Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

“Аймшгийн” үлгэр

Гурван настай хүү маань орой унтдаггүй. Хүүдээ хань болох гээд “Ээж нь үлгэр ярьж өгье” гэчихлээ. Хамгийн түрүүнд санаанд орж ирснээр нь “Улаан малгайт”-ын тухай ярьж гарав. Улаан малгайт, эмээтэйгээ чононд идүүлдэг хэсэг дээр ирээд жаахан түгдэрлээ. “Шөнө хүүхэд унтах гэж байхад юун чоно моно яриад байна аа” гэж нөхөр хажуунаас дуугарч байна. Нээрэн энэ чинь аймшгийн үлгэр юм биш үү. Өөр үлгэр санах гэж оролдсон ч “Арван таван толгойтой атгаалжин хар мангас” санаанд бууна. Үлгэрийг хүүхэд унтахаас өмнө ярьж өгдөгсөн. Харин “Аймшгийн” үлгэр сонссон хүүхэд нойр нь хүрэх болов уу. “Улаан малгайт”-ыг багадаа их л дуртай сонсдог байж билээ.

Энэ үлгэрээр хүүхдэд юу хэлэх гэсэн юм бол гэж бодохоор учир дутагдалтай санагдав. Үлгэр заавал нэг юм хэлэх албагүй юм болов уу. Зүгээр л бяцхан жаалуудыг унтуулах, цаг нөгцөөх зорилгоор зохиосон түүх гэж үү. Үлгэр ярих оролдлого маань маруухан төгсөв. Багадаа дуртай байсан үлгэрүүд маань номын сангуудад ярайна. Өнөөгийн хүүхдэд бидний үеийн үлгэр “наалдах” болов уу. Бодоод байхаар баахан эргэлзээ төрнө. Охин маань гүнжийн үлгэрт дуртай. Номын дэлгүүрээс нэг удаа гүнжийн үлгэрүүдтэй зузаан ном авна гэж зүтгэсэн. Амьдрал гүнжийн үлгэрээс огт өөр учраас тэнэг мөрөөдлөөр толгойгоо дүүргэчихвий хэмээн гүнжийн үлгэрээс татгалзаж билээ.

Шинэ үлгэр зохиох хэрэгтэй юу. Амьдрал өөрөө үлгэр ч юм уу.

Б.Янжмаа

Categories
мэдээ цаг-үе

Ю.Цэдэнбалын дүү Жавзан: Ахын хөвгүүд монголоор ярихгүй ч хэлснийг ойлгодог байсан

Монголын нам, төрийг 44 жил тэргүүлсэн маршал Ю.Цэдэнбал агсан 99 жилийн өмнө мэндэлжээ. Ойг тохиолдуулан Ю.Цэдэн­балын хөшөөнд МАН, МАХН-ын удирдлагууд, төрөл төрөгсөд, нутгийн хүмүүс цэцэг өргөн хүндэтгэл үзүүлсэн юм. Ю.Цэдэнбалын төрөл төрөгсөд ирсэн зочдыг “Сөүл” ресторанд хүлээж авав. Энэ үеэр түүний отгон дүү Ю.Жавзантай ярилцлаа.

-Ахын төрсөн 99 жилийн ой болж байгаа юм. Тэгээд ах дүү нар нь хүүхэд шуухадтайгаа ирцгээгээд нам, нутгийнхан хөшөөнд нь цэцэг өргөсөн юм. Өнөөдөр эмээ нь дүүрэн баяр. Эмээ нь уг нь эмнэлэгт хэвтэж байгаа юм. Чөлөө аваад гараад ирсэн хэмээн эмээ ярилаа.

-Та эхээс хэдүүлээ вэ?

-Манай ээж аав хоёр 11 хүүхэд гаргасан юм байна лээ. Манай Цэдэнбал ах тав дахь хүүхэд нь юм. Би бол хамгийн бага нь.

-Отгон хүүхэд эрх байсан уу?

-Эрхээр барах уу. Манай ах Аюуш гээд цагаан толгойтой өвгөн сууж байна. Дороосоо хоёр дахь нь. Бага хоёр нь үлдчихээд байгаа юм. Одоо би 87-той болж байна. Аюуш ах 90 хүрч байна. Хүүхдийнхээ буянд болж л байна.

-Та ямар ажил алба хашиж байв?

-Би багш хүн. Сурган хүмүүжүүлэх сэтгэл зүйгээр Москвад төгссөн юм. Ирээд багшилж байгаад, Гэгээрлийн яаманд орж ажиллаад, дараа нь Дээд боловсролын хороонд ажиллаж байсан, Боловсролын яамны эмээ.

-Ю.Цэдэнбал гуай танаас олон насны зөрүүтэй юу. Таныг мэдээ орсон байх үеийн ах гэдэг ямар хүн байв?

-Ах сургууль соёлоор дамжаад гэрээсээ явсан, 13-тай Улаан­баатарт орж ирсэн юм шиг байна лээ. 1940 онд аав нас барсан. Би тэр үеийг санадаг юм. Найм, естэй байсан юм уу даа. Намын аравдугаар их хурал болоод, ах намын нарийн бичгийн даргаар сонгогдоод, хурлынхаа танилцуулах ажлаар явсан байлгүй дээ. Нутагтаа ирсэн. Аавыг нас барсны дараа ээжтэй ирж уулзахад би нэг жаахан хүүхэд ээжийн гараас хөтлөөд яваад байж. Ах “Үгүй ээ, энэ танай хөтлөөд байгаа хүүхэд чинь хэний хүүхэд вэ” гэж асуусан гэсэн. Том ах, эгчийн хүүхэд гэж ойлгосон шиг байгаа юм. Би ахыг гэрээсээ явсан хойгуур гарсан. Монгол хүн яаж өсч торнисон тэр замаар л явсан даа.

-Ээж, аав тань ямар хүмүүс байв?

-Хоёр малчин. Бичиг үсэг ч мэдэхгүй шүү дээ. Аав Юмжаа, Ээж Заяа гэдэг хүн байсан.

-Аав, ээж тань юу гэж сургадаг байв?

-Яахав дээ, хөөрхий минь. Сүүлд ээж ярьсан байдаг. “Нэг нь есөн настай, нөгөө нь долоон настай хоёр хүүхдээ цагаанбурханаар алдсан” гэдэг. Миний мэдэхийн наймуулаа байсан. Аюуш ах ихэр гарсан юм билээ. Нэг нь нас бараад Аюуш ах үлдсэн. Дараа нь би гараад 11 дэх нь болсон. Ихрийн өрөөсөн өнгөрсөн болохоор намайг бас алдчих вий гэж айсан уу, ээж байнга л гараасаа хөтөлж явдаг байлаа.

-Хэр мал хөрөнгөтэй айл байв?

-Миний мэдэхийн цөөхөн хэдэн малтай байсан. Уналгын хэдэн морьтой, хэдэн саадаг үнээтэй. Хэдэн хонь, ямаатай айл байсан шүү дээ. Ядууд нь ордог юм уу, дундад нь ордог юм уу эмээ нь мэдэхгүй ээ.

-Ю.Цэдэнбал ахын чинь тухай аав, ээж тань юу ярьдаг байв?

-Ахаас хааяа захиа ирдэг байсан юм уу. Хүнээр дуудуулна гээд аав явдаг байсан. Ер нь шашин шүтээд сүйд болохгүй ч бичиг үсэг мэдэхгүй хүмүүс бурханаа л шүтэж таарна шүү дээ. Миний мэдэхийн гоё бурхантай айл байсан. Сүүлд хотод ирээд ээжээсээ нөгөө гоё бурханаа яасан юм бэ гэж асуухад “Уулын оройд аваачаад залчихсан шүү дээ” гэсэн.

-Таныг сургууль соёлд явуулах хэрэгтэй гэж ах чинь зааж зурж байв уу?

-Ах гэртээ ирээд хоёр гурав хонож байхад маршал Х.Чойбалсан гуай манай нутагт ирсэн юм. Аюуш ах айлын хонь хариулж байсан. “Бичиг үсэг сур, ном сур” гээд Аюуш ахыг Цэдэнбал ах хот руу аваад ирсэн юм.

-Филатова гуайг хүмүүс янз бүрээр ярьдаг. Харин таны хувьд ямар харилцаатай байсан бэ?

-Зүгээр. Эхлээд дөрвөд аялгаар л ярихаас биш орос хэл байтугай халх аялгаар ч ярьж мэдэхгүй байсан. Хотод 1946 оны орчимд ирээд нэгдүгээр арван жилд сураад, 1950 онд их сургуулийн бэлтгэл анги нээгдэхэд орж төгссөн. Хими биологийн ангид сурч байгаад тэр үед их сургуулийн нэгдүгээр анги төгссөн хүмүүсийг хойшоо сургуульд явуулдаг байв. Тэгээд би хойшоо явж суралцсан.

-Таны ээж орос бэртэйгээ ямар харилцаатай байв?

-Хөөрхий минь, ээж ямар хэл мэдэх биш. (Инээв) Ээж бид хоёр ахын байрны ойролцоо гэрт байсан. Ахынх маршалын өгсөн давхар байранд байсан. Хашаа ч байгаагүй. Дүүрэн гэр байсан. Өмнө нь ах бид хоёр төв банкны дээр хоёр өрөө байранд байсан. Нэг хэсэг сургуульд сурч байхад ахтайгаа хамт байсан л даа. Бидэнтэй бол зүгээр аятайхан харьцдаг. Хэл мэддэг байсан бол хүн чинь ярина. Хэл мэдэхгүй улсууд чинь яахав инээгээд дохилцохоос цаашгүй.

-Ээж тань бэрийнхээ тухай юу хэлдэг байв?

-“Манай бэр ийм л хүн байдаг. Хөөрхий дөө, хүүхэд л байна даа” гэдэг байсан ш дээ, ээж маань.

-Настай хүн, монгол ээж нар бэрийнхээ тухай таагүй үг хэлэхгүй л дээ?

-Тийм. Муухай ч байсан сайхан, сайхан ч байсан сайхан байхгүй юу даа. Монгол хүний нэг чанар шиг байгаа юм.

-Ю.Цэдэнбал дарга ээж­дээ хэр анхаардаг байв?

-Дэргэд нь гэрт байсан болохоор өдрийн од шиг үзэгдэнэ. Завгүй хүн ерөөсөө гэртээ байдаггүй байсан. Хөдөө хэдэн сараар явчихдаг. Манай ээж ирээгүй, ах бид хоёр хамт байхад намайг нутгийн айлд орхичихоод хөдөөнөөс ирсэн хойноо л авдаг байсан. Тэгээд би сургуульд явсан. Анх 1946 онд намайг явуулахад ээж хаанаасаа ч олсон юм даалимбан тэрлэг хийж өгч билээ. Анх удаа шинэ дээл өмсч үзэж байв. (инээв) Богинохон оймс, жижигхэн түрийтэй савхин гутал өмсүүлж байлаа.Тэгж л хөдөөнөөс орж ирж байв.

-Таныг сурч, ажиллаж байхад Ю.Цэдэнбалын дүү гэж өөрөөр харьцдаг байв уу?

-Ерөөсөө зүгээр л нэг энгийн ард шүү дээ, би чинь.

-Ээж тань хүүгийнхээ тухай юу ярьдаг байв?

-Манай ээж хааяа хамт суугаад юм ярихаар “Үгүй, манай энэ ерөөсөө юм мартахгүй юм. Аль хэдийнэ бурхан болчихсон улсуудыг тэр одоо байна уу гээд надаас асуугаад байх юм” гэж Цэдэнбал ахын тухай хэлж байсан. Бодоход хүүхэд байх үеийн юм мартагддаггүй ш дээ.

-Та Ю.Цэдэнбал гуайг хойно “цөлөгдсөн” байх үед очиж уулзсан уу?

-Уулзсан. Эхлээд комис­сар, жолооч гээд олон хүн байсан. Дараа нь нөгөө хүмүүсээ нааш нь дуудаад авчирсан байна лээ. Ахын авгай тусгай тогоочтой байж сурсан шиг байгаа юм. Намайг эндээс очиход “Котлет хийсэн чинь түлчихжээ” гэж билээ. “Өөрөө гардаж хоол хийдэггүй болохоор зайлуул, дасахгүй хэцүү байсан юм болов уу” гэж боддог. Хөөрхий амьтан, арга ч үгүй байх даа.

-Тэр үед ах чинь юу ярьж байв?

-Юу хэлэх вэ дээ. Нутаг усаа асуугаад, тэр нь яаж яваа бол, энэ нь яаж байгаа бол гэнэ. Ер нь манай ах номын хүн байсан даа. Үхэн үхтлээ ном уншаад суудаг, хуучин үсгээр бичнэ.

-Тэр үед Ю.Цэдэнбал гуайн эрүүл мэнд ямар санагдсан бэ?

-Зүгээр сайхан л байсан. Сүүлд хойно томчуудын эмнэлэгт хэвтэж байлаа. Тэр нь их сайхан эмнэлэг байсан.

-Та ахынхаа хүүхдүүдтэй хэр харилцаатай байв?

-Манай хүүхдүүд ярьдаг юм аа.

-Зориг нь Москвад амьдарч байгаа гэсэн үү?

-Москвад амьдарч байгаа.

-Даариймаа гээд хүүхэн­тэй суусан байсан, хэвээрээ юу?

-Хэвээрээ. Одоо тэрэнтэй­гээ л байгаа.

-Даариймаа чинь халимаг билүү?

-Буриад ш дээ.

-Монголжуу аятайхан хүүхэн байсан даа. Монголоор сайн ярьдаг?

-Тийм. Их аятайхан. Ялгаа­гүй та нар шиг л хүүхэд шүү дээ. Монголоороо л ярина.

-Орос нэртэй болохоор нь Славаг нь их оросжуу гэж төсөөлөөд байдаг?

-Аль аль нь ярихгүй л болохоос биш монголоор хэлснийг ойлгодог.

-Зоригийгоо монгол хүүхэдтэй болчихоосой гэж боддог уу?

-Бодолгүй яах вэ. Болохгүй л юм байна, би яах билээ. Зарим нь “Даариймаад очиж хэлээч ээ” гэдэг юм. (инээв)

-Та ямар хүнтэй суусан бэ?

-Манай нөхөр эдийн засагч хүн байсан.

-Ю.Цэдэнбал гуай хүр­гэнээ юу гэж дүгнэж байв?

-Ямар хамаа байх вэ. Бид­ний амьдрал тусдаа. Тэр үеийн­хэн болгоод л явж байсан. Болсон ч болгоод болохгүй байсан ч болгохын төлөө зүтгээд л явдаг байлаа. Бие даагаад өөрсдөө амьдрах ёстой. Дээр үеийн улсууд ерөөсөө тийм байсан юм биш үү, миний хүү.

-Ямар нэг баяраар гэр бүлээрээ цугладаг байв уу?

-Үгүй ээ. Би тийм тусгай юм ерөөсөө мэдэхгүй. Эмэгтэй хүн бол арай өөр л дөө. Эрэгтэй хүн болохоор болж л байгаа юм байлгүй гээд явдаг байлгүй, нэгдүгээрт. Хоёрдугаарт тусгай хамгаа­лалтад орчихсон хүн чинь бас хэцүү юм байна лээ. Уулзъя гэвэл татгалзахгүй л дээ. Тэгээд зав ч байдаггүй.

-Ахыгаа нас барснаас хойш Филатоватай уулзаж байв уу. Ер нь юунд санаа зовж байсан бол?

-Тэтгэврийн улсууд юу ярих вэ. Хоёр хүүдээ санаа зовж л байсан. Тэднийг байхад авгай аваад, хүүхэд гаргасангүй. Сүүлд Зориг нэг хүүхэдтэй болж, Ася ахынд байсан юм билээ. Тэд тэндээ яаж байсныг нарийн мэдэхгүй юм аа. Тус тусдаа амиа борлуулаад явдаг байсан болохоор яриад ч байх юмгүй, гуйгаад ч байх юмгүй байв.

-Та багш байжээ. Аюуш гуай болон бусад ах нар чинь юу хийдэг байв?

-Аюуш ах худалдааны эдийн засагч. Манай ах эгч нарын хувьд сүүлийн дөрөв нь л бичиг үсэгтэй. Бусад нь малчин, бичиг үсэг ч байхгүй. Нутагтаа малаа маллаад дууссан. Одоо амьд нь бид хоёр л байна. Өнөөдөр ах дүүгийн хүүхдүүд ирлээ. Миний хүүхдүүд ч тэтгэврийн өвөө эмээ хоёр байна. МАН, МАХН-ынхан ахын хөшөөн дээр цэцэг өргөсөн. Би ч намын гишүүн. Ер нь бидний үед ганцхан МАХН л гэж байсан шүү дээ. Одоо жаран ямаанд зуун ухна гэгчээр жигтэйхэн олон нам болчихсон дуулдах юм, хэн мэдэх вэ дээ. Хүн орж ирэхээр цай уулгадаг биз дээ. Ах дүү, нутгийнхан, намынхан цуглахаар хоол идүүлдэг юм.

