгүй байсангэж та нэг удаа ярьсан байна лээ. Шинээр харах гэдгийг яаж ойлгох вэ?

-Дэлхийн улс орнууд Марксист онол, Иргэншлийн онол гэсэн хоёр онолоор хөгжиж ирсэн байдаг. Монгол Улс Марксист онолыг баримжаалж 70 жил хөгжиж ирсэн. Өнөөдөр ч энэ онолоос бүрэн салаагүй байна. Марксист онол бол нийгэм төвтэй. Ялангуяа ард түмнийг өмчтэй, өмчгүй гэж хоёр ангид хувааж, хоорондоо эвлэршгүй зөрчилтэй гэж үздэг. Үзэл суртлаар хөшүүрэгдэж, өмчтөнгүүдийг устгаж өмчгүй нийгмийг байгуулах онол юм. Нэг үгээр хэлбэл өмчтөн, язгууртнууд, элитүүдээ үгүйсгэж, үгээгүй ардуудыг дээдэлсэн онол гэж ойлгож болно.

Иргэншлийн онол бол хүн төвтэй. Хүн төвтэй онол хүнийг өмчтэй, өмчгүй гэж ялгадаггүй. Ахуйн болон эдийн засгийн, улс төрийн эрх чөлөөг олгож, оюун ухаанаар нь өрсөлдүүлэх боломж олгодог юм. Энэ онолоор түүхийн хүрдийг оюун ухааны хүчтэнгүүд эргүүлдэг гэж үздэг. Жишээ татахад, марксист онолоор язгууртан удамтай Тэмүүжин ангийн дайсан, дарангуйлагч болно. Харин хүн төвтэй онолоор бол Тэмүүжин оюун ухааны томоохон хүчтэн хүн юм. Дэлхийн түүхийн хүрдийг XIII зуунд эргүүлж, дэлхийн түүхийг бичилцэж байсан хүн шүү дээ. Хүн төвтэй онолын үүднээс Тэмүжин болон түүний шадар туслахууд гэж хэн бэ гээд тэдний дотоод ахуйг харах шаардлага гардаг. Нууц товчоонд гарч буй нэгээхэн үйл явдлыг задалъя.

Тэмүүжин найман шаргаа алдчихаад, хайж явдаг. Ард нь өнчин өрөөсөн дүү нар, бэлэвсэн ээж нь ядруу амьдарч байгааг Нууц товчоонд тодорхой өгүүлдэг. Тэмүүжин найман шаргаа хайж явахдаа Боорчитой таарахад, тэр хоёргүй сэтгэлээр тусалдаг шүү дээ. Эрлээ олж авсаныхаа дараа Тэмүүжин Боорчид найман шаргаасаа тасалж өгдөг. Харин Боорчи аваагүй. Одоо энэ хоёр түүхт хүний ахуй руу нь өнгийе. Өнөөдөртэйгөө холбож тайлбарлая л даа. Бидний хэн нэг нь 1000 доллараа алдчихаад хайж явтал, нэг найз нь туслаад олоод өгөхөд “Баярлалаа” гээд талыг нь өгч чадах уу?

Тэгвэл Тэмүүжин найман шаргаа авсныхаа дараа Боорчид “Би чамгүй бол энэ морьдоо яаж авч чадах билээ. Чи хэдийг авах вэ?” гэдэг. Тэмүүжин гадаад ахуйдаа дарлагдаагүй, үнэт эдлэл, эд баялагт шунадаггүй, дотоод ахуйгаараа агуу эрх чөлөөтэй хүн байсныг хүн төвтэй онолоор мэдэж болох юм. Боорчи баяны хүү хэдий ч шагнал авч, аавдаа үнэлэгдэж болох байсан. Гэтэл тэр “Би олз эрсэнгүй. Би Наху баяны ганц хөвүүн тул миний эцгийн хураасан хөрөнгө надад элбэг хүрнэ” гэдэг. Дотоод ахуйгаараа эрх чөлөөтэй ийм хүмүүс агуу түүхийг бүтээдэг юм байна гэдгийг Нууц товчооноос мэдэж болох юм. Шинээр эргэн харахын утга учир нь энэ юм.

Тэмүүжингийн дотоод ахуйд хийгдсэн тэсрэлтийн тухай ярья л даа.

Би Нууц товчоо судлаач биш. Гэхдээ маш олон ном харж хичээл заадаг. Ийм учраас ингэж ярьж байгаа юм шүү. Тэмүүжин есөн нас хүртлээ бараг хүссэн болгон нь биелж явсан. Гэтэл эцэг нь үгүй болоход Тэмүүжин бүү хэл ээжийг нь үл тоож байгаа юм. Тайлгын идээ өргөхөд, Өэлүн эхэд хуваарилаагүй. “Урьж чамд өгөх ёсгүй, учирвал чи идэх ёстой!” гэдэг шүү дээ. Ес, арван настай хүү ээжийгээ доромжлуулахад амьдралыг таньж мэдсэн байж магадгүй. Аав амьд байхад энэ хүмүүс сөхөрч байсан юм байна. Аав үгүй болохоор хүмүүс нүүр буруулдаг юм байна гэж ойлгосон болов уу. Би философийн аргаар тайлбарлаж байгаа юм шүү. Энэ үедээ Тэмүүжин оршихуйгаа нээж байгаа юм. Амьдрал ямар учиртай юм бэ. Миний ээж ийм агуу эмэгтэйг яагаад хүн доромжлох болов?

Тэр том хаадын удам. Ийм удам угсаатай байсан учраас “Би аав шигээ, ааваасаа ч хүчтэй болъё” гэдэг анхны тэсрэлтээ Тэмүүжин хийсэн байж магадгүй. “Ээжийнхээ өмнө бүгдийг сөхрүүлнэ” гэсэн түүний үг байдаг шүү дээ.

Одоо XX зууны түүхийн тухай ярья. Магадгүй олон хүн энэ үеийг туулаад гарсан учраас өөр, өөрийн дүгнэлттэй явдаг болов уу. Энэ түүхийг хэрхэн шинээр харсан нь бас сонин л доо?

-1990,1921, 1911 оны хувьсгалуудыг тус тусад нь авч үздэг. Гэтэл Монголын түүх бол төрийн оюун ухаан, ой санамж байдгийнхаа хувьд залгамж холбоотой байдаг. Энэ үеийн түүхийн үнэт зүйлсийг олж харахын тулд залгамж холбоонд нь харах шаардлагатай. ХХ зууны Монголын түүхийг залгамж холбоотой хэмээн судалгаа хийж, 1995 онд докторын зэрэг хамгаалж байсан. Хамгаалуулах зөвлөлийн коммист тэр үеийн нэртэй академич нар ордог байлаа. Академич нар 1921 оны социалист хувьсгал, 1911 оны үйл явдалтай, хаа хамаагүй 1990 оны ардчилсан хувьсгал яахаараа холбоотой байдаг юм бэ гэсэн асуулт тавьж байсан. Гэхдээ тэд академик хүмүүс, томоохон судлаачид байсан учраас энэ залуу судлаачтай санал нийлэхгүй байгаа ч цаашид судалгаа хийх боломж олгоё гээд намайг 100 хувийн саналаар хамгаалуулсан юм. Одоо бол түүхчид залгамж холбоотой гэж үздэг болсон. Саяхан 100 жилийн ойгоор Монголын Үндэсний музейд гурван хувьсгалын залгамж холбоо гэсэн үзэсгэлэн гарч, би зөвлөхөөр ажилласан. 1995 оноос хойш энэ сэдвээ үргэлжлүүлэн судалж байна.

