Categories
мэдээ цаг-үе

Б.Болортоль: Би энэ хичээлийг заахдаа ингэж хэлнэ гээд толинд харж бэлтгэдэг

Нийслэлийн 23 дугаар сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Б.Болортольтой ярилцлаа. Дунд, ахлах ангид хичээл заадаг энэ багш 18 жил мэргэжлээрээ ажиллаж байгаа.

-Ш.Сүрэнжав гуайн “Багш” найраглалыг хүмүүс мэднэ. Харин орчин үеийн багш гэж хэн бэ?

-Орчин үед багшид өөрийгөө хөгжүүлэх шаардлага тулгарч байгаа. Өөрийгөө хөгжүүлж бэлтгэж байж хүүхдийн өмнө зогсох учиртай. Яагаад гэхээр хүүхэд өнөөдөр биднээс илүү хөгжчихсөн байна шүү дээ. Бүх мэдээлэл нээлттэй байна. Хүүхдүүдэд шинэ мэдлэг өгөхийн тулд багш маш их бэлтгэх ёстой. Өмнө нь бид “Энэ хүүхдүүдийг ийм л түвшинд хүргэнэ” гээд өөрсдөө зорилго тавиад хичээлээ заадаг байлаа. Манай сурагчид юу хүсч сонирхож байна гэдгийг судлахгүйгээр үүнийг л заачихвал би хангалттай сайн ажиллаж байна гэж үздэг байлаа. Өнөөдөр хүүхдүүдээ судлах шаардлагатай болсон. Миний хүүхдүүд юунд хүрэхийг мөрөөдөж байна гэдгийг багш судлах учиртай.

-Хүүхдээ судална гэхээр яана гэсэн үг вэ. Судалгаа авдаг юм уу, хичээл заах явцдаа ажигладаг уу?

-Хичээл заах явцдаа байнга ажиглана. За өнөөдөр Бат, Дулмаа, Дорж гурвыг судална гээд төлөвлөж орно гэсэн үг. Өнөөдрийн хичээл дээр ийм чадвартай байсан сурагчид миний хичээлийн дараа ийм өөрчлөлт гарлаа гэдэг тэмдэглэгээг хийж явахыг л судалгаа гэж хэлээд байгаа юм л даа. Ахицыг л багш тэмдэглээд яаах учиртай.

-Өмнө нь багш мундаг байх амархан байсан байж магадгүй. Харин өнөөдөр багш мундаг байх ёстой юу. Мундаг биш багш бол яаж хүүхдүүдийн анхаарлыг татаж, мэдлэг олгох вэ?

-Үүнийг би бас зөндөө бодсон. Яагаад гэхээр биднийг сургууль төгсч байх үед олимпиад уралдаан тэмцээнд үзүүлсэн амжилтаар багшийг үнэлдэг байсан. Би улсын аварга болж байсан, аймагтаа монгол хэл, бичгийн олимпиадад байнга түрүүлдэг байлаа. Тухайн үед ийм багшийг үнэлдэг байсан. Сая боловсролын салбарт өрнөсөн шинэчлэлийн үр дүнд багшийг тэр талаас нь үнэлэхийг чухалчлахгүй болсон. Олимпиадад түрүүлэх магадлалтай хэдхэн хүүхэдтэй ажиллах бус хүүхэд бүрийг хөгжүүлэхийн төлөө хичээдэг болсон. Гэхдээ багш чадвартай байх ёстой нь мэдээж. Хүүхэдтэй сайхан харьцчихдаг, хичээлээ гайгүй заачихдаг хүн бүр сайн багш гэсэн үг биш л дээ.

-Багш юм хэлэхээр “Багш аа, наадах чинь тийм биш шүү дээ. Энд өөр мэдээлэл байна” гэх мэтээр ярих хүүхэд байх уу?

-Байгаа. Багш хүүхэдтэйгээ зэрэгцээд хөгжих, мэдээллийн эрин зуунд амьдрах ёстой болж байна. “Аа тийм байна уу” гээд зогсч таарахгүй.

-Монгол иргэн бэлтгэхийн тулд монгол хэл, соёл чухал гэдгийг олон хүн мэдэрдэг боллоо. Ном уншдаг байх хэрэгтэй гэдгийг ч хэн бүхэн хэлэх байх. Харин монгол хэл, уран зохиолын хичээлийг хэр тоодог вэ?

-Монгол хэл, уран зохиолын хичээлд ач холбогдол өгдөг гэж би хэлнэ. Зөв бичгийн дүрмээр бичиж чаддаг хүүхэд байхгүй боллоо гэсэн өрөөсгөл ойлголт явдаг. Монгол хэл, уран зохиолын хичээлийг сонирхолтой заах гэж бид их хичээж байгаа. Шинэчилсэн хөтөлбөрийн үр дүнд хичээл заагаад гарч ирэхдээ би сайхан мэдрэмж авч чаддаг. Бүх хүүхэд хичээлд оролцоход сэтгэл ханамж маш өндөр байдаг. Ингэж хичээлээ заахын тулд маш их бэлтгэдэг, сэтгэдэг болсон.

-Орчин үеийн залуус ном уншихаа байжээ гэцгээдэг. Үнэхээр хүүхэд залуус ном уншиж байна уу?

-Уншиж байгаа. Дунд сургуулийн сурагчид маш их уншиж байгаа. Анги болгон номын сантай. Бага ангийн хүүхдүүд зурагт комикс номнууд унших сонирхолтой байдаг. “Робинзон Крузо” ч гэдэг юм уу алдартай зохиолуудыг хүүхдэд зориулсан хувилбараар хэвлэх болсон. Тиймэрхүү зохиолуудыг сурагчид их уншиж байна.

-Хэл, уран зохиолын багшийн хувьд хүүхдэд зориулсан ном биччих юмсан гэсэн бодол төрдөг үү?

-Төрдөг. Хүүхдүүдийн хүсэл мөрөөдөл, амьдралын тухай ном бичиж, кино хийх юмсан гэж боддог. Гэхдээ яг номоо бичээд эхлэх зориг хүрэхгүй байна л даа. Сая гэхэд л сургуулийнхаа 53 сурагчийг аваад БНХАУ-ын Шиньяан хотын Багшийн сургуулийн зуны сургалтад хамрагдаад ирлээ. Хүүхдүүд маань HSK буюу хятад хэлний түвшин тогтоох шалгалт өгсөн юм. Тэнд бараг сар шахам хүүхдүүдтэйгээ хамт байлаа. Тэгээд л эдний тухай бичих юмсан гэж бодогдсон шүү.

-Эцэг эхчүүд өөрийнхөө нэг, хоёр хүүхэдтэй учраа олох гэж заримдаа яаж зовдог билээ. Гэтэл амьтны олон хүүхэдтэй бужигнаж байдаг багшийн стрессийг тайлах үйлчилгээ, амраах өрөө гэж баймаар санагддаг юм л даа. Тухайлбал та стрессээ яаж тайлж байна?

-Чөлөөт цаг бараг л гарахгүй дээ. Бид нэг ангид 50 гаруй хүүхдэд хичээл заадаг. Нэг их шуугиад байхгүй ч олон хүүхэдтэй ажиллахаар их ядардаг. Гуравдугаар сард манай багш нар дусал, аминдэм хийлгэх гэх мэтээр боломжоороо эмчлүүлдэг. Өөрийнхөөрөө стрессээ тайлж, эрүүл мэнддээ анхаарал тавьж байгаа нь л тэр. Энэ жил бид Заах аргын нэгдлээрээ массажинд орох юмсан, нэг газар орж ярилцаж сайхан суух юмсан гэж яриад чадаагүй.

-Багшийн хөгжлийн ордон гэж байдаг. Тэнд үйлчлүүлэх, суралцах боломж гардаг уу?

-Тэнд байнга л сургалт болж байдаг. Өөрийгөө хөгжүүлэх боловсруулах сургалтад хамрагддаг.

-Мэргэжлээ солих юмсан гэсэн бодол төрөх үе байсан уу?

-Эхэндээ тийм бодол төрдөг байлаа. Одоо бол тэгж бодохоо байсан. Шинэхэн багш байхдаа цалин үнэхээр хүрэхгүй “Яана даа, ингэж ч амьдрах гэж” гэж бодогдох үе байсан. Одоо бол ажилласан жилийн нэмэгдэл, лаборатори сургуулийн нэмэгдэл гээд болоод л байдаг юм.

-Мэргэжлийн өвчин гэж байдаг. Бид нар бол алдаа харагдвал засах гээд байдаг өвчтэй. Таны хувьд яадаг вэ?

-Би бас тийм өвчтэй. Манай сургуулийн монгол хэлний секц “Ангууч” гээд хөтөлбөр хэрэгжүүлдэг. Хүүхдүүд алдаатай хаяг, зарлалын зургийг авч багшдаа өгдөг. Ингээд орхичихгүй. “Танай байгууллагын гадна хаяг ийм алдаатай байна” гээд хүүхдүүд ханддаг, шаардлага тавьдаг. Зарим байгууллагын удирдлага маш сайхан хүлээж аваад “Та бүхэнд баярлалаа. Бид алдаагаа засъя” гээд албан бичиг хүртэл ирүүлсэн удаатай.

-Та одоо ямар ном уншиж байгаа вэ?

-Би “Боловсролын төгсгөл” гэдэг ном авчихаад хараахан уншиж дуусгаагүй л байна. Еврэйчүүд хүүхдүүдээ яаж боловсруулдаг тухай өмнө нь уншсан. Еврэй эцэг эхчүүд хүүхдүүддээ “Өнөөдөр багшаасаа юм асууж ир” гэж захидаг юм байна. Хүүхдүүдээсээ орой нь “Багшаасаа юу асуув, ямар шинэ юм мэдэж ирэв” гэж асуудаг. Түүнээс биш “Ямар дүн авав” гээд орхичихдоггүй юм билээ.

-Харин таны сурагчид хичээлийн дараа юм асуудаг уу?

-Ховор асууна шүү дээ.

-Яагаад багш болъё гэж шийдсэн бэ, зорилготой сонголт байсан уу?

-Яахав, зорилготой сонголт байсан л даа. Гэхдээ би орос хэлний багш болох байсан юм. Орос хэлний багш маань намайг гомдоогоод гэх юм уу даа. Монгол хэлний багш болчихсон юм. “Чи орос хэлээр явж чадахгүй” гэсэн юм л даа. Тухайн үед тэр үг зүрх сэтгэлд үлдсэн.

-Багшийн санаатай болон санамсаргүй хэлсэн үг хүүхдийн сонголтод нөлөөлж байдаг. Магадгүй та хүүхдэд үг хэлэхдээ маш болгоомжтой ханддаг байх?

-Би энэ тухай их боддог. Би энэ хичээлийг заахдаа ингэж хэлнэ гээд толинд харж бэлтгэдэг. Хүүхэд бол бидний толь л гэсэн үг. Бага ангийн хүүхдүүд бол гэртээ очоод багшийгаа яг дуурайдаг гэж байгаа юм. Бухимдаад янз бүрийн үг хэлэх тохиолдол гарна л даа. Аль болохоор тийм алдаа гаргахгүй юмсан гэж хичээдэг.

-Багш хүний мөрөөдөл юу байдаг бол?

-Төгсч байгаа хүүхдүүд маань бидний бүтээгдэхүүн шүү дээ. Ямар хүмүүжилтэй төлөвшилтэй гарч байна гээд бодохоор эмзэглэх үе байдаг. Хүүхдүүдээ аль болох хүнийг хайрладаг, зөв сэтгэлтэй, алсын хараатай болгох юмсан гэж боддог. Гэтэл яаж ийм хүн болгох вэ. Иргэний боловсролын хичээлээр хүнтэй яаж зөв харилцах вэ, гудамжинд явж байгаад бусадтай маргавал яаж зохицуулах вэ гэх мэтээр ярилцах цаг байдаг. “Автобусанд ямар хүнд туслав, маргаашийн цаг дээр яриарай” гэх мэтээр даалгавар өгдөг. Зүрх сэтгэлийн боловсрол олгох цагтай болсондоо баяртай байдаг .

-Танд хэлэхийг хүссэн үг үлдсэн үү?

-Боловсролын салбарын шинэчлэлийг энэ хэвээр нь үргэлжлүүлээсэй. Шинэ хүн гарч ирээд бужигнуулчих вий дээ гэж бодож байна.

Categories
мэдээ цаг-үе

Б.Лхагважав: Улс төрийн шийдвэр гарсан байхад дороо гүйдлээ олдог

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважавтай ярилцлаа.

-Та Монгол, Солонгосын бизнес форумын үеэр БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн дэргэд сууж байна лээ. Онцлох үгээ хэлж амжсан уу?

-БНСУ-ын Ерөнхийлөгч АСЕМ-д оролцоод, дээр нь албан ёсны айлчлал хийсэн. БНСУ, Монгол Улс эдийн засгийн харилцааны дараагийн шатанд орохыг цаг үе, эдийн засгийн нөхцөл шаардаж байгаа юм. Би хатагтай Ерөнхийлөгчид “Харилцааны хоёрдугаар үе шат эхэлж байна. Солонгос, Монголын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулахад судалгаа буюу эрх зүйн түншлэлийн орчин бүрдүүлдэг. Монгол, Солонгосын танхим, БНСУ-ын Гадаад эдийн засаг судлалын институт, Чингис хаан сургууль хамтарч ажиллаж гэрээний гол үндсэн концепцийг гаргаж ирье” гэсэн юм. Хатагтай Ерөнхийлөгч “Үүнийг маш хурдан ажил хэрэг болгоорой” гэж хүмүүстээ үүрэг өгсөн. БНСУ-ын Ерөнхийлөгч ирэхдээ 100 гаруй бизнесийн төлөөлөгчөөс гадна 20 гаруй бизнесийн холбоодын удирдлагаа авчирсан юм. БНСУ-ын Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтарч бид Монгол, Солонгосын бизнес форумыг зохион байгууллаа.

-Солонгосчууд хөлдөөсөн банш, цахилгаан шатнаас авахуулаад байж болох бүхнийг бидэнд санал болгодог юм билээ. Энэ удаагийн уулзалтын үеэр тэд юуг онцлов?

-Форумын үеэр БНСУ-ын Импортлогчдын холбооны ерөнхийлөгч надтай уулзсан. Дараа жил зургадугаар сарын 23-24-нд импортлогчдын том үзэсгэлэн яармаг болох юм байна. Энэ яармагт Монголын компаниудыг оролцуулахыг хүссэн. “Говь”-ийн бүтээгдэхүүнтэй танилцаад “Говь”-ийг оролцуулмаар байна гэсэн. “Витафит”-ынхан Япон руу чацарганы шүүс гаргаж байгаа.

Тэднийг оролцуулах гэх мэтээр бидний ажил асар их байна.

Солонгосчууд уул уурхайн бүтээгдэхүүний дахин боловсруулалтад оролцох сонирхолтой байна. Төмрийн хүдрийг эндээ боловсруулаад, гулдмайгаар нь БНСУ руу гаргавал хичнээн ашигтай байх вэ. Дэд бүтэц, барилга байгууламж дээр нь эмнэлэг оношилгооны төвийн асуудал байна. Өнгөрсөн жил 10 мянган иргэн Солонгост очиж шинжилгээ өгчээ. Хамгийн сүүлийн үеийн оношилгооны төв байгуулагдвал гадаадад эмчлүүлэх шаардлагатай хүмүүст хэмнэлт бий болно.

-Та бас АСЕМ-ыг зохион байгуулах ажлын хэсэгт орсон байх аа?

-АСЕМ-ын эрх авснаас хойш жил хагасын хугацаанд бүх л байгууллагын хүчин зүтгэлээр АСЕМ сайхан боллоо. П.Цагаан дарга бид хоёр хурлын заал, зочид буудал хариуцсан ажлын хэсгийг хариуцсан юм. Бид өнгөрсөн аравдугаар сараас хойш долоо хоног бүр хуралдсан. Шат дараалсан арга хэмжээнүүд явагдаж, төрийн ордны төв танхимын агааржуулалтыг эс тооцвол бусад бүх юм сайхан болсон.

Бид нэг гарцыг олж харж байгаа. Уул уурхайн дараа мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлал манай эдийн засгийг бүрдүүлэгч дөрвөн том салбар. Гэхдээ манайхан аялал жуулчлал, мал аж ахуй, аялал жуулчлалдаа хөрөнгө оруулалт хийдэггүй. Технологи оруулахгүй, инноваци шингээхгүй байгаа учраас энэ салбар хямдхан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ болчихоод байгаа юм. АСЕМ-ын үеэр “Чингисийн хүрээ цогцолбор”-т үзүүлсэн “Нүүдэлчдийн наадам” өндөр өртөгтэй. Яг ийм үзүүлбэрийг жил болгон хийж чадвал үүнийг дагасан жуулчид их ирнэ. Дараа жил ингэж үзүүлэх юм байхгүй бол жуулчид “хулхидуулсан” болж хувирна шүү дээ. Тийм учраас аялал жуулчлал хөрөнгө шаарддаг гэдгийг одоо бид ойлгож байгаа юм. АСЕМ-ын үеэр манай цаг агаар гайхалтай ивээлээ. Бид энэ үйл ажиллагаанаас маш их туршлага хуримтлуулав.

