Categories
ардын-цолтон булангууд мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Жадамбаа: Өдөр бүр шавиа сургах гэж оролдохдоо өөрөө сурч байдаг

Ардын багш цол хүртсэн Монгол Улсын Боловсролын их сургуулийн Боловсролын суурь судалгааны төвийн эрхлэгч, гавьяат багш, академич Б.Жадамбаатай ярилцлаа.


-Та 1977 оноос багшилж эхэлсэн юм билээ. Социализмын үед ч та багш нарыг сургаж байсан хүн. Нийгэм солигдсон ч багшийн багш байсан. Хоёр нийгмийн ялгаа их гарсан уу, өөрийгөө эвдэх шаардлага тулгарав уу?

-Гаралгүй яах вэ. 1977 онд би МУИС-ийг физикч, физикийн багш мэргэжлээр төгсөөд, ШУА-д жил гаруй ажиллаад, их сургуульд багшилж эхэлсэн.

Өөрчлөлт, шилжилтийн бүх хугацаанд багшилсан юм. Хүн ажлаа хийж байхдаа тасралтгүй хөгжиж байдаг. Одоо харахад бүгдийг нэгмөсөн тэр дор нь өөрчилчихдөггүй юм байна. Нэг нийгмээс нөгөөд шилжихэд дөрөв, таван үе дамжсан байна. Эхлээд зах зээлийн нийгэмд шилжлээ гэхэд бид хуучин маягаараа, энерциэрээ явсан. АХБ-ны дэмжлэгтэйгээр Монголын боловсролын салбарын мастер төлөвлөгөө боловсруулах том ажил байсан юм. Тэр төлөвлөгөөг хийхэд ерөнхий боловсролын хэсгийг би хариуцаж судалгаа хийж байсан юм. Түүндээ үндэслэж мастер төлөвлөгөөгөө боловсруулсан. Тэр дагуу багшаа бэлтгэж эхэлсэн. Эхний хэдэн жил баахан гадны зөвлөхүүд авчраад, тэд зааж сургаад, түүнийг нь бид багш нартаа зааж байв. Энэ маягаар дөрөв, таван жил явсны дараа “Ер нь шууд гадныхыг хуулж болохгүй юм байна. Уламжлал, соёлоо үрэн таран хийчихгүй, түүндээ суурилах ёстой юм байна” гээд стратегиэ бас нэг жаахан өөрчлөх жишээтэй. Educa­tion гэдэг үгийг боловсрол гэж орчуулаад, өмнө нь хүмүүжилд анхаардаг байснаа хүмүүжил, хүн болгоно гэдгийг социалист ойлголт гээд хаясан. Хамгийн гол нь ёс суртахуунаа орхигдуулсан. Түүний үр дагавар одоо ч манай нийгэмд явж л байгаа. Хүмүүжил гэдэг үг боловсролынхоо дотор байдаг юм билээ. Сургана заана гэдэг үгнүүдийг нь аваад, сурган хүмүүжүүлэх гэдэг юм аа хаячихсан. Түүнийгээ залруулж, Монголын уламжлалд түшиглэх болсон. Монгол уламжлалд сурах гэдэг хүний эрх, хүмүүжих гэдэг хүний үүрэг гэж үздэг. Үүргийг нь мартаад, эрхийг нь аваад явсан чинь жаахан алдаа гарсан. Сүүлдээ ёс суртахуунтай хүний тухай ярьж байна. Ёс суртахуун гэдгийн цаана хүмүүжил байх юм байна гэж ойлгоод, Монголынхоо уламжлал, соёл хүнээр хүн хийх ухаандаа түшиглээд боловсролоо өөрчилье гэж байгаа юм. Барууныхан хүмүүжил гэж нэг их ярьдаггүй. Харин монголчууд хүн болно гэдгийг нэгт тавьдаг. Хүн болсон хойно нь саванд нь, онцлогт нь тохируулаад хөгжүүлнэ гэж байгаа юм. Орчин үед суралцахад ач холбогдол өгч байна. Багш, суралцагч хоёр хамтдаа мэдлэг бүтээдэг уламжлал чухал юм байна гэж үзээд байна. Барууныхан зөөлөн чадвар гэж ярьдаг. Зөөлөн чадвар гэдэг өнөөдрийн Боловсролын хуулинд яваа хүмүүнлэг боловсрол, хүн бусадтай харьцахдаа энэрэнгүй байх ёстой гэсэн утга санаа. Юм гэдэг өдрөөс өдөрт өөрчлөгдөж байна.

-Та хүүхэд төдийгүй томчууд ч бас өөрийгөө хөгжүүлэх, сурах арга барилыг өөртөө суулгах гэж хичээж яваа гэж хэлсэн байна лээ. Эцэг эхчүүд “Хүүхэд маань сууж чадахгүй байна, сурах дургүй байна гэцгээдэг шүү дээ. Сурах арга барилыг яаж суулгах вэ?

-Уламжлал,шинэчлэлийг зөв хослуулах хэрэгтэй юм билээ. Дээр үед монголчууд хүнд ийм мэдлэг чадвар эзэмшүүлнэ, ийм хандлага төлөвшүүлнэ гэхээсээ эрдэм сургах аргад сургана гэдэг байсан. Сурах арга барил эзэмшүүлнэ гэдэг маш энгийн. Боловсрол гэдгийг маш энгийнээр ойлговол хүний хийж байгаа аливаа үйл, түүний үр дүн. Хөдөлмөр хийж хүн болдог гэдэг. Гурван О-гийн зарчим гэж би яриад байгаа. Эхлээд оролцох ёстой, дараа нь оролдлого хийх ёстой. Оролдоод эхэлвэл ололт бий болно. Сурах арга барилд сургана гэхээр хүн хүн янз янзаар сурдаг. Гэхдээ хүн хамгийн эхлээд аливаа юмыг ажиглаж байж үйлээ баримжаална, хийж үзээд, буруу болсон бол хаана алдав гээд тасралтгүй суралцаж байдаг.

-Зах зээлд шилжиж олон хүн ганзагын наймаа хийж байсан үед та анхны Фулбрайтын тэтгэлэгт хамрагдаж, АНУ-д Петсбургийн их сургуульд нэг жил ажилласан гэсэн. Орос, Америкийн боловсрол эрс ялгаатай байв уу?

-1990 онд Багшийн дээд сургуулийг Боловсролын их сургууль болгоод, намайг эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал бөгөөд Багш нарын мэргэжил дээшлүүлэх инситутын захирлаар томилж байсан юм. Би их сургууль төгсөөд, сургуульдаа багшилсан. Цэцэрлэг, сургууль, бага ангийн багш нартай газар дээр нь очоод хичээл заадаг. Эндээс асар ихийг сурсан.

Ерээд онд зах зээлд шилжихэд хуучнаа хэрэггүй гээд орхисон. Хөдөө сургуульд сурах бичиг байхгүй. Данидагийн төсөл орж ирээд, тэрийг удирдаад одоо хүртэл явж байна л даа. Бүх сурах бичгийг хэвлэж, сургуулиудаар үнэгүй тарааж, багш нарыг шинэ арга зүйгээр сургасан. Багш төвтэй байснаа шавь төвтэй болсон. Сурах бичигтэй болоод, багш нарыг мэргэжил дээшлүүлээд цэгцрээд ирсэн. Анх хил нээгдэхэд Фулбрайтын тэтгэлэг хоёр ирсэн. Сайд дуудаад “Чи энд явна” гэсэн юм. Орост төгссөн хүн огт өөр ертөнцөд бууж байлаа. Монголоос анх Фулбрайтын тэтгэлэгт явж байгаа гээд АНУ-ын Элчин сайд эхнэртэйгээ Бээжингийн онгоцны буудал дээр тосоод, маргааш өглөө нь Америкийн онгоцонд суулгаж өгч байсан юм. Тэгэхэд би орос хэлтэй. Хойно Москвагийн их сургуульд сурч байхдаа англи хэлээр эрдэм шинжилгээний өгүүлэл уншдаг байсан. Сүүлд би яаж ярьж байсан юм бол гэж бодсон. Гэхдээ намайг тосч авсан профессортой яриад, боломжийн үнэтэй байр түрээслэж аваад ойлголцоод л явсан. Нэг жил болоход маш их юм өөрчлөгдсөн. Багш нар маань англи хэл сурахын тулд чихний бөглөө гарах ёстой. Зурагтныхаа дууг чангалаад, мэдээ сонс гэсэн. Эхлээд үгийг нь шүүрч авч чадахгүй хоёр сарын дараа дасч ирсэн. Чой. Лувсанжав гуайн хар номоо бариад очиж байсан. “Зөв, буруу нь хамаагүй бидэнтэй яриад бай” л гэсэн. Кофе ууж суухдаа ч яриад л байсан. Юугаа ч ярьж байсан юм.

Оросууд академик, шинжлэх ухааны үүднээс юмыг углуургаар нь заадаг. Би Петсбургийн их сургуульд Боловсрол судлалын сургууль дээр нь очоод, дэд захиралтай нь яриад “Би физикч хүн, МГУ-д онолын физикээр хамгаалсан хүн. Танай физикийнхэнтэй уулзья” гэсэн юм. Нэг өдөр намайг уулзуулсан. “Та юу хийдэг хүн бэ” гэхээр нь би баахан томъёо бодоод. Нөгөөдүүл чинь шүтээд. “Та нар юу хийдэг вэ” гэсэн чинь “Бид жаахан өөр” л гэж байна. Их сургуульд багш байхдаа дугуй заалны том самбарт баахан томъёо бичээд, хамгийн сүүлийнхээ томъёог бичээд хөлс чийхрээд гардаг байлаа. Оросууд бол тэр рүүгээ анхаардаг. Нөгөөдүүл нь хэрэглээг анхаардаг. Өөрөөр хэлбэл нэг нь академик, нөгөө нь прагматик. Явж явж аль аль нь чухал юм билээ.

-Урд цагт монголчуудын хувьд багш гэдэг төрүүлсэн эхтэй адил ачтан гэж хүндлэгдэж байсан. Орчин үед багшийн байр суурь, багшид хандах хандлага өөрчлөгдөж байна л даа. Яаж шавь нартаа хүндлэгдэж хүлээн зөвшөөрөгдөх талаас нь зөвлөдөг үү?

-Зөвлөнө өө. Монголчууд багшийг эрхэмлэн дээдлэдэг уламжлалтай. Би ч бас багшийн гэр бүлд өссөн, ах маань багшилдаг байв. Социализмын үед багш нар үнэлэмж өндөртэй, нийгмийн баталгаа сайтай, хангалттай цалинтай. Идэж уух өмсөх зүүхэд хүрэлцээтэй байв. Багш өдрийн бүх л цагаа шавь нартаа зориулдаг, сургууль дээр өнгөрүүлдэг байсан. Одоо бол шавь нар маань “Багш та гоё юм ярих юм. Амьдрал болохгүй байна. Цалин хүрэхгүй байна” гэдэг. Ингээд багшийн хичээлээс гадуур хүүхэдтэй ажиллах цаг нь багасаад ирнэ. Багш, хүүхдийн холбоо нь алгуур сулраад, багшийн үнэлэмж буурсан. “Манай муу багш” гэх юм гэж шавь маань ярьдаг. Сайн багш нар байна л даа. Би хэлдэг юм. “Та нар хэрэглээгээ жаахан хязгаарлаж үз. Нэг өдөр та нар өндөр цалинтай болчихно гэж байхгүй. Хамгийн гол нь хүүхдүүдтэйгээ сайн ажилла. Хичээлийн бус цагаар цаг гаргаж чадахгүй бол хичээлийн цагаа хүүхдэд бүрэн зориул” гэдэг. Дандаа нийгмийн асуудал ярих биш өөрсдөө бас хичээх ёстой. Ингэж чадвал хүүхдүүд чинь хүндэлнэ, “Манай багш” гэж ярьдаг юм аа гэдэг. Боловсролын хуулинд миний нэг яриад байгаа юм, цалин мөнгөнөөс гадна багшийг дэмжих, газар олгодог ч юм уу, багш нарт хандсан тусгай бодлого гаргах хэрэгтэй байна. Цалин нэм гэвэл багш нарынхыг нэмвэл эмч нарынхыг нэмэх болно. Өнөөдөр Монголд бүх л хүний цалинг нэмэх шаардлагатай байгаа шүү дээ. Үнэлэмж дээшлүүлэхэд нийгмээс гадна багшаас бас олон юм хамаарна. Багш нарын холбооны тэргүүний хувьд багш нарт юу захидаг гэхээр “Өдөр тутам хөгж” гэдэг. Нэг хэсэг багш хүн менежер байх ёстой, технологи мэддэг байх ёстой гээд олон шаардлага тавьж, баахан бужигнуулсан. Одоо бол багш хичээлээ чанартай заадаг, хүүхдүүдтэйгээ хамт хөгждөг, хүүхдийнхээ ялгаатай өвөрмөц байдлыг тооцдог байх ёстой гэж зөвлөдөг. Хүүхэд багшдаа багшилдаг байхгүй юу.

-Манайхан ингэж ярьдаг л даа. Өмнө нь багш хүн түмний хүүхдийн төлөө үнэхээр зүтгэдэг байсан. Одоо бол хүүхэдтэй сэтгэлээсээ ажилладаг хүн цөөн болсон” гэцгээдэг. Мэдээж энэ бүхэн багшийн цалин хөлстэй холбоотой байх. Гэхдээ үнэхээр багш болъё. Хүний хүүхдэд юм заагаад өгчихье гэсэн сэтгэлтэй хүн багш болж чадаж байна уу?

-Багшийн нийгмийн асуудал ийм байгаа учраас хүүхдүүд багшийн мэргэжлийг сонгохгүй байна. Судлаад үзэхээр зөвхөн Монголд ийм биш байна. Дэлхий нийтэд ийм хандлага байна. Багш болъё гэсэн хүсэлтэй хүн хаана байна гэхээр Солонгост багш өндөр цалинтай учраас сайчуул нь багш болно гэдэг юм билээ. Хятадад бас тиймэрхүү шинжтэй. Гэхдээ багш нар маань хүний хүүхдийн төлөө ажиллаж л байгаа юм. Урд нь хүүхэдтэйгээ хичээлийн дараа ч өдөржингөө сургууль дээрээ хамт байх бололцоотой байсан юм. Би Архангайн Тариатын арван жилийн сургууль төгссөн хүн. Багш маань үдээс өмнө хичээлээ заачихаад, үдээс хойш давтлага өгөөд, хүүхдүүдтэйгээ бодлого бодоод, шатар тоглоод, спортын арга хэмжээ зохиогоод сургууль дээр багш, хүүхдүүд хамтдаа байдаг байсан. Одоо бол тэр хугацаа багассан. Хичээл заалаа, хүүхэд гэртээ харина.

-Таны одоо эрхэлж байгаа ажил Боловсролын суурь судалгааны төвийн эрхлэгч шүү дээ. Суурь судалгаа гэхээр юуг онцолдог вэ?

-Манай Боловсролын хүрээлэн гээд боловсролын чиглэлээр судалгаа хийдэг газар байна. Сурах бичиг, хүүхдийн нас сэтгэцийн онцлогт тохирч байна уу, агуулга ямар байна гээд манайхан голдуу хавсарга судалгаа хийгээд байгаа юм. Суурь судалгааны гол үндэс боловсролын хөтөч үзэл юу байх вэ. Юунд сургах юм гэдэг. Голдуу Монголын уламжлалыг судлана. Бас орчин үед гарч байгаа бусад шинжлэх ухааны ололтыг боловсролын салбарт хэрэглэж, боловсролын өнөөгийн судалгааны арга зүй, үр дүнг сайжруулах юм.

-Та Ардын багш болтлоо 40 гаруй жил ажилласан байна. Эргээд харахад юу бодогдож байх юм бэ. Өнгөрүүлсэн он жилүүддээ сэтгэл хангалуун байгаа юу?

-Сэтгэл хангалуун байна. Хоёргүй сэтгэлээр гэдэг шиг л би шохой, самбар, цаас, сүүлийн үед компьютертэй зууралдаж байна. Үүндээ бахархаж явдаг. Багш байсан ахыгаа дагаж, харж их юм сурсан. Өдөр бүр шавиа сургах гэж оролдохдоо өөрөө сурч байдаг. Шавь нараасаа сурч, шавь нараа сургаж хамтдаа хөгжиж ирсэн. Тасралтгүй хөгжиж байгаадаа бахархаж явдаг. Би бас физикч болсондоо баярладаг. Физик, математикийн хүмүүс нийгмээ арай өөр өнцгөөс хардаг. Яг цээжилдэг бус, хөдөлгөөнтэй, үйл судалдаг ухаан. Үйл явцыг дагаад өөрсдөө хөгждөг. Унаган мэргэжил маань боловсролын салбарт өдий хүртлээ явж ирэхэд их тус боллоо.

-Орчин үеийн хүүхдүүд өөр болсон гэдэг шүү дээ. Та ач, зээ нараа сургахдаа үүнийг мэдэрч байдаг уу?

-Өнөө өглөө хүртэл ач маань “Өвөө та чинь Х gen­eration билүү” гэхээр нь би тоглоод “Чи бол дельта gener­ation шүү дээ, вирусийн үеийн хүүхэд” гэсэн юм. Одоогийн хүүхдүүдийг яг ийм арга зүйгээр сургана гэж болохгүй байгаа юм. Өөрсөдтэй нь ярьж байж, өөрт нь тохируулахгүй бол болохгүй. Манайхан нийтлэгийг олох гээд байдаг. Хүний хувьд нийтлэгийг олно гэж байхгүй. Уг нь би эднээр уран зохиол уншуулах гэж оролддог юм. Намайг гараад явах хооронд гар утсаараа оролдож суудаг. Энэ хүүхдүүдийн нэг сайн тал нь мэдээлэл сайн авсан учраас эрэгцүүлэхдээ сайн. Хүүхдүүд хурдтай хөгжиж байна. Хүүхэдтэйгээ ойр дотно харьцаж, жаргал зовлонг нь сонсож, дэмжиж явах учиртай. Агаарт хамт явах, тоглож наадах хэрэгтэй. Маргаашийн хүүхдүүд ч өөрчлөгдөнө. Үе үеэрээ өөр байдаг. Ажил хийж хүн болдог. Ажлыг нь орхигдуулчихаар баахан хиймэл оюун ухаантай хүмүүс болчих вий. Өөрөө хийж үзээгүй юм толгойд нь орчихоор бас хиймэл болно биз дээ.

Categories
булангууд мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Өлзийхүү: Амьдралын олон бэрхшээл дунд “Хиртээгүй сарнай” киногоо хийсэн

Монгол Улсын гавьяат жүжигчин С.Өлзийхүүтэй ярилцлаа.


-Ажил ихтэй л гүйгээд байна уу, бүтэн өдөржингөө хичээлтэй гээд байсан?

-Тийм. Хажуугаар нь сургуульд багшилсан чинь ажил ихтэй юм байна аа.

-Таны тоглосон “Хиртээгүй сарнай” шинэ уран бүтээл удахгүй кино театруудаар гарч эхлэх нь. Шинэ киноныхоо тухай ярьж өгөөч?

-“Хиртээгүй сарнай” маань ”Хас фильм”-ийн бие дааж хийсэн 13 дахь кино байгаа юм. Амьдралын олон бэрхшээл дунд хийсэн кино гэж болно. Яагаад гэвэл зураг авалтын үеэр хоёр удаагийн хөл хорио дайрлаа. Өөрсдөө ч корона тусч барьж явж киногоо дуусгасан. Кино маань сайхан уран бүтээл болсон. Одоо үзэгчдэд хүргэх л үлдээд байна.

-Оросууд “Нагиев хөл хорионд” гээд кино хийсэн байсан. Манайхан харин кино хийх явцдаа хөл хорио, ковид гээд бүх асуудлыг туулаад өнгөрчээ.

-Тэгсэн. Манай “Аюултай харилцаа”, “Нинжин сэтгэл”-ээс хойш хийж байгаа шинэ уран бүтээл маань юм.

-Шинэ уран бүтээлээрээ хүмүүст юу хэлэхийг хүссэн бэ. Таны хань найруулагч Ц.Хүсэлбаатар зохиолыг нь бичиж, найруулсан кино байх аа?

-Тийм. Хүслээгийн кино. Үзэгчид маань өөр өөрийнхөөрөө ойлгож хүлээж авах болов уу. Асуудал дэвшүүлсэн, хайрын тухай кино л доо.

-Трейлерийг нь харахад бас зодоонтой, хүнд хэсгүүд ч харагдана лээ?

-Тийм. Кино үзэх, ном уншихад уншигч, үзэгчид өөр өөрийнхөөрөө дүгнэлт өгдөг, тийм ээ.

-Зохиолоо хэр удаан бичсэн бэ. Ц.Хүсэлбаатар найруулагч зарим зохиолоо таван жил бичсэн гэдэг?

-Бараг жил гаруй бодож бичсэн. Кино зохиол маш олон зөрчил, гогцоо үйл явдлын хэлхээс байдаг болохоор багагүй хугацаа зарцуулсан л даа.

-Энэ кинонд таны охин бас тоглосон байна лээ. Охинтойгоо ээж, охины дүрд тоглоод, нөхөр нь найруулах сонирхолтой байх аа. Найруулагчид жүжигчнийхээ хувьд захирагддаг уу, эхнэр, охиноо “харж үзэх” үү?

-Бид нэг мэргэжлийнх болохоор уран бүтээлдээ орох нь ороод, гадуурх ажилд нь туслах нь туслаад явдаг. Жүжигчнийхээ хувьд захирагдаад л явна. Түүнээс биш охин, нөхөр гэх юмуу өөр тийм ийм гэх юм байхгүй. Уран бүтээлч бол уран бүтээлч. Олон уран бүтээлч гэр бүл, найз нөхөдтэйгөө хамтардаг шүү дээ. Уран бүтээл дээр бол багийн гишүүн, хамтрагч л гэж үздэг.

-“Хиртээгүй сарнай” та бүхний өмнөх кинонуудаас юугаараа онцлогтой вэ?

-Жүжигчдийн багт урьд нь хамтарч байгаагүй уран бүтээлчид орж ирсэн. Жүжигчин, загвар өмсөгч О.Амгаланбаатар, дуучин Б.Баяржавхлан буюу Jason, дуучин Б.Болдбаатар буюу Tempo нар тоглосон. Зохиол маань шинэ сонин сэдэв хөндсөн.

-Ковидын үед хийгдсэн болохоор санхүүгийн асуудал тулгарсан уу, юу нь илүү бэрхшээлтэй байсан бэ?

– Улс даяар ковид тархаад, киноны зураг аваад явж байтал хөл хорио тавигдаад, дахиад зураг авалтаа эхэлтэл багийн хүмүүс маань ковид тусаад, багаараа ковидод өртсөн боловч манайхан уран бүтээлчийн халуун оргилуун сэтгэлтэй, багийн ажиллагаа сайтай хүмүүс байсан. Уран бүтээлч ямар ч бэрхшээлд сөхөрдөггүй.

Санхүүжилт олоход амар биш. Уран бүтээлийг дэмждэг найз нөхөд, танилууд байна. Өөрсдөө тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийнэ. Энэ цаг үед киноны хөрөнгө оруулалт олно гэдэг хэцүү л дээ. Уран бүтээлийг дэмждэг сайхан найзуудтай учраас киногоо хийж дуусгалаа.

-Ковидын үед хүмүүст амаргүй байгаа. Харин урлагийн гэр бүлийн хувьд энэ өдрүүдийг яаж даван туулж байгаа нь сонирхолтой болов уу?

– Бид киногоо хийгээд явж байна. Ковидын үе амаргүй хэцүү шүү дээ. Улс орон даяараа амаргүй нөхцөлд байна. Уран бүтээлдээ хайртай учраас даван туулаад явж байна.

-Олон жүжигчид нэг гэр бүлд амьдрах ямар байдаг вэ?

