Categories
мэдээ цаг-үе

Н.Алгаа: Зогсчихсон байсан, үндэсний хэмжээний, хэрэгжих бололцоотой төслүүд хөдөлж байна

Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаатай ярилцлаа.

-Торонтогийн уул уурхайн чуулга уулзалтад оролцоод ирсэн зарим эрхэм “Дэлхийн уул уурхайн зах зээл сэргэх хандлагатай байна” гэж дүгнэсэн байна лээ. Монголд харин ямар байгаа вэ?

-Ерөнхий сайд муу хэлүүлэн байж, гэрч болоод хажууд нь зогсч Рио Тинто, Туркойз Хилл, Эрдэнэс Монгол гурван компани Оюу толгойн далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурсан шүү дээ. Тэрнээс өөр арга байсангүй. Зөв шийдэл болсон. Жилд нэг тэрбум долларын хөрөнгө орж ирнэ шүү дээ. Одоо Оюу толгой сонгон шалгаруулалт хийж эхэлсэн байна. Үндэсний компаниуд далд уурхайн бүтээн байгуулалтад оролцохоор бэлтгэж эхэлсэн. Компанийн засаглалаа сайжруулаад, хөдөлмөр, эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны стандарт нэвтрүүлж байна. Олон улсын хэмжээнд тавьдаг шаардлагыг хангах талаар монголчууд өмнөх бүтээн байгуулалтын ажлаас мэдэрчээ. Хүлээлт үүссэн байна. Оюу толгойтой холбоотой сайн эхлэл байна. Бороо, Гацууртын алтны ордын асуудлыг УИХ хэлэлцээд, Засгийн газар ажлыг нь явуул гэсэн. Энэ бас хөдлөх нь. Дээр нь Шинэ Шивээ гээд Шивээ Овоогийн нүүрсний орд дээр бараг өнөөдөр Монголд хэрэглэж байгаа цахилгаан эрчим хүчнээс хоёр дахин их эрчим хүч үйлдвэрлээд, Хятадад экспортлох төслийн яриа хэлэлцээр бэлтгэл ажил явж байгаа. Манай Засгийн газрын хүмүүс Хятадад ажиллаад, дараагийн таван жилийн төлөвлөгөөнд нь энэ талаар тусгуулахаар бодож байх шиг. Таван толгойн эрчим хүчний төслийн сонгон шалгаруулалт хийгээд ажил нь явж байна. Үндэсний хэмжээнд зогсчихсон байсан хөдлөх бололцоотой төслүүд хэрэгжих өнгөндөө орлоо. Нөгөө талаас эрчим хүчний болон коксжих нүүрсний манай ганц зах зээл Хятад гангийн үйлдвэрлэл, нүүрсний хэрэглээгээ хумьсантай холбоотойгоор манай нүүрсний борлуулалт их буурлаа. Мэдээж манай нүүрс үнийн хувьд өрсөлдөх чадвар муу, замаар тээвэрлэдэг учраас өртөг зардал өндөр, бүгдийг нь угааж баяжуулаагүй учраас чанарын доголдолтой, тогтмол нийлүүлэлт байхгүй учраас найдвартай ажиллагаа нь эргэлзээтэй байна. Энэ нь хувийн компанийн асуудал гэхээсээ манай төр засгийн бодлогын дэмжлэг дутагдаж байна. Дэмждэггүй юм гэхэд ядаж саад болохгүй байх ёстой шүү дээ. Нүүрс гэхэд үнэхээр өрсөлдөх чадвар байхгүй. Гаалийн хураамж гээд тонн тутамд нь далд хэлбэртэй татвар, тэмдэгтийн хураамж авдаг. Хятадад л тэр нүүрс шатна шүү дээ. Гэтэл тэрний төлөө Монголд хорт утааны татвар авдаг. Жишиг үнийн асуудал байна. Сая л нэг Засгийн газар, салбарын яам тогтоол гаргаад, гэрээний асуудал шийдэж байна л даа. Эрт хийх ёстой ажил. Гадаад талдаа гэвэл зэсийн үнэ тун удахгүй сэргэж магадгүй гэсэн хүлээлт байна. Алтны үнэ унахааргүй хандлагатай байна. Тийм учраас тодорхой, бэлэн болсон төслүүдэд хөрөнгө оруулалт бололцоотой байх шиг байна.

-Хайгуулын ажил зогссон гэсэн үү?

-Хайгуул бол дэлхийн хэмжээнд зогсчихсон байгаа. Хайгуулд хөрөнгө оруулалт хийх хүнд байна. Хэрэгжихэд бэлэн болсон уул уурхайн төслүүд дээр одоо хөрөнгө оруулахад ямар давуу тал байна гэхээр хөрөнгө оруулалтын өртөг тодорхой хэмжээгээр буурсан. Хөрөнгө оруулсан байхад үнэ сэргэхээр үйлдвэрлэл нь явчих бололцоо бий. Монголын хувьд хайгуул дөрөв таван жил зогсоод өнгөрсөн жил сэргэх нь гэсэн чинь явц нь удаан байна. Хамгийн хэцүү нь хайгуулын ажил зогссонтой холбоотойгоор геологи, хайгуулын компаниуд, тэдэнд зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компаниуд, тосгон, гэр түлш шатахуун нийлүүлэх ажил бүгд зогслоо. Эдний хувьд хүнд байна. Эдийн засгийн бэрхшээл хямралын үед монголчуудад үүнээс илүү сайн явах бололцоо байсан. Үнийн өсөлтийг мөнхийн юм шиг санаад хамаг асуудлаа дордуулчихсан. Алдаагаа заслаа ч хөрөнгө оруулагчид эргэж ирэх итгэл сэргэх хэрэгтэй. Монголын хувьд Оюу толгойн асуудлыг шийдлээ. Гацууртад шийдвэрээ гаргачихлаа. Хаан ресурсын төлөх өрийг шийдсэн. Хөрөнгө оруулагчдын итгэл эргэж ирэхэд ийм бодит алхмууд хэрэгтэй байсан л даа. Энэ бүхэн монголчууд алдаа гаргавал засч чаддаг юм байна гэдгийг дэлхийд харуулж байна. Дэлхийн уул уурхайн байдал сайжраад ирвэл манайх ч наашлах сайн дохио.

-Хямралд бас давуу тал бий гээд байгаа?

-Эдийн засгийн хүндрэл бидэнд сургамж өглөө. Уул уурхай ярьдаг хүн бараг байхгүй боллоо. Шантаажлах хүн байхгүй боллоо. Ярих сэдэв ч байхгүй боллоо. Нам гүмхэн байж байна. Эрдэс баялгийн үндсэрхэг үзэл гэдэг чинь үзэгдэл байхгүй юу. Үнэ буурахаар алга болоод, үнийн өсөлтийг дагаад эргээд бий болдог. Үүнд бид дандаа бэлэн байх ёстой. Тэрний тулд бүх оролцогч нар уул уурхайн талаар үнэн зөв мэдээллийг олон нийтэд хүргэж, хариуцлагатай уул уурхайг хэрхэн хөгжүүлэх талаар том сургамж авлаа. Бодлогын алдаа, тогтворгүй байдал юунд хүргэдгийг үзсэн. Энэ маань дараагийн мөчлөгт бэлтгэлтэй илүү ухаалаг хандах боломжийг олгож байна. Компаниуд удирдлагын тогтолцооны стандартуудыг нэвтрүүлж байна. Компанийн сайн засаглалыг нэвтрүүлэхэд анхаарч байна. Хөдөлмөр, эрүүл мэнд аюулгүй ажиллагааны чиглэлээр Уул уурхайн ассоциаци 15 дахь удаагаа “Нэн түрүүнд ХАБ” гэж хурлаа дөрөвдүгээр сарын 28-нд хийх гэж байна. Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны олон улсын стандартыг Монголд хүлээж аваад хэрэгжүүлэхэд энэ таван жилийн хугацаанд том ахиц гарчээ. Компаниуд энэ талаар сайн ойлгоод, зөвлөх үйлчилгээ авдаг болсон байна. Компанийн засаглал, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах талаар энэ стандартууд дэм тус болно. Монголын банкны холбоо хамтраад ТоС гээд тогтвортой санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлж байна. Бас л хариуцлагатай уул уурхайн зарчмуудыг мөрдөж, байгаль орчинд ноцтой сөрөг нөлөө үзүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлэхээс татгалздаг болсон. Байдал хүндэрсэн үед хүмүүс ингэж нөхцөлөө сайжруулахаар ажиллаж байна.

Маш олон үндэсний компаниудын хувьд байдал хүнд байна. “Алтайн хүдэр”, “Энержи ресурс”, МАК гээд сайхан явж байсан компаниуд ч хүнд байдалд орлоо. Эд сайн ажилтнуудаа алдахгүйн тулд олон сараар хагас дутуу цалин өгч байна. Хүнээ явуулчихаж болдоггүй, хадгалаад байж болдоггүй. Аль аль талдаа хүнд байна. Үйлдвэрчний байгууллагууд жагсч цуглаад эсэргүүцээд, хэцүү асуудлууд их тулгардаг. Гэтэл үндэстэн дамнасан корпорациуд Бороо, Оюу толгой тухай тухайн үед нь эрсдэлээ бууруулаад, хүнээ цомхотгоод, асуудлаа шийдээд яваад байна. Манай үндэсний компаниуд хүнээ хадгалаад байдал сайжирч магадгүй, төр засгаас дэмжиж магадгүй гээд горьдоод байна. Ийм үед эрсдэлийг бууруулах, үнийн мөчлөгийн эсрэг арга хэмжээнүүд авч, аажуу тогтуу бодлоготойгоор аль аль талдаа хохирол багатайгаар явах ёстой. Асуудлыг хуримтуулахаар байдал хүндрээд байгаа. Зургаан сар хүнээ хадгална гээд цалин өгч чадахгүй бол маш том эсэргүүцэл жагсаал болно. Цалин өгөөд байхаар компанид татварын өрнөөс авахуулаад дарамт ирдэг. Энэ асуудлыг зах зээлийн эдийн засгийн зарчмаар шийдэж сурах хэрэгтэй.

-Хямралын үед ажилтан, ажил олгогч аль алинаа хохироохгүйгээр шийддэг бусад орны туршлага бий байх?

-Бусад оронд даатгалын систем нь байна. Манайд даатгал хөгжөөгүй. Хөдөлмөрийн хууль оновчтой зохицуулалтгүй байна. Ажил олгогч, ажилтны эрх ашиг тэнцвэртэй байх учиртай. Манайд бүдүүн тоймоор хэлбэл хулгай хийсэн, худлаа ярьсан хүнийг халж болдоггүй. Заавал шүүхээр явдаг. Тэр тусмаа уул уурхайн компаниуд хүнээ цомхотгох түр зогсоход яах ёстойг Үйлдвэрчний байгууллага, ажил олгогч нар хамтын гэрээ хэлэлцээрээр сайтар тохиролцсон байх учиртай. Хэлэлцээр хийдэг арга технологи, ур чадвар нь манайд сайн хөгжөөгүй байна.

-Нүүрсний хэрэглээг хумих талаар дэлхийн хэмжээнд яригдаад байна. Манай гол хэрэглэгч Хятад нүүрсний хэрэглээгээ танаж байна. Нүүрсний ирээдүй бүрхэг болж байгаа юм биш үү?

-Киотогийн протокол гэж олон жилийн өмнө гарсан. Өндөр хөгжилтэй, уул уурхайгаас бага хамааралтай, цахилгааны өөр эх үүсвэртэй орнууд нэг өөр. Нүүрсний хэрэглээ их, нүүрсийг эрчим хүчний зорилгоор ашиглаж байгаа орнуудад нэг өөр. Хятадууд хариуцлагагүй жижиг уурхайнуудаа өөрсдөө ч хааж байгаа. Манайхан нэг юм сонсоод түүнийгээ туйлын үнэн мэтээр шууд хүлээгээд авчихдаг. Тэргүүлж байгаанууд нь түрүүлж яваа, тэр хүртэл бусад нь гүйцэж очиход зай бий. Япончууд гэхэд л Таван толгойг сонирхох нь буураагүй. Коксжих нүүрсийг гангийн үйлдвэрлэлд хэрэглэдэг. Автомашин үйлдвэрлэдэг Солонгос, Япон, Хятадад машинд хийдэг төмөр хийц хэвээрээ. Гангийн үйлдвэрүүдэд кокс хэрэглэдгээрээ л хэрэглэнэ. Хятад экспорт, импортоо хумихад Япон, Солонгос өөр зах зээл хайхад хүрч байна. Том Таван толгойн баяжуулсан, сайн чанарын нүүрс бол Өмнөд, Солонгос, Японд эрэлттэй. Хүргэх л асуудал байна.

-Нүүрсний уурхайнууд хаагдах, зарагдах үйл явц хэр их өрнөсөн бэ?

-Маш олон нүүрсний уурхайнууд зогссон. Зах зээл нь хумигдсан учраас нүүрс олборлоод зах зээлээ алдахгүйн тулд алдагдалтай үнээр нийлүүлээд ажилтнуудаа цалинжуулаад амь зогоогоод явж байгаа газрууд байна. Арай нэг их хэмжээгээр нүүрс олборлож байгаа нь том Таван толгой, Чалкогийн өрөнд олборлолт хийгээд явж байна. Хятадын зах зээл хамгийн ойр учраас нүүрсэн дээр сэргэлт гарах нь эргэлзээтэй байна. Найдаад горьдоод байж байна. Хятад таван жилийн төлөвлөгөөтэй хөгждөг , тэр төлөвлөгөөнд нь Монголоос түүхий эд авахаар тусгуулчихвал горьдлого бий. Гол өрсөлдөгчийн нөхцөлийг харахад Австрали татваргүй байхад манайх эрчим хүчний нүүрсэн дээр зургаан хувь, коксжих нүүрсэн дээр гурван хувийн татвар төлчихөөд, нийлүүлж байна. Тарифын хэлэлцээр хийж манай нүүрсийг Япон, Солонгосын зах зээлд хүргэх гэх мэт хийх ажил маш их байна. Мөчлөг гэдгийг одоо л мэдэрч байна. Үүний өмнөх мөчлөгийг манайхан анзаараагүй. Хувийн уурхай бараг байгаагүй. Ганц мэдэрсэн нь Эрдэнэт үйлдвэр. Гэхдээ улсын өмчтэй учраас хүчээр ажиллуулаад даваад л гарсан. Энэ удаагийн мөчлөгийн хэцүү хүндийг маш олон гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, хувийн уурхайнууд амсч байна. Ашиг малтмалын үнийн өсөлт бууралтын үечлэл хэзээ эхэлж дуусахыг хэн ч хэлж мэдэхгүй.

-Оюу толгойн алт, зэсийн үйлдвэрлэл нэлээд өсөлттэй гарсан байна лээ?

-Тийм. Энэ онд буурна. Ил уурхай доошлох тусам зэс алтны агууламж буурна. Үүнийг угтаж гурван жилийн өмнө далд уурхайн ажлыг эхлүүлээд өндөр агууламж руу орсон бол энэ өсөлт зогсохгүй л байсан. Оюу толгой 2016 оныхоо олборлох алт, зэсийн хэмжээг зарлачихсан. Тэрийг харвал аль аль нь буурч байгаа. ТЭЗҮ-ээс нь хүмүүс зардлыг нь түлхүү хараад байдаг. Далд уурхай ил уурхайгаа дэмжээд, нэг хоёр жилийн өмнө ажиллаж эхлэх байтал бид хөрөнгө оруулалтыг нь зогсоогоод гурван жил барьчихсан. Дэлхий дээр 200 жил энэ бизнесийг хийсэн үндэстэн дамнасан компани шүү дээ. Ямар төслийг хэзээ яаж хөрөнгө оруулж, ашиглахаа хэнээр ч хэлүүлэхгүй маш өндөр түвшинд судлаад эрсдэлээ тооцоод, хөрөнгө оруулалтаа шийдчихсэн байгаа. Тэрнийг бид энд ухаантай царайлаад мэтгэлцээд байх юмгүй. Хэн ч нүүрс ухаж чадна гээд байх юм. Налайхын нүүрсийг ухаж болно. Ухахдаа гол нь биш. Тэрнийг борлуулж ашиг олох гол нь. Байгаль орчинд ээлтэй олборлох тухай бас яригдана.

-Хүмүүс уул уурхай хөдөлбөл, эдийн засагт мөнгө орж ирнэ гэсэн хүлээлттэй байгаа. Танд ямар өнгөтэй дүр зураг харагдаж байна?

-Оюу толгойн нэг тэрбум долларын хөрөнгө оруулалт орно. Түүний нэлээд хэсэг нь ханган нийлүүлэгч дотоодын компаниудад очно. Тодорхой хэсэгт сэргэлт авчирна. Үүнийгээ дагаад бусад төслүүд нь хөдөлнө. Цаг хугацаа л хэрэгтэй. Хямралыг дэвэргээд сүрдээд улам хямрахын оронд сургамж аваад, дараагийн хэцүү үе ирэхэд илүү мэдлэгтэй, зохицох чадвартай байх ёстой. Хөгжлийн жам ийм.

