Categories
мэдээ цаг-үе

Т.БАТСАЙХАН: Сонгодог тоглолт хийхийг олон хүн надад санал болгосон

“Ханьсахын жаргал”, “Бодолд өнжсөн хайр”, “Зүрхэнд буйлсан говь” хэмээх олны сэтгэлд хоногшсон сайхан дуунуудтай дуучин Т.Батсайхан “Миний… сонгодог” тоглолтоо хийх нь. Тэрбээр тенор буюу нарийн цээл хоолойтой мэргэжлийн дуучин юм. Энэ удаагийн тоглолтоороо тенор хоолойн чадлыг харуулсан олон дуугаа сонсогч, үзэгчдэдээ толилуулах ажээ.

-Дуучин Т.Батсайхан “Миний… сонгодог” тоглолтоо хийнэ гэхээр сонирхолтой санагдлаа. Сонсох дуртай дуучнаа өөр өнцгөөс харах боломж үзэгчдэд олдох нь байна?

-Нийтийн дуу дуулдаг хүн сонгодог дуулна гэхээр зарим хүнд сонин санагдах байх л даа. Энэ яах гээд байгаа юм бол гэж зарим хүн бодож магадгүй. Үнэндээ би СУИС-ийг 2004 онд дуурийн дуулаачийн мэргэжлээр Монгол Улсын гавьяат жүжигчин, профессор О.Ичинхорлоо багшаараа дуулах урлагийг заалгаж төгссөн. Би СУИС-д ороод дуурь гэж ямар агуу юм байдгийг мэдэрсэн. Энэ урлагаар явъя гэж их боддог байлаа. Тухайн үед амьдралын шаардлагаар нийтийн дууны урсгал руу орчихсон юм. Манай үеийнхэн, багш нар ерөнхийдөө намайг оюутан байхдаа яаж дуулдаг байсныг гадарлана.

-Оюутан байхдаа та “Хөхөө Намжил” дуурьт дуулж байсан гэл үү?

-Тийм ээ. Хилийн цэргийн ойгоор манай тайзны уран чадварын багш, Монгол Улсын ардын жүжигчин А.Дашпэлжээ багш маань “Хөхөө Намжил” дуурийг найруулаад Хөхөөгийн дүрд тенор хоолойтой дуучин олох шаардлага гарч надад санал тавьсан юм. Гуравдугаар курст байхдаа энэ дүрд тоглосон доо. Миний анхны бүтээсэн дүр Хөхөө Намжил.

-СУИС-д орохдоо яагаад дуурийн дуулаачийн ангийг сонгосон бэ?

-Тэр үед дуулаачийн анги дотроо гурван төрлийн анги байсан. Эстрад дууны анги, уртын дууны анги, мэргэжлийн опера дууны анги гэж байлаа. Би эстрад дуу, уртын дуу дуулж чадахгүй. Надад дуурийн дуулаачийн анги нь арай дөхөм байсан. Одоо бол ардын дууны анги гэж нээгдсэн. Тухайн үед ардын дууны анги гэж байсан бол тэрэн рүү нь давхиад орчих байсан биз.

-СУИС-д орохоосоо өмнө Өмнөговийн театрт дуулж байсан гэсэн үү?

-1997 онд Өмнөговь аймгийн хөгжимт жүжгийн театрт дагалдан дуучнаар юу ч мэдэхгүй хүүхэд орж байлаа.

-Аравдугаар анги төгсөхдөө та дуучин болно гэж бодож байсан уу?

-Надад тийм бодол байгаагүй. Тухайн үедээ сургууль ч олдоогүй, конкурст ч ороогүй. Төгсөөд жил гаруй хугацаанд сайхан налайгаад явж байлаа. Булган сумандаа нэг жил ногоо тарилаа. Дараа жил нь сумынхаа Залуучуудын холбооны дарга хийлээ. Тэгээд л аймгийн театрт дагалдан дуучнаар орсон. Чи дуучин болбол зүгээр юм байна гэдгийг анх О.Ичинхорлоо багшийн шавь, Өмнөговь аймгийн театрын дарга хийдэг байсан Хишигбаяр ах маань ойлгуулж санал тавьсан юм. Хамт хөдөө явж байхдаа машин дотор дуулахыг маань сонсоод “Аймгийн театрт дуучнаар орох уу” гэсэн л дээ. Орчихвол зүгээр юм болов уу гэж бодоод очиж шалгуулсан. Шалгуулаад тэнцээд жил гаруй ажилласан.

-Тэнд ямар дуу дуулж байв?

-Миний дуу гэж ямар юм байхав. Голцуу Г.Эрдэнэбат гавьяатын дууг л дуулдаг байв. Энэ хүмүүс шиг гоё дуучин болох юмсан гэж бодно.

-Аравдугаар ангид байхдаа багш чинь дуул гэхээр анх тайзан дээр гарч байсан гэж та ярьсан байна лээ. Багш чинь таны дуулах авъяасыг олж харжээ?

-Яахав, аав, ээж дуулдаг болохоор энэ дуулж л таараа гээд намайг хүчээр тайзан дээр гаргачихсан байхгүй юу. Тухайн үедээ “Хонхны дуу” дуулсан. “Арван жилийн хичээлийн хонх” гээд. Нэлээд бүрэг хүүхэд байсан. Тайзан дээр гарч дуулах, хүний өмнө гарахаас их ичдэг байлаа. Аав, ээж маань сайхан дуулдаг хүмүүс байсан.

-Нийтийн дуу руу орох саналыг дуучин Г.Эрдэнэтунгалаг өөрт чинь тавьсан гэдэг?

-Сургуулийн коридорт явж байхад Г.Эрдэнэтунгалаг “Баагий ах аа, хоёулаа ээжийн өрөөнд орж нэг дуу сонсоодохъё” гэсэн. Тэр дууг дуулаад л явчихсан шүү дээ.

-“Ханьсахын жаргал”, “Бодолд өнжсөн хайр” гэх мэт сайхан дуунуудаа хамт дуулахыг чинь харахыг хүссэн хүмүүс их л байгаа байх?

-Тиймэрхүү санал ирдэг юм аа.

-“Зүрхэнд буйлдаг говь” гээд таны сайхан дуу байдаг?

-Бүх дуулсан дуунуудаа эргээд харсан чинь говийн тухай арав гаруй дуу болчихсон байна лээ.Түүгээрээ “Их говийн дуун” гээд цомог гаргасан. Говь нутгийн хүн говийн тухай дуугаар цомог гаргасан хүн өөр байхгүй юм билээ.

-Дуучин Т.Батсайхан хаана, юу хийж байгаа бол гэж таны дуунд дуртай хүмүүс сонирхох болов уу?

-Би хэсэг хугацаанд нэг их айхавтар уран бүтээл хийсэнгүй дээ. Ер нь бол дуулаад л яваад байгаа ш дээ.

-Та ямар нэг байгууллагад харьяалагдаж байна уу?

-Байхгүй. Чөлөөт уран бүтээлч.

-Таныг чимээгүй болохоор бизнест хүч үзэж байгаа юм болов уу гэж бодлоо?

-Хааяа Эрээн л явдаг ш дээ. Тоглосон юм аа.

-“Миний …сонгодог”-т ямар уран бүтээл дуулагдах вэ?

-ДБЭТ-т арванхоёрдугаар сарын 3-нд “Миний …сонгодог” тоглолт маань болно. Би өөрөө арав гаруй дуу дуулна. Үүн дээр ардын жүжигчин А.Долгортой хамтарч дуулна. Монгол Улсын гавьяат жүжигчин Ө.Уянгатай хамт дуулна. Миний дуулж байгаа бүтээлүүд дотор хоёр л монгол дуу байгаа. Бусад нь дандаа итали, орос дуу. Н.Жанцанноров гуайн “Хүний заяа”, “Жаргалын зам” дуурийн Чулуунбатын ариг дуулна.

-Дандаа ари, романс дуулагдана гэхээр өөрийг чинь нийтийн дуучин гэж сонсч дадсан үзэгчдийн хувьд нэлээд сонин санагдах байх?

-Би сонгодог тоглолт хийх юмсан гэж бодож явдаг байлаа. Түүнчлэн ийм тоглолт хийгээч гэж олон хүн санал тавьдаг байсан. Энд тэнд баяр ёслол дээр дуулахаар “Чи сонгодог чиглэлээрээ яагаад дуулдаггүй юм бэ” гэж хэлдэг хүмүүс зөндөө байдаг.

-Сонгодог тоглолт хийгээд дуурийн дуулаачийн мэргэжлээрээ явах бодол байдаг уу?

-Нэг их айхавтар бодол байхгүй. Уг нь энэ чиглэлээр уралдаан тэмцээнд оролцох юмсан гэж боддог л байсан. Оюутан байхад МУГЖ Банди багшийн нэрэмжит уралдаан манай сургууль дээр боллоо. Хоёрдугаар хэсэгт шалгарч ороод дуулж байхдаа орос романсынхаа үгийг мартчихсан. Зогсчихоогүй юм аа, янз янзын үг хольж хэлээд дуусгасан. Мэргэжлийн багш нар “Сайхан авдаг гар байна даа” гэж бодсон байх. Тэгээд хасагдаж байлаа. Түүнээс хойш уралдаан тэмцээнд ороогүй. Нийтийн дуугаар янз бүрийн уралдаан тэмцээнд орж л байсан.

-Бүтээхийг хүсдэг дүр байдаг уу?

-Байгаа байгаа. Пуччинийн “Богема” дуурийн эрэгтэй гол дүр болох Рудольфын хэсгээс тоглолтын үеэрээ дуулах юм. Энэ дуурийн дүрийг бүтээчих юмсан гэж боддог.

-Та их тайван амгалан хүн шиг байна. Эхнэр тань гялалзуур хүн үү?

-Би тайван алгуур хүн. Болно доо, болгочихно доо гээд явж байдаг хүн. Өнөөдөр хийгээд болчих юмыг маргааш болчихно доо гээд хойшлуулдаг алдаа бий.

-Говьд их халуун болохоор хүмүүс нь ч үсчиж цовхчоод байдаггүй тайван налгар байдаг юм биш үү. Аав ээжийнхээ тухай яриач?

-Говийнхон тайван хүмүүс байдаг. Манай аав сум нэгдлийн дарга насаараа хийсэн. Ээж ахуйн үйлчилгээнд ажилладаг байв. Аавыг хөдөө явахаар нь цуг явахыг боддог. Хааяа намайг аваад явчихна. Ажил төрлөө амжуулчихаад хөдөөнийхөн орой хоол унд, айраг цагаа болно. Тэр үед аавынхаа дуулахыг сонсоход гоё байдаг сан. Уртын дуу сайхан дуулдаг хүн байлаа. Жаахан халчихаад нүүрэнд нь улаан туяа суучихаад дуулахдаа янзын дуулна.

-Та уртын дуу дуулдаг уу?

-Дуулдаггүй. Дуулбал болох л байх. Нэг уртын дуу сурчихъя гэж боддог юм.

-Дуулахаас өөр хобби байдаг уу?

-Ан ав хийдэггүй, морь мал сонирхдоггүй. Спорт жаахан сонирхдог.

-Уран бүтээлээс бусад ихэнх цагаа юунд зарцуулдаг вэ?

-Гэртээ, гадуур дотуур, наана цаана ажил байна.

-Хоёр охинтой гэсэн. Охиддоо зориулсан дуу байдаг уу?

