Categories
мэдээ цаг-үе

Дархан хүний бурхан ухаан ханхалсан “Хөх урлан”-д зочлов

Монгол төрийн хаан тамга урласан Д.Энхдаваа дархныг хүмүүс
“Төрийн дархан” хэмээн нэрлэдэг. Ганг уяраадаг энэ эрхэм “Торгон хийц” хэмээх
дэгийг бий болгосон. “Торгон хийц нь торгон хээ угалз бүхий язгуурын хөх
дархаас улбаалсан нэгэн зүйлийн дэг” гэж тэрбээр “Хөх дарх” номдоо тайлбарласан
байна лээ. Түүний Хөх урланд зочлоход, “Хөх дарх” хэмээх номоо дурсгасан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Уран дархны урлагийг дэмжих тухай” зарлиг гарсны дараа
СУИС-ийн санхүүжилтээр түүний номыг хэвлэжээ. Түүгээр ч барахгүй дархан маань
Хөх тамга овогтой. Хамгийн сүүлд урласан баримал нь “Хөх зүүд” нэртэй байсныг
яана.

Доктор хамгаалсан, монгол төрийн хаан тамга урласан дархны урлан
ямар байдаг бол гэж ихэд сонирхсон юм. Дүрслэх, дизайн урлагийн сургуулийн нэг
булан дахь түүний урлан дэндүү энгийн. Үүдний хэсэгт нь хэдэн шавь нар нь дарх
хийж, төмөр нүдэж балбацгааж байна лээ. Хөх утаанд удаахан суувал нүд хорсч,
хоолой аргах янзтай. Харин багш хоймор хэсэг дэх умгар өрөөнд суудаг аж.
Багшийн өрөөнд нүд хужирлах юм бишгүй харагдана. Ширээн дээрээ хавтгай
дэлгэцтэй компьютертой юм билээ. Цаахна талд нь номын тавиур, өрөөний хананд
дархны шүтээн сахиус болох Дамдиндорлиг бурхны хөрөг үзэгдэв. Д.Энхдаваа дархны
тахилын дөш ч бас хүндтэй байранд заларчээ. Эхэндээ түүнийг нь дөш гэж
санасангүй. Эрдэнэсийн сав юм болов уу гэж андуурсныг яана. Гэтэл тэр нь ган
биетэй, алтан шармал эд юм билээ. Торгон хийцээр бүрсэн нь энгийн нэг дөшийг
эрдэнэс адил чамин харагдуулна. Дархны өмнө урлангийн аяга нь тавиастай.
Малайзад ургадаг ширэнгэн ойн модоор бүрсэн, мөнгөөр доторлосон, кофены аяга
баймаар хэлбэртэй эд. 18 жил болсон аяга гэнэ. Бас мөнгөөр бөгжилсөн савх ч
ширээн дээр харагдсан.

Өрөөнд бас гангаар урласан баримлууд дэгжин “зогсоно”. Энэ уран
бүтээлчийн нүдэнд бүсгүй хүн өвөрмөц галбиртай буудаг бололтой юм. Тэр дандаа
хөх явсангүй. Улаан өнгөөр “шатаж” явсан үе бий. “Улаан нүцгэн бүсгүй” баримал
нь Урчуудын эвлэлийн шагнал хүртсэн удаатай. Хятадад сурч байхдаа улаан өнгөтэй
бүтээлүүд “үйлдвэрлэж” эхэлсэн гэнэ. Англи, Финландаар аялахдаа улаан өнгийн
бүтээл хийх санаагаа олжээ. Дараахан нь алтан шаргал өнгөнд шилжсэн. Одоо бол
хөх өнгөн дээр тогтоод буй. “Хөх аялгуу”, “Хөх хатан”, “Хөх зүүд” хэмээн түүний
баримлууд үргэлжилнэ.

Мань эр өөрийн бүтээлүүдийг хуучин сейфнээсээ гаргаж ирж
харуулахад музейд байгаа юм шиг л сэтгэгдэл төрсөн. Үнэхээр нүд баясаж, сэтгэл
сэргээх шидтэй юм билээ. Түүний бүтээлүүд өөрийнх нь хэлснээр амь сүнстэй юм
шиг ээ.

Энэ эр яггүй үндсэрхэг үзэлтэй нь яриад эхлэнгүүт мэдрэгдэв.
Номынхоо хуудсыг эргүүлж, Монголын эзэнт гүрний газрын зургийг харуулаад “Хөх
гүрэн” гэж тодорхойлсон. “Энэ газрын зураг 1935 онд Парист хэвлэгдсэн.
Гитлерийн гаргасан номонд орсон гэнэ. Монголын тухай үнэн түүхийг маш их
судалсан, дэлхийн том толгойнуудын нэг үнэндээ Гитлер л байгаа юм” гэнэ.
“Монгол дархны урлал гэдэг үндэсний язгуур урлаг. Тийм болохоор үндсэрхэг үзэл
давамгайлсан хүн” хэмээн өөрийгөө тодорхойлов. 1986 онд Украинд сурч байхдаа
Чингис хааны тамгыг сэргээн Монгол төрийн хаан тамгыг хийх сэдэл төржээ. Энэ
тамгыг урлахад 20 жил зарцуулсан гэнэ. 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны
800 жилийн ойгоор өөрийн оргил бүтээлээ төрд өргөн барьж, Төрийн ордонд залсан
түүхтэй.

“Төр байсан цагт тамгатай л байна. Дархан хүний хувьд агуу тамга
бүтээх бодол хамгийн түрүүнд төрсөн” гэсэн шүү.

Дархны түүх ингэж эхэлжээ

-Миний аав гэрийн мод, тэрэг, зуух, тулга хийдэг хүн байлаа.
Аавын дэргэд сууж өдрийг өнгөрүүлдэг байсан маань энэ их урлагт хөл тавихад
нөлөөлсөн. Дунд сургуульд гурав, дөрөвдүгээр ангид байхдаа л Улаанбаатар хотод
зургийн сургууль байдаг гэсэн. Тэрэнд л сурах юмсан гэсэн мөрөөдөлтэй байв.
Долдугаар ангийн сурагч байхдаа Дүрслэх урлагийн дунд сургуулийн захирал
Д.Амгаланд захидал бичиж, өөрийнхөө бүтээлүүдийг илгээсэн. (Одоо бол СУИС-ийн
Дүрслэх, дизайн урлагийн сургууль, Монгол Улсын төрийн шагналт, ардын зураач
Д.Амгалангийн нэрэмжит болсон. сурв) Тэр үед барилгын цагаан тоосгоор сийлбэр
хийдэг байв. Сургуульд орохоосоо өмнө ч ул боовны хэв сийлдэг байлаа.
Наймдугаар анги төгсөөд энэ сургуульд шалгалт өгөөд, суралцсан. Соёлын гавьяат
зүтгэлтэн Д.Нямхүү багшийн шавь болсон л доо. Үүнээс хойш дархны их урлагтай
амьдралаа холбосон. Сургуулиа төгсөөд мастер багшаар үлдсэн юм. Дараа нь хэдэн
жил гадагшаа сургуульд явж ирснийг эс тооцвол эндээ 35 жил болж байна. Гадаадад
сурсан он жилүүд маань надад Монголынхоо төлөө бүтээл хийх бодлыг огшоож өгсөн
хэмээн дархан ярилаа.

“Украины уран зургийн академид сурсан нь аз завшаан болсон. Их
урлагт хөл тавих, судалгаа шинжилгээ хийхэд дөхөм болсон. Монгол дархны
урлагийг мэргэжлийн түвшинд хүргэж, баяжуулан хөгжүүлэх суурь дэвсгэр болсон
гэж боддог” гэж тэр ярив.

Мөнх тэнгэрийн зарлигаар бүтээсэн тамга

Монгол төрийн хаан тамгаа мөнх тэнгэрийн зарлигаар бүтсэн гэж би
боддог. Дэлхийд хамгийн томд орох тамга. Ямар ч хүн ганц гараараа барьж
дийлэхгүй. Заавал хоёр гараараа барина. Өөрийнхөө хүндийн жингээр дарагддаг
тамга. Чингис хааны тамга ган байсан гэж би үздэг. Үсэгнийх нь хийц хэлбэр
чулуун дээр сийлэхийн аргагүй л дээ. Өмнөд хөршид хаш чулуун дээр сийлсэн
хасбуу тамга гэх мэтээр нэрлэдэг. Хяс гэж дархчуудын айхавтар том овог Монголд
байсан. Хясан дээр улайтгаж хатаасан тамгыг монголчууд хас тамга гэж нэрлэдэг
байсан гэсэнсанааг би дэвшүүлдэг. Яагаад гангаар хийсэн гэхээр дэлхий ганхаж,
галав юүлэвч Монгол төрийн тамга байж л байна. Ган тамга гэдэг бол хэдэн мянган
жилийг давна. Их хааны суу билиг мянга мянган жилийн цаанаас гэрэлтэх учиртай.
Оросын түүхэн эх сурвалжуудад Монголын төрийн тамгыг орос дархан гангаар
сийлсэн гэж бичсэн байдаг. Ямар ч байсан дөчөөд номноос би тэгж уншсан. Хятад
эх сурвалжуудад болохоор хашаар хийгдсэн, дотор газрын хүн урласан гэцгээдэг.
Би бол монгол хүн хийсэн, монгол дархан урласан гэдгийг батлахын тулд энэ
тамгыг бүтээсэн юм. Үүгээрээ омогшиж явдаг гэж төрийн дархан ярилаа.

Чингисийн тамга урласан ганг 1989 онд Ангарскийн гангийн
үйлдвэрээс авч байжээ. Анх 22 кг ган авчирч байсан ч есөн кг болтол нь сийлсэн
гэнэ. Түүний урласан Чингисийн тамгыг хэн дарж үзсэн бол хэмээн сонирхлоо.

-Анх
төрд өгөхдөө тамгаадарж үзүүлсэн. Н.Энхбаяр Ерөнхийлөгч байв. Гадны хүмүүст
Чингис хааны тамгыг дарж үзүүлж байгаасай гэж хүссэн. Монгол бахархлын өдөр
Чингисийн тамгыг дарж, дардсыг нь өргөн олондоо үзүүлж байх хэрэгтэй гэж
боддог. Тамганы ёс жаягийн тухай өөрийн цуглуулсанмэдээллийг
тамгатайгаа хамт гардуулсан хэмээн өгүүллээ. Тэрбээр мөн “Монгол тамганы өргөө,
танхимтай болъё” гэж санал тавьсан удаатай. Тамганы дардас нь “Мөнх тэнгэрийн
хүчин дор Их Монгол Улсын далай хааны зарлиг эл булха иргэнд хүрвээс биширтүгэй
аюутугай” гэсэн бичээстэй аж. Төрийн тамганы хайрцгийг торгон хийцээр битүү
“шаглахад” ямар хугацаа зарцуулсныг лавлахад “Хоёр жил орсон” гэлээ. Тамганы
толь, дардастай хэсгүүдийг бүтээхэд таван жил оржээ. Тамганд шингээсэн ур, цаг
хугацааг мөнгөөр үнэлэхэд “аймаар” тоо гарах шинжтэй. Гэхдээ дархан “Би үүнийг
Монголдоо үлдээх гэж зорьсон юм. Монголчууд монгол дархны урлалаар бахархаж
яваг” гэсэн.

Тамганы гэрийг гэхэд л мөнгөөр урлаж алтадсан байна. Тамга
хийхдээ санхүүжилтийг хэрхэн шийдсэнийг тодруулав. Тамганы чимэглэлд орсон алт,
мөнгөний үнийг төр гаргажээ. “Монголын төр, түмэн олонд зориулж хийсэн болохоор
үнэ хөлс гэж ярьдаггүй л дээ. Сэтгэлийн дуудлагаар хийж байгаа. Мөнх тэнгэрийн
зарлиг гэж бодож хийдэг. Ийм тамга хийлгэх гэж намайг төрүүлсэн байх гэж
боддог. Тамга, гэрэгэг хийж байхад зүүд юм шиг сэтгэлд буудаг. Мөнх тэнгэрийн
хишиг ивээл гэж байдаг гэж итгэдэг. Түүхийн судалгаа хийж явахад ч баялаг
мэдээлэл олдож байсан. Яг л тэр үед Зөвлөлтөд сурах завшаан тохиосон” гэлээ.
Төрийн дархан гэж нэрлэгддэг энэ эрхэм мөн төрийн их ган тулгыг дөнгөж сургууль
төгсөөд багшилж эхлэхдээ урлажээ. 1991 онд Монголд Ёслол, хүндэтгэлийн өргөө
байгуулагдахад түүний ган тулгыг Төрийн ордонд залсан түүхтэй. “Мандухай цэцэн
хатан” кинонд Батмөнх Даян хааныг залах ёслолын зурганд түүний бүтээсэн ган
тулганд гал түлж байгаагаар зураг авсанд ихэд бэлгэшээжээ. Д.Энхдаваа дархан
бас Монгол төрийн есөн хөлт их цагаан сүлдийг урласан гэдэг. Монгол төрийн хаан
тамгыг хийгээд “Дэлхийд дарагдах тамгыг би хийлээ” гэж омогшсон гэнэ. Найзууд
нь “Өчнөөн жил төрийн тамга хийнэ гээд яриад л байсан чинь хийчихлээ шүү” гэж
түүнийг магтжээ.

Багш шүтээн

Багшийгаа шүтэж явдаг

энэ хүн Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Нямхүү багшийгаа онцолсон.
Москвад ган сийлбэрчээр төгссөн, Монголын орчин үеийн дархны мэргэжилтнүүдийн
нэг Д.Нямхүү гэдэг хүн бий. Тэр хүний нөмөр нөөлөг, алсын хараа надад их
нөлөөлсөн. Миний багш түүх, урлаг, утга зохиол, бичгийн соёлд нэвтэрхий
боловсорсон. Дуулдаг, хөгжимддөг, бүжиглэдэг хүн. Одоо ер дөхөж яваа. Багш
маань Монголын түүх, эзэнт гүрний түүх, Чингис хааны эд өлгийн түүх рүү орох
том шалтгаан болсон. XII зууны сүүлч, XIII зууны эхэн үе бол монгол дархны
урлагт гарсан их эргэлийн үе байлаа. Ганг монгол хүн эзэмшиж, дэлхийд алдартай
есөн ирт, таван хаттай тахир сэлэм гэдгийг гаргасан. Хамгийн хөнгөн зэвсэг, хөө
хуягийг монгол дархчуул бүтээжээ. Тэр үед Европт 20-30 кг-ын илд барьж байхад
монголчууд хоёр кг ч хүрэхгүй хөнгөн илдтэй болсон байв. Энэ гайхамшигт хурдаар
дэлхийг төвшитгөх алхмыг хийсэн. Бид уруудсан болохоос биш тухайн үедээ бүгдийг
хийж, бүтээж байв. Иран, Иракаас олдсон хувцас хунарыг шатдаггүй даавуугаар
хийсэн байсан. Үүнийг Монгол нутагт хийж байсан. Алхими гэдэг юмыг Монголд
эхэлж хөгжүүлсэн гэхэд хилсдэхгүй. Алхимийн гол зүтгэлтнүүд тухайн үеийн
дархчууд байсан. Одоогийн ойлгодог шиг Урт цагаанд суудаг хүнийг дархан
гэдэггүй байсан. Дархан хүн дархан эрхтэй байлаа. Дуртай газраа нүүдэг, цэргийн
алба хаадаггүй, татвар төлдөггүй байсан гэж Д.Энхдаваа хуучилсан.

Тэрбээр “Монгол дархны арга ухааныг баримтжуулан судлахын учир”
сэдвээр докторын зэрэг хамгаалсан. “Ерөнхийлөгч дархны урлалыг дэмжих тухай
нүдээ олсон зарлиг гаргасан. Монголын урлагийг хамгийн түрүүнд дархнаар нь
дэлхий мэддэг” гэж тэр хэллээ.

“Монгол дархны бүтээл амьтай байдаг”

“Монгол дархны бүтээлд шид оруулж хийдэг байсан” хэмээн манай
баатар онцолсон. Шид гэдэг нь зургаа дахь мэдрэхүйтэй холбоотой ойлголт гэнэ.
Дархны бүтээл дэндүү чимхлүүр, нарийн. Маш удаан хийх явцад амь сууж байдаг.
Дархны бүтээлүүд сэтгэлийн дуудлагаар хийгддэг. Хэдэн төгрөг олчихъё гэж хийж
байгаа бүтээлээс өөр” гэж тэр тайлбарласан юм.

Хувьсгалын өмнөхөн дархан хүний дөшийг улсын сангийн эд хөрөнгө
гэж тооцдог байжээ. Ноёд хаад үр хүүхдэдээ хөрөнгө тасалж өгөхдөө дөш өгдөг.
Дархны урлалыг гар урлал гэж үзээд орхигдуулаад байгаа болохоос биш их урлагийн
хэмжээнд судлахгүй байна. XIII зуунд Монголын дархны технологи өндөр хөгжсөн
гэдгийг л би зарлан тунхаглахыг хичээдэг хэмээн тэр тэмдэглэсэн.

Д.Энхдаваа торгон хийц гэдэг өөрийн урлахуйн дэгээр шавь нараа
сургадаг. Сэтгэл оюунд зурагласнаа гараараа ур ухаан шингээж хийсэн бүтээл амь
төгөлдөр, дахин давтагдашгүй болдог. Дахиад хийсэн ч яг адилхан хийж чадахгүй.
Торгон хийцийн гол хээ нь цэцэглэн бадрагч гүн ухааны увдистай цэцгэн хээ
байдаг гэнэ.

Түүн дээр олон орны оюутан ирж торгон хийцийг сурдаг. “Энэ
хийцийг олон орноос түүж ирсэн. Тэгэхээр би энэ дэлхийн ямар ч дархнаас
харамлах ёсгүй. Өөрийнхөө мэдлэг оюун, шанаганыхаа хэмжээгээр л хутгаад аваг.
Цааш нь хөгжүүлбэл тэр биз. Чадахгүй бол хоолоо олж идээд л яваг. Манайхан ном
бичихээрээ “хуулж болохгүй” гэдэг. Би бол хэзээ ч номон дээрээ ингэж
тавьдаггүй. Бусдад түгээхийн тулд энэ хийцийг бий болгож байгаа юм чинь
харамлаж таарахгүй” гэсэн л дээ.

Үнэтэй дархан

Түүний хамгийн үнэд хүрсэн бүтээлийг сонирхсон ч ямар нэг үнэ
ханш хэлэхээс цааргалав. “Би өөрийгөө Монголын дархны урлагийн үнэлэмжийг
өндөрт гаргасан хүн гэж боддог” гэлээ. Түүний урласан жижиг мөнгөн аяганууд
гэхэд л тав, зургаан сая төгрөг хүрдэг юм билээ. “Оюунаа зарцуулж, гараараа
хийж байгаа, дахин давтагдахгүй урлагийн бүтээл шүү дээ” гэсэн л дээ. “Аяганы
ёроолын алттай хэсгийг нь утсан сүлжмэлээр урлажээ. Мөнгө шигтгэдэг од жийжүү
гэх арга хэрэглэсэн юм билээ. Од жийжүү нь Хөх урлангийн бас нэг брэнд.
Математикийн томьёоллоор хэмжээ дамжааг нь тооцож од бүрийг адилхан суулгадаг
ажээ. “Би захиалга авдаггүй. Дархны бүтээл очих хүндээ л очдог. Мөнх тэнгэрийн
ивээлээр бүтээл хийгдэнэ гэдэг цаана нь авах хүн нь байгаа гэсэн үг. Ертөнцийн
уялдаа холбоо байдаг гэдэгт итгэдэг. Эзэнгүй уран бүтээл байдаггүй. Би хийж
байгаа ч жинхэнэ эзэн нь цаана нь хүлээгээд, ийм аяга хийлгэх юмсан гэсэн бодол
нь хийх хүнд нь дамжиж ирээд хийлгэх сэдэл төрүүлдэг гэж би хар ухаанаар
боддог” гэж дархан тайлбарласан.