Хүн төвтэй, нийгэм төвтэй онолоор амьдарна гэдэг хоёр өөр юм байна.

Аяга хагарахаар бид сандардаг. Хайран аяга гэдэг. Хүн төвтэй онолоор амьдарсан улсууд бол “Хүү минь чи айчихсан уу, зүгээр үү, гар хуруугаа зүсчихээгүй биз” гэж асуудаг. Манайхан болохоор “Хайран аяга хагалчихлаа” гээд нэмж загнадаг шүү дээ.

ХХ зууны Монголын түүхийг Хүн төвтэй онолоор залгамж холбоонд нь суурилуулан ганцхан жишээн дээр тайлбарлая. 1911 онд тусгаар тогтнохоос өмнөхөн монголчууд олон улсын хуулиудыг орчуулж байжээ. Америкийн хуульч, дипломатич Хенри Вытоны туурвисан “Олон улсын эрх зүйн элементүүд” зохиолыг “Түмэн улсын ердийн цааз” гээд орчуулсан байгаа юм. Дэлхийн хэмжээнд сэтгэж байж. 1912, 1913 оны Орос, Монголын гэрээ хэлэлцээрт, 1915 оны Хиагтын гэрээнд энэхүү олон улсын хуулийг хэрэглэж байсан байдаг. Коростовецийн “Монголд өнгөрүүлсэн есөн сар” гэдэг номонд “Монголчуудтай гэрээ хэлэлцээр хийхэд маш хэцүү. Яагаад гэвэл тэд олон улсын хууль, эрх зүйн зарчмыг чанд баримталдаг” гэж бичсэн байдаг. 1911 онд тусгаар тогтнолоо тунхагласны дараа Богд хаант Засгийн газраас Олон улсын Үндсэн хуулиудыг орчуулахаар шийдвэрлэсэн. Үндэсний номын сангийн гар бичмэлийн танхимд АНУ, Англи, Норвеги, Япон, Оросын Үндсэн хууль хадгалагдаж байна. Эдгээрийг орчуулсны дараа задлан ялгал хийсэн байдаг. Ингээд “Олон улсын Үндсэн хуулийн оршил” гэсэн баримт бичиг гаргасан. Энэ баримт бичгийг уншихад Монгол төрийн оюун ухааныг бахархахаас өөр аргагүй. Америк, Англи, Норвеги, Япон, Орос, Франц, Герман, Швейцарь, Нидерланд зэрэг олон улсын Үндсэн хуульд задлан ялгал хийгээд, эцэст нь Үндсэн хуулийн эцэг орон Англи улс юм байна. Японы Үндсэн хууль Азийн хөрсөнд идээшээд удаагүй байна. Тэгээд ч эх үндэс нь Англиас авсан юм байна гэж дүгнэсэн байдаг. 1911 онд энэ ажил Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн удирдлаган дор хийгдсэн. Ингээд эдгээр эх сурвалжид тулгуурлаад Анхдугаар Үндсэн хуулийн баримт бичгийг боловсруулжээ. Энэ Үндсэн хуулийн эх сурвалжийг “Улсын эрх” гэж нэрлэсэн.

Монголын анхны Үндсэн хуулийн баримт бичгийг онолоор харахад Хүн төвтэй онолд суурилан боловсруулсан байдаг. “Улсын эрх” доторх хүний тухай заалтуудыг авч үзье. 1911 оны Үндсэн хуулийн баримт бичигт: “Хүний хөдлөх, үл хөдлөх хөрөнгө хогшил, эд таваар зэргийг учиргүйгээр булаан авч үл болно. Хааяа улсын тусыг бодож хүний газар, орон байшин, гэр зэрэг хөрөнгийг хураахад хүрвээс энэхүү хөрөнгийн үнийг уул эзэнд нь олгуулваас зохино” гэж байгаа юм.

Тэгвэл 1992 оны Үндсэн хуульд ингэж байна. “Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө гэж заасан байна. Тэгвэл 1921 оны Бодоогийн Үндсэн хуулийн төсөлд: “Монгол ард өөр өөрийн хөдлөх ба хөдлөхгүй хөрөнгийг эдлэх эрх буй. Гагцхүү тогтоосон ёсоор албан татварыг хураалгаваас зохино” гэжээ.

Үүнээс харахад 1911, 1921, 1990 оны хувьсгалын дараа Монголын төр засгаас Англи улс лугаа адил Үндсэн хуулийг боловсруулж, хувийн өмчийг дээдлэн үзэж байсан залгамж холбоо харагдаж байна.

Бас нэг зүйлээр жишээ татъя. 1911 оны Намнансүрэнгийн боловсруулсан Үндсэн хуулийн баримт бичигт “Хүн бүрд алив аж явдал гүйцэтгэх, бүтээхийн саналаар олон хүн нэр нийлж, хоршоо, нам, хороо, хэлтэс зэргийг байгуулах эрхтэй” гэсэн байна. 1992 оны Үндсэн хуульд “Нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй” гэсэн байдаг бол Д.Бодоогийн Үндсэн хуулийн төсөл: “Монгол ард хэн боловч улс төрийн хэргийг сайжруулах зэргийн санал гаргаж цугларан хэлэлцэх ба нам хоршоо байгуулах эрхтэй” гэжээ. Энэ гурван өөр цаг үед боловсруулсан Үндсэн хуулийн баримт бичиг нь хүнд улс төр, эдийн засаг, оюун санааны эрх чөлөө олгож байгаагаараа залгамж холбоотой байхын дээр Монгол Улсаа чөлөөт зах зээлийн замаар хөгжүүлэх бодлого барьж байсныг илтгэж байна.

Эргээд 1921 он руугаа оръё. 1921 оны хувьсгал яллаа. Хувьсгал ялсны дараа Үндсэн хууль боловсруулах ажил хамгийн чухал болсон. Ерөнхий сайд Д.Бодоо байсан. “Монгол хэмжээт засагтай ард улсын Үндсэн хууль”-ийг тэр боловсруулсан юм. Энэ хууль архивт хадгалагдаж үлдсэн. Гэхдээ бүрэн хэмжээгээрээ биш. Зургаан бүлэг 27 зүйл нь үлдсэн. Ж.Цэвээн бас боловсруулалцсан л даа. Хоёулаа хүн төвтэй онолоор боловсрогдсон. Энд “Ардын эрх ба үүргийн тухай” гэж байгаа юм. “Монгол ард хэн боловч хуучин эрх чөлөө, заншлаа эдлэхээс гадна, сонгон хэрэглэгдэхүйд нийлэлдэх эрдэм явдал буй бөгөөд бичиг цэргийн их тушаал ба бусад ямар ч албанд орж болно” гэж Монголын ард түмнийг хоёр анги болгон хуваагаагүй байна. 1911 оны Богд хааны Засгийн газраас эхлэн Д.Бодоогийн боловсруулсан Үндсэн хуульд олон намын тогтолцоотой, хувийн өмчийг хуулиар зөвшөөрсөн хөрөнгөлөг улс орныг байгуулах ардчилсан Үндсэн хуулийн бүх заалтууд байжээ.

