Categories
мэдээ цаг-үе

С.Соронзонболд: Хүнд оршсон адыг хувилгаан хөгжимчний дэлдсэн ятгын эгшгээр зайлуулдаг гэдэг

Төрийн шагналт хөгжмийн зохиолч, урлаг судлаач, доктор С.Соронзонболдтой ярилцлаа.

-Та саяхан болж өнгөрсөн Олон улсын монголч эрдэмтдийн их хурлын үеэр “Монгол ятга тэнгэрийн хөгжим болохын учир” гэсэн сэдвээр илтгэл тавьсан. Яагаад тэнгэрийн хөгжим гэж үзсэн бэ?

-Манай СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн профессорын баг Хубилай сэцэн хааны мэндэлсний 800 жилийн ойн үеэр Монгол хаадын ордны долоо, ес, 11 чавхдаст ятгыг сэргээн бүтээхээр зорьсон юм. Санааг нь би гаргаад, “Эгшиглэн магнай” хөгжмийн үйлдвэрийн мундаг урлаач П.Байгальжавт хэлсэн. Санаа зовоож байсан нэг зүйл байв. Алтай ятга манай эриний V, VI зууны үеийнх мөртлөө хийхэд түвэгтэй, маш их хөдөлмөр орсон байна гэж хөгжим судлаач, зэмсэг урлаачид хэлсэн. “Хаана ч байхгүй цорын ганц хувилбар” гэж Жаргалант хайрхнаас олдсон алтай ятгыг Германы эрдэмтэн Сюзанна Шулц тодорхойлсон байна лээ. Эртний хөгжмийн олдвор Алтайгаас олдсон. Бас Хятадын Шинжаан, Уйгараас босоо ятга зургаа олдсон. Цагаан хэрэмийн хойд талаас л олдоод байгаа юм. Хубилай хааны ордны хөгжим гэнэт бий болчихоогүй. Өмнө нь Мөнх хааны ордонд олон найрал хөгжимчин тоглож байсан, хөгжим сэргээн бүтээж байсан мэдээ байдаг. Монгол хаад хөгжимд дуртай байжээ. Тийм учраас энэ гурван ятгыг Хубилай хааны ойгоор босгоё гэж шийдсэн юм. Яаж босгох вэ, хөглөх вэ гээд олон асуудал гарч ирнэ. Хийсэн хөгжмийг маань манайх мөн, биш гээд яриа хөөрөө гарна шүү дээ. Асуулт гарах нь ойлгомжтой учраас хариулт бэлтгэх санаатай баахан үзсэн. Эхлээд ятга гэдэг нэрийн учрыг хайсан л даа. Ж.Бадраа гуай ятга нэрийг итгэ, итгүүлэх гэсэн үгнээс гаралтай, ятга ятгуулах гэсэн утгатай гэсэн сайхан тайлбар хийсэн юм билээ. Мөн ятга гэдэг нэрийн эртний хэлбэр болох идтэй юм, итгэлтэй юм гэсэн утгатай ятуган гэсэн үг 1382 онд зохиосон “Хуа-и и-юй” толь бичигт үлдсэн тухай тэмдэглэжээ.

Харин би болон манайхан бөө мөргөлтэй байсан учраас бөөгийн талаас нь хайгаад үзье гэж бодлоо. Монгол бөөгийн “Голомт” төвийн тэргүүн Ш.Сүхбатын “Тэнгэр хөллөсөн халх бөө” бүтээлд зүүний 44 тэнгэрийн нэгнийх нь нэрийг “Ятга тэнгэр” гэжээ. Энд дурдсан хар тэнгэрүүдийн нэр хэдийд хаанаас бий болсон нь тодорхойгүй гэнэ. Эртний яруу найрагчид ч ятгын тухай бичжээ. Ятга хөгжим эртний том яруу найрагчдын шүлэг бүтээлд их туссан юм байна. Эгшиг өнгө аяс, гарвалыг нь найрагчид тодорхойлж хэлж байжээ. Түүнээс гадна монголчууд улаан шар толгойтой, хар хошуутай, цэнхэр далавчтай өнгөлөг шувууг ятга шаазгай гэдэг.

-Тэр чинь бас яадаг ид шидтэй шувуу вэ?

-Ятга шаазгай хуш модтой ойд нутагладаг. Хушны самраар голдуу хооллодог учраас тэнгэрийн идээ хүртдэг жигүүртэн хэмээн дээдэлдэг. Ятга шаазгай бас бусад шувууд амьтны дууг дуурайх идтэй гэдэг. Ятгын тухай олон домог бий. Нэг домогт ятга хөгжмийн үүслийг өгүүлжээ. Тэнгэрийн оронд буюу диваажинд ятга бий болжээ. Гэхдээ өөрөө бүтсэн гэнэ. Ятгын хөгийг их тэнгэр зохиожээ. Их тэнгэрийг нь хайтал Гэсэрийн туужид найман Их тэнгэр гэж байх юм. Бас нэг ийм сэжүүр бий. Ятгын хөгийг Сугавадын оронд Их тэнгэр зохиож, энэ тивд Баянхүү дэлгэрүүлсэн гэсэн домог байдаг. Ятга муу юмыг зайлуулж хөөдөг, хүнд оршсон адын сэтгэлийг зайлуудаг гэж үздэг байж дээ. Манайхан цагаан, хар сүлдээ тахидаг. Сүлдний тахилгад хамгийн сүүлд 1936 оны хавьцаа ятга эгшиглэж байсан гэсэн мэдээг эрдэмтэд бичиж үлдээсэн.Түүнээс хойш хэлмэгдүүлэлтийн үеэр сүлд тахих уламжлал алга болсон. Буцаж сэргэхдээ ятга нь уламжлагдаагүй. Одоо ганцхан Өвөрмонголын Ордост ятга хадгалагдаж тоглогдож үлдсэн тухай мэдээ бий. Тэнд бас Тэнгэрийн 12 дуу гэж байдаг. Тэр дууг ятгатай тоглодог. Өвөрмонголын Ордосын тахилгад хэрэглэгддэг өвлөж уламжилж ирсэн дуу гэнэ. Тэр дууны үгийг ямар ч монгол хүн ойлгодоггүй. Түүнийгээ тэнгэрийн хэл гэж нэрлэдэг юм байна.

-Бусад оронд ятга байдаг уу. Ятгын үүслийг юутай холбож тайлбарладаг вэ?

-Ятга дэлхийгээр тархсан хөгжим. Өрнө дахинд ч хөгжмийн үүслийг бурхадтай холбож тайлбарладаг. Эртний Грекийн дуучид хөгжимчдийг ивээгч Аполлон бурхан хөгжимчин байсан бөгөөд түүнтэй ур чадвараар өрсөлдсөн нэгнийг цээрлүүлдэг тухай домогтой. Анхны лир ятгыг Гермес бүтээсэн гэж үздэг. Өмнөд Энэтхэгт вина хэмээх чавхдаст хөгжим нь нандин шүтээнд тооцогдоно. Вина нь бүх бурхад дара эхийг төлөөлж чадах бөгөөд нүгэлтний нүглийг цайруулах увдистай гэдэг. МЭӨ XXV -XXIV зуунд баригдсан нэгэн тайлгачийн бунханд археологийн малтлага хийхэд ятга гарч иржээ. Ятган дээрх чимэглэл ихээхэн сонирхол татдаг. Бух, үнээний дүрээр бурхныг хатантай нь дүрсэлсэн гэж үздэг. Эртний Энэтхэг, Грект ятгыг бурхад, дар эхээс, монгол домогт тэнгэр бурхдаас үүссэн гэж үздэг. Гүр дууны судар бичигт үлдсэн нэгэн домогт нэгэн галав юүлээд завсрын галав юүлсний дараа ятга хөгжим үүссэн тухай өгүүлжээ. Ятгыг Гандирсын хөгжмийн зэмсэг гэж байгаа юм. Бас бүтээгч эхтэй холбоотой гэдэг. Ардын домогт ятгыг халамжит ханиа үгүйлсэн сэтгэл, ачит эхээ санагалзсан сэтгэлээс үүссэн ч гэдэг. Хүнд оршсон адыг хувилгаан хөгжимчний дэлдсэн ятгын эгшгээр хөөн зайлуулдаг тухай домогт үлдсэн. Энэ домогт ятга нь ятгах увдистайг өгүүлжээ. Тэгээд би “Монгол ятга нь тэнгэрийн хөгжим болохын учир” гэж дүгнэсэн учир ийм.

-Ер нь хэдэн төрлийн ятга байдаг вэ?

-Монголд 36 төрлийн ятга хэрэглэж байжээ. Юань улсын хааны их ордонд ятгын чуулга байсан тухай жуулчид аялагчид өгүүлсэн байдаг. Марко Поло “Их хаан уухыг хүсвэл аягач нь хундгыг авч өгсний хойно гурван алхам гэдрэг ухраад, дорогш сөгдөж ёсолдог бөгөөд, бусад олон зочид нэг адил ёсолно. Өдий төдий олон тооны ятгач нар хөгжмөө цохих зэргээр хааныг уух тусам дуустал нь хөгжмөө дуугаргана” гэж тэмдэглэжээ. Хубилай хааны найрал хөгжимд тоглож байсан “Өдий төдий олон ятга” гэдэгт нь төрийн 27 ятга, агуу их 14 ятга, нийт 41 ятгыг хэлжээ. Зарим ятганд шинээр нэр өгч байж. “Өлзий ятга” гэж Б.Ринчен гуай нэр өгсөн байдаг. Манай нэг урлаач ятга урлаад Б.Ринчен гуайд үзүүлж “Та нэр хайрлаач” гэсэн юм байж.

Одоогийн концертод тоглож байгаа ятга нэг өөр. Ахуйд хэрэглэж байсан ятга бас өөр. Хүүхэд хөлсөөд байвал хуучны улсууд долоон утаст цуур гээд ятган дээрээ ая тоглоод, хүүхдээ саатуулчихдаг байжээ.

-Хубилай хааны ойгоор ятганд зориулсан бүтээл тоглоод байл уу?

-Ятгаа хийчихсэн ч утас сонгоход их учир бий. Хятад, солонгос, япон утас хийхээр монгол биш хөг аялгуу дуугараад болдоггүй. П.Байгальжав монгол болгоно гээд Буриадаас утас авсан. Ятгандаа ая оруулаад дуугаргаж үзлээ. Тохирох ая гэхээр “Цэнхэр залаа”-гаа тоглуулахаар таарахгүй. Таарах аялгуу олдохгүй юм байна гэсэн чинь “Цэнхэрлэн харагдах уул”-ын аялгуу сайхан таарлаа. Оюутнууд маань “Багш аа, та яг энийг дуурайсан бүтээл хийхгүй бол болохгүй нь” гэж надад “шифи” өгч байгаа юм. Хүн шиг байгаа биз. Хүн болгон өөр. Ааш араншинд нь тохируулсан юм хийхгүй бол болохгүй л дээ. Тэгээд тохируулж юм бичсэн болсон.

-Ятганы утас шөрмөсийг юугаар хийдэг байж вэ. Эрт үед гаднаас утас авчирна гэж байхгүй. Малын гаралтай түүхий эд ашигласан юм болов уу?

-Хилийн цаадах Алтайгаас олдсон скифийн ятга МЭӨ V-IV зууны үеийнх шүү дээ. Ятганы утсыг оросууд “Малын утсаар хийсэн” гээд байгаа юм. Харин манай “Алтай” ятганы утас олдоогүй. Гэхдээ утас байх ёстой газар нь өлөн байсан ул мөр илэрчээ. Малын гаралтай эдээр л хийсэн байгаа юм. Хэлмэгдүүлэлтийн үеэр хүнээс гадна хөгжмийн зэмсэг бас хэлмэгдсэн шүү дээ. Язгууртны хөгжим гэж ад үздэг. Бүр манжийн үеэс олуулаа нийлж, дуу хуур үүсгэх, бүжиг наадам хийхийг хоригложээ. Даншиг наадам, хүрээ цамыг л зөвшөөрсөн. Ордны хөгжим, соёлыг манжууд хаасан нь учиртай. Дахин сэргээд аятайхан болж байтал 1930-аад онд ардын хөгжимчдийг бас тараасан. Дараа нь хэрэгтэй юм байна гээд буцаагаад цуглуулах болсон чинь олон юм мартагдаж алга болсон байв. Бид өөрсдөө хүртэл танихаа байгаад ятга гэдэг үг орсон юм байна уу гээд хайхдаа тулжээ.

-Та сая энэ сэдвээр Монголч эрдэмтдийн их хуралд илтгэл тавихад судлаачид яаж хүлээж авсан бэ?

-Маш их асуулт ирж байна лээ. Бидэнд тулгардаг нэг хэцүү юм энэ. Би чинь Орост Свердловскийн Хөгжмийн дээд сургуульд сурсан. Баахан орос ном үзчихсэн, монгол ном үзээгүй. Төгсч ирсэн хойноо өөрөө хичээж, монгол юмаа үзэж байгаа. Надтай адилхан орос номтой улсууд их. Одоо бол Монголоос бусдыг нь судалчихсан улсууд олон. Унаган монгол мэдлэг муутай. Сая илтгэл тавихад хүмүүс сайхан хүлээж авч байна лээ. Хэлэлцүүлэг маягийн юм өрнөсөн.

-Таны бүтээлүүд “Тэнгэрийн дуудлага”, “Тэнгэрийн онгод”, “Эзэн сүлд”, “Онгодын дуулал” гээд л ахуйгаас хальсан маягтай юм аа?

-Энэ ийм учиртай юм. Хойно сурч байхад манай багш монгол хөгжим судлаачийн бүтээлийг уншуулаад байв. Оросын бөө судлаачдын бүтээл, бурхны шашны судлаачдын бүтээлийг их уншуулна. Манай багш бас жаахан үздэг хардаг. “Чи гэр рүүгээ залга даа, хүүхэд чинь өвдчихлөө” гэх жишээтэй. Би багштайгаа зөрчилдөөд “Би хөгжим зохиох техник сурах гэж ирсэн болохоос биш монгол юмаа сурах гэж ирээгүй” гээд хичээлд нь очихгүй зургаан сар болж билээ. Бүх хичээлдээ яваад, ганцхан багшийнхаа хичээлд очоогүй. Хөөрхий, их зөв юм ярьж байж. Нэг юм зохиохоор “Өө чи Чайковскийг хуулчихсан байна”, “Энэ чинь Бетховен байна” гээд их хэцүү. Хүний хийсэн юмыг базаж аваад, хогийн сав руу чулуудчихдаг хүн байлаа. Бүр гэдэн хөдөлгөдөг. Би аргаа олохгүй бүлтийсэн юм байсан даа. Монгол уламжлал соёлд чинь их юм байна гэдгийг ойлгуулах гэж ядаж байхад нь би эсэргүүцээд байсан юм билээ. Одоо бодоход ичмээр юм. Тэгж дургүйцэн байж сурсан юм чинь тэр. Социализмын үед дандаа л ажилчин анги, малчин түмэн гээд магтаж байсан. Ардчилал монгол хөгжимд их үүрэг гүйцэтгэсэн дээ. Хүн өөртөө, монгол хүндээ, шүтлэг бишрэлдээ зориулж бичих ёстой. Хөгжмийн зохиолчид дунд нэг айдас байдаг. “Бөөгийн юм оролдож болохгүй, хөл хугарчихдаг юм” гэх жишээтэй. Монгол бүтээл хийж байхад тэнгэр нь харж үзнэ шүү дээ. Юу гэж хөл хугарах вэ. Өөр юмнаас л болоо биз. Бидний ухамсарт социализмын үеийн айдас хадгалагдаж үлдсэн байдаг юм болов уу даа.


Categories
мэдээ цаг-үе

Бээжинд олуулаа сурдаг нэг ангийнхан

Шинэ цагийн “Нэг ангийнхан” уулзахаараа спортоор хүч сорьцгоодог юм байна. “Үй цай сургууль төгсөгчдийн нөхөрсөг нэг өдөр” хэмээх төгсөгчдийн сагсан бөмбөгийн тэмцээний үеэр Г.Хулантай танилцсан юм. Тэрбээр 20 настай. Бээжингийн их сургуулийн Санхүүгийн ангид сурдаг. “Үй цай” сургуулийн 2012 оны 12-ын “А” ангийн төгсөгч гэнэ. Тэд энэ удаа төгсөгчдийн сагсан бөмбөгийн тэмцээнд гуравдугаар байр эзэлсэн юм. “Манай ангийнхан 38-уулаа төгсч байлаа. Талаас илүү нь Хятадад сурч байгаа. Ихэнхи нь Бээжинд сурдаг. Бээжингийн Зам тээврийн их сургуульд гэхэд л тав нь сурдаг. Нэг охин Бээжингийн их сургуулийн анагаахад сурч байгаа. Харин Бээжингийн их сургуульд нийтдээ 20 гаруй монгол оюутан сурдаг. Манай факультетад би ганцаараа монгол” хэмээн Г.Хулан танилцуулав. Санхүүгийн ангид сурдаг хүн мэдээж тооны хичээлд толгой цохидог байж таарна.

-Тоондоо дажгүй шүү. Аав маань тооны багш. Багадаа математикийн олимпиад энэ тэрд орж байгаагүй ч тоонд илүү сонирхолтой. “Үй цай”-д сурч төгссөн болохоор Хятадад сурахад хэлний бэрхшээл байгаагүй. Хятадын Засгийн газрын тэтгэлэг аваад Бээжингийн их сургуульд орсон л доо. Болж өгвөл зун болгон гадаадад сургалтад хамрагдахыг хичээдэг. Энэ жил факультетаас шалгарсан таван оюутны нэг болж, Харвардад 14 хоног сургалтад хамрагдлаа гэж шинэ танил маань хуучилсан. Дүн, идэвхи харгалзаж Харвардад зочлох оюутнуудыг сонгосон гэнэ. “Харвард гоё сургууль байна лээ. Бээжингийн их сургууль ч орчин, сургалт тал дээрээ мундаг. Оюутны том хотхонтой. Сурах нөхцлийг дээд зэргээр хангаж өгдөг. Сургалтын төлбөрийн хувьд байгалийн ухааны чиглэлээр хичээллэж байгаа хүүхдүүд 30 мянган юань. Нийгмийн чиглэлээр суралцаж байгаа оюутнууд 28 мянган юаний төлбөртэй. Харин би тэтгэлгээр сурч байгаа болохоор сарын 2500 юаний хэрэглээний мөнгө авдаг гэж Г.Хулан тайлбарлав. Тэтгэлэгт хамрагдахын тулд хэрхэн бэлтгэх талаар түүнээс лавласан юм. “Жил бүр БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг зарлагддаг. Голдуу хятад хэл дээр голч оноо аваад, тоо, англи хэлний хичээлээр шалгалт авдаг. Хятад хэлний түвшин тогтоох шалгалтад дөрвөөс дээш зэрэгтэй байх шаардлага тавьдаг. Манай сургуулийнхан бол ихэвчлэн зургадугаар зэрэглэлтэй шалгагддаг” гэж тэр хариуллаа. Дунд сургуульд сурч байхдаа Г.Хулан дууны тэмцээнд ордог байжээ. “Хулгана будаанд дуртай” гэдэг хятад дуу дуулдаг байсан гэнэ.

Гэхдээ энэ нь хулгана юм уу будааны тухай биш хайрын дуу. “Хулгана будаанд дуртай байдаг шиг би чамд хайртай” гэх нь аргагүй л тариалангийн соёлтой ард түмний сэтгэлээс гарах үгс. Арваннэгдүгээр ангид байхдаа Г.Хулан “Дорнын аялгуу” хятад дууны тэмцээнд гуравдугаар байрт орсон удаатай. Дунд сургуульд байхдаа тэд дуу, бүжиг, илтгэл, мэтгэлцээн, спорт урлагийн тэмцээнүүдэд оролцдог.

Г.Ариунбуян Санхүү эдийн засгийн дээд сургуулийн 2+2 хөтөлбөр буюу Тайваньтай хамтарсан хөтөлбөрт хамрагдаж төгсчээ. Эхний хоёр жил нь Монголд, сүүлийн хоёр жил нь Тайваньд сурч, хоёр дипломтой төгсдөг. Санхүү менежментийн мэргэжилтэй. Би дунд сургуульд байхдаа математикийн хичээлдээ сайн байсан. Инженер, архитектур сонирхдог ч “Заавал санхүүгээр сур” гэсэн гэрийнхнийхээ “шахаа”-нд орж энэ мэргэжлээр сурах болсон. Эхний нэг улирал дургүйд хүчгүй гэгчээр явсан. Сүүлдээ “Нэгэнт эхлүүлсэн юм чинь эцсийг нь үзье” гээд хичээж сурсан л даа” хэмээн Г.Ариунбуян ярилаа. Тэрбээр гуравдугаар ангидаа “Үй цай”-д шилжиж ирсэн болохоор ангийнхнаа гүйцэх, хятад багштайгаа хэл нэвтрэлцэх бэрх даваа байжээ. “Эхний нэг сар юугаа ч мэдэхгүй явсан. Шарандаа л гүйцсэн дээ” гэж тэр хэллээ.

Манай ангийнхан нийтэч, бүх юмаараа тэргүүлэгч анги байсан. “Үй цай”-д хүүхдүүд ачаалал дааж, сууж сурдаг. Хятад багш нар “чанга” зарчимч. Даалгавар хийх ёстой. Хийгээгүй ирвэл шийтгэдэг хэмээн ангийнхан дурслаа. Шийтгэл нь цээж бичиг бичих, анги цэвэрлэх гэх мэт олон хэлбэртэй. Гаран дээр цохих шийтгэл ч байж. Г.Хулан “Гурван ханз алдвал гурав цохино” гэх мэт дүрэм үйлчилдэг. “Манай ээж аав хүүхдээ нэг их өмөөрдөггүй. Би айлын бага. Нэгдүгээр ангидаа хичээл хийдэггүй. Хичээл дээрээ заримдаа барбигаа авчирдаг охин байсан. Хүүхдүүд өдөр үзсэн хичээлээ гэртээ харихаасаа өмнө давтаж, багшдаа шалгуулаад явдаг. Харин би хамгийн сүүлд тоглоод үлддэг байв. Шийтгүүлсэн гэхээр ээж, аав нэг их юм хэлдэггүй. “Юм сурч байгаа юм чинь” гэдэг. Би бас цохиулчихаад гүйж явдаг хээгүй хүүхэд байж дээ гэнэ.

