Categories
мэдээ цаг-үе

Ц.Хулан: Ядарч байна гэвэл худлаа сонсогдох, жаргаж байна гэвэл гангадахаар амьдарч байна даа

Яруу найрагч Ц.Хулантай ярилцлаа.

Та сайхан харагдаж байна шүү?

-Тэгцгээдэг юм (инээв)

Өдий насны бүсгүй хүний нүдээр харахад энэ хорвоо ертөнц өөр өнгөөр харагдаж байгаа даа гэж бодлоо?

-Бас ч гэж Монголд төдийгүй Азийн элгэн дээр хатуухан өвөл болох шиг боллоо. Зэргэлдээ Өмнөд Монгол, Орос руу ч зөндөө их цас зудтай дуулдаад, зам хаагдсан боогдсон гэсэн мэдээ сонсогдсон. Тэнгэрийн муухай арилдаг гэж монголчууд хэлдэг. Гэсэн ч зуун зуундаа арилдаггүй нэг зүйл нь хүний мөн чанар байна. Сайхан хавар болж байна. Александр Блокын нэг шүлэг байдаг. “Ай хавар аа, Ааглуухан ирдэг хавар аа, Амьдрал чамайг би гараа алдлан хүлээж авъя” гэж 16-хан насандаа шүлэглэж байсан юм. Энэ мөрүүдийг Оросын хувьсгалыг угтсан зөнч дуун байсан гэж ярьдаг ч ерөөс хүний сэтгэлийг хавар гэдэг маш их шинэтгэдэг улирал. Энэ жилийн хавар бас их сайхан болж байна. Цагаан сарын дараахан хар аяндаа л хүний сэтгэл уяраад, уужраад ирсэн шүү дээ. Монголчууд маш их сэтгэлийн хаттай ард түмэн юм. Зуданд алдсан малаасаа илүүтэй ирэх зуныхаа тухай яриад, шинэ торго дурдан дээлээ хийж өмсөөд, ямар морио уралдуулах уу, хүүхдээ ямар сургуульд явуулах уу, юуг шинээр хийж бүтээх вэ гэдгээ ярьдаг, боддог.

Энэ сайхан хаврын тухай та шүлэглэсэн үү?

-Сайхан хаврын тухай шүлэглэж амжаагүй ээ. Гэхдээ өдөр болгон хүн аялгуу хөгөөр амьдардаг. Манай Дан.Нямаа ахын сайхан шүлгийн мөр байдаг юм. Өглөөгүүр нэгэн сайхан үг сонслоо, өдөржин тэгээд дотроосоо гэрэлтлээ гэж. Сүүлийн үед би зурагт үзэхгүй, үзвэл дандаа сайныг нь түүж үзнэ. Сонин хэвлэл уншвал дандаа сайхан зүйлийн талаар бичсэнийг нь түүж уншдаг болоод байгаа. Миний хийж байгаа ажил Хүүхэлдэйн театр, хүүхдийн ертөнц учраас энэ гэгээн сайхан орчинд хүн өөрөө өөрийгөө цаг үе, нийгмээс булааж аваад, өөртөө үүсгэсэн орон зай дотроо жаргалтай л байх шиг надад санагдаж байна шүү дээ.

Сүүлийн үед шүлгээ уншиж байхыг чинь хараагүй санагдаад байна. Ц.Хулан гэдэг бүсгүйг юу ирлэж, юунд илүү санаа чилээж суудаг бол?

-Хүн өөрийгөө тусгай орчинд тусгаарлаад би л жаргалтай байя. Бусад нь яах нь хамаагүй гэдэг маш бэртэгчин бодол. Амьдрал хатуу хэцүү байлаа ч ирж байгаа хавраар, мандаж байгаа нараар өөртөө аялгуу хөг бий болгож амьдрахгүй бол энэ амьдралаас сэтгэл ханах, таашаал авах юм юу ч байхгүй болж хоцорно. Хүмүүст энэ тухай сануулж бай, энэ дохио сэрэмжийг өгч бай гэж яруу найрагчид сайхан дуу шүлэг зохиодог байх. Миний хувьд театрын хэдэн гол уран бүтээл, шүлэг ном зохиол, найз нөхдийн хүрээ энэ зүйлүүдээс сэтгэл ханамж авч байдаг.

Та хулан шиг эрх чөлөөтэй явсан байх. ГэхдээНандин учрал”, зуун жилдээ ганцхан ханьтайгаа учирснаас хойш гэр бүлийн амьдралд баригдсан хүлэгдсэн болов уу?

-Хүний амьдралд янз бүрийн юм тохиолдох юм. Нөхөр ноднин жил хорт хавдраар өвдөөд, гурван улсын бараг арваад эмнэлгээр нөхрөө сахиад явсан. Яаж ийгээд хөл дээр нь босголоо. Одоо нөхөр маань ажлаа хийж байна. Төмөр замын орлогч дарга шүү дээ. 6000 хүн хариуцдаг байсан бол 8000 хүн хариуцаж байна. Олон гэдэг оломгүй далай. Ц.Хулан ядарч байна гэвэл худлаа сонсогдох, жаргаж байна гэвэл гангадахаар үед амьдарч байна л даа. Би олны танил, хүмүүс надад хайртайг мэдэрдэг. Хүмүүс гараа сунгаж байгаа энэ үед жирийн иргэд маань яадаг бол гэж бодогдож байсан. Ийм өвчнөөр шаналж байгаа хүмүүст сэтгэлийн дэм, эдийн засгийн тусламж үзүүлэх юмсан гэж бодогдсон. Урт хугацаанд буруу оношлогдоод явж байснаа, баяртай мэдээ дуулсныхаа дараа ийм асуудалтай хүмүүст туслахыг хүссэн л дээ. Гавьяат цол авсан учраас найр хийх ёстой байтал нөхөр маань өвдөж байсан учраас найраа хийж чадаагүй. Магадгүй тэр хэмжээнд зарлагадах мөнгийг ийм асуудалтай гэр бүлд өгсөн. Нэг үдэш би хүмүүс цуглуулаад магтаал сонсоод, бэлэг цуглуулахаас илүү хүнд тус болох алхмыг нөхөр бид хоёр ярилцаж байгаад хийсэндээ сэтгэлд хангалуун үлдсэн юм. Гаднаас нь харвал энэ нэг цахилсан хүүхэн юу хийж чаддаг юм гэх байх. Одоо би өөрийгөө тоогоод хэлэхэд миний хоол цай хэнд ч гологдохгүй. Хоол цай хийхэд сэтгэлийн орц найрлага хамгийн их хэрэгтэй байдаг. Миний нөхөр гадуур хоол иддэггүй. Энэ хооронд бас нус нулимсаа үзүүлэхгүйгээр Монголын олон хүнд гамшиг болсон өвчний ард гарах гэж хичээсэн. Энэ миний хувийн амьдрал учраас нийтэд түгээж зарлаад байсангүй. Өөрсдийнхөө нурууг хотойлгож даваад гарсан. Ойр дотнын хүмүүс маань ойрхон байсан. Яг үхэл амьдралын зааг дээр хүн танигддаг. Надад өөрийгөө, зэргэлдээх хүмүүсээ таних том боломж өгсөн. Ийм үед яг юу үнэ цэнтэй юм бэ гэхээр амьдрал өөрөө үнэ цэнтэй. Өдөр тутмын нар үнэтэй, амьд явна гэдэг хүнд тус болохын үүд, шалтгаан юм байна. Энэ агшнуудыг хайрлаж үнэлж цэгнэмээр юм байна гэж бодогдсон. Ийм юмнаас авсан ухаарал их л дээ. Энэ айхавтар хэцүү нэртэй өвчин сэтгэлийн гаралтай юм байна. Эхлээд хүний сэтгэл эмчлэгдэж байж бие эмчлэгддэг. Нийгмийн сэтгэл эрүүл байж, нийтээрээ буян хурааж байж энэ өвчинд олноороо өртөхгүй байх юм. Монголчууд биенээ арай жаахан өөрөөр хармаар юм байна. Хүнсний аюулгүй байдал гэхээсээ илүү хүн хүндээ аюулгүй байдлаар хандаж сурмаар юм байна. Монгол хүний амьдралын чанарт нөлөөлж байгаа орон сууцны зээл, банкны зээл, хүүхдийн сургууль, сургалтын чанар, эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал гээд олон юм бий. Монгол хүн аз жаргалтай байж чадах нөхцөлийг боломжийн хэрээр бүрдүүлж өгөхгүйгээр дандаа иргэнийхээ эсрэг зүйлийг хийсээр ирсэн үр дүнгүй манлайлалтай улстөрчидтэй бид олон жил зууралдлаа. Энэ бол нам эвслийн тогтолцоондоо бус хувь хүнд нь байгаа юм. Хувь хүний дотоод хөгжил гэгээрэл боловсролтой холбоотой. Ингээд яривал их юм байна л даа.

Хавар ч болж байна, сонгуулийн жил ч болж байна. Олон хүн өөрийгөө голохгүй нэр дэвшүүлж байна. Тан шиг хүмүүс юу бодож суугаа бол. Ааг амтагдаад үүнийг хийчих юмсан, өөрчилчих юмсан гэсэн энэ их бодол ухаарал хүслээ яаж бодит ажил болгох вэ?

-Яг үнэндээ би нэр дэвшихгүй гэж худлаа ярихгүй. Нэр дэвшинэ гэж амлаж чадахгүй. Хэрэв нэрээ дэвшүүлэх дээрээ тулбал аль нэг нам бараадахгүй, бие дааж нэр дэвшинэ. Гэхдээ эцсийн шийд гараагүй. Надад олон хүлээлт байна. Эхлээд ханийнхаа биеийн байдлыг харна.

Нандин учрал минь зуун жилдээ ганцхан хань минь гэсэн мөрүүдийг бичихэд хүргэсэн хүн сайн эр байж таарна?

-Тийм, миний хань сайн хүн, сайхан хүн. Бас их хаттайгаар энэ өвчний ард гарч яваа. Эрэгтэй хүн өөрийгөө боддоггүй, хайрлаж сураагүй. Байнга л хойноос нь утасдаад диспетчер тогооч шиг хоолыг нь хийгээд, “Хэдэн цагт ирэх гэж байна, одоо яаж байна, одоо цонхоо онгойлгоод гурав амьсгал” гэдэг. Нарийн бичгийн дарга руу нь яриад “Одоо манай хүн тийм юм идэж, ууж байна уу ч гэдэг. Би ийм байхаасаа ч тээршааж цааргалдаггүй.

Хүүхэлдэйн театрыг та тэргүүлж байна. Хүүхдүүдэд юу үзүүлж харуулах вэ гэдэг маргаашийн Монголын нийгмийн сэтгэл зүйг бэлтгэж байгаа гэсэн үг?

-Нэгэнт эвдэрсэн, өөрсдийгөө хэн бэ гэдгийг мэдэхээ байсан хүмүүстэй ажиллаж байснаас Монголын ирээдүйг энэ цэвэр тунгалаг цаасан дээр бичих нь зүйтэй гэж санасан л даа. Энд ирээд зургаан жил боллоо. Энэ салбар хөл дээрээ бослоо. Сүүлийн хэдэн жүжгийг маань яам худалдаж авсан. Мял богдын намтар, дэлхийн хэдэн сонгодог жүжгүүд байна. Энэ тайзан дээр ийм жүжгүүд тоглогддогт хүмүүс баяртай байгаа. Нийгмийн ёс суртахуун хүүхэд ахуй наснаасаа эхэлдэг. Долгион барьдаг улсууд хамтарч ажиллах аятайхан байдаг. Манай яам надтай долгион барьдаггүй байсан бол би ажлаас халагдсан юм уу, нэг бол шүүмжлээд сууж байх ёстой л доо. Ажлыг дэмжинэ гэдэг сайн. Дэмжлээ гэхэд улсын төсвөөс хэтэрсэн зүйл надад олгодоггүй. Олгосон санхүүжилтээр нь жинхэнэ бүтээл хийж үзэгчдэдээ хүргэдэг. Хэдийгээр гурвын гурван байгууллага нэг байшинд байрладаг ч гэсэн манайх үүргээ нэр төртэй биелүүлж байгаа.

Ц.Хулан найрагч роман бичиж байгаа болов уу, зохиол руу шилжихээр төлөвлөж байгаа юу гээд хүмүүс сонирхох байх л даа. Энэ талаар танд мөрөөдөл бий юу?

-Би мөрөөдлөөрөө биш бодит байдлаараа амьдардаг хүн. Ирээдүйн тухай зөгнөөд л яваандаа тийм болно гэдэггүй. Хүүхнүүдийн нэг мөрөөдөл байдаг. Март ойртож байгааг хэлэх үү, 40 размераасаа 36 болчих юмсан гэцгээдэг. Яг үүний төлөө би өөрийгөө хэзээ ч зовоож байгаагүй. Ирээдүйд түүхэн роман бичнэ гэсэн том мөрөөдлөөр амьдардаггүй. Агшин агшнаар, өдөр өдрөөр амьдрахын аз жаргалыг мэдрээд үзээрэй. Өнөөдрөөрөө амьдарсан хүн аз жаргалтай байдаг. Хамгийн гол нь хүнд атаархах шунах сэдэл үүсдэггүй.

Та яаж өөрчлөгдөхгүй, үрчлээтэхгүй толигор хэвээрээ үлдээд байна вэ?

-Зүрхэнд үрчлээ суухгүй бол зүсэнд үрчлээ суухгүй гэдэг дээ. Тэр нь юу юм гэхээр зүрх сэтгэл чинь хүүхдээрээ л байг. Хайрлавал хайрласан шиг хайрла. Би бол хүнийг далд муу хэлэхээсээ илүү нүүрэн дээр нь хэлээд санаа амардаг зантай. Хэзээ ч юмыг бугшуулж, дарж хорт явуулга, далдуур ажиллагаа хийдэггүй. Тийм учраас надад үрчлээ байхгүй нь сайн л биз. Гэхдээ хүн намайг үгсэж араар тавихыг мэдэрнэ. “Өө, яадаг юм, энэ миний л үйлийн үр, энэ хорвоогийн жамаар яваандаа та нар намайг ойлгож л таараа ш дээ” гээд л ирээдүй цагт хаячихдаг. Тийм учраас стрессгүй амьдарч чаддаг. Миний нэг хуурай дүү надад хандаад “Хулан эгч ээ, би таныг ёстой их хүндэлж биширдэг. Та бол жинхэнэ эр хүн” гэсэн нь интернэтээр их явсан гэсэн. “Гэнэн хүн гэгээрэлд ойрхон” гэгчээр цагаа тулахаар би үнэхээр гэнэн хүн. Гэхдээ ажил төрлийн хувьд бол гэнэн царайлж алдаа гаргахгүй л дээ.

Хүүхэдтэй холбоотой асуудал дээр ялангуяа ээж нар бараг алдаа гаргахгүй дээ?

-Зарим ээж хүүхдээ өөрийнхөө хүрч чадаагүй бүхэнд хүргэх гээд шахаад байдаг. Би бол заримдаа “Миний хүү хичээлээ пялчих” гэдэг. Энэ цаг хугацаанаас хүүхдүүдийг авч үлдмээр байна. Өдрийн хичнээн цаг сургууль дээр байдаг билээ. Ирээд даалгавар гээд нухаад сууна. Зарим хүүхэд бүр нүд нь анивчаад, хөдөлгөөний дутагдалд орчихдог. Хүүхдийн сургалт боловсрол дээр бид их алдаж байна. Зөвхөн тоо заах биш сэтгэлийн боловсрол олгодог, хүнийг хайрлах нинжин сэтгэлд сургахыг ор тас мартсан байна. Энэ бол дорно дахины уламжлалаас харш. Би лав хүүхдээ энэ бүхнээс хамгаалдаг.

Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдрахсан гэх мэт таны мөрүүдийг мэргэдийн үг шиг л, маань мэгзэм шиг л хүн бүр шахуу мэддэг. Таны шүлгийн мөрүүдээс хүмүүс иш татдаг байх ямар вэ?

-Мэдээж сайхан байлгүй яахав. Энэ бол зөвхөн үг биш үйл хэрэг болоод хэрэгжээсэй гэж боддог. Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдрахсан гэдгийн тайлбарыг би дараа бичнэ л дээ. Япончууд энэ шүлгийг маань ямар нарийн ойлгосон гэж санана. Тайлбарыг нь Шинтаро Таникава гуай их сайхан хийсэн. Зүлгэн дээр гэдэг бол байгаль экологийн бүрэн бүтэн байдал, гэрээ бариад гэдэг бол улс үндэстэн бүрийн өөрсдийнх нь амьдрах ахуйн хэв маяг. Зарим нь Кремлиэ барина, зарим нь Букинхемиэ барина, монголчууд бол гэрээ барих жишээтэй. Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг гэдэг бол улс төр, эдийн засаг, шашны дарамтгүй байх, амьдрахсан гэдэг бол хүн төрөлхтний идэвхтэй зарчим. Энэ бол XX зууны бүх хүн төрөлхтний хүслэн гэж үзээд, XX зууны шилдэг зуун найрагчийн нэгэнд намайг багтаасан байна лээ. Сонирхолтой нь зуугаад найрагчаас бараг тэн хагас нь амиа хорлож өрөвдмөөр нас барсан байдаг. Эдгээр зохиолчдын мэргэн цэцэн үгтэй зэрэгцээд миний үг тууж явна лээ.

Ийм мундаг философи дөнгөж хорьтой залуу бүсгүйн толгойд яаж буусан байна аа?