Categories
мэдээ цаг-үе

Н.Жанцанноров: Ц.Нямдорж над руу яриад “Өвгөөн би дуугарах ёстой юу” гэж байна…

-Н.ЖАНЦАННОРОВЫН “ОЮУЭРДЭНИЙНГОВЬ” ЭГШИГЛЭНЭ

Төрийн хошой соёрхолт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Нацагийн Жанцанноровын шинэ бүтээл “Дорнодын цэнхэр аялгуу”, “Оюу эрдэнийн говь” цомгууд “мэндэлж”, “Говь”, “Тал” чуулбар тоглолтоо Соёлын төв өргөөнд гуравдугаар сарын 28-нд толилуулах юм. Түүний шинэ уран бүтээлийн тухай сонсоод, зорьж очлоо. Мань эр хаалгаа тайлж, мэнд мэдээд “Чи мүүн яриад намайг унагах гэж байна уу” хэмээн “өдөв”. “Нээрэн та мүүнээс одон авсан этгээдүүдийн жагсаалтад багтчихаад байгаа биз дээ” гэхэд маань тэрбээр одонгийн түүхээ наргиантайгаар хуучилснаар бидний ярилцлага эхлэв.

-Над руу Д.Цэвээнжав яриад байсан юм. Тэгээд нэг хуралд нь очиж, баяр хүргэж үг хэлээд, намайг Дэлхийн энх тайвны урлагийн дээд одонгоор шагналаа. Хүн шагнаж байхад чинь “Авахгүй, авахгүй” гэлтэй биш. Дахиад нэг хуралд очсон чинь Мүүн гээд нэг хүний асуудал яригдаад байх юм аа. Тэгээд би “Энх тайвныг нэг хүн хөгжүүлнэ гэж байхгүй дээ. Энэ жаахан асуудалтай болоод явчихлаа” гэж бодоод “бултсан”. Түүнээс хойш Энх тайвны залуучуудын ямар байгууллагаас гэнэ вэ зөндөө утасддаг юм. “Н.Жанцанноров гуай Солонгост олон улсын энх тайвны хурал болох гэж байна. Бүх зардлыг нь тэндээс нь гаргана. Та нэг очоод, Монголын уламжлалт соёлын талаар үг хэлээд өгөөч” л гэнэ. “Японы талаас бүх зардлыг нь даана, та яваач” л гэнэ. “Та манай идэвхтэн гэнэ үү юу ч гэнэ үү. Ингээд бултаад байсан сүүлдээ нөгөөдөх чинь хүн оршуулдаг ч гэнэ үү нэг юм болоод явчихлаа.

-Ц.Нямдорж гишүүн хүртэл мүүнчнээр тодроод байгаа юм биш үү?

-Ц.Нямдорж өнөөдөр (лхагвад) ярьж байна. Өвгөөн, “Чамайг нэг олон нийтийн байгууллага одонгоор шагная гээд байна” гээд Бавуугийн Лхагвасүрэн утасдаад байхаар нь би ямар гавьяа байгуулсан биш, шагнах гэж байгаа юм бол шагна даа гэжээ. Тэгсэн нэг одонгоор шагнуулсан гэнэ. Хаанаас юм бэ дээ нэг сая төгрөг өгсөн юм байна. Тэрнийг нь нийгмийн халамжийн байгууллагад өгчээ. Баримт нь бий гэж байна. Тэгээд Ц.Нямдорж “Өвгөөн, одоо би дуугарах ёстой юм уу, дуугүй байж байх уу” гэж байна. (Н.Жанцанноров гуай гар утсаа харснаа 10:44-т ярьсан байна гэв.) Шаардлага гарвал дуугараач дээ, мэдэхгүй байсан гэдгээ хэлэхгүй юу гэсэн. Тэгээд би хэлсэн л дээ. Энэ бол чи бид нарын ч буруу биш, тэр Ц.Элбэгдоржийн ч буруу биш. С.Баярцогт одон авч байгаа зураг гарсан юм уу. Тэрний ч буруу биш. Манай улс тусгаар тогтносон орны хувьд дотоод бодлогоо нухацтай явуулахад анхаарах хэрэгтэй юм байна. Энэ бол ардчиллынхны буруу гэж ийш тийшээ ганхуулах хэрэггүй. Ерөөсөө л бид гажуудсан ойлголтуудаасаа болоод нийгэм жаахан саармагжсан юм байна. Демократ гэдэг грек үг л дээ. Демо гэдэг нь ард, крат гэдэг нь засаг гэсэн үг шүү дээ. Ардчилал гэдэг яг махчилаад орчуулбал ардын засаг гэсэн үг байхгүй юу. Ард засаглана л гэсэн үг. Яахав Ц.Элбэгдорж, манай энэ хэд эхний үедээ хөөрсөн юм байна, бас. Дэндүү эрх чөлөө яриад, Э.Бат-Үүл энэ хэд бүх монгол хүнд гадаад паспорт авч өгөөд бүгд гарна гээд л. Их сэтгэлийн хөөрлөөр хийчихсэн. Ер нь тэгж замбараагүй байж болдоггүй юм байна. Ардчиллыг үнэн чанартаа засаглал гэж ухааралгүйгээр эрх чөлөө гэж массаараа ойлгосон шиг байгаа юм. Эрх чөлөө үнэн чанартаа хариуцлага гэж биш дураараа дургих гэж бидэнд бууж байжээ. Засаглалаа эрх чөлөө, эрх чөлөөгөө дураараа дургих гээд ойлгочихож. Дэлхий хавтгай болчихлоо, одоо биенээ эзэрхийлж түрэмгийлэх юм байхгүй. Даяаршаад, бүх юм ил тод, тунгалаг болно гээд “хусаад” байсан чинь өнгөн дээрээ л тийм болохоос биш бүх том гүрнүүдэд тагнуул нь байдгаараа л байна. Орост ч Дотоод яам байна. АНУ-д Дотоод яам гэж нэрлэхгүй ч өөрийгөө хамгаалдаг, хянадаг байгууллагууд нь бүгд бий, Хятадад ч байна. Өөрийнхөө дархлааг атгаж байхын тулд тэр бүхэн цөм байна. Манайх болохоор Тагнуулын төв газрыг агентлаг болгоод, Ерөнхий сайд руу өгчихсөн. Ерөнхий сайд сар болоод солигдож мэднэ, жил болж ч болно. Дөрвөн жил ч болно. Тагнуулын төв газар Ерөнхий сайдын мэдлийн агентлаг байхаар нам нам руу, хүн рүү савласан бодлого болж хувирч байна. Ер нь тагнаж байх хэрэгтэй юм уу, манайд тагнаад байхаар юу байгаа юм. Тагнана гэдэг хүний эрх чөлөөнд халдаж байгаа үйлдэл ч гэх шиг ийм хачин хачин юм бодоод задлаад хаясан. Тэгээд бид чинь цөмөөрөө энд тэндхийн одон модон аваад байгаа байхгүй юу. Би юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл энх тайвны байгууллага ч байна уу, хүмүүнлэгийн байгууллага ч гэнэ үү Монголд орж ирж байгаа бүх гадны байгууллага хуучнаар бол манай Дотоод яамаар судлагдаж байх учиртай. Далай лам ч байсан гэгээнтэн гээд орхих биш хэнтэй уулзав, юу ярив гээд судлах ёстой. Өөрөөр хэлбэл манайд ийм энх тайвны байгууллага орж ирсэн, энэ бол ийм зорилготой, цаанаа ийм эдийн засгийн хүчин чадалтай, ийм байгууллага гээд олон улсын гээд байгаа бүх л байгууллагыг судлах ёстой. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүд, гишүүн, сайд байсан хүмүүс Монголд 400-гаад байгаа. Тэр байгууллагыг судлаад С.Баярцогт очиж уулзах гэж байгаа бол өөрийн шугамаараа мэдээлэх ёстой. Намайг дуудах ёстой. “Таныг ийм байгууллага урьсан байна. Энэ байгууллага бол ийм зорилготой ингэж байгуулагдсан шүү” гээд мэдээлэл өгдөг. Ц.Нямдоржид ч хэлэх ёстой. Бид хамгаалах ёстой шүү дээ. УИХ-ын гишүүн байсан бол муу сайн нь хамаагүй, монгол хүний хувьд капитал шүү дээ. УИХ-ын гишүүн улсын нууцыг ямар нэг хэмжээгээр мэдэж байдаг, Тагнуулын төв газрынхныг дуудаад асуух юмаа асуугаад байдаг юм чинь. Бид нар чинь капитал шүү дээ. Биднийг хамгаалах ёстой. Мэдээлэл өгсний дараа сонголт хийх эрх нь тухайн хүний хэрэг. “Өө тийм байгууллага юм уу. Гэхдээ би энэ үйл ажиллагаанд орно” гэж байгаа бол өөр хэрэг. Тэгэхэд манайхан “Эдийн засгийн алуурчдын гарт орж байна” гээд л шуугиад байдаг. Нээрээ алуурчид юм уу, хэн мэдэж байгаа юм. Нэг үндэстэн, улс болж тоглож байгаа бол улс дотроо юу болоод байгааг мэддэг байгууллага хэрэгтэй байна. Тагнадаг чагнадаг гэдэг нь ямар тогтолцоогоор явах юм. Гэтэл одоо Ц.Нямдорж нэг одон авсан, С.Баярцогт нэг одон авсан, “хусна” гээд байдаг. Гэтэл Ц.Нямдорж над руу “Өвгөөн юу болоод би одон авчихав аа” гээд яриад байдаг. Хууль зүйн сайд, УИХ-ын дарга байсан хүн юунд оролцсоноо мэдэхгүй л байна шүү дээ.

-Одоо хийх гэж байгаа тоглолт, шинэ уран бүтээлийнхээ тухай яриач?

-Би хэдэн жилийн өмнө өөртөө нэг зорилго тавьсан юм. Монголын газар орны онцлогоор Алтай, Хангай, Говь, Тал гэж дөрөв хуваагаад, хөгжмийн дөрвөн цуврал бүтээл хийнэ гэж. Яагаад ингэж дан хөгжмийн бүтээл хийх гэсэн юм гэхээр даруу бишээр ярих юм бол эх оронч гэдэг юм уу би хөгжмийн зохиолч ч гэсэн нийгэмдээ тустай байна гэдэг ч юм уу зорилгоор дээрх дөрвөн санааг гаргасан юм. Говийн тухай нэг цагийн хөгжим биччихээд, CD гаргасан. Нийт дөрвөн сэдвээр CD гаргана. Манай ерөнхий боловсролын сургууль эднийг маань сургалтад хэрэглэж болно. Эсвэл гадаадын хүмүүс ирээд, Монголын говийн тухай хөгжим сонсчих боломжтой байх учиртай. Цаашдаа тав гурван төгрөг олдох юм бол өөрийнхөө хөгжмийг дүрсжүүлэх санаатай байна. Н.Жанцаноровын “Оюу эрдэнийн говь” гээд л хөгжим явахад гадны хүмүүс Монголд ирээд говийн тухай сайхан дүрстэй хөгжмийг авч явъя гэж болно. Аялал жуулчлалын бүтээгдэхүүн хийж эх орондоо тусалъя гэсэн юм. Нөгөө талаар бид гадныханд ном бэлэглэх гэхээр хэл ус нь болж өгөхгүй. Нөгөө л нэг ноолууран цамц, бээлий, хүзүүний ороолт гэсхийгээд дуусдаг. Одоо хөгжмийн бүтээл бэлэглэе. Миний хөгжмөөс хамаараад ч гэх үү, шалтгаалаад ч гэх үү жилд ирэх жуулчдын тоо арваар ч болов нэмэгдвэл эх орондоо оруулж байгаа миний хувь нэмэр.

-Хөгжим зүрх сэтгэлээс эгшиглэдэг гэж би боддог юм. Та бол одоо ухаанаар “зодож” уран бүтээл хийж байгаа юу?

-Би нэг удаа хэлсэн дээ. Хөгжим бол авьяасаар төдийгүй ухаанаар бүтдэг урлаг шүү гэж. Ухаан зараагүй бүтээл гэж байхгүй л дээ. Гэхдээ тодорхой зорилготой, бодлоготой болж байгаа юм. Энэ удаа гуравдугаар сарын 28-нд “Тал”, “Говь” хоёр нь концерт болж байгаа юм. Говийн тухай тавиад минут Морин хуурын чуулга, симфони найрал хөгжим, үлээвэр хөгжимчид, виолончелийн чуулга нийлээд тоглоно. Концертын нэгдүгээр хэсэг ийм. Энэ бүтээлээ хийхдээ би говиор явсан. Дорнодын талаар долоо хоног явсан. Тэгээд л сэтгэлдээ цуглуулж бичсэн зүйл шүү дээ. “Дорнодын цэнхэр аялгуу” нь зургаан дуутай. “Хэрлэнгийн ай” гээд Э.Төрмандах дуулна. Эхлээд “Дорнодын цэнхэр аялгуу” гээд хөгжим явна. Бадам-Ишийн тал, Мэнэнгийн тал, Тамсагийн тал гэж гурван залгаа гайхамшигтай тал байна. Хэрлэнбарс хотын туурь гэж байдаг юм билээ. Чингис хаан ялагдаж яваад, Хэрлэнбарс хотоос зүүн урагш нэгэн овоог тахиад түүнээс хойш ялагдаагүй гэсэн домогтой. Наахна нь алдарт хуурч Г.Жамъянгийн төрсөн нутаг байдаг. Г.Жамъян гуайн дурсгалд зориулж “Хэрлэнбарсын дууль” гэж Морин хуурын хоёрдугаар концерт хийсэн. Энд тоглогдох юм. “Дорнодын цэнхэр тал” гэж дууг Д.Отгонжаргал дуулна. “Тал, ээж хоёр” гэж миний шүлгээр хийсэн дууг Д.Отгонжаргал бас дуулж байгаа юм.

-Та бас шүлэг бичдэг юм аа?

-Би тэвдэхээрээ өөрийхөө дууны шүлгийг биччихнэ ш дээ.

“Цагаан үүлийг сэмэртэл ингэн тэмээд буйлсан

Цагийн аясыг зөөлөртөл ботгон нулимс бөмбөрсөн

Талаан би санаад байна

Танхил багадаа үлдээсэн тал минь намайг санаад байна” гэсэн үгтэй. Халхын голоор явсан. Г.Бирваа гуай Халхын голын дайны бүрээ үлээж байсан хүн. Би Халхын голын дайны окоп байсан дурсгалт газруудыг үзлээ. Дайн байлдаан болж байсан газар хүмүүс мөнх нойрсч байх юм даа гэж бодоод “Тэр өдөр” гэж Г.Бирваа гуайн дурсгалд зориулж, хөгжим хийсэн дээ. “Миний номин тал” гэж О.Дашбалбарын шүлэг, “Цэнхэр Буйрын хөвөөнд” гэж дууг Г.Ариунбаатар дуулах юм. Буйр нуурын хөвөөнд би нэг бороотой өглөө очсон юм. Дөрөвний нэг нь юм уу даа Хятадын нутагт байдаг юм билээ. Усан хил юм байна. Цаанаа загасны үйлдвэртэй юм. Бид нэг ч загас наанаас нь татдаггүй. Хятадууд цаанаас нь загасыг нь аваад явчихдаг юм билээ. Чөлөөлөх дайны дараа л ингэж хуваагдсан байх л даа. Надад нэг сонин мэдрэмж төрсөн. Уг нь Хөлөнбуйрын нутаг шүү дээ. Тэгээд

“Цэнхэр Буйрын уснаасаа амсч үзээд ухаарлаа

Цээжин гүн дэх үнэнээ амьсгал дотроо сонслоо

Мөнгөн Буйрын уснаасаа балгаж үзээд сэхээрлээ

Миний л зүрхэн дундуур мэлтэрч байхыг нь мэдэрлээ

Нуураа тойроод нар зөв эргэхэд

Харийн харьд л очих нь үү дээ

Нутагтаа багтааж чадаагүй

Хүүдээн битгий гомдоорой” гээд үзэж байгаа юм даа.