Түүний урласан хэт хутгыг харахад л сэтгэл сэргэв. Зааны
соёогоор урласан, мөнгөн чимэгтэй ясан савхтай юм. Урьд цагт эр хүн хаана ч
явсан бэлийг нь хараад аль нутаг, хэр зэрэг бэл бэнчинтэйг нь асуухгүйгээр
мэддэг байсан гэнэ. Ган сийлбэрийг урлахад найман жилийн хөдөлмөр оржээ. Ногоон
хаш шигтгэсэн, алтан нуухтай, аварга могойн арьсыг зуулгаж урласанд гол ид шид
нь оршдог. Молцогны ган сийлбэрт алт шагайлгасан байна лээ. Эрчүүд нь хүртэл
ийм нүнжигтэй гоёлтой болохоор дархны хэлсэнчлэн “Монголчууд амны хишигтэй,
тэнгэрт ивээгдсэн улсууд юм даа”.

Дархны хобби

Түүний хобби хээ цуглуулах. 1978 оноос хээ цуглуулжээ. Дорноговь
аймгийн нэг худаг дээрээс хүүхэд байхдаа нууц хас гэж дөрвөлжин хас хээ олсон.
Урьд харагдаагүй ямар сонин хээ вэ гэж хээ цуглуулж эхэлсэн гэнэ. Тив
дэлхийгээр явахдаа түмэн хээ цуглуулсан байна. Бурхан ухаантай дархан маань
харин гэрийн ажилд авьяасгүй гэнэ. Хоол хийж чаддаггүй учраас хоол голдоггүй.
Дархлаад суухаараа өлсөхөө мартчихдаг зантай. Эхнэрийнхээ төрсөн өдрөөр гоёл
чимэг урлаж бэлэглэдэг гэнэ. Сүүлийн үед цагаа гамнаж, том бүтээл рүүгээ л
“шуурч” байгаа.

Дархан хүний гоёл энгийн байдаг. Д.Энхдаваа дархан манан
хөөрөгтэй аж. Дархан хүн бөгж зүүдэггүй юм билээ. Үр хүүхдэдээ өвлүүлнэ гээд
мөнгөн аяга, хэт хутга урлажээ. Гэргий нь бас уран бүтээлч. Боловсролын их
сургуулийн хувцас дизайны багш Ц.Мөнхцэцэг гэдэг эмэгтэй бий. Гэр нь ч бас
урлагийн уур амьсгалтай. Уран зургийн цуглуулга ихтэй. Найз нөхөд, хуучны
зураачдын бүтээлүүдийг хадгалдаг. С.Дондогийн “Гэр” уран зургийг агуу бүтээл
гэж боддог гэсэн л дээ. Гэрийнхээ бурхан, тахилын хэрэглэл, тулга зэргээ өөрөө
урлажээ. Манай баатар хоёр хүүхэдтэй. Том нь компьютерийн анимэйшн төрлөөр
мэргэжил эзэмшсэн. Бага нь мэргэжил сонгох насанд хүрээгүй байгаа. Ихэнх цагаа
урландаа өнгөрөөдөг тэрбээр тэтгэвэрт гарахдаа гэрийнхэндээ цагаа зарцуулна
хэмээн мөрөөддөг аж.

Чингисийн тамгыг сэргээн, Монгол төрийн хаан тамга бүтээжээ

Урлангийн аяга, савх

Од жийжүү шигтгэх аргаар хийсэн алт сүлжсэн мөнгөн аяга

Хараахан дуусаагүй байгаа Чингисийн гарын тамга

Б.Янжмаа

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН


Categories
мэдээ цаг-үе

Д.Наранзул: Азийн бусад улстай харьцуулахад Монгол сүрьеэгийн өвчлөл өндөртэй

ХӨСҮТ-ийн их эмч Д.Наранзултай ярилцлаа.

-Сүрьеэгийн өвчлөл ихэсч байна гэж сонсогдох боллоо. Энэ өвчний тархалтад юу нөлөөлж байгаа вэ?

-Сүрьеэг нийгмийн халдварт өвчин гэж үздэг. Тиймээс хүн амын ядуурал, шилжилт хөдөлгөөн, хэт бөөгнөрөл, ажлын байрны хүнд нөхцөл, хоол тэжээлийн дутмагшил, ажлын хэт ачаалал, зарим хавсарсан өвчин эмгэг гээд сүрьеэгээр өвчлөх, түүний тархалтад нөлөөлдөг олон хүчин зүйл байдаг. Манай улсын эдийн засаг тогтвортой хөгжиж, хүн амын амьжиргаа дээшлэн, эрүүл ахуйн нөхцөл сайжирвал сүрьеэ болон бусад халдварт өвчний дэгдэлт, тархалт буурахад нөлөөлнө. Үүнээс гадна иргэдийн эрүүл мэндийн боловсрол, тусламж хайх зан үйлийн хандлага чухал. Тухайлбал, 14 хоногоос дээш ханиалгах, ялангуяа ханиалга дарах эмчилгээнд үр дүнг өгөхгүй бол яаралтай эмнэлэгт хандаж, оношлогоо хийлгэх шаардлагатай. Сүрьеэ нь амьсгалын замаар халдварладаг тул өвчтөн эмнэлэгт хожуу хандах тусам гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олонд халдвар тараахын зэрэгцээ өвчин хүндэрч, амь насаа алдах эрсдэлд ордог.

-Сүрьеэгээр түлхүү өвчилж байгаа аль нэг насныхан байна уу?

-Манай оронд жилд дунджаар 4000 гаруй сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдэж байгаагийн 70 гаруй хувийг хөдөлмөрийн болон нөхөн үржихүйн насны буюу 16-44 насны залуучууд, 10 орчим хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд, 70 гаруй хувийг амьжиргааны баталгаажих түвшнээс бага орлоготой иргэд эзэлж байгаа. Энэ нь сүрьеэ өвчин нийгмийн тулгамдсан асуудал болохыг харуулж байна. Түүнчлэн хяналтад бүрэн орохгүй байгаа нь цаашид тэмцэх, сэргийлэх арга замыг улам боловсронгуй болгох, тусламж үйлчилгээг өргөжүүлэх, оношлогоо, эмчилгээний шинэ техник, технологийг нэвтрүүлэх, хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх шаардлага бидний өмнө тулгарч байгааг илтгэж байна.

-Эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тархалт өндөр байгаа гэдэг. Энэ төрлийн сүрьеэтэй хүмүүсийг халдвар тараахгүй байлгах талаар авч хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээ байдаг уу?

-Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд болон манай улсад сүрьеэгийн эсрэг хамгийн сайн эмүүдэд сүрьеэгийн нян тэсвэржиж байгаа нь ихээхэн сэтгэл түгшээсэн асуудал болж байна.

Эмэнд тэсвэртэй сүрьеэ үүсэх нь хүнээс л шалтгаалдаг. Ялангуяа өвчтөн сүрьеэгийн эмчилгээг бүрэн хийлгэхгүй байх, таслах зэрэг нь нийгэм, тухайн гэр бүлд ихээхэн хор уршиг тарьдаг. Сүрьеэгийн эмчилгээний зардлыг манай Засгийн газар болон олон улсын төсөл хөтөлбөрөөс гаргаж, өвчтөнд үнэ төлбөргүй эмчилгээ хийж байна. Гэтэл манай зарим иргэдийн ухамсар дорой, хариуцлагагүй байдал ихээхэн нөлөөлдөг. Тухайлбал, сүүлийн таван жилийн байдлаар манай улсын хэмжээнд 360 гаруй өвчтөн сүрьеэгийн эмчилгээг тасалсан байна. Энэ нь цаашид эмэнд тэсвэртэй сүрьеэ үүсч эмчлэхэд төвөгтэй нянгийн халдварыг тарааж байна. Иймд сүрьеэтэй өвчтөнг бүрэн эмчилж эрүүлжүүлэхэд хувь хүн, гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олон ихээхэн үүрэгтэй юм. Сүрьеэгийн эмчилгээ удаан хугацаанд үргэлжилдэг учраас олон талын дэмжлэг, туслалцаа ялангуяа нийгмийн халамж, дэмжлэг ихээхэн чухал байдаг.

Ер нь сүрьеэтэй өвчтөн өдөр эмээ уугаад, эмчилгээг бүрэн хийлгэсэн тохиолдолд богино хугацаанд халдваргүй болж, орчиндоо халдвар ялгаруулах, цаашид бусад хүмүүст халдвар тархах нь зогсдог.

-Эдийн засгийн хямралтай үед сүрьеэтэй өвчтөнүүдийн эмийн хангамж ямар байгаа вэ. Олон улсын төсөл хөтөлбөр хэр удаан үргэлжлэх бол?

-Монгол Улс сүүлийн арав гаруй жилийн хугацаанд Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийг хэрэгжүүлж байна. Энэ төслийн хүрээнд болон Монгол Улсын Засгийн газрын санхүүжилтээр сүрьеэтэй өвчтөнд шаардлагатай эмийг худалдан авдаг. Манай улсын сүрьеэтэй тэмцэх үндэсний бодлого, хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Олон улсын эм ханган нийлүүлэх байгууллагын стандартын шаардлага хангасан эмийг худалдан авдаг. Өндөр чанартай сүрьеэгийн эмээр сүрьеэтэй өвчтөнийг үнэ төлбөргүй эмчилж байгаа юм.

Харин цаашид буюу ирэх 2018 оноос Глобаль сангийн төсөл дуусах шат руу орно. Иймд манай Засгийн газар цаашид сүрьеэгийн эмийн зардлыг бүрэн хариуцна гэсэн үг. Бид одооноос энэ бэлтгэлийг хангах ёстой.

-Сүрьеэг эмчилдэг эмнэлгүүдийн ачаалал хэр байгаа вэ?

-Халдварт өвчин судлалын үндэсний төвд сүрьеэг эмчилдэг тусгай клиникийн эмнэлэг, бүх аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн дэргэд тусгай тасаг, диспансер, Улаанбаатар хотын есөн дүүргийн Эрүүл мэндийн төвийн дэргэд сүрьеэгийн диспансер, өдрийн эмчилгээний цэг ажиллаж байна. Үүний зэрэгцээ бүх Өрхийн эрүүл мэндийн төв, сумын эрүүл мэндийн төвүүдэд сүрьеэтэй өвчтөн түүний гэр бүлд тусламж үзүүлдэг. Харьцангуй ачаалал ихтэй ч, аль болох тусламж үйлчилгээг үйлчлүүлэгчид ойр, чирэгдэлгүй зохион байгуулах талаар олон арга хэмжээ авдаг. Тухайлбал, сүрьеэгийн эмчилгээ удаан хугацаагаар үргэлжилдэг учраас эмчилгээг бүрэн хийлгэх нөхцөлийг бүрдүүлэх үүднээс сайн дурын идэвхтэнүүд сүрьеэтэй өвчтөний ажил, гэрт нь эмийг нь өдөр бүр хүргэж хяналттай уулгах зэргээр үйлчлүүлэгч төвтэй арга хэмжээг олон жил хэрэгжүүлж байна. Энэ нь ч үр дүнгээ өгдөг. Өвчтөн хаана, хэний хяналтад эмчилгээ хийлгэхээ эмчлэгч эмч, гэр бүлтэйгээ харилцан зөвшилцөж сонголт хийх боломжтой. Сүрьеэгийн диспансер, өдрийн эмчилгээний цэг, хоолтой эмчилгээ, сайн дурын идэвхтэн зэргээр хэний хяналтад, хаана эмчилгээ хийлгэхээ сонгох боломж олгож байгаа. Иймээс өвчтөн сонголтоо зөв хийж, боломжийг бүрэн ашиглаж, эрүүлжих нь чухал.

-Ямар үед хүн өөрийгөө эрсдэлтэй гэж үзээд эмчид хандах ёстой вэ?

-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Монгол Улсын хэмжээнд явуулсан судалгаагаар илэрсэн сүрьеэтэй өвчтөнүүдэд ханиалгах, цэр гарах, биеийн жин буурах, цээжээр өвдөх, амьсгаадах шинж тэмдэг давамгай илэрсэн байна.

Цаашид манай иргэд дээрх шинж тэмдэг илэрсэн үед харьяа өрх, сум, аймаг, дүүргийн эмнэлэгт хандаж, сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх, үзлэг шинжилгээнд зайлшгүй хамрагдах шаардлагатай байна.

Тус судалгаагаар сүрьеэгийн сэжигтэй буюу 14 хоногоос дээш хугацаагаар ханиалгах шинж тэмдэг илэрсэн хүмүүсийн 50 орчим хувь нь эмнэлэгт хандаагүй, 16.6 хувь нь шууд эмийн санд хандсан байна. Ялангуяа хотод амьдардаг залуучууд, оюутнууд шууд эмийн санд очих хандлага давамгайлж байна. Үүний зэрэгцээ эрэгтэйчүүдийн 52.3 хувь нь ямар нэг байдлаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээ аваагүй байна. Сүрьеэгийн сэжигтэй шинж тэмдэг илэрч, эмнэлэгт хандахгүй байгаа хүмүүсийн дийлэнх нь 25-44 насны залуучууд, ялангуяа хотод амьдардаг иргэд байна. Удаан хугацаагаар эмнэлэгт хандахгүй ханиалгах нь гэр бүл, ойрын хамаатан садан, ажлын хамт олон болон нийгэмд сүрьеэгийн халдвар тараах эрсдэлийг бий болгодог.

Тус судалгаанд оролцсон эрэгтэйчүүдийн 44.8 хувь, эмэгтэйчүүдийн 5.5 хувь нь байнга тамхи татдаг. Эдгээр тамхи татдаг эрчүүдийн гуравны нэг нь эмэгтэйчүүдийн 18.2 хувь нь өдөрт 20 ба түүнээс дээш ширхэг тамхи татдаг байна. Үүний зэрэгцээ тамхи татдаггүй хүмүүс ч өдөр бүр дам тамхидалтад өртдөг гэнэ. Мөн судалгаагаар эрэгтэйчүүдийн 63.2 хувь, эмэгтэйчүүдийн 33.5 хувь нь архи хэрэглэдэг гэжээ.

Тус судалгаанд оролцогчдын 27.7 хувь нь артерийн даралт ихсэх эмгэгтэй, 2.5 хувь нь чихрийн шижин өвчтэй гэж хариулсан бол эмэгтэйчүүдийн 31.6 хувь, эрэгтэйчүүдийн 30.9 хувь нь биеийн жингийн илүүдэлтэй байна.

Энэ нь манай улсын хүн амын дунд хорт зуршлын хэрэглээ өндөр, ялангуяа эрчүүдийн дундах архи, тамхины хэрэглээ нэн өндөр байгаа нь сүрьеэ болон бусад өвчин эмгэгт өртөх эрсдэлийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ дундаж наслалтыг бууруулах, эрт нас барах, амьдралын чанарыг доройтуулах шалтгаан байж болох юм.

-Бусад оронтой харьцуулбал Монгол сүрьеэгийн өвчлөл өндөртэйд тооцогдох уу?

-Монгол Улс нь Номхон далайн баруун бүсийн 37 орноос сүрьеэгийн өвчлөл өндөртэй дөрвөн орны нэг бөгөөд сүрьеэ нь хүн амын нас баралтын шалтгааны зургаадугаарт, халдварт өвчний шалтгаантай нас баралтын нэгдүгээрт орж байна. Азийн бусад улс оронтой харьцуулахад сүрьеэгийн өвчлөл өндөртэй орны нэг хэвээр байна.

-Улаанбаатарын агаарын бохирдол энэ төрлийн өвчинд өртөх нөхцөл бүрдүүлдэг үү. Орон нутгийн иргэдтэй харьцуулахад нийслэлчүүд энэ өвчинд илүү өртдөг болов уу?

-Манай улсад жил бүр бүртгэгддэг сүрьеэгийн өвчлөлийн 60 орчим хувь нь Улаанбаатар хотод гардаг. Нийслэлийн бүх дүүрэг ялангуяа Сонгинохайрхан, Баянзүрх гээд хүн ам, газар нутаг, шилжин суурьшигчид ихтэй дүүргүүдэд сүрьеэгийн өвчлөл өндөр байна. Ер нь манай улсын төв болон зүүн бүсийн аймгуудад сүрьеэгийн өвчлөл ихтэй, ялангуяа төмөр замын дагуух аймаг, орон нутаг, Улаанбаатар хотод сүрьеэгийн өвчлөл өндөр байгаа дүр зураг харагддаг. Сүрьеэ нь амьсгалын замын халдварт өвчин учраас гадна болон дотор агаарын бохирдол, орчны таагүй байдал нөлөөлөх нэг хүчин зүйл байх боломжтой юм.

-Сүрьеэгийн өвчлөлийн талаар гадаадын судлаачидтай хамтарсан судалгаа хийдэг үү?

-Монгол Улсын Засгийн газар, Глобал сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төсөл, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран “Монгол улсын хүн амын дундах сүрьеэгийн тархалтын судалгаа”-г 2013-2015 онд үндэсний хэмжээнд хийж дууссан. Судалгааны үр дүнг удахгүй Засгийн газарт хүлээлгэж өгнө.

Хэрэв танд удаан хугацаагаар ханилгах, цэр гарах, биеийн жин буурах, цээжээр өвдөх, амьсгаадах шинж тэмдэг илэрвэл харьяа эмнэлэгт хандан үзлэг шинжилгээнд хамрагдахыг зөвлөж байна.

Categories
мэдээ цаг-үе

Монгол эмэгтэй Сөүл хотын хүндэт иргэн боллоо

Сөүл хотын дарга Пак Вон Сү БНСУ дахь нийгмийн хамгааллын үйлчилгээний
төвийн дарга Ц.Өнөрзаяад “Сөүл хотын хүндэт иргэн” батламж гардуулав. Монгол
эмэгтэйг Сөүл хотын хүндэт иргэн болгох засаг захиргааны шийдвэр сар гаруйн өмнө
гарсан бөгөөд харин өчигдөр хүндэт иргэний батламж гардуулах ёслол Солонгосын “Сэжун”
хүндэтгэлийн ордонд болсон юм. Ц.Өнөрзаяа батламж гардсаныхаа дараа “Нийгмийн хамгаалал,
хүний эрх, хүмүүнлэг тусламжийн хүрээнд найз нөхөд, хамт олныхоо арав гаруй жилийн
хөдөлмөрийн үр дүнд Сөүл хотын хүндэт иргэн боллоо. Шагнал гэхээсээ илүү том үүрэг
хариуцлага ирлээ. Мэдээж энэ амжилтад хүрэхэд миний ажилладаг Сөүл хот дахь Нийгмийн
хамгааллын үйлчилгээний төвийн хамт олон, ЭСЯ, Ерөнхий консулын газрын дэмжлэг,
Солонгос улсын хамтран зүтгэгч мэргэжил нэгт нөхөд, холбоо нийгэмлэгийнхний итгэл
сэтгэлийн ач тус их байсан” хэмээн тэмдэглэсэн юм.

Тэрбээр мөн “Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Д.Дэмбэрэл, Т.Ганди,
С.Эрдэнэ нарын удирдлага дор Сөүл хот дахь нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийг
хариуцан ахалж, жолооч, үйлчлэгч, орчуулагч, менежерээс мэргэжлийн төрийн албан
хаагч болсон” хэмээн дурслаа.