-Дараа жил 100 жилийн ой нь болох нь ээ?

-Ахын (Ю.Цэдэнбалын) академид Тусгаар тогтнолын ордонд өрөө гаргаж өгсөн юм билээ. Хоёр намаас академид төлөөлөгч бий. Ардын намаас Энхмандах гэж хүүхэд байна. Хувьсгалт намаас Шаравдорж гэж хүүхэд байгаа юм. Хоёр намаас ярьж байгаад, зуун жилийн ойг нь улс даяар тэмдэглэнэ гэж ярьж байна даа. Манай Ардын намын М.Энхболд үг хэлсэн. Хувсгалт намаас Батлан хамгаалахын сайд байсан Цолмон үг хэлсэн. Сайхан л үг хэлцгээж байна лээ. Эд ярилцаад намайг дууддаг юм.

Categories
мэдээ цаг-үе

Д.Самбуу: Засаг солигдоход соёл урлаг руу улстөрчдийн гар орж ирдэг нь үнэхээр муухай

Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын дуучин, Ардын жүжигчин Д.Самбуутай ярилцлаа.

-Та ямар уран бүтээл дээр ажиллаж байна, юунд цагаа илүү их зарцуулж байгаа бол?

-Өнгөрсөн жил нэлээд шахуу ажилласан. “Оройн дээд” гээд дуулалт жүжиг манайхан тавьсан шүү дээ. Богд хааны дүрийг гаргах гэж баахан зүтгэлээ. Одоохондоо гайгүй ээ. Чуулгын 65 жилийн ой арванхоёрдугаар сард болох юм. Үүний бэлтгэл ажил гээд жаал жуул юм байна аа. Энэ зуны жуулчны тоглолтынхоо хаалтыг хийж байна.

-Богдын дүрд тоглоход өөр мэдрэмж төрөх юм уу?

-Богд хааныг ерөөсөө ойлгодоггүй явсан юм байна л даа. Судлаад, материал хараад явахаар үнэхээр Монголын төлөө зүтгэсэн хүн л харагдаж байна лээ. Социализмын үед биднийг тэгээд үнэмшүүлчихсэн юм чинь яах вэ дээ. Богд хааны наймдугаар дүр байсан. Тайз дэлгэцийн урлагт би бас Богдын дүрийг бүтээсэн найм дахь уран бүтээлч болсондоо бэлгэшээж байдаг.

-“Үйлсийн сайхан Улаанбаатар” гээд сэтгэлд хоногшсон сайхан дуугаар чинь хүн бүр мэднэ дээ. Нийслэлийн удирдлагууд танд талархаж байсан уу?

-Одоо бол Улаанбаатарын дуу их төрж байна. Олон янзаар дуулж байна. Миний үед Гончигсумлаа гуайн “Улаанбаатарын үдэш”, Оросоогийн дуулж байсан “Миний Улаанбаатар” гэж байлаа. 1974 оноос “Үйлсийн сайхан Улаанбаатар”-ыг дуулсан. Тэгээд түгсэн. Өнөөдөр хүртэл дуулсаар явна. “Үйлсийн сайхан Улаанбаатар”-аараа бараг хоолоо олоод идчихэж байгаа юм биш үү.

-Тийм сайхан сэтгэлд хоногшсон дуучин одоо яаж амьдарч байгаа бол гэж хүмүүс сонирхож байгаа даа?

-Яахав, зах зээлд шилжихэд манай чуулга бараг хаалгаа барихдаа тулсан. Хэдэн уран бүтээл хөдөө гадаа явж, тав арван төгрөг олж ирнэ. Цалингаа яаж тавих вэ гэдэгтээ тулсан. Дутуу хагас цалин мөнгөө тавина. Тэр үеийг даван туулсан. Энэ чуулгыг 1969 оны сүүлээс сайн мэдэх юм даа. Бүх үеийн аваргуудтай хамт ажиллаж байлаа. Яахав, социализмын үед болж байсан. Соёл урлагаа харж ханддаг. Хоосон хонохгүй хоёр идэхгүй л байсан. Зах зээлийн давалгаанд соёл урлаг үнэхээр ширвэгдсэн. Яам маань ч татан буугдав. Уран бүтээлчдээсээ авахуу­лаад даргыг нь хүртэл яам мэддэг үе бий. Би хүртэл Архангай аймгийн Соёлын ордонд ажиллаж байгаад сайдын тушаалаар татагдаж ирж байсан хүн. 1969 онд Ч.Лодойдамба гуай орлогч сайд байв. Аймгийн захиргаа, намын хороонд хоёр удаа албан бичиг очиж байж намайг наашаа нэг юм явуулсан даа. Яамны томилолт авч, их урлагтай амьдралаа хол­бож байлаа. Одоо бол Үндэсний дуу бүжгийн эрд­мийн чуулгынхныг гадагш нь тоглолт хийлгэх, гэрээ хэлэлцээр хийхэд дэмжлэг үзүүлэх соёл, урлагийн бод­лого үгүйлэгдэж байна даа.

-Жуулчдын тоглолтоос хэр орлого олдог вэ. Жуул­чид их сонирхдог байх?

-Манай тоглолтыг үзсэн харсан гадны зочин огт өөр ертөнцийг хардаг юм шүү дээ. Үндэсний дуу бүжиг, хөөмий, язгуур урлаг, ерөөл магтаал дэлхийд өөр байхгүй урлаг. Муу нэртэй, луу данстай Сосор­барам минь ардын хамтлагуудыг гадагш дотогш нь явуулж, дэлхийд таниулж байдагт баярладаг. Яамны хийх ёстой ажлыг хувь хүн хийгээд явж байна. Уг нь Соёл урлагаа хөгжүүлээд, дэлхийд түүх соёлоо таниулахад бодлого хэрэгтэй.

-Та хэр олон оронд очиж дуулж байв?

-Би олон оронд очсон. Ялангуяа социализмын үед дэлхийн гуч гаруй оронд очсон байдаг. Чуулга Монголын соёл урлагийн нүүр царайг харуулдаг. Манай Ардын дуу бүжгийн чуулга, циркийн тоглолтыг гадаадын үзэгчид дэндүү хүлээж авч байсан. Гучин минут алга ташдаг байлаа. Ардын дуу, зохиолын дуу, уртын дуу ч дуулсан. Очсон орныхоо дууг өглөө нь аваад, орой нь хөгжимтэйгөө нийлээд дуулчихдаг л байсан. Залуу ч байсан, юм тогтоохдоо амархан байж.

-Зүй нь соёлын бодлого яаж явах ёстой гэж та боддог вэ?

-Монголын нүүр царай, түүх соёлыг манайхаар дамжуулах учиртай. “Чуулга биеэ даагаад хошин шогийн хамтлаг шиг гараад явчихаж болохоор ш дээ” гэж нэг дарга хэлж байсан гэнэ лээ. Ямар тэнэг үг вэ. Үндэснийхээ соёлыг түгээдэг, сурталчилдаг ганц газраа тараах нь. Манайх засгаас байр л нэхдэг. Энэ байшинд драмын театр, хүүхэлдэйн театрынхантай хэрэлдээд 50-60 жил амьдар­лаа. Хэдэн жилийн өмнө Үндэсний театр барих төсөв мөнгө нь батлагдаад, барихдаа тулсан ч газар нь олдоогүй. Ганц үндэсний театр барьчих газар Улаанбаатарт баймаар л юм даа. Гадны сүм барих болохоор энд тэндгүй газар олдоод байх юм.

-Урлагт улс төрийн нөлөө орж байна гэж та ярьсан байна лээ?

-Ер нь улс төрийн нөлөө их байна. Засаг солигдоод, нэг нам солигдохоор Дуурийн театр манай хоёрын даргыг заавал солино. Дарга нь хүрч ирээд найруулагчаа, уран сайхны удирдагчаа өөрчилдөг. Хэвийн ажиллаж байсан хамт олны зүтгэж хийх гэж байсан юмыг дундуур нь орж ирээд тас тас татаад бужигнуулж хаяад, өөр өөрсдийнхөө хүнийг нааш нь цааш нь шургуулаад, тэр нь чадаж байна уу, чадахгүй байна уу хамаа байхгүй ээ. Сүүлдээ иймэрхүү маяг руу орчих гээд байна. Үүнд би үнэхээр эмзэглэж байгаа. Соёл урлаг руу хүртэл улстөрчдийн гар орж ирээд байх юм бол үнэхээр муухай хэрэг. Ахиад ямар нэг байдлаар сайд солигдоход бужигнаан үүсгээд энэ хэдэн урлагийн байгууллагуудаар тоглочих вий.

-Та одоо хэн хэнтэйгээ амьдарч байна. Танай хүүхдүүд дунд урлагийн хүн байдаг билүү?

-Эхнэр хүүхэдтэйгээ амьдарч байгаа. Би чинь гурван хүүхэдтэй хүн. Нэг нь дипломатч хүн. Дараагийн хүү студитэй. “Малчин” телевизийн захирал хийдэг. Бага охин маань СУИС-д сурч байна.

-Дуулахаа боливол ийм юм хийнэ дээ гэсэн хүсэл байдаг уу?

-Хурим найр, цэнгүүн, шагнал урамшлын мялаалгын үеэр хоёр дуу дуулж, таван төгрөг өгөхөөр нь авдаг. Марзан Шарав нэг монгол кинон дээр “Өгөх хүний сүсэг мэддэг” гэдэг шиг л юм болдог. Дутаж гуцсан юм алга. Овойж оцойсон юм алга. Зах зээлийн үед наймаа хийх гэж үзсэн. Хөрөө рам байгуулж үзээд, банз мод гаргаад, арьс шир урагш нь гаргаж үзсэн. Наймаа гэдэг миний хийх ажил биш юм билээ. Ноднин манай удирдлагууд нэг санал тавьсан юм. Чуулгад нэг студи байгуулъя. Орон нутгийн театр чуулгын дуучдыг авчирч, курс маягаар сургая. Дуулах сонирхолтой залуусыг сургаж, байнгын ажиллагаатай студи байгуулъя гэсэн. Би ч дээр үед курсээр л дуучин болж байлаа.

-Таныг анх олж харсан хүн хэн байсан бэ?

-Алдарт дуучин Ж.Дорж­Дагва гуай, Н.Норовбанзад гуай, Б.Лхамжав гуай байна. Чуулгын дэргэдэх дуулаачийн курст яваад, сайд татах, урлагийн замаар явах асууд­лыг энэ хэд л шийдсэн. Манай чуулгын уран сайхны удирдагч Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт Цэрэндорж гэж агуу хүн байв. Намайг хүн болгосон. Намайг 1970 онд “Энхийн цэрэг” гэж дууг оркестр хоортой гоцлол дуулуулаад, гаргаж ирсэн хүн.

-Та урлагийн сайхан эрчүү­дийн нэг байсан. Шүтэн биш­рэгч их байсан байх?

-Захиа л их ирдэг байсан. Хариуг нь бичиж чаддаггүй. Тэр болгонд яаж хариу бичих вэ.

-Таны дууг сонсох дуртай хүмүүс олон. Хуучны дуучид цомог нэг их гаргадаггүй санагддаг?

-Ноднин “Их урлагт 45” гэсэн концерт хийсэн. Хүүгийн найзууд, манай чуулгын дуучид, орчин үеийн зохиолын дуучид оролцсон. 1994 онд “Цэнхэрийн аялгуу” гэж сумынхаа нэрээр нэрлэ­сэн кино концерт хийсэн. Улаанбаатар телевизийнхэн хийж өгсөн. Баяр өөрөө найруулсан. Тэр үед зах зээл эхэлсэн хэцүү л үе байсан. Найз нөхөд унаа, шатахуун, хоол ундаар тусалсан. Тэгж нэг кино концерттой үлдсэн шүү. Хүүгийнхээ буянаар хийсэн хэдэн клип бий. Ирэх жилээс шинэвтэр тав зургаан дуу, хуучны гайгүй шиг дуунуудаасаа оруулаад ахиад нэг телевизийн концерт арай гайгүй дээрээ хийчих бодол бий.

-Н.Норовбанзад гуайг чадалтай байгаа дээр нь клип хийж авч үлдлээ гээд байсан. “Уяхан замбуу тивийн наран” клипийг нь одоо үзэхэд үнэхээр сайхан санагддаг?

-Норовбанзад гуай чинь бурхан чигээрээ байсаар байгаад бурхан болчихсон хүн шүү дээ.

-Далан насны ойн концертон дээрээ үнэхээр сайхан дуулж байсан даа. Шавь нар ч дуулж л байсан. Хоолойнх нь энг гүйцэхгүй санагдсан?

-Норовоо эгч ханиад ч хүрч байгаагүй хүн. Хоолойгоо ч сайхан хамгаална даа. Яг далан насандаа явсан шүү дээ. Юу ч мэдээгүй байж байгаад Япон руу тоглолтоор явж ирчихээд, хоёрдугаар эмнэлэгт шинжилгээ өгсөн чинь “Элэг чинь болохоо байчихсан байна” гээд. Японд очиж эмчлүүлэхээр болсон ч хүнд үедээ орчихсон, яах ч боломжгүй гээд, богинохон хугацаанд өвдөөд явчихсан шүү дээ. Түмэндэмбэрэл гуай, Норвоо эгч хоёр бол миний ээж шиг байсан хүмүүс.

-Найзуудынхаа тухай дурсаач?

-Манайд Жадамбаа гэж дуучин байсан. Сүүлд Дарханы театрын дарга олон жил хийсэн. Бурхан болсон л доо. Миний найз Мэнд-Амар гээд хөгжмийн зохиолч манай ёочингийн ганц. Манай чуулгад байсан, “Үйлийн гурван толгой” бүжгэн жүжиг бичсэн. Бид дэндүү дотно байлаа. Их баярлах, сэтгэл гундуу байх үед найз санаанд орж ирдэг юм шүү. Жаахан тааруухан найруулгатай хөгжим явахаар “Иш, миний Мэндээ байсан бол арай ч ингэж хийхгүй дээ” гэж бодогдоод л.

-Сэтгэлээ онгойлгомоор үедээ хэнд ханддаг вэ?

-За даа, одоо нас ч явж байгаа юм уу. Нэг их сэтгэл нээгээд байх биш дээ. Зожиг ч гэхэд хаашаа юм бэ дээ. Хэдэн хүүхдүүд, хамт олонтойгоо бужигнаад эдэнтэйгээ адилхан дэгж дэрвээд гүйгээд байна даа.

-Та хамрын тамхи их татах юм аа. Ач холбог­долтой эд үү?

-Хамрын тамхи татахаас өмнө их ханиад хүрдэг байсан. Хамрын тамхи татсанаас хойш ханиад хүрээгүй. Дуулахад тээр болоод байдаггүй. Дуулахаа­саа өмнөхөн хамрын тамхи нэг сайн татаж байгаад хамаг юмаа онгойлгочихоод гардаг.

-Хамрын тамхи татдаг хүн хөөрөг сонирхдог байх?

-Аавын минь сайхан халтар манан хөөрөг бий. Ажлын нэг хөөрөг ширээн дээрээ тавьчихдаг юм.

-Өнөөгийн Монголын дүр зургийг та хэрхэн тодорхойлох вэ?

-Ард түмэн бол үнэхээр хямраад байна. Үнийн өсөлт дэндлээ. Тэр болгон дэлгүүр хоршоогоор явдаггүй л дээ. Муу хөгшин маань гараад бараг юм аваагүй хэдэн төгрөгөө дуусаад орж ирэх юм байна шүү дээ. Дээрээ хямраагүй гэж боддог, үнэндээ. Хоёр нийгмийн солбилцлын хооронд энэ хэд чинь барахааргүй болчихсон юм байна. Тэр суудалдаа суух ямар ч дуртай юм. Түүнийхээ төлөө ямар ч их тэмцдэг юм. Унац сайтай юм шиг байна. Улс орноо гэсэн сэтгэлтэй хүн ээ дээ, цөөхөн байгаа байх аа.

-Та алдар цолондоо сэт­гэл хангалуун байдаг уу?

