Categories
мэдээ цаг-үе

“Алив, найзууд аа тэврэлдье”

Халх голын 75 жилийн ойд оролцохоор ОХУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ирсэн, Халх голын ахмад дайчин Н.Г.Богданов сандал дээр сууж байсан хоёр монгол  ахмад дайчин руу дөхөж очоод “Алив, найзууд аа тэврэлдье” гэнэ. Ойролцоо зогсч байсан хүн тэдэнд орчуулж туслав. “Богданов гэдэг, одоо 94 настай хүн байна” хэмээн тэр тайлбарласан. Ихэнхдээ хүүхэд, хөгшид нарлаж байдаг Маршал Г.К.Жуковын хөшөөний эргэн тойронд бямба гаригт сэтгэл хөдөлгөсөн уулзалтууд болов. Цэцэг өргөх ёслолд оролцсон Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ “Та нарынхаа алдар, гавьяаг үеийн үедээ мартахгүй” хэмээн ахмад дайчдад хэлж байна лээ. Халх голын ахмад дайчин хэд байгааг лавлахад  Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга З.Болдбаатар “Халх голын ахмад дайчин 37 хүн бий. Орост долоон хүн бий. Тэд бүгд ёслолын ажиллагаанд оролцоно” гэв. Дайнд оролцсон ахмадуудаа хэрхэн харж үздэг талаар  асуухад “Дайнд оролцсон ахмадууддаа Монгол Улсын Засгийн газраас дэмжлэг үзүүлдэг. “Цэргийн  албан хаагчдын эрх зүйн байдлын тухай хууль”-д ахмад дайчидтай холбоотой өөрчлөлтүүд орохоор бэлтгэж байна” хэмээн төрийн нарийн бичгийн дарга  товчхон хариуллаа.   

Цэцэг өргөх ёслолд мөн ОХУ-ын Эрхүү хотоос ирсэн залуучууд байлцав. “Дайчин нөхөрлөлийн замаар” аялалд оролцогч залуус  Халх голын байлдаан болсон замаар тойрон аялал хийж,  Эрхүү хотоос гараад  5500 км зам туулсан гэнэ. Цэцэг өргөх ёслолын үеэр хоёр орны Төрийн дуулал эгшиглэсэн.  Орос залуус Төрийн дууллаа чин сэтгэлээсээ дагаж дуулсан нь онцгой сэтгэгдэл төрүүлнэ.

Цэцэг өргөх ёслолд хүрэлцэн ирсэн ахмадууд дунд Монгол Улсын баатар Ц.Олзвойгийн охин байлаа. “Аавынхаа  баярт урилгаар Ховд аймгаас ирж оролцоод, магнай хагартлаа баярлаж явна” гэж тэрбээр ярьсан юм.

Японы сэтгүүлчид ч энэхүү дурсгалт мөчүүдээс хоцорсонгүй. Японы сэтгүүлч залуу ахмад дайчин Д.Хэнгэрэгээс асууж лавлах юм их бололтой.  “Халх голын байлдаанд оролцож явсан хүн байна, та. Сэтгэгдлээсээ ярихгүй юу” гэж орчуулагчаараа дамжуулан лавлаж байна. “Айхавтар ширүүн байлдаан болсон. Харанхуйлаад, хаа яваа нь мэдэгдэхгүй, аюултай юм болсон” гэж өвгөн дурсав. “Монгол, Япон найрамдалтай улс болсон. Энэ талаар та сэтгэгдлээсээ хэлээч” гэхэд нь  өвгөн “Япон хоёр дахиж Монгол руу дайрсан. Зөвлөлтийн улаан арми  л аварсан” гэхээс өөр юм хэлсэнгүй. Харин  ахмад дайчин Г.Бадам гуай “Тэр үед япончуудтай байлдаж явлаа. Одоо япончууд  манайханд энд тэнд их тусалж байна гэж дуулж явдаг аа” гэж хэлнэ лээ.  

Тэргэнцэр дээр суугаа ахмад дайчин Г.Бадам гуай нас сүүдэр 97 зоогложээ. Хэдийгээр түүний үгийг ялгаж сонсоход амаргүй байсан ч өвгөн хуучлах тун дуртай байна. “Хуягт машины жолооч байсан. Японы онгоцыг буудаж явлаа.  Бөмбөгдүүлж ч явлаа, буудуулж ч явлаа. Суманд оногдоогүйдээ баярлаж явдаг.  Байлдагчаас дарга хүртэлээ явсан” л гэнэ. Ямар цолтой явсан бэ хэмээн лавлахад “Дэслэгч цолтой байсан” гэв. Өвгөнтэй хамт явсан бага охиноос нь  “Ахмад дайчин хүнийг асрахад хэцүү байдаг уу, дайнаас үлдсэн ул мөр байдаг уу” гэж асуулаа. 

-Амаргүй шүү. Манай аав хоёр жилийн өмнө давсагны хагалгаанд орсон.  Гуурсаараа шээдэг. Чих нь муу. Онгоц бөмбөгдөхөд аймаар дэлбэрэлтэнд хэдэн удаа орж байсан гэдэг юм. Тэрнээс болж чих нь муудсан гэж өөрөө ярьдаг юм. Халх голд байлдаж байхад нь бактерлогийн зэвсэг хэрэглэдэг байжээ. Худгаас ус уугаад дезентерий тусч байсан. Окопондоо үхэх шахаад хэвтэж байхад нь Оросын эмнэлгийн тусламж ирж аврагдсан гэж ярьдаг. Одоо гэдэс дотор муутай. Хоёрдугаар эмнэлэгт үзүүлдэг. Төрөөс сар болгон 200 мянган төгрөг өгдөг. Сүхбаатарын одонгоор шагнаж байгаа гэсэн хэмээн охин нь ярилаа.  Г.Бадам  гуай 1935 онд  сайн дураар цэрэгт яваад 1945 онд цэргээс халагдсан. Дэслэгч цолтой, салаан дарга байсан. “Зүрх шимшрэм он жилүүдийн дурдатгал” гэж ном бичсэн гэнэ. “Манай  аав Халх голд хуягт машины жолооч явсан хүн. Японы онгоцууд Хамар даваанд айхавтар бөмбөгдсөн гэсэн.  20-21-тэй залуу байсан. “Хүмүүс винтовоор онгоц буудаж унагаад байна гэсэн. Би яагаад унагаж болдоггүй юм” гээд онгоц бөмбөгдөөд эхлэхээр манай аав нэг винтов олж аваад онгоцыг чиглүүлээд нэлээд хэд буудсан ч оноогүй гэдэг юм билээ. Тэр үед зарим нь буугаа хаяад нуувчинд орсон гэсэн. Дайны дараа  Гал командад салаан дарга, төмөр замд насаараа машинист хийсэн” хэмээн охин нь аавынхаа тухай ярив.  Г.Бадам гуай гурван хүүхэдтэй. Бага охиныдоо амьдардаг аж. “Төр засгаас харж үзсээн. Анх 35 сая төгрөг өгч байсан. Тэрнийг нь хамгийн түрүүн авсан” гэж охин нь хэлсэн юм. Үр хүүхдүүдээс нь цэргийн хүн гараагүй. Хүүхдүүд нь цаг уурын инженер, бичиг хэргийн ажилтан, уул уурхайн инженер мэргэжилтэй аж.   

Энэ өдөр Соёлын төв өргөөнд болсон баярын хуралд  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  оролцож үг хэлэхдээ: 

-Тэртээ 1930-аад оны сүүлээр эхэлсэн дэлхийн дайны дарийн утаа Монголын газар нутагт уугиж, дэлхийн дайныг дуусгах гарын үсэг зурахад Монголын дайчид оролцож, төгсгөж байсан юм. Үүнийг түүх мартах ёсгүй…. Монгол Улсын тусгаар тогтнол, бие даасан байдал, сайн сайхан амьдралын төлөө Зөвлөлтийн хүмүүс, ОХУ-ын иргэд халуун амиа зориулсан. Бид манай хойд хөршийн ард түмний, төр засгийн, та бүхний энэ гавьяат үйлсийг хэзээ ч мартахгүй. Үүнийг Монголын ард түмэн, төр засаг үеийн үедээ санан дурсаж явах болно” гэсэн билээ.

 Соёлын төв өргөөнд дараа нь  Халхын голын дайны ялалтын 75 жилийн ойд зориулсан үзэсгэлэн, Чингис хааны талбайд үдшийн цэнгүүн, ёслолын буудлага  болсон  юм.

Б.ЯНЖМАА

Categories
мэдээ цаг-үе

Хүмүүнлэгийн элч З.Анударь

Хүмүүнлэгийн элч З.Анударь охин 17 настай. Канадад арван нэгдүгээр ангиа төгсөөд байгалийн ухаанаар сурч байгаа. Ирээдүйд хүүхдийн эмч болохыг хүсдэг охин аль хэдийнэ бяцхан хүүхдүүдэд тусламжийн гараа сунгасан юм.  Дарханы хүүхдийн эмнэлэгт тоглоомын өрөө тохижуулж өгсөн охины тухай  интернэтээр бас телевизийн мэдээгээр хүмүүс харсан байх. Охин зургаахан насандаа аав, ээж бас ахынхаа хамт Канадад амьдрах болсон юм. Ээж нь энэ оронд сурч,  судалгааны ажил хийх болж л дээ. Тиймээс Ц.Зоригтбаатарын хүү, охин хоёр тусгай сургалттай, олон улсын сургуульд суралцах болсон аж. 

Энэ сургуульд бүх хичээлийг гүнзгийрүүлж үзэхээс гадна  нийгмийн сайн сайханд хувь нэмрээ оруулж, хүмүүнлэгийн үйлст гар бие оролцоход нь хүүхдүүдээ дэмждэг аж. “Канадад улсын, хувийн сектороос гадна сайн үйлс гурав дахь сектор нь болж хөгжсөн байдаг” гэж охины ээж Ш.Гэрлээ хэлсэн юм. 

Хүүхдүүд дунд сургуулиа төгсөхдөө хүмүүнлэгийн төсөл хэрэгжүүлдэг. Ах нь төгсөлтийн дипломын ажлаараа төгссөн хотынхоо эмзэг бүлгийн хүүхдүүдэд тусалсан бол З.Анударь охин монгол хүүхдэд  зориулсан сайн үйлс хийхийг хүсчээ.  Ингээд тэр Дарханы нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт тоглоомын өрөө тохижуулах мөнгөө цуглуулахын тулд хоёр жилийн турш идэвхтэй ажилласан байна. 

Канадад хүүхдүүд хүмүүнлэгийн ажил хийхдээ өөрсдөө мөнгөө босгодог уламжлалтай. З.Анударь охин онц сурдаг. Мужийн амбан захирагчийн нэрэмжит шагналтай. Түүний амьдардаг оронд хүүхдийн эмнэлгийн хүлээлг­ийн өрөө маш тохилог. Хүүхэд өвдөж байгаагаа мартагнах орчин бүрдүүлсэн байдаг.  Тийм л орчныг Монголд, тэр тусмаа орон нутагт бий болгохыг охин хүсчээ. Охин тус эмнэлэгт хэдэн настай, ямар хүүхдүүд ирдэг талаар судлаад, хүүхдийн  өрөөг тохижуулах шийдлээ гаргасан юм билээ. Төслийнхөө мөнгийг босгохын тулд хог ялгах цэг, хүнсний дэлгүүрт ажиллаж, шагналынхаа мөнгийг ч хандивлажээ. Энэ улсын хүмүүс хүүхдүүдийн  хүмүүнлэгийн төслийг дэм­­­­жиж, мөнгө хандивлаж, бас сайн дурын ажил хийх нөхцөлийг нь бүрдүүлж тусалдаг.   