-1990 оны “Болор цом” дээр Б.Лхагвасүрэн гуай шүүгчээр сууж, энэ шүлгийг хоёрын даваанаас хасч байсан юм. Тэр жил Б.Ичинхорлоо түрүүлж байлаа. Гэтэл энэ шүлэг 20 жилийн дараа эргэж ирсэн. Би шүүмжлэгч С.Энхбаярт үнэхээр баярладаг. Хорин жилийн өмнө О.Дашбалбар, С.Энхбаяр хоёр л энэ үгийг олж харсан юм шүү. Тэр үед нийгэм их өөрчлөгдөж байлаа. Нэг хөлөөрөө хуучин нийгэмд, нөгөө хөлөөрөө шинэ нийгэмд монголчуудын сэтгэлгээний шилжилтийн үе байсан. Монголын эв нэгдэл гангар шаазан хагарч байгаа юм шиг цууралт явж байсан. Үүнээс хойш хичнээн олон сэтгэл хирдхийлгэсэн муу муухай зүйл гарав, үүнээс хойш хүмүүсийг баярлуулсан хичнээн сайхан зүйлс болов. Монгол хүн өөрийнхөө соёл иргэншлийн үнэт зүйлийг танин мэдрэх тэр эрмэлзэл өөрийн эрхгүй бага насанд уулга алдалт болж гарсан маань 20 жилийн дараа гүйцэж ирж, хүмүүст хүрээд, өнөөдөр хүн бүр энэ үгийг мэддэг болжээ. Аливаа үнэн, энгийн юм хэзээ ч хоцрогддоггүй, мартагддаггүй.

Гэнэнпил хатны нэг сайхан үг байдаг. “Би юу эсийг үзэж юу эсийг эдэлсэн гэх билээгэж. Таны хувьд тиймэрхүү бодол төрдөг үү. Эсвэл үзэж харах байлдан дагуулах өндөрлөг бас үлдсэн болов уу?

-Миний найз нөхөд хэлдэг юм. “Чи их тэнэг хүн юм аа. Чи хаана ч юм хийвэл чадах хүн шүү дээ” гэдэг. Би нөхрийгөө өвдөхөөс өмнө явцуу хүрээнд өөрийнхөөрөө жаргалтай явжээ. Жаахан ачаа, хариуцлага үүрэхгүй бол энэ улс орон эдийн засгийн хямралаасаа маш удаан гарч байна. Энэ олон алтны уурхай эрдэс баялгийн ордууд нээгдээд, хүмүүсийн гар дээр мөнгөн эргэлт эрчимжиж байгаа ч монгол хүн сэтгэлээр гундуу, төрдөө итгэлгүй болчихсон нь анзаарагдаж байна. Хүмүүсийн амьдрал 1990, 2000 онтой харьцуулшгүй өөр болсон. Гудамжинд архи уугаад, ажилгүй явж байгаа хүн харьцангуй цөөрсөн ч юунд энэ ард иргэд бухимдаад байгаа гэхээр шударга бус байдал, төрийн эрээ цээргүйд бухимдаж байгаа юм. Төр юунаас болж эрээ цээрээ алдсан гэхээр ард иргэдийн хяналт, оролцоо дутагдаж байна. Тэр нь юу гэхээр мань мэтийн амиа бодсон, бэртэгчин үзэлтнүүдээс болоод хүмүүст үнэн үг дутсан юм. Би хувиа бодоод суулгүй тэнд гардан тулаанд орсон бол гэж боддог. Би УИХ-ын нэг суудлыг бөглөөд юу ч хийхгүй сууж байж болно. Гэхдээ Ц.Хулангаас хэзээ ч шунал, муу юм гарахгүй. Гавьяа байгуулдаггүй юм аа гэхэд ядаж нэг суудал бөглөөд сууж байх ёстой бүхэл бүтэн нийгмийн давхарга ажил хаяснаас болоод төрийн нэр хүнд шалдаа буулаа. Ухаардаг сэхээрдэг боддог, ард иргэдийн төлөө зоригтой ажилладаг хүмүүс хувиа бодсон учраас энэ орон зайг шунал ашиг сонирхлоо улсынхаас дээгүүр тавьсан этгээдүүд дүүргэж, Монголын нийгмийг ёс суртахууны хувьд ч эдийн засгийн хувьд ч хохироогоод гундаагаад байгаа юм биш үү.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Талын шар цэцэг

“Талын шар цэцгийг чи минь бүү голоорой” гээд л дунд сургуульд байхдаа дуулцгаадаг байж билээ. Талд ургасан шар цэцгүүд багын дурсамжид үлдсэн болохоор ч тэр үү үнэ цэнтэй, эрхэмсэг санагдана. Төв аймгийн Цээл суманд Майхан уул бий. Тэр эгэлхэн уулын хормойгоор шар цэцгүүд ургасан байдаг сан. Багадаа дүү нартайгаа эмээ өвөөгийнд “хаягдана”. Хамаатан садны хүүхдүүдтэй хамт өвөөгийн урласан том тэргэн дээр 40-ийн бидон, 60-ын савтай ус тавиад, савнуудаа тэрэгнээс бэхэлж аваад түрж гарна. Худгаас цаахнатай Майхан уул дүнхийж харагддаг сан. Майхан уулын дүр зураг сэтгэлд буухад амар амгалангийн орон шиг санагддаг. Тэнд дэвхцэн гүйж, цэцэг түүж байсан бага нас маань ямар ч жаргалтай байсан юм бэ дээ. Эмээгийнхээ 37-ны жил дээр би мэндэлсэн гэдэг. Тийм болохоор багадаа айлын эмээ нар яагаад ийм хөгшин байдаг юм бол гэж гайхдаг сан. Эмээ маань хүний өөрийн баахан хүүхэд “маллана”. Гэрийн хаяанд эгнэж суугаад хооллож суунгаа хүүхдүүдийг хараад зарим хүн “Цэцэрлэг, ясли шиг” гэдэг байлаа. Тав, зургуулаа нийлж аваад, Майхан ууланд дураараа тэнэж, хорвоотой танилцана. Тэгэхэд “Хүүхдийн бөөр авдаг” гэх Лувсан өвгөнөөс бусад хүнээс айх айдасгүй амгалан үе байж дээ. “Бөөрийг чинь авна шүү” гэж айлгадаг өвгөнийг гэрт орж ирэхэд бүгдээрээ орон доогуур санд мэнд шургаад, гарахыг нь хүлээж хэвтэнгээ унтчихсан байдаг сан.

Талд ургасан шар цэцгийг түүх дуртай байж билээ. Одоо бол сайхан санагдсан цэцгүүдийг зүгээр л харж баясдаг болсоон.

Categories
мэдээ цаг-үе

Д.Солонго: Ерөнхийлөгч манай хамтлагийг сонгож аваад явсан юм шиг хүмүүс ойлгосон байна лээ

“Гурван охин” хамтлагийн ахлагч Д.Солонготой ярилцлаа.

-Гурван охин хамтлагийн хувьд өнгөрсөн он ямар жил байв, шинэ ондоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Юуны өмнө “Өдрийн сонин”-ы мянга мянган уншигчдадаа ирж буй бичин жилийн мэндийг хүргэе. Өнгөрөгч жил манай хамтлаг уран бүтээлийн хувьд урьд жилүүдтэй адил байсан гэж хэлж болно. Гадаад, дотоодын нэлээд хэдэн арга хэмжээнд тоглосон. “Хурдлах тусам” цомгоо гаргаж, мөн амьд шоу тоглолтоо зохион байгууллаа. Үүнийхээ үргэлжлэл болгож, “Хурдлах тусам” клипээ үзэгчдийн хүртээл болгосон. Манай хамтлаг ухаалаг гар утасны апп хийсэн хоёр дахь уран бүтээлч боллоо. “Three girls band” хэмээх апп-ийг маань одоо ч сонсогч, фэнүүд маань ашигладгийг харахад сайхан байдаг. Бид бас тус тусдаа уран бүтээл туурвиж, цомог гаргахаар төлөвлөөд байгаа. Үүний эхлэл болгож Х.Ану маань “A sound” хамтлагийн ахлагч Ц.Тэмүүлэнтэй “Maroon 5” хамтлагийн дууг ковер хийж дуулсан. Энэ уран бүтээл хэд хоногийн өмнө болж өнгөрсөн Валентиний тоглолтон дээр дуулагдсан. Анхны сонсогчдоос өндөр үнэлгээ авсан байгаа. Түүнчлэн Давос руу явсан. Үүний өмнө БНХАУ-ын Соёлын солилцооны хүрээнд болсон тоглолтод оролцоод ирлээ.

-“Гурван охин” хамтлаг Ерөнхийлөгчийн багт орж, Давост болсон Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр болсон Монголын үдшийг чимсэн, бут авсан гэцгээж байна. Давост та бүхэн юу үзүүлж харуулав?

-Ерөнхийлөгч манай хамтлагийг сонгож аваад л явсан юм шиг хүмүүс ойлгосон шиг байна лээ. Нарийн учрыг нь мэдэхгүй учир харснаараа дүгнээд байх шиг байгаа юм. Тоглолтыг “On’n Off” продакшн хариуцаж ажилласан. Тэд Давосын арга хэмжээний урлаг соёлын хэсгийг хоёр дахь жилдээ найруулж байгаа юм билээ.

С.Наран эгч, “A sound” хамтлаг, “Түмэн эх” чуулгын бүжигчид, морин хуурч, мөн манай хамтлаг гээд бид нийт гурван цагийн хөтөлбөртэй очсон. Уянгын дууны хэсгийг дуучин С.Наран, орчин үеийн хөгжмийн хэсгийг “Гурван охин” ч гэдэг ч юм уу, ийм байдлаар найруулагч С.Ононбат найруулсан байсан. Бид найруулга, хөтөлбөрийн дагуу л очиж дуулсан.

-Хувцасны сонголт дээр анхаарах ёстой байсан. Нүцгэн шалдан байсан гэсэн шүүмжлэл сошиалаар нэлээд түглээ. Хувцсаа сонгохдоо юу анхаарсан бэ, хэн нэгэн зөвлөсөн үү?

-Эдийн засгийн чуулга уулзалт болж, олон орны төрийн тэргүүн, улстөрчид ирсэн байхад “Гурван охин” нүцгэн шахуу гарч ирээд дууллаа гэж сошиалаар яриа гарсан байна лээ.

Одоо цагт алгаараа харж, арваараа барихгүй бол аливаа зүйлд итгэхэд бэрх болсон шүү дээ. Үүн шиг л бидний тайзнаа байгаа фото зургаар яаран буруу дүгнэлт хийж жаахан шуугиа юу даа гэж бодогдсон. Баахан албаны хувцастай хүмүүсийн өмнө гараад дуулсан зүйл бол мэдээж байхгүй. Албан ёсны арга хэмжээнүүд дуусаад, орой нь чөлөөт арга хэмжээ болох “Монголыг сурталчлах өдөрлөг” болсон. Энэ өдөрлөг дээр Монголоос очсон уран бүтээлчид өөр өөрсдийн бэлдсэн үзүүлбэрээ үзүүлсэн. Хувцаслалтын хувьд найруулагч маань ингэж хувцасла гэж хэлсэн. Мэдээж дуулж байгаа дуу, тайз, гэрэлтүүлэг, орчин нөхцөлд нь тохируулж хувцсыг сонгоно шүү дээ. Бид өөрсдийн цөөхөн уран бүтээлээс гадна гадны зочид төлөөлөгчдөд зориулж, гадаадын хамтлаг дуучдын дууг ковер хийж дуулсан.

-Юутай ч “Гурван охин” Монголын шинэ үеийн урлаг соёлын нүүр царай боллоо. Юу үзүүлэх вэ гэдэг дээрээ мэдээж их анхаарсан болов уу?

-Найруулагчтайгаа зөвлөөд, бас найруулагчийнхаа заавраар нэг цагийн хөтөлбөрийг эндээс бэлдэж очсон. Гадаадын зочид төлөөлөгчдийн өмнө дан ганц монголоороо дуулаад байх нь учир дутагдалтай шүү дээ. Монгол хэл мэддэг хүн бараг байхгүйтэй адил орчинд. Тэдэнд эх орноо, мөн орчин үеийн урлаг ямар түвшинд хүрсэн бэ гэдгээ харуулахын тулд дэлхийн нийтлэг хэлээр л дуулж байж сэтгэлийн утсыг нь хөндөнө.

-Үзэгчид монгол охидыг яаж хүлээж авсан бэ?

-Биднийг нижигнэсэн алга ташилт дор маш сайхан хүлээн авсан. Алга ташилт гэдэг уран бүтээлч хүнд их онгод хийморь өгдөг. Дуу хоорондын алга ташилт гэдэг дараа дараагийн дуунд улам хүчтэй түрлэг болдог. Харамсалтай нь аливаа фото зураг, видео шиг тэр их алга ташилтыг дамжуулж чадахгүй юм даа. Иймээс сошиалаар жаахан яриа гарсан байна лээ. Гэхдээ эмзэглээгүй.

-Тоглолтын дараа та бүхэнд ямар нэг санал ирсэн үү?

-Үгүй ээ. Бидний алинд ч ирээгүй. Бид хийх ёстой, эндээс зорьж очсон ажлаа л хийсэн.

-Тоглолтын дараа та бүхнийг урьсан гэгдээд байгаа Ерөнхийлөгч ямар сэтгэгдэлтэй үлдсэн бол?

-Монгол Улсын Ерөнхийлөгч ч тэр, Гадаад хэргийн сайд ч тэр маш өндөр сэтгэгдэлтэй байсан. Ялангуяа Л.Пүрэвсүрэн сайд уран бүтээлчдэд сайхан үг хэлсэн. Ямар ч байсан бид ажлаа хийсэн шиг хийж дээ гэж л бодогдсон.

-“Гурван охин” нэг хэсэг нэрээ солих талаар яриа хөөрөө өрнөсөн санагдаж байна. Энэ бодол чинь хэвээрээ юу?

-Хамтлагийн маань фэйсбүүк хуудас дээр нэг удаа ийм хэлэлцүүлэг маягийн юм болсон. Дийлэнх нь нэрээ солиод хэрэггүй гэж зөвлөсөн л дөө. “Spice girls” гэдэг шиг “Three girls” гэж нэрээ англиар болгож хэвшүүлж болох л юм. Ер нь сайн уран бүтээл туурвих нь чухал болохоос нэр солих чухал биш ээ.

-Хамтлагийн гишүүд бүл нэмсэн байх, хэр өнөр өтгөн болж байна?

-Гурвуулаа л байгаа шүү дээ (инээв). Г.Анхмаагийн маань охин том болж байгаа. Бусдаар бол бүл нэмсэн зүйлгүй.

-Гурван охин тайзан дээр хэр удаан үлдэх бол?

-Ардын жүжигчин Г.Хайдав гуай энэ жил 92 хүрч байгаа юм билээ. Урлаг гэдэг ийм л мөнхийн ид шидтэй. Тэгэхээр бид үхэн үхтлээ л тайзан дээрээ үлдэх болов уу.

-Хэв маягаа өөрчлөх тухай боддог уу?

-Бодолгүй яахав. Уран бүтээлч хүн ер нь байнга хэв маяг, дууны стиль жанраа өөрчилж байх хэрэгтэй гэж боддог. Өөрийгөө давтахгүйгээр л хийж чадвал уран бүтээл нь мөнхөд оршино шүү дээ. Бид үүний л төлөө явж байгаа.

-Хамтлагийн гишүүд дуулахаас өөрөөр аль нэг салбарт хүч сорьж байгаа юу?

-Одоогоор өөр салбарт хүч үзсэн зүйл алга. Аливаа хүн чаддаг зүйлээ л хийх ёстой болов уу. Бидэнд урлагийн жаахан авьяас байгаа бол урлагтаа л зориулъя гэж боддог. Гэхдээ амьдрал таашгүй шүү дээ. Ам гарахын аргагүй.

Categories
мэдээ цаг-үе

С.Баттулга:Сар шинийн өмнө “Ерөөлтэй аялгуу” цомог гаргалаа

Улсын Филармонийн гоцлол дуучин, “Voice” хамтлагийн ахлагч С.Баттулгатай ярилцлаа.

-Улсын филармони тоглолт ихтэй гэсэн. Ямар сонинтой вэ?

-Монгол Улсын филармони шинэ сар гарангуут дараалсан тоглолт хийж байна. Хайрын баярт зориулсан тоглолтод орлоо. Морин хуурын чуулгатай бэлтгэл хийж байна. Морин хуурын чуулгын уламжлалт ардын дуу хөгжмийн “Торгоны хээ” тоглолтод орж байна.

-Ардын дууны тоглолтод орж байгаа гэхээр сонирхолтой сонсогдож байна шүү. Өөрөө ардын дуу дуулж харагддаггүй?

-Уг нь би дуурийн дуулаачаар төгссөн, тавилттай хоолойтой дуучдын нэг. Гэхдээ манай урлагийн ахмад үеийнхэн, уран бүтээлчид, алдартнуудын урын санд бас ардын дуу байсан. Ардын дууг дуулах арга техник нь уртын дуучин, ардын дуучид шиг уламжлалт хэв маягаар биш сонгодог тавилттай, гэхдээ бүр ари романс шиг биш, монгол хүн учраас монголчууддаа ойр хэлбэрээр дуулдаг. Ардын жүжигчин Д.Жаргалсайхан агсны найруулгаар “Ёохор хатариш” гэдэг буриад дууг дуулна. Энэ дуу одоогоос хоёр жилийн өмнө “Миний эх орон” цуврал концертод маань дуулагдсан.

-“Миний эх орон” тоглолт жил бүр үргэлжилдэг гэхээр эх орны сэдэвтэй дуунууд урын санд тань олон байх нь ээ?

-2012 онд СТӨ-нд “Миний эх орон” гэж нэгдсэн том концерт тоглосон. Түүнээс хойш жил бүр “Миний эх орон” цуврал концерт хийж байгаа. Жил болгоны концертын хөтөлбөр шинэчлэгдэнэ, бүрэлдэхүүн нь өөрчлөгдөнө. 2012 оны тоглолтод Морин хуурын чуулга, симфони найрал хөгжмийн бүрэлдэхүүнтэй тоглож байсан бол уржнангийнх Морин хуурын чуулгатай, өнгөрсөн зургадугаар сард симфони найрал хөгжимтэй тоглосон. “Миний эх орон” гэдэг утгаараа голцуу ээж аав, нутаг ус, ард түмнээ магтан дуулсан байгаа. Урын сангаа баяжуулахад хүч хөдөлмөр шаардана л даа. Гэхдээ эх орны сэдэвтэй олон сайхан дуу байна. Миний шинэ уран бүтээлүүд ч бий. Тухайн бүрэлдэхүүнийхээ онцлогт тохируулаад дуугаа сонгодог.