-Төр түмэн хоёр л өгсөн юм. Одоо бол шагнал урамш­лын талаар сонин юм их дуулдах юм. Мөнгөөр одон авдаг ч гэх шиг. Шагнал арай дэндүү хавтгайрлаа. Дарга энд тэндхийн ой дээр одон тэмдгийг халаасалж аваачаад зүүгээд зүүгээд өгчих юм байна шүү дээ. Салбарын тэргүүн гэдэг ямар амархан болчихсон юм. Наян онд гавьяат авч байхад шалгуур өндөр байлаа. Ар гэр хажуу айлаас хүртэл “Энэ Самбуу гэдэг чинь ямар хүн байна” гээд хороо хориноос хүртэл судалж, жаахан юм гарвал гавьяат байтугай юу ч үгүй үлдэнэ. Маш хяналттай байсан. Тал талаас нь харж байж өгч байсан. Шагнал урамшил дээр шалгуур болзол тавимаар юм шиг. Төр засаг үүнийгээ жаахан цэгцлэх байлгүй дээ.


Categories
арын-нүүр булангууд мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Илүүдэл жингээ үзэн ядах хэрэггүй

Илүүдэл жин хүүхнүүдийн ярианы гол сэдэв. Илүүдэл жинтэйгээ хамт зарим нь өөрийгөө үзэн ядах шахах юм. Жингээ хянаж чадаагүй нэг эмэгтэй илүүдэл жинтэйгээ найзалжээ. Масс ихтэй ч эвлэгхэн бүжиглэх тэрбээр интернэтийн шинэ од болчихож. Илүүдэл жин гэдэг асуудал мөн ч байнга түүндээ анхаарал хандуулаад, зүсэм бялуу идсэн ч айдастай явах нь эргээд таргалалтын шалтгаан болдог аж.

Стресс гэдэг жин нэмэгдүүлэх гол сэжим болчихдог юм байна. Тийм учраас хааяа амттан идэхдээ айх хэрэггүй. Амттан аз жаргалын мэдрэмж авчирдаг гэдэг шүү дээ. Хөхүүл хүүхэдтэй хүүхнүүд хүртэл элдэв тураах бэлдмэл эрж сурна. Хүүхдэд сөрөг нөлөөтэй юм идэж уухгүйгээр жингээ хянах энгийн арга байж л таарна. Эдийн засгийн хямрал нүүрлэсэн ч хүн ам маань таргалалтын синдромтой болчихож. Үнэндээ хоёр хүний нэг нь илүүдэл жинтэй гэсэн судалгаа бий.

Жингээ хасах гэж хамаг мөнгөө үрэхийн оронд мөнгөө хэмнэх замаар турж болох шүү дээ. Наад зах нь хот дотор унаа машинаас татгалзаарай. Гучин хором алхахад жингээ барихад хялбар болно. Өөх тостой, цагаан гурилтай хоол хүнснээс татгалзаж, хоолоо багасгах хэрэгтэй. Нас ахих тусмаа хүн жин нэмэх хандлагатай байдаг. Тийм учраас залуудаа идэж байсныхаа хагас хугасыг л шингээж чадна гэдгээ санаарай.

Орой 18 цагаас хойш хоол идэхгүй гэдэг чихрийн шижинтэй хүмүүсийн баримталдаг зарчим жин ихтэй хүмүүст ч хамаатай. Орой юм идмээр санагдвал байцаа, лууван хүрэн манжингийн салат, эсвэл аяга тараг, ширхэг алим гэх мэт гэм хоргүй юм идчих. Дасгал хөдөлгөөн хийхээ мартаж болохгүй. Хамгийн гол нь илүүдэл жиндээ хэт бүү анхаар. Эмзэг цэгтээ бус сайн талдаа илүү анхаарвал амьдрал хялбар бус уу.

Categories
мэдээ цаг-үе

Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн удмынхан

Ц.Юндэн, Ц.Лхамсүрэн нар үр хүүхэд, танил нөхдийнхөө хамт наадам үзэхээр явах гэж буй нь.

“Хичээнгүй сайд” хэмээн олноо алдаршсан Ерөнхий сайд Б.Цэрэндоржийн удмынхан ямар хүмүүс байдаг бол хэмээн сонирхдог байлаа. Удтал гуйлгасны эцэст түүний ач охин Ю.Эрдэнэтуяа, Ю.Навчаа нартай уулзлаа. Ю.Эрдэнэтуяа “Хичээнгүй сайд” сангийн тэргүүнээр ажилладаг. Б.Цэрэндорж гуай ганц хүүтэй хүн байжээ. “Ганцаас газар дүүрнэ” гэдэгчлэн ганц хүү Юндэн нь найман хүүхдийн аав болжээ. Ордны ойролцоох хуучны нэгэн байранд Ю.Эрдэнэтуяа нөхөр болон Тузик нэртэй хар пудель нохойтойгоо гурвуул амьдардаг. Даруухан мөртлөө нэг л эрхэмсэг аж төрдөг хүмүүс аж. Гэрийн эзэд Москвагийн их сургуулийн нэг ангийн хоёр, хоёулаа сэтгүүлч гэнэ. Ц.Бат-Орших гуай “Улаан од” сонины сэтгүүлч явсан. Сүүлд Монголын сэтгүүлчдийн холбоог тэргүүлж байсан хүн. Ю.Эрдэнэтуяа 1980-аад онд Мэдээлэл, Радио Телевизийн улсын хорооны орлогч даргаар ажиллаж, Монгол телевизийг удирдаж явсан хүн. Ерээд оноос Засгийн газар, УИХ-ын судалгааны төвд судлаачаар ажиллахын зэрэгцээ МУИС-д олон жил багшилсан доктор юм. Багаас сурлага сайтай, нягт нямбай охин байжээ. Аав нь нэг удаа 23-р сургуулийн эцэг, эхийн хуралд суугаад ирэхдээ “Манай шар Жууяа чинь мундаг онц сурдаг юм байна. Би ч Д.Бавуу генералынхаа дэргэд маадгар сууж байгаад ирлээ” гэж ихэд сэтгэл хангалуун хэлжээ. Д.Бавуу генералын охин нь бас тэдний анги байсан аж. Ц.Юндэн гуай орой шугамын радиогоор төрийн сүлд дуулал эгшиглэж дуусахтай зэрэг цэргийн пилотка малгайгаа авч тавиад, унтахаар явдаг зуршилтай байжээ. Мөн Москвагийн радиогийн монгол хэлний нэвтрүүлгийг тогтмол сонсдог, захидал хүртэл бичдэг байсныг охин нь дурслаа. Хичээнгүй сайдын ганц хүү Юндэн, Сүхбаатар жанжны хүүтэй найз нөхөд явсныг олон хүн ярьдаг. “С.Галсан хурандаа болчихоод байхад намайг болгохгүй байна” гээд гомдоллож явсан удаатай гэнэ. “Цэргийн дээд сургууль төгсөөгүй юм чинь та яаж хурандаа болох юм бэ” гэж охин нь хэлжээ. Уг нь хичээнгүй сайдын хүүг сургуульд явуулах гэсэн юм билээ. Гэтэл Ц.Юндэн маршал Х.Чойбалсан дээр давхиж ороод “Авгай хүүхэдтэй маань хамт явуулахгүй бол явахгүй” гэж томорчээ. Тухайн үед түүний дураар гэр бүлээр нь явуулж сургах боломжгүй байсан болов уу.

Хичээнгүй сайдын ганц хүү Ц.Юндэн 1930-аад онд

Х.Чойбалсангийн нарийн бичгийн даргаар олон жил ажилласан П.Шагдарсүрэн “Миний мэдэх Чойбалсан” номондоо Х.Чойбалсан гуайнхаар өөрийнх нь болон Гүндэгмаа гуайн төрөл садан, хүүхдүүд, танил садан их ирнэ. Богдын донир байсан өвгөн Жамбал, хичээнгүй сайдын хүү Юндэн нар тэднийхээр орж гардагсан” хэмээн дурссан байдаг. Үнэндээ хичээнгүй сайдын ганц хүүг Х.Чойбалсан хүлээж авдагт гайхах зүйлгүй ч өөр нэг нарийн холбоо тэдэнд бий. Маршалын анхных нь гэргий Бортолгой бүсгүй Юндэн гуайн эхнэрийн төрсөн эгч нь учир тэр хоёр базууд байсан аж.

Ю.Эрдэнэтуяа эгч гал тогоондоо эргэлдэнэ. Ширээ дүүргэж, төмсний нухаштай зайдас, пирожки зэрэг орос маягийн хоол хийх зуураа амттай яриагаар дайлав. “Эхээс наймуулаа. Таван хүүхэн, гурван хүүтэй айл” гэнэ. Аав Юндэн нь цэргийн хүн, дэд хурандаа цолтой эр явжээ. Ээж Ц.Лхамсүрэн нь насаараа сүүтэй цай уусан бол аав нь байхуу цай л уудаг байж. Аав нь пүүшиг татаж ээж нь ороосон тамхийг илүүд үзнэ. Хэдийгээр цай, тамхины сонголт нь өөр ч эвсэг, халуун дулаан гэр бүл байлаа. “Ээж, аавыг муудалцаж байхыг сонсоогүй. Ээж дуугарна гэж үгүй. Хөлөө ачиж суугаад тамхиа татдаг хүн байсан” хэмээн охин нь дурсав. Юндэн гуай 14 настайдаа ардын хувьсгалтай золгосон учраас хувьсгалын анхны жилүүдэд байгуулагдаж байсан банк, холбоо, гал команд, кино үйлдвэр зэрэг газарт ажиллаж явсан анхны хэмээх тодотгол олонтой хүн. Бас Автономит монголын анхны сургуулийн сурагч байж. Гэхдээ багаа­саа л машин техник сонирхдог хүн байснаас жолооч, механикчаар олон жил ажилласан, тэр бүү хэл хичээнгүй сайд аавынхаа тэргийг ч барьж байсан удаатай гэнэ. Юндэн гуайн гурван хүү Гаалан, Гамшир, Шижир нар ч аавыгаа дуурайсан техникийн сонирхолтой байснаас төмөр зам, авто тээвэр, агаарын тээврийн салбарт хүчин зүтгэжээ. Харин Надя (Навчаа), Вера (Итгэл), Эрдэнэцэцэг, Эрдэнэтуяа, Энхтүвшин охид нь эмч, орчуулагч, сэтгүүлч, багш, оюуны өмчийн мэргэжилтэй, хоёр нь доктор. Хичээнгүй сайдын том ач охин нь болох Навчаа эгч бялуу барьсаар дүүгийндээ зочилж ирсэн юм. Ц.Юндэнгийнх эхэн үедээ хүүхэд харж, гэрийн ажилд тусалдаг хүнтэй байсан ч сүүлдээ дүү нараа харж хандах, ариун цэвэр сахиулах үүрэг том охинд шилжсэн гэнэ. Зусланд гарсан хойно том охиныг гараад ирэх зуур гэрт дэг журам алдагдах нь цөөнгүй.

Хичээнгүй сайдын ач охин Ю.Эрдэнэтуяа, Ю.Навчаа нар

-Би хааяа хот ороод ирэхээр гэснээ Навчаа эгч алга хавсран залбирав “Гэр буулгаад хаясан байна. Ээж гадаа тамхиа татаад сууж байна. “Хавийн хүүхдүүд бужигнаад, гэр буулгачихаж. Та хэлэхэд яадаг юм бэ” гэхээр ээж “За яахав дээ” гэнэ. Ю.Эрдэнэтуяа эгч пирожки хайрангаа ярианд оролцож “Дүү бид гурвыг гадаа гаргахгүй. Цонхон дээрээ болжмор шиг суугаад гадаа тоглож байгаа хүүхдүүдийг харж атаархдаг байсан” гэв. Хааяа гадаа гарах “виз” өгөхөөрөө эгч нь хамт гараад цаг харж байгаад оруулдаг байсан гэнэ. Хичээнгүй сайдын ач охид өөр хоорондоо их төстэй юм. Навчаа эгч Ленинградад анагаахын сургуульд сурч, цэргийн эмчээр ажиллажээ. Бэлтгэл хошууч цолтой гэнэ шүү. Навчаа өдгөө Австри улсад хүүхдүүдийнхээ хамт амьдардаг. Хичээнгүй сайдын ач хөвгүүд нь өөд болж, өдгөө дөрвөн ач охин нь л үлдсэн гэнэ. Ю.Эрдэнэтуяа эгчийг УИХ-ын тамгын газарт ажиллаж байхад нь л “Удам судрынхаа тухай ярьж өгөөч” гэж хүссэн. “За” гэсэн мөртлөө завгүй гээд хойшлуулаад байдаг хүн. Тэтгэвэрт гар­чихаад яагаад завгүй явдаг юм бол гэж гайхдаг байлаа. Харин тэр өөртөө маш их ажил бий болгожээ. Ю.Эрдэнэтуяа эгч гурван ном бичиж байгаа гэнэ. Түүхч С.Туяатай хамтарч хичээнгүй сайдын тухай намтарчилсан том ном бичиж эхэлжээ. Гадаад, дотоодын номын сан, архивт сууж баримт сэлт цуглуулсан гэв. Бас аав, ээжийнхээ тухай ном бичиж байна. Ю.Эрдэнэтуяа эгч ганц хүүтэй. Хоёр ач охинтой юм. Гадаадад сууж байгаа ач нартаа зориулж, эмээ, өвөө нь ямар хүмүүс байсан тухай бичжээ

Хичээнгүй сайд Б.Цэрэндорж байнга тэмдэглэл хөтөлдөг зантай хүн байв. Ганц хүү Ц.Юндэн ч аав шигээ тэмдэглэл хөтөлдөг зуршилтай байжээ. Гэр бүлийн энэ мэт уламжлалыг Ю.Эрдэнэтуяа өвлөсөн бололтой.

“Манай аав нямбай хүн байсан. Тэмдэглэл хөтөлдөг, хуучин монголоор жирийтэл бичдэг хүн байлаа. Бүх тэмдэглэлийг нь хадгалдаг. Жолооны үнэмлэх, мото­цикльч­ний үнэмлэх, 1938 оны гадаад паспорт ч байна хэмээн Ю.Эрдэнэтуяа сонирхуулав. “Ааваасаа юм хадгалахыг сурсан юм. Ээж аавтай хамт амьдарч байсан отгон дүү маань гал голомтоо сахиж үлдсэн. Өвөө хаант оросоос авчирсан ханын цаг, манай ээжийн алдарт эхийн нэгдүгээр одон, М.Дүгэрсүрэн гуайн аавд бэлэглэсэн швейцарь бугуйн цаг ч бий. Аав цаг засдаг хоббитой байсан. Цаг засварын хэрэгслийг нь манай нөхөр өвлөсөн. Хүүхэд бүрийн шүдний ором гарсан дурсгалтай аяга нь ч бас үлдсэн. “Миний бүх хүүхдийн шүдний ором орсон мөнгөн аяга гэж ээж хэлдэг байсан” гэв.

Маршал Х.Чойбалсан, Ц.Бортолгой нар

“Элдэв очир” кино театр буюу одоогийнхоор бол Хөрөнгийн биржийн ар талын байранд Ц.Юндэнгийнх хэмээх өнөр бүл амьдарч байжээ. “Ю.Цэдэнбал дарга аавд өгсөн байр. Энэ байрандаа аав нас барсан. Аав тэтгэвэрт гарчихаад Хувьсгалын музейн архивт эрдэм шинжилгээний ажилтантай нь хамтарч, дээр үеийн хүмүүсийн зураг таних ажил хийж байсан. Их ойтой, нэг харсан хүнээ андахгүй. Сайн дурын ажил байсан даа гэж охин нь дурсав. Ц.Бат Орших гуай энэ үеэр ярианд оролцож, хадам аавынхаа тухай дурсамжид хошуу нэмлээ. “Ийш тийшээ явж амьтан хүнтэй уулзах дуртай хүн байлаа.Партизан Дашзэвэг гуайтай уулзана. Долоо хоногт хоёр, гурван удаа тойрог хийнэ шүү дээ. Чойбалсан гуайн гэргий Гүндэгмаа гуайнхаар орно. Сүхбаатарын Галсан гуай дээр очно. Ширэндэв гуайнхаар орно. Хичээнгүй сайд аавынхаа жолооч байсан. Хичээнгүй сайд “Би улсын ажил хийж байна. Хүү маань миний тэргийг барих нь зохимжгүй” гэсэн байдаг. Тэгээд аавыг П.Гэндэн гуайн жолооч болгожээ” гэв. Харин хичээнгүй сайдынх Улаанбаатар зочид буудлын ард орос маягийн байшинд амьдардаг байжээ. Унгарын зурагчин Гелетагийн авсан Ерөнхий сайдын байшин, гэрийн дотоод байдал, түүнийг оршуулах ёслолыг харуулсан гэрэл зургийн цомгийг эднийх нандигнан хадгалдаг аж. Ерөнхий сайд Б.Цэрэндоржийн 1928 онд авахуулсан зургийг заагаад “Хацар дээрх мэнгэ нь өмөн үү болоод өвдөж байсан үеийнх нь зураг” гэж ач охин нь тайлбарлав. Туслах нь гарын үсэг зуруулах гэж ороход хацраас нь цус дусалж байсан гэдэг. Н.П.Шастин эмч өвгөнийг үзээд, гадаадад явж эмчлүүлэх хэрэгтэй гэхэд “Үхэх нь болсон хөгшин өвгөнд хатиг гарлаа гээд улсын сан хөмрөгийг хохироож болохгүй” гэж татгалзсан тухай хичээнгүй сайдын гарын нарийн бичгийн дарга явсан М.Ядамсүрэн дурсамжийн номондоо өгүүлсэн юм. Хичээнгүй сайд Б.Цэрэндорж 61-тэй нас баржээ. Б.Цэрэндоржийн гэргий Дэлэгжид гэж эмэгтэй байлаа.Түүний садан төрлийнхөн Амгаланбаатар хотноо суудаг, зайсан гаралтай бичгийн хүмүүс ажээ.