З.Анударь ном унших дуртай, сургуулийнхаа сагсны багт  тоглодог. Шүлэг бичих дуртай. Англи, францаар сайн ярьдаг охин. Охин бага насандаа харьд очсон ч эх хэлээрээ сайн ярьдаг. Гэрийнхэн нь монголоор ярьж, гэртээ монгол хоол хийдэг гэсэн.  Бусад охидын л адил тэр гэрээ цэвэрлэж, аавтайгаа хамт нарийн боов хийх дур­тай.  Охин энэ зун Монголдоо зусч, хамаатнуудынхаа жаалуудтай тоглож бужигнаж яваа. Дарханд хоёр ч удаа очиж, Ховдоор аялжээ. 

З.Анударь маш завгүй хүүхэд. 12 настай хүүхдүүдийн сагсан бөмбөгийн багийг дасгалжуулна. Зуны зусланд  багшилна.  Ахмад настаны асрамжийн газар очиж сайн дурын ажил хийдэг. Канадчууд хүмүүнлэг нийгэм байгуулах­ын тулд өсвөр үеийнхнээ сайн үйлст “уруу татах” ёстойгоо сайтар ухамсарладаг ард түмэн бололтой. Энд  өндөр настны ахмадын газар  гэх мэт тусламж шаардлагатай газруудад ажиллах хүүхэд, залуучуудын  маш олон сайн дурын хөтөлбөр бий. Тэнд сайн дурын ажил хийхийн өмнө хүүхдүүдэд “Суумгай хүнтэй зогсч ярьж болохгүй”, “Настанууд ус уухыг хүсвэл гарт нь  бариулахгүй, ширээн дээр тавина” гэх мэтээр зааварчилгаа өгдөг юм билээ. Сайн үйлс хийсний төлөө хүүхдэд мөнгө, цалин өгдөггүй ч эмч болохын тулд чи онц сурахаас гадна  заавал  бусдад сайн үйл бүтээж, нийгэмд ашиг тустай зүйлс хийсэн байх ёстой гэсэн шаардлага тавьдаг аж. 

З.Анударь охин  ирээдүйн хүмүүнлэг Монголыг бүтээх залуу үеийн дүр төрх билээ.

Б.ЯНЖМАА       

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Цэцэрлэггүй хүүхдүүдийг сургуульд бэлтгэх “дамжаа”

Нийслэлийн цэцэрлэгийн хүүхдийн бүртгэл энэ сарын 25-29-нд хийгдэх тов гарсан. Тэртэй тэргүй хүүхэд олон, цэцэрлэгийн барилга дутагдалтай нь хэнд ч илэрхий. Тиймээс бүртгэлийн  ажил “дайн” болно доо. Нийслэлийн боловсролын газрынхан үүнээс сэрэмжлээд бүртгэл зөвхөн ажлын цагаар болно гэдгийг онцолж буй. Гэсэн ч эцэг эхчүүд цэцэрлэгийн гадна хонож өнжихөөс  урьдчилан  сэргийлэх нь юу л бол. Улсын цэцэрлэгүүдийн хэт ачаалал хувийн цэцэрлэг эрж хайгчдын тоог өргөжүүлсэн.  Баянзүрх дүүрэг дэх  хувийн цэцэрлэгүүдийн сарын төлбөр гэхэд л  250-350 мянган төгрөг байна лээ. Их сургуульд оюутан сургахын дайтай энэ төлбөрийг даах эцэг эх төдий л олонгүй болов уу. Улсаас цэцэрлэгийн нэг хүүхдэд олгодог хувьсах зардал гэж бий. Үүгээрээ хувийн цэцэрлэгийн зардлын хагас хугасыг даавал нэлээд олон хүүхэд цэцэрлэгийн босго давах вий. Үгүй бол ядаж сургуульд бэлтгэх учиртай цэцэрлэггүй үлдсэн таван настануудаа “дамжаанд” хамруулах боломж бүрдүүлэх хэрэгтэй байна даа. Үгүй бол олон эцэг эхийн хувьд хувийн ч хувьсгалын ч цэцэрлэгт харьяалалгүй хүүхдээ хэрхэн сургуульд бэлтгэхээ ч мэдэхээ байлаа.  

Б.ЯНЖМАА   

Categories
редакцийн-нийтлэл

Түлэнхийн төвд дэмжлэг хэрэгтэй байна

Түлэнхийн төв гэж байсан. Муу ч гэсэн байртай байлаа. Одоо “Мөнгөн гүүр” эмнэлэгт өрөө түрээслэх болсон. Түлэнхийн төвөө байгаад тасаг болчихож. 2012 оноос хойш тасаг нэртэй яваа гэнэ. 2013 оны хоёрдугаар сараас энэхүү “түр хоргодох байр”-ндаа иржээ.   “Уул шугамандаа бол”  300 мянган хүн тутамд  нэг түлэнхийг эмчилдэг тасаг байх учиртай ч өдгөө гурван сая хүнд ганц тасаг ногдох болов. Түлэнхийн  гол хохирогч нь 0-5 насны хүүхдүүд байдаг. Өнгөрсөн жилд гэхэд л 1078  хүүхэд тус тасагт хэвтэж эмчлүүлсэн гэнэ. Харин тус эмнэлэгт хандаж анхны тусламж авсан  хүний тоо  өнгөрсөн жил 4300 байсан агаад  үүний 2800 нь хүүхэд байсан аж.   Улсын эмнэлэг, төсвийн байгууллага учраас эм тарианаас авахуулаад дутагдсан гачигдсан зүйл өчнөөн.  “Нас баралт өндөр байдаг. Эм тариа, боолт материал  их ордог учраас зардал ихтэй. Хүүхдүүд шарх сорвиноосоо болоод бусдаас тусгаарлагдах, сэтгэлийн дарамттай явах нь  бий” гэж Түлэнхийн нөхөн сэргээх тасгийн эрхлэгч Э.Галбадрах эмч хэлсэн юм.  Сэтгэл зүйчээс илүү аминд тулсан зүйл нь мэс засал, эрчимт эмчилгээний тасагт шаардлагатай байгаа хүчилтөрөгчийн аппарат, зөөврийн монитор, памп  аж.  Эмч нар нь чадлаараа тэмцдэг. Сүүлийн хоёр сарын турш сэхээний тасаг  12-19 хүнтэй байна. Эрчимт эмчилгээний тасагт зургаан орны дунд хоёр ширхэг хүчилтөрөгчийн аппараттай. Уг нь хүнд өвчтөнүүдэд  ийм аппарат хүрэлцдэг  бол  хүний амь насыг аврахад тустай сан. Хоёрхон хүчилтөрөгчийн аппараттай байхад  сэхээний тасгийн өвчтөнүүд  20 хүрсэн тохиолдол бий аж. Судсаар тариа хийдэг памп  аппарат энд  гуравхан бий. Энэхүү аппаратыг  бөөр, зүрхний дутагдалд орохоос сэргийлдэг тариа хийхэд ашигладаг. Нийт хэвтэж  эмчлүүлэгчдийн 70-80 хувь нь мэс заслын болон эрчимт эмчилгээний тасгаар дамждаг гэнэ. Нэг ийм аппарат хоёроос гурван жил ашиглагдана гэвэл мөн ч олон хүний амийг аврах нь тодорхой. Түлэнхийн тасгийн эрхлэгчийн яриаг Камертон хамтлагийн дуучин Г.Мэнд-Амар буюу Мээдээ анхааралтай сонсч суув. Тэрбээр Түлэнхийн тасагт  юу хэрэгтэй байгааг судлахаар ирсэн юм.   Тасгийн эрхлэгч нь ч олны танил хүн дэмжлэг үзүүлэхээр ирсэнд талархан нөхцөл байдлаа сайтар тайлбарлав. Дуучин Мээдээ түлэнхийн хохирогч болсон хоёр ч жаалын эмгэнэлт түүхийг мэддэг юм билээ. Хол юм шиг сонсогддог түлэнхийн хохирогч нь түүний  таньж мэддэг хүмүүсийн хүрээнд байсан болохоор тэрбээр Түлэнхийн төвийг сонгожээ. Улсдаа ганцхан байдаг энэ тасагт шийдвэр гаргагчдын түвшинд төдийгүй  хүмүүнлэг үйлстэн хэн бүхний тусламж дэмжлэг үгүйлэгдэж байгаа билээ. 

Түлэнхийн төвийн эмч нарыг сургах талаар анхаардаг эсэхийг дуучин залуу лавлаж байна лээ.  Э.Галбадрах эмч 2011 онд Солонгос руу явж сурсан. Дараа жил нь өөр хоёр эмч Францад явжээ. Гэхдээ л өрхийн эмч нар түлэнхийн анхан шатны тусламж үзүүлж чаддаг бол, дүүргүүдэд түлэнхийн тусламж үзүүлэх кабинетууд байдаг бол  түлэнхийн тасгийн хүртээмж  нэмэгдэнэ дээ. “Хотод байгаа мөртлөө бидэнд үзүүлж чадалгүй есөн жил болж байж ирсэн хүүхэд байна” гэж тус тасгийн эрхлэгч хэлсэн юм.            

Түлэнхийг эмчлэхэд  үнэхээр өртөг өндөртэй юм билээ. Түлэгдсэн хойно нь эмчлэх гэж зовсоноос түлэгдэж гэмтэхээс урьдчилан сэргийлэх нь тустай ажээ. Урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга нь эцэг эхчүүдэд мэдээлэл түгээх юм.    Хүүхдээ түлж гэмтээхгүйн  тулд юу анхаарахыг сайтар зөвлөхийг Мээдээ хүслээ.   Түлэнхийн  нөхөн сэргээх тасгийн эрхлэгч Э.Галбадрахын  зөвлөгөө үнэхээр энгийн байлаа. Гэсэн ч бид наад захын мэдлэггүй болохоор энэ олон хүүхдүүд эмнэлэгт хэвтэж, зовж шаналдаг нь хүлээн зөвшөөрөхөд хэцүү  бодит үнэн.  

-Хүүхэд орчноо таньж мэдэх насандаа яваа учраас өртөмтгий байдаг. Хамгийн эхлээд амьдрах орчин  аюулгүй байх ёстой гэв. Гэр хорооллын хүүхдүүд түлэгдэж гэмтэх нь их.  Гэрт гал түлдэг зуух ил.  Намхан ширээн дээр халуун хоол, цайгаа тавьчихдаг.  Мөн хүүхдийг хүүхдээр нь харуулах нь их байгаа нь хүүхэд гэмтэх нөхцөл бүрдүүлжээ.

“Халуун зүйл, түлж мэдэх бүхнийг  хүүхэд хүрэхээргүй газар байрлуулах хэрэгтэй” гэж Э.Галбадрах эмч онцолсон. Зуухыг тойруулж  хашлага хийж болно. Халуун тогооноос бага насны хүүхэдтэй айлууд аль болох татгалзах хэрэгтэй.  Халуун тогоотой ус цай, хоол руу бага насны хүүхэд унаж түлэгдсэн тохиолдол маш их гардаг.   Гэр хорооллын айлуудад тохиолддог бас нэг анхаарах зүйл усанд орох гээд ванндаа эхлээд халуун усаа хийчихдэг юм байна. Тэр хооронд  хүүхэд нь гүйж ороод түлэгдчихсэн тохиолдол ч бий. Ядаж эхлээд хүйтэн усаа хийх хэрэгтэй шүү дээ. Халуун хоол идэхдээ хүүхдээ өвөр дээрээ суулгах нь эрсдэлтэй.  20-30 хоногтой нярай дээрээ халуун хоолоо асгаад түлчихсэн  удаатай. Боорцогны тосоо хөргөх гээд хаяандаа тавьчихдаг. Нөгөөдөх рүү нь хүүхэд нь орчихдог. Дээхнэ үед хүүхдээ уячихдаг байсан даа. Болохгүй бол ийм арга хэрэглэхэд ч буруудахгүй гэв.  Хүн бүр түлэгдэх албагүй шүү дээ. Үүнээс сэргийлж болно гэж эмч хэлсэн шүү. 