Ийм учраас Д.Бодоо ардын дайсан болсон байна. Тэр ганцаараа ийм Үндсэн хууль боловсруулах шийд гаргаагүй л дээ. 1921 оны наймдугаар сард хуралдсан МАН, Засгийн газрын хамтарсан хуралдаанаар “Англи улс лугаа Үндсэн хуулиа боловсруулах” гэж яг нөгөө Т.Намнансүрэнгийх шиг чиглэл өгчээ. Д.Бодоог үгүй болсны дараа Үндсэн хууль боловсруулах шинэ бүрэлдэхүүн байгуулагдахад “Урьд автономитын үед боловсруулж байсан хуулиудыг авах гээхийн ухаанаар хандаж, Англи улс лугаа Үндсэн хуулиа боловсруулна” гэсэн өнөөх л чиглэлээ өгсөн байдаг. Гэвч дараагийн комиссын дарга Магсар хурцыг шоронд хийсэн. Үндсэн хууль боловсруулах шинэ комисс нь аргагүйн эрхэнд Б.Цэрэндорж, Э.Ринчино нарын бүрэлдэхүүнтэй байгуулагдаад сар хүрэхгүй хугацаанд Үндсэн хуулийг баталсан юм. Би архивт сууж байхад ГХЯ, Тагнуулын архивт “Маш нууц” гээд Оросын Үндсэн хууль дугтуйлагдаад ирсэн байдгийг өөрийн нүдээр харсан л даа. Ингээд Оросын Үндсэн хуулийг шууд хуулбарласан хууль бэлэн болсон.

1924 оны арваннэгдүгээр сарын 26-нд Бүгд найрамдах засаглал тунхагласан гээд энэ өдрийг Улс тунхагласны баярын өдөр гэж тэмдэглэдэг байсан. Энэ өдөр Марксист Үндсэн хууль батлагдсан юм. Энэ хуулиар өмчтэй байхыг хориглож, Монголын ард түмэн өмчтэй, өмчгүй гэсэн хоёр ангид хуваагдсан юм. “Монголын жинхэнэ ардын эрх чөлөөг илтгэн тунхаглах нь” гэж Үндсэн хууль эхэлж байна. Нийгмийг хоёр хувааж, жинхэнэ ба жинхэнэ бус ард гэж тодорхойлжээ. Онолоо мэдэхгүй бол үүнийг ялгаж харахгүй, жинхэнэ ба жинхэнэ бус гэдгийг анзааралгүй зүгээр уншаад л өнгөрнө. Мөн “Хувийн өмч байгуулж үл болно” гэж заасан байгаа юм. Уг хуулиар “Сонгох, сонгогдох эрхгүй хүмүүс” гэдэгт ямагт ашгийг эрмэлзэж бусдыг зарж амьдрагчид, урьдын ван гүн хутагт хувилгаад, жич орон хийдэд үргэлж суух санваартан лам нар гэж заажээ. Хэлмэгдүүлэлт 1924 оны Үндсэн хуулийн дагуу явагдсан гэж үзэж болно л доо. Алтан ургийн язгууртнууд, төрийн ой санамж болсон оюунлаг хүмүүсээ устгасан. Ингээд манай залгамж холбоо тасарсан. Монголыг үндэстнийх нь хувьд устгах бодлого явагдсан. Өвөг дээдсийнхээ түүхийг мэдэхгүй, тэднийг муу муухай гэж ойлгодог, боржигон гэдгээс өөр овог мэдэхгүй, босоо монгол бичгээ уншъя гэхээр гадаад хүн шиг уншиж чадахгүй. Уламжлал ёс заншлаа мэдэхээ байсан. Цагаан сараар үүх түүхээ яриад, удамд орж ирсэн шинэ хүнээ танилцуулаад, удмаас төрсөн хамгийн сайн хүнээ ярьдаг, Монгол төрийн оюун ухаан ярьдаг уламжлал алдагдсан. Монгол хүн ингэж түүх, уламжлал ёс заншлаа мэдэхээ больсноор ой санамжаа алдсан үед Монгол түмнийг сэрээсэн “Хонхны дуу” цуурайтсан юм.

Социалист систем задарч, өөрчлөлт шинэчлэлийн салхи үлээж, нийгмийн тэргүүний хэсэг болох сэхээрэлт залуучуудад нөлөөлсөн нь энэ байв.

-1992 оны Үндсэн хуулийг батлахдаа Д.Бодоогийн, Т.Намнансүрэнгийн Үндсэн хуулиудын үзэл санааг тусгасан болов уу?

-1990 оны Ардчилсан хувьсгалын дараа марксист онол бүхий Үндсэн хуулийг халж, шинэ Үндсэн хуулиа баталсан юм. Энэ Үндсэн хуулийг батлахдаа Т.Намнансүрэнгийн Үндсэн хууль, Д.Бодоогийн Үндсэн хууль гэж юу ч мэдэхээ больсон байсан. Гэхдээ дэлхийн хөгжлийн чиг хандлага, дэлхийн улс орнуудын хуулиудыг суурь болгон боловсруулсан байна. Ийм учраас Т.Намнансүрэнгийн, Д.Бодоогийн Үндсэн хуультай залгамж холбоотой болсон. Марксист онолоос татгалзаад, хөгжингүй улс орнуудын Үндсэн хуулийг ярилцаад эхлэнгүүт хүн төвтэй онол нь орж ирж байгаа юм.

Бидний монголчууд гурван цаг үедээ дэлхийн хэмжээнд сэтгэж байсан нь 1911, 1921 оноос баримталж байсан бодлого нь1992 оны Үндсэн хуульд уламжлагдан, залгамж холбоондоо сэргэснээр тодорхой харагддаг юм. Энэ бол бидний ой санамжаа сэргээсэн дэвшилттэй алхам байсан. Гэсэн ч мөн чанараа ойлгоогүй, үүнийгээ нийтэд сурталчлаагүйтэй холбоотой хүссэн үр дүндээ хүрч чадахгүй байгаа юм шиг санагддаг.

ХХ зууны Монголын түүхийг иргэншлийн буюу Хүн төвтэй онолоор эргэн харахад ийм л түүхэн үйл явцын зураглал гарч байна. Аудио номныхоо өчүүхэн хэсгээс танилцуулахад ийм байна. MPlus аппликэйшнээс татан бүрнээр нь сонсох боломжтой байгаа.

