Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Эдийн засгийн шок өрхөд хэрхэн нөлөөлж байгааг судалжээ

Эдийн засаг зурган илэрцүүдЭдийн засгийн шок өрхөд хэрхэн нөлөөлж байгааг судлаач, доктор Д.Ган-Очир, Б.Ариун-Эрдэнэ нар тодорхойлжээ. Тэд энэхүү судалгааг 2016 оны 3-8 сарын хооронд Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн санхүүгийн дэмжлэгтэйгээр гүйцэтгэсэн байна. Судалгааны сэдэв нь “Монголын өрхийн секторын стресс тестийн загвар”. Стресс тест гэдгийг манайхан онцгой нөхцөл байдлын шинжилгээ гэж орчуулдаг. Өөрөөр хэлбэл үнэ өсөх, валютын ханш сулрах, зээлийн хүү өсөх, ажилтай байсан хүн ажилгүй болох гэх мэт сөрөг өөрчлөлтүүд өрхийн санхүүд хэрхэн тусч буйг судлаачид сонирхжээ. Өрхийн санхүүгийн байдал муудахад банкуудад хэрхэн нөлөөлөхийг мөн тандсан байна.

Дэлхийн эдийн засгийн 2008-2009 оны хямралаас хойш эдийн засагчид тэр тусмаа төв банк болон санхүүгийн бодлого боловсруулдаг бусад байгууллагууд энэ төрлийн аргачлалд илүү ач холбогдол өгдөг болсон гэнэ. Дэлхийн эдийн засгийн хямралын үед судлаачид өрхөд учирсан хүндрэл нь санхүүгийн салбарын тогтвортой байдлыг алдагдуулдаг юм байна гэсэн дүгнэлтэд хүрч л дээ. Америкт болсон хямралын үеэр орон сууцны үнэ унаж эхлэхэд ипотекийн зээл авсан олон хүн “Би зээлээ төлж чадахгүй юм байна, орон сууцаа ав” гэцгээжээ. Банкууд зээлийн хүүгийн орлогуудаа хураахын оронд баахан байшинтай үлдсэн түүхтэй. Өр нэмэгдсэн үед нь эдийн засагт гэнэтийн шокууд бий болоход өрхүүд зээлээ төлж чадахаа байчихсан хэрэг. Банкууд зээлийн төлбөрөө авч чадахгүй болохоор санхүүгийн салбарынх нь тогтвортой байдал алдагдахад хүрчээ.

“Ийм хэлбэрээр бий болж байгаа санхүүгийн тогтворгүй байдал нь илүү гүнзгий, удаан хугацааны эдийн засгийн хямрал руу аваачдаг юм байна” гэж Австралийн Үндэсний их сургуульд эдийн засгийн ухааны доктор хамгаалсан судлаач Д.Ган-Очир хэллээ. Учир нь 2008-2009 оны эдийн засгийн хямрал өмнөхөөс илүү гүнзгий байсан гэнэ. АНУ-ын Холбооны нөөцийн банк өнгөрсөн арванхоёрдугаар сараас хүүгээ өсгөж эхэлсэн. Энэ хүртэл эдийн засгийн сэргэлтийг хангалттай гэж үзээгүй хэрэг. Тийм учраас энэ асуудлыг байнга судалж энэ төрлийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай гэж судлаачид үздэг. Монголын хувьд ч энэ асуудал анхаарлын төвд орж ирсэн нь өрхүүдийн өр нэмэгдэж буйтай холбоотой. Өрхийн секторын өр ялангуяа 2013 оноос хойш идэвхитэй өсч байгаа гэнэ. Банкны салбарын нийт зээлийг авч үзвэл өрхийн секторын зээл бараг 40 хувь өссөн дүнтэй байна. Нийт банкны системийн зээлийн 40 хувь нь өрхийн зээлтэй холбоотойгоор эрсдэх магадлалтай гэсэн үг. Макро шок бий болоход өрхүүд илүү эмзэг байдалд орж эхэлжээ. Өмнө нь гэр бүлийн гишүүдийн нэг нь ажилгүй болсон ч үлдсэн хүмүүсийнхээ орлогоор амьдарч байсан бол одоо тэр хүний орлого байхгүй л бол тухайн айл зээлийн төлбөр төлөхөд хэцүү болж, эсвэл хэрэглэж байгаа хүнснийхээ хэмжээг хасахад хүрчээ.

Уг нь бол банкууд “Хамгийн найдвартай нь ипотекийн зээл” гэдэг. Ипотекийн зээлийг бусад зээлтэй харьцуулахад чанаргүй зээл бага аж. Гэхдээ энд яриад байгаа өрхийн зээлийн зөвхөн нэг хэсэг нь орон сууцны зээл шүү дээ. Хэрэглээний зээл, тэтгэвэрийн зээл бүгд өрхийн зээлд багтдаг.

Доктор Д.Ган-Очир ярихдаа “Бид бусад улс оронд хийгдсэн судалгаануудыг суурь болгож ашигласан. Өрхийн зээл ДНБ-ний харьцааг авч үзэхэд анх 2012 он хүртэл харьцангуй нам түвшинд 15-20 орчим хувь байсан. Орон сууцны зээл хэрэгжиж эхэлсэн 2013 оноос маш өссөн. Сүүлийн гурван жилийн дунджаар авч үзэхэд өрхийн нийт өр ДНБ-ний 25 орчим хувьд хүрсэн. Энэ нь бусад орнуудтай харьцуулахад Евробүсийн шинэ гишүүн орнууд (Чех, Польш гм)-тай ойролцоо түвшинд очсон. Санхүүгийн зах зээл нь өндөр түвшинд хүрсэн орнуудынхтай ойролцоо очсон гэсэн үг. Дээр дурдсан орнуудын хувьд хүмүүсийн орлого, ажил эрхлэлт сайжраад ийм түвшинд хүрсэн. Харин манайх бол татаастай хүүнд хэт хошуурах байдлаар механикаар энэ түвшинд очсон тал бий. Дунд орлоготой орнуудтай харьцуулахад манай 25 хувь гэдэг хамаагүй өндөр байгаа юм. (Монгол дунд орлоготой гэсэн ангилалд ордог) Гэхдээ дунд орлоготой бусад улсуудтай харьцуулахад өртэй байдал нь өндөр түвшинд байна. 2013-2014 оны механик өсөлтөд мэдээж орон сууцны 8 хувийн зээл нөлөөлсөн. Энэ зээл өрхүүдийг өртэй болгохоос гадна макро эдийн засагт дараагийн шокыг бий болгосон юм. Зээл өгч эхлэнгүүт орон сууцны үнэ ихээр өссөн. Одоо ч орон сууцны үнийн хөөсний хагаралт үргэлжилж байгаа. Нэг талаас энэ нь өрхүүдийг илүү эмзэг болгосон. Бас санхүүгийн шокыг эдийн засагт бий болгосон үйл явц боллоо” хэмээн дүгнэв.

Гэхдээ өрөө төлж чадахгүй өрхийн тоо олширвол банк шууд дампуурна гэсэн үг хараахан биш юм байна.

-Санхүүгийн зах зээлд барьцаа гэж бий. Барьцааны хөрөнгийн үнэлгээ, авсан зээлийнх нь зөрүүгээр банкны эрсдлийг тооцно. Барьцаанд тавьсан байр нь 80 сая, тухайн хүн 100 саяын өртэй бол зөрүү 20 саяын алдагдал хүлээх болдог. Хамгийн найдвартай барьцаа банкны хувьд орон сууц байдаг гэлээ.

ЗЭЭЛЭЭ
ТӨЛЖ ЧАДАХГҮЙД ХҮРЭХ МАГАДЛАЛТАЙ ӨРХИЙН ТОО НИЙТ ӨРХИЙН 14.
4 ХУВЬ БАЙНА

Зээлээ төлж чадахгүйд хүрэх магадлалтай өрхийн тоо нийт өрхийн 14,4 хувь нь байна. Орлого багатай эсвэл өндөр настай гишүүдтэй өрхүүдийн хувьд дампуурах хандлага илүү ажиглагдаж байгаа юм. Үлдсэн 85.6 хувь нь эерэг үлдэгдэлтэй гэсэн үг. Манайх Финлянд, Австри, Норвегтэй энэ түвшнээрээ ойролцоо очжээ. 500 мянга хүртэл төгрөгийг хуримтлуулж чадаж байгаа өрх хэд байгааг судлаачид бас сонирхсон байна. Өрөө төлөөд, хоол, хүнс, цахилгаан дулааны төлбөр, хувцас хунар гэх мэт зайлшгүй зардлаа дараад, 500 мянгыг үлдээж чадаж байгаа өрх 60 хувь нь байсан гэж Д.Ган-Очир ярилаа.

Харамсалтай нь эдийн засаг үүнээс илүү муудаж болохыг ч бодолцохоос аргагүй.

-Нөхцөл байдал илүү муудвал нэмж хэдэн өрх хүнд байдалд орох, санхүүгийн салбарт хэр их алдагдал хүлээхийг тооцож үзсэн. Зээлийн хүү өсвөл юу болох вэ, ажилгүйдэл нэмэгдвэл ямар нөхцөл үүсэх, орон сууцны үнэ үргэлжлээд буурвал юу болох вэ. Энэ бүгд нэг зэрэг тохиолдвол юу болох вэ гэдэгт энэ судалгаагаар хариу өгөхийг хичээсэн. Зээлийн хүү одоо байгаа түвшнээс 5 нэгж хувиар нэмэгдэхэд сөрөг үлдэгдэл орлоготой 14,4 хувийн өрхүүдийн тоо 15 хувь болж өсөх төлөв бий. Зээлийн хүү ийм хэмжээгээр нэмэгдвэл банкны алдагдал 8,4 хувьд хүрэх жишээтэй. Инфляци 10 хувь болоход сөрөг үлдэгдэл орлоготой 14,4 хувийн өрхийн эзлэх жин 19 хувь болж өсөхөөр байгаа юм. Орон сууцны үнэ 20 хувиар буувал банкуудын хүлээж болзошгүй алдагдлын хэмжээ 7,6 хувь болох нь.

Байдал илүү муудвал гэдэг нь зөвхөн муу амалсан төдий биш. Өмнө нь эдийн засаг хямрах үед тохиолдож байсан шокууд давтагдвал байдал ямар байхыг ч тооцож үзсэн байна.

Өмнөх түүхийг сөхвөл орон сууцны үнэ 2014-2015 онд 12 орчим хувиар буусан удаатай. 2009-2011 онд хүү 2,25 нэг хувиар өсчээ. Энэ бол манайд ажиглагдсан шокууд шүү дээ. Хэрэглээний бүтээгдэхүүний үнэ 2009-2011 оны хооронд 12 орчим хувиар өсчээ. 2012 оны нөхцлүүдийг авч ийм тооцоолол хийж үзэхэд сөрөг үлдэгдэл орлоготой өрхийн тоо 21-22 хувь гарчээ. Зээлээ төлж чадахгүй балрах магадлалтай өрхийн тоо одоогийнхоос илүү олон байсныг анзаарав уу. Үүнээс хүн амын орлого, өрхийн санхүүгийн байдал өмнөхөөс сайжирсан гэж дүгнэж болохоор байгаа юм. Гэсэн ч өдгөө өрхүүдийн өр нэмэгдсэн болохоор илүү эмзэг болсон гэдэг нь муу мэдээ.

ДАМПУУРАХ
МАГАДЛАЛТАЙ ӨРХҮҮДЭД УЧРАХ ДАРАМТЫГ ЗӨӨЛРҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ ЮУ?

-Бусад хүчин зүйлтэй харьцуулахад үнийн өсөлт, зээлийн хүү нэмэгдэх нь зээлтэй хүмүүст ирэх дарамтыг нэмэгдүүлдэг. Зээлийн хүүг тэлэх байдалд хүргэх ёсгүй. Тэтгэврийн зээлтэй хүмүүст энэ шокууд илүү дарамт учруулдаг. Тийм учраас тэдэнд чиглэсэн төрийн бодлогуудыг хэрэгжүүлэх шаардлага бий. Инфляцийг өсгөхгүй, зээлийн хүүг нэмэгдүүлэхгүй байх, тогтвортой орчныг бүрдүүлэх учиртай. Зорилтот хэсэгт нийгмийн халамжийг сайжруулах хэрэгтэй гэж судлаач Д.Ган-Очир хэллээ.

Монголд ч бас зээлээ төлж чадахгүй, байраа хураалгах нөхцөл байдал үүсэх болов уу гэж хэрэгт дурлаад авлаа.

-Монгол хүний онцлог бий л дээ. Монгол хүн нэгэнт байраа аваад тохижуулж, гал голомтоо бадраан, зээлийн эргэн төлөлтийг хийгээд эхэлсэн бол байраа хаяхгүй. Тэгээд ч байраа зараад дахиад байр авна гэдэг зардал өндөртэй. Бичиг баримт бүрдүүлэх, банктай учраа олох, шүүхээр явах, дахиад байр хайх гээд олон эрсдэл бий гэж судлаач тайлбарлав. Зээлийн мэдээллийн нэгдсэн сан байгаа учраас байраа хураалгасан найдваргүй этгээдэд дахин зээл олдохгүй л болов уу. Америкт бол залуус нь түрээсийн байранд амьдраад явах бололцоотой байдаг бол монголчуудын хувьд байр худалдаж авах нь насаараа хийх хамгийн үнэтэй хөрөнгө оруулалт байдаг гэх мэт соёлын ялгаатай шүү дээ.

Categories
мэдээ цаг-үе

Г.Нандинбилиг: Цагаан сарын бэлэг бэлгэдлийнх болохоос хэрэгцээ хангах зүйл биш

МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн профессор, Хэл бичгийн ухааны доктор Г.Нандинбилигтэй ярилцлаа.


-МУИС-ийн эрдэмтэд “Цагаан сарын соёлын өөрчлөлт”-ийг судалсан юм байна. Яагаад цагаан сарыг онцлох болов?

-“Монголын цагаан сарын соёлын өөрчлөлтийн судалгаа” гэж бидний энэ бичил төслийг миний бие ахлаад, Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн залуу багш Д.Нямдорж, Их Британи Америк судлалын тэнхимийн багш, доктор Д.Отгонтуяа нарын залуу эрдэмтэд нэг баг болж, магистрант, докторант шавь нараа татаж оролцуулаад ажиллаж байна.

Сэдвийг сонгосон тухайд бол нийгмийн хэрэгцээ шаардлагыг үндэслэсэн. Сүүлийн үед жил бүр л цагаан сар дөхөхөөр цагаан сар хийх үү, болих уу, цагаан сараар бэлэг өгөх үү, үгүй юү гээд л бөөн яриа өрнөдөг болсныг бид мэдэж байгаа. Нөгөө талаас даяаршлын эрин үед улс үндэстнүүд өөрсдийн үндэсний соёлоо яаравчлан судалж, соёлын тогтвортой хөгжлийн талаарх төрийн бодлогоо боловсруулж, үүнийгээ сургалтын хөтөлбөртөө тусган, хойч үеэ бэлтгэхэд анхаарч байна. Цагаан сарын соёлын жишээн дээр тулгуурлан монгол соёлд гарч буй эерэг сөрөг өөрчлөлтийг бодитой судлан тодорхойлж болно гэж үзээд энэ төслийг хэрэгжүүлэхээр шийдсэн юм.

-Судалгааны үр дүн та бүхний таамаглаж байснаар гарсан уу, ямар нэг гайхашруулсан юм байв уу?

-Судалгааны үр дүн бол Монголын цагаан сарын өнөөгийн байдлыг баримтжуулж үлдэх юм. Цаашилбал, цагаан сарыг биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгүүлэх ажилд ч, хойч үеийнхний соёлын тогтвортой хөгжлийн боловсролд ч хувь нэмрээ оруулах юм. Соёлын өөрчлөлтийн судалгаа учраас тухайн соёлын өөр өөр цаг үеийг харьцуулах шаардлагатай. Бид цагаан сарын өнөөгийн төрх төлөвийг социализмын үеийн цагаан сарын төрх байдалтай харьцуулах нь оновчтой шийдэл гэж үзсэн. Нийгмийн сэтгүүл зүйгээс харахад хүмүүс “Цагаан сараар хүүхдэд хувь өгдөг байснаас өнөөгийн хотынхон шиг ингэж хавтгайрсан бэлэг тараадаггүй байсан” гэсэн хэлэлцүүлэгт хамгийн их төвлөрчээ. Тиймээс бэлэг, хувь гэдэг ойлголтыг эхний ээлжинд тодруулах шаардлагатай болсон. XII-XIII зууны бичмэл сурвалж болох Монголын нууц товчооноос шүүж үзтэл биднийг гайхашруулсан нэг зүйл нь цагаан сарын бэлэг байтугай, ерөөс “бэлэг” гэдэг үгийн хэрэглээ олдоогүй. Харин “хувь” гэдэг үгийн хэрэглээ л байсан.

-Цагаан сар нүсэр баяр гэдэг. Цагаан сарыг нэг их хүндрүүлэхгүйгээр тэмдэглэх боломж бидэнд бий юү?

-Цагаан сарыг нүсэр баяр гэж харж байгаа бол нүсэр болгож, хүндрүүлж байгаа хүмүүс нь энэ цаг үеийнхэн, бид юм. Нөгөө өнцгөөс нь харвал цагаан сар бол монголчуудын хамгийн их ач холбогдол өгч тэмдэглэх ёстой чухал төр ёс, ураг төрлийн баяр хэвээр байгааг харуулж байна. Гэхдээ MMCG судалгааны компаниас 2016 онд хийсэн асуулга судалгааны дүнгээс харахад хүмүүс цагаан сарын бэлэг, ууц шүүс гэсэн хоёр зүйлийг санхүүгийн дарамт болж байгаа хүчин зүйлс гэж үзэж байгаа нь харагдсан. Ер нь түүхэн бичвэрт тулгуурлан үзэхэд Чингис хаан ч цагаан сарыг хүндрүүлж тэмдэглэхийг таашааж байгаагүй юм билээ. Инжаннашийн “Хөх судар”-т тэмдэглэснээр Их Монгол Улсыг байгуулсны дараа жил буюу 1207 онд цагаан сарын шинийн нэгэнд Чингис хаан хулгана цагт дээшилж биеэ ариутган, шинэ хувцас өмсч, тэнгэр газарт ёсолж, өвгөдөд тайгаад Өэлүн ээждээ мөргөж золгосон гээд, Чингис хаан “Дээл ихэдвэл өмссөн хүний биед ачаа болно. Эмээл хүндэдвэл унасан морины нуруунд дараа болно. Эрхэм хэтэрвэл хүний сэтгэлд осолтой болно. Янз хэтэрвэл эл улсын доодост зүдгүүр болно” гэх зэргээр их ёслол хийхгүй байхыг сургаал болгосон гэж байдаг. Тэгэхээр энэ их ууц шүүс, бэлэг сэлт бол хожмын, магадгүй хүрээний баячуудын өрсөлдөөнөөс үүдэлтэй бололтой.

-Мэдээж цагаан сар хувьсаж өөрчлөгдсөөр ирсэн. Юуг алдаж, юуг бид авч үлдэж чадсан бол?

-Монголчууд эртний ан агнуурын үеэс уламжилсан “хувь сар”-ын ёс нь мал аж ахуйн соёлын ололтыг тэмдэглэх хаврын “цагаан сар”-ын ёслол болон хувирсан гэдгийг судлаачид тэмдэглэсэн байдаг. Тэр цагаас хойш цагаан сарын соёлд гарсан өөрчлөлт бүрийг бид он цагаар батлан тайлбарлах боломжгүй ч тус соёлын зарим өөрчлөлтийг, алдаа оноог батлан ярих боломжтой юм. Тухайлбал, бидний цагаан сарын бэлэг гээд байгаа энэ цогц ойлголт бол юуны өмнө ураг удмынхан, гэр угсааныхны доторх энэ жилийн олз олбороосоо үр хүүхэд, ахан дүүс, эцэг эхдээ “хувь хүртээж” буй уламжлалт ёс, үүний удаагаар худ ургийн юм уу, андын, төр шашны харилцаагаа баталж өгч авч байгаа “бэлэг солилцох” ёс, нутаг усны олон түмэн, орсон гарсан хэн бүхний алга тэнийлгэн “гар цайлгаж” байгаа монгол түмний ёс болж баяжин хөгжсөөр ирсэн байна.

Хамгийн гол ололт гэвэл монголчууд түүхийн эрт цагаас “хувь”, “бэлэг” өгөх соёлдоо “цагаан цайвар өнгө зүс”, “өсч үржих тоо”, “тэгш зөв дүрс хэлбэр” гэсэн бэлгэдлийн анхдагч шалгуурыг бүтээж, энэ соёлын ололтоо өнөөг хүртэл хадгалсаар ирсэн нь аман ба бичгийн сурвалжийн жишээгээр батлагдаж байна. Мөн хожим бэлэгний соёлдоо харь соёлын зүйлсийг оруулсан ч дээрх “өнгө, тоо, дүрсийн бэлгэдэл”-ийн язгуур шалгуураараа “эвлүүлж шахсан бяслаг”-“шахмал цай идээн”, “үстэй хөрстэй арьс”, “энтэй артай бөс торго”, “мөртэй захтай хувцас”, “өөдөө амсартай сав”, “хос юм” гэх мэт шинэ утгаар тэмдэг бэлгэдлээ баяжуулан хөгжүүлсээр ирсэн байдаг. Харин аж хэрэглээний нийгэмд шилжсэн хожмын жилүүдэд заримдаа хэрэглээний сонирхол, ашгийн сэтгэлгээ нь нөлөөлж, бэлэгний бэлгэдэл утгын тухайд олсон соёлын дэвшлийн өмнөх ололтоо бүх нийтээрээ биш гэхэд нийгмийн тодорхой хэсэгтээ алдаж байгаа нь судалгааны дүнгээс харагдаж байна.

-Ингэхэд орчин үед ямар бэлэг зохистой гэж үзэж байна вэ?

-Социализмын сүүлийн жилүүд болон даяаршлын жилүүдээс л хамт олон, ангийн найз нөхөд, нам эвслийнхэн гээд шинэ тутам харилцаа холбоо өргөжихийн хэрээр золголт хавтгайрсан нь бэлэгний харилцааг төвөгтэй болгосон байж болох юм. Цагаан сарын гол үнэ цэнт чанар нь онд мэнд орж, учран золгож, ураг төрлөө мэдэлцэж, халуун дотно харилцаагаа бататгаж байгаа баяр гэдэг утгаараа ураг элгэний харилцаа, бие биеийнхээ халуун сэтгэлийг мэдрэх нь илүү чухал гэдгийг хаана хаанаа бодох хэрэгтэй юм болов уу. Хүмүүс сэтгэлээ илэрхийлж, өөрийн боломж бололцоогоороо бэлэг өгдөг. Бэлэг бол хүмүүсийн дотно харилцааг мэдрүүлж байгаа бэлгэдлийн зүйл болохоос цаад хүний эдийн засгийн хэрэгцээг хангахад чиглэсэн биш. Бэлэг гэдэг бол эдийн засгийн харилцаа биш, ёс зүйн харилцаа юм гэж бэлэгний соёлыг судалсан Францын эрдэмтэн Марсел Мосс бичсэн байдаг. Бэлэг дээр бэлгэдэл л ярина уу гэхээс хэрэгцээ яриад ирэхээрээ соёлын утгаа алдаж байдаг.

-Цагаан сарыг өөрөөр тэмдэглэх оролдлогуудыг зарим хүмүүс хийдэг. Зоогийн газарт ах дүү, хамаатан саднаараа цугладаг хэлбэр бас дэлгэрэх янзтай?