-Бий. 2003 онд том охин маань мэндэлж, аав болж байлаа. Юун төлөө дуучин хүн билээ. Охиндоо зориулж нэг дуу хийлгэхээр яруу найрагч Ц.Бавуудорж дээр очиж шүлэг захиалсан. Ер нь Ц.Бавуудоржийн шүлэгт дуртай. Ц.Бавуудоржийн “Тэнгэрийн бүсгүй”, “Үр минь” гээд шүлгүүдээр дуу хийгээд дуулсан. Сүүлд “Гурван тэс” суманд зориулсан шүлэг хийлгэхдээ “Засварлах хэрэгтэй байна” гэсэн юм. Засварлаад маш гоё дуу болсон. Хөгжмийн зохиолч Хатанбаатараар ая хийлгээд маш сайхан дуу төрсөн. Дараа нь олуулаа ээжийн тухай дуулъя гээд шүлгийг нь Ц.Бавуудоржоор хийлгэсэн. Ц.Бавуудорж эхлээд нэг шүлэг хийгээд ирэхээр нь жаахан голчихсон юм.

-Ц.Бавуудоржийн шүлгийг голдог өндөр шаардлагатай хүн байх нь ээ?

-Голох ч юу байхав дээ. Жаахан засвал зүгээр байна аа гэсэн. Ц.Бавуудорж “Батсайхаан, Ш.Сүрэнжав, Б.Лхагвасүрэн гуай миний шүлгийг голдоггүй шүү” гэж дуугарч байна лээ. Би голоогүй ээ, жаахан жаахан засвар хийлгэх гэсэн юм аа гэсэн. Ц.Бавуудоржтой хамтарч ажиллахад сайхан байдаг. Маш гоё шүлэг гардаг.

-Хэр сайн аав бэ. Дуучин хүн болохоор ээжээс илүү бүүвэйн дуу дуулж өгдөг үү?

-Яахав хүүхэд жаахан байхад унтуулах гээд аялдаг л байсан байх.

-Багшийнхаа тухай яриач?

-Манай багш О.Ичинхорлоо гэж Завхан аймгийн Сонгино сумын харьяат. Олноо “Цагаан Ихо” гэж алдаршсан хүн дээ. Дуурийн дуучин байгаад багшилсан хүн. Олон шавьтай. Гавьяат жүжигчин Алтанцэцэг, “Элькондр”-ын Жаргалсайхан, Ариунбаатар гавьяат, Гантулга, Чулуунбаатар гээд олон шавьтай л даа. Манай багш Болгарт төгссөн. Шавь нарынхаа төлөө зүтгэдэг. Сурсан мэдсэнээ шавь нартаа заахдаа сэтгэл зүрхээ зориулдаг хүн. Анх багшийнхаа нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаан зарлая гэж шавь нар нь нийлж байгаад “Багш шавь” холбоо гэж байгуулсан. Хоёр дахь удаагаа уралдаан зохион байгуулсан. Дөрвөн жилд нэг удаа болдог. Энэ уралдаанаас түрүүлсэн дуучид нь бас л мундаг дуулаад явж байгаа. Манай багшийн нэрэмжит уралдаан олон сайн дуучны замыг зассан гэж бид боддог. Манайд болдог ямар ч уралдаанд ар, өврийн хаалга их байдаг. Бид багшийнхаа уралдааныг шударга шүүдэг. Уралдаанд түрүүлсэн дуучид мундаг амжилттай яваа.

-Эхнэр чинь тантай гэрлэхээсээ өмнө таны шүтэн бишрэгч байсан уу?

-Намайг нэг их айхавтар дуулж хуурддаггүй байхад айл болсон. Оюутан байхдаа ханьтайгаа танилцаж байлаа.

-Гэргийдээ зориулсан дуу байдаг уу?

-Ер нь миний дуулсан дуунууд бүгд эзэнтэй байдаг. Аав ээжийн дуу, үр хүүхэд, нутаг ус бүгд л эзэнтэй.

-Ханийн дууг ханьдаа зориулаад дуулчихсан юм байна шүү дээ?

-Бүх л ханиуддаа зориулаад дуулсан. (инээв).

Дашрамд дурдахад миний тоглолтыг зохион байгуулж байгаа “Apple” продакшн, дэмжиж ажиллаж байгаа Өмнөговь аймгийн нутгийн зөвлөл, Улсын филормонийн оркестр, удирдаач урлагийн гавьяат зүтгэлтэн Туулайхүү гээд хамтран ажиллаж байгаа хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна.

Categories
мэдээ нийгэм

Улсын комисс Буянт-Ухаа II хороололд 23-наас эхлэн ажиллана

Төрийн орон сууцны корпорацийн тэргүүн дэд захирал Д.Алтанхуягаас Буянт-Ухаа II хороолол тойрсон асуудлаар тодрууллаа.

-Буян-Ухаа II хорооллыг аравдугаар сарын сүүлээр Улсын комисс хүлээж авах төлөвлөгөөтэй байсан. Гэтэл энэ хугацаа хойшилсон. Буянт-Ухаа II хороолол хэзээ ашиглалтад орох вэ?

-Манайх 48 барилгынхаа эхний 22 барилгыг аравдугаар сарын 30-нд ашиглалтад өгөх хуваарьтай байсан. Биднээс үл шалтгаалах нөхцөл байдал хавар зургадугаар сараас эхлэн үүссэн. Барилгын тухай хуульд орон сууцны хорооллын гадна инженерийн шугам сүлжээний ажлыг улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийнэ гэж заасан байдаг. Буянт-Ухаа II хорооллын гадна инженерийн шугам сүлжээний ажлын төсөв холбогдох яамны 2015 оны төсөвт тусаагүй, тодотголоор ч бас ороогүй. Бид энэ ажлыг холбогдох яамдад 2015 он гарангуут тавьж эхэлсэн. Харамсалтай нь төсөв байхгүй учраас яам шийдэж өгөөгүй. Орон сууц маань баригдаж байгаа, дэд бүтэц, гадна инженерийн шугам сүлжээ зайлшгүй учраас арилжааны банкнаас зээл авч энэ асуудлыг шийдсэн. Орон нутгийн өмч хөрөнгөөр бараа худалдан авах ажиллагааны хууль гэж байдаг. Манайхны ярьж заншсанаар тендерийн хуулиар нээлттэй сонгон шалгаруулалт зарласан. Манай аж ахуйн нэгжүүдэд нэг дутагдалтай тал бий. Аливаа шалгаруулалтад оролцохдоо тухайн нөхцөл шаардлагыг бүрэн хангаж чадаагүй байж хасагдчихаад заавал ч үгүй эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хандаж, ажил зогсоох гэдэг. Аравдугаар сарын эхээр тендерийн маргаанууд шийдэгдэж, ажилдаа орсон. Гадна инженерийн шугам сүлжээний ажил хоцорсноос болоод манай барилга үндсэндээ сар хагасын дараа ашиглалтад орох дүр зураг үүсээд байгаа юм.

-Цахилгааны асуудлаа шийдсэн үү. 1.8 тэрбумын хөрөнгө оруулалт шаардлагатай гэж сонссон?

-Гадна инженерийн шугам сүлжээний ажил гэдэгт дулаан, цэвэр, бохир уснаас гадна ерөнхий цахилгааны ажил, холбоо дохиолол багтдаг. Түүнээс гадна Эрчим хүчний яамнаас Буянт-Ухаа II хорооллын үндсэн цахилгааны тэжээлийг Яармагийн шинээр баригдаж байгаа 10.35 дэд өртөөнөөс авахаар техникийн нөхцөл өгсөн. Түүний дагуу нээлттэй сонгон шалгаруулалт зарлаад гүйцэтгэгч компани ажлаа хийх явцад санхүүжилтгүйн улмаас дэд өртөөнд ирэх өндөр хүчдэлийн шугамын ажил энэ жил хийгдэхгүй гэсэн. Бид есдүгээр сард холбогдох яаманд асуудлыг тавьсан. Буянт-Ухаа дэд өртөө буюу нисэхийн цагаан хаалганы ард талын дэд өртөөнөөс цахилгаан авах техникийн нөхцөл дахин гаргаж өгсөн. Тухайн дэд өртөөг барьж байгаа гүйцэтгэгч компани манай байгууллагад хандаж бичиг ирүүлсэн юм. 2015 онд хийх ёстой байсан 1.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2016 онд өгөхөөр төсвийн тодотголоос хассан байдаг. Үүнээс болоод ажил хугацаандаа дуусахгүй байх нөхцөл үүслээ шүү гэж бидэнд хандсан. Бид бас л холбогдох яамдад асуудлыг яаралтай тавьсан. Яам, тухайн дэд өртөөг барьж байгаа аж ахуйн нэгж харилцан ойлголцоод аж ахуйн нэгж өөрийн хөрөнгөөр энэ ажлыг хийж гүйцэтгэхээр ажиллаж байна. Дэд өртөөний ажил 94 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Тэгэхээр манай барилгууд арванхоёрдугаар сардаа багтан ашиглалтад орно. 23-наас эхлээд 30 барилга дээр Улсын комисс ажиллана. Тэр олон барилга дээр комисс нэг өдөр ажиллахгүй. Улсын комисст хорь гаруй хүний бүрэлдэхүүнтэй бүх мэргэжлийн байгууллагын төлөөлөл багтдаг. Барилгын норм стандартыг хангасан эсэхийг чиглэл чиглэлээрээ шалгаж байж энэ барилгад хүн амьдарч болно гэсэн зөвшөөрөл өгдөг.

-Буянт-Ухаа I хорооллын оршин суугчдын зүгээс орон сууцны чанарын асуудлаар гомдол гаргасан нь ТОСК-ийн байрыг сонирхож байгаа олон хүмүүст болгоомжлол төрүүлсэн байх?

-Буянт-Ухаа I хороолол 1764 айлтай. Зарим нэг айлд доголдол гарсан. Бид тухай бүрт нь гүйцэтгэгч компанидаа хэлж шаардаад, гэмтлүүдийг арилгаад явж байгаа. Барилгын тухай хуулиар тухайн барилгын чанар стандартыг гурван жилийн хугацаанд барилга барьсан компани хариуцахаар заасан. Нэг, хоёр хүн гарч ирээд бүхэл бүтэн хорооллыг төлөөлж жижиг гэмтлээ ярих нь зохимжгүй.

-Зарим сайтад 70 гаруй айл асуудалтай байгаа гэсэн мэдээлэл харагдсан?

-Гурван хүн манай байгууллагад ирж хэвлэлийн хурал хийлгэсэн. Тэд 80 гаруй иргэнээс гарын үсэг цуглуулаад, “Ийм хүмүүс гомдолтой байна” гэсэн. Гүйцэтгэгч компани, манай инженерүүд, ашиглалтын газрынхан гомдол гаргасан айлуудаар орж асуудлыг шалгасан. Тэр дунд салхивч ажиллахгүй байна, обойны булан хуурчихлаа, манай крантнаас зэвтэй ус гарч байна, цонхны булан сийгээд байна гэсэн гомдлууд байсан. Мөн “Мэдэхгүй ээ, хоёр хүн орж ирээд гарын үсгээ зураад өгөөч гэхээр нь зурсан” гэсэн хүн ч байсан. Буянт-Ухаа I хороололд очоод асуухад манай иргэд хэлнэ.

-ТОСК-ийн барьж байгаа барилгуудад хөндлөнгийн хяналт тавьдаг уу?

-Аливаа барилгад холбогдох мэргэжлийн байгууллагууд хяналт тавих үүрэгтэй. Мэргэжлийн хяналт, барилгын холбоод, захиалагчийн хяналтууд байдаг.