Нэгэнт түлэгдсэн хойно хийж болохгүй зүйлс бас байдаг гэнэ.

Баавгайн тос, барааны саван, нохойн цус, гутлын тос, элсэн чихэр, үхрийн баас тус бус хор  болдог гэнэ шүү. 

Хэрэв түлэгдсэн тохиолдолд хамгийн түрүүн түлэгдэлт үүсгэж байгаа зүйлээс холдуулаад, түлэгдсэн хэсэг хувцастай бол хувцсыг нь маш болгоомжтой тайлна. Хувцсыг нь тайлсан бол түлэгдэлт лавшрахгүй. Үүний дараа урсгал усанд барих хэрэгтэй. Ус нь тасалгааны температуртай байх учиртай. Крантны хүйтэн ус тохиромжтой байдаг.  Хэт хүйтэн мөстэй  усанд удаан байлгах нь осголтод хүргэсэн удаатай. Хүүхдээ ваннтай хүйтэн усанд удааснаас хатгаа тусгах тохиолдол байжээ.  Тиймээс 10-20 минутаас хэтрэхгүйгээр хүйтэн усанд бариарай. Хүйтэн усанд  түлэгдсэн хэсгийг барих нь мөн өвдөлтийг намдаадаг байна. Үүний дараа өвдөлт намдаах эм өгөөд,  цэвэр материалаар боолт хийн, эмнэлэгт яаралтай хүргэх ёстой. Өвдөлт намдаагаагүй тохиолдолд эмнэлэг хүрэх замд өвчтөн өвдөлтийн шоконд орох аюултай байдаг аж. 

Баавгайн тос  шархыг хурдан төлжүүлдэг гэдэг ч  хүндхэн сорив үлдээдэг байна.             

Түлэнхийн тасгийнхан  нийтдээ 80 ортой. 15 эмчтэй, 28 сувилагчтай ажиллаж байна. Түлэнхийн төвд туслах сайн санаатай хүмүүс гардаг ч өөрийн байргүй болохоор элдэв тоног төхөөрөмж суурилуулахаас авахуулаад олон боломжийг алдсан гэнэ лээ. 

Түлэнхийн төвд хүүхдийн уйлах дуу сонсогдоно. Энэ бяцхан хүүхдүүдийг  түлэгдэж гэмтэхээс сэргийлж болох л байсан. Түлэнхийн төв орхигдсон, мартагдсан хүмүүсийн арал шиг сэтгэгдэл төрнө.  Эрүүл мэндийн яам,  Монголд ганцхан байдаг Түлэнхийн төвийн барилгаа хурдан бариулж өгөөч. Төрийн эрх мэдэлтэнүүдийн анхаарлын гадна үлдсэн  аврал эрсэн хүүхдүүдэд тусламжийн гараа сунгаач, олон түмээн. 

Б.Янжмаа   

Categories
мэдээ цаг-үе

Д.Эрдэнэчимэг: Бага ангийн сурагчид үнэ төлбөргүй сурах бичиг ашиглана

БШУЯ-ны Бодлогын хэрэг­жил­тийг зохи­цуу­лах газрын дарга Д.Эрдэнэ­чимэгтэй  цэцэрлэг, сургууль, сурах бичиг, дүрэмт хувцас
тойрсон цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Тендер
оройтож зарлагд­санаас болоод шинээр сургууль цэцэрлэг баригдаагүй, засвар хийж
амжаагүй гэсэн мэдээлэл яваад  байна. Байдал
ямар байгаа вэ?

-Барилга угсралт, засварын ажил явж байгаа. 2014 онд улсын төсөв
нийслэл, орон нутгийн төсөв, төслийн санхүүжилтээр 65 сургууль, 102 цэцэрлэг,
24 дотуур байр, 12 спорт зал, 219 барилга угсралтын ажил хийгдэнэ.  Өөрөөр хэлбэл өдий тооны  цэцэрлэг, сургууль, дотуур байр, спорт заалны
санхүүжилт шийдэгдсэн. Үүний дагуу ажил явагдана. Улсын төсвөөр 172 байгууламж баригдахаар
төсөвт тусгагдсан юм. Үүн дээр 143,6 тэрбум төгрөг улсын төсвөөс төсөвлөгдсөн.  Шинэ барилга угсралтын явц 70 орчим хувьтай байна.
153 барилга угсралтын ажил одоогоор явагдаж байгаа. Эдгээрээс 31 сургууль, 67 цэцэрлэг,
14 дотуур байр, 7 спорт заал  энэ жил ашиглалтад
орно. Энэ жил сургуулийн хүчин чадал 
13100 суудлаар цэцэрлэгийн хүчин чадал 7175-аар дотуур байрны хүчин чадал
1210-аар нэмэгдэнэ. 

Эдгээр барилга байгууламжууд 
энэ төсвийн жилдээ багтаж ашиглалтад орно. 

-Энэ
намар нийслэлийн  сургууль, цэцэрлэг ачаалал,
хүндрэл ихтэй л ажиллаж эхлэх нь. Ойрын хэдэн жилд цэцэрлэг сургууль хүрэлцээтэй
болох ирээдүй байна уу?

– Улаанбаатар хотын хувьд энэ жил 67 барилга угсралтын ажил хийгдэнэ.
Үүнээс найман сургууль, 39 цэцэрлэг, нэг спорт заал 17 цэцэрлэг, бага сургуулийн
барилга угсралтын ажлыг гүйцэтгэнэ. Түүнээс гадна Улаанбаатарт шинэ эх үүсвэрээр
барилга баригдахаар гүйцэтгэгчээ сонгон шалгаруулж байна. Үүнд цэцэрлэг бага сургуульгүй
хороодод цэцэрлэг, бага сургуулийг концессийн гэрээгээр барихаар болсон. Нийт
64 цэцэрлэг, бага сургуулийн цогцолборыг ийм аргаар  барина. 
Ашиглалтын шаардлага хангахгүй байгаа долоон сургууль, цэцэрлэг, өргөтгөх
шаардлагатай гурван сургуулийн өргөтгөлийн барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах
тендерийг Эдийн засгийн хөгжлийн яамнаас зарласан байгаа. Цэцэрлэг, сургуулийн насныхан
эрс нэмэгдэж байгаа. Тухайлбал энэ жил цэцэрлэгийн насны хүүхэд өнгөрсөн оноос
10 000-аар нэмэгдэж байгаа. Сургуулийн хувьд өнгөрсөн жил  нэгдүгээр ангид 54 мянган хүүхэд элсч байсан бол
энэ жил 60 мянган хүүхэд элсэнэ.  Манай цэцэрлэг  сургуулийн одоо ашиглагдаж байгаа барилгуудын
20 орчим хувь нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон.

-Сургууль
цэцэрлэг дутах нь  байна. Хүүхдүүдээ яаж шингээх
вэ?

-Нэгдүгээр ангийн хүүхдүүд бүгд сургуульдаа элсч орно.  Сургуульд багтахгүй гэсэн ойлголт байхгүй. Нэгдүгээр
ангийнхан өндөр нягтралтай хичээллэнэ. Хөдөө орон нутагт 30 гаруй хүүхэд нэг ангид
хичээллэж байгаа бол Улаанбаатар хотод дунджаар нэгдүгээр ангид 40-45 хүүхэд  хичээллэнэ. Ер нь бол барилга барьж л энэ асуудлаа
шийднэ.  Барилгыг   урьд хожид байгаагүйгээр нэмэгдүүлж байгаа. Гэсэн
ч үүсэн бий болсон хэрэгцээ нийлүүлэлтийн хооронд нэлээд зай бий.

-Хувийн
сургууль, цэцэрлэгүүд хэр нэмэгдэж байгаа вэ?

-Хувийн цэцэрлэг энэ онд нэлээд их нэмэгдэж байгаа.  28 цэцэрлэг шинээр нэмэгдсэн. Хувийн хэвшлийн
дөрвөн сургууль энэ онд шинээр нэмэгдэж байгаа. 

-Хувийн
цэцэрлэгийн төлбөр хэд байгаа вэ?

-Хувийн цэцэрлэгүүд дунджаар нийслэлд  200-250 мянган төгрөгийн төлбөртэй байгаа.

-Хувийн
цэцэрлэг байгуулахад хүнд гэж ярьдаг юм билээ?

-Хувийн цэцэрлэг байгуулах шаардлага бий. Энэ онд цэцэрлэгийн хүртээмжийг
сайжруулахтай холбоотой хэд хэдэн багц арга хэмжээ авлаа. Цэцэрлэг сургуулийн тоо
хэмжээг нэмэх, санхүүжилтийг өсгөхөд анхаарч байгаа.102 цэцэрлэг ашиглалтад оруулахаар
төлөвлөсөн. Одоо ажиллаж байгаа нийт цэцэрлэгийн 10 хувьтай тэнцэхүйц барилга  барьж байна. Цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа
хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахтай холбоотойгоор хувийн хэвшлийн цэцэрлэг ажиллах
боломжийг хангахад анхаарч байгаа. Гаднаа тоглоомын талбайтай байх ёстой.  Нэг хүүхдэд ногдох метр квадрат нь 5,5 метрээс
доошгүй гэсэн шаардлага тавьдаг. Энэ жил манай сайдын тушаалаар цэцэрлэгт тавигдаж
байгаа стандарт шаардлагуудыг хөнгөрүүлсэн. 
Хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалтай шууд холбоогүй  шаардлагуудыг цэцэрлэг хангалттай болох хүртэл
хугацаанд хөнгөрүүлсэн.  5,5 м кв-ыг эргэж
харж байна. Тоглоомын талбайтай, эзэм­шил газартай байх шаард­лагыг зөөллөсөн.  Цэцэрлэг ажиллуулахаас зургаан сарын өмнө хүсэлтээ
тавь­сан байх ёстой гэх мэт шат дамжлагуудыг цөөлж, бичил цэцэрлэгүүд нэмэгдэх боломжийг
хангаж өгч байгаа. Иргэд, хувийн хэвшлийн зүгээс сургуулийн өмнөх боловс­ролын үйлчилгээ
үзүүлэх боломжийг өргөжүүлснээр цэцэрлэгт хамрагдах хүүх­дийн тоог нэмэгдүүлнэ гэж
найдаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хүүхэд асрах үйлчилгээг бий
болгохтой холбоотой хуулийн төсөл УИХ-ын 
намрын чуулганаар хэлэлцэгдэнэ. Хүүхэд асрах үйлчилгээ бий болсноор иргэд,
байгууллагууд доод тал нь 5-20 хүүхдийг хамарсан бага оврын бичил цэцэрлэг,  хүүхэд асрах 
үйлчилгээ бий болно. Одоогоор  сард
116 мянган төгрөгийн зардлыг цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхдэд зарж байгаа. Цэцэрлэгт
хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүд  төрөөс
олгож байгаа энэ санхүүжилтээ аваад хүүхэд харах үйлчилгээнд хамрагдах боломжтой
болно.  Эрх зүйн орчин бүрдсэнээр цэцэрлэгт
хамрагдах хүүхдийн тоо нэмэгдэнэ. Хөдөө орон нутагт мал аж ахуй  эрхэлж байгаа хүмүүсийн хүүхдүүдийг гэр цэцэрлэгт
хамруулах эрх зүйн орчин  2008 онд бий болсон.  120 хүүхдийн гэр цэцэрлэгийн санхүүжилтийг шийдсэн.
Баг  болгонд гэр цэцэрлэг байгуулах боломж
бүрдүүлнэ.  1330-аад багийн 800 орчим гэр
цэцэрлэг тогтмолжсон байгаа. Жилд дор хаяж 100 орчим цэцэрлэг  бариад байхад ойрын гурваас дөрвөн жилдээ цэцэрлэгийн
хомсдол арилах бодитой боломж бий. 