-Таны хэлснээр зоогийн газарт ах дүү хамаатан саднаараа цуглаад бэлгээ солилцоод, ахмадаа хүндлээд, гэр бүлийн шинэ гишүүдтэй танилцдаг хэлбэр бас нэлээд байна. Энэ бол цагаан сарын ёс заншил шинэчлэгдэж байгаа хэлбэр. Амжилттай зөв гэж би хэлэхгүй, бас буруу гэхгүй. Бид соёлын үзэгдлийг судалж байгаа судлаачид болохоос хүнийг шүүн буруутгах, уриалан дагуулах эрхгүй. Шалтгаан үндэслэлийг тайлбарлаж болно. Энэ тохиолдолд уламжлалт соёлд тухайн айлын ханат гэрийн хоймор, халуун гал голомт гэж үнэ цэнт ойлголт байдаг. Тийм ч учраас үр хүүхэд ахан дүүсээрээ гал голомтдоо цуглан, гэрийн жавраа үргээж шуугилдан байх нь сайн гэж үзэж байсан бол орчин үеийн хотын хүний үүднээс аваад үзвэл “Хэн ч халдашгүй цорын ганц цайз бол гэр орон” нь байдаг. Нөгөө талаас жижиг байранд олуулаа цуглаж багтахгүй ч байгаа юм бил үү, эсвэл цаг хэмнэж, тохиромжтой орчин, үйлчилгээг сонгож байгаа хэрэг байх л даа. Үүнийг хотжилтой холбоотой бий болсон соёлын ялгаа гэж ойлгохоос аргагүй.

-Цагаан сарын уламжлал, ёс заншил алдагдаж байгаад санаа зовдог хэсэг байдаг. Эсвэл цаг үеэ дагаад өөрчлөгдөж шинэчлэгдээд явах ёстой юу?

-Цагаан сарын уламжлал, ёс заншил алдагдаж байгаад нэг талаас сэтгэл зовох нь зөв ч миний бодлоор өөрчлөлтөөс айх хэрэггүй. Хэрвээ санаа зовж байвал өөрийн цаг үед хамгаалах зүйлээ хамгаалж, авч үлдэх зүйлээ авч үлдэхийг хичээх хэрэгтэй. Цагаан сарын соёл үеийн үед энэ л янзаар байгаагүй. Цаг цагт янз бүрийн жишиг гарч байсан. Социализмын үед ямархуу байсныг хүмүүс санаж л байгаа. Судалгааны баримт болгож, ШУА-ийн Түүхийн хүрээлэнгээс орон нутагт ажилласан хээрийн судалгааны тайлан хэрэглэгдэхүүнээс шүүж үзэхэд 1970-аад онд жараад настай байсан хөгшчүүлийн хууч ярианд “Цагаан сараар дээр үед хоёр, гурван жижиг таваг идээ л засдаг байв. Харин сүүлийн үед нэг том таваг, дагуулж жижиг таваг засах болоод байна. Махаар таваг засч байгаагүй. Цагаалгаар хүү нь эцэгтээ золгохдоо ууцтай ирдэг. Урьд хадаг, эсвэл цагаан бөс бариад золгодог, бэлэг сэлт гэж байгаагүй… Одоо цагаан сараар төвөөс улс ирэх болж, ууц толгой тавих болоод байна…Дээр үед цагаалахдаа хадаг өгч байсан, одоо төгрөг, алчуур өгч цагаалж байна…” гэхчилэн ярьсан байдаг. Гэтэл өнөөдөр айл бүр ууц тавьж, олон үе өндөр идээн засдаг болсон байна.

Цагаан сар гэдэг бол мал аж ахуйн соёлын код юм. Тэр ч утгаараа малын ууц шүүс, сүү цагаан идээгээ дээжлэн баярлаж ирсэн. Гэхдээ өнөөдөр амьдралын хэвшил өөрчлөгдөөд, хотын иргэдийн дунд цагаан, ногоон хоолтнууд цөөнгүй бий болсон ч тэд дан цагаан идээгээ юм уу эсвэл жимс ногоогоо засаад, цагаан сарын баяраа тэмдэглэж л байгаа. Соёлын гол утга нь мах, сүү идэхдээ биш, ахмад настнуудаа хүндлэн золгож, үр хүүхдээ хооронд нь танилцуулахад оршдог болохоор энэ соёлын амин сүнс болсон золгох ёсоо л гээчихгүй байвал, хуучин шинэ хосолсон үндэсний соёлын хэв маяг, хэмжүүр гараад л цаашаа хөгжөөд явна гэж найдаж байна.

-Цагаан сарын мэндчилгээнүүд хотондоо малгүй залуус, хүүхдүүдийн хувьд цээжлэхэд хэцүү үгс төдий болж үлдэх болов уу?

-Ирээдүйг би хэлж мэдэхгүй. Тийм муу цаг битгий ирээсэй гэж, монгол хүний амны хишгийг бэлгэдэж л Өндөр гэгээн хонины ууц таллаж суугаагаар хөргөө бүтээлгэсэн байдаг. Бид амны хишгээ бэлгэдэж ууцаа дээжлээд байгаа ард түмэн шүү дээ. Бидний авсан тандалт судалгаанаас харахад цагаан сарын мэндчилгээний үгс өөрчлөгдөж байна уу гэсэн асуултанд хамгийн бага өөрчлөлттэй гэсэн үр дүн гарсан. Гэхдээ энэ нь мэндчилгээний үг өөрчлөгдөөгүй, мартагдаагүй гэсэн үр дүнг харуулж байна уу, эсвэл хүмүүс мэндчилгээний үгийн хэрэглээнд бага санаа зовж байна гэсэн үр дүнг харуулж байна уу гэдэг асуудал байна. Мэндчилгээ бол харилцааны соёлын суурь ойлголт. Монголын цагаан сарын мэндчилгээ хүний мэндээр эхлээд малын мэндээр үргэлжилдэг тогтвортой бүтэцтэй. Хожим эрдэм ном, эд мөнгө сурсан агуулгаар баяжаад л явж байгаа. Эрхлэх аж ахуй өөрчлөгдөж байгаа ч хүмүүс ураг төрлийнхөн дотроо ахмадууд нь аль болох ёсоор нь бүрэн мэндчилээд байвал хойч үедээ үлгэр дуурайлтай, монгол мэндчилгээний бэлгэдэл нь уламжилсаар л байх болно.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Р.Энхбат: Хэлсэн ярьснаасаа өөрөөр амьдарвал стресст орно шүү дээ

“Адмон” компанийн захирал Р.Энхбаттай уулзахаар зорьж очоод Интерном их дэлгүүрт зохиолч Д.Цэмбэл гуайн “Төлөөс” номын нээлтэнд оролцож байхад нь оллоо. Интерномын хоёрдугаар давхарт “кофе шоп”-т суунгаа яриа өрнүүлэв. Номын нээлтийн зочид олон байсан учраас шуугиантайхан нөхцөлд бид хуучиллаа. Зарим зочин ирж, ярилцагчтай маань гар барина. Нийслэлийн ганц дендрологич гэгддэг байсан Б.Чимэд гуай ирээд аавтай нь танил дотно явснаа дурслаа. “Ю.Цэдэнбалын үед МАХН-ын Төв хорооны үзэл суртлын хэлтсийн орлогч эрхлэгч, доктор Ж.Роозон гэж хүн байлаа. Ийм хүний хүү байгаа юм” гэж надад танилцуулахад нь Р.Энхбат “За, миний аавын намтрыг яриад өгчихлөө” гэж хошигнов.“Баярлалаа, чи их гоё зохион байгууллаа” гэж Чимид гуай хэлнэ лээ.


-Д.Цэмбэл гуайн номын нээлт боллоо. Та аавынхаа үеийнхэнд ингэж дотно хандаж дэмждэг үү?


-Би Д.Цэмбэл гуайг олон жилийн өмнөөс таньдаг гэж хэлэхгүй л дээ. Харин мэддэг гэж хэлбэл буруудахгүй байх.Одоо үнэн үгээ тасралтгүй зоригтой бичдэг хүн цөөрсөн.Ямар ч нийгэмд хэлэх үгээ хэлдэг ийм хүмүүсийг л бид хүндлэх ёстой.Харамсалтай нь үнэн үгээ хэлье гэсэн ч чадахгүй яваа хүмүүс дийлэнх болжээ.

-Үнэн үг гэснээс хэдэн жилийн өмнө “Эх хэлний доройтол” гэж бичиж байсныг тань санаж байна. Үг, хэлний асуудалд санаа тавьсан хэвээрээ л байгаа юу?

-Сүүлийн 25 жил монголчуудын тэнэгрээд байгааг би шууд эх хэлтэй холбон харж байгаа. Одоо үетэй харьцуулбал социализмийн үед бид чинь өнөөдрийнхөөс хамаагүй оюунлаг байж гэж санагдах боллоо. Монголд оюуны суутнууд байсан уу гэвэл 60-70 оныхныг л хэлнэ. Өнөөг хүртэл үлгэр дууриал болсоор буй шинжлэх ухаан, урлаг, урлаг утга зохиолын сор бүтээлүүд тэр үеийнх. Тэр үед хэлний талаар, өнөөдрийнх шиг их зарлиг, тогтоол, хууль журам гарч байсангүй. Гэлээ ч монгол хэл түүхэнд байгаагүй их ахиц дэвшилд хүрсэн учраас л тэр амжилт бүтээлүүд бий болсон. Харамсалтай нь орчин үеийн эх хэлний хөгжил 90 оноос хойш хуучин монгол бичиг, уламжлал ёс заншилдаа дарагдаж хаягдлаа. Хэлбэрдэл газар авч, хэл ярианы утга агуулга мөн чанараа алдсан. Хэлсэн үгэндээ үргэлж хариуцлагатай ханддаг, хэлж ярьсныгаа ажил хэрэг болгоод явбал нийгмийн хөгжил одоогийнхоос илүү дээр байхсан.Нийгмийг ялзруулж доройтуулж буй гол шалтгаан бол үг хэлээр тоглосон хариуцлагагүй явдалууд.Энэ үзэгдэл эх хэлийг маань бодит хүчгүй, хоосон болгож, бүтээлч ажлын эх үндэс болох замд нь саад учруулж байна. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг чинь хэл яриан дээр хүний амьдрал тогтдог гэсэн утгатай үг байх. Гэтэл одоо бол худал амлалт, мөнгө хоёр дээр л энэ нийгэм тогтож байна. Монголын нийгэмд одоо бодитой, утга учиртай, үнэн үг хэлээр дамжсан ажил хэрэг үгүйлэгдэж байна гэмээр. Үүний тулд УИХ-ын гишүүд хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэг болмоор юм. Ам ажил зөрөх явдал бүх шатанд гай тарьж байна.


Бүхнийг ингээд эх хэл рүүгээ түлхээд л болчихно гэж үү?

-Юу ч хамаагүй ярьж болох, эрх чөлөөтэй сайхан оронд бид амьдарч байна гэж ойлгоод байгаа хүмүүст энэ чинь туйлын буруу шүү л гэж хэлмээр байна. Бид бодож байгаагаараа ярьдаг, бас ярьж байгаагаараа боддог. Эх хэл бол миний бодлын хөшүүрэг, илэрхийлэл, тиймээс эх хэл бол бидний эн тэргүүнд эзэмших ёстой суурь чадвар юм байна гэдгийг ухамсарлах ёстой.Эх хэл бол ярьж бичих хэрэгсэл төдийгүй, бодож бүтээх ухамсарт үйл ажиллагааны гол эх сурвалж. Хүний үг хэл, үйлдэл нэг байх нь эрүүл үзэгдэл гэдгийг уг нь хүн бүр мэддэг. Үг, үйлдэл нь зөрөөд байгаа хүн ямар билээ, тийм хүнд найдаж, ажил хэрэгчээр хамтарч болох уу? Ер нь бол бодсон, санаснаа хэлж хэрэгжүүлж амьдрах чинь л жинхэнэ аз жаргал, үг үйлдэл өөр хоорондоо зөрөлдөөд байвал хүн цаагуураа стресст орно.

-Саяхан би Д.Энхбаттай ярьж байхад Гамлетаар жишээ татаад, У.Шекспир хүн төрөлхтнөөс, “Үнэнээрээ амьдрах уу, дүр эсгэж амьдрах уу” гэж асуусан гэж ярьсан л даа. Ер нь энэ нийгэмд хүн өөрийнхөөрөө, дүр эсгэхгүйгээр амьдрах эрх чөлөө байна уу гэдэг их чухал асуулт юм шиг санагдлаа. Би даргыг шүүмжчилчихвэл миний бизнес дарамтанд орчихно ч гэдэг юм уу айдас хүйдэс их байдаг л даа?

-Ер нь бол хэл, миний үзэл бодлоо илэрхийлэх зэвсэг. Хүний хүсэл мөрөөдөл, гомдол бухимдал, ер нь ажил хэргийн утга учрыг бүхэлд нь тухайн хүнийг тодорхойлох зүйл гэж үзвэл миний амнаас гарч байгаа үгс тэр бүхнийг нарийн илэрхийлж өгнө гэсэн үг. Хүн зөвхөн өөрийн бодож буйг бусдад гаргаж хэлэхдээ биш,бас бусадтай ойлголцож амьдрахад ч хэрэг болно. Хүмүүс үнэн үгээ хэлэх бололцоогүй, үнэн үг хүчгүй бол нийгэмд худал хуурмаг харилцаа руу гулсаж, худал хуурмаг үйл хэрэг давамгайлна. Ийм нийгмийн урсгал сөрж зогсоно гэдэг тун хэцүү. Шекспирийн Гамлет: Хүн хоёрын хооронд амьд явснаасүхсэн нь дээр гэсэн санааг анх хэлсэн.

-Тийм л дээ. Гэхдээ үг гэдэг зэвсэг танд байгаа юм биш үү, хэвлэж байгаа номоороо дамжуулаад шинэ агуулга, утга санааг нийгэмд өгч хэлэлцүүлэх боломж бий шүү дээ?

-Тэгэхээр, би хэвлэлийн газрыг авч яваа хүний хувьд л үгээ хэлэх хэмжээний юм бодоод байгаа юм биш. Бид бие биетэйгээ жирийн амьдралд ч үнэн бодитой харьцахаа байсан, зөвхөн ашиг харцгаах болцгоолоо.Сургуулийн хүүхэд хүртэл эцэг эх, багшдаа юу хэлбэл таалагдахыг хамгийн түрүүнд сурч байна. Өөрийн гэсэн бодолтой байж, түүгээрээ бусдаас ялгарч, хөгжүүлж, “Би” гэдэг хувь хүн болохын оронд багаасаа л бусдын ая талд өөрийгөө нийцүүлэх, хүн ялгаварлах, хүнд таалагдах чадварт суралцаж байна.Тэд хэл яриагаа өөрийгөө хөгжүүлэхэд бус, харин хүн хуурахад илүү ашиглаж байна. Тиймээс хэлний асуудал бол алдаагүй зөв бичих төдий бус, хүний амьдралыг шийдвэрлэх чухал хүчин зүйл гэдэгт анхаармаар санагддаг.

-Таны хэлэх дуртай соёл гэгээрэл хэрэгтэй болоод байгаа юм байна, тийм үү. Бусдыг аялдан дагалдана, өөрийн бодолгүй байна гэдэг хүн сүргээс ялгаагүй. Би хэн бэ гэдгээ таньж мэдэх хэрэгцээ хувь хүнд ч, улс оронд ч байж магадгүй юм?

-Таны хэлж байгаа шиг нэг хүн, нэг компанид нийгмийг аль нэг зүгт хандуулах хүч хүрэхгүй, үүнд төр засгийн дэмжлэг хэрэгтэй. Тиймээс бид нийгэмд тулгамдсан сэдвүүдийг л гаргаж тавьж, олны анхааралд хүргэхийг эрмэлздэг. Жишээлбэл, саяхан Сингапурын ерөнхийлөгч Ли Куан Ю-гийн улс орноо босгосон түүхийг манай хэвлэлийн газраас эрхлэн гаргасан. Сонгуулийн өмнө энэ номыг гаргаснаараа бид тэр хүнийг зүгээр л нэг магтах гэсэн юм биш. Бидэнд ямар ерөнхийлөгч хэрэгтэйг, ерөнхийлөгчөөсөө юу хүсэх ёстойгоо ухамсартайгаар бодож үзэх цаг ирснийг ойлгуулах зорилго тавьсан. Энэ талаар ярилцахад энэ ном маш гоё! Учир нь манайхаас цөөхөн хүн амтай улсыг дэлхийн хөгжлийн оргилд аваачиж чадсан, амьд жишээ байдагийг мэдвэл зүгээр. Ер нь хүмүүс улс төрчдийн үгэнд маш их хууртдаг, тэд бодож байгаагаа ярьдаггүй, ярьж байгаагаа хийдэггүй.Үүнийг нь бид тоохгүй, ойшоохгүй байж болохгүй цаг үе иржээ.

-Та нийгмээ гэгээрүүлэх гэж их юм санаж сэдэж явдаг. Соёл, гэгээрлийн өдрүүд хийдэг. Олон ном, бүтээлүүдээр дохио санамж өгөх гэж хичээдэг. Энэ бүхний эцэст та хонгилын үзүүрт гэрэл харж байна уу, эсвэл зүгээр л цөхөрчихөөд байгаа юм уу?

-Бүтэхгүй юм хийж яах нь вэ дээ гэж ил далд их хэлцгээдэг л дээ. Би өнөөдрөөрөө л амьдрахыг хичээдэг. Өнгөрснөө бодож гуниглах, харамсах, ирээдүйгээ бодож мөрөөдөх дургүй. Тиймээс би санасан бодсон зүйлээ хойш тавилгүй өнөөдөр л хийх, хүссэн амьдралаараа өнөөдөр л амьдрахыг хүсдэг.Тийм болохоор “Чи юу хүсээд байгаа юм, чиний хүсээд байгаа тэр сайхан нийгэм бий болохгүй шүү дээ” гэсэн үгсэд ач холбогдол өгдөггүй. Дуртай юмаа хийх, зорилготой, утга учиртай, тэмцэлтэй байх хэрэгтэй .Үүнээс илүү гоё амьдрал хаана байна. Уурлаж бухимдах зүйл зөндөө л гардаг, гэхдээ тэр бол цөхрөл биш.Боломжтой мөртлөө юу ч хийж чадахгүй хүлээлгийн өрөөнд өлбийгөөд чимээгүй суух шиг уйтгартай юм хаана байх вэ.

-Та сүүлийн үед юу уншиж байгаа вэ?

-Саяхан манайх маш сайн уран зохиолын номууд гаргасан. Тэрийгээ л нэг бүрчлэн уншиж байгаа. Унших яах вэ, уншсанаа хоорондоо ярилцах л чухал болоод байна.Би яаж ойлгосон юм, чи яаж ойлгосон юм.Хүн болгон юмыг өөр өөрөөр ойлгож, өөр өөрөөр хүлээж авдаг. Би эрэгтэй, чи эмэгтэй. Би чамаас ахмад, чи надаас залуу.Тэгэхээр чи бид хоёрын сонирхол ч өөр. Би чамтай ярилцах юм бол нэгдүгээрт чамайг ойлгохоос гадна тэр зохиолоо ч илүү сайн ойлгоно. Тэр зохиолоос гадна өөрийгөө ч ойлгоно. Ном уншихдаа гол нь биш, уншсан ном өөрт шингэх, өөрийгөө бусдаас ойлгож авах нь гол. Тэр номонд өгүүлж байгаа амьдралаас хүмүүс ихийг ухаарч, дутуугаа нөхдөг. Олон амьдрал, хувь заяаг мэдрэх ухаарах тусам хүн илүү хэрсүүжнэ. Уран зохиолын ном уншина гэдэг олон хүний амьдралаар амьдарч үзнэ гэсэн үг.

-Нэг үеэ бодвол хүмүүс их уншдаг болсон гэдэгтэй та санал нийлэх үү?

-Бодсоноо үнэнээр нь хэлэхээр хамаг юмыг үгүйсгээд байгаа юм шиг сэтгэгдэл хүмүүст төрүүлээд байдаг юм. Таны асуултад, тийм бас үгүй гэж хариулъя. Хүмүүсийг номын хэрэглээтэй ба хэрэглээгүйгээр нь хоёр хэсэгт хувааж болно гэж би боддог.Энэ хэрэглээнд хүнийг багаас нь сургахгүй л бол хожим ном унших гэж их түүртдэг. Хүүхэд мэдээ орсон цагаасаа л үсэг бичигтэй ойр дасал болбол түүний цаана ид шидтэй зүйл байдгийг үргэлж мэдэрч сонирхоно. Хожим утга учиртай номын хэрэглээтэй болоход ч дөхөмтэй. Эцэг эхчүүд, албан байгууллагууд манайхнаар номын тухай, ялангуяа хүүхдийн номын тухай их яриулдаг. Жаахан дэмжээд өгвөл хүмүүс ном уншихад бэлэн байна.

– Саяхан С.Дулам гуайтай ярьж байхад цагаан сараар хүмүүст ном бэлэглэдэг гэж байсан. Ном бэлэглэж байсан зарим жишээг би мэднэ л дээ.Цагаан сараар бие биедээ ном бэлэглэдэг соёл бий болж байгаа юм болов уу гэж санагддаг. Ийм хандлага танд мэдрэгддэг үү?

-Би саяхан хөдөө явлаа. Хөдөөний айлд очоод гурав, дөрөв хоносон юм.Дөрөв, таван настай хоёр хүүхэд цэцэрлэгт явдаггүй гэртээ байдаг юм байна.Хүүхдэдээ орой болгон уншиж өгөх үлгэртэй “365 үдэш” гэдэг номоо тэднийхэнд бэлэглэлээ. “Энэ номыг орой бүр хүүхдэдээ уншиж өгөөрэй. Уншихдаа сэтгэл гаргах нь хамгийн чухал гэсэн.Баярлаад л авсан, өөр ч юм хэлсэнгүй. Дараа нь ярьж суухад ингэж хэллээ. “Р.Энхбат гуай, манай хөдөө чинь одоо нэрээ зүдэрч тавьдаг хүмүүс олширсон шүү дээ. Бичиг мэддэг хүмүүс нь арван үг бичихэд тавыг нь алдана” гэсэн.Ийм үг сонсохоор яаж ч сайхан байх вэ дээ.Хааяа нэг ирдэг сонин ч үгүй болсон, хөдөөнийхөн тэр чигээрээ номноос холджээ.Юун соён гэгээрэл, эхлээд бичиг үсэгтэй болгох ажил хийгдэх хэрэгтэй болжээ.Бид чинь амьдралаас ингэж тасарч байна даа гэсэн бодол надад төрсөн.
Ингэхэд нийгмийн уншдаг хэсэг нь юу уншиж байна вэ?
-Дэлхийн хүмүүс олноороо уншиж байна гэсэн номыг бид хамгийн түрүүнд орчуулаад гаргадаг. Мэдээж хэн ямар ном, зохиол унших нь тухайн хүний сонирхлоос хамаарна. Өнөөдөр Монголд маш их мэдлэг орчуулгаар дамжиж орж ирж байгаа ч, худал, буруу орчуулгатай номнууд олширсон.
-Номын дэлгүүрт орж ирээд Ли Каун Ю-гийн номыг хараад, орчуулагч нь хэр сайн бол гэсэн бодол хамгийн түрүүнд төрсөн л дөө. Танигдаагүй орчуулагч байх шиг харагдсан.Танайх орчуулагчид тодорхой шаардлага тавьдаг байх?


