Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ирээдүйн настнууд кибер гэр бүл, хөрштэй байна

Сингапураас ирсэн Фелма Кей гуай “Улаанбаатарт хэсэгхэн явж үзээд миний анзаарсан зүйл гэрлэн дохио их хурдан асч, унтарч бай­на. Настай хүн бол амжиж гарч чадахааргүй юм. Гадаа зам тэргэнцэртэй хүнд зориулсан налуу биш учраас бэрхшээлтэй, харин амарч суух сандал хангалттай байх шиг санагдсан хэмээн дүгнэлээ. Тэрбээр Ази Номхон далайн идэвхтэй насжилтын консерциумын удирдах зөвлөлийн гишүүн юм. Эрүүл мэндийн яамны “Б” танхимд болсон насжилт, настай хүмүүст тохиолддог эмгэгийн талаар олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр энэ тухай яригдлаа. XXI зууныг зарим нь “Насжилтын зуун” хэмээн нэрлэжээ. Учир нь 2050 онд дэлхийн түүхэнд анх удаа настайчууд хүүхдүүдээс олон болох гэнэ. Өнөөг хүртэл харьцангуй залуу үндэстэн гэгдэж ирсэн монголчуудын хувьд санаанд оромгүй нарийн ширийн зүйлс энд сонсогдов. Настай хүмүүс явганаас унаж бэртэхээргүй орчин бүрдүүлэх нь чухал гэнэ. Ядаж л шал гөлгөр биш, хана дагуу бариул байрлуулах гэх мэт арга бий. Монголчуудад ч энэ хамааралтай сэдэв. Учир нь Эрүүл мэнд, спортын яамны газрын дарга Р.Оюунхандын илтгэлд явганаас унаж бэртэх нь манай настнуудын хөгжлийн бэрхшээлтэй болох гол шалтгааны нэг хэмээн дурдагдсан. Үүнээс гадна ой санамж буурах, шээс задгайрах, сэтгэл гутрал, халдварт болон халдварт бус өвчнүүд нь настануудын бие даах чадвар алдагдахад нөлөөлдөг байна. Ахмад настны унаж бэртэх эрсдэлийг монголчууд ч судалсан байдаг. Настай хүмүүс явганаас унаж бэртэхэд замын халтиргаа гулгаа 60 хувь нөлөөлдөг гэнэ. Түүнчлэн нас ахих тусам тэнцвэр алдалт, сэтгэл гутрал, алхах, сонсох, харах чадвар доройтдог нь ч нөлөөлжээ.

Фелма гуай “Унаж бэртэхээс сэргийлэхийн тулд гэрийн нөхцөлд дэвсгэр гулгамтгай, шал халтирамтгай байж болохгүй. Гэрэлтүүлэг хангалттай байх ёстой. Гэрээс гараад унаж бүдрэхээр юм байлгахгүй байхад анхаарах учиртай. Настай хүний тэнцвэрийг сайжруулах дасгал хийлгэж болно. Нойрсуулах үйлчилгээтэй эм хэрэглэдэг бол алхаа гишгээ өөрчлөгдөж болно” хэмээн зөвлөсөн.

Геронтологийн үндэсний төвийн Б.Аюуш, Т.Энхзул нар Улаанбаатар хотын зарим байгууллагад настанд ээлтэй орчин бүрдүүлсэн эсэх талаар судалжээ. Судалгаанд хамруулсан 50 байгууллагын 88 хувь нь муу үнэлгээ авсан байна. Байгууллагын хаяг, дотор талын шат, шал дэвсгэр, дотоод гэрэлтүүлэг зэрэг нь сайн дүн авах шалгуур байв. Муу оноо авахад хүргэсэн үзүүлэлтүүд нь сүүдрэвч, мэдээллийн самбарын настанд зориулсан хэсэг, тэргэнцрийн зам зэрэг байжээ. Настанд ээлтэй орчин бүрдүүлэхийн тулд настнууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилгээ авах боломж олгосон барилга байгууламж, үйлчилгээг сайжруулах хэрэгтэй гэнэ. Монгол настнуудын хувьд эрүүл мэнд хангалтгүй байгааг судалгааны дүгнэлт харуулав. 2008-2011 онд хийсэн судалгаагаар манай нийт настны 84 хувь нь ямар нэг эмгэгтэй, дунджаар гурваас дөрвөн өвчинтэй байжээ. 55-аас дээш настай настнуудын дунд ихээр тохиолддог арьсны өвчнүүд гэхэд л дотор эрхтэн системтэй холбоотой байгаа нь судалгаагаар тогтоогдсон учраас хавсарсан эмчилгээ шаардлагатай талаар Геронтологийн үндэсний төвийн эмч, судлаач нар сануулж байлаа.

ЭМСЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунхандаас ахмад настны асаргаа сувилгааны талаар тодруулав. Тэрбээр “Геронтологи, гериатрийн салбарын өнөө ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулагч бөгөөд өдгөө арван жилийн ойгоо тэмдэглэж буй Геронтологийн үндэсний төвийн анхны дарга юм.

-Ахмад настан, хэвтрийн өвчтөнд Геронтологийн төвийнхөн багаар үйлчилдэг юм байна. Энэ үйлчилгээг хүртээмжтэй байлгахын тулд юу хийх шаардлагатай вэ?

-Гэрийн тусламж үйлчилгээ гэдэг олон тусламж үйлчилгээг багтаадаг том ойлголт. Энэ дотроос бид нэг тусламж үйлчилгээг үзүүлдэг. Тэр нь олон мэргэжлийн багийн тусламж үйлчилгээ. Бид эмч сувилагч, нийгмийн ажилтан, хөдөлгөөн засалч мэргэжлийн хүмүүс нийлж байгаад баг болсон юм. Анх 2007 онд энэ үйлчилгээг бий болгоод, багаараа 2013 оныг хүртэл 24-хөн хүн ажиллаж байсан. Хүнээ үзнэ. Дээрээс нь энэ багт ажиллана. Мэдээж бид улс орны хэмжээнд явж ажиллаж чадахгүй. Хотын зургаан дүүрэгт л ажиллаж байна. Жилдээ хамгийн ихдээ 700-800 гаруй хүнийг гэрт нь очиж үзэж зөвлөгөө өгч амжсан. Хамгийн цөөндөө 380 орчим хүнд тусламж үзүүлдэг. Уг нь энэ тусламжийг Өрхийн эрүүл мэндийн төв үзүүлэх учиртай. Харамсалтай нь манай явж ирсэн тогтолцоогоор өрхийн эмч, сувилагч нарын настны эрүүл мэндийн мэдлэг хангалттай биш. Уг нь Геронтологийн үндэсний төв гуравдугаар шатлалын эмнэлэг учраас гэрийн тусламж, үйлчилгээ хамаагүй. Гэвч шинэ салбар хөгжиж байна. Тэнд байгаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүмүүст ойлгуулж, мэдүүлж зааж өгөх, настнуудад тусламж үзүүлэхийг зорьсон. Бид бүх хүнд хүрч амжихгүй байгаа. Учир нь хүний нөөц хүрэхгүй. Гэхдээ өнөөдөр дүүргүүд гериатар (настны эмгэг судлаач)-ын эмчтэй болчихлоо. Одоо олон мэргэжлийн багийн тусламжийг улсын хэмжээний болгохоор “Эрүүл насжилт, настны эрүүл мэнд үндэсний хөтөлбөр”-т суулгасан. Гэтэл хүний нөөц нь бүрдээгүй байхад журам гаргаж болохгүй байна. Учир нь мэргэшсэн хүн ажиллах учиртай. Чадвартай боловсон хүчин бүрдүүлж байж улсын хэмжээний үйлчилгээ болговол настай хүнээ үзүүлэх гэж хоёр, гурвуулаа бүтэн өдрийн ажлаа алдаж явах шаардлагагүй болно. Олон мэргэжлийн багийнхан өрхийн эмчид нь, гэрт байгаа асран хамгаалагчид, настанд зөвлөгөө өгдөг онцлогтой.

-Хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд өрхийн эмч нар энэ үйлчилгээг үзүүлэх ёстой юм байна?

-Одоо үзүүлэх боломж нь нээгдэж байна. Учир нь гэрээр үйлчилдэг тусламж үйлчилгээ өмнө нь санхүүжилтгүй байсан. Бид энэ асуудлыг тавьсаар байгаад Даатгалын хуульд оруулсан. Даатгалын хууль ирэх нэгдүгээр сараас эхлээд хэрэгжих учраас гэрийн тусламж үйлчилгээ санхүүжилттэй болно. Гэрийн тусламж үйлчилгээ гэрт байгаа нялх хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, настнуудад хүрэх юм. Гэрийн тусламж санхүүжилттэй болохоор хүртээмж, чанар нь сайжирна. Бидний зүгээс үйлчилгээний чанарыг сайжруулах, сургахад дэмжлэг үзүүлэх юм.

-Настныг асарч сувилах чиглэлээр сурах сонирхолтой хүн төдийлөн олон биш. Монголчуудын хувьд энэ сонирхлыг яаж урамшуулах вэ?

-Настны эмч, сувилагчийг төрийн сангийн дэмжлэгээр анхан болон хоёрдугаар шатны эмнэлгүүдээс бэлтгэх юм. Настны эрүүл мэндийн чиглэлээр ажиллахыг хүсч байгаа хүн хүсэл, зүрх сэтгэлтэй байх ёстой. Хүмүүс халуун зүрх сэтгэлтэй байж энэ тусламжийг үзүүлж чаддаг гэж гаднаас ирсэн зочид онцолсон. Тусгайлсан урамшуулал байхгүй ч сургалтыг нь төрөөс дааж, ажлын байр бий болгож чадна.

-Настнуудын асрамжийн газар гэхээр Батсүмбэр гээд шорон шиг газар хүмүүст төсөөлөгддөг. Настнуудыг асарч сувилах газар хэрэгцээтэй байна. Өвчин эмгэгтэй, насны доройтолд орсон олон ахмад харж асрах хүнгүй гэртээ өдөр хоног өнгөрөөж байна?

-Асрамжийн газар гэдэг өөр ойлголт, огт харж хандах хүн байхгүй, ганц бие хүмүүс, бага залуу насандаа алдаа эндэгдэл гаргаад орон шоронд явсан хүмүүсийг асарч халамжилдаг байгууллага. Таны асуугаад байгаа асаргаа сувилгааны газрууд бас өөр. Гучаад төрлийн ийм байгууллага бусад улс оронд байдаг. Манайд үүний эхний хэлбэр болох өдрийн эмчилгээ гэж байна. Сэргээн засах төвүүд бий болж байна. Энэ үйл ажиллагааг бодлогоор дэмжихээр бид Эмнэлгийн тусламжийн тухай хууль хийж байна. Энэ хууль маань Засгийн газарт өргөн баригдаад дэмжсэн. Одоо УИХ-д орох гэж байна. Энэ хууль батлагдахаар Удаан хугацааны сувилахуйн тусламж үйлчилгээг Монгол Улсад анх хийх гэж байна. Ингэж чадвал асаргаа сувилгааны төвүүд, сувиллын газрууд, өдрийн эмчилгээний төвүүд, сэргээн засах тусламж үйлчилгээ хүнд хүрэх боломжтой болно. Өнөөдрийн хууль эрх зүйн орчинд бид рашаан сувиллын үйлчилгээг л үзүүлж чадна гэв.

БНСУ-аас ирсэн Хан Донг Хи доктор “Дижитал насжилт”-ын талаар ярив. Тэрбээр “Настны амьдралын чанарыг сайжруулах шинжлэх ухааны институт”-ыг төлөөлдөг юм. Настны стратегийн талаар солонгосчууд Японоос суралцсан гэнэ. Солонгосын хувьд настнуудын нийгэмд эзлэх жин 2000 онд долоон хувь байсан бөгөөд энэ нь аль хэдийнэ настай нийгэмд тооцогдох үзүүлэлт аж. Монгол Улсын хувьд ч 2030 он гэхэд нийт хүн амын дотор настны эзлэх хувь 12-т хүрэх хандлагатай. Тийм ч учраас насжилтын тухай сэдэв биднээс хол асуудал биш. “Настны бие даасан байдлаа хадгалах, үр бүтээлтэй, идэвхтэй насжилтыг дэмжсэн хөтөлбөр чухал” гэж Хан Донг Хи доктор зөвлөв. Тэд настай хүмүүст ухаалаг утас, компьютер ашиглахыг заадаг. Энэ нь настай хүмүүст мэдээлэл авах, нийгэмд өөрийн дуу хоолой, оролцоотой байх, бусадтай харилцахад тусалдаг. Орчин үеийн настнууд кибер хөрш, кибер гэр бүлтэй байх болжээ. Магадгүй ирээдүйн настнуудын дунд компьютерт донтох өвчин ч газар авах юм билүү.

Монголын настнууд чөлөөт цагаараа юу хийхийг хүсдэг талаар судалгааны дүнг хурал даргалагч сонирхуулсан. 2011 онд судалгаанд оролцсон настнуудын 33 хувь нь найз нөхөдтэй болмоор байна гэсэн бол 28 хувь нь сонирхлын бүлэг, клубт хамрагдахыг хүсчээ. Гэхдээ ахмадууд шатар, билльярд тоглоход чөлөөт цагаа зарцуулахаас илүүтэй нийтийн бүжиг гэх мэт амьд харилцааг илүүд үздэг. Үндэсний статистикийн газраас 2014 онд гаргасан мэдээгээр дундаж наслалт эрэгтэй 65 бол эмэгтэй 75 байна. Наслалтын зөрүү өндөр байгаа нь настны амьдралын чанарт сөргөөр нөлөөлж, ганцаардал, сэтгэл гутрал, айдас түгшүүр, орлогын хомсдолд хүргэдэг. Сонирхлын клубууд, Ахмадын хөгжлийн төвүүдийг дэмжсэнээр өтлөх насны ганцаардал, гутралаас сэргийлэх боломжтой гэнэ.

Сингапурын жишээг татаж байсан Фелма доктор тэтгэвэрт гарах насыг уртасгах тухай ярьсан нь ихэнх монголчуудын хувьд хүнд хүлээж авдаг сэдэв. Хэдийгээр олон оронд 60-аас дээш настнуудыг тэтгэвэрт гаргадаг ч сүүлийн үед хөдөлмөрийн чадавхитай настнуудын хувьд үргэлжлүүлэн ажиллах хүсэл сонирхол ихсэх болсон. Үүнтэй холбоотойгоор тухайн хүн хүсвэл ажил олгогч үргэлжлүүлэн ажиллах боломж олгох талаар хуульд өөрчлөлт оруулж, тэтгэврийн насыг хойшлуулах талаар яриа хөөрөө өрнөх болжээ.

Гадаадын туршлагаас гадна монголчуудын урт наслах уламжлалт арга ухаанаас ч авах зүйл их юм. Сэргээн засалт хөгжлийн үндэсний төв, академич Ш.Болдын судалгааг иш татъя. Юань улсын үеийн идээ ундаа шим тэжээлийн мэргэжилтэн Хүсэхүй “Индээ ундааны жинхэнэ товч” зохиолыг 1330 онд хэвлүүлжээ. Уг зохиолд “Эрт язгуурын хүмүүсийн ёсыг мэдэгч нь арга билгийн ёсыг дүрэмлэн, амьдралдаа нийцүүлж, идээ ундааны тоо хэмжээг баримталж, явдал мөрийн хэв ёсыг сахиад, дэмий балайг хэтэрхий үйлдэхгүй учраас урт насалдаг байв. Эдүгээ цагийн хүмүүс явдал мөрдөө хэв ёсыг үл хайхран, идээ ундааны харшил цээрийг мэдэхгүйн гайгаар тоо хэмжээг баримтлахгүй, тачаангуй хүсэлд автан, амттанд шимтэн, хэт шүтэж, дундаж хэвийг батлан сахихгүй мөртлөө ханашгүй эдлэхийн тулд байдаг учраас дөнгөж 50 нас хүрмэгц тамир тэнхээ доройтогсод олширсон болой. Жаргал цэнгэлийн ёс болбоос биеийг сайтар арчлахад буй. Биеийг сайтар арчлах ёс гэдэг нь дундаж хэвийг сахихуй дор баймой. Дундаж хэвийг сайтар сахиж чадваас арвидаж, барагдах зэрэг өвчин эмгэгт үл нэрвэгдмой” хэмээснийг санахад илүүдэх юун.

Б.Янжмаа

Гэрэл зургийг

Ц.Мягмарсүрэн

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Оюунгэрэл: Г.Дэнзэн толгойгоо даахгүй болсон байна лээ

УИХ-ын
гишүүн Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа.

-Г.Дэнзэнг та
эргэсэн юм байна. Нүдээр харахад бие нь ямар байна?

-Ер нь
өөрийгөө хэлмэгдсэн гэж бодож байгаа хүн
хурц тэмцлийн хэлбэрийг сонгодог. Урьд
нь Г.Дэнзэнгийн тухай би бусдын л адил сониноос уншаад явж байсан. Нүүр
нүүрээрээ уулзаж байгаагүй. Тэмцлийн хурц хэлбэрийг сонгосон болохоор нь би энэ
хүн буруугүй юм биш биз гэсэн асуултыг
өөртөө тавьсан. Г.Дэнзэнгийн өөрийнх нь
өгсөн болон өмгөөлөгчийнх нь ярилцлагыг анхааралтай уншлаа. Энэ хүн хэлмэгдэж
байгаа юм биш биз гэсэн сэтгэгдэл надад төрсөн. Энэ хүнийг буруутай ч бай
буруугүй ч бай амь насаараа дэнчин тавьж
байгаа учраас залуу хүний амь нас эрүүл мэндэд санаа зовсондоо би очиж эргэх шаардлагатай гэж үзээд албан бичиг хийгээд, өчигдөр очиж эргэлээ. 461 дүгээр ангийнхан намайг
саадгүй нэвтрүүлсэн. Уулзалтын үеэр хоёр эмч, харгалзагч, албаны хүмүүс
байлцсан. Намайг очиход эмнэлэгт хэвтэж
байлаа. Цоожтой, дөрвөн ортой өрөөнд ганцаараа байна лээ. Уруул нь хөдлөөд,
ярьж байгаа нь дуулдахгүй байв. Эмч нь
“Дуу нь сонсогдохгүй байгаа юм” гэж хэлсэн. “Гараа хөдөлгө дөө” гэхэд гараа
чанга атгаж чадахгүй, хуруунууд нь муу хөдөлж байсан. Толгойгоо даахгүй, тамир
тэнхээ байхгүй байсан.

-Өлсгөлөн
зарлаад хэр удаж байгаа юм бэ?

