Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хуруу зайг буцааж авмаар байна

Бидний амьдралын байн¬гын хэрэглээ хуруу зай аюултай хог хаягдалд ордог. Манайхан хуруу зайнаас эхлээд бусад аюултай хог хаягдлаа ангилж устгах талаар санаа тавьдаггүй. Хортой аюултай бодисоо хогийн цэгт зүгээр л хаячихдаг нь хөрс, усыг хордуулж,  орчны бохирдол үүсгэж өвчний эх үүсвэр болж байдаг. Монголчууд хорт хавдраар хамгийн их өвддөгийн шалтгааныг холоос хайх хэрэггүй. Зарим нь хэрэглэж дууссан хуруу зайгаа зүгээр л гал руугаа шидэж далд оруулдаг нь хамгийн  хор хөнөөлтэй аргаар устгаж байгаа хэрэг.  Хорт бодисыг шатаахаар хорыг нь уушиглаж байгаатай агаар нэг.  Хэрэггүй болсон хуруу зайг хазаж шамшийлгах, хүүхдээрээ тоглуулах нь бүр ч аюултай. Хор идэж байгаа хүүхэд гээд төсөөл дөө. Ихэнх хүмүүс хуруу зайгаа хог руугаа шидэж орхидог. Хөрсөнд хорт бодис нэвчих аюултай учраас энэ ч сайн арга биш. Хуруу зай хорт хавдар үүсгэдэг бодис ялгаруулдаг гэнэ шүү. Хөгжсөн орнуудад дэлгүүр, супермаркетуудад хуруу зай буцааж залгидаг төхөөрөмж ажиллуулдаг юм билээ. Хэрэггүй болсон хуруу зайгаа энд буцааж, орчны бохирдлоос сэргийлэх нь иргэний хариуцлагаа ухамсарлаж буйн илэрхийлэл. Зарим оронд хуруу зайгаа буцаасны төлөө урамшуулал өгдөг юм байна.  Хуруу зайнд хорт бодисоос гадна ашигтай элементүүд ч бас бий. Түүнийг нь ялгаж авах боломжтой. Хуруу зайг дахин боловсруулах жижигхэн батарейны цех байхад л нэг сумаар хоёр туулай буудна гэсэн үг. Хорт хог хаягдлаасаа цэвэрхэн сална. Бас үйлдвэрлэл явуулаад, ажлын байр бий болгоод, бүтээгдэхүүн үйлдвэрлээд ашиг олчихно.

Б.ЯНЖМАА   

Categories
булангууд мэдээ танайд-өнжье цаг-үе

Н.Алгаа гуайн амар амьдрал

Монголын Уул уурхайн ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаа  гуайнд биднийг оро­ход  мань эр дөрвөн настай ач охинтойгоо хөзөр тоглож суув.  Ач охин нь Тулгын Гэрэл.   “Өвөөг дөрөв хожчихлоо” хэмээн баясангуутаа  охин хожигдсон хүнийг “Ажлаа хий” хэмээн  томорч байна.  Гэрийн эзэгтэй Тунгаа эгч “Манай энэ хэлэмгий доломгой” гэ¬нэ. Н.Алгаа гуайнх хоёр хүүтэй, ач хүү нартай. Эрчүүд олонхи гэр бүл учраас ач охин “жанжин”. Гэхдээ л эзэгтэй “Удам залгамжлах том ачдаа  хайртай” гэдгээ хэлэхээ мартсангүй.  

Зарим хүн Н.Алгаагийн эхнэр юм уу гээд “цочихоор” нь би “Тийм байна аа. Алгаа миний төрсөн нөхөр” гэдэг юм хэмээн эзэгтэй наргиа болгож билээ. 

Тунгаа эгч  гал тогоондоо гарын хоолоо хийж байна. Гэрийн эзний “ангийн олз” загас шарж өгөв. Н.Алгаа гуай зун намартаа загасанд явдаг гэнэ. “Таньдаг хүмүүс загасанд явахад дагаад явдаг юм. Хоёр, гурав хоног голын эргээр явна, амарна, ганц нэг юм дэгээдчихнэ, гогдчихно. Миний насны хүнд гимнастик болдог юм. Түүнээс биш мундаг загасчин биш” гэж гэрийн эзэн тайлбарлав.  Тэрбээр бөхөөс бусад оролдоогүй спорт гэж үгүй гэнэ. Гар бөмбөг, сагсан бөмбөг, одон бөмбөг, хокей хүртэл тоглож явсан. Ямар ч спортод эвсэлтэй ч онцгой амжилт гаргаагүй. Харин өөрч¬лөгдөөгүй ганц хобби нь ном унших аж. Хоёрдугаар ангидаа “Нууцат арал” ном уншсанаасаа хойш номын хорхойтон болсон. Сүүлийн үед түүхийн номнуудыг уншиж байгаа аж. Үүнийгээ тэрбээр социализмын үед МАХН, коммунизмын түүхээс бусдаар “цангаж” явсан  гэдгээр тайлбарлав. 

Түүний хадам аав нь  шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, түүхийн ухааны доктор, профессор Магсаржавын Санждорж байлаа.  Хүргэн хүү, хадам аав хоёрын хамтарсан нэг амжилттай ажил бий. Монгол Улс  зах зээлд орсны дараа Дэлхийн банкнаас стратегийн ач холбогдолтой салбарын талаар судалж, Ашигт малтмалын хууль боловсруулах ажил өрнөж байжээ. Тухайн үед Уул уурхайн хууль нэртэй байсан уг хуулийн ажлын хэсэгт Н.Алгаа багтсан юм. “Дэлхийн банкны хуулийн мэргэжилтнүүд хуулийн төсөл бичээд өгчихсөн” юм байх. Хадам аавдаа ажил төрлийнхөө тухай хуучлахад “Хүү минь манайх ч бас ийм дүрэм журамтай байсан” хэмээн түүх сөхжээ. 1913 онд Богд хаант Монгол Улсын Уурхайн дүрэм гэж байж. Богдын зарлигаар батлагдсан уурхайн дүрмийг өвгөн архиваас авч, крилл үсгээр буулгаж өгчээ. 38 зүйлтэй, одоогийнхоор бол концессийн эрх олгож байсан хууль аж. Жижиг хууль ч уурхай хаагдсаны дараа нөхөн сэргээлт хийх талаар ч зохицуулсан   байжээ.  Хайгуулын тусгай зөвшөөрөл нь л гэхэд “Уурхайг тэмтэрч үзэх тэмдэгт бичиг” хэмээх нэртэй. Тухайн үед ганцхан татвар авдаг. Олборлосон ашигт малтмалын  тодорхой хувийг нь улс авдаг гэрээтэй. М.Санждорж түүхчийн крилл дээр буулгаж өгсөн уг хуулийг хожим ассоциацийнхан  ном болгон хэвлэжээ.  Тухайн үед алт ухаж, ашиглаж байсан “Монголор” хэмээх нийгэмлэгт Орос, Бельги, Франц хөрөнгө оруулсан.  Төв нь Петроградад байрладаг. Зарим нэг тоног төхөөрөмжөө Америкаас авчруулж байжээ.  М.Санждорж эрдэмтнийхтэй олон жил хөрш явсан Г.Цэвээн доктор өвгөнийг шатар тоглохдоо сайн байсныг дурдаад “Хүргэдтэйгээ шатар тоглож шалгалт маягийн юм авдаг хэмээн тоглоом шоглоом болгон ярьж суудагсан” хэмээн дурссан бий. Н.Алгаа гуайг уг шалгалтаар хэр амжилттай орсныг лавлахад “Хол байсан болохоор шалгалтаар ороогүй. Гэхдээ багадаа хүн харж зогсч байгаад шатар тоглож сурсан. Бүх хүргэн шатар тоглодог. Өвөө (хадам аавыгаа хэлж байна. сурв) цагаан сар, шинэ жилээр шатрын тэмцээн хийдэг. Том хүргэн, дараагийн хүргэн хоёр шатар сайн тоглодог. Бид хоёр Эрдэнэтээс зочилж ирдэг болохоор хүндтэй. Нөгөөдүүл бүгд шалгалтаар орсон гэдэг юм” хэмээн хуучлав. 

Гэрийн эзэд эрхэлсэн ажилдаа тууштай хүмүүс юм. Н.Алгаа гуай 15 жил Уул уурхайн үндэсний ассоциацид ажилласан. Үүнийхээ 14 жилд нь гүйцэтгэх захирлын алба хашжээ. Гэргий С.Тунгаа  15 жил Ашигт малтмалын  Кадастрын газарт ажиллаж буй. Тэдний нэг гэрт орсон хугацаа ч сонирхолтой. Танилцаад долоо хоноод гэр бүл болсон гэнэ шүү. Н.Алгаа гуай энэ тухайгаа “Заяаны хань зам дээр хоёрын бидонтой зогсч байдаг” хэмээн хошигнох дуртай. Н.Алгаа гуай Зөвлөлтөд, С.Тунгаа  Монголдоо  их сургуулиа төгсөөд, Эрдэнэт үйлдвэрт ажиллахаар ирсэн байж.  Н.Алгаа найзуудтайгаа зугаалгаар явахдаа “Жимс түүж өгнө” гэж ирээдүйн гэргийнхээ хоёрын бидоныг гуйж авсан гэнэ. Аяллаас буцахдаа дотор муу байсан ч аньс түүхээр  мөлхжээ. “Хоёр литр аньсаар асуудлыг шийдэж байлаа шүү дээ” гэж гэрийн эзэн хөхөрч байна лээ.  Найзынхаа төрсөн өдөр дээр анх  “тормолзсон алаг нүдтэй” бүсгүйг олж харжээ. “Ертөнцийг үзэх үзэл, яриа хөөрөө,  гэр бүлийн амьдралын тухай санаа нийлсэн” учраас Н.Алгаа  гэрлэх санал тавьсан гэнэ.  “Зөв шийдэл болсон. Би азтай хүн гэж боддог. Хүн таньдаггүй юм шиг мөртлөө Тунгааг зөнгөөрөө мэдрээд суусан. Би намдуухан дуугүй, Тунгаа хэл яриа хурдтай. Хоёулаа хурдан түргэн байсан бол гал гарах ч байсан юм билүү гэж нөхөр нь дүгнэлээ.  Ойр зуурын юман дээр тар тур хийж байснаас биш мөнгө төгрөгнөөс болж муудалцсан удаагүй гэнэ. Гэргий нь бас “Нөгөө айхавтар асуудлаас болж муудалцаж байгаагүй” хэмээн нэмлээ. Нөхөр нь цалингаа аваад, халаасны мөнгө  үлдээгээд  эхнэртээ тушаана. “Гэр бүлийн татвар” гэж Тунгаа түүнийг нь тодорхойлов.  “Алт мөнгө зүүдэггүй, харшилтай. Энэ жил харин яасан юм, өөрчлөлт гарах шинжтэй” хэмээн нөхөр нь гэргийнхээ тухай ярив. Харшилтай гэхээр нь хашилтанд хүлээж авсан чинь шууд утгаараа юм байна. Тунгаа ховорхон тохиолддог алтны харшилтай хүн аж. Харин саяхнаас жижиг ээмэг зүүж эхэлжээ. “Гоёл чимэг хэрэглэхгүй, булга  нөмрөхгүй, гоо сайхны бараа ч хэрэглэдэггүй зардал багатай эхнэр шүү” гэж нөхөр нь инээж байна. Гэргий нь “Тослог арьстай болохоор будаг хэрэглэдэггүй юм” хэмээн тайлбарлав. “Булган дээлэнд дургүй” гэж хэлэх хэрэггүй, хүмүүс юу гэж бодох юм хэмээн нөхөртөө сануулж байна.  Алтны үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан нөхөр нь гэргийдээ хэд хэдэн удаа алтан ээмэг бэлэглэсэн. “Алийг нь ч зүүгээгүй” гэлээ. Гэргий нь харин ач охиндоо нэг насных нь төрсөн өдрөөр мөнөөх гоёлуудаа бэлэглэсэн аж. 

-Хувцас цэвэрхэн, таарсан байх хэрэгтэй гэсэн гэрийн хүмүүжилтэй гэж Тунгаа эгч тайлбарлав. Тэгвэл өөр ямар нэг шунадаг юм байдаг уу гэж хэрэгт дурлахад маань эзэгтэй “Хүн юм чинь шунал байж л таарна” гээд хэсэг бодов. “Шунадаг юм алга аа” гэж нөхөр нь өмнөөс нь хариуллаа. Эднийх  нүдэнд дулаахан сайхан айл юм. 

Нөхөр нь гэрийн ажил нэг их хийдэггүй   ч хөдөлмөр хөнгөвчлөх зүйлсэд маш их ач холбогдол  өгдөг гэнэ.  Угаалгын машин авах хэрэгтэй гэж нөхөр нь эхнэрээ ятгаж байсан гэнэ. Тунгаа эгч санхүү барьдаг болохоор түүнээс  зөвшөөрөл авах хэрэгтэй байж л дээ.  Монголд анх удаа пейж орж ирэхэд нөхөр нь гүйж яваад л авч өгч байж.  Анх айл гэр болохдоо авч байсан кресл хэмээн гэргий нь үнэт зүйлээ танилцуулав. Мөн аавынхаа хэрэглэж байсан чийдэн, ээжийнхээ хэрэглэж байсан жижигхэн хөөрхөн хөнгөн цагаан савыг нандигнаж явдаг аж.  Манай зурагчин мөнөөх кресл дээр гэрийн эздийг сууж байгаад зургаа  татуулахыг хүсэв. Тунгаа эгч “Алгаа царай муутай мөртлөө сүүлийн үед зурган дээр гоё гардаг болоод байгаа” хэмээн атаархлаа. Гэрийн эзэн “Эр хүн нэг их царайлаг байх шаардлагагүй” гэж хариу барив. Оросууд эр хүн мөнгөтэй, ухаантай, үнэртэй, үстэй, тэгээд сармагчнаас арай царайлаг байхад болно гэдэг хэмээн нэмж хачирлав. Үнэртэй гэдгийгээ оросууд учраас  хулмасыг хэлсэн болов уу  хэмээн тайлбарласан.