Дараа нь дөрвөн ангитай “Дорнодын уудам тал” гэж хөгжмийн чуулбар явна. Энэ бол тоглолтын хоёрдугаар хэсэг. Ийм концерт болох юм. Талынхаа тухай “Дорнодын цэнхэр аялгуу” гэж CD гаргасан. Говийн тухай “Оюу эрдэнийн говь” гэж цомог гаргаж байна. Манайхан цомгийн баяр гэж хийдэг юм билээ. Ер нь манайхан урлаг хөгжиж байна гээд яриад байгаа боловч бид дэндүү олон нийтийн урлаг руу хүч, сэтгэл өгч байх шиг. Рок поп, хип хоп, зохиолын дуу гэж айхавтар салбар гарч ирлээ. Хошин шог гэж мундаг юм бий. Том бүтээлүүдийн концертын хувь дэндүү бага. Симфони, дуулаачийн том бүтээл, дан хөгжмийн концертууд явахгүй бол ерөөсөө улс орны жин нэмэгдэхгүй шүү дээ. Бүгдээрээ хоорондоо харилцан уялдаатай. Хошин шог, зохиолын дуу муу урлаг биш. Төрөл нь өөр. Миний тоглолт бол үндсэндээ дан хөгжмийн концерт. Тэгэхээр Бөхийн өргөөнд очоод, зохиолын дуу сонсдог хүн миний тоглолтын тасалбарыг аваад, ирээд сонсвол ер нь л унтаад өгөх вий. Өглөө болж нар мандуулах гээд нөгөө хөгжимчид чинь хөгжимдөөд суучихна шүү дээ. Түмэн зээрийн хурдныг ээ л гэнэ. Нажигнаад л байдаг, нажигнаад л байдаг. Тэгэхээр хэцүү. Гэхдээ том роман уншихгүй, том хөгжим сонсохгүй бол яг өнөөдрийн манай нийгэмд болж байгаа явдал шиг бужигнаад байна. Урлаг нийгэм харилцан уялдаатай. Нийгмийн сэтгэл зүйг өргөдөг том бүтээлүүдийг хүн үзэхгүй ч байсан тоглож байх нь бидний үүрэг. CD гаргасан шүү худалдаж аваарай гээд орхиж болохгүй. Амьдаар тоглох гэдэг гайхамшигтай үзэгдэл. Ингэж байж бид нийгмийн сэтгэл зүйг өөрчилнө. Ёс зүйтэй болгоно. Хөгжмийн зохиолчид энэ рүүгээ явахаас аргагүй. Тийм учраас би таван хүн ирсэн ч тоглоно. Тавин хүн ирсэн ч тоглоно. Сонсогч өөрийгөө хүндэтгээд ирвэл гомдоохгүй тоглолт. Ийм л тоглолт болох юм. Г.Ариунбаатар, Д.Отгонжаргал, Э.Төрмандах нар зургаан дуу дуулна. Тэгээд л бүтэн найрал хөгжим хоёр цаг шахам нажигнуулна. Ийм концертыг бид л зориглож хийхгүй бол өөр бусад нь хийхгүй. Яагаад гэвэл ашигтай байж чадахгүй, олон хөгжимчин, том заал, олон удаа сургууль хийхээр орж байгаа хэдэн мөнгө нь түүндээ зарлагадчихна. Бидэн шиг хойноо санах юм багатай болсон улсууд л зориг гаргаж хийнэ.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Баясгалан: Хайрыг түгээхийг хүсдэг

УДЭТ-ын жүжигчин Ц.Баясгалантай ярилцлаа.

-Эрчүүдийн баярт зориулсан мюзикл дээр ажиллаж байгаа гэсэн үү?

-Энэ оны босгон дээр хийгдсэн бүтээл. Поп опера чиглэлээр дуулдаг Увертюра хамтлагийнхан “Надад үлдсэн найз” гэж зохиол захиалж бичүүлээд түүгээрээ мюзикл хийх гэж байгаа, “Баясаа эгч ээ, ажиллаж өгөөч ээ” гэж өнгөрсөн аравдугаар сард над руу ярьсан. Тэдэнтэй ажилласаар байгаад нэгдүгээр сарын 22-25-ны хооронд драмын театрт гурван удаа тоглосон юм. Мюзикл гэхээр жүжгэн дундаа дуутай, дан дуутай гэх мэт төрлүүд байдаг л даа. Тэд бүтэн жүжгийн зохиол барьчихсан надтай уулзсан. Зохиолыг нь уншиж үзээд эхэндээ татгалзсан. “Энэ чинь жүжгийн зохиол байна шүү дээ. Би мэргэжлийн бус хүмүүстэй жүжгэн дээр ажиллаж чадахгүй” гэсэн чинь “Бид чадна. Үгийг нь багасгаад дуунууд орж ирэх юм. Та бидний жүжиглэлт, тоглолт тал дээр ажиллаж өгөөч” гээд. Түүнд нь үнэмшээд зохиол дээр нь ажилласан. Үг нь бараг хасагдаагүй хэвээрээ, ерөнхийдөө жүжиг тоглосон. Эхэндээ хүнд санагдсан. Маш их ажилласан, нөгөөдүүл маань ч хөөрхөн авьяастай байсан. “Надад үлдсэн найз” мюзикл Тусгаар тогтнолын ордонд гуравдугаар сарын 18-нд тоглогдох юм.

-Та энд ямар үүрэгтэй оролцов?

-Туслах найруулагчийн үүрэгтэй ажилласан. Ээжийн дүрд дуучин, жүжигчин Б.Нармандах тоглосон юм. Би бас нэг туслах дүр бүтээсэн. Жүжиг нээгдсэний дараа зрительтэй харьцаад эхлэнгүүт нь нулимс цийлгэнээд ирсэн. Миний уясан морь тайзан дээр амжилттай давхилаа.

-Та жүжигчнээс гадна найруулагчийн ажил хийдэг юм уу?

– Миний үндсэн мэргэжил жүжигчин. “Монголын моно жүжгийн төв” нээсэн. Моно жүжигт хүчээ сорих гэж байгаа залуус маш их ирж уулзаж байна. Найруулгын талаас ч зохиол, жүжиглэлт талаас ч зөвлөж дэмжиж байгаа. Тийм болохоор найруулга тал дээр заримдаа ажиллаад байна.

-Моно жүжиг рүү яагаад халтирчихав?

-Анх 2013 онд Ардын жүжигчин С.Сарантуяа моно жүжгээр нэг хүний жүжгийн номинаци гаргаж “Гэгээн муза”- наадмыг олон улсынх болгосон юм. Энэ төрөлд хоёр гурван орноос жүжигчид ирсэн. Дээрээс нь “Хувьсал” продакшны жүжигчин Ганцэцэг бид хоёр анх хүч сорьж, оролцож байлаа. Надад Эдит Пиаф зохиолыг санал болгож, “Дуулдаг юм чинь Баясаа чи ажиллаач” гэж С.Сарантуяа эгч хэлсэн юм. 2014 ондоо Драмын мэргэжлийн жүжигчдийн төвөөс намайг Косово улс руу зуучилж, тэнд ЮНЕСКО-гоос зохиогдсон олон улсын театр урлагийн институтаас зохион байгуулдаг тэмцээнээс Гранпри шагнал авсан. ЮНЕСКО-гоос зохиогдсон тэмцээнд зөвхөн Гранпри авсан тохиолдолд манай Засгийн газраас 65 сая төгрөг өгөх заалт байдаг юм билээ. Энэ заалтыг биелүүлсэн учраас Засгийн газраас надад мөнгө өгсөн. Үүндээ маш их урамшсан. Энэ чиглэлээр явах сонирхолтой олон залуус гарч ирсэн л дээ. ЮНЕСКО-гийн Моно жүжгийн форумын дэд ерөнхийлөгч Нина Мазур гэж хүн байдаг. Монголдоо энэ фестивалийг хийвэл дэмжиж хамтарч ажиллана гэсэн. Моно жүжгийнхээ төвийг ингэж нээсэн дээ. Нина Мазурын дэмжлэгээр манай фестивальд оролцохоор таван орны жүжигчин өнгөрсөн жил Монголд ирсэн. БСШУЯ, УДЭТ, Хүүхэлдэйн театр хамтарч “Ялагчдын цуваа” фестивалийг хийсэн. Олон улсын шагнал авсан, амжилт үзүүлсэн жүжигчид оролцдог фестиваль. Монголын үзэгчдийг моно жүжигт бэлтгэх, манай жүжигчдэд моно жүжгийг таниулах зорилгоор хийгддэг ажил. Өнгөрсөн жил Монголын анхдугаар моно жүжгийн уралдааныг зарласан юм. Түрүүлсэн жүжигчнийхээ тоглолтоор олон улсын фестивалийг хаасан. Энэ жилийн хувьд “Ялагчдын цуваа” фестиваль маань наймдугаар сарын 15-20-ны хооронд болно. Дөрвөөс таван орны жүжигчид ирж оролцоно. Үүнээс өмнө Монголоос ямар жүжигчин оролцохыг шалгаруулна. Моно жүжгийн хоёр дахь уралдаанаа жүжигчдийн дунд зарлачихсан байгаа. Зургадугаар сарын 25-наас долдугаар сарын 1-ний хооронд шалгаруулалт явагдана. Бүх аймаг, продакшнуудад удирдамжаа явуулчихсан.

-Моно жүжиг хөгжих болсон нь нийгмийн учир шалтгаантай болов уу?

-Жүжиг, урлаг хүнд юу өгдөг билээ. Яг л түүнтэй адил. Бүтэн жүжиг шиг эхлэл өрнөл, төгсгөлтэй, зохиолтой. Хүнд хүргэх мессэж, санаатай. Би гэхэд өөрийн хоёр моно жүжигтэй. Бүтэн цаг тоглодог. Үзэгч хэлэх гэсэн санааг ойлгоод ямар сайхан юм бэ, ийм юм бас байдаг юм байна, бид ингэх хэрэгтэй юм байна гээд авах ёстой мессэжээ аваад л гардаг. Мэдээж нэг хүн үзэгчдийн анхаарлыг бүтэн цаг алдахгүйгээр барина гэдэг хэр баргийн жүжигчний хийдэг ажил бас биш. Моно жүжгийг анх би Монголд тоглосон юм биш.

-Д.Сосорбарам гуай ганц хүний театртай байсан?

-Со ах ганц хүний театртай байсан. Гэхдээ бүтэн жүжиг тоглож байгаагүй байх аа. Дуу шүлэг, цогцолсон тоглолтуудыг хийж байсан байх. Ардын жүжигчин Л.Жамсранжав агсан “Гамлет” жүжгийн бүх дүрд өөрөө хувираад, радио жүжиг бичүүлсэн байдаг. Ардын жүжигчин С.Сарантуяа моно жүжгийг анх сурталчлаад “Леди Макбет” жүжгийг бидэнд тоглож үзүүлсэн. Тэр жүжгээрээ Польшид фестивальд оролцож байсан. Тийм болохоор анхдагч гэж би ярьдаггүй. Анх удаа гаднаас Гранпри шагналыг авчирсан гэдэг нь л анхдагч байх.

-Чадалтай жүжигчдэд найруулагч дүр өгөхгүй байгаа тохиолдолд өөрөө моно жүжгээр дэлхийн түвшинд гарах боломжтой боллоо гэж зарим хүн дүгнэсэн байна лээ?

-Хаа газрын драмын урлаг ядуу байдаг. Драм гэхээр маш олуулаа бүтэн жүжигт тоглоод ард талд нь тайз засах, хувцас, парик солих, шум тавих хүн дагалддаг. Том багууд тив дамжаад явах зардал олох хүнд. Тийм болохоор сүүлийн үед драмын урлаг цөөхөн хүнтэй, тайз багатай, хөнгөн шийдэлтэй тайзтай, хоёроос гурван хүнтэй жүжиг ч юм уу ганц хүнтэй жүжиг тал руугаа маш хазайж орж байгаа. Дээр үеийн хуучин нүсэр бүхнээс татгалзаж байгаа. Тийм учраас бидний олон улс руу гарах гарц моно жүжиг.

-Моно жүжгийг хүлээж авах үзэгчид бэлтгэгдсэн гэж та үзэж байна уу?

-Байна байна. Би гэхэд л “Эдит Пиаф” жүжгээ хэд хэдэн удаа тоглосон. Анх Монэ гэж Централ тауэрийн 17 давхрын франц ресторанд 100 доллараар тоглосон. Драмын театрт, Хүүхэлдэйн театрт ч хэд хэдэн удаа тоглосон. Манай театрт ажиллаж байсан Нямсүрэн гэж Соёлын тэргүүний ажилтан менежер эмэгтэйтэй хамтарч зориглож “Монэ”-д тоглож байлаа. Хүмүүс маш сайхан хүлээж авдаг. Анх ирэхдээ нэг хүний жүжиг ч гэж юу байдаг юм гээд зарим нь тоодоггүй, үзсэнийхээ дараа дуу нь өндөрсөөд, нүд нь томорчихсон “Ийм юм бас байдаг юм аа” гээд баяр хүргэдэг.

-“Эдит Пиаф” гэдэг өвөрмөц хүчтэй хоолойтой алдартай дуучны дүрд тоглоно гэдэг зоригтой сонголт. Таны дуулахыг сонсоход үнэхээр л түүнтэй төстэй дуугарч байгаа санагдсан?

-Хоолойны өнгө маш адилхан байна гэж хүмүүс хэлдэг. Түүгээрээ ч хүнд хүрдэг байж магадгүй. Олон улсын фестивальд оролцож байхад ч маш их дуртай байдаг. Монгол хэлээр ярьдаг. Юу ярьж байгааг ойлгохгүй ч миний яаж тоглож байгааг шүүгчид харж л байгаа шүү дээ. Дээрээс нь дуулахаар бүр л өндөр үнэлгээтэй байдаг шиг санагдсан.

-Эдитийн дууг дуулахад маш их чармайлт шаардсан байх, франц хэл ч бас амаргүй?

-Өө зөндөө их судалсан. Эдит Пиафыг өөрийг нь судлаад, зургаан сар яг компьютер ширтээд, хэл ус судалсан. Дуунуудаа дуулахад хэлний бэрхшээл маш их тохиолдсон. Монгол Францын хамтарсан Альянс гэж төв байдаг. Тэдний туслалцааг авсан.

-Энэ бүхний дараа дуулбал амжилтад хүрэх юм биш үү гэж бодогдох юм уу?

-Ерөөсөө тэгж бодогддоггүй. Үндсэн мэргэжил маань жүжигчин учраас жүжгэн дунд дуулаад өнгөрнө үү гэхээс биш дуулах тал руугаа хэлбийгээд, нэрд гарах гэж үзэж тараагүй.

-Та хэд дэх жилдээ жүжигчнээр ажиллаж байгаа вэ?

-22 дахь жилдээ.

-Та өнгөрсөн хугацаанд олон удаа шагнал хүртсэн мундаг жүжигчин мөртлөө яаж ийм нам гүм байж чаддаг юм бэ?

-Би одоо ч өөрийгөө олны танил гэж боддоггүй. Хүмүүс намайг олны танил гэхэд баярладаг ч үгүй. Жүжиг үздэг хүмүүс л танина уу гэхээс бусад хүн намайг танихгүй. Би тэр болгон кинонд тоглохгүй, рекламанд тоглохгүй, яг л тайзны урлагтаа үнэнч яваа. Тайзны урлагаараа л амжилтад хүрэх сонирхолтой байсан. Олон улсын том шагнал авч ирнэ гэдэг миний хувьд том амжилт.

-Увсын Цагаанхайрхан сумын охины бага нас яаж өнгөрөв?

-Төрсөн газар Улаангом хот. Аав маань Цагаанхайрханых учраас Цагаанхайрханых гэж явдаг. Мэдээж уулс устай тийм сайхан газар төрсөн хүмүүс бүгд л том алаг нүдтэй байдаг ш дээ. Багадаа олон дүүтэй, айлын дунд охин байсан. Хичээлдээ явна, эсвэл дүүгээ хардаг ажилтай байлаа. Дүү нараа нуруундаа үүрсэн охин байлаа. Гэхдээ слортод дуртай. Сагс, волейбол тоглодог. Дандаа Орбитын суваг үздэг. Оросын спорт, урлаг, кино, балет, дуурь үздэг байлаа.

-Жүжиглэх авьяас чинь хэдийнээс тодров?

-Жүжиглэх авьяас театрт орж ирсний дараа л тодорсон байх. Багадаа бол жүжигчин болох дуртай л байсан. Ээж орос хэлний багш. Маш олон орос дуутай пянзнууд манайд байлаа. Аав маань урлагийн мэдрэмжтэй, сайхан дуулдаг, дандаа үлгэр ярьж биднийг унтуулдаг байв. Аавууд ийм л байдаг гэж боддог байсан. Одоогийн аавууд ямар байгааг мэдэхгүй.

-Одоо та хэн хэнтэйгээ амьдарч байна вэ?

-Ээж хүү, дүүтэйгээ дөрвүүлээ амьдардаг. Дүү маань хөдөө явж ирдэг ажилтай. Ар гэрийг ээж маань л авч явна. Театрт ажиллаад шөнө нь ч нэг хүний жүжиг дээрээ ажиллаад орон гэртээ ч очихгүй, нойр хоолгүй явахад ээж л ар талыг маань дааж, үр хүүхдийг минь асарч хүн болгосон.

-Ямар дүрдээ та хамгийн сэтгэл хангалуун байдаг вэ?