Ю.Эрдэнэтуяа эгчийнд цэцэглээд 24 цаг болоод үхдэг кактус байдаг.

-Энэ цэцгийг манай аав цонхон дээрээ тавиад “Зуун жилд нэг удаа цэцэглэдэг гэнэ лээ” гээд хүлээгээд байсан. Аавыг нас барснаас хойш нэлээд сүүлд цэцэглэж эхэлсэн дээ. Энэ кактусыг цэцэглэх болгонд бид тэмдэглэдэг. Бүх өрхөд энэ цэцэг байгаа гэж тэр ярив.

Ю.Навчаа эгчтэй баахан хуучлав.

-Өвөөгийнхөө тухай та юу сонсч байв?

-Би тэр талаар нэг их сонсоогүй. Аавын хэлснийг л мэднэ. Дуугүй, бараг уурлахыг мэдэхгүй. Нэг үг дуугарвал сүрхий жинтэй үг хэлдэг. Хэзээ ч хүнийг хуурч худлаа хэлж болохгүй. Зарчимч байх ёстой гэж хэлдэг гэж ах бид хоёрыг үймүүлээд, шийтгүүлэхэд аав ярина шүү дээ. Тийм учраас та нар би энийг ингэчихлээ гээд хэлж байх хэрэгтэй. Хүн рүү буруугаа тохож болохгүй гэнэ. Хичээнгүй сайдыг хүүхдээ эрдэм номтой хүн болгоход их анхаарч, надад гэрийн багшаар монгол бичиг, орос, хятад хэл заалгаж байсан гэж ярьдаг байлаа.

-Ээжийнхээ тухай яриач?

-Манай ээж Богдын сойвон Цэвээнжалавын таван охины нэг. Ээж дороосоо хоёр дахь нь байсан. Ээжийн дүү Нямаахүүгийн хоёр хүүхэд нь бидэнтэй хамт өссөн юм. Ээж анхны бага сургуульд сурч анхны пионер байсан гэдэг.

Хичээнгүй сайд уг нь бэрээ болгох гэж Тамжав гэж хүүхнийг манай аавд ёсолж авсан юм билээ. Тэгээд манай аав суухгүй гэж давхисан тухай садангийн Бадамханд эмээ ярьж байсан. Ёсолж авсан Тамжавыгаа яв гэж хөөгөөд, гэр тойруулж хөөгөөд ч гэх шиг манай аав дүрсгүй нөхөр байсан шиг байгаа юм. Тэгээд Цэвээнжалав сойвонгийн охинтой суусан гэж ярьсан байдаг. 1921 онд Гуравдугаар сургууль байгуулагдахад хамт анхных нь сурагчид байсан юм билээ. Аав ээжээс жаахан ах. Ээж 1911 онд төрсөн. Аав бол 1907 оны хүн. Автономитын бага сургуульд хэрхэн сурсан тухай аавын дурсамж байдаг. Боорцог өгдөг. Таван хэл, физик, тоо бодлого, дэлхийн түүх үздэг байсан гэдэг. Анх А заалгаж байсан хүүхдийг бодвол бичиг үсэгтэй. Тэгээд аав 1921 онд байгуулагдсан анхны бага сургуульд ороод өөрөө мэддэг байсан учраас хоёр жил сураад сургуулиа орхисон. Тэр хоорондоо манай ээжийг хараад өөрийнхөө авгайг хөөж явуулаад манай ээжтэй суусан гэдэг.

-Маршал таныг өргөж авах гэж байсан гэв үү?

-Гал команд гэж байгаагийн орчимд манайх, Бортолгой эгчийнх, Нямаахүү эгчийнхтэй хамар хашаа байсан. Маршал Бортолгой эгч дээр байнга ирдэг. Маршалыг ирэхэд Долгор эгчийн охин анжаа том тогоонд түүний дуртай хярамцаг хийнэ. Бид гэртээ цай уухгүй. Эгч дээрээ орж цай ууна. Хэдэн хүүхдэд том том мөнгөн аяганд будаа хийгээд тавилчихна. Манай хоёр ах, би, Гарийгаа бид хэд тэнд л иднэ. Эгч дээр хөдөө гадаанаас хүн их ирнэ. Цагаан идээ янз бүрийн юм авчирж өгнө. Манай эгч өөрөө гурван том улаан үнээтэй. Бага тэнгэрийн ам, Арцатын аманд зусланд гарна. Үнээ саадаг хүнтэй. Үнээ саагаад модон аяганд саасан сүүгээ аягалаад “Уу, уу” гэдэг сэн. Би маршалын өвөр дээр гараад суучихна. Сахлыг нь оролдоно. Их л сайхан хүн санагддаг. Намайг хүү байсан бол маршалынх өргөж авна гэдэг байж. Ээж хүүхэн ч гарсан өгчихдөг юм билүү, хөөрхий минь гэж бодсон гэнэ лээ. Тэгсэн Бортолгой эгч “Хэрэггүй, хүүхнээ битгий өг, чи хоёр хүүтэй, хүүхнээ үлдээ. Дараа нь хүү гарвал өг” гэж хэлсэн юм билээ.

-Хичээнгүй сайдын ганц хүү эрх давилуун байсан болов уу?

-Залуудаа эрх танхи байсан гэж байгаа юм. Манай ээж “Энэ цамаан байсан шүү” гэж ярьж байсан. Хутга, сэрээ барьж хооллодог байсан даа. Аавтай сүүлийн гурав дөрвөн жил Улиастайн цэргийн бригадад хамт ажиллаж байлаа. Аав хуягт танкийн инженер хийгээд, би эмнэлгийн албаны дарга байлаа. Хичээл номонд сууна. Сайдын шалгалт гээд буудлаганд явна. “Танай аав чинь 29-өөс доошоо бууддаггүй, онц буудагч шүү. Охин нь ямар болохыг харна даа” гэсэн. Шалгалтын үеэр тэмцээнд ороод 29 буудчихсан. Ж.Лхагвасүрэн генерал Батлан хамгаалахын сайд байв. “Би дээр үед аавыг чинь онц буудахад цагаа өгч байсан юм. Одоо энэ цагаа охинд нь өгье” гээд Лхагвасүрэн генерал бугуйн цагаа бэлэглэж байлаа. С.Янжмаа гуайн ууж байсан мөнгөн аягыг манай том охины нэг насны ойгоор Галсан гуай бас өгч байсан юм гэв.

Ерөнхий сайд Б.Цэрэндорж

Хичээнгүй сайд сангаас удам залгах эрэгтэй хүүхдүүддээ батламж гардуулдаг уламжлалтай. Ю.Шижирийн ач хүү Алтангэрэлийн Тэмүүлд гардуулсан батламжид “Монгол Улсын төрийн нэрт зүтгэлтэн Ерөнхий сайд асан Цэрэндоржийн тав дахь үеийн хүү болохыг батламжлав” гэж бичжээ. Гурван нас хүрэхээр нь батламж гардуулдаг. Сангаас хичээнгүй сайдын төрсөн нутаг Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улааныхантай байнгын холбоотой ажилладаг гэнэ.

Ц.Юндэнгийнх хүргэн, бэр сайтай улс гэдэг. Эдний хүргэн ҮХЦ-ийн дарга, академич Ж.Амарсанаа, хүү, дипломатч Төмөрийн хамт хичээнгүй сайдын бүтээлийн тухай ном эмхэтгэн гаргасан байна лээ. Бас Итгэл эгчийн нөхөр Монгол Улсын гавьяат барилгачин, архитекторч Б.Дамбийням гуай хичээнгүй сайдын хөшөөг урласан аж. Бэр Л.Долгорсүрэн, Л.Хишигт нар нь олон хүүхэд төрүүлж өсгөсөн дархан бэрүүд. Тэдний хүүхдүүд дунд Монгол Улс, ОХУ-ын соёлын гавьяат зүтгэлтэн Г.Энхболд болон Г.Сонсголон, Г.Сэргэлэн, Ш.Гэрэлт-Од, Г.Амгалан нарын инженерүүд бий. Түүнчлэн багш, нисгэгч, орчуулагч, эмч, өмгөөлөгч, эдийн засагч гээд олон мэргэжлийн үр ачтай. Хичээнгүй сайдын удмынхан гадаадын олон оронд сурч, ажиллаж амьдарч буй.

Хичээнгүй сайд Б.Цэрэндорж, Ерөнхий сайд асан А.Амар, Х.Чойбалсан нар нөхдийн хамт

Categories
мэдээ цаг-үе

Д.Мөнхөө: Цэцэрлэгийн хүүхдийг сугалаагаар авна гэдэг ёстой инээдтэй санагдаж байна

“Гал
голомт” үндэсний хөдөлгөөний тэргүүн,
Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Мөнхөөтөй ярилцлаа.

-Д.Мөнхөө
дарга гэж хүмүүс ярьдаг. Та хэдэн наснаасаа дарга болсон бэ?

-Нэгдүгээр
ангиасаа л дарга болохгүй юу. (инээв)
Нэгдүгээр ангид ангийн дарга болгочихсон чинь хүүхдүүд шуугихаар “Багшид та
нарын нэрийг хэлнэ шүү” гээд худлаа юм бичээд чимээгүй суулгадаг байлаа.

-Ажил хэрэгч
хүүхнүүдийн хувьд сайн эзэгтэй байх боломжгүй гэцгээдэг. Энэ талаар та ямар
бодолтой явдаг вэ?

-Угаасаа энэ
жендерийн хэвшмэл ойлголтын нэг
судлагдахуун байгаа юм. Эмэгтэй хүн үр хүүхдээ төрүүлж өсгөх, гэр бүлээ авч
явах ёстой гэдэг. Нэг бол карьер сонго, нэг бол гэр бүлээ сонго гэдэг. Ямааны
толгой ямбанд багтдаггүй, янтгар хатан зарга шүүдэггүй гэсэн үг бий. Соёл
иргэншлийн тодорхой шатанд хүрэхэд тэр нь буруу байжээ гэдгийг амьдрал өөрөө
нотолж эхэлсэн. Дэлхийн хүн амын тэн хагас нь эмэгтэйчүүд. Үнэхээр гэр бүл үр
хүүхдээ авч яваа юу гэвэл авч яваа. Үр хүүхэд төрүүлнэ өсгөнө тэжээнэ гэдэг
эмэгтэй хүний хэнтэй ч хуваалцахгүй томоохон үүрэг. Гэхдээ эмэгтэй хүний
байгалиас заяасан онцлог эрэгтэй хүнийхээс бас ялгаатай. Эрэгтэйчүүд бол онол
сургаал түшсэн, зарчим баримталсан, алсыг
харсан, өрсөлдөж маргалдахыг илүүд үзсэн байгалийн хүйс. Эмэгтэй хүн уян
зөөлөн,хамт олныг бүрдүүлэх эрмэлзэлтэй, тэгш зохистой байхыг эрхэмлэсэн,
өнөөдрийн нөхцөл байдлыг тунгааж асуудлыг шийддэг байгалийн хүйс. Энэ хоёр чанар харилцан
ойлголцож хамтарч байж тодорхой шийдвэр
гаргах, хөгжлийн бодлого тодорхойлох учиртай. Гэр бүлийн асуудлыг шийдэхэд
ч хамтын оролцоо хэрэгтэй.

-Хотын
цэвэрлэх байгууламж ягтаа тулаад хот бохиртоо живэх шахахад нь эмэгтэй удирдагч
цөөн байна гэж санагдсан. Эрчүүдийн хувьд бол бохирын асуудал хэт жижиг сэдэв
байж магадгүй?

-Нийгмийн
чиглэлийн асуудалд эмэгтэйчүүд байнга анхаарлаа хандуулдаг. Эмэгтэйчүүд бол халамжийн эдийн засгийг
нуруундаа үүрч явдаг хүн амын бүлэг шүү дээ. Хүүхэд тээнэ, төрүүлнэ, өвчтэй
зовсон хүмүүсээ асарна. Гэр бүлийн бүх хүнд анхаарал тавина. Хүн харахад гэрийн
ажил эмэгтэй хүний ажил гэж харагдаж байгаа боловч нийгмийн халамж үйлчилгээний
асар том эдийн засгийг нуруундаа үүрч яваа хүмүүс. Хөлс төлөгддөггүй хөдөлмөр
гэдэг том сэдэв. Дэлхийд бий болж
байгаа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний
бараг 40-50 хувь нь эмэгтэй хүний хөлс төлөгдөөгүй хөдөлмөрөөр бүтэж байгааг
НҮБ-ын олон судалгаа баталсан юм.
Жишээлбэл зочид буудалд нэг хоноход хэдэн төгрөг төлдөг вэ? Угаалгын газраар
үйлчлүүлэхэд ямар үнэтэй билээ. Цамцыг нь угаасан байхад “Сайхан болжээ,
баярлалаа” гэж хэлдэг эр хүн хэд вэ. “Манай гэр орон ямар сайхан харагдаж байх
юм. Чи өнөөдөр зөндөө сайхан юм хийжээ“ гэж урам хайрладаг нөхөр хэд вэ? Эндээс
жендэр гэдэг юм эхэлдэг. Жижиг юмыг тооцож
шийдвэр гаргадаг, нийгмийн асуудалд
анхаардаг энэ хүмүүсийг эрх мэдэл
хэрэгжүүлэх, нөөц баялаг хуваарилахад оролцуулахгүй болохоор цэвэрлэх
байгууламжийг санах амьтан цөөдөж
байхгүй юу. Алтны уурхай, Оюу
толгой, Таван толгой гэж явсаар нийгмийн амин чухал асуудлууд хоцорчихож байгаа
юм.

Одоо дэлхий
нийтээр нийгмийн асуудлыг гэр бүлд төвлөрүүлж тавьдаг арга зүй, технологид
шилжиж байна. Яагаад гэхээр хүн
төрөлхтөн хөгжих явцад хэрэглээг хөөсөн үйлдвэрлэл улс орныг хөгжүүлэх юм
байна, хүний бүх хэрэгцээг хангачих юм байна гэсэн онол арга зүй давамгайлж
байсан. Гэтэл өнгөрүүлсэн туршлага хэрэглээ хөөсөн үйлдвэрлэл хүн төрөлхтний
асуудлыг шийдэхгүй юм байна. Энэ чинь байгаль орчинд халтай юм байна. Эд баялаг
цөөхөн хүний гарт төвлөрдөг юм байна. Харин хүнийг хөгжүүлж чадсан нөхцөлд
дэлхийгээ ч хүнээ ч аврах юм байна. Улс орон хөгжлийн тодорхой шатанд хүрэх
боломжтой юм байна гэдэгт хорьдугаар зууны сүүл үед хүн төрөлхтөн санал
нэгдсэн. Хүн, гэр бүл талаас нь нийгмийн
асуудлыг авч үзэх төрийн хараа дутаж байна. Гэтэл онол арга зүйн үүднээс
үүнийг гаргаад тавьчихсан XXI зууны зорилт гээд дэвшүүлчихсэн. Яг энэ талаар
хэн юу хийж байгаа гэвэл өөр асуудал. Эмэгтэй хүн олноор орж ирж байж энэ
асуудлыг шийднэ. Боловсрол эрүүл мэнд нийгмийн халамж, хамгаалал, гэр бүл хүүхэд гээд нийгмийн
асуудлыг голдуу эмэгтэй парламентчид бодлогыг нь тодорхойлсон байдаг. Үүнийг
манай эмэгтэй УИХ-ын гишүүд ч өөрсдөө сайтар ухаарч, орон зайгаа эзэлж, энэ
асуудал руугаа анхаарч, үндэсний хэмжээний шинжээчийн түвшинд өөрсдийгөө
бэлтгэх учиртай.Түүнээс биш санаанд орсон хоёр гурван өгүүлбэрээ хэлээд явбал
нийгэм ч хүлээж авахад хэцүү, парламентын гишүүддээ ч ойлгуулахад хэцүү. Улс
төрийн намууд ч эмэгтэй парламентчдаа энэ чиглэл рүү нь илүү гүнзгийрүүлж
бэлтгэх нийгмийн хэрэгцээ шаардлага бий.