-Гэр бүлээрээ уран бүтээлчид. Тус бүртээ уран бүтээл хийгээд заримдаа бие биетэйгээ тааралдахгүй явах үе ч гарна. Жишээбэл, хадам аав маань (жүжигчин Ё.Цог) Эбигийн (жүжигчин, найруулагч Г.Эрдэнэбилэг) “Тэгри чину” кинонд явсан. Хүү маань “Хаадын хаан” жүжигт ажиллахаар явсан. Нөхөр маань киногоо хийхийн зэрэгцээ зарим хүний кинонд оролцож байна. Саяхан Өмнөговь руу “Хавтаст хэрэг” киноны зурганд оролцохоор явсан. Охин маань “Гэм зэм” жүжигт, би болохоор өнөөдөр жүжигчин Г.Эзэнмөнхийн хийж байгаа контентын зураг авалтанд оролцох жишээтэй. Бүгд тал талд ажлаа хийгээд явж байгаа. Бид өөр юм хийж чадахгүй уран бүтээлч хүмүүс болохоор уран бүтээлээ л хийнэ. Өөр ямар бизнес энэ тэр хийх биш. Чаддаг юмаараа л амьдарч байгаа хүмүүс шүү дээ.

-Та охиноо жүжигчин болоход нандин жор хэлж өгсөн үү?

-Хамгийн гол нь жүжигчин хүн хувийн зохион байгуулалттай байх, баг дотор ажиллаж чаддаг, тэвчээртэй байх, хөдөлмөрч, ажлаа нухаж хийдэг байх чанаруудаа л хэлж байгаа юм. Түүнээс биш Соёлын гавьяат зүтгэлтэн С.Сугар багш суурийг нь тавьж өгсөн. Бид бол ёс суртахуун талаас нь охиндоо хэлж ярьдаг. Хөдөлмөрч бай, ахмад жүжигчдийг хүндэлж бай, багийн тоглолттой байх чухал, бусдын цагийг алдуулж болохгүй гэх мэтээр л хэлдэг. Жүжигчин хүн чанартай хүн байх ёстой гэж захидаг. Түүнээс уран бүтээлийн тал дээр СУИС-д мундаг авьяастай багш нар нь заасан болохоор мань мэт хэлэх нь илүүц.

-Таныг бэр болж очиход Цогоо гуай яаж хүлээж авч байсан бэ?

-Сайхан хүлээж авсан. Хадам аав маань урлагийн хүн, сэтгэл сайтай хүн болохоор гоё хүлээж авсан. Аав маань бидний амьдралд нэг их айхавтар оролцоод тэг ингэ гэдэггүй. Төрсөн аав шиг минь хайртай аав минь.

-Цогоо гуай хагалгаанд орсон гэсэн, гайгүй юу?

-Аав гайгүй. Хагалгаа нь амжилттай болоод удахгүй гараад ирсэн. Одоо уран бүтээлээ хийгээд, зурганд ороод явж байгаа. Аав маань байнга уран бүтээл хийж явдаг. Саяхан Хөвсгөлд олон сараар зурганд оролцсон.

-Цогоо гуай, Хүрлээ хоёрын рекламыг хүмүүс мэддэг шүү дээ. Саяхан та бас хадам аавтайгаа сурталчилгаанд тоглож харагдсан?

-Тэгсэн. Аав маань Орост кино зурганд сонгогдож явсан юм. Орос хэл дээр кинонд тоглосон. Ааваараа бахархаж л байлаа. Аав маань хэлний авьяастай хүн. Намайг анх сургуулиа төгсөөд “Угсраа мэх” жүжигт тоглоход маань аав өмнөд монголоор яаж хэлж ярихыг заасан юм. Аавын зааснаар тоглосон чинь хүмүүс намайг өмнөд монгол юм байна гэж андуурч байлаа.

-Танай нөхөр та хоёр багын танил гэсэн үү?

-Бид хоёр дунд сургуульд байхдаа нэг сургуулийн дээд доод ангид байсан.

-Та сүүлийн үед хадам ээжийн дүрд тоглоод байна аа?

-Одоо чинь миний хувьд ээж, хадам ээжид тоглодог нас. Бид дүрээ сонгодоггүй шүү дээ. Найруулагчид дүрээ сонгож санал тавина.

-Та эмээ болчихсон уу?

-Тэгсэн. Хүү маань хүүхэдтэй болсон.

-Эмээгийн үүргээ хэр гүйцэтгэж байна?

-Гэртээ байх үедээ бол янзын эмээ шүү дээ. Зарим үед бол гэртээ орох завгүй л явдаг.

-Таны нэг өдөр яаж өнгөрч байна вэ?

-Би өглөө эрт босдог. Зургаа өнгөрөөж босоод, өглөө гэрийнхэндээ зориулж, будаа агшааж, өглөөний цай, хоол бэлтгэж тавина. Нөхрийнхөө ажил дээрээ идэх өдрийн хоолыг бас бэлтгэдэг. Чадвал фитнессдээ очихыг боддог. Хөдөлгөөнтэй байсан болохоор хөдөлгөөн хязгаарлагдахаар ядраад, нэг л сүр сүлдгүй болоод байдаг. Гүйж харайгаад, дасгал хөдөлгөөн хийхээр сэргэчихдэг. “Сити” сургуульд багшилж байгаа болохоор сургууль руугаа явж, хүүхдүүддээ хичээл заана. Студи дээрээ очно. Тэгээд орж ирээд, ачтайгаа тоглоно шүү дээ. Заримдаа юм ярих ч тэнхэлгүй болоод орж ирээд хэвтээд өгнө.

-Сувилагч мэргэжил чинь ашиг тусаа өгч байна уу. Жүжигчин Б.Баатархүү таныг “Кино группийн эмч” гэсэн байна лээ?

-Ийш тийшээ явж байхад баг хамт олноос хоолой нь өвдвөл тариа хийнэ, даралтыг нь үзнэ. Цүнхэндээ байнга долоогоны хандтай явна. Ойр зуур хэрэг болох эмнүүд авч явдаг. Хэрэг болж магадгүй гээд байнга тариурын нэг ширхэг зүүтэй явна.

-Ковидоос сэргийлэх өөрийн гэсэн арга хэмжээ авч байгаа юу?

-Өөрөө жижигхэн хөөрхөн тусаад авсан. Норов 7, Мана 4 буцалгаж ууна. Буцалсан ус сайн ууна. Аарц, чацаргана буцалгаж уух гэх мэтээр аль болох өөрийгөө арчлаад явчихна даа.

-Танд тоглохыг хүсч байгаа дүр байдаг уу?

-Байлгүй яах вэ. Маш сайн зохиолтой үед жүжигчин хүн том амжилт гаргах боломжтой.

-Та “Цахилж яваа гөрөөс” киноны Дэжидийн дүрээрээ сэтгэлд хоногшиж үлдсэн шүү.

-Миний анхны дэлгэцийн кино шүү дээ. И.Нямгаваа найруулагч тэр сайхан киног хийхдээ намайг сонгосонд маш их баярлаж явдаг. Сая би өөрийн уран бүтээлийн 20 жилийн ойн тайлан тоглолт дээрээ дуучин Г.Эрдэнэтунгалагтай хамтарч “Цахилж яваа гөрөөс” киноныхоо дууг дуулсан.

-Та нас ахих тусмаа л хөөрхөн болоод байгаа юм шиг санагддаг. Дэжидийн дүрд тоглож байхдаа будаггүй байсан болоод ч тэр юмуу одоогийнхоос жижигхэн нүдтэй харагдаад байдаг. Сүүлд та давхраа хийлгэсэн юм уу?

-Би жин нэмэхээр царай алдаад, жингээ хасахаар царай ороод байдаг юм. Манай дунд сургуулийн ангийнхан маань ч холбоотой явдаг. Тэр улсуудыг байхад худлаа яриад яах вэ дээ.

-Саяхан таны нүүр номдоо оруулсан зургийг харсан. “Цахилж яваа гөрөөс” кинонд ангийн охинтойгоо хамт тоглосон юм билээ?

-Тийм. Манай ангиас олон гавьяат төрсөн. Д.Хүрэлхүү, талийгч Л.Дэмидбаатар, Ж.Оюундарь байна. Бас Д.Бямбацогт маань ч гавьяат болох болов уу гэж горьдоод хүлээж байдаг.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Сарантуяа: Биднийг телевиз нээж байхад нутгаа санасан улсууд клип хараад л уйлдаг байсан


Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон АНУ дахь Монгол Телевизийн захирал, сэтгүүлч Ц.Сарантуяатай ярилцлаа. Тэрбээр Үндэсний телевизийн улс төр, мэдээллийн “Долоо хоногийн тойм”, “Цагийн хүрд”, “Эвлүүлэггүй яриа”шууд нэвтрүүлэг хөтөлдөг байсныг манай уншигчид санаж байгаа буй за.


-Та “Эвлүүлэггүй яриа” хөтөлдөг байсан даа. Тэр үнэхээр эвлүүлэггүй явдаг байсан уу?

-Тийм. Эвлүүлэггүй шууд нэвтрүүлэг. Ээлжилж хөтөлдөг байсан. Нэг хэсэг би авч явсан. Тухайн үеийн төр засгийн тэргүүнүүд, нийгэм улс төрийн зүтгэлтнүүд оролцдог байлаа. ММ агентлагт “Цагийн хүрд”, “Долоо хоногийн тойм” “Эвлүүлэггүй яриа” гол гурван нэвтрүүлэг байсан шүү дээ. “Долоо хоногийн тойм” -ыг л хамгийн олон жил хөтөлсөн дөө.

-Ажилдаа их цаг зарцуулдаг байсан уу?

-Тэгэлгүй яах вэ. Өглөө гараад, “Үдшийн мэдээ”-гээ уншчихаад 22:50 гэж дуусаад л харьдаг. Өглөөд аажуу очих үедээ очоод, шөнөдөө л харьдаг байлаа. Халуун залуу нас эфирт л өнгөрсөн. Ер нь насаараа ажиллаж байна даа.

-Тэр үед телевиз одоогийнх шиг олон биш. Та олны танил байсан. Гадуур явахад хүмүүс танина биз?

-Бүгд л танина. Тэр үеийн телевизийн нэвтрүүлэгч нар, гол гол нэвтрүүлгийн хөтлөгчдийг хүмүүс сайн таньдаг байсан. Хазгай гишгэж болохгүй. Нэр хүндтэй, xариуцлагатай, зарим үед ядаргаатай шүү дээ. Одоо Америкийн телевиздээ “Студийн цаг” нэвтрүүлэг хөтлөөд явж байгаа. Монголчууд дэлхийн хаа ч явсан таарна. Телевизэд ажилладаг хүмүүс алхам тутамдаа анхааралтай, хариуцлагатай явах шаардлагатай болдог.

-“Эвлүүлэггүй яриа”-ны үеэр хурц асуулт тавьдаг байсан уу?

-”Эвлүүлэггүй яриа” тухайн цаг үедээ асуудал хариуцсан хүнээс авах ёстой хариултаа авдаг нэвтрүүлэг байсан. Хурц асуудал хөндсөн нэвтрүүлэг ч бид хийж байсан. П.Очирбат гуайг Ерөнхийлөгч байх үед манай групп Буйр нуураас “Халуун цэг” нэвтрүүлэг хийсэн юм. Улсын ганц усан хилээ хамгаалах, цаанаас хүмүүс орж ирээд, загас зөвшөөрөлгүй агнаж байна гээд асуудал дэвшүүлсэн юм. Түүний дараа их шуугьсан. Ерөнхийлөгч асан П.Очирбат Буйр нуур руу явж ажилласан. Сүүлд нэг таарахдаа “Танай нэвтрүүлэг гарсны дараа би стратегийн гол объектууд руу явдаг боллоо” гэж хошигнож байсан. Эмэгтэйчүүдийн хорих ангиас бид бас нэвтрүүлэг хийсэн. 100 гаруй хүн эмэгтэйчүүдийн хориход хоригдож байсан юм. Бага насны хүүхдүүдтэй эхчүүдийг “өмөөрч” нэвтрүүлэг хийсэн. Дахиад л П.Очирбат гуай зарлиг гаргаад, 100 гаруй хүний 60 гаруйг нь суллаж байв.

-Тухайн үеийн удирдлагууд мэдрэмжтэй, чих зөөлөнтэй байжээ?

-Төр засаг хүчтэй, хэвлэлийнхнээ ч,ард түмнээ ч анхааралтай сонсдог байсан. Үзэгчид нэвтрүүлгийг уйлж үздэг байлаа. Байдал ямар байна гээд жилийн дараа хорих ангид эргэж очсон юм. Тэр хооронд маш олон захиа ирсэн. Шуудангаар захиа ирдэг үе байлаа. “Эмэгтэйчүүдийн хорих ангиас дүүгээс чинь” гээд захиа ирж байсан. Хөөрхий дөө, дотносоод тэгж бичиж байхгүй юу.

Найруулагчтайгаа хамт хоригдлуудтай нэг бүрчлэн уулзаж, ярилцахад дандаа л хүүхдээ санасан, халаасны хулгай хийгээд орсон гэж ярьж байсан. Циркийн хэдэн улс бас байсан. Билетний мөнгөө “идээд” орсон гэсэн. Тэднийг бүгдийг суллаж билээ. Бид ямар суллаач гэсэн биш. Асуудал ийм байна гэж тавьсан. П.Очирбат гуай л хөөрхий уяраад суллаж байсан. Нэг сонин нь жилийн дараа очиход суллагдсан 60 гаруй хүний ихэнх нь буцаад орсон байж билээ. Нэр усыг нь хэлээд яах вэ. Нэг хоригдол эмэгтэйн хүүхдийн сургууль дээр очиж уулзахад охин нь ээжийгээ санаад уйлж байсан. Тэгэхэд тэр эмэгтэй эргээд халаасны хулгайгаар шоронд орчихсон байв. “Даан ч яав даа” гэсэн чинь доошоо хараад, юу ч хэлээгүй.

-Та нэг удаа ярьсан байна лээ. Америкт ирээд “Долоо хоногийн тоймоо зүүдэндээ олон удаа хөтөлсөн” гээд.

-Аргагүй шүү дээ. Хүний нутагт шууд очоод нэвтрүүлэг хөтлөөд энээ тэрээ болчих биш. Дуулиант амьдралаас явсан шүү дээ. Сүүлд би ММ агентлагийн захирал, тухайн үед эрх барьж байсан Монголын Үндэсний Ардчилсан Намын хэвлэлийн албаны дарга байсан. Сонгууль гээд ядаргаанд ороод хоёр чих шуугьсан байлаа. Гэнэтхэн Америкийн нам гүм, зарим үед нэгэн хэвийн уйтгартай гэмээр амьдралд очиход хэсэг хугацаанд ажлаа санаад “Долоо хоногийн тойм”-оо зүүдэлж байсан. Харин xэдэн жилийн дараа өөрийн телевизээ байгуулж,санаа амарсан даа.

Америкийн тухай яривал дуусахгүй. Гэхдээ жинхэнэ чөлөөт амьдрал Монголд бий. Америкт 11 жил амьдарлаа. Орост зургаан жил сурсан. Томилолтоор ийшээ тийшээ явсныг оролцуулбал 20 орчим жилийг гадаадад өнгөрүүлсэн.

Монгол Улс их хөгжсөн гэж хэлэх гээд байна. Жинхэнэ эрх чөлөө байгаа газар шүү дээ. Тэр жил Америкийн нэг сэтгүүлч “Xорвоогийн хамгийн сүүлчийн сайхан нутаг” гэж Монголыг хэлсэн нь үнэхээр үнэн юм аа. Хүмүүсийн ухамсар, хувь хүнээс хамаарах юмнууд их байна.Үүнийгээ л бид засахсан. Цагийг үнэлж,гамнаж сурахсан.Тэгвэл ч оюун ухаан,боловсролоороо монгол хүн дэлхийн хаана ч газардахгүй дээ.

-Алдартай нэртэй телевизийн од, олны танил хүмүүс ч гадаадад очоод аяга таваг угаахаас авахуулаад янз бүрийн ажил хийсэн байдаг. Та америкийн монголчуудын амьдралыг цухас ч болов үзэв үү?

-Үзсэн.Том их дэлгүүрийн дор байдаг, манайхан машины гараж гэж ярьдаг даа, паркт хэдэн найзуудтайгаа кассан дээр зогсож байлаа. Нэг путкин дотор суугаад, хүнээс мөнгө хурааж аваад, билет өгдөг. Вашингтоны ойролцоох Арлингтон хотод монголчууд харьцангуй олноороо байдаг. Манайхан тэр их дэлгүүрээр их ордог. Билет таслаад өгөхөд гэнэт зарим нь “Цаг агаарын мэдээ, Цагийн хүрд” гэчихээд яваад өгдөг байсан. “Нөгөөх маань энд сууж байна” гэж боддог байсан байх даа. Кассын тэр ажилдаа дуртай байсан. Мөнгөний үнэ цэнийг мэдсэн. Сайхан хувцастай албаны байрын боловсон хүн өдөржин паркид тавьсан машиныхаа хөлсийг төлөхдөө “Үнэтэй байна, цагийг зөв тооцсон уу” гэж чичирч байхыг харсан. Цаг нь компьютер дээр гардаг. Гэтэл эгэл ажилчин байрын цагаач болов уу гэмээр хүн яг тийм хөлс төлөхдөө найрсаг харьцаад, гараад явах жишээтэй.

Би Америкт очоод удаа ч үгүй эмээ болсон. Хэсэг хугацаанд хүүхдээ харлаа. Гэр бүлээрээ явсан. Хүүхдүүд сурсан. Зарим нь ажилласан. Ар гэрийн ажлаа хариуцахгүй бол болохгүй. Дараа нь тэнд телевиз байгуулж болох юм байна гэдгийг олж мэдсэн юм. 2008 онд телевизээ байгуулсан шүү дээ. Одоо тэр ажлаа эрхлээд л явж байна.

Вашингтон хотод биднийг очиход “Newseum” гээд “Дэлхийн сэтгүүл зүй, шуурхай мэдээллийн музей” гэж орчуулаад байгаа юм, долоо, найман давхар байшингийн суурь тавигдаж байсан. Тэр хавиар найзтайгаа явж байгаад “Энэ сэтгүүлчдийн байгууллага юм байна. Энд ажиллах юмсан” гэж ярьж суулаа. Гэтэл яг намайг телевиз ажиллуулж эхлэх үед “Newseum”-д ажилд авна гэсэн зарлал гарсныг олж харлаа. Хэд хэдэн дарга нар нь суугаад нэг хүнтэй хэдэн минут ярилцаад шийдвэрээ дор нь гаргана. Эмэгтэй дарга нар голдуу ярилцлага авч байлаа. Эрэгтэй хүн дээр очвол илүү гайгүй ярьчихмаар юм шиг санагдаад байв. Оочер дөхсөн чинь нэг хүний дараа очвол тэр дарга дээр таарах гээд байдаг. Ар талын хүнээ ”Та түрүүлээд очооч, би дараа нь очъё” гэсэн юм. “Newseum”-ийг та яагаад сонгосон бэ гэдэг асуултад хариулах ёстой. Би чинь түрэмгий ч гэх юм уу, шулуун зантай хүн шүү дээ. Шууд л “Би энд ажилд орно. Би Монголын мэдээллийн том агентлагийн дарга байсан. “Newseum” надад маш их таалагдлаа. Би энд байх ёстой хүн гээд нөгөөхийг чинь бараг “нокдаун”-д орууллаа. Нөгөө хүн чинь юм асууж чадахаа байчихсан. Эмэгтэй хүнийг гомдоочихно. Энэ хүн орно гээд бодчихсон байна. Хэрэв болохгүй гэвэл ухаан алдчихна гэж бодсон байх аа. Тэгээд би тэнд орсон. Сүүлд мэдэхэд тэр хүн манай хамгийн том дарга байсан. Эхнэр нь ази хүн байсан юм билээ. Хэдэн жил тэнд сайхан ажилласан. Одоо ч сэтгэлд бодогдоостой байдаг. Монголчууд тэнд нэг их очоогүй ээ.Таван цагирагийн АНУ даxь сурвалжлагч Ц.Энхтүвшин харин Newseum-ээр өдөржин аялсан байсан. Түүнийгээ сониндоо бичээд, намайгаа дурдсан байв. Би тэр үед эзгүй байж таарсан.

-Сэтгүүлчдийн музей гэхээр юу үзүүлж харуулдаг вэ?

-Тэнд дэлхийн радио, телевиз, сонин, мэдээллийн агентлагуудын бүх цаг үеийн зузаан үүх түүх байдаг. Сонин дэлхийд анх яаж үүссэн юм, ямар сонин байсан, хэн хэн үүсгэсэн гээд бий. Монголтой холбоотой юм тэр бүр байдаггүй. Ханан дээрээ орон орны хэлээр мэдээ гэж бичсэн байдаг. Тэнд харин Монголоор “мэдээ” гээд ганц үг байдаг. Албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан сэтгүүлчдийн дурсгалын булантай. Тэр дотор 2000 онд Увс аймгийн Малчин сум руу явж байсан онгоцонд осолдсон япон,монгол сэтгүүлчдийн нэр ус зураг намтартайгаа байдаг. Манайхаас гэрэл зурагчин Ц.Батзоригийн нэр байдаг. Үндэсний телевизийн дарга байсан Ю.Эрдэнэтуяа Вашингтонд очих үеэрээ Newseum-ийг үзсэн. Дарга маань эрдэмтэн судлаач хүн болохоороо “Чи ийм сонин судалгааны газар ажиллаж байж, гаргасан юм юу байна” гэж зэмлэнгүй хэлж байсан. Одоо Newseum маань санхүүгийн байдлаас нийтэд түр хаагдсан байгаа юм билээ. Судлаач,сэтгүүлчдэд бол нээлттэй байх. Ю.Эрдэнэтуяа даргын хэлсний дагуу бодож төлөвлөсөн юм бий.

-Та бүхэн телевизээрээ Америкийн монголчуудад юуг онцолж хүргэдэг вэ?

-Нутгаа санасан улсууд биднийг телевиз нээж байхад клип хараад л уйлж байсан. Одоо бол Монголын бусад телевизийн нэвтрүүлгүүдээ үзэж байгаа. Миний дараа бас нэвтрүүлэг хийдэг улсууд гарч ирсэн. Нутгаа санасан улсуудад Монголын мэдээллийг түлхүү өгөх ёстой. Ах, дүүсийнх нь мэндчилгээг ч хүргэнэ. Манайхан хаана л явна тэндээсээ мэдээлэл хүргэдэг. Бид Америкийн телевизийн олон нийтэд зориулсан сувгаар 13 даxь жилдээ нэвтрүүлгээ цацаж байна. Мөн зарим вэб сайт, сошиалд байршуулдаг болохоор Америкийн монголчууд төдийгүй дэлхийн энгээр тархан суугаа нутаг нэгтнүүд маань үзэх боломжтой. Монгол хэлнээс гадна англи зэрэг бусад хэл дээр нэвтрүүлэг гаргаж болно.

-АНУ дахь монгол эмэгтэйчүүдийн “Соёл” холбооныхоо тухайгаа ярьж өгөөч. Америкт байгаа монгол эмэгтэйчүүд ямархуу амьдралтай хүмүүс байдаг вэ?