-2000-аад өрх тэнд арванхоёр, нэгдүгээр сард нүүж очлоо гэхэд сургууль, цэцэрлэг шаардлагатай болно. Цэцэрлэгийн барилга хэдэн хувьтай байна. Сургууль хэзээ баригдаж ашиглалтад орох вэ?

-Буянт-Ухаа II хороолол хоёр хэсгээс бүрддэг. Эхний 48 барилгад 240 хүүхдийн нэг цэцэрлэг төлөвлөгдсөн. Цэцэрлэгийн барилгыг арванхоёрдугаар сар гэхэд Улсын комисст өгөхөд бэлэн болно. Буянт-Ухаа II хорооллын хоёрдугаар хэсгийн төлөвлөлтөд нэг ээлжиндээ 1200 хүүхдийн багтаамжтай сургуулийн хоёр барилга бий. Мөн 240 хүүхдийн багтаамжтай гурван цэцэрлэг төлөвлөгдсөн. 2016 оны төлөвлөлтөд сургуулийн барилга бий. Сургууль 2017 оны долдугаар сард ашиглалтад орох юм.

-Буянт-Ухаа II хороолол өвлийн улиралд оршин суугчдаа оруулах болох нь. Автобусны шинэ чиглэл нээхээр төлөвлөсөн үү?

-Нийслэлийн нийтийн тээврийн газарт шинэ хорооллынхоо ашиглалтад орох хугацааг, оршин суух өрхийн тоог гаргаж өгсөн. Нийтийн тээврийн газрынхан манай хороолол ашиглалтад орсны дараа шинэ маршрут гаргаж өгөх болов уу гэж найдаж байна.

-Сүүлийн үед орон сууцны үнэ буурч байна. Орон сууцны үнэ Буянт-Ухаагаас ч хямдарна гэсэн хүлээлт үүсч магадгүй?

-Буянт-Ухаа I хороолол барьж байгуулсан туршлагадаа үндэслээд Буянт-Ухаа II дээрээ нэлээд зүйл засч залруулсан. Буянт-Ухаа II төмөр бетон суурьтай бүрэн цутгамал байр. Найман баллаас доошгүй газар хөдлөлтөд тэсвэртэй байхаар тооцсон. Буянт-Ухаа I хорооллыг 250 маркийн бетоноор цутгасан бол Буянт-Ухаа II хорооллыг 350 маркийн бетоноор цутгасан. Дээр нь арматурынхаа маркийг нэмж, алхмыг нь ойртуулж өгсөн нь зардлыг харьцангуй өсгөсөн. Хотын төвд баригдаж байгаа метр.кв нь хоёр сая, гурван саяар зарагдаж байгаа бүрэн цутгамал байртай адилхан арматур, бетон хэрэглэсэн гэсэн үг. Гэхдээ бүрэн цутгамал байртай харьцуулбал манай орон сууцнууд хямд. Валютын ханшны өсөлт мөн нөлөөлсөн.

-Засгийн газрын барьцаа 20 хувийн хөнгөлөлт хүлээлт үүсгээд байгаа гэсэн үү?

-Засгийн газраас баталсан 20 хувийн хөнгөлөлтийн журам иргэдэд хүлээлт үүсгэж байна. Энэ журмыг хэрхэн яаж хэрэгжүүлэх нь одоо болтол тодорхойгүй хэвээр. Засгийн газар 20 хувийн асуудлаа шийдээд, шийдэх боломжгүй бол түүнийгээ ил тод хэлэх хэрэгтэй байна. Засгийн газар 20 хувиа шийдэж чадахгүй бол манай ТОСК-д эрхийг нь нээж өгмөөр санагдаад байгаа юм. Иргэд 10 хувийг төлөхөөр 20 хувийн асуудал гарч ирж байгаа. Үүн дээр ТОСК зээлийн баталгаа гаргаж өгөх замаар асуудлыг тодорхой хүрээнд шийдэх боломж бий. Бид 18-24 сарын хугацаанд 20 хувиа төлөх арга хувилбарыг иргэддээ санал болгож болно. Урьд нь Орон сууц санхүүжилтийн корпораци гэж байхад төрийн албан хаагчийн 4000 орон сууц хөтөлбөр хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд иргэдэд байрны зээл өгөөд, манай дээр зээлийн эргэн төлөлт нь явагддаг байсан. Манай зээлийн эргэн төлөлт 98 хувьтай байсан. Харамсалтай нь Монголбанк ТОСК-д моргейжийн эрх шилжүүлэхгүй банкинд өгнө гээд татаад авчихсан.

Categories
мэдээ цаг-үе

Д.БАЯРБААТАР: Дэлхийн гоо бүсгүйчүүд миний дэглэсэн монгол бүжгийн хөдөлгөөнийг дагаж хийхэд сайхан санагдсан

Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын бүжиг дэглээч, СУИС-ийн багш Д.Баярбаатартай ярилцлаа. Түүний харьяалагддаг ҮДБЭЧ-ын 65, СУИС-ийн 25 жилийн ой тохиож буй учраас тэрбээр тун ч завгүй харайлгаж явлаа.

Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга 65 жилийн ойгоо угтан сүүлийн таван жилд туурвисан дорвитой бүтээлүүдээ үзэгчдэдээ дээжлэн барьж буй. Үзэгчдийн талархлыг хүлээсэн “Монголын их хатад” бүжгэн жүжиг арваннэгдүгээр сарын 22-нд тус чуулгын тайзнаа дахин тавигдах юм.

Таны дэглэн найруулсан “Монголын их хатад” бүжгэн жүжигтесөн хатны жаргал, зовлонг бүжгийн хэлээрөгүүлдэг. ТухайлбалГуа марал гэдэг домгийн эмэгтэйн дүрийг сэтгэлдээ хэрхэн ургуулсан тань сонин байна?

-Хөгжмийн зохиолчоор төрийн соёрхолтБ.Мөнхболд ажилласан. Манай найруулагч Н.Болд бүжгэн жүжгийн цомнолыг бичсэн. Залуу үеийн бүжиг дэглээч А.Даваахүү Өүлэн эхийн бүжгийг хийсэн. Х.Хашхүү Алунгоо эхийн бүжгийг хийсэн. Миний хувьдГуа марал, Бөртэ хатан, Дөргөнэ хатан, Сорхугтани бэхи хатан Чимбай, Самар хатан, Мандухай сэцэн хатны бүжгийг найруулждэглэсэн юм. Зураачаар Ц.Энхтуяа ажилласан, хөгжийн найруулгыг М.Бирваа хийсэн. Энэ бол Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын Үндэсний хөгжмийн их найрал, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжгийн хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээоролцсонтом ажил болсон. Монголын түүхэнд үлдсэн олон хатан бий. Монголчуудесийн тоог бэлгэддэг учраас есөн хатныг сонгосон. Гуа маралыг орчин үеийн модерн бүжгийн стилиэр тэнгэр огторгуйгаас нисэн бууж ирж байгаагаар дүрсэлсэн. Орчин үеийн модерн бүжгийн хэмнэлийг монгол бүжгийн бий биелгээний арга барилтай хослуулан дэглэсэн. Бүжиг бол сэтгэл болоод биеийн хөдөлгөөний урлаг. Тайзан дээрүйл хөдлөл, дохио зангаа, бүжгийн хэлээр ярих учиртай. Манай бүжигчид маш сайн ажиллаж, өөр өөрийн дүрийг онцгой сайн бүтээсэн.

ӨгөөдэйнДөргөнэхатаннөхрөө нас барсны дараа Их Монголын төрийг барьж байсан, ордны хуйвалдаантайхолбогддог зөрчилтэй дүр. Бусад эерэг талын дүрүүдийг бодвол сонирхолтой хатан?

-Хатдын дүрийг босгохынтулд Монголын олон түүхч, зохиолч, эрдэмтэдтэй уулзлаа. Гадны зохиолчдын бүтээлийг бас уншсан. Жак Уэтерфордын “Монголыних хатдын нууц товчоо” зохиол бодит түүхтэй дөхөж очсон санагдсан. Дөргөнэ хатан төрийн эрхийг таван жил барьсан. Алдаа оноо байсан. Дөргөнэ хатны сэнтийн дэргэдэхАлтан судраар алтан ургийн бичээс, төрийн халдашгүй байдлыг төлөөлүүлсэн. Дөргөнэ хатныг зориудаар шанз, шударга хөгжмөөр илэрхийлсэн.

Хубилайн хатан Чинбайнмэдээлэл хомс үлдсэн гэдэг. Гэхдээ төрийн багш дээд талд суух уу, хаан дээд талд нь суух уу гэдэг асуудал яригдахад төрийн хэрэг ярихад хаан дээрээ шашны асуудал яригдахад багш дээд талдаа суу гэх мэтээр зөвлөж байсан гэдэг юм билээ?

-Чинбай хатан миний хувьд хамгийн сонирхолтой дүр байлаа. Хубилай хаанЮань гүрнийг байгуулаад, ордонд их найрал хөгжмийг бий болгож, олон бүжигчингбүжиглүүлж байсанбаримт үлджээ. Юань улсын сударт бүжгийн хөдөлгөөнийг урагш нэг алхаж цомцойж сууна. Хоёр гараа дээш өргөж тэнгэр рүү цоройно гэх мэтээр бичсэн байгаа юм. Чинбай хатан ухаантай хатан байсан. Нум сумаар харвахад наранд нүд гялбаж байгааг сонсоодмалгайн саравч зохиосон уран үйл оёдог, ухаантай хатан байсан гэдэг. Чинбай хатнаар төлөөлүүлээд ордны байдлыг илэрхийлсэн. Олон хатны бүжгийг дэглэнэ гэдэг маш олон бүжгэн жүжиг хийж байгаа юм шиг, олон бүжгийн бүтээл төрж байгаа юм. Ордныбүжгийн хэв маяг намба төрх ийм байсан болов уу гэж төсөөлсөн. Орос, Францын ордны бүжиг гэж ярьдаг бол XIII зуунд Их Монгол Улсад төрийн ёслол хүндэтгэлийн бүжиг байсан юм. Монголчууд ийм л баялаг түүхтэй, асар их өв соёлтой ард түмэн. Баялагуламжлалаас санаа аваад ордны бүжгийн дэг жаяг монголчуудад байсан юм шүү гэдгийг харуулсан юм.

Хатдын дүрийг сонгохдоо юу анхаарсан бэ. Мандухай хатны дүрд Мандхай нэртэй бүжигчин таарсан байна лээ?

-Хатдын дүрийг сонгохдообүжигчдийнхээ хөдөлгөөний хурд, чадвар, техник, нуруу туруу, царай зүсийг харж байжсонголтоо хийдэг. Мандухай хатны дүрд яг л Ж.Мандхай нэртэйбүжигчний дүр төрх таарсан. Мандхай бол эрэгтэй хүнд л байдаг бүжгийн хурд, техникийг эмэгтэй бүжигчин харуулснаараа онцлог дүр.

АСЕМ-ийн ёслолын үеэр “Монголын их хатад” тоглосон гэсэн?

-Есөн хатан маань гадаадын улс орноор олонтаа тоглосон. Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр Швейцарийн Давос хотноо болсон эдийн засгийн форумд уригдсан. Мөн Японд Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр тоглосон. Ер нь УИХ-ын гишүүд олноороо ирж үзсэн. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зорьж ирж байлаа. 99 тэнгэрийн орноосерөөл билгийн есөн хатныг урин дуудаж, бүжгийн дэгээр дархлан тамгалав гэж би хэлсэн. Есөн хатны сүнс биднийг харж байгаа. Тийм учраас хатдыг нэг нэгээр нь буулгаж ирээд, тэднийамьдралыг бүжгийн хэлээр үзүүлж байгаа. Хамгийн сүүлд есөн хатан бөөгийн онгодоор бууж ирээд бүгдээрээ бүжиглэдэг.