Г.Хүрэлбаатар сургуульд орохоосоо өмнө уншиж бичээд сурчихсан сүрхий хүү. “Хойд дэнж дээр цэцэрлэгийн байранд нэг сайн сургууль байна гэнэ” хэмээн эмээ, өвөө нь ярилцаад “Үй цай”-г сонгосон юм. Манай Д.Цэцэгмаа захирал “Бэлтгэл эхэлчихсэн, хүүхдийг чинь авахгүй” гэхэд өвөө маань “Сайн хүүхэд байгаа юм, авчих” гэж билээ. Сурагч үедээ эргэж очмоор санагддаг. Одоо Бээжингийн Зам тээврийн их сургуульд сурч байгаа. Төмөр замын тээвэрлэлт, зохицуулалтын чиглэлээр сурдаг гэж Г.Хүрэлбаатар ярилаа. Тэр “Тэр тамирчин баймаар төрхтэй харагдсан ч спортод сайн биш. Өндөр болохоор хүчээр сагс тоглуулдаг юм” гэж хэлсэн. Харин ангийн охид нь түүнийг “Шүлэг сайн бичдэг” гэж магтлаа. Ангийн шүлэгч тэрбээр “Эмээ өвөө болсон ч эргэж уулзаад шоудна” хэмээн шүлэглэсэн удаатай. Харин одоохондоо ирээдүйн өвөө маань аав болж амжсан. Г.Хүрэлбаатар ангийн анхны аав гэнэ. Охин нь хоёр ой хүрч байгаа. “Чамайг түрүүлж аав болно гэж бодсонгүй” гэсэн үгийг мань шүлэгч ханатлаа сонсчээ.

Хамт өссөн болохоор одоо ч дотно байдаг гэж “Үй цай”-гийнхан өөрсдийгөө тодорхойлсон. “Өглөө найман цагаас хичээл эхлээд, үдээс хойш 16-17 цаг хүртэл сургууль дээрээ хамт байсан хүүхдүүд шүү дээ. Бээжинд сурдаг оюутнууд хамт “шоуддаг” гэнэ. Өвөл, зуны амралтаараа Монголдоо ирэхээрээ бусдыгаа уриалж уулздаг. Бээжинд нэгнийхээ өрөөнд цуглаад хуушуур, нийслэл салатаа хийж иднэ. Хамт аймшгийн кино үзэж, паркаар өдөржин тоглож байсан л гэнэ. “Төгсөөд эх орондоо хэрэгтэй юм хийх тухай ярьдаг уу” гэсэн чинь Г.Хулан “Тийм юм ярьсан нь өвөө болдог байхгүй юу” хэмээн наргиа болгов. Харин ангийн хүү Г.Хонгор “Бид хамт суугаад орчлон ертөнцийн зүй тогтол, улс төр, шинжлэх ухааны талаар ч их ярьдаг байлаа. Дунд сургуульд байхдаа ийм юм ярихаар өвөө гэж хочлуулдаг байсан” хэмээн тайлбарлав.

Г.Хонгор Бээжингийн инженер технологийн их сургуульд “Юмсын интернет” гэсэн мэргэжлээр сурдаг. “Аливаа төхөөрөмжийг интернэтэд холбож, ухаалаг болгоно гэсэн үг” гэж тэр өөрийнхөө мэргэжлийг танилцуулсан. Хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх чиглэлээр ажиллах гэнэ. Физиктээ сайн байсан. Техник сонирхдог. Аравдугаар ангид байхдаа МҮОНТ-ийн “Залуу зохион бүтээгч” нэвтрүүлэгт өвөөтэйгээ хамт оролцож байсан. “Өвөө автын инженер хүн. Өвөөгөөсөө жаахан авьяас, хобби өвлөж авсан” гэлээ. Кноп дарахад л цонхны шил арчигч ажиллах учиртай. Цонхны шил яаж арчиж болох вэ гэж өвөөтэйгээ ярьж байгаад бичил схем угсарч, автоматаар цонх руугаа цэвэрлэгч шингэн цацаад, резин нь өөрөө гүйж арчдаг төхөөрөмж хийсэн юм. Миний санаа хэрэгжсэн ч их мөнгө хэрэгтэй болсон. Одоо бол би ухаалаг эд юмс хийдэг хүн болно. Багын хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжтой болсон. Хийхээр хүссэн юм маш их. Миний энэ мэрэгжил 2010 онд дөнгөж үндсэн тодорхойлолт нь гарсан шинэ мэргэжил. Сайн сурч аваад Монголдоо ихийг хийнэ гэсэн бодолтой байгаа гэж тэр хэллээ. Г.Хонгор сурагч байхдаа хөл бөмбөг тоглодог байжээ. Бээжинд очоод бейсболоор хичээллэдэг болсон гэнэ. Хараахан ирж амжаагүй нэгнээ ч дурсацгаав. “Манай ангийн хамгийн толгой сайтай хүүхдүүдийн нэг С.Мөнхтулга Тайваньд тэтгэлэгээр сурч байгаа. Англи хэл зааж байгаа гэсэн. Тайванийн хоёр дахь хэл нь англи хэл. Гэтэл манай хүн очоод оюутануудад англи хэл зааж байгаа” гэж ангийн хүү нь бахархав. “Төгсөөд ирэхийг нь хүлээж байгаа” гэнэ шүү.

Нэг удаа ангийн хамгийн хамгийнаа тодруулжээ. “Хамгийн урт сормуустай”-гаар Х.Ханбогд тодорч байсан гэнэ. Урт сормуустай түүнд охидууд атаархсан гэнэ шүү. Г.Хулан “Би лав хамгийн түргэн ууртай нь болж байсан” гэснээ “Тэрийг хэн шалгаруулсан бэ” хэмээн “нэхэн” заргалдав. Одоо болтол тэр энэхүү шалгаруулалтад гомдолтой явдаг аж. “Хамгийн алиа хүү”-гээр жүжигчин Амбийгийн хүү Б.Эзэнбат тодорчээ. “Ангийнхнаа хөгжөөдөг хүүхэд. Одоо жүжигчний мэргэжлээр Солонгост Кёонги их сургуульд сурдаг гэж нөхөд нь танилцуулсан.

Б.Оргил “Хичээл хийдэггүй, сахилгагүй биш, ангид байгаа байхгүй нь мэдэгдэхгүй чимээгүй хүн байсан” гэж өөрийгөө тодорхойлов. Одоо аавынхаа компанид ажилладаг. Машины мотор засдаг тэрбээр механикийн инженер мэргэжлээр ХААИС-д сурдаг ажээ. “Б.Оргил мундаг зурдаг” гэж ангийн охин нь магтлаа. Ангийн охиныхоо гуйлтаар ээжид нь зориулж мартаар сарнай зурж өгчээ.

Б.Чингүүн Бээжингийн Зам харилцааны их сургуулийг төгсч ирээд байгаа. “Бээжингийн Зам харилцааны их сургуулиас тэтгэлэг өгдөг. Хамгийн анх тэтгэлэг өгч эхлэхэд манай ангийнхан төгсч байсан болохоор манай төгсөлтийнхөн энэ сургуулийг их сонгосон” гэж Б.Чингүүн тайлбарлав. Б.Чингүүн бизнесийн удирдлагаар төгссөн гэнэ. “Манай сургууль Зам тээврийн яам, Улаанбаатар төмөр замтай гэрээтэй жил бүр боловсон хүчин бэлтгэдэг. Хятад дахь хамгийн олон монгол оюутантай сургууль. Харин “Үй цай” сургууль маань улирал болгон ямар нэг тэмцээн зохиодог. Манай ангийнхан хамт олонч. Зундаа төгсөгчдийн сагсан бөмбөгийн тэмцээн, өвөлдөө цасны баяр болдог. Хэдий төгссөн ч сургуультайгаа, хамт олонтойгоо холбоотой байдаг” гэж тэр ярьсан юм.

С.Цэнд-Аюуш Шанхайн шинжлэх ухаан технологийн их сургуулийг олон улсын худалдаа эдийн засагч мэргэжлээр төгсөөд Монголдоо иржээ. Хятад хэлэндээ илүү дуртай болохоороо орчуулга хийх хүсэлтэй гэнэ. “Багадаа байнга онигоонд ордог охин байлаа. Манай ангийн том биетэй Б.Дэнзэнсамбуу гэж хүүхэд одоо сүмо барилдахаар Японд байгаа. Тэр хүүхдийг зогсч байхад очоод “Хоёулаа хөөцөлдөж тоглоё” гэж хэлээд шоолуулж байсан хэмээн тэр дурсав.

С.Эрдэнэбаатар ч бас Зам харилцааны их сургуулийн барилгын факультетийг төгссөн гэнэ. Багадаа дуугүй хүүхэд байсан ч аавын тухай бичсэн зохион бичлэг нь ангийн багшийн сэтгэлд хоногшиж үлджээ. “Долдугаар ангид байхад нь аав нь өөд болсон юм. Аавынхаа мэргэжлийг өвлөж авах зорилго тавьсан хүүхэд. Эхнээсээ зорилгодоо хүрч яваа” хэмээн ангийн багш Ц.Оюунчимэг хэллээ. Харин С.Цэнд-Аюуш “Манай сургуулийн чанга багш. Хүүхдүүдийн хайртай багш. Манай ангийг илүү их батжуулж, дурсамж үлдээсэн” гэж ангийн багшаа магтсан. Хүүхдүүдийн “Арван жилийн дараах өөртөө бичсэн захидал” нь багшид байдаг. Ангийнхныхаа бичсэн зурвасыг багш нь ядрахаараа гаргаж ирж уншиж эрч хүч авдаг гэнэ. С.Цэнд-Аюуш багшийгаа дэлхийгээр аялуулна гэж амласан удаатай. “Би аялах улсаа сонгочихсон байгаа” гэж багш нь наргиа болгосон. “Манай ангийнхан ихэнхи нь төгсч байгаа. Тэтгэлэг авсан хүүхдүүд ирэх жил төгсч ирнэ. Манайхан өвлийн уулзалтаараа жаал ярьж суусан. Шавь нартайгаа мессенжерээр харилцчихдаг. “Hi, багшаа юу байна” гээд мессенжерт ороод ирдэг. Б.Эзэнбат гээд жүжигчин Амбийгийн алиа хүү бий дээ. Тэр юм юм зохион байгуулдаг хэмээн багш нь ярилаа. “Ангийн артерын судас” гэж бас нэг хүү Б.Эзэнбатыгаа тодорхойлсон.

Хүүхдүүд нэгдүгээр ангиасаа хятад, монгол хоёр ангийн багштай явжээ. Хятад багш нар жил бүр солигдож ирнэ. Нэгээс гуравдугаар ангийнханд монголоор ярьж чаддаг, өвөрмонгол багш нар хятад хэл заадаг. Ойлгохгүй зүйлийг нь тэд монголоор тайлбарлаж өгдөг сайн талтай. Анги өгсөхөд огт монголоор ярьж чаддаггүй хятад багш нар уригдан ирж хичээл заадаг. Ахлах ангийнхан харин хятад багш нартаа оруулагч хийж тусалдаг юм билээ. “Эмээ өвөө болсон ч эргэж уулзаад шоудах” нэг ангийнхны уулзалтын түүх ийм.


Categories
мэдээ цаг-үе

Жанцангийн Азжаргал: Одоо ч аавынхаа ажил дээр очих дуртай

Үндсэн хуулийн цэцийн дарга, Монгол Улсын гавъяат хуульч H.Жанцангийн хүү Азжаргалтай ярилцлаа. Ж.Азжаргал өдгөө “Тайванийн үндэсний их сургууль”-д хууль эрх зүйн ангид сурч байгаа. Удахгүй төгсөх энэ залуу аавынхаа мэргэжлийг өвлөж авсан отгон хүү.

-Азжаргал гэдэг нэрийг аав тань өгсөн үү?

-Миний нэрийг аав өгсөн.

-Яагаад хуулийн ангийг тэр тусмаа Тайванийг сонгосон бэ?

-Хэд хэдэн шалтгаан байсан л даа. Гэрийнхэнтэйгээ зөвлөлдөөд Тайваний хууль Монголынхтой ч төстэй юм байна гэж үзсэн. Тайваний хуулийг Монголтой адил Германаас хуулж авчирсан байдаг. Японы бага зэрэг нөлөө байдаг л даа. Манай гэрийнхэн тэр үед Тайваньд томилогдож очсон нь ч нөлөөлсөн. Аавынхаа мэргэжлийг өвлөе гэж бодсон юм. Аав мэдээж мэргэжил сонгоход миний санаа бодлыг асуусан л даа. Багаасаа л аавыг харж өссөн учраас надад ч сонирхол байсан. Аав, ээжийнхээ ажил дээр очих дуртай хүүхэд байлаа. Аавынхаа хажууд суугаад ажиллахыг нь харах гоё санагддаг. Одоо ч аавынхаа ажил дээр очих дуртай. Тайвань өртөг өндөртэй газар. Маш их мэрийж хичээхгүй бол болохгүй.

-Сурахын хажуугаар ажил хийж байв уу?

-Орчуулагч хийж үзсэн. Бас “Дэлхийн зөн”-д сайн дурын ажил хийж байлаа.

-Мэргэжил нэгтэй аав, хүү хоёрт санаа нийлдэг сэдэв, ижил хобби байгаа юу?

-Аав бид хоёр олон юман дээр санаа нийлдэг. Мэргэжил нэгтэй болохоор надад үргэлж зөвлөгөө өгч, санал бодлоо хуваалцдаг. Мөн аавын бичсэн хуулийн номнуудыг үзэж судалдаг. Аав маань зоос болон маркны цуглуулгатай. Өөрийн цуглуулгаар 2015 онд “Монгол Улсын ховор марк, мөнгөн тэмдэгт” гэдэг судалгааны шинжтэй ном гаргасан. Энэ ном Сингапур 2015 дэлхийн маркны үзэсгэлэнгээс алтадсан мөнгөн медаль хүртсэн юм. Олон улсын хошой мөнгөн медальтай бүтээл л дээ. Монгол маркийг дэлхийд сурталчилах аавын маань зорилго биелэлээ олсон. Хобби бол бие даасан шинжлэх ухаан гэж би боддог. Хоббинд маш их цаг зав шаардлагатай болохоор одоохондоо өөрийгөө хязгаарлаж байгаа. Би ч бас аав, ээж хоёр шигээ янз бүрийн зоос, марк цуглуулах дуртай. Тайваньд Монголын гоё маркууд байдаг л даа. Тайваньд Монгол хаадын хөрөг зураг байдаг. Тэднээрээ гоё марк гаргадаг. Монголын нууц товчооны эх хувь ч тэнд хадгалагдаж байдаг юм билээ.

-Ээжийнхээ тухай танилцуулаач. Ээж тань бас цуглуулагч гэсэн үү?

-Миний ээжийг Б.Насанжаргал гэдэг. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын хүн. Ня-бо, эдийн засагч мэргэжилтэй. Октябрийн районы Гүйцэтгэх захиргаа болон Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газарт байцаагч, мэргэжилтнээр ажиллаж байсан. Нийгмийн даатгалын тэргүүний ажилтан, Нийслэлийн тэргүүний ажилтан цол тэмдэг болон “Алтан гадас” одонгоор шагнагдсан юм. Ээж маань сүүлийн долоон жил монгол шаазан цуглуулж байгаа. Өнгөрсөн жил “Монгол шаазангийн цуглуулга” номоо гаргасан. Монгол шаазангийн цуглуулга нь 1955 оноос 1995 он хүртэлх 40 жилийн хугацааг хамардаг. Өөрөөр хэлбэл Шаазангийн үйлдвэрийн үүслээс авахуулаад хувьчлах нэрээр устгах хүртэл хугацааг хамарсан гэсэн үг.

-Аавынхаа төрсөн нутагт очиж үзсэн үү?

-Манай аав Сүхбаатар аймгийн Асгат сумын Бөөрийн сүм буюу хожим нь Асгат сумын төв байрлаж байсан Бөөр гэдэг газар төрсөн. Аавынхаа төрсөн газар хэд хэдэн удаа очиж үзсэн л дээ. Хязгааргүй уудам тэгш тал, халиуран найгасан өвс ургамал, агь таана, өвгөд, дээдсийн шүтэж ирсэн онгон шүтээн Алтан-Овоо, Өлзий давхар уул, Ганга нуур, Дагшин дуут гээд маш үзэсгэлэнтэй газруудтай. Аав маань хүүхэд байхдаа теннис, шатар тоглодог даамчин хүүхэд байсан гэдэг. Шатар даамаар ангийн аварга бол энүүхэнд. Аймгийн хэмжээнд өрсөлддөг байжээ.

-Таны хувьд ямар спортоор хичээллэдэг вэ. Жүдогийн цагаан өмсгөлтэй зургийг чинь харж байсан. Бие хамгаалах урлагаар бас хичээллэдэг үү?

-Миний хувьд ширээний теннис, шатар сагсан бөмбөгт дуртай. Бас бие хамгаалах урлагаар хичээллэдэг. Жүдогоор хичээллээд гурван жил болж байна. 2016 оны зургадугаар сард сургуулийнхаа жүдогийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож алтан медаль авсан.

-Аавдаа зэмлүүлэх үе байсан уу?

-Аав, ээждээ зэмлүүлэх үе байлгүй яах вэ. Би багадаа нэлээд сахилгагүй хүүхэд байсан. Нэг удаа аавыг телевиз үзэж байхад нь ширээн дор нь нуугдаж ороод, аавын хөлийг ширээний хөлтэй уячихсан юм. Аав тэрийг мэдэлгүй ширээний хөлийг угз татаад босоод явчихаж билээ.

-Тэгж зүггүйтсэн хүн ямар шийтгэл хүлээв?

-Аав ээж хоёрт нэлээд их загнуулж байсан санагдана. Ширээн дээрх юмнууд нурж унаад намайг гэмтээх аюултай байсан болохоор тэр хоёр бас нэлээд сандарсан л даа.

-“Америкт суралцсан тэмдэглэл” гээд бестселлер ном байдаг. Та Тайваньд суралцах жор хэлж өгч болох уу?

-Тайваньд хүүхдүүдийг ном унших номын сан, орчинг сайхан бүрдүүлдэг. 24 цагийн номын сан ч байна л даа. Тэр нь бүр кофе шоп шиг. Номоо ч уншчихна. Компьютерээ гаргаад сайхан тухлана. Өдөржингөө тэнд сууж болдог. Би Тайваний үндэсний их сургуульд орохын тулд тухайн сургуульд бүрдүүлж өгч байгаа материалаа маш цэгцтэй бэлтгэсэн. Маш их судалгаа хийж судалгаан дээрээ үндэслэж баримтуудаа цуглуулж байсан л даа. Хуулийн чиглэлээр суралцахад Хятад хэлний түвшин тогтоох шалтгалтын дүн, дунд сургуулийн шалгалтын оноо, зэрэг материал бүрдүүлдэг. Бүрдүүлсэн материалдаа өөрийн дөрвөн жилийн зорилтоо бичих юм бол нэмэх нэгээс таван оноо өгдөг гэх мэт шалгуур байдаг. Оноогоор дүгнэдэг учраас бүх юмандаа чамбай хандах хэрэгтэй.

-Хятад сургалтын өвөрмөц арга барил байдаг уу?

-Би “Үй цай” бүрэн дунд сургууль төгссөн болохоор хятад хэлэн дээр бэрхшээл гараагүй. “Үй цай” сургууль хүүхэд бүрийг сонирхлынх нь дагуу дэмждэг. Өглөө наймд хичээл ороод, 15 цаг өнгөрөөж тардаг байлаа. Хичээлийн дараа хоёр цаг давтлага хийж, даалгавраа хийж дуусгаад харьцгаадаг. Энэ нь биднийг сууж сурахад нөлөөлсөн гэж боддог.

Тайваний боловсрол арай өөр. Багш нар нь хүүхдүүдтэйгээ яг л найз нөхөд шиг байдаг. Хажууд нь инээлдээд, хичээл зааж байхад нэг нь гараад явсан ч тоохгүй. Маш чөлөөтэй. Оюутан багшийн харилцаа гайхалтай нээлттэй байж чаддаг.

Тайвань латин америкчууд, европууд, азиуд олноороо ирж, аялдаг жижигхэн гайхалтай үзэсгэлэнтэй арал. Тэр арал дээр есөн шидийн хүмүүс ирдэг. Космополит гээд энэ дэлхий бол миний эх орон гэж үздэг залуустай найзууд болсон. Тэд бас Монголд аялсан л даа. Тэд маш бага өртгөөр хэрхэн яаж аялахыг судлаад мэдчихсэн байдаг. Тийм хүүхдүүдээс авууштай нь юу гэхээр олон газар үзэж сонирхож тухайн орны соёлоос авахуулаад маш их юм сонирхдог. Миний нэг таньдаг хүүхэд дөрвөн жил гэртээ харилгүй төгссөнийхөө дараа л нутаг буцсан. Тэр эцэг эхтэйгээ скейп, фейсбүүкээр харилцчихдаг юм. Манай багш нар бас хэлдэг л дээ. “Залуудаа улс орнуудаар аялж үз. Хил давахад та нарыг өөр уур амьсгал угтаж авна. Өөрөө хүсээд, хичээх юм бол хэрэгтэй зүйлээ мэдэж авна” гэдэг.

-Багшийнхаа зөвлөснөөр аялж амжсан уу?

-Тайваньд байгаа болохоор тэндээ нэлээд аялсан л даа. Хонгконг, Сөүл, Бээжингээр дамждаг болохоор энэ улс орноор бас явсан.

-Н.Жанцан гуайг УИХ-ын гишүүдэд тайлбар хийж байгааг харж байсан. УИХ-дээр тайлбар хийхдээ ч хатуу зарчимтай, өөрийнхөөрөө байж чаддаг хуульч?

-Манай аавын ажил хариуцлагатай, зарчимч байхыг шаарддаг. Аав, ээж маш сайхан зөөлөн хүмүүс. Хатуурхаж тэг ингэ гэдэггүй. “Юу хүсч байна. Түүнийхээ төлөө яв. Гэхдээ эцсийг нь үзэх ёстой” гэж бидэнд хэлдэг. Хамгийн гол нь эхэлсэн юмаа дуусгах ёстой. Маргааш нөгөөдөр гэж хойшлуулж болохгүй гэж захидаг.

-Эхээс хэдүүлээ вэ?

-Гурвуулаа. Манай том эгчийг Ж.Туул гэдэг. Одоо Тайваньд мэргэжил дээшлүүлж байгаа. Ахыг маань Ж.Онон гэдэг. Хувиараа ажил хийдэг.

-Хятад хэл сурах сонирхолтой хүмүүст арга барилаа сонирхуулаач?