Болсон үйл явдал, он цагийг тоочоод өнгөрөх нэг хэрэг. Бид өчигдрийн үнэт зүйлсийг өнөөдөрт авчирч, өнөөдрийн үнэт зүйлсийг маргаашид үргэлжлүүлэх гэж түүхээ судалдаг юм шүү дээ

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Чимэдрагчаа: Хүдрийн заараас бактери, вирусийн эсрэг хүчтэй, үнэтэй түүхий эд гаргах ирээдүй бий

Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн захирал, анагаахын шинжлэх ухааны доктор Ч.Чимэдрагчаатай Мана-4 тан болон хүдрийн заар агуулсан эм бэлдмэлүүдийн судалгааны талаар ярилцлаа.


Ч.Чимэдрагчаа-Та Мана-4 танг судалж (Ph.D) доктор хамгаалсан юм билээ. Манайхан ковидын үед Норов-7, Мана-4 танг ихээр хэрэглэж байна. Таныг орчин үеийн судалгааны аргуудаар уламжлалт танг судлаад, үр дүнтэйг нь тогтоосон гэж ойлгож болох уу?

-Монголчууд уламжлалт анагаах ухааныг хөгжүүлсэн 5000 жилийн түүхтэй. Мана-4, Норов-7 танг ямар найрлагатай, ямар өвчний үед хэрэглэх заалтыг бичиж үлдээсэн эх сурвалж, ном зохиол олон бий. Уламжилж хэрэглэж ирсэн үндэслэл, эх сурвалж материалууд байна. Эдгээрийг маш удаан хугацаанд хэрэглэж ирсэн байна шүү дээ.

-Тухайлбал Мана-4 танг хүмүүс хэр удаан хэрэглэж ирсэн бол?

-Жишээлбэл “Анагаах ухааны дөрвөн үндэс” гэдэг номонд тодорхой өвчнүүдийн үед Мана-4, Норов-7 танг хэрэглэнэ гэж бичсэн байдаг. Энэ нь манай эриний VII, VIII зууны үед зохиогдсон ном юм. Тэгэхээр үүнээс ч өмнө хэрэглэж байсан байж таарна. Монгол Улсад Эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого гэж бий. Энэ бодлогын хүрээнд өрнө, дорны анагаах ухааныг уялдуулж хөгжүүлнэ, зэрэгцүүлнэ. Энэ хоёр анагаах ухаанаар тусламж, үйлчилгээ үзүүлнэ гээд Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд тусгасан. Өөрөөр хэлбэл, уламжлалт анагаах ухаан төрийн бодлоготой анагаах ухаан юм. Бүх эм, тангууд Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгддэг. Бүртгэхийн тулд чанар аюулгүй байдал, хор судлал бусад шинжилгээ, судалгаануудыг хийгээд, шаардлага хангасныг нь бүртгэдэг юм. Мана-4, Норов-7 тан өнөөдөр мөрдөгдөж байгаа Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн бүх шаардлагыг хангаад, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээд, албан ёсоор хэрэглэж байгаа эм. Зөвхөн ковид гарч ирээд хэрэглэж байгаа биш. Ковидоос өмнө ч уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээнд энэ хоёр эмийг зохих заалтынх нь дагуу хэрэглэж л байсан.

Хятадын уламжлалт анагаах ухаанд эм, эмчилгээг хэрэглэж ирсэн түүх нь хамгийн гол нотолгоо гэж үздэг. Орчин үеийн эмүүдийг зохион бүтээгээд, эмийн бүртгэлд бүртгээд, хэрэглэсэн хугацаа богино. Уламжлалт эмийг маш удаан хугацаанд хэрэглэж, амьдрал дээр үнэхээр болох, болохгүй нь шалгарсан юм. Тэр нь нэг үндэслэл болж байна. Хоёрдугаарт, өнөөдөр мөрдөгдөж байгаа эмийн хууль бүртгэл, бүх шаардлагыг хангаж байгаа нь үндэслэлтэй, шаардлагатай, зөвшөөрөлтэй гэсэн үг. Гуравт судалгаа, шинжилгээний асуудал яригдана. ДЭМБ ч ийм шаардлага тавьж байгаа. Манай улсын эрүүл мэндийн бодлого ч уламжлалт анагаах ухаанд хэрэглэж байгаа бүх засал, эм танг орчин үеийн судалгааны аргуудаар судлаад, нотолгоожуулна гэж байгаа юм. Энэ чиглэлээр судалгааны ажлууд маш өргөн хүрээнд хийгдэж байгаа. Анх 1959 онд академич Ц.Хайдав багш уламжлалт анагаах ухааныг шинжлэх ухааны үндэстэй судлах эхлэлийг тавьсан. Өдгөө 62 жил өнгөрчээ. Энэ хугацаанд уламжлалт анагаах ухааныг шинжлэх ухааны үндэслэлтэй судлах ажил эрчимтэй явж байна. Түүхий эд, эмүүд, засал, эмчилгээний аргууд, идээ ундаа, явдал мөрийг маш их судалжээ. Тэр дотор Мана-4, Норов-7-гийн судалгааны ажлууд бас хийгдсэн. Мана-4 дөрвөн найрлагатай, дотроо мана лидэр, гандигар, гажаа гээд ургамлын гаралтай, дөрвөн түүхий эд байгаа юм. Зарим түүхий эд нь халуун бүс нутагт ургадаг, импортоор авдаг. Гажаа гэдэг нь гадны түүхий эд. Хятад, Энэтхэг улсуудаас оруулж ирдэг. Мана гэдэг уг нь гадны түүхий эд байсан. Монголд үүнийг тарималжуулж, нутагшуулаад, үндсийг нь авч хэрэглэх жишээтэй. Лидэр, гандигар нь манай эх орны гаралтай түүхий эд. Түүхий эдийг нь эхлээд судалдаг. Мана ямар үйлчилгээтэй вэ, дотор нь ямар бодис агуулагддаг вэ гээд судалдаг юм. Үүнийг манай судалгааны баг судалсан.

-Та яагаад Мана-4 танг онцолж судлах болов?

-Мана-4 маш өргөн хэрэглэгддэг. Мөн Мана-4 олон найрлагатай жоруудын суурь болдог. Жишээлбэл, Норов-7 гэхэд үндсэн бүрэлдэхүүн нь Мана-4 байдаг. Үүн дээр гурван үр нэмээд, Норов-7 болдог. Тийм учраас гол судлагдахуун болгож авсан юм.

-Дээхнэ үед хүмүүс “ноёдын уудаг норов-7, маний уудаг Мана ши тан” гэж ярьдаг байсан гэдэг. Энэ Мана ши тан гэдэг нь Мана-4 мөн үү?

-Мөн мөн. Түвдээр ши гэдэг нь дөрөв гэсэн үг юм. Энэ нэр томьёо яагаад гарсан гэхээр их хэрэглээтэй гэдгээс л улбаатай. Маний уудаг Мана-4 гэхээр ард иргэд маш их хэрэглэж байсан гэсэн утга шүү дээ.