-Наймдугаар сарын
7-нд өлсгөлөн зарласан юм байна. Намайг очиход 12 хоног болж байна гэсэн.
Хоригдоод 89 хонож байна гэсэн. Энэ хугацаанд АТГ-аас хоёрхон удаа байцаалт
авчээ. Тодорхой нотлох баримт байхгүй. Ийм
нөхцөлд зохиомол хэрэг үүсгээд,
нэр төрийг нь гутаах кампанит ажил өрнүүлээд, улс орон даяар гутааж
байгаад л маш их гомдож байна лээ.
Өөрийгөө өмгөөлөх боломж гараад,
ганцхан удаа ярилцлага өгөхөд маргааш нь шууд баривчилжээ.

-Өлсгөлөн зарлахаас өмнө гэдсийг нь
цэвэрлэдэг гэсэн. Ингэхгүй бол эрүүл мэндэд нь муугаар нөлөөлдөг гэцгээх юм?

-Яагаад муудаж
байна, хордлогод орж байна уу гэж хорихын
эмчээс асуусан л даа. Г.Дэнзэнгийн яриа сонсогдохгүй ам нь хөдлөөд
байсан учраас эхний мэдээллийг эмч нар
өгсөн. Тэд “Г.Дэнзэн өөрөө татгалзсан
учраас шулуун гэдсэнд нь цэвэрлэгээ хийж чадаагүй” гэсэн. Өтгөнөө гаргасан гаргаагүйг нь мэдэхгүй
байсан. Өлсгөлөн зарласнаас хойш 13 хоноход энэ хүн түгжрэл болж байгаа юм уу,
хордлого болж байгаа юм уу мэдэхгүй.
Ямар ч шинжилгээ аваагүй, цэвэрлэгээ хийгээгүй гэсэн. Энэ нь Г.Дэнзэн өөрөө татгалзаж байгаагаас
болсон гэж эмч нар тайлбарласан. Дараа
нь би ганцаарчилж уулзахаар эмч,
харгалзагч нарыг гарч байгаач гэж хүсээд,
нүүрэнд нь чихээ нааж яриаг нь
сонссон. Яагаад клизм тавиулаагүй,
хордлогод орчихов, бие чинь яагаад муудчихав, хүндэрсэн үү гээд эрүүл мэндийн
зүгээс нь асуусан л даа. “Өлсгөлөн зарласнаас хойш огт хүндрээгүй, клизм
тавиулаагүй. Долдугаар сарын 21-нээс хойш өлсгөлөн зарлах хүсэлтээ удаа дараа
тавьсан. Тэр үед зөвшөөрөөгүй. Зөвшөөрөхгүй болохоор нь наймдугаар сарын 7-нд
шууд өлсөж эхэлсэн” гэж байна лээ. Энэ
хүн тэмцэл хийх гээд байгаа юм байна, эрхээ эдлэх гээд байгаа юм байна. Энэ
хүний биеийг цэвэрлээд өгчихье гэж уг нь
санаачилга гаргах хугацаа байжээ. Бие нь яаж байна гэж асуухад “Толгой заадал
болгоноороо маш их өвдөж байна. Биеийн бүх эрхтэн өвдөж байна” гэсэн. Хаанаа юу
нь өвдөөд байгааг мэдэхгүй. Цээж, дотор
тэр чигээрээ өвчтэй байгаа гэсэн.
Би хэлсэн л дээ. “Хордлогод орж, түгжрэл болоход хүний тархи толгой, бие
өвддөг, яс шархирдаг. Тийм учраас
клизмээ яаралтай тавиулж, эмчилгээндээ
орох хэрэгтэй” гэж зөвлөсөн. Өөрийн чинь
тэмцэл хурц, эрүүл мэндэд чинь муу хэлбэрээр явж байна гэж хэлсэн.

-Ус ууж байсан
уу?

-Уруул чийглэх
төдий ус хажууд нь байна лээ. Толгойгоо даахгүй, хэвтэрт орчихсон. Цэвэр усны саванд бие засч байгаа юм
билээ. Цай уулгачихъя гэж бодоод
өндийлгөөд хорихоос өгсөн хувцанцар саванд хийсэн цайг уулгах гэж үзсэн. Гурав, дөрөв балгачихаад
“Ходоод өвдөөд байна” гэсэн. Ус, цай уунгуут өвдөхийг бодоход ходоод нь
шархтай байж магадгүй. Хамгийн гол
зовиур нь юу байна гэж асуухад “Хамгийн
аюултай хүндрэл нь цөс” гэж эмч нь хэлсэн.
Гар хөл байнга хөлөрч, хүйтэн, цус багадалтын шинжтэй цагаан өнгөтэй
байсан.

-Эрүүл
мэндийнх нь байдлын талаар эмч нар нь мэдээлэл хийгээд, арга хэмжээ авч
болоогүй юм байх даа?

-Саяхан хорих
хугацааг нь сунгасан юм байна. Эрүүл мэндийн
байдлыг нь харгалзаад хорихгүйгээр гадуур байцааж болдоггүй юм уу гэж
асуусан л даа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрынхан тэнд хорьж байгаа хүмүүс
“Энэ шийдвэрийг бид гаргадаггүй, шүүх гаргадаг” гэсэн. Шүүгч л мэдэж хорихоос
чөлөөлдөг. Сүүлийн үед АТГ-тай холбоотой хэрэг дээр тэдний саналаар бүх шийдвэр гарч байгаа гэнэ.
Шүүхийн шинэчлэл хийгээд шүүгчийг аль болох хараат бус байлгах гээд шүүхийн төсөв хэл амтай батлаад байгаа. Тэгэхэд шүүгч хараат бус
болж чадаж байна уу гэдэг эргэлзээ төрүүллээ.

-Өлсгөлөн
зарлалаа гээд хариуг нь өгч байгаа юм уу?

-Энэ баасан
гаригт шүүх дахиад хуралдах юм шиг байна лээ. Гэхдээ хорих хугацааг сунгах
эсэхийг хэлэлцэх хурал онлайнаар явдаг.
Тэр үед телевизийн цаанаас харж байгаа учраас шүүгдэгчийнхээ биеийн байдлыг
харж мэдэрч шийдвэр гаргах боломж
муутай. “Шүүхийн шийдвэр АТГ-ын хүссэнээр гардаг учраас би тэмцлээ үргэлжлүүнэ”
гэж Г.Дэнзэн яриад байна лээ.

-Н.Алтанхуягийн
ойрын хүн учраас Г.Дэнзэн хэлмэгдсэн гэж
та үзэж байна уу?

-Надад
харамсалтай дүр зураг харагдсан. Нэгдүгээрт манай нийгэм тэр чигээрээ яллах сэтгэлгээтэй байна. Өчигдөр Г.Дэнзэнг
эргээд ирлээ гээд жиргэхэд “Больж больж,
үхээсэй, хохь нь” ч гэх шиг сэтгэгдлүүд
орж ирсэн. Манайхан олон жилийн өмнө болсон хэлмэгдүүлэлтийг мартчихаад байна.
“Ногоон нүдэн лам” номыг бичсэн болохоор ч тэр үү өнөөдрийн улайрсан дүр төрх гучаад оныг санагдуулах боллоо. Улс
төрийн зорилгоор хэн нэгнийг яллахыг нийгмээрээ хүлээж авмааргүй байгаа юм.
1922 онд Бодоог бариад алчихсны дараа “Бодоо юу болчихов оо, хэлмэгдүүлчихэв
үү, гэмт хэрэгтэн байсан уу гэдгийг нийгмээрээ огт хэлэлцэхгүй, Данзангаа
буудаад алчихсан байдаг. Данзанг буудсан нь зөв үү буруу юу гэдгээ хэлэлцэж
амжаагүй дараагийн хэлмэгдүүлэлт үргэлжилсэн.
Улс төрийн хэлмэгдүүлэлтийг жижиг дүр гэлгүйгээр хэлэлцмээр байна. Тэгж
байж дараагийн хэлмэгдүүлэлтээс сэргийлэх дархлаа бий болгоно. Эрүүл мэндээ
бодоод өлсгөлөнгөө зогсоож, эмчилгээ хийлгэж болдоггүй юм уу гэхэд “Улс төрийн хэлмэгдэгч болж байна, би. Залуу
хүнийг хэлмэгдүүлэхийг зогсоохын тулд өлсгөлөн зарласан юм. Над шиг залуучууд
улс төрд орж ирнэ. Тэр бүхэн над шиг хэлмэгдэх юм уу” гэж бас хэлж байна лээ.
Чи яагаад муу хүн өмгөөлөөд байгаа юм гэж надаас зарим хүн асуусан. Үндсэн
хуульд сайн хүнийг өмгөөлж болно, муу хүнийг өмгөөлж болохгүй гэсэн заалт байхгүй. Хүн амьд явах эрхтэй, шударга
шүүхээр шүүлгэх эрхтэй, өөрийгөө өмгөөлөх эрхтэй гэж байдаг. Гэм буруутай ч бай
үгүй ч бай би бол “Гэм буруутай нь шүүхээр тогтоогдтол гэм буруугүй гэж үзнэ”
гэсэн Үндсэн хуулийнхаа зарчмаар хандаж байгаа. Ардчилсан хувьсгалаас өмнө эрх баригчид хэнийг гэм
буруутай гэж зарлана тэр хүн шууд гэм буруутайд тооцогдоод өмгөөлөгч ч
олдохгүй, шууд шүүх хурал нь болоод, бууддаг байлаа. Авлигатай тэмцэх нь шударга
ёсны асуудал. Гэхдээ хүний эрхийг
дэвслээд хаячихаж болохгүй.

АТГ Н.Алтанхуяг
гэдэг хүнтэй яагаад дайн зарласныг мэдэхгүй. Яах аргагүй түүний хүүхэд, зөвлөх,
туслахуудыг АТГ онилж байна л даа. Онилж
хэрэг үүсгэж байгааг улс төрийн зорилготой гэж үздэг. Эрдэнэт үйлдвэр дээр
асуудал гарлаа гэхэд захирлыг нь асуудал дээр шалгахаас биш ТУЗ-ийн даргыг нь
хэн ч шалгаж байгаагүй. Гэтэл Эрдэнэс Таван толгой гэдэг компани дээр ТУЗ-ийн
дарга, тендер зарлах эрхгүй Г.Дэнзэн гэдэг хүнийг хорьсон нь ойлгомжгүй. Г.Дэнзэн гэдэг хүн
Н.Алтанхуяг гэдэг хүний туслах байсантай холбоотой суулгаад байна гэж
ойлгогдоод байгаа юм. Хатуу факт,
нотолгоо байхгүй бол тэр хүнд эрх чөлөөг нь зоригтой өг. Баримт нотолгоо байхгүй үед хүнд эрх чөлөө өгч чаддаггүй, хэргийг нь ч нотолж чадахгүй
амьдаар нь тамлаад байж болохгүй. Г.Дэнзэн бол яг ийм байдалд байна.

-Г.Дэнзэнг
эргэж, өмгөөлж хамгаалахыг Н.Алтанхуяг танаас гуйсан уу. Та
Н.Алтанхуягийн Засгийн газарт сайд байсан. Хүний эрхийн талаар өөрийн дуу
хоолойтой байдаг учраас хүмүүс сонирхож
магадгүй?

-Надад хэн ч хүн
өмгөөлөөд өгөөч гэж захиалга өгч байгаагүй.
Шударга бус санагдсан үед л би
дуугардаг.

-Г.Дэнзэн
гэрээслэлдээ юу бичсэн бол?

-Гэрээслэлийн агуулгыг олон нийтэд хүргэх эсэхийг өмгөөлөгч
нар нь шийдэх байх. Намайг ороод уулзахад гэрээслэлээ өгөөд “Үүнийг дамжуулж
өгөөч” гэж шивнэсэн. “Өмгөөлөгчид маань
гардуулна уу” гэсэн болохоор өмгөөлөгчид нь дамжуулсан. Гэрээслэлийг нь
цагдаагийн газрынхан ч хувилж авдаг юм шиг байна лээ. Бүртгэж аваад, тамга дарж
байсан. Би дамжуулж өгсөн.

Б.Янжмаа

Categories
мэдээ нийгэм

“Үй цай” сургуулийн төгсөгчид олуулаа цугласан нэг өдөр

“Үй цай” сургуулийн 20 жилийн ойг тохиолдуулан төгсөгчид нь Спортын төв ордонд “Үй цайг”-гийн нөхөрсөг нэг өдрийг зохион байгуулж, сагсан бөмбөгийн тэмцээнээр хүч сорив. Есөн төгсөлтийн 12 ангийн 360 гаруй төгсөгч хүрэлцэн ирсэн болохоор энэ үнэхээр дурсамж сэргээсэн өдөр байлаа. “Үй цай” хятад хэлний сургалттай бүрэн дунд сургууль анхны төгсөлтөө 2006 онд хийжээ. Спортын ордонд ирсэн залуус захирал Д.Баяраа, Д.Цэцэгмаа нарт үнсүүлэх юм. Монголд ирэхээрээ “Үй цай“ сургуульдаа ирж хоёр багшдаа үнсүүлээд буцдаг гэж нэг төгсөгч эмэгтэй ярьсан. Д.Цэцэгмаа захирал хүүхдүүдээ хараад багынх нь хөгжилтэй дурсамжуудыг хуучилж сууна. Д.Баяраа захирал ч бас дэргэдээ суугаа Г.Гантүвшингийн түүхийг ярьж байна аа. “Ээж нь Москвад аспирантурт сурч байсан, аав нь төрийн ажилтай. Хичээл тараад авах хүн нь оройтдог. Манай хүн коридорт жижигхэн цагаа гаргаж тавьчихаад даалгавраа хийгээд байна. Хэтэвчээ бас цагныхаа хажууд тавьчихна. Хэтэвчнээсээ мөнгө аваад доошоо уруудаж, мөхөөлдөс авч иднэ. Ийм л хүү Тайваньд олон улсын хуульчаар төгссөн. Одоо хувийн хууль зүйн фирмтэй” хэмээн тэрбээр бахархалтайгаар зарлав.

Д.Баяраа захирал “20 жилийн ойгоо тохиолдуулаад манай 2014 оны төгсөгч Б.Эзэнбат, Г.Буянхишиг нар нөхөрсөг нэг өдрийг санаачилсан юм. Өнөөдөр сайхан дурсамжтай, баяртай өдөр байна. Дахиад нэгдэж, мэдээлэл сонсч байна. Төгсөгчдийн холбоогоо шинэчилж байна.Тэр нэг жижигхэн охин чинь Хятадын алдартай Чинхуа их сургуульд сурдаг юм шүү дээ” хэмээн хүүхдүүдээ танилцуулангаа сурч байгаа сургууль, эзэмшсэн мэргэжлээр нь гайхуулна. Сагсан бөмбөгчний хувьд захирал сайн биш тоглогч байсан ч жин ихтэй тэрбээр гүйх нь хүртэл үзэгчдийг хөгжөөнө. “Бөмбөг шидэх боломж гараагүй, харин шүргэх боломж гарсан” гэж Д.Баяраа захирал наргиа болгосон. Мань сагсчны үнэнч фэн нь гэргий Д.Цэцэгмаа байлаа. Тэрбээр барагтайхан сагсчин нөхрөө үзэгчдийн суудлаас дэмжиж, хазайхад нь дуу алдаж, чангаар инээх нь танхимд ялгарч сонсогдоно. “Үй цай”- сургуулиа хорин жилийн турш үүрч ирсэн энэ хосууд төгсөгчдийнхөө амжилтаар бахархах нь аргагүй. Бага насанд нь зааж чиглүүлж ирсэн сурагчид нь өдгөө том эрчүүд, ялдам бүсгүйчүүд болжээ. “Үй цай”-гийн сурагчдыг эцэг эх нь юм шиг л үглэж сургаж ирсэн тэднийг сурагчид нь инээмсэглэн сонсох юм. “Үй цай”-гийн сурагчдын даруухан, чих зөөлөнтэй зан орчин үеийн хүүхдүүдээс ялгардаг. Д.Цэцэгмаа багш хүүхдүүдийнхээ энэ чанараар гайхуулахаа мартсангүй. “Манай хүүхдүүдийн нэг онцлог төлөвшилт сайтай. Ирсэн хүн болгон магтдаг” гэнэ. “Та хатуу гараар хүмүүжүүлсэн байх нь ээ” гэхэд хажуугаас нь анхны төгсөгчдийн нэг Ж.Баасангарьд өмгөөлж “Хатуу гараар биш ээ. Өдөржингөө л хамт байдаг болохоор зөвхөн хичээл ном сургахаас илүү бие хүн болж төлөвшихөд анхаардаг. 9.30-аас 15.10 цаг хүртэл хичээл хийгээд, үргэлжлүүлээд хоёр цагийн давтлага авдаг. Нэмэлт хэрэгтэй бол дахиад ч авдаг. Сургууль дээрээ л өнждөг байсан. Хоёр багш маань, бусад багш нар маань ч хажууд байдаг. Яг л дэргэд нь өссөн дөө” гэж тайлбарлав. Сагс тоглохын зэрэгцээ хэн хаана сурч, ажиллаж амьдарч байгааг мэдэлцэж, дурсамжаа хуучлах нь бүгдэд сонин байлаа. Тоглолтын үеэр төгсөгчидтэй хэдэн хором ярилцав.

Хэл сурахад цээжлэх арга тустай

“Үй цай” сургуулийн анхны төгсөгч Батзаяагийн Батмагнайгаар багш нар нь ихэд бахархдаг. Сургуулиа төгсөөд, БНХАУ-ын Бээжин хотод Гадаад хэлний хоёрдугаар их сургуульд олон улсын эдийн засаг худалдааны мэргэжлээр сурч төгссөн. “Оюу толгой” төсөлд захиргааны ажилтан, орчуулагч мэргэжлээр ажиллаж байгаад жил гаруйн дараа Монгол Улсын Гадаад хэргийн яаманд орж, яамныхаа нэр дээр БНХАУ-ын тэтгэлэгээр Гонжоу хотноо Бизнесийн удирдлагын чиглэлээр мастерын зэрэг хамгаалаад ирсэн гэж тэрбээр өөрийгөө танилцуулав.