-Би хар залуугаасаа Монголын Эмэгтэйчүүдийн холбоонд зүтгэсэн. Одоо 100 жилийн түүхтэй тэр сайхан байгууллагынхаа Удирдах Зөвлөлд нь байгаа. Ийш тийшээ явахдаа камераа үүрч яваад нэвтрүүлэг хийдэг. Тийм учраас эмэгтэйчүүдийн асуудлыг ойлгодог болсон. Тэр ажлаа санаад тэнд идэвх санаачилгатай ганц нэг улсыг нэгтгэж холбоо байгуулсан юм. Дараа нь Соёл холбоогоо Монголд бас байгуулсан. Америкт байгаа монгол эмэгтэйчүүд бусдын адил амьдрал хөөсөн хүмүүс. Монголдоо янз бүрийн ажил хийж байсан улсууд бий. Өндөр алба хашиж байсан улсууд ч байдаг. Тэнд амьжиргаа нь янз бүр. Хоёр нарны хооронд ажиллаж, мөнгө цуглуулж Монголд байгаа ар талаа тэжээдэг хүмүүс ч бий. “Эмээ харах” гэж настай хүн асардаг ажил байдаг. Бусад ажлаа бодвол цалин нь ахиу. Насны төгсгөл рүүгээ орсон хүнийг хараад гэрт нь амьдраад, асарч тойлдог ажил юм. Зарим нь ээж, аав шигээ ижил дасал болдог гэж найзууд ярихыг олон сонссон. Нутагтаа ирж чадахгүй “эмээ, өвөөгөө” хараад сууж байгаа хүн ч бий. Эмэгтэйчүүдийн маань дунд нутагтаа хүүхэд шуухдаа орхиод харь газар амьдрал хөөгөөд явсан хүн бишгүй олон. Дөрөв, таван настай үлдээгээд явсан хүүхэд нь хэдийнэ гэрлээд, ач гучтай болгосон ч тэдэнтэйгээ уулзаж амжаагүй, амьдын хагацал үзэж яваа хүмүүс ч байдаг. Харья гэхээр Монголд байгаа баахан хүмүүсийн амьжиргааг хэн даах вэ гэж байгаа юм. Нэг хүний нуруун дээр хамаг ачаагаа үүрүүлчихдэг, буруутгаж болохгүй, зөвтгөхөд хэцүү амьдрал. Тийм дайчин бүсгүйчүүдээрээ бахархдаг. Нутагтаа ирэхэд нь сайхан амрааж баярлуулахсан гэж боддог.

-Та саяхан Соёлын элч болсон. Соёлын элч юу хийдэг юм бол?

-Соёлын элчийн томилгооноос болоод сэтгүүлчид маань ярилцлага авна л гэнэ,мэдээ гаргана л гэнэ. Чимээгүй суусан би ойрд од болов. Салбарынхандаа их зан гаргаж болохгүй. Монгол Улсын Соёлын элчийн ажил өргөн хүрээтэй. Бид Гадаад Xарилцааны Яамны Зөөлөн хүчний бодлогыг хэрэгжүүлэх хэрэгслийнх нь нэг. Сүүлийн жилүүдэд Зөөлөн хүчний бодлого гадаад бодлогын чухал ойлголт болоод байгаа. Соёлын харилцаагаар дамжуулан улсаа сурталчилна. Тодруулбал, урлаг соёл, спорт, хүмүүнлэг, түүх, шинжлэх ухааны чиглэлээр хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм. Анх монгол судлаач эрдэмтэн гадаадын хүмүүсийг томилж байсан юм билээ. Дараа нь алдартай бөх, дуучид урлаг спортынхон томилогдож байсан байх. Гадаадад олон жил амьдарч байгаа улсуудаас ч томилогдсон. Сэтгүүлчдээс МОНЦАМЭ агентлагийн захирал байсан, Супер нэгдлийн онолыг нээсэн эрдэмтэн, судлаач Ч.Эрдэнэ 2019 онд Соёлын элч болсон байна лээ. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Соёлын элчийн гэрчилгээг гардуулахдаа “Сэтгүүлч хүн соёлын элч болсон юм чинь өнгө аяс оруулна биз дээ” гэж хэлсэн. Гоё өнгө аяс оруулахыг хичээлгүй яахав.

-Та Монголдоо ирэх үү, дэлхийн хаана ч байсан хамаагүй гэж боддог уу?

-Монголдоо ирчихсээн. Цахим хөгжсөн учраас дэлхийн хаанаас ч ажлаа хийгээд явах боломжтой. Хөдөөгүүр явсан ч,гадаадад явсан ч ажил амралт аяллыг хослуулж явдаг. Ингэж хослуулж болдгийг эх орны хөдөөгийн суманд ажиллахдаа ч, дэлхийн дээвэр Эверестэд онгоцоор аялахдаа биеэр мэдэрсэн. Дээр нь би бас Мета компанийн (Фэйсбүүкийн шинэ нэр) сурвалжлагч шүү дээ. (инээв) Ихэвчлэн гадаад мэдээ тавина. Энд тэнд явсан газрынхаа сонинг бас дуулгачих санаатай. Ядаж байхад 11 цагийн коронагийн мэдээллийг оруулах үүрэг авсан. Заримдаа мэдээгээ хоцроохоор “Сараа, нөгөө мэдээгээ тавиач” гэж чатаар ханддаг хүмүүс бий. Элгэмсэг шүү, монголчууд маань.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

​Т.Саруул: Бүтэн цаг симфони сонссон азтай моддыг Гүнжийн нүдэн нуурын эрэгт тарьсан


Эко соёл сангийн тэргүүн, хуульч Т.Саруултай ярилцлаа. Саяхан тус сан “Модны хайр” тоглолт зохион байгуулсан агаад “Нэг хашаа нэг мод” төслийнхөө хүрээнд Гүнжийн нүдэн нуурын орчимд эко бүтээн байгуулалт хийхээр төлөвлөжээ.


-Та бүхэн “Модны хайр” сонгодог хөгжмийн тоглолт зохион байгуулсан. Үзэгчдийн суудалд мод заларсан нь содон байлаа. Яагаад модонд хайр зарлах болов?

– Сайхан хөгжим, ерөөл сонсоход бидэнд ямар гоё байдаг билээ. Үүнтэй адил нэг удаа ч болов хүн модонд сайхныг харуулж, сайныг мэдрүүлэхийг эрмэлзсэн санаа юм. Мод амьдралынхаа туршид хүмүүст хайр түгээдэг. Хайраа чимээгүй түгээдэг. Түүнийг нь олж хардаг хүн байна. Хардаггүй нь ч бий. Мод гоо үзэмжээрээ биднийг баясгаж, цэвэр агаар өгч, үр жимсээ харамгүй хайрладаг. Хүмүүс өгсөн бүхнийг нь авдаг мөртлөө буцаагаад модонд хүндэтгэл үзүүлдэг билүү. Ялангуяа хотын мод, ургамал өгөөд байдаг, хариуд нь юм авдаггүй өрөвдөлтэй амь, чимээгүй хайрын эзэд юм. Тийм учраас нэг удаа ч болов модыг өөртэйгээ адилхан гэдгийг мэдрээч гэсэн санааг хүмүүст хүргэх гэсэн юм. Байгаль эх бүгдэд өөр өөрийн амьдрах орчин, чадвар заяасан. Харилцан хүндэтгэлтэй хандах учиртай. Сонгодог урлагийг хүн яаж хүлээж авдаг билээ. Мод амьд учраас яг л тэгж хүлээж авна. “Модны хайр” концертын гол зорилго ийм.


-Энэ санааг филармонийхон яаж хүлээж авав?

-Монгол Улсын Филармони гайхалтай хүлээж авсан. Эхлээд удирдаач Б.Батбаатарт санал тавьсан юм. Сонирхож сонсоод “Юутай ч удирдлагууддаа хэлье” гэсэн. Удалгүй тэд “Хүрээд ирээч, уулзъя” гэлээ. “Нэг хашаа, нэг мод” төслийн хүрээнд хийгдэж байгаа ажил. “Олсон орлогынхоо тал хувийг Филармонид өгье. Энэ тоглолтыг ойлгож, мөнгө хандивлах хүн хэд байхыг мэдэхгүй байна. Магадгүй арван хүн, мянган хүн ч байж мэднэ гэсэн. Тэд дараа нь хариугаа хэлсэн л дээ. “Филармони та нараас нэг ч төгрөг авахгүй. Хамтарч ажиллая, сайхан концерт тоглох бүх арга хэмжээг бид авья. Та нар модоо концертын танхимд авчирах, бусад ажлаа амжуул” гэсэн юм. Улсын филармонийн дарга С.Баттулга “Цаашид хамтарч ажиллая, Соёлын яам та бүхний санааг сонирхож байна” гэсэн. Маш их баярласан л даа.

-Хэдэн мод үзэгч болсон бэ?

– Филармони 250 хүний суудалтай. 200-гаад мод үзэгч болсон.

-Төдий тооны хүн хандив өргөсөн гэсэн үг үү?

-Энэ сарын 25-нд хандивын аян зогсч байгаа. Концерт маань 16-нд болсон л доо. Хандивын аян маань чамгүй амжилттай болсон. Бүх хандивлагч хүмүүс, байгууллагад маш их баярлалаа.

-Хандивыг юунд зориулах вэ?

-Энэ хандив Гүнжийн нүдэн нуурын эко бүтээн байгуулалтад хувь нэмэр болох юм. Мод үзэгчтэй өвөрмөц концерт цаг орчим үргэлжилсэн. Бүтэн цаг симфони хөгжим сонссон азтай моднуудаа Гүнжийн нүдэн нуурын эрэгт тарихад та өөрийн биеэр оролцож болно гэсэн саналыг хандивлагчдад тавьсан юм. Жил бүр Монгол Улсын Филармонитой хамтраад Гүнжийн нүдэн нуурын эрэгт сонгодог хөгжмийн тоглолт хийх төлөвлөгөөтэй байгаа. Нуурынхаа эко бүтээн байгуулалтыг санхүүжүүлэхийн тулд зохих хэмжээний төлбөртэй тоглоно. Гэхдээ анхны хандивлагч нараа үнэгүй урина гэсэн юм. Концертын бүтэн бичлэгийг хандивлагчид маань хүлээж авна. Хандивлагчдын нэр, байгууллагын логог тавина. Манай билетийг авсан анхны хандивлагчид маань сэтгэл хангалуун үлдэх болов уу гэж найдаж байна.

-Анхны хандивлагч нь ямар хүн байв?

– Хандивлагчид маань бүгд анхных гэж тооцогдоно. Гэхдээ фэйсбүүкт зар тавихад нэг цагийн дотор Д.Ариунаа гээд найз маань анхны хандив хийсэн. Хүүхдэд зориулж үлгэр уншдаг, Буддын соёлоор дамжуулж хүмүүст ухаарлын мессеж өгдөг гайхалтай сайхан сэтгэлтэй эмэгтэй манай хандивын салхийг хагалсанд их бэлгэшээсэн шүү.

-Ерөнхийлөгч тэрбум мод тарья гээд байгаа. Харин бүр өмнө нь та “5000 мод тарина гэж амласан санагдаж байна. Ийм тооны мод тарьж чадсан уу?

-Бид “Нэг хашаа нэг мод” төслийнхөө хүрээнд 5000-10000 мод тарина гэсэн төсөөлөлтэй байсан л даа. Гурван удаагийн тарилтаар аль хэдийнэ 5000 модоо тарьсан. Энэ нэг удаагийн богино хугацааны төсөл биш. Гэр хорооллын нөхцөл байдал, эко орчин үүсгэнэ гээд бодоход дор хаяж арван жилийн ажил бий. Эхний ээлжинд 5000 мод тарих амлалтдаа аль хэдийнэ хүрсэн.

Тарьсан модод чинь ургаж байгаа юу?

– “Нэг хашаа нэг мод” төсөл Швейцарийн хөгжлийн агентлаг (ШХА)-ийн дэмжлэгтэйгээр 1,5 жилийн хугацаанд хэрэгжих юм. Бид энэ төслөө чадлынхаа хэрээр хэрэгжүүлсэн, модоо ургуулахаар зүтгэсэн. Бас ч гайгүй шүү. ШХА-аас энэ төслийг үргэлжлүүлэн дэмжинэ гэдэгт итгэж байна. Төслийн нээлт хийж, хамгийн олон мод тарьсан газар маань Самъяа хийд. Энд мянган хайлаас, 50 улиас тарьсан юм. Мод тарьсан хэсэгт ухахад л хог гарч байсан, үржил шимгүй, гэр хорооллын айлуудын хөрсний бохирдол нэвчсэн газар байв. Тэнд мянган хайлаас тарихад 60 хувьтай ургасан. Мод авсан газар маань ургаагүй модны оронд нөхөж тарих хайлаас өгнө гэсэн. 50 улиаснаас тав, зургаагаас бусад нь ургасан. Тамтаггүй хүнд нөхцөлтэй, шороо бужигнаж байдаг газар. Ямар ч байсан тэр хавийг ногооруулах хэмжээнд хөөрхөн ургасан. Гэр хороололд байдаг цэцэрлэг, сургууль, албан газрууд, айлын хашаа, гудамжинд тарьсан модод маань дажгүй сайхан ургасан. Баянхошууны хөтөл дээр бага сургууль, цэцэрлэгийн комплекс дээр мод тарьсан. Багш, ажилчид нь үнэхээр сэтгэлтэй хүмүүс. Гэр хорооллын хэсэг газрыг чөлөөлж байгуулсан сургууль болохоор мод тарих талбайгүй мөртлөө боломжтой бүх газрыг ашиглаж тарьсан юм. Чадлаараа ургуулахаар чармайж байхыг харахад урамтай байсан.


-Ингэхэд тарих модоо хаанаас авдаг вэ. Зарим судлаачид хотын орчинд үрслүүлсэн мод сайн ургах чадвартай гэдэг?

-Моднуудынхаа 80 хувийг “Төгөл” цэцэрлэгжүүлэлтийн компаниас авсан. Дамбадаржаад байдаг, социализмын үеэс модны аж ахуй, цэцэрлэгжүүлэлтийн ажил хийж ирсэн Сугарсүрэн гэж эгч бий. Тэндээс авсан. Бид анх модны төслөө эхлүүлэх гэж байхдаа туршлага судлахаар нэг сая мод тарих зорилго тавьсан “Миний Клуб”-ын үүсгэн байгуулагч ТИС-ийн профессор Д.Сэрдарамтай уулзсан юм. Тэд бас “Төгөл” үржүүлгээс мод авдаг байсан тул модны чанарт эргэлзээгүй. Үрсэлгээ, суулгацын том талбайтай, олон төрлийн модтой юм билээ.

-Гэр хороололд мод тарьж байгаа хүний хувьд тэрбум мод тарина гэсэн Ерөнхийлөгчийн амлалтыг яаж хүлээж авсан бэ, хэр бодитой санагдав?

-Яг үнэндээ баяртайгаар хүлээж авсан. Мод тарих ажлыг төр бодлогын хэмжээнд авч үзнэ гэдэг маш том алхам. Өмнө нь иргэд, иргэний нийгмийнхэн энд тэнд жижиг төсөл хэрэгжүүлж, янз бүрээр үздэг байсан. Том зорилго тавиад нийтээрээ оролцоно гэдэг маш том алхам. Тэрбумаар биш ч талыг нь тариад ургуулсан ч том амжилт. Гэр хороололд олон мод тариасай.

-Та бүхэн гэр хороололд мод тарихаар зорьсон шүү дээ. Энэ бүхний дараа гэр хорооллын орчин ногоорох боломжтой гэж үзэж байна уу?

-Гэр хороолол ногоорох ёстой гэж үздэг. Ингэж чадахгүй бол Улаанбаатарын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэхгүй. Нийслэлийн иргэдийн талаас илүү хувь нь гэр хороололд амьдарч байна. Нийслэлчүүд маань агаар, хөрсний бохирдолгүй орчинд амьдрах эсэхийг тэр хүмүүс тодорхойлдог. Хөрсний бохирдлоо шийдэхгүй бол болохгүй юм байна шүү гэсэн сэтгэлгээтэй хүмүүс нэмэгдсээр байна. Аливаа зүйл соёлын хэмжээнд хүний оюунд суусан байхад хэнээр ч хэлүүлэлтгүй, бусдын шахалтгүйгээр аяндаа хуулийн хэм хэмжээний адил хэрэгжүүлдэг. “Эко соёл сан” байгаль орчинд ээлтэй байх соёлыг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой. Ер нь монголчууд бид экологийн өндөр соёлтой ард түмэн байсан. Одоо энэ соёлоо сэргээхэд хүн бүрийн хүчин чармайлт чухал байна.

-Цагаан давааны хогийн цэгийн орчимд амьдардаг хүмүүс мод тарихаар болсон гэсэн. Тэд өөрчлөгдсөн болов уу?

– Хог түүдэг хүмүүсийн хүүхдүүдийг сургадаг “Хөгжлийн хэлхээ” төрийн бус байгууллагын хүүхдийн төвөөр үйлчлүүлдэг хүүхдүүд, гэрийнхэн нь мод тарьсан. Модоо сайн ургуулсан айлууд ч бий. “Үнэхээр ургуулж чадаагүй, усалж чадаагүй үхүүлсэн” гэсэн хүн ч таарсан. Ундны усаа авч дийлэхгүй байгаа зарим өрхийн хувьд модонд ус илүүчлэх хэцүү л дээ. Бас ковид, хөл хорионоос болоод хүмүүсийн боломж нөхцөл тааруу, бидний төлөвлөсөн ажил хэрэгжихэд бас амаргүй л байна. Жишээ нь байгууллагууд, эко хөршүүд болж байгаа айлуудад газар дээр нь хийх сургалтуудаа ихэнхдээ онлайнаар хийхэд хүрсэн.

-Эко хөршүүд гэдэг сонирхолтой санагдлаа. Орон сууцанд оршин суугчид Сууц өмчлөгчдийн холбоонд нэгддэг бол гэр хорооллынхон бас эко хөршүүд байх боломжтой гээд та хуульчийн хувьд сонирхолтой санаа дэвшүүлсэн шүү дээ. Гэр хорооллынхон энэ санааг чинь дэмжиж байгаа болов уу?

– Энэ санааг иргэдтэй ярьж үзсэн. Гурван ч хорооны Засаг даргатай ярилцсан. “Сайхан санаа байна. Эрх зүйн зохицуулалт үнэхээр шаардлагатай юм байна” гэж тэд хэлсэн. Тэгш хөгжих боломжийг төр иргэддээ олгож, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг тэгш хангах нь төрийн үүрэг. Гэтэл орон сууцны хорооллын ба гэр хорооллын нөхцөл асар ялгаатай байгаа. Энэ байдлыг арилгахын тулд эрх зүйн шийдэл, гаргалгааг олох хэрэгтэй. Сууц өмчлөгчдийн холбоо эрх зүйн зохицуулалттай. Гэр хороололд “Хашаа өмчлөгчдийн холбоо” гэдэг ч юмуу ямар ч байсан гэр хорооллын оршин суугчдын ашиг сонирхлыг хамгаалсан холбоотой, тусгайлсан хуультай байх маш чухал. Гэр хорооллын иргэдийн эрх ашиг тал бүрээр зөрчигддөг шүү дээ. Дахин төлөвлөлт хийхэд “Хашааныхаа газрыг үнэлээд нүүцгээ” гэдэг. Гэтэл яг үнэндээ хашаа хоорондын гудамжны газар үнэлгээнд ордоггүй. Тэр хэсэг барилгын компани, төсөл хэрэгжүүлэгчдийн ашигт тооцогддог. Холбоонд нэгдэх нь гэр хорооллын оршин суугчдад маш ач холбогдолтой. Хөршүүд гудамжаараа хамтарч орчноо тохижуулж байж, эрүүл аюулгүй орчинд амьдрах боломж нь нэмэгдэнэ. Үл хөдлөх хөрөнгийнх нь үнэлгээ өснө. Дахин төлөвлөлтөд орсон ч “Манай хашаа өмчлөгчдийн холбооны газар ийм тохижилттой. Бид ийм ийм хөрөнгө оруулсан. Үүнийгээ үнэлнэ” гэх боломжтой. Орон сууцны хорооллын гудамж талбайг төрөөс, нийслэлээс санхүүжүүлж гэрэлтэй, замтай, тоглоомын талбайтай байдаг бол гэр хороололд амьдардаг иргэдэд ч ийм боломж олгох ёстой. Ингэж байж иргэддээ тэгш хандах төрийн бодлого хэрэгжинэ. Эрх зүйн зохицуулалт, орчин нь байхгүй бол хэрэгжих боломжгүй. Гэр хорооллын нөхцөл байдлыг сайжруулахын тулд ийм шинэ хуулийн төсөл санаачлах ёстой гэж би үздэг. Гүнжийн нүдэн нуур орчмыг жишиг болгож ажиллая гэж бодож байна.

-Гүнжийн нүдэн нуурыг яаж олсон бэ?

-”Нэг хашаа, нэг мод” төслийн ажлаар гэр хорооллын гудамжуудаар явж байхдаа энэ нуурыг олж харсан.

-Та Гүнжийн нүдэн нуурын орчимд нийслэлийн жишиг гэр хороолол, эко бүс бий болгоно гэсэн. Эко, жишиг гэдгийг хэрхэн төсөөлж байгаа вэ?

-Гүнжийн нүдэн нуур гэр хороолол дунд байдаг. Гэр хорооллынхон хамтдаа ямар сайхан амьдарч болохыг харуулвал бусад нь ч үлгэр жишээ авах байх гэж найдаж байна. Судалгаа хийдэг, хүмүүст бодит зөвлөгөө өгдөг орчинг бий болгохоор мөрөөдөж байгаа. Өвөлдөө агаар бохирдуулахгүйгээр дулаанаа хангадаг, жорлонгийн асуудал нь шийдэгдсэн байхаар төсөөлж байна. Гүнжийн нуурыг судлах хэрэгтэй байна. Улаанбаатарт байгаа цорын ганц байгалийн тогтоцтой нуур гэдэг. Ойр орчмын хүмүүс нь нуурандаа хайртай болж байна. Өмнө нь нуур руу хогоо хийдэг, өмхий нуур гэж нэрлэгдэх үе ч байсан. Орчин нь сайхан бол хүмүүс улам л гоё болгох гэж хичээдэг юм билээ. Тэнд ургамал судлаач, замаг судлаач, нуур судлаач, шувуу судлаач аваачиж үзүүлсэн юм. Зарим судлаач хэлэхдээ нуурын хамгаалалтын ажлыг хийхдээ шинжлэх ухааны үндэстэй хандаагүй, нуурын хөрстэйгээ харьцдаг хэсгийг цементэлж, явган хүний зам тавьсан байна гэсэн. Гэтэл нуур орчмынхоо хөрс, ургамал, хорхой шавьж, чулуу мод энэ бүхэнтэй харьцаж байж өөрийгөө цэвэршүүлэх боломж нь нэмэгддэг юм байна. Дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд ч бас анхаарч байгаа юм билээ. Б.Жаргалмаа гишүүн мод тарих үеэр ирсэн л дээ. “Нуурын усыг цэвэршүүлэх мөнгө төсөвт суулгасан” гэж ярьсан. Иймэрхүү ажлуудаа нэгтгээд, төрийн байгууллага, төрийн бус байгууллага, иргэд хамтарвал амжилтанд хүрч болохоор байгаа юм.

-Эко соёл сан, СХД-ийн VIII хорооны Засаг дарга Х.Эрдэнэтуяатай хамтарч ажиллахаар гэрээ байгуулсан гэсэн. Оршин суугчид яаж хүлээж авч байгаа вэ?

-Засаг дарга Х.Эрдэнэтуяа баяртайгаар хүлээж авсан. Төсвөөс хөрөнгө гаргаад, тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн ажил хийгдэж эхэлсэн байсан. Гэхдээ тэр хүмүүсийн гэрээ нь дуусаад, цаашид яах вэ гэж байх үед нь манай Эко соёл сангийнхан хорооны Засаг даргатай уулзсан байгаа юм. Манай Эко соёл сангийнхан ч хөрс, агаар, усны бохирдлыг шийдвэрлэхэд хүмүүсийн сэтгэлгээнд өөрчлөлт оруулах гол зорилго маань нэг цэгт төвлөрөн хэрэгжих боломж гарсанд сэтгэл хангалуун байгаа.

-Гүнжийн нүдэн нуур гэж яагаад нэрлэх болсон юм бол. Гүнжтэй ямар холбоотой вэ?

