Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

Л.Чинбат:Урт нэртэй хууль явж явж тодорхой хэсэг хүнд зориулж хийсэн хууль

“Гацуурт” компанийн ерөнхий захирал Л.Чинбатын тариаланчийн зовлон, жаргалын тухай яриаг “Өдрийн сонин”-д нийтэлсэн. Энэ удаа түүний богино хугацаанд барууны стандарт хангасан мах экспортлох гарц, бизнес эрхлэгчид учирдаг дарамт, алт, үнэт зүйлийн тухай илэн далангүй ярианы үргэлжлэлийг хүргэж байна.

-Хоёр хөршийн төрийн тэргүүнүүд ирээд “Монголоос мах авмаар байна” гэсэн. Мах экспортлох ирээдүй хэр байна?

-Манайх мал аж ахуй, газар тариалан хослон хөгжих ямар л боломж байна түүнийг хийж байгаа. Дэлхий тэгж явж байна. Бид түүнийг копидож байгаа. Манайх Канад, АНУ, Францаас манайтай төстэй юмыг нь авч өөрийнхөө хөрсөн дээр буулгаж яваа. Мал аж ахуйн хувьд энэ хүмүүсийн ярьж байгаа шиг маргааш Орос руу мах гаргах хүнд. Аливаа юманд стандарт гэж байх учиртай. Манай малын мах ямар стандарттай юм бэ гэдгийг тогтоох ёстой. Путин мах гарга гэж байгаа ч гаргатал зай бий. Тэгэхийн тулд манайхан ажиллах ёстой. Мал нь эрүүл байх ёстой.

-Толгой дараалан вакцинжуулвал өртөг өндөр тусах уу?

-Малаа эрүүлжүүлэхийн тулд бэлчээрээ эрүүлжүүлэх ёстой. Задгай явж байгаа малыг бүгдийг эрүүлжүүлж чадахгүй. Голомт нь салахгүй байгаа. Үүнийгээ эрүүлжүүлээгүй цагт мах гаргах хэцүү. Малаа цөөлөхийн тулд төхөөрөөд байх ёстой юм шиг ярьдаг. Манай мах Оросын хувьд консервнд л тохиромжтой байдаг. Консерв хийгээд цэргийн хүнсэнд явдаг.

-Бэлчээрийн мал аж ахуйгаас илүү эрчимжсэн мал аж ахуй экспортонд тохиромжтой гэсэн үг үү?

-Европ хүмүүсийн хүнсний стандарт шаардлагыг хангах хэрэгтэй. Хамгийн гол нь манай мал өвчингүй гэдгээ нотолсны дараа л манай мах үнэд хүрнэ. Монголын бэлчээр эрүүл, мал нь эрүүл байвал манай мах үнэд хүрнэ. Одоо бол партизан маягийн аргаар л жаахан мах гаргаж байна. Дэлхийн зах зээлд гаръя гэвэл эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх хэрэгтэй. Малаа бордох хэрэгтэй. Бордохын тулд тэжээл хэрэгтэй. Тэжээл бэлтгэхэд талбай хэрэгтэй. Боломж бий. Мах экспортлохын тулд хамгийн боломжтой гарц гэвэл Европоос залуу мал оруулж ирээд тэжээгээд, тодорхой хугацааны дараа буцаагаад зарах боломж бий. Малыг ийм хэлбэрээр Орос, Хятад руу гаргах боломжтой. Ийм малын мах стандарт хангана. Монголд эрчимжсэн мал аж ахуйн эрүүл бүс гэж бий болгоод Европоос мал оруулж ирэх хэрэгтэй. Орос, Хятад руу Европоос мал оруулахгүй байгаа. Монгол руу оруулж байна. Энэ давуу талаа ашиглах хэрэгтэй. Зөвхөн зуны хугацаанд мал оруулж ирээд, тэжээгээд, буцаагаад намар нядлаад махыг нь гаргачихна. Зургаа, долоон сарын ажил хийчихээд сууж байвал боломжтой. Энэ бол богино хугацааны гарц. Хүмүүс мал олширлоо гэдэг. Үнэн хэрэгтээ манайхаас үхрийн мах л авна. Үхэр нь цөөхөн. Хэрэв Орос руу гаргавал нэг жил гаргаад л дуусчихна.

-Уг нь бэлчээрийн малын мах илүү чанартай, амттай гэж монголчууд боддог?

-Монгол мал зун нь жаахан таргалж ирээд, буцаагаад өвөлдөө тарга хүчээ алддаг. Нас нь өндөр болоод мах нь хатуурдаг. Гадаадад бол 24 сарын доторх махыг л иддэг. Түүнээс дээшхи махыг нохойн хоолонд явуулдаг. Бид болохоор томруулж байж иддэг.

-Танайхан ямар чиглэлийн мал оруулж ирж байна?

-Манайх мах, сүүний чиглэлийн үхэр аль алиныг нь оруулж ирж байна.

-Монгол мал ихтэй мөртлөө махаа өндөр үнээр авч байна. Цэвэр сүү ууж чадахгүй байгаа нь ямар учиртай юм бэ?

-Манайд сайхан сүүний үйлдвэрүүд байна. Ганцхан Монголоос сүү авъя гэхээр ямар ч сүү нь шаардлага хангахгүй байна шүү дээ. Анхдагч сүүгээ үйлдвэрлэдэг сүүний фермер нь бий болох ёстой. Сааж байгаа сүү нь хүний гар дамжихгүй байх учиртай. Манай сааж байгаа сүү нь, хэвтэж байгаа хэвтэр нь бүгд бохир байна. Тийм фермүүдийг байгуулж болно. Гэхдээ Улаанбаатарын эргэн тойронд биш. Фермүүд тэжээлдээ ойрхон байх ёстой. Сүүний үхэр тэжээлээр л явдаг. Одоо систем нь буруу учраас мах, сүү үнэтэй байна. Монголын дотоодын хэрэгцээг хангах асуудал биш. Ганцхан бодлого буруу учраас цөөхөн ченжийн гараар үнэтэй болоод байна.

-Мах сүүгээ Улаанбаатар руу тээвэрлэхэд зардал их биш гэж үү?

-Тэр бол асуудал биш. Таван төгрөгийн зардал нэмэгдсэн ч цэвэр сүү орж ирнэ. Фермерийн аж ахуй байгуулах туршлага манайханд дутаж байна л даа.

-Төрийн гарыг ийм юман дээр харах ёстой юм уу. Төртэй төргүй хувийн хэвшлийнхэн хийх юм биш үү?

– Сүүн дээр төрийн дэмжлэг байх ёстой. Тэр тусмаа манайх шиг улсад төрийн дэмжлэг хэрэгтэй. Сүүний чиглэлийн фермийн ажлыг төрөөс дэмжиж байж босгож ирдэг. Сүү үйлдвэрлэж байгаа хэсгийг стандартын дагуу хийх учиртай. Стандартын бус хэдэн зуун жижиг фермер байснаас стандартын шаардлага хангасан хэдхэн фермер байх ёстой. Төр анхдагчаар үүсгэх ёстой. Сүү хөгжихийн тулд махны чиглэлийн тугалыг аваад тэжээдэг, сүүний охин тугалыг аваад тэжээгээд, үнээ болгодог дамжлага тус бүр системтэйгээр хөгжиж явдаг. Түүнээс биш нэг хүн бүгдийг хийх аргагүй. Сүү сааж байгаа хүн сүүгээ л саах ёстой. Үнээгээ солъё гэхэд үнээ зардаг компаниас дараагийн үнээгээ авна. 50 үхэр сааж байсан бол тэднийгээ нядалгаанд өгөөд, ахин 50 үхэр оруулж ирээд саагаад явах учиртай. Тэр 50 үхрээс 20-30 литр сүү гардаг л байх ёстой. Дагнасан аж ахуйн нэгжүүд мэндлэх ёстой юм. Түүнээс биш манайхан бүгдийг нь хийх гээд байвал сайжрахгүй. Бид ойр хавийн ийм бизнес хийж байгаа хүмүүст сурсан мэдсэн бүхнээ чадахаараа хэлж байна.

-Ноу хаугаа нуудаггүй гэсэн үг үү?

-Юуг нь нуудаг юм. Бид ч гэсэн гаднаас копидож оруулж ирсэн юмаа дараагийн хүнд өвлүүлэх нь гол. Төрийн бодлого зөв биш бол бид нар дор нь мянган юм хийх гэж зүтгээд нэмэр байхгүй.

-Алтны том компаниуд зөндөө л байдаг. Та яагаад мах, сүү хүнс бэлтгэх ажил руу яваад орчихсон юм бэ?

-Нэгдүгээрт би малчин, тариачин гаралтай хүн. Бага байхад манай аав, өвөг эцэг бүгд л тариа тарьж, мал маллаж байсан. Хоёрдугаарт бизнест хөл тавиад гадаад ертөнц ямар байгааг харсан, манайх ямар байгааг харсан. Тэр үед ерээд онд биднийг хамгийн их эмзэглүүлж байсан юм бидний идэж байгаа хүнс байсан. Тэр үед ёстой Хятадын нохойноос дор юм идэж байсан. Тэр үед манай найз нар ярьж байгаад гурил, будаа, мах сүү, хүнсний ногоо гэсэн таван зүйл дээр хийе гэсэн. Монголчуудыг монгол хүн л тэжээнэ. Байшинд өссөн хүмүүс хөдөө очиж бизнес хийхгүй. Улсын дотоодын хэрэгцээний 10-20 хувийг үйлдвэрлэдэг болно гэж зорилго тавьсан учраас би энэ салбарт бүх амьдралаа зориулж байгаа. Энэ зорилгодоо хүрэхийн тулд 2001 оноос хойш зүтгэлээ. Гурилаа хийчихлээ. Махны

2-3 хувийг үйлдвэрлэж байна. Сүүн дээр надаас шалтгаалаагүй. Сүүний ферм хийх газрын зөвшөөрөл өгөхгүй 7-8 жил болж байна.

-Яагаад тэр вэ?

-Төр засгаас л асуу.

-Мөнгөтэй хүмүүс юм болгоныг чаддаг гэж хүмүүс боддог. Танд бас хүчрэхгүй юм байна аа?

-Би улстөржөөд явдаггүй. Хэн нэгнийг дарамталж хийх ёсгүй гэсэн зарчим баримталдаг. Манайх Сэлэнгийн найман суманд яг адилхан хөрөнгө оруулалт хийгээд эхэлсэн. Мал маллаад, тариа, хүнсний ногоо тариад эхэлсэн. Тэр сумдаас 2-3 нь дэмжээд бусад нь дэмжихгүй байгаа юм. Дэмжсэнд нь хөрөнгө оруулаад, дэмжихгүйг нь хаяад явсан. Явсаар байгаад Цагааннуур, Түшиг суманд үлдэж байна. Зарим сумынхан “Малаа аваад яв” гээд хөөхөөр нь гарсан. Найман суманд фермийн аж ахуй хөгжсөн бол ямар байхав.

-Бизнес эрхлэгчдэд бухимдах үе байдаг гэдэг. Танд ч гэсэн хоёр гараа алдалж байгаад хашгирмаар үе байдаг уу?

– Байна аа байна. Бизнесийн тэр олон асуудлын тодорхой хувийг манай хүмүүс үүрдэг. Сая гэхэд л манай будаатай машиныг явуулахгүй зогсоочихлоо л гэнэ. Хүмүүс чи яаж даагаад байгаа юм гэдэг.

-Та авилга өгдөггүй юм уу?

-Авилга өгөх гэж би ажил хийгээгүй шүү дээ.

-Бизнесийнхэн улс төрд ороод байх юм. Би өөрөө улс төрд ороод энэ бүхнийг залруулая гэж бодогдох үе байдаг уу?