Хурлын үеэр нэг байгууллагад их баярласан. Х.Дамдинсүрэн захиралтай “Саунд оф Монголиа” компани АСЕМ-ын хурлын заал, тохижилтод маш их хувь нэмэр оруулсан. Хурлын индэр рүү асч байгаа гэрлийг хүртэл нэлээд үнэтэй авч төрийн ордны зааланд байрлуулсан юм шүү дээ. Түүний хүчээр тэнд авч байгаа зураг хүртэл өөр гарч байгаа юм. Шангри-Ла руу орж байгаа зураг хөрөг дандаа эднийх хийсэн ажил. Энэ компани үүнийг хийхийн тулд хоёр жилийн өмнө АСЕМ-ын Миланы уулзалтад багаараа очиж судалгаа хийсэн юм. Бүх техникийг нь судалсан. Дэлхийн хэмжээний уулзалт хийхэд дэлхийн стандартыг барьдаг монгол компаниудтай болсон нь сайн хэрэг.

АСЕМ-ыг ийм хэмжээнд хийхийн тулд эртнээс бэлтгүүлдэг юм билээ Энэ менежмэнт нь бидэнд хэрэгтэй. АСЕМ-ын том хурал болохын өмнө есөн бага хурал болдог. Хамгийн отгон хурал нь бизнес форум болсон. 300-600 хүнтэй хурлууд үргэлжилсэн. Энэ хооронд оролцогч удирдагч хүмүүсээ бүх талаар бэлтгэдэг юм билээ. Хурлаас хурлын явцад АСЕМ-ын бэлтгэл чангарч байдаг. АСЕМ болоход үйлчилгээ, хамгаалалт, техникийн алба, дотоод орчуулга бүх юм жин тан болчихож байгаа юм. Энэ нь биднийг их юманд сургасан. Бизнесийн форум амжилттай болсон. Энэ хурлаар макро түвшний асуудал гаргаж тавьдаг. Нэг ёсондоо цаг агаарын урьдчилсан мэдээ гэсэн үг. Түүнд бизнесээ зохицуулах, тухайн улс нь эдийн засгийн бодлогоо явуулах учиртай. Бизнесийн форумын хэлэлцсэн асуудлууд манай танхимын сайтаар дамжиж гарах юм.

-Ази, европынхон илүү нягтарч бие биенээ ойлгож мэдрэхээр хичээж байна. Бизнес эрхлэгчдэд ямар боломжууд харагдсан бэ?

-Ойртонгоо хамтдаа хөгжье гэсэн гол зорилготой бизнес форум болсон. Дэлхийн эдийн засгийн 60 хувь, хүн ам, худалдааны эргэлтийн 60 хувь нь Ази, Европт байна. АСЕМ-ын гол зорилго улс төрийн түвшний ойлголцол, мэдээлэл солилцох байдаг. Дээрээ суудлаа олбол дороо гүйдлээ олно гэдэг дээ. Улс төрийн шийдвэр гарчихсан байхад дороо гүйдлээ олдог.

-Аль нэг улс оронтой бизнесийн нарийн яриа хөөрөө явсан уу?

-АСЕМ ч бай Солонгос Монголын форум ч бай танхимын үүрэг бол бүжгийн талбайг л засч өгдөг. Орчныг нь бүрдүүлдэг. Дотор нь бизнес бизнестэйгээ хэрхэн холбогдох нь өөрсдийнх нь авьяас чадварын хэрэг. Овсгоотой нь томхон юм олж авна. Ер нь бол өгөөжтэй болсон гэж үзэж байгаа.

-Танхимын даргын хувьд юунд илүү анхаарал хандуулж, юуг “балиашиглаж” байна вэ?

-Сая Ч.Сайханбилэгийн Засгийн газартай манай танхим тулж ажиллаж байж Ил тод байдлын хууль батлуулсны гол шалтгаан бол компаниудыг 25 жилийн дарлалаас чөлөөлөх байлаа. Үүний үр дүнд 33 000 компани 17 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний ажил үйлчилгээ орлогоо ил болголоо шүү дээ. Зөвхөн энэ тоон үзүүлэлт гэхэд л манайд зах зээлийнхээ 60 хувийг төр хянаж чадахгүй байсныг харуулсан. Тэрбум долларын уул уурхайн хөрөнгө оруулалт орж ирэхэд түүнийг хөдөлгөж чадах компани хэрэгтэй байдаг. Тэр компани институтын хэлбэрт очсон байх учиртай. Үүнийг бид хийж эхэлсэн. Эдийн засгийн ил тод байдлын хууль, Өршөөлийн хууль гаргадаг чинь 2009 оны хямралыг давсан гол аргачлал. Тэр аргаа бид сая дахин хэрэглэсэн. НӨАТ-ын хуулийг одоогийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат яг жилийн өмнө Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Сая хавар энэ хууль улс төрийн шоунд өртөх шахсан. Яг макро эдийн засгийн үүднээс бол маш гайхалтай систем бий болгосон. Үүний үр дүнд бид эдийн засгийн бааз сууриа 22 дахин ихэсгэлээ. Зургадугаар сарын сүүлийн статистик мэдээгээр татварын бүх орлого бараг 100 хувь биелсэн. Татварын орлого 0,5-хан хувиар тасарчээ. Манай эдийн засаг өнгөрсөн жилийнхээс муу байгаа шүү дээ. Гэтэл татварын орлого биелнэ гэдэг НӨАТ-ын шинэ системээр татварын бааз суурийг ихэсгэж чадсаны үр дүн. Энэ системийн буянаар хянаж чаддаггүй байсан 60 хувиа хяналтад оруулсан. Ил тод байдлын хууль гэдэг толгойг чинь төр илж байгаа юм биш. НӨАТ-ын систем ажиллаж эхлэхэд орлого олж байгаа бүх этгээд татвараа төлдөг механизм руу иргэнээр дамжиж орно гэж би хэлж байсан.

-Шинэ Засгийн газар гарч ирэхээр НӨАТ-ын сугалаа зогсох болов уу гэж хүмүүс сонирхож байгаа?

-НӨАТ-ын хууль батлагдсан шүү дээ. Сугалааг 2016 оныг дуустал явуулах учиртай. Үлдсэн хугацаанд сард нэг удаа явуулна. Энэ бүхэн хуульчлагдсан. УИХ төсвийн тодотгол хийгээгүй байгаа. Төсвийн тодотгол хийж нэг хоёрдугаар улирлын НӨАТ-ын урамшууллыг өгчихвөл дараа нь сугалаа ч хэрэггүй. Нэгдүгээр улиралд 5,6 тэрбум төгрөгийг иргэд буцааж авахаар байгаа. Үүнийг өгчихвөл иргэд цаашдаа сугалаагүйгээр баримтаа бүртгүүлээд явчихна. Техник технологийн өөрчлөлтүүд гарч байгаа. НӨАТ мөдхөн цаасан хэлбэрээр бус зураасан кодтой үнэмлэхтэй болж түүнийгээ уншуулаад өөрийнхөө дансаар буцаан олголтоо авчих юм. Тийм хэлбэрт шилжихэд бэлэн болсон. Татварын орлого 100 хувь биелж байхад үүнээс татгалздаг Засгийн газар гэж байхгүй. Харин энэ механизмыг хөгжүүлэх тал дээр шинэ Засгийн газар сайн ажиллана гэж найдаж байгаа. МАН төрийн эрхийг авахдаа нийгмийн хамгааллын маш олон амлалт өгсөн. Нийтийн баялгийг нийгэмдээ илүү хуваарилна гэсэн үг. Нийгмийн хуваарилалт цалин тэтгэвэр, нийгмийн салбарт оруулж байгаа хөрөнгө оруулалтаар дамжиж хүрдэг. Үүний ганц эх үүсвэр татвар шүү дээ. НӨАТ-ын шинэ систем маш сайн саалийн үнээ болсон. Дээр нь МАН нэг хувийн татвар амалсан. 1,5 тэрбум төгрөгийн орлогод нэг хувийн татвар ногдуулна гэсэн шүү дээ. Татварын гурван хууль маань батлагдаж чадалгүй үлдсэн. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Хувь хүний орлогын албан татвар, Татварын ерөнхий хууль энэ намрын чуулганаар эхний ээлжинд батлагдах учиртай. Өнгөрсөн жил НӨАТ-ын хууль батлагдсан. Нягтлан бодох бүртгэлийн хууль, Аудитын хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль бүгд есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Бизнесийн орчныг энэ хуулиуд бүрдүүлнэ. МАН одоо нэг хувийнхаа амлалтыг баталвалнэг хувийн татвартай болох юм. Уг нь дөрвөн хууль бүгд өнгөрсөн жил батлагдах ёстой байсан. Үлдсэн гурвыг нь батлаагүйгээс ямар сөрөг үр дагавар гарч байна гэхээр жижиг аж ахуйн нэгж их татвар төлж байгаа харагдаж байна. Нэг хувийн татвартай бол маш их хөнгөлөлт болно.

Намрын чуулганаар хийх бас нэг гол өөрчлөлт бол Төрийн нийтийн хамааралтай өмчийн хууль гаргаж, төрийн нийтийн хамааралтай өмчийг хэн эзэмшиж ашиглахыг тодорхой болгох учиртай. Мэдээж өмчлөл нь төрд бий. Засгийн газар үүнд ямар хэмжээнд, аж ахуйн нэгж, хувь хүн ямар оролцоотой байх зэрэг өмчийн харилцааг тодорхой болгочихвол зодоон болохгүй. 20 гаруй жил энэ харилцааг ил болгоогүй учраас Засгийн газар, УИХ-аар дамжуулж эрх мэдэл олж авч байж эзэн суудаг, хугацаа нь дуусахаар дахин эзэн суухын тулд юу ч хийхээс буцахгүй болдог. Хөрөнгө оруулагчид өмчийн харилцааг маш их анхаардаг. Хөрөнгөө оруулах компанийн ил тод байдлыг харгалздаг. Компанийн засаглал, эздийн ил тод байдлыг бас хардаг. Тэгээд менежмэнтийг харна. Энэ бүгд хангагдвал хөрөнгөө оруулах эхний алхам хийнэ. Хөрөнгө оруулагчдын хувьд шүүх, эрх зүйн хамгаалалт, өмчийн харилцаа, компанийн засаглалаас гадна ажилтнуудын чадварыг хардаг. Танхимаас 2016 оныг Компанийн засаглалыг дэмжих жил гэж зарласан байгаа. Гол нь ажилтнууддаа хөрөнгө оруулах асуудлыг бид тавьж байгаа. Өмнө нь ажилчдынхаа цалинг нэмэхийн оронд эзэн өөрөө лексус авч унахыг илүүд үздэг байв. Хөдөлмөрийн капиталыг үнэлэхгүй хөсөр хаяснаас болоод бүтээмж байхгүй болсон. Оюу толгойн монголчуудад үзүүлсэн хамгийн том үлгэр дуурайл бол ямар ч монгол хүнд хөрөнгө оруулах юм бол юуг ч хийж чадна гэдгийг харуулсан явдал. Өнөөдөр Оюу толгойд ажиллаж байгаа уул уурхайн том машинуудын 50 хувийг эмэгтэй жолооч барьж байна. Тэр тусмаа Цогт-Цэций сумын малчин эмэгтэй жолооч нар олширчээ. Хөдөлмөрийн капиталд оруулсан Оюу толгойн хөрөнгө оруулалт нь манай бизнес эрхлэгчдэд юм бодуулах биз ээ. Зах зээлийн эхэн үед бид ажиллах хүчиндээ хөрөнгө оруулах ойлголтгүй, чадвар ч үгүй байсан. Одоо дөнгөж ойлгож эхлэсэн. Хорь гаруй жил хөрөнгө оруулаагүй учраас ажиллах хүч маань ядуу байна. Өнөөдрийн ядуурлын гол гогцоо компани нь ажилтандаа хөрөнгө оруулахгүй байна. Хоёрдугаарт, төр нь зах зээлээ хянаж чадахгүй, татвар авч чадахгүй явж ирсэн. Үүнийг залруулах ёстой юм. Ингэж чадвал эрс тэс цаг уурын нөхцөлд толгой цувдай идэж амьдардаг мөртлөө маш их хүсэл тэмүүлэлтэй, өөдрөг үзэлтэй, хэзээ ч нугаршгүй ард түмэнтэй. “Эртний сайхан” гэдэг дуунд ингэж өгүүлдэг юм.

Эртний сайхан ерөөлөөр

Энэ Монгол Улсад нь

Эзэн Чингис хааны үр язгуур болсон,

Тэнгэр мэт заяатай

Тэгш таван оюунтай

Тэнэгэр сайхан сэтгэлтэй,

Тэнүүн сайхан ард түмэн мину гэж байгаа юм.

Энэ XIII зуунаас хойших үеийн дуу. Чингис хааны үр язгуур болсон ард түмнээ ингэж магтаж сайшааж хүчийг нь авч нэгтгэж байжээ.

-2017 онд Монгол дампуурна гэж зарим эдийн засагч шууд хэлдэг. Үнэхээр ч зээлийн эргэн төлөлтүүд хийгдэж, эдийн засагт илүү дарамт учрах жил эхлэх нь?

-Хүнд хэцүү жил байхыг бид 2013 онд бондын зээл авахад нь ч олж харж байсан. Яагаад өмнөх Засгийн газартай ил тодын хууль, НӨАТ-ын хууль гэж яриад байсан гэхээр 2017 оноос 500 сая доллар төлнө. Үүнийг авсан улсууд нь төлөхгүй. Явж явж татвараар л төлнө. Өмнөх Засгийн газартай нэг л юман дээр тохиролцож байсан. Татвар нэмэхгүйгээр татварын бааз сууриа нэм гэсэн юм. Аз болж Ардын намын нөхөд шинээр татвар бий болгохгүй гэж амалсан байгаа. Татвар өсгөж чадахгүй ч татварын бааз суурь нь НӨАТ-аар ороод ирсэн.

Ухаантай улсуудын Үндсэн хуульд нийтийн мөнгө, нийтийн зээл, нийтийн санхүү гэсэн тусдаа бүлэг байдаг. Аливаа Засгийн газрын Ерөнхий сайдын хүсэл мөрөөдлийг биелүүлэх гэж ард түмэн амьдардаггүй. Сая хүсэл мөрөөдлөөрөө хэт их зээл аваад тамирдах асуудал байлаа. Одоо бол нийтийн санхүүгийн хяналтыг чангатгах ёстой. Үүний төлөө эрвийх дэрвийхээрээ ажиллана. Энэ Засгийн газарт нэг юмыг шууд хэлж байгаа. Зургадугаар сарын сүүлээр төсвийн зардал 900 тэрбумаар хэтэрсэн байгаа. Татварын орлого 0,5 хувиар тасарсан байхад засгийн зардал ингэж хэтэрчээ. Нэг ёсондоо энэ зардлыг танаж засгаа байгуул гэсэн үг. Эдийн засаг ирэх хоёр жил хүнд байна. Энэ хүндрэлийг монголчууд бүгдээрээ даван туулах учиртай. Тийм ч учраас ард түмэн сонгуулиар 100 хувь нэг намд өгсөн. Одоо ийм хэмжээний хариуцлага нэхнэ. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг дотоод гадаадын бүх хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид хүлээж байгаа. Хэт утопи мөрийн хөтөлбөр гаргаад бас дахин зээл авч биднийгээ тамирдуулах юм бол шүүмжлэх, сөрөх улсууд бэлэн байгаа. Сонгуульд ялсан гэдгээрээ цэнгэлийн манлайд хүрэхгүй. Хамтарч бүгдээрээ шийдвэр гаргана, зүтгэнэ.

Categories
мэдээ цаг-үе

Жүжигчин Б.Цэрэнпагмын охин А.Сарангэрэл: Ээж чинь тус болж байсан гээд олон хүн надад ханддаг

“Хүн чулууны
нулимс” киноны галзуу Цэвэл, “Бага тайз”-ын саальчин Хонгорзул, “Мандухай цэцэн
хатан” киноны Шихэр хатан гэх мэт дүрээр олноо танигдсан Монгол Улсын гавьяат жүжигчин
Б.Цэрэнпагма өнөө ч үзэгчдийн сэтгэл зүрхэнд шингэж үлджээ. Б.Цэрэнпагмын охин А.Сарангэрэлтэй
ярилцлаа. Тэрбээр өдгөө “Хувийн компанид ажиллаж байгаа” гэнэ. Бизнесийн удирдлага,
эдийн засагч мэргэжилтэй юм байна. Б.Цэрэнпагма гурван хүүхэдтэй ажээ.

-Таны бага
нас театр, кинотой ойрхон өнгөрсөн байх?

-Драмын театрт
ээжтэйгээ цуг очдог байлаа. Ээжийн өрөөнд тухайн үеийн сайхан жүжигчид суудаг байсан.
Тэдний хувцсыг зөөж өгдөг байлаа.

-Урлагийн
хүмүүс хүүхдүүддээ цаг бага гаргадаг гэдэг. Танай ээжийн хувьд ямар байв?

-Манай ээж
мэдээж цаг наргүй ажилладаг байсан л даа. Гэхдээ хүүхдүүддээ маш их цаг зав гаргадаг
хүн байсан шүү. Тухайн үед даваа гаригт хагас амраад, мягмар гаригт бүтэн амардаг
байсан санагдана. Өглөө драм дээр очиж бэлтгэл хийгээд, гэртээ ирж байж байгаад
орой тоглолтдоо явдаг. Манай ээжийн ээж байсан. Эмээ маань биднийг хардаг. Бид нэлээд
хожуу цэцэрлэгт явсан даа.

-Ээжийгээ
жүжиг, кинонд тоглож байх үед харж байсан уу?

-Драмын театрт
сургуулилт хийж байхад зрительд суугаад харж л байсан. “Газрын үнэр”-ийн зураг авалтын
үеэр бид цуг явж байсан. Аав, ээжийн дүү, бид нар амралт маягаар очиж байлаа. “Газрын
үнэр” кинонд ээж мотоцикль унаад давхидаг хэсэг бий. Ээж тэгэхэд мотоцикль унаж
сурсан.