-Сайхан дүрүүд зөндөө бий. Өнгөрсөн жил оны шилдэг жүжигчин болсон. Яамнаас “Мөнгөн мод” гэж том шагнал өгдөг. “Чөлөөт хос” жүжгийн дүрээрээ авсан. Хоёр хүн бүтэн цаг дөчин минут тоглодог. УГЗ Ч.Найдандорж найруулсан юм. Энэ жүжгийг үзсэн хүмүүс энэ нийгмийг урлаг авч явдаг гэж үнэн юм байна. Энэ жүжгийг үзээд өөрийгөө ч олж харлаа, гарцаа ч олж харлаа гэцгээдэг. Зохиолч нь Нобелийн шагналт Дариа Фо гэж хүн. Энэ жүжгийг үзээд амьдралаа өөрчлөх, өөрийгөө өөрчлөх гэр бүлээ аврах санааг авсан гэж хүүхнүүд хэлдэг юм. Амьдрал дунд мөн чанараа алдахгүй байх тухай энд өгүүлдэг. Би ганц секунд суух чөлөө гардаггүй. Яриад, орилоод хашгичаад эсвэл дуулаад ямар ч зав чөлөөгүй тоглодог жүжиг. Гайхалтай дүр. Маш бага зардлаар боссон. Аль хэдийнэ зардлаа нөхсөн. Томхон шиг гэртэй айлд ч бид урилгаар тоглож болно гэж манай найруулагч хэлдэг юм. Үзэгчидтэйгээ яриад явчихдаг. Монголын жүжигчдийн тоглолт энгийн болж байгаа. Үүнийг ч илэрхийлсэн, сонирхолтой тавигдсан жүжиг.

-Уран бүтээлийн шинэ санаа оноо төрж байгаа биз?

-Мюзикл бодогддог. Мэргэжлийн хэмжээнд хийгдэж байгаа Холливудын кабаре театруудынх шиг мюзикл хийх юм сан гэж бодогддог ш дээ. Би би гэж орилдог хүн биш. Чанартай уран бүтээл хийхийг хүсдэг. Нийгэмдээ дуу хоолойгоо нэмэрлэх юмсан гэсэн хүсэл сонирхолтой байдаг. “Тэнгэрийн аялгуу” гэж миний бас нэг жүжиг бий. Эх дэлхийгээ төрсөн эх шигээ хайрлах ухагдахууныг хөндсөн бүтээл. Зарим сургууль дээр очиж хүүхдүүдэд тоглодог. Хүүхдүүд маш сайхан хүлээж авна. Хамгийн сүүлд “Та нар ээждээ хайртай юу” гэхээр “Хайртай”гэдэг. Эх дэлхий чинь яг ээж шиг чинь байгаа биз гэхээр “Тийм байна” гэдэг.

Хүмүүс зөв бурууг нь ойлгоогүй байж, хэн нэгнийг бүү буруутгаасай, хүмүүнлэг, талцдаггүй, юмыг нааштай, эерэгээр харж сураасай гэж хүсдэг. Аль болох хайр түгээх хүсэл байдаг.

-Сонсдог ном хийх тухай боддог уу?

-Хоёр жүжгээ радиод бичүүлсэн. Нээрэн тэрийгээ авч сонсдог ном хийж болох юм байна шүү дээ.

Categories
мэдээ нийгэм

Франк Циммерманн: Шаардлагатай нэмэлтийг авч чадахгүй л бол бие махбодод ямар нэг юм болохоо байчих гээд байдаг

Чингис зочид буудалд болсон “Өвчлөхөөс нь өмнө урьдчилан сэргийлье” уриатай өдөрлөгийн үеэр “Денк Фарм” компанийн Гадаад худалдаа эрхэлсэн захирал Франк Циммерманн хүндэт зочдын нэг байлаа. Түүнтэй цөөн хором ярилцсан юм.

-Монголд тавтай морил. Энэ удаад танайх ямар бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж байна вэ?

-Монголчууд “Денк Фарм” компанийг олон бүтээгдэхүүнээр маань танина. Энэ удаа Денк группийн зүгээс “Денк нутришн” хэмээх шинэ салбар охин компанийнхаа бүтээгдэхүүнүүдийг танил­цуулж байна. Орчин үед өвчилсөн хойно нь бус өвчлөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх чиг хандлага хүчтэй болсон. Иймээс бие махбодын хэвийн ажиллагааг хангахад шаардлагатай олон амин дэм, микроэлементүүд агуулсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдийг бид танилцуулж байна.

-Эмийн зохисгүй хэрэг­лээ газар авсан тухай шүүмж­лэл өрнөж байна. Эм үйлдвэрлэгчийн хувьд танай компанийн зүгээс хэрэглэгчдээ хайрлах ямар философи хэрэгжүүлдэг вэ?

-Жороор олгодог эмийг эмчийн зааврын дагуу зөв хэрэглэх учиртай. Монгол болон зарим оронд эмийн санд ороод “Би даралтны эм авъя” гээд авчихаж болдгийг анзаарсан. Германд бол зөвхөн эмчийн бичсэн жороор л үйлчилнэ. Эмчийн жоргүй бол та яаж ч гуйгаад нэмэргүй. Герман компанийн хувьд эмийн зөв хэрэглээний энэхүү зарчмыг бүтээгдэхүүнээ экспортолж байгаа бүх улсдаа мөрдүүлэхэд хувь нэмрээ оруулж, хатуу баримтлахыг хичээж ажилладаг. Монголд байдал сайжирч байгаа. Антибиотикийг эмийн санд жоргүйгээр олгохоо больсон гэж сонссон. Энэ бол том дэвшил.

Нэг зүйлийг салгаж ойлгох хэрэгтэй. Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн эм хоёр маш том ялгаатай. Эмийн бүтээгдэхүүн эмчлэх зорилготой, найрлага, тун өндөр, огт өөр бүтээгдэхүүн. Эмийг зөвхөн жороор олгодог бол жоргүйгээр олгож болно гэсэн ангилалд хүнсний нэмэлт бүтээгдэхүүн багтдаг юм. Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн бие махбод хэвийн ажиллахад зайлшгүй шаардлагатай амин­дэм, эрдэс бодисыг агуулдаг.

-Монголчуудын хувьд маш олон хүнсний нэмэлт бүтээгдэхүүнтэй өнгөрсөн хугацаанд танилцлаа. Сүлжээний бизнесүүд ч маш их байдаг. Ихэнх хүмүүсийн хувьд ашигтай, тустай гэсэн бүхнийг идэж уусаар байгаад одоо хэр баргийн бүтээгдэхүүнд итгэхээ байсан болов уу. Ийм хүмүүст ямар арга замаар хүрэх вэ?

-Шинжлэх ухааны ул суурьтай судалгаа, нотолгооны үндсэн дээр эдгээр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, хэрэглэгчид хүргэж байгаа юм. “Денк фарм”-ын хувьд Монголын зах зээлд бүх бүтээгдэхүүн нь чанартай гэдгээрээ танигдсан. Энэ бүтээгдэхүүнийг хэрэглэсэн хүмүүсийн сэтгэл ханамж бүтээгдэхүүндээ итгэх итгэлийг маань улам нэмэгдүүлдэг. Энэ удаа нэвтрүүлж байгаа хүнсний нэмэлтийн гол онцлог гэвэл ихэнх бүтээгдэхүүн мөхлөг хэлбэртэй нунтаг байгаа. Усгүйгээр шууд хуурайгаар нь хэрэглэхэд тэр дороо маш хурдан шимэгдэнэ. Өөрөөр хэлбэл шимэгдэлт сайн, эмийн идэвхтэй бодисын тогтвортой чанарыг сайн хадгалсан, ходоодыг цочроохгүй гэх мэт хүнээ бодсон технологийн шийдлийг олсон гэсэн үг.

Жишээлбэл би маш их гүйдэг. Спортоор хичээллэх үед хүний биед зайлшгүй шаардлагатай байдаг магни хэвийн хэмжээнээсээ хөлсөөр 3-5 дахин алдагддаг. Ийм үед стресст орох, булчингаар хатгуулж өвдөх шинж тэмдгүүд илэрч эхэлдэг. Дутагдсан кальци, магнигаа гаднаас зайлшгүй нөхөх шаардлагатай. Энэ бүтээгдэхүүнүүд хүний эрүүл амьдралын хэв маягт зайлшгүй хэрэгтэй болж байгаа гэсэн үг.

-Монголчуудад өөр ямар бүтээгдэхүүнээ санал болгож байгаа вэ?

– Үений тэжээл гэгдэх “Joint active”, эр бэлгийн эсийн боловсролтыг сайжруулахад тустай “Fertilo forte”, дархлаа дэмжих “immune active” зэрэг бүтээгдэхүүнийг энэ удаа Монголд оруулж ирээд байна. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь сүүлийн үеийн технологиор хийгдсэн бөгөөд усаар даруу­лах шаардлагагүй, аманд шууд уусгаж хэрэглэдэг нунтаг хэлбэртэй гэдгээрээ онцлог.

Calcium active буюу усанд уусгаж хэрэглэх кальцийн бэлдмэл нь сүүлийн үеийн “Efferfescent technology”-иор хийгдсэн тул усанд уусангуутаа молекулын хамгийн жижиг бүтцэд задардаг учраас маш хурдан шимэгдэж хүрэх ёстой газраа очиж үйлчилдэг давуу талтай. Манайд өмнө нь эмчилгээний кальцийн бэлдмэл байсан бол энэ удаа хүнсний нэмэлт хэлбэрээр жирэмсэн болон хөхүүл үед хэрэглэх кальцийн бэлдмэлийг санал болгож байна.

“Immun active” гэсэн бүтээгдэхүүн байгаа. Үүнд селен, цайр гэх мэт дархлааг сайжруулах чухал элемент агуулагддаг. Ханиад томууг дарахад туслах төдийгүй селен нь хорт хавдрын эсрэг хаан элемент гэж нэрлэгддэг. Эд маань хүний биед зохистой хэмжээгээр байж элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой.

-Германд зарагддаг бүтээгдэхүүнүүд гэж та хэлсэн. Харьцангуй өндөр үнэтэй бүтээгдэхүүнийг Монголын хөрсөнд яаж буулгах вэ?

-Таны хэлсэнчлэн Германд арай илүү үнэтэй байгаа. Гэхдээ ямар ч байсан Монголын хэрэглэгчдэд герман чанарыг боломжийн үнээр олгож байгаа гэдгээ итгэлтэй хэлье.

-Залуу ээж, аав нарын хувьд элдэв төрлийн витаминаас татгалзаж, хоол хүнснээсээ шаардлагатай шим тэжээлээ авах ёстой гэсэн хандлагатай байдаг. Тэдэнд та юу хэлэх вэ?

-Бодит байдал дээр таны хэлсэнчлэн хоол хүнснээсээ шаардлагатай бүх шим тэжээлээ авчихдаг бол сайн хэрэг. Ингэхийн тулд маш олон нэр төрлийн хоолыг их хэмжээгээр идэх шаардлагатай болно. Гурван хүүхдийн аав хүний хувьд хүүхдүүдээсээ амин дэмээр баялаг салат идэхийг гуйгаад үнэхээр дийлдэггүй. Залуу үеийнхэн маань макдональдс зэрэг түргэн хоол иддэг болохоор бие махбодод шаардлагатай аминдэмийг хангалттай авч чаддаггүй. Бид ийм хэв маягаар амьдарч байгаа учраас шаардлагатай шим тэжээлийг зайлшгүй нэмэлтээр авах болдог. Хүнсний нэмэлт гэж нэрлэгдсэн учир нь энд бий.

Шаардлагатай нэмэлтийг авч чадахгүй л бол таны биед ямар нэг юм болохоо байчих гээд байдаг. Заримдаа амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглээд ч хангалтгүй байх үе бий. Жишээ нь жирэмсний эхний гурван сард ургийн тархи, мэдрэл хөгжихөд зайлшгүй шаардлагатай элемент бол фолийн хүчил байдаг. Та юу ч идээд үүнийг хангалттай хэмжээгээр авахгүй учраас фолийн хүчил агуулсан бэлдмэлийг жирэмсэн эхчүүд хэрэглэдэг. Бас нэг жишээ гэвэл өвлийн улиралд нарны гэрэл хангалттай биш учраас Европт хүн бүр өвлийн цагаар Д аминдэм агуулсан бэлдмэл хэрэглэцгээдэг.

-Ингэхэд юу та бүхнийг Монголд ирэхэд хүргэсэн бэ?

-Манай компанийн хувьд Монголд ажиллаад удаж байгаа учраас олон жилийн өмнөх түүхийг сөхөх нь. Компанийн үүсгэн байгуулагч 1998 онд анх Монголд зочилж ирсэн гэдэг. Зүгээр л аялж явсан түүнд яагаад ч юм Монгол маш их таалагдсан гэсэн. Ирэнгүүтээ Монголын зах зээлд очиж ажиллана гэсэн шийдвэрийг гаргаад ажилласан. Монголчуудын гайхалтай зочломтгой зан миний сэтгэлийг үргэлж татдаг. Түүнчлэн манай компани олон улсын зах зээлд ажилладаг компани. Дэлхийн 70 гаруй оронд бүтээгдэхүүнээ экспортолдог. Миний ирэх дуртай газрын нэг Монгол учраас монголчуудад шинэ бүтээгдэхүүнээ хүргэхээр ажиллаж байна.

Categories
мэдээ цаг-үе

Удирдагчдад нийтлэг чанар байдаг уу?

Сэтгүүлчид биднийг хүнтэй ярилцдаг ажилтай хүмүүс гэж тодорхойлж болно. Жолоочоос жолоодогчийг хүртэл олон хүнтэй өнгөрсөн хугацаанд хөөрөлджээ. Мэдээж хүний сэтгэлийн гүнд нэвтрэхийг хичээнэ, амжилтад хүрсэн нууцыг олох гэж хайгуул хийнэ.

Салбар бүрийн удирдагчидтай уулзана. Амжилтад хүрсэн хүмүүс ямар зан чанартай байдаг тухай сэтгэл зүйчид, мэргэжилтнүүдийн зөвлөгөөг бишгүй уншсан санагдана. Үнэндээ удирдагчид хэн нь хэн болохыг хамгийн сайн мэддэг хүмүүс сэтгүүлчид шүү дээ. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байсан хүмүүстэй ч олонтоо уулзжээ. Нэг удаа өөртөө ийм асуулт тавьсан юм. “Удирдагчдад нийтлэг чанар байдаг уу” гэж. Бодож үзээд өөртөө ингэж хариуллаа. Амжилтад хүрсэн удирдагчид хүнтэй харилцах чадвар сайтай байдаг гэж. Энгийн сонсогдож байгаа биз. Удирдагчдыг боловсролоор нь аль эсвэл нас гэх мэт өөр онцлогоор нэгтгэх хэцүү л дээ.

Зарим нь өчнөөн олон мундаг сургууль төгссөн байхад өөр бусад нь төгссөн сургууль топ биш ч амьдралын хар ухаан сайтай байх нь бий. Шижигнэсэн залуу удирдагчид ч бий, насны нар хэвийж буй хүмүүс ч бий. Нийгмийн угсаа гарлаар нь “сорт”-лох ч хэцүү. Нэртэй хүний зүстэй хүү байхад жирийн малчин айлын боловсрол нимгэн ээжээс олныг оройлсон удирдагчид төрсөн байх жишээтэй. Тэгээд л харилцааны чадварыг онцолсон хэрэг. Жинхэнэ том удирдагчид бол хүнийг ангилж, голж шилдэггүй. Хүүхдэрхүү гэнэн ч гэмээр хүмүүс байх нь элбэг. Хүнтэй ярьж, хүний сэтгэлд нэвтэрч чаддаг хүмүүс байх нь олонтоо. Хурган дарга нарын дунд бол өөрийгөө том гэж бодоод, харилцагчаа жижиг мэтээр харьцдаг хүмүүс цөөнгүй л дээ. Харин хүнтэй харилцах чадвар тааруу том удирдагчтай ер нь л таарч байсангүй дээ.

Categories
мэдээ цаг-үе

Б.Наранзун: Урлаг эдийн засгийг сурталчлах хэрэгсэл болчихоод байгаа юм

Бадрууганы Наранзун. Энэ эрхэм өдгөө “Шунхлай” группийн удирдлагын багт ажилладаг. Дэд ерөнхийлөгч бөгөөд олон нийттэй харилцах газрын захирал хэмээх албан тушаалтай. Ая зохиогч хэмээх даруухан тодотголтой явдаг тэрбээр “Single Ladies-2″ киноны “Зогсохгүй” хэмээх дууны үг, аяыг хийснийг бодоход ажлаасаа хааяа ч болов хөндийрч, дуу хууртаа цаг зав гаргаж яваа бололтой. “Зогсохгүй” дууг “Sweety­motion” хамтлаг дуулсныг манай уншигчид санаж байгаа буй за. Түүнтэй ярилцлаа.

-Та урлаг судлаач мэргэжилтэй хүн. Энэ мэргэжлээрээ ажиллах боломж гарсан уу?