-Өдий хүртэл бизнесээр явчихаад үлдсэн амьдралаа тэгж буртаглаад яахав дээ. Гэхдээ ч тэвчээр барагдах үе их л байна шүү дээ. Чи сонссон л байх. Миний нэг барилгын асуудал яригдаад байгаа. Миний буруу нэг ширхэг ч байхгүй. Гэтэл гурван жил зогсоож байна. Э.Бат-Үүл буулгах байшингийн жагсаалтанд оруулчихаад нэг хэсэг хүмүүс надаас мөнгө нэхдэг. 2001 онд нийтийн дуудлага худалдаагаар Герман элчингийн урд нэг давхар байшинг худалдаж авсан. Тэр байшинг худалдаж авсан ч газрынхаа гэрчилгээг гаргаж өгөхгүй байсаар долоон жилийн дараа өгсөн. Тэр хооронд нь хажуу талд нь нэг орон сууцны байшин, сургууль хоёр барьчихаж байгаа юм. Газрын гэрчилгээгүй болохоор би тэрэн дээр шүүхдэх эрх үүсэхгүй байгаа юм. Би тэр байшинг худалдаж авахад нэг байшинг хоёр хуваагаад, 44 м.кв нь төрд үлдсэн. Тэр хэсгийг нь би дахиад худалдаад авчихгүй юу. Хажуугийн байшинд нь бойлуур байсан. Тэр бойлуурыг энэ рүү оруулах ёстой гэж хүмүүс хотын захиргаатай муудалцсан. Хотын захиргааны ерөнхий менежер Бат гэж байсан. Бат дуудаж уулзсан юм. “Танайх энэ байшингаа буулгаад, хурдхан шиг бойлуур оруулах хэрэгтэй байна” гэсэн. Байшин бария гэхээр зураг батлуулах есөн жорын ажил ундарсан. 2009 онд бэлэн болго гэсэн үүрэг өгсөн. Тэгэхээр нь би “Та нар зөвшөөрөл авахад тусла” гэсэн. Проткол үйлдээд, гэрээ байгуулахаар нь би нэг давхар байшингаа долоон сая төгрөг өгөөд нураалгасан. Зургаа хийлгэж явах хооронд нэг өдөр нөгөөдөх дээр чинь байшин барьж байна гэсэн. Хүрээд ирсэн чинь байшин бариад зогсч байна. Хамгаалалтын алба аваад, тэднийг хөөж гаргаад шүүхдсэн. Хотын захиргааныхан дахиж уулзаад “Энэ хүмүүс дураараа юм хийлээ. Улсын төсвөөс бид энд бойлуурын төсөв батлуулчихсан юм” гэсэн. “Хэрэв энэ газар юм барих гэж байгаа бол бид хэн хэнээсээ зөвшөөрөл авах ёстой. Нэг ханаар хиллэж байгаа юм чинь та нар надаас зөвшөөрөл авах ёстой” гэсэн. Дахиж сууж ярилцаад “Чи байшингаа барь” гэсэн. Би подволдоо бойлуурынх нь өрөө гаргаж өгөхөөр болсон. 2011 оны 9-сарын 11 гэхэд ажилд оруулах ёстой гэсэн. Би байшингаа бүрэн босгоогүй ч бойлуурыг нь ажилд оруулсан. Э. Бат-Үүлийн хамаг ажлыг хөөцөлдөж өгдөг нэг өвгөн байдаг. Тэр л “Чи энэ байрнаасаа гурван өрөөг надад өг. Тэгвэл асуудлыг шийднэ” гэсэн. Би “Үгүй” л гэсэн. Би яахаараа хуруу ч хөдөлгөөгүй хүнд мөнгө өгөх ёстой юм. Тэр өвгөн бүх цахилгаан, ус таслуулсан. Эхлээд шүүхэд өгөхдөө талбай томсгосон гэх мэтээр яриагүй юм байхгүй. Хамгийн сүүлд “Эднийх энд газийн бойлуур барьчихсан дэлбэрэх гээд байна” гэсэн. Бүтэн жил шүүхээр яваад мэргэжлийн хяналтынхан “Газийн бойлуур байхгүй байна” гэсэн. Шүүх хуралдаа ирэхгүй ахиад нэг жил болсон. Ингээд гурван жил авч байна. Нийслэлийн шүүх хурал манай талд гарсан л даа. Би энд гоё төсөл хэрэгжүүлэх гэж байсан. Хотын төвд дөчөөд айлын орон сууц бариад, яг хажуу талын нурах гэж байгаа орон сууцны айлуудыг шилжүүлж оруулаад, хуучныг нь буулгаад 16 давхар бариад буцаж оруулахаар бодсон юм. Тэр айлууд хүүхдийн цэцэрлэг, сургууль, ажлаасаа холдохгүй байж байгаад байшиндаа орчихно. Ийм юм хийе гэж бодож байсан. Тэгээд тэр төслийг зогсоосон. Тэгэхэд банкнаас авсан таван сая долларын зээл одоо болтол надад тээр болоод л явж байна. Тэр барилга дуусаагүй. Тэгсэн мөртлөө би банкны хүү төлөөд байдаг. Энэ хүмүүс бизнест ямар хор учруулж байна вэ. Хэрэв би тэрнээс өөр өмчгүй байсан бол өдийд шоронд орчихсон байгаа. Гараараа юм хийж үзээгүй хүмүүсийн харгай. Ингэж саад болоогүй байсан бол хямралаас өмнө байшин бариад, хэдэн ч хүн орон сууцанд орчих байлаа. Би гол анхаарлаа газар тариалан, мал аж ахуйдаа тавиад бусад юмандаа оролцож чадахгүй байгаа л даа.

-Сая Засгийн газрын нэг шийдвэр гарсан. Гацууртын ордод төр хувь эзэмшинэ гээд?

-Нэр нь манайх ч хамаа байхгүй. Орд нь манайх байж байгаад ерэн хэдэн онд Канадын компанид лицензээ шилжүүлээд өгчихсөн. Орд олох юм бол хүдрийг нь зөөх л гэрээтэй. Тэр үед үндсэн орд толгойд багтдаггүй байлаа шүү дээ. Бид чадахгүй гэж бодоод лицензээ өгчихсөн. Тэгэхэд эд нар ордыг нь хайгаад олчихсон л доо. Бид энд үндсэн орд байгаа гэж баараггүй мэдэж байсан хэрнээ лицензээ өгчихсөн.

-Хүдрийг нь зөөх тийм ашигтай юм уу?

-Тэр орд 10 жил ажиллавал би арван жил ажилтай байна л гэсэн үг.

Газар тариалангаас бусад бүх юман дээр зардал нэмэх нь ашигтай байдаг.

-Та алтны бизнес эрхэлдэг хүн хэр алтан эдлэлтэй вэ?

-Би бөгж ч, цаг ч зүүдэггүй.

-Та алтнаас олсон мөнгөө газарт хийгээд байдаг юм уу?

-Манайх алт байхгүй. Урт нэртэй хуулиар бүгдийг нь хураагаад авчихсан. Урт нэртэй хууль явж явж тодорхой хэдэн хүнд зориулж хийсэн хууль. Хураагдсан лицензийн арван хувь нь манайх. Бусад нь хугацаа нь дууссан, хэнд ч хэрэггүй болсон лицензүүд. Яг үйлдвэрлэл явуулаад ид ажиллаж байхад манай лицензүүд хураагдсан. Цаг нь болсон бол тэр л биз гээд нэг их юм ярилгүй хураалгасан. Хүмүүс намайг алтнаас олсон мөнгөө газар тариалан руу хийлээ гэж боддог. Миний олборлосон алтнаас 10-20 дахин олборлосон компани зөндөө. Тэр мөнгө хаачсан, юу болсон. Би бол тийм биш. Над шиг банкны өндөр зээлтэй хүн магадгүй байхгүй. Алтнаас ажиллаж байх үедээ ашиг олсон уу олсон. Тэр үедээ давуу тал байсан. Тоног төхөөрөмж илүү байсан, техникийн мэдлэгийн давуу тал бий. Гадны хүмүүсийн итгэлийг дааж байсны үр ашиг гарсан. Ирж тусалсан гадны хүмүүс хэрэглэж байсан хямд тоног төхөөрөмж олж өгч байлаа. Хамгийн том эх үүсвэр ганзагаас олсон мөнгө. Би ганзагаас олсон мөнгөө зөв байршуулж чадсан гэж л боддог. Хүмүүст зээлүүлж тухайн үед банкны орлогоос илүү мөнгө хүүгээрээ олдог байсан. Уурхай байгаагүй бол байсан хэдээ газар тариаланд хийгээд зогсох байсан. Банкууд хөдөө аж ахуйн компанид зээл өгдөггүй. Уурхай байсан болохоор л бид зээл авч байсан юм. Одоо бид өөрсдөө өөрсдийнхөө амийг тээх гэж амь тэмцэн явж байна.

-Монголын баяуудыг жагсаасан чинь та дээгүүр орсон харагдсан?

-Худлаа худлаа. Миний мэдэхийн надаас илүү мөнгөтэй ч бичигдээгүй зөндөө улсууд байна. Ихэнх нь улстөрийнхөн эзлэх байх. Яг бизнес эрхэлж байгаа улсууд дандаа л өр зээлтэй байгаа шүү дээ.

Б.Янжмаа

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Зээлтэй хүн хариуцлагатай ажилтан байдаг

“Өртэй хүн өөдөлдөггүй” хэмээх үг ул болжээ. Телевизээр урсч буй “Гадаадад бол зээлтэй хүнийг ажилд авах дуртай байдаг” гэсэн үг чих дэлдийлгэв. Зээлтэй хүн хариуцлагатай ажилтан байдаг. Саяхан манайдаа нэртэй нэгэн бизнес эрхлэгч “Хүмүүс намайг их баян хүн гэж боддог. Харин би өрийнхөө хэмжээгээр нэлээд дээгүүрт орно шүү” гэж ярьсан юм. Үнэхээр далайцтай ажиллаж байгаа хүн өр тавихаас айдаггүй аж. Олон орны хувьд орон сууцны урт хугацаатай, бага хүүтэй зээл гэдэг хүмүүсийг шударгаар ажиллаж амьдрахыг нөхцөлдүүлж байдаг юм билээ. Зээлгүй хүн, хөрөнгөгүй хүнд алдах юм байхгүй. Дургүй нь хүрвэл ажлаа хаяад талийж орхино. Харин моргейжийн зээлтэй хүн байгууллагынхаа үнэ цэнэтэй ажилтан байж гэмээнэ баталгаатай ажилтай, зээлээ төлөх боломжтой. Сингапурт хүмүүс бүгд байр орон сууцтай бол бослого тэмцэл гарахгүй гэж ярилцдаг гэнэ лээ. Юутай ч “Өртэй хүн өөдөлдөг” гэсэн сургалт хүртэл бий болчихож. Танил залуу “Байрны зээл өгдөг бол утга учиртай ажилламаар байна” гэж ярив. Хариуд нь “Өнөөг хүртэл утга учиртай ажиллаж чадаагүй бол хэн чамд байрны зээл өгөх юм бэ” хэмээн шооллоо. Үнэндээ “Олон жил үр бүтээлтэй ажиллалаа” гээд хэр олон хүн зээл авч чадсан юм бол доо. Төрөөс хүн амынхаа төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны бодлого хэрэгжүүлж чадвал олон олон асуудлыг шийднэ дээ.

Б.ЯНЖМАА

Categories
мэдээ цаг-үе

Ж.Наранцацралтаараа бахархдаг Дундговийн 10-ын “Б” ангийнхан

2010.08.12

Дундговь аймгийн төвийн арван жилийг 1975 онд төгсөгчид Ж.Наран­цацралтаараа бахархдаг. Эв нэгдлээ онцолдог юм билээ. Эдний ангийн 36 сурагч, 36 ертөнцтэй. 10-ын “Б” ангиас Монгол Улсын 19 дэх Ерөнхий сайд Ж.Наранцацралт төр­сөн юм. Нийслэлийн Баян­гол дүүргийн Засаг дарга Л.Амгалан, Барилга хот бай­гуу­лалтын яамны төрийн нарийн бичгийн дарга байсан Ц.Ганхүү, ОХУ-ын Г.В.Плехановын нэрэмжит Эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар дахь салбарын захирал Л.Дугаржав нарын олны танил төгсөгчидтэй.

Эдний ангийнхан таван жил тутамд уулздаг. 35 жилийн ойгоор нь уулзалтад ирэх ёстой 31-ээс 29 нь ирсэн гэхээр бас л өндөр ирцтэй байгаа биз. НМХГ-т ажилладаг Д.Ганбат Наранцацралтаа эхэлж дурсав. Л.Дугаржав “Наяа Ганбаттай их ойр. Үргэлж хамт явдаг. Ганбаа гээд хир халдаадаггүй байсан юм” хэмээн тайлбарласан л даа. Үргэлж хамт явдаг найз нь өөд болоход нь хүртэл хамт байж. Хамт явсан хоёр нь газар дээрээ өөд болсон ч Д.Ганбат харин сайн биетэй байсных уу, ус уух хувьтай байсан ч юм уу амьд үлдсэн юм билээ. Түүний хүндхэн дурсамж ийм. “2007 оны аравдугаар сард Засгийн газар бужигнаад яаж огцруулах, хэрхэн бүрдүүлэх асуудал яригдаж байсан. Манай хүн оройдоо хот орох ёстой гээд байсан. Очингуутаа уулзах улсууд байгаа” гэсэн. Олон хүн биднийг үдэж өгсөн дөө. Нааяа машиндаа суугаад, бүсээ зүүгээд удалгүй хурхираад эхэлсэн. Жолооч бид хоёр юм яриад явсан юм.

Сургуулийн “Алтан намар” спартакиадад 9б-гийн оролцогчид. 1973 оны намар

Даваан дээр зогсох гэж байхад нэг өндийж ирснээ “Та хоёр төөрөөд байгаа юм уу” гэсэн. “Юу гэж төөрөх вэ дээ” гэж жолооч нь хариуллаа. Төв аймаг өнгөрөөд явж байтал замаас гарчих шиг болсон. Зам руугаа орлоо гэж бодтол би өөрөө ухаан алдчихсан байж. Нам гүм давхиад байсан, машинтай мөргөлдсөн шүргэлдсэн юм байгаагүй гэж Д.Ганбат ярина лээ. Харин тэр ухаан ороод “Хөөрхий Наранцацралт гишүүн өөд болчихож” хэмээн сувилагч нар ярихыг сонсчээ. Д.Ганбат эмнэлэгт хоёр сар, гэртээ зургаан сар хэвтээд хөл дээрээ боссон байна. Жаахан гунигтай дурсамжаар эхэлсэнд уучлаарай. Эдний ангийнхны бахархал нь байсан болохоор өөр арга байсангүй. Л.Дугаржав найзынхаа нэрийг өөрийнхөөрөө мөнхжүүлэхээр шийдэж, тухайн үед төрсөн дүүгийнхээ зээ охинд Наранцацралт гэдэг нэр хайрлажээ. Ахынхаа хүүгийн хүүд бас ийм нэр өгчихсөн гэж байгаа. Ж.Наранцацралт найз нартаа олон сайхан дурсамж үлдээжээ. Ерөнхий сайд болсных нь дараа 10-ын “Б”-гийнхэн “Их тэнгэр”-т зочилж, дээдсийн амьдралтай танилцсан удаатай.