Ц.Өнөрзаяа чөлөөт цагаараа хүмүүнлэгийн болон хүний эрхийн чиглэлийн
Солонгосын төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж, монголчууддаа тусалдаг нэгэн.
Тухайлбал, Солонгосын “Мериал шимжан” хүүхдийн зүрхний мэс заслын сан 30 сая воннын
өртөгтэй мэс заслыг Монголын 200 гаруй хүүхдэд амжилттай хийсэн байдаг. Зүрхний
цооролт өвчнөөр шаналж байсан тэдгээр хүүхдүүд өдгөө эрүүл саруул, аав ээжийгээ
баярлуулан өсч байгаа. Солонгосын Кореа Их сургуулийн Кореа Анам эмнэлгийн профессор
Ким Юн Хуан эмчийн тусламжтайгаар Монголынхоо гэрээт ба гэрээт бус ажилчдыг жилд
нэгээс хоёр удаа бүтэн биеийн шинжилгээнд хамруулахад энэ бүсгүйн хичээл зүтгэл
их бий. Ийм дэмжлэг авсан хүний тоо мянга хол давжээ.

Хүний нутагт ядарч зүдэрч, хэрэг төвөгт орооцолдсон, өвдсөн зовсон,
ажил төрөлгүй болсон монголчууддаа тусалж, саад бэрхшээлийг нь нимгэлэхээр Солонгосын
сайн санаат эмч, өмгөөлөгч, хүний эрх хүмүүнлэг тусламжийн ажилтнуудтай хамтран
ажиллаж иржээ. “Бусдад тусалж байж өөрийн ажил үйлс бүтдэг” гэж Ц.Өнөрзаяа хэлсэн.
Энэ эмэгтэй “Цаг минут сахилга хариуцлагыг хатуу чанга мөрдөж байж хүний итгэл авдаг”
гэсэн зарчмаар ажиллаж хөдөлмөрлөдөг гэнэ.

Ц.Өнөрзаяа Хан Доны Их сургуулийг 2005 онд хуульч мэргэжлээр төгсч,
Сөүлийн Их сургуулийн Олон улсын харилцааны сургуулийг 2010 онд дүүргэн, магистрын
зэрэг хамгаалжээ. Тэрбээр англи, солонгос хэлтэй. Сурсан мэдсэн бүхнээрээ монголчууддаа
тусалж байгаа харьд ажиллаж хөдөлмөрлөдөг Монголоо гэсэн сэтгэлтэй мянга мянган
залуусын нэг.

“Ангийнхан маань бүгд л сайн яваа. Ялангуяа МУИС-ийн ангийнхан маань
мундаг сайн хуульчид болсноор нь би бахархдаг” гэж энэ бүсгүй хэлсэн юм. Бас ерээд
оны дундуур олон саад бэрхшээлийг туулан байж, хээрийн галуу нисэн үл хүрэх газраас
эрдэм өвөрлөхөөр зорьсон монгол залуус маань судалгаа, эрдэм шинжилгээний салбарт
багагүй амжилт гаргаж байна. Зарим нь ажил хөдөлмөрийн талбарт нэрээ дуурсгаж эхэллээ.
Тэдний нэг л жишээ нь миний энэ амжилт байх даа. Гадаадад байгаа монгол залуучуудынхаа
хөдөлмөр зүтгэлийг, төр засаг маань сайн дэмжээсэй билээ гэж тэр ярьсан юм.


Categories
мэдээ цаг-үе

Богд уулыг 1950-иад оны үед Чойбалсан уул гэж нэг хэсэг нэрлэж байв

Хотын төв. Соёлын төв өргөө баригдаагүй үе

Улаанбаатар хотын унаган иргэн, өндөр настан Батсүхийн Ганбат
1950-1960-аад оны үеийн Улаанбаатарын тухай дурсамжаасаа хуваалцлаа. Тэрбээр
1945 онд Улаанбаатар хотод төрсөн. 1962 онд Нэгдүгээр цахилгаан станцад зуухан цехийн
слесариар ажиллаж байжээ. Дараа нь жолооч хийж байгаад 1990 онд тэтгэвэртээ гарсан
нэгэн.

Хятад усчин

-Тухайн үеийн нийслэлийг та дүрслээч?

-Миний мэдэх Улаанбаатар хот 1950 онд хойшоогоо 32-ын уулзвар, бурхан
бологсдын газар буюу Далан давхар, Дэнжийн мянга, Дамбадаржаа, зүүн тийшээгээ, Американ
дэнж (сансар хороолол), Консулын дэнж, эмэгтэйчүүдийн хорих анги (Сансар бензин
колонкийн хойно), Маахуур толгой (Их засаг дээд сургууль), Улаанхуаран (Цэргийн
хот), Амгалан хүрдэг байсан. Улиастай, Цагаанхуаран (Нарантуул зах)-д гэр хороололгүй
байсан.

Улаанбаатар хотын Бөмбөгөр, Гэсэр сүмийн орчимд хятадууд амьдардаг.
Гуанз, үсчин, дугуй завсар, махны дэлгүүр, унадаг дугуйн засвар, морины тах хадах,
алт мөнгө, цаг засварын ажлуудыг тэд хийдэг байв. Мөн Амгалан, Зуун айлын орчим
тэд ногоо тарьж, айлуудын усыг морин тэргэн дээр модон торх байрлуулж зөөдөг байсан.
Дөрвөн хүний суудалтай сүйх тэргээр Амгалан, бараан зах, сүүн зах (Зам тээврийн
яам) болон хотын төв гудамжаар зорчигчдыг тээвэрлэдэг байв.

-Танай гэр аль хавьд байв. Бага насны сайхан дурсамж олон байх?

-Манайх Арслантай гүүрний урд талд одоогийн ХXI сургуулийн орчимд
байлаа. 1950-иад оны үед манай тэр хавиар ясли, цэцэрлэг гэж байхгүй. 1954 онд нийслэлийн
XVI сургуульд нэгдүгээр ангид орж байлаа. Манай ойр хавьд дэлгүүр хоршоо цөөн. Тэр
үед автобус гэж байсангүй. Ээждээ хөтлүүлчихээд Өндөр хоршоо руу явган явдаг. Тэр
үед Сүхбаатарын талбай гоё байгаагүй. Энд тэнд овоолгоотой шороо, чулуутай. Өндөр
хоршооноос хатсан яавлаг худалдаж авдаг. Худалдагч нар нь дээлтэй, ханцуйвч өмсдөг
байсан. Туул рестораны хойгуур Баруун Сэлбийн гол урсдаг. Өмхий гэж жигтэйхэн. Ер
нь Сэлбэ гол их өмхий байсан.

-Тэр үед арьс, ширний үйлдвэрүүд байгаагүй биз дээ?

-Айлууд угаадсаа хийчихдэг. Боловсон жорлон байсан биш. Хаа дуртай
газраа морь харна.









Б.Ганбат Багадаа

-Фэйсбүүкт нэг зураг яваад байсан. Хотын гудамжаар морьтой, явган хүмүүс хөлхөлдөөд хэн нэгэн дунд нь суучихсан бие засч байгаа бололтой харагдсан?

-Сууна сууна. Ердөө тоох юм байхгүй. Харин соёлын довтолгооноос хойш
огт өөр болсон шүү. Улаанбаатар хот маань үйлдвэржиж, жараад оноос ЗХУ руу ТМС-т
долдугаар анги төгссөн хүүхдүүдийг явуулдаг болсон. Ямар сайндаа манай ангийнхан
долдугаар анги төгсөөд илгээлтээр Нэгдүгээр цахилгаан станцад ангиараа очиж байхав.
Тэгж амьдралтайгаа залгасан даа. Нэг хэсэг Нэгдүгээр цахилгаан станцын яндан дуугарахад
хүүхдүүд сургуульдаа, ажилчид ажилдаа явдаг. 12 цагт дуугарахад үдийн цай, нэг цагт
цай дуусаад, ажилдаа орох дохио. 17 цагт яндан дуугарахад ажил тардаг байлаа. Улаанбаатар
тэр чигээрээ яндангийн дуугаар хөдөлдөг байсан даа.

-Хятад хүүхдүүдтэй тоглодог байв уу?

-Тэр үед Цагаанхуаранд барилгын хятадууд шинээр ирсэн юм. Тэнд хятад
ажилчдын казарм байсан. Местний оросуудын болон хятад хүүхдүүдтэй тоглодог байсан.
XXI сургуулийн урд бас казах хороолол ч байсан. Гэр хороолол байлаа шүү дээ. Тэр
үед байшин цөөн. Хүүхдүүд дугуйны гадуур хаймранд орж бие биенээ түрж тоглодог байлаа.
Тэвэг өшиглөнө. Сэлбийн гол дээр өвөл гулгана. Тэшүүр байсангүй. Дугуйны обудыг
тайраад, дээр нь банз хадаж, эсгий гуталд хүлээд гулгадаг. Дугуй унана. Аав, ээж
зүлгэн дээр зун шагай нясладаг.

-Загас барьдаг байсан уу?

-Загас нэг их тоохгүй.

-Тэр үед юу идэж уудаг байв?

-Хятад дэлгүүрээс бохь авна. Хар модны бохийг жижиглэж, 50 мөнгөөр
зардаг байсан. Самар цөмнө. Гурван цаас 40 мөнгөний талх хятадууд барьдаг. Арслантай
гүүр, Багшийн сургуулийн орчимд тэр чигээрээ хятад зурагчин, хятад гуанз байсан.

-Хятад гуанзанд юу идэх вэ?

-Хуушуур иддэг. Хуушуур, цуйван гээд захихаар зөөгч нь хоолны захиалга
аваад тогооч руугаа шууд заалнаасаа хашгирчихдаг. Хятад үсчинд үсээ засуулна. Хурц
хутгаар ширх гээд засчихна. Зурагчин толгой дээрээ хар даавуу нөмөрч зураг аваад
долоо, найм хоногийн дараа зургаа авдаг.

-Дээр үед айлуудын жорлонг ухаж зөөх ажил хийдэг хятадууд байсан
гэж сонссон?

-Хятадууд өвөл жорлон ухдаг, түүнийгээ өөрсдөө зөөгөөд, Амгаланд
аваачиж хаяна. Амгалангийн ногооны газраа түүгээр нь сайхан бордчихно шүү дээ. Хятадуудад
хийхгүй ажил гэж байгаагүй, морин тэргээр нүүрс зөөнө, хог хаяна, бурхан болоочдыг
нутаглуулна. Бас түлээ хөрөөднө.

Бид бас кино үзэхдээ Элдэв-Очир кино театр юм уу Ардад ирнэ.

-Ямар кино гардаг байв?

-“Чапаев”, “Ганболд шиг цэрэг” гээд хятад кино, “Цогт тайж”, “Сүхбаатар”
гээд цөөхөн хэдэн кино гардаг. Тэднийгээ л үзнэ. Бас Баянзүрх захын орчимд байсан
Төмрийн заводын клубт ирж кино үздэг байлаа. Сүүлд тавиад онд шинэ хятадууд ирээд
жүжиг ший тоглодог байв.

-Аав чинь том дарга байсан гэсэн үү?

-Миний аав Г.Батсүх гэж хүн байв. Аав маань БНМАУ-ын анхны ударник
цолтой хүн байсан. Аав сургууль төгсөөгүй. Хар ухаанаар явсаар байгаад Гэрэл чийдэнгийн
хороо, Нэгдүгээр цахилгаан станц, Төмрийн завод, Дорноговь аймгийн Зүүнбаянгийн
нефть боловсруулах үйлдвэр зэрэг байгууллагуудын анхны даргаар ажилласан.

Аав маань Улаанбаатар хотод томоохон барилга байгууламжууд байхгүй
байх үед 1939 оны Халхын голын дайнд олзлогдсон япон хоригдлуудыг авчирч
1945-1947 онд Улсын төв театр (Дуурийн театр), Элдэв-Очирын кино театр (хөрөнгийн
бирж), Төв больниц, Гадаад хэргийн яам, Төв номын сан, Намын дээд сургууль (Одоогийн
Удирдлагын академи), Улаанбаатар рашаан сувилал, Сонгинын амралт, Монгол Улсын их
сургууль, Сүхбаатарын талбайн хуучин асфальтан хучлага, 30 дугаар байр, Алтай зочид
буудал (хотын захиргаа), одоогийн Төрийн ордон зэргийг барихад дайчлан оролцуулсан.

Засгийн газрын ордны анхны хэв загвар нь ЗХУ-ын Ворошиловск хотын
зөвлөлүүдийн ордны барилгын зургийг томсгож барьсан гэдэг.

Улаанбаатар хотын төвийн ихэнх барилгыг Японы олзлогдсон цэргүүдээр
бариулж, тэд Гандан, Хужирбулан, Налайх, Сэлбэ, Толгойтын тоосгоны үйлдвэрүүдийг
ажиллуулж, тоосго их хэмжээгээр үйлдвэрлэж байсан. 1955 оноос БНХАУ-ын барилгачид
Улаанбаатар хотод байрлаж, нэхмэлийн үйлдвэр, ажиллагсдын орон сууцууд 120 мянгат,
40, 50 мянгатын орон сууцууд, Энхтайваны гүүр, “Улаанбаатар” зочид буудал, Биеийн
тамирын ордон, Гэмтлийн эмнэлэг (хуучин), Соёл, урлагийн их сургууль, Пионерийн
ордон, Барилгачдын соёлын ордон, Толгойтын хоёрдугаар цахилгаан станц, Их дэлгүүр,
Урт цагаан, бусад орон сууцнуудыг барьсан гэдэг. Хятадтай харилцаа муудаж, хятад
барилгачид нутаг буцахад Баянгол зочид буудлын барилгын араг яс л үлдэж, сүүлд оросууд
гүйцээсэн шүү дээ.

-Тэр үед ямар баярыг нижгэр тэмдэглэдэг байв?

-Майн нэгэн, Октябрийн баяр, шинэ жил тэмдэглэнэ. Уг нь Цагаан сар
хийдэг байснаа больсон.

-Зурагт байхгүй, яаж өдөр өнгөрөөдөг байв?

-Радио байлаа. Намайг долоон настай байхад манайх араажавтай болсон.
Том дугуй юм байсан. Аав, ээжийг эзгүй хойгуур доторх хүнийг нь харах гээд хар юмыг
нь зүсэж үзсэн. Юун хүн гарч ирэхэв, таг болсон. Бягтруул дээр том пянз тавьж сонсоно.
Хотын соёл огт өөр байв. Цөөхөн хэдэн айл утастай. Дөч, тавин мянгат баригдахад
сэхээтнүүд, дарга нар орсон. Айлд очиход хананаас нь ус гоожихоор гайхаж билээ.
1956 онд аав маань Зүүнбаянгийн нефтийн үйлдвэрийн дарга болоход дагаж очсон юм.
505-ын орос хоригдлууд Зүүнбаянгийн нефтийн үйлдвэрийг барьсан. Халуун, хүйтэн устай
гоё газар очсон доо. Тэнд усан сан гэдэг юманд анх орж байлаа.

-Одоо ч нефть боловсруулах үйлдвэр барьж чадаагүй байна шүү дээ.
Тэгэхэд ямархуу янзтай үйлдвэр байв?

-1957 онд энэ үйлдвэрийг монголчуудад хүлээлгэж өгсөн. 1969 онд гал
гарч, үйлдвэрийг хаасан юм. Зүүнбаянгийн нефтийн үйлдвэр бензин, солярк, кокс үйлдвэрлэдэг
байсан шүү дээ.

-Социализмын үед ихэнх айлууд диван, хөргөгч, хавтастай том толь
гэх мэт ижил тавилгатай байж билээ?

-Намайг бага байхад төмөр толгойтой ортой байсан. Гийчин ирэхэд гудас
дэвсээд өгчихнө. Тэр хүн дээлээ нөмрөөд унтчихдаг. Соёлын довтолгооноос өмнө үнэндээ
цагаан даавуутай ор гэж мэддэггүй байлаа шүү дээ. Хорины дарга ирж, хөнжлийн даавуутай
эсэхийг, тогооны алчуур хиртэй байгаа эсэхийг шалгадаг байсан. Ээж маань Р.Рэнцэнханд
гэж Амгалангийн клубийн анхны хөгжимчдийн нэг. Хүрээ хүүхэн байсан даа. Цагаан дугуй
малгайгаар гангарна. Голцуу монгол дээл, пүркэн гутал өмсөцгөөнө. Насанд хүрсэн
эрчүүд нь өргөн өмдтэй, халбийсан хувцастай явцгаадаг.

-Хүүхэд байхдаа очих дуртай газар юу байв?

-Яармагийн дэнж дээр очдог байсан. Улсын баяр тэнд болдог. Хээр хонодог.
Хөдөө гадааны бүх л улс очдог. Зуны цирк тоглодог байлаа. Манай аав Ардын жүжигчин,
алиалагч Ж.Данзантай найз. Тэднийд орно, жижигхэн өрөөтэй. Литрийн шанагаар ус ууна.
Молоко уудаг байсан санагддаг. Шинэ жилээр усан будгаар цаас будаад, гинж хийдэг.
Сургуулиа, бас гэрээ ингэж чимэглэдэг. Өвөл хөлдүү алим аваад усанд хийж идэх хачин
гоё санагддаг байж. Сургуулийн ёлконд амьтан болно.

-Тэр үед ямар хүмүүс од байв?

-Чойбалсангийн тухай домог мэт ярьдаг байсан. Түүнд ер хир халдаахгүй.
Гэр бүлийн харилцааны талаар нь бас сонсогддог. Чойбалсан гуайгаа бурхан болоход
ээжтэйгээ хамт ханцуйндаа гашуудлын туузтай Засгийн газрын ордны зүүн жигүүрээр
ороод хойд хаалгаар гарч байсан. Жаахан байсан болохоор төмөр орон дээр нэг гоё
хүн унтаж байгаа юм шиг харагдсан. Гурав тойроод гарсан даа. Олон хүн салах ёс хийсэн.
“Эрэлхэг Монголын ард түмэнд чимэг болон хайрлагдсан” гэж дуулцгаадаг. Богд уулыг
1950-иад оны үед Чойбалсан уул гэж нэг хэсэг нэрлэж байсан. Жар, далаад онд хөдөлмөрийн
баатрууд, Халх голын дайны баатруудаараа бахархана. Маогийн тухай бас хятад, монголоор
хольж дуулцгаадаг. “Дорно зүгээс нар мандлаа” гэдэг үгтэй. “Хүрэн халзан тоомсгоороо
хүрээд ирдэг Ворошилов” гэж бас дуулдаг. Сүүлд “Маамуу нааш ир” гарч тэрийг дуулдаг
болсон. Дуу ховор байлаа шүү дээ.

Categories
мэдээ цаг-үе

Д.Цэрэнсамбуу: Зохиолч, сэтгүүлч Ш.Гүрбазартай хамтраад “Жаргаагүй нар” жүжиг хийж байна

Улсын драмын эрдмийн театрын захирал Д.Цэрэнсамбуутай ярилцлаа.

-УДЭТ-ын Түүхэн жүжгийн өдрүүдийн хүрээнд МЭӨ 209 оноос XX зуун хүртэлх
түүхэн он цагийн хэлхээгээр аялах юм байна. Театрын хувьд ч 85 жилийн ойгоо хийж
байна гэдэг бас л том түүх?