-Урлаг судлаачаар удаан ажиллаагүй. Баруун Монголын хөгжмийн зэмсгийн тухай жаахан сонирхож байгаад, улс орон зах зээлд шилжихэд шинжлэх ухаанд хөрөнгө мөнгө тавигдахгүй болоод замхарсан. Өнөөдөр Монголд хамгийн унасан салбар шинжлэх ухаан болчихоод байна. Урлаг гэдгийг хүмүүс тоглолт, зугаа цэнгэл, хөгжөөн баясгах талаас нь хардаг. Урлаг өөрөө шинжлэх ухааны том салбар хэсэг шүү дээ. Тухайн үндэстний өнгө төрх, түүх уламжлал соёлыг тээдэг зүйл. Урлагийг хөгжмийн зэмсэг, дэг жаяг, арга барилаар нь хөөгөөд үзвэл тухайн үндэстний түүх, соёл уламжлалыг агуулдаг учраас судлах учиртай. Манай өвөө Ж.Бадраа 1980-аад онд Улсын циркт Монголын бүх ард түмний урлагийн наадам гэдгийг зохион байгуулснаас хойш язгуур урлаг сонирхох хүрээ өргөн болсон л доо. 1993 онд МУИС-ийн Нийгмийн ухааны факультетийн дэргэд манай өвөө Жамцын Бадраа, Солийн Цоодол, Төмөрбаатар гээд манай факультетийн захирал нар Ардын урлаг судлалын танхим байгуулсан. Энэ маань урлаг судлалыг үргэлжлүүлэх суурийг тавьсан юм. Үүгээр дамжсан, энэ чиглэлээр ажиллаж байгаа боловсон хүчнүүд байна л даа.

-Зах зээлд хөл тавьж байхад урлаг соёлд анхаарах хэцүү байсан болов уу. Харин одоо эргээд соёл урлаг, үндэс язгуур руугаа эргэж харж, анхаардаг цаг ирсэн шиг байна. Танд урлаг судлаачаар ажиллах бодол төрдөг үү?

-Ер нь язгуур урлагаа судлах шаардлага байгаа л даа. Ялангуяа ЮНЕСКО гэдэг байгууллагад соёлын биет болон биет бус өвийг бүртгүүлэх марафон сүүлийн арван жилд хүчтэй явлаа. Тухайн урлагийг ямар нэг үндэстэнд хамааруулах гэдэг буруу юм. Урлаг гэдэг улс орны хил хязгаарт баригддаг зүйл биш. Тэгтэл ЮНЕСКО нь Хятадын соёл гээд Хятад руу оруулаад Монголын соёл гээд Монголд хамаатуулаад байдаг. Тэр битгий хэл Хятад, Вьетнамын хил дээр үүнээс болж бараг л дайн болохоо дөхсөн шүү дээ. Тэнд байсан соёлын биет өв болсон сүм түүхээрээ бол Вьетнамынх гэдэг ч Хятадын газар нутаг дээр байдаг. Тэгэхээр ингэж хөөцөлдсөнөөр Монголын уртын дуу гэхээр Өмнөд Монголд бас уртын дуу байдаг. Өмнөд Монголын уртын дуу гэхээр Хятадын соёл болчихдог. Хөөмий гээд нэг хэсэг шуугиулсан. Хятад манай хөөмийг авах гээд байгаа юм шиг улстөржүүлээд сүүлдээ улс хоорондын дипломат харилцаанд нөлөөлөхүйц хэмжээнд хүрч, зохицуулах ажлыг хийж явлаа. Урлаг соёлоо сайтар судалснаар иймэрхүү асуудал гарч ирэхэд баримт нотолгоотой болно. Сүүлийн үед монгол гэр, монгол наадам бүгдийг нь бүртгүүллээ. ЮНЕСКО-д бүртгүүлснээр соёлын өвөө хамгаалчихдаг юм биш. Соёлын өвөө өөрсдөө эзэмшиж судалж, хөгжүүлэн авч үлдэх нь чухал болохоос биш аль нэг байгууллагад бүртгүүлснээр алдчихаж байгаа ч юм биш, авчихаж байгаа ч юм биш.

-Санамсаргүй юм гэж байдаггүй. Өвөө тань таныг урлаг судлаачийн замд хөтөлжээ. Өөрөө болохоор орчин үеийн урлагтай холбоотой хүн. Ийм өгөгдөлтэй хүнд магадгүй хийх ажил, гүйцэтгэх үүрэг өнөөдрийн нийгэмд байгаа нь лав. Тийм мэдрэмж танд төрдөг үү. Монголын урлаг дэлхийд шинэ сонсогдож байна гэж урлагийнхан ярьдаг?

-Аливаа нэг урлагийн төрлийг сонирхож сурах эрмэлзэл хүн болгонд л бий. Морин хуур тоглоод сурчихъя, ардын дуу дуулчихъя гэдэг. Шинжлэх ухаан талаас нь хариуцлага сонирхлыг л би яриад байгаа юм. Түүнээс биш өгөгдөл ч юм уу хэний хүүхэд байх нь падгүй.

-Урлаг судлаач болох нь таны мөрөөдөл биш үү, ямар чиглэлийг түлхүү сонирхож байв?

-Би нийгмийн ухаан, нийгмийн харилцааны чиглэлд илүү сонирхолтой. Нийгмийн харилцаа чухал зүйл. Аливаа нийгмийн үндсэн суурь гурван ойлголт бий. Хууль эрх зүй, эдийн засаг, харилцаа гэж. Харилцаан дотор соёл, бүх юм багтана. Нийгмийн харилцаанаас цаашдаа нийгмийн явах зүг чиг хандлага тогтдог. Амьдралын хэв маяг ч харилцаанаас бий болдог. Судлаач байна гэдэг маш их золиос шаарддаг. Өөрийгөө, гэр бүлээ аваад явах хэмжээний үр өгөөж өгдөггүй. Ховдод нэг туульчийг судалъя гэхэд нэг өдөр очиж уулзчихаад ирэх асуудал биш. Хэдэн сараар ажиллах хэрэгтэй болно. Би бол Ховдын Булганд гурван сар амьдарсан.

-Тэгээд энэ ажил таны сонирхлыг татсан уу?

-Татсан л даа. Судлахын тулд өөрөө бараг торгууд хүн шиг болж, дотор нь орж байж ойлгох ёстой юм билээ. Хүнээс хэдэн юм асууж бичээд ирэх биш. Өөрөө энэ сэдвээрээ өвчлөх хэрэгтэй.

-Та бараг л нийслэл хүү маягтай очсон байх?

-Ер нь бараг тэгсэн л дээ. Би орос сургууль төгссөн. Хөдөө орон нутгаар урт хугацаагаар явж үзээгүй. Хотын орчинд төрж өссөн болохоороо морь малаас хөндий. Хилийн наана торгууд айлд байсан.

-Нутгийн аялгыг ойлгоход хэцүү байсан уу?

-Сүүлдээ ойлгодог болж байгаа юм чинь. Судалгааны ажилд цаг, мөнгө хэрэгтэй. Анхнаасаа соёл урлаг судлалыг төрөлжүүлж санхүүжүүлэхгүй бол өнөөдөр төр засгаас урлагийн ажилтны цалин, барилгын халаалтад байгаа мөнгөө зарцуулаад илүү гарахгүй байна. Уг нь төрийн үүрэг бол соёлын өвөө хадгалж хамгаалах, сурталчлахад илүү мөнгө хаях ёстой. Урлаг өөрөө бие даагаад явчих боломжтой. Жишээлбэл Д.Болд, С.Жавхланг хар. Дуулдаг хүн хурим найрт дуулаад хэдэн төгрөгтэй гарч байхад судлаач яах юм бэ. Ямар судалгаанаасаа уншиж өгөх юм уу.

-Таны судалж байсан товшуур хөгжим одоо өвлөгдөж үлдсэн үү гэдэг сонин байна?

-Хөгжих хэрэгтэй л дээ. Язгуур урлагаа гүйцэд судалж, мөн чанарыг нь ойлгоогүй байхдаа хэлбэрийг нь өөрчлөөд, язгуур урлагийн холимог хамтлаг этник гэж ярьдаг юмнууд их гарч ирж байна. Тэрийг язгуур гэж андуурах вий гэдэгт би санаа зовдог.

Дундад Азийн бөмбөр энэ тэр гээд сайн судлаагүй хөгжмийн зэмсгүүдийг авчирч хольсноор ирээдүйд язгуураа мартах, будилуулах юм үүсэх вий.

-Та дэлхийд сонсогдохоор аялгуу бичье гэж үзсэн үү?

-Би хэзээ ч мундаг хит дуу хийе, дэлхийд танигдъя гэж бодоогүй. Өөрийгөө төгс илэрхийлж чадсан хүний бүтээл түгдэг. Түүнээс биш дэлхийд алдартай болно гэж урлаг руу анхнаасаа хөл тавьдаггүй байх. Оросын Виктор Цой гээд дуучин халуун усны газар галч хийж байгаад зүгээр л өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх гэж дуулснаар Орос даяар алдартай том од болтлоо явсан.

Өнөөдөр урлагийн салбар асар их стандартчлагдаж байна. Онолын хувьд, дуугаралтын хувьд ийм тийм байх ёстой гэнэ. Маш их мөнгө хаяж байж дэлхийн зах зээл рүү гардаг. Хуучин бол авьяасаараа гарчихдаг байсан бол одоо өөр. Ерээд оны бидний танил “Энигма” гэдэг хамтлаг гэхэд л судлаач нар төсөл хийгээд түүндээ этник олон үндэстний язгуур урлагийг хольж хийсэн төсөл нь амжилттай явсаар, алдартай болсон. Одоо бол зах зээлд гарах эрхийг өчнөөн сая доллараар худалдаж авч, түгээлт хийж байж тэр зах зээл рүү орохоос биш цэвэр авьяасаараа гарахад хэцүү. “Ганнам стайл”-ыг Солонгосын Засгийн газраас санхүүжүүлээд, хөрөнгө оруулагчид бий болгоод, Америкийн зах зээл рүү гаргахаар You Tube-д мөнгө төлж байж бий болсон. Түүнээс биш тиймэрхүү хэмжээний дуу зохиосон уран бүтээлч дэлхийд зөндөө бий.

-Урлагт ч бас их гүрнүүдийн бодлого явж байна гэсэн үг үү?

-Ер нь бол урлаг эдийн засгийг сурталчлах бас нэг хэрэгсэл болчихоод байгаа юм. Солонгосын эдийн засгийг сурталчлахын тулд дуу хөгжим, хувцас загвараа хөгжүүлээд, одод нь солонгос машинаа унана, хоол ундаа иднэ, гоо сайхны бүтээгдэхүүн, хувцас хунараа сурталчилна. Өөрсдийгөө сурталчлах компаниудын сонирхол нь урлагаа бас хөгжүүлж байгаа юм.

Манайд үйлдвэрлэл байхгүй учраас зөвхөн Монголынхоо аялал жуулчлал, уламжлалаа сурталчлах хэрэгцээ байна шүү дээ. Дотооддоо өчнөөн хамтлаг дуучид үзээд байдаг ч зах зээл жижигхэн учраас хөгжихгүй байгаа юм. Гол шалтгаан нь зах зээл байхгүй. Урлаг хөгжихийн тулд эдийн засгийн хөшүүрэгтэй байх учиртай. Эдийн засгийн хөшүүргийг үйлдвэрлэгч нар өгөх ёстой юм.

-Та БСШУЯ-ны Соёлын газрын дарга байхдаа Соёлын яам байх хэрэгтэй гэж удаа дараа санал гаргасан. Соёлын яам гэдэг өнгөрсөн түүхээс харвал заримдаа байж болдог, байхгүй ч байж болдог юм шиг явж ирлээ. Үнэхээр соёлын бодлогын хэрэгцээ байгаа юу?

-Соёл гэдэг бол үндэстэн уламжлал болон язгуур шинж чанараа хадгалах, тухайн үндэстэн өөрийгөө сурталчлах, өөрийн өнгө төрх, амин чанарыг хадгалах, монгол хүний өөрийн гэсэн онцлогийг хадгалж явахад чухал үүрэгтэй. Монгол хүний хөгжил, зан төлөвийг ч тодорхойлдог зүйл. Соёлын бодлого гэдэг угаасаа байсан, цаашдаа ч байх ёстой юм. Соёлын бодлого гэдгийг тухайн цаг үетэй нь уялдуулж хөгжүүлэх, чиглэлийг тодорхойлж судалж байх учиртай институт Соёлын яам болохоос биш цалин тавьдаг, концерт шоу санхүүжүүлдэг газар уг нь биш юм. Аливаа улс орнуудын Соёлын яам өөр өөрийн нөхцөлөөсөө шалтгаалаад, янз янзын бодлого хэрэгжүүлж байгаа юм. Бид болохоор Солонгос тэгдэг юм байна гээд хуулах гэдэг. Оросынх хүчтэй, Хятад бол маш их мөнгө хаяж байна гэдэг. Улсын үндсэн чиглэл, зорилго бүх юм уялдаж байгаа юм. Монгол Улсын хөгжилд соёлын ямар чиглэл уялдаж байгаа юм бэ гэдэг чухал. Нэг талдаа эдийн засгийн нөхцөл хөшүүрэг, төрийн тогтвортой бус байдлаас болоод хөрөнгө оруулалт цагтаа орохгүй байгаагаас хүмүүс соёлын бодлого хэрэгтэй юм уу үгүй юу гэж эргэлзэхэд хүрсэн юм. Соёл руугаа хөрөнгө оруулалт хийх зайлшгүй шаардлагатай. Соёлоо мөхөөчихвөл монгол хүн монголоороо үлдэхэд хэцүү.

-Таныг алдарт Батаарыг таних ажлын хэсэгт орж явахдаа үлэг гүрвэлийн наймаачин Эрик Прокопи гэж нөхрийн зургийг дарж, түүгээр нь дамжуулж манай мөрдөгчид энэ этгээдийг Монголын нутагт ирснийг баталсан гэсэн. Та яаж тэгж мөрдөгч шиг ажилласан юм бэ?

-Тухайн үед би Соёлын газрын дарга байлаа. Уг нь шинжлэх ухааны салбарынхны хөөцөлдөх ажил ч хамааралтай хүмүүс нь эзгүй байж таараад намайг тухайн үеийн Боловсрол, шинжлэх ухааны сайд энэ ажилд томилоод, ажлын хэсэгт оруулчихсан юм. Палеонтологич Х.Цогтбаатар, П.Цагаан гуай бид хэд Америкт очиж, Батаарыг Монголоос гаралтай гэдгийг таних ёстой байсан. Түрийвчээ хулгайд алдчихвал “Энэ миний түрийвч мөн” гээд таних ёстой. Тийм ажлаар явсан байхгүй юу. Батаарыг дуудлага худалдаанд оруулах гээд тухайн үедээ сенсаац болж байсан үе. Баримтжуулж, зургийг нь авч, мэргэжлийн хүн бүх шинж тэмдгээр нь тодорхойлж тайлан бичих ёстой. Нью Жерсид нэг буудалд буусан. Миний нойр солигдчихоод унтаж чадахгүй өглөө кофе уугаад буудлын үүдний хэсэгт утсаараа оролдоод сууж байв. Тэгсэн чинь урд нэг америк нөхөр утсаар яриад байна. Сонссон чинь бидний тухай яриад байна шүү. “Монголоос хэдэн нөхөд нөгөөдөхийг чинь шинжлэх гээд ирчихсэн байна” гээд шоолоод, доромжилсон маягаар яриад инээгээд байсан. “Энэ чинь юун нөхөр билээ, манай ажлын хэсэгт ороогүй л хүн байна даа” гээд утсаараа оролдож суунгаа зургийг нь авчихгүй юу. Хэл ус гадарладаг, хэрэгт дуртай маань хэрэг болсон. Тэгсэн чинь явж явж нөгөөдөх маань олдохгүй байсан Эрик Прокопи гэдэг нөхөр байж таарав. Монголчууд ирсэн гэдэг мэдээлэл аваад тандах маягтайгаар иржээ. Сүүлд америкчууд “Хамгийн азгүй хүн Эрик Прокопи юм” гэж тодорхойлсон. Нэгдүгээрт, Америкийн өчнөөн зочид буудал байхад заавал монголчуудын буусанд буугаад, Монголын Соёлын газрын даргын хажууд олон юм ярьж байж азгүйтсэн” гэж шоолсон юм. Дараагийн азгүйтэл нь яг нэгжлэг хийхээр гэрт нь очиход шуудангаар нь дараагийн худалдаж авсан яс нь ирж таараад час өдөр гээч нь л болсон доо. Зургийг нь авчраад тагнуулынханд өгсөн. Америкийн сониныхон бас тэр зургийг надаас гуйж авсан л даа. Тийм л явдал болсон юм.

-Ингэхэд та өвөө, эмээгийндээ өссөн гэдэг. Өвөөгийн хувьд хүүхэд хүмүүжүүлэх өвөрмөц арга барил байсан болов уу?