-“Хүн чулууны
нулимс” гарахад дунд сургуульд байлаа. Кино театрт анх үзэхэд онцгой сэтгэгдэл төрж
билээ. Хорхой иддэг хэсэг дээр нь их л айж байсан?

-Тэр чинь
Өвөрхангайн Элсэн тасархайд авсан зураг. Аягүй их хар хорхойтой сонин газар байсан
юм. Бид ээжийг эргэх гэж очоод хар хорхойноос нь айж давхисан. Ээж өөрөө хар хорхой
идсэн гэж ярьдаг. Уг нь баримлын шавар энэ тэрээр хар хорхойг нь бэлтгээд тавьчихсан
байсан гэсэн. Өглөө оймсоо өмсөхөд юм овойгоод байдаг. Хорхойтой оймс өмсчихөөд
орилоод бөөн юм болоход ээж хорхойг нь суга татаад авч байсан юм.

-Галзуу хүн
шиг дүр төрхтэй явж байгааг нь харахад хэцүү байсан уу?

-“Хүн чулууны
нулимс”-ыг сүүлд л үздэг болсон. Урьд нь айгаад, эвгүйцээд үзэж чаддаггүй байлаа.
Ээж тэр дүрд тоглох гэж их судалгаа хийсэн гэдэг. Галзуугийн эмнэлгээр баахан явсан
гэдэг шүү. “Судалгаа сайн хийдэг” гэж нөхөд нь хэлдэг юм. Батсүмбэрийн асрамжийн
газарт байдаг хүний дүрд тоглох гээд асрамжийн газраар бас баахан явж билээ.

-Ээж тань
спортын зэрэгтэй байсан гэсэн үү?

-Манай ээж
спортлог хүн байсан. Сурагч байхдаа спортын бүх төрлөөр хичээллэж байсан гэдэг.
Гар бөмбөг мундаг тоглодог. Тэшүүрээр сайн гулгадаг байжээ. Ууланд явж цанаар гулгадаг.
Цанын спортын мастер байсан. Өвөө маань ээжийг урлагийн хүн болгох дургүй. Химийн
багш болгоно гэдэг байсан юм билээ. Аравдугаар ангийн хүүхдүүдээс урлагийн ангид
шалгаруулж авч байхад Л.Ванган гуай “Энэ охин урлагийн мэдрэмжтэй юм байна” гэж
хэлээд ээжийг авсан гэдэг. Ээж маань дуулна, бүжиглэнэ, юм юманд авьяастай байлаа.

-Аав тань
ямар хүн байв?

-Манай аав
сайхан дуулж, бүжиглэдэг, хөгжим сайхан тоглодог хүн байсан. Ах ээжтэй цуг хөдөө
явж, тоглолтын дараа хөгжим дараад, бүжиг явуулдаг байсан. Урлагийн хүмүүс хүүхдэдээ
цаг зав гаргадаггүй л гэж ярьдаг. Би бол ээжийгээ маш их цаг гаргадаг байсан гэж
боддог. Орой ирээд хичээл давтуулна. Муухай бичсэн бол эхнээс нь хуулах хэрэгтэй
болно. Шөнөжингөө хуулуулаад суулгачихдаг. “Дэвтэр дээр балласан цохолсон юм байх
ёсгүй” гэж ээж шаардана. Өглөө гарахдаа ээж гал тогоондоо мөнгө үлдээгээд ийм юм
авах ёстой гээд жагсаагаад биччихдэг. Хүүхдүүдээ багаас нь мөнгөтэй харьцаж сургасан.

-Зааснаас
нь өөр юм авчих удаа байсан уу?

-Ёстой тийм
юм байхгүй. Юмаар дутаж өсөөгүй болохоор өөр юм авъя гэж боддоггүй байлаа. Алим
чихэр жимс ховор үе. Ээж дэлгүүрийн дарга таньдаг, танил тал ихтэй байсан шиг байгаа
юм. Хайрцгаар нь авчраад тавьчихдаг. Ээж өглөө гэрт юу хэрэгтэй байгааг бичдэг.
10 кг гурил, таван кг төмс гэх мэтээр авах юмнуудаа бичээд мөнгө тавьчихдаг. Ах
бид хоёр түүгээр нь хэлснийг нь авдаг. Ээж, аав хоёр олсон бүх юм аа л хүүхдүүдийнхээ
ходоодонд хийчихдэг байсан юм болов уу. Амттай шимтэй юм, хувцас хунар бүгдийг эдлүүлж
өсгөсөн.

-Ээж тань
ямар нэг юмыг онцолж захидаг байсан уу?

-“Хүнд тусалж
яваарай” гэж хэлдэг байсан нь санаанд үлджээ. Өөрөө их тусархуу хүн байлаа. “Булгийн
ус ундарч, хүний буян барагддаг гэнэ лээ” гэж ээж нэг удаа хэлж байсан. Тэр үг нь
яагаад ч юм санаанаас гардаггүй юм. Ээж уучлаарай гэдэг үгэнд дургүй. “Битгий чи
уучлаарай гэж бай. Уучлаарай гэж хэлэхгүйн төлөө амьдрах ёстой. Буруу юм хийчихээд
худлаа уучлаарай гэсэн үг хэлэх хэрэггүй” гэж билээ.

-Хүүхдүүдээ
урлагийн хүн болгох гэж хичээдэг байв уу?

-Урлагийн
хүн битгий болоорой л гэсэн дээ. Жүжигчин болно гээд би нэг хэсэг өвчиллөө. Хүүхэлдэйн
театрт шалгалт өгч дагалдан жүжигчнээр орж байсан хүн шүү дээ. Ээжид баригдаад багшийн
сургуульд орж байлаа.

-Тэр сонголтдоо
харамсдаг уу?

-Манай ээж
зөв сонголт хийсэн. “Чамд жүжигчний авьяас байхгүй шүү, Сараа” гэдэг байсан. Одоо
бодоод байхад зөв л юм билээ.

Манай дүүгийн
зургаан настай хүү бий. Тэрийг урлагийн хүн болчих байх гэж хардаг. Тэр ер нь болчихоор
шинжтэй хүүхэд шүү.

-Б.Цэрэнпагма
гэдэг жүжигчний бүтээсэн дүрүүдийг хүмүүс харах дуртай. Үр хүүхдүүдийнх нь хувьд
дурсгалыг нь мөнхлөх ямар нэг юм хийсэн болов уу?

-Бид “Монгол”
телевизтэй хамтраад “Тэр” гээд ээжийн тухай хөрөг нэвтрүүлэг хийсэн. Ээжийнхээ
65 насны ойд зориулаад бид нэг дуу хийлгэсэн юм. Тэр нэвтрүүлгээр анх цацсан. Б.Лхагвасүрэн
гуай үгийг нь бичиж, А.Энхтайван гуай ая хийж, А. Долгор гуай дуулсан. “Ижий сүүтэй
хайр” гэж сайхан дуу болсон.

-Бид бол
бүтээсэн дүрүүдээр нь л мэднэ. Амьдрал дээр харин ямархуу ааш зантай хүн байв?

-Маш дөлгөөхөн.
Үр хүүхдэдээ хамаг байдгаа зориулчихдаг тийм л хүн байсан. Ээж цаг наргүй ажилтай
учраас амрах өдрөө хүүхдүүдийнхээ хоолыг долоо хоногоор бэлтгэж тавьдаг. Бууз, хуушуур
есөн шидийн юмаа хийгээд чимхээд хөлдөөчихдөг. Мантуу хийсэн ч жигнээд хөлдөөчихдөг.
Арвын хувингаар дүүрэн төмс шараад хөлдөөчихдөг. Хоолны мах хүртэл хэрчээд, уутанд
боогоод тавьчихна. Хоол унд сайхан хийдэг. Их нямбай. Бид өнгө алдсан хувцас өмсч
байгаагүй. “За, баян айлын бандгар Сараагаар юу байна” гэж найзууд маань шоолдог
байлаа. Манай сургуулийн хүүхдүүд одоо ч ярьдаг юм. “Танайд очиж ээжийг чинь харах
гээд чамаас их гуйдаг байж билээ” гэж. Манайд очихоор ээж бууз шарж өгдөг. Одоо
бодоход цаг зав багатай л байж дээ. Түргэн болдог хоол их бэлтгэдэг. Их л ажилтай,
анхиатай хүн байлаа. Юм ховор үед цамц, хувцас их нэхнэ. Манай ангийнхан “Ямар гоё
юм бэ” гэдэг. Ээжийнхээ оёсон хувцсаар их гайхуулдаг байлаа.

-Энэ хүний
хувьд дуусаагүй ажил, биелээгүй мөрөөдөл байсан уу?

-Ээж тэгэх
юмсан, ингэчих юмсан гэж ярьдаггүй байсан. Сүүлийн үед харвасныхаа дараа “Биеэ гайгүй
болохоор нэг тайлан тоглолт хийнэ” л гэдэг байсан. Бие нь тааруу байсан болохоор
тайлан тоглолтоо хийж амжаагүй. Ээж бид хоёр Австрид явж байхдаа театрт нь орж үзсэн
юм. “Ямар гоё юм бэ. Ийм тайзан дээр тогловол мөн сайхан аа” гэсэн. Сүүлдээ хошин
шогийн тоглолт үздэг болсон. Манай хүүд “Эмээдээ нэг сайхан шинэ хошин шог аваад
ирээрэй” гэдэг. Шинэ тоглолт үзчихээд инээж суудаг. Манай залуучууд өсч байна, мундаг
болжээ гэж суудаг сан.

-Ээжийн тань
найзууд гэж олон хүн байдаг уу?

-Хүнд тусархуу
болохоор ч тэр үү, найз нөхөд ихтэй. Өөд болсных нь дараа ч “Ээж чинь тус болж байсан”
гэж олон хүн надад хандсан. “Аягүй их даараад явж байхад гутлаа тайлж өгөөд, өөрөө
пүүз өмсөөд явж байсан” гээд нэг эгч ирж байсан. Нэг жирэмсэн эмэгтэй унаа хүлээгээд
хүйтэнд зогсч байсан юм билээ. Нимгэн хувцас хунартай явжээ. Ээж 69-тэй явж байгаад
дэргэд нь ирж зогсчээ. “Хаа хүрэх гэж байгаа юм бэ” гэж асуусан ч зам нийлэхгүй
болохоор нь “Өө чи яасан нимгэн хувцастай явж байгаа юм бэ, эгчийнхээ гутлыг ав”
гээд гутлаа тайлж өгөөд, өөрөө пүүз өмсөөд гадуур нь дэгтий углаад явчихсан гэдэг.
Тэр хүн ээжтэй уулзах юмсан гэж их бодсон гэдэг. “Уулзаж амжсангүй, баярлаж талархсанаа
тухайн үедээ олигтой ч хэлж чадаагүй” гээд надад өвлийн идэш авчирч өгч байсан.
Тийм тохиолдол олон. Би ээжийгээ олонтой хүн байжээ гэж боддог. Одоо ч холбоотой
байдаг хүмүүс бий. Ээж маань хүний сайн талыг олж хардаг. Бусдын амжилтаар их бахархдаг.
“Тэр ёстой алаад хаячихсан, ёстой мундаг” гэж ярьдаг байж билээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Томхон цэнгэлдэх хүрээлэн байгуулъя

Эдийн засгийн хямралыг умартаад, цэнгэлдэх хүрээлэндээ хөрөнгө оруулах хэрэгтэй болжээ. Дэнж хотойтол нааддаг монголчуудад 13000 хүнд л хүртдэг наадмын тасалбарыг олж авах нь тэнгэрээс од шүүрэхтэй адил шахуу юм болж байна. Найрсаг Улаанбаатар хэмээн сурталчилж байгаа ч наадмаараа бид умгар цэнгэлдэх хүрээлэндээ багтаж ядан, бие биенээ бүү хэл гадна дотнын зочдоо хүртэл хажиглахад хүрэв. Дэлхийд ганцхан монгол наадмыг сонирхохоор ирсэн жуулчдад “Үгүй” гэж хэлэх ч ёсонд хазгай. Монголыг зорин ирдэг жуулчдын хувьд “Монгол наадам” гэдэг аяллын брэнд үзмэр болох нь судалгаагаар тогтоогдсон. Гэтэл жуулчны компаниуд жилдээ ганц болдог наадмыг маань сонирхохыг хүссэн зочдодоо “Тасалбар олдохгүй нь” гэж халаглан хэлэхэд хүрдэг. Нийслэлийн хүн ам сая хол гарчихсан. Орон нутгийн иргэд маань ч нийслэлдээ наадам үзэх эрхтэй. Ингэхээр томхон багтаамжтай, орчин үеийн цэнгэлдэх хүрээлэн байгуулах гэдэг үндэсний хэмжээний бүтээн байгуулалт юм. Аялал жуулчлалд оруулж буй даацтай хөрөнгө оруулалт байх нь ч дамжиггүй.

Наадам ямар нэг удаа болоод өнгөрөх биш. Жил бүрийн наадмаар цэнгэлдэх хүрээлэндээ багталцахгүй бухимдаж суумааргүй байна. Бүхэл бүтэн улс байна даа. Наадмаараа ядаж хүмүүсийнхээ сэтгэл санааг сэв хийтэл өргөчих цэнгэлдэхтэй болмоор юм. Сая гаруй хүнтэй хотод багтаамж сайтай цэнгэлдэх хүрээлэн зөвхөн наадмаар ч бус бусад томоохон арга хэмжээнүүдэд ч ашиглагдаж л таарна. Гэхдээ ганц цэнгэлдэх хүрээлэнг уг нь ашиг харалгүйгээр улс нь аваад явчихаж болмоор л юм даа.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Аз жаргалтай хүн бусад руу шавар цацахгүй

Бороо орохоор үерлэдэг Улаанбаатарын гудамжинд ус зайлуулагч байдаггүй гэж хүмүүс шүүмжилдэг ч дарга нар харин “Байгаа” хэмээн зүтгэдэг. Бодвол тэд нэг юм мэдээд л хэлж байгаа байлгүй. Гэхдээ л бороотой өдрүүдэд замын хажуугаар алхаж яваа хүмүүст эрсдэл их тохиолдоно. Хэдэн жилийн өмнө бол замын хажуугаар шавар цацаад өнгөрөх төмөр хүлэгтнүүд олон байлаа. Харин одоо бол цэвдэг сэтгэлтнүүд багассан ч юм шиг санагддаг. Ихэнх тохиолдолд автобуснууд ч, машинтай хүмүүс ч шалбаагны дэргэдүүр тун ч болгоомжтой өнгөрдөг болсон. Манай нийгэм хүмүүнлэг болж байгаа юм болов уу даа. Явган хүмүүс рүү шавар цацсан жолоо баригчдыг торгодог болсон нь ч нөлөөлсөн байх л даа. Хэдэн жилийн өмнө замын хажуугаар алхаж явтал шавхайгаар шүршүүлж билээ. Ажилтай явсан болохоор хувцсаа сольж өмсөхөөр харих ч боломжгүй, шавартайгаа явах ч хэцүү уйлах дөхсөн. Гэтэл гэнэт нэг бодол харван орж ирсэн юм. Ус цацаад өнгөрсөн ганган машинтай залуу надаас илүү өрөвдөлтэй юм байна гэж. Хэрвээ тэр залуу хайранд өлгийдүүлж өссөн бол хэн нэгнийг шаварт булж, бах таваа хангахгүй л байсан даа гэж бодогдох нь тэр. Тэр үнэхээр өрөвдөлтэй залуу байсан ч юм бил үү.

Categories
мэдээ цаг-үе

“Хар авдарт ном, хазгар өвгөнд эрдэм бий”…

“Өдрийн сонин”-ы №159(5424) дугаараас авч нийтлэв.

42 жил сумын сургуульд багшилж, 40 гаруй ном бичиж, орчуулж хэвлүүлсэн ахмад багш, Ардын боловсролын тэргүүний ажилтан Ядамын Дүгэртэй ярилцлаа. Энэ хүн бидэнд орос хэлний хичээл ордог байлаа. Багш маань олон жилийн өмнөх янзаараа “дэгж” явна. Биднийг сурагч байхад л сургуулийн өвгөн багш байсан (юутай ч бидэнд тэгж харагддаг)багш маань өнөө ч хэвээрээ үлджээ. Я.Дүгэр багш тэтгэвэрт гарсан хойноо ном бичиж, МЗЭ-ийн гишүүн болж, “Уран зохиолын төлөө” шагналыг нь хүртжээ. Монголын бүтээгч иргэдийн нэгдсэн холбооны гишүүнээр “уригдаж”, “Мөнгөн сар” медалийг нь хүртэж Монголын Улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо, АН-ын АХ-ны тэргүүлэгч болсон гэх мэтээр нийгмийн идэвхтэй амьдарчээ. Оны шилдэг номоор хоёр бүтээл нь шалгарсан гэнэ.

– Багш аа, Төв аймгийн Угтаалцайдам суманд танаар орос хэл заалгаж, элсэлтийн шалгалтаар орос хэлний онооныхоо буянаар сэтгүүлчийн ангийн хуваарийг авснаа ажлынхандаа сайрхаж байлаа. Ингэхэд та хэдэн жил “Хөдөөгийн уул талаар соёлын үрийг тарив”?