-Хүн бүр өөрийн аргатай. Би бол цээжилж сурах нь үр дүнтэй гэж үздэг. Дасгал хөдөлгөөн хийхтэй адил шүү дээ. Хүн байнга төмөр өргөж, булчингаа хөгжүүлдэг бол байнга юм уншиж, цээжилж байж тархинд дасгал болдог. Ханзыг хүмүүс харчихаад зураг шиг гэж хэлдэг л дээ. Яаж цээжилдэг юм бэ гэдэг. Байнга цээжлэхэд нүдэнд дасал болдог юм. Тайваньд хятад хэлний нэгдүгээр курст байхад гадаад оюутнуудад хятад хэлний хичээл ордог. Шалгалт авах гээд 20 ханз цээжлэх даалгавар өгсөн. Завгүй байгаад цээжилж амжаагүй. Багш шалгалт авч эхлэхэд завсарлагааны 10 минутад 20 ханзыг гялс цээжилчихсэн. Тэгээд бодоход хүнд маш их нөөц бий. Биднийг бага байхад суулгаж юм цээжлүүлж, сургасны үр дүн.

-Ном унших дуртай гэсэн. Хамгийн сүүлд ямар ном уншив?

-Саяхан амралтаараа С.Сосорын “Хүнчин” романыг уншлаа.

-Гадаадад сурдаг ч Монголынхоо хуулийг судалж байдаг уу?

-Судлалгүй яахав төгсөөд Монголдоо ирж ажиллана гэж боддог. Монголынхоо хуулийг судлахгүй бол явахгүй шүү дээ.

-Ер нь жирийн тайваньчууд Монголын талаар хэр мэдээлэлтэй байдаг вэ?

-Хүмүүс ихэвчлэн мэддэггүй. Тайваньчууд өвөрмонголчуудтай андуураад байдаг. Гадаад Монгол, дотоод Монгол гээд нэрлэчихсэн. Бид оршин суух үнэмлэх авдаг юм. Жил бүр сунгадаг тэр картан дээр бүр “Гадаад монгол” гээд тэмдэглэчихсэн байсан. Тэгээд бид холбогдох албанд нь хандаж, “Гадаад Монгол гэж нэр томъёо байхгүй. Та нар энийгээ засах хэрэгтэй” гэж байж Монгол гэсэн нэрээрээ явах болсон. Одоо бол хаа сайгүй Монголыг таньж эхэлж байна даа.

Categories
мэдээ цаг-үе

Г.Баасанжав: Олон улсын физикийн олимпиадаас алтан медаль авах зорилго тавиад шавьтайгаа бэлтгэж байгаа

Г.Баасанжав багш шавьдаа “Азийн физикийн олимпиадын футболк нь арай тод аятайхан юм билээ. Солиод өмсчих, медалиа зүүгээрэй” гэж зөвлөж байна. Л.Дөлгөөн хүү багшийнхаа үгийг шууд хэрэгжүүлж, “Олон улсын физикийн олимпиад” гэсэн бичигтэй футболк дээрээ “Азийн физикийн олимпиад”-ынхыг давхарлаж өмсөөд бас Олон улсын физикийн олимпиадын хүрэл медаль дээрээ Монгол Улсын физикийн олимпиадын алтан медалиа зүүчихлээ. Багш, шавь хоёр ийнхүү бэлтгэл хангаад зургаа авахуулсан юм. Л. Дөлгөөн хүүгээс хэдэн медальтайг нь сонирхоход багш нь түрүүлж “30-аад медаль байгаа” хэмээн тоо хэллээ.

Швейцарийн Цюрих хотноо болсон Олон Улсын физикийн олимпиадад 90 орны шилдэг 450 сурагч оюун ухаанаа сорьж, уралдсан юм. Ахлах ангийн сурагчдын дунд болдог уг олимпиадад эх орноо төлөөлж оролцсон хүүхдүүд маань нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн билээ. Олон Улсын физикийн олимпиадын хүрэл медальт “Шинэ Монгол” сургуулийн арванхоёрдугаар ангийн сурагч Л.Дөлгөөн, түүний багш Г.Баасанжав нартай ярилцлаа.

Г.Баасанжав багш 1971 онд МУИС төгссөн цагаасаа физикийн багш хийж байгаа. “Шинэ Монгол” сургуульд багшилж байгаад тэтгэвэрт гарчээ. Өдгөө тэрбээр сургуульдаа зөвлөх багшаар ажиллаж, олимпиадын хүүхдүүд бэлтгэдэг.

Олимпиадад хүүхэд “уях” талаар гаршсан ахмад багш Олон улсын физикийн олимпиад хүртлэх үе шатуудыг ийнхүү тайлбарлав.

-Манайх Байгалийн ухааны олимпиад ялангуяа математик, физик, химээр олон улсын түвшинд хүрэх боломж байна. Боловсролын яамнаас өнгөрсөн жилүүдэд физик, химийн иж бүрэн лабораторийн тоног төхөөрөмжийг хот, хөдөөгийн 200 сургуульд хуваарилсан. Энэ нь физикийн сургалтыг сайжруулах нэг гол нөхцөл боллоо. Физикийн олимпиадад зөвхөн тоо боддог юм биш туршилт явуулдаг. Онолын бодлого, туршилтын бодлого гэсэн хоёр үндсэн чиглэлээр явдаг юм. Манай улсад физикийн олимпиад шаталсан хэлбэрээр явдаг шүү дээ. Дүүргийн, хотын, улсын олимпиадаас гадна нэрэмжит олимпиадууд болно. Үүнээс шалгарсан хүүхдүүд Азийн физикийн олимпиадад оролцдог. Азийн физикийн олимпиадаас шалгарсан хүүхдүүд Олон улсын физикийн олимпиадад оролцдог юм. Олон улсын физикийн олимпиадад оролцох хүүхдийн зардлыг Боловсролын яамнаас даадаг. Азийн физикийн олимпиадад оролцох хүүхдүүдийн зардлыг даах газар байдаггүй. Цаашдаа энэ талаар яам, хотын удирдлага анхаараасай. Физикийн олимпиадад нэг ангид таван хүүхэд бэлтгэхэд цаашаа нэг хүүхэд таван хүүхдийг бэлтгэдэг. Олимпиадад бэлтгэх явцад суурь сургалт сайжирдаг. Анхны физикийн олимпиадын хүрэл медалийг 2004 онд нэгдүгээр сургуулийн сурагч М.Отгонбаатар авсан. Дараа жил нь мөнгөн медаль ч авлаа. Одоо алтан медаль авах зорилт зөвхөн “Шинэ Монгол” сургуулийн төдийгүй Монгол Улсын хэмжээнд багш нарын өмнө дэвшүүлж байгаа том зорилт юм гэлээ.

-1971 онд та физикийн багш байжээ. Нийгэм солигдоход хичээлийн агуулга өөрчлөгдөөгүй учраас нийгмийн ухааны багшаас илүү физикийн багш байхад амар байсан болов уу. Гэхдээ далаад оны хүүхдүүд өнөөгийн хүүхдүүдээс маш их ялгаатай байх?

-Физикийн сургалтын агуулга өөрчлөгдөөгүй. Энэ хичээлийг сурагчдад хүргэх арга нь өөрчлөгдөж байгаа л даа. Хүүхэд бол хүүхэд шүү дээ. Гэхдээ одоогийн хүүхдүүд мэдээллийг олон сувгаар авч байна. Мэдээлэл хүлээж авах чадвар сайн байна. Эдэнд тохируулж хичээл заах арга багш болгонд өөр.

-Хүн болгон физикч болохгүй шүү дээ. Харин физикийн хичээлээр амьдралд хэрэг болгох мэдлэгийг олгох хэрэгтэй санагддаг?

-Ер нь дунд сургуульд орж байгаа ерөнхий боловсролын эрдэмүүд математик, физик, биологи хүнийг хүн болгож төлөвшүүлж байгаа юм. Хүний уураг тархийг хөгжүүлж байна шүү дээ. Математикийн долоон томъёог үзсэнээр хүүхэд сэтгэн бодох чадвар нь төлөвших, оюун дүгнэлт гаргах, физикийн хичээлээр Омын хуулийг үзсэнээр хүүхэд цахилгаан хэлхээний гүйдэл хүчдэлийн хамаарлыг ахуй амьдралдаа яаж хэрэглэх мэдлэг олж авна.

-“Физикийн олимпиадад бэлтгэх бодлогууд” гэсэн ном та гаргасан байна. Тухайлбал энэ номонд орсон бодлогууд Олон улсын физикийн олимпиадад ирдэг үү?

-Ирнэ. Өөрөөр хэлбэл энэ чинь бэлтгэл суурь нь болж өгч байна шүү дээ. Олон улсын физикийн олимпиадад бэлтгэх ном тусдаа байна. Их сургуулийн багш нар ийм ном гаргасан. “Шинэ Монгол” сургуулийн, Монгол Улсын гавьяат багш Р.Бавуудоржийн “Олон улсын физикийн олимпиадад бэлтгэх бодлогын ном” бас гарсан. Ингээд бид иж бүрэн сургалтын системтэй, материаллаг баазтай болсон юм.

-Олон улсад өрсөлдөх хүүхдүүдээ тусгайлан бэлтгэдэг үү?

-Би 2004 оноос хойш Олон улсын физикийн олимпиадад хүүхэд бэлтгэж байна л даа. Анх Англид физикийн олимпиадад хүүхдээ авч явж бэлтгэж байсан үеийн бодлогын түвшин одоо үнэхээр өөр болжээ. Зөвхөн дунд сургуулийн сурах бичиг уншаад, олон улсын олимпиадад оролцож чадахгүй. Өндөр түвшинд бэлтгэж байж амжилт гаргана. Гадаадад бол олон улсын олимпиадад системтэйгээр бэлтгэж байна л даа. Олон газар физикийн лицей сургуулиуд байна. Тусгай сургуулиуд бий. Жишээлбэл Хятад, Сингапурт байгалийн ухааны тусгай сургуулиуд байдаг. Лицей, тусгай сургуулиуддаа бэлтгэдэг. Манайд бол олон улсад өрсөлдөх хүүхдүүдээ масс сургалтаас гаргаж, бэлтгэнэ гэдэг их хүч зарцуулдаг ажил. Зөвхөн дунд сургуулийн багш нар бус шаталсан сургалт хийж, МУИС-ийн физикийн багш М.Отгонбаатар, Д.Улам-Оргих нарын хамтын хөдөлмөрийн үр дүнд л хүүхдүүд маань амжилтанд хүрч байна. “Шинэ Монгол”-ын багш нар төдийгүй, нэгдүгээр сургуулийн багш нар, “Сант” сургуулийн багш нар ч хүүхдүүдээ бэлтгэдэг. Хамгийн гол нь манайд авьяастай сурагчдыг сургадаг гүнзгийрүүлсэн сургалттай сургууль алга. Бүх хүүхдийг нэг хөтөлбөрөөр, нэг сурах бичгээр сургахад их хүндрэлтэй. Жишээлбэл Байгалийн ухааны гүнзгийрүүлсэн тусгай сургалттай сургуулиудыг байгуулаад, тэндээ сурагчдыг хөнгөлттэй сургадаг байх хэрэгтэй. Хувийн сургуулиуд байгалийн ухааны сургууль гээд өндөр төлбөр аваад сургаж байна шүү дээ. Энд авьяастай хүүхдүүд тэр бүр хамрагдаж чадахгүй. Авьяастай хүүхэд Монголын хаана ч бий. Нэгдүгээр сургуульд ч бий, “Шинэ Монгол”-д ч бий. Баянхошуунд ч байгаа. Тэдэнд заадаг багш, материаллаг баазыг бэлтгэж өгөх хэрэгтэй. Долдугаар ангид орж байгаа оюуны чадавхи өндөртэй хүүхдүүдийг сонгож тусгай сургуулиудаар бэлтгэх учиртай. Тэгэх юм бол олон улсад өндөр түвшинд өрсөлдөж чадна. Цаашдаа эндээс өндөр түвшний инженерүүд гарна.

-Одоо хүүхэд бүрийг хөгжүүлнэ гээд байгаа. Тусгайлж хэдэн хүүхэд бэлтгэх амаргүй юу?

-Хүүхэд бүрийг бэлтгэнэ. Шалгарсан хүүхдүүдийг гүнзгийрүүлсэн сургалтаар сургана шүү дээ. Манай “Шинэ Монгол” сургууль өөрийн улсын сургалтын стандартаас гадна Японы сургалтын стандарт программуудыг мөрддөг. Японд суралцаад наймдугаар ангид орж ирж байгаа хүүхэд Боловсролын яамны шугамаар ирсэн “Электрон жаал” гээд угсардаг тоног төхөөрөмжийг хараад “Багш аа, би эд нарыг чинь тав, зургадугаар ангидаа угсарчихсан шүү дээ” гэсэн. Бид хөгжсөн Азийн орнуудаас ч хоцорч байгаа. Тийм учраас яам төдийгүй сургуулиуд ч материаллаг баазаа хөгжүүлэхэд анхаарч байна.

-Олон улсад хүүхэд өрсөлдүүлэхийн тулд их судалгаа хийдэг үү?

-Манайд янз бүрийн төслүүд хэрэгжиж байна. Кембрижийн хөтөлбөрийн сурах бичгийг судалж байна. Манай сургалт ямар байна гэж харьцуулдаг. Олон багш нар Япон явж туршлага судлаад ирж байна. Манай Л.Дөлгөөн ч Японы их сургуульд долоо хоног танилцах аялал хийгээд ирсэн. Манай сургууль багш, хүүхдүүдээ Япон руу их явуулдаг. Харьцуулж хардаг.

-Одоо та нас сүүдэр хэд хүрч байгаа вэ?

-Дал гарч байна.

-Өдий насан дээр хүүхдээ бэлтгээд шинэлэг байж чадна гэдэг мундаг юм аа?

-2000 онд би Англид болсон Олон улсын физикийн олимпиадад ороод “Тэтгэвэрт гарахаасаа өмнө монгол хүүхдийг олон улсаас медаль авахуулах юмсан” гэсэн зорилт тавьсан юм. 2005 онд М.Отгонбаатар гээд одоо МУИС-д багшилж байгаа шавь маань олон улсаас анхны хүрэл медаль авчирч, дараа жил нь мөнгөн медаль авсан. Одоо миний зорилго Л.Дөлгөөнтэйгээ хамт хичээллээд, алтан медаль авахаар зорьж байна. Л.Дөлгөөнд долоо хоногт нэг удаа дөрвөн цагийн хичээл заахын тулд би арваад цаг юм харж интернэтэд орж өөрийгөө бэлтгэдэг.

Гүнзгийрүүлсэн сургалтаар явж байсан хүүхдүүд ЭЕШ-аар 700-800 оноо авч байх жишээтэй. Эд нар Японы Засгийн газрын шалгалтад тэнцээд коллеж их дээд сургуульд суралцахаар явдаг.

Л.ДӨЛГӨӨН: ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДЫН ҮЕЭР ӨМНӨ НЬ ХАРЖ БАЙГААГҮЙ БАГАЖ ТӨХӨӨРӨМЖ ДЭЭР АЖИЛЛАХ БОЛДОГ

Олон Улсын физикийн олимпиадын хүрэл медальт “Шинэ Монгол” сургуулийн арванхоёрдугаар ангийн сурагч Л.Дөлгөөнөөс олон улсын олимпиадын уур амьсгалыг сонирхов.

-Олон улсын физикийн олимпиадын бодлого хэр хүнд байдаг вэ. Олон улс орны хүүхдүүдтэй өрсөлдөхөд юу бодогдох юм?

– Энэ жил 400 гаруй хүүхэд оролцсон. Бодлогын ерөнхий суурь нь ижилхэн. Стиль нь жаахан ондоо. Өмнө нь харж байгаагүй шинэ онолууд орж ирдэг. Тэднийгээ бодлого болгоод хялбарчлаад оруулаад ирдэг. Энгийн

бодлогоос арай жаахан ондоо юм билээ.

-Ерөнхийдөө боломжийн санагдах юм уу. Монгол хүүхдүүдийн хувьд дутагдалтай санагдсан юм юу байв?

-Хүрэл медаль бол боломжийн санагдсан. Бэлтгэл бол яг тэр хэмжээнд байсан. Алтад хүрэхэд бэлтгэл дутуу байлаа. Сандрахгүй хийвэл ер нь бололцоо байдаг.

-Хэр их бэлтгэл хийсэн бэ?

-Долдугаар ангиасаа хойш физик үзэж байгаа. Хичээлийн үеэр бага багаар бэлтгээд явдаг. Олимпиадууд ч бэлтгэл болдог. Зургадугаар сард 20 хоног вакуумжуулсан сургалт хийсэн. Өглөө зургаа, долоон цагаас орой болтол сууж хичээллэнэ. Дундаа амралтын цагтай.

-Хэр олон хүүхэд хамрагдсан бэ?

-Олон улсын физикийн олимпиадад явах таван хүүхэд хамрагдана. Дараа жил явахаар бэлтгэж байгаа таван хүүхэд гээд арвуулаа байсан. Олон улсын физикийн олимпиадад оролцох сургууль сургуулийн хүүхдүүд хамгийн сүүлд хамтарч бэлтгэсэн юм л даа.

-Олон улсын физикийн олимпиадад оролцоход шинээр юу мэдрэв?

-Орон орны хүүхдүүдийг харахад бүгд л нэлээд бэлтгэсэн байлаа. Олимпиадад алт авдаг хүүхдүүд бол биднээс хамаагүй урт хугацаагаар олон жил бэлтгэдэг юм билээ.

-Физикээс өөр дуртай хичээл байдаг уу?

– Ер нь байгалийн ухааны хичээлүүдэд сонирхолтой. Математик хими физик, биологи гээд. Одоо бол физик тал руугаа дагнана. Хэлний хичээлдээ бас сонирхолтой.

-Физикийн хичээл дээр лабораторид ямар туршилт хийдэг вэ?

-Тэнд физикийн томъёо, онолуудаа турших, баталгаажуулах, гараар хэмжилтүүдээ аваад онолуудаа тулгаж харах туршилтууд хийдэг. Олон улсын хэмжээний олимпиад дээр өмнө нь үзэгдэж байгаагүй багаж төхөөрөмжүүд дээр ажиллах болдог.

-Огт хараагүй шинэ багаж төхөөрөмж дээр сандрахгүй ажиллана гэдэг амаргүй байх?

-Ер нь сэтгэлзүйн бэлтгэл нэлээд хийдэг. Өмнө нь Азийн физикийн олимпиадад оролцож байсан болохоор бас жаахан дассан байсан л даа.

-Ямар мэргэжилтэй болно гэж бодож байгаа вэ?

-Яг одоохондоо сонгоогүй байгаа. Ер нь бол инженерийн чиглэлээр л явах байх.

-Төгсөхөөсөө өмнө амжаад олон улсын тэмцээн уралдаанд оролцох уу?

-Олон улсын физикийн олимпиадын алтан медалийн төлөө хичээллэнэ. Гадаадын их дээд сургуульд орох шалгалт гээд бүгдэд зэрэг бэлтгэнэ дээ.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Шинэбаяр: “Большой театр”-ын дуучид сайхан дуулах юм, Монголын дуучид дутахгүй юм байна гэж бодогдсон

“Universe Best Songs-2016” наадмын гранпри шагналын эзэн Ц.Шинэбаяртай ярилцлаа. Тэрбээр СУИС-ийн Дуурийн дуулаачийн ангийг энэ жил төгссөн, Ардын жүжигчин А.Долгорын шавь ажээ.

-Ялагч болсныхоо дараа Москва хотын “Большой театр”-т тоглолт үзээд ирсэн гэсэн. Их театрт дуулах юмсан гэж олон дуучин хүсдэг. Юу бодогдож байв?

-Мэдээж дуурийн дуучин хүний хувьд мөрөөддөг л дөө. Большой театр гэдэг бол монголчуудын төдийгүй дэлхийн дуурийн дуучдын хувьд мөрөөдлийн театр. Энэ театрт саяхан “Universe best songs” наадмынхаа ачаар, тэр дундаа БСШУ-ны сайд Л.Гантөмөрийн урилгаар дуурь үзээд ирлээ. Дээд зэрэглэлийн мэргэжлийн хүмүүсийн дуулалт, жүжиглэлтийг үзсэндээ сэтгэл өндөр байна. Үүнээсээ ч маш их эрч хүч авсан. Дуурь үзэхээр ОХУ-д очиход Монголын Элчин сайдын яамныхан их тусалж дэмжсэн шүү. Намайг яаман дээрээ байрлуулж, хоол унд байраар хангаж өгсөн Элчин сайд Б.Дэлгэрмаад баярласнаа илэрхийлж Б.Шаравын хөгжим “Аав ээж хоёр минь” дууг дуулж өгсөн л дөө. Дуучин ээжийн охин болохоор урлагийн мэдрэмж асар өндөртэй хүн байна лээ, Элчин сайд.

-Манай дуурийн дуучид орос школтой гэдэг. Ер нь хэр ялгарч сонсогдох юм бэ?

-Монголын дуурийн театр дэлхийн хэмжээнд гарч байгаа том театр гэж боддог. Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин, Г.Ариунбаатар гээд дэлхийн түвшинд дуулж байгаа сайхан залуу дуучид бий. Их театрын дуучдын дуулалт сайхан юм. Монголын дуучид ч дутахгүй юм байна даа гэсэн бодол төрж байлаа.

-Дуурийн дуулаачийн уралдаан тэмцээнд өөрийгөө сойж байв уу?

-Мэргэжлийн дуулаачдын дунд дөрвөн жилд нэг удаа зохиогддог “Учиртай гурван толгой” шилдэг дүрийн уралдаан болдог. Энэ жил гуравдугаар сард болсон. Энэ уралдаанд Хоролмаагийн дүрээр оролцож, дэд байр эзэлсэн. Олон театр, чуулгын дуучид дундаас дэд байр эзэлсэндээ баяртай байгаа. Энэ жил амжилт ихтэй байна.

-Яагаад Нансалмаа биш Хоролмаа гэж?

– Нансалмааг Монголын сайхан хүүхний төлөөлөл гэж хүн болгон боддог. Тэгэхээр би ерөнхийдөө бие намхантай, жүжиглэлт дуулалтаараа байж болох юм гэсэн бодолтой энэ дүрийг сонгосон л доо. Гэхдээ л Хоролмаа Нансалмаагаас илүү хүмүүсийн сонирхлыг татдаг шүү дээ. Багш маань сайхан бэлтгэж өгсөн. Хоролмаа бол хайр дурлалынхаа төлөө эцсээ хүртэл тэмцэж байгаа эмэгтэйн дүр. Гоё дүр. Яавал надад ашигтай байх вэ гэж боддог. Эрсдлээс айдаггүй, зоримог эмэгтэй.

-Дуурийн дуучин хүн “Universe Best Songs”-д түрүүлсэн нь сонирхолтой санагдсан. Шоу маягийн цэнгээнт нэвтрүүлэг шүү дээ. Ари, романс дуулахад хүмүүст тэр болгон хүрдэг билүү?