-Нэрийг нь Монголмаа гэдэг. “Энэ номыг заавал орчуулах ёстой” гээд бидэнд хандсан. Мэдээж хэрэг сэтгэлийн хөөрлөөр барьж ирээгүй, орчуулж чадна гэсэн итгэлтэй байсан.Орчуулгын ажил дуусч номыг хэвлэлтэнд бэлэн болоход орчуулгыг хянаж сайжруулах хоёр жилийн хугацаанд манайхаас арваад хүн оролцсон. Сайн орчуулга гэдэгт итгэлтэй байна. Сайн орчуулга гаргахад гадаад хэлнээс илүү эх хэлэндээ сайн байх л хамгийн чухал. Хүмүүс санал бодлоо хэлэх байх аа.

-Та өргөн хүрээнд ажиллах юм аа. Цэцэрлэг, сургуулийн багш нарт хүртэл хүүхдийг яаж номонд дуртай болгох вэ гээд сургалт хийж байсныг санаж байна.Нэг төрийн бус байгууллага, хэвлэлийн компаниас илүү их хүч гаргаж нийгмээ соён гэгээрүүлэхээр зүтгэж байгаа санагддаг?

-Нийгмээ гэгээрүүлэх уг нь төрийн ажил. Төр энэ ажлаа жинхэнээр нь хийдэггүй, тийм болохоор л бид ийм ажил хийдэг гэж харагдаад байна. Төрөөс явуулж буй ажлууд сонгуулийн зориулалттай, өөрсдийгөө сурталчлах хувийн зорилготой, олон нийтэд таалагдахаас цааш утга агуулга байдаггүй.Тэд цаг зуурын ажлаар л хөөцөлддөг. Гүйх нохойд гүйхгүй нохой саад гэж тэдний хийсэн дутуу дулимаг, өөрсдийн сонгуулийн ашиг сонирхол, нэр төр хөөцөлдсөн ажлууд нь бидэнд маш их саад болдог.

-Сониуч асуулт байна. Та номон дунд умбаж явдаг болохоор таныг гайхшруулах амаргүй байх л даа. Хамгийн сүүлд танд гүн сэтгэгдэл төрүүлсэн ном байна уу?
-Манай утга зохиолын цувралаар гарсан ном бий. Туркийн зохиолч Сабахаттин Алигийн “Арьсан хүрэмтэй Мадонна” гэж ном их таалагдсан.Тэр номыг уншаад, энэ зохиолыг уншсан хүнтэй яримаар, хүмүүсийн бодлыг сонсмоор санагдсан.Гоё ном уншихад сэтгэл сэргэдэг.Залуусын хайр сэтгэл, дотоод сэтгэлийн тухай ном л доо.

-Интернэтэд номын хорхойтнуудын группууд байдаг. Та аль нэгэнд нь нэгддэг үү?

-Тэр хүмүүсийг цуглуулаад, уншсан номоо ярилцдаг болъё гээд манай номын дэлгүүр уриалаад л байгаа ш дээ. Номын тухай л ярилцмаар байна.

-Хүмүүс шагшаад байгаа номыг олж унших гэж эрж хайдаг юм шиг ээ. Интерномын их дэлгүүрээс гаргадаг бестселлер номын жагсаалтад та анхаардаг уу?

-Үгүй ээ. Надад тэр ерөөсөө сонин биш.Тэр бол зүгээр л зарагдсан номын тоо шүү дээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Дулам: Цагаалга үржүүлж олшруулахын бэлгэдэл, цагаан өнгөөрөө чухал идээнд тооцогддог

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн шинжлэх ухааны доктор С.Дуламтай ярилцлаа.


-Та гадагшаа яваад ирсэн гэв үү. Монголчууд хол яваад ирсэн хүнээс үг сонсдог. Явсан газрын сонин сайхан юу байв?

-Герман улсын Боннын их сургуульд гурван сарын хугацаатай, хамтарсан ном бичих, лекц унших, тэдний магистр, докторантуудад нь зөвлөгөө өгөх ажлаар яваад ирлээ. Монгол судлалын эртнээс уламжлалтай том төв нь Боннын их сургууль. Боннын их сургуульд би таван удаа очиж байна л даа.

-Ингэхэд Монгол судлаачдын хүрээ хумигдсан уу, аль эсвэл өргөжсөн гэж боддог уу?

-Өргөжиж байгаа гэж бодож байна. Судалгааны сэдэв хүрээ нь хуучнаас өргөжиж, олон шинэ эрдэмтэд гарч ирсэн. Өөртөө хамаатай ганц нэг хүнийг нэрлэе. Африкийн монгол судлаач гэж дуулсан уу?

-Монгол судлаачид дунд Африк хүн харагдсан шүү?

-Африкийн монгол судлаач Габи Бамана одоогийн Антоон Мостаэрт монгол судлалын төвийн гүйцэтгэх захирлын ажлаа өгөөд, надад монгол ёсоор хадаг барьж, Монголын соёлыг судалъя гэсэн юм. “Ямар сэдвээр судалбал дээр вэ” гэхээр нь би “Монголчуудын цайны соёл сонин юм байна, чи судал” гэсэн. Тэр хүн арав гаруй жил хөдөөгүүр явж, хээрийн шинжилгээ хийж, “Цайны зам” гэдэг ном англи хэлээр гаргасан. Дараа нь түүгээрээ Английн Уэльсийн их сургуульд докторын зэрэг хамгаалсан юм.

-Бид Японы цайны ёслолын тухай шагшаад байдаг, гэтэл монголчууд ч цайны соёлтой ард түмэн байх нь ээ?

-Түүнээс хамаагүй дэлгэрэнгүй, сонин, байгальтайгаа холбоотой, асар их соёл бий. Доктор хамгаалаад зогсоогүй. Сая намайг Боннын их сургуульд байхад Баманагаас шуудан ирлээ. Эхний хуудсан дээр нь “Бага бол ихийн эх, багш бол шавийн эх. Ду багш тандаа өргөн барив гэсэн Габи Баманагийн маань анхны ном, шинжлэх ухааны нэг сэдэвт зохиолынхоо анхны хувийг нь багшдаа явуулсан юм байна. Монголын цайны соёл судалдаг ийм нэг африк монголч эрдэмтэн бий.

-Цайны соёл гэснээс та унд цайтай холбоотой сонин сайхнаас хэлж болох уу?

-Бүгд мэддэг зүйл шүү дээ. Монгол айлын гэргий өглөө босоод цайгаа чанадаг. Цай чанана гэдэг ямар мундаг соёл гэж бодно. 1984 онд байх аа би Увс аймгийн Наранбулаг суманд явж байгаад Шархүү гэж айлд ороод гайхалтай сайхан цай уусан. “Яахаараа, ийм сайхан цай болдог байна аа” гэсэн чинь гэрийн эзэгтэй надад “32 сууж 32 босохоор ийм цай болдог юм аа” гэж хэлсэн.

-Сууж босно гэдэг нь юу гэсэн үг вэ?

-Галынхаа захад нэг суугаад, босч цайгаа нэг самрах гэх мэт тэр нь тоотой юмсанж. Манай Гэсэрийн туужид байдаг шүү дээ. Цай буцлахыг Бурман далай буцалж байна гэж бодоорой. Ус нь эх гэж бодоорой, сүү нь эцэг гэж бодоорой гээд цайны үйлдэл бүр бэлгэдэлтэй байдаг. Рогмо гуа хатан цайгаа чанах тухай л юм шүү дээ. Цайгаа чанахаас авахуулаад дүүрэн соёл. Цай аягалахдаа эхлээд гэрийн эзэнд дараа нь бусад зочдод насны эрэмбээр барина. Цайгаа аягалахдаа аяган дахь цай чинь нар зөв эргэж байгаа бол хүнд өгнө. Нар буруу эргэж байгаа бол дахин аягална гэх мэт олон юм байна л даа. Цайныхаа дээжийг хангай дэлхийдээ өргөх, цай, давсны уут, цайны сав… домбо, домбоны гурван бүслүүрээс авахуулаад дүүрэн юм бий. Тэр африк хүн хөдөө орон нутгаар арав гаруй жил яваад, настайчуудаас энэ тухай мэдээлэл цуглуулж судалсан юм. Ийм сайхан ном гаргасан байна, шавь маань.

Би бас Инес Штолпе гэж эмэгтэй профессорынхоо тухай хэдэн үг хэлчихье. Тэр хүнд хэдэн гайхалтай чанар байна. Монгол хэлээр монголчуудаас илүү ярьж байна шүү. Мэйлээр харьцдаг. Мань хүн завгүй гэж жигтэйхэн, гүйхээрээ явдаг. Нэг удаа атачментаа мартаад мэйл явуулчихсан юм. Би багш руу утасдаад та атачментаар явуулах юмаа мартчихсан шиг байх юм гэсэн чинь “За, харин тийм ээ, миний энэ толгой шүүр шанага шиг болчихоод байгаа юм” гэж байгаа юм. Энэ хүн Монголд ирэхээрээ зочид буудал, оюутны байранд суудаггүй. Баянхошууны захын хорооллын өнчин ядуу айлд очиж суудаг. Тэдэнтэй цуг амьдардаг. Амьдралд нь тусалдаг. Тийм 200 хүүхэд энэ хүн тэжээдэг, жижиг сургууль байгуулсан шиг байгаа юм. 20 жил ийм ажил хийж байна.

-Цагаан сар дөхлөө. Таны бага насны үеийн цагаан сар одоогийнхоос их өөр байсан болов уу. Таны бага нас гэхээр Баянхонгорын малчин айлын цагаан сарын тухай дурсамж ярих байх?

-Миний энэ насны хамгийн гэгээн дурсамжуудын нэг хэсэг нь хөдөө малчны цагаан сар юм даа. Багадаа шалтгаангүйгээр их баяртай явдаг байж дээ. Цагаан сар гээд хэлэнгүүт бөөн баяр төрөөд, тэр сайхан баярыг хурдан болоосой гэсэн хүсэл мөрөөдлөөр дүүрэн угтдаг. Тэр үед сайхан монгол ёсоороо хийдэг байсан даа. 1952 оны нэгдүгээр сарын 26-ны битүүнд маршал Х.Чойбалсан нас барсантай холбоотой хориглоод 1960-аад он хүртэл жаахан хориотой байсан шүү дээ. Жараад онд би бага сургуулийн сурагч байсан. Тэр үеэс дахиад эргэж сэргэхдээ жаахан өөрчлөгдсөн л дөө. Гол утга бэлгэдэл нь өөрчлөгдөөгүй. Хамгийн гол нь ураг удмын хүмүүс нэг дор цугладаг. Ахас ихсээ хүндэлдэг, нялхас дүү нараа асардаг. Хүмүүнлэг чанар нь хоногшиж үлдсэн байх юм. Ямар сайхан зантай хүмүүс байдаг юм гэж бодмоор хэд хоног өнгөрдөг байсан даа.

-Одоогийн хүмүүс цагаан сарыг нүсэр их ажил гэж хүлээж авдаг болж дээ. Хуучин хөдөө нутагт ул боов хийх, бууз чимхэх, ууцаа чанах гээд их л ажилтай байсан. Тэр их бэлтгэл ажил нь хөдөөгийн хүүхдүүдэд цагаан сар дөхөж байгааг илүү их мэдрүүлдэг байсан санагддаг?

-Баяр баясгалан байсан. Цагаан сар дөхөхөөр муу үгийг цээрлэж, дандаа ерөөл хэлдэг. Багадаа шинэ дээлээ өмсөх гэж яараад товч шилбэ хадахыг нь хүлээнэ. Тэр их ажлаа тээршаадаггүй, хүн бүр баясгалантай. Бууз, банш, боов хийх чинь нэг их баяртай. Хот айлаараа цуглаад, шаагиж шуугилдаад инээж хөгжилдөөд бэмбий нухахдаа “Хэн нь сайн нухаж байна” гээд өрсөлдөөд, хүүхдүүдийг чихэр боовоор шагнадаг. Хөгжилтэй яриа үүсэдэг л байсан.

-Та домог судалдаг хүн. Багадаа цагаан сартай холбоотой сонин хууч яриа сонсч байв уу?

-Байсан л даа. Цагаан сарын үүслийн тухай тэр домгийг би сүүлд бүрэн эх хувилбарыг нь олсон. Нэг ногоон дээлтэй бүсгүй байж гэнэ. (Үлгэрийн бүсгүйчүүд дандаа ногоон дээлтэй байдаг) Ногоон дээлтэй бүсгүй, сайхан сэтгэлтэй, саальчин бүсгүй байжээ. Тэр айлын орчим агуйд суудаг лам хүн байв. Агуйд сууж бясалгал хийн, түүндээ төвлөрсөөр байгаад турж эцэн, бараг л амьсгал хураахын наана тулаад ирэхэд нь олон хүн очоод “Сэхэх найдваргүй болсон” гэж ярихыг өнөө бүсгүй сонсчээ. Бүсгүй үнээнийхээ сүүгээр сайхан тараг бүрээд, мөнөөх лам дээр очиж, хатаж хорчийсон биеийг нь сайхан шинэ таргаар бүрхэж гэнэ. Тэгсэн чинь лам амь орж, өглөө нь лам, бүсгүй хоёр золгожээ. Бүсгүй нь Лхам бурхны хувилгаан байсан гэж ярьдаг байсан даа. Энэ домгийг цагаан сарын бэлгэдэл номондоо оруулсан. Бүрэн эх нь тэнд бий. Багадаа товч сонссон. Сүүлд шавиараа дамжуулж, нэлээд дэлгэрэнгүй хувилбарыг нь бичиж авч, номондоо оруулсан юм. Сурвалжлаад яваад байхаар учир нь олддог юм л даа.

-Биднийг багад өвөөгийн хийдэг байсан ул боов их л амттай болдог байсан. Цагаан сарын дараа сүүтэй цайнд хийгээд идэхэд хачин амттай санагддаг байж. Одоогийн үйлдвэрлэж байгаа ул боов дээр үед гараараа хийдэг байсныг гүйцдэггүй юм шиг?

-Технологи нь өөр байна. Өндөр гэгээн Занабазар л бараг энэ хэвийг гаргасан хүн шүү дээ. Өндөр гэгээний сийлсэн хэв нь Гандангийн гал тогоонд байдаг гэж сонссон. Тэр чинь уламжлалтай эд. Ууц ч ялгаагүй. Өндөр гэгээнийг таалал болохын урд шавь нар нь “Таны хөргийг бид яасхийж зурвал таарах вэ” гэхэд гэгээнтэн айлдахдаа “Монголын амны хишиг буян заяаг бэлгэдсэн хөрөг зурах хэрэгтэй дээ. Та нар намайг ууц таллаж байгаагаар зурвал дээр дээ” гэжээ. Өндөр гэгээний ууц таллаж байгаа, дал дөрвөн өндөр, хонтой шаант дороос нь цухуйчихсан зураг байдаг. Би сая Гумболдийн их сургуульд лекц уншихдаа тэрийг хэлж л байлаа. Түвд, Монголын шашин ялгаагүй шахуу гэж зарим нь ярьдаг. Үнэн хэрэгтээ ууц таллаж байдаг бурхан Түвдэд байдаг юм уу гэсэн. Өндөр гэгээний энэ хөрөг Монголын Буддизмын үнэхээр сонирхолтой бүтээл.

Гэхдээ энэ ууц тавих зүйлээ ямар их андуурч байгаагаа манайхан мэддэг болоосой. Их бүхэл, дунд бүхэл хоёрт л багтдаг зүйл шүү дээ. Төрийн ихэс дээдсийн идээ шүүсний нэг нь их бүхэл гээд ууц, таван түрүү махтайгаа, толгой шийртэйгээ бүрэн бүтэн байх учиртай. Дунд бүхэл гэдэг нь дал, ная шахсан настанууд тавьдаг, одоогийн тавьж байгаа ууц юм. Залуу гэр бүл дал дөрвөн өндөр, хонтой шаант, гургалдайтайгаа ( зарим газар үүн дээр хонины толгой, уураг сүүлтэй тавьдаг ёс бий) тавьчихаар нэг бүхэл мах болдог. Өөрөөр хэлбэл дал дөрвөн өндөр цээж махаа бүрэн төлөөлнө. Хонтой шаант гэдэг нь бөгс махаа төлөөлнө. Гургалдай дотор махаа төлөөлнө. Тэгээд л нэг бүдүүн хонь гэсэн үг. Ийм товчлол, бэлгэдлийнхээ хураангуйг мэдэхгүй учраас өөрсдийгөө зовоочихоод сүүлд нь цагаан сараа муулдаг будилуу улс байхгүй юу, бид.

-Хонины махны хэсэг бүр эзэнтэй гэсэн үү. Өвчүү бол гэрийн эзэгтэйн хувь гэж та хэлсэн байна лээ?

-Өвчүү бол ахмад насны эмэгтэй хүний зоог шүү дээ. Жишээ нь дал дөрвөн өндөр авга нагац, ахмад настны идээ. Ууц бол ахмад настны идээ. Богтос чөмөг боолын хоол гээд дорд хүндээ өгдөг. Хүүхдэд бол далны мөгөөрс авч өгдөг. Асуух нуруу гэхэд есөн янзын бэлгэдэлтэй, есөн янзын шинжтэй ганц яс. Хонины яс бүгд эзэнтэй, бэлгэдэлтэй, соёлтой.

-Цагаан сараар маш их мөнгө Эрээн рүү урсаж гардаг гэдэг. Хэнд ч хэрэггүй оймс, шампунь, эрээн мяраан зүйлст монголчууд багагүй хөрөнгө урсгадаг болжээ. Зүй нь ямар байх ёстой вэ?

-МУИС-ийн профессор Г.Нандинбилэг яг энэ асуудлыг судалсан. Хувь, бэлэг гэж хоёр ондоо зүйл байсан гэнэ. Нууц товчооноос эхлээд үзсэн чинь тэнд бэлэг гэдэг үг байхгүй, хувь гэдэг үг нь байжээ. Хувь гэдэг нь тэр профессорын судалснаар бол өөрийнхөө төрсөн үр хүүхэд, ахан дүүс хоорондоо өмч хөрөнгөөсөө өгдөг зүйл нь хувь. Түүнээс гадуурх хүмүүст өгдөг юм нь бэлэг. Ихэвчлэн харь гаралтай эд барааны зүйл өгдөг нь бэлэг. Өмчнөөсөө өгдөг зүйл нь хувь юм билээ. Хуучин цагт халуун ам бүлийн хүмүүстээ хувь өгдөг. Монголчуудын философи байжээ. Хүн хүний идэх хоол нь өмнөө. Мал малын идэх өвс нь өмнөө гэж. Амьд төрөлтөн идэх, эдлэх хувьтайгаа төрдөг. Намайг багад “Хүүхдийн хувийг өгөөрэй” гэж байснаас биш “Бэлэг өгөөрэй” гэж байгаагүй.

-Хүүхдэдээ юу өгвөл зохистой вэ?

-Гэр бүл дотроо амладаг зүйлс нь голдуу халзан цагаан хонь шүү дээ. Голдуу цагаан өнгийн гурван тоотой юм өгдөг байсан. Хүнийхээ хөрөнгө чинээгээр болно. Хуучнаар ёотон гэж байсан гурван ширхэг товхгор цагаан юм өгчихөд л янзын бэлэг болно. Тэр хүмүүсийн сэтгэлгээгээр нэг том хар жийп хүүдээ өгвөл мөн ч муухай юм болж байгаа хэрэг. Өнгө нь хар, тоо нь ганц.Тун бэлгэдэлгүй юм болно шүү. Ийм бэлгэдлийн шалгуураар хэр хэмжээндээ тааруулаад хувь өгнө. Тэрийг их, бага гэдэг хүн байгаагүй.

Их бага гэдэг ойлголт тооны болон өнгийн бэлгэдлээ мартсантай холбоотой. Манайхан өөрсдөдөө зовлон бэрхшээл хураахдаа мундаг улсууд шүү дээ. Айл болгон ууц тавина гэдэг XIX зууны сүүлээр их хүрээний баячуудын цээж өвчнөөс үүдэлтэй зүйл л дээ.

-Цагаан сарын идээ болгоныг тайлбарлавал маш олон юм ярих хэрэгтэй болно. Та цагаан сарын ширээн дээр мартаж болохгүй зүйлийг хэлж өгөөч?

-Цагаалга байхгүй бол ерөөсөө болохгүй. Цагаалгагүй цагаан сар гэж үгүй. Цагаалгын хамгийн гол зүйл аарц. Аарц яагаад чухал гэхээр олон жижиг мөхлөгтэй цагаан идээ. Олон жижиг мөхлөг нь өсч үржихийг бэлгэддэг. Үүнийгээ өсч үржихийн бэлгэдэлтэй тариа, будаагаар хачирлаад, чихэр бурмаар амтлаад, цагаалга болчихно. Энэ байхад хамгийн наад зах нь цагаан сар хийнэ шүү дээ. Цагаалга байхгүй бол мянган ууц хэрэггүй. Ууц гэдэг маань цагаалгын бус битүүлгийн идээ. Битүүлэг гэдэг нь битүү шүүс идээний нэр шүү дээ. Чанасан улаан идээний зүйлийг хэлдэг. Өнөөдөр бид цагаалгаа ярихгүй, битүүлгээ яриад сандраад байна. Цагаалга гэдэг юмыг аливаа их ёс, хуримд дутааж болдоггүй зүйл. Үржүүлж, олшруулахын бэлгэдэл, цагаан өнгөөрөө чухал идээнд тооцогддог. Орсон хүнд цагаалга амсуулаад байгаа хүнд “Ийм шинэ жил байдаг юм уу” гэх толгой байх ёсгүй. Тэгээд гурван үе идээ тавьчихсан байхад яг ёс нь гүйцэж байгаа нь тэр. Жаргал, зовлон жаргал гэсэн философи нь явж байна.

-Залуу хүмүүс гурван үе идээ засчихад болох юм байна?

-Залуу байтугай хүн тавьж болно. Жаргал зовлон, жаргал гэдгээ авч явбал болчихно. Дунд нь байгаа зовлон хавчигдаад алга болно.

-Тан шиг ёс заншил бэлгэдэл судалдаг хүн дээр очиж золгож байгаа хүн ёс алдах вий гэж эмээдэг байх даа?

-Миний шавь нар, ах дүү нар голдуу ирдэг. Айсан хүн үзээгүй шүү. Жирийн л айл. Юунаасаа ялгарах вэ. Нас ахиж байгаа болохоор таван үе идээ тавьчихна. Тэгээд үлдсэн юм нь бусадтай яг адилхан. Өрөх дэглэхдээ л ёсных нь дагуу өрнө. Жирийн айлаас ялгаагүй. Тараадаг бэлэг дотор ном их орно.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

Н.Арвинтариа: Гэр бүлийн хүчирхийллийн тохиолдолд эвлэрэх боломжийг хаасан

Шинэчлэн батлагдсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль өчигдрөөс хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор уншигчдадаа мэдээлэл хүргэхээр Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хуульч Н.Арвинтариатай ярилцлаа.


Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуульд ямар өөрчлөлт оров. Нэг ээж хүүдээ эхнэртээ гар хүрвэл хэрэгтэн болно шүү гэж сануулж байхыг сонссон. Үнэхээр эхнэр рүүгээ гар далайвал хэрэгтэн болчих уу?