-Цэцэрлэг,
сургуулийн асуудал ярихаар эргээд эдийн засгийн боломж нөөц хүрэлцэхгүй байгаа
тухай яриад ам таглачих юм. Танд гарц шийдэл харагдаж байна уу?

-Би бол гарц
байгаа л гэж бодож байна. Нийгмийн хариуцлага гэдэг юмыг жигд ногдуулах
хэрэгтэй. Бүхнийг улсын нуруун дээр тохож болохгүй. Өнөөдөр Монголын өмчийн
хэдэн хувь нь хаана, хэний мэдэлд байгаа билээ. Тийм учраас эмэгтэй ажилчин
олонтой томоохон байгууллагууд, компаниуд ч нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх
учиртай. Энэ тухай Монгол Улсын нэгдэн
орсон бүх конвенцид заасан. Гэтэл өнөөдөр эмэгтэй ажилтнаа хүүхдээ хөхүүлэхэд
нь бэлтгэсэн, тохижуулсан өрөө бүхий
хувийн хэвшил хэд, хаана байна вэ?
Асуудал байна. Энэ зүг рүү эзэн ч, төр нь ч хүн ажиллуулж байгаа хэн бүхэн
анхаарал тавих ёстой. Улс төрийн бодлогыг чиглүүлэх ёстой. Ухаандаа
мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг бүхэлд нь төр хариуцаж байна. Олон
уурхай, том үйлдвэрийн газрууд мэргэжилтэй ажилтан бэлтгэж яагаад болдоггүй юм
бэ. Хөгжсөн орнуудын туршлага тийм л байна. Өөрийнхөө үйлдвэрт ажиллаж байгаа
хүний хүүхдэд эцэг эхийнх нь мэргэжлийг
нь өвлүүлээд, өөрийнхөө зардлаар техник мэргэжлийн сургууль байгуулдаг ч юм уу. Аль эсвэл сургалтын төлбөрийг нь
төлж сургаад ажиллах хүчнээ бэлтгэж болно. Удам дамжсан найдвартай ажиллах хүчний
нөөцтэй болох нэг зам гэдэг нь
амьдралаар батлагдсан зүйл биш үү. Ийм нөхцөлд гадаадаас олон ажиллах хүч
авчрах, ажилгүй ур чадваргүй залуучуудаар дүүрлээ гэж элдвээр дуудахгүй байх
боломжтой. Компанийн нийгмийн хариуцлага гэдэг том сэдэв. Одоо чинь ашиг олно
гэхээсээ компаниудын нийгэмд гүйцэтгэж байгаа үүргийг авч үздэг цоо шинэ
үнэлэмж бий болсон. Байгаль орчинд, гэр бүл ажилчиддаа ээлтэй байна уу, тэр нь
нийгэмд эерэгээр яаж нөлөөлж байна вэ. Ингэж байж тухайн ажилтан чин
сэтгэлээсээ ажиллаж амьдрах нөхцөл нь бас бүрддэг. Өмнө нь бүхнийг төр
хариуцдаг байсан бол одоо хүн нь юугаа хариуцах юм, компани нь ямар үүрэг
хүлээх юм, ямар бүлэгт нь төр анхаарах юм, ямар бүлэг нь сонголтоороо юм хийх
юм энэ бүхэнд зохицсон төрийн мэргэн бодлого байх учиртай.

-Д.Мөнхөө гуай
хаана юу хийж байгаа бол гэж олон хүн бодож байгаа болов уу. Сүүлийн үед олон
нийтийн мэдээллийн хэрэгслээр харагдаагүй?

-Энэ олон улстөрч
байхад би юу хийх вэ. Эсгий хийх газар нохой хэрэггүй гэдэг биз дээ. (инээв)

-Таны үед
хувийн эрх ашиг гэдэг юм бараг яригддаггүй байсан байх. Одоо бол улс эх орны
эрх ашгаас өмнө хувийн, бүлэглэлийн эрх ашиг яригдах нь бараг зүй ёсных шахуу
харагддаг болж?

-Либертари үзэл
гэдэг чинь би гэсэн үнэт зүйлтэй үзэл. Социал үзэл гэдэг чинь бид гэсэн үнэт
зүйлтэй. Дэлхий дээр хоёулаа л байж байна. Хөгжсөн гэж байгаа орнуудад дийлэнх
нь социал үзэлтэй намууд эрх барьж байна. Аль алийг нь ухаалгаар Монголын
хөрсөн дээр зөв буулгах ёстой. Нөгөө талаас нэгэнт та төрд зүтгэхээр шийдсэн
бол өөрийгөө золиосолж сурах ёстой. Яагаад гэвэл энэ их эрх ашиг, Монгол орших
уу, эс оршихуйн тухай асуудал. Ёс зүй гэдэг бол хувь хүний төлөвшлийг илтгэдэг
маш том зүйл. Монголчууд хүнээр хүн хийх тухай ярьдаг хүмүүс. Биеэ засаад гэрээ
зас, гэрээ засаад төрөө зас гэдэг гүн
ухаантай. Тухайн улстөрчийн
гаргаж байгаа ааш авир эргээд төрийн нэр төрд нөлөөлж байдаг. Гишүүдээ ёс зүйн талаас нь төлөвшүүлэх, итгэл
үнэмшил үзэл санаа, гүн бат үнэт зүйлтэй болгох нь улс төрийн намуудын хийх
ёстой ажил. Зүгээр л мөнгөтэй хүн элсүүлээд, ийш нь тийш нь нэр дэвшүүлээд байх
юм бол энэ байтугай юм үзэх байлгүй.

-“Гал голомт”
үндэсний хөдөлгөөнөөр сонин юутай байна. Сүүлийн үед юунд анхаарч байгаа вэ?

-Яахав бид 16-17
жил Монгол Улсын төрийн бодлогод гэр
бүлийн асуудлыг байр суурьтай байлгах
гэж зүтгэлээ. Гэр бүлийн талаар ажилладаг 20 гаруй төрийн бус байгууллагын
нэгдсэн үндэсний сүлжээний нэг санаачлагч нь манайх. “Монгол голомт” нэртэй гэр бүлийн үндэсний зөвлөл гэдэг том сүлжээ бий болж байна. Хамтарч
ажиллах анхны эхлэлүүдээ хийж байна. Гэр бүлийн талаар миний санаа зовж
явдаг гурван том асуудал байдаг юм. Нэгдүгээрт Монголд гэр бүлийн асуудлыг
хариуцсан үндэсний тогтолцоо байх хэрэгтэй.
17 жил зүтгээд тэрийг бий болгож чадсангүй. Хэчнээн онол практикийн
хурал, судалгаа хийв. Дарга нарт хэчнээн
захидал бичив. Энэ тогтолцоо аль ч улс оронд байдаг зүйл. Нийгмийн харилцааны
суурь гэдэг чинь гэр бүл. Хүн өсч төрдөг нийгмийн бичил орчин. Цусан болон ясан
төрлийн холбоотой байдаг учраас саллаа ч гэсэн тэр холбоо нь байж байдаг. Нөгөө
талаас иргэн гэр бүлд төлөвшдөг. Хүн аз жаргалтай сэтгэл амар амьдрах орчин ч
гэр бүл. Даргадаа загнуулсан ч гэртээ очиход хүүхэд нь эрхлээд, хань нь сайхан
угтахаар тэр хүн чинь стрессээ мартана шүү дээ.
Хоёрдугаарт гэр бүлийн хамтын амьдралыг дэмжих төрийн бодлого байх ёстой. Энэ бодлого Монголд байхгүй. Тийм учраас гэр
бүл салалт, гэр бүлийн задрал явж байна. Бод доо. Гадаад руу мөнгө олохоор
явсан эрчүүдийн гуч гаруй хувь нь гэр бүлээсээ нүүр буруулсан судалгаа байна. Эцгийн
хайр дутсан хүүхэд, өрх толгойлсон эмэгтэйчүүд нийгмийн том асуудал.
Гадагшаа ажиллах хүч гаргаж байгаа юм бол тодорхой хугацааны дараа гэр бүлтэй
нь уулзуулах гэрээ хэлцлийг яагаад хийхгүй байгаа юм бэ. Бүтээн байгуулалт гээд
дөрвөн сард гаргаад аравдугаар сард оруулж ирж байна. Аж ахуйн нэгжүүд ажилтнаа
сард хоёр удаа гэрт нь хариулах, гэр
бүлийнхэн нь ирж уулзах хамтын амьдралыг дэмжсэн бодлого, төсөв зардал гаргаж
байх ёстой. Норвегид хуульдаа нэг
хүртэлх настай хүүхэдтэй ажилтанг ажлын цаг дуусахад л гэрт нь хариулж байхаар
заасан байдаг. Яагаад гэхээр гэр бүлийн
хамтын амьдралыг дэмжиж, үр хүүхдээ өсгөх эцгийн халамж үзүүлэх бололцоо олгож байгаа хэрэг. Үүний цаана мөнгөөр хэмжиж үл
болох том эрх ашиг байгаа юм.
Хэрэв илүү цагаар ажиллуулбал мөнгө өгнө, эсвэл амралтыг нь нөхөж олгоно.
Үүнийг биелүүлэхгүй бол тухайн байгууллага торгуулж арга хэмжээ авахуулдаг. Гэр
бүлийн хамтын амьдралыг дэмжих нь гэр бүл салалтыг багасгах, хүүхэд эрүүл, зөв
өсөн торниж, хүн болох төрийн хүмүүнлэг бодлого юм.

-Хүүхэд асрах
үйлчилгээний хууль гаргаад байна. Хүүхдийг хэн нэгнээр харуулж цалин өгөхийн
оронд ээжид нь бага хэмжээний цалин өгвөл ээж нь ажил хийх шаардлагагүй
хүүхэд ч эрүүл, найдвартай гарт байх юм
биш үү?

-Өөрийн чинь
тавьж байгаа санал үндэслэлгүй биш. Би яг хуулийг нь үзээгүй л дээ. Гэхдээ
үүнийг хэрэгжүүлэхэд амаргүй. Тэр хүмүүсийг бэлтгэх, орчинг бүрдүүлэх нь хууль
гаргаад нэг, хоёр сарын дотор шийдэх асуудал биш байх. Ижийд мөнгө өгөх саналыг дэмжиж байна. Яагаад гэвэл
Монгол Улсад иргэн өсгөж өгч байгаа
эхийн хөдөлмөрийг төр үнэлж
байгаа хэрэг. Хүнээ олон болгоно гээд уриалаад байдаг. Яг хүнээ олон
болгохоор зүтгэж байгаа ээжид төр ямар халамж үзүүлэв. Цэцэрлэгийн хүүхдийг
сугалаагаар авна гэнэ. Надад ёстой инээдтэй санагдаж байна. Төр байгаад энэ
асуудлыг хариуцсан хүн байгаа юм бол судлах хэрэгтэй. Иргэн, гэр бүлээ мэдэх хэрэгтэй. Хэний хүүхдийг цэцэрлэгт өгөх, хэнийг хүүхдээ
гэртээ харах боломж олгож тэтгэмж өгөх нь зохистойг судлаж шийдэх
учиртай. Үнэхээр бага насны хоёр хүүхдээ хараад гэртээ сууж байгаа эхэд бол
сугалаа сугалаад яахав чамд амьдралын наад захын хэрэгцээний мөнгийг төр өгнө.
Үнэхээр ажлаа хийхээс аргагүй, ганц
хүүхэдтэй эхийн хүүхдийг бол ёстой цэцэрлэгт аваад, чамд юм өгөхгүй, чи
өөрөө орлогоо бүрдүүл гээд явуулж болно.Төрийн үйлчилгээ үзүүлдэг, нийгмийн
ажилтан гээд зөндөө хүмүүс байна. Тэд юу хийж байдаг юм бол. Би 1985-1990 онд
Эрүүл мэндийн яамны орлогч сайд байсан.
Тэр үед ч цэцэрлэг тэр бүр хангалттай байгаагүй л дээ. Тэтгэврийн
насанд хүрэх хугацаа нь гурван жилээс дотогш байгаа эмээ өвөө ач зээгээ
зайлшгүй харах бол тэтгэврийг нь хоёр гурван жилээс өмнө тогтоох Сайд нарын
Зөвлөлийн тогтоолын төсөл боловсруулан шийдвэрлүүлж байсан. Олон хүн тэтгэвэрт гарч, ач зээгээ
хараад хүүхдээ ажилд нь явуулж байлаа. Хүүхэд төрүүлсэн эхчүүдийг эхний гурван
сардаа эмнэлэгт хэвтэхэд нь эмнэлэг хоолыг нь бүрэн хариуцаж байсан. Хөдөө
гадаанаас ирсэн хоол унд эргэлт авах боломжгүй хүмүүс олон, тэр эхчүүд дөнгөж
амаржаад, тэнхрээгүй гэр орон нь хол
байсан учраас ийм арга хэмжээ авч байсан. Бодвол социализмаа санагалзаж
байна л гэх байх. Энэ чинь иргэнд ээлтэй бодлого байхгүй юу. Нийгмийн бодлогыг
сонгуулийн санал авах
зорилгоор биш шинжлэх ухааны үндэстэй, амьдралын хэрэгцээ шаардлагыг судалж хэрэгжүүлэхэд төр
засаг, улстөрчид минь анхаараасай
л гэж ахмад хүний хувьд хүсэж суух юм даа.

-Та нийгэмд
танигдсан улстөрч байхын тулд золиос гаргасан уу?

-Золиос ч юу байх
вэ. Намайг улс төрд орж, ажлын төлөө хамаг цагаа зарцуулах боломжийг миний ээж
аав, хүрээнд сууж байгаад хар болсон
авга ах маань олгосон. Би гурван хүүхэд төрүүлсэн юм. Хамгийн багыг маань таван
нас хүртэл нь хөгшчүүл маань өсгөж өгсөн. Тэр бол надад үзүүлсэн маш том дэмжлэг. Улс төрд эмэгтэй
хүн ороход амаргүй л дээ. Гэр бүлдээ, эргэн тойрныхондоо ойлгуулах хэрэгтэй. Улс төрийн намууд ч
эмэгтэй улстөрчдөө нийгмийн тодорхой асуудлаар бэлтгэх, бодлого боловсруулагч
болгон өсгөх ажил дутуу байна. Дэлхийн
парламентчдын эмэгтэй улстөрчдөд зориулсан ном бий. Эмэгтэй улстөрч
эмэгтэйлэгээрээ үлд гэж. Асуудлыг чинь дэмжихгүй бол уйлчих гэж байгаа юм.
Битгий хэрэлд гэнэ. Эмэгтэй хүн уйлахаар эрчүүд
яаж ч чаддаггүй гэж байна шүү дээ. Харин
хэрэлдэхээр элдвээр дуудаад хэн ч биш болж харагддаг юм байна. Ямар ч
аргаар хамаагүй нийгэмд танигдах гээд далайд сэлээд байх юм. Танигдахын тулд
эхлээд оюунлаг, ёс зүйтэй, үнэт зүйлтэй,
итгэл үнэмшилтэй байх хэрэгтэй.

-Таныг яаж ийм
эмэгтэйлэг хэвээрээ үлдэж чадсаныг гайхаад байна л даа?

-70 гарсан хүн
яаж хэвээрээ байх вэ. Би гоо сайхны газар нэг ч орж үзээгүй. Хөөрхий муу ээж аав маань энэ зэрэгтэй явах
байгалийн боломжийг олгосон юм байлгүй
дээ. Залуу байхдаа спортоор хичээллэдэг байлаа.
Теннис, шатар тоглоно, цанаар гулгана. Одоо хүртэл дасгал хөдөлгөөн хийдэг.
Оюунлаг байхыг эрхэм зүйл гэж үздэг.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Өргөст хэмх дарах гэрийн эзэгтэйн жор

Намрын ногоон өдрүүд ирлээ. Туршлагатай гэрийн эзэгтэй нар өвөл хэрэглэх ногоо, жимсээ даршилдаг их ажлын цаг айсуй. Дархан, Сэлэнгийн гэрийн эзэгтэй нар энэ талын арвин туршлагатай хүмүүс. Дархан-Уул аймгийн иргэн, С.Наранцацралаас өргөст хэмх даршилдаг жорыг нь сонирхсон юм.