-Таримал эмийн ургамлын нөлөөлөх чадварыг судалдаг уу?

-Зэрлэгтэй нь харьцуулж судалдаг. Үйлчилгээ нь ижил байна уу, зөрүүтэй байна уу гэдгийг нарийн судалдаг. Ер нь манай ургамлын гаралтай уламжлалт эмүүдийн чанар, аюулгүй байдлын судалгаа дэлхийн түвшинд тавигдаж байгаа зохих шаардлагыг хангасан.

-Эмийн зохистой хэрэглээ уламжлалт эм тан дээр ч яригдах болов уу. Манайхан сайн гэгдсэн эм танг удаан хугацаагаар уух хандлагатай байдаг. Урьдчилан сэргийлэх үүднээс уух уу, эсвэл өвдсөн үед уух уу?

-Зохистой хэрэглээ гэж бий. Эмийг дур мэдэн хэрэглэж болохгүй. Эм учраас эмчийн заавраар тодорхой хугацаагаар, тодорхой тун хэмжээгээр хэрэглэнэ. Мана-4, Норов-7 танг өвчилсөн үед эмчилгээний зорилгоор хэрэглэнэ. Ковидын үед эхэн үе шатанд нь эмчилгээний зорилгоор хэрэглэдэг. Зааврыг нь гаргаж, Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлаад, мөрдөж яваа. Урьдчилан сэргийлэх зорилгоор бас хэрэглэж болно. Гэхдээ тодорхой хугацаатай. Эмчийн заавраар хэрэглэнэ. 14-21 хоногийн хугацаанд урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж болно.

-Ковидын үед манайхан уламжлалт эм тангаа таньж мэдээд, өргөнөөр хэрэглэлээ. Та судлаачийн хувьд цар тахлын үед Мана-4, норов-7 үр дүнтэй байсан гэж дүгнэх үү?

-Мана-4, Норов-7 орчин үеийн судалгаагаар үрэвслийн эсрэг, эд эсийг хамгаалах, дархлааг сайжруулах, биеийн эсэргүүцэл нэмэгдүүлэх, хэт исэлдэлт гэдэг юмнаас эд эсийг хамгаалах гэх мэт нэг нь нөгөөгөөсөө хамааралтай цогц үйлчилгээнүүдтэй. “Ковид-19” -ийн халдвар туслаа гэхэд үрэвслийн процесс явагдана. Дархлаа суларсан хүмүүс хүндэрч, халдвар амархан авч байна. Манай энэ уламжлалт тангууд дархлааны хариу урвалыг сайжруулж байна. Үрэвслийн эсрэг нөлөөлж байна. Эд эсийг хамгаалж байна. Тэнд явж байгаа эмгэг процессуудыг дарангуйлж байна шүү дээ. Тийм учраас ковид туссан хүнд эмчилгээний нөлөө үзүүлж байна. Ялангуяа өвчний эхний үе шатанд уух заалттай. Уламжлалт анагаах ухаанд энэ хоёр танг халуун боловсруулдаг гэдэг. Вирусийн гаралтай ханиад томуу хүрсэн үед эхэн үед нь өгдөг. Үүсч байгаа халууныг боловсруулаад, сайхан хөлөргөөд, биеийг эрүүлжүүлнэ гэж үздэг.

-Эдгээр танг европ эмүүдтэй хольж ууж болох уу?

-Нэг нь нөгөөдөө харшлах зүйл одоогоор тогтоогдоогүй. Антибиотик хэрэглэхээр хүний дархлаа суларч байгаа. Норов-7, Мана-4 хэрэглэхээр дархлааг сайжруулна. Бие биенээ нөхөх, дэмжих үйлчилгээтэй учраас үр дүн сайтай байна.

-Та анагаахын шинжлэх ухааны доктор (Sc.D) цол хамгаалахдаа “Хүдрийн заар, заар агуулсан эм бэлдмэлийн туршилт, судалгааны үр дүн” сэдвийг сонгосон юм билээ. Амьтны гаралтай эм тан дээр арай өөр асуудал яригддаг болов уу?

-Хүдрийн заар гэдэг уламжлалт анагаах ухааны нян хижгийг дардаг гэсэн заалттай эмийн түүхий эд. Нян хижиг дарна гэдэг нь бактери, вирусийн эсрэг үйлчилгээтэй гэсэн үг. Сүүлийн үед бактери, вирусийн гаралтай халдварт өвчнүүд дийлдэхээ больж байна шүү дээ. Ийм үед өргөн хэрэглэдэг уламжлалт анагаах ухааны түүхий эд хүдрийн заар. Үүнийг зөвхөн Монголын уламжлалт анагаах ухаанд төдийгүй Дорно дахины уламжлалт анагаах ухаанд өргөн хэрэглэж байна. Жишээлбэл, Хятадын уламжлалт анагаах ухаан, Солонгос, Япон, Азийн орнуудын уламжлалт анагаах ухаанд хүдрийн заарыг маш өргөн хэрэглэж байна. Хүдэр гэдэг амьтан ховордсон учраас заар нь үнэтэй. Миний шинжлэх ухааны доктор хамгаалсан сэдэв цэвэр туршилт судалгааны ажил юм. Би ганцаараа хийгээгүй, том баг ажилласан. Эрдэмтдийн олон жилийн судалгааны хамтарсан ажлын тодорхой үр дүнгээр хамгаалсан л даа. Хятадад хүдрийн аж ахуй олон. Гэрийн тэжээвэр амьтан шиг гаршуулж эр хүдрээс заарыг нь сааж авдаг. Сааж авсан заараа боловсруулаад, маш олон төрлийн эм тан хийж байна шүү дээ. Хятадууд хүдэр гаршуулж, аж ахуйн хэлбэрт оруулаад бараг 60 жил болсон. Хятадад ойн хүдэр байдаг. Манайд баданга хүдэр бий. Хоёр өөр зүйлийн хүдэр. Манайхан 1986 оноос хойш хүдрийн аж ахуй байгуулаад, хүдрийн чиглэлийн судалгаанууд хийж байна шүү дээ. Хүдрийг барьж гаршуулах, эвцэлдүүлэх, үр төлийг нь авах, өвс тэжээл, биологийн онцлогийг нь судлах ажил хийж байна. Сүүлийн үед хүдрээс заарыг нь сааж авах, заарын өвчин эмгэгт үзүүлэх нөлөөг судлах судалгаанууд хийж байгаа юм. Хүдрийн заарыг цаашид олон чиглэлээр судлах ёстой. Хүдрийн заараас бактер, вирусийн эсрэг хүчтэй, чухал, үнэтэй түүхий эд гарч ирэх ирээдүй бий. Манай уламжлалт анагаах ухаанд ковидын үед ч хэрэглэж байгаа Банзад-12, Чун-5, Чун-9 эмүүд бүгд хүдрийн заартай. Халдварт өвчинтэй газар хүдрийн заар хэрэглэж ирсэн уламжлалтай юм билээ. Бас хүдрийн заар үнэртүүлдэг байсан. Хурц үнэртэй л дээ.