-Монголчууд үндэсний соёл урлагийн эртний түүхтэй ард түмэн. Хубилай
хааны ордонд 500 хүнтэй их найрал хөгжим байсан гэдэг. 1800-гаад оны үед Равжаагийн
Саран хөхөө театр байсан гээд бодит баримтууд бий л дээ. Шинэ цагийн мэргэжлийн
урлагийн гал голомт болсон манай театр 85 жилийнхээ ойг тэмдэглэж байна. 1921 оны
ардын хувьсгалын дараа шинэ цагийн анхны байгууллага болох улаан гэр, Жанжны клуб,
Хятад ажилчны клуб, Ардын цэнгэлдэх хүрээлэн байгуулагдсан. Эд бол мэргэжлийн соёл,
урлагийн байгууллагын үүсэл гэж судлаачид үздэг. Ардын авьяастнууд, сайн дурын уран
сайханчдын хөдөлгөөн соёл, урлагийн байгууллагууд үүсэхэд түрлэг өргөсөн. 1931 оны
арваннэгдүгээр сарын 12-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх товчооны
50 дугаар тогтоол гарч “Улсын төв театр” байгуулагдсан түүхтэй. Орчин үеийн мэргэжлийн
театр байгуулахын тулд тухайн үеийн Зөвлөлт улсаас театрын найруулагч, багш, зураач,
хөгжмийн зохиолчдыг урьж, жилийн хугацаатай курс нээн ажиллуулсан гэдэг. Үр дүнд
нь С.Буяннэмэхийн “Үнэн” жүжгээр орчин үеийн мэргэжлийн театр Монголд үүд хаалгаа
нээсэн юм.

Өрнийн театрын онол арга зүй дэг сургууль, монголчуудын авьяас нэгдээд
театрын урлагийн хөгжлийн түүх эхэлсэн. Удалгүй хот хөдөөд төрийн харьяалалтай соёл,
урлагийн байгууллагууд бий болсон юм. Аймгуудад Соёлын ордон, нийслэлд Улсын цирк,
Хүүхэлдэйн театр, өнөөдрийн ҮДБЭЧ-ын анхны байгууллага Эстрад концертын товчоо бий
болсон. 1963 онд Дуурь, бүжгийн театр байгуулагдаж, одоогийн байрандаа байрлаж,
манайх драмын урлагийн чиглэлээр дагнаж үйл ажиллагаа явуулахаар энэ байрандаа нүүж
ирсэн дээ.

-Манай театрын зорилго болбол… гээд дуу байдаг. Социализмын үед
театр олон түмнийг гэгээрүүлэх, ухуулан сэнхрүүлэх үүрэгтэй үзэл суртлын зэвсэг
байсан. Харин нийгэм солигдоход театр яаж өөрчлөгдсөн бэ?

-Театр байгуулагдаад дайны үе, социализмын бүтээн байгуулалтын үеийг
туулж, үзэл суртлыг голлодог байсан. 1990-ээд оноос хойш театрын урын сангийн бодлого
нээлттэй, чөлөөтэй болсон гэж болно. Ард түмнийг соён гэгээрүүлэх нь урлагийн үндсэн
үүрэг шүү дээ. Ард түмний оюуны хөтөч байх эрхэм үүргээ хэрэгжүүлэх үүднээс урын
сангийн бодлого төлөвлөгддөг.

-Орчин үед кино, телевиз, интернэтээс хүмүүс маш их юм үзэж хардаг
болсон. Ийм нөхцөлд театр хэрхэн оршин тогтнож, үзэгчдээ яаж барьж тогтоох бол?

-Театрын амин сүнс, үнэт зүйл нь үзэгчдэд амьд тоглолт үзүүлдэгтээ
байдаг. Гэртээ зурагтаар уран бүтээл үзэх, театрт ирээд тоглолт үзэхийн хооронд
асар том ялгаа бий шүү.

-Үзэгчидтэй илүү амьд харилцаатай байлгах үүднээс тоглолтын үед үзэгчтэй
харилцах гэх мэтээр олон хэлбэр туршиж байдаг бололтой юм?

-Тэр байтугай бид тоглолтоо хийчихээд зохиолч, найруулагч, хөгжмийн
зохиолч, жүжигчид, тайзыг бүтээсэн арын албаныхантай “Тоглолтын дараа” гэсэн үзэгчид,
уран бүтээлчдийн уулзалт хийж байгаа. Гэртээ телевизээр кино үзчихээд дараа нь уран
бүтээлчидтэй уулзаж чадахгүй шүү дээ. Яагаад тэр уран бүтээлийг сонгосон юм гэдэг
чухал. Аливаа шинэ уран бүтээл уран бүтээлчийн эмзэглэлээс эхтэй. Уран бүтээлч,
үзэгч саналаа солилцдогоороо ач холбогдолтой. Энэ нь урын сангаа төлөвлөхөд нөлөөтэй,
хэрэглэгчтэйгээ эргэх холбоотой болж байгаа гэсэн үг. Америкт Бродвейн театрт тоглож
байгаа “Парисын дарь эхийн сүм”-ийг яагаад монгол үзэгч эх орондоо, эх хэлээрээ
үзэж болохгүй гэж. Бид дэлхийн театрын урлагийн хөгжлөөс суралцах хэрэгтэй шүү дээ.
Үндэсний түүхэн бүтээлүүд, орчин үеийн сэдэвтэй зохиол бүтээлүүд манай театрын урын
санг бүрдүүлдэг. Манай үзэгчдийн 70-80 хувь нь 18-35 насныхан байдаг гэсэн судалгаа
бий. Бидний дөрөв дэх чиглэл гэвэл хүүхдэд чиглэсэн уран бүтээл. Дэлхийн театрын
хөгжил хаана явна. Тэндээс бид хоцормооргүй байна. Театр цаг үргэлж, үзэгч олон
түмэндээ оюуны талх өгч байх учиртай байгууллага.

-Сүүлийн үед багцын сонголт санал болгодог болжээ. Хүмүүс долоо хоногийн
турш театрт цагаа зориулах сонголт хийж байгаа гэсэн үг үү?

-Та анзаарч байгаа бол сүүлийн жилүүдэд бид сонгодог жүжиг, орчин
үе, хүүхдийн жүжиг, түүхэн жүжгийн өдрүүд гэх мэтээр бүтээгдэхүүнээ төрөлжүүлж байна.
Шинэ жүжиг хийж байгаа үедээ тав, арав хоногоор үргэлжлүүлээд тоглодог. Тэр үед
үзэж амжаагүй хүмүүст зориулаад манай авдарт ийм бараа байна гээд гаргаж тавьж байгаа
хэлбэр. Театрын тоглолтын тасалбар өндөр үнэтэй биш л дээ. Бид үзэгчид ямар цалинтай
билээ гэдгийг ч бодолцох учиртай. Багцын борлуулалт хийхээр хүмүүст сонирхолтой
байгаа юм. Нэг жүжгийн үнээр гурван жүжиг үз гэж байна шүү дээ. Тэгэхээр тухайн
хүнд эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй.

-Шинэ жүжиг тавигдаад ямар хугацааны дараа архивт шилждэг вэ?

-Тухайн жүжгийн жанраас шалтгаалдаг юм. Орчин үеийн сэдэвтэй, хөнгөн
маягийн уран бүтээлүүд харьцангуй удаан тоглогдоно. 20-иод хоног, сар тоглоход бараг
тайзнаас буухгүй шүү. Сонгодог жүжиг, түүхэн том бүтээлүүд бол тийм биш. Гэхдээ
зардал өндөртэй бүтдэг.

-Маш их зардал гаргаж том бүтээл тавьсны дараа архивт шилжинэ гэхээр
харамсалтай юм. Тэр бүр театрыг зорьж ирж амждаггүй үзэгчдэд зориулаад CD, цомог
хэлбэрээр хүргэх боломжтой болов уу?

-Сонгодог жүжиг, түүхэн бүтээлын үнэ цэнэ гаргаж байгаа зардалдаа
оршдоггүй. Бүтээл нь үнэ цэнэтэй юм шүү дээ. Тавь, жараад оны алтан үеийн бүтээлүүдээ
бид бичиж авч үлдэж чадаагүй. “Цогт тайж” киног бол бид дэлгэцнээс үзчихдэг. Театрын
хувьд жүжгээ бичиж авах технологийн боломжгүй үе байсан. Сүүлийн жилүүдэд хийгдсэн
бүтээлүүдээ бүгдийг нь бичиж авч, хадгалж байгаа. Тодорхой хугацааны дараа телевизийн
алтан фондод бичүүлдэг юм. Мөн өөрийн архивт хадгалдаг. Театрын 80 жилийн ойгоор
бид хэд хэдэн бүтээлүүдээ DVD бичлэг болгож, борлуулсан. Оюуны бүтээлийн хулгай
гэдэг аймшигтай. Бид “Тамгагүй төр” жүжгээ бичээд, борлуулах гэхээр баахан хувилаад,
илүү хямд зарчихдаг аюул байна. Уран бүтээлээ үнэ цэнтэй хадгалах нь зөв гэж боддог.

-Тэр бүр хот орж ирээд театр үзэж чаддаггүй орон нутгийнханд театр
өөрөө хүрч очдог юм билээ. Аялан тоглолт хэр их хийж байгаа вэ?

-Мэргэжлийн театр үүсэн бий болсон цагаасаа л хөдөөгийн уул талаар
соёлын үрийг тарьж ирсэн. Ялангуяа 1967 оноос өмнө бол телевиз байсангүй. Хөдөө
орон нутагт урлагийн бригад аялдаг байсан. Энэ бол театрын онцгой үйл ажиллагаа
мөн. 1990 оноос хойш бригадаар явах байтугай театр оршин тогтноход хүнд байсан үе
бий. 2002 оноос хойш аялан тоглолтоо сэргээгээд УДЭТ-ийн өдрүүд аялан тоглолтыг
зохион байгуулж, 18 аймгийг бүтэн нэг тойрсон. Одоо бол хоёр дахиа тойрч байгаа.
Хөдөө, орон нутгийн иргэдийн талархлыг хүлээсэн сайхан ажил болдог. Социализмын
үед бол сум бүрт хүрдэг байсан. Одоо аймгийн төвүүд, зам дагуу сумдад тоглож байна.
Яваандаа нэгжид хүрч үйлчилдэг болно доо. Жил бүр аялан тоглолтоор явж байгаа. Хавар,
намрын бригад гэж явдаг. Хавар бид Эрдэнэт, Дарханаар аялан тоглоод ирсэн. Намар
Улаан-Үдэд Монгол туургатны театрын наадамд оролцсон учраас намрын бригад маань
явж амжаагүй. Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жил, театрынхаа 85 жилийн ойд бэлтгэж
завгүй ажиллаж байна. Ирэх жил Хөвсгөл, Завханы чиглэлд аялан тоглолт хийнэ дээ.

-Танай театр хүмүүст юу үзүүлэх вэ гэдгээ их урт хугацаагаар төлөвлөдөг
юм билээ. 2017 он хүртэл ажлаа төлөвлөсөн гэсэн. Түүнээс цааш монголчууд юу үзэх
бол?

-Театр урлаг соёлынхон ард түмнээсээ нэг алхмын өмнө явж байх учиртай.
Хүний оюуны эрэлт хэрэгцээ гэдэг хоол, хувцаснаас дутахгүй. Бид 2001 оноос хойш
дөрөв, таван жилээр төлөвлөлт хийж ирсэн. 2008 онд найман жилийн хөтөлбөр боловсруулсан
юм. Найман жилийнхээ хөтөлбөрийн хэрэгжилтийн гүйцэтгэл, үр дүнг тооцож байна. Мэргэжлийн
байгууллага тухайлбал СЭЗИС, Удирдлагын академи гээд мэргэжлийн байгууллагуудтай
хамтарч хийдэг л дээ. 2017 оноос хойш дахиад таван жилийн хөтөлбөр боловсуулахаар
ажиллаж байна. Ой угтсан ажлын хүрээнд бид СУИС, Соёл урлаг судлалын хүрээлэнтэй
хамтраад театрын хөгжлийн асуудлаар эрдэм шинжилгээний том хурал хийх юм. Энэ хурлаар
өчигдөр театрт юу болов, өнөөдөр юу болж байна, маргааш юу болох вэ гэдэгт гурван
цагийн хэлхээсээр хариу өгнө. Монголын үндэсний театр уламжлалдаа суурилна. Шинжлэх
ухаанчаар хандана. Дэлхийн театр урлагийн хөгжилтэй уялдуулна. Урлаг судлаачид,
түүхчид, уран бүтээлчид үнэлэлт дүгнэлт өгч, шүүж тунгааж байж дараагийн таван жилийн
хөгжлийн хөтөлбөрөө боловсруулна. Ер нь театрын урын сангийн үндсэн төлөвлөлт үндэсний
түүхэн бүтээлүүд, дэлхийн сонгодог уран бүтээл, орчин үе, залуус хүүхдэд хандсан
бодлого хэвээрээ үргэлжилнэ.

-Театрт байсан өнгөт зурагтаа зараад, уран бүтээлчдийнхээ цалинг
тавих үе байсан гэсэн. Театр хүмүүсийн сонирхлыг татсан уран бүтээл хийгээд, орлогоороо
санхүүжээд амьдрах ёстой юм уу, эсвэл хүн ардыг соён гэгээрүүлэх үүрэгтэй гэж үзээд
төрөөс дэмжих учиртай юу?

-Театрын урлаг 300-400 жил хөгжсөн, хүн ам ихтэй улс орнуудтай харьцуулахад
манай театр залуугаараа байна. Ер нь хөгжсөн аль ч улс оронд соёл, урлаг, музей,
номын сан, үндэсний театраа төр нь ивээлдээ байлгадаг. Орос гэхэд л Их театраа Ерөнхийлөгчийнхөө
ивээлд байлгадаг шүү дээ. Өнөөдөр ч манай театр төр, олон түмнийхээ ивээлээр явж
байгаа. Бизнесийн зарчмаар хөгждөг урлагийн төрөл бас бий. Социализмын үед төрийн
харьяалалтай урлагийн байгууллагууд хүн амынхаа тооноос хамаарахгүйгээр хөгжлийн
түвшиндээ хүрчихсэн. Дуурь, манай театр урын сангийн хувьд томд тооцогддог театрууд
шүү дээ. Төр ивээлдээ авч, дэмжиж туслах хэрэгтэй. Харин үйл ажиллагаанд нь саад
болж болохгүй. Төсвийн санхүүжилт байр, халаалт, цахилгаан дулаан, халуун хүйтэн
усны зардалд яваад өгдөг. Үндсэн үйлдвэрлэл, уран бүтээлд санхүүгийн дэмжлэг үзүүлэх
учиртай. Салбарынхныг Ерөнхий сайд, салбарын сайд хүлээж авахад бид зовлон жаргалаа
ярьсан. “Урлаг хөгжүүлэх сан” гэж хуучин байсан бол одоо яам ч үгүй, сан ч үгүй
болсон. Эргээд “Урлаг хөгжүүлэх сан”-г бий болгохоор Засгийн газрын мөрийн хөтөлбөрт
оруулсанд бид баяртай байгаа.

-Театрын төрсөн өдөр хүртэл үлдсэн хугацаанд хүмүүст юу үзүүлж харуулах
вэ?

-Д.Нацагдоржийн нэрэмжит театрын хувьд түүний амьдрал уран бүтээлээс
сэдэвлэсэн жүжгийн зохиолын уралдаан зарласан юм. Тайзны шалгуур даах уран бүтээл
ирээгүй. Зохиолч, сэтгүүлч Ш.Гүрбазартай хамтраад “Жаргаагүй нар” жүжгийг хийж байна.
Арваннэгдүгээр сарын эхээр энэ жүжгээ нээнэ дээ. “Монгол ардын суут” гэрэл зургийн
үзэсгэлэн гаргах гэж байгаа. Сонирхолтой хөтөлбөрүүдээр үзэгчдэдээ бэлэг барина.


Categories
мэдээ цаг-үе

Д.Хурцбаяр: Бөөрний архаг дутагдалтай хүмүүсийн эмчилгээний зардлыг даатгалаас гаргах хэрэгтэй байна


Улсын нэгдүгээр төв эмнэлгийн бөөрний төвийн гемодиализийн тасгийн эмч Д.Хурцбаяртай ярилцлаа.

-Танай төв хэдэн өвчтөнд үйлчилдэг вэ?

-Манай тасагт 168 өвчтөн 30 аппаратан дээр үйлчлүүлж байна.

-Хүлээгдэж байгаа өвчтөн хэр олон бол?

-Одоогоор манай тасагт хүлээгдэж байгаа 45 өвчтөн бий. Хан-Уул дүүрэгт шинэ аппарат ашиглалтад орсон. Сонгинохайрхан дүүрэгт бас аппарат ашиглалтад орох гэж байна. Тэгэхээр харьяаллын дагуу зарим өвчтөнөө тийшээ явуулчихвал бид ахин хэдэн өвчтөн авах боломжтой.

-Хан-Уул дүүрэгт гемодиализийн төв нээлтээ хийсэн. Хэдэн аппараттай вэ?

-Гурван аппарат ашиглалтад орсон. Манай аппаратанд ордог хүмүүс эмнэлэгт хэвтээд байдаггүй шүү дээ. Нэг өдөр ирээд дөрвөн цаг аппарат залгуулж эмчилгээнд орчихоод явдаг.

-Сонгинохайрханд шинээр хэдэн аппарат ашиглалтад орох вэ, аппарат хүрэлцэхгүй, хүлээгдэл ихтэй байгаа тухай гомдол их явах юм?

-Аппарат хүрэлцээгүй байна гэж олон жил ярьж байгаа. Төр засгаас энэ асуудалд анхаарал тавьж, жил болгон аппаратны тоог нэмэгдүүлдэг. Гэсэн хэдий ч диализэд орох хүний тоо их болохоор хүрэлцэхгүй байна.

-Хувийн эмнэлгүүд ч бөөрний архаг дутагдалтай хүмүүст үйлчилдэг. Гэхдээ өвчтэй хүмүүс төлбөрийг нь тэр бүр дийлдэггүй учраас даатгалаас хувь, хувьсгалын гэлтгүй эмчилгээний зардлын тодорхой хувийг гаргаж байж хүртээмж нэмэгдэнэ гэж ярьцгаадаг?

-Хувийн эмнэлгийн аппаратууд тодорхой хэмжээгээр сул зогсч байгаа. Хувийн эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлдэг. Харин хүмүүс маань мөнгө төгрөгийн боломж муутай. Тэгэхээр энэ үйлчилгээг хүссэн ч авч чадахгүй байна. Цаашдаа энэ төлбөрийг улсаас даах биш даатгалд хамруулах хэрэгтэй байна. Диализийн аппаратаар нэг хүнд үйлчилдэг урсгал зардлыг даатгалын систем гаргаж өгдөг болох хэрэгтэй гэсэн үг. Түүнээс биш хүмүүс бүгд даатгалтай л байгаа. Даатгалын хуульд диализийн үйлчилгээний зардлыг даатгал хариуцна гэсэн заалт байхгүй.

-Даатгал үлдэгдэлтэй гардаг гээд байдаг, ийм өвчтэй хүмүүсийнхээ зардлыг дааж болохгүй юм байх даа?

-Бид төсөв ямар байгааг мэдэж байгаа. Жишээлбэл, манайд 160 хүнийг аппаратанд оруулах мөнгийг улс өгч байна шүү дээ. Төсөв нэмэгдвэл энэ тоог нэмж болох байх. Гэхдээ ийм байдлаар хол явахгүй. Даатгалын системээ боловсронгуй болгох хэрэгтэй. Дэлхийн бусад бүх оронд даатгалын тогтолцоо үйлчилдэг. Хэдэн хувийг нь улс, хувь хүн, даатгал хариуцах юм бэ гэдэг нь улс орны онцлогоос хамаараад өөр өөр байдаг. Дунджаар эмчилгээний зардлын 70-аад хувийг нь даатгал хариуцах жишээтэй.