-“Үй цай” өгөөжтэй сургууль. Дунд сургуульдаа Шанхайд байдаг Багшийн их сургуульд хэдэн сурагчийн хамт зургаан сарын хугацаатай сурч, хэлээ сайжруулах боломж олдсон юм. Хэл сайжрахаас гадна гадаад орчинд бие дааж, хүмүүстэй харилцаж сурсан. Түүнийхээ хүчинд оюутан болоод гадаадад суралцахад түүртээгүй. Хэлийг насаараа суралцаад бардаггүй гэдэг. Хэл гэдэг мэргэжил мэргэжлээрээ ондоо хэллэгтэй байдаг. Би Гадаад харилцааны яаманд улс төрийн харилцааны чиглэлээр нэлээд суралцсан. Түүнээс биш “Үй цай” сургуульд суурь маань бүрэн тавигдсан байв. Анх “Үй цай” сургуулиа төгсөөд хятад хэлний түвшин тогтоох шалгалтад есөн зэрэг авч байсан. Анхан дунд дээд шат гэж байдаг. Тэгэхэд дээд шатыг авч байсан. Ахиад Хятад хэлний түвшин тогтоох шалгалт өгөх шаардлага гараагүй гэнэ.

-Хятад хэлийг сайн сурахын тулд юунд анхаарах ёстой вэ?

“Үй цай” сургуульд сурч байхад цээжлүүлдэг байсан. Бид нэг улиралд нэг ном цээжилдэг. Шалгалтын үеэр гучин сэдэвтэй бол гучин сэдвээсээ сонгоод эхнээс нь дуустал цээжээр дуржигнатал уншдаг байсан. Хэл сурахад цээжлэх хэрэгтэй. Цээжилж байж тухайн хэл өөрийн болдог. Сүүлд англи хэл сурч байхад нэр үг эзэн бие нь хаанаа орох билээ гэж боддог бол хятад хэлээр төрөлх хэлээрээ ярьж байгаа юм шиг бодсоноо чөлөөтэй илэрхийлдэг.

-Хятад хүмүүсийн хувьд ямар сэтгэгдэлтэй байдаг вэ?

-Хятад хүмүүсийн уйгагүй хөдөлмөрлөдөг чанараас суралцах хэрэгтэй гэж бодогдсон. Оюутанууд нь ч өглөө эрт босоод номоо уншиж байдаг. Урд сурдаг байхад нэг буузны газар байв. Буузны газрынхан үүрээр босч, үдэш 10 цаг хүртэл ажиллана. Амралтын өдөр ч ажиллаж л байна. Ажилласныхаа хэрээр амьдрал нь болоод байдаг. Хятад зан заншил соёлд уйгагүй хөдөлмөрлөх, шантарч болохгүй гэсэн утга агуулга явдаг шиг байгаа юм. Хятад хурдацтай хөгжиж байгаа нь үүнтэй холбоотой гэж боддог. Хятадууд хүнээс суралцаж, буруугаа засч чаддаг. Соёлын хувьд 56 бага үндэстэнтэй болохоор биенээ хүлээн зөвшөөрөх, юмыг хүлээж авахдаа сайн гэв.

“Мундаг эмч болоод Монголдоо ирнэ”

“Үй цай” сургуулийн 2012 оны төгсөгч Б.Оюунномин Бээжингийн их сургуульд анагаахын чиглэлээр сурдаг. Одоо дөрөвдүгээр курст орно. Анагаахын чиглэлээр есөн монгол оюутан сурч байгаа. Бээжингийн их сургуульд “Үй цай”-гийн сурагч байсан таван монгол оюутан суралцдаг. Манай 2012 оны төгсөгчдийн ихэнх нь Зам тээврийн их сургуульд инженерээр суралцаж байгаа гэж тэр сонирхуулав.

-Анагаахын мэргэжлийг яагаад сонгосон бэ?

-Бага ангидаа би Бээжинд сурдаг байлаа. Тэгэхэд манай өвөө өвдөөд Бээжингийн хятад эмч нар аварч байсан болохоор багын мөрөөдөл байдаг. Бээжинд очоод боломж гарахаар нь анагаахыг сонгож суралцсан.

-Хятад эмнэлэг алдартай байх аа?

-Үнэхээр мундаг юм билээ. Хятад хүмүүсийн хөдөлмөрч зан нөлөөлдөг ч юм уу эмч нар нь сэтгэлээсээ ханддаг. Үнэхээр чанга школтай байдаг болохоор мэдлэг нь ч сэтгэл нь ч сайхан.

-Хятад Дорнын анагаах ухаанаар алдартай. Тэр нь мэдрэгддэг үү?

-Европын анагаах ухаан өндөр хөгжсөн ч хажуугаар нь Хятадын уламжлалт анагаах ухаан, өв соёлоо хадгалж байдаг. Бид Европын анагаах ухаанаар суралцаж байгаа ч нэмэлт мэдэгдэхүүн болгож, уламжлалт анагаах ухаанаа давхар зааж өгдөг. Уламжлалт анагаах ухаанаар суралцдаг оюутануудад ч бас Европын анагаах ухааныг хослуулж заадаг юм билээ.

-Мөрөөдөл, төлөвлөгөөнүүд байгаа байх. Зах зухаас нь дурдвал?

-Сайн суралцаж, сургуулиа төгсөөд, мастер доктор хийгээд мундаг эмч болсоныхоо дараа Монголдоо ирж, хүмүүсийг эмчилнэ гэж боддог.

-Тэтгэлэгээр суралцдаг уу?

-Хятадын Засгийн газрын тэтгэлэгээр сурч байгаа. Тэр нь маш боломжийн тэтгэлэг.

-Танай ангид гадаадын оюутанууд олон байдаг уу?

-Бээжингийн их сургуулийн анагаахын сургууль нь хятад бүлэг, гадаадын оюутануудын бүлэг гэж хуваагддаг. Манай ангид япон, солонгосчууд олон. БНХАУ-д сурч байгаа нийт гадаад оюутны 80 хувийг солонгосчууд эзэлдэг гэсэн судалгаа байдаг юм билээ. Бээжин дэх монгол оюутны холбоо гэж байдаг. Тэр холбоогоороо дамжуулаад бараг сар болгон уулзалдана. “Үй цай”-гийнхан бол багаасаа цуг өссөн болохоор одоо хүртэл холбоотой байдаг гэв.

“Хятад хэлний од” болжээ

“Үй цай” сургуулийн 2007 оны төгсөгч Г.Батсанаа саяхан Бээжингийн Хэл, соёлын сургуулийг хятад хэлний багш мэргэжлээр төгссөн. Сурч байх хугацаандаа Хятад хэлний түүх, соёлтой холбоотой гучаад тэмцээнд орж, ихэнхид нь тэргүүн байрт шалгарчээ. Төгсөхийнхөө өмнө Монголын ЭСЯ-наас оны шилдэг оюутан, Хятад Улсад Монголынхоо нэрийг сайнаар гаргасан хэмээн шагнуулсан аж.

-Өөрийг чинь “Хятад хэлний од” болж байсан гэж сонссон?

-“Хятад хэлний од” гэж тэмцээн жил бүр болдог. Бээжингийн бүх их дээд сургуулийн гадаад оюутануудын дунд явагддаг тэмцээн. Дөрвөн үе шаттай. Шалгарсаар байгаад нэгдүгээр байрт орж байлаа. Магистрт сурах тэтгэлэг авсан учраас удахгүй явна.

-Хятадад тэтгэлэгтэй сурахын тулд ямар бэлтгэл хангасан байх талаар дүү нартаа зөвлөөч?

-Тэтгэлэгтэй суралцахын тулд Хятад хэлний түвшин тогтоох шалгалт өгсөн байх шаардлагатай. Миний хувьд тэтгэлэг авахад маш олон тэмцээнд оролцсон маань нөлөөлсөн. Сургуулийнхаа олон нийтийн ажилд идэвхитэй оролцож байсан. Тийм болохоор манай сургуулийн профессорууд үргэлжлүүлж сурахыг дэмжсэн юм. Идэвхитэй хүүхдүүдээ Хятадад маш сайн дэмждэг. Өмнө нь бакалаварт хувийн зардлаар сурч байсан. Сурч байх хугацаандаа тэмцээнд амжилт үзүүлсэн болохоор хоёр жил дараалан тэтгэлэг авсан л даа. Идэвхитэй байгаарай. Би чадахгүй гээд хойшоо суух хэрэггүй. Би анх тэмцээнд орж байхдаа их сандардаг байлаа. Олон хүний өмнө байтугай ангийнхныхаа өмнө ч юм ярьж чадахгүй байсан. Бага багаар дасдаг юм билээ. Өөрийгөө голохгүй, юу чаддагаа үзүүлэх хэрэгтэй.

Хятадын зуун болно гээд ээж аав маань “Үй цай”-г сонгосон

Ж.Баасангарьд анхны төгсөгчдийн нэг. Төгсөөд Хятадын Засгийн газрын тэтгэлэгээр Шанхай хотын Тунжин их сургуулийг архитектур мэргэжлээр төгссөн. Одоо Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт Онцгой байдал, гамшгийн менежмент хариуцсан архитектороор ажилладаг.

-“Үй цай”-тай яаж холбогдсон бэ?

-XI зуун Хятадын зуун болно гээд аав ээж маань биднийг хятад хэл сургасан. Манай ээж, аав хоёр автын инженерүүд. “Үй цай”-г шилж сонгоод намайг чанга хатуу гарт өгнө гээд энэ сургуульд өгсөн. Багш нар маань ээж, аав хоёрыг орлодог. Намайг сайн хүн болоосой гэж өсгөж хүмүүжүүлж “Ингэж явах ёстой шүү, миний хүү” гэж зааж зөвлөж явдаг болохоор хоёр багштайгаа уулзах дуртай. Манай ангийнхан анх “Сурагчдын өдөр”-ийг санаачилж байлаа. Сурагчид нэг өдрийн багш болж, бага ангийнхандаа хичээл зааж байсан.

-Ангиас олон мэргэжилтэн төрсөн байх?

-Ангийнхан хуульч, нисэхийн удирдагч, эдийн засаг, олон улсын харилцааны мэргэжилтэн гээд олон мэргэжил эзэмшиж бүгд амжилттай яваа. “Миний хүүд ийм мэргэжил зүгээр юм биш үү” гэж Д.Баяраа багш маань зөвлөсний хүчинд би архитектор болсон. Улаанбаатар хотын 2040 он хүртэл ерөнхий төлөвлөгөөг бид боловсруулах гэж байна гэв.

“Үй цай” миний сурах гол суурийг тавьж өгсөн

Жанцангийн Азжаргал. “Үй цай”-гийн 2011 оны төгсөгч . Тайванийн Тайпей хотод үндэсний их сургуульд сурч байгаа. Тайваньд нэг номерт, дэлхийд чансаагаараа 49-т ордог сургуулийн оюутан юм байна.

-Гадаадад сурдаг ч Монголынхоо хуулийг судалж байдаг уу?

-Судлалгүй яахав төгсөөд Монголдоо ирж ажиллана гэж боддог. Монголынхоо хуулийг судлахгүй бол явахгүй шүү дээ.

-Яагаад хуулийн ангийг тэр тусмаа Тайванийг сонгосон бэ?

-Хэд хэдэн шалтгаан байдаг. Гэрийнхэнтэйгээ зөвлөлдөөд Тайваний хууль Монголынхтой ч төстэй юм байна гэж үзсэн. Тайваний хууль Монголтой адил Германаас хуулж авчирсан байдаг. Японы бага зэрэг нөлөө байдаг л даа. Манай гэрийнхэн тэр үед Тайваньд томилогдож очсон нь ч нөлөөлсөн. Манай аав одоо Үндсэн хуулийн Цэцийн орлогч даргаар ажиллаж байгаа. Аавынхаа мэргэжлийг өвлөе гэж бодсон. Аав мэдээж мэргэжил сонгоход миний санаа сэтгэлийг асуусан. Багаасаа л аавыг харж өссөн учраас надад ч сонирхол байсан. Тайвань өртөг өндөртэй газар. Маш их мэрийж хичээхгүй бол болохгүй гэв.

М.Төмөр хятад сургууль төгссөн ч Орост сурдаг

2011 оны төгсөгч Мөнхтамгын Төмөр. ОХУ-ын Дотоод явдлын яамны Хууль зүйн дээд сургуульд сурдаг.

-Үй цай төгссөн хятад хэлтэй хүүхэд хятадад сурвал дөхөм байж магадгүй. Яагаад Орост сурахаар сонгов?

-Нэгэнт хятад хэлийг сурсан болохоор өөр хэл судлах бодол байсан. Хамгийн гол нь миний сурч байгаа сургууль хуулийн сургалтаараа дэлхийд дээгүүрт ордог. Цагдаагийн зарим мэргэжлүүдийг зөвхөн тэр сургуульд эзэмшиж болдог учраас энэ сургуулийг сонгосон. Хууль сахиулах ажилтан, мөрдөн байцаагчаар мэргэшнэ.

-Багаасаа мөрдөгч болох мөрөөдөлтэй байсан гэсэн үг үү?

-Миний аав Мөнхтамга гэж хүчний байгууллагад ажилладаг, хурандаа хүн байдаг. Аавынхаа нэрийг гаргахыг хүсдэг учраас энэ мэргэжлийг сонгосон. Цагдаагийн ажлын уур амьсгалыг багаасаа мэдэрч өссөн л дөө.

-Хятад хэлтэй хүүхэд орос хэлээр сурахад хэлний бэрхшээл байсан байх?

-Зуун хувь цэрэгжилттэй газар болохоор эхэндээ хэцүү. Хатуу дэг журамтай. Бүх юм даргын хэлснээр явдаг, цэрэг бол үүрэг гүйцэтгэдэг. Одоо дөрөвдүгээр курс болохоор дассан гэв.

“Нөхөрсөг нэг өдөр” сагсан бөмбөгийн тэмцээнд 2011 оны төгсөгчид нэгдүгээр байр, багш нарын баг хоёрдугаар, 2012 оны төгсөгчид гуравдугаар байр эзэлжээ. Шилдэг довтлогч 2011 оны төгсөгч М.Төмөр байлаа. Багш нарын багынхан шагналын мөнгөө “Үй цай” төгсөгчдийн холбоондоо хандивлажээ. Сагсан бөмбөг тоглох завсар чөлөөгөөрөө төгсөгчдийн холбооны удирдлагыг сонгох хурал халуухан болж, Э.Сундарыг, тэргүүнээр сонгов. “Үй цай” хэмээх брэндээр ижилссэн залуус Монголынхоо хөгжилд хувь нэмрээ оруулах цаг айсуй.


Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Нялх хүүхэдтэй ээжүүдэд “цалин” өгсөн нь дээр дээ

Хүүхдийг ээжээс нь салгаж, ээжид нь ажил хийх боломж олгох тухай л манай хууль тогтоогчид бодоод байх юм. Хүүхдийг хэн нэгэнд харуулаад цалинжуулахын оронд 0-3 настай хүүхэдтэй ээжүүдэд цалин өгөөд, хүүхдээ өөрөө харах боломж олговол хэн хэндээ амар юм сан. Нялх хүүхэдтэй ээжүүдэд бага ч гэсэн хэмжээний цалин өгдөг бол нийгмийн нэг хэсэг асуудал шийдэгдэнэ дээ.

Нэгдүгээрт нялх хүүхдийг хамгийн найдвартай гарт байлгана. Ээжүүд талхны мөн­гөө олох гэж хүүхдээ орхиж ажил хийх шаардлагагүй болно. Хүүхэд эцэг, эхийнхээ халамжид эрүүл аюулгүй зөв хүн болж өсвөл Монголын ирээдүйд хийж буй хамгийн том хөрөнгө оруулалт юм. Саяхан Япон нөхөртэй найзтайгаа уулзахад тэнд энэ асуудлыг энгийн аргаар шийддэг тухай хуучлав. Эхнэр нь гэртээ хүүхдээ хараад суудаг бол нөхрийнх нь цалин дээр гэр бүлийн мөнгө гэж өгдөг гэнэ.

Ам бүл нэмэгдэх тусам хүүхдийн мөнгөний хэмжээ өснө. Гэрийн ажилтай эх­нэрийн тэтгэврийн шимт­гэлийг нөхрийн цалин­гаас суутгадаг. Нөхөр тэт­гэвэрт гарахад насаараа гэрийн ажил хийсэн эмэгтэй ч тэтгэвэр авах нөхцөл бүр­дүүлжээ. Японд эхнэрүүд ихэвчлэн цагийн ажил хийдэг байна.

Бүтэн цагаар ажилладаг ээжүүдийн хүүхдийг авдаг цэцэрлэгт эцэг, эхийн сарын орлогоос шалтгаалаад уян хатан төлбөр авдаг. Харин гэртээ суудаг ээжүүдийг харьцангуй боломжтой гэж тооцоод хүүхдийг нь хагас өдөр саатуулдаг цэцэрлэг нь үнэтэй байдаг аж.

Б.ЯНЖМАА

Categories
мэдээ цаг-үе

Ч.Алтанцэцэг: Соёлын өвийг бүртгүүлээд л жаазанд хийгээд орхиж болохгүй

СУИС-ийн дэд захирал, доктор Ч.Алтанцэцэгтэй ярилцлаа. Тэрбээр хувцас судлаач хүн. Ажлын өрөөнд нь зузаан гэгчийн боть ном олж харлаа. Энэ бол түүний “Хүн хувцас орчин системийн хүрээнд дулаан хувцас зохион бүтээх онолын үндэс ба технологи” сэдэвтэй докторын ажил нь юм байна. “Доктор болохын тулд ийм их тоо боддог юм байжээ” хэмээн сонирхоход маань Ч.Алтанцэцэг хувцас судлаачийн ажлын тухай сонирхуулав. Функцлаг хувцас гэж ярьдаг даа. Олон үүрэг зэрэг гүйцэтгэдэг, материал нь амьсгалдаг. Даарч, халууцахад биеийн температурыг нэг түвшинд байлгаж чаддаг түвшинд хүрсэн, мембран бүтэцтэй, сансрын технологид хэрэглэдэг төлөв өөрчилдөг материал НАСА гаргаж авсан юм. Сансарт, цэрэгт хэрэглэж байсан технологиуд ахуйн хэрэглээнд их нэвтэрч байна. Гэхдээ хямд биш. Цэрэгт хэрэглэж байсан технологиудаа спортын хувцсанд хэрэглэж эхэлсэн. Дэлхий даяарчлагдаж байна. Бид бүх хувцсыг үйлдвэрлэхгүй байж болно. Хувцас үйлдвэрлэлийн бүтэн сүлжээ ажиллаж байгаа үед монголчууд бүгдийг оёх гээд чичрэх шаардлагагүй. Урд хөрш материал үйлдвэрлэгч, хойд хөрш том зах зээл байна. Монголчууд ядаж ажлынхаа хувцсыг яг ийм материалтай, стандарттай ийм өнгө будагтай байх ёстой гэсэн шаардлага тавихад тэр хувцсыг хаана л бол хаана хийгээд нийлүүлэх боломжтой болсон. Тэр шаардлагыг л миний энэ ажил гаргаж байгаа ухаантай хэмээн доктор тайлбарласан.