-Хүдрийг Монголд үржүүлээд эмийн түүхий эд гаргаж, экспортлох боломжтой гэсэн үг үү?

-Яваандаа тийм зорилготой байгаа. Одоо бол судалгааны үе шатандаа яваа. Судалгаа хийж, шинжлэх ухааны үндэслэлийг тогтоож байна. Дараа нь аж ахуйн юм уу үйлдвэрлэлийн чиглэлээр өргөжих боломжтой. Хятадын жишээгээр харахад аж ахуйн нэгжүүд зохих зөвшөөрөл аваад, хүдэр барьж гаршуулж, үржүүлээд саагаад, түүнийгээ шаардлагатай газруудад тохирсон үнээр нийлүүлдэг юм билээ. Үүнийг бол эрдэм шинжилгээний байгууллагууд хийхгүй шүү дээ.

-Гэхдээ таны судалгааны үр дүнг хэрэгжүүлэх компани гарч ирэх байлгүй дээ?

-Манай Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэн хүдрийн туршилтын жижигхэн станцтай. Энд олон жилийн судалгаанууд хийгдэж байна. Цаашид судалгааны станцыг өргөтгөх, аж ахуйн хэлбэрт шилжүүлэх санал санаачилга гараад явж байна л даа. Манайх хүдрийн заар саах аргаар патент хамгаалсан хүрээлэн шүү дээ. Гарааны компани байгуулахад нэг талаас патент оюуны өмчийн эзэн, нөгөө талаас хөрөнгө оруулагч нийлээд, хамтарсан гарааны гэсэн тодотголтой аж ахуйн нэгж байгуулж байгаа юм шүү дээ. Ийм зохицуулалтаар цаашаа өргөжиж явах байх аа

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​С.Дэлгэр: “Нэг гар нөгөө гараа угаадаг” гэдэг дүрэмтэй шүү дээ, би чинь


Наранрестораны захирал С.Дэлгэртэй ярилцлаа.


Таныг “21 000” реалити шоунд оролцож байхад анх харсан. Тэгэхэд ялагдсан мөртлөө ялагч шиг байж болдог юм байна гэж бодогдсон шүү.

-Гурван жил өнгөрсөн байна шүү..

Энэ шоунд хамт оролцсон тэрэгчин Г.Батхүү гуайтай холбоотой байдаг уу?

– Холбоотой байна аа. Бид гэр бүлийн найзууд болсон. Хоёр хөөрхөн охин нь өсч явна. Эхнэр нь надаас ном авч уншдаг юм, их хөөрхөн. Би чинь номчин хүн.

Охин нь Анагаахад сурч байгаа юу?

– Охин нь их мундаг сурч байгаа. Одоо ер нь “Нохойн дуу ойртож байна”. Зуны амралтаар нь найз эмч дээрээ аваачиж, дадлага хийлгэнэ. Хөөрхөн явдаг юм аа, бид хэд чинь.

Би гадаад мэдээгээр нэгэн рестораны эзэн, эмч нарт үнэгүй хоол хүргэж өгч байгааг харсан юм. “Ямар гоё вэ, Монголд ийм хүн байдаг болов уугэж бодсон. Гэтэл та бас эмч, онцгой, цагдаагийнханд хоол хүргэсэн юм билээ?

-Ковид гээд жил хагасын өмнө сүржигнэсэн шүү дээ. Хил гааль хаасан шиг 22-ын товчоог хаасан. Өвлийн хүйтэн зэврүүн өдрүүд байлаа. Ресторан, гуанзнуудыг бас хаагаад эхэлсэн шүү дээ. 22-ын товчоо манайхаас ойрхон юм чинь. Манай ресторан Москва хорооллын замын урд талд байхгүй юу. Ажилчдынхаа цалинг өгөх ёстой. Гэхдээ бас зүгээр мөнгө авч суумааргүй байсан. Тэгээд нэг л өдөр хоол хүргэж очсон. Гэтэл хүмүүс маш их баярласан. Цагдаа, эмч, онцгой байдал, мэргэжлийн хяналтын гуч гаруй албан хаагч байсан л даа. Бүгд олигтой хоолгүй, өдөржин ажиллаж байлаа. Аймаар стресстэй шүү дээ.

Болохгүй гээд байхад л дүрэм зөрчөөд, яаж ийгээд аргалчих гээд байдаг монгол зан байдаг. Тэднийг зохицуулж байгаа хүмүүс аягүй өрөвдмөөр байхаар нь хайр хүрээд, бид нарын төлөө ингэж ажиллаж байгаа юм чинь ерөөсөө 14 хоногийн хөл хориог дуустал хоол хүргэе гэж шийдсэн. Тэгээд л өдөр бүрийн хоолны меню гаргаад, нөгөөдүүл рүүгээ хоол хүргэх ажилтай болсон. Ажилчдаа дагуулаад, хоолоо машиндаа ачаад явна шүү дээ. Яах вэ дээ, чаддаг юмаараа л тус болъё гэж бодсон юм. Би чинь ресторан ажилуулж л чадна. Аймаар мөнгөтэй хүн биш шүү дээ. Олсон орлогоороо хэдэн ажилчдаа цалинжуулаад, өөрөө болж л байдаг хүн. Их мөнгө хураая гэсэн мөрөөдөл байхгүй. Хэдэн айлыг тэжээж байгаадаа сэтгэл хангалуун байдаг. Хүмүүс гайхаад “Эд нар мөнгө төлж байгаа юм уу” гэж асууж байсан л даа. Юуг нь төлөх вэ дээ. Гэрийн бараа харахгүй, бидний төлөө ковидыг наашаа цаашаа болгохгүй гээд зогсож байгаа хүмүүс шүү дээ.

Ковидын нөхцөлд аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн байдал ч муу байгаа. Үнэгүй хоол яаж түгээх вэ, та яаж зохицуулав?

-Хоол үйлдвэрлэл гэдэг яг үнэхээр үйлчилгээ сайтай байвал тийм ч муу бизнес биш шүү дээ. Хоол хүргэж байх үед бол хэвийн ажиллаж байгаад дөнгөж зогссон үе. Манайх буяны ажил их авдаг байхгүй юу. Тэндээс орж ирсэн орлогууд жаахан цугласан л даа. “Нэг гар нөгөө гараа угаадаг” гэдэг дүрэмтэй шүү дээ, би чинь. Би нэг хүнд тус боллоо гэхэд нөгөө хүнээсээ хариу нэхэхгүй. Нэг хүнд гар сунгасан байхад нөгөө гараас буян нь орж ирдэг. Түүнийгээ цацаж байхгүй юу. “Нэг гар нөгөө гараа угаана” гэдэг еврэй үг байдаг. Түүнийг хүмүүс гар угаах тухай гэж бодоод байдаг. Нэг гар өөрийгөө угааж чадахгүй. Хоёр гар байж л угаадаг.