-Нэг өвчтөн долоо хоногтоо хэдэн удаа аппаратанд орж байна. Нэг орохдоо хэдэн цагаар ордог вэ. Ямар нэг стандарт байдаг уу, үүнийгээ хангаж чаддаг уу?

-Нэг өвчтөн долоо хоногт гурван удаа, нэг орохдоо дөрвөн цаг орох ёстой гэсэн дэлхийн стандарт байдаг. Аппаратын хүрэлцээгүйгээс болоод манай 170-аад хүний 60-аад хувь нь долоо хоногт гурван удаа орж байгаа. Долоо хоногт нэг, хоёр удаа орж байгаа хүн ч бий. Энэ хүмүүс аппаратанд орохдоо хувиасаа мөнгө төлөхгүй байгаа ч эм тариагаа өндөр үнээр авч уудаг. Бөөр гэдэг маань зөвхөн хор шүүдэг эрхтэн биш. Маш олон үүрэгтэй. Түүний нэг нь цус төлжүүлэх үүрэг. Эрдсийн солилцоонд бас оролцдог. Энэ бүхнийг нөхөх эмийг уудаг. Өндөр үнэтэй эмүүд шүү дээ. Кальци фосфорын солилцоонд ордог эм нэг ширхэг нь 1500 төгрөгийн үнэтэй ч байна, арав гаруй мянган төгрөгийн үнэтэй ч эм байна шүү дээ. Эднийг авч уух шаардлагатай болдог. Улсаар даалгаж гемодиализийн аппаратанд орж байгаа хүмүүст хэцүү байхад энэ зардлаа хувиасаа гаргадаг өвчтөнүүдэд яаж тусах нь ойлгомжтой.

Бид ацан шалаанд орж байдаг. Нэгэнт аппаратанд орж байгаа өвчтөнийг хүн шиг амьдруулмаар байна. Гэтэл гэнэт өөр нэг хүн болохоо байгаад хүрээд ирдэг. Тэр хүний амийг аврахын тулд нэг хүн аппаратанд орох хугацаанд ахиад өөр хүн оруулах болдог. Хүмүүсийг үхсэн, амьдын хооронд байлгаж болохгүй. Гэтэл стандартаа мөрдүүлье гэхээр гадаа хүн үхэх гээд байдаг. Эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй гэдэг шиг тодорхой хэмжээнд зохицуулалт хийгээд явж байна.

-Хүлээлгэнд байгаа хүн хэр удаан хүлээдэг вэ?

-Манай аппаратанд орж байгаа хүн бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд орох эсвэл хэвлийн диализийн эмчилгээнд орох, бурхан болсон тохиолдолд л нэг мест гарна. Ганц нэг хүн бөөр солиулах мэс засалд орж байна. Аппаратанд орж байгаа тохиолдолд нас баралт их биш. Тэгэхээр манай дараалал нэг их хурдан явахгүй.

-Танай аппаратанд хамгийн удаан орж байгаа хүн хэдэн жил болж байна?

-Дээд тал нь 16-17 жил орж байгаа хүн байна. Дунджаар 5-10 жил амьдарч байгаа хүмүүс дийлэнх нь.

-Бөөрөө солиулж байгаа тохиолдол хэр их байгаа вэ?

-Манай эмнэлэгт саяхан 120 дахь бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ хийгдсэн. Манай аппаратанд ордог хүмүүс мэс засалд ороход зовлон бий. Тэд байнга өндөр үнэтэй эм, тариа хэрэглэдэг учраас хагалгаанд орох хэмжээний мөнгө хуримтлуулж чаддаггүй. Мэс засалд ороход 20 гаруй сая төгрөг хэрэг болно. Дээр нь донор байх учиртай. Бөөр олдоц муутай. Цогцосны донор гэж байдаг ч манайд хараахан хөгжиж чадаагүй.

-Шийдвэр гаргагчдаас таны хүсэх зүйл юу вэ?

-Хамгийн их хүсч байгаа юм гэвэл манай эмчилгээг даатгалд хамруулбал олон хүний амийг аврахад тустай. Бид бас улсын бүртгэлд бүртгэгдээгүй эм хэрэглэж байна. Улсын бүртгэлд байхгүй болохоор компаниуд нь оруулж ирж чадахгүй. Манай өвчтөнүүдийн хэрэглэдэг эмүүдийг улсын бүртгэлд бас даатгалд хамруулчихвал олон хүнд тус болно.

-Ямар насныхан бөөрний өвчнөөр өвдөөд байна вэ. Юунаас шалтгаалаад хүмүүс ингэтлээ хүнд байдалд ордог юм бэ?

-Бөөрний архаг дутагдалд орсон хүмүүс аппаратанд ордог юм. Бөөр үндсэндээ ажиллахгүй болоход орлуулж байгаа эмчилгээ нь ийм. Бөөрний архаг дутагдалд орж байгаа хүмүүсийн ихэнх нь түүдгэнцрийн үрэвслээр өвдсөн байдаг. Түүдгэнцрийн үрэвсэл хөдөлмөрийн насны ид залуу хүмүүст, бүр хүүхэд наснаас эхлээд тохиолддог өвчин. Тэр дундаа эрэгтэй хүмүүс илүү өртдөг. Манай үйлчлүүлэгчид ихэнх нь хөдөлмөрийн насныхан байх жишээтэй. Гэхдээ сүүлийн үед настай хүмүүс олширч байгаа. Чихрийн шижин өвчин маш хурдацтай тархаж байна. Сахараасаа болоод бөөр нь гэмтээд, ажиллагаагүй болдог. Даралт ихсэх өвчин бас бөөрний дутагдалд хүргэнэ. Монгол эрс тэс уур амьсгалтай орон. Хүйтэнд даарч хөрснөөс бөөр их өвчилдөг. Хүүхдүүдэд эрүүл мэндийн боловсрол сайн олгох хэрэгтэй байна. Үрэвсэлт өвчнүүдийг үүсэхэд хоолой өвдөх, гадна орчин, хоол унд, харшил нөлөөлнө. Бөөрний өвчнөөс болоод даралт нь ихэсдэг хүмүүс байна. Түүнчлэн даралт нь их байхаар бөөрөө гэмтээх нь ч бий.

-Бөөр өвдөж байгааг яаж мэдэх вэ. Хамгийн түрүүнд өрхийн эмчид хандах ёстой юу?

-Бөөр дүлий эрхтэн. Илрэх шинж тэмдэг бага. Эхний үед зовуурь өгөхгүй. Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, өрхийн эмчдээ тодорхой хугацаанд үзүүлж байх хэрэгтэй. Бид бөөрний өвчинг шинжилгээгээр л оношлодог. Шээсний шинжилгээгээр маш их юм илэрнэ. Шээсээр уураг, бага хэмжээгээр цус хаяхад хүнд мэдрэгдэхгүй. Тийм учраас шинжилгээ өгч байх хэрэгтэй. Өрхийн эмчдээ үзүүлж, шаардлагатай гэвэл дараагийн шатны эмчид хандахыг зөвлөдөг.

-Бөөрний архаг дутагдалд орсон 500 хүн байна гэсэн тоо сонсогддог. Яг нарийн судалгаа байдаг уу?

-Олон улсын жишиг бий. Нэг сая хүнд 150 орчим аппарат хэрэгтэй гэж үздэг. Бид одоо гурван саяулаа болчихлоо. Улсын хэмжээнд 120 аппарат л байдаг. Жил болгон аппаратанд орох шаардлагатай 60-70 хүн нэмэгддэг. Гэхдээ аппарат маань энэ хэмжээгээр нэмэгдэж чадахгүй байна.

Д.Аззаяа: Будаг үнэртэхэд л бид хордлогонд ордог

Бөөрний архаг дутагдалд орсон гэсэн оноштой ч гемодиализийн аппарат хүртэхгүй хүлээж байгаа хүмүүс хэрхдэг бол. Энэ тухай тодруулахаар Д.Аззаяатай ярилцлаа. Тэр 45 настай ч ихэд ядрангуй харагдах бөгөөд хөөж хавагнасан хөлөө арай ядан зөөж байлаа.

-Юунаас болоод бөөрний архаг дутагдалд орчихов?

-Энэ өвчнөөр оношлогдоод жил гаруй болж байгаа. Энэ өвчний хэцүү тал гэвэл эмчилгээ нь өртөг өндөртэй. Одоо бол аппаратандаа цаг тухайд нь орж чадахгүй хэцүү байна даа. Бөөрний архаг дутагдал янз бүрийн шалтгаантай. Би чихрийн шижин өвчнөөр арав гаруй жил өвдсөн. Өвчний хүндрэл явсаар байгаад бөөрний архаг дутагдалд орчихсон. Дутагдалд орсноо мэдэхгүй явсан. Хөл хавдахаар нь үзүүлсэн чинь “Бөөрний дутагдалд ороод, эцсийн шатандаа шилжсэн байна” гэсэн.

-Тэр болтол нь танд илэрхий шинж тэмдэг мэдэгдээгүй юу?

-Хамгийн аймшигтай санагдсан юм нь хурц өвдөлтгүй байдаг. Бас энэ өвчнөөр залуу хүмүүс их өвдөж байгаад эмзэглэж байна. Диализийн аппаратанд 20-той охин орж байна. Тэр охин бөөрний дутагдалд орсноо мэдээгүй явсан гэнэ. Аппаратанд орж чадахгүй яваад байсан чинь цус харваад, өрөөл татуу болчихжээ. Тэр охины залуу нас, анхны хайр, үр хүүхэд хаачих юм бэ. Хамгийн айшигтай нь энэ л санагдсан.

-Та нэг жилийн хугацаанд гемодиализийн аппаратанд хэд орсон бэ?

-Оношлогдсоныхоо дараа муудсан үедээ гурван удаа орлоо. Зүгээр ороогүй, таньдаг мэддэг хүмүүсээр дамжуулаад, гуйж байж эмнэлэгт хэвтсэн. Эмч олдохгүй, оочер дугаар нь ч дийлдэхгүй юм билээ. Их хүнд байсан болохоор намайг гурван удаа аппаратанд оруулсан. Саяхан бас муудаад, сэхээнд дэмийрч очоод бас хэд орсон. Оношлогдсоны дараа нэгдүгээр эмнэлэгт оочерт бүртгүүлсэн л дээ. Би 49 дугаарт бичигдсэн. Миний ойлгосноор бол өмнөх хүмүүс маань бөөрөө солиулах юм уу, ямар нэг арга хэмжээ авагдсаны дараа би аппаратанд орох юм билээ. Саяхан утасдаад “Танай 14 дүгээр төв чинь удахгүй диализийн аппараттай болох гэж байна. Тийм учраас таныг оочероос хаслаа” гэсэн. 14 дүгээр төв болохоор долдугаар сарын 1-нээс хойш аппараттай болно гээд одоо болтол болоогүй л байна.

-Хувийн эмнэлэгт аппаратанд орох боломж байгаа юу?

-Хувийн эмнэлэгт аппаратанд нэг удаа ороход 150 мянган төгрөгөөс дээш төлбөртэй гэсэн. Мөнгө нь байвал би давхиж очоод ормоор л байна. Аппаратанд орчихоор ямар сайхан болдог гээ. Бие хөнгөрөөд л эрүүл хүн шиг болно. Би одоо аалз шиг явж байгаа биз. Аппаратанд орчихвол бараг гүйнэ шүү дээ. Би хэвийн амьдрахын тулд сард хоёр сая гаруй төгрөг зарцуулах юм билээ. Аппаратанд болон авах ёстой уураг, эм тариандаа зарцуулахад л ийм мөнгө гарах юм. Хэрэв би барууны оронд байсан бол диализийн аппарат асуудал биш. Аппаратанд байнга ороод, үр хүүхэд төрүүлж, ажлаа хийх бүрэн боломжтой. Диализийн аппарат гэдэг бол бөөрийг л орлож байгаа төмөр машин шүү дээ. Таван км зам барих мөнгөөр бөөрний диализийн аппаратын хүрэлцээг нэмэгдүүлэх боломжтой гээд зарим хүмүүс тооцоо хийсэн байна лээ.

-Та эрүүл мэндийн даатгал төлдөг байсан уу?

-Төлөлгүй яахав. Би чинь улсад арав гаруй жил ажиллаж тасралтгүй даатгал төлж байсан. Одоо бол миний сарын орлого 196500 төгрөг. Үүгээрээ нэг удаа аппаратанд ороод дуусгачихаж болохгүй, амь дүйсэн үедээ л орно. Амьдрах, идэж уух хэрэгтэй.

-Бөөрний хагалгаа хийлгэхсэн гэж боддог уу, хамгийн их хүсч байгаа юм чинь юу вэ?

-Олон хүн ах дүү, амраг садан, эргэн тойрныхондоо битгий ингэж дарамттай амьдраасай. Аппаратыг нь хүртээмжтэй болгоод өгөөсэй. Надад үхэхэд айх, гомдох юм алга. Будаг үнэртэхэд эрүүл хүмүүс бол “Будаг үнэртэж байна” гээд л өнгөрнө. Бид бол шууд хордлогонд ордог. Бөөр гэдэг ийм л чухал эрхтэн юм байна. Бүх хүнд би энэ тухай заавал хэлмээр санагддаг.

Б.Янжмаа

Categories
мэдээ цаг-үе

Х.Цогтбаатар: Шар цавын үлэг гүрвэлийн мөрийг дэлхийн өвд бүртгүүлэхээр хөөцөлдөж байна

“ЗСБНХУ-ын ШУА, Монголын палеонтологийн экспедицийн 70 жил” олон улсын эрдэм шинжилгээний хурал өчигдөр “Пума империал” зочид буудлын хурлын танхимд боллоо. Хуралд ОХУ, Монголын палеонтологичдоос гадна Америк, Япон, Солонгос, Канадын эрдэмтэн судлаачид оролцож, илтгэл тавьсан юм. Хурлын үеэр ШУА-ийн палеонтологи геологийн хүрээлэнгийн захирал, доктор, үлэг гүрвэл судлаач Х.Цогтбаатартай ярилцлаа.

-Дэлхийн хүмүүс үлэг гүрвэлийн тухай сонирхох юм. Үлэг гүрвэлийн олдворууд хүмүүст юу хэлж чадах вэ. Тухайлбал, палеонтологичид үлэг гүрвэлүүдийн чулуужсан яс, мөрнөөс юу олж хардаг бол?

-Энэ тухай ярихад нэлээд холоос эхлэх хэрэгтэй болно. Палеонтологи гэдэг шинжлэх ухаан бидний мөрөө гаргаж байгаа дэлхий дээр хүн үүсэхээс өмнө ямар байгаль орчин, шим ертөнц байсныг судалдаг шинжлэх ухаан. Хүн өөрийнхөө амьдарч байгаа цаг үеийг судалж болж байна шүү дээ. Палеонтологийн онцлог бол газрын чулуулаг үе давхаргад хадгалагдсан эртний амьтны чулуужсан олдворт үндэслэж тухайн цаг үеийн шим ертөнцийн түүхийг бодит баримтад тулгуурлаж ийм байжээ гэдгийг тогтоодог. Ургамал, амьтны олон чиглэлээс палеонтологийн шинжлэх ухаан бүрддэг. Гэхдээ одоо энэ хурал дээр ч үлэг гүрвэлийн тухай онцгойлж яриад байгаа биз. Яагаад гэхээр, сээр нуруутан амьтны хөгжлийн түүхэнд (сээр нуруутан амьтанд хүн ч ордог) үлэг гүрвэл хамгийн урт хугацаагаар энэ дэлхий дээр ноёлогч бүлэг болж амьдарсан. Одоогоос 220 сая жилийн өмнө үүссэн гэж үздэг. 65 сая жилийн өмнө бүрмөсөн сөнөсөн. Даруй 150-160 сая жилийн турш ноёлогч анги бүлэг болж амьдарсан амьтан шүү дээ. Хоёрдугаарт, сээр нуруутан амьтанд тохиолдож болох физиологи, генетикийн олон шалгуурыг үлэг гүрвэл дээр байгаль өөрөө туршсан байж болзошгүй үр дүнгүүд харагддаг юм. Хоёр хөл дээрээ явах нь сээр нуруутан амьтны хөдөлгөөний хамгийн дэвшилтэт хэлбэр. Хүн, сармагчин дэвшилтэт хэлбэр рүү ороод хоёр хөл дээрээ явж байгаа шүү дээ. Энэ нь үлэг гүрвэл дээр ч туршигдсан. Үлэг гүрвэл, одоогийн жигүүртэн шувуу хоёрын өвөг удмын холбоо ойрхон байсан гэдэг нь палеонтологийн шинжлэх ухаанаар тогтоогдож байгаа юм. Тийм учраас үлэг гүрвэлийн тухай тив дэлхийн эрдэмтэн судлаачид махран сонирхож судалж байдаг.

-Оросын эрдэмтэд 70 жилийн өмнө Нэмэгтийн хөндийд үлэг гүрвэлийн баялаг олдвор олсон гэдэг. Гэтэл хэдэн сая жилийн өмнө Нэмэгтийн хөндий гэдэг газар ямар амьдрал буцалж байсан бол. Та манай уншигчдад дүрсэлж хэлж өгөөч?

-Палеонтологийн судалгаагаар зөвхөн олдвор олоод тэр нь тийм амьтан байж, энэ нь ийм амьтан байж, тийм ургамал ургаж байж гэж ярих үе хойно хоцорлоо. Одоо бол иж бүрнээр нь судлаад өөрийн чинь хэлдгээр ямар цаг үе, орчин байв гэдгийг тодорхойлохын тулд олон талаас нь судалж байна л даа. Бидний ярьж байгаа Нэмэгтийн хөндийд илэрсэн эртний хурдас (чулуужсан олдворыг хадгалж байгаа үе давхарга, элс шороо) хуримтлагдах явцдаа тухайн үеийн амьтныхаа ясан бие, мах шөлний үлдэгдлийг булж дараад, хэдэн сая жил хадгалагдах явцдаа чулуужиж үлдэн, дараа нь элэгдэх явцад нь палеонтологич бид хайж олж сэргээн гаргаж ирж байгаа юм. Тийм цаг үеийг нь тооцвол Нэмэгтийн хөндийн одоогоос 70 сая жилийн өмнөх үеийн тухай ярьж байна. Ухаант хүн үүсэхээс даруй 50-60 сая жилийн өмнө амьдарч байсан амьтныг бид өнөөдөр зураг хөргөөр үзүүлнэ гэдэг палеонтологийн судалгааны үр дүн. Монголоос олдсон үлэг гүрвэлийн цаг үед их өөр байгаль цаг ууртай байсан нь тогтоогдсон. Нэмэгтэд чийглэг дулаан уур амьсгалтай, маш их цэнгэг устай гол мөрөн, нуур ихтэй, халуун орны бүсэд ургадаг ургамалтай үед үлэг гүрвэлүүд амьдарч байжээ. Үүнийг тааж байгаа юм биш. Шинжлэх ухаанаар тогтоогдсон зүйл. Ургамал судлаачдын том баг манай хүрээлэнд бий. Тэр улсууд маань тухайн цаг үед ямар ургамал ургаж байсныг судалдаг.

-Юрийн галавын цэцэрлэг гэдэг шиг Нэмэгтийн хөндийн үлэг гүрвэлүүдийн амьдрал ийм байсан гээд харуулах боломжтой юу?