“Манай ангийнхан 36 хүүхэд төгссөнөөс 23 нь дээд сургуульд, арав нь Зөвлөлтөд, түүнээс зургаа нь Москвад суралцсан” гэсэн статистикийг Л.Дугаржав хэлэв. Тэрбээр ангийн хоёр докторын нэг. Л.Дугаржав түүхийн шинжлэх ухааны доктор харин Ж.Наранцацралт газар зүйн ухааны доктор байлаа. Л.Дугаржав аравдугаар ангиа алтан медальтай төгссөн ганц нь. Ангийн дарга бөгөөд Хувьсгалт залуучуудын эвлэлийн үүрийн дарга Л.Дугаржавын 1974 оны XI сард бичсэн “МХЗЭ-ийн гишүүдээс Ленинч тайлан авсан дүнгийн тухай сонсгол” гэсэн баримт өнөөг хүртэл хадгалагдан иржээ. Түүнд тэмдэглэснээр бол:

Л.Амгалан: Улсын идэрчүүдийн аварга шалгаруулах тэмцээний гар бөмбөгийн мөнгөн медальтан, сагсан бөмбөгийн хоёрдугаар зэргийн тамирчин сургуулийн хөгжмийн ба зээрэнцэг шидэлтийн аварга хэмээн бүртгэжээ. Ангийн найз Д.Ганбат нь ангийн шар охиноо “Спортоор хичээллэдэг учраас эрэмгий чанартай” гэж тодорхойлсон. Д.Сарантуяа, Л.Амгалан хоёрыг ангийнхаа мисс байсан гэж эрчүүд нь ярьдаг юм билээ. Ангийн хөөрхөн охин Д.Сарантуяа МУИС-ийн Газарзүйн ангид элсэн суралцсан. Дээд ангийнхаа залуутай ханилж, нэгдүгээр курстээ хүү төрүүлсэн болохоор эдний ангийн хамгийн анхны ээжээр тодорчээ. Харин нэг ангийнхны хамгийн олон хүүхэдтэй ээж Л.Цэцэгмаа. Тэрбээр таван хүү, хоёр охин төрүүлсэн алдарт эх. Хамгийн гэснээс хамгийн олон жил төрд алба хашсан номинацид Р.Болд тэргүүлсэн. Төв аймгийн Засаг даргын тамгын газрын даргаар 25 жил ажилласан түүнийг ангийнхан нь “Зууны манлай тамгын дарга” гэдэг юм билээ. Зургаан Засаг даргын нүүр үзсэн Тамгын газрын дарга гэж байгаа. Нэг газарт он удаан ажилласнаараа бол Л.Дугаржав мань эрийн дараа орох вий. Ж.Наранцацралтыгаа Ерөнхий сайд болоход нь зөвлөхөөр нь ажилласныг эс тооцвол мань эр Г.В.Плехановын академи үүсгэн байгуулагдсан цагаас энэ сургуультай холбоотой яваа. “Сэрэлт” кинон дээр Бумаагийн хэлдэгчлэн “Монгол талаасаа нэгдүгээр хүн” дээ. “Путин Монголд ирэхдээ манай сургуулийг үнэлсэн” гэж Л.Дугаржав бахархлаа. Монголд айлчлах үеэрээ хойд хөршийн Ерөнхийлөгч “Улаанбаатарт ОХУ-ын тэргүүлэх их сургуулийн нэг болох Плехановын нэрэмжит эдийн засгийн салбар амжилттай ажиллаж байна” хэмээн хэлсэн үгэндээ дурдсанд тэр сэтгэл хангалуун хоцорчээ. 2012 онд В.Путины зарлигаар Л.Дугаржавыг ОХУ-ын төрийн том шагнал Пушкины медалиар шагнасныг бас сайрхаж амжлаа. Ангийнхан дунд нь лав ийм медаль авсан өөр хүн байхгүй дээ.

МХЗЭ-ийн үүрийн дарга Л.Дугаржавын “хар данс” үргэлжилж байна.

Сайн хэмээн магтагдсан Д.Зоригт гэхэд л “Сургуулийн хөдөлмөрийн хоёр удаагийн аварга, хонь хяргалтын сургуулийн аварга” гэх мэтээр тэмдэглэгджээ. Ш.Галбаатар “Таван онцын эзэн, зуны амралтаар 186 хонь хяргаж, хөдөө аж ахуйд тусалсан” л гэнэ. Л.Бямба мөн л таван онцын эзэн агаад зуныхаа амралтаар 2000 литр сүү сааж, 3000 кг хадлан хадаж, 2000 зоодой хийжээ. Тэр үеийн хөдөлмөрийн үнэлэмж өвөрмөц байж дээ.

Ангийн багшаа шавь нар нь их дурсах юм. Л.Данзмаа багш нь орос хэлний багш өөрийн найман хүүхдээс илүү ангийнхаа хүүхдүүдийн төлөө зүтгэсэн хүн гэнэ. Түүний хань Цэдэнжав нь ангийнхны уулзалт болохоор багшаас нь илүү баярладаг. Ангийнхан зочлоход тэр тогооноос уяатай суудаг, ангийн махаар дайлдаг заншилтай. Хүргэн болоогүй байхдаа цагдаа байсан, ангийн хэдэн банди нарыг торгож явсан түүхтэй. Д.Ганбат мөнөөх түүхийг сөхөв. “Нааяа, Болд бид гурав есдүгээр ангид байхад гудамжинд явж байгаад морь харах хэрэг гарав. Шонгийн мод руу сарьтал хоёр цагдаа явж байснаа хүрч ирээд “Та нар яахаараа гудамжинд морь хардаг улсууд вэ, дагаад яв” гэсэн. “Та нарыг гурав гурван төгрөгөөр торгоно” гэнэ. Бидэнд мөнгө байсангүй. Болдын халааснаас үрчийсэн арван төгрөг гарав. Цагдаа нарт хариулж өгөх нэг төгрөг байсангүй. Хэн хамгийн түрүүлж шээсэн гэхээр нь Болд “Би л шээсэн болъё” гэлээ. Түүнийг нэг төгрөгөөр нэмж торгосон гэв. Хожим мөнөөх цагдаа багшийн нөхөр болжээ. Нөгөөдүүл уулзахаараа түүнээс монжуулсан нэг төгрөгөө нэхэж, бөөн инээд болдог байж.

Д.Ганбат ангийнхны онигоог өнгө оруулж ярихдаа гарамгай. Ангидаа төдийгүй сургуульдаа биеийн тамирын од байсан тэрбээр допинг хэрэглэсэн түүхээ ярив. Сургуулийн Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн дөхжээ. “Бусад ангийнхан глюкоз гэдэг юм уугаад байна” гэсэн мэдээлэл ирж. Ангийн багш нь мөнөөхийг хаанаас авдгийг мэддэг болж таарав. Том том ампултай глюкозноос нэг нэгийг уугаад тэмцээндээ оров. Одоогийнхоор бол допинг хэрэглэсэн ухаантай. Тэмцээнд түрүүлснийгээ мөнөөх ууж идсэн хүч тамир сэргээгчтэйгээ холбож тайлбарлаад, маадгар хоцорчээ.

Аравдугаар ангид байхдаа “Ангиа тохижуул” гэсэн үүрэг авч. Тухайн үед албан тасалгааг фанер юм уу модоор өнгөлдөг моод дэлгэрч байжээ. Ангийн хөвгүүд аптекийн хашаанд байсан олон фанеран хайрцгийг тоочиглов. Орос жинхэнэ гоё фанер байж. Тууя гэтэл багш нь явж өгдөггүй. Арайхийж багшийгаа явангуут, үдшийн бүрийгээр аптекийн хашаа руу харайжээ. Алтыг нь аваад авдрыг нь хаяв гэдэг бол энэ удаа эсрэгээрээ өрнөв. Хайрцган дотор байсан эм, тариа элдэв зүйлсийг гаргаж хаяад авдрыг нь аваад арилжээ. “Еэ горьгүй” гэж одоо томоожсон хойноо Д.Ганбат халаглав. Майн баярын өдөр таарч, мөнөөх түүхий эдээ өнгөлж зүлгээд, ангиа доторлож орхижээ. Мебель шиг жигтэйхэн сайхан харагдаж байж. Харин хөвгүүд хаанаас фанер олж авсныг хэн ч сонирхоогүй гэнэ лээ.

Нэг ангийнхан ангидаа хонож өнжин хичээлээ давтдаг байж. Нэг ангийнхны эв нэгдэл хичээлээ хамт давтахаар хязгаарлагдахгүй. Р.Болдынхоо сайн байсан охиныг эргүүлээд байсан тарваган малгайтай этгээдийг хөвгүүд нь нийлж байгаад хашраахаар болж. Харин харуй бүрийд нөгөөх этгээдийг барьж аваад, чулуу шидэцгээх үедээ өөрсдийгөө онож, хөгөө чиржээ. Зодооны тал дээр гавихгүй нөхөд байж дээ.

“Манай ангийнхан бүгд сайн яваа” гэж Л.Дугаржав илтгэв. Ц.Ганхүүгээ тэр “Дундговийн Засаг дарга болох хүн” хэмээн магтлаа. Ангиараа нийлж, PR-ийг нь хийх нь л дээ, янз нь. Суусан газраасаа шороо атгадаг сүйхээтэй эр гэнэ дээ, цаадах нь. Ц.Ганхүү нь морьтой монгол эр. Улсын их баяр наадмын Хурдан морины комисст олон жил ажилласан даа.

Нэг ангийнхан аравдугаар анги төгсөнөөс хойш 40 жилийн ой нь 2015 онд тохионо. Л.Дугаржавыг Москвад нэгдүгээр курсийн оюутан байхад ангийн багшаас нь ийм нэгэн захиа иржээ.

-Багш нь захианы чинь төгсгөлд 10-ын “Б” гэж хараад сэтгэл маш сайхан болж байна. Та нарыгаа төгсгөөд 23 сурагчаа дээд сургуульд оруулчихаад эхний бахархал төрсөн. Бас одоо яаж ажиллаж амьдарч байгаагаар чинь мөн л бахархах болно. Манай анги ямар сайхан хамт олон байлаа. Хүн арван хуруу тэгш байх тохиолдол ховор боловч та нөхөд ер нь долоон хуруу тэгширч байсан байх аа. Та нар шиг хамт олныг дахиад багш нь төгсгөө ч үү үгүй ч үү гэж бодож явдаг юм… хэмээн бичсэн байна лээ.

Б.ЯНЖМАА

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Жолоочгүй трактор талбайд ажиллана

Тракторын кабинд онгоцны удирдлагын хэсэг шиг л өч төчнөөн товч, самбар анивалзах болжээ.  Жолооч удирдлагын хэсгээсээ янз бүрийн команд өгч, усалгааны төхөөрөмж энэ тэрээ ажиллуулна. Цаашилбал бүр жолоочгүй трактор ажиллах ирээдүйн тухай  ШУТИС-ийн Мэдээлэл холбоо технологийн сургуулийг энэ хавар төгссөн  О.Нандинхүү ярьсан юм.  Магистрын ажлаа  тэрбээр  “Олон улсын хүнд машин механизмын удирдлагын систем” гэсэн сэдвээр  хийж байгаа аж. Орчин үеийн тракторууд бүгд ISO BUS стандартын дагуу ажилладаг болжээ. Жолоочийн удирдах хэсэг энэ тэртэй боловсронгуй болсон гэсэн үг юм уу даа, тэр нь.  Хэрвээ монгол инженерүүд иймэрхүү хүнд машин механизмын удирдлагын системийг бүтээгээд, түүнийгээ олон улсад хүлээн зөвшөөрүүлж  чадвал  монгол инженерүүдийн  толгой  дэлхийд үнэлэгдэнэ дээ. Иймэрхүү удирдлагын системийн зах зээлийн үнэ нь 6500 евро. Монголдоо хийчихвэл арай хямдруулах боломж бий гэж шинэхэн судлаач  үзэж байна.  

Дэлхийн хүн ам өсч, хүнсний хомсдол нүүрлэх эрсдэл бий болсон. Энэ бүхэн орчин үеийн техник технологийн дэвшлийг хөдөө аж ахуйд ашиглахад хүргэжээ.  “Гачуурт” компани ийм удирдлагатай  траꬬто¬руудыг оруулж ирсэн байна. Трактор жолоочгүй ажил¬лах фермерийн менежмент систем гэж бий. Европт бол фермийн эзэн ажлын өрөөндөө суугаад, трактороо удирдаж, трактор эцэж цуцахгүй ажилладаг. Ургац хураалтын талбайн зураг авдаг систем бий болсон гэнэ. Ургацын талбай дээгүүр мөнөөх төхөөрөмж  нисээд, дүрсийн боловсруулалт хийгээд аль хэсэг нь хуурайшилтай,  чийг¬шил­тэй гэдгийг тодорхойл­чихдог. Чийгшилтэй хэсгээ услах шаардлагагүй гэхээр санхүүгийн болон хүн хүчний хэмнэлт гарна.  Европын орнуудад иймэрхүү боловсронгуй систем хөдөөд нэвтэрсэн байна. 

Б.ЯНЖМАА 

Categories
мэдээ нийгэм

Монголд элэгний С вирусийг устгах боломжтой гэнэ

Манай улс элэгний хорт хавдрын нас баралтаар дэлхийд нэгдүгээрт ордог агаад дэлхийн дунджаас найм дахин их үзүүлэлттэй байна. Энэхүү нас баралтын 95 хувь нь гепатит В, С, Д вирусийн архаг халдвараас үүдэлтэй аж. Элэг хамгаалах “Оном” сангаас “Эрүүл элэг” үндэсний хөтөлбөрийг санаачлан, эрдэмтэд судлаачидтай хамтран цогц бодлого боловсруулан ажиллах болсноо зарлав. 2013 онд хийсэн вируст гепатитийн тархалтын судалгаа болон бусад судалгааны дүнг харьцуулж үзээд “Монгол Улсад 400 мянга гаруй хүн вируст гепатитийн архаг халдвартай байна” гэсэн дүгнэлтэд хүрснээ “Оном” сангийнхан мэдээлж байна. Тэр тусмаа элэгний вирус тээгч гэдгээ өвчтөнүүдийн 30 хувь нь мэддэг бол үлдсэн 70 хувь нь вирустэй гэдгээ ч мэдэхгүй явдаг гэж таамаглав. Тийм учраас хүн амыг бүхэлд нь түргэвчилсэн, хямд тестийн аргаар шинжилгээнд хамруулахыг зорьж байгаа гэнэ. Тус сангаас өнгөрсөн долдугаар сараас эхлэн вирустэй хүмүүсийг мессежээр бүртгэж эхэлсэн.151103 дугаарт бүртгүүлэхдээ овог, нэр, регистр, хүйс, вирусийн төрлөө тус бүрт нь таслалаар зааглан бичиж илгээх учиртай. Элэгний өвчний эсрэг тэдний гол зэвсэг нь АНУ-ын Gilead
Sciences компанийн шинээр гаргасан вируст гепатитийн шинэ эмчилгээ болох Soval­di
(Софосбувир) эм юм. 2013 оны 12 сард АНУ-ын Хүнс эмийн агентлаг (FDA) уг эмийг архаг гепатитын эмчилгээнд хэрэглэхийг зөвшөөрсөн байна. Энэхүү шинэ эм нь эмчилгээний хугацааг богиносгодог аж. Одоо хэрэглэгдэж байгаа интеферон, рибавирин хавсарсан эмчилгээ нь хамгийн багадаа 48 долоо хоног үргэлжилдэг бол шинэ эмийн эмчилгээ 12 эсвэл 24 долоо хоног үргэлжилдэг аж. Хэвлэлийн хуралд оролцсон Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Халдварт өвчин судлалын тэнхимийн профессор Я.Дагвадорж “Одоо хэрэглэж байгаа интерферон эмийн үр дүн дангаараа 40-50 хувиас дээш гардаггүй. Гэхдээ элэгний хатуурлаас сэргийлдэг учраас зүгээр байхтай зүйрлэшгүй л дээ” гэв. Түүний хэлсэн бас нэг анхаарал татсан зүйл нь “Монголд тохиолддог элэгний вирусийн генотип (тухайн вирусийн удмын бүтэц)-ийн 90 гаруй хувь нь интерферонд дуулгавар муутай хувилбар. Харин шинэ эмийг интерферонтой хавсарч хэрэглэхэд эрүүл болгодог” гэлээ. Одоогоор энэ шинэ эмийг дэлхийн 40 орчим оронд нэвтрүүлээд байна.