Дуураймал дүрэмт хувцас байна гээд байгаа. Жинхэнийг нь авахын тулд хаана хандах
вэ?

-Өнгөрсөн оноос эхлээд нэгдсэн загварын дүрэмт хувцас өмсөхөөр хуульчлагдсан.
Өнгөрсөн онд нийт суралцагчдын 38 хувь нь шинэ дүрэмт хувцастай болсон. Энэ жил  186104 хүүхэд дүрэмт хувцас өмсөхөөр захиалга
өгсөн. Шинэ дүрэмт хувцсыг үндэсний  үйлдвэрлэгчид
нийлүүлж байгаа. Үйлдвэрлэгчдээс өгсөн мэдээгээр 480 мянган ширхэг дүрэмт хувцас
бэлэн болсон. Наймдугаар сарын 1-нээс борлуулж эхэлсэн. Сургууль болгон гэрээ хийсэн
үйлдвэрлэгчээсээ дүрэмт хувцсаа авна. Түүнчлэн 
наймдугаар сарын 31-нийг хүртэл УДЭТ-ын өмнөх талбай, “АСА” циркийн гадна  талбай, Ялалтын талбай, Дүнжингарав худалдааны
төв, УИД, АСА циркийн хоорондох усан оргилууртай  талбайд өдөр бүр  сурагчийн дүрэмт хувцас худалдаалж байгаа.  Үнийн хувьд өнгөрсөн жилийнхээс өөрчлөгдөөгүй.

-Бага
ангийн хүүхдүүдийн сурагчийн цүнх хүнд ачаа болдог тухай мэдээлэл эцэг эхчүүдийн  санааг зовоодог. Сурах бичгийн жинд анхаарал тавьсан
уу?

-Сурах бичгийг үйлдвэр­лэхэд тавьдаг суурь шаард­лагын нэг нь энэ.  Ялангуяа бага ангийн  сурах бичгийн жин, овор хэмжээ суурь шаардлага
болдог. Нэгээс тавдугаар ангийн сурагчдын хувьд   бүх сурах бичгийн жин нийтдээ 1450 грамм байгаа
юм. Өөрөөр хэлбэл бүх сурах бичгээ цүнхлээд явахад ийм хэмжээний ачаа болно.   Нэг сурах бичгийн дундаж жин 140 граммтай л байгаа.
Энэ нь хөгжингүй орнуудын  сурах бичигт тавигддаг
нийтлэг стандартын түвшинд л байгаа. Үүнээсээ хамаараад сурах бичгийн цаасанд тавигдах
шаардлага ч гэж бий.  Эрүүл, аюулгүй  байдлын шаардлага тавигддаг. Хүүхдийн хараанд
сөрөг нөлөөлөл байхгүй, гэрлийн ойлтгүй байх учиртай.

-Сурах
бичгээ эцэг эхчүүд худалдаж авах ёстой юу. Эсвэл үнэгүй тараагдана гэж хүлээх үү?

-Нэгээс тавдугаар ангийн сурах бичгийг эцэг эхчүүд худалдаж авахгүй.
Сургуулиараа дамжин хүүхэд болгонд очиж байгаа. Бага ангийн сурагчид 100 хувь төрийн
санхүүжилтээр бүтээгдсэн сурах бичгийг үнэ төлбөргүй ашиглана.  Хүүхэд бүр үзэж байгаа хичээлийнхээ чиглэлээр
өөрийн гэсэн сурах  бичигтэй хичээллэнэ. Дунд
ахлах ангийн сурагчдын тухайд арван хүүхэд тутмын найм нь төрийн санхүүжилтээр хэвлэгдсэн
сурах бичиг хэрэглэнэ. Арван хүүхэд тутмын дөрөв нь үнэ төлбөргүйгээр хэрэглэнэ.
Энэ маань сурах бичиг худалдаж авах бололцоогүй, амьжиргааны баталгаажих түвшнээс
доогуур орлоготой, нэг өрхөөс гурав ба түүнээс дээш тооны хүүхэд зэрэг суралцаж
байгаа өрхийн хүүхдүүд,  хөгжлийн бэрхшээл­тэй
хүүхдүүд сургуулиараа дамжуулж бүх хичээлийн сурах бичгийг үнэгүй хэрэглэнэ. Мөн
арван  хүүхэд тутмын дөрөв  нь түрээсийн сурах бичиг хэрэглэнэ. Тэр хүүхдүүд  бүх хичээлийн сурах бичгийг сургуулиасаа багцаар
нь түрээсийн   хураамж төлөөд ашиглана. Тухайлбал
11 дүгээр ангийн12 нэр төрлийн сурах бичиг байлаа гэхэд зах зээлд зарагдаж байгаа
үнэ нь  45 мянган төгрөг байдаг. Энэ хүүхдүүд  14 мянган төгрөг төлөөд,  бүх сурах бичгээ ашиглана.

Сурах бичгийн хангалтын хувьд ахлах ангийн арван сурагч тутмын хоёр
нь л зах зээл дээрээс сурах бичгээ худалдаж авна. Худалдах сурах бичгийн хувьд өнгөрсөн
онд, өмнөх онуудад үйлдвэрлэгдсэн сурах бичиг хуучин үнээрээ зарагдана.  Энэ жил шинээр зохиож байгаа долоо, арванхоёрдугаар
ангийн сурагчдын сурах бичгийн дундаж үнэ 2800 төгрөг байгаа.

-Бага
ангийн хичээлийн хөтөлбөр шинэчлэгдсэн гэсэн. Сурах  бичгүүд нь шинэчлэгдсэн үү?

-Нэгээс тавдугаар ангийн бүх сурах бичиг шинэчлэгдсэн. Шинэ хөтөлбөртэй
болж байгаа. Нэгээс тавдугаар ангийн хичээл бүрээр багшийн номтой боллоо.  Мөн долоо, арванхоёрдугаар ангийн сурах бичиг
шинээр зохиогдож хэвлэгдэж байгаа юм. Нөхөн хангалтын сурах бичгүүд хэвлэгдэнэ.
2,2 сая ширхэг сурах бичиг хэвлэгдэх учиртай. Одоогоор  нийт сурах бичгийн 80 хувь нь орон нутагт тараагдаж
байгаа. Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө бүх сурах бичиг нийлүүлэгдэх бүрэн бололцоотой.

 Б.ЯНЖМАА

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Замын цагдаа нар үйлчлүүлэгчдээ загнахаа болиоч!

Замын цагдаагийн эргүүлийн машинаас чанга яригчаар загнаж байна аа. “Хөөе, чи хөдлөөд өгөөч…тэд дугаар аа” гээд л захирангуй дуугаар хашгирав. Заримдаа үүнээс ч бүдүүлгээр захиран тушааж байгаатай нийслэлчүүд нэг бус удаа таардаг.  Ихэнх замд бөглөрөл ихтэй, зам чөлөөлөх шаардлага тулгарсан, бачим асуудал ихтэй зэрэг зовлон байж болно л доо. Гэхдээ чанга яригчаар нэг бус нэг хэсэг хүнд хүрдэг учраас  олон хүнд хүрч байгаа мэдээлэл гээд тодорхойлчиход буруудахгүй. Тийм учраас замын цагдаагийн  уур цухал тэртэй тэргүй асуудалтай нийслэлийн замын стрессийг нэмж орхино. Зүй нь  ….. дугаарын жолооч та (чи биш шүү)  тийшээ ийшээ эргэнэ үү гээд  хүсэх, зөвлөх  маягтай ярьж болно оо доо. Замын цагдаа гэхээр хэн нэгнийг загнаж зандрах эрх авсан этгээд биш шүү дээ. Замын хөдөлгөөнийг зохицуулж буй үйлчилгээний ажилтнууд. Тийм учраас үйлчлүүлэгчидтэйгээ зөв, зохистой харьцах учиртай. Социализмын үеэс явж ирсэн загнаж зандарсан байдалтай харьцдаг хандлага амь бөхтэй юм аа. Социализмын үед үйлчлүүлэгч гэж байсангүй. Хөдөлмөрчид л гэж байсан. Хөдөлмөрчдийг  цагдаа нар төрийн нэрийн өмнөөс загнаж, зандарч “хүмүүжүүлж” болдог байсан байх л даа. Харин одоо бол огт өөр нийгэм. Цагдаа төрийн мөнгөөр биш, загнаж зандраад байгаа татвар төлөгчдийнхөө мөнгөөр цалинждаг хүмүүс. Харилцаа, хандлагаа өөрчлөөч.

Б.ЯНЖМАА  

Categories
мэдээ цаг-үе

И.Штрауссын “Сарьсан багваахай”-г хөдөөгийн театрт тавина гэдэг том үзэгдэл

Дуурийн найруулагч, хөгж­­мийн  зохиолч Г.Эрдэнэ­баатартай ярилцлаа.


-Энэ зун та ямар уран бүтээл дээр ажиллаж байна?

-Иоханн Штрауссын “Сарь­сан багваахай” гэж дэлхийн сонгодог оперетта байдаг. Дорнод аймгийн Хөгжимт драмын театрт энэ опереттаг тавих гэж байна. Дуурийн театрт би энэ жүжгийг  2009 онд тавьж байсан юм. Хөгжмийн урлагийн цоо шинэ төрөл. Монголд анх удаа оруулж ирсэн. Манайх энэ төрөлд бэлтгэгдээгүй байсан ч бид тодорхой түвшинд тавьсан  юм. Энэ оперетта Монголын зүүн хязгаарын хөгжимт драмын театрт тавигдах гэж байна гэдэг үнэхээр энэ жаранд гарч байгаа том үзэгдэл. Хөдөөгийн театрт дэлхийн сонгодог оперетта тавина гэдэг манайхан анзаа­рахгүй байж магадгүй ч дэлхийн бусад орны хүмүүс үнэмшихгүй байж мэдэх асуудал. Гэтэл манайд үүнийг тавих нөхцөл нь  хэдийгээр хүн хүч багатай ч гэсэн байна. Зургадугаар сард Дорнодод очиж, дуурийнхаа сургуулилтыг хийгээд, уран бүтээлч, удирдаач нар нь бүх ойлголтуудаа аваад, үндсэндээ бэлтгэл хангагдсан. Тэгээд есдүгээр сард Дорнодод тавихаар төлөвлөгдсөн юм. Дорнодын театрынхан ажилдаа орчихсон байгаа. Би бол есдүгээр сар гаргаад тавих гэж очно. Энд ганц асуудал байгаа нь хүн хүч дутмаг. 

-Хөдөө орон нутагт заа­вал дуурийн дуучин бэлт­гэх шаардлагатай юу. Бэлт­гэгдсэн хүмүүс нь тодорхой хугацаанд урилгаар очиж ажил­лах хэлбэр байж болох уу?