Бөөгийн онгод гэснээс та “Тэнгэр дуудсан онгод” гээд ардын урлагийн тоглолт хийж байсан. Танд бөөгийн онгод, далд хүч, мэдрэмж нөлөөлдөг үү?

– Мэдээж маш олон юм уншиж судлахаас гадна онгод хийморио хөглөж байж энэ бүтээлийг хийхгүй бол төрийн их хатдаар хамаагүй оролдож болохгүй. Хатдын үзэгдэл болгон бөөгийн дуудлагаар эхэлдэг. Онгод хийморь далд юм байж л бүжгийн бүтээлийг хийнэ шүү дээ. Хэдэн хоосон хөдөлгөөнхолбоод хийчихвэл бүжгэн жүжиг биш л дээ.

Бугуйдаа зүүсэн эрхи чиньямар шидтэй эд вэ?

– Үүнийг гэгээнтэн хүн өгсөн юм. Зава Дамдин ринбүүчи гэгээнтэн миний “Бие чинь болъё”, “Аягатай биелгээ”-г үзчихээд “Энэ хүнтэй уулзмаар байна. Бүтээл нь их өвөрмөц сонин юм” гээд уулзсан. Тэгээд надад энэ 21 цагаан тана өгсөн юм. Үүгээр өөрийгөө хөглөж явдаг юм. Би бол тэнгэр газраа шүтдэг. Түүнээс биш шашин шүтлэг гээд байх юм үгүйээ.

Таны Сорхуг­тани хатны бүжгийг Дэлхийн мисст оролцсон эмэгтэй бүжиглэхэд сэтгэл хөдөлсөн байх?

-Миний дэглэсэн бүжгийг М.Бямбаа гээд гоцлол бүжигчин хийсэн. М.Бямбаа маань мисс Батцэцэгт хэсгээс нь зааж өгөөд Батцэцэг дэлхийн мисст очиж бүжиглэсэн юм. Дэлхийн гоо бүсгүйчүүд Д.Баярбаатарын дэглэсэнмонгол бүжгийн хөдөлгөөнийг дагаж хийхэд үнэхээрсайхан санагдсан.

Таны дараагийн уран бүтээл юу байх бол?

-Төрийн ёслол хүндэтгэлийн бүжгийг хийсэндээ бахархаж байгаа. Энэ бүтээл чуулгын 65 жилийн ойд зориулж хийсэн эхний бүтээл маань. Би М.Бирваа гэж залуу хөгжмийн зохиолчтойхамтарч ажилладаг. Миний уран бүтээлийн 70 хувь нь М.Бирваагийн уран бүтээл байдаг. М.Бирваа бид хоёр “Монголын нэг өдөр” гэсэн нэртэй Монгол түмний их цэнгэл бүжгийн чуулбар хийхээр ажиллаж байгаа.

Бий биелгээ гэхэд л амьдралаас ургасан хөдөлгөөнүүд байдаг. Харин та гадуур явж байхдаа бүжиг шиг хөдөлгөөнтэй хүмүүстэй хэр таардаг вэ?

-Уран бүтээлийнхээ санааг хөдөө байгаль, монголчуудынхаа ахуй амьдрал, тал нутгаас олж авдаг. Монголынхоо тал нутгаар аялж, домог түүхээс сэдэвлэж уран бүтээл төрдөг. “Жороо нь жороо” бүжиг маань Хөх хотод болсон Монгол туургатны бүжгийн уралдаанаас бүжиг, хөгжим, хувцасны төрлөөр гурван алтан медаль хүртсэн. Ховд аймагт ажлаар явахдаа жороо морины өвлийн уралдаан үзсэн юм. Хар азарга түрүүлж ирсэн. Жороо морины хөдөлгөөн, дээр нь суусан тэнзэн ташууртай хүний намба төрхийг хараад ганзага цацлам жороо нь жороо гэдэг санаа орж ирсэн юм. Ирээд М.Бирваадаа жороо морины тухай бүжиг хийе гээд санаагаа хэлсэн. Францад явахдаа монгол гэр хашаан дотор барьсан байхтай таарсан. Үзмэр ч юм шиг харагдаж байв. “Хөөрхий, монгол гэр маань үзмэр болчих вий дээ” гэж бодогдсон. Бид Монголынхоо тал нутагт амьдарч, нүүдэлчин ахуй соёлоо хадгалж үлдэх учиртай. Тал нутаг уламжлалаа хадгалж үлдвэл дэлхийн хамгийн өвөрмөц онцгой нүүдэлчин улс хэвээрээ үлдэнэ. Гэрийн унь, тооно, хана тэр чигээрээ модернизм, урлагийн бүтээл байхгүй юу. Тэгээд гэрийн тухай, бат бэх, хайр, арга билгийн тухай бодоод эрэгтэй эмэгтэй хоёр хүн бие сэтгэлээрээ уусч, бат бэх, эв нэгдэлтэй байя, үр хүүхэдтэй болъё гэсэн санаагаар “Бие чинь болъё” бүжгээ дэглэсэн. Жижиг хэрэглэлүүд нь бэлгэдэл, далд утга санаатай. Малгай нь тооно, хормойг нь ханаар эмжүүлээд, цацаг нь хаан бугуйвч, хатан сүйхээр эмжээртэй гэх мэтээр төсөөлж хийсэн бүтээл. Большой театр гэх мэт дэлхийн том театруудад тоглолоо. Уран бүтээлч хүн байнга л эрэл хайгуул хийж явдаг. Наадмын талбайдтөрийн концерт найруулж байхдаа А.Сүхбат аваргын сууж байгаа намба төрхийгхараад, араас нь зургийг нь авчихсан. Монгол хүн л тэгж сууна даа.

Тандүг хэлээр өөрийгөө ойлгуулах нь амар байдаг уу, бараг бүжиглэчихсэн нь шулуун уу?

-Маш сайхан ярьдаг хүмүүс байдаг. Би бол ярихаасаа илүү гар, бие хөдлөөд л байдаг. Дотроо бодсон юмаа бүжигчдэд ойлгуулах гэж зовно. Ингэж хий гээд өөрөөүзүүлнэ. Утгыг хөдөлгөөнөөр илэрхийлнэ гэдэг учиртай. Бүжгийн урлагийн гайхамшигүүнд л бий.

Та бүжиглэхээс өөр ямар хоббитой вэ?

-Хөөмий шүү дээ. Монгол хөөмийн анхдугаар уралдаанд тэргүүн байр авч байлаа. 2009 онд болсон хөөмийн олон улсын симпозиумын Гран при шагналыг авсан. Францад жил бүрбие даасан тоглолтоо хийдэг. Сонирхуулахад би саяхан Францад эх хувиа бэлтгүүлээд Английн том студид Д.Баярбаатарын “Монгол хөөмийн урлаг” гэж цомог гаргасан. Европ, Америктонлайнаар зарагддаг. Миний цомог есдүгээр сарын 29-ний байдлаар “Mergingart” продакшны долоо хоногийн Дэлхийн хөгжмийн чартыг борлуулалтаараа тэргүүлсэн. Минийхөөмийн цомог монгол хөөмийн урлагийг дэлхийд сурталчилж байгаа гэж баярлаж байна.

Монголоос өөр орны хүмүүс хөөмийлж чадах уу?

-Ази, америк, герман гээд хөөмийг оролдоод сурч байгаа хүмүүс байна. Гэхдээ яаж монгол хүн шиг нарийн нандин аялгуу гаргах вэ дээ. Монгол хөөмийн урлаг бол монголчуудад эртнээс уламжилж ирсэн ховор нандин өв.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Бидний орон гэр дэх үл үзэгдэх “дайснууд”

Шинэхэн орон сууц үзэхээр
очихдоо дэргэд зогсох эмэгтэй ажилтнаас эрүүл мэндэд хоргүй будаг, материал
хэрэглэсэн эсэхийг лавлав. Тухайн үед мэдлэг, туршлагагүй хүн таарсан уу, эсвэл
олонхи хүн энэ талаар сонирхдоггүй бололтой. Мөнөөх ажилтан ихэд эмзэглэж “Та
битгий өө сэв хайгаад бай” гэснээр барахгүй “Намайг энд зогсох хугацаанд хэн ч
тан шиг ийм юмнууд асуугаагүй” гэсэн юм даа. Үнэндээ бидний орон гэрт санаанд
оромгүй олон химийн хортой бодис агуулагддаг бөгөөд энэ бүхэн бидний химийн
ачааг нэмэгдүүлж, аажмаар хордлогод ороход хүргэдэг тухай цухас өгүүлэх гэсэн
юм л даа. Хар тугалга хэмээх хортой металл гэхэд л будаг, усны хоолой болон
зарим шаазан эдлэл, сав суулга, шалны плита зэрэгт агуулагддаг аж.

Хар тугалга хортойг хэн бүхэн
мэддэг ч энэ бүхэн аажмаар биед хуримтлагддаг учраас хордож буйгаа хэн ч
анзаарахгүй. Хүүхэд нялх байх тусмаа хар тугалганд илүү хорддог. Хуучин будаг
хагарч хуурах, будагны хагархайнууд нунтаг болж, хүүхэд амьсгалах буюу шалан
дээгүүр гүйхэд залгигддаг. Танай крантнаас зэв амтагдсан ус гоожиж байгаа бол
хар тугалгатай хоолойгоор дамжиж байж магадгүй. Зарим хивс, гэрийн тавилгууд
химийн хортой бодис агуулдаг.

Эдгээр материалыг хурдан
элэгдэх, түлэгдэхээс хамгаалах гэж иймэрхүү химийн бодис шингээдэг аж.

Хүүхэд болон гэрийн тэжээмэл
амьтад олон цагийг хивсэн дээр өнгөрүүлдэг учраас химийн бодисын нөлөөг илүү
амсдаг. Гэр цэвэрлэхэд хэрэглэдэг угаалга, цэвэрлэгээний бодисуудад ч
болгоомжтой хандахад илүүдэхгүй. Ихэвчлэн хурц үнэртэй, нүдний нулимс дуслуулах
шахдаг нь химийн бодистой холбоотой.

Ус болон бидний нэрлэдгээр
барааны савангаар цэвэрлэгээ хийх нь хамгийн аюулгүй бөгөөд хямдхан байдаг гэж
“Орчны эрүүл мэндийн тухай иргэний нөхөрлөлийн гарын авлага”-д дурджээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өөдөс цаг хугацаа

“Завгүй” гэж хүн болгон ярьдаг ч өнгөрүүлсэн цаг хугацаагаа эргээд харахад шальтай юу ч хийж амжуулаагүй санагдана.