Шинэ эмийн үнийг уншигчид сонирхож байгаа. Софосбувирийн нэг курс эмчилгээний өртөг нь АНУ-д 84 мянган ам.доллар, Германд 66 мянган ам.доллар гэх мэтээр ялгаатай байна. Хэдийгээр энэ эмийн үнэ монголчуудын хувьд хэт өндөр сонсогдож байгаа ч хорт хавдрын эмчилгээтэй харьцуулбал хямд учраас Америкт өндөр үнээр худалдаж авдаг аж. Тус эмийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр тухайн улс орны төлбөрийн чадвартай уялдуулахыг үйлдвэрлэгч нь хичээдэг гэнэ. Тус компани Монголыг Хүртээмж нэмэгдүүлэх хөтөлбөртөө хамруулан уг эмийн нэг курс эмчилгээг 900 ам.доллараар нэвтрүүлэх саналаа ЭМЯ, Засгийн газарт тавьсан. Хүртээмж нэмэгдүүлэх хөтөлбөрийн үндсэн шаардлага нь Засгийн газар нэгдсэн байдлаар худалдан авалт хийгээд ард түмэндээ үнэ төлбөргүй эмчилгээ хийх юм. Гэсэн ч манай улсад элэгний өвчлөл өндөр байдаг учраас ЭМЯ дангаараа энэ асуудлыг шийдэж чадахгүй гэсэн яриа сонсогдов. УИХ-д энэ сэдэв хэлэлцэгдэх юм байна.

“Оном” сангаас “Эрүүл элэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд шийдвэр гаргагчдад хандан дараахь саналыг дэвшүүлсэн байна.

“Софосбувир” эмийг Монгол Улсад бүртгэх ажлыг түргэвчлэх, эмчилгээ хийхэд шаардлагатай зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх, тодорхой хувийг төрөөс даах, шинэ эмийн үнийг хямдруулах үүднээс гааль болон НӨАТ-аас чөлөөлөх, “Эрүүл элэг” хөтөлбөрт эмч, эмнэлгийн ажилтнуудыг ажил үүргийн дагуу оролцох эрх зүйн зөвшөөрөл өгөх юм байна.

Ономсанг санаачлагчид хэн бэ?

-“Оном” сангийн Удирдах зөвлөлийн дарга Д.Наранбаатар АНУ-ын Аргонне үндэсний лабораторид ажиллаж байсан. Физикч мэргэжилтэй, шинжлэх ухааны доктор аж. Түүний дүү “Оном” сангийн гүйцэтгэх захирал Д.Наранжаргал нь 2005 онд Бээжингийн их сургуулийн Анагаах ухааны салбарыг хүний их эмчээр төгссөн. Их Британид Ноттингхамын их сургуульд докторын зэрэг хамгаалсан. 2012 онд Канад улсын “Grand
Challenges Canada” байгууллагын “Stars in Global Health” нэртэй, нөлөөтэй өвөрмөц санааг дэмжих хөтөлбөрийн хүрээнд “Вируст Гепатитийн эсрэг авах арга хэмжээ” сэдэвт төсөл дэвшүүлж, санхүүжилт авсан нь “Эрүүл элэг” үндэсний хөтөлбөрийн эхлэлийг тавьсан гэнэ.

Д.Наранбаатараас энэ талаар тодрууллаа.

Энэ хөтөлбөрийг санаачлах болсон шалтгаан юу вэ. Энэ бүхэн яаж эхлэв?

-Хүний амьдралын түүх юм даа. Манай хоёр авга ах элэгний хавдраар нас барсан. Аав, ээж маань хоёулаа С вирусийн халдвартай байсан. Аавыг АНУ-д аваачиж, эмчилгээнд оруулаад бүрэн эдгэсэн. Нэг нь багш, нөгөө нь эрүүл мэндийн салбарын хүмүүс. Бид өөрсдөө шинжлэх ухааны улсууд учраас “Монголд элэгний өвчлөл үнэхээр асуудалтай, аюултай байна” гэж бодсон. Манайх шиг түүхтэй гэр бүл олон байгаа. Бид чадах юмаа хийе гэсэн зорилготой яваа. Хоёр жилийн өмнөөс судалгаа хийж, үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхээр явж байна.

Өмнө нь төр засаг юм хийгээч ээ гэцгээдэг байсан. Одоо хувь хүмүүс монголчуудын эрүүл мэндийн маш том асуудлыг шийдэхээр явж байгаа нь бас нэг үзэгдэл юм болов уу?

-Ерөнхийлөгч хэлээд байгаа. Төр бүгдийг хийхээ больё гэж. Бид өөрсдөө санаачилга гаргаад, өөрсдөө хийхгүй бол гадны хүн орж ирээд биднийг аврахгүй, асуудлыг шийдэхгүй. Тэр тусмаа залуус маань сэтгэл гаргаад зүтгэх хэрэгтэй. Энэ бол бизнес биш. Монгол хүний сайн сайхны төлөө зайлшгүй хийх ёстой зүйл. Аль болох эм, эмчилгээний өртөг үнийг хямд байлгах, аль болох олон хүнийг хамруулах, үндэсний хэмжээнд цогцоор хэрэгжүүлэх зорилт тавиад ажиллана даа.

Моод Монголоор дуусдаг гэдэг байсан. Гэтэл одоо зах зээлд нэвтрээд удаагүй шинэ эмийг Монголд оруулж ирэхээр ярьж байна?

-Моод Монголоос эхэлдэг болж байгаа. Энэ эмийг 2013 оны 12 сарын 6-нд Америкийн Хүнс эмийн агентлагаас(FDA) хүлээн зөвшөөрсөн. Европын холбооны Эмийн агентлаг энэ оны нэг сард худалдах, сурталчлах зөвшөөрлийг өгсөн. Шинэ эм хямд үнээр орж ирэхээр “Өө энэ худлаа юм болох гээд байна, туршилт хийх гээд байна” гэсэн хардлага бий. Энэ тийм биш ээ. Дэлхийн шинжлэх ухааны ололтыг бид хамгийн түрүүнд авч хэрэглэхээр зорьж байна. Манайх цөөхөн хүн амтай, сонирхолтой орон. Энэ давуу талаа түшиглээд шинжлэх ухааны ололтыг хямд үнээр оруулж ирээд үр дүнг нь богино хугацаанд харах боломж байна. АНУ-д гэхэд энэ компани эхний зургаан сард 6 тэрбум долларын орлого олчихсон байгаа. Ард түмэн маань туршилт хийх гэж байна гэж айх хэрэггүй. ДЭМБ-аас хэрэглэ гээд зарлачихсан. Бид шинжлэх ухааны ололтыг хугацаа алдахгүй нэвтрүүлээд ард түмнээ эмчилж авах нь л хамгийн чухал байна.

Софосбувир эмийг үйлдвэрлэсэн “Gilead
Sciences”-
ийн төлөөлөгчид Монголд ирсэн. Эмийн зах зээлийн хувьд манайх жижиг, төлбөрийн чадвар бага байхад Монголд яагаад анхаарал хандуулсан юм бол?

-Мэдээж бид энэ чиглэлээр маш их хүчин чармайлт тавьж байгаа. Мөн Монгол Улс маань маш сонирхолтой улс. Бидэнд 400 мянга гэдэг тоо маш их санагдаж байна. Гэхдээ өвчтэй хүний тоо бусад улстай харьцуулбал бага учраас үр дүн түргэн гарах боломжтой. Жишээлбэл Энэтхэгт 100 мянган хүн тутамд ногдох өвчтөний тоо бага байлаа ч хэдэн тэрбум хүнтэй улс учраас өвчтэй хүн сая саяар тоологдоно шүү дээ. Хичнээн их юм хийлээ ч хүн амын тоо угаасаа их учраас үр дүн нь шууд харагдахгүй. ДЭМБ энэ сарын 12-нд семинар зохион байгуулах гэж байгаа. ДЭМБ хүмүүсээ явуулаад, Монгол Улсад элэгний өвчлөлийг устгах боломжтой юм байна гэж харж байгаа. Жилд 2500 хүн вируст гепатитийн халдвараас болоод нас барж байна. 100 мянган хүнд ногдох элэгний өвчний нас баралтаар манай улс дэлхийд номер нэг байгаа. Ийм болохоор дэлхий бидэнд хандаад “Танайх болохоо больчихжээ, танайд тусалъя, хамтарч ажиллая, судалгаа хийе” гэдэг. Жишээлбэл Стэнфордын их сургуулийнхан бидэнтэй хамтарч ажиллах гэж байна. ДЭМБ хамтарч ажиллах гэж байна.

Дэлхийн хэмжээнд анхаарч байгаа юм байж, манай шийдвэр гаргагчид хэр тоож байна?

-Анхааралгүй яах вэ. зургаан сард бид албан ёсны уулзалт зохион байгуулаад явж байхад Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдтэй уулзсан. Энэ асуудлыг бүгд мэдэж байгаа. УИХ-ын гишүүд энэ асуудлыг их дэмжиж байгаа. Дэмжээд ярих бол өөр. Ажил болгохоор эцсээ хүртэл зүтгэнэ. 2020 онд үр дүнгээ ярилцах хэмжээнд очсон байна гэж найдаж байна.

Засгийн газраас хүмүүстээ энэ эмийг 900 доллараар авч өгөх болов уу. Гэтэл энэ санаачилга дэмжигдэхгүй бол өөр ямар арга чарга байгаа вэ?

-Тэр бүх л зүйлийг судлаад Эрүүл мэндийн даатгалд хамруулах нь зөв гэсэн шийдэлд хүрсэн.

Вирустэй хүмүүсийг долдугаар сараас бүртгээд байсан. Олон хүн хандсан уу?

-Вируст гепатитийн Үндэсний мэдээллийн төв гэж байгуулагдаад, 4300 орчим хүн бүртгэгдсэн. Техт мессежээр 1500 орчим хүн бүртгэлтэй байгаа. Өнгөрсөн гурван сараас бэлтгэл ажлаа хийж байна. Вируст гепатитийн халдвартай 400 мянган хүн байна.

Вируст гепатитийн халдвартай хүмүүсийн 30 хувь нь вирустэй гэдгээ мэддэг үлдсэн 70 хувь нь мэддэггүй гэж дүгнэсэн байна лээ. Мэдэхгүй байгаа хүмүүст мэдүүлэх талаас нь юу хийх вэ. ЭМЯ энэ хөтөлбөрт оролцох уу?

-Албан байгууллагуудаар явж тест хийхэд вирус тээгч 20 орчим хүнээс 7-8 хүн нь мэддэг 14-15 хүн нь мэдээгүй байсан. Манайд хандаж байгаа байгууллагууд бий. Үүнийг аян байдлаар зохион байгуулж, нийт хүн амыг тестээр шинжилгээнд хамруулаад явна. Үүнийг эрүүл мэндийн анхан, дунд шатны эмнэлгүүдээр дамжуулж зохион байгуулна. ЭМЯ-нд санал хүргүүлээд байгаа. ЭМЯ оролцохоос өөр арга байхгүй. Нийтээрээ зүтгэхгүй бол ганц байгууллага, хэсэг хүн зүтгээд амжихгүй ажил гэв.

Б.Янжмаа

 

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хог хаягдал дахин боловсруулагчид НҮБ-ын байранд үзэсгэлэнгээ дэлгэв

Хог хаягдал дахин боловсруулж, өрхийн орлогоо нэмэгдүүлж байгаа эмзэг
бүлгийн гэх тодотголтой иргэдийн үзэсгэлэн 
НҮБ-ын байранд гарлаа.

Дахин хэрэглэх боломжтой хог хаягдлыг  хэрэглэгчдээс  цуглуулан, эргүүлэн ашиглах, амьдрал ахуйд
хэрэгцээтэй бүтээгдэхүүн хийж борлуулах замаар 
ажилгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихийг
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийнхөн хичээж байна. 
 “Алдагдал, хаягдлыг алт мөнгө болгоё”
сэдэвтэй уг өдөрлөгт НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн  орлогч суурин төлөөлөгч Томас Эриксон,
Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулга, Нийслэлийн Засаг даргын тамгын
газрын ажилтан  Ц.Буяндалай,  “Технож” инкубатор төвийн захирал
Г.Галаарийдий нар байлцсан юм. Хаягдал дахин боловсруулах төслийн зохицуулагч
Г.Галаарийдий “Хог хаягдлыг багасгахад төр, компаниудаас илүү иргэдийн оролцоо
чухал байдаг” гэж онцолсон юм. “Технож” инкубатор төв хоёр сарын хугацаанд иргэдийн
 арав гаруй бүлэгт сургалт явуулсан
байна. Өдгөө хаягдал дахин боловсруулах иргэдийн идэвхитэй ажилладаг арван
бүлэг, 80 гаруй өрх төсөлд хамрагддаг аж. 
Эмзэг бүлгийн иргэдэд хаягдалыг дахин ашиглах аргачлал зааж, мэдээлэл
өгч, сургалт хийдэг гэнэ. Бямба гариг бүрт бүлгийн ахлагч нарын уулзалт хийж,  туршлага солилцдог байна.