Тэрбээр олон жилийн турш ногоо, жимс даршилсан туршлагатай агаад хүүхдүүд нь ээжийнхээ даршилсан ногоог дэлгүүрийнхээс илүүд үздэг.

Өргөст хэмх даршлахын тулд эхлээд шил, таглаа, даршлах ногоогоо сайтар угааж цэвэрлээрэй. Дараа нь уусмал бэлтгэнэ. 10 литр усанд 500 г давс, 300г сахар, 200 г уксус орно.

Сайтар угааж бэлтгэсэн 800гр болон литрийн шилэндээ эхлээд амтлагч ногоогоо хийнэ.

Ингэхдээ нэг шилэнд укропны нэг жижиг багц, гоньд, нэг хумс сармисыг дөрөв хувааж хийнэ. Дунд зэрэг лаврын навч нэгийг, үрлэн хар перец таван ширхгийг нэмээрэй. Сонгино хэрчиж хийж болно.

Дараа нь шилэндээ өргөст хэмхнүүдээ сайтар чигжиж хийгээд, уусмалаасаа нэмнэ. Ингээд шилэн дээрээ тагаа хагас тавиад, буузны томхон жигнүүрт шилтэй ногоогоо хийж, 15 минут орчим жигнэж ариутгана. Заавал 15 минут хүлээлгүйгээр шилтэй уусмалд бөмбөлөг хөөрч эхлэхэд бэлэн болсон гэж үздэг.

Ингээд жигнэсэн шилтэй өргөст хэмхээ гаргаж, тагийг нь сайтар таглаад, уруу нь харуулж гурав орчим хоног тавиарай.

Тагаар нь уруу нь харуулж тавихад, шилний хий бүрэн гарч, консервлогдоно. Арван литр уусмалаар 800-гаас нэг литрийн шилтэй 55-60 шил даршилсан өргөст хэмх бэлтгэнэ. Уусмал бэлтгэх усаа буцалгаж хөргөсөн байх учиртай.


Categories
мэдээ цаг-үе

Өвгөн “бүргэд”-ийн яриа

Ахмад дайчны өдрийн дэглэм

“Өвөө нь хэдэн настай билээ” гэхэд гурван настай Э.Индранил охин
“Манай өвөө зуун настай” гэдэг. Үнэхээр ч өдгөө 96 нас сүүдэр зооглож буй,
чөлөөлөх дайны ахмад дайчин Ж.Ядмаа 100 наслах ерөөлтэй буй за. Тэрбээр “Зүүн
хүрээ” хотхонд ач хүү Э.Тулга, бэр М.Ариунтунгалаг, дөч хүү зургаан настай Т.Эрхэмбилэг нарын хамт
амь­дардаг. Э.Тулга, М.Ариунтунгалаг нар Англид Брэдфордын их сургуульд
бизнесийн удирдлага, санхүүгийн чиглэлээр төгссөн. Тэд 2008 оноос өвөөтэйгөө
амьдарч эхэлжээ. Аав нь гадаадад сурах болж, Э.Тулга хүү өвөө, эмээгийн хүү
болсон гэдэг. “Манай өвөө өндөр настай ч өвчин хэлдэггүй” гэж бэр нь хэллээ.

Бяцхан Э.Индранил цэцэрлэгтээ заалгасан “Гэр бүл” шүлгээ уншив.
“Өвөө минь гэртээ уудам тал, эмээ минь гэртээ цэлмэг тэнгэр” гэж эхэлдэг сайхан
шүлэг юм.

Өвөөг эргэж тойрч байдаг хэдэн “залуу нөхөр” байдаг гэнэ. Залуу
нөхдийн тоонд өвөөгийн дараа “Улаан од” сонины эрхлэгч болсон хурандаа
А.Баярмагнай, нутгийн хүү,
Архангайгаас төрсөн генерал С.Гомбосүрэн
багтах вий. Генерал С.Гомбосүрэн, Ж.Ядмаа гуай хоёр дарга, цэрэг явж, гадаад,
дотоод томилолтоор ч ганзага нийлдэг байсан нөхөд. Одоо бол амралт сувиллын
найзууд, тэр ч байтугай цэргийн эмнэлэгт хүртэл хамт хэвтэцгээдэг. Эмнэлгийнхэн
ямар сайндаа “Та хоёр хамт өвддөг юм уу” хэмээн хошигносон удаатай.
С.Гомбосүрэн генерал өөрийгөө өвөөгийн
“нарийн бичиг” гэж танилцуулах нь бий.
Хошууч генерал “нарийн бичигтэй” хүн маадгар явах нь зүй. Ж.Ядмаа гуай
сэтгүүлч мэргэжилтэй А.Баярмагнайг
Төв аймгийн сониноос цэрэгт татаж, өөрийнхөө оронд бэлтгэсэн гэдэг.
Хурандаа А.Баярмагнай жил бүрийн цагаан сараар алд цагаан хадгаа дэлгэн
өвгөнд золгодог заншилтай. “Улаан Од”
сонины 90 жилийн ойгоор Ж.Ядмаа гуай Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртжээ.

“Улаан Од” сонины эрхлэгчээр 21 жил ажилласан түүнийг “Хамгийн
олон жил сонины эрхлэгч хийсэн хүмүүсийн нэг” хэмээн тодотгодог. Түүнийг
эрхлэгч байх үед “Улаан-Од” сонин З9 мянган хувь хэвлэгддэг. Цэргийн ангиудад
идэвхтэн сурвалжлагч нартай байжээ.

Чөлөөнд гарсан хурандаа Ж.Ядмаа 1945 оны чөлөөлөх дайнд
Сулинхээрийн отрядын хилийн цаана үүрэг гүйцэтгэх тусгай штаб удирдан, хоёр сар 17 хоног
байлдааны үүрэг гүйцэтгэж, японы тагнуулуудын үлдэгдлийг цэвэрлэж явсан эр
цэрэг. Эх орны даалгаврыг нэр төртэй биелүүлсэн тэрбээр “Байлдааны гавьяаны
улаан тугийн одон”-гоор шагнагдсан билээ. Цэргийн сэтгүүлч явсан Ж.Ядмаа гуай
хилийн дээс олонтаа алхсан сэтгүүлч. Зөвхөн Москвад гэхэд л гуч гаруй удаа
зочилж, дайрч өнгөрсөн байдаг. Цэргийн парадад жагсч, Бунхант индрийн өмнүүр 29 удаа Жанжин туг барьж
алхсан нь өвөөгийн бас нэг өвөрмөц
статистик. Дандар баатартай “ходий”
явсан гэж байгаа. Ийм нэгэн өвгөн “бүргэд”-ээс
өдгөө ч цэрэг эрийн жавхаа ханхална. Өндөр чилгэр тэрбээр одоо ч
цэх шулуун алхаатай. Өглөө долоон цагт босч, дасгал хийдэг
хэвээрээ. Насны эрхээр нүд, сонсгол нь муудсан ч хөнгөн шингэн, эрүүл
саруул харагдана лээ. Өвөө чихэвч зүүж байгаад радио сонсдог. Шаардлагатай үед томруулдаг шил хэрэглэж
байгаад сонин гарчиглана. Өвөө уужим
саруул өрөөтэй. Өрөөний хананд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос Соёлын гавьяат
зүтгэлтэн цолоо хүлээж авч байх үеийн том зургаа байрлуулжээ. Ерөнхийлөгч
Ц.Элбэгдорж цэргийн сэтгүүлч явсан хүн.
“Улаан Од”-ын хоёрт ярих сэдэв байсан л байлгүй. “Ерөнхийлөгч уулзахдаа барьж авч үнсээд, сайн
л байдаг юм, хөөрхий. Хамт зургаа авахуулсан. “Та ярьж байгаарай” гэдэг. Хааяа
ярьдаг л юм” гэж өвөө хэллээ.

Хилийн цэргийнхэн хэд хоногийн өмнө алдрыг нь тэмдэглэж,
өвгөнийг хүлээж авсан гэнэ. Урлагийн үзүүлбэртэй, сайхан хүлээж авсанд ахмад
дайчин сэтгэл догдолжээ. Томоос том
“Хүндэт өргөмжлөл” нүдэнд тусав. “Монгол Улсын Бүрэн эрхт байдал тусгаар
тогтнолын төлөө эрэлхгээр байлдаж, баатарлаг
гавьяа байгуулсан эрхэм хилчин танд чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн
баярын мэндийг Монголын мянга мянган хилчний нэрийн өмнөөс дэвшүүлж, хүндэт
өргөмжлөл гардуулав. Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хошууч генерал
Ш.Лхачинжав” гэсэн байлаа. Хааяа будилж,
жаахан хадуурс­ныг эс тооцвол өвөө хоёр
гурван цагийн турш ярихдаа ядраагүй.
Дайсныхаа нэр, хочийг хүртэл санаж байсныг яана.

Түүний урт наслах “жор”
уншигчдын сонирхлыг татах нь лав.
Юу идэж уудгийг нь сонирхлоо. “Залуу байхад мах их идэж байсан. Одоо малын мах
даахгүй. Цагаан идээ, боов жигнэмэг ойрхон ойрхон жаахан иднэ. Өөх иднэ. Госпиталь, цэргийн амралтынхан “Та
өөхөө иднэ биз дээ” гэдэг. Өглөө вареньтай талх, өдөр зайдас, бэлэн хоолны
гоймонтой тахианы мах, эсвэл өөхтэй мах, өндөг иднэ. Орой бол эдний хоолноос
иддэггүй юм аа. Хүүхдүүд нэг их цагаан будаа, том төмстэй хоол идээд байдаг юм. Шар будаа бол тэжээллэг хоол. Шар будааг аливаа улсын цэргийн хоолонд өгдөг. Цатгадаг
хоол, тэжээдэг хоол гэж байна. Цагаан будаа бол цатгадаг хоол” хэмээн өвөө
хуучиллаа. Ер нь ийм юм шүү. Орой хэдийд
ч унтаж болно. Өглөө эрт босох хэрэгтэй. Долоод босоод гимнастик хийнэ. Хүйтэн
ус их ууна. Халуун юм ууж чаддаггүй. Ус буцалгаад хөргөчихдөг гэж тэр
хоолны “цэс”-ээ танилцуулав.

Ж.Ядмаа өвөөгийн хүү Эрдэнэ аавынхаа тухай “Насаараа тамхи
татаагүй. Өлчир, дан өмдтэй өвөлжчих­дөг байлаа. Хүнтэй их нийцтэй. Арми даяар алдартай онигоо­чин. Манайд хүн их
цугладаг, хөдөө гадаанаас зочин их ирдэг байлаа” гэж хуучилсан юм. Өвөө өндөр тэтгэвэртэй, хоол хийж, гадуур
явахад нь түшиж тулдаг асрагчтай юм билээ.

Эх орны хүү

“Архангай аймгийн Цэцэрлэг сумын хүн дээ, би. 1920 оны хүн. Миний ээж Жавзан 20 настайдаа намайг төрүүлсэн,
нөхөргүй байсан. Манайх 20-30 хоньтой, ганц морьтой айл байлаа. Бие томтой
хүүхэд байж дээ. Овооны наадамд дээгүүр барилдана. Намайг барилдаж түрүүлэхэд тарган хонины
хуйхалсан өвчүү, хормойтой нь, нэг цайтай өгч байсан санагдана. Багаасаа ядуу
зүдүү амьдралтай байсан. Анчин дагаж,
уул хяраар их явдаг байж билээ” хэмээн тэрбээр бага насаа дурсав. Хүүг 12
настай байхад ээж нь бурхан болжээ. “Ганган Жавзан гэдэг, өндөр нуруутай, гоё
эмэгтэй байсан юм даа. Ээжийгээ би мэднэ
ээ” хэмээн өвөө ярьсан.

Эхнэр С.Сэрээнэнтэй
хамт. 1944 он
Танхимд амжилттай суралцсан хүү
аймгийн төвд багшийн курст гурван сар сурчээ. Бичиг мэддэг болохоор
цэргүүдийн ар гэртээ бичсэн захидлыг айлуудаар явж дууддаг. Багш, Эвлэлийн
үүрийн дарга байхдаа 1940 онд цэргийн албанд татагдан, Сулинхээрийн отрядын
анхны цэрэг болжээ. Сулинхээрийн отряд Дорноговийн хил дээр анх байгуулагдсан
отряд. “Тэр үед цэргүүд их бөөстөнө. Халуун усны газар гэж байхгүй. Ус халааж
байгаад хоёр гурваар нь гэрийн гадаа усанд оруулна. Жагсаалын дарга л бөөсийг
арилгах ёстой” хэмээн өвөө хуучлав.
Сургуулийн багш байсан хүн ариун цэвэр сахиулах талаар туршлагатай нь мэдээж. “Хувцсыг нь
бөөгнүүлээд, том ширмэн тогоотой халуун усанд хийж байгаад буцалгана.
Нэгдүгээрт угаагаад, хоёр­дугаарт бөөснөөс салгах арга. Магтаал хүлээж байлаа”
хэмээн манай баатар сонир­хууллаа. 1942 онд Хязгаарын цэргийн төв сургуулийн
дэргэдэх Заставын дарга бэлтгэх зургаан сарын курст сууж, Дэл дуулгантын
заставын даргаар 22 насандаа томилогджээ. Сулинхээрийн отрядын заставуудаас
хилд хамгийн ойрхон нь Дэл дуулгант агаад хилээс ердөө 800-хан метрийн наана
байрладаг. Бүх үйл хөдлөл нь дайсны нүдэнд ил болохоор өнгөлөн далдлалт
хийх, нууц манаа байршуулах, дадлага
сургууль хийхэд хэцүү байжээ. Дайн эхлэхээс өмнө дайснуудын өдөөн хатгалга
тагнуул туршуул, хорлон сүйтгэх ажиллагаа идэвхэжсэн нь тодорхой. 1944 оны
эхээр Сулинхээрийн баруун сугаар үүрээр нэг этгээд хил зөрчин ирснийг манай
хилчид илрүүлж бууж өгөхийг шаардахад зугтсан учир устгажээ. Түүний авч явсан
бичигт Пунцаг занги гэсэн нэр байв. Энэ хүн тагнуул байсан нь 1945 онд Төхөмийн
сүмээс олзолсон бичиг баримтаар нотлогдсон гэнэ. Хилийн цаахна оршдог Японы
онцгой яамны үйлдсэн нэгэн бичигт ”Пунцагийн унаж явсан морийг 1944 оны эхээр
Уушгийн заставын ноён унаж байснаа дараа
нь түүний баруун талын харуулын ноён унадаг болсон” гэж бичсэн байжээ. “Энэ
үнэн байсан” хэмээн Ж.Ядмаа гуай дурссан.
Мөнөөх хил зөрчигчийн унаж явсан морийг тэрбээр гуравдугаар заставын
даргаас авч унасан юм байж. Дайсан манай
хилчдийг өмссөн хувцсаар нь ялгаж таньдаг байсан ч манайхан ч тэднээс дутах юмгүй. “Өвөрмонголд
Улаанцавын чуулган гэж байсан. Өвөрмонголын хамгийн баруун хойд талын сум.
Долоон хошуутай. Гурав нь манайтай хиллэдэг. Японы тагнуулын үүр уурхай
болсон Онцгой яам гэгч Төхөмийн сүмд
байрладаг. Хил дээр байсан Агьтын овоог тахих нэрээр үе үе туршуул хийнэ. Хилийн застав дээр япон
байхгүй. Дандаа өвөрмонгол цэрэгтэй. Хил шалгаж яваа японуудыг бид нэрээр нь
мэддэг. Дурангаар хараад танина” гэж ахмад хилчин өгүүлэв. Тагнуулын тасгийн
дарга Ч.Дамдинтай найз байсан агаад цаадах нь түүнд Төхөмийн хийд дээр байгаа
долоон япон офицерийн нэрийг хэлж өгчээ. “Хууз Наран харуул эргэж явна” гэж
хилийн харуулынхан дуран­гаар хараад хэлдэг байж. Төхөмийн сүм дэх Японы тагнуулын Онцгой яамны орлогч дарга
Зенкачи Цуяамаг манайхан Хууз Наран хэмээн нэрлэдэг байжээ. Дайн эхлэхэд
Ж.Ядмаа эх орны даалгавраар дайчин нөхдийн хамт хилийн дээс алхаж, байлдааны
үүрэг гүйцэтгэхдээ мөнөөх Хууз Наран хэмээх Монголд тагнуул туршуул хийхээр
бэлтгэгдсэн японыг олзолж ирсэн
билээ.