-“Нарт ертөнцөд ганцхан нандин сайхан алба”-ыг нийтдээ 42 жил хашиж, Хөвсгөлийн яруу найрагч, нэг багшийн бичсэнээр “Түй гэх шүлсгүй болтлоо самбарын өмнө чалчиж, түймрийн цагаан нурам шиг шохойн зам татуулж, түмний хүүхдийн төлөө тархиараа зул өргөж” дээ, би гэдэг хүн. Эргээд бодоход, энэ бол маш урт хугацаа, бас ховор заяа юм. Маш урт хугацаа гэдгийг одоо л ойлгож байна. Багш, хичээлийн эрхлэгч, захирал хийлээ. Мөн жижүүр, цэвэрлэгч, угаагч, барилгачин, будагчин, сийлбэрчин, засварчин, хэлмэрч, орчуулагч… байлаа. “Цаг үеийн шаардлагаар” гэх үү дээ… Мэдээж, сэхээтэн хүн тул ухуулагч, суртал нэвтрүүлэгч… Оюутнуудын дипломын ажил, эчнээгийхний хичээл гээд албатай юм шиг ирнэ шүү дээ. Багш бол хэцүү ажил. Өнөөгийн багш нар жаргаж байна даа. Тэд ядахнаа субботник, дайчилгаа, лекц, дугуйлан, сонин уншлага, …хурал дээр нөхөр…-ын хэлсэн үгийн тэмдэглэл хөтлөх, хоолны мах, цайны сүүний дараалалд зогсох энээ тэрээ гэхийн зовлонгүй… Компьютер байхад конспект, үзүүлэн бол гарын үзүүрийн ажил.

– Нээрээ ч тийм байх даа. Дараалалд ч бас тэгж их зогссон юм уу?

-Дараалалд бусдын л адил зогсоно шүү дээ. Социализмын үеийн Монголд хүн жилд элдэв дараалалд 450-500 цаг зогсдог байсан гэж судалгаа байдаг юм. Ямар сайндаа Төв аймгийн дарга байсан Жамсран гэдэг буянтан 1960-аад оны сүүлээр Зуунмод хотод “Багш нарын дэлгүүр” гэж гаргаж байх вэ дээ. Энэ тухай би хэзээ сүүлд Ж.Соёлжав багшаас дуулж, тэр даргад баярласан. Өөр тийм жишээ үзэж дуулаагүй. Харин ч муусайн багш нарт дээр доргүй томорч, “Би бол учир мэдэхгүй ажилчин хүн, харин та сэхээтэн хүн байж…” гэж “даналзана” шүү дээ… Увс аймгийн намын хорооны дарга байсан Бизъяа, хүүхдээ угжих гэж таван ямаатай болсон манай Бөхмөрөн сумын нэг багшийг 1980-аад оны сүүлээр аймгийн багш нарын бага хурал дээр “боловсролын дайсан” мэтээр загнаж, “Таван ямаатай энэ мэтийн ялзарсан этгээдүүд манай аймагт багшлах эрхгүй” гэхчилэн цамнаж байсан байдаг.

-Амаргүй үе байжээ бас одоо сонсоход сонин түүх байна. Та ер нь хачин хачин юм ярьдаг янзаараа шүү?

-Амнаасаа болж адлагдахыг алийг нь тэр гэхэв. Бусдыг өмөөрөмтгий гэх үү. “Өдрийн сонин” “Багш” булан нээснийг уншаад үнэхээр баярласан. 1990-ээд оны эхээр өмсөх гутал, барих цүнхгүй, тэр ч байтугай картын бараагаа ч авч дийлэхгүй болсон багш нарын тухай сонинуудад бичиж, арга ядсан багш нараас зарим нэг нь ажлаасаа гарч наймаанд мордсон. Тэд хожсон…

-Та хүүхдүүдтэй тоглочихдог, бас хөөрхөн шоглочихдог байж билээ. Заримдаа сурагчдын дэвтрийг авч, гаднаас нь үнэртээд, чи хуулсан байна гэх юм уу, аль эсвэл чи төд алдаж гэдэгсэн?

-Тийм юм байсаан. Оюун дүгнэлтэрхүү юм уу даа. Бүү мэд. Гэхдээ алдсан тохиолдол гараагүй.

-Харин та өөрийгөө ямар багш байсан гэж боддог вэ?

-Би хүүхэд бүрт асар их боломж байгаад итгэдэг байсаан. Гэхдээ багш, шавийн харилцаа гэдэг бол тун ч ярвигтай зүйл. Зарим хүүхэд багшийн “ам руу орчих” шахдаг, гэтэл зарим нь бараг хаалт тавьчихсан байдаг. Авах, гээхийн заяа төөрөг, ивээл жил, ивээл ааш байдаг шиг, энд мэдээж, харш нь ч байдаг байх. Үнэхээр агуу толгойтой, авьяастай мөртлөө зугтах нь ч байдаг. Тийм хүнд ямар “дарж байж сахил хүртээлтэй” биш. Хүүхдэд ч, надад ч баярлах гомдох үе байсан нь мэдээж. Харин авах хүнд өгөх юм надад байсаан. Мэдлэг, сэтгэл. “Төлбөргүй дамжаа хичээллүүлнэ, тестээр шалгаж, 80-аас дээш оноо авсан хүүхдийг шагнана” гэсэн зарлал хүртэл гаргаж байлаа.

Бас Эрхүүгийн номын сангаас “Частотный словарь русского языка” гэдэг ховор номыг гуйж аваад, 96 хуудастай гурван дэвтэрт хоёр шөнө үүр цайтал сууж хуулж авсныг минь нэг нь аваад буцааж өгөөгүй. Өнөөгийнх шиг канон байсан биш. Канон яагаад байгаагүйг чи мэдэх үү?

-Үгүй ээ, ямар учиртай юм бэ?

-Дэлхий дахинд канон байтугай нь бий болчихсон цаг. Гэтэл олшруулагч төхөөрөмжөөр мэдээ материал олшруулаад “Улсын нууц задалчихна” гэж тэр шүү дээ. Нууцгүй юм байгаагүй: дараалал, аж байдал хүртэл “улсын нууц”… Албаны бичгийн машин бүрийн үсгийн хэв НАХЯ-нд байна. Өргөдөл, гомдол, нэргүй захидал бичсэн хүн тэгж баригдаж байсан. Бат-Үүл ч 1990 онд ажлынхаа газрын бичгийн машинаар ухуулах хуудас биччихээд дорхноо баригдсан… Хадуурчихлаа, уучлаарай. Энэтхэгт урилгаар нэг жил ажилласан Оросын шатрын нэг мастер “Тэнд канон булан бүрт л байдаг” гэж ярьсан байсан. 1970-аад онд. Тухайн үедээ би тэр нь юу болохыг ойлгоо ч үгүй. Хөөе, 1990 оноос өмнө “00”-ийн цаас, скоч, ажлын цагаан бээлий, гэрийн шаахай ч байгаагүй…

-Ингэхэд та яагаад орос хэлний багш болсон юм бэ?

-Би бараг 40 хүрсэн хойноо Эрхүүгийн орос хэлний багш нарын нэг жилийн курст явсан юм. Дээд сургуулийн багш нар ч суудаг дамжаа л даа. Ховор завшаан. Бид 31-үүл очсон. Дамжаанд яг л төгсөх ангийн оюутан шиг хагас ба бүтэн жилээр 7-8 шалгалттай. Гэтэл өвлийн шалгалтаас нэлээд өмнө декан маань бүх багш нартайгаа орж ирээд, “Нөхөр Дүгэрийг бүх шалгалтаас чөлөөллөө. Энэ бол манай курсын хувьд анхны тохиолдол…” гэсэн.

-Яаж тэдэнд “тоогдов”?

– Дүрэм, үгийн сан, ялангуяа өгүүлбэр зүйд би угаас гайгүй байсаан. Декан маань Оросын түүх соёлоор лекц уншдаг доктор, профессор, нээх их сайхан буурал эмэгтэй байсан. Очсон даруйд шахам хичээл дээр 19 дүгээр зууны Оросын хөгжмийн урлагийн түүхийг ярьж байснаа “хамгийн томоохон төлөөлөгч нь Михаил Иванович…” гээд дуугүй болж биднээс хариу хүссэн. Хэн ч дуугарсангүй. Би тэр хүн бол М.И.Глинка гэж мэднэ. Тэгээд “…Топтыгин, Калинин, Глинка” гэсэн. Багш их баярлаж, гайхсан. Би орос ардын зарим үлгэрт баавгайг М. И. Топтыгин гэдэг, нөгөөх нь “Бүх Оросын ахлагч” хэмээгддэг асан М. И. Калинин, энэ гурав бол Оросын хамгийн том гурван Михаил Иванович гэж тайлбарласан.

-Сэтгэгдэл төрүүлжээ дээ?

-Тэр багш гайхаж, баярласнаа нуугаагүй.

-Баян-Өлгийд байхдаа та казах сургуулийн наймдугаар ангийн орос хэлний сурах бичиг бичиж, Алма-Атад хоёр удаа хэвлүүлсэн юм байна?

-Би тэгэхэд тэнд байсан юм. Би 1954 онд Увсын Бөхмөрөнд бага сургууль төгсч, Өлгийд 10 жилийг төгссөн хүн шүү дээ. Казах сургуулийн боловсролын агуулгыг шинэчлэх ажил 1975 онд өрнөсөн юм. Казахстанаас мэргэжилтэн Шакир Аманов гэдэг хүн урилгаар ирсэн. Тэр л намайг зохиогчдын бүрэлдэхүүнд оруулсан. Аймгийн орос хэлний багш нарын бүлгийн ахлагч болгосон. Сүүл сүүлдээ наймдугаар ангийн сурах бичиг тунаж үлдсэн. Надтай нийлээд гурван хүнд бүтээлийн чөлөө өгч, шавдууллаа. Аймгийн номын санд гурван сар суугаад нөгөө хоёр маань больсон. Аймгийн намын хороо, Гэгээрлийн хэлтэс, Сурганы сектор дээр бөөн хэрүүл, банга… Нийслэлээс, бүр Казахстанаас хүн урих тухай яриа болсон. Тэгээд би бичнэ гэсэн. Дарга нар их баярлаж, чамд хэдий хугацаа хэрэгтэй вэ гэхээр нь “Гурван сар” гэсэн. “За хичээгээрэй, чамд АБТА цол, Хөдөлмөрийн хүндэт медаль өгнө” гэсэн. Тэр ч яахав, зүгээр л бичсэн. Номын эхийг секторын ЭША Х.Шаймардан Алма-Ата руу авч одсон хойно би оюутан дүү нарынхаа улмаас хотод ойртож, Төв аймаг руу гэнэт шилжчихсэн. Намар нь номын хувь гэж шуудангаар гурван ном надад ирүүлж, баяр хүргээд, Ардын боловсролын яамнаас мөнгөө аваарай гэсэн. Овоо мөнгө өгсөн. Өлгийнхөн л замыг нь зассан хэрэг.

-Та “коммунист суртлыг шүүмжилж, идэвхтэй амьдралыг сурталчилсан” 20-иод ном бичиж, орчуулжээ. Яагаад та энэ сэдвийг онцолж сонгов. Ер нь юунаас болж та гэнэт ном бичих болов?

– Ном бичих болсны хувьд гэвэл хэн ч өмнүүр зүтгэж булаацалдахгүй юм даа… Монголчууд коммунизм гэгч нийгмийн өвчин, гаж суртал, буруу дадал зуршлаасаа хичнээн түргэн илааршиж сална, улс орон төдий чинээ түргэн хөгжинө гэдэгт би итгэдэг. Хэвлүүлж дийлэхгүй байгаа хэд хэдэн ч ном бий. Чөлөөт нийгэмд ямар ч шинэ технологи хаанаас ч оруулаад ирж болно. Тэгж ч байна. Харин “социалист” биш, “шинэ” биш монгол хүнийг бид төлөвшүүлэх ёстой. Би энд, урьд “социалист ухамсартай хүн”, “шинэ хүн” болгон хүмүүжүүлэх, “социалист аж төрөх ёс”, бүр “социалист овсгоонд” “сургах”-д бүхий л талаар анхаардаг байсныг хэлж байна. Тэр бол “өвчлүүлэх” оролдлого гэж болно. Харин бидэнд одоо жирийн л монгол хүн хэрэгтэй. Жишээ нь, Богд хааны үед, ядарсан нэг нь, би энэ Богдоос болж ядуу явна гэх үү? Боловсрол, гэгээрэл бол хөгжлийн баталгаа шүү дээ. Саяхан, өнгөрсөн сарын 12-нд шиг билээ, зурагтаар судлаачид, дэлхийн I ба II дайныг өдөөсөн гэгддэг “манай дайсан” Баруун Германд түүхийн алдааг давтахгүйн үүднээс, дайны дараа ард түмнээ гэгээрүүлэхэд төр засаг нь асар их анхаарсны учир, үр дүнг нь жишээгээр хэлж харагдсан. Ер нь Баруун Герман сүйрлээс гарч, хөгжлөөрөө дэлхийд гуравдугаарт жагсах болсон. Гэтэл “манай” социалист Герман хөгжлөөрөө хол хоцорсон (35 хавьд), хамгийн гачлантай нь хүмүүс нь их эвдэрсэнд энэ хоёр улс 1990 онд нэгдэх үеэр халаглаж байсан. Ховч матаач, хоёр нүүрлэдэг, ажил оромддог, идэвх санаачилгагүй, хумсалдаг, аливаа өмчид хайр гамгүй, бүх юманд үзэл суртлын үүднээс ханддаг болтлоо “өвчилсөн”… Тэгэхээр социализмын тогоонд тэднээс бараг хоёр дахин удаан чанагдсан бид ямар болсон нь тодорхой. Ачтан, атаатнаа ялгахгүй болох, “манай тал” тул “маш зөв” гэх, өөрсдөөсөө бусдыг үгүйсгэх, үтэр түргэн дарахыг шамдах гэдэг бол нөгөө л өвчин… Хамтран ажиллах, зөвшилцөх, өөрөөсөө бусдыг хүлээн зөвшөөрөх чадваргүй. Зүүн Германд нийгмийн ухааны багш нарт нөхвөр олгоод ажлаас нь халсан гээд бод доо. ОХУ-д “социалист ухамсраас салгах” маш том төслүүд хэрэгжсэн.

-Та яагаад шатрын ном бичих болов. Шатрын 20 гаруй ном хэвлүүлжээ?

-Би шатарт тааруу, ойлгодог төдий хүн. Орос сэтгүүл 2-3-ыг захиалдаг байлаа. Анхалж орчуулсан ном минь алдарт шатарчин Эм. Ласкерийн “Шатрын сурах бичиг”. Энэ номыг орчуулснаа Энэтхэгийн шиг санагдаж байна, нэг мастер ард түмэндээ өргөн барьсан асар том бэлэг минь гэж ярьсныг 1960-аад оны эхээр орос сэтгүүлээс уншсан юм. Тэр номыг би мэдэхгүй явлаа. Гэтэл 1999 онд байх, зах дээр нэг хүн хар даг болсон ч хуудас бүтэн орос ном тавьчихсан суусан. Авсан. Үзсэн. Биширсэн. Тэгээд мал тооллогын бүртгэлийн далбагар цаасан дээр гараар бичиж орчуулсан. 1000 шахам хуудас юм болсон. Хөдөө компьютер байсан биш. Их будилсаан. Тэг тэгсээр 2002 онд нэг юм хэвлүүлсэн. Шавь, “Акума”-гийн Жамянсүрэнгийн Баттулга, Сунравын Ундармаа, мөн дүү нар, хүүхдүүд тусалсан. “Муу нохойн санаа алсын оононд” гэдгээр Дэлхийн оюутан шатарчдын тэмцээнээс (УБ. 2002.09.02-07) өмнө амжуулахыг хичээсэн. Спортын төв ордонд болсон тэмцээний нээлт дээр аваачиж, тавьсан.

-Шатарчид яаж хүлээж авав?

-ОУ-ын шатрын томоохон тэмцээн тул манай шатрын томчууд, сонирхогчид тэнд цугларсан байсан. Намайг хэн ч танихгүй, “Энэ юун хүн билээ” гэж гайхсан. Би ч тэднийг танихгүй шахам. Зарим нь баяр хүргээд, номноос адис авч, гарын үсэг нэхэж байсан. Хоёр дахь өдөр нь бүр ч олон хүн сонирхож эхэллээ. Бие биедээ мэдээлсэн бололтой юм билээ. Нэг залуу “Энэ бол том үйл явдал. Та яасан азтай, бас мундаг хүн бэ? Би барьж авах гэж халгасаар өдий хүрсэн эд дээ. Надад номоороо адис хүртээгээд өгөөч” гэж байсан.

-Хамтран ажиллах санал танд ирж байв уу?

-Ж.Лхагваа, П.Жигжидсүрэн нараас тийм санал ирсэн. Хамтарч ажилласан. “Монголын шатрын түүх”, “Шатрын бодлого дасгалууд”… гээд нэлээд ном гарсан. Өөр хүмүүс ч санал тавьдаг.

-Мартсанаас, Баян-Өлгийн дарга нарын 1976 онд танд амласан АБТА цол, нөгөө хүндэт медаль юу болсон бэ?