“Дахин  хэрэглэе, ахин ашиглая”
уриатай хэрэгжиж буй энэ төсөл олон нийтэд хог хаягдал баялаг гэдгийг ойлгуулах
зорилготой юм байна. Тиймээс дахин ашиглах боломжтой сав, хайрцаг, цаас, сонин,
сэтгүүлээр хэрэгцээт зүйлс хийх, сэдлийг төрүүлэх, эмзэг бүлгийн иргэдийн
амьжиргааг нэмэгдүүлэх давхар зорилготой ажиллаж байгаа гэнэ. Энд  ус ундаа жүүсний хуванцар саваар  хогийн шүүр, том, жижиг сандал, буйдан,
үзэгний сав хийсэн байна лээ. Тетрапак хайрцагаар  аяны олбог, 
гэрийн  хаяавч, ахуйн цүнх, саравч
урлажээ. Хуучин хувцсаар   улавч, хормогч,  бээлий, гутлын алчуур, даавууны өөдсөөр
сандлын олбог, хөлийн гишгүүр зэргийг сэтгэсэн харагдав. 

       Хог хаягдлын үйлдвэрүүд бий болгох нь хотын хогийг багасгах боломж бий
болгодог. Хог хаягдалын хэдэн үйлдвэр байгаа талаар Нийслэлийн Засаг
даргын  Захирагчийн албаны
Ц.Буяндалайгаас тодруулахад “Хог хаягдлын үйлдвэр байгуулахаар  талаар сүүлийн жилүүдэд яригдаж байгаа
асуудлын нэг. Нийслэлийн Засаг даргын Захирагчийн албанаас хог хаягдлыг дахин
боловсруулах үйлдвэр байгуулах тал дээр ажиллаж байгаа. Гадны  хөрөнгө оруулалттай үйлдвэрийн төслүүд ч
яригдаж байгаа. Дотроо үүсч байгаа хөрөнгөөр жижиг хог боловсруулах үйлдвэр
байгуулах тухай ч яригдаж байгаа. Өдөрт гарч байгаа хог хаягдлуудыг бүрэн
боловсруулах хүчин чадалтай үйлдвэр манайд баригдаж амжаагүй байгаа. Үүнийг
барих талаар Нийслэлийн зүгээс ажиллаж байгаа” гэлээ.

“Хогийг мөнгө болгох
талаар мэдээлэл өгч, иргэдийнхээ сэтгэлгээний хандлагыг өөрчлөх цаг болсон”  гэж тэр нэмж хэлэв. Улаанбаатар хотод 180
мянган өрх гэр хороололд амьдарч байгаа аж. “Хаягдлыг  дахин боловсруулж байгаа хүмүүст зориулж
мөнгө төсөвлөдөг эсэхийг сонирхоход “Хог хаягдлын чиглэлээр хот ажиллаж байгаа.
Энэ томоохон хөрөнгө шаарддаг” гэж хариуллаа.

 Хог мөнгө гэдэг. Аргыг нь олбол хүний ялгадсыг
ч метан хий болгон хувиргаж, цахилгаан гаргадаг, бордоо болгодог гадны
туршлагууд бий.

Гэр хорооллын нүхэн
жорлонгуудыг хэзээ сайжруулах талаар Б.Тулга дэд сайдаас сонирхов.  “Гэр хорооллын нүхэн жорлонгийн асуудал яах
аргагүй санхүүгийн нөхцөл боломжтой холбоотой асуудал. Яам, нийслэл үүнийг
шийдэх гэхээсээ эко жорлонтой болгох шийдлийг хувийн хэвшилтэй холбох хэрэгтэй
байна” гэлээ.  Био ялзмаг лагийг задлах
талаар хэдэн хэдэн байгуулагатай хамтарч туршиж үзэж байгаа” гэсэн.

Хог хаягдлыг
боловсруулах сайн туршлагаас хэлэхийг хүсэхэд “Технож” инкубатор төвийн захирал
Г.Галаарийдий “Миний авсан судалгаагаар нийслэлд 22 аж ахуйн нэгж хог хаягдлын
гурав хүрэхгүй хувийг боловсруулж байгаа. Канад улсад гэхэд  айл өрхүүдээр явдаг хүүхэд маш нэр хүндтэй
байдаг. Айл айлаар  ороод хэрэглэсэн хуруу
зайнуудыг нь авдаг. Томоохон компаниуд нь хуруу зайг нь бага хэмжээний мөнгөөр  буцааж аваад, дахин ашигладаг.  Хуруу зай  задрахаараа маш хортой бодис ялгаруулдаг юм.
Монголд маш олон хогийг дахин боловсруулж болно. Манайд иргэн аж ахуйн нэгжээс “үйлдвэрлэсэн”
хог хогийн цэг рүү 90 хувь нь шууд явж байна. Цөөн хувь нь дахин
боловсруулагддаг.  1997 оноос эхлээд АНУ
даяар  11 сарын 15-ныг  Хог хаягдлын өдөр болгосон. Хог хаягдал хүний
нийгмийг бохирдуулж, бохир дунд амьдрахад хүргэж байна. Өрхүүд ашиглаж болох
санаанууд гэвэл тетрапак савнуудыг цүнх сав, гэрийн хаяаны дулаалга, аяны  олбог хийж байна.  Хятадад 
цаасан уут ашиглаад гэрийн дулаалга хийдэг. Цаас хурдан боловсордог ч
хортой метан хий ялгаруулж байдаг гэлээ.

 НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн  Байгаль орчны 
багийн ахлагч Б.Бүнчингив “Бодлогын дэмжлэг, татварын албан ёсны
системтэй болох ёстой. Барууны орнуудад иргэд ундааныхаа саваа буцааж өгөөд
хэдэн цент буцааж авдаг. Хүнсний дэлгүүрүүд нь цуглуулсан хаягдалаа цааш нь
үйлдвэрүүдэд тушаадаг тогтолцоо байдаг. Тийм тогтолцоог бага багаар бий болгох
хэрэгтэй байна” гэлээ.

Хаягдалаар
бүтээгдэхүүн урласан Хан-Уул дүүргийн наймдугаар хорооны иргэн Д.Саша

-Дэлхийн
зөнгийн Хөгжлийн хөтөч хөтөлбөрт хамрагдсан. Манай бүлэг “Давхиварын бүлэг”
нэртэй. Хаягдал түүхий эдийг дахин ашиглаж бүтээгдэхүүн хийдэг. Арван хүнтэй.
Ундааны саваар буйдан, явган сандал, шүүр, цэцэг хийж байгаа. Дизайнаа өөрсдөө
бодож байгаад хийдэг.

Дугуй
том буйданд 37 ширхэг ундааны сав орсон. Үнэ нь 20 мянга. Пролон синтопон
аргелит, скоч орно. Хамгийн үнэтэй нь пролон аргелит.

Бүтээгдэхүүнээ
одоохондоо борлуулж амжаагүй байна. Иймэрхүү үзэсгэлэнд оролцоод байвал
борлогдох шинжтэй юм байна. Ажлын байр байхгүй гэртээ хийцгээдэг. Сүүлийн хоёр
сар л хийж байна. Хуванцар сав цуглуулж тушаадаг. Ой найман сартай ач хүүтэйгээ
хоёулаа хамт амьдардаг юм. Түүхий эд цуглуулж амьжиргаа залгуулж байна.  Утсаар захиалга авч, очиж авдаг юм. Өөрөө  юм түүгээд, хүмүүсээс авсан юмаа тушаахаар
сул орлого ороод ирдэг. Эргэлтийн мөнгө 100 мянга байдаг. Илүү мөнгөөрөө идэж
уудаг юм. Бусад түүхий эдийн цэгүүд баян шүү дээ. Манайх хуванцар савыг кг-ыг
нь 250-иар авдаг гэж хуучиллаа.

НҮБ-ын
Хөгжлийн хөтөлбөр,  “Технож” бизнес
инкубатор төвтэй  хамтран иргэдийн дунд “Дахин
хэрэглэе, ахин ашиглая” уралдаан зарлаж байгаа гэнэ.

Б.Янжмаа

Categories
мэдээ цаг-үе

Г.Мэнд-Амар: Гэр бүлтэй болоогүй залууст зөвлөхөд хэнд ч хэзээ ч бүү шалгуур тавь, зүрх сэтгэлээ л дага

“Камертон” хамт­лагийн дуучин Мээдээ буюу
Г.Мэнд-Амартай ярилцлаа.

-Мээдээ сүүлийн үед юу хийж байгаа бол, шинэ уран бүтээл
дээр ажиллаж байгаа болов уу?

-Өнөө маргаашгүй ганцаа­раа дуулсан
шинэ дууныхаа бичлэгт орох гэж байгаа. Хөгжмийн зохиолч, “Нью стар” студийн дууны
найруулагч С.Гантөрийн  ая, түүний эхнэр болох
“Нью стар” студийн захирал Л.Энхмандахын шүлэг бидний үеийнхэн дуулж болохоор амьдралыг
хүүрнэн өгүүлсэн дуу бий. Бидний насан дээр охин минь цэцэг, навч минь гэхээр нэг
л бууж өгөхгүй шүү дээ. Аравдугаар сарын эхээр “Нью стар” студи арван жилийнхээ
ойг хийх гэж байгаа. Түүнд зориулж хамтарч дуу хийж байна.

-Камертончууд хэр их уулзалддаг вэ?

-Ер нь тогтмол уулзалддаг. Бид
хэд үнэндээ долоо, най­ман наснаасаа нэг сургуульд хамтдаа өссөн хүүхдүүд. Хамтлаг
болохоосоо өмнө ч хамт байсан, одоо ч хамт байдаг. Үхэн үхтлээ л хамтдаа байх байлгүй.  Хамт­лагийн найз нөхөд гэхээсээ бид хэд амьдралын
найз нөхөд л дөө.

-Хоёр нь лав нэг айлын баз хүргэчүүд байх аа, тэр хоёр хамтлаг
дундаа илүү аминчхан байдаг уу?

-Аминчхан байлгүй яах вэ, амьдрал
нь, тогоо нь нэг  хүмүүс юм чинь. Илүү ойрхон
амьдарна шүү дээ.

-Бусад камертончууд 
хаана, юу хийж  байгаа бол оо?

-Манай Төрийн соёрхолт Болд маань
шинэ студи  барьж тохижуулж байна. Яг хувийн
байрандаа, өөрийн­хөө хөрөнгөөр орчин үеийн шаардлагад нийцсэн тоног төхөөрөмжтэй
студи байгуулж байна. Эба маань ойлгомжтой, намар цаг тариан түрүү шаргалтаад, хаа
сайгүй монголчууд ургацаа хурааж, хоолоо бэлтгэдэг үе. Эба маань тариагаа хураагаад,
талбайгаа эргээд, тариаланчийнхаа амьдралаар л амьдарч байгаа.

-Ургацын баярт нь 
та нар оролцдог уу, тусалдаг уу?

-Эба маань заримдаа “Манай тэнд
ургацын баяр дээр бөөнөөрөө очиж дуулъя, хуурдъя” гэдэг. Эба Сэлэнгэ аймгийн Сант
сумын ойролцоо Орхоны хөвөөн дээр тариа, ногоогоо тарьдаг. Сант сумын ойгоор сайхан
тоглолт хийж байлаа. Сэлэнгэ аймгийн ойгоор ч 
тоглолт хийж  байлаа. Бие биенийхээ
ажлыг болж өгвөл дэмжихийг боддог доо.  Ганаа
маань “Эко” сувгийн захирал болсон. Телевизээ удирдаж яваа. Саяхан өөрсдийн гэсэн
телевизийн байртай болсон. Гоё телевиз болгоно гээд л үзээд байгаа.

-Камертоныхон ид насны эрчүүд боллоо. Ярианы сэдэв, сонирхол,
хобби өөрчлөгдсөн үү?

-Мэдээж өөрчлөгдөнө. Бүгд л гуч
гарч яваа залуус. Ярианы тал хувь нь гэр бүлийн сэдэвтэй байдаг. Үлдсэн тавин хувь
нь нийгэм, улс  орны байдлын талаар хоорондоо
цэц булаацалдаж маргалдана. Нийгэмд болж байгаа зүйлийг хамтдаа сайшаана. Болохгүй
байгааг нь тэгэх ёстой, ингэх ёстой гээд ярина.

-Камертончуудын сэтгэл санааг зовоож байгаа асуудал юу байна?

-Хүмүүс мэдэхгүй байж магадгүй.
Камертон хамтлаг ер нь хүүхдийн эрүүл мэндийн талаар том том арга хэмжээнд оролцож
байсан. Зөвхөн Монголдоо гэлтгүйгээр Зүүн өмнөд Азид эхээс төрөхдөө ДОХ-ын халдвар
авч төрдөг маш олон хүүхэд байдаг. Зүүн өмнөд Азийн хандивын арга хэмжээнд оролцоод,
ойролцоогоор хоёр сая орчим доллар цуглуулж, санд хандивлаж  байсан удаа бий. Сүүлийн үед Монголынхоо эрүүл
мэндийн салбар, хүнд байгаа эмнэлэгт туслахаар хичээж байна.

Манай Эба бол саажилттай төр­сөн
хүүхдүүдийн Нялхсын клиник сувиллынханд  байнга
тусал­даг. Хүүхдүүдэд зөндөө их юм хэрэгтэй. Эба тэдэнтэй ойр ажилладаг.

-Хамтлагийн хувь заяаны тухай ярилцдаг уу?

-Камертон хамтлаг юм хийхгүй
байна, тарчихлаа гэдэг. Яг үнэндээ тарсан гэсэн үг бидний амнаас гараагүй. Бид  18 настай хүүхдүүд шиг гэгэлзээд гүйх нас биш
ээ. Бүгд ардаа амьдралтай болсон. Үр хүүхдээ аятайхан авч явах ёстой. Зөвхөн дуулж,
хуурдаад яваад байж болохгүй. Бид хамтлагийнхаа ид үед жилдээ хоёр цомог, хоёр тоглолт
хийдэг байсан. Одоо  бол тэгэх боломж муутай
байна л даа. Тэгш ойгоо гоё тэмдэглэх хэрэгтэй. Ирэх жил Камертон хамтлагийн 20
жилийн ой  болно. Үзэгч сонсогчдынхоо мэлмийг
мялааж, сонорыг  баясгахаар цөөхөн дуутай
цомог гаргах бодол бий. Мөн хуучны цомгуудаа шинээр хэвлүүлж, хуучны клипнүүдээ
HD формат руу шилжүүлж  байна.

-Мээдээ уран бүтээлийн бус цагаар юу хийж байна?

-Янз янзын л юм хийнэ. Бидний
үеийн залуус юм юм л хийж болгох гэж яваа. Тэдний л адил. Толгойд оромгүй сонин
сонин юм хийгээд л явж байдаг.