-Таныг нийгмийн идэвхтэй, муугаар хэлбэл хэнхэг хүн гэдэг?

-Магадгүй. Аав маань урлагийн хүн байсан л даа. Манай ахмадууд ажлын хэнээтэй хүн гэж ярьдаг шүү дээ. Одоо бид чадах чинээгээрээ уран бүтээлээ хийгээд явж байна. Зүгээр суух эрхгүй. Аль болох цаг ашиглаад, уран бүтээлээ хийгээд зүтгэж л байхгүй бол зах зээлийн нийгэмд бизнес хийгээд явах цаг зав, авьяас ч алга. Зөвхөн филармониос гадна Морин хуурын чуулга, “Баян Монгол”-тойгоо дуулж байна. Давхар концерт хөтөлнө. Бие даасан уран бүтээл байна. “Voice” хамтлагийн гишүүний хувьд уран бүтээл хийнэ. Үүний зэрэгцээ сүүлийн жилүүдэд Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин, гавьяат Б.Ганчимэгтэй хамтарсан уран бүтээл хийж байгаа. Сар шинийн өмнө “Ерөөлтэй аялгуу“ нэртэй 18 дуутай хамтарсан цомог гаргалаа. Таны хэлдгээр хэнхэг, хэнээтэй болчихоод байна даа.

-Таныг Ерөнхий сайдад хандаад, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг зориулалтаар нь ашиглах тухай шаардлага тавьсан гэж мэдээ харсан юм байна?

Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг зориулалтаар нь ашиглах тухай би санаачлаад мэдэгдэл хүргүүлсэн юм байхгүй. Зүгээр л дуу хоолойгоо нэмэрлэж, үзэл бодлоо илэрхийлсэн. 1999 оны арваннэгдүгээр сард тухайн үеийн Сонгодог урлагийн академик театрт дуучнаар орж байлаа. Урлагт хөл тавьсан цагаасаа хойш нийгмийн сайн сайхны төлөө хүмүүнлэгийн ажилд оролцож ирсэн. Хорих байгууллага, асрамжийн төв, хогийн цэгээр явж, уран бүтээлээ өргөж байлаа. Сүүлийн жилүүдэд JCI байгууллагын олон улсын залуучуудын төрийн бус байгууллагад гишүүнээр явж байгаа.

-Хүмүүнлэгийн үйлс чинь хүмүүст нөлөөлсөн тохиолдол байсан уу?

-Олон сайхан дурсамж бий. Эмэгтэйчүүдийн засан хүмүүжүүлэх газарт найз нөхөдтэйгөө хамтраад гурав, дөрвөн ч удаа тоглолт хийсэн юм. Тэнд байгаа хүмүүсийн сэтгэл зүйд жаахан ч гэсэн эерэгээр нөлөөлөх, нийгэмшихэд нь дэм болох үүднээс ажилладаг юм. Тэнд хүмүүжиж байсан эгчтэй хуурай эгч дүү болсон. Тэр эгч засан хүмүүжүүлэхэд байхдаа эчнээгээр сурч, мэргэжил эзэмшсэн. Тэр хүн надад хэлдэг юм. “Амьдралдаа алдаж оноод, ах дүү нар, анд найзууд үргэсэн, хүнд хэцүү үед миний дүү шиг хандаж байсан” гэдэг.

-Анх яагаад хүмүүнлэгийн үйлсэд орчихсон юм бэ?

-Аав ээжээс өгсөн хүмүүжил юм уу даа. Дээрээс нь би бас Христэд итгэгч. Хүмүүс янз бүрээр хүлээж авдаг юм. Би үнэхээр ажил амьдралаараа үлгэр дуурайл болсон мундаг хүн биш, энгийн нэг итгэгч. 1994 онд Христэд итгэгч болсон. Христэд итгэгчид зөвхөн Монголд биш дэлхий даяар дэлхийн хүн төрөлхтний төлөө асар их зүйл хийж байгаа. Христэд итгэгчид хэзээ ч алан хядах үйл ажиллагаа, улс орныг сүйрүүлэх, хагалан бутаргах үйл хийж байгаагүй.

-Таныг “Нандин цэнхэр тэнгэр” гэж дуун дээр нэлээд бодож удаан ажилласан гэж сонссон юм байна. Завханы гавьяат С.Батсүх, Эрдэнэзуу хийдийн Х.Баасансүрэн лам нарын дуулснаар энэ дууг хүмүүс хүлээж авсан, шинээр хүргэхэд амаргүй болов уу?

-“Нандин цэнхэр тэнгэр” гэдэг дуу сүүлд нь “Орчлонг хайрлаарай” нэртэй болсон л доо. Зохиогч нь “Нандин цэнхэр тэнгэр” гэж шүлэглэсэн юм билээ. Анх С.Батсүх гавьяат дуулсан. Түүнээс хойш хэдэн жилийн дараа манай Баянмонгол чуулгын ахмад хөгжимчин Д.Нармандах аялгууг нь бичсэн хүний хувьд өөрөө надад өгсөн юм. Би Америкт тоглолтоор явж байхдаа анх дуулсан. Нэлээд хожуу хоёр жилийн дараа С.Батсүх гавьяатад хэлээд “Зохиогч нь надад өгсөн юм, дүү нь энэ дууг дуулна шүү” гэсэн чинь “Тэгээрэй миний дүү, өөрийнхөөрөө дуулаарай” гэсэн юм. Яагаад хоёр жил болсон гэхээр С.Батсүх ах дуулчихсан. Тэрүүгээр нь дахиад фонограмм хийгээд дуулчихаар байдаг л нэг дуу болчихно. Дууны шүлэг, аялгууг сонсоход гүн ухааны уран бүтээл. Тэгээд бодож байгаад Морин хуурын чуулгын цохивор хөгжимчин Жавзаадаа хэлээд, цөөхүүл хөгжим найруулж бичээд дуулсан. Эрдэнэзуугийн хамба бас дуулсан, сошиалаар хүмүүст их хүрсэн шиг байгаа юм.

-И.С.Бах гэсэн чинь “Ямар муухай юм ярьдаг юм бэ” гэдэг онигоо шиг танд ч бас басс гэснээс болоод хөгжилтэй явдал тохиолдож байсан гэсэн?

-Хөгжмийн урлагийн нэр томъёог энгийн хүмүүс ойлгохгүй юм гарна л даа. Оюутан байхдаа тайлан концерт тоглохдоо эгчийнхээ найзын аавыг тоглолтдоо урьсан юм. Оюутан байхдаа тэдний өрөөг түрээсэлж амьдардаг байлаа. Бараг төрсөн ах дүүгээс дутахгүй болсон л доо. Тэр ах цэргийн хүн. Тоглолт үзээд сууж байхад нь би дуулахгүй юу. Тэгсэн манай нэг багш “Энэ чинь гайгүй басс гарах нь уу, үгүй юу” гэж л дээ. Басс, баритон гэдэг чинь уг нь эрэгтэй аргил баргил хоолой гэсэн үг. Тэгсэн чинь ах нөгөө багш руу айхавтар харсан гэсэн. Хэсэг дуугүй сууснаа “Чи ер нь хүнийг баас шээсээр нь дуудаад юу вэ, чи” гэж хуурай агсам тавьсан гэнэ лээ.

-Бичин жил гарч байна. Ажил уран бүтээлийн нийтэд хүртээлтэй хэсгээс нь сонирхуулбал?

-Филармонийн хамт олонтой төлөвлөсөн маш олон уран бүтээл байна. Бүгдийнх нь ард гарна даа. Ирэх намар “Ерөөлтэй аялгуу” цомгийнхоо баярыг хийх санаатай. Зун хамтарсан кино концерт хийхээр бодсон юм бас бий. “Voice” группийн хувьд нэг хэсэг завсарласан бол уран бүтээлдээ орчихсон яваа. Хамтлагийнхаа хоёр дахь цомгийг гаргахаар ажиллаж байна. Даахгүй нохой булуу хураана гэгчээр баахан юм төлөвлөөд байгаа. Энэ жил арван жилийн сургууль төгссөний 20 жилийн ой болно. Тэрийг тохиолдуулан цомог гаргахаар ажиллаж байна.

Categories
мэдээ цаг-үе

“Өнөр бүл”-ийн Довчин буюу зураач Б.Болд: Кинонд тоглосон маань зураг төөрөг гэж боддог

“Монгол кино нэгтгэл”-ээр орж яваад “Өнөр бүл” киноны Довчинтой таардаг юм байна. Цэрмаа хэмээх залуухан эмэгтэйг эргүүлээд, амжилт ололгүй настай эмэгтэйг машиндаа дайж явах болсондоо бухимдан “Машин шатаачихав” хэмээн зандардаг эрийн дүрийг хүмүүс санаж байгаа биз ээ. Довчин бодит амьдрал дээр зураач хүн. Түүнийг “Монгол кино нэгтгэл”-ийн ерөнхий зураач Б.Болд гэдэг. Москва хотод В.И. Суриковын нэрэмжит Уран зургийн академи төгссөн зураач. Монгол кино нэгтгэл дэх түүний урланд “Анхны галт тэрэг шинэ өртөөн дээр” хэмээх уран зураг, Барон Унгерний хөрөг зургууд харагдана. Сумын наадам дээр хос мориор гангарсан хосуудын хөрөг харин Америкт суугаа хүү, бэрийнх нь гэнэ. “Адилхан болж уу” гэж зураач асуугаад фото зургийг нь үзүүллээ. “Адилхан болжээ” гэхэд маань “Хүү яах вэ, бэрийн зураг л өөрт нь таалагдвал боллоо” гэж Б.Болд гуай хэлсэн. Удахгүй хүн явахаар зургийг нь дайхаар зэхжээ.

Б.Болд “Суварган цэнхэр уулс”, “Бушхүүгийн үлгэр”, “Говийн зэрэглээ” зэрэг олон киноны ерөнхий зураачаар ажилласан. Киноны зургуудаас гадна хүний хөргийг фото гэж андуурмаар адилхан зурдаг юм билээ. Хөрөг зургуудаа баримтжуулж, гэрэл зургийн хальсанд буулгачихаж. Ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэнгийн гаанс зуусан хөрөг анхаарал татав.

-Г.Жигжидсүрэн Вася гэдэг муураа тэврээд сууж байгаа юм. Орос хэв маягтай хүн шүү дээ. “Суварган цэнхэр уулс” киноны зураг авч байх үеэс л хөргөө зуруулна гэж ярьсан юм. Ардын жүжигчин боллоо, Урлагийн гавьяат зүтгэлтэн боллоо. Сүүлдээ мань эр “Үхлээ, хөрөг зураг хаана байна” гэж ярьсан. Хөргийг нь хоёр жилийн өмнө л зурж өгөв үү дээ. Жийгээгийн цаана “Бага хонгор” гээд хайртай мориных нь зураг харагдаж байна. Өнжүүл хавийн Гүн галуутайн хүн шүү дээ. Ээжийнх нь хүрд, мөнгөн аягыг бас зурагтаа багтаасан. “Энэ хэдэн юмыг оруулаад өгөөрэй” гэж өөрөө хүссэн юм хэмээн Б.Болд гуай хуучилснаа Жийгээгийн хөгжилтэй түүхийг ярив. “Хилчидтэй уулзах үеэр “Дуулж өгөөч” гэж хүссэн юм. Мань эр солгой хоолойтой. Хөгийн юм дуулж дууслаа. “Ингэж дуулж байхаар учраа хэлээд уйлсан нь дээр” гэж би хэлсэн юм. Жийгээгээ санаад “Говийн зэрэглээ” киноны зураг авалтын үеэр Арсланд тоглосон Г.Доржсамбуу найруулагчид “Хоёр дууг нэг аяар дуулж чадах уу” гэсэн чинь “Чадалгүй яахав” гэсэн юм. Арслан “Янзаган зоотой шарга морийгоо янцгаахын бараанаар таньсан юм аа” гэж дуулж байснаа “Ийм сайхан эр хүнд эхнэр хаанаас мундах юм бэ” гээд дуусгадаг шүү дээ гэх мэтээр киноныхны хөгжилтэй түүх олныг хүүрнэсэн юм. Ингээд түүнтэй уран бүтээлийн тухай ярилцлаа.

Таны урлан дахь Барон Унгерний хөрөг үзэсгэлэнд оролцсон юм байна?

-В.И.Суриковын академи төгссөн зураачдын үзэсгэлэн гарсан юм. Тэдэн дотроо хамгийн ахмад нь би болсон байна. Үзэсгэлэнд манай академийг төгссөн олон зураач оролцлоо. Хамгийн анх Ц.Доржпалам, УГЗ Н.Чүлтэм гуай, Г.Одон гуай гээд мундаг томчууд төгссөн шүү дээ. Түүнээс хойш 30 жил гадны оюутан аваагүй. 1963 онд Монголоос оюутан авна гэсэн чинь азаар би багтсан юм. Энэ академи төгсөгчдийн хамгийн отгон нь Ө.Гандулам гээд СУИС-д график дизайны багш хийж байна. Ө.Гандулам жаахан оюутан охин шиг эмэгтэй ирж уулзсан юм. Хэд хоногийн дараа нэг оюутан хүүг дагуулаад ирсэн. “Дипломоо Богд хаант Монгол Улсаар хийгээд, Итали явах зорилготой байгаа. Та энэ хүүхдийн дипломын ажилд зөвлөгөө өгөөч гэсэн. Эскизийг нь үзээд, угсаатны зүй, зургийн зохиомжийн талаар өөрийн бодсон санаснаа хэллээ. Нөгөө хүү их гайхаж байна. “Ямар сонин юм бэ, яг манай багшийн хэлснийг та давтаж байна” гэсэн. “Хүү минь, тэгэлгүй яах вэ. Багш чинь сүүлд төгссөн оюутан, би бол гуч, дөчин жилийн өмнө төгссөн хүн. Оросын том академиуд, Бүх холбоотын кино урлагийн дээд сургууль, манай зургийн сургууль консерватур эд нар заах аргаа өөрчилдөггүй. Сургах арга нь хэвээрээ хадгалагдаж байдаг юм даа” гэсэн юм.

Ингэхэд зураач хүн яагаад кинонд урвачихав?

-Кинонд орсон маань зураг төөрөг гэж боддог. Би Суриковын академийг 1969 онд төгссөн. Тэр үед “Сургуулиа төгсөөд хаана хэрэгтэй газар ажиллана” гэж гэрээ хийж явдаг байсан. Төгсч ирээд, Завхан аймагт гурван жил зураач, эрхлэгчээр ажиллаад, хотод хоёр жил ажиллаад, кино руу орсон. Биднийг оюутан байхад Мосфильмээс үе үе баахан автобустай хүмүүс ирнэ. Чанга яригчаар “Кинонд тоглоорой оюутнууд аа, арав арван рубль өгнө” гэж зарладаг. Арван рублиэр тэр үед их юм авна. Анх удаа Мосфильм үзээд гайхсан. Бүхэл бүтэн хот шиг ямар ч их юм байдаг гээч. Хамгийн анх Лениний ээжийн тухай “Верность матери” гэдэг кинонд оролцсон юм. Их л гоё хувцас хунар өмсөх юм байх гэж бодсон чинь тосгоны тариачин хүүхдийн нэвсгэр хар хөвөнтэй куртка, том хар эсгий гутал өгч байгаа юм. Лениний ээж нас барахад ази царайтай оюутнууд, узбекууд очиж байж л дээ. Манай сургуулийн зураач Иван Сальчак гээд Тувагийн зураачдын холбооны дарга байсан. Тэр бүр тодроод, том рольд тоглосон. Цаас хайчилчихсан хиймэл цас оруулаад, паркт өдөржингөө юм болсон. Ямар ч олон удаа зураг авдаг юм. Тэгж кинонд орж байлаа. Кино сэтгэлд нэгэнт орчихсон. Хөдөө зураачаа хийж байгаад хотод ирэнгүүтээ Улаанбаатар хотын Урчуудын эвлэлийн хорооны салбарт орж ажилласан. Хуримын ордны эскиз энэ тэр хийсэн. Хот тохижуулалтын тасагт ажилласан. Кино үйлдвэрт зургийн цех байгуулагдахаар давхиад орж ирсэн л дээ. Кинонд анх орж ирэхэд Б.Сумхүү найруулагч “Анхны хайрын дууль” кинонд хувцасны зураачаар яваач гэсэн. Тэр кинонд явж ирсний дараа бидний аварга гэдэг Д.Жигжид гуай “Хүний төлөө” кинонд сайн хувцасны зураач хэрэгтэй. Тэгээд зам чинь шулуун болно гэсэн. Тэр кинонд Д.Жигжид гуай хүүтэй маань хамт нэг жижиг хэсэгт оруулсан. Д.Жигжид гуай “Кинонд нүдэнд дассан улсууд биш шинэ хүнийг оруулж ирвэл зүгээр байдаг” гэдэг. “Хүний төлөө” кинон дээр гардаг хэсэг маань жаахан эвгүй дүр л дээ.

-“Өнөр бүл”-д яаж тоглосон юм бэ?

-“Говийн зэрэглээ” киноны зохиол бичих гээд найруулагч Б.Балжинням, Доржпалам гуай бид хэд Тэрэлжид очсон. Д.Жигжид гуай “Өнөр бүл” киноны зургаа авч байсан юм. Нэг жижиг хэсэгт хоёрдугаар ролийн жүжигчин хэрэгтэй болоход өвгөн Жийгээ “Болд тогло, машин барь” гэсэн. Би үнэнээ хэллээ. “Би машин барьж чадахгүй, ажилд чинь саад болно” гэв. Д.Жигжид гуай “Та нар сургууль соёлыг нь төгсчихөөд намайг боох гэж байна уу” гэж загнаад, Доржпалам гуай шахаад хоёр ланжгар найруулагчид алуулах шахаад яах ч арга байхгүй тоглож байж салсан. Жийгээгийн заавраар явсан. Дүр багаддаггүй. Киног жижиг шигтгээ чимдэг.