-Өмнө нь Гэр бүлийн хүчирхийллийг иргэд хоорондын маргаантай адилхан шийдвэрлэдэг байсан. Эдийн засгийн, бэлгийн, сэтгэл санааны хүчирхийлэл үйлдсэн нь тогтоогдсон бол шүүхээр асуудлаа шийдүүлдэг байсан. Одоо бол гэр бүлийн хүчирхийллийг хүний эрхийн ноцтой зөрчил гэж үзээд гэмт хэрэгт тооцсон. Гэмт хэрэгт тооцогдохооргүй үйлдлүүдийг захиргааны зөрчил гэж үзсэн. Ялгамжтай ял, шийтгэлийн төрлүүдийг хуульчилсан юм. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг дагалдаад, Эрүүгийн хууль, Захиргааны хариуцлагын тухай хуульд орсон өөрчлөлтөөр энэ зохицуулалтуудыг хийлээ. Хүчирхийллийн төрлүүдийг энэ хуульд нэлээд дэлгэрүүлж тайлбарласан. Өмнө нь салсан эхнэр, нөхөр гэх мэт хүмүүс энэ хуулийн хамгаалалтад ордоггүй байлаа. Хамтран амьдарч байгаад больсон хосууд, дундаасаа хүүхэдтэй, гэр бүлийн баталгаагүй хүмүүсийн хооронд хүчирхийлэл үйлдэгдвэл Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль үйлчилдэггүй байсан. Одоо бол гэр бүлийн хүчирхийлэл зөвхөн, эхнэр нөхрийн хоорондох асуудал биш. Гэр бүлийн гишүүдээс гадна тусдаа амьдарч байгаа ч гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс, өвөө, эмээ, төрүүлсэн, үрчлэн авсан хүүхдүүд, аав, ээж нарын хооронд түүнчлэн хамтран амьдарч байсан хүмүүс хооронд үйлдэгддэг. Хамт амьдраагүй ч болзож байгаа хосуудыг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн хамгаалалтад хамруулсан. Энэ бол том өөрчлөлт. Гэр бүлийн хүчирхийллийн тухай мэдээлэх эрх үүргийг нээсэн. Заавал мэдээлэх үүрэг нь мэргэжилтнүүдэд бий.

-Ямар тохиолдолд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх вэ. Зарим гишүүн эхнэр рүүгээ чанга дуугарвал гэмт хэрэгтэн болох нь гээд байсан?

-Зөвхөн нэг удаа гар далайхад гэр бүлийн хүчирхийлэл гэж үзээд шоронд явуулах ойлголт байхгүй ээ. Эсвэл нэг удаа алгадахад хүчирхийлэл үйлдчихлээ гэж үзэхгүй. Гэр бүлийн гишүүдээ байнга зовоон тарчилгах, хэл амаар байнга доромжлох гэх мэт зарим үйлдлийг зааж өгсөн. Жишээлбэл Захиргааны хариуцлагын хуульд долоон үйлдлийг заасан. Тухайлбал гэр бүлийн харилцаатай хүнийг зодсон бол, хүсэл зоригийнх нь эсрэг үйлдэл хийлгэхээр албадсан бол, банкнаас чи зээл ав гэж байгаад өрөнд оруулдаг ч юм уу, эсвэл мөрдөн мөшгөсөн бол, заналхийлсэн, бусадтай харьцахыг нь хязгаарласан, гутаан доромжилсон үйлдлүүд орно.

-Энэ бүхнийг гэр бүлийн хүчирхийлэлд тооцно гэж бодоогүй юм байна?

-Цагдаагийн ажилтан гэр бүлийн хүчирхийллийн дуудлагаар очоод, аюулын эрсдлийн зэргийн үнэлгээ хийх юм. Амь насаа алдах магадлал хэр байна, тэр хүнд хэр аюултай байдал үүссэнийг үнэлж үзээд, мөрдөн мөшгих нь хэр их даамжирсаныг тодорхойлох юм. Ажил хийлгэхгүй, хүмүүсээс тусгаарладаг, гэртээ шоронд байгаа юм шиг байдаг, мөрдөн мөшгөх, хардаж тусгаарлах зэрэг үйлдлүүдийг үнэлж үзсэний үндсэн дээр шийдвэр гаргана.

-Тухайлбал байнга хэл амаар доромжлох гэдгийг яаж баримтжуулах вэ?

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулиар гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх үүрэгтэй хамтарсан баг ажиллах юм. Хохирогч гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа, гутаан доромжлуулж байгаа гэдгээ цагдаагийн байгууллагад мэдээлж болно. Баримтжуулах арга нь янз бүр л дээ. Хамтарсан баг үнэлгээ хийх юм. Нийгмийн ажилтан энэ хохирогч ямар нөхцөл байдалд амьдарч байна вэ, үнэхээр байнга гутаан доромжилж байна уу, нэр төрийг нь гутаах үйлдлүүд давтагдаж байна уу гэдэг дээр үнэлгээ хийнэ. Нөхцөл байдлын үнэлгээний үндсэн дээр тогтоогдоно.

-Заналхийлнэ гэхээр юуг ойлгох вэ?

-Хүмүүс хоолойг нь боох, чамайг ална аа гэдэг. Тэрний цаана “Чиний амь нас миний гарт шүү” гэсэн үг бий. Гэр бүлийн хүчирхийлэл давтагдах тусмаа даамжирдаг. Даамжрах тусмаа үхэл амьдралын зааг нь ойртож байдаг. Хүчирхийллийн харилцааны тойрогт орчихоороо хүн гарч чаддаггүй. Эсвэл ийм байх ёстой юм уу, байх ёсгүй юм уу гэж эргэлздэг. Эхлээд тэвчдэг, эхний удаа юм чинь гайгүй болох байлгүй, надад хайртай болохоор харамлаад хардаад байна гэж зарим хүн боддог. Цагдаад хэлчихвэл байдлыг дордуулна, бүүр аймаар юм болно гэж эргэлздэг хүмүүс ч байдаг. Энэ болгон нь хүчирхийллийн тойргийг нь улам хумиад, даамжрах тусмаа гарах гарцгүй юм шиг сэтгэгдэл төрдөг. Энэ байдлыг засах боломжгүй юм байна, цагдаа дуудаад, шүүхээр яваад нэмэргүй юм байна, ах дүүдээ хэлэхээр сал гэдэг юм байна. Энэ хүнээс салах ямар ч боломжгүй юм байна гэхээрээ амиа хорлодог. Жилд 400 гаруй хүн амиа хорлосон тохиолдол бүртгэгддэг. Үүний цаана хэдэн хүн гэр бүлийн хүчирхийллийн дарамтанд орсоноос ийм байдалд хүрсэнийг нарийвчилсан судалгаа байдаггүй. Гэтэл энэ болгон цаанаа шалтгаантай. Орчны эрсдэлт хүчин зүйл гэдэгт хууль хяналтын байгууллага анхаарал тавихгүй, ойр дотны хүмүүс тоохгүй, хөндлөнгийн хүмүүс мэдээлэхгүй бол хохирогчийг гарцгүй болгодог. Эцэст нь амиа хорлох, эсвэл хүчирхийлэл үйлдэгчийг хорлоход хүргэдэг учраас эрт үед нь таслан зогсоож чадвал гэр бүлийн хүчирхийлэл даамжрахгүй байх боломжтой. Хүчирхийлэгч зан үйлээ засах боломжтой, хохирогч ийм ийм юмыг хүчирхийлэл гэдэг юм байна гэж мэдэж авсан тохиолдолд аюулгүй байдлаа яаж хангахаа мэддэг. Тийм учраас эрт шатанд нь илрүүлэх, урьдчилан сэргийлэх чухал. Үгүй бол эцсийн шатандаа хүрэхээрээ нэг бол салдаг, эсвэл хэн нэг нь амь насаа алддаг. Гэр бүлээ бүрэн бүтэн байлгая гэвэл гэр доторх зөрчлөө хэрхэн шийдвэрлэхийг зааж өгөх хэрэгтэй байна.

-Гэр бүлийн хүчирхийлэл гэхээр зодуулах, жанчуулах, амь насанд нь аюул учрах гэж ойлгодог. Гэтэл бодит байдал дээр гутаан доромжилсон гэх мэт үндэслэлээр хэр их ханддаг вэ?

-Ер нь гутаан доромжлох, бусадтай харилцахыг хязгаарлах, мөрдөн мөшгих зэрэг нь гэр бүлийн хүчирхийллийн нэлээд түгээмэл тохиолддог хүчирхийлэл. Сэтгэл санааны хүчирхийлэл дотроо ордог. Ийм байдлаас гарахын тулд амиа хорлох, янз бүрийн аргаар оролдсон байдаг. Энэ хүн ямар амьдралыг туулсан гэдэг дээр зайлшгүй үнэлгээ хийх шаардлагатай болно. Энэ үнэлгээнд үндэслээд энэ хүн гэр бүлийн хүчирхийлэлд байжээ гэдгийг тодорхойлох боломжтой.

-Гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар цагдаа шүүхэд хандсан хүмүүсийн 80 хувь нь эргэж эвлэрэх магадлалтай байдаг гэсэн тоо харж байсан санагдаж байна. Тэгэхээр буцах замыг нь засах заалт хуульд орсон болов уу?

-Гэр бүлийн хүчирхийлэл дээр эвлэрэхийг ерөнхийдөө хориглож байгаа. Яагаад хориглодог гэхээр энэ тэнцвэртэй харилцаа биш. Давамгайлсан хүчирхийллийн харилцаатай байдаг учраас ердийн гэр бүлээс ялгаатай. Тийм учраас шүүх дээр гэрлэлт цуцлуулахаар нэхэмжлэл гаргалаа гэхэд эвлэрлээр хэрэгсэхгүй болгохгүй байх заалт Эвлэрүүлэн зуучлах хууль, иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд орсон. Өмнө нь ихэнхи тохиолдолд эвлэр гээд нэгээс гурван сарын хугацаа өгдөг. Энэ хугацаандаа эвлэрэхгүй байж байгаад бие биенийгээ гэмтээх, алах тохиолдол нэлээд гарч байсан. Эсвэл бүр шүүх цагдаагаар яваад үр дүнгүй юм байна гээд хохирогч эцсийн аргаа хэрэглэж нөгөө хүнээ гэмтээх, амь насыг нь хөнөөх тохиолдол байсан учраас гэр бүлийн хүчирхийллийн тохиолдолд эвлэрэх боломжийг нь хааж өгсөн юм. Цагдаад очсон хэргүүд дийлэнх нь эвлэрэлээр хэрэгсэхгүй болчихдог. Эсвэл Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалздаг.

-Эхнэр, нөхөр хоёр эвлэрч болно. Эсвэл айлгаж дарамтлаад “Гомдлоо буцаа” гэх мэтээр шахалт үзүүлж болно. Аль нь болохыг яаж тодорхойлдог вэ?

-Ер нь гэр бүлийн хүчирхийллийн хэрэг дээр сайн дураараа гомдлоо буцаах тохиолдол бараг байдаггүй. Хүчирхийлэл үйлдэгчтэй нэг гэрт, нэг тогооноос хоол идэж, нэг санхүүтэй байгаа болохоор байнгын хамааралтай байдаг. Тэгээд “Чи өргөдөл гомдлоо буцаа, буцааж авахгүй бол…” гээд заналхийлсэн тохиолдолд хүссэн хүсээгүй гомдлоо буцаадаг. Үүнийг нарийвчилж шалгаад энэ хохирогч үнэхээр сайн дураар эвлэрч байна уу гэдгийг шалгахгүйгээр өөрт амрыг бодоод хялбаршуулаад эвлэрүүлчихдэг тохиолдол бий.

ХОХИРОГЧИЙГ ДЭМЖИХ НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭ БИЙ БОЛГОСОН

-Ядуугийн зовлон байна л даа. Хүчирхийлэл үйлдэгчийг шоронд явуулах гэхээр хоолгүй, мөнгөгүй болчих гээд байна гэсэн шалтгаанаар ёс бусын үйлдийг тэвчээд явдаг түүхүүд сонсогддог?

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулинд хэд хэдэн төрлийн үйлчилгээг хуульчилсан. Өмнө нь ийм системтэй, цэгцтэй үйлчилгээнүүд байгаагүй. Нийгмийн халамжийн үйлчилгээ, хохирогчийг дэмжих үйлчилгээ бий болгосон. Амь нас эрүүл мэндийг нь хамгаалахаас гадна сэтгэл зүйн хувьд хэвийн байдалдаа орох, амьдралаа авч явахад нь дэмжлэг үзүүлэх үүднээс ийм үйлчилгээнүүдийг хуульчилсан. Хамгаалах байранд байгаа хохирогчийн хувьд зөвхөн аюулгүй байдлаа хамгаалуулаад гарахдаа буцаад л нөгөө хүчирхийлэлтэй харилцаандаа очдог. Одоо байдал өөр болсон. Хамтарсан баг маань энэ айлд хүчирхийллийг өөгшүүлдэг хүчин зүйлс юу байна, хэрэгцээ нь юу байна. Одоо хохирогч асуудлаа даван туулахад нийгмийн халамжийн зүгээс ямар хэрэгцээ шаардлага байна гэдэг дэмжлэгийг үзүүлэх механизм бий болгосон. Хамтарсан баг нөхцөл байдлын үнэлгээ хийгээд хүүхдүүд нь сургууль соёлоос завсардсан бол сургуультай болгох, ажлын байртай, мэргэжилтэй болгох ямар боломж байгааг тодорхойлж, шаардлагатай үйлчилгээг үзүүлэх учиртай. Тэгж байж даван туулахад нь тусална гэсэн үг.Таны хэлсэн үзэгдэл өнөөдөр бий. Дийлэнх хохирогч хараат байдалд орчихдог. Ажил хийх гэхээр хардаад тусгаарладаг. Сургууль төгссөн ч мэргэжлээрээ ажиллах чадваргүй, цаашдаа суралцах, ажиллах боломж нь хаагдсан хохирогч олон. Даван туулах үйл явц нэлээд урт, түвэгтэй. Үүнээс шантраад эргээд хүчирхийлэлтэй харилцаандаа буцдаг явдал арилна. Хүчирхийлэл үйлдэгч зөвхөн тэжээгч гэдэг үндэслэлээр хариуцлагаас мултрахгүй. Хүчирхийлэл үйлдэгч шийтгэлээ эдлэнэ. Гэр бүлдээ эргэж нэгдэхийн тулд зан үйлээ өөрчлөх сургалтад заавал хамрагдана. Жишээлбэл Захиргааны арга хэмжээ авч, 7-30 хоног баривчлагдахад, хохирогчийг байнга дарамталсан, доромжилсон хэрэгт шийтгэл эдлэх явцдаа албадан сургалтад хамрагдана. Гэр бүлийн зөрчлийн асуудлаа яаж шийдвэрлэх, хүчирхийллийн бус аргаар асуудлаа шийдэхэд суралцаж өөрийгөө ойлгоно. Үүний дараа гэр бүлдээ очих боломж нь нээгдэх юм. Өөрөөр хэлбэл хүчирхийлэл үйлдлээ гээд нэг бол гэрлэлтийг нь шууд салгах юм уу, хүнд ял эдлүүлэхээс аль болох татгалзах, эргээд хүчирхийлэлтэй харилцаанаас салах боломжийг гэр бүлд олгох зорилготой хууль юм.

САЙН ДУРЫН СУРГАЛТАД СУУЯ ГЭСЭН ХҮМҮҮС ЗӨНДӨӨ ИРДЭГ

-Зан үйлийг өөрчлөх сургалт ял авахаас өмнө хэрэгжих үү ял авсан хойно сурах юм уу?

-Сайн дурын болон албадан сургалт гэсэн хоёр хэлбэртэй байх юм. Сайн дурын сургалт ял шийтгэлийн журмаар биш албадан нь ял шийтгэлийн журмаар. Өнөөдөр сайн дурын сургалтад сууя гэсэн хүмүүс зөндөө ирдэг. Би асуудлаа шийдэхээсээ өмнө түрүүлээд эхнэр рүүгээ гар далайчихаад болдоггүй ээ. Үүнийгээ яаж засах вэ гээд өөрийгөө мэдрээд байгаа хүмүүс бий.

-Боловсролын тогтолцооноос шалтгаалдаг ч юм уу манайхан харилцааны эв дүй муутай, хэн ч гэр бүлтэйгээ зөрчилдөөд байя гэж хүсэхгүй. Гэхдээ тэр арга барилд нь суралцаагүй хүмүүс олон. Ийм хүмүүс хаана хандах вэ?

-Боловсролын байгууллагуудад бас үүрэг болгосон. Өмнө нь боловсрол, эрүүл мэнд, соёл урлагийн байгууллага ямар ч үүрэг хүлээдэггүй байлаа. Хүчирхийллийг сурталчилсан кино, рекламууд гарч л байдаг. Үүнийг тодорхой хэмжээгээр хяналтад оруулахаар хуулинд тусгасан. Өөрөөр хэлбэл хүчирхийллийн суурь шалтгааныг арилгахад чиглэсэн заалтууд нэлээд орж ирлээ. Боловсролын байгууллагууд сургуулийн өмнөх боловсролоос эхлээд зөрчилтэй асуудлыг яаж шийдэх вэ гэдэг ур чадварыг хүүхдэд олгох учиртай. Энэ бүх агуулгыг сургалтын хөтөлбөрт оруулах заалтууд бий. Гэр бүлийн хүчирхийллийг яаж эрт үед нь илрүүлэх вэ, хүүхэд хүчирхийлэлд өртсөнийг яаж илрүүлэх, мэдүүлэх вэ гэсэн нарийн заалтууд оруулсан. Дээр нь түргэний эмч дуудлагаар очлоо гэхэд тухайн гэр бүлд хүчирхийлэл үйлдэгдэж, хүн гэмтэж бэртсэн бол баримтжуулахаас авахуулаад мэдээлэх үүргийг нь заасан.

-Мэдээлэх үүрэг гэснээс манай хөрш айлын хүүхэд нь таван минут орчим уйлсан чинь хөрш нь цагдаа дуудчихсан гэсэн. Ямар тохиолдолд дуудлага өгөх гэсэн хязгаарууд байдаг уу?

-Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн нь тодорхой байгаа, үйлдэгдэж болзошгүй бол дуудлага өгч болно. Иргэн хүн дуудлага өгөх эрхтэй. Өмнө нь дуудлага өгөхөд “Танай дээд айл дуудлага өгсөн, тэр дуудлагын дагуу ирж байна” гээд мэдээллийг нь задруулаад, бөөн асуудал болдог байсан бол одоо иргэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байгааг мэдвэл дуудлага өгөх, дуудлага өгсөнийх нь төлөө буруутгах, нууцлалыг нь задруулах үйлдлийг цагдаа хийхгүй. Хүний амь насанд эрсдэлгүй байсан ч дуудлага өгсөн иргэнийг “Худлаа дуудлага өгсөн байна” гэж буруутгах асуудал гарахгүй.

-Нэг цагдаа “Бид гэр бүлийн хүчирхийллийн дуудлагыг нэгдүгээрт авдаг болсон” гэж хэлсэн. Хууль шинэчлэгдсэний эерэг үр дүн байх?

-Гэр бүлийн хүчирхийллийн үед хүн амиа алдах магадлал өндөр байдаг. Хулгайн дуудлагаас түрүүлж очих ёстой. Цагдаа дуудсан ч удаан ирсэнээс болоод саатуулж байсан нэгнийгээ алах тохиолдол гарсан. Ахыгаа дүү нь орон дээр дарчихаад цагдаа ирэхийг хүлээж байтал боогдоод нас барчихсан удаа бий. Тэгэхээр хүний амь нас үрэгдэх эрсдэлтэй учраас цагдаа шуурхай очих шаардлагатай байдаг.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг дагаад дагаж мөрдөх олон журмууд гарах учиртай. Цагдаагийн ажилтан дуудлагаар очоод аюулын эрсдлийн түвшинг яаж үнэлэх вэ, эрсдэл өндөр гарвал хохирогчид ямар үйлчилгээ үзүүлэх, хүчирхийлэл үйлдэгчээ яах талаар Цагдаагийн ажилтан дуудлагаар ажиллах журам гарч байгаа. Хүүхдийн төлөө ажилладаг байгууллагууд, эрүүл мэндийн байгууллагууд, осол гэмтэл гарахад гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой эсэх талаар мэдээллийн сангууд бүрдүүлэх юм. Өвчлөлийн шалтгаанд гэр бүлийн хүчирхийлэл нэлээд байр суурь эзэлдэг. Бамбайн хордлогонд ордог, цусны даралт нь байнга ихсэж байдаг, зүрх судасны өвчтэй хүмүүсийн байдлыг тандахдаа гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой эсэхийг давхар шалгах учиртай. Хүн нүд нь хөхөрчихсөн үед ихэнхдээ юм мөргөчихсөн, осол болсон гээд өнгөрдөг. Гэтэл тэрийг илрүүлэх асуулгууд эрүүл мэндийн ажилтнуудад бэлтгэж өгөх, сургах талаар хуулинд заасан.

-Өмнө нь ч Гэр бүлийн хүчирхийллийн хууль байсан. Тэр нь хэрэгждэг эсэхэд нийгэм төдийлөн ач холбогдол өгдөггүй байлаа. Одоо бол иргэд энэ хуулийг батлах, хэрэгжүүлэх талаар төр засагт шахалт үзүүлж чаддаг болжээ?

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх 2004 оны хуулийг шинэчлэн найруулах ажил 2011 оноос эхэлсэн. 2011 онд хамгийн анх Засгийн газрын ажлын хэсэг байгуулагдаж бараг таван жил ажилласан юм. 2015 оны тавдугаар сарын 19-нд батлагдсан шүү дээ. Ёсчлогдоогүй гээд буцсан. Энэ хуулийг бусад таван хуультай уяж баталсан юм. Прокурорын байгууллагын тухай хууль, Хууль сахиулах ажиллагааны тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хууль гээд таван хуультай уяж баталсан. Яагаад ингэсэн гэхээр Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль нь батлагдчихсан. 2004 оны хууль маань дангаараа батлагдсан, өөр хуулиудтай уялдаагүй учраас хэрэгжилт муу байлаа. Хуулийн хамгаалалт авъя гээд хохирогч явахаар иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргаад 60 хоногийн дотор шийдэгдэх гэсээр байтал амиа алдах гэмтэж бэртэх, арайхийж гаргуулсан шийдвэр нь шийдвэр гүйцэтгэл дээр очоод биелэгддэггүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулинд тусдаа амьдар гэсэн шүүхийн шийдвэрийг яаж биелүүлэх, хохирогчтой харилцаа тогтоохоор оролдсон бол яаж хянах заалт байгаагүй учраас хэрэгжээгүй. Энэ хуульд яг тэр нарийн заалтуудыг оруулж уяж өгсөн байсан. Тэгээд батлагдсан хууль маань буцахдаа энэ хуулиудаасаа тусдаа салгагдаж орж ирээд батлагдсан. Шинэ хуулинд зарим тодорхой зүйлийг сайжруулсан юм бий. Хамтарсан баг гэж юуг хэлэхийг нарийвчлан заасан, зарим байгууллагуудын үүргийг тодорхой оруулж ирсэн. Гэхдээ нөгөө хуулиудаас салгаж баталсан учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаан дээр гэхэд асуудал гарч ирнэ. Албадан сургалтаа яаж явуулах, хэн явуулах гэдгээс авахуулаад асуудал бий. Буцаагдсан таван хуулиа дахин УИХ-д оруулж ирээд батлана гэж яриад байгаа юм билээ. Зарим төсөл нь өргөн баригдсан байна. Хэрэв энэ хуулиуд батлагдаад 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлбэл энэ систем цогцоороо ажиллаад явчихна. Одоо бол салгаж авчраад 2002 оны Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулсан. Эрүүгийн хэрэг гэж өөрчлөлт оруулаад, Захиргааны хариуцлагын тухай хуульд зарим хэсгийг нь тасалж аваад зөрчил гээд хариуцлага хүлээлгэхээр болсон. Процесс дээр жаахан асуудал бий. Хэрэв багцаараа хэрэгжээд эхэлбэл болоод явчих байх аа.