-Зарим нэг сониноос нь дуулга л даа?

-UBS телевизийн хамт олонтой
ярьж байгаад  UBS хөгжмийн суваг дээр хамтарч
ажиллая гэж байгаа. Тун удахгүй тэд намайг багтаа авна гэж найдаж байгаа. Би бол
саналаа хүргүүлсэн, тэд сонирхож, дэмжиж байгаа. UBS хөгжмийн сувгийн анхны хөтлөгчөөр
Болдоо бид хоёр ажиллаж байсан. Сэтгүүлчдийн холбооноос биднийг урамшуулаад талархал
өгч байлаа.

-“Аяа, миний 18 нас” гээд дуулаад гарч ирж байс­­ныг чинь
санаж бай­на. Залуу насаа дурсъя гэвэл камертончууд хамт дурсагдах  байх. Ер нь амьдралын хамгийн сайхан нас хэдий
үе гэж бодож байна?

-Мэдээж хүүхэд нас, ээж аавтайгаа  халуун бүлээрээ амьдарч байсан үе хамгийн сайхан.
Хүн үзээгүй зүйлээ сайхан гэж боддог байх. Миний бодлоор хамгийн сайхан нас нь үр,
ач зээгээ үзээд жаргаж байх нас гэж бодож байна.

-Мээдээгийн аав, ээж ямар хүмүүс вэ, бага насаа ямаршуухан
үдэв?

-Манай ээж, аав урлагийн хүмүүс
биш ч урлагийг дэмжиж ойлгодог хүмүүс. Аав маань төмөр замчин. Манайх төмөр замын
айл. Ээж маань Ус, цаг уурын станцад холбооны инженер хийдэг байсан. Эхээс наймуулаа.
Айлын тавь дахь хүүхэд. Одонгийн хүүхэд.

-Багадаа ажил үүргийн ямар хуваарьтай байсан бэ?

-Юу ч хийдэггүй байсан. Би гэрийнхээ
цагаан гартан. Шал угаадаггүй, гурил зуурдаггүй, хоол хийдэггүй. Хутгатай харьцаж
болохгүй. Хөгжим бүжигт сурч байсан болохоор хөгжмөөр хичээллэж байгаа хүүхдийг
хүнд хүчир, гар хуруу нь чангарах ажил хийлгэх нь хориотой байдаг.  Намайг урлагийн үзлэг энэ тэрд идэвхтэй гүйгээд
байхаар ээж авьяастай байж магадгүй гээд Хөгжим бүжигт оруулсан юм байлгүй.

-Камертоны хүүхдүүд хэдэн нас хүрч байна. Хамгийн бага нь
танай охин уу?

-Ганаагийн бага хүүхэд манай
охиноос нэг сараар дүү.

-Гэргий тань юу хийдэг вэ, шүтэн бишрэгч байсан уу. Өөрийг
чинь яаж яваад  олоод авчихав?

-Өө, үгүй ээ. Би л олж авч байхгүй
юу. Манай хүн чинь оюутан. Санхүү эдийн засгийн сургуульд нягтлангаар сурч байгаа.
Төгсөх дөхөж л байна. Санхүү эдийн засаг сургалт чанартай, шаардлага өндөртэй  сургууль.

-Анх яаж олж харсан бэ?

-Мэдэхгүй ээ, нэг мэдсэн чинь
танилцчихсан шүү дээ. Танилцаад цуг хөдөө яваад, нэг мэдсэн чинь сайхан гоё маамаатай
болоод…

-Охиндоо ямар нэр өгсөн бэ?

-Анхилуун. Манай охиныг дөнгөж
төрөхөд, ээжид нь үнэрлүүлж л  дээ. Тэгсэн
чинь жигтэйхэн сайхан үнэр үнэртсэн гэсэн. Хоёулаа дараа нь ямар нэр өгөх вэ гэж
ярилцсан чинь “Хорвоо дээр үнэрлэж үзээгүй хамгийн сайхан үнэр байсан. Анхилуун
гэж нэр өгнө” гэхээр нь “Тэг ээ тэг” гэсэн.

-Аав нар хүүхдэдээ нэр өгөх дуртай байдаг.

-Хэн ч нэр өгсөн яах вэ. Нэр
нь өөрт нь сайхан зохиод сахилгагүй амьтан байна. Би сахилгагүй биш байгаасай. Намуухан
байгаасай гэж  Намуун гэж нэрлэдэг ч юм уу
гэж бодож байсан чинь ийм сахилгагүй амьтан болчихлоо.

-Мээдээ хэр аав бэ?

-Хүний хүмүүжил эцэг эхээс өвлөгдөж
дамждаг гэж боддог. Миний аав сайхан хүн байсан. Олон жилийн өмнө бурхан болсон.
Ээж аав хүүхэдтэйгээ яаж харьцаж байсан. Түүнийгээ л дагадаг. Түүнээс биш би ном
зохиол уншаад ийм байх ёстой юм байна  гэж
боддоггүй.

-Мээдээ харьцангуй сүүлд гэрлэчихэв үү?

-Тэгсээн  тэгсэн. Хамтла­гийнхнаа бодвол сүүлд гэр бүл зохиосон.

Бусад улс  орны жишээн дээр харахад миний насан дээр гэр
бүл зохиох нь хэвийн үзэгдэл. Сингапурт гэхэд дөч гарч байж гэр бүл болж байна.

-Мээдээ эхнэр болох хүн­дээ ямар шалгуур тавьсан бэ? Тэр
шалгуураа хангасан эхнэр авсан уу?

-Одоо гэр бүлтэй болоогүй байгаа
бүх насны залуучууд бүсгүйчүүдэд хандаж зөвлөхөд хэзээ ч ямар ч шаардлага хэнд ч
битгий тавьж бай зүгээр л зүрх сэтгэлээ дага. Тэр хүн чинь өөрөөсөө илүү чамайг
хайрлах нь бурхнаас хайрласан бэлэг.

-Сүүлийн үед хүмүүс телевизээр өөрийг чинь харж байгаа  байх. Түлэнхийн төвд тус­ламж үзүүлэх гээд Мээ­­дээ
маань хичээл чармайлт гаргаж байна. Түлэн­хий тойрсон сэдвээр ч маш их мэдээлэлтэй
болж байх шиг байна?

-Олон эмнэлгүүдийг  судалж үзсэн. Хамгийн хүнд байдалтай нь Түлэнхийн
тасаг юм байна гэж ойлгосон. Хамгийн том асуудал нь өөрийн байргүй, шаардлагатай
тоног төхөөрөмж дутагдалтай байна. Түүнээс биш эрүүл мэндийн салбарт боловсон хүчин
хангалттай байгаа.

-Түлэнхийн төвд хамаат­ны чинь хүүхэд ирж байсан гэсэн үү?

-Дээр үед манай хамаатны хүүхэд
түлэгдээд, азаар эрүүл болсон. Холын садангийн хүү­хэд өнгөрсөн хавар түлэнхийн
шархнаасаа  болоод эндсэн юм. Бага насны хүүхэд
байсан. Тухайн үед түлэнхийн тос, эм, уургийн 
тарианууд маш их үнэтэй  юм байна.
Ар гэрт нь сэтгэл санаа, эдийн засгийн маш том цохилтууд ирдэг гэдгийг нүдээрээ  харсан л даа.

Өнөөдөр гэхэд би Түлэн­хийн тасагт
очсон. Хүүхэд гэлтгүй насанд хүрэгчид ч түлэгдээд очсон.  Коридороор нь алхахад хүртэл хэцүү байна лээ.
Түлэнхийн төв гэж хүмүүс яриад сурчихсан. Уг нь бол Түлэнхийн мэс заслын нөхөн сэргээх
тасаг л даа.

-Өнөөдөр ямар зорил­гоор очсон бэ?

-Тамир гээд эмч найз маань миний
төслийг дэм­жээд, АНУ-аас авчирсан дусал хийдэг памп аппарат долоон ширхгийг хувиасаа
хандивласан. Түүнийг нь би эмнэлэгт хүлээлгэж өглөө.

-Түлэнхийн тасагт бөөр, зүрхний дутагдлаас сэргийлэх тариа
хийх зориу­лалттай памп ч хүрэлцээгүй байдаг юм билээ?

-Хүрэлцээгүй биш, үнд­сэндээ
байхгүйтэй адилхан. Эрчимт эмчилгээ мэс заслын тасагт  11-12 өвчтөн байна. Арав гаруй хүний дунд хоёр­хон
ширхэг памп байна. Уг нь бол энэ тасагт  хэвтэж
байгаа хүний тоогоор байх ёстой. Өнөөдөр хүлээлгэж өгсөн дуслын пампуудыг  хянаж, шалгаад өвчтөнүүдэд хэрэглээд эхлэхээр
ямар ч байсан долоон хүн памптай болно.

-Мээдээ  Мобикомын
“Зүрх бүхэнд” зорилтот хөтөлбөрт ялалт байгуулж 
50 сая төгрөгийг авч чадахгүй байсан ч энэ хүмүүст дэмжлэг үзүүлээд эхэлжээ?

-Хөөрхий, таньдаг найз нөхөд
маань тусалж байхгүй юу. Тамираа Японд хавдрын чиглэлээр сурч байсан. Хав­дар­тай
хүнийг Тамираатай уулзуу­лаад,  танилцаж байсан
л даа. Тамир эмч маань энэ тухай сонсоод “Өөрийнхөө чадахаар тусалъя. Далайд дусал
нэмэр” гэсэн.

-Одноо гавьяат тусгай жор хэрэглээд байгаа юм  болов уу. Дандаа түрүүлээд байх юм?

-Монгол хүний сэтгэхүйд ядуу
хүнд тусалвал гоё гэж буугаад байх шиг бай­на. Миний хувьд эрүүл мэн­дийн салбарын
хүнд бай­гаа цэгт байхгүй  байгаа тоног төхөөрөмжийг
бий болго­чихвол  олон хүний аминд орно л
гэж зүтгэж явна.

-Мобикомынхон энэ зорил­­тот хөтөлбөрийг  хэрэг­­жүүлэхдээ та нарын саналыг сонссон юм болов
уу эсвэл энэ хөтөлбөрүүдийг та бүхэнд санал болгосон юм уу?

-Олон хүн нийгэмд хэрэг­тэй сайн
сайхан үйл хийхээр зориод мөнгө гуйж хаа сайгүй л явдаг. Тийм маягаар зөвхөн  бид тав ч биш түүнээс ч олон хүн  Мобикомд хандсан л байгаа. Энэ эмнэлэгт, хөгш­дийн
асрамжийн газарт, хүүхдийн  цэцэрлэгт туслаач
гэж ханддаг. Тэд тодорхой хэмжээний судалгаа явуу­лаад, нийгэмд хэрэгтэй байгаа
энэ таван төслийг дэмжихээр шийдсэн. Энэ бол шударга тохиролцоо. Бид тавыг суулгаж
байгаад, “Бүгдээрээ нийгэмд сайн үйл хийхийг хүсч байгаа. Бид төслийг чинь санхүүжүүлье.
Гэхдээ нэг л болзолтой. Хоорондоо өрсөлдчих. Айлын хүүхдүүдийг алийг нь гэх вэ”
гэсэн. “Түрүүлснийг нь санхүүжүүлье” гэсэн. Энэ бол ховор боломж л доо.  Мобиком нийгэмд хандсан зорилтот хөтөлбөр хэрэгжүүлж
байгаа нь  сайн жишиг. Саяхан Төв аймагт
“Номин”-гийнхон 700 сая төгрөгөөр далан хүүхдийн цэцэрлэг босгоод, улсад хүлээлгээд
өгч байна. Энэ маягаар Монголын маань амжилттай явж байгаа  компаниуд том жижиг гэлтгүй  бие биедээ туслах хэрэгтэй.

-Өрсөлдөөний үр дүн гарсны дараа Мээдээ сэтгэл санааны хувьд
ямаршуу үлдэх бол?

– Сэтгэл зовниж л  байна, стресст орж байна. Яагаад гэхээр миний
ард энэ төслийг дэмжиж байгаа хүмүүс бий. Эмнэлэгт шаналж байгаа хүүхдүүдэд жаахан
ч гэсэн дэм болох юм сан гэсэн нэг л зорилго бий.  Бидний ард амьд байхыг хүсч байгаа хүүхдүүдийн
хүсэл байгаа. Тэднийг сахиж байгаа ээж, аавын нүдэнд хурсан зовлон гунигийг бага
ч гэсэн нимгэлэхийг хүсч байгаа учраас үнэхээр ялагдахыг хүсэхгүй байна.

 Б.ЯНЖМАА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Р.Болд: Халх голын дайн үүссэн шалтгаан их гүрнүүдийн зүгээс Монголыг төмөр зам тавих орон зай гэж үзсэнтэй холбоотой

Халх голын дайны ялалтын 75 жилийн ойд зориулан “Халх голын дайн ба төмөр зам” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг Шинжлэх ухааны академийн тэргүүлэгчдийн газрын байранд хийлээ. Уг хурлыг ШУА-ийн олон улс судлалын хүрээлэн, Кэмбрижийн их сургуулийн Монгол, Өвөр Азийн судалгааны төв, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран зохион байгуулсан юм. Олон улсын эрдэмтэд энэ удаа Халх голын дайн эхлэх болсон шалтгааныг эдийн засгийн талаас нь тайлбарласан нь содон байлаа. Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, доктор Р.Болд Халх голын дайныг төмөр замтай холбож тайлбарласан сонирхолтой илтгэл тавьсан юм. Түүнээс энэ талаар тодруулав.

Халх голын дайнд төмөр зам ямар үүрэг гүйцэтгэсэн бэ?