-Манай өвөө бичгийн хүн учраас намайг ухаан ороход л бичгийн машины ард сууж байдаг. Урлаг, соёлынхон судлаачид ирчихсэн гэрт нь яриа өрнүүлнэ. Томчуудын байгаа байдлыг хүүхэд хуулж сурдаг. Хуулах материал нь манай өвөө эмээ болсон учраас биеэ авч явах, хэлж байгаа үг яриа биднийг төлөвшүүлж байж. Өвөө, эмээ дээрээ өссөн хүүхдүүд хэрсүү, хөгшин бодолтой гэдэг. Эмээ бидэнтэй тоглох, үлгэр ярих цагийг илүү гаргадаг, дэлгүүр хоршоогоор дагуулж явдаг байлаа. Сүүлд их сургуульд ороход Ардын урлагийн танхимд өвөө ардын язгуур урлаг, урлаг судлалын хичээл зааж байлаа. Түүнээс биш багадаа өвөөг ажиллахад аль болох саад болохгүйг хичээдэг.

Харин өвөө жаахан халчихаад зочид явсны дараа үргэлжлүүлээд юм ярих гэхээр би л баригдана. Хажуудаа суулгаад эмээг их магтдаг. Ямар гайхамшигтай хүн болох тухай, бид бүгдээрээ өдий зэрэгтэй яваа нь эмээгийн чинь ач гэж ярина. Намайг алга болохоор эмээгээ сайн харж хамгаалах ёстой гэнэ. Намайг байхгүй болохоор гэхээр нь би уйлдаг. Сүүлдээ том болоод, өвөөг дуудахаар зугтчихдаг. Манай ахын охин Цэцэнцолмон сүүлд сайн урлаг судлаач болсон. Цэцээ маань миний оронд уйлчихсан сууж байдаг сан. Тэр бүхэн нь гэр бүлийн үнэ цэнийг бидэнд ойлгуулсан байх аа.

Categories
мэдээ цаг-үе

Д.Бэхбат: Гавьяат цолны мөнгөө аавдаа авчирч өгч байлаа

Монгол Улсын гавьяат жүжигчин, соёл судлалын докторГоолингоотөвийн захирал Д.Бэхбаттай ярилцлаа.

Та бүжигчин болно гэж багаасаа мөрөөдсөн үү?

-Би багаасаа бүжигт сонирхолтой байсан. Айлын ганц охин, эрх дураараа өссөн. Айлд очихдоо дуулж, бүжиглээд хүн хөгжөөдөг байв. Гурав, дөрөвдүгээр ангид байхдаа бүжиглэж эхэлсэн. Би Өмнөговь аймгийн хүн. Манай аав Өмнөговь аймгийн цагдаагийн хэлтэст төлөөлөгч байлаа. Хөгжим бүжгийн дунд сургуулийн Долгорсүрэн багш ирж биднээс шалгалт авсан юм. “Гар, хөл нь хөөрхөн юм аа” гээд намайг тойруулж хараад, үс барьж үзээд “Хөөрхөн байна шүү” гээд байхаар нь гэртээ хар эрчээрээ гүйж ирээд ээждээ “Хөгжим бүжгийн дунд сургуульд ормоор байна” гэсэн. Манай аав хилийн зааг суманд ажиллаж байсан үе. Ээж аавыг сумын холбооны утсаар дуудуулж байгаад яриад “Охин чинь ингэж байна” гэсэн чинь аав дороо давхиад ирсэн. Тэгээд зөвшөөрөөгүй. “Би чамайг хуулийн байгууллагын хүн болгоно. Бүжигчин болгохгүй” гээд бөөн юм боллоо. “Би явна” гэж хашгираад, аав уурлаж, суран бүсээ шувт татаад, намайг ороолгоод авсан чинь ээж урдуур ороод “Намайг зодоод өг” гээд, тэгээд явж чадаагүй. Дараа нь бүжиглээд, наадам фестивальд оролцоод гүйгээд байхаар аав юм бодсон юм байлгүй. “Ямар ч байсан чамайг Улаанбаатарт эгч рүүгээ явуулъя. Ээж чинь надтай хамт хил дээр амьдрах болно. Тэнд хотод амьдарч чадах уу” гэж ам өчиг авч байгаад шилжүүлсэн. Улаанбаатарын XVIII дунд сургуульд ирсэн жилдээ сургуулийн бүжгийн аварга болов. Миний бүжгийн анхны багш бүжиг дэглээч, гавьяат жүжигчин Лувсангомбо гэж шанз дардаг хүн байсан. Тэр хүний дэглэсэн “Хонхот” бүжгээр олон жил гадаад, дотоодод тоглолтоор явж байсан даа. Аравдугаар ангиа 1969 онд төгсөөд, Багшийн дээдийн Үйлдвэр, сурганы ангид орлоо. Би бүжигчин болмоор байна гэсэн чинь ээж маань бас л ааваас асуух болов. Багшийн дээдийн хуваариа хаяад, Ардын дуу бүжгийн чуулгад шалгуулсан чинь Ц.Сэвжид багш “Монгол бүжгийн дөртэй, гар сайхантай хүүхэд байна” гээд долоо хоногийн дараа ир гэсэн. Заасан хугацааг хүлээлгүй цэрэг хувцас гоё санагдаад, Цэргийн ансамбль руу очсон. Ээж минь дагаад л явсан. Сахалтай орос мэргэжилтэн, бүжгийн Банзрагч багш маань шууд авсан. Цэргийн дуу бүжгийн чуулгын бүжигчин болчихоод хавар нь цэрэг хувцастай ирж, аавтайгаа ёсолж мэндэлж байлаа. Цэргийн ансамблиас их ч юм сурсан. Хүнтэй сууж, хүүхдээ Баян-Овоо сумандаа очиж төрүүлсэн. Удалгүй ахиад жирэмсэн болчихлоо. Бүжигчдийг жирэмсэн болоход ад шоо үздэг. “Эсвэл ажилла, эсвэл боль” гэдэг. Гурав, дөрвөн сартай жирэмсэн байхдаа тоглолтод ороод загнуулаад, цэрэг хувцас ч таарахаа больсон. Хоёр дахь хүүхдээ дахиад л нутагтаа төрүүлчихээд байж байсан чинь тухайн үед аймгийн Соёлын ордны дарга байсан, төрийн шагналт хан хуурч Ц.Цэрэндорж ахаас захиа ирлээ. “Их газар байх хачин сайхан. Гэхдээ нутгийнхаа Соёлын ордонд бүжигчин болохгүй юм уу. Чи мэргэжлийн түвшинд очсон хүн энд Өмнөговийнхоо Соёлын ордны бүжигчдийг хөгжүүлнэ шүү дээ” гэж захиандаа бичсэн байлаа. Түүнийг уншаад нэг их тоогоогүй юм. Тэгсэн чинь аав уншчихаж. Гаднаас ороод ирсэн чинь аав захиа барьчихсан сууж байснаа “Чи юу гэж бодож байна” гэсэн. “Би цэргийн ансамбльдаа орно” гэсэн чинь “Дандаа тусдаа амьдрах аавд нь хэцүү байна. Чи яагаад Цэргийн ансамбльд сурсан юмаа Соёлын ордонд түгээж болдоггүй юм” гэсэн. Тэгээд би Өмнөговь аймгийн Соёлын ордны бүжигчин боллоо. Соёлын ордонд гоцлол бүжигчин байсан. Арван жил бүжигчнээр ажиллаад 28-тай гавьяат авсан. Гавьяат аваад хоёр жил ажиллаад Соёлын яамны Сумъяа гуай дуудаад, гадаадад сургуульд явуулж билээ.

Орон нутгийн театраас тодрох хэцүү баймаар юм. Та яаж гялалзав?

-Хэцүү байсан. Гэхдээ гайгүй бүжигчин байсан юм болов уу даа. 18 аймаг, ансамбль чуулга мэддэг л бүжигчин байсан. Цэргийн дуу бүжгийн чуулга характерный бүжгээ ч хийдэг, монгол бүжиг, цэрэг бүжгээ ч хийдэг учраас хурдтай бүжигчин байсан. Ю.Цэдэнбал даргаас гавьяат цолоо авч байв. Бал дарга тэгж хэлсэн юм гэнэ лээ. “Хөгжимчин, бүжигчин хоёр хүн зэрэг тодорхойлогджээ. Алинд нь гавьяат өгөх вэ гэсэн чинь “Тэр бүжигчин хүнд нь өг. Хөгжимчин хүн яах вэ хөгжмөө үлээгээд явж байна. Бүжигчин хүн тийм ч олон жил бүжиглэхгүй шүү” гэсэн гэж хүмүүс ярьдаг юм. Би гавьяатын нэр төрийг ч мэдэхгүй залуу явж. Тэр үеийн гавьяат цолыг 3000 төгрөг дагалддаг байсан. Мөнгөө аавдаа авчирч өгөөд “Хязгааргүй их баярлалаа, таныхаа ачийг хариулж чадахгүй юм чинь тэмдгээ зүүлгэлтэй биш мөнгөө өгье дөө” гэсэн. Манай аав нэг их том хивс аваад, цайллага хийж байв.

Танд нөлөө үзүүлсэн хүн байдаг уу?

-Өмнийн цэнхэр говь гэдэг гайхалтай. Говьдоо шүтэж, Гурван сайхан ууландаа залбирч явдаг. Баян-Овоод нэг их өндөр биш ч мундаг сайхан хайрхан байдаг. Тогоо хайрхандаа залбирч явдаг. Хоёр тогоо хөмөрсөн юм шиг хэлбэртэй ч голоор нь элс урсч байдаг. Ц.Цэрэндорж гуай 20 орчим настай байхдаа Баян-Овоо суманд алаг морьтой, ус зөөдөг хүн байлаа. Амьдрал нь ядуу, ээж нь суугаа, бор гэртэй. Би тэр үед цэргийн даргын охин. Долоон нас л хүрч байсан. Ц.Цэрэндорж гуайг зам дээр тосоод зогсч байдаг. Хөөрхий, хүрч ирээд “Яасан хөөрхөн юм бэ чи, хаана суух вэ морин дээр суух юм уу, поошигны хажууд суух юм уу” гэнэ. Поошигон дээр нь сууж байхдаа нүхээр нь “Аа” гээд хашгирна. “Ачий нь ачаар хариулахаас” гээд хангинатал дуулж явна. Сумын усчин хүн том гэгчийн поошигтой усаа зөөгөөд, алаг морьтой явдаг. Ц.Цэрэндорж ах эргэж хараад “Хүүе, чи шүлсээ ус руу үсэргээд байж болохгүй шүү” гэнэ. Би Ц.Цэрэндорж ахыг их хүндэлдэг. Ахуй нөхцөлөө сайжруулж, муу ээжийгээ тэтгэх гэж гайхамшигтай хөдөлмөрлөсөн. Ээж нь морин хуур тоглоно. Гэрт нь хуучин морин хуур байдаг. Гэрт нь гүйж очоод ээжийг нь хараад л сууна. Ээж нь их үйл мэтгэдэг. “Миний хүү яамаар байна” гэнэ. Голцуу гэдэс цувдай иддэг. Хөмүүлтэй хольсон гэдэс цувдайтай хуушуур, хонины сүүлтэй хуушуур хайрна. Тэр нь их гоё. Тэрнийг нь идэх гээд сумын төвөөс зайдуу жижигхэн бор гэр рүү гүйчихнэ. Ээж араас хашгираад үлдэнэ. Би аягаа өвөртлөөд гүйчихдэг. Очиход яг л хуушуураа гаргаж байна. Аягаа тосоод хуушуураа идчихээд буцааж өвөртлөөд гэр рүүгээ гүйдэг. Манай ээж “Хүүхэд мөн ч сонин юм аа. Гэртээ хонины махтай бууз хийгээд байхад л гэдсэн хуушуур идэх гээд гүйгээд байх юм” гэсэн чинь аав “Доголонгийн газар доголон, сохрын газар сохор. Ганц охин минь яаж ч явах юм билээ. Явж л байг” гэсэн юм. Манайх тасарсан баян биш ч чинээлэгдүү амьдралтай байлаа. Баян-Овоод ёолк гэж мэдэхгүй байхад ээж маань гацуур засдаг. Хүүхдүүд миний гацуурыг харах гэж ирнэ. Генерал Гаваа надад хэлж байсан. “Би ёолк үзэх гэж Бэхбатынд ордог байсан” гэж. Тэгж Ц.Цэрэндорж гуай бид хоёр хамт явсан. Миний дараа гавьяат авсан. Дараахан нь доктор хамгаалсан. Сая Ардын жүжигчин боллоо. Саяхан надтай утсаар ярихдаа “Миний охин яваад л байгаарай, яваад л байгаарай” гэсэн. Яахав би 2015 онд Соёл судлалын ухааны доктор болсон. Монгол бүжгийн ахуй нөхцөл, эрүүл аж төрөх соёлтой холбоотой сэдвээр доктор хамгаалсан юм.

Бүжгээр хүнийг эрүүлжүүлнэ гэхээр сонирхолтой юм аа?

-Би Орост сургууль төгсөхдөө бүжиг дэглээч мэргэжил эзэмшсэн л дээ. Өмнөговь аймагт байхдаа 25 наснаасаа бүжиг дэглэж эхэлсэн. Бурхангүй газар бумба галзуурна гэгчээр дэглэх хүн ховор, ганц бүжгийн багштай болохоор би бүжиг дэглэх гэж дундуур нь “самарч”, харин Г.Дорж гэж намайг их дэмждэг хүндэлдэг хүн байсан. Тэнд би 48 бүжиг дэглэсэн. Тэр дунд хүүхдийн хоёр том бүжгийн жүжиг, С.Дашдооровын “Өнчин цагаан ботго” С.Маршакийн “Муурын байшин” гурав дахь том бүтээл маань цамын бүжиг байлаа. Өмнөговийн цамын бүжгийн өв тээгч 85 настай өвгөн лам надад зааж өгсөн юм. Тэр Данзандорж гэж өвгөн лам намайг сургууль төгстөл хүлээсэн. “Одоо 85 нас хүрлээ, хүү минь чам шиг бүжиг дэглэдэг хүнд хэрэгтэй байж магадгүй. Чи цамын бүжгийг надаас өвлөөд авчих гэсэн. 1869 онд Өмнөговь аймгийн Баяндалай сумын Байшинтын хийдэд бий болсон бүжиг юм билээ. Цамтай холбоотой судар ном, хувцас 1937 оны намар хийдтэйгээ хамт шатаагдсан. Үүний Гомбо бурхны дүрийг би бүжиглэдэг байсан юм” гэж надад хэлж билээ. Тэр цамын бүжгийг би тавьсан юм. Түүнээс хойш Улаанбаатарт орж ирээд, хоёр жил СУИС-д багшилж байгаад 1996 онд “Гоолингоо” төвөө нээсэн дээ. Энэ төв нээгдсэн цагаас авахуулаад бидэнтэй хамт олон болтлоо дотноссон олон хүн бий. “Гоолингоо” төвд гурваас 20 жил явсан дал гаруй хүн байдаг.

Цамын бүжгийг дэг ёсоор нь бүжиглэж байна уу гэдэг сонин. Та өвлөж авсан бүжгээ бичиж хадгалсан уу?

-Би 1992 онд цамын бүжиг хийх гээд, өвгөн багш лам маань намайг ятгаад, гуйгаад, болох болов уу гэж айж айж одоогийн УИХ-ын гишүүн тэгэхэд аймгийн санхүүгийн хэлтэст байсан Ц.Баярсайхан дээр давхиж ороод 50 мянган төгрөг авч болсон болоогүй юм хийсэн. Цэнгэлдэх хүрээлэнд цамын бүжгээ бүжиглүүлээд, дараа нь театрын жүжигчид жуулчны баазад баахан тоглоод хувцас нь урагдаад дууссан даа. Харин одоо Өмнөговь аймгийн 85 жилийн ойн баярт зориулж, цамын бүжгээ сэргээн тавих гэж байгаа. Засаг дарга, аймгийн захиргаа, Хөгжимт жүжгийн театр дэмжээд, төслийг маань хүлээж аваад, цамын бүжиг тавих гэж байна. “Өмнөговь цам сан” гэдэг сан байгуулсан. Удахгүй ажилдаа орно.

Бүжгээр яаж эрүүлжүүлдэг юм бэ, гол санааг нь товчхон хэлээч?

-Монгол ардын бүжгийн хөдөлгөөн эрүүл ахуйн үндэстэй байдаг. Бүжиг гэдэг тэр чигээрээ үйл хөдөлгөөн, үйл хөдөлгөөн гэдэг тэр чигээрээ бүжиг. Эрүүл байхын үндэс үйл хөдөлгөөн.

Танай төвийнхөн иогийн дасгалыг бас бүжгийн хөдөлгөөн болгосон юм байна. Та иог хийдэг үү?

-Би иог хийдэггүй. Миний охин иогийн багш. Бүтэн жил хагас хятад балетчин багшаар иог заалгасан. Иогийн бүх барил миний бүжигт байдаг. Иогийн бүх сунгалт сонгодог бүжигт бий. Иогийн амьсгал олон ардын бүжигт байдаг.

Та хэцүү үедээ юунаас эрч хүч авдаг вэ. Бүжиглэдэг үү?