-Аймаг болгонд дуурь тавих боломж байхгүй. Боломжтой цорын ганц аймаг Дорнод юм билээ. Дорнод аймагт симфони оркестр үүсч хөгжөөд гучин таван жил болж байна. Хөгжимчдийн бүрэлдэхүүн, дуучид багатай. Найрал дуучид байхгүй. Бүжигчид төрөл бүрийн бүжиг бүжиглэж байгаа ч сонгодог бүжиг бүжиглэж байгаа бүжигчин ховорхон. 

-Яагаад “Сарьсан багваахай”-г Дорнодын театрт тавихаар сонгов?

-Энэ сонголтыг би хийгээ­гүй. Энэ сонголтыг театрынхан өөрсдөө хийсэн юм л даа. Надад санал болгосон юм. Би бол одоо Монголд ажиллаж байгаа мэргэжлийн ганц хүн шүү дээ. Хүлээж авахгүй гэх эрх надад байхгүй л дээ.  Авахдаа итгэл муутай байсан. Гэхдээ энэ бол жинхэнэ опера  буюу дуурь биш. Оперетта гэдэг маань дуулдаг ярьдаг, холимог хэлбэр. XIX  зуунд гарсан  дуурийг хөнгөвчилсөн хөгжмийн жүжиг. Дуурийг ахуйн болгож өгсөн. Дуурь голдуу түүхэн баатарлаг домог туульсын сэдэвтэй байдаг.   Энэ бол ахуйн сэдэвтэй нийгэмд байгаа хүмүүсийн амьдрал, гэр бүлтэй холбоотой хөгжмийн төрөл. 1850 онд баруун Европт орж ирсэн төрөл байгаа юм. Монголд энэ төрлийг мэддэггүй, огт байхгүй байсныг  бид 2009 онд оруулж ирснээс хойш хүмүүс мэддэг болсон. Ялангуяа хөдөө орон нутгийнхан, зүүн бүсийнхэн энэ бүтээлийг үзэхэд ямар ч хүн ойлгох боломжтой хөнгөн бүтээл учраас би дэмжээд ажиллахаар зөвшөөрсөн юм.

-Дутуу байгаа уран бүтээлч­дээ яаж нөхөж байгаа вэ?

-Хөгжимчдийн бүрэлдэ­хүүн дутуу байна. Байгаа бүрэлдэхүүн тодорхой түв­шинд дуугарч чадна. Дээр нь хөгнүүд дутагдаж байгаа.  Найман хийл байх ёстой байхад дөрөв ч байдаг юм уу  үлээвэр хөгжим гэхэд зургаа байхаас гурав нь байгаа. Хөгжим бүжгийн  коллежийнхон зун тэнд дадлага хийдэг юм байна. Хөгжим бүжгийн коллежийнхон Дорнодын театртай хамтарч маш сайхан ажил хийж байгаа юм билээ. Хүүхдүүдээ зун аймгийн театрт дадлага хийлгэдэг. Тэнд байгаа хүүхдүүд аймгийн театрын уран бүтээл дээр хамтарч ажилладаг.  Энэ жилийн хувьд дуурийн ажил ороод ирсэн учраас  маш том дадлага  болсон. Хөгжмийн ангийн зургаан хүүхэд  дуулаачийн ангийн 19 хүүхэд тэнд очиж дадлага хийсэн. Дуулаачийн ангийн 19 хүүхэд дуурийн арын  найрал дууны бүрэлдэхүүнийг бүрэн орлож чадах нь харагдсан. Хөгжим бүжгийн коллеж тэр хүүхдүүдийг дуурьт  тоглуулахад анхаарах учиртай. ССАЖЯ тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна лээ. 

-Дуурийг олон нийтэд хүргэх гэж хичээх ёстой юм уу эсвэл дуурь үздэг хэсэгт зориулаад уран бүтээлээ хийх ёстой юу?

-Дуурь өөр рүүгээ юуг татдаг юм гэхээр элит ухамсартай, элит түвшний оюунтай хүмүүсийг татдаг. Элит гэхээр манайд буруу ойлголт явдаг. Эсвэл удам угсаагаараа  язгууртан юм уу эсвэл мөнгөтэй баян хүнийг элит гэж ойлгодог. Маш буруу ойлголт. Элит хүн гэдэг нь нийгэм дотор өөрийн ухамсар,  оюун ухаан бүх юмаар өндөр түвшинд явдаг хүнийг хэлж байгаа юм. Малчин гаралтай элит хүн байж болно. Амьдралын түвшнээр бус толгойн түвшнээр элит гэдэг. Элит гэдэг маань ёс суртахуун гоо зүйн мэдрэмж, харьцааны соёл гэх мэт маш олон чанарыг шаарддаг.   Энэ урлаг ийм элитүүдийн дунд л үүссэн. Өмнө нь элитүүд ихэс дээдсийн хүрээнд л байсан  даа. Энэ түвшинд үүссэн урлаг учраас өндөр  түвшний зохион байгуулалт, оюун шаарддаг урлаг.  Энэ хүрээнд орж ирсэн хүмүүсийг энэ урлаг гадуурхахгүй.  Орж ирээгүй хүнийг гуйж гүйхгүй урлаг. Гудамжны урлагтай энэ урлагийг хольж хутгаж болохгүй. Сая маш том андуурал ташаарал гарлаа. Үүнийг хэлэх  хүн гарсангүй. Энэ урлаг талбай дээр гараад тоглож байхад энэ буруу гэж хэлсэнгүй.  Сонгодог урлагийг ард түмэнд ойртуулна гээд гудамжинд гаргаж болохгүй шүү дээ. Моцарт  Бетховен, Гайдн, Чайковский, Верди, Пуччини  гудамжны урлаг бүтээгээгүй. Энэ урлагийн үнэ цэн асар өндөр. Энэ урлагийн туулсан зовлон их. Энэ урлагт өөрийгөө зориулах гэж олон суутан амьдралаа золиосолж байсан. Энэ урлагийг гудамжинд гаргачихаад юм хийж байна гэж болохгүй.

-Та одоо хөдөө орон нутгийнханд зориулж уран бүтээл хийж байна.  Сонгодог урлагийг хүлээж авах хүн хэр олон байх бол?

-Мэргэжлийн хүмүүс оролцсон үед зохион байгуулалт нь зөв болно л доо.  Их урлаг гэгдэх сонгодог урлагт бас гудамжинд тоглож болох номер байдаг. Хүн төрөлхтөнд хүрсэн. Гудамж гэдэг чинь агаар, чийг шүү дээ. Гадаа тохирдог тохирдоггүй хөгжмүүд байна.  Бүтэн бүрэлдэхүүнээр нь гадаа тоглуулж болохгүй. Тодорхой нөхцөл бүрдүүлж байж тоглож болно. Улаан талбайд тоглож байсан. Барууны оронд сонгодог урлагийг гадаа тоглосон байдаг. Цаг агаар, нөхцөл асар олон юмыг тооцоолж байж гудамжинд тоглодог юм билээ. Мэргэжлийн хүмүүсээр нь шийдүүлэх учиртай. Миний тавьсан жүжиг сонгодог урлаг дотроо олон нийтэд хүргэх боломжтой урлаг.   Пуччинийн “Чио чио сан”-г би хаа хамаагүй газар тавьж болохгүй. Тэртэй тэргүй хүн ирэх ч үгүй. Түүхэн баатарлаг явдал энд байхгүй. Нийгэмд амьдарч байгаа хүмүүсийн ёс суртахууны асуудал энд хөндөгддөг. Гэр бүлийн харилцааны хэсгийг харуулсан.  Маш  гоё хөгжимтэй, дундаа драмын хэсгүүд, бүжигтэй. Тэгсэн мөртлөө хүн төрөлхтөнд сонгодог гэж хүлээн зөвшөөрөгдсөн бүтээл. Энэ бол дэлхийн ямар ч хүнд хүрч болох урлаг учраас дорнодчууд хүлээж авна. Наана нь Сүхбаатар, Хэнтий аймаг бий.  Зөв сайн хүргэж чадвал олон нийтэд хүрдэг төрөл. 

-Сонгодог урлагийг гудамжинд гаргахдаа  урлагийг ардчилахыг хүссэн байж болно. Элитийн урлагийг  жирийн олонд ийм юм байдаг гэж харуулахыг хүссэн сайхан санааны үүднээс ийм шийдвэр гаргасан байж магадгүй?

– Бид олон нийтэд хандаж байсан. 1980-1990 он хүртэл манай дуурийнхан бүгд гардаг байлаа. Дуурийн жижиг хэсэг, ари, жижиг үзэгдлийг аваад Улаанбаатарын бүх үйлдвэр албан газрууд, сургуулиар тоглож явдаг байлаа. Тэр чигээр нь тойрч байсан. Голдуу хөдөө орон нутгийн театрууд, нэхмэлийн үйлдвэр энэ тэрээр тоглож байсан. Сонгодог урлагийг тэр хүмүүст аваачсан  нь үнэн. Тэр хүмүүст үнэхээр хүрсэн бол театр руу ирэх л ёстой байсан. Ирээгүй л байхгүй юу. Өөрийгөө элит түвшинд хүргэсэн хүмүүс театрт ирээд байгаа юм. Тэдний үр хүүхэд удам угсааныхан  үнэ цэнийг нь мэдрээд, үнэлээд ирдэг болсон байхгүй юу.  

-Та уран бүтээлч хүний хувьд хийхийг мөрөөдөж байгаа ажил байгаа юу?

-Дуурийн найруулагчийн­хаа хувьд би тухайн үед засгийн бодлогоор бэлтгэгдсэн хүн. Ерээд оноос хойш тэр бодлого байхгүй болсон л доо. Бүх насаараа сонгодог урлагт зүтгээд, чаддаг юмаа хийнэ гэж бодсон. Тухайн үеийн улс төр нийгмийн байдлаас болоод болохгүй бүтэхгүй юм асар их байсан л даа. Би өөрөө уран бүтээлч хүн, эрх мэдэлтэй биш боло­­хоор хайхрахгүй унаж, эсрэгээрээ эргэж явсан юм зөндөө бий. Эцсийн эцэст энэ Дуурийн театрын мэргэжлийн бүтэц зохион байгуулалтыг  дэлхийн стандартын дундаж хэмжээнд хүргээд миний хугацаа дуусах юм байна гэж тооцоолж байсан. Дуурь дээр ажилладаг бүтэц зохион байгуулалт гэж байх ёстой. Тэр зохион байгуулалтыг арай л хийж амжаагүй дээ.

Б.ЯНЖМАА

Categories
арын-нүүр булангууд мэдээ

АПУ шил авъя

“Үйлдвэрээс гарсан бүхэн эргэж үйлдвэртээ очих ёстой” гэсэн дүрэм баримталдаг орон хог хаягдал багатай байдаг аж.  Архины үйлдвэрүүд шилээ буцааж татдаг бол аймаар том буян  болно гэж хэлэх гээд байгаа юм л даа. Үндэсний хэмээх тодотголтой, нийгмийн хариуцлагатай хэмээн өөрсдийгөө сурталчилдаг шингэн хүнс үйлдвэрлэгчид  маань хог хаягдалдаа анхаарах цаг болжээ. Архи, пиво, ундааны хуванцар сав, шил, лааз Улаанбаатарын хог хаягдлын 20-30 хувийг бүрдүүлдэг гэхээр хүнсний манлай компаниуд   хэр их идэвх зүтгэлтэй ажилладаг нь  илэрхий. 