-Монголд олон шоунууд гарч байна. Хүмүүсийг эстрад дуунууд байлдан дагуулж байгаа. Гэхдээ л сонгодог урлаг ойлгодог хүмүүс нэмэгдсэн гэж боддог. Энэ жил би СУИС-ийг таван жил сурч дүүргэсэн. Мэргэжлийн дуучин болсон. Энэ утгаараа энэ уралдаанд зоримог орсон л доо. Ер нь яагаад сонгодог урлагийн хүн, тэр тусмаа эмэгтэй хүн байж болохгүй гэж. Анх энэ уралдаанд оролцох саналыг А.Долгор багш маань тавьсан юм. А.Долгор багш надад итгээд энэ тэмцээнд орооч гэж байхад би өөртөө итгэхгүй байхдаа яадаг юм гэж бодсон л доо. Өмнөх уралдаанд манай Б. Жавхлантөгс амжилттай оролцож түрүүлж байсан. Эрэгтэй хүн сонгодог дуугаар түрүүлж байхад эмэгтэй хүн яагаад ялагч болж болохгүй билээ гэж бодсон. Шат шатанд маш их бодолтой орсон л доо. Нэгдүгээр шатандаа поп опера дуулсан бол финал дээрээ “Одоо л бүх нөөц бололцоогоо шавхдаг хэрэг” гээд ари дуулах жишээтэй. Энд тэнд явахаар хүмүүс “Хүүе, нөгөө түрүүлдэг охин байна. А.Долгор багшийн шавь байна” гэдэг. “Мундаг байсан шүү, дэмжиж байсан шүү” гэхээр нь маш их энерги авдаг. Одоо бас монголчууд сонгодог урлагийг илүү ойлгодог болчихсон юм байна.

-А.Долгор мундаг дуучин, сайхан эмэгтэй харин хэр багш вэ?

-Миний багш амьдрал дээр ч ажил мэргэжил дээрээ ч гэр оронд нь очсон ч тэр яг л байгаагаараа байдаг. Байгаа байдал нь маш эрхэмсэг гоё санагддаг юм. Эмэгтэй хүн яг л ийм баймаар юм байна гэж багшаасаа үлгэр жишээ аваад хааяа намбалаг байх гэж хичээнэ. Маш сайн багш. Зөвхөн хичээлээс гадна амьдралын маш сайхан зөвлөгөө өгдөг.

-Ингэхэд та уртын дуу дуулдаг уу?

-Дуучны удамтай. Аавын маань ээж Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын хүн байсан. Би ч тэр сайхан нутагт төрж өссөн л дөө. Нутгийн маань энерги нөлөөлдөг болов уу. Эмээ маань уртын дуу сайхан дуулдаг. Найран дээр дуулахаар хүмүүс дахиулдаг байсан гэж ярьдаг. Харамсалтай нь эмээ маань намайг дуучин болохыг харж чадалгүй бурхан болсон. Гэхдээ намайг тэнгэрээс хараад баярлаж байгаа байх. Би багадаа дуулдаг байсан гэсэн. Гурван настай байхдаа “Сүүн далай ээж”-ийг дуулж байсан гэж ээж ярьдаг. Гэхдээ тэмцээн уралдаанд амжилт үзүүлж байгаагүй. Анх уралдаанд амжилт үзүүлсэн нь ноднин СУИС-д дуурийн дуулаачаар сурч байгаа оюутнуудын дунд болсон “Лавай” гээд анхдугаар уралдаанд тэргүүн байр эзэлсэн. Түүнээсээ улам хүч аваад одоо бол ахиад ямар уралдаан тэмцээн болох нь вэ гээд уяан дээрээ дүүхэлздэг морь шиг л байна шүү дээ. Эмээ маань уртын дуу дуулдаг байсан болохоор уртын дуу бага зэрэг дуулна. Эмээ намайг уртын дуучин болгоно гэж ярьдаг байсан. СУИС-д орохдоо хүмүүсийн зөвлөгөөг дагаад дуурийн дуулаачийн ангийг сонгосон доо.

-Дундговийнхон Н.Норовбанзад гуайгаас авахуулаад олон сайхан дуучидтай?

-Н.Норовбанзад гуай манай Дундговь аймгийн Дэрэн сумынх. Би бол Дэлгэрхангай сумынх. Ардын жүжигчин Г.Хайдав багш байна. “Ардын элч”-ийн Ариунаагийн дүрээр нь хүмүүс сайн мэддэг П.Цэвэлсүрэн гуай гээд сонгодог урлагийн төлөөллүүдтэй. Нутгаас маань олон мундаг жүжигчид гавьяатууд төрж байна. Цаашдаа ч нутгийнхаа нэрийг гаргачих юмсан гэж хичээж яваа.

-Италид сурах гэж байгаа гэсэн үү?

-“Movie English” гээд “Univ­ers best songs” наадмын ивээн тэтгэгч хэлний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг клуб бий. Тэр байгууллага ивээн тэтгэж, Италид нэг жил суралцахаар болсон. Энэ бол хэн хүнд тохиолдохгүй аз шүү. Есдүгээр сараас эхлээд долоон сарын хугацаатай хэлний бэлтгэлд тус клубт явах юм. Дараа жил сургуульдаа явна гэсэн төлөвлөгөөтөй байгаа.

-Дуурийн дуулаачдын хувьд итали хэл чухал шүү?

-Итали дуурийн өлгий нутаг гэдэг утгаараа дэлхийн том том дууриуд итали хэл дээр байдаг. Тэр утгаараа зайлшгүй итали хэл сурахгүй бол болохгүй. Тус клубынхандаа маш их баярлаж байгаа шүү.

-Сурч ирээд хаана ажиллах вэ?

-Ажлын санал ирсэн. Одоохондоо сурах шаардлагатай байгаа учраас хараахан хүлээж аваагүй байна. Ямар ч байсан Италид сурч ирээд хаана ажиллахаа шийдэх бодолтой байна.

-СУИС-д суралцахаас өмнө хаана ажиллаж байсан бэ?

-СУИС-д сурахаасаа өмнө Улаанбаатар их сургуульд монгол солонгос хэл судлаач мэргэжлээр суралцсан. Энэ мэргэжлээр ажиллаж чадаагүй. Урлагт татагдаад байсан л даа. 24 насандаа СУИС-д элссэн. Хөгшин оюутны тоонд ороод цохиж явлаа.

-Гэрийнхнийхээ тухай яриач?

-Гэр бүл гэвэл ээж, аав дүү, охинтойгоо амьдардаг. Ээж аав шиг сайхан амьд бурхан байдаггүй юм байна гэдгийг ойлгосон. СУИС-д сурч байхдаа охиноо тээж төрүүлсэн л дээ. Ээж, аав маань чөлөө авч болохгүй гээд хүүхдийг маань харж өгсөн. Хүүхдээ төрүүлээд хоёр сар болоод л хичээлдээ дүн өвлөөр явж байлаа. Хичээлдээ сууж байхад гэрээс залгаж “Хурдан ирээч” гэдэггүй. Ээж, аавдаа баярлаж явдаг. Анх манай аав, ээж хоёр дуурь сонирхдоггүй байсан бол одоо сонгодог урлагийг сайн ойлгодог, дэмждэг болсон. Тэр тусмаа миний улаан фэнүүд. Намайг дуулахаар аав маань уйлаад сонсдог. “Аргалд явсан ээж”-ийг дуулаад өгөөч гэдэг. Гэртээ би чинь хааяа тайлан тоглолтоо хийнэ шүү дээ.

-Охин чинь ээжийгээ зурагтаар хараад их баярладаг байх даа?

-Охиноо тээж байхдаа дуугаа дуулж явсан болохоор ч тэр үү сонгодог дуунд дуртай. Ямар сайндаа А.Долгор багшийнхаа цомгийг тавихаар “Долгор эмээ дуулж байна” гэдэг. Уралдаан тэмцээний бүх шатанд намайг очиж дэмжсэн. Сүүлийн гала тоглолтын үеэр манайхан эхнээсээ гурав дахь эгнээнд суусан юм. Жаахан сандарч байсан чинь охины минь дуу гараад “Ээж ээ гараад ирсэн” гэж байгаа нь сонсогдсон. Тэгэнгүүт охиноо бодоод сандралгүй дуулсан даа.

Categories
мэдээ цаг-үе

Ч.Сосормаа: Бразилийн махны технологийг Монголд нэвтрүүлэхийг бид зорин ажиллаж байна

Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ч.Сосормаатай онлайнаар ярилцлаа.

-Таныг Бразилд суух Элчин сайдаар томилогдох үед хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байсан. Одоо бол олимп болж байна. Монголчуудад Бразил магадгүй спорттой холбоотойгоор хоногшсон байх. Таны хувьд ч илүү спортлог Элчин сайд болж хувирсан болов уу?

-Үнэхээр тийм үйл явдлууд давхацсан нь миний хувьд их хувь тохиож байна. Олимпийн наадамд баг тамирчдаа хүлээн авна гэдэг Элчин сайдын хувьд өндөр нэр төр, үүрэг хариуцлага бас аз завшаантай хэрэг. ЭСЯ маань байгуулагдсан цагаасаа эхлэн олимпийн бэлтгэл ажлыг хангахад анхаарч ажилласан юм. Эхний үр дүн гарч байна. Олимпийн баг тамирчид, албаны хүмүүс “Бразилд ЭСЯ-тай байгаа нь ямар сайн хэрэг вэ” гэж хэлэхийг ойрын өдрүүдэд олон сонслоо. Бразил манай орноос алслагдмал, 12 цагийн зөрүүтэй, монголчуудын хувьд төдийлөн танил биш учраас бэлтгэл ажлыг хангах ЭСЯ-ны үүрэг хариуцлага их байлаа.

-Хамгийн олон монгол тамирчин олимпод оролцож байгаа. Олимпод оролцох тамирчдаа угтаж бэлтгэл хэр их хийв?

-Рио 2016 олимпод оролцох эрхийг өмнөх жилүүдээс хамгийн олон буюу 43 тамирчин авсан нь манай улсын хувьд олон медаль авах магадлалыг нэмэгдүүлж байна. Тамирчид шинэ орчиндоо хурдан дасан зохицож, бэлтгэлээ хангах нь хамгийн чухал. Бидний сонгосон бэлтгэл хангах баазын үйлчилгээ манай тамирчдад таалагдсан гэж найдаж байна. Бэлтгэл хангах “Функционар” клубийнхан манай тамирчдыг халуун дотноор хүлээн авч, бүх талаар туслалцаа үзүүлж байна. Хэн хэндээ сэтгэл хангалуун байгааг хараад бид ч баяртай байгаа. Манай тамирчид их хичээж байгаа, тэдний дусал хөлс ямар их үнэтэйг энд мэдэрч сууна.

-Манай тамирчид монгол хоолоо идэж байгаа гэсэн үү?

-Шигшээ багийнхан эмч, бариач, эрдэм шинжилгээний ажилтан, монгол тогоочтойгоо ирсэн. Бразилийн хоол амт, чанартай ч борцтой шөлөө уухаараа тамирчид маань улам хүч ороод байдаг юм уу гэж бодсон шүү.

– ЭСЯ-наас олимп үзэхээр зорьж байгаа монголчуудад зориулж зөвлөмж гаргасан гэсэн үү?

-ЭСЯ-ны нэн тэргүүний үүрэг бол монгол иргэд, баг тамирчдынхаа аюулгүй байдлыг хангах юм. Бразилийн Засгийн газраас аюулгүй байдлыг хангах талаар бүхий л арга хэмжээг авч байна. Гэсэн хэдий ч тайвширч болохгүй тул аливаа эрсдэл, зика вирусээс сэргийлэх талаар бүх талын зөвлөмжийг бэлтгэж, энд ирсэн иргэддээ анхааруулж байна. Онгоцны буудал ба жуулчдын аялдаг газруудын мэдээллийн цэгүүд, онлайнаар санамжаа байршуулсан. Хүн бүхэнд сонор сэрэмж хэрэгтэй цаг үе. Терроризмын аюулыг ч мартаж болохгүй. Энд сэрүүний улирал эхэлсэн тул шумуул цөөрч, зика вирусын халдвар дарагдаад байна. Бразилийн Засгийн газраас ч шаргуу тэмцэл явуулж зика вирусын халдварыг хяналтандаа авсан гэдгээ зарласан.

-Бразил кофегоороо алдартай шүү дээ. Та хэр кофечин бэ?

-Усыг нь уувал ёсыг нь дагана гэж монголчууд хэлдэг. Энэ нь хүний нутагт сэтгэлээ өгч, хурдан дасан зохицвол амжилт гаргах тухай сургамжилсан монгол ухаан гэж би ойлгодог. Анхны Элчин сайдын хувьд суугаа болон хавсран суугаа улсынхаа түүх, соёл, амжилт бүтээлийг шунан судалж байна. Кофе ууж сурахаас илүү кофены чанарыг ялгаж сурч байна. Хөл бөмбөгийг хөгжүүлсэн хүчин зүйлсийг уншиж байна. Уул уурхайн орлогыг нийгмийн шударга хуваарилалтад оруулсан Чилийн туршлагыг судалж байна. Перугийн уул уурхайн сургамж, нутгийн иргэдтэй зөвшилцлийн аргаар асуудлаа шийдвэрлэж байгаа аргачлалыг сурч байна. Порта Алегра хотын иргэдийн оролцоотой төсвийн туршлагыг Монголд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Элчин сайд хүн байнгын судлаач байж улс оронд маань хэрэгтэй сайн туршлагыг эх орондоо түгээн дэлгэрүүлэх, холбогдох байгууллагатай холбож өгөх үүрэгтэй.

-Дэлхийн томоохон хүнс үйлдвэрлэгч оронд та ажиллаж амьдарч байна. Ялангуяа бразилчууд махны экспортод жин дардаг. Манайхан мал аж ахуйн орон гэдэг ч мах экспортлох талаар төдийлөн амжилт олоогүй байна. Мах үйлдвэрлэлээр амжилтанд хүрэхийн тулд бид яах ёстой бол?

-Бразилийн мах, махан бүтээгдэхүүн боловсруулах стандарт дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн. Бразилийн үхрийн мах аль ч улс орны өндөр үнэтэй рестораны тансаг зоогт тооцогддог. Дэлхийн 150 гаруй улсад мах махан бүтээгдэхүүн нийлүүлдэг энэ орон манай хоёр хөршийн махны хэрэглээг хангагч гол улс. Бразилийн махны технологийг Монголд нэвтрүүлэхийг бид зорин ажиллаж байна. Махныхаа чанарыг сайжруулж эрүүл ахуйг хангах ажил бэлчээртээ хяналт тавихаас эхэлдэг. Өөрөөр хэлбэл хагас эрчимжсэн фермер хөгжүүлэх хэрэгцээ шаардлага бидний өмнө тулгарч байна. Улмаар үүлдэр угсаа, махны гарцыг сайжруулах эрдэм шинжилгээний ажилд хөрөнгө оруулалт хийх нь зайлшгүй. Урагвай улсад ХАА-н эрдэм шинжилгээний байгууллагаа хөдөө аж ахуйн бизнес эрхлэгч нар санхүүжүүлдэг юм билээ. Төр ба хувийн хэвшил хамтын санхүүжилт хийж, ачааллаа хуваалцах аргаар эрдэм шинжилгээний байгууллагаа хөл дээр нь босгон хөгжүүлсэн. Эрдмийн ажлын үр шимийг хамгийн эхэнд хүртэгчид бол малчид, тариаланчид. Хөдөө аж ахуйн хөгжилд төр хувийн хэвшлийн түншлэл маш чухал. Мөн хоршоолон хөгжих загвар энд нийтлэг. Асуудал мөнгөндөө биш харин менежментдээ л байдаг юм байна.

Дараа сард Бразил-Монголын худалдааны танхимын төлөөлөгчид манай орныг зорин очиж Монгол-Бразилийн бизнес эрхлэгчдийн анхдугаар уулзалтыг зохион байгуулах юм.

-Манайхан Бразилаас юу авах боломжтой вэ, тэдний хувьд манай юу сонин байх бол?

-Бразилаас хүнсний бүхий л төрлийн бүтээгдэхүүн авах боломжтой. Нэг жишээ хэлэхэд Бразилийн кофег манайх Солонгосоос импортлодог юм байна. Одоо бол тахианы мах, кофе, чихэр, жимсний шүүс, эрдэнэ шиш, шар буурцаг болон бусад бүтээгдэхүүнийг шууд импортлох боломжтой. Бразилийн урд мужуудад сэрүүхэн тул манай ноолууран бүтээгдэхүүнийг худалдаж авах сонирхол бий. Бэлэн бүтээгдэхүүнээс гадна технологийг нь суралцан нутагшуулах боломжийг эрэлхийлж байна. Өмнөд Америкийн сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй улс орнууд бүгд Ази тэр дундаа Хятадын хязгааргүй зах зээлд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэхийн төлөө өрсөлдөж байна. Дараагийн гучин жил Азийн хэрэглээний эрин эхэлнэ. Нэг жишээ хэлэхэд Хятад Улс зэс, хөнгөн цагаан, гангийн дэлхийн экспортын 40 хувийг хэрэглэдэг бол 2025 онд 50 хувь болно гэсэн таамаглал байна. Мөн нүүрсний том зах зээл гэдгийг бид мэднэ. Ийм цаг үед бид далайд гарцгүй гэж гомдоллоод суух уу эсвэл хоёр том зах зээлийн дунд орших давуу талаа хөгжил болгон хувиргах уу гэдгийг сайн бодох хэрэгтэй байна.

Бразил Улс хамгийн том хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч орнуудын нэг. Дэлхийн зах зээлд үхрийн махны 30, тахианы махны 40, чихрийн нишингэний 45, жүржийн шүүсны 86, кофены 32, шар буурцагны 40, эрдэнэшишийн 10 хувийг тус тус нийлүүлж АНУ ба Европын холбооны дараа гуравдагч нийлүүлэгч орон болоод байна. Энэ бол шинжлэх ухаандаа хөрөнгө оруулалт хийсний үр дүн. Бразил хөдөө аж ахуйн хөгжилдөө тулгуурлан эдийн засгийн хямралаас гарах бодлогоо шинэчлэн тодорхойллоо.

-Мах гэснээс төмсний тухай бас яримаар санагдаад. Та фэйсбүүк хуудастаа Перуг төмсний вант улс гэж нэрлэжээ. Тэр олон төмсөн дунд Монголын нөхцөлд тохирох нь хэр олон байсан бол. Үнэндээ бид хоолондоо төмс хэрэглэж заншсан ч бидний мэддэг шар төмснөөс огт өөр олон төрлийн төмс харагдсан шүү?

-Перу улсын Лима хотод Олон Улсын төмсний төв ажилладаг. ЭСЯ-ны зүгээс ХХААЯ-тай холбох эхний алхмуудыг хийлээ. Перу бол төмсний эх орон. XIX зуунаас эхэлж эндээс л төмсийг Европын орнуудад тариалж эхэлсэн түүхтэй. Одоо танигдаад байгаа 4000 гаруй төрлийн төмсний 2000 гаруй нь Андын нуруунд ургадаг. Бидний сонирхлыг татаж байгаа нь хүйтэн, сэрүүнд тэсвэртэй төмс. Хойд Солонгост амжилттай тариалсан хүйтэнд тэсвэртэй төмсийг Монголд нутагшуулах боломж байгаа гэж найдаж байна. Би Лимад очиж, төмсний төвтэй танилцан, олон төрлийн өнгө, хэлбэр дүрстэй төмсийг хүүхэд шиг л шохоорхлоо. Монголд тариалах төмсний амт, чанарыг сайжруулж, нэр төрлийг нэмэгдүүлж эрдэмтэн судлаачдаа бэлтгэх чиглэлээр энэ төвтэй хамтран ажиллах шаардлага бий.

-Бразил бол хөл бөмбөгийн эх орон. Алдарт Зико Бразилийн хөл бөмбөгийн технологийг Монголд нэвтрүүлэхэд тусална гэсэн үү?

-Бразилийн домогт хөл бөмбөгч Зико манай улсад ирэхээр төлөвлөж байгаа. Монголын хөл бөмбөгийн холбооны урилгаар зочлох юм. Зико өөрийн нэрэмжит клубээ байгуулах өөрөөр хэлбэл Бразилийн хөл бөмбөгийн арга технологийг Монголд нэвтрүүлэх зорилготой. Монгол хүүхдүүд тал нутагт морь унаж давхиж өсдөг тул эрүүл чийрэг, хөл чангатай байдаг, байгалийн унаган өгөгдөл бий. Хөл бөмбөг хүүхдийг багаар тоглож сургадаг, эв нэгдэл, эх оронч үзлийг төлөвшүүлдэг сайн талтай. Бразилд хүү төрөхөд аав нь хөл бөмбөг, футболк бэлэглэж дэмждэг багийнхаа фэн болгодог уламжлалтай. Манай бөхчүүд хүүдээ зодог шуудгаа өвлүүлдэгтэй адил. Хөл бөмбөгийн клубуудыг дэмжиж санхүүжилсэн компаниуд татвараас тодорхой хэмжээнд чөлөөлөгдөх хуулийн зохицуулалт бий. Хөл бөмбөгийн клуб хүүхдийг сургахдаа хичээлээ таслахгүй байх, дундаас дээш дүнтэй суралцах болзол тавьдаг. Өөрөөр хэлбэл хөл бөмбөгчин хүн юуны өмнө боловсролтой, хариуцлагатай иргэн байх ёстой гэж үздэг юм билээ.

-Эмэгтэй Элчин сайдын хувьд анхаардаг сэдэв бий болов уу?

-Эмэгтэй Элчин сайдын хувьд би Бразилийн Конгрессийн хоёр танхимын эмэгтэй бүлгүүдтэй ойр ажилладаг. Бид хамтраад ирэх аравдугаар сард “Гэр бүлийн хүчирхийллийн эрх зүйн шинэчлэл”-ийн асуудлаар арга хэмжээ зохиохоор төлөвлөсөн юм. Монгол Улс гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар сүүлийн хорь гаруй жилд ихээхэн туршлага хуримтлуулсан. УИХ-аас “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийг саяхан шинэчлэн баталлаа. Манайд хуулийн орчин цогц бүрдсэн болохоор туршлагаа бусадтай хуваалцах цаг иржээ. УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгээс ирж оролцохыг урьж байгаа. Харин дараа жил Бразилийн Конгрессийн гишүүдийг Монголд урьж, тэдний туршлагыг сонсоно доо.

-Элчин сайд аа, өнгөрсөн хугацаанд хийсэн ямар ажилдаа сэтгэл хангалуун байдаг вэ?