-Хүн дардан шулуун замаар явахгүй. Өвдөж зовж болно. Алдар нэрд хүрч, уруудаж болно. Итгэл зүтгэл байсан цагт зовлонг давж туулна. Миний хувьд иог гэхээсээ уянгын намуухан хөгжим сонсоход дороо сэргэдэг. Цаг наргүй хөдөлж байдаг нас биш. Одоо бол би бүжиглэх биш эрүүл мэндийн дасгал, сунгалтын дасгалдаа дуртай. Гоолингоод явдаг хүмүүс иог руу турах гэж ордог ч буцаад миний тайвшруулах дасгал руу ороод ирдэг зуршилтай.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Бусад хүн намайг магтахад…

“Ихэнх хүн би өөртөө итгэлтэй гэж хэлдэг ч сайхан үг сонсож бусдаар магтуулахыг хүсдэг” гэж Сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэл зүйчид зөвлөж байна. Учир нь хүн өөрийн эерэг үнэлэмжээр амьдардаг бөгөөд түүнийгээ бусад хүний өгч буй таатай мэдрэмж, хайр халамж, эерэг үгсээс олж авдаг гэнэ. Эерэг үнэлэмж нь өөрийнхөө талаар таатай сэтгэгдэлтэй байх, өөрийгөө сайхнаар мэдрэх мэдрэмж ажээ. Өөрийнхөө талаарх эерэг дүгнэлтүүдэд төвлөрөх тусам сөрөг зүйлсийг өөрөөсөө холдуулж мартаж эхэлдэг. Тиймээс л бид эерэг зүйлст тэгтлээ татагддаг гэнэ.

Сэтгэл судлаач Маслоугийн “Хэрэгцээний шатлал”-ын онолд бусдаар хүндлүүлэх, хайрлуулах хэрэгцээ багтдаг. Энэ хэрэгцээ нь бусдад чухал хүн байх, анхаарал халамж хүртэх, өөрийн үнэ цэнээ мэдрэх зэргээр хангагддаг. Мэдээж хэрэгцээ нь хангагдсан учир хүн аз жаргалтай болдог. Тиймээс л бусдыг магтаж, хүүхдийг урамшуулах учиртай.

Харин урмын үг хэлэхдээ анхаарах юм бий. Хамгийн чухал үед нь хэл. Таны хэлж буй үгс үнэ цэнтэй бас утга учиртай байх ёстой. Тиймээс нөхцөл байдалд тохируулан чин сэтгэлээсээ хэл. Худал үгийг хүн ялгадаг учир үнэ цэнгүй болдог. Урмын үгээр шүүмжлэхэд суралцаарай. Ялангуяа хүүхдийг алдаа гаргасан үед нь “Чи үүнээс илүү хийж чадна шүү дээ” гэж хэлэх нь юу ч хийж чадахгүй гэж загнахаас илүү үр дүнтэй ажээ. Зөвхөн үгээр биш биеийн хэлээрээ ойлгуул.

Хэрэв та нөгөө хүнийхээ нүд рүү харахгүй эсвэл хайхрамжгүй байдлаар хэлбэл хичнээн сайхан үг байсан ч үр дүнтэй байж чадахгүй. Хүн бүрт бусдаар хүндлүүлэх, халамжлуулах хэрэгцээ байдаг. Бид бусдад түүнийг нь өгч чадвал хариуд нь сайхан үг сонсох болно.

Categories
мэдээ цаг-үе

Ж.Уранчимэг: Хүүхнүүд хайрыг л хүсдэг

Эстрадын нэрт дуучин гавьяат жүжигчин Ж.Уранчимэгтэй ярилцлаа. Дуулсаар яваа энэ эмэгтэй 60, 70, 80-аад оны эстрадын шилдэг дуунуудаас бүрдсэн “Хүүхэн хүний хүслэн” тоглолтоо гуравдугаар сарын 7-нд СТӨ-нд хийх гэнэ.

-“Хүүхэн хүний хүслэн” тоглолтынхоо тухай яриач?

-За баярлалаа. Миний сайхан ээж гуравдугаар сарын 7-нд төрсөн юм. Эмэгтэйчүүдийн баяр гэдэг бол миний хувьд маш том баяр. Би анх дуулж эхлэхдээ ээжүүдэд зориулсан дуугаар гарч ирж байсан. Д.Бэхбатын хөгжим, Л.Гаваасүрэнгийн шүлэг “Эх үрсийн элбэрэл” буюу ард түмний хэлдгээр Нарлаг хорвоогийн Урнаа гэсэн тодотголтой явж ирлээ. Эстрадын урлагт олон жил зүтгэлээ. Урлагийн гавьяат зүтгэлтэн З.Батсүхийн хөгжим, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан О.Сэрээнэн гуайн шүлэг “Хүүхэн хүний хүслэн” дуу миний дуулснаар “XX зууны шилдэг дуу”-гаар шалгарсан. Одоо үе үеийнхний уулзалтууд дээр “Хүүхэн хүний хүслэн”-г дуулдаггүй хүн байдаггүй юм. Ер нь би дуугаараа овоглож тоглолтоо хийдэг. Миний дуулсан дуу болгон ард түмэнд түүх болж үлдсэн. Би өөрөө ч түүх бичилцэж яваа. Сая “Хүүхэн хүний хүслэн” дуугаа шинэчиллээ. Зөвхөн энэ дуунд зориулж өөрийгөө өөрчилсөн. Энэ дууг дуулах болгондоо би догдолдог.

-Энэ дуу танаас ч өмнө дуулагдаж байсан болов уу?

-Манай ээж, аав багш хүмүүс. Улаанбаатар төмөр замын II сургуулийг төгссөн, би. Энэ дуу яагаад сэтгэлд хоногшсон гэхээр хүүхэд байхдаа Пионерийн ордны дугуйлан, Төмөр замын “Ган зам” чуулгын дугуйлангуудад 1 “А”-гаас 10 “А”-гийн дуучин болтлоо явсан. Миний ээж “Эхийн алдар” нэг, хоёрдугаар одон авсан хүн. Багш нарын баяр, одонгийн найрыг тэр үед айлууд байрандаа тэмдэглэдэг байлаа. Багш нар цуглаад найрлахад “Хүүхэн хүний хүслэн”-г ганхаж найгаж ирээд л дуулдаг. Хүүхэд байхдаа “Энэ ямар гоё дуу вэ” гэж боддог байлаа. Эстрадын дуучдын уралдаанд ороод, “Баянмонгол” чуулгад дуучин болох эрхээ авсан. “Баянмонгол” чуулгын урын санд энэ дуу байв. Эхлээд энэ дууг Д.Цэцгээ гуай анх дуулсан. Би “Баянмонгол”-д ороод эстрад хэлбэрт оруулж дуулсан даа. 37 жил энэ дууг дуулчихжээ.

-Ер нь хүүхнүүд юу хүсдэг вэ?

-Хайр шүү дээ.

-Таны дуулснаар энэ дуу чихэнд хоногшжээ?

-Надаас гарч байгаа баяр догдлолыг ард түмэн мэдэрч байгаа. Хүүхэн хүн гэдэг чинь уян налархай, дөлгөөн, хайр шингэсэн харц, инээмсэглэлтэй хүмүүс. Энэ бүгдийг гаргаж байгаа учраас хүмүүс миний дуулсан дуунд хайртай байдаг гэж боддог.

-Нэг дууг удаан дуулах ямар вэ?

-Дуу хуучирдаггүй. Дуулах болгонд шинэ. Миний “Нарлаг хорвоо” надтай хамт 37 жил явж байгаа. Энд тэнд очиход “Нарлаг хорвоогоо дуулсангүй” гээд нэхээд байдаг.

-Энэ дууг сонсоод ээж тань их баярласан байх даа?

-Намайг “Баянмонгол” чуулгад ороод тайзнаа гарахад ээж маань “Монголын ээжүүдийг баярлуулсан сайхан дуу дууллаа даа” гэсэн юм. Гадаадад гурван сар аялан тоглож байхдаа “Мелоди” гээд тэр үеийн пянз тоглуулагч авчирч, ээждээ бэлэглэж байлаа. Миний ээж сайхан дуулдаг, пянзаа дэргэдээ тавьчихаад дуу сонсоод сууна. “Баянмонгол” чуулгын, “Соёл-Эрдэнэ” хамтлагийн анхны пянз гараад тэр бүгдийг тавиад догдлоод дуулдаг байсан. Ээжийн маань зүрх сэтгэл, хайр, уярал бүхэн надад шингэж дээ.

-“Баянмонгол” чуулгынхан биднийг багад “бут авдаг” байсан. Тэр үеийн одууд яаж амьдардаг байсан бэ?

-Тэр үед од гэж нэрлэдэггүй байсан. Гэхдээ жинхэнэ одууд байлаа. Намайг филармонийн алтан босгыг алхахад Н.Оюунчимэг, Б.Нандинцэцэг, Н.Янжиндулам эгч нар маань байлаа. Д.Дуламсүрэн, Б.Баяраа, Х.Галхүү, Д.Галсанбат гээд одууд байлаа. Би Д.Галсанбат ахын “Ханийн дуу”, “Хайрын тэнгэр”, “Үйлчин бүсгүй”-г дуулсан. Одоо ч “Үйлчин бүсгүй”-нхээ найруулгыг шинэчлээд тоглолт дээрээ дуулна. Энэ дуучдаас би маш их юм сурсан. Тэр үедээ эд маань моод дэлгэрүүлэгчид байв. Химитэй үс эстрадын урлагаас л гарсан. Трапецан өмднүүд, платформ гутлыг тэд л моод болгосон. Цалингаа буухаар Улаанбаатар, Баянгол, Туул ресторанд ордог. “Чи цалингаа аваад шууд ээж, аавдаа өгөх гээд байна уу, ганц удаа таван төгрөгний хуйцаа идчих л дээ” гэж намайг шоолдог байлаа. “Баянгол” ресторанд урлагийнхан, спортынхон их очдог. Би тэдэнтэй хамт хоол идээд сууж байхдаа нүүр улайгаад, эмээдэг байсан. Том тамирчид, урлагийн томчууд, дуурийн мундаг улсууд тэнд л ордог байсан.

-Тэр үед моод болж байсан хувцсаа хаанаас авдаг байв?

-Өөрсдөө оёдог байсан. Үнэхээр мундаг оёдолчид байлаа. Манай Соёл-Эрдэнийн бөмбөрчин Б.Цолмон насаараа чуулгадаа уран бүтээл хийж байна даа. Тэр үед Цоомоогоор бид трапецан өмд, мини юбка оёулна. Одоо моод эргэчихлээ. Европ руу тоглолтоор явж ирэхдээ шинэ загварыг манай эстрадын дуучид л авчирч байсан даа. Өмссөн хувцсыг нь хүмүүс шохоорхоод, тоглолт тарахад араас хошуураад, хэв маягийг нь дуурайдаг. Би гэхэд л гурван сар гадаадад тоглож ирээд бичигтэй цав цагаан футболктой филармонийн гадаа зогсч л байсан. Хүмүүс урдуур хойгуур гарахдаа “Урнаа зогсч байна” гэж шивэгнэлдээд л.

-Дуучид хэдэн ч настай байсан үеийн фэнүүд нь байдаг л даа. Таны тоглолт дээр голцуу ямар насныхан ирдэг вэ?

-Аль ч насныхан ирдэг. Залуучууд маш их сонсоно. Миний насныхан бол бүгдээрээ тэр үеийн дуунд хайртай байдаг юм.

-Та хэнийг дагаж дуурайдаг байв?

-Тэр үед “Орбит” л үздэг, шугамын радио сонсоно. Монгол телевизээ үзнэ. Шинэ жил, Мартын найман, баярын үдэш бичлэгт ороод шөнөжин өдөржин болоод, үүр цайж байхад л гэртээ харьдаг. Тэр үед филармониос нэгдсэн журмаар туфль тавьж өгдөг. 45-ын туфль гээд лакан өндөр өсгийтэй туфль байсан. Даашинзууд нь сул ханцуй, хормойтой Пугачёвагийн стилийг л дуурайж байхгүй юу. Пугачёвагийн дуунуудаар концерт хийж байсан. АББА, Бони`м, Европын том хамтлагуудын дуунуудыг бүгдийг нь манай “Соёл-Эрдэнэ” хамтлаг тоглож байлаа.

-Тайзан дээр хэр удах нь хувь хүний онцлогоос шалтгаалдаг болов уу?

-Миний хувьд жил болгон уран бүтээлийн цэнгүүн, тайлан тоглолт хийдэг. Их бага хэмжээгээр хөдөө гадаа явдаг. Сая “Хоёр зууны хурд” гээд аялан тоглолтоор явсан. Морь дуулдаг Л.Нарантуяа бид хоёр 21 аймгаа бүтэн тойрлоо. “Хоёр зууны хурд” гэдэг нэрийг Завханы гавьяат С.Батсүх өгсөн юм. “Урнаа гавьяат эрч хүчтэй дуучин шүү дээ. XX зууны дуучин өнөөдөр яаж дуулж явна, гэтэл Л.Нарантуяа XXI зуунд морь дуулаад гараад ирлээ” гэж тэр хэлсэн юм.

-Таны дуу олон хүний залуу нас, дурсгалт мөчүүдийг санагдуулдаг байх?

-“Оюутны намар”-ыг дуулахад гарын үсгээ өгөөч, зургаа авахуулъя. Оюутны намраар ханьтайгаа учирч байлаа. Таны кассетыг манай сумынхан бүгд авсан. Сумын бүжиг дээр эхнээсээ дуустал таны кассет л явдаг байсан гэцгээдэг. Би 1998 онд кассетаа гаргасан юм. Анхны хуурцаг гарахад хөдөөнөөс “Нарантуул” явж байгаа жолоочид кассет их захидаг байсан гэнэ. “Ханийн дуу”-г чинь бид хоёр хуриман дээрээ дуулуулж байсан. Одоо миний хүүгийн хуриман дээр та “Ханийн дуу”-гаа дуулаач гэсэн үе дамжсан хүсэлт ч ирсэн. Би бас хүмүүнлэгийн тоглолт их хийж байгаа л даа. 2007 оноос хойш Монголын бүх хорих ангид очиж дуулсан. Одоо ч урилга, хүсэлт тасардаггүй. Тэд хүн шүү дээ. Хэн ч алдаж энддэг хорвоо. Дуулахаар уйлдаг, уярдаг. Нийгмийн ажилтан нь “Та нарыг тоглолт хийгээд явсны дараа нэг хэсэгтээ л хэрүүлгүй, ханиа, аав ээж, залуу насаа яриад, кино үзсэн юм шиг болдог” гэж хэлсэн.

-Тоглолтын бус цагт та юу хийдэг вэ?

-Миний хань урлагийн хүн. Бид хоёр хамтраад найман хандивын тоглолт хийсэн байна. Найман гэр бүлд амьдрал бэлэглэсэн. Хандивын тоглолт маш их хийсэн дээ. Өвчтэй хүмүүс их ханддаг. Бурхнаас өгсөн авьяасыг бусдад үнэгүйгээр өгөх үе байна. Дуулж өгөөч гэсэн хүсэлт тасардаггүй. Насны ой, хурим, цолны найр, аймаг, сумын наадам гээд л үргэлжилдэг.

-Таныг нүүрний тосны сурталчилгаанд тоглохыг хараад энэ дуучин сайхан хэвээрээ байна гэж хардаг?

-Баярлалаа. 2007 онд Солонгост тоглолтоор явахдаа нүүрнийхээ кремийг сольчихъё гэж бодсон юм. “Гранд” плазагийн доод давхарт “Октард” гээд салон нээгдчихсэн байсан. Зүгээр л анх кремийг нь авч хэрэглэхэд захирал эмэгтэй санаандгүй таараад, “Та сууриар нь хэрэглэвэл илүү үр дүнтэй. Таны дууг сонсох дуртай шүү” гэсэн юм. Энэ салоны бүтээгдэхүүнийг өнөөдрийг хүртэл хэрэглэж байна. Үр дүн нь гарсан. “Та манай хэрэглэгч учраас рекламанд ороод өгөөч ээ” гэсэн юм.

-Та урлагаар амьдарч ирсэн хүн. Оёж хатгаж, хоол хийж амждаг уу?

-Гурван сайхан хүүхэдтэй. Хоёр охиноо Соёлын яамны 24-ийн цэцэрлэгт өгөөд, сүүлд Хөгжим, бүжгийн дотуур байранд өгөөд явж л байсан. Одоо миний охин төгөлдөр хуурч, Хөгжим бүжигт багшилж байна. Хүргэн маань хийл хөгжим тоглодог. Том охин үндэсний хөгжимд суралцсан. Одоо СУИС-д суралцдаг. Хүү маань барилгын салбарт ажилладаг. Гурван сараар гадаадад тоглолтоор явах үе ч байна, хөдөө бригадаар 30-45 хоног явдаг байлаа. Одоо миний хүүхдүүд, хань маань бүгдээрээ намайг сайхан хоол хийдэг гэдэг. Хийж байгаа бантан нь хүртэл гайхалтай гэж магтана. Гурил бантагнах хүртэл урлаг. Хоолыг өөрөө зохиож хийдэг. Хүүхдүүдийнхээ уранхай цоорхойг нөхдөг байсан. Эхээсээ наймуулаа учраас шинэ форм өмсөхгүй дөрөв тавдугаар анги хүртлээ явсан. Онгорхой цоорхойгоо нөхдөг байсан л даа.

