Categories
мэдээ нийгэм

Ц.Оюунгэрэл: Францчуудад монголчуудын хувь заяа маш сонин байсан

БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Элизабет Барсак УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлд Францын урлаг, утга зохиолын Шевалье (Хөлөгтбаатар) одонг гардуулсан юм. Уг одон 1957 онд бий болжээ. Энэ шагналыг урлаг, утга зохиолын салбарт өөрийн бүтээл туурвилаар онцгой амжилт гаргасан, Франц улсад болон дэлхий дахины утга зохиол, соёл урлагт хувь нэмрээ оруулж, нийгмээ гийгүүлсэн хүнд олгодог хэмээн Элчин сайд тайлбарласан юм. Шагнал гардуулах үеэрээ Элчин сайд Элизабет Барсак, Ц.Оюунгэрэлийг Соёл, спорт, аялал жуулчлалын сайд байхдаа Францтай хэрхэн хамтарч ажиллаж байсныг, Ерөнхийлөгчийн зөвлөх байх үедээ Цаазаар авах ялыг устгахын төлөө гаргасан хүчин чармайлтыг нь үнэлж, УИХ Эрүүгийн хуулиас цаазаар авах ялыг авч хаясан шийдвэрийг Франц улс, Европын холбоо сайшааж байгааг дуулгалаа. Элчин сайд мөн Ц.Оюунгэрэлийн “Ногоон нүдэн лам” зохиол нь Монголд бестселлер болж, Францад хэвлэгдэх болсныг нь дурдав.

Шагнал гардуулах ёслолын дараа Ц.Оюунгэрэл гишүүнтэй ярилцлаа.

-Баяр хүргэе. Францын “Хөлөгт баатар” одонг эмэгтэй хүн авсан нь өвөрмөц байлаа?

-За. Би ч гэсэн өөртөө итгэхгүй л байна. Хэн тодорхойлоод, яаж яваад шагнал авснаа сайн ойлгоогүй. Гэхдээ ямар ч байсан Францын байгууллагуудтай үр дүнтэй, сэтгэгдэл төрүүлэхүйц хамтарч ажилласан. Түүний маань үр дүн гэж бодоод сууж байна.

-Францын Элчин сайд одон гардуулахдаа нийгмээ гийгүүлсэн хүмүүст олгодог шагнал гэж хэллээ?

-Монголд үйл ажиллагаа явуулж байсан Францын Элчин сайдын яамныхантай сүүлийн найм, есөн жил хамтарч ажилласан юм байна. Тэр үед дандаа хүний эрх, утга зохиол, соёлын чиглэлд яагаад ч юм хамтарч ажиллаж таарсан байна. Тэр чиглэлүүдээр тодорхой үр дүн гарсанд Франц талдаа ч, Монгол талдаа ч баяртай байдаг. Түүний маань илрэл болж байх шиг байна.

-Таны бичсэн “Ногоон нүдэн лам” ном Францад хэвлэгдэнэ гэдэг сонирхолтой байна. Англи хэлээр гарч байгаа юм уу, франц хэлээр хэвлэгдэх юм уу?

-Франц хэл дээр гарна. Франц хэл дээрх дэлхийн зах зээлд гаргах эрхийг худалдаж авах гэрээ хийсэн гэсэн үг. Ном бичсэний дараа гадаадын зах зээлд эрх худалдаалах хэлэлцээр явагддаг юм байна л даа. Тэгээд би Францын “Grasset et Fasquelle” компанитай Франц хэлтэй дэлхийн зах зээлд борлуулах эрхийг гэрээлсэн. Гэрээ хийх явц нэлээд удлаа. Энэ оны тавдугаар сард гэрээний тохироогоо хийгээд, аравдугаар сард номынхоо эхийг батлуулаад, номын эх батлагдсанаар гэрээ үйлчилж эхэлсэн гэсэн үг.

-Францын зах зээлд гарах зам дардан биш байх. Тэр талаар тодруулаач?

-Орчин үеийн уншигчид юу хүсч байна, бид юу хүсч байна гэдгийн хооронд асар их зөрөө байдаг. Тэр зөрүүг ойртуулахад маш их цаг зарцуулсан. Өөрөөр хэлбэл номоо редакторлоход их хугацаа орсон. Номын утга санааг өөрчлөхгүйгээр, зохиолын баатруудыг өөрчлөхгүйгээр, уншигчдын хүсч байгаа хэмжээ, хурдаар нь бичлэгээ өөрчлөх том даалгавартай тулгарсан. Тэр даалгаврыг 2009 оноос хойш хийлээ дээ. Зохиолоо нэлээд хэдэн удаа өөрчилж бичиж байж хэвлэлийн газар маань “Одоо яг уншигдах хурд, бичлэгийн хэлбэр чинь манай уншигчдын өнөөгийн хэрэгцээнд нийцлээ” гэсэн.

-“Ногоон нүдэн лам” анх англи хэлээр бичигдсэн. Англи юм уу, Америкийн зах зээлд гарах байх гэж таамаглаж байлаа. Яагаад Франц болчихов?

-Монголын зохиолчдын бүтээлийг хэвлэх гэсэн францчуудын хүсэл сонирхол нөлөөлсөн. Жишээлбэл, манай Монголын зохиолчдын бүтээлтэй танилцъя гээд биечлэн ирсэн хэвлэлийн компанийн төлөөлөгч нар Францынх байсан. 2010 онд Монголд ажиллаж байсан Францын Элчин сайд Жан Клауд Демон гэдэг хүн Францын хэвлэлийн газрын хүмүүсийг авчраад Монголын арав гаруй зохиолчтой уулзуулж байлаа. 2011 онд бас нэлээд хэдэн хэвлэх газрынхан ирж, Монголын зохиолч нартай гурав хоног аялж, танилцаад ном сонгож байсан. Хоёр дахь удаагийн аяллын дараа Г.Мэнд-Ооёо гуайн ном Францын зах зээлд гарч чадсан. Анхны удаагийн аяллын үр дүн миний номон дээр гарч байгаа гэж ойлгож болно. 2010 онд танилцаж байсан тэр хэвлэлийн газрын төлөөлөгч нар миний номыг сонирхож явсаар, шаардлагаа өндөрсгөсөөр байгаад, өөрсдийнхөө шаардлагад хүрсэн номоо гараас маань гаргаж авсан гэсэн үг. 2010 онд сонирхож байсан номоо тэд 2015 онд хүлээн зөвшөөрсөн.

-Францчуудын хувьд ч монголчууд социализм руу яаж орсон, хэлмэгдүүлэлт гэж юу байсан нь сонин байх л даа?

-Тэдэнд монголчуудын хувь заяа маш сонин байсан. Манай баатруудын хувь заяа бодит хүмүүсийн амьдралаас сэдэвлэсэн нь маш үнэ цэнтэй гэж үзэж байв. Хэдийгээр таны ном үнэ цэнтэй мэдээлэл агуулсан, үнэ цэнтэй түүхийг бичсэн ч манай уншигчдын өнөөгийн шаардлагад нийцэхгүй бол хэвлэж чадахгүй ээ гэсэн. Анхны шаардлага гэхэд 300 хуудаст багтаах байлаа. Тэгэхэд бидний зохиол англи хэл дээр 600 хуудас болсон байв. Бид олон хуудастай номыг зах зээлд түргэн борлуулж чадахгүй. Тийм учраас та үйл явдлаа өөрчлөхгүйгээр үг хэлээ танаад, 300 хуудаст багтаа гэдэг даалгавар өгсөн юм.

-Францын Элчин сайд байсан хүнд анх номоо уншуулсан гэсэн. Яаж тэр хүний анхаарлыг татав?

-Элчин сайд Демон гуайд анх Францын зохиолчид, хэвлэх газрынхныг Монголд авчрахад Монголд амьдардаг, Францын иргэн Себастьян гэдэг хүн зуучилжээ. Монгол эхнэртэй тэр хүн Францын хэвлэх газрынхан миний номыг сонирхож байгааг Элчин сайдад дуулгасан байсан. Элчин сайд намайг урьж уулзаад “Та нэг ном бичсэн юм байна. Тэр номыг чинь англи хэл дээр уншиж болох уу. Гар бичмэл байна уу” гэсэн. Тэр хүсэлтийн дагуу ганц хувь хэвлэж өгсөн. Уншаад “Энэ ном Францад заавал хэвлэгдэх ёстой юм байна” гэж хэлсэн юм. Анх францын хэвлэлийн газрынхан “Танай түүх маш сонирхолтой. Ганцхан танай бичлэгийн хэлбэр манай орчин үеийн уншигчдын хурдад нийцсэн, адал явдалтай байх хэрэгтэй гэсэн. Хэт нуршуу, олон хуудастай номыг хэвлэх эрсдэл хүлээж чадахгүй. Бидний шаардлагад нийцэтлээ өөрсдийгөө голж чадвал бид шүүгдэж гарсан материалыг чинь Францын уншигчдад дуртайяа толилуулна гэсэн юм. Өөрсдийгөө голох, шүүмжлүүлэх үйл явц нь үнэхээр удаан үргэлжилдэг юм билээ.

-Монгол хүний зохиол Францад хэвлэгдээд ашиг олж чадах болов уу гэж олон хүн сонирхох байх?

-Тухайн хэвлэлийн компани уран зохиол, романы зах зээлд ашиг хийж чадна гэж үзээд гэрээ хийж байгаа л даа. Яруу найраг, түүх баримтат материал, археологи палеонтологи гээд судалгааны материалуудыг бол агуулгын үнэ цэнд нь зориулж хөрөнгө оруулалт хийдэг. Адал явдалт уран зохиолд бол борлуулалтыг тооцож гэрээ хийнэ. Бидэнд хэлж байсан. “Та нарын материал эрдмийн ажил байсан бол, баримтат зохиол байсан бол ашиг харахгүйгээр, эрсдэл тооцохгүйгээр гаргаж болдог. Уран зохиол учраас нэгдүгээрт ашиг харна. Ашигтай байхын тулд уншигчдад шууд таалагдах хэмжээний боловсруулалтыг танаас шаардана. Бидний шаардлагын дагуу номоо өөрчилбөл бидэнтэй ашгаа хуваалцана. Ашгаа хийж чадахгүй бол бид ч, та ч алдагдал хүлээнэ гэсэн. Ном редакторлох, олон жилийн турш ном бичихэд зарцуулсан зардлаа бид өөрсдөө л гаргасан.

-Номын зохиогчийн хувьд ашиг хэр их орж ирэх нь тодорхой биш гэсэн үг үү?

-Тодорхой биш. Ном борлогдож эхэлсний дараа борлуулалтаас л хувь авна.

-Номын хамтран зохиогчийн хувьд таны нөхөр Жефф Францад “Ногоон нүдэн лам” хэвлэгдэх тухай мэдээг яаж хүлээж авсан бэ?

-Жефф бид хоёр анхнаасаа л дэлхийн зах зээлд гаргах мөрөөдөлтэй байсан. Гэхдээ Жефф өөрөө англи хэлний зах зээлд, Америкт гаргачихна гэж бардам бодож байсан байх. (инээв) Гэтэл тэр зах зээлд тийм амархан гарч чадахгүй нь гэдгээ хоёулаа бас мэдэрсэн. Яагаад гэвэл тэр нь Францынхаас дахиад хэд дахин том зах зээл. Тэр зах зээл рүү өөрсдөө номоо барьж очоод нэвтрэх боломж муу. Англи хэл дээрх зах зээл рүү нэвтрэхэд дахиад нэг хаалга нээх хэрэгтэй. Тэр үүдийг нээхэд Францын зах зээл тусална гэж найдаж байна.

-Монгол уншигчдын хувьд “Ногоон нүдэн лам”-ын хоёр дахь дэвтэр хэзээ гарах бол гэж хүлээдэг?

-Намайг сонгуулийн хугацаагаа дуусгаад, амралтын хангалттай цагтай болсон үед л гарна даа. (Инээв).

Categories
мэдээ цаг-үе

С.Жалан-Аажавын Хандсүрэн: Аав маань “Хүний мууг үзэж болохгүй” гэдэг байсан

МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн асан С.Жалан-Аажавын охин Хандсүрэнтэй ярилцлаа. Жалан-Аажавын Хандсүрэн хуульч, зам тээврийн ослын хэрэгт голчлон өмгөөлөл хийдэг нэгэн.

-Та аавынхаа мэргэжлийг өвлөөд хуульч болчихсон юм уу?

-Тийм ш дээ. Манайхан тэр аяараа хуульч. Дүү маань хуульч, охин маань хуульч. Бид бүгд хуульчийн ар гэрт төрж, өслөө л дөө.

-С.Жалан-Аажав гэж түүхэн хүн эргэн тойрны хүмүүсийнхээ амьдралд яаж нөлөөлсөн бол гэдэг сонин байна. Танайх ямархуу айл байв. Ээж, аавынхаа тухай дурсаач?