Ковидоос болоод хоолны газруудыг хязгаарладаг. Ковидтой нөхцөлд ажиллахад халдвар хамгааллын дэглэм баримтлах боломжтой юу?

-Боломжтой байлгүй яах вэ. Манайх жишээлбэл 150 хүн ордог ресторан. Орчин үед буяны ажилд үнэндээ 20-30 хүн л явдаг. Хуучин шиг 60-100-гаад хүн явахаа байсан. Буяны ажил болохоор хүмүүс “Дансаа явуулаач” гэдэг болсон шүү дээ. 150 хүн ордог газар 30 хүн зай бариад, хооллож ундлаад гарахад яагаад болохгүй гэж. Үнэндээ буяны ажил аваад байгаа хэрнээ сүүлийн жил хагас нийтэд үйлчлээгүй. Ариутгалын компанитай гэрээтэй. Ариутгалын компани овоо хэдэн төгрөг хийж байх шиг байна аа. Долоо хоногт гурав ирж ариутгана. Өөрсдөө халдваргүйжүүлэлтээ сайн хийдэг. Яг өнөөгийн нөхцөлд ковидоор олон хүн өөд болж байгаа. Тэдний хавьтагч нар явж л байгаа шүү дээ. Ариутгаад оруулдаг, хоол ундаа идээд гараад явдаг. Манай ажилчдаас түй түй (ширээ тогшив) нэг ч хүн ковид тусаагүй. Ажилласаар л байсан, үйлчилсээр л байсан. Хэтэрхий боож хаагаад, ресторанаас л халдвар авчихна гэж ойлгож болохгүй. Хүмүүс өөрсдөө ч их болгоомжтой байдаг. Би ч хэнхэг амьтан л даа. Надаас шаардаагүй ч байсан өөрөө дүрэм бариад давхичихдаг.

Та Германд оюутан байхдаа хоолны газар зөөгчөөр ажиллаж байсан гэсэн шүү дээ. Германчууд хатуу зарчимтай хүмүүс. Тэдний нөлөө байгаа л даа?

-Тэрний үлдэгдэл надад байна аа. Ковидгүй байхад ч аяга, халбага, сэрээ яаж ариутгагдсан байх ёстой, рестораны нөхцөл байдал ямар байх ёстой, хүнд яаж үйчилдгийг тэнд оюутан байхдаа зөөгч хийхдээ мэдэрсэн учраас энд ч тийм л байгаа. Мөнгө олохоос гадна зовлон, жаргал үзээд ирсэн хүмүүсийг сайхан хүлээж авах чухал. Хоол нь амттай, тайван, цэвэр цэмцгэр нөхцөлд үйлчлүүлээд “Сайхан байлаа” гээд гардаг. Уг нь архи зарах зөвшөөрөлтэй. Гэхдээ зардаггүй. Ажилчдаа эртхэн гэртээ харь, гэр орон, үр хүүхдэдээ цагаа зарцуул гэдэг. Ажил хийж байгаа гээд өглөөнөөс орой хүртэл мал шиг ажиллаж болохгүй.

Саяхан та хүүхдийн төрсөн өдрийн захиалга авсан гээд ягаан чимэглэлтэй тайзны гоё зурагтай пост оруулсан байсан даа?

-Ковидоос болоод хэсэг хугацаанд ямар ч баярын захиалга ирээгүй. Тэгж тэгж нэг насны ойн төрсөн өдрийн баярын захиалга авсан. Гучин хүнтэй айл байсан л даа. Өсч яваа хүүхдийн баяр гээд ач холбогдол өгөөд, ресторанаа чимэглээд, өөрсдөө тэрнээсээ кайф авч байгаа юм. Ойрд хөгжим, дуу дуугараагүй. “Эрвээхэй эрвээхэй” гээд дуу яваад, өөрөө баярлаад гүйгээд байгаа юм биш үү.

Та хуульч мэргэжилтэй хүн. Германд мэргэжлээрээ ажиллаж, монголчууддаа бас тус болж явсан юм билээ. Эх орондоо ирээд, хуулийн чиглэлээр ажиллая гэж бодоогүй юу?

-Хуулийн чиглэлээр ажиллах зорилготой ирсэн. Манай төрийн албан хаагч болох зам мөр амар биш. Уг нь яг манай үеийнхэн хийж байх ёстой ажлыг огт өөрөөр эргүүлчихсэн. Улс төртэй бүгд хутгалдчихсан. Хэн нэгэн хүн намайг татах ёстой юм билээ. Нааш ир энд ажилд оруулъя гээд. Би тэгээд жаахан мөнгө өгч орох учиртай юм билээ. Зүгээр орж болохгүй. Миний диплом юу ч биш юм билээ. Надад тийм арын хаалга байгаагүй. Тэгээд больсон. Яг үнэнийг хэлэхэд би бас Монголын нөхцөлд тохирохгүй хүн шиг байгаа юм.

Шударга, шууд үнэнийг хэлдэг хүн хэцүү л дээ.

-Яг байгаагаар нь хэлчихээр их хэцүү. Хүний дургүй хүргэх юм билээ. Өөрийнхөөрөө чөлөөтэй байя гээд ресторан ажиллуулах болсон юм. Сэтгэлд хүрч үйлчлэх гэдэг Монголд дутагдаж байна гэж үзсэн. Хүмүүс гайхдаг юм. Одоо ч манайх ажиллаж байна. Би сая жорлонгоо орж угаачихаад гарч ирсэн.

Монголд эзэн, захирал жорлон руу хавьтахгүй л дээ?

-Тэрэнд ядах юм байхгүй. Хүмүүс “Та жорлон цэвэрлэдэг юм уу” гэдэг. Бүх л юмаа хийх ёстой. Германд даргаасаа сурсан зуршил ийм. Оюутан байхдаа хоолны газар ажиллаж байхад тэр том рестораны босс эмэгтэй өөрөө их ажиллана. Хүн ихтэй үед хоол зөөгөөд гүйдэг гээд бод доо. Дээр нь ширээ цэвэрлээд явна. Жар гарсан мундаг эмэгтэй. Би залуу байсан болохоор их гайхдаг байсан. Тэр бас жорлон цэвэрлэдэг байлаа. Гаднаа мянган хүн суудаг гардентай, дотроо 500 хүн авдаг. 1500 хүнд зэрэг үйлчлэх чадалтай газар байсан. Тэр том рестораны эзэн ингэж ажиллаж байхад С.Дэлгэр бол уучлаарай байхгүй юу. Энгийн юманд дуртай. Миний өрөө гэхэд хоёр хүн ороод л дүүрнэ. Надад том өрөө хэрэггүй. Харин ажилчдад хувцсаа солих том өрөө хэрэгтэй. Би бол яах вэ, одиноороо суудаг хүн.

ТаКовидын үе түр зуурынх, эерэг хандлагаар даван туулнагэж уриалсан байсан даа?