-Ном хэвлэгдэх үеэр би шилжчихсэн байсан болохоор тэд “санаагүй”, би ч нэхээгүй. Залуу, хэнэггүй, тэнэг ч байж дээ. Сануулсан бол өгөх л байсан биз. Тулхтай сайхан хүмүүссэн. 1981 онд амралтаараа очиход их сайхан үг хэлж байсан. АБТА-ны хувьд гэвэл тэтгэвэрт гардаг жил минь шинэ захирал Раах гэж хүн ирсэн. Армид хурандаа явсан, захирал байсан, математикийн багш… Намайг бага зэрэг мэднэ. Ирээд хэд хоносон байх, нэг өдөр хичээл дээр хаалгаар шагайн дуудаж “Та АБТА биш юм уу?” гэсэн. Би тийм гэсэн. Тэр “Яана аа! Ичмээр юм” гээд эргэсэн. Тэгээд долоо хоногийн дараа би АБТА болсон доо. Урьд сургууль бүрийн ажлыг дүгнэх нэг гол үзүүлэлт нь “Багш нараас бүтээлтэй хүн бий эсэх” гэдэг асуулт байсан юм. Би уг нь АБЯ-ны захиалгаар бүрэн хэмжээний сурах бичиг бичсэн “ховор этгээд” л дээ. Бас өөрөө аймаг, сумын аварга болж, шавь нараа удаа дараа аймгийн аварга болгож, улсад ч байр эзлүүлж явлаа. Шинэ санаачилга ухаантай юм гаргаж, цөөхөн жил захирал хийсэн ч энэ зуур сургууль маань аймагт сурлагаараа тэргүүлж, “улсын шалгалтын дүнгийн харьцуулсан үзүүлэлтээр улсад тэргүүлсэн” гэдэг үг ч дуулж явлаа.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Чулуунцэцэг: Амьдрал дээрээ ч би “Өнөр бүл”-тэй

“Өнөр бүл”-ийн Цэрмаатай уулзахаар СУИС-ийг зорив. Гавьяат Ц.Чулуунцэцэг энд Хөгжмийн урлагийн сургуулийн Дуулах урлагийн тэнхимийн эрхлэгч хийдэг. СУИС-ийн хүүхнүүд наадмын гоёогоо ярьцгааж байна. Дээл хувцас, өнгө, даавуу материалын тухай бүсгүйчүүдийн ярианаас наадам айсуйг илүүтэй мэдрэв. Бидний яриа ч наадмын гоёоноос эхэллээ.

-Нутгийн эгч нар дээл хувцсаа оёно, гоёогоо бэлтгэнэ гэдэг наадмын уур амьсгалын нэг хэсэг байж дээ. Ингэхэд та наадмаар ямар хувцсаар гангарах вэ?

-Одоо АСЕМ гэж том үйл явдал болох гээд байна шүү дээ. Манай сургууль энэ том арга хэмжээнд их үүрэг гүйцэтгэх юм. Олон орны төрийн тэргүүн, Ерөнхийлөгч нарт зориулж монгол гэрүүд барьж байгаа. Тэр монгол гэрт манай залуу багш нар, хүүхдүүд маань дуулж хуурдаж, Монгол үндэснийхээ урлагийг сурталчлах учиртай. Тэр үеэр хэдүүлээ энгийн мөртлөө гоёмсог, нимгэн хөнгөн монгол хувцсаа тохируулж өмсөх гээд ярьж байна. Монгол хүүхнүүдийн хамгийн их гоёдог баяр наадам, цагаан сар шүү дээ. Ижилхэн дээл өмсч, ижил зүсмийн морио унасан гоё ганган хосууд гэдэг монголчуудын том өв соёл, бахархал. Би бол энэ жил нэлээд өнгөлөг хувцас сонгож байгаа. Хүн нас ахих тусмаа даруухан, бүдэгхэн юм өмсөхөөр галгүй харагдах гээд байдаг. Тийм учраас хурц тод өнгөтэй хувцас өмсөх юм.

-Та наадмын үеэр дуу хуураа өргөх үү?

-Цэнгэлдэх хүрээлэнд нээлтийн үеэр уртын дуучид оролцдог юм. Энэ жил ямар арга хэмжээ болох юм. Манай СУИС-ийн төгсөх ангийн оюутнууд “Хүй долоон худаг”-т Соёлын наадмаар ардын урлагийн цогц хөтөлбөр толилуулдаг. Энэ бэлтгэл эхэлсэн байна. Залгуулаад болох АСЕМ-ын үйл ажиллагаанд ч бэлтгэж байна.

-Та багшлахаас гадна хувийн уран бүтээлдээ цаг гаргаж байгаа юу?

-Сургалт гээд өөртөө зарцуулах цаг багасчихдаг юм байна. Манай аав 87 настай өөд болсон. Эгч дүү бид гурав аавдаа зориулж “Хан тэнгэр аав минь” гэж сайхан дуу бүтээлгэсэн. Ноднин зун манай нутагт их сайхан зун болсон доо. Цагаан суварга, Өөш манхны элс, Их газрын чулуу гээд нутгийнхаа сайхан байгальтай газруудаар явж, аавдаа зориулж, кино концерт хийсэн юм. Бас ээждээ зориулаад “Ээж минь” дууг сэргээж дуулсан. Нутагтаа дүү нар дээрээ очиж сайхан амарсан л даа. Ямаагаа холбож сааж, аргаа үүрч, аргалаа түүн, сүүгээ хөөрүүлээд монгол ахуйдаа багадаа хийж байсан ажлаа хийсэн юм. Дүү нар маань бас унага уячихсан байсан. Хэдэн гүү шувтраад айраг уусан шигээ сайхан амраад ирсэн дээ. Энэ жил ч бас цаг сайхан байна гэнэ. Бас л тиймэрхүү маягаар амрах санаатай. Ер нь хөдөө амрах сайхан. Дундговьдоо, төрж өссөн Өлзийт сумын Буянт бригаддаа очих дуртай.

-Танаас гадна хоёр ч дүү тань дуучин. Дуучин төрүүлдэг нутаг ус байх нь ээ дээ?

-Яг Буянтын хонхроос төрсөн гэвэл Монгол Улсын ардын жүжигчин А.Дашпэлжээ, Ардын жүжигчин А.Нэргүй, Монгол Улсын гавьяат жүжигчин Дүнжмаа, Даариймаа гээд ЦДБЭЧ-ын дуучин байна. Ц.Туяацэцэг, Ц.Отгонцэцэг бид гурав байна. Бид бүгдээрээ төрлүүд. А.Дашпэлжээ гуай бол манай аавын эгчийнх нь хүүхэд. Тэгээд бодохоор тэр нутаг ус байгаль их нөлөөлдөг шиг байгаа юм. Хоёрдугаарт, ахуй орчин зан заншил нь бас их нөлөөтэй. Унагаа уяад “Цөөн цөд” гэж дуулна. Уг нь “Цэгээнд цад” гэсэн үг юм гэнэ лээ. Тэр нь “Цөөн цөд” гэж сонсогддог. Хонь мал тойглох, ингэ хөөслөх гэх мэт ахуй нь нөлөөлдөг. Түүнээс дуучин болно гээд гэртээ хангинуулаад сууна гэж үгүй. Би маш олон хонь тойглож байсан. Тэмээг ч их хөөслөж байлаа. Одоо бидний тэр зан үйлийг мэдэх хүн ховор болж дээ.

-Таны дүү нар бас тантай нүүр царай төрх, дуу хоолой төстэй дуучид санагддаг?

-Би дороо долоон дүүтэй, нэг эгчтэй. Хоёр эмэгтэй дүү дуучин, бусад нь янз бүрийн л мэргэжилтэй хүмүүс. Бид гурав “Дуунд уярах хорвоо”, “Эхийн ач”, “Дуу хотолсон тал”, “Говь сайхан нутаг минь” гээд хамтарсан тоглолт хийсэн. Хүмүүс маш халуун дотно хүлээж авдаг. Энэ жил миний удаахь дүү өвдлөө. Чадахаараа гурвуулаа тоглолт хийгээд, эмчилгээний зардал босгохоор болсон. Гэхдээ би хандивын тоглолт гэж хашгирсангүй. “Эндүүрмээр гэнэ ээ, би ээжтэйгээ” гээд гурвуулаа тоглочихъё гэж шийдсэн юм. Мартын үе ч таарсан. Их санаа зовж байлаа. Дүүгээ хагалгаанд оруулна гэж шийдээд л арав хоногийн өмнө зарлаад “Бөхийн өргөө”-нд тоглочихсон. Манай ард түмэн ямар ч сайхан юм. Бөхийн өргөө дүүрэн хүн үзлээ. Бид хэдийг саначихсан байна. Уйлах нь уйлаад, дуулах нь дуулаад, олон хүн талархал дэвшүүлсэн. Сайхан аав ээж, нутаг усандаа л баярлаж байлаа.

-Таныг дуучин гэж мэддэг ч хүмүүс “Өнөр бүл”-ийн Цэрмаа гэж тодотгох дуртай. Та ер нь өөр кинонд тоглосон уу?

-Би сая бурхан болсон О.Машбат болон жүжигчин Н.Батцэцэг нарын “Би мартахгүй” гээд кинонд тоглосон юм. Тэр кино гараагүй. Уг нь хөөрхөн кино болсон. Хэд хэдэн кинонд тоглох урилга авч л байлаа. Миний ажил төрөл ч болоогүй. Дахиж кинонд тоглосон ч “Өнөр бүл”-ийнхээ Цэрмаагаас давж тоглохгүй байсан байх. Би гурван хүүхэдтэй, зургаан ачтай. Амьдрал дээрээ ч би “Өнөр бүл”-тэй. Өнөр бүлийн Цэрмаа мөн үү, биш үү гэж хүмүүс их ирдэг байсан. Цэргийн ангиудад тоглоно. Тэр үедээ хүмүүс таньдаг л байсан. Би хөдөө сэтгэхүйтэй байсан болохоор “Өнөр бүл”-д тоглосон Цэрмаа гээд намайг таньж л байна гэж бодохоос биш өөр юм бодсонгүй. Яахав, “Өнөр бүл”-ийн Цэрмаа мартагдаагүй. Насан туршид маань энэ тодотгол намайг дагалаа. Дуучин, багш болсон. Их л өлзийтэй сайхан зам.

-Та кинонд тоглосныхоо дараа ханьтайгаа танилцсан уу?

-Олны танил болсон хүнд хүн болгон хайртай болно гэвэл хэцүү биз дээ. Амьдралын эрхээр нүдэнд нь өртсөн юм байгаа биз. Нэг нь биш хоёулаа бие биедээ таалагдаж байж сууна биз дээ. Ханилж сууснаас хойш сайн ч өдөр байна саар ч өдөр байна. Хувь заяатайгаа эвлэрэх ч өдөр байна, эвтэй сайхан явах ч өдөр байна. Хорвоогийн хоног өдөр өнгөрч эмгэн өвгөн болж байна. Үр ач олон болж хэрэлдэх ч завгүй болжээ.

-Саяхан “Өнөр бүл өнөө цагт” гээд танай киноны шинэ хувилбар гарсан байна лээ, үзсэн үү?

-Би үзээгүй. Залуучуудын хийж байгаа юманд бид хориг саад тавиад ч яах вэ. Нээлтэд нь намайг урьсан ч ер зав гараагүй. Тэр киног сонирхоо ч үгүй, дургүйцээ ч үгүй. Залуу хүмүүс хийх ёстой юмаа л хийж байгаа байлгүй дээ. Бид тухайн үедээ хийх юмаа хийгээд явсан юм чинь.

-Та саяхан доктор хамгаалсан гэсэн. Ямар сэдвээр судалгаа хийв?

-“Монгол Улс дахь уртын дуу, дуучдын тархалтын судалгаа” гэсэн сэдвээр доктор хамгаалсан. Би 2007 онд докторантад элссэн. Яг есөн жилийн дараа хамгааллаа. Маш сайн судалгаа хийсэн. Миний удирдагч багш маш сайн хүн байсан. Генетикч доктор Ж.Батсуурь судалгааны ажлын арга зүйн талаас удирдсан. Урлаг судлал талаас нь хөгжим судлаач доктор С.Соронзонболд ажилласан. Шүүмжлэгч багшаар Н.Жанцанноров, Н.Уртнасан гээд уртын дууг ЮНЕСКО-д бүртгүүлсэн хүн ажилласан. Хийсэн ажилдаа би сэтгэл хангалуун байгаа. Эхний гурван жил докторантынхаа сургалтыг авсан. Дараагийн гурван жил судалгаа хийсэн. Дараагийн гурван жил хийсэн судалгаагаа бөөгнүүлж зангидсан. Уртын дууг олон жил заахаар хүүхдүүд хаанаас ирж байна, ямар хоолойтой байна гэдгийг мэдэх сэдэл төрүүлээд байсан.

-Тэгэхээр уртын дуучин төрөхөд нутаг ус ген нөлөөлдөг байх нь уу?

– Цээл, баргил, тунгалаг гэх мэтээр 576 дуучны хоолойн төрлийг тогтоосон. Радиод 1962-2014 оны хооронд дуугаа бичүүлсэн дуучдыг судалсан. Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнтэй хамтарч 2008-2014 оны хооронд Өмнөд Монголын болон өөрийнхөө орны 182 дуучин, ардын авьяастнуудыг судаллаа. СУИС-д 1991-2014 он хүртэлх 231 оюутан дээр судалгаа хийж хоолойн цараа, төрлийг тогтоосон. Эрэгтэй дуучид Өвөрхангай аймагт элбэг юм байна. Эмэгтэй дуучид нь Дундговь аймагт илүү олон юм байна. Хөвсгөл аймгаас бас олон эмэгтэй дуучин төржээ. Баргил цээл хоолой Дундговь, Өвөрхангай, Архангай, Завхан гэх мэтээр тархсан байна. Бэсрэг уртын дуу Ховд, Увс гэж төвлөрчээ. Урлаг судлалд математик статистикийн аргаар хийсэн судалгаа байдаггүй. Шинэ уур амьсгал оруулж ирсэн гээд миний ажил нэлээд үнэлэгдсэн. Зүтгэсээр байгаад ард нь гарав. Амаргүй ажил байлаа.

-Та ер нь их хүртээмжтэй хүн шиг санагдсан. Жаран хар, арван цагаан гэж нэрлэгддэг ахмад дуучдаа орхидоггүй уулзалт, арга хэмжээг нь зохион байгуулж явдаг гэж таныг ахмадууд үнэлж байсан?

-Би дороо долоон дүүтэй. Эргээд харахад маш их ачаа үүрч өдий хүрч дээ. Дүү нараа, хүүхдүүдээ сургаад, байшингаа барьсан. Ажлынхаа хажуугаар арван жил хуушуур хийлээ, өөрийнхөө, хүүхдүүдийнхээ, дүү нарынхаа хувцсыг оёлоо. Шөнөдөө л нэг хувцас оёод хонодог хүн шүү дээ. Дуулах урлагийн тэнхимийн эрхлэгч болоод А.Долгор багштай хамтарч “Учиртай гурван толгой” дуурь тавилаа. Хувцсыг нь бүгдийг нь хийлээ. “Хүрээ хорвоо” гээд дуулалт жүжиг тавьсан. Түүнийхээ бүх хувцсыг тайзтай нь хийлээ. Багадаа цэргийн ансамбльд дуучин байлаа. Арван цагаан маань ч хөгширсөн. Юм зохион байгуулах бол “Чулуунцэцэг ээ” гэцгээнэ. Зохицуулна, холбоно, уулзана. Нэг тийм байдалтай байдаг. Ар гэр, дүү нар хүүхдүүдээ бас “базаж” явна. Дуулах урлагийн тэнхим гэдэг бас том ажил. 500-гаад оюутан 50 гаруй багш хариуцдаг.

-Их ачаа үүрэхээр өөртөө цаг гаргаж чадахгүй, бусдын төлөө амьдарч байгаа юм шиг санагдаж, ядрах үе байдаг уу?

-Би ачаа үүрэх гээд хүсээд байсан юм алга. Гэхдээ л над руу байнга л ажил орж ирээд байдаг болохоор хийх л ёстой юм байлгүй гэж боддог. Энэ бүх ажлын хажуугаар доктор хамгаална гэхээр надад маш их хүнд байсан. Ядрах үе зөндөө. Өдөржингөө хүүхдүүд оволзоод, арван амтай болоосой гэмээр үе бий. Нэг мэдэхэд орой болчихдог. 18-19 цаг хүртэл хичээлээ заана, хүүхдүүдтэйгээ ажиллана. Тэнхимийн ажил барагдахгүй, хурал хуйд сууна. Зун нь судалгаагаа хийчихээд, орой 19 цагаас хойш хаалгаа түгжиж аваад сууна. Өнгөрсөн өвөл шөнө хоёр, гурван цаг гэж л гэрийн бараа хардаг байлаа. Өглөө тав хүртэл суух ч үе гарна. Ухрах газаргүй болчихож байгаа юм. Заримдаа доктор болж үхэх үү, докторгүй амьд явж байх уу гэж бодогдох үе ч байлаа. Их ажлын ард гараад одоо л нэг юм амарч байна. Үүнээс хойш тэнхимийн ажил бол сахлын будаа л гэж бодож байна (инээв). Уртын дууны талаар хүнд зайлшгүй юм хэлэх үүрэгтэй болчихож байгаа юм. Энэ миний хамгийн дээд амжилт байх аа. “Доктор болоод доошоо бууна” гэж наргиа болгодог юм. Үүнээс илүү чадахгүй.

-Та яагаад хуушуур хийхээр болсон юм бэ?