Баян ч бай ядуу ч бай хүн бүрт тэгш олгогддог зүйл нь хоногийн 24 цаг. Улиран өнгөрч буй цаг хугацааг үр дүнтэй өнгөрүүлэхийн тулд өөдөс цаг хугацааг үр дүнтэй өнгөрүүлэх тухай бестселлер номын зохиогч И Мин Кю зөвлөсөн байна лээ. Их хотын иргэд замын түгжрэл, ажилдаа ирэх очихдоо багагүй цаг зарцуулдаг. Эсвэл хэн нэгэн албан тушаалтны үүдэнд, банкинд дугаарлаад бидний алт шиг цаг чамгүй их урсч өнгөрдөг. Иймэрхүү үед бухимдахын оронд цаг ашиглах аргууд бий. Хэн нэгнийг хүлээх, хоолны газар, банкинд ээлжээ хүлээн суунгаа унших ном, бодох зүйлээ бэлтгэх хэрэгтэй. Ном уншиж суухад залхмаар санагдаж цухалдахгүй. Нийслэлчүүдийн олонхи нь машиндаа багагүй цаг зарцуулдаг. Энэ хугацааг ухаалгаар ашиглах арга бол машины хөгжмийг ашиглан гадаад хэл сурах юм. Машин жолоодох цаг хугацааг суралцах цаг болговол таны машин сургалт судалгааны өрөө болно. Бид машинд түгжээнд мөн ч их цаг минутыг өнгөрүүлдэг дээ. Амжилтад хүрсэн хүмүүс өөдөс цагийг ихээр ашигладаг учраас том зүйлд цаг хугацаа хүрэлцэхгүй байна гэж гомдоллодоггүй.

Өөдөс цаг хугацааг ашиглана гэхээр цаг ч амрахгүй ажил төлөвлөх юм байна гэж бүү айгаарай. Илүү их амрах цаг гаргахын төлөө ч цагаа хямгадах хэрэгтэй шүү дээ. Өөдөс зүйж хувцас ч оёдог шиг өөдөс цаг хугацааг хэмнэж өөртөө цаг гаргаарай.

Categories
арын-нүүр булангууд мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Генийн инженерчлэлийн аргаар гаргасан хоол хүнсийг хүлээж авах уу?

Олон орны иргэдийн хувьд болгоомжтой хандах энэхүү асуултад монголчууд за ч гэсэнгүй, үгүй ч гэсэнгүй. Нэгэнт хүлээн зөвшөөрөөгүй учраас Монголд энэ төрлийн бүтээгдэхүүн орж ирээгүй гэсэн үг огт биш. Мэргэжлийн хүмүүс генетик инженерчлэлийн аргаар гаргасан хоол хүнсийг хортой гэдгийг батлаагүй бөгөөд улам бүр өсөн нэмэгдсээр байгаа дэлхийн хүн амыг хоол тэжээлийн дутагдлаас аврах гол арга зам гэх мэтээр тайлбарладаг. Хортой гэдэг нь хараахан батлагдаагүй болохоос биш огт хоргүй гэсэн үг биш. “Нутгийн шийдэл” сангийн санаачилгаар орчуулагдаж хэвлэгдсэн “Орчны эрүүл мэндийн тухай иргэний нөхөрлөлийн гарын авлага”-д энэ талаар сонирхолтой мэдээлэл дурдагдсан байна. “Ихэнх генийн инженерчлэлд орсон үрийг химийн хор, бордоо үйлдвэрлэдэг байсан үйлдвэрүүд хийж байгаа бөгөөд мөн тэр компаниуд зарж борлуулж байна. Энэтхэгийн Карнаката муж улсад амьдардаг хөвөн тариалагчид химийн хор илүү их хэрэглэдэг, хөрс муутгадаг гэсэн үндэслэлээр генийн инженерчлэлийн аргаар гаргаж авсан хөвөнгөөс татгалзаж тариалангийн талбайгаа шатаасан гэнэ.Эрдэмтэд ургамал амьтны генийг лабораторид өөрчилдөг. Хүссэн ургамлын шинж чанарыг гарган авахын тулд будаа, эрдэнэшиш гэх мэт тэс өөр хоёр ургамлын генийг хамтруулдаг. Амьтны генийг ч ургамлын гентэй хольдог аж. Цаас хийхэд зориулагдсан зөөлөн мод, мууддаггүй улаан лооль, хэвийн хэмжээнээс том загас, гахай зэрэг нь сонсоход мундаг ч байгалийн жамын эсрэг гэдэг утгаараа шүүмжлэл хүлээж байна. Генийн инженерчлэлд орсон хүнс нь харшил, химийн хордлого, хорт хавдар үүсгэх эрсдэлтэй гэсэн таамаглал явдаг ч ийм төрлийн бүтээгдэхүүнд онцгойлсон хаяг шошго тэр бүр байдаггүй, шинжилгээнд хамруулах арга байдаггүй нь бэрхшээл учруулдаг. Хоол хүнсийг генетикийн инженерчлэлд оруулсан эсэхийг мэдэхийн тулд генетикийн шинжилгээ хийлгэх учиртай. Одоохондоо манайхан гаднаас орж ирж байгаа бүтээгдэхүүнийг ге­нийн өөрчлөлттэй эсэхийг шинжлэхийн тулд биш гадаг­шаа гаргаж байгаа будаагаа генийн өөрчлөлтөд оруулаагүй гэдгээ батлахын тулд шинжилгээ хийлгэдэг юм билээ. Хэрвээ хөршүүд маань генийн өөрчлөлтийг тоодоггүйсэн бол юунд шинжилгээ, баталгаа шаардах билээ. Харин монголчууд хэнэггүй хэвээрээ хэр хол явах бол?

Б.Янжмаа

Categories
мэдээ цаг-үе

У.Уранцэцэг: Би дэлхийгээр хэсч, дуулж явдаг ажилтай

Дэлхийн дуучин У.Уранцэцэгийн гургалдай хоолой ДБЭТ-ын тайзнаа эгшиглэж байна. Түүний эгч жүжигчин У.Уранчимэгийг хүмүүс мэднэ дээ. Эвлэгхэн дуулдаг, гурван эгч дүүсийн нэг өдгөө дэлхийн театруудаар уригдан дуулдаг дуурийн дуучин болжээ. Италийн нэрт хөгжмийн зохиолч Гаэтано Доницеттигийн “Лучиа ди Ламмермур” дуурь энэ сарын 17, 18-нд анх удаа Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглогдоно. Дуурийн найруулагчаар БНСУ-ын найруулагч Ан Ху Вон ажиллаж байна лээ. Уг дуурийн гол дүр болох Лучиад У.Уранцэцэг тоглохоор ДБЭТ-ын уран бүтээлчидтэй хамт бэлтгэл хийж байлаа. “Лучиа ди Ламмермур” нь сопрано хоолойтнуудын хүч, авьяасыг сорьдог дэлхийд алдартай бүтээл юм. Бэлтгэл завсарлах үеэр У.Уранцэцэгтэй ярилцлаа.

-Монголын ДБЭТ-ын тайзан дээр анх удаа дуулж байгаа гэсэн?

-16 жилийн дараа театрынхаа урилгаар ирж байгаадаа баяртай байна. Үнэнийг хэлэхэд өмнөх дуурийн театрын дарга нар намайг уриагүй. Энэ удаа Ч.Мөнхзул дарга намайг урьсанд баяртай байгаа.

-Таны тоглох дуурийн тухайд юу хэлмээр байна?

-Монголд энэ дуурь анх удаа тавигдаж байгаа юм. Түүнээс биш дэлхийд алдартай дуурь. Энэ дуурийг тэр бүр театрууд зориг гарган тавьдаггүй. Маш хүнд дуурь учраас. Монголын театр зориглон тавьж байгаад баярлаж байна. Том юм хийж байж л их юм сурна шүү дээ. Доницеттигийн дуурийг тавьснаар залуу уран бүтээлчид жаахан ч гэсэн юм сурч байгаад олзуурхаж байна. Энд бас миний хайртай хөгжмийн зохиолчийн, хайртай дуурь маань тавигдсанд бас дуртай байсан л даа. Яг энэ дүрдээ би дөрөвдүгээр сард Эстонид дуулна.

-Таныг Италид ажиллаж амьдардаг дуучин гэдэг?

-Намайг янз бүрээр ярьдаг л даа. Өөрийгөө дэлхийн дуучин гэж хэлнэ. Энд тэнд очоод дуулдаг учраас Италид ажиллаж амьдардаг гэж болохгүй. Амьдрахын хувьд би Итали улсын Милан хотод амьдраад 17-18 жил болж байна. Ажиллахын хувьд дэлхийгээр хэсээд явж байдаг хүн дээ.

-Дэлхийн театруудаар ихэнх цагаа өнгөрөөдөг болохоор жинхэнэ нүүдэлчин амьдралын хэв маягтай хүн шиг санагдлаа?

– Бидний амьдрал ерөөсөө тийм. Заримдаа долоо хоногт хоёр, гурван улсад очиж дуулах жишээтэй. Их ядардаг. Яахав ажил болгон өөрийн гэсэн онцлогтой шүү дээ. Онгоцны буудал, зочид буудал, таксинд ихэнх цагаа зарцуулдаг.

-Таны очих дуртай нутаг орон, театр аль нь вэ?

-Би Германд ажиллах дуртай. Асар их зохион байгуулалт сайтай хүмүүс. Аливаа улсуудын хотын төв театруудад ажиллах дуртай. Аль эртнээс хуваарь нь гараад ажил нь жигдэрчихсэн байдаг. Миний зүгээс ямар ч стрессгүй ажиллах боломж олддог болохоор аятайхан.

-Орчин үед дуурийн дуучид хамгийн их даяаршсан хүмүүс болжээ?

-Монголын систем өөр. ДБЭТ-т гоцлол дуучин гэсэн орон тоо байдаг. Дэлхийн ихэнх дуурийн театрыг орон тооны дуучин байдаггүй. Итали, Испани, Франц, Бельги, Нидерланд гээд ихэнх оронд өөрийн гэсэн орон тооны дуучин байдаггүй. Зөвхөн оркестр, хоорын дуучин гэж байдаг. Систем нь өөр. Тийм учраас нэг дуурь хийлээ гэхэд ертөнцийн өнцөг булан бүрээс дуучид цугларч дуурь босгодог. Хоёр сар шахам хугацаанд “нүдээд” дуурь босчихно.

-Олон орны хүмүүс хамт ажиллахад зохицох, ойлголцохоос авахуулаад бэрхшээл байдаг уу?

-Бүгд ажлаа мэддэг учраас хүмүүс зохицоод л явна.

-Та энд тэнд явж байхдаа Монголынхоо уран бүтээлчидтэй таарч байв уу?

-Болгарт ажиллаж амьдардаг монгол дуучин байдаг юм билээ. Германы театрт очиж дуулахад тэндхийн ажилтнууд “Энд бас нэг монгол дуучин ирнэ ш дээ” гэж байсан. Болгарт байдаг Баясгалан гээд дуучин байдаг юм билээ. Түүнээс биш өөр уран бүтээлчтэй таарч байгаагүй.

-Эгч дүү гурван Урнаа дуулдаг байсныг санаж байна. “Вансэмбэрүү” гээд л дуулдаг байлаа?

-Багаасаа л уран бүтээл хийгээд тайзан дээр дуулж байсан. Тэр үед өөр цаг үе байлаа. Тэгж дуулснаар их юм сурч авсан гэж боддог. Наад зах нь тайзан дээр биеэ авч явж сурсан.

-Багадаа дуучин болно гэж боддог байсан уу?

-Ерөө­сөө л дуучин болно гэж боддог байсан.

-Эгч дүүс хэр холбоотой байдаг вэ?

-Холбоотой байлгүй яах вэ. Дөнгөж сая хүргэж өгчихөөд явлаа. Миний хамгийн чухал эрдэнэ эгч дүүс маань.

-Монголд ямар төлөвлөгөөтэй ирсэн бэ. Дуулах, бэлтгэл хийхээс гадна хаагуур юу амжуулах вэ?