-Хийсэн ажилдаа сэтгэл дүүрэн эсэх тухай хэлэхэд эрт байна. Юутай ч олимпийн наадмаа хамтдаа амжилттай давцгаая. Бразилийн хөх тэнгэрт Монголын маань төрийн далбаа олон удаа мандаж, төрийн дуулал эгшиглэх болтугай гэж л хүсч байна даа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Бүжидмаа: Засгийн газрын бүтэц гэдэг хэн нэгэнд зориулж гаргадаг албан тушаалын сүлжээ биш

Шинэ Засгийн газар эмхлэгдлээ. Олон нийтийн дунд мэргэжлийн Засгийн газрын талаар хүлээлт байв. Ялсан нам Засгийн газраа хэрхэн байгуулж, томилгоогоо хэрхэн хийж байгаа талаар судлаачдын санаа бодлыг сонирхлоо. ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Ц.Бүжидмаа ийн ярьж байна.

-Шинэ Засгийн газар төрийн албан хаагчдыг олноор нь цомхотгох бололтой. Улс төрийн зорилгоор төрийн албан хаагчдыг халж солих оролдлого ямар нөхцөлд арилах боломжтой бол?

-Шулуухан хэлэхэд төрийн алба улс төрөөс хараат болсон гэмээр дүр зураг харагддаг. Төрийн албаны бүтэц, зохион байгуулалтыг намын бодлого шийдвэрээр өөрчилдөг байж таарахгүй. Улс төрийн намын харьяаллаар ажилд томилдогоос болж төрийн албаны хүний нөөцийн бодлого тогтворгүй, ажлын байр баталгаагүй болсон. Өөрөөр хэлбэл сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Засгийн газрын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөх бүрт төрийн албан хаагчдыг олноор халж, сольдог байдал бий болсон. Хэдхэн тоо баримт хэлье л дээ.

Жишээлбэл Захиргааны хэргийн шүүх дээр Төрийн албан хаагчийг ажлаас нь үндэслэлгүй халсантай холбогдсон маргаан сонгуулийн дараа буюу 2009 онд 31 хувь, 2013 онд 42 хувиар өмнөх жилүүдээс өссөн үзүүлэлттэй байдаг.

Төрийн албан хаагчдыг намын харъяаллаар халж, сэлгэснээр тэд улс төрийн нөлөөлөлд автах, бие даасан хараат бус байдлаа хангаж чадахгүй байх, төрийн бодлогын залгамж холбоо алдагдах, хариуцлагын механизм сулрах зэрэг нөхцөлүүд бий болдог.

Төрийн алба мэргэшсэн, тогтвортой, улс төрөөс ангид байх үндэс нь Мерит зарчмыг баримтлах, хамгаалах юм. Уг нь манай одоогийн Төрийн албаны тухай хуулинд мерит зарчмын шаардлагуудыг хуульчлан тогтоож өгсөн. Яг энэ зарчмаа бариад явбал Засгийн газар солигдох бүрт мэргэшсэн төрийн албан хаагчид солигдохгүй байж болох юм.

-Та “Мерит” тогтолцооны талаар тодруулж яриач?

-Анх 1883 онд АНУ-ын Ардчилсан намын сенатч Жорж Пендлтон “Төрийн албаны шинэтгэлийн акт” гэдэг баримт бичгийг санаачилж батлуулсан. Энэ нь хожмоо “Пендлтоны хууль” гэж алдаршсан, улс төрийн намуудад сонгуулийн үр дүнгээр төрийн албан тушаалыг хуваарилдаг, төрийн албанд улс төр хүчтэй нөлөөлдөг шударга бус тогтолцоог өөрчилсөн. Энэ үеэс эхлэн төрийн албаны мерит тогтолцоо бий болсон гэж үздэг.

Япон, Өмнөд Солонгос зэрэг Азийн өндөр хөгжилтэй орнууд дэлхийн хоёрдугаар дайны дараа төрийн албандаа “Мерит тогтолцоог” хэрэгжүүлснээр богино хугацаанд хөгжсөн гэж судлаачид үздэг.

“Мерит” гэдэг үгийг монголчилбол “гавьяа зүтгэл, чанар чансаа, сайн тал, хүлээн зөвшөөрөгдсөн байдал” гэсэн утгатай. Манайхан “Чадахуйн зарчим” ч гэж орчуулсан байгаа. Харин сүүлд өргөн барьсан Төрийн албаны шинэ хуулинд “Төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчим” гэж томьёолсон.

Энэ ойлголт нь төрийн албан тушаалыг эрхлэх шалгуур шаардлагуудыг бүрэн хангасан хүнийг тухайн албанд шилж, томилох үйл явцыг илэрхийлдэг. Ер нь хамгийн товчоор хэлэхэд “Хийж чадах хүнийг нь шилж томилно” гэсэн үг. Өөрөөр хэлбэл “мерит зарчим” гэдэг нь төрийн албанд улс төрийн захиалгаар бус, харин тухайн ажлыг үнэхээр хийж чадах ур чадваруудыг эзэмшсэн, туршлага хуримтлуулсан хүмүүсийг шударгаар өрсөлдүүлэн шалгаруулах зарчмаар томилох тухай асуудал юм.

Нөгөө талаар ажил албандаа хүлээн зөвшөөрөхүйц үр дүн гаргасных нь төлөө албан тушаал дэвшүүлэх тухай ойлголт юм. Товчдоо мерит тогтолцоо гэдэг нь “улс төрийн нөлөөллөөр бус, өрсөлдөөний зарчмаар төрийн албанд томилогдох, албан тушаал дэвших”-ийг хэлж байгаа юм.

Харин сүүлийн үед улс орнууд Мерит зарчмыг төрийн албанд анх шалгаруулж авах, дэвшүүлэх гэдгээс хальж, чөлөөлөх, цалин хөлсийг тогтоох, сургалт хөгжлийн бодлого, хэрэгцээг тодорхойлох, гүйцэтгэлийг үнэлэх зэрэг төрийн албаны хүний нөөцийн бүхий л асуудалд баримталдаг болсон. Манайд ч гэсэн мерит системийн хэрэгжилтийг сайжруулах үндэс суурь одоогийн хүчин төгөлдөр хууль тогтоомж, бодлогод бэлхнээ байгаа гэж хэлж болно. Гагцхүү түүнийг хэрэгжүүлэх улс төрийн хүсэл эрмэлзэл чухал.

-Төрийн удирдах албан тушаалд төрд ажиллаж байсан туршлагатай хүнийг томилох нь зөв гэдгийг бүгд ойлгож байгаа. Гэсэн ч ялсан нам энэ бодлогыг хэрэгжүүлдэггүй. Мерит тогтолцоо ямар үед хэрэгжих боломжтой вэ?

-Мерит тогтолцооны хоёр үндсэн хэлбэр байдаг. Дэлхий нийтэд өнөөдөр карьерын буюу, албан тушаалын гэсэн хоёр төрлийн систем хэрэглэж байна. Үүнийг “шатлан дэвших” болон “нээлтэй сонгон шалгаруулалтаар томилох” тогтолцоо гэж ойлгож болно. Улс төрийн албан тушаал бол арай өөр. Гол анхаарах цэг нь төрийн жинхэнэ алба юм. Энэ дээр л төрийн ажлын мэдлэг туршлагатай хүмүүсээ томилдог, сонгуулийн үр дүнгээр халж сольдоггүй байх ёстой. “Шатлан дэвших” тогтолцооны хувьд уг албан тушаалд хэр зэрэг үр дүнтэй ажилласан, дараагийн шатны албан тушаалд очих мэдлэг туршлага хуримтлуулж чадсан эсэх, чадвартайгаа харуулж нотолж чадсан эсэх нь чухал. Тэрнээс биш төрийн албанд ажилласан жилээс шалтгаалан албан тушаалын зэрэглэл, цалин хөлс нэмэгддэг байдлыг халах ёстой юм.

Зарим улс орон төрийн албан хаагчдаа насаар нь томилдог. Ингэснээр тэднийг улс төрийн нөлөөллөөр халж солиод байдаггүй, төрийн албан хаагчид ч хэнээс ч айхгүй шударгаар ажилладаг гэж үздэг.

Харин “нээлтэй сонгон шалгаруулалтаар томилох” гэдэг нь энгийн үгээр тайлбарлавал төрд ажиллаж байгаагүй ч тухайн салбарыг удирдаж чадах үнэхээр чадвартай хүнийг шударгаар өрсөлдүүлж, томилно гэсэн үг. Өнөөдөр дэлхийн улс орнуудад төрийн албанд иргэндээ үйлчилдэг шинэ соёлыг нэвтрүүлэх, өөрчлөлт авчрах шилдэг менежерүүд чухал байгаа учраас төрд өмнө нь ажилласан туршлага гэхээс илүү, тэдний удирдлагын ур чадвар, мэргэжлийн мэдлэг, менежерийн туршлагыг нь үндэслэн сонгон шалгаруулах хандлага бий болж байна. Ингэхдээ тухайн албан тушаалыг хаших мэдлэг чадварыг нь илрүүлж чаддаг шударга тогтолцоо байх ёстой. Сонгон шалгаруулалтаа сайн хийж чадахгүй бол энэ тогтолцоо ажиллахгүй. Харин ч урвуулан ашиглах, хамаатан садан, танил талаа томилох сөрөг үзэгдлүүд газар авна. Үүнийг хэрэглэж байгаа улс орнууд ихэнхдээ топ менежерүүдээ ингэж сонгодог, дээр нь нэмээд тэдэнд цалин хөлс, урамшууллын өөр тогтолцоо хэрэглэдэг туршлага байна.

Сүүлийн үед энэ хоёр системийн элементүүдийг нэгтгэж “холимог систем” (Hy­brid) хэрэглэж байгаа улс орнууд нэмэгдэж байна.

Ингэж цогцоор нь хэрэгжүүлж байж л бид Мерит тогтолцоог хэрэгжүүлж хамгаалж чадна. Манай улсын хувьд хамгийн эхний ээлжинд төрийн албаны сонгон шалгаруулалтаар хууль хэрхэн цээжилснийг биш, салбарын бодлогыг тодорхойлох, нөөцийг хэрхэн удирдахаас өгсүүлээд, шийдвэр гаргах чадвар, стратегич чанар гэх мэт тухайн албан тушаалыг хаших чадваруудыг нь илрүүлдэг, үнэлдэг, шударгаар өрсөлддөг болгож зарчмын өөрчлөлт хийх шаардлагатай. Төрийн албаны шалгалтын арга, хэлбэр, агуулга бүх зүйлийг өөрчлөх хэрэгтэй. Түүнчлэн тухайн албан тушаалд шаардлагатай мэдлэг, ур чадваруудыг илрүүлдэг тестийг боловсруулдаг судлаачид, тийм тестийн сан бүхий төвүүд, сонгон шалгаруулалтыг гардан явуулдаг хөндлөнгийн байгууллагууд бий болгох гээд хийх ажил маш их бий.

Бид өнөөдөр хуулиараа “Шатлан дэвших”-ын тогтолцоогоор яваад байгаа мэт боловч, амьдрал дээр “нээлттэй тогтолцоо”-г хэрэглээд байгаа. Түүнээс гадна сонгон шалгаруулалт нь шударга явагдсан эсэхэд иргэд үргэлж эргэлзэж байдаг төдийгүй, ямар нэгэн нам дагахгүй бол ажилд орох боломжгүй гэсэн ойлголт газар авсан.

Ер нь төрийн байгууллагын гүйцэтгэх албан тушаал, хэлтэстэй дүйцэх нэгжийн даргын албан тушаалд “Шатлан дэвших” тогтолцоог хэрэглээд, харин Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга, тэдгээртэй адилтгах зэрэглэлийн албан тушаалд “нээлттэй сонгон шалгаруулах” зарчмыг хэрэгжүүлж болох юм.

ГЭХДЭЭ “Нээлттэй сонгон шалгаруулалт гэдэг бол улс төрийн томилгоо биш” гэдгийг л хэзээ ч мартаж болохгүй.

Дараагийн нэг асуудал бол Мерит тогтолцоог зөв хэрэгжүүлж, хамгаалахад Төрийн албаны зөвлөл гол үүрэгтэй. Төрийн албаны зөвлөл бол Төрийн албаны хуулийн хэрэгжилтийг хангуулж байдаг “Төрийн албаны хуулийн цэц” юм. Төрийн албаны зөвлөл л томилгоо, сонгон шалгаруулалт шударга явагдаж байгаа эсэхэд, төрийн албан хаагчид үндэслэлгүй халагдаж байгаа эсэхэд хяналт тавьж, топ албан тушаалтнууд дээр сонгон шалгаруулалтын үр дүнгээр хэн хэнийг томилж болох тухай саналаа сайд нарт хүргүүлдэг, сайд нарын шударга бус томилгоог хүчингүй болгодог хараат бус байгууллага байх ёстой юм.

Манайд “Төрийн шинэтгэлийн дунд хугацааны стратеги” 2004 онд, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө 2007 онд батлагдсан байдаг. Энэ хөтөлбөр дууссанаас хойш төрийн албаны шинэтгэл ямар нэгэн бодлого хөтөлбөргүй урсгалаараа явж байна уу даа гэж бодогддог. Төрийн албаны шинэчлэлийн бодлогын баримт бичгийг яаралтай батлах шаардлагатай. Энэ бол тогтолцооны гажуудал үүсэхээс сэргийлэх, Мерит тогтолцоог хамгаалан хөгжүүлэх гол нөхцөл, арга хэрэгсэл шүү.

-Засгийн газрын бүтэц, яам агентлагуудын бүтцийн асуудлаар та юу хэлэх вэ?

-Ер нь улс төрийн намууд сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулах, Засгийн газраа шинээр эмхлэн зохион байгуулахдаа улс орны хөгжлийн бодлогод суурилсан, шинжлэх ухааны үндэслэлтэй, бодитой судалгаан дээр үндэслэх ёстой. Юуны түрүүнд тухайн улс хөгжлийнхөө тодорхой шатанд ямар хөгжлийн бодлого, стратеги баримталж байна гэдгээс хамаарч тэргүүлэх чиглэлээ тодорхойлдог. Түүндээ нийцүүлж, ямар ямар яамтай байх вэ, хэдэн агентлагтай байх вэ гэдгийг тогтоодог. Түүнээс биш Засгийн газрын бүтэц, орон тоо гэдэг бол хэн нэгэн хүнд, ямар нэгэн улс төрийн хүчинд зориулж гаргадаг тоо биш, албан тушаалын сүлжээ биш.

-Орон тоог бууруулах төсөв хэмнэх нарийвчилсан тооцоог Сангийн яамныхан гаргасан. Ганцхан Сангийн яам шийдвэл зөвхөн төсөв хэмнэх үүднээс хандах эрсдэл байж магадгүй?

-Чиг үүргийн шинжилгээг стратеги бодлогод нь шинжилгээ хийх, хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, үйл ажиллагаанд нь шинжилгээ хийх, бүтэц, зохион байгуулалтын шинжилгээ, төсөв, санхүү, зардлын шинжилгээ гэх зэргээр хийж болдог. Мэдээж яам болгон мэргэжилтнүүдээ оролцуулан шинэ бүтцийн талаарх санал, төслөө боловсруулсан байх. Харин Сангийн яам Төсөв, санхүүгийн зардлын шинжилгээ талаас нь ажилласан болов уу.

Гаднын орнуудын туршлагаас харахад Засгийн газрын хэрэг эрхлэх газар нь чиг үүргийн шинжилгээ хийх, боловсронгуй болгох арга хэмжээг удирдлагаар хангаж, мэргэжлийн байгууллага, судалгааны төв, судлаачдаар хийлгэдэг. Улмаар чиг үүргийнхээ дагуу хэрэгжүүлж буй хөтөлбөр, үйл ажиллагааных нь үр дүн, үр ашгийг үнэлнэ. Түүнчлэн чиг үүргийн давхардал, хийдлийг арилгах, чиг үүргийг шилжүүлэх арга хэмжээг зохион байгуулж, эндээсээ төсвөө хэмнэх арга хэмжээ авдаг.

-Тахарын ерөнхий газрыг татан буулгасан нь ухралт болсон санагдаад байгаа. Хэмнэлт нэрээр иргэнд үйлчилдэг бүтцийг л хасч танаад байгаа юм биш үү?

-Би хуулийн мэргэжлийн хүн биш учраас нарийн хэлж мэдэхгүй байна. Иргэнд үйлчилдэг байгууллага гэдэг талаас нь аваад үзвэл дахиад л чиг үүргийн шинжилгээний асуудал яригдана л даа. Энэ шийдвэрийг гаргахдаа чиг үүргийн шинжилгээ хийсэн болов уу гэж бодож байна. Мэдээж мэргэжлийн хүмүүс ажилласан байх л даа. Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулинд аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээ, сэтгэлзүйн хамгаалалтын арга хэмжээ гэсэн хоёр аргаар хамгаалдаг. Аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээг цагдаагийн алба, мөрдөх алба, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар хэрэгжүүлнэ гээд заачихсан байгаа. Харин Сэтгэлзүйн хамгаалалтын арга хэмжээг нь яасан юм бол гэдэг хардлага төрнө. Тэгвэл хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж, дээрх байгууллагууд гэрч, хохирогчийг хамгаалах чиг үүрэг бүхий хамгаалалтын тусгай нэгжтэй байна. Энэ нэгжийн дэргэд мэргэжлийн хууль зүйн зөвлөгөө өгөх болон сэтгэлзүйчийн баг ажиллана гэж оруулсан байна лээ. Өөрөөр хэлбэл энэ чиг үүргийг хэрэгжүүлэх бүтцийг нэмж бий болгох эрх зүйн зохицуулалтыг хийсэн. Би энэ талаар нарийн судлаагүй учир тодорхой зүйл хэлмээргүй байна.

-Төрийг мэдээлэл судалгаагаар хангах, мэргэжлийн дүгнэлт гаргах бүтцийн тухай бишгүй ярьдаг. Яаж энэ бүтэц амилах ёстой вэ?

-Төрийн бодлогын судалгаа шинжилгээ, төрийн албан хаагчид, удирдах ажилтны сургалт хөгжил, сонгон шалгаруулалт, үнэлгээний зөвлөх үйлчилгээг хэрэгжүүлдэг бүтэц зайлшгүй шаардлагатай. Бусад орнуудад төрийн бодлогын судалгаа шинжилгээг дагнан хийдэг байгууллага, хүрээлэнгүүд байдаг. Монгол Улсад ийм байгууллага, дор хаяж “Зөвлөх үйлчилгээний төв” байгуулах, хэрэгцээ шаардлага маш их. Цаашлаад дан хүний нөөцийн асуудлаар тэр дундаа төрийн удирдах ажилтны хөгжлийн хөтөлбөр, цалин хөлсний тогтолцоо, үр дүнгийн удирдлага, ёс зүйн менежмент гээд олон асуудлаар ярьж болно.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Оюунгэрэл: Яамдыг хольж хутгасан нь орон тоог цөөлөх бэлтгэл ажил гэж харагдсан

Соёл, спорт, аялал жуулчлалын сайд асан Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа.

-Улстөрч хүний хувьд засаг бүрэлдэх үйл явцыг анзаарч байгаа болов уу. Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэсэн амлалт хүлээлт үүсгэсэн. Харин сайдад санал болгож байгаа хүмүүсийг олон хүн сэтгэл дундуур хүлээж авлаа. Таны хувьд энэ тухайд ямар дүгнэлттэй байна вэ?

-Надад Ерөнхий сайдын томилгооноос эхлээд гайхал төрсөн л дөө. Мэдээж залуу хүнийг гаргаж ирсэн гэдгээрээ онцгой ч, боловсролын түвшин, туршлага нь ёстой нөгөө мэргэжлийн гэдэг тодотголд нь нийцэж байгаа юм болов уу. Гадаад хэлний мэдлэг муутай, ялангуяа АСЕМ-ын үеэр бусад удирдагчид шигээ гадаадын зочидтой чөлөөтэй харилцаж чадсан уу гэдэг эргэлзээтэй. Энэ их ажлын хажуугаар хэл сураасай гэж бодож байна. Тэгэхгүй бол Монголын төр явцуу сэтгэлгээтэй хүний гарт орчихов уу гэж харж байна. Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэж өөрөө зарласан учраас ядахдаа өөрийнхөө мэдэхгүй мэдлэгийг бусдынхаар нөхөх юм байна даа гэж төсөөлсөн л дөө. Гэтэл бусад сайд нарын хувьд ч явцуу сонголт хийчихлээ. Ёстой нөгөө 60 тэрбумаа босгох засаг байгуулаад байгаа юм биш үү гэсэн сэтгэгдэл төрөхүйцээр хамгийн их төсөвтэй салбарт мөнгөн дээр ажиллах маш туршлагатай хүмүүсийг тавьчих шиг боллоо. Зөвхөн Сангийн сайдаар жишээ татъя. Цалин тавих, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх санхүүжилтийн эрх, тендерийн эрх гээд улсын данснаас мөнгө авах болгондоо төсөв захирагчид Сангийн сайдад “Эрх нээлгэе” гэж ханддаг. Тэгэхээр тэнд маш шударга, хүнтэй наймаа ярьдаггүй хүн байх хэрэгтэй.

-Наймаа сайн хийдэг хүнийг тавьчихсан юм биш үү?

-Тэнд наймаачин тавина гэдэг бол эрх нээх болгондоо давхар татвар авна гэсэн үг. Надад энэ бохир харагдаж байна. Үнэнийг хэлэхэд Б.Чойжилсүрэнг өөр салбарын сайд болсон бол “Яахав дээ, нам дотроо нэр хүндтэй юм байна” гэж бодоод өнгөрнө. Сангийн сайд болоход нь харин Сангийн яам үнэхээр хайран санагдаж байгаа юм. Би АТГ-ыг гайхаж байна. Баахан хүнийг ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн мөртлөө Б.Чойжилсүрэнг татгалзаж чадаагүй. Б.Чойжилсүрэнг дээд зэргийн ашиг сонирхлын зөрчилтэй хүн гэж харж байгаа. Наад зах нь Тост, тосон бумбын нурууны улсын тусгай хамгаалалтад орсон талбайд Б.Чойжилсүрэнгийн лиценз бий. Тэгэхээр Б.Чойжилсүрэн бол улсын төсвөөс нөхөн олговор авах юмсан гэсэн мөрөөдөлтэй суугаа лиценз эзэмшигч шүү дээ. Энэ бол асар том ашиг сонирхлын зөрчил. Үүнийг АТГ харсаар байж ногоон гэрэл асаачихаад, Ж.Цолмонд нь болохоор “Болохгүй ээ” гэж байгаа нь маш ялгавартай хандлага.

Сангийн сайд гэдэг бүх яамны ажлыг ойлгож, саадгүй явуулж чаддаг төрийн хар хүний хийх ажил. Түүний төрийн хар хүн гэдэг намтар түүх нь хэр зузаан билээ. Сангийн сайдын хувьд туйлын гоомой сонголт хийсэн юм болов уу.