-Багын бүүр түүр санагддаг дурсамжууд байдаг. Би чинь 1954 онд төрсөн хүн. Манай ээж нэгдүгээр сургуулийн захирал Ж.Ичинхорлоо гэж хүн байв. Ээж маань анхны эмэгтэй захирал байжээ. Манай эмээ (аавын ээж) ээж бид гурвуулаа амьдарч байсан үеэ санадаг. Аав маань Эрхүүд хуулийн сургуульд сурах гээд явчихсан үе гэж сүүлд л мэдсэн. Аав хайрцагтай чихэр, жигнэмэг, кукла явуулдаг. Эмээ намайг хардаг байв. Манайх тэгэхэд “Жаран айлын жавар цагаан” гээд Германы элчингийн ойролцоо орон сууцанд байлаа. Аав сургуулиа төгсөөд Намын төв хорооны үзэл суртлын хэлтсийн дарга болсон байгаа юм. Дараа нь манайх нүүгээд, 40 мянгатын наймдугаар байранд орсон. Хүрэн “Победа” машинтай боллоо.Тэгж байгаад “Ард” кино театрын урд талын байранд орсон. Нэлээд байж байгаад аав маань Дэмбэрэлзагд гэж жолоочтой ЗИМ-тэй болсон. Тэр жолооч намайг сургуульд хүргэж авдаг. Ойрхон хоёрдугаар сургуульд сурч байсан нь санаанд орж байна. Гэхдээ машинаар байнга явахгүй. Эмээ маань л сургуулиас авч, хүргэж өгнө дөө. Аав 1960 хэдэн онд Улсын ерөнхий прокурор болсон юм байна. Ганц жил хийгээд гарсан гэнэ лээ. Дараа нь Пүрэвжал гэдэг жолоочтой, 24-тэй болов оо. ГАЗ-24-тэй жолоочтойгоо тэтгэвэрт гарч, нас бартлаа хамт байсан даа. Тэр үед аав Мэдээлэл радио, телевизийн улсын хорооны дарга болсон юм. Манайх “Рекорд” бил үү телевизортой, айлууд нэг их телевизгүй байсан болохоор хүүхдүүд орж ирж зурагт үздэг байлаа. Аав МРТУХ-ны даргаар удсан даа. Намын төв хорооны нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүн болтлоо тэнд л байсан. Сонин хэвлэл, радио телевизийнхэнтэй маш олон жил ажилласан. “Их сайхан улсууд” гэж ярьдаг. МРТУХ-ны дарга байх үедээ л идэр залуу насаа өнгөрөөсөн, тэр үедээ Москвад очиж, доктор хамгаалсан юм. “Одоо энэ Санжийн Баяр бид хоёр нэг багштай” гэж ярьдаг байлаа.

-Та жолооч нараа сайн санаж байхыг бодвол машин их унадаг байжээ?

-Сургуульдаа унаагаар хүргүүлэх үедээ хүргүүлнэ. Ер нь манай аав хариуцлагатай дарга хийж байсан мөртлөө машин тэрэг унадаггүй. Зам гараад л ажил руугаа орчихдог байсан учраас ихэвчлэн явган алхдаг хүн байж билээ. Бид ч аавынхаа машиныг нэг их дуудаж унадаггүй. Ээж, эмээтэйгээ дэлгүүр хоршоо, эмнэлэг ордог байлаа. Аавын ээж хамт амьдардаг байсан. Ная хүрээд нас барсан даа. Ээж маань түүхч мэргэжилтэй. Ээжийн аав том лам хүн байжээ. Гэргий нь Осоржамаа гэж Богдын ордны уран хатгамалч авгай байсан юм гэнэ лээ. Хатгасан барьсан юм нь байдаг л гэсэн. Бид нарийн судалж үзээгүй. Ээж маань нэгдүгээр сургуулийн захирал байгаад, дараа нь “Хөдөлмөр” сонинд ажилтан байснаа, Хувьсгалын музейн эрдэм шинжилгээний ажилтан, тайлбарлагч хийж байгаад тэтгэвэрт гарсан даа.

-Аав, ээж хоёр тань оюутан байхдаа танилцсан гэдэг бил үү?

-Өө тийм гэсэн. Манай аав хөдөөнөөс ирээд Нам ба улсын сургуульд суралцаж төгсөөд, тэндээ багшаар үлдсэн. Дараа нь проректор болоод гэнэт хойшоо сургуульд явсан гэдэг. Тэр үед нь ээж маань оюутан байж л дээ. Тэгээд л гэрлэсэн улсууд юм билээ.

-Аав тань бага насныхаа тухай ярьдаг байв уу?

-Гурван настай байхад нь аав нь салаад явсан гэдэг. Ээжтэйгээ дөрвөн банди үлджээ. Нэг нь 13-тай нас барсан. Аав айлын том нь. Дүү нь Жамсранжав гэж хүн байсан. Одоо нас барсан л даа. Цэргийн байгууллагад ажиллаж байгаад сүүлд Зөвлөлтөд цэргийн атташегээр суусан. Бага дүү нь Очирбат гээд олон сонгодог зохиол орчуулсан мундаг хүн. Аав багадаа хөдөө мал маллаж байснаа ярьдаг. Хөхөө өвлийн хүйтэнд арав гаруй настайдаа адуу манадаг байлаа. Манай ээж намайг “Чи нэг сургуульд сур” гэсэн. Аймгийн намын хороонд Чимэдрэгзэн гээд Завхан аймгийн Алдархаан сумын хүн байсан. Тэр хүн аймгийн намын хороонд очоод уулз гэсэн. Очиж уулзсан чинь Хүн эмнэлгийн техникумын хуваарь олж өгсөн гэж дандаа ярьдаг. Шалгалт өгөх гэж байснаа гэнэт болиод, өөрөө явж судалж байгаад Нам ба улс төрийн сургуульд орсон гэдэг. Төгсөөд сургуульдаа багшаар үлдэж, проректор болоод, Эрхүүд хуулийн сургуульд яваад, төгсч ирэнгүүт нь Төв хороонд хэлтсийн даргаар тавьж л дээ. Хүрэн “Победа”-тай боллоо гэж яриад байгаа нь тэр.

-Тэр үеийн хүүхдүүдийн амьдралын хэв маяг ямар байв?

-Тэр үед ажилчин, сэхээтэн энэ тэр гэж нэг их ялгах юм байхгүй. Бусад хүүхэдтэй адилхан дээс, чартаа тоглоно. Аав маань үе үе гадаад явна. Орос руу л явна. Өөр нэг их олон газар явдаггүй байсан юм байна гэж одоо боддог. Янз бүрийн тоглоом, мандолин, кукла авчирч өгнө. Даргын хүүхэд гээд ялгараад байх юм байгаагүй.

-Жалан-Аажав гуай хэдэн хүүхэдтэй хүн бэ?

-Хүү, охин хоёртой. Миний охин ааваар овоглодог учраас хоёр охин нэг хүүтэй гэж явдаг. Жалан-Аажавын Тэгшзаяа гэж охин бий. Хуульч мэргэжилтэй ч өөрийн сонирхлоороо англи, орос хэлнээс ном орчуулдаг. “Галаар наадагсад” гээд ном аваад үзээрэй. Бестселлер болсон ном. Тэр номыг орчуулсан. Хуулийнхаа мэргэжлийг орхиод аяндаа орчуулагч болсон. Би нэг хүүтэй. Хүү маань 14-15 хүрэхэд тэр бага охин гарсан юм. Олон жилийн дараа төрсөн. Хэлмэгдсэн үе таарсан. Ээж аав хоёр хоёулаа гэртээ байсан үе болохоор “Энэ охиныг өөрийнхөө нэр дээр авна” гэсэн. Би охиноо ээж аав хоёртоо албан ёсоор өгчихсөн байхгүй юу. Охин бид хоёр нэг овогтой.

-С.Жалан-Аажав гэдэг нэр ямар учиртай вэ. Их содон нэр юм аа?

-Манай эмээ л ярьдаг байсан. Аав эхлээд Лодон нэртэй байжээ. Өвдөөд үхэн алдаад, Жалан-Аажав гэдэг нэр хайрлавал тогтох юм байна гээд том лам нэр өгсөн гэж ярьдаг юм билээ.

-Хуулийн мэргэжил сонгоход аав тань нөлөөлсөн үү?

-Нөлөөлсөн. Намайг гурав, дөрөвдүгээр ангид байхад Оросоос уригдаж ирсэн багшаар төгөлдөр хуур заалгадаг байлаа. Намайг нэг хэсэг Хөгжим бүжгийн сургуульд шилжүүлсэн. Хүмүүс сайхан хоолойтой юм, урлагийн сургуульд тэнцэнэ гэсэн. Шалгалт өгөөд Дуурийн дуучны сургуульд явахаар бэлтгэл хийж байтал аав “Чи урлагийн хүн болоод хэрэггүй. Наадах чинь залуу насны ажил. Хэрэггүй л гэж зөвлөмөөр байна гээд очоод томилолт энэ тэрийг дор нь болиулаад Хуулийн сургуульд оруулчихсан ш дээ.

-Та тэр шийдвэрийг нь яаж хүлээж авав?

-Бидний үеийнхэн эцэг эхийн үгнээс зөрж гаждаггүй. Нээрэн ч тийм байж магадгүй гэж бодоод хуулийнх нь сургуульд сурсан.

-Дүү чинь бас хуульч уу?

-Дүү хуульч. Хойно НАХЯ-ны сургууль төгссөн юм. Цагдаагийн ажилтан байхдаа хэлмэгдээд гарсан. Хуулийн мэргэжилтэй учраас одоо нэг газар хуулийн зөвлөх хийдэг.

-Та сургуульдаа багшаар үлдэхийг бодоход сайн оюутан байжээ. Эсвэл аавын нөлөө байв уу?

-Тийм ээ. Би Их сургуулийн хуулийн багш байсан. Аав намайг багшаар үлдэхэд дуртай байгаагүй. Тэгэхэд Төв хорооны нарийн бичгийн дарга байсан хүн шүү дээ. Тэр үед Зөвлөлтийн мэргэжилтнүүд ажилладаг байсан болохоор орос хэлтэй хүн багш болох хэрэгцээ байж гэж боддог. Сайд дарга нарын хүүхдүүд голцуу оросоор ярьдаг байв. Бараг унаган орос хэлтэй гэхэд болно. Орос хүүхдүүдтэй тоглоно. Миний хөгжмийн багш нар дандаа орос байсан.Намайг сургуульдаа багшаар үлд гэхээр нь урвайгаад, ээж, аавдаа хэлсэн чинь аав “Яахаараа сургуульд үлдээдэг юм. Прокурор, шүүх рүү яв. Хуулийн хүн практикт ажиллах сайн байдаг. Шилжүүлэх үү яах вэ” гэж байсан. Нэгэнт хуваарь гарчихсан болохоор томилолтыг нь аваад ажилдаа орж байлаа. Залуухан орос сургагч хүүхэн байсан. Түүнээс их юм сурсан. Монгол талаасаа Лувсаншарав гэж багш байлаа.

-Багшилж байхдаа нөхөртэйгөө суусан уу?

-Тийм. Барилгын инженер хүн. Харамсалтай нь бурхан болчихсон. Бидний үед энэнтэй суувал ингэх юм байна. Тэрэнтэй суувал тэгэх юм байна гэх юм байхгүй. Танилцаад, гэр бүл болоод, үр хүүхэд төрүүлээд амьдарсан.

-Нөхрийн сонголт дээр аав, ээж тань санал хэлсэн үү?

-Огт тийм юм байхгүй. Өөрөө л мэд гэдэг.

-Аавыг чинь улс төрийн тавцангаас буулгахдаа таныг, дүүг чинь бас ажлаас нь халчихсан гэсэн. Энэ явдлыг та болоод гэрийнхэн чинь яаж хүлээж авав?

-Мэдэхгүй ээ, аав маань гэнэт тэтгэвэрт гарсан. Солонгост элчингээр явах юм гэнэ гэж сураг сонсогдож байсан гэсэн. Гэв гэнэт баахан улсууд хүрч ирээд утсыг нь таслаад, юмыг нь хураасан. Би их сургуулийн багш, хорин хэдтэй залуухан байж. Намын эсрэг бүлгийн талаар мань мэт ойлголт ч байхгүй. Их сургууль дээр хичээлээ заагаад зосч байтал “О.Шагдарсүрэн ректор дуудаж байна” гэсэн. Хичээлээ заачихаад гаръя гэсэн чинь “Үгүй ээ. Одоо хүрээд ир гэж байна” гэнэ.Ректор “Зовлонтой юм аа. Төв хорооноос намын эсрэг бүлгийн хүний хүүхэд ажиллуулж болохгүй. Аягүй бол наадах чинь микрофон ашиглаж оюутнуудад сурталчилгаа хийнэ” гээд байх юм. Ийм юм байхгүй ш дээ ямар сонин юм ярьдаг юм бэ. Чамайг хал гээд байна гэсэн”, Би хүн юм чинь “Би ямар алдаа дутагдал гаргасан юм бэ” гэсэн чинь “Өөр рүү нь бурууг нь чихээд хал гэж байна” гэсэн. “За за тэгдэг л байж дээ” гэлээ. Би цол хамгаалах гээд хойшоо явах гэж байсан юм л даа. “Намайг хална гэнээ. Микрофон ашиглана гэсэн. О.Шагдарсүрэн ректор шууд хэлчихлээ” гэж аавд хэлсэн чинь “Өө яахав, халбал халаг. Юмаа аваад хүрээд ир. Зүв зүгээр байгаа хүний үр хүүхдийг яаж байгаа юм. Урд хөлийг нь бүдрэхээр хойд хөлийг нь ороолгов гэдэг шиг юм болж байна” гэсэн. Тэгэхээр нь би өвчтэй юм шиг маргааш нь очоод хамаг юмаа хамж аваад л явчихаж билээ. Тэгээд гэртээ дөрөв таван жил нам суусан. Тэр хоорондоо охин төрүүллээ. Ээж, аав дээрээ хүүхэдтэйгээ ирээд хэвтчихнэ. Ажилд авахгүй. Аав маань ерэн онд цагаадахад их сургууль намайг эргэж дуудсан. Би ороогүй.

-Аав тань нутаг заагдсан гэсэн?