-Бид шинэ юм бодох ёстой. Тэнд хийчихсэн Юрийн галавыг бид энд Нэмэгтийн хөндийд авчраад хэрэггүй. Ер нь бол тэрнээс илүү содон юмс Монголын судалгааны үр дүнд гарч байгаа. Бидний эцсийн зорилго дэлхий дээрх уур амьсгалын өөрчлөлт, байгаль хэрхэн хувирч, ямар амьтан ургамалтай байсан гэдгийг судлах л асуудал. Шим ертөнц, эртний ургамал, амьтны түүхийг мэдэхгүй бол бид ирээдүйн тухай ойлгоход хэцүү болно. Өнөөдөр монголчууд жижигхэн юманд итгэж байна. Дэлхий сөнөнө гэхэд л олон хүн хотоос зугтаж, зусландаа очиж байна гэдэг чинь бид шинжлэх ухаанаасаа дэндүү холдсоны шинж шүү дээ.

-Зөвлөлтийн палеонтологийн экспедицээс ч өмнө 192О-иод оны эхээр Америкийн Байгалийн түүхийн музейгээс Монголд анх экспедиц зохион байгуулжээ. Америкийн судлаач, эрдэмтэн Рой Чапман Эндрюсын ахалсан баг үлэг гүрвэлийн яс, өндөг олсон. Засгийн газартай гэрээ байгуулсан гээд домог мэт түүх яригддаг?

-Манайхан юмыг хар талаас нь ярих гээд байдаг юм. Олон тэмээ ачаа аваад явчихсан гэцгээдэг. Ер нь юмыг гэгээтэй талаас нь харах хэрэгтэй. Ямар гэрээ хийгдэж байсныг би сайн мэдэхгүй. Яригддаг юмнууд бий л дээ. Одоо ч харилцан ашигтай байна гэсэн утгатай гэрээнүүд хийгддэг шүү дээ. Тэр үед Монголд палеонтологийн байгууллага гэж байсан биш. Тухайн үед Богд хаант Засгийн газартай гэрээ хийсэн байдаг. Тэр үеэр нь засаг төр өөрчлөгдөөд 1924 онд Судар бичгийн хүрээлэнтэй хийсэн гэрээ байдаг гэсэн. Ямартай ч тухайн үед Рой Чапман Эндрюсын ахалсан экспедиц Монголд судалгаа явуулахаар гэрээ хийсэн. Анх үлэг гүрвэл гэж яриагүй. Эртний хүний олдвор олох зорилготой экспедиц байж. Эртний хүний олдвор олж чадаагүй. Ер нь шинжлэх ухааны судлаачид эхлээд таамаглал дэвшүүлээд, түүнийгээ баталдаг учиртай. Эцэст нь үлэг гүрвэлийн олдвор олсон. Түүнийгээ үргэлжлүүлж судалсан юм билээ. 1925 онд маш том хүчээр үргэлжлүүлж судлах гэсэн ч хувьсгал гарсан учраас бараг л тагнуул гээд барьж авах шахсан шиг байдаг. Монголын нутгаас гарч, Хятадын нутагт 1930 он хүртэл ажилласан юм билээ. Олсон олдворынхоо тодорхой хэсгийг Монголд үлдээх тухай гэрээндээ тусгасан байдаг. Ер нь дэлхий нийтийн одоогийн жишгээр бол олдвор тухайн орны өмч гэж үздэг. Энд байхгүй зүйлийг тэнд очиж судлах гэх мэтээр түр хугацаагаар гаргадаг дүрэм журам бий л дээ. Сая илтгэл тавьсан Японы эрдэмтний яриаг сонссон байлгүй. Монголоос авч явж судалсан бүх зүйлээ ширхэг ч үлдээлгүйгээр буцааж тушаасан гэж ярьсан шүү дээ.

-Өмнөговийн Шар цавын үлэг гүрвэлийн мөрийг мөшгөж сонирхолтой дүгнэлт хийж байна лээ. Үлэг гүрвэлийн мөр олдсон газар нутгийг хамгаалалтад авсан гэсэн. Үлэг гүрвэлийн мөрний тухай илтгэл тавьсан япон судлаачийн багт та бас багтжээ?

-Үлэг гүрвэлийн яснаас олж авч чадаагүй мэдээллийг мөрнөөс нь олж мэдэх боломжтой. Чулуужсан яснаас нь үлэг гүрвэл хэр хурдан гүйдэг байсныг тогтооход хэцүү шүү дээ. Мөрнөөс нь жин, ааш араншин тэр бүгдийг тогтоож болдог юм байна. Бусад оронд байдаг мөрнүүдээс ялгаатай нь бидний хамгаалалтад аваад байгаа Шар цавын олдворт газарт нэг дор олон төрлийн үлэг гүрвэл явж өнгөрсөн байгаа юм. Түүгээрээ дэлхийд ховор. Манай мөрнүүд яг нэг цаг үеийнх, нэг үе давхаргаас мөр нь ясан биеийнх нь чулуужсан олдвортой цуг олддог. Үүгээрээ бусад үлэг гүрвэлийн мөрт газраас онцлогтой. Энэ онцлогоос хамаарч хамгаалах ёстой газар гэж үзэж байгаа юм. Бид энэ олдворыг хамгаалах үүрэгтэй. Энэ чинь зөвхөн Монголын өмч биш, дэлхийн өв. Дэлхийн бүх хүн үүний үр шимийг хүртэх ёстой. Тийм учраас Дэлхийн өвд бүртгүүлэх гэж бид хөөцөлдөж байна. Ингэхийн тулд өөрсдөө бид юм хийсэн байх ёстой. Төр засаг нь хамгаалж, мөнгө төгрөг, бодлого гаргасан байх учиртай. Манайхан зүгээр л харамлаад суудаг болохоос биш өөрсдөө хөдөлдөггүй. Төр засаг нь хэрэггүй юманд мөнгөө зардаг байдал олон жил үргэлжиллээ.

-Монголоос хамгийн баялаг үлэг гүрвэлийн олдвор олддог. Энэ олдворуудаараа Үлэг гүрвэлийн музей байгуулах боломж байгаа юу?

-Байлгүй яах вэ. Бид олон жил музей байгуулах гэж хичээж байна. Түүнийг нь улстөржүүлээд, самарч хаячихаад байх юм. Музей байгуулах тухай яриа хэлэлцээр явагдаж байсан ч хэн ч дэмжээгүй. Цахилгаан станц зогсох гэж байхад юун музей яриад байгаа юм гэх маягаар хойшлуулж байсан. Бид энэ тухай олон жил ярьж байгаа юм. Дийлдэггүй юм. Аялал жуулчлал хөгжүүлнэ гэж өчнөөн жил ярилаа. Хэдэн гэр кэмпээс өөр үзүүлж харуулах юм хийсэнгүй.

-Манай палеонтологчид дэлхийн хүмүүст шинээр юу санал болгож чадах вэ, энэ чиглэлийн судалгаа ямар түвшинд хүрээд байна?

-Монголын судлаачдын судалгааны бүтээлүүдийг гадаадын нэр хүндтэй сэтгүүлд хүлээж зөвшөөрч хэвлэж байна гэдэг чинь л дэлхийд оруулж байгаа бидний хувь нэмэр гэж үзнэ. Палеонтологийн шинжлэх ухаанд нэг олдворыг олоод судалгаа хийгээд, дэлхийн хэмжээнд танигдсан тухайн амьтны талаарх бүх судалгааны үр дүнг үүндээ оруулж, түүнтэйгээ харьцуулж дүгнэлт гаргаагүй бол хүлээн зөвшөөрч хэвлэхээ байсан. Дэлхийд байхгүй шинэ юм гэж Монголдоо хичнээн ярьсан ч дэлхий хүлээн зөвшөөрөөгүй бол худлаа болдог юм. Тэр утгаараа Монгол байр сууриа эзэлсэн.

-Өндгөө дарсан үлэг гүрвэлийн олдвор шуугиан дэгдээж байсан. Үлэг гүрвэл бүлээн цустай юу, эх амьтны зөн совин, мэдрэмж байсан уу гээд л?

-Үлэг гүрвэлийн судалгаа 1840-өөд оноос дэлхийд үүссэн гэж үздэг. Бусад салбартай харьцуулбал шинэлэг. Хоёр зууны турш хөгжөөд явсан. Эхэн үедээ ямар том амьтан бэ гэж судлаачид ч гайхдаг байсан. Бусад хүн ч гайхдаг байсан цаг үе бий. Одоо бол энэ бүхэн өөрчлөгдөж, шинэ технологийг судалгааны арга барилдаа хэрэглэж эхэлсэн. Ийм цаг үед үлэг гүрвэлийн эртний биологийн судалгаа чухал болсон. Тэгэхээр заримдаа ясыг нь олонгуутаа таамаглаад дүрсэлчихэж болно. Гэхдээ энэ амьтан яаж үржиж хөгжиж, юу иддэг, өөр хоорондоо хэрхэн харьцдаг байсныг хүмүүс мэдэхийг хүсч байгаа. Тийм учраас судлаачид тэрэн рүү орохоос өөр замгүй. Монголоос олдож байгаа олдворууд сайн хадгалагдсан байдаг. Маргаантай, нууцлаг, учир нь олдоогүй зүйлүүдийн учгийг тайлахад сайн хадгалагдсан материал дээр судалгаа хийх нь үнэнд ойртдог талтай. Хамгийн товчхон хэлэхэд, Монголын үлэг гүрвэлийн судалгааг өөрийнхөө судалгаанд оруулаагүй дэлхийн үлэг гүрвэлийн ямар ч судлаачийг хүлээн зөвшөөрөхгүй болсон. Хүмүүс бодохдоо нэг үлэг гүрвэлийг олоод судалгаа нь дуусчихсан гэж боддог. Тийм биш. Бидний дүгнэлт үнэн эсэхийг дараагийн улсууд шалгаад явна. Дуусашгүй судалгаа. Шинэ технологи, арга барилууд нэвтэрч байна шүү дээ. Тэр арга барилаар дахиад судалдаг.

-Палеонтологи биологич, геологич хоёрын завсрын мэргэжил гэсэн. Энэ хурал гэхэд л англи хэл дээр явж байна. Орос, япон, америк, канад, солонгос судлаачидтай хэл нэвтрэлцэх хэрэгтэй болно. Та өнөөдрийн түвшинд хүртлээ хэр урт зам туулсан бэ?

-Хэлэхэд хэцүү. Хүн бүр өөр байх л даа. Миний хувьд их урт зам туулсан. Би 1981 онд МУИС-ийн биологийн ангийг төгсөөд ШУА-д орсон. Эхний хэдэн жил музейтэй холбоотой тайлбарлах ажлыг хийдэг байлаа. Үлэг гүрвэлтэй хэсэг нь Байгалийн түүхийн музейд харьяалагддаггүй. ШУА-ийн Геологийн хүрээлэнд харьяалагддаг байлаа. Дөнгөж төгссөн хүүхэд музейд очоод үзмэрээ тайлбарлана гэдэг амаргүй. Их уншиж судалж байж хүнд юм ярих хэрэгтэй болно. Эхлээд энэ бол тэр гээд явдаг байсан. Дараа нь юм уншихгүй бол болохгүй гэдгийг яс махандаа шингэтэл ойлгосон л доо. Нэг мэдсэн үүнийг судлахгүй бол болохгүй гэдэг зам дээр очсон. Угаасаа палеонтологич хэлгүй бол явахгүй. Би ч шалихгүй дээ. Хагас дутуу ярьдаг хэдэн хэл байгаа. Палеонтологийн үндсэн хэл англи. Япон, хятадууд ч олон улсын хэмжээнд судалгаа хийе гэвэл англиар эрдмийн ажлаа хийнэ.

-Таны төвлөрч байгаа судалгаа юу вэ?

-Палеонтологич хүн нэг чиглэлээ бариад насан туршдаа ажиллах хэрэгтэй болдог. Орнитопод гэж бий. Өвсөн идэшт үлэг гүрвэлийн нэг том бүлэг л дээ. Тэр дундаа “Хөгжлийн бүдүүлэг хэлбэрийн нугасан хошуут үлэг гүрвэлийн хувьсал хөгжил” гэсэн сэдвээр доктор хамгаалсан юм. Энэ бол дуусашгүй судалгаа. Түүнээс гадна хэд хэдэн төрөл зүйл олж тогтоосон юм. Монголчууд даруухан ярьдаг. Гадаад оронд нээлт гэж үздэг юмыг бид олсон, шинээр тогтоосон гэх маягаар ярьдаг л даа. Тиймэрхүү маягтай явж байна. Энэ бүхнээ шинэ олдворуудаар баяжуулж батжуулна.

-Та үлэг гүрвэл судлаач хүн. Орчин үеийн амьтадтай хэр ойр байдаг вэ. Тухайлбал, та нохой, муур тэжээдэг үү?

-Миний мэргэжил биологич. Одоо бол эртний амьтантай олон жил ноцолдоод, орчин цагийн амьтадтай ойр дотно байхад хэцүү болчихлоо л доо. Амьтны хамраас цус гаргахгүй гэсэн зарчимтай.

Categories
мэдээ цаг-үе

Ш.Цогтоо: Өвөг эцэг маань анхдугаар Үндсэн хууль батлалцаж, ач хүү нь ардчилсан Үндсэн хууль түшилцэж яваагаараа бахархдаг

Ерөнхий сайдын сэнтийд 1930-1933 оны үед заларч байсан Дарьгангын Жигжиджав гэж алдаршсан Цэнгэлтийн Жигжиджавын ач хүү, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн, МУИС-ийн багш, Хууль зүйн ухааны доктор Шарын Цогтоотой ярилцлаа. Ц.Жигжиджав хуучнаар Дарьгангын хошуу одоогийн Сүхбаатар аймгийн Халзан суманд мэндэлсэн. Гуч хүртлээ мал маллахын зэрэгцээ хошуу тамгын газар дайчлагдан улаач, бичээч, бичиг үсгийн багш, хошуу занги зэрэг ажил хийж байсан гэнэ. 1924-1925 онд Улсын анхдугаар их хурлын төлөөлөгч, Улсын Бага Хурлын гишүүнээр сонгогдож, улмаар Сангийн яамны дэргэдэх Гаалийн нягтлан бодохын сургуульд орж, данс тооцооны мэргэжил эзэмшжээ. Ирээдүйн Ерөнхий сайд бага насандаа гэрийн багшаар монгол бичиг, сампин заалгасан юм байж. Тэрбээр өөрийн болон төрсөн ахынхаа, бас өрх тусгаарласан хүүгийнхээ мал хөрөнгөөс нийт 80 бод гаргаж, төрийн санд хандивлан, төр засгаа бэхжүүлэх явдал чухал байгааг уриалсан нь архивын баримт болж үлджээ. Ерөнхий сайд мөн Дарьгангын сургуулийн хүүхдүүдтэй уулзахдаа түрийвчнээсээ хүүхэд бүрт нэг төгрөг хүртээж, ном сурахыг ерөөж байсан удаатай. Тэрбээр ном бичсэн хоёр Ерөнхий сайдын нэг. А.Амар Ерөнхий сайд “Монголын товч түүх” ном бичиж байсан бол Цэнгэлтийн Жигжиджав “СССР ба БНМАУ” хэмээх ном бичжээ. Тэрбээр Манжийн сүргийн үлдэгдлийг ядуу ардын өмчид шилжүүлэх тухай Намын төв хороо, Засгийн газрын тогтоол боловсруулан батлуулж, нутгийнхаа иргэдийг мал хөрөнгөтэй болоход хувь нэмрээ оруулж байсан нэгэн.

-Ерөнхий сайд Ц.Жигжиджавын удмынхан яаж шуухан амьдарсан тухай яриач. “Буу алдаж, амиа егүүтгэсэн” гэгдэж өөд болсон Ерөнхий сайдыг хожим нь хэлмэгдүүлж, Лхүмбийн гэх эсэргүүний хэргийн удирдагч болгосон гэдэг. Энэ бүхний дараа хүүхдүүдийнх нь хувь заяа яаж эргэв?

-Ж.Дагва-Осор гээд том хүү нь насаараа мал маллаж, худалдааны ажил хийсэн. Аавыгаа хэлмэгдсэний дараа зургаан жил цэргийн алба хааж, аюул өнгөртөл нутаг нугаасаа дайжсан хүн. Овог, нэрээ ч сольсон. Хоёр хүүхэдтэй. Том нь Сүхбаатар ах, бага нь Буянсүрэн эгч. Дараагийн хүү Ж.Лхамсүрэн РАФАКТ сурч байсан, Сангийн яамны хэлтсийн дарга, Хөдөө аж ахуйн яаманд бас том ажил алба хашиж, их сургуульд багшилж байсан. Аавдаа тохоосон хэргийн үнэн мөнийг олох гэж зүтгэж, шаналж, үүнээсээ болж өвдөж өөд болсон доо. Тэднийх бас тав, зургаан хүүхэдтэй. Дараагийн хүү нь манай аав Шар. Аавыгаа хэлмэгдсэний дараа найман жил цэргийн алба хаасан. 1946 онд гэртээ ирсэн гэдэг. Мөн л нэр, овгоо сольсон. Зургаан хүүхэдтэй хүн.

-Танай аав нэрээ солиод хэн болсон бэ?

-Манай аавыг Шар гэж нэрлэдэг байсныг цэрэгт явахад нь Лхамсүрэн болгосон юм билээ.

-Ахтайгаа адилхан нэртэй гэсэн үг үү?

-Ахыг нь Ханддорж гэж нэрлэдэг байсан юм. Хүн ойлгохын аргагүй ингэж л нэр усыг нь солино шүү дээ. Алж хядчих гээд байвал ямар л арга ухаан байна, тэр бүгдийг л хүн хэрэглэх болно. Сүүлдээ манай нутгийнхан их, бага Лхамсүрэн гэдэг байсан юм.

-Жигжиджав Ерөнхий сайдыг нас барангуут л Лхүмбийн хэрэгт холбогдуулсан шиг байсан?

-Гурван сарын дараа.

-Тэр хооронд л хөвгүүдээ цэрэгт явуулж хамгаалсан байх нь ээ?

-Ээжийнх нь шийдвэр. Манай эмээ айхавтар хүн байсан. Нутгийн ах дүү нар тусална. Хамаатан садан, найз нөхдийг нь нэг нэгээр нь аваачиж алаад байхаар хөвгүүдээ насанд хүрэнгүүт нь санд мэнд овог, нэрийг нь солиод цэрэгт явуулаа биз дээ.

-Хөрөнгийг нь хураасан гэсэн үү?

-Хүүхдүүд нь цэргээс ирэхэд юу ч үгүй болсон байж. Манай аав цэргээс ирээд Замын-Үүд рүү цэрэгт байсан газар руугаа гурван хөтөлгөө морьтой явж наймаа хийгээд, долоон тэмээтэй ирсэн гэдэг. Нүүж чаддаг байж малаа өсгөнө шүү дээ.

-Таны аав Шар гуай хүүхдүүддээ бага насныхаа тухай ярьдаг байсан уу?

-Юу гэж ярих вэ дээ. Аавыгаа их эрдэм номтой хүн байсан л гэж хэлдэг. Морь чөдөрлөж байхдаа номын хуудас хийсэхээр чулуугаар дарчихаад, номоо хардаг байсан гэж ярьдаг сан.

-Эхнэр нь хэр урт насалсан бэ?

-Манай эмээ ная гарсан. Тэр үеийн бүх хүний амыг үдчихсэн юм чинь бас л юм ярьдаггүй хүн байлаа.

-Ц.Жигжиджаваас үлдсэн зарим дурсгалыг орон нутгийн музейд өгсөн гэж уншиж байсан. Ер нь танд энэ хүний дурсгал өвлөгдөж ирсэн үү?

-Энэ хүнээс үлдсэн зүйлс манай ах дүү нараар тарсан байдаг. Надад хэт цахиур, мөнгөн аяга нь байдаг. Бас өвөг эцгийн маань Доржзодов судар, бурхан тахил эмээгийн дараа манай ээжид дамжаад, одоо манайд бий. Өвөг эцгийг маань сугандаа мөнгөн бурхан зүүж явдаг байсныг нутгийн хүмүүс ярьдаг юм.