-Одоогийн байдлаар надад амжуулж байгаа юм алга. Дуурийн театр дээр өглөөнөөс орой хүртэл бэлтгэл, сургуулилт хийж байна. Арванхоёр­дугаар сард бас ирж магадгүй. Бас нэг тоглолт яригдаад байгаа. Би 18-нд дуулчихаад, маргааш нь буцна. 21-нд Италид тоглолттой болохоор энд удаан байх боломжгүй. Ээж аавдаа ч цаг гаргаж чадахгүй байна. Өглөөнөөс авахуулаад тайзан дээр дуулаад орой ядарсан амьтан усанд ороод унтаж байгаа.

-Алдарт Лучано Павароттитой хамтарч дуулсан гэсэн. Таныг яагаад сонгосон юм бол?

– Монголын дуучин гэхээр өөрт нь их сонирхолтой сонсогдсон гэсэн. Миний хийсэн ажилтай танилцаад, дуулж байгааг маань сонсоод таалагдсан юм билээ. Тэгээд өөрийнхөө зохион байгуулсан тоглолтод урьсан. 20 орноос дуучин ирсэн байлаа. Түүнд нь Монголоо төлөөлж дуулсан. Сайхан дурсамжтай мөч л дөө. Нас барахаас нь тав зургаан жилийн өмнө юм уу даа.

-Хүү чинь бас дуулдаг уу?

-Одоогоор авьяас өвлөсөн тухай ярихад эрт. Хүү маань жижигхэн. Дөрөвхөн настай. Монгол нэрийг нь Анар гэдэг юм. Нөхөр Андрей маань инженер мэргэжилтэй хүн байдаг.

-Нөхөр чинь таны шүтэн бишрэгч үү. Монголд танилцсан гэж сонссон?

-Нөхөр маань Монголд хоёр жил ажилласан. Би оюутан байхдаа орчуулагч, телевизэд нэвтрүүлэгч хийдэг байлаа. Хоёр ажил давхар хийдэг байсан. Итали хэлний орчуулагчийн ажлаа хийж явахдаа нөхөртэйгөө танилцаж байв. Маш зөөлөн сайн хүн. Би өөрөө ааштай, зарчимч. Манай хүн маш дөлгөөн.

-Олон хэлээр дуулах шаардлагатай болдог байх?

-Таван хэлээр ярьдаг. Хэлтэй бол хөлтэй гэдэг. Залуу дуучдад захиж хэлэхэд гадаад хэл маш сайн сурах хэрэгтэй. Залуу насыг алдаж болохгүй. Монголчууд маань залхуу байна. Өөртөө сэтгэл ханасан байдаг юм байна. Тэр нь харамсалтай санагдлаа.

-Монголын дуурийн дуучид ямар түвшинд байна вэ?

-Сайн дуучид байна. Надтай цуг дуулж байгаа Э.Амартүвшин гээд залуу байна. Үнэхээр чадварлаг дэлхийн стандартын түвшинд очиж дуулахаар Ч.Энхтайван гэж дуучин байгаа. Хоолой нь надад маш их таалагдаж байгаа. Ур чадварын хувьд дэлхийд гологдохгүй дуучид.

-Дуулахаас бусад үед эх орондоо ирдэг үү?

-Нөхөр хүүхэдтэйгээ зун ирээд буцдаг. Зуны амралтаар 20-21 хоногийн хугацаатай ирдэг. Миний аав ээж ная гарч байгаа хоёр хөгшин бий. Тэдэндээ өөрийгөө харуулах хэрэгтэй.

-Монголынхоо залуу уран бүтээлчдэд хандсан ажил хийх бодол байдаг уу?

-СУИС, ХБК-той хамтраад материалтай, авьяаслаг залууст юм хэлээд өгчихье гэж бодолгүй яахав. Давчуу хугацаатай, бэлтгэл ихтэй учраас цаг гаргаж чадахгүй байгаадаа харамсаж байна. Надтай хамтарч ажилладаг австри, герман, франц гурван агентлаг байдаг. Тэд миний бүтэн жилийн ажлын хөтөлбөрийг гаргачихдаг. Чемоданаа барьж очиж дуулчихаад, сар, сар хагас болоод ирдэг. Энэ удаа 11 хоногийн хугацаатай ирлээ.

Categories
мэдээ цаг-үе

Н.Батцэцэг: Би юу эсийг үзэж, юу эсийг эдэлсэн билээ

Үндэсний
кино урлаг үүсч хөгжсөний 80 жилийн ойн нээлттэй өдөрлөгийн үеэр “Гэрлэж
амжаагүй явна”, “Суварган цэнхэр уулс”, “Эх бүрдийн домог” зэрэг олон сайхан
киноны дүрээрээ үзэгчдийн сэт­гэлд хоногшсон Монгол Улсын гавьяат
жүжигчин, “Монгол­жин” студийн захирал Н.Батцэцэгтэй ярилцлаа.

-Хүмүүс Богд, хатан хоёртой зургаа
авахуулж, гарын үсгийг нь авах гэж дараалалд зогслоо. Та­ны хувцас Богдын
музейд бай­даг жинхэнэ хувцастайгаа адилхан харагдаж байна шүү?

-Кино хүнд хүчтэй
хүрдэг урлаг. Хоёрдугаарт хувцас, биднийг чимээд хүмүүсийн сонирхлыг илүү их
татаад байна. Түүнээс биш намайг гудамжинд явж байхад оволзоод байхгүй шүү дээ.
Богд хаантан маань хажууд сууж байна. Хэзээнээсээ манайхан төр засаг, дуучид
киноныхноо хүндэлдэг. Бидний хувцсыг “Уран гоёл” гэдэг компани урласан. Дэлгэцэнд юм олон дахин томорч харагддаг.
Тийм учраас жинхэнэ хэрэглэж байсан эд зүйлстэй нь маш адилхан хийхгүй бол
гологдоно. “Уран гоёл”-ынхон их
гялалзаад байхгүй хэрнээ алтан утастай
юм шиг материал олох гэж их зовсон гэсэн. Товч нь алт шиг байх
учиртай. Богд хаантных шүр шиг том.
Хэмжээ нь ч нарийн байх ёстой. Малгайны
орой дээрх очир энэ тэрийг ч дүйцүүлсэн. Донж тун нь таарна гэдэг их учиртай
шүү. Хувцас энэ бүхэн амилсан өдөр байлаа. Дөнгөж зүүнээсээ гарсан хувцас
өмсөөд, киноныхоо 80 жилийн өдөрлөгт оролцох сайхан байна. “Монгол кино
нэгтгэл” ойдоо зориулаад олон арга хэмжээ хийж байгаа. Тэрний нэг нь нээлттэй
өдөрлөг. Монгол киноны дуу ямар сайхан билээ гэдгийг эргэж санаад, сэтгэл нь
хөглөгдөж, хичнээн сайхан жүжигчид байдаг билээ гэдгийг харж нүд хужирласан сайхан өдөр байлаа. Хүмүүс ч маш их ирсэн байна.

-Та зохион байгуулалтын ажилд оролцож
байгаа юм уу?

-Би Кино урлагийн
дээд сургуульд багшилж байгаа. Уран бүтээлч хүний хувьд зүрх сэтгэлээрээ
жигүүрлээд, эрвийх дэрвийхээрээ энд
гүйж байгаа шүү дээ, бид.
Уран бүтээлийн үед, ойн үеэр бие биетэйгээ уулзана гэдэг бидэнд давхар
баяр байдаг. Жишээлбэл гавьяат жүжигчин
Ш.Дэлгэржаргал эгч миний тоглосон анхны кинонуудын дууг хийсэн. Би чинь дуу
хийх чадваргүй нөхөр орж ирж байлаа.
(Н.Батцэцэг гавьяатыг ингэж хэлэхэд дэргэд нь сууж байсан Тунгалаг Тамирын Дулмаа эгч “Наадах чинь өөр мэргэжил
эзэмшсэн, Улсын их сургуулийн Орос хэлний ангийн оюутан байсан юм чинь” хэмээн
тайлбарлав) Киноны дуу оруулалт гэдэг
тухайн дүрийн 50 хувийг шийддэг гэдэг. Амилуулж өгнө гэсэн үг. Эднийгээ харах надад давхар баяр
болдог.

-Өдөрлөгийн үеэр таны тоглосон олон
киноны хэсэг дэлгэцэнд гарлаа. “Гэрлэж амжаагүй явна”, “Суварган цэнхэр уулс”
гээд хуучны сайхан кинонуудын хэсгээс эргэн харахад сайхан байлаа. Ялангуяа та
сурвалжлагч эмэгтэйн дүр бүтээсэн хүн. Сурвалжлагч Солонго “Хунгийн дуу” дуулдаг хэсэг байдаг. Амьдрал
дээр та хэр дуучин бэ?

-Би дуучин. Гэхдээ хоолойгоороо биш сэтгэлээрээ.
Миний дотор дандаа аз жаргалын сайхан аялгуу эгшиглэж байдаг. Тэр киноноос эхлэлтэй. Дэргэд маань намайг
сайхан хөг аялгуугаар цэнэглэдэг уран бүтээлчид маань байдаг. Зарим өдөр гуньдаг. Энд ороод
ирэхэд баяр баясгалан эрч хүч авдаг.

-Сурвалжлагч Солонгын дүрээр зарим хүн
сэтгүүлчдийг төсөөлөөд байдаг. Та сурвалжлагчийн ажил амьдралыг хэр судалж
байв?

-Багадаа сэтгүүлч юм уу хэлмэрч болно гэж боддог
байлаа. Багаасаа дүр төрхийг нь гадна
талаас нь төсөөлдөг. Яг хийдэг ажлыг нь сайн ухамсарлаагүй байлаа. Кинонд
тоглох болсноороо сурвалжлагчийн
хөдөлмөрийг жаахан гадарлах болсон. Хүн
байнга л суралцаж байдаг. Одоо ч би тантай ярилцаж байхдаа сурвалжлагчийн ажил
ямар их тэвчээр шаарддагийг мэдэрч
байна. Яагаад гэвэл та намайг түрүүнээс хойш
удаан хүлээлээ.

-Таныг
хатны хувцастай алхахыг хараад Богдын хатан ингэж л намс намс алхдаг
байсан болов уу гэж санагдсан. Та угийн
ингэж алхдаг уу. Эсвэл хатны алхааг өөртөө суулгасан уу?

-Би чинь өглөө босуутаа тогонд залгасан юм шиг гүйдэг хүн
шүү дээ. Ажил ундарч байдаг учраас амжихын тулд
биед амар хувцас өмсөөд, машиндаа год хийж гүйж ороод хурдхан шиг
асаагаад алга болно. Өнөөдөр Богдынхоо дэргэд яваа хатан юм чинь яалаа гэж
хурдлах вэ.

-Гэнэнпил Богдын хат­наар шилэгдэж,
тэнгэрийн од шүүрсэн юм шиг мөртлөө
эмгэнэлтэй төгссөн бүсгүй. Тэр эмэгтэйн хувь заяаны талаар та
эрэгцүүлсэн байх?

-Тэр бол асаж
дүрэлзээд унтарсан гал. Бусдыг гэрэл­түүлье гэвэл өөрөө дүрэлз гэдэг. Хүч­тэй эр хүний дэргэдэх эмэгтэй
чухал үүрэгтэй байдаг. Тэр эр хүн тодорсны
нууц нь дэргэдэх эмэгтэйдээ ч
байж магадгүй. Богино хугацаанд асаад өнгөрсөн гал дөл, гэрэл гэгээг харуулахад
хажууд байсан уран бүтээлчид маань нөмөр нөөлөг болсон. “Хааны сүүлчийн хатан” гэдэг бол “Монгол кино
нэгтгэл”-ийн захирал Ж.Солонгын бүтээл.
2000 онд бүтээгдсэн, хальсны бөгөөд хамгийн олон мэргэжлийн уран бүтээлчийг
нэгтгэсэн кино байлаа. Энэ кинон дээр Гэнэнпил хатан хэлдэг юм. “Би юу эсийг
үзэж, юу эсийг эдэлсэн гэх билээ” гэдэг. Тийм залуухандаа буцаж байгаа ч
амьдралд сэтгэл нь ханачихсан. Харамсах юмгүйгээр явж байгаа хүн. Энэ үгэнд их дуртай.
Амьдралд, өөртөө өег байх хэрэгтэй.