-Хүмүүс янз бүрээр ярьж байна. Бас Алтанхундага гэдэг нэртэй ч байсан гэнэ. Маршал Х.Чойбалсан энэ хавьд зусдаг байсан. Адуутай хүмүүс гүү барьдаг байсан ч гэдэг. Ингээд бодохоор энэ нуурын усаар хүн, мал ундаалдаг байж. Тэр байтугай энэ нуурыг тойроод долоон жижигхэн цөөрөм байсан гэх юм билээ. Манжийн хааны гүнж Монголд богтлогдож ирээд, нутаг усаа санаад жижигхэн тойрмын усан дээр ирж, уйлж суусаар нулимс нь нуур болсон гэсэн домог яриа ч явдаг. Нуурын дэргэд орос хос бас олон жил амьдарсан гэнэ. Нууранд сэлж байгаад эрсдэх шахсан олон хүний амийг тэр орос аварсан гэдэг. Түүхийг нь судалбал олон сонирхолтой зүйлс гарч ирэхээр юм билээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Санчир: Төр, түмнийхээ хүндэтгэлд талархан “Эзэнт гүрний соёрхолт өв” бүтээлээ барья гээд дахин хоёр жил судалгаа, зураг авалт хийсэн

-ДЭЛХИЙН МОНГОЛЧУУДЫН МИНЬ ХУВЬД МОНГОЛ МӨРӨӨДЛИЙН УЛС НЬ ЮМ ШҮҮ-


“Тархан суурьшсан монголчууд” ТББ-ын тэргүүн, соёл судлаач, Төрийн соёрхолт Ц.Санчиртай ярилцлаа. Тэрбээр аян замд явахдаа гэмтэл авч байсан гэдэг. Гэсэн ч өөрийнхөө тухай ярих дургүй нь анзаарагдсан. “Монголын Эзэнт гүрний түүх, соёлыг найман зууны дараа сурвалжлан олж, судлахад нэг хэсэг хүний хувийн амьдрал зориулагдаж байгаа. Үүнийгээ нэг их хэлдэггүй, бидний ажил, Монголын их түүх, соёл гэдэг сэдэвтэй зэрэгцүүлж ярьдаггүй юм” хэмээн тайлбарласан. Энэ эмэгтэй Чингис хаан болон түүний залгамжлагчдын хүрсэн бүх газар нутагт очсон соёл судлаач билээ.


-2021 оны шилдэг ном “Мэргэн ном” цомыг УИХ-ын дарга Г.Занданшатар танд гардуулсан. “Эзэнт гүрний соёрхолт өв” гурамсан боть бүтээлээ бэлэн болгоход бүтэн 12 жил зарцуулсан гэсэн. Эзэнт гүрний өв гэж та юуг онцлох вэ?

-“Номын баяр”-ын хүрээнд Төрийн ордонд УИХ-ын даргын урилгаар очоод, шинэ гурамсан боть маань оны шилдэг “Мэргэн ном” хүртсэн мэдээтэй хамт цом гардан авсан. Энэ олон жилийн хичээл зүтгэл, эрэл хайгуулын үр дүн ном бүтээл минь төр түмэндээ ийн үнэлэгдэж, хүндлэгдэж байгаад туйлын баяртай байна.

Тун товчхондоо Монголын эзэнт гүрний баруун жигүүр Ил хаадын анхны нийслэл Мараге хотноо Хүлэгү хааны байгуулсан одон орны туурь дээр 2009 оны арванхоёрдугаар сард эхлүүлсэн энэхүү бүтээл маань Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүнд байсан бүх улс, хот сууринд ажилласан судалгаа, зураг авалтын дээж юм. 2017 онд “Төрийн соёрхол” хүртсэнийхээ дараа төр, түмэндээ талархан, эзэнт гүрний уудам нутгаа туулж, дахин хоёр жил ажилласан юм. 2019 оны долдугаар сард гурамсан ботийн хэвлэлийн дизайн, орчуулга, хөрвүүлэг зэргийг бүрэн дуусгаж хэвлүүлэхэд бэлэн болсон. Хэвлэлийн зардал, сүйтгэл хайсаар дахиад хоёр оныг үдэхэд ч судалгааны ажил маань шинэ мэдээ сэлтээр сэлбэгдэж байлаа. Тэгээд саяхан 30 дахь “Номын баяр”-ын босгон дээр хэвлэгдэж дууслаа. Зөвхөн гүйцэтгэлийн шатанд хэвлэлийн дизайны ажил жил гаруй, хэвлэх үе шат гурван сар гэх мэт одоо тоочиход богино илэрхийлэгдэж байгаа ч бүтэн 12 жил зарцуулсан бүтээл юм аа.

Монголын эзэнт гүрний түүх, соёлын жимээр тухайлан ертөнцийг байлдан дагуулагч Чингис хаан болон түүний залгамжлагчдын эрхшээн захирсан, хураан нэгтгэсэн, сэргээн босгосон, бүтээн байгуулсан мянга гаруй газар очсон урлаг, соёл судлаачийн хувьд Эзэнт гүрний өв гэж асар өргөн талбарыг хамарч хариулах сэдэв. Нэгээхэн хэсэг нь энэ бүхий л бүс нутагт байгаа түүх соёл, төр нийгэм, шинжлэх ухааны бүтээн байгуулалт, баримтат өв билээ.

-“Шинжлэх ухаан, урлаг соёл, эрдэм боловсролыг тэтгэсэн үедээ монголчууд дэлхийн эзэнт гүрнийг байгуулсан” гэж та дүгнэсэн байна лээ. Их хаадын мөрөөр явсан таны хувьд монголчууд гэж хэн бэ?

– Мянга, түм, буман жилийн түүхт үндэстний зөвхөн найман зуун жилийн өмнөх байлдан дагууллын түүх, соёлыг манайх судалдаг. Түүнээс Монгол нутаг бол хүн төрөлхтний нэгэн өлгий, Монголын эзэнт гүрэн бол бүтээн байгуулалтын бахархалт түүх, монголчууд бид язгуураас удирдагч, тэргүүлэгч, асар үнэнч чанартай бүтээн байгуулагч, шинжлэх ухаанч, байгаль дэлхийтэйгээ хүйн холбоотой хөгжиж дэвжиж, үе үеийн эзэнт гүрнийг эрхшээн захирч явсан үндэстэн.

-800 жилийн өмнө Хүлэгү хааны зарлигаар байгуулагдсан одон орны оргилын туурь дээр гэхэд л 30 гаруй удаа очсон гэсэн. Энэ туурь нь Монголын эзэнт гүрний баруун хязгаар Ил хаант улс буюу өнөөгийн Иран улсад байдаг юм байна. Дэлхийн одон орон судлалын шинжлэх ухаанд монголчууд ямар хувь нэмэр оруулсан бол?

-1253 онд Мөнх хаанаас зарлиг аваад, Монголын эзэнт гүрний баруун жигүүрийг тохинуулахаар Хархорумаас цэрэглэн хөдөлсөн Хүлэгү хаан 1256 онд Хазарын тэнгист хүрсэн байдаг. Улмаар Монголын эзэнт гүрний Ил хаадын анхны нийслэл Мараге хотыг байгуулж, тэнд урлаг, соёл, уран барилга, шинжлэх ухааны асар их шинэчлэл хийсэн түүхтэй. Тэдний нэг бол өдгөө ч Мараге хотын Расадхан толгод дээр буурь, туурь нь байдаг “Хүлэгү хааны одон орны оргил” юм. Мөнөөх одон орны оргилын хүрээнд 400 номтой номын сан, одот тэнгэрийг судалдаг багаж хэрэгсэл хийдэг байсан урлан, олон улсаас ирсэн одон орончид, эрдэмтдийн орон сууц зэрэг шинжлэх ухааны бүхэл бүтэн хотын хэмжээнд бүтээн байгуулалт хийгдсэн байдаг. Хүлэгү хааны одон орны оргилоос Монголын эзэнт гүрний Их Юань Улсын нийслэл Хаанбалгаст эрдэмтдийг урьж, Хубилай хааны одон орны хүрээлэнг өргөтгөж байсан зэрэг баримт сэлт нь манай дэд боть болох “Монголын эзэнт гүрний шинжлэх ухааны төв, одон орны оргилууд” астрономийн шинжлэх ухааны тухай нэг сэдэвт бүтээл болсон. Монголын эзэнт гүрний байлдан дагууллын түүхээр энэ олон жил аялан судалгаа хийхдээ бидний түүхийн бахархалт баримтыг илтгэсэн найман одон орны хүрээлэнгийн буурь тууринаа очиж байлаа. Төмөрийн Улс, Их Моголд ч энэ бүтээн байгуулалт залгамж чанартайгаар үргэлжилсэн байдаг. Тухайлбал, монгол хаадын байгуулсан одот тэнгэрийн орчил хөдөлгөөнийг судалдаг хүрээлэнгүүдийн барилга байгууламж бүгд монгол гэрийн загвараас авсан, дугуй хэлбэртэй, бөмбөгөр оройтой, нумыг бэлгэдсэн хаалга цонхтой, монгол хээн чимэглэлийг номин чулуугаар шигтгэж хийсэн байх жишээтэй. Уран барилга, хот байгуулалт, урлаг соёл, дүрслэх урлагийн бүхий л салбарт уялдаа холбоотой хөгжиж ирсэн. Энэ тухай мөн манай шинэ бүтээлийн тэргүүн боть “Монголын эзэнт гүрний уран барилга, хот байгуулалт” бүтээлд дэлгэрэнгүй бий.

-“Иракт нэг газар нь бөмбөг дэлбэрч байхад, нөгөө газар нь музей байгуулж байдаг” гэж та хэлсэн. Тэр үймээн самуунтай газарт ч манай өвөг дээдсийн ул мөр арилаагүй байв уу?

-Монголын эзэнт гүрний баруун жигүүр Ил хаадын хязгаар буюу өнөөгийн Иран, Ирак зэрэг арав гаруй оронд монгол түүх, соёл, уран барилга, хот байгуулалт, одон орон, шинжлэх ухааны асар их дурсгал бий. 1256 оноос бүтэн зууныг Монгол тугийн дор өнгөрүүлсэн бүс нутаг шүү дээ. Энэ үеийг “Монголын үе”, “Ил хаадын үе” гэж нэрлэдэг. Энэ үед Монгол хаад “Мөнх тэнгэрийн хүчин” дор хэмээх монгол бичигтэй тамгаа дарж, зарлигаа айлдаж, зоосоо дэлдүүлж, орд өргөөгөө сүндэрлүүлж, одон орны оргилууд байгуулж, шинжлэх ухааныг сайшаан дэлгэрүүлж, эрхшээн захирсан бүс нутагтаа цаасан мөнгийг нэвтрүүлж, зоосон мөнгөний үйлдвэрлэлийг өндөр хэмжээнд хөгжүүлсэн. Цаашлаад шил, шаазан, шавар, үнэт эрдэнэсийн дурсгалуудад монгол хээ чимэг, хийц маяг нэвт шингэж урлаг, соёлын цоо шинэ түвшинд хүрсэн. Энэ бүх буурь, туурь, дурсгал өнөө ч энэ бүс нутагт бий. Гэхдээ энэ зуун бол мэдээллийн зуун, соёлын зуун. Найман зууныг мэнд түүчээлсэн монгол түүх соёлын дурсгалууд энэ зуунд устах эрсдэлд орж байгаа бүс нутаг. Тийм учраас бид устаж, сүйдэхээс нь урьтаж ядаж “Дуу, дүрс бичлэгийн баримтат өв”-д буулгах гэж цаг нартай уралдан ажиллаж ирсэн билээ.

-Цагаан монголчуудын тухай та номдоо оруулсан. “Тэнгэрийн монголчуудыг 800 жил хүлээлээ” гэж тэд хэлжээ. 1227 онд эх нутгаасаа гарсан тэд одоо хэдүүлээ болсон бэ, биднийг хэрхэн төсөөлдөг бол?

-1227 оны хавар буюу Чингис хааны сүүлчийн байлдан дагууллын үеэр Хөхнуур Төвөдийн өндөрлөгт тархан суурьшсан монголчуудын нэгээхэн хэсгийг өнөөдөр Цагаан монголчууд гэдэг. Өдгөө 241 мянгуулаа. Найман зууны тэртээд нүүдлийн соёлтой, мал аж ахуйтай байсан бол цаг нийгмийн эрхээр суурин соёлтой, газар тариалан эрхэлдэг болсон ч хувцас зүүсгэл, идээ шүүс, хэл ярианд нь бидний түүх тамгалагдан үлдсэн ард түмэн. Тэд биднийг “Тэнгэрийн монголчууд” өөрсдийгөө “Газрын Монголчууд” гэдэг. “Энэ амьдралдаа амжихгүй шиг байна ирэх амьдрал гэж байгаад өөрөө сонгож болдогсон бол гүрний голомт Монгол Улсдаа адуу ч болтугай болж төрөхсөн” гэж ярьдаг. Ерөөс дэлхийн монголчуудын минь хувьд Монгол мөрөөдлийн улс нь юм шүү.

-Сүүлийн 18 жил та суурин үедээ хоногт 20 цаг ажиллаж, аян замд өдөр бүр 15 кг аппарат камер, нөүтбүүк планшет, ном дэвтэр үүрч, өдөр бүр дунджаар 30-50 км алхаж “Устах эрсдэлд буй соёлын дурсгалууд”-аа дуу, дүрс бичлэгийн баримтат өвд буулгасан гэж саяхан нүүр номдоо бичсэн байна лээ. Танд хувийн амьдрал гэж байдаг уу?

-Номын багш минь хүн судлаач, шинжлэх ухааны доктор Ж.Батсуурь хэмээх нэрт эрдэмтэн байсан. Оюутан байхаас минь л эхэлж “Хүн өдөрт дөрвөн цаг унтахад бие физиологийн хувьд бүрэн сайн амралт болдог. 40 хувийн өлсгөлөн байхад тархи сайн ажилладаг гэж багш маань сургадаг байв. Тэр цагаас л өдөрт дөрвөн цаг амарч сурсан. Суурин үед өдөрт 20 цаг ном хэвлэл болон бусад ажлаа амжуулдаг. Аян замд бол нэг газраас нөгөөд хүрэх галт тэрэг, автобус, онгоцонд тэмдэглэл, судалгаагаа буулгаад яг зорилтот газраа очоод, дээр хэлсэн шиг аппарат камер, ном хэвлэл, нөүтбүүк төхөөрөмж зэрэг 15 кг орчим ажлын зэвсгээ бариад боломжтой бүхий л цагт ажилладаг даа. Хүн болгонд хувийн амьдрал бийн адил надад ч бас байлгүй л яах вэ. Миний хувьд ажилдаа бүх цаг хугацаа, анхаарал, боломжоо хандуулдаг.

-Та “Замд гарах зардал мөнгөө базаахаар урландаа ажилладаг” гэсэн. Урлах хобби, гарын ур тань хаанаас эхтэй вэ?

-Зурах, урлах минь ааваас эхтэй. Миний аав мутрын ур, ухааны ур, мэлмийн ур тэгш сайхан хүн байлаа. Ажлынхаа чөлөө заваар модны мужаан, төмрийн дархан хийдэг, үйл хүртэл урладаг байсан. Намайг оюутан болдог жил аав минь хоёр өрөө байрандаа өөрөө тавилга хийж байсан. Би загварыг нь гаргаад, аав минь гурвын банзыг нэг аравны тав болтол гараар харуулдаад, долоо хоног хатдаг ч маш гоё үнэт мебель шиг гүйцэтгэлтэй болдог тосон лакаар лакдаад хийж байв. Бага ах минь ч уран хүн байсан. Нисэх онгоц, усан онгоцны загвар хийдэг, би түүнээс нь суралцдаг байлаа. Сургууль төгссөн цагаас арьсан эдлэл оролдож, аян замынхаа зардал мөнгийг олж эхэлсэн. Зундаа суурин байж өөрөө тохижуулсан угсармал байрны зоорийн давхрын урландаа цөөн чанартай бүтээл хийгээд гадагшаа борлуулаад, мөнгөө дуустал замд явдаг байлаа.

-“Монгол Улсын Төлөө Зүтгэе!” тангарагтай офицерийн гэр бүлд төрж, эх оронч үзлээр хүмүүжсэн би хувьтай хүн” гэж та нэг удаа бичсэн. Гэр бүл, нутаг ус, аав, ээжийнхээ тухай яриач?

-Дорнод хилийн торгон заагаас Дархан хотын барилга гээд эх орныхоо энхийн манаа, их бүтээн байгуулалтад гар бие оролцож явсан эрхэм хүн миний аав Тогтохын Цэрэндорж. Цэргийн хүний тушаалыг түүний гэр бүл, үр хүүхдүүд хамтдаа биелүүлдэг гэж би боддог. Аавын минь алба, амьдралыг бүхий л цаг үед даруугаар үүрэлцэж явсан хүн миний ээж. Цэргийн хүн олон хүний үлгэр жишээ, загвар болж амьдардаг. Тушаал өгдөг шигээ үүрэг хүлээдэг хүн байдаг. Тийм болохоор хэлсэн бол гүйцэтгэдэг, эхэлсэн бол дуусгадаг, үнэнч тууштай, эх оронч эрхэм зан чанарууд аав, ээжээс минь бидэнд өвлөгдсөн.

Монголын Эзэнт гүрний түүх, соёлын жимээр тууштай зүтгэж буй минь аав, ээжийн ач гавьяа, өндөр дээдэс, өрлөг түүхийн буян заяа билээ.

-Та дэлхийн 50 гаруй улс орноор явж судалгаа хийсэн гэхээр амаараа дүүрэн хэлтэй хүн үү. Соёл судлаач гэдэг таны үндсэн мэргэжил үү?

-Миний үндсэн мэргэжил урлаг судлаач, уран зургийн багш. Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд соёл судлалын салбарт ажиллаж байна. Монголын Эзэнт гүрнээс дэлхий даяар тархан суурьшсан монголчууд болон монгол өв соёлын дурсгалууд гэдэг асар өргөн салбарыг хамардаг. Эзэнт гүрний түүх соёлоос гадна хими, физик, газарзүй, эрдэс баялаг, эдийн засаг, инженер технологи, астрономи, анагаах ухаан, геометр, геологи зэрэг шинжлэх ухааны олон салбарт бүтээлчээр эрэл хайгуул хийх, судлах, суралцах шаардлагатай болдог. Жишээ нь “Төрийн Соёрхол” хүртсэн “Ил хаадын урлаг, соёлын бүтээлүүд” хэмээх олон улсад анх удаа монгол бичиг, кирилл үсэг, англи, перс хэлнээ эрхлэн гаргасан номынхоо Монголын эзэнт гүрний шил, шаазан, шавар дурсгалууд гэсэн бүлгүүдэд хими, физикийн салбараас эрэл хайгуул хийх хэрэгтэй болсон. Монголын эзэнт гүрний үеийн дүрслэх урлагийн дэг сургуулийн тухай бүтээл хэдий ч жишээ нь шилэн урлалд шаардагддаг эрдэс бодисын шинж чанарыг судлах хэрэгтэй болдог. Энэ бүгдийг найман зууны тэртээд монголчууд урлагийн бүтээлдээ судлан ашиглаж эрхшээн захирч байсан бүс нутгийн урлаг, соёлд шинэчлэл хийсэн байдаг. Манай шинэ бүтээлийн гутгаар боть “Монголын Эзэнт гүрний урлаг, соёл” бүтээлд эдгээр баримтат өвүүдийг болон Монголын эзэнт гүрний дүрслэх урлагийн дэг сургуулийг баринтагласан.

-2017 онд “Төрийн соёрхол” хүртсэнийхээ дараа Төрийн ордноос гараад арай ч урлангийнхаа арьс, материалдаа явалгүй оффистоо очиж, ном бүтээлийн ажилтай өнжиж байлаа” гэж дурссан байна лээ. Хүмүүс шагналаа угаана гээд бөөн юм болдог. Харин та яаж “угааж” байв?

-2017 оны арванхоёрдугаар сарын 7-нд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын шадар туслах Түвшин гэдэг хүн манай ажил руу залгаж маргааш Төрийн ордонд хуралтай гэсэн. Маргааш нь өнөө хуралд очсон хүн “Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө”-нд Ерөнхийлөгчийн зарлиг айлдах үед л “Төрийн соёрхол” хүртэж байгаагаа мэдсэн. Шагнал авах гэж ямар ч өргөдөл, анкет, хүсэлт шат шатны байгууллагад илгээж үзээгүй, их тулгамдсан. Төрийн соёрхол хүртэх үе миний амьдралын маш үнэ цэнтэй мөч байсан. Тэнгэрт дэвшсэн аав, ээж, ах нар минь бодогдсон. Туулсан зам, үүрсэн зовлон, үзсэн дурсгал, уулзсан элэг нэгтнүүд минь бодогдсон. Тэр өдөр би мөнөөх дуудагдсан хуралд суучихаад, урлангийнхаа арьс, материалыг авах төлөвлөгөөтэй гарсан. Тэгээд “Төрийн Соёрхол” хүртсэн учраас шууд оффис руугаа буцсан. Утас, холбоогоо унтраагаад ажлаа хийгээд суулаа. Их зүйл бодогдсон. Хүмүүс төр засгийн өндөр шагнал хүндэтгэл хүртээд аав, ээж, гэр бүлдээ очдог байх. Тэр өдөр л би төдийгөөс өдий хүртэл юу туулснаа дахин тунгаасан. Тэгээд таны хэлсэнчлэн одонгоо “угаахгүй” гэж дотроо бодсон. Хоймортоо залах аав, ээж минь тэнгэрт дэвшсэн учраас найр хийхгүй л гэсэн юм. Би өөрөө ч найрлаж цэнгээд, идэж уугаад, баярлаж наадамлаад байдаг хүн биш. Ээжээсээ хойш баяр наадмын урилганд очилгүй, шинэ хувцас хийлгэлгүй дөрвөн жил болсон байсан.

Харин төр, түмнийхээ өндөр хүндэтгэлд “Эзэнт гүрний соёрхолт өв” бүтээлээ барья гэж шийдээд, дахин хоёр жил гүйцэтгэлийн шатны судалгаа, зураг авалтаар ажилласан даа. Төрийн өндөр цол шагналыг олонтойгоо ёслохгүй бол болохгүй гэж учир мэдэх улс хэлсээр, бас олны хүлээлт өндөр байсан тул Цагадайн улс, Төмөрийн улс, Алтан Ордын судалгаа зураг авалтаа амжилттай дуусгаад, ёслохоор шийдсэн юм. Гүйцэтгэх захирал, дүрслэлийн антропологич Б.Цэрэнтэйгээ зөвлөлдөж, салбар бүрийн эрхэм сайхан зочдыг урьсан үйл ажиллагааг номын анд Э.Цолмон найздаа даатгасан юм. “Монгол Улсын Төлөө” тангараг өргөж бүхий л амьдралаа зориулсан эгэл офицерийн охины “Төрийн соёрхолд хүндэтгэл үзүүлэх”-д Зэвсэгт хүчний жанжин штаб, Батлан хамгаалах яам гүн хүндэтгэлтэй хандаж, Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Цэргийн дуу Бүжгийн эрдмийн чуулга 75 хүний бүрэлдэхүүнтэй хүрэлцэн ирсэн нь эх түүхийн мөрөөр эзэнт гүрнээ туулж яваа өчүүхэн бидэнд асар өндөр хүндэтгэл болж байлаа.

Найз нөхөд, ТАСАМ-ыг дэмжигчид гээд түмэн олныхоо хайр хүндлэлээр өдий зэрэгт хүрч тэр бүгдийн их ихдэхгүй бага багадахгүй дэм тусаар судалгааны гал тасраагүй тул хүн болгоныг уримаар байсан ч байр савны хүрэлцээ багтаамжаас хамааран 300 зочинтой хүндэтгэлийн үйл ажиллагаа болсон. Бүгд л эрвийх дэрвийхээрээ оролцсон. “Чингис хаан” зочид буудал гэхэд холоос ирсэн зочдыг маань байрлуулсан. “Хүннү айр” компани элэг нэгт монголчуудын маань төлөөллийг нислэгээрээ дэмжсэн. Энэ мэтээр олны олон таван цэн болж, төрийн өндөр дээд хишигтээ хүндэтгэл үзүүлсэн дээ.