-Танай аав сүүлд мэргэжил эзэмшсэн үү?

– Эцгийг нь алаад, эхийг нь хэдэн хүүхэдтэй нь хар нутаг дээр хаячихаар ямар юмных нь боловсрол эзэмших вэ. Малаа л хариулна шүү дээ.

-Аав тань хоёр дайнд оролцсон гэлүү?

-Манай аав ахмад дайчин хүн. Хоёр дайнд хоёуланд нь оролцсон. 1945 оны чөлөөлөх дайнд мордохдоо өөрийнхөө адуунаас алаг морь унаж явжээ. Урт зам туулахдаа мориныхоо эмээл, хазаарыг авч, амрааж л явсан байлгүй. Гэсэн ч Жэхэд очоод, эмээлээ автал мориных нь нурууны арьс эмээлтэй нь хуураад ирж гэнэ. Хөөрхий морио өрөвдөөд, нуруунд нь шороо үрж, хазаарыг нь мултлаад тавьсан гэдэг. Аав цэргээс ирээд хоёр жилийн дараа нэг өглөө адуун дээрээ очтол алаг морь нь сүрэгтээ ирчихсэн, нуруунд нь цагаан үс ургачихсан байсан гэдэг. Аавынх тэр үед Хужиртын Ар булаг гэдэг газар нутаглаж байсан. Жэхэд хазаарыг нь мултлаад тавьсан морь шүү дээ. Тэр өндөр уул хад, гол мөрөнг яаж гэтэлсэн юм. Чоно нохойг яаж давсан юм. Ямар ч байсан алаг морь нь адуундаа иржээ. Тэгээд “Жэхэ алаг” гэдэг шүлгийг Ц.Ганхуяг гэдэг хүн зохиосон түүхтэй. Энэ хүний аав нь манай аавынхтай айл хөрш байсан юм л даа.

-Ерөнхий сайдын эхнэр хүүхэд нь нутагтаа малаа маллаж байсан гэдэг. Уг нь гэргий нь хот орох гээд бэлтгэл хийж байснаа гэнэт больсон гэдэг юм билээ?

-Гайгүй өнгөтэй дээл хувцсаа өмсөөд, юу юугүй явахаар бэлтгэж байснаа эмээ маань гэнэт явахаа болиод дээлээ авдартаа хийчихсэн гэдэг. Өвөг эцэг маань нутгаараа хоёр долоо хоног машинтай явсан шиг байгаа юм. Машин нь эвдрэхээр нутгийн дарханд “Ийм юм хэрэгтэй байна” гэсэн чинь түүнийг нь зороод машиныг нь хөдөлгөсөн гэдэг. Модоор зорсон байлгүй дээ гэж хүмүүс хэлдэг юм. Дарьгангынхан бол төмөр хайлуулж байгаад л зорсон байх.

-Ерөнхий сайдын гэргийг хэн гэдэг байсан бол, тэр үед хүүхдүүд нь хэр том болсон байв?

-Төгсжаргал гэдэг байсан. Том нь 17-той, манай аав 11-тэй байсан гэсэн.

-Бусад хүүхдүүд нь яав?

-Манай Должин эгч нэг хүү төрүүлсэн. Манай ургийн бичээс Сүхбаатар ахын том хүү Энхжаргалд байдаг юм.

-Энэ хүний ураг удмынхан их дэлгэрчээ?

-Ач гуч олонтой. Дарга, цэрэг, ажилчин, малчин зөндөө хүн бий. Сүхбаатар аймгийн Халзан суманд бараг нэг баг айл байгаа. Ах дүүсийнх нь хүүхдүүд дунд алдарт уяач, мянгат малчин ч бий.

-Та 1990 онд нутагтаа нэр дэвшсэн гэл үү?

-Сонгуульд үзэж байсан. 1990 онд МоАХ-ны нэр дээр АИХ-ын депутатад нэр дэвшиж байсан. МоАХ-ын нэр дээр 1990 онд нэр дэвшинэ гэдэг миний хувьд эр зоригийн хэрэг байсан шүү.

-Та Ерөнхий сайдын гэр бүлээс төрсөн ганц улстөрч нь үү?

-Үгүй ээ. Манай Д.Сүхбаатар ах насаараа Үйлдвэрчний төв зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга хийсэн хүн. Ц.Жигжиджавын төрсөн ахын хүүхэд нь генерал Ш.Дорж агсан шүү дээ. Би юу гэж ганцаараа байх билээ. ШУА-ийн толгойд академич Д.Цэрэнсодном гээд зээ дүү нь байна шүү дээ. Гавьяат багш Н.Оюунханд гэж миний үеэл байна. Манайхан дунд багш, хуульч, эмч нар олон. Сүхбаатар ахын хүү Энхжаргал гадаадын том төслүүдийг хэрэгжүүлдэг том сургуулийн захирал, компьютерийн удирдлагын анхны том мэргэжилтнүүдийн нэг. Миний дүү Цогтбаатар Замын-Үүдийн Гаалийн газрын даргаар ажиллаж байна. НҮБ-д Монголоо төлөөлж байсан О.Оч бол Ерөнхий сайд Ц.Жигжиджавын үр удмын нэг. Энэ мэтээр энэ хүний удам судрынхныг тоолоод барахгүй.

-Ерөнхий сайд Ц.Жигжиджавтай хамт амьдарч байсан бүсгүй хүүхэдтэй үлдсэн гэдэг. Энэ хүмүүстэй танайхан ямар харилцаатай байсан бол?

-Бид маш элгэмсэг харилцаатай байдаг. Уулздаг, хамт хоол иддэг. Зуун жилийн дараа сонин юм яриад явж болохгүй ш дээ. Түүх юм даа. Тэр үеийн удирдагчид дотор эмэгтэй хүнтэй холбогдоогүй гэвэл А.Амар сайдаас өөр хүн дуулаагүй юм байна.

-Таныг удаан хугацаагаар шүүхээр зарга хийж явсныг мэднэ. Яггүй заргач гэж хэлж болох байх?

-Хууль завхруулагчдын эсрэг нэг удаа шүүхэд гомдол мэдүүлээд, долоо, найман жил шударга үнэний төлөө явсан. Тэрнийг заргач гэх юм уу, мэдэхгүй.

-Таныг хууль бусаар ажлаас халсан гэж үзэж, шүүхийн шийдвэр есөн удаа таны талд гарсан гэдэг бил үү?

-Тэрний үр дүнд элэггүй болсон. Хууль завхруулагчид, дээрэмчид, тонуулчид, луйварчидтай тэмцэхэд хүн ингэж л хохирдог.

-Тухайн үед таны хүүг элэгнээсээ аавдаа өгсөн гэж сонссон?

-Тэгсээн тэгсэн. Аргагүй сайн хүү дээ. Одоо бие нь сайн байгаа. Миний хүү мэдээллийн технологийн аюулгүй байдлын чиглэлээр бэлтгэгдсэн сайн мэргэжилтний нэг юм шүү дээ.

-Та Үндсэн хуулийн Цэцийн гишүүн. Хуулийн чиглэлээр хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсийн очдог алба болов уу?

-Ямар ч байсан хуульч мэргэжилтэй хүмүүсийн хүрч очих оргил нь мөн.

-Та хуульч хүний хувьд санаа тавьж анхаарч судалж байдаг асуудал бий юу?

-Үндсэн хуулиа л мөрдөх ёстой. Үндсэн хуульд нийцэж гарсан 555 хууль, 180 гаруй олон улсын гэрээ үйлчилж байгаа. Үндсэн хуулийг өөрчилнө гэж ярьж байгаа хүмүүс ийм олон юмны рамыг ганхуулна гэсэн үг. Дэлхийн практикийг харахад Үндсэн хуульд нэмэлт л ордог, өөрчлөлт бараг хийдэггүй. Миний багш профессор Б.Чимэдийн “дордуулсан долоон өөрчлөлт” гэж нэрлэсэн долоон өөрчлөлт бол тэр чигээрээ өнөөдрийн засаг төр ухаанаа олохгүй байгаагийн үндэс болсон. Сайд дарга нар улам их эрх мэдэлтэй болох гэж л Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар санаархдаг. Тэр нь бүтдэггүй. Улс орон хөгжихөд Үндсэн хууль саад болоогүй. Үндсэн хууль бол хөгжлийн хөтөлбөр биш шүү дээ.

-Алдартай хүний үр удам байх сайхан мөртлөө амаргүй гэж та хэлсэн?

-Тэр нэр төрийг авч явах хэцүү. Надад байгаа энэ зовлон өнөөдрийн төр, засгийн удирдлагад байгаа бүх хүний хүүхдэд хамаатай.

-Та Ц.Жигжиджавын тухай ном гаргахыг хүсдэг үү. Ерөнхий сайд Ц.Жигжиджав сангийн зүгээс юунд анхаарлаа хандуулах бол?

-Би амьтны атаа жөтөө хүргэсэн юманд дургүй. Монгол Улсын төрийн нэрт зүтгэлтэн Цэнгэлтийн Жигжиджавын Баруун-Уртад сүндэрлэсэн хөшөөг л шинэчилж гоё болгох юмсан гэж боддог. Миний өвөг эцэг Монгол Улсыг шинэчлэх шинэ улс болгох анхны Үндсэн хуулийг батлалцсан төрийн зүтгэлтэн хүн. Өвөг эцэг маань анхны Үндсэн хуулийг батлалцаж байсан бол Ардчилсан Үндсэн хуулийг ач хүү нь түшилцэж яваагаараа бахархдаг.

Categories
мэдээ цаг-үе

Хүннүгийн анагаах ухаан Хятадын Хан улсын анагаах ухааны хөгжилтэй зиндаа нэг байсан

Академич, анагаахын шинжлэх ухааны доктор, Ш.Болдтой ярилцлаа.

-Та саяхан Хүннүгийн үеийн эмчилгээний тухай шинэ баримт олсон гэсэн. Ямар баримт байв?

-Хүннүгийн анагаах ухааны түүхийн талаар урьд нь гаргасан бүтээлээ баяжуулах боломжтой, тухайн үеийн эмч, эмчилгээний аргатай холбоотой мэдээ материалуудыг тодруулан “Хүннүгээс XXI зууны Монгол Улс хүртэлх үеийн эмч, маарамба, гүүш, бариач нарын цадиг, бүтээлийн ойллого” бүтээлдээ оруулсан. Хүннүгийн үед эмч гэж нэрлэгддэг, мэргэшсэн хүн байсан гэдэг нь баттай тогтоогдсон. “Хан улсын бичиг, Су Ү-гийн намтар”-т: Хан улсын элч Су Ү өөрийгөө илдээр хатган шархадсанд Хүннүгийн хааны зөвлөх Вэй Ли хүннү эмчийг дуудан ирүүлсэнд эмч газар ухан дотор нь зөөлөн гал асаагаад Су Ү-г дээр нь хэвтүүлэн, цусыг нь шахаж гаргав гэж тэмдэглэсэн байна. Энэ аргыг бас халуунаар ангаслах засал гэж нэрлэдэг. Тэгэхээр Хүннүгийн үед халуунаар ангаслах гэдэг эмчилгээний арга байжээ.

Нөгөө талаас Хан улсын хааны зөвлөх Чао Цуо Хан улс, Хүннү гүрний хооронд байгуулсан “Хил хязгаарын харуул, хилийн хамгаалалт”-ын тухай гэрээг НТӨ 169 онд боловсруулжээ. Энэ гэрээний нэг заалтанд: “Хан улс хил дээр шинээр суурьшигчдад зориулж, эмнэлгийн тусламж, шашин шүтлэгийн хэрэгцээг хангах зорилгоор эмч болон бөө нарыг хөлсөлнө” гэсэн байдаг. Уг гэрээний дагуу хүннүчүүд Хан улсын умард хил орчмоор, Цагаан хэрмийн хойгуур нутаглан суурьшиж, хэрэв тэдэнд эмнэлгийн тусламж хэрэгтэй бол эмч, засал хийлгэх, онгон тахиулах, мэргэ төлгө тавиулах бол бөөг хөлсөлж өгөх үүргийг Хан улс хүлээж байжээ гэсэн баримтууд олдоод байна.

-Хүннүгийн үед анагаах ухаан ямар түвшинд хүрсэн байв. Энэ үеийн анагаахын ололт юу байсан бол?

-Сонирхолтой асуулт. Олон баримт өгүүлж болно. Тодорхой жишээ хэлье. НТ 261-341 оны үеийн Хятадын анагаах ухаантан Ге Хонг гэдэг хүний бичсэн “Яаралтай тусламжид хэрэглэдэг жорын гарын авлага” (Zhou Hou Fang)-д Монголчуудын өвөг дээдэс хүннүчүүдийн бүтээсэн “Хүннүгийн нүүдэлчдийн үрэл” эмийн тухай тэмдэглэсэн байна. Тухайн үедээ ч, өнөөдөр ч дэлхийн анагаах ухааныг тодорхойлоход томоохон байр суурь эзэлдэг Хятадын уламжлалт анагаах ухааны нэртэй эрдэмтэн Ге Хонг Хүннүгийн эмийн жорыг зүгээр ч нэг сонгон авч өөрийн номдоо оруулаагүй байх аа. Хүннүгийн анагаах ухааны хөгжил хөрш зэргэлдээ орны эмч нарын сонирхлыг татах хэмжээнд байсан учраас л тэд бүтээлдээ эшлэл татсан байж таарна. Үүнээс үзэхэд Хүннүгийн анагаах ухааны хөгжил Хятадын Хан улсын анагаах ухааны хөгжилтэй зиндаа нэг байсан гэж үзэж болохоор байна.

-Хүннүгийн үеийн эмчилгээний жоруудаас өнөөг хүрч ирсэн “ноу хау” байдаг уу?

-Шууд уламжлагдаж ирсэн жорыг одоогоор тогтоогоогүй байна. Харин дам байдлаар Хятадын эртний эмийн сударт бичсэн баримтад тулгуурлан тодорхойлж болно. Хумхаагийн эсрэг шинэ эм бүтээж, Нобелийн шагнал хүртсэн Хятадын уламжлалт анагаах ухааны эрдэмтэн Ту Юү-юү профессор өөрийн нээлтийн эх сурвалжаа дээр дурдсан Ге Хонг эмчийн бичсэн “Яаралтай тусламжид хэрэглэдэг жорын гарын авлага”-ыг судалж “Ar­temisia annua” гэдэг эмийн ургамлаас өндөр идэвхтэй бодис хандлан авах нууц түлхүүрийг нээсэн. Ге Хонг эмчийн “Яаралтай тусламжид хэрэглэдэг жорын гарын авлага” бүтээлд “Хүннүгийн нүүдэлчдийн үрэл” эмийн тухай бичсэн. Одоогоор “Хүннүгийн нүүдэлчдийн үрэл” “Нүүдэлчдийн үрэл”, “Нүүдэлчдийн их үрэл” болон “Дотрыг амирлуулах нүүдэлчдийн их үрэл” гэсэн дөрвөн үрэл эм байсан нь тогтоогдоод байна.

-“Ар Монголын чоно шархаа гурав долоогоод эдгэдэг” гэсэн хэллэг монгол кинонд гардаг. Шүлс хамгийн анхны эмчилгээний арга байсан гэсэн үү?

-Амьтанд байдаг шархаа долоодог зөн анхандаа хүнд ч байсан. Одоо ч энэ нь хадгалагдаж үлджээ. Бид чинь заримдаа гараа зүсчихээд шууд л амандаа хийгээд цусыг нь сороод эхэлдэг. Жишээ хэлье. “Монголын нууц товчоо”-нд “Чингис хаан тэр байлдаанд хүзүүний судсыг шархдуулж цусыг нь тогтоовоос үл болон тэвдүүлэхэд нар шингэмэгц мөн тэндээ сэрэмжлэн бууж бөглөрсөн цусыг Зэлмэ амаараа шимэн шимэн амаа цусдаж, тэр бусад хүнд үл итгэн сахин сууж…” гэсэн баримт буй. Чингис хаан хүзүүндээ шарх олж цус гарсныг Зэлмэ амаараа сорсон нь шүлсэн дэх бактерийн эсрэг ферментийн нөлөөгөөр шарх хурдан аньж, түргэн эдгэрэх боломжтой болгожээ. Энэ арга нэн эртнээс анх шархадсан амьтан шархаа долоон эдгээж байсныг харан тэдгээр амьтдыг дуурайн хэрэглэж эхэлсэн тухай аман домгийн бодит жишээний нэг болохын зэрэгцээ дээрхтэй адил баримтууд Лувсанданзаны “Алтан товч”-д мөн бичигдэн үлджээ.

-Та судас барьж оношилдог хүн. Энэ чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан. Монголчууд хэдий үеэс судсаар оношилж эхэлсэн бол?

-Судас барьж оношлодог арга анх Хятадад үүссэн гэдэгтэй ихэнх судлаачид санал нийлдэг. Тиймээс тэдэнтэй хөрш зэргэлдээ амьдарч байсан Өвөг монголчууд энэ аргыг огт мэдэхгүй байсан гэвэл худлаа болно. Гэхдээ аливаа мэдлэг шинжлэх ухааны нотолгоонд үндэслэсэн байх ёстой. Өнөөгийн байдлаар монголчууд судсаар оношлох аргыг нэн эртнээс хэрэглэж байсан гэдгийг баттай тогтоох баримт олдоогүй байна. Хамгийн бодит баримт нь XV зууны сүүлч, XVI дугаар зууны эхнээс судсаар оношлох аргыг эмнэлгийн практикт хэрэглэж эхэлсэн байжээ.

-Хүн нүд нь өвдвөл нүдний эмчид, бөөр нь өвдвөл бөөрний эмчид хандана. Энэ маягаар өвчний шалтгааныг олохын тулд маш олон шинжилгээ өгч, эмч нарын гар дамжих хэрэгтэй болно. Харин судас бариад өвчний шалтгааныг хэлдэг дорнын анагаах ухааны эмч нар оношлох чадвараараа техник технологийн дэвшилтэй өрсөлдөж чадах болов уу?

-Ирээдүйд яахыг хэлэхэд эрт юм. Учир нь судас барьж шинжилнэ гэдэг маань бодит байдал дээр гарын бугуйн анхдугаар нугалааснаас цон, ган, чаг гэж гурав хэмжээд арьсанд, маханд, ясанд төдий дараад л эрүүл, өвчтэй эсэх, өвчтэй бол ямар өвчтэйг нь эмнэл зүйн дагуу хэлээд байгаа мэт боловч чухамдаа судсыг хуруугаараа гэхээсээ илүү сэтгэлээрээ, оюунаараа, эмч хүний зөн, мэдрэмжээрээ барьдаг юм аа. Тиймээс хүн шиг сэтгэлтэй, сэтгэдэг, зөн мэдрэмжтэй техникийг бүтээхэд амаргүй байх. Гэхдээ шинжлэх ухаан үнэхээр гайхамшигтай хурдан, өргөн далайцтай, үнэмшилтэй, нотолгоонд суурилан хөгжиж байна.

-Монголчууд “Эхийн ус” гэж ярьдаг. Харин ямар нэг өвчтэй хүний шээс ашиг тустай чанараа алддаг уу?

-Монголын уламжлалт анагаах ухааны судар номонд өвчтэй хүний шээсийг эмчилгээнд хэрэглэдэг тухай ойлголт байхгүй. Харин эрүүл хүний, найман настай эрэгтэй хүүхдийн, улаан зүстэй үнээний шээсийг хэрэглэдэг тохиолдол бий. Эрүүл хүний шээсийг хэрэглэх хүрээнд эхийн ус буюу шээсийг оруулж үзнэ. Төвд хэлээр бичсэн анагаах ухааны сударт таны хэлдгээр шээсийг ус гэж бичдэг. Хүнээс гардаг хирийн нэг учраас нэрийг нь цээрлэж байгаа юм. Мөн өтгийн шүүс, домти гэж нэрлэдэг.