-Бусад хуулиас нь салгавал үр дүн багатай болно гэж зарим гишүүн тайлбарлаж байсан?

-Үүнийг УИХ дээр юу гэж тайлбарласан гэхээр 2017 оны долдугаар сарын 1 гэхэд бусад хуулиуд орж иртэл түр хугацааны зохицуулалт юм гэсэн. Тэр хүртэл энэ зохицуулалтаараа явна. Түүнээс хойш бусад хуулиудтай уялдвал илүү тодорхой болох юм. Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргүүд сүүлийн жилүүдэд хурдацтай өссөн, онц ноцтой, хоморголон устгах гэмт хэргүүд нэлээд гарсан. Тийм учраас энэ хуулийг яаравчлан батлахгүй бол болохгүй байсан л даа. Энэ хуулиуд гарвал урьдчилан сэргийлэх механизмууд нь ажиллаж эхлэх учраас гэр бүлийн хүчирхийлэл буурна гэж үзэж байгаа юм.

-Түрүүн та энэ хуульд халамжийн асуудлыг тусгасан гэсэн. Төсөв хямралтай байгаа үед мөнгө шаардсан заалтуудаа хэрхэн санхүүжүүлэх бол?

-2017 оны төсөвт Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой зардал багтаж ороогүй. Энэ онд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн чиг үүрэгт гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх асуудал нь орж ирж байгаа. Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлсийг хураасан орлогын 40 хүртэл хувийг энэ зөвлөлд хуваарилдаг юм билээ. Энэ тодорхой хэмжээгээр санхүүжилтэд нөлөөлнө. Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн хувилбарт үйлчилгээ гэж Нийгмийн халамжийн хуульд бий. Үүнд гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн хамгаалах байрны үйл ажиллагааны зардлыг оруулсан. Ийм маягаар энэ ондоо ажиллах болов уу. Шинээр нэг цэгийн үйлчилгээ, хамгаалах байр байгуулах асуудлыг олон улсын байгууллагуудын санхүүгийн дэмжлэгтэйгээр байгуулах асуудал ч яригдаж байгаа.

ХҮҮХЭД ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТӨЖ БАЙГААГ МЭДСЭН ХҮН ЗААВАЛ МЭДЭЭЛЭХ ҮҮРЭГТЭЙ

-Хүүхэд хүчирхийлэлд өртөж байгааг яаж илрүүлж байна вэ. Хүүхдийн утас ажиллаж байгаа, өөр ямар байдлаар хүүхэд хэцүү хүнд нөхцөлд байгааг мэдэрч, анхааралдаа авах вэ?

-Хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдэгдэж байгаа, эсвэл үйлдэгдэж болзошгүй хүчирхийллийн асуудлыг мэдэж анзаарсан хүн бүр мэдээлэх үүрэгтэй. Сургууль, цэцэрлэгийн багш, нийгмийн ажилтан, иргэн хүүхэд хүчирхийлэлд өртөж байгааг мэдсэн бол заавал мэдээлэх үүрэгтэй. Хажуу айлынхан нь мэдсээр байж дуудлага өгөөгүйгээс болоод дөрвөн настай хүүхэд амь насаа алдсан хэрэг гарсан. Мэдсээр байж мэдээлэл өгөөгүй хүн Захиргааны хариуцлагын тухай хуулиар хариуцлага хүлээнэ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгох шийтгэлийг хуульд оруулсан. Хэрвээ хүүхэд эцэг эх, харгалзан дэмжигч, асран хамгаалагчийнхаа хүчирхийлэлд өртсөн бол цагдаагийн ажилтан очиж, аюулын эрсдлийн түвшинг үнэлж, тусгай хамгаалалтаар хангах, тусгай зохицуулалт орсон. Өмнөх 2004 оны хуульд хүүхэдтэй холбоотой зохицуулалт байгаагүй. Хамгаалах байртай газар бол цагдаагийн ажилтан хамгаалах байранд хүргэж өгнө. Эсвэл хамгаалах байргүй бол нэг цэгийн үйлчилгээ, эдгээр үйлчилгээ байхгүй хөдөө газар бол ойр дотны хүний хамгаалалтад өгч болно. Гэхдээ архи уудаг хүний хамгаалалтад өгч болохгүй гэх мэтчилэн наад захын зүйлүүдийг нарийвчлан журам гаргаж батлуулах юм.

-Хүүхэд тэвэрчихээд хүйтэнд гуйлга гуйж байгаатай таарч байсан. Бараг ийм бизнес бий болчихсон ч юм шиг. Энэ хүчирхийлэлд орох уу, ийм тохиолдолтой таарвал цагдаад мэдэгдэх ёстой юу?

-Тэр бол хүчирхийлэл. Өвлийн хүйтэнд хүүхдийг мөнгө олох хэрэгсэл болгоод гуйлга гуйлгаад зогсч байгаа нь хүүхдийн эрхэнд халдаж байгаа хэрэг учраас хүүхдийн эсрэг хүчирхийлэл мөн. Энэ асуудлыг цагдаагийн байгууллагад мэдээлэх үүрэгтэй.

-Та Хүчирхийлэлтэй тэмцэх газар олон жил ажилласан хүний хувьд энэ хуулиндаа хэр сэтгэл хангалуун байна вэ, та бүхэн саналаа тусгуулж чадсан уу?

-Ямар ч байсан бид шаардлагатай бүх л зүйлээ оруулах гэж тэмцсэн. Бусад хуультайгаа уялдаад хэрэгжээд эхэлбэл тодорхой хугацааны дараа аяндаа нийгэмд хүч хэрэглэсэн гэмт хэргүүд багасна гэж найдаж байна. Нийгмээ эрүүлжүүлэхэд ач холбогдолтой чухал хууль.

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулиар ял шийтгэлийг нэмсэн үү?

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль урьдчилан сэргийлэх хууль. Яаж урьдчилан сэргийлэх вэ, хэрхэн мэдээлэх вэ, хохирогчид яаж үйлчилгээ үзүүлэх вэ, хэн ямар үүрэг хүлээхийг заасан. Энэ хуулийг дагалдаад Захиргааны хариуцлагын хуульд өөрчлөлт орсон. Энэ хуулинд зөрчил ба гэмт хэргийг заагласан. Зөрчилд зодох, хүсэл зоригийнх нь эсрэг албадах, мөрдөн мөшгих, заналхийлэх, бусадтай харилцахыг хязгаарлах, гутаан доромжлох, эд хөрөнгө эзэмших, ашиглах захиран зарцуулах эрхэд халдах гэх мэт долоон үйлдэл Захиргааны зөрчил болсон. Хэрэв та энэ үйлдлүүдээ давтан хийгээд байвал эрүүгийн хариуцлага хүлээнэ шүү гэдгийг хуульчилсан. Захиргааны зөрчилд 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулна, гэмт хэрэг үйлдсэн бол эхний удаа, хөнгөрүүлэх нөхцөлтэй бол 1-6 сар хүртэл баривчлах хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй, жирэмсэн эмэгтэйг зодох, хүүхдийг байнга зодсон тохиолдолд хоёр жил хүртэл хугацаагаар хорих ялтай.

Хэрэг шалгах явцад хохирогчийг заналхийлдэг, өргөдөл гомдлоо буцаагаад авчих гэж дарамталдаг. Үүнийг зогсоох зорилгоор Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт оруулсан. Хохирогчид тодорхой зайд ойртох, ажлын байран дээр нь очих дарамтлахыг хориглосон. Хэрэв тогтоосон хязгаарлалтыг зөрчвөл цагдан хорих гэх мэтээр дараагийн арга хэмжээг авна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Цогтбаатар: Шар цавын үлэг гүрвэлийн мөрт газарт байгалийн музей байгуулна

ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн захирал Х.Цогтбаатартай ярилцлаа.



-Шар цавын үлэг гүрвэлийн мөрийг аялагч, жуулчид үзэх боломжтой болгоно гэж сонслоо. Шар цавын үлэг гүрвэлийн мөрнүүдийн тухай та тодруулж ярьж өгөөч?

-Үлэг гүрвэлийн судалгааны салшгүй хэсэг нь үлэг гүрвэлийн мөр судлал гэж шинжлэх ухааны салбар байдаг л даа. Энэ салбар Монголд харьцангуй хожуу хөгжиж байгаа. Өмнө нь үлэг гүрвэлийн мөр Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг Сайжрах гэдэг газраас олджээ гэсэн хуучны тэмдэглэл байдаг. Түүнээс хойш үлэг гүрвэлийн мөр Монголоос олддоггүй гэсэн сэтгэл зүй шинжлэх ухааны судлаачдын орчинд тархсан байсан л даа. 1995 онд миний удирдсан Монгол, Японы палеонтлогийн хамтарсан экспедиц Өмнөговь аймгийн Манлай сумын нутагт байдаг Шар цав гэдэг газраас үлэг гүрвэлийн мөр анх олсон юм. Тэр жил хээрийн судалгааны ажил дуусч байсан учраас нарийн судалгаа хийгдээгүй. 1996 онд нарийн судалгаа хийж, дөрөв, таван удаа хээрийн судалгааны анги энэ нутагт ажилласан. Энэ үнэхээр үлэг гүрвэлийн мөрт газар мөн байна. Дэлхий дээр олддог бусад мөрт газраас маш их онцлогтой ховор сонин. Нэг дор маш олон төрлийн үлэг гүрвэл гүйгээд явж өнгөрсөн мөрнүүд хадгалагдсан гэдэг нь тогтоогдсон. Түүгээр ч барахгүй мөрт үе давхаргаас тун холгүй үлэг гүрвэлийн чулуужсан яс олдсон юм. Дэлхийн өөр бусад улс орнуудад байдаг мөрт газруудаас үүгээрээ ялгаатай. Палеонтологийн орчинд маш их шуугиан тарьсан даа. Бид гадаад дотоодод илтгэл хэлэлцүүлж, дэлхийд хүлээн зөвшөөрүүлэх ажлуудыг хийсэн л дээ. Энэ хугацаанд мөрт газрын хадгалалт хамгаалалтын асуудлыг сайн шийдэж амжаагүй байхад устаж үгүй болох шинж байдлууд илэрсэн. Мөнгө төгрөг шаарддаг учраас Монголын нөхцөлд нэг далайлтаар шийдэх боломжгүй. Хамгаалах ажлуудыг үе шаттайгаар хийсэн. Мөрт газар хүн очоод ховор олдворыг тасдагч хөрөөгөөр тасдаж аваад урагш хойш зөөж эхэлсэн. Жийп машинаар дээгүүр нь давхисан тохиолдол байсан. Хүнээс гадна мал амьтад туучих асуудлууд гарсан. Энэ газар Оюу толгойн нөлөөллийн бүсэд багтдаг. Түүх соёлын дурсгалт газрыг уул уурхай болон дэд бүтцийн компаниуд хамгаалах үүрэг хүлээдэг гэсэн үүднээс бид 2013 онд хашаажуулах төсөл бичиж Оюу толгой компани дэмжсэн. 1280 орчим метр, том талбайг хашсан юм. Хүнгүй зэлүүд газар учраас хашаа барьж, манаачтай болгосон. Худаг ус гаргах гэх мэт зөндөө ажил ундрахад “Гар бариад, бугуй барина” гэдэг шиг Оюу толгойнхонд хандсан. Тэд ч нөхцөл байдлыг ойлгоод худаг гаргаж өгсөн л дөө. Шинжлэх ухааны судалгааны материал боловч танин мэдэхүйн чухал ач холбогдолтой, үзүүлэн болохоор газрыг зөвхөн хашиж манан хадгалж дараад байж таарахгүй. Энэ хэсэгт байгалийн музей байгуулъя гэж шийдсэн. Хамгаална гэдэг эзэнтэй болгоно гэсэн үг. Аялал жуулчлалтай хослуулан хамгаалах төсөл Өмнөговь аймгийн “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-д бичсэн. Энэ ажил эхлээд явж байна. Хашиж хамгаалахад хэдийгээр хүний хүчин зүйлээс тусгаарлагдах ч байгалийн хүчин зүйлийн нөлөө бий. Тиймээс дэлхийн туршлагыг судалж үзээд нар, салхинаас хамгаалсан битүү байгууламж барих нь зүйтэй гэж үзсэн юм. Тэр том газрыг бүгдийг битүүлэх боломжгүй. Хамгийн чухал, бөөнөөрөө хадгалагдсан мөртэй хэсэгт битүү байгууламж хийгээд бусад хэсэгт зам гүүр маягийн байгууламж хийхээр ажиллаж байна. Одоо энэ ажил 60-70 хувьтай яваа.

Үлэг гүрвэлийн мөрт газар

-60-70 сая жилийн өмнөх мөр хадгалагдаж үлдэхэд байгалийн өвөрмөц хүчин зүйл, газар нутгийн онцлог нөлөөлсөн байж таарах нь уу?

-Зөвхөн мөр төдийгүй палеонтологийн чулуужсан олдворууд хадгалагдах өвөрмөц нөхцлүүд байдаг л даа. Тэр дундаас чулуужсан олдвор Монголд их олддог гэдгээрээ дэлхийд танигдсан. Мөр үлдэнэ гэдэг хадгалалтын өвөрмөц нөхцөл шаарддаг. Нэгдүгээрт усан орчин шаардлагатай гэж үздэг. Мэдээж өнөөдрийн говь усгүй шүү дээ. Бидний судалгааны үр дүнгээр бол яг тэр орчин үлэг гүрвэлүүдийн үед олон салаа гүехэн устай үргэлжилсэн гол мөрөн байсан гэсэн үндэслэл гарсан. Гол мөрний эргээр үлэг гүрвэлүүд маш олноороо амьдарч байжээ. Тэдний мөр хадгалагдсан даруй хурдас чулуулгаар хучигдах учиртай. Тэр нөхцөл байдал үүссэн гэж үзэж байгаа юм. Хурдас хуримтлалын онолоор бол он удаан жил хадгалагдахын тулд зүй тогтлоороо мөрт газар 10-20 метрийн дор байх учиртай. Дээр нь байсан хурдсууд элэгдэж, ил гарахаар нь бид олсон хэрэг. Тэр нь олон шалтгаантай. Газар нь өргөгдсөн байж болно. Дээд хэсэг нь эргэлээд үлдсэн. Цав гэхээр эрэглсэн газрыг хэлдэг шүү дээ.

Үлэг гүрвэлийн мөрийг хүмүүс үзэх боломжтой боллоо

-Аварга үлэг гүрвэлийн мөр олдсон гэсэн үү?

-Өнгөрсөн жил тэр орчимд хийсэн хээрийн судалгаагаар хэмжээгээрээ дэлхийд гуравт орох, Монголд анхных гэж болох хамгийн том үлэг гүрвэлийн мөрийг олсон. Тэр бол дэлхий нийтэд сенсаац болсон. Монголчууд цатгалан улсууд болохоороо тэрийг нэг их тоогоогүй, яриа ч үгүй.

Уртаашаа метр 10 орчим см мөр л дөө. Аварга өвсөн идэшт гүрвэл зауроподын бүлэгт багтах амьтны мөр гэдэг нь тогтоогдсон. Зауроподын бүлэгт хамрагдах амьтад том байдаг. 30-40 тонн жинтэй, урт нь 20-30 метр ч хүрдэг. Хашааны гаднаас буюу Шар цаваас арваад км-ын зайд олдсон мөр. Энэ мөрийг Шар цавын мөртэй нэг цаг үеийнх байна уу гэдгийг нарийвчилж судлана.

Жижиг махан идэшт үлэг гүрвэлийн мөр

-Олон төрлийн үлэг гүрвэлийн мөр байсан юм уу?

-Дөрвөөс таван төрлийн үлэг гүрвэлийн хэдэн зуун мөр үлдсэн. Нэг амьтан яваад байсан биш сүрэглэж явсан, бүр нарийн ажиглавал өөрийн жаягтай, зэрэгцэж явдаг, сүрэглэж явдаг, гүйдэг амьтан шүү дээ. Өөр хоорондох зай нь цэргүүд жагсаад явсан юм шиг хоорондоо давтамжтай байх жишээтэй.

Шар цав Монгол Улсын палеонтологийн өвт газар гэж бүртгэгдсэн, тусгай хамгаалалттай газар.

-Оюу толгойн нөлөөллийн бүс гэж та хэлсэн. Олборлолт хийж байгаа газраас Шар цав хэр хол вэ?

-Оюу толгойн уурхай байгаа газраас 100 гаруй км, Хан богд сумаас 80 км, Манлай сумаас 96 км орчимд байдаг. Ойр орчимд нь айл амьтан байхгүй. Цөөхөн малчид бий.

-Үлэг гүрвэлийн мөртэй газар жийп машин явсан гэлээ. Дурсгалт газрууд, түүхэн үнэт олдворуудыг сүйтгэж байгаа хүмүүст ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?

-Манайд хуучин хуулиар ерөнхийлсөн байдалтай байсан. Эргэж буцаад байгаа Эрүүгийн хуулинд Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг гэсэн бүлэг орсон. Энэ хууль батлагдвал жийптэй битгий хэл мэргэжлийн бус хүн хөл нүцгэн ч явахгүй болох ёстой юм. Бидний саналыг энэ хуульд авсан л даа.

Палеонтологийн, археологийн олдворуудыг хамгаална гэхээр энд байгаа хэдэн судалгааны байгууллага, музейгээ яриад байдаг болохоос биш яг эх ундарга дээр нь байгаа юмаа хамгаалах талаар дорвитой ажил хийгдээгүй. 2014 оны долдугаар сараас мөрдөгдөж эхэлсэн Соёлын өвийг хамгаалах хуульд олдворт газрыг хамгаалах заалт орчихсон учраас одоо бол асуудал гаргасан хүмүүс шууд хариуцлага хүлээхээр байгаа.

Шар цавд хийгдэж байгаа ажлын явц

-Шар цавын үлэг гүрвэлийн мөр хэр урт настай эд вэ?

-Насны хувьд жаахан маргаантай байгаа. Оросын экспедицийн үед тогтоогдсон насаар бол 70 орчим сая жилийн өмнөх мөр. Биднийхээр бол 90 орчим сая жил болж магадгүй. Ойр орчмоос нь олдсон амьтан ургамалын үлдэгдлээр ингэж тогтоосон юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Т.Бат-Оргил: ХҮН-ын эхний дайралт амжилтгүй болсон нь харамсалтай ч, сул талаа засах боломж олгосон

Төрийн соёрхолт Н.Сувдын хүү, “Аж богдын харуул” дуугаараа нэгэн үеийнхнийг байлдан дагуулж явсан эрхэмтэй энэ удаа Хөдөлмөрийн үндэсний намын гишүүн бас Монголын хөгжлийн гарцыг хайж яваа залуу хүнийх нь хувьд ярилцлаа.


-2014 онд биднийг уулзахад та улсаа хөгжүүлэх талаар ихийг бодож төлөвлөж байсан. Харин одоо юунд илүү анхаарч байгаа бол?

-Нөхцөл байдал өмнөхөөс их өөрчлөгдсөн. Хөдөлмөрийн үндэсний нам байгуулагдаад, юу болсныг хүмүүс мэднэ. Харамсалтай, гэхдээ энэ бол эхний дайралт байсан. Дайн нэг дайралтаар дуусдаггүй. Эх орныхоо төлөө явж байгаа учраас үргэлжлүүлэн ажиллах ёстой. Нэг удаа бүтэлгүйтээд шантарч болохгүй. Ер нь МАН, АН-ын нүүр царай харагдаж байна. АН эдийн засгийг ямар болгож орхив. МАН улс орноо авч явах чадваргүй байна. Намд ажиллаж байгаа хувь хүмүүсийг би хэлээгүй. АН-д ч, МАН-д ч сайн найзууд минь бий. Засагт ажиллаж байгаа ойр дотнын хүмүүс ч бий. Асуудал тэр хүмүүст байгаа юм биш. Системийн хямрал болж, энэ хоёр нам ард түмнээ манлайлж авч явж чадахгүй болсонтой холбоотой. Өөрөөр хэлбэл санааны хомсдолд орсон. Агуу санаа, туг байж ард түмэн бүчиж, хөгждөг. Бид бүгд эзэн Чингис хааныг биширдэг. Яагаад тэр хүн агуу юм бэ? Олон хүнийг хядсан, улс орнуудыг эзлэснээрээ агуу болдоггүй.Тэр хүн бол агуу санаа тээгч байсан. Тэнгэрт нэг нар, газарт нэг хаан гэдэг нь тухайн үедээ эзэн дээдэс талцан хуваагдахад ард түмэн зовж зүдэрч байсныг болиулж, нэг л хаантай хүн төрөлхтөн жаргана гэсэн санаа байсан нь агуу юм. Гэтэл өнөөдөр манай улсыг XXI зуунд хөтлөх санаа алга. Хуучнаа санагалзсан л улсууд байна. МАН 1921 онд улсыг тусгаар тогтнуулсан гавьяагаа ярьдаг. АН болохоор бид коммунист дэглэмийг унагаж эрх чөлөө авчираа биз дээ гэдэг. Аль аль нь ирээдүйд яах вэ гэдэг зураглал байхгүй. Улс орныг манлайлж авч явах санаа, алсын хараа, агуу мөрөөдөл алга. Аар саархан арга хэмжээ л авч байна. Энэ тун харамсалтай.

ХҮН-ын эхний дайралт амжилтгүй болсон нь улс орондоо сайн сайхныг авчрах цаг хугацаа хойшилж байгаагаараа харамсалтай ч нөгөө талаар бас сайн зүйл болсон. Бидний сул талыг харуулсан. Сул талаа мэдэж, засч байж цаашаа явна. Монгол түмэнд АН, МАН-аас ямар ч ялгаагүй яг адилхан дахиад нэг нам хэрэггүй.Бид эхлээд дотооддоо учраа олох шаардлага байгаагаа ойлгосон. Нөлөөлсөн гадны хүчин зүйл олон байсан. Тэр тухай яриад яах вэ. Хүн өөрөө чадалтай бол ямар ч гадны хүч дийлэхгүй. Гаднаас буруутан хайхаар, өөрсдийнхөө сул талыг олж засах ёстой. Тийм болохоор бид дотоод ажилдаа илүү анхаарч байгаа. Том үл ойлголцол үүссэн учраас түүнийгээ зохицуулж, ойлголцоно гэдэг амар биш. Үүнийг амжилттай давж, бэхжинэ гэдэг чухал. Сүүлийн үед би түүхч Д.Өлзийбаатар гуайн “Монголчууд” цахим номыг машиндаа байнга сонсч яваа. Ахмад хүний үг бидэнд дутаж байжээ. Монголчууд хагаралдаж, үл ойлголцсон үедээ бөхөж, бүдгэрч байсан. Бид эрдэж бардаж алдаа гаргасан байна. Байгууллагыг удирдаж авч явж чадахгүй бол улсыг яаж удирдах билээ.

-Гурав дахь хүчнийг олон нийт хүсэн хүлээж байгаа ч том намууд самраад хаячихдаа гарамгай юм билээ. Найдаж байсан шинэ хүчин сонгуульд ч орж чадалгүй бүдрэхэд олон хүн урам нь хугарсан байх?