“Хил дээр элдэв ухуулах хуудас, хүүхнүүдийн гоё ганган зураг
тараах гэж оролдоно. Баригдаж байгаа этгээдүүдийг нэгжихэд тэдний өвөр хормойд нь тамхи, гондом л их
байдаг юм даа” хэмээн өвгөн “бүргэд” сонирхуулав.

Монголчууд эрт дээр үеэс хилээ хамгаалж ирснийг нотлох
сонирхолтой түүхийг бас өгүүлсэн. Заставын төвөөс зүүн гар тийш Түмэн Өлзий
овоон дээр хянах байр байгуулахаар 1943 оны зун газар ухаж байтал таван цагаан
лонхонд арц хүж, будаа хийж хадгаар ороон, агар зандан хайрцганд хийн,
хадгалсан нь гарч ирсэн бөгөөд 1770-аад оны үед Халх Монголын хилийн тэмдэгт
болгон хийсэн зүйл байсныг хожим мэджээ. Эх орны дайны хүнд жилүүдэд хилчид
өөрсдөө өмсөх зүүхээр дутаж байсан ч дайн дуустал жил бүр хоёр сарын
цалин, хүнсний хэрэглээний махаа байлдаж буй Зөвлөлтийн улаан армид тусламж
болгон илгээдэг байжээ. Харин чөлөөлөх дайны үеэр манай отрядад Зөвлөлтийн
цэргийн туслан хамгаалах анги хүч нэмэгдүүлсэн байдаг. “Зөвлөлтийн нөхөд бидэнд
холбоочин, талхчин бэлтгэхэд хүртэл тусалсан төдийгүй шинэ зэвсэг техникт
дагалдуулан сургаж, минемёт, танк эсэргүүцэх гранат, хуяг нэвтлэх сум, холбооны
хэрэгслээр харамгүй тусалж байлаа” хэмээн ахмад дайчин өгүүлсэн. Мэдээж Хятадыг
чөлөөлөх дайн хийсэн учраас хятадуудтай ч түншилсэн биз ээ. Тухайн үед Хятад
орны байдал ороо бусгаа Хятадын ардын чөлөөлөх арми, Го мин даны намын цэргүүд
нь өөр зуураа зэвсэгт тэмцэл хийж байсан
гэдэг. Зөвлөлт, Монголын армийн чөлөөлсөн нутаг болох Улаан цавын чуулган, Бат
хаалгыг Хятадын ардын чөлөөлөх армийн цэргийн ангийн удирдлагад хүлээлгэн
өгчээ. “Ван хэмээх хүний даргалсан Хятадын чөлөөлөх армийн хэсэг нөхөд ирж, бид
Батхаалгыг хүлээлгэж өгөөд бас зэвсэг галт хэрэгсэл, хоол хүнсний тусламж үзүүлсэн”
хэмээн Ж.Ядмаа гуай түүх сөхөв.

“Улаан Од”-ын улаан Ядмаа

Хятадыг чөлөөлөх дайн дууссаны дараа цэрэг эр огт өөр салбарт
“Эх орны манаа”-нд гарах даалгавар хүлээн авчээ. “Эх орны манаа” сонины босгыг
1945 оны намар алхсан юмсанж. “Сонин мэддэг, сүрхий сайн бичдэг гэж намайг энэ
албанд томилоогүй. Ганц нэг жил багш
хийсэн болохоор үг, үсгийн алдаа ч болов харахсан болов уу гэж найдсан
байх гэж одоо хэр боддог” хэмээн өвгөн ярина. Гэхдээ л томилсон дарга нь
“Чамайг сонины хилийн албаны тасгийн даргаар томиллоо. Дайнд оролцож явсан
хүний хувьд өнгөрсөн дайны сургамж, туршлагаар залуу хилчдийг сурган хүмүүжүүл”
гэж захисан гэнэ лээ. Эхэндээ огт боломжгүй мэт санагдаж байсан энэ албанд
гурван жил зүтгэсний эцэст Москвад сонин хэвлэлийн удирдах ажилтны курст сууж,
номын дуу сонсчээ. Сүүлд бас МУИС-ийн сэтгүүлчийн ангийг дүүргэсэн гэж
байгаа. Москвад мэргэжил
дээшлүүлээд ирэхээр нь “Улаан Од” сонины
хариуцлагатай нарийн бичгийн даргаар томилсон аж. “Манай сониныхон хээрийн сургуулийн үеэр
сонин хэвлэдэг машинаа аваад гарна. Хээрийн сургуулийн үеэр өдөр шөнөгүй сууж
байгаад сониноо гаргаж, нуувчуудаар явж тараадаг байлаа. Яг л дайны үеийн сонин яаж гарч, фронтын тэргүүн шугаманд
дайчдад хүрдэг байсан тэр арга хэлбэрээр ажилладаг байлаа” хэмээн дурсахад нь
цэргийн сонины онцлогийг ойлгов. Дайны
үед зөвхөн талх, ус, сум төдийгүй сонин амин чухал хэрэгтэй зүйлсийн нэг байж
гээч.

Армийн сонинд олон ч юм үзэж туулаа байлгүй. Нэгэнтээ Хятадаас
тусгай онгоцоор зураг хүлээж авсан удаатай. Ардын армийн 40 жилийн ойн баяр
болох гэж байлаа. Гадна дотны төлөөлөгчид ирнэ гээд дээр дооргүй бэлтгэв.
МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга Д.Төмөр-Очир Ж.Ядмаа руу утасдаж
“БНХАУ-аас БХЯ-ны нэгдүгээр орлогч сайд,
армийн генерал ирнэ. ЗХУ, БНХАУ-ын хоёр хүндэт зочдын тухай баярын
дугаарынхаа нэгдүгээр нүүрт зураг,
намтартай нь тавиарай” гэж үүрэг өгчээ. Хятадаас ирэх хүндэт зочны намтар,
зураг олддоггүй. Хятадын ЭСЯ-нд ажилладаг Синьхуа хорооны төлөөлөгч рүү утас
цохисон ч “Надад туслах ямар ч арга байхгүй” гэсэн хариу сонслоо. БХЯ, ГЯЯ,
НАХЯ гээд туслаж болох бүх газар руу яриад ч амжилт олсонгүй. Монголоос олох
найдвар тасарсан тул эцсийн аргаа хэрэглэж, Хятадын ардын чөлөөлөх армийн төв
хэвлэл “Чөлөөлөгч арми” сонины ерөнхий эрхлэгч, дэслэгч генерал О Юн Бин рүү
утасджээ. Аз болоход нарийн бичгийн дарга нь бололтой орос хэлтэй эмэгтэй
харилцуур авсан байна. “Монгол Улсад цэргийн баярын арга хэмжээнд оролцох танай
улсын БХЯ-ны нэгдүгээр орлогч сайд, армийн генерал Сюй Гуан Дагийн зураг,
намтар хэрэгтэй байна. Нөгөөдөр бид сониноо гаргах учиртай. Тус болооч”
гэлээ. Хэдхэн минутын дараа сонины
ерөнхий эрхлэгч О Юн Биний яриаг мөнөөх эмэгтэй хэлмэрчилж өгөв. “Бид хүсэлтийг
чинь биелүүлэх арга хэмжээ авна” гэнэ.
Орой нь дахин утасдаж “Маргааш орлогч сайдын зураг, намтрыг тусгай
онгоцоор явуулъя. Манай онгоц саадгүй нисч Улаанбаатарт буух талаар та
холбогдох байгууллагууд руу ярина уу” гэлээ.
Агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах цэргийн штаб, хилийн цэрэг,
Гадаад яам, Дотоод яам руу ярилаа. “Зураг хүргэж өгөх ажлаар Хятадаас онгоц
ирүүлнэ гэж үү” хэмээн зарим нь итгэсэнгүй. Тусалсан хүмүүсийг зочид буудалд
хүлээн авч бэлэг сэлт өгөхөөр бэлтгэсэн ч “Бидэнд виз байхгүй учраас буудал руу
орохгүй, сайдынхаа зураг, намтрыг өгөөд буцна” гэжээ. Иймэрхүү адал явдалтайгаар
ойн баярт уригдсан хоёр хүндэт зочны зураг,
материал “Улаан Од” сонины баярын дугаарт нийтлэгдсэн түүхтэй.

Түүнийг дайчин баатрууд­тай
найз нөхөд явсан талаар нь сонирхвол “Баатруудыг шүтдэг. Бүх л баатруудыг мэднэ
л дээ. Халх голын байлдаанд баатарлагаар байлдаж байгаад нас барсан
Лувсандоржийн Гэлэгбаатар гэж байсан юм. Зургадугар дивизийн автомеханикийн
салааны улс төрийн орлогч байлаа. Халх голын ойгоор тэр хүний намтрыг судлаад,
Ж.Лхагвасүрэн генералд “Л.Гэлэгбаатар гэдэг хүнийг би өргөж гаргая. Хөвсгөл
аймгийн Ханх сумын хүн юм билээ. Унаа явдаггүй газар юм байна. Онгоц хэрэгтэй”
гэсэн. АН-2 онгоц суманд шуудан хүргэдэг байлаа. Хөвсгөлд очоод айлд өргөгдсөн
эгчтэй нь уулзав. Эцэг, эх нь аль эрт нас баржээ.

-Манай аав ээж хоёр ядуу байсан учраас намайг айлд өргүүлсэн. “Эгчдээ хань бол” гээд
Гэлэгбаатарыг явуулдаг байлаа. Гэлэгбаатарын авгай О.Лонжид гэж хүүхэн цэргийн
госпитальд байдаг” хэмээн эгч нь ярьжээ. Гэргийг нь олж уулзахад гунигтай түүх
хүүрнэсэн байна. Амаржих дөхсөн гэргий нь Матадад нөхрийнхөө дэргэд байжээ.
Дайн эхлэхэд Гэлэгбаатар Халх гол руу хөвөрсөн цэргийн цуваанд нэгдэв. Хүү
төрсөн тухай аавд нь хэл хүргүүлж амжжээ. Гэлэгбаатараас ирүүлсэн захианд “Би
эх орны төлөө явж байгаад амь үрэгдвэл хүүгээ том болгоно шүү” гэж захисан байлаа.
Гэтэл хэд хоногийн дараа “Зургадугаар дивиз баларсан гэнэ” хэмээн сувилагч нар
ярьцгааж байхыг бүсгүй сонсчээ. Цэргийн ар гэрийнхнийг ачааны машинд суулгаад
нутгийн гүн рүү буцаав. Замд нярай хүү нь салхи цохиулж, өөд болсон гэнэ.

Дөч хүү Эрхэмбилэг өвөөгийнхөө
цэрэгт байхдаа өмсөж байсан малгайгаар гангарчээ.

Ж.Ядмаа гуай цуг дайтаж явсан хүмүү­сийг нь сурвалжилж Л.Гэлэгбаатарын тухай “Улайдсан гол төмөр”
найруу­лал бичсэний дараа баатар цолыг нэхэн олгожээ. Н.Жамбаа гэж 1939, 1945 оны байлдаанд
оролцсон дайчны тухай “Хос гавьяа” гэж найруулал бичээд баатар өгүүлсэн гэнэ.
“Л.Дандар баатартай ходий байсан. Л.Дандарынд үргэлж очдог. Их томоотой,
даруухан, элдэв сонин юм ярьдаг хүн байлаа. Архи их ууна. Баатруудыг бүгдийг
танина” хэмээн өвгөн дайчин өгүүлэв.

“Улаан од”-ын улаан Ядмаа гэж нөхөд нь хочилдог байсан энэ
эрхэм “Ерээд оноос хойш юм ойлгохоо
байсан. Нэг л олон дээд сургууль. Дээд сургууль төгссөн мөртлөө ажилтай хүн
байхгүй. Ойлгож байгаа юм гэвэл юмны үнэ өсөөд, ажил төрөлдөө байран суурин
байгаа хүн байхгүй. Ажилгүй улс л байна”
хэмээн ёжтой ярих юм.

Онигооны мастер явсан тэрбээр наргиантай зангаа гээсэнгүй. Манай
гэрэл зурагчинг Увсынх гэж мэдээд, Увсын хэн гуай нэг удаа гээд л онигоо ярьж байна лээ.

Зохиолч А.Самбалхүндэв хязгаарын цэрэгт алба хааж байсан гэдэг.
Ж.Ядмаа гуай нэг удаа Самбаатай уулзаад “Сонин юу байна” гэхэд нь цаадах нь
“Ойрдоо цэргүүдэд Цогт тайж кино тайлбарлаж байх шив дээ” гэснээс сэдэвлэн
нөхдийн дунд ихэд алдаршсан онигоо мэндэлжээ.

Самбаа цэргүүдэд кино тайлбарлаж байна гэнэ.

-Даргаа энэ хөө хуяг нь ямар гоё юм бэ?

-За яахав дээ. Орос сүүний лаазыг ангалзуур хайчаар хайчлаад,
самбай даавуун дээр нойлийн утсаар торгоочихдог юм.

-Энэ Арслан тайж чинь ямар мундаг хүн бэ?

-Ямар юмных нь Арслан тайж байхав. Театрын Цэрэн­дэндэв
сарлагийн савгаар сахал үс хийчихээд явж байгаа юм. Хулан гээд байгаа энэ
сарчгар хүүхнийг Долгорсүрэн гэдэг. Төв
хорооны Лодойдамба гэдэг хар юмтай явдаг юм гэнэ лээ. Уг нь энэ хоёр худлаа
үнсэлцэх ёстой юм, бүүр жинхнээсээ үнсэлцэж байна шүү…

Кино үргэлжилсээр Арслан тайжийн толгойг авах болж. Цэргүүд ч
шуугилдаад явчихлаа гэнэ. Тэгсэн Самбаа

-За чимээгээ аяд. Ямар жинхнээсээ толгойг нь авч байгаа биш.
Модон сэлэм гялс, гипсэн толгой бөндгөс болж байгаа нь энэ. Харин тэр сэлэм
далайж байгааг чинь цэргийн яамны
дарлагар Жалцан гэдэг юм. Намын сургуульд суралцдаг юм гэсэн. Сурлагаар
тааруухан золиг гэнэ лээ гэх мэтээр үргэлжилдэг урт онигоо юм. Сүүлд дарга нар
“Киноны нууц задаллаа” гэж загнасан чинь
мань Самбаа

-Монгол хүнд монгол киног үүнээс өөрөөр яаж тайлбарлах билээ
гэсэн гэдэг. Харин А.Самбалхүндэв гуай энэ онигоог сонсчихоод “Алах золиг шүү”
гэсэн ажээ.

Categories
мэдээ цаг-үе

Ажиа гэгээн: Дараа төрлийнхөө тухай би их бодож байгаа

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хашаан дахь Хүүхдийн цусны эмгэг хавдрын эмнэлгийн дэргэд “Энэрэл нигүүлсэл оюун билгийн төв” ажилладаг. Тус төвийн нэгэн жижигхэн өрөөнд Ажиа гэгээн заларчээ. Үүдний том өрөөнд сандал ширээ байрлуулж, сүсэгтнүүдэд тавагтай идээ, цай зэхжээ. Хүмүүс гэгээнтэнд золгох дарааллаа хүлээн сууж байв. Тэдний завсар чөлөөгөөр Ажиа гэгээнтэй цөөн хором ярилцлаа. Ажиа гэгээн аялгатай монгол хэлээр чөлөөтэй ярих юм. Гэгээнтэн мөн өөртөө зав чөлөө гаргаж, бурханы ном судар уншиж суух дуртай юм билээ.

Ажиа гэгээнтний энэ удаа Монголд ажиллаж байгаа гол зорилго юу бол?

– Юуны өмнө Монголын ард түмний амар амгаланг асууя. Эмнэлгийн барилгын ажил дууссан ч бага сага ажил үлдсэн. Энэ удаа ЭХЭМҮТ-ийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр надад хүндэт профессор цол олгосныг хүлээж аваад их баяртай байна. Ажил сайхан бүтсэн.Яваандаа буяны ажил үргэлжлүүлж явуулъя гэж бодож байгаа.

Хүүхдийн эмнэлгийн үйл ажиллагаанд та сэтгэл хангалуун байна уу?