Зүй нь тэд ундаа, архи, пивоныхоо хуванцар сав, шил, лаазыг буцааж авдаг бол  Улаанбаатарын хог хаягдлыг бууруулахад ихээхэн хувь нэмэр оруулах байлаа. Нийгмийн хариуцлагатай хэмээн өөрсдийгөө сурталчлахад л анхаарахаас биш нийгмийн хариуцлагаа жинхэнээр нь ухамсарласан компани алга. Хэрэглэсэн шилийг буцааж татсанаас   урд хөршөөс шинээр оруулж ирсэн нь хямд тусдаг  гэдэг.   УИХ импортын архины  шилний татварыг өсгөвөл  үйлдвэрлэгчид шилээ буцааж татахад анхаардаг болох вий. Үгүй бол байгальд шингэдэггүй хог хаягдал нэмэгдсээр байна. 

Архидалт их байна, архины үйлдвэрүүд мундаг ажиллаж байна гэдэг гайхуулмаар амжилт биш. Олон гэр бүлийг архинд живүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаагийнхаа нөхөн төлөөсөнд архи, пиво үйлдвэрлэгчид ядаж хог хаягдлаа багасгаж буян үйлдэх  ёстой. Бүтээгдэхүүнээ хууль бусаар сурталчлах гэж зовж байхаар ядаж архины  шилээ буцааж авдаг бол хамгийн лаг сурталчилгаа болох байлаа.   

Б.ЯНЖМАА           

Categories
мэдээ цаг-үе

Браво, Г.УНДАРМАА!

Бүхний танил жүжигчин, цоглог бүсгүй   Г.Ундармаа хүмүүнлэгийн үйлст цахиур хагалж яваа. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн  Хүүхдийн зөвлөх поликлиникийн “Итгэлийн танхим”-ыг бий болгохоор тэрбээр хоёр сарын турш ажиллажээ. “Барилгын  ажилтай учраас биед амраар нь бэлтгэлийн хувцастай, нооройсон юм ирдэг байсан бол даашинзтай ирэх өдөр байдаг л юм байна гэж шатаар өгсч явахдаа бодож байлаа” гэж  Г.Ундармаа хэлсэн. Зөвлөх поликлиникийн үүдэн хэсэг эмнэлгийн орчин гэхээргүй хувирчээ. Суух зөөлөн сандал, гэрэлтүүлэг, хамгийн гол нь тоглоомын хэсэгтэй болжээ. Хананд нь Инээдмийн толь байрлуулсан байна. Бяцхан үйлчлүүлэгчдэд зориулсан эдгээр жижигхэн толь хүнийг агшааж, сунгаж, бүдүүн бас нарийн харагдуулахаас гадна уруу нь харуулах шидтэй. 

12 цагийн үед “Итгэлийн танхим”-ын нээлт хийхээр товлосон байв. ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр “Тууз хайчлах уу” хэмээн жүжигчин бүсгүй руу харвал Г.Ундармаа “Өө, яах юм” хэмээн гүдэсхэн хариулж байна. “Итгэлийн танхим”-ын ажил хугацаандаа багтах эсэхэд  санаа зовсон хүмүүс ч байж. Харин жүжигчин бүсгүй “Би унтлагын өрөөгөө тохижуулах гэж хорь гаруй хоносон юм. Энэ зэргийн ажилд  хугацаа зарцуулалгүй яахав” хэмээн тайвшруулжээ. 

-Би уран бүтээлээ хийхдээ хүнээс мөнгө гуйж үзээгүй. Адилхан ашиг олох гэж байж хүнээс мөнгө гуйгаад яахав гэж боддог. Эмнэлгийн ажил дээр  арай л аймаар  мөнгө гуйдаг гэж Г.Ундармаа ам алдав. Энэ удаагийн “Итгэлийн танхим”-ын хамгийн том санхүүжүүлэгч нь гурван монгол бүсгүй бий. Тэд 10 сая төгрөг хандивлаж, бас тоглоомын өрөөг байгуулсан юм. Америкт амьдардаг Д.Үүрийнтуяа, Австралид амьдардаг Д.Уранбилэг, Францад амьдардаг Д.Үүрцайх нар найз бүсгүйчүүд агаад хамтран  “Гоо баян health” компани байгуулсан аж. Гурван бүсгүй арван хүүхэдтэй, хүүхдүүд тэдний ярианы гол сэдэв. Хүүхдээ эмнэлэгт үзүүлэхдээ тохь тухтай орчинд үйлчлүүлдэг тэд Монголдоо ч бас ийм л байлгахыг хүсчээ. Нээлтэд оролцсон Д.Үүрцайх бүсгүй  хүүхдийн тоглоомыг сонгохдоо  “Хүүхдэд ээлтэй, эко, бас оюун санааг хөгжүүлдэг” гэсэн шалгуураар хандсан гэлээ. Нээлтээс өмнө амжихаар тоглоомуудаа онгоцоор яаралтай авчруулсан аж.  “Францад  эмчийн өрөөнд ихэвчлэн  ийм тоглоом байдаг. Өвдөөд уйлаад ороод ирсэн хүүхэд таван минут ч гэсэн сатаарч тайвшрах болов уу гэж бодсон” гэж Д.Үүрцайх ярив.  Түүний найз Д.Үүрийнтуяа жүжигчин Г.Ундармаагийн  танил байсан учраас бүсгүйчүүд сайн үйлсийн аянд нэгдэхээр шийджээ. 

Тэднээс гадна иргэн Ж.Ундармаа найман сая төгрөг, АПУ компани таван сая төгрөг, Даянжавын гэр бүл гурван сая 500 мянган төгрөг гэх мэтээр хандивлагчдын жагсаалт хөвөрнө. Эмнэлгийн үүдэнд тэдний нэрийг байрлуулснаас гадна хандивын жагсаалтыг  сэтгүүлчдэд өгсөн. Жүжигчин Хүрлээ гэхэд л сая төгрөг хандивласан байна лээ. Зөвлөх поликлиникийн хүлээлгийн танхимыг  засварлаж тохижуулахад  35 аж ахуйн нэгж, иргэд 78.5 сая төгрөг хандивлажээ. Г.Ундармаа дараагийн “Итгэлийн танхим” байгуулах газраа товлосон байна. Гэхдээ “Ажил хэрэг болтол нь одоохондоо нууцалсан нь дээр” гэв.  Итгэлийн танхим байгуулах ажилд нь цалин хөлс нэхэхгүй, сайн дураар тусалдаг дөрвөн хамтрагчтай  болжээ.  Г.Ундармаа ба түүний нөхөд “Итгэлийн танхим” төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулсан гэнэ.

ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр “Монгол хүмүүс сайхан сэтгэлтэй болж байна. Монгол Улс хөгжихийн тэмдэг” гэсэн юм.

 Г.Ундармааг “Шинэ үе” продакшны жүжигчин гэдгийг хүмүүс мэднэ дээ. “Хүнд муу санахгүй, өмнөх ажлаа хийгээд явбал ажил үйлс аяндаа бүтнэ” гэж тэр  итгэдэг.  СУИС-ийг 1992 онд төгсөөд Эрдэнэт хотын театрт гурван жил ажиллаж байжээ.  Хошин урлагт зүтгэхийн зэрэгцээ “Анун” компанид худалдагчаас эхлээд борлуулалт хариуцсан захирал хүртэл дэвшиж ажилласан үе түүнд бий. Говь-Алтай аймгийн Алтай хотод бага насаа үдсэн. Түүний ээж мөн жүжигчин байж. Г.Ундармааг хүмүүнлэгийн ажил хийхэд нь фэйсбүүкийн найзууд нь ихэд дэмжиж тусалдаг. Энэ удаагийн “Итгэлийн танхим”-ын төсөл дээр ч фейсбүүкийн найзынх нь компани  бүтээн байгуулалтын  зургийг нь хийж өгчээ.  Мөн “Итгэлийн танхим” хэмээх нэрийг найзууд нь хэлэлцэж байгаад өвчтэй хүмүүсээ эдгэнэ гэж хүлээж суудаг танхим хэмээх утгаар “Итгэлийн” хэмээх тодотгол хийсэн юм билээ. 

Жүжигчин Г.Ундармаа Улсын клиникийн нэгдүгээр амаржих газрын хүлээлгийн танхимыг   2011 онд тохижуулж байсан агаад, 2013 онд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Яаралтай тусламжийн төвд “Итгэлийн танхим” байгуулж өгсөн юм. Олон хүүхдийг дэмжиж, тусалж явдаг цоглог, эрч хүчтэй жүжигчин бүсгүйг хүүхдийн бурхан ивээх болтугай!

Б.ЯНЖМАА           

Categories
булангууд мэдээ танайд-өнжье

“Алтан аяга”-наас ус уусан Ардын багшийнд өнжлөө

Өнөр бүл

Ж.Нямсүрэн  гуай биднийг  тосч, гэртээ хүртэл замчлав. Замд тааралдсан хариугүй нурах шахсан бяцхан модон байшинг зааж, “Ж.Батмөнх гуай албанаасаа буугаад амьдарч байсан байшин” хэмээн сонирхууллаа. Төрийн тэргүүн явсан хүн гэхэд хэтэрхий даруухан, эгэл боргил амьдарч дээ гэсэн сэтгэгдэл төрнө. Хашааг нь буулгаж байхыг бодоход энэхүү жижигхэн модон байшингийн  сүүлийн төрхийг гэрэл зурагчин маань зургандаа буулгав бололтой.  Ж.Нямсүрэн гуай харин төрийн дээд албан тушаал хашиж яваагүй ч гэр бүлийн амьдралдаа тохь тухыг эрхэмлэдэг болох нь илэрхий.  Түүний амьдардаг хоёр давхар хаус алсын бараатай үзэгдэнэ.  Хэдийгээр  тэр дал гарч яваа ч Санхүү эдийн засгийн дээд сургуулийн зөвлөх багшийн албатай. Насаараа багшилсан энэ эрхэм  наадмын өмнөхөн Ардын багш цол хүртсэн билээ.  Түүнтэй уулзахаар Бэлхийн аман дахь өргөө гэрт нь зочилсон нь энэ.  Тэднийх амар амгалангийн орон гэлтэй юм. Хашаанд нь 200 гаруй бут сөөг, жимсний мод, сарнай, цэцэгс, айраг өвс, элдэв нарийн ногоо ургадаг юм билээ. Байшингийн нөгөө хэсэгт хүргэнийх нь суудаг. Байшин нь даруухан ч нүнжиг ханхална. Архитекторч хүү, инженер, эдийн засагч мэргэжилтэй гэргий нарынх нь хамтын бүтээл аж.   Байшингийн гол түүхий эд хар модыг Хөвсгөлөөс авчруулсан учраас гэрийн эзэн үргэлж төрсөн нутгаа мэдэрч суудаг гэхэд болно. Хашаан дотор суулгасан хоёр бяцхан модыг гэрийн эзэд онцлов. Мөн л Хөвсгөл далайн эргээс ирсэн аж.     

Ж.Нямсүрэн  Хөвсгөл аймгийн Баянзүрх сумаас гаралтай. Наадмын өмнөхөн төрсөн нутгаа зорьж, Сэлэнгийн хөвөө орох гэж явтал Улаанбаатарт дуудагджээ.  Манай сургуулийн “Удирдах зөвлөлийн дарга, Р.Амаржаргал гишүүн “Хамгийн том шагнал авч байгаа хүн ирэх нь зүйтэй. Онгоцоор хурдан ир гэж хэл” гэсэн юм билээ. “Онгоц таарсангүй, машинаар “нүдээд” байлаа. Үүрээр ирээд, хувцсаа солиод, Төрийн ордонд очиж Ерөнхийлөгчөөсөө шагналаа гардаж авсан. Тэгээд тэр оройгоо нутаг руугаа буцсан хэмээн гэрийн эзэн хуучлав. Түүний төрсөн бууц  Хавчиг хэмээх өндөр ууланд байдаг.  Өндөрт мацахын тулд супер жолооч олж авдаг аж. Өндөрт явахад машиных нь урд цонхоор зам биш тэнгэр харагддаг учраас жолоочийн чадварыг шалгана. “Ер бусын сайхан зун боллоо.