-Үнэн. Гэхдээ энэ бол шинэ байгууллагын зовлон шүү дээ. АН, МАН-ын түүхийг авч үзсэн ч дотроо өчнөөн хагаралтай л байсан. Аль ч намд хагарал бий. Эдний нэг онцлог хуучин коминтерний зурсан схемээс гарч чадахгүй байна. Бидний алдаа бол тэр бүтцийг бас дуурайсан. Бид өөрсдийн XXI зууны бүтцийг бий болгохын оронд яг адилхан хороод, үүрүүд байгуулаад, гишүүнчлэл гэж явдаг нь буруу байжээ.

-Цохилт амссаны дараа намаас гарч явсан хүмүүс олон байсан уу?

-Яахав урам нь хугарсан, шантарсан хүн олон бий. Гэхдээ тэр байдаг л асуудал. Байдал сайжрахад эргээд ирэх л байх.

-Эдийн засгийн хямрал гэдэг байсан бол одоо улс дампуурах эрсдлийн тухай ярьдаг боллоо. Эрх баригчдын зүгээс шинэлэг алхам хийхгүй, гал унтраах маягаар явж байна. Ийм үед яах ёстой юм бол?

-Зүйрлүүлж хэлбэл ганц дархан мэхтэй хөгшин бөх санагдах үе байдаг. Ойр хавийнхаа хүмүүсийг бүгдийг унагаадаг. Гэхдээ тэр бөх зөвхөн өөрийнхөө жижигхэн дэвжээн дээр аварга, тэгээд тэрүүхэндээ л хараад байдаг. Бусад улс орон хэрхэн хөгжиж байгааг анзаарахгүй байна. Дэвжээн дээрээ л залуу бөхчүүдийг, өрсөлдөгчдөө унагаагаад, түүгээрээ бахархдаг.

Бид Монголдоо зодолдоод байдаг нь инээдэмтэй хэрэг. Төрөөгүй хүүхэд хүртэл өртэй болчихлоо гэдэг үнэн. Хоёр дахь үнэн бол ийм байх албагүй юм. Энэ тоог дэлхийн эдийн засгийн түвшинд авч үзвэл маш бага мөнгө. Асуудлыг томоор харж, хаана ямар боломж байгааг олох учиртай. Бид хэчнээн сая тонн, нүүрс, зэс зарж байж тэр өрийг барагдуулах вэ?! Оросын нэг саятан хэлсэн байдаг. Сая долларыг бодож олж, зохиодог болохоос ажлын хөлсөө хурааж ийм мөнгөтэй болох боломжгүй. Улсаа авч явахын тулд бид тийм хэмжээнд л сэтгэх ёстой.

Улс орны хувьд авч үзвэл боломж их бий. Бид улс дотроо “зодолдоод” гадны өрсөлдөгч нартайгаа эн тэнцүү байж чаддаггүй. Нүүрс, зэс ярьсаар хавсарга эдийн засагтай явж ирлээ. Энэ янзаараа бол бид хэзээ ч хэнийг ч гүйцэхгүй. XXI зуун мэдлэгийн эдийн засагтай. Түүхий эдийн үнэ улам унаж, орц нь багасч байна. Жишээ нь өнөөдөр үйлдвэрлэж байгаа машины төмрийн орц 1930-аад онд үйлдвэрлэж байсан машины төмрийн орцоос 40-өөд хувиар багассан. Үнэ нь байнга унах түүхий эдийн экспортод гол найдлага тавиад байвал хол явахгүй. Түүхий эдэд тулгуурласан эдийн засаг Монголыг булшилна. Нано технологийн эрин эхэлчихээд байна. Кондратьевын супер циклийн онол гэж бий. Дэлхийн эдийн засаг гурваас дөрвөн жилийн үелзэлтэй унаж босдог. Гэтэл Кондратьевийн онолоор бол жарнаар үелздэг цикл бас байдаг. Аж үйлдвэрийн хувьсгалын үед эхний давалгаа болсон. Одоо найм дахь давалгаан дээрээ яваа. Энэ давалгаа 2013 онд эхэлсэн гэж үздэг. Тэр нь нано технологийн давалгаа. Зөвлөлт холбоот улс яагаад задарсан бэ гэвэл 1980-аад оны эхээр АНУ мэдээллийн технологийн супер давалгааг барьж авч чадсан. ЗХУ үүнийг харж чадаагүй алдчихсан. Өмнөх супер давалгаан дээр оросууд хүчтэй гарч ирсэн, аж үйлдвэрийн давалгааг барьж авч чадсан. Бид өнөөдөр зэс, нүүрс гэж яриад байгаа нь хаа байсан эхний гурав, дөрөвдүгээр үеийн давалгаа. Өөрөөр хэлбэл, Англи анх аж үйлдвэрийн гүрэн болж байсан 1790-ээд оны үеийн юмыг бид одоо яриад байгаа хэрэг. Гэрлийнхээс илүү хурдтай онгоц бий болгох тухай НАСА-гийн мэдээллийг би өглөө харлаа. Тэнд ийм технологи ярьж байхад бид нөгөө л нүүрсээ ярьж, хятадын эрлийз, тагнуул гэж хоорондоо хэрэлдэх нь мухардал. Хөмөрсөн тогооноосоо ч доошоо нүхэн дотор уначихаад үзэлцээд байна шүү дээ.

-Нүүдлийн мал аж ахуй, уул уурхайн түүхий эдэд суурилсан эдийн засгаа мэдлэгийн эдийн засагт шилжүүлэх хэрэгтэй юм байна. Ийм нөөц, суурь бүрдсэн гэж үздэг үү?

-Бид жараад оноос хойш сайн материаллаг бааз байгуулж чадсан. Бичиг үсэгт тайлагдсан хүнийхээ тоогоор дэлхийд тэргүүлж байсан шүү дээ. Харамсалтай нь бид ухралт хийлээ. Зөв бичгийн дүрмийн алдаатай бичдэг төрийн албан хаагч байдаг, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр алдаатай мэдээлэл цацагдана гэдэг гутамшиг. Зурагтаар ч, сонин дээр ч алдаатай мэдээлэл явдаг нь өөр улсад бол төсөөлшгүй зүйл. Одоо телевиз үзэхэд хэцүү. Монгол хэлээр муу ярьдаг хөтлөгч нар олширчээ. Энэ бол үндэстэн мөхөхийн эхний шинж. Монгол Улсыг хэн нэгэн ирж эзэлж авах гэхээсээ бид дотроосоо ялзарч сүйрэх гээд байна. Манайд улс төрийн манлайлал алга. Сэхээтнүүд биш шуудхан хэлэхэд гэмт бүлэглэлүүд манай улс төрийн манлайд явж байна. Тэд бол тасчин урж идэж, яаж шоронд орохгүй байх вэ гэдгээ л бодож байх шиг байна. Сэхээтэн гэж бусдын төлөө зүтгэдэг сэхээрсэн хүнийг хэлдэг болохоос биш үнэтэй машин унаж, гар утас барьж, брэндээр гангарсан хүнийг хэлэхгүй.

-Саарал үед оюунлаг хэсэг нь нийгмээ чиглүүлж, сэхээрүүлж, гэгээрүүлж явах учиртай болов уу. Манайд болохоор нэг хэсэг нь “Би яриад ч нэмэр болохоосоо өнгөрлөө” гээд, нөгөө хэсэг нь болохоор “Намайг ингэж хэлэхээр буруутгана, өөртөө гал дуудаад яахав” гэдэг хандлага байна л даа. Ирээдүйд гэрэл харагдахгүй болохоор иргэд нь итгэл найдвараа алддаг шиг байгаа юм?

-Хөгжсөн улс орны түүх тэмцлийн түүх байдаг. АНУ-ын ардчиллын түүх цусаар бичигдсэн. Тусгаар тогтнолын тунхаг бичигтээ Их Британиас асуусан ял нь “Та нар биднийг боол барлаг мэт үзэж, энхийн цагт зэвсэгт арми бидний дунд байлгаж, этгээд газар, боломжгүй цагт, бичиг баримтаа бүрдүүлэх боломжгүйгээр шүүх хурлуудыг товлож…” гэх мэтээр буруутгасан байдаг. Хамгийн инээдтэй нь энэ нь манай өнөөдрийн шүүхийн системийг санагдуулдаг.Тийм болохоор бидэнд тэмцэх зориг хэрэгтэй. Түүнээс биш хэзээ нэг цагт би дурдатгал бичнэ гээд явбал бүтэхгүй. Энэ бүхний эсрэг хүмүүс зоригтой босч эсэргүүцэх хэрэгтэй.“Эрх чөлөөнийхөө төлөө тэмцэх чадваргүй, үндэсний бахархалгүй ард түмэн оршин тогтнох эрхгүй” гэж Гитлер л хэлсэн болохоос үнэн үг байдаг. Нэгийнх нь гэдсийг онгичиж байхад “Минийхийг битгий ухаасай” гээд хараагүй мэт царайлж гөлийж байгаа хүмүүс хэзээ ч ардчиллыг байгуулж чадахгүй. Дарангуйлагчийн дор амьдрах хувь тавилантай хүмүүс л ийм байна. Ард түмэн, сэхээтэн хоёр хоорондоо холбоотой. Сэхээтэн нь ард түмнээсээ хүчээ авч байдаг. Сэхээтэн ард түмнээ хурцалж чиглүүж өгдөг. Сэхээтний давхаргыг хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд хядсан. Тусгаар тогтнол ямар үнээр олдсоныг бид мартжээ. Түүний төлөөсөнд бидний зүрх зоригийг авчихжээ. Буруу юмны эсрэг зоригтой дуугарах чадваргүй болчихжээ.

-Тусгаар тогтнолын үнэ цэнэ гэснээс одоо ч тусгаар тогтнол эрсдэлд орчихоод байгаа юм биш үү. Би монгол хүнийхээ хувьд Гадаад хэргийн сайд “Далай ламыг энэ Засгийн бүрэн эрхийн хугацаанд Монголд айлчлуулахгүй” гэхэд нь эмзэглэсэн. Далан таваар бууж өгөөд, үүнийхээ оронд манайд мөнгө өгөөч гэж гуйхад хүрсэн байна. Энэ бол манайх урд хөршөөсөө ихээхэн хамааралтай байна гэсэн үг?

-Яг үнэн. Жижигхэн овоохой дотроо дүү нараа дэгээдэж унагадаг дархан мэхтэй, том биетэй тэнэгдүү хүүхэд шиг л байна. Бусад улстай харилцах болохоороо гөлөг болоод дээшээ хараад хэвтчихдэг. Ийм нөхцөл байдал үүсгэж, түүндээ өөрсдөө гүйгээд орчихно гэдэг ямар ч бодлогогүй хэрэг.

Тэгээд бас манайхан хэтэрхий их хашгирч байна. Бид хэнийг ч үзэн ядах бас шүтэх хэрэггүй. Өөрсдөдөө сэтгэл ханамжтай, өөрөө өөртөө болж байна гэсэн үг байдаг. Бид тийм биш болсон байна. Заавал ч үгүй хэн нэгэнд юу ч юм нотлох гээд дэлхий яриад л. Сүүлийн үед түүнийг сонсохоор өөрийн эрхгүй уур хүрдэг болсон. Дэлхийн чихийг дэлдийлгэсэн, гайхшруулсан гэдэг. Гэртээ аятайхан хоолоо идэж чадахгүй байж дэлхий яриад хэрэггүй. Хамгийн чухал нь олон улсын харилцаа ч бай, дотоодын улс төр ч бай энэ бол шатар нүүхтэй адил шүү дээ. Шатар нүүхэд “Чамайг үзэн ядаж байна” гээд хашгираад дийлэхгүй. Хэн нь илүү бодож байна, алсын хараатай, мэхтэй нь ялна. Манай гадаад харилцаа ч тийм болчихож. Маш их хашгирч байна. Омогших юмаа хайж ядсан баахан хүмүүс л байна. Бусад улс орны мэдээг харьцуулаад үзээрэй. Спортын амжилт гаргасан тухай мэдээлэхдээ манай тамирчин алт авлаа, манайхан чадлаа гээд бичдэг. Манайхан болохоор “Дэлхийг дэлдийлгэлээ, гайхшрууллаа, бид ямар агуу вэ” гээд байдаг. Хэрэггүй юманд хөөрцөглөхийн оронд дэлхийд өрсөлдөх чадвараа яаж сайжруулахаа бодож, бодит ажил болгох хэрэгтэй. Тэр ажил хийгдэхгүй байна. “Зээл өгөөч” гэж гуйж явдаг боллоо. Эхний ээлжинд Монгол Улс яаж хөгжих вэ гэдэг төсөөлөл хэрэгтэй. Жишээ нь боловсролын системээ хамгийн түрүүнд өөрчлөх хэрэгтэй. Гурван сая хүн амтай учраас бид бүх салбар руу дайрч чадахгүй. Хэт олон салбараа тэргүүлэх чиглэл гээд зарлачихсан. Тэгсэн мөртлөө аль ч тэргүүлэх салбарт нь юу ч хийгдээгүй. Хоосон урианууд бий. Жишээ нь, аялал жуулчлалын салбар тэргүүлэх чиглэл гээд зарлачихсан. Энэ чиглэлээр юу хийсэн юм бэ. Үнэхээр тэргүүлэх чиглэл бол боловсон хүчин бэлтгэх, боловсролын салбарт ямар байдлаар туссан бэ? Тэргүүлэх чиглэл гэдэг бол олон улсын хуралд оролцохдоо хэлдэг үг төдий. Бодит ажил хийгдээгүй. Улс төрийн манлайлал байхгүй гэдэг чинь энэ. Яаж сонгогдох вэ гэдгийг л боддог. Ингэж амлабал санал авна. Банкнаас зээл авахын тулд хуурамч бизнес төлөвлөгөө бичдэг шиг л. Авсан зээлээрээ бизнес хийхгүй, үнэтэй машин авч унаад, мөргөлдүүлээд байхгүй болгодог шиг л байна. Ардчилал гэдэг чинь ард түмнээ аз жаргалтай амьдруулна л гэсэн үг. Түүнийг хоосон цэцэрхэл болгоод ард түмэн нь гамшгийн байдалд амьдарч байна. Би саяхан нэг арга хэмжээ зохион байгууллаа. Арван хүний 2-3 нь ар гэрийн гачигдалтай гээд оролцож чадахгүй байна. Гуч гаруй насны арван эмэгтэй суугаад “буу халж” байгаад нэг нь “Би жирэмслээд миний ураг амьгүй болсон” гэж хэлэхэд хэдэн эмэгтэй “Би ч бас” гэж хэлсэн гээч. Арван эмэгтэйгийн найм нь. За яахав, золгүй хүмүүс цугласан гэж бодъё. Гэхдээ л өөр улсад дурын арван эмэгтэй сонгоход тэдний ядаж нэг нь ийм байдалд хүрсэн гэвэл эвгүй статистик. Гэтэл энэ түүх манай улс ямар хэмжээнд байгааг илтгэж байгаа юм. Манай найзын аав өчигдөр нас барлаа. Улаанбаатар буяны газар очиход урт дараалалтай байна. Таван цонх гаргачихсан байхад хүмүүс нь багтахгүй дугаарлаж байна шүү дээ.Ийм байдалд хүмүүсийг хүргэчихээд ардчилал, хүний эрх, дэлхийн түвшин яриад яах билээ.

-Улс төрийн манлайлал гэж байна. Манай тогтолцоо хэн нэгэн хүчтэй удирдагч бий болгохгүй гэж яриад байгаа?

-Чингис хаан санаа тээгч байсан болохоос биш Тэмүүжин гэж хүнийг Чингис хаан болгочихъё, тэр хүнийг баяжуулчихъя гэж хүмүүс үхэн хатан тэмцээгүй. Тэр хүмүүсийн намтрыг үзэхэд дунджаар 20-30 жил байлдсан байдаг. Агуу санааны төлөө хүн амиа золиослож явсан болохоос биш хүчтэй хүнийг гаргаж ирье гэж мөрөөдөөгүй. Тэр санааг нь гаргаж ирсэн хүн байдаг бол хүмүүс аяндаа бүчнэ. Санаа тээгчийг хүмүүс амиараа хамгаалж байгаа болохоос биш “Энийг дагаад байвал яс зууна” гэсэн бэртэгчин бол амиа золих чадваргүй.

-Санаа л гээд байх юм. Эсвэл энэ Монголын төлөө эрслэн босохоос аргагүйд хүртлээ бид ядраагүй юм биш үү?

-Бас дахиад хэлэхэд зовоод босч байгаа бол мунхаг уур хилэн, боолуудын бослого болно. Хоёр өөрасуудал. Боол болтлоо яах гэж доошоо орсон юм бэ. Чи чухал хэргийн төлөө бүхнээ золиод явж байгаа бол өөр. Дахиад л Боорчийг аваад үзье. Наху баяны ганц хүү. Өнөөгийнхөөр бол гараашдаа арван хэдэн лексустай хүн шүү дээ. Гэтэл хамаг юмаа хаяад, анх удаа тааралдаж байгаа хүүг дагаад “Би чиний өмнөөс харвалдая” гэж байгаа юм. Манай хэдэн бэртэгчин тэгж хэлэх үү. Яаж арваннэг дэх лексусаа авчих вэ, гараашинд багтдаггүй ээ яах билээ л гэнэ шүү дээ.

-ХҮН намынхан энэ цаг үед эрх баригчдын оронд байсан бол улс орныг гацаанаас гаргах санаагаар дутахгүй байсан гэж та хэлэх үү?

-Дутахгүй. Улсын хөгжлийн загварын ерөнхий төсөөлөл бидэнд бий. Ингэж хөгжих ёстой гэсэн том санаа бидэнд байна. Монгол Улсад сүүлийн 25 жил бэлтгэсэн боловсон хүчнүүд цугласан шүү дээ. Гэм нь дотроо яаж учраа олох, зохион байгуулагдах эвээ олохгүй байгаа болохоос биш энэ улсыг яаж цаашаа аваад явчих вэ гэсэн ухаан нь дутаагүй юм шүү.

-Одуудын цугларалтыг багцалж явах хэцүү ш дээ?

-Од гэхээсээ эв гэдэг бол эрдэм. Эрдмийг сурдаг, увидсаар олдоггүй.Бидний эхний л оролдлого байлаа шүү дээ.

-ХҮН намын анхны дарга хэн ч танихгүй хүн гараад ирсэн. Тодорхой хэмжээгээр хүлээн зөвшөөрөгдсөн, танигдсан хүн гаргаж ирж болоогүй юм уу. Та арын эгнээнд байх дуртай хүн үү?

-Санаа анхдагч, хэн дарга байх нь чухал биш гэж бодож байсан. Шаардлагатай бол би урд нь гараад явсан ч яах вэ. Хэсэг хүмүүсийг нэгтгэсэн хүн маань Боргил шүү дээ. Хүмүүсийг эвлүүлж учрыг нь олох өгөгдөл байдаг юм байна. Дарангуйлагч, дарга гэхээсээ илүү бусдыг уриалж манлайлдаг, туг нь болж чаддаг хүн дарга болох ёстой юм байна гэж одоо бол бодох болсон. Тэр нь хэн байх вэ гэж бид ярьж, бодож байна. Эвээ олж чадаагүйн нэг шалтгаан маш олон өөр соёлтой клубууд нэгдсэн юм. Тэр нь үл ойлголцолд хүргэсэн. Жишээ нь Реформ клубээс олон хүн орж ирсэн. Реформынхон барагтай бол бослого гаргаад байхгүй. Бодлогын дүн шинжилгээ хийдэг байгууллага. Эрүүл мэндийн салбарынхан бол зөвхөн эрүүл мэндийн асуудлаа л ярьдаг. Дүгнэлт хийгээд, шийдэл гаргадаг хүмүүс. Нөгөө талаас Майнд клубийнхэн өөр өөр мэргэжилтэй, Монгол түмнийг гэгээрүүлье гэсэн гүн ухаан сонирхдог хүмүүс. “Цахим өртөө” бол огт өөр соёлтой. Гадаадад амьдарч байсан хүмүүсийн нэгдэл шүү дээ. Фэйсбүүк үүсэхээс өмнө мэйлээр харьцаж нэгийгээ олсон, маш хүчтэй платформ. Тэд илүү эсэргүүцэгч уур амьсгалтай хэсэг. Энэ мэт олон байгууллагын төлөөлөл Удирдах зөвлөлд орж явахаар дасч ээнэгших, нэгдэж ойлголцож, соёлынхоо ялгааг бага багаар арилгахад цаг хугацаа шаардлагатай.

Categories
мэдээ нийгэм

Пи ар гэдэг нөлөөт толь шиг…

МУИС-ийн Улс төр судлалын тэнхмийн ахлах багш Д.Оюунчимэг пи арын тухай ярьсныг тоймлон хүргэж байна.


РR гэдэг нөлөөт толь шиг. Нөлөөт толины өмнө жижигхэн туулай очингуутаа чононоос том болж харагдана. Яг л тэр. Пи арыг хов хоосон дээр хийхгүй. Сэрээг хутга гэж гүрийж болохгүй. Ядаж л хумсны хутга байсан бол “Тэр аймаар хутга барьж дайрсан” гэж хэлж болох нь. Нэг хүний төлөө пи ар хийх гэхээсээ массын хандлагыг өөрчилдөг арга гэж ойлгож болно.

ЦАГАА ОЛОХ ХЭРЭГТЭЙ

Ерөнхийлөгч аргаа бараад шинэ жилээр аягатай сүү барьчихаад “Сүүгээ өргөе” л гэнэ. “Шинэ жилээр шампанск буудуулахгүй яах юм” гээд хүлээж авахгүй. Хүлээж авахааргүй үед хэлээд байгаа юм. Энэ чинь өрх гэрт ч байдаг үзэгдэл. Нөхөр наадмаар бөх үзэх гээд улайрчихсан сууж байхад нь “Хөөе, чи ханан дээр юм хадаад өг” гэвэл боож үхмээр юм болно биз дээ. Цагаа, эвээ олохгүй үе бий.

БАЙГАА ЮМАА БОРЛУУЛ!

Донжийг нь олох, хэтрүүлэхгүй байх учиртай. Зохицол чухал. Байгаа юмаа л борлуулна гэсэн үг. Хүмүүс “Хурдан морь зарна” гэхэд би атаархаад ямаа хөтөлчихөөд “Энэ аймаар хурдан” гэж болохгүй. Түүний оронд “Ямаа гэдэг дороо үрждэг юм. Ихрийн удамтай. Ноолуур арвинтай” гэх нь дээр. Манайхан болохоор “Хурдан морь л хэрэгтэй юм байна. Би бас морьтой болъё” гээд алалцаад байдаг юм.