-“Аян замын зардал сүйтгэл олно гэдэг Исламын дайнтай улсуудад ажиллахаас ч хэцүү асуудал байдаг” гэж та хэдэн жилийн өмнө хэлж байжээ. Одоо ч ийм хэвээрээ юү эсвэл өөрчлөгдсөн үү?

-Хэвээрээ шүү (инээв). Манайх төрийн бус, ашгийн бус байгууллага. Судлаач бид өөрсдийн зорилго тэмүүллээр өдий хүртэл судалгааны гал таслалгүй ажиллаж байна. Тун товчоор арьсан урлалынхаа ашиг тусаар, ном бүтээлийнхээ дэмээр өдий зэрэгтэй ажиллаж байгаа. Сүүлийн үед түүх, соёлдоо хүчээ өгөх, хандив дэм өргөх хүмүүс нэмэгдсээр байгаад талархдаг. Бид хэдийгээр төрийн бус байгууллага ч Монгол Улсын Төрөөс Соёлын талаар баримтлах бодлого, Монгол Судлалын талаар баримтлах бодлого, Үндэсний Аюулгүй Байдлын үзэл баримтлал зэрэг эрхзүйн олон чухал ач холбогдолтой үйл хэргийг хэрэгжүүлж яваа. Энэ чухал ажлыг төрийн бус байгууллагын хувиар л хийсээр ирсэн. Дээр хэлсэн зүйл бол төрөөс төсөв мөнгө хөөцөлдөх үед ийм, тийм бэрхшээл их гардаг гэсэн зүйрлэл гэх үү дээ. Энэ бол ес, арван жилийн өмнөх төрийн албаны хүнд суртал, уялдаа холбоогүй байдал, авлига хахууль, танилын нүүр, тал тохойн тухай бидний мэдэрсэн бэрхшээл. Зорилтот бүс нутаг, зорьсон түүх дурсгал, угсаатнуудаа устаж, сүйрэхээс нь өмнө гэсээр ажил төрөлдөө төрийнхөө дэмийг хүртэх боломж ховор л байна.

-Та дурсамжийн номоо бичих үү?

-Чингис хаан болон түүний залгамжлагчдын хүрсэн бүх газар нутагт очсон соёл судлаач хэдий ч, амьдралынхаа 18 жилийг энэ л алс хол, хэцүү бэрх аян замд өнгөрүүлсэн ч замын тэмдэглэл ердөө ганцыг хэвлүүлсэн. “Жахангүшейн замаар” буюу Ертөнцийг байлдан дагуулагчийн замаар гэж. Хувийн тэмдэглэл, дурсамжийн номоо бичиж хэвлүүлэхээс илүү тэр цаг хугацаа, зардал мөнгөөр ажил төрлөө амжуулж, аялан судалгаандаа зарцуулсан нь дээр гэж үздэг.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Дашням: Корона монголчуудад өөрсдийг нь маш сайн таниулж байгаа юм биш үү

Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, зохиолч Л.Дашнямтай ярилцлаа. Тэрбээр саяхан Язгуураа танихуйд өчүүхэн дусал номоо хэвлүүлсэн билээ.


-Эхлээд танаас манай нийгмийг яаж харж, дүгнэж байгааг тань лавлаад авмаар санагдлаа. Ковидоос болоод дэлхий нийтээрээ амаргүй нөхцөлд байгаа. Манайд бас өвчнөөс гадна эдийн засгийн хямрал нэрмээс болоод нийгмийн бухимдал ч их байх шиг?

-Корона монголчуудад өөрсдийг нь маш сайн таниулж байгаа юм биш үү? Холын хараагүй, алсаас урьдчилж бэлтгэдэггүй. Өдөр өдөрт л гал унтраасан маягийн

амьдрал нь бидний хэвийн дүр зураг болсон юм шиг байна даа. Гэнэтийн том цохилтуудад бид бэлэн бус ард түмэн байна л гэж харж суугаа юм. Их цочирддог юм байна, үймдэг юм байна.

Ялангуяа өнөөдөр дэлхийн харилцаа холбоо сүлжээ өргөн дэлгэр болсон болохоор элдвийн юм сонсоод, тэр мэдээллийг сайн шүүж тунгааж боловсруулж чаддаггүй юм байна. Нарийн чиглүүлсэн үг яриа нь ч бас хоцрогддог бололтой. Явж явж нэг талаас нь жаахан вакцинжуулъя, нөгөө талаас нь корона тусаад хамгаалалт нь сайжирна биз гэсэн маяг руу л орчих шив дээ. Түүнчлэн юу ч хийхгүй удаан суухаар эдийн засаг нь дийлэхгүй болж байгаа юм шиг байна.Тийм л бодолтой байна.

-Цар тахлын үеийг ер нь яаж давж гарах ёстой юм бэ. Хэцүү хүнд үе сорилт болдог гэдэг. Зарим нь шинэ боломжийг олж харлаа л гэж байна. Үлдсэн хэсэг нь амьдрахад хэцүү боллоо, баларлаа, сөнөлөө л гэцгээх юм.

-Бид ачаа үүрч сураагүй ард түмэн юм л даа. Бэрхшээлтэй асуудлаа хэн нэг хүн рүү түлхдэг. Бэлэн зэлэн юм хайдаг. Өөрсдийнх нь төлөө бүх хүн юм хийх ёстой юм шиг бодоцгоодог. Хүнд үед хүн бүрийн хариуцлага, тэсвэр тэвчээр шаардлагатай. Өөрөөсөө хамаарах бүхнийг хийх нь хамгийн чухал шүү дээ.

Бид түүнд бэлэн биш шиг байна. Байн байн цунами, газар хөдлөлт, байгалийн хүнд нөхцөлүүдтэй тулгардаг япончуудтай өөрсдийгөө харьцуулаад үзэх хэрэгтэй. Тэнд сандрал байдаггүй. Хүмүүс нь бэлтгэлтэй, өөрөөс хамаарах бүхнийг хийдэг. Хувь хүн бүхэн өөрөөс хамаарах бүхнийг хийхээр нийт ачаалал хөнгөрнө шүү дээ. Шаардлагатай зохион байгуулалтыг нь ч урьдчилаад төлөвлөсөн, хийчихсэн байдаг юм байна. Хэн нь юу хийхээ ч мэддэг, ийм байх юм. Манайхан ковидоос суралцаад ер нь тэгэх ёстой юм байна шүү гэдэг том дүгнэлт хийсэн үү, үгүй юү. Би бол хийгээгүй л гэж бодож байна.

-Болж бүтэхгүй болгондоо төрийг буруутгадаг, хариуцлага нэхдэг боллоо. Төр удирдаж байгаа хүмүүст ч асуудал бий. Гэхдээ хүмүүс маань өөрсдөө хариуцлагатай байна уу гэдгээ ерөөсөө ярихгүй байна. Гудамжинд маскгүй, нус, шүлсээ хаясан улсууд олноороо явах юм.

-Санал нийлж байна. Өөрөө ямар ч хариуцлага үүрэхгүй. Үүрье ч гэж бодохгүй хүмүүс олон байна. Сүүлийн гучаад жилд ард түмнийг бэлэнчлэгч болгочихлоо. Юу нэхнэ, юу ярина түүнийг нь л биелүүлж байдаг төртэй болсон доо. Ер нь их муу зан сургалаа шүү дээ. Төр маань ч энэ их гамшгийн өмнө сүрхий сайн бэлтгэлтэй байсан гэж бодохгүй байна. Эхний үед юу юугүй бүх юмыг хаагаад байснаа улам хүндрээд, бид байтугай дэлхийгээрээ алдаад ирэхээрээ сандраад, явцын дунд ухааралт буулт хийн, жаахан жаахан арга хэмжээ аваад, гал унтраах маягтай л явж ирэх шиг боллоо. Ер нь юуны өмнө тайван байх хэрэгтэй. Дэлхий нийтийг хамарсан гамшиг шүү дээ. Корона бидэндтэй цаашдаа ч хамт байх юм байна гэдгийг ойлгох учиртай. Үргэлж байх юмтай арай нэг өөр харьцах ёстой доо. Хоёрдугаарт, өөрсдөөсөө хамаарах бүхнийг хийх хэрэгтэй! Өөрийнхөө оролцоог чухалчлах учиртай. Бусдын төлөө санаа тавих нь ер нь тун бага болоод байна шүү дээ. Аминчхан үзэл, хувиа хичээдэг, өөрийгөө аваад гарвал боллоо гэсэн хандлагууд их болсон. Ийм нөхцөлд тэр нь мэдрэгдээд л байна.

-Шатахууны хомсдолоос болоод хойд хөрш крантаа хаалаа, урд хөрш хилээ хаалаа гэх мэтээр буруушаадаг. Энэ бүхэн бусдыг буруутгах хандлагатай маань холбоотой байна уу. Эсвэл үнэхээр их гүрний дарамт шахалт нөлөөлж байна гэж үздэг үү?

-Бусдын бидэнтэй харилцах харьцааг урьдчилан бодож, тооцож байх хэрэгтэй дээ л дээ, ер нь! Өнгөрсөн хойно нь эд нар тэгчихлээ гэхгүй. Нэгэнт болсон зүйл дээр бусдад буруу өгөхөөсөө өмнө өөрсөндөө буруу өгөх хэрэгтэй. Биднээс хамаарсан, шалтгаалсан зүйл юу байна. Юу хийж чадаагүй байна. Юу бодоогүй байна гэдгээ ярихын оронд бүх зүйлд гадныхан, өөрөөс нь бусад хүн л буруутай мэт ярьж, бодож болохгүй. Тийм л загвараар сэтгэдэг, ярьдаг, ханддаг хүмүүс манайд их байна.

-Таны Язгуураа танихуйд өчүүхэн дусал номон дээр Монголчуудын сэтгэлгээний онцлог гэсэн хэсэг байсан. Монголчууд язгуураасаа сэтгэлгээний ямар онцлогтой улс вэ?

-Өнөөгийн байдлаар бол бид амьдралын хэвшил, аж төрж байгаа байдлаараа нэг улсын доторх хоёр амьдралтай улс болчихоод байна шүү дээ. Хөдөө тал нь жаахан уламжлалаа дагасан маягтай. Гэхдээ их өөр болсон. Хот нь дэлхий нийтээр хот орон газар ямар байдаг тийм байдал руу шилжээд, зуугаад жил боллоо. Гэхдээ сүүлийн гучаад жил тэр маань бүр огцом өөрчлөгдлөө. Дэлхийн хаана юу байна, бүх л юм манай хотуудад байдаг болчихлоо. Монголчууд хэдийгээр том орон зайд сийрэгхэн амьдардаг, харилцаа холбоо бага юм шиг боловч ялангуяа хүнд хүчир үед бие биедээ туслах, санаа тавих нь амьдралынх нь уламжлалт хэвшил болсон байсан юм. Ийм үнэ цэнэт зүйлс олон байсан л даа. Ахас ихсээ хүндэтгэдэг, аав ижийгээ хүндэтгэдэг, хүүхдүүд, өвгөд өтгөсөө хайрлах, ядуу зүдүүд туслах энэ бүхэн чинь өөрчлөгдсөөр байгаад л бид хоёрын саяны ярьж өнгөрдөг шиг нэг тийм хувиа хичээсэн, би л болж байвал гэсэн хэв загвар руу яваад байна.

Монгол хүн энэ орчлонт ертөнцийн нэг хэсэг нь гэж өөрийгөө боддог учраас байгаль дэлхийдээ яг л аав ижийтэйгээ харьцаж байгаа мэт ханддаг. Тэрний нэг хэсэг нь би шүү гэж ойлгодог. Одоо бол бусдын замаар яваад, бид бол байгаль дэлхий, бүх юмны эзэн, эзэгнэж, эзэмшиж байх учиртай. Аль болох арвинаар, аль болох бага хугацаанд өөрийн болгох ёстой гэдэг үзэл рүү явчихлаа л даа. Байгаадаа сэтгэл ханадаг, багахан хэрэглээтэй. Ухаалаг хэрэглээтэй ард түмэн байсан бол одоо их өөрчлөгдсөн. Түүнийгээ бид хөгжил гэж нэрлээд байгаа юм.

-Таны Язгуураа танихуйд өчүүхэн дусал ном 2020 онд хэвлэгдсэн юм билээ. Ковидын үед гар хумхин суулгүй, монголчууддаа ухаарах сэхээрэхэд нь нэмэр болох гээд ийм ном гаргасан юм болов уу гэж ойлголоо?

-Би жил болгон нэг юм уу хоёр ном гаргаж байгаа. Гэхдээ дотроо бодохдоо одоогийн хүмүүст миний хийгээд байгаа зүйлс онц хамааралтай биш юм байна. Ирээдүйд хэзээ нэг цагт монголчууд тайвшрах байх. Өөрийгөө нэхэх цаг ирэх байх. Хөрсөн дээрээ буух байх. Эх орон, газар шороондоо эзэн болох байх. Тэр үед нь манай өвгөд өтгөс юу бодож, сэтгэж, хийж байсан бол гэж бодох болов уу. Тэр үед нь л ганц ном ч болтугай байгаасай гэж боддог шүү дээ. Түүнээс биш одоогийн хэрэглэгч нарын хувьд бол би өөрийгөө их л хол байна гэж бодож байгаа шүү!

-Би хэн бэ гэдгээ хайсан хүмүүс олон байх аа. Дангаасүрэнгийн Энхбат Бид хэн юм бэ, хаашаа явах гээд байгаа юм бэ. Яг юу хүсээд байгаагаа мэдэхгүйгээр хөгжих боломжгүй гэж ярьж байсан л даа.

-Тэр зөв л дөө. Бид хэн юм бэ гэхээсээ өмнө би хэн бэ гэдгээ таньж ойлгох ёстой юм. Өөрийнхөө амьдралд, нийгэмд, түүхэнд хүн ямар оролцоотойгоо аль болох тодорхойлох гэж хичээх хэрэгтэй л дээ. Цаашлаад бид хэн юм бэ гэдгээ зөв таньж олох юм бол бидний зорилго, хүсэл эрмэлзэл, юу хийх гээд юу бүтээх гээд байгаа, яаж амьдрах гээд байгаа маань илүү тодорхой болно. Ер нь бол манай хууччуулын ярьдгаар цагийн хөл түргэн болсон, өөрөөр хэлбэл цагийн урсгал түргэн, амьдралын хэмнэл хурдан болсон үед бид амьдарч байна. Ийм үед миний хэлж байгаа шиг том орон зайг эзэлж, уужуу тайван амьдардаг маань их өөрчлөгдлөө. Нөгөө талаар монгол залуусын орон болохоор (Хүн амын маань 70 гаруй хувь нь залуус) хөл хөдөлгөөн ихтэй, дуурайх дуртай хүмүүс олонтой орон гэсэн үг. Залуу хүмүүсийн хүсэл мөрөөдөл огцом өөрчлөгддөг. Ийм үед өөрийгөө танихад хэцүү. Ер нь хөл хөдөлгөөн дундаас юмыг таньж олоход хэцүү шүү дээ. Өөрөө ухаан сийлж, танья даа гэж хичээхгүй бол урсгалаар, явцын дунд олж, барьж авна гэхэд хэцүү болсон цаг шүү.

-Залуус маань дэлхийн хүн болъё гэж ярьдаг, хүсдэг. Дэлхийн хүний нөгөө талд язгуураа таних шаардлага гарах байх л даа?

-Дэлхийн хүн болно гэдэг томьёолол ер нь буруу! Ерөөсөө бид төрсөн байдлаараа дэлхийн хүн шүү дээ. Миний байгаа Улаанбаатаргүйгээр дэлхий бүтэн болохгүй. Миний байгаа энэ хонхоргүйгээр дэлхий бүтэн байхгүй. Би байгаагаараа л дэлхийн нэг хэсэг нь. Би өөрөө дэлхийг бүтээж байгаа нэг хэсэг нь гэж бодох хэрэгтэй. Б.Ринчен гуайг аваад үз л дээ. “Би дэлхийн хүн болно” гээгүй. Зүгээр л энэ нутагтаа соёл, түүхээ судлаад, ард түмэндээ хэрэгтэй юм хийгээд явж байсан хүнийг дэлхийн эрдэмтэн л гэж үздэг болсон шүү дээ. Монгол гэдэг дэлхийн нэг хэсгийг сайхан болгоно гэдэг дэлхийд л юм хийж өгч байна гэсэн үг. Үүнийгээ хаячихаад, эндээсээ зулбаж зугтаачихаад, нэг газар очихоороо дэлхийн хүн болно гэдэг, эсвэл өөр орны нэг байгууллагад ажиллахаар дэлхийн хүн болдог юм байхгүй.Тэгж л яриад, хөөрцөглөцгөөгөөд байгаа юм.

-Язгуураа танина гэхээр юуг хэлж байна вэ?

-Жишээ нь, би энэ л хөрсөнд ургасан, энэ хөрс л намайг тэжээдэг болохоор би дэлхийн хаана ч байхгүй өөрийн гэсэн онцлогтой ургамал шүү дээ. Энэ ургамал чинь л харин дэлхийд хэрэгтэй байхгүй юу. Язгуур энд мөртлөө хэрэглээ нь тэнд байж болох нь ээ. Эдүгээ хүн судлаачид ер нь явж явж “Энэ дэлхийн хамгийн хүнлэг хүмүүс бол монголчууд юм байна” гээд байгаа шүү дээ. Дэлхийд хамгийн хэрэгтэй юм нь энд байгаа юм байна л даа. Тэрнийгээ бид улам л сайхан болгох хэрэгтэй. Юугаараа сайхан гэдгээ мэдэх хэрэгтэй. Бид болохоор тэр бүхэн нь юу ч биш юм байна, бид нар юу ч биш юм байна. Дэлхийн нэг хэсэг ч биш юм шиг бодоод байдаг. Япончууд ярьдаг юм билээ. Хамгийн чанартай бүтээгдэхүүнээ эх орондоо, ард түмэндээ хэрэглүүлдэг гэж. Илүү гарсан, зарах үрэх ёстойг нь дэлхийн хөдөлмөрийн хуваарьт оролцуулдаг юм байна. Гэтэл бид гологдлоо өөрсдөө хэрэглэдэг. Ганц нэг экспортын гэж нэрлэсэн юмаа гадныханд л өгье гэж боддог. Ер нь тэгж олон жил явсан шүү дээ. Бодол маань дээшээ биш доошоо харчихсан! Ийм бодлоготой, ийм яриатай, ийм үзэлтэй хүмүүс болчихоод байж, одоо ч байсаар л байна.

Монгол хүнээ танихад өчүүхэн тус гээд таны номын хэсэг байна. Монгол хүнээ таних талаар юуг онцолж хэлэхийг хүссэн бэ?

-Бид түүхэн ард түмэн. Тэр тусмаа хүн төрөлхтөн анх үүссэн тэр газар шороон дээр ерөөсөө нэг ч тасраагүй алхаж яваа ард зон гэж үзэж болно. Өвөг үндэстэн байхгүй юу! Нэгэнт хүн амьдарч бий болсон юм чинь ямар нэгэн соёл, ямар нэгэн харилцаа, амьдралын хэвшлийг бий болгож таарна аа даа. Бидний уламжилж явах, үнэ цэнэтэй, өөрийн гэсэн юмс энэ их хугацаанд өчнөөн төчнөөнөөрөө бий болжээ. Бахархаж, онгирч, омогшиж байна л гэцгээдэг болохоос биш юугаараа гэдгээ тодруулж гаргаж чадахгүй л байгаа. Уг нь тэгэх ёстой юм. Түүхэн хандлага хэрэгтэй юм байна. Юуг нь уламжилж авах, юуг нь орхихоо мэдэх хэрэгтэй. Бахархах ёстой, үнэ цэнэт зүйл маань юу вэ гэдгийг, бусадтай харьцуулахад хэн гэдгээ таних хэрэгтэй. Бид өөрсдийгөө танихаа байтлаа бужигнаад байна л даа. Ядаж л ахас ихэсээ, аав ээжийгээ хүндэлдэг, хайрладаг байя л даа!

-XIII зуунд монголчууд тодорч цойлж гарахад юу нөлөөлсөн юм бэ. Энэ том сэдэв л дээ. Гэхдээ та юуг онцолж дурдах вэ. Тэр үедээ бид том сэтгэж байсан юм уу. Одоо жижигхэн монгол болчихоод байгаа юм уу?

-XIII зуунд Чингисийн шийдвэрлэх ёстой асуудал яг л өнөөдрийн биднийх шиг асуудал байсан. Хэсэг хэсэг хуваагдчихсан. Нэг нэг хонхроо эзэлчихсэн. Хоорондоо дайсагналцсан. “Цэгээн чулуу хагарч,цээлийн ус ширгэж” байсан үе. Тиймээс эв найртай нэгэн цулам улс гэрийг байгуулах учиртайг ойлгож, түүнээс л эхэлсэн шүү дээ. Улс гэрээ байгуулсны дараа харахад зөвхөн монголчууд ч бус дэлхий даяараа амар тайван бус байж. Дарлагдсан, доромжлогдсон хэсгүүд газар сайгүй, худалдаачид наймаа арилжаагаа амгалан тайван хийж чаддаггүй гэх мэтээр байгаа байдлыг харахад шийдвэрлэх асуудал нь томроод, ер нь энэ дэлхий нэг нартай байгаа шиг нэг хаантай, тэр нь энэ их зовсон зүдэрсэн бүхнийг яагаад амар амгалан, сайн сайхан байлгаж болдоггүй юм гэсэн үзэл бодол төрж, тэр том зорилгоо хэрэгжүүлсээр байгаад, эзэнт гүрэнд хүрч л дээ. Тэгж тоймлон ойлгож болно. Одоо бид тэр үеийнхээс ч дутахгүй асуудалтай болоод байна. Их хуваагдаж байна. Намаар, хонхроор, үзэл бодлоороо хуваагдаж, хэрчигдсэн байна. Хэл яриагаараа хүртэл хуваагдахын төлөө ярьдаг хүмүүс ч зөндөө боллоо. Тийм болохоор одоо ч асуудал, зорилго,шийдэл шаардсан зүйлс чамгүй их болоод л байна. Зорилгоо зөв тодорхойлоод, хэрэгжүүлж чадвал үр дүнд хүрнэ. Тэрний ард л том харагдаж байгаа юм л даа. За жижиг зорилго ч байсан түүнийгээ чанартай сайн хэрэгжүүлж чадвал үр дүн гарсан хойноо өмнө нь байснаас илүү том харагдах нь лав.

-Нэг нам бүү хэл бөхчүүд хүртэл эвдэрч хэрэлдэж байдаг. Эрх чөлөөгөө эдэлж байгаа хэрэг үү. Нийтийн ашиг сонирхлоос илүү нэг хүний жижиг эрх ашигтаа хөтлөгдөөд байгаа юм болов уу?

-Бид хүний эрхийг л их том тунхаглаж ярьдаг. Гэтэл бас эрхийн сацуу хариуцлага бий! Асуудлыг томоор харж, томоор төлөвлөж төсөөлдөггүй. Өдөр тутмын асуудалтайгаа зууралдаж, жижигхэн зорилгоо хэрэгжүүлэхийг л бодоцгоодог. Сонгуулийн ард улс орны амьдрал, хөгжил яригдаж байгаа юм шиг боловч,үнэн хэрэгтээ хэн нь ялах вэ гэдэгтэй зууралдсаар доошоо уначихаж байгаа юм. Зорилго нь жижиг, бодож сэтгэдэг нь жижигхэн. Өнөөдөр яаж мөнгө олох вэ, яаж энэнийг хуурчих вэ, яаж нэг дарга болчих вэ гэдэг л бодолтой хүмүүс олон болж! Хүний тархи толгойг хөгжүүлэх, сэтгэлгээг хөгжүүлэх ажил хаягдчихаад, дор дороо онолын маягийн цэцэрхсэн, бие биенээ дуурайсан, дэлхийн гэсэн эзэнгүй том талбайд толгойгүй биеэ шидсэн байдалтай л амьдруулаад байхаар залуус ийм болчихдог юм байна л даа.