-Та Монголын анагаах ухааны түүхийг маш их судалсан хүн. Ингэхэд Чингис хаанд ямар эмч үйлчилдэг байсан бол. Монголчууд аян дайн их хийдэг байсан учраас шархтай хүмүүсээ эмчилдэг тогтолцоо байсан байж таарна?

-Чингис хаан гадагшаа дайнд мордвол буудлын ордныг сахих шадар цэргийн дотор тусгай мэргэжилтэн томилж эм, эмнэлгийн ажлыг хариуцуулж байв. Жишээлбэл: 1204 онд Чингис хаан Найман аймагтай байлдахаар мордох үедээ цэргийн дотроос тусгай хүнийг томилон эм, эмнэлгийн ажлыг хамааруулж байжээ. Чингис хаан Хэрэйд аймгийг дайлаад буцаж ирмэгцээ “Их засаг” хэмээх хууль тогтоож, түүндээ эмч, эрдэмтэн, хуулийн түшмэлээс татвар авахгүй гэж шийдвэрлэж байв.

Солонгосоос олдсон “Их засаг” хуулийн 17 дугаар зүйлд: Өвчилсөн цэрэг байвал сайн эмчид үзүүлж, эм уулган анагааваас зохимой. Жигүүр тус бүр сувилгаа хийх, сайн хүнийг сонгон сувилуулах бөгөөд өвчнийг дагнан сувилах ба өвдсөн цэрэг сэхэн илааршсан цагт сая халаа харуулд нөхөн илгээх, түүний тоог уг жигүүрт нь зохисыг үзэж мэдэгдэх хэрэгтэй гэхчилэн заасан байдаг.

Түүнчлэн Елюй Чуцай их бичгийн хүн байснаас гадна цэргүүд хижиг өвчнөөр өвдөхөд гишүүний үндсээр засч, түмэн хүнийг эдгээсэн оточ хүн байсан болон Хявцаг гэж мэс засалч байсан тухай баримтууд бий.

-Монголын уламжлалт брэнд эмчилгээ байдаг уу?

-Байна аа. Өнөөдөр дэлхий нийтээрээ хэрэглэж байгаа төөнө засал бол яах аргагүй монголчуудын үүдэн бүтээсэн эмчилгээний арга. Мөн бидний өвөг дээдсийн нэртэй салшгүй холбоотой хануур засал, бариа засал, бумбадах засал, утах, тархины доргилтыг засах аргууд бол Монголын уламжлалт брэнд эмчилгээ мөн.

-Тархи хөдлөхөд монголчууд бариулдаг. Харин Европт бол ийм тохиолдолд гурав хоног хөдөлгөөнгүй хэвтэхийг зөвлөдөг гэж сонссон?

-Хөдөлсөн тархийг домнох нь монголчуудын эмчилгээний брэнд болсон арга. Одоогоор тархи домнохыг Монголоос өөр хаа ч хэрэглэдэггүй. Хэрэглэхэд хялбар, эмчилгээний үр дүн хурдан гардаг. Чухамдаа ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвд зайлшгүй бүртгүүлэх арга шүү дээ.

-Бас гавлын ясанд хагалгаа хийж байсан баримт олдсон гэсэн. Монголчууд энэ хагалгааг хийж байсан уу, эсвэл Монголд амьдарч байсан гадаад хүмүүс хийсэн юм болов уу. Хэдий үед хамаарах олдвор бол?

-За ямар ч байсан Увс аймгийн Улаангом сумын Чандмань уулаас олдсон НТӨ VII-III зуунд хамаарагдах трепанаци (гавлын ясыг нээх мэс ажилбар) бол гол баталгаа. Хожим Цагаадай хаанаас Чингис хаанд өгч явуулсан домын сударт: “Тархины яс хальс хагарсанд ясыг нь цоолоод тархинаас (цусан хурааг) авч хальсыг нь эвлүүлээд төөнө” гэж бичсэн байдгаас үзэхэд уг арга Өвөг монголчуудын эмчилгээний аргын нэг болох нь гарцаагүй юм.

-Дорнын анагаах ухааны эмчилгээний аргууд архаг өвчинд тустай гэж ДЭМБ хүлээн зөвшөөрсөн гэсэн. Монгол анагаах ухаан хүн төрөлхтөнд шинэ брэнд эмчилгээ санал болгох боломж байгаа юу?

-Ер нь XXI зууны анагаах ухаан архаг өвчний эмчилгээнд анхаарлаа хандуулах нь гарцаагүй үнэн. Энэ зовлонг гэтэлж чадах арга уламжлалт анагаах ухаанд бий. Үнэхээр өвөг дээдсийнхээ үлдээсэн анагаах ухааны өв санг уудлан дэлхийн хүн зоны өмнө тулгараад байгаа эрүүл мэндтэй холбоотой олон асуудлыг шийдвэрлэх аргуудыг шинэчлэн гаргаж ирэх боломж байгаа нь нэгэнт тодорхой болж байна. Эдгээр нь зүгээр нэг аргууд бус брэнд аргууд байх болно. Үүнийг гаргаж ирэхийн төлөө, шинжлэх ухааны үндсийг нь олж тогтоохын төлөө уламжлалт анагаах ухааны эрдэмтэд, судлаачид уйгагүй ажиллах л шаардлагатай байна.

Categories
мэдээ цаг-үе

Солонгосын зах зээлд сойх шинэ төрлийн ноолууран бүтээгдэхүүнүүд мэндэлжээ

Хэсэг судлаач, эрдэмтдийн БНСУ-ын зах зээлд гаргахаар “онилсон” шинэ монгол брэндтэй танилц. Энэхүү шинэ брэнд нь ШУТИС-ийн хэсэг эрдэмтэд, үйлдвэрлэгчдийн хамтран бүтээсэн “Хагас нарийн ээрэх системээр” үйлдвэрлэсэн ноолууран утсаар сүлжсэн цамц, хувцаснууд байх юм. Шинэ брэнд нь уламжлалт ноолууран цамцыг бодвол маш нимгэн, зөөлөн, хөнгөн эд байна лээ.

Монгол ямааны ноолуурын урт, уян чанарт үндэслэн боловсруулсан ээрэх шинэ аргаар гаргаж авсан утас гэнэ шүү. 2015 онд “Шинэ бүтээлийн патент” авсан энэ бүтээл мөн “Шинжлэх ухааны 2015 оны шилдэг бүтээл”-ээр шалгарчээ. Энэ ээрмэл утсаар хөнгөн, нимгэн, бүрзийлт багатай, уян хатан сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй.

ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Нэхмэл судлалын салбарын профессор, доктор Д.Энхтуяа, ахлах багш, доктор Р.Бадмаанямбуу, ноолуур боловсруулах “Санширо” компанийн захирал, доктор Р.Борхүү, инженер Ч.Жаргал нарын хамтын хүчин чармайлтаар бүтсэн энэ шинэ бүтээлд арваад жилийн хөдөлмөр шингэсэн гэнэ. Энэ бүтээлээр мөн докторын ажил ч хамгаалсан аж.

“100 хувь цэвэр ноолууран инновацийн бүтээгдэхүүн нь уламжлалт ноолууран сүлжмэлээс 3-4 дахин хөнгөн” гэж Д.Энхтуяа доктор тодорхойлсон. Уг технологи нь экспортын ноолууран шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг нээж байгаагаараа улсын эдийн засагт ач холбогдолтой. Шинэ төрлийн ноолууран цамц маш нимгэн харагдаж байсан учраас эдэлгээ даах эсэхийг нь сонирхлоо. Бас угааж цэвэрлэсний дараа хэлбэр нь өөрчлөгдөх болов уу?

“Бүтээгдэхүүний хэлбэрээ хадгалах чадвар өндөр гарсан. Эрсдэл бага, гэхдээ үнэтэй зүйлийг хэрэглэх, арчлах соёл чухал. Ноолуур бол өдөр тутмын хувцас биш шүү дээ” гэж Д.Энхтуяа хариулав.

“Бид шууд бие дээрээ өмсөх бүтээгдэхүүн хийж байгаа. Манайхны хийгээд байгаа ноолууран цамцыг гадуур сүлжмэл гэж нэрлэдэг. Биен дээр нэг хувцас өмсөөд гадуур нь өмсөнө гэсэн үг гэлээ. Дотуур сүлжмэл гэдэг нь шууд биен дээрээ өмсөхийг хэлдэг аж. Ноос ноолууран хувцас нь хөлс ялгарахад чийгийг хурдан шингээдэг давуу талтай. Чийг шингээж байгаа мөртлөө дулаан ялгаруулдаг шидтэй хэмээн тэр тайлбарлав. “Хүүхдийг дулаан байлгана гээд байцаа шиг олон хувцас давхарлачихдаг. Тэднийг эрүүл, дулаан байлгах үүднээс хүүхдүүдэд зориулсан ноолууран хувцас урлах санаа бий. Монгол хүүхдүүд урьд цагт нэхий өлгийд бойждог байсан. Шээсэн ч хайрахгүй, чийгийг нь шингээгээд дулаан байлгадаг онцлогтой. Монголчууд бөөрний өвчингүй, эрүүл байхад монгол гутал, нэхий дээл хувцас нөлөөлсөн хэмээн судлаач хуучлав. Тэрбээр өндөр зэрэглэлийн худалдан авагчдад зориулсан ноолууран унтлагын хувцас хийхийг ч мөрөөдөж байна. Шүдлэн, борлонгийн ноолуураар хийвэл бүр ч зөөлөн болно. Үүнийг хийж чадвал экспортоо нэмэгдүүлэх боломжтой гэлээ.

“Өнөөдөр монгол ямааны ноолуурын 15-20 хувьд нь эцсийн бүтээгдэхүүн хийж байна. Цаашдаа ийм төрлийн утас хийдэг ээрмэлийн үйлдвэрүүд орж ирэх ёстой” гэлээ. Өмнө нь бид герман, франц судлаачидтай хамтарсан судалгааны дүнд монгол ямааны ноолуураар, ямар ч хольцгүйгээр 100 хүртэл номерын ээрмэл үйлдвэрлэх, түүгээрээ 1500-3000 еврогийн үнэтэй дээд зэрэглэлийн костюм хийх боломжтойг тогтоосон. Энэ бол монгол ноолуурын давуу чанар, гэвч манайд тэр технологи нь хараахан орж ирээгүй байна. Цаашид боломжтой болно гэж Д.Энхтуяа доктор сонирхуулсан.

Солонгосчууд болон орос, хятадуудыг ноолууран бүтээгдэхүүний шинэ хэрэглэгчид гэж үздэг байна. Маш өсч буй зах зээл. Ноолууран бүтээгдэхүүний уламжлалт хэрэглэгчид нь европ, япончууд шүү дээ гэв.

Д.Энхтуяа доктор ярихдаа “48/2 номерын утсаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа компани Монголд бий. Гэхдээ 70 хувийн ноолуур, 30 хувийн торгоны хольцтой байдаг.

Харин тэд утсаа өөрсдөө үйлдвэрлэхгүй гадаадаас авдаг юм. Бид бол 48-68 номерын утсыг Монголдоо “Санширо” компанид хийж байгаа. 100 хувь монгол ямааны ноолуураар хийж байгаагаараа онцлогтой гэлээ. Солонгосын дизайнеруудтай хамтарч бүтээгдэхүүнийхээ дизайныг хөгжүүлж байгаа гэнэ. Тэдний шинэ бүтээгдэхүүнийг япон, солонгосчууд сонирхож байгаа. Хятадууд ч ирж үйлдвэрээс нь дээж авсан гэлээ. Илүү хөдөлмөр зарцуулдаг учраас шинэ брэнд нь зах зээлд нэлээд үнэтэй борлуулагдах аж.

Монгол ямааны ноолуураар хольцгүйгээр бүтээгдэхүүн хийх боломжтой. Хятадын судлаачид энэ чиглэлээр ажиллаж байгаа. Цэвэр ноолуураар дотуур сүлжмэл хийнэ гэдэг бол жинхэнэ инновацийн ажил гэж тэд хэлсэн.

Тэд яг цэвэр ноолуураар хийхгүй, торгоны хольцтой бүтээгдэхүүн хийж байгаа хэмээн судлаач ярилаа.

-Ч.АЛТАНЦЭЦЭГ: БРЭНД ЖИЖИГ ЗҮЙЛЭЭС ЭХЭЛДЭГ-

БНСУ-ын зах зээлд гаргах шинэ монгол брэнд бүтээх хамтарсан судлаачдын багийн гишүүн, СУИС-ийн дэд захирал, шинжлэх ухааны доктор Ч.Алтанцэцэгтэй ярилцлаа.

-Таныг олон улсын зах зээлд брэнд гаргах, монгол бүтээгдэхүүний загварыг сайжруулах чиглэлээр ажиллаж байгаа гэж сонслоо. Брэнд юунаас эхэлдэг юм бэ?

-Брэнд бий болгохын тулд брэндийг хайх ёстой. Монгол брэнд бий болгохын тулд эх орныхоо түүхий эдээр хийнэ, Монголын онцлогийг тусгах ёстой, үндэсний хэв маягтай байх ёстой гээд эрэл хайгуул хийгээд явж байгаа үйлдвэрлэгчид ч бий. Брэнд бүтээгдэхүүн гэхээр монголчууд их том юм боддог. Гэтэл жижиг юмнаас эхлээд хөгжиж байж брэнд гардаг юм байна. Гадаад орнуудын амжилттай брэндийн туршлагуудыг харахаар жижгээс эхэлсэн нь амжилтад хүрдэг. Том бодлого яриад суувал зүгээр л яриа болж үлдэнэ. Дэлхийд гарах брэндийг бий болгохын тулд эхлээд ядаж нэг зах зээлд амжилттай гаръя гэсэн юм. Солонгосын зах зээлд монгол брэнд гаргахын тулд тэд юу сонирхдогийг мэдэх хэрэгтэй. Тийм учраас солонгос профессоруудыг урьж авчирсан. Эхний удаа бид хамтарч Монголын инновацийн долоо хоногийн үеэр “Дэлхийн дизайны чиг хандлага: хаягдлыг худалдах уу?” сэдвээр үйлдвэрлэл эрхлэгчдэд сургалт явуулсан юм. Солонгосын хувцас дизайны бизнесийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Чоннамын их сургуулийн профессор, доктор Бэй Сү Жон, доктор Бэк Жун Хун нар энэ сургалтыг удирдан явуулсан. Солонгос доктор маань Хятадад хэд хэдэн брэнд гаргаж байсан хүн. Энэ сургалтад амжилттай оролцсон хүмүүсээ аравдугаар сард БНСУ-д болох үзэсгэлэнд бүтээгдэхүүнээ танилцуулах боломжоор хангах юм. Би, ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн профессор, доктор Л.Оюунцэцэг, Үйлдвэрлэл технологийн сургуулийн доктор Д.Энхтуяа гээд ноос ноолуурын чиглэлээр ажилладаг гурван профессортой хамтарч энэ төслийг хэрэгжүүлж байгаа юм. Гол зорилго нь бүтээгдэхүүний загварыг сайжруулаад, олон улсын зах зээлд брэнд гаргах судалгаа хийх. Бид ноос, ноолууртаа төвлөрч ажиллаж байгаа. Урьд нь ноос, ноолууртай холбоотой олон төсөл хэрэгжиж байсан. Биднийх бол арай өөр. Бид юу брэнд болох билээ гээд суух биш Солонгосын Чонбукийн их сургуулийн загвар дизайны профессоруудтай хамтарч ажиллаж байгаа. Манай судлаачид маш нарийн, нимгэн ноолууран утсыг бий болгож чадсан.

Үүний үр дүнд биед маш эвтэйхэн ээрмэлийг бий болгосон юм. Цэвэр ноолуураар ийм нарийн утас хийж болдоггүй. Олон жилийн судалгааны ажлын үр дүн. Үүндээ тулгуурлаж бид брэндээ гаргаж авах юм.

-Дэлхийн дизайны чиг хандлага хаягдлыг дахин боловсруулахад чиглэж байна гэсэн. Хаягдлыг худалдах боломж гэдэг нь юу гэсэн үг вэ?

-Одоо дэлхий нийт аль болох хаягдалгүй технологи нэвтрүүлэх болсон. Энэ чиглэлээр бид сургалт явуулсан юм. Монголчууд юмыг томоор хардаг. Гэтэл нэг хувцсанд жижигхэн чимэг хийчихэд үнэ нь өсдөг. БНСУ бол хувцасны үйлдвэрлэлээр тэргүүлэгч орон. Дэлхий нийтээрээ хаягдлаар үнэт зүйл брэнд бүтээгдэхүүн хийх болжээ. Хермесийг бид маш үнэтэй брэнд гэж боддог. Гэтэл Хермест хоёрдогч түүхий эдээр хийсэн бүтээгдэхүүний тусгай хэсэг бий болгожээ. Том брэндүүд дэлхийг бохирдлоос хамгаалах, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх үүднээс ийм бүтээгдэхүүнд анхаарал хандуулах болсон. Нэг спорт цүнх гэхэд л маш үнэтэй. Гэхдээ хүмүүс авах дуртай. Энэ цүнхийг үйлдвэрлэхдээ усан онгоцны бризентэн бүтээлгүүдийг дахин боловсруулж хийсэн.

Цүнхийг зарсан орлогын тодорхой хувийг нийгмийн сайн сайхны төлөө зориулдаг юм байна л даа. Чанар чансааны хувьд үнэхээр сайн. Загвар сайтай. Авч байгаа хүн ч сэтгэл хангалуун үлддэг. Энэ мөнгийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулж байгаа гэхээр худалдан авалт хийхдээ ч буяны үйлсэд оролцож байгаа гэдэг утгаараа дуртай байдаг. Оёдлын үйлдвэрээс маш их өөдөс, даавуу гардаг. Түүнийгээ дахин боловсруулах боломжтой. Тийм учраас бид солонгос профессоруудтай хамтран эхний ээлжинд үйлдвэрлэлийн явцад хаягдаж байгаа ноолууран утсыг эдийн засгийн эргэлтэд оруулах, up-cycling загвар урлалын чиглэлээр сургалт хийсэн юм. Манай сургалтад хамрагдсан ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 16 үйлдвэрийг төлөөлсөн оролцогчид маань ноос, ноолуураас гарсан өөдсүүдээр хөөрхөн жижиг түрийвч, энгэрийн зүүлт, үсний даруулга хийсэн. Зарим жижиг үйлдвэрүүд агуулахад олон тоогоор борлогдохгүй үлдсэн бүтээгдэхүүнээ авчирч, зөвлөгөө авсан юм. Солонгос профессорууд манай ноос ноолуурын үйлдвэрүүдээр явж үзсэн. “Танайд жижиг юм дутаад байна. Жуулчид тэр болгон том, үнэтэй хувцас авахгүй. Гэсэн ч тэд дэлгүүрт ороод ямар нэг юм худалдаж авах сонирхолтой байдаг. Тийм учраас жижиг сажиг зүүлт чимэглэл, дурсгалын зүйлс авах боломж олгох хэрэгтэй” гэж тэд зөвлөсөн. Манайхан жижиг сажиг чимэглэл дурсгалын зүйлсийг тоодоггүй. Гэтэл их зардал орохгүй ч маш хурдан эргэлттэй, ашиг олдог бүтээгдэхүүн бол гоёл, чимэглэлийн зүйлс голдуу байдаг. Аливаа брэнд жижиг зүйлээс эхэлдэг.