1960 онд залуу хосууд гэрийнхээ гадна.

Өндөр уулын сэрүүн газар ч өнгийн цэцэгс алаглаад, өвс ногоо  хөлөөр хөглөрөөд л. Нутаг орон ивээсэн юм байлгүй дээ, төр өндөр шагнал хайрлалаа” хэмээн Ж.Нямсүрэн гуай хуучлав. Төрсөн нутгийн цэцэг, навчсын тухай яриа нь хашаан дахь өвс ургамал руу шилжлээ. “Цэцэг ногоо арчилгаа ихтэй. Хэд хоног явах хооронд хашааны өвс ургачихаж. Наадмын өмнө хадсан юм шүү дээ. Хадсан өвсөө гаргаад тавьчихад өмнө нь таньж мэддэг айлууд малдаа өгөхөөр авчихдаг сан. Харин одоо хадсан өвс маань хог болох янзтай” гэж сууна.  Ардын багш хүртлээ 60 жил хөдөлмөрлөсөн хүн дээ.  1955 оноос хойш өнөөг хүртэл Санхүү эдийн засгийн техникум буюу өнөөгийн Санхүү эдийн засгийн дээд сургуультай амьдралаа холбожээ. 

Гэргий Х.Оюун мөн л энэ сургуулийн “бүтээгдэхүүн”.  Хожим нь ЗХУ-д Украйны хуучин нийслэл Харьковт  инженер, эдийн засагч мэргэжлээр суралцаж, 1970   онд төгсжээ. “Лениний 100 жилийн ойгоор төгссөн” гээд  тухайн үедээ их л хөөрч байсан хэмээн гэргий нь ярив. Тэд их л залуудаа бие биеэ олжээ. Ж.Нямсүрэн гуай тэгэхэд Эвлэлийн хорооны дарга байж. Харин Х.Оюун техникумд элсээд удаагүй үе.”1958 оны  аравдугаар сарын 29 -Лениний Комсомолын төрсөн өдөр  концерт үзэхэд зэргэлдээ суудалд таарсан” гэж нөхөр нь танилцсан үеэ дурсав. 56 жил ханилан сууж, дөрвөн сайхан хүүхдийн аав, ээж болсон аж.  50 жил ханилсан хосууд “Алтан хурим”-ын  болзол хангадаг.  Хүүхдүүд нь “Алтан хуримыг чинь хийж өгье” хэмээн ятгасан ч Х.Оюун гуай “Бид хоёр залуудаа ч найр хурим хийж яваагүй улс” хэмээн дургүйлхжээ. Гэсэн ч “Алтан хурим”-ын өргөмжлөлийг нь хүүхдүүд нь  Гэрлэх ёслолын ордноос авчирч өгсөн байна лээ. Жаран жил ханилсан хосууд Очир эрдэнийн хурим  хийдэг гэсэн.  

Ж.Нямсүрэн  дөрөвдүгээр анги төгсөөд, Санхүүгийн техникумын оюутан болсон гэхээр тухайн үеийн сургууль боловсролын систем их л түргэвчилсэн хэлбэртэй байж дээ. Мань эр арван насандаа сургуулийн босго алхсан. “Жаахан том болог. Эгчтэй нь хамт оруулъя” гэж эцэг эх нь шийдсэн юм билээ. Тухайн үед хүүхдээ сургуульд явуулахгүй байсан ч гайхах хэрэг биш байв. Дөрөвдүгээр анги төгсөх жил нь Санхүү эдийн засгийн техникумын хуваарь Хөвсгөлийн жижигхэн сургуульд ирсэн юм билээ. Ямар сургууль байдгийг нь мэдэхгүй ч ангийн багшийн зааснаар мэргэжлээ сонгожээ. Аав, ээж хоёр нь  ч “Улсынхаа нийслэлд очиж үзэх шиг сайхан юм хаа байхав” гэсэн аж. Техникум төгссөний дараа “Гайгүй төгссөн юм байна. Багш болгоно” гэцгээж.  Сангийн яамны сайдын тушаал гарч, сургуульдаа багшаар үлджээ. Оройгоор аравдугаар анги төгссөн гэнэ. “Нам олон нийтийн байгууллага хүчтэй байсан. Эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаас бусдыг нь  бараг хийлээ” гэж гэрийн эзэн наргиа болгов. Тэрбээр “Мэргэшсэн нягтлан бодогчдын инситут”-ийг үүсгэн байгуулагчдын нэг. Тус байгууллагын сайтад “Ж.Нямсүрэн багш ардын багш цол хүртлээ. Ийнхүү мэргэшсэн нягтлан бодогчдоос анх удаа ардын багш цолтон төрлөө” хэмээн бичсэн байна лээ. Ж.Нямсүрэн багш “Дэлхийн нягтлан бодогчдын чуулга уулзалт”-д хэдэнтээ оролцож явснаараа бахархдаг аж. 

Багш нар түмний хүүхдийн төлөө зүтгэсээр өөрийнхөө хүүхдийг орхигдуулдаг гэдэг. Харин Ж.Нямсүрэн гуай халамжтай аав. 

-Хоёр хүүхэд маань дээд сургуулиа Сүхбаатарын цалинтай төгссөн. Хүү Н.Шинэбаяр Москвад архитектурын дээд сургууль төгссөн. Ерэн он хүртэл Монголоос долоон хүн төгссөн сургууль хэмээн ээж нь бахархлаа. Анагаах ухааны их сургууль төгссөн сайхан охиноо алдчихсан. Бид хоёрын эдлэх ёстой лай ланчиг байсан юм байлгүй дээ гэж гэргий нь хоолой чичрүүлэн хэллээ. Бага охин Н.Шинэ-Өлзий нь Санхүү эдийн засгийн дээд сургуулийг төгсөөд багшилж байгаа. Аавынхаа мэргэжлийг өвлөсөнд ээж нь сэтгэл хангалуун байдаг аж. Аавтайгаа хамтраад, “Нягтлан бодох бүртгэлийн үндэс”, “Ахисан шатны нягтлан бодох бүртгэл” ном гаргажээ. Аав, охин хоёр тус тусдаа ч олон ном бичсэн аж. “Дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн. Гурав нь энх тунх, ач зээ, зээнцэр нийлсэн 22 ам бүл болоод байна” гэж гэрийн эзэн илтгэв. Хүүхдүүдээ багад нөхөр нь нийгмийн талын хичээлүүдэд тусалж, гэргий нь  орос хэл, математик, физикийн хичээлд туслах үүргийг өөртөө авчээ.  

Х.Оюун ээж  бага насны гурван хүүхэдтэй болсон хойноо гадаадад сургуульд сурах хэцүүхэн шийдвэр гаргах хэрэгтэй болжээ.  Дээд сургуульд орохоор бэлтгэж, оройгоор аравдугаар анги төгсөж, конкурс өгсөн юм байж. Барилга, барилгын материалын үйлдвэрийн яам гадаадад хүнээ сургах төлөвлөгөөтэй байж. Конкурс өгсөн олон хүн гадаадын хуваариас “мултарч” цөөнгүй хуваарь суларчээ. “Шалгалтаа  амжилттай өгчээ. Гадаадад яв” хэмээх шаардлагыг  Х.Оюунд тавьжээ. Том хүүхэд нь дөрөв, бага нь хоёр нас хүрч байсан учраас “Би чадахгүй” гэв.  Ч.Зул сайд аргаа бараад “Хар нялхаараа яасан олон хүүхэд цувуулдаг  золиг вэ” гэсэн аж. Гэсэн ч цөхөрсөнгүй “Нөхөр сүүдэр чинь байна уу, аав ээж чинь байна уу, хадмууд чинь байгаа юу” хэмээн лавлажээ.  “Байгаа”  гэсэн хариу сонсоод “Гэрийнхэнтэйгээ ярь” гэж даалгасан аж.  Нөхөр нь “Хүмүүс  гадаадад сургуульд явах гээд  боломж  олдохгүй байхад  хүссэн сургуулиа сонгох боломж олдсон дээр нь сурвал яасан юм” гэж дуугарчээ.  Арай л цөөхөн жилтэйгээр нь Зөвлөлтөд сурахаар сонгосон байна.  “Таван жил Зөвлөлтөд хэцүү сурсан. Сургуулиа хаяад явчихвал хүүхдээ санаад ирж гэж хэлэхгүй, сурч чадахгүй хүрээд ирж л гэнэ хэмээн нэр хичээж, шүд зууж төгссөн” гэнэ.  Зуны амралтаар ирэхдээ хүүхдүүддээ хувцас урлана.  Ганц хүний цалингаар  дэлгүүрийн хувцас хунар авах боломж ч бага байж. Эрээн даавуу авч охиддоо даашинз “үйлдвэрлэж”, аавынх нь хуучин өмдийг эргүүлж тойруулж байгаад хүүдээ олон ч өмд оёж өгчээ.  Хоёр охиндоо  пальто ч хийгээд өгчихнө. Эхний жил өвлийн амралтаар ирэхэд  бага охин нь танихгүй бишүүрхэж гэнэ. Аавыгаа харамлаж, ээжийгээ орноосоо түлхээд “Чамд аав эвхдэг ор засч өгнө” гэсэн аж. Одоо тэр  охин Н.Шинэгэрэл нь 51 хүрсэн эмээ болсон.   Москвад Технологийн институт төгсөөд, өдгөө дөрөвдүгээр хороололд гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйлчилгээний “Мандухай Хатан” ХХК-ийг удирдан 24 дахь жилдээ амжилттай ажиллаж байгаа гэж аав нь магтлаа. “Би ч яахав ажил гээд явчихдаг. Хадам аав хүүхдүүдийг тасралтгүй асардаг байсан” гэж тэр тайлбарлав.  “Аав нь бүтэн сайнд  угаалга хийгээд, хүүхдүүдээ хөгжүүлэх гэж үзэсгэлэн үзүүлдэг байсан.  Хүүхдүүд үзсэн харсан юмаа зураад, надад зузаан гэгч нь захиа илгээдэг байлаа” хэмээн эзэгтэй хуучилсан. Аав нь хүүхдийнхээ зургийг “Хүүхдийн ертөнц” зургийн уралдаанд илгээдэг. Сэтгүүлд зураг нь  нийтлэгдсэн нь хүүд  урам өгчээ. Архитекторч болох  зам нь эндээс эхлэлтэй ч юм билүү.       