-Хүүхэд залуучуудын паркт “Түмэн эх” чуулгын дуучин байлаа. Ерэн хэдэн онд урлагаа хаяад үүргэвч үүрээд наймаа хийгээд явах уу гэдэг сонголт тулгарсан. Хүүхдүүд маань ч бага байв. Хүүхдийн парк түрээслүүлдэг хөөрхөн байруудтай. Тийм байранд хуушуур хийхээр болоод охин, хүү, нөхөртэйгөө гэр бүлээрээ тэнд арван жил хуушуур хайрсан. Өдөр шөнө, өглөө оройгүй зүтгэж тэндээс амьдралаа цэцэглүүлсэн. Тэнд байхдаа байртай, машинтай болсон. Дүү нараа сургууль соёлд сургалаа. Хүн үнэнчээр зөв бодолтой хөдөлмөрлөж явбал идэж байгаа хоол ч амттай. Бурхан тэнгэр ч хүнийг ивээдэг гэж боддог. Миний дуучин болсон охин нэгдүгээр ангид байхдаа л хуушуурын гурил элдсэн. Аравдугаар анги төгстөл нь хуушуурын гурил элдүүлсэн. Миний том хүү арван жил хуушуур хайрсан. Хөдөөнөөс дүү нартаа мах шөлөө захиж авчруулдаг. Энэ зун нэг дүүгийнхээ байрны урьдчилгаа хийнэ гэх маягаар л зүтгэсэн. Сайхан газар авсан. Кино үйлдвэрийн тэнд сайхан байр барьсан. Хүүхдүүд, дүү нартаа бүгдэд нь хүрз бариулж, тоосго үүрүүлсэн дээ. Хөлс хүчээ гаргаж байж зургаан давхар байшин барьсан юм. Эхлээд гараашаа, нэг давхартайгаа барьсан. Дараагийн жил хоёр, гурван давхраа барьсан. Боломжийнхоо хэрээр дээр дээрээс нь овоолоод л байлаа. Нэг хүүхэд тусдаа гарна гэхээр байраа дээшээ овоолчихно. Нэг их гоё биш ч амьдралын хэрэгцээг сайн хангадаг, дулаахан, устай, 00-той. Түүнээс илүүг хүсээд яахав.

-Таныг их л амар амьдарч ирсэн болов уу гэж бодсон юм?

-Би портер бариад, саравчтай малгай өмсөөд нүдний шил зүүгээд Гурвалжингийн гүүр, 100 айлд их очсон. “Өнөр бүл”-ийн Цэрмаа юм уу даа гэхээр нь “Адилхан байна уу” гэчихээд явчихдаг байлаа. Хуушуураа зарж суухад “Өнөр бүл”-ийн Цэрмаа юм уу гэхээр нь “Мөн ч байж магадгүй биш ч байж магадгүй” гээд л өнгөрөөнө. Хөдөлмөр хийж байхдаа би хүнээс ичиж байгаагүй. Шаардлагатай бол шал угаагаад ч амьдарна.

-Таны яриаг сонсоод зориг орж байна шүү. Хүн юу ч хийгээд амьдарч болох юм байна?

-Манай аав намайг “Миний хүү сайн малчин болно” гэдэг байсан. Багш нь малчин байсан бол өдийд хөдөлмөрийн баатар биш юм аа гэхэд улсын аварга малчин болсон байна гэж хүүхдүүддээ хэлдэг юм. Сая зуслан дээрээ гэр барьсан. Өрхөө гоё болгоно гээд оосор бүчээ өөрөө томж, оёлоо. Анх би тэмээчин байлаа. Тэмээчин байхдаа “Өнөр бүл” кинонд тоглосон хүн шүү дээ. Ингээ саагаад, тэмээгээ услаад явж байсан бор бүсгүй кинонд тоглохоор ирж байлаа. Тэмээчин охин байхад Д.Жигжид гуай намайг олж авсан юм.

Categories
мэдээ нийгэм

Р.Мөнхсайхан: Дээлээрээ гоёж, дээлээрээ бахархаасай

“Дээлтэй Монгол” наадмын ерөнхий найруулагч нийслэлийн “Улаанбаатар” чуулгын дарга Р.Мөнхсайхантай ярилцлаа.

-Энэ удаагийн “Дээлтэй Монгол” наадам юугаараа өвөрмөц байх бол?

-“Дээлтэй Монгол” наадам арван жил дараалан болж байна. Анх энэ наадам болж байхад хүмүүс дээлээ нэг их өмсдөггүй, барууны хувцас руу хошуурсан үе байсан. Одоо бол монголчууд дээлээ өмсдөг, дээлний дизайнеруудтай. Монгол эхнэр хувцас Америкийн кинонд гарчихсан гэх мэтээр дээл өөр түвшинд гарчээ. “Дээлтэй Монгол” наадмын том, гоё тайз зассан байгаа. Ерөнхийдөө ажил цэгцрээд байна. Сайхан наадам болох байх. Хүн бүр шахуу дипломын, хуримын, наадмын гэх мэтээр дээлтэй шүү дээ. Бүгдээрээ дээлээ өмсөөд нааддаг болчихвол сайхан байна. “Дээлтэй Монгол” наадмаар наадам эхэлнэ гэж болно. Наадам дөхөхөөр монголчууд дээлээ л бэлтгэдэг шүү дээ. Энэ жил орчин үеийн загварлаг дээл хувцаснууд манай наадамд оролцоно. Хуримын хувцас дараа нь багтахаа байчихдаг шүү дээ. Наадам хүртэл өөрийгөө сойж байгаад дээлэндээ багтаач. Ромбо авахдаа л өмссөн дипломны дээлэндээ салхи оруулж наадаарай гэж урьж байна.

-Загварын шоу болно гэсэн үү?

-Загварын шоу болно. Энд Монголын шилдэг дизайнерууд монгол дээлнийхээ загваруудыг үзүүлнэ. Залуу загвар өмсөгчид оролцоно. Монгол дээлний загварын чиг хандлага хаашаа явж байгааг эндээс хараарай. Дээлийг савхиар, ноолуураар хийж байна. Монгол дээлний хэв маяг орсон загваруудыг жинсээр урлаж байна. Тэр болгоныг манай наадмаас хараасай.

-Монгол дээлтэй хүмүүсийн парад болно гэсэн?

-Энэ бол уламжлалт парад. Тайзан дээр дүүрэг, дүүргийн бэлтгэсэн тоглолт болно. Түрүүлсэн дүүрэг нь өндөр шагналтай. “Учиртай гурван толгой” дуурь 10-ны орой тоглогдоно.

-“Дээлтэй Монгол” наадамд ирсэн хүмүүс үзэх, харах юм ихтэй байх нь ээ?

-16:00 цагаас “Дээлтэй Монгол” наадам эхэлнэ. Энэ өдөр бас Төрийн их цагаан сүлд гадаалдаг. Тэр ёслолыг харах боломжтой.

-Энэ наадамд дандаа дээлтэй хүмүүс ирнэ гэсэн үү?

-Ер нь бол дээлгүй хүн оруулахгүй гэж л байгаа. Гэхдээ яг ч тийм биш л дээ. Гадаадын зочид ч байна. Ер нь бол энэ өдөр дээлээрээ гоёж, дээлээрээ бахархаасай л гэсэн юм.

-Гадаадынхан ч дээл өмссөн харагддаг?

-Гадны жуулчид дээл өмсөөд уралдаанд оролцдог. Жуулчны компаниуд зочдоо монгол ёс заншил, дээл хувцастай танилцуулахаар урьдаг. Монгол дээл ямар ч хүнд зохидог шүү дээ. Европ хүн өмссөн ч сайхан харагддаг.

-Ингэхэд та наадмын ерөнхий найруулагчийн хувьд рок хэв маягаасаа татгалзах байх. Ямар дээлээр гангарах вэ?

-Надад хэд хэдэн гоёо бий. “Торго” салон, “Монгол костюмс”-ын урласан хүрэм бий. “Урбан жинс”-ийн жинсэн хүрэм байгаа. Тэднийхээ аль нэгийг цаг агаартаа тохируулаад өмсөнө дөө.

-Ер нь уламжлалт загвартай дээл хувцас өмсөх юмсан гэж боддог уу?

-Уламжлалт дээл өмсч байсан. Гэхдээ түрийтэй гутал нь ковбой гутал байх жишээтэй. Заримдаа тэгчихдэг л юм. Ер нь тэгээд монгол дээл морь унах үед зохимжтой хувцас шүү.

-Мотоцикль дээр арай зохихгүй юу?

-Савхин дээл бол мотоцикль дээр зохино шүү. Том хормой салхи хаана.

-Урлаг соёлын ямар арга хэмжээ төлөвлөж байгаа вэ?

-Дуучин Ж.Алтанцэцэг Монголын анхны этник дуунуудыг гаргасан. Этник дуунуудаараа оролцоно. “Хар сарнай”-гийн Амараа маань бас хийморь сэргээнэ. Урлагийн гоё тоглолтууд болно оо. Үндэсний бахархал төрүүлсэн урлагийн үзүүлбэрүүд байх юм.

-Ерөнхий найруулагчийн өвөрмөц шийдлүүд бий юу?

-Монгол дээлээ уламжлалт маягаар ном ёсоор нь өмссөн олон хүн “Дээлтэй Монгол” наадамд ирдэг. Энэ жилийн хувьд орчин үеийн загвартай монгол дээлийг харуулна. Би Европт монгол дээлтэй хүүхэн гудамжинд явахыг харсан. Ханцуйгүй дан дээл маягийн хувцас байсан. Хятад дээл бол биш, товч шилбэтэй байна лээ. Монгол уран хүүхэн хийж өгч дээ гэж бодож байсан юм. Гадаад хүүхэнд ч улаан торгоор хийсэн дан дээл гоё зохиж байна лээ. Азиуд даашинз өмсдөг юм чинь Европт монгол дээлний загвар орж ирэхэд амархан юм байна даа гэж бодсон.

-Сайхан монгол дээл хувцастай хүмүүсийг харсан үзэгчид, жуулчид монгол дээл хувцас худалдаж авах боломжтой юу?

-Талбай дээр тийм нөхцөл бүрдүүлнэ. Юуны урьд захиалга л авах байх даа. Ер нь дээл хувцас хийдэг газрууд наадам дөхөхөөр ажлаа дийлэхээ больчихдог шүү дээ. “Дээлтэй Монгол” наадмын үр өгөөж өндөр байгаа юм.

-Хэр олон хүн оролцох шинжтэй байна?

-5000 суудал засч байгаа. Түүнээс олон хүн ирэх байх гэж бодож байна л даа.

-Та бас мотоциклийн хорхойтнуудын нэг. Мотоцикльчид яаж наадах вэ, ямар нэгэн төлөвлөгөө байгаа юу?

-Мотоцикльчид “Хүй долоон худаг”-аар очдог юм. Өдийд бол Хөвсгөл явчихдаг юм. Наадмаар зарим нь морь малаа уяна гээд хүн болгон ажилтай л байдаг даа.

-“Улаанбаатар” чуулгын хувьд наадмаар онцгой хөтөлбөр санал болгох уу?

-Манайхан наадмын нээлтээс авахуулаад болж байгаа бүх үйл ажиллагаанд оролцоод явж байгаа. Нийслэл маань наадам зохион байгуулахад том үүрэгтэй. Нийслэлийн ганц мэргэжлийн урлагийн байгууллага гэдэг утгаараа бүх үйл ажиллагаанд оролцдог. Давхар АСЕМ болж байгаа болохоор өдөр бүр л тоглолттой байна даа. Наадмын нээлтэд манай чуулгынхан бүрэн бүрэлдэхүүнээрээ “Улаанбаатарын магтаал” хэлнэ гэв.

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Аялал жуулчлалын газар хамтран 10 дахь жилдээ “Дээлтэй Монгол наадам”-ыг зохион байгуулж буй. Уг наадам энэ сарын 10-ны өдөр 16:00 цагаас Чингисийн талбайд эхэлнэ. Үндэсний хувцас, гоёл чимэглэлээ дэлхийд гайхуулан сурталчлах энэ томоохон баярын үеэр загварын шинэ брэндүүдийг танилцуулах агаад залууст зориулсан үндэсний хэв маягтай загварын шоу болох юм байна.

Өмнөх жилүүдийн адил нийслэлийн дүүргүүдээс оролцогчдын үндэсний хувцастай парад болно. Мөн оролцогчдоос гурван номинациар шилдгүүдийг тодруулах гэнэ. Шилдэг зохион байгуулалттай дүүрэг, шилдэг үндэсний хувцастай хос, шилдэг үндэсний хувцастай гадаад оролцогч өндөр шагналтай гэсэн шүү.

Categories
мэдээ цаг-үе

Хөвсгөлийн замын уртыг ээ, хүмүүс нь тайвныг яана

“Хоймор нутаг” хэмээн тодотгодог Хөвсгөлийг зорихоор замд гарлаа. Мөрөнгийн автобус “Драгон”-оос өглөө найман цагт хөдөлдөг гэж дуулаад эртлэн боссон. “Мөрөн хүртэл 12 цаг явдаг, тасалбарын үнэ 32000 төгрөг байдаг” гэсэн товчхон мэдээлэлтэйгээр автобусанд явж орсон юм. Мөрөнгийн автобусаар замд гарахдаа орон нутгийн онцлогтой аялалд сэтгэл зүйгээ бэлтгэмээр юм билээ. Автобус өглөө найман цагт хөдлөх товтой ч хоцорсон хүмүүст тун ч ээлтэй юм. Мөрөнгийн автобусны жолооч нар зорчигчидтойгоо тун ч сайн холбоо харилцаатай бололтой. Автобус аль хэдийнэ хөдөлсөн ч хожимдсон зорчигчид жолооч руу утасдан ирж яваагаа дуулгасан тул унаа маань гучаад минутын турш араас ирж яваа хүмүүсийг хүлээлээ. Замд гарсан аяллын багийнхан маань “Урьхан”-д үдлэв. Энд ердийнхөөрөө хөл ихтэй. Өглөөгүүр болоод ч тэр үү гэр бүлээрээ аялагчид том ширээ тойрч суугаад, хуушуур, чанасан мах зэрэг замын хүнсээ дэлгэсэн харагдав. Тэд зоогийн газрын халуун савтай цайгаар замын хүнсээ даруулаад, үлдсэн хүнсээ савлан гарч одлоо.

“Jack`s coffee”-гийн гадаа сайн дурын ажилтан болов уу гэмээр шаргал үстэй хоёр гадаад бүсгүй кофе ууж зогсоно. Кофены газрын гадаа “Drive in Coffee” гэж бичсэний дор “Боргол шүүрээч” гэснийг бодоход эндхийнхэн “моод”-ноос хоцордоггүй хүмүүс бололтой. Автобус хараахан дүүрээгүй ч замаасаа зорчигчид авч, дундуураа дүүргэдэг юм билээ. Дарханаас зам салахын өмнөхөн баахан ачаатай хүмүүсыг авахаар төмөр хүлэг маань зам хазайсан. Портер дүүрэн ачааг автобусанд шилжүүлэхийг хүлээнгээ зорчигчид биеийн чилээгээ гарган салхилна. Автобус замдаа олон удаа зогсох юм. Хүмүүс ч тэр бүрт нь “морь харах”-аар ухасхийнэ. Мөрөнгөөс буцахад ч бас иймэрхүү дүр зураг давтагдсан. Араас ирж байгаа хүмүүсийг хүлээн гадаалах зуур “Хоцорсон хүмүүсийг орхиод явчихаж болохгүй юм байх даа” хэмээн түвэгшээхэд маань ойролцоо зогсоо нутгийн гурван эрийн нэг нь “Тэгвэл насны юм болно шүү дээ” хэмээн дуугарав. “Хөвсгөлийнхөн хотын соёлд сурмаар юм. Энэ олон хүнийг ингэж удаан хүлээлгээд байх даа яахав дээ” хэмээн үглэхэд маань өөр нэг залуу “Та автобусны голд зогсоод, лекц уншчихаач” гэж шоглож байна. Ийм маягаар явсаар автобусаар Мөрөн ороход 15-16 цагийг замд өнгөрүүлэв. Хүмүүс нь тун ч хүлээцтэй. Хичнээн оройтсон ч “гоншигонож” байгаа хүн харагдсангүй.

Сайхан уул, ус автобусны цонхоор жирэлзэн өнгөрч их хотын нүсэрт ядарсан нүд сэтгэлээ амрааж явав. Хөвсгөлд очихын тулд Дархан, Эрдэнэт, Булганы нутгаар дайран өнгөрлөө. Газар мэдэхгүй аялагчид хаана яваагаа мэдэх сониуч хэрэгцээ бий. Булганы нутагт явахдаа “Хамгийн олон адуутай Сайхан сум” гэсэн хаяг олж харсан. Аль сум хаанаас эхэлж, хаана дуусч байгааг мэдэх боломжтой замын тэмдэг, хаяг хангалттай байвал догь. Холын аяныханд замдаа үдлэх газар, бие засах жорлон, ус, ундаатай үйлчилгээний цэг үгүйлэгдэнэ. Дарханаас Эрдэнэт орох замд Орхон голын гүүрний орчимд сүүдрэвчинд загас зарж байгаа хүмүүс үзэгдсэн. Загасны хорио тавигдаагүй үед ч “сайн эрчүүд” байгалийн хишгийг борлуулж л зогсдог юм билээ. “Урьхан”-аас гадна Хөвсгөлийн нутаг руу ороод бас нэг удаа хооллож аваад Мөрөн рүү шөнөдөө орж явчихлаа. Хөвсгөл нуур цэлийтэл угтах мэтээр төсөөлсөн ч Хатгалд очиж байж нуурын бараа харах гэнэ. Мөрөнгийн төв жижигхэн дүнзэн байшингууд ихтэй юм. Энд хашаандаа гэртэй айл олж харсангүй. Мөрөнд нэг л гэр олж харсан нь ногооны талбайн сахиулынх. Модны хэрэглээ өндөртэй газар болох нь дүнзэн байшингууд, хашаандаа хураасан түлээний моднуудаас нь илэрхий. Гэсэн ч сүүлийн үед хууль чангараад ойгоос унанги мод “олборлодог” болсон гэж нутгийн иргэн тайлбарласан. Хаа очиж цэвэрхэн, шугамдсан мэт тэгшхэн гудамжуудтай. Хотод бол нүдний гэм болсон дүр зураг.