-“Эх бүрдийн домог” киноны
Нарангарвуу хэмээх эмзэг танхил охиноос
авахуулаад хэчнээн олон эмэгтэйн дүрд та хувирав. Энэ бүхний эцэст та юутай
үлдсэн бол?

-Амьдралын баялаг
туршлага үлдсэн. Зөөлөн сэтгэл, гэгээрэл
үлдсэн. Хүүхэд байхдаа гэнэн томоогүй, юмыг өөрийнхөө бодсоноор шийддэг нөхөр
явлаа. Амьдрал надад маш их ухаарал өгсөн.

-Нарангарвуугаа одоо харахад юу бодогдох вэ?

-Миний 18 нас.
Хамгийн томоогүй, юу ч хийж чадахаар
гэнэн дүр төрх үлдсэн. Би маш их
өөрчлөгдсөн. Миний залуу нас үлдсэн дэлгэцэндээ хайртай байлгүй яахав.

-Одоо бол та ямар уран бүтээл хийхийг
хүсч байна вэ?

-Үр хүүхдээ зөв
гишгэж, сайн уран бүтээл хийхэд нь ивж, түшиж явна. Нас ахиад ирэхээр би тийм уран бүтээл хийнэ
гээд асаасан танк шиг явдаг маань жаахан саарч байна. Кинондоо хайртай. Энэ
тойргоос нүд аньтлаа гарч чадахгүй. Манай гэрт гурван найруулагч байна. Би
ганцхан эмэгтэй жүжигчин. Уран бүтээлч гэр бүл дэх ганц Гэнэнпил хатан нь.

– Та
олон дүрд хувирлаа. Харин хэзээ өөрийгөө олсон бэ?

-Кинон дотроос би өөрийгөө олж авсан. Кино
намайг зүлгүүрдэж, уран бүтээлчийн хувьд
ирлэсэн ч миний өөг мөлийлгөж өгсөн.
Цаашдаа хүүхдүүдээ сайн уран бүтээлч болгоод, тоогдсоор байх юм бол
кинондоо чадах хэрээрээ оролцож явна. Энэ амьдралдаа сэтгэл хангалуун байгаа.

-Сайхан бүсгүй байх хэцүү юу?

-Баярлалаа. Бүтэн
нэртэй, бүлээн зүстэй явна гэдэг сайхан.
Бусдын хайр хүндлэлийг хүлээж, сайхан үг
сонсч явна гэдэг сайхан. Энэ бол киноны хишиг.

-Дэлгэцийн сайхан бүсгүйг харж байхдаа
хүмүүс “Энэ сайхан бүсгүйн араас эрчүүд
хуйлардаг байх” гэж боддог байх. Амьдрал дээр ямар байсан бэ?

– Амьдрал дээр
бол хүн намайг эргүүлж байгааг мэддэггүй. Хүнээс захиа авна гэж мэддэггүй байсан. Тэр үед нарийн ширийн юм мэддэггүй. Одоогийнх
шиг мессеж, интернэт гэж байсан биш. Миний хойноос амьтан
нэг их сүрхий яваад шаваад байсныг мэдэхгүй.

-“Анхны амьдрал нь бүтээгүй юм гэнэ
лээ” гэж хүмүүс ярьж байхыг сонссон?

-Миний анхны хань
сайн залуу таарсан. Одоо бурхан болсон. Бид хоёр ерөөлгүй л байсан. Түүнээс биш
хоёр биендээ сайн байлаа. Ажил явдал дээр нь очсон. Ивээл жилтэй төрсөн ч,
ижилсэхийн заяагүй амраг минь гэдэг шиг л хамт амьдрах хувьгүй байсан юм
билээ. Сайхан андууд болоод үлдсэн дээ.
Амьдралд ийм юм байдаг юм байна. Амьдрал сайхан л байна. Бурхан сайхан зурсан
байна. Намайг ухаажуулах эхний алхмуудыг хийж өгсөн.

-Яаж сайхан хэвээрээ залуу нас, гоо
үзэсгэлэнгээ хадгалж үлдэх вэ гэдэг бүсгүй болгоны хүсэл байх. Та энэ талаар
зөвлөөч?

-Юугаа хэлдэг юм
бэ. (Инээв) Хүмүүс ярих нь “Бүтэн
нойртой, сэтгэл амар бай” л гэдэг. Сэтгэл амар байх хэрэгтэй. Сайн унтаж байх
хэрэгтэй. Сайхан унтаад босоод ирэхээр
зан хүртэл сайхан болчихдог. Царай тунгалаг болчихдог.

-Та нэг хэсэг гадаадад амьдарч байсан.
Гадаадад амьдарч байхад эх орноо ямраар
мэдэрдэг вэ?

-“Элэг зүрхнээс
уяатай”-г сонсоод нулимс бөмбөрөөд
байдаг. Гадагшаа очоод удахаар ертөнцийн жижигхэн буланд байгаа халуун
дулаан хайртай улсуудаа мөрөөддөг.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Уучилна бас дахиад уучилна

Хаяад явж байгаа эр хүний араас сүү өргөөд хоцордог монгол эмэгтэйн философийг ойлгодоггүй үе байлаа. Хараагаад зүхээд, тангараг тасраад хоцорлоо гэхэд юу үлдэх билээ. Урвасан бүхнийг, гомдоосон бүхнийг, өр рүү өшиглөсөн бүхнээс өшөө авна гэвэл, хариуг нь барина гэвэл өөрөө дэндүү их шархалж үлдэх вий. Уурлаад доромжлоод байгаа нэгэнтэй ухаалаг харьцах хэцүү л дээ. Гэхдээ л “Хэн намайг үгээр доромжилно, хэн намайг үйлдлээр гутаана, хэн намайг сэтгэлээр хорсоно, тэр бүхэн гэгээрэх болтугай” гэсэн үгийг олж харснаас хойш тэсч үлдэхэд хялбар санагдана. “Идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут цэцэглэнэ” гэдэг. “Зөөлөн нь хатуугаа элээнэ” ч гэж бий. Уучилж өршөөхөөс өөр арга үгүй гэдгийг өвөг дээдэс маань аль хэдийнэ ухаарч байж.

Өшөө авалт, үзэн ядалтаар дүүрэн киног үзэхэд хүртэл хүнд байхад амьдралаа ийм хэмнэлд оруулна гэдэг арай л хэтэрсэн хэрэг. Гэхдээ л ийм сэдэвтэй кинонд ч бас сургамжтай зүйл байдаг нь өшөө авагчийн хүрэх өрөвдөлтэй, ганцаардмал бас шархалсан ирээдүй. Хэн ч нэгнээ өршөөдөггүйсэн бол энэ хорвоо сөрөг энергиэр эргэж хүчрэхгүй биз. Өршөөж уучлахыг сургах гэж бяцхан тэнгэрийн элч нар, хүүхдүүд хорвоод мэндэлдэг буй за. Хүүхдүүд мянган удаа хэрэг тарьсан ч мянган удаа уучлахаас өөрийг ээжүүд үл мэднэ. Эцэст нь би ч төгс биш шүү дээ. Намайг алдаа гаргахад өршөөж уучлах хэн нэгэн байдаг учраас хорвоо дэндүү гайхамшигтай бус уу.

Categories
мэдээ нийгэм

Д.Бадарсан: Сүхбаатар дүүрэгт тав, зургаан газар цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж барина

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсантай ярилцлаа.

-Хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийн асуудал нийслэлчүүдийн эмзэг сэдвийн нэг. Харин Сүхбаатар дүүрэг өөрийн хөрөнгө оруулалтаар хоёр цэцэрлэг ашиглалтад оруулсан нь сайн мэдээ байлаа. Төсвийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэг сургууль барихад хүнд боллоо. Орон нутагт, хувийн хэвшлийнхэнд нөөц бий юу?

-Бид саяхан хоёр цэцэрлэг ашиглалтад орууллаа. 600-800 орчим хүүхэд цэцэрлэгт явах бололцоотой болж энэ хэрээр гэртээ цоожтой үлдэх хүүхдийн тоо багасав. Олон ээж ажил хийж, өрхийн орлого нэмэгдэх бололцоо бий болно. Улсын хэмжээнд манай дүүрэг анх удаа орон нутгийн хөрөнгө оруулалтаар хоёр цэцэрлэг барьж ашиглалтад оруулсан. Эцэг эхчүүд баяртай байгаа. 2013 оноос “Ямар зүйлд төсвөө зарцуулбал зүйтэй вэ” гэж иргэддээ захидал бичиж, хариу авдаг болсон. Иргэдээс ирж байгаа саналд сургууль, цэцэрлэгийн асуудал жин дардаг. Зарим сургууль гурван ээлжээр хичээллэж, зарим эцэг эх хүүхдээ цэцэрлэгт өгч чадахгүй байна. Хамгийн хүнд байгаа хоёр хороонд цэцэрлэг барьсан юм.

– Дахиад дотоод нөөц бололцоогоо ашиглах, олон улсын байгууллага, хувийн хөрөнгө оруулалтыг энэ чиглэлд төвлөрүүлэх бололцоо байгаа юу?

-Ирэх жил нэмж дөрвөн цэцэрлэг барих төлөвлөгөөтэй байгаа. 2017 он гэхэд сургууль, цэцэрлэгт хүүхдээ бүрэн хамруулахаар төлөвлөсөн. Нэг хоёрыг нь дүүргийн, үлдсэнийг нь нийслэлийн хөрөнгө оруулалтаар барихаар зорьж байгаа. Сүүлийн жилүүдэд 13 сургууль цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орсон. Нэмж хоёр сургуулийн өргөтгөлийн ажил явж байна. Дараа жил нийслэлээс сургууль, цэцэрлэгийн цогцолбор хоёрыг барихаар төлөвлөсөн.

-Гуравдугаар сургууль Европ стандартын барилгатай боллоо гэж мэдээлэгдсэн. Үүнд дүүргийн хувь нэмэр хэр их байв?

-Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан сургууль. Орон нутгаас хуучин барилгыг буулгах зардлыг гаргасан юм. Үүнээс гадна бид сургууль, цэцэрлэгт тоног төхөөрөмж нийлүүлж, олон ажил хийлээ. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчимд аюулгүй орчин бүрдүүлэхээр Хяналтын камерын систем тавьж өгсөн.

-Дүүрэг бүхэлдээ камерын хяналтын нэгдсэн системд орох бололцоо байгаа юу. Камержуулсан нөхцөлд гэмт хэрэг, ослын гаралт ч буурдаг гэдэг?

-Нийслэл автобусны буудал дагуух төв зам, уулзваруудаа хянаж байгаа. Дүүргийн хувьд хороолол доторх, орон сууцны гаднах талбайд 300 орчим хяналтын камер суурилуулсан. Сургууль, цэцэрлэгийн хувьд цагдаа биш сургууль нь өөрсдөө хянаж байгаа. Сүүлийн гурван жил дараалан бид “Боловсролд ээлтэй дүүрэг” болсон.