-Цагдаа нарын хувцсыг сонгохдоо хувцас суд­лаач­дын саналыг авсан уу?

-Цагдаа хувцсандаа их анхаардаг. Ээлж дараатай шинэчилсэн. Хувцас хэ­рэглэлийн нэр төрөл хан­галт сайн. Түүндээ их хариуцлагатай ханддаг. Ядаж гутал гэхэд тийм гутал байна гээд шаардлагыг нь гаргаж өгдөг. Нийлүүлсэн гутлыг гэхэд л зүсч шинжлүүлнэ. Хэдэн удаагийн алхалт даах вэ, ус чийг яаж нэвтрүүлэх талаар ч судалдаг. Хятадад захиалаад авчирсан гутал гэхэд л хоёр технологи алгассан тохиолдол ч гарсан. Гаднаас нь хараад энэ бүхнийг тодорхойлох аргагүй л дээ. Цагдаа нар өөрсдөө мэдээж судалгаа хийгээгүй. ШУТИС-ийн Хувцас судлалын төвд материалыг нь шинжлээд гадаад дотоодын хувцас ямар байдаг юм гээд судалсан.

-Сурагчийн дүрэмт хувц­сыг судалж шинжилсэн юм байдаг уу?

-Байгаа шүү дээ. Хувцас судлалын төвийнхөн материалынх нь шинжилгээг хийсэн. Оёдлын үйлдвэрийн холбоо, “Шилмэл загвар”-ынхныг оролцуулсан баахан комисс ажиллаж байгаад загварыг нь гаргасан. Загвар дээр нь Хувцас судлалын төв юу хийсэн гэхээр хэдэн настай хүүхдэд ямар хэмжээтэй хувцас хийх вэ гэдгийг зөвлөсөн. Хүүхдэдээ хавар дүрэмт хувцас худалдаад авчихвал намар таарахаа байчихна шүү дээ. Тийм учраас жаахан тавилт хийж өгдөг, биед эвтэй байх талаас нь дээр нь материал нь ямар байх ёстой хэдэн хувийн ноос, хөвөнтэй байх талаар зөвлөнө. Эцэг эхчүүд худалдаж авч дийлэхээр, эрүүл байх хувцасны стандарт гаргаж өгсөн. Стандарт гаргана гэдэг нэг асуудал. Стандартаа мөрдүүлнэ гэдэг өөр хэрэг.

-Монголчууд уламжлалт хувцасны соёлтой ард түмэн гэдэг?

-Монголчууд өөрийнхөө нөхцөлд тохирсон хувцсыг ухаалгаар хийж байсан.

Ер нь монгол дээл дөрвөл­жин захтай, мөөрөлжин энгэртэй байна уу, лам захтай байна уу гэдэг хамаагүй. Зах гэдэг зүгээр л элемент. Харагдах үзэмжийн асуудал. Гэтэл дээл гэдэг хувцасны нууц нь хийцэндээ л байгаа юм. Өөрөөр хэлбэл урт, дав­хар энгэртэй, сул чөлөөтэй, бүсэлчихдэг хувцас. Сулын хэмжээ гэж байдаг. Дээл бие хоёрын хоорондох сулын хэмжээ нь оновчтой байдаг. Монгол дээл өвөл хавар намар зунгүй адилхан хэлбэртэй юм өмсч харагддаг ч хувцасны сонгодог хэлбэрийг л олоод авсан хэрэг. Гайхамшигтай хувцас, монгол дээл гэдэг. Монгол хувцасны талаар бичигдсэн бүх материалыг уншиж үзсэн. Миний хувьд хувцасны бүтцийн инженерчлэлийн чиглэлээр ажилладаг учраас хүний биед яавал эвтэйхэн гэдэг талаас нь илүү хардаг. Материалын төрөл хийц нь ижил мөртлөө сонгодог хийцийг монголчууд бий болгосон.

-Соёлын үйлдвэрлэлд хувцас загвар том байр суурьтай байх?

-Соёлын бүтээлч үйлд­вэрлэл хөгжөөд олон жил болоогүй ч эрчтэй хөгжиж байгаа салбар. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг улс орон болгонд янз бүрийн чиг хандлагаар хөгжүүлж байна. Хамгийн хүчтэй хөгжиж байгаа газар АНУ, Англи. Англичууд саяхан бүтээлч үйлдвэрлэлийнхээ салбарыг авч үзээд ерөнхийдөө 12 ангилсан байна лээ. Түүний нэг нь хувцас загвартай холбоотой сэдэв. Fashion гэд­гийг манайхан хувцас загвар гэж ойлгоод байдаг. Fashion бүх юманд бий. Жишээлбэл буйдангийн бүтээлэг ч fashion байдаг. Загварын бизнес гэж ойлгох ёстой шиг байгаа юм. Загварлаг гэж манайхан хэлдэг дээ. Дээр дурдсан 12 ангиллаас эрчтэй хүчтэй яваа нь кино урлаг. Тэд “Харри Поттер”-оор гэхэд л маш их мөнгө олж байна шүү дээ. Соёлын үйлдвэрлэлийнх нь ДНБ-д эзлэх хувь 3-4 хувь гээд байгаа. Дэлхийн аялал жуулчлалд соёлын аялал жуулчлал 41 хувьтай байна гэсэн судалгаа байна лээ. Гэхдээ соёлын бүтээлч үйлдвэрлэл гэдгийнхээ учрыг нь ололгүй шууд дайрч орох оновчгүй шиг байгаа юм. Зарим орон бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлээд аялал жуулчлал дэндүү хөгжөөд ирэхээр уламжлалт соёлоо устгаж байна гэсэн хандлага бий. Аялал жуулчлал их хөгжихөд байгаль орчин сүйтгээд байна гэх ч юм уу эсвэл чамин гар хийцний урлалаа дэндүү масст зориулж үйлдвэрлээд уламжлалаа алдаж байна гэх мэт шүүмжлэл явдаг. Хоцорч хөгжихийн давуу тал бидэнд бий. Саяхан болсон Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн чуулганы үеэр Монгол аль чиг хандлагаар яаж хөгжих вэ гэж ярилцаад Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хөтөлбөр хийхээр болсон. ЮНЕСКО-д бүртгэгдсэн баахан соёлын өв байна. Бүртгүүлээд жаазанд хийгээд орхиж болохгүй. Хамгийн түрүүнд судлах хэрэгтэй шүү дээ. Дүрслэх ур­лаг дизайны хэлэлцүүлгийн үеэр Монголыг илэрхийлэх дизайныг бий болгох тухай ярьсан. Тэгэхийн тулд судлах ёстой гэж үзсэн. Эрдэм шинжилгээ, судалгааны ажил чухал. Тухайн соёлын өвөө сайтар судлаад, яг ийм байсан юм гээд ориг эхийг нь авч үлдэх амин чухал. Дараа нь түүнийгээ хөгжүүлээд хувьс­гаад өөрчлөөд явж болно. Соёлтой холбоогүй салбар гэж үгүй. Соёлын статистик гэдэг чухал. “Монголын соёлын статистикийн хүрээг тогтоох нь” гээд ЮНЕСКО-гийн судалгаа хийсэн. Тоо баримтаар яг өнөөдөр ямар байна гэдгийг тогтоох хэрэгтэй юм билээ. Соёлын бүтээлч үйлдвэрлэлээ зургаа ангилаад явж байна. Түүн дотор загварын бизнес, аудио видео урлагийн тоглолт, соёлын өвийн асуудал, аялал жуулчлал, спортын хэсэг хүртэл дагалдах салбарт орж яваа. Монголын бүтээлч үйлд­вэрлэл хөгжүүлэх гарааны үед бид ямар түвшинд байна вэ гэдгээ дүгнэх учиртай.

-Монголчууд юу үйлд­вэрлэх вэ гэхээр заримдаа мухарддаг?

-Монголд юу үйлдвэрлэх вэ гэдгээ тодорхойлохын тулд түүхий эд хаана байгааг бодох ёстой. Гадаадаас түүхий эд оруулж ирээд бусдын тэртэй тэргүй хийгээд байгаа юмыг дуурайгаад нэмэргүй. Монголд байгаа түүхий эд ноос ноолуур, арьс шир л байгаа биз дээ. Монгол гэдэг брэндийг бий болгоё гэж байгаа юм. Бид алхам тутамдаа мон­гол брэндийн хомсдолд орж байдаг. Гадаад явлаа, нэг газар руугаа хоёр гурав явбал хэцүүднэ. Нэг бэлэг дурсгалаа дахин дахин өгөөд байлтай биш. Юмыг цогцоор нь хөгжүүлэх чухал.

-СУИС-ийнхан торгон алчуур гэх мэт бэлэг дурс­галын хөөрхөн юмнууд хийсэн байсан?

-Манайх торгон дээр зураг зурдаг төхөөрөмж оруулж ирсэн. Цөөхөн тоогоор хэв­лэдэг, гар ажиллагаатай, торгон дээр барлаж хийдэг жинхэнэ урлагийн бүтээл. СУИС дотроо бүтээлч үйлд­вэрлэл хөгжүүлье гэж бодоод гарааны компани байгуулах бэлт­гэл ажлаа хийгээд юу хийж болох вэ гээд судалж байна. Бүх юм цоо шинэ болохоор хамгийн анхны эх загварыг СУИС хийх болоод байгаа. Худлаа юм хийж болохгүй. Бүтээлч үйлдвэрлэлийг хөг­жүүлэхэд оюуны өмчийн асуудал маш чухал. Судалгаа хийж дуусаад үйлдвэрлэл эхэлнэ гэж байхгүй зэрэгцээд хийж байх ёстой. Соёлын өвүүдээ судлах, оюуны өмчийн асуудлаа шийдэх ёстой.

-Соёлын аялал жуулчлал хөгжүүлэхэд хангалттай брэнд бүтээгдэхүүн гаргаж болно доо?

-Жишээлбэл Соёлын яам байхдаа нутаг болгон өөрийн брэндтэй байя гэсэн санаачилга гаргасан. Брэнд бүтээгдэхүүнтэй байхын тулд худлаа юм ярьж болохгүй. Судалсан байх ёстой. Соёл урлаг судлалын хүрээлэн гэж байдаг. 40 жил болж байгаа хүрээлэн. Тодорхой хэмжээгээр нэлээд юм хий­сэн 12 хүнтэй хүрээлэн байсан. Сая хүрээлэнгүүдийг нэгтгэх явцдаа СУИС-ийн бүрэлдэхүүнд өгчихсөн. СУИС тэр хүмүүсийг цалин­жуулж авч явах хэрэгтэй болж байна. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж, улсдаа мөнгө олж өгнө гэж мундаг юм яриад байдаг. Суурь үндэс нь судалгаа гээд байгаа. Урьд нь төсөл санал болгоод яам түүнийг нь санхүүжүүлж ирсэн. Бид хоёр төсөл өгсөн. Гэтэл мөнгө төгрөггүй гээд зогссон. Монголчууд хаашаа яваад байна. Солонгосыг дуурайгаад байна уу. Монголын гэр бүлийн орчин дахь соёл юу болсон бэ, үндэсний уламжлалаа хаанаа яаж авч явах юм бэ гээд сэдэв өгсөн. Судалгааны санхүүжилт батлагдаад гарч ирэхдээ 100 гаруй сая төгрөгийн санхүүжилт шаардлагатай байхад зүгээр л 10 сая төгрөг өгсөн. Гурван жилийн хугацаатай, 30 сая төгрөгөөр гэр бүлийн орчин дахь соёлын судалгааг хийх ёстой болж байна. Хийх хэцүү, хийхгүй байх хэцүү болсон. Судалгаа хийж байж соёлын бүтээлч үйлдвэрлэл хөгжинө гэж яриад байдаг. Сан­хүүжилт нь хаана байна вэ. Гадаадын их сургуулиудын санхүүжилтийн 60-70 хувь нь төсөлт ажлаас орж ирдэг юм билээ. Улсын захиалгаар хийж байгаа эрдэм шинжилгээний ажлаас сургууль санхүүжээд явдаг жишиг байна. Багш, оюутнууд нь судалгаа хийдэг, сургалтаа ч хийнэ, эрдэм шинжилгээ, шинэ бүтээлээ ч хийнэ. Улс санхүүжүүлнэ. Манайд тэр систем нь байхгүй.

Нэг үеэ бодвол их сургуульд олон нөөц бололцоог гаргаж өгч байна л даа. Тэгж болох­гүй ингэж болохгүй гэх биш та нар гарааны компани бай­гуулж болно гэдэг. Га­рааны компани байгуулбал тодорхой хэмжээгээр мөнгө олно. Тэр мөнгөөр нь Соёл урлаг судлалын хүрээлэнг магадгүй авч явах байх. Соёлын үйлдвэрлэлийн хувьд жижиг цех жижиг үйлдвэр бий болгохоор нэлээд эр­чимтэй судалсан, тооцоо хийсэн. Бүхэл бүтэн систем бүрдүүлэхгүй бол болохгүй. Хэд хэдэн чиглэл барих, уран дархан, урлагийн график, урлагийн бүтээгдэхүүн, янз бүрийн нэвтрүүлгийн контент ч гэдэг юм уу, тоглолтуудын зохион байгуулалт, менеж­мент хийж мөнгө олж бо­лох юм гэж харж байгаа. Соёлын үйлчилгээ, соёлын бүтээгдэхүүний чиглэл гээд хоёр гарааны компани бий болгохоор төлөвлөж байна.

-Соёлын мэргэжилтнээ яаж бэлтгэж байгаа вэ?

-Соёл судлал аялал жуулч­лал музейн анги манайд бий. Үнэндээ амин чухал мэргэжил. Аймаг болгон брэнд бүтээгдэхүүнтэй бол­но гэхэд л музейд байгаа үзмэрээ соёл судлаач хүн л тэддүгээр зууны ийм үзмэр гэдгийг тодорхойлно шүү дээ. Энэ ийм домог дээр үндэслэсэн, ийм бэлгэдэлтэй гээд гаргаж ирэх ёстой. Ийм мэргэжилтэн хэрэгтэй гэхэд л энэ мэргэжлийн хүмүүс бэлтгэгдээгүй байгаа юм. Сургаж байх явцдаа хээрийн судалгааны экспедицээр явж бай­даг, орон нутгийн музейтэй хамтарч ажиллаж, угсаатан судлалыг зайлшгүй авч явах учиртай. Үүнтэй уялдуулаад сургалтын технологийг нэлээд өөрчлөх шаардлагатай болж байгаа юм. Бид шинэ хөтөлбөр бий болгохоор маш их ажил хийсэн.

Б.ЯНЖМАА

Categories
мэдээ цаг-үе

Р.Бат-Эрдэнэ: Эрэлттэй хөтөлбөрүүдийн төлбөр байгалийн ухааныхаас өндөр байгаа

МУИС-ийн захирал, доктор Р.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-Намар болохоор их сургуулиудын төлбөр анхаарал татаж байна. Сургалтын төлбөр нэмэгдсэн гэх мэдээлэлтэй зэрэгцээд, чанар сайжирсан уу гэсэн асуулт дагаж байна. Танай сургуулийн хувьд байдал ямар байгаа вэ?

-Сургалтын төлбөр сургуулийн үйл ажиллагааг санхүүжүүлдэг гол эх үүсвэр. МУИС-ийн хувьд сургалтын төлбөрөөс гадна бусад орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх санаачилгууд гарч байгаа. Ийм учраас 2016 оны санхүүгийн төлөвлөлтийг хийхдээ МУИС-ийн нийт орлогод сургалтын төлбөрөөс олох орлогын хэмжээ 51 хувь орчим байхаар тооцсон. Одоогоос дөрвөн жилийн өмнө энэ хэмжээ 78 хувь байсан. Энэ нь сургалтын төлбөрөөр дамжиж суралцагчид очих дарамтыг хэт өсгөхгүй байх чиг барьж байгаагийн илэрхийлэл.

-Сургалтын төлбөрөөс бүрэн хамааралтай байдал харьцангуй буурч байгаа гэсэн үг үү?

-Хамаарал буурч байгаа. Гэхдээ нэг хүний төлдөг төлбөрийн хэмжээ буураагүй. Үнэ тарифийн өөрчлөлт, шинээр бий болох үйлчилгээ, шаардлагатай үйл ажиллагааг өргөтгөх хэрэгцээнээс үүдэлтэйгээр зардал өсч байна. Их сургуулийн бүрдүүлж буй орлого үндсэндээ оюутны суралцах үйл ажиллагааг дэмжихэд шууд болон шууд бусаар зарцуулагддаг. Төлбөрийн хэмжээг тогтоохдоо бодит зардлыг бүхлээр нь оюутны нуруун дээр үүрүүлээгүй юм. Гэтэл зардал гаргахгүйгээр чанар аяндаа бий болохгүй. Ер нь сургалтын төлбөр гэдэг сургууль ашиг олж байгаа хэрэг ерөөсөө биш. Гарч байгаа зардлаа үйлчилгээ авч байгаа хүмүүстэй хувцаалцах хэлбэр.

-Энэ жил МУИС оюутнууддаа шинээр юу санал болгож байгаа вэ?

-Орж байгаа орлогын ихэнх нь үйл ажиллагааны санхүүжилтэд явдаг. Сургалтын орчинг сайжруулахтай холбоотой нэлээд хөрөнгө оруулалтыг БСШУЯ, Засгийн газраас хийсэн. Зөвхөн энэ онд гэхэд Засгийн газрын шугамаар тэрбум гаруй төгрөгийн лаборатори, тоног төхөөрөмж энэ сургуульд нийлүүлсэн байна.13 лаборатори шинээр байгуулсан. Гэх мэтчилэн төр үүсгэн байгуулагчийн хувиар их сургуулиудад оруулж байгаа хөрөнгө оруулалт сүүлийн жилүүдэд огцом нэмэгдлээ. Улсын төсвөөс, олон улсын байгууллагын гарал үүсэлтэй зээл тусламжийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт нэмэгдсэн. Ийнхүү шинээр байгуулж буй лабораторийг ажиллуулахын тулд ашиглалтын зардлыг өсгөх шаардлага гарч байна. Нөгөө талаас МУИС хамгийн шилдэг багш нарыг ажиллуулахыг хичээдэг. Энэ хүмүүсийг тогтвор суурьшилтай ажиллуулахын тулд цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлагатай. Хувийн сургуулиуд юм уу гадны хөрөнгө оруулалттай томоохон сургуулиудад багшийн цалин хэд байна? Монгол Германы технологийн сургуулиар жишээ авч болно. Тийм сургалт явуулахын тулд багшид хэдийг төлж байна. Нэг багшид хэдэн оюутан ногдож байна. Түүнтэй харьцуулбал МУИС түүнтэй адилтгах төрийн өмчийн их сургуулиуд маш бага зардлаар ажиллаж байна. Энэ нь шилдэг мэргэжилтнийг татаж ажиллуулах өрсөлдөх чадварыг бууруулж, эргээд чанарт их нөлөөлж байна л даа.