Тухайн үедээ Н.Алгаа 1200 төгрөгийн цалинтай. Орлогч сайдын цалинтай явж. Мөнгөө хуримтуулж байгаад гэргийтэйгээ хамт 1989 онд Зүүн Германд очиж үзжээ. “Гурав дөрвөн жил мөнгөө хуримтлуулж байгаад хоёулхнаа жуулчлах дуртай” гэж гэргий нь тайлбарласан. Сүүлийн хэдэн жил наадмаар майхантай аялал хийдэг болжээ.  Гэрийн эзэн морь, бөхийн хоббигүй. Өнөөг хүртэл нэг л удаа Төв цэнгэлдэхэд болон морь барианы газар очиж үзсэн гэнэ. Энэ жилийн наадмаар мөн л машинтай, майхантай аялалдаа гарах аж. Цагаан сарыг ч нэг их хөлтэй тэмдэглэдэггүй гэлээ. Учир нь гэрийн эзэд аль алин нь айлын дөрөв дэх хүүхэд. Тиймээс цагаас сараар настанууд, ах эгч нартаа золгодог байж. Тунгаа эгчийн ээж нь түрүү жил эднийд өвөлжсөн учраас цагаан сараа гэртээ тэмдэглэжээ. Гэр бүлийн онцгойлон тэмдэглэдэг баярын өдөр байдаггүй. Харин хөвгүүдийнхээ төрсөн өдрөөр гэр бүлээрээ зоогийн газар ордог гэсэн. 

С.Давааням хэмээх багын найзаа нөхөр нь онцлов. Багын найзтайгаа Эрдэнэтэд хамт ажиллаж, гэр бүлийн найзууд болжээ. Хөвгүүд нь нас ойролцоо учраас найзууд болсон, ач нар нь ч найзууд болж магадгүй байгаа гэнэ.   “Бидний найз нөхөд Монгол Улсын уул уурхайн салбарын хөгжилд нөлөөлөхүйц хэмжээний ажил үүрэг гүйцэтгэдэг”  хэмээн Тунгаа бахархлаа. Н.Алгаагийн  гэр бүл “Шувууныхан” группт багтдаг.  Анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Гадаад харилцааны сайд асан Ц.Гомбосүрэн нарын гэр бүлийнхэн энэ “фракцид” багтдаг юм.  “Шувууныхан” жил бүр наадмаар анхны тэргүүн хатагтай Ш.Цэвэлмаагийн төрсөн бууцанд очиж, хоёр хонодог уламжлалтай. Айл бүр тухайн жилд хийсэн бүтээснээ дурдаж, хэвлүүлсэн ном товхимлоо бие биедээ дурсгаж, онигооны тэмцээн зохиож,  дуулж бүжиглэдэг.  Ш.Цэвэлмаа онигооны мастер гэнэ. С.Тунгаа бас мундаг онигоочин агаад Ш.Цэвэлмаа гуайтай үзүүр, түрүү “булаацалддаг” аж.

Н.Алгаа гуайд “гавьяа шагнал” хэмээх анкетийн асуулт тавьж орхилоо. “Тэргүүний уурхайчин” тэмдэгтэй гэнэ. “Одон тэмдгэнд дургүй ч гэх юм уу даа. Социализмын үед бол  бүх юм төрийн өмч байх үед төрийн шагнал олгодог байж. Одоо бол өөрийнхөө төлөө ажиллачихаад төрийн шагнал авах ч хаашаа юм. Төрийн дээд шагналаар нийтийн сайн сайханд ашиг тустай ажил хийсэн, хүний амь аварсан, гавьяа байгуулсан хүмүүсийг шагнаж баймаар санагддаг” гэж тэр тайлбарлав.  Гэргий нь харин “Алтангадас” одонтой,  Хөдөлмөрийн хүндэт медальтай аж. Социализмын үед бурхангүйн үзлээр хүмүүжсэн учраас эднийд бурхан тахил гэхээр юм байдаггүй аж. Алгаа  Увс аймгийн Бөхмөрөн сумын харьяат. Бөхмөрөн шумуулаараа алдартай. Найм, есдүгээр анги хүртлээ хөдөө мал дээр байжээ. Түргэний сүрлэг уулсын орой гэрийн тооноор харагддаг газар байсан гэлээ.  Түргэний голын баруун талд Төгсбуянтын хүрээ байжээ. Эсэргүүний гэх хэргийн дараа хүрээний бурхан тахил, ном судрыг ачаад эрэг рүү асгаж шатаагаад булсан хэмээн нутгийнхан ярьдаг байж. Хүү хонь хариулангаа тэр хавиар “эрдэнэсийн эрэлд” гарч,  олон шармал бурхан,  үнэ цэнэтэй байж мэдэхээр зүйлс олсон ч тухайн үед хүмүүс энэ мэтийг нэг их сонирхдоггүй байж.  Зургаа, долоон шармал бурхнаа багшдаа аваачиж өгөхөд “Орон нутгийн музейд өгнө” хэмээн авсан аж.  Багш гэснээс анх тэрбээр Александр нэртэй байж. Орос нэр моодонд орж байсан үе. Харин тавдугаар ангидаа дотуур байранд ороход нь ангийн багш нь “Миний хүү, орос нэртэй байж болохгүй” гээд журнал дээр шууд Алгаа гээд биччихсэн гэнэ. “Хүний эрхэнд муухай халдаж байж шүү” гээд Н.Алгаа гуай инээж байна.  “Ээжид  тод монголоор бичсэн Алтангэрэл  судар байсан. Жилд нэг удаа лам залж, уг судрыг уншуулдаг байсан” хэмээн дурсав. Хорол гэж зандан модоор хийсэн тоглоом, эхил хөгжим байж. Залуу байхдаа иймэрхүү юм тоодоггүй байж. Хожим ээжийнхээ дурсгалт зүйлсийг эрж хайсан ч олж чадаагүй аж.    

М.Санждорж түүхч мэргэжлийн онцлогоос шалтгаалж, бүгдийг баримтжуулж явдаг зуршилтай байж. “Аав нэг зургийн аппараттай.  Биднийг төрсөн цагаас авахуулаад зураг дарна. Нэгдүгээр ангид ороход анхны дэвтрийг хадгалдаг. Сурлагын хүснэгт, сайшаалын үнэмлэх бүгдийг хадгалаад тусдаа гарахад нь хүлээлгэж өгдөг сөн” хэмээн Тунгаа  дурсав.  Анхны хичээлийн дэвтэр, сурлагын дэвтрээ тэр гаргаж  үзүүлсэн. Энэхүү заншлыг Тунгаа уламжлан авч хүүхдүүдээ өрх тусгаарлахад нь  багынх нь дэвтэр, анх мэндлэхэд нь төрөх газраас бугуйд нь зүүсэн таних тэмдэг зэргийг хөвгүүддээ хүлээлгэж өгчээ.  С.Тунгаа аавынхаа номыг бэлэглэсэн. Номын эхний хуудсан дээр “Магсаржавын Санждорж” хэмээн  аавынхаа нэрийн тэмдгийг даржээ. Нэрийн тэмдгийн дундах Т  үсэг их учиртай.   М.Санждорж Туяа, Туул, Төгс, Тунгаа, Тогос хэмээх таван охинтой хүн.  Бага охин Тогосыг мэндлэхэд аав нь “Би гэдэг хүн ингээд тарган шар авгайтай, таван  шар охинтой, таван тохой нуруутай нэгэн болов” хэмээн өөрийгөө тодорхойлсон удаатай. “Том  эгч Туяа маань аавын мэргэжлийг өвлөж, түүхч болсон. ШУА-ийн Түүхийн хүрээлэнгээс тэтгэвэрт гарсан боловч зогсоо чөлөөгүй бүтээл туурвина. Одоо Завхан аймгийн Сантмаргац сумын түүхийг бичиж байгаа. Туул эгч холбооны инженер мэргэжилтэй ч бие дааж англи хэл сураад, НҮБ-д орчуулагч хийж байсан. Хувийн орчуулгын товчоо ажиллуулдаг. Төгс эгч ШУТИС-д профессор, би Ашигт малтмалын газарт  ажиллаж байна. Отгон дүү Тогос маань АНУ-д ажиллаж амьдардаг” гэж Тунгаа хуучилсан. Аавын охид сайн яваа.  

-Аав маань 2000 онд инфарктаар нас барсан. 2001 онд Засгийн газрын тогтоолоор  төрсөн нутаг Сантмаргац сумын дунд сургуулийг аавын нэрэмжит болгосон юм. Одоо үр хүүхдүүд, ач зээ нар бүгд л энэ сургуультай хүйн холбоотой болсон доо. Энэ жил Сантмаргац сумын 90 жилийн ой болж байгаа.  Сумын ойд зориулж эгч дүү бид хэд бөх барилдуулах, морь уралдуулах бай шагналд хандив өгөх бус харин бодит үр дүн үзүүлэх ажил хийе гэж ярилцсан. Завханы шилмэл хонины ноос боловсруулах жижиг дунд үйлдвэрлэлийн төслийг Төгс эгч маань санаачлан  хэрэгжүүлж эхлээд байна гэж Тунгаа ярилаа. 

-Ээж аядуу хүлээцтэй, аав бол их шартай хүн. Худлаа ярих юм бол аав хатуу арга хэмжээ авдаг. Миний хүүхдүүд онц дүн авах хэрэгтэй. Сайн дүн авбал муу сурсантай адил гэдэг сэн. Надаас бусад нь шалгалт өгөөд орж ирэхдээ “Амжилттай” гэдэг байсан. Би л заримдаа “Амжилтгүй” гэнэ. Би л ганцаараа шалгалтанд бэлтгэхгүй. Гэр дотор ганц эсэргүүцэгч, эрх чөлөө ярьдаг нь ч юу шалих вэ. Аав хүн бүр бие дааж амьдрахыг сургадаг байсан. Би том телевизор авч чадахгүй бол жижиг зурагт авахад л болно хэмээн Тунгаа тайлбарлав. Тунгаа их сургуульд сурч байхдаа  эгчийгээ өөрийнхөө орлон тоглогч болгосон удаатай. “Орос хэлний хичээлд тааруу байсан. Материализмын түүх хичээл дээр орос багш ордог. Яг “унах” болсон.  Дээд талын эгч Төгс орос хэлэндээ сайн. Ангийнхандаа сайн захиад,  эгчдээ сурлагын дэвтрээ бариулаад оруулчихлаа. Ганц жилийн зайтай төрсөн эгч, дүүг орос багш ялгахгүй. Төгс айж салгалаад арай хийж, дөрөв аваад гарч ирж билээ. Яахаараа сайн авдаг юм гээд эгчийгээ загнаад байгаа юм аа бас. Төгс эгч тэгсэн чинь”Чамайг аавд хэлнэ дээ” гэсэн.    Аав яг тэр үед нь мэдсэн бол боож үхэх шахна. Их сургууль төгссөн хойноо аавдаа ярьсан чинь “Холиодог хүүхдүүд юм аа” гээд зөндөө инээж билээ гэнэ.

Цайны цаг нь дуусахад гэрийн эзэн ажил руугаа буцлаа. Ажлын газар ойролцоо учраас түүнтэй зам нийлэв.  Зам зуур ажил төрлийн яриа хөөрөө өрнүүлэв. Ашигт малтмалын хуульд оруулах гээд байгаа өөрчлөлт хуулийг  сайжруулах уу, муутгах гээд байна уу гэхэд Н.Алгаа “Орох өөрчлөлтөөсөө илүү нэмэлтээ түргэн хийгээд, тусгай зөвшөөрлөө олгож эхлэхийг бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид хүлээж байна даа” гэв. “Аль нэг орныг дуурайх шаардлага байхгүй юм байна. Сургамжаасаа мэдлэг хуримтлуулаад, цаашид хөгжих хэрэгтэй.  

Ардчилал хэтэрвэл анархи тал руугаа явж, хий хоосон хардлага газар авдаг. Нийгмийн зөвшилцөл хэрэгтэй. Гурван том ашиг сонирхол яваа. Нийтийн эрх ашгийг төлөөлж төрийн ашиг сонирхол гэж байна. Бизнес эрхлэгчдийн ашиг сонирхол гэж байна. Иргэний нийгмийн буюу орон нутгийн иргэдийн ашиг сонирхол гэж бий. Зөвшилцөөд гарсан шийдвэрээ хүндэтгээд явах хэрэгтэй гэнэ. “Домгийн шинжтэй, сургийн мэдлэгтэй хүмүүс ихэссэн” гэсэн нь содон сонсогдлоо. Домгийн шинжтэй гэдгээ тайлбарлахдаа  “Чингэс хааны хажууд сууж байгаад сургаалыг  нь бичиж авсан хүмүүс олон байна” хэмээн ёжлов.  Сургийн мэдлэгтэй гэдэгтээ сонин хэвлэл, интернэтээс авсан мэдээллээ мэдлэг гээд бодчихсон хүмүүсийг хамруулав. Ашигт малтмалын гурван хууль гарлаа. Аль алиных нь сайн, муу талыг судалж байж, энэ заалт буруу байна гэхээс биш өөрчлөхийн тулд өөрчлөх гээд байж болохгүй хэмээн ярьж явлаа. 

 Эхнэр, нөхөр хоёр характер өөртэй ч ертөнцийг үзэх үзэл нэгтэй амар амьдардаг хүмүүс юм билээ. 

Б.ЯНЖМАА 

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Эдийн засгийг эрчимжүүлэх үеэр УИХ завсарлаж болох уу?

“Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног” зүгээр л шоу байсан юм биш байгаа. УИХ долдугаар сарын 1-нээс завсарлана гэхээр ийм бодол төрөв. Эдийн засгийг эрчимжүүлэхийн тулд УИХ-д өргөн барьсан  хуулийн төслүүдийг хэр түргэн батлахаас эрчимжүүлэлтийн ажил шалтгаална гэдгийг  Эдийн засгийг эрчимжүүлэх зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Бямбасайхан хэвлэлийн хурлын үеэр хэлж байсан.  Эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлээр 20-иод хуулийн төсөл УИХ-д хүргэгдсэн гэсэн тоо бий. Гэтэл УИХ бизнес эрхлэгчдийн тэгтлээ их хүсэн хүлээгээд байгаа Эдийн засгийн өршөөлийн хууль, татварын шинэчлэлийг багцаар нь хийгээгүй, Ашигт малтмалын  тусгай зөвшөөрөлийг олгож эхлэх шийдвэрийн алийг нь ч  гаргаагүй  мөртлөө наадах тухай бодож эхлэв. 

Үнэхээр 100 хоногт эдийн засгаа эрчимжүүлэхээр шийдсэн бол УИХ, Засгийн газрын гишүүд  орондоо орох завгүй л баймаар юм.   Гэтэл эдийн засгийг эрчимжүүлэх бодлогуудыг хурдан шийдвэрлэхийг хэн шаардаж байна вэ.  Сөрөг хүчнийхэн ч гэж таарсан таар шуудайнууд байх юм. МАН-ын дарга М.Энхболд хүртэл жижигхэн юм ярьж байна лээ. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудлыг хэлэлцэхгүйгээр чуулган завсарлачих гээд байгаа юм байх. Наана чинь эдийн засаг хямраад  ард түмний авдаг цалин мах гуриланд нь хүрэхгүй байхад ядаж санаа зовсон дүр үзүүлээч, улс төрчдөө. Үнэндээ  сайдын суудлаас хэн бууж, хэн суух нь ард түмэнд бол тийм ч сонирхолтой сэдэв биш. Яахав сайд солигдоод эдийн засаг сэв хийтэл босоод ирдэг бол сонирхож болох юм. Түүнээс биш та бүхний дандаа дандаа яриад байгаа сандал суудлын тухай хэрүүл  чинь Солонгосын  савангийн дуурийн дайтай  эд.  

Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн 50 нь өнгөрч байгааг  Ё.Отгонбаяр гишүүн  твитертээ сануулжээ. Улс төрчид зөвхөн хугацаа тоологчийн үүрэг гүйцэтгэвэл хэн  шийдвэр гаргах юм,  хэн эдийн засгийг эрчимжүүлэх юм.    Хэнтэй хариуцлага тооцох вэ? 

50  хоногийн дараа  ямар драм  өрнөхийг таамаглахад  мэргэн түргэн байхын ч хэрэг алга.  Сөрдөг хүчнийхэн болохоор Засгийн газар эдийн засгийг эрчимжүүлж чадсангүй гээд Н.Алтанхуягийн Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулахаар гүйлдэнэ. Н.Алтанхуяг нь болохоор УИХ  эдийн засгийг эрчимжүүлэхэд шаардлагатай хуулиудыг  батлаж өгөөгүй гээд гүрийнэ. УИХ, Засгийн газар хэн нь томоо үзэх гээд ард түмэн баахан үнэгүй шоу үзнэ. Үнэн хэрэгтээ эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног шоу төдий зүйл байсныг ухаарсан олон нийт бухимдана.  Наадмын дараа намар болохоор өвлийн бэлтгэл, хүүхдийн сургууль цэцэрлэг, халаалт дулаан, хотын утаа, махны үнэ яригдаж,  хэтэвч нь хоосорсон иргэд  бухимдаж бослого тэмцэлдээ хүрэх биз. Хямралын үед олон нийтийн бухимдлыг хуримтлуулж, тэслэмээргүй л байгаа юм даа.   Шийдвэр гаргагчид ажиллаж байна, хичээж байна гэсэн мессеж нийгэмд очиж байгаа цагт ирээдүйдээ итгэх массын итгэл алдрахгүй.  Төр сайн засаглаж  чадахгүй бол  өөрсдөө тэд  нийгмийн бухимдлын  том шалтгаан нь  болно. Цөс нь хөөрсөн олон Засгийн газраа, УИХ-аа байтугай улс орноо тараачихаад байгаа ойрын жишээнүүд бэлээхэн байна. Олон түмний бухимдал дээр дөрөөлөн ашиг хонжоо олдог мэргэжлийн тэмцэгчид, жагсаал удирдагч баатрууд тодорч ядах юмгүй!

Наадам дөхлөө. Монголчууд баярлах эрхтэй. Учир нь жирийн хүмүүс улстөрчдийг бодвол маш их ажил хийдэг юм шүү.  Харин С.Дэмбэрэл гишүүний хэлсэнчлэн УИХ ажил хийдэггүй мөртлөө амрах тухай яриа байж таарахгүй. Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног талдаа орлоо.   УИХ  юу хийв, Засгийн газар юу хийв. Шаардлагатай хууль, шийдвэрүүдээ хэдийг нь  батлав, батлаагүй бол юу саад болсон, яах учиртайг  улстөрчид тайлагнах ёстой. Хэн нь хаанаа гацаагаад байгаа юм шийдлээ хэлж, шийдвэрээ гаргах учиртай.  “Уул шугамандаа бол” Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногт шийдвэр гаргагчид  хагас цэрэгжсэн байдалтай л ажилламаар байгаа юм даа.   

Б.Янжмаа

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Оюунлаг монгол эмэгтэй дэлхийн тавцанд гарч ирлээ

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд  С.Оюуныг НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн Ерөнхийлөгчөөр сонголоо. С.Оюун  НҮБ-ын хүндэт индрээс хэлэхдээ “Ойрын хоёр жил бол тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлт болон  байгаль орчны тулгамдсан бусад олон асуудлаар ахиц дэвшил гаргахад чухал үе  байх болно. Ус, бусад ашигт малтмалын эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаа боловч эх дэлхий маань цорын ганц учир Байгаль орчны Ассамблейн  үйл ажиллагааг үр дүнтэй, эрч хүчтэй удирдан явуулахад    хүч чармайлтаа дайчилж ажиллах болно” гэж мэдэгдэв. С.Оюуныг, Монголыг маань дэлхий үнэлж байна. 

С.Оюунд  улстөрчийн замыг хувь заяа нь ногдуулж орхисон.  Ардчиллын алтан хараацай С.Зориг ахыгаа залгамжилж,  1998 онд УИХ-ын гишүүн болсон тэрбээр төрийн түшээгийн үүргээ нэр төртэй биелүүлж, хат суусан улс төрч болжээ. Улстөрчдийг залгамжлан эхнэр нь, хүү нь УИХ-д сонгогдож л байсан. С.Оюун харин өөрийн гэсэн байр суурьтай, том улстөрч болж, ард түмний дэмжлэгийг алдаагүй өнөөг хүрч ирэв.  Цус, нулимсан дунд төрийн түшээ болсон энэ эмэгтэй сүүн замтай эх хүн. Гурван хүүхдийн ээж С.Оюун Монголын Дауны холбооны тэргүүн. Хүмүүнлэгийн салбарт хийсэн ажил, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдийн төлөөх зүтгэлийг нь ч дурдахгүй өнгөрч боломгүй.    

Дэлхийн түвшинд гарч ирсэн  монгол эмэгтэй хэмээн өмнө нь бид С.Удвал ахайтнаар бахархдаг байлаа. Төр, нийгмийн гарамгай зүтгэлтэн, төрийн соёрхолт зохиолч эмэгтэй Сономын Удвал  хатагтай Ази, Африкийн зохиолчдын байгууллагыг байгуулах цагаас нь идэвхтэй хамтран зүтгэж, тус байгууллагын уран зохиолын “Лотос” (лянхуа) сэтгүүлийн зөвлөлийн гишүүнээр олон жил ажиллаж байсан билээ.  С.Удвал Монголын Эмэгтэйчүүдийн байгууллага, Зохиолчдын хороог удирдаж, арван  удаа АИХ-ын депутатаар сонгогдсон түүхтэй. Харин  өдгөө С.Оюуны нэр энэхүү гайхамшигт эмэгтэйгээс илүү өндөрт мандаж, домогт монгол эмэгтэйн түүхийг нэмэв. С.Оюун  Чехословак улсын Карлын Их сургуулийг  геохимич мэргэжлээр  төгссөн.  Англи улсын Кембрижийн Их сургуулийн аспирантурыг төгссөн геологийн ухааны доктор хүн.  1998 оноос хойш УИХ-ын гишүүнээр сонгогдсон энэ эмэгтэй сайдын албыг хоёр дахь удаагаа хашиж буй. Орос,  англи,  чех хэлтэй.  Түүний өвөө нь  шар Дамдинсүрэн хэмээн алдаршсан монголч эрдэмтэн Андрей Дмитриевич Симуков билээ. Хамгийн ихээр монголжсон монголч эрдэмтэн гэж түүнийг хэлдэг юм билээ.  Ийм нэгэн эмэгтэй дэлхийд алдартай байгууллагыг тэргүүлэх болов. Санжаасүрэнгийн Оюун танаар монголчууд бахархаж байна.

Б.ЯНЖМАА

Categories
мэдээ цаг-үе

Хаолянь Шу: Бид энэ дэлхий ертөнцийг илүү сайхан болгохоор зорьж байгаа юм шүү

Дарга нарын амны уншлага болсон Мянганы хөгжлийн зорилтууд үүргээ гүйцэтгэж, 2015 оноос хойшхи хөгжлийн бодлого НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийнхний гол сэдэв болоод байна. Тэд Тогтвортой хөгжлийн зорилт хэмээх шинэ нэр томъёог санал болгож байгаа. Энэ өдрүүдэд Монголд айлчилж байгаа НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирлын орлогч Хаолянь Шугийн ярианд ч энэ сэдэв олонтаа дурдагдсан билээ.  Тэрбээр Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд болон УИХ-ын эмэгтэй гишүүдтэй  уулзсан юм.  2015 оноос хойшхи хөгжлийн  сэдвээр үндэсний зөвлөлдөх уулзалт Монгол дахь  НҮБ-ын төв байранд болсон. “Тогтвортой хөгжилд жижиг дунд бизнесийнхний оруулах хувь нэмэр” хэлэлцүүлэгт оролцож, үг хэлсний дараа нь  ноён Хаолянь Шутай цөөн хором уулзах боломж олдлоо.  

-НҮБ-ын гишүүн орнууд 2015 оноос цааш юу хийхээ төлөвлөж байна.  Тогтвортой хөгжлийн зорилтуудаа тодорхойлж эхэлжээ. НҮБ-ын  Нээлттэй ажлын хэсгээс гаргасан 17 зорилгыг харахад ерөөсөө манай дэлхийг диваажин болгохыг хүсч байгаа юм шиг санагдлаа. Ядуурлыг бүх төрлөөр арилгана. Хүн бүр эрүүл байна л  гэнэ.  Үнэхээр энэ бүхнийг хэрэгжүүлж чадна гэж та бодож байна уу?

-Миний мэдэж байгаагаар 2015 оноос хойшхи бодлого боловсруулах баримт бичиг эхний хувилбараараа яваа.  Нэлээд зоримог зорилтууд дэвшүүлсэн шиг байгаа юм.  Ямар үзүүлэлтээр гүйцэтгэлээ дүгнэх талаар ажлын хэсгийнхэн ярьж байгаа. (Энэ үеэр түүний гар утас дуугарав. “Уучлаарай утсаар яриадхая. Эхнэр, хүү хоёр  энд байгаа юм” гэж тайлбарлав. Аль хэдийнэ ажлын цаг дуусах гэж байсан учраас бяцхан хүү нь түүнийг асууж сурч байгаа бололтой.сурв)

 Бид Тогтвортой хөгжлийн зорилтуудыг томъёолохдоо  Мянганы хөгжлийн зорил­туудын үргэлжлэл болгон дэвшүүлж байгаа юм. Бүх орнууд Мянганы хөгжлийн зорилтуудаа арай л хэрэг­жүүлж дуусахгүй болов уу. Зарим орнууд ихэнхийг нь биелүүлэх байх. Зарим орон арай л гүйцэтгэж амжихгүй. Монгол орны хувьд Мянганы хөгжлийн зорилтоо 70 хувь биелүүлэх төлөв харагдаж байгаа. Энэ бол сайн үзүүлэлт. Бид Мянганы хөгжлийн зорилтдоо  орхиг­дуулсан салбараа Тогтвортой хөгжлийн зорилгодоо хам­руулна гэсэн үг юм. Аливаа юм төгс төгөлдөр биш байдаг. Бид Тогтвортой хөгжлийн зорилтуудынхаа хүрээнд энэ дэлхий ертөнцийг илүү сайхан болгох, хүн амьдрах илүү сайхан орчин бүр­дүүлэх зорилт тавьж байгаа юм. Жишээлбэл энд Хүний аж төрөх аюулгүй орчин болоод амьдралын нөхцөлийг нь сайжруулна гэсэн байна. Энэ бол МХЗ-тод томъёолоогүй. Монголд  маш их хамааралтай  байгаа биз. Хоёр дахь жишээ дурдахад МХЗ-тод томъёолоогүй мөрт­лөө Тогтвортой хөгжлийн зорилтын  хүрээнд хүртээмжтэй хөгжлийг  нөхцөлдүүлэхийн зэрэгцээ хүн болгонд амьжиргаагаа авч явах хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг хангана гэж байна. Өчигдөр Ерөнхий сайдын ярьсан зүйлтэй яг нийцэж байгаа юм.  

-Сэтгүүлч хүний хувьд харахад Мянганы хөгжлийн зорилт ч тэр олон улсын байгууллагуудаас санал болгож байгаа хөгж­лийн бодлогууд дээрээсээ тулгадаг болохоор төдийлөн амжилтад хүрдэггүй санагд­даг. Харин одоо гишүүн орнуудын иргэдийн дунд хэлэлцүүлэг явуулж байгаа нь НҮБ-ын Хөгжлийн хөтөл­бөр энэ байдалдаа дүгнэлт хийж байна гэж ойлгож болох уу?