-Мэргэжлийн Засгийн газар нь мөнгөний Засгийн газар болчихлоо гээд шүүмжлээд байна. Монгол төрийн сайдын суудлыг мөнгөөр үнэлдэг жишиг яавал алга болох юм бэ?

-Шударга ёс хэрэгжиж байж л алга болно. Шударга ёсыг хэрэгжүүлдэг, шалгадаг газар нь заримыг нь шалгаад, заримыг нь шалгадаггүй. Шалгахдаа одоо энийг шалгах ээлж, одоо тэрийг шалгах ээлж гээд улс төрийн зорилгоор ханддаг бол энэ байдал арилахгүй л дээ. Хариуцлага тэгш байж засарна. Монголын төрийг худалдаж байгаа эрээ цээргүй бичлэг цацагдсан. Монголын төрийн албан тушаалыг худалдах нь авлигын сонгодог нэр томьёогоор албан тушаалын түрээсийн авлига юм. Тэр бичлэгээс харахад Монголын төрийн албан тушаал болгоныг худалдах санал гаргаж байгаа Ц.Сандуй “Албан тушаалын түрээсийн авлигыг нэвтрүүлье” гэж намынхаа даргад шууд санал болгож байгаа юм. Авлигын гэмт хэргийг санал болгоход өнөөх нь “Наад гэмт хэргийн сүлжээ чинь аягүй гоё сүлжээ байна” гэх юм. Гэтэл хэрэг шалгадаг байгууллага нь “Өө энэ бичлэгийг шалгах шаардлагагүй юм байна” гэх жишээтэй. Энэ нь МАН-ын дотор авлигын гүн гүнзгий соёл нэвтэрсэн байна л гэсэн үг.

-Сонгогчдын хувьд энэ бүхэн сэтгэлээр унамаар үзэгдэл. Итгэл хүлээлгэсэн нам нь засгийн эрхийг авангуутаа баахан мөнгөтэй хүнд төрийг атгуулчихлаа?

-Ард түмэн маань эднийг итгэж сонгов уу. Засгийн газрыг авлигын сүлжээгээр байгуулаад эхлэхэд нь, “Сонгуулийн үеэр бидний олж мэдээгүй ямар авлигын технологийг нэвтрүүлчихэв ээ” гэж эрхгүй бодогдож байна. Хэрэв сая Засгийн газраа үнэхээр ярьж байсан шигээ мэргэжлийн байдлаар сонгосон бол би МАН-ын үнэмлэхүй ялалтад алга ташихаар байлаа. Одоо бол энэ ялалт бас бохир байсан юм биш биз дээ гэдэг эргэлзээ төрж байна.

-Ерээд оны эхэн үеийн сонгуулийг харахаар малчин, лам хүн ч сонгогдож болж байсан. Гэтэл өнөө үед мөнгөгүй хүн бол УИХ-ын босго давах боломж хаагдчихлаа. Хэрвээ мөнгийг гол шалгуур болгож тавихгүй бол ямар тогтолцоо байх ёстой гэж та бодож байна вэ?

-Сонгуулийн хуулийг өөрчилж байхад, Үндсэн хуулийн Цэцийг элдэв шийдвэр гаргахад зөндөө хэлсэн л дээ. Пропорционалийн оролцоотой нөхцөлд Монголын жирийн ард түмэн сонгуульд ордог үүд хаалга нээгдэнэ шүү. Хүн бүр улс төрийн туршлага хуримтлуулах гэж бүх насаа үрж чадахгүй. Хүн бүр 25 жил аль нэг намд явж, намын хар бор ажил хийж амжихгүй. Тийм үед нийгмийн бусад төлөөллийг УИХ-д оруулах цорын ганц хаалга нь пропорциналь тогтолцооны жагсаалт байна шүү гэж зөндөө ярьсан л даа. Ялангуяа эмэгтэйчүүд, жишээлбэл, хүний эрхийг насаараа хамгаалж яваа эмэгтэйчүүд хэзээ ч энд тэнд очиж тойрог тойглож чаддаггүй. Яагаад гэвэл хохирогчдоо өмгөөлж хамгаалж явсаар байтал хамаг цаг хугацаа нь барагддаг. Ийм хүмүүсийг шийдвэр гаргах түвшинд оруулах үүд хаалга хаагдлаа гэж хэлсэн. Гэвч ҮХЦ үнэхээрийн аймшигтай шийдвэр гаргасан. 2012 оны сонгуулийн үеэр болж байна гэж үзсэн зүйлээ 2016 оны сонгуулиар болохгүй гэж гэнэтийн шийдвэр гаргаад, жижиг 76 руу шилжсэнээр улс төрд орох нэр дэвших нөхцөлийг илүү хүндрүүлсэн л дээ.

-Нэг хэсэг АН-ын зарим лидер сонгогчдоосоо санхүүжих замаар намын санхүүжилтийг цэвэр тунгалаг болгох тухай ярьж байсан. Аль нэг компани, бизнесийнхнээс бус сонгогчдоосоо мөнгө босгох технологи амьдралд хэрэгжих боломжгүй байв уу?

-Сая бие даагч, дуучин Нара тэр технологийг хэрэглэж нэр дэвшлээ шүү дээ. Тэр технологиор хөрөнгө босгож, сайн дурынхныг ажиллуулаад, хуулийн дагуу маш зөв хөрөнгө босголоо. Би бол Нарагийн мөнгө босгож байгаа технологийг зөв гэж харсан. Сошиал медиагийн хүчээр Нарад тэр боломж нь анх удаа гарлаа. Сошиал медиа байхгүй нөхцөлд айл болгоны хаалгыг тогшоод мөнгө гуйна гэдэг хэцүү. Орчин үед энэ технологи боломжтой болж байгаа юм билээ. Бид сая хууль гаргахдаа бас л хувь хүн данс нээж мөнгө оруулахыг ядахдаа сонгуулиас хагас жилийн өмнө нээж өгье гээд дийлээгүй. Хагас жилийн өмнө данс нээх эрхийг зөвхөн намуудад нээж өгөөд, хувь хүмүүст тийм боломж олгоогүй. Намууд хөрөнгө босгох дансыг дөрвөн жил ажиллуулах эрхтэй байгаа. Намууд нь тэр мөнгөө босгож сурахын тулд ардчилсан, шилэн байх учиртай юм. Намуудад хувьсал гарч байж иргэд намд итгэж хандив өгнө. Тийм учраас зөвхөн танигдсан хүмүүс сонгуулийн хэдхэн хоногт мөнгө босгож чадаж байгаа. Сонгуулийн санхүүжилт бол бидний сүүлийн 25 жилд өөрчилж чадаагүй ганц эмзэг цэг. Сонгуулийн санхүүжилтийн системийг ядахдаа авлигын бус сүлжээгээр хиймээр байна шүү дээ. Албан тушаал зарж, хөрөнгө босгодог байдлыг болиулмаар байгаа юм. МАН энэ талаар арай л буруу үлгэр дуурайл үзүүлж байна.

-Засгийн газрын бүтцийг эдийн засаг хямарсан үед цомхон байлгах санаа зөв. Танахдаа аль чиглэлүүдийг хасч байна гэдэг анхаарах асуудал. Та бол ССАЖ-ын сайд байсан хүн. Танай яамны харьяалж байсан чиглэлүүдийг бусад яамдад хавсарга байдлаар тараагаад өгчихлөө. Хэзээ улстөрчид соёлын бодлогод ач холбогдол өгөх юм бол?

-Монголыг Монгол байлгадаг юм юу вэ. Эцсийн эцэст Монгол юугаа тордож авч явбал бусдын нүдэнд Монгол шиг харагддаг юм бэ гэдгийг сая АСЕМ харууллаа. АСЕМ-ын үеэр монголчууд соёлоо танилцууллаа. Ерөөсөө манайд ирсэн хүн манай соёлоор л амьсгалж байж Монголд хөрөнгө оруулах юм байна, найз нөхөр болох юм байна, эргэж ирэх юм байна. Соёлдоо бид ахиухан хөрөнгө оруулж, арай жаахан анхаарвал хөдөө орон нутгийнхан ч түнштэй болох юм биш үү. Бүтээгдэхүүнээ гадаадад экспортолж байж аятайхан амьдарна. Хөрөнгө оруулагч ирэхэд бид соёлоо л танилцуулна шүү дээ. Хүнийг ирэнгүүт манайд ирээд мах аваад яв гэхгүй шүү дээ. Манайд ир дуу сонс, наадам үз, мах идэж үз, уламжлалт аргаар боловсруулаад өгье гэнэ. Ийм нандин өв соёлтой, итгэл үнэмшилтэй хүмүүстэй харилцах юм байна гэж мэдэрч байж хүн хамтарч ажиллана. Ийм байдлаар соёлоо эдийн засагтайгаа зэрэг авч явдаг юм. Соёлыг МАН аль нэг салбарын дайвар гэж харж байна. Ихэвчлэн боловсролын салбарын урлагтай холбоотой хэсэг нь гэж үзээд байна. Үнэхээр дуу хөгжмийн хичээлийн хэмжээнд л авч үзэж байна. Гэтэл соёл гэдэг маань манай эдийн засгийн асар том баталгаа шүү дээ.

Төрийн албан хаагчдыг олноор нь халах бэлтгэлээ сая эд нар хийчихлээ л дээ. Баахан яамны нэр солино гэдэг бодлогын ялгаатайдаа биш. Үнэхээр бодлогын ялгаатай байсан бол ССАЖЯ, Хөдөлмөрийн яам шиг бодлогоороо ялгарсан яам гаргаж ирэх байлаа. Гэтэл бодлогыг нь харин хольж хутгаж, аль болохоор ойлгомжгүй болгох байдлаар яамдын бүтцийг өөрчиллөө. Тэр нь зүгээр л орон тоо өөрчлөхийн өмнөх бэлтгэл ажил гэж харагдсан. Тамга тэмдэг, бичиг цаас өөрчилнө. Түүнтэйгээ зохицуулаад бүтэц өөрчилнө. Бүтэцтэйгээ зохицуулаад хүнээ өөрчлөх гэж л ингэж бужигнуулж байна уу даа. Мөрийн хөтөлбөртэйгөө нийцсэн бодлогын өөрчлөлт байна даа гэхээр цогц юм харагдсангүй.

-Соёл, аялал жуулчлал гэдэг бүтэц сайн хоршиж байсан санагддаг. Аялал жуулчлалдаа мөнгө оруулж, соёлоо таниулж байж улс орон хөгжинө гэдэг?

-Соёл, спорт, аялал жуулчлал хамтдаа жинхэнэ эдийн засгийн утгаа олж байсан. 2014 онд ССАЖ-ын сайд байхдаа Дэлхийн хамгийн том аялал жуулчлалын яармаг дээр Монголынхоо аялал жуулчлалыг танилцуулъя, мөнгө гаргая гэж шийдээд, яармагийн гол түнш орноор сонгогдсон. Тодорхой хэмжээний мөнгийг улсын төсвөөс гаргаад хувийн хэвшлээс бас нэлээд их хандив цуглуулаад, Германд дэлхийн хамгийн том аялал жуулчлалын яармагийн үеэр Монгол од болсон л доо. Томоохон аялал жуулчлалын зуучлагч үйлчилгээний компаниуд 2016 оноос зочдоо Монголд явуулна гэж гэрээ хийсэн. ITB 2015-ын анхны гэрээт зочид энэ зун ирж байгаа. Энэ зун ирж байгаа зочдод маш зөв үйлчлэх ёстой. Тэгж чадвал дараа жил ирэх хүмүүс нэмэгдэнэ. Энэ жил Дэлхийн аялал жуучлалын яармагт улсын төсвөөс зарцуулсан таван тэрбум төгрөгийнхөө анхны ургацыг хурааж байгаа юм. Хэдэн төгрөгийн орлого хэдэн компаниар дамжиж орж ирж байгааг аялал жуулчлалын улирлын төгсгөлд хэлэх байх.

-Монгол наадам аялал жуулчлалын гол брэнд гэдэг. Гэтэл наадам бүрээр цэнгэлдэхдээ багтаж яддаг. Гадаадын жуулчдаа ч ад үзэх шахуу юм болж байна. Том цэнгэлдэх байгуулж болдоггүй юм уу?

-Цэнгэлдэх хүрээлэнд их мөнгө орно л доо. Үе үеийн Засгийн газрууд энэ мөнгийг оруулчих юмсан гэж мөрөөддөг. Нэг жилийн улсын төсөвт багтаж орж чадахгүй байсаар дөрвөн жил болсон юм. Хүмүүс “Хөөрхий муу АН чинь маш их юм хийчихсэн юм байна ш дээ” гээд одоо яриад байгаа юм. Бид эдийн засаг доод цэгтээ уначихсан байхад засаг аваад, хямралтай, бага мөнгөтэй үед засагласан гэхэд ямар их зүйл хийсэн юм бэ. Хэзээ ч өмнө нь бид баян байхдаа дөрвөн жилийн дотор 4000 км зам тавьж байгаагүй, дөрвөн жилийн дотор 1600 үйлдвэрийг босгож ирэх зээл гаргаж үзээгүй. Эрчим хүчнийхээ хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлнэ гэдэг бол өмнөх 70 жилийн ажлыг хоёр нугалж хийнэ гэсэн үг. Гэхдээ энэ бүхнийг мөнгө багатай үед хийсэн гэж бодохоор бид маш бүтээлч ажилласан байгаа юм. Энэ бүхнээ сонгуулийн үеэр яриад явахад нүүр бардам байсан.

-Үнэхээр маш их бүтээн байгуулалт хийсэн мөртлөө яагаад хүмүүс үнэлсэнгүй вэ. Ялагдлын дараа юу болоод өнгөрөв гэдэгт ямар ч нам дүгнэлт хийх байх?

-Манай намын удирдлага хариуцлага хүлээнэ л дээ. Яасан бэ гэхээр, нэр дэвшүүлэхээс авахуулаад хүмүүсээ ялах боломжтой тойрогт нь тавьж чадаагүй. Хүн болгон л намайг “Хан-Уулдаа ирэхгүй яасан юм” гэдэг. Огт бэлтгээгүй, огт ажиллаагүй тойрогт очоод 17 хоног л ажиллалаа. Тэгэхэд би найман жил энэ тойрогт ажилласан хүнтэй өрсөлдлөө. Иймэрхүү зүйлүүдийг их хийсэн. Энэ бол манай удирдлагын менежмэнтийн алдаа.

-Сонгуулийн дараа Ц.Оюунгэрэл юу хийж байгаа бол гэж хүмүүс сонирхож байгаа болов уу?

-Номоо бичиж байна. Өдөрт заавал хоёроос гурван цаг номоо бичиж байгаа. “Ногоон нүдэн лам”-ынхаа хоёрдугаар дэвтрийн эхний нооргийг гаргаж, зээ охиноо харж байна. Ийм том даргатай болсон. Найз нөхөдтэйгөө нийлж намынхаа дүрэм, журам дээр ажиллаж байна. Намынхаа дүрэм, журмыг шинэчлэх, дотоод ардчиллыг сайжруулахаар хичээж байна. Ийм гурван зүйлийг хийж байна. Цаашдаа хийхээр бодсон ажил бий.

-Фэйсбүүкээс харж байхад “Ногоон нүдэн лам”-ын хоёрдугаар дэвтрийг бичиж байгаа гэхээр уншигчид баяртай хүлээж авч байна лээ?

-2014 онд залууст лекц уншсан юм. Лав мянгаад залуу тэнд байсан байх шүү. Тухайн үед “Надад сонголт байна. Ирэх сонгуульд өрсөлдөхгүй номоо бичих, номоо бичихгүй байж байгаад өрсөлдөх үү” гэсэн чинь заал дүүрэн залуус “Номоо бич” гэцгээж байсан юм. Тэр залуусын хүсэл биелж байгаа (инээв).

-Францын хэвлэх газар “Ногоон нүдэн лам”-ыг хэвлэхээр болсон гэсэн. Юу болж байгаа вэ?

-Ноднин арван сард тийм гэрээ хийсэн. Тэр гэрээнд зааснаар бол хоёр жилийн дотор хэвлэнэ гэсэн юм. Одоо францчууд хэвлэх бэлтгэл хийж байгаа болов уу гэж бодож байна.

-Хавайн арлын зохиолчдын хуралд оролцох болсон гэсэн. Тэд Монголд зохиолч байдаг юм уу гээд гайхсан гэсэн үү?

-Хавайн арлууд долоон арлаас бүтэж байгаа юм. Тэдгээрийн дөрөв дэх жижиг арал нь Хавай. Энэ арал дээр Хавайн арлуудын зохиолчдыг уулзуулдаг фестиваль болдог юм байна. Тэр хурал нь нэлээд өргөжөөд анх удаа олон улсаас хүмүүс очих болсон. Гадаадаас очиж байгаа эхний төлөөлөгчид Жефф бид хоёр оржээ. Тэгсэн нөгөөдүүл чинь манай арлын зохиолчдын хуралд гадаадаас хүн ирэх нь гэж баярлаад бидний тухай сурвалжлага хийсэн юм байна л даа. Нөгөөдүүл чинь Монгол гэнгүүт баахан гүүглдэж хайжээ. Олсон мэдээллээрээ нийтлэл бичсэн байна лээ. “Манайд Монголоос хүн ирэх нь” гэсэн гарчигтай мэдээ байгаа юм. Америкийн жирийн иргэн болохоор газарзүйн талаар ойлголт муу. Тэр хүн Монгол гэхээр морь унасан хөдөөний хүн гэж төсөөлдөг байж л дээ. “Монголын тухай миний төсөөлөл хуучирчээ, та минь ээ. Монголд чинь бас зохиолчид байдаг юм байна. Идэвхтэй сэхээтнүүд байдаг юм байна” гэх мэтээр бичсэн байна лээ. Бас Америкаас үлэг гүрвэлээ буцааж авч шуугиан тарьж байсан гэж дурдсан байсан(инээв). Түүнийг нь уншиж, инээд хүрээд “Манай Монголыг зохиолчтой гэдгийг анх удаа мэдсэн хүмүүс байна” гэж жиргэсэн юм л даа.

-Францын сэтгүүлчид танаас үлэг гүрвэлийн асуудлаар ярилцлага авсан гэсэн. Тэдэнд юу сонин байсан бол?

-Тэдний хувьд Лениний музейг Үлэг гүрвэлийн музей болгосон, үлэг гүрвэлийг буцааж авчирсан талаар их сонирхож байна лээ. Үлэг гүрвэлийн музей болж өөрчлөгдсөн нь гоё санагдаж л дээ. Яг энэ суурин дээр урьд нь Ленин байсан. Одоо энд үлэг гүрвэл байна. Ардчилсан Монгол Улсад гэж бичсэн байна лээ. Цаг үе өөрчлөгддөг, соёл хэвээрээ үлддэг гэдэг санааг илэрхийлсэн сурвалжлага хийсэн юм.

-Монголоос хамгийн их үлэг гүрвэлийн яс, дурсгал олддог болохоор Үлэг гүрвэлийн музей байгуулчихвал жуулчид их ирнэ дээ гэж боддог?

-Тэрийг Б.Наранхүү гишүүн л хийж байгаа даа. Намайг үлэг гүрвэлийн тухай ярьж байхад хамгийн их сонирхсон аймгууд бол Өмнөговь, Дундговь. Тэд Үлэг гүрвэлийн музей байгуулна гэсэн маш их итгэл үнэмшилтэй байгаа. Музей байгуулахад удаан хугацааны бэлтгэл шаарддаг. Концепци, зураг төслийг нь гаргаад, төсвөө бэлтгээд мөнгө шийдүүлэх ажилдаа орно. Концепци судлах ажил дээр энэ хоёр аймгийнхан маш идэвхтэй байсан. Ойрын хэдэн жилд дэлхийг алмайруулсан музей гарч ирнэ гэж найдаж байна.

Categories
мэдээ цаг-үе

Б.Насанбаяр: Ус үерлээд ирэхэд зугтана уу гэхээс биш зогсооно гэж байхгүй юм байна лээ

БСШУЯ-ны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяртай ярилцлаа.

-Б.Насанбаяр доктор хамгаалсан гэдэг содон сонсогдлоо. Энэ их ажлыг хэзээ амжуулчихав?

-2009 оноос хойш боловсролтой холбоотой судалгаанууд хийсэн л дээ. Түүнээс өмнө ч Эрдэнэтэд ажиллаж амьдарч байхдаа нийгмийн төлөвшил, хүмүүсийн харилцаа хандлага, боловсролын хэрэгцээний талаар судалгаанууд хийж байсан. Яагаад улсын төсвийн 20 хувь, ДНБ-ий 5-6 хувийг боловсролын салбарт зараад байхад боловсрол үр дүнтэй болж чадахгүй байгаа юм бэ гэсэн асуулт надад байсан. 2012 онд Боловсролын их сургуулийн докторантурт элссэн. Тэр үед өмнө нь арваад жил хийсэн судалгаа, ажлын чиг үүрэг ч давхацсан.

2012 оны ес, аравдугаар сард үнэндээ шөнө хоёр цаг унтаж чадахгүй байсан. Өнөөг хүртэл боловсролын салбарт явж ирсэн тэр бүх бичиг баримтууд хийгдсэн ажил, түүнд хийсэн судалгаа, дүгнэлтүүдтэй нэг бүрчлэн танилцаж, тэндээс юуг авч сайжруулах, юу чухал юм бэ гэдгийг үзэж системчилсэн. Тэр дагуу одоогийн бичиг баримтуудын үндэслэлүүд гарсан л даа. Миний докторын ажил “Хүүхэд бүрийг хөгжүүлэх хөтөлбөрийн онол арга зүй, үндсэн чиг хандлага” гэсэн сэдэвтэй учраас хийж байсан ажил, судалгааны ажил холбоотой гэсэн үг.

-Та докторын судалгааны ажлаараа хүмүүст юу хэлэхийг хүссэн бэ, ямар дүгнэлтэд хүрэв?