Categories
мэдээ цаг-үе

Б.Номин-Эрдэнэ: Байгаль, лус, монгол хүнийг зөөлрүүлэх, аргадах үүднээс “Этник момент” тоглолтоо хийж байгаа

“Шуранхай” хамтлагийн дуучин, Улсын филармонийн гоцлол дуучин Б.Номин-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрбээр гуравдугаар сарын эхээр “Этник момент” тоглолтоо хийх гэнэ.

-“Этник момент” гэхээр өвөрмөц сонсогдож байна шүү. Энэ тоглолтоороо хүмүүст юу хэлэхийг хүссэн бэ?

-Юуны өмнө “Өдрийн сонин”-ы мянга мянган уншигчдадаа гал бичин жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин сайхан амьдрахыг хүсье. Эдийн засгийн хямрал, нийгмийн стресс гээд хүнийг бухимдуулахад хүргэдэг олон нөхцөл шалтгаан байгаа ч хүмүүс амгалан бол нийгэм тайван байх болно гэж боддог. Нийгмийн амгалан аялгуунд хөг нэмэхээр бүүвэйн дуу буюу “Этник момент” тоглолтоо өргөн дэвшүүлж байна. “Этник момент” тоглолтынхоо үеэр монгол хүний язгуур, уламжлалт ахуй, зүрх сэтгэлд ойр хөг аялгуу, сэтгэл хөдлөлийг бүх л эрхтнээрээ дамжуулан дуугаргаж дуулж үзүүлэх гэж байна. Этник гэдэг маань язгуур, анхдагч гэсэн утгатай. Хүний төрөлх араншин, ертөнцийг үзэх үзлийг шингээсэн ойлголт. Хүний хамгийн анхны, хэнээс ч хуулаагүй, бурхнаас заяасан этник агшин бол богино хэмжээний уулга алдалт, дуу авиа учраас “Этник момент” гэж тоглолтоо нэрлэсэн. Байгаль, лус, монгол хүнийг тайвшруулах, зөөлрүүлэх, аргадах үүднээс энэ тоглолтоо хийж байгаа.

-Янз янзын эрхтнүүдийн оролцоотойгоор дуу авиа гаргана гэсэн үү?

-Манайхан дуулахыг л дуучин гэж ойлгож байна. Дуулахад хамар, дух, нүүрний бүх хөндий яснууд цуурайтаж дуугардаг. Энэ болгонд дотоод эрхтнүүд доргиж, мэдэрч, тархины цусан хангамж нэмэгдэж байдаг. Дуучны хөдөлмөрийг маш хүнд гэж ярьдаг. Дуулахад жирийн үеийнхээс илүү хүч, сэтгэл хөдлөл гардаг. Дээр нь маш их анхаарал төвлөрдөг. Ямар сайндаа дуулж байгаад хоолойнх нь судас хагарсан тохиолдол байдаг. Ёстой уурхайн гүнд найман цаг ажилласантай тэнцэхүйц хүч, энерги зарцуулж байдаг урлаг.

-Ийм тоглолт үзүүлэхээр зориход юу сэдэл болсон бэ?

-2008 оны “Шуранхай”-н тоглолтын дараахан Сони Би Эм Жи-гийн продюсер Абдул гэдэг хүн Монголд ирээд, дэлхийд гараагүй сонин авиа хөгжим хайж, бичиж явсан юм билээ. Гэхдээ би энэ тухай сүүлд мэдсэн л дээ. Тэр хүн “Энигма”-гийн А.Нэргүйтэй уулзахаар Монголд ирсэн гэсэн. Надад хэлэхдээ “Түүнтэй тохиролцож чадаагүй” гэж ярьсан. Харин би “Бүгдийг чадна” гэж хэлсэн юм. “Та ямар үедээ гоё дуулж чадах вэ” гэхээр нь “Халуун буцалсан ус уугаад, сайн унтаад бүгдийг нь чадна” л гэсэн. Тэгээд тэр хоолойг бичүүлсэн. Надад хэлэхдээ “Монголд том брэндийн дэлгүүр нээгдэх гэж байгаа, тэрний өнгө төрхийг тодорхойлсон хөгжмийн бичлэг хийх юм” гэж хэлж, зөвшөөрөл авсан юм. Дараа нь англи хэл дээрх гэрээгээ орчуулж уншсан чинь “Энэ бичлэгийг юунд ч ашиглаж болно” гэсэн утгатай заалт байсан. Гэсэн ч тэр тохиолдол надад урам өгсөн. “Монголын их хатдын нууц товчоо” номын зохиолч Жек Уэтерфорд гуай бидний тоглолтын дараа “Шуранхай үнэхээр гайхалтай” гэж магтаж байсан. Тэр хүн ч бидэнд сонирхолтой санал тавьсан. Тэр бүхний дараа “Дэлхийд гарах маш их боломж байна” гэж мэдэрсэн. Гэхдээ би одоохондоо хамгийн гоё кодоо тайлсангүй. Ярилцлагынхаа төгсгөлд энэ тухай ярья…

-Бүүвэйн дуу гэснээс Б.Номин-Эрдэнэ ээж болсон. Бүүвэйн дууг уран бүтээл гэдэг үүднээс бус ээж хүний сэтгэл зүрхээр мэдэрчээ?

-Ээж болсон ч өдөр тутам дасгал уншиж, хоолойн бэлтгэл хийдэг байлаа. Уртын дуу дуулна гэдэг лус баярлуулна гэсэн үг. Сайхан дуулбал нэг талаар бүүвэйн дуу. Гэсэн ч ээж болоод бүүвэйн дуу дуулах өөр мэдрэмж.Үүнийгээ олон хүнтэй хуваалцах юмсан гэж хорхойсч байлаа. Биднийг хөдөө айлд очиход хуучны учир мэддэг хүмүүс “Ээ бурхан минь, Төрийн түмэн эх, Дуртмал сайхан авшигтай дуунууд” гэдэг. Зул өргөөд, арц уугиулж, хүндэтгэлтэй хүлээж авна. Уртын дуу сонсдог хүмүүс их байна. Уртын дуу сонсдоггүй нь энэ талаар огт мэдээлэлгүй үлдээд байна. Гэтэл биднийг Германд очоод дуулахаар байгаль эхийн дуу шиг гайхаж хүлээж авдаг. Этник шинж нь хүмүүст илүү мэдрэгддэг юм билээ. Хамгийн сүүлд Америкт дуулж байхдаа “Үнэхээр лус савдаг байдаг юм байна. Ганцхан монголчуудад төдийгүй гадныханд ч хувь хүний язгуур шинжийг нь санагдуулдаг юм байна” гэж бодогдсон.

-Хэзээнээс уртын дууг сонирхож эхлэв?

-Би Баянхонгор аймгийн “Номуундалай” цогцолбор сургуульд сурдаг байсан. Багадаа хүүхдийн “Тэмүүжин” театрт хичээллэдэг. Дугуйлан дээрээ байх их дуртай байсан. Эхлээд жүжигчин болно гэж боддог байснаа Жульеттад тоглохоор нуруутай, хөөрхөн биш л юм чинь гэж бодсон. Дөрөвдүгээр ангидаа Японд Хүүхдийн урлагийн наадамд оролцохоор гадагшаа явснаасаа хойш “Би гадаад л явдаг хүн болох ёстой. Юу хийдэг хүн болох вэ“ гэж бодсоор байгаад уртын дуу дуулна гэж шийдсэн. Манай Ганчимэг багш бас маш дэмжсэн. “Танай ээж чинь хүүхэд байхдаа дуулдаг байсан юм чинь чи дуулж чадна” гээд долоо хоногийн дотор нэг уртын дуу сураад, тэрийгээ аймаар буруу дуулсан ч азаар шалгаруулалтад тэнцсэн. Дөрөвдүгээр курсын оюутан дуулдаг том дууг хотод ирж шалгуулахдаа сонгочихсон байсан. Д.Хорлоо гээд манай Баянхонгорын хүн, бас манай бэр эгч алдартай дуучин байдаг. Д.Хорлоо эгчээр заалгаад дуулсан. Азаар тэр үед сонголтоо зөв хийгээд, бүх юм болсон.

-Уртын дуу дуулж байх үед хүний дотоод сэтгэлд юу болж байдаг бол?

-Би аймгийн төвд өссөн, бөх үздэггүй, уртын дуу сонсч өсөөгүй болохоор уртын дуу дуулах гэсэн нэг л болдоггүй. Гэтэл Дундговийн хүүхдүүдэд цаанаасаа манер нь байдаг. Би яаж сэтгэлдээ уул, морь харж дуулах вэ гэж хичээдэг байлаа. Дуулаад байхаар өөрөө суудаг юм билээ. Уртын дууны судалгаа хийгээд авиа зүй дээрээ ажиллаад би ингэж дуугарах ёстой юм байна гэж хичээллэсэн. “Тэмүүжин”-д драмын дугуйланд сурч байсан болохоор суурь нь байсан л даа. Эхэндээ бол сэтгэлгүй, техникээр зодож дуулдаг байсан. Арвандолоон настайдаа анхныхаа CD-г гаргаж байлаа. Уртын дууг ямар ч хүн дуулж болох юм байна гэдэг мэдрэмжийг өгөхийн тулд одоо нэг CD гаргаад, төгсөхдөө бас CD гаргая гэж төлөвлөсөн юм. Анхны “Хөх толботны аялгуу”гэсэн нэртэй CD-гээ “Анир” студид бичүүлсэн. Нууцгүй хэлэхэд сургууль төгсөх үедээ л уртын дууны сайхныг мэдэрч, аялгуунд нь дурлаж эхэлсэн. Дуулах маш гоё. Дуулах, усанд сэлэх үед адилхан тайвширдаг. Дасгал уншаад, дуулчихаар өдөржингөө ямар ч юм бүтээгээгүй байсан ч сэтгэл хангалуун болчихно.

-Япон, солонгосууд стрессээ тайлах гээд караокед дуулаад байдаг нь учиртай байх нь?

-Нэг ёсны амьсгалын фитнесс юм даа.

-“Шуранхай”-н охидыг хүмүүс мэддэг. Бодоход Д.Үүрийнтуяа, Г.Эрдэнэчимэг хоёр өндөр охид. Клипний зураг авалтын үеэр хаанаа яаж зогсох вэ гээд тооцоолох уу?

-Бодолгүй яах вэ. Би аймаар шартай. Тийм гоё хоёр согоо шиг охинтой их л өрсөлддөг байжээ. Хүнээс дутах дургүй. Дуулахдаа хүртэл урагшаа алхах ёстой, их инээх ёстой, илүү хичээллэх ёстой гэх мэтээр зүгээр байгаа хүмүүсийг өддөг байж.

-Гэхдээ л чи илүү адтай харагддаг шүү дээ?

-Тэр үеийн миний сэтгэлгээгээр өндөр, хөөрхөн л байх хамгийн чухал санагддаг байж.

-Жижигхэн охидод маш олон давуу тал байдаг гэдгийг тэгсхийгээд ойлгосон биз дээ?

-Миний нөхөр л энэ тухай мэдрүүлсэн. Хань маань надад их юм ойлгуулж, ухааруулсан даа. “Өндөр хүүхнүүд эвгүй байдаг байхгүй” юу гэдэг. Тэгээд л өндөр намдаа ч биш юм байна, ухааны асуудал юм байна. Хүнийг хайрлах, хүнтэй харилцах гэдэг өөр асуудал юм байна гээд маш олон зүйлийг ойлгосон.

-“Шуранхай”-н бусад гишүүд урлагийн хүмүүстэй гэр бүл зохиосон. Б.Номин-Эрдэнийн хувьд ямар сонголт хийв?

-Нөхөр маань мэдээлэл, технологийн инженер. Тайван дөлгөөн, гэр бүлсэг хүн. Тиймдээ ч уран бүтээлдээ эргэж орох боломж өгч байна. Бид хоёр нэгээс дөрөвдүгээр анги хүртлээ нэг ангид сурч байсан. Даан ч тэр үедээ энэ миний нөхөр, эхнэр гэж харж байгаагүй. Манай нөхөр хамгийн ард суудаг өндөр, би хамгийн урд суудаг намхан байсан. Тийм залуу байгаа.

-Ингэхэд Номин яагаад филармонийг сонгочихов?

-Филармонийг сонгохоос өмнө ч зүгээр суугаагүй. Би нийт есөн CD гаргасан байна. Улсын филармони сайхан, амьд хөгжимтэй дуулах боломжтой. Бараг долоо хоног бүр шинэ дуу сурна.

-Уртын дуу сонсдоггүй хэсэгт хүрэх гэж хичээдэг үү?

-“Этник момент” тоглолт бол ерөөсөө л энгийн хүмүүсийн анхаарлыг татах, ардын дууны яруу аялгууг орчин үеийн хүмүүст илүү ойлгомжтой байхад анхаарсан. Жишээ нь түргэн хэллэгийг яаж хөгжим болгосныг эндээс харж болно. Манай хааны мянган мөнгөн бөмбөлөгийг манай хааны мянган мөнгөн бөмбөлөг гэхгүй юм бол …гэдэг бас репперийн нэг төрөл. Сайн уртын дуучид нэг амьсгаагаар “32 цагаан лонх” уншдаг. Жигд уншина гэдэг бас л репперийн нэг хэлбэр. Хөгжим л ганцхан хэмнэлтэй биш. Хүн ч бас ритмтэй аялгуу гаргадаг.Тэр талыг бас оруулсан. Энэ тоглолтыг маань эхлээд хүмүүс сонин гэж харна. Эцэст нь “Саруул тал байвч шаврыг нь мэдээрэй, сайхан амраг байвч санааг нь таниарай” гэх мэт ардын дуунаас ухаарлыг ч олж авах болов уу.

-Уртын дуу хэдэн зуун дамжиж дуулагдаж иржээ, уртын дууг зохиож дуулах боломжтой юу?

-Уртын дууг жирийн хүн зохиодоггүй байжээ. Ертөнцийг үзэх үзэл бүх юм нь өгөгдсөн, маш том уншлагатай лам нар зохиодог байсан. Хүмүүс зохиогчийг нь мэддэг дуунууд гэхэд л Данзанравжаа “Оломгүй далай”, “Өвгөн шувуу”, “Урьхан хонгор салхи”-ийг зохиосон байдаг. Энгийн хүний ажил биш. Зургаа дахь мэдрэхүйтэй хүмүүс зохиодог гэж үнэн байх. Тийм биш байсан бол XVIII зуунаас хойш уртын дуу шинээр төрөлгүй яах вэ дээ.

-Уншлагатай, увдистай гээд яриад байх юм. Өөрөө шүтлэгтэй хүн үү?

-Уртын дууг хүн болгон дуулахгүй. Тийм учраас зөвхөн уртын дуу дуулж сурахын тулд судлах мэдрэх юм их байдаг. Шүтлэггүй хүн хүртэл энэ огт өөр, тусдаа юм байна гэж хүлээн зөвшөөрөхөд хүрдэг. Түүнээс биш нэг их шүтлэгтэй эмэгтэй биш л дээ.

-Ямар хоббитой вэ?

-Сүүлийн хэдэн жилд фитнесст их хорхойсч байгаа. Фитнесст яваад их кайф авдаг.

-Ярианы төгсгөлд нэг код тайлна гэсэн байх аа?

– Хамгийн гайхамшигтай нь Сони Би Эм Жи-гийн хөгжмийн продюсер ирж бичсэн ажил маань “Аватар” кинон дахь аватаруудын хоолойны имижийг тодорхойлох бичлэг байсан. “Аватар” кинонд миний хоолой оролцсон. Өөр хүмүүсийн нэр дээр батлагдсан байдаг юм билээ. Эхлээд энэ киног үзээд “Ямар сонин над шиг дуугардаг юм бэ” гэж бодоод байсан. Тэгээд хэд хэд үзсэн чинь миний хоолой байсан. Монгол хүмүүс боловсрол, хуулийн мэдлэггүйгээсээ болоод олон боломжийг гадагшаа алдаж байна. Үүнийг алдсан гэхээсээ илүү ямар их боломж байгааг мэдрүүлсэн гэхэд болно. Хээр салхинд гараад “Монгол хүн яарахаараа яадаг юм бэ, мал аж ахуйтайгаа яаж харьцдаг юм” гэх мэтээр асууж байсан, “Аау, хааг, чүү” гээд энэ болгоныг бичүүлж бараг хоёр, гурван цагийн бичлэг хийсэн. Түүний дараа “Ингэж хийж болох юм байна” гээд CD-нүүдээ хийсэн. Харин “Аватар”-ын тухай саяхан мэдсэн. Монгол дэлхий дээр шинэ байна. Маш содон байна. Бүхэл бүтэн өөр ертөнцийг илэрхийлэхүйц өвөрмөц сонсогдож байна.

Гэрэл зургийг Ц.Мягмарсүрэн