-Тэрбум гаруй төгрөгийн лабораторитой болжээ. Эдгээр нь оюутнуудад яаж үр ашгаа өгөх юм?

-Их сургуулиудад ерээд оноос хойш хөрөнгө оруулалт хийгдээгүй юм шүү дээ. Сүүлийн хоёр, гурван жилд их сургуулиудад хөрөнгө оруулалт хийгдэж байна. Лабораториудын ихэнх нь байгалийн ухааных.Суурь судалгаа хийнэ. Сургалтад ашиглагдана. Энэ лабораториудыг ашиглаад манай багш нараас олон улсын мэргэжлийн сэтгүүлүүдэд хэвлэгдэх бүтээл гарах нөхцөл бүрдэнэ. Хамгийн гол нь энд оюутнууд өөрсдөө ажиллана. Зөвхөн ном хэвлэлээр дамжуулж бус хүүхдүүд өөрсдөө туршаад чадвар суух, мэргэжлээ гүн бат эзэмших салшгүй бүрэлдэхүүн хэсэг нь энэ лабораториуд.

-Суурь судалгаа гэснээс МУИС ямар судалгаа эхлүүлж байгаа вэ?

-Энэ лаборатори дөнгөж суурилагдаад ажиллаж эхэлж байна. Үүн дээр судалгааны янз бүрийн ажлууд хийгдэнэ. Түүнээс гадна лаборатори маань их сургуулиас гадна байгаа эрдэмтэн судлаачдад ч нээлттэй байх юм. Одоогоор МУИС-ийн багш нарын бэлтгэсэн үйлдвэрлэлд нэвтрүүлээд тодорхой ашиг өгч болох 22 судалгааны чиглэл бий. Мянган инженерийн хөтөлбөрийн хүрээнд МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, Хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургуулийн багш нар Японы профессоруудтай хамтран 10 чиглэлээр хамтарсан судалгаа эхлүүлсэн. Энэ хүрээнд бий болсон мэдлэг их сургуулийн сургалтад шингэх юм. Өнөөдөр МУИС судалгааны их сургууль болно гэдэг. Үүний тулд энд хийж байгаа сургалтын шинжлэх ухааны түвшин ч өндөр байх учиртай. Ийм учраас сургуулийн зардал нэмэгдээд байна.Өнөөдөр манай залуучуудын дунд байгалийн ухааны чиглэлээр суралцах сонирхол харьцангуй бага байна. Энэ жил БСШУЯ-наас МУИС-д 3500 оюутан элсүүлэх хяналтын тоо өгсөн. Үүнээс Шинжлэх ухааны сургуулийн байгалийн ухааны салбарт 540 орчим оюутан элсүүлэхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 240 хүүхэд элссэн байна. Энэ өөрөө зардал өндөртэй сургалт байдаг. Энэ чиглэлээр мэргэших сонирхол их биш. Тиймээс зах зээл дээр эрэлт ихтэй байгаа, өрсөлдөөн ихтэй хөтөлбөрүүдийн төлбөрийг өндөр тогтоож,их сургуулийнхаа нийт үйл ажиллагааг дэмждэг нөхөн шилжүүлэлтийн систем бүх сургуульд байдаг. Энэ жишгээр явж байна. Энэ агуулгаараа өрсөлдөөн ихтэй, хүмүүс ихээр сонирхдог Олон улсын харилцаа, хууль, бизнесийн чиглэлийн хөтөлбөрүүдийн төлбөр байгалийн ухааныхаас өндөр байгаа. Энэ бол энэ сургуульд явж байгаа нийт хөтөлбөрүүдээ дэмжих, энэ зардлаас хуваалцаж байгаа хэрэг. Нөгөө талаас бид их сургуулийн хөтөлбөрийг өргөн суурьтай болгосон. Ерөнхий сууриараа нийт оюутанд хүртээмжтэй хичээлүүд явж байгаа. Тэр дундаас нийт оюутнууд сонголт хийнэ. Их сургуулийн шинжлэх ухааны түвшин дээшилнэ гэдэг сурч байгаа нийт оюутанд өгөөжөө өгөх өөрчлөлт.Аль болох хичээл хоорондын уялдаа холбоог сайжруулж, суралцагчид хувьсан өөрчлөгдөж буй эрэлт хэрэгцээг хангах, энэ түвшинд ойртсон боловсрол эзэмшихэд нь туслахад чиглүүлэн зохион байгуулсан хөтөлбөрт шилжиж байна.Хөтөлбөрийн шинэчлэлт хийж байгаа учраас зардал нэлээд өсч байна. Нөгөө талд нь МУИС аль болох технологид суурилсан, сургалтыг өргөтгөх чиг барьж байна. Номын сангаа цахимжуулж байна. Багш нарынхаа хичээлийг цахим хэлбэр рүү шилжүүлж эхэлж байна. Энэ нь оюутан сургууль дээр ирж лекцийн танхим лабораторид сууж хичээллэхээс гадна шаардлагатай бол гэрээсээ, байгаа газраасаа сургуулийн систем рүү нэвтэрч хичээлээ татаж, нөхөж үзэх боломжийг нээх юм. Олон улсын хэмжээнд дэлхийн тэргүүлэх сургуулиуд лекцүүдээ онлайн нээлттэй болгож байна. Үүнд МУИС бэлтгэж байна.

Өмнө нь их сургуульд элссэн, бидэнтэй сургалтын төлбөр, сурах нөхцөлийн талаар гэрээ байгуулсан оюутнуудын төлбөрийн өөрчлөлт 12 хувь байгаа. Сургуулийн Удирдах зөвлөл зургадугаар сард хуралдсан. Манай сургуулийн Удирдах зөвлөлд оюутны төлөөлөл дөрөв байдаг. Дээр нь Монголын оюутны холбооны төлөөлөл байдаг. Ингэхээр үндсэндээ нийт 21 гишүүний маань тав нь шууд оюутны төлөөлөл болдог. Сургалтын төлбөрийн асуудал дээр ялангуяа энэ хүмүүс маань маш идэвхтэй оролцдог. Зургаан сарын эхээр маш нухацтай хэлэлцүүлэг болсон. Ямар ч байсан үргэлжлэн сурч байгаа оюутнуудын төлбөрийг огцом нэмэгдүүлэхгүй, аль болох боломжийн хэмжээгээр хязгаарлая гэж тогтсон.

-Шинэ оюутнуудын хувьд төлбөр хэдэн хувиар нэмэгдсэн бэ?

-Өмнөх жилтэй харьцуулбал нэлээд өссөн. Уг нь тэрнээс ч илүү өсөх байр суурь үндэслэлийг Удирдах зөвлөлийн гишүүд олон талаас нь хэлэлцсэн. Үнэхээр Монгол Улсын шилдэг их сургууль болох гэж байгаа бол үйл ажиллагаагаа бүрэн хэмжээгээр санхүүжүүл. Хойш нь битгий тавь. Хувийн сургууль, цэцэрлэгээс бага төлбөртэй МУИС гэж байх нь хэр зохимжтой юм бэ. Хамгийн сайн хүмүүсийг энд ажиллах сайхан нөхцөл бүрдүүл гэж шаардлага тавьсан. Удаан хэлэлцсэн. Энэ бүхний дүнд өнгөрсөн жилээс нэлээд нэмэгдсэн. Өнгөрсөн жил нэг багц цагийн төлбөрийн хэмжээ 57 мянган төгрөг байсан. Энэ жил 74 мянга болсон. Хамгийн өндөр өсөлт түрүүний нэрлэсэн өрсөлдөөн ихтэй сургуулиуд дээр байгаа. Бизнесийн сургууль дээр гэхэд нэг багц цагийн төлбөр 96 мянга, Олон улсын харилцааны сургууль дээр 91 мянга болсон.

-Гадны өндөр төлбөртэй нэр хүндтэй сургуулиудын хувьд мөнгөтэй суралцахыг хүссэн хүмүүсээс өндөр төлбөр аваад үнэхээр толгой сайтай ч төлбөрийн чадваргүй оюутнуудаа тэтгэлгээр сургах арга зам байдаг юм билээ?

-Өнгөрсөн жил их сургууль 200 гаруй сая төгрөгөөр дотоодын тэтгэлгийн сан бүрдүүлсэн. Гэхдээ бид нэгнийх нь төлбөрөөр нөгөөг нь тэтгэнэ гэхээсээ гадны эх үүсвэр бүрдүүлэхийг чухалчилж байгаа. Ялангуяа МУИС төгсөгчдөөс сургуулиа дэмжих, тэтгэлгийн сан бүрдүүлж эхэлж байна. Тухайлбал 1997 онд МУИС төгссөн хэсэг залуус өнгөрсөн хавар 53 сая төгрөгтэй их сургуулийн оюутан, багш нарт зориулсан Сургууль хөгжүүлэх сан байгуулсан. Үүнийг бусад төгсөгчид дэмжиж байгаа юм билээ. МУИС-д зориулсан гадны эх үүсвэртэй сангууд нэлээд байдаг. Япон, Солонгосын эрдэм шинжилгээ, судалгааны ажил, оюутны авьяас чадварыг дэмжсэн тэтгэлгүүд бий. МУИС-ийн оюутанд зориулсан стипенд гэж бий.

-Судалгаанд суурилсан их сургууль байна гэцгээдэг. Төрөөс судалгаа захиалж санхүүжүүлдэг үү эсвэл энэ зөвхөн лоозон юм уу?

– Монгол Японы хамтарсан мянган инженерийн хөтөлбөрийн хүрээнд Японы эрдэмтэдтэй хамтарсан арван чиглэлийн судалгааны ажил санхүүжих юм. Энэ нэлээд том дэмжлэг болно. Судалгааны чиглэлийг манай багш нар санал болгосон. Монгол Улсын байгаль, түүхэнд түшиглэсэн судалгааны ажлууд байна. Зах зээлд ашиг олж болох бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи боловсруулах чиглэлээр ажиллаж байна. Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр судалж байна. Сүү цагаан идээний найрлага, эмчилгээний чанарыг тодорхойлох үүндээ үндэслээд Монголд төдийгүй бүс нутаг олон улсын зах зээлд борлогдох шинэ бүтээгдэхүүний технологийн шийдлүүд ч явж байна. Нефть, сансрын судалгааны төслүүд ч бий. Байгаль орчны бохирдолтой холбоотой судалгаануудыг Шинжлэх ухаан технологийн сангаас ч, БОНХЯ-наас ч захиалж хийлгэж байгаа. Төрийн байгууллагуудын захиалгаар ч хийж байгаа ажлууд байна. Сүүлийн үед аж ахуйн нэгжүүдийн захиалга орж ирж байгаа. Оюу толгойнхонтой ойрын үед уулзах байх. Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль гэж харьцангуй шинэ сургууль бий. Үүнийг Монгол Улсын гадаад бодлого, дотоод төрийн бодлогын үндсийг судалж дүн шинжилгээ хийдэг, төр засгаас явуулж байгаа бодлогуудад анализ дүгнэлт хийж, олон нийтэд танилцуулдаг, бодлого боловсруулагчдад бодлогын зөвлөмж өгөх чадавхитай сургууль болгож хөгжүүлэх юм.

-Сургалтын хөтөлбөрийн шинэчлэлт хийгдэж байна. Шинэчлэл МУИС-иас эхэлсэн болохоор ч тэр үү эсэргүүцэл шүүмжлэл их байдаг. Эсвэл шинэчлэл хийхдээ багш оюутнуудаа төдийлөн сонссонгүй юу. Хэтэрхий гадныхныг хуулбарлах замаар явсан юм болов уу гээд асуулт их байна?

-Шинэчлэл судалгаанд үндэслэсэн. Их сургууль өөрөө 2012-2013 онуудад томоохон судалгаа хийсэн байдаг. Үүндээ их сургуулийн багш нарыг оролцуулсан.Энэ судалгаанд суурилсан юм. Хамгийн гол нь Монгол Улсын хөгжлийн нүүр царай болсон тэргүүлэх сургууль олон улсын хэмжээнд байр сууриа эзлэхийн тулд тогтсон жишиг стандартаас дутахгүйгээр өөрийгөө хөгжүүлэх ёстой. Тэнд байгаа ерөнхий соёл энэ их сургуульд суух ёстой. Тэгж байж энд яваа процесс үр дүн олон улсын хэмжээний хамтын нийгэмлэгт ойлгомжтой, байж хүлээн зөвшөөрүүлнэ. Энэ чиглэл рүү явж байгаа. Энэ нь өөрөө зайлшгүй хийх ёстой хөгжлийн сонголт байсан.Сургуулийн хэмжээнд маш олон хэлэлцүүлэг явсан юм билээ. Энэ шинэчлэлийг хийх шийдвэрийг Удирдах зөвлөл гаргасан. Удирдах зөвлөл гэдэг МУИС-ийн парламент. Тэгэхээр энэ бол тухайн үед сургуулийг удирдаж байсан нэг хоёр хүн дур зоргоороо дангаараа гаргасан шийдвэр гэж яагаад ч хэлж болохгүй.

-Өмнөх захирлын үед ч их эсэргүүцэл шүүмжлэл өрнөсөн. Дээд боловсролын шинэчлэлийн асуудлаар маш удаан ажиллаж байгаа хүнийг МУИС-ийн захирлаар тавихыг бодоход энэ сургуулийн шинэчлэл амин чухал байсан юм болов уу?

-МУИС-д явж байгаа процесст олон хүн ач холбогдол өгч байгаа. Л.Гантөмөр сайд, яамныхан, сургуулийн гадна байгаа хүмүүс ч сургуулийн хувь заяаг сонирхож, санаа зовж байгаа шүү дээ.Энэ ажилд томилогдсоны дараа олон хүн уулзаад их сургуулийн хөгжилд ямар тус дэмжлэг хэрэгтэй байна. Их сургууль үүргээ гүйцэтгэх ёстой, хөгжих ёстой гэдгийг мэдрүүлж байсан. Тэр хүмүүсийн дэмжлэгийг татаж авчирч үйл ажиллагааны зардлын бүтцийг өөрчлөх гээд байна. Гадны дэмжлэгийг бодитой оруулж ирж энэ сургуулийн хөгжилд ашиглах нь их сургуулийг удирдаж байгаа хүний үүрэг. Миний хувьд дээд боловсрол их сургуулийн шинэчлэлийн ажилд ямар нэг байдлаар оролцож ирлээ. Л.Гантөмөр сайд ажлаа авсны дараа Дээд боловсролын бодлогын зөвлөл гэж байгуулсан. Тэнд ажиллаж байсан учраас энэ сургуульд өрнөсөн үйл явцын талаар баримжаатай, мэдээлэлтэй явсан. Шинэчлэлийн бодлогыг тасалдуулахгүй авч явах үүрэг өгч энэ ажилд томилсон.

-12 жилийн сургалтад шилжсэний дараа элсэгчдийн тоо буурсан нь их дээд сургуулиудын санхүүжилтэд сөргөөр нөлөөлж байна гэсэн яриа явж байна. Энэ танай сургуульд мэдрэгдсэн үү?

-Тиймэрхүү нөлөө бий. Гэхдээ энэ нөлөө нэг жилийн л асуудал. Ирэх жилээс дахиад төгсөгчдийн тоо нэмэгдэнэ. МУИС-ийн хувьд цаашдаа тэлэлтээ зогсоож байгаа. Аль болохоор шигшмэл хүүхдүүдийг сургана. Тийм учраас суралцагчдын тоо одоогийнхоос буурна.Оюутны тоогоор өөрийгөө авч явдаг сургууль биш, хамгийн авьяастай хүүхдүүдийг шигшиж авдаг сургууль болно. Өнгөрсөн жилийнхээс суралцагчдын тоог бууруулна гэж төлөвлөж байна. Яг элсэлт явахад зарим салбарт бидний бууруулсан тооноос ч цөөн оюутан элсч байна. Жишээлбэл байгалийн ухааны чиглэлээр гэхэд бидний төлөвлөснөөс ч цөөн хүүхэд элссэн учраас нөхөн элсэлт зарлаж байгаа.

Б.Янжмаа

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Сайхан зүйлийн талаар бодох нь бясалгал болдог

Дээрхийн гэгээн XIV далай лам “Амар тайван амьдрахуйн зурлага” номынхоо өмнөтгөлд бясалгалын тухай онцолжээ. “Хүмүүний хувьд бид бүгд зовлонгоос салж, жаргалд хүрэхийг хүсдэг. Харин жаргалд хүрэхийн тулд сэтгэл оюунаа ариусгах нь нэн чухал гэдгийг би амьдралынхаа туршлагаас олж мэдсэн. Миний шүтдэг Бурханы шашны ёсонд сэтгэл оюунаа ариусгах хамгийн үр дүнтэй арга зам нь бясалгал хийх явдал хэмээн сургадаг. Бясалгал хэмээх нь завилан сууж сэтгэл санаагаа чөлөөлнө гэсэн утгатай боловч, бас сайн сайхан зүйлийн талаар бодож сэтгэнэ гэсэн утга агуулдаг” хэмээн Дээрхийн гэгээнтэн өгүүлжээ.

Бид бүхэн хорвоод мэндэлсэн цаг мөчөөсөө эцэг эхийн энэрэл хайр, нинжин сэтгэл анхаарал халамжаар өсч бойждог хийгээд хожим нь амьдралд нухлагдаж, өвчин эмгэгт нэрвэгдэх, насан өтлөх цагт дахин бусдын гар харах болсноо ухаардаг. Хүмүүн бид энэ насныхаа эхэн адагт бусдын хайр энэрэл халамжаар өлгийдүүлдэг мөртлөө хүчин чадал төгс ид дунд насандаа бусдад яагаад анхаарал халамж тавьдаггүй юм бэ хэмээн Далай ламтан айлдсан нь нэгийг бодогдуулна. Бид маш тэвчээртэй байснаар ерийн үед бэрх санагдаж байсан зүйл тийм ч бэрх бус болдог. Тэвчээр үгүй бол маш хялбар зүйл ч давахын аргагүй бэрх болно. Олон зүйл бидний хандлагаас хамаарна гэсэн Далай ламын зөвлөгөөг санахад илүүдэхгүй буй за.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Батсуурь: Өршөөлийн хууль ямар ч эерэг үр дүн авчрахгүй

Х.Батсуурь эдийн засагч, инженер мэргэжилтэй. Английн Лондонгийн Эдийн засгийн их сургууль, болон АНУ-ын Вашингтоны их сургуульд боловсрол эзэмшсэн. АНУ-д байрлах Дэлхийн аюулгүй байдлын хүрээлэн, Дэлхийн банк, MCG капитал хөрөнгө оруулалт, Тетра Тек инженер технологийн корпораци зэрэг байгууллагад мэргэжлээрээ ажиллаж байсан судлаач юм. Түүнтэй Өршөөлийн тухай хууль, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль, улс орны өрийн асуудлаар ярилцлаа.