-Миний хийж байгаа дүгнэлт Халх голын дайн байлдаан үүссэн шалтгаан нь их гүрнүүдийн зүгээс Монголыг төмөр зам шинээр тавих орон зай гэж үзэж байсантай холбоотой. Одоо хүртэл бид Халх голын байлдаан хилийн зөрчил, хилийн шугам тодорхойгүй байснаас үүдэлтэй гэдэг ойлголттой явж ирлээ. Тэр бол нэг талын асуудал. Асуудлын мөн чанарыг сайтар ухвал төмөр замтай холбоотойгоор Халх голын байлдаан эхэлсэн гэж үзэж байна. Яагаад гэвэл Халх голын байлдаан болсон газар нутаг 1939 онд алслагдсан, зэлүүд цэрэг стратеги, эдийн засгийн ач холбогдолтой ямар нэг бүтэц байхгүй. Хамгийн ойрхон нь Хянганы нурууны баруун, Манжуурын гүнээс Халуун рашаан хүртэл татсан төмөр зам байсан. Хамгийн ойрхон хот суурин гэвэл 3000 хүнтэй Баянтүмэн хот байсан. Гэтэл яагаад тэнд Япон, Манж Гогийн тал байлдааны ажиллагаа явуулав гэдэг асуултанд Зөвлөлтийн мэргэжилтнүүд их эргэлзэж байсан байгаа юм. Хэрэв анзаарсан бол Зөвлөлтийн түүх бичлэгт япончууд Халх голын байлдаан эхлэхдээ зориуд төмөр замаас алслагдсан газрыг сонгож авсан гэдэг. Гэтэл Халхын голын байлдаан эхэлсэн гэж үздэг 1939 оны тавдугаар сарын 11-нд хилийн ойролцоо Манж Гогийн ч тэр Зөвлөлт, Монголын ч тэр цэргийн томоохон ач холбогдол байгаагүй.
1946-1948 онд Токиод болсон Алс Дорнодын Олон улсын цэргийн шүүхээс Халх голын хэрэг явдал бол БНМАУ, ЗСБНХУ-ын эсрэг Квантуны армиас явуулсан цэргийн түрэмгий дайн байсан гэж дүгнэсэн. Тэгсэн мөртлөө дайн явуулахад Японы Засгийн газрын оролцоог нотолж чадсангүй гээд шүүх өөрөө зөрчилтэй дүгнэлт хийсэн байдаг. Халхын сүмийн хэрэг явдал 1935 оны нэгдүгээр сард гарахад Алс Дорнод дахь Зөвлөлтийн цэргийн байгууллагаас Сталинд юу гэж илтгэсэн гэхээр Халхын сүмийн хэрэг явдал нь яагаад Япон, Манж Гог өдөөн хатгав гэхээр Солонаас Халуун рашаан хүртэл төмөр зам тавьж байна. Төмөр зам цаашаа Халх голын хөндийгөөр Хайлаар хүртэл үргэлжлэх юм. Тэгэхээр энийгээ халхлахын тулд Халх голын хөндийг өөртөө авахын тулд энэ өдөөн хатгалгыг хийжээ гэдэг анхны дүгнэлт, танилцуулгыг хийсэн байх юм. 1939 оны таван сард түрүүний хэлдэг Халх голын байлдаан эхлэхэд Монголд байлдаж байсан 57 дугаар армийн корпусын удирдлага Москвад илтгэхдээ Япон Манж Гогийн тал Халх голд ойрхон тавьж байгаа төмөр замаа халхлахын тулд байлдааны ажиллагаа эхэлжээ гэсэн байр сууриа танилцуулж байсан. Гуравдугаарт 1939 оны долдугаар сарын 14-нд тухайн үеийн Коммунист намын Улстөрийн товчооноос Монголын цэрэг, эдийн засгийг бэхжүүлэх хэд хэдэн заалттай тогтоол гаргасан юм. Дайны үед шүү дээ.

Тийм үү. Энэ тухайгаа тодруулаач?

-Үүний нэг нь Совольёвск өртөөнөөс Баянтүмэн хүртэл төмөр зам тавина. Баянтүмэнгээс Тамсагбулаг хүртэл нарийн төмөр зам тавих шийдвэр гаргаад ажилдаа орсон. Энэ байлдааны ажиллагаа шууд төмөр зам эхлүүлэхэд нөлөөлсөн. Үүнээс өмнө төмөр зам тавих саналыг БНМАУ-ын удирдагчид Зөвлөлтийн талд 1937 оны дөрөвдүгээр сард тавьсан л даа. Зөвлөлтийн тал “Маш зүйтэй санал байна” гэж хүлээж авсан. Яагаад зүүн талын төмөр зам тавих саналыг Ерөнхий сайд Амар, маршал Дэмид нар гаргаж байсан нь бас учиртай. 1937 оны наймдугаар сарын 14-нд 57 дугаар онцгой корпусыг Монголд байрлуулах шийдвэрийг Зөвлөлтийн тал гаргахдаа Совольёвскоос Баянтүмэн хүртэл төмөр зам тавь. Үүнийг Монголын Засгийн газартай ярьж шийд гэсэн заалттай явсан. Үүнийг хэрэгжүүлж чадаагүй. Хэлмэгдүүлэлтийг зохион байгуулсан Фриновский, Смирнов гээд Оросын коммунист намын төв хорооны комиссийнхон Монголд ажиллаад 1937 оны арван сарын дундуур буцаж очоод Сталинд танилцуулсан саналдаа юу гэсэн гэхээр Монголыг түшиц газар болго. Монголд өгсөн бүх тусламж энд чиглэгдэнэ гэсэн заавар өгсөн байсан. Япон, Хятадын дайн тухайн үед эхэлчихсэн байсан. Сталин ч гэсэн Зөвлөлтийн цэргийг Монголд томилох болсон шалтгаанаа Японы цэрэг урдаас нэвтрээд Монголоор дамжаад Өвөр байгалийн төмөр замыг таслах гэж байна. Үүнээс сэргийлэх зорилготой цэргээ орууллаа гэж байсан. Фриновский, Смирнов нар танилцуулгадаа юу гэж дурдсан гэхээр Монголд ойрхон чиглэлд төмөр зам тавих талаар бид Японоос хоцорчихжээ. Ийм учраас гүйцэх хэрэгтэй гэсэн. Энэ нь Монголын эдийн засаг хөгжилд нэмэртэй. Ингээд Наушикаас Улаанбаатар хүртэл төмөр зам тавья гэсэн ч Зөвлөлтийн дотоод байдлын улмаас энэ саналаа бас хэрэгжүүлж чадаагүй. 1938 онд маршал Чойбалсан ЗХУ-д очоод Сталинтай уулзахдаа мөн Наушик Улаанбаатарын төмөр зам тавих саналыг тавьсан л даа. Түрүүн анзаарсан байх. Ерөнхий сайд Амар, маршал Дэмид нар зүүн хэсгээр төмөр зам тавья гэсэн. Чойбалсан болохоор Улаанбаатар-Наушикаар төмөр зам тавья гэсэн. Тэр үед засгийн эрхийн төлөө тэмцэл явж байж. Төмөр зам тавих төслийн гаргалгаа нь бас өөр өөр. Дотоод бодлогын асуудал бас тухайн үед байж. Ингээд дайны үед төмөр зам тавих шийдвэр гаргаад төмөр зам эхэлсэн. Дайн дуусаад, Халхын голын гэрээ хэлэлцээр Москвад явах үед Гадаад хэргийн ардын комиссар Молотов, Зөвлөлтөд сууж байсан Японы Элчин сайдтай гал зогсоох гэрээ хэлцэл хийж байхдаа гэнэтхэн пал хийтэл “Танай Хянганы нурууны баруугаар тавьж байгаа төмөр зам чинь Монголын хилд ойрхон учраас байлдааны ажиллагаа эхлүүлсэн биз дээ. Танай төмөр замын ажилд саад болохгүйн тулд Нөмрөгийн голын сав газрыг танайд өгчихье. Оронд нь та нар Манж Гогийн нутгаас тэрэнтэй адил газрыг Монголын талд өг” ингээд асуудлаа түргэн шийдье гэсэн санал тавьсан. Ингээд тохиролцсон. Зөвлөлтийн удирдагчдын толгойд энэ байлдааныг япончууд төмөр замаас эхлэлтэй явуулсан гэсэн дүгнэлт байж. Дараа нь 1941 оны дөрөвдүгээр сард Зөвлөлт, Япон хоёр төвийг сахих гэрээ байгуулахын өмнөхөн Японы тал мэдэгдэл хийсэн. Халуун рашаанаас Хайлаар хүртэл төмөр зам тавих гэж байсан. Тэрийгээ зогсоолоо гэсэн. Зөвлөлтийг өдөөхгүйн тулд стратегийн хувьд аюул учруулсан төмөр замаа зогсоолоо гэсэн. Дээр нь Халуун рашаан хүртэл төмөр зам тавихаар техник эдийн засгийн үндэслэлийг 1934 онд хийж байжээ. Тэр үед Япон манж го-гийн тал БНМАУ-ын хилийн шугамыг шинэчлэх зураг шинээр хийж байсан. Японы жанжин штабын зүгээс төмөр зам тавих ТЭЗҮ-гээ бодоод хилийн шугамыг Халх голоор зур гээд чиг өгч. Хилийн шугамыг яагаад өөрчилсөн гэхээр төмөр зам барихад садаа болгохгүйн тулд тийм шийдвэр гаргаж байж. Харилцан уялдаатай эдгээр зүйлсийг аваад үзэхээр Халх голын байлдаан төмөр замаас болсон юм гэсэн дүгнэлтэд хүрч байгаа юм.

Төмөр замын эрх ашиг тухайн улсын ашиг сонирхол болж XX зууны дайны үндсэн шалтгаан болсон гэж Японы их сургуулийн судлаач Бүрэнсайхан дүгнэж байсан. Төмөр замаар ер нь юу зөөх гээд тэмцээд байсан юм бол?

-XIX зууны дундаас эхлээд төмөр зам бол эдийн засгийн хөгжлийг хурдасгах үндсэн хүчин зүйл болж байсан. Төмөр зам бол бусдыг колончлох хэрэгсэл. Төмөр зам бол бусдын нөлөөнд цөмрөх стратегийн хэрэгсэл, зах зээлээ өргөжүүлэх хэрэгсэл байсан. Төмөр зам бол эдийн засгийн утгаараа бүтээн байгуулалтын ажил. Төмөр замыг зөвхөн ашигт малтмал зөөхөөр, цэрэг, танк зөөхөөр гэж хийдэггүй. Төмөр замыг хэрэгтэй үед юунд ч ашиглаж болно. Тухайн үед Японы тал төмөр замыг цэвэр цэрэг стратегийн зорилгоор барьж байсан. Зөвлөлтийн тал ч бас тийм зорилгоор барьж байсан. Энхийн цагт бол төмөр зам энхийн бүтээн байгуулалтын зорилгоор л ашиглагдана шүү дээ.

Одоо ч гэсэн манайд нарийн өргөн цариг гэсэн маргаан яваад байдаг төмөр замыг дагасан том гүрнүүдийн ашиг сонирхол яваад байна гэсэн үг үү?

-2010 онд УИХ-аас Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулахдаа хөндлөн шугамаа барьчихъя. Хоёрдугаар ээлжинд нарийн шугамаа барьчихъя гэсэн. Тэр баримт бичигт хоёулаа байж байгаа. Яагаад ингээд хоёр тийш нь талцуулаад байгааг би мэдэхгүй.

Том гүрнүүдийн эрх ашиг яваад байгаа гэж ойлгож болох уу?

-(толгой сэгсрэв) Төрийн бодлого нь гарчихлаа. Төрийн бодлогоо хэрэгжүүлэх хэрэгтэй. Тухайн нөхцөл байдалдаа зохицуулаад аль алиныхаа эрх ашийг бодолцоод явна биз дээ. Нэг онцлох юм манай улсын Орос, Хятадыг холбосон хөндлөн төмөр замыг давхар л болгох ёстой. Өнөөдөр энэ дан шугамаар асуудал шийдэгдэхгүй. Өргөн нарийн төмөр замын талаар маргалдах нь ач холбогдол багатай. Хэн үүнийг яриад байна гэхээр зүгээр л ойлгохгүй улсууд яриад байгаа юм.

Б.Янжмаа

 

Categories
мэдээ цаг-үе

Сүүлийн хорин жилд хүүхдэд зориулсан ганц бүтээн байгуулалт Ажиа гэгээний эмнэлэг байлаа

Нэр төр, хүнлэг нигүүл­сэн­гүй сэтгэл, итгэл бишрэлийн хүчээр ямар
том бүтээн бай­гуу­лалтын ажил хийж бол­дгийг Ажиа гэгээнтэн харууллаа. Ажиа гэгээний
эмнэлэг хэмээн хүмүүс хэлж заншаад буй зургаан давхар  хүүхдийн эмнэлэг ЭХЭМҮТ-ийн хашаанд үүдээ нээлээ.
Түүнээс гадна сургалт, хурлын гэх тодотголтой гурван давхар байшин мөн боссон байлаа.
Сүүлийн хорин жилд монголчууд хүүхдэд зориулсан ийм том бүтээн босголтын ажлыг хараагүй
билээ.  Эмнэлгийн нээлтэд Ажиа гэгээн өөрийн
биеэр залрав. Ажиа гэгээн ирсэн болохоор Гандантэгчинлэн хийдийн хамба Д.Чойжамц,
Дашчойлин хийдийн хамба Ч.Дамбажав нараас авахуулаад Монголын  том сүм хийдийн тэргүүнүүд хүрэлцэн ирсэн байлаа.
Зөвхөн энэ эмнэлгийн нээлтэд оролцохоор Япон, Тайвань, Хятадаас хандив өргөсөн хүмүүс
ирсэн байсныг яана.  Эмнэлгийн Нээлтийн ёслолд
УИХ-ын дарга З.Энхболд оролцож, нээлтийн үг хэлж, Ажиа гэгээнд дурсгалын зүйл гардуулсан
юм. 

УИХ-ын дарга хэлэхдээ “2011 онд “Энэрэл нигүү­сэл оюун билгийн төв”
ТББ-ын тэргүүн Ажиа гэгээн Лувсантүвдэн гуай мон­гол­чуудынхаа эрүүл мэндэд буян
болох санаачилга гаргаж, ЭМЯ-ны дэмжлэгтэйгээр Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвд зориулан
Хүүхдийн цусны эмгэг-хавдарын эмнэлэг барих болсон билээ.

Гурван сая гаруй ам.дол­ларын хөрөнгө оруулалт хийж, энэ сайхан эмнэлгийг
барьж ашиглалтад оруулж байгаа нь Ажиа гэгээнтний монгол хүний өгөөмөр сэтгэлийн
буянтай үйлс билээ.