Та олон кинонд зураачаар ажиллажээ?

-“Хүний төлөө кинонд ажиллаад ирсэн чинь Г.Жигжидсүрэн найруулагч “Хөөрхөн кино байна, Болдоо. Энд ерөнхий зураачаар яв” гэсэн. Тэгээд 1978 онд “Суварган цэнхэр уулс”-д ерөнхий зураачаар явсан юм. Дараа нь кино тасраагүй дээ. Зураачдаас ялгаатай нь хослол зургийн аргыг мэднэ. Манай оператор, Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн Шаравдорж, Төмөр инженертэй хамт Хослол зургийн цехийг байгуулаад хоёр жил болж байсан юм. Хослол зураг гэдэг маань одоогийнхоор бол компьютер графикийн арга. Яагаад ч авч болохгүй юмыг хослол зургийн аргаар авна. Муугаар хэлбэл заль л даа. Арван цэргийг зуу болгоё гэвэл толиор олшруулдаг. Их нарийн харвал давтамж мэдэгдэнэ л дээ. Хослол зураг хамгийн их хэрэглэсэн кино “Бушхүүгийн үлгэр”. 1980 онд кино үйлдвэрийн павильон нээгдээд анх удаа циркийн морь гуйж дотор зураг авсан. Морьтой орж ирээд, хайрцаг бариад хаанд өргөдөг хэсэг шүү дээ. “Бушхүүгийн үлгэр”-т хослол зургийн зураачаар ажилласан. Уул нурж байгаа. Шуламс гарч ирж байгаа хэсгүүдтэй.

Ингэхэд шулмын дүрийг яаж бий болгосон юм бэ. Хийсвэр санаа юм уу?

-Ард түмэн маань баялаг үлгэр домогтой, “Зээрэн хошуутай, зэс шилбэтэй, тал үс нь цагаан, тал үс нь хар” гэх мэтчилэн дүрслэл байдаг. Зохиож болохгүй. Кино гэдэг бол нэгдүгээрт найруулга, харилцан яриа, юм. Монтаж бас киноны амин сүнст багтдаг.

Та хэр олон кинонд дүрээ үлдээсэн бэ?

-Зургаа, долоон жижиг хэсэгт орж байсан.

Довчин бодит амьдрал дээр ямар хүнтэй суусан бэ?

-Гэр бүлийн тухай нэг их яримааргүй байна. Миний хань хэвлэлийн мэргэжилтэй хүн байсан. Сэргэлэн цовоо, сайхан хүн байлаа. 2013 онд өөд болсон юм. Одоо ач хүүтэйгээ амьдардаг. Манайд ганц урлагийн хүн байдаг нь би. Бусад нь эмч, багш нар. Миний ээжийн ах зураач лам байсан. Би тэнэг маанаг болохоороо ахаасаа их юм сурч чадаагүй. Сургууль төгсөөд ирэхэд ах байж байсан. Бурхан зурдаг арга ажиллагаа, монгол зургийн нарийн арга ухааныг сурах ёстой байж гэж сүүлд амаа барьсан юм. Тэр өвгөн морь малыг ч гайхалтай зурдаг байжээ. Одоо ганц зураг нь үлдсэн. Манай том ах мэс засалч Гоош гэдэг хүн. “Мэс засалч хүн заавал гарын ур, сэтгэлийн ур, нүдний ур шаарддаг” гэдэг. Том ах маань зураг зурдаг байсан. Авьяас гэдэг бурханы өгөөж. Багш нар маань нөлөөтэй улсууд байсан. Ардын зураач О.Цэвэгжав манай сургуульд багшилдаг. Тэр багш нарын нүдэнд би өртсөн юм байна л даа. Энэ хүүхэд зураач болно гэдэг юм надаас олж харсан болов уу. Зургаараа шалгалтад тэнцсэн ч тоонд нойл байлаа. О.Цэвэгжав багш Дээд боловсролын улсын хороон дээр очоод “Зураг Монголд хөгжих ирээдүйтэй. Зураачдыг бэлтгэх ёстой. Ганц нэг зураачдыг шалгалтад оруулах гэсэн юм” гэж явсныг хожим сонссон. Дээр үеийн улсууд хүүхдийн хувь заяанд тэгж их анхаардаг байсан юм. Биднийг зургадугаар ангид байхад нэг ийм юм болсон. Цогт тайж кино Чойбалсан хороон дээр гарч эхэллээ. Үзэх гэтэл мөнгө байхгүй. Тухайн үед хоёр төгрөг гэдэг их мөнгө. Гуйлаа, оруулдаггүй. Арвис гэж миний сайн найз байсан юм. Сүүлд сайн зураач болсон доо. Тэр бид хоёр сахилгагүйтээд зарлалын самбарыг нь ураад хаячихсан. Хорооны цагдаа цоохор Дашдаваа гэж хүн биднийг барьж аваад, 200 төгрөг төлүүлнэ гэсэн. Сэтгэлд багтахгүй их мөнгө байлаа. Хоёулаа айж шалчийсан. “Ах аа, бид хоёр зургийг нь зураад өгье” гэсэн. Бид хоёрыг өрөвдсөн ч юм уу “За, та хоёр даавуугаа авчраад миний өрөөнд зур” гэлээ. Хоёулаа яаж ийж байгаад даавуу олоод, Цогт тайжийн дуулгатай гоё зургийг дуурайлгаж зурлаа. Тэгсэн чинь “Хүүш, та хоёр чинь ийм сайхан зурдаг байж яахаараа ингэж сахилгагүйтэж явдаг юм” гэсэн. Цогт тайжийн зургийг бид хуучнаас нь дээрдүүлж зурсан. Тэгээд “Үүнээс хойш ийм муухай хорлон сүйтгэх ажил хийж болохгүй. Харин түүний оронд зарлал бичиж өгөөд кино үзэж бай” гэсэн юм. Их баярласан. Тэр үед кино байнга солигдохгүй. Хэдхэн кино эргэлддэг байлаа. Олон хоног хүлээж байж шинэ кино ирнэ шүү дээ.

Кинонд үлдсэн залуу цагийн төрхөө үзэх дуртай юу?

-Би залуу насаа хардаг. Хамгийн сайхан нь тэр л байна. Одоо дал гарч байгаа хүн. “Хүний төлөө” кинонд дөнгөж гуч гаруй настай байсан. Цэл залуугийн зураг байгаа биз дээ.

Та ямар уран бүтээлдээ сэтгэл хангалуун байдаг вэ?

-Миний залуу нас киногоор туучлаа. Кино амар ажил биш. Сонирхолтой нь кино болгон өөрийн зохиол, бэлтгэх өнцөг, судлах юм ихтэй. Би бол “Суварган цэнхэр уулс”-даа хайртай байдаг. “Говийн зэрэглээ”-д хайртай. Их сонин кино болсон.1980 оны нэг орой сууж байсан чинь Б.Балжинням найруулагч орж ирлээ. Жаахан халамцуу. Талийгаач бид хоёр найз л даа. Тэр бол сэргэлэн цовоо, жигтэйхэн нийцтэй. Ид сайхан үе нь. “За Болдоо, чамд захиалга өгөх гэж байна. Их таалагдана. Одоо гүйгээд нэг шил архи авчир” гэсэн. Гүйж харайж байгаад нэг юм авчраад бушуухан зохиолоо үзлээ. Их хөөрхөн юм аа. Яагаад сонин гэхээр тэр кинонд гарч байгаа хүмүүс нь цагаан цайлган, сагсуу. Тэр Арсланг хар. Цагаан сайхан амьтан. Ангийн байцаагчийг хар. Сагсуу болохоос бас ажилдаа их үнэнч, цагаахан сагсуу. Цэвээнравдан өөрөө яг тийм хүн. Ерөөсөө л том хүүхэд. Доржсамбуу ч бас тийм. Хүүхэд шиг дороо гоморхоно, тунирхана. Гомдсон бол ил цагаан хэлнэ. Нэр нь ч Арслан. Арслантай футболк өмсөөд онгирч байдаг. Төв Хорооны үзэл суртлын хэлтсийн дарга Түмэндэмбэрэл гуай энэ киног үзээд, нэрэн дээр л засвар хийсэн. “Сайн байна. Та нар хүмүүсийн сэтгэл дотор байгаа эвдрээгүй гоё төрхийг харуулсан, тэмүүлэлтэй шинэлэг бүтээл хийлээ” гэсэн. Эхлээд энэ кино “Холын зэрэглээн дунд” гэдэг нэртэй байсан юм. Сансар огторгуй бүх юм ойрхон болчихоод байхад та нар хол гэж болохгүй. Зүгээр л “Говийн зэрэглээн дунд” гээд нэр өгчих гэсэн юм.

Categories
мэдээ цаг-үе

Г.Хонгорзул: Шинэхэн дээлээ өмсөх гэхээр шинийн нэгний өглөө болж өгөхгүй уддаг байж билээ

-“Улаанбаатар”
чуулгын уртын дуучин, гавьяат жүжигчин Г.Хонгорзултай ярилцлаа.

-Цагаан
сараар уртын дуучин хүн их л дуулж хуурддаг байх даа. Цагаан сарын тухай
дурсамжаар яриагаа эхэлбэл ямар вэ?

-Цагаан
сараар янз бүрийн телевизийн сар шинийн нэвтрүүлэгт их оролцдог юм даа. Түүнээс
гадна байгууллагууд сар шинээр ахмадуудаа хүлээн авч, тоглолт зохион
байгуулахад уригдаж дуулж байна. Хөдөө өссөн бидний хувьд аав, ээжтэйгээ элэг
бүтэн байхад хамгийн гоё цагаан сар хүүхэд насанд маань өнгөрч үү дээ гэж
боддог. Эргээд бодоход хамгийн сэтгэлд үлдсэн цагаан сарууд Хэнтий аймгийн
Баянхутаг суманд тохиожээ. Хүүхэд байхад цагаан сараар бараг шинэ дээл өмсч байгаагүй.
Аав ээжийн хуучин дээлийн хуулгаар хийсэн дээл бидэндээ л шинэ байж. Түүнийгээ
өмсөхсөн гэхээр шинийн нэгний өглөө болж өгөхгүй уддаг байж билээ.

-Шинийн
нэгнээс наана цагаан сарын бэлтгэл ажилд хүүхдүүд оролцоод их л ажилтай байдаг
сан?

-Би айлын
ууган охин. Цагаан сарын боов, буузыг өөрийн гараар жинхэнэ хийнэ шүү дээ.
Бэмбий нухна. Битүүний орой бөх эхлэхэд гаднаас амттан шимттэн оруулж ирээд,
дүү нартайгаа, ээж аавтайгаа идээгээ засах гээд бужигнадаг. Хамгийн бага дүү
маань өнгөтэй өөдтэйг нь авч, хормой хотон доогуур шургаж зугтаад ямар ч их
хөгжилтэй байсан юм бэ. Сар шинийн өмнөх бэлтгэл хийдэг үе хүүхдүүдийн хувьд
өрнүүн өдрүүд, хүүхдийг ажилд сургах үе байсан юм болов уу даа. Биднийг
хөөргөөд, “Ийм байж болохгүй, тийм байж болохгүй, энийгээ хийх ёстой, тэрийгээ
тэгж хийх учиртай” гээд ээж, аав хэлдэг. Гэр орон хашаа хороогоо цэвэрлээд, бүх
л юмаа өнгөтэй өөдтэй байлгах гэж зүтгэдэг байж дээ. Манай ээж, аав
хүүхдүүдийнхээ дунд уралдаан зарлаад ажил хийлгэдэг байлаа.

-Ингэхэд
цагаан сарын хамгийн сэтгэлд үлдсэн бэлэг юу байдаг вэ?

-Миний
багад цагаан сарын бэлгэнд янз бүрийн л юм өгдөг байсан даа. Хамгийн түгээмэл
бэлэг бол 12 мөнгөний дэвтэр дээр нэг ширхэг балын харандаа өгдөг байсан.
“Тошлой” чихэр дэвтэр дээр тавиад өгдөг байв. Хамгийн сэтгэлд тод үлдсэн бэлэг
гэвэл хөдөө өвөө, эмээтэйгээ морьтой шинэлэхэд Гонгор гэдэг айлын эзэгтэй надад
дээлийн өнгө эмжээртэй өгч байсан юм. Сургуульд ороод удаагүй байсан санагдана.
Тэр хүн бол хожим миний эмэгтэй дүүгийн нөхөр болсон Г.Соронзонбат гэж залуугийн
эмээ, сайхан хөгшин байсан. Бид багаасаа айл аймаг явсан, эмээ өвөөтэй маань
найз нөхөд явсан хүмүүс. Дээлийн цэнхэр торго, эмжээртэй, чихэртэй өгч байсныг
би мартдаггүй юм. Хүүхэд гэж гололгүй том бэлэг өглөө дөө гэж бодож байсан.
Цагаан сараар хөдөө гадаа хүүхдүүдээ дагуулаад явж байгаа хүмүүсийг харахаар
тэр бэлэг санаанд ордог юм. Юм гэдэг сонин, учир уялдаатай байдаг юм болов уу.

-Хотын хүмүүсээс уртын дуу
гармааргүй санагдаад байдаг. Хөдөө нутагт, өргөн уудам тал хээр нутагт өссөн
хүмүүсээс тийм уужим дуу хоолой гардаг юм болов уу. Хөдөөгийн нүүдэлчин соёл
байхгүй болчихвол уртын дуу алга болох юм шиг бодогддог?

-Монгол хүн үүссэн цагаас уртын
дуу бий болсон байх аа. Агшиж жижиг болдог юм уу аль нэг тийшээ уусах хандлага
ажиглагдаж байгаа. Түүнээс биш алга болчихно гэж байхгүй. Монгол хүн байсан
цагт уртын дуу байж л байна. Тэр талаар санаа зовдоггүй. Харин өвлүүлэх
уламжлуулах, язгуур төрхөөр нь хадгална гэдэг хариуцлага. Уртын дуу ахуйн
шаардлагаар үүссэн сайхан бүтээл. Монгол хүний өвөрмөц, өөрийн гэсэн өнгө
төрхтэй язгуур ухаан бий. Байгаль, өвөг дээдсээ хүндлэх хайрлах ухаантай.
Бидний багад ээж, аав маань их сургадаг байсан даа. Малаа тэр дундаа адуугаа их
хайрлаж дээдэлдэг. Амьдралын учир утга, алив нэг юмыг хайрлах, оюун санааны
дээд чинадад хүртэл уртын дуу шингэсэн. Хэзээ ч мөхөхгүй. Харин жижгэрээд
агшаад, орчин цагийн янз бүрийн хэлбэрт уусгаад, хэлбэр төрхийг нь янз бүр
болгоод байгаа тал ажиглагддаг.

-Та олон газраар явсан. Манай
уртын дуутай төстэй хоолойн хүч цараа шаардсан дуутай улс орон таарсан уу?

-Ерөнхийдөө олон оронд уртын
дууны хэлбэртэй дуунууд бий л дээ. Яг манай уртын дуу шиг дуучнаасаа төгс
төгөлдөрийг шаарддаг, сонгодог хэлбэр нь Монголд л бий.

-Өөрийг чинь Зууны манлай уртын
дуучин Н.Норовбанзад гуайтай зүйрлүүлдэг юм билээ. Энэ хүнийг 70 насныхаа
ойгоор Соёлын төв өргөөнд дуулахыг сонсч байлаа. Уртын дууг хэдэн ч настайдаа
дуулж болох уу. Эсвэл тухайн хүний авьяас чадвараас шалтгаалах уу?

-Тэр мундаг хүнтэй адилтгаж
байгаад баярлалаа. Гэхдээ үүнийг хүлээж авахад амар биш ээ. Орчлон хорвоод хүн
нэг л хувь төрдөг шүү дээ. Алдартай мундаг хүмүүсийнхээ хойчийг залгамжилж,
үйлсийг нь өртөөлөн түгээх нь бидний үүрэг. Миний хувьд Н.Норовбанзад гуай шиг
алдартай мундаг дуучин биш. Уртын дуунд суралцаж л яваа нэгэн. Алтан үеийнхэн
маань “Уртын дуучин гэж тусдаа төрдөг юм, тэнгэрээс тамгатай хүмүүс шүү” гэж
хэлэхийг олонтаа сонсч байлаа. Шархүүхэн багш маань “Уртын дууг урт бодолтой,
уужим ухаантай байж дуулдаг юм шүү. Зүгээр нэг захын хүн дуулчихдаг юм биш” гэж
байсан. Тэр бас үнэний талтай. Үнэндээ уртын дуу дуулахын тулд өөрөө уртын дуу
шигээ уужим байх ёстой байх. Уртын дууг мянга сайхан дууллаа ч дотроо хүн
байхгүй бол хэцүү.

-Өөрийг чинь Нидерландын хатан
хааны төрсөн өдрөөр дуулж байсан, Нобелийн шагнал гардуулах ёслолын үеэр, 2002
оны хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр уртын дуугаа дуулж байсныг хүмүүс мэднэ?

-Мундагчуудын дэргэд миний
дуулсан хугацаа богинохон. 1995 оноос өнөөг хүртэл уртын дуу дуулах гэж оролдож
байгаа. Хүссэн хүн уртын дуу дуулдаггүй учраас энэ бол миний хийх ёстой ажил
гэж ойлгодог. Өндөр хувь тавилан надад ногдсон. Үүнийг дааж явна гэдэг хялбар
биш. Хүссэн хүн очоод Нобелийн шагнал гардуулах ёслол нээхгүй, хөл бөмбөгийн
нээлтэнд дуулахгүй. Би мундагтаа биш тэнгэрийн тамга гэж байдаг бол дуу
хоолойгоороо Монгол эх орныхоо нэрийг өндөрт өргөх боломжийг уртын дуу маань
олгосон. Ийм учраас би бусад төрөл жанрт урвахгүй уртын дуундаа үнэнч явдаг юм
даа.