               

Социализмын үеийн санхүүгийн хүн зах зээлд  зохицож өөрчлөгдөхөд хэцүү байсан эсэхийг лавлалаа. “Ерээд онд нийгэм өөрчлөгдөхөд манай сургууль Эдийн засгийн коллеж болж шинэчлэгдсэн. Хамгийн эхлээд зах зээлийн жаягаар ажиллах болсон. Нийгмийн байгууллага өөрчлөгдөхөд улсын сан хөмрөгийг барьж байгаа хүмүүсээ эхэнд бэлтгэдэг. 1921 онд хувьсгалын дараа Ардын засгийг бэхжүүлэхийн тулд санхүүгийн мэргэжилтнүүдийг бэлтгэхээр манай сургуулийг 1924 онд байгуулсан түүхтэй. Эдийн засгийн тогтолцоо өөрчлөгдөхөд дөрвөн жил коллеж нэртэй яваад, 1996 онд дээд сургууль болсон юм. Манай сургуулийн нэр солигдоод бүх юмыг шинээр үзэх хэрэгтэй болсон. Сангийн яам, ОУВС, Дэлхийн банктай хамтраад Санхүү, эдийн засгийн албыг шинэчлэн бэхжүүлэх төсөл хэрэгжүүлсэн.  Багшаас эхлээд ерөнхий  ахлах санхүүчдээ зах зээлд бэлтгэх ажил манай сургуульд төвлөрсөн дөө. Сургалтыг өдөр шөнөгүй хагас бүтэн сайнгүй хийдэг байсан. Ня-бо мэргэжилтнийг зах зээлд хөрвүүлэхэд  суурь мэдлэгтэй хүмүүс учраас цаг хэмнэж, шуурхай явсан хэрэг. 1992-1998 он хүртэл сургалтын ажил үргэлжилсэн.  Ном үзсэн багш нар орон нутагт  очиж, нябо санхүүчдийг зах зээлд бэлтгэх ажил өргөн хүрээтэй өрнөсөн” гэв. 

“Өрх гэр ая тохитой амьдаръя гэвэл тооцоо хэрэгтэй. Бүх юмыг урьдаас харсан нарийн төлөвлөгөөтэй, байж айл гэр ч улс орон ч өөдтэй явна” гэж Ж.Нямсүрэн хэлсэн.  

“Нарийн ногоогоо  үе шаттай тарихгүй бол зэрэг ургаад идэж барахгүй хөгширчихдөг. Энэ жил мөндөр цохиод, манай ногоо хэлмэгдсэн” гэж эзэгтэй хуучлав. Зөв буруу янз бүрээр тарьсаар цэцэрлэгч, ногоочны ажлаа эхэлсэн. “Дахиад нэг газар тохижуулбал их гоё болгоно доо” гэж сууна. Мод тариад худгаас ус зөөнө гэдэг бэрх ажил байж. Ач, зээ нар нь гар хөлийн үзүүрт гүйх насан дээрээ явсан учраас их хэрэг болжээ.  Харин охин нь “Ингэж их мод тарьж, буян хийж байгаа улсыг яалтай билээ” гээд  худаг гаргаж өгсөн гэлээ. Эдний хашаанд 200-гаад жимсний болоод гоёлын  мод 20 гаруй төрлийн нарийн ногоо, хүнсний ногоо ургадаг.  “Одоо эдийн засагч мэргэжил байхгүй. Өвс ургамал яаж тарих вэ гэж л анхаардаг болсон” гэж эзэгтэй наргиа болгов.  

Эзэгтэй  өөрийн гараар тарьсан ногоогоор  салат хийж, биднийг дайлав. Эрүүл хоолыг эрхэмлэдэг нь ширээн дээрхээс илэрхий. Салатанд бууцай, яншуй, самар, үзэм хүртэл “цохиж” явна. Хоолны жорыг заримдаа зохиодог, энд тэнд идсэн юмнаасаа ч санаа авдаг гэж “ерөнхий тогооч” тайлбарлав. Салат онцгой амттай байсан нь тогоочийн сэтгэлээс гадна ногоогоо  хөх бууцаар бордсонтой ч холбоотой вий. Аарцандаа хүртэл хивэг, овъёос, арвайн гурил хольж, онцгой амт бий болгожээ. Зүгээр л баахан бууз жигнээд тавган дээр овоолчихсонгүй.  Хоёр том саран бууз,  чинжүү, нарийн ногоогоор амталсан жигнэсэн будаатай олгох нь сайхан санаа юм гээч. Муу хүн идсэнээ гэдэг.  Маханд хэмнэлттэй, эрүүл мэндэд тустай санагдсан учраас эзэгтэй нарт хэрэгтэй байх гээд идсэнээ тоочиж, “муу хүн” болов.          

  Монгол хүний  нас уртсах тутам ахмад настанд анхаарсан бодлого хэрэгцээтэй болно.  Тэтгэвэрт гарсны дараа  дахин суралцах, мэргэжил эзэмших, идэвхтэй  хэв маягаар амьдрахад нь ахмадаа дэмжих шаардлага тулгарч буй. Тиймээс ч гэр бүлийн хосуудын тэтгэвэрт гарснаас хойшхи амьдралын хэв маягийг сонирхов.  Ж.Нямсүрэн, Х.Оюун нар “2009 онд Америкт амьдарч байсан зээ хүү А.Мэнджаргал, А.Мэнд-Орших нарынхаа урилгаар очихдоо 92-той эмч урилгаар мэс засал хийдэг, эдлэн газартаа жимс, ногоо тарьдаг” тухай зурагтаар харсан нь тэдэнд “Газартайгаа харьцаж, жимс ногооны ажил эрхлэх” урам өгчээ. “Би наяд ойртож явна. Манай сургуулийн Удирдах зөвлөлд 80 гарсан, 90 хүрсэн хоёр хүн байдаг. Ахмад, залуу боловсон хүчнээ манай сургуулийн удирдлагууд хамтад нь авч явдаг юм.  2001 оноос хойш зөвлөх багш болоод гавьяат багш, Ардын багш болоод идэвхтэй залуу хүн шиг явна” гэж нөхөр нь дүгнэв. 

Багадаа багш болох сон гэж хүсдэг байв уу хэмээн түүнээс сонирхлоо.

 -Хөдөөгийн бөглүү нутгийн хүүхдэд  багш болох тухай ямар ч ойлголт байхгүй. Ерөөлөөр учирсан гэдэг шиг юм болсон. Арьс шир түүхий эдээ хуримтлуулж байгаад сумын хоршоонд тушаадаг байлаа.  Хоршооны ня-бо Ж.Арамжин  гоё хятад сампингаар тоо хийгээд, дүрдэг үзгээр монгол бичгээр урсган бичих нь их л гоё харагддаг. “Энэ хүн шиг сампин гэдэг юм сурах сан. Ингэж гоё бичих сэн” гэж бодогдоно. Хожим санхүүгийн сургуульд сампин, дүрдэг үзгийг жинхэнэ хэрэглэсэн дээ гэв. Үрээ танихгүй өнөр гэдэг шиг Ардын багшийн шавь нар асар олон буй за. Шавь нараасаа онцолж нэрлээч гэхэд “Улс орны санхүүг барьдаг сайхан сайхан хүмүүсийг алинийг нь хэлж барахав” гэнэ. Гэсэн ч  зохиолч Б.Догмид  Дорноговь аймгийн санхүүгийн хэлтэст 20-иод жил  ажилласан санхүүч гэдгийг онцлов. Ардын уран зохиолч цолтой ч тэр Санхүүгийн сургуулийн бүтээгдэхүүн. “Б.Догмид сэргэлэн, сүрхий хөдөлгөөнтэй хүүхэд байсан” гэнэ.  “Сангийн яамны сайд байсан А.Базархүүд хичээл орж байсан, сайн оюутан байсан”. “Номин Холдинг”-ийн ерөнхийлөгч Ш.Баярсайхан, “Өгөөж” ХХК-ийн захирал С.Түмэнгэрэл, гавьяат эдийн засагч Л.Дондог, Б.Осоргарав, Р.Батжаргал нар  манай сургуулийг төгссөн” гэлээ. 

Ахмад санхүүч улс орны санхүүд ч анхаарал хандуулж  суудаг. “Чингэс бонд бодлогогүй ажил. Сангийн авдар хоёр болоод байна. Бондын мөнгө авсан нь буруу биш. Эртнээс бодсон төлөвлөсөн байх нь гарцаагүй хэрэгтэй. Манайхан эхэлж мөнгө аваад дараа нь зарцуулалтын тухай ярьж эхэлдэг” гэж байна. Өрхийн төсөвтөө харин онц дүн тавив.  “Манай хөгшин ня-бо эдийн засагч хүн, өр зээл огт гаргахгүй.  Өрхийн төсвөө бичдэг байлаа. Орлогоо тодорхойлоод, юунд зарахаа жагсаадаг. Мөнгө хүрэлцэхгүй бол зарим зардлаа хасна. Өр зээл тавьдаггүй, хүнээс огт мөнгө зээлж байгаагүй. Мөнгө ихтэйдээ биш бодлоготой, тооцоолдогтоо байгаа юм” гэж гэрийн эзэн тайлбарлав.  “Сангийн авдар нэг л байх учиртай. Эзэн олширвол үр дүнгүй зардал ихэснэ. Нэг гэрийн хоёр хүн дур дураараа зарвал үр дүнгүй” хэмээн өрхийн төсвөөрөө жишээ татав. Өрхийн төсвийг гэргий нь барьдаг. 

Эднийд айл болоход нь гэргийнх нь аав нь авч өгсөн  хоёр арслантай авдар бий. Нарийн нандин юмаа хадгалдаг гэнэ.  Өдгөөгийн Дүрслэх урлагийн музей буюу тухайн үеийн Өндөр дэлгүүрээс авсан  сэрүүлэгтэй, бүжиглэдэг хүүхэнтэй герман  цаг нь өнөөг хүрч иржээ. “Саяхан аваад тавьсан юм мартагдаад байхад эднийгээ ерөөсөө мартдаггүй” гэж гэрийн эзэн онцлов. Хоёрдугаар давхартаа жижиг өрөөндөө Лхам бурхан, Ногоон дарь эх зэргийг залжээ. Эзэгтэйн ээжээс ирсэн өв хөрөнгө хээтэй авдрыг харуулав.   “Бидэнтэй хамт 60 жил боллоо, биднээс өмнө хэдэн жил болсныг мэдэхгүй” гэнэ. Монгол банкинд тушаагаагүй алтаа энд хадгалдаг гэж өвгөн наргиа болгов. Хананд буй баахан хүүхдийн зургийг гэргий нь заалаа. Сургуулиас нь төрсөн анхны гавьяат багш хэмээн Ж.Нямсүрэн гуайн төгссөн сургуулийг сумынхан нь түүний  нэрэмжит болгосон гэнэ. Нэрэмжит болгоод, нээлт хийж, бэсрэг наадам, математикийн олимпиад зохиож, хөөрхөн ажил өрнүүлсэн гэлээ. 

Үүдэндээ Орос бас  Германаас авчирсан гүзээлзгэний модыг том шаазан саванд суулгачихаж, гадаа нь ойн гүзээлзгэнэ ч ургаж байна. Хашаанд байх сүүдрэвчиндээ намар ургацын баяр тэмдэглэж, шорлог хийж, шар айраг шимнэ. Хашаанд анхилуун үнэртэй агч мод, хус, тэхийн шээг байна. “Тэхийн шээгээр дарс хийхэд улсууд жигтэйхэн сонирхдог” гэж эзэгтэй хэлсэн.  Хавар хашаанаасаа халгай түүж, иднэ. Гишүүнэ буюу айраг өвсийг тармилжуулж,  варень хийдэг.  Гараар хийсэн хүлэмжиндээ артишок тарьж туршсан гээд эзэгтэйн ажил их. Сакура нь тавдугаар сард цэцэглэдэг.  Эзэгтэйн хадгалсан  элдэв навч эрүүл мэндийн цайны түүхий эд болно.                  

“Амьд явбал алтан аяганаас ус ууна” гэдэг.  Сайн сайхныг их л үзэх юм байна даа гэж гэрийн эзэн хэлсэн юм.   Ж.Нямсүрэн, Х.Оюун нарын алтаар үнэлэгдэх амьдралын тавин жил улирч, очир эрдэнийн өдрүүд нь дөтлөн айсуй.  

Б.ЯНЖМАА

Гэрэл зургуудыг Б.БАТДОРЖ