-Мэдээж олон байгууллага хаалгаа хаагаад, хэцүү байгаа. Гэхдээ түр зуурынх шүү гэж бодох ёстой. “Одоо дампуурлаа, баларлаа” гээд унжийгаад эхэлвэл дуусна шүү дээ. Бидний ард хичнээн гэр бүлийн амьдрал яваа билээ дээ. “Цоглог байна шүү. Эерэг амьдарна шүү” гэж хэлдэг. “Гэхдээ гоёор…” гэж хэлдэг. Манайхан бүгд мэднэ.

Би лагерийн байшин бариулж байгаа. Барилгын материал их үнэтэй болсон. Үнэхээр даам гарсан үнэтэй байгаа. “Яах вэ дээ, хил гааль хаагдаад баларчихгүй юу, наймаачид хөөрхий, аймаар их мөнгө төлж байгаа юм чинь. Тэд бас юмаа олж авах ёстой шүү дээ. Битгий горой” гэж өөртөө хэлж, тайвшруулж байгаа. Бүх юманд бухимдвал хэцүү шүү дээ. Өөдрөгөөр сэтгэж байгаа нь тэр, чааваас. Машиндаа нэг гоё асдаг зүрхтэй. Хажуугийн замаас орох гэхээр оруулдаггүй шүү дээ. Тэгэнгүүт нь зүрхээ гаргаж асаагаад “Орчихъё, тэгэх үү” гэдэг. Гайхаад оруулчихаар нь “Баярлалаа“ гэдэг. (инээв) Орчихсон шүү гээд онгироод давхичихна. Болно доо болно гээд явна шүү дээ.

Та хандивын ажилд их оролцдог. БасХандивын аянаас залхсангээд нэг удаа ярьсан байна лээ.

– Эхлээд европ сэтгэхүйтэй ч байсан юм уу. Хандив их өгдөг байлаа. Одоо жаахан татсан. Ядарч байгаа нэгэндээ жаахан дэм өгчихвөл бүгдээрээ жигдэрчихмээр санагддаг байв. Германд 18 жил амьдраад ирсэн С.Дэлгэр сүүлдээ хөрсөн дээрээ буусан. Өгөхгүй гэж хэлсэн ч өгч байгаа. Гэхдээ одоо тэр тухайгаа зарлахаа больсон. Юм хоёр талтай юм билээ. Халамжинд хэтэрхий дасчихсан. Ядарснаа гайхуулж байгаад монжоод сурчихсан хүмүүс олон юм билээ. Яг үнэхээр амьдрах гээд зүтгээд гал алдсан хүмүүс ч бий. Нэг охин над руу чатаар орж ирээд, “Эгч ээ, би яг гал алдаж байна. Нөхөр маань ковидоос болоод ажилгүй болсон. Хоёр хүүхэдтэй, үнэхээр идэж уух юм алга. Гэхдээ хүмүүст зарлахаас ичээд байна. Та надад тус болооч” гэсэн юм. Би чинь өмхий санаатай болчихсон, очоод үзсэн үнэн байсан л даа. Тэд бүтэн сар хоолтой, түлээтэй байсан. Саяхан ээж, аав нь шинэ ургацын ногоогоо хураасан гээд надад хандсан. “Чамайг өвөл хөлдөж үхэх гэж байхад хандив өгсөн эгчдээ өгөөрэй” гээд надад шуудай дүүрэн ногоо явуулсан байна лээ. Нөхрийнх нь аав, ээж малчин юм билээ. Яргуй идсэн ямааны мах гээд авчирч өгсөн. Их хөөрхөн. Буруу хүнд туслаагүй юм байна гэж баярласан.

Та хоолны газар ажиллуулдаг юм чинь өөрөө хоол хийх хоббитой юу. Хамгийн хурдан хийдэг хоолны жороо хэлж өгөөч?

-Хамгийн хурдан 15 минутад хийдэг хоол байдаг. Тэр нь шпагетти. Ус буцаллаа. Гоймонгоо хийлээ. Буцалж байх хооронд нь махаа хуурлаа. Томатаа хийлээ. Амталлаа, гоймон бэлэн боллоо. Хоол бэлэн. Дээр нь бяслаг үрээд хийнэ. Хамгийн амархан, хүн болгон дуртай иддэг хоол. Хүнс цуглуулахдаа шпагетти гоймонг тав, зургааг авчихдаг. Балчрууд бүр дуртай. Ах эгч нарын хүүхдүүд, ач гуч, зээ нар нь ирэхээрээ шпагетти иднэ. Тахиа шаруулна. Европт тахиа хамгийн хямдхан хоол шүү дээ. Би чинь махаа санаад ирсэн чинь манайхан тахиа шарахаар гоё гээд байсан. Тахиа нь Монголд үнэтэй. Оюутан байхад бол ганцхан еврогийн тахиа ядрахаараа иддэг байлаа шүү дээ. Тэгсэн манайд тансаг тал руугаа ордог. Нэг тийм ялгаа байдаг.

Тийм шүү, пицца бас Монголд үнэтэй.

-Германд бол хөлдөөсөн пицца 2 евро байсан шүү дээ. Тэгсэн хэрнээ гурван хөлдөөсөн пицца ирдэг. Печинд 15 минут болгоод, одоо бидний иддэг пицца гарч ирдэг. Мөнгө бага олдог байхдаа хүүхдэдээ зориулж авдаг байлаа. Одоо энд үнэтэй. Хүүхдийг баярлуулах гэж пицца хийж өгдөг. Тийм л байх юм даа.

Та одоо Германд очихсон гэж боддог уу?

– Учиргүй их бодохгүй. Анх эх орондоо ирээд хямарсан шүү. Тоож байгаа ч хүн алга. Тоогддог газар руугаа очъё гэж боддог юм билээ. Хоёр жил болоод дасаад, одоо ёстой тэмцэл дунд үзээд л байна шүү дээ. Гандан буурахгүй шүү гээд л явдаг.

Та фэйсбүүктээ аавынхаа тухай бичсэн байсан. Аавынхаа тухай яриач?

-Н.Сампил гэж миний сайхан аав. Миний аав 90 хүрч байгаа ч ажил хийдэг. Төмөр замд насаараа ажилласан өвгөн бий. Нэг дэх, гурав дахь, тав дахь өдөр ажилдаа явдаг. Төмөр замд орон сууцны жижигхэн подваль түрээслээд, хутга заазуур ирлэдэг, түлхүүр олшруулдаг ажилтай. Төмөр замынхаа хөгшчүүлийг цуглуулаад, даалуу, шатар тоглоно. Завсраар нь хүмүүс ирэхээр ажлаа хийнэ. Зүгээр сууж чаддаггүй хүн. Цаг янзын баримталдаг. Энэ нь надад их нөлөөлсөн. Юмыг хөнгөн хүлээж авч, хөдөлмөрлөх дуртай байдаг маань ааваас өвлөгдсөн болов уу. Ном унших дуртай. Тэтгэврээ аваад “Аз хур” ордог. Тийм нэг мундаг өвгөн байдаг юм.