-Ерөнхийдөө сэтгэл өндөр байна. Дөрөв таван жилийн өмнө дөнгөж шав тавьж байлаа. Хандивын мөнгө ч хангалттай цуглаж эхлээгүй байсан. Яах юм бол доо гэж бас санаа зовж л байлаа даа. Гэсэн ч одоо тоног төхөөрөмжөө ч суурилуулаад, эмнэлэг ажиллаж байна. Эмч нар сайхан байна. Цусны хавдартай олон хүүхдийн оношилгоо шинжилгээг хийж байна. Өмнө нь энэ өвчнийг Монголд эмчилдэггүй байсан учраас гадаад явж эмчлүүлдэг байлаа. Зарим нэг үйлчилгээ энд үнэгүй хийгдэж байгаа. Гадаад явахад маш их мөнгө зарах учраас хүн бүр явж чадахгүй. Гадагшаа чиглэсэн урсгалыг сааруулж, Монголдоо эмчилж байна гэж эмч нар хэлж байгааг сонсоод баяртай байна. Нэг талаас энэ бол улсын эмнэлэг, зарим ажлыг зохион байгуулахад бага зэрэг удааширч байна. Аль болох хурдан бүтээх талаар бодож л байна.

Та бас япон эмч авчирсан гэсэн үү?

-Токиогийн их сургуулийн шүдний эмч авчирсан. Тэр эмч гэр хорооллоор судалгаа хийсэн. Ядуу, бага орлоготой иргэдийн дунд шүдний өвчлөл их тохиолдож байна. Хүүхдийн шүд нь өвдөхөд эмнэлэгт үзүүлж эмчлүүлэх боломж тэр бүр байдаггүй, нөгөө талаар ээж, аав нь ч анзаардаггүй бололтой юм. Ямар шалтгаанаар тийм болсон гэхээр монгол хүүхдүүд чихэр шоколад их иддэг, хийжүүлсэн ундаа их уудагтай холбоотой гэж хэлж байна даа. Тэр эмч маань дараа жил бас ирээд хүмүүнлэгийн үйлчилгээ үзүүлэх талаар ч ярьж байгаа. Энд хоёр байшин байгааг та харж байгаа. Нэг нь зочин эмчийн байр, нөгөө нь эмнэлгийн байр юм. Зочин эмч судлаачдын байранд яваандаа эмч авчрахаар бодож байна. Монголд юу дутуу байна гэхээр мэргэжлийн талаар судалгаа хийж суралцах, дасгал хийх боломж дутуу байна. Олон эмч нар гадаад явж суралцдаг. Түүнээс гадна гадаадаас эмч судлаачдыг урьж авчирч ажлын байран дээр нь сургах талаар бодож байна.

Ажиа гэгээний тэргүүлдэг “Энэрэл нигүүлсэл оюун билгийн төв” ямар үйл ажиллагаа явуулдаг бол?

-Гол нь эмнэлэг барихын тулд энэ төвийг байгуулах хэрэгтэй байсан. Эмнэлэг баригдаж дууссан ч үргэлжлүүлээд ажиллаж байна. Гагц ЭХЭМҮТ-д ч бус тусламж шаардлагатай бусад эмнэлэгт ч тусалж байгаа. Завханы эмнэлэгт шаардлагатай багаж төхөөрөмжийг бэлэглэсэн.

Буяны ажил хийж байгаа. Гэр хорооллынхон, хөдөө орон нутгийн иргэдэд хувцас, шаардлагатай  тусламж үзүүлэх  буяны ажил хийхээр бодож л байгаа даа.

Та сайн санаат хүмүүс, сүсэгтэн олон түмнийг уриалаад ийм сайхан хүүхдийн эмнэлэг босголоо. Цаашдаа олон нийтэд хандсан том төсөл хэрэгжүүлэх үү?

-Сайн санаатай хүмүүстэй хамтарч ажиллаж болно. Зарим нэг хүн нэр ашиглаад юм хийе гэвэл судлах хэрэгтэй л дээ. Яваандаа боловсролын ажил хийхээр бодож байна. Сургууль байгуулах талаар бодож л байна. Гэхдээ одоохондоо яг нарийн төлөвлөсөн юм алга.

Та урьд нь орон нутгийн гамшгийн эсрэг тусламжийн төсөл хэрэгжүүлж байсан юм билээ. Ер нь дэлхий нийтээр байгалийн гамшгийн давтамж нэмэгдсэн гэдэг. Энэ юуны дохио гэж та бодож байна?

-Ямар ч хүн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Нэг талаар хүн төрөлхтөн хөгжил дэвшилд хүрсэн ч нөгөө талаар байгаль, хоол хүнс, ус орчин бохирдож гамшиг нүүрлэж байна. Хэдэн жилийн өмнө Японд болсон хар салхины аюулын дараа ном уншиж, жаахан хандив өгсөн дөө. Жил жилд энэ ажил үргэлжилж яваа. Энэ талын боловсрол хэрэгтэй. Олон нийт ард түмэн энэ талын мэдлэгтэй байх учиртай. Монголын хөдөө нутагт явахад хог зөндөө хаясан байв. Би бүр санаа зовлоо. Хамгаалдаг хүн байхгүй юм болов уу. Улаанбаатарт өвөл их утаатай гэсэн. Зун бол тоосжилт их байгаа. Байгаль орчныг хамгаалах талаар их бодох хэрэгтэй. Засгийн газраас үүнд их анхаарах учиртай.

Таныг тээж байх үедээ ээж тань “Цахилгаан цахилж тэнгэр дуугарч, тэнгэрийн луу үзэгдэв” гэж зүүдэлсэн гэдэг. Хүний зөн совин, сэрэл мэдрэмж гэдэг их сонин юм. Таны амьдральд дахин тийм совин билиг тохиолдсон уу?

-Би нэг их анзаардаггүй. Миний ээж тийм юм хэлсэн. Бүр сүүлд надад хэлж билээ. Хүнд хэлээгүй, чиний аавд ч хэлээгүй гэж надад ярьсан болохоор тийм юм байдаг юм байна гэж бодлоо. Би зүүд бол ажил төрөл, бодлоос шалтгаантай гэж үздэг. Зүүдэнд хааяа совин ирдэг байлгүй дээ. Би тэр талаар нэг их анхаардаггүй юм.

Таныг 20 дахь Ажиа гэгээн гэдэг билүү. Та дараа төрлийнхөө тухай боддог уу?

-Хоёр янзын тоо бий. Нэг бол наймдугаар дүр гэдэг. Номын журмаар явбал би 21 дүгээр дүр дээр хүрсэн байгаа юм. Дараа төрлийнхөө тухай би их бодож байгаа. Дараа дүр хэрэггүй гэж бодогддог. Намайг 21 гэсэн ч болно, найм гэсэн ч болно. Тэгээд дууслаа. Ямар учир байна гэвэл хойд дүрийг хайвал олдоно доо. Ард түмэн миний хойд дүрийг хүсдэг юм бол болно. Энэ цолыг хэрэглэж болно. Миний нэр алдар байгаа шүү дээ. Ямар нэг хүн буян хийдэг юм бол, эрдэмтэй болдог юм бол энэ цолыг авч болно гэж боддог л юм. Нарийн төлөвлөсөн юм байхгүй л дээ.

Та хувь хүнийхээ хувьд хэрэв би лам хүн биш байсан бол гэж бодогдох удаа байв уу?

-(инээв) Би тэр талаар нэг их бодоогүй дээ. Би лам болсон болохоор миний амьдралд зовлон гэдэг юм уу, хэцүү юм их байсан. Би хоёр настайгаасаа лам гэж явлаа. Би лам болсноор бурхан шашныг муугаар хүлээж авах тэр үед жирийн хүүхдийнхээс огт өөр амьдрал миний толгой дээр ирсэн. Найман настай хүүхэд юу мэдэхэв. Сүүлд цаг эргээд сайхан болж ирэхэд надад бүүр их сайхан хүндлэл ирсэн нь ч бий. Бас би гэгээн байсан. Том ламын нэр байсан. Түүгээр хүмүүс бас их хүндэлдэг байхгүй юу. Энэ нэрээр хүнд тус хүргэдэг юм бол тус хүргэж чадна. Бас буруу юм хийвэл зөндөө хийчих юм байна даа гэж боддог.

Таныг нууц ухаан бурханы урлалд суралцаж байсан гэдэг. Танд ямар нэг нууц увидас байдаг уу?

-(инээв) Тийм их юм байхгүй ээ.


Categories
мэдээ цаг-үе

Чөлөөлөх дайнд оролцсон ээжийнхээ тухай “Тэр жилийн тэр өдөр” кино хийжээ

Хятадыг
чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ой тохиож
байна. Чөлөөлөх дайнд оролцсон ээжийнхээ тухай охин нь ийнхүү дурсав.
Б.Батчулуун БЗД-ийн дөрөвдүгээр хорооны иргэн. Ноос ноолуурын үйлдвэрт ажиллаж
байгаад тэтгэвэрт гарчээ. Эхээс зургуулаа гэнэ.

-Ээж, аавынхаа
тухай яриач?

-Ээж, аав хоёр
маань 1939 оны Халх голын, 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож явсан юм. Аавыг
маань Л.Бадарч гэдэг. Миний ээж Д.Норовдаваа гэж хүн байлаа. Дайнд оролцсон нийт
эмэгтэйчүүдэд зориулж, ээжийгээ төлөөлүүлэн элсэн цөлийг туулж, тушаал аваад
явж байсан эмэгтэйчүүдийн төлөөлөл болгоод “Тэр жилийн тэр өдөр” кино хийсэн
юм.

-Та ээжийгээ
дайнд оролцсон гэж хэзээнээс мэдэх болов. Ээжийнхээ түүхийг судлахад юу нөлөөлсөн бэ?

-Ээж маань дайнд
оролцсон тухайгаа сурвалжлагчдад ярьж байсан. Сонин сэтгүүлд тухайн үедээ
бичигдэж байлаа. Ээжийн маань намтар түүх номонд янз янзаар бичигдээд, музейд
янз бүрээр тавигдаад, толь бичигт алдаатай тусгагдаад байхаар ээжийнхээ түүхийг
судалж эхэлсэн. Хэнтий аймгийн Галшар сумын хүнийг Дорнод аймгийн Матад
сумынх гэх мэтчилэн ташаардаг. Түүнийг
зөв болгохын тулд би “Галын шугамын байлдагч Галшарын охин” гэж Хэнтий аймгийн
Галшар сумын хүн гэдгийг баримтаар нотолсон.
Галшар сумын нутгийн зөвлөлийн дарга, “Хасу мегават” компанийн
Ж.Түмэн-Аюуш гэдэг хүн киног маань ивээн
тэтгэсэнд гүн талархал илэрхийлье. С.Пүрэв гуай тууж бичиж, Нагнайдорж
найруулагчийн хийсэн киноны зураг авалт дуусаад, эвлүүлгийн ажилдаа ороод явж
байна. Хятадыг чөлөөлсөн дайны ялалтын 70 жилд зориулсан кино.

-Ээж тань
яагаад дайнд явсан юм бол. Эмэгтэй хүнийг цэрэгт татаагүй байлгүй дээ?

-Монгол айл гэр болгоноос л насанд хүрсэн хүмүүс нь дайнд
явж байсан. Ах дүүтэйгээ цэрэгт явах нь энгийн үзэгдэл. Гэсэн ч миний ээж
долоон ахтайгаа дайнд явсан хүн. Нөхөр нь хошууч цолтой. Бас дайнд явсан хүн.
Миний аав бол байлдагчаас хошууч хүртэл
явсан хүн.

-Дайны үед ээж
тань ямар үүрэг гүйцэтгэж байсан бол?

-Ээж маань ариун
цэврийн зааварлагчаас авахуулаад сувилагчийн үүрэг гүйцэтгэсэн. Ариун цэврийн зааварлагчаар томилсон 528 дугаар ангийн 1936 оны аравдугаар сарын
23 гэсэн баримт байна. Өөрөө 1945 онд жолооч болъё гэсэн хувийн өргөдөл армид
өгсөн байдаг.

-Дайны үед
ээж тань хэдэн настай байв?

-Миний ээж
16-17-той л байсан. Дорнод, Хэнтий дайны
голомтод ойрхон байсан. Цэргийн алба хаасан ах нартайгаа ойрхон байсан байх.
Монгол Улсаа хамгаалах хүсэлт өргөдөлд
нь туссан байдаг. Музейд тавигдсан. Монгол бичгээр бичсэн байна лээ. “Дайны хар
балгийг би бие сэтгэлээрээ мэдэрч
яваагийн хувьд жолоочийн мэргэжилд
сураад, эрх чөлөө тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэхэд бэлэн байна” гэсэн
өргөдөл байсан.

-Шархдаж
байсан уу. Дайны үед юу үзэж туулсан бол?

-Шархдаж
байгаагүй. Дайны үед усыг хордуулсан эсэхийг өөрөө амсч, хоол унд үзэж
шалгаж байсан талаар хамт явж байсан
хүмүүс нь ярьдаг юм. Байлдааны үүрэг гүйцэтгэж, хүн эмчилж, эм найруулж байсан. Эм хангамж хүрэлцээгүй
үед давшилтад орсон цэргүүдийн
хойноос явахад их хүнд байсан
гэдэг юм.

-Дайнаас буцаж
ирсэн эмэгтэй хүний амьдрал яаж өрнөсөн
бол?

-Би ээжийнхээ
38-тайд гарсан хүүхэд нь. Гэхдээ дээр үеийн улсууд чамбай байсан. Ээж маань
дайнаас ирээд Гэмтэл согогийн больницод насаараа ажилласан. 1939 оны цэргийн ангиудыг татан
буулгалгүйгээр бэхжүүлээд чөлөөлөх дайнд оруулсан бололтой. Ном бичихдээ архивт
суусан. Цэргийн улсуудын хүүхдүүд аав ээж хаана томилогдоно тэр газар сургууль соёлд орж гарч байдаг жамтай. Ялалтын баяраар ахмад дайчдын
хоёрдогч амь болсон бид дуу хоолойгоо нийгэмд хүргэх ёстой.

-Та багадаа
аав ээж чинь дайнд оролцсон хүмүүс гэдгийг хэр мэдэрч өссөн бэ?

-Мэдрэлгүй яах
вэ. Дайнд оролцож байсан ахмад дайчид, дайны баатрууд манайд зочилдог байлаа. Зургууд
дээрээ ч тод харагдах байх аа. Ээж маань дал гаруй настай үедээ ангийнхаа
байлдагч нартай авахуулсан зургууд. Батлан хамгаалахын эмэгтэйчүүд, ангийн
дарга Нянтайсүрэнтэй авахуулсан зураг.

-Дайны хүнд
бэрхийг үүрсэн ч урт насална гэдэг сайхан хэрэг?

-Гэмтэл
согогийн больниц дайны үеийг
санагдуулахаар хүнд ажил. Осол гэмтэлтэй
хүмүүстэй ажиллана гэдэг амаргүй.
Цэргийн хатуужил насан туршдаа хэрэг болсон байх. Армиар хүмүүжсэн хүмүүс шаргуу үнэнч
хөдөлмөрлөдөг.

-Хүүхдүүдээ
яаж хүмүүжүүлдэг байв?

-Манай ээж зүйр
цэцэн үг их хэлдэг. Эмэг ээжийг маань Шүхэртийн Жалхаасүрэн гэдэг. Эмэг ээж маань бас агуу хүн. 13 хүүхэд
төрүүлээд, долоог нь дайнд явуулна гэдэг амар юм биш. Нэг л хүүхэд нь дайны
талбарт нас барсан гэдэг.

Гэмтлийн эмнэлэгт
өвчтөн яаралтай ирэхэд ээжийг боосон үед
бол эмч задалж үздэггүй итгэл хүлээлгэдэг. Хүний гар хөл хугарч гэмтсэн үед ч
хэвийн байдалд нь хурдан оруулдаг.
Үрэвсэж, идээ бээр болсон хөл гартай хүний хөл гарыг нь тайруулахгүйгээр үлдээж,
эдгээж байсан гэж нүдээр харсан хүн дурссан юм. Одоогийнх шиг
эм тариа хангалттай биш үед
боолтын сайнаар л эдгэж байсан гэдэг.

-Ахмад дайчдын
ярианы сэдэв юу байдаг бол?

– Энэ зураг таны
асуултын хариу болог. Энэ зургийг авахуулах үед би дэргэд нь байсан юм.
“Эмэгтэйчүүд дайнд оролцоход нэг баатар төрөх байлгүй дээ. За Норов минь ээ,
100 наслаарай, баатар болоорой” гэж дайчин нөхөр нь хэлэхэд ээж “Хүн болгон
намайг 100 наслаарай, зургаадай таяг тулаарай” гэж ерөөдөг юм чинь би 100
наслах байх аа гэж инээж байсан даа.