-Өөрийг чинь тив дэлхийн хүндтэй
арга хэмжээнд оролцож байхад нүд гялбуулсан тохиолдол таарсан уу?

-Би хөдөөний охин байлаа.
Улаанбаатарт орж ирээд гайхаж л байсан. Алхам алхмаар хүний нүд чих, оюун ухаан
нээгдэж тэлдэг шүү дээ. Нуух юм алга. Олон газар очиж соёлын шоконд орж байлаа.
Гэхдээ нүд гялбуулсан тохиолдол гараагүй. Дуулж байгаа дуу шигээ сэтгэл хөдлөл
нам хүн юм болов уу. Юманд айхавтар автдаггүй. Нэг удаа Америкт “Карнеги холл”
театрт дуулж байхдаа транст орохыг биеэрээ үзсэн. Гараад дуулж эхэлснээ мэдэж
байгаа юм. Цаашаа юу болсныг мэдээгүй тухайн үедээ дуулав уу яав гэж бодож
байсан. Дуулж эхлэнгүүтээ орчноосоо тасраад, бясалгалын маягт орчихдог юм
билээ. Зритель хэдэн хором нам гүм, алга ташдаггүй, “Дуулаагүй л юм байх даа,
зогсоогоороо тайзан дээр унтана гэж байдаг юм болов уу” гэж бодсон. Тэгсэн чинь
зритель дэр хийтэл зэрэг босоод “Браво” гээд бархиралдаад алга ташлаа. Ёо Ёо Ма
гээд алдартай хөгжимчин тайзан дээр гарч ирээд “Зола, Браво” гээд тэвэрч авсан.
Тэгэхэд л дуулсан юм байна гэж мэдсэн. Дуулж эхэлснээ мэдээд яаж дуусгаснаа
санахгүй байсан тохиолдол надад нэг л удаа тохиолдсон. Нүд, сэтгэл булаасан
олон газар орноор явж байхдаа тэр бүхэнд айхавтар автаагүй мөртлөө тэр тайзан
дээр яагаад тийм байдалд орсноо одоо ч ойлгодоггүй.

-Хятадын алдарт хөгжимчин Ёо Ёо
Ма гэснээс тэр алдартай хүний анхааралд яаж өртсөн юм бэ. Түүний “Торгоны зам”
чуулгын бүрэлдэхүүнд орж, олон орноор тоглосон гэсэн?

-“Силк роуд” гэж олон улсын
хөгжмийн хамтлагтай намайг холбож өгсөн хүн бол Урлагийн гавьяат зүтгэлтэн,
хөгжмийн зохиолч Б.Шарав гуай. “Хэрлэнгийн домог” гэж бүтээл хийгээд
“Хэрлэнгийн барьяа” гэж уртын дуу дуулах дуучин хэрэгтэй болоход надад тэр дууг
дуулах боломж олдсон юм. Тэр бүтээл нь олон улсын хөгжмийн том уралдаанд
шалгарч, шалгарсан хөгжмийн зохиолчдын бүтээлүүдээр хамтлаг байгуулаад, олон
орноор тоглох сайхан боломж бүрдсэн юм. Анх Б.Шарав гуайн “Хэрлэнгийн барьяа”-г
дуулахаар болсон нь 1998 онд Ардын жүжигчин Шархүүхэний нэрэмжит “Монгол ардын
уртын дуу”-ны том уралдаантай холбоотой. Тэр уралдаанд би СУИС-ийн бэлтгэл
курсийн оюутан байхдаа оролцож, “Гран при” шагнал хүртсэн юм. Тэндээс уртын дуу
дуулдаг шинэ дуучин гарч байгаа юм байна гэж хөгжмийн бүтээл хийдэг хүмүүст
анзаарагдсан юм билээ.

-Өөрийн чинь хувьд гадныхан эхэлж
хүлээн зөвшөөрсөн болохоор, гадныхан тоосон мундаг дуучин байна гээд
монголчууддаа танигдсан санагддаг. Менежмент хийсэн гэвэл нэлээд өвөрмөц, зам
товчилсон аргаар олны танил болсон юм шиг ээ?

-За тэр талаар хүн өөр
өөрийнхөөрөө ойлгож хүлээж авах байх даа. Миний хувьд од нар сар нь болох гэж
зүтгээд дуугаараа нүдээд балбаад хүний чихэнд хүргэсэн юм байхгүй. Яс юман
дээрээ намайг клипгүй дуучин гэдэг шүү дээ. Хуурцаг бичлэг, бие даасан тоглолт
олныг хийгээгүй. Ердөө л нэг урсгалаараа хийх ёстой юмаа хийгээд явж байгаа
жирийн л нэг монгол эмэгтэй дээ. Уртын дууны маань буян, олон сайхан багш
нарынхаа хүчээр хөл минь дөрөөнд, гар минь ганзаганд хүрсэн.

-Өөрийг чинь амаржаад гэртээ
байгаа гэж байсан. Эмэгтэй хүний хувьд яах аргагүй ажил уран бүтээл, амбицаа
орхиод гэртээ сууж, эх хүний үүргээ гүйцэтгэх үе байдаг л даа?

-Орчлон хорвоод үр удмаа үлдээнэ
гэдэг юутай ч зүйрлэшгүй том үүрэг. Хамгийн том баяр баясгалан, агуу том гавьяа
тэр. Одоо эмэгтэй хүний үүргээ биелүүлчихлээ, уран бүтээлдээ оръё гэж бодож
байна.

-Ийм мундаг дуучны нөхөр ямар хүн
байдаг бол?

-Нөхөр, гурван хүүхэдтэй эгэл
айл. Нөхөр маань жирийн л нэг ажилчин залуу бий.

-Хан Хэнтий чуулгад дуулдаг
байхдаа нөхөртэйгөө танилцсан гэсэн үү. Алдартай болохоосоо өмнө ханилжээ?

-Хамт ажиллаж байгаад СУИС-д
оюутан байхдаа дотносоод суусан даа.

-Ойрын үед тоглолт хийх үү?

-Энэ жил бие даасан тоглолт хийх
бодол бий.

Categories
булангууд мэдээ

Дуучин Б.Амархүү: Манай хүн загварын ертөнцөд амжилт гаргасан болохоор дуучин болох амбиц байхгүй

Дуучин Б.Амархүү, гэргий загвар өмсөгч О.Ариунзулын хамт “Cool love“ концерт хийхээр бэлтгэж байна. “Crocus event hall”-д хоёрдугаар сарын 12-ны баасан гаригт болох уг тоглолтын үеэр хосуудаас гадна ганц бие залууст ч сюрприз барих гэнэ. “Валентины баяр хосуудын баяр гэдэг ч түүнээс өмнө синглүүдийн баяр болох учраас манай тоглолтод ирж хосоо олох боломж байгаа. Цагаан сарын төгсгөл, синглүүдийн цугларах газар, хосуудын баяр давхацсан өдөр байх болно” хэмээн Б.Амархүү ярьж байна. Залуу хосуудтай ярилцлаа.

-Б.Амархүү тоглолтын үеэр юу үзүүлж харуулах нь хүмүүст сонин байх болов уу?

-О.Ариунзул бид хоёр анхныхаа дууны нэрээр концертоо “Cool love” гэж нэрлэчихье гэж ярилцсан юм. Энэ үеэр хайрын дуунууд дуулагдана. О.Ариунзул бид хоёр “Cool love” дуугаа шинэлэг байдлаар дуулах болно. Тоглолтын ихэнх дуунуудыг О.Ариунзул бид хоёр хамтдаа дуулна. Би ганцаараа дуулсан сайхан хайрын дуунууд ч бий. Тэр дуугаа сонсох дуртай үнэнч фэнүүддээ зориулах юм. О.Ариунзул бид хоёрын зүгээс маш олон шинэ уур амьсгалтай, нандин уран бүтээлүүд гарна.

-О.Ариунзулын хувьд загвар өмсөгч гэдгээр нь олон хүн мэддэг. Дуулна гэхээр өвөрмөц хүлээж авах байх. Эхнэрээ дуучны хувьд тодорхойлооч?

-Миний мэргэжил дууны багш хүн л дээ. Тэр зүгээс харж үзэх юм бол манай эхнэр гоё дуулдаг. Манай хүн загварын ертөнцөд олон амжилт гаргасан болохоор дуучин болно гэсэн амбиц одоохондоо байхгүй. Гэхдээ бид хоёрыг Монголын сайхан хосуудын нэг гэж олон хүн ярьдаг, бичдэг болохоор Валентины баяраар залуустаа сюрприз хүргэх нь зүйтэй гэж бодсон юм. Олон том шоу зохион байгуулсан “MNG Event” компанийн А.Даваажаргал бидэнд санал тавиад, хамтарч ажиллахаар болсон л доо. Цагаан сар ээж аав, өвөө эмээ ахмадуудаа хүндэтгэдэг баяр болохоор сар шинэ хуучрахаар залуус маань “Юу хийх вэ” гэцгээдэг. Энэ үеэр бид “Cool love” тоглолтоо хүргэх юм.

-Цагаан сар гэснээс энэ цагаан сарыг та хоёр яаж тэмдэглэх вэ?

О.Ариунзул: Өмнө нь бид хоёр аав ээж нар дээрээ очдог байсан. Энэ жил хөөрхөн хүүтэй болсон болохоор илүү гэр бүлийн уур амьсгалтай гоё цагаан сар болох байх гэж найдаж байна.

-Та хоёр дээр ирж золгодог хүн байдаг уу?

Б.Амархүү: Байлгүй яах вэ.

О.Ариунзул:-Дүү нар байна.

Б.Амархүү:-Би аав, ээжийн талаас олуулаа. Манай О.Ариунзул ч олуулаа. Дүү нарын хүүхдүүд гээд ерөнхийдөө өргөн баяр болдог л доо.

-Та хоёр тоглолтын бэлтгэл хийхээр хүүхдийг чинь хэн хардаг вэ?

О.Ариунзул: Өвөө, эмээ нь хүүд маань хайлж урсдаг. Манай аав, ээж ч Дорнодод байдаг. Аль аль талынх нь анхны ач, зээ нь болохоор булаацалдах нь холгүй бөөн юм болдог. Одоогоор Б.Амархүүгийн маань ээж харж өгч байгаа.

-Аав болсон эхний долоо хоногоос аавуудын тархинд өөрчлөлт ордог гэсэн судалгааны дүгнэлт байдаг юм билээ. Б.Амархүүгийн хувьд хэр өөрчлөгдсөн бэ?

Б.Амархүү:-Одоо бол бүхэлдээ өөрчлөгдсөн байх. Эхлээд шоконд ордог юм билээ. Анх эхнэртэй болоод шинэ байранд орж, гал голомтоо асаахдаа ч заримдаа итгэж ядах үе гардаг байсан. Одоо бол аав дүрдээ орчихсон л доо.

-Та хоёрыг “Big fish” киноны зураг авалтын үеэр танилцсан гэж сонссон. Анхны харцаар дурласан уу, юу болсон бэ?

Б.Амархүү:-Нууц. Ерөнхийдөө татагдана шүү дээ. Татагддаг л юм билээ. (Тэр ингэж хэлээд инээснээ “Чи” гэж эхнэр рүүгээ хандсан тул гэргий нь ч бас энэ асуултад хариулахаар болов)

О.Ариунзул:-Ер нь бол бид хоёр кинон дээр анх танилцсан. Би тэр үед дөнгөж оюутан болоод ирсэн байлаа. Эмэгтэй хүн анхны харцаар дурлах гэхээсээ дасч дурладаг гэдэг шүү дээ. Халамжтай байдалд нь татагдсан юм болов уу. Түүнээс биш надад бол олны танил гэдэг нь хамаагүй. Дотоод мөн чанарт нь дурласан.

– Б.Амархүү цэцэг бариад сөхөрч, сэтгэлээ илчилж байгаа зураг фэйсбүүкт явахыг харсан. Олон эмэгтэйн хувьд романтик санагдсан байх. Харин таны хувьд яаж хүлээж авсан бэ?

-Тэр чинь 2012 оны шинэ жилээр хамт амьдарч эхэлж байсан үе л дээ. Тэр үед миний хайр “Надтай гэрлээч” гээд сүй тавьж байсан юм. Миний амьдралын хамгийн мартагдашгүй, романтик, сэтгэлд хоногшсон мөч. Нөхөр маань намайг байнга баярлуулдаг, гэнэтийн бэлэг барьдаг.

-Төрсөн өдрөөрөө хүүтэй болсон гэсэн. Хамгийн том гэнэтийн бэлэг байсан болов уу?

Б.Амархүү:-Гайхалтай шүү. Хүмүүс та нар төлөвлөж байсан уу гэж асуудаг. Ерөөсөө тийм юм байхгүй. Гурван сартай байхад нь жирэмсэн гэж мэдсэн. Манай хүн Хонгконг руу “Miss model of the World” гээд миссийн тэмцээнд явсан байсан. Цагаан чемоданаа бариад, хүнд том даашинзаа үүрээд явчихаад ирсэн. Жирэмсний хордлоготой, ачаалалтай болохоор турсан байсан. Эмнэлэгт үзүүлсэн чинь мэдэгдсэн дээ. Аав, ээж болох нь гэдгээ гэнэт мэдсэн. ЭХО-д харуулсан чинь долдугаар сарын хоёронд төрнө гэсэн. Долдугаар сарын нэгэнд төрсөн. Би бас долдугаар сарын 1-нд төрсөн болохоор гэнэтийн бэлэг болсон. Заяаны хань гэдэг чинь л жинхэнэ энэ байх даа гэж бодогдсон.

-Хамтарч хийхээр төлөвлөсөн уран бүтээл, гэр бүлийн бизнес байгаа юу?

Б.Амархүү:-Зөндөө юм бодсон. Болоогүй юмыг түрүүлж ярих нь зөв биш байх. Наад зах нь хоёрдугаар сарын 12-нд концертоо хүмүүст сайхан хүргэх сэн гэж хамгийн их хичээж байна.

-О.Ариунзулыг Москвад загвар өмсч эхлэхэд Б.Амархүү нөлөөлсөн үү, эсвэл ерөөсөө л тэнд зам, жимтэй байв уу?

О.Ариунзул:-Миний загварын гараа “Шилмэл загвар” агентлагаас 2007 онд эхэлсэн. Анх “Азийн супер модель” тэмцээнд оролцож байлаа. Орост моделиор хагас жил ажилласан. Ажиллаж байх үед миний хайр орчуулга хийж, тусалж хамт явдаг байсан. Гадагшаа моделиор ажиллах саналууд ирдэг.

Б.Амархүү: –Манай хүн “Шилмэл загвар”-аас гараагаа эхэлсэн. Би карьер хийхэд нь нэг их продюсерлосон юм байхгүй. Бүх юмыг нь зохион байгуулаад, хувцсан дээр суух зав надад байдаггүй. Хоёрдугаарт, манай хүн өөрийн карьертай. Бид хоёр танилцахад л кинонд тоглоод явж байсан. Олон улсын том том тэмцээнүүдэд оччихсон. Олон гэрээнүүд байсан. Яг аль гэрээн дээр ажиллахыг мэдээж би хайртдаа зөвлөсөн л дөө. Яг тэр үед Америк, Азийн бас нэг агентлагаас санал ирж байлаа. Бид хамт байхыг хүссэн болохоор Москваг сонгосон. Москвагийн шилдэг агентлагт зургаан сар гаруй ажилласан.

-Олон уран бүтээлч дэлхийн зах зээлийн тухай ярьдаг, мөрөөддөг. Та хоёрын хувьд илүү боломж байсан байх?

Б.Амархүү:-Хийвэл бүү ай, айвал бүү хий гэдэг. Тэгээд л дайрчихна шүү дээ. Хийнэ гэвэл хичээл зүтгэл гарах ёстой.

О.Ариунзул:-Залуу хүн айхгүй, хүссэн зүйлээ зоригтой хийх нь зөв юм болов уу гэж боддог.

Б.Амархүү:-Бид хоёр нэг их аймаар баян айлын хүүхдүүд биш. Энгийн л айлын хүүхдүүд. Мөнгөний боломж бол байгаагүй. Гол нь хичээл зүтгэл. Залуу хүмүүст хийх зүйл зөндөө байгаа. Итгэж байгаа хүмүүс, сонсогчдынхоо, Монголын ард түмнийхээ итгэлийг алдахгүй байхыг хичээдэг.

-Олны танил хосууд учраас рекламанд их тоглож харагддаг. Хамтдаа зураг авахуулах үе ч их байх. Гэртээ хэр их цаг өнгөрөөдөг вэ?

Б.Амархүү:-Амралтын өдрүүдийг гэртээ өнгөрөөдөг. Москвад байхдаа гэртээ суугаад байвал ажил ч бүтэхгүй, карьер ч өсөхгүй. Залуу байгаа дээрээ хөдлөх хэрэгтэй гэдгийг ойлгосон.

О.Ариунзул:-Нялх хүүхэдтэй учраас байнга ажиллаад байж чадахгүй. Ямар ч байсан ажлын гурав, дөрвөн өдөр ээждээ хүүгээ орхиод ажиллахыг хичээдэг. Манай ээж бид хоёрыг ажилтай үед их тусалдаг. Ээж маань цэцэг тарьдаг, эмэгтэй хүний хувьд надад үлгэр дуурайл болсон сайхан хүн.

-Б.Амархүү Монголд суурин байдаг уу, ирж очдог уу?

-Суурин байхыг хүсдэггүй, гаднаас санал ирвэл дуртай хүлээж авдаг. Сая Өвөрмонголд Шилийн голд очоод, Цагаан сарын концертод оролцчихоод ирлээ. Хүмүүс уран бүтээлээр маань сайхан хүлээж авч, таньж мэдэж байна. Энэ том зах зээлийг алдвал тэнэг хэрэг. Миний уран бүтээлийг сонсохыг хүссэн хүмүүст уран бүтээлээ хүргэдэг. О.Ариунзулын хувьд ч Москвагаас ажлын санал ирвэл болж өгвөл явах тал руугаа байдаг даа. Нэг их суурин суудаггүй, маш хөдөлгөөнтэй байдаг.