-Өөрийн чинь ойлголт буруу гэж бодож байна. Учир нь юу гэвэл  МХЗ нь Мянганы хөгжлийн тунхаглалаас үүдэлтэй баримт бичиг юм шүү дээ. Мянганы хөгжлийн тунхаглалыг 1992 онд Рио-д гишүүн орнууд нэгдсэн дуу хоолойгоор баталсан. Мянганы хөгжлийн зорилт гэдэг бол гишүүн орнуудын өөрсдийн баталсан бичиг баримт юм шүү. Олон улсын байгууллагуудын хувьд али­ваа гишүүн орнуудын санал санаачилгыг дэмждэг болохоос биш ямар нэг бодлого стратегийг тулгана гэж байхгүй. Жишээ дурдъя. МХЗ-ын хувьд 9 дүгээр зорилтыг Монгол Улс өөрөө санаачилж, түүндээ эзэн болсон. 

Гэхдээ Тогтвортой хөгж­лийн зорилтыг тодорхойлох үйл явц гишүүн орнуудын иргэдэд илүү хүртээмжтэй байгаа гэдэг өөрийн чинь ойлголт зөв байна. Хөг­жиж байгаа олон оронд ту­хайн Засгийн газрын хүчин чармайлт дангаараа хангалтгүй. Засгийн газрын зэрэгцээ иргэний нийгмийн байгууллагууд, эрдэм шинжилгээний байгуул­лагууд, хувийн хэвшил бүгд хамтрах нь нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд маш чухал үүрэгтэй. 

Эцсийн дүнд энэ бүх хамтарсан хүчин чармайлт ядуурлыг бууруулахад чиг­лэгддэг юм. Дээр дурдсан оролцогч талууд ирээдүйн хөгжлийг томъёолж тодор­хойлоход өөрийн үгээ хэлж байгаа нь олон улсын байгууллагуудын анхааралд байж, хамтын ажиллагааны үндэс суурь болдог юм. 

-Та хэлэлцүүлгийн үеэр хотын ядуурлын тухай дурдсан. Гэр хороололтой танилцахаар явсан гэсэн. Монголын  ядуусын нөх­цөлийг бусад орныхтой харьцуулав уу?

-Ядуурал болоод тэгш байдал өөр хоорондоо маш холбоотой ухагдахуун юм. Ядуурал нь орлогын эх үүсвэртэй байж болно. Өөр бусад хэлбэрээр ч илэрч байдаг зүйл. Үндсэндээ ядуурал нь аливаа нэг үйлчилгээг хүртэж чадахгүй алслагдсан, орхигдсон тэр нөхцөл байдлыг хэлээд байгаа юм. Санхүүгийн эх үүсвэр, амьдрах орон сууц, боловсролын үйлчилгээнээс хүртэж чадахгүй байх нь ядуурлын үзүүлэлт мөн л дөө. Ядуурал өөрөө олон хэмжүүртэй. Тэгш бус байдал гэдэг ядуурлын хэмжүүрүүдийн нэг юм. Энэ хүндрэлтэй асуудлуудын зарим нь танай гэр хороололд ажиглагдаж байна л даа. Үндэсний Засгийн газраас ядуурлыг анхааралдаа авч, тодорхой арга хэмжээ авч байгаа гэж бид ойлгож байгаа.   Хү­мүүс юуг эрэлхийлж Улаанбаатарт нүүж ирдэг гэвэл  ажил эрхлэлтийн  илүү боломж,  хүүхдүүдийнхээ сургууль, боловсролын үйлчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээг хүртэх гэж ирдэг нь Азийн бусад хотуудын ядуурлын өнгө төрхтэй ижил. Мөн түүнчлэн төлөвлөөгүй шилжилт хөдөлгөөн олон хүндрэлтэй асуудлыг бий болгодог нь ч бусад хоттой ижил байна. Зас­гийн газраас явуулж бай­гаа хот төлөвлөлтийн бодло­год сөргөөр нөлөөлөх, зөвшөө­рөлгүй газар суурьших гэх зэрэг асуудал байна.  Хөдөө, орон нутгаас ирсэн хүмүүс өөрсдийн хүсэн хүлээсэн боломжоо эдэлж чадахгүй бол сэтгэл зүйн хүндрэлтэй тулгардаг. Гэр хороололд амьдарч байгаа иргэд наад зах нь уул уурхайн компанийн усанд төлдөг үнээс илүү төлбөр төлж усаа авч байна шүү дээ. Азийн бусад орны хотуудтай харьцуулбал хэт их төвлөрлөөс ангид, тархай бутархай суурьшсан юм байна. Бангладеш улсад гэхэд хотын ядуу хороололд суудаг есөн сая хүн байна. Миний Улаанбаатарт харсан зүйлтэй Бангладешийг харьцуулбал тэр их давчуу орон зайд эрүүл ахуйн хүндрэлтэй нөхцөл илүү хурц нийгмийн асуудал үүсгэдэг. Гэхдээ  хүнд асуудлын шийдлийг олно гэдэг хаана ч ярвигтай. 

-Та манай хөрш орны хүн. Монголын талаар ямар төсөөлөлтэй ирэв?

-Монголын тухайд анхны ойлголт өргөн уудам тал нутаг, хөх тэнгэр болоод  Чингэс хааны өлгий нутаг. Эрийн гурван наадмын орон. Маш их хүчтэй соёлын өв уламжлалтай орон гэж ойлгож байсан. Миний хувьд Монголд анх удаа ирж байгаа. Сонирхол татах олон зүйлүүд байна. Үүний зэрэгцээ 20 жилийн турш хөгжлийн асуудлаар ажиллаж байгаа хүний хувьд тархай бутар­хай оршин сууж байгаа ард иргэдэд төрөөс үйлчилгээ үзүүлэхэд ямар хүндрэлтэй байгааг ойлгож байна. Монгол дахь хотжилтын үйл явц миний гайхлыг үнэхээр төрүүлж байна. Үүний зэрэгцээ Монгол Улсын хүрсэн ололт амжилт, бичиг үсэгт тайлагдсан байдал, эхийн болон нярайн эндэгдлийг шийдвэрлэсэн байдал, олон улсын байгууллагуудтай харилцах түвшин хэрхэн ахиж байгаа  зэрэг нь надад бахдам сэтгэл төрүүлж байна. УИХ-д 11 эмэгтэй гишүүн байгаа нь бас л их том амжилт. Миний ойлгож байгаагаар эмэгтэй гишүүдийн тоог улам нэмж, тэдний байр суурийг бэхжүүлэх юм бол Монголын гэр бүлийн нөхцөл үлэмж сайжирна. 

-Гэр бүлийнхэн тань Монголд байгаа гэсэн. Эцэг хүний хувьд хүүхдэдээ Монголоос юу үзүүлэхийг хүсч байна?

-Эхнэр, хүү хоёр маань надтай хамт ирсэн л дээ. Тэд маань Монголд надтай хамт ирэхийг маш их хүсч байсан. Соёл уламжлалтай танилцах, хүмүүсийн аж байдалтай танилцах маш их эрмэлзэлтэй ирсэн. Миний хүү есөн настай. Хүүдээ дэлхий ертөнц ямар олон өнгө аястайг харуулахыг хүссэн. Олон төрлийн соёл, өөр  хүмүүсийг  хүүдээ танилцуулмаар байна.  Ажлын онцлогоос болоод олон орноор явж, гэрээсээ удаан хугацаагаар хол байдаг учраас энэ удаа гэрийнхнээ миний ажлыг нүдээрээ хараасай гэж хүссэн.

Б.ЯНЖМАА

Categories
мэдээ цаг-үе

Гуравдугаар эмнэлэг дэх өнгөт өдөр

П.Н.Шастины нэрэмжит гурав­дугаар эмнэлгийн хурлын танхимд өнгөт
өдөр болов. Энд хэвтэн эмчлүүлж буй 40 өвчтөн зургийн хичээл хийлээ. Өнгө будгаар
ялгаж будах ажлыг хүмүүс хичээнгүйлэн гүйцэтгэв. Учир нь тэдний зураг эмнэлгийн
ханыг чимэх учиртай. Энэхүү “Өнгөт өдөр”-ийг АНУ-ын “Хоспитал арт” сан, Монголын
Урлагийн зөвлөл хамтран санаачилжээ. Эндхийн эмчлүүлэгчид “Өнгөт өдөр”-ийн гол дүр.
Танхимын хаалгаар ормогц П.Дуламсүрэн гуайн уран бүтээл нүдэнд тусав. Тэрбээр их
л эв дүйтэй, цэвэрхэн ажиллаж байлаа. “Өмнө нь зураг зурж байгаагүй. Харин хатгамал
их оёдог. Амьтны дүрс их хатгаж оёдог байсан” гэж эмээ ярилаа. Тэрбээр жолооч хүн.
1957 онд 18 насандаа жолооч болсон. Залуудаа ачааны тэрэгний жолоо мушгиж, хожим
нь так­синд “гүйжээ”.  Өдгөө зүрхний тасагт
хэвтэн эмчлүүлж байна. “Бие их сайжирсан, өвчин намдаж сайхан боллоо. Аръяа­сүрэн
эмчдээ, эмч суви­лагч нартаа баярласнаа илэрхийлж, олон түмнийг эм­чилж эдгэрүүлэх
ажилд нь амжилт хүсье” гэж эмээ хэлсэн юм. Тэрбээр  78 настай ч сайн зураач байлаа.

“Хоспитал арт” сангийн захирал Скотт Фейт биднийг инээмсэглэн угтав.
“Эмнэлгийн хоосон хананууд бидний ажлын үр дүнд өнгөлөг болно” гэж тэр хэлсэн юм.
Эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүс ихэнхдээ өвчнөө л боддог. Харин урлаг тэднийг болон
эмч ажилтнуудыг сэргээж, урам зориг өгдөг. Бидний зорилго дэлхийн эмнэлэг бүрийн
хананд эвлүүлсэн зургаа байрлуулах” гэж Скотт ярив.

Өвчтөнүүд уран бүтээлээ дуусгаад, өөр өөрийн хэсгээ эвлүүлэхэд эрээн
мяраан дүрсүүд амьтны дүрс, мод, цэцэг болон амиллаа. “Зураг зурах дургүй хүн байж
болно. Гэсэн ч тэд хүүхэд насандаа очсон мэт мэдрэмж авна. Сэтгэл өөдрөг болдог.
Хүн нэг дор хоёр юм бодож чадахгүй. Зурангаа өвчнөө мартдаг” гэж Скотт хэлсэн юм.
Хожим тэд хийсэн уран бүтээлээ харж баясах болно. Эмнэлгийн ханан дахь зургууд эмч,
ажилтнуудад ч таатай мэдрэмж төрүүлнэ.   Ийнхүү
эмчлүүлэгчид урлагаар дамжуулж сэтгэл зүйн засал хийлгэлээ.

“Хоспитал арт” сангийн түүх жаахан охиноос эхлэлтэй. Скотт Фейтийн
аав зураач биш ч зураг зурах дуртай хүн байжээ. Тэрбээр нэг удаа эмнэлгийн хананд
зураг зурж, өвчтөнүүдэд бэлэг барихаар шийджээ. Гэтэл жаахан охин дэргэд нь ирээд
“Би зурж болох уу” гэжээ. Дараа нь түүний аав, ээж, хамаатан садан, эмнэлгийн эмч,
сувилагчид зурах ажилд татагдан оржээ. Эндээс л “Хоспитал арт” сангийн санаа төрсөн
гэнэ. Скотт Фейт өөрөө уран бүтээлч хүн. Сангийн ажлыг залгамжлах нь эцгийн хүсэл
байсан уу, өөрөө сонголт хийв үү хэмээн сонирхоход “Би багаасаа зурах дуртай байсан.
Аавын маань хийсэн ажил миний зүрхэнд хүрсэн учраас энэ ажлыг залгамжилж авсан”
гэлээ. “Хоспитал арт”-ынхан 1984 оноос хойш дэлхийн 195 орны  4000 гаруй эмнэлэгт хүрч очсон аж. “Би баян хүн
биш. Манай санд цалин авдаг хүн олон биш. Бид дэлхийн хаана ч очсон сайн дурынхны
дэмжлэгтэйгээр ажилладаг” гэж энэ залуу ярьсан юм.

Энд зураг зурж суусан У.Эрдэнэ-Очир хичээнгүй зураачдын нэг. Төмөрлөгийн
үйлдвэрийн инженер тэрбээр “Зураг зурж байгаагүй, хүүхэд байхдаа л зурж байсан байлгүй”
гэнэ. “Гэхдээ маш зөв юм байна. Салж чадахгүй, цаг гаруй сууж байна” гэж тэр хуучлав.
Хүн бүр л сайн зурж байна. Хараад байхад будаг нь усан будаг шиг урсдаггүй, онцгой
эв дүй шаардахгүй, хичээл зүтгэлтэй байхад л сайхан зураг амилахаар юм билээ. Урлагаар
анагаах эмчилгээний хэлбэр Монголд ийнхүү “импортлогдлоо”.

 Эмнэлэг дэх өнгөт өдөр  харин хананд үлдэнэ.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Б.ЯНЖМАА

Categories
мэдээ цаг-үе

Хотыг ээж нар хамгийн сайн төлөвлөж чадна

Анн Алтман хэмээх жижиг­хэн Америк эмэгтэй  сүүлийн долоон жилд Монголд таван удаа иржээ.
Тэрбээр биологийн ухааны доктор хүн. Түүний амьдардаг Хамден хот АНУ-ын Коннектикут
мужид оршдог.  Анн Хамдены  Хот төлөвлөлт, бүсчлэлийн комиссын даргаар ажилласан
туршлагатай. Хотын дүрэм бий болгох, хотыг төлөвлөхөд иргэдийг оролцуулах талаар
олон хүнтэй уулзаж, лекц уншиж, дарга нарын чихнээс боломжоороо “хонх уяж” явдаг
хүн. Миний мэдэхээр түүнийг НИТХ-ын дарга Т.Билэгт  урьж, хотын дүрэм бий болгох талаар зөвлөгөө авч
байсан бол одоогийн хотын дарга Э.Бат-Үүл ч хүлээн авч, хотыг төлөвлөхөд иргэдийг
оролцуулах талаар ярилцсан байна лээ. Энэ эмэгтэй бас Монголд анхны Иргэний танхим
байгуулахад дүрэм дээр нь суулцсан хүн. Улаанбаатарыг сайхан болгох талаар санаа
тавьж явдаг түүнтэй газраасаа  хөөгдөхдөө
тулаад байгаа Зайсангийн оршин суугчид ч уулзаж, зовлон тоочиж амжжээ. Анн тэдэнтэй
ярилцаад “Эхийг нь  эцээж, тугалыг нь тураахгүй”
америк маягийн “гаргалгаа” хийсэн аж. Түүнийгээ бас шивнээд амжсан. Гадаад хүнээс
Зайсангийн нөхцөл байдлын талаар мэдээлэл авах сонин юм.