-Өршөөлийн тухай хууль, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль гаргах нь үнэхээр зарим улстөрчдийн тайлбарлаж байгаа шиг эдийн засаг тэлэх боломж авчрах уу?

-Тэгэхээр 2007 оны 12 сарын 28-нд Татварын хуулиудад өөрчлөлт оруулах тухай хууль баталсан санагдаж байна. 2008 оны хоёрдугаар сард Татварын өршөөлийн тухай хууль баталсан. Энэ хоёр хууль хоорондоо холбоотой. Тодорхой хувь хүмүүс, аж ахуйн нэгжүүдэд татварын өршөөл үзүүлэх зорилготой хууль байсан. Үүнээс хойш долоон жилийн дараа бид бас дээрхтэй ижил төстэй хоёр хуулийг оруулж ирээд хэлэлцэж байна. Судлаач, эдийн засагчийн үүднээс харвал Өршөөлийн хууль ямар ч эерэг үр дүн авчрахгүй. Гадаад улс орнуудын туршлагыг нэгдүгээрт би авч үзлээ. Хоёрдугаарт манай улсад долоон жилийн өмнө энэ төрлийн хуулиуд хэрэгжсэн байдлыг судаллаа. 2007-2008 онд батлагдсан яг тэр хууль үндсэндээ бага зэрэг өөрчлөгдөөд хэлэлцэгдэж байна. 2008 оны Татварын өршөөлийн хуулийн талаар гаргасан албан ёсны дүн шинжилгээ, судалгаа баримтууд байдаггүй юм байна. Зөвхөн хоёр гурван тоо явдаг. Тэр тоог аваад үзэхээр бодит байдалд нийцэхгүй байна. Энэ талаар хамгийн их ярьж байгаа хүн Урбанекийн гэгддэг Б.Лхагжав. Тэр хүний ярьж байгаагаар тухайн үед олон хүн нуусан дарсан хөрөнгөө ил болгосноос эдийн засагт 4,5 тэрбум долларын хөрөнгө бий болсон гэж ярьдаг. Хамрагдсан хүрээ нь бага, цөөн тооны компани хамрагдсан гэж гомдол мэдүүлдэг. Хэрвээ үнэхээр 4,5 тэрбум долларын хөрөнгө ил гарсан бол эдийн засаг тэр хэмжээгээр тэлэх байсан. Яагаад гэвэл энэ мөнгө тухайн үеийн ДНБ-тэй тэнцэх хэмжээтэй. Татварын орлого бууралттай гарсан. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хууль батлагдсанаас хойш бүтэн жилийн дараа харин ч дордсон. Үүнийг тоогоор хэлье. 48163 мянган аж ахуйн нэгж 2008 онд бүртгэгдсэн. Дараа жилд 52175 болж өссөн. Өмнөх жилээс 8,5 хувиар өссөн байна. Гэтэл хууль хэрэгжсэний дараа шинээр олон компани бүртгүүлсэн гэдэг нь худлаа болж таарч байна. Яагаад гэвэл сүүлийн 15 жилийн дунджаар том татвар төлөгч компаниудын тоо дунджаар 15 хувиар өсч байсан. Харин Өршөөлийн хууль гарсны дараа татвар төлөгчдийн тоо дөнгөж 8,5 хувиар өссөн байх юм. Үнэхээр тэр олон компани ил гараад шинээр бүртгүүлсэн бол энэ тоо бас хэмжээндээ байдаггүй юм аа гэхэд өсөх учиртай. Сонирхолтой нь 2007 онд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 253 тэрбум төгрөг байжээ. 2008 оны эцсийн дүнг авч үзвэл аж ахуйн орлогын албан татвар 205 тэрбум болж буурсан байна.

-Тэгвэл өмнөх Татварын өршөөлийн хуулийн үр шимийг хэн хүртсэн юм бэ?

-Цөөн тооны хэдхэн компани хүртсэн гээд байгаа юм. Дахиад долоон жилийн дараа бусад нь татварын өршөөлийн үр ашгийг хүртэх ёстой гэнэ. Юуны өмнө 2008 онд хэрэгжсэн Татварын өршөөлийн хуулинд хамрагдсан компаниудыг, өршөөл хүртсэн мөнгөн дүнтэй нь ил болгох ёстой. Татварын өршөөлийн хуулийг зөв гэж үзэхгүй байгаа. Яагаад гэвэл ямар ч улсын практикт долоон жилийн давтамжтайгаар Татварын өршөөл үзүүлдэг туршлага байхгүй. Энэ уг үндсээрээ буруу. Үнэхээр энэ хуулийг хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа бол өмнө нь татварын өршөөлд хамрагдсан компаниуд дахин өршөөгдөх ёсгүй. Татварын өршөөлийн хуульд хувь хүн, компани нэг л удаа хамрагдахад хангалттай. Компани дунджаар 40-50 жил амьдардаг. Тэгвэл 50 жилд нэг л удаа өршөөл үзэх ёстой. Нэг компани долоон жилийн давтамжтайгаар өршөөлд хамрагдаад явчихвал сөрөг үр дагавар ихтэй. Хамгийн гол нь татвараа шударгаар төлж ирсэн компаниудад хохиролтой. Хоёрдугаарт ёс суртахууны сөрөг нөлөөг бий болгодог. Бусад компаниуд татвар төлөхгүй байхыг эрмэлздэг. Магадгүй тодорхой тооны компаниуд татварын өршөөл эдлээд байх юм бол монополь үүсгэнэ.

-Өршөөлийн хууль өмнөхөөс зарчмын ялгаагүй гэж та хэлэх гээд байна уу?

-Зарчмын ялгаа байхгүй. Харин ч нууц эвгүй заалтууд орсон байна. Тухайлбал Өршөөлийн хуулийн төслийн гурвын нэгт, Эрүүгийн хуулийн 158, 159, 161,166, 168 дугаар зүйл, 175 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг өршөөнө. Захиргааны хариуцлагын тухай хуулийн 43 дугаар зүйлд заасан этгээдүүд энд хамаарна гэсэн. Эрүүгийн хуулийн 158 дугаар зүйл анги гэхээр үнэт цаасны хууль тогтоомж зөрчих тухай хууль гэж байна. Даатгалын асар их гэмт хэрэг гарсан. Оршин суугчид хэлэлгүйгээр Орон сууцны конторуудаар дамжуулаад мөнгө авдаг хэрэг, Өршөөлийн хуульд хамрагдахаар хуулийн төсөлд тусгасан байна. Энэ бол хамгийн наад захын хэрэг. Татвар төлөхөөс зайлсхийсэн гэх мэтээр эдийн засгийн том хэргүүдийг өршөөх нь. Үнэт зүйлсийг хулгай хийгээд хилээр гаргасан гэх мэтээр гэмт хэргийг өөгшүүлсэн цогц бодлого хэрэгжих нь. Дээрээс нь аудитийн хууль дүрэм зөрчсөн бол, чи 10 сая төгрөгийн ашигтай ажиллаад ашиггүй ажилласан гэвэл ямар ч асуудалгүй өршөөгдөөд явж байна. Өршөөлийн хуульд байгаа хамгийн ноцтой асуудал татварын акт тавигдсан нь төлөгдөхгүй байхаар болж байна.

-Бусад орны хувьд юуг нь өршөөдөг жишиг байдаг вэ?

-Татварын өршөөл үзүүлэхдээ хэзээ ч татварын актыг өршөөдөггүй. Хөрөнгөө ил болголоо, одоо байгаа татвараа төлөх эдийн засгийн боломжгүй байсан бол мөнгөн торгууль, эрүүгийн хариуцлагаас өршөөж болно. Тавигдсан татвараас өршөөнө гэдэг хуулиа үгүйсгэж байгаа хэрэг. Манайд болохоор Өршөөлийн хуулиараа хэрэгжих ёстой хуулиа үгүйсгээд хуулиа завхруулж байна. Хоёрдугаарт энэ заалтууд орсноор авлигаар хулгайгаар олсон мөнгө хөрөнгүүдийг тэр чигээр нь хуульчлаад гэмт хэргээс нь өршөөж байна. Ямар ч гадны улс оронд ийм юм байхгүй.

-Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд шүүмжлэлтэй хандахаар юу байна?

-Ил тод байдлын хуулийн зургаагийн 4-т энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон журмыг Засгийн газар батлана гэж заасан байна. Энэ хуулийн төслийн өмнөх хувилбар хоёрдугаар сард хэлэлцэгдсэн. Үүн дээр хуулийн дагуу өршөөлд хамрагдсан, нууцлахаар заасан мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хэвлэн нийтлэхийг хориглоно гэж заасан байсан. Хэрэв энэ талаар илүү дутуу юм бичих юм бол хувь хүнийг таван сая, хуулийн этгээдийг 50 сая төгрөгөөр торгохоор заасан. Тэгээд 2009 оны нэг сарын нэгнээс 2014 оны нэг сарын нэгний өдрийг хүртэл тайлан бланс хөрөнгө орлогын мэдүүлэг төрийн архивт үлдэх ёстой албан бичгүүдийг устгахаар тусгасан. Энэ хэсгээ шинэчилсэн хувилбартаа аваад хаясан. Шинэ хувилбартаа энэ хэсгээ яаж далд хэлбэрээр оруулсан гэхээр 6-гийн 4-т зааснаараа энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон журмыг Засгийн газар батлана гэсэн. Засгийн газрын журмыг хууль батлагдсан хойно өөрчилж чадахгүй шүү дээ. Засгийн газар архивт байгаа авлига, татвар, гэмт хэрэгтэй холбоотой материалуудыг устгах нь байна.

-Хуулийн төсөлд судлаачид олон нийтийн саналыг авсан юм болов уу?

-Үгүй тийм юм байхгүй. Ажлын хэсэг нь олон нийтэд нээлттэй зарлах, дуудах асуудал байхгүй. Одоо ч УИХ хаалттай хэлэлцэж байгаа.

-Өрийн асуудлыг та бас судалсан гэсэн. Эдийн засгийг тэлэхийн тулд ахиад зээл авах хэрэгтэй гэсэн санал бодол байдаг. Нөгөө хэсэг нь болохоор улс орон өрийн дарамтад орлоо гэдэг. Үнэхээр улс орон дампуурах эрсдэл бий юу?

-Дампуурах магадлал бий. Үндсэндээ Монгол Улс 20,9 тэрбум долларын гадаад өртэй. Энэ бол ДНБ-ний 175 орчим хувьтай тэнцэж байгаа. Энэ бол асар их тоо.

-Гадаад өрийн таазыг ДНБ-ний 60 хувьд барихаар тогтлоо гээд байсан биш билүү?

-Улсын нийт гадаад өрийн тухай ярьж байна. Энэ хувийн компаниудын өр болон Засгийн газрын өрийг оролцуулсан тоо. 60 хувийн босго гэдэг бол Засгийн газрын гадаад өр. Бид өрийн босго гэж ярихаараа дандаа Засгийн газрын гадаад өрийг яриад байгаа юм. Гэтэл эдийн засаг 80 хувь хувийн хэвшлээс хамааралтай гэдэг. 16 тэрбум долларт хүрээд байгаа хувийн хэвшлийн гадаад өрийг ярихгүй байгаа. Энэ бол эдийн засагт асар их дарамт учруулах өр.

-Хувийн хэвшлийнхэн эргээд ашгаа олохоор төслүүдэд зээлээ зарцуулсан байлгүй дээ?

-Тэгдэггүй л байхгүй юу. Хүмүүс ингэж боддог. Гэтэл Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болонгуутаа УИХ-д хэлсэн үгэндээ “2008-2009 оны санхүүгийн хямралын үед бусад орнуудад үр дүнтэй хэрэглэсэн “Bail Out”-ын аргыг одоо бид хэрэглэх цаг болсон. Компаниуд банкнаас нэмж зээл авах, барьцаалах хөрөнгө үндсэндээ байхгүй болж, бие биендээ авлага, өглөгийн асар том сүлжээг үүсгээд байна” гэж онцолсон шүү дээ. Bail out гэдэг маань Засгийн газрын барьцаагаар өөрөөр хэлбэл татвар төлөгчдийн мөнгөөр компаниудаа аврана гэсэн үг. Тэгэхээр бодит байдалд эдийн засгийн дүн шинжилгээ хийж үзвэл манай Засгийн газар хэм хэмжээнээсээ хэтэрсэн өртэй, хувийн корпорациуд ч хэмжээнээсээ хэтэрсэн өртэй болсон. Эдийн засгийн бодит чадавхи байхгүй учраас Засгийн газартаа хандаад bail out хий гэж байгаа юм. Энэ нь Засгийн газар тэдэнд авралын мөнгө өгөх ёстой, авралын зээл олгох ёстой гэсэн үг. Гэтэл манай улсын гадаад өр 21 тэрбумаас ч давсан байх магадлалтай. Төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор нэмж зээл авсан. Доллар 1995 хүрч байна. Эдийн засаг улам хүндрээд байдаг. Тэгсэн мөртлөө нэмж зээл аваад байдаг.

-Ноцтой сонсогдож байна шүү?

-Энэ датанууд ил байгаа. Энд ямар ч хүн анализ хийх боломжтой. Энд би ямар ч нууц дата ашиглаагүй. Олон нийтэд хүртээлтэй байгаа мэдээллүүдэд үндэслэсэн дүгнэлт. Монгол банкны сайт руу ороод үз. Саяын тоонууд гараад ирнэ. Хамгийн гол нь олон улсын стандартыг мэдэж байх ёстой.

-Улс орон хэзээ дампуурах магадлалтай гэж та үзэж байна?

-2017 онд дампуурлаа зарлах магадлал маш өндөр. Яагаад гэхээр зээлээр нөхөөд амьдарч байна. Нэмж зээл авах магадлал ч гарч ирж байгаа. Гуйланчлалаар амьдраад 2017 оноос эхлээд бидний авсан гадаад зээлүүд төлөгдөж эхлэнэ. 2008-2009 онуудад авсан хувийн корпорациудын зээлийн хугацаа нь 2017-2021 онд дуусч байгаа. “Чингис бонд”, “Самурай бонд”, Хөгжлийн банкны бондуудын зээл бас яг 2012 онд авсан. Ерөөсөө 2017 оноос хойш сэхэл байхгүй цохилтод орох гээд байна.

-Тэрнээс өмнө ашиг өгөх төслүүд байгаа байлгүй дээ. “Таван толгой”, “Оюу толгой” гээд яриад байгаа?

-Тийм эдийн засгийн бодит нөөц бололцоо байхгүй. Эдийн засгийнхаа явцыг хар л даа. Систем нь буруу. Одоо ч “Оюу толгой”-н ил уурхай ашигтай ажиллаж байгаа. Гадныхны мэдэлд ихэнх хувь нь байдаг учраас бүдүүлгээр хэлэхэд орлогыг нь нуугаад, ашгийг нь гаргахгүй өөрсдийнхөө бусад салбар руу оруулж байгаа. Африкт эсэргүүцэл гараад төслүүд нь алдагдалтай байгаа учраас манай энэ төслөөр барьцаалж, мөнгө босгоод, тэр мөнгө нь цаашаагаа яваад, манай төсөл рүү орохгүй байна. “Оюу толгой”-г бид одоогийн байдлаар эдийн засгийн хамгийн өгөөжтэй хэлбэрээр ашиглаж чадахгүй, алдагдалд орчихсон. “Оюу толгой” дээр Монгол Улсад хамгийн багадаа нэг тэрбум долларын өр үүсчихээд байгаа. “Оюу толгой”-г зуун хувь хяналтандаа авч чадах юм бол эдийн засаг сэргэнэ. Гэхдээ гадаад, дотоодын хулгайч нар хамтарч ажиллаж байгаа. Улс орон тэдэнд хамаа байхгүй. “Таван толгой”-д жаахан хөрөнгө оруулалт хэрэгтэй. Шударга, эх оронч сэтгэлгээтэй хүмүүс хөрөнгө босгоод явж болно. Тэгүүлэхгүйгээр хувийн корпорациуд булаацалдаад алалцаад байгаа юм. Таван толгой ил уурхай. Тэнд асар их хөрөнгө оруулалт хэрэггүй. Хятадууд нүүрс худалдаж авахгүй, эсвэл нүүрсний үнийг зориудаар унагах дарамтууд л бий. “Таван толгой”-г үнэгүйдүүлэх цогц бодлогын нэг хэсэг нь нүүрсийг үнэгүйдүүлэх байсан.

-Тэгээд бид яах ёстой вэ?

-2017 он тулаад ирэхээр өрийг өрөөр, зээлийг зээлээр төлнө. Нэмэлт зээл аваад авсан зээл нь хуучин зээлээ дарахад явна. Энэ бол ганцхан Монголд болж байгаа асуудал биш шүү. Хоцронгуй хөгжилтэй улс орнуудад түгээмэл байдаг зүйл. Ялангуяа уул уурхайн баялаг ихтэй улс орнуудад хэрэгжээд ирсэн асуудал. Урт хугацааны түрээс нэрийн дор магадгүй газар нутаг зарагдана. Том том ордууд тэр чигээрээ гадны мэдэлд очно. Тэгж өрөө дарж болно. Эдийн засгийн бололцоо бол байхгүй. Одоогийн энэ мэргэжлийн бус хандлагаар явбал бид 2017 оноос наана ч дампуурч болно. Мэргэжлийн хүмүүс дорвитойхон бодлогын өөрчлөлт хийвэл 2017 оны цохилтыг зөөлрүүлж магадгүй.