-Орост дуулдаг байсан хөвгүүдийн хамтлагтай хэр холбоотой байдаг вэ?

-Мэдээж хамтарч уран бүтээл хийнэ. Залуусын хамтлагт найм, есөн жил зүтгэлээ. Одоо хувийнхаа уран бүтээлийг хийнэ. Хамтарсан уран бүтээлдээ анхаарлаа төвлөрүүлнэ. Шоуны ертөнц рүү бодож санаж байгаа юмнууд бий.

-Шоуны шүүгч хийж байхад чинь ч багш мэргэжлийн онцлог их харагддаг л даа. Зааж зурахдаа ч нэлээд өгөөжтэй зөвлөгөө өгдөг. Багшлах бодол байдаг уу?

-Байдаг. Гэхдээ дууны багш хийх нас болоогүй. Бид Монголын шоу бизнест дөнгөж эхэлж байна. Сурах юм их байна. Зөвхөн дууны багш биш продюсер, энтертайнмент тал руугаа ажиллах бодол бий.

-О.Ариунзул их намуухан хүн юм аа?

-Би гэхдээ бүр даруухан, дуугүй хүн биш. Хүмүүс намайг тэгж бодоод байдаг. Байгаагаараа шулуун шударга зантай.

-Нөхрөөс чинь өөр хүн гэрлэх санал тавьж байсан уу?

-(Б.Амархүү “Яая” хэмээн дуу алдсанаа “Чадахгүй ээ” хэмээн хашгирах шахам хэлээд инээж байна)

-Надад өмнө нь албан ёсоор үерхэж байсан найз залуу байгаагүй. Би 19-тэй байсан. Б.Амархүү маань 24-тэй байсан.

Б.Амархүү: Яг үнэнээ хэлэхэд энэ ширээний ард, энэ буланд бид танилцаж байсан. (“Central tower”-ийн “Sky lounge”-ийн нэгэн буланд бидний яриа өрнөсөн юм).

Categories
мэдээ цаг-үе

Б.Гомбо-Очир: Дуучин С.Нарантай хамтраад поп дууг дуурийн хоолойгоор дуулахаар бэлтгэж байгаа

ДБЭТын гоцлол дуучин Б.ГомбоОчиртой ярилцлаа. Тэрбээр хоёрдугаар сарын 5-нд Соёлын төв өргөөндӨвөрмөцсонгодог тоглолтоо хийх юм.

Буржгар гэдэг тодотгол тенор хоолойтой дуучин гэдэгтэй адилхан таныг илэрхийлэх юм аа. “Дуучин Б.ГомбоОчиртой уулзъягэсэн чинь үүдний жижүүрБуржгар уугэж байна лээ?

-Төрөлхийн буржгар юм аа. Хойно Большой театрт манайхан тоглолт хийж байхад ч оросын үзэгчид “Монгол Пушкин” гэж ярьсан байна лээ. Манай аав Ховд аймгийн Зэрэг сумынх, ээж маань Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харьяат. Ховдын хоёр хүний дундаас нэг ийм өвөрмөц нөхөр гарч ирсэн. Ээжийн ах эгч нар бүгд буржгар үстэй, үсэрхэг, уулын хүн гэдэг шиг нөхдүүд бий. Гэхдээ би монгол, тэр дундаа захчин хүн.

Таныг гадаадын хүн гэж андуурдаг байх даа?

-Андуурах тохиолдол байдаг. Гадаадад явж байгаад “Монголоос ирсэн” гэхээр гайхдаг. Гадаадад амьдарч байгаа монголчууд нь ч бас гайхаад “Чамайг анх хараад монгол гэж бодоогүй ш дээ” гэдэг.

Таныг зарим монголчууд ч Пушкин гэж хочилдог юм билээ. Ингэхэд шүлэг яруу найраг сонирхдог уу?

-За ёстой, шүлэг яруу найраг оролдож үзээгүй. Эмэгтэй хүнд ч бараг шахуу захиа бичиж үзээгүй, мессэж л бичнэ үү гэхээс биш. Яруу сайхан бичих талаараа маруухан.

-“Өвөрмөцгээд сонгодог тоглолт хийх юм байна. Тэр тоглолт таны гадаад төрх шиг өвөрмөц байх болов уу?

-Өвөрмөц гэж нэрийг миний тоглолтыг зохион байгуулж байгаа “Сэрж меценат” сан, “Apple” продакшныхан ярьж байгаад өгсөн. Өнгө төрх, хоолойны хувьд ч өвөрмөц юм болов уу гээд ийм нэр өгсөн юм. Тоглолтоо өвөрмөц байлгахаар чармайж явна. Сонин содон юмнуудыг түүж байна. Ямар ч байсан тоглолт дээрээ өвөрмөц байх болов уу гэж найдаж байна.

Дуучин С.Нарантай поп дуу дуулна гэсэн үү?

-Дуучин С.Наран эгчийн өөрийнх нь зохиосон нэлээд хүчтэй хоолой шаардсан дууг хамт дуулна. Улсын филармонийн найрал хөгжим, С.Наран эгчтэй хамтраад поп дууг дуурийн хоолойгоор дуулахаар бэлтгэж байна даа. С.Наран эгчид хамт дуулах санал тавихад “Тэгэлгүй яах вэ, хоёулаа шинэ содон уран бүтээл хийе” гэсэн л дээ. Миний ийм дуу байдаг гээд сонсгосон. Түүнийг нь аялж үзэхэд хэдийгээр поп дуу ч хоолой шаардсан бүтээл байлаа.

Поп дуу дуулсан юм байна. Өөр хэв маягаар дуулж, өөрийгөө сорьж үзсэн үү?

-Нийтийн дуу гэгддэг дуунуудыг оюутан байхдаа дуулдаг байсан. Би Ховд нутагт харьяалагдаж явдаг хүн. Нийтийг хамарсан, зохиолын дуу дуулж, үзэгч сонсогчдыг татах тухай ч боддог. Манай ДБЭТ 500 хүний суудалтай. Сонгодог урлаг сонирхогч дундаа л эргэлдмээргүй санагдаад анхны бие даасан CD хийсэн. Ховд нутгийнхаа 16 сумын зохиолын сайхан дуунуудыг дуулсан. Тэр байдлаараа ганц нэг дуу дуулах бодолтой яваа.

-“Тунгалаг Буянтгээд дуулах нь ээ?

-Тэгэлгүй яах вэ. Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Б.Зангадтай хамтарч дуулсан. Энэ дуу маань тоглолтын үеэр бас дуулагдана.

Та баруун аймгийн аялгаар ярьдаг уу?

-Би аймгийн төвд өссөн. Гэхдээ хөдөөний ах дүү нар дээрээ очвол аялга орчихно шүү. Багадаа амралтаараа ууланд хонь мал хариулж л байлаа.

Солонгост бас дуулж байсан гэсэн үү?

-Солонгос руу дөрвөн ч удаа явлаа. Саяхан тэнд сар суралцаж, “Лучиа ди Ламмермур” дуурьт Норманно гээд туслах дүр бүтээчихээд ирсэн. Манай дуурийн театрын Гала концертыг солонгосчууд сайхан хүлээж авсан л даа.

Сонгодог тоглолт гэхээр хамрах хүрээ хязгаарлагдмал байж магадгүй. Эрсдэлтэй биш үү?

-Би эрсдэлтэй гэж үзэхгүй байгаа. Энэ тоглолтод маань Монголын сайхан хөгжмийн зохиолчдын бүтээлүүд дуулагдана. Сонгодог тоглолт гэхээр хүмүүс унтчихна гэж зарим хүн боддог шиг байгаа юм. Тийм юм болохгүй. Хүмүүсийн мэддэг итали, англи, герман дуунууд дуулагдана.

Та Ж.ВердийнАидадуурийн Радамесийн дүрээр ДБЭТийн босго давсан хүн. Одоо бүтээхийг хүсч байгаа дүр бий юу?

-2011 онд СУИС төгсөхдөө “Аида” дуурийн Радамесийн дүрд анх дуулж, диплом хамгаалж байлаа. “Аида” дуурь бол их хүнд дуурь. Дуулалтын хувьд ч хоолой их шаарддаг. Эргээд харахад зургаа, долоон гол дүр бүтээсэн байна. Энэ бол маш бага тоо. Миний мэдэхгүй дуурь ч дэлхийд дуулагдаж байгаа. Манай дуурийн театрт ч олон дуурь тавигддаг. Надад бүтээх дүр маш их байна. Дуурийн театрт тавигдаж байгаа тенор хоолойтны ямар дүр байна. Бүгдэд нь дуулахыг бодож явдаг. Одоо бол “Риголетто” дуурийн Герцогийн дүрийг бүтээх гээд явж байна даа.

Нэг том дуурьт дуулахад хэр их юм унших шаардлагатай болдог вэ?

-Нэг дуурь тавихад жилийн хөдөлмөр орно. Итали, герман үгнүүдээ цээжилнэ, нэг дуурийн зохиол 300 гаруй хуудастай. Үгээ цээжлээд, удирдаач, найруулагчтай ажиллана. Жилийн хөдөлмөр ордог ч хоёр гуравхан цаг дуулдаг. Анх дуурь хийж байхад хэлний бэрхшээл их байлаа. Яваандаа үгээ уншиж сураад, ганц нэг үг мэддэг болоход гайгүй болж эхэлсэн л дээ. Хамгийн хэцүү байсан нь Аидагийн Радамесийн дүр байсан даа. Юугаа ч мэдэхгүй оюутан дуурийн театрын тайзан дээр гарахад амаргүй. Гэсэн ч дурсгалтай байсан л даа.

Таныг жүжиглэх чадвар сайтай гэдэг юм билээ. Кинонд тоглох санал ирдэг үү?

-Нэг кинонд тоглох санал ирсэн юм. Хуульч мөртлөө жаахан уудаг, эхнэрээ дээрэлхдэг, зоддог дүр байсан. Татгалзсан л даа. “Ийм дүрд тоглохгүй” гэсэн. Тэр дүрээр хүмүүс намайг хүлээгээд авчихвал яах юм бэ гэсэн бодол төрсөн юм.

Та хөгжим тоглодог гэсэн. Ямар үед хөгжим тоглох хүсэл төрдөг вэ?

-Гэрт морин хуур, баянхуур ямаха, үлээвэр хөгжим байсан учраас дунд сургуульд байхдаа олон хөгжмөөр ганц нэг ая тоглодог байсан. Одоо бол бүх хөгжим аавынд байдаг. Гэрт хөгжим байвал ганц нэг ая тоглочихно.

Зав гарвал хийх дуртай зүйл юу вэ?

-Ширээний теннис тоглох дуртай. Дунд сургуульд байхдаа аймгийн аваргын төлөө өрсөлдөж байлаа. Гар бөмбөг, сагсан бөмбөгт ч дуртай. Зав гарвал найз нартайгаа заал авдаг.

Баруун нутгийнхны амьдралын хэв маягаас танд үлдэж хоцорсон зүйл байдаг уу?

-Хөдөөгийнхөн хээгүй, илэн далангүй зантай. Надад ч тэр нь байдаг шиг байгаа юм. Энд тэнд явахдаа ч хээгүй байдаг. Чанасан махыг хутгаар зүсч иддэг бол би шүдээрээ зулгаагаад идчихдэг.

Ховдоос төрсөн урлаг, улс төрийн алдартнууд олон. Хэр нутгархаг вэ?

-Ер нь их холбоотой байдаг. Хөдөлмөрийн баатар Б.Зангад багш маань маш их урам зориг өгч, зааж сургадаг. Улстөрчид ч уулзана, санал тавьдаг.

Сонгуулийн үеэр дуулж хуурддаг байх нь ээ?

-Дунд сургуульд байхдаа Ц.Дамиран гишүүний сонгуулийн сурталчилгааны ажилд оролцож, ямахагаа үүрээд гудмаар явж тоглодог байлаа. Хамгийн их мөнгөтэй сурагч байж дээ. Ангидаа ганцаараа гар утастай явдаг. Өдрийн 5000 төгрөг авч байлаа. Нутгийнхаа гишүүдийн сонгуулиар явж байсаан.

Б.ГомбоОчир гэхээр хуучинсаг нэр шиг сонсогдож магадгүй. Урлагийн сонсголонтой нэртэй байх талаар бодож байсан уу?

-Үгүй ш дээ. Ээжийн нагац ах нь нутаг усандаа мэргэн түргэн хүн байсан. Тэр хүн Гомбо-Очир гэж нэр өгсөн. Ямар ч байсан тэр нэрээрээ явж байгаа. Солих тухай ч боддоггүй.

Categories
мэдээ цаг-үе

Номоор баян, хаан түүхч, “Хан шувуу” Ж.Болдбаатарынд өнжлөө

“Номондоо түрэгдээд, эхнэр бид хоёр коридортоо унтах нь холгүй болсон” хэмээн түүхч Ж.Болдбаатар ярьсан. Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, түүхийн ухааны доктор, академич Ж.Болдбаатарынх үнэхээр их номтой айл байлаа. Зочны өрөөнийх нь ханыг тэр чигтээ номын сан эзэлжээ. “Номынхоо өрөөг дүүргээд, зочныхоо өрөөний ханыг тэр чигээрээ номоор дүүргээд, зусланд социализмын үеийн ном хичнээн хайрцгаар нь аваачиж хаяад ч багтахгүй байгаа” гэж гэрийн эзэн хэлсэн. “Хуучин онол, улс төрийн түүхтэй холбоотой ном их цуглуулж байлаа.

Одоо бол түүхийн бүх чиглэлээр ном цуглуулдаг. Ховор сонин номууд ч байдаг” гэнэ.

Номын тавиурт Ж.Болдбаатар түүхчийн “хуулбар”-ын зураг харагдана. Хальт хараад гэрийн эзний залуугийн зураг юм болов уу гэж бодсон ч ахиулж харвал хүү Б.Гүнбилэгийн “Бидний гарц” хуульчийн эрэгцүүлэл ном хүндтэй байранд заларсан нь тэр байлаа. Хуучны социализмын үеийн сэхээтнүүдийн маягаар амьдардаг айл шиг санагдсан. Том өрөөнд нь номын сангаас гадна ширээ онцгой зай эзэлжээ. Гэрийн эзний ажлын ширээнээс гадна, гэргий яруу найрагч С.Оюунчимэг эгчийн ажлын ширээ, компьютер, зочны ширээ хил залгах. Зочны ширээн дээр мөнгөн аяганууд давхарлан тавьсан байх агаад аяганууд дээр дурсгалын бичээс дурайна. Хажуугийн жижиг өрөөнд бурхан тахил байрлуулсан үзэгдэв. Бурхан тахилын дэргэдээс гэрийн эзэн Чойрын хийдийн Чогчин дуганы хуралд дууддаг бүрээ гаргаж ирж үзүүлсэн. Тэр нь шүр, сувд, номин шигтгэж, мөнгөөр тоноглосон дун байлаа. 1920-1930 оны эд гэнэ.

Алдартай түүхчид өөр ямар цуглуулга байдгийг лавлахад “Базаалттай ч юм биш дээ. Гэхдээ бас хоосонгүй, бага сага юм байдаг. Миний нагац өвөөгийн хонх бий. Хаант засгийн үеийн бирдаан буу худалдаж аваад, ханандаа өлгөчихсөн чинь авгай уурлаад “Хичнээн ч хүний амь хороосон юм билээ” гээд бараг гаргаад хаясан байх аа. Аав нь сүрхий түүхч байсан юм гэнэ лээ, юу үлдээчихсэн юм бэ гэж магадгүй гээд бага сага юм цуглуулж, хүүдээ өгсөн. Тэрнээс биш мундаг цуглуулагч нар шиг биш” гэж хариуллаа.

Биднийг очиход гэрийн эзэн угтсан юм л даа. “Манай хүн дэлгүүр хоршоогоор яваа” гэнэ. Гэргий нь гаднаас ирсэн зочдодоо үйлчлэх ажилтай яваа. Ж.Болдбаатар гуай бидэнд цай аягалж, бууз жигнэн таваглаж, амттай яриагаар дайлав. Тэрбээр хааяа гарынхаа хоолыг хийх дуртай. Их төлөв жинхэнэ монгол лавшаа хийдэг. Хоолны талдаа сүрхий. Дэлгүүрээс юм хум цуглуулах ажлыг би л хийдэг. Дандаа цаас шагайж суудаг хүн өөр орчинд орж байгаа нь тэр л дээ. “Ямар сонин юм бэ, дэлгүүрт явж байх юм. Хэдий завандаа ном бичдэг юм гэж нэг хүн гайхсан. Хэзээ бичдэг гэхээр бодол ханах цагтаа бичдэг. Юм уншаад, эргэцүүлээд, судлаад бодож байтал гэнэт бодол ханадаг. Тэгэхэд л сайхан бичнэ. Тэр их бодолд автаад заримдаа өөр замаар яваад өнгөрчихсөн байх тохиолдол байдаг. Таксинд суухаар жолооч юм ярих гээд би дуугардаггүй, юмаа бодох гээд. Бодол ханах цагт юм бичвэл амжилттай болдог. Тоосноос болоод архивт сууж чадахаа байсан” хэмээн хуучиллаа.

“Замбараагүй их юм бичиж дээ. Хэвлэлийн хуудсаар бол 34-35 мянган хуудас ном бичсэн” гэв. Түүний бичих арга барилыг сонирхлоо. “Сонин юм сонсвол орой нь очоод дор нь тэмдэглэдэг. Сүүлд хэрэгтэй үед сайхан материал болдог. Бичсэнээ хэвлэчихвэл тэмдэглэлээ хаячихдаг гэнэ. Өдрийн тэмдэглэл гадаадад явахдаа л ихэвчлэн хөтөлдөг. “Нэгэн жарны амьдрал” гээд өөрийнхөө амьдралын тухай хоёр боть бичсэн. Тэмдэглэл хөтөлсний үр дүн тэрэн дээр гардаг. Өглөө 4-5 цагт босоод найман цаг хүртэл сууж бичээд, ажилдаа явна. Зав л гарвал бичнэ. Хүмүүс тухалж бичих гэдэг. Би бол чамтай ярьж суугаад, дараагийн хүн таван минутын дараа орж ирэхэд юмаа бичиж л байна. Ямар ч нөхцөлд ажиллаж чадна. Их сургуульд оюутнууд шуугиад, багш нар орж гараад долоон шидийн юм яриад байхад ер саад болдоггүй. Орой гэртээ ирээд хоолоо идчихээд 23 цаг хүртэл бичнэ гэнэ.