-Аюулгүй орчин гэснээс саяхан Улаанбаатарт газар хөдлөлтийн чичиргээ мэдрэгдлээ. Төвийн дүүрэгт насжилт ихтэй байрууд олон. Хэрэв газар хөдөлбөл хуучны байрууд хэдэн баллыг тэсэх вэ гэдэг асуудалтай. Үүнд анхаарч байгаа юу. Та Японд сурч байсан юм билээ. Тэнд энэ асуудалд анхаарал хандуулдаг байлгүй?

-Газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх тухай бид ярьж байгаа. Дунд ангийн сурагчдад жилд хоёр удаа дүүргийн Онцгой комиссоос газар хөдөлбөл юу хийх талаар мэдээлэл, сургуулилт хийхээр болсон. Сургуулилт хийхэд шаардагдах мөнгийг төсөвтөө суулгасан. Онцгой байдлын хэлтсээс 270 сургагч багш бэлтгэсэн. Жишээ нь намайг Японд сурч байхад жилд хоёр удаа энэ төрлийн сургалт хийдэг байсан. Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-д газар хөдлөлтийн асуудлыг хөндөж мэдээлэл хийлээ. Улаанбаатар хот газар хөдлөлтийн бүсэд байдаг. Манай дүүрэг ялангуяа өндөр барилга ихтэй. Сүүлийн үед баригдаж байгаа барилгууд газар хөдлөлтийг тэсвэрлэх норм стандартыг тусгаж баригдсан гэж ойлгож байгаа. Стандарт шаардлагад нийцэхээ больж байгаа хуучны орон сууцнуудыг буулгаж, дахин төлөвлөх журмыг баталсан. Би бас нийслэлийн иргэдийн төлөөлөгч л дөө. Манай IV, VI хорооны хуучин барилгууд энд багтсан. Хувийн хэвшлийнхэн оршин суугчидтай тохирч, нийслэлийн зүгээс баталгаажуулаад дахин төлөвлөлтийн ажил явах учиртай. Үүний зэрэгцээ болзошгүй эрсдэлд бид байнга бэлэн байх учиртай. Хэчнээн мундаг байшин барьж орсон ч асуудалгүй гэж тайвширч болохгүй л дээ.

-50 жилийн ойн хүрээнд дүүргийн иргэдийн спортын наадам хийж байгаа юм билээ. Спортын наадам тэмцээн хийх нэг хэрэг. Төрийн зүгээс иргэдийнхээ эрүүл амьдралын хэв маягийг дэмжих учиртай. Оршин суугчдынхаа явган алхах, дугуйгаар явах нөхцөлийг бий болгоход анхаардаг уу?

-Орон нутгийн хөгжил сангийн хөрөнгөөр 80 орчим байрны гадна ногоон байгууламж бий болголоо. Үлдсэн 30 орчим байрны гадна талбайг дараа жил ногооруулна, тохижуулна. Гэр хороололд тохижилтын ажил хийж байгаа. Нэг том бэрхшээл байдаг нь гэр хороололд газар олддоггүй. Орон сууцны хороололд нийтийн эзэмшлийн талбайд авто машины зогсоол, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, ахмадууд нарлах, хүүхдээ салхилуулах талбайг байгуулж болдог. Гэр хорооллын иргэд хашаагаа сунгаад тулгаад барьчихдаг нь чирэгдэл учруулдаг. Ирэх жил Дамбын чиглэл, XV, XVI, XVII хорооны нутаг дэвсгэрт 3-4 км урт дугуйн зам, замын нөгөө талаар явган хүний зам хийхээр зургийг нь гаргасан. 400 гаруй сая төгрөг шаардагдах юм байна. Үүнийг бид хийнэ. Бид бас хоёр га гаруй газарт дүүргийн Тамгын газрын нэр дээр газрыг нь аваад баталгаажуулчихсан. Жижиг цэцэрлэгт хүрээлэн, хөл бөмбөг, сагсны талбайтай, дугуйн замтай, иргэд амрангаа аяга цай уух, мах шараад идэх талбайтай амралтын талбайн зураг төсөв гаргасан. Хийх ажил их байна.

-Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумын үеэр ирээдүйн хотын чиг хандлагын тухай ярьсан л даа. Замын түгжрэлийг бууруулахын тулд зам нэмж бариад л байх юм бол машин ихэсдэг юм байна. Манайхны мөрөөдөөд байгаа давхар замыг тэд 40-50 жилийн турш барьж байгуулаад одоо заримыг нь нурааж явган хүний зам, дугуйн зам барьж эхэлсэн тухай яригдсан. Нийслэлийн хувьд дахин төлөвлөлт хийж байгаа газрууддаа ногоон байгууламж хийх боломж байгаа тухай зарим нь зөвлөж байсан?

-Манай долдугаар хорооллын дахин төлөвлөлтийн ажил явж байгаа. Цонхоор харагдаж байна. Хойд талд өндөр байшингууд баригдчихсан. Сургууль, цэцэрлэгийн цогцолбор баригдаад ашиглалтад орсон. Энэ хороолол 200 -гаад га газрыг хамарсан, гурав дөрөвдүгээр хорооллын дайны гэсэн үг. Энэ ажил гурав дөрвөн жилийн дараа цэгцэрч дуусна. Хуучин байсан Ногоон нуурыг ашиглаад, том цэцэрлэгт хүрээлэн төлөвлөсөн. Хороо болгонд биш юм аа гэхэд том хорооллууд дундаа ногоон байгууламж бий болгох юм. Хойд талдаа газраа нөөцөлсөн байгаа гэж түрүүн хэлсэн. XII, XIII хороонд амины орон сууцны хороолол төлөвлөсөн. Сүхбаатар дүүрэгт нийтдээ тав, зургаан газар том цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж бий болгох юм. Мэдээж түгжрэл их байна гээд машинтай байхыг хориглох боломжгүй. Хот доторх бүх зам манай Сүхбаатар дүүргийг дайрч гардаг. Маш ачаалалтай, стресстэй. Зарим замыг заавал төв хэсгээр дайруулахгүйгээр гадна талаар нь тойруулж болно. Хотын төвд ажиллаж амьдардаг хүмүүс заавал машинаар явахгүйгээр явган алхаад ажлаа амжуулах боломжтой. Сургууль цэцэрлэг амрангуут замын хөдөлгөөн эрс багасдаг. Тэгэхээр сургуулийн автобусны маршрутыг сайжруулчихвал нэг ангийн 25 хүүхдийг өрх бүр тусдаа машинаар зөөх биш, нэг автобусаар сургуульд нь хүргэж, авах боломжтой. Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах замаар нийслэлчүүд ажил сургуульдаа автомашинаар бус автобусаар зорчих боломжийг бий болгох нь хотын замын түгжрэлийг сааруулахад нэмэр болно.

-Долоон буудлыг орчин үеийн төв болгоно гээд нэлээд ярьсан, хэзээ шинэчлэгдэх вэ. Долоон буудлын Должид эмгэн гээд жишээ татаад байдаг. Долоон буудлын эмээ нарын амьдралын хэв маяг ч өөрчлөгдөх байх?

-Бидний амьдралын хэв маяг өөрчлөгдөх ёстой. Хотын төвд шавах биш Сэлбэ дэд төв, Сонгинохайрхан, Баянгол, Баянзүрх Хан-Уул дэд төв гэх мэтээр хот тойрсон найман дэд төв байхаар төлөвлөлт хийсэн. Сэлбэ төвийн ажил эхэлсэн. Тэнд байгаа хүмүүс орон сууцанд орох учиртай. Агаар, хөрсний бохирдол зэрэг нийслэлийн олон асуудал үүнийг дагаад шийдэгдэх юм.

-Гэр хорооллын гуу жалгыг цэвэрлэдэг иргэдийн бүлэг бий болсон гэсэн. Хотыг хогноос салгахад иргэдийг оролцуулах нь үр дүнтэйгээс гадна ажлын байр бий болгожээ?

-2012 онд иргэдээс авсан санал асуулгыг харвал ерөөсөө хогоо цэвэрлэ гэсэн байгаа. Өмнөх онд авсан санал асуулгад хог гэсэн асуудал дурдагдахаа байсан байна лээ. Хороолол доторх цэвэрлэгээг иргэд өөрсдөө хийж байна. Бид бололцооны цалин өгч байгаа.

-Ахмадын Сүхбаатар сувилал ашиглалтад оржээ. Монголчуудын дундаж наслалт нэмэгдэж, үүнийгээ дагаад ахмадын сувилал, чөлөөт цагаа өнгөрүүлэх газар дутагдалтай болсон?

-УИХ-ын гишүүн, БСШУ-ны сайд Л.Гантөмөрийн санаачилгаар сувиллын барилгыг бариулсан. Дүүргийн зүгээс 200 гаруй сая төгрөг гаргаж, шаардлагатай тоног төхөөрөмжийг авч өгсөн юм. Сувилал нэг ээлжиндээ 60, жилдээ 1500 ахмадад үйлчлэх боломжтой. “Улаанбаатар”, “Оргил” рашаан сувилалд очих гээд дараалал хүлээж байхаар манай ахмадууд “Сүхбаатар” сувилалдаа очих бүрэн боломжтой. Дээр нь ахмадын амралтын газар маань дүүргийн настнуудад үйлчилдэг. Хороо болгонд байдаг Иргэний танхимдаа өглөө ахмадууд маань “Өдрийн сонин” бусад хэвлэлээ уншиж, хийн дасгал хийцгээдэг. Бид 50 жилийн ойгоороо бөх барилдуулж өндөр шагнал өгөхийн оронд иргэдийнхээ дунд спортын наадам зохион байгуулсан. 8000 гаруй иргэн явган аялал, спортын тэмцээн уралдаанд хамрагдсан байна лээ.

-Ямар ажлыг түрүүлж хийх талаар иргэдээс санал авдаг гэлээ. Жил бүр иргэдээс ирдэг хүсэлт өөрчлөгддөг үү?

-2012 онд авсан санал асуулгаар хог хаягдал их байна гэдэг байсан бол 2013 онд гэрэлтүүлэг, камер хий гэсэн. Гэр хорооллынхон бол намагтай гудамжиндаа хайрган хучилттай зам, орон сууцныхан авто зогсоол хүсч байсан. Хороо болгоны асуудал өөр байдаг. Энэ жил XVI хороонд цэцэрлэгийн асуудал шийдэгдсэн учраас дараа жил “Дугуйн зам тавь” гэх мэтээр өөр шаардлага тавих байх л даа. Хөгжих гэдэг амбицийг дагасан зөв чиг хандлагыг бид бий болгох ёстой. Сүхбаатар дүүргийн маань 50 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Энэ 50 жилд үе үеийн дүүргийн удирдлагууд, албан хаагчид, иргэдийн хамтын зүтгэлийн үр дүнд манай дүүрэг өнгө засч, хөгжсөн. Сүхбаатар дүүрэг төвийн оюунлаг дүүрэг. Ерөнхий боловсролын сургуулиуд, томоохон их сургуулиуд, соёл урлагийн ихэнх байгууллага манайд байдаг. 50 жилийн ойгоороо бид иргэдтэйгээ хамтарч олон ажил төлөвлөлөө. Иргэдийн хурлын төлөөлөгчид маань ойн хүрээнд хийх ажлын төсвийг дэмжиж баталсан. Өнөөдөр бид ирээдүйд дүүргээ, эх орноо авч явах иргэдийнхээ амьдрах, сурах орчныг сайжруулахаар олон ажил хийж, ойгоо угтаж байна. Оны туршид үргэлжлэх ажил бий. Нийт иргэддээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.