-Суусан цэцнээс явсан тэнэг дээр гэдэг. Хүүхэд бүрийг хөгжүүлэх онолын үндэс нь олон улсад ч байсан. Монгол эрдэмтэд ч мэддэг. Харилцан үйлчлэлийн онол гэж хэлээд байгаа юм. Хүүхэд идэвхтэй, орчин идэвхтэй, харилцан хамаарал нь жигд байж хүүхэд илүү хөгжинө гэдэг онолыг дэлхий нийтийн эрдэмтэд болон манай эрдэмтэд нотолж баталсан асар олон судалгаа бий. Онол нь зөв хэрнээ яагаад хүүхэд байгаа боломжоороо хөгжиж чадахгүй байна гэдэг гол асуудал. Судалгааны эцсийн дүгнэлт нь юу гэхээр зөвхөн багш заадаг биш, хүүхэд яаж оролцдог байх вэ, эцэг эх яаж оролцдог байх вэ, мэргэжлийн байгууллагууд, боловсролын газрууд, олон нийт яаж оролцох вэ гэдэгт хариулт өгсөн. Ардчилсан нийгмийн гол үндэс нь оролцоо шүү дээ. Харилцан үйлчлэл гэдэг маань оролцоо. Тийм учраас Хүүхэд бүрийг хөгжүүлэх хөтөлбөрийг дэмжсэн гарцаагүй хийгдэх ёстой менежмэнтийн загварыг гаргаж ирсэн гэсэн үг. Сайд жил бүр албан даалгавар гаргасан. Сайдын албан даалгаварт боловсролын газрын дарга, мэргэжилтэн, захирал, менежер юу хийх, багш, эцэг эх юу хийх талаар нэг бүрчлэн зааж үүрэгжүүлсэн юм. Хүүхдийн төлөө ажиллах ёстой бүх хүн үүргээ гүйцэтгээд эхлэхээр хүүхэд аяндаа хөгжөөд эхэлнэ гэсэн үг. Гарцаагүй хийгдэх ёстой тэр бүх менежмэнтийн загварыг л гаргаж тавьсан хэрэг.

-Ямар ч багштай уулзахад “Хүүхэд бүрийг хөгжүүлж байгаа” л гэдэг. Боловсролын салбарт өрнөсөн шинэчлэл ямар ч байсан шинжлэх ухааны үндэстэй байжээ?

-Хүний хөгжил гэдэг шинжлэх ухааны үндэстэй байхаас аргагүй. Байшин барихад хүртэл маш нарийн технологитой шүү дээ. Хүнийг хөгжүүлэх гэдэг маш нарийн технологи, зохион байгуулалттай байх ёстой. Тэгэх ёстой гэдэг бодлого гараад л бүх юм сайжирчихгүй. Хамгийн гол нь манлайлал. Өнгөрсөн дөрвөн жилд ажилласан Л.Гантөмөр сайдын манлайлал асар чухал байсан. Багш бүр ажилдаа эзэн болж, “Нээрэн бид чинь ийм чухал үүрэгтэй хүмүүс юм байна” гэж өөрийнхөө үнэ цэнийг мэдэрсэн тэр мэдрэмж бол энэ бодлого судалгаа, онолын үндсийг амьдралд хэрэгжүүлэх гол хүчин зүйлс байсан.

-Б.Насанбаяр гэдэг хүн ажлаа өглөө гээд шуугиантай мэдээлэл хийчихсэн. Нөгөө хүн маань хөөрхий золиос болчихов уу, одоо гэртээ гомдолтой сууж байгаа байх даа гэж олон хүн бодсон байх?

-Тухайн үед би нүүр хуудастаа бичсэн л дээ. Би хувь хүнийхээ хувьд хийсэн алдаа гэм буруу байхгүй. Зарим хүмүүсийн яриад байгаа шиг боловсролын салбар нь ямар нэг шашин сурталчилсан юм байхгүй. Би гэм буруугүй гээд сууж болох байсан. Хэвлэлийн хурал хийхээс өмнөх хэд хоногт юу болоод байгааг би судалж үзсэн л дээ. Асар их хүч хаяж, зохион байгуулалттай хийж буй зүйл байсан. Ус үерлээд ирэхэд зугтана уу гэхээс биш үерийг зогсооно гэж байхгүй юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн юм. Тийм учраас хэвлэлийн хурал хийсэн. Хурлын дараа ирэхэд төрийн нарийн бичгийн дарга маань “Хэн нэг хүн элдвээр хэлсний төлөө төрийн ажлыг өгөөд явдаг юм биш. Тийм учраас ойрын үеийн чухал ажлуудаа хий” гэсэн. Хориод хоног гол ажлуудаа цэгцэлсэн. Төрийн албаны тухай хуулиар төрийн албан хаагчийг хэрвээ гүтгэсэн, доромжилсон, буруутгасан бол төр нь хамгаалах үүрэгтэй. Тийм учраас төрийн нарийн бичгийн дарга маань “Чи ямар ч байсан ээлжийн амралтаа ав” гэсэн. Түүний дараа бүтээлийн чөлөөгөө бас авсан. Хоёр сарын хугацаанд албан ёсоор ажиллаагүй. Хоёр сарын дараа буцаад ажилдаа ор гэсэн тушаал гарсан. Тэгээд одоо ажлаа хийгээд явж байна.

-Юунд их харамссан гэхээр, төрийн албан хаагчийг “мүүнчин” гэх мэт нэр цол өгч, хэсэг хүн дайрч давшилсны төлөө ажлаа өгнө гэдэг буруу жишиг. Дараагийн хүнийг ч ийм маягаар зайлуулж болох нь байна шүү дээ?

-Буруу жишиг тогтоохгүйн тулд л төрийн нарийн бичгийн даргын зөвлөгөөний дагуу явсан. Өөрийгөө бодох юм бол амь биш заяа биш гэж орхино. Сая долдугаар сарын 12-нд цэнгэлдэх давалгааллаа шүү дээ. Бичлэг дээр харсаар байтал Р.Пүрэвдагвын тохой түрүүлээд газар хүрсэн байгаа биз дээ. Тийм байхад цэнгэлдэх даяараа давалгаалахад олон хүн Р.Пүрэвдагвыг дэмжиж байгаа учраас хөлийн цэц түүний талд шийдвэр гаргаж, дахиж барилдуулах болсон. Тэгэхэд шарх сэдэрсэн. Телевиз үзэж байхдаа нулимс асгараад, чичрээд байсан. Хүн сүрэг дайрч байгаа юм шиг давалгаалахад шийдвэр гаргах ёстой хүмүүс нь тэрийг яагаад дагадаг юм бэ. Бичлэг байхад баримтыг биш олны шуугианыг дагадаг энэ хандлага өөрчлөгдөх ёстой. Тэр үед би тайвширчихсан, даваад гарчихсан гэж бодож байсан чинь “Биеийн шарх эдгэдэг, сэтгэлийн шарх эдгэдэггүй” гэж үнэн юм билээ. Дөрөв, таван сар фэйсбүүкт ороогүй байсан хүн чинь утсаа асаагаад, чичрээд юм бичээд байгаа юм чинь. Хүний эрх, нийгмийн үнэт зүйл зөрчигдөж байгааг хараад дуугүй байж чадахгүй болчихсон юм байна гэж өөрийгөө оношилсон. Юун дээр сэтгэл өвдсөн гэхээр, хүний эрхийг хамгаалах ёстой Хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргахад маань “Манайд хамаарах асуудал биш ээ” гэж хариу өгсөн. Шүүхэд нэхэмжлэл гаргахад 45 хоногийн дараа “Тэр хүний чинь хаяг нь олдохгүй байна” гээд миний нэхэмжлэлийг буцааж байсан. Шүүх нь, ХЭҮК нь олны шуугианыг дагаж байгаад үнэхээр эмзэглэсэн. Хүний эрхийн төлөө ажиллах ёстой юм байна гэж бодогдсон.

-Яагаад Б.Насанбаяр гэдэг хүнийг онилсон юм бол. Ийм том дайралтын хувьд яамны газрын даргын суудал арай л жолдох юм шиг?

-Манай сайдын хувьд аль ч талаасаа харсан ирээдүйд нөлөө бүхий лидер байхаар хүн. Том хүний хажууд байна гэдэг төдий чинээ эрсдэл хүлээдэг юм байна. Газрын дарга гэдэг сайд биш, УИХ-ын гишүүн биш шүү дээ. Газрын даргыг золигт гаргана гэдэг тодорхой зорилготой гэдэг нь харагдаж байгаа. Бай нь биш ч, золиос нь би байсан.

-Ингэхэд Мүүн гэдэг асуудал яаж боссон бэ?

– Мүүний шашин гэдэг нь ямар байгууллага юм, яасан ийсэн гэхээсээ би Монгол Улсад зөвшөөрөлтэй төрийн бус байгууллагад ажиллаж байсан. Тэр ТББ гэр бүл, эрх чөлөө, нийгмийн сайн сайхны төлөө ажиллаж байсан. Хэн нэгэн намайг шахаж “Чи энэ байгууллагад оч” гэж хэлээгүй. Ерээд оны эхэн үед нийгэмд тодорхойгүй зүйлс их байсан. Миний хувьд “Энэ нийгэм хаашаа явах юм. Би яаж илүү зөв амьдрах вэ” гэж боддог байлаа. Монголд байгаа бүх л шашныг судалж үзсэн. Тэр үеийн залуус хийж бүтээх, юм судлах, сонирхох асар их эрмэлзэлтэй байсан. Маш олон газар очиж, байж болох бүх хүнтэй уулзаж, судалж үзсэн. Миний хувьд ч Дейл Карнегийн клубт очдог байсан. Төрийн бус байгууллагуудад очиж, яриа хөөрөө хийдэг. Туул голыг цэвэрлэхэд олон удаа оролцсон. ДОХ-ын эсрэг өдрийн жагсаалд ч оролцож байлаа. Эрдэнэтэд тавдугаар сарын 31-ний өдөр хүмүүст тамхины хор хөнөөлийг яаж ойлгуулах вэ гээд өчнөөн ажил хийгээд явж л байсан “Энэ нийгэм өөрчлөгдөх ёстой. Монгол Улс хөгжих ёстой” гэсэн сэдэл тэмүүллээр тийм зүйл ярьж байгаа залуустай нэгдэж нийлж байв. Зөв зүйл, сайн сайхан зүйлийг хайж тэнд байсан залуу хүн бүрийг өнгөрсөн түүхээр нь буруутгана гэвэл аймаар харгис зүйл.

-Та үнэхээр Мүүний үзэлтэн байлаа гэхэд тэр нь таныг ажлаас чөлөөлөх үндэслэл болж чадахгүй шүү дээ. Хэн нэгнийг гарал, үүсэл шашин шүтлэг, нас хүйсээр нь ялгаварлан гадуурхаж болохгүй гээд Үндсэн хуульдаа заасан байдаг. Ингэхэд хүнд өдрүүдэд таныг өмгөөлж үг хэлсэн хүн хэр олон байв?

– Намайг өмөөрөөд үг хэлэхээр мүүнчин болчих гээд түвэгтэй нөхцөл байдал байсан л даа. Ц.Оюунгэрэл гишүүн хамгийн түрүүнд “Хэзээ ч ийм юманд бууж өгч болохгүй” гэж зөвлөж байсан. Б.Лхагвасүрэн гуай телевизээр маш тодорхой юм бас ярьсан. Цөөхөн тийм хүн байсан. Чой хамбад би “Танд үнэхээр баярлалаа” гэж сүүлд хэлсэн. Угаасаа ч Чой хамбад золгодог, ханддаг байсан. Ийглийн нэвтрүүлэгт орж байхдаа Чой хамба “Тэр чинь над дээр ирдэг л хүүхэд шүү дээ” гэж хэлснийхээ төлөө бас хэдэн өдөр элдвээр хэлүүлсэн. Хүний эрх гэдэг бусдын эрхийг зөрчихгүй байхаас эхэлдэг. Ардчилал, хүний эрхийг жинхэнэ утгаар нь хөгжүүлэх хэрэгцээг энэ бүхэн мэдрүүлсэн. Хүний эрхийн чиглэлээр ажилладаг байгууллагууд хүний эрх зөрчигдөж байвал арай баярладаг юм биш биз дээ гэсэн сэтгэгдэл төрсөн. Яагаад гэхээр хүний эрх зөрчигдөж байгаа кейсээр энд тэндээс төсөл авч, өөрсдийгөө тэжээж тэтгэж амьдардаг юм биш биз дээ гэх бодол төрж байлаа. Олон улсын хүний эрхийн байгууллагын хүн ирж уулзаад “Яг энэ түүхийг олон улсад гаргах ёстой. Наймдугаар сард НҮБ-ын хүний эрхийн залуучуудын хурал болно. Энд ирээч” гэж урьсан. Б.Насанбаяр гэдэг хүнийг дайрч давшлахаас илүү энэ салбарыг дайрч, хэн дуртай нь ирээд юу дуртайгаа ярьж байгаа нь хамгийн хүнд байлаа. Намайг хэвлэлийн хурал хийхэд сэтгүүлчид дүүрэн байсан. Маргааш нь эрдэмтэд сүнстэй бодлого гэж юу болох талаар тайлбарлахад хэн ч сонирхохгүй байна шүү дээ. Үнэн мөнийг олох гэж биш Б.Насанбаяр гэдэг хүнээр дамжуулж шуугиан тарих нь гол байжээ.

-Сайн талаас нь харвал Б.Насанбаяр гэдэг хүнийг нийгэм бүхлээрээ танихаар боллоо. Та цаашдаа юу хийхээр бодож байна даа?

-2003 оноос хойш би зорилгоо боломжоороо арав арван жилээр тодорхойлж ирсэн юм. 2003 онд боловсролын салбарт ажиллана гэж байсан. Тохироо нь ч бүрдсэн. 2020 он хүртэл энэ судалгааны ажил, боловсролын салбарын ажил дээрээ төвлөрнө. 2020 оноос хойш дөч гарчихна. Хүүхдүүд маань ч том болчихно. Миний хувьд 2020 оноос цаашаа юу хийвэл илүү боломжтой вэ гэдгээ төлөвлөж харж байна л даа. Өнөөдөртөө илүү тодорхой юм хэлж мэдэхгүй байна.

-Та ахлах ангийн сургалтын хөтөлбөр кредит системд шилжиж байгаа гэж байсан. Ахлах ангийн сурагчдад илүү сонголт хийх боломж гарах нь гэж бодож байлаа. Харин одоо засаг солигдчихоор энэ бүх шинэчлэлийг үргэлжлүүлэх болов уу гэдэг хүлээлт хэн бүхэнд байна?

-Монгол Улсын төрийн санах ой гэдэг төрийн бодлого, хуулиуд юм. Төрөөс боловсролын салбарт баримтлах бодлогоо 2015 онд УИХ баталсан. НҮБ 2030 он хүртэл дэлхий нийтээр дагаж мөрдөх тогтвортой хөгжлийн зорилтуудаа тодорхойлсон. Түүний дагуу Монгол Улс 2030 он хүртэл тогтвортой хөгжлийн үзэл баримтлалаа баталсан юм. Энд манай салбарын хүрэх үр дүн, зорилтууд, хийх ёстой ажлууд тодорхойлогдсон байгаа. Энэ ерөнхий гол суурь хандлага, зарчмууд батлагдсан. Түүнийхээ дагуу хийгдэх ёстой ажлууд хийгдээд явж байгаа. Ахлах анги буюу бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөр батлагдсан. Үүнийг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг хөтөлбөр, суралцахуйн удирдамж нь хэвлэгдээд багш нарынхаа гар дээр очиход бэлэн болсон. Энэ хөтөлбөрийг бүтэн хоёр жилийн турш туршиж, сайжруулаад Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Кембриж, ЮНЕСКО-гийн олон улсын зөвлөхүүдээр хөндлөнгийн мониторинг үнэлгээ дүгнэлтүүдээ хийлгэчихсэн. Үндэсний эрдэмтэд маань тэр бүхнийг үндэслээд монгол хүн яаж хөгжих вэ гэдэг бүх загвар, бодлого чиглэлээ гаргаад баталсан байна. Энд салбар зөвхөн 12 жилийн тогтолцоонд шилжих гэж зургаан жил зарцуулсан шүү дээ. Угаасаа л өмнөх хийсэн зүйлүүдээ сайжруулаад явж байгаа учраас хүүхэд бүрийг хөгжүүлэхгүй гэж хэлэхгүй байх. Хүүхэд өөрөө мэргэжлийн чиг баримжаагаа олж авдаг, түүндээ суурилж хөгждөг. Үүнд зориулж гүнзгийгийн хөтөлбөр гэдгийг анх удаа монгол эрдэмтэд боловсруулж баталж гаргаж байна. Математикийн гүнзгий гэхээр их сургуульд үздэг хичээлийг түрүүлж үзэж байснаас биш ерөнхий боловсролын сургуульд математикийн гүнзгийрүүлсэн хичээл дээр юу үзэх вэ гэдгийг анх удаа яам баталсан. Энэ бүхэн орвонгоороо өөрчлөгдөнө гэж бодохгүй байна.

-Та шөнө орой болтол яаман дээрээ ажиллаад сууж байдаг хүн. Яаж ингэж юм бүхэнд хүртээмжтэй байдаг юм бол гэж заримдаа гайхдаг байсан л даа. Яах гэж тэгтлээ зүтгэв дээ гэх бодол төрөх юм уу?

-Харамсах сэтгэл төрдөггүй. Нэгдүгээр ангиасаа эхлээд багш болно гэж боддог байв. Манай ээж сумын эмч учраас өдөр шөнө ялгаагүй дуудлага ирсэн үед явдаг. Багш ээжтэй хүүхдүүд гоё юм аа. Ээж нь гэртээ байдаг юм байна гэж боддог байлаа. Аав жолооч, ээж эмч. Гэртээ байх нь ховор учраас гэрийнхээ бүх ажлыг багаасаа зохицуулж сурсан. Нэгдүгээр ангиасаа аравдугаар анги хүртлээ багш болох хүсэл маань өөрчлөгдөөгүй. Хүсэл эрмэлзлийнхээ дагуу салбартаа ажиллаж байгаа. Миний хийж байгаа зүйл хүүхэд, багш дээр хэрхэн очих вэ. Яавал багш ажлаа аз жаргалтай хийх вэ. Яавал хүүхэд илүү хөгжих вэ гэдгийг бодож ажилладаг. Би гурван ангид дөрвөн жил дараалан очиж хичээл дээр нь суусан. Очих болгонд хүүхдийн нүд гэрэлтэж, гайхамшигтай өөрчлөгдөж байгааг харахад кайфтай, гайхамшигтай санагддаг. Би энэ дөрвөн жилд өөрөө маш их хөгжсөн. Асар олон зүйлийг маш богино хугацаанд хийж, ачаалал авах тусмаа миний нуугдмал, далд байсан чадварууд ил гарч байлаа. MIT-тай гэрээ хийсэн гээд нэг өгүүлбэрээр хэлчихэж байгаа ч түүний төлөө хоёр жил ажилласан шүү дээ. Мянган инженерийн төсөл маш богино хугацаанд хэрэгжсэн. УИХ дээр энэ төсөл батлагдаж байхад урьдчилсан байдлаар албыг нь байгуулаад, бэлтгэл ажил нь явсан. Төр гэдэг зүйлийн цаана Монгол Улсын төлөө зүтгэж явсан үе үеийн хүмүүсийн хичээл зүтгэл, хүсэл эрмэлзлийг тээж явдаг. Нэг удаа Ч.Сайханбилэг Ерөнхий сайдад асуудлаа танилцуулж байсан чинь харж харж байснаа “Л.Гантөмөр сайд, Б.Насанбаяр дарга хоёр ёстой их хүсэл мөрөөдөлтэй сайхан хүмүүс шүү” гэсэн юм. Хэдийгээр тоглоом шоглоомоор хэлсэн ч гэсэн дулаахан санагддаг. Хөөрхий, ядаж л хүсэл мөрөөдөлтэйг нь харсан хүн байна шүү дээ.

-Хэцүү өдрүүдийг гэр бүлийнхэн чинь яаж хүлээж авсан бэ?

– Манай нөхрийн оронд өөрийгөө тавиад үзвэл ямар байх нь ойлгомжтой л доо. Наад зах нь хамт ажилладаг хүмүүсээс эхлээд, ах дүү хамаатан садан гэж байна. Хүн чинь газар дээр гон бие гозон толгой биш шүү дээ. Гэхдээ хамгийн гол нь миний эхнэр хэн юм, юу хийгээд явдаг юм. Ажлын төлөө яаж зүтгэж явдгийг нөхөр маань мэдэж байгаа. АТГ-аас манай нөхрийн данс, хүүхдүүдийн хадгаламж, эцэг эх, ах дүү, хамаатан садныг шалгасан. Гэм хийгээгүй мөртлөө шалгуулна гэдэг нэг талаар түвэгтэй мөртлөө үнэхээр зөв шударга амьдарч байсан гэдэг шалгалтын дүн гарахад “Дүн тавиуллаа даа” гэж бодогддог юм билээ. Арав гаруй жилийн турш харилцах ганц данстай, хадгаламжийн цөөхөн төгрөгтэй байсан байна. Амралттай, чөлөөтэй өдрүүддээ ч би өмнө нь ажиллаж байсан шигээ л ажилласан. Нэг ч өдөр гэртээ зүгээр суугаагүй л дээ. Тэр хугацаанд би Харвардын онлайн сургалтад хамрагдлаа. Ээж маань намайг тээж байх үедээ хүнд өвчтэй байсан. Ямар ч байсан энэ өвчний ард гарч, хүүхдээ төрүүлнэ гэж ээж маань өдөр бүр тэмцсэн учраас тэмцэгч, даван туулагч шинж чанар төрөлхөөсөө надад заяасан юм байна гэж боддог. Нэг аймаар юм нь хүн бүр муу хэлээд байхаар энэ хүнд юу ч гэж хэлж болно гэж хүмүүс боддог. Нэг хоолны газар орсон ч хажуугийн өрөөнд Б.Насанбаяр гээд хүмүүс миний тухай ярьж байдаг. Тэр болгонд хатуужил тэвчээр суусан даа.

-Юунаас эрч хүч авдаг вэ?

-Хэцүү үедээ дуртай номоо уншдаг. Харвардад санал болгодог “Bill George True North” гэдэг ном хэсэгтээ ширээний ном байсан. Тэр номд юунаас болоод удирдагч бүтэлгүйтдэг. Яаж түүнийгээ давж гардаг, үймээн шуугианы үед хэрхэх тухай өгүүлдэг. Дэлхийд алдартай олон хүн өөрийнхөө амьдралын асуудлыг шийдэх гэж яваад хүн төрөлхтний асуудлыг шийдсэн түүх байсан. Нийгэм яаж ч өөрчлөгдсөн тухайн хүн тууштай, алтан гадас шиг байх тухай ном. Ямар ч хүнд ажилтай үедээ дуу сонсдог. Бурхан шиг хань, гурван хүүхдээсээ хамгийн их эрч хүч авна. Том охин маань “Ээж ээ, тэр Мүүн гэдэг чинь юу юм бэ” гэж асуух үе надад хамгийн хэцүү байсан. Тэр үед хүүхэд, нөхөртэйгөө гадуур хамт явахгүй байхыг хичээж байсан. Миний хүүхэд гадуурхагдах вий дээ гэж эмээж байв. Миний хүүхдүүд энэ нийгэмд амьдарна. Тийм учраас энэ нийгмээ илүү сайхан болгохын төлөө чадахаараа тэмцэнэ, амьдарна, ажиллана.