Түүхч хүн хэдэн үеэ мэддэг бол хэмээн сонирхлоо.

-Би зургаан үеэ мэдэж байгаа юм даа. Тэрнээс цааш мэдэхгүй. Тэрнээс цааш мэдэх боломж байсан. Яахав “Мунхгийн ухаан үдээс хойш” гэдэг. Хөгшчүүл байхад тэрийг ухамсарлаж чаддаггүй л байж дээ. Манай аав сүрхий хүн байсан л даа. Үүх түүхээ мэдүүлэх гэж оролддог. Дайчин вангийн хошууны хамаг л юм мэддэг гэсэн хөгшчүүлтэй намайг оюутан байхад дагуулж очиж уулзуулж байлаа. Миний нагац өвөө Ёндон гэж хүн байсан. Гавж хүн. Нагац өвөөгөө дагаж, Булганы тэр үеийн том гэсэн лам, гавж нартай, уулзаж яриаг нь сонсч байлаа. Үүх түүх сонирхоход энэ гол нөлөө үзүүлсэн байх. Тавдугаар ангиасаа л би түүхч болно гэдэг дээр баттай зогссон хүн дээ. Намайг тавдугаар ангид байхад эртний дэлхий дахины түүхийг М.Шагдар багш заах гэж орж ирээд, Улс төрийн товчооны гишүүдийг хүүхдүүдээс асуулаа. Би арай том биетэй хүүхэд байсан учраас хойно сууж байсан. Эхний хүүхдүүд Ю.Цэдэнбал, Ж.Самбуу, Д.Моломжамц гээд хэдхэн хүний нэр хэлээд, сүүлийн эгнээнд ирэхэд би Улс төрийн товчооны гишүүдийг бүгдийг нэрлэхэд яамдын сайдуудыг асуусан. Хамгийн сүүлд “МУИС-ийн ректор хэн бэ” гэхэд нь Намсрайн Содном гэж хариулсан. Тэгсэн чинь манай багш маш их баярласан. Тавдугаар ангийн сурагч мөртлөө их юм мэддэг хүүхэд байна гэсэн. Тэр нь юутай холбоотой гэхээр манай аавын нөлөө байсан. Аав алба хааж байсан. Нэг их боловсролтой хүн биш л дээ. Бичиг үсэгтэй. Намын үүрийн дарга, сумын орлогч, нэгдлийн дарга хийж байгаад сүүлдээ зүрх нь өвдөөд, юм уншиж чадахаа больж, группт орсон юм. Намайг нэгдүгээр ангид орж уншдаг болсон үеэс авахуулаад, “Үнэн” сонины эхний нүүр, дөрөвдүгээр нүүрийг уншуулна. Би тэрийг нь уншсаар байгаад, сүүлдээ өөрөө сонирхолтой болсон. Тавдугаар анги гэхэд зөндөө л юм уншилгүй яах вэ. Олон улсын байдал долоон шидийн юм уншина.

Би ангийн ахлагч болчихсон. Ангийн дарга хичээл дуусаад багш нарын конторт журнал оруулж өгдөг. Тэгтэл арван хэдэн багш хичээл завсарлаад ирчихэж. Манай М.Шагдар багш намайг магтлаа. Тавын “А-гийн Болдбаатар бол түүхийн том эрдэмтэн болно. Гучин нас гэхэд дэд эрдэмтэн болсон байна. Та нар хараарай гэсэн. Тэрнээс хойш өөр тийшээ хазайгаагүй. Би түүхч болно. Нийгмийн ухааны хичээлд бусдаас сайн байх ёстой гээд хичээдэг. Их сургуулийн түүхийн ангид ороод төгсөөд, яг гучин насандаа түүхийн ухааны дэд эрдэмтэн хамгаалсан. Энэ чиглэлээр тууштай явахад олон сайн багш маань нөлөөлсөн дөө. МУИС-д ороод, Монголын бурхны шашны түүхийн их том мэргэжилтэн, профессор Пүрэвжав багшийг дагаж хоолонд хүрсэн. Пүрэвжав багш намайг архивт их суулгадаг. Багш маань их сонин хүн байсан. Шинжлэх ухааны төлөө хүн гэдэг тийм л байдаг байх. Москвад намайг аспирантурт байхад хоёр, гуравхан өдрийн хуралд оччихоод, зав зайгаар нь Лениний номын санд суугаад, бусад ирсэн улсууд нь дэлгүүрээр гүйдэг байсан. Эрдэм номд хачин их шуналтай. Тэр үлгэр жишээ намайг гайгүй түүхчийн замд ороход их нөлөөлсөн дөө хэмээн хуучилсан.

Хамба лам шиг төрхтэй харагддаг Ж.Болдбаатар гуай ийм тодорхойлолтыг уриалгахан хүлээж авав.

-Намайг 1992-1994 онд УИХ-д сууж байхад сэтгүүлчид төрх байдлаар маань шигтгээ хийж шоглоно. Батбаяр гэдэг сэтгүүлч харсаар байтал асар том ламын сүнс байх гэж бичиж байсан. О.Дашбалбар “Таныг харахаар том лам хүн санагдаад байдаг” гэж хэлсэн. Тиймэрхүү төрх байдаг юм байлгүй. Намайг дунд сургуульд байхад ангийн Лувсанням гэдэг хүүхэд гавж гэдэг байсан хэмээн хуучлав.

Алдарт түүхчийн гэргийтэйгээ танилцсан түүх уншигчдад маань ч сонин байх болов уу.

-Эхнэртэйгээ МУИС-ийн Нийгмийн ухааны факультетийн Марксизм, Ленинизмийн кабинетад ном уншиж байгаад танилцсан. Их сургуульд хэдэн залуу багш байлаа. МАХН-ын дарга байсан Б.Даш-Ёндон, сүүлд дэд доктор болсон Хүрэлбаатар, Гаваа гээд хэдэн залуу багштай найзууд л даа. Хуулийн ангийнханд бид хоёр дахь жилдээ л багшилж байсан юм. Хичээл завсарлаад ороод иртэл найзууд маань “Хуулийн нэгдүгээр курст танай Булганы нэг охин байна. Эвлэлийн XVI хурлын төлөөлөгч, сая факультетийн Эвлэлийн хорооны даргаар сонгогдсон. Тэр охиныг авч өгнө” гэлээ. Тэр нь манай хөгшин л дөө. Тав, зургаа ах юм чинь намайг хөгшин гээд тоохгүй ш дээ гэсэн чинь “Яг таарна” гэцгээсэн. Марксизм, Ленинизмийн кабинетийн эрхлэгч Цэрэн багш “Орой болгон манай энд суудаг юм. Чи одоо суу” гэсэн. Тэгээд тэнд сууж байгаад танилцаж, орой гэрт нь хүргэж өгдөг болсон. Хоёдугаар курст байхад нь гэр бүл болсон л доо. Гуравдугаар курст анхны охинтой болсон. Том охин маань Санхүү, эдийн засгийн дээд сургуульд багшилдаг. Хүү маань Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч доктор, Гүнбилэг гээд залуу байна. Хоёр хүүхэдтэй. Манайх хүргэн бэр, ач зээтэйгээ нийлээд 11 болж байх шив дээ. Миний нандин эрдэнэ болсон хоёр ач, гурван зээ байна. Анх бид хоёр их сургуулийн оюутны байранд тусдаа гарч байсан. Манай хүн буцалж, бургилсан зантай. Би бол хүлээцтэй, тийм нөхцөлд тохирдог шиг байгаа юм. Хоёр тачигнасан хүн тохирдоггүй, хоёр налайсан хүн чинь бас амьдрал нь явдаггүй. Буцалж бургилж явдаг зан нь намайг ирлэж өгсөн байх л даа гэж Ж.Болдбаатар гуай хуучлав.

Түүхээр амьсгалсан энэ хүнээс шүлэг төрдөг болов уу гэж бодогдлоо. “Юмны халгиа цалгианд залуу насандаа шүлэг бичих явдал байсан. Гэхдээ бараг хэвлүүлж байгаагүй. Ном, багшдаа зориулж шүлэг бичиж байсан гэнэ. Гэхдээ л энэ гүндүүгүй томоотой эр “Бурханы мэлмийтэй бүсгүй”-н тухай шүлэглэсэн удаатай.

Эр дунд насандаа эрхлэн энхрийлүүлэхийг хүслээ.

Насны намбаа бодохоор наалинхай байхын аргагүй

Бууравчлах насанд учирсан

Бурханы мэлмийтэй бүсгүй минь гэсэн үгс эр хүний эмзэг сэтгэлээс хөвөрсөн уянга. Хэнд зориулсан юм бэ гэж хэрэгт дурлахад маань “Зүгээр л нэг тийм сэтгэгдэл орж ирэхгүй юу даа” хэмээн булзааруулав. Бурханы мэлмийн тухай тодруулахад “Дарь эхийн царайтай бүсгүй гэсэн үг” хэмээн инээсэн.

Түүний гэргий яруу найрагч С.Оюунчимэг үнэхээр сайхан хэдэн дуутай.

Буцлаа ч ирлээ ч надад хоргодсон хан шувуу

Буулаа ч нислээ ч чамайг хайрласан хатан шувуу хэмээн сэтгэлд хоногшсон үгтэй түүний “Хан шувуу” дуу Ж.Болдбаатар гуай шиг монгол эртэй ханилсан бүсгүйгээс л төрдөг болов уу хэмээн санагдсан.

Ж.Болдбаатар гуай Монголын түүхийн архив болсон хүн. Харин өөрөө энэ тухайгаа “Монголын түүхийн бүх үеэр бага ч болсон судалгаа хийгээд, ярьдаг, бичдэг. Сүүлийн жилүүдэд ялангуяа улстөрчийн хөрөг, намтар судлалын чиглэлээр нэлээд бичиж байна. Их Монгол Улсын үе, Чингис хааны үе, XX зуун, Монголын төр эрх зүйн түүхээр голлож ажилладаг.

1991 оны нэгдүгээр сард доктор хамгаалаад ирсэн чинь Булган аймгийнхан цугладаг юм байна. Цуглаад гараад явж байсан чинь Гаадамба багш таарч баяр хүргээд, нэг хачин үг хэлэхгүй юу. “Болдбаатар, доктор болох яах вэ, доктор байх хэцүү шүү” гэсэн юм. Тэгэхэд Гаадамба багш доктор хамгаалаагүй, дэд эрдэмтэн байсан. Би залуу ч байж, юу гэж байгаа юм бол гээд онцгүй сэтгэгдэл төрж байснаа гэнэт ухаарсан чинь мундаг үг хэлсэн байна лээ. Би намын түүхийн сэдвээр хамгаалсан. Намын түүх шинжлэх ухаанд ялгаагүй хэрэгтэй. Гэхдээ эргэцүүлээд бодсон чинь Монголын түүхийн бүх үе дээр миний багш нар, алдарт эрдэмтэд эзэн суучихсан байгаа юм ш дээ. Тэр талын судалгаа хийж байгаа хүн тэдний юмыг харахгүйгээр явахгүй. Тийм юм надад хэрэгтэй болсон. Ингээд үзсэн чинь Монголын төр эрх зүйн түүхийг бүхэлд нь хамарсан зохиол байгаагүй. Тэрнийг барьж авах гэсэн чинь эрх зүйн мэдлэг дутаад болдоггүй. Өөрийн шавь, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцанд хэллээ. “Эрх зүйн талыг нь чи дэмжээд, хоёулаа “Монголын төр эрх зүйн түүхийн ном бичье” гэсэн. Тэгээд хоёулаа зориглож ороод,”Монголын төр эрх зүйн түүхэн уламжлал” гээд нэлээд том ном бичсэн. Энэ ном гарсан цагаасаа хууль, эрх зүйн ангийн оюутнуудад сурах бичиг болж байна л даа. Одоо бол Монголын төр эрх зүйн түүхээр ажиллаж байгаа хүн бид хоёрын судалгаан дээр улбаалахгүйгээр явахгүй. Ингэж өөрийнхөө замыг олж авсан. “Вопрос историй” гэж сэтгүүл уншиж байсан чинь Гуриевич гэдэг хүн түүхэн хүн судлалын тухай бичиж л дээ. Түүхийг бичнэ гэдэг чинь түүхэн том хүмүүсийг нарийн судалж байж, үнэн зөв гардаг. Тэгээд би намтар судлалын чиглэлээр идэвхтэй ажиллаж, ерээд онд УИХ-д сууж байхдаа ч А.Амар сайдын тухай, Бага хурал болон Их хурлын тэргүүлэгчдийн дарга байсан Г.Бумцэнд гуай, Намын төв хорооны нэгдүгээр дарга байсан Д.Дамба гуайн тухай хэдэн товхимол бичээд, түүнээс хойш хүн судлалын чиглэлээр тасралтгүй бичсэн. Одоо түүхэн хүн судлалын чиглэлээр бичиж байгаа хүн намайг ишлэх болно. Өнөөдөр намайг Монгол дахь түүхэн хүн судлалын загалмайлсан эцэг гэж хэлж байгаа хүн ч байдаг. “Монгол түмний сод хүмүүс” гээд 12 боть ном хийхээр бодсон. Тав зургаан боть хэвлэгдээд байна гэж түүхч ярилаа.

Түүхэн хүмүүсийн намтар бичдэг түүнтэй Монголын түүхэнд үлдсэн хүмүүсийн хувийн амьдралын тухай хөөрөлдсөөр сүүлдээ Богд хааны үр удам, амраг сэтгэлийн тухай ярианд шилжив. Мань түүхч “Богд хаан Дондогдулам хатнаас өмнө, Норов хатнаас нэг охинтой байсан” хэмээн хуучилсан нь цочир сонин байлаа. “Цэрэндорж гүнгийн хатанг залуудаа эргүүлээд, сүүлдээ бөөн зарга болжээ. Норов хатанг нөхрөөсөө салсан хойно нь Богд өөрийн ордны урлал, хувцас хунар хариуцдаг ажилд авчээ. Шаравдоо гэдэг донир Норов хатантай учир ургуулаад, улсууд тэр тухай Богдод хов хэлсэн чинь Шаравдоог нь зуу ташуурдаад, Богдын ордноос холдуулсан юм байж. Тэгээд ийм дуу гарсан байгаа юм хэмээн хуучлангаа

Цагаан шаазанг цавтай байвал

Цайгаа уухаа болих уу даа хө

Цааз хууль нь чанга байвал

Норовтой уулзахаа болих уу даа хөхэмээн эвлэгхэн аялав. “Одоо бол миний хоолой байхгүй болж, тэрнээс биш залуудаа дажгүй дуулчихдаг байсан юм. Гэхдээ би жигтэйхэн саваагүй хүүхэд байсан юм шүү дээ. Биеийн тамирын уралдаан тэмцээнд гүйж л явна, урлаг уран сайханд гүйж л явна, нийгмийн янз бүрийн арга хэмжээнд гүйж л явна. Ёстой хэнхэг хүүхэд байсан. Ямар сайндаа Сурагчдын зөвлөлийн дарга болчихоод наймдугаар ангид байхдаа, сургуулийн хоёрдугаар давхарт бүх сурагчдыг цуглуулаад, дунд нь ширээн дээр гарчихаад үг хэлж байсан хэмээн дурсав.

Гэргий С.Оюунчимэг эгч гаднаас “Шоппинг хийх чинь миний ажил биш юм аа” гэсээр орж ирлээ.

-С.Удвал багш “Зүүний үзүүр элээхээс өмнө, хэдэн үзэгний хошуу элээсэн хүн дээ” гэдэг шиг би бол наймаанд сонирхолгүй ч хүн юм гэж тэр хэлэв.

-Огурцы, помидор байгаа шүү дээ өвгөөн, гэж түүнийг хэлэхэд нөхөр нь

-Тэрнийг чинь эрээд олдоггүй гэсэн яриа гэр бүлийн хоёрын дунд өрнөв.

“Ж.Болдбаатар гуай зөөлөн хүн шиг харагддаг. Гэртээ чанга дуугарах үе байдаг уу” гэж гэргийгээс нь асуувал “Хүн л юм чинь байлгүй яах вэ. Хий гаргалгүй яах вэ дээ. Маршал унгадаг юм байна гэдэг шиг юм болох нь шив дээ” гэж байна.

-Би ер нь одоо эргээд бодоход маш их зарагдсан хүн. Анх энэ хүнтэй нийлэхэд Болдоогийн удаах дүү багшийн дээдийн оюутан байсан. Манайд амьдарч байгаад төгссөн. Түүний дараагийнх нь хамт амьдардаг байлаа. Түүний дараагийнх нь ч бас. Манай хадам найм, арав төгсгөдөг. Бид хоёр амьдралд хүргээд авгай аваад манайхаас гардаг. Зарим жил манайд таван хүүхэд суусан удаа байсан. Манайх арван хэдэн жил оюутны байранд байв. Хүүгээ таван нас хүрэхэд улсын байранд орсон доо. Манай хоёр хүүхэд оюутны байранд өссөн. Жижигхэн өрөөнд тэр олон хүн амьдраад байдаг. Гэхдээ манай хэдэн дүү нар дуулгавартай хэмээн эзэгтэй хуучиллаа.