Хөвсгөлийн амьдралтай танилцах ажлаа Мөрөнгийн төв талбайгаас эхэллээ. Чингүнжавын талбайг тордох ажил хийж байна. Аймгийн төрийн бус байгууллагуудын нэгдсэн холбооны нарийн бичгийн дарга Б.Лхагва “Мөрөнгийн төвд зам, бүтээн байгуулалт хийгдэж байгаа. Эхнээсээ ард иргэдийнхээ саналыг аваагүйгээс болоод хүндрэл гарч байна. Мөрөнгийн төв алганы хонхор шиг газар байрладаг. Зун бороо орохоор нэгдүгээр багийн айлууд тэр чигээрээ усанд автдаг. Энэ асуудлыг шийдэж чадахгүй байна. Иргэдэд тулгарч байгаа асуудал шийдэгдэхгүй мөртлөө төв талбайгаа засаад байна. Энэ бол онц чухал асуудал биш гэж иргэд хэлээд байхад ийм зүйл хийгээд байгаад бид шүүмжлэлтэй ханддаг” гэж ярьсан юм.

“ЖУУЛЧНЫ БААЗУУДЫГ ТОМСГОХОЛ АНХААРЧ БАЙГАА”

Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Х.Ган-Очир цайны цагаар ч албан өрөөндөө сууж таарав.

Тус аймгийнхан 2030 он хүртэлх хөгжлийн хөтөлбөрөө саяхан гаргасан гэнэ. “Хөвсгөл хөгжил” форум зохион байгуулж, аймгийн иргэд, ТББ, бизнес эрхлэгчид, донор байгууллагуудын төлөөлөл оролцуулж хөтөлбөрөө батлуулжээ. “Бидний гол зорилго 2030 он гэхэд жаргалтай гэр бүлийг бий болгох юм. Хөгжлийн таван тулгуур байна. Нэгдүгээрт, хүмүүсээ хөгжүүлэх, хоёрдугаарт, эдийн засаг, үйлдвэрлэл, хөдөө аж ахуйнхаа хөгжлийг чухал гэж үзсэн. 2030 он хүртэл дөрвөөс таван томоохон үйлдвэрийг дэмжин барьж байгуулна. Хөгжлийн гол тулгуур нь аялал жуулчлал. Эцэст нь засаглалын бодлого буюу төрийн албаны хөгжил шинэтгэл гэсэн таван зүйлийг чухалчилж байгаа” гэж Х.Ган-Очир дарга тайлбарлав. Эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэр, барилгын материалын үйлдвэр тэр дундаа цемент үйлдвэрлэх боломжтой гэж тэд үздэг. Хөнгөн үйлдвэрлэлийн эх суурь тавигдсан. Малын гаралтай түүхий эд, мах сүүний үйлдвэрлэлд ач холбогдол өгдөг гэж тэр ярив. Тус аймагт хэдэн нүүрсний уурхайтай. Нийт нутгийн 49,8 хувийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан. Уул уурхайн үйлдвэрлэл явуулах боломжгүй гэнэ. Фосфоритын ордод тусгай зөвшөөрөл аваад, хайгуулын ажил хийж байгаа аж ахуйн нэгж бий. Фосфоритын ордын гол цэгүүдийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авчихсан. Энд үйлдвэрлэл явуулах асуудал сөхөгдвөл буцаад орон нутгийн тусгай хэрэгцээнээс гаргах асуудал яригдана. Ерөнхийдөө иргэд л мэдэх асуудал гэж Х.Ган-Очир ярив.

Түрүү жил хөвсгөлийнхөн жуулчдын хөлд дарагдаж, дэлгүүр, АТМ-үүд нь хоосорсон удаатай. Энэ талаар орон нутгийнхан арга хэмжээ авсан эсэхийг сонирхов. “Өнгөрсөн жил Хөвсгөлийг зорьсон урсгалын үед хамгийн хүндрэлтэй юм бол жуулчид орох оронгүй болчихсон. Үүнд анхаарч жуулчны баазуудыг томсгох, үйл ажиллагааг нь сайжруулахаар төсөл хөтөлбөрүүдтэй холбох ажил хийж байгаа. Эвент арга хэмжээг тогтмолжуулахад анхаарч байна. Аймгаас жилд 20 сая орчим төгрөг батлаад, 10 орчим сая төгрөгөөр нь эвент арга хэмжээ хамтран зохион байгуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. “Мөсний баяр”-ыг сүүлийн 16 жил тасралтгүй хийж байна. Гол нь өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхээр хичээж байгаа гэж Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга хуучиллаа.

“ХӨВСГӨЛЧҮҮДИЙН ДУНДАЖ НАС 65 БАЙНА”

Хөвсгөлчүүдийн сэтгэл дундуур байдаг нэг асуудал эмнэлгийн үйлчилгээ байдаг тухай энд бишгүй сонсов. Тоног төхөөрөмж хангалтгүй юм болов уу гэж бодоод Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийг зорьсон ч өөр дүр зураг угтлаа.

Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт орчин үеийн олон төхөөрөмж харагдана лээ. Засгийн газрын тэрбум 816 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Оношилгоо эмчилгээний төв” байгуулсан гэнэ. Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн чанарын албаны дарга Д.Мөнхдалай: -Сүүлийн гурван жилд нэлээд өөрчлөлтүүд хийгдсэн. Манай аймаг бусад аймгийг бодвол хамгийн их хүн амтай. Албан ёсны тоогоор 126 мянган хүн амтай гэж явдаг. Гэхдээ шилжилт хөдөлгөөн ихтэй холбоотойгоор 130 мянган хүнд хүрдэг. Эрүүл мэндийн яамнаас орон тоо нэмээгүй. Бид дотооддоо менежмент хийж аль болох нарийн мэргэжлийн эмч нарынхаа хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэхээр зорьж байгаа гэлээ. Хөвсгөлд элэгний хавдар маш их байдаг, зүрх судасны өвчин, даралт ихсэх өвчлөл өндөртэй. Энэ бүхэн уулархаг нутагтай, өөх тос их хэрэглэдэгтэй холбоотой. Тэргүүн хатагтай Х.Болормаагийн “Хавдаргүй Монгол- Итгэл” сангийн шугамаар хавдрын кабинетийг тохижуулсан” хэмээн танилцуулав.

Хөвсгөлд дундаж наслалт бусад аймгуудыг бодвол хамгийн бага байдаг гэнэ. Хөвсгөлийн дундаж наслалт 65 бол Дундговьд энэ үзүүлэлт 73 ажээ. “Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасаг”-ийн эрхлэгч нь Д.Мөнхдалай эмчид эм тариа тасарсан тухай дуулгаж байгаа сонсогдов. Д.Мөнхдалай эмч “Яамны эм эмнэлгийн хэрэгслийн хороо компаниудтай гэрээ байгуулдаг, ханган нийлүүлэх асуудал дээрээ хоцорчихоод байгаа юм. Заримдаа эм тариа нь нэг сар юм уу 14 хоногоор тасарчихдаг үе бий. Бид орон нутгийн эмийн сангаас гуйж түүгээд гал алдчихгүй шиг зохицуулдаг” хэмээн тайлбарласан.

Оношилгооны төв байгуулагдсанаар орон нутагтаа Компьютер томографитай болсон гэнэ. Болж бүтэж байгаа зүйл их байгаа ч үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж доогуур байгааг тэр “давхар дээл”-тэй жишив.

-Манайд давхар дээл гэдэг шиг хувийн эмнэлэг, улсын эмнэлэгт давхар ажилладаг эмч нарын асуудал бий. Нийтдээ манай аймагт эрүүл мэндийн салбарт хувийн хэвшлийн 40-өөд байгууллага байна. Бид чанар хариуцдаг болохоор иргэдийг хүлээлгэхгүй, бухимдуулахгүй байхыг хичээдэг. Судлаад үзэхээр давхар халаатны асуудал гарч ирээд байгаа юм. Тэр болгоныг хүмүүс хүнд хүлээж аваад “Танай эмч нар эмнэлэг дээрээ нэг өөр, хувийн эмнэлэгтээ бас нэг өөр ааш гаргалаа” гэдэг. Аймгийн ИТХ -аас энэ асуудлыг болиулна гэж үзсэн. Давхар дээлтэй эмч нар маань шүүхэд хандаад, шүүхээс хуулиар болохгүй гэсэн юм байхгүй гэсэн хариу өгсөн юм. Саяын батлагдсан Эмнэлгийн тусламжийн хуульд бас тэр асуудлыг нарийн тусгаж оруулаагүй байна лээ. Манайх хоттой адилхан биш. Хотод бол “Чи ажлаас гар” гээд явуулчихаж болдог. Оронд нь дараагийн ээлжний хүн байдаг. Орон нутагт бол нэг эмчийг халахад тухайн тусламж үйлчилгээ зогсчихож байгаа юм хэмээн учирлав. Аймагт диализийн аппарат байхгүй учраас өвчтөнүүд нийслэлийн нэгдүгээр эмнэлгийг зорьдог. Өмнөговийг бодвол манай аймагт бөөрний дутагдал их. Хүйтэн сэрүүн уур амьсгалтай, гол ус ихтэй. Амьдралын хэв маягаас хамаараад бөөрний өвчлөл ихтэй. Бөөрний дутагдалд их ордог. Ер нь бөөрний аппаратад орох шаардлагатай зуугаад хүн байдаг. Байнга аппаратад орох шаардлагатай учраас хотод амьдрах шаардлага гарна. Аппаратад орж чадахгүй буцаад ирдэг. Өвчин нь хүндрээд хэдэн жилийн дараа нас барах нь ч бий гэлээ.

НОГООЧИН

Мөрөн сумын аравдугаар багийн иргэн, улсын аварга ногоочин Ж.Балдандоржтой ногооны талбайд нь очиж уулзлаа. Энд тэрбээр 19 дэх жилдээ төмс, хүнсний ногоо тарьж байгаа гэнэ. “Бид 1998 онд гараар тарьдаг байсан. Сүүлдээ Мөрөн сумаас төсөл авсан. Америкийн Марк Фэндэр гэж энд бараг хориод жил болж байгаа, Есүсийн холбогдолтой нөхөр байдаг юм. Тэр шугамаараа Америкийн хөрөнгө оруулалтаар манай энэ талбайд усалгааны систем, иж бүрэн худаг гаргаж өгсөн” хэмээн Ж.Балдандорж гуай хуучлав.

-Усалгааны систем их үнэтэй гэдэг. Хэр өртөг зардлаар бүтсэн бэ?

-15 мянган доллараар орж ирсэн. Ямар ч үнэ төлбөргүй, бүх зардлаа өөрөө төлөөд Мөрөн суманд авчирч өгсөн юм. Би хариуцаж хүлээж аваад ажиллуулж байгаа. Энд 17 өрх айл холбогдож, хүнсний ногоо тарьдаг. Манайхнаас гурван улсын аварга, таван ч аймгийн аварга гарсан. Сумын аваргууд зөндөө. Техникийн хувьд өөрсдөө ойр зуурын техник авсан улсууд бий.

-Та сая сонгинын үрээ Голландаас ирэхийг хүлээсэн гэчихэв үү?

-“Монгол төмс” хөтөлбөртэй 2006 оноос хойш хамтарч ажиллаж байгаа юм. Би албан ёсны лицензтэй үр үржүүлэгч. Улсын хэмжээнд герман, голланд сортын төмс зонхилдог. Манай нутаг өндөрлөг газар. Тийм учраас герман сортын төмс илүү тохиромжтой байдаг. Энэ сонгинын үр гэхэд л Голландаас орж ирж байгаа. Төмс хөтөлбөрийн шугамаар л орж ирж байгаа юм. Фермерийн холбоондоо бид захиалгаа өгчихдөг. Үр бордоо, гербицид тэр шугамаараа орж ирдэг юм. Төмс хөтөлбөр үндсэндээ 11 жил хэрэгжээд дуусч байгаа. Энэ жилээс улсын хэмжээнд “Хүнсний ногоо” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Үндсэндээ одоо бол Хятадаас сонгино, байцаа хоёр давуу орж ирдэг. Үүнийг хаах маягаар энэ чиглэлд анхаарч, сонгинын үр, герман сортын байцааны үр оруулж ирсэн. Энэ жил туршилтын маягтай бага хэмжээгээр тариалж байна. Манайд тохирвол цаашдаа нийлүүлнэ. Алийн болгон Хятадын байцаа, сонгино идэх вэ. Ядаж 60-80 хувийг нь өөрсдөө хангах зорилт тавьсан гэлээ.

Мөрөнгийн захаар орсон ч бие засах газар олдоогүй учраас олигтой “тэнэж” амжаагүй. Зах дээр ажиллаж байгаа эмэгтэйгээс бие засах газар асуухад “Ойр хавьд жорлон байхгүй” гэж хариулсан юм. Харин “Жаргалан” хоолны газар, “Аяны жолоо” дэлгүүрээр ороход сугалаатай тасалбар өгч байна лээ. “Некст”-ийг эс тооцвол нийслэл болон Дархан, Эрдэнэтэд байдаг томоохон сүлжээ дэлгүүрүүд Хөвсгөлд байдаггүй юм билээ.

Хөвсгөлийн “Тэвхэн” дэлгүүр нь урсдаг шаттай ганц дэлгүүр гэнэ. “Тэвхэн” бол Мөрөнгийн хамгийн том супермаркет байсан. Эзэн нь банкнаас зээл аваагүй хөл дээрээ боссон. Захын жижиг лангуунаас анх бизнесээ эхэлсэн гэж хүмүүс ярих юм билээ.


Categories
мэдээ цаг-үе

Г.Эрдэнэбат: Урлагийн буянаар төрийн хишиг хүртэж, түмэн олонд хайрлагдсан

Хөгжим бүжгийн коллежийн захирал, гавьяат жүжигчин Г.Эрдэнэбаттай ярилцлаа.

-Бидний үеийнхэн таны фэнүүд л дээ. “Орчлонгийн сайхан хүүхнүүд”, “Элбэрэл”, “Нутгийн зам”, “Гэргий”, “Охин үр минь” дуунууд эгшиглэж байх үед бид ч бас амьдралд хөл тавьж байсан. Таны дуунуудын тухай ярина гэдэг эргээд л бидний хориод насны дурсамж сэргэнэ гэсэн үг?

-Тэр бас үнэн юм билээ. Сая Д.Сосорбарам, А.Долгор, Ц.Түвшинтөгс, Ш.Чимэдцэеэ бид тоглолт хийсэн юм. Ерээд оны эхэн үед бараг л бид таваас өөр хүн байхгүй юм шиг л явлаа. Эрэлт хэрэгцээ ч ихтэй. Тэгээд нэг хэсэг чиглэл чиглэлээ хөөгөөд таг болцгоосон. Саяхан “Хэдүүлээ нийлж тогловол яасан юм” гэж ярилцсан юм. Зарим нь “Одоо үзэхгүй ээ, гадуур дүүрэн тоглолт байна” гэсэн. Тэгээд тоглосон чинь үзэх байтугай хүсэлт гаргасан. “Та нар энэ тоглолтоо аймаг орон нутгаар, Европоор тогло” гэсэн юм. Биднийг Дархан, Эрдэнэтэд тоглоход маш сайхан хүлээж авлаа. Баянхонгорт Со-гийн нутагт хоёр орой тоглоход танхим битүү. Бид билет шахаагүй. Жинхэнэ үзье гэсэн улсууд зорьж ирсэн. Хүмүүс хүлээж байдаг юм байна. Бас уран бүтээлээ орхиж болохгүй юм байна гэж бодогдсон. “Одоо бол хүмүүс энэ дуунуудыг сонсохоо байсан” л гэдэг. Биднийг Европын орнууд, Америкт очиж тоглоход үздэг байхгүй юу. Яагаад гэвэл биднийг дуулж байх үед эх орноосоо гараад явчихсан улсууд тэнд байдаг. Мэддэг хүмүүс нь л ирж үзэж байгаа юм. Түүнээс биш бүх мэдээлэл, шинэ дуу хуурыг сошиэлээр авч байгаа хүмүүс шүү дээ. Бид залуучуудыг насны хувьд хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Би Дуурийн театрт орж байхдаа настай улсуудыг хараад “Яагаад залуу хүмүүст орон зай олдож болдоггүй юм бол” гэж боддог л байлаа. Одоо ч залуус адилхан бодож байгаа. Хүнд тэгж бодогдуулахгүйн тулд цаг нь болохоор гараад явчихдаг байх учиртай. Мэдээж ахмадуудаа хүндэтгэж сонсох ёстой. Ажлын тухайд урлагийн хүмүүс хэцүү. Урлаг бичигдээгүй хуультай. Жинхэнэ гайхамшигтай байх үед нь олон түмэн алган дээрээсээ буулгахгүй. Хэрэг нь өнгөрчихвөл хэнд ч хэрэггүй. Тийм бичигдээгүй хуультай учраас их болгоомжтой, мэдрэмжтэй байх учиртай.

-Гэхдээ зарим уран бүтээлч хэдэн ч насандаа гайхамшигтай байж чаддаг?

-Хүсэгдэж үгүйлэгдээд байна гэдэг менежменттэй гэсэн үг. Зүгээр явж байхад нь хүсээд байгаа юм биш. Ямар нэг үйл ажиллагаа цаана нь байгаа хэрэг.

-Та дуучныхаа хувьд формоо алдахгүй гэж хичээл зүтгэл гаргадаг уу?