-Хуулиараа Зайсан тусгай хамгаалалттай газар. Тэнд том том байшингууд
баригдаж байгаа. Эдгээр байшингууд аялал жуулчлалыг дэмжих зориулалтаар зөвшөөрөл
авдаг. Уг нь бол тэнд бай­гаа барилга байшингууд ерөөсөө тэнд байх ёсгүй юм. Баячуудын
том байшинг хэн ч зайлуулж чадахгүй. Харин ядуу, энгийн иргэд эгзэгтэй нөхцөлд байна.
Тэд Зайсанд угаасаа л амьдарч байсан. Үргэлжлүүлээд амьдрахыг хүсч байгаа. Энэ байдлаас
яаж гарах вэ? Америкт нэг хэлц үг байдаг. “Өвөөжүүлэх” буюу өмнө нь байсан юмыг
хадгалаад, цааш авч явахыг хэлдэг. АНУ-д шинэ журам боловсруулахдаа өмнө нь байсан
юмыг устгадаггүй.  Хууль, журам гарахаас өмнө
байсан хүмүүсийг хууль, жу­рам гарлаа гээд хөөж болох­гүй. Гэрүүд үлдэх ёстой. Тэд­нийг
нүүлгэх учиргүй. Мэдээж том барилгуудыг хэн ч нурааж чадахгүй. Тэд ч үлдэнэ. Баян
ч бай ядуу ч бай байгаа хүмүүс нь тэр чигээрээ үлдэхээс өөр аргагүй болоод байна.
Энгийн хүмүүс дүрэм журам ч уншихгүй яваа шүү дээ.  Гэхдээ нэмж ямар ч байшин барилга барихгүй байх
учир­тай. Газартайгаа үлдсэн хү­мүүс хашааны газраа томс­гох, тэлэх ёсгүй. Газраа
хэрэл­дэж байж авч үлдээд, өндөр үнээр зарах магадлал бий. Тийм боломжийг хаах хэрэгтэй.
Магадгүй тэд тусгай хамгаалалттай газар нутагт амьдарч байгаагийнхаа төлөө хөрөнгө
орлоготойгоо зохицсон татвар төлж болно. Иймэрхүү шийдвэр гаргасан байхад тэнд байгаа
хүмүүсийн уур хилэн дарагдаж, бүгд сэтгэл хангалуун үлдэх бо­ломж­той. Энэ бол америк
маягийн шийдэл. Гэр хороол­лын иргэд “Хууль зөрчин оршин сууж байгаа иргэд” гэсэн
хаягтай яваад байгаа нь тэдэнд ашиггүй” байна 
гэж Анн санаа зовж байсан.

Ингээд түүнээс үндсэн сэдвээрээ сонирхлоо.

 -Хотын
дүрэм бий болгохоор Нийслэлийн за­саг даргын тамгын газрын­хан төсөл хэрэгжүүлж
бай­гаа гэж сонссон. Хотын дүр­мийг дээд удирдлагаас хийх ёсгүй гэж та үздэг байх
аа. Хотын дүрмийг бий болгохын тулд эхлээд юу хийх ёстой вэ?

-Хотын захиргаанд байгаа хотын дүрмийн ажлын хэс­гийнхэн адил төстэй
хотууд болон том хотуудын дүрэмтэй танилцах учиртай. Тухайлбал манай Хамден шиг
жижиг хотын дүрэмтэй ч  танилцаад хэрэгтэй
санаагаа түүж аваад, Иргэний танхимдаа иргэдээ цуглуулаад, ийм санал дэвшүүлж байна  гэж танилцуулах ёстой юм. Ашиг сонирхол нь хөндөгдөж
бай­гаа хотын бүх иргэдийг оролцуулах хэрэгтэй. Хүн бүр янз бүр. Өөр өөр ашиг сонирхолтой.  Хурал зохион байгуулагчдын хувьд хүмүүс юуг дэмжиж,
эсэргүүцэж байгааг л цуглуулах үүрэгтэй. 
Ажлын хэсгийнхэн хот тө­лөв­­лөгчдөөс авахуулаад улстөрчид, мэргэжлийн хү­мүүс­тэй
ярилцах ёстой. Үүний дараа эхний нооргоо гаргана. Мэдээж хотын дүр­мийн гол хэсэгт
техникийн чанартай үг хэллэг орсон ч энгийн хэллэгээр бичигдсэн, дунд сургуулийн
хүүхэд ч ойлгохоор байх хэрэгтэй. Дүрмийн анхны загварыг интернэтэд тавьж, хотын
бүх хүн танилцах боломжтой хэлбэрээр цацах учиртай. Сэтгүүлчид уг дүрмийн талаар
хэлэлцүүлэг өрнүүлэх маягаар бичих хэрэгтэй. Олон нийтийн хэлэлцүүлэг хэдэн долоо
хоног, хэдэн сараар ч үргэлжилж болно. Дараагийн бүлэг уулзалтаар эцсийн байдлаар
дүрмээ боловсруулах талаар хэлэл­цэж эхэлнэ. Эцсийн байдлаар журмаа гаргаад  дэмжиж байна, дэмжихгүй байна гэдэг дээр Улаанбаатар
хотын иргэн бүрийн саналыг авна. Өнөөдөр энэ хэлэлцүүлэг эхэллээ гэхэд хоёр жилийн
дараа ч дуусч болно. Хүн бүрийн эрх ашиг хөндөгдөх учраас хүн бүрийг оролцуулах
хэрэгтэй.  Хүмүүсийн  дэмжлэг авахгүй бол дахиад л үргэлжилнэ.  Энэ бол ардчилал юм. Маш олон зуун хүнийг хамрах
боломжтой. Идэвхтэй хэсэг хүмүүсээс гадна энгийн хүмүүс ч оролцох боломжийг нээх
учиртай.

-Хотын
дүрэмгүй бол юу болох вэ. Дүрэмгүй амьдарна биз дээ?

-Өнөөдөр Улаанбаатар хот Засгийн газраас хамааралтай байна.  Хэрэв өөрийн 
дүрмээ батлаад, өөрийн статусаа бэхжүүлээд авбал хот өөрийн цуглуулсан мөнгөөр
өөрийгөө хөгжүүлээд явах боломжтой. Дүрмээ баталбал  татвараа хураагаад, эдийн засгийн хувьд улсаас
хамааралгүй хөгжих юм. Хүн бүр адил тэгш хотын татвар төлбөл  чинээлэг хүмүүст нөлөөлөхгүй, ядуу хэсэгт дарамт
болно. Харин үл хөдлөх хөрөнгийн татвар хураавал өндөр орлоготой хүмүүс илүү татвар
төлж, хот хөгжих боломжтой болно.

-Хотын
дүрэм тэгэхээр  санхүүгийн асуудалд илүү хамааралтай
хэрэг үү?

-Үгүй ээ. Интернэтэд ороод Хамден хотын дүрмийг харуулъя. Хотын дүрэм
яаж гарсан гэхээр улсын хуульд хот болгон дүрэмтэй байхаар заасан байдаг.  Манай хотын дүрэмд юу юу орсныг товчхон ярья.
Эхний хоёр бүлэг хотын танилцуулга. Гуравдугаар бүлэг хотын захиргаа, албан хаагчдыг
яаж томилох вэ гэдгийг маш олон жижиг хэсэгт хуваагаад, заагаад өгдөг.

-Хотын
дарга иргэдээсээ сонгогдох уу?

-Тийм. Дөрөвдүгээр бүлэгт Хотын эрх бүхий хүмүүс яаж шийдвэр гаргах
тухай зааж өгсөн. Тавдугаар бүлэг хотын дарга гэсэн гарчигтай. Хотын даргын сонгууль,
үүрэг, хотын дарга хэн хэнийг томилж болох вэ, тэдний эрх ямар байх вэ гэсэн таван
хэсэгтэй. Зургадугаар бүлэгт сонгуулиар эрх мэдэлд хүрсэн тэр хүмүүс юу хийхийг
заасан. Дараагийн бүлэгт хотын захиргааны хэлтэс тус бүрийн үүрэг, хариуцлага, яаж
албан тушаалд томилогдохыг зааж өгсөн.

-Хотын
дарга хэн нэгэн танил, хамаатан саднаа албан тушаалд томилж чадахгүй гэсэн үг үү?

-Үгүй ээ. Хотын дарга нэр дэвшүүлж, хотын зөв­лөлийнхөн баталдаг.
Хотын дарга өөрөө баталж чадахгүй. Есдүгээр бүлэг боловсрол. Манай хотынхон боловсролд
хамгийн их ач холбогдол өгдөг. Аравдугаар хэсэг хотын төсөв. Төсвийн төслийг  хотын дарга санаачилж, зөв­лөлийнхөн нарийвчилж
шалгаад зөвшөөрөл өгнө.   Тухайлбал  өндөр настануудад үзүү­лэх үйлчилгээ гэсэн хэ­сэгт
компьютерийн сургал­тад хотын дарга 2500 дол­лар төсөвлөсөн байхад зөв­лөлийнхөн
түүнийг нь 1500 доллар болгосон нь энд харагдаж байна. Хотын төсөв хотын зөвлөлийнхний
гол  ажил. Хотын төсвийг батлахдаа иргэдээр
хэлэл­цүүлдэг.

-Хотын
зөвлөл чинь мундаг эрхтэй юм аа. Хотын зөвлөлийг яаж сонгодог юм бэ?

-Иргэд хотын зөвлөлийг сонгодог. Би гурван удаа хотын зөвлөлийн гишүүнээр
сонгогдож байсан.  60 мянган хүн амтай манай
хот есөн дүүрэгт хуваагддаг. Дүүрэг тус бүрээс нэг зөвлөлийн гишүүн сонгогддог.
Зургаан зөвлөлийн гишүүний 4 нь олонхийн намаас гарсан, 2 нь цөөнхийн намаас сонгогддог.
Хотын дүрэмд арван жилд нэг удаа өөрчлөлт оруулахаар заасан. Манай хотын дүрэм саяхан
өөрчлөгдсөн. Маш олон удаа олон нийтийн хэлэлцүүлэг явагдсан. Нэгд  нь би үг хэлсэн. Хотын дүрэмд өөрчлөлт оруулах
хурал төлөвлөлт бүсчлэлийн хорооны гишүүдийн үг хэлэх цагийг хязгаарлахаар заасан.
Турш­лагатай хүмүүсийг маш сайн сонсох ёстой. Цагийг нь хязгаарлах ёсгүй гэж би
хэлээд, түүнийг маань хүлээж авсан. Хотын дүрмийг өөрчлөх ажлын хэсгийг  хотын дарга нэр дэвшүүлээд, зөвлөлийнхөн баталдаг.
Дүрэм өөрчилж байгаа учраас мэргэжлийн хуульчдын тусламжийг авна. Дараа нь иргэд
энэ өөрчлөлтийг дэмжиж байгаа эсэхээр санал өгсөн.  Иргэдийн санал авч байхад хотын дарга ч санал
өгнө. Хотын дарга учраас энэ хүний санал илүү гэсэн юм байхгүй. Би өөрөө Хот төлөвлөлт,
бүсчлэлийн хорооны дарга байсан. Манай хуралд хотын дарга иргэн хүний хувьд санал
өгнө. Түүний санал бидний шийдвэрт нөлөө үзүүлэхгүй. Хотын зөвлөл төсвөө батлах
үүрэгтэй. Төсвөө бүрдүүлэхийн тулд татвар цуглуулна. Үл хөдлөх хөрөнгийн татвар
буюу том үнэтэй хаусанд амьдарч байгаа хүмүүс илүү татвар төлөх жижиг байшинд амьдарч
байгаа хүн бага татвар төлөх зар­чим баримталдаг. Хотын захиргааны төсвийг нарийвчилж
зааж өгдөг. Энэ хэлэлцүүлэг дандаа олон нийтийн өмнө явж байдаг. Дараа жил хэдэн
төгрөгийн төсөв хэрэгтэйг зөвлөл тодорхойлдог. Хотын захиргааны нэг хэлтсийнхэн
“Манай цаасны мөнгө дууслаа. Гэтэл үзэг, харандааны мөнгө илүү гарч байна. Илүү
гарсан мөнгөө цаасанд зарцуулмаар байна гэвэл Хотын зөвлөлийн хурлаар зөвшөөрөл
өгдөг. Энэ хурал оршин суугчдын өмнө нээлттэй болдог. Жишээл­бэл нарийвчилсан төсөв
дээр Улаанбаатар хотын төлөө­лөгчдийг хүлээж авахад 500 доллар төсөвлөсөн гэвэл
“Юу ярьж байгаа юм, яагаад бидний татварын мөнгөөр хаа байсан хачин улсуудыг хүлээж
авдаг юм” гээд бөөн юм болно шүү дээ. Харин том хотуудад мэдээж өөр. Тэдэнд гадаадын
зочдыг хүлээж авах төсөв мэдээж бий.  Татварын
мөнгийг юунд зарцуулж бай­гааг манай иргэд харж байдаг. Тийм учраас гадаадын  төлөө­лөгчдийг дайлж цайлах мөнгө бидэнд байхгүй.
Монголоос хоёр  удаа хоттой танилцахаар төлөөлөгчид
ирсэн. Хотын дарга 30 минут хүлээж авсан, ширээн дээр нь ус ч байгаагүй. Манай хотын
дарга ямар машин унаж байгааг бүгд мэднэ. Үнэтэй машин унавал хүн болгон дургүйцнэ. 