-1984 онд нутаг заагдаад явсан. Хоёр жил болоод, “Би ямар хэлсэн үг, хийсэн хэрэгтэй биш” гээд онгоцонд суугаад хүрээд ирсэн. Эд нар яаж ч чадаагүй. Байр оронг нь хураачихсан болохоор хотод над дээр ирнэ биз дээ.Хоёр өрөө байртай байсан. Ээж маань өмнө нь “Энэ гэр бүлтэй, хүүхэд шуухадтай болно. Гурван өрөө байр авъя” гэхэд аав “Яах юм бэ. Олон хүүхэдтэй улсууд байхад эд нарт хоёр өрөө л болно” гэсэн юм. Тэгэхэд би охин төрүүлээд, тэр хоёр зугаатай байсан. Нөхөр бас ажилгүй болсон. Ах дүү тогооч, жолооч, таньдаг мэддэг улсуудад бүгдэд нь нөлөөлсөн дөө. Аавд 450 төгрөгийн тэтгэвэр тогтоож өгсөн, ээж бас тэтгэвэр авна. Тэр хоёрын тэтгэврээр нэг хэсэг амьдарсан. Үзэх эмнэлэг олдохгүй бага охиноо гэртээ төрүүлсэн. Би 1984 оны хоёрдугаар сарын 17-нд халагдсан. 1986 оны хоёрдугаар сарын 17-нд охиноо төрүүлсэн. Аав маань 2001 оны арванхоёрдугаар сарын 21-нд Н.Багабанди Ерөнхийлөгчөөс гавьяат цол авсан. Ээж маань жилийн өмнө арванхоёрдугаар сарын 21-нд нас барсан. Ийм сонин тоо байдаг. Би анзаараагүй. Манай дүү ажигласан байсан.Манай дүү аавтай хамт нутаг заагдсан хүн. Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгч байсан хүнийг аавтай хамт нутаг заагаад явуулсан. Ямар ч тогтоолгүйгээр. Дүү маань морь унаад “Энд чинь харин аятайхан сайхан юм байна” гээд явж байсан. Нутгийн хүмүүс сайн хандаж байсан гэсэн. Үйлчилдэг нэг эмэгтэй, харгалздаг цагдаатай. Би хүүхэдтэйгээ хэд очсон. Аав маань 2010 онд нас барсан. 88 хүрсэн. Цагаадаад, үр хүүхдийнхээ сайн сайхныг үзээд, өөрийг нь хэлмэгдүүлж байсан улсууд бүгд хорвоогийн мөнх бусыг үзэхийг хараад өнгөрсөн байхгүй юу.

-Жалан-Аажав гуайн амьдралын сүүлийн жилүүд нь ямар байв?

-Манай ээж лам хүний охин байсан учраас их бодь. Өвчнөөс болоод өөд болсон. Бас л ная шахсан. Аав ээжээс хойш ганцаардсан. Хэлмэгдсэнээсээ дор юм билээ.

Аав сайхан цэгцтэй хүн, өвдөх юм байхгүй. Дандаа гимнастик хийнэ. Залуугаасаа айхавтар ногоо цагаа идэхгүй. Сайхан мах чанаадах, бантан, лавшаа хийгээдэх гэдэг. Манайх төрийн тогоочтой олон жил болсон. Мөнхбаяр гээд эмэгтэй байв. Манай охин, хүүг өсгөлцсөн хүн. Манай ээж төрийн тогоочтой зэрэгцээд хогоо шүүрдэнэ, юмаа хийнэ.Манай хүү микробиологич мэргэжилтэй. Аав 60 настай намаасаа хөөгдсөн. Яасан гэсэн чинь “Яахав хөөгдөх цаг нь болсон юм байлгүй” гэсэн. Хурц хүн байсан.“Туулсан замд, төрсөн бодол” гээд аавын дурдатгалын их гоё том ном бий. Нас барахаасаа өмнө бичсэн юм.

-Та нарт захиж хэлдэг үг байсан уу?

-Жижүүрийн юм шиг хэлдэг хэдэн үг байсан.“За, нөхдүүд минь үнэн шударгаар явна шүү. Хүний муу үзэж болохгүй шүү. Хүний муу үзсэн хүн өөдөлдөггүй. Хүнээ барав аа” гэдэг байсан нь санаанд тод үлджээ. Манай ээж ч “Аливаа юмны алтан дунджийг олж явах хэрэгтэй” гэдэг байсан.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Эмчийг хэн эмчлэх вэ?

Амьдрал мэддэг нэг хүн хэлсэн юм. Удаан ажилласан багш хүүхэд харахаараа шээс дусаах шахтлаа халширдаг гэж. Эмч нарт ч өвчтөнөөсөө халшрах үе олон байдаг нь хэр. Эмч, багшийн ажилд сэтгэл дундуур үлдэх нь олон. Шүүмжлэх шалтаг ч хангалттай олддог. Гэхдээ л эмчийн ч, багшийн ч ачаалал үнэхээр ихийг хэн хүнгүй мэднэ. Багш 40-50 хүүхдийн дунд толгой нь эргэтлээ зогсоно. Харин эмчийн үүдэнд дараалал дундрахгүй. Гэмтлийн эмнэлэгт очиход цус нөж үнэртээд, дайны талбарт яваа мэт сэтгэгдэл төрж, бушуухан гарахын түүс болдог. Халдварт, хавдрын эмнэлгийн эмч, ажилтнууд өөрсдөө халдвар авах эрсдэлтэй нөхцөлд “галын шугаманд” ажилладаг хүмүүс. Тэдний хөдөлмөр хамгааллын нөхцөлд хэн хяналт тавьдаг билээ. Хүнд хортой нөхцөлд олгодог нэмэгдэл байдаг ч юм уу үгүй ч юм уу бүү мэд. Гэтэл тэр газар эмчийн хоёр дахь гэр. Магадгүй гэртээ байдгаасаа илүү хугацааг эмнэлэг дээрээ өнгөрүүлдэг биз. Эмчийн ажлын өрөө хэр тохилог билээ. Тэд амралтын өрөөтэй бил үү.

Эмчийг ингэхэд хэн эмчилдэг юм бэ? Японд гэхэд л хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилладаг багш ажилтнуудынхаа стрессийг тайлж, амраадаг тухай тэнд суралцаад ирсэн нэг багш ярьсан юм. Эмч нарт ч стресс тайлах үйлчилгээ, амралт хэрэгтэй байдаг тухай Н.Удвал сайд ярьж байсан санагдана. Хүний өвчин зовлон дунд явахад бэрх.

Эмч, багш нарынхаа эрүүл мэндэд анхаарч, стресс тайлах үйлчилгээ санал болгох цаг болжээ. Үгүй бол өвдөж зовсон үедээ хэнд итгэж найдах билээ. Өвчтөнөөсөө халширсан эмчийн тухай төсөөлөхөд ч хэцүү санагдаж байх чинь.

Categories
мэдээ цаг-үе

Йелийн их сургуулийн хуульчид “Харвони” эмийн асуудлаар АНУ-ын Хүнс, эмийн агентлагийг шүүхэд өгчээ

Элэгний вирустэй өвчтөнүүдийн хувьд “Харвони” хэмээх шинэ эмийг Монголд орж ирэхийг хүлээн хоног хугацаа тоолж буй. Арваннэгдүгээр сард ирнэ хэмээн албаныхан мэдэгдэж байсан ч эм орж ирэх хугацаа тодорхойгүй шалтгаанаар хойшлогдож, энэ сарын сүүлчээр ирэх чимээтэй. 1600 хүн уг эмийг эхний ээлжинд авахаар шинжилгээнд ороод хүлээж байгаа. Чухам энэ үед дэлхийд алдартай Йелийн их сургуулийн хуульчид “Харвони” эмийн асуудлаар шүүхэд хандсан мэдээлэл цөөнгүй хүнийг цочирдуулсан бололтой. Энэ мэдээллийг хүмүүст хүргээч хэмээн ШУТИС-ийн нэгэн багш манай сонинд хандсан юм. Энэ талаарх яриа хөөрөө өрнөж буй хурлын танхимд ормогцоо хуучин танилаа олж харав. Доктор Анн Алтман ардчилал, эмэгтэйчүүдийн оролцоо, хотын дүрэм, хотын татвар зэрэг олон асуудлаар монголчуудын урилгаар ирж, мэдээлэл өгч, зөвлөж байсан хүн. ШУТИС-ийн урилгаар тус сургуулийн багш, судлаачдад “Судлаачийн үүрэг хариуцлага ёс зүй, олон улсын мэргэжлийн сэтгүүлд өгүүлэл бичих аргачлал”-ын тухай лекц уншиж байсан доктор Анн Алтман санамсаргүй энэ сэдвээр эрэн сурвалжлах үүрэг гүйцэтгэжээ.

Доктор Анн Алтман Английн Кембрижийн их сургууль, Йелийн их сургуулийг төгссөн. Олон улсын нэр хүндтэй мэргэжлийн судалгааны сэтгүүлүүдэд сүүлийн гучаад жил 8000 гаруй судалгааны өгүүлэл редакторлож хэвлүүлсэн нэгэн юм. Судлаачийн ёс зүйн сэдвээр эхэлсэн яриандаа Йелийн их сургуулийн хуульчид “Харвони” эмийн асуудлаар шүүхэд хандсан тухай дурдсан нь олон хүний анхаарлыг татсан юм байж. Анн Алтман ийнхүү ярьж байна.

-Өчигдөр энэ талаар дурдаад өнгөрөхөд хүмүүс маш их сонирхсон. Тийм учраас энэ талаар судаллаа. Шүүхэд өгөхдөө бичгээр үндэслэл гаргадаг. Бичгээр гаргасан үндэслэлийг нь хайж олсон. Шүүхийн бичиг баримт нь интернэтэд байхгүй. Шүүх ажиллагаатай холбоотой Йелийн их сургуулийн профессорын нэрийг олоод, мэйл бичсэн юм. Би Монголд байна. Танай сургуулийн профессор Сидней Алтман (Сидней Алтман 1986 онд Нобелийн шагнал авч байсан, Йелийн их сургуулийн химийн профессор, тус сургуулийн алдартнуудын нэг.сурв)-ы эхнэр байна. Энэ эмийн тухай, компанийн тухай асууж тодруулмаар байна гэж бичсэн. Шүүхэд хандсан үндэслэл, бичиг баримтыг авах боломж байна уу гэхэд цагийн дараа хариу ирүүлсэн гэж Анн тайлбарлав. Би энэ мэдээллийг Монголын эрдэмтэн, судлаачдад тараасан. Би мэдээллийг хүргэлээ. Монголчууд та нар энэ мэдээлэлтэй танилцаад, бид үнэхээр баталгаагүй эмийн туршилтад орох гээд байна уу гэдэгт өөрсдөө хариу олоорой. Би энэ тухай яриад байгаа юм биш. Йелийн их сургууль дахь “Дэлхийн эрүүл мэнд шударга ёсны төлөө түншлэл” (Global Health Justice parthership) группээс гаргасан мэдээллийг та бүхэнд дамжуулж байгаа юм.

АНУ-д байдаг “Gilead sciences” компанийнхан гепатит С вирусийг эдгээдэг эм бүтээсэн гэж ярьж байгаа. Маш өндөр үнэтэйг нь бүгд мэднэ. Тэд Монгол Улсын иргэд сайн сайхан эрүүл энх байгаасай гэсэн үүднээс үнийг нь хямдрууллаа гэсэн. Үнэхээр тийм бол сайн л байна. Гэхдээ Америкийн Засгийн газар энэ эмэнд зөвшөөрөл олгосныг сэжиглэж байгаа байгууллага бий. Энэ асуудлыг анхаараад, сэжиглээд байгаа байгууллага бол зүгээр нэг хэн ч мэддэггүй төрийн бус байгууллага биш. Хэн ч танихгүй хэдэн хүн биш ээ. Йелийн их сургуулийн Хуулийн сургууль АНУ-даа нэгдүгээрт ордог. “Дэлхий нийтийн эрүүл мэнд, шударга ёсны төлөө түншлэл” гэж групп байдаг. Энэ хүмүүс мөнгөний төлөө ажилладаггүй. Хүмүүсийн төлөө ажилладаг юм. Энэ бүлэг Йелийн их сургуулийн Хуулийн сургуультай хамтраад, Харвони эмийн асуудлаар шүүхэд хандсан байна.

Эмийн компанийн зүгээс “Харвони” эм нь гепатит С вирусийг дарангуйлахаас гадна бүрэн эдгээдэг гэж мэдэгдсэн. Энэ эм маш үнэтэй. Хамгийн гол нь клиник туршилтын үр дүн нь тодорхой биш байгаа. Клиникийн туршилтын үр дүнг олон нийтэд ил тод мэдээлэх ёстой. Энэ мэдээллийн дүнд эмийн үнэ бодитой эсэх талаар хүмүүс санал бодлоо илэрхийлэх боломжтой болно. Үнэ бодитой эсэх, клиникийн туршилтын үр дүн тодорхой бус байгаа талаар асуудал яригдаж байна. Үнийг яаж тогтоосон, туршилтын үр дүнгийн тухай эмч, өвчтөн аль аль нь мэдэх эрхтэй. Мэдээлэл авах эрхдээ үндэслээд, үнийн талаар саналаа хэлэх эрхтэй, туршилтын үр дүн үнэн зөв эсэхэд хүмүүс үзэл бодлоо илэрхийлэх учиртай. АНУ-ын Хүнс, эмийн агентлаг (FDA) “Харвони” эмийг хурдавчилсан байдлаар зөвшөөрсөн. Хурдан зөвшөөрөхийн сайн, муу тал бий. Муу тал нь сөрөг нөлөөний тухай мэдээлэл байхгүй. Түүнээс гадна эмийн компаниас хамааралгүй, хөндлөнгийн хяналтын дүгнэлт чухал. Үүнийг хийж чадахгүй байгаа. Йелийн их сургуулийн хуульчдаас гадна Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд нь мөн “Дэлхийн эрүүл мэнд шударга ёсны төлөөх түншлэл” группт багтдаг. Америкийн Хүнс, эмийн агентлаг ямар хариу өгсөн гэхээр “Та бүхний асуултад хариулахын тулд 1- 2 жилийн хугацаа шаардлагатай” гэсэн. Мэдээж энэ хугацаанаас өмнө тодорхойгүй асуултынхаа хариуг авах зорилгоор шүүхэд хандсан. Эмч нар, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд, судлаачид юунд эмзэглэж байна гэхээр “Америкийн Хүнс, эмийн агентлаг эмийн компанийн дарамт, лоббинд орж зөвшөөрөл маш хурдан өгсөн” гэж сэжиглэж байна. Шинэ эмийг турших явцад алдаа гарч болно. Үр дүнг засч мэдээлж магадгүй. Зарим эмийн компани өмнө нь худлаа туршилт хийж, хуурамч мэдээлэл өгч, зөвшөөрөл авч байсан жишээг ч шүүхэд хандсан үндэслэлдээ дурджээ. Йелийн их сургуулийн хуульчид Америкийн Хүнс, эмийн агентлагийг шүүхэд өгсөн. Тус агентлагийн ажиллаж байгаа зарчим алдагдаж байгаа. Ялангуяа сүүлийн үед Хүнс, эмийн агентлаг яаран зөвшөөрөл өгчихдөг. Дараа нь “Ийм ийм тохиолдолд судалгаа хийгдээгүй, тодорхой мэдээлэл байхгүй” гэх мэтээр эмийн шошгон дээрх анхааруулгаа өөрчилсөн тохиолдол зүрхний эмэн дээр гарсан. Дахиад “Харвони” эмэнд зөвшөөрөл олгоод, “Вирус багатай хүнд богино хугацаанд хэрэглэнэ” гэсэн тайлбарын цаана тодорхой баримт, судалгаагүй байна гэж ойлгогдоно. Туршилтын тоо баримтыг авсан тохиолдолд эмийн үр дүн, аюулгүй байдал, сөрөг нөлөөний тухай мэдээлэл тодорхой болох юм. Америкийн Хүнс, эмийн агентлаг зарим эмэнд хурдан зөвшөөрөл өгсөн ч хэдхэн тооны хүн дээр туршигдсан байсан удаа бий. Зах зээлээс ямар нэг эмийг татаж аваад, өөр эмээр орлуулахын тулд хурдан зөвшөөрөл өгдөг байдал бас ажиглагдсан. Шүүхэд өгсөн хугацаа нь 2014 оны арванхоёрдугаар сарын 17. Түүнээс хойш бараг жил болж байна. Одоо болтол хариу ирээгүй. Туршилтын үр дүнг аваад эрсдэлтэй хүчин зүйлүүдийг нь шалгаж, хөндлөнгийн дүгнэлт гаргахад ч цаг зарцуулна. Яагаад туршилтын үр дүнг өгөхгүй, яагаад ийм нууц байгаа юм бэ гэдгийг та бүхэн бодооч. Эмийн зөвшөөрлийг хурдан өгсөн ч туршилтын үр дүнг хурдан өгөхгүй байгаа биз дээ” хэмээн Анн яриагаа төгсгөв.

Өнөөг хүртэл эм оруулж ирэхээр хөөцөлдөж буй талууд, улстөрчдийн дуу хоолойг монголчууд хангалттай сонслоо. Харин одоо “Харвони” эмийн талаарх Монголын эрдэмтэн, судлаачид, эмийн мэргэжилтнүүд байр сууриа илэрхийлэх цаг болжээ.

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Чингис Раднаев: С.Жавхланг Буриадад бүгд мэднэ

“Буриадын поп мюзик” шоу концерт Бөхийн өргөөнд энэ сарын 3-нд болно. Тоглолтод оролцох Буриадын дуучид болох Мэдэгма Доржиева, Чингис Раднаев, Дулма Сунрапово нартай товч ярилцсан юм. Дуучин С.Жавхлантай хамтарч “Эжымни” хэмээх сайхан дууг амилуулсан Буриадын дуучин Чингис Раднаевт эхний асуултаа тавилаа.

Таныг “Хамаг Монгол” төсөлд буриад түмнээ төлөөлж оролцсон гэдгээр чинь хүмүүс мэднэ. Энэ удаагийн тоглолтод ямар уран бүтээлтэй ирэв?

-Улаанбаатарт Буриадын уран бүтээлчдийн анхны тоглолт болох гэж байна. Монголын үзэгчдийн хүссэн дууг нь дуулж өгнө. Энэ намар “Улаанбаатарын дагина” дуундаа клип хийсэн. Энэ дууг олон хүн сонсох хүсэлт тавьсан байна лээ. Түүнийгээ дуулах байх аа. Шинэ буриад дуу өргөн дэвшүүлнэ ээ.

Өөрийг чинь Чингис гэдэг. Монголчууд аливаа алдартай хүний нэрийг хүүхдэдээ өгвөл сүнс нь ивээдэг гэх мэтээр бэлгэшээдэг. Танд ийм мэдрэмж төрдөг үү?

-Байнга тохиолддог. Манай нутагт Чингис гэдэг нэрийг хүүхдэд хүндэднэ гэж ярьдаг. Хамаагүй өгдөггүй. Гэхдээ би төрөхөөсөө л Чингис нэртэй одоог хүртэл сайхан явж байгаа. Монгол туургатныхаа дунд дуу хуураа өргөж явна. Ямар сайхан хүлээж авна вэ биднийг чинь, гайхамшигтай. Нэр маань их таардаг гэж боддог.

Чигис хааны түүхийг судалдаг уу?

-Судалдаг. Түүхэн ном унших дуртай.

Та хэдэн хатантай вэ. Гэргийг тань бас Бөртэ гэдэг юм биш биз?

– Би нэг л хатантай. Хатны нэр Бөртэ байж чадсангүй дээ. (Инээв). Хамгийн гол нь Буриад Монголоо гэсэн сэтгэлтэй хүн бий. Би бас хоёр хүүтэй. Хоёр бяцхан Чингисийг сайхан сэтгэлтэй, Монголоо гэсэн сэтгэлтэй хүн болгохоор хичээж байгаа.

Монголоо зорьж ирэхдээ та ямар сэтгэлтэй ирдэг вэ?

-Энэ сэтгэлийг үгээр илэрхийлэхэд хэцүү. Бас янз бүрийн юм боддог юм аа. Уярна, баярлана. Зарим зүйлийг хараад гунигтай ч болно. Монгол сайхан орон маань мандан бадарч, Монголоороо үлдээсэй. Буриадын нэг сайхан үг байдаг. “Эрт босоход өдөр урт. Эвтэй байхад нас урт” гэдэг. Бид эвтэй байвал хол явна, өөдрөг явна гэсэн үг. Үүнд нэмэр болох тоглолтоо бид Бөхийн өргөөнд хийх гэж байна. Буриад хөгжим аялгуу, орчин үеийн хөгжмийн урсгалууд ч энд эгшиглэнэ. Бидний сэтгэл хамгийн гол нь.

Буриадын урлаг аль чиглэл рүү хөгжиж байгаа гэж боддог вэ. Орос нөлөө их байдаг байх?

-Байлгүй яах вэ. Бид бүгдээрээ Оросын хөгжмийн сургуулиас гарсан хүмүүс. Хөгжмийн эрдэм, мэдрэмжээ тэндээс авсан. Гэхдээ бид буриад гэдгээ мартахгүй, буриад сайхан аялгуу, дууны үг байна. Хөгжмийн найруулга нь илүү сайхан баялаг болоосой гэж хүсдэг. Тийм учраас Оросынхоо сайхан хөгжмийн соёлыг ашиглана.

Монгол дуучдаас хэнийг илүү хүндэтгэдэг вэ, сонсох дуртай дуучин байдаг уу?

-Байлгүй яах вэ. Бараг бүгдийг нь сонсдог, хүндэлдэг. Гэхдээ дотно хэдэн уран бүтээлч бий. Арван жилийн өмнө дуулаачийн тэмцээнд хамт оролцож байсан Наагий гээд залуу дуучин байна. Одоо жазз мундаг сайхан дуулж байна. “Хамаг Монгол” төслийг санаачилсан гавьяат жүжигчин С.Жавхлан байна. С.Жавхланг Буриадад бүгд мэднэ. Улаан-Үдэд бас Монголын дуучид тоглодог. Бид бас ирэх ёстой гэж бодож байна. Монголоос олон дуучид очиг. Бид хүлээж л байдаг. Бид монгол дуу сонсоод, “Сайхан дуулдаг шүү, манай монголчууд” гэдэг. Мэдээж хөгжим, CD сонсохоос илүү тайзан дээр дуулж байгаа дуучин илүү амьд, насан биеэрээ, улаан хоолойгоороо дуулахад огт өөр түвшний энерги мэдэрнэ. Бид ч бас Монголын сайхан уран бүтээлчид, дуучид, бүжигчид, жүжигчдээ урьж байна.

Дулма Сунрапова: Буриадын миссүүд бүгд авьяастай

Таныг Монголын уран сайхны “Мухар гудамж” кинонд тоглосон дүрээр тань хүмүүс мэдэх байх?

-Би бас тэгж найдаж байна.

Таныг Буриадын мисс болж байсан гэж сонссон?

-Тийм ээ, 2004 оны Буриадын мисс болж байсан.

Энэ удаагийн тоглолтод ямар уран бүтээл өргөх вэ?

-Миний хувьд өөрөө дуугаа зохиодог. Бусад дуучид ч миний зохиосон дууг дуулна. Энэ тоглолтод өөрийн зохиосон дуунуудаа өргөн дэвшүүлнэ. Тэрнээс гадна хоёр гурван сюрприз бэлтгэсэн байгаа. Ёохор бүжгийг орчин үеийн маягаар бүжиглэж үзүүлнэ. Буриадууд яаж ёохор бүжиглэдгийг энэ тоглолт дээр харуулна.

Кинонд тоглоход бэрхшээл байсан уу?

-Мэдээж байлгүй яадаг юм. Жүжигчний мэргэжлээр Сити дээд сургууль төгссөн. Кинонд тоглож байгаагүй, шууд дуулаад явсан. Тэгээд “Мухар гудамж” кинонд тоглох урилгыг Guys 666 хамтлагийн Лхагваа, Баярсайхан найруулагч нар тавьж, “Манай кинонд тоглооч” гэж урьсан юм. Бэрхшээл нь хэл. 2008 онд төгссөн учраас хэл жаахан мартагдсан. Яаж сценари уншаад, яаж тэрийг биелүүлэх вэ гэж санаа зовж байсан. Кинонд тоглож үзээгүй хүн мэдэхгүй шүү дээ. Надад Баярсайхан найруулагч их тусалсан. Яаж тоглох хэрэгтэйг хэлж өгсөн. Кинонд тоглосондоо баяртай байгаа.

Буриадын миссүүд бүгд тан шиг авьяастай юу?

-Тийм. Буриадын миссийн тэмцээн зохион байгуулдаг хүмүүс ийм байхыг шаарддаг. Зөвхөн гоё бие, хөөрхөн царайтай байх биш бас авьяаслаг байхыг шаарддаг.

Мэдэгма Доржиева: Бидний шоу концерт маш содон гоё болно

Өөрийнхөө тухай танилцуулаач. Монголд болох тоглолтынхоо тухай сонирхуулна уу?

-Бидний шоу концерт маш содон гоё болно. Миний хувьд Монголтой нэлээд ойрхон байдаг. Хэдэн жилийн өмнөөс монгол дуучидтай хамтарч уран бүтээл хийж байгаа. Наранбаатар, Наранзун, Халиун, Чука нартай хамтарч ажилладаг. Энэ удаагийн тоглолтод цоглог дуу дуулна. Монголчуудын сонсох дуртай “Адуучны дуу”-гаа, өөрийн зохиосон “Залуучууд урагшаа” дуугаа дуулна. Тэгээд бас монголчуудад их таалагддаг “Инаг дураяа гамнаарай” дуугаа дуулна. Өөрийнхөө дуунуудад орчин үеийн урсгалыг оруулахыг хичээдэг. Франц, Москвагийн уран бүтээлчидтэй хамтарч ажилладаг гэв.

Categories
мэдээ цаг-үе

Уран үгсийн чуулганд умбасан уран бүтээлч

Дархан-Уул аймгийн Боловсролын газрын коридорт Ерөнхий сайд А.Амар, Дилав хутагт Жамсранжавын гар бичээс, Д.Сүхбаатарын хэлсэн үг зэрэг уйгаржин бичгийн дурсгалыг харахад музейд байгаа мэт сэтгэгдэл төрнө.

Ерөнхий сайд асан Б.Цэрэндорж “Бийрээр чадмаг гүйлгэн бичдэг хүн байжээ. Зохиолч Жамсрангийн Цэвээн компьютерээр бичсэн юм шиг цэвэрхэн бичиж” хэмээн хэл шинжлэлч Ж.Эрхэмсайхан сонирхуулав. Алдартнуудын гар бичмэл, зураг тайлбартай жаазалсан бүтээл Ж.Эрхэмсайхан хэмээх хөдөөгийн уран бүтээлчийн хөдөлмөрөөр бүтсэн зүйлс. Түүнийг сайхан үгс дунд хөвж явдаг гэж тодорхойлж болно. Хэл шинжлэлч эрхмийн ажлын ширээн дээр бийр янтай, тавиур гэх мэт бичгийн хүний эдлэл харагдана. Тэрбээр мөн баргилт хэмээх байгалийн зөөлөн чулуугаар нэрийн тэмдэг сийлдэг. Өдгөө 34 хүнд нэрийн тэмдэг сийлж өгсөн уран гартан. Ж.Эрхэмсайханы бас нэг хобби нь дорнын болон орчин үеийн гайхамшигт уран бүтээлчдийн оюуны охь дээж болсон уран үгсийг монгол бичгээр уран бичиж, түүнийхээ зэрэгцээ өөрт төрсөн сэтгэгдлээ зураг болгон урладаг. Түүний ажлын өрөөнд хөл тавимагц уран үгсийн чуулганд умбах мэт сэтгэгдэл төрнө.

В.Гүнначугийн “Чулуун хөшөөний хос уянга”-хэмээх мөртүүдийг тэрбээр уншиж өгөв.

Үнэнийг худал хэмээх цагт

Худал мөн үнэн

Үгүйг буй гэх үед

Буй бас үгүйгэсэн хос уянга гүн утгатай.

В.Гулирансын гайхамшигтай мөрүүд бас байна.

Гурван ямхын хулсыг барьж эндүү ташаа бичих минь

Гутал оймсыг бартал явж, нэр ашгийг хөөхөөс дээргэжээ.

Харин Ванчинбалын билиг авьяаст бага хүү Инжинааш

Хүсэлтэй сонин утга уянга гэгч

Хөх үүл салхинаа хөвөх мэт

Хүний сэтгэлийг хөдөлгөн эс чадваас

Хөнгөн бийрийг хөшиж юу хийнэхэмээсэн нь олны сэтгэлд хоногшин үлдсэн билээ. Энэхүү утга гүн, уран үгсийг бийр бэхээр урсган бичсэнийг харахуйд улам ч гүнзгий сэтгэгдэл төрүүлэх юм. Эдгээрийг усан будгаар уусган бичжээ. “Би бүр сүүлд 1990 онд монгол бичиг сурсан. Уншигчдад хүрэх гол арга харааны хүртэхүйг ашиглаж, монгол бичгээ ойлгуулах, хүний сэтгэлд хүргэх талаас нь анхаардаг” гэж Ж.Эрхэмсайхан ярьсан юм. Түүний урланд Монголын яруу найрагчдын бүтээлээс гадна дорно дахины зохиолчдын сонгодог бүтээл, Японы хайкунууд ч байна.

Персийн Омар Хаяам ийнхүү “сэрэмжил”-үүлжээ.

Санаа муу төөрөг хажууханд шүү, сэрэмжил

Цагийн хурц илд дэргэд шүү, сэрэмжил

Чи цаглаш үгүй амттан аманд орохын цагт

Чихэрт хор хольдгийг санаж сэрэмжилгэнэ.

Ж.Эрхэмсайхан хөх өнгө голлосон зургийнхаа тухай “Нарийн ширийн юм байхгүй. Ватум цаасаа норгоод, өлөн чийгтэй болгож хар бэхээр түрхэж уусгаж урсгаж зурдаг. Дөрвөн мөртийг уншаад үүдсэн сэтгэлээ буулгана. Зургийн багш дүү маань зарим нарийн ширийн зурагт тусалдаг” хэмээн тайлбарлав.

Хятадын Тан улсын үеийн зохиолч Бай Жюй И-гийн “Голын дээрх лимбийн эгшиг” аль тэртээ 772-846 оны үеийн утга уянгаар илбэнэ.

Аяс намуун голын захад

Шөнөөр хэн лимбэ үлээв.

Алс хол миний нутгийн хаврыг дуу санагдуулав

Эгшиглэх аязыг чагнахын зуур

Цайраад санчиг бууралтчих шиг ээ

Ийм сайхан шөнөөр хэн юунд нойроо хулжаан гуниглаа болхэмээнэ.

Эдгээр эртний найргийн мөрүүд нь утга уянга төдийгүй түүхийн баримт болох аж. Хубилай хааны жанжин Баян гэж яруу найрагч байсан гэнэ.

1336-1395 оны хүн ажээ.

“Зарлигаар Жайнин газрыг хураасан нь” хэмээх түүний шүлэг тухайн үеийн дайн байлдааны баримт болж үлдсэн билээ. Жайнин газар гэдэг нь өмнөд нутаг гэсэн утгатай.

Хөхөмдөг уулнаа жад бүжиглэхүйеэ уул хагаран завдаж,

Хөх мөрнөө агт услахуйяа мөрөн ширгэх шахав.

Зуун түмэн шилдэг цэрэг Жайнин газар буухуйяа

Зэр зэвсгийн үзүүрт хүмүний цус алгагэжээ.

“Чингис хааны байлдан дагуулагчид хаа явсан газраа цус асгаруулж явдаг гэсэн хуучин тогтсон ойлголтыг энэ шүлэг эвдэж байгаа юм. Хүмүүс нь шууд дагаар орсон зарим газарт хүний цус урсаагүй” хэмээн Ж.Эрхэмсайхан тайлбарлав.

“Би Монголтойгоо адилхан” шүлгийг муутуу цаасан дээр урлажээ. Муутуу цаасан дээр бичихэд гоё үзэмжтэй байхаас гадна хариуцлагатай. Буруу бичвэл баллах боломжгүй. Муутуу гэдэг нь гараар үйлдвэрлэсэн цаас. Хятад, Японд үйлдвэрлэдэг. Японых илүү боловсруулсан, арай зузаан байдаг. Хятадын хар бэхээр бичдэг. Бийр янтай миний ажлын гол хэрэгсэл” гэж уран бүтээлч ярив. Ж.Эрхэмсайхан багш зарим хүний захиалгаар уран бичлэг бичиж өгдөг. Нөхрийн нэр, эхнэрийнх нь нэр нь мод харин хүүхдийн нэрийг мөчир цэцэг хэлбэрээр уран бичлэгээр бичсэн “Гэр бүлийн мод”-ыг нь жаазлаад ханандаа байрлуулахаар хэд хэдэн хүн авсан байна.

Тэрбээр уран бүтээлээ голдуу гэртээ хийдэг. Амралтынхаа үеэр албан өрөөндөө ажилладаг гэнэ. Уран бичлэг маш их тэвчээр, нягт нямбай ажиллагаа шаарддаг. Тэрбээр төрийн тэргүүн байсан хүмүүсийн гар бичмэлийг судалжээ. Монгол бичиг мэддэг хүн ховор болсонтой холбоотойгоор өвөрмөц захиалга ч хүлээж авдаг. “Аавынхаа тухай ном бичих болтол гар бичмэлийг нь тайлж унших хүн байдаггүй” хэмээн түүнд нэг хүн ханджээ. Аав нь хуучин монгол бичгээр намтраа бичээд үлдээчихсэн. “Таталган бичсэн, мундаг бичгийн чадвартай хүн байсан. Үүнийг кирилл болгохоор эхэлж байгаа” хэмээн Ж.Эрхэмсайхан тайлбарлаад мөнөөх таталган бичгийн хэдэн мөртийг уншив. Очир овогтой Замбаа миний дурдатгал. Очир овогтой Замбаа миний бие 1915 онд тэр үеийн Засагт хан аймгийн Дүүрэгч вангийн хошуу, одоогийн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Цэцэрлэг сумын нутагт…” гээд л намтар хөврөх юм. Ж.Эрхэмсайханы аав нягтлан бодогч. Өвөө нь лам хүн гэнэ. “Судар бичдэг зурдаг ур дүй нь бидэнд дамжсан байж магадгүй. Үндсэн мэргэжил маань монгол хэл, уран зохиолын багш” гэж тэр тайлбарласан.

Эрээнцавын Н.Нямсүрэн найрагчийн “Дөрвөн цаг” бүтээлээс амар амгалан ханхална.

Цайран цайран бороо орох сайхан

Цавьдар морьтой хүн наашаа давхих нь сайхан

Борооноос өмнө ирлээ гэж ярих нь сайхан

Боржигон эмээлээ аваад орж ирэх нь сайхан хэмээх мөртүүд дурайна.

Т.Галсан гуайн “Амь сүнс хэмээх хосмолжин” номоос шувууны тухай хэсгүүдийг нь түүж авч бүтээл хийж байгаа гэнэ. Ж.Эрхэмсайхан үзэсгэлэнгээ 2009 онд гаргахад нь Т.Галсан гуай өөрийн номоо бэлэглэсэн юм байж.

Хэрээний нүдээр харахад

Хэдэн дэгдээхэй нь цагаан,

Зарааны хошуугаар үнсэхэд

Зангуу шиг үр нь зөөлөнхэмээх өхөөрдөм мөртүүдийг зураг, жааз нь чимэглэнэ.

-Түүхэн хүмүүсийн гар бичмэлийг Үндэсний архивын газарт сууж авсан. Авч чаддаг л юм бол маш их юм байна” гэж Дарханы уран бүтээлч хуучлав. Хараагийн дарь эхийн хийдийн дараагийн Дарь эх ламын хойд дүрийг тодруулахаар архивын газарт сууж мэдээлэл цуглуулах болтол монгол бичиг мэддэг хүн ховор. Хийдээс томилогдсон лам бид хоёр тав хоног суусан. Битүү камертай, зураг авах боломжгүй. Бүр шаардлагатай материалаа өнгөтөөр канондуулдаг. Хараагийн дарь эх ламын анхны дүр нь ямар хүн байсан. Хоёр дахь дүр нь ямар байсан. Ямар хурал ном хурж байсан гэдгийг тодруулсан. Сүүлд лам нартай уулзахад хойд дүрийг нь тодруулах ажил явж байна гэсэн хэмээн хөдөөгийн уран бүтээлч ярьсан юм. Үзэсгэлэн гаргах зорилгогүй гэсэн ч тэрбээр уншсаар туурвисаар, зурсаар бүтээсээр суудаг юм билээ.

Categories
мэдээ цаг-үе

Манфред Протце: Улстөрчид “Надад шүүхэд хандахаас өөр арга байсангүй” гэцгээдэг. Одоо бол Хэвлэлийн зөвлөл гээд өөр арга зам бий боллоо

Германы Хэвлэлийн зөвлөлийн гишүүн Манфред Протце Монголд байгуулагдсан Хэвлэлийн зөвлөлийнхөнд зөвлөгөө, мэдээлэл өгөхөөр иржээ. Тэрбээр “Өдрийн сонин”-д зочлон, энэ сэдвээр манай сэтгүүлчидтэй ярилцсан юм. Манфред Протце 33 жил Германы хамгийн том мэдээллийн агентлагт сэтгүүлчээр ажилласан туршлагатай. “Хурдан шуурхай ажиллах, нягт нямбай байхын зөрчлийг сайн мэднэ” хэмээн Манфред яриагаа эхэлсэн юм. “Сэтгүүлч хүн мэргэжлийн хэм хэмжээний дагуу нягт нямбай ажиллах ёстой ч өрсөлдөөн шуурхай байхыг шаарддаг. Энэ нь амьдрал дээр тун ч адармаатай асуудал” гэж тэр нэмж хэллээ. Яагаад улс орнуудад Хэвлэлийн зөвлөл байгуулагдаад байгаа юм бэ хэмээх асуултаар тэрбээр үндсэн сэдэвтээ шилжив.

-Хөл бөмбөгөөр жишээ татъя. Хөл бөмбөгт хоёр баг тоглодог. Тоглолт болгон дээр дүрэм зөрчсөн, нэгийгээ дэгээдэж унагасан гэх мэтээр зөрчил гардаг. Хэн нь буруутайг шийдэх хэрэгтэй болно. Дүрэм зөрчихөд шүүхэд очдоггүй, талбайн шүүгч шийдвэр гаргахыг хүлээдэг. Дүрмийн дагуу шийдэхээс аргагүй. Хөл бөмбөгийн хувьд дүрэм байж таарах нь. Хөл бөмбөгийн үзэгчид дүрэм зөрчигдөх эсэхийг хянаад сууж байдаг. Энэ бол өөрийн зохицуулалтын энгийн жишээ. Хэрэв дүрэм байхгүй бол яах вэ. Хөл бөмбөгийн талбайд хүссэн бүх аргаараа тэмцэлдэх байсан. Хэрэв тэгвэл үзэгчдэд тийм ч сонирхолтой байхгүй болов уу. Хэвлэл мэдээллийн салбарт гарсан зөрчил уламжлал ёсоор шүүх рүү явчихаад байдаг. Шүүх мөнгөн торгууль ногдуулж, эсвэл шоронд хорих шийтгэл ногдуулна. Зарим тохиолдолд шүүх хэвлэл мэдээллийн байгууллага буруугүй гэж үзсэн ч тухайн сэтгүүлчид хоёр зүйлийн стресс үүсгэдэг. Нэгдүгээрт шүүх дээр хамаг цагаа бардаг. Асуудал сунжирвал хоёр жил гүйнэ шүү. Хоёрдугаарт бөөн зардалтай. Өмгөөлөгчийн хөлс, шүүхийн хураамж төлнө. Сайн мэдээ гэвэл дэлхийн ихэнх оронд бурхны авралаар ямар ч сэтгүүлч бичсэн нийтлэлээ хэн нэгэнд “Энэ болж уу” гэж үзүүлэх шаардлагагүй. Муу мэдээ нь хэвлэлийн эрх чөлөөтэй гэгддэг Германд ч адил хэдийгээр байдаггүй гэдэг ч цензуртай адил нөлөө үзүүлдэг зүйл бий. “Миний тухай буруу, алдаатай бичлээ” гээд хэн нэг нь шүүхэд өргөдөл өгөхөд хоёр жилийн залхаан цээрлүүлэлт эхэлдэг. Энэ бүхэн сэтгүүлчийн тархи толгойд ул мөрөө үлдээнэ. Эцэст нь хэдийгээр буруугүй гэсэн хариу гарлаа ч “Ахиж ийм юманд орооцолдохгүй юм шүү” гэсэн бодолтой хоцорно. Шүүгдэх явцдаа сэтгүүлч өөрийн дарга нарт “Би буруугүй, алдаа гаргаагүй” гэдгээ тайлбарлана. Сэтгүүлч бол хүн. Хүн учраас жижиг том, алдаа гаргаж байдаг. Ингээд дахин шүүхэд дуудагдахгүйн тулд олны анхаарал татсан сэдвээс зайлсхийж, өдөр хоног өнгөрөөх маягаар ажилладаг. Үр дүн нь цензур маягийн нөлөө үзүүлдэг нь хамгийн аюултай. Сэтгүүлч хүн авлига, хээл хахуульд автагдахгүйгээр олон нийтийн төлөө болсон үйл явдлыг уншигчдад хүргэх учиртай. Хөл бөмбөг рүүгээ эргэж оръё. Шүүхэд очихгүйн тулд сэтгүүл зүйн мэргэжлийн стандартыг баримтлах учиртай. Хэвлэлийн зөвлөл энэ тохиолдолд талбайн шүүгч гэсэн үг. Чанартай сэтгүүл зүйн баримтлах зарчмыг ёс зүйн код гээд байгаа юм. Ялгаа нь шүүгч улаан карт өгч болно. Дахин тоглолтод орох эрхгүй гэсэн үг. Харин Хэвлэлийн зөвлөлд шийтгэлийн улаан карт байхгүй. Улаан карт өгнө гэдэг бол хэвлэлийн эрх чөлөөнд халдаж байгаа хэрэг. Алдаа гаргасны төлөө ажлаас хална гэдэг байж боломгүй зүйл. Харин Хэвлэлийн зөвлөлийн шийтгэл нь “Алдаа гаргалаа шүү” гэж сануулдаг. Сануулах гэдэг маань шар карт өгч байгаа хэрэг. Сануулах гэдэг шийтгэлийн бас нэг хэлбэр. Түүнчлэн Хэвлэлийн зөвлөл олны өмнө шар карт өгөх хэрэг гардаг. Онцгой хүнд тохиолдолд л шүүхэд очдог. Хөл бөмбөгчин нэгийгээ эмнэлэгт хэвттэл нь зодчихвол шүүхийн өмнө дуудагдах вий. Германд Хэвлэлийн зөвлөлд жилд ойролцоогоор 700 гомдол ирдэг. Үүний 10-20 хэрэгт л шар карт өгдөг. Бусад үед олны өмнө шар карт өгөхгүйгээр сануулах шийтгэл ногдуулдаг. Яагаад гэвэл редакцид боломж олгох учиртай.

-Ийм тохиолдолд тухайн сэтгүүлч сэтгэл хангалуун үлдэх байх. Харин эсрэг талд ногдсон шийтгэл хөнгөн санагдвал шүүхийг илүүд үзэж магадгүй?

-Гомдол нь үндэстэй гэсэн хариу сонсвол гомдол гаргагч тал ч сэтгэл хангалуун үлдэнэ. Гомдол нь үндэслэлгүй гэсэн хариу гарвал сэтгэл хангалуун бус хоцорно. Хамгийн чухал нь бүгд Хэвлэлийн зөвлөлийг шүүгчээр хүлээн зөвшөөрөх учиртай.

-Сэтгүүлч мэргэжлийн алдаа гаргасан бол Хэвлэлийн зөвлөлөөр шүүлгэхийг хүсэх байх. Харин гомдол гаргагч нь шүүхийг сонговол яах вэ?

-Хүн болгон шүүхэд гомдол гаргах эрхтэй. Туршлага бидэнд юу хэлж байна гэхээр Германд жилд 700 хэрэг Хэвлэлийн зөвлөлд ирдэг. Шар карт өгөх, олны өмнө нэрийг нь зарлах шийтгэл ногдуулдаг. Энэ бүгдээс 2-3 хэрэг л дахин шүүх рүү явдаг. Яагаад гэвэл Хэвлэлийн зөвлөлд хэрэг шийдүүлэх нь хэд хэдэн давуу талтай. Хэвлэлийн зөвлөлд гомдол гаргавал шүүхийг бодвол богино хугацаанд хариу өгнө. Хамгийн удлаа гэхэд гурван сарын дотор хариу гарна. Түүнчлэн Хэвлэлийн зөвлөлд гомдол гаргахад өмгөөлөгчийн хөлс, шүүхийн хураамж төлөхгүй, зардал гарахгүй. Энэ нь хоёр талд аль алинд нь ашигтай. Гэхдээ Хэвлэлийн зөвлөлийн дүгнэлтийг хэн нэгэн этгээд урвуулан ашиглахаас хамгаалсан заалт байдаг. Аль нэг редакцийг ( Хэзээ ч сэтгүүлчийг ганцааранг нь авч хэлэлцдэггүй. Редакцийг авч хэлэлцдэг) Хэвлэлийн зөвлөл алдаа гаргасан байна гэсэн дүгнэлт гаргасан тохиолдолд түүнийг нь шүүхэд аваачиж өгч “Хэвлэлийн зөвлөл алдаа гаргасан гэж үзсэн” гэж болзошгүй. Хэвлэлийн зөвлөлийн дүгнэлтийг шүүхэд баримт нотолгоо болгохгүйн тулд Хэвлэлийн зөвлөл болон шүүхэд давхар гомдол гаргасан бол Хэвлэлийн зөвлөл шийдвэр гаргадаггүй, түдгэлздэг.

-Хэвлэлийн зөвлөл хаанаас санхүүждэг вэ?

-Сэтгүүлчдийн үйлдвэрчний эвлэл, эздийн байгууллага Хэвлэлийн зөвлөлд 50:50 хувийн төлөөлөлтэй байдаг. Хэвлэлийн зөвлөлийн санхүүжилтийг сэтгүүлчдийн байгууллагын төлөөлөл болон эздийн төлөөлөл 50:50 хувиар гаргадаг. Хэвлэлийн зөвлөлийн үйл ажиллагааг тогтвортой байлгахын тулд ажлын алба хэрэгтэй. Германы хувьд төрөөс Хэвлэлийн зөвлөлд нэмэлт мөнгө өгдөг. Хэвлэлийн зөвлөлийг дэмжсэнээр шүүхээр орж байгаа хэрэг багасна. Энэ нь төрийн төсвийг хэмнэж байгаа хэрэг. Германы Хэвлэлийн зөвлөл жилд дөрвөн удаа хуралддаг. Онцгой тохиолдолд илүү олон удаа хуралдана. Ёс зүйн хорооны гишүүд бүгд хуралдаа ирж суух учиртай. Ёс зүйн хорооны гишүүд бүгд сайн дураар ажилладаг. Энэ улсууд үндсэн ажилтай, цагаа төлөвлөх шаардлагатай учраас жилд дөрвөөс илүүгүй хуралдахаар төлөвлөдөг.

-Эздийн байгууллага, сэтгүүлчдийн төлөөлөл Хэвлэлийн зөвлөлийг бүрдүүлдэг гэж та хэллээ. Гэтэл Хэвлэлийн зөвлөлийн гишүүний харьяалагддаг хэвлэл мэдээллийн байгууллагын тухай гомдол орж ирвэл яах вэ?

(Энэ үед Хэвлэлийн зөвлөлийн гишүүн, “Өдрийн сонин”-ы албаны дарга Э.Энэрэл ярианд оролцов. Хэрэв тухайн гишүүний харьяалагддаг хэвлэл мэдээллийн байгууллагатай холбоотой гомдол орж ирвэл тухайн гишүүн сонирхлын зөрчилтэй гэж үзээд асуудлыг шийдэхэд оролцуулахгүй гэж тэр тайлбарлав)

-Хэвлэлийн зөвлөлийн эхний хийх ажил тухайн редакцид захиа бичдэг. Танай редакцийн эсрэг ийм ийм гомдол ирлээ. Редакци ажлын арав хоногт багтаан энэ гомдлын талаар хариу өгнө үү гэдэг. Тогтсон хугацаанд редакци өөрийгөө өмгөөлөх бүхнээ хариундаа өгөх учиртай. Харин Ёс зүйн хуралдаан дээр гомдол гаргагч тал, редакцийн төлөөллийг байлцуулдаггүй.

-Монголын нөхцөлд редакци биш улстөрчид шүүхэд ялалт байгуулах нь олонтаа байдаг?

-Улстөрчид өөрсдийн нэр хүндэд халдсан гэж шүүхэд гомдол мэдүүлдэг. Тухайн улстөрч шүүхэд гомдол мэдүүлэх эрхээ л эдэлж байгаа хэрэг. Хэрэв сонин тухайн улстөрчөөс өөр бодолтой байгаа бол сонин дээрээ түүнийгээ л бичээд байх хэрэгтэй. Харин тухайн улстөрч сонин ажиллахад саад болж компьютерийг чинь хураагаад эхэлбэл шүүхэд хандах боломжтой. Энэ тохиолдолд Хэвлэлийн зөвлөлийн бас нэг үүрэг гарч ирнэ. Хэвлэлийн зөвлөл хоёр зорилготой. Нэгдүгээрт Хэвлэл мэдээллийн салбарт мэргэжлийн хэм хэмжээ зөрчигдсөн үед сануулах. Хоёрдугаар үүрэг нь хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах. Хэвлэлийн эрх зөрчигдөх болгонд Хэвлэлийн зөвлөл үгээ хэлж байх ёстой. Монголд Хэвлэлийн зөвлөл байгуулагдаад нэг жил болж байна. Хэвлэлийн зөвлөл дүрмийн дагуу цэвэр, зөв шийдвэр гаргаж байвал шүүгчид тэдний шийдвэрийг чихнийхээ хажуугаар өнгөрөөхгүй. Олон нийт ч анхаарах болно. Хэвлэлийн зөвлөл тухайн редакцийг ёс зүйн алдаа гаргасан гэж тогтоох нь редакцийн эсрэг ажиллаж байгаа хэрэг биш. Улстөрч энэ тохиолдолд шүүхэд хандлаа гэж бодъё. Тэгвэл энэ асуудлыг олны өмнө гаргаж болно. Энэ улс төрч энэ үйлдлээрээ юу харуулж байна вэ. Редакци тэртэй тэргүй алдаагаа хүлээн зөвшөөрч, залруулга гаргачихаад байхад шүүх рүү явж байгаа нь хэвлэлд хохирол учруулахыг хүсч байна. Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан үйлдэл боллоо гэж мэдэгдэж болно. Хэвлэлийн хамгийн гол түнш нь олон нийт. Өнөөдрийг хүртэл улстөрчид “Надад шүүхэд хандахаас өөр арга байсангүй” гэдэг. Одоо бол Хэвлэлийн зөвлөл гээд өөр арга бий боллоо.

Categories
мэдээ цаг-үе

М.Амарсанаа: Дуучид маань Буриаддаа миссийн тэмцээнд шалгарч байсан бүсгүйчүүд

“Ньюанс” хамтлагийн дуучин
М.Амарсанаатай ярилцлаа. Тэрбээр Буриадын поп дуучдын тоглолтыг зохион байгуулж
буй. Буриадын поп мюзик шоу концерт Бөхийн өргөөнд ирэх сарын 3
нд болох
юм.

-“Ньюанс”-ынхныг Буриадад
тоглолт хийхэд сайхан хүлээж авдаг гэдэг. Буриадын дуучдын тоглолтыг Монголд
хийхэд энэ нөлөөлсөн үү?

-Улаан-Үд, Эрхүү, Читад бид хэд
хэдэн тоглолт хийсэн. Гадагшаа тоглолт хийх хүнд. Гэхдээ угсаа гарал нэгтэй,
буриад монголчууд маань тусалж дэмждэг. Есдүгээр сарын сүүлээр залуус маань
“Монголд ийм тоглолт хиймээр байна. Хамтарч зохион байгуулж өгөөч ээ” гэсэн.
“Буриад поп старс” нэгдэл гэж байдаг. Эстрад поп дуучид нь нэгдэж, хамтарч уран
бүтээл хийдэг. Тэдэнтэй хамтарч дэмжиж ажиллахаар шийдсэн юм.

-Буриаддаа олны танил хүмүүс юм
шиг байна лээ?

-Манайд л нэг, хоёр дуучныг нь
мэддэг болохоос Буриад, Якут, Халимаг, Тувад нэр хүндтэй уран
бүтээлчид.Тодорхой хэмжээгээр олонд танигдсан, уран бүтээлээ хүргэсэн, Москва,
Красноярск, Новосибирск хотуудаар яваад тоглочихдог л юм билээ. Тэндээ
танигдсан. Харин манайд анх удаа Буриадын поп эстрадын дуучид тоглолтоо хийж
байгаа юм.

-Буриадууд монголчуудын
тоглолтыг халуун дулаан хүлээж авдаг юм байна, Өмнөд Монголчууд ч Монголын уран
бүтээлчдийг сонсох дуртай?

-Ер нь элгэмсүү. Сүүлийн үед
хил харилцаа нээгдээд нээлттэй болчихсон чинь эд маань хот дотроо дэлгүүр
хоршооны хаягаас авахуулаад монголоор бичдэг болсон байна лээ.

-Монголын уран бүтээлчдийг хэр
сайн мэддэг вэ, буриадууд?

-Манай гавьяат жүжигчин
П.Ганбат агснаас авахуулаад мэднэ дээ. Н.Мөнхзул маань Буриадын ардын жүжигчин
гэх эрхэм хүндтэй цолыг хүртсэн. Манай залуу дуучин Г.Ариунбаатар Улаан-Үдийн
театрын концертмейстр Дарима Линховенд шавь орж, бэлтгэл хийсний үр дүнд
П.Чайковскийн нэрэмжит дуурийн дуулаачдын олон улсын уралдаанд түрүүлсэн.

-Өөрөө буриадаар сайн ярьдаг
гэсэн байх аа?

-Ярина аа ярина. Би чинь буриад
юм чинь.

-Аав тань “Жаран хар” гэж
алдаршсан эрэгтэй найрал дуучдын нэг байсан гэдэг. Тэр олон эрчүүдийн хоолой
үнэхээр онцгой сэтгэгдэл төрүүлдэг?

– Г.Жанчив, Д.Дашням,
Ө.Баярмагнай ах бүгд л манайхаар орж гардаг, аавын найзууд. Тэдний дууг хамгийн
их сонсдог хүн би байлаа. Дорнодын хөгжимт драмын театрт өссөн. Манай аав
цэрэгт явж халагдаж ирээд, Цэргийн ансамбльд орсон анхны жаран харын нэг.
Д.Мөнхөө гэж хүн байв. Дараа нь Дорнодын театрын гоцлол дуучнаар олон жил
ажилласан даа, миний аав.

-Та хувьсгалаас өмнөхөн хил
давж орж ирсэн буриадуудын үр удам гэсэн. Оросын хувьсгалаас зугтаж орж ирсэн
гэдэг шалтгаанаар их хэлмэгдэлд өртсөн ард түмэн. Тэр гашуун түүх үр удамд нь
ул мөрөө үлдээсэн болов уу?

-Тэр үед хэцүү л байсан юм
билээ. Манай өвөө аав, ээжтэйгээ орж ирээд нутаг олдохгүй их нүүсэн юм билээ.
Дорнодын Цагаан-Овоогийнхон бол их нүүсэн гэдэг. Урагшаа Халх нөмрөгийн сав
газарт очиж нутагласан ч гэдэг. Сүхбаатарын Эрдэнэцагаан ч орж байсан. Нүүдлийн
маршрутыг нь гаргавал их хол явсан юм билээ. Хил татах үеэр хилийн наана цаана
ах дүү нар нь үлдэж. Тухайн үед өвөөгийн хоёр ахыг баривчлаад явсан, нэг нь
эргэж ирээгүй гэдэг. Бид юугаа мэдэх вэ. Хэлмэгдүүлэлт, баривчилгаа гэж ч
мэдэхгүй юм чинь. Ямар ч байсан “Миний хүү, чимээгүй байгаарай” л гэдэг байсан.
Манайхан дотор болдоггүй улсууд байж л дээ. Өвөө маань “Ийм хүмүүсийн нэрийг
дурдаж болохгүй” гэдэг. Одоо л угийн бичиг, хуучны юм сөхөөд харахаар манайхан
дотор цэрэг арми, Нармай монгол, Манж Го гэж байхад манай холын төрлийнхөн тэр
дунд бужигнаж л явсан байдаг. Манайхан их дууч хуурч, барилддаг, нааддаг, их
карталдаг (хөзөр тоглодог) барьдаг улсууд байсан гэдэг. Өвөө, эмээ дээрээ
өссөн. Өвөө маань тухайн үедээ цэргийн агт морьдыг хардаг. Бичиг үсэгтэй,
багшилдаг, нярав хийж байжээ.

-Аавын тань дуулдаг хуурддаг
авьяас өөрт чинь өвлөжээ?

-Дорнодын театрын хууччуул бол
Д.Мөнхөөгийн хүүхэд гээд намайг андахгүй дээ. Ямар л тоглолт болно бүгдийг нь
үздэг байлаа. Аав сайхан хоолойтой. Ардын жүжигчин А.Дашпэлжээ гуай хэлж байсан
юм. Орон нутгаас ирсэн дуулаачдын конкурс болдог байлаа. Тэрэн дээр Дорнодоос
нэг дуучин ирлээ гэхээр гайхдаг байсан. Д.Мөнхөөгийн хүү байсан юм байна.
Айхавтар баритон байв. Бас л сандаргадаг баритон байсан даа гэж ярьдаг. Дуучны
хувьд муу байгаагүй юм байна гэж дотроо боддог.

-Дуучин болно гэхээр аав тань
яаж хүлээж авав?

-Ерөөсөө дуучин болгох гэж
зүтгэсэн. 1982 онд Монголын анхны хүүхдийн язгуур урлагийн чуулга
байгуулагдсан. Хуучин “Тэмүүжин” театрыг үүсгэн байгуулалцсан Батсүх гэж багш
бий. Энэ багш санаачилж Солонго чуулга бий болсон. Дөч гаруй хүүхэдтэй
Улаанбаатарт ирж, МҮЭСТО-нд анхны уран бүтээлийн тоглолт хийж байлаа. Тэгэхэд
нэг сар “Найрамдал” зусланд амраагаад, тоглолт хийж, Сайд нарын зөвлөл,
Цэдэнбал Филотава тоглолтыг маань үзсэн. Талийгч Амбий надтай хамт чуулгад
байв. Аав маань урлагийн хүн болгох гэж их зүтгэсэн юм билээ. Гуравдугаар
ангидаа анх МҮЭСТО-ы том тайзан дээр гарсан.

-Анх буриад дуу дуулсан гэдэг
бил үү?

-Тийм. Телевизийн алтан санд
хадгалаатай байдаг. “Ёохор”, “Аав ээжийн ач” гэдэг хоёр дуу дуулсан.

-Баруун Монголын дуугаар
дагнадаг дуучид бий. Сонсоход сайхан л байдаг. Өөрөө буриад дууны цомог гаргах
бодол байдаг уу?

-Загасчны морь усгүй гэж.
“Ньюанс” хамтлагтаа санаа тавиад, хувийн уран бүтээл, сонирхол давамгайлахгүй л
дээ.

-Буриадад тоглохдоо бол хэдэн
буриад дуу дуулчихна биз?

– Дуулахын хувьд буриад ардын
дуу удаан хугацаагаар дуулаагүй болохоор хэцүү л юм билээ. Сая тоглохдоо ямар ч
байсан хэдэн дуу дуулсан. Хүмүүс сайхан л хүлээж авч байна лээ. Алсдаа дан
буриад ардын дуугаар уран бүтээлийн тоглолт хийж болох юм.

-Монгол үндэстэн дотроо
буриадууд бас элгэмсүү улсууд юм болов уу. Буриад дуучдын тоглолтыг Сэнгийн
Эрдэнэ сан ивээн тэтгэж байгаа юм байна?

-Тийм ээ, энэ тоглолтод Сэнгийн
Эрдэнэ сан дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа. Түүнчлэн Буриадын Соёлын сайд Тимур
Цыбеков дэмжлэг үзүүлж байгаа.

-Буриадууд хэр олуулаа вэ?

-Ер нь цөөхөн. Оросын Буриадууд
бол 500 мянга орчим л байгаа болов уу. Монголд байгаа нь 40-50 мянга байна уу,
үгүй юу. Яахав дээ, хуучин цагт анкет бүртгэлд заримдаа буриад, заримдаа халх
гээд явчихдаг байж.

-Харин өөрийн чинь ургийн овог
юу гэж байдаг вэ?

-Улаалзай хүбдүүд овогтой.
Улаалзай омгийн хүүхдүүд гэсэн үг. Домгоор бол Баргабаатар гурван хатантай
байсан. Их хатнаас нь Алунгоо эх төржээ. Чингис хааны нагац нар гэдэг. Үлдсэн
хоёр хатнаас зургаан хүүхэд төрсөн. Тэр хүүхдүүддээ бултад нь нэр өгсөн. Тэр
нэрс дунд Улаалзай гэж байдаг.

-Сонин юм байна. Энэ тоглолтод
ямар уран бүтээл дуулагдах вэ?

-Оросын буриадууд их эмоцитой
улсууд. Бүх дуунууд нь доргио. Ардын дуунуудаа поп чиглэлээр хийчихсэн.
Түүнчлэн их уянгалаг зөөлөн дуунууд ч бий. Манайхан “Тоонот нутаг” гээд дуулах
дуртай шүү дээ. Их аялгуулаг зөөлөн дуунуудтай учраас хүмүүст сайхан сэтгэгдэл
төрүүлэх байх. Дээр нь бас тоглолтын нэг сюрприз нь азтай хосыг “Байкал ривера”
жуулчны баазад амрах эрхийн бичгээр шагнах юм.

-Түрүүн аавын чинь тухай
асуусан. “Ньюанс”-ынхан бас ээжүүддээ зориулж тоглолт хийж байсан. Ээжийнхээ
тухай яриач?

– Манай ээж багш. Олон жил
Дорнодын нэгдүгээр бага сургуульд багшилсан. Сүүлд тавдугаар сургуульд багшилж
байлаа. Пионерийн удирдагч, хүүхдүүд айдаг. Одоо хүртэл “Танай ээж айхавтар хүн
байсан” гэдэг. Их зарчимч хүн шүү дээ. Одоо ч би ээжээсээ айдаг (инээв)

-Ач нараа хатуу гараар
хүмүүжүүлэх үү?

-Ач нартаа арай өөр өө. Мэдээж
сурагчид шигээ хандахгүй л дээ. (инээв)

-М.Амарсанаа өнөр гэр бүлтэй
юу?

-Гурван хүүхэдтэй. Хүү, хоёр
охинтой. Эхнэр маань бизнес эрхэлдэг. Сайхан л амьдарч байна.

-Хүүхдүүд чинь бас удам дамжсан
авьяастай юу?

-Тэр талаар хэлж мэдэхгүй. Би
санаа тавихгүй байгаа юм уу. Манай хүүхдүүд нэг их айхавтар дуулъя, хуурдъя
гэдэггүй л юм. Гэхдээ урлагийн үзлэг боллоо гээд гүйж харайж л явдаг. Ямар ч
байсан бага охиноо “Цөмөөхэй”-д бүртгүүлнэ гэхээр нь “Ор, ор” гэсэн. Өнгөрсөн
жил бас олны хэсэгт орсон. Урлаг, гоо зүйн хүмүүжил олгодог. Тэр тусмаа балет
биеэ зөв авч явах, бусадтай зөв харилцахад зүгшрүүлж өгнө. Балет зөв алхах
гишгэхийг зааж өгдөг болохоор олны дунд явж л байг гэж боддог.

-“Ньюанс”-ын залуусыг анх гарч
ирж байсныг санаж байна. Бид фэнүүдээ сонгодог урлаг руу чирнэ гэж байсан. 15
жилийн дараа эргээд харахад юу бодогдох юм бэ?

-Бид нар чинь бараг учраа ч
олохгүй хэдэн залуу байлаа. Залуу хүний дэврүүн сэтгэлээр өөрсдөдөө их итгэлтэй
байжээ. Таван жилийн дараа анхны тоглолтоо хийж байсан. Бэрхшээлтэй зүйл байсан
ч даван туулсан. Гоё хараад зөв л явах ёстой юм билээ. “Даруухан явцгаа, бусад
нь болно” гэж нэг хүн хэлсэн байдаг. Даруу байсны буруу ч гэж алга. Бид найман
тоглолт хийж, дөрвөн цомог гаргасан байна. Монгол гэж дуудуулаад гадаадын
тайзан дээр гарах сайхан л юм билээ.

-“Ньюанс”-ынхан студи
байгуулжээ. Эндээ юу хийдэг вэ?

– Бүх юмыг нь өөрсдөө хийсэн
дээ. Барилгын хэдэн найз нар, ах нар тусалсан. “Гангар инвест”-ийнхэн маань
тусалсан. Энд уран бүтээл явж байна. Ихэнхдээ л өөрсдийнхөө дуу хоолойг бичдэг
юм даа. Бэлтгэл сургуулилтаа хийнэ. Найз нөхөд ирээд бичлэгт орно гэвэл
тусалдаг. Манай урлагийнхнаас ирээд бэлтгэл хийнэ. Бие биедээ туслах л ёстой юм
чинь.

-Шинэ уран бүтээл хийж байгаа
юу?

-Эрэл хайгуул хийж л байна.
Уран бүтээл хийхэд санхүүгийн бэрхшээл бий. Энэ жил өөрсдийгөө санхүүжүүлээд
хоёр клип хийчихлээ. Том Жагаагийн хөгжим “Дэлхийд ганцхан Монгол” гээд сайхан
уран бүтээл хийсэн. Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Наранбаатарын
хөгжим “Сэлэнгийн намар” гээд дуундаа клип хийлээ. Дандаа хол явж зураг авсан.
Натурт гарна гэхээр сэтгэл хөдөлж, догдлоод энэ намар юу болов. Д.Дүйнхэржав
маань арванхоёрдугаар сарын 5-нд дуучин Ө.Уянгатай “Сонгодог үдэш” гээд тоглолт
хийх гэж байна. Зүгээр суухгүй, ажил явуулаад байх санаатай.

-Буриадын тоглолтод ирэх
дуучдын тухай сонирхуулаач?

-Одоо ирэх дуучдаас Мэдэгма
Доржиеваг манай залуус мэдэх байх аа. “Хамаг Монгол” төслөөр нь Чингис
Раднаевыг таних болов уу. Л.Балхжавын тоглолтод ч оролцож байсан. Ирж байгаа
дуучин бүсгүйчүүд маань Буриаддаа дандаа миссийн тэмцээнд орж шалгарч байсан
бүсгүйчүүд юм. Сайн дуучид, тоглолт жүжиглэлт сайтай уран бүтээлчид. Тоглолтод
“Хатагур зүү” хамтлаг, модерн бүжгийн “Капучино”, “Угол зрения” хамтлаг зэрэг
алдартай олон уран бүтээлч оролцоно. Дулма Сунраповаг “Мухар гудамж” киноны гол
дүрд тоглосон учраас манай үзэгчид мэдэж байгаа. Елена Борохитова Москвагийн
консерватори төгссөн мэргэжлийн төгөлдөр хуурч. Улсдаа дээгүүрт ордог урлагийн
сургууль төгссөн дуучид учраас дууныхаа үг, аяыг өөрсдөө бичдэг. Мөн буриад
ардын дууг орчин үеийн хөгжмийн хэмнэлд оруулж дуулсан нь сонсогчдод таалагдана
байх аа.

-Өөрөө бас дуулдаг бүжиглэдэг,
жүжиглэдэг авьяастай байх аа?

-ТВ-5 телевизийн “Ододтой
бүжиглэе” нэвтрүүлэгт намайг орооч гэхэд нь “Хамтлагийнхнаасаа асууя” гэж
байлаа. Энэ хэд маань “Та орчих, орчих” гэсэн. Яахав, урлагт алхаж байгаа юм
чинь өөрийгөө сорьж үзэх зүгээр юм байна лээ. Арван бүжиг бүжиглэж үзсэн. Гоё
санагдсан. Хичээвэл болохгүй юм байхгүй. Кинонд тоглооч гэхээр нь бас
“Валентины захидал” кинонд Валентины дүрд тоглосон. Сүүлд харахад болсон л
санагдсан.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

“Гэртээ ганцаараа”…

Нэгдүгээр
ангийн сурагч охин маань хацраа маажуулчихаад иржээ. “Манай ангид нэг мангар хүүхэд
байдаг юм аа. Миний баллуурыг авах гэхээр нь би өгөхгүй гэсэн чинь намайг маажчихсан”
гэж охин маань ярилаа. Мангар гэдэг нь оюуны бэрхшээлтэй хүүхдийг хэлж байгааг ойлгов.
Охиныг маань сургуульд байнга хүргэж өгч, авдаг эмээ нь үглэж байна. “Ангидаа оюуны
бэрхшээлтэй хүүхэд байлгалаа гэж багшийг нь загнасан. Олон хүүхэд маажсан гэсэн.
Эцэг эхчүүд уурлаж байна лээ” гэнэ. “Ангийнхаа найзыг мангар гэж болохгүй ээ. Хөгжлийн
бэрхшээлтэй найздаа чадлаараа тусалж байгаарай. Бас чамаас юм гуйвал өгчих. Найзынх
нь толгой өвддөг учраас амархан уурлаж магадгүй. Тийм үед нь тэвчээртэй байж, уурыг
нь хүргэхгүйг хичээгээрэй” гэж охиндоо захисан юм. Хүүхдүүд ээжийнхээ хандлагыг
“хуулдаг” учраас зөв тайлбарлах гэж хэрдээ хичээв. Өөдрөг нүдээр харвал ангид хөгжлийн
бэрхшээлтэй хүүхэд байгаад баярлах учиртай. Амьдралын олон өнгийг хүүхдүүд маань
мэдрэх боломжтой болно шүү дээ. Өчигдөрхөн бурхны оронд үдсэн сэтгүүлч Л.Болормаа
агсны бэлтгэсэн “Гэртээ ганцаараа” нэвтрүүлгийг үзээд энэ талаар ахин эрэгцүүлсэн
юм. Аутизмтай хүүхдийн сурах эрхийн тухай асуудал хөндсөн тэрхүү нэвтрүүлэгтээ сэтгүүлч
“Тэд өөрсдийнхөө тухай үг холбож чаддаггүй, нийгмийн сөрөг хандлагаас эмээж, аутизмтай
олон хүүхэд гэртээ нуугдаж үлддэг” гэж ярьсан. Орцны жижүүр, сургуулийн манаач,
багшаас авахуулаад хүн бүрт хүүхдийнхээ онцлогийг тайлбарлаж, бүхний өмнө буруутай
мэт явдаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эхийн сэтгэлийг энд өгүүлсэн байна лээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан бяцхан орчин, тусгаарлагдсан орон зайг бус
энгийн хүүхдүүдтэй хамт сурч хөгжих эрхийг ээж нар хүсч байна. Халдварт өвчтэй биш
дээ. Хайртай үрийг нь тусгаарлаж орхихыг ямар ээж хүсэх билээ. Хөнгөн хэлбэрийн
бэрхшээлтэй хүүхдийг энгийн сургууль, цэцэрлэгт сургахыг уг нь хуулиар зөвшөөрдөг.
С.Оюун гишүүн энэ нэвтрүүлэгт оролцож, Японы жишээнээс иш татав. “Миний хүүхэд ямар
ч онцлогтой байсан гэртээ ойрхон сургуульд өгөх эрхтэй” байдаг гэнэ. “Өнгө гэрэлтэй
орчинд хүүхдээ үлдээх гэсэн тэмцэл” хэмээх сэтгүүлчийн үг яг л гэрээслэл мэт сонсогдов.
Халамж, анхаарал шаардлагатай бяцхан охиноо үлдээгээд одсон эхийн сэтгэл зүрх шимшрүүлнэ.
Илүү өнгө гэрэлтэй нийгмийн төлөө ээж бүхэн хувь нэмрээ оруулаасай.

Categories
мэдээ нийгэм

Антибиотикийн замбараагүй хэрэглээ эрүүл мэндэд төдийгүй эдийн засагт хортой нөлөөлж байна

Антибиотикийг замбараагүй хэрэглэсээр байвал ирээдүйд хүний амь насанд эрсдэл үүсэх талаар эмч мэргэжилтнүүд сануулав.

Эрүүл мэнд, спортын яамны Эм эмнэлгийн хэрэгслийн хэлтсийн дарга М.Уранчимэг ийнхүү ярьж байна.

-Эрүүл мэндийн сайдын 447 дугаар тушаалаар “Антибиотикийн зохистой хэрэглээ төлөвшүүлэх, эмэнд нянгийн тэсвэржилт үүсэхээс сэргийлэх стратеги” хэрэгжүүлж байна. Стратегийн гол зорилго эмч, эм зүйч, антибиотикийн зохистой хэрэглээнд хяналт тавих, антибиотикийн чанар аюулгүй байдалд хяналт тавих, антибиотикийг зөвхөн эмчийн бичсэн жороор, эмчийн хяналтад хэрэглэх, эмч, иргэд, эм зүйч нарын хамтын ажиллагааг сайжруулах юм. ДЭМБ-аас нянгийн эсрэг эмэнд тэсвэржилт үүсэхээс сэргийлэх талаар авч байгаа арга хэмжээний хүрээнд ДЭМБ-ын зөвлөх Монголд уригдан ирж, манай нийт эмнэлгийн мэргэжилтнүүд, эм зүйч нарт антибиотикийн хэрэглээний мэдлэг, хандлагыг дээшлүүлэх сургагч багш нарыг бэлтгэх сургалтыг улсын хэмжээнд зохион байгууллаа. Мөн Монгол Улсын Үндэсний лавлагаа лаборатори “Эм био бэлдмэлийн лаборатори нь ISO 17025 стандартын шаардлага хангасан олон улсын итгэмжлэл авснаар Монгол Улсад импортоор орж ирж байгаа болон үндэсний антибиотик эмийн чанар аюулгүй байдлыг олон улсын түвшинд шинжлэх боломжтой боллоо. Антибиотикийн мэдрэг чанарыг шинжилж судлахгүйгээр антибиотикийг эмчилгээнд хэрэглэсэн эмч, антибиотик эмийг жоргүйгээр олгосон эм зүйч, эмийн сангийн эрхийг түдгэлзүүлэх, цуцлах, хариуцлагын механизмыг сайжруулах, эрчимжүүлэх үүднээс “Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулна. Иргэд эмийг дур мэдэн замбараагүй хэрэглэснээс болж, антибиотикийн хэрэглээ өсч, антибиотикийн гаж нөлөө ихэсч байна. Ингэснээр нян антибиотикт тэсвэртэй болж байна. Антибиотик замбараагүй хэрэглэснээр тухайн хүнд санхүүгийн дарамттай, эмнэлгийн эдийн засаг эмчилгээнд хүндрэл үүсдэг. Иргэд вирусийн гаралтай ханиад томууны үед антибиотик хэрэглэхгүй. Зөвхөн эмчийн зааврын дагуу бүрэн гүйцэд уух хэрэгтэй. Дутуу хаяснаас болж тухайн антибиотикт тэсвэртэй болж, дараагийн эмчилгээнд хүндрэл учирна.

Эмч тухайн хүнд антибиотикийн идэвхийг тодорхойлох шинжилгээ бичиж өгнө. Мэдрэгээ шинжлүүлсний үндсэн дээр тухайн хүн ямар антибиотик уух ёстойг эмч бичиж өгнө. Антибиотикийн мэдрэг чанарыг тодорхойлуулахгүй дур мэдэн хэрэглэснээс эмийн дасал болж байна. Манай нийт төсвийн 50 хувийг эм эзэлдэг. 20 орчим хувийг антибиотик эзэлдэг гэв.

2030 он гэхэд одоогийн хэрэглэж байгаа бүх антибиотикт дасалтай нянгууд бий болно

Эрүүл мэндийн хөгжлийн төв”-ийн захирал Ч.БатЭрдэнэ:

-Эмийг буруу хэрэглэвэл хор болно. Нянгийн эсрэг эмүүд асар үнэтэй байдаг. Хамгийн сүүлийн үеийн, сайн үйлчилгээтэй эм байх тусмаа үнэтэй. Хүмүүс хамгийн сайныг нь хэрэглээд, хурдан эдгэчихье гэж боддог. Үнэн хэрэгтээ хамгийн хүчтэй эмэнд дасал үүсгэчихвэл эргээд ямар ч эмэнд эмчлэгдэхгүй байх аюултай. Эмийг зөв хэрэглэхийн тулд эмч нарт, эм зүйчдэд хандсан сургалт хийх ёстой. Иргэд, эцэг эхчүүдэд мэдээлэл өгөх ёстой. Эмийн зааврыг монгол хэлээр хэвлүүлж хүмүүст зөв ойлголт өгье. Дур мэдэн эм ууснаас болоод дараа нь ямар ч антибиотик уусан эмчлэгдэх боломжгүй болох аюул ойрхон байна. Сүүлийн үеийн судалгаагаар 2030 он гэхэд одоогийн хэрэглэж байгаа антибиотикт бүх нян тэсвэртэй болох нь гэсэн дүгнэлт хийцгээж байна. Хүн төрөлхтөн ямар эмийг сонгож нянг эсэргүүцэх талаар одоо ярьж эхэлж байна. Эцэг эхчүүд хүүхдийнхээ хамраас нус гоожингуут антибиотик хэрэглэх биш дархлааг нь сайжруулж, вирусийн эсрэг эм хэрэглэх ёстой. Хүчтэй антибиотикийг аль болох битгий хэрэглээч. Хэрэв хэрэглэвэл эмчийн заасан цагт, тохирсон тунгаар эмчлээч. Ингэхгүй бол эргээд таны эдийн засаг, эрүүл мэндэд хортой. Антибиотикт өрхийн орлогынхоо 20 хувийг зарцуулж байгаа судалгааны дүн бий. Эмийг зохистой хэрэглэснээр эрүүл мэндээ хамгаалаад зогсохгүй эдийн засгийн асар их хэмнэлт гаргах болно. Антибиотик дархлааг алга болгодог шүү гэв.

Жоргүй эм олгосон эмийн санг хаана

ЭМСЯны Эм эмнэлгийн хэрэгслийн хэлтсийн дарга М.Уранчимэгээс тодруулав.

Эмийг жоргүй олгож байна. Эмийн санч нь зөвлөгөө өгөөдЭнэ ханиаданд ийм эм уувал зүгээргээд эмээ зарчихдаг. Ийм байдлыг хэзээ цэгцлэх вэ?

-“Эм эмнэлгийн хэрэгслийн хуулийг” шинэчлэн найруулж, УИХ-д өргөн барих гэж байгаа. Жоргүй эм олгосон тохиолдолд тухайн эм зүйчийн эм барих эрхийг түдгэлзүүлэх, эмийн сангийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх механизмыг тусгаж байгаа.

Эмийн тайлбар санамжийг монгол хэлээр хөрвүүлэх нь эмийн зохистой хэрэглээнд сайн нөлөөтэй. Хэзээ эмийн тайлбар монгол болох вэ?

-“Эм эмнэлгийн хэрэгслийн хууль”тогтоомж холбогдох дүрэм журамд эмийн заавар монгол хэлээр байна гэж заасан. Энэ заалтыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа. Анх Монгол Улсад 1997 оноос эм бүртгэж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 4000 гаруй эм бүртгэгдсэн. Энэ жил 1000 орчим эмийн зааврыг монгол болгоно гэх мэтээр үе шаттайгаар ажиллаж байна.

Эмийн үнэшилэн түрийвч”-тэй болно

Антибиотикт дасал үүссэн байдлыг Монголд хэр судалсан тухай лавлахадЭмийн салбарын ил тод байдлын түншлэлтөрийн бус байгууллагын тэргүүн О.Батбаяр сүрьеэгийн эмийн жишээн дээр тайлбарлав.

-Антибиотик эмийн дасал үүсэх аюултай тулгараад байгаа салбар бол сүрьеэ. Эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тоог бодитой гаргаж чаддаг. Сүүлийн таван жилд эмэнд дасалтай сүрьеэ 150-400 болтлоо өсч байна. Эмэнд тэсвэртэй сүрьеэгээр өвдсөн хүмүүс хоёр жилийн турш маш хүчтэй химийн эмчилгээтэй төстэй 6000-10000 долларын өртөгтэй эм хэрэглэхэд хүрч байгаа. Зохисгүй хэрэглээ амь насанд эрсдэл үүсгэнэ. 2040 онд бид настай болоод өвдгөндөө хагалгаа хийлгэх гэхээр үрэвслийн эсрэг хэрэглэх антибиотик байхгүй болох эрсдэл бий гэнэ.

Эмийн үнэд хяналт тавих асуудлаар түүнээс тодрууллаа.

Арван эмнэлгийн эм худалдан авсан байдлыг судлахад нэг эмийг арван өөр үнээр авсан дүн гарсан байсан. Яг адилхан эм эмийн сангуудад өөр өөр үнэтэй байгаа талаар иргэд ч гомдоллодог. Энэ байдлыг эрүүлжүүлэхийн тулд ямар алхам хийх хэрэгтэй вэ?

-Эмийн салбарын ил тод байдлын түншлэл яагаад байгуулсан гэхээр үүнтэй холбоотой. Бусад орнууд ч бас энэ замаар явсан байдаг. Таны яриад байгаа арван эмнэлгийн эм худалдаж авсан байдлыг ил тод болгочихоор хэн нь үнэтэй эм худалдаж аваад байна. Хэн нь хямд худалдаж авч байгаа нь тодорхой болно. Хоёрдугаарт “Хямд үнийн хууль” гэж баталдаг. Гол зорилго нь эмийг хямд байлгахад бүх талын дэмжлэг үзүүлэх, хууль эрх зүйн орчныг бүрдүүлдэг. Татварын зохицуулалт хийж өгдөг. Эмийг байнга хэрэглэж, эдийн засгийн хохирол амсч байгаа бүлэг тухайлбал бөөрний гемодиализийн аппаратад ордог хүмүүс, даралт, зүрхний эм байнга хэрэглэгчдийн дуу хоолойг бид гаргаж ирнэ. Эмийн компаниудтай хамтарч ажиллана. Иргэдээ санхүүгийн дарамтаас гаргахад дэмжлэгүүд байх учиртай. Энэ чиглэлээр судалгаа хийж, хууль боловсруулах, бодлого журам гаргахаар зорьж байна гэв.