-Таны номд монгол ухаан, монгол мэдлэг гэж бий юү гэсэн хэсэг харагдсан. Та үүнд юу гэж хариулсан бэ?

-Шинжлэх ухааны мэдлэг бол түгээмэлшсэн, нийтлэг мэдлэг. Гэтэл гагц тийм мэдлэг байгаа юм биш шүү. Мэдлэг өөрийн тогтсон түвшний хувьд янз бүр байдаг. Практик мэдлэг, жирийн мэдлэг, шинжлэх ухааны мэдлэг гээд лавтайяа гурван түвшний мэдлэг ярьж болно. Практик мэдлэгийн түвшинд бол улс үндэстэнд хамаарагдах мэдлэг байдаг. Далайн орнууд гэхэд л загас жараахайгаа барих, манайх гэхэд л нүүдлийн мал маллах технологи гээд олон өөр мэдлэг бий. Тэгэхээр тэр түвшинд нь бид монгол мэдлэг гэж ярьж байгаа юм. Онцлог нь энэ бол манай говь, тал, хангайн олон бүс нутаг,янз бүрийн нөхцөлд хуримтлагдсан мэдлэг. Монголчууд тэр мэдлэгээ бие биенээсээ нуудаггүй. Аман уламжлалаар дамжуулж, алдаа, оноогоо давхар хэлж засдаг ийм л мэдлэгийг хөгжүүлж ирсэн юм. Тэр тухай л байгаа л даа.

-Одоо зөвхөн залуус ч гэлтгүй дунд насныхан ч язгуураа мэдэхгүй шахуу болоод байна л даа. Удам судраа мэдүүлдэг монгол уламжлал гэсэн хэсэгт та ямар арга зам санал болгосон бэ?

-Бид ер нь язгуураа мэдэхгүй тийшээ явна, цаашдаа ч улам дордох байх! Нэг шалтгаан нь өнөөдөр эмээ, өвөөгийн хүүхэд гэж байхгүй болсон. Язгуурыг мэдүүлдэг, угшлаа таниулдаг, амьдрал мэдүүлдэг хүмүүс чинь эмээ, өвөө шүү дээ. Монгол уламжлалын нэг онцлог нь өвөө, эмээтэйгээ нэг гэрт юм уу нэг дор амьдарч, амьдралыг тэд нь зааж зурж, харуулж үлгэрлэж сургадаг байсан. Одоо түүнээс өөр хэвшилтэй болоод удаж байгаа шүү дээ. Хар нялхаас нь цэцэрлэгт өгдөг. Аав, ээж нь хүүхдүүдтэйгээ ажиллах цаггүй. Удам судар үүх түүх ярих цаг ч бараг байхгүй. Тэр бүхнийг өөр гагцхүү ном хэвлэлээр ч юмуу тусгайлан зааж, мэдүүлдэг л болж дээ. Хуучин цагт айл болгон гэртээ удмынхаа түүхийг бичдэг, хэлж ярьдаг байсан. Ялангуяа Чингисийн удмынхныг үрэн таран хийж, монголчуудыг ер нь удам судраа мэддэггүй болгох их том, олон жилийн ажил хийсэн дээ. Ерээд оноос л удам судраа мэдэх, дахиж хөтлөх, зарлиг заавар журам гарсан. Удам судраа мэднэ гэдэг олон талын ач холбогдолтой. Тэрнийг ярина гэвэл том яриа болох байх.

-Эдийн засгийн хямрал гэж их ярих боллоо. Эдийн засгийн талаар монголчуудын уламжлалт ойлголт, ухаарал юу байв?

-Монголчуудын эдийн засгийн ухааныг ганц үгээр хэлбэл хэмнэх, гамнах, өөрийгөө хязгаарлах ухаан юм. Юмыг ухаалагаар бүрэн дүүрэн эдэлж хэрэглэх. Ийм л ухаан байсан. Одоо бол хүн төрөлхтөн ер нь эргэж ирж байгаа шүү дээ. Монгол сэтгэлгээ рүү эргэж байгаа.

-Минималист амьдралын хэв маяг гээд гадныхнаас суралцаад байдаг. Угтаа монголчууд жинхэнэ ийм хэв маягтай амьдарч байсан юм биш үү?

-Орчлон ертөнц гэдэг хязгааргүй юм биш шүү дээ. Яараад сандраад хэрэглээд, ашиглаад өрсөлдөөд байхаар бүх нийтийг хамарсан сүйрлүүд болж байгааг харж байгаа биз дээ? Газар хөдлөлт, цунами, дэлхийн дулаарал, хүйтрэл энэ бүхэн чинь байгаль хариугаа л авч байгаа юм. Байгалийг хичнээн хохирооно хариугаа хэд дахин илүү хорлонтой авна гэдэг нь л болж байгаа хэрэг. Монголчууд өөрсдийгөө байгаль дэлхийн нэг хэсэг гэж боддог. Байгаль ээж гэж боддог учраас хайрлаж ханддаг. Тэр нь эдийн засгийн ухаан болоод ирэхээрээ гамнах хэмнэх рүүгээ л явдаг юм. Социализмын үед ч малаас гарч байгаа ашиг шимийг амьсгалаас бусдыг нь ашиглана гэдэг уриатай, зорилттой байлаа шүү дээ. Одоо жаахан байгалийн баялгаа л ашиглаж байгаа болохоос бус үйлдвэрлэлээ хөгжүүлж, байгаагаа юм болгоё, зөв эдэлье гэж тууштай зүтгэж байгаа юм алга. Бид монгол унаган эдийн засгийн сэтгэлгээнээсээ айхавтар холдож дээ. Бид тийм байхад эдэд шунадаг харь холынхон харин тэр ухаалаг сэтгэлгээ рүү нь эргэж ирж байх шиг байна.

Categories
булангууд мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал удам-судар

Д.Баярсайхан: Аав Цэдэнбал даргад “Филатова гуай ингэж хутгалдаж болмооргүй байна” гэхэд “Цаадах чинь бас урлаг сайн ойлгодог юм шүү” гэж хариулсан гэдэг

ДЭМБ-ын Женев дэх төв штабт Эрүүл мэндийн удирдлага, санхүүжилтийн асуудал хариуцсан департментад Эрүүл мэндийн системийн ахлах зөвлөх хийдэг Д.Баярсайханы ажил, амьдралын түүхийг сөхлөө. Нийгмийн Эрүүл мэндийн шинжлэх ухааны мастер, Анагаах ухааны доктор тэрбээр Д.Бямбасүрэнгийн Засгийн газарт Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байжээ. Түүний аав Ё.Доржсүрэн Соёлын яамны орлогч сайдаар хоёр удаа ажиллаж байсан түүхтэй.


-ДЭМБ-д ажиллаж эхэлсэн анхны монгол хүн та болов уу. Монгол хүн хүлээн зөвшөөрөгдөхөд амаргүй байв уу?

-Монгол Улс ДЭМБ-д 1962 онд элсэн орсноор тус байгууллагын Шинэ Дели хотод төвтэй Зүүн Өмнөд Азийн бүсэд манай улсаас Жадамба, Отгон гэж хоёр эмч анхдагч болон ажилласан түүхтэй. Олон улсын байгууллагад ажиллах бүү хэл төрийн яаманд хэлтсийн даргаар томилоход Намын төв хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөнөөр оруулж шийддэг байсан цаг үед салбарын шилдэг хүмүүс тэнд очиж ажилласан нь ойлгомжтой. Улмаар 1990 онд өрнөсөн өөрчлөлт, шинэчлэлийн явцад дэлхийн хөгжилтэй орнуудтай хамт асуудлаа ярьж ойлголцдог болох зорилгоор 1995 онд манай улс Зүүн Өмнөд Азийн Бүсээс гарч, Австрали, Япон, Өмнөд Солонгос, Сингапур зэрэг орон ордог Манила хотод төвтэй Номхон Далайн Баруун Эргийн бүсэд шилжсэн байдаг. Энэ бүсэд орж ажилласан анхны монгол хүн гэж харин болох юм. Миний хувьд энэ томилгоо байгаагүй. Эрүүл мэндийн яамны зөвшөөрөл, саналаар тэнд эрүүл мэндийн удирдлага, шинжлэх ухааны асуудал хариуцаж, гурван сар түр ажиллах боломж олдсон. Улмаар Эрүүл мэндийн санхүүжилтийн асуудал хариуцсан ажлын байранд өрсөлдөн, шалгалт өгч тэнцээд ажил авч байв. Ингэж Монгол Улсын төрийн албанаас олон улсын иргэний үйлчилгээнд шилжсэн юм.

Хүлээн зөвшөөрөгдөхөд амар байгаагүй. Анх ажлаа авахад бүсийн захирал уулзаж, баяр хүргээд “Чамд ажлын баталгааг энд хэн ч гаргахгүй шүү. Монгол, америк, япон хүн байх нь гол биш. Ажлын хэрэгцээ, дээр нь бүсийн түвшинд ажиллах шаардлага хангаж чадахгүй нь байраа тавьж өгдөг зэрлэг капитализм шүү” гэж хэлсэн нь надад их зүйлийг бодогдуулж билээ. Ингээд танихгүй, мэдэхгүй хамт олон, орчин, нөхцөлд өөрийн байр сууриа олж, ажлаа үнэлүүлж, дүгнүүлэх, мэргэжлээр шат ахих гэдэг хувь хүн биш, Монгол Улсын нэр хүндийн асуудал болон хувирсан хэрэг. АНУ-ын Бостоны их сургуульд Нийгмийн эрүүл мэндийн шинжлэх ухаанаар сурсан. Мөн Монголд эдийн засгийн төв байгууллага, ЭМЯ-нд ажиллаж сурч мэдсэн зүйлүүд надад гол суурь болсон доо. Эрүүл мэндийн тогтолцоо, санхүүжилт, тугамдсан асуудал хаана ч адил гэдгийг мэргэжлийн түвшинд харж ойлгосон. Ингээд ямар ч байсан гологдоогүй. Монгол хүний чадамж, чадварыг харуулахыг хичээсэн дээ. Тухайлбал, өөрийн хариуцсан асуудлаар бүсийн нийт 37 орны хэмжээнд мөрдөх хоёр том стратеги боловсруулж, хэлэлцүүлж, дэмжүүлж батлуулсан нь өнөө хэр ач холбогдлоо алдсангүй. Эрүүл мэндийн систем, санхүүжилтийн баг бүрдүүлж, удирдан чиглүүлж байсан нь өнөөдөр үр дүнгээ өгсөөр л байна. Олон сайхан хүмүүстэй танилцаж, хамтран ажиллаж ирлээ.

-Дэлхий нийтийг хамарсан ковидын үед монголчууд хэр ажиллаж байна гэж та үзэж байна вэ?

-Халдварт өвчний асуудлаар ажилладаггүй тул би мэргэжлийн түвшний үнэлгээ өгөх боломжгүй. ДЭМБ-ын төвд ажиллахад асуудлыг дэлхийн хэмжээнд харах боломж олгодог сайн талтай. Энэ үүднээс хувийн бодлоо хуваалцвал хэд хэдэн зүйлийг харгалзах ёстой санагдаж байна. Нэгд “КОВИД-19” цоо шинэ өвчин учраас энэ талаарх мэдлэг, мэдээлэл, дагнаж мэргэжсэн эмч, эмчлэх, сэргийлэх эм тариа, вакцин гэж хаана ч байсангүй. Бүгд нүцгэн гар, улаан нүүрээр тулсан. ДЭМБ-ын мэдээгээр “КОВИД-19” хаана бүртгэгдэж, яаж тархаж, халдварлаж, хүндрүүлж байгааг дэлхийн хаана ч шуурхай мэдэх боломж байлаа. Эдгээр мэдээллийг боловсруулж шинэ өвчинтэй тэмцэх, хамгаалах, сэргийлэх нотолгоонд суурилсан заавар, зөвлөлгөөг цаг алдалгүй боловсруулж гаргах, мэдээлэх, дэмжиж туслах ажлыг ДЭМБ эрчимтэй хийсэн. Үүний үр дүнд өнөөдөр хүмүүс сайн мэдлэгтэй боллоо, вакцин гарлаа. Гэхдээ энэ бол нэг байгууллага, нэг салбарын ажил биш, бүгдийн оролцоо, хүчин чармайлт, уялдсан үйл ажиллагааны үрээр амжилтанд хүрнэ гэдэг нь тодорхой байна.

Эдгээр үйл явцаас харвал өвчнийг сайн таньж мэдээгүй үед бидний авч хэрэгжүүлсэн сэргийлэх арга хэмжээ тодорхой үр дүнтэй байв. Ямар замаар өвчин халдварлаж байгааг тогтоосон үед иргэд ч анхаарал, болгоомж сайтай, үлгэрлэх хэмжээнд байсан. Харин үүнийгээ удаан барьж чадсангүй, зарим талаар тайвшрах хандлага гарсан нь эргээд асуудал үүсгэлээ гэж харж байна. Монголчуудын нэг онцлог бий. Аливаа юмыг их хурдан хийдэг ч амархан уйддаг. Үүнийг бүх юман дээр бодолцох ёстой санагддаг. Зарим хүмүүс “КОВИД-19”-ийг ердийн ханиадны хэмжээнд ойлгож эхэлж байх шиг. Урьд өмнө гарч байгаагүй шинэ өвчин гэдгийг огт мартаж болохгүй. Тусаад эдгэхэд ямар үр дагавар үлдэхийг өнөөдөр ч эрдэмтэд судалж байна. Вакцины хамралт өндөр байгаа нь сайн хэрэг. Өнөөдөр гурав дахь тун гэж ярьж байгаа нь бидэнд харьцангуй давуу тал байна гэсэн үг. Одоо үүнийгээ сайн ойлгож, бүгд хариуцлагаа нэмэгдүүлмээр байна.


-Таны аав Ё.Доржсүрэн Соёлын яамны орлогч сайд байсан. “Монголын соёлын түүх”-ийн талаар ном бичиж байсан ч хэвлүүлж амжаагүй. Та эмхэтгэж хэвлүүлсэн гэдэг. Тэр Монголын соёлын талаар юуг хэлж үлдээхийг хүссэн бол?

-Аав маань 1964-1968 болон 1979-1984 онуудад Соёлын яамны орлогч сайд, нэгдүгээр орлогч сайдаар ажиллаж байсан. Ажлын хажуугаар цаг зав гаргаж “Монголын цирк” номыг 1979 онд бичсэн нь өнөөдөр Монголын циркийн түүхийг өгүүлэх ховор дурсгал болон үлджээ. Дараа нь дуусгаагүй номын эх гар бичмэлээр үлдсэн байсныг би үзээд 2011 онд 80 насны ойгоор нь хэвлүүлсэн юм. Номын нэрний хувьд уг гар бичмэлд манай соёл, урлагийн бүх салбарын түүх, баримт орж байсан тул би “Монголын соёлын түүх” гэснээс аав өөрөө ийм нэр өгөөгүй. Аав маань уйгаржин монгол бичиг төгс эзэмшсэн учраас түүхийн олон баримттай өөрөө шууд танилцаж байсан нь ойлгомжтой. Москвад Соёлын дээд сургууль төгссөн, англи хэл бие дааж үзсэн болохоор гадаад хэл дээр түүх, соёлын холбогдолтой олон баримт олж унших боломж байсан болов уу. Дээр нь салбартаа, ажилдаа мэдлэг, чадвар, сэтгэл зүрхээ бүрэн зориулсан хүн байв. Ийм учраас гар бичмэлийг нь уншихад манай соёл, урлагийн эртний өв, уламжлал, орчин үеийн хөгжлийн түүхийг он дарааллаар эмхэтгэж, хойч үедээ үлдээхийг зорьсон нь мэдрэгддэг.

Аав тань Ардын язгуур урлагийн анхны их наадмыг санаачлан зохион байгуулсан гэдэг. Социализмын үед язгуур урлагт ач холбогдол өгөх амаргүй байсан болов уу?

-Хязгаарлах бодлого байсан гэж би ойлгодог. Ийм үед буюу 1981 онд Ардын язгуур урлагийн их наадмыг гурван үе шаттай, улс орон даяар зохион байгуулж алт, мөнгө, хүрэл медаль авч шалгарсан ардын авьяастнуудын хаалтын тоглолт хэдэн өдөр Улсын циркт болсон. Үүнийг тухайн үеийн Улс төрийн товчооны гишүүд Ю.Цэдэнбал даргаас бусад нь бүрэлдхүүнээрээ ирж үзэж, хамт зураг даруулсныг нь би аавын номонд оруулсан. Үзэл суртлын хүрээнд Зөвлөлт холбоот улстай бүх талаар ойртон нягтрах гэж албан ёсоор ярьдаг, бичдэг, сурталчилдаг, түүхэн соёл, урлагийг хоцрогдсон урлаг гэж үздэг, дэмжиж ярьсан хүнийг нь үндэсний үзэлтэн болгодог тийм цаг үе байсан юм. 1970-аад оны сүүл рүү улсын их баяр, наадмын хүндэтгэлийн концертыг Филатова гуай эцэслэн хянаж, орчин үеийн сонгодог урлаг, орос дуу, хөгжим түлхүү оруулах чиглэл өгч байсантай аав маань эвлэрдэггүй байсан юм. Нэг дурсамж өгүүлэхэд улсын наадмын концертыг хянах үеэр аав санал зөрсөн шиг байдаг. Тэгээд Ю.Цэдэнбал даргад Филатова гуай ингэж хутгалдаж болмооргүй байна гэсэн санаа хэлэхэд дарга урдаас нь “Цаадах чинь бас урлаг сайн ойлгодог юм шүү” гэж хэллээ, улсын наадмын концертоо орос хүнээр хянуулах гэж хэмээн ихэд гунигтай өнгөөр надад хэлж билээ. Аргаа бараад, надад хэлж сэтгэлээ онгойлгож байж дээ гэж би одоо бодож, аавыгаа өрөвддөг юм. Аавын номны оршилд Н.Жанцанноров гуай “Соёлын яамыг удирдан хөдөлгөдөг гол хүн нь нэгдүгээр орлогч Ё.Доржсүрэн сайд байв. Энэ үед Цэдэнбал Филатова соёлын ажилд нэлээд гүнзгий орсон цаг. Доржсүрэн сайд түүнтэй бараг биечлэн уулздаггүй. Авгай ч түүнээс нэлээд бэргэдэг нь ажиглагддаг ” гэж бичсэн нь бий. Харамсалтай нь аав маань 1984 онд Орост эмчилгээнд яваад, хагалгаанд орохоор болж, мэс заслын ширээн дээр амьсгал хураасан эмгэнэлт түүхтэй. Д.Цэвэгмэд (Сайд нарын зөвлөлийн орлогч дарга, Соёлын яамны сайд) гуай Оросоос их сайн эмч ирж, үзүүлээч гэлээ. Москвад очиж эмчлүүлэх боллоо, санаа зовох юмгүй, аав нь удахгүй эмчлүүлээд ирнэ гэсэн итгэл найдвартай явж билээ. Мэдээж аавын минь эрүүл мэндэд анхаарч, бүгд сайхан сэтгэлээр хандсан гэж бодож, элдэв хар буруу юм санаж явдаггүй ээ. Харин хайртай хүнээ гэнэт алдах ямар харамсалтайг биеэр амссан хүмүүс л ойлгоно.

-Таны аав пянз сонирхдог байв уу. Саяхан та “Пянзны эрэлд…” ном бичиж хэвлүүлсэн байна лээ. Энэ тухайгаа ярьж өгөөч?

-Аав маань пянз сонирхдог, цуглуулдаг байгаагүй. Угаасаа хариуцсан ажлын нэг нь учраас пянзны хэвлэлт, худалдааны асуудалд оролцдог байсан. Гэхдээ өөртөө пянзгүй ч бас биш. 78 эргэлттэй хуучны хэдэн пянз аавын номын шүүгээнд байдаг байв. Саяхан сошиалд 1982 оны наймдугаар сарын 14-нд болсон “Зөвлөлтийн дуу, хөгжмийн пянзны нээлт” гээд тавигдсан зураг дээр аав маань байх жишээтэй. Одоо эрэлт ихтэй, хүмүүс сонсох дуртай монгол дуутай сайхан пянзнууд аавыг маань Соёлын яаманд байсан цаг хугацаатай давхацдаг учраас пянз гаргаж үлдээх нь түүний бас нэг зорилго байсан санагддаг. Нэг удаа оюутны амралтаар ирэхдээ Монгол ардын дуу, хуур, хөгжмөөр Англид хийсэн хоёр пянзыг хараад асуухад Английн хөгжим судлаач Jean Jenkins Монголд ирж, Говь-Алтай, Өвөрхангай, Төв аймаг болон Улаанбаатар хотод ардын язгуур урлагийн авьяастнуудтай уулзан бичлэг хийж гаргасныг мэдсэн. Тэрбээр хоёр пянзаа аавд Английн ЭСЯ-аар дамжуулж ирүүлсэн байв. Тэр үед аав маань Монгол-Английн найрамдлын нийгэмлэгийн даргаар ажиллаж байсан. Энэ пянзанд алдарт уртын дууч Ж.Дорждагва гуай орсонд ихэд баярлаж, бас пянзны тайлбарыг монголч эрдэмтэн Өргөнгөө Онон гуай бичсэнийг надад хэлж билээ. Үүнийг Монгол ардын дуу, хуур, соёлыг пянзанд бичиж үлдээх, сурталчлах нэг арга байжээ гэж би үздэг.

Миний өөрийн хувийн цуглуулгаар хийсэн “Пянзны эрэлд …” ном маань дөнгөж гараад байна. Хэдхэн жилийн өмнө пянз нэртэй дугуй хар юмыг сонсож цуглуулах бүү хэл мэдэх хүн ховор байлаа. Хэрэглээнээс гарсан хэрэг. Гэвч олон шалтгаанаар пянз хэрэглээнд буцаж ирснээр дуу, хөгжмийг пянзаар сонсох нь хаа сайгүй нэмэгдэж байна. Пянз гэдэг сонсож байгаа хүндээ таашаал өгч, дурсамж үлдээгээд зогсохгүй түүх, соёлыг дамжуулдаг онцгой эд гэдгийг өнөөдөр олон хүн хүлээн зөвшөөрч байна. Жишээ нь манай урлагийн алтан үеийнхний дуу хоолой зөвхөн пянзан дээр л бууж үлдсэн байна. Үүнийг сонссон хэн боловч биширч түүх, соёлоо хүндлэн хайрлаж, хадгалж, түгээх замаар бид бүгдээрээ монгол дархлаагаа дэмжиж байна. Яг үүнтэй адил өнөөдөр пянз бичүүлж гаргаад байгаа, цаашид гаргах Монголын хамтлаг, дуучдын уран бүтээл түүх болон үлдэх юм. Үүнийг баримтжуулах нь энэ номын бас нэг зорилго байлаа. Миний хувьд энэ ном бол хүсэл, сэтгэлдээ хөтлөгдөн цаг, зав гарган байж пянз сонирхон цуглуулагч нартаа зориулж, цөөн тоогоор хэвлэн хүргэж байгаа бэлэг болно. “Пянзны эрэлд…” ном дахиж хэвлэгдэхгүй. Яг пянзтай адилхан 2021 оны долдугаар сар гэсэн анхны оригнал хэвлэлтээр түүх болон үлдэхийг би хүсч байгаа.

-Ээж тань эрт өнгөрсөн гэдэг. Охин дүү тань таныг ээжийн үүрэг гүйцэтгэсэн гэж ярьсан байна лээ?