-“Шилэн
данс”-ны хууль батлуулахаар УИХ-д оруулсан ч батлалгүй зүгээр л буцаачихсан. Албан
ту­шаалтнууд төсвийг ил тод байлгах сонирхолгүй, тэдэнд хуучнаараа байх нь таатай
байгаа бол яах вэ?

-Ил тод байдлыг шаардсан хуулийг хэн нэг хүн батлахгүй байна гэдэг
бол тэр хүн өөрөө ил тод байдалд дургүй байна гэсэн үг. Энэ хуулийн эсрэг санал
өгсөн УИХ-ын гишүүдийг мэдэж байгаа юу?

-Хэн
ямар санал өгсөн нь тодорхой байгаа л даа.

-Эсрэг санал өгсөн гишүү­дийн нэрсийг бариад Засгийн газрын ордны
гадна эсэргүүцэл зарлаач. Сэтгүүлчид эсрэг санал өгсөн гишүүдээс яагаад эсэргүүцсэн
юм бэ гэж асуух хэрэгтэй шүү дээ гэж тэр гайхлаа.        

“Гэр хорооллыг төлөвлөх­дөө иргэдийн санааг тусгах учиртай. Хамгийн
муу төлөв­лөлттэй хэсэгт ч хүмүүст таа­лагддаг хэсэг байж л таарна. Хүмүүсийн дуртай
орчинг эвдэж болохгүй. Хүмүүсээс асуухын өмнө ард иргэдээ боловсруулах, мэдээллээр
хангах хэрэгтэй. Иргэний тан­химын гол үүрэг иргэдээ сонсохоос гадна иргэддээ мэдээлэл
өгөх, боловсруулах юм. Нээлттэй засагтай байгаа­гүй оронд иргэдийг шийдвэр гаргахад
оролцуулах үйл явцад хугацаа шаардана” гэж Анн зөвлөж байна. “Саяхан би Завхан аймгийн
Улиастай хотод аялаад ирсэн. Хотын орлогч дарга нь уулан дээрээс хотоо харуулаад,
хотоо төлөв­лөхдөө яах хэрэгтэйг асуусан. “На­даас битгий асуу. Өөрөөсөө асуу” гэж
би хариулсан. Би түүнээс Хамден хотын хөгжил ямар байхыг асууж болохгүйтэй л адил”
хэмээн ярив. Тэгснээ “Улаанбаатарыг яаж төлөвлөхийг би танаас асууя” гэлээ.

-Би ээж хүн. Миний хувьд Улаанбаатарт мод, зүлэг ногоон хэсэг их
хэрэг­тэй санагддаг.  Хүүхдээ сал­хилуулахад
ойрхон  цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбай
байвал зүгээр гэхэд маань  

-Бүх ээжүүд яг л ийм юм хүсч байгаа. Хотыг төлөвлөхийн тулд мэргэжлийн
байх хэрэггүй, ээж байхад л хангалттай. Хотыг төлөвлөнө гэдэг хотод амьдарч байгаа
хүмүүсийн асуудал. Худалдаа, үйлчил­гээ­­ний хэсгүүд хотод мэдээж байна. Бизнесмэнүүд
яаж ийгээд аргаа олно. Хамгийн гол нь иргэд хот төлөвлөлтөд оролцох ёстой. Анх Улаанбаатарт
ирэхэд Зайсан толгой, Буддагийн том хөшөө сайхан харагддаг байсан. Тэр хавьд амьдарч
байгаа оршин суугчид хэрэв төлөвлөлтөд оролцсон бол шинээр байшин барилга баригдахгүй
байсан  гэж Анн хэлсэн юм.

 Б.ЯНЖМАА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сайхан бие

90 60 90 хэмээх стандарт хэмжээ моодноос гарч гэнэ. Сайхан хүүхэнд дуртай эрчүүд эсэргүүцээд хэрэггүй. Мэдээж ийм биетэй хүүхнүүд алга болчихгүй. Зүгээр л сайхан хэмээх ойлголт энгийн болсон талаар л ярих гэсэн юм. Эмэгтэй хүн бүхэн сайхан биетэй. Нас шүд, тарган туранхай, хөгшин залуу, хар, бор, шар ялгаагүй байгалиас заяасан бүхэн сайхан гэсэн үг л дээ. Загвар өмсөгч, мисс хүүхнүүд шүтээн байгаа нөхцөлд охид болгон шахуу тэдэн шиг болохыг хүснэ.  Өөрийгөө голох, эхээс төрсөн биеэ мэс заслын аргаар ч болтугай сайжруулах гэж туйлширдаг. Энэ бүхэн хүн төрөлхтөний туулаад ирсэн зам. Байгалиас заяасан сайхныг засварлана гэдэг сайн сонголт гэж үү. За тэгээд загвар өмсөгч, миссүүд жаргадаг гэсэн хууль хаана байна. “Хамгийн сайхан цэцэг хамгийн түрүүнд тасдуулдаг” гэсэн үг байдаг. Хамгийн жаргалтай хүүхнүүд бол сайхан ч биш муухай ч биш жирийн эмэгтэйчүүд л байдаг. 

Тэдэнд  бусдын нүдний хор шингэдэггүй. Далд сайхныг нь мэдэрсэн залуутай ханилаад, насаараа жаргалтай амьдрах нь олонтаа. Өөрчлөлтийг дэмждэг Залуу эмэгтэйчүүдийн клубээс “Сайхан бие” төсөл хэрэгжүүлж байгаа юм билээ. Тэдний гаргах үзэсгэлэнгээс сайхны тухай шинэ хандлагыг мэдрээрэй. Амьдрал улам л энгийн болж байна. Хар арьст хүүхэлдэйнүүд тоглоомын ертөнцөд орж ирсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд  өөрсөдтэйгээ адилхан хүүхэлдэйгээр тоглох боломжтой болсон гэнэ. Ийм хүүхэлдэйнүүд тэдэнд бусдаас өөр биш харин бусдын л адил хүн гэдгийг нь мэдрүүлэх учиртай. Оддын клипүүдэд зөвхөн хөөрхөн сайхан бүсгүйчүүд гол дүр байхаа больжээ. Тэд жирийн хүмүүсээр уран бүтээлээ чимдэг болж. Жирийн хүмүүсээр дүүрэн хорвоо юм чинь эгэл жирийн гоо сайхан үнэд орохгүй яах билээ.

Б.ЯНЖМАА

Categories
булангууд мэдээ танайд-өнжье

Төгс төгөлдрийн эрэлд…

“Тэр үеэ эргээд бодоход айдас төрдөг. Ямар ч зоригтой эхэлж байсан юм” хэмээн хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай “Үй-цай” бүрэн дунд сургуулийг үүсгэн байгуулагч Д.Баяраа захирал хэлсэн юм. 1997 онд “Үй цай” сургуулийг байгуулахдаа цэцэрлэгийн хэдэн өрөөг түрээслэн ажлаа эхэлж байсан гэнэ. Есдүгээр сарын 1 болох гээд байдаг. Мөнөөх түрээсийн өрөөнүүдэд өмнө нь нарийн боовны цех байсан болохоор будаг шохойны ажил ихтэй.  Будаад шохойдоод, угааж арчаад дуусахад үүрийн дөрвөн цаг болжээ. “Угаасан шалан дээрээ  хэсэг хэвтэж амраад нээлтээ хийж байсан даа” хэмээн Д.Баяраа дурсав.

-Тэр үеийн хүмүүс ямар ч сайхан сэтгэлтэй байсан юм. Цэцэрлэгийн буланд түрээсийн байранд нээгдсэн төлбөртэй сургуульд хүүхдээ авчраад өгч л байсан. Ирээдүйд маань л итгэсэн байх даа гэж тэр хэлсэн юм. “Үй цай” бага сургууль анх нэгдүгээр ангийн 30 сурагч, хятад, монгол хоёр багш, нэг үйлчлэгчтэй үүдээ нээжээ.  

Д.Баяраа Эрхүүгийн Улсын багшийн дээд сургуулийг согог зүйч мэргэжлээр төгссөн багш хүн. Тусгай боловсрол шаардлагатай хүүхдүүдэд багшилдаг  ховорхон мэргэжилтнүүдийн нэг тэрбээр хятад хэлний сургууль эрхэлсэн нь хувь заяаны эргүүлэг гэлтэй. Хятад сургуулийг үүсгэн байгуулагч түүнийг хэр зэрэг  хятад хэлтэйг сонирхвол “Би ямар ч байсан сайн байна уу, баяртай баярлалаа, явъя, шалгая гэх мэт үгнүүдтэй” гэсэн. Түүний гэргий Д.Цэцэгмаа нөхрийнхөө хамтран зүтгэгч. Сургуулийн ерөнхий захирлын албыг хашиж, багш сурагчидтай харилцахаас авахуулаад бүхнийг зохицуулж явдаг. Нөхөр нь харин гэргийгээ “Хэл шинжлэлийн онолын түвшинд биш юм аа гэхэд харилцааны хэмжээнд хятад хэлтэй” гэж танилцуулав. Гэргий нь эдийн засагч хүн.  Америкт эдийн засагч  эмэгтэй ганц бие хүүхнүүдэд хэрхэн нөхөрт гарах тухай зөвлөсөн ном бичсэн нь ихэд эрэлттэй байсан гэдэг. Гэхдээ  эмэгтэй хүнийг борлуулах гэж байгаа бараатай адилтган харсан нь амжилтанд хүргэсэн юм билээ.  Бүтээгдэхүүнийг борлуулахын тулд  сав, баглаа боодолд нь анхаардаг шиг нөхөрт гарахын тулд  хувцаслалт, хэв маягтаа анхаарах тухай бичсэн хэрэг. Түүн шиг л Д.Цэцэгмаа багшийн ажлыг технологижуулах гэж үздэг. “Тэр нь ч одоо цагтаа тохироод байгаа” гэж нөхөр нь сайшаасан. “Танай боловсролын стандартыг дээрээс нь бий болгодог. Үйлдвэрийн стандарт дороосоо бий болоод, дээрээ хэвшүүлээд дуусгадаг” гэж эхнэр нь хэлдэг гэнэ.  “Сургалт мундаг технологижсон ажил. Технологийн карт гэдэг нь гэрийн даалгавар, дамжлагын шугамын зохион байгуулалт гэдэг шиг багшийн ажил мэндлэхээс эхлээд стандартын дагуу явах ёстой” гэж гэргий нь тайлбарлав. “Гологдол бараа” гаргахгүйн тулд Д.Цэцэгмаа захирал тэмцэж байна даа.  Зах зээл эхлэхэд Д.Цэцэгмаа үйлдвэрт чанарын инженер хийж байжээ. Инженер, эдийн засагч мэргэжилтэй тэрбээр болоо ч үгүй Улсын багшийн дээд сургуульд багшилдаг нөхрөөсөө илүү мөнгө олдог байсан гэнэ. Сургууль нээснийхээ дараа энэ эмэгтэй БНХАУ-ын Ухань болон Бээжин хотын Боловсролын их сургуульд хятад хэлний сургалтын арга зүйгээр мэргэжил дээшлүүлсэн аж. 

Одоо бол “Үй цай” нүсэр айл. 15 бага ангитай юм билээ. Нэг ангиар орохдоо хүүхдийн тоог лавлахад багш нь “40 хүүхэдтэй” гэсэн шүү. Төлбөр нь 3 сая 500 мянган төгрөг гэсэн. Хятад хэл ирээдүйтэй гэж хүмүүс үзэж байгаа байх нь.

Д.Баяраатай тохиролцсон ёсоороо “Үй цай”-гаар ороод гарахаар өглөө  очлоо. Ерөнхий захирлын өрөөнд  сууж байтал Д.Цэцэгмаа захирал ахлах ангийн шар охинтой орж ирээд “Нанжин хотын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахаар болсон хүүхэд” гэж нөхөртөө танилцуулж байна. 2014 оны  Хятадын Засгийн газрын тэтгэлэгт уралдаант шалгаруулалтад “Үй цай”-гийн хүүхдүүд эхний 15-д шалгарсан аж. Захирлуудыг ажил ярьж байх зуур охинтой хэдэн үг сольж амжлаа. С.Анужин “Үй цай”-д 11 жил сурч байгаа учраас Д.Цэцэгмаа багш “үндсэн хүүхэд” хэмээн онцлов. “Ээж хувиараа бизнес эрхэлдэг, аав татвар хураагч” гэж охин хэллээ. “Үй цайг яагаад сонгох болсон”-ыг нь сонирхов. 

-Багадаа сургуулийн гадуур явж байхад хүүхдүүд дуу дуулаад,  шүлэг уншиж сонсогдсон нь гоё санагдаад “Аав аа, би энэ сургуульд ормоор байна” гэсэн юм. 

Нанжиний их сургуульд  эдийн засаг, хятад хэлээр дагнаж суралцана. Есдүгээр ангиа төгсөөд л тэтгэлэгтэй суралцахаар бодсон. Бээжин, Чан чунд очиж байсан. Ээж хувиараа бизнес эрхлэгч болохоор Эрээнд байнга очдог. Ээжтэйгээ хамт явж орчуулга хийж өгдөг. Ээж намайг орхиод явахаараа “Ёстой бүтэхгүй юм байна” гэдэг хэмээн охин хуучлав. “Сургууль дээр үндсэн хятад хэл үздэг. Эрээнд нутгийн аялгатай ярьдаг болохоор эхлээд хэцүү байсан. Бээжинд илүү чөлөөтэй ойлголцдог” гэнэ. “Үй цай”-д өдгөө 1000 гаруй хүүхэд сурдаг.  “Үй цай” гэдэг нь төгс төгөлдөр гэсэн утгатай үг юм байна. Өмнөд хөршид “Үй цай” нэртэй сургууль цөөнгүй байдаг аж.