Categories
мэдээ цаг-үе

С.Эрдэнэболд: Буддын сургаал Харвардын манлайллын хөтөлбөрийн язгуур болж яваа

Сүхбаатарын Эрдэнэболд эрх зүйч мэргэжилтэй, МУИС-ийн Хууль зүйн сургууль, АНУ-ын Индианагийн их сургуулийн хуулийн сургуулийг дүүргэсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байв. “Эзэнт гүрний туульс” номын зохиогч. Тэрбээр саяхан Харвардын их сургуулийн Кенедигийн нэрэмжит сургуулийн Төрийн удирдлагын магистрын хөтөлбөрт нэг жил суралцаад ирсэн юм. Түүнтэй ярилцлаа.

-Наадмын өмнөхөн та эерэг сэтгэлгээний тухай Японы бага сургуулийн сурагчдад сургалт хийсэн. Монгол залуус бусад улс орнуудад эерэг сэтгэлгээ түгээсэн нь сонирхолтой санагдлаа?

-Маш олон зүйлээс улс орны хөгжил шалтгаалдаг ч хамгийн чухал нь улс орон сэтгэлгээний хувьд нэгдмэл, үнэт зүйл язгуур чанартай байх гэж ойлгосон. Жишээлбэл, 2010 онд Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Испани түрүүлсэн. Гэтэл ДНБ нь 2,5 хувиар өссөн байна. Яагаад гэхээр “Бид дэлхийн аварга болчихлоо” гэсэн баяр бахдал нь хүмүүст урам зориг өгч л дээ. Урамтай хүн ажлаа ч сайн хийдэг, бүтээмж нь ч сайжирдаг юм байна. Сая АСЕМ болохоос өмнө янз бүрээр хэлж байсан ч яг хурлын дараа дийлэнх нь эерэг сэтгэгдэлтэй үлдсэн. Хамгийн гол нь хууль дүрэм, ямар нэг эдийн засгийн онолоор асуудлыг шийдэх гэхээсээ хүмүүсийн сэтгэлгээний өөрчлөлт чухал юм байна л даа. Шүлсээ гудамжинд хаях, тамхи татахыг хориглосон хууль гарсан ч хүмүүс чин сэтгэлээсээ хүлээж авахгүй бол хэрэгжихгүй. Улс орнууд эерэг сэтгэлгээний хандлагыг төлөвшүүлэх хичээл хүүхдүүдэд багаас нь заадаг юм билээ. Үндэсний бахархал мэдрэмжийг тээсэн иргэн болгож хүмүүжүүлэхэд багаас нь анхаарч байна л даа. JCI Монгол байгууллагын залуус бид энэ төслийг хэрэгжүүлж байгаа. “Эерэг сэтгэлгээний давалгаа” төслийг хоёр жилийн өмнөөс эхэлсэн юм. Ноднин арав гаруй аймагт очиж хүүхдүүдтэй уулзаж, сургалт хийсэн. Улаанбаатар хотын олон сургуульд зочиллоо. Зөвхөн сурагчдад төдийгүй насанд хүрэгчдэд, байгууллагуудын урилгаар очиж энэ тухай ярьсан. Манай төслийн залуус Өвөрмонгол, Хятадын хэд хэдэн муж, монголчууд амьдардаг хотуудад ажилласан л даа. Саяхан Солонгос явлаа. Би Японд очиж сургалт хийж бас давхар судалсан юм. Японд бага ангийн багшийн цалин дунд, ахлах ангийн багшийнхаас өндөр байдаг. Яагаад гэвэл бага ангийн багш япон хүнийг бэлтгэж байна гэж үздэг юм билээ. Япон хүнийг хэрхэн бэлтгэж байгааг судалсан. АНУ-д сурч байхдаа ч дунд сургуульд лекц унших завшаандаа ямар үзэл санааны тулгуурыг багаас нь заадгийг сонирхдог байв. Бид энэ хөтөлбөрөө хэрэгжүүлэнгээ туршлага хуримтлуулж, дунд сургуулийн сургалтын хөтөлбөрт оруулахыг санал болгох юм. Эерэг сэтгэлгээг түгээхэд 100-гаад залуус идэвхтэй оролцдог.

-Эцэг эхчүүд хүүхдээ эерэг хандлагатай, өөдрөг хүн болоосой гэж хүсдэг. Ийм байхын тулд анхаарах ёстой зүйлүүд юу вэ?

-Судалгааныхаа шатанд яваа учраас нарийн зөвлөгөө өгч чадахгүй. Сүүлийн хоёр жил энэ чиглэлээр цалин мөнгөгүй ажилласан олон залуус бий. Эерэг Энхбаатар гэж нэрлэгдсэн залуу хүртэл байдаг. Би гурван хүүхдийн аав. Надад юу ажиглагдсан гэхээр хүүхдүүдийнхээ үзэл бодлыг сонсох хэрэгтэй юм байна лээ. Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ амьд харилцаатай байх нь чухал. Хүүхэд нь уйлахаар утсаа бариулаад аргалчихдаг. Үүний оронд аль болохоор хүүхдэдээ үлгэр тууль уншиж өгч, багаас нь ярилцаж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг болоход туслах хэрэгтэй юм билээ. Би бол хүүхдэдээ “Нууц товчоо”-г цээжлүүлдэг. Эргэн тойронд гадаад үг хэллэг маш их байна. Телевиз, цахим ертөнцөд ч бид гадаад үг хэллэг, контентыг хязгаарлаж чаддаггүй. Жишээлбэл, Хятадад зарим хүүхэлдэйн кинонуудыг хориглож, өөрсдийнхөө хүүхэлдэйн киног гаргадаг. Соёлтой орнуудад хүүхдэдээ юу үзүүлэх, үзүүлэхгүйгээ шийдчихсэн. Манайхан бол мэдээллийн замбараагүй урсгалтай. Аль болох тэр орон зайг нь амьд харилцаанд шилжүүлэхийг хичээдэг. Ном уншиж өгөөд “Чи эндээс юу ойлгож байна вэ” гээд ярилцдаг. Энэ л хүүхэд багаасаа үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, зөв хандлагатай хүн болоход нөлөөлөх юм шиг санагдаж байна.

-Саяхан Харвардад суралцаад ирсэн гэсэн. Нүүр номдоо бичсэн нэг өгүүлбэр чинь таалагдсан л даа. “Харвардад заасан хамгийн том сургаал бол хүнээрээ байх тухай” гэсэн байна лээ?

-Янз бүрийн хичээлүүд орж байлаа. Гол тулах цэг нь юу гэхээр зөв хүнийг бэлтгэх ёстой л гэж үздэг юм билээ. Хамгийн сонирхолтой нь Буддизмын гүн ухаан баруунд ялангуяа Харвардын манлайллын онолоос ханхалж байв. Жишээлбэл “Энэ ертөнцийн хамгийн хол аялал юу вэ” гэсэн асуулт байгаа юм. Тархинаас зүрх хүртэл зай бол хамгийн хол аялал гэнэ. Энэ бол Буддын сургаал. Гэвч Харвардын Манлайллын хөтөлбөрийн язгуур болж яваа. Харвард гэхээр л барууны суртал заагаад, америкжуулаад байдаггүй. Тухайн хүний оролцоотойгоор өөрийг нь нээх хичээлүүдийг л их ордог. Хамгийн энгийн жишээ гэхэд л “Таны сул тал юу вэ”, “Та ямар алдаа гаргаж байв”, “Танд ямар бэрхшээл тохиолдож байсан бэ, үүнээсээ та ямар сургамж авсан юм бэ”. Гол философи нь маш даруу, хүнлэг бай гэдэг. Хүнлэг байх нь ямар нэг албан тушаал, эд хөрөнгөөс үнэтэй. Түүхэнд үлддэг өв бол хүн чанар. Хүн чанартай хүн бол хүссэн хүсээгүй манлайлаад явчихдаг. Хүн чанаргүйгээр эд хөрөнгө, нэр төр, алдар хүндийн төлөө явсан хүн үнэнд гүйцэгдэж унадаг. Гол философи нь ийм.

-Өөрөө хог түүдэг хоёр хүнтэй эрээлж цээрлэлгүйгээр тэврэлдээд зургаа авахуулсан байхыг харсан. Тэдний духан дээрх гүн үрчлээ таны бүтээлийн санаа болсон гэсэн үү?

-Би “Эзэнт гүрний туульс” гэж ном гаргасан юм. Б.Лхагвасүрэн гуайн хэлсэн үг байдаг. “Гэнэн хэрсүү нийлж дүүрэн болдог, гэрэл харанхуй нийлж бүтэн болдог” гээд. Хүн төгс байхыг хүлээвэл хэзээ ч тийм байж чадахгүй. Алдаа оноотой ч өөрийнхөө зөв гэж үзсэн алхмыг хийх ёстой. Нэг их ухаантай юм бодсон ч ямар нэг үйлдэл хийхгүй бол хоосон мөрөөдөл болно. Эсвэл огт бодохгүйгээр цээжээ дэлдээд гүйвэл бас хоосон болчихдог. Аль болох бусдыг сонсч, зоригтой алхам хийх хэрэгтэй шиг байгаа юм. Зориг гэдэг харьцангуй ойлголт. Бусад хүн юу хэлэх бол гэж хүлээх нэг өөр. Аливаа юмыг урагшлуулах гэж зүтгэх бас өөр. Ажил хийсэн хүн зэмлүүлэх нь олон. Би “Тэнэг хүний зориг нь их” гэдэг л алхам хийсэн юм. Монголд түүхэн туульсын өв багатай. Харин баатарлаг туульсын өв ихтэй. Зарим судлаач 700, зарим нь 1200 баатарлаг туульс бий гэдэг. “Жангар”, “Гэсэр” гээд л та мэднэ дээ. Киргиз гэх орнуудад түүхэн туульс олонтой. “Манас” гэдэг ч юм уу. Надад ямар бодол төрсөн гэхээр Монголын түүхийг маш олон янзаар гуйвуулдаг нь олон шалтгаантай. Нэгд, бид өөрсдөө түүхийг гуйвуулах үндсийг тавилцсан. XIII зуунд бид маш олон хотыг эзлэх явцдаа одоогийнхоор бол пи ар буюу тухайн үеийнхээ мэдээллийн технологийг ашиглаж байжээ. 1220 онд Монголын эмэгтэй элчин төлөөлөгч тухайн үеийн Солонгост очоод 1000 авдар цаас авсан байгаа юм. Тэр цаасаа Ойрхи Дорнодод болж байсан дайны үед ашиглаж, бичгийн соёлтой ард түмний давуу талыг сул тал болгож “Монголчууд бол ийм ийм хүчтэй ард түмэн. Та нар зүгээр л бууж өг” гэх мэтээр ухуулах хуудсуудыг сонгуулийн сурталчилгааны материал шиг л маш олон хотуудаар тараажээ. Тэр нь монголчуудаас айх айдсыг бий болгож, хохирол багатайгаар олон хотуудыг эзэлж байсан. Том гүрэн байхын тулд айлгах пи арыг явуулчихаад дараа дараагийн үедээ тэр пи араа залруулалгүй алдчихгүй юу. XVI- XVII зууны үеэс баруунд шинжлэх ухаан, технологи хөгжихдөө хүчний нэр томьёог монголойд гэдэг ч юм уу монголчууд бол аймшигтай харгис хүмүүс гэх төсөөлөл хүн төрөлхтний тархинд буучихсан.

XX зуун гарсан ч мэдээлэл хаалттай, түүх соёлын хувьд хязгаарлагдмал нөхцөлд бид байсан. XXI зуун тулж ирэхэд өөрсдөө дэлхийн зах зээлд Монголынхоо түүхийг өгүүлсэн бүтээлийг экспортлох хэрэгтэй боллоо. Мартагдсан, тасарсан, гуйвагдсан түүхээ өөрсдөө нийлүүлэх, үргэлжлүүлэх хэрэгтэй. Тэр зорилгоор би энэ номыг бичсэн юм. Номоо бичих үедээ шөнө нь XIII зуунд аялаад, өдөр нь XXI зуундаа амьдардаг байлаа. Бичиж байгаа сэдэвтээ хэт автахаар нүдний харц хүртэл өөр болчихдог. О.Сүхбаатар багш, Г.Аким гуай, Ш.Бира гуай, Б.Сумъяабаатар гуай зэрэг олон сайхан хүмүүстэй уулзаж, тэднийг дагаж Монголын түүхэнд үлдсэн тэмдэглэлт газрууд, байлдан дагуулалт өрнөсөн нутаг орноор явсан л даа. Чингис хаан мориноосоо унаж, хүзүүндээ шарх авсан газрыг ч үзлээ. Олон газраар явж төсөөлөлтэй болсныхоо дараа түүхийн эх сурвалждаа тулгуурлан “Эзэнт гүрний туульс”-аа бичсэн. Тэгэхэд харсан болгон ямар нэгэн сэдэл өгдөг. 2012 оны дөрөвдүгээр сарын 23-ны өглөө ажил руугаа алхаж явсан. Хоёр ах явж байлаа. Хуванцар сав чихсэн хогны ууттай. Тэр хүмүүсийн хажуугаар өнгөрөхдөө нүүр рүү нь зэрвэсхэн харахад духных нь гүн тод үрчлээ нүдэнд туслаа. Одоо манай зарим монгол эрчүүд амьдралын буулган дор духандаа гүн хар үрчлээтэй явж байна. Гэтэл XIII зуунд бидний өвөг дээдэс дэлхий дахиныг засан тохинуулах гэж магнайдаа гал мэсийн шархтай, үрчлээтэй явсан шүү дээ гэж бодогдонгуут “Чингисийн цэргүүд” гэдэг хэсгээ бичиж эхлэх жишээтэй. Ингэж би тэр хоёр ахаас уран бүтээлийн эрч хүчийг авсан болохоор хайр хүрээд, дахин тааралдахдаа шууд очоод тэврээд авахад их гайхсан.

Энэ ном маань есөн боть байх юм. Нэгдүгээр ботийг нь хэвлүүлсэн. Дараагийн 20 жилд үлдсэн ботиуд нь цувралаар гарах юм. Хоёр дахь ботийг нь биччихсэн байгаа. Манай редакцийн зөвлөлд эрдэмтэд, хэл шинжлэлийн хүмүүс бий.

-Уншигчид таны бүтээлийг яаж хүлээж авсан бэ?

-Үнэндээ бол миний үеийн залуусын хувьд энэ номыг дуустал уншсан хүн цөөхөн байгаа. “Уншаад нойр хүрчихлээ”, “Ойлгогдохгүй үгэн дээр гацчихлаа” гэсэн шүүмжлэл их хэлдэг. Орос хэлний С.Галсан багшаас авахуулаад ахмадууд харин нэвт шувт уншсан гэдэг юм. Энэ ном бизнесийн зорилгоор гараагүй. Нэг монгол үг мартагдана гэдэг бол нэг монгол хүн шороон дор орж байгаатай ялгаагүй гэж боддог. Үг гэдэг хүний амь насны үнэ цэнтэй. Яагаад гэвэл үндэстний сэргэн мандахын язгуур бол үг. Үгээ мартаад эхэлбэл хэлээ мартана. Хэл гэдэг ахуйгаасаа хамааралтай. Бид С.Жавхлан шиг морьтой явахгүй болохоор олом, жирэм, ногт, хазаар, дээс, баавар, эмээлийн бүүрэг гэдэг үгийг залуус хэрэглэхгүй байна. Ахуйгаасаа холдохоор хэлнээсээ холдоход хүрнэ. Ахуй, хэлнээсээ холдсон хүн монгол бахархлаасаа холдоно. Монгол бахархлаасаа холдвол Монголын төлөө гэсэн мэдрэмжүүд нь сарнина. Тэгсэн цагт Монгол биш болно. Монголыг хадгалах хамгийн чухал зүйл бол хэл. Би эртний судар, тайлбар толиудаас өнөөдөр хэрэглэхээ больчихсон монгол үгүүдийг түүх дуртай. Тэр үгүүдээ хүчээр ч болтугай номондоо тайлбартай оруулдаг. Уншихад хүнд байхаас аргагүй. Заримдаа арван мөр дараалаад, төдийлөн хэрэглэдэггүй үгс орчихдог. Надад нэг романтик мөрөөдөл бий. А.С. Пушкин тухайн үедээ яруу найраг язгууртны соёл байсныг эргэлтэд оруулж чадсан гэдэг. В.Путин жишээлбэл С.Есениний шүлгээс дурддаг. С.Есенин хэтэрхий аристократ болчихсон хэлийг ард түмний хэл рүү хөрвүүлсэн. У.Шекспир ч зохиолдоо 70 гаруй мянган үг ашигласан гэж үздэг. Тухайн цаг үедээ хэн нэгэн хүн хэлнийхээ төлөө зүтгэх шаардлагатай. Б.Ринчин, Ц.Дамдинсүрэн гуай гээд олон хүн үүний л төлөө явсан.

-Та тэмдэглэл хийхдээ монгол бичгээр хөтөлж харагддаг. Харвардад сурч байхдаа ч монгол бичгээр лекцийн тэмдэглэл хийсэн үү?

-Криллээр ч, монгол бичгээр ч бичнэ. Монгол бичгээр бичихээр бахархалтай мэдрэмж төрдөг, толгой цэгцтэй ажиллаад байх шиг санагддаг. Би нууц байлгахыг хүссэн юмаа монгол бичгээр мөртлөө англи хэл дээр биччихдэг. Одоо надад 700-800 орчим хуудас монгол бичгээр бичсэн тэмдэглэл бий. Голцуу өдрийн тэмдэглэлээ монгол бичгээр бичдэг.

-Хэзээнээс монгол бичиг, үг үсгийн араас хөөцөлддөг хоббитой болчихов?

-Долдугаар ангиасаа. Зургадугаар ангидаа өөрийн гэсэн үсэг зохиосон юм. Бүх үсэг нь бөөрөнхий, дундаа нэмэхтэй бол А үсэг, дундаа нэг цэгтэй бол Б гэх мэтээр үсэг зохиосон. Хайрын захиагаа ээж, аавдаа уншуулахгүй гээд тэгж бичдэг байсан. Нэг удаа ээж миний түлхүүр цагаан толгойг олчихсон. Түүнээс хойш монгол бичгээр бичдэг болсон.

-Эмээ, өвөө дээрээ өссөн гэсэн үү?

-Төв аймгийн Бүрэнд өссөн. Гадаад дотоодод сурч явахад хамгийн түрүүн хөдөөгөө санадаг юм билээ. Өглөөний хар чийгтэй хяруунаар тэрлэгээ холхинодог бакалтайгаа өмсөөд, уяж хоносон эмнэг үрээнийхээ цанхийг нь таттал олмоо чангалж, уургаа тулан мордоод, өвөөгийнхөө том дуранг баруун ташаан дээрээ зүүчихсэн, салхи сөрөөд энгэр задгай давхих нь гайхамшигтай эрх чөлөө байлаа. Өндөр уулан дээр гараад хэзээ язааны эр хүн шиг завилж сууж адуугаа дурандаад, адуун дээрээ давхиж очиж морио юүлээд, хэдэн адуугаа туугаад исгэрээд давхиж байх үнэн жаргал байхгүй юу. 800 жилийн өмнө ч монгол эр хүн ингэж л явсан даа. Гадаадад сурч тоо бодоод ширээ дэрлэн сууж байхад үе үе иймэрхүү дурсамж санагдана.

-Улстөрчдөд урам хугарсан олон нийт дараагийн үеийн залууст найдвар тавьж хүлээдэг. Дараа үеийн шижигнэсэн залуус бэлтгэгдэж байна уу гэвэл та юу хэлэх вэ?

-Монгол Улсын Үндсэн хуульд ч Хүний эрхийн түгээмэл тунхаглалд ч “Хүнийг нас хүйс, шашин шүтлэг, мэргэжил боловсролоор нь ялгаж болохгүй” гэж бий. Ерөөсөө хандлага л чухал. Дээр байгаа хүмүүсийн фракцийн зодооныг залуус нь өвлөөд авчих юм бол дараагийн үе гараад ч нэмэргүй. Тухайлбал, Б.Чимэд багшийг би маш их хүндэлдэг байлаа. Байнга юм уншдаг. Барууны шинэ онол энэ тэрийг мань хүн аль хэдийнэ мэдчихсэн байна. Нас ахисан ч хүний тархи залуугаараа байж болно. Фракц гэдгийг огт үгүйсгэж болдоггүй л дээ. Парламентын засаглалтай орнуудад бүгдэд нь байдаг. Гэтэл тэр нь намын дүрэм, тодорхой хэм хэмжээнд захирагдах ёстой. Эрх ашгийн эрэмбэ нь алдагдчихаар эргээд намаа хорлох хэмжээнд хүрлээ. Залуу гэж явцуу утгаар хэлэхээсээ шинэ хандлагатай хүмүүс энэ улс орныг зөв авч явна. Шинэ хандлагатай хүн хэдэн ч настай байж болно. Бодит утгаар залуус яагаад манлайлах ёстой гэхээр өнөөдөр улс төрд 30 жил явсан хүмүүс сайн, муу маш олон түүхийн гэрч, оролцогч болчихсон. Нэг хүн нэг юм ярихаар “Яг ш дээ. Чи тэдэн онд тэгээ биз дээ” гээд бие биенээ чөдөрлөчихөөд байгаа юм. Муу түүхгүй, эрх ашгийн ээдрээнд орооцолдоогүй, шинэ үе гарч ирэх нь зайлшгүй. МАН-ын нэг сайн тал нь залуустаа итгэл хүлээлгээд зоригтой гаргаад ирдэг. АН-ынхан болохоор “Бид өөрсдөө анх тэмцэж гарч ирсэн болохоор чаддаг юм бол та нар тэмцээд гараад ир” гэдэг. Нэг бодлын буруу биш, нөгөө бодлын зөв ч биш. Би Америкт хуулийн чиглэлээр мастер хамгаалахдаа Үндсэн хуулийн чиглэлээр судалгаа хийж байсан. Тийм болохоор хямралын гол шалтгааныг хувь хүмүүсийн зөрчлөөс илүү системийн алдаанаас хайдаг. Засаглалын тогтвортой байдал гэдэг ардчилсан нийгмийн хөдөлгөгч гол хүч болдог. Өнөөдөр Монголд засаглалын тэнцвэр байхгүй. Үндсэн хуулийн зарчим маань засаглалын тэнцвэртэй байдлыг хангах бүтэц биш. Сонгодог парламентын засаглалтай орнуудын тогтолцоог авч байж цаашаа явахаас өөр аргагүй. Ийм өөрчлөлт хийхгүй бол тогтолцооны хувьд хуулийн боломж байгаа учраас хүмүүс хуулийн боломжийг ашиглаад байна. Системийн алдааг засвал маш олон юм аяндаа засагдаад эхэлнэ.