-Намайг 16-тай байхад ээж маань 43-хан насандаа цусны хүнд өвчнөөр өнгөрч, аав, би, 14-тэй эрэгтэй дүү, 10 настай эмэгтэй дүү нар үлдсэн юм. Ингээд л амьдарсан даа. Өвөө, эмээ дээрээ бага насаа өнгөрөөж, тэнд хоол унд хийхээс эхлээд амьдралын арга ухаанд суралцсан маань ээжээс хойш дүү нараа дэмжиж, тусалж амьдрахад тус болсон. Аавыгаа ар гэрт санаа зовохгүй ажлаа хийх боломж олгохыг хичээж байв. Охин дүү маань тэгж бодож, ойлгож явдаг бол надад түүнээс сайхан үнэлгээ гэж хаа байх вэ дээ.

Зарим хүмүүс тэр үеийн дарга, сайд нарын хүүхдүүд хангалуун гоё амьдралтай, сургууль, соёл, ажил төрөл гэж санаа зовох юмгүй явсан гэж ойлгодог. Бид бүгд өөрсдийн чадлаар амьдралаа авч явсан. Хэцүү хүнд өдрүүд багагүй тохиолдож байсан ч давж гарсан.

Хүүхэд байхад ээжийн өнгөрсөн 43 нас, аавын минь бурхан болсон 53 нас том нас шиг санагддаг байж. Одоо бол ид хийж, бүтээдэг сайхан нас л гэж боддог.

-Та Д.Бямбасүрэн гуайн Засгийн газрын үед Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байжээ. Шилжилтийн хүнд үед Эрүүл мэндийн салбарыг удирдалцаж явсан хүнд ямар дурсамж үлдсэн бол?

-Эрүүл мэндийн салбарт би санамсаргүй байдлаар орсон хүн л дээ. Монголд зүү, тариурын хамтарсан үйлдвэр байгуулах төслөөр анх холбогдсон байдаг. Ингээд П.Нямдаваа, Г.Дашзэвэг, С.Гончиг, Г.Содномдаржаа гээд мундаг хүмүүстэй хамт ажиллаж, бие биенээ илүү дотно мэдэх боломж гарсан юм. Дэд сайдаар ажилласан цаг үе бол манай эрүүл мэндийн салбарт тохиосон хамгийн хүнд хямралын цаг хугацаа байсан. Төсөөл дөө, уламжлалт харилцаа зогссон. Эдийн засаг гипро инфляцитай. Төсөв хүрэхгүй, хөрөнгө оруулалт байхгүй. Эм тарианы хангамжийн нөөц ердөө хоёроос гурав хоногтой. Зарим эм тасарсан. Эмнэлгийн халаалт, дулаан доголдсон, өвчтөнд хоол, унд өгч чадахгүй. Эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууддаа цалинг нь сар алгасч өгдөг байдалтай энэ салбар өмнө нь тулж байгаагүй юм. Амьдрал хүндэрснийг сануулж, эмч нар анх удаа ажил хаялт зохион байгуулж байв. Гэхдээ энэ салбарыг элгээр нь хэвтүүлэлгүй, учирсан бүх бэрхшээлийг богино хугацаанд давж гарсныг тэр үеийн сайд, удирдлагын ухаан, чадамж, мэргэжлийн өндөр түвшинтэй холбохоос өөр аргагүй. Хамгийн хүнд үед 1991-1995 онд яаманд болон аймаг, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж, манлайлсан хүн бүхний хичээл зүтгэл энд шингэсэн. Бид хямралыг дагаж, хүлээж биш харин хамтдаа сөрж, угтаж ажилласнаар үр дүнд хүрсэн гэж боддог. Тухайлбал, ийм хүнд үед хөрөнгө оруулалт татан, Самсунг корпорацитай хамтарсан зүү тариурын үйлдвэрийг Монголдоо нээж байлаа. Оросуудын барьж байгаад орхиод гарсан бэлгийн обьектууд, тухайлбал Гэмтлийн шинэ эмнэлэг, Дорноговь, Хэнтий, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн барилгыг барьж дуусган, ашиглалтанд оруулсан. Монголд анх удаа эрүүл мэндийн салбарын хандивлагч орнуудын уулзалтыг зохион байгуулж, гуравдагч орны хөрөнгийг татан оруулаад зогсоогүй ДЭМБ-ын Бүсийн хорооны 47 дугаар чуулганы хуралдааныг 1994 онд Монгол Улс хүлээн авч, эрүүл мэндийн салбар хэрхэн хямралаа даван туулж буй жишээг бодитой харуулж байв. Энэ мэт хүнд цаг хугацаа ч ажил, амжилтын хувьд надад маш сайхан дурсамжууд үлдсэн дээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал Б.Пүрэвсүрэн: Бэрхшээл саадыг даван туулах, аяндаа цэгцрэх зүй тогтолд найдахаас өөр аргагүй байна

Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнгийн захирал, доктор Б.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.


-Нийгэм стресстэй байна. Ковидод нэрвэгдэж байна. Эдийн засгийн хямрал нэрмээс болж байна. Манай нийгмийн төрхийг нийгэм судлаачид, философичид маань хэрхэн тодорхойлж байгаа бол?

-Нийгэм ямар байна гэдэгт судлаач нар өөр өөрийн өнцгөөс хариулах нь дамжиггүй. Миний хувьд нийгмийг философийн үүднээс харвал нэлээд томоохон өөрчлөлт шилжилт явагдаж байна гэж ойлгож байгаа. Нийгэм хэмээх том систем маань бүхэлдээ өөрчлөгдөж байгаа. Тухайлбал, боловсролын харилцаа, санхүү мөнгөний харилцаа, нийгмийн оюун санааны амьдрал, тэр дундаа үнэт зүйлсийн өөрчлөлт, шилжилт явагдаж байна. Түүнчлэн хүүхэд, залуусын харилцаа, нийгэмд хандах хандлага бүх талаас нь авч үзвэл хүний нийгмийн харилцаанд виртуал ахуйн ноёрхол орж ирж байна. Тийм ч учраас Дэлхийн эдийн засгийн форумыг үндэслэгч Шваабын хэлснээр Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалд бид эгнэгт орсон төдийгүй, зарим улс орнуудын хувьд тавдугаар хувьсгал эхэллээ гэж үзэж байгаа шүү дээ. Хүн бусадтай, байгальтай техник технологитой харилцах хэм хэмжээнд өөрчлөлт шилжилт явагдаж байна гэж үзэж байгаа юм. Тийм учраас ЮНЕСКО Нийгмийн өөрчлөлтийн удирдлага хөтөлбөрөөр дамжуулан мэдлэг, бодлого, үйл ажиллагаа хоорондын уялдаа холбоог сайжруулж, нийгэмд эерэг өөрчлөлтийг бий болгохыг санал болгодог шүү дээ.

-Иргэд ч хямралын шилжилтийн үе шатуудыг туулдаг шүү дээ. Яавал аятайхан даваад гарчих бол?

-Хүний хөгжил байнга явагдаж байдаг зүйл. Эртний Грекийн философчид “Бүх юм хувьсан өөрчлөгддөг, урсан өнгөрдөг” гэж хэлсэн байдаг. Монголчууд ч “Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй” гэж ярьдаг нь үүнтэй утга нэг. Одоо бидэнд тулгарч байгаа сорилт бэрхшээл гэдэг бол хүн төрөлхтний хувьд дааж давшгүй зүйл биш гэж ойлгож байгаа. Тийм учраас дэлхийн улс орнуудын судлаачид үүнийг авч үзэхдээ энэ бол бэрхшээл мөн гэдэг нь ойлгомжтой. Үүнийг даван туулах арга зам байдаг нь үнэн гэж үзэж байгаа. Тэгш бус байдлыг бүрдүүлдэг гол хэлбэрүүд, хувь хүний орлогын болоод боловсролын тэгш бус байдал. Ялангуяа эмч, эмнэлгийн ажилтнуудад ажлаас халшрах хам шинж хамгийн их тулгарч байна гэж яригдаж байна. Энэ хүмүүс маань хүнд байдалд орвол биднийг хэн эмчлэх вэ. Хоёрдугаарт, сэтгэцийн эрүүл мэндийг эмчилдэг сэтгэл зүйч, эмч ажилтнууд бас нэн чухал байна. Өнөө жилээс сургуулийн сэтгэл зүйч нар ажиллаж эхэлж байгаа. Сэтгэл гутрал, айдас түгшүүр нэмэгдэж байгаа энэ үед хүний сэтгэл санаа, оюун ухаан сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах нь чухал болоод байна.

-Хүмүүс давхар стандартыг шүүмжлээд байгаа. Жагсаал цуглаан, олон нийтийг хамарсан арга хэмжээ хийж болохгүй гэдэг. Гэтэл төр засгаас олон хүн цуглуулаад шоу цэнгүүн хийж болдог. Энэ бүхэн нийгмийн бухимдлыг өдөөдөг бас нэг хүчин зүйл болоод байх шиг. Философичийн нүдээр та үүнийг хэрхэн дүгнэх вэ?

-Үүний цаана шударга ёс хаана байна гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Шударга ёс манай нийгэмд хамгийн их дутагдсан зүйл гэдэгт эргэлзэх юмгүй. Шударга ёсны шалгуур юу гэхээр тэгш бус байдал буурсан байх ёстой. Ямар ч хүнд цаг үед, шинжлэх ухаанд суурилсан судалгаатай, эрдэмтэд судлаачдын санаа бодлыг өргөнөөр тусгасан шийдвэр гаргавал алдаа багатай, хохирол багатай даван туулах болов уу. Миний бодлоор олон нийтийн санаа бодлыг тэгшитгэх, гутралд орсон, хямарсан цөхөрсөн иргэд, аж ахуйн нэгжүүдээ хурдан хугацаанд яаж нөхөн сэргээх вэ гэдэгт төр засаг анхаарлаа хандуулах хэрэгтэй. Ковидын эдийн засаг гэдэг ойлголт гарч ирж байна. Ковидын дараах нийгмийн сайн сайхан байдлыг яаж хурдан бий болгох вэ гэдгийг социологичид, сэтгэл судлаачид, эдийн засагчид ярьж байна.

-Ковидын дараахь нийгмийн сайн сайхан байдлыг сэргээх гэдэг чухал. Энэ нөхөн сэргээлтийг яаж хийдэг юм бол?

-Нийгмийн сайн сайхан байдлыг нөхөн сэргээхийн тулд нийгмийн амьдралын үндэс болсон эдийн засаг маань хурдан сэргэх нь нэг номерын асуудал. Эдийн засаг сэргэсэн тохиолдолд өрх гэр, хувь хүний орлогын байдал сайжрах нь ойлгомжтой. Дээр нь нийгмийн соён гэгээрүүлэх үйл ажиллагаа чухал. Тэр дундаа сүүлийн хоёр жил хаалттай байгаа урлаг соёлын үйлчилгээ ихээхэн чухал ач холбогдолтой шүү дээ. Нийтийг хамарсан боловсрол, соён гэгээрүүлэх, урлаг соёлын үйл ажиллагаанд боломжит хэмжээгээр анхаарал хандуулах нь чухал юм.

-Ковидын өмнө ба дараахь үе гэж яриад байна. Ковидын дараахь үеийг хэрхэн төсөөлж байна вэ?

-Юм хэчнээн өөрчлөгдөж хувирлаа ч сайн тал руугаа явж байдаг гэсэн үг бий. Философийн хувьд аяндаа цэгцрэх зүй тогтолд найдаж байгаа гэсэн үг. Юмс сайн сайхан тал руугаа хэлбийхэд өдөөгч, түргэтгэх хэрэгсэл арга зам, хүчин зүйлүүд хэрэгтэй байдаг. Хамгийн гол нь хүн хүнтэйгээ илүү ойр байсан тэр харилцаа өнөөдөр өөрчлөгдөж байгаад олон хүн харамсаж байгаа. Хэвийн байдалд буцаж орно гэдэг чухал. Философичид бол өмнө байсан зүйл хэзээ ч туйлын агуулгаараа эргэж ирдэггүй гэж үздэг. Өчигдөр мандсан нар өнөөдрийн нар биш гэдэг шүү дээ. Тийм учраас бэрхшээл саадыг даван туулах, аяндаа цэгцрэх зүй тогтолд найдахаас өөр аргагүй байна.

-Ажил гэдэг чиний очдог газар бус хийдэг зүйл юм гэдгийг ковид харуулсан гэж та хэлсэн байна лээ?

-Тэгсэн. Энэ цаг үе хэн нь хэн бэ гэдгийг тодруулж байна. Би ажил олгогч байлаа гэж бодоход ажилтнуудын маань хэн нь ажлаа үнэн сэтгэлээсээ хийдэг юм бэ гэдгийг цахим шилжилтийн үе илүү тодорхой харуулсан. Зарим хүн өвчтэй, хавьтал болсон гээд элдэв шалтаг тоочиж байхад нөгөө хүмүүс нь боломжоороо ирээд, хийх ёстой ажлаа хийгээд, заримдаа цахимаар ажиллаж байна. Харин ч цахимаар ажилласанаар зарим хүний ажлын бүтээмж илүү өндөр болсон. Бичсэн ном, гаргасан бүтээл, орчуулга улам бүр нэмэгдсэн хүмүүс байна. Цахим шилжилтийн давуу тал нь хэмнэлт гаргаж болдгийг харуулж байгаа. Сая хүртэл би олон улсын цахим хуралд оролцоход Франц, Англи, Америкаас хүмүүс оролцож, илтгэл тавьж байна. Хуучин бол тэр бүгдийг урьж авчраад, хоол байрны зардал даадаг байсан. Гэхдээ юугаар ч орлуулшгүй зүйл бол хүмүүс хоорондын амьд харилцаа гэдгийг цахим шилжилт бас харуулсан. Хүүхэд, өсвөр үеийнхний хүмүүжил, төлөвшилд амьд харилцаа чухал байна. Цахим донтолт, цахим гэмт хэрэг гэх мэт сөрөг үзэгдэл ч нэмэгдэж байна. Юмс үзэгдэл болгон сайнтай муутай олон өнгө аястай. Нэг үзэгдлийг бусдаас дээгүүр тавих шаардлагагүй.

-Философийн хүрээлэнгээс Монголын нийгэм дэх цахим орчны нөлөөлөл гээд хурал хийгээд, эмхэтгэл гаргаад байсан санагдлаа. Судлаачдын хувьд сайн нь илүү гэж үзэж байна уу, нийгмийн бухимдалд тос нэмж байна гэж үздэг үү?

-Дүгнэлт чөлөөтэй, олон янз. Бодит байдал ямар байгаа нь ахуйн шалгуураар яригдана. Цахим шилжилтээс ухаръя гэсэн хүн харагдахгүй байна. Дэлхийн том их, дээд сургуулиуд хүртэл сургалтын холимог тогтолцоог хүлээн зөвшөөрч байна. Цахим эрх зүй гэдэг ойлголт бий боллоо шүү дээ.

-Цар тахлын үеийн нийгмийн сэтгэл зүй цахим орчинд яаж илэрч байгаа юм бэ. Манай нийгэм илүү шүүмжлэгч болоод байна. Сошиал уур бухимдлаа илэрхийлэх талбар болчихов уу даа?

-Виртуал ахуй гэж би түрүүн хэлсэн шүү дээ. Бодит юм шиг мөртлөө бодит бус. Виртуал ахуйд виртуал баатрууд төрөн гарч байна. Бор гэртээ богд хар гэртээ хаан гэдэг шиг цахим дэлгэцийнхээ ард өөрийгөө баатар, ухаантан гэж боддог хүмүүсийн дүр төрх улам их товойж байгаа юм. Соёл судлалын бэлгэдлийн онол гэж байдаг л даа. Хүн нийгэм соёлын орчинд өөрийнхөө дүр төрхийг хайж байдаг гэж үздэг. Оршихуйн философичид хүн угаасаа л багтай байдаг. Хүн угаасаа жүжигчин гэдэг. Виртуал орон зайд жүжиглэх явдал маш ихээр бий боллоо. Олон хүн дүрд тоглож байгаа. Яг үнэндээ “Фэйсбүүкийнхээ зураг шиг бай л даа” гэдэг шиг хэлж ярьж байгаа шигээ байж чаддаггүй нь олон. Уур бухимдлыг гаргаж байх нь зөв. Хэрэв уур бухимдлаа гаргаж чадахгүй бол улам бүр өвчин эмгэгтэй болно гэдэг. Хүүхэд багачууд маань энэ орчинд живэх вий гэж болгоомжилдог. Цахим халдлагаас үр хүүхдээ хамгаалах нь эцэг эхийн үүрэг хариуцлага болж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

А.Даваасүрэн: Монгол байгалийн арвин баялагтай гэдэг ойлголт моодноос гарчихаад байна

– ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭР ШУУД БАЙГУУЛНА ГЭВЭЛ АСУУДАЛТАЙ-

ШУА-ийн Олон Улсын харилцааны хүрээлэнгийн Бүс нутаг, олон талт хамтын ажиллагааны салбарын эрхлэгч, эдийн засагч, доктор А.Даваасүрэнтэй ярилцлаа. Тэрбээр саяхан Дорнын эдийн засгийн чуулганд оролцоод ирсэн юм.


-Дорнын эдийн засгийн чуулганы нэг хөндсөн сэдэв Монгол- Оросын харилцааны асуудал гэж ойлгосон. Монголчууд “Орос ах” гэж ярьж хэлж заншсан. Харин ирээдүйд энэ харилцаа яаж өөрчлөгдөх бол, эрдэмтэд энэ талаар юуг онцлов?

-ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины санаачилсан Алс Дорнодын эдийн засгийн VI дахь чуулганд оролцоод ирлээ. Чуулганд Монголоос есөн хүний бүрэлдэхүүнтэй оролцсон. Чуулганы дэргэд Монгол, Оросын түүх, эдийн засаг, нийгэм, худалдаа, улс төр, байгаль орчин, соёл хүмүүнлэг гэсэн сэдвээр эрдэм шинжилгээний хурал боллоо. Дорнын эдийн засгийн форумд 58 орноос 4000 гаруй хүн оролцож, 3,9 их наяд рублийн 360 гаруй гэрээ байгуулжээ. Уг форумын үеэр хэлэлцсэн гол асуудал Курилийн аралд аж үйлдвэр, худалдааны чөлөөт бүс байгуулах тухай яригдсан. Мөн Ази, Европыг холбосон, хойд бүсийг дайрсан тээврийн том коридор байгуулах, төмөр зам, авто зам тээвэр логистик, далайн боомт, нисэх онгоцны буудал барих төслийн тухай ч яриа хөөрөө өрнөсөн. Эрчим хүчний нөөц, энэ дотроо нүүрс тээвэр, цахилгаан, байгалийн хийн тээврийн асуудлууд ч дурдагдав. Алс Дорнод дахь сая хүн амтай хот ба аялал жуулчлал, уул уурхайн баяжуулах үйлдвэр, Орос Японыг холбосон гүүр барих асуудлууд яригдлаа. Алс Дорнодын Владивосток хот болон түүний дагалдах хотуудыг хөгжүүлэх, хөрөнгө оруулах тухай ч ярилцлаа.

Манай ШУА-ийн эрдэмтэд оролцсон бүрэлдэхүүнийг Оросын тал чуулганд оролцуулах гэж үнэхээр их ач холбогдол өгч, их хүч чармайлт гаргалаа. Оросын түүхийн нийгэмлэг гэж байдаг. Энэ байгууллага бүх зардлыг даасан. ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины хүрээлэнгийн захирал асан, академич В.В.Наумкин, ОХУ-ын ШУА-ийн Алс Дорнодын салбарын тэргүүн В.И Сергиенко нар зохион байгуулж, хамтын ажиллагаагаа ярилцах боломжоор хангасан. Монголчуудтай хамтарч ажиллах сонирхол их байна. Уг хуралд гурван салбар хуралдаанаар 31 илтгэл тавигдсан. Монгол, Оросын харилцааны түүхэн асуудлууд, Монгол, Оросын улс төр, цэрэг, худалдаа, эдийн засгийн асуудлууд сэдвээр ярилцсан. Мөн Монгол, Оросын соёл хүмүүнлэгийн асуудлууд, Монгол Оросын стратегийн түншлэлийн хэтийн төлөвийн талаар ярилцсан. Оросын зүгээс бидэнд үндсэндээ нэг л мессэж өгч байсан. Монгол ах дүү нар аа, хамтраад сайхан уламжлалаа сэргээе, хамтарч ажиллая, судалгаа, шинжилгээгээ хийе, ямар ч салбарт ажиллахад нээлттэй гэсэн мессэж өгч байна гэж би ойлгосон. Миний бие “Монгол, Оросын худалдаа, эдийн засгийн харилцаа” гэсэн гуравдугаар салбар хуралдааныг даргалж, “Монгол, Оросын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, асуудлууд ба тэдгээрийн шийдэл” гэсэн сэдвээр илтгэл тавьсан. Энэ илтгэлийн дараа Монгол Улс Евразийн холбоонд орох боломж юу байна, та нар үүнийг юу гэж бодож байна гэсэн асуулт тавьж байна лээ.

-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уг чуулганд цахимаар оролцож хэлсэн үгэндээ “Евразийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах талаар судалж байна” гэж дурдсан. Та эдийн засагч, судлаачийн хувьд ийм гэрээ ач холбогдолтой гэж үзэж байна уу?

-В.Путин нэгдсэн хуралдаанд биечлэн үг хэлсэн бол Монгол Улсын төрийн тэргүүн У.Хүрэлсүх болон Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев нар цахим хэлбэрээр оролцож үг хэлсэн л дээ. Хятад, Энэтхэг, Тайландын ерөнхий сайд нар мэндчилгээ илгээсэн. Ерөнхийлөгч В.Путин хэлсэн үгэндээ Алс Дорнодод маш их нөөц бололцоо байна. Ажиллах хүч, байгалийн баялаг, зам тээвэр, далайн боомтын нөөц бололцоо байна. Ази, Номхон далайн зах зээл нь дэргэд байна. Шинэ бизнес, шинэ төслүүдийг хэрэгжүүлэх орон зай байна. ОХУ-ын бусад бүсүүдтэй харьцуулахад Алс, Дорнодын бүс эрчимтэй хөгжиж байгаа гэж цохон тэмдэглэсэн. Манай Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг би бас анхааралтай сонссон. Монгол Улсад худалдаа эдийн засаг, нийгэм хүмүүнлэг, түүх соёл, эрчим хүч, зам тээвэр гэх мэт олон салбарт хамтарч ажиллах боломж байна гэдгийг чуулганы үеэр салбар болон нэгдсэн хуралдаанд их яригдаж байлаа.

Ер нь чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах асуудлыг судалж шийдэх учиртай. Эдийн засгийн үр ашиг гэхээсээ улс төр, геополитикийн үр ашиг гарах эсэхийг тооцож үзэх ёстой. Шууд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулна гэвэл асуудалтай. Чөлөөт худалдааны хэлэлцээрийг ямар улсууд байгуулдаг гэхээр аж үйлдвэр өндөр хөгжсөн, экспортод нь түүхий эд бус эцсийн бүтээгдэхүүн зонхилдог улс орнууд ийм гэрээ байгуулахыг зорьдог. Та бүхэн мэдэж байгаа. Монгол Улс, Японтой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулаад явж байгаа. Үр ашиг нь төдийлөн сайн гарахгүй байна. Яагаад гэхээр Монгол Улсын бараа бүтээгдэхүүн Японы зах зээлд гарч чадахгүй байгаа. Олон янзын техникийн шаардлага, стандартад тэнцэхгүй байна. Гэсэн хэрнээ Монголд орж ирж байгаа Японы машин импортын тарифгүй орж ирж байгаа. Үүнээс үүсч байгаа эрсдэлийг та бүхэн мэдэж байгаа. Энэ сургамжаа бодолцоод, чөлөөт худалдааны хэлэлцээрт орохдоо юун дээр анхаарах вэ гэдгээ сайн бодож байж хэлэлцээрт орох нь зүйтэй.