-Ер нь миний хоолой бол их эмзэг эрэгтэй нарийн хоолой. Бүдүүн хоолойнууд бол хааяа нэг арга хэмжээнд уригдчихаад амралт муутай байсан ч дуугарч л байдаг. Биднийх бол байхгүй болно. Тийм учраас биеэ сайн авч явах ёстой. “Энэ ядарчихжээ, амраагүй юм байна” гэж ойлгохгүй шүү дээ. Хэзээд бэлэн байх ёстой” гэж үзэгчид хүсдэг. Тийм учраас биеэ эрүүл байлгаж, амралтаа зохицуулах хэрэгтэй. Урлагийн биднийг гудамжинд явж байхад ч хүмүүс үлгэр болгож хардаг. Биеэ яаж авч явах нь вэ, хүнтэй яаж харьцах нь вэ гэдэг. Муу ч сайн ч бүх юмны жишээнд дурдагддаг. Тийм учраас хүн хичээж явах ёстой.

-Тоглолт хийснийхээ дараа хүмүүст эрэлт хэрэгцээ байгааг мэдэрчээ. Энэ бүхний дараа шинэ санаа бодол төрөх юм уу?

-Чухал санаа төрсөн. Бид мэргэжлийн давуу талаа үзүүлэхийн тулд очсон газар болгондоо сургууль хийж байлаа. Чаддаг, мэддэг байсан ч тоглолтын өмнө сургууль хийж байх ёстой шүү дээ. Гэрэл гэгээгээ тохируулна. Концерт ч гэлээ бүх юм тавилттай байх учиртай. Манай Со концертоо найруулсан. Үүнийг хүмүүс сайн хүлээж авсан юм. Өнөөдөр мэргэжлийн уран бүтээлчийн энэ чанарууд дутагдаад байна. Тайзан дээр гараад л зарласан зарлаагүй дуулаад л, дахиулсан дахиулаагүй алга ташаад л энэ бүхэн урлагийг үнэгүйдүүлж байна. Мэргэжлийн цензуртай байх ёстой юм байна. Бидэнд бусдаас онцлог өөр юм байгаагүй. Яахав, хит болсон дуунуудаа дуулсан. Гэхдээ бүх юм тавилттай. Орохдоо нэг нэгийгээ хүндлээд ёсолно. Тэр шийдлүүд эргээд үгүйлэгдэж байгаа юм байна гэж бодсон шүү. Урлагийн боловсрол талаасаа ч хэрэгтэй. Бид үзэгчдээ тэгж л хүмүүжүүлэх хэрэгтэй.

Хүн тэтгэврийн нас хүртлээ үүргээ бүрэн биелүүлж ажиллах ёстой юм байна. За яршиг гэж хойшоо ухрах буруу юм байна. Байгаа байгаа газраа, хийж байгаа ажил, эзэмшсэн мэргэжилдээ эзэн байх хэрэгтэй. Тэгж байж Монгол Улс хөгжинө. Түүнээс биш бүгдээрээ улс төр яриад улс хөгжинө гэж байхгүй.

-Та дуучнаас гадна менежер, удирдагч хүн. Магадгүй удирдах, манлайлах орон зай байсан учраас тайзан дээр дуулахаас илүү тайзны ард байх замыг сонгосон болов уу. Та нэг хэсэг суралцсан байх аа?

-Хүүхэд байхын би нөхдөөрөө хүрээлүүлээд аливаа юмыг зохион байгуулаад, хүмүүсийн анхаарлыг өөртөө татаж явдаг байсан шиг байгаа юм. Дуурийн театрт ирээд анх гоцлол дууны ангид байлаа. Намайг ангийн дарга болгосон. Тэгээд л А.Цанжид сайдын үед гэнэтхэн театрын даргаар томилсон юм. Сайд өөрөө ажил хүлээлцүүлэхээр ирсэн. Тайзан дээр гараад бүх ажилтанг цуглуулж “А.Дашпэлжээ дарга эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Эрдэнэбатыг театрын даргаар томилж байна” гэсэн. Шинэ дарга үг хэлэх болоход “Сайн байцгаана уу” гэсэн чинь манайхан удтал алга ташсан. Тэр нь надад итгэл үнэмшил төрүүлсэн юм. Дөрвөн жил ажиллахдаа эрч хүчтэй ажилласан.

-“Ховор хүмүүс” кинонд нэгдлийн дарга гэнэт сурах шийдвэр гаргадаг. “За би сурах хэрэгтэй болжээ” гээд. Танд бас өөртөө дүгнэлт хийх шалтгаан гарсан уу?

-Нийгмийн шилжилт явагдаад огт өөр нийгэм байгуулах боллоо. Тэгээд нэг харсан чинь байгууллага удирдахад, өөрөө ч амьдрахын тулд менежментгүй бол явахгүй санагдсан. Менежмент гэдэг үг харь сонсогдож байгаа ч амьдралаа төлөвлөөд цэгцтэй зорилт тавьж авч явахыг л хэлж байгаа юм. Хэл сурах хэрэгтэй юм байна гэж бодогдсон.

-Хэдэн насандаа англи хэл сурахаар болчихов?

-Хөгширсөн хойноо сурахаар болсон. П.Цагаан сайд намайг дэмжсэн юм. Сайд надад нэг зүйл захисан. “За яв, сур. Ирээд урлага битгий орхиорой. Нэг бол багш хийгээрэй. Үгүй бол театртаа байгаарай. Битгий улстөржөөрэй” гэсэн. Би одоо ч улстөрждөггүй шүү дээ. Сурч байхдаа зуны амралтаараа ирээд буцах ёстой байлаа. Гэтэл Ө.Энхтүвшин сайд нэг өдөр дуудаад “Та Соёл урлагийн газрын даргын ажил хийхгүй бол болохгүй нь ээ” гэсэн. Би тэнд гурван жил гаруй ажиллаад “Энэ миний хийж чадах ажил биш байна” гэж бодсон. Соёл урлагийн бодлогын газрын дарга соёлтой холбоотой бүх ажилд орооцолддог. Тэнд нэг түүхэн дурсгалт чулуу хугараад унавал тэрийг хариуцна. Энд нэг сумын номын сан болохгүй бол үүрэг хүлээнэ. Энд нэг биет бус соёлын өвийг тээж яваа өвгөний асуудлыг ч хамаарна. Тэгээд би дийлэхгүй юм байна гээд ажлаа өгсөн. “Тэгвэл ХБК-д оч” гэсэн. Сургуулийн асуудал нэлээд хүндэрсэн байлаа. Хашааг нь цөм татаад нэг компани ороод ирчихсэн. Энд нэг сургууль барина гээд суурь цутгачихсан. Намайг томилох тушаалд гурван шийдвэрлэх асуудал заасан байгаа. Ирээд газраа авахаар жил шүүхэдсэн. Заргаа авсан. Хоёрт байшин бариулахаар хоёр жил манаач шиг сахисан. Тэр үеийн Ц.Даваасүрэн гишүүн, Ө.Энхтүвшин, Ё.Отгонбаяр сайд болон яамны удирдлагууд зүтгэл гаргаж байж төсвийг нь батлуулсан юм шүү дээ. Төсөв хүндэрч байх 2009 онд. Соёл урлагийн газар ч тэр чигээрээ ажилласан. Олон хүн хичээл зүтгэл гаргасан даа. Монголдоо үндэсний хөгжмийн их сургуультай болохын тулд байшингийн өргөтгөлийг нь барих хэрэгтэй гэж үзсэн. Орох оронтой болоод авбал учиртай шүү дээ. Байшин бариад орхидог. Доторхыг нь бас тохижуулах хэрэгтэй боллоо. Өрөө болгонд төгөлдөр хуур байх ёстой гэж үзсэн. Бас л яам тэрбум гаруй төгрөгийн тоног төхөөрөмж, хөгжмийн зэмсгээр хангаж өгсөн дөө.

-Хөгжим бүжгийн коллеж 80 жил болж байгаа бил үү. Одоо их сургууль болох л дутуу байгаа юм байна даа?

-Тийм. Байшинтай болчихсон. Манайх шаталсан сургалттай бакалаврын диплом олгодог сургууль шүү дээ. Бакалаврын диплом олгоод арав гаруй жил болж байгаа. Тэгэхээр дээд сургуулийн сургалтын хөтөлбөр бүх юм хийгдээд туршигдсан. Одоо манайд гацах юм байхгүй. Боловсролын хуульд консерватур гэж үг алга гэдэг дээр гацаад байсан. Сая Боловсролын хуульд өөрчлөлт оруулаад их дээд сургууль коллеж, хөгжмийн сургалтын дээд байгууллага буюу хөгжмийн дээд сургууль консверватур гээд оруулчихсан байгаа. УИХ баталсан. Одоо бидэнд гацах юм бахйгүй. Энэ асуудал өнөө маргаашгүй шийдэгдэх байх.

-СУИС-д дөрвөн жил сураад мэргэжлийн уран бүтээлч болчихдог. Танайд бол бараг л насаараа сурч байгаа юм чинь илүү мэргэжлийн хүмүүс төгсдөг байх?

-Энэ бол аймаар ялгаатай.СУИС драмын жүжигчид, дуучид, менежмент, соёлын ажилтнуудыг бэлтгэж байгаа. Мэргэжлийн хөгжимчинг шаталсан сургалтаар бэлтгэхгүй бол тэгж амархан сурдаг ажил биш л дээ. Жишээ нь арванхоёрдугаар ангийг алтан медальтай төгссөн хүүхдийг төгөлдөр хуур сургана гэж байхгүй. Тэгж болдоггүй учраас шаталсан сургалтаар бэлтгэдэг. Тэр олон нот тэмдэглэгээг уншаад шууд тоглоно гэдэг үнэхээрийн амар ажил биш.

-Уран бүтээлчдийг бий болгож төлөвшүүлнэ гэдэг маш онцгой философи шаардах уу?

-Урлагийн сургуульд сурч байгаа хүмүүс бүгд од болж, мандан бадрахгүй ч гэсэн амьдралд хөлөө олж, цэгцтэй амьдардаг. Олон дуулаачийн сургууль ямар хэрэгтэй юм бэ гэж зарим нь шүүмжилдэг. Од болохгүй ч хүн болж төлөвшихөд нь хөгжим нөлөөлдөг. Багаасаа хөгжим сурахаар гайхалтай төлөвшдөг. Зургаан настай хүүхдүүд математикаа ч үзнэ. Цагаан толгойгоо ч үзнэ. Дараа нь хөгжмийн онолын хичээл, сонсгол, мэргэжлийн онолын хичээлээ үзнэ. Ямар ч илүү цаггүй. Тодорхой хэмжээгээр IQ-гүй хүүхэд бол дийлэхгүй. Мэргэжлийн багш нар шалгаж авдаг. Манайх бага сургуулиа үнэгүй явуулдаг. Шавь сургалтаар ийм өндөр зардлаар бүтэж байгаа сургалтыг манай улсад л үнэ төлбөргүй явуулдаг. Анхнаасаа эцэг эхтэй нь гэрээ хийдэг.

Хүүхдийн төлөвшилд хөгжим үнэхээр хэрэгтэй. Япон, Солонгос гэх зэрэг Азийн орнуудад хөгжмийн хичээлд маш их анхаарал тавьдаг. Хөгжимчин болгох гээд байгаа юм биш. Хөгжмөөр хүмүүжвэл, гоо зүйн мэдрэмжтэй, ёс суртахуунтай хүн болж төлөвшдөг. Тийм учраас ядаж дүүрэг болгоны нэг сургуулийг хөгжмийн гүнзгийрүүлсэн сургалттай болгож үзэх юмсан гэж би мөрөөддөг. Тэгж чадвал хүмүүсийн төлөвшилд аяндаа нөлөөлнө. Хөгжмийн дээд сургууль болчихвол дуу хөгжмийн багшийг бэлтгэх чухал асуудал. Дуу хөгжмийг хүн хэрэглэх нь гарцаагүй.

-Жазз хөгжмийн анги нээсэн гэсэн үү?

-Сургуулиуд төсөл хөтөлбөрөөр их ажил амжуулдаг. Дандаа улсаас санхүүжүүлнэ гэдэг хэцүү. Би төрийн байгууллагад ажиллаж байсан болохоор мэднэ. Өөрсдөө арга сүвэгчлэхгүй, зөвхөн төрийн ам хараад байвал ажил явахгүй. Манай Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Шаравцэрэн гэж АНУ-д төгссөн нөхөр Швейцарийн хөгжлийн агентлагтай холбогдоод төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Энэ жазз хөгжмийн төслийг Гёте институтийнхан ирж надад санал тавьсан юм. Зөвхөн ХБК-ийн сурагчид гэхгүйгээр сонирхсон хүмүүс ирж сурна гэхээр нь анхандаа болгоомжилсон. Манайд жаахан хүүхдүүд ч сурдаг. Бүгд хамт сурна гэхээр бодох юм их. “Их талын жазз” ТББ, ХБК, Гёте институт хамтарсан. Олон барууны эрдэмтэн багш нар урилгаар ирж хичээл заах нь манайд хэрэгтэй байсан л даа. Тохижуулсан анги танхим, хөгжмийн зэмсгүүд нь төслийн дараа манайд үлдэх юм. Тэгээд зөвшөөрсөн. Элсэлт авсан, арав биш 50 хүн ирж шалгуулсан. Ярьсаар байгаад 30 болгосон. Гучин янзын ааштай хүн ирж бужигнуулах вий гэж болгоомжилсон ч удирдаж байгаа багшаас олон юм шалтгаалдаг юм билээ. 30 хүүхэд нэг жил болоход хичээл таслаагүй. Төслөө ахиад нэг жил сунгасан. Ийм л үр дүнтэй юм болж байна. Германы ЭСЯ, Гёте институт, “Их талын жазз” ТББ, манай сургууль хамтарсан энэ төсөл нийгэмд хүсэгдсэн ажил боллоо.

Монгол дахь “Форбес” сэтгүүл 80 их, дээд сургуулийг жагсаахад манайх дөрөвт нь орсон. Хамгийн гол үзүүлэлт нь төгсөгчид ажлын байраар хэрхэн хангагдаж байна вэ. Ажлын байрандаа ямар үр дүнтэй ажиллаж байна вэ. Багш нарын дадлага туршлага гэх мэт үзүүлэлтээр гол оноо авсан байх гэж би боддог. Манайх дээд сургууль болчихвол бусад сургууль ажилгүй болчихно гэсэн ойлголт байхгүй. Бүгд чиглэл чиглэлээрээ Монголын урлагийн төлөө ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэх зорилготой ажиллаж байна. Шаталсан сургалттай хөгжмийн үндэсний их сургууль байх ёстой. Наад зах нь манайд ирж суръя, багшилъя гэхээр манай статус доогуур байдаг. Манай багш нар ч гадаадад багшлахад коллежийн багш нэг өөр, Хөгжмийн их сургуулийн багш гэвэл өөр.

-Таныг маш их амбицтай хүн болов уу гэж боддог. Харин та зөвхөн сургуулийн захирлын түвшинд ажиллаж байгаадаа сэтгэл ханаж байгаа гэж үү?

-Би хөдөөний хүүхэд. Аливаад сэтгэлээсээ ханддаг. Намайг арай залуу байхад намд элсээч, сонгуульд нэр дэвшээч гэсэн санал ирж байлаа. Би одоо ч аль нэг намын гишүүн биш. Урлагт улс төр хэрэггүй гэж боддог. Сэтгэлтэй, мэргэжлийн хүмүүс л ажиллах ёстой. Урлагийн буянаар төрийн хишиг хүртсэн, түмэн олонд хайрлагдсан. Би сэтгэл ханамжтай явдаг. Их, бага хэмжээгээр бүх хүн шуналтай. Түүнийгээ хязгаарлаж явах учиртай. Үнэндээ бол надад шунал байхгүй шиг байгаа юм.

-Мэргэжлээ солиод, хоббигоороо амьдрах боломж гарвал та юу хийх вэ?

-Уг нь би ганц нэг шавь төрүүлэх юмсан гэж боддог. Жимс ногоо тарьдаг цэцэрлэгтэй болохсон гэж хүсдэг. Шуугиан багатай газар амьдрахсан гэж хүсдэг. Кинонд бол урилга ирвэл тоглоно шүү. Хоёр, гурван кинонд тоглож үзсэн. Зүгээр санагдсан л даа.

-Ажлаас гадна та юунаас илүү тайтгарал авч, цагаа зарцуулдаг вэ?

-Би уг нь бөхөд их хоббитой. Тэр байтугай Бөхийн өргөө баригдаж байхад Сосорбарам, Түвшинтөгс бид гурав циркт хоёр орой тоглолт хийгээд олсон мөнгөө Бөхийн холбооны тэргүүнд гардуулж байлаа шүү дээ. Тэгэхэд нэг хонь, 50 төгрөг өгдөг үе байв. Тэгтлээ хорхойсдог, түүнээсээ кайф авдаг. Ажлаа тасалж бөх үзэж байгаад баригдаж байлаа. Спортын ордонд бөх үзэх гэтэл суудалгүй болчихсон, дарга нарын өмнүүр очиж, нүүрээ таглаж сууснаа мартчихаж. Камер орж ирээд зураг авчээ. “Өчигдөр хаана байсан бэ” гэхээр нь “Хүүхэд өвдөөд” гэсэн чинь баригдчихсан. Түүнээс хойш театрынхан намайг ажилдаа ирээгүй бол хаана байгааг мэддэг болчихсон. Монгол бөх, морь гэдэг монголчуудын ахуй амьдрал ёс жудагт маш том ул мөрөө үлдээсэн соёл. Морь уяж байгаа хүмүүс бол хараал хэлэхгүй. Ёс бус юмнаас хөндий байдаг.