НИЙГЭМ ЭМЭГТЭЙ ХҮНД ИЛҮҮ ӨНДӨР ШААРДЛАГА ТАВЬДАГ

Нийгэм эмэгтэй хүнд илүү өндөр шаардлага тавьдаг. Эмэгтэй хүн жаахан алдаа гаргавал сурвалжлагч нар, хүмүүс “Тэр бохь зажиллаа” гэдэг. Эрэгтэй хүнийг болохоор өөлж харахгүй. Эмэгтэйчүүд өөрсдөө ичээд байдаг. Хүүхдийг гижигдэхээр инээдэг. Яах ч үгүй хүнийг хэн ч гижигдэхгүй шүү дээ. Эрчүүд бол ичдэггүй. “Д.Оюунхорол үүрэглээд, хөгширчихсөн юм байна, тэтгэвэртээ гараасай” гэнэ. Энэ л хэцүү. Эмэгтэй хүмүүст хамгаалалт байдаггүй. Эмэгтэйчүүд улс төр, нийгмийн ямар ч ажилд багаараа явж байх ёстой. Эрэгтэй багш согтуу байвал “Хөөрхий, уучихаж, гэрт нь хүргээд өг” гэнэ. Намайг согтуу шалан дээр хэвтэж байвал арав, хорин жил ярина шүү дээ. Аягүй бол талийчихсан хойно “Нэг тийм багш байсан юм” гээд ярина даа. Л.Эрдэнэчимэг хэн ч төрсөн өдрөөрөө халамцаад хэлдэг үгийг л хэлсэн. Уг нь Л.Эрдэнэчимэг мөлхөө аргаар тойрогтоо гайгүй ажилласан юм. Мөлхөө арга гэдэг нь санал авах гэж байгаа биш би та нарын зовлонг хуваалцаж байгаа юм гэдэг байдлаар ажиллахыг хэлж байна. Гэтэл ганц тэр үгнээс болоод тэр их хичээл зүтгэл юу ч биш болсон. Эмэгтэй хүн алдаа гаргаж болдоггүй. Пи ар нийгмийн үзэгдэл үйл явцад хандах хандлагыг өөрчилдөг арга.

ПИ АРЫН МЭРГЭЖИЛТЭН ХҮМҮҮСИЙГ ХЭЗЭЭ Ч АЛБАДДАГГҮЙ

Хүнийг хүчилж болохгүй. Охин залуу хоёрыг гэрлүүлэх гэж байгаа бол “Та хоёрыг танилцуулмаар байна” гэвэл хэзээ ч танилцахгүй. “Тэр тэнэг охиноор чинь яах юм бэ” л гэнэ. Үүнтэй адилхан пи ар гэдгийг шууд тулгаад, улаан цагаан захиалгаар бичиж байгаа нь харагдаад байвал үр дүн багатай. Пи ар гэдэг уран бөгөөд чимхэх арга байдаг. Шургах чимхэх аргаар мессеж шидчих хэрэгтэй. Эвгүй зураг мессеж шидчихдэг. Донжийг нь олсон юм хүнд хүрдэг. Ямар нэг юмыг харах өнцгийг өөрчлөхөд пи арыг ашиглах хэрэгтэй. Хэнд юуг ямраар ойлгуулах гээд байгаа вэ. Хэнд зориулж мэдээлэх билээ. Намынхаа гишүүдэд юм уу, масст юм уу, оюутанд юм уу. Юуг ойлгуулах гээд байгаа вэ? Хөтөлбөр үү, хүнээ юм уу, арга хэмжээ юм уу? Ямраар ойлгуулах гэсэн юм бэ гэдгээ бодох хэрэгтэй. Өнцгөө олох хэрэгтэй. Хэзээ, хэрхэн гэсэн асуултанд хариулах учиртай. Өнөөдөр захиалга өгөөд, гурван сэтгүүлч суулгаж бичээд, маргаашийн сонин дээр гарч, тэр нь хүмүүст очоод, толгойд нь наалддаг юм биш. Барааг хүртэл сурталчилахдаа “Удахгүй гарч ирнэ”, “500…” гээд амь нь тэмцэхээр “Аа энэ нэг ундаа юм” гээд гаргаад ирэх жишээтэй. Хүлээлт үүсгэдэг. Хүлээж авахааргүй нөхцөлд хэлбэл сувгаа солино шүү дээ.

ДОНЖ, ӨНЦГӨӨ ОЛОХ, ХЭТРҮҮЛЭХГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ

Дутааснаас хэтрүүлсэн нь бүр хортой. Ялгарах, хүний анхаарал татах үүднээс хэтрүүлэл хэрэглэж болно л доо. Агуулга дээр харин хэтрүүлж болохгүй. Пи ар моодонд орчихоод байгаа болохоос биш маркетинг дотор байдаг зүйл. Маркетинг борлуулалтаас үүссэн. Үүнийг яаж зарах вэ гэдгээс л үүссэн. Одоо бол маркетингийн цогц эрин зуун. Маркетингийн зарчим бол борлуулалтан дээр хэт хүч чармайлт гаргахгүй байх юм. Бүтээгдэхүүнээ борлуулахын тулд “Багш нартаа бөөний үнээр нь өгнө”, “Цалингийн оронд тараана” гэдэгтээ хүрч болохгүй гэсэн үг л дээ. “Хоёрыг авсан хүнд нэгийг үнэгүй өгнө” гэдэг дээрээ тулахгүйгээр би хувцасныхаа загвар бүх юмыг шийдчихсэн байх учиртай. “Энийг л авмаар байна. Энэ дэлгүүрт хүн таньдаг уу” гэж эрж хайх ёстой. Түүнээс биш “Хувцас оёчихсон чинь хүн авдаггүй ээ. Дэлгүүрт өгсөн чинь борлогддоггүй ээ” гэж болохгүй. Улс төр, сонин хэвлэлийн нийтлэл ч ялгаагүй хүний анхаарлыг татах мессеж өгөх хэрэгтэй болдог. Олон бассейн байлаа гэхэд яаж ялгарах вэ?

Усны ариун цэврийг байнга хянадаг, орж байгаа хүмүүсийн эрүүл мэндийг хянадаг эмчтэй гэдэг ч юм уу, халтирахааргүй сайн чанарын дэвсгэртэй, усаа байнга сольдог гэх мэт онцлогийг нь сурталчилж болно. Хүмүүсийн эмзэг ханддаг асуудал зөндөө бий. Уснаас гараад арзайгаад явахгүй, үсчинтэй ч гэж болно. Асуудлыг судлаад түүн дээрээ дөрөөлөөд “Би ганцхан шүү” гэдгээ гаргаж ирэх учиртай. Сурталчилах гэхээсээ судлах, өөрчлөлт хийх чухал. Хэрэглэгчээ судлах хэрэгтэй. Бассейнд хүн бүр очихгүй. Очиж байгаа хэсгээ судлах ёстой. Судалгаа гэхээр манайхан санал асуулга авах юм уу, орж гарсан хүмүүсээр бөглүүлээд авчихдаг. Тийм биш. Бусад газар орж байгаа хүмүүсийг татахаар судалгаа хийнэ л гэсэн үг.

Анхны рекламуудыг хүмүүс санадаг л даа. Сансилк ч билүү шампунь гарсан чинь “Яаж энийг олж авна аа” гэсэн гэдэг. Анх “Их хурд” болоход гадныханд захиалаад маш хүчтэй сурталчилгаа хийсэн. “Буянтай нь үзнэ. Бусдад нь сонсогдоно ч” гэдэг билүү. Тэгэнгүүт манай хэдэн багш нар машин барьж чаддаггүй хүн хүртэл машин асаагаад явж байлаа.

НОХОЙ ЯАГААД СҮҮЛЭЭ ХӨДӨЛГӨДӨГ ВЭ?

Анхаарлыг татах хэрэгтэй. Хэрвээ сүүл нь нохойноосоо ухаантай байсан бол нохойгоо савчих байсан гэдэг. Нохой нь ухаантай болохоороо сүүлээ хөдөлгөнө гэсэн үг. Удирдлага хамт олноо савчуулахгүй сүүл шигээ сайхан хөдөлгөх ёстой гэсэн үг. Хэзээ ч сүүл байж болохгүй, нохой байя.

Хар пи ар гэж ярьцгаадаг. Пи ар юмыг зөв ойлгуулахад хэрэгтэй. Хэрэгцээ байдаг. Олон нийтийн хандлагыг өөрчлөх хэрэгцээ бий. Нийгэмд ойлгуулах мессеж олон. Гэр бүлийн хүчирхийлэл, гудамжны хүчирхийлэл, сургуулийн хүчирхийлэл гэх мэтээр нэр өгөөд байж болохгүй. Хүний эрхийн асуудал шүү дээ. Нэг хүн нөгөөгөө дээрэлхэж байгаа асуудал. Жендэр гэхээр эр, эм хүйсийг 50х50 болгох гэж ойлгоод байдаг. Гэтэл 30х70 гэсэн харьцаа шүү дээ. Аль нэг хүйс 70 хувиас дээш байж болохгүй л гэсэн үг. Манай байгууллагаас эмэгтэй хүн яваад байна, эсвэл эрэгтэй хүн тогтохгүй байна гэвэл би юм бодох ёстой болно. Энэ мэтчилэн нийгмийн олон асуудлаар зөв хандлага бий болгохын тулд бид пи арыг ашиглах ёстой шүү. Олон нийтийн санаа бодолд нөлөөлөх хэрэгцээ бий гэсэн үг.

Өнгөрсөн сонгуулиар их сургууль төгссөн залуугаас ээж нь “Сонгуулиа өгсөн үү” гэж асуусан чинь “Ямар хөгшин хүн биш та л очдог юм байгаа биз” гэж хариулсан байна лээ. Сонгууль бол өвөө, эмээ нарын ажил гэсэн ойлголт яваад байна шүү дээ. Оюутнуудаас “Яагаад санал өгөөгүй вэ” гэхээр “Найман нэр дэвшигч надад бүгдээрээ таалагдахгүй байсан” гэсэн. Миний шаардлагад нийцэхгүй байна гэсэн үг. “Тэгвэл хамгийн муу нь гарчихна ш дээ. Арай бага мууг нь гаргах хэрэгтэй ш дээ” гэхээр “Тэгж хэлсэн бол би очиж саналаа өгөх байсан” гэх жишээтэй. Гэтэл сонгогчдын оролцоо муу байгаа шалтгааныг нарийвчилж гаргахгүй. Аргаа бараад нэгж өгөх тухай ярьдаг.

ОНОСОН ГАНЦ ҮГ БАЙНДАА ТУСДАГ

Пи ар багадахгүй. Манай сургуулийн эмч вино, пиво ч ууж чаддаггүй. Насаараа согтууруулах ундаа амсч үзээгүй эмч хүнийг хүртэл шоконд ортол хэлсэн байгаа юм. Хөдөө явж байгаад тэр олон хүний дунд “Аа, сүртэй юм уучих даа” гэсэн бол уухгүй ш дээ. Гэтэл санаа алдаад “Иш, чи минь яасан буянгүй хүн бэ” гэчихсэн чинь “Яаж нэг аяга пиво ууж сурдаг юм билээ” гээд явж байсан. Тэгж байгаад чи мартана биз дээ” гэсэн чинь “Насаараа мартахгүй” гэж байгаа юм. Энэ чинь хүнийг архинд оруулах аймаар муухай үг байгаа биз. Үг цөөдөхгүй. Хүнийг эргүүлэхийн тулд олон үгээр яншаад хэрэггүй. Оносон ганц үг байндаа тусдаг үе бий. “Малаа яаж маллахыг марксизмаар заалгахгүй” л гэнэ. Цагтаа заалгаж байсан шүү дээ. Зөндөө зөвлөгөө гардаг, отор нүүдэл хийхийг заадаг. Өөхөн тарга хэзээ авахуулахыг ч заадаг байсан. Манай аав нэгдлийн дарга байсан болохоор би сайн мэдэж байгаа юм. Марксизмаар заалгасан байхгүй юу. Зуны турш хэд нүүдгийг нь ч тоолдог байсан. Үнэн худал нь хамаагүй, донжийг нь олоод хэлчихсэн үг нийгмийг эргүүлэхэд айхавтар нөлөөлж байгаа юм.

Пи арын албаны чиг зорилго бол байгууллагын корпоратив имижийг бүрдүүлэх гэдэг. Нэг сумын эмнэлэг муу гээд бичигдэхээр сумын эмнэлэгт хүн үзүүлэхээсээ айдаг. Хүйсийн, мэргэжлийн корпоратив гэж байдаг. “Нягтлан хүмүүс нарийн шүү” гэхээр би ч нарийндаа ороод л явчихна. Багш хүн гэхэд материаллаг зүйлээр анхаарал татахгүй байх учиртай. Багш ямар гоё ээмэг зүүчихсэн юм бэ гээд хараад байвал хичээлээ ойлгохгүй. Ярьж байгаа юманд нь анхаарал хандуулах л чухал.

МЭРГЭЖЛИЙН ХҮНД ХАНД

Хэн таныг хамгийн сайн мэдэх вэ гэдэг асуултанд “Миний хань сайн мэднэ”, “Эхнэр сайн мэднэ” гэж хариулдаг. Тийм биш. Огт танихгүй ч мэргэжлийн хүнд хандах хэрэгтэй. Пи ар мэргэжлийн багт кризисник (хямралын мэргэжилтэн), спиндоктор (эргүүлэх), цуурхлын мэргэжилтэн, хэвлэлийн нарийн бичиг гээд бүхэл бүтэн баг ажиллах учиртай. Асуудалд орлоо гэхэд өөрөө үзэлцээд бай гэсэн үг биш. Мэргэжлийн хүмүүсээр үзэлцүүлдэг. Муу бэр гэсэн бол хадам ээж хамгаална, нөхөр, хүү хамгаална. Эмэгтэй хүн багтай байх ёстой. Баг нь мэргэжлийн хүмүүсээс бүрдэх учиртай. Түүнээс биш найз нөхөд хамаатан саднаас бүрдсэн баг найдвартай биш. Цуурхлын мэргэжилтэн гэхэд Монголд их хэрэгтэй. Кризисник гэхээр хямралыг далимдуулж нэр хүнд хийдэг. “Скандал” гэдэг кинон дээр гардаг Оливия гэдэг эмэгтэй кризисник. Хаана ямар хүндрэл гарна тэрний хувьд бүр олз болдог. Хэрвээ би эмнэлэгийн дарга байлаа гэхэд эмнэлэг дээр хүндрэл үүсч, хүүхдүүд өвдөж, шалан дээр хэвтээд, эм дуусч, ажлаасаа халагдах гээд байна гэж бодъё. Эвээ олохгүй бол би эцэг, эхчүүдийг загнаад “Чи хүүхдээ яах гэж өвчин тусгасан юм, хохь чинь, гэрээсээ ор авчир” гээд аавыг нь уурлуулна. Эвийг нь олох юм бол эцэг, эхчүүдтэй ярьж байгаад нэг өрөө тохижуулаад авчихаж болно. Асуудлыг шийдэж нэр хүнд олно.

Бусад улс оронд нэг их ашиглагдахгүй юм шиг хэрнээ манайд бол их ашиглагддаг ажил цуурхлын мэргэжилтэн. Ойлгоход амархан жишээ хэлье. Москва хотын даргын суудлын төлөө нэг профессор өрсөлджээ. Ядуу гуйлгачин профессор элэнцгээ хийдэг юм гээд хүмүүс авч хэлэлцэхгүй байсан чинь “Энийг яах вэ” гээд мэргэжилтэнд хандаж л дээ. Гэтэл тэр нэр дэвшигчийн зусланд хулгай орсон чинь тийм тийм үнэтэй эдлэл алдагдсан гэсэн мэдээ хэвлэлд гарчээ. Профессор болохоор өөрөө “Мэдэхгүй, манай зусланд хулгай орсон гэж хэн бичсэн юм” гэнэ. Юутай ч тэр ядуу биш болж харагдсан.

Ганцхан пи арчин гал болдоггүй. Багаар ажилладаг. Баг фокус бүлэг дээр судалгаа хийж, баруун аймагт бол ийм үг хүлээж авдаггүй юм байна гэх мэтээр дүгнэлт хийнэ. Манайд ийм баг бүрдүүлж чаддаггүй учраас нэг хүн олон ажил хавсарч хийдэг.

Хэлэх үгээ бичүүлнэ гэхээр хоёр туйлшрал байдаг. Нэг бол өөрөө их ухаантай хүн болох гээд бүх хэлэх үгээ бичих гэж оролддог. Эсвэл хүний бичсэн үгийг буруу зөвгүй уншаад зоо гэхэд нь 300 гэж унших юм болдог. Аль нь ч биш. Би илтгэлийнхээ санааг бичдэг. Ийм таван бүлэг үг яримаар байна гээд мэргэжлийн хүнээр бичүүлээд, эргээд өөрөө уншихад миний санаа буухгүй байж болно. Ингэж харилцан ярьж бичдэг. Нэг бичсэн юм аа залуус дээр очсон ч яриад, малчид дээр очсон ч уншаад явдаг. Тийм байж болохгүй.

Спиндоктор эргүүлэх, эмчлэх гэсэн үг. Жишээлбэл манай нэг оюутан. Ш.Отгонбилэг гуайг амьд байхад “Яана аа, зууны луйварчин дээр ажиллах захиалга ирлээ” гээд явж байсан. “Яваач дээ, наад хүн чинь -10 оноотой бол хасах тэмдгийг нь л өөрчил” гэсэн. Тоог яаж ийгээд нэмэх тэмдэг болгож болдог. “Чи үнэхээр луйварчин гээд итгээд байгаа юм уу” гэсэн чинь “Үгүй л дээ” гэсэн. Хэн ч танихгүй 0 цэг дээр байснаас бүр -15 байсан ч тэмдгийг нь өөрчилчихвөл +15 болчихно. Эргүүлэх гэж үүнийг хэлж байгаа юм.

ЮУГ ЮУГААР ДАРАХ ВЭ ГЭДЭГ ЧУХАЛ

Пи ар хүмүүсийн харилцаан дээр тулгуурладаг. Олон салбар шинжлэх ухааныг ашигладаг. Цуурхал судлал, дохио тэмдэг, утга зохиолын онол, домог судлал, хэлэлцээрийн онол, нийгмийн сэтгэл зүй зэрэг олон салбар шинжлэх ухаануудын уулзвар дээр үйлчилнэ.

Зөрчлийг шийдвэрлэх үндсэн аргыг гадарладаг байх ёстой. Цаг хугацаа, орон зай, бүтцийн, нөлөөллийн харьцааны аргууд байдаг.

Цаг хугацаа гэхээр өнөөдөр буруу ойлгогдсон юм маргааш зөвөөр ойлгогдож болно гэсэн үг. Гэрэлт цамхгийн жишээ байдаг. Том уран барималчийг гэрэлт хөшөө босгоход хаан хөшөөн дээр нэрээ сийлэхийг шаардсан байгаа юм. Гэтэл барималч өөрийнхөө нэрийг сийлмээр санагдаад байж. Ямар арга хэрэглэсэн гэхээр нэрээ сийлээд гадуур нь бүрж тэр нь хэсэг хугацааны дараа унаад, өөрийнх нь нэр үлдэхээр хийсэн байх жишээтэй.

Бүтэц гэхээр өөр нэг жишээ хэлье. Хоёр систем нөлөөллийн дайн явуулж байсан. Зөвлөлтийн эмэгтэйчүүдийн амьдралыг харуулсан баримтат киног Америкт хасч таналгүйгээр гаргах зөвшөөрөл өгөх шаардлага тулгарсан юм байж л дээ. Оросууд трактор бариад, онгоцонд суугаад юу эсийг хийх вэ. Яана даа гээд мэргэжлийн хүмүүст хандахаар болсон. Гэтэл энэ баримтат киноны араас шууд Америк эмэгтэйчүүд Маяами арал дээр амарч байгааг гаргасан. Зөвлөлтөд эмэгтэйчүүдээ зарц боол шиг зарж байдаг гэсэн ойлголт төрүүлэхээр болгосон. Юуг юугаар дарах вэ гэдэг чухал.

Нөлөөлөл гэхээр амархан жишээ бий. Колончилсон улсуудыг амархан буулгаад авсан гэж болохгүй. Африкт очоод тайван унтаж амрах хэрэгтэй. Шууд буу бариад очиж болохгүй.Цагаан арьст хүн хэзээ ч үзээгүй бол цочно. Цагаан арьст хүн арай өөр, бурхнаас ирсэн гэдгийг ойлгуулахын тулд эхлээд лам хуврагууд очуулсан. Тэднээс өмнө Засгийн газраас нь илбэчин очуулж байсан гэдэг. Манайд ч гэсэн Хатанбаатар дайтаж ирээд дээлээ тайлахад өврөөс нь сум асгардаг гэх мэт домог байсан. Арван мянган гамингийн өөдөөс хэдхэн зуун хүн байлдах гээд байдаг. Айлгачихвал жалга уруудаад зугтаачихна. Яасан гэхээр өөрөө пи ар хийсэн. Түүнээс биш зальдаж байгаад өргөл барьц авах гээгүй. Гучин хэдэн оны эсэргүү бослогын үеэр ч ялгаагүй нэг зангиа өгөөд “Чи үхэхгүй яв” гэдэг чинь нөлөөллийн уран арга байсан. “Чи залуу охин байж үсээ ямар тэнэг засдаг юм бэ, ямар мангар гар утас барьдаг юм бэ” гэдэг чинь ч нөлөөлөл. Бид мэдээллийн, хэрэглээний асар их нөлөө, дарамтад байгаа.

Хүмүүст нөлөөлөх аргууд албадах (хичээлээс хөөх, торгоно шийтгэнэ), манипуляци хийх (зальдах, хуурах бохир арга) хамтын ажиллагаанд татан оролцуулах юм.

Пи арыг эерэг зүйлд ашиглаасай гэж хүсдэг. Хэнд юу тохирох вэ гэдгээ сонгох хэрэгтэй. Би овооны наадам хэсээд явбал Б.Бат-Эрдэнэ аваргатай адил нэр хүнд ирэхгүй. Манайхан хиймэл юм хийх гэж оролддог. Миссийн тэмцээнд ороод гэв гэнэт хогийн цэг дээр байгаа хүүхдэд хувцас өгдөг. Хиймэл гэдэг нь мэдэгддэг. Зориуд намайг хошигруулах гэж байна гэвэл оюутан байсан ч миний хичээлийг хийхгүй. Аргаа олох хэрэгтэй. Хичээл дээр гар утас дуугарахад багш нар “Хөөе, чи наадхаа унтраа” гэдэг. Харин би “Бүх оюутнуудын өмнө гарч ирээд уучлал гуй” гэдэг. 170 хүүхдийн өмнө гараад “Та нар намайг уучлаарай” гэсэн оюутан дахиж гар утас асаахгүй. Ичдэггүй хүүхэд гэж байхгүй, эвгүй байдалд ордог. Багш загнаад байвал багшийн нүдийг хариулаад гүйцээ. Өөр дээрээ галын цэг татах хэрэггүй.

УЛС ТӨРИЙН ПИ АР АРГУУД

Золигт гаргах буюу золиослох (даргынхаа өмнөөс шадар туслах нь бурууг өөртөө хүлээх), сүүдэртүүлэх, гэрэлтүүлэх, бүдгэрүүлэх, шилжүүлэх, хүний өмнөөс хийх, үгээр хуурах (цалинтай ээж гэхээр сонсоход сайхан), дүрээр хуурах гэх мэт аргууд хэрэглэгддэг.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Батсуурь: Гал унтраах гэж нэмж зээл авах нь эдийн засгийн асуудлыг шийдэхгүй харин ч доройтуулна

Эдийн засагч Х.Батсуурь хоцронгуй хөгжилтэй орнуудын хөгжлийн бодлого, уул уурхайгаас хараат орнуудын эдийн засгийн тогтолцоог судалдаг. Тэрбээр Лондонгийн Эдийн засгийн их сургууль (LSE)-ийг эдийн засагч мэргэжлээр төгссөн нэгэн.


-Та бараг хоёр жилийн өмнө 2017 онд Монгол дампуурал зарлах хэмжээний хямралд хүрнэ гэж байсан. Яг одоогийн нөхцөл байдлыг та хэрхэн дүгнэх вэ?