Б.Янжмаа

Categories
мэдээ цаг-үе

Академич Ш.Бира: Одоогийн даяарчлал гээд байгаа тэнгэрчлэх үзлийн үндсийг монголчууд бий болгосон

Монгол Улсын Хөдөл­мөрийн баатар, Төрийн шагналт, академич Ш.Биратай Хубилай хаан болон тэнгэр үзлийн тухай ярилцлаа. Түүний тэнгэр үзлийн тухай санааг монголчуудаас илүү гадныхан их сонирхсон гэнэ. Итали, Англи зэрэг олон оронд түүний тэнгэр үзлийн талаарх өгүүлэл хэвлэгдсэн байна лээ. Их эрдэмтэн өдгөө нас сүүдэр 88 зооглож буй. “Настай болохоороо өөрийн бичиж судалж байсан зүйлсээ уншиж, өөртэйгөө танилцаж байдаг” гэж тэр хуучилсан.

-Хубилай хааны 800 жилийн ой ирэх есдүгээр сард болох гэж байна. Хубилай хаан бол Чингис хааны отгон хүү Тулуйн хоёрдугаар хүү. Түүний ээж Сорхагтан хатан эрдэм чадалтай байсан болохоор хөвгүүд нь чадалтай хаад болон өссөн болов уу?

-Сорхагтан хатан Эши буюу ижий хатан гэж алдаршсан. Хэрэйдийн Тоорил ханы дүү Жаха Хамбугийн охин. Христийн шашинд ороод Сорхагтани гэдэг нэр авчихгүй юу. Хөвгүүд нь Мөнх хаан, Хубилай хаан , ил хаан Хүлэгү нар нь алдартай. Ариг бөх нь Хубилайтайгаа эрх мэдэл булаацалдаж дайн байлдаан хийж байгаад нас барсан. Ижий нь хаан хөвгүүдээ гэрийн сургуулиар айхавтар сайн хүмүүжүүлжээ. Ижийгийн нөлөө их байсан гэдэг. Хаан болоход нь ч Эши хатны нөлөө их байжээ.

-Хубилай хаан тэр их улсыг дагуулахад тэнгэр үзэл тусалсан гэж та хэлэх үү?

-Тийм. Тэнгэр үзэл бол Хубилай хаанаас өмнө үүссэн. Нүүдэлчид бүгд тэнгэрийг шүтдэг байжээ. Тэнгэр бол маш өргөн уудам хязгааргүй. Бүх газар нутгийг бүрхдэг. Монголын их хаад тэнгэрийн доорх бүхнийг нэгтгэх их том гадаад бодлого явуулж байсан.

Тэр үзэл онолын үүднээс тэр их байлдан дагууллыг Чингис болон түүний удмынхан хийсэн хэрэг. XIII-XIV зуунд үзэгдсэн монголчуудын ер бусын гэнэтийн их өрнөлт бол хэрэг дээрээ тэнгэрийг тахих шүтлэгтэй нь шууд холбоотой байсан гэж хэлж болно. Тэнгэр шүтлэг хөгжсөөр бүхэл бүтэн улс төрийн үзэл бий болсон хэрэг. Тэнгэр үзэл Чингис хаан 1206 онд Их Монгол Улсыг үүсгэн байгуулсан үеэс дэлгэрч хөгжсөн. Энэ үед тэнгэр үзэл нь Евразийн нүүдэлчдийн их эзэнт гүрний засаг төрийг ёсчлон дээдлэх Монголын зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэж байжээ. Чингис хааны дараах залгамжлагч хаадын үед ч тэнгэр үзэл ноёрхож байлаа. Тэнгэрийн дор бүхнийг монголчуудын эрх мэдэлд нэгтгэх ёстой хэмээх ертөнц дахины шинж чанартай тун нарийн чанд үзэл суртал болж хувирсан юм. Хубилай хаан болоод Юань гүрнийг үндэслэсэн. Юань гэдэг нь язгуур улс гэсэн утгатай. Язгуур гэдэг нь ч учиртай байх. Монгол язгуурын улс гэсэн үг. Тэр Хятадыг дайлан дагуулж, улмаар Монголын даяар ертөнцийн эзэнт улсыг төвхнүүлэн байгуулсан. Хубилай хаан бол байлдан дагуулахаас илүүтэй ертөнцийн эзэнт гүрнээ номхотгон төвшитгөхийг эрхэмлэж байсан юм.

-Монголын эзэнт гүрний их хаадыг тэнгэр ивээж байсан гэж та үзэж байна уу?

-Яг тийм. Бөө мөргөлийн дуудлагад “Хүмүн, тэнгэр, газар гурвын хүч сүлд буян хишгийг хүрэн ирүүлж бидэн дор хүслээр өгөн соёрх” гэдэг. Энэ бол нүүдэлчдийн үндэслэсэн айхавтар гүн ухаан. Үндсэндээ эцэг тэнгэр, эх газарт л мөргөдөг. Дунд нь хүү нь байдаг. Энэ гурав хүйн холбоотой.

-Бага хаадын үед тэнгэр биднийг орхисон гэсэн үг үү?

-Тэнэг юмнууд хоорондоо байлдаад тэнгэр үзлээ мартчихгүй юу. Үндэстэн гэж дандаа хөгжиж, мандан бадарч байдаггүй. Янз янз байна. Мандаж байх үедээ тэнгэрийг шүтээд бүх дэлхийг тэнгэрчлэх санаатай байсан. Одоогийн даяарчлал гээд байгаа тэнгэрчлэх үзлийн эх үүсвэрийг нүүдэлчид бий болгож байжээ.

-Хубилай хаан Хятадын эдийн засгийн хүчийг байлдан дагуулахдаа ашиглаж байсан гэдэг. Цэргийн хүчийг хэрэглэж байсан болов уу?

-Яг цэргээр тусалж байсан нь юу л бол. Морь унаж чадахгүй, сум харваж чадахгүй шүү дээ. Яг дайчид нь монголчууд л байсан.

-Хубилай хаан юугаараа дэлхийн түүхэнд нэрээ үлдээсэн юм бэ?

-Хубилай хааны хаанч­лалын 35 жилд л Монголын тэнгэрчлэх бодлого оргилдоо хүрч, Монголын эзэнт улс үнэхээр даяар ертөнцийн шинж чанартай болсон юм шүү дээ. Дэлхий ертөнц хэрэг дээрээ нэгэн улс төрийн ноёрхолд нэгдсэн гэж хэлж болно. Улс орнууд Монголын морин өртөөгөөр холбогдон, түргэн шуурхай харилцаа холбооны сүлжээтэй болов. Энэхүү сүлжээгээр дамжин үзэл санаа, мэдээлэл болон арилжаа худалдааны идэвхтэй урсгал хөдөлгөөн явагдаж байлаа. Дөрвөлжин үсэг хэмээх нэг ёсны олон улсын бичиг үсгийг бий болгосон нь олон улс үндэстний нэгдэл нягтралыг үүсгэн бэхжүүлэх зорилготой байжээ. Гэсэн ч дөрвөлжин бичиг төдийлөн дэлгэрч чадаагүй л дээ.

-Хубилай хааны үед Одон орон судлалын төв хүртэл байсан гэдэг?

-Азербейжаны Марагхах хотод Одон орон судлалын газрыг байгуулж, одон орон судлагч их эрдэмтэн Насир ад-Дин удирдаж байжээ. Тэнд Араб Ираны болон Хятад зэрэг улс орны судлаачид хамтран ажиллаж байсан гэдэг юм. 1267 онд Хубилай хаан Ираны одон орон судлаач Жамал ад Динийг Ханбалиг нийслэлд урьж ажиллуулж байжээ. Энэ судлаач Ил хаан Хүлэгүгээс ах Хубилай хаанд явуулсан одон орон судлалын багаж төхөөрөмжийг авчирч өгчээ. Хятадын алдарт одон орон судлаач Гүо Шоу-жин Ираны Жамил ад-Динтай хамтран эзэнт гүрний нийслэлд одон орон судлалын газрыг үүсгэн байгуулж, үр бүтээлтэй ажиллуулж байсан юм.

-Тулуйн хүүхдүүд түүхээ бичиж үлдээхэд нэлээд анхаарсан гэдэг?

-Да Юань буюу Монголын их язгуур улсын үед монголчууд Хятад, Энэтхэг, Түвд, Араб Ислам, ба Төв Азийн төрөл бүрийн соёлтой шууд харилцаа холбоотой болсон юм. Буддын утга зохиолыг янз бүрийн хэлнээс монгол хэлэнд орчуулж байж. Цөөнгүй монгол хүн хятад хэл бичгийг сурчээ. Оюуны бүтээлийн ололт амжилтын солилцоо нийт Евразийн хэмжээнд идэвхтэй явагдаж байсны нэгэн гэрч бол “Судрын чуулган” хэмээх дэлхийн анхны түгээмэл түүхийг Ираны түүхч Рашид ад Диний удирдлагаар Монголын алдарт түүхч Болод чинсян зэрэг олон түүхчдийн баг анх удаа зохиосон юм. Рашид ад Дин, Болод чинсян хоёрын хамтын ажиллагаа бол Дорно, Өрнийн эрдэм соёлын ойртон нягтралын тод бэлгэдэл болж түүхэнд орсон доо. Энэ бүхэн дэлхий ертөнцийг бүхэлд нь хамарсан их үйл явцын зарим нэг илрэл гэж тооцогдож байсан. Үүнийг нь зарим талаар эдүгээгийн дэлхийчлэлийн үйл явцтай зүйрлэн авч үзэж болохоор байгаа юм. Globalization гэдгийг манайхан даяаршил гэж орчуулаад байдаг юм. Би бол дэлхийчлэл гэх нь зөв гэж үздэг.

-Хубилай хаан их гүрнийг захирахын тулд Күнзийн суртлын эсрэг ямар үзэл суртлыг тавьсан хэрэг вэ?

-Хубилай хаан бол Монголын уламжлалт тэнгэрийн үзэл суртлыг шинэчлэн өөрчлөгч байсан юм. Тэр нүүдлийн иргэншлээс гадна Күнз, Буддын болон Араб Ислам, Европ Христийн иргэншлүүдийг сайн мэддэг байсан. Тэдгээрийн ололт амжилтыг өөрийн тэнгэрчлэх бодлогын зорилгод тохируулан сонгож авч чаддаг байжээ. Хубилай хаан өөрийн шашны бодлогын талаар айлдсан байдаг. “Хүн бүрийн шүтэж байдаг дөрвөн бурхан байдаг.Тэдгээр нь христийнхний Есүс Христ, иранчуудын Мохаммед, еврейчүүдын Моусис ба Будда Чандамани. Миний хувьд бол эдгээр дөрвөн шашныг бүгдийг нь хүндэтгэмүй. Гэвч чухам хэн нь Тэнгэрт хамгийн агуу бөгөөд хамгийн шударга нь л намайг өршөөгөөсэй гэж хүснэ” гэж хэлсэн байдаг. Буддизмийг бусдаас илүү төвийг сахигч, илүү ертөнц дахины шинжтэй хэмээн үзэж болгоон таалсан байдаг.

-Хубилай хаан лам багштай байсан болохоор Буддаг сонгоход нөлөөлсөн болов уу?

-Хубилай хааны Буддагийн шашныг талархсан бодлогод Түвдийн Саж хийдийн мэргэн хамба Пагва лам шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн нь үнэн. Буддагийн шашинт Түвдийн талаар Хубилай хааны явуулсан бодлого бусад орнуудынхаас ялгаатай байсан. Монголчууд үнэндээ Түвдийг байлдан эзлээгүй юм. Харин шашин номын харилцааг голчлон тогтоох аргаар Түвдийг Монголын эзэнт гүрэнтэй нэгтгэсэн байдаг. Өөрөөр хэлбэл Өглөгийн эзэн хаан ба Номын эзэн багш лам хэмээх хос ёсны нандин харилцаа байжээ. Хубилай хаан, Пагва лам хоёр анх уулзахдаа ширүүн маргалдсаны дараа тохиролцоонд хүрсэн гэдэг. Энэ тохиролцооны дагуу уламжлалт хос ёсны сургаалд томоохон өөрчлөлт хийжээ. Хубилай хаан номын ёсон ертөнцийн ёсноос дээгүүр байдаг Буддагийн үзлийг хязгаарлан өөрчилж, харин Пагва лам өөрийн оронд Монголын эзэнт гүрний шашин номын төвийн онцгой эрхт байдлыг олж авсан юм. Хубилай хаан бөөгийн мөргөл үзэл суртлаас бүрэн татгалзаагүй, харин Буддагийн даяар ертөнцийн үзлээс гол баримтлалуудыг нь авч тэнгэрчлэх бодлогодоо хэрэглэхийг зорьжээ. Хубилай хаан Буддизмийг эзэнт гүрнийхээ төрийн шашин болгон залж, Пагва ламыг Улсын багшаар томилсон юм. Үүнийхээ зэрэгцээ Тэнгэрийн хүчин хааны суу зальд үнэнч болохоо онцлон тунхаглаж, засгийн эрх дархыг шашнаас нэг ёсондоо тусгаарлан, хааны засгийн давууг эрхэмлэн заажээ. Энд нэг зүйлийг онцлоход Буянт хаан зэрэг Хубилай хааны дараагийн хаадын бараг бүх зарлигт “Мөнх тэнгэрийн хүчин дүр, хааны суу залийн ивээл дор” хэмээн давтсан байдаг нь уламжлалт Тэнгэрийн үзэлд үнэнч хэвээр байснаа илэрхийлсэн хэрэг. Тухайн цагийн Монгол хаадын зарлиг баримт бичгүүдээс үзэхэд Монголын тэнгэр үзэл нь Хубилай хааны үеэс Бурхан Буддаг дээдлэх болсон ч өмнөх хаадын үед Христ, Исламын шашинтай тэрсэлдэж байсан шиг бусад шашныг гадуурхан үзэж дайсагнаж байгаагүй. Ялангуяа Түвдийн сурвалж бичгүүдээс үзэхэд Монгол хаан Хубилай, Пагва ламын оролцоотойгоор Буддизмийг өөрийн даяар ертөнцийн эзэнт гүрний үйлс сонирхолд захируулан бүрэн ашиглаж чаддаг байжээ. Дэлхий ертөнцийг тэнгэрчлэх монголчуудын бодлогыг зөвтгөн дэмжих зорилготой улс төрийн шинэ гүн ухаан үүсэн бий болсон гэдгийг онцлох гээд байгаа юм. Пагва лам нэгэн ерөөлдөө Хубилай бол “Номын их садан, эрхэм дээд Боддхисатва, Ертөнцийг нигүүлсэн тэтгэгч мөн” гэсэн бол бас нэг ерөөл бичигтээ Хубилай хааныг “шударга сэтгэлээр газрыг тэтгэгч шашны садан болсон шалгадаг дээд Боддхисатва Хубилай сэцэн хаан” хэмээн өргөмжилжээ. Хубилай хааныг ингэж магтсан нь учиртай. Буддагийн сургаал ёсоор Боддхисатва хаан зөвхөн харьяат албат иргэдээ гаслан зовлонгоос чөлөөлөх төдий бус ертөнц дахины нэгдэл нягтрал эв найрыг хангах ёстой. Иймэрхүү ерөөл магтаал Хубилай хааны таалалд нийцэж байсныг төсөөлөхөд төвөгтэй бус. Иймэрхүү сургаал номлол нь “Тэнгэрийн доорх бүхнийг нэгтгэх” Монгол хааны зорилгод нийцэж байсан нь ойлгомжтой. Хубилай хаан өөрийн биеэр Пагва ламаас гурван ч удаа абшиг хүртэж, Бурхны шашинд албан ёсоор орсон нь Монголын тэнгэрчлэх бодлогод томоохон өөрчлөлт гарсныг илтгэдэг. Хүрдэн эргүүлэгч хаадын тухай Буддагийн үзлийн загвар бол Тэнгэрийн үзлийг орлохоосоо илүү шинэчлэн өөрчилж, Монголын хаадын ертөнцийн ноёрхлыг зөвтгөн хуульчлах чармайлтыг тэтгэн дэмжсэн хэрэг.

Б.Янжмаа

Categories
мэдээ цаг-үе

Ц.Оюунгэрэл: МАН сонгуулийн кампанит ажлаа яаран эхлүүлснээс хагарал үүссэн юм байна лээ

УИХ-ын гишүүн Ц.Оюун­гэрэлтэй ярилцлаа.

-Фейсбүүкт яваад байгаа МАН-ын зургаан сайдын оронд тавигдах хүмүүсийн нэрс үнэн бол өмнөхөөсөө ч дордож мэдэхээр байна?

-Дараагийн зургаан сайдын тухай ерөөсөө яригдаагүй. Ямар хүмүүс яригдахыг одоогоор хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан улстөрийн асуудал нэгэнт өрнөөд эхэл­чих­сэн учраас МАН-ын зур­гаан сайд засгаас гарах байх. Араас нь гарч ирэх сайд нарт бодлогыг үргэлжлүүлэх тууштай ажиллах, ард түмэнд ойлгомжгүйгээр төрийн бод­логыг хэт эргүүлэхгүй байхыг шаардана гэж бодож байна.

-МАН-ын зургаан сайдыг солих ямар шаардлага байсан юм бол. Яригдаж байгаа шалтаг нь ялихгүй сонсогдоод байсан?

-Анх энийг АН-ын Гүйцэтгэх зөвлөл дээр яригдаад орж ирэхэд нь бүлгийн гишүүд ерөөсөө оролцоогүй. Бүлгийн гишүүд тодорхой хэмжээгээр улс төрийн чиглэл авсан. Миний хувьд ч бүлэг дээр энэ асуудлыг анх ярьж байхад засгаа тогтвортой бүрэн бүтэн байлгаач гэдэг байр суурьтай байсан. Гэхдээ улс төрийн өрсөлдөөн ойртоод ирэхээр дараагийн сонгуулиар хоёр талд гарч өрсөлдөх бэлтгэл ажил явагдаад эхэлчихдэг юм шиг байна. Тийм ч учраас МАН яаран сонгуулийн кампанит ажил шиг зүйлийг эхлүүлжээ. Тэр нь улс орныг хамарчихсан. Түүнээс болоод хагарал дээрээс биш үзүүрээсээ эхэлчихсэн юм байна шүү дээ. Түүнийг би сая хөдөө явж байхдаа л анзаарлаа. Улаанбаатарт вакумжаад байжээ. Бүлгийн хурал дээрээ “Үг хэлээ ололцож чадахгүй яагаад байгаа юм бэ” гээд шүүмжлээд байсан. Яг хөдөө орон нутгийнхантай уулзахаар сонгуульд хоёр тал болоод өрсөлдөх учраас уралдаад нэгнийгээ халаад эхэлдэг. Уралдаад орон нутгийнхны амьдралд нөлөөлдөг. Уралдаад сонгуу­лийн сурталчилгаа маягийн юм хийдэг юм байна. МАН “Хамтдаа хөгжье” гээд кампа­нит ажил явуулсан юм уу даа. Хөдөө очиж байж л тэр нь гүнзгий ажил болоод байгааг мэдлээ. Тиймэрхүү ажил хийгээд суман дээр бас хамтраад явж байснаа АН-ынхныгаа халаад, ИТХ нь хуралдаад засгаа 100 хувь МАН-ынх болгож аваад сум дотроо улстөржөөд эхэлсэн юм байна. Хагарал үзүүрээсээ эхлээд наашаа цуурайтаж явсаар, “Нүүрэн дээрээ хамтраад, нидэр дээрээ салаад байгаа энэ юмаа нэг тийш нь болгооч ээ” гэдэг шаардлага болж хувирчээ. Ордон дотор бол соёлтой хүмүүс бие, биетэйгээ сайхан харьцдаг шүү дээ. Гэтэл амьдрал дээр 100 хувь хамтарсан ч биш л юм байна л даа. Тэртэй тэргүй салж сарниад байгаа учраас бодит шийдвэр гарах цаг нь болоод ийм юм яригджээ гэдгийг мэдэрсэн.