Дуу хөгжмийн багш Ц.Батцэцэг бишгүүр тоглож үзүүлэв. 4-5 дугаар ангийн 210 хүүхэд бишгүүр тоглож сурсан гэнэ. Япон, Канад, Америкт бага ангид бишгүүрээр хичээллэдэг сургалтын хөтөлбөр байдаг. Түүнийг нь “импортолж” байгаа аж.  Анги өгсөхөөрөө хүүхдүүд саксофон тоглох гэнэ. Сурагчид завсарлагаанаар нүдний дасгал, хөгжимт гимнастик хийж харагдсан. Хичээлийн дараа, дугуйлан давтлагад хамрагдаж, даалгавраа хийж, үдийн хоолоо идэж, ойлгоогүй зүйлээ багшаасаа асуух мэтээр тэд 17 цаг хүртэл сургууль дээрээ  өнждөг.

Удаан цагаар хичээллэхэд хүүхдүүд ядардаггүй юм уу гэж Д.Баяраа захирлаас асуучихлаа. “Монголоос бусад бүх Азийн оронд бүтэн өдөр үргэлжилсэн хичээлийн цагтай байдаг” гэж дуугарч байна. Түүгээр ч барахгүй түүнийг дөрвөн жилийн өмнө Солонгост явж байхад  дунд сургуулийн хичээл долдугаар сарын 20-нд тарж, зуны амралт эхэлж байсан. Хөх хотод наймдугаар сарын 15-нд төгсөх ангийн хичээл эхэлж байсныг жишээ татлаа. Харин эхний хэдэн жил  зуны амралт оройтоход эмээ өвөө, ээж аав нар “Зуслан гарна”, “Хөдөө явна” гэх мэтээр өгүүлэл тавьсан гэнэ. Өндөр төлбөртэй уригдаж ирсэн гадаад багш нар цөөн сурагчтай хичээллэх асуудал тулгардаг учраас одоо зуны амралт бусад сургуулийнхтай ижил болжээ. 

“Ачаалал ихтэй” гэж Д.Баяраа хүлээн зөвшөөрлөө. Хоёрдугаар ангийнхан гэхэд л 700 гаруй дүрс үсэгтэй танилцдаг гэнэ дээ. Элсэлт авахдаа л эцэг эхчүүдэд хичээлийн агуулгаа танилцуулж, хос хэл дээрх сургалтын агуулга хүүхдэд нь тохирох эсэхийг  тодорхойлоод, зөвлөгөө өгдөг байна. Зургаан настай хүүхдүүд ачаалалтай суралцдаг ч мэдрэлийн ядаргаанд орсон удаагүй. Төгсөгчид нь “Сууж сургадаг, ачаалал дааж сурдаг” гэж талархдаг гэнэ шүү.  “Хүүхдэд тохируулаад эзэмшүүлэх мэдлэгийн тавилыг зөв тавих, технологийг зөв сонгох талаар” захирал онцолж байна лээ. 

Сургуулийн хаалгаар ормогц шагнал, хүндэтгэлийн хэсэг нүдэнд өртөнө. Энд морин хуур, “ Монголын нууц товчоо”-г залсан хараг­¬дав. Ардын уран зохиолч, төрийн шагналт Д.Пүрэвдорж, төрийн хошой шагналт Н.Жанцанноров нар сургуулийн хойморт “Нууц товчоо”, Морин хуурыг залж өгчээ. Д.Пүрэвдоржтой холбоотой хөгжилтэй түүх бий. 

Хятад сургууль болохоор ч тэр үү “Баяраагийн эхнэр нь хятадын эрлийз юм гэнэ лээ” гэсэн шивэр авир яриа эцэг эхчүүдийн дунд гарч л дээ. Үүнийг сонссон Д.Пүрэвдорж гуай ахлах ангийнхан, багш нарыг суулгаж байгаад хоёр захирлыг дэргэдээ суулгаад, өөрийнхөөрөө залруулга хийж гэнэ. Эхнэр нөхөр хоёр зохиолчтой нэг нутгийнх агаад  Өвөрхангайн Бүрд сумаас гаралтай аж. Тэгээд Д.Пүрэвдорж “За, нөхөр хүүхдүүд, багш нараа, танай энэ  хоёр захирал жинхэнэ төв халхын үхэр монголчууд байхгүй юу” гэжээ. Д.Пүрэвдорж гуай хүүхдүүдэд сургаал хайрлахаа ч мартсангүй. “За хүүхдүүдээ, жо гуаны хэл гэж мэдэх үү” гэж асуухад нь Д.Баяраа захирал “Надаас асуучих вий дээ” гэж айж суусан гэнэ. Жорлонд орохын тулд хүн жорлон хаана байгааг асууж сурдаг. Гуанзанд орохын тулд бас л асуух шаардлагатай болно. Хоол идэх, жорлонд орох хэмжээний хэлтэй байж болохгүй гэсэн санаа. “Сонгодог зохиол унших түвшний хэлтэй байх учиртай” гэж ардын уран зохиолч зөвлөжээ. Тийм ч учраас Д.Баяраа багш хүүхдүүдээс сонгодог зохиолуудыг гурван хэл дээр уншихыг шаарддаг. “Монголд хятад хэлний орчин байхгүй учраас хэлийг нь дэмжих үүднээс уран зохиолын ном уншуулдаг” гэж тэр тайлбарласан юм.  11 дүгээр ангийнхан “Монте Кристо гүн”-г хятад, монгол, англи хэлээр судалснаа тайлагнах үеэр нь эцэг эхчүүд байлцаж сэтгэл хангалуун хоцорчээ. “Морь унасан толгойгүй хүн”, “Парисийн дарь эхийн сүм”, “Гамлет”-ийг уншсан хүүхдүүд ч байна. Гурван хэлээр уншихад аль нь илүү ойр санагдсан талаар асуухад маань Ч.Батбаяр “Монгол хэл дээрээ уншихад илүү ойр. Хятад англи хэлээр уншихад хятад нь илүү дөхөмтэй байдаг” гэсэн. Эдний ангийн Б.Оюунтөгс “Монте Кристо гүнг хятад хэл дээр уншихад хоёр сар зарцуулсан” гэлээ. 

Н.Жанцанноров ч бас сургуульд уригдсан учир шалтгаан бий. Д.Баярааг УБДС-ийн шинэхэн оюутан байхад Багшийн сургуулийг онц төгсөгч, сургуульдаа багшаар үлдэж байгаа өндөр цагаан залуу, хичээлийн жилийн эхний мөнгөн хонхыг дуугаргасан түүхтэй. Тэр нь Н.Жанцанноров байж. “Энэ залуу шиг болох сон” гэсэн бодол манай баатарт төрсөн гэдэг. 

Нэг ангиар шагаймагцаа “Ханын сонин”-д буй  дурсамжид захирал анхаарал хандуулав. Сурагчид хандивын  тоглолт хийж олсон 6 сая 250 мянган төгрөгөө Ажиа гэгээний санаачлан босгож буй хүүхдийн эмнэлэгт хандивласан байна. Дөрөвдүгээр ангитай танилцахаар ороход маань хүүхдүүд бүгд босч мэндлэв. Ангийн дарга О.Анужин хятадаар ангийнхнаа танилцуулсан нь “Манай анги 40 сурагчтай. 21 эрэгтэй, 19 охидтой. Бид өдөр болгон хичээж сурдаг” гэсэн юм. Багш нарын өрөөнд дэвтэр засч суугаа Монгол хэлний багш И.Буяннэмэхээс хүүхдүүд монгол хэлээр бичихдээ хэр алдаа гаргадгийг сонирхов. “Зөв бичих дүрэм дээр хүүхдүүд нэг их алдаад байдаггүй. Зургадугаар ангиасаа эхлээд программаас гадна сонгодог зохиол уншиж эхэлдэг” гэж тэр хариулсан. “Хос хэлний сургалтын хөтөлбөрийн онцлог нь бага ангид хятад хэл дээрх сургалтын агуулга илүү байдаг бол ахлах ангид ороод ирэхээр нь монгол хэл дээрх хичээл нь ихсэх байдлаар тэнцвэржүүлдэг” гэж Д.Баяраа захирал тайлбарлав. Тэрбээр “Хос хэлний тэнцвэрт сургалтын хөтөлбөрийг туршиж судалсан нь” сэдвээр докторын зэрэг хамгаалжээ. Эднийх харин спорт танхимгүй учраас урлагийн танхимдаа хүүхдүүд биеийн тамирын цаг дээр спорт бүжгээр хичээллэдэг аж. Үй цай сургууль дээр мөн Күнзийн танхим байрладаг юм билээ. Үй цай сургууль, БНХАУ-ын Олон улсын радио хамтран энэхүү танхимыг ажиллуулдаг.

Англи хэлний Ц.Оюунчимэг багш “Хэлний сургууль учраас хүүхдээ олон улсын түвшинд хүргэхээр ажилладаг. Канадад төвтэй, англи хэлний олон улсын AP хөтөлбөрт хандсан.  Англи хэлний шалгуурыг нь хангавал дэлхийд нэртэй коллежуудад сурах эрхийг нь олгодог юм” гэлээ. Монгол, Хятад хос хэлний сургалтыг хэрэгжүүлж байгаа тус сургуулийнхан олон хэлт боловсролын хандлагыг судалж байгаа юм билээ. 

БНХАУ-ын Боловсролын яамнаас жил бүр зохиодог Хятад хэлний мэдлэгийн түвшин тогтоох NSK шалгалтад “Үй цай”-гийнхан дээгүүр  давхидаг. Ийм түвшинд хүртлээ эхнэр нөхөр хоёр 17 жил хөдөлмөрлөжээ. Согог зүйч, багш хүн яагаад хятад хэлний бизнес рүү эргэчихэв гэж сонирхлоо. 

-1990 онд олон багш ганзагын наймаанд хөл тавьсан. Миний авдаг цалингаар эмэгтэй хүний өрөөсөн гутал авч хүчрэхээр байсан. Тэгээд улсын байгууллагад ажилтай, хуурай ахаасаа 500 доллар зээлээд, Хятад руу наймаанд гарсан даа. Галт тэргэнд явахдаа сугандаа мөнгөө хийчихээд, шөнө тэмтэрч үзнэ. Авгай, хүүхэдтэйгээ хадмынхаа байранд амьдардаг байсан болохоор алдчихвал хаанаас олж өгөх билээ” хэмээн манай баатар дурсав. Наймаанд одтой үе ч байж, шатах ч тохиолдол гарчээ. Гэргий нь Унгарт амьдардаг багынхаа найз дээр очиж, хувийн үйлдвэрт ажиллах болсон нь тэдний амьдралд эргэлт гарахад нөлөөлжээ. “Хэдийгээр тэр нь оёдлын жижиг цех байсан ч манай хүн инженер учраас “гялалзсан”, өөрийн өмч, үйлдвэртэй байж болно гэдгийг ойлгож, сэтгэлгээний гайхамшигтай тэнхээ суусан” хэмээн нөхөр нь тодорхойлов.  Москва, Будапештын галт тэрэгний буудалд хоёулаа зогсоо зургаа тайлбарлахдаа Д.Баяраа “Манай хүн Унгарт боолын хөдөлмөр эрхэлж, ганзагын наймаа хийж байхдаа би эргэж очсон үе” гэв.  Урд хөрш рүү наймаанд гүйсэн үе нь түүнд хятад хэл ус агаар шиг  хэрэгтэйг  ойлгуулсан аж. Ингээд л 131 дүгээр цэцэрлэгийн ашиглагдаагүй гурван өрөөг түрээслэн, гэр бүлийн бизнес цэцэглэсэн. Ганзагын наймаанаас хуримтлуулсан хэдэн төгрөгөөрөө урьсан хятад багш нараа байрлуулах сууц олж, ажлаа эхэлжээ. Хятадад багшийн цалин өндөр. Бага ангийн багшийн цалин 3000 юанаас өгсдөг. Илүү нөхцөлтэй үед л Монголд ажиллах нь мэдээж.   “Сургуулийнхаа байрыг худалдаж авч, гурван давхар болгоод саяхнаас өр зээлээ дуусч байна даа” гэж нөхөр нь хэлсэн. Сургуулийн ажлаа цэгцлээд тэр мэргэжлийнхээ дагуу МУБИС-д тусгай хэрэгцээт боловсролын  багшаар ажиллаж эхэлжээ. 

“Төгсөгчдийн дүү нар, ах дүү хамаатан садны хүүхдүүд орж ирээд байдаг юм билээ” гэж Д.Баяраа захирал ярив. Саяхан нэг ээж хүүхдээ авчирч өгөөд “Хулан шиг л болгох хэрэгтэй байна” гэсэн шаардлага тавьжээ. Хулан гэдэг нь Бээжингийн Санхүү, эдийн засгийн сургуульд орсон хүүхэд. Хулангийн аав нь захирал руу утасдаж, охин нь сургуульдаа сайн сурлагатайд тооцогдож, 10 мянган юаниар шагнуулсан баярт мэдээг дуулгаж, талархжээ. Харин хавар нь мөнөөх Хулангийн хамаатны хүн хүүхдээ авчирч тушаахдаа хүсэлтээ илэрхийлсэн нь тэр. “Хулангийн ген, тэр хүүхдийн ген өөр шүү дээ” гэж захирал инээв. Харин Хуланг сургасан орчин бол “Үй цай” нь үнэн л дээ. 

Бусад сургуулиудыг бодвол “Үй цай” дорнын соёл ханхлуулсан газар юм билээ. Хятад багш нар хатуу чанга шаардлагатайгаараа алдартай. Сурагчид нь  чих зөөлөнтэй харагдана. Эсгий таавчигтай хүүхдүүд содон харагдсаныг яана. Эсгий таавчиг, дүрэмт хувцсаар  ижилсэх шаардлагыг Д.Цэцэгмаа захирал тавьдаг.  Сургууль дээр хүүхдүүд үнэтэй пүүзээр гангарч, ялгаа үүсгэхийг тэр тэвчдэггүй. Хүүхдүүд сургуулийн шаардлагын дагуу  хөх ширэн ултай, эсгий таавчигаар ижилсдэг ч таавчигны загварыг харин боломжоороо сайжруулжээ. “Манай сургууль бүтэн өдрийн үйл ажиллагаатай. Өдөржингөө гадуур гуталтай явах хэцүү. Эсгий таавчигтай хөл амардаг, сургууль дотор чимээ ч багассан. Өвөл манай хүүхдүүд ханиад хүрээгүй” гэж Д.Цэцэгмаа захирал ярив. 