Ажиа гэгээнтний энэхүү буянтай үйлсийг УИХ-ын гишүүд дэмжиж, барилгын
дотоод засалд зориулан 400 сая төгрөгийг төсвөөс баталж өгсөн юм. Мөн Ерөнхий сай­дын
санаачилгаар, Монгол Улсын Засгийн газрын хөрөн­гө оруулалтаар хамгийн сүү­лийн
үеийн “Siemens” брэн­дийн тоног төхөөрөмж бүхий Хүүхдийн зүрхний ангиографийн лабораторийг
байгууллаа. Цаашид Австри улсын хөнгөлөлттэй зээлээр Компьютер томографийн тоног
төхөөрөмжийг нийлүүлэх бэлтгэл ажил хийгдэж байна. Монголын хүүхэд багачуудын эрүүл
мэндийн төлөө Таны хийсэн энэхүү буянтай үйлсийг Монголын төр, ард түмэн мартахгүй”
гэж онцлов.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал, УИХ-ын дэд дарга М.Энхболд нар мөн ирсэн
байна лээ. Ажиа гэгээнд өөрийн биеэр хандив гар­дуулж, зургаа хамт авахуу­ла­хыг
хүссэн хүмүүс ч байлаа.

ЭХЭМҮТ-ийн ерөнхий  захирал
Ш.Энхтөр нээлтийн үеэр “Энэхүү барилга  үйлч­лүү­лэгчийн
хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн. Тав тухтай орчин бүрдүүлж, өвчтөний аюулгүй байдлыг
хангасан. Хүчилтөрөгч ба агаарын нэгдсэн системтэй  баригдсан юм. Давхар бүрт хүлээлгийн өрөө, уулзалтын
өрөөнүүдээс гадна хүнд өвчтэй хүүхдэд зориулсан бүх л нөхцөл хангасан.   ЭХЭМҮТ-ийн өргөтгөлийн гаднах зам талбай, машины
зогсоолыг Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын дэмжлэгтэйгээр “Гудамж” төслийн
хамт олон тохижуулж өгсөн. Эмнэлгийн ачаалал ихдэж, нэг өвчтөнд ногдох талбайн хэмжээ
багас­сан үед энэхүү барилга богино хугацаанд баригдсан нь манай эрүүл мэндийн салбарт
үлэмж ач холбогдолтой  үйл явдал боллоо. Эзэн
хүний ёсоор хайр гамтай хандана” гэж амлав.

Ажиа гэгээнд хэлж ярих юм зөндөө байлаа. Тэрээр “Гурван жилийн хугацаанд
буяны ажил үйлийг сайхан бүтээгээд, өнөөдөр сайхан эмнэлэг боссонд би их баяртай
байна. 2011 онд Эрүүл мэндийн сайд С.Ламбаа “Эх нялхсын төвд хүүхдийн хавдрын асуудал
хэцүү байна. Та  энд нэмэр болбол их сайн
байна. Энд гурван давхар байшин бариад өгвөл хоёр давхрыг нь эмнэлэгт бэлэглээд,
нэг давхарт нь та буяны ажил явуул гэсэн юм. 2012 оноос эхлээд энэ барилгыг эхэлсэн
дээ. Судалгаа хийж үзэхэд Монголын хүүхдийн хавдрын өвчлөл их байсан. Гурван давхар
биш зургаан давхар байшин барихаар болоод ажлаа эхэлсэн юм. Гурван жилийн дараа
зургаан давхар, суурьтайгаа долоон давхар болоод нэг байшин барих гэж байснаа хоёр
байшин сайхан бүтлээ” гэлээ. Ажиа гэгээн Монголын ирээдүй болсон хүүхдүүд эрүүл
байх ёстой гэж онцлоод гадаадад сурч төгссөн сайн эмч нар Монголдоо ажиллаасай гэж
хүсдэгээ илэрхийлсэн.    Гурван давхар бөмбөгөр
оройтой байшинг гадаадаас ирсэн зочин эмч нар амьдарч болохоор тохижуулжээ. Мөн  ээж, аав нар өвчтэй хүүхдийнхээ төлөө залбирч
бясалгал хийх боломжтой  Манал бурханы өрөөг
бий болгосон гэнэ. “Бурхан бүтээх, суварга босговол их буян гэж би өөрөө итгэдэг
юм. Сургууль босгоод, эмнэлэг барих бас адилхан буян гэж боддог. Тайванийн найз
нар, Сингапурийн шавь нар, хятад, япон, америк олон шавь, найз нар мөнгө хандив
оруулсан” гэж Ажиа гэгээн ярьсан юм. Цаашид ч хандив хэрэгтэй гэдгийг тэр илэн далангүй
хэлж байна. “Зуун мянган төгрөгийн хандив өргөхөд Сүмбэр уултай адилтгаж, нэг төгрөгийн
хандив өргөсөн ч Сүн далайд дусал буяны сан боллоо гэж ерөөж байгаа” гэнэ. “Мөнгө
өгсөн хүмүүст баярлаж байгаа. Мөнгө өгнө гэчихээд өгөөгүй хүмүүс хурдан өгөөрэй”
гэж Ажиа гэгээн айлдахад цугласан хүмүүс инээцгээж байв. Том компаниуд, үйлдвэр
аж ахуйн газрынхан  нэг өдрийн цалингаа буяны
үйлст хандивлахыг Ажиа гэгээн уриалж байна лээ. Дахин хандив цуглавал юунд зарцуулах
талаар Ажиа гэгээнээс тодруулав.   

-Энэ байранд бие засдаг газар, телевиз, тоног төхөөрөмж бүгд байгаа.  Мөн бид компьютер, MRI оруу­лах гэж байгаа. Нэг
MRI сая доллар байгаа даа. Тэгвэл их мөнгө хэрэгтэй. Бас хан­див цуглуулж байж дутуу
үлд­сэн ажлуудаа сайхан дуусгаад, сүүлд буяны ажил их явуулахыг бодож байгаа. Яваандаа
бид  хөдөөгүүр явж  эмчлэх хөтөлбөр бодож байгаа гэж Ажиа гэгээн ярилаа.

Хүүхдийн хавдрын тасагт хөнгөвчлөх тусламж үйлчилгээ  ч үзүүлэх аж. Хүнд өвчтэй хүүхэд гэрийнхэнтэйгээ
байхыг бодолцож гал тогооны өрөө ч  бэлтгэсэн
гэнэ.

Шинэхэн зургаан давхар эмнэлэг хэзээ хүүхдүүдээ хүлээж авах талаар
Ш.Энхтөр захирлаас асуулаа. 

-Энэ долоо хоногт дутуу ажлуудаа хийж гүйцээчихнэ. Бүх тавилга, тоног
төхөөрөм­жүүдээ оруулна. Хуучин эмнэ­лэгт байсан зарим тасгууд ийшээ орж ирэх юм.
Нярайн тасаг, зарим өндөр технологи шаардсан мэс заслууд энд хийгдэнэ. Цусны эмгэг
хавдар судлалын тасгийн өвчтөнүүд ийшээ орно. Одоо бид хүзүүвч бариад эхэлсэн. Есдүгээр
сарын 18-нд хүлээлгэж өгөх ёстой. Өргөтгөлөө үндсэн эмнэлэгтэйгээ холбож байж, хүзүүвчээрээ
өвчтөнүүдээ зөөнө. Бас мэргэжлийн хяналт энэ тэрээс зөвшөөрөл авна шүү дээ.

Манай Цусны эмгэг, хавдар судлалын тасгаар жилд 800-900 хүүхэд эмчлүүлдэг
юм. Одоо 50 ортой болсон. Хуучин 23 ортой байлаа. Дээрээс нь 2016 оны нэгдүгээр
сарын 1-нээс эхлээд бүх төрлийн хавдартай хүүхдүүдийг Хавдар судлалын үндэсний төвөөс
манай эмнэлэг шилжүүлж авах юм. Хавдартай хүүхдүүдийг хүүхдийн эмнэлэгт эмчилдэг
дэлхийн тогтолцоо руу орж байгаа юм. Ямар ч байсан байртай болчихлоо. Эм тариаг
төсвөөс хангадаг болсон. Лабораторийн иж бүрэн шинэчлэл хийчихсэн. Маш олон эмч
сургасан даа.

-Эмч
хүрэлцээтэй юу?

-Нарийн мэргэжлийн эмч нарыг нэмж сургах шаард­лагатай. Нөөц мэргэжилтэн
байх ёстой. Тэр утгаараа бид зөндөө сургасан.

-Эмнэлгийн
хүчин чадал хэр нэмэгдэв?

-Шинэ эмнэлэг 75 ортой. Гамшгийн үед 200 ортой эмнэлэг болгон дэлгэх
хангалт­тай нөөц талбайтай. Нярайн сэхээн амьдруулах тасаг 25 ортой. Өмнө нь мэс
заслын өвчтэй нярай, дотрын өвчтэй нярай холилддог байсан. Мэс засалд орсон хүүхэд
нь ханиадтай хүүхдээс халдвар аваад хүндрэх тохиолдол ч гарна. Одоо бид тусад нь
байлгах өрөөтэй болсон учраас нярайн аюулгүй бай­далд чухал алхам боллоо. Сэхээнд
байнга арван орон дээр 20 орчим хүүхэд байдаг бол одоо 25 ортой, хангалттай нөөц
талбайтай гэсэн үг. 

-Ангиографийн
аппарат­тай болсон болохоор урьд нь хийж байгаагүй ямар шинэ үйлчилгээ үзүүлэх вэ?

-Зүрхний хагалгаа хоёр янз байдаг. Нэг нь цээжийг нь нээж байгаад
хагалгаа хийдэг.  Нөгөө дэх нь судсаар гуурс
оруулаад, төрөлхийн  хөгжлийн гажиг таславч
хоорондын цоорхойг тусгай бодисоор бөглөдөг хагалгааг Монголд хийх юм. Урьд нь энэ
хагалгааг гадагшаа явж хийлгэдэг байсан. Нэг хүүхдийн эмчилгээний өртөг 100 орчим
сая төгрөг байдаг. Одоо Монголдоо үнэгүй хийх юм. Есдүгээр сард энэ хагалгааг гурваас
дөрвөн хүүхдэд хийнэ. Одоо бид Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар гурван
сая ам.доллартай тэнцэх тоног төхөөрөмжийн захиалга өгсөн. Дараа жилийн дөрөвдүгээр
сар гэхэд суурилагдаад дуусна. Дандаа сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээ, хагалгааны
өрөөний тоног төхөөрөмжүүд л дээ. Дутагдаад байдаг амьс­галын аппаратууд орж ирнэ.
Рентген аппарат гэхэд ерээд оны аппарат байгаа, түүнийгээ шинэчилнэ. Бид тоног төхөөрөмжийн
илүүдлээ анх удаа хөдөө орон нутгийн эмнэлэг бусад газарт шилжүү­лэх боломжтой болох
нь. Нэг хэсэг өндөр хөгжсөн орнуудаас дандаа хуучин тоног төхөөрөмж гуйлгаар авдаг
байсан. Одоо бусад эмнэлгүүддээ өгөх цаг ойрхон байна гэж ЭХЭМҮТ-ийн захирал ярилаа.

Ардын эмч, ЭХЭМҮТ-ийн зөвлөх эмч 
Д.Малчинхүү Эх нялхсын эрдэм шин­жилгээний төвийн нүсэр том барилга үүдээ
нээж байх үеийн гэрч. 50 шахам жил  хүүхэд
чагнаж буй тэрбээр “Ажиа гэгээн санаачилж, олон түмний буянаар бүтсэн энэ сайхан
эмнэлэг Монголын ард түмэнд олдож байгаа их аз завшаан” гэлээ.  “Өнөөдөр 
хүүхдийг анагаах салбарт шинэ хуудас нээгдэж байна.  Цаашдаа сургалт эрдэм шинжилгээ цогцоороо хөгжих
боломжтой. Орчин үеийн дэлхийн шилдэг технологиуд нэвтэрч байна. Хүмүүсээ сайн бэлтгэвэл
дэлхийд өрсөлдөх ирээдүй байна” гэж өвгөн эмч бахархаж байна лээ.

 Б.ЯНЖМАА

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хичээл яагаад заавал есдүгээр сарын 1-нд эхлэх ёстой гэж?

Есдүгээр сарын 1, ерөөсөө бидний баяр даа гэж дуулдаг ч нийслэлчүүдийн хувьд хамгийн их ачаалалтай бас стресстэй өдөр болоод байна. Учир нь энэ өдөр үр хүүхэдтэй бүхэн хөдөлгөөнд орно. Бага насны хүүхэдтэй нь хүүхдээ хөтлөөд цэцэрлэг рүү явцгаана. Нэгдүгээр ангийн хүүхдийнхээ анхны хичээлийн өдөр аав, ээж нь байлцахыг бодно. Сурагчдаас гадна оюутнуудын хичээл энэ өдөр эхэлдэг учраас замын түгжрэл дээд цэгтээ хүрнэ. Энэ өдөр ажилдаа бүрэн анхаарал хандуулаад, эрүүл ухаантай суух хүн ховор байх. Зун амралтын байдалтай намдуухан өнгөрдөг байтал чухам энэ өдөр бум бужигнаж, түм түжигнэнэ дээ. Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбооноос төрийн өмчит цэцэрлэгүүдийн тарах цагийг 18 хүртэл хойшлуулах хүсэлт гаргасан байна лээ. Хэзээ болтол сургууль цэцэрлэг тарах цаг нийслэлчүүдийн бухимдлын цаг байх вэ. Хичээл яагаад заавал есдүгээр сарын 1-нд орох ёстой гэж. Бусад оронд  бол хичээл эхлэх тарах хугацааг янз бүрээр тогтоосон байдаг юм билээ. Тухайлбал, Солонгост дээд сургуулийн хичээл  долдугаар сарын 20-нд тарж, зуны амралт эхэлж байгаатай манай багш нар таарсан байна лээ. Хөх хотод наймдугаар сарын 15-нд төгсөх ангийн хичээл эхэлж  байна л гэнэ. Энэ мэтчилэн сургалтын байгууллагуудын хичээл эхлэх, амрах цагуудыг хойно урд нь оруулаад, зохицуулалт хийх боломж байж л таарна. Өвлийн ид хүйтэнд  сургууль амрах нь зүгээр гэсэн үзэл бодлыг ч бодолцмоор байгаа юм даа.

Б.ЯНЖМАА