-Ерөнхий сайд том мэдэгдэл хийдэг, маргааш нь юу ч болдоггүй. Монгол Улсын Ерөнхий сайдыг хэтэрхий хүчгүйдүүлж байгаа юм биш үү?

-Монгол Улсын Ерөнхий сайдын хэлсэн нэг үг байтугай АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн үг ажил болохгүй долоо, найман жил болдог. Б.Обама дөнгөж Ерөнхийлөгчөөр сонгогдоод “Би АНУ-ын ард түмнийг бүх нийтийн эрүүл мэндийн даатгалтай болгоно” гэж амалсан. Мэдэгдэл хийх болгондоо “Бүх нийтийн эрүүл мэнд” гээд ярьдаг. Тэрийг нь конгресс нь унагаадаг. Конгрессийн нэг хэсэг нь дэмжлээ гэхэд нөгөө хэсэг нь унагаадаг. Ингээд тэр хүний хэлсэн үг зургаан жил ярьсны дараа ажил болсон. Ардчилсан нийгэмд улстөрчийн мэдэгдэл ажил болтлоо бэрх зам туулдаг гэдгийг Обамагийн мэдэгдлүүд харуулдаг. Манай монголчууд ардчилсан нийгэмд нэгэнт орчихсон юм бол дарангуйлагч нийгмийн үеийнх шиг төгс шийдлийг хүлээх хэрэггүй. Дарангуйлагч үг хэллээ, маргааш нь ажил болдог нь “Мэдлээ гүйцэтгэе” гэдэгтэй агаар нэг. Манай нийгэм бол нэг улстөрч үг хэллээ. Энэ зөв үү буруу юу. Дэмжих үү дэмжвэл ямар хувилбараар дэмжих вэ гээд бөөн асуудал болдог. Хэлэлцүүлэг өрнөж байх хооронд анхны хэлсэн үг биелсэнгүй гэдэг ойлголт бидэнд ирчих гээд байна. Хэлсэн үг хэзээ нэгэн цагт биелж болно, гэхдээ явцын дунд маш их өөрчлөгддөг. Обама жишээлбэл бүх нийтийг эрүүл мэндийн тэгш даатгалтай болгоно гэж амалж гарч ирээд яг биелэгдэхдээ орлого багатай оюутан залуус, ахмад настнуудын даатгал болж хувирч байж хууль нь гарсан.

-Яахав, АНУ-ын нөхцөлийг ойлгож болно л доо. Эрүүл мэндийн даатгалын асуудал Клинтоны үеэс л яригдсан. Завсрын сонгуулиар сөрөг нам нь олон санал авч орж ирээд Ерөнхийлөгч нь нэлээд хүчгүйддэг. Гэхдээ энэ тохиолдолд АН-аас гарсан Ерөнхийлөгчийн саналыг БНН-ынхан унагаж байна. Харин манайд нэг намын удирдах шатны хүмүүсийн зөрчил мэтээр харагдаад байгаа?

-Улстөрчид эндээс ямар сургамж авах ёстой гэхээр мэдэгдэл хийхийн өмнө мэдээлэх ёстой талууддаа мэдээлэл сайн хүргэх ёстой юм байна. Огт мэдээлэлгүй байсан хүмүүс гэнэт буруу реакц гаргаж асуудлыг унагаадаг. Эсвэл мэдэгдэл хийж байгаа зүйлд нь өөрийнх нь эрх ашиг хохирох гээд байгаа талууд боож хаадаг. Асуудлыг хэлэлцэх, том мэдэгдэл хийхийн өмнө мэдээллээ бусдад өгөх соёлд суралцах ёстой. Ингэх ёстой тэгэх ёстой гэхээс өмнө ингэж болох уу тэгж болох уу гэдэг шат дамжлага маш их дутаж байна. Ардчилсан аргаар шийдвэр гаргуулахын тулд сая Нийтийн сонсголын тухай хууль гарлаа шүү дээ. Ийм тушаал гаргах гээд байна. Ийм хууль гаргаж болох уу гэж ард түмнээсээ асуудаг дамжлагыг хуулиар сая бий болгосон.

-Ерөнхий сайд, УИХ-ын дарга хоёр АН-аас гарсан хүмүүс. Энэ том албан тушаалтнуудын зөрчилтэй мэдэгдлүүд намын рейтингэд сөргөөр нөлөөлж байгаа талаар гишүүд нь сануулж хэлдэг үү?

-Бид сануулж байгаа. Намын бүлгийн хурал болгон дээрээ “Төлөвш, хоорондоо ярилцаж сур, бие биедээ дутуу мэдээлэл өгснөөс болоод та нарын үл ойлголцол улс төрд нөлөөлөх гээд байна, хурдан төлөвш, сур, үг хэлээ ололц” гэдгийг ярьж байгаа. Аль аль нь их хурц, өөрийн байр сууриа үнэн зөв гэж бодохоор зан араншингийн тулгаралт зохих хэмжээгээр явж байгаа болов уу. Гэхдээ төрийн өндөр албан тушаалд байгаа хүмүүс бодлого шийдвэрээ уялдуулж мэдэгдэл хийх шаардлагатай. Энэ хоёр хүн парламентын маргалдаж, мэтгэлцдэг түвшинд хангалттай ажилласан. Гэхдээ маргалдаж мэтгэлцэхгүйгээр зуун хувь зөвшилцдөг түвшинд анх удаа ажиллаж байгаа хүмүүс. Монгол Улсад 100 хувийн зөвшилцөлтэй гурван хүн байх ёстой. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга. Энэ зөвшилцлийн түвшинд улс төр хийж хараахан сураагүй байна. Байгаа түвшиндээ хүн бас суралцдаг шүү дээ. Зөвшилцөж сурах үйл явц нь бидний нүдэн дээр явж байна. Хурдал гэсэн шаардлага бид тавьж байгаа.

-Орон нутагт ажиллаад ирсэн гэсэн. Ямар ажлаар явав?

-Хог хаягдлын тухай хуулийг УИХ-д өргөн барьсантай холбогдуулаад энэ хуулийг хэлэлцүүлэхээс өмнө иргэдэд хамаатай жорлонгийн асуудлаар илэн далангүй ярилцаад ирсэн. Бас малын бууцыг бордоо болгох, хог хаягдлыг эргэлтэд оруулах, сэргээн ашиглах гэдэг цоо шинэ зүйл хуульд орж ирж байгаа. Сэргээн ашиглахтай холбоотой асуудлаар иргэдийн саналыг сонсч мэдээлэл хүргээд ирсэн. Хүмүүс хог хаягдлыг дахин ашиглах гэдгийг ойлгодог, харин сэргээн ашиглахыг тэр бүр ярьж байгаагүй. Гэтэл энэ хуулиар сэргээн ашиглахыг орон нутгийн зөвшөөрлөөр хийдэг болох гэж байгаа. Орон нутагт өгч байгаа сэргээн ашиглах үйл явцыг яаж дэмжих талаар гол нь ярьсан. Сэргээн ашиглах гэдэг био бордоо үйлдвэрлэх асуудал учраас голдуу бууц бордоо, биологийн хог хаягдал ихтэй дээр нь жорлон нь усны түвшинд ойрхон байдаг газруудыг түүж очсон юм.

-Гишүүн жорлонгийн асуудлаар ярина гэхээр хүмүүс сонирхож хүлээж авсан байх?

-Их сонирхож байсан. УИХ-ын гишүүний хувьд тойрог дээр ажилладаг. Энэ бол тойргийн уулзалт биш. Говь, хангайн хүн байгаль орчныг бохирдуулахад хоёр өөр байдаг. Говийн хүний хоёр метр жорлон бол гүний усыг мөд бохирдуулахгүй. Яагаад гэвэл гүний ус нь зуун метрийн дор байгаа учраас. Гэтэл хангайн хүний хоёр метр жорлонгийн нүх бол ундны усыг шууд бохирдуулна. Яагаад гэвэл ундны ус нь дөрвөн метрийн дор байдаг. Гүний ус руугаа бохир нь орчих гээд байгаа хангай газрынханд түрүүлж мэдээлэл хүргэх ёстой гэж үзсэн. УИХ-ын гишүүн та нартай жорлонгийн асуудлаар ярих гэж ирсэнд гайхаж байна уу гэж асуухад “Бид яг энэ сэдвээр ярихыг, мэдээлэл авахыг маш их хүсч байсан. Одоо тэгвэл хууль гарч байгаа юм байна. Хуульд сэргээн ашиглах гэдэг заалт орж байна. Одоо бид юугаа сэргээн ашиглах, юугаа байгальд хоргүй болгох вэ” гээд л маш идэвхтэй сонссон.

-Гадны орнуудад хүний ялгадсыг метан хий болгоод цахилгаан гаргаж байна, бордоо болгоод ногоогоо, цэцэрлэгээ бордож байна. Монголын нөхцөлд жорлонд ямар боломж байгаа бол гэж судалж үзсэн үү?

– Гадаадын орнуудад био хаягдлыг сэргээн ашигладаг тэр бүх боломж Монголд байгаа. Энэ боломжийг бий болгохоор ACF гээд олон улсын байгууллагынхан бүхэл бүтэн төсөл Монголд хэрэгжүүлсэн юм билээ. Одоо тэр төсөл дуусаад Wash Action Mongolia гэдэг төрийн бус байгууллага байгуулжээ. Тэдэнтэй хамтарч ажиллаад хүмүүст хүргэх мэдээллээ тэднээр бэлтгүүлсэн. Хууль гарахад орон нутгийн зөвшөөрөлтэйгөөр сэргээн ашиглах асуудал яригдана. Та нарын эндээс чинь бордоо гарна, хий гарна, цахилгаан гарна гэсэн.

-Эндээс гэж жорлонг хэлж байна уу?

-Жорлонг хэлж байна. Малын бууц, аргал хорголоо хэлж байна. Энэ биологийн хаягдлууд чинь бүгд ашигтай зүйл болдог. Тийм учраас та бүхэн нэмэлт мэдээлэл авахаар бол ариун цэвэр, биологийн хаягдлыг сэргээн ашиглахад чинь зориулж, мэдээлэл төвлөрүүлдэг ийм төрийн бус байгууллага байгаа шүү гээд холбож өгсөн.

-Хог хаягдлын тухай их ярьсан ч Улаанбаатар хогноосоо салдаггүй. Юу хийвэл улсын нийслэл цэмцгэр байх вэ?

-Хоёр юм байгаа. Нэгдүгээрт хогтой холбоотой хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Жишээлбэл хотыг хогноос нь салгаж байдаг цэвэрлэгч нарын тоо олон байх ёстой. Хогоо удаахгүйгээр цуглуулдаг тээврийн хэрэгсэл машин хангалттай байх учиртай. Дараа нь хогоо ялгаж ангилдаг үйлчилгээ сайн байх хэрэгтэй. Энэ бүхэнд мэдээж мөнгө орно. Үүнээс гадна цэвэрлэх байгууламжууд бие даасан статустай болох хэрэгтэй. Цэвэрлэх байгууламжуудын тухай бүхэл бүтэн бүлэг Хог хаягдлын тухай хуульд орж байгаа. Энэ хуулийг 15 гишүүн өргөн барьсан. Цэвэрлэх байгууламжуудтай холбоотой олон тодорхой заалтууд бий. Түүнийг хэрэгжүүлж байж цэвэрлэх байгууламжууд хөл дээрээ босч ирнэ. Цэвэрлэх байгууламжууд маш сайн ажиллагаатай, технологийн горимтой байх учиртай. Энэ горимыг хангах хэмжээний хууль эрх зүйн зохицуулалтыг бий болгох юм. Хог хаягдал тэр чигээрээ эдийн засгийн нөөц шүү дээ. Хүн ундаа уугаад нэг шил, сав сулрангуут цуглуулж авдаг сүлжээ улс орон даяар хэрэгтэй. Энэ сүлжээг бий болгох олон заалт орсон. Хамгийн наад зах нь сав баглаа боодолтой бүтээгдэхүүн зардаг борлуулдаг байгууллагууд сав баглаа боодлоо буцааж авдаг цэгтэй байх ёстой. 24 цагийн хүнсний дэлгүүрээс, найман нэрийн барааны дэлгүүрээс талх ундаа сүү усаа авдаг байж болно. Ямар сав баглаа боодолтой юм худалдаж байна. Түүнийгээ буцааж авах саваа тэндээ бэлтгэх ёстой.

-Хөгжсөн орнуудад бол супермаркетууд дээр нь ундааны шилээ буцааж үнэлж авдаг. Аюултай хог хаягдал болох батерейнуудыг буцааж авдаг машин ажиллаж байдаг юм билээ. Манайд үүнийг яаж бий болгох вэ. Урамшууллын тогтолцоо санал болгосон уу?

-Хог хаягдлын тухай хуульд хоёр урамшуулал бий. Нэгдүгээрт тодорхой нэг газар байрлалд тодорхой нэг дахивар (дахин ашиглаж болох хог хаягдал)-ыг цуглуулж авдаг, түүгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид монополь лиценз олгоно. Өөрөөр хэлбэл ундааны лаазаар үйлдвэрлэл явуулдаг байлаа гэхэд түүнд өрсөлдөгч гаргаж өгөхгүйгээр ганцхан тэр үйлдвэрийг тасралтгүй ажиллуулах нөхцөлөөр тухайн орон нутаг хангах ёстой. Монополь эрх гэдэг бол бизнест маш том урамшуулал. Өөрөөр хэлбэл өрсөлдөгч гараад ирвэл бүтээгдэхүүнийх нь үнэ унаад, үйлдвэрлэл нь түүхий эдээр хангагдахаа болиод баларна. Ийм учраас хог хаягдлаасаа салсан ихэнх орнууд дахиврыг боловсруулдаг үйлдвэрүүддээ монополь эрх олгож урамшуулдаг юм байна. Хоёрдугаар урамшуулал бол Монгол Улсын газар нутагт хаана байхаас, хэний гараас зарагдсанаас үл шалтгаалаад дахивар бүтээгдэхүүн бүгд суурь үнэ нь адилхан байна. Суурь үнийг Засгийн газраас тогтоохоор оруулсан. Жишээлбэл бүх лаазнууд арван төгрөг шүү гээд суурь үнэ нь адил байхад Улаанчулуутын хогон дээр ч, 24 цагийн дэлгүүрийн үүдэнд ч 10 төгрөг байна. Хатуу үнэтэй болохоор хүмүүс ундааны лааз хог гэж харахгүй энэ бол арван төгрөг гэж харна. Хатуу үнийн тогтолцоогоор хоггүй байлгах туршлага байдаг юм билээ.

-Ундаа, архины үйлдвэрүүд шил, лааз, хуванцар саваа татаж авах үүрэг хүлээх үү?

-Зуун хувь татаж авах үүрэг оноохгүй. Татаж авах цэг заавал байлгана гэсэн заалт оруулсан. Жишээлбэл ундаа, архи байлаа гээд тэр бүтээгдэхүүнийг аваад хүмүүс зүг бүр рүү явж байгаа. Тэр бүхнийг цуглуулж авах зардлыг компани гаргах албагүй. Гэхдээ компани тухайн бүтээгдэхүүнээ зардаг төвлөрсөн цэгтээ лааз, шилээ авдаг цэгийг давхар ажиллуулах үүрэг хүлээж байгаа юм. Ингэхээр гудамжинд хог ховордоно. Хог ховордохоор Улаан чулуут дээр хог ялгаж байгаа хүмүүс ирээдүйдээ дахивар цуглуулдаг цэгүүдийн менежментийг авч явна.

-Хувийн цэвэрлэх байгууламжууд ашигтай ажиллах боломж байгаа юм уу?

-Хураамж аваад эргээд хөрөнгө оруулалт хийх эрхийг цэвэрлэх байгууламжуудад өгч байгаа. Одоо бол хэний өмчид байгаа нь мэдэгдэхгүй цэвэрлэх байгууламж олон байдаг. Мэдээж төв цэвэрлэх байгууламж нийслэлийн өмч гээд ойлгомжтой. Гэтэл тэр цэвэрлэх байгууламжуудад бохир нийлүүлж байдаг дэд байгууламжууд маш их. Жишээлбэл нэг эмнэлэг сургуулийн хашаан дотор янз бүрийн бохирын танк, насосууд байдаг. Энэ дэд байгууламжууд хуулиар бүгд эзэнтэй болно. Эзэнд нь дэд байгууламжаар дамжиж байгаа бохирыг бүртгэх, хураамж авах эрх үүснэ. Хүмүүс урьд нь жорлонгийнхоо усыг хаашаа явж байгааг мэдэхгүй татдаг байсан бол одоо бол бохир усны хураамж нь байгууламжийн хураамж гэдгээр орж ирэх юм. Байгууламжийн хураамж гэхээр Төв цэвэрлэх байгууламжийн хураамж арван төгрөг, дамжуулах байгууламжийн хураамж 5 төгрөг гээд гараад ирнэ. Ингэснээр байгууламж бүрт хөрөнгийн эх үүсвэр бий болно. Утасны мөнгөө тушаахдаа бид Мобиком тэдэн төгрөг, Юнивишн тэдэн төгрөг, Скайтель тэдэн төгрөг гээд оператороороо тушаадаг биз дээ. Түүн шиг бохироо оператороороо тушаадаг болно. Операторууд ачааллынхаа хэмжээгээр хөрөнгө оруулалтаа хаанаас авах нь тодорхой болно. Хог хаягдлын тухай хууль хэрэгжиж эхлэхэд зургаан сарын дараа эрс өөрчлөлт мэдрэгдэнэ гэж тооцоолж байна.

Б.Янжмаа