Хятад хэлний сургалт эрхэлдэг болохоор урд хөршийнхөн дэмждэг үү гэхэд маань Д.Баяраа захирал “БНХАУ-ын Элчин сайд Хуан Жакуо цагаан сараар манай гэрт ирж, хоёр орны найрамдлын гүүр болсон ирээдүйтэй ажлыг эхлүүлсэн гэж хүндэтгэл үзүүлсэн” хэмээн бахархав. Ван Дайчу гэж  БНХАУ-ын ЭСЯ-ны соёлын зөвлөх манай сургуулийг хамгийн их дэмжсэн. Олон хүүхэд тэтгэлгээр сургахад тусалсан, хятад хэлний лингафоны танхим байгуулж өгсөн” гэв. ЭСЯ-ны зөвлөх Хуан Хайлин “Бид өөрийн хэлийг бүрэн гүйцэд эзэмшиж чадаагүй, нас хүрэхгүй. Тийм болохоор та битгий ухарч шантраарай” гэж зөвлөсөн аж. 

Харин хятад хэлний сургалтын зөвшөөрөл авах бэрх даваа байж. “Англи, орос хэл дээр зөвшөөрөл өгч болно. Харин хятад хэл дээр явах сургалтад зөвшөөрөл өгөхгүй” гэж  нийслэлийнхэн гэдийгээд байж. Тайваньд тохиолдсон явдал дарга нарт нэгийг бодогдуулаагүй бол юу болох байсныг бүү мэд.  “Хотын орлогч дарга Я.Мөнхжаргалын тэргүүлсэн комиссын хурлаар зөвшөөрөл өгсөн” гэж эхнэр, нөхөр хоёр ам уралдан ярилаа. Ж.Наранцацралт дарга Тайваньд айлчлах үеэр Монголын түүхэн бичиг дурсгалын талаар орчуулагч нь тайлбарлаж дийлээгүй аж. Тэрхүү айлчлалын багт явсан Я.Мөнхжаргал “Яг л хятад хүн шиг хятадаар ярьдаг сайн мэргэжилтэнүүдийг бэлтгэх хэрэгтэй байна” гэж онцгойлон захьсан гэнэ. 

“Үй цай”-тай танилцсны дараа бид Тэрэлжийг зорив. Эдний сургуулийн “Төгөлдөр” хүүхдийн зуны  сургалт, амралтын төв энд бий.   Эхнэр нөхөр хоёр өчигдөр тэнд хоноглосон гэнэ.  Ц.Шаравдорж гуай гишүүн байхдаа энд төв байгуулах газрын зөвшөөрлийг өөрөө хөөцөлдөж, олж өгсөн гэнэ. Охин нь “Үй цай”-гийн сурагч байсан учраас хүүхдүүд зун агаарт амрангаа суралцах төв хэрэгтэй гэж эцэг  хүн ойлголгүй яах вэ.  Ойролцоох малтай айлуудтай шефийн холбоо тогтоож, хүүхдүүд үнээ сааж, сүү хөөрүүлж, тараг бүрэх боломж олгодог. Өөрсдийн бүрсэн тараг, сүүгээ хүүхдүүд амтархан уудаг гэсэн. 

Д.Цэцэгмаа гэрт орж ирээд, шүрэн толгойтой жижигхэн ногоолин хөөрөг гаргаж тамхилав. “Ногоолин хүнийг муу юмнаас хамгаал­даг, эрч хүч сэлбэдэг гэж оросууд их хэрэглэдэг” гэж тэр хуучилсан. Лам багш нь бэлэглэсэн хөөргөө эзэгтэй ядрахаараа барьж явдаг зуршилтай. Энэ гэр бүлийнхэн их л энгийн хэрэглээтэй улсууд юм. Үе үе унтардаг “Соната” машинаараа олон жил хөл дүүжилжээ. Арван жилийн өмнө Улаан-Үдийн Багшийн сургуулийн захирал эмэгтэйг хоттой танилцуулж явтал замын голд машин нь унтарчихжээ. Оросын буриад эмэгтэй аргагүйн эрхэнд буугаад, машин түрсэн гэнэ. Одоо ч захирал эмэгтэй  мөнөөх адал явдлаа ярьж бөөн инээд болдог аж. 

Сургуулийн өргөтгөл энэ тэр гэж барилгачин болох шахсан үе тэдэнд бий. Портероороо элс хайрга, барилгын материал зөөж, футболка, өмдтэй голцуу явна. Хөнжил гудас нь ч портерт нь явдаг байж л дээ. “Эргээд харахад бид хоёр бүтээсэн юм билээ, босгосон юм билээ” гэж нөхөр нь дүгнэсэн.  Эхнэрээ бас  “Оёдол сайн хийдэг” хэмээн магтав. “Тэр үед айл бүхэн гэртээ оёдлын машинтай байсан даа” гэж гэргий нь хэллээ. Өөдөс зүйж оёсон савхин дээлээ “ах нар”-т 500 рублиэр зардаг байсан гэнэ. Эднийх хэдэн жилийн өмнө л байр авчээ. Өмнө нь аавынхаа байранд амьдардаг байж. Эхлээд гадаад багш нараа суулгах байр авч, дараа нь сургуулийн байртай болсныхоо дараа багш нарынхаа нийгмийн асуудалд анхаарчээ. Сургуулиас нэг багшдаа байр авч өгсөн агаад сардаа зуун мянган төгрөг байгууллагадаа төлөх гэрээтэй. Сэтгэл гаргаж ажилладаг багшдаа амаржсаных нь дараа байрыг нь өгөхөөр ярилцаж байгаа аж.      

“Төгөлдөр” төвийнхөө хашаанд суулгасан  Хэнтийгээс авчирсан алтаргана, Германаас захиалж авчирсан нэрсний модны суулгац, далийн ягаан цэцэг, чацарганы моднуудаа эзэгтэй эргэж тойров. 

Тооноор нь хөх тэнгэр, зуны нар харагддаг хэмээн хотын хүүхдүүдийн гайхаж биширдэг  найман ханатай хичээлийн гэрийг Өвөрхангайн Уянгад захиалж хийлгэсэн гэнэ. Сийлбэртэй эрээн модтой гэр байна лээ. Энд хөхөө донгодоод, хөх ногоо үнэртээд сайхан гэдэг нь.

Б.ЯНЖМАА

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ эдийн-засаг

Тэрбумын хөрөнгөтэй Засаг дарга төсвийн мөнгөөр байр авчээ

Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг 2013 оны төсвийг тодотгохдоо шинэчлэл хийж, тансаглалыг танасан хэмээн онцолсон. Гэсэн ч энэ үед засаг ноёд хэрхэн тансаглаж байсны  жишээг иш татах гэсэн юм. Дархан-Уул аймгийн  Засаг дарга С.Насанбат төсвийн мөнгөнөөс 70 сая төгрөг гаргуулан, дөрвөн өрөө орон сууц Дарханы төвд авсан байна.  Мөн ондоо тэрбээр албан хэрэгцээндээ машин худалдаж авахад зориулан 153  сая төгрөгийг гаргуулахаар татвар төлөгчдийн халаас руу гараа шургуулав.  Дархан-Уул аймгийн иргэн О.Гэрэлмаа  Засаг даргаа дээрх шалтгаанаар  Авлигатай тэмцэх газарт өгсөн юм билээ.
Авлигатай тэмцэх газраас иргэн О.Гэрэлмаад ирүүлсэн хариудаа “Танаас гаргасан гэмт хэргийн шинжтэй мэдээллийг хянан үзэх явцад С.Насанбат… нь албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан хэтрүүлэх, хээл хахууль өгөх авах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдохгүй байх тул таны гаргасан мэдээлэлд … эрүүгийн хэрэг үүсгэхээс  татгалзав” гэжээ.  Хуулийн хүрээнд үйлдэгдсэн дээрх тансаглал АТГ-т хэрэг үүсгэх шалтгаан болохгүй байж болох ч эдийн засгийн хямралд өртөж, өрхийн төсөвтөө өдөр бүр таналт хийж, хэрэглээгээ хасч байгаа жирийн иргэний хувьд хүлээн зөвшөөрөх аргагүй жишиг.
Албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлэг нийтэд цацагдсаны дараа хэвлэлийнхэн тэрбумтан Засаг дарга нарыг зарласан агаад Дарханы Засаг дарга айргийн тавд жагссан билээ.  С.Насанбат дарга өрхийн төсвөөсөө нэг их танахгүйгээр хадгаламжийн дансан дахь 379 сая 178 мянган төгрөгөөсөө   байр авчих бэлтэй эр. Гэсэн ч тэр ядуу  төсвөөсөө  орон сууцныхаа үнийг гаргуулахаас санаа  зовсонгүй.  Ингэхэд Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг төсвийн тансаглалыг танах тухай PR-дахын өмнө тэрбумтнуудад хуулийн хүрээнд тансаглах боломж олгосоор буй Засгийн газрын элдэв хуучирсан тогтоолуудаа эргэж хармаар юм.
Төрийн алба хашиж байгаа албан тушаалтнуудыг төр байраар хангаж болно л доо. Хэрэв С.Насанбатын оронд хэн нэгэн багш, эмч, зохиолч байсан бол төрийн мөнгөөр байр авч өгөхөд хачирхах юмгүй. Харин С.Насанбат төсвийн мөнгийг хэмнэсэн бол  ёс зүйтэй харагдах л байсан.
Засаг даргад автомашин худалдаж авахдаа гул барьсан Засгийн газрын тогтоол байдаг нь  2011 оных. Харшил хөдлөхөөр шог заалт энд бас байна аа. Засгийн газрын 233 дугаар тогтоолд  “Төр засгийн үйлчилгээний  авто баазын  талаар авах зарим арга хэмжээний тухай”  тогтоолын дөрөвдүгээрт  Засгийн газрын гишүүн болон  түүнтэй адилтгах албан тушаалтны хэрэгцээнд  үйлчилж байгаа  автомашины нормыг 100 мянган км-ээр тогтоож, дөрвөн жил тутам шинэчлэх арга хэмжээ авч байсугай” гэжээ.  Нийтийн тээврийн автобус 12 жил “гүйх” стандарттай байдаг.   Засаг дарга нар ямар саранпай юм унав л  гэж. Өмнөх даргынх нь машин боломжийн унаа  байсан нь тодорхой. Гэтэл дарга нар дөрвөн жил тутам машинаа сольж тансаглах нь төсвийн мөнгийг үрэлгэн зарцуулж буйн тод жишээ. Тэдний машиныг дөрвөн жил тутам сольдоггүй бол нийслэлийн нийтийн тээврийн хөгшин автобуснуудыг шинэчлэх  хэмжээний мөнгө хэмнэгдэх л байлаа. Ядаж байхад  дарга нар хямдхан тэрэг сонгох биш. Зах зээлийн ханшаас дээгүүр үнээр л машинтай болно шүү дээ.
Дархан-Уул аймагт ийнхүү тэрбумтан Засаг ноёноо татвар төлөгчдийн мөнгөөр эрхлүүлж байхад аудитын газар нь хориглосонгүй.  Аймгийн иргэдийн хурлын  төлөөлөгчид нь ч төсвийн мөнгийг хэмнэх талаар сануулсангүй.  Дарханд МАН ээлж халаагүй засаг барьсан болохоор  албан тушаалтны хэргийн  мэдээлэл  дарагдаад өнгөрөх нь олонтаа.    Дархан-Уул аймагт төрийн данснаас 430 сая төгрөг  шамшигдуулсан хэрэг гарч байхад  дарханчууд бараг л мэдээгүй өнгөрсөн. Орон нутгийн мэдээллийн хэрэгслүүдээр  энэ хэргийн шүүх ажиллагааг дурдаа ч үгүй.  Д.Хаянхярваа гишүүнийг Засаг дарга байх үед тус аймгийн  Төрийн сангийн даргаар ажиллаж байсан Э.Наранбаатар, аймгийн Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан Д.Нямхүү нар төсвийн мөнгийг завшиж, энэ хэрэгтээ аймгийн цэцэрлэг, сургуулийн эрхлэгчид, нягтлан бодох нарыг  хутгах дөхсөн билээ.  С.Насанбатын хуулийн хүрээн дэх тансаглалын зах зухаас дурдахад л ийм. Илүү ноцтой хэрэг гарсан ч байсан олон нийт хэзээ хойно мэдэх байх даа.
Иймэрхүү нөхцөлд иргэний аудит  найдвар төрүүлнэ.  Шилэн данстай хамт иргэдийн аудит гэсэн нэр томъёо Монголын нийгэмд орж ирсэн юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шилэн дансны тухай хууль оруулж ирэхэд УИХ  дургүйд хүчгүй гэдэг шиг л юм болсон.  Шилэн данс  гэж юу байдаг юм гэх мэтээр Ц.Нямдорж мэтийн хашрууд нь гоочлоод, хуулийн төслийг нь буцаачихсан. Шилэн данстай болсноор төсвөөс санхүүждэг  төрийн байгууллага, орон нутгийн өмчит  аж ахуйн нэгжийн төсөв, орлого зарлага нь бүгд  нээлттэй болох юм. Төсвийн гүйлгээ хийсний дараа 72 цагийн дотор  төсвийн мөнгө хаана юунд орсныг хүссэн хэн бүхэн тухайн байгууллагын цахим хаягаар орж “Шилэн данс” хэсгээс хардаг болох хуулийн төсөл яваа.  Мэдээллээ хугацаанд нь тавиагүй албан тушаалтныг ажлаас нь халах хүртэл арга хэмжээ авах юм билээ. Албан тушаалтнуудын тансаглалд цэг тавих хуулийн орчин үгүйлэгдэж байна. Уг нь тэд хуулийн хүрээнд ч тансаглах эрхгүй шүү дээ.

Б.Янжмаа