-Хэдийгээр Европын улсууд, Япон бидэнд боломж олгодог ч манай бүтээгдэхүүнүүд тэдний стандарт шаардлагыг төдийлөн хангаж чаддаггүй л дээ. Харин Евразийн эдийн засгийн холбоонд Орос, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсууд байдаг. Тэд бол Монголын мах, малын гаралтай түүхий эдийг хүлээж авч, хэрэглэж дадсан улсууд гэж манайхан найддаг. Бид орчин үед оросуудад юу санал болгох боломжтой вэ?

– Евразийн эдийн засгийн холбоо бол ОХУ тэргүүлсэн, Казахстан, Беларусь, Армени болон Кыргызистан гэх хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан таван орны гишүүнчлэлээс бүрддэг. Уг холбооны зорилго хуучин ЗХУ-ын орон зайд эдийн засаг, худалдааны харилцааг гүнзгийрүүлэх зорилготой үйл ажиллагаа явуулж байгаа юм. Энэ холбоо манайхыг гишүүнд элсэх асуудлыг их анхаардаг.

Ер нь бодит амьдрал дээр худалдааны ойлголт огт өөр болсон. Монгол махтай, байгалийн арвин баялагтай гэдэг ойлголт үндсэндээ моодноос гарчихаад байна. Орос мах, махан бүтээгдэхүүнээ Латин, Америкийн улсуудаас бүрэн хангаж байгаа. Яах вэ, Оросын мах хэрэглэгчид Монголын мах сайн гэдгийг мэднэ. Тийм ойлголт одоо ч бий. Гэхдээ биднээс шалтгаалахгүй зүйлс байна. Тухайн улсын улс төр, бизнесийн асуудал байдаг юм билээ. Манай мал аж ахуйн болон уул уурхайн түүхий эдийг авдаг байсан үйлдвэрүүд өнөөдөр ажиллахаа больсон. Монголд ерэн оноос өмнө эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан бол одоо түүхий эд зонхилж экспортлох болсон. Нөгөө талаасаа бид үндсэндээ уул уурхайн салбарт өрсөлдөгч болчихоод байгаа юм. Ялангуяа нүүрсний салбарт. Тийм учраас уламжлалт ойлголтоосоо салах хэрэгтэй. Өнөөдөр бид эрчим хүч үүн дотроо байгалийн хий дамжуулах хоолой, газрын тос, цахилгаан эрчим хүчний салбарт хамтарч ажиллах өргөн боломж бий. Нөгөө талаас бид үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийхээ чанар, стандартыг сайжруулах, зорилтот зах зээлд зорилтот бүтээгдэхүүн гаргах зорилго тавих шаардлагатай. Болж өгвөл нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, олон улсын стандартад нийцүүлэхэд анхаарах ёстой. Ийм нөхцөлд аль ч зах зээлд бараа бүтээгдэхүүнээ гаргах боломж нээлттэй.

-Орос, Монголын 100 жилийн хамтын ажиллагааны түүх бий. Ирэх он жилүүдэд яаж хамтрах төлөвтэй байна?

-Дэлхий нийтээр дижитал, цахим шилжилт хийж байна. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал руу шилжиж байна. Уламжлалт ойлголтоосоо илүү шинжлэх ухаан техник, мэдээлэл харилцаа холбооны өндөр хурдацтай хөгжлийн үед яавал хамтын ажиллагаагаа өргөжүүлэх вэ, яавал харилцан ашигтай байх вэ гэдгээ бид тооцож, өөрийн гэсэн судалгаа, бодлоготой байх учиртай. Эрчим хүч гэж би түрүүн хэлсэн. Үүнд байгалийн хий, газрын тос орж байна. Цахилгаан эрчим хүч байна. Нар, салхины сэргээгдэх эрчим хүч орж байна. Нүүрс тээвэр, олборлолт гээд яривал энэ салбарт боломжууд бий. Техник, технологийн ололтыг ашиглаж, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлбэл илүү дөхөмтэй юм. Түүнээс биш бид сүүлийн 30 жил мах, ноос ноолуур ярилаа. Урагшилж байгаа юм алга. Монгол Улсын гадаад худалдааны эргэлтэд ОХУ 11,3-хан хувийг эзэлж байна. Бид ОХУ руу экспортынхоо 0,8 хувийг гаргаж байна. Үндсэндээ манай экспорт зогссон гэсэн үг. Манай экспортын бараа өрсөлдөх чадваргүй байна. Өрсөлдөх чадвартай байхын тулд түүхий эдээ гүн боловсруулах, техник технологи, дижитал шилжилт ашиглах хэрэгтэй. Малын түүхий эдийг хуурайгаар, хог хаягдалгүй боловсруулж чадвал Сибирт хангаж барахгүй ноос, ноолууран бүтээгдэхүүний том зах зээл байна. Шинжлэх ухааны судалгаа шинжилгээгүйгээр бид ерөөсөө урагшлахгүй. Хуучных шиг махаа үүрээд хил гараад зарчих юм шиг ойлгож болохгүй.

-Шатахууны үнэ нэмэгдэж, хомсдол бий болоод байна. Энэ асуудлаар бид хойд хөршөөсөө бүрэн хамааралтай байдаг. Манайхан дотооддоо шатахуунаа үйлдвэрлэдэг болох гэж оролдож байна. Үүнийг оросууд яаж хүлээж авч байх юм.

-Шатахууны үнэ Оросын дотоодын зах зээл дээр ч өндөр байна. Нэг талаас дэлхийн зах зээл дээр түүхий нефтийн үнэ өссөнийг дагаад 2021 онд найм ба есдүгээр сарын байдлаар бензиний үнэ (1 тонн АИ-95 бензин 60 мянган рубль, АИ-92 бензин 57 мянган рубль) өссөн. Нөгөө талаас ОХУ-ын Холбооны төсвийн алдагдалыг нөхөхийн тулд дотоодын бензин, дизель түлшний онцгой албан татварын хувь хэмжээг өсгөсөн нь манайд нийлүүлдэг бензин, шатахууны хомсдолыг бий болгож, үнэ өсгөхөд нөлөөлсөн. Иймд бид дотоодын нефть боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах, шатахуун үйлдвэрлэхэд анхаарах ёстой юм. Ингэж бусдаас 100 хувь хамааралтай байж болохгүй л дээ.

-Нөгөө байгалийн хийн хоолой яалаа?

-Алс Дорнодын форумын нэгдсэн хуралдааныг хөтөлсөн Сергей Берлов гэж хүний хэлсэн үгийг та анзаарсан уу? Монголоор дамжуулж байгаа байгалийн хийн хоолой, Украинаар дамжуулж байгаа хийн хоолой шиг болохгүй байх гэж найдаж байна гэсэн. Баригдаад дуусахаар зангаа хувиргачих вий дээ гэсэн үг анхаарал татсан. Тэр том хуралдаан дээр хөтлөгч хийж байгаа хүний амнаас гарсан үг санамсаргүй биш болов уу.

-Ковидын үед хил давж хуралд оролцох амаргүй байсан уу. Оросуудын халдвар хамгааллын дэглэм нарийн байв уу?

-Бид эндээс бөөн маск зүүсэн хүмүүс хил давсан. Хил давсан чинь нөгөө оросууд чинь маскгүй тууж явна. Бид гайхсан. Эхэндээ ч масктайгаа явлаа. Улаан-Үд орлоо. Цаашаа Владивостокт онгоцоор буулаа. Масктай хүн байхгүй байна. Гэхдээ биднийг нисэх буудалд буухад түргэвчилсэн PCR шинжилгээ авсан л даа. Гудамжинд маскгүй явахыг зөвшөөрч байна. Гэхдээ байшин барилга дотор битүү орчинд маск зүү гэж байна. Олон хүн цуглахыг хязгаарлаж байна. Ер нь оросуудын хэлж байгаагаар бол “Ковидын аюул өнгөрлөө” гэж дүгнэж байгаа юм билээ. Гэтэл вакцинжуулалт нь ердөө 27 хувьтай байгаа шүү дээ.

-Та уламжлалт ойлголтоо өөрчлөх хэрэгтэй гэлээ. Та эрдэс баялгийн нөөцийн талаар ном гаргасан даа. Монгол эрдэс баялагтай баян орон гэдэг нь бидэнд цаасан малгай өмсгөж байгаа хэрэг гэж та хэлсэн байна лээ?

-Монголчууд хийсвэр сэтгэлгээтэй хүмүүс. Судлаад үзэхээр яг үнэндээ Монголд яндашгүй арвин алмааз эрдэнэ, байгалийн хий, газрын тосны их нөөц байдаггүй. Бид хэдэн жилийн өмнө батлагдсан 17 нэр төрлийн баялгийн нөөцөд эдийн засгийн үнэлгээ хийсэн. Нийт баялгийг үнэлэхэд 3.1 их наяд ам.доллартай тэнцүү. Манай улсын байгалийн баялгийн 61 хувь нь нүүрс байдаг. Нийт нөөцийн 16,6 хувийг зэс эзэлдэг, хайлуур жонш 1,2 хувь, төмрийн хүдэр 1 хувь, алт 0,9 хувийг эзэлдэг. Нэг хүнд ногдож буй дүнгээр бусад оронтой харьцуулахад өндөр. Харин нийт нөөцөөрөө бол бага.

-Тэгэхээр манай Монголын байгалийн баялагт бүгд шунадаг гэж ойлгож болохгүй нь ээ?

-Тэгж болохгүй. Манай Монголын байршил гайхамшигтай. Байгалийн баялгаасаа илүү геополитикийн байршлаа зөв ашиглах ёстой. Энэ талаар оросууд ч их ярьж байна. Хурлын үеэр олон илтгэлүүд дээр үүнийг дурдсан.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ч.Дугаржав: Модод хотын дуу чимээг шингээж авдаг учраас стресст их ордог

Шинжлэх ухааны доктор, академич, ой судлаач Ч.Дугаржавтай ярилцлаа.


-Та 1970-аад оноос ой судалжээ?

-Тийм. Анх Санкт-Петербургийн улсын их сургууль төгсөж ирээд л ойн судалгааны ажилд шууд орсон.

-Тэр үеийн ой одоогийнхоос өөр байсан уу?

-1970 онд Монгол, Оросын хамтарсан биологийн экспедицийн ойн хайгуулын ангийн бүрэлдэхүүнд орж, судалж эхэлсэн юм. 51 дэх жилдээ Монгол орны ойг тасралтгүй судалж байна. Энэ хугацаанд Монгол орны ой их өөрчлөгдсөн.

-Яаж өөрчлөгдөв?

-Нэгдүгээрт манай орны ойрхог байдал, ойн талбайн хэмжээ багассан. Тухайлбал, Монгол орны газар нутгийн 10 орчим хувь нь ойгоор бүрхмэл талбайтай, найман хувь нь ойрхог чанартай гэж тухайн үеийн тоо баримт байсан. Гэтэл өнөөдрийн байдлаар ойрхог чанар нь долоон хувь, зарим тоо баримтад 6.8 хувь хүртэл буурлаа гэж үздэг. Ойн бүтэц бүрэлдэхүүнд бас их өөрчлөлт орсон. Ялангуяа шилмүүст ой, нарсан ой бараг устаж дуусч байна. Тэгээд ашиг шимт чанар багатай навчит ойгоор солигдож байна.

-Яагаад тэр юм бол?

-1990 оноос хойш нарсан ойг огтолж, модыг нь ашиглах болсон. Нэг жишээ хэлэхэд, модыг нь урагшаа гаргана гээд нас гүйцсэн 250-300 настай Тужийн нарсан ойг бүгдийг нь огтлоод дуусгачихсан шүү дээ. Одоо хуучин ой байсан газар дээр нь сая орчим залуу зулзган мод тарьсан. Түүний хүчээр залуу ойгоор сэргэж байна л даа. Ганцхан жишээ хэлэхэд л ийм байна.

-Өөр юу нь өөрчлөгдсөн бэ?

-Ойн ургах орчин бас өөрчлөгдсөн. Тухайлбал, мөнх цэвдэг хайлж, хэмжээ нь багассан. Түүнээс болоод шилмүүст ойн тархацын хүрээ хумигдаж байна. Ой хөрс амьтан, ургамал агуулсан иж бүрэн эко систем байдаг. Энэ талаас нь авч үзвэл ойд амьдардаг олон амьтад цөөрч, зарим нь тухайн нутагтаа байхгүй болж байна л даа. Үүний жишээ нь буга, согоо байна. Богд уулаас эхтэй Хэнтийн нуруу тэр чигтээ бугын сүрэгтэй байсан. Одоо бугатай газар гэвэл дөнгөж л Ерөө голын эхэнд, Хустайн нуруунд л үлээд байна шүү дээ. Бусад газрын буга үндсэндээ байхгүй боллоо. Ингэж экосистемд нь хүртэл өөрчлөлт ороод байна даа.

-Самар түүж байна гээд баахан хүмүүс намар явдаг шүү дээ. Тэд ч бас сөргөөр нөлөөлдөг байх даа?

-Хушин ой Монгол орны хамгийн баялаг ой. Модлог чанараараа ч ач холбогдолтой. Нөгөөтэйгүүр ус, хөрс хамгаалах, экологийн асар их үүрэгтэй ой л доо. Үүнээс гадна самар гардаг. Ерээд оноос эхэлсэн дээ, самар бэлтгэж, ашиг олох гэсэн хэсэг бүлэг хүмүүс гарч ирсэн. Самрыг их хэмжээгээр бэлтгэж, хушин ойд маш их хохирол учруулж байна. Самрын гол нөөц Хэнтийн нуруунд байдаг. Самар дөрвөөс таван жилд нэг удаа элбэг үр өгдөг. Бусад үед бага өгч, зарим жил зарим газартаа боргоцой байхгүй байдаг л даа. Боргоцой их гарсан жил хүмүүс болохоос нь өмнө долдугаар сарын 20-доос эхэлж, өвөлжингөө бэлтгэж, зарим нь бүр ойд өвөлжиж байна шүү дээ. Гол аюул нь түүхий, болоогүй байхад нь унахаас нь өмнө модыг түншүүр гэж юмаар цохиж, холтсыг нь ховхолж, гэмтээж байна. Гэмтсэн газар нь хортон шавьж үржиж, мод ургах чадвараа алддаг. Нөгөөтэйгүүр их самартай том модыг жишээлбэл 22 метр өндөртэй, 350-400 настай том бүдүүн модыг хөрөөгөөр огтолж унагаж байгаад самрыг нь авч байна шүү дээ. Хэнтийн нуруунд ингэж унасан мод зөндөө таарч байлаа. Үүнийг л зогсоох хэрэгтэй байгаа юм даа.

-Та бас 750 настай хар мод Монголд байна гэж ярьсан шүү дээ?

-Монгол орны модод дотроос хамгийн урт насалдаг нь хар мод. Өнөөдрийн байдлаар манай оронд нас гүйцсэн, 450-550 настай хар модон ой энд тэндгүй байна. Увс аймгийн Хархираагийн нуруунд МУИС-ийн багш, доктор Н.Баатарбилэг бид нар явж байгаад, нэг бүдүүн хар мод олж, модны цагираг судалгааны нарийн өрмөөр өрөмдөж үзсэн. Ингэхэд 750 хүртэл насалсан мод таарсан л даа. Нарийн өрөм учраас модондоо гэмтэл учруулахгүй. Дээж авсан нүхийг нь бөглөчихөж байгаа юм л даа. Тэр дээж МУИС-ийн Ой судлалын тэнхмийн лабораторид хадгалагдаж байгаа. Гэхдээ тэр модны бидэнд тоологдож байгаа цагираг нь л зөвхөн 750 гаруй настай гэж гарсан. Цаана нь тоологдохооргүй өмхөрсөн хэсэгтэй. Тэр бол 800 жилийн настай байхаар харагдаж байна лээ. Мод хөгширөхөөрөө голоосоо эхэлж мөөгөнцөрт идэгдээд, өмхөрч эхэлдэг юм. Гол хэсэг нь идэгдэж өмхөрсөн байсан л даа. Тийм мод хүртэл таарч байлаа.

-Та арчилгаа тордлого хэрэглэхгүйгээр эко био бүлэг үүсгэж мод тарих шинэ технологи боловсруулсан гэсэн шүү дээ. Тэр тухайгаа яриач?

-Монгол орныхоо мод огтолсон, түймэрт шатсан, хортон шавьжид нэрвэгдсэн, ой нь байхгүй болж, устаж байгаа газарт манай ШУА-ийн Ботаникийн хүрээлэнгийн ойн судалгааны багийнхан бид ойжуулах судалгаа хийдэг юм. Манай хамт олон 1000 гаруй талбайд туршилт судалгааны журмаар ойжуулалт хийсэн. Түүнээс гадна ерөөсөө ой модгүй, тал хээрийн, хуурай хээр, цөлөрхөг хээрт байгаа нам өндөртэй ууланд ой мод тарьж ургуулах ажлыг 2001 оноос эхэлсэн. Бодит нэг жишээ нь Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Шилийн богд ууланд хоёроос гурван настай шинэс, нарсны 1000 гаруй суулгацыг аваачиж тарьж, ойжуулах ажил эхэлсэн. Одоогоос 20 жилийн өмнө анх тарьсан суулгац долоо орчим метр өндөр мод болсон байна лээ. Энд би шинэ арга хэрэглэсэн. Хоёроос гурван настай суулгацуудыг био бүлэг үүсгэж, бөөн бөөнөөр нь ойрхон тарьсан нь амжилттай ургаж байна. Саяхан өөрийн шавь докторант Д.Цогт-Эрдэнэ, доктор Ж.Бат-Эрдэнэ, З.Цогт нартай хамт өөрсдийн хөрөнгөөр ШУА-ийн 60 жилийн ойг тохиолдуулан мод тариад ирлээ.

-Эко био бүлэг үүсгэнэ гэхээр ямар ашиг тустай вэ?

-Олон талын ашиг тустай. Ер нь мод огтолсон, түймэрт шатсан талбайг ойжуулахад мод хооронд гурван метр зайтай, заримдаа метрийн зайтай ганц ганц ширхэгээр суулгадаг байсан. Гэтэл эко био бүлэг гэдэг хоорондоо маш шигүү, 20 см зайтайгаар жижиг мод суулгацуудыг бүлгээр нь тарьж байгаа юм. Ингэж тарьсан модны 60-70 хувьд нь ой модгүй байсан хээрийн нөхцөлд ургах чадвартай нь харагдсан. Ингэж тарихад бие биеэ сүүдэрлэж, нар, салхинаас хамгаалдаг. Нар салхи үргэлж нэг зүгээс халж, салхилаад байхгүй. Ийм нөхцөлд нөгөө модод бие биенээ нарны хурц гэрлээс, сүүдэрлэж хамгаалж байгаа юм.

-Хөрс, амьдрах орчноо булаацалдахгүй юу?

-20 нас хүртлээ бие биенээ дэмжээд, булаацалдахгүй ургаж байна. Харин 20 наснаас эхлээд хоорондоо өрсөлдөж эхэлж байна. Зарим мод өсөлтөөр хоцорч эхэлсэн. Том болоод эхлэхээр нь энэ моднуудыг сийрүүлж огтолдог. Арчилгааны огтлолт хийхэд үлдэж байгаа моднууд нь улам эрчимтэй ургана. Харин эхний үедээ ялангуяа 15 нас хүртлээ бие биеэ дэмжиж ургаж байгаа нь маш чухал. Хэрэв хоорондоо метр, гурван метрийн зайтай тарьсан бол өдийд ихэнх нь хатсан байна. Ийм л ач холбогдолтой эд дээ.

-Улаанбаатарт мод ургадаггүй гэдэг. Хотын орчин стресстэй холбоотой юу?

-Олон шалтгаантай. Мод тарих, хөрс боловсруулах, модоо сонгох тал дээр алдаа гарч байна. Хотын нөхцөлд агаар, хөрсний маш их бохирдолд өртөж байгаа юм. Энэ бохирдлыг даахгүйгээр моднууд үхэж байна, ургахгүй байна. Гуравдугаарт, миний ойлгож байгаагаар зохих арчилгааг агротехникийн дагуу хийхгүй байна. Үүнээс болоод мод үхэж байна. Хотод тарьсан мод ер нь эзэнгүй байна шүү дээ. Тариад эхний жилдээ усалж байгаад мартчихдаг.

-Ойгоос шилмүүст мод авчирч зам дагуу тарьдаг. Зарим нь ургахгүй хатсанаас болоод “мод булшлах газар боллоо” гээд шүүмжилдэг. Хотод ер нь ямар мод ургах вэ?

-Ер нь шилмүүст мод ургахгүй биш ургадаг. Хар мод их сайн ургаж байгаа. Засгийн газрын ордны хойд талын цэцэрлэг, зам дагуу гацуур, хар мод сайн ургаж байна. Нарс бол муу ургаж байгаа. Нарс хотын бохирдолтыг муу тэсвэрлэдэг мод л доо. Гэхдээ тохиромжтой газарт таривал бас ургана. Зам дагуу биш цэцэрлэг дотор, машин замаас хол, төв хэсэгт таривал ургана л даа. Хотын ногоон байгууламжид зориулж, мод үржүүлгийн газартай болоод, тэндээ модыг үрнээс нь эхэлж ургуулж, гурваас зургаан настай болохоор нь дахиад бойжуулалтын талбайд бойжуулаад, дөрөв таван метрийн өндөртэй болохоор нь шилжүүлж суулгаж, шат дараалалтай дасгаж арчилж тордох учиртай. Ургуулдаг гол чиг хандлага ийм. Ингэж ургуулсан мод хотынхоо орчинд сайн ургаж, дасан зохицно. Хөдөө агаар устай байгалийн сайхан нөхцөлд ургаж байсан дөрөв, таван метр өндөртэй модыг гэнэтхэн нэг хавар очоод ухаж авчраад, суулгачихаар дасах гэж стрестт орж бөөн ажил болно шүү дээ. Маш хүнд нөхцлийг давна. Тэгэхээр хорогдол их гарч байгаа юм л даа. Стресс гэдэг юмыг улсууд их үнэлэхгүй байгаа юм. Мод ургамал хотын дуу чимээг өөртөө шингээдэг. Долгионыг хүлээж авдаг учраас стресст их ордог юм.

-Мод нь өөрөө юу?

-Тийм. Мод өөрөө стресст орж байгаа юм. Тэр нь голдуу шилмүүсэн дээрээ мэдэгддэг, судалгаагаар нотлогдсон эд л дээ. Тийм учраас хотод навчит мод тарьдаг гэдэг нь навч нь тухайн жилдээ уначихаад хойтон жил нь гарч ирж байгаа учраас стрессийг даах нь илүү байдаг. Гэтэл шилмүүст модны шилмүүс таваас зургаан жилд солигддог. Залуу шилмүүс гарч ирээд мөнх ногоон мэт харагддаг. Тэгэхээр стрессийг тав зургаан жил нэг шилмүүс даахад хэцүү. Шилмүүс нь модыг хооллодог гол эрхтэн шүү дээ. Тэр физиологийн үүрэг нь бас алдагдаж байгаа юм. Тэгээд л сайн ургахгүй байгаа юм даа.

-Та Шилийн богдыг ойжуулсан хүн. Ингэж олноор нь мод тарихад урамшуулдаг систем байдаг уу. Тухайлбал бүхэл бүтэн ой мод, баянбүрд тарьсан бол тухайн газраа өмчлөх, урамшууллын хэлбэр байдаг уу?

-Ер нь Ойн хуулинд ч бий. Хувь хүн мод тариад түүнийг нь төр засаг худалдаж авдаг журам бий. Энэ дагуу тарьсан модоо улсад худалдах боломжтой. Нөгөөтэйгүүр хот суурин газарт ч хашаандаа мод тарьсан хүмүүсийг урамшуулж байгаа шүү дээ. Улсдаа зарахгүй гэвэл тарьж ургуулсан мод, тарьсан ойгоо өөрөө тодорхой хугацаагаар эзэмшиж болно гэж байгаа юм. Тэр нь 50-60 жил гэх мэт тодорхой хугацаатай. Урамшууллын механизмууд бий.