-Яг одоо Монголд гадаад өрөөс үүдэлтэй ноцтой хямрал нүүрлэж байна. Бусад хүчин зүйлс бас нөлөөлж байгаа. Шууд утгаараа мэдэгдэхгүй байж болох ч ерөнхий сууриар нь харвал 2009 оны хямралтай харьцуулбал хамаагүй ноцтой үр дагавартай. Сүүлийн 26 жил явж ирсэн улс төр, эдийн засгийн бодлогын уршигт үр дагаврыг амсах цаг хугацаа ирсэн байна. Муу амлалаа гэж зарим хүн шүүмжилдэг. Гэхдээ бодит үнэнийг хэлэхгүй, аюул тулгарахаар толгойгоо элсэнд шаачихаад аюул өнгөрлөө гэж итгэдэг цацагт хяруул шиг бол байдал улам хүндэрнэ. Бодит байдлыг үнэлж цэгнээд зөв дүгнэлт хийвэл хямрал, дампуурлын нөхцөл байдлаас үүсэх уршигт үр дагаврыг нимгэлэх хөнгөлөх зөв арга хэмжээ авахад тустай.

-Монгол дампуурлаа гэж хүлээн зөвшөөрч байгаа хүмүүс цөөнгүй байна. Ийм нөхцөлд эрх баригчид зээл авч өрөө дарах, урд хормойгоороо хойд хормойгоо нөхөхөөс өөр арга бодож олж чадахгүй байна. Зүй нь ийм нөхцөлд ямар алхам хийх ёстой вэ?

-Хамгийн нэгдүгээрт хямрал бол боломж гэж харж байна. Боломжийг ашиглаж чадах уу гэдэг том асуудал. Одоогийн Монголын улс төр, эдийн засагт үүссэн нөхцөл байдлыг харвал боломжийг ашиглахгүй шинжтэй харагдаж байна. Үүсээд байгаа нөхцөл байдал бидэнд түүхээ эргэж харах, юун дээр алдсанаа бодитоор дүгнэх хэрэгтэйг сануулж байна. Дүгнэлт хийгээд хямралаас гарах, тууштай тогтвортой хөгжлийн замд оруулах ёстой. Гэтэл эргэж харж байгаа юм алга. Ямар дүгнэлт хийсэн нь ч мэдэгдэхгүй байна.Түр зуурын арга хэмжээ авч, хагас жилээс хоёр жилийн хугацаанд эдийн засгийг торгоож байна. Цаашдаа эдийн засаг бүр ч илүү хүндрэх төлөвтэй. Хямралд дүгнэлт хийгээд суурь тогтолцоогоо руугаа харсан урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжүүлж эхлэх учиртай.Харамсалтай нь хямралд хүргэсэн хүмүүс нь өөрсдөө төр засагт байгаа учраас үүнийг хийх хүсэл эрмэлзэл бага бололтой. Тийм учраас гал унтраах арга хэмжээ аваад л явна. Гал унтраах гэж нэмж зээл авахыг хэлж байгаа юм. Энэ нь эдийн засгийг доройтуулж байгаа асуудлыг шийдэхгүй харин ч улам хүндрүүлнэ.

-Зээл авна л гэцгээх юм. Гэтэл Монголд зээл өгөх сонирхолтой улс орон, олон улсын байгууллага олон биш юм биш үү?

-Олон бишээр барахгүй, байхгүй байна шүү дээ. Сая Орос, Хятад, Энэтхэгээс гуйлаа. Кувейтээс, Саудын Арабаас гуйлаа. Өөр хэнээс гуйсныг бид мэдэхгүй.Цаадуул нь шууд өгөхгүй гэж хэлээгүй ч болзол нөхцөл тавих, та нар юу хийх гэж байгаагаа харуул гэх жишээтэй. ОУВС-гаас зээл авах зам үлдсэн. Энэ зээл дуншсаар байна. “Стэнд бай” хөтөлбөр гэдэг бол дампуурсан, дампуурлын ирмэгт байгаа улсуудад өгдөг зээл.Зах зээлийн үнээс арай хямд. Гэхдээ Засгийн газрын хүсээд байгаа шиг 2-4 тэрбум ам.доллар өгөхгүй шүү дээ.“Стэнд бай” гэдэг тусгай нөхцөл болзолтой. Хэмжээ заачихсан байгаа. Монгол Улс ОУВС-гийн гишүүн. Гишүүн орныхоо хувьд тодорхой хувийг эзэмшиж байгаа. Тэр хувь, дээр нь манай эдийн засгийн хэмжээ гэж бий. Үүнд тулгуурлаж хэдий хэрийн зээл Монголд өгөх вэ гэдгийг тодорхойлно гэсэн үг. Миний тооцож байгаагаар 400-500 сая доллар л авах боломжтой юм билээ. Өөр бусад хөтөлбөрөөс нэмж зээл авах боломж байж болно. Гэхдээ хэцүү. Авсан зээлээ юунд өгөх юм. ОУВС-гаас зээл өгөхдөө болзол нөхцөл тавина. Тэгвэл одоо байгаа жаахан мөнгөө төлбөртөө өгөх боломж гарах байх. Тэгж л дампуурлаас түр зууртаа зайлсхийх боломж хайж байгаа болов уу. Гэхдээ “Стэнд бай” хөтөлбөр бий болсон цагаасаа маш их шүүмжлэл дагуулсан. Хэдийгээр түр зууртаа аварч байгаа мэт боловч урт хугацаандаа зээл олгосон улс орнуудаа дөнгөнд оруулдаг гэдэг. Харин энэ шүүмжлэлийн үр дүнд сүүлийн хэдэн жил “Стэнд бай”-гийн болзол нөхцөлийг нэлээд зөөллөсөн. Бүх юмаа хувьчил, улсад өмч байж болохгүй. Суурь бүтэц болох цахилгаан станц, усан хангамж, зам харилцаа, тээвэр энэ бүгдийгээ хувьчил, хувьчлахдаа гадны компаниудыг оролцуул гэх мэт болзол тавьдаг байсан. Харьцангуй гайгүй болсон гэж судлаачид ярьдаг болсон. Засгийн газарт ямар нөхцөлөөр зээл өгдөг нь нууц байдаг.

-Ц.Мөнх-Оргил сайд энэ Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд Далай ламыг айлчлуулахгүй гэж аргадаж байхыг бодвол урд хөршөө ч юмуу царайчлахаас өөр замгүй болсон шиг байгаа юм. Дэлхийд дээгүүрт орох зах зээлтэй хөршүүдийн зүгээс бидэнд ямар шахалт үзүүлж болох вэ.Газар нутгаасаа өрөнд өгчих вий гэсэн болгоомжлол явдаг. Нэг үгээр хэлбэл дампуурлаа зарлавал юу болох вэ?

-Дампуурлын ирмэгээс яаж зайлсхийх вэ гэхээр мэдээж зээл авна. Өөр гарцууд гэхээр газар нутгаа зарж болно. Газар нутгаасаа шууд зарчихгүй байх. Урт хугацааны газрын түрээс буюу 50-100 жилээр түрээсээр өгөх маягаар өгч болно. Гэхдээ үүний цаана нууц тохиролцоо явагдаж магадгүй. Нөгөө талаас том уул уурхайнуудаа маш хямд үнээр өгч болно. Таван толгойд ийм хардлага яваад байгаа. 400 сая доллараар 51 юм уу 49 хувийг нь зарах гээд байна гэсэн хардлага яваад байгаа. Хардлага явах нь зүй. Ийм нөхцөлөөр газар нутгаа, том уул уурхайгаа алдсан Африк, Латин Америкийн улсууд бий шүү дээ. Хамгийн ойрын жишээ гэвэл өнгөрсөнжилТажикстанГорно-Бадахшанскгэдэг газраа Хятадад өрөндөө өгчихсөн. Хятадынцэргүүдоржирээд хэсэг газрыг нь мэдэлдээ авсан.Иймэрхүү нөхцөл үүсэх боломжтой.Зээл нэмж авч байгаагийн цаана ямар тохиролцоо явааг мэдэхгүй. Урт хугацааны түрээс гэдэг Монгол шиг хүч чадал багатай улс орны хувьд шууд газраа алдаж байгаа хэрэг. Бид Хонконгийг мэднэ. Манж чин улсын үед Хонконгийг Их Британи улс 99 жилийн түрээс нэрээр авчихсан. Их Британийн колони байлаа шүү дээ. Хэрвээ Хятад хүчирхэгжээгүй бол Хонконгийг буцааж авч чадахгүй байсан. Манайх бол түрээсээр нэгэнт өгчихвөл буцааж авч чадахгүй л дээ. Манай газрыг яаж ашиглаж болох вэ гэхээр газар тариалан, эсвэл ухдаг юм уу, цөмийн зэвсэг турших газар болгодог юм уу тийм л хэлбэрээр ашиглаж магадгүй.

-Зарим олон улсын байгууллага Монголд учирсан хямрал богино хугацааных. Алсдаа эерэг ирээдүй байна гэх мэтээр дүгнэсэн харагдаж байсан?

– Дэлхийн банк, ОУВС Монгол Улс 2017 онд дампуурах эрсдэлтэй гэж хэзээ ч хэлэхгүй. Үүнийг монгол хүн л хэлсэн. Тэд үндсэндээ юу хэлбэл зохистой байна вэ гэхээс биш бодит үнэнийг хэлэхгүй.

-Ингэхэд ер нь танд гялайж гялтайх юм харагдаж байна уу, гарц шийдэл бий юу?

-Гялайж гялтайх юм байна. Үүнийг хэлэх албатай юу.

-Хэлсэн нь дээр дээ. Шүүмжлэх амархан, гарц хэлэх хэцүү?

-Гарц бий. Эрх мэдэл байж л гарцыг хэрэгжүүлнэ. Өнөөгийн төрд байгаа нөхдүүд чадамжгүй нь харагдлаа. Улс орныг дампуурууллаа. Асар их хөрөнгө гадагшаа урсаж гарсан. Хулгай хийсэн хүмүүсээ өмөөрч байна. Энэ хүмүүс зайгаа тавьж өгөөд, гарц гаргалгаа гаргасан хүмүүст эрх мэдэл олговол бодлогын чанартай өөрчлөлт хийж, эдийн засгийн хямралаас гарах боломж бүрэн бий.

Одоохондоо нарийвчилж ярихыг хүсэхгүй байна. Дампуурлаа зарлаж болно. Өр багатай дээрээ дампуурлаа зарлах нь нэмж зээл аваад явахаас илүү Монголд ашигтай. Биднийг яаж ччадахгүй. Зээл олдохгүй л гэсэн үг. Бид одоо ч зээл авч чадахгүй. Ийм нөхцөлд орчихоод олон улсын зах зээл дээрээс бонд босгоё гэвэл хэцүү. Хамгийн сүүлд бид 11 хувийн хүүтэй зээл авсан. Одоо бол 15-аас дээш хувийн хүүтэй зээл л олдоно. Нэг тэрбум долларыг 15 хувийн хүүтэй аваад, түүнийгээ зөв зохистой ашиглаж, өрөө төлөөд явсан манайхтай ойролцоо нөхцөлтэй улс байхгүй. Олон улсын зах зээл дээрээс 1.5-6 хувийн хүүтэй зээл авч байж үр дүнгээ өгнө. 6-аас дээш хувийн хүүтэй зээлийг эргэж төлж чадахгүй.Ингээд цааш үргэлжлүүлээд байж болохгүй учраас Монгол Улсыг дампууралд хүргэсэн хүмүүс төрд байх эрхгүй, хариуцлага үүрнэ л гэсэн үг. Үүнийг хэн ч хийхгүй. Эрх баригчид өөрсдийгөө буруутгахгүй.

-Нэг зүйл найдвар төрүүлж байгаа. Монгол яаж ч хүнд байдалд орсон эргээд хөл дээр нь босгох дэлхийн боловсролтой залуус олон бий. Мэдлэгтэй толгойнууд нь зохион байгуулалтад ороод гарц шийдэл хэлбэл олон нийтэд сонголт бий болж, эрх баригчдад шахалт үзүүлэх боломжтой?

-Хэрвээ эрх мэдэл байгаад улс орныг зөв голидролд нь оруулъя гэвэл тал бүрийн мэргэжилтнүүд хангалттай бий. Бид онлайн хэлэлцүүлэг хийгээд яах вэ гэж ярилцдаг.

Categories
мэдээ соёл-урлаг

Төрийн ордонд “Сэтгэлийн хээ” дэлгэгдэнэ

Монголын урчуудын эвлэлийн хорооны гишүүн, зураач М. Ган-Очир 1986 онд Говь-Алтай аймгийн Бугат суманд төржээ. Дүрслэх урлагийн дээд сургуулийн уран зургийн ангийг 2009 онд төгссөн зураач эмэгтэй бие даасан гурав дахь үзэсгэлэнгээ үзэгчдэдээ толилуулах гэж байна. Энэ сарын 17-нд зураач М.Ган-Очирын “Сэтгэлийн хээ” уран бүтээлийн үзэсгэлэн Төрийн ордонд нээгдэх юм. Нийт 30 орчим бүтээл үзэсгэлэнд тавигдах аж. Зураач М.Ган-Очир монгол үндэсний хээнүүдийг абстракт зурагтай “сүлж” уран бүтээл туурвидаг онцлогтой. Түүнтэй ярилцлаа.


-Яагаад Төрийн ордныг сонгож авсан бэ?

-Өмнө нь янз бүрийн галерейд үзэсгэлэнгээ гаргаж байсан. Хээтэй зургууд болохоор Төрийн ордонд илүү зохицох юм шиг санагдсан. Төрийн ордонд бас пүрэв гаригт иргэд танилцах аялал хийдэг юм билээ. Үзэсгэлэн гаргах боломж надад олдсон юм л даа.

-Хэдийнээс хээ танд онцгой мэдрэмж төрүүлж эхэлсэн бэ?

-Хээ бүр багаас содон санагддаг байсан. Аав маань биднийг багад мужаан байлаа. Тавдугаар ангиасаа л аавын хийсэн модон эдлэлийг дүүтэйгээ цуг хээлдэг байж билээ. Түүний нөлөө байсан ч юм уу. Багаас суусан мэдрэмжүүд сөхөгдөж гарч ирдэг юм болов уу даа. Хээ харахаар хүний нүд хөгждөг шиг санагддаг. Магадгүй зураач болоход хээний гүйцэтгэсэн үүрэг их. Хээг би яаж орчин үеийн зурагтай хослуулах вэ гэж их бодсон. Анх навчин хээг ашиглаж абстракт зураг зураад, түүнээсээ хойш хээнүүд маань ар араасаа ундарсан.

-Таны хээгээр урласан бүтээлийг хэн нэгэн худалдаж авсан уу?

– Хээтэй хэд хэдэн зураг зарсан. Монголчууд хээндээ дуртай юм билээ. Зургуудаа энд тэнд үзэсгэлэнд тавихаар “Зарах уу, ямар үнэтэй вэ” гээд асуугаад ирдэг. Энэ зоосон хээг нэг эмэгтэй гэртээ тавихаар худалдаж авсан юм. Зоосон хээ болохоор их билэгшээсэн. Уг нь би нэг их арилжааны чанартай бодож хийгээгүй л дээ. Гэхдээ л тэр хүн зоосон хээ юм чинь гэрт байвал эд мөнгө арвижна гэж билгэдэж авсан юм.

-“Гоолингоо” дууг сонсоход ийм хээ сүлжсэн мэдрэмж төрнө гэдэг сонин юм аа?

– Би ардын дуунд их дуртай. “Гоолингоо” дууг сонсоод түүнээсээ санаа авч “Гоолингоо” зургаа зурсан. Энэ хээг би зохиогоогүй юм. Энэ өлзий хээний төрлүүд. Зоосон хээ гэхэд бас олон янз. “Янзган зоотой шарга” дуунаас санаа авч хийсэн зураг ч бий. Хээ, ардын дуу хоёр их сайхан зохицох юм билээ. Орчин үеийн модерн тавилгатай айл ханандаа өлгөхөд монгол уур амьсгал ханхлах мөртлөө орчин үеийн арга барилаар хийсэн зураг. Энэ зурагний хувьд тухайн үеийн мэдрэмжээс үүдсэн хийсвэр зураг. Мөн хээгээ эвдэж зохиомжилсон зургууд ч байгаа. Өмнө нь би абстракт зургууд зурдаг байсан. Үүн дотроо хээгээ бага багаар оруулж зурсан. Өнгөнүүдийнхээ шийдлийг яаж гоё хослуулах вэ гэж боддог.

-Таны энэ зургийг харахаар зуны халуун санагдаж байна шүү?

-Зун хөдөө явж ирээд зурсан зураг. Зураг сэтгэлзүйтэй холбоотой. Сэтгэл санаа өөдрөг гоё үед зурсан зураг. Одоо яг энэ зургийг харж байгаад дуурайлгаад зуръя ч гэсэн энэ өнгө нь гардаггүй. Энэ цуврал зургууд маань саяхан Солонгос руу үзэсгэлэн явж байгаад ирсэн.

-Та урлантай юу, хаана төвлөрч ажилладаг вэ?

-Би “Бармаш” компанийн байранд урлантай. Урландаа очоод зургаа зурахаар өөр л дөө. Илүү төвлөрч ажиллана.

-Та зургаараа хоолоо олж иддэг гэсэн үг үү?

-Ерөнхийдөө нөхөртэйгээ хамтардаг хувийн ажлууд бий. Зургаа ч зурна. Бармаш дээрх урландаа сургалтын төвтэй. Эцэг, эхчүүд нэг үеэ бодвол хүүхдүүддээ маш их анхаарал тавьдаг болсон шүү дээ. Зураач болохгүй ч мэдрэмжтэй, урлаг ойлгодог болгохыг хүсдэг. Тоо, математикт сайн хүүхдүүдийн зүүн тархи илүү хөгжсөн байдаг. Баруун тархины хөгжилтэй хүүхдийн дуу хөгжмийн сонсгол, уран зургийн мэдрэмж илүү хөгжсөн байдаг.

-Урлагийн мэдрэмжийг хөгжүүлэх боломжтой юу?

-Боломжтой. Хүүхдийг багаас нь урлагийн талын хичээл, дугуйланд суулгаад мэдрэмжийг нь дэмжвэл баруун тархи нь хөгждөг.

-Гадаадад үзэсгэлэнд их оролцдог уу?

-Их оролцдог. Солонгос, Япон, Германд миний зургууд л яваад байдаг.

-Ямар нэг амжилт үзүүлсэн үү?

-Тэр үзэсгэлэнгүүдэд Монголоосоо оролцоно гэдэг амжилт гэж боддог. Зураач бүр өөрийн ертөнцийг зурдаг. Тийм учраас тэрний ертөнц илүү, тэрнийх дор гэж болохгүй л дээ. Нэг их айхавтар тамирчид шиг уралдаанд оролцохыг хүсдэггүй.

-CD-гээр бас уран бүтээл хийж байжээ. Зураач нар юмыг өвөрмөц нүдээр харах юм аа. СD-г хүртэл урлагийн бүтээл болгочих юм?

– CD гэрлийн тусгалаар өнгө нь өөрчлөгддөг. Тэрийг бүтээлдээ ашиглаж байсан юм. Урлаг хөгжөөд маш дээд түвшиндээ хүрсэн. Европт бүр XX зууны үеэс бэлэн бүтээгдэхүүн ашигладаг урлаг хөгжсөн. Ахуйн эд зүйлсийг уран бүтээлдээ ашигладаг поп артын төрөл гэх юм уу даа.

-Уран бүтээлд тань говийн хүний мэдрэмж хэр их үлдсэн бэ?

-Тусдаг байх аа. Намайг сурч байхад манай ангид арав гаруй хүүхэд байсан. Гаднаас нь харахад 18-19-тэй хүүхдүүд. Зурахаараа зарим нь хар бараан, улаан хүрэн өнгөөр зурдаг. Өссөн орчин их нөлөөтэй. Хэрвээ би хотод төрж өссөн бол ингэж хээ зурах ч байсан юм уу үгүй ч юм уу.

-Ардын дуу, хээ гэдэг орчин үеийн залуусаас өөр мэдрэмж л дээ?

-Гэхдээ тийм ч хуучинсаг хүн биш л дээ. Орчин үеийн хөгжимд дуртай. Техно жаз хөгжимд дуртай. Гэхдээ л багад суусан мэдрэмж хүнийг дагаж явдаг юм билээ.

-Нутгийн хүмүүс тэр уул хайрхныг зураад өгөөч гэж хүсдэг үү?

-Юу зураад өг гэснийг нь зурдаг. Би чинь уран зургийн анги төгссөн шүү дээ.

-Дуучныг дуу дуулаад өгөөч гэдэг шиг зураачийг “Намайг зураад өгөөч” гэдэг үү?

-Тэгж ярихаас биш ажил хэрэг болгоод урланд зорьж ирсэн хүн байгаагүй ээ. Хүн зурах үе байдаг л даа. Энд тэнд явж байгаад харандаагаар хар зургаар таньдаг хүнийг зураад бэлэглэсэн удаа бий. Нөгөө хүн баярлаад нүүр хуудастаа тавьчихсан тохиолдол ч байсан. Тиймэрхүү юм тохиолдоно. Зураач хүний амьдрал юм даа.

-Зураачийн амьдралд нэг шинэ юм ороод ирэхээр уран бүтээлд нь нөлөөлж байдаг уу?

-Тийм юм маш их. Зун хөдөө яваад ирэх, гадаад яваад ирэхээр арай өөр мэдрэмж төрнө. Би хүүхэдтэй болчихоод сүүн цагаан, шар өнгөтэй зураг их зурсан. Нэг хэсэг эмээгээ өнгөрсөнөөс хойш бараан өнгө зонхилдог болчихсон байсан л даа.

-Эмээгийн хайртай хүүхэд байсан уу?

-Би зураач, дараагийн дүү дизайнер. Бидний уран бүтээл эмээтэй холбоотой. Эмээ их уран хүн байсан. Хөдөөний малчин хүн гэхэд их мэдрэмжтэй. Эмээгийн дэргэд өссөн болохоор эмээгийн нөлөө их бий. Жирийн нэг эмээ байгаагүй. Их ондоо хүн байсан. Эмээгээ дуурайсандаа баярладаг. Эмээтэйгээ цуг дуу сонсдог байж билээ. Эмээ дагаж дуулаад “Яаж ингэж гоё үг, аялгуу зохиож байна аа гэдэг сэн. Хүүхдүүдийнхээ хувцсыг бүгдийг оёдог. Их уран хүн байсан. Зураач болоход маань эмээ их нөлөөлсөн гэж боддог. Ээжийн талынхан дуучин хүмүүс. Бага дүү дуучин. Өөрсдөө аяндаа мэргэжлээ сонгосон.

-Та их хөдөлмөрч хүн юм аа?

-Аав өглөө таван цагт босоод ажилладаг байсан. Ээж, аав их хөдөлмөрч улсууд. Би тийм хөдөлмөрч биш ч аав, ээжийн нөлөө бий. Хүмүүс намайг хөдөлмөрч л гэдэг. Гэхдээ аав шигээ өглөө тавд босч зургаа зурахгүй л байгаа юм.

-Манай нийгэм танд ямар өнгөөр төсөөлөгддөг вэ?

– Надад их гэгээлэг санагддаг. Ямар ч нийгэмд асуудал байлгүй яах вэ. Гэхдээ манай орон залуус хөгжих боломжтой азтай улс. Дуртай орондоо очиж сурах боломжтой. Монгол улс маань цаашдаа их хөгжих байх гэж боддог.