“Нөхрөө анх харахад ямар залуу санагдсан бэ” хэмээн хэрэгт дурлахад маань “Энэ хүн л намайг сонгосон байх, би лав сонгоогүй. Эдний аав ээж хоёр аймагт манайд очиж хадаг тавьсан юм билээ. Ээж маань “Өндөр шар хүн, намхан шар авгай хоёр ирээд хадаг тавиад явлаа, ямар учиртай юм бэ” гэж байсан. Манай буурай аав уншлагатай. Би буурай аав дээрээ өссөн. Аавын маань ээж 82 хүрсэн. Нөгөөдүүл чинь ламаас асуужээ. Би бол Ж.Болдбаатар гэж хүний тухай асууна даа. Тэр хөгшчүүл харин “Жигжидийн гэдэг айл хэр нуруутай вэ” гэж асуусан юм байна. Буурай ээж маань “Эрэгтэй тал нь амны хишигтэй айл байна” гэж ирсэн. Тэгээд боломжийн гэж үзсэн юм байгаа биз дээ. Хадам ээж ирээд явахдаа Болдоод “Айлын эрх охин гэсэн шүү, сайн хувцаслаж байгаарай” гэж хэлсэн гэдэг. Гуйгаад очихоор нь манай ээж “Ээ бурхан минь ээ, тэр хүүхдийн толгойг бид нар мэдэхгүй. Хоёр хөгшин нь өсгөсөн, зоргоороо хүн шүү. Та нар эрхлүүлж чадах юм болов уу даа” гэж л дээ. Манай ээж айлын ганц охин. Би дөрөвдүгээр анги төгстөлөө буурайгийнхаа нуруун дээр өссөн хүн дээ.

Манай аав намайг нөхөрт гарахад гурван юм захисан юм. Н.Жанцанноровын Уугантуяа хуримаа хийхэд П.Очирбат гуай, Ш.Цэвэлмаа эгч бид хэд нэг ширээнд таарлаа. Намайг үг хэл гэхээр нь аавынхаа захисныг хэлээд өнгөрсөн. Ноднин Х.Уртнасан эгчийн 70 насны ой боллоо. “Инээмсэглэл”-ийн Ч.Ганболдын авгай “Би таны хэлсэн үгийг мартахгүй, бодож явдаг” гэлээ. Би чиний ухаан санаад оршихоор юу хэлсэн юм бэ гэсэн чинь. “Та Уугантуяагийн хуриман дээр нэг үг хэлсэн дээ” гэсэн. Тэр нь аавын маань захисан үгийг хэлж байгаа нь тэр. Нэгдүгээрт, эр хүн эрэл сурал, наймаанд хэд хоногоор ч яваад ирж болно. Өөрөө л хэлэхгүй бол хаашаа яваад ирэв гэж битгий асуу. Хэзээ ирэх вэ гэж битгий асуу. Эр хүн цалин дээрээсээ хоолны мөнгө өгнө. Тэрийг нь хүргэ. Түүнээс эр хүний хэтэвчийг битгий ухаж бай, хэрүүл үүснэ гэсэн. Эмэгтэй хүн өөрийн хөрөнгөтэй байх ёстой. Би бол угаасаа үнээ малтайгаа ирсэн хүн л дээ. Аав маань бас “Эр хүнд торгон өмд өмсгөж бай” гэсэн. Манай аав агент байсан хүн л дээ. “Торгон өмд өмсгөж бай” гэсэн чинь П.Очирбат гуай “Оюунаа чи бод доо. Торгон өмд өмсдөг эр нэг муу бахиал хөлдөө шаах уу даа. Лут эр явжээ, танай аав” гэсэн юм. Аав, ээжийн сургаал миний амьдралын философийг бий болгосон. Нагац эмээ маань цай дэврэхээр “Ээ, шүтээн минь” гэдэг. Миний “Ээж шүтээн” гэдэг анхны дуу маань эндээс эхтэй. Хүн чинь уулга алдахдаа хүртэл гоё үг хэлэх ёстой юм байна. Үр хүүхэд нь сонсоод л үлддэг. Сэтгэлийн халуун угт тэр хүний ярьж хэлж байсан үг л үлддэг хэмээн С.Оюунчимэг эгч ярилаа.

“Та тэгээд аавынхаа хэлсэн захиасыг биелүүлсэн үү, нөхөртөө торгон өмд өмсүүлсэн үү” гэчихэв. “Энэ нөхөр юу гэж торгон өмд өмсөх вэ дээ. Болдоо бол маш гоёмсог, дээд зэргийн костюм өмсөнө шүү дээ. Сонинд өөдтэй өгүүлэл ч бичээгүй хүнтэй сууж байсан. Ер нь хүнийг хажуудах нь өрөмдөж, хөгжүүлж байж өөдтэй явдаг. “Залуучуудын үнэн” сонинд “Зоригийн хүмүүжил” гэдэг өгүүлэл надтай суусныхаа дараа л бичсэн хэмээн гэргий хэлсэн. Эзэгтэй биднийг сайхан айргаар дайллаа. “Одоо хэр нь Булганы Могодын айраг салахгүй. Өвөлжингөө айраг ууна. Сайхан амьдарна гэдэг санааных” гэж тэр хэлсэн юм. “Би заримдаа шөнө босоод шүлгээ бичдэг. Нөхөртөө өглөө болгон шинэ хоол хийж өгнө. Бид хоёр тав хагас гээд босдог” гэсэн.

Тэрбээр “Манай өвгөн насаараа нарийн бичигтэй явсан хүн. Компьютер шагайж хараагаа муутгахгүй, дандаа гараар бичдэг” хэмээн тайлбарлав. Эзэгтэй долоо хоногт нэг удаа бүжгэнд явдаг, нөхөр нь ч Орост төгссөн учраас сайн бүжиглэдэг байж.

Гэрийн эзэн цанын улсын нэгдүгээр зэргийн тамирчин явжээ. Боксоор хичээллэж байсан удаатай гэнэ. Эхнэр, нөхөр хоёрыг нэг орой харьж явтал хэдэн залуу замыг нь хааж, нэг нь “Зогс буудлаа” гэж л дээ. Нөхөр нь сүрдүүлэгчийг цохиод унагачихсан түүхтэй. Нөхрөө академич, том түүхч эрдэмтэн болгож “зэрэг нэмэхэд” ар тал нь болж явсан энэ эмэгтэйд ч бас тэвчээр шаардсан өдрүүд байжээ.

Нөхрөө, аспирантур, докторт сурч, олон жилээр харьд суух хооронд хүүхдүүдээ хүний зэрэгт хүргэх үүрэг гэргийд ногдсон. Ямар сайндаа хүү нь багадаа “Ээж ээ, аав энэ шинэ жилээр гэртээ байх болов уу” гэж асуусан удаатай.

Эзэгтэйг багад буурай аав, ээжийнхээр нь хүүхдүүд орж гарах дуртай байжээ. Одоо ч С.Оюунчимэг эгч олонтой явдгаа “Буурай аав, ээжийнхээ буяныг хариулж байна гэж боддог” гэнэ. “Мартсан тус хүнд буян болж ирдэг” гэж буурай ээж нь хэлдэг байж. Цагаан сарын бэлтгэлээ хэдийнээс хийдгийг нь сонирхоход “Цагаан сар дуусаад л цагаан сарынхаа бэлтгэлийг хийж эхэлдэг” гэж хариулсан юм.

Харин Ж.Болдбаатар гуайгаас дуурь, кино жүжиг үздэг үү хэмээн асуухад “ Дуурь их үздэг, бөхийн хорхойтон байлаа. Бурхан багшийн өгсөн цаг, томилолтын хугацаа цөөхөн үлдсэн. Одоо цагаа хайрлаад, элдэв юманд цаг гаргаж чадахаа байсан гэлээ. Тэрбээр жилд хоёр боть ном гаргах зорилготой яваа. Түүнтэй ярилцахыг хүсэхэд маань эхэндээ завгүй гээд байсан юмсан…

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Бүргэдчин охин Н.Айшолпан: Эмч болохыг хүсдэг

“13 настай, бүргэдтэй анчин охинхэмээн олонд танигдсан Н.Айшолпан охин олон улсын “Sun­dance” кино наадамд оролцохоор Америкийг зорих болжээ. Түүний тоглосонБүргэдчин охинбаримтат кино уг наадамд уригдсан агаад наадмын үеэр нээлтээ хийх гэнэ. УИХын гишүүн, БаянӨлгий аймгийн нутгийн зөвлөлийн дарга А.Бакей охиныг аав, ээжийнх нь хамт хүлээн авч баяр хүргэсэн юм. Бүргэдчин охин цагаан үнэгэн малгайгаар гангарчээ. “Цагаан, хар үнэг хүнтэй амар таардаггүй, буян авчирдаг гэж бэлгэшээдэггэж аав нь тайлбарласан юм. Н.Айшолпан дуу цөөнтэй, инээмсэглэсэн охин байлаа. Охин асуултад ганц нэгхэн үгээр хариулах тул аав Р.Нургайв, ээж К.Алмагүл нар нэмэлт тайлбар хийж туслав. Айшолпан гэдэг нь Үүрийн цолмон гэсэн утгатай нэр юм байна. “Бүргэдийн ачаар Төрийн ордонд зөндөө орлоогэж охины аав хэлсэн. Бүргэдчин охин БаянӨлгий аймгийнШилдэг хүүхэдболж байжээ. Бүргэд гар дээрээ суулгаад, мориндоо мордох нь амаргүй даваа ч охин энэ шалгуурыг дажгүй давдаг байна. Охиныг чадалтай гэж тооцсон багш нар нь нэг хэсэг бөхийн дугуйланд явахыг зөвлөж байсан гэнэ.

Н.Айшолпан, өөрийнхөө тухай танилцуулаач?

-Миний нэр Айшолпан. Би есдүгээр ангид сурдаг. Баян-Өлгий аймагт Монгол-Турк сургуульд сурдаг. Баян-Өлгийн Алтанцөгц суманд манай гэр бий. Нэг ахтай, хоёр дүүтэй.

-13 настай охиноо бүргэдээр ан хийлгэж сургасныг бодоход эрэгтэй хүүхэдгүй айл юм болов уу гэж бодож байлаа?

Аав Р.Нургайв: Би бол удам дамжсан бүргэдчин хүн. Аав маань бүргэдчин. Аавын аав бүргэдчин. Манай том хүү бас бүргэдчин. Тэгээд л хоёр дахь хүүхэд Айшолпан бас өөрөө дуртай болохоор нь бүргэдээр ан хийхэд сургасан юм.

Охидыг бүргэдийн анд сургадаг өөр тохиолдол байдаг уу?

-Цорын ганц энэ Айшолпан байгаа юм. Багаасаа бүргэдтэй хамт өссөн шүү дээ.

Айшолпан, зураг хамт авахуулсан бүргэдийнхээ тухай яриач?

-Бүргэдийг дэгдээхэй байхад нь үүрнээс нь авч сургадаг. Монголоор “Цагаан нүд” гэсэн нэртэй бүргэд.

Аав Р.Нургайв: Баян-Өлгий аймагт болдог Бүргэдийн баярт оролцож 75 бүргэдчинээс охин маань тэргүүн байр эзэлсэн. Зүгээр нэг түрүүлдэггүй. Бүргэдээ дуудаж, таван секундэд гар дээрээ суулгасан. Манайхан шыргаа гэдэг морьтой хүн үнэгний арьс чирж явахад, бүргэд нь тэр арьсан дээр буух ёстой. Би бас Бүргэдийн баярт түрүүлж байсан. Хүнд их дасгасан бүргэд эзнээ дуудахад ингэж хурдан ирж гар дээр нь суудаг.

Бүргэд хэр урт настай амьтан бэ. Ан хийх хугацаа нь хэр удаан байдаг бол?

-Бүргэд бариад тав, зургаан жилийн дараа байгальд нь тавьчихдаг юм. Үржлийн насанд хүрэхээр нь байгальд тавьчихдаг.

Айшолпан, ямар хичээлдээ дуртай вэ?

-Англи, турк, монгол хэл, биеийн тамирын хичээлд дуртай.

Ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ?

-Эмч.

Хичээлдээ сайн сурч байгаа юу?

-(Толгой дохив).

Ямар үед бүргэдээр ан хийж, дасгал сургуулиа хийдэг вэ?

-Аравдугаар сараас эхлээд өвөл хийнэ.

Айшолпан, бүргэдтэйгээ ямар ан хийж байв?

-Туулай, үнэг, хярс мануул.

Үеийн охид, хөвгүүд чинь чамайг ямар зоригтой юм бэ гээд гайхдаг байх даа?

-Тийм. Манай есөн настай бага эрэгтэй дүү бас бүргэдээр ан хийхэд сурч байгаа.

Бүргэдтэй зураг авахуулж, кинонд тоглосноос хойш олон газраар явсан гэсэн. Арабт очсон гэсэн үү?

-Аавтайгаа хамт явсан. Таван одтой зочид буудалд буусан. Ээждээ зүүлт, цаг, ээмэг авсан.

Зураг авалтынхаа тухай яриач?

-Зураг авалт хоёр жил үргэлжилсэн. Үүрнээс бүргэдийн дэгдээхэй авахаас эхлээд, хамгийн сүүлд Бүргэдийн баярын тухай бичлэгээр дууссан.

Аав Р.Нургайв: Эхлээд бүргэдийн дэгдээхэй үүрнээс авсныг, номхруулсныг, ан барьсныг, Наурызын баяр, бүргэдийн баярын зураг авсан. Японы Эн Эйч Кей телевизийнхэн бас ирж зураг авсан. Энэ хоёр дахь кино нь. Дахиад нэг кинонд зураг авах тухай яриа гараад байгаа.

Киноны зураг авахуулахаар мөнгө авдаг байх?

-Анхны гэрээ жаахан муухан шиг байсан. Дараа нь Ц.Оюунгэрэл гишүүн сайд байхдаа дахиад гэрээ хийхэд тусалж, бүгдийг нь сайжруулж өгсөн.

Бүргэдийн хамгийн том ан нь юу байдаг вэ?

-Бүргэд хамгийн том нь чоно барьдаг. Тэгээд үнэг, хярс, туулай, мануул барина. Өөрийнх нь агнасан ангийн махаар бүргэдээ тэжээдэг.

Бүргэд маш том хүчтэй амьтан, жаахан охин яаж даадаг юм бол?

-Бүргэд найман кг байдаг. Жин нь гол биш хумсаараа хатгана, базна.

Бүргэдийн хумснаас болоод өвдөж байсан уу?

Аав Нургайв: Гарандаа хамгаалалт хийдэг. Бид гараа шархлуулдаг. Гэхдээ бүргэдийн хумс ямар нэг хор нөлөө байхгүй. Дороо эдгэдэг.

Цаашдаа Айшолпан маань бүргэдээрээ ан хийсээр байх уу?

-Үгүй ээ. Цаашдаа дүү нартаа заана.

Аав Р.Нургайв: Эмэгтэй хүн болохоор сонирхол нь буурна шүү дээ.

Ээжийн нь хувьд охин чинь бүргэдээр ан хийх болсныг яаж хүлээж авсан бэ?

Ээж К.Алмагүл: Анх арван настай байхдаа л бүргэдэд дуртай байсан. Бүргэд гэрт сууж байхад хажууд нь очоод, гараараа илээд байдаг. Би дургүйцээгүй л дээ. Өөрөө дуртай юм чинь. Ан хийгээд эрчүүдтай хамт явж байгаа юм.

Эмэгтэй хүн гэдгээрээ зан заншилд баригдаад хийж чадаагүй юм танд байдаг уу?

-Миний хийж чадаагүй юм байхгүй л дээ.

Танд ер нь бүргэдээр ан хийх бодол төрж байсан уу?

-Үгүй, тийм бодол төрж байгаагүй. Хүүхдэдээ эрх чөлөө өгдөг. Битгий, боль гэдэггүй. Манай шашин, зан заншилд бүргэдээр ан хийхийг хориглосон юм байхгүй л дээ. Өөрөө чадаж байвал болно.

Казак охид гэрээ өөрийн оёж хатгасан юмаар гоёдог юм билээ. Айшолпан үйлэнд хэр уран бэ?

– Сайн.

Аав нь бүргэдээр ан хийхэд сургажээ. Харин ээж нь охиноо юунд сургадаг вэ?

Ээж Алмагүл: Бид багаас нь гэрийн бүх ажилд сургана. Юм оёх, бүх хувцсаа өөрөө оёход сургадаг.

Сонин хачин хүсэлт ирдэг үү?

-Жуулчид их сонирхож ирдэг. Манай гэрт ирээд, ан хийхийг үзээд, Айшолпантай зургаа авахуулах дуртай.

Айшолпан ямар хоолонд дуртай вэ?

Ээж Алмагүл: Бид зун малаа саана. Айраг цагаан идээ бүгдийг идэх дуртай.

Танайх хэр малтай айл вэ?

Аав Р.Нургайв: Манай аав мянгат малчин Рыс гэж хүн байдаг. Би ч бас сумын сайн малчин. Морь уяна. Морины хорхойтой.

Нэг айл хэдэн бүргэдтэй байдаг вэ?

Аав Р.Нургайв: Янз бүр. Надад нэг бүргэд, Айшолпаны бүргэд гээд хоёр бүргэд байсан. Аав, дүү нарын бүргэд гэх мэтээр манайхан Бүргэдийн баярт нэг айлаас найм, есөн бүргэдтэй морддог.

Миний дүү, бүргэдээр ан хийхээс өөр хобби байгаа юу?

-Ном уншиж, дуу дуулдаг.

Танай гэр бүлийн онцолж тэмдэглэдэг ямар баяр байдаг вэ?

Аав Р.Нургайв: Наурыз, Бүргэдийн баяр.

Охиноо ямар хүн болоосой гэж хүсдэг вэ?

Аав: Сургуульдаа сураад, сайн эмч болоод, аав, ээждээ тусалдаг хүн болоосой л гэж боддог.

Бүргэдийн анд хэдүүлээ явдаг вэ. 13 настай охин ганцаараа эзгүй газар ан хийдэг юм биш байгаа гэж зарим хүн санаа зовж байсан?

Аав Р.Нургайв: Охин маань бүргэдээр ан хийхдээ дандаа надтай, манай ах дүү нартай хамт явдаг юм.

Гэрэл зургийг Г.